Categories
редакцийн-нийтлэл

Р.Нямсүрэн: МАН иймэрхүү байдлаар ажлаа явуулаад байвал арчигдах болно

УИХ-ын гишүүн асан Р.Нямсүрэнтэй МАН-д өрнөөд
буй шинэчлэ­лийн талаар ярилцлаа.

 

-Намдаа үүсээд бай­гаа “Ши­нэчилье” хө­дөл­­гөө­ний
талаар ямар байр суурьтай байна вэ?

-МАХН одоо МАН нэртэй болчихсон. На­мын хувьд
шинэчлэл гэдэг 20 гаруй жил ярьж байна. Даанч дорвитой шинэчлэлийн хийгээд үр дүнд
хүрсэн нь алга. Ши­нэчлэл гэдэг нэ­рийн дор хийгдсэн зарим ажил харин ч эсрэгээ­рээ
сөрөг үр дагавар авчирч мэднэ.

-Ямар?

-Үүнийг би ямар учир­тай хэлсэн бэ гэхээр сүү­лийн
таван сонгуульд МАН ялагдал хүлээлээ. Эдгээр таван сонгуулийн үед ч шинэчлэлийн
та­лаар ярьж байлаа. Шинэчлэл хийж байсан уу гэвэл хийж байсан. Намынхаа нэрийг
хүртэл солиод амжсан. Энэ бүгд шинэчлэл нэрийн дор үр дүн болж чадсангүй. Тийм болохоор
өмнөх шинэчлэлүүд амжилтад хүрсэнгүй гэсэн бодолтой байна.

-“Шинэчилье” хө­дөл­гөөний залуусын талаар ямар
бодолтой байна вэ?

-Одоогийн залуус шинэчлэл гэдэг нэрийн дор намыг
сэргээх, хүчир­хэг­жүүлэх тухай бодлого зорилготой явааг хэвлэ­лээс л харах юм.
“Ши­нэчилье” хөдөлгөөний залуус шинэчлэл хийж болно оо. Гэхдээ ямар цаг үед, чухам
юуг нь шинэ­чилж, үр дүн нь юу байх вэ гэдгийг дүгнэсэн байх ёстой. Залуучуудын
хувьд ийм шинэчлэл хий­нэ гээд цаасан дээр буул­гасан эсэхийг нь мэдэхгүй бай­на.
Ер нь бол намыг шинэчлэн өөрчлөх, ард түмэнд нь ойртуулах, ард түмний тусын тулд
үйл ажиллагаа явуулдаг бол­гох хэрэгтэй. Уг үйл ажил­лагаа нь ард түмэнд ач тусаа
өгдөг байх нь зайлш­гүй хэрэгтэй бай­гаа. Тийм болохоор энэ шинэчлэл ус, агаар мэт
хэрэгтэй байгаа тул ши­нэч­лэлийг дэмжиж бай­на.

-Шинэчлэлийг дан ганц залуус хийх бус та бүгд
ч гэсэн үүнд орол­цож болохгүй гэж үү?

-Шинэчлэлийг хийнэ гээд дан ганц залуучууд л шуугиад
байна уу даа гэсэн зүйл анзаарагдаж байгаа юм. Хүн тө­рөлхт­ний жам ёсны нэгэн зүйл
бол өнгөрсөн, одоо, ирээ­дүй гэсэн гурван цагийн хэлхээс дээр тогтдог. Үүнийг улс
төр, нийгэм, хүн дээр аваад ирэхээр ахмад, дунд, залуу үеийн нэгдэл байх ёстой.
Уг гурван үеийн хэлхээ хол­боог хэр бүрдүүлж байгаа юм бүү мэд. Ахмадуу­дынхаа үгийг
сайн сон­сож, тэдний зөвлөгөөг авахгүйгээр нэг хэсэг за­луус сэтгэлийн хөөрлөөр
шинэчлэл хийнэ гээд бужигнуулаад эхэлбэл тооноо засах гээд гэрээ нураадгийн адил
зүйл болно. Тэгж алиа алдсан зүйл болгохгүйн тулд сайтар бодох л хэрэгтэй.

-Та төр түшилцэж яв­­сан хүний хувьд ши­нэчлэлийн
шуурганд нам хэрхэн найгах бол гэсэн эмзэглэл төрөх юм уу?

-Улс төрийн намуу­дын сөргөлдөөн бие бие­ийнхээ
дээр гарах гэсэн эрмэлзлэл бий болчи­хож. Нөгөө талаасаа бод­лого нь тэр юм уу олон
жилийн түүхтэй Ардын намыг бүр улс төрийн тавцангаас арччих юмсан гэсэн хү­сэлтэй
хувь хү­мүүс, улс төрийн хүчин, нийгмийн хэсэг бүлгүүд байгаа байх. “Шинэчи­лье”
хөдөл­гөө­ний залуус тиймэрхүү бодолтой хү­мүүс дээр ташуур нэмээд намаа үгүйсгэлийн
үгүйс­гэл болгоод алга болгох вий дээ гэсэн болгоомж­лол төрж байна. Түүнээс ши­нэчлэл
бол МАН-д юу юунаас илүү хэрэгтэй байгааг бүгд хараад сууж байгаа.

-Намын шинэчлэ­лийг хэрхэн хийвэл үр дүнд хүрэх
бол. Ми­хайлд бодол бий гэдэг шиг танд ч бодсон зүйл байгаа л байх?

-Тэдний хэвлэлд өг­сөн ярилцлагыг уншихад арай
л хөнгөн хийсвэр хандаад байна уу даа гэсэн бодол төрөх юм. Улсын баяр наадам болох
гээд ямар ч хүн улс төр сонирхохгүй байсан үед намын Бага хурал хуралдуулна гэж
зүтгэс­нээс харахад арай л ог­цом хандаад байгаа са­нагдлаа. Үүнийг эхлээд бодож
цэгнэж байх хөд­лөх хэрэгтэй. Өчигдрийн сонгуульд бид ялагдчих­лаа. Өнөө­дөр бид
намаа шинэчил­нэ гээд ухасхийн ордог ажил бол намын шинэч­лэл яавч биш.

-Залуучуудын зү­гээс ахмадуудынхаа санал хүсэлтийг
хэрхэн сонсож байна вэ?

-Би Даш-Ёндон дар­га­тай тааралдсан. Тэр хүний
ярьж байгааг сон­соход ер нь залуучууд уулзаж, санал бодлоо солилцсон гэж байна
лээ. “Шинэчилье” хөдөл­гөө­ний залуус намын лиде­рүүдтэй санал бодлоо хуваалцах
нь нэг хэрэг. Намын жирийн гишүүд ард иргэд, намынхаа тө­лөө бүх насаараа зүтгэж
яваа үй олон ахмад үеийнхэн, дунд үеийнхэн сонгууль болоход намын төлөө жинхэнэ
утгаараа гүйж явдаг. Хүмүүсийн хард­гаар нохойд барьдаг мод нь шахуу болчихсон хү­мүүс
бий. Намын анхан шатны үүрт байгаа хүмүүсээс санал бодлыг нь авч, тэдний дэмжлэг­тэйгээр
ажиллах ёстой.

-Намын анхан шат­ны үүрүүдийн санал жинхэнэ амьдрал
дун­даас гарсан санал гэж боддог. Гэтэл яагаад үүнийг тоолгүй цөөхүү­лээ шийдээд
бай­гаа юм бол?

-Сүүлийн үед намын анхан шатны байгуул­лагаас
нам хөндийрсөн байж магадгүй гэж надад бодогддог. Намын нэр сольсон асуудалд ч би
шүүмжлэлтэй ханддаг. Намын нэрийг солиход 99 хувь нь зөвшөөрсөн гээд намын нэрийг
соль­сон. Намын нэр солиход 99 хувь нь зөвшөөрөөгүй гэж бодож байгаа. 51 хувь нь
зөвшөөрсөн бол дээ­дийн заяа байж мэднэ. МАН иймэрхүү байдлаар ажлаа явуулаад байвал
арчигдах болно. Шинэч­лэл хийж байгаа залуус хамгийн гол нь энэ мэт алдааг орвон­гоор
нь өөрчлөх л шаард­лагатай байна.

Намын анхан шатны нэгжид ажиллаж байгаа гишүүдтэй
ойрхон байж санал бодлыг нь сонсож гэмээнэ жинхэнэ утгаараа шинэчлэл хийгдэнэ.

-МАН-ын таван удаа­гийн сонгуулийн ялаг­дал намаа
хүнд цохил­тод оруулсан. Үүний бурууг хэнээс нэхэх ёстой вэ?

-Энэ таван удаагийн сонгуулийн дараалсан ялагдал
намын Удирдах зөвлөлийн шийдвэрийн алдаанаас болсон гэж боддог. Намынхаа ан­хан,
дунд шатных­наа­саа хөндий явсны хар гай байхгүй юу. Намын хур­лууд ил тод нээлттэй,
хү­ний үг, саналыг сонссон хэлбэрээр хийгдэх нь багассан юм болов уу гэж боддог
боллоо. Гэхдээ намын Бага хурлын ги­шүү­дийн яриаг сонсож байхад энэ бүхэн илт мэдрэгдэж
байгаа. Сүү­лийн үед намын томоо­хон хуралд оролцоогүй болохоор сайн мэдэхгүй байна.

-МАН-ын удирдла­гууд өөрсдийн хүлээ­сэн үүрэг,
хийх ёстой ажлаа хэр биелүүлсэн гэж дүгнэж байна вэ?

-Би үүнийг дүгнэж хэ­лээд яахав. Тэртэй тэргүй
бодит байдал тодорхой хариултыг нь өгч байна. Таван удаагийн сонгуу­лийн ялагдал
тэдний ажлаа хэр сайн хийсний дүн юм. Тийм болохоор тэднийг ажлаа хийж ча­даа­гүй
гэж дүгнэхээс өөр арга алга. Удаа дараа­гийн ялагдлууд тэднийг ажлаа сайн хийсний
гавьяа гэж хэлэх үндэс байхгүй байгаа биз дээ.

-Таны яриаг сонсож байхад шинэчлэлийн залууст
шүүмжлэлтэй хандаж байгаа хэрнээ дэмжиж буй өнгө аяс анзаарагдлаа…

-Одоохондоо би тэд­ний байдлыг хараад л сууж байна.
Шинэчлэл хийж байна гээд юм бү­хэнд навсганаж, салба­ганан гүйдэг нас өнгөр­чээ.
Үр дүнг нь харж л байя.

 

Э.ЭНХБОЛД

Д.АМАРТҮВШИН

Categories
редакцийн-нийтлэл

МАН ахин хуваагдаж ч мэднэ

МАН-ын “Шинэ хүч хө­дөл­гөөн”-ийг
үн­дэс­лэгч, Норвегийн амьд­ралын шинж­лэх ухааны их сургуу­лийн эрдэм шинжилгээний
ажил­тан, Хөгжлийн бод­лого судлаач М.Найдан­хүү­тэй ярилцлаа.

-МАН-ын залуус “Ши­­нэ­чилье” хөдөл­гөөн
байгуу­лан ажил­лаж байна. Уг хө­дөл­гөөний талаар та ямар бодолтой байгаа вэ?

-МАН сүүлийн таван сон­гуульд дараалан
ялагд­лаа. Ялагдал бол­гоныхоо дараа “Бид юун дээр алдав” гэж дүгнэх ёстой.
2004 оноос хойш намд дээгүүр албан ту­шаал хашиж байсан за­луу­чууд өнөөдөр намын
ши­нэч­лэлийн тухай ярьж бай­гаад хувьдаа эмзэг­лэж байна.

-Харин ч залуу хү­мүүс намдаа өөрсдийн
хүчийг өргөх гэж байгаа нь сай­шаалтай биш гэж үү?

-Эдгээр залуус шинэч­лэх ёстой цаг
үедээ намд томоо­хон албан тушаал хашиж байсан. Тэд тухайн үед өөрс­дөө хариуцлага
алдсан. Өнөө­дөр шинэчилье гээд байгаа тэр залуус хамт­даа хариуцлагаа үүрэх ёстой.
Тэгэхгүйгээр хоёр, гуравхан даргад хамаг буруугаа тохчи­хоод ши­нэчлэл ярина гэж
байх­гүй. Шинэчлэл гэдэг үгийн үндсийг бодсон ч үүнийг шинэ хүмүүс л хийх хэрэг­тэй.
Тэгж байж шинэч­лэл болж чадна. Өмнө нь өн­дөр албан тушаалд бай­сан нөхөр хувцсаа
сольж ирчи­хээд шинэчлэл хий­нэ гээд байгаа нь огтхон ч шинэчлэл биш. Энэ хуурамч
багаа авч хаях хэрэгтэй. “Монголын үнэн” сонины эрхлэгч Ж.Мөнх­­­бат, НАМЗХ-ны тэр­гүүн
Л.Оюун-Эрдэнэ, НАМОХ-ны ерөнхийлөгч Б.Амарсанаа, Н.Батсүм­бэрэл гэх мэт намд ха­риуцлагатай
алба хашиж байсан хүмүүс шинэчлэл хийнэ гэж яриад шинэч­лэгдчих зүйл биш. Үүнд би
итгэхгүй байгаа.

-Таныхаар намын ши­нэч­лэлийг хэрхэн
хий­вэл үр дүнтэй вэ?

-Намын шинэчлэлийг анх 2012 оны хоёрдугаар
сарын 9-нд гадаадад бай­гаа мон­гол­­чууд нэг­дээд “Шинэ хүч хөдөл­гөөн” байгуулсан.
Ту­хайн үед бид “Нам МАН, МАХН гээд хоёр хуваагдлаа. Тийм болохоор сонгуульд ороход
бэлэн үү, сонгуу­льд ялагдал хүлээвэл яах вэ” гэсэн асуулга тавьж байсан. Тэр үеийн
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хү­рэл­сүх өнөөдөр намаа ши­нэ­чилье гээд
байгаа залуус­тайгаа нэг баг болон ажиллаж байлаа. Тэгэхэд тэд “Сон­гуульд ялагдвал
бид хариуц­лагаа хар тол­гойгоороо үүр­нэ” гэж бай­сан. Хариуцлагаа үүрч байгаа
нь энэ гээд У.Хү­рэлсүх ЕНБ-ын даргаа­саа огцорсон. Гэтэл тэд­гээр за­луус нь шинэчлэл
яриад яваад л гайхаад байгаа хэрэг. Манай намд нэр цэвэр, үзэл бодолдоо үнэнч намынхаа
төлөө явдаг олон мянган за­луу­чууд байгаа. Яагаад тэд­гээр залуустаа боломж ол­гохгүй
байгаа юм. Яа­гаад намыг хувийн өмч мэт үзээд байна вэ. Үүнийгээ болих хэрэгтэй.

Би долдугаар сарын 8-ны өдөр хэвлэлийн
ба­га хурал хийж намын гишүүд дэмжигч­дэд ил захидал илгээсэн. Ил за­хидлынхаа нэг
хувийг на­мын Ерөнхий нарийн бич­­гийн дарга Г.Зандан­шатарт өөрийн биеэр хүргэж
өгсөн. Өнөөдөр намын шинэчлэл хийх гэж байгаа бол намын төлөвшилтийн тухай ярих
ёстой.

-90 жилийн түүхтэй МАН өнөөдөр
болтол төлөвшиж амжаагүй хэрэг үү?

-Төлөвшилт гэдэг асуу­дал нам хуваагд­санаас
болж ал­дагдсан. Нэгэнт нэрээ соль­чихоод энэ чиний ч буруу, миний ч буруу гэсэн
маргаан даамжирчихлаа. Бид на­мынхаа их хурлаар 
бод­логын өөрчлөлт, хөгж­лийн хөтөлбөрийн ши­нэч­лэл, чиг баримтлалаа батал­гаа­жуу­лах
ёстой. Үүнийг хийж чадах дарга гараад ирж чадвал нам шинэчлэгдэнэ. Тэгэх­гүй­гээр
хуучин нэг даргын командад ажиллаж бай­гаад нөгөө дар­гынхаа команд руу дайрч байгаа
нь шинэчлэл бус хага­рал авч ирнэ. Цаашлаад МАН ахин хуваагдаж ч мэднэ.

Скандиновын орнууд жи­шээлбэл, Норвегийн
Хөдөл­мөрийн нам 1887, Шведийн Социал де­мок­рат нам 1889, Данийн Социал демократ
нам 1971 онд байгуулагдсан. Эдгээр намууд 1920-иод оноос хүчирхэгжиж пар­ла­­мен­тад
олонхи болс­ноос хойш тасралтгүй эх орноо жо­лоо­дож хүмүүн­лэг ардчилсан нийгэм,
өндөр хөгжлийг бий бол­гож чадсан. Нам гэдэг сонгууль бүрийн дараа хямарч үймдэг
биш. Ха­рин үе үеэрээ солигдож байдаг амьд байгууллага. Нам гэдэг хөгж­лийн бод­логыг
тодорхойлдог том институци байх ёстой. Би үүний төлөө л явж байна. У.Хүрэлсүхийн
үед ажил­лаж байсан Г.Зандан­шатарыг огцруулаад У.Хү­рэлсүхийн үед ажил­лаж байсан
хэн нэгнийг гаргаж ирэх юм бол агуул­га, бодлогын хувьд юу ч өөрчлөгдөхгүй нам уна­саар
байх болно. Үүнийг МАН-ын олон мянган гишүүд эсэргүү­цэж байна.

-“Шинэчилье” хөдөл­­гөө­нийхөн
албан тушаал авах­гүй гэдгээ мэдэгдсэн. Гэ­сэн хэдий ч хүмүүсийн хард­­­лага үүн
дээр тогтсон хэ­вээр байгаа санагдах юм…

-Би Норвегид ажил­лаж амьдардаг. Наад­мын
өмнө амралтаараа ирээд байж байна. Энэ сарын 1-нд “Шинэ хүч хөдөлгөөн”-ийн­хөн маа­нь
“Шинэчилье” хөдөл­гөөнд нэгдсэн. Уг хөдөл­гөөнд нэгдээд цаашаа явах гэтэл тэд намын
их, бага ху­рал хуралдуулах шаард­ла­гыг л тавьж бай­на. Гэтэл их, бага хурал хуралдуулна
гэдэг нь ихээ­­хэн цаг, хүч шаард­сан ажил. Баг гарган ажил­лаж байж үр дүнд хүрнэ.
Түүнээс биш хам хум хэдхэн хүн цуг­луулж хэрэлдээд сэтгэлийн хөөр­лөөр, магадгүй
хуй­вал­дан намын дарга, ЕНБ-ийн даргыг огц­руу­лах асуудлыг тавиад дараагийн хэдэн
хүн гарч ирэх гээд байх шиг байгаа юм. Ахин хэлэхэд намын ши­нэчлэлийг хийе гэвэл
намын төлөвшилтийн асуудлыг ярих ёстой. МАН бол зүүний чигийн нам байх ёстой гэдгийг
хэлье. Хөдөлмөр, хөдөл­мөрчдийн эрх ашгийг хамгаалдаг нам болох ёстой.

-Таны хувьд “Шинэ­чи­лье” хөдөлгөөний
залуусаа хуучцуулын тоонд оруулж байна. Харин тус хөдөл­гөө­ний­хөн хуучцуулаа зайгаа
тавьж өг гэх маягтай зүйл яриад байгаа биз дээ?

-Дээр нэр дурдсан залуу­чуудын зарим
нь 2012 оны сонгуульд нэр дэвшээд уна­сан. Тэд ту­хайн үед намын цөм нь байсан хүмүүс
шүү дээ. Өнөөдөр нам ийм бай­далд хүргэхэд хамт шийдвэр гаргаж явсан нөхдүүд яагаад
буруугаа хүлээхгүй байгаа юм бэ. Хатуу хэлэхэд НАМЗХ, НАМОХ-ын удирдлагууд ма­най
намыг баллаж бай­гаа хүмүүс. Тэд нийг­мийг доргио­сон олон төр­лийн гэмт хэрэгт
хол­богдсон.

Үүнийг шударга гишүүд нь хэлэх ёстой.
Хэлэх цаг нь болчихоод байна.

-Яагаад үүнийгээ хэ­лэх­­гүй байгаа
юм бэ?

-2012 оны хоёдугаар са­рын 9-нөөс
эхлээд энэ тухай хэлж эхэлтэл эд бидэнтэй бараг нэгдээд шинэчлэл ярих ухааны юм
болчихоод байна. УИХ-ын чуулганыг харж бай­хад манай дунд үе, залуу­чуудын төлөөлөл
болсон гишүүд улс, эх орныхоо төлөө томоохон хууль санаачилж, батлуулаад нөгөө намын
эсрэг дуу хоолой болоод явж чадахгүй байгаа. Гэтэл эднээ­сээ долоон дор шахуу нөх­дүүд
намын удирдлагад га­раад ирэх юм бол нам дуусах шат руугаа орж байна гэсэн үг. Өнөөдөр
намын ахмадууд, намд олон жил болсон хүмүү­сийг шүүмжлээд байна. Гэх­дээ энэ хүмүүсийн
ноён ну­руу, зангарга бидэнд хэрэгтэй байгаа. МАН ахмад, оюутан, эмэгтэйчүүд, залуучуудын
байгууллагатай байж түү­нийгээ түших хэрэгтэй.

-Танай “Шинэ хүч хө­дөл­гөөн”
“Шинэчилье” хө­дөл­­гөөнд нэгдсэн. Гэтэл та “Шинэчилье” хөдөл­гөө­нийх­нийгөө мушгиад
байгаа нь ямар учиртай юм бэ. Тэдний үйл хэргийг эхэндээ мэ­дээ­гүй байсан юм уу?

-Энэ залуусаас ямар нэ­гэн ажил хэрэгч
намыг ингэж төлөвшүүлж хөгжүүлье гэсэн бодлого харагдахгүй байна. Тэдэнтэй уулзахад
8-нд Бага хурлыг хуралдуулах юм яриад байсан. Одоо дол­дугаар сард багтааж Бага
ху­рал хуралдуулах юм л шаар­даад байгаа нь ямар учиртай юм. Үүгээрээ намын удирд­лагуу­даа
солих шаардлага тавих гээд байх шиг байна лээ. Үүнтэй нь би санал нэг­дэхгүй байгаа.
Долдугаар сарын 1-нд “Шинэчилье” хө­дөл­гөө­ний залуустай уулзаж ярил­цаж үзлээ.
Тэд намын байр­ны өмнө гэр барья гэсэн. Би үүнийг “Хэрэггүй, хэсэг харз­наж хүлээе.
Юм учиртай шүү, бид журмын нөхдүүд. Түүнээс атаат дайснууд биш” гэхэд зарим нь толгой
дохин хү­лээж авсан. Гэтэл ганц хоёр хүн нь хөдөлгөөнөөсөө гар­лаа энэ тэр гээд
унасан.

-Тэр нь ямар хүмүүс юм бэ?

-Шинэчлэлийн хороонд Б.Ганхуяг, Т.Аюурсайхан
гээд залуучууд байна лээ. Хүний үг авахгүй, хүний зөвлөгөө дагахгүй, бусадтайгаа
ярил­цахгүйгээр улс төрийн үйл ажиллагаа явуулаад байгаа юм. Намын ажил гэдэг түм­ний
ажил. Түмний ажил гэдэг маань олныхоо саналаар явах ёстой. Намын байрны гадаа гэр
барилаа гээд ямар амжилтад хүрснийг олж хар­сангүй. Үүнээс болж намдаа нэг нэр,
хоёр хоч нэмж өгө­хийн хэрэг байгаа юм уу. Үүнд харамсаж явна. Гэсэн ч зарим шаардлага
дээр нь тэдэнтэй санал нэг байгаа.

-Сүүлийн үед цахим ер­төн­цөөр
МАН-ын ЕНБ-ийн дарга асан У.Хүрэлсүхийг Монголд ирсэн. “Шинэчи­лье” хөдөлгөөний
ард бай­гаа гэсэн мэдээлэл гарах болж. Энэ үнэн үү?

-Тийм яриа байна. Дол­дугаар сарын
1-нд хэв­лэлийн хурал хийгээд Удир­дах зөв­лөлдөө бид уриалга хүргүүл­сэн. Удирдах
зөв­лө­лийн хурал дээр Зүүний хүчний хол­бооны хүн У.Хүрэлсүхээс мэдэгдэл ирсэн
гэж байсан. Тус мэдэгдэлдээ У.Хүрэлсүх “Энэ хөдөлгөөн надад хамаа­гүй. Би оролцохгүй
байгаа” гэсэн утгатай зүйл бичсэн байна лээ. Гэхдээ долдугаар сарын 1-нээс хойш
өнөөд­рийг хүртэл тухайн хүний үзэл бодол өөрчлөгдөж болно. Эсхүл явуулга нь амжилтад
хүрээд ирвэл мэдээж өөрч­лөгдөж мэднэ. У.Хүрэлсүх тиймэрхүү зүйл хийж байгаа бол
би эсэргүүцнэ.

-Яагаад?

-Би дээр намын төлөвш­лийн тухай ярьсан.
Намыг төлөвшилгүй болгон хувааж, хүч сарниулсан, намын эд хөрөнгийг шамшигдуулсан,
намыг хүнд байдалд оруул­сан хүн бол ерөөсөө л намын ЕНБ-ийн дарга асан Ух­наа­гийн
Хүрэлсүх байгаа юм. У.Хүрэлсүх ахин намыг зал­гамжлаад явах юм бол МАН гэж байхгүй
болно.

-Таны ярианаас “Шинэч­лье” хөдөлгөөний
ихэнх залуус У.Хүрэлсүхийн ба­руун, зүүн гар явсан гэж ойлголоо. Тэгвэл намын их
хурлаар эдгээр залуус У.Хү­рэлсүхийг намын дарга болгох боломжтой юм бай­на, тийм
үү?

-Намд олон жил ажил­лаад муу арга
сурсан хүмүүс гэж байдаг. Үүнийгээ улс төр гээд ойлго­чихсон хүмүүс МАН, АН аль
алинд нь байна. Худлаа хэлэ­хийгээ улс төр, хулгай хий­хийгээ ухаан гэж ойлгосон
нөхөд нийгэмд газар авчих­лаа. Эдэнд муу санаа гэж байна. Ядаж л намын их хуралд
төлөөлөг­чид сонго­ход муу санаагаа гаргана. Энэ муухай аргаас салахад надад нэг
санаа байна. Их хурлын төлөөлөгч­дийг 800 хүнээр сонгох зар­дал мөн­гийг намаас
даая. Аймаг, орон нутгаас ирэгч­дийн буудал, хоолны мөнгийг намаас гар­гаж, үнэхээр
на­мынхаа төлөө гэсэн сэтгэлтэй хүмүүс өөрс­дөө зардлаа даагаад ирэг. 1400-1600
хүн­тэй намын хурал хуралдвал жаахан ч гэсэн ардчилалтай болох болов уу. Бид олуулаа
сай­хан хэлэлцээд намаа авра­хын төлөө зүтгэх ёстой. Түү­нээс хэн нэгнийг дархлах
биш, хэрэв дархлагдвал хя­налт диктатур байхгүй бол­дог. Миний бодлоор есдүгээр
сарын сүүлээр намын бага хурал, арваннэгдүгээр сарын дундуур их хурлаа хурал­дуулбал
тохиромжтой гэж үзэж байгаа.

-Намын дарга, генсек хоёр ноднин
намын ажлаа аваад хоёр сонгууль дараа­лан ялагдчихлаа. Та­ны хувьд тэднийг хэр ажил­лаж
байна гэж үзэж байгаа вэ?

-Ө.Энхтүвшин намын дар­­га болоод
нэг жил бол­сон. Энэ хугацаанд орон нутгийн сонгууль, Ерөнхий­лөгчийн сонгуульд
тааруу амжилт үзүүлсэн. Миний бод­лоор намын их хурал хурал­даж эдгээр хүмүүст итгэл
хүлээл­гэх эсэх талаар санал асуул­га явуулах хэрэгтэй. Гишүү­дийн олонхийн сана­лаар
намын шинэ удирд­лагатай болох дээр санал нэгдвэл дараа нь бид ярих ёстой. Ө.Энхтүвшин
гуайн багийн­хан намын бага хур­лаар сонгогдсон хүмүүс бай­гаа юм. Бидний яриад
байгаа хүмүүс намын удирдлагад гараад ирвэл хонгилын гэрэл бөхөж байгаатай адил
гэж ойлгож болно.

-Таны хувьд шинэч­лэ­лийг шинэ
хүмүүс хийх хэ­рэгтэй гэсэн. Хэрэв тэд гараад ирлээ гэж бодоход улс төрийн туршлага
бага­тай байгаад намаа чирэх асуудал гарах юм биш үү?

-Шинэ хүмүүс гарч ир­лээ гээд намд
олон жил ажил­ласан намын кадруудын зөвлөмжийг авна. Энэ хү­мүүсийн ажлын туршлага
дээр манай намын ихэнх асуудлууд боловсрогдож бай­­даг. Үүн дээр жаахан бод­логын
асуудал нэмээд өгөхөд амжилтад хүрнэ. Өнөө­гийн намын удирдлагад байгаа хүмүүс янз
бүрийн санал санаачлагыг дэмжиж ажил хэрэг болгох тал дээр асар их дутагдалтай.
Санал оруу­лахаар доод албан ту­шаа­лын хүмүүстээ өгчихдөг. Доороос нь боловсрогдоод
орж ирж буй тэр их бичиг цаасны асуудлыг харж, хяна­даггүй. МАН-ын аппаратын ажилчдыг
би хаана ч голог­дохгүй гэж хэлнэ.

-Та сар ч хүрээгүй хуга­цааны өмнө
“Шинэчилье” хөдөлгөөнд нэгдчихээд эргээд тэднийг ингэж яри­хаар таньтай хамтарч
ажил­лахгүй юм биш биз дээ?

-Хамтарч ажиллах үгүй нь надад хамаагүй.
Миний зо­рил­го МАН нам шиг нам болж төлөвших ёстой. Өнөөдөр буруу зүйл хийж байгаа
дар­га, цэрэг аль алийг нь бид шүүмжлэх хэрэгтэй. Тэгж байж зөв зүйлээ гаргаж чад­на.
Хариуцлагаа хар толгой­гоороо үүрнэ гээд алга бол­чихдог явдал манайд байна. Алга
болно гэдэг хариуцлага үүрч буй хэлбэр биш. Өнгөн дээрээ ил харагдахгүй ч араас
нь хатгаас хийгээд байдаг.

-Таны ярианаас У.Хү­рэл­сүх рүү
хандаж хэлээд байгаа мэт санагдлаа?

-У.Хүрэлсүхийг би хатуу шүүмжилдэг.
Ер нь на­мын бодлого, асуудлыг хөн­дөхөд У.Хүрэлсүх хар ухаа­наар хандсан. Өнөөдрийн
өндөр­лө­гөөс эргээд харахад У.Хү­рэлсүх намын генсек, УИХ-ын гишүүний эрхээсээ
татгалз­чих­лаа. Энэ байдлыг харахад хариуцлага үүрсэн мэт хараг­давч, цахим ертөн­цөд
гарсан мэдээллүүдийг хараад бай­хад энэ хэдэн залуусаа тур­хирах байдал гарган хариуц­лагаа
хүлээл­гүй эргэн ирэх гээд байгаа мэт санагдаж байна. Гэхдээ цаг хугацаа үүнийг
харуулна. У.Хүрэлсүх ч гэлтгүй Ерөн­хийлөгч асан Н.Энхбаяр гуай ямар хариуц­лагагүй
байдал үзүүлж байна вэ. Би намаас ямарваа албан тушаал авч эрх мэдэлд хүрч үзээгүй.
Гэтэл жирийн нэг орчуулагч залуу болох Н.Энх­баяр МАХН-ын генсек, МАН-ын дарга,
УИХ-ын ги­шүүн, Ерөн­хий сайд, УИХ-ын дарга, Мон­гол Улсын Ерөн­хийлөгч гээд бүхий
л албан тушаалд хүрсэн. МАХН, МАН-ын мянга мянган гишүүд дэмжигчдийн дэмж­лэг, хүсэл
зорилго төрийн өндөр албан тушаалд хүргэ­сэн. Тэр үед нь дагаж дээшил­сэн хүн бол
У.Хүрэлсүх. Гэтэл энэ хоёр хүн хоорондоо мар­гал­дан зөрчилдсөнөөс болж нам хоёр
хуваагдсан. Улс төрийн карьераа дуусгасан бол ахиж гарч ирэлгүй номоо орчуу­лаад
Н.Багабанди, П.Очирбат гуай шиг байх хэрэгтэй. Билл Клинтон гэхэд энхтайвны сайн
үйлсэд орол­цоод явж байна. Тэднээс суралцах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй намынхныгаа
тал­цуулах гэж зовоогоод байд­гаа болих нь зөв.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улсын аварга Гунаажавын ЭРХЭМБАЯР: Энэ наадамд зориулж хоёр жил бэлтгэл хийгээд аварга боллоо

Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуу­лагдсаны
807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн Үндэсний их баяр наадамд ес да­ван тү­рүүлсэн
Монгол Улсын аварга Гунаа­жавын Эр­хэмбаяртай ярилцлаа. Тэрбээр үн­дэсний их баяр
наад­маас хойш анх удаа манай сонинд ярилц­лага өглөө.

-Төрийн их баяр наа­дамд ес даван тү­рүүлж Монгол Ул­сын аварга цол
хүрт­сэнд баяр хүр­гэе. Таны хувьд хоёр жи­лийн өмнө дөрвөн тэгш ой тохиосон наа­дамд
үзүүрлэн арслан цол хүртэж байсан. Өнөө жил Тул­гар төрийн 2222 жилийн ойгоор авар­га
цол хүртлээ. Бэл­гэ­шээлийг бодсон ч сайхан санагдаж байна?

-Юуны өмнө энэ сай­хан ойн баярын мэндийг Монголын
ард түмэндээ хүргэе. Миний хувьд түүхт ойн хоёр жил улсын өн­дөр цолонд хүрлээ.
Тийм болохоор үнэхээр сэтгэл өндөр байна. Намайг төрүүлж өсгөсөн аав, ээж, уул усандаа
баярлаж, сүсэглэн залбирч байна даа.

Жил жилийн баяр наа­дам ард түмний сэт­гэлд ямар нэгэн сайхан дурсамж
үлдээсэн бай­даг. Өнөө жилийн баяр наадамд өөрөө түрүүл­сэн болохоор надад то­хиолдох
ховорхон наад­муудын нэг энэ байлаа гэж бодож байна. Энэ жил үндэсний баяр наа­дамдаа
зодоглож буй бөхчүүдийн өнгө сайхан байсан. Бэлтгэл сургуу­лилт нь жигд байсан тул
хэн нь ч түрүүлж мэдэх наадам байлаа гэхэд бол­но. Монголын үндэс­ний бөхөд нэгэн
шинэ үе төрөн гарч ирж байгаа нь илт мэдрэгдэж, олон сайхан залуучууд улсын өндөр
цолонд хүрлээ. Дараагийн үе өсч өндий­сөн гэдгээ энэ жилийн наадмаар ард түмэндээ
тэд харуулж чадсан. -Түрүүлэх бөхийн өнгө нэг л өөр байдаг гэдэг. Та наадмаар
түрүүлчихнэ гэж бодож байв уу?

-Олон жил төрийн наа­дамд барилдчихсан боло­хоор
би түрүүлж, тэд давна гэж ам гарахыг хүсээгүй. Ямар ч бөх би түрүүлнэ гэж хэр барагтай
хэлээд байдаггүй байх. Наадмын бэлтгэл дээр хэн хэнтэй таарах ма­гад­лалтай вэ гэдгийг
бодож бэлтгэлээ хийнэ гэхээс биш. Би түрүүлнэ, заан, харцага болно гэж тэр бүр сонсогдоод
байдаггүй.

-Таныг цагаан сарын барилдаанд түрүүлсний дараа ярилцлага авч бай­­хад
цаашид сайхан барилдаж цолоо ахиул­на гэж байсан. Арслан цолны цаад цол мэдээж аварга
байдаг. Хэдхэн сарын дараа аварга бо­лоод уулзаж байна…

-Тэгж хэлж байснаа хэдэн сарын дараа наадмаараа
баталж чадлаа. Аварга цол гэдэг сайхан ч цаанаа хүнд ачаа тээж ирдэг юм байна. Өмнөх
жилүүдэд цол аваад үүнийгээ бататгах юмсан гэж хичээн бэлтгэл сургуулилтаа хийгээд
явж байхад болдог л юм байна гэдгийг мэдэрлээ. Одоо бол харин урд урд жилүүдээсээ
илүү хичээж энэ сайхан цолыг дааж явахын төлөө зүтгэх болно.

-Таны хувьд 35 насан­даа Монгол Улсын авар­га боллоо. Өмнө нь 30 гарсан
хойноо аварга болсон түүх хэр олон байдаг юм бэ?

-Монгол үндэсний бөхөд 30 гарсан хойноо аварга
цолонд хүрсэн бөх харь­цангуй цөөн байдаг. Хамгийн гол нь би бөхийн спортоор уйгагүй
хичээллэж, цаг хуга­цаагаа, хөлс хүчээ зориулсны үр дүн аварга цол болон ирлээ гэж
бодож байна. Гэх­дээ би ганцаараа хичээллээд өндөр амжилт гаргасан зүйл биш л дээ.
Амжилт гаргаж байгаа минь олон жил намайг дэмжиж байгаа Г.Буяндорж захиралтай “Ноёд”
группын хамт олон, “Сүлд” спорт хо­роо, Түмэндэлгэр захиралтай “Мон Дэ” группын
хамт олон, бөхийн спортоос өөр зүйлд сэтгэл хоёрдож болохгүйг захидаг нутгийн ах
нарын хүч хөдөлмөр байгаа юм. Түүнээс гадна мэдээж миний арыг найдвартай дааж яваа
эхнэр, хүүхдүүдийн маань ач гавьяа их бий.

-Аварга цолны болзол хангачихаад туг тойрч явахад юу бодогдож байсан
бэ?

-Миний хувьд 2011 онд 9 давж арслан цол хүртэж
бай­сан. Тэр үед уулзсан хүмүүс “Чи тэвчээртэйхэн барилдсан бол аварга болчих байсан
юм биш үү” гэцгээж билээ. Гэсэн ч тухайн үед харамсах сэтгэл төрдөггүй байсан юм
аа. Сэ­лэнгэ аймгийн маань нутгийн удирдлагууд “Аваргатай аймаг болчихвол зүгээр
юм биш үү” гээд захиас даал­гавар ч өгч л байсан шүү. Тэднийхээ хэлсэн үгийг сэт­гэлдээ
тээж, “Нутгийн зон олноо баярлуулъя, Сэлэнгэ аймаг аваргатай нутаг шүү” гэж ярилцаг
гэж бодон хоёр жил наадамд зориулан бэлт­гэлээ хийсэн. Тиймдээ ч өнөө­дөр нутгийн
зон олныхоо итгэлийг алдалгүй аварга цолонд хүрсэндээ баяртай байна.

-Хоёр жилийн өмнө арс­лан цолныхаа найрыг Зүүн­хараад хийж бай­сан.
Удахгүй аварга цол­ны найраа хийх сураг га­раад байсан хэзээ, хаа­на хийхээр болсон
бэ?

-Сэлэнгэ аймгийн удирд­лагууд маань ярилцаад наймдугаар
сарын хоёрны өдөр аймгийнхаа төвд хий­хээр болсон. Аймгийнхан найр хийнэ гээд гараа
хум­хиад зүгээр суулгүй тэдэн­тэйгээ хамт бэлтгэл ажлаа хийж байна.

-Энэ жил хаана бэлтгэл сургуулилтаа базаасан бэ?

-“Сүлд” спорт хороо, Сэ­лэнгэ аймгийнхаа бөхчүүдтэй
Төр хурахын аманд бэлтгэлээ базаасан. Төр хурахын аманд “Сүлд” спорт хороо­ныхоо
тамирчидтай бэлтгэлд гарахад надад ээлтэй байдаг юм. Тэнд гурван жил бэлтгэлд гарахад
нэг түрүүлж, нэг үзүүрлэж, нэг удаа их шөвөгт үлдсэн. Ингээд бодохоор аргагүй л
уул, ус нь таарч, өгөөж буянаа хайрлаж дээ гэж бодох болсон.

-Өнөө жилийн баяр наад­мын хоёрын даваанаас л гал гарсан барилдаа­нууд
гарч байсан. Таны хувьд дөрвийн даваанд гэхэд энэ жил баараггүй улсын цолонд хүрнэ
гэж байсан аймгийн арслан Б.Эрдэнэхүүтэй ба­рилд­­сан…

-Энэ жил өмнөх жилүү­дээсээ олон аймаг, улсын
цолтон барилдсан болов уу гэж бодогдоод байгаа. Яа­гаад гэхээр ам авах гээд очиход
л залуу бөхчүүдийн нэр ерөөсөө харагдаагүй. Улсын цолонд хүрчих болов уу гэж бодож
байсан аймгийн цолтнууд дөрвийн давааны нугалаагаар өндөр цолтой бөхчүүдтэй оноолт
таарч өвдөг шороодож байх жи­шээтэй. Б.Эрдэнэхүүгийн хувьд заал, танхимын барил­даанд
түрүүлж, үзүүрлэж байсан шилдэг аймгийн арс­лангуудын нэг. Б.Эрдэнэхүү бид хоёр
хоёулаа “Сүлд” спорт хороонд харьяалагдаж бэлтгэл сургуулилтаа хийдэг. Гэсэн ч найз,
нөхөд, ах дүү гээд танил тал харж барилд­сангүй.

-Энэ жилийн наадмаар хэний ч тааварлаагүй амыг та авсан. Тавын даваанд
гэхэд уран ба­рилдаант, хүчит заан Б.Соронзонболдыг ам­лахад Эрхэмбаяр ч хүч­тэй
л байгаа юм байна гэсэн яриа хүртэл гар­сан?

-Би бяртай чадалтайдаа тэгж ам авсан юм биш л
дээ. Миний хувьд аймгийн цолтой байхдаа улсын цолонд хүр­чих юмсан гэж барилдаж
бай­сан үе бий. Аймгийн цолтой бөхийн зовлонг би мэддэг болохоор тэднээс хэн нэгнийг
нь амлаж гай болоод яахав гэж бодсон. Тэдний зовлонг мэднэ. Тийм болохоор би улсын
цолтой бөх амалъя гэж шийдсэн. Заавал Соронзон­болд гэлтгүй өөр нэгэн улсын цолтой
бөхтэй тавын даваанд давсан ч, унасан ч горгүй юм даа гэж бодоод ам авсан. Түүнээс
Б.Соронзонболдод хонзон санаж ам аваагүй.

-Гэхдээ Соронзонболд заан та хоёрын ба­рил­даан олны анхаарлыг татсан.
Таныг тахимаа авах гэж байхад Сорон­зонболд заан таны нүүр рүү дэлсээд авч байгаа
харагдсан…

-Б.Соронзонболд залуу хүний хувьд ааг омгондоо
шатаж явсан юм байлгүй дээ. Үүнийгээ ухаарах байлгүй. Төрийн их баяр наадам болж
байхад ард түмнээ хүндэтгэх хэрэгтэй. Түүнээс биш гудам­жинд байгаа бол өөр хэрэг.
Түмэн олныхоо өмнө барил­дах гэж ирчихээд, ямар зо­долдолтой нь биш. Үндэсний бөхөд
эрэмбэ дараа гэж бий. Тэр үед би Соронзонболдтой савсаганаад зодолдсон бол цолтой
бөхчүүдийн дэг жаяг алдагдаж хүнд эвгүй сэтгэгдэл төрүүлэх байсан биз. Тэгэхэд хүлээцтэй
хандсан минь буруу болоогүй байх аа.

-Зургаагийн даваанд Б.Сайнбаяр заантай ба­рилдсан. Таны зүүн хөлд тун
эвгүй хонго­доход нэг гэдийгээд тог­тож байгаа харагдсан. Эрхэмбаяр тулдаа л энэ
хонгодоонд тэсч үлд­­лээ гэцгээж байсан…

-Б.Сайнбаяр заантай олон таарч барилдсан даа.
Бид үе тэнгийн бөхчүүд боло­хоор давах, унах нь хамаагүй сайхан барилдчихъя л гэж
бодож ам авсан. Харин до­лоогийн даваанд шинэ хар­цага Э.Оюунболдыг амлаж барилдсан.
Түүнтэй заал, танхимын барилдаанд олон таарч барилдсан.

-Шинээр заан цол хүрт­сэн Б.Батмөнхтэй өмнө нь барилдаж байсан уу.
Батмөнхийн хувьд шуур­хай барилдчихъя гэсэн бодолтой байсан болов уу?

-Батмөнхтэй өмнө нь барилдаж байлгүй яахав. Наймын
даваанд бид хоёр тунаж барилдсан юм. Миний хувьд Б.Батмөнхтэй золгоод барилдчихъя
гэж бодож бай­сан. Харин Б.Батмөнх золгоо­ноос өмнө л барилдаанаа дуусгая гэж бодсон
уу, эсхүл заан цолондоо ханаж ба­рилд­сан уу гэдгийг сайн мэдэхгүй байна. Батмөнхийн
бэлтгэл өнөө жил гойд сайн байсан. Өмнөх барилдаануу­даасаа илүү тамиртай байна
лээ.

-Үзүүр түрүүний барил­дааны тухай дурсахгүй өнгөрч болохгүй. Шинэ­хэн
гарьд Б.Гончиг­дам­батай хэрхэн барилдъя гэж бодсон бэ. Хоёр жилийн өмнө та төрийн
наадмын үзүүр, түрүүнд шалгарч байсан тул сэт­гэл санааны хувьд да­вуу байгаа нь
анзаараг­даж байлаа…

-Энэ жил багш, дасгалжуу­лагчид маань олон зүйлийг
надтай зөвлөсөн. Миний хувьд самбо, жүдогийн олон улсын хэмжээний мастер На­рангэрэл,
улсын харцага Г.Элбэг гээд хоёр багштайгаа бэлтгэлд гарсан. Хоёр багш­тайгаа зөвлөж
хүн болгонд нь тааруулж наадмын бэлтгэлээ хийсэн юм. Үүний ач гавьяа наадмаар л
яг гарлаа даа. Хоёр багшдаа үнэхээр баяр­лаж явдгаа мянга мянган уншигчтай “Өдрийн
сонин”-оор дамжуулъя.

-Таныг арслан цол хүрт­дэг жил таны найз Лхаг­васүрэн “9999” гэсэн
дугаартай шинэ жийп машинтай ирж, та 9 даван үзүүрлэж байсан сонин түүх байдаг.
Өнөө жилийн хувьд тийм зүйл болсон уу?

-Наадмын өдөр найзууд маань өмнөх уламжлалаараа
манай гэрт ирцгээж наадмын тухай хуучилж, цай унд ууц­гаан наадмын талбай руу хамт
явсан. “Хоёр жилийн өмнө би хэрэв 1010 гэсэн дугаартай машинтай ирсэн бол найз маань
түрүүлэх байсан юм” гэж Лхагвасүрэн маань ярьж байсан юм. Тэр жил нь би 9 давж үзүүрлэсэн.
Харин наадам тараад ма­найд ирчихээд 9999 гэдгийн хоёр есийг нь бий болгочих­лоо.
Одоо хоёр ес дутуу гэж байсан.

Энэ бол гэхдээ аархал, омгорхол огт биш. Мон­гол
хүний амны бэлгэ гэж бодож байгаа шүү. Тийм бо­ло­хоор өнөөдрөөс (өчигдөр) бэлтгэ­лээ
хийж эхэлсэн.

-Монголчууд цагаан са­рын барилдаанд тү­рүүл­сэн бөх наадамд дээгүүр
барилддаг гэж ярилцдаг. Үүний нэг баталгаа нь та боллоо?

-Би цагаан сарын барил­даанд түрүүлсний дараа
сар шинээр Ж.Мөнхбат багштай­гаа очиж золгосон. Тэгэхэд багш маань “Цагаан сараар
түрүүлсэн бөх энэ жил тө­рийнхөө наадмаар түрүүлчих байх аа” гэж байсан юм. Баг­шийн
ерөөл биелэлээ олсонд сэтгэл хангалуун явна. Өнөөдөр (өчигдөр) Мөөеө багш дээрээ
оччихоод ирлээ.

-Энэ жилийн баяр наад­мын барилдаануудаас хамгийн хэцүү учраа нь хэн
байсан бэ?

-Үндэсний бөхийн спор­тын хөгжил дээд цэгтээ хүрчихсэн
юм байна. Амалж, амлуулж байгаа аль аль нь нугалаагаар таарч байгаа бөхчүүдийг харж
байхад ул­сын аварга, арслангууд дээр аймгийн шилдэг арслангууд очиж байгаа харагддаг.
Үүнээс үндэсний бөхийн хөгжил ямар шатанд явааг харж болохоор байгаа юм. Энэ жилийн
наадмын бүх бөхчүүд хүчтэй өрсөлдөгч байж чадсан. Учраа бөхийн маань бэлтгэл сайн
байна гээд ямар барилдахгүй байл­тай биш. Адилхан бэлтгэл хийсэн болохоор тачигнатал
үзээд өнгөрсөн.

-Таны хувьд аварга цо­лонд хүрснээр С.Мөнх­бат, Д.Сумъяабазар, О.Бал­жинням
аваргуу­дын дээр эрэмбэлэгдэх болсон уу?

-Тэрийг ёстой мэдэхгүй. Монголын үндэсний бөхийн
холбоо мэдэх байх. Энэ тухай бодсон ч юм алга.

-Наадам өнгөрөөд ихэнх бөхчүүд нутаг ус руугаа амрахаар явчихаж. Таны
хувьд хаагуур амрах вэ?

-Амарч амжихгүй юм шиг байна. Наймдугаар сарын
2-нд аварга цолны найр наа­дам болно. Долдугаар сарын 26-28-нд аав, ээжийн минь
төрсөн нутаг Завхан аймаг байгуулагдсаны 90 жилийн ой болох гэж байна. Аав, ээжийн­хээ
нутагт хүндэт­гэл үзүүлж, төрсөн буйрыг нь эргэж идээ цагааны дээж өргөе гэсэн бодолтой
байна. Тийм болохоор амрах цаг гарахгүй шинжтэй шүү.

-Өнөө жил “Сүлд” спорт хороо үнэхээр одтой сай­хан наадаж аварга, харцага
цолтонтой бол­лоо. Нэг спорт хорооны тамирчин болох Н.Бат­суурийн тухай ярихгүй
юу. Та хоёрыг ШШГЕГ-аас хүлээж авсан уу?

-“Сүлд” спорт хороо Хууль зүйн яамны харьяа байгуул­лага.
Х.Тэмүүжин сайд га­даадад томилолтоор яваа юм билээ. Сайдыг ирэхээр нэг мөсөн хүлээж
авъя гэсэн.

Н.Батсуурь харцага бө­хийн удамтай гэдгийг Мон­голын
ард түмэн мэднэ. Аав нь улсын харцага Г.Намсрай­жав гуай шүү дээ. Намсрай­жав гуайн
ах улсын начин Даваасамбуу агсан байна. Батсуурийн өвөө Гэлэг начин гэдгийг бөх
сонирхогчид мэдэх байх. Залуу харцага аавынхаа цолонд хүрсэнд баяртай байна. “Сүлд”
спорт хорооны тамирчид бага хуга­цаанд асар их амжилт үзүүлж байна. Энэ нь манай
спорт хорооны дарга Ц.Баярсайхан зааны ач гавьяа юм. Олон сайхан шинэлэг зүйлс хийхэд
байнга дэмжиж тусалдаг удирдлагуудын буян ч бий.

-Сэлэнгэ аймгийн удирд­лагууд хэрхэн хүн­дэтгэл үзүүл­­сэн бэ?

-Аймгийн удирдлагууд на­майг хүлээж авч хүндэтгэлээ
илэрхийлсэн. Нийт Сэлэнгэ нутаг, Мандал сумынхандаа сайн сайхныг хүсье.

-Та уяачдын наадамд очоод цаашаа Мандал сум руугаа шууд явсан. Нутгийн
зон олон тань үнэхээр сайхан угтаж авсан байна лээ?

-Хүй долоон худагт бол­сон уяачдын наадамд очоод
нутаг руугаа явсан. Мандал суманд очиход үнэхээр ха­луун дотноор хүлээж авсан. Тэр
мөчид нутгийнхаа зон олонд баярлаж, бахархаж байлаа.

-Олон мянга гаруй хүн цуглаж таныг хүлээн авна гэж бодсон уу?

-Хоёр жилийн өмнө намайг арслан цол хүртээд нутагтаа
очиход мөн л халуун дулаанаар угтаж байсан юм. Энэ удаа аварга болоод очи­ход бүр
илүү санагдсан. Ийм сайхан нутаг ус, энэ сайхан хүмүүсийн дунд төрж өсөж, энэ сайхан
нутгийн нэгэн тасархай нь би шүү дээ гэж бодоход огшмоор л санагддаг юм билээ.

Ээж маань “Түмэн олны­хоо хайр хүндлэлийг зөв
сэт­гэл, зөв ухаанаар авч яваа­рай” гэж захьсан. Ээжийнхээ тэр сайхан сургаалийг
цаа­шид биелүүлэхийн төлөө хичээх болно.

-Таны гэргий өнөө жи­лийн наадмын бөхийн барилдааныг хаана үз­сэн бэ.
Зарим бөхчүүд эхнэрээ дагуулаад очсон харагдаж байна лээ?

-Эхнэр цэнгэлдэхэд бөх үзээд суучихвал хоол, цай­наас
эхлээд арын ажил хэ­цүүднэ. Миний арыг найдвар­тай дааж яваа хүн гэргий маань шүү
дээ. Эхнэр маань жил жилийн наадмаар тогоо, шанагатай зууралдаж өнгө­рөөдөг. Ер
нь бүх бөхчүүдийн эхнэр наадмын барилдааныг телевизээр харж, гал тогоондоо өнгөрүүлдэг
байх.

-Таныг аварга болоход гэргий тань хэрхэн баяр­ласан гэж байна. Таньд
ярив уу?

-Мэдээж хамгийн их баярласан хүмүүсийн нэг нь
гэргий минь байгаа юм. Бид олон жил барилдаад ирэхээр эхнэрүүд нь их нервтэй бол­чихдог
юм биш үү. Хазайхад нь дагаж хазайж, баярлаж, гунихаас эхлээд сэтгэл санаа нь тогтворгүй
байдаг юм шиг байна лээ.

-Аварга маань бөхийн спорттой хэрхэн амьд­ралаа холбож байсан юм бэ?

-Аав маань бөхөд дуртай хүн байсан юм. Тийм боло­хоор
эрэгтэй хүүхдүүдээ бөх болгоно л гэдэг байлаа. Тэ­гээд ч манай удмаас данш­гийн
босоо Шагдар, Монгол Улсын заан Ц.Баярсайхан гээд мундаг барилддаг хүмүүс төрөн
гарсан. Би гуравдугаар ангийн сурагч байхдаа Мон­гол Улсын арслан Уламбая­рын Мижиддоржийн
шавь болж байлаа. Тэгэхэд У.Ми­жиддорж арслан Зүүнхараа хотод чөлөөтийн секц хичээл­лүүлдэг
байсан. Харамсал­тай нь төд удалгүй Мижигээ арслан Улаанбаатар хот руу нүүхээр болж
хагас жил хи­чээллэсэн чөлөөт бөхийн секц маань хаагдсан. Түүнээс хойш үеийн нөхөдтэйгээ
гу­дамжинд дээл хувцсаа уран барилдаж байснаас бөхийн спортоор тууштай хичээллээ­гүй.

Харин 10 дугаар ангиа төгсөөд нэг жил аав, ээждээ
туслан сургуульд суралгүй өнжсөн. Тэр жилийн зун Ман­дал хайрханы тахилга бол­сон
юм. Би ч өөрийгөө барил­дана ч гэж бодоогүй байтал хөгшчүүл барилдуулахаар нэрийг
нь маань аль хэдийнэ бичүүлчихэж. Хөгшчүүдийн урмыг хугалаад яахав гээд барилдтал
гурав давдаг юм. Овооны наадамд тэгэхэд даага уяж хурдлуулсан. Даага маань түрүүлж
би гэр­тээ бөөн баяр ороод гурав давснаа хэлж, даага түрүүл­гэсэнээ аавд хэлсэн.
Аав тү­рүүлсэн даагыг нэг их тоолгүй овооны наадамд гурав дав­санд нь үнэхээр их
баярла­сан. Тэгээд намар нь буюу 1997 онд Ж.Мөнхбат аваргын үүсгэн байгуулсан Их
шавийн дээд сургуульд улсын харцага Г.Элбэгийн шавь болгож өгсөн. Түүнээс хойш бөхийн
спортоос хөндийр­сөнгүй дээ.

-Анхны цол мэдээж су­мын заан байсан байх?

-Тийм ээ. 1999 онд Ман­дал сумын Түнхэл тосгоны
баяр наадамд түрүүлэн су­мын заан цол хүртсэн. Анхны болоод ч тэр үү сумын заан
цолондоо хайртай байдаг юм. 2001 онд Хөвсгөл айм­гийн 70 жилийн ойн баяр наадмаар
улсын начин Б.Бад­­ралаар зургаа давж аймгийн начин цол хүртсэн. Аймгийн начин цолтой
хоёр жил төрийнхөө наадамд зодоглон дээгүүр даваанд өвдөглөсөн юм. Тухайн үед заал
танхимын барилдаанд аймгийн начин цолтойгоо сайн барилдчихдаг байсан болохоор улсын
цолонд хү­рэх амархан гээд бодчихсон явсан. 2002 оны наадмын хоёрын даваанд Ч.Даваа­дорж
харцагад өвдөг шороо­дон их уйлж байсан юм. Тэр одоо болтол санаанаас ер­дөө гардаггүй.
Тэгж л төрийн наадмын торгон дэвжээ ямар хатуу вэ гэдгийг мэдэрсэн. Тухайн үед аавын
бие таа­руухан байсан болохоор тэр жил начин болчих юмсан гэж зүтгэсэн. Бөх болсных
улсын начин болж аавыгаа баярлуу­лъя гэж дотроо шатаж явсан юм болохоор шарандаа
уйл­сан байх. Тэгэхэд үнэхээр нас бага байжээ. Улсын цол хүртэж чадаагүйдээ гоморхон
“Ахиж би үндэсний бөхөөр барилдахгүй” гэж Г.Элбэг багшдаа хэлээд загнуулж байсан.
Гэтэл хоёр хоногийн дараа уяачдын наадамд Г.Элбэг багштай хамт очиж багш түрүүлж
би үзүүрлэсэн юм. Тэгэхэд би учиргүй их баярлан гарч ирэхэд “За, Эрхэмээ одоо барилдмаар
байна уу” гэж багш амыг минь асууж билээ. Багш хүн гэдэг тийм л айхтар юм билээ.
Уяачдын наадмаас хойш найм хоногийн дараа Зүүн­хараа хот байгуулагдсаны 50 жилийн
ойн наадам болоход түрүүлж аавыгаа баярлуул­сан. Аавыгаа сэрүүн тунгалаг ахуйд нь
улсын цол авч баярлуулж чадаагүй ч начин, арслан, аварга цол авахыг минь аав минь
тэнгэрээс харж байгаа даа гэж боддог. Би чинь аавыгаа л бодож бэлтгэл сургуулилтаа
эрчимтэй хийдэг байсан. Бөх хүн олон жил барилдах тусмаа хашир суудаг юм байна.

Түүнээс хойш 2003 онд Дархан-Уул аймгийн баяр
наадамд найм даван түрүү­лэн аймгийн арслан цол хүртсэн дээ. Аймгийн арслан хэмээх
цолыг зургаан хоног зүүгээд төрийн их баяр наа­дамдаа зодоглон Ж.Мөнхбат аваргаар
тав даван улсын начны босго алхсан юм.

-Та ер нь багадаа хэрхэн нааддаг байсан бэ?

-Аав бөхөөс гадна моринд хорхойтой байсан. Намайг
багад хурдан морь унуулдаг байсан. Гэхдээ айраг түрүүнд хурдалж байгаагүй.

-Танай хоёр ах, дүү барилддаг уу?

-Үгүй ээ. Багад нь аав барилдуулна гээд дийлээгүй.
Би л барилдаж байна. Би дээрээ хоёр эгч, хоёр ах, дороо нэг эрэгтэй дүүтэй. Сонин
гэвэл би чинь одон­гийн хүүхэд шүү дээ базар­ваань. Төрөхдөө л энгэрээ цоолуулж
төрсөн байгаа биз дээ.

-Та гэр бүлээ
танил­цуу­лахгүй юу?

-Манай эхнэрийг Ц.Дэл­гэр­маа гэдэг. Би чинь хоёр
охинтой хүн байгаа юм. Том охиныг Ариунзаяа гэдэг. 

Ноднин ба­га охин наад­мын өм­нө төрж Са­руул­заяа
гэдэг нэр хайр­ла­сан. Ноднингийн наадмаар би их шө­вөгт үлдэж “са­руул сайжрах”
чимэг хүрт­сэн нь цаанаа л нэг учир жанцантай юм шиг санагддаг. 2003 онд улсын начин
цол хүртэхэд аймгийн нут­гийн зөв­лөлөөс УАЗ 469 ма­шин бэлэглэсэн юм.  Тэр машиныг нь ту­хайн үеийн ханшаар буюу зур­гаан
сая төг­рөгөөр худалдан Зу­рагтад хашаа байшин авч голомтоо бадрааж байлаа.

Э.ЭНХБОЛД

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монгол Улсын начин Л.ЦЭРЭНТОГТОХ: Би Ө.Бат-Оршихоос юугаараа дутахав гэж бодож барилдсан

Тулгар төрийн 2222, Их Монгол Улс байгуу­лагдсаны
807, Ардын хувьсгалын 92 жилийн ойн үндэсний их баяр наадамд гарьд Жанцан­гийн Бат-Эрдэнээр
тав даван Монгол Улсын начин цол хүртсэн Говь-Алтай аймгийн Цогт сумын харьяат,
“Хантайшир” дэв­жээ­ний бөх, улсын начин Лувсандоржийн Цэрэн­тогтохтой ярилцлаа.

 -Тулгар төрийн 2222 жилийн тэгш ойн үн­дэс­ний их баяр наадамд тав
даван Монгол Ул­сын начин цол хүрт­сэнд баяр хүргэе. Өнөө жилийн баяр наадмын тухай
ярихгүй юу?

-Баярлалаа.
Бөхчүүд бид улсын цолны төлөө л бэлтгэл сургуулилт, цаг заваа зориулдаг хүмүүс.
Би ч мөн адил улсын цолтны бүлд багтчих юм­сан хэмээн хичээж бэлт­гэлээ хийдэг байсан
бо­лохоор мөрөөдлийнхөө захаас атгаж улсын на­чин бол­сондоо баяртай байна. Бэлтгэл
хийх нөх­цөл боломжоор хангаж өгсөн “Хантайшир” дэв­жээний тэргүүн, УИХ-ын гишүүн
Ж.Энхбаяр, Хи­лийн цэр­гийн 119 дүгээр ангийн хамт олон, “Гео Мандал” ХХК,
“Relax”, “Mustang” клу­бийн­хэндээ баярлалаа гэж хэлье. -Бөхчүүдийн яриаг сонсож байхад
наадмын өглөө нэг л ер бус байсан. Тэр мэдрэм­жээрээ барилдсаар улсын цолонд хүр­лээ
гэдэг. Таны хувьд тиймэрхүү зүйл мэд­рэгдсэн үү?

-Янз бүрийн зүйл мэдрэгдээгүй. Наадмын өглөө бусад
жирийн өдрүүдийн адил эхэлсэн. Бэлтгэл сайн байсан тул улсын цолонд хүрчих болов
уу гэсэн итгэл байсан.

-Таны хувьд Бүх цэргийн баяр наадамд хурц арслан А.Алтан­хуягийг тахим
буул­гаж “хурц” чимэг хүртсэн. Энэ барилдаан мэдээж наад­мын өмнөх том сорилго болсон
болов уу?

-Тэгэлгүй яахав. Миний хувьд наадмын өмнөх хамгийн
том со­рилго барилдаан тэр байлаа. Бүх цэргийн баяр наадамд түрүүлэн “хурц” чимэг
хүртсэн нь наадмын барилдаанд нөлөөлсөн. Бүх цэр­гийн баяр наадамд үеийнхээ бөх­чүүдтэй
барилдаж өөрийнхөө бэлт­гэлийг ямархуу байгааг мэдэх том боломж байсан. Энэ жил
би “Хантайшир” дэвжээнийхээ бөх­чүүд­тэй “Гео Мандал” компанийн “Мандал” амралт,
“Мустанг” клуб хоёр дээр бэлтгэл сургуулилтаа базаасан.

-Энэ жилийн баяр наадам хоёрын даваанаасаа л өрсөлдөөн гэгч чухам юу
болохыг харуулж эхэлсэн. Ялангуяа аймгийн цолтой бөхчүүдийн хувьд гурав, дөрвийн
давааг нурааж гарна гэдэг их шалгуур байсан…

-Өнөө жил наадам чанга бол­сон. Хоёрын даваанаас
л улсын цол авчих болов уу гэж бодож явсан бөхчүүд оноолтоор таарч байлаа. Миний
хувьд хоёрын да­ваанд гэхэд Дундговийн аймгийн арслан Т.Энх-Амгалантай таар­сан.
Гурвын даваанд улсын начин Ц.Цогтжаргалыг давсан. Харин дөрвийн даваа л тун хэцүү
байсан даа.

-Та Монгол Улсын шилдэг харцагуудын нэг болох Ө.Бат-Оршихыг давсан
шүү дээ. Тэр барилдааныхаа ту­хай ярихгүй юу?

-Мэдээж Ө.Бат-Орших харца­гын хувьд яалт ч үгүй
Монгол Улсын шилдэг харцагуудын нэг. Баяр наадмаар ч дээгүүр барил­дана гэсэн хүмүүсийн
таамаг явж байсан. Ө.Бат-Орших харцагыг давсандаа үнэхээр их баярласан. Адилхан
л бэлтгэлээ хийж байгаад барилдаж байгаа тул юунаас нь дутахав гэж бодсон. Энэ жилийн
наадамд эмээх зүйлгүй барилдсан минь надад улсын цол авчирсан болов уу.

-Харцага та хоёрын барил­дааны өгөө, аваа хэд байсан бэ. Бас л гал
гарсан барил­даануудын нэгээр та хоёрын барилдааныг нэрлээд байгаа шүү дээ?

-Миний хувьд бүтэн жилийн турш нэг өдрийн бэлтгэлээ
ч дутуу хийгээгүй. Аль болох бэлтгэлээ тултал нь хийж амжилтад хүрэхийг хичээсэн.
Миний хувьд харцагатай барилдахад өмнө нь заалны барилдаанд хоёр унаж байсан ч сэтгэлзүйн
хувьд дарамтгүй бай­сан. Бэлтгэл ханаад ир орчихоор айх зүйлгүй болчихдог юм билээ.
Энэ даваанд би уначихвал цолгүй үлдэнэ гэсэн айдсаас өөрийгөө бүрэн чөлөөлж чадсан.
Хэт их цол хүсэн мөрөөдөхөөр сэтгэлзүй тогтворгүй болчихдог юм.

-Тавын даваанд та нутгийн бөх болох Ж.Бат-Эрдэнэ гарь­дыг давж начин
цолны босго алхсан. Начны даваа­ны барилдаан хэрхэн өрнө­сөн бол?

-Яахав ээ. Барилдаан сайхан болж би давсан. Өөр
юу ярихав.

-Зургаагийн даваанд шинэ­хэн харцага Н.Батсуурьтай хүч үзэн өвдөг шороодсон.
Давах боломж байсангүй юу?

-Н.Батсуурь харцага бид хоё­рын хувьд Монгол Улсын
начин цолны болзол хангачихаад зургаа­гийн даваанд тунаж барилдсан. Хоёулаа л аймгийн
арслан цолтой байсан болохоор хэн давсан нь харцага болох хариуцлагатай барилдаан
байсан. Гэсэн ч би өөрт байгаа нөөц боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадаагүйгээс болж
унасан. Тэр хүний аз хийморь илүү байсан болоод л Н.Батсуурь намайг давж харцага
болсон юм болов уу даа.

-Таны хувьд сүүлийн жи­лүү­дэд улсын цолтны тааварт явдаг байсан болохоор
ул­сын цолонд хэр тэмүүлж барилдсан бэ?

-Улсын цолонд хүрэх юмсан гэж хичээж бэлтгэл сургуулилтаа
хийн барилдаж ирсэн минь үнэн. Гэхдээ улсын цолонд шунаж барилдаагүй.

Өнөө жилтэй нийлээд миний хувьд улсынхаа баяр
наадамд таван жил хүч үзэж улсын цолтны бүлд багтлаа. 2011 оны баяр наадмыг бэртлийн
улмаас өнжиж байсан. Тэгэхэд наадмын бэлтгэлд гарчихаад хөлийнхөө шөрмөсийг тасалсан.
Үеийн олон бөхчүүд маань улсын цолонд хүрч байхад би хэвтэж л наадам үзэж байлаа.
Адилхан аймгийн арслангууд ул­сын цол авч буйг харахад баярлаж байсан ч дотроо их
харуусаж билээ. Тэгш ой тохиосон тэр жилийн наадмын бэлтгэл гойд байсан шүү. Би
чинь шөрмөсөө таслаад нэг жил барилдаагүй. Дараа нь формондоо орох гэж жил зүдэрсэн
дээ. Бэртэл гэмтлээс болоод эргэн формондоо ороход цаг хугацаа үнэхээр шаардагддаг
юм байна гэдгийг мэдэрсэн.

-Энэ жилийн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан үзүүштэй болсон
ч даваа болгонд л бие биенийгээ ну­дарч, цохисон асуудал гарч байсан. Таны учраа
бөхчүү­дээс тиймэрхүү авир гарга­сан бөх бий юу?

-Миний учраа бөхчүүдээс тиймэрхүү авир гаргаагүй.
Ганц нэг бие биенийгээ нударч байгаа зүйл ажиглагдаж  л байлаа. Бөх хүмүүс аль болох ёс жудгаа бодож
ба­рилдах хэрэгтэй л дээ.

-Та Говь-Алтай аймгийн Цогт сумын Ээж хайрханы хүү байх аа. Нутаг усныхаа
тухай ярихгүй юу?

-Тийм ээ. Би яах аргагүй Ээж хайрханыхаа өвөрт
өсч өндийсөн хүн байгаа юм. Баяр наадмаар нутгийн уул ус нь түшдэг гэдэг. Ээж хайрханы
маань арвай сүншиг хүүгээ улсын цолонд хөтөлсөн биз ээ. Миний хувьд үндэсний бөхөөр
хожуу хичээллэсэн хүн шүү дээ.

-Хэдэн оноос гэсэн үг үү?

-2003 оноос эхэлж хичээллэсэн. Тэгэхэд 20 настай
байсан санагдаж байна. Багадаа үндэсний бөхөөр хичээллээгүй ч гэсэн үеийн найз нөхөдтэйгээ
барилдан дээл хувц­саа урж л өслөө. Аавынхаа дүү­гийн хүүхдүүдтэй их ч барилдсан
даа. Миний хувьд сумаасаа анх удаа улсын цолтой бөх боллоо. Манай сум түүхэндээ
анх удаа улсын цолтой бөхтэй боллоо, тэр нь би гэж бодохоор сайхан л санагдаж байна.
Сумынхан маань надаас дутуугүй баярлаж байгаа болов уу гэж бодоод байгаа.

-Яагаад 20 хүрч байж барил­даж эхэлсэн юм бэ?

-Тухайн үеийн орчин нөлөөл­сөн. Аав маань намайг
багад байсан бол хар багаасаа бөхөөр хичээллүүлнэ гээд хот руу хөтлөөд л ирэх байсан
болов уу. Багаасаа аав, ээжээсээ хагацсан болохоор хөдөө мал дээр л байдаг байлаа.
Би 18 настайдаа цэрэгт явж дотоо­дын цэргийн 05 дугаар ангид алба хаасан. Цэрэгт
байхдаа би ер нь бөх болно гэж шийдсэн. Хавар нь цэргээс халагдаад намар нь бөх
болохоор Улаанбаатарт ирж байсан. Цэрэгт байхдаа тангаргийн баярын үндэсний бөхийн
барил­даанд түрүүлж 72 цагийн чөлөө­гөөр шагнуулж билээ. Улсын баяраар цэргийн ангид
барилдаан болоход түрүүлчихдэг байлаа.

-Бөхийн ертөнцөд орсон цагаас хойш хөгтэй явдал их л тохиолдсон байх.
Тэр сай­хан дурсамжаасаа хуваал­цахгүй юу?

-Тэр жил манай суманд дөрвөн багийн өдөрлөг болдог
юм. Тэр дөрвөн барилдаандаа түрүүл­чихээд маргааш өглөө нь аймгийн наадамд явах
гэсэн чинь унаа олддоггүй. Намайг тоох ч хүн байдаггүй шүү. Уг нь аймгийн наадамд
очиж барилдчих хүсэлтэй байлаа. Гэтэл наадам маргааш эхлэх гээд байдаг. Тэгээд нэг
найзтайгаа ахынхаа мотоциклийг гуйж аваад гараад давхичихсан. 200 км мотоцикльтой
шороонд манаргаад очдог юм. Тэгэхэд хотоос аймгийн наадамд түрүүлэх хэмжээний бэлтгэл
хийсэн хүмүүс онгоцоор, жипээр ирж байлаа. Харин би цолоо ахиулчих юмсан л гэж бодсоноос
түрүүлчихнэ гэж бодоогүй л дээ. Мотоциколио ээл­жилж унаж давхисаар байгаад ирж
түрүүлчихээд буцахад их сайхан байж билээ.

-Нутгийнхан тань таныг хоног тоолон хүлээж байгаа юм байна даа. Хэзээ
нутаг явах гэж байна вэ. Цолны найраа хийнэ биз дээ?

-Хэд хоногоос нутаг явж амарч байгаад ирнэ дээ.
Яг одоогоор цолны найр наадмын тухай бодож амжаагүй явна. Нутгийнхан миний утас
руу залгаад хэзээ ирэх гэж байна вэ гээд асуугаад л байна шүү. Миний хувьд нутагтаа
очиж цолныхоо найр наадмыг хийж зон олноо баярлуулчихаад ирье гэсэн бодолтой байгаа.
Ямар ч байсан улсын цолтон болж зам гаргалаа. Миний араас олон сайхан залуу­чууд
улсын цолонд хүрээсэй гэж бодох юм.

-Энэ жилийн наадмаар хэнийг түрүүлээсэй гэж бодож бай­сан бэ?

-Миний хувьд зургаагийн да­ваанд унасан ч гэсэн
наадам дуусаагүй. Хувьдаа бол Г.Эрхэм­баяр аваргыг түрүүлчих болов уу гэж бодож
суулаа. Г.Эрхэмбаяр арсланг түрүүлээсэй ч гэж бодож байсан. Г.Эрхэмбаяр арслан чинь
аваргын энтэй бөх шүү дээ. Түрүүлээсэй гэж хүлээж байсан хүн түрүүлсэн болохоор
сэтгэл өндөр байлаа.

“Аварга” сургуульд нэг ангид сурдаг байсан олимпийн
аварга Н.Түвшинбаяр маань улсын хар­цага цол хүртсэн сайхан наадам болсон.

-Таныг үндэсний бөхөд хө­төлж оруулсан хүн гэвэл ямар бөх байдаг бол?

-Үндэсний бөхөд хөтөлж оруулсан гээд байх хүн
алга. Өөрийнхөө хүсэл зорилгын дагуу л бөх болсон. Манай аав бас ч үгүй сумандаа
нэлээд хэд түрүүлчихсэн сумын заан цолтой хүн байлаа. Анх 2003 онд “Аварга” БТДС-д
“Бөх болно” гэж ирээд улсын начин Б.Адъяахүү, улсын харцага Д.Сэрээтэр нарт шавь
болон ирж байлаа. Ерөнхийдөө бөхийн замд аав минь хөтөлсөн гэхэд болно. Манайх чинь
гурван хүү, гурван охинтой. Аав гурван хүүгээ бөх болгоно гэж боддог байсан биз.
Намайг багад “Миний хүү бөх болноо” гэдэг байлаа. Аав маань аймгийн наадамд очиж
зодог­лоогүй ч сумандаа бол заан л явсан. Аав ид барилдаж байхдаа говь руу трактор
барьж явахдаа дугуй нь хагарчихаар нь солих гэж өргөж байгаад ууцандаа гэмтэл авснаас
хойш барилдаагүй гэдэг.

-1984 оны баяр наадмаар Д.Цэрэнтогтох аваргыг түрүүлдэг жил таныг төрсөн
болохоор сайн бөх болоорой хэмээн Цэрэнтогтох гэж нэр хайрласан гэдэг байх аа?

-Тэр жил Цэрэнтогтох аварга түрүүлээд удаагүй
байхад би төр­сөн юм билээ. Аав өөрөө барилд­даг байсан болохоор отгон хүүгээ бөх
болчихоосой гээд аваргын нэрийг хайрласан тухай аав маань ярьдаг байсан.

-Анхны цолоо хэдэн онд хүртэж байсан бэ?

-2003 онд анх сумандаа тү­рүүлж сумын заан болж
байлаа. Дараа нь “Би барилдаж болох юм байна, одоо аймгийн цолны төлөө барилдаад
үзье” гэж бодоод ай­магт очоод дөрөв даваад тавын даваанд тунаж унасан. Юу ч мэ­дэхгүй
жаахан хүүхэд ирээд аймагт дөрөв давна гэдэг тухайн үедээ их сайхан, урамтай л санагдаж
байсан. Дараа жил нь дахиж очиж барилдаад аймгийн начин болсон юм. Ноднин аймгийнхаа
наадамд түрүүлэн хурц чимэг хүртье гэсэн ч үзүүрлэсэн юм. Нэгэнт аймгийн арслан
цол хүртсэн болохоор цолоо баталчихъя гэсэн бодол байдаг байлаа. Тэр хүсэл маань
Бүх цэргийн баяр наадмаар биелэ­лээ олж хурц чимэг хүртэж цолоо баталсан. Би авсан
цолоо баталж байж дараагийн цолонд хүрье гэж боддог. Юу юугүй л улсын өндөр цолонд
хүрчихье гэсэн бодол байдаггүй. Бид хамгийн гол нь авсан цолоо баталж байх хэрэгтэй.

-Тав давчихаад есөн хөлт тугаа тойрч явахад юу бодогдож байсан бол?

-Тэр үед их баярлаж байлаа. Би багадаа аав, ээжээсээ
хагацаж байсан юм. Тийм болохоор төрийн­хөө есөн хөлт цагаан тугийг дэвэн тойрч
байхдаа аав, ээж хоёр минь тэнгэрээс хүүгээ харж байгаадаа гэж бодож байсан. Саяхан
би ахыгаа алдсан болохоор элэг зүрхний минь амин гурван хүнээ бодож дэвж явлаа даа.
За тэгээд туг тойрч байх тэрхэн агшинд нутаг ус, ах, эгч гээд бүгд л нэгэн дор бодогддог
юм билээ л дээ.

-Танай ах дүүгээс барилддаг хүн бий юу?

-Одоохондоо надаас өөр хүн алга даа. Миний нэг
ах Цогт суманд амьдардаг юм. Гурван жил дүүгээ цол авахыг нь харах гэж наадмаар
хотод ирсэн. Энэ жил би начин болж ах минь мөн ч их баяртай байна лээ. Наадам болохоор
нутаг орондоо ч баярлаж чадахгүй намайг л гэж 1000 гаруй км-ийг туулж ирдэг. Дүүгээ
улсын наадамд барилдуулж байгаа гэж бодохоор уяач шиг л болчихдог юм биш үү.

-Ах нь дүүгээ улсын цолонд хүрэхийг харна гээд ирчих­сэн байхад нь
цолонд хүрч чадаагүй үед хэцүүхэн бай­даг байв уу?

-Ах маань дүүгээ улсын цол авахыг харах гээд ирчихсэн
байхад нь доогуур даваанд уначихаад их эмзэглэдэг байлаа. Энэ жил л ахынхаа хүслийг
биелүүлж чадлаа.

-Энэ жил олон сайхан арс­лангууд улсын цолгүй үлд­лээ дээ. Таны хувьд
улсын цолонд хүрчихнэ гэж таа­варлаж байсан ямар бөхчүүд байсан бол?

-Энэ жил улсын цолонд хүрчих болов уу гэж бодож
байсан олон сайхан аймгийн арслангууд хоёр, гурвын даваанд хоорондоо таа­раад цолгүй
үлдлээ. Хамгийн дотны хүмүүсээс гэхэд аймгийн арслан Б.Суманчулуун маань цол хүртэж
чадсангүй. Бид хоёрын хувьд олон жил сайхан нөхөрлөж яваа.

-Таныг шууны бяртай гэдэг юм билээ. Хүчний бэлт­гэл­дээ түлхүү анхаараад
байна уу?

-Үнэн л дээ. Би хүчний бэлтгэл түлхүү хийдэг.
Манай аавыг  их бяртай хүн байсан гэж нутгийхан маань ярьдаг юм. Ямар сайндаа,
тракторын чиргүүлийн дугуй хагар­чихаар доор нь орж мөрлөж өргөж байгаад  гэмтэл
авсан байхав дээ. Ер нь аавын тал бяртай хүмүүс байдаг. Тийм болохоор удмын юм болов
уу  л гэж боддог. Манай аавын ээж том биетэй хүн байсан. Ная гарчихсан хойноо
уулын ца­рам­наас арагтай шаваг түүчихээд, бас хомоол хормойлоод ирдэг байж билээ.

-Энэ жилийн наадмаар би ингэж барилдана гэсэн тактик боловсруулсан
уу?

-Тэгэлгүй яахав. Өөрийнхөө хэмжээнд ингэж барилдана
шүү гэсэн бодол байсан. Энэ жилийн наадмаар барилдаж байсан бөх­чүүдтэйгээ өмнө
нь барилдаж байсан болохоор ерөнхийдөө энэ тэгж барилддаг гэсэн багцаа бай­сан болохоор
түүнд нь тааруулж барилдсан.

-Бөхчүүд энэ миний дархан мэх гэж байгаад ярьдаг шүү дээ. Таны дархан
мэх юу вэ?

-Яг дархан мэх гээд хэлчих зүйл алга л байна.
Тухайн үед ямар бөхтэй таарах нь уу тэр нөхцөл боломжийг нь харж байгаад барилдчихдаг.
Тэр нь ч амар юм билээ л дээ. Хааяа шахаж татах мэх хийнэ. Ерөнхийдөө золгооноос
л барилддаг даа.  Хав дөрвөлжин бариад авсан байхад хэнтэй ч сайхан барилдчихна
л гэж боддог. 

-Барилдаан таардаггүй бөх гэж байдаг. Таны хувьд хэн­тэй барилдаан
таардаггүй вэ?

-Барилдаан таардаггүй бөх байлгүй яахав. Дээр
хэлсэнчлэн аль болох тэр болгоныг тааруулж, тохируулаад л  барилдана шүү дээ.

-Таны өндөр, жин одоо хэд вэ. Бөхчүүд дундаа биерхүү харагддаг?

-Өндөр 182 см, жин 125 кг байна. Би чинь тийм
ч биерхүү бөхийн тоонд орохгүй ээ. Ер нь дундаж биетэй гэж ойлгож болно.

-Гэр бүлтэй болж амжсан уу?

-Гэр бүлтэй болсон. Эхнэр, хүү, охины хамт амьдарч
байна. Эхнэрийг маань Ж.Наран-Эрдэнэ гэдэг. Охиныг маань Содлянхуа гэдэг. Гурван
настай. Хүүг маань Сайхансамбуу гэдэг. Бид хоёр нэг нутгийнх. Багаасаа л бие биенээ
мэддэг байсан. Хүү маань хоёр ойтой. Бөхийн спортыг сонирхвол хичээллүүлнэ гэж боддог.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Даага

Үндэсний их баяр наадам өчигдөр эхэлсэн гэхэд болно. Учир нь Урианхай сурын
харвааны мэргэчүүд нумаа эвшээтэл татаж, сумаа зурхайд тоос манарган буулгаж
эхэлсэн. Жинхэнэ утгаараа монгол наадам ингэж л эхэлдэг. Харин 12-ны өдөр
дааганы уралдаанаар төгсдөг гэж болно. Анх удаа төрийн наадамд тоосоо өргөж буй
дааганууд сарвайтал хатираад ижийдээ ирдэг. Айдсын даваа өгсөж ирээд л ижийгээ
хайгаад хангитал янцгаахыг хараад өрөвдөх, хайрлах сэтгэл төрдөг. Хүй долоон
худгийн ногоон дэнжид хөөрхөн дааганууд ороод ирэхэд наадамчдын хөөр баяр дээд
цэгтээ тулдаг. Дааганы уралдаан соёолонгийн тоосонд даруулах хүсэлтэй хүмүүсээс
дутуугүй олныг өдөржин наранд уядаг. Төрийн наадмын алтан зурхайд савх шиг
нарийхан хөлөө арай ядан зөөн ирэх, шороонд булагдан ичингүйрэн ирэх унаачийг
харахад хайр хүрэм байдаг. Өөрийн буруугаас биш, дааганы буруугаас бус уяачийн
уялга муугаас баян ходоод болсон дааганы хүүхэд ичингүйрэн явааг харахад хүн
бүр “Энэ жилийн баян ходоод ирэх жилийн түрүү магнай болоорой” хэмээн ерөөдөг.

МУСГЗ, сэтгүүлч, яруу найрагч Шагдарсүрэнгийн Гүрбазар

“Эхийнхээ дууг сонссон

Исгэл даага сум юм билээ

Ингэдэг гэдгийг нь мэддэг

Хашир уяач нум юм билээ” хэмээн чанга яригч барин
баян ходоодын даага руу алхаж яваа наадмын дүр зураг өнөө хэр сэтгэлд тодхон
байна. Төрийн наадамд олонтаа айрагдсан алдарт “Одон улаан азарга”-ны нэгэн
сонирхолтой түүхийг хүргэе гэж бодлоо.

Галшар сумын нэрт уяач “Монхор” хочит
Н.Халтар гуай нутгаасаа баруун урд Дорноговь аймгийн нутагт нэгэн өвөл адуугаа
оторложээ. Отрын адууны  ойролцоо урд чигийн ганц хүүтэй баян айл өвөлжиж
байсан тул тэднийхээр орж танилцжээ. Халтар гуайгаас тэр айлын ганц хүү нь
азарга тавих даага өгөөч гэж гуйдаг байжээ. Халтар гуай ч тэг, тэг л гэдэг
гэнэ. Хавар ойртож Халтар гуай нэг буухдаа “За бид маргааш адуугаа хөдөлгөөд
цааш хөдөлнө, хүү минь даага ав” гэжээ

Хүү Халтар гуайг мордсоны дараа нутгийн сайн уяач Пунцагийн Шагдарынд очиж
“Халтар гуай намайг даага ав гэлээ. Маргааш буцах гэнэ” гэхэд П.Шагдар “Чи
манайд байж бай, хамт очиж болохгүй, би очоод ирье” гээд явж гэнэ. Уяач Шагдар
адуун дээр очиход Халтар гуай сууж байна гэнэ. Мэнд усаа мэдэлцээд Шагдар “Урд
шөнө чөдөртэй морь алга болжээ. Танай адуу буцах гэнэ. Дагаад яваад өгч мэднэ
гээд шогшиж явна” гэжээ. Ингээд хоёр өвгөн адуун дотуур нилээд явж байснаа,
хайж явсан адуугаа үзэгдвэл дөхүүлж өгөөрэй гэж хэлээд буцжээ.  Буцаж
ирээд хүүд “За хө, жижиг цагаан азаргатай адуунд өнчин болов уу гэмээр бор даага
бий. Түүнийг ав. Халтар өгөх болов уу, яадаг бол. Харин чи эндээс гараад шууд
очиж болохгүй. Тойрч давхиад цаад талаас нь очоорой. Надтай уулзсан гэж хэлж
болохгүй шүү” гэж захижээ.

Нөгөө хүү тойрч давхисаар цаад талаас нь давхин ирж “За Халтар гуай даагаа авах
гэж ирлээ” гэхэд: – За хүү минь энд олон сайхан даага бий. Сүүтэй ч даага бий,
харж байгаад ав” гэж гэнэ. Мань залуу адуун дотуур явж явж, нөгөө Шагдар
өвгөний хэлсэн азаргатай адуу мөн болов уу гэмээр адуунд бор даага байхаар нь:
– Халтар  гуай бор даагыг авъя гэж хэлжээ. Гэтэл уяач Халтар “Хн. Энэ олон
буян дотроос адууны нэр хорлох нь уу. Чи өчнөөн сайхан даага байхад очиж очиж
ийм муу даага аваад байхдаа яадаг юм бэ? Өгөхгүй!” гэнгүүтэй эргэхдээ “Шагдар
нохой л салгалж явсан хэлээ биз!” гэчихээд л адуугаа хөөгөөд явчихжээ.

Тэр залууг морь танихгүй гэдгийг Халтар уяач сайн мэдэж байжээ. Харин
өнөөх  бор даага нь  алдарт “Одон улаан” азарга болсон
гэдэг.

Э.ЭНХБОЛД

Categories
редакцийн-нийтлэл

Найрах уу, барилдах уу, зодолдох уу

Монгол төрийн үндэсний их баяр наадам зургаа хоногийн дараа болно. Уг
баяртаа хэзээнээс ач холбогдол өгч ирсэн манайхан гялайж, гялтайна гэсэн
бүхнээрээ бүлтийтэл гоёод ирдэг. Өдөржин Хүй долоон худагт морь үзэж шороонд даруулна гэсэн ч гоёоноосоо салахгүй. Бүтэн хоёр
өдөр бөх үзнэ гэдэг хэрнээ дээлнээсээ салдаггүй тийм л ард түмэн. Сүүлийн үед харин сур болон
хурдан морьдын уралдаан үзэгчдийн тоо эрс нэмэгдэх болсон гэнэ. Учир нь
үндэсний бөх сонирхогчид наадмын нээлт хараад хэн гэдэг бөхчүүд барилдахыг
ерөнхийдөө баримжаалаад наадмын талбайгаас буцдаг болжээ. Тэгэхгүй бол сүүлийн
жилүүдэд найраа, бөхчүүдийн хоорондох маргаанаас болж үзэгчид тэднээс дөлөх
болсон аж. Тэр бүү хэл нүднийх нь өмнө ирчихээд том хар цүнх савчуулсан нэг
нөхөр “За болжээ. Тоо ёсоороо биз дээ” гээд яваад өгнө. Энэ мэтчилэн наадмын
найраа ил цагаандаа гарсан. Энэ жилийн аймгийн арслан 40-50 сая, улсын начин
цолонд хүрэхэд 200-300 сая төгрөг хэрэг болох тухай яриа гарсан байна лээ. Өнөө
жил өөрийн хүчээр тав давсан ганц, хоёр бөх начин цолны босго давах магадлалтай бол үлдсэн нь
томоохон мөнгөтэй компанийн нэр дээр барилддаг бол начин цолтны бүлд багтана. Харин
Өсөхөө аварга “жижиг” Сүхбатад “карате” хийснээс хойш зодоонтой барилдаан
хөгжиж эхэлсэн. Их, бага барилдаануудын үеэр үзэгчдийг талцуулсан зодоонтой
барилдаан үе үе гарах болсон нь өнөө жудагтай эрс барилддаг гэдэг үг ул болсныг
бэлхнээ илтгэнэ. Илт зодолдохгүй юм аа гэхэд тахим өгч авалцахдаа тохойдно,
өвдөглөнө гээд анзаарагдах зүйл их. Хортой шартай аймгийн цолтнууд сумогийн “цуппари” мэхнээс дутуугүй бие биенээ цохиж, хавирах нэрээр өшиглөж байх юм. Юу
ч мэдэхгүй тэнэг хүмүүс авч ирээд суулгасан мэт авир гаргаж өнөө үзэгчдийг
өөрсдийнхөө маргаанд уруу татан оролцуулж талцуулан бараг л зодолдуулах дөхнө. Үндэсний
бөхийг хөгжиж байна л гэдэг. Угтаа үндэсний бөхөд зодооны урлаг түлхүү хөгжих
болсон билээ.

Саяхан Бүх цэргийн баяр наадам боллоо. Уг наадамд аймаг, цэргийн болон
сумын цолтой 256 бөх барилдав. Наадмын өмнөх томоохон сорилго хэмээн хүмүүс
бөхийн өргөөнд дүүрэн цугласан байлаа. Барилдаанууд ч ид хаваа үзүүлэн сайхан
болсон. Харин их шөвөгт шалгарсан Говь-Алтай аймгийн Цогт сумын уугуул аймгийн
арслан Л.Цэрэнтогтох, аймгийн заан Б.Бадамсүрэнтэй учраа тааран барилдсан.
Тэдний хувьд улсын өндөр цолонд зүтгэх учир мэдээж ганц даваа ч гэсэн тунаанаас
гарахад нь хэрэг болно. Цолны төлөөх ширүүхэн тулааны дүнд арслан, зааны
барилдаан зодоон болсон. Аймгийн арслан Л.Цэрэнтогтох аймгийн заан
Б.Бадамсүрэнгийн хамраас цус гаргаж түүний дараа төд удалгүй шанаа руу цохиод
авав. Үзэгчид ч “Болиоч ээ, чи зайл” хэмээн дургүйцлээ
илэрхийлсэн. Харин “Монгол хүн монжоо алддаггүй” гэсэн шиг аймгийн заан хавирах
мэх хийх нэрээр өшиглөөд авахаа мартсангүй. Цэргийн арслан цолны төлөө ингэж
үхэлдэж байгаа юм чинь улсын цолонд хүрэхийн тулд эд юу ч хийж магадгүй нь гэж
байсан юм.

Э.Энхболд

Categories
редакцийн-нийтлэл

Наадам айсуй

Ай даа, зун цагаа гэж. Уулсын оройгоор наран мандан, жаргах, хүүхэд
багачууд миний бага насыг санагдуулан солонго элдэж гүйх нь нэн төгөлдөр юм аа.
Хотоос гараад л айлууд гаднаа гүүгээ барьж зэлэндээ номхроогүй унага хойшоогоо
цахдан унаж, ааруул, хуруудхан гэр дээрээ тавин хатааж буй бүсгүйчүүд, өнгөрсөн
наадам болоод ирэх наадмын тухай ярих өвгөд хөгшид хөдөөний амьдралын сонгодог дүр
зураг мөнөөсөө мөн.

Өнөө жил хэн гэдэг уяачийн ямархан хүлэг магнайдаа тоосгүй ирэх бол. Хэний
аавын хүүгийн од нь гийж төрийн наадамдаа ес даван түрүүлэх бол. Хэн гэдэг
харваачийн эвшээлгэн тавьсан сум зурхай алдахгүй буух бол гээд түмэн асуулт
хөвөрч байгаа. Сумын наадам хурдан болоосой гэсэн жаалууд уралдан гүйлдэж
“Манай аав, ээж тийм хувцас авч өгнө гэсэн” гээд өөр хоорондоо ярилцаж байгаа.
Зарим нэг нь тэр хувцасаа бушуухан өмсөхсөн гэж яарч байгаа. Зарим нь бүтэн жил
хүлээсэн наадмынхаа хушуурыг идэхсэн гэхээс өдөр хоногийг хуруу даран хүлээж
буй гэдэгт итгэнэм.

Хүлгийн тоос, хүүхдийн гийнгоо, хүчтэний дэвээ шаваагаа бараг зүүдлэн
байна.

Тусгаар гүрэн Монголын түүх соёлыг бадраасан агуу
үндэстний сэтгэлийн угаас наадам гэрэлтэн байгаа биз ээ. Жилдээ хоёр болчихмоор
төрийн наадмаа хүлээсээр Монгол түүхийн буурал судар арвижин байна. Ноднингийн
наадмаас хойш Монголчууд Т.Батаараа эх орондоо авчсан. Олимпийн наадмаас мөнгө,
хүрэл медаль хүртсэн. Хүннү гүрэн байгуулагдсаны 2222 жилийн ой, Шинэчлэлийн Засгийн газрыг дэмжин ажиллах ардчилсан
Ерөнхийлөгчаа ахин сонгосон гээд түүхийн хуудсаа арвижуулсан байна.

Үйл мэтгэх бүсгүйчүүд наад­мын гоёл
урлаж, үүрсэх морьдын төвөргөөн уяачдын сэтгэлийг догд­луулах өдөр айсуй. Газрын холоос ч наадмын дэвжээг зорин, зорин хоног тоолсоор
буй билээ. Эрхий
мэргэн харваачид нь онч цэцээ шалгаж, зодгондоо чангарсан эрс нь дэнж хотойтол
барилдаж, хурдан хүлгийн тоос Хүй долоон худгийг бүрхээд, хуушуур сурагласан
наадамчид Төв цэнгэлдэхээ гороолдог Монгол төрийн наадам айсуй.

Э.Энхболд

Categories
редакцийн-нийтлэл

“Гуталгүй”

Хөдөө гадаа явж байхад сум орондоо дарга, даамлаасаа илүүтэй танигдсан хүн байдаг
даа. Саяхны нэг өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд томилолтоор явахдаа тийм
нэгэн хүнтэй таарсан юм. Түүнийг Сангидоржийн Мишигдорж гэдэг. Мишигдорж гуайг
нутгийнхан нь “Хүннү хүн” гэнэ. 70 шахаж яваа энэ буурлыг яагаад “Хүннү хүн”
гээд байгаагийн учрыг нь асуухад “Мань эр насаараа гутал өмсөөгүй хүн байгаа
юм” хэмээн нутгийнхан нь хэлж байлаа. Хааяа нэг хөдөөгүүр явж байхад хот хүрээ
орж үзээгүй ээ гэсэн хүмүүс таардаг. Мишигдорж гуай мөн л тэдний нэг ажээ.
Телевизээр хааяахан нэг нийслэлийнхээ тухай нэвтрүүлэг хардаг бол хот хүрээ
бараадъя гэсэн бодол төлийлөн төрдөггүй гэнэ. Салхи савир үнэртүүлсэн энэ л
буурал замын машин унаанд сууна гэж харин ч нэг үгүй юм аа. Тэгээд л хөл нүцгэн
таваргах дуртай гэж байгаа. Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн
Хайрхандулаан сумд руу бол зүгээр л эртхэн гараад алхчихна. Явах замдаа айлаар
орсон шигээ аажуу тайвуу алхахад маргааш нь сумын төвд хүрчихнэ. Замдаа таарсан
айлаас ааруул, хуруудхан цуглуулж цагаан шуудайгаа дүүртэл нь хийчихээд ирнэ. Цагаан
шуудай үүрсэн, өндөр бор, хөл нүцгэн өвгөнийг хүүхдүүд андахгүй. Дагаад л гүйнэ
дээ. Амин чухал хэрэгтэй мэт сум дамдан явж цуглуулсан ааруулаа хүүхдүүдэд
бүгдийг нь тарааж өгчихөөд одоо л нэг хэрэг бүтлээ дээ гэсэн нар салхинд
гандсан хүрэн дээлхийнхээ нударгаар хөлсөө шуударчихаад инээж суух нь түүний
жаргал гэсэн. Түүний хувьд насаараа ганц бие явсан юм билээ. Өөрийн гэсэн
зулайг нь үнэрлэх үргүй болохоор хүүхдүүдэд ингэж буян үйлддэг юмсан уу даа.

Хаврын дунд сар гаруут памбагар цагаан эсгийн гутлаа эгчийндээ үлдээчихээд
намрын адаг сар хүртэл “гуталгүй” аянаа эхлүүлнэ. Нутаг усных нь түүнийг мэдлэгтэй
гэдэг. Учир нь тэрээр Монголын болон сум орны түүхийг хэнээр ч заалгахгүй
ярьчихна. Зарим нэг нөхөд түүнийг шалгах гэж түүхийн ном барьж байгаад дундаас
нь асуухад шууд хэлээд өгчихдөг байна. Залуу зандан цагтаа түүнийг бяртай
байсан гэлцэнэ. 70 кг-ын тааран шуудайтай гурилыг үүрч аваад эгчийнх рүүгээ 15
км газар төвөггүй алхсаар хүргээд өгчихдөг байсан тухай нутгийн буурлууд ам
уралдан ярих. Мишигдорж гуайтай яриа дэлгэн суухуйд “Гутал өмсөнө гэдэг хэцүү.
Ядаж л байгаль дэлхийгээсээ холдож буй мэт санагдана. Түүний оронд хөл нүцгэн
өвс, чулуудаас байгалийн дулааныг мэдэрч явах нь сайхан. Гутал гэдэг эд чинь
шивэртэхээс эхлээд зовлон ихтэй золиг байна лээ дээ” гээд алсын барааг
саравчлан суух нь одоо хаашаа явах вэ гэсэн шиг санагдах ажгуу.

Насаараа хөл нүцгэн явсан болоод ч тэр үү хөлийн тавхай нь ширнээс дутуугүй
болсон байсан. Гэвчиг “гуталгүй”-н буянаар насаараа өвдөж үзээгүй юм билээ.
“Надад хууч өвчин гэж алга. Хамрын ханиад ч хүрч үзээгүй өвөө нь” хэмээн
инээмсэглэн явах. Түүний хувьд архи, тамхийг айхтар цээрлэнэ. Нарийнтээлийнхэн
энэ буурлыг залуу зандан цагаасаа эхлээд өнөөг хүртэл согтуу бүү хэл
үнэртүүлсэн явахтай нь таараагүй гэдэг. Халуун зунаар ноосон малгай, зузаан
цамцны гадуур дээл өмсөн яваа түүнийг танихгүй хүн харвал өвчтэй солиотой нэгэн
гэж ойлгож болох. Гэтэл зуны халуун өдрүүдэд дээлээ зузаалчихвал сэрүүхэн байдаг
юм хэмээн мушилзах өндөр хөх өвгөн Нарийнтээлийнхээ намхан шаргал толгодынхоо
дунд хүүхдүүдэд ааруул, ээзгий тараасан шигээ “гуталгүй” амьдарч явна.

Categories
редакцийн-нийтлэл

Нарийнтээлийн хөндийд “цагаан тариа” найгах болно

Д.ЦЭРЭНТОГТОХ АВАРГА, Ч.ДАВААДОРЖ ХАРЦАГА НАР БАГАДАА ОЙГҮЙ ХҮЧТЭЙ БАЙСАН ГЭЛЦЭНЭ

Нарийнтээл сумынхны нэгэн бахархал нь яах аргагүй төрийн наадмын түрүү бөхөөр дөрвөнтөө тодорч, таван удаа үзүүрлэн, 15 шөвгөрсөн Монгол Улсын гавьяат тамирчин Дашдоржийн Цэрэнтог­тох аварга мөнөөсөө мөн. Монгол Улсын улам нэмэх харцага, самбо бөхийн ОУХМ, Чогжинмөн­сөлийн Даваадорж, улсын начин Ж.Бат­мөнх, жүдо бөхийн Ази ти­вийн аварга Дагвадоржийн Төмөрхүлэг нар энэ нутгийн уугуул юм.
Ялангуяа дархан аварга Д.Цэ­рэнтогтох, харцага Ч.Даваадорж нар Шарга багийн тэр буйдхан хөндийд адуу дэлдэж, тугал бяруу өргөж явсан ажээ. Эдний тухай нутгийн нь хүмүүс магтан ярих дуртай. “Хар” аварга минь олон жил биднийгээ баясгасан даа. Харцага маань харин начин Г.Оргилболд­той мундаг барилддаг байсан бол хүү Төмөрхүлэг нь аавынхаа ший­рийг хатааж байна хэмээн бахар­хана. Д.­Цэрэнтогтох аварга багадаа гутал өмсөх дургүй хүүхэд байжээ. Түүнийг багад нь “Цэрэнтогтохоо чиний биеийн цагаан хэсгүүд аль вэ” гэхэд шүд, хөлийн тавхай хоё­роо үзүүлчихээд гүйгээд явчихдаг байсан тухай нэг голын хүмүүс нь ярингаа маг, маг инээнэ. Цэрэн­тогтох аварга багадаа биерхүү “хар” хүүхэд байсан гэнэ. Зайдан морь унан уурга гэж бүдүүн мод барьчихаад түүгээрээ адуу малдаа явдаг байсан аж. Аваргын хувьд багын барилдаанч нэгэн байсан бөгөөд үеийнхнийгээ даанч нэг дагуулахгүй мундаг бяртай байсан аж. Аваргыг багад ах нар нь барилдаад ч давдаггүй байжээ. Гэрийн гадаа үеийнхээ хүүхдүүд­тэй тоглоод гүйж байхад нь хөлийн чимээ нь гэрт сонсогддог байсан гэдэг. Гадаа пид пид хийсэн хөлийн чимээ гараа л бол Цэрэнтогтохоос өөр хүн байдаггүй байж. Аваргын аавыг нутгийнхан нь “хөл” Даш­дорж гэдэг байсан тухай нутгийнхан хэлсэн юм. Нэг их өндөр биерхүү, хар нөхөр л мал туудаг байсан гэнэ. Харин аваргын ээжийн ах нь Довчиндагва хэмээх барилддаг хүн байжээ. “Хар” авар­га наймдугаар анги төгсөн Баян­хонгорын барилгын ТМС-д яваад барилдаж эхэлсэн бөгөөд 1970 онд цэрэгт очсоныхоо дараа “Ал­дар” спорт хорооны тамирчин болжээ. Наадам болохоор нут­гийн­хан нь “араажив”-аараа бөхөө сонсож, цай сүүний дээжээ өргөдөг байжээ.
Харин Ч.Даваадорж харцага багын хүч тэнхээтэй хүүхэд байсан гэнэ. Монголын үндэсний бөхөд амжилт гаргасан хүчтэнүүдийн ихэнх нь луу жилд төрсөн бол харцагын хувьд 1964 оны луу жилтнүүдийн нэг билээ. Даваадорж гурав дахин хүнд ачааг торолгүй өргөөд явчихдаг хүүхэд байсан гэнэ. Түүнийг голынх нь хүүхдүүд “Хүзүүвчгүй хусуур” гэдэг байжээ. Голынхоо хүүхдүүдтэй барилдах­даа нэг л мэдэхэд хөл рүү орон өргөөд шидчихдэг байсан аж. Харцага жаахан хүүхэд байх­даа л аль хэдийнэ гэр бүл зохион цэрэгт яваад ирсэн халхгар эрчүү­дэд тахим буулгаж үзээгүй гэлцэх юм билээ. Тэрээр сумандаа найм­дугаар анги төгсөөд аймгийн тө­вийн сургуулийг төгсчээ. Даваа­дорж харцага дотуур байранд амьдардаг байсан гэнэ. Бакиалын зулаг, дээлийн сугаа ханзартал барилдаад явдаг байжээ. Харца­гын ангид сүрхий барилддаг хэд хэдэн хүүхэд байж. Цэрэнтогтох аваргын хамаатан Гансүх, Гомбо гээд мундаг хэдэн хүүхэд байсан гэнэ. Тухайн үед овойж барилдах буюу талцаж барилддаг байсан аж.
 

МЯНГААС ДЭЭШ МАЛТАЙ ИРГЭД Л САЙХАН АМЬДРАХ БОЛОМЖТОЙ ГЭНЭ

Тус сумын иргэдийн бараг л тал хувь нь мал аж ахуй эрхэлдэг аж. Сумаа тойрон нутагладаг малчид нь сүүлийн жилүүдэд хоршоо болон нэгдэх ажилд ханцуй шам­лан оржээ. Тус сумын Шарга ба­гийн мянгат малчин Дамдинсүрэн гуайтай уулзсан юм. Тэднийх 1990 оны эхээр мал дагаж эхэлсэн бөгөөд 1997 оноос хойш 1000-аас дээш мал тоолуулж байгаа гэнэ. Зуд турхан болдог ч гэсэн тэдний мал төдийлөн хоргоддоггүй нь малчны эрдэмтэй шууд холбоотой аж. Дамдинсүрэн гуайнх өнөө жил 400 орчим төл авсан ч төдий хэм­жээгээр нь цөөлжээ. Тэгэхгүй бол эхнэр хүү хоёртойгоо хамт байдаг тул хүн бүл дутдаг гэсэн. Хавартаа мал төллөх үеэр туслах малчин аваад бусад үед нь өөрөө малаа хариулдаг юм билээ. Хавар 400 гаруй ямаанаасаа 170 кг ноолуур авч түүнийгээ тушаахад 9 сая гаруй төгрөг болжээ. Дамдинсүрэн гуайнх долоон хүүхэдтэй тул аль юм хэрэгцээтэй байгаад нь тарааж өгөөд л таарах юм гэлээ. Мал мянга хүрэхээр идэх хонь олддоггүй гэсэн үнэн үү хэмээн тоглоом шоглоомын завсар асуутал хэсэг жуумалзса­наа “Энэ ч үнэний ортой шүү. Алийг нь төхөөрөхөө мэдэхгүй байж байгаад хөгшин хөвөөгөөс нь л гаргадаг” гэлээ. Тэднийх хавартаа малтай болох хүсэлтэй иргэдэд залуухан хургатай хонио тус бүрийг нь 160 мянган төгрөгөөр зардаг байна. Гэхдээ хөдөө амь­дарч буй хүмүүс мянгаас дээш малтай л байхгүй бол амьдрал хэцүүхэн дээ гэж байлаа. Цөөн малтай ир­гэдэд төдийлөн ашиг байдаггүй тухай ярьсан юм. Тэднийх малаа даган отроор яваа аж. Эрвийсэн хадтай уулын суганд ганц гэрээр оторлож яваа бөгөөд УАЗ 469 машин, хятад мотоциклийг гэрийн­хээ баруун талд сойжээ. Малдаа мотоциклиороо яваад байна уу гэхэд “Арай ч тэгж монго­лоо ал­даагүй байнаа. Манайх хэдэн адуутай. Хүү бид хоёр адуугаараа л малаа эргүүлдэг. Энэ хужаа “яаав”-аар сумын төв ороход амар байдаг юм хэмээн нарны гэрэлд солонгорон харагдах хар мото­циклио заав.
 

ЗАСАГ ДАРГА НЬ НАМЫН ТАЛЦАЛ БАЙХГҮЙ ГЭСЭН Ч ХАМГИЙН ИХ УЛСТӨРЖСӨН ГАЗАР ГЭВ

Сүүлийн үед сумдын Засаг даргын тамгын газар гэж найз нөхдийн ажлын алба болсон тухай яригдах болсон. Нарийнтээл сумын удирдлагууд нь МАН-ын нөхдүүд гэнэ. Энэ талаар сумын Засаг дарга О.Түмэнжаргалаас асуухад “Манайд тийм зүйл байх­гүй. Тэр бүү хэл улс төрийн намуу­дын талцал ч байхгүй. Харин АН-тайгаа хамтарч ажилладаг” гэсэн юм. Гэтэл сумын иргэдтэй уулзаж байхад өөр хариулт өгсөн. Хамгийн их улстөржсөн намуудын талцал ихтэй сум гэж манай сумыг л хэлэх байх гэцгээж байлаа. Засаг даргын там­гын газар руугаа ардчиллын төлөө гэсэн сэтгэхүйтэй хүн ороод ч хэрэггүй гэсэн юм. Тэдний хувьд сумынхаа тухай болж бүтэхгүй зүйлсийг ярьж болох ч сумын удирд­лагуудаасаа “айгаад байна” гэдгээ нуусангүй. Учир нь нэрээ нууцлаад ярьсан ч яаж ийж байгаад мэдчихдэг болохоор төсөл бариад орохоор дэмжихгүй байх гэлээ. Тус суманд ажлын байр цөөхөн тул иргэд төсөл авч ажиллах хүсэлтэй байдаг гэсэн. Сумын хэмжээнд 12 лиценз байдаг бөгөөд тэр нь 25200 га газрыг хамардаг гэнэ. Нутгийн иргэд лицензийг болиулах гэж маахайгаа эргэтэл явсан сурагтай. Сүүлд харин Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр эдгээр лицензүүд цуцлагдсан байсан гэв. Ундрах захиралтай Их хан уул компани газар нөхөн сэргээлт хийх нэ­рийдлээр газрын хөрсийг эргүүлж хаячихаад нэг л өдөр алга болоод өгсөн. Ундрах гэдэг нөхөр нь МАН-д том артай, сумын удирдлагуудын найз нөхөд болох тухай ярьж байлаа. Сумын иргэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гишүүнийг суманд нь ирэхэд “Та ард түмэн биднийг төлөөлөн УИХ-д сууж байгаа хүн. Бидний эрх ашгийг хамгаалж хууль бус зүйлсийг зог­соогооч ээ” гэхэд “Юу гэж хууль бус юм хийхэв дээ, эд нар” гээд хал­гаагаагүй аж. Одоогийн Засаг дарга Түмэнжаргал өмнө нь сумын дарга байсан Ц.Охинтогтох гэж хүний охин гэнэ. Ингэж үе улиран сонгогддог байдлыг болиулах хэрэгтэй хэмээн нэлээд бухим­далтай байлаа. Засаг даргын тамгын газрынхан нь ах дүү, хамаат­ны сүлбээгээр ажилладаг тухай ам уралдан ярьж байсан. Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Зоригт нарыг гишүүний суудлаас буулгахаар Баянтээгийн уурхай­гаар гарын үсэг зуруулж явна гэсэн шүү хэмээн байн, байн хэлж байлаа.
 

НАРИЙНТЭЭЛИЙН ЗАМ ДАГУУХ ГЭР ГУАНЗ АЖИЛЛУУЛЖ 30 ГАРУЙ ӨРХ АМЬДРАЛАА ЗАЛГУУЛЖ БАЙНА

Сумын урдуур дайран өнгөрөх зам дагуу гэр, байшин хосолсон 30 орчим өрх бий. Төв замаас хазайн гэр гуанзнуудыг чиглэн ирэх машины дуунаар бүгд гэрийнхээ гадаа гараад ирнэ. Бүгд л манай гэрийн гадаа буучихаасай хэмээн битүүхэн дотроо хүлээдэг гэлээ. Нэг айлын гадаа машин очоод зогссон бол буцаад гэр рүүгээ орчихдог аж. Хүмүүс замын гэр гуанзнууд ашиг их олдог гэж боддог ч ачир дээрээ тийм биш юм билээ. Ямартай ч өлсч, даарсан хүмүүст буян болж дулаан гэр, хоол ундаар дайлдаг тул өөрсдийгөө буянтай ажил хийдэг шүү хэмээн бахархана. Төвөөс алс зайдуу болохоор хоол хийх материалынх нь өртөг өндөр байдаг гэсэн. Өртөг өндөр гээд хоолныхоо үнийг нэмчихээр байн­гын үйлчүүлэгчид нь гомдол мэ­дүүлдэг аж. Нарийнтээл сумыг дайран баруун таван аймаг руу машинууд явдаг. Би Нарийнтээл суманд ирээд хамгийн түрүүн танилцсан хүн бол эхнэртэйгээ гэр гуанз ажиллуулдаг Д.Баттулга байсан юм. Түүнийг хэн ч харсан жүжигчин Аситай андуурам ажээ. Нүд нь эргэлдсэн, харахаас сэр­гэлэн байрын тэрээр эхнэр Д.Даа­риймаа болон хүү, охины хамт амьдардаг юм билээ. Эднийх сүү­лийн таван жил гэр гуанз ажил­луулж байгаа гэсэн. Ямартай ч хоёр идэхгүй, хоосон хонолгүй явсны буянд гэр гуанзаа өргөтгөн байшин барьжээ. Таван жил хураа­сан мөнгөн дээрээ ЖДҮ-ийг хөгжүүлэх зээлээс таван сая төгрөг авч эл байшингаа босгосон бөгөөд удахгүй шинэ байшингийн найр хийнэ гэж байлаа. Гэр гуанз ажиллуулан амьдарч буй 30 орчим айлын тэрсхэн хэдэн жаалууд ёстой л нэг бужигнуулдаг юм билээ. Нэг хара­хад л нэг газар гүйж явна. Хэдэн гэрийн хооронд харин ч нэг яд­ралгүй гүйх юм аа. Эдгээр хүүх­дүүд байшингийн сүүдэрт сэрүүцэж байс­наа “Хүннү хүн ирлээ” гээд шуу­гилдлаа. “Хүннү хүн” гэж ямар хүнийг хэлээд байгаа юм бол гэтэл зүү гартаа цагаан шуудай, баруун­даа таяг гэмээр мод барьчихсан сахал үс нь ургасан, хүрэн дээлтэй хөл нүцгэн хүний зүг багачууд жирийлгэж байлаа. Д.Баттулга энэ манай сумын хүн байгаа юм. Гутал ерөөсөө өмсөнө гэж байдаггүй хүн дээ гэв. Өнөө “Хүннү хүн”-тэй та­нилцахаар боллоо. Түүнийг Санги­доржийн Мишигдорж гэдэг. Насаа­раа нутагтаа амьдарсан бөгөөд өдгөө 68 нас хүртлээ Улаанбаатар хот руу орж үзээгүй ажээ. Баян­хонгор аймгийн Өлзийт, Өвөрхан­гай аймгийн Хайрхандулаан сум­даар явсаар байгаад насан өндөр болжээ. Гэхдээ 70 гаруй км хөл нүцгэн дээр нь явганаар эдгээр сум­дад очдог гэлээ. Хамгийн холдоо Төв аймгийн Лүн суманд хоёр удаа очсоноос цаашгүй аж. Насаараа хөдөөгүүр хөл нүцгэн таваргасан болохоор хууч өвчин гэж байдаггүй гэсэн. Хаврын дунд сараас өвлийн дунд сар хүртэл хөл нүцгэн явдаг юм байна. Өвөл цасан дээр хөл нүцгэн хүний хөлийн мөр гарсан байвал “Хүннү хүн”-ээс өөр хэн ч биш ажээ. Тэрээр зун хөдөөгүүр явж шуудай дүүрэн ааруул үүрч ирээд сумын хүүхдүүдэд тарааж өгдөг тул хүүхдүүд түүнд маш сайн. Түүнийг залуу байхдаа 70 кг-ын шуудайтай гурил үүрээд 15 км газар амралгүй хээвнэг алхдаг байсан тухай гуанзныхан ярьсан юм. Тэдэнтэй ойр зуурыг хуучлан байхад хоёр агрономич маань намайг үдэж өгөхөөр ирлээ. Их хотын зүг хүлгийн жолоо залах гэж байх ахуйд агрономич  Д.Батцэнгэл, Р.Өлзийбат нар намар ирэхэд чинь Нарийнтээлийн хөндийд цагаан будаа найгаж байх болно хэмээн гар далласаар хоцорлоо.
 

Э.ЭНХБОЛД 

Categories
редакцийн-нийтлэл

Нарийнтээлийн хөндийд цагаан тариа найгах болно

Нарийнтээл суманд цагаан будаа тариалж буй нь

ЗАМЫН УНААНД СУУН Д.ЦЭРЭНТОГТОХ АВАРГА БОЛОН УЛСЫН ХАРЦАГА Ч.ДАВААДОРЖ НАРЫН НУТАГТ ИРЛЭЭ

Дорнод аймгийн Халх гол,
Төв аймгийн Баян­чанд­маньд цагаан бу­даа­ны тариалалт
хийж эхэлсэн тухай хэдэн
жи­лийн өмнө яригдаж
бай­­сан. Гэвч төдийлөн
ам­жилт­тай болоогүй
билээ. Учир нь Японы
уур амьс­гал, чийгшилт
нь Монго­лоос тэс
өөр юм. Харин Мэргэжлийн
сумогийн 69 дэх аварга, Монгол
Ул­сын гавьяат тамирчин
М.Даваа­жаргал
“Хакухо” брэндийн цагаан будааг эх
орондоо тариална гэж байсан нь
бие­лэлээ олох цаг
ойрхон бол­жээ. “Хакухо”
цагаан будааг Өвөрхангай аймгийн
Арвай­хээр, Нарийнтээл, Хархорин,
Төгрөг сум болон Төв
аймгийн Зуун­мод хотод
тариалах тур­шил­тыг
хийж байна. Өнгөр­­сөн
жил  тус
аймагт анх удаа цагаан
будаа тариалж 700 грамм үр авсан
бөгөөд өнөө жил уг
үрээ дээрх сумдад хуваан
тариалж байгаа аж. Энэ талаар сурвалж­ла­хаар Өвөрхангай айм­гийн Нарийнтээл сумыг зорилоо. “Нарантуул” захаас Баянхонгорын фургонд чихэлдэн сууж аваад Нарийнтээл рүү хөдлөв. Оюутны зуны амралт эхэлсэн тул гэрээ­дээ зоригсод хамт зор­чигч­­дын дийлэнх бай­лаа. Бидний унаа нар жаргаж, үдшийн гялаан тохиож байх үест нийс­лэ­лийг орхилоо. Өглөө­ний на­ран Хүрэн овоон дээгүүр нэлээд өндийж байх үест Нарийнтээ­лийн замын уушийн га­зар ирэв. За­мын нөхдөө аян замдаа сайн явахыг ерөөгөөд миний бие дар­хан авар­га Дашдоржийн Цэрэн­тог­тох, улсын хар­ца­га “жижиг” Ч.Даваа­дорж на­рын олон сайхан хүчтэ­нүүд төрсөн ус ну­тагт хоцорлоо. Эрэмгий бөх­чүү­дийг өлгийдөн ав­сан Шаргын уулс, Таа­цын гол холдоо цэнхэр­лэж угт­лаа шүү.

Замын гуанзны хү­мүү­сээс цагаан будаа­ны тариалалт хаана яваг­даж буйг асуун сумын төв орлоо. Өглөөний найман цаг даруй өнгөрч нар дээр хөөрсөн байсан ч буйдхан сумын төвд хонд­­­лой­­гоо хүртэл сүүлээ өргөсөн хэдэн ноход, дээ­лээ сугалдаргалсан морь­­­­той ганц хоёр залуу­гаас өөр хүн, амьтан үзэгд­­­­сэнгүй. Төрийн ал­ба­­­ны ажил өглөө есөн цагт эхэлдэг тул захир­гаа­ных нь гадаа хүмүү­сийг ажилдаа ирэхийг хүлээлээ. Хэлхгэр ягаан дээл, бүрх малгай дух­дуул­сан хүрэн бор ца­рай­тай хижээл насны эр хоёр гараа нуруундаа үүрэн захиргааны зүг исгэрэн алхаж явна. Мань эрээс цагаан будаа тариалдаг хүний тухай асуутал Сумын жижиг, дунд үйлдвэрийн ажил­тан Д.Батцэнгэл гэж хүн бий гэлээ. Жижиг, дунд үйлдвэрийн ажилтны өрөө нь сумын захир­гаа­ны хоёр давхарт байд­гийг мэдсэн миний бие өрөөнийх нь үүдэнд хү­лээ­­хээр шийдлээ. Төд удалгүй хар цамц, хүрэн нүдний шил, шаргал цүнх барьсан дунд зэр­гийн нуруутэй эмэгтэй өнөө өрөөг чинь онгойл­гон орлоо шүү. Би ч араас нь орж хэрэг зори­гоо дуулгатал Нарийн­тээл суманд цагаан бу­даа тарьж эхэлж буй Д.Батцэнгэл байсан юм.

Уржнан жил анх Өвөр­­­хангай аймгаас хоёр хүн Япон улсын Хоккайдо мужийн Таки­ка­ва хотод очиж цагаан будаа хэрхэн тариа­лах тухай сургал­тад хамрагд­сан бол нод­нин тус айм­гийн ХХААЖДҮ-ийн газ­рын ХАА-н мэргэжилтэн Д.Пагма, Д.Батцэнгэл нар зургаан сарын турш сур­гал­тад хамрагдаад ир­жээ. Ноднин анх удаа Өвөрхангай аймаг ца­гаан будаа тариалсан бол өнөө жил аймгийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиг­лэлд Арвайхээр, Нарийн­­­тээл, Хархорин, Төгрөг суманд цагаан будаа тариалах, туршин тарих ажил эхэлжээ. Харин өнөө жил хоёр дахь удаагаа ийнхүү тарьж байгаа аж. Ноднин жилийн тариалалт бо­лом­­­жийн байсан тул нутагш­­сан үрээрээ өм­нөх жилийнхээс ахиу хэм­жээний газар тарьж байгаа гэлээ. Өнөө жил анх удаа Төв аймгийн Зуунмод хотноо Хакухо аваргын талбайд цагаан будаа тариалсан гэнэ. Нарийнтээл сумын хувьд хүлэмжинд, ил талбайд гэсэн хоёр янзын тариа­лалт хийхээр төлөвлө­жээ. Хүлэмжинд тариал­сан ургацаа бүрэн авна гэдэгтээ итгэлтэй байгаа юм билээ.

Д.Батцэнгэл дөрөв­дүгээр сард бэлтгэсэн 8000 ширхэг  цагаан бу­даа­ны үрслэгээнээс тав­ду­­гаар сарын сүүлээр 7000 ширхгийг дөрвөн сумын 210 м2 талбайд ил болон хүлэмжинд та­риал­­жээ. Мөн цагаан будаа тариа­лагч­даас  Төв аймагт  Хакухо  М.Даваажар­га­лын тал­байд 1000 шир­хэг үрсэл­гээг 40 м2 тал­байд  суул­гасан байна.

 

ЦАГААН БУДАА ТАРИХАД БОРДОО ХЭРЭГГҮЙ, ХАРИН УС ХЭРЭГТЭЙ АЖ

Д.Батцэнгэлийн хувьд агрономич мэргэжилтэй бөгөөд 28 жил мэргэж­лийн­хээ дагуу ажилла­сан нэгэн байв. Тэрээр 2008 онд улсын аварга тариаланч болж байсан аж. Түүний нөхөр Р.Өл­зий­бат мөн л агрономич мэргэжилтэй нэгэн. Мөн л 2005 онд улсын аварга тариаланч болж байсан гэнэ. Д.Батцэнгэл агроно­мич цагаан будааны үр­сэл­гээ тарьсан талбай руугаа хамт явахаар бол­сон юм. Тариан талбай нь сумынхаа төвөөс хол­гүй ажээ. Нарийнтээл сумыг дайран өнгөрөх шинэхэн засмал замын урдхан талд байлаа. Тэд­ний хувьд энэ жил хүлэм­ж­ийнхээ 10 сот газар цагаан будаа тарь­жээ. Цагаан будааны хувьд үрийг нь нэг дор гурван ширхгийг хийж тарьдаг гэлээ. Эдгээр гурван үр ургасан нөх­цөлд нэг багц болсноор нэг ширхэг үрсэл­­гээ бол­дог байна. Цагаан будааг анх удаа гадаа тарих гэж байгаа болохоор өнөө жил хуу­чин тариалдаг хүнсний ногоогоо тариа­лаа­гүй аж. Ганцхан ца­гаан бу­даан­даа анхаар­лаа хан­дуу­лахаар бол­жээ.

Цагаан будааны үр­сэл­гээ нь улаан буудай­наас ялгарах зүйлгүй ажээ. Намар хураалтын үед ч мөн адил улаан буудайнаас ялгарахгүй харагддаг гэсэн юм. 20 гаруй см ургасан үрсэл­гээгээ өнөөдөр гадаа талбайд тарьж үзнэ гэж байв. Өнгөрөгч жилийн хувьд хүлэмжиндээ л ганцхан тарьсан бөгөөд энэ жилээс гадаа тал­байд үрсэлгээ шилжүүлж суулгаж үзэх гэнэ. Р.Өлзий­­бат тармуур барин цагаан будааны үрсэл­гээгээ суулгах тал­бай­гаа тэгшилж, хайрцаг бэлтгэлээ. Хагас цаг ор­чим талбайгаа бэлтгэн усалгааны шуу­дуу­гаар хайрцаг руугаа ус оруу­лав. Цагаан будаа тариа­лахад ус хэрэгтэй байдаг тул тухайн газрыг нэв­шир­тэл услах ёстой гэлээ. 30 гаруй см өндөр хашлага бүхий хайрцаг­ны талаас дээгүүр ша­хуу ус хийгээтхэв. Уг усыг шингэх төдийд тариа­лал­таа эхлэхээр боллоо. Нарийнтээл суманд л ургачихвал Монголын хаана ч цагаан будаа ургах учиртай хэмээн гартаа барьсан хүрзээр шороо суллангаа тэд хэлц­гээж байлаа. Учир нь Нарийнтээл сумын хувьд  говь, хангай хосол­сон хээрийн бүс тул сэрүүв­­тэр байдаг аж. Энэ сэрүүн нөхцөлд үрсэл­гээ­гээ дасгаад намар үрээ гаргаад авчихбал ирэх жил шууд гадаа та­риа­­­лах боломжтой. Мон­голд тариалж буй цагаан будааны үр нь Хоккайдо мужид гарган авсан гэнэ. Япон улсын хувьд үрийн бодлого чан­га тул гадаг­шаа үр гарга­на гэсэн ойлголт байдаг­гүй. Харин Японоос нод­нин ирсэн сургагч багш нар ганц атга хүрэхтэй үгүй­тэй үр өгцгөөжээ. Ингэж л өмнөх олон бүтэл­гүй туршилтуудыг даван Мон­го­лын хөр­сөнд анх удаа цагаан будаа ам­жилт­тай тариа­лах нөх­цөл бий болсон ажгуу.

Хоккайдо муж нь цаг агаарын хувьд Монгол­той төстэй бөгөөд манай­хыг бодоход хур бороо элбэгтэй байдгаараа л өөр юм байна. Д.Батцэн­гэл Японд байсан үеийн­хээ тухай ярьж өглөө. Тэрээр наран улсад очоод Токиод нэг сар хэлний бэлтгэлд суухдаа яаж зургаан сар болно доо хэмээн шантрангуй байсан ч Хоккайдо му­жийн Такикава хот нь манай оронтой төстэй тул төвөггүй дассан аж. Уг хотод цагаан будааны тариалан нь л Монго­лоос илүү болохоос ма­найд тарьдаг бүхий л хүнсний ногоог тарьдаг байсан гэв. Цаг агаарын хувьд төстэй тул техноло­гийн хувьд тийм ч хэцүү бай­гаа­гүй тухай ярьж байх хооронд Р.Өлзий­бат агрономич 600 шир­хэг үрсэлгээг газрын хөрс­­нөөс нь суллан шил­жүү­лэн суулгахад бэлэн болжээ. Тэдний хүлэм­жинд хэд хэдэн төрлийн бордоо харагдав. Со­ниуч зандаа хөтлөгдсөн би “Цагаан будаанд аль бордоо нь хамгийн сайн бэ” гэхэд “Цагаан бу­даанд бордоо хэрэггүй ээ. Харин эмзэг үеийг нь өнгөртөл ус байнга хийж байх хэрэгтэй” гэв. Сумын хоёр агрономч гадаа үрсэл­­гээгээр тарьсан будаа ургахгүй бол ядаж дараа жил ахин тарих үрээ авч үлдье” хэмээн хүлэмжиндээ 2*2 хэмжээ­тэй хайрцаганд хэдэн ширхэг үрсэлгээ суул­гаат­хав. Хайрцагныхаа дотор талын ирмэгийг дагуулан газрын хөрсөн доогуур гялгар уутны үзүүрийг оруулжээ. Учир нь гадагшаа чийг алдах нь бага тул цаашид ингэж хийх хэрэгтэй хэмээн япон багш нь заагаад буцжээ.

Э.ЭНХБОЛД