Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Аяс Монгуш: Монгол үндэсний бөхөөр барилдаад улсын цол авах хэмжээний залуус Тувад олон бий DNN.mn

Ардын хувьсгалын 100, 101 жилийн Үндэсний их баяр наадам хаяанд иржээ. Энэ түүхэн ойд Тувагийн Аяс Монгуш тэргүүтэй нийт 15 бөх улсын наадамд зодоглохоо МҮБХ-нд мэдэгдсэн юм. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зодоглох Тува бөхчүүдийн дасгалжуулагчаар Аяс Монгуш ажиллаж байна. Түүнтэй ярилцлаа.


-Сайхан зусч байна уу та?

-Сайхаан. Сайхан зусч байна уу. “Өдрийн сонин”-оор дамжуулж угсаа нэгт монголчуудтайгаа уулзаж байгаадаа сэтгэгдэл маш өндөр байна.

-Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн их баяр наадам удахгүй тохиох нь. Тува бөхчүүд маань энэ удаагийн их баяр наадамд анх удаагаа барилдахаар бүртгүүлжээ. Наадам хаяанд ирсэн байна. Таны бэлтгэсэн шавь нарын бэлтгэл нь хэр хангагдав?

-Монголын Үндсний бөхийн холбооноос бидний хүсэлтийг хүлээн авч, улсын их баяр наадамд барилдах урилга илгээснийг талархаж хүлээж авсан. Монгол гуталтай барилддаг бөх дэлхийд хоёр л байдаг. Нэг нь монгол үндэсний бөх, нөгөө нь тува бөх. Энэ жилийн наадамд Тувагаас 15 бөх барилдана. Бэлтгэл сургуулилтаа бид Тувад базаасан. Монгол бөхчүүдийн нэгэн адилаар галд гараад л бэлтгэлээ хийлээ. Харин Седен-Очур Кара-Сал “Увс нуур” галын бөхчүүдтэй хамт Харзтайд наадмын бэлтгэлд гарсан. Бэлтгэл сургуулилт нь сайхан таарсан талаар ярьж байна лээ. Энэ жилийн наадмаар дажгүй сайн барилдах болов уу гэж хүлээж байгаа. Ер нь монгол үндэсний бөхөөр амжилт гаргах боломжтой олон залуус байдаг ч энэ жилийн наадамд барилдаж чадсангүй. Манай бөхчүүдийн олонх нь цэрэг, цагдаагийн байгууллагад ажилладаг. Энэ жилийн наадамд барилдах сонирхол их байсан ч ажлын улмаас амжсангүй л дээ. Мөн хэсэг бөхчүүдийг хилээр гаргасангүй. Яагаад гаргаагүй нарийн шалтгааныг нь мэдэхгүй юм.

-Тувад Монгол үндэсний бөхөөр барилдаад улсын цолд хүрэх боломжтой бөхчүүд олон байгаа талаар та онцолж байна. Энэ жил шөвгийн даваанд гарч барилдах бөхчүүд байна уу?

-Монгол Үндэсний, тува бөх ижилхэн өмсгөлтэй. Харин дүрмийн тухайд бага зэрэг ялгаатай. Тува бөх гар газарт хүрэхэд л ялагдсанд тооцдог. Үүгээрээ л ялгаатай. Бусдаар бол яг адилхан. Бэлтгэл хийгээд үндэсний бөхөөр барилдвал аймгийн наадамд түрүүлэх, цаашлаад улсын цол хүртээд үзэгч түмнээ цэнгүүлэх боломжтой олон залуус энд бий. Энэ жилийн наадмаар Седен-Очур Кара-Сал маш сайн барилдах байх. Мөн Айдын Монгуш гэж авьяаслаг барилддаг залуу бий. Монгол бөхчүүдтэй их сайн барилддаг юм.

-Монгол үндэсний бөхөд зарим тохиолдолд бие биенээ дэмжиж унаж өгдөг жишиг бий. Энэ талаар танд ямар ойлголт байна вэ?

-Тодорхой мэдэх юм алга. Гэхдээ нас ахисан бөхчүүд залгамж халаагаа бэлтгэж дэмжих нь хаана ч байдаг л үзэгдэл.

-Та монгол бөхчүүдийн талаар хэр сайн мэдэх вэ?

-Бүгдийг нь танина. Заалны барилдаануудыг тогмол үздэг. Улсын харцага О.Хангайг дэмждэг. Өнгөрсөн хаврын барилдаануудад маш сайн барилдсан. Одоо 100 жилийн ойгоор ч сайн барилдах болов уу гэж харж байна. О.Хангай харцгагыг Тувад ирж барилдаасай гэж хүлээж байна. Тува бөхөөр маш сайн барилдах болов уу. Тэр их бяртай хүн манай аварга, арслангуудтай барилдвал маш сонирхолтой байх болов уу.

-Монгол бөхчүүд Тувад очиж тогтмол барилддаг уу?

-Тогтмол барилддаг юм. Тур дундаа Н.Батсуурь аварга ирж барилддаг. Маш уран барилддаг хүн ш дээ. Манай ард түмэн барилдааныг нь үзэх их дуртай. Дээхнэ үед бол дархан аварга А.Сүхбат ирж барилддаг байлаа. 2003 онд билүү дээ наадмаар ирж барилдаад Аяс Монгуш аваргатай үзүүр түрүүнд үлдэж барилдаад унасан. Сүүлийн үед улсын харцага Т.Баасанхүү ирж барилдах болсон. Уран дайчин барилддаг гоё бөх. Манай бөхчүүд ч түүнийг хүндэлдэг юм. Мөн улсын харцага Н.Золбоо, аймгийн арслан Х.Оргилболд нар байна. Үзүүштэй гоё барилддаг. Тува бөхчүүд ч Монголд ирж заал танхимын барилдаанд зодоглож л байсан. Бидний дээд аварга Аяс Монгуш ид үедээ бол аймгийн аварга шалгаруулах барилдаануудад түрүүлэх хэмжээнд л барилддаг байлаа. Үеийнхээ бөхчүүдтэй эн тэнцүүхэн л өрсөлдөнө. Одоо энэ дархан аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр нартай тэр шүү дээ. Харамсалтай нь ид үедээ улсын наадамд барилдаж чадаагүй юм. Энэ жил зодоглох байх. Гэхдээ ид сайн үеийнх шигээ барилдаж чадахгүй болов уу.

-Тувагийн н.Сайнбилэг гэж мундаг барилддаг бөх бий. Энэ жилийн улсын наадамд барилдах юм билээ. Бэлтгэл сургуулилт нь ямар байгаа бол?

-Сайнбилэг энэ жилийн улсын наадамд зодоглоно. Тува улсын заан цолтой бөх л дөө. Энэ жил 37 настай. Сайнбилэг үндэсний бөхөөр их сайн барилддаг шүү. Тэр жил Монголын Цагаан сарын барилдаанаар Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяртай их сайн барилдсан. Эхний барилдаанд Г.Эрхэмбаяр аваргыг өвдөг шороодуулсан ч хөлийн цэцүүд дахин барилдуулах шийдвэр гаргасан юм. Ингээд өвдөг шороодсон. Монголын “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг төгссөн тува залуус олон бий. Заалны барилдаануудад ч дажгүй сайн барилдаж л байсан. Тэр залуус маань энэ жилийн наадамд зодоглож чадахгүй нь бололтой.

-Ингэхэд Тувагийн улсын наадамд түрүүлсэн бөхөд ямар бай шагнал олгодог юм бэ?

-Одоогоос таван жилийн өмнө түрүүлсэн бөхийг лада маркийн машинаар байлж байсан. Жил бүр өөр өөр байдаг. Заримдаа трактор өгнө (пад пад). Мотоциклоор ч байлах тохиолдол бий. Мэдээж цол олгоно. Тувагийн бөхчүүд ажил хөдөлмөр эрхлээд хажуугаар нь бөхөө барилдаад явдаг. Наадам дөхөхөөр Монголын бөхчүүдийн адилаар галд гарч бэлтгэлээ базаадаг.

-Тувагийн дунд сургуулийн хүүхдүүдэд түүхийн хичээл ордог байх. Түүхийн хичээлээр өөрсдийгөө хаанаас гарвалтай гэж үздэг юм бэ?

-Бид бүгд монгол угсаатнууд шүү дээ. Дунд сургуульд Монголоос гарвалтай л гэж үздэг. Тийм ч учраас Ардын хувьсгалын 100 жилийн ойн их баяр наадамд бид барилдах болсондоо туйлын их баяртай байна.

Categories
их-уншсан мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Өнөө жилийн наадмаар О.Хангай түрүүлж, даян аварга Н.Батсуурь үзүүрлэж дархан аварга болно DNN.mn

Бөхийн галуудын наадмын сорилго барилдаануудыг анзаарахад өнөө жил хэн хэн өнгөнд барилдах нь ерөнхийдөө харагдаж байна. Өнгөрсөн улирлын турш өндөр формоо хадгалсан Оргихын Хангай харцага энэ жил “Сүүж” ууланд улсын заан Ц.Мягмарсүрэн багшийнхаа удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаалаа.

Бэлтгэлийн үеэр бол Хангай харцагын энд ойртож барилдах хүн олдохгүй байгааг галынх нь бөхчүүд бүгд хэлж байна.

Тааралдсан бөхөө л чээжиндээ тээгээд хааш нь ч хамаагүй чулуудчихаад байгааг аймгийн цолтнууд нь ярьж байгаа юм. Сүүж уул орчмоор л Хангай харцагын бярыг шагшсан улс байна. Бэлтгэл нь онцгой сайн байгаа түүний тухайд долдугаар сар цухуйнгуут бэлтгэлийн ачааллаа бууруулж хөнгөн бэлтгэлдээ ороод байгааг Ховдын хурц арслан Б.Баянмөнх хэлж байна лээ. Өнөө жил 31 настай тэрбээр наадам дөхсөн өдрүүдэд нойр хоолондоо тун сайн, сэтгэл зүйн бэлтгэл мундаг байгаа гэсэн. Наадмын даваанд шийдвэрлэх барилдаанаа долоогийн даваанд харцага Б.Бат-Өлзий юм уу, Б.Орхонбаяр нарын хэн нэгэнтэй нь хийж таарна. Хэн хэнтэй нь өгөө аваатай л барилддаг. Гэхдээ энэ жилийн тухайд Хангайгийн форм бусдаасаа илүү байгааг багш нар нь нууцгүй хэлж байна. Сүүж уулын бөхийн гал руу хараа бэлчээхэд Ховдын хязгаараас аварга цолтон төрөх магадлал маш өндөр байна. Улсын манлай заан Донровын Долгорсүрэн гуай “Хангайг ард түмэн жил хүлээлээ. Өнөө жил тэр их хүлээлтийг тайлах байх. Их олон унаа даваа дууддаг. Ер нь Хангай түрүүлэх цаг нь болсон” гэж шууд хэлж байна лээ. Ахмад бөхчүүд ингэж онцлоод байгаа нь цаагуураа нэг юм хэлээд байгаа биз.

Улсын даян аварга Н.Батсуурь дархан аварга цолны төлөөх сүүлийн дайралтаа энэ жил хийнэ. Түүний хувьд 1024 бөхийн барилдаанд ес давж үзүүрлэхэд л үндэсний бөхийн оргил дархан аварга цолны болзол хангах учиртай. Өөрөөр хэлбэл А.Сүхбат, Г.Өсөхбаяр нараас хойш анхны дархан аваргаа монгол үндэсний бөх өлгийдөж авна гэсэн үг. Өлгийдөх магадлал ч маш өндөр. Ингэж үзэх хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт Н.Батсуурь наадмын дэвжээнд амласан бөхдөө бараг унаж үзээгүй бөх. Энэ үзүүлэлтээс барилдаанаа маш нарийн, зөв тооцоолдог нь тодорхой харагдаж байгаа юм. Өөр нэг үндэслэл нь Увсаас том фракц наадамд зодоглоно. Өөрөөр хэлбэл Т.Баасанхүү, Ц.Мөнхбаяр, Ж.Ням-Эрдэнэ гээд залуус Батсуурийн замыг засч гол өрсөлдөгч нарыг нь “цэвэрлээд” өгөх байх. Шуудхан хэлэхэд “Увс нуур” гал дархан аваргатай болох зургаа аль хэдийнэ зурчихсан гэх яриа бөхийн гал тогоонд явж байна. Наадамд зодоглох дархан аваргууд тавын даваанаас дээш гарахгүй. Тавын даваанд л залгамж халаагаа бэлтгэж нутгийн дүү нараа дэмжиж улсын цолд хүргэнэ. Ингээд тооцоход Н.Батсуурь зургаагийн даваанаас цааш зүүний магнайг аваад явна. Зургаагийн даваанд начин болсон залуусаас зөөлчилж байгаад нэгийг нь дараад авна. Долоогийн даваанд нутгийн залуусаасаа гарч ирснийг нь амлачих байх. Харин найм болон есийн даваанд гол барилдаануудаа л хийнэ. Доорх даваануудад тунаж гарч ирсэн харцагуудаас нэгийг нь амлах болов уу. Арван хэдэн жилийн туршлага, их спортын мэдрэмжээрээ дараад унах магадлал өндөр. Н.Батсуурийн бусдаас хол давуу чанар нь наадмын өндөр даваанд сэтгэл зүй маш өндөр барилддаг. Тийм ч учраас наадамд хоёр түрүүлж, нэг үзүүрлэсэн амжилтаараа энэ цагийн бүх бөхчүүдийн оройд нь гарч зогсчихоод дархан аварга цолны төлөө дайрах гэж байна.

Архангайн М.Бадарч гарьд энэ улиралд гойд сайн бэлтгэлтэй байгаа. Дөрвөн ч удаагийн заалны барилдаанд түрүүлж, нэг удаа өнөөх О.Хангайд унаж үзүүрлэсэн. Спортын замналын оргил үедээ яваа Бадарч гарьд Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор түрүүлэх магадлал бий. Өнгөрсөн жилийн халуун намраар наадмын бэлтгэлдээ орсон тэрбээр энэ жил гол шийдвэрлэх барилдаанаа О.Хангай, Б.Бат-Өлзий нарын харцагуудын хэн нэгэнтэй нь наймын даваанд тунаж барилдах магадлалтай. Даваа унааны харьцааны тухайд хоёр харцага үл ялигүй илүүрхдэг. Архангайгаас харах өөр нэг бөх бол улсын харцага Б.Зоригтбаатар. Заалны барилдаануудад гойд амжилт үзүүлээгүй ч наадмын дэвжээнд хэнтэй ч таарсан шийдсэн мэхээ шууд хийдэг энэ бөх шуугиан тарьж мэднэ. Наадмын дэвжээнд түүнийг амлах аатай эр ховор. Улсын харцага, начин цолны давааг Зоригтбаатар шиг тунаж авсан бөх тун ховор. Өнөө жил зургаагийн даваанд Баярсайханы Орхонбаяртай тунах магадлал тун өндөр. Тэгвэл ч Хан богдыг өндөлзүүлж, Хатан туулыг цэлэлзүүлсэн ширүүн барилдаан Цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ хоёрын тухайд хэн ч давахыг таахад хэцүү. Хэн нь ч юу хийж мэдэх учраас тэр л дээ. Өнгөрсөн намар гавьяат дасгалжуулагч Г.Элбэгийн эмчилгээнд хандив цуглуулах барилдаанд энэ хоёр бөх оноолт таарч талыг там болтол ноцолдоод Б.Зоригтбаатар сугадаж мушгиад туг тойрч байлаа. Бусдаар бол энэ хоёр бөх хоорондоо таарч барилдаагүй. Б.Орхонбаярын Зоригтбаатараас даагаа нэхэх барилдаан удахгүй болох наадмын зургаагийн даваанд тохиох байх. Б.Орхонбаяр даваад гараад ирвэл харин наадмын уур амьсгал шал өөр тийшээ эргэж мэдэх юм. М.Бадарчаас бусад том цолтнуудыг бол Орхонбаяр сугадаад л тонгорчихдог.О.Хангай, Б.Бат-Өлзий гээд харцагуудыг бүгдийг нь тонгороод улс тунхагласны ойн барилдаанд түрүүлж байлаа. Тэр түүх давтагдахыг ч үгүйсгэх арга үнэндээ байхгүй. Түүний бэлтгэлийн ирийг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багш тааруулж байгаа. Багш шавь хоёр бие биенээ дэндүү сайн мэдэрдэг талаар бөхчүүд хэлдэг. Хэдхэн жилийн өмнө Өсөх-Ирээдүй харцага үздэг хүнд шавиа авч очихдоо ирэх 100 жилийн түрүү бөхийг би бэлтгэж байгаа гэж ам алдсан байдаг.

Улсын отгон аварга Пүрэвийн Бүрэнтөгс аварга заал танхимын барилдаанд цөөн зодоглосон. Зодоглосон барилдуунууддаа гол төлөв доогшуур даваанд унасан. Ардын хувьсгалын 100 жилийн ойд их эртнээс ч бэлдсэн. Сүүлд болсон дөрвөн аваргын нэрэмжит барилдаанаар гарч ирэхдээ хачин их шуугдсан байна лээ. Хамт бэлтгэл хийдэг бөхчүүдийнх нь яриагаар бол наадмын формоо олохоор жингээ хассан нь тэр гэнэ лээ. Тухайн барилдаандаа ч үзүүрлэсэн байдаг. Аварга доогуур даваанд бага цолтнуудад гэнэ алдаад хазайчихдаггүй л юм бол Төв цэнгэлдэх хүрээлэнд нар хэвийхэд зогсож л байна даа. Түрүүлж гэмээнэ дархан аварга болно.

Одоо онцлох бөхийн тухайд өнөө маргаашгүй Ерөнхийлөгчийн зарлигаар улсын арслан ч болж мэдэх юм. Өнгөрсөн жил хамаг Монголын хүчтэнүүд Хүй Мандалын дэнжид чуулахад Б.Бат-Өлзий хол тасархай түрүүлсэн. Энэ амжилтаараа тэр улсын арслан болж мэднэ. Залуучуудын холбооны ойд түрүүлсэн Б.Бат-Өлзийгийн жигдхэн форм одоо болтол үргэлжилж байгаа. Сүүлд болсон хоёр барилдаанд дараалж түрүүлсэн. Тэрбээр шийдвэрлэх барилдаанаа О.Хангай харцагатай л хийж таарна. Сэнжиг элэг бүснээс шийдсэн этээгээ хийвэл Бат-Өлзий дээр нь тусч түрүүлэх замаа засч болох талтай. Хангай ч босоо өрөлттэй арагшаагаа суучих гээд байдаг дутагдалтай. Төрөөгийн Баасанхүүд хоёр ч удаа этүүлж суусан байх. Мөн өнгөрсөн жилийн гол дуулианы эзэн Э.Нямаа арслан ч Хангайг наадмын гурвын даваанд этээд л суулгачихаж байсан удаатай.

Эрдэнэхүүгийн Мөнхжаргал гэж эгэлгүй бөх гарч ирж буйгаа өнгөрсөн өвөл зарлаж бага наадамд түрүүлсэн. Сая “Бөх билэгт дэвжээний наадмын сорилго барилдаанд зодоглож их шөвөгт шалгарсан байна лээ. Тав давчихвал наадмын хувь заяаг яаж ч эргүүлж чадах бололцоо түүнд хангалттай байгаа. Сугадаад л авчихвал хэнийг ч мордоод дарж унадаг байгалийн өгөгдөлтэй аймгийн заан Мөнхжаргал начны даваанд Өвөрхангайн Ц.Бямба-Отгонтой тунаж барилдах зураг тод харагдаж байгаа. Бямба-Отгон дархан зүүн хөлтэй, Мөнхжаргал харин дархан мордоотой. Тунаад барилвал Мөнхжаргал л сугадаж мордоод өнөөх нь дагуулаад хөмөрч таарна. Идэрхэн хоёр залуу зааны барилдааныг бүх монголоороо нүд салгалгүй харах нь дамжиггүй. Их спортын авьяасаараа Мөнхжаргал боломж арай л илүү байж таарна.

Энд онцолсон бөхчүүдээс гадна улсын заан Б.Пүрэвсайхан, Д.Анар, улсын харцага Х.Гантулга, улсын өсөх идэр начин Чи.Батчулуун, улсын начин Д.Хүдэрбулга, Д.Мөнх-Эрдэнэ нар цол ахиж дээр дурдсан бөхчүүдэй ширүүн өрсөлдөөн үзүүлэх байх.

Харин 1980-аад оны төлөөлөл улсын аварга С.Мөнхбат, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд Б.Гончигдамба, Ө.Бат-Орших нарын бөхчүүд начны даваанд дүү нараа дэмжиж залгамж үеэ дэмжих байх. Улсын гарьд Б.Гончигдамбын галд цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл гэж улс аймгийн цолтнуудад түрүүлээд үзчихсэн бөх байгаа. Гончигдамба гарьд галын дүүгээ начны даваанд дэмжих нь дамжиггүй. Өнөөх нь ч цаашаа сайн барилдах байх. Харин Ө.Бат-Оршихын шавь аймгийн заан Очирбатын Түмэн өнөө жил удмаа дуурсгаж улсын цол авах болов уу. Начны даваанд гарьд ах нь дэмжиж таарах байх. Содномдорж арслан харин аймгийн заан Бямба-Отгонд насаа тоолуулсан гэхэд болно. Гурав таарч гурав унасан. Наадмын дэвжээнд амлаад ширүүхэн үзэж ч магадгүй. Үгүй бол Хөвсгөлийн арслангуудаасаа нэгийг нь дэмжиж таарна.

Улсын цолонд тулаад ирчихсэн аймгийн цолтнууд олон байна. Тэдний тэргүүн эгнээнд Б.Түмэндэмбэрэл арсланг онцолъё. Өнгөрсөн улиралд аймаг, цэргийн цолтнуудын барилдаанд гурав түрүүлсэн. Дүүрэн начингийн хэмжээнд барилдах боломжтой Түмээ арслан Булганы бөхчүүд ч дэмжиж тунаанаас гаргаж өгөх байх. Булганы Орхоноос өөр нэг бөх гялалзтал барилдаж байгаа нь аймгийн арслан Энхбатын Сумъяабат. Өмнөх наадмуудад эрэмбэ багатай гарч аварга арслангуудын аманд очоод байсан энэ бөх бүх цэргийн наадамд үзүүрлэж чимэг нэмж, эрэмбээ ахиулсан. Цол дагаж бяр ч орсон байна лээ. Үүнд нэмэгдээд Сүхбаатарын Н.Өсөхбаяр, Өвөрхангайн О.Наранбаатар, Хөвсгөлийн Э.Баасанжав, Хэнтийн Д.Алтанцоож, Төв аймгийн П.Эрхэмжаргал, Булганы Да.Пүрэвдорж, Увсын Л.Энхсаруул гээд залуусын бэлтгэл сургуулилт гойд сайн байна лээ. Энэ залуусаас л улсын цолтнууд төрөх байх.

Сүүлд нь онцлоход, дархан аварга А.Сүхбатын хүү аймгийн начин Хангай 100 жилийн ойдоо зодоглохоор эрчимтэй бэлтгэл хийж байна лээ. Баянаа аваргын зээ, Сүхбат аваргын хүү Хангай өнөө жил шуугиулаад гараад ирж мэдэх л байх.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнхбат: Үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг ялласан шийдвэртээ төр хариуцлага хүлээх боллоо DNN.mn

Иргэн Д.Мөнхбаттай ярилцлаа.


-Таныг хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас буруутгаад байсан шүү дээ, гэсэн ч гэм буруугүй гэдгийг тогтоосон. Харин та эргүүлээд хуулийн байгууллагад хандсан байдаг. Үндэслэл нь юу байв?

-Tөрийн албан тушаалтны иргэнд учруулсан гэм хорын хохирол барагдуулах миний хүсэлтийг ХУД-ийн шүүхээс дэмжиж шийдвэрлэлээ. Бүтэн нэг жил зургаан сар Эрүүгийн, Зөрчлийн, Иргэний хэргээр шүүх, цагдаа, прокурорын байгууллагаар явлаа шүү дээ. Эцэст нь хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш болохыг шүүхээс тогтоолоо. Намайг яллагдагчаар татсан тогтоол уншиж байхад хийсэн үйлдэлдээ би харамсаагүй. Учир нь үнэн ялна гэдэгт итгэж байлаа.

-Ер нь таныг хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсэн гэх үндэслэлээр л хууль хяналтын байгууллагаас ээрч эхэлсэн үү. Цагдаагаас тайлбарлахдаа “Төрийн албан хаагчийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй” гэж хэлдэг шүү дээ.

-Би БНСУ-аас Монголд ирээд тусгаарлалтад орсон. Хилийн чанадад байх хугацаандаа халдвар авахаас сэрэмжилж хариуцлагатай хандаж эрүүл саруул эх орондоо ирсэн. Улаанбаатарт ирээд тусгаарлалтад байх хугацаандаа ковид туссан юм. Ингээд бодит нөхцөл байдлыг олонд хүргэсэн.

Гэтэл халдварт өвчин тархах нөхцөл бүрдүүлсэн гэх үндэслэлээр л намайг буруутгасан. Буруутгахдаа Эрүүгийн хуулийн 15.6.1-дэх заалтад үндэслэж байгаа юм. Мөн хувийн цахим хаягаараа лайв хийж, пост оруулсан үйлдлийг ард иргэдийг төөрөгдүүлсэн гэж үзэж намайг Зөрчлийн хуулиар торгосон. ЦЕГ-ын албан тушаалтан үүнийг тайлбарлахдаа “Хүнийг үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө шийтгээгүй. Гоц халдварт өвчин тархах нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэх үндэслэлээр буруутгасан” гээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр усыг маань зарлачихаж байгаа юм. Ямар нэгэн шүүхийн шийдвэр гараагүй байхад тэр шүү дээ.

-Таныг Өршөөлийн хуульд хамруулна гэх зүйлийг хуулийн байгууллагаас онцолж байсан шүү дээ. Тусгаарлалтын байрны талаар бодит мэдээллийг хүргэсэн үйлдлийг чинь буруутгасан нь эндээс ил цагаан харагдаж байна лээ.

-Цагдаагийн байгууллагаас “Чи гэм буруугаа хүлээвэл Өршөөлийн хуульд хамруулна” гэж хэлж байсан. Гэм бурууг нь шүүхээс тогтоогоогүй байхад л хүнийг байцаагаад чамайг өршөөлөө гэдэг ойлголт байж болох уу.

Өршөөлд хамруулна гэж залилаад надад хэрэг тохох гээд байгаа юм уу. Ийм логик, дэс дараалалгүй асуудал байж болохгүй биз дээ. Миний гэм буруутайг нотолж байж, тэрийг нь шүүхээс “Энэ хүн гэм буруутай байна” гэж тогтоосны дараа л өршөөлд хамруулах эсэх асуудал хөндөгдөнө. Гэтэл юуг ч нотлоогүй байж л өршөөлд хамруулна гэж санал болгож байгаа нь нэг үгээр хэлбэл доромжилж байгаа үйлдэл мөн.

-Бодит нөхцөл байдлыг хувийн орон зайдаа илэрхийлээд яллах тогтоол уншуулахад амар биш байсан байх. Гэр бүлийнхэнд тань ч тэр.

-Хэзээ нэгэн цагт үнэн ялна гэдэгт итгэлтэй байснаа би дээр онцолсон. Харин ойр дотныг хүмүүс, гэр бүлийнхэн маань надаас болж шаналж, санаа зовж байгааг хараад их харамссан. Удахгүй мэс ажилбарт орохоор зэхэж байсан ээжийг минь цагдаа дуудаж дэргэдээ авч ирээд л мэдүүлэг авч байлаа. Эрүүл мэндийн байдал нь таагүй байсан ээжид минь ямар хүнд цохилт болсон бол гэхээс одоо ч гол харладаг юм. Ийм л хүнлэг бус үйлдэл гаргаж гэр бүлийнхэнд минь сэтгэл санааны асар их дарамт учруулсан. Гэлээ гээд шударгын баг зүүсэн улстөрчид шиг энд тэнд хашхирах сонирхол надад алга даа.

-Танд тохиолдсон үйлдлийн ард нийт массын эрх ашиг хөндөгдөж л байсан шүү дээ. Гэсэн ч эрх ашгийг тань хамгаалж дуугарсан нь цөөн байх.

-Энэ бүхний сүүлд нь онцлоход бид өөрсдөө худалч амьтад шүү дээ. Улстөрчөөс нэхдэг ёс зүйгээ өөрсдөөсөө нэг нэхээд үзэх хэрэгтэй. Оршин сууж буй дүүрэг, хороонд тань байгаа хүнд суртал, тулгамдсан асуудлын талаар төрийн байгууллагад бичгээр гомдол гаргаад хөөцөлдөөд нэг үзээрэй. Эрүүл мэндийн нөхцөл байдал нь хүндэрсэн ойр дотны хэн нэгнийгээ мэс заслын дараалалд оруулахаар яваад үзэх хэрэгтэй. Бид өөрсдөө асуудал дэвшүүлдэг шигээ асуудлын шийдлийн нэг хэсэг болж амьдарч сурах хэрэгтэй. Надад хамаагүй гэх хар амиа бодсон зангаа хаяасай билээ. Би энэ асуудлыг шийдэхэд хэрхэн яаж оролцож болох вэ гэдгийг бодоод үзэх хэрэгтэй. Өөр хэн нэгэнд найдаж шийдэл хүлээж суух биш, өөрөө шийдлийн нэг хэсэг болоорой. Өнөөдөр намайг хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрхийлсний төлөө ялласан бол маргааш таныг, магадгүй таны ойр дотны хэн нэгнийг яллах аюул яг хажууд чинь байна л гэсэн ойлголт шүү дээ.

Сүүлд нь онцлоход, би эрүүл мэнд, санхүү, цаг хугацаа, боломж гээд олон зүйлээ алдсан. Гэхдээ олон сайхан хүмүүстэй учирлаа. Өмгөөлөгч нартаа чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүдийн бэлтгэл жигдэрчээ DNN.mn

Өнгөрсөн амралтын өдөр Богдхан уулын дархан цаазат Шажин хурахын амыг зориод ирлээ. Энд төрийн есөн хөлт цагаан тугийг залах торгон цэргүүд бэлтгэлээ базааж байна.

Төрийн есөн хөлт цагаан тугийг залан цэнгүүлэх ёслолыг Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн захирагч буюу Монгол Төрийн хонжин ахалж, Их тугчийн удирдлагад бие бялдар, авхаалж самбаагаар шалгарсан найман тугчин болон 22 торгон цэргийн хамт тодорхой ёс, журмын дагуу үүрэг гүйцэтгэснээр Үндэсний их баяр наадам эхэлдэг. Тиймээс бэлтгэл сургуулилтаа мадаггүй сайн хийж гүйцэтгэх нь торгон цэргүүдийн хувьд хамгийн гол зүйл нь.

Биднийг очиход бие бүрэлдэхүүн хэдийнэ бэлтгэлээ жигдрүүлчихсэн харагдлаа. Дасгал сургуулилтаа хийж буй байдлаас ажвал туйлын эмх цэгцтэй, зохион байгуулалттай аж. 032 дугаар ангийн хошууч Д.Хашхүү “Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн 2015 оны долдугаар сарын 8-ны өдрийн 119 дүгээр зарлигийн дагуу бид төрийн ёслолын бүх арга хэмжээнд оролцох үүрэгтэй. Үүнийхээ хүрээнд ЗХЖШ-ын даргын тушаалаар жил бүр Богдхан уулын Шажин хурахын аманд бэлтгэлээ базаадаг. Есөн хөлт цагаан тугийн их туг нь 30 гаруй кг, харин бусад тугууд нь 27-28 кг жинтэй. Төрийн тугийн хүндийн цэг нь оройдоо байдаг учраас багахан хөдөлгөхөд дайвалзан тэнцвэр алдах аюултай. Энэхүү ёслолын үеэр алдаа гаргах эрхгүй, асар хариуцлагатай байх ёстой” хэмээн нухацтайгаар ярьж байлаа.

Зэвсэгт хүчний нэгдсэн найрал хөгжмийнхөн ирчихсэн бэлтгэлээ хамтдаа хийх гэж байв. Хээрийн ангиа тойруулан Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хэмжээтэй дүйцэхүйц том тойрог татчихжээ. 15:00 цагт эхлэх бэлтгэлийнхээ өмнө цэргүүд морьдоо барьж байлаа. Эдгээр адуу төрийн торгон сүрэгт байдаг. Тэр бүр унаж, эдлээд байдаггүй болохоор ихэнх нь ааштай талдаа юм. Цөөн хэд хоног л бэлтгэл хийж байгаа болохоор тэр хугацаанд багтаж мориндоо дасна гэдэг цэргүүдээс багагүй хичээл зүтгэл шаарддаг ажээ. Тиймээс бэлтгэл дууссан үед ч мориндоо дасахыг хичээсээр овоо үр дүнд хүрч байгаа тухай цэргүүд хэлж байна.

Ёслолын үйл ажиллагаанд төрийн хонжин, их тугч болон найман тугчаас гадна морь баригч, шилжүүлэгчийн үүргийг хүлээх Төрийн торгон цэргүүдийг 032 дугаар ангийн түрүүч, байлдагчдын бие бүрэлдэхүүнээс сонгон шалгаруулдаг. Сонгон шалгаруулахдаа өндөр цэргүүдийг сонгохоос татгалздаг талаар хошууч Д.Хашхүү онцолсон юм. Учир нь өндөр цэргүүд жин ихтэй учраас моринд тээртэй байдаг ажээ. Анх удаагаа төрийн хамгийн том баяр, ёслолд оролцох гэж буй 18-22 насны залууст сэтгэл зүйн бэлтгэлээс эхлээд зааж сургах юм их. Гэхдээ адуутай бэлтгэл хийхэд төвөгшөөх зүйл байдаггүй гэдгийг бэлтгэлд гарсан хугацаат албаны дайчид дуу нэгтэй хэлж байна.


Тэдгээр жавхаалаг торгон цэргүүдийн нэг нь байлдагч Б.Батмагнай. Түүнтэй цөөн хором хөөрөлдлөө.


-Та хаанаас цэргийн албанд татагдсан бэ. Адуутай ойрхон өссөн үү?

-Би Ховд аймгаас цэргийн албанд татагдсан. Миний аавыг Т.Батцоож гэдэг. Улсын тод манлай уяач цолтой хүн. Би тэр ч утгаараа багаасаа л адуутай ойрхон өссөн. Цэргийн албанд татагдахдаа есөн хөлт цагаан тугийг залах хүндтэй үүрэг надад ирнэ гэж төсөөлөөгүй шүү. Тэр дундаа Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор хүндэтгэлийн үйл ажиллагаанд оролцоно гэдэг мартагдахааргүй дурсамж үлдэх нь. Бэлтгэлээ базаагаад хоног тоолоод наадмаа хүлээж байна. Аав маань улсын наадамд морьдоо сойж байгаа. Айрагдахаар морьд хэд хэд бий. Магадгүй Цэнгэлдэхэд аавтайгаа уулзах болов уу гэж горьдож байна. Туг залах ажиллагаанд оролцох болсон талаараа гэр бүлийнхэндээ хэлэхэд бараг итгэж ч өгөхгүй байна лээ (инээв).

-Өдөрт хэдэн цагийн бэлтгэл хийж байна вэ?

-Морьтойгоо бол өдөрт зургаан цагийн л бэлтгэл хийдэг. Мөн хувийн бэлтгэлээ сайтар базаах ёстой. Гар дээрээ суниахаас өгсүүлээд дасгал сургуулилтаа сайн хийж байгаа. Туг залах морьдыг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас авчирсан.

Цэнгэлдэх рүү ороход дуу шуугиантай байх болов уу гэхээс жаахан болгоомжилж байлаа. Бүрээ, бөмбөрийн дуунаас морьд үргээд байвал хэцүү. Үүнд дасгах зорилгоор найр хөгжимчидтэй бэлтгэл хийсэн. Морьд анх ирэхдээ жаахан дошгин байсан. Одоо л зүгээр болсон.

-Хот руу хэзээ орох вэ?

-Долдугаар сарын 4-нд орох байх. Очоод Дүнжингарав худалдааны төвийн ойролцоо байрлах юм билээ. Наадмаас өмнө морьдоо усанд сойж өнгийг нь сэргээх ажил бий.

-Цэргийн алба хаах ямар байна вэ?

-Сэтгэгдэл өндөр байгаа шүү. Энд ирснээс хойш цаашдаа цэргийн албанд ажиллах бодол ч үе үе төрөх болсон. Гэр бүлийнхэнтэйгээ зөвлөөд шийдвэрээ гаргах бодолтой байгаа” гэв.

Ийн ярилцаад үдээс хойшхи нэгдсэн бэлтгэл эхлэв. Яг л Цэнгэлдэх хүрээлэнд байгаа мэтээр хүндэтгэлийн ая эгшиглэж шарга зүсмийн морьтой есөн баатар эр түрүүлээд орж ирэв. Араас нь цагаан морьтой хонжин буюу ангийн захирагч, залгуулаад туг орж ирэх ажээ. Хээр талд хэдий ч Төв цэнгэлдэх хүрээлэнд туг орж ирж буй мэтээр бэлтгэлээ хийж байв. Торгон цэргүүдийн нүүрний хувирал, биеэ авч яваа байдал яг л наадмын нээлт үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх аж. Нэг гараараа мориныхоо цулбуурыг бариад, нөгөө гараа ташаандаа тулаад толгой өөдөө баатар эрсийн ихэмсэг дүрд хувиран өдрийн хоёр удаагийн бэлтгэл хийдэг юм байна.

Торгон цэргүүд өглөө 06:00 цагт босно. Эхлээд өглөөний гүйлттэй. Гурваас дөрвөн км гүйгээд анги дээрээ ирж өглөөний цайгаа ууна. Үргэлжлээд биеийн хүчний бэлтгэл хийдэг. Өөрсдийнхөө биеийг ингэж бэлтгээд морьтой бэлтгэлдээ гарна. Хоёроос гурван цаг морьдоо дасган бэлтгэл хийсний дараа өдрийн хоолтой. Тогооч нар хээрийн бэлтгэлд хамт гардаг учраас нэг болон хоёрдугаар хоол хийж өгнө. Үргэлжлүүлээд мөн л бэлтгэлээ хийнэ. Морьтой бэлтгэлээ гурван цаг орчим л хийдэг юм билээ. Үүнээс удаан хугацаагаар хийвэл морьд нь залхуураад байх төлөвтэй. Олон жилийн турш туг залж яваа морьд ч үүргээ маш сайн ойлгодог болчихож. Бэлтгэлийн үеэр өвс зулгаагаад зогсчихгүй. Цэргүүдийн зүгээс зарим морьддоо витамин өгдөг юм билээ. Харин наадмын өдөр бол хоолыг нь сойгоод гэдсийг нь татчихдаг гэсэн. Наадмын өглөө Цэнгэлдэх ороод бааж, шээгээд зогсчих эрсдэлтэй гэж үздэг аж. Олон жилийн турш туг залах ёслолын ажиллагаанд оролцсон морьд энэ мэтийн асуудал гаргадаггүй. Шинэ морьд харин наадамчдын өмнө янз бүр болох магадлалтай учраас хоолыг нь сойж учирч болох эрсдэлээс сэргийлдэг юм байна.

Морьд шороон замаар явахад ядарч сульдах нь гайгүй юм билээ. Харин засмал замаар явахад халтирчих эрсдэлтэйг торгон цэргүүд онцолж байв. Нэг морь багаар бодоход 120 гаруй кг ачаатай явах учраас хол замд цуцах магадлалтайг ч хэлэв. Туг залах хүн дунджаар 70-80 кг жинтэй. Үүн дээр морьдоо 15 кг жинтэй мөнгөн чимэглэлээр тоноглодог аж. Есөн хөлт цагаан тугийг залах хүлэг морьдыг таван жилийн өмнөөс сэлгэж эхэлжээ. Харин энэ жилийн тухайд шинэ морьд орж ирээгүй гэнэ. Шинэ морьдыг сургахад амар биш ч нас яваад ирэхээр солихоос өөр аргагүй байдаг аж. Их тугийг залдаг том шарга морь л гэхэд ёслолын ажиллагаанд 12 жил оролцоод халаагаа өгсөн байна. Гэсэн ч зун уяандаа ирээд зогсчихдог гэнэ лээ. Бэлтгэлийн үеэр ч дагаад алхаад байдаг аж.

032 дугаар ангийнхан наадам болохоос тав хоногийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн арын талбайд байрлаж бэлтгэлээ хийх гэнэ. Гэхдээ Шажин хурхын аманд байрладаг шиг олон цагийн бэлтгэл хийхгүй, цомхон хийдэг аж. Мөн наадмын өмнөхөн Туул голд морьдоо усанд оруулж өнгө зүсийг нь сэргээдэг гэнэ. Энэхүү ажлуудыг дэс дарааллаар нь гүйцэтгээд долдугаар сарын 10-ны өглөө төв талбай орж есөн хөлт цагаан тугаа цэнгүүлээд маргааш нь Төв цэнгэлдэх хүрээлэнг зорьдог ажээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Э.МӨНХТҮВШИН

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гомбосүрэн: Урьдчилан сэргийлэх аянг зохион байгуулахгүй бол энэ зун зам тээврийн ослоор 250-300 хүн нас барах магадлалтай DNN.mn


-Хөдөө явахдаа приусыг өндөрлөж үйлдвэрийн стандартыг нь алдагдуулж хэрхэвч болохгүй-


Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын замын хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа Б.Гомбосүрэнтэй ярилцлаа.


-Амралт аяллын үе эхэлжээ. Орон нутгийг чиглэсэн хөдөлгөөн ачаалалтай байх шиг. Үүнтэй холбоотойгоор орон нутгийн замд ноцтой зам тээврийн ослууд ч ар араасаа гарч байна. Урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажил, арга хэмжээ зохион байгуулж ажиллаж байна вэ?

-“Ковид-19”-ийн хөл хорио цуцлагдлаа. Хоёр жилийн хугацаанд хөл хорионд байсан иргэдийн хөдөлгөөн хөдөө орон нутаг руу чиглэж байна. Орон нутгийн замын ачаалал ч илэрхий нэмэгдлээ. Иргэдийн тухайд уул овооны тахилга болоод орон нутгийн наадмаа зорьж байна. Энэхүү хөдөлгөөнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас “Аажуу явбал аяндаа хүрнэ” гэх аяныг улсын хэмжээнд зургадугаар сарын 20-ноос есдүгээр сарын 15-ны өдрийн хооронд зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. Сүүлийн 10 жилийн хугацаан дахь статистик тоон мэдээллээс харахад 4593 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаж, 42489 иргэн гэмтэж бэртсэн байгаа юм. Дээрх тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд амралт аяллын гурван сарын хугацаанд ТЦА-аас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил арга хэмжээ зохион байгуулахгүй бол 250-300 хүн зам тээврийн ослоор нас барах магадлал харагдаж байгаа юм.

Зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд орон нутгийн замд хурд хэтрүүлэх, тэр дундаа гүйцэж түрүүлэх үйлдлийг хориглосон нөхцөлд хийж байгаатай холбоотой байна л даа. Саяхан л гэхэд Өвөрхангай аймагт “Land cruiser prado 70” маркийн тээврийн хэрэгсэл “Land cruiser 200” маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхэд нь зүүн гар тийш эргэж таарсан. Ингээд тухайн тээврийн хэрэгслүүд мөргөлдөж “Land 200” нь онхолдож ослын улмаас гурван хүн нас барсан. Өөр нэг шалтгаан нь бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдлгөөнд оролцож байна. Сая Улаанбаатараас Өмнөговь аймаг руу ачаа тээвэрлэж явсан том оврын тээрийн хэрэгсэл эвдэрч Дундговь аймгийн нутагт замын зорчих хэсэгт зогссон байхад нь Harri­er маркийн тээврийн хэрэгсэл мөргөсөн ноцтой осол гарсан. Ослын улмаас таван хүн газар дээрээ нас барсан. Том оврын тээврийн хэрэгсэл үзэгдэх орчин хязгаарлагдмал үед замын зорчих хэсэгт зогсохдоо ослын гурвалжин тэмдэгт байршуулаагүй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал үед хурдтай явсан Harrier маркийн автомашин ослын тэмдэг байршуулаагүй том оврын тээврийн хэрэгслийн доогуур орж олон хүний амь нас хохирсон.

Үүнээс гадна жолооч нар орон нутгийн замд нойр дутуу явж байна. Дорнод аймагт бэр гуйгаад буцах замдаа өөдөөс гарч ирсэн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж гурван хүн газар дээрээ нас барсан. Гурван хүүхэд өнчрөөд хоцорч байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийн өөдөөс гарч ирсэн машины жолооч хэсэгхэн хугацаанд л зүүрмэглэсэн. Ингээд л халз мөргөлдсөн байна лээ. Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ ядарсан бол зогсох хэсгүүдэд тодорхой хугацаанд унтаж амраад хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд таныг учирч болох эрсдэлээс сэргийлдэг.

Өөр нэг шалтгаан нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцож байна. Мөн жолооч этгээд согтууруулах ундаа хэрэглэчихээд жолоодох эрхгүй этгээдэд жолоо шилжүүлэх тохиолдол гарч байна.

Сая Баянхонгор аймагт овооны наадамд оролцоод буцах замдаа жолооч нь согтууруулах ундаа хэрэглэж 16 настай хүүхдэд жолоо шилжүүлсэн байдаг. Насанд хүрээгүй хүүхэд замын хөдөлгөөнд оролцож явахдаа онхолдож хоёр хүн нас барсан. Энэ мэт жишээ өдөр тутам шахуу тохиолдож байгаа учраас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ аянг зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд орон нутгийн замд тээврийн хэрэгслийн хурдыг тогтмол хянаж байгаа. Мөн зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх постер самбаруудыг байршууллаа. Үүнээс гадна хэвлэл мэдээлийн хэрэгслүүдтэй хамтарч нөлөөллийн ажил зохион байгуулж ажиллаж байна.

-“Аажуу явбал аяндаа хүрнэ” гэх нэрний талаар тордуулмаар байна л даа.Дүрмийн дагуу л хөдөлгөөнд оролцоход заавал “Аажуу яв” гэж шаардаж байгаа нь ямар учиртай юм бэ. Хэт удаан явахыг замын хөдөлгөөний дүрэмд хориглодог биз дээ. Нөгөө талдаа шатахууны үнэ тэнгэрт хадсан ийм цаг үед холын замд удаан явах нь иргэдийн эдийн засагт хохиролтой санагдах юм.

-Нэрний тухайд олон санал гарсан л даа. “Аажуу” гэх энгийн ярианы хэллэг хүмүүст ойрхон байх болов уу л гэж зөвлөлдөөд сонгосон. Албаны хатуу хэллэг хүнд тэр бүр хүрэхээ больсон шүү дээ. Энгийн хэллэг бол хүний чихэнд ойр тусна. Энд нэг зүйлийг онцлоход, замын хөдөлгөөний дүрмийн дагуу л оролцохыг шаардаж байгаа юм. Жолооч, зорчигчдыг аюул ослоос урьдчилан сэргийлэх үүргийн хүрээнд явуулж буй үйл ажиллагаа юм шүү.

-Налайхын замд олон жолооч торгуулдаг. Хурд хэтрүүллээ гээд л шууд торгуулийн хуудас бичээд оноо хасдаг. Улаанбаатараас Налайх хүртэлх замыг хотын гаднах хөдөлгөөн гэж үзэх үү. Тухайн замд ямар хурдтай хөдөлгөөнд оролцох вэ?

-Замын хөдөлгөөний дүрмээр суурингийн доторх хөдөлгөөнд 60 км цагийн хурдтай явах ёстой. Налайхын Оргил худалдааны төвийн наад талаар Улаанбаатар Налайх зааглагддаг. Тэр хүртэлх хэсгийг суурийнгийн доторх зам гэж ойлгоно. Налайх өнгөрсөн гэх тэмдэгтээс цааш дараагийн суурин хүртэл 80 км цагийн хурдтай явна. Багануур эхэллээ гэх тэмдэгтээс цааш 60 км цагийн хурдтай явна гэсэн үг. Тэмдэгтийн бүрэн бүтэн байдлыг зам арчлалтын компаниуд хариуцах ёстой. Зарим нэг газарт тэмдэг алга болсон байж болно. Гэхдээ суурин руу дөхөж байгаа бол хурдаа сааруулж 60 км цагийн хурдтай л явах ёстой. Жолооч нарын зүгээс орон нутгийн замын хурдыг 100 км цаг болгоё гэх саналыг нийгмийн сүлжээнд гаргадаг. Үүнийг боломжгүй гэж үзэж байгаа.

-Яагаад?

-Техникийн үзүүлэлтийн тухайд болж байна. Нөгөө талд замын нөхцөл байдал болохгүй байгаа юм. Орон нутгийн зам гурван метрийн л өргөнтэй байдаг. Хамгийн багадаа 3.5 метрийн өргөн байж л цагт 100 км цаг хурдалж болно. Өнөөдрийнх шиг нөхцөлтэй замаар хурдтай зорчиход зам тээврийн осол гарах эрсдэл өндөр. Энд нэг зүйлийг онцлоход, орон нутгийн замд тээвийн хэрэгсэл онхолдох осол түгээмэл гардаг. Тэр дундаа приус маркийн тээврийн хэрэгслүүд. Шалтгааныг нь судлаад үзэхэд пириус маркийн тээврийн хэрэгсэлд өндөрлөгөө хийдэг. Үйлдвэрийн стандарт алдагдсан тээврийн хэрэгсэл орон нутгийн замд хурдлахад багахан хэмжээний эргэлтэд л замын хажуу руу шидэгдэх өндөр эрсдэлтэй. Хөдөө явахдаа приусыг өндөрлөж үйлдвэрийн стандартыг нь алдагдуулж хэрхэвч болохгүй.

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил хэвийн үзэгдэл болжээ. Нэг шөнийн дотор л 500 гаруй согтуу жолооч илэрч байна. Энэ юутай холбоотой вэ. Согтуу жолоочид хүлээлгэх эрх зүйн орчин сул байна уу. Эсвэл өөр хүчин зүйл байна уу?

-Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь эрх зүйн орчинтой шууд холбоотой. Бид үүнийг Зөрчлийн тухай хуульд оруулахдаа торгуулийн санкцыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулсан юм. Хөдөлмөрийн хөлс өсөхөд торгууль дагаад өсч байх ёстой гэж үзсэн. Одоо 400 нэгж буюу 400 мянган төгрөгөөр торгоод өнгөрч байна. Энэ нь өнөөдрийн хөдөлмөрийн хөлстэй уялдахгүй, согтуугаар жолоо барьсан хүнд нөлөөлөхгүй байна л даа. Бусад улс орнуудад хөдөлмөрийн хөлсөөр нь хэмждэг. Та таван сая төгрөгийн цалин авдаг байгаад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол таван сая төгрөгөөр торгуулна. Дээрээс нь жолоодох эрхийг нь тав хүртэлх жилийн хугацаагаар хасдаг. Мөн согтуугаар унаж замын хөдөлгөөнд оролцсон тээврийн хэрэгслийг нь ч хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, таны тээврийн хэрэгслийг өөр хүн барьж замын хөдөлгөөнд оролцох боломжгүй гэсэн үг. Энэ мэтээр бусад улс орнуудын жишиг манайд нэвтэрч байж л жолооч нарын ухамсарт нөлөөлнө. Эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай байна. Согтуугаар жолооны ард сууж замын хөдөлгөөнд оролцоно гэдэг нүдээ боочихоод хутга бариад явж байгаа алуурчинтай яг адилхан. Согтуугаар замын хөдөлгөөнд оролцоход гарч байгаа үр дагавар санамсаргүй мэт харагдавч согтуурчихаад жолооны хүрдний ард сууж байгаа нь санаатай үйлдэл мөн.

-Жолооч нар хот дотор гол төлөв ямар зөрчил гаргаж байна вэ. Өдөрт хэдэн зөрчил бүртгэгдэж байна вэ?

-Улаанбаатарт бэлэн бусаар нэлээн зөрчил ногдуулдаг. Өдөрт л 5000-6000 зөрчилд арга хэмжээ авч байна. Үүнийг задлаад харахад жолооч нарын түгээмэл гаргадаг зөрчил нь дуртай газраа тээврийн хэрэгслээ үлдээдэг. Хоёрдугаарт, нэгдүгээр эгнээгээр зорчдог. Мөн улаан гэрлээр дайрдаг түгээмэл үзэгдэл бий. Энэ гэрлээр л амжиж орохгүй бол амьдрал нь сүйрчих гээд байгаа юм шиг хандлага гаргадаг. Үүнээс шалтгаалж зам тээврийн осол гаргах тохиолдол бий. Үзлэг оношилгоонд хамрагдаагүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцдог. Дээрх зөрчлүүд л торгуулийн дийлэнхийг эзэлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Мөнх-Оргил: Цэргийн ангиуд эхлээд хүчирхийлэгчдээсээ ангижрах ёстой DNN.mn

-Цагдаа нарыг бэлтгэдэг Дотоодын цэргийн 05 дугаар ангид нэгнээ яргалдаг асуудал байсаар байгаа нь эмгэнэл-


Өмгөөлөгч Т.Мөнх-Оргилтой ярилцлаа.


-Эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цэргийн албанд мордсон залуус эрүүл мэндээрээ хохирдог, цаашлаад амь насаа алдах тохиолдол тасрахгүй байна л даа. Хүний эрхийг хамгаалагчийн хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Цэргийн албанд залуус эрүүл мэндийн үзлэгт тэнцээд явж байгаа. Цэрэгт очоод гэмтэл бэртэл авах, цаашлаад амиа алдаж байгаа нь цэргийн дэглэлттэй шууд холбоотой. ХЭҮК-оос гаргасан судалгаанд ч цэргийн дэглэлтийн талаар тодорхой дурдсан байдаг. Энэ нийгэмд цэргийг дэглэх байдлаар төлөвшүүлэх хүмүүжүүлэх нөхцөл байдал байж болохгүй. Аль ч нийгэмд хүний эрх д нэгдүгээрт байдаг шүү дээ. Хуучин нийгмийн цэргийг ингэж хүмүүжүүлдэг юм гэх хандлагаа одоо үед тээж хэрхэвч болохгүй. Залуучууд цэргийн алба хаах сонирхолгүй байгаагийн цаана дэглэх нөхцөл байдал байгаа юм шүү дээ. Өнгөрсөн жил гурван ч цэрэг амиа хорлосон. Энэ нь ч гэсэн цэргүүдэд үзүүлж байгаа бие махбод болоод сэтгэл санааны дарамттай холбоотой.

-Тухайн ангийн удирдлагууд л хариуцлага хүлээгээд өнгөрдөг жишиг тогтчихоод байна л даа. Асуудлын зангилаа тогтолцоонд байна уу. Та гарц гаргалгааг яаж харж байна вэ?

-Армийн удирдлагуудын зүгээс цэргийн дэгийн асуудал огт байхгүй гэх зүйлийг ярьдаг. Гэвч эрүүл саруул хүүхдүүд цэрэгт очоод яагаад эрэмдэг болж байна вэ, яагаад харуулын даргаа буудав, яагаад харуулын байранд цэргүүд зодолдож нэгнийхээ аминд хүрэв. Энэ бүхэн тухайн хүнд үзүүлж байгаа сэтгэл санааны дарамт, зодууртай шууд холбоотой гэж харж байна. Цэрэг дэглэх асуудал байж болохгүйг хуулиар зохицуулсан ч дэглэлт гэж зүйл далд хэлбэрт оршсоор байгаа нь цэрэг хүнийг хатуу гараар хүмүүжүүлэх ёстой гэх хэвшмэл ойлголттой шууд холбоотой. Зэвсэгт хүнчий жанжин штаб, Батлан хамгаалах яам гээд байгууллагууд үүнд ач холбогдол өгч шаардлагатай арга хэмжээ авахгүй байна л даа. Шууд хэлэхэд ажлаа хийж чадахгүй байна. Дэг байхгүй гэж мянга хэлж байгаа ч ХЭҮК-ын судалгаагаар шинэ цэргүүдийг яаж яргалдаг нь ил гарч ирж байна шүү дээ. Цэргийн ангид хүчирхийлэл байна гэдгийг хүний эрхийн байгууллагууд армийн удирдлагуудад илчлээд байхад л энэ асуудлыг засч залруулах арга хэмжээг авахгүй байгаа нь шууд удирдлагуудтай л холбоотой асуудал гэж харж байна. Энд нэг зүйлийг онцлоход, хуучин нийгмийн үед цэргийн алба хаасан хүмүүст цэрэгт очоод л зодуулдаг гэх нийтлэг ойлголт яваад байдаг. Зодуур бол хэвийн үзэгдэл гэх маягтай. Энэ хэвшмэл ойлголтод л асуудлын зангилаа байх шиг.

-Энэ асуудлын гарц гаргалгааг та яаж харж байна вэ?

-Үндэс сууриар нь өөрчлөх хэрэгтэй гэж харж байгаа юм. Цэргийн хүн “шанаа даадаг” байх ёстой гэх бүдүүлэг ойлголтыг ор үндэсгүй халах ёстой. Цэргийн бэлтгэлжилт заавал харгис хэрцгий, балмад байх албагүй шүү дээ. Цэрэгт эх оронч үзлийг суулгахын тулд зоддог, хүчирхийлдэг байж болохгүй. Эх оронч үзлийг орчин үед яаж суулгах вэ гэдгийг судлах хэрэгтэй байх. Үүнээс гална захын хүн цэргийн албанд томилогддог явдлыг халах ёстой. Өөрөөр хэлбэл, хүчирхийлэгч нөхөр цэргүүдийг хариуцаж болохгүй гэж хэлээд байна л даа. Цэрэгт бэлтгэж байгаа хүмүүс өндөр ёс зүйтэй, зохион байгуулагч байх хэрэгтэй. Тийм хүнийг цэргийн албанд томилох ёстой гэж харж байгаа юм. Хаанахын хэн нь мэдэгдэхгүй боловсролгүй нөхөр ахлагч болоод л шинэ цэргүүдийг яргалдаг асуудал байж таарахгүй. Армийн удирдлагуудын зүгээс хүчирхийлэгчдээсээ салах хэрэгтэй. Ер нь цэргийн албыг нийтээр нь кампаничилж хаалгадаг явдлыг халах ёстой гэж үзэж байгаа юм.

-Яагаад?

-18 хүрэхээр нь цэргийн албанд татдаг явдлыг халах нь зөв. Тэдний олонх нь албадлагаар л явдаг шүү дээ. Эх оронч үзэлтэй дайн болбол эх орноо хамгаалж тулалдана гэх зорилготой цэргийн боловсрол эзэмших хүсэлтэй иргэдийг л татах хэрэгтэй. Дургүй байхад нь хүчээр цэргийн албанд татаж авч очоод үсийг нь хусч байгаа нь хүний эрхийг зөрчиж байгаа л нэг хэлбэр.

-Цааш даамжирвал цэрэгт явах хүнгүй болох нь…

-Хэн цэрэгт очоод зодуулахыг хүсэх вэ дээ. Цэргийн хат суулгахын тулд хүчирхийлдэг арга барилаас салсан гэж үзэж байгаа бол энэ талыг олонд сурталчлаад сайн дурынхныг л авах хэрэгтэй. Өмгөөлөгчийн зүгээс илэхийлэх байр суурь ийм байна” гэв.


Б.Хишигбаяр: Цагдаа бэлтгэдэг цэргийн ангид цэрэг амиа алдаж байгаа нь завхрал юм


Энэ асуудлын хүрээнд өмгөөлөгч, хүнй эрхийг хамгаалагч Б.Хишигбаяраас тодруулга авлаа.


-Цэргүүд нэгнийгээ зоддог, хүчирхийлдэг асуудал өнөө хэр нь оршиж байгаа нь дотоодын цэргийн 05 дугаар ангийн жишээнээс ил цагаан харагдлаа. Энэ асуудалд өмгөөлөгчийн зүгээс байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Хүний эрхийг дээдэдэлсэн нийгэмд эрүүл саруул цэрэгт мордсон хүү цогцос болж байгаа нь үнэхээр байж боломгүй үзэгдэл. Тэр дундаа цэрэг цагдаагийнхныг бэлтгэдэг цэргийн ангид алба хаагчийн ходоодыг задалсан нь ч далд хүчирхийлэл байгааг л илэрхийлж байна л даа. Олон улсад бол цэргийн боловсрол олгох систем шинэ түвшинд хөгжсөн байдаг. Харин манайд цэрэг, цагдаа нарыг олноор цэргийн ангид нь хуучин нийгмийн яргалал гаарч нэгнийхээ аминд хүрэх хэмжээнд байгаа нь эмгэнэл юм.

Харьяа ангид нь ийм ноцтой хэрэг гарчихаад байхад Хууль зүйн яамны сайд нь “Цэрэг дэглэсэн асуудал тогтоогдоогүй” гээд зогсож байгаа нь хэрээс хэтэрсэн асуудал гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Нямбаатар: Шалгалтын явцад цэргийг дэглэсэн гэх асуудал тогтоогдоогүй DNN.mn

Энэ сарын 16-ны өдөр Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч “Н”-ын ходоод задарч эмнэлэгт хүргэгдсэн ч нас барсан.

Талийгаачийн ах Н.Эрхэмбилгүүний зүгээс “Сүүлд тангаргийн баяраар өвөө нь хоёр дүүгийнх нь хамт очиж уулзсан. Өвдсөн зовсон шинж огт ажиглагдаагүй. Малгайгаа өвөөгийнхөө толгой дээр нь тавьж хамт зургаа даруулаад л, хоёр дүүгээ тэвэрч үнсэж инээж хөхрөөд сууж байлаа. Тухайн өдрийн 16:00 цагийн алдад л цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм. Энэ үйл явдлаас зургаан цагийн дараа буюу 22:00 цагийн орчимд бие нь тавгүйрхэж ангийнхаа эмнэлэгт хэвтсэн юм билээ. 16:00-22:00 цагийн хооронд л ямар нэгэн асуудал болсон гэж хардаж байгаа. Ангийн эмч нар нь эхлээд хоолны хордлого гэх оношийг тавьсан юм билээ. Гэсэн ч биеийн байдал нь огцом муудаж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэж мэс засалд ороод өөд болсон. Мэс ажилбар хийсэн эмч нарын зүгээс “Хурууны дайтай л урагдсан болов уу гэж бодоод хагалгаа хийхэд бүр том задарчихсан байсан” гэж хэлж байна лээ.

Үүссэн асуудлын хүрээнд ХЗДХ-ийн яамны сайд Х.Нямбаатарын зүгээс “Сургалтын төвд очсон алба хаагч тангараг өргөснийхөө дараа нас барсан асуудал гарсан. Хууль хяналтын байгууллага шалгалт явуулаад, шүүх эмнэлгийн шинжээч эмч нар задлан шинжилгээ хийсэн. Ходоод нь цоорсон гэсэн дүгнэлт урьдчилсан байдлаар гарсан. Одоогийн байдлаар эцсийн дүгнэлт гараагүй байна. Дүрмийн бус дэг хийсэн гэх асуудал шалгалтаар тогтоогдоогүй. Заавал нэг хүн дэглээд, ходоодыг нь цоо өшиглөсөн гэж хүмүүс ярих гээд байна. Гадна нь хөхөрсөн шарх сорви байхгүй байна. Одоогоор дүрмийн бус харилцааны асуудал тогтоогдоогүй” гэх байр суурийг илэрхийлэв.


ШШҮХ:Талийгаач цэргийн ходоод 14 смурагдсан


Эрүүл мэндийн үзлэгт тэнцэж цэргийн албанд мордсон 18-тай залуугийн ходоод задарч амь насаа алдсан асуудлын хүрээнд Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс өчигдөр мэдээлэл хийв. Мэдээллийн эхэнд ШШҮХ-ийн Шүүх эмнэлгийн чиглэлийн ахлах ажилтан А.Амгаланболд “Шүүхийн шинжилгээний хуулийн 15.1.5-д заасны дагуу шинжилгээний үр дүнгийн талаар шинжээч томилсон эрх бүхий албан тушаалтнаас өөр хүнд танилцуулахыг хориглоно гэж заасан байдаг. Тодорхой хугацааны дараа шинжилгээний хариунууд нэгтгэгдсэнээр дүгнэлт гаргана. Тухайн алба хаагч Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт 20 гаруй цаг эмчилгээнд байж, хагалгаанд орсон. Хагалгааны үеэр ходоодыг бүхэлд нь тайрч авсан байсан. Ходоодыг бэхжүүлэх уусмалд хийж, өвчтөний түүх бусад бичиг баримтыг цагдаагийн байгууллагаар дамжуулан авсан.Албан ёсны дүгнэлтээр талийгаачийн ходоод цоорсон, эсвэл урагдсан нь цохилтоос болсон уу, эсвэл хоолны хордлогоос болсон уу гэдэг шалтгаанууд нь бүгд тодорхой болно. Яг одоо шинжилгээний үйл явц үргэлжилж байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар нэг л гардаг. Урьдчилсан дүгнэлт гэсэн ойлголт байхгүй” гэв.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс задлан шинжилгээний хариу урьдчилсан байдлаар гарах боломжгүй, нэг удаа гарна гэх байр суурийг илэрхийлэв.


Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.


-Талийгаач цэргийн ар гэрийн зүгээс хагалгаанд ороход хугацаа алдсан, цаг алдалгүй шуурхай арга хэмжээ авсан бол амьд гарах боломж байсан гэх гомдол хэлж байна лээ. Газар дээрх нөхцөл байдал ямар байсан бэ?

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн зөвлөх эмч Ц.Ганболд:

-Шинжилгээнд СХД-ийн хяналтын прокурор, мөрдөгч нар болон ар гэрийн төлөөллөөс хоёр хүн оролцсон. Шинжилгээний явцыг камераар бичлэг хийж, зураг дарж баталгаажуулсан. Эд эсийн болон ходоодонд шинжилгээ хийсэн. Ходоод нь 14 см задарсан байсан. Гадна үзлэг хийхэд гэмтэл байхгүй, харин тарианы ором, хатгалт байна лээ.

-14 см задарсан гэхлээр ноцтой гэмтэл авсан нь харагдаж байна л даа. Тухайн ангийн удирдлагын зүгээс “Салат идсэнтэй холбоотойгоор хордлого авсан” гэх байр суурийг талийгаачийн ар гэрт илэрхийлсэн байна лээ. Хордлого авсан хүний ходоод урагддаг юм уу. Хүний ходоод ямар нөхцөлд ийм ноцтой гэмтэл авах вэ?

-Яг одоо шинжилгээний үйл явц үргэлжилж байна. Тухайн цэргийн гадна үзлэг болон өвчний түүхтэй танилцахад гэмтэл байгаагүй. Гадны нөлөөтэй задарсан эсэх нь удахгүй шинжилгээний хариу гарахад тодорхой болно.

-Мэргэжлийн эмч болохоор тань тодруулж байна л даа. 05 дугаар ангийн удирдлагуудын тайлбарлаж байгаагаар хүний ходоод салат идээд л 14 см урагдчихдаг юм уу. Талийгаачийн гэмтэлд гадны нөлөөлөл байсан уу?

-/Толгой дохив/.

Талийгаач цэргийн задлан шинжилгээний хариу 21 хоногийн дотор гарна гэдгийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс онцолж байна.

ЦЕГ: Хэрэг авлигатай тэмцэх газарт шилжсэн

Хэргийн талаар ЦЕГ-ын дотоод хяналт, аюулгүй байдлын газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатараас тодруулахад “Цагдаагийн ерөнхий газар, цагдаа цэргийн байгууллагын дотоод хяналтын үйл ажиллагаатай холбоотой албан шалгалт хийгдэж байна. Албаны шалгалт дуусаагүй. Мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа байгууллагууд байлдагчийн нас барсантай холбоотой үйл ажиллагаанд нарийвчлан шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын байгууллагаар хяналт тавиулан, харьяалал тогтоолгон, хэрэг Авлигатай тэмцэх газарт шилжсэн.

Тухайн байлдагч нэгдүгээр ээлжийн цэрэг татлагад ирсэнээс хойших хугацаанд цэргийн албан харилцаанд орж байсан асуудлууд дүрэм журмын дагуу явагдсан уу. Эмнэлэг үйлчилгээний асуудлууд цаг хугацаандаа хэрэгжсэн үү. Ямар нэгэн дарамт шахалт байсан уу зэрэг шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэв.

Тухайн цэргийн цэргийн ангийн амралтын өрөөний хоёр камер ажиллахгүй байсан гэх байр суурийг талийгаачийн ар гэрийн зүгээс онцолж байгаа юм. Энэ талаар Дотоодын цэргийн 005 дугаар ангийн захирагч хурандаа захирагч Ж.Мөнхсолонго “Камерын тоо бол цэргийн нууцтай холбоотой. Цэргийн алба хаагчдын байрладаг болон дасгал сургуулилт хийдэг орчинд 18 камер байдаг. Унтлагын байрны хоёр камер гэр бүлийнхэн очиж үзэх үед түр зуурын засвартай байсан. Ямар нэгэн байдлаар камерын бичлэгийг устгах, өөрчлөх, солих ямар ч боломжгүй. Хэргийн материалд камерын бүх бичлэгийг хурааж авсан учир тэнд бүх зүйл байгаа” гэх тайлбарыг хэлж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаачийн ах: Дүүг маань хэвтүүлж байгаад гэдсэн дээгүүр нь гүйчихсэн байх DNN.mn

Үе үеийн армийн удирдлагууд “асуудал огт байдаггүй” гэж ам бардаж хэлдэг. Гэсэн ч хугацаат цэргийн алба хаагчдыг яргалдаг хуучин нийгмийн үзэгдэл ардчилсан нийгэмд ч амь бөхтэй оршсоор л байна. Үүний нотолгоо нь эрүүл мэндийн үзлэгт тэнцэж цэргийн албанд мордсон залуус нас барах тохиолдол тасрахгүй байгаа юм. Хамгийн сүүлд гэхэд Дотоодын цэргийн 05 дугаар ангийн цэргийн алба хаагч “Н”-ын ходоод нь задарч эмнэлэгт хүргэгдсэн ч амь насаа алдсан хэрэг энэ сарын 16-ны өдөр гарлаа. Талийгаач өнгөрсөн тавдугаар сард цэргийн албанд татагдсан бөгөөд 40 гаруйхан хоногийн дараа амьсгал хураажээ. ЦЕГ-ын зүгээс “Задлан шинжилгээний хариу гараагүй байна” гэхээс өөр мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байгаа юм.


Бид талийгаачийн ахтай ярилцлаа.


-Танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Үүссэн нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-Цэргийн алба хаахаар мордсон дүүгийн маань ходоод задарсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн. Ходоодыг нь тайрсан ч хугацаа алдсан гэх оноштойгоор амьсгал хураалаа. Тус ангийн удирдлагуудын зүгээс гадны нөлөөгүй гэх дүгнэлтийг урьдчилсан байдлаар хэлээд сууж байна. Миний дүүд эрүүл мэндийн ямар нэгэн асуудал байгаагүй. Өвчин хэлдэггүй, эм тарианаас хол, цоо эрүүл хүүхэд цэрэгт явсан юм. Гэр бүлийнхэн, найз нөхөд нь үүнийг гэрчилнэ.

-Ар гэрийнхэн нь талийгаачтай сүүлд хэзээ уулзсан бэ?

-Тангаргийн баяраар өвөө нь хоёр дүүгийнх нь хамт очиж уулзсан. Өвдсөн зовсон шинж огт ажиглагдаагүй. Малгайгаа өвөөгийнхөө толгой дээр нь тавьж хамт зургаа даруулаад л, хоёр дүүгээ тэвэрч үнсээд л, инээж хөхрөөд сууж байлаа. Тухайн өдрийн 16:00 цагийн алдад л цэргийн алба хааж байгаадаа сэтгэл хангалуун байсан юм. Энэ үйл явдлаас зургаан цагийн дараа буюу 22:00 цагийн орчимд бие нь эрс муудаж ангийнхаа эмнэлэгт хэвтсэн юм билээ. 16:00-22:00 цагийн хооронд л ямар нэгэн асуудал болсон гэж хардаж байгаа. Ангийн эмч нар нь эхлээд хоолны хордлого гэх оношийг тавьсан юм билээ. Гэсэн ч биеийн байдал нь огцом муудаж Цэргийн төв эмнэлэгт хүргэгдсэн.

-Эмч нарын зүгээс ходоод задарсан шалтгааныг яаж тайлбарлаж байна вэ?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарахаас өмнө тайлбар өгөх боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байна лээ. Дүүгээ эмнэлэгт хэвтэж байгааг нь харахад шарх, сорви харагдаагүй. Мэс ажилбар хийсэн эмч нарын зүгээс “Ходоодыг нь тайрахаас арга байсангүй” гээд гарч ирж байсан. Тухайн өдөр идсэн хоол нь хэвээрээ л байна лээ. Эрүүл ухаанаар бодоход хордлого аваад задардаг ходоод гэж байхгүй биз дээ.

-Та хугацаа алдсан гэх зүйлийг онцолж байна. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Цэргийн ангийн эмч нар нь оношоо зөв тодорхойлж шуурхай арга хэмжээ авсан бол миний дүү амьд гарах боломж байсан. Ходоод нь задраад удсан учраас дотор эрхтэнүүддээ нөлөөлөөд нас барсан.

-Эрүүл мэндийн үзлэгт тэнцээд алба хаахаар явсан залуугийн ходоод задарсан шалтгааныг ангийн удирдлагууд нь юу гэж тайлбарлаж байна вэ?

-Ангийн удирдлагуудын зүгээс салатнаас хордсон гэж хэлж байна лээ. Эрүүл саруул хүүхэд салат идээд л ходоод нь задарна гэж байхгүй. Мэргэжлийн эмч нараас тодруулахад архаг хууч өвчтэй, ходооны шархлаатай хүний ходоод ингэж задарна гэх байр суурийг хэлж байна лээ. Ходоодны шархтай хүүхэд эрүүл мэндийн үзлэгт тэнцээд цэргийн алба хаана гэж байхгүй шүү дээ. Үүнд гадны нөлөө байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтийг л хүлээж байна.

-Та бүхэн тухайн ангийн камерыг шалгаж үзсэн үү?

-Зодоон нүдээний асуудал огт байхгүй гэдгийг ангийн удирдлагууд хэлсэн. Тухайн үеийн камерын бичлэгийг нь ч үзсэн. Зодолдож байгаа юм анзаарагдаагүй. Камерын өмнө хүн зодоод зогсож байна ч гэж юу байх билээ. Тухайн цэргийн ангид 16 камер байдаг юм билээ. Үүний хоёр нь ажиллахгүй байсан.

-Та өөрөө цэргийн алба хаасан уу. Тухайн үед дэглэлт байв уу?

-Би 2003 онд цэргийн алба хаасан. Цэрэгт дэглэлт байдаг. Цэргийн алба хаасан хэн ч үүнийг хүлээн зөвшөөрнө. Намайг алба хааж байхад газар хэвтүүлж байгаад л гэдсэн дээгүүр гүйчихдэг байсан. Миний дүүгийн гэдсэн дээгүүр гүйчихсэн юм болов уу гэж хардаж байна. Ажил хийж ар гэрээ авч явах дүү маань өөд болчихлоо. Гомдолтой байна гэв.


Их эмч Б.Золбоо: Хүний ходоод гадны нөлөөтэйгөөр л задарна


Ходоод задрах шалтгааны талаар их эмч Б.Золбоогоос тодрууллаа.


-Хүний ходоод задрах ямар шалтгаанууд байдаг юм бэ?

-Ходооны хорт хавдар эцсийн шатандаа орсон бол цоорч болно. Задарна гэсэн ойлголт бараг байхгүй. Ийм үед хүнс идэх ямар ч боломжгүй. Хүний ходоод гадны нөлөөтэйгөөр л задарна. Хоол идсэн үед гаднаас нь цохих ч юм уу тийм нөлөөгөөр л хагарах боломжтой. Нэг бол хийжүүлсэн ундааг их хэмжээгээр уусан даруйдаа гаа хэрэглэсэн бол цоорч болно гэв.


Шинэ цэргүүдэд их хэмжээний ус уулгаж байгаад гэдэс рүү цохидог гэв


Шинэ цэргүүдийг ил харагдах шарх үлдээхгүйгээр зодож битүү гэмтэл учруулдаг, яргалдаг, ар гэрийнхнээс нь мөнгө нэхдэг гэх зэрэг дарамт цаг тутам учирдгийг цэргийн алба хаасан хэн бүхэн л онцолж байна. Шинэ цэргүүдэд цаг тутам сэтгэл санааны дарамт үзүүлж, ёс бус харилцаа үүсгэдэг, шийтгэдэг талаар ХЭҮК-оос гаргасан 2021 оны илтгэлд ч тодорхой дурджээ.

Тодруулбал, Жанжин штабын … дүгээр ангийн нэр бүхий гурван алба хаагч үүрэг даалгавар биелүүлээгүй гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн 17 алба хаагчийг 2020 оны…сараас 2021 оны …. сар хүртэл дүрмийн бус харьцаж, их хэмжээгээр ус уулгах, нэгийг нөгөөгөөр нь цохиулах, суниалгах, бөөлжүүлэх зэргээр дүрмийн бус аргаар шийтгэсэн…

…Зэвсэгт хүчинд … Цэргүүдийг жагсаалаас хоцорсон, тамхи татахгүй газар тамхи татсан, цэвэрлэгээ муу хийсэн, цэргүүд хоорондоо муудалцсан зэрэг шалтгаанаар алгадах, шанаа, цээжинд цохих, ус уулгах, суниалгах зэргээр дүрмийн бусаар харьцаж шийтгэсэн …

2021 оны .. дугаар сарын ..-ны өдөр унтлагын цаг болчихсон бүх цэргүүд амрах гэж байхад дэслэгч … нэлээд согтуу орж ирээд соёл амралтын өрөөнд нэр бүхий 15 цэргийг хоёр эгнээ болгон суулгаж байгаад яриа хийсэн. Нүүрэн талын эгнээнд талийгаач сууж байсан ба дэслэгч …хуруугаараа зааж босох команд өгсөн тэгээд нэг шанаа авч чадах уу гэж талийгаачаас асуусан боловч талийгаач дуугүй зогсоод байсан, гэтэл элгэн тус газар 2-3 удаа хүчтэй цохиод, тонгойх зуур нүүрэн тус газар өшиглөсөн, талийгаач босоод ирэхэд нь дахин нүүр рүү нь хүчтэй 2-3 удаа цохих үед хойшоо унаад дахиж босож ирээгүй. Ингээд 10 минутын дараа эмч дуудсан. Дэслэгч … өмнө нь согтуу хэд хэдэн удаа цэргийн анги байрлал дээр явж байдаг байсан…

…Эхэндээ 100 шинэ цэрэг байлаа гэхэд бүгд л ямар нэгэн байдлаар дарамтад өртдөг… Ялангуяа шинэхэн офицерууд ахлагчдаа, ахлагчид хал цэргүүдийг, хал цэргүүд шинэ цэргээ дарамталдаг.. Гол нь халуудыг шинэ цэргүүдээ сайн сургахгүй байна гээд зодно… цустай нь хутгана шүү дээ, тэгээд л маргааш нь халуунд шинэ цэргүүдийг дарамтална.. Алчуураар гараа ороож байгаад нүүр рүү цохино, тэгэхээр нүүр ам хавдахгүй, ул мөр үлддэггүй… Мөн алчуур эрчлэн ороож байгаад толгой руу шавхуурдахад чих дүүрээд л, толгой манараад л ухаан алдсан байдаг… Нэг удаа шавхуурдахад ухаан алдаагүй “шийртэй” нөхрийг ухаан алдтал нь шавхуурдана. Үүнийг нь “хоохордох” гэдэг. Ёстой аймаар шүү дээ, шавхуурдуулсны дараа хэдэн өдөр толгой өвдөж, дүйнгэтээд чих шуугиад байдаг юм билээ. Мөн “тугны иш” гэдэг дэглэлт байдаг. Тэр нь гар дээр нь тулж хэвтүүлээд өгзөг рүү нь гуталны өсгийгөөр цохих, эсвэл тугны иш шиг бүдүүн модон саваагаар цохидог. Тэгж цохиулсан хүн зүгээр зогсох аргагүй, маш их өвдөөд байж ядаад дороо дэвхцэх, эсвэл хаашаа ч хамаагүй хар тэнхээгээрээ гүйж өгнө дөө… Бас том сав, аягаар дүүрэн цай эсвэл хоолоор шахаад бүсийг нь чангалчихдаг, тэгээд тамхи татуулах, эсвэл хоолны дараа шууд нэг км орчим газарт гүйлгэнэ, тэгэхээр шууд бөөлжинө шүү дээ.. зарим нь өмдөндөө “авчихна”, тэгэхээр нь дахиад л зодно.. Бойтог цэргүүд л их дарамтлуулна” гэх зэргээр тайланд тусгажээ.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Цахилгаан дугуйгаар нисэх мэт хурдлах хүүхдүүдийн амь нас, эрүүл мэнд хутганы ирэн дээр байна DNN.mn

Дунд сургуулийн хүүхдүүд цахилгаан дугуй хэрэглэж замын хөдөлгөөнд оролцох болж. Ингэхдээ тэд “Sun Ron” гэх цахилгаан хөдөлгүүртэй дугуйг ашиглах нь түгээмэл. Цагт 60 км цаг хүртэл хурдлах хүч чадалтай энэхүү дугуйг жолоодох эрхийн үнэмлэхгүй бага насны хүүхдүүд унаж замын хөдөлгөөнд дураараа оролцох үзэгдэл том эрсдэл дагуулж буйг ТЦА-аас сэрэмжлүүлж байна.

Хөл нь дөрөөндөө дөнгөж шүргэхээр богнохон чацтай тэд замын хөдөлгөөн сэлүүхэн үед нисэх мэт л хурдлах аж. Энэ оны эхний таван сарын байдлаар л гэхэд нийслэлийн хэмжээнд цахилгаан дугуйтай холбоотой зургаан удаагийн осол бүртгэгдэж, нэг хүн хүнд гэмтжээ. Энэ тоон үзүүлэлт цаашид гэрлийн хурдаар өсөх хандлагатай байгааг замын цагдаа нар хэлж байна. Учир нь зуны цагт цахилгаан дугуйгаар зугаацах явдал бүр ч гаардаг байна.

Замын хөдөлгөөний тухай хуульд цахилгаан дугуй буюу “Sun Ron”-ыг ашиглахад “А” ангиллын үнэмлэх шаардах эрх зүйн орчин манайд байхгүй гэнэ. Энэ цоорхойг ашиглаж бага насны хүүхдүүд түгжрэлтэй замаар сүлжиж явахдаа эсрэг урсгалаас ирж буй тээврийн хэрэгсэлд мөргүүлэх өндөр эрсдэлтэйг замын цагдаа нар анхааруулж байна.

“Sun Ron”-ыг ашиглахдаа зөвхөн дугуйн зам ашиглах, эсвэл насанд хүрсэн жолооны үнэмлэхтэй этгээд л эзэмшиж замын хөдөлгөөнд оролцох гэх мэт эрхзүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай байна

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Гадныхныг бурхан шиг тахидаг үзэл нь залилангийн гэмт хэргийн золиос болгож байна гэв DNN.mn

-ХЭН НЬ МЭДЭГДЭХГҮЙ ГАДААД ЭРД СЭТГЭЛ АЛДАРСАН МАЛЧИН ЭМЭГТЭЙ 200 ГАРУЙ САЯ ТӨГРӨГ ШИЛЖҮҮЛЖ ЗАЛИЛУУЛЖЭЭ-


Цагдаагийн Ерөнхий газраас залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг гаарч буйг анхаарууллаа. Тэр дундаа цахим залилан голлох хувийг эзэлж байгаа гэнэ. Тодруулбал, гадны улс орны гэмт бүлэглэлүүдээс Монгол Улсын иргэдийг хараандаа оруулчихсан байгааг онцолж байгаа юм. Хил дамнасан залилангийн гэмт хэргийн эзэн холбогдогчийг илрүүлж, хохирол барагдуулахад хүндрэлтэй байгааг ЦЕГ-ын мөрдөгчид хэлж байна. Гэмт бүлэглэлүүдийн ашигладаг IP хаяг нь хуурамч байдаг ажээ.

Монгол Улсын иргэд фэйсбүүк орчинд аль улсынх нь мэдэгдэхгүй иргэдтэй харилцаа тогтоож, данс руу нь хэд хэдэн удаагийн үйлдлээр их хэмжээний мөнгө шилжүүлсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Монгол Улсын иргэн гурван эмэгтэй гадаадын иргэдтэй хувийн харилцаа тогтоож цахим хайр дурлалын улмаас 147,800 ам.доллар буюу 443 сая төгрөг шилжүүлсэн байна. Хамгийн сүүлд л гэхэд хэн нь мэдэгдэхгүй гадаад эрд сэтгэл алдарсан малчин эмэгтэй 200 орчим сая төгрөг шилжүүлж хохирчээ. Цагдаагийн байгууллагаас энэ төрлийн залилангийн гэмт хэрэг өдөрт хамгийн багадаа таван удаа бүртгэгдэж байгааг хэлж байгаа юм.


ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны мөрдөгч Д.Энхчулуунаас залилангийн хэргийн нөхцөл байдлын талаар тодрууллаа.


-Малчин эмэгтэй гадаадын иргэнд 200 орчим сая төгрөг залилуулсан хэрэг гарчээ. Хэргийн талаар тодруулахгүй юу. Тэр их мөнгийг ямар шалтгааны улмаас шилжүүлсэн байх юм?

-Тухайн эмэгтэй рүү гадаад нэртэй аккаунтаас хандаж “Монгол бол их сайхан байгальтай газар. Би танай улсад очиж өөртэй чинь хамт амьдарна. Над руу урилга явуулах хэрэгтэй байна” гэх байдлаар харилцаа үүсгэж малчин эмэгтэйн итгэлийг олсон байгаа юм. Ингээд янз бүрийн зураг илгээгээд л цахимаар хайр дурлалын харилцаа үүсгэсэн байдаг. Энэ явцдаа Монголд оршин суух хүсэлт илгээхэд шимтгэл нь тэдэн төгрөг болно гэх байдлаар хохирогч эмэгтэйгээс мөнгө авсан байгаа юм Нийт 78 мянган ам.доллар шилжүүлсэн нь шалгалтын явцад тогтоогдсон.

-Тухайн эмэгтэйтэй монгол хэлээр харилцсан байх юм уу?

-Тийм. Ингэхдээ google translate юм уу хөрвүүлдэг программ ашигласан байж болно. Чатыг нь шалгахад “Чамд би хайртай болчихлоо. Уулзахын тулд надад тусламж хэрэгтэй байна” гэх ч юм уу, иймэрхүү арга барилаар залилсан байна лээ. Ийм төрлийн залиланг романс төрлийн гэмт хэрэг гэж нэрлээд байгаа юм.

-Хохирогч эмэгтэй барааг нь ч хараагүй хүний данс руу 200 орчим сая төгрөг шилжүүлсэн гэхлээр санаанд багтахгүй байна л даа. Иргэд ийм гэнэн байна уу?

-Тийм. Хохирогч эмэгтэйгээс тодруулахад фэйсбүүк хаягаар ярьж ч амжилгүй, чат бичиж байгаад л мөнгө шилжүүлчихсэн байгаа юм. Иргэдийн зүгээс цахим хэрэглээний мэдлэгээ сайжруулах шаардлагатай байгаа нь эндээс харагдаж байна. Хэн нь мэдэгдэхгүй, аль улсаас ч холбогдож байгаа нь тодорхой биш этгээдтэй харилцаа үүсгэнэ гэдэг аюулгүй байдал талаасаа байж болохгүй асуудал гэв. Дээрх үйлдлийн хохирогч холбогдож ярьж амжилгүй мөнгө шилжүүлсэн шалтгаанаа “Ичээд ярьж чадаагүй” гэх байдлаар тайлбарлажээ.

Романс төрлийн залилан дан ганц фэйсбүүкээр ч бус инстаграм гэх мэт бусад платформуудаар ч явагдаж байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байгаа юм.

Мөн Монгол Улсын иргэн О Америкийн иргэн гэж өөрийгөө танилцуулсан Aliso гэх иргэнтэй харилцаа тогтоож олон улсын мөнгөн гуйвуулга ашиглаж 18 удаагийн үйлдлээр 80 орчим мянган ам.доллар шилжүүлсэн хэрэг 2020 онд гарчээ. Хохирогчийн тухайд гэмт этгээдтэй дөрвөн сар орчмын хугацаанд фэйсбүүкээр харилцсан бөгөөд блоклуулсныхаа дараа залилуулсан гэдгээмэдэж хуулийн байгууллагад хандсан байна. Заллилагч этгээд өөрийгөө хувийн компанитай гэж танилцуулсан бөгөөд гүйцэтгэлийн мөнгө орж ирэхээр хэд дахин нугалж өгнө, танай улсад шинэ салбараа нээж зах зээлээ тэлнэ, хувийн орд харш барьж өгнө, цаашид хамтарч ажиллана гэх байдлаар итгэл үнэмшил төрүүлж залилжээ. Дээрхтэй төстэй байдлаар иргэн С 33.500 доллар залилуулсан байна. Турк улсын харьяат өөрийгөө малын эмч гэж танилцуулсан этгээд шувууны ханиадны вакцин гаргаж байгаа, танай улс руу нийлүүлбэл бид өндөр ашиг олно гэх байдлаар итгэл үнэмшил төрүүлж залилжээ.

Сүүлийн үед залилагч этгээдүүд “ Би АНУ-ын тусгай хүчинд ажилладаг. Удахгүй халагдана. Монгол руу аялахаар төлөвлөж байна. Монгол шиг амар амгалан газар амьдрахаар шийдсэн” гэх байдлаар монгол эмэгтэйчүүд рүү чат бичиж залилахыг завдаж байгааг ЦЕГ-аас сэрэмжлүүлж байна.


Монгол эмэгтэйчүүдийн гадныхныг бурхан шиг тахидаг үзэл нь гэмт хэргийн золиос болгож байна гэв


Монгол эмэгтэйчүүд хаанахын хэн нь мэдэгдэхгүй хүнтэй фэйсбүүкээр танилцаж, дотно харилцаа тогтоож их хэмжээний мөнгө залилуулж байгаа үйлдлийг сэтгэл зүйчид гадныхныг тахин шүтэх үзэлтэй нь холбон тайлбарлаж байна. Нийгмийн сэтгэл судлаач Л.Энхжаргалаас энэ талаар тодруулга авлаа.


-Манайд залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг огцом нэмэгдсэнийг ЦЕГ-аас анхааруулж байна. Хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу хэдэн арван сая төгрөг шилжүүлсэн байх юм. Бид ийм гэнэн байгааг сэтгэл судлаачийн зүгээс яаж харж байна вэ?

-Олон хүчин зүйл нөлөөлнө л дөө. Гэнэн итгэмтгий зан монголчуудын геньд нь байдаг. Залилагчдын зүгээс хөгжил буурай орныг онилж гэмт үйлдлээ хийж байгааг хуулийн байгууллагаас онцолж байна лээ. Технологийн мэдлэг, мэдээлэл тааруу байдаг болохоор тэр л дээ. Мөн гадны улс орныхныг тахин шүтэх үзэл манайд түгээмэл бий. Энэ нь залилагчдад өгөөш болж байгаа юм. Гадны нэг нөхөр ирэхэд л дээр дооргүй бужигналдаж гүйдэг, оройдоо залдаг шүү дээ, бид. Гадаад хүн л гэхлээр огт хулгай, луйвар хийдэггүй гээд бурхан шиг тахидаг үзэл манайд дэлгэрээд байгаа нь залилангийн гэмт хэргийн хохирогч болоход нөлөөлж байна. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогч ирж надаас зөвлөгөө авсан. Хохирогч сэтгэл зүйн гүн дарамтад ордог юм билээ. Бусадтай хуваалцахаас ичиж санаа зовно. Асуудал даамжирвал амиа ч егүүтгэх эрсдэлтэй.

-Гадаадын этгээдтэй харилцаа үүсгэсэн шалтгаанаа хэрхэн тайлбарлаж байх юм?

-Гадаад хүнийг л бурхан шиг тахидаг үзэл нь залилуулахад нөлөөлсөн байгаа юм. Энэ үйлдлээ ойр орчмынхондоо хэлж чадахгүй, сэтгэл зүйн гүн хямралд орчихсон байна лээ. Хэнийг нь ч мэдэхгүй хүн рүү их хэмжээний мөнгө шилжүүлсэн шалтгаанаа тайлбарлахдаа “Хайртай болчихсон юм” гэж хэлсэн. Гэр бүлийн хүний хайр халамжаар дутаж явсан нь эндээс харагдаж байгаа биз. Нийгмийн бухимдал, стресс ч үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлж л байгаа юм.