Categories
редакцийн-нийтлэл

“Эрдэнэс Таван толгой” компанийн дансанд 17 сая ам.доллар орж иржээ

Оператор
компанийн­хаа хөлсийг төлж чадах­гүйгээс болж олборлолт нь зогслоо гэсэн
шүүмжлэлд өртөөд байсан  “Эрдэнэс Таван
толгой” компанийн дансанд өчигдөр 17 сая ам.доллар орж иржээ. Ирэх долоо
хоногоос дахиад ч мөнгө орж ирэх гэнэ. Зүүн Цанхийнхаа нүүрсийг “Чалко”-гийн
өрөнд өгч байгаа энэ ком­пани өнгөрсөн оноос Баруун Цанхиасаа нүүрс олборлож
мөнгө олж эхэлсэн юм. Тус ком­пани одоогийн байдлаар  най­ман худалдан авагч­тай 4.25 сая тонн нүүрсийг
Баруун Цан­хиас  нийлүүлэх гэрээ
байгуулж, нүүрсээ экспор­толж эхэлжээ. Эхний 
ээл­жинд орж ирсэн  мөн­гөөр өр,
зээлүүдээ барагдуулж эхэлнэ гэж албаны эх сурвалж хэлж байна. Бас багагүй
хэм­жээ­ний эргэлтийн хө­рөнгө ч бүрдчихэж бай­гаа бололтой. “Хүний хөг­жил”
сан болон бэлэн бүтээгдэхүүнээсээ олох орлогоосоо “Чалко”-гийн болон бусад аж
ахуйн нэгжээс зээлсэн өрөө бүрэн төлж 56 сая ам.долларын үлдэгдэлтэй үлдэх
тооцооллыг гарга­жээ.

Мөнгөтэй
болсон учраас “Эрдэнэс Таван толгой” тээвэрлэлтээ эх­лүүлжээ. Ойрын хуга­цаанд
экспорт болоод тээвэрлэлт, долларын орлого нэмэгдэнэ гэсэн таатай мэдээг
компанийн зүгээс өгч байна.

Өөр
нэг таатай мэдээ дуулгахад оны эхний ули­ралд огцом унасан нүүрсний үнэ хоёр
долоо хоногийн өмнөөс тогтворжиж, аажмаар өсч эхэлжээ. Нүүрсний үнэ цаашдаа
өмнөх сарууд шиг огцом унахгүй гэсэн таамаг ч гараад байгаа аж. Үнэ өсөхтэй
зэрэгцэн худалдан авагчдын со­нир­хол ч нэмэгдэж эхэл­жээ.

Сүүлийн
үед “Эрдэ­нэс Таван толгой” ком­па­нитай холбоотой эл­дэв мэдээлэл олны ан­хаарлын
төвд байгаа. Өн­гөрсөн мягмар га­ригт гэхэд л УИХ-ын Эдийн засгийн байнгын
хороон дээр компанийн удирдлагууд мэдээлэл хийсэн юм. Хаалттай бол­сон хурлын
үеэр “Чал­ко трэйдинг Хонгконг ли­митед” компанид төлөх өр, “Эрдэнэс Таван
тол­гой” компанийн үйл ажиллагаа, санхүүгийн өнөө­гийн байдлын талаар яриа
хэлээ өрнөжээ.  Хурал болсны дараа өдөр
зарим хэвлэлд “Эр­­дэнэс Таван толгой” компани 79.3 тэрбум төг­рөгийн
алдагдалтай ажил­ласан гэсэн мэ­дээ­лэл цацагдсан. Бат­тай эх сурвалжаас авсан
мэдээллээр бол “Эрдэнэс Таван толгой” компани өнгөрсөн онд үйл ажиллагаанаасаа
28.8 тэрбум төгрөгийн ашигтай ажил­лажээ. 79.3 тэрбум төгрөгийн алдагдал гэдэг
нь бодит бус, хэрэгжээгүй ханшийн алдагдал гэнэ. Тус компани Хөгжлийн банк
болон арилжааны бан­куудаас зээл авах үед нэг ам.доллар 1350 төгрөгтэй тэнцэж
бай­сан бол өнөөдөр ам.долларын ханш 1700 төгрөг хол даваад байгаа. Энэ зөрүү л
хэвлэлээр онцолж байгаа алдагдлын шалтгаан юм байна.

Гэхдээ
“Эрдэнэс Та­ван толгой”-н орлого ам.доллараар хийгддэг, банкуудаас авсан өрөө
2016-2017 онд төлөх учир­тай гэдэг өнцгөөс харахад тэгтлээ болгоомжлоод байх
асуудал биш бо­лол­той. Хоёр жилийн да­раа төгрөг чангарвал одооны яриад байгаа
алдагдал харин ч ашиг болж харагдах талтай гэнэ.  Манайд мөрдөгддөг Санхүү нягтлан бодох бүрт­гэлийн
тухай хуульд “Тухайн улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж
байгууллага, тайлан ба­лансаа төгрөгөөр тоо­цон гаргана” гэсэн заалт байдаг аж.
Хуульд заас­наар тайлан балансаа төгрөгөөр гаргахын тулд ам.долларыг төгрөгт
шил­жүүлдэг байна. Алдаг­далтай ажилласан гэсэн мэдээллийн гол шалтгаан нь энэ
юм байна.

Энэ
алдагдлыг “Эр­дэ­нэс Таван толгой” хү­­лээхгүй байх өөр нэг шалтгаан ч бий аж.
Учир нь Хөгжлийн банкнаас зээлсэн 200 сая ам.долларыг давуу эрхийн хувьцаанд
хөрвүүлэх шийдвэрийг Засгийн газраас гарга­чихсан. Арилжааны бу­сад банкуудаас
авсан зээлийн хэмжээ нэгд бага, хоёрт хугацаа нь нэгээс хоёр жилийн дараа
дуусах учраас ханшийн зөрүүнээс үүдсэн эрсдэл бага байх гэнэ.

“Чалко”-гийн
гэ­рээг муутгасан, 70 ам.доллараар зарж бай­сан нүүрсээ бага үнээр борлуулж
байна гэх шүүмж­лэлийг зарим хү­мүүс хэлээд эхэлсэн. Анх Цагаан хаднаас нүүрсээ
70 ам.доллараар ний­лүүлнэ гэсэн агуулга­тайгаар гэрээг байгуулж байж. Хятадын
нүүрсний зах зээл дэх дөрвөн гол индекс байдаг аж. Зах зээлийн үнэ яаж
өөрчлөгдөнө, тэр индексийн дагуу үнэ нь дээш доош хэлбэлзэх  тохироо гэрээнд туссан байжээ. Нүүрсний зах
зээл муудаж эхэлсэн нь манайхаас нийлүүлэх нүүрсний үнэд нөлөөлж эхэлсэн аж.
Сүүлдээ бүр 54, 55 ам.доллар болж буусан учраас алдаг­дал хүлээхгүйн тулд ма­найхаас
нүүрс гаргахаа зогсоожээ. Экспортыг зог­соож байж гэрээнд өөрчлөлт оруулсан
бай­на. Хэлэлцээрийн үр дүнд нэг тонн нүүрсний үнийг дөрвөн газрын үнийн
индексээр тог­тоодгийг болиулж чад­жээ. Монголын талаас “Чалко”-той индексийн
үнийн уналтыг зогсооё гэж тохирч нэмэлт гэрээ байгуулаад ажиллаж байгаа аж.
Хэрэв ийм тохиролцоонд хүрээгүй бол бүр ч илүү алдагдал хүлээх байсан гэнэ.
“Чалко”-гийн гэрээг анх байгуулснаар нь мөрдсөн бол “Эрдэнэс Таван толгой”
нүүрснийхээ тонн тутмаас арваас доошгүй ам.доллар алдах байсан гэсэн тооцоо
гарчээ.

Сүүлийн
үеийн мэдээ гэвэл “Чалко” манайхаас авсан нүүрсээ борлуулж чадахгүй, агуулах
сав нь дүүрсэн учраас Та­ван толгойгоос нүүрс им­портлохоо түр хугацаанд
зогсоожээ.  Мөн нүүрсний чанарын
асуудлыг  ма­найд тавьж эхэлсэн гэнэ.
Уулын тогтцоос шалтгаалж нүүрс сайн муу янз бүр гарч байгаа нь цаад талаас
чанар ярихад хүргэсэн аж. Гэхдээ “Эрдэнэс таван толгой”-н хувьд нүүрсээ сорчилж
гаргахгүй, анх гэрээ байгуулахдаа ордоос гарсан бүх нүүрсийг авах тохироо гэх
байр сууриа хатуу барьж байгаа  гэнэ.

Ц.БААСАНСҮРЭН

 

 

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Да.Ганболд: “Рио“-гийн инженерүүд Оюу толгойн нөөц өснө гэсэн таамаг хэлж байгаа

“Эрдэнэс Оюу тол­гой”
компанийн гүйцэтгэх захирал, “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн Мон­голын талын гишүүн Да.Ганболдтой ярилц­лаа.

-Оюу толгойн далд уурхайн
нэмэлт санхүүжилтэд зээл өгөх банкууд хугацаагаа ес­дүгээр сарын 31 хүр­тэл сунгахаар
болж бай­гаа юм байна. Сан­хүүжилтийн хугацааг сунгах болсон шалтгаа­наас яриагаа
эхэлье?

-“Оюу толгой”
хэд хэ­дэн онцлогтой том төсөл. Монгол шиг улсын хувьд сүүлийн 40 гаруй жилд хэрэгжиж
эхэлсэн хамгийн анхны том төсөл. Дэлхийн хэмжээнд ч ийм том төсөл тийм олноороо
хэрэгждэггүй. Зэсийн салбарт гэхэд газрын гүнд мянга хол давсан метрийн доор үйл
ажиллагаа явагдах өвөрмөц онцлогтой уурхай дэлхийд ч ховор. Газрын гүнд блоклон
олборлох технологи талаас нь яривал мөн л сүүлийн үеийнх.Тэр утгаараа шууд хуулбарлаад
хэрэгжүүлэх прак­тик, бололцоо бага­тай төсөл. Гэрээ бай­гуулах үед уурхай хэд хэдэн
үе шаттайгаар хэрэгжиж ажиллана гэдэг нь тодорхой байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ
байгуулагдсанаас хойш гурван жил гаруйн дараа ил уурхай ашиглалтад орсон, одоо баяжуулах
үйлдвэр хүчин чадлаараа ажиллаж байна. Дараа­гийн шатанд төлөвлөгөө гүний уурхай
ёсоор 2016 онд ашиглалтад орох учир­тай.

Цаашлаад
2019-2020 онд үе шаттайгаар илүү гүнээс дараагийн хүдрийн биетийг олборлох юм. Гүний
уурхайн бүтээн байгуулалтын явцад буюу өнгөрсөн оны эхээр нэмэлт санхүүжилт хэрэгтэй
болсон гэдгийг хөрөнгө оруулагч тал мэдэгдсэн. Гадаад зах зээл таагүй, зэсийн үнэ
уналттай, тээвэр ложистикийн асуудал бүрэн шийдэгдээгүй зэрэг шалтгаанаас болж борлуулалт
удааширсан. Нэмэлт санхүүжилт авахын тулд хоёр тал зарим зарчмын асуудлаар хэлэлцээ
хийх хэрэгтэй болсон. Одоогоор талууд нэгдмэл байр суурьтай болж харилцан тохиролцоонд
хараахан хүрээгүй байна. Хэлэлцээ хэвийн үргэлжилж байна.

-Төслийн нэгдүгээр үе шатны өртөг зардал хэтэрсэн асуудал
дээр ойлголцолд хүрч чадсан уу?

-Нэгдүгээр
үе шатанд өртөг зардал хэтэрсэн асуудлыг ярилцаж байгаа.

-Хэлэлцээр сунжирч байгаа шалтгааны нэг нь ТЭЗҮ гэж ойлгосон.
Хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-ээ хүлээлгэн өгснөөс хойш Эрдэс баялгийн зөвлөл шийдвэрээ
хэдий хугацаанд гаргах бол?

-Гүний
уурхайтай холбоотой илүү нарийвчилсан, нэмэлт судалгаан дээр түшиглэсэн, шинэчилсэн
ТЭЗҮ боловсруулах ажил тооцсон хугацаанаас удааширсан тал бий. ТЭЗҮ-ийг энэ оны
зургадугаар сард багтаж өгнө гэж байгаа. Эрдэс баялгийн зөвлөл энэ бичиг баримттай
хэдхэн хоногийн дотор танилцаж амжихгүй нь тодорхой. Тийм учраас бид есдүгээр сар
гэж тогтсон.

-Хэлэлцээ сунжирч байгаад Монголын Засгийн газрыг бу­руутгасан
байр суурь гадаадын зарим хэвлэл мэдээллээр их цацагдаж байна. Зарим эдийн засагч,
шинжээчид ч ийм агуул­гатай үг хэлдэг. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Төслийн
нөгөө талын хөрөнгө оруулагч тал болох “Туркойз Хилл”, “Рио тинто”-гийн хувьд дэлхийн зах зээл, хөрөнгийн бирж дээр ил тодоор
бүртгэгдсэн, өөрийн өвөрмөц зүй тогтлоор ажилладаг компаниуд. Тэдэнд компанийнхаа
талаар ямар нэг буруу, таагүй мэдээлэл гаргах сонирхол байдаггүй. Тэгвэл хувьцааных
нь үнэ унадаг. Энэ нь тухайн компанийн зээлжих зэрэглэл, итгэл баталгаа, бизнесийн
нэр хүндэд муугаар нөлөөлдөг. Цаашлаад хоёрдогч зах зээлээс босгох санхүүгийн эх
үүсвэр олдох бололцоо нь сулардаг талтай. Асуудлыг энэ өнцгөөс нь харж ойлгох ёстой.
Ийм шалтгаанаар ямар ч компани өөртөө буруу өгөх дургүй байдаг. Гол төлөв нөгөө
тал руугаа тодорхой хэмжээний буруу тохох явдал нь дэлхийн нийтийн нийтлэг практик.
Сумогийн дэвжээн дээр хоёр бөх гарч ирээд чи яагаад намайг түлхээд гаргачихав гэдэггүйтэй
л адил зүйл. Угаасаа тоглоомын дүрэм нь ийм. Энэ бол бизнес. Монголын Засгийн газар
ч гадаадын хөрөнгө оруулагч ч ашиг орлогоо нэмэгдүүлэхийн төлөө наймаа хийж байгаа
л ажиллагаа. Ашиг орлогынхоо төлөө хэлэлцээ хийх явцдаа дундынхаа бизнест хохирол
учруулах, ажлыг нь удаашруулах сонирхол байх ёсгүй.

-ТЭЗҮ боловсруулах ажил ямар шалтгаанаар удаад байгаа юм бол?

-Хоёр
талд ашиглах гэж байгаа уурхайгаа аль болох удаан жил ажиллуулах, одоо ярьж байгаагаас
илүү их хэмжээний хүдрийн биет олборлох сонирхол бий. Газрын гүнд байгаа хүдрийн
биетийн нөөцийг зуун хувь гаргаж ирнэ гэж байдаггүй. “Хөрөнгө оруулагчийн зүгээс
бидэнд өгч байгаа тайлбараар бол ТЭЗҮ удаж байгаагийн нэг шалтгаан нь энэ. Байгалийн баялаг, эдийн засгийн нөөц гэдэг хоёр
ондоо ойлголт. Бид эдийн засгийн нөөцийг нэмэгдүүлэхийн төлөө тодорхой шахалт үзүүлэн
ажиллаж байна. Үүнээс болж цаг алдсан байхыг
үгүйсгэхгүй. Нөгөө тал ч аль болох удаан хугацаанд үр ашигтай ажиллуулах сонирхолтой
байгаа. Анх төлөвлөснөөсөө илүү хэмжээний зэс, алтны нөөцийг тогтоох, бүтээгдэхүүний гарц өндөр байх технологийг
ашиглахын төлөө явж байгаа гэж бид ойлгодог. Энэ хэлэлцээний явц бидний бодсоноос
удааширч байгаа. Гэхдээ энэ процесст улс төрийн янз бүрийн том дүгнэлт хийж, эсвэл
хөрөнгө оруулагчаа хавтгайртал нь муулж, нэг бол Монголын Засгийн газар хомхой юм
байна гэсэн туйлшралаар хандаж болохгүй.

-Банкуудын санхүүжилтийн хугацааг энэ оны есдүгээр сараас
наашлуулах бололцоо байгаагүй юм уу?

-Хөрөнгө
оруулагч тал санаа­чилгаараа төслийн санхүүжилтийн асуудлыг өмнө нь хоёр ч удаа
банкуудад тавьсан байдаг. Дээр хэлсэнчлэн, хэлэлцээний явц удааширснаас болоод өмнө
нь асуудлууд хойшлогдож байсан. Бидний зүгээс хөрөнгө оруулагч талд шинэчлэгдсэн
ТЭЗҮ-ээ дуусгах хүсэлтээ илэрхийлсээр ирсэн. ТЭЗҮ шинэчлэгдэж дуусаагүй болохоор
хоёр тал өмнөх мэдээ­лэл, тоон дээр дараагийн шатны том хөрөнгө оруулалтын шийдэл
гаргахад хүндрэлтэй тал байна. Ирэх саруудад бүх асуудлаа шийд­чихнэ гэж үзээд хугацааг
харилцан тохиролцсон.

-ТЭЗҮ-тэй холбогдуулан яригдаж байгаа том асуудлын нэг нь
ордын нөөц гэж харж байна. Оюу толгойн нөөц нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн таамаглал
хэлэх хүмүүс бий. Энэ хэр ортой яриа вэ?

-Шинэчлэгдсэн
ТЭЗҮ нь албан ёсоор хараахан гараагүй учраас нэмэгдэнэ өснө гэдгийг хэлэхэд эрт
байна. Тодорхой хэмжээгээр өснө гэсэн урьдчилсан таамгийг “Рио”-гийн инженерүүд
хэлж байгаа. Хайгуулын ажил одоо ч үргэлжилсээр байгаа. Цаашид ч байнга хийгдэх
учиртай. Зургадугаар сард албан ёсны тооцоо, дүн гарна.

-Оюу толгой төсөл Өмнөговьд Эрдэнэт шиг том хот босгох ёстой
гэж үзэх хэсэг байдаг. Эдийн засаг талаасаа ингэх боломжтой юу?

-Монгол
Улс социализмын үед Төмөр замын, Эрдэнэтийн, Бор-Өндөрийн, Бэрхийн гээд олон том
гэрээ байгуулж хэрэгжүүлж ирсэн түүхтэй. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ бол
зах зээлд шилжиж шинэ нийгэмд ажиллаж амьдардаг болсноос хойш байгуулсан анхны том
гэрээ. Социализмын үед байгуулсан Эрдэнэт, Төмөр замын гэрээнүүдэд улс төрийн агуулга
нь илүү давам­гайлж байсан. Монгол Улс социализмын замаар явбал ийм хурдан хөгждөг
юм гэдгийг харуулах нь тэр үеийн улс төрийн системийн хамтын чухал зорилго байсан.
Өгөөжөө яаж өгөх нь гол зорилго байгаагүй. Дэлхий нийтэд үзүүлбэр болгохын тулд
эмнэлэг, сургууль, цахилгаан станц, хивсний үйлдвэр, хүнсний комбинат бариад л Эрдэнэт
гэдэг том хотыг босгосон. Социализмын үед ганц Эрдэнэт ч тэгж босоогүй. Улаанбаатар
төмөр зам гэхэд л эмнэлэг, сургууль, цэцэрлэг, яслитай, улс доторх улс байсан. Энэ
зөвхөн Монгол ч биш бүх социалист улс орнуудад хэрэгждэг зарчим байлаа. Ихэнх аж
ахуйн нэгж ийм ачааг даадаггүй. Тийм учраас социализм өөрөө өөрийгөө даахгүй болоод
дампуурсан. Ерээд оноос хойш Монросцветмет, Эрдэнэт, Төмөр зам бүгд бүтцийн өөрчлөлтөд
хамрагдаж сургууль, эмнэлэг, ТЭЦ болон бусад нийгмийн асуудлуудыг төрдөө хариуцуулах
болсон. Уурхай нь голчлон уурхайтай холбоотой үйл ажиллагаагаа л хариуцахаар болж
байна.

-Монголын талын хувийг нэмэгдүүлэх ёстой, тэгэхийн тулд гэрээнд
өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж ярьдаг хүмүүс бий. Энэ дээр та ямар байр суурьтай
байна?

-Хамтарсан
дундын төсөл тул төслийн үр ашиг, өгөөжийг харилцан ашигтай байдлаар хуваах тухай
зарчмын тохиролцоог Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохиролцсон байдаг. Төслийн эцсийн
нийт үр өгөөжөөс Монголын тал 53 орчим хувь, хөрөнгө оруулагч тал 47 орчим хувийг
хүртэнэ гэсэн тооцоо бий. Мэдээж энэ харьцааг өөрчлөх сонирхолтой хүн байхыг үгүйсгэхгүй.
Аливаа хүсэл сонирхлоо ул үндэстэй, тооцоотой
илэрхийлэх хэрэгтэй. Манайд дахиад 500 жил
хадгалж хойч үедээ үлдээе гэж ярьдаг хүн ч бий. Энэ тохиолдолд заавал гадны хөрөнгө
оруулалт гэлгүй Монгол Улс өөрөө 100 хувийн хөрөнгө оруулалттайгаар төслийг хэрэгжүүлж
үр шимийнхээ 100 хувийг өөрөө хүртэх бололцоотой болох юм байна л даа. Иймэрхүү
үндэслэлээр гэрээг өөрчилнө гэж ярьж болохгүй л дээ.

Аль
ч том гэрээнд аль нэг тал­даа ашигтайгаар өөрчлөлт оруулах орон зай, бололцоо хэзээд
байдаг. Дээр дурдсан социализмын үеийн төслүүдэд ч энэ байдал хамаарна. 1949 оны
төмөр замын гэрээ, эсхүл 1973 оны Эрдэнэтийн гэрээг өнөөдрийн шалгуураар бодож анхнаасаа
төгс, Монголынхоо талд илүү ашигтайгаар гэрээний нөхцөлийг сайжруулах гэж муйх­раар
зүтгэсэн бол өнөөдөр бид төмөр замтай бас Эрдэнэт шиг үйлдвэртэй, хоттой байх байсан
уу. Тийм учраас Оюутолгойн гэрээг бид зөвхөн өнөөгийн цаг үеийн шаардлага, өнцгөөс
харж, дүгнэж болохгүй.

-Оюутолгойн гүний уурхайн санхүүжилтийг энэ жилдээ багтааж
шийдэхгүй бол эдийн засаг хүндрэх магадлалтай гэсэн байр суурийг Төв банкнаас удаа
дараа илэрхийлээд байгаа…?

-Энэ
бол хоёр талтай асуудал. Нэг талаас Оюутолгойн нэмэлт санхүүжилтийг он дамжилгүйгээр
шийдвэрлэвэл гадаад болон дотоодын хөрөнгө оруулалтад эрүүл, эерэг дохио болж бизнесийн
орчин сайжирч говийн бүсийн хөгжилтэй холбоотой удаан жилийн төлөвлөлт, үйл ажиллагааг
цаг алдалгүйгээр эхлүүлэх бололцоо тавигдана. Ингэснээр эдийн засгийн идэвх сайжирна,
ажлын байр нэмэгдэнэ, улмаар мөнгө санхүүгийн систем тогтвортой болно. Нөгөө талаас,
манай улсын эдийн засаг ганц хоёрхон томоохон үйл явцаас хэтэрхий хамааралтай байж,
аль нэг аж ахуйн нэгж нь ханиад томуу тусахад улс орны эдийн засаг тэр аяараа савладаг
байж болохгүй. Тийм учраас төмөр зам, авто зам, цахилгаан станцууд зэрэг уул уурхайтай
холбоотой, холбоогүй өөр төслүүд хэрэгжих учиртай юм. Иймд асуудлыг хурдан шийдэх
нь гадаад, дотоодын хөрөнгө оруулалтад эерэг дохио болно гэдгийг манай Эрдэнэс Оюутолгой
компани ойлгож өөрийнхөө эрх мэдлийнхээ хүрээнд бололцоотой бүхнийг хийж ажиллаж
байна.

-Оюу толгойн далд уурхайн санхүүжилт орж ирэхгүй байх нь эдийн
засагт шууд утгаараа нөлөөлөх эсэхийг тодруулж асуумаар байна?

-Юуны
түрүүнд нэгэн зүйлийг тодруулж хэлмээр байна. Өнөөг хүртэл оруулсан хөрөнгө оруулалтын
нэгэн томоохон хэсэг нь далд уурхайн санхүүжилтэд зарцуулагдсан. Нэмэлт санхүүжил­тийн
асуудал бол дутууг нь гүйцээх зорилготой болохоос биш цоо шинээр далд уурхайг эхлүүлэх
асуудал биш. Мөн түүнчлэн Оюутолгойн ордын дийлэнх нөөц нь газрын гүнд байгаа тул
далд уурхайгүйгээр энэ төсөл өөрөө эдийн засгийн утга, агуулга багатай болно. Тийм
учраас далд уурхайн санхүүжилт хийгдэх, хийгдэхгүйн тухай асуудал байхгүй. Ямар
эх үүсвэр, нөхцөлөөр, хэзээ хийх вэ гэдэг нь илүү чухал. Нөгөөтэйгүүр, Монголын
эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тухайд гэвэл дараахь зүйлийг онцолж хэлье. Өнгөрсөн
дөрвөн жилийн хугацаанд энэ төслийн барилгын ажиллагаа яваг­­даж хөрөнгө оруулалтын
хэм­жээ өндөр байсан. Өнөөдөр үйлдвэрлэлийн үе шатандаа шил­жиж орсон учраас нэг
жилд хийгдэх хөрөнгө оруулалтын хэмжээ эрс багасаж байгаа. Энэ нь өөрөө ийм хэмжээний
том төслийн нэг шатнаас нөгөө шат руу шилжих үед зайлшгүй тохиолддог онцлог. Одоо
Оюутолгойн ил уурхай хэвийн ажиллаж байна. Энэ жил гэхэд л ил уурхайгаас Эрдэнэтээс
давсан хэмжээний зэсийн баяжмал экспортлох төлөвлөгөө гаргасан байгаа.

-Хийж байгаа хэлэлцээ сунж­рах хэрээр таны яриад байгаа хайлуулах
үйлдвэр, төмөр зам, авто замын төсөл рүү орж ирэх том хөрөнгө оруулалтын хугацаа
хойшилж таарна. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Тодорхой
хэмжээгээр санал нэг байна. Монгол шилжилтээ бүрэн гүйцэд дуусгаагүй улс гэж би
хувьдаа боддог. Зах зээл, ардчилал руу шилжих нийгмийн шилжилт бүрэн дуусаагүй байна.
Тийм учраас хуулиуд төгс төгөлдөр болоогүй, үе үе өөрчлөгдөж шинэчлэгддэг тохиолдол
байна. Хөрөнгө оруулалтад энэ нь муугаар нөлөөлдөг. Дахин давтан хэлэхэд, Оюутолгой
төсөл Монголын эдийн засаг, нийгмийн амьдралд асар их ач холбогдолтой хэдий ч зөвхөн
ганц төслийг түшиж хөгждөг улс орон байж болохгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Г.Тэмүүлэн: Хоёр талын хэлэлцээнд зэсийн зах зээл нөлөөлж байгаа

Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн Монголын талын гишүүн Г.Тэмүүлэнтэй
ярилцлаа.

-Оюу
толгой төслийн далд уурхайн санхүүжилт өнгөрсөн сард багтаж ший­дэг­дэнэ гэсэн мэдээ­лэл
бай­сан. Гүний  уурхайн бүтээн байгуулалтын
санхүүжилт ямар шалтгаанаар шийдэлд хүрсэнгүй вэ?

-Манай тал яриа хэлэл­цээг ойрын хугацаанд эцэс­лэн шийдвэр­лэх бүрэн
боломж­той гэж үзэж бай­гаа. Анхнаасаа л төслийг ам­жилт­тай хэрэгжүүлэхийн төлөө
бүх талаар хичээж ирснийг онц­лон дурдах хэрэгтэй байх. Шууд биднээс хамаарал багатай
гадаад нөхцөл байдлууд  яриа хэлэлцээнд ч,
Оюу толгой төслийн үйл ажиллагаанд ч нөлөөлж байна.

-Гадаад
нөхцөл гэдэг нь зэсийн зах зээлийг хэлээд байна уу?

-Тэгж ойлгож болно. Олон улсын эдийн засаг, зэсийн зах зээлийн сүүлийн
үеийн нөхцөл байдал тийм ч сайнгүй байна л даа. Өнгөрсөн оны эхэнд нэг тонн зэсийн
үнэ 8200 ам.доллар байсан. Гэтэл одоо 6600-6700 ам.долларт хэлбэлзэж байна.

-Гэхдээ
зарим шинжээч, нэр бүхий судалгааны байгууллагаас зэсийн үнэ эерэг байна гэсэн таамаглал,
прог­нозыг гаргаад байгаа шүү дээ?

-Зэсийн үнэ нэг их унах­гүй ч өсөхөөргүй байна гэсэн дүг­нэлтийг
гадны шинжээчдийн таамаглалаас хийж болохоор байгаа. Хятад бол дэлхийн зэсийн
40 хувийг дангаараа хэрэглэдэг улс. Энэ улсын макро эдийн засгийн үзүүлэлт өндөр
биш байгаа нь зэсийн үнэ тэгтлээ өсөхгүй гэсэн төлөвийг бий болгож байна.

-Хятадын
зэсийн хэрэг­цээ нэмэгдэж байгаа учраас үнэ өснө гэсэн таамаглалууд сонсогдох болсон.
Том зах зээлийн хэрэг­лээ нэмэгдэх нь зэ­сийн үнэд нөлөөлөхгүй гэж үү?

-Хятадын цэвэр зэсийн хэрэг­цээ, үйлдвэрлэл нэмэг­дэж байгаа нь үнэн.
Гэхдээ үүнийг дагаад нийлүүлэлтийн өрсөл­дөөн улам бүр нэмэг­дэж байна. Хятадын
хай­луу­лах үйлдвэрүүдийн зэсийн нөө­цөлсөн хэмжээ их хэмжээгээр нэмэгдэж бай­гаа.
Бэлэн нөөц нь гэхэд сүүлийн жилүүдэд байгаагүй рекордыг эвдэж мэдэхээр дүр зураг
харагдаж байна. Бүтээгдэхүүний ний­лүү­лэлтийн илүүдэл энэ жил гэ­хэд ойролцоогоор
600 мянган тонн цэвэр зэс болоод байгаа. Монгол Улсын нийт үйлдвэрлэж байгаа хэмжээ­нээс
хоёр дахин их хэмжээ. Өөрөөр хэлбэл зөвхөн энэ онд гэхэд хоёр Оюу толгой, хоёр Эрдэнэт
үйлдвэрийн  үйлд­вэр­лэх хэмжээний цэвэр зэсийн
илүүдэлтэй байх нь гээд ойлгочихож болно. Ирэх онуудад ч нийлүүлэлтийн илүүдэл улам
бүр нэмэгдэх төлөвтэй байна.

-Төслийн
санхүүжилтийн асуу­дал хойшлоод байгаа­гийн бас нэг шалтгаан нь дэлхийн зэсийн зах
зээлийн таагүй байдал гэж ойлгож болох нь ээ?

-Төслийн санхүүжилтийн асуудал зөвхөн талуудын хооронд өрнөж байгаа
яриа хэлэл­цээ­нээс шалтгаалж хойш­лоо­гүй. Хөрөнгө оруулагч тал зах зээлийн сүүлийн
үеийн нөхцөл байдлаас хамаарч нэмэлт санхүүжилтийн асуу­дал дээр яаравчлах байр
суурь­гүй боллоо гэж бид ойл­гож байгаа. Дан ганц манай талаас хамааралтай бол бид
асуудлыг хэзээ ч ярилцаж, шийдэхэд бэлэн байна. Ямар ч бизнес эрхлэгч зах зээлийн
нөхцөл байдлаа үнэлж, нийлүүлэлтийн орчноо судалж байж эрсдэл өндөртэй хөрөнгө оруулалтын
шийдэл гаргадаг.

-Оюу
толгой төс­лийн далд уурхайн сан­хүү­жил­тийг шийдвэрлэхгүй байх нь олон сөрөг талтай
гэж эдийн засаг­чид яриад эхэлсэн. Оюу толгойн асуудлыг бүрэн шийдэхгүй бол эдийн
засаг сэргэхгүй, хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэсэн тайлбарууд хөвөрч байна. Энэ
тал дээр таны байр суурийг сонсъё?

-Манай зүгээс Оюу толгой төс­лийн үйл ажиллагаа хэвийн яваг­даж байгаа
гэсэн тайлбарыг удаа дараа хийж байгаа. Би ч гэсэн яг энэ үгийг давтаж хэлмээр байна.
Өнгөрсөн хугацаанд төслийн барил­га бүтээн байгуулалтын үе шат амжилттай хэрэгжсэнээр
баяжуу­лах үйлдвэр ашиг­лал­тад орсон шүү дээ. Бая­жуу­лах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа
ажиллаж байна. Өдөрт 100 мянган тонн хүдэр боловсруулан ажиллаж байгаа.  Оюу толгойн баяжуулах үйлдвэр өнгөрсөн оны арванхоёрдугаар  сарын 31-ний байдлаар 290 мянган тонн баяжмал
үйлдвэрлэсэн. Он гарснаас хойш, миний хамгийн сүүлд авсан тоогоор бол 100 гаруй
мянган тонн баяжмал нэмж үйлдвэрлээд байна. Өнгөрсөн онд бүтээгдэхүүний борлуулалтад
зах зээлээс хамааралтай хүндрэлүүд гарсан учраас борлуулалтын орлого, Монгол Улсад
төлөх татвар, төлбөр хойшлоход нөлөөлсөн. Өнөөдрийн хувьд борлуулалт хэвийн явагдаж
байгаа.

Оюу толгойн боловсруул­сан баяжмал өнөөдрийг хүртэл зөвхөн ил уурхайгаас
гарч байгаа. Далд уурхайгаас ямар нэг олборлолт хийгдээгүй. Төслийн санхүүжилт удаа­ширснаас
болж далд уурхайн бүтээн байгуулалт зогсч, эдийн засгийн орчинд шууд нөлөөл­сөн
гэж үзэх үндэслэл бага болохыг саяын миний хэлсэн тайлбараас харж болно. Нэг зүйлийг
онцолж хэлэхэд Оюу толгой Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг
2010 оноос хойш дангаараа бүрдүүлж ирсэн төсөл. Шуудхан хэлэхэд гур­ван жилийн дотор
бүтээн байгуу­лалтын ажилд зориулж до­лоон тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг  нэг амьсгаагаар хийсэн. Хөрөнгө оруулалтыг нэг
дор ингэж ихээр хийсэн учраас Оюу толгой ордын барилга бүтээн байгуулалтын ажлууд
богино хугацаанд хийгдсэн юм. Одоо их бүтээн байгуулалтын үе шатаасаа үйлдвэрлэлийн
хэвийн горимдоо шилжиж байна. Өөрөөр хэлбэл их хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг
дор хийх шаардлагагүй болсон гэсэн үг. Хөрөнгө оруулалт багасах нь хэвийн үзэгдэл
гэдгийг энгийнээр тайлбарлавал ийм байна.

-Төслийн
санхүүжилт олгох банкууд зээл олгох хүчинтэй хугацаагаа сун­га­сан болов уу. Хэрэв
сунгасан бол ямар хугацаагаар сунгаж байгаа вэ?

-Зээл олгох хүчинтэй хуга­цааг манай талаас сунгуулах хүсэлтээ хүргүүлсэн.
Мөн хөрөнгө оруулагч нөгөө талаас хүсэлтээ хүргүүлэх учир­тай. Манай талаас аль
болох богино хугацаагаар сунгах сонирхолтойгоо илэрхийлсэн. Энэ дагуу шийдэгдэнэ
гэж бидний зүгээс харж байгаа.

-Яриа
хэлэлцээ хэзээ дуусах бол, ойрын хуга­цаанд гацаанаас гарах болов уу?

-Хоёр тал яриа хэлэлцээ­гээ богино хугацаанд цааш идэвхтэй үргэлжлүүлэх
бол­но. Яриа хэлэл­цээ хэвийн үргэлжилж байна. Ойрын хуга­цаанд нэг шийдэл, ойлголцолд
хүрэх бүрэн боломжтой гэж бид үзэж байгаа. Ер нь ийм том хэмжээний бизнесийн хэлцэл,
санхүүжилтийг шийдэхэд хоёр талд хугацаа шаардлагатай байдаг. Харилцан тохиролцох,
ойл­голцох зүйлүүд олон байдаг. “Рио Тинто”-гийн зүгээс төс­лийн шинэчлэгдсэн ТЭЗҮ-ийг
боловсруулж дуусгасны дараа яриа хэлэлцээг эцэс­лэхэд илүү амар болно гэсэн хандлагатай
байгааг ч бид харгалзах ёстой. Хөрөнгө оруулагч талаас далд уурхайн зураг төсөл,
барилгын ажлын төлөвлөгөө болон төслийн өргөтгөлийн ажлын ТЭЗҮ-ийг энэ  оны зургадугаар сард дуусгахаар ажиллаж байна.

-ТЭЗҮ-ийг
хэлэлцэж батална гэж ирээд яривал манай талаас хамааралтай, хугацаа шаардагдах ажлууд
гарах болов уу гэж харж байна. Хэр хугацаа шаардагдах бол?

-Хөрөнгө оруулагч талын мэдэг­дэж буйгаар ТЭЗҮ-ээ энэ  оны зургадугаар сард дуусгасныхаа дараа цаг алдалгүй
хувь ний­лүү­лэгч талууд болон Эрдэс баял­­гийн мэргэжлийн зөв­лөлд танилцуулна
гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм билээ. Мэдээж судалж танил­цахад хугацаа шаардагдах
нь ойлгомжтой. Гэхдээ манай та­лаас хамаарч болох асуудал болгоныг цаг хуга­цаа
алдалгүйгээр зохион бай­гуулалт хийж ажиллах бүрэн боломжтойгоо илэрхийлсэн.

-Засаг,
“Рио” хоёр эхлээд хэлэлцээний ширээний ард суух­даа шийдэх ёстой 30 гаруй асуудал
бий гэж байсан. Одоогоор хичнээн хувийг нь шийдээд байна, нууц биш бол яг ямар асуудлууд
дээр шийдэлд хүрээгүй байгаа вэ?

-Өмнө нь гуч гаруй асуу­дал байсан бол одоогоор зарчмын томоохон
таван асуу­дал үлдээд байна. Хоёр тал зарчмын чухал асууд­лаар харилцан тохирол­цоонд
хүрээд байгаа. Гэх­дээ ойлголтын зөрүүг ойртуу­лах, асуудлыг шийд­вэр­­лэх чиглэлээр
бүх л арга хэмжээг авч ажиллаж байна. Тухайлбал, зардлын хэт­рэлтийг хоёр талаас
тул­гаж нягтлах, ТЭЗҮ-ийнхээ шинэч­лэлийг 2010 оны ТЭЗҮ-тэй харьцуулан суд­лах,
төс­лийн нэмэлт санхүүжилтийн нөх­цөлүүдийг судлах чиглэ­лээр ажиллаж байна. Ер
нь эдгээр асуудлыг ойрын хугацаанд ярил­цаж шийдвэрлэх боломж­той гэж харж байгаа.
Гэхдээ мэдээж хоёр талын оролцоо санаачилга, хүсэл эрмэлзлээс бүх зүйл хамаарах
нь ойлгомжтой.  

-ТУЗ-ийн
гишүүний чинь хувьд асуух асуулт байна. ТУЗ-ийн хурлын түвшинд ямар асууд­лууд дээр
илүү анхаарч шийдвэрлүүлэхийн төлөө ажиллаж байгаа вэ?

-Манай улсын сүүлийн 30 гаруй жилийн түүхээс харахад хэрэг­жүүлж
эхлүүлсэн, өнөөд­рийг хүртэл амжилттай хэрэг­­жүүлж буй хамгийн том төсөл, хамгийн
том хөрөнгө оруулалт бол яах аргагүй Оюу толгой. Тэр ч утгаараа нийгэм даяараа Оюу
толгойг асар өндөр хүлээлттэйгээр ажиглаж байна л даа. Энэ талаас нь харахад  Оюу тол­гойн ТУЗ-д Монголыг төлөөлсөн гишүүдэд
их үүрэг хариуцлага ирж байгаа.

Бид хувьцаа эзэмшигч, монголчуудынхаа нийтлэг ашиг сонирхлыг тооцож
ажил­лах  үүрэг хүлээсэн хүмүүс. Анхаарч ажиллаж
байгаа хэд хэдэн чиглэл бий. Ажилч­дын нийгмийн асуудал, ялан­гуяа төслийн талбарт
ажиллаж бай­гаа монгол ажилчдын тав тух­тай ажил­лах амьдрах орчинг бүр­дүү­лэх
үүднээс Ханбогд сумыг түшиглэн цог­цолбор хот тосгон барьж байгуу­лах асуудлыг шийд­вэр­лүүлэхээр
ТУЗ-ийн зүгээс анхаарал тавьж байна. Энэ асууд­лыг төр, хувийн хэвшлийн оролцоотойгоор
бүрэн шийд­вэрлэнэ гэж харж бай­гаа. Цаашлаад яривал монгол ажилчдын цалин, хөдөлмөрийн
үнэлэм­жийг нэмэгдүүлэх, гүйцэтгэх удирд­­лагын түвшинд монголчуудын оролцоог нэмэгдүүлэх
гээд ярьж ший­дүүлэх ёстой олон асуудал бий.

Нөгөө талаас хөрөнгө оруу­лагч талууд хэн хэнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн
харил­цааг аль болох хөгжүүлж л байвал урт хугацаанд хамт­ран ажиллах, төслөөс хүртэх
үр өгөөж,  үнэ цэнийг нэмэг­дүүлэх, хамтын
амжил­тад хүрэх нөхцөлийг бүрдүүлнэ. Энэ бол аль аль талдаа ойлгомжтой асуудал л
даа.

-Засгийн
газарт Оюу тол­гойн хөрөнгө оруу­лал­тын гэрээ байгуулахаас эхлээд өнөөдрийг хүртэл
ажил­ласан ганц хүн бий. Тэр нь та. Асуудлыг эхнээс нь мэдэх хүний хувьд Оюу толгойн
хөрөнгө оруулал­тын гэрээн дээр ямар үнэлэмжтэй явдаг вэ?

-Том хэмжээний стра­те­гийн ач холбогдолтой бизне­сийн төсөл дээр
хэлцэл бай­гуулж байгаа улсын хувьд эдийн засаг, нийгэм, хууль эрх зүй, байгаль
орчин, хөдөл­мөр, ард түмний уламж­лал гээд бүх л салбар, бүх л талаас нь шаардлагатай
судалгаануудыг урьдчилан хийсэн байх учиртай. Тухайн үед гэрээ байгуулахтай холбогдуулж
шаардлагатай бэлтгэл ажлуудыг хангалттай түвшинд хийлгүйгээр тал талаас нь шахаад
явсан зүйл бий гэж хувь хүнийхээ үүднээс боддог. Цаг хугацааны асар их дарамт, шахалтанд
ажиллаж байж энэ гэрээг байгуулсан. Энэ асуудалд арай ул суурьтай, бүхий л салбарынхан
хүчин зүтгээд оролцох ёстой байтал зөвхөн эдийн засгийн өнцөг талаас нь хараад яарсан
тал бий. Монголчуудын хувьд урьд өмнө нь ийм гэрээ хийж байсан зах зээлийн туршлага
гэвэл бараг байхгүй. Харин нөгөө тал маань дэлхийн олон газар гэрээ хийж сурсан,
биднээс илүү туршлагатай байсан гэдэг нь тодорхой. Цаашлаад гадны томоохон корпораци
эдгээр компаниудын зах зээлийн үнэлгээ нь гэхэд л Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний
нөөцөөс хэд дахин даваад явчихсан. Санхүүгийн чадавхи бололцоо өндөр гэж ирээд яривал
олон зүйлийг дурдаж болно. Гэхдээ энэ төсөл Монголын эдийн засагт ач холбогдолтой
гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө.

-Гэрээтэй
холбогдуулаад асуухад гэрээгээр тодорхой болоогүй, эргэлзээ төрүүлэхүйц  үлдсэн асуудал гэвэл юу байна?

-Оюу толгой төсөл болон хөрөнгө оруулагчтай хамааралтай асуудлыг
зохицуулж байгаа гурван том гэрээ бий. Эхний том гэрээ нь мэдээж Хөрөнгө оруулалтын
гэрээ.  Нэмэлт, өөрчлөлт оруулж дахин тодотгосон
хоёр гэрээ байгаа. Нэг нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ, нөгөө нь Хувьцаа шилжүүлэхийг
хязгаарласан гэрээ. Хувьцаа шилжүүлэхийг хязгаарласан гэрээг  2011 онд нэмж байгуулсан юм. Мөн Хувь нийлүүлэгчдийн
гэрээний нэмэлт, өөрчлөлтийг 2011 онд оруулсан байдаг. Гэхдээ эдгээр гэрээнд багтаагүй
олон асуудал байна. Ганцхан жишээ хэлэхэд, төслийн үйл ажиллагаанаас эдийн засагт
шууд бус байдлаар нөлөөлөх нөлөөллийг сайтар тооцож нэмэг­дүү­лэх учиртай байсан.
Гэтэл энэ зохицуулалтыг хийж өгөөгүй асуудал байна.

-Шууд
бус нөлөөлөх нөлөөлөл гэдгээ тодруулаач?

-Тодруулж хэлбэл дотоодын ханган нийлүүлэгчдийн төслийн үйл ажиллагаанд
оролцох оролцоо, дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, эсвэл үндэсний аж ахуйн нэгжүүдэд
давуу эрх олгох, түлхүү оролцох нөхцөлийг бүрдүүлэх асуудал хангалттай хэмжээнд
суугаагүй. Цаашлаад урт хугацаанд хоёр талд эрх ашиг болон ойлголцлын зөрүү гаргахгүй
байх нөхцөлийг байнга харилцан бүрдүүлж байх нь маш чухал юм.

-Таны
хувьд төслийн цаашдын ирээдүйг хэрхэн харж төсөөлж байна вэ?

-Оюу толгойг зөвхөн монгол­чууд мэддэг байсан үе ард хоцор­сон. Дэлхийн
уул уурхайн хүрээнийхэн бүгд мэддэг, гадны томоохон хөрөнгө оруулагчид, банк санхүүгийн
байгууллагынхан сонирхдог том төсөл болсон. Энэ төс­лийг дэлхий нийтээрээ сонирхож,
гадныхан манай улсад өрнөж буй өөрчлөлт болгоныг анхааралтай ажиглаж байна. Цааш­лаад
энэ төсөл хэргэжиж эхэлснээр уул уурхай, эрчим хүч, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр
гээд олон арван төслийг нэмж эхлүүлэх боломж, нөхцөлийг бүрдүүлж байгаа. Энэ олон
том төслийг хийж хэрэгжүүлэх хариуцлагатай үүрэг нь дараагийн хорь, гучин  жилийн хугацаанд буюу бидний үеийн залуучууд дээр
ирж байна. Оюутолгойг  том зургаар харвал  Монголын урт хугацааны хөгжлийн түүчээ болно гэдэгт
эргэлздэггүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Я.Батсуурь: Таван толгойн нүүрсийг далайн боомт руу шууд тээвэрлэнэ

 “Эрдэнэс Таван
тол­гой” компанийн ажилтнууд цалингаа өгөхийг шаардаж ком­па­нийн оффисын гадна
жагсаал хийж байна гэсэн мэдээлэл өчигдөр цацагдсан юм. Цалингаа авч чадалгүй
зургаан сар болсон гэх мэдээллийг ч мэдээллийн зарим сайт өгч байв.  “Эрдэнэс Таван толгой” компа­нийн оффисын
гадаа жагссан иргэд тус ком­панийн ажилчид биш оператор компаниар ажиллаж
байгаа “Хишиг арвин индустрал”-ын ажилчид байжээ. Компанийн зүгээс өр төлбөрийг
ойрын хуга­цаанд барагдуулна гэ­сэн албан бичиг өгс­нөөр иргэдийн жагсаал
өндөрлөсөн байна. “Эрдэнэс Таван толгой” компаниас өчигдөр үдээс хойш хэвлэлийн
бага хурал зарлаж үүсээд байгаа нөхцөл байдлын та­лаар мэдээлэл хийсэн юм.
Мэдээллийн дараа тус компанийн гүйцэтгэх захирал Я.Бат­сууриас зарим зүйлийг
тодрууллаа.

-Танай зүгээс опера­тор компанидаа хөлсийг нь төлөх
боломжгүй бай­сан бол ажлыг нь түр зогсоож болоогүй юм уу?

-Зогс
гээд байхад хий­гээд байна л даа. Нүүрсний зах зээл он гарсаар маш хүнд байдалд
орсон. Ком­паниудын борлуулалт тээ­вэрлэлт зогссоныг бүг­дээрээ мэдэж байгаа.
Харин манай компанийн хувьд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа зог­соол­гүй
явуулж ирлээ. Баруун Цанхийн уурхай дээр үндэсний олборлогч “Монгол уурхайчин”
буюу “Хишиг арвин”, “Мера”, “Эмно” гэсэн гурван компанийн нэгдэл бидэнтэй жил
тойрон хамтран ажиллаж байна.

Өнгөрсөн
хугацаанд төлбөр тооцоог нь цаг тухайд нь хийгээд явж байсан. Он гарснаас хойш
төлбөр тооцооны тал дээр асуудал хүндэрснийг нуух юм алга. Учир нь манай
компани оператор компанийн  олборлосон
сая тонн нүүрсээ борлуулж чадаагүй байна. Зах зээлийн өнөөгийн байдлаас болж
нүүрсээ өнөөдрийг хүртэл борлуулаагүй байна л даа. Ийм бодитой шалтгаан байсан
учраас бид оператор компаниасаа  үйл
ажиллагаагаа зогсоохыг хүссэн, шаардсан. Гэвч оператор компани маань
өнөөдрийг  хүртэл үйл ажиллагаагаа
зогсоолгүй явж ирсэн.

-Оператор компани үйл ажиллагаагаа зогсоохгүй
үргэлжлүүлсэн нь ямар учиртай юм бол?

-Оператор
компанийн хувьд энэ төслийг хэрэгжүүлэхийн тулд багагүй хөрөнгө оруулсан.
Олон  тооны тоног төхөөрөмжийг түрээсээр,
зээлээр авчихсан байгаа. Хэрвээ зогсвол алдагдалд орох эрсдэлтэй учраас үйл
ажиллагаагаа үргэлжлүүлсэн байх.

-Хичнээн төгрөгийн өр авлага үүсээд байна?

-50
гаруй тэрбум төгрөгийн өр авлага үүссэн байгаа. 
Энэ өрийг ойрын үед төлж барагдуулна. Төлөх бүрэн боломж бий. Учир нь
зарах нүүрс маань бэлэн байна. Сая тонн нүүрсийг хамгийн хямдаар зарахад дор
хаяж 60-аас дээш тэрбум төгрөгийн борлуулалт хийх юм. Өрөө дараад илүү  гарах хэмжээний үнэ бүхий нүүрс нь бэлэн
байна.

-Ойрын хугацаанд гэхээр яг хэзээ гэсэн үг вэ?

-Борлуулалтаас
хамаар­на. Он гарснаас хойш борлуулалтын чиглэлээр  яриа хэлэлцээ хийж чадаагүй гэсэн шалтгаан
байсан. Зах зээл уналттай байсан учраас худалдан авагч тал хүлээлтийн байдалтай
хэсэг хугацаа өнгөрсөн. Харин сүүлийн үед худалдан авагч талын сонирхол ихэсч
байна. Түрүүчээсээ гэрээ байгуулаад эхэллээ. Тийм учраас ойрын хугацаанд өр
төлбөрөө барагдуулна. Тодруулж хэлбэл нэгээс хоёр долоо хоногийн дотор бүр
цаашиллаа гэхэд сардаа багтаагаад барагдуулчих бололцоотой.

-Нүүрс худалдаж авах сонирхол хэдийнээс сэргэсэн бэ?

-Сүүлийн
долоогоос арван хоногт Хятадын компаниуд сонирхлоо илэрхийлж эхэллээ. Хэд хэдэн
компанийн төлөөлөл ирж уулзаад явсан. Түрүүчээсээ их,бага хэмжээний гэрээ
байгуулаад явж байна гэж сая хэлсэн дээ. Гэрээнүүдээ ойрын үед эцэслэж
байгуулаад төлбөр тооцоогоо авна. Тэгэхээр 
асуудалгүй болно гэсэн үг.

-Нүүрсний үнэ ямаршуу байна?

-Ерөнхийдөө
тааруу байна. Он гарснаас хойш тогтмол унасан. Долоо хоног, арав хоног, сараар
унаж ирсэн л дээ. Харин сүүлийн арван хоногт харьцангуй тогтвортой байна.

-Энэ жилдээ нүүрсний үнэ хэр байх бол. Прогноз таамаг
гарсан болов уу?

-Саяхан
“Мэрилэнч”, “Голдман сакс” зэрэг байгууллагууд нүүрсний үнийн ойрын жилүүдийн
урьдчилсан таамаг судалгааг  гаргасан
харагдсан. Мэдээж баталгаатай эцсийн дүгнэлт биш л дээ. Тэр судалгаанаас
харахад энэ жил болон ирэх онд нүүрсний үнэ огцом өсөхгүй гэсэн  таамаг гарсан байна лээ.

-Нүүрсэн дээр бидэнд ямар давуу, сул талууд байна?

-Бид
нэг юманд итгэлтэй байгаа. “Эрдэнэс Таван толгой” -н  нүүрс бусад компанийн нүүрстэй өрсөлдөх
чадвартай. Жишээ нь бид нүүрсээ 
харьцангуй хямд зардлаар олборлож байгаа. Таван толгойн орд дээр үйл
ажиллагаа явуулж байгаа нөгөө хоёр компаниасаа ч хямд зардлаар олборлож байна.
Манайхтай ижил төстэй Австрали, Хятадын коксжих нүүрсний уурхайнуудаас  ч хямд олборлодог. Бидэнд хоёр зовлон бий.
Түүхийгээр зардаг учраас харьцангуй үнэд хүргэж чаддаггүй нь эхний том асуудал.
Хоёр дахь нь төмөр зам. Төмөр замгүй учраас тээврийн зардал их гардаг бэрхшээл
бий. Ийм шалтгаанаар өрсөлдөх чадвараа алддаг л даа. Гэхдээ сүүлийн үед хоёр
том ахиц гарсныг онцолмоор байна. Боомтын төмөр замын төслийг хэрэгжүүлэхээр
дөрвөн тал тохирч гэрээндээ гарын үсэг зурлаа. Төмөр замыг ондоо багтаж
ашиглалтад оруулах талаар талууд хамтран ажиллаж байна. Хэрвээ энэ яриа ажил
болбол нүүрсний тээврийн зардал эрс буурна. Хоёр дахь том ахиц гэвэл “Энержи
ресурс” компанитай нүүрсээ хамтарч угаагаад, 
угаасан нүүрсээ Хятадын зах дээр хамтарч борлуулъя гэдэг дээр зарчмын
тохиролцоонд хүрсэн. Энэ чиглэлээр “Шинхуа энержи” компанитай хамтарч
ажиллахаар урьдчилсан байдлаар тохиролцож 
ноднин Ерөнхий сайдыг Бүгд найрамдах Хятад ард улсад айлчлах үеэр санамж
бичигт гарын үсэг зурсан. Үүний хүрээнд гурван тал хамтарч манай хоёр компанийн
хамтарч угаасан нүүрсийг эцсийн хэрэглэгчдэд хүргэнэ.

-Эцсийн хэрэглэгч гэхээр бүр цаашаа далайн боомт руу
аваачна гэсэн үг үү?

-Тэгнэ.
“Энержи ресурс”-ын баяжуулах үйлдвэрт нүүрсээ угаагаад эхлэнгүүт ажил болно.
Угаасан нүүрсээ “Шинхуа”-тай хамтарч, 
тэдний төмөр замаар дамжуулан 
Хятадын зүүн эрэгт хүргэнэ. Австралийн нүүрс ирдэг  зах зээл дээр, тодруулж хэлбэл  далайн эрэг дээр  очно гэсэн үг. Тэнд Австралийн нүүрстэй нэг
зах зээл дээр өрсөлдөх юм.  Монголын
угаасан нүүрс анх удаа Австралийн нүүрс ирдэг Хятадын нутгийн гүн дэх том
хэрэглэгчид, гангийн үйлдвэрүүдэд очно. Энэ талаар “Шинхуа” компанитай
урьдчилсан тохироо хийсэн. “Шинхуа” бол Хятадын нүүрсний хамгийн том компани
нь. Ганц модны хилийн боомт дээр төмөр замаа барьчихсан компани. Эдний төмөр замыг
ашиглаж  Хятадын зах зээлийн  гүнд нь очиж борлуулах боломжоор хангагдана
гэдэг том алхам.

-“Энержи ресурс”-ын баяжуулах үйлдвэрт нүүрсээ угаах
тохироогоо эцсийн байдлаар хийсэн үү. Нүүрсээ яг хэзээнээс угааж эхлэх вэ?

-“Энержи
ресурс” компанитай сар тойрон энэ гэрээн дээр сууж ажиллаж байна. Гэрээнийхээ
90 гаруй хувийг бэлэн болгосон. Ойрын өдрүүдэд хамтарч угаах гэрээг эцэслэж
гарын үсэг зурчих байх.

-Боомтын төмөр замын талаар тодруулах нэг зүйл байна.
“Шинхуа” төмөр зам барих ажлыг  энэ ондоо
багтаан барина  гэж ойлгож болох уу?

-Нэг
зүйлийг дахин тодруулъя. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайдын Хятадад
хийсэн айлчлалын үеэр манай компани, “Энержи ресурс”, орон нутгийн Таван толгой
гэсэн гурван компани хамтраад “Шинхуа” компанитай хорин жилийн хугацаанд нэг
тэрбум хүртэлх хэмжээний нүүрс борлуулах талаар санамж бичигт гарын үсэг
зурсан. Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлыг 
энэ жилээс эхлүүлэхээр ярьж байна. Хоёр хоногийн өмнө Таван толгой дээр
ажиллаж байгаа үндэсний гурван компани 
“Шинхуа”-тай боомтын төмөр зам барих гэрээг байгуулсан. “Шинхуа”
компанийн төмөр зам хил дээр ирсэн. Түүнийг нааш нь 18 км сунгаад хил дамнуулж
Монголын нутгаар нүүрсээ шууд ачиж импортлох боломжийг хангах гэж байна. Төмөр
замын ажлыг “Шинхуа” компани гүйцэтгэж барина. Энэ жилдээ багтаагаад ашиглалтад
оруулах боломжтой гэж  компанийн
удирдлага бидэнд хэлсэн.

-Төмөр замаар нүүрс тээвэрлээд эхлэхээр  тонн тутмын зардал хэр хэмжээгээр буурах вэ?

-Хил
дамнасан 20-30 км урт экспортын богинын тээврийг хийхэд тонн тутамд нь одоогийн
байдлаар 8-9 ам.доллар зарцуулж байгаа. Төмөр зам ашиглалтад орвол  хоёр ам.доллар хүртэл хямдрах боломжтой. 5-6
ам.долларын хэмнэлт гаргана гэсэн үг.

-“Шинхуа”-гийн төмөр замаар Хятадын гүнд нүүрсээ хүргэх
нь тодорхой юм байна. Сард хэчнээн тонныг гаргах талаар тохиролцоонд хүрсэн үү?

-Нэг
тэрбум тонн нүүрсийг хорин жилийн хугацаанд худалдаалах санамж бичгийнхээ
хүрээнд бид анхныхаа гэрээнүүд дээр ажиллаж байна. Сар тутам 500 орчим мянган
тонныг борлуулах чиглэлээр талууд санал нэгдээд яриа хэлэлцээр явуулж байна.
Мөн манай компани  олборлосон
нүүрснээс  тодорхой хэмжээний нүүрсийг
түүхийгээр нь “Шинхуа”-д зарж борлуулах асуудлыг ярьж байгаа.  Одоогоор эцэслэн шийдэгдээгүй байна.

Ц.БААСАНСҮРЭН

 

 

 

 

  

Categories
редакцийн-нийтлэл

“Bank of China” Монголд салбараа нээвэл бидэнд ийм эрсдэл байна

“Bank of China” манайд төлөөлөгчийн газраа ажиллуулдаг дэлхийн “акул”
банкуудын нэг. Одоо харин салбараа нээхээр ажиллаж байгаа гэсэн мэссэж хүчтэй явж
байна. Гадны банкуудын салбар жил ажиллаад салбар нээх зөвшөөрөл хүсч болдог хууль
манайд үйлчилдэг. “Bank of China”-гийн хувьд энэ хугацаа нь болсон ч салбараа нээх
хүсэлт гаргахаа түрдээ азнасан гэсэн мэдээлэл байсан юм. Гэтэл учир мэдэх улсын
ярьж байгаагаар дэлхийн томоохон банкны нэг 
“Bank of China” тун удахгүй Монголд салбараа нээх бололтой.

Гадаадын банкны салбар ажиллаад эхлэхээр зээлийн хүү буурах сайн
талтай гэж сурах бичигт бичсэн байдаг л даа. Гадны банкууд ороод ирэхээр өрсөлдөөн
нэмэгдэнэ, өрсөлдөөн нэмэгдэхээр зээлийн хүү буурна гэсэн тайлбарыг албаныхан унагадаг.
Өнгөцхөн сонсоход аятайхан л тайлбар. Ухаад үзэхээр оросууд манайд зуун шатахуун
түгээх станц барьж өгье гэж найр тавьдагтай ижил юм даг уу даа. Тэр үед шатахуунаа
зуун хувь Оросоос авдаг монголчуудад “Өө эд чинь станц бариад бензинээ түгээвэл
шатахуунаа хямд аваад ашигтай юм биш үү” гэж дуу алдахаар мэдээ байсан. Гэхдээ алсдаа
шатахуунаараа зуун хувь нэг улсаас хараат болох аюултай санал гэдгийг нь учир мэдэх
хэд нь хэлж байгаад болиулсан жишээ бидэнд бий. Хэрвээ тэр үед оросууд зуун шатахуун
түгээх станцаа манайд барьчихсан бол өнөөдөр бид шатахууны үйлдвэр ярихтай манатай
л сууж байгаа. Гадаадын банкны салбар орж ирлээ гэхэд төгрөгөөр бага хүүтэй зээл
олгоод эхлэх юм шиг ойлголтыг манай шийдвэр гаргагчдын зарим нь иргэдэд өгөх  байх. Харамсалтай нь тэгэхгүй. Гадаад валютаар
л зээл олгох боломжтой.

“Bank of China”-гийн салбар манайд үүдээ нээвэл бидэнд ямар эрсдэлтэй
вэ гэж сонирхох хүн олон бий.  Эхний эрсдэл  нь улс орны эдийн засгийг хуваах аюул. Манай улсын
хөрөнгө оруулагчдын дунд урд хөршийн бизнесмэнүүд жин дардаг. Өнөөдрийн байдлаар
гэхэд  Хятадын хөрөнгө оруулалттай юм уу ямар
нэг оролцоотой  6000 гаруй компани Монголд
үйл ажиллагаа явуулдаг гэсэн статистик бий. Хөрш улс, том зах зээлийн хувьд байж
болох хэмжээ. Үүнийг нь бол хэн ч хүлээн зөвшөөрнө. Гэхдээ Хятадын хөрөнгө оруулалт, оролцоотой хэдэн мянган компанид улсынх
нь банк үйлчлээд эхэлбэл яах вэ гэдэг талаас нь харъя.  Анзаарч харахаар л өнцөг. Манай зах зээлд  эргэлдэж байгаа мөнгөний багагүй хэсэг нь урд
хөршөөс гаралтай. Монгол гэдэг бүхэл бүтэн улсын эдийн засаг  Монголын болон Хятадын хамааралтай болж хуваагдмал
байдалд орохоор дайны нөлөө бий гэх гээд байна л даа. Ингэвэл эдийн засгийн үр ашиг
муудах аюултай гэж болгоомжлох эдийн засагч байна.  Жишээ нь Малайзын эдийн засаг Энэтхэг, Малай,
Хятадын хамааралтай гэсэн хуваагдмал байдалд орсон жишээ бэлхнээ бий.

Дараагийн аюул нь дотоодын санхүүгийн
системийн эрсдэл гэж зарим шинжээч хэлж байна. Гадны хөрөнгө оруулалт, капиталын
богино хугацааны тогтворгүй урсгалд амархан автдаг, ингэснээсээ болж системийн эрсдэлд  их эмзэг болдог  аюул бий гэнэ. Зүүн Өмнөд Азийн орнууд болон Аргентинд
яг ийм шалтгаанаас үүдсэн хямралын жишээнүүд байдаг. Дотоодын банкны зах зээл дэх
хяналтаа гадны санхүүгийн бүлэг­лэлүүдэд бүрэн алдсан Зүүн Европын орнуудыг бас
жишээ татаж болно.  

Анхаарах учиртай гурав дахь шалтгаан
нь улс орны аюулгүй байдал. Аюулгүй байдалд нөлөөлөхөөр онцгой эрсдэл ч бий аж.
Их хэмжээний санхүүжилт хийх салбар гэхээр одоохондоо уул уурхай  л байна. Тэгвэл ийм том санхүүжилтийн барьцаа
нь юу байж болох вэ. Ухаж ядах юмгүй. Ашигт малтмалын  нөөц ихтэй ордууд. Компаниудын мэдэлд байгаа хамгийн
үнэтэй баялаг  гэвэл энэ л байна. Газрын хэвлий
доор байгаа баялаг гадны банкны мэдэлд орох өндөр эрсдэл бий. Нөөц ихтэй ордыг банк
мэдэлдээ авлаа гэхэд УИХ, Засгийн газар юу хийж чадах вэ.  Стратегийн ач холбогдолтой салбарт гэж ирээд  хөрөнгө оруулалтыг үргээн барин баталсан хууль
шигээ гэнэтхэн нэг хууль санаачлаад асуудлыг шийдэж чадахгүй.  Учир нь зээлээ төлөөгүй компанийн барьцаа хөрөнгийг
хурааж авах мэдэл банкинд бүрэн бий. Энэ эрхийн эсрэг засаг юу хийгээд ч нэмэргүй.
Зохицуулж хамгаалах ямар ч чадваргүй болж хяналтаа алдах л аюул бий.

Нэг зүгийн хөрөнгө оруулагчид
төвлөрсөн, голлох зах зээл нь уул уурхайн бүтээгдэхүүний экспорт болсон манайх шиг
жижиг эдийн засагтай улсын хувьд том орны том банкны салбар ажиллана гэдэг эрсдэлтэй
алхам. Санхүүжүүлэх төсөл нь хэрэгжихгүй эрсдэлд орохыг мэдсээр байж бодлогын чанартайгаар
санаатайгаар зээл олговол яах вэ. Зорилго нь зөвхөн барьцааг нь мэдэлдээ авах байвал
яахав. Учир нь өнөөхдөө барьцаалчихаар том юм гэвэл дээр хэлсэнчлэн бидэнд уул уурхайн
ордууд л байна. Барьцаа хөрөнгийг нь санаатайгаар гартаа оруулах ийм арга дэлхийд
түгээмэл байдаг юм билээ.

Хамгийн том эрсдэл нь жамаараа
хөгжиж яваа дотоодын санхүүгийн систем өрсөлдөх чадваргүй болно. Туулайг луутай
өрсөлдүүлэхээр хэн нь ялахав, тодорхой.  Манай
банкууд чөлөөт зах зээлийн зарчмаар ширүүн, эрүүл өрсөлдөөн дунд ажиллаж байгаа.
Хөрөнгө оруулалтын урсгал тасарсан эрсдэлтэй орчин, өндөр инфляци, эдийн засгийн
одоогийн нөөц боломжтой харьцуулбал харин ч хурдтай хөгжиж яваа салбар. Энэ эрчийг
нь сааруулахаар зүйл хийх ямар хэрэг байгаа юм бол.

Дөрөв дэх эрсдэл гэвэл төлбөр
тооцооны системтэй холбоотой. Салбар нээнэ гэдэг нь төлбөр тооцооны системд бүрэн
оролцоно гэсэн үг.  “Валютын ханш, мөнгөн
урсгал, эдийн засгийн санхүүгийн эрсдэлд хэрхэн нөлөөлөх, хэрхэн хяналт тогтоох
нь ойлгомжгүй нөхцөлд орно” гэж хэлэх хүн байна. 

Өндөр хөгжсөн улсууд гадаадын
банкны салбарт тийм таатай ханддаггүй. Япон, Солонгос гэхэд л банкны зах зээлээ
гадныханд тун алгуурхан нээсэн байдаг. Манайх шиг юу юугүй өврөө нээгээгүй юм билээ.
Гадаадын банкууд заавал салбар нээхгүйгээр Төлөөлөгчийн газрын статусаараа Монголын
дотоод зах зээлд зээл олгоод явж буй жишээ цөөнгүй байгаа. Монголд төлөөлөгчийн
газраа нээсэн SBMC,  TMBC зэрэг Японы банкууд
байна. Салбараа нээх гэхээс илүү төслийн санхүүжилтэн дээр ажиллах зорилго л тэдэнд
бий. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ж.Бат-Орших: Төрийн нэрээр компани байгуулах сонирхолтой бизнесийн бүлэглэл даатгал руу орох нь

Монголын даатгагчдын холбооны ерөнхийлөгч, “МИГ даат­гал” компанийн
гүйцэтгэх захи­рал Ж.Бат-Оршихтой ярилцлаа.

-Засгийн
газар  Үндэсний даат­галын корпораци байгуулах
тогтоол гаргаж, төр даатгалын бизнес рүү орно гэдгээ зарлачих­лаа. Даатгалын хувийн
компа­ниуд энэ шийдвэрийг эсэр­гүүцэж  мэдэгдэл
гаргасан. Шийдвэр гаргагчдад эсэр­гүүцэж байгаагаа албан ёсоор хэлсэн үү?

-Ерөнхийлөгчийн Тамгын газарт мэдэгд­лээ явуулсан. УИХ-ын дар­гад
хандсан. Хариуг нь хүлээж байна.

-Засгийн
газар даат­га­лын компаниудын хийж чадахгүй экспор­тын даат­галын үйлчилгээг үзүүл­нэ
гэж байгаа. Төрийн хийх гээд байгаа энэ үйлчилгээг даат­галын хувийн ком­па­ниуд
үнэхээр хийж чадахгүй юу?

-Засгийн газрын хурал­даанаар тийм тайлбар өгсөн байна лээ. Санхүүгийн
зохи­цуулах хорооноос ердийн болон урт хугацааны гэсэн хоёр төрлийн даатгалын зөв­шөө­рөл
өгдөг. Монголд даатгалын 17 компани бий. Урт хугацааны даат­гал хийдэг ганц компани
ажилладаг. Бусад нь ердийн даатгал хийх эрхтэй. Ердийн даатгал гэхэд дот­роо 13
хэлбэртэй. Үүнд экспор­тын даатгал ордог. Тэгэхээр Үндэс­ний даатгалын корпораци
экспор­тын даатгалын үйлчилгээ үзүүлэхийн тулд ердийн даат­галын эрх авч таарна.
Тэр дотор хувийн компаниудын үзүүлдэг даатгалын хэлбэ­рүүд бүгд байгаа. Бидний үзүүлдэг
үйлчилгээг төрийн байгуулах компани хийгээд эхлэх боломжтой гэсэн үг. Үндэсний даатгалын
корпо­раци ажиллаад эхэл­бэл манай даатгалын компа­ниу­даар үйлчлүүлдэг хүмүүс батал­­гаатай
нь дээр гээд төрийн бай­гуул­сан компани руу явах өндөр эрсдэлтэй.

Засгийн газраас даатгалын төрийн компани байгуулах  зорил­гоо экспортын үйл ажил­­ла­гааг дэмжих гэж
тайл­барлаж байгаа. Зээ­лийн хүүг бууруулах зорил­гоор хамгаалалтын даатгал хийнэ
гэсэн тайлбар сонсогд­сон. Даатгалын хувийн ком­па­ниудиа чадахгүй гэж баса­хын
оронд дэмжлэг үзүү­лээд явбал болохгүй зүйл байхгүй. Жишээ нь төр даатгалын компанитай
бол­но гэсэн шийдвэрийн дараа манай томоохон даатгалын компаниуд давхар даат­галын
харилцаатай гадаа­дын компаниуддаа хандлаа. Экспортын даатгал хамтарч хийх боломжтой
юу гэж асуу­хад AA зэрэглэлийн даатгалын компаниуд хамтарч ажиллахад бэлэн гэсэн
хариу ирүүлсэн. Экспор­тын даатгал  төвөгтэй,
том даатгал нь үнэн. Гэхдээ гадны том компаниуд экспортын даатгалыг хэрэг­жүүлэхэд
хамтарч ажиллахад бэлэн байна. Энэ бол том боломж. Даатгалын компаниу­дын төдийгөөс
өдий хүртэл зүтгэж ирсний өгөөж л дөө.

-Засгийн
газрын тайл­барт төр нь компани бай­гуулж экспортын даатгалаа хийдэг улс хэд хэд
бий гэсэн өгүүлбэр харагдсан?

-Экспортын даатгалыг төрийн компани нь тусдаа хийдэг орнууд бий.
Гэхдээ заавал тэднийг дуурайх албагүй. Монголд даатгалын өчнөөн компани ажиллаж
байна. Хууль эрх зүйн орчин нь бүрдчихсэн. Төр хувийн хэвшлийн бусад салбарыг дэмждэг
шигээ зах зээлд хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг даатгал, банк санхүүгийн байгууллагаа
дэмжмээр санагддаг. 

-Ер
нь хэчнээн орон экс­портын даатгалаа төрийн ком­панидаа хариуцуулдаг юм бол?

-Долоо, найман орон бий.  Зас­гийн
газрын экспортын даат­галтай болъё гээд байгаа санаа нь буруу биш. Яаж хэрэгжүүлэх
вэ гэдэгт л асуудал нь байгаа юм.  Заавал
төрийн компани байгуулах хэрэггүй гэх гээд байна л даа. Үндэсний даатгалын корпораци
байгуулна гэснээс экспортын даатгалын тогтол­цоог бий болгоно гэсэн тог­тоол гаргачих
хэрэгтэй. Тэгээд засгийн зүгээс даатгалын компаниудтайгаа ярьж хэлэлцэж байгаад
илүү бодитой хувилбар олох ёстой. Дотоодын нийт бүтээгдэхүүнд  даатгалын орлогын эзлэх хувь ердөө 0.5-хан  хувь. Хөгжингүй орнуудад ес, арван хувь гээд цаашлаад
явчихдаг. Хувийн хэвшлийнхээ гадаад харилцааг сайжруулах замаар экспортын даатгалыг
хийхэд асуудалгүй. Хөрөнгө мөнгө шаардахгүйгээр хийх бэлэн зах зээл байна. Гэтэл
өчнөөн тэрбум төгрөг төрөөс гаргана гэж яриад эхэллээ л дээ.

-Хэдэн
тэрбумыг гаргана гэж байгаа юм бол?

-Төрийн даатгалын корпорацийн нийт хөрөнгө нь 300 тэрбум, үүний
150 тэрбумыг нь төр өөрөө гаргана гэж байгаа. Төсөв, хөрөнгө оруулалт ямар байгаа
билээ. Ийм үед энэ хэмжээний мөнгийг хаанаас гаргах вэ гэдгээс эхлээд хардах өнцгүүд
олон байна. Үүний цаана төрийн нэрээр компани байгуулах сонирхолтой бизнесийн том
бүлэглэл байна уу гэж хардахаас аргагүйд хүрч байна л даа. Засгийн газрын шийдвэрээр  бол 150 тэрбум нь улсын төсвөөс, үлдсэн 150 тэрбум  нь хувийн хэвшлээс гарна. Төр хувийн хэвшлийн
хосолсон корпораци гэж нэрлээд байгаа.

-Тэгвэл
үлдсэн 150 тэр­бумыг нь манай даатгалын компаниуд гаргах боломжтой юу?

-Даатгалын компаниудын дүрмийн сангийн  доод хэмжээ нь таван тэрбум төгрөг байдаг. Гэтэл
төрийн байгуулах корпораци нь 300 тэрбум. Их хол сонсогдож байгаа биз. Ерөнхий сайдыг
саяхан бизнес эрхлэгчидтэй уулзахад би  “Яагаад
үндэсний даатгалын компаниуддаа итгэхгүй байгаа юм бэ” гэж асуусан л даа. Тэгсэн
чинь  “Та нарын оролцох боломжтой. 50 хувьд
нь төр оролцоно. 50 хувьд нь хувийн хэвшил 
орно” гэж байна лээ. Харамсалтай нь үндэсний даатгалын компаниудад ийм их
мөнгө байхгүй. Бүгдийнх нь хөрөнгө нийлээд 
126 тэрбум төгрөг. Монголын компаниудад 
оролцох боломж байхгүй гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх байх.
Үр дүнд нь овоо хөгжиж байсан үндэсний хувийн компаниуд л дампуурна. Төрийн өмчийг
хувьд шилжүүлж, хувийн хэвшлийг дэм­жихийг л зах зээлийн зөв тогтолцоо гэмээр. Гэтэл
эсрэгээрээ  яваад байх юм.  Ерөнхий сайд бизнес эрх­лэгчидтэй уулзах үед  төр дахиад ч компани байгуулна гэж байна лээ.

-Ямар
компани байгуулна гэж байна?

-Лизингийн компани байгуулна гэж байгаа юм. Лизингийн үйлчил­гээг
төр авчихаар лизингийн үйлчил­гээ явуулдаг олон компани яах вэ гэдэг том асуудал
бий.

-Үндэсний
даатгалын кор­пораци байгуулах асуудлаар даатгалын хувийн компаниудын саналыг авсан
уу?

-Даатгалын  бодлогыг барьдаг
Сангийн яам, хяналт зохицуулалтыг нь хийдэг Санхүүгийн зохицуулах хороо хоёроос
санал авсан төдий­гөөр Засгийн газарт оруулаад шийд гаргачихсан. 

-Засгийн
газрын сайд нартай энэ асуудлаар уулзаж үзсэн үү. Жишээ нь Эдийн засгийн хөгжлийн
сайдтай?

-Н.Батбаяр сайдтай уулзаж холбооныхоо байр суурийг илэр­хийл­сэн.
Сайдын хувьд мэдээж зас­гийнхаа шийдвэрийг хамгаалсан. Харин даатгалын компаниуд
Засгаас гаргасан шийдвэрийг зөв гэж үзэх­гүй байгаа. Цаашдаа ч эсэр­гүүцлээ илэрхийлнэ.
Ямартай ч Ерөнхийлөгч, УИХ-ын Тамгын газарт явуулсан мэдэгдлийнхаа хариуг аваадхъя.
Том төрөөс ухаа­лаг төр рүү гэдэг бодлого дэвшүүлсэн учраас Ерөнхийлөгчид хандсан
юм. Бизнест гэхэд л төрийн оролцоог багасгая гэсэн зорилготой бодлого шүү дээ. Гэтэл
Засгийн газар нь Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн зорилгын эсрэг шийдвэр гаргаад байна.  

-Төрийн
хийнэ гээд байгаа даатгалыг манай хувийн ком­па­ниуд гаднаас хөрөнгө оруулалт татах
замаар хийх боломжтой юу?

-Хөрөнгө татаж шийдэж болно. Татахгүйгээр шийдвэр­лэх боломж ч бий.
Монголд даатгалын салбар үүсээд 80 жил болчихсон. Хууль эрх зүйн орчин нь бүрдсэн
гэж түрүүн хэлсэн дээ. Монголд даатгалын тухай хууль, Даатгалын мэргэжлийн оролцогчийн
тухай хууль, Жолоо­чийн хариуцлагын даатгалын хуультай. Иргэний хуулинд даатгалын
тухай том бүлэг бий. Үүнийг төрөөс даатгалын компаниудад хөгжүүлэх чиглэлээр гар­гасан
бодлогын дэмжлэг гэж ойлгож байгаа. Бодлогын дэмжлэгээс өөр дэмгүйгээр хөгжиж чадсан
салбар. Өмнө нь улсын ганцхан компани байсан бол өнөөдөр 17 болтлоо өргөжсөн. За
тэгээд даатгалын  20 гаруй зуучлагч компани,
3000 гаруй төлөөлөгч ажиллаж байна. Цаана нь хохирол үнэлдэг үнэлгээний компани
гэхэд л 14, 15 байна. Ийм олон мэргэжлийн оролцогчтой. Эдийн засгийнхаа өсөлттэй
зэрэг­цээд дэвшил гаргаад явж байгаа салбар. Иргэдэд даатгалын талаарх ойлголт муу
байгаа ч сүүлийн жилүү­дэд нэлээд сайжирч байна.

-Манай
гадны компа­ниудтай давхар даатгалаар харилцдаг гэлээ. Яг юуг давхар даатгадаг юм
бэ?

-Компаниуд хүчин чад­лаасаа давсан хэмжээний зүйлийг гадны томоохон
ком­паниудад давхар даатгадаг. Жишээ нь  МИАТ-ийн
онгоцыг 100 хувь давхар даатгадаг. Өөрөөр хэлбэл МИАТ онгоцоо Монголын даатгалын
компанид даатгана. Хандсан компани нь гадны даатгалын компанид давхар 100 хувь даатгадаг.
Бид дундаас нь комисс гээд шимтгэлээ л аваад үлддэг юм. Хохирол гарвал МИАТ манайханд
хандана. Бид эргээд гадаа­дынхаа даатгалын компанид хандаж тэднээс хохирлыг нь авч
өгнө.

-Давхар
даатгалыг манайх шиг жижиг улсууд хийдэг гэсэн үг үү?

-Давхар даатгалын тогтол­цоо даатгалын бүх компанид бий. Угаасаа
дэлхий нийтийн жишиг.

-Монголд
ажилладаг гадаа­дын хөрөнгө оруулалт­тай уул уурхайн компаниуд хаана даатгуулж байна?

-Ихэнх тохиолдолд тухайн орныхоо даатгалын компанитай харилцдаг.  Учир нь тэдний мөнгө асар том. Монголын даатгалын
компаниуд дийлэхгүй л дээ. Гэхдээ манай даатгалын хуулинд нэг заалт бий.  Мон­голд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын
болон гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд даатгал хийлгэх тохиолдолд Монголын
даатгалын компанид хандана гэсэн агуулгатай заалт байдаг юм. Хуулиа сайн мэддэг,
биелүүлдэг хариуцлагатай  ком­паниуд биднээр
дамжаад гадагшаа зуун хувь даатгаад явдаг.

-Монголчуудын
хувьд даат­га­лын ямар үйлчилгээг сонгодог вэ?

-Тээврийн хэрэгслийн, гэнэтийн осолын зэрэг бага хэмжээний юмаа даатгадаг.
Үндсэн том даатгалыг дандаа  гадныхан хийлгэдэг.

-Уул
уурхай их мөнгө­тэй сал­бар. Гадагшаа даат­гуулахаар ихэнх мөнгө гадаадад байршина,
эндээ зуун хувь даатгавал ядаж л долларын ханш чангарахгүй. Яг энэ өнцгөөс нь харвал
байж болох зүйл яриад байх шиг…?

-Засгийн газрын тогтоолын үндэслэл нь их ойлгомжтой.  Баялгаа 
үнэд хүргэхийн тулд боловсруулах үйлдвэрүүд байгуулна, боловс­руулаад гаргахаар
үнэ, экспорт нь нэмэгдэнэ, экспортоо нэмэгдүү­лэхэд компаниуд заавал зээлд хамрагдаж
таарна, тэдэнд банк бага хүүтэй зээл өгөхийн тулд даат­гал хэрэгтэй, тийм том даат­галыг
манай компаниуд жижиг учраас чадахгүй гээд байгаа юм. Заавал улсын компани байгуулж
шийдэх асуудал биш л дээ. Нэгэнт хөл гараа олчихсон даатгалын компаниуддаа түшиглэж,
бага зэрэг дэмжлэг үзүүлж,  гадаад дахь  давхар даатгалын харилцаагаа сайж­руулаад явчихад
болох асуудал.

-Төр
300 тэрбумын корпораци бай­гуулчихвал заавал давхар даатгал­гүй­гээр уул уурхайн
ком­паниудын даатгалын мөнгийг эндээ байршуулах боломжгүй хэрэг үү?

 -Манай улс 300 тэрбум төгрөгөөр
улсын компани байгуулсан ч давхар даатгалын харилцаа үүсэхгүйгээр яагаад ч явж чадахгүй.

 -Тэгэхээр төрийн бай­гуул­сан корпораци ч дахиад
л гадныхантай давхар даатгалын асуудлаар харилцана гэсэн үг үү?

-Ярихаас өөр ямар ч арга байхгүй. Даатгал гэдэг онцлог салбар. Мөнгөний
хувьд боломж­гүйгээс гадна боловсон хүчин гэж том асуудал бий. Хувийн хэвшилд ажил­лаж
байгаа хүмүүсийг цалин мөнгөөр “зодож” авах юм уу. Н.Батбаяр сайдтай уулзахад даатгалын
мэргэжлийн боловсон хүчин байна уу гэж асууж байгаа юм. Даатгалын мэргэжлээр дотоод,
гадаадад сурсан  хүмүүс бий.  Бүгд хувийн хэвшилд ажиллаж байна.

-Даатгалын
компаниу­дын зүгээс ямар нэг хувил­бар гаргасан уу?

-Үндэсний давхар даат­галын тогтолцоо бий болгоно, давхар даатгалын
компани байгуулна гэсэн нэг төсөл явж байгаа. Хэрвээ тэрийг  төрөөс дэмжвэл дан ганц давхар даатгал хийдэг
компани тусгай зөвшөөрөл авах боломжтой  болно.
Төр зөвхөн давхар даатгал хийдэг эрхийг нь аваад ажиллавал болом­жийн хувилбар.
Тэгвэл бид төрдөө давхар даатгуулаад явж болно. Тойрч суугаад хэлэлцүүлэг өрнүүлбэл
хувилбарууд их бий.

-Гадаадад
зөвхөн дав­хар даат­гал гэх мэтээр төрөлжсөн байдаг уу?

-Экспортын даатгал, тээв­рийн хэрэгслийн даат­гал гээд даатгалын
хэлбэрүүдээрээ эрхээ авдаг л даа. Манайд бол ердийн даатгал гэдэгтээ экспортынх
нь орчихоод бай­гаа. Ерөнхий сайд, Н.Батбаяр сайд хоёр бидний хийдэг даатгал руу
орохгүй гээд байгаа ч олон тэрбумаар байгуулсан компани руу л даатгуулагчид явах
нь тодорхой шүү дээ.

-Төрийн
даатгалын корпораци бай­гуулагдвал даат­галын хувийн ком­паниудад дампуурах эрсдэл
ч гарч ирэх нь ээ?

-Зөвхөн экспортын даатгалаа хийгээд яваад байвал гайгүй. Гэхдээ нэг
зүйлийг давтан хэлмээр байна. Экспортын даатгал ердийн даатгалын хэлбэрт ордог учраас
бидний үзүүлдэг үйлчилгээг хийх эрхийг ч дав­хар авчихаж байгаа юм. Хамгийн том
аюул нь даат­гуулагчид төрийн их мөнгөөр байгуулагдсан компани нь дээр гээд л сонголтоо
хийж таарна. Даатгалын салбар уналтад орно гээд байгаа нь ийм учиртай. Гарцаагүй
зүйл л дээ. Өмнө нь улсын даатгалын ганц том компани байсан. Тэр үе рүүгээ буцна.
Унахад нь унаж, босоход нь босож бор зүрхээрээ, хамаг чадлаараа жамаараа хөгжиж
яваа даатгалын компаниуд тун хэцүү байдалд орно.

-Ерөнхийлөгч,
УИХ-ын дарга та бүхний хүссэн хариуг өгөхгүй бол яах вэ?

-Эсэргүүцлээ лавшруулна. Тэг­лээ гээд өлсгөлөн зарлах ч юм уу жагсана
гэж бодохгүй байна. Айхавтар нөлөөлөхөөр арга биш. Төр засгийн төлөө­лөл даатгалынхантай
уулзах болов уу гэж бодож байна. Улсаа хөгжүүлье, хувийн биз­несээ дэмжье гэвэл  хамт­даа сууж байгаад зөв гарц олох ёстой. Тас
зөрөөд байгууллаа гэхэд боловсон хүчнээс эхлээд асуудал гарна. Банк, даатгал, санхүүгийн
байгууллагууд олон нийтийн хөрөн­гийг татан төвлөрүүлэх үйл ажиллагаа явуулдаг гэдэг
утгаараа маш нарийн хяналт тавигддаг салбар. Төр тийм компани байгуулна гэвэл манай
төрийн байгууллагууд нүдээ аниад зөвшөөрөл өгөх байх. Байгуулчихлаа гэхэд  нэг их сайхан яваад өгнө гэж төсөөлөхгүй байна.
Яриад байгаа тэр том үйлдвэрүүд нь хэзээ ч ашиглалтад орох юм. Бас л  хэдэн жилдээ ашгаа өгөхгүй том аж ахуй гарч ирэх
байх. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга хоёрт итгэж байна. Том төрөөс ухаалаг төр рүү гэж
ярьж, зорьж яваа улс лав зүгээр хараад суухгүй байх. Засагт чиглэл өгөх эсэхийг
нь харъя. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Монголын хууль тогтоомж л хамгийн хэцүү тусгай ажиллагаа болоод байна даа

Ариэль Шароны Засгийн газарт сайдаар ажиллаж байсан, Ирак,
Сири, Египетийн өчнөөн танктай хэдэн зуун цэргийн өмнөөс ганцаараа тулалдсан, террористуудад
барьцаалагдсан иргэдээ Угандагаас авч гарах тусгай ажиллагааг удирдсан гэж ирээд
яривал сонирхмоор намтар ихтэй эрхмийг уншигчидтайгаа уулзуулж байна. Израйлийн
бригадын генерал Эффие Эйтам чөлөөнд гарснаасаа хойш улсынхаа Засгийн газар, парламентын
гишүүнээр ажиллаж байгаад бизнес рүү оржээ. Тэр одоо  RWL компанийн бизнес хөгжлийн захирал, “Жени ойл
энд газ” компанийн Ерөнхийлөгч. Эрчим хүч, ус хангамж, дэд бүцтийн салбарт ажилладаг
хэд хэдэн компанид зөвлөхөөр ажилладаг юм билээ. Бидний яриа Угандад барьцаалагдсан  иргэдээ аварсан Израйлийн  тусгай ажиллагаанаас эхэллээ.

 
-Далаад онд Парисаас Израйль
руу нисч явсан онгоцыг террористууд барьцаалж Угандад буулгасан үйл явдлыг дэлхий
даяараа мэднэ.  Барьцаалагдсан иргэдийг суллах
тусгай ажиллагааг удирдсан хүн нь та. Тэр ажиллагааг яг яаж хийсэн бэ?

-Би
амьдралынхаа гучин жилийг яг байлдааны талбарт өнгөрүүлсэн  хүн. Эх орныхоо төлөө гэсэн сэтгэлээр ажилласан
он жилүүд  л дээ. Израйлийн батлан хамгаалах
хүчнийг удирдаж байхдаа хэдэн зуун тусгай ажиллагааг ахалж амжилттай дуусгаж байлаа.
Таны сонирхсон үйл явдал тэр  ажиллагаануудын
маань нэг байгаа юм. Тэр ажиллагаа яагаад алдартай болсон нь ганцхан шалтгаантай.
Учир нь тэр үеэс хойш бид терроризмтэй тийм жишгээр тэмцдэг болсон.  Бууж өгдөггүй, нүүр тулгардаг болсон гэсэн үг.
Өнөөдөр бусад орон ч терроризмтэй ингэж тэмцэж байна. Тэр үйл явдал Израйлиас
5000 гаруй км-ийн алсад болсон юм. Ямар ч хол улсад бай Израйлийн нэг иргэнийг барьцаалсан л бол манай тусгай хүчин хөдөлдөг.
Барьцаалсан гэсэн мэдээ авсны дараа “Геркулес” гээд байлдааны зургаан том нисдэг
тэргээр Угандад нисч очсон. Очингуутаа онгоцны буудалд нь шууд газардлаа.  Ямар ч гэрэлгүй, тас харанхуй орчинд.

-Онгоцны
буудал дээр буулаа гэсэн дохио ч өгөөгүй юу?

-Ямар ч тохироогүйгээр 
шууд довтолгоо хийсэн. Барьцаалагдсан онгоцыг Угандагийн цэргүүд тойроод
зогсчихсон байлаа.  Шууд буугаад довтлоход
террористууд ч тэр, Угандагийн цэргүүд ч ялгаагүй бэлтгэлгүй байсан л
даа. Тэгнэ гэж төлөвлөөгүй учраас цочирдсон байх. Ер нь бүх үйл явдал 15-хан минутын
дотор өрнөөд дууссан.

-Барьцаалсан онгоц руу яаж нэвтэрсэн
юм бэ?

-Нэг
онгоцондоо том хар мерседес хийгээд очсон юм. Угандагийн Ерөнхийлөгчийн унадагтай
яг адилханыг.  Машин унаж байгаа хүнийхээ  нүүрийг хараар будчихсан учраас Угандын цэргүүд
сэжиглээгүй.  Ерөнхийлөгчийгөө  ирчихлээ гэж бодоод ёслоод эхэлсэн. Тийм болохоор
онгоц руу очиход асуудал гараагүй.  Шууд явж
очоод террористуудыг бүгдийг нь хөнөөсөн. Дуу намжаагчтай пулемёттай очсон юм.

-Барьцаалагдсан хүмүүс бүгд зүгээр байсан уу?

-Тийм ээ, нэг нь л шархадсанаас бусдаар ямар нэг золгүй явдал
болоогүй. Хүмүүсээ онгоцондоо суулгаж аваад шууд ниссэн. Тэр үеэр  нэг л хүн амиа алдсан. Одоогийн  Ерөнхий сайд Бенжамин Нетаньяхугийн төрсөн ах
нь амь эрсэдсэнд өнөөдрийг хүртэл харамсаж явдаг. Террористуудтай тулалдаж байхад
нь нислэгийг удирдах цамхгаас араас нь буудчихсан юм. Найзыгаа хамгаалж чадаагүйдээ
харамсдаг. Найз маань еврей хүүхдүүдийн бахархал,  үлгэр дуурайл нь. Израйль бол залуу, бас иргэдийнхээ
төлөө гэсэн орон. Саяын дурсдаг тусгай ажиллагаа бол “Манай иргэдийг барьцаалбал
бууж өгөхгүй” гэдгийг  нотолсон явдал болсон
юм. 

-Таныг Израйлийн
батлан хамгаалах хүчинд ажиллаж байхад Мюнхений олимпын үеэр танай улсын тамирчид
руу террористууд халдсан хэрэг гарсан. Энэ хэрэг дээр Израйлийн тусгай хүчин ажилл
асан
уу?

-Их
харамсалтай, эмгэнэлтэй хэрэг болсон. Гэхдээ бидэнд ямар ч оролцоо байгаагүй. Манай
тусгай хүчний зүгээс оролцох хүсэлт тавихад Германы
тал зөвшөөрөөгүй юм. Улсынхаа цэрэг цагдаагийн хүчээр шийднэ гэсэн л дээ.

-Гурван
улсын дайралтыг ганцаараа эсэргүүцсэн гэдэг чинь Еом Киппурын дайн  байх аа. Тэр үед гаднаас дайралт орж ирнэ гэсэн
ямар ч сэжиг таамаг байгаагүй хэрэг үү?

-Тиймээ, түүхэнд Еом Киппурын дайн гэсэн нэрээр үлдсэн.
1973 онд Ирак, Сири, Египетийн цэргүүд нэгэн зэрэг манай хилээр дайран орж ирэхээр
завдсан юм.  Тэр өдөр Еврейчүүдийн хувьд хамгийн
ариун өдөр нь байсан. Шашны баярын өдөр байсан юм. Мөргөлийн үеэр хүн бүр гэртээ
баяраа тэмдэглэж байхад манай улсын хил  рүү
дайрсан болохоор ямар ч сэжиг таамаг байгаагүй. 
Хил дээр зэвсэг муутай залуухан цэргүүд л байсан. Израйль улс оршин тогтнох
уу, үгүй юу  гэдэг асуудал  ид яригдаж байсан үе л дээ. Тэр үед би 21 настай
залуу командлагч байсан юм. Өглөө бостол Сирийн хэдэн зуун танк харагдах нь тэр.
Тэгэхээр нь шууд л танк эсэргүүцэгчээ мөрлөсөн. Дэлхийн хоёрдугаар дайны үеийн хуучин
зэвсэг л дээ. Нүдний өмнө олон зуун цэрэг, өчнөөн танк байгаад байдаг. Зугтах л
юм бол Израйль гэдэг улс байхгүй болно гэдгийг мэдэж байсан болохоор ямар ч эрсдлээс
айгаагүй. Том хадны цаана нуугдаад хүлээгээд л байлаа. Танкууд ч аажмаар дөхсөөр.
Толгой танк нь ирэнгүүт 25 метрийн цаанаас буудчихлаа. Эхний танк дотор байсан хүмүүс
бүгд гарч зугтаалаа. Гэтэл хамгийн гайхалтай нь бүх танк таг зогсчихсон. Яг тэр
үед надад крантны цоргоор учиргүй их гоожиж байсан усыг  хуруугаараа таглачих шиг мэдрэмж төрсөн. Нөгөө
тал яахаа мэдэхгүй тээнэгэлзсэн хоёр цагийн хугацаанд энд тэнд байсан зэвсгүүдээ
зөөж хана босгож чадсан.

-Олон цэрэг
байгаа гэж харагдуулахын тулд таныг энд тэнд байрлуулсан зэвсгүүдийн хооронд гүйн
тулалдаж байсан гэж израйльчууд ярьдаг гэсэн?

-Ер нь зориг байхад л бүх зүйл болдог. Би гучин жил цэрэг
командалж явахдаа цэргүүддээ “Чин зоригтой 
бай. Ийм үед нөгөө талд чинь хичнээн хүн байх нь хамаагүй болдог” гэж хэлдэг
байсан. Аймшиггүй зоригийг би Монголын түүхээс бас мэдэрсэн.  Чингисийн цэргүүд дэлхийг тоогоороо биш чин зоригоороо
байлдан дагуулсан шүү дээ. Тэр чанар нь монголчуудаас одоо ч мэдрэгддэг. Монголчууд
их тэвчээртэй ард түмэн. Үндэстний өөрийн гэсэн үнэ цэнээ алдахгүй байх хэрэгтэй.
Израйль орчин үеийн технологи хийдэг орон. Гэхдээ ард түмнийхээ өөрийн гэсэн уламжлалт
сэтгэхгүйг алдахгүйг хичээдэг.

-Батлан
хамгаалах албанд байхад чинь  болсон нэг явдлыг
сонирхмоор байна. Израйлийн Ерөнхий сайд Изхак Рабиныг олны нүдэн дээр хөнөөсөн
үйл явдлыг дэлхий даяар шуугиантайгаар мэдээлж байсан…?

-Манай орны орчин үеийн түүх их богинохон. Энэ үеийн түүхэнд
гарсан хамгийн эмгэнэлтэй явдал л даа. Ойрхи Дорнодод манайхаас өөр ардчилсан загвартай
орон байхгүй. Мэдээж манай улсад янз бүрийн маргаан, зөрчил  байдаг. Гэхдээ бүгд хууль тогтоомжийн хүрээнд
өрнөдөг. Изхаг Рабиныг алагдах үед бид их гэнэн байж. Еврей хүн Ерөнхий сайдаа ална
гэж боддог ч үгүй үе байж дээ гэж одоо боддог. Ерөнхий сайд бараг харуул хамгаалалтгүй
явж байсан юм. Тэр үед авсан шарх өнөөг хүртэл эдгээгүй. Бид одоо болтол харамсдаг.
Үүний дараа бид нэгдэж чадсан. Дахиж  хэзээ
ч Ерөнхий сайдаа тэгж алдахгүй гэж хичээсээр өнөөдрийг хүрлээ. Изхаг Рабины амийг хороосон
гэж анх сонсоод их уйлсан. Дайны талбарт 
өчнөөн хүн амиа алдахыг харсан хэрнээ яагаад тэгж эмзэглэв гэж асууж магадгүй
л дээ. Еврей хүн өөрийнх нь төлөө тулалдаж, амьдралаа зориулсан Ерөнхий сайдыгаа
буудаж хорооно гэдэг эмгэнэлтэй санагдсан юм. 
Тэр их сайн хүн байсан. Зургаан хоногийн дайн гэж байдаг юм. Тэр дайны баатар,
их олон тулаанд оролцсон хүн.

-Та Ариэль Шароныг Ерөнхий сайд
байх үед хоёр ч яамны сайд байсан. Ариэль бас цэргийн хүн. Хэр дотно байсан бэ?

-Бид
хоёрын амьдралын  түүх их адилхан.  Хоёулаа генерал, хоёулаа тариачин гаралтай. Би
түүнтэй адил ферм дээр төрж өссөн. Тийм болоод тэр байх их дотно байсан. Засгийн
газрын хурлын үеэр зурвас бичилцэж солилцоноо. 
“Манай үнээ тугалласан, гахай маань төчнөөн торой гаргасан” энэ тэр гээд
/инээв/.  Тухайн үед Газад еврейчүүд амьдарч
байсан юм. Тэр хэсгийг чөлөөлж арабуудад өгөх гэж байсан цаг.  Би тэр үед Ерөнхий сайдад “Ингэх нь  маш том алдаа болно. Хэрвээ тэр газрыг арабуудад
өгвөл арабууд тэнд буу зоогоод бидэн рүү эргүүлээд буудна” гэж хэлж байлаа. Гэвч
Ерөнхий сайд засаг тэргүүлж байгаа хүнийхээ хувьд шийдвэрээ гаргасан. Үүний дараа
би Засгийн газраас гарсан юм. Харамсалтай нь тэр үед миний хэлж байсан бүхэн үнэн
байсан. Тэр газар арабууд ирээд цэргийн баазаа байгуулсан. Тэнд байгаа хоёр том
гүрний энхийн хэлэлцээрийг болиулах юмыг ХАМАС-ууд хийгээд байна. Ариэль Шарон эх
оронч хүн байсан. Байлдагчийнхаа хувьд ч мундаг хүн байсан. Түүнийг Израйль даяараа
хүндэлдэг. 

-Хамгийн их тэвчээр шалгасан
тусгай ажиллагаа гэвэл та ямар үйл явдлыг онцлох вэ?

-Монголын
хууль тогтоомж л хамгийн хэцүү тусгай ажиллагаа маань болоод байна /инээв/. Сая
танд ярьсан Еом Киппурын тулаан хэцүү байсан. Эрчим хүчний сайдаар ажиллах үе ч
тэвчээр шалгасан он жилүүд байлаа. Израйлийн эрчим хүчний салбар  дөнгөж үүсч байх үед сайдаар ажиллаж таарсан юм.
Улсаа эрчим хүчний хараат байдлаас гаргахын тулд гадаадын хөрөнгө оруулагчдыг мөнгөө
оруулаач гэж урьж байсан үе. Хөрөнгө оруулагчид “Эфи чи намайг авраач. Энэ хүнд
суртал хөрөнгө оруулахад садаа болоод байна” гэж толгойгоо сэгсэрнэ. Тэр болгоныг
давахад хэцүү байсан шүү.

-Та сая Монголын хууль тогтоомж
хэцүү байна гэж ярилаа. “Жени ойл энд газ” занар дээр ажиллаж байгаа. Тэгэхээр занарын
салбарт ажиллахад хэцүү байна гэсэн үг үү?

-Энэ
асуултад хариулахын өмнө бага зэрэг оршил хэлье
гэж бодож байна. Дэлхийн хамгийн том шатдаг занарын ордууд Монголд байгаа  гэдэгт би итгэдэг. Өөр баялаг байгаа юм чинь ашиглахгүй
ч байсан болно гээд орхиж  болохгүй баялаг.
Ашиглаж байж л хөгжинө. Арван жилийн өмнө Израйльд эрчим хүчний салбар огт хөгжөөгүй
байсан.  Бүх шатахуунаа танай улс шиг гаднаас
авдаг байсан юм. Одоо байдал өөрчлөгдсөн. Израйльд өнөөдөр ч уламжлалт болон уламжлалт
бус газрын тосны эрчимтэй хайгуул хийгдэж байгаа. Засгийн газар гадаадын хөрөнгө
оруулагчийг урьж бодлогоо их ойлгомжтой явуулсан. Бодлогоо гаргаад боломжийг нээлттэй
орхисон. Зах зээл бүхнийг зохицуулсан гэсэн үг. Ингэж ажилласан учраас Израйлийн
эдийн засаг хөгжсөн. Манай, танай улсууд хүн ам цөөн гэдгээрээ адил талтай. Израйлийн
хувьд иргэд нь цөөхөн болохоор эрчим хүчний салбараас олох орлого айл бүрд мэдрэгдээд
ирсэн. Танай улсын хувьд ч ялгаагүй ийм эерэг нөлөө шууд мэдрэгдэнэ. Манай хөрш
Египет 100 сая хүнтэй. Тэр хэрээр хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн
ч иргэдэд нь мэдрэгдэх нөлөө бага.  Монголд
нөөц нь байна.  Бидэнд мөнгө, менежмэнт нь
байна. Амжилттай явах төсөл гэдэг нь эргэлзээгүй ч бэрхшээл их байгааг нуух юм алга.
Израйльд шугам сүлжээ, зам хоолой, боомт, далай гээд дэд бүтэц нь бэлэн байна. Үйлчлүүлэгч
ашиглагчийн хамгийн хол зай гэхэд л 40 км. Гэтэл Монголд эсрэгээрээ. Эрчим хүчний
дэд бүтэц байхгүй. Тийм хэр нь хууль тогтоомжоороо хязгаарлалт тавьдаг.  Манай ком­панийн хувьд Израйль, Америкт хүлээн
зөвшөөрсөн технологийг танай улсад санал болгож бай­гаа. Израйлийн сүүлийн үеийн
технологи, Америкийн санхүүгийн боломжийг Монголд авчрах гүүр нь болохдоо бид баяртай
байх болно. Манай нэг үйлдвэр Колорадод ажилладаг. Америкт нийцэхгүй байсан бол
Колорадод тийм үйлд­вэр ажиллахгүй шүү дээ.

-“Жени ойл” занараар нэлээд судалгаа
хийсэн. Одоогоор Монголд хэчнээн ам.долларын хөрөнгө оруулаад байна вэ?

-Хамгийн сайн геологич, менежерүүдийг цуглуулж цалинжуулаад  дөрвөн жил болж байна.  Зургаан сая ам.доллар зарлаа.  Шуудхан хэлэхэд өнгөрсөн жилүүдэд  явсан мөрөө харахад Монголыг хөгжүүлэх гэсэн бидний
хүсэл эрмэлзэл Монголын Засгийн газраас илүү байх шиг санагдах боллоо. Уг нь манай
компанийг амжилттай ажиллавал эрчим хүчний салбарт дараа дараагийн том компаниуд
орж ирнэ. Одоо бол тэд биднийг харж байна. Манай төсөл амжилттай хэрэгжээд явбал  Монголын хаалга нээлттэй байна гэдгийг бодитойгоор
ойлгоно. Үгүй бол хаалттай хэвээр байна гэж харна.

Танай улс эрчим хүчний салбараа орчин үеийн түвшинд хөгжүүлье
гэвэл олон тэрбум долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй. Тийм хэмжээний хөрөнгө оруулалтыг
татахын тулд төрийн бодлого нь тодорхой байх ёстой. Засгийн газар нь УИХ руугаа,
УИХ нь Засгийн газар руугаа зангаад асуудлыг шийдэхгүй удах нь сайн хэрэг биш. Дөрвөн
жил яг ийм байлаа. Бид энэ асуудлыг хөрөнгөө оруулчихаад сарын дараа биш, бүтэн
дөрвөн жилийн турш мөнгө зарцуулсны дараа хөндөж байгаа гэдгийг ойлгоорой. Монголын
төр бодлогоо тодорхой болгоё, цэгцэлье гэж байгаа нь зүй ёсны асуудал. Тэгэх ч учиртай.
Бид улс бүр хуультай, тэр хуулийг нь ёсчлон биелүүлэх ёстой гэдгийг мэддэг хариуцлагатай
ухамсартай компани. Чиг өгөхийг л хүлээгээд сууж байна.

-Уул уурхайн
сайдтай уулзсан гэж сонссон. Тодорхой мэдээлэл сонсч чадав уу?

-Уулзалт амжилттай болсон. Сайд нэлээд мэдээлэлтэй байна лээ.
Манай компанид дэвшил хэрэгтэй байна гэдгээ илэрхийллээ. Засгийн газар яамдаас занарын
талаар нэгдсэн мэдээлэл авах гэж  байгаа талаар
сайдаас сонслоо. Уул уурхайн сайд Д.Ганхуягаас гадна  ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгтэй их ач холбогдолтой
уулзалт хийсэн. Энэ асуудалд  Засгийн газар,
Ерөнхий сайд ач холбогдолд өгч анхааралтай хандаж байгаа гэж ойлголоо. Энэ уулзалтуудын
дараа итгэл төрсөн.

-Та өмнө
нь Монголд ирэхдээ Ерөнхийлөгчтэй уулзаж байсан гэсэн. Сая уулзав уу?

-Энэ удаа уулзаагүй. Хоёр жил хагасын өмнө ирэхдээ уулзсан.
Тэр үеэр манай төслийг их хэрэгтэй гэж үнэлж байсан. Танай Ерөнхийлөгчийг их мундаг
илтгэгч, сайн бичдэг уран бүтээлч гэж сонссон. Ерөнхийлөгч бол  ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Танай Ерөнхийлөгч  яг тийм хүн шиг санагдсан.

-Ерөнхий
сайд эдийн засгийн чуулган дээр Израйлийг технологиороо хөгжсөн жишиг улс гэж онцолсон.
Технологио ингэж хөгжүүлэхэд нөлөөлсөн гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Өнөөдөр танай УИХ-ын даргатай уулзлаа. З.Энхболд даргад хэлсэн
үгээ дахин хэлье. Технологио хөгжүүлсэн хоёр гол хөшүүрэг бидэнд байсан. Нэг нь
залуу хүний сониуч зан. Шинэ юм олж мэдье, нээе илрүүлье гэсэн зориг нөлөөлсөн.
Залуусын эрсдлээс айдаггүй чанар Израйлийг технологиороо алдаршихад нөлөөлсөн.  Нөгөө  хөшүүрэг
нь инноваци. Засгийн газар эрх зүйн орчныг нь бүрдүүлж өгөөд залуу хүмүүстээ итгэж  бүх зүйлийг чөлөөтэй тавьсан. Юм хийхийг дэмждэг
Засгийн газар ажиллаж эхэлсэн. Израйлийн шинэ ард түмэн, шинэ улс орны гол нууц
энэ дээ.

-Монголд
ирээд тохиолдсон явдлуудаас сэтгэлд хоногшсон агшин нь юу байв?

-Хоёр хоногийн өмнө их сонин юм боллоо. Улаанбаатараас  хэдэн зуун км-ийн цаана байдаг шатдаг занарын
ордыг үзэх гэж явж байгаад хүн амьтангүй зэлүүд газар харанхуй шөнөөр шаварт суучихдаг
юм байна. Хүйтэн шөнө шаварт гутлаа алдчихлаа. Мундаг хүчтэй машин уначихаад хүйтэн
шөнө бүх хувцас нойтон яах ч аргагүй болох сонин юм билээ. Гэтэл тэр хавьд амьдардаг
хүмүүс туслахаар ирдэг байгаа. Оросын хуучин машинаар ирсэн тэр хүмүүс яаж туслах
вэ гэж ярилцаж байгаад бүсээ нийлүүлж татах юм боллоо. Бүс нь тасарсан л даа. Урагдаад
дууссан. Сүүлдээ нэг нь “Манай гэр ойрхон манайх руу очъё” гэлээ. Ойрхон гэсэн газар
нь 40 км. Уг нь манай улсад  бол хамгийн хол
зай гэж би танд түрүүн хэлсэн дээ. Тэгээд гэр рүү нь хөл нүцгэн явган алхлаа. Гэрт
нь очтол хөл угаах халуун ус бэлдэж өгч, цай хоолоор дайлаад яг л өөрийн хүн шиг
хүлээж авсан. Би цэргийн генерал. Олон жил цэргийн  майханд байлдааны нөхцөлд амьдарч байсан хүн.
Гэтэл Монголд их өөр орчныг мэдэрсэн.

Манай шашны эртний ном сударт ганцаараа явж байхад нь хэн
нэгэн тусалсан гэх мэт сайхан түүхүүд гардаг. 
Яг л тэр цагийн хүмүүсийн ойр дотно халуун дулаан харилцааг мэдрэх гайхалтай
байсан. Биднийг тэр малчин айлд унтаж байхад нэг настай хөгшин хөлөн
дээр хөнжил давхарлан хучиж өгсөн. Сэтгэл их хөдөлсөн. Ийм нандин уламжлалтай, нэг
нэгнийхээ төлөө гэсэн сэтгэлтэй,  гадны хүнд
гэрээ үргэлж нээлттэй байлгадаг иргэдтэй 
улс оронд  цаашдаа хөгжих маш их ирээдүй
бий. Тэр хөгжлийн нэг хэсэг байхсан гэсэн бодол төрсөн шүү.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Төрийн компаниуд ихсэх тусам хувийн бизнесийн орон зай хумигдана

Ерөнхийлөгчийн яриад байгаа ухаалаг төрийн гол утгыг тайлж ядах юмгүй.
Ерөө­сөө л төр бизнест оролцохоо больё гэсэн санаа. Төр бизнес хийж иргэдтэйгээ
өрсөлдөхгүй гэсэн­дээ  л том төрөөс ухаалаг
төр рүү шилжье гээд байгаа юм. “Томорч данхайснаас ухаалаг байя” гэж түшмэдүүд нь
бултаараа дуугарсан энэ төр сүүлийн үед нэг л биш ээ. Амласныхаа эсрэгээр төрийн
компаниудыг харин ч нэг байгуулж өгч байна. Төрийн гэсэн компаниуд сүүлийн үед шил
дарах шинжтэй болоод явчихлаа. Хамгийн сонгодог жишээ нь ТОСК. Төрийн орон сууцны
компани гээд бүр тунхаглачихсан. Цөөхөөн хэдэн байшин зээлээр өгөх гэж байгаа нөгөө
компанид нь иргэд итгэж байна гэж. ТҮЦ машинд өдөржин, шөнө­жин оочерлож Буянт-Ухаагийн
хямдхан байрыг зүүдлэх нь холгүй хаврын урт өдрүүдийг өнгөрөөж байна. Арын хаалганы
цөөхөн хүн хямдхан байранд орох нь хэтээсээ тодорхой ийм юманд  ингэж хөл алдах хэрэггүй л дээ. Аягүй хямдхан
байранд азын сугалаагаар орно гэдэг хэтэрхий гэнэн хэрэг.

Сугалаа энэ тэр яриад сэдвээсээ хазайчихлаа, ТОСК-ийн тухай яг энэ
өнцгөөс урт яриа дэлгэвэл өчнөөн юм бий. ТОСК биширч харахаар буяны байгууллага
биш гэдгийг ганцхан  жишээгээр нотолъё. Төр
хувийн хэвшилтэй яаж өрсөлдөж байгааг эргээд нэг харъя. Нөгөө том нэр сүрээрээ үнэгүй
газар авчихаж байгаа юм. Бас болоогүй ээ, тэр газар руугаа  татвар төлөгчдийн буюу танаас, надаас, бид бүгдээс
авсан мөнгөөр дэд бүтэц татсан гэж байгаа. Ямар ч мөнгө зарахгүйгээр хамаг ажлаа
нугалсан гэсэн үг. За тэгээд цемент, будаг, тоосго төдийнхөнд хэдэн төгрөг зараад
орон сууцны хороолол босгочихсон. Хувийн компаниудтайгаа  өрсөлдөж хямд үнэтэй орон сууц санал болгоод байгаа
түүх нь ийм марзан. Хүний сэтгэл гэж сонин. Эмзэг асуудал дээр нь дөрөөлж байгаад
аятайхан юм ярьчихад л итгэлийн гал нь сүүмэлзээд ирдэг. Бүр худлаа үлгэр зохиогоод
яри­хаар бүр аймаар итгэхийг нь яана. Өнөөдөр яг л ийм юм болоод байна. Байрны үнэ
ийм хямдхан байхад гээд хувийн  компанийн
барьсан хотхонуудыг тоож ч харахгүй төрийн санаанаасаа зохиосон “азын сугалаа”-нд
итгээд сууцгааж байна.

Яг үнэндээ  орон сууц босох
ихэнх зардал нь газар, дэд бүтэцдээ байдаг. Одоо гэхэд л гэр хорооллын иргэдээс
газрыг нь худалдаж авах гэхээр ямар үнэ хэлж байгаа билээ дээ. Хэдэн зуун сая, зарим
нь бүр тэрбумаар нь амьдарч буй газраа үнэлж байгаа. Хотын төвийн гайгүй байршил
дээр хотхон барья гэвэл өчнөөн тэрбумаас нааш­гүй болсон цаг. Ийм үед барилгын компаниуд
газ­раа үнэгүй авсан төр шиг байшингийнхаа үнийг буулгах уу. Сая гаруйхан төгрөгөөр
метр квадратыг нь үнэлж зарах уу. Дээр нь дэд бүтэц татна гэж лут юм бий. Хэдэн
тэрбумаар нь зарж байж босгож бүтээдэг эд. Тэгэхээр өнөөдөр нийслэлд сүндэрлэсэн
ихэнх хотхоныг барьсан хувийн компаниуд үнээ буулгана гэдэг үлгэр. Дэд бүтэц, газраа
үнэгүй авсан төрийн барьсан “Буянт-Ухаа” хороололд хэдэн зуухан хүн л орно. Цаана
нь байгаа хэдэн мянга  нь “Буянт-Ухаа” хоёр,
гурвыг хэзээ баригдана гэж хүлээж суух вэ.

ТОСК энэ янзаараа муй­хар­лаж, хэзээ ч биелэхгүй үлгэрээ үргэлжлүүлээд
бай­вал Монголын барилгын салбар тун удахгүй элгээрээ хэвтэнэ. Тэд элгээрээ хэвтвэл
хэн хохирохов. Үлгэр ярьж иргэдийнхээ эмзэг асуудлаар тоглож байгаа төр лав биш.
ТОСК нь бол бүр ч биш. Хохирогчид нь зөвхөн байргүй иргэд.  Овоо дажгүй орон сууцжаад эхэлсэн нийс­лэл­чүүдийн
ихэнх нь гэр хороо­лолдоо л аж төрөн сууцгааж 
амьдрал үргэлжилнэ дээ.

Төрийн гараа дүрсэн бизнес яадгийг эргэж санац­гаая. Төр маань эхлээд
Таван толгойн ордод эзэн суусан. Одоо тэнд юу ч алга. Төмөр зам ч үгүй, баяжуулах
үйлдвэр, станцын аль аль нь сураггүй. Нүүрсний үнийг яриад байх юмгүй. Шалдаа буучихсан.
Уг нь анх олон улсын нээлттэй тендер энэ тэр зарлахад нь Америкийн “Пийбоди”-гоос
эхлээд “акул”-ууд сонирхсон л доо. Тэр үед нь жамаар нь явуулсан бол өдийд Таван
толгой дээр амьдрал буцалж байх байсан гэдэгт эргэлзэх юм алга. Төр Таван толгойн
ихэнх хэсгийг авсандаа сэтгэл нь ханаагүй. Таван толгойн нэг хэсэг Ухаа худаг дээр
баяжуулах үйлдвэр, цахилгаан станц барьж, Хонконгийн хөрөнгийн биржээс мөнгө босгож
гялалзтал ажиллаж байсан хувийн компаниуддаа ч лай болоод амжсан. “Энержи ресурс”
уг нь хэдэн жилийн өмнө төмөр зам бари­хаар маршрутыг нь батлуулж, хөрөнгө мөнгийг
нь шийдчихээд байхад манай төр геополитик ярьж хөмсгөө зангидсаар байгаад болиулчихсан.
Ингэсний балаг нь үнээ алдсан  монгол нүүрс.
Хувийнхан мөнгөө гаргаад төмөр зам барья гэхэд бариулаагүй төр өнөөдөр төмөр зам
барих мөнгөгүй Хөгжлийн банкаа царайчлаад сууж байна.

Төрийн хошуу дүрсэн дараагийн том төсөл бол Оюу толгой. Дэлхийд гэж
яригдах “Рио” Эрдэнэтээс дөрөв дахин том энэ орд дээр хамгийн богино хугацаанд зэс
баяжуулах үйлдвэр бариад далд уурхайн бүтээн байгуулалтаа үргэлжлүүлж байсан цаг
ердөө жилийн өмнө. Гэтэл төр өмнө нь байгуулсан гэрээгээ  өөрчилнө гээд гэдийчихсэн. За тэгээд Засгаас хэдэн
сайд, “Рио”-гоос бас хэдэн хүн нийлээд хэлэлцээрийн ширээний ард суусан даа. Одоо
хүртэл шанаагаа тулж сууцгаасан хэвээрээ. Уг нь маргалдаад байгаа шалтгаан нь их
энгийн. Төрийн эзэмшсэн хувьд л байгаа юм. Төр энэ том орд дээр 34 хувийн эзэмшилтэй.
Хөрөнгө оруулбал энэ дайны мөнгө гаргах ёстой. Ашиг олбол энэ хэмжээний хувь хүртэх
эрхтэй. Одоо бол ашиг олохоос өмнөх мөнгө зарах учиртай үе. “Рио” өчнөөн тэрбум
төгрөг гаргачихсан, харин төр мөнгө гаргаагүй. Харин ч бүр урьдчилж зээлээд өрөнд
орчихсон. Ухаандаа Болд Баттай таван сая төгрөгөөр талхны цех барьж хамтарна гэчихээд
цех байгуулах мөнгөө бүгдийг нь Батаар гаргуулсантай ялгаагүй юм болчихоод байгаа.
Бат нь мөнгөө гаргаад цехээ барьчихсан чинь сохор зоос гаргаагүй Болд “Чи ерөөсөө
аймаар их мөнгөөр цех барьчихаж” гэж заргалдаад байвал ямар вэ. Засаг өнөөдөр Оюутолгой
дээр ийм авир гаргаж дэлхийн уул уурхайд томд тооцогдох зэс, алтны төслийг гацаачихаад
байна. “Рио” баяжуулах үйлдвэр барих шатандаа их мөнгө зарчихсан юм байх. Одоо Оюу
толгойн  ашгийн наян хувийг олох далд уурхайн
бүтээн байгуулалт зогсчихсон байгаа. Уул уурхайн сайдын аашийг олохгүй гайхширч
буй “Рио”-г дагаад баахан мөнгө орж ирэхгүй гацсан хэвээрээ. Хөрөнгө оруулагчид
“Гадаадын хамгийн том хөрөнгө оруулагчдаа ингэж хандаж байгаа юм чинь биднийг яаж
ч магадгүй” гээд мөнгөө тас атгачихаад суугаад байна.

Ам.доллар галзуурсан шалтгаан ердөө энэ. Эдийн засагч, шинжээчид
америк доллар цаашдаа ч чангарна гэж дуугарцгаах боллоо. Ногоон валют дээшээ дээшээ
бүр дээшээ өгсөхийг үгүйсгэх аргагүй.

Нисэхийн салбар байна. Мөн л эрхэм хүндэт төр маань оролцоод бужигнуулчихсан.
Арай гэж хувийн бизнесийн зарчмаар өрсөлдөх гэж байсан компанийг нөгөө том сүр хүчээрээ
унагасныг бултаараа харсан. Монголын нисэхэд нарийн мэргэжлийн арваадхан хүн бий.
Төр тэднийг бүгдийг нь шорон руу ачаад бүхэл бүтэн нэг салбарыг эзэгнэнхэн төрж
байна. Товчхондоо төр сүүлийн үед  баруун,
солгойгүй компани байгуулж, иргэдийнхээ мөнгө олох боломжтой орон зай бүрийг  булааж байна. 

Иргэндээ л боломж олгоё гээд байсан нөгөө “ухаалаг төр” яасан бэ?
Сүүлийн жишээ. Төр даатгалын бизнес рүү орох гэж байна. Үндэсний даатгалын корпораци
гэсэн мундаг нэртэй айхтар газар байгуулна гээд Засгийн газар нь тогтоолоо гаргачихлаа.
Даатгалын салбар нь  хөлөө олоогүй бужигнаж
байгаа бол бас яая гэхсэн. “Монгол даатгал”, “Бодь даатгал”, “Номин даатгал”-аас
эхлээд үндэсний том компаниуд нь  даатгалын
салбарт гялалзаж байхад төр одоо юу вэ? Төр корпораци байгуулах болсон шалтгаанаа
“Хувийн даатгалын компаниудын хийж чадахгүй том үйлчилгээг бид үзүүлнэ” гэсэн гоё
тайлбараар хачирлана лээ. Уг нь шууд л “Илүү том мөнгө олдог бизнесийг нь бид авна”
гэчихсэн бол илүү шударга сонсогдох байлаа. Төр дэлхийн зах руу гаргаж байгаа уул
уурхайн бүтээгдэхүүний даатгалыг хариуцах юм гэнэ. Их доллар олдог салбараас овоо
мөнгө босгох аятайхан л санаа.  Өчнөөн жил
унаж босож явж, өнөөдрийн хөгжлөө бүтээсэн даатгалын компаниуд нь  холбоо байгуулаад “Төр бидний бизнесийг булаах
гэж байна. Наадахыг чинь бид хийж чадна шүү дээ” гээд байхад “Та нар чадахгүй ээ”
гэж гүрийхийн цаад утга нь юу юм бол. 

Даатгалын салбарт ажилладаг 17 компанийг нэгтгэсэн Даатгагчдын холбоо
одоохондоо мэдэгдэл гаргахаас өөрөөр чанга дуугарсан юм алга. Уг нь илүү хүчтэй
дуугармаар байгаа юм. Яг даатгалынхан шиг бусад 
салбарууд ч дор бүрнээ холбоо зөвлөл байгуулж  бизнест орохоор улайрч эхэлсэн төрийг зах зээлээс
шахахгүй бол энэ төр цаашдаа яаж ч магадгүй нь. Ингэж байж л хувийн хэвшил хөгжинө.
Хувийн компани, бизнес хүчтэй хөгжсөн улс л хүчирхэгждэгийг дэлхийн түүх нотлоод
байхад хувийнхан эрх ашгаа хамгаалан босч яагаад болохгүй гэж.

Дэлхийн улс орнуудад төрийн компани бий л дээ. Гэхдээ цэвэр бизнесийн
зарчмаар ажилладаг жинхэнэ төрийн компаниуд тэнд ажилладаг.  Учир нь хөгжсөн улс орнуудын төрийн компаниудын
захирал нь засаг солигдлоо ч суудлаасаа буудаггүй. Компанийн захирал нь бизнесийн
зарчмаар сонгогддог учраас төрд хэлэх юмаа хэлчихдэг гэсэн үг. Орлогыг чинь хурааж
халамжийн мөнгө тараана гэвэл “Битгий дэмий юм ярь” гээд хэлчихдэг нөхөд төрийн
компанийн толгойд сууж байдаг. Бизнесийн чигээс хазайхгүй ингэж ажилладаг учраас
айхтар улсын төрийн компаниуд дажгүй сайн ажиллаад байдаг юм.

Гэтэл манай төрийн компаниуд үнэн хэрэгтээ төрийнх биш. Улстөрийн
компани болчихоод байгаа. Нам солигдоход л Эрдэнэт үйлдвэрийн дарга солигддог.
“Эрдэнэс Таван толгой” ч ялгаагүй. Засгийн эрхийг нөгөө нам нь аваа л бол одоогийн
дарга суудлаасаа буух нь жам. Бизнесийн зарчмаар ажиллахгүй, захирал  нь нүүдлийн шувуу шиг ирж буцдаг компани яаж хөгжих
вэ дээ.

“Монгол шуудан” гэж  төрийн
том компани бий. Хамгийн том компани нь төрийнх учраас  шуудангийн салбарт хувийн компани гарч ирээд хол
явдаггүй. Эндээс ургуулаад бодохоор манайх шиг цөөн хүн амтай жижиг зах зээлтэй
улсад төрийн данхайсан том компани шиг хэрэггүй юм алга. Том байлаа гээд хөгжиж
сүйд болохгүй. Тэгсэн хэрнээ иргэдийнхээ мөнгө олох орон зайг хумиад дэмий данхайгаад
суугаад байдаг. Ийм нөхцөлд хөгжил ярина гэдэг ёстой нөгөө зангууны үлгэр шиг юм
болно.

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан хувьсгалын партизануудаа хоёрдугаар эмнэлэгт үнэ төлбөргүй эмчлүүлье

Сайд нарын хоёрдугаар эмнэлэг
гэж бий. Дарга, сайд голдуу хэвтдэг энэ эмнэлэгт ардын хувьс­галын партизанууд бас
үнэ төлбөргүй эмчлүүлэх эрхтэй. Ханан дээрээ  
наа­чихсан журамд нь тийм өгүүлбэр байна лээ. Хоёрдугаар эмнэлгээр үнэ төлбөргүй
эмчлүүлэх эрхтэй  Ардын хувьсгалын партизанууд
өнөөдөр бид­ний дунд амьдарч байгаа бил үү. Цагтаа улсынхаа тусгаар тогтнолын төлөө
буу, сэлэм барин тэмцэж явсан партизанууд өнөө­дөр цагийн  жамаар өөд болцгоосон. Тэдний нэг нь ч бидний
дунд байхгүй. Ганц, хоёр тулгаралтад оролцож явсан цөөхөн настан л бий байх.  Тэгэхээр журамд заасан ардын хувьсгалын партизан
гэдэг үгийг өөрч­лөх цаг болжээ. Улс тусгаар орших хувь заяанд мөрөө гаргасан ардын
хувьсгалын партизануудаа төр нь онцгойлж үнэ төл­бөр нэхэлгүй дарга сайдуудтайгаа
зэрэгцүүлж хэвтүүлээд  эмчилнэ гэдэг сайхан
хүндэтгэл. Ийм хүндэтгэл хэзээд байх учиртай. Ардын хувьс­галын партизанууд байх­гүй
болсон өнөө үед ч үргэлжлэх учиртай хүндэт­гэл. Улсынхаа тусгаар тогтнолын төлөө  амиа хайрлалгүй зүтгэсэн баат­руудын дараа баат­рууд
төрөхөөр өөр ямар үйл явдал Азийн Монголд өрнөсөн билээ. Түүх сөхье. Хорь гаруй
жилийн өмнө хэсэг залуус цуглаад Ардчилсан холбоо байгуулж ардчилал ярьж эхэлсэн
дээ. Яг тэр үеийг Монголын ардчиллын түүхийн эхлэл гэж дэлхийн судлаачид онцолдог.
Да­лан жилийн турш ганцхан намтай, ганцхан даргатай, хувийн биш нийтийн өмчтэй амьдарч
байсан монголчуудад тэр залуус “Бид буруу замаар яваад байна” гэж зоригтой хэлж
байлаа. Тухайн үедээ тэдний энд тэнд наасан бичиг, үе үе цуглаж ярьдаг ардчиллын
тухай сонин, содон, халуун  яриа үзэг­дэл
байсныг хэн ч үгүйс­гэхгүй. Улс төрийн товчоо ямар ч шийд гаргаж мэ­дэх эгзэгтэй
үед  “Та нар огцор, бид ардчиллыг сонгох ёстой”
гээд дүн өвлөөр Сүхбаатарын тал­бай дээр өлсгөлөн зар­ласан хүмүүс мөн л өнөө залуус.
Улс төрийн товчооны ихэнх гишүүн тэр үед 
даруулгагүй залуусыг дарж авъя, жагсаал цуг­лааныг хүч хэрэглэж тараая, эсвэл
тэр чигт нь орхиё, өлсөж үхнэ л биз хэмээн тун дургүй хандаж  байсан талаар барим та­вим жишээ сонсогддог. Ж.Батмөнх
гуай буурь заа­гаагүй бол цус урсаж ч мэдэх байсныг учир мэдэх улс үгүйсгэдэггүй.
Дэлхий даяараа зөв гэж үзсэн, сонгосон улс нь хөгжөөд байгаа ардчиллыг Монголдоо
авчрахын тулд тэдний  амиа хайрлалгүй зүтгэснийг
нотлох жишээ, баримт тоо тоймгүй.

Ардчилал ялсан ч АН хэдэн сонгууль
дараалан ялагдсан тохиол Мон­голын түүхэнд бий. Тэр жилүүдэд ардчиллын “муусайн”-уудыг
ажилд авдаггүй байв.  Ажилгүй, цалингүй гундуухан
алхах­даа ч ардчиллын үнэт зүйлийг ярьж, ард­чиллын төлөө хоёргүй сэт­гэлээр зүтгэсэн
хүмүүс өнөөх л залуус. Азидаа ардчиллын загвараараа гайхагддаг Монголын ард­чиллыг
жинхэнэ бү­тээсэн хүмүүс  гэх гээд байна л
даа. Чөлөөтэй, хүслээрээ урагшилж бол­дог, компани байгуулж томорч болдог, дэлхийн
хэмжээнд ажиллаж, ам­жилт гаргаж болдог, хэ­лэх гэсэн үгээ хэнээс ч айлгүй хэлж
болдог ийм нийгмийн эхлэлийг тавьж, өнөөдрийг хүртэл хоёр санаагүй зүтгэж ирсэнд
нь тэдэнд талархах учиртай. Талархаад зогсохгүй хүн­дэтгэх учиртай.

Одоо тэр залуусын хам­гийн залуу
нь гэхэд дөчтэй. Ардчилсан хувсгал ялах үед гучтай байсан нь зуугийн талыг насалж,
дөчтэй явсан нь жар гарцгаачихаж. Түүхэнд ийм гавьяа байгуулсан ардчилсан хувьсгалын
партизанууддаа хоёр­дугаар эмнэлэгт  үнэ төлбөргүй
эмчлүүлэх эрх өгч яагаад болохгүй гэж.  Тэдэнд
дарга, сайдуудтай зэрэгцэж хэвтээд эмч­лүүлэх эрх бий. Учир нь тэд бидний амьдарч
буй энэ нийгмийн эхлэлийг тавьсан хүмүүс. 
Одооноос партизануудаа бүртгэж, нэгдсэн тоо гаргаад хоёр­дугаар эмнэлэгт
үйлч­лүүлдэг болгох асуудлыг мэддэг газарт нь тавья. Энэ асуудлыг Ардчилсан холбоо,
Ардчилсан нам амлаж аваад ажил болговол  хэн
ч алга ташиж хүлээж авна.

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Зэсийн үнэ энэ онд тун дажгүй байх нь

Энэ жил зэсийн эрэлт тогтвортой, нийлүүлэлт удаашралтай байх
учраас зэсийн үнэ унахгүй, тогтвортой байна, өснө гэсэн прогнозуудыг шинжээчид
хийж байна. Дэлхийн зэсийн 40 хувийг дангаараа хэрэглэдэг Хятад Улс эдийн засагтаа
анхаарч олон шинэ төсөл хэрэгжүүлж 
эхэлсэн нь зэсийн үнэ өсөх гол шалтгаан болжээ. Зэсийн үнэ өнгөрсөн
долоо хоногт 3,1 хувиар нэмэгдсэнийг “Блүүмбэрг”-ийн мэдээ­нээс харж болно. Энэ
нь өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ноос хойшхи хамгийн өндөр үзүүлэлт гэнэ.
Биржүүдийн нөөц буурч буй нь зэсийн үнийн өсөлтөд нөлөөлсөн байна. Жишээ
нь  Шан­хайн биржид зэсийн нөөц 193.725
тоннд хүрч буурсан гэх мэдээлэл цацагдсан. Энэ нь 7.7 хувиар буурсан үзүүлэлт
аж.

Энэ онд зэсийн үнэ тогтвортой, дажгүй  байх гурван шалтгааныг “Мандал даатгал”-ынхан
нэрлэжээ. Эхний шалтгаан нь Хятадын эрэлт байх нь. Өмнөд хөрш эрчим хүчний
салбарынхаа хөрөн­гө оруулалтыг 13 хувиар буюу 60 тэр­бум ам.доллараар нэмэгдүү­лэхээр
төлөвлөжээ.” “Ман­дал даатгал”-ын шинжээч “Энэ хөрөнгө оруулалтад тус улсын
зэсийн хэрэглээний 40 гаруй хувь зарцуулагдана гэсэн тооцоо бий. Мөн Хятад Улс
162 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг зөвхөн хот суурин газрын хөгжилд
зарцуулна. Энэ нь дотоо­дын хэрэглээг дэмжих эрх баригчдын бодлогын нэг хэсэг.
Дотоодын хэрэг­лээг дэмжих Засгийн газ­рын бодлого нь зэсийн эрэлтийг
нэмэгдүүлэх хандлагатай” гэж онцолж байна. Зэсийн үнэ дажгүй байх хоёр дахь
шалтгаан нь зэсийн нийлүүлэлтийн хомсдол аж. Дэлхийн зэсийн үйлдвэрлэл ажил
хаялт, байгалийн гамшиг, хөрөнгө оруулалтын гацаа зэргээс шалтгаалж
нийлүүлэлтээ хумих шаардлага гардаг байна. Энэ жил Хятад, Чили, Индонези болон
Австралиас нийлүүлэх зэсийн хэмжээ буурах төлөв ажиглагджээ. Оны эхээр Чили дэх
уул уурхайн ажил хаялтаас үүдэж 300 мянган тонн зэсийн нийлүүлэлт зогсч байж.
Филиппиний хар салхинаас болж хаагдсан томоохон уурхай ч зэсийн нийлүүлэлтэд
нөлөөлнө гэж шинжээчид хэлж байна. Олон улсын шинжээчид Хятад, Индонезийн
зэсийн нийлүүлэлтийг бууруулж таамагласан гэнэ. Ийм шалтгаануудаар зэсийн
нийлүүлэлт буурах нь бололтой. Сүүлийн жилүүдэд эрэлт өндөр байгаагаас болж
зэсийн нөөц 1.27 сая тонноор хорогджээ. 2008 оноос хойш зэсийн нөөц тогт­вор­той
буурч байгааг  “Мандал даатгал” анализдаа
онцолжээ.

“Мандал даатгал” зэсийн үнэ өнгөтэй байх бусад шалтгаан
геополитиктой холбоотой гэж үзсэн байна. “Өнгөрсөн оны геополитикийн дүр
зургаас харахад Сирийн асуудал, АНУ-ын Засгийн газрын өрийн хямрал зэрэг сөрөг
төлөв зэсийн үнэд хүчтэй нөлөөлсөн тал бий. Дийлэнх тохиол­долд АНУ-ын
хол­бооны нөөцийн шийд­вэр, тус улсын төрийн байгуул­лагуудын түр зогсолт,
өрийн хязгаарлалт зэрэг асуудлаас үүдэж зэсийн үнэ өнгөрсөн жил нэлээдгүй
хэлбэлзсэн. Эдгээр асуудал намжсаны дараахь түүхийг харвал зэсийн үнэ өссөн…
Хөрөн­гө оруулагчид Хятадын эдийн засгийн голлох мэдээг анхааралтай ажиг­лаж
байсан. Тус улсын эдийн засаг, үл хөдлөх хөрөнгийн өсөлтийн мэдээ эерэг гарахад
зэсийн үнэ өсөх хандлага сүүлийн үед ажиглагдаж байна” хэмээн “Мандал
даатгал”-ын шинжээч дүгнэжээ.

Нөөц буурахаар үнэ өсдөг жамтай. Өнгөрсөн оны сүүлээр гэхэд
зэсийн нөөц 17 хувиар буурсан дүн гарсан байна. Харин зэсийн гол хэрэглэгч
Хятадын импорт жилд дунджаар 34 хувиар өссөн таатай мэдээ байна. Дэлхийн зэсийн
нийт хэрэглээний жар гаруй хувийг Хятад, Америк, Япон бүрдүүлдэг аж. Хорь гаруй
хувийг нь Европын орнууд бүрдүүлдэг гэсэн статистик бий. Хэрэв Хятад, Японы аж
үйлдвэрийн индекс цаашид хөгжвөл зэсийн үнэ өснө гэж судлаачид онцолж байна.

Зэсийн хорин хувийг хэрэглэдэг Евро бүс хямралаасаа гараагүй
байгаа ч Герман, Франц зэрэг орнуудын аж үйлдвэрийн индекс тогтвортой өсч
байгаа аж. “Сүүлийн хоёр жилд еврогийн ханш рупи болон иенийн эсрэг чангарч
байгаатай уялдан тус бүс нутгийн зэсийн эрэлт тогтвортой байх болов уу” гэж
“Мандал даатгал”-ын шинжээч хэлж байна.

Зэсийн гол хэрэглэгч АНУ-д энэ онд автома­шины үйлдвэр болон
барилгын салбар өсөлттэй байж магадгүй нь. Шинжээчийн энэ таамаглалаар бол
Америкийн зэсийн хэрэг­лээ нэмэгдэнэ үү гэхээс буухгүй нь бололтой. Японы хувьд
ч их зэс хэрэглэх магадлал өндөр байгаа аж. Японы Засгийн газрын эдийн засагтаа
хэрэгжүүлж буй бодлого үр дүнгээ өгч, иенийн ханшийн сулрал экспортын эрэлт,
дотоодын хэрэг­лээг нэмэгдүүлэх болом­жийг бүрдүүлэх гэнэ. Шинжээчид ийм
үндэс­лэлээр Японы зэсийн хэрэглээ буухгүй гэж үзэж байна.

Евро бүсийн хямрал бүрэн шийдэгдээгүй, Америкийн мөнгөний бодлого
гэсэн эрсдэл байгаа ч энэ жил дэлхийн эдийн засаг дунджаар 3,7 хувиар өсөх
таамаг гарчээ. Гэхдээ хөгжиж буй зах зээл, жишээ нь Хятадын эдийн засгийн өсөлт
зэсийн эрэлт нэмэгдэнэ гэсэн таамаглалыг баталгаажуулж байгаа аж.

Энэ оны хоёрдугаар улирлаас Хятадын эдийн засагт зэсийн хэрэглээ
нэмэгдэж байгаа. Урд хөрш дэд бүтцийн хөрөнгө оруулалтаа арван хувиар
нэмэгдүүлнэ гэхээр зэсийн үнэ өсөх таатай нөхцөл бүрдэж байгаа гэсэн үг. Зэсийн
нийт хэрэглээний бараг тал хувийг эзэлдэг урд хөршийн хэрэглээ нэмэгдэх хэрээр
зэсийн үнэ таатай хэвээр үргэлжлэх нь тодорхой болж байна. 

Гэхдээ дэлхийн зэсийн гарц жил бүр дөрвөн хувиар өсч байгаа
гэсэн прогноз бий. 2020 он гэхэд есөн сая тонн нийлүүлэх шинэ уурхайнууд
нээгдэнэ гэх таамаг ч байдаг. Эдгээр тоонуудаас харахад  зэсийн нийлүүлэлтийн илүүдэл үүсч болох эрсдэл
ирэх жилүүдэд бий гэж шинжээчид онцолж байна.

 “Мандал даатгал”-ээс
гаргасан таамаглалаар оны эцэс гэхэд нэг тонн зэс 7000-7950 ам.долларын хооронд
борлуулагдах юм байна. J.P. Morgan  7825,
Barclays 7925, BNP Paribas 7825, “Reuters” агентлаг 8818, Morgan Stanley  8755, UBS 
7495.7, Credit Suisse 8113, Macquarie Private Wealth 7459  ам.доллар 
гэж төсөөлжээ. Энэ тоонуудаас харахад манай улсын төсвийн багагүй хувийг
бүрдүүлдэг зэсийн үнэ энэ жилдээ лав дажгүй өсөлттэй байх нь. Энэ онд ЭЗХЯ, УУЯ
нэг сая тонн зэсийн баяжмал экспортолно гэж тооцоолжээ.

Ц.БААСАНСҮРЭН