-ОРОН СУУЦНЫ ЗУРГААН ХУВИЙН ЗЭЭЛД ХАМРАГДСАН ИРГЭД НАЙМАН ХУВЬ РУУ ОРОХГҮЙ-
Орон сууцны найман хувийн зээл хэрхэн
хэрэгжиж байгаа болон, зургаан хувийн зээлээр орон сууцны зээл авсан хүмүүс найман
хувь руу орох эсэх талаар энэ удаа сурвалжиллаа. Зургаан хувийн орон сууцны зээл
олгосон Төрийн банкны төв байраар эхлээд орлоо. Тус банкны хэвлэл мэдээллийн ажилтан
Г.Болорсүх “Зургаан хувийн зээлд хамрагдсан хүмүүсийн зээлийг найман хувь руу шилжүүлэх
асуудал огт яригдаагүй. Тийм юм байхгүй. Анхнаасаа
зургаан хувийн зээлд хамрагдсан болохоор хүүг нэмэх үндэслэл байхгүй” гэж ярив.
Төрийн банк найман хувийн зээлийг бусад банкуудтай адил олгож байгаа юм байна. Баярын
уур амьсгал намжаагүй, амралт зугаалгын цаг эхэлсэн болохоор орон сууцны зээлд
хамрагдах хүмүүсийн ачаалал илт багасчээ.
Биднийг очиход зээлийн эдийн засагчдынх нь
өрөө эзгүй шахуу байв. Гэхдээ найман хувийн орон сууцны зээлд хамрагдах хүмүүс
идэвхтэй хандаж байгаа гэж зээлийн эдийн засагчид ярьж байсан юм.
Дараа нь Худалдаа хөгжлийн банкны
дөчин мянгатын салбараар орлоо. Тус банк
найман хувийн зээлийг олгож байгаа билээ. Төрийн банк шиг зээлийн эдийн засагчдынх
нь өрөө үйлчлүүлэгч багатай байв. Орон сууцны зээлд хамрагдахыг хүссэн иргэд юуг
голлон анхаарах ёстойг сонирхлоо. Зургаан хувийн зээлд хамрагдсан олон хүн найман
хувийн зээлд хамрагдах хүсэлтээ цөөнгүй гаргасан гэнэ. Энэ хүмүүс найман хувийн
зээлд хамрагдах боломжгүй гэсэн тайлбарыг банкнаас өгч байна.
Засгийн газар найман хувийн зээлийн
журамдаа 80 ам метрээс доош талбайтай байрыг хамруулна гэсэн заалт оруулсан. Гэтэл
80.2, 80.6 гэх мэт тогтоосон хэмжээнээс үл ялиг илүү талбай бүхий орон сууц авсан
хүмүүс нэлээд хандаж байгаа аж. Тэдний хувьд энэ зээлд хамрагдах боломжгүй гэнэ.
Ажилласан жил болон хувиараа бизнес эрхэлсэн хүмүүсийн хувьд хугацаа нь хүрэхгүй
тохиолдол цөөнгүй гарчээ. Журманд зааснаар бол хоёр жилээс доошгүй хугацаанд хувиараа
хөдөлмөр эрхэлсэн болон нэг жилээс доошгүй хугацаанд ямар нэг албан байгууллагад
ажилласан хүмүүс л зээлд хамрагдахаар байгаа гэж зээлийн эдийн засагч ярьж байв.
Өмнө нь арилжааны банкуудаас арав гаруй хувийн зээл авсан, 80-аас илүү метр квадрат
орон сууцтай хүмүүс зээлийнхээ хүүг буулгах боломжгүй юм байна.
Иргэдийн зүгээс 100 метр квадрат байр
авлаа гэхэд 80 метр квадратад нь зээлээ авах боломжтой эсэхийг сонирхож байгаа
хүн олон гарчээ. Ингэх боломжгүй гэж арилжааны банкныхан ярьж байв. Орон сууцны
найман хувийн зээлийн журмаар бол иргэд орон сууцныхаа үнийн 30 хувийг урьдчилж
төлөөд зээл авч байгаа. 30 хувьдаа байр барьцаалж болох нь. Гэхдээ тэр байраа барьцаалахын
тулд өмчлөгчийг нь заавал банкин дээр авчрах
ёстой гэнэ. Барьцаанд байраа тавиулж байгаа иргэн зээл хүсэгчийн хамтран зээлдэгчээр
бүртгүүлэх юм байна.
Хас банкны “Ард” кино театрын байрны
хоёр давхарт ажиллаж байгаа “Шинэ байр” төвөөр орлоо. Энэ төвийг үл хөдлөх хөрөнгийн
“Актив зууч”, “Тэнхлэг зууч” компаниуд ажиллуулж байгаа. Найман хувийн зээлд хамрагдахынг
хүсч буй иргэдэд байраа сонгоход нь болон банкинд зээлийн материалаа бүрдүүлж өгөхөд
нь тусалж байгаа аж. Улаанбаатарт барилга барьж байгаа бүх компаниуд тэнд мэдээллээ
тавьжээ.
“Актив зууч”-ийн ажилтан П.Наранзаяа
“Орон нутгаас хүмүүс их мэдээлэл багатай ирж байна. Хөдөө орон нутагт банкуудын
санхүүжилт бага байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу, ямар ч байсан зээл олголт
муу байх шиг байна. Хүмүүс орлогоо зөв тодорхойлохгүйгээр өндөр үнэтэй байр авах
гэж ирж байгаа. Манай төв орлогыг нь тодорхойлж өгөөд хэр хэмжээтэй байр авах боломжтойг
нь зөвлөж байна” гэж ярилаа.
Хүмүүс зээлийн материалаа бүрдүүлүүлэх
гэж нэлээд хандаж байгаа аж. Иргэдэд зээлийн санхүүжилт дуусчих вий гэсэн болгоомжлол
байгаа бололтой. П.Наранзаяа “Наадам гээд
жаахан завсарласан болохоос ачаалал ихтэй ажиллаж байна. Хүмүүс наадмаас өмнө маш
их хандаж байсан. Өнөөдрөөс манайд хандах иргэд эргээд өсч байна” хэмээн ярив.
“Шинэ байр” төв ирэх оны дөрөвдүгээр сар
хүртэл ажиллах юм билээ. Найман хувийн орон
сууцны зээлд хамрагдах сонирхолтой хэрнээ баримт, материал бүрдүүлэх завгүй хүмүүс
энэ төвд хандах боломжтой аж. Банк руу материалаа авч очих хүртэлх бүх үйлчилгээг
эднийх үзүүлж байгаа гэнэ.
“Шинэ байр” төвөөс гараад хүүхдийн
100-д байрлах “Голомт” банкны салбарт очиход мөн л эл хуль байв. Зээлийн эдийн засагчдаас
нь найман хувийн зээл авах хүсэлтэй хүмүүс хэр ирж байгааг сонирхлоо. Өмнө нь, арав
гаруй хувийн зээлтэй байсан хүмүүс найман хувийн зээл рүү шилжих ажил нэлээд ачаалалтай
байгаа гэнэ. Наадмын үеэр л ачаалал багасаад байна гэж зээлийн эдийн засагчид хэлж
байлаа. Орон сууцны найман хувийн зээл авахыг хүссэн хүмүүс нэлээд хандаж байгаа
аж. Мөн л наадмын үеэр түр амсхийгээд байна гэсэн хариу өгч байв.
Улсын комисс хүлээж аваагүй байрыг
сонгож гэрээ хийсэн хүмүүс их ирж байгаа гэнэ. Энэ тохиолдолд зээлд хамрагдах боломжгүй
аж. Энэ жилдээ багтаж ашиглалтад орно, гүйцэтгэл нь 80-90 хувьтай байранд орохоор
гэрээ хийчихлээ, зээлд хамрагдъя гэсэн хүсэлтэй хүмүүс цөөнгүй иржээ. Бүгд л татгалзсан
хариу сонсоод буцжээ. Байрыг нь улсын комисс хүлээж авсан үед зээлд хамрагдах боломжтой
гэж тус банкныхан ярьж байлаа.
ХААН банкны төвөөр ороход мөн л үйлчлүүлэгч багатай байв. Тус
банкны олон нийттэй харилцах мэргэжилтэн Л.Уянгаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай банкны хувьд иргэдэд юуг
анхааруулж хэлмээр байна?
-Урьдчилгаа төлбөрт барьцаалах хөрөнгө
нь заавал өөрийн эзэмшлийн орон сууц байна. Хүмүүсийн хувьд өөрийн нэр ороогүй
орон сууц мөн хашаа байшин, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө барьцаалах боломжтой эсэх талаар их асууж байгаа.
-Хүмүүсийн гаргаж байгаа нийтлэг
алдаа гэвэл юуг онцлох вэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны
тодорхойлолтыг банкнаас онлайнаар авч байгаа болохоор манай банкнаас орон сууцны
зээл авахыг хүсэгчид заавал ШШГА руу явах шаардлагагүй.
-Орон нутагт энэ зээлийг авах боломж
Улаанбаатартай адилхан биш байна гэсэн гомдлыг иргэд их тавьж байгаа гэсэн. Танай
банкны хувьд хөдөөгийн иргэдэд байрны зээл олгож байгаа юу?
-ХААН банк нийт 514 салбартайгаас
өнөөдөр орон нутагт 430 гаруй салбар нэгжүүд иргэд харилцагчдад банк санхүүгийн
иж бүрэн үйлчилгээг хүргэн ажилладаг. ХААН банкны нийт орон сууцны зээлдэгчдийн
тал гаруй хувь нь орон нутгийн иргэд. Энэхүү хөтөлбөрийг ХААН банкны зүгээс бүх
салбар нэгжээрээ дамжуулан хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын харилцагчдадаа
хүргэх зорилготойгоор бүх салбар нэгжээрээ шинэ хүсэлтийг хүлээн авч байгаа. Хуучин
зээл шилжүүлэхэд тухайн салбар нэгжүүд харилцагчидтайгаа холбогдон зээл шилжүүлэх
ажлыг хийж байна. Түүнчлэн ХААН банкнаас зээл авахдаа иргэний харьяаллаараа зээлээ
авна. Хөдөө орон нутгийн хүн бол орон нутагтаа зээлээ судлуулна гэсэн үг. Хөдөө
орон нутагтаа зээлээ судлуулаад Улаанбаатар хотоос орон сууц авах бүрэн боломжтой.
-Иргэдэд зээлийн санхүүжилт дуусах
вий гэсэн айдас байна, хөрөнгийн эх үүсвэрийн тал дээр асуудал байна уу?
-Энэ орон сууцны ипотекийн зээлийн
хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлнэ гэж Монголбанкнаас албан ёсоор мэдээлсэн. Бид
ч мөн тэгж ойлгож байгаа.
Ц.БААСАНСҮРЭН
Б.ТӨВШИНТӨР