Эдийн засаг хэцүүхэн гэхэд ч багадахаар
тун таагүй байна. Олдог мөнгөөрөө зэсийг давдаг байсан нүүрснээс орж ирэх мөнгө
эрс багасчихсан. Зарим нь бүр таг зогссон ч гэж ярьж байгаа. Оюу толгойн далд уурхай
зогсчихлоо. 1700 орчим хүн шууд ажилгүй болж
байна. Энэ бол сургаар хэлж байгаа тоо биш баттай баримт. Дээр нь ханган нийлүүлэлт хийж байсан өчнөөн компани хаалгаа барьж эхэллээ. Тэр компаниудын ард хэчнээн
хүн амьдралаа залгуулж байгааг тооцвол чамгүй өндөр тоо гарч ирнэ.
Эдийн засаг хэцүүдсэн шалтгааныг Уул уурхайн сайд нь ингэж
тайлбарлаж байх юм. “Нийт эдийн засаг хямарч байна гэж хий сандрах хэрэггүй.
Эдийн засаг хэт халснаас болж аажмаар хөрч, өсөлтийн хэвийн тогтвортой түвшиндээ
эргэн ирж байгаа бодит байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой” гэж. Учир мэдэх хэн ч уншаад
ёжлон мушийхаар хэтэрхий гэнэн өгүүлбэр. Хятад шиг том гүрэн л “Эдийн засаг маань
халчихлаа, одоо жаахан хөргөе” гээд түр хугацаанд
тодорхой бодлогоор эдийн засгаа царцаадаг болохоос манайх шиг дөнгөж хөгжиж эхлэх
гэж байгаа улс халлаа энэ тэр гэхээр онигоо шиг сонсогдоно. Тэгээд бүр эдийн засгийг
авч яваа голлох яамны, тодруулж хэлбэл Уул уурхайн сайд нь тэгж хэлэхээр яах вэ.
Эдийн засгийн 20 хувь, төсвийн орлогын 40 хувь, экспортын орлогын 90 хувийг бүрдүүлж
байгаа салбарын сайд нь ийм хандлагатай байхаар цаашдаа бид яах билээ.
Эрхэм сайд эдийн засгийн өсөлтийн
хурд саарсныг нүүрсний үнийн уналт болон Хятадын эрэлт буурсантай холбон тайлбарлажээ.
Өнгөц харахад тийм л дээ. Гэхдээ Хятад шиг том зах зээлд манайхаас гаргахаар төлөвлөсөн, бидний
их гэж бодоод байгаа 20 сая тонн нүүрс бол далайд дусал төдий л зүйл. Хэрвээ бид
төмөр замаа барьж, нүүрсний салбарынхнаа татвараар дарамтлалгүйгээр ажиллах бололцоогоор
хангачихсан бол нүүрсээ дориухан үнээр зараад байж болох байсан. Гэтэл өнөөдрийг
хүртэл төмөр замаа бариагүй. Ааш нь хөдлөхөөрөө нүүрс экспортолдог аж ахуйн
нэгжүүдээ татвараар дарамталсан хэвээр аж төрцгөөж байна. Тэгэхээр нүүрснээс олох
орлого буурсан шалтгаан нь Хятадын эдийн засаг огтоосоо ч биш, эрхэм сайдын салбараа
унагаж байгаа бодлогын нэг том илрэл гэчихэд болохгүй юмгүй. Жишиг үнэ гэж хэтийдсэн
тоо гаргаж тавьчихаад угаасаа үнэ нь хоёр дахин унасан нүүрсээ алдагдалтай гаргаж
байгаа нүүрсний салбарынхнаа татвараар дарамтлаад байхаар экспортын орлого буурах
нь тодорхой. “Нүүрсний хувьд татварын орлогын төлөвлөгөө тасраад байгаа нь экспорт
буурсантай холбоотой. Үүнд нүүрсний нийлүүлэгчдийн өрсөлдөөн ширүүссэн, үнэ
уналттай байгаа зэрэг нөлөөлжээ” гэсэн үг сайдын амнаас унасан. Хэрвээ “Бид буруу
бодлого бариад байгаа учраас нүүрсний салбараа унагачихлаа” гэсэн бол манай сайд
эдийн засгаа мэддэг, мэдэрдэг гэж харагдахаар байлаа.
Сайд бас ингэж хэлжээ. “Ирэх саруудад
эдийн засаг өснө” гэж. Оюу толгой энэ жил 300
мянган тонн баяжмал борлуулчихаар бид нэг тэрбум ам.доллар олох юм гэнэ.
Бас Чингис бондын санхүүжилтээр хийгдэх ажлууд эдийн засгийг тэтгээд эхлэх юм
байх. Чингис бондын өгөөж хэзээ яаж ирэхийг одоогоор хэн ч хэлж мэдэхгүй. Харин Оюу толгой бол өөр
хэрэг. Оюу толгойгоос тэрбум ам.доллар олно гэсэн сайдын өөдрөг тооцооны араас өөр
нэг бяцхан тооцоо хийе. Оюу толгойд ажиллаж байгаад ажилгүй болсон 1700 иргэний
дундаж цалинг сая гээд бодчихъё. Саяас илүү
авч байгаа хүн ч бий. Тэднийг нэг сар ажилгүй
байлгалаа гэхэд Монгол Улсын иргэнд сар
тутам орж ирдэг байсан мөнгө нэг тэрбум 700 сая төгрөгөөр хорогдоно. Нэг жил гэж
тооцвол монголчуудын халаасанд орж амьдралыг нь өөд татах байсан 20 тэрбум 400
сая төгрөг салхинд хийсчихэж байгаа юм. Энэ хэмжээний мөнгө эдийн засагт орж ирэхгүй гэсэн үг. Дахиад нэг тооцоо
хийе. Хэрвээ тэд нэг жилээр ажилгүй сул зогсвол тэдний төсөвт оруулдаг байсан татварын
мөнгө байхгүй болно. Тодруулж хэлбэл энэ хүмүүс жилд нийгмийн даатгал, хүн амын
орлогын албан татвар гэж 3,7 тэрбум төгрөг төлдөг байсан юм. За тэгээд эдэнд ханган
нийлүүлэлт хийж байгаа жижиг дунд үйлдвэрийнхний олдог байсан мөнгийг оруулж тооцвол
толгой эргэхээр том тоо гарна.
Зүй нь Уул уурхайн сайд өнөөдөр Оюу
толгой яагаад ийм байдалд хүрэв ээ гэдгийг яриад сууж байх учиртай хүн. Сайдын их
мөнгө олно гэж догдлон хүлээгээд байгаа ил уурхайгаас Оюу толгой гэдэг үнэ цэнтэй
ордын ердөө хорьхон хувийн өгөөжийг л бид хүртэнэ. Илүү их ашиг тээр доор газрын
гүнд нь байгаа. Далд уурхайгаа ашиглалтад оруулж байж жинхэнэ баялаг руугаа орно.
Гэтэл өнөөдөр тэр далд уурхайн ажил таг зогсчихлоо. Оюу толгойн хувьцаа дэлхийн
хөрөнгийн зах зээл дээр дээд талдаа 30 ам.доллар хүрч байсан. Сая Засгийн газрыг
төлөөлөхүйц нэг эрхэм “Асуудлыг чинь УИХ-аар шийднэ” гээд айлгаатахсан чинь
“Рио” далд уурхайгаа зогсооно гэж мэдэгдсэн дээ. Яг тэр үед түүхэндээ байгаагүйгээр хувьцаа
нь унаж гурван ам.доллар болсон. Одоо эргэж өсөөд тав дээрээ хүрчихсэн. Далд
уурхай бүр таг зогсчихоор дэлхийн хөрөнгийн зах зээл дээрх Оюу толгойн хувьцааны
үнэ цэнэ мөддөө өсөхгүй гэсэн үг.
Оюу толгой яагаад ийм байдалд хүрсэн
бэ? Гаргалгаа, хариу нь тун энгийн. Хоёрдугаар шатныхаа санхүүжилтийг босгох
гэхээр Засгийн газрын нэг эрхэм “Үгүй ээ,
бодож байж болно, УИХ л шийдэхгүй бол бид мэдэхгүй” гээд гэдийчихсэн. Хэдхэн сайдтай
нь учраа олохгүй байгаа юм чинь 76 нөхөртэй учраа олж, асуудлаа цэгцэлнэ гэж хэн
итгэх вэ дээ. Энэ өнцгөөс нь харвал далд
уурхайн ажлаа зогсоосон хөрөнгө оруулагчдыг буруутгах аргагүй. Ингээд зогссон
бол ч яая гэхэв. Засгийн төлөөлсөн “Эрдэнэс Оюу толгой”-н даргынхаа хөрөнгө оруулагчдыг
“айлгасан” захидлын дараа Уул уурхайн сайд
нь “Наад үгэндээ битгий итгээрэй. Ерөөсөө тэгж ойлгож болохгүй шүү” гэчихэж байгаа юм. Мөн удалгүй Ерөнхий
сайд нь “Бидэнд хөрөнгө оруулалтын гэрээ бол хууль. Наадах чинь УИХ-аар яригдах
асуудал огтоосоо биш” гэчихсэн. Эргэлзээн дээр эргэлзээ нэмсэн ийм үгс эрхэм сайд
нарын амнаас унасаар байна.
Валютын ханшийн савлагаа, нүүрсний
экспортын уналт ирэх хагас жилд төсөвт дарамт
учруулахаар байгааг сайд харин хүлээн зөвшөөрчээ. Гэхдээ араас нь хэлсэн үгсийг
уншихаар дахиад л эргэлзээнд орчихож байгаа юм. Сайдын хэлснээр бол уул уурхайн
бус салбарууд эдийн засгийг өсгөх юм гэнэ. Ирээдүйд энэ салбаруудаа уул уурхайгаас
олсон мөнгөөрөө хөгжүүлээд эдийн засгийнхаа том багана болгоно гэсэн бол хэн ч итгэнэ.
Харин өнөөдөр “Зам тээвэр, барилгын салбарын бүтээн байгуулалт эрчимжиж, үйлчилгээний
салбар улам бүр томорч, ноолуурын экспортын орлого эрс өсч байгаа гэх зэрэг хүчин
зүйлүүдийн эерэг нөлөөгөөр төсвийн эрсдлийг хүндрэл багатай туулах бүрэн боломжтой.
Мөн цаг агаар таатай байвал газар тариалан болон МАА-д багагүй хэмжээний өсөлт гарах
болно” гэчихээр хэн итгэхэв.
Дараагийн ярих асуудал бол хөрөнгө
оруулалт. Хөрөнгө оруулалт эрчимтэй орж ирж байсан үеэ бодвол бараг зогсчихсон.
Оюу толгойтой яаж харилцана, хөрөнгө оруулагчид тэр хэрээр Монголд хөрөнгөө оруулах
эсэхээ шийднэ. Одоогоор бол Оюу толгойд Засгийн газрын хандаж байгаа хандлагыг тэг хувь гэж үнэлэхээр байгаа. Хувь
нийлүүлэгчдийн хурлаар ярьж байсан арваад асуудалд цэг тавиагүй. Хоёр дахь шатны
санхүүжилт яах нь бүр бантан болчихсон. Хэзээ яаж шийдэлд хүрэх нь тодорхойгүй
хэвээрээ. Үүнийг нь хөрөнгө оруулагчдын сүүлийн үед хийж байгаа шийдвэртэй алхмуудаас
харчихаж болно.
Эрхэм сайд хөрөнгө оруулалтын талаар
өөдрөг үг хэлсэн байна лээ. “Газрын тос боловсруулах үйлдвэр, Таван толгой болон
бусад уурхай даган босох цахилгаан станцууд, нүүрс баяжуулах, мөн боловсруулах
үйлдвэрийн төслүүд, занар болон нүүрсний давхаргын метан хийн хайгуулын ажилтай
холбоотойгоор шинээр хөрөнгө оруулалт орж ирэх хандлагатай байна” гэж. Тийм
л дээ, газар дороо баялагтай учраас хөрөнгө оруулагчид Монголыг сонирхож байгаа.
Сайдын хэлснээр зүүн бүсэд нөөц өндөр байх
магадлалтай газрын тосны илрэл бүхий хураагуур шинээр олдож, хайгуулын ажлыг үргэлжлүүлэхээр
болж байгаа нь үнэн. Гэхдээ хөрөнгө оруулалтын орчин сайжрахгүй бол сайдын яриад
байгаа бүхэн ажил болно гэдэгт хэн ч итгэхгүй. Жамаараа бол хөрөнгө оруулалтын орчноо
сайжруулчихаад, хөрөнгө оруулалтыг дэмжих хуулиа батлуулчихаад, Оюу толгойн хоёр
дахь санхүүжилтийг татчихаад, нүүрсний экспортоо сэргээчихээд ингэж ярьсан бол
сайд маань их зөв, жинхэнэ төрийн түшээ, салбараа авч яваа сайд шиг харагдаж, үг нь даацтай, жинтэй, үнэмшилтэй
сонсогдох байлаа.
Сайдын хэлсэн үгнээс дахиад иш татъя.
“ЭЗХЯ болон Монголбанкны мэдээлэлд тулгуурлан зарим нэг шинжилгээ хийж үзлээ. Монгол
Улсад 2013 оны эхний хагасын байдлаар нийт 961 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт
бүртгэгдсэн байгаа нь өмнөх оныхоос 43 хувиар буурсан дүн байна. Олборлох салбарын
хувьд хөрөнгө оруулалт 32 хувиар буурчээ. Гэтэл бусад салбаруудад орсон шууд хөрөнгө
оруулалт хэд дахин буурсан байна. Эндээс үзэхэд хөрөнгө оруулалт буурч буй нь зөвхөн
уул уурхайн салбарын хүндрэл биш, нийт эдийн засгийг хамарсан үзэгдэл болох нь
тодорхой байна” гэж эрхэм сайд хэлжээ. Уул уурхайн хөрөнгө оруулалт буурсан учраас
дагалдах салбарын хөрөнгө оруулалт унасан гэдгийг, уул уурхайн том төслийг дагаад
бусад салбарын хөрөнгө оруулалт нэмэгддэг учрыг мэдэхгүйдээ ингэж хэлээгүй болов
уу. Уул уурхайн салбар хөгжих хэрээр ханган нийлүүлэгчдийнх нь олох мөнгө ихэсдэгийг
Оюу толгойд ажлын хувцас нийлүүлдэг Өмнөговийн жирийн нэг залуу тодорхой гэгч нь
хэлээд өгнө. Уул уурхайн компаниуд ашигтай
ажиллаад эхлэнгүүт ус, ундаа, ажлын хувцас,
бензин, шатахуун, оо, сойз, нойлын цаас, гурил, будаа нийлүүлдэг хүмүүсийн бизнес
томроод ирдэг, тэгээд л нийт үйлдвэрлэл, үйлчилгээ тэлдэг гэдгийг салбарынх нь сайд
мэддэггүй байна гэж баймааргүй юм. Харин ч манай салбар ингэж унаж байгаа болохоор
бусад салбарт нөлөөгөө үзүүлчихлээ гэвэл
сайдын үг ултай, утгатай сонсогдох байлаа.
Гэхдээ сайд нэг зүйлийг ойлгосон
байна лээ. Тэр “Оюу толгойн үйлдвэрлэл, экспортыг
төлөвлөсний дагуу явуулж, дараагийн ээлжийн санхүүжилт болон бусад асуудлыг хурдан
шийдэх, хөрөнгө оруулалт ялангуяа гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн төлөө
ажиллана” гэж хэлсэн. Харин энэ асуудлуудыг яаж шийдэх гарцаа хэлээгүй. Засгийн газар, “Рио”-той
хэлэлцээрийн ширээний ард суугаад бараг долоон сар болж байгаа хэр нь өнөө хэр
шийдэлд хүрээгүй. Цагаан сарын дараахан эхэлсэн хувь нийлүүлэгчдийн хурал дуусаагүй
байгаа. Хэзээ дуусахыг хэн ч хэлж мэдэхгүй.
Дахиад ийм хугацаанд бодоод суучихвал эдийн засаг Засгийн газрын шийдийг
хүлээгээд “Та нарыг эцсийн хариугаа гаргатал унахгүй зогсч байя даа, ард түмнийхээ
амьдралд санаа зовох хэрэггүй” гэж хэлэхгүйг л мэдэж байна.
Ц.БААСАНСҮРЭН