Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэн Ж.Одонгоо: Эрх баригчдыг хулгайчаар нь дуудсанаасаа болж сонсголоос хөөгдсөн DNN.mn

Иргэн Ж.Одонгоотой ярилцлаа. Тэрбээр Төрийн ордонд болсон нээлттэй сонсголын үеэр бухимдлаа илэрхийлж Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нарыг хулгайч хэмээн цоллоод хөөгдөж гарсан юм.


-Энэ сарын 21-ний өдөр Төрийн ордонд нээлттэй сонсгол болсон. Энэ үеэр та их бухимдаж байна лээ. Ямар асуудал таныг тэгж “шатаав”?

-Нийгмийн сэтгэл зүй тэсрэхэд бэлэн байна. Жаахан тэсээд л яваад байна. Ил гарч байгаа нь л миний жишээ. Ийм нийгэмд хүн бүрийн дотор л шатаж байгаа. Тэр өдөр бухимдсан шалтгаан нь нээлттэй сонсголын үеэр надад үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх боломж олдоогүй. Гэтэл хамт орсон зарим хүмүүс нь санаагаа хэд хэдэн удаа давтаж хэлж санаатайгаар цаг авч байлаа. 11:00 цагаас хойш орой болтол хүлээтэл надад боломж олгоогүй. Ингээд л зааланд суусан С.Амарсайхан, Д.Тогтохсүрэн, Ж.Бат-Эрдэнэ нарт хандаж “Та нар зайл. УИХ тарах ёстой” гэж хэлээд хулгайчаар нь дуудаад хэлэлцүүлгээс хөөгдөж гарсан. Болсон үйл явдал товчхондоо ийм. Хүн бүр үзэл бодлоо нээлттэй илэрхийлэх эрхтэй талаар Үндсэн хуульд тодорхой заасан байдаг. Гэтэл тэд толгой хууль болох Үндсэн хууль дээгүүр давж гишгэж үзэл бодлоо илэрхийлэх боломжийг хааж байна шүү дээ.

-Хэлэлцүүлэг ямар болов. Үр дүн гарав уу. Та яаж харж байна вэ?

-Залуучууд зөв санаа хэлж л байна лээ. Хажуугаар нь троллууд ч сууж байсан. Ард түмний их хурлыг явуулах санал огт дурдагдаагүй. Намайг “шатаасан” гол шалтгаан нь энэ. Миний тухайд 2020 оноос хойш жагсаал цуглаанд идэвхтэй оролцож ирсэн. Үлдсэн амьдралаа тэмцэл хийхэд зориулмааргүй л байх юм. Тусгаар тогтносон эх орондоо сайхан л амьдармаар байна. Харамсалтай нь хууль тогтоох дээд байгууллагад суусан хулгайч нар ард иргэдийн эсрэг ажиллаж, зарим тохиолдолд хорлон сүйтгэх ажиллагаа явуулаад байна. Нээлттэй сонсгол тодорхой үрд дүнд хүрсэнгүй.

-Та нээлттэй сонсголд ямар илтгэл бэлдсэн юм бэ. Манай индэр танд нээлттэй байна?

-Гол агуулга нь УИХ-ыг тараах. Хулгайч хулгайчаа барьдаггүй. Нүүрсний хулгайн асуудалд эрх баригчид бүгд холбоотой гэж харж байгаа. Жагсаал хийж байсан иргэд Төрийн ордон руу ороход гишүүд бүгд өрөөний үүдэн дэх нэрээ авчихсан байсан. Нүүрсний хулгайд оролцоотой гэх баталгаа нь энэ болов уу. Нүүрсний хулгайн асуудалд сөрөг хүчний цөөхөн хүний нэр зарлаад ард нь том хулгайч нар нь гэмгүй царайлж суугаад үлдэж байна. Эрх баригчид өөрсдийнхөө эрх ашигт нийцсэн хуулийг таван минутад л баталдаг. Ард түмний эрх ашиг хөндөгдөхөд хөдөлж өгдөггүй. Тэд нийтийн эрх ашгийг хамгаалж ажиллах үүрэгтэй хүмүүс. Эсрэгээрээ хорлон сүйтгэх ажиллагаа явуулдаг. Захын жишээ татаад хэлэхэд, утаагүй түлш гэж юмыг нэвтрүүлснээр хэдэн хүн угаартаж нас барав. Ганцхан жишээ онцлоход л ийм. Утаагүй түлш гэх зүйлд угаартаж олон хүн үхсэн шүү. Энэ хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан хүмүүс нь өнөөдөр үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг барьж хорих тушаал өгөөд сууж байна.

-УИХ-ыг тараах нь ямар үр дүнтэй юм бэ. Ямар үндэслэлээр тараана гэж та хэлж байна вэ?

-Би олон удаагийн жагсаалд нэгдэж үзэл бодлоо илэрхийлж байсан. Юу ч хийхгүйг нь олон удаа харлаа. Ард түмний онц их хурлыг зарлах нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ажил. Ард түмэн нийтээрээ хүсч байгаа тохиолдолд онц их хурал зарлах нь У.Хүрэлсүхийн үүрэг. Үүнийг онцлоод байгаа нэг шалтгаан нь энэ УИХ хар хайрцагны луйвраар гарч ирсэн нь нотлогдсон. 2020 онд нийгмийн сэтгэл зүй МАН-ыг зүхэж байсан ч илт давуу гарч ирсэн. Төрийн эрхийг хууль бусаар авсан хууль бус Ерөнхийлөгч, хууль бус УИХ тарах ёстой. Энд дурдсан үндэслэлүүд УИХ тарахад хангалттай шалтгаан.

-Ингэхэд таныг цагдаа нар ээрээд байх юм билээ. Ямар шалтгаантай юм бэ?

-2020 онд хятадуудын араас дагаж лайв хийхэд хуурамч мэдээлэл тараасан гэх шалтгаанаар баривчлаад миний цахим хаягийг устгаж байсан. Энэ нэг удаагийн тохиолдол биш. У.Хүрэлсүхийг тангараг өргөх үеэр талбай руу орохыг завдсан гээд л баривчилсан. Залуус талбайд жагсаж үзэл бодлоо илэрхийлж байхад лайв хийсэн гэх шалтгаанаар мөн л миний цахим хаяг руу халдаж устгасан. Миний цахим хаягийг таван ч удаа устгасан байдаг. Энэ бүхэн хүний эрхийг зөрчиж, дарангуйлж байгаа үйлдэл. Хувийн орон зайдаа үзэл бодлоо илэрийлэхэд л баривчилдаг, цахим халдлага хийдэг энэ бүх үйлдэл нэг намын дарангуйлал тогтсоныг харуулж байгаа хэрэг. Хууль зүйн сайд Х.Нямбаатар гэж хүн эх орны төлөө ам ангайсан бүхнийг захиалгатай байна гээд л шууд ялладаг жишиг тогтоочихож. У.Хүрэлсүх ч хужаа гэж дуугарсан бүхэнд төр төмөр нүүрээ харуулна гэж сүрдүүлж байсан. Тэр бүхэн биеллээ олсон. Г.Тулга, Ч.Мөнхбаяр гээд үндэсний эрх ашгийн төлөө хэн дуугарч байна, тэр бүхнийг барьж хорьсон.

-Сая төв талбайд үзэл бодлоо илэрхийлж байсан залуусыг баривчилсан уу. ЦЕГ-аас эмнэлгийн тусламж үзүүлсэн гэх мэдээлэл хэлж байна лээ?

-Илтэд худал мэдээлэл тарааж байна лээ. Үзэл бодлоо илэрхийлж тайван замаар жагссан залуусыг эмнэлэгт үзүүлнэ гэж худлаа хэлж авч яваад 111-д хорьсон. Үзэл бодлоо тайван замаар илэрхийлж байгаа иргэдийг тараахаар хэдэн мянган цагдаа ирж баривчилсан. Хүний эрхийг уландаа гишгэсэн. Нээлттэй сонсголын үеэр танхимд сууж байсан П.Оростогоо хурандаагаас үзэл бодлоо илэрхийлсэн залуусыг баривчилж байгаа шалтгааныг тодруулахад Тийм асуудал болоогүй гэж илэрхий худал хэлж байгаа юм. Хэдхэн минутын дараа өнөөх хурандаа гараад явсан. Араас нь гараад ирэхэд л талбайд байсан хүмүүсийг бүгдийг нь баривчилсан байна лээ. Баривчлагдсан залуустай одоог хүртэл холбоо барьж чадахгүй байна. Суллагдсан эсэхийг нь мэдэхгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Батмөнх: Гурван хүний амь нас хохирсон ноцтой осол жагсаалын дуулианд дарагдаад замхрах нь DNN.mn

Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багийн нутаг дэвсгэр дэх “Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөцийн сав шатсан осол арванхоёрдугаар сарын 1-ний өдөр гарсан. Ослын улмаас гурван иргэний амь нас хохирсон нь тогтоогдоод байгаа. Торуулбал “Тэс Петиролиум” ХХК-ийн нягтлан бодогч, харуул, шатахууны нярав гэх гурван хүн ажил үүргээ гүйцэтгэж явахдаа ослын улмаас нас барсан юм. Талийгаач Ө.Нандинцэцэгийн ах Б.Батмөнхөөс цөөн асуултад хариулт авлаа. Талийгаачийн тухайд “Тэс Петролиум” ХХК-ийн нягтлангаар ажиллаж байсан юм.


-Таны гэр бүлд эмгэнэл илэрхийлье. “Тэс Петролиум”-ын зүгээс ар гэрийнхэнтэй нь уулзав уу. Ямар байр суурь илэрхийлж байна вэ?

-Талийгаач миний том эгчийн охин. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Тэс Петролиум” ХХК-ийн салбарт нягтлан бодогчоор ажилд ороод байсан юм. Энд ажилд ороод дөнгөж жил болоод л ийм харамсалтай осолд нэрвэгдчихлээ. Анх ажилд ороход нь хортой нөхцөлд ажиллах учраас ар гэрийнхэн нь таатай хүлээж аваагүй. Миний дүү ХААИС-ийг төгсөөд “Глобал бридж консракшн” ХХК, “Хаан банк” зэрэг байгууллагад мэргэжлээрээ ажиллаж байгаад энэ шатахуун түгээх станцад ажилд ороод байсан юм.

Яг одоо ар гэрийнхнийх нь сэтгэл зүй маш хүнд байна. Бага охиноо гэнэтийн ослоор алдсан аавын дотор ямар олигтой байх билээ. Компанийн төлөөлөл ар гэрийнхэнтэй нь осол болдог өдрийн үдээс хойш уулзсан байна лээ. Гэнэтийн муухай мэдээ дуулсан тэдний маань зүрх нь зогсчих шахсан. Компанийн зүгээс ослын шалтгаан нөхцөлийг тодруулах ажлын хэсэг гараад явж байгааг л хэлж байна лээ.

-Ослоос хойш арав орчим хоногийн хугацаа өнгөрсөн байна. Ямар нэгэн нэмэлт мэдээлэл ар гэрт нь өгсөн үү?

-Одоогоор чимээгүй байна. Бидний тухайд ч өнгөрсөн хугацаанд талийгаачийгаа нутаглуулах ажилтай завгүй байлаа. Ажлын хэсгийн дүгнэлт бол хэд хэдэн удаа гарах хугацаа өнгөрсөн гэж хувьдаа харж байна. Гэтэл чимээгүй байгааг нь гайхаад л байна шүү. Мэргэжлийн хүмүүс бол шалтгаан үндэслэлийг нь тэр дор нь тогтооно шүү дээ. Хэн нь ямар алдаа гаргасан болоод дуугай яваад байгаа юм бол, надад мэдэх юм алга. Жагсаал гэх дуулианы хажуугаар энэ хэрэг ингээд замхрах вий гэх хардлага ч төрж байна. Ослын улмаас хөдөлмөрийн насны гурван хүн амь насаа алдлаа шүү дээ. Дуугай суух асуудал огт биш. Харьяа байгууллагууд нь шуурхай ажиллаж шалтгаан нөхцөлийг нь тогтоох ёстой. Хэн, хаана ямар зөрчил гаргаснаар гал гарахад хүргэв. Эсвэл “Тэс Петролиум” ХХК аюулгүй байдлын асуудалдаа хайнга хандсанаас болж эрүүл саруул гурван хүн зуурдаар ертөнцийн мөнх бусыг үзүүлэв үү. Өглөө ажилдаа шуурхайлаад гарсан дүү маань ажлын байрандаа амь насаа алдлаа. Гэнэт л ийм аюул тохионо гэж байхгүй биз дээ.

Хаа нэг газар хэн нэгэн хариуцлага алдсанаас л ийм осол гарсан байж таарна. Онцгой байдал, мэргэжлийн хяналт гээд байгууллагуудаас ийм эрсдэлтэй газар тогтмол шалгалт оруулдаг л байсан байлгүй. Тэд энэ эрсдэлийг олж харсан уу, компанид сануулга өгсөн үү, сануулгынх нь дагуу зөрчил арилгах арга хэмжээг цаг тухайд нь авч ажилласан уу гээд олон асуудал бий. Энэ бүхнийг ажлын хэсэг шударгаар олж тогтооно гэж найдаж байна. Талийгаачдын ар гэрээс ч зохих хэмжээний шаардлага тавьж ажиллана.

-Та бүхэн талийгаачтай хамт ажилладаг хүмүүстэй нь уулзсан уу. Тэд юу ярьж байна вэ?

-Ажлын газрынхан нь гэх цөөхөн хүн ирээд явна лээ. Ажлын байранд аймшигтай гал гарсан тухай л хэлж байсан. Тэр олон тонн шатахуунтай саванд гал ноцно гэдэг дэндүү аюултай осол. Дахин ийм осол гарч хэн нэгний амь нас эрсдэж, өөр нэг гэр бүл зовлонд унахгүй гэх баталгаа алга. Үүний тулд л ажлын хэсэг хариуцлагатай шуурхай ажиллаж галын дүгнэлтийг зөв гаргах нь чухал. Компанийн зүгээс ар гэртэй нь уулзаад л өнгөрдөг жишиг байж болохгүй. Ослын шалтгааныг тогтоож, буруутай албан тушаалтан хариуцлага хүлээж байж бусдад сэрэмж болно. Гурван хүний амь авсан ноцтой ослын хажуугаар илээд өнгөрч огт болохгүй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Соёлсайхан: Машин ачилтын компаниудын үйл ажиллагаа хууль зөрчиж байгаа нь тогтоогдлоо DNN.mn

Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс нийслэлийн хэмжээнд шалгаж ажиллажээ. Энэ ажиллагааны талаар тус хэлтсийн хяналтын прокурор Б.Соёлсайхантай ярилцлаа.


-Машин ачилтын компаниудын үйл ажиллагаатай холбоотой гомдол мэдээлэл тасрахгүй юм. Прокурорын байгууллагаас машин ачилтын компниудын үйл ажиллагаанд шалгалт оруулсан байна. Эхлээд энэ асуудлыг хууль тогтоомжид хэрхэн зохицуулсан байдаг талаар танаас тодруулмаар байна.

-Прокурорын байгууллага нь зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьж, хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүрэгтэй ажилладаг.

Тиймээс дээрх асуудалд анхаарал хандуулж, Улсын ерөнхий прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсээс тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаа хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа эсэхийг Нийслэлийн төвийн дүүргүүд буюу Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн хэмжээнд шалгаж, илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар холбогдох арга хэмжээг авсан.Хууль тогтоомжийн хувьд тодруулахад “Машин ачилт” буюу тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэхтэй холбоотой үйл ажиллагаа нь Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-аар зохицуулагддаг. Энэ журамд зааснаар Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгж, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн алба хаагчийн бичгээр болон цахимаар олгосон шийдвэр, зөвшөөрлийг үндэслэн Нийслэлийн замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан компаниуд тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажиллагааг гүйцэтгэдэг.

Жишээ нь, жолооч тээврийн хэрэгслээ автомашин зорчих хэсэг, явган хүний зам, гарц дээр байрлуулан тээврийн хэрэгслийн болон явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35, 37 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан тохиолдолд Замын хөдөлгөөний удирдлагын төвийн албан хаагч ачигч компанийн ажилтнаас www.auto-ub.com цахим системээр дамжуулан ирүүлсэн фото зургийг үндэслэн тухайн тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх зөвшөөрлийг олгох байдлаар энэхүү үйл ажиллагаа явагдаж байна.

Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зөрчил гаргасан иргэний тээврийн хэрэгслийг түр саатуулах, зөөж шилжүүлэх ажиллагааг Цагдаагийн байгууллагын Замын цагдаагийн нэгжийн албан хаагчийн бичгээр өгсөн зөвшөөрлийг үндэслэн гүйцэтгэдэг.

-Нийслэлийн хэмжээнд машин ачилтын хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг юм бэ. Энэ компаниудын зөөж шилжүүлсэн автомашины тоо, зардал, төлбөрийн талаар тодруулахгүй юу?

-Нийслэлийн замын хөгжлийн газартай гэрээ байгуулсан нийт 14 компани Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааг гүйцэтгэж байна. Дээрх компаниуд нь 2021 он, 2022 оны эхний хагас жилийн байдлаар Цагдаагийн байгууллагын албан хаагчаас бичгээр болон цахимаар олгосон 130537 зөвшөөрлийн дагуу тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлж, түр саатуулсан байна.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2015 онд 33/35 дугаартай “Нийслэлд тээврийн хэрэгслийг зориулалтын автомашинаар зөөж шилжүүлэх, түр саатуулах хашаа /байр/ ажиллах” тухай тогтоолоор түр саатуулах хашаа, үйлчилгээний төлбөрийн хувь хэмжээг суудлын автомашин 60.000 төгрөг, том оврын автомашин 90.000 төгрөг, мотоцикл 30.000 төгрөг, байрны төлбөр авто машины овор хэмжээнээс хамаарч 5.000- 20.000 төгрөг байхаар тус тус зохицуулсан байдаг.

Цагдаагийн байгууллагаас зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж дууссаны дараа зөөж шилжүүлсэн, түр саатуулсан тээврийн хэрэгслийг гаргах зөвшөөрлийг www.auto-ub.com цахим системээр өгч, төлбөрийг төлсөн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигчид нь буцаан олгодог.

-Прокурорын байгууллагаас хийсэн шалгалтаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд ямар төрлийн зөрчлүүд илэрсэн бэ. Зөрчлийг арилгуулах чиглэлээр авсан арга хэмжээний талаар тодруулахгүй юу?

-Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд Зөрчлийн тухай хууль тогтоомж зөрчигдөж байгаа нөхцөл байдал шалгалтаар тогтоогдсон.Тухайлбал, Цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудаас зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдлийг илрүүлж, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй байна.

2021 он, 2022 оны хагас жилийн байдлаар Цагдаагийн байгууллагын алба хаагчаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35, 37 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл түр, удаан зогсох журмыг зөрчсөн” зөрчилд автомашиныг зөөж шилжүүлэх, түр саатуулах 88915 зөвшөөрлийг цахимаар олгосон байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаагүй, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд хуульд заасан шийтгэлийг оногдуулаагүй байсан.

Зөвхөн тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлсэн, түр саатуулсан ажиллагааны зардал, төлбөрийг гаргуулан авч, автомашиныг буцаан олгож байгаа нь Зөрчлийн тухай хуулийн 1.1, 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим зөрчигдөж байна гэж үзсэн. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны А/101 дүгээр тушаалаар батлагдсан “Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-д зааснаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах ажиллагаа цагдаагийн албан хаагчийн хяналтад явагдах ёстой байтал энэхүү журмын заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байсан. Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын тушаалаар батлагдсан дээрх журам нь Зөрчлийн тухай хууль тогтоомжтой зөрчилдсөн, Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчлийг шалгах зарим тодорхой ажиллагааг давхар тус журмаар хэрэгжүүлэхээр зохицуулсан зэрэг нөхцөл байдал тогтоогдсон. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яаманд дээрх журмын зохицуулалтыг холбогдох хуульд нийцүүлэн боловсронгуй болгох тухай санал, Цагдаагийн байгууллагад Зөрчлийн тухай хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлж ажиллах, гарч буй зөрчил дутагдлыг арилгах, дахин гаргахгүй байх талаар прокурорын шаардлага бичиж хүргүүлээд байна.

-Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагааны явцад машин ачилтын компанийн ажилтан, иргэдийн хооронд үл ойлголцох, хэрүүл маргаан үүсэх асуудал гардаг. Үүнтэй холбоотой гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдэж, шалгагдсан байна вэ?

-Цагдаагийн байгууллагад 2021 он, 2022 оны эхний хагас жилийн байдлаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаатай холбоотой гэмт хэргийн талаарх 34, зөрчлийн шинжтэй 166 гомдол, мэдээллийг хүлээн авч, шалгасан байна.

Бүртгэгдсэн гомдол, мэдээллүүдээс харахад, тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах үйл ажиллагаанд цагдаагийн албан хаагч хяналт тавих журмын заалт хэрэгжээгүйгээс иргэдийн зүгээс зөрчлийг хүлээн зөвшөөрөхгүй, автомашинаа ачуулахгүй гэж ачилтын компанийн ажилтнуудтай маргалдсан, харилцан бие биедээ халдаж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан, тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл учруулсан, иргэд түр саатуулах хашаан дахь гэрээт байгууллагын эд хөрөнгийг эвдэж гэмтээсэн, ачилтын компанийн жолооч, техникийн ажилчид иргэдтэй зүй бус харьцсан зэрэг асуудлууд гарсан байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсэн яндангүй приуснүүд авто оношилгоонд ямар ч саадгүй тэнцэж байна DNN.mn

Импортоор ирж буй приус маркийн тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг ченжүүд авч, дамлаж зарж байгаатай холбоотойгоор 200 гаруй төрлийн хорт хий агаарт ялгарч буй асуудлын мөрөөр “Өдрийн сонин” цуврал сурвалжилга бэлтгэж буй билээ. Үйлдвэрийн яндан буюу тээврийн хэрэгслээс ялгарах хорт утааг саармагжуулах үүрэгтэй эд ангийг нь сугалж оронд нь шүүлтүүргүй яндан суурилуулснаар приуснээс хүний сэтгэцэд нөлөөлдөг хар тугалга ялгардаг тухай эрдэмтэд онцолж байгаа юм. Үйлдвэрийн янданг нь сугалж, хятад яндан суурилуулсан приус замын хөдөлгөөнд зоргоороо оролцоод явж буй асуудлын хүрээнд энэ удаа авто оношилгооны төвүүдээс сурвалжилга бэлтгэлээ.

Нийслэлд өнөөдрийн байдлаар авто оношилгооны долоон төв үйл ажиллагаа явуулж байна. Тасганы овоонд үйл ажиллагаа явуулдаг оношилгооны төв рүү өчигдөр бага үдийн алдад очиход хөл хөдөлгөөн ихтэй байв. Тэдний олонх тээврийн хэрэгслээ зарахдаа оношилгоонд хамруулахаар зэхэж энд цуглажээ. Оношилгооны төвийн үүдэнд 20 орчим тээврийн хэрэгсэл дугаарлаж зогссоны дөрөв нь приус маркийн тээврийн хэрэгсэл байв.

Приус маркийн машины жолооч н.Бат-Очир гэх залуугаас цөөн асуултад хариулт авлаа.

-Таны приус үйлдвэрийн яндантай байна уу. Эсвэл өөр яндан суурилуулсан уу?

-Шүүлтүүр муу яндантай бол оношилгоонд тэнцүүлэхээ больсон байх. Ер нь үйлдвэрийн бус хятад яндантай бол оношилгоонд тэнцүүлэхгүй буцааж байна лээ. Хятад яндангийн тухайд шүүлтүүр нь тийм сайн биш гэж ойлгосон. Нүүрсэн яндангүй приус машинууд авто оношилгоонд ямар ч саадгүй тэнцэж байна

8Ò¿ð¿¿÷ íü I í¿¿ðò8

-Таных үйлдвэрийн яндантай юу?

-Би приусээ дөрвөн жилийн өмнө авсан юм. Анх гаальтай машин л “Да хүрээ” захаас авч байлаа. Төд удалгүй доголдоод эхлэхэд нь оношилгоонд ороход яндангаа солиулах зөвлөгөө өгсөн. Ингээд харахад л миний машины үйлдвэрийн янданг нь сольчихсон байгаа юм. Гааль дээр буухад нь сольсон юм уу, эсвэл зарж байсан хүмүүс нь сольсон юм уу тэрийг нь нарийн мэдэхгүй. Үйлдвэрийн яндангүй болохоор хүйтний улиралд амархан доголдох юм. Хэдэн жил оношилгоонд орох гэж үйлээ үзсэн. Багадаа 600.000 төгрөгөөр хятад яндан авна. Өнөөх нь сүүлдээ оношилгоонд ч тэнцэхээ больсон. Гол төлөв л нүүрсэн яндан шаардаад байх болсон. Тэр нь дийлдэхгүй өндөр үнэтэй. Одоо ч би хятад яндан зүүгээд л явж байгаа. Тэнцүүлэх эсэхийг нь хэлж мэдэхгүй байна” гэв.

Гааль дээр буусан тээврийн хэрэгслийн үйлдвэрийн янданг хэн нэгэн сугалаад оронд нь шүүлтүүргүй яндан байршуулдаг талаар дээрх иргэн онцолж байна. Үүнээс гадна хятад яндантай тээврийн хэрэгслийг авто оношилгоонд тэнцүүлэхгүй байгааг хэлж байлаа.

Цааш авто оношилгооны үйл ажиллагаа явуулж буй том гараж руу шагайвал хоёр машин явах зам татжээ. Замын харалдаа цагаан кабинд нүдний шилтэй залуу завгүй суугааг анзаарвал оношилгооны төвийн инженер бололтой. Ажлынх нь хажуугаар цөөн хором хөөрөлдлөө.

-Тасганы овооны авто оношилгооны төвөөр жилд хэдэн приус оношилгоонд ордог юм бэ?

-Энэ оны тухайд нарийн тоо гараагүй байна. Өдөрт ойролцоогоор 10 орчим приус манайхаар орж ирдэг. Гол төлөв иргэд хоорондоо наймаа хийхдээ энд оношилгоонд хамруулдаг юм.

-Та бүхэн үйлдвэрийн яндан буюу катализаторгүй приусыг оношилгоонд тэнцүүлж байгаа юу?

-Энд техникийн үзлэгт ирж буй тээврийн хэрэгслийг шалгахдаа утааны ангиллыг нь шалгаж үздэг. Стандартаа хангаж байвал оношилгоонд тэнцэнэ. Үйлдвэрийн яндангүй байна гээд үзлэгт тэнцүүлэхгүй гэх хууль эрх зүйн орчин өнөөдөр манайд алга. Утааг нь тестэлж үзээд л ямар ч яндантай байсан тэнцэнэ. Өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчин нь ийм.

-Үйлдвэрийн яндангүй приус хортой утаа ялгаруулж байгаа талаар та мэдэх байх…

-Өнгөрсөн жилүүдэд нүүрсэн яндангүй приус маш олон ирдэг байлаа. Тухай бүрийнх нь утааг тестлээд л тэнцэхгүй бол буцаадаг. Энэ жил эрс цөөрсөн шүү. Тодорхой хэмжээнд хяналт тавьдаг болсонтой холбоотой байх.

-Тээврийн хэрэгслийн яндангаас гарч буй утаанд ямар стандарт тавьдаг юм бэ?

-Бензин хөдөлгүүрт автомашины утаанд хорт бодисын хэмжээг үздэг стандарт бий. CO2 нь 0.3-аас ихгүй, CH нь 250-иас ихгүй байх ёстой. Ийм байхад л ямар ч яндантай байсан хэвийн гэж үзнэ. Харин хэвийн бус байвал янданг нь шалгаж үзээд оношилно.

-Дээрх шаардлагыг хангаж байвал хятад яндантай тээврийн хэрэгсэл асуудалгүй замын хөдөлгөөнд оролцох нь. Таны дурдаад байгаа энэ стандарт хүний эрүүл мэндэд ямар ч хоргүй гэсэн үг үү?

-Үйлдвэрийн яндантай тээврийн хэрэгсэл л замын хөдөлгөөнд оролцоно гэсэн стандарт баталчихвал бид дагаад л мөрдөнө. Энэ стандарт нь хортой утаа ялгаруулдаг эсэхийг мэдэх юм надад алга. Би эрүүл мэндийн салбарын хүн биш.

-Шүүлтүүр муу гэгдээд буй хятад яндан тээврийн хэрэгсэлд яаж нөлөөлдөг юм бэ?

-Үйлдвэрийн яндан нь биш учраас мэдээж сөрөг нөлөө үзүүлнэ. Катализатор бол машинаас ялгарч буй хорт утааг саармагжуулах чухал үүрэгтэй эд анги. Жолооч нарын зүгээс үүнд анхаарч приус маркийн тээврийн хэрэгсэл авахдаа үйлдвэрийн янданг нь сольсон эсэхийг хамгийн эхэнд шалгах нь зөв. Бидний зүгээс стандартаа л мөрдөнө. Одоогоор энэ стандарт шинэчлэгдээгүй байгаа.

-Нүүрсэн янданг нь сугалж аваад байгаа асуудлыг та яаж харж байна вэ?

-Нүүрсэн яндангийн эрэлт их байсантай л холбоотой асуудал. Үүнд хяналт тавих хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд ченж гэх хүмүүс янданг өндөр үнээр авч байсан нь энэ нөхцөл байдалд хүргэсэн гэх тайлбар хэллээ.

Техникийн үзлэгт орж буй тээврийн хэрэгсэлд хяналт тавихдаа ямар яндантай байгаагаас үл хамаарч ялгарч байгаа утааны хорыг л шинжилдэг байна.

Мөн инженерүүдийн хэлж байгаагаар жолооч нар техникийн үзлэгт орохдоо таньдаг хэн нэгнийхээ нүүрсэн янданг түр зуур хэрэглэх явдал хэвийн үзэгдэл болсон гэнэ. Техникийн үзлэгтээ тэнцээд л хорт утаа ялгаруулдаг яндангаа буцааж зүүгээд хотын төвөөр утаа савсуулаад давхидаг гэнэ.

Үүнд хяналт тавих гол субьект нь Замын хөдөлгөөний удирдлагын төв, Тээврийн цагдаагийн алба гэдгийг тэд онцолж байлаа. Жолооч нар яндангаа зарчихаад хэн нэгний янданг түр зүүж оношилгоонд тэнцэж нүглийн нүдийг гурилаар хуурдаг явдал дэлгэрээд байгаа талаар ярьсан юм.

“Да хүрээ” захын авто оношилгооны төв рүү өчигдөр үдээс хойш очиход мөн л ачаалалтай байлаа. Инженерээс нь тодруулга авахаар хандсан ч тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзсан юм. “Да хүрээ” орчимд ялаа шиг шавж байдаг яндангийн ченжүүд энэ удаа харагдсангүй. Хууль хяналтын байгууллагуудын зүгээс тэдэнд шаардлага тавьж ил худалдаа явуулах боломжийг хязгаарлажээ. Харин нүүрсэн яндангийн худалдаа цахимд шилжсэнийг ченжүүдийн зарим нь хэлж байлаа.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Цэвэгмид: Жолооч дүрэм биелүүлэхгүй, торгуулиа төлөхгүй бол үнэмлэхийг нь хурааж авах эрх ТЦА-нд байх хэрэгтэй DNN.mn


Инженер Б.Цэвэгмидтэй ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт нийслэлд үндсэндээ тэг зогсолт боллоо. Үүнд нөлөөлж байгаа нэг шалтгаан нь замын хөдөлдөөнд оролцогчдын сахилга бат болж байх шиг. Нэгдүгээр эгнээнд тээврийн хэрэгслээ байршуулах, эгнээ байр дураараа солих, үргэлжилсэн цагаан шугам давж эргэх зэрэг бүдүүлэг үйлдлүүд өнөөдөр хэвийн үзэгдэл болж. Дүрэм зөрчсөн асуудалд хүлээлгэх хариуцлага сул байна уу. Энэ талаар таны байр суурийг сонсъё.

-Энэ бол түгжрэлд нөлөөлж байгаа нэг шалтгаан мөн. Гэхдээ жолооч дүрэм зөрчөөд л таг түгжрээд зогсчихсон асуудал биш. Ингэж бодож байгаа бол том эндүүрэл. Жолооч нарын дүрэм зөрчиж дураараа явж байгаа байдал бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлэхгүй байгааг л харуулж байгаа хэрэг. Ж.Сүхбаатар сайд “Замын хөдөлгөөний танхайрлыг зогсооно” гэж хэлж байна лээ. Үүнийг би хоёр гараа өргөөд дэмжиж байгаа.

-Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч дураараа дүрэм зөрчиж танхайрч байгаа үйлдлийг та яаж харж байна вэ. Танхайрсан жолоочийн толгойг илээд байна уу?

-Тээврийн цагдаагийн байгууллага ажлаа хийж чадахгүй байна. Тээврийн цагдаагийн газраас торгууль оногдуулж байгаа статистикийг нэг хараарай. 85 хувь нь бүс зүүгээгүй гэх шалтгаанаар торгосон. Өнөөдөр цагдаагийн нүдэн дээр л үргэлжилсэн цагаан шугам даваад эргэхэд дохиод гаргадаг болсон. Товчхондоо тээврийн цагдаагийн байгууллагын мэргэжлийн баримжаа бүрэн алдагдсан гэсэн үг.

-Энэ талаараа тодруулахгүй юу?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдал хангадаг замын цагдаагийн байгууллагыг вагоны зодоон зохицуулдаг албаны дагавар болгож өөр бүтэц гаргасан. Замын цагдаагийн байгууллага мэргэжлийн чиг баримжаагаа бүрэн алдсанаас жолооч сахилга хариуцлагагүй болж байгаа юм. Өнөөдөр цагдаа нар гудамжинд зогсоод салхины шил рүү хэн бүс зүүгээгүй байна, хэн дугаарын хязгаарлалт зөрчив гэж хардаг болсон. Үндсэндээ энэ хоёр дээр л торгууль тавьж байгаа юм. Улаан гэрлээр гарах, зүүн гар талын эгнээнээс баруун гар тийш эргэх, баруун гар талын эгнээнээс зүүн гар тийш эргэх, явган хүний гарцанд тээврийн хэрэгслээ байршуулах зэргийг тоохоо больсон. Зам тэврийн ослын шалтгаан болж хөдөлгөөний дэг журмыг алдагдуулж байгаа зөрчлүүдэд огт анхаарал тавихаа больчихоод байгааг бүгд мэдэж байгаа. Бүс зүүсэнгүй, дугаарын хязгаарлалт зөрчсөн гээд л торгууль тавиад байдаг. Үүнийг нь анзаарахад Тээврийн цагдаагийн алба ажлаа хийгээд ч байгаа юм шиг. Ийм дүр төрх харуулаад байна. Энэ нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханагахад, дэг журам тогтооход нөлөөлөхгүй байна. Товчхондоо ТЦА тооны араас л хөөцөлддөг болсон.

-Дэг журам яаж тогтоох вэ. Танхай жолооч нарын үйлдлийг яаж хязгаарлах вэ?

-Замын хөдөлгөөний дэг журмыг сахиулах үүргийг хуулиар хүлээсэн байгууллага нь Тээврийн цагдаагийн алба. Энэ байгууллага ажлаа хийж чадахгүй байна. Дугаарын хязгаарлалт гэж бүдүүлэг, хууль бус үйлдлийн манаач нь цагдаа нар болсон. Дээрээс дугаарын хязгаарлалт сайн хянаарай, хөдөлгөөнд бага машин оролцуулаарай гэсэн даалгавар аваад л ажилдаа гардаг болсон. Энэ байгууллага хууль сахиулах байгууллага уу, эсвэл хотын захиргааны захирамж биелүүлэх байгууллага уу гэдэг нь сүүлдээ мэдэгдэхээ больсон. Уул нь дүрэм зөрчөөд, торгуулиа төлөхгүй тээврийн хэрэгслийг улсын бүртгэлтэй ярьж дугаарыг нь хураагаад авчихад л болно.

-Манайд Замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд 20000 төгрөгийн торгууль бичээд л явуулдаг. Энэ торгууль олон улсын дундажтай харьцуулахад ямар байдаг вэ. Жишээ нь, БНСУ-д замын хөдөлгөөний дүрэм зөрчихөд манайх шиг 20.000 төгрөгөөр торгоод явуулах уу?

-Торгуулийн санкцыг олон улстай харьцуулахад бага. Гэхдээ хүн амын дундаж цалинтай харьцуулахад дүйх байх. Гагцхүү шударгаар оногдуулсан торгуулиа улсын санд төвлөрүүлдэг байх ёстой. Үүнийг нэг нийгмийн харилцааг зохицуулах асуудлыг нөгөө нийгмийн харилцаатай уялдуулж хаяад юу ч биш болгодог.Торгууль төлөхгүй бол төрийн үйлчилгээ үзүүлэхгүй ч гэдэг юм уу. Ингээд л жолооч нар дураараа дургидаг болсон. Энд нэг зүйлийг онцлоход, архи ууж замын хөдөлгөөнд оролцсон, дур зоргоороо дүрэм зөрчсөн торгуулиудыг хоёр удаагийн Өршөөлийн хуульд хамруулсан. Өнөөдөр хүмүүс 2025 оны Өршөөлийн хуулийг хүлээгээд торгуулиа төлөхгүй явж байна. Торгуулиад ч тоохоо больж. Замын хөдөлгөөнд оролцогчдод оногдуулж байгаа арга хэмжээ нь дахиж замын хөдөлгөөний дүрэм зөрчихгүй байх ухамсар суулгахгүй байна л даа. Хэдэн зуун торгуультай жолооч нар зүгээр л явж байгаа. Одоо торгуультай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй бол түгжрэл буурна гэж яриад явж байна лээ. Тэд торгуулиа төлөхөд буцаад л түгжирнэ биз дээ. Торгуулиа төлөөгүй бол төрийн үйлчилгээ үзүүлэхгүй, гадаад паспорт олгохгүй гэх зэрэг саналууд ч явж байна лээ. Энэ бүтэхгүй.

-Торгууль татан төвлөрүүлэх, жолооч нарыг замын хөдөлгөөнд хариуцлагатай оролцуулах гарц гаргалгааг та хэрхэн харж байна вэ?

-Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөд торгууль хүлээсэн бол энэ харилцаандаа л торгууль шийтгэлээ хүлээдэг байх ёстой. Энд эрх зүйн зохицуулалт үгүйлэгдэж байгаа юм. Дүрэм зөрчөөд торгуулиа төлөхгүй яваад байгаа бол дээр дурдсанчлан улсын дугаарыг нь хурааж болно. Энэ харилцаандаа л зохицуулах хэрэгтэй. Хаа хамаагүй төрийн үйлчилгээ үзүүлэхгүй гэж хальж болохгүй. Замын хөдөлгөөн гэдэг нийгмийн харилцаанд тогтоосон дүрмийг биелүүлэхгүй бол жолоочийн үнэмлэхээ татаад авах эрх нь Тээврийн цагдаад байх ёстой. Энэ мэтээр л хялбар зохицуулах ажилд RFID гэх мэт өндөр үнэтэй технологи нэвтрүүлж дугаар хязгаарлах хэрэггүй. Энэ технологи ашиглаж түгжрэл бууруулна гэдэг үлгэр. Хэзээ ч бүтэхгүй. Сүүлд нь онцлоход, жолоочоос гадна танхайрч байгаа нь төрийн алба өөрөө. Замын тэмдэг тэмдэглэгээг хийж чадахгүй байна гэдэг төрийн алба танхайрч байгаа хэлбэр мөн. Энэ нь жолоочийг дүрэм зөрчих байдалд хүргэж, үүнийхээ төлөө жолоочид торгууль оногдуулаад байж болох уу.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

О.Хангай аваргын ноёрхлыг хэн зогсоох вэ? DNN.mn

Монгол бахархлын өдөрт зориулсан чансаа өндөр 128 бөхийн барилдаан өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд болдог. Тус барилдааныг энэ жил Улс тунхагласны ойн барилдаантай нэгтгэн арваннэгдүгээр сарын 26-ны өдөр зохион байгуулах шийдвэрийг Монголын үндэсний бөхийн холбооноос гаргажээ. Энэ барилдаанд 256 бөх зодоглоно. Чансаа өндөр энэ барилдаанд зориулж зарим бөхчүүд цөөхөн хоногийн бэлтгэлийн цугларалтад гараад өнөөдөр бууж байна. Улс тунхагласны ойн барилдаан ингэж л ач холбогдол өгдөг. Өнөө жил тус барилдаан ирц сайтай явагдах талаар бөхчүүд хэлж байна. Тодруулбал, зүүн барууны магнайг Увс нуур дэвжээний идэрхэн аваргууд болох Н.Батсуурь, П.Бүрэнтөгс нар авч гарах гэнэ. Шинэ аварга Оргихын Хангай арслан Р.Пүрэвдагва нар дагавар магнайд гарч цолоо дуудуулах аж. Харин улсын арслан Б.Орхонбаяр сая Сэлэнгэ аймагтаа хүлээн авалтад оролцож явсан тул энэ удаагийн барилдааныг өнжих бололтой. Олны анхаарлын төвд байгаа бөх бол О.Хангай аварга. Алтан цомын төлөөх барилдааны нэгдүгээр шатанд Дорнодын бөхчүүдийг арал бяраар илтэд илүүрхэж кран шиг л өргөж чулуудсан О.Хангай аварга Сонгинохайрхан дүүргийн ойн барилдаанд ч хол тасархай түрүүлсэн.

Тэрбээр өнгөрсөн зун аварга цолны залаа тэмдэг зүүснээс хойш нэг ч удаа өвдөг шороодоогүй явна. Энэ ноёрхлыг хэн зогсоох вэ гэдэг анхаарал татаж байна. Эртнээс л О.Хангайтай эн тэнцүү өрсөлддөг байсан улсын заан Б.Бат-Өлзийгийн найр наадмын ажил өндөрлөж блтгэлдээ орсон талаар хэлж байсан. Заалны барилдаанд хэнийг ч мөргөөд л унагадаг Бат-Өлзийгийн бэлтгэл жигдэрсэн талаар дасгалжуулагч нь онцолж байна лээ.

Тиймээс О.Хангайгийн дараалсан түрүүнд завсар оруулах өндөр магадлалтай хүчтэн нь Баярхүүгийн Бат-Өлзий заан байж болох талаар бөхийн хүрээнийхэн хэлж байна. Мөн даян аварга Н.Батсуурь ч Улс тунхагласны ойн барилдаанд хараахан түрүүлж амжаагүй яваа. Намрын улирлын нээлтийн барилдаанд үзүүрлэж байгаагаас нь харахад тогтмол бэлтгэлтэй, заалнаас салахгүй яваа нь анзаарагдсан. Энэ удаа чансаа өндөр барилдаанд түрүүлэх өндөр магадлалтай цөөн хүний нэгээр Н.Батсуурь аваргыг нэрлэх байна. Харин П.Бүрэнтөгс аварга өнгөрсөн хугацаанд “Бүрэн Монгол” төслийн хүрээнд залуу гэр бүлүүдэд өрх гэр бэлэглээд завгүй явна лээ. Бэлтгэл нь хараахан жигдрээгүй байгаа болов уу.

Завханы М.Лхагвагэрэл заан энэ удаа зодогловол тод өнгө байх болно. Барилдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Чөлөөт бөхийн ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртсэн түүний амжилтыг төр засаг үнэлж гавьяат тамирчин цолоор мялаасан байна лээ. Барилдвал О.Хангай аваргын гол өрсөлдөгчийн нэг нь М.Лхагвагэрэл байх болно.

Дээгүүр даваанд гарч аварга арслангуудтай тулах аймгийн цолтон нь өнгөрсөн цагаан сарын түрүү аймгийн арслан Э.Мөнхжаргал. Том цолтнуудыг нураагаад сурчихсан Э.Мөнхжаргал О.Хангайтай дөрвийн даваанд оноолтоор таарвал гал ноцохоор ширүүн өрсөлдөөнийг үзүүлнэ. Их спортын мэдрэмжээ гайхуулж Э.Мөнхжаргал О.Хангай аваргын дээр нь ч тусч мэднэ. Мөн нээлтийн барилдааны түрүү улсын харцага Б.Зоригтбаатар, Б.Цэдэнсодном, Ц.Бямба-Отгон гээд залуус аварга, арслангуудтай ямар өрсөлдөөн үзүүлж цааш цолоо ахиулах боломжтойгоо харуулах нь сонин байна. Энэ мэт сонирхолтой олон асуултын хариулт бямба гаригийн үдэш тодорхой болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Дөлгөөн: Шинэ жилийн захиалга нэрээр урьдчилгаа төлбөр авч иргэдийг залилах гэмт хэрэг түгээмэл гарч байна DNN.mn

Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Дөлгөөнтэй ярилцлаа.


-Цахим залилангийн гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ. Энэ төрлийн гэмт хэрэг гол төлөв ямар аргаар үйлдэгдэж байна?

-Цахим залилангийн үйлдлийг судлаад үзэхэд шинэ төрлийн гэмт хэрэг гэж үзэж болно. Өнөөдөр бүх зүйл цахим болсон. Мобайл банк, интернэт банк иргэдийн хэрэглээнд нэвтэрсэнтэй холбоотойгоор бусдад мөнгө шилжүүлэхэд хэдхэн секунд л зарцуулдаг болсон. Хялбараар мөнгө шилжүүлдэг аргыг гэмт этгээдүүд анзаарч үйлдлээ илүү боловсронгуй болгосон байна. Хохирогчийг яаж хуурч мөнгийг нь авах талаар тэд толгойгоо гашилгаж эхэлсэн. Иргэд мэдээллийн үнэн зөвийг нягталж чаддаггүйгээс болж гэмт хэрэгтнүүдийн өгөөш болж байна. Нөгөө талдаа мэдлэг тааруу байгаа нь залилуулах шалтгаан болж байгаа юм. Энэ оны эхний арван сарын байдлаар залилах төрлийн 10300 гэмт хэрэг бүртгэгдсэн. Үүний 8056 нь цахимаар үйлдэгдсэн. Цахимаар үйлдэгдэж байгаа залилангийн хэргийг задлаад үзэхэд хоёр төрлийн залилан яваад байна. Иргэдийн тухайд үйлчилгээ авахдаа урьдчилгаа төлбөр шилжүүлэх байдлаар залилуулдаг. Хэн нь мэдэгдэхгүй хүний данс руу л мөнгө шилжүүлчихдэг. Мөн бусдын цахим хаягт ямар нэгэн байдлаар нэвтэрч танилуудаас нь мөнгө зээлэх байдлаар гэмт хэрэг үйлдэж байна.

-Фэйсбүүкт бага хувийн хүүтэй мөнгө зээлдэнэ гэх зар түгээмэл тааралдах юм. Иргэд ч тодорхой хэмжээний харилцаа үүсгэж залилуулах тохиолдол байх шиг. Тэд иргэдийг ямар аргаар залилаад байна вэ?

-Жишээ татаад хэлье л дээ. Цахимд бага хувийн хүүтэй мөнгө зээлдүүлнэ гэх зар алхам тутамд тааралддаг. Энэ бол иргэдийн анхаарлыг татах өгөөш гэж хэлж болно. Бодит амьдралд жирийн иргэн бага хүүтэй зээл бусдад өгөх үү гэдгийг манайхан эхлээд бодож үзэх хэрэгтэй. Гэтэл үүнд итгэж залилуулсан жишээ маш олон бий. Одоо ч залилуулсаар л байна. Цагдаагийн байгууллагад ирж байгаа гомдол мэдээллүүдтэй танилцаад үзэхэд зээлийн урьдчилгаанд мөнгө шилжүүлээд л залилуулсан байдаг. Жишээ нь, цахим орчинд 100 сая төгрөгийг гурван хувийн хүүтэй зээлдүүлнэ гэх зар түгээмэл бий. Иргэн сонирхоод зарын дагуу ханддаг. Гэмт этгээд хариуд нь иргэний үнэмлэхийн хуулбар,хаана ажилладаг, зээлээ буцааж төлөх баталгаа гэх мэтийн зүйлсийг шаардана. Мэдээллийг бөглөөд өгөхөд нь шууд “Та манай шаардлагыг хангаж байна. Зээлийн гэрээ байгуулъя” гэж хариулна. Ингэхдээ 100 сая төгрөгийн зээлийн шимтгэл нэг сая төгрөг та бидэнд эхлээд өгөх хэрэгтэй. Энэ мөнгөө шилжүүлэх л юм бол таны зээл шууд л гарлаа гэж хэлдэг. Иргэн үүнд нь итгээд тухайн мөнгийг нь шууд л шилжүүлдэг. Энд нэг зүйлийг онцлоход, данс нь байгаа юм чинь цагдаа нар олж болно гэх ойлголт манайханд байдаг. Гэмт этгээдүүд тэнэг биш. Залилан хийхдээ хэзээ ч өөрийнхөө хувийн данс ашигладаггүй. Урьдчилж бэлтгэсэн данс ашигладаг.

-Энэ төрлийн залилан гадны улс орнуудаас үйлдэгдэж байна уу?

-Судлаад үзэхэд гадны улс орнуудаас халдсан байдаг. Залилагч этгээдийн данс нь Хаан ч юм уу,Голомт банкны данс байх нь түгээмэл. Хохирогчдын зүгээс үүнийг монгол иргэнд залилууллаа гэж ойлгох нь бий. Залилагчид гэмт хэрэг үйлдэхдээ монгол иргэний хувийн данс ашигладаг.

-Иргэд залилагчдад интернэт банкны нууц үгээ шууд өгчихдөг юм уу. Гэмт этгээдүүд ямар аргаар бусдын данс руу халддаг юм бэ?

-Тийм.Гэмт этгээдүүд иргэдийг залилахдаа “Та интернэт банкныхаа нууц үгийг надад өгөх хэрэгтэй. Таны дансны хуулгыг харж, зээлийн эргэн төлөлт хийх боломжтой эсэхийг тань шалгана” гэж хэлдэг. Манайхан үүнд нь итгээд нууц үгээ өгчихдөг. Ингээд таны данс залилагч этгээдийн мэдэлд бүрэн шилжинэ. Ийм аргаар олсон дансаа бусад иргэдийг залилахдаа ашигладаг.

-Монголчууд хэн нь ч мэдэгдэхгүй хүний данс руу мөнгө шилжүүлж байгаа нь ямар шалтгаантай юм бэ. Үүнд та бүхэн дүн шинжилгээ хийдэг биз дээ?

-Хохирсон хүмүүсийн мэдүүлэгт дүн шинжилгээ хийгээд үзэхэд 35-аас доош насны техник технологийн наад захын мэдлэгтэй хүмүүс мөнгөө залилуулж байгаа тохиолдол бараг байхгүй. Харин 35-аас дээш насны, тодорхой хэмжээний санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн иргэд залилагчдын олз болж байгаа нь харагддаг. Тэд технологийн мэдлэг хомс, фэйсбүүкт тавьсан мэдээлэлд шууд л итгэчихдэг. Ийм энгийн үйлдэлд итгээд л мөнгөө өгчихдөг.

-Сэрэмжлүүлээд хэлэх цаг үеийн шинжтэй ямар залилан түгээмэл гарч байна вэ. Удахгүй албан байгууллагуудын шинэ жил болно. Энэ үеэр ихэвчлэн ямар төрлийн залилан гардаг юм бэ?

-Коронавирусийн халдвар дэгдсэн үед маск зарж иргэдийг залилж байсан. Харин оюутнууд хичээлдээ ирэх үеэр түрээсийн байртай холбоотой залилан их гардаг. Ингэхдээ зах зээлийн ханшаас бага зэрэг доогуур үнэ санал болгож иргэдийг татдаг. Эдгээр залилангуудын тухайд урьдчилгаа төлбөрөө байршуул гэх байдлаар бусдыг төөрөгдүүлдэг. Яг одоо урьдчилгаа төлбөрөө шилжүүлж захиалгаа баталгаажуулахгүй бол өөр хүн орох гээд хүлээж байна гэх байдлаар бусдыг залилдаг. Удахгүй шинэ жил болно. Энэ үеэр өвлийн өвгөний түрээсийн үйлчилгээ, заал талбай түрээслүүлэх нэрээр иргэдийг залилдаг. Байгууллагууд шинэ жилээ тэмдэглэх заал талбай хомс болдог шүү дээ. Залилагчид үүнийг ашиглаж урьдчилгаа төлбөр авах байдлаар бусдыг залилна. Иргэд үүнд анхааралтай байж царайг нь хараагүй хүний данс руу таван төгрөг ч шилжүүлж болохгүй.

-Фэйсбүүкийн нууц үгээ алдаж энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох эрсдэл хажууханд байгаа талаар та ярилцлагын эхэнд дурдаж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энэ төрлийн гэмт хэрэг тоо хэмжээний хувьд маш их үйлдэгдэж байна. Үүнд цахим орчны талаар мэдлэг мэдээлэл хомс хүмүүс л өртдөг. Найзын тань хаягнаас гар утсанд ирсэн кодоо хэлж өгөхийг хүссэн чатыг тан руу бичдэг. Анзааралгүй өнөөх кодыг нь хэлээд өгчихвөл таны хаяг залилагчийн мэдэлд шилжинэ. Тухайн кодыг ашиглаж фэйсбүүкийн нууц үгийг чинь солиод л найзуудаас чинь мөнгө зээлдэнэ. Энэ залиланд та өртсөн бол эргэн тойрны бүх хүмүүс эрсдэлд орж байгаа юм. Таны эргэн тойрны хэн нэгэн өртлөө гэж үзвэл тэр хүний ойр орчмын бүх хүн мөн л эрсдэлд орно гэсэн үг. Яг л коронавирусийн халдвар шиг тархдаг. Урьдчилан сэргийлэх энгийн арга нь утсандаа ирсэн кодыг хэнд ч өгч болохгүй. Гар утсанд орсон кодыг хэн нэгэнд өгөх нь гэрийнхээ түлхүүрийг танихгүй нэгэнд өгч байгаатай яг ижилхэн. Сүүлд нь хэлэхэд, иргэд бага хэмжээний мөнгө залилуулсан бол тоохгүй орхидог. 10.000-20.000 төгрөг бусдад залилуулсан бол цагдаад мэдэгдэлгүй хаядаг. Энэ хандлага гэмт этгээдүүдийг өөгшүүлдэг. Залилагч этгээдүүд бага хэмжээгээр олон хүнд хохирол учруулдаг. Хэдэн төгрөг ч залилуулсан бай цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх нь зөв. Цахим орчинд бусдад залилуулахгүй байх энгийн арга бол хэн нь мэдэгдэхгүй хүн рүү урьдчилгаа төлбөр шилжүүлэхээс зайлсхийх, утсандаа ирсэн кодыг бусдад мэдэгдэхгүй байх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дашпүрэв: Эм авахаар явж байгаа хүмүүс түгжрэл үүсгэдэг гэж Ж.Сүхбаатарын хэлсэн үгэнд энгийн хүн ч үнэмшихгүй DNN.mn


Монгол Улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Бодит амьдралын талаар ямар ч ойлголтгүй хүмүүс УИХ-д сууж байгаа нь тэдний хэлсэн үг, үйлдлээс ил цагаан харагдах юм. Хот хариуцсан сайд нь эм хайсан гэр хорооллынхон түгжрэл үүсгэж байна гэх утгатай үг хэлсэн. Ийм улстөрчид улс орныг удирдахын гор юу вэ?

-Ж.Сүхбаатарын тухайд хоёр дахь удаагаа УИХ-д сууж байгаа хүн. Өмнө нь Дархан-Уул аймгаас сонгогдож байсан байх. Энэ хүн замын түгжрэлийн асуудал шийдэхээр тэнд суусан гэж би ойлгосон. Түгжрэлийн асуудлуудыг шийдэхээр хэлсэн нь тэр болов уу. Үүний нэг шалтгаан нь гэр хорооллынхны олонх нь эм авдаг юм байх. Гэр хороололд эмийн сан хүрэлцээ муу байдгаас хотын төв рүү орж ирээд түгжрэл үүсгээд байна гэх зүйл хэлж байна лээ. Ж.Сүхбаатар ингэж ойлгосон. Үүнд өнөөдрийн нийгэмд амьдарч байгаа энгийн хүн үнэмшихгүй. Ийм зүйлийг юу бодож ярьсныг нь би мэдэхгүй юм. Өөрийгөө боловсролтой л гэж үздэг байх. Төгссөн сургуулиудыг нь баталгаатайгаар гаргаж тавих хэрэгтэй байх. УИХ-ын гишүүд дотоодын дөрөв, таван дээд сургуулиудыг угсруулаад төгссөн гээд бичдэг нь үнэмшил муутай. Магадгүй тэд диплом цуглуулдаг хоббитой байж мэднэ. Тийм улсын нэг нь Ж.Сүхбаатар юм уу л гэж дотроо санасан. Аптекаас эм авахаар явж байгаа улс түгжрэл үүсгэх ямар ч үндэслэл байхгүй. Ямар ч мэдлэг боловсролгүй хүнд түгжрэл үүсэх өөр шалтгаанууд байгаа. Тэр бүрийг би тайлбарлаж яриад яах вэ. Шийдвэрлэх эрхмүүд энгийн бидний ойлгож байгааг мэдэж байгаа биз. Ж.Сүхбаатар хэлье гэж хэлэв үү, хэл нь халтираад хэлэв үү.

-Төрийн жолоо барьж яваа улс амьдралаас тасархай байх шиг. Нийгэмд өрнөж байгаа асуудлыг хөндөхөд сонсохгүй байна л даа.

-Тэд сонсохгүй байна гэж юу байх вэ. Анхаарал хандуулахгүй байж мэднэ. Магад тэдэнд өөр эрх ашиг байж мэднэ. Засгийн газарт суугаа бүх хүн өргөн мэдлэг боловсролтой гэж үзэх ямар ч боломжгүй. Янз бүрийн аргаар албан тушаалд очсон улс ч тэнд бий.

-Хууль тогтоох дээд байгууллагад суусан улс эрдэмтэн, докторуудынхаа үгийг тоохгүй байна л даа. Наад захын жишээ дурдахад, импортоор орж ирж буй приусны шүүлтүүртэй янданг авсантай холбоотойгоор нийслэлийн иргэд хортой утаагаар амьсгалж байгаа асуудалд ач холбогдол өгч байгаа хүн төр засагт алга байх юм. Энэ талаар ойлголттой хүн ч ховор байна.

-Энэ асуудлыг би сониноос олж уншсан. Ноцтой асуудлыг хэвлэл мэдээлэл ухаж хөндөж гаргаж байгаа нь маш сайн. Приусны шүүлтүүртэй янданг аваад муу яндан хийчихдэг. Үүнийгээ тусад нь 800.000- 1.000.000 төгрөгөөр худалдаалж өчүүхэн ашиг хонжоо хайдаг улс байдаг гэх мэдээлэл надад бий. Манайд замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийн 60-70 хувь нь приус маркийн тээврийн хэрэгсэл. Нарийн шүүлтүүргүй яндантай бол асар хортой утаа ялгарна. Энэ нь өөрөө хүн амын эрүүл мэндэд маш хортой. Үүнийг хариуцах тусгайлсан систем өнөөдөр манайд алга. Хүн ардынхаа төлөө санаагаа чилээдэг хүмүүс, сэтгүүлчид олуулаа бичээд явахад Засгийн газрын сонорт хүрэх байх. Хаа газрын засаг тийм сайн сонсголтой байдаггүй. Тэр тусмаа манайх том дэлбээтэй чихтэй байж болно. Гэхдээ сонсох чадвар нь бусад орнуудтай харьцуулахад дээгүүр байр эзэлнэ гэж би санахгүй байна. Таны хөндсөн энэхүү асуудлыг богино хугацаанд шийдэх нь чухал. Хуучин приусын импортыг хориглох ч юм уу гэх мэтээр шат дараатай арга хэмжээг авбал сайн.

-Өөр нэг асуудал нь эдийн засгийн гол эх үүсвэр уул уурхайн салбар дизель түлшний хомсдолын улмаас бараг зогсчихлоо. Ийм цаг үед бид Оросын гар хараад л сууж байх юм. Гуравдагч хөршөөс түлш авах асуудалд Засгийн газар хойрго хандаж байна, улстөрчид юу ч хийхгүй байна шүү дээ?

-Манайх дизель түлш, шатахуун үйлдвэрлэдэггүй. Гаднаас импортоор авдаг. Манайд нефть байгаа, байхгүй нь жич асуудал. Газрын дор нефть байлаа ч манайд боловсруулах үйлдвэр нь алга. Тийм учраас хэнээс яаж авах талаар төрийн түшээд нухацтай бодож байх ёстой. Дизель түлш хаанаас импортлох вэ гэдэг асуудалд бид найрсаг харилцаатай Японоос авна гэж саналтгүй. Япон бол өөрөө нефтийн түүхий эдгүй орон. Импортоор авчихаад бидэнд экспортолно гэдэг худлаа.

-Тэгвэл бид хаанаас импортолж болох вэ?

-Байгалийн түүхий эдээр баялаг, үүнийгээ боловсруулж экспортолдог орон гэвэл урд, хойд хоёр хөрш байна. Хятадын тухайд их хэмжээгээр экспортлох сонирхолгүй. Гэхдээ манайх шиг бага хэрэглээтэй улсад бол боломжтой. Харин ОХУ бол нефтийн бүтээгдэхүүнээ экспортолдог гол орнуудын нэг. Газар нутгийн тухайд ойр болохоор л манайх авдаг байх.

Гуравдагч орноос авч болдоггүй юм уу гэвэл Казахстанаас авч болох байх. Манай хөрш. Азербайжанаас гэвэл хэтэрхий хол. Ингээд тооцоход манайд сонголт ховор байгаа биз. Орос биш бол Казахстан л байж болох хувилбар. Казахстантай энэ талаар яриад гэрээ хэлцэл хийхэд тэд бэлэн байна уу, үүнийг хэлж мэдэхгүй. Энэ бол санаагаа хэлээд л шийдэх асуудал биш. Худалдаа арилжаа эрхэлдэг байгууллагууд нарийн тооцоолж Засгийн газарт тодорхой танилцуулж, шаардлагатай бол УИХ-аас зөвшөөрөл авах байдлаар л шийдэх асуудал. Дээшээ тэнгэр харж багаад тэгэх хэрэгтэй гэж байгаа бол гудамжны яриа. Энэ асуудал дээр Засгийн газар боломжуудыг хайж байгаа гэж найдаж байна. Гагцхүү хэр идэвхтэй ажиллаж байгаа юм бол доо. Засгийн газарт бурхад биш хүн л ажилладаг. Тэнд хувь хүний өөрийн эрх ашиг, улсын эрх ашиг, хамтрагчдынх нь эрх ашиг бас бий. Сүлжилдсэн эрх ашиг л байгаа. Энэ асуудлыг хариуцсан хүмүүсээс нь асууж ам өчгийг нь авах нь зөв болов уу.

-Хойд хөрш крантаа хаахад л манайх муухай царайлж байна л даа.

-Тэр үнэн. Манайх эдийн засгийн нарийн олон зүйлсээр хараат шүү дээ. Өөр гарц гаргалгааг хайж байгаа болов уу. Тэдний ажлыг мэдэхгүй болохоор нарийн хэлж мэдэхгүй юм. Үүнийг зохицуулахаар толгойгоо гашилгаж гэрээ хэлцэл хийж байгаа болов уу.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Жавзансүрэн: Ажлын байранд тавигдах гол шалгуур нь шүүмжлэлт сэтгэлгээ болсон DNN.mn

Нийгэм судлалын дээд сургуулийн багш, сэтгэл судлаач Г.Жавзансүрэнтэй ярилцлаа.


-Шүүмжлэлт сэтгэлгээний тодорхойлолт нь юу вэ. Хэн нэгнийг буруутгахаас ялгарах онцлог нь юу бол?

-Шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг өөрөө шинжлэх ухааны нэр томьёо. Орчин үед ажлын байранд тавигдах гол шалгуур нь шүүмжлэлт сэтгэлгээ болсон. Бүтээлч шүүмжийг эрэлт хэрэгцээтэй ур чадвар гэж үздэг. Шүүмжлэлт сэтгэлгээг манайхан сөрөг утгаар нь хүлээж авах нь бий. Энгийн үгээр тайлбарлахад, шүүмжлэлт сэтгэлгээ нь аливаа асуудлыг олон талаас нь харж үнэлэлт дүгнэлт хэлж илүү сайжруулах гарц гаргалгааг хайж байгаа хэлбэр.

Өөрөөр хэлбэл, асуудлыг өөрийнхөөрөө үнэлж дүгнэхийг л шүүмжлэлт сэтгэлгээ гэж ойлгож болно. Шүүмжлэлт сэтгэлгээ гэдэг товчхондоо ийм. Манайхан үүнийг хэн нэгнийг буруутгах гэж ойлгох нь түгээмэл. Алдаа дутагдлыг хамтдаа хэлэлцэж илрүүлэх, засч залруулах нь хүн бүрд хэрэгтэй.

-Манайд энэ сэтгэлгээний ойлголт ямар байна вэ. Бусдыг шүүмжлэхдээ гадаад үзэмжээр нь гоочлох, ураг төрлийг нь хамаатуулж цоллох явдал түгээмэл байх юм. Энэ үзэгдэл шүүмжлэлт сэтгэлгээнд хамаарах уу?

-Шүүмжилнэ гэдэг утгыг өөрөөр хүлээж авч байгаа явдал анзаарагддаг. Тухайн зүйлийг буруутгалаа гэж хүлээж авдаг. Албан байгууллагын хурал дээр болдог жишээг л энд дурдъя. Хэн нэгний ажлын талаар санал шүүмж хэлж байгаа нь тухайн хүний ажлыг илүү сайжруулах гэж байгаа л хэрэг. Буруутгаж байгаа асуудал огт биш.

Гаргасан алдааг нь хэлэлцээд илүү сайжруулах гарц гаргалгааг нь хэлэлцэж байгаа асуудал. Гэхдээ шүүмжээ тухайн хүнд зөвөөр хүргэх нь чухал. Санал шүүмж аль аль нь үндэслэлтэй байх хэрэгтэй. Энэ чанараараа буруутгахаас ялгардаг. Аливаа ажлыг олонх дэмжиж болно. Гэхдээ цөөнхөд таалагдахгүй байх боломжтой. Цөөнхийг байх ёстой зүйл шүү гэх үүднээс хүлээж авах нь зөв. Бүгд хүлээн зөвшөөрөх ёстой гэх хандлага манайд түгээмэл бий. Энэ нь буруу. Харин таны тодруулж буй хэн нэгнийг гадаад өнгө үзэмжээр нь гоочилж, ураг садангаар нь цоллож байгаа нь шүүмжлэлт сэтгэлгээ биш. Бусдын нэр төрд халдаж, доромжилж буй бүдүүлэг үйлдэл. Шүүмж үндэслэлтэй, гарц гаргалгаа эрэлхийлсэн байдаг.

-Шүүмжлэл бичсэнээрээ цагдаад дуудагдах явдал түгээмэл болж. Нэр хүндэд халдсан, гутаасан гээд л өргөдөл бичээд хуулийн байгууллагад өгчихдөг болсон. Хаа хаанаа шүүмжлэлт сэтгэлгээний ойлголт тааруу байгааг харуулж байна уу?

-Нэг талдаа тийм. Тухайн гаргаж байгаа шүүмж үндэслэлтэй байна уу гэдгээс хамаарна. Манайхан шүүмжлэлт сэтгэлгээндээ доромжилсон агуулга хавчуулах нь бий. Гадна төрх байдал, яс үндэс, гэр бүлийг нь хамруулдаг. Энэ нь тухайн хүний үнэт зүйл рүү дайрч байгаа хэлбэр. Дахин онцлоход, шүүмжлэлт сэтгэлгээ биш бусдыг доромжилсон үйлдэл. Иргэд шүүмжлэхдээ энэ баталгаатай билүү гэдгийг анзааралгүй аманд орсноороо бусдыг хэлээд буруудах нь бий. Шүүмжлэл хэлэхдээ архивын баримт, статистик үзүүлэлт судалсан бол үнэт зүйл рүү халдах асуудал гарахгүй дээ. Судалгаанаас харахад 40-өөс дээш насныхан асуудалд шүүмжлэлтэй хандахдаа заавал доромж үгээр хачирлах гээд байдаг.

Ихэвчлэн гэр бүл, үнэт зүйл рүү нь дайрч доромжилно. Дотроо байгаа бусдыг хүлээн зөвшөөрдөггүй таагүй мэдрэмжээ гадагшлуулахдаа илэрхийлэх өнгө аясаа олохгүй байгаатай холбоотой. Шүүмжлэл хэлэх нь нээлттэй ч хил хязгаарыг нь давж болохгүй.

-Шүүмжлэхдээ тухайн хүний гарал үүсэл, гэр бүл,ажил мэргэжлийг хавчуулах явдал түгээмэл байдгийг та хэлж байна. Энэ нь манайхны сэтгэлгээний онцлогтой холбоотой юу?

-Бид бүлгийн сэтгэлгээтэй. Шүүмжилж буй хүн нь тухайн бүлгээс гарсан гэх байдлаар гэр бүл, найз нөхдийг нь шүүмжлэлдээ хавчуулдаг. Өнөөдөр нийгэмд байгаа сэтгэлгээтэй уялдуулж хэлэхэд тухайн шүүмжилж байгаа хүний эцэг нь муу нэртэй байж болно. Харин хүүхэд нь муу байх албагүй. Тэрний аав нь авлигын хэрэгт холбогдсон улстөрч. Хүүхэд нь ч авлигач гэх байдлаар ханддаг. Энэ нь хүний нэр төрд нь халдаж байгаа үйлдэл. Мөн л нас тогтсон улс ийм шүүмж хэлэх нь бий. Тэд шүүмж хэлэх дуртай байдаг. Ингэхдээ бусдын нэр төрийг гутаадаг. Өөрөөр хэлбэл, шүүмжлэлт сэтгэлгээ, доромжлолыг ялгаа заагийг нь төдийлөн ойшоодоггүй. Харин залуу улс шүүмжлэхдээ асуудлын гарц гаргалгаа, шийдэл эрэлхийлэх болсон. Энэ эрх хэнд ч нээлттэй.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Уранчимэг: Боловсролын байгууллагад гэнэтийн ослын арга хэмжээ авах анхан шатны ойлголт алга DNN.mn

-ДАРААГИЙН УДАА ХЭН НЭГЭН ХИЙ ЦАЦАХАД ХҮҮХДҮҮД ХЭД ХЭДЭЭРЭЭ НАС БАРАХ АЮУЛТАЙ БАЙНА-


Дархан-Уул аймгийн “Оюуны-Ирдээдүй” цогцолбор сургуулийн хичээлийн “А” байранд бага ангийн сурагчид болон ажилчид хийнд хордсон осол арваннэгдүгээр сарын 8-ны өдөр гарсан. Осол тухайн өдрийн 11:00 цагийн үед буюу хичээлийн их завсарлагааны үеэр гал тогоонд болсныг ослын газарт байсан эх сурвалжууд онцолж байгаа юм. Улмаар 158 хүн эмнэлгийн байгууллагад хандсан бөгөөд үүний 140 нь бага насны хүүхэд байсан гэх мэдээллийг аймгийн нэгдсэн эмнэлгийн зүгээс өгсөн. Одоогоор таван хүүхдийн биеийн байдал тогтворгүй байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан хэлсэн. Аймгийн цагдаагийн газар, МХЕГ, ОБЕГ зэрэг мэргэжлийн байгууллагуудын зүгээс ахлах ангийн сурагч нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий цацсан гэх дүгнэлтийг урьдчилсан байдлаар гаргаад байгаа юм.

Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хийнд хордсон хүүхдийн эцэг эхчүүдийн зүгээс гомдолтой байгаа талаараа хэлж байна. Тодруулбал, дунд сургуулийн сурагч биедээ хортой хий авч явж 100 гаруй хүний эрүүл мэндийг эрсдэлд оруулсныг боловсролын байгууллагын хариуцлагатай холбож тайлбарлав.


Эцэг эхчүүдийн төлөөлөл Ж.Уранцэцэгээс тодруулга авлаа.


-Таны хүүхдийн биеийн байдал ямар байна вэ?

-Тухайн үед илэрсэн толгой өвдөх, дотор муухайрах зэрэг шинж тэмдэг нь арилахгүй байна. Ослоос хойш хоёр хонолоо, ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрч байгаа. Цаашид яаж өөрчлөгдөхийг мэдэхгүй юм. Миний хүү бага ангийн сурагч. Ямар нэгэн эмгэгтэй болох вий гэдэгт санаа зовж байна.

-Ослын газар руу та шууд очсон уу. Нөхцөл байдал ямар байв?

-Манайх “Оюуны-Ирээдүй” сургуулийн хажууханд нь байдаг юм. Өглөөний 11:20 цагийн үед л очсон. Тэгэхэд бага ангийн хүүхдүүдийн амьсгал боогдож ухаан балартсан байдалтай, өмхий үнэртэж байсан. Заримынх нь гар, хөл хөхөрч ухаан алдчихсан байсан. Мэргэжлийн байгууллагын зүгээс л хүүхдүүдийн дотор муухайрч бөөлжсөн, өөр асуудал байхгүй гэх худлаа мэдээллийг түгээж байгаа. Хэд хэдэн хүүхдийн ухаан балартаж муужирч унасан байсныг би хоёр нүдээрээ харсан. Ослын газарт хөл толгой нь мэдэгдэхгүй, хэн яах нь тодорхойгүй бужигнаж байсан. Ийм хортой хийг дунд сургуулийн хүүхэд цүнхлээд явж байна гэдэг маш ноцтой асуудал. Боловсролын байгууллагын хараа хяналт сул байдаг нь энэ жишээнээс харагдлаа.

-Хамгийн эхэнд мэргэжлийн байгууллагын зүгээс хүүхдүүдэд ямар арга хэмжээ авч ажилласан бэ?

-Хэн ямар үүрэгтэй нь мэдэгдэхгүй, хөл толгойгүй бужигнаж байсан. Тэнд байсан хүмүүсийн яриагаар бол нулимс асгаруулагч хий цацсан гэх хоёр хүүхэд нь зугтчихсан гэх мэдээлэл хэлж байлаа. Захирал эмэгтэй нь нулимс асгаруулагч цацсан хүүхдийг хайж байна гээд зогсож байгаа юм. Эмч нар л ухаан балартсан хүүхдүүдийг тэргэнд түрээд гүйлдэж байсан. Боловсролын байгууллага энэ мэтийн гэнэтийн эрсдэлийн үед яаралтай ямар арга хэмжээ авч учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ямар ч ойлголтгүй байдаг юм байна. Наанадаж л баг ч юм уу маск бэлэн байх шаардлагатай шүү дээ. Эмч нар ирээд л арга хэмжээ авсан. Эмч нар ирэхээс өмнө анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх талаар стандарт баймаар юм. Боловсролын яамны зүгээс бэлэн байдлын сургалт явуулдаггүй юм байна. Ослын газар ямар ч эмх замбараагүй. Жаахан хүүхдүүдийн амьсгал боогдоод хэвтэж байхад зарим хүмүүс утсаараа бичлэг хийгээд зогсож байсан. Дараагийн удаа гал гарлаа гэхэд яаралтай арга хэмжээ авах талаар боловсролын байгууллагад ямар ч ойлголт алга. Хэдэн зуун хүүхэд шатаад дуусах юм байна. Боловсролын байгууллагын удирдлага, багш нарт энэ талаар ямар ч ойлголт алга. Энэ аймшигтай явдалтай холбоотойгоор хэн ямар хариуцлага хүлээх нь тодорхойгүй байна. Хий цүнхэлж явсан хүүхэд нь юм уу, эсвэл цацсан хүүхэд нь юм уу. Анхаарал алдсан сургуулийн захиралд ямар хариуцлага тооцох вэ, аймгийн Засаг дарга Б.Азжаргалд хариуцлага тооцох уу, эсвэл Боловролын сайд нь хариуцлага хүлээх юм уу, хэн яах нь тодорхойгүй байна. Зуу гаруй сурагчийн эрүүл мэндэд ийм ноцтой асуудал үүсээд байхад Боловсролын яам огт чимээгүй байгааг гайхаж байна. Дараагийн удаа хэн нэгэн нулимс асгаруулагч цацахад хэд хэдэн хүүхэд хордож нас барах аюултай байна гэв.


Харин энэ талаар Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзоригоос тодрууллаа.


-Оюуны-Ирээдүй цогцолбор сургуулийн хичээлийн байранд дунд сургуулийн сурагч нулимс асгаруулагч цацсан осол гарлаа. Нулимс асгаруулагч хийг бага насны хүүхэд чөлөөтэй хэрэглэж болдог юм уу?

-Цагдаагийн байгууллагын шалгалт үргэлжилж байна. Нулимс асгаруулагчийн тухайд тусгай зөвшөөрөлтэй зарж борлуулдаг. Тусгай зөвшөөрөлтэй харуул хамгаалалт, цэрэг, цагдаагийн байгууллагууд хэрэглэдэг. Нулимс асгаруулагч цацсан хүүхдээс авсан урьдчилсан мэдүүлгээр үеэл ах нь биеэ хамгаалах зориулалтаар авч өгсөн гэж мэдүүлсэн. Учир нь өнгөрсөн долдугаар сард тухайн сурагч халдлагад өртөж байсан гэж хэлсэн.Үүнийг шалгалтаар тогтооно. Тусгай зөвшөөрөл авч байж худалддаг зүйлийг насанд хүрээгүй хүүхдэд өгч явуулснаас олон хүний эрүүл мэнд эрсдэлд орлоо. Одоогоор хэрэг бүртгэлийг нээж шалгаж байгаа. Шалгах ажил дуусаагүй байхад бид арга хэмжээ авах боломжгүй. Хяналтын дараа дээд шат болох прокурорын байгууллагатай зөвшилцөж, хууль дүрэмд заасны дагуу шийдвэр гаргах болно. Цаашид ийм тохиолдол гаргахгүйн тулд бид сургуулийн нийгмийн ажилтан, багш нартай хамтарч урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зохион байгуулна гэх мэдээллийг өгсөн юм.

Нулимс асгаруулагч хийг тусгай зөвшөөрөлтэй зарж борлуулдаг бөгөөд цагдаа, тагнуул зэрэг байгууллага шаардлагатай нөхцөлд зарж борлуулдаг талаар цагдаагийн хурандаа Д.Ганзориг онцолж байна. Эмх замбараагүй байдал үүсэх үед бусдын биед учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх талаар хуулийн зохицуулалт байдаг гэнэ.


Б.Золбоо: Нулимс асгаруулагч хийнд өндөр хордсон бол амь насаа ч алдах эрсдэлтэй

Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий нь хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар их эмч Б.Золбоогоос тодруулсан юм.


-Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг юм бэ?

-Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч хий нь хоромхон зуурт хүний амьсгалыг боогдуулдаг бөгөөд тодорхой хугацааны дараа биеэс гадагшилдаг. Хүнийг түр зуурын хүчилтөрөгчийн дутмагшилд оруулах үйлчилгээтэй.

-Нулимс асгаруулагч хийнд хордсон тохиолдолд хожим гарах хор уршиг нь юу байдаг вэ?

-Ер нь хэр хордсоноос хамаарна. Тун хэмжээ нь өндөр тохиолдолд хүний аминд ч сөргөөр нөлөөлж болно. Нулимс асгаруулагч хийнд хордсон тохиолдолд биеийн байдлаа ажиглах хэрэгтэй. Хоолой хорсох, дотор муухайрах шинж тэмдэг илэрч байвал яаралтай эмнэлгийн байгууллагад хандах шаардлагатай. Харин ужиг өвчтэй хүн энэ хийнд хордвол тэр дороо амь насаа алдаж болно. Уушгины суурь өвчтэй бол хожим нь хүндрэх магадлал маш өндөр гэв.

Түүнчлэн нулимс асгаруулагч хийнд өндөр тунгаар хордсон тохиолдолд амьсгалын зам боогдож нас барах ч эрсдэлтэйг их эмч Б.Золбоо онцолж байна. Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн зүгээс онцолж байгаагаар бол таван хүүхдийн эрүүл мэнд хэвийн бус байгаа гэнэ. Бусад хордсон хүүхдүүдийн тухайд гэрийн нөхцөлд биеийн байдыг ажиглаж байгаа талаар мэдээлсэн юм. Харин эцэг эхчүүдийн зүгээс 100 гаруй хүүхдийн эрүүл мэндэд аюул тулгараад байхад байр сууриа илэрхийлэхгүй байгааг хэлж байлаа. Мөн учирч болох гамшгийн үед боловсролын байгууллага бэлэн байдал туйлын хангалтгүй, дараагийн удаа хэдэн ч хүүхдийн амь нас хохирч болох эрсдэлтэйг эцэг эхчүүд онцолж байна. Үүнээс гадна бага насны 100 гаруй хүүхэд хордсон ноцтой осолд өнөөдөр ямар албан тушаалтан хариуцлага хүлээх нь тодорхойгүй байгааг ярилаа.