Монгол залуусын хийсэн хаалгыг ОХУ–д худалдаж эхэлжээ. Хойд хөршид хаалга нийлүүлж буй “Mega wood” компанийн үйлдвэр нийслэлээс зайдуу, Хонхорын наахна байрладаг юм байна. Энд хаалганаас гадна тавилга, лак өнгөлгөөний үйлдвэр ч ажиллаж байна. Тус компанийн ерөнхий захирал Ц.Ариунбаттай ярилцлаа.
–Чанартай хаалга үйлдвэрлэдэг улс Монголоос хаалга импортлох болсон нь ямар нэгэн учиртай байх. Оросуудтай яаж холбогдсон юм бэ?
-Өнгөрсөн
намар тавилга, тавилгын түүхий эд борлуулдаг оросуудтай санамсаргүй байдлаар уулзаад үйлдвэрээ үзүүлсэн чинь “Герман, Солонгос, Хятадын брэнд болсон тоног төхөөрөмжүүдтэй том үйлдвэр Монголд
байдаг гэж ёстой бодсонгүй. Тэгээд бүр шугаман дамжлагатай шүү” гэж гайхаад буцсан л даа. Дараахан нь загвар авах санал ирүүлсэн. Яг тэр үед нь манай компани Монголд хийгддэггүй лактай хавтан хийдэг шинэ шугам оруулж ирээд байсан юм. Тэр бүтээгдэхүүнийхээ загварыг явуултал
их сонирхсон. Орос даяар 26 дэлгүүртэй компани юм билээ. Эхний ээлжинд тодорхой тооны хаалга авъя гээд сая гэрээ байгууллаа. Цаашдаа эрэлттэй байвал тогтмол худалдаж авъя гэж байгаа.
–Орос бол том зах зээл. Хүссэн хэмжээгээр нь хаалга экспортлох боломжтой юу?
-Манай компани үйлдвэрийнхээ бүрэн хүчин чадлаар ажиллахгүй байгаа ч дотоодынхоо хаалганы хэрэгцээний бараг 50 хувийг хангаж байна. Тэгэхээр
гадагшаа
экспортлох боломж байгаа гэсэн үг. Цаашдаа оросуудын хүссэн хэмжээгээр хаалгаа нийлүүлэх боломжтой.
–Танай хаалга Хятадаас импортолж байгаа хаалганаас юугаараа ялгаатай вэ?
-Чанараараа
илүү. Бас технологиороо ялгаатай. Манай хаалганууд герман стандартынх. Нэг барилгад мянган хаалга байлаа гэхэд
мянган янзын хэмжээгээр хийж чадах өндөр технологийг бий болгож чадсан. Урдаас орж ирсэн хаалганд баталгаат хугацаа гэж байхгүй, харин манайх хаалгандаа хоёр жилийн баталгаат хугацаа өгдөг.
–Таныг үйлдвэрээ анх байгуулахдаа тоног төхөөрөмжөө өөрөө зохион бүтээж хаалга үйлдвэрлэж байсан гэж сонссон. Та инженер үү?
-Үгүй, эдийн засагч. Үйлдвэр байгуулах бол бүр багын мөрөөдөл л дөө. Залуу техникчдийн ордонд таваас аравдугаар анги хүртлээ явсан маань нөлөөлсөн. Багадаа дөрвөн дугуйтай жижиг уралдааны машин, бага оврын мотоцикль босгож байлаа. Тэр сэтгэлгээ, сонирхол маань орхигдоогүй. Тэгээд л сүүлд
бизнес хийж олсон хэдэн төгрөгөөрөө үйлдвэрээ байгуулсан.
–Үйлдвэр байгуулах хэмжээний гэхээр багагүй мөнгө олжээ. Яг ямар бизнес хийсэн юм бэ?
-Сонин зардаг киоскуудыг хийх санааг анх гаргасан юм. Тэрнээс өмнө хүмүүс гадаа модон сандал, эвхдэг ор, пүршин
дээр урдаа баахан сонин өрчихөөд суудаг байсан даа. Тодорхой хүмүүст санал тавьсан чинь зөвшөөрсөн. Зураг, төсөл бүх юмыг нь гаргасан байсан юм. Тухайн үед нийслэлээс бас дэмжлэг үзүүлсэн. Есөн хүнтэй
үүрээс шөнө болтол 45 хоногийн дотор 150 киоск хийж гудамжинд сонин зарж байсан эмээ, өвөө нарыг киоскондоо оруулж чадсан. Тэгээд киоск хийсэн ажлын хөлсөөрөө
үйлдвэр
байгуулах
хөрөнгөө босгосон.
–Хаалгыг брэнд болгосон улсуудын туршлагыг хэр судалсан бэ?
-Хаалгыг
брэнд болгосон улсын нэг бол Итали. Италийн “3L”
гээд том үйлдвэрээс их зүйл олж харсан. Гэхдээ технологийг шууд хуулна гэж байхгүй л дээ. Герман, Орос, Итали, Хятадаар явж хаалга яаж хийдгийг
олон жил судалсан. Хүүхэд байхаас тогтсон
инженер
сэтгэлгээ
маань их хэрэг болсон. Анх найман хүнтэйгээ үйлдвэрлэлийнхээ технологийг гаргах гэж их юм болсоон. Тэгж тэгж хаалганы
ерөнхий
багцаа гараад ирж байгаа юм. Эцэст нь Германчуудын хаалга үйлдвэрлэж байгаа технологи хамгийн тохиромжтой нь болж таарсан.
–Гадаадын том үйлдвэрүүдийн хувьд технологи бол хамгийн том нууц нь. Хаалганы үйлдвэр байгуулах гээд явж байгаа хүнд тэр том үйлдвэрүүд рүү нэвтрэх амаргүй байсан уу?
-Үндсэндээ
тагнуул
маягийн
юм хийнэ л дээ. Хаалга захиалах гэж байгаа юм шиг л очиж байж үйлдвэрийг нь үзнэ. Мэдээж
шууд Хятад, Германы технологийг авчирч хэрэглэж болохгүй. Үндэсний дотоод онцлогтоо тохирсон технологийг гаргаж ирэх л байгаа юм. Үйлдвэрлэлийн ерөнхий процесс бол дэлхий даяар нээлттэй зүйл. Тэрийгээ ойлгоод авчихвал үлдсэн
нарийн юмнуудаа өөрсдөө
сэтгэж бий болгодог. Түүнээс биш хэн ч надад бэлэн технологи өгөхгүй л дээ.
–Герман технологийг монголчлоход хамгийн тохиромжтой нь гэлээ. Яг юу нь илүү тохиромжтой санагдсан бэ?
-Технологи,
тоног төхөөрөмжийн хүчээр ихэнх ажлаа нугалдаг нь. Хятад бол хүнээр зодож хийдэг. Манайх шиг хүн ам цөөн улсад энэ арга
хэцүү л дээ. Тэгээд л үйлдвэрээсээ олсон
орлогоороо
тоног төхөөрөмж авч эхэлсэн.
–Танай машиныг ажиллуулдаг хүмүүс компьютер дээр ажиллаж харагдсан. Бүх техникээ ингэж ажиллуулдаг уу?
-Манай машинуудын ихэнх нь автомат, компьютерийн удирдлагатай,
бүрэн автоматжсан гэдгээрээ онцлог.
Хүн өөрөө хэмжээгээ тавиад гараараа зүснэ гэсэн ойлголт байхгүй. Ажлын даалгаврынхаа тоо хэмжээг компьютерт оруулахад зүсэлтээс эхлээд бүх зүйлээ машин өөрөө хийчихнэ гэсэн үг. Хүн алдаад нэг см дутуу зүсч болно. Харин машинд тийм ойлголт байхгүй. Манайх Монголд анх удаа интернэт дээр суурилсан үйлдвэрлэлийн программ гэдэг юмыг хийсэн. Үйлдвэр энд, харин оффис маань хотод. Захиалга хийгдлээ л бол үйлдвэр рүү энэ программаар захиалга нь шууд очдог гэсэн үг. Хотын оффист захиалга ирээд гэрээ хийгдлээ л бол манай хэмжээ авдаг ажилтанд тэндээс хэмжээгээ аваарай гэсэн мессэж автоматаар очдог. Мэдээллээ аваад л заасан хаяг дээр очиж хэмжээгээ авна. Хэмжээгээ
лазер аппаратаар авдаг юм. Банкинд ПОС гэж машин байдаг даа. Тийм машинтай. Авсан хэмжээ автоматаар тэр ПОС руу орж,
үйлдвэр
дээр байгаа серверт
хэмжээ нь оччихдог.
–Та түрүүн хаалга бүрийн хэмжээ өөр гэж байсан. Бүх хэмжээг нь компьютерт оруулахад л хаалга асуудалгүй гараад ирнэ гэсэн үг үү?
-Мянган хаалганы хэмжээ авахад мянган янз гарна. Бүгдийг нь бичээд оруулангуут
тэр нь үйлдвэр дээр автоматаар бодогдож ажлын даалгаврууд нь цех, тасгуудад хэвлэгдээд оччихдог.
–Италийн гялгар хавтан хийх технологи нэвтрүүлсэн гэж сонссон. Оросуудын сонирхлыг татсан нөгөө лактай хавтанг хэлээд байна уу?
-Тийм ээ. Тоног төхөөрөмжөө авчирчихаад лакныхаа технологийг
хоёр жилийн дараа гаргаж авлаа.
–Гялгар хавтан гэхээр яг ямар эд байна аа?
-Нэг л төрлийн материал гэсэн үг. Дээхэн үед румын мебел гэж байсан даа. Яг тэр технологи л ороод ирсэн гэж ойлгож болно.
Мэдээж бидний оруулж ирсэн нь орчин үеийнх. Чанар, өнгө үзэмж талаасаа тэр үеийн технологиос тэс ондоо л доо. Хүссэн модныхоо хээ зураглалыг буулгах боломжтой. Модны зургийг авангуутаа хэвлэлийн машинаар цаасан дээр хэвлэдэг дээ. Тэр цаасаа хавтан дээрээ наагаад лакдвал мод юм шиг л харагдана. Яг тэрэнтэй адил тусгай технологи. Цаас биш, шууд гадаргуун дээр нь хээ зураглалаа гаргаад, ультра ягаан туяагаар хатдаг тусгай лакаар лакддаг.
Манай үйлдвэр тийм лакны 30 метр шугамтай. Хавтангаа лакдаж шугамаараа оруулаад гаргаад ирэх л болно. Хээ, зураглал тавьж байгаа энэ технологи Монголд байхгүй, бусад улсад ч их цөөхөн. Хятад, Герман, Европын зарим нэг орон, Америк зэрэг улс дөнгөж л хэрэглэж эхэлж байна. Хүсвэл өөрийнхөө зургийг ч хэвлүүлээд хаалгаа хийлгэж болно. Хүмүүс хүүхдийнхээ өрөөний хаалганы дотор талд хүүхэлдэйн киноны баатрын зураг хэвлүүлэх тохиолдол олон байдаг.
–Тэгэхээр хүсвэл румын мебель шиг хаалга хийлгэх боломжтой болжээ?
-Тийм боломж бүрдчихсэн. Сүүлийн үед “Артур” брэнд гэж рекламдаад байгаа даа. Яг тийм технологиор хийгдэж байгаа гээд ойлгочихож болно.
–Энэ технологийнхоо тоног төхөөрөмжийг хэр өртгөөр оруулж ирсэн бэ?
-Яг Германыхыг нь оруулж ирье гэвэл гурван сая евро. Бид Хятадаас төхөөрөмж оруулж
ирээд
200 мянган ам.доллар хүрэхгүй өртгөөр монголчилсон. Хятадын олон юмыг нийлүүлсэн учраас урд хөршийнхөн бидний гаргасан технологийг мэдэхгүй гэсэн үг. Гэхдээ чанарын хувьд гурван сая еврогийнхоос ямар ч ялгаагүй.
–Гадны мэргэжилтэн урьж ажилтнуудаа сургаж байсан уу?
-Америк,
Герман,
Оросоос
мэргэжилтэн урьж авчирч байсан. Тавилганы үйлдвэрлэлийн программ хангамжаа Америкаас авсан учраас тэндээс хүн урьж сургалт явуулсан юм.
–Танайхыг таван үйлдэл хийдэг машин Германаас оруулж ирсэн гэж сонссон. Ямар үйлдлүүд хийдэг машин бэ?
-Германаас
оруулж ирсэн тоног төхөөрөмж хамгийн сүүлийн үеийнх гэдгээрээ онцлогтой. Бүрэн компьютержсэн машин. Нэг тоног төхөөрөмж дээр таван тоног
төхөөрөмжийг суурилуулсан гэсэн үг. Үйлдлийн хувьд хаалганыхаа өөг тойруулж авна, хүрээгээ наана, цоож, нугасны нүх гаргана. Шилтэй хаалга бол шилний нүх гаргах үйлдэл хийдэг. Энэ машин
өдөрт гурван ээлжээр тасралтгүй ажиллавал 300 хаалга элбэг гаргана.
–Тусгайлж захиалж хийлгэдэг үнэтэй хаалга гэж бий юу?
-Компанийн
захирлууд
арьсаар
хаалга хийдэг. Цэвэр үхрийн ширээр бүрж хийж байна. Төмөр эмжээртэй ийм хаалга
600-700 мянган төгрөгөөр үнэлэгддэг.
–Танай үйлдвэр рүү ороход дандаа шахмал хавтангууд харагдаж байна. Цэвэр модон хаалга хийдэг үү?
-Цэвэр модон хаалга учир дутагдал ихтэй л дээ.
Модыг тайраад бүтээгдэхүүн болгосон ч гэлээ дотор нь
утаслаг
ширхлэг
гэж бий. Тэр ширхэгтэй хэсэг нь их хатуу. Үлдсэн хэсгийг нь нунтаг үртэс гэж ойлгож болно. Модны бүтцийг хар үгээр тайлбарлавал нэг иймэрхүү. Хоёр өөр нягттай, хоёр өөр төрлийн материал нэг дор байна гэсэн үг. Зүйрлүүлвэл нэг нь жирийн утас,
нөгөөх нь мяндсан утас. Халалт, хөрөлтийн явцад утаслаг хэсэг нь хатуу учраас байгаад байдаг, нөгөөх нь зөөлөн учраас хэвээ алддаг. Тийм гажилт үүсдэг. Хаалга нь хаагдахаа больчихлоо гэдэг нь ийм учиртай.
Шинэ технологиороо бол
үхжүүлэх
гэсэн арга байдаг л даа.
Гэхдээ тэр технологи модны өнгө үзэмжийг гоё болгож чаддаггүй.
–Гэхдээ сүүлийн үед модон хаалга гэж их орж байгаа. Тэгэхээр чанарын хувьд асуудалтай гэсэн үг үү?
-Манайд орж ирээд байгаа модон хаалганы хувьд
гадна тал нь л
мод. Түүнээс биш мөн чанартаа бидний хийдэг шиг шахмал хавтангаар хийсэн байдаг.
Гадна талд нь модон хуулга нааж лакдаад өнгө тавьчихаар
мод шиг харагдаад байгаа юм. Байгаль экологи талаас нь харсан ч дэлхий цэвэр модон хаалганаас
татгалзаж
байна. Модон хаалга, цонх, тавилгыг ургаа модыг тасдаж л хийнэ үү гэхээс хаягдал модоор хийх ямар ч боломжгүй. Харин бүдүүн модыг хальслаад бүрвэл эдийн засаг, экологийн хувьд ашигтай. Дэлхийн үйлдвэрүүд яг энэ хандлага руу орсон.
–Тэгвэл шахмал хавтанг юугаар хийдэг юм бэ?
-Шахмал хавтанг гал түймрийн хамгийн гол аюул гэгддэг ойн унанги, хожуул, хаягдсан мөчрүүдээр хийдэг. Галыг барагтай л бол хүн гаргахгүй дээ, ихэнхдээ байгаль өөрөө гаргачихдаг.
Ойн хаягдлууд хуурай учраас амархан шатдаг, өөрөөр хэлбэл түймрийн голомт болдог. Ойд байгаа хуурай хаягдлуудын нөөцийг бодоход л дотоод зах зээлийг
200 жил бүх төрлийн хавтангаар хангах нөөц Монголын ойд хог болоод хэвтэж байна.
–Манайд шахмал хавтан хийх түүхий эд нь бэлэн байгаа юм байна. Эндээ хавтан хийх боломжийг судалж үзсэн үү?
-Манай компани шахмал хавтангийн үйлдвэр байгуулах чиглэлийг сонирхож байгаа. Хавтангийн үйлдвэрийн технологиороо дэлхийд тэргүүлдэг Германы “Диффенбахер” компанитай холбогдоод жил гаруй болж байна. ТЭЗҮ, зураг төсөл, урьдчилсан гэрээ хэлцэл энэ тэрээ хийчихсэн. Засгийн газарт төслөө оруулсан байгаа. Батсүмбэрт үйлдвэр байгуулах газраа авчихсан. Төмөр замын салааныхаа зөвшөөрлийг авч, зургийг нь хийчихсэн. Үйлдвэр гэдэг өнөөдөр мөнгө нь байсан ч маргааш босдог эд биш болохоор бичиг цаасныхаа ажлыг хөөцөлдөөд явж байна. Хэрвээ энэ
үйлдвэр босвол дотоодын хэрэглээгээ хангаад зогсохгүй экспорт хийх боломжтой. Үйлдвэр маань есөн тэрбум төгрөгөөр босохоор байна.
–Хувь хүмүүс хэр захиалга өгч байна?
-Дархан,
Сэлэнгэ,
Эрдэнэтийнхэн их авдаг. Бас Ховдоос ч захиалга ирж байсан. Бүр Замын-Үүдээс ч хүртэл захиалдаг. Хөдөөнийхөн “Сарантуяагийн хаалга” гэж л ярина шүү дээ. Дуучин Сараа манай хаалгыг сурталчилдаг болохоор бүр тэгээд нэрлэчихсэн байна лээ.
–Хаалгыг өчнөөн тонноор дарж нягтруулдаг гэж дуулсан. Танайх хэчнээн тонноор даруулж нягтруулдаг вэ?
-Манай хаалгаа 120 тонноор дарж наадаг. Тэгж нягтруулж байж чанартай хаалга гарна.
–Үйлдвэрлэгчийн хувьд засгаас хүсэх юу байна?
-Үйлдвэрлэгчид
засгаас
мөнгө гуйхаас илүү бодлогын дэмжлэг үзүүлэхийг л хүсдэг. Эндээ үйлдвэрлэж болж байгаа бүтээгдэхүүний импортын татварыг нэмэх маягаар дэмжихэд л болох юм. Жишээ нь манайх гэхэд үйлдвэрийнхээ хүчин чадлын тал хувийг л ашиглаж байна.
–Та нэг хэлэлцүүлгийн үеэр “Засгийн газрын хуралдаанаа манай үйлдвэр дээр хийгээч ” гэж Ерөнхий сайдыг урьж байсан. Ерөнхий сайд таны урилгад ямар хариу өгсөн бэ?
-“Үйлдвэр
дээр очиж хурал хийнэ гэдэг их зөв санаа байна шүү” гэж байна лээ. Засгийн газар үйлдвэрийн шинэ эрин үеийг эхлүүлнэ гэж байгаа. Монголчууд хаалгандаа их бэлгэдэлтэй ханддаг, өөдлөх айл үүднээсээ гэж ярьдаг ард түмэн. Үйлдвэрлэлийн шинэ эринийхээ үүдийг
25 мянган айлын хаалгыг хийсэн үйлдвэрт
нээгээсэй
гэсэн бэлгэдлээр
Ерөнхий сайдыг үйлдвэртээ урьсан юм.
Ц.БААСАНСҮРЭН