Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Газрын зураг зурдаг оюутнууд насны найзууд болсон нь

Барилгын техни­ку­мын зураг зүйн анхны ангийнхныг “Нэг ангийнхан” буландаа урилаа. Монголд газ­рын зураг зурдаг дунд мэргэжлийн тавь орчим хүмүүс байдгийн тал нь эдний ангийнхан. Ба­рилгын техникум зураг зүйн гэсэн ангиар ердөө хоёрхон удаа элсэлт ав­сан юм билээ. 16 настай охид, хөвгүүд нэг ангид цугласнаас хойш 30 жил өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл  дотно найзууд хэвээрээ үлджээ.

Төгсөлтийнхөө хо­рин жилийн ойгоор  уулз­санаас хойш амьд­ралынхаа баярлах, гуних онцгой агшин бүрээ ху­ваалц­даг болж. Хотод амьдардаг хэд нь сав л хийвэл уулздаг гэж байгаа. Арванхоёрдугаар сарын 31-нд төрсөн  нэгэн­дээ баяр хүргэх гэж сандарч яваад таксинд шинэ оноо гаргасан түүх ч эдний ангийнханд бий аж. Барилгын техни­кумын зураг зүйн анхны ангийнхнаас Дагвадорж, Ичин­хорлоо, Баянжаргал, Баяр­жаргал нартай уул­заж дурсамж сөхлөө.
Зураг зүйн анхны ангид нийслэл хот, хөдөөгийн сумдаас  найман хүү, 17 охин цуглажээ. Барилгын коллеж хэрнээ барилгатай огт хамаагүй тэс хөндлөн мэргэжлээр төгсөцгөөсөн нэг ангийнхан гэдгээрээ тэд сургуулийнхнаасаа онцгойрдог. Тэгсэн мөрт­лөө зуны ажлаараа барилгын ажилд дайч­лагддаг байж. Тэд газ­рын зураг, атлас хийх чиглэлээр суралцсан гэсэн. Газрын зураг дээр хараа муутай хүнд бол бараг уншигдахааргүй  жижигхэн үсгээр гол мөрөн, аймаг, сумын нэрийг бичсэн байдаг даа. Тэр үед одоогийнх шиг компьютер гэж байх биш, Говь-Алтай аймгийн нэрийг гэхэд л үсэг үсгээр нь нямбайлан өрнө. Өнөө жижигхэн үсгүүдээ тусгай чимхүүрээр нэг бүрчлэн чимхэж ирээд  наана гэдэг амаргүй ажил байсан бололтой.
Тэр үед хэвлэх үйлд­вэр өнгөтөөр биш хар цагаанаар хэвлэдэг уч­раас газрын зургаа өнгөөр ялгаж будах ажлыг хүртэл газрын зургийн зураачид хийдэг байж. Орос усан будгаар чанартай ватум цаасан дээр бийрээ амандаа хүлхэж байгаад л ус мөрнийг цэнхрээр, аймгуудыг өнгөөр  ялган зурж өгдөг байж. Элстэй газрыг гэхэд л элснийх нь ширхэг нэг бүрийг цэглэн зурж хийдэг байсан гэнэ. Зураг зүйнхэн дипломын ажлаа томоо гэгчийн  газрын зургууд хийж хамгаалжээ. Ичинхорлоо гэхэд Африк тивийн газрын зураг хийж дип­ломоо хамгаалж байж.
Оюутан охидын төрсөн өдрийн бэлэг нь 45-ын хүүхэлдэй
Эдний ангийнхан нэг нэгнийхээ төрсөн өдрийг алгасалгүй тэмдэглэдэг байснаа ам уралдуулан ярив. Стипенд буусан үед хэн нэгнийх нь төрсөн өдөр болбол хүүхдийн зуугийн хажуугийн “Солонго” ресторанд орж тэмдэглэдэг байж. Ер нь ихэнхдээ л ангидаа цуглаад төрсөн өдрийн эзэнд бэлэг өгч, дараа нь патиараа татуулдаг байжээ. Оюутан охидын бэлэг нь ямар ч сонголтгүй. 45 төгрөгөөр зардаг орос кукла. Хэвтүүлэхээр унтдаг, босгохоор дуга­риг цэнхэр нүдээ нээдэг хүүхэлдэйнээс өөр гоё бэлэг байгаагүй гэнэ. Охид бэлгэнд авсан хүү­хэлдэйгээ орон дээ­рээ сувинер маягаар тавь­чихаад элдэв өнгийн хувц­саар гоёдог байснаа дурсав. Баяржаргал төр­сөн өдрийнхөө зур­гийг аваад ирчихэж. Хүү­хэлдэйгээ тэвэрч бай­гаад найзуудтайгаа ава­хуулсан зургаа нандигнаж явдаг гэнэ.
Зураг зүйн ангийн охид метрийн эрээн даавуу авч складтай юбка хийгээд өмс­чих­дөг байсан гэж байгаа. Тэр дундаа Ичинхорлоо, Баян­жаргал, Баяржаргал, Ган­хуяг нар  янз бүрийн өнгө, загвараар урлан гоёдог байж. Стипенд буухаар хувцас авахдаа мөн л ижил загвартайг авчихдаг байсан гэнэ. Ичинхорлоо ”Сонголт байхгүй болохоор аль гоё харагдсаныг нь гээд сонгохоор бүгдээрээ нэг заг­варын хувцас авчихна. Ямар сайндаа нэг удаа Бүргэд багшийн хичээл дээр хоцорч орж ирсэн Баяржаргал, Баянжаргал, Жавзандулам гурав цугаараа улаан трико өмсчихсөн байж билээ. Бүргэд багш их хатуу, бас их шооч хүн байсан юм. Өнөө гурвыг чинь нухацтай гэгч нь харж мушилзаад самбарын өмнө хичээл завсарлах хүртэл зогсоочихож билээ” гэж хэлээд тас тас хөхрөв. Тэр үед их завсарлагаа 45 минут үргэлжилдэг байжээ. Ангиа төлөөлж ирсэн дөрөв Гандангийн дэл­гүүрийн хажуугийн цай­ны газрын хямдхан амттай хоол авч идэх гэж завсарлагаанаараа гүйлддэг байснаа ярив. Хичээлээс хоцрох ихэнх шалтгаан нь Гандангийн гуанз байжээ.
Эдний ангийн багшийг Сэнгээ гэдэг юм байна. Бүгдээрээ л багшдаа ам сайтай юм. Багшийн хэлсэн үг ангийнханд нь хууль байсан гэнэ. “Тэнгис” кино театрын эсрэг талын өндөр цэнхэр байр, нэгдүгээр хорооллын гурван өндрийг бариулсан зөвлөх инженер хүн аж. Наанаа хатуу ч гэсэн буулт нь зөөлөн, ангийнхныхаа төлөө сэтгэлээсээ зүтгэж чад­даг байсан багштайгаа тэд өнөөдөр ч холбоотой байдаг гэсэн. Тэр үед дотуур бай­ранд орно гэдэг амаргүй даваа байж. Ичинхорлоо гэхэд л ангийнхаа багшийнд амьдардаг байжээ. Хүүхдийг нь цэцэрлэгээс авах, хоол хийх л ажилтай, бусад үед хичээлээ хийгээд л суудаг оюутан байж. Дагвадорж  нутгийнхаа ахынхаас хичээлдээ явдаг байснаа дурсав.

Гуравдугаар курсээ төгсөөд цэрэгт мордсон дөрөв

Зураг зүйн ангийн дөрвөн хүү ангийнхантайгаа хамт төгсөөгүй, зураг зүйгээсээ огт өөр мэргэжлээр сургуулиа дүүргэжээ. Гуравдугаар курсээ төгсөх үеэр нь Дагвадорж, Энхбаатар, Гантулга, Гэрэл­чулуун дөрөвт цэргийн зарлан ирж. Хорооллын дөч­дүгээр сургууль дээр очоод шалгуулангуутаа л тэнцчихэж. Зураг зүйн ангийн гуравдугаар курс гэж хэчнээн тайлбарлаад ч тусыг олоогүй гэнэ. Цэрэгт татлагынхан нэг ангийн хөвгүүдэд “Та нарыг ирэхэд анги чинь байж л байна. Эргэж ирээд орохгүй юу. За одоо гараад ойр дотнын хүмүүстэйгээ уулз. 15 минутын хугацаа л байгаа шүү” гэжээ. Ингээд л ангийнхантайгаа Гандангийн хажууд зогсч байсан авто­бусны наана зургаа авхуу­лаад цэрэгт морджээ. Ангийн хөвгүүдээ цэрэгт үдсэн өнөө хэд нь шөнөдөө такси хөлсөлж өглөө нь хуушуур, чихэр, жигнэмэгтэй эргэж байж. Гэнэт л цэрэгт ачигд­сан оюутан цэргүүд гурван жилийн дараа халагдаж ирээд зураг зүйн ангидаа үргэлжлүүлэн сурах гэтэл анги нь татан буугдчихсан байсан аж. Дагвадорж гэхэд л  геодезийн дөрөвдүгээр курст элсч  шинэ мэргэжлийнхээ учрыг  олохгүй байсаар төгсчээ. Зарим нь бүр геофизик гээд огт өөр мэргэжил эзэмшсэн байна. Халагдсан цэргүүд хэд­хэн сар суралцаад л шинэ мэргэжлээр төгссөн гэж байгаа.

Орос хувцсанд зардаг сарын стипенд
Зураг зүйн ангийн оюут­нууд сардаа 180 төгрөгийн цалинтай. Цалингаа буун­гуут байранд байдаг хэд нь багахан хэсгийг нь ний­лүүлж хүнсээ базаагаад гоё хувцасны эрэлд гардаг байснаа ярьцгаав. Охид Шар хадны орос дэлгүүрээс гутал их авдаг байжээ. Сансарын орос дэлгүүрт тусгай эрх­тэй хүмүүс ордог ч тэр дэлгүү­рийн барааг дамлаж зардаг эмэгтэйгээс ахиу үнээр хувцас авчихдаг байж. Эдний ангийн Дагвадорж бүр дамаар авсан хувцсаа дамлаж зардаг байс­наа ярьсан чинь охид нь гайхаад жигтэйхэн. Баян­жаргал “Чи тийм айхтар дам­чин байсан юм уу” гээд том харж байна. “Тэгэлгүй яадаг юм, би гайгүй наймаачин байсан шүү. Оросын “Кузбак” гэдэг куртикийг 120 төгрөгөөр аваад 250 төгрөгөөр зардаг байсан. Олддоггүй ховрын бараа болохоор хүмүүс тэр дор нь авна. 20 төгрөгийн пүүзийг 60 төгрөгөөр зардаг байлаа. Нэг удаа их дэлгүүр дээр гурван куртик авч очоод хоёрыг нь зарчихаад зогсч байтал энгийн хувцастай ах хүрээд ирдэг юм байна. Ах нь наадахыг чинь авъя наашаа ороод ир гээд нэг өрөө рүү дагуулаад орчихлоо. Гэтэл нөгөө хүн чинь эдийн засгийн байцаагч болж таарсан. Халаасанд байсан 850 төгрөгөө куртиктэйгээ хураалгачихдаг байгаа. Таньдаг хүнээрээ дамжуулан  50 төгрөгийн  авлига өгүүлж байж хураалгасан юмнуудаа буцааж авсан шүү” гэж хэлээд хөгжилтэй  инээлээ. Мань эр үл хөдлөх хөрөнгийн наймаа ч хийж явжээ. 1000 төгрөгөөр хашаа байшин худалдаж аваад 1050 төгрөгөөр зарж байснаа ярихад охид нь мөн л өөд өөдөөсөө гайхангуй харж инээцгээв.

Улаан хамгаалагч хөвгүүд
Говь-Алтайн Чандмань суманд  зуны ажлаар очсон  охид нэг нууцыг бүр хожим нь мэджээ. Хөдөө, гадаа хаана ч очсон шүгэлдэж, чулуу шидээд амраадаггүй сумын залуусын ааш авирын талаар дээд ангийн эгч нараасаа сонссон  охид “Хөөх энэ Говь-Алтайн залуус чинь ямар соёлтой дажгүй юм бэ” гэж өөр зуураа ярьцгаадаг байсан гэнэ. Яг үнэндээ хотын охидтой уулзана гээд хүрээд ирдэг залуустай ангийнх нь хөвгүүд нүүр тулдаг байж. Уулзуулахгүй гэж үзэлцэж, заримдаа бүр зодоон цохиондоо тулж байж явуулдаг байснаа бүр хожим нь охиддоо хэлжээ. Ямар сайндаа л Дагвадорж “Бид чинь ангийнхаа охидыг дөрөв төгстөл нь хүнтэй суулгаагүй. Манай ангийн Бат-Өлзий геодезийн ангийн цэргээс халагдаж ирсэн залуутай үерхэж эхэлдэг юм байна. Анхандаа өнөөхийг нь хавьтуулахгүй, цэргээс ирсэн том залууг хамжиж байгаад нударганы амт үзүүлээд явуулчихдаг байлаа. Тэр хоёр маань өнөөг хүртэл ханилж, сайхан амьдарч байгаа” гэхэв. Эдний ангийн охидоос Уранмандах л тайрмал үстэй бусад нь салаа гэзэгтэй ангидаа цугла­жээ. Харин Говь-Алтайд очих­доо ихэнх нь үсээ тайрчихаж. Хөвгүүд нь “Үсээ тайрсан охинд 100 грамм гучийн чихэр өгнө” гэж хэлээд тайруулсан гэнэ. Тэр үед гучийн, 24-ийн чихэр л хамгийн тансагтаа ордог байжээ. “Чих­рэнд болоод үсээ тайрсан нь үнэн шүү. Тэр үед нархамба, нандин чавга хааяа л үзэгддэг байлаа. Хачин амттай санагдахыг нь яана” гэж Баяржаргал ярив.

Дипломат цүнхтэй хүүхдүүд
Зураг зүйн ангийнхан бусад оюутнуудаас өөр цүнх барьдаг байж. Тэр үеийн дарга нарын барьдаг  дипломат цүнхээр жигдрээд хотын гудамжаар алхахаар үеийнхэн нь гайхан хардаг байсан гэнэ. Дипломат цүнхэндээ дэвтэр биш бич­гийн цаас, ватум, бийр энэ тэр л байнга хийгээстэй. Хичээ­лээ тарж дипломат цүнхээ бариад цусны төв дээр цөөнгүй удаа очсоноо дурсав. Цусаа өгөхөөр дөчин мянгатын баншны кафед нэг, хоёрдугаар хоол идэх таван төгрөгийн талон, 24-ийн хоёр чихэр өгдөг болохоор тэр үеийн оюутнууд цусаа их өгдөг байжээ.

Марзан Бадраа, солгой Ганхуяг…
Эдний ангийнхны төлөөлөл болж цугласан дөрөв ангийнх­ны­хаа монтажийг харж бай­гаад тэрийгээ оруулахгүй бол гомдоно, энийгээ ч ярих­гүй бол болохгүй гэж ирээд ангийнхнаа баахан ярив. Бад­раа гээд Хөвсгөлөөс ирсэн дархад хүүгийн тухай бүгд л “Зүгээр ярьж байгаа нь хүртэл бөөн инээд шүү” гэж ам нийлүүлцгээнэ. Цагийн зүү арван хоёр дээр гозойж байна гэхийг “цагийн зүү зургаа дээр унжиж байна” гэж ирээд л  үг хэлэх бүртээ ангийнхнаа инээлгэдэг нөхөр гэнэ. Анх ирээд нэг жил дуугүй л яваад байж. Нэгдүгээр кур­сээ төгсөх үедээ хэлэмгий, марзан нь дэндээд ирэхэд ангийнхан нь “Чи яагаад дуугүй яваад байсан юм бэ” гэж асуухад “Анх та нарын яриад байгаа үгний заримыг нь  ойлгодоггүй байсан юм аа. Тэгээд л ярихаасаа санаа зовоод байсан хэрэг. Одоо сур­сан юм чинь ярилгүй яадаг юм” гэж хариулж байжээ. Бадраа төгсөөд л нутагтаа очиж мал хариулсан гэнэ. Малчин эр эхнэртээ байсгээд л “Би  залуу цагтаа ганцхан удаа хотод очиж сураад насны хэдэн найзтай болсондоо баярладаг” гэж олзуурхан ярьдаг гэсэн. Эдний ангийн хотын ганц хүү нь Мөнхбаатар. Хамба хилэн хүрмийг өнгө өнгөөр нь өмсдөг дэгжин хүү байж. “Байнга л судалтай улаан цамц ижилсүүлдэг Цэенхүү, Ганхуяг хоёр энэ байна”, “Баяр­жаргал, Баянжаргал хоёр бас байнга цуг явна, бас л хувцсаа ижилсүүлээд өмсчихдөг байсан юм”, “Энэ манай Пүрэвдорж, охиддоо эрхэлдэг гэж шоолуулдаг ганц хүү, одоо ч эрхэлсэн хэвээрээ” гэж ирээд эдний ангийхны зураг бүрийг хөгжилтэй тайлбартайгаар сонирхлоо. Гантулга солгой гараараа бичнэ, хачин гоё зурна, Энхбаатар бас зурна, элэглэнэ, Занданхүү намбатай, намжиртай, Гэрэлчулуун номонд дуртай гээд ангийнхны тухай дурсамж бараг цаг гаруй үргэлжилсэн.

 Багшийнхаа найзынд тэмдэглэсэн хонхны баяр
Хонхны баярын зургаа сонирхуулав. Тэр үеийн оюутнууд төгсөлтийн баяраа аль гай­гүй гэсэн хувцсаа шилж өмсөөд л сургуулийнхаа биеийн тамирын зааланд  тэмдэглэчихдэг байж. Ангиудаас урлагийн номер сонирхуулна, тараад ундаа ууж, торт идээд л баяр дуусдаг бай­сан гэнэ. Ангидаа тортоо идэх гэтэл сургуулийнх нь захирал зөвшөөрөөгүй учраас багшийнхаа найзын гэрт очиж амттанаа хувааж идэж, өдөржин ярьж хөөрч, тоглож байгаад зүг бүр тийшээ салцгаажээ. Зураг зүйн ангийнхан Геодези зураг зүйн газарт ажиллах ганцхан сонголттой. Эдний ангиас төгсөөд шууд мэргэжлээрээ ажилласан хэд хэдэн хүүхэд бий гэнэ. Уранмандах, Баяр­жаргал хоёр геофизикээр хэсэг ажиллажээ. Бат-Өлзий, Санжмаа, Гэгээнтуяа, Баянжаргал нар геодезид  ажиллаж байхдаа хилийн шинэчилсэн зураглалд явж байжээ. Зарим нь хүсэлтээрээ орон нутаг руугаа буцаж жижиг экспедицэд ажиллах зэргээр нэг хэсэгтээ л мэргэ­жил­дээ үнэнч байцгааж. Зах зээлд шилжсэнээс хойш мэр­гэж­лээрээ ажиллах боломж, нөхцөл алга болж дор бүрнээ амьдралын мөрөө хөөцгөөжээ. Ангийн дарга Ганхуяг барил­гын компанийн захирал, Заяа зургийн мэргэжлээрээ  Ховдод их сургуулийн багш, Баяржаргал Засгийн газрын ордонд зохицуулагч, Гэгээнтуяа төмөр замд нярав, Мөнхбаатар Солонгост гэр бүлээрээ амьдардаг  гээд тус тусдаа сайхан амьдарцгааж яваа аж. Хувиараа бизнес эрхэлж буй хүмүүс олон гэнэ.  Сонирхуулж хэлэхэд зураг зүйн ангийнхан монтажаа өөрсдөө хийсэн юм байна. Хөвгүүд нь дармалаар хачин гоё бичнэ, зурахдаа ч жигд сайн байсан учраас монтажныхаа элдэв чимэглэлийг урлажээ. Багш нь монтажин дээр урил­гын үг, хүүхдүүдийнхээ нэрсийг бичсэн аж. Ирэх сарын 15-нд Зураг зүйн ангийн төгсөлтийн гучин жилийн ой болох юм байна. Тэд сүүлийн жилүүдэд уулзаж амжаагүй Баян-Өлгийн Булган суманд амьдардаг Гэрэлчулуун, Баян-Өлгийн Ногооннуур суманд байгаа Рань, Өвөрхангайн Чимгээ, Багануурын Жавзандулам, Увсын Цэнд-Аюуш, Ховдын Хүдэрбор нарыгаа манай сониноор дамжуулан ойн уулзалтандаа урьсан юм.  

Ц.Баасансүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Роснефть” шатахууны үнээ дахиад буулгах нь

Өмнө нь манай улс шатахууныхаа 90 гаруй хувийг хойд хөршөөс, 70 гаруй хувийг нь “Роснефть” гэдэг ганцхан компаниас авч байсан бол өнөөдөр Оросоос бензин, дизель, түлшнийхээ 74 орчим хувийг, “Рос¬нефть”-ээс нийт хэрэглээнийхээ 35 орчим хувийг хангаж байна. Хойд хөршөөс шатахуунаараа хамаа­ралтай байдал илт багассан гэсэн үг. Одоогийн байдлаар манай улсад “Роснефть”, “Дитэко”, “Газпром”, “Газпромсалават”, “Чайна ойл” зэрэг компани,  Орскнефтегеосинтез, Яиск, Мозырск, Новополоцк үйлдвэрүүд шатахуун нийлүүлж байна. Улсаар нь яривал ОХУ, Белорусь, Солонгос, Хятад, Коста Рика, Латви, Литва, Малайз, Польш, Сингапур зэрэг улсууд манай нийлүүлэгч болжээ. Сүүлийн үед “Роснефть” үнээ буулгах санал тавьжээ гэсэн мэдээлэл гарч эхэлсэн нь үүнтэй холбоотой аж. 

Өнгөрсөн оны гуравдугаар сараас өмнө бид “Роснефть”-ийн үнийг хүлээдэг байв. Жишээ нь тавдугаар сард шатахууны үнэ ямар байхыг дөрөвдүгээр сарын 29, 30 юм уу, тавдугаар сарын эхний өдрүүдэд тэднээс авдаг байсан юм. Өмнөх сараасаа 200 ам.доллараар нэмсэн саналыг хүртэл Оросын талаас хэлж байж. 2013 оны гуравдугаар сард гэхэд л Аи-92 нэг тонн нь 1100 гаруй ам.доллар байснаа 1380 ам.доллар хүрч өсч байсан жишээг албаныхан дурдав. Ямар ч хугацаа өгөхгүйгээр ингэж огцом үнэ нэмэгдэхэд компаниуд үнээ нэмэхээс аргагүй болдог байж. Засгийн газраас татварын хөнгөлөлт энэ тэр гээд зохицуулалт хийх боломж ч гардаггүй байжээ.  Уул уурхайн яамнаас 2013 оны эхнээс шатахууны үнээ дэлхийн зах зээлийн жишгээр тохиръё гэсэн саналыг “Роснефть”-д хэд хэдэн удаа тавьсны эцэст гуравдугаар сараас нь олон улсын биржийн үнэ дээр суурилсан томьёогоор үнээ тооцохыг нийлүүлэгч талаас зөвшөөрсөн байна. Тодруулж хэлбэл Италийн Fob med Italy хөрөнгийн биржийн түүхий тосны үнэ дээр шатахууны төрөл тус бүрд нь ялгаатай үнэ нэмж авах, зарах ханшаа тогтоодог болж. Нэмж тооцох  ам.долларын хэмжээг 70-280-ын хооронд тогтоожээ. А-80 дээр  70 ам.доллар, дизель дээр зундаа 195, өвөлдөө 235 ам.доллар, Аи-92 дээр 280 ам.доллар нэмж өгч, авалцахаар тохироонд хүрсэн байна. Италийн хөрөнгийн бирж дээр энэ сард түүхий тосны үнэ 900 ам.доллар байлаа гэхэд нэг тонн Аи-92-ыг 1180 ам.доллараар худалдаж авна гэсэн үг. Ингэснээр “Роснефть” ямар үнэ санал болгох бол гэсэн эргэлзээ болгоомжлол арилжээ. Тухайн сард шатахуунаа ямар үнээр авахыг биржийн үнэ хараад мэдчих бололцоотой болсон нь энэ тохиролцооны олзуурхмаар тал болж. Дэлхийн зах зээлээс хамаарсан үнэ үйлчилж эхлэнгүүт шатахууны үнэ  төрөл бүрдээ 200-250 ам.доллараар буурчээ. 

Манай улс Сингапур, Япон, Солонгос, Беларус, Латви, Литва зэрэг улсуудаас Тянжинь боомтоор дамжуулан шатахуун авч байгаа аж. Замын-Үүдийн шилжүүлэн ачих байгууламжийн хүчин чадлыг өргөтгөсөн учраас дотоодын нийт хэрэглээнийхээ 50-60 хувийг урд хөршөөр дамжуулан авах техникийн боломжтой болоод байгаа гэнэ. Өмнө нь хоёр вагон зэрэгцэж зогсоод шатахуун шилжүүлэн ачих боломжтой байсан бол одоо 8-10 вагон зогсч байгаад шилжүүлэн ачилт хийх боломж нээгджээ. Урьд  нь 6000 метр кубын багтаамжтай хадгалах сав байсан бол өдгөө 20 мянган метр кубын багтаамжтай шатахуун хадгалах сав Замын-Үүдэд байна. Урд хөршөөс нэг сард 50 мянган тонн шатахуун асуудалгүй оруулаад ирэх хүч бололцоо бүрдсэн гэсэн үг. 2012 онд Хятадаас зургаа, долоохон мянган тонн шатахуун импортолж байсан бол өнгөрсөн жил 170 мянган тонн шатахуун авчээ. 

Шатахуун нийлүүлэлт нь буураад ирэнгүүт үнэ буурах тохиролцоон дээр Оросууд нааштай хандаж эхэлсэн байна. “Роснефть”-ийн төлөөлөл манай улсад хоёр ч удаа ирснээс энэ сонирхлыг нь харж болно. Өнгөрсөн гуравдугаар сард гэхэд “Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечин хүртэл манайд ирээд буцсан билээ. 

Таатай мэдээ дуулгахад ирэх зунаас оросууд өнөөдрийнхөөс ч эерэг нөхцөлөөр шатахуун нийлүүлж эхлэх нь. Тун удахгүй Италийн биржийн биш Сингапурын биржийн үнэд түшиглэсэн ханш хойд хөршөөс орж ирэх шатахууны үнэд нөлөөлж эхлэх юм байна. Манай улсын оршин буй Азийн зах зээл гэдэг нь Сингапурын биржийн эхний давуу тал бол Италийнхаас хямд гэсэн өөр нэг эерэг тал бий аж. Сингапурын бирж дээрх түүхий тосны үнэ дээр тонн тутамд нь  өгөх нэмэгдэл ч өмнөхөө бодвол дажгүй хямдхан гарч. 40-70 ам.доллар гэж тохирчээ. Эхлээд оросууд 100 ам.доллараас дээш гэж байсан ч Ангарскийн үйлдвэрээс наашаа ирэх зардал тонн тутамд үүнээс бага байх ёстой гэсэн Уул уурхайн яамныхны байр суурь, санал хүсэлт тэдэнтэй ийм эерэг тохироо хийхэд нөлөөлжээ. 

Сингапурын биржийн түүхий тосны үнэ одоогийнхоос өсөхгүй бол бид зургадугаар сард өнөөдрийнхөөс ч хямд үнэтэй шатахуун хэрэглэх бололтой. Тонн нь 900 ам.доллар болж хямдарна гэсэн тоо ч яригдаж байна. 

1380 ам.доллар байсан шатахуун өнөөдөр 1000 орчим ам.доллар болж буусан ч бензин, дизелийн  жижиглэнгийн үнэ яагаад буухгүй байна вэ гэсэн асуулт гарах нь тодорхой. Шалтгаан нь долларын ханшийн өсөлт аж. Уг нь 1385 байсан шатахууны үнэ 1000 орчим ам. доллар болно гэдэг нь шатахуун литр тутамдаа 400 орчим төгрөгөөр хямдарсан гэсэн үг. Гэтэл долларын ханш эсрэгээрээ мөн л энэ хавьцаа  төгрөгөөр өссөн. Шатахууны үнийг буулгах яриа хэлэлцээр өрнөж байхад 1380-тай байсан ам.долларын ханш  өнөөдөр 1800 гарчихсан. Шатахууны үнэ хөдлөхгүй байгаагийн шалтгаан нь энэ аж. 

Ирэх зургадугаар сараас Сингапурын биржийн үнэд суурилсан ханш үйлчлээд эхлэхээр шатахууны үнэд эерэг хандлага гарах нь бараг л тодорхой болжээ. Салбарын яамны зүгээс шатахууны хилийн үнэ одоогийнхоос буухад жижиглэнгийн үнэ дагаж буух нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Тонн тутмынх нь үнэ 50 ам.доллараар буулаа гэхэд 25 ам.долларыг нь татварт авъя, харин үлдсэнийг нь жижиглэнгийн үнийг бууруулахад зарцуулах хувилбар яригдаад эхэлжээ. Тэгэхээр Сингапу¬рын бирж дээр түүхий тосны үнэ өслөө гэхэд шатахууны үнэ өсч, буурлаа гэхэд шатахууны үнэ буудаг орчин тун удахгүй бүрдэх бололтой. Уул уурхайн яамны хувьд шатахууны хэрэг­лээнийхээ 60 орчим хувийг ОХУ-аас, үлдсэнийг нь гуравдагч эх үүсвэрээс  авна гэсэн бодлого барьж байгаа аж. 

“Нефть бүтээгдэхүүний нөөц ихэссэн нь  шатахуун импортлогчдод хөнгөлөлттэй зээл өгсний нэг давуу тал” гэж Уул уурхайн яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Түлшний бодлогын хэлтсийн дарга Л.Раднаасүрэн онцоллоо. Хөнгөлөлттэй зээл өгөхөөс өмнө манай улсын шатахууны нийт нөөц 15 хоног байж. Зээл өгсний дараахан Засгийн газар доод тал нь 30 хоногийн шатахууны нөөцтэй байх ёстой гэсэн журам гаргажээ. Өчигдрийн байдлаар манай улс 44 хоногийн шатахууны нөөцтэй  байна. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШУТИС энэ жил босго оноогоо мэргэжлээс нь шалтгаалж ялгаатай тогтооно

ШУТИС-ийн ректор Б.Очирбаттай ярилцлаа. 

-ШУТИС бакалаврын 137 мэргэжлээ дал орчим болгож цөөлөх нь гэсэн мэдээлэл сонсогдсон.  Яамнаас мэргэжлийн чиглэлийг олон улсын ангиллын дагуу өөрчилж байгаа гэсэн тайлбар хэлж байна. Танай сургуулийг сонирхож байгаа сурагчдын дунд харин  элсэгчдийнхээ тоог багасах вий гэсэн болгоомжлол байна?

-Элсэгчдийн тоо өмнөх жилийнхээс өөрчлөгдөхгүй.  Инженерийн мэргэжлийн учир утгыг мэдэхгүй хүүхдүүдийг  “чи газрын тосны тээвэрлэлтийн инженер шүү” гэж шууд элсүүлэхгүй л гэсэн үг. Өмнө нь газрын тосны чиглэлээр  гэхэд л газрын тосны өрөмдлөг, газрын тосны олборлолт, газрын тосны хадгалалт, хийн дамжуулалт зэрэг маш олон мэргэжил байсан юм. Харин энэ жилээс зөвхөн газрын тосны инженер гэсэн хөтөлбөрөөр  элсүүлнэ. Оюутнууд эхний хоёр жилдээ багцын сургалтад хамрагдана. Хөтөлбөрийнхөө учир утгыг ойлгосныхоо дараа мэргэжлээ сонгоно гэсэн үг. Бакалавраас цааш магистр, докторт суралцахыг хүсвэл мэргэжлээ илүү нарийсгаж суралцах боломж нээлттэй. Манай сургуулийн  төгсөгчдийн ажил эрхлэлт  бусад сургуулийн төгсөгчидтэй харьцуулахад өндөр ч өмнө байснаасаа арав гаруй хувиар буурсан. Бизнесмэнүүд “Танай төг­сөгч-дийг үйлдвэрлэл дээр ажиллуулахад давтан сургаж илүү зардал гаргаж байна” гэсэн шүүмжлэл хэлдэг. Гол шалтгаан нь мэргэжлүүдийг бакалаврын түвшинд хэт нарийс¬гасантай холбоотой. Хэт нарийн мэргэжлээр төгс¬гөчихөөр зах зээл дээр гараад ажил эрхлэх чадвар, хөрвөх чадвар нь  муудаж байна л даа. Зарим мэргэжлээр бүр элсэлт авахгүй байгаа тохиолдол ч бий.  Мэргэжлүүд хэт нарийсах хэрээр  бүрэлдэхүүн сургууль, профессорын баг, тэнхимүүд  олширч профессор багш нарын хүч тарамдал ч үүсссэн.  Харин энэ жил хийх гэж байгаа өөрчлөлт миний саяын хэлсэн асуудлуудыг шийднэ. Сургалтын чанарт эерэгээр нөлөөлж инженерүүдийг дэлхийн түвшинд бэлдэх том суурь болж байгаагаараа давуу талтай.  

-Энэ жил хүүхдүүдийг багц мэргэжлээр элсүүлнэ гэдгээ  тодруулж тайлбарлаач?

-Хэдийгээр дал орчим мэргэжлийн хөтөлбөр, индексийн дагуу элсэлтийг зохион байгуулахаар болсон ч дотор нь 24 багц болгож хуваагаад байна.  Элсэлтийг энэ дагуу зохион байгуулна гэсэн үг. Хүүхдүүд  эхлээд багцаар элсэж ороод гурав, дөрвөн семестр суралцсаны дараа мэргэжлээ дахин нарийвчилж сонгоно. Жишээ нь дизайн гэдэг мэргэжлээр багцалж сонгочихоод дараа нь хувцас, үйлдвэрлэлийн, график дизайны  гээд олон хувилбарын аль нэгийг нь сонгох юм. Дулааны инженер гэсэн багц мэргэжлээр элсэж ороод хэдэн семестр сурсны дараа цахилгаан дулааны инженер, сэргээгдэх эрчим хүчний гээд аль нэг мэргэжлийг нь сонгоно гэсэн үг. Ингэж багцаар суралцсанаар бакалаврын суурь түвшний хичээлүүд ерөнхий бөгөөд илүү чанартай болно. 

-Таны ярианаас инженерийн мэргэжлээр магистрын түвшинд илүү нарийвчилж суралцах нь гэж ойлголоо. Тэгэхээр бакалаврын түвшинд төгссөн хүнийг төгс инженерт тооцохгүй нь ээ?

-Тэгж ойлгож болно.  Бакалаврын түвшний хувьд аль болох ерөнхий мэргэжлүүдээр бэлтгэнэ. Суурь мэдлэгээ авсаны дараа  илүү нарийсгасан мэргэжлээр гүнзгийрүүлж суралцах юм. Магистр, докторын түвшний мэргэжлийн чиглэлийг БШУЯ зургадугаар сард эцэслэн батлах учиртай. Манай сургуулийн хувьд яаманд саналаа хүргүүлэхээр бэлдэж байна

-Мэргэжлүүдийг ингээд багцалчихаар  ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын тоо  цөөрнө гэсэн үг үү?

-Тэгнэ. Бакалаврын хөтөлбөрийг ЮНЕСКО-гийн өнгөрсөн онд баталсан мэргэжлийн чиглэл кодонд хөрвүүлэхээр 137 мэргэжлийн нэр дал орчим болж байгаа. Үүнийгээ  мэргэжлийн ерөнхий ангиллаар нь бүлэглээд харахаар манай сургууль найман бүлэг мэргэжлээр инженер техникийн ажилтнуудаа бэлддэг юм байна. Найман чиглэлээр бүрэлдэхүүн сургуультай байж болох юм гэдэг дээр санал нэгдээд байна. ШУТИС өмнө нь Улаанбаатарт  14 бүрэлдэхүүн сургуультай байсан бол ирэх хичээлийн жилээс найм болно гэсэн үг.  Дархан, Эрдэнэтийн салбар сургууль хэвээрээ ажиллана. Гэхдээ бусад шигээ  сургалтын хөтөлбөр нь шинэчлэгдэнэ. 

-Сургуулиудыг нэгтгэх маягаар шийдэв үү, эсвэл зарим сургууль нь бүр татан буугдаж байна уу?

-Одоо хийх бүтцийн энэ өөрчлөлтөд бүх бүрэлдэхүүн сургууль хамрагдана. Нэг хэсэг нь өөрчлөгдөөд нөгөө хэсэг нь  хэвээрээ үлдэнэ гэж байхгүй. Бүх сургуулийг шинээр зохион байгуулна. Мэргэжлийн чиглэлүүдээр нь профессорын баг тэнхимүүдийг дахин шинээр зохион байгуулах юм. Мэдээллийн технологийн чиглэлийн профессорын баг тэнхим, сургалтын хөтөлбөрүүд нэг сургууль дээр төвлөрнө гэсэн үг. Мэргэжлийн чиглэлээр нь нэгтгэж байна гээд ойлгочихож болно. Түүнээс биш байсан сургуулийг ор мөргүй татан буулгах асуудал байхгүй.  Одоо хоёр тусдаа байгаа геологи уул уурхайн чиглэлийн хөтөлбөр гэхэд нэг сургууль дээр төвлөрнө. 

-Сургуулиудыг нэгтгэх бүтцийн өөрчлөлт хэзээнээс ажил болох вэ, сургуулиудын нэр тодорхой болсон уу?

-Удирдах зөвлөл энэ өөрчлөлтийг дэмжсэн шийдвэр гаргасан болохоор ирэх долдугаар сарын 1-нээс  шинэ бүтэц зохион байгуулалтад шилжчих байх. Шинээр зохион байгуулагдах бүрэлдэхүүн сургуулиудын нэр тодорхой болоогүй.  Олон улсын жишигт нийцсэн нэр өгнө.  Манай сургууль шинэ хичээлийн жилээс шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж, сургалтын шинэ хөтөлбөрүүдээр элсэлтээ авна. 

-Та сая сургалтын хөтөлбөр шинэчлэгдэнэ гэж ярилаа. Энэ шинэчлэл одоо суралцаж байгаа оюутнуудад хамаатай юу?

-Шинээр элсэх оюутнууд ирэх хичээлийн жилээс шинэ хөтөлбөрийн дагуу суралцана. Өнөөдөр суралцаж байгаа оюутнуудад хамаарахгүй. Тэд  өнөөдөр мөрдөж байгаа сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн дагуу үргэлжлүүлэн суралцаад төгсөнө. 

-Оюутнуудаа онлайнаар элсүүлэх үү, эсвэл өөр хувилбар бий юу?

-Манай сургууль сүүлийн хоёроос гурван жилд элсэлтийн бүртгэл, хуваарь сонголтоо  онлайнаар хийж хэвшсэн. Энэ жил ч элсэгчдээ онлайнаар бүртгэнэ.  Элсэлтийн хяналтын тооны хувьд 6045 оюутан элсүүлэх саналаа яаманд өгсөн. 

-ШУТИС-ийн  дэлхийн шилдэг их сургуулиудтай хамтарсан хөтөлбөрт хамрагдаж хоёр дипломтой төгсөх сонирхол хүүхдүүдэд их байдаг.  Ирэх хичээлийн жилийн хувьд танай сургууль дэлхийн ямар сургуулиудтай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх вэ? 

-Сая миний хэлсэн 6045 элсэгчийн 375 нь хамтарсан хөтөлбөрөөр сурах оюутнууд. Хоёр жил эндээ сураад,  дараагийн хоёр жил нь гадаадын их сургуульд суралцаж хоёр дипломтой төгсдөг учраас энэ хөтөлбөрт хамрагдах сонирхол өндөр байдаг л даа. ШУТИС дэлхийн олон сургуультай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлж байгаа. Шанхайн шинжлэх ухаан технологийн сургууль дээр гэхэд л эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер гэдэг мэргэжлээр хамтарсан хөтөлбөрөөр элсэлт авч байна. Тайванийн үндэсний их сургуультай бизнесийн удирдлага, Тайванийн технологийн сургуультай хувцасны дизайн үйлдвэрлэлийн дизайн, Японы Нийгатагийн технологийн сургуультай машин үйлдвэрлэх технологиор элсэлт авна.  АНУ, Германтай уул уурхайн чиглэлээр, Энэтхэгтэй мэдээллийн технологи, компьютерийн ухааны чиглэлээр гэх мэт хөтөлбөрүүдийг дэлхийн шилдэг их дээд сургуулиудтай хамтран хэрэгжүүлнэ. 

-Босго оноог мэргэжлээс нь шалтгаалж ялгаатай тогтооно гэл үү?

-Энэ жил босго оноогоо шинэчилж батална. Босго оноог мэргэжлүүдээс нь шалтгаалж  ялгаатай тогтоож өгнө. Өмнө нь манай сургууль 440  юм уу, 500 гэсэн босго оноог бүх мэргэжил дээрээ адилхан тогтоож өгдөг байсан. Энэ жилээс тэгэхгүй. Эрэлт ихтэй, инженерийн чигийн нарийн мэргэжлүүд дээр элсэлтийн шалгалтын босго оноог өндөр тавих санал гаргасан. Тэгэхээр манай сургуулийн энэ жилийн босго оноо 450-600-гийн хооронд мэргэжлүүдээрээ ялгаатай байна гээд ойлгочихож болно. Барилга, уул уурхай, эрчим хүчний инженер гэх мэт нарийн хөтөлбөрүүд дээр нэлээд өндөр босго оноо тавигдана. Энэ чигийн мэдээллийг манай  сургуулийн вэб сайтаас харах боломжтой. Мэргэжлийн чиглэлийн хөтөлбөрийн индексийг бүх их сургуулиудад баталсан байгаа.  Манайд хамааралтай дал орчим мэргэжлийн чиглэлийг яамны сайтаас харж болно. 

-Сургалтыг орчин үеийн стандартын дагуу шинэчилнэ гэхээр багш нь лекц уншиж, оюутнууд нь бичиж тэмдэглээд эргэж шалгуулдаг өнөөгийн орчин өөрчлөгдөх байх. Сургалт дээр жишээ нь яг ямар өөрчлөлтүүд гарах вэ?

-Манай сургууль олон улсын инженерийн боловсролд тавигддаг стандарт шаардлагуудад ойртохын төлөө ажиллаж эхэлсэн. Гарсан үр дүн ч бий. Цаашид ч сургалтаа дэлхийн стандартад илүү ойртуулахын төлөө ажиллах төлөвлөгөө гаргаад ажиллаж байна.  Сургалтын технологийн өөрчлөлт бол зайлшгүй хийхээс аргагүй зүйл. Мэдээлэл харилцаа холбооны технологи хүчтэй хөгжсөн энэ үед оюутнуудад мэдлэг болгож өгдөг мэдээлэл нь  интернэтэд байна. Тэр мэдээллийг хэрхэн мэдлэг, ур чадвар болгож оюутнууддаа өгөх вэ гэдэг асуудал их сургуулийн өмнө тавигдаж эхэллээ. Өмнө нь  лекц л танхимын гол хичээл байсан бол энэ цагт ач холбогдол нь буурсан гэдэгтэй санал нэг байна. Тэгэхээр лекцийн сургалтыг  мэдээлэл харилцаа холбооны технологид суурилж яаж өөрчлөх вэ гэдэг асуудал яригдаж таарна. Лекцийн хичээл дээр өгдөг  мэдээллүүдийг нийт оюутнууддаа авч болохуйц ил, нээлттэй болгох тал дээр тодорхой ажлууд эхэлсэн. Оюутнууд тэндээс хэрэгтэй, сонирхолтой гэснээ өөрсдөө үзэж судлаад танхимд ирж багш нартайгаа ярилцдаг, багш нар нь зөвлөж, чиглүүлж, дэмжиж өгдөг арга хэлбэр рүү хүссэн ч эс хүссэн ч шилжих цаг болсон.

 -Оюутнууд хичээлээ онлайнаар судлаад багштайгаа санаа бодлоо солилцож, сонирхсоноо асууж тодруулах маягаар хичээл өрнөх нь гэж ойлголоо. Ирэх есдүгээр сард  энэ чиг рүү орж амжих уу?

-Энэ хичээлийн жилээс зарим курсүүдийг ийм хэлбэрт шилжүүлнэ гэж бэлтгэж байгаа. Сүүлийн жилүүдэд электрон хичээлүүдийг олноор нь бэлдсэн. Оюутнууддаа хүргэх асуудал л бий. 

-Сургалтаа чанаржуулах хэрээр зардал нь өндөр гарах нь тодорхой. Их сургуулиудын хувьд санхүүгийн гол эх үүсвэр нь сургалтын төлбөр. Тэгэхээр сургалтын төлбөр дээр ч өөрчлөлт гарч таарах байх?

-Сургалтын төлбөрийн асуудлыг эцэслэж яриагүй байна. Шийдвэрийг Удирдах зөвлөл гаргана. Бидний зүгээс  тодорхой саналууд боловсруулж байгаа. Инженер техник технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд өндөр зардал гардаг. Энэ талаас нь харахаар манай сургалтын төлбөр харьцангуй доогуур түвшинд байгаа. ШУТИС төрийн өмчит их сургууль гэдэг үүднээсээ иргэдийн амьдрал, боломж нөхцөлийг бодолцож сургалтын төлбөрөө тогтоосоор ирсэн. Инфляцийн түвшинг харгалзаж  бага багаар буюу  арав, 15 хувиар нэмэгдүүлж ирсэн л дээ. Өнөөдрийн хувьд арай өөрөөр харъя гэж бодож байгаа. Бид хэнийг бэлдэж байна вэ, бидний бэлдсэн мэргэжилтнүүд хэр эрэлт хэрэгцээтэй вэ гэдгийг элсэлтээсээ эхлээд харах ёстой юм байна. Тухайн мэргэжилтнийг бэлдэхэд хэчнээн хэмжээний зардал гарч байгааг бодитойгоор тооцохоос аргагүй юм байна. Ингээд бодохоор сургалтын төлбөрийг ШУТИС-ийн хэмжээнд нэг адил байхаар тооцож болохгүй гэсэн үг. Өнөөдрийн хувьд  нэг кредитийн үнэлгээ гээд бүгдийг нь жигд тогтоочихсон явж байгаа. Энэ жилээс мэргэжил тус бүрээр нь  ялгавартай тогтоох оролдлогыг хийж эхлэхээр судалгаа явуулж байна.  Сургалтын төлбөрийг илүү бодитойгоор тогтооё гэсэн чиг рүү явж байгаа. Өнөөдөр манай сургуулийг зарим мэргэжлээр төгссөн хүмүүс ажил дээр гарч гурван сар ажиллаж цалингаа  аваад л бүтэн дөрвөн жил төлсөн сургалтын төлбөрөө олчихож байна. Энэ бол төлбөрийг бодитойгоор тогтоох, мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх чигийн өөрчлөлт хэрэгтэй байгааг харуулсан наад захын жишээ. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье

Зуун айлыг орчин үеийн хороолол болгохоор ажиллаж эхэлсэн ”Заг” групп дээр өнжлөө

-Зуун айлын одоогийн төрх-


-Зуун айл орчим 2016 онд ийм болно-

Таны харж байгаа энэ зураг бол Зуун айл орчмын ирээдүйн
дүр төрх. Нийслэлийн замын түгжрээний гол буруутан гэж адлагддаг бум бужигнасан
түм түжигнэсэн Зуун айл хэдхэн жилийн дараа ийм цэмцгэр хороолол болох юм байна.
Товчхондоо энд сүндэрлэх Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллын ирээдүйн өнгө төрх
нэг иймэрхүү байх нь. Бид энэ удаа барилгын том жижиг наймаачид төвлөрсөн зуун айл
орчмынхныг дахин төлөвлөж орчин үеийн жишиг орон сууцны хороолол, худалдаа үйлчилгээний
гудамж болгох үүрэг хүлээсэн “Заг” групп дээр өнжлөө. Товлосон цаг маань 08:40.
Компанийн оффис дээр болзсон цагтаа яваад очлоо. “Ардын эрх” гэдгээр нь хүмүүс анддаггүй
урт шар байшингийн гурван давхрын нэг том хэсэгт  “Заг” группийн Гэр хороолол дахин төлөвлөлтийн
албаныхан ажилладаг  байна. Яваад ортол арав
гаруй залуу дор бүрнээ компьютер тачигнуулан толгой өндийх завгүй сууцгаана. Ажил
нь аль хэдийнэ эхэлсэн бололтой.

 ИРГЭД ГАЗРАА ХОЁРООС ГУРВАН ӨРӨӨ БАЙРААР СОЛЬЖ ЭХЭЛЖЭ

Үүдэнд сууж байсан бүсгүй сониноос
явж байгааг дуулаад “За би таныг төслийн ерөнхий менежертэйгээ уулзуулъя. Одоо нэг
хүнтэй ярилцаж байгаа. Хашааны газраа байраар солих сонирхолтой нэг хүн ирсэн юм”
гэж хэлээд  цаад талынхаа хурлын өрөө рүү
алхлаа. Гуч гаруй насны хоёр залуу өөд өөдөөсөө хараад суучихсан ярьж байна. Эдний
компанийг зорьж ирсэн залуугийн хашаа 540 ам метр гэнэ. Ярианаас нь анзаарахад байранд
орох сонирхол их байгаа нь илт. Жил гаруйн дараа байрандаа орно гэсэн мэдээлэл сонссон
залуу “Байранд орох хүртлээ амьдралын
хэв маяг, хамаг юмаа өөрчилж таарах юм байна. Эндээ дассан болохоор бага зэрэг хэцүү
байж таарна. Гэхдээ сайхан орчин бүрдүүлбэл болж л байна” гэхэд төслийн ерөнхий
менежер “Орчин үеийн шийдэлтэй барилгуудыг бид санал болгож байгаа. Чанартай, орчин
үеийн стандартад нийцсэн орон сууцтай болчихвол таны байрны үнэ цэн жил ирэх тусам
өснө гэсэн үг. Яг одоогийн амьдарч байгаа газарт чинь сургууль, цэцэрлэг, хороо,
өрхийн эмнэлэг, цагдаа гээд цогцолбор хороолол босох юм” гэж ирээд ирэх жилүүдэд
босох хорооллынх нь талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Бараг хагас цаг ярилцсаны
эцэст залууд итгэл төрсөн бололтой, хашаагаа гурван өрөө байраар солихоор за зүй
болов. Залуу гэрчилгээгээ авчирч хуулийн мэргэжилтэнтэй гэрээгээ хийхээр тохиролцоод
гарч одлоо.

Төслийн ерөнхий менежерийг Х.Лхагвасүрэн гэдэг юм байна. “Өглөөний хурлаасаа
өмнө хэдэн хүнтэй уулзчих санаатай эрт ирсэн юм. Өдөрт 20-30 хүнтэй уулзалт хийдэг
болохоор цагийг ингэж л ашиглахгүй бол амжихгүй” гэж ярив. Гэр хорооллын иргэдийн
ихэнх нь газраа хоёр, гурван өрөө байраар солих тохиролцоо хийж байгаа гэнэ. Барилгажуулалтад
орно гэж тооцоолоод хүний газрыг худалдан авч дамлах сонирхолтой цөөн тооны хүн
амандаа багтсан үнэ хэлдэг бололтой. Гэхдээ ихэнх нь хоёроос гурван өрөө байранд
орох гэрээ хийж байгаа аж. Лхагвасүрэн өнгөрсөн хугацаанд 600 орчим хүнтэй ийм маягаар
уулзжээ. Давхацсан тоогоор бол 2000 хол давах гэнэ. Ер нь хүмүүс нэг уулзаад  шууд гэрээ хийдэггүй, хэд дахин уулзаж байж шийдвэрээ
гаргадаг аж. Эдний компани гэр хорооллыг барилгажуулах батламжаа өнгөрсөн оны долдугаар
сард авчээ. Өнгөрсөн хугацаанд гэр хорооллын иргэд, зуун айлын дэлгүүрүүдтэй хэл
үгээ ололцоход гол анхаарлаа төвлөрүүлжээ. “Заг” групп  Сүхбаатар дүүргийн  долдугаар 
хорооллын 70 орчим га газрыг дахин төлөвлөх юм байна.

Биднийг ярилцаж байх зуур дахин нэг залуу орж ирэв. Ерөнхий менежер яриагаа
завсарлаад  ажлаа эхэллээ. Орж ирсэн залуу
Баянбүрд орчимд амьдардаг гэнэ. 7-198 тоотын 424 метр квадрат газрын өмчлөгч нь
юм байна. Залуу “Би энэ хашааны эзэн л дээ. Гэхдээ тэнд хоёр эгч, нэг дүү маань
бас арав гаруй жил амьдарсан. Тэгэхээр тэднийгээ зүгээр орхиж боломгүй байна” гэхэд
ерөнхий менежер “Бид газрын эзэдтэй тохиролцсоны үндсэн дээр хоёр талт гэрээ хийж
байгаа” гэсэн хариу өгөв. Энэ үгийг сонссон залуу бодож байгаад эргэж ирье гээд
гарахаар өндийлөө. Залууг гарсны дараа “Хэрвээ энэ хашааны эзэн гэрээ хийвэл хэдэн
өрөө байранд орох боломжтой вэ” гэж сонирхоход Лхагвасүрэн гурван  өрөө байраар хоёр талт гэрээ хийх боломжтой. Эзэмшигчээсээ
гадна ах дүү хамаатан садан хашаанд нь амьдардаг гэж олон хүн ирдэг. Тэр болгонтой
тохиролцоно гэвэл  хүндрэлтэй. Бид зөвхөн
байшин барихгүй ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн, авто зам, сургууль цэцэрлэг
гээд цогцоор нь шийднэ. Тэгэхээр эзэмшигчтэй нь л аль аль талдаа сэтгэл хангалуун
байхаар тохиролцоонд хүрэхээс аргагүй. Ийм үг хэлж ирсэн хүмүүсийн олонхи нь асуудлыг
ойлгоод гэрээгээ хийдэг” гэсэн хариу өгөв. “Тохиролцоонд хүрээгүй айлууд яах вэ”
гэж асуухад”100 айлаас 95 нь дэмжчихээд байхад нөгөө тав нь амандаа орсон тоог хэлээд
газраа чөлөөлөхгүй байж болохгүй. Тавхан хүнээс шалтгаалж 95 өрхийн 300 гаруй иргэн
эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхээ эдэлж чадахгүй байж болохгүй л дээ. Тиймээс
иргэдийн 75 хувь нь тохиролцоонд хүрсэн тохиолдолд үлдсэн  25 хувийг НИТХ-аас гаргасан журмаар шийдвэрлэж
болдог” гэж ярив. Албадан чөлөөлөх талаар ярив бололтой. Ерөнхий менежер газрын
эзэнтэй зарчмын хувьд тохирвол хуулийн хэлтсийн мэргэжилтэнд гэрээ байгуулах ажлыг
шилжүүлдэг юм байна.

ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛОО ЕВРОП
ТЕХНОЛОГИОР БАРИНА

Өглөөний шуурхай эхэллээ. Өдөрт хаашаа очиж, хэнтэй уулзахаас эхлээд бүх
л асуудлаа энэ үеэр ярилцдаг юм байна. Лхагвасүрэнд Зуун айлын хоёр ч дэлгүүрийн
эзэнтэй уулзах үүрэг оногдов.

Шуурхай үргэлжлэх үеэр“Заг” группийн ерөнхий захирал Б.Нэмэхбаатартай уулзахаар
өрөөг нь чиглэв. Сүхбаатар дүүргийн долдугаар хорооллыг ямар технологиор яаж босгох
гэж байгаа, хөрөнгө оруулалт нь шийдэгдсэн эсэх гээд асуух зүйл олон байсан учраас
хоёр давхар руу уруудлаа. Энд  “Заг” групп
байрладаг юм байна. Барилгын ажлын сезон эхэлж байгаа учраас ерөнхий захирал тун
завгүй суугаа бололтой. Байсгээд л утас нь дуугарах юм. “Танай компанийг Зуун айлаас
ажлаа эхэлсэн гэж дуулаад гайхсан шүү. Уг нь гэр хорооллоосоо эхэлбэл илүү амар
байсан юм бишүү” гэж асуухад “Бид зориуд хамгийн хүнд газраас эхэлье гэж бодсон
юм. Дэлгүүр, аж ахуйн нэгж байгаа газраа чөлөөлчихвөл гэр хорооллын газрыг чөлөөлөхөд
хялбар гэж бодсон хэрэг. Жижиг том олон барилга тэнд байна. Хүн бүр янз бүрээр үнэлнэ
гээд асуудал бий” гэж байна. Хөрөнгө оруулалт, зураг төсвийг нь сонирхоход “Бид
гэр хорооллыг барилгажуулах төсөл дээрээ хориод хүнтэй баг гаргасан л даа. Манайхаас
гадна ийм олон хүн ажиллуулж байгаа компани цөөхөн. Нэг хэсэг нь хүмүүстэйгээ гэрээ
хийх, нөгөө хэсэг нь зураг төслөө хөөцөлдөж, үлдсэн зарим нь хөрөнгө оруулалтаа
хайж өвөлжингөө ажиллалаа. Шинэлэг юм хийе гэсэн бодолтой ажиллаж байна. Сүүлийн
үед компани бүр л баахан есөн давхар барилгыг зэрэгцүүлээд ямар ч зай завсаргүй
барьчихдаг боллоо. Хүүхдийн тоглоомын талбай тав тух, ногоон байгууламж гэхээр зүйлгүй.
Зүй нь хорь гучин жилийн дараахаа бодох хэрэгтэй. Орчин үеийн хот төлөвлөлт тийм
байх ёсгүй шүү дээ. Хот төлөвлөлтөд жишиг болохоор хороолол барих гээд зураг төслийн
баг гаргасан.  Европт  төгссөн архитекторууд авч ажиллуулж байна. Туркийн
компанитай хамтарч зургаа хийж байгаа. Барилгуудаа туннель систем гэсэн шинэ технологиор
барина. Баахан мод тулаас хийж бөөн ажил болдог доо, бид тэгэхгүй. Сугалаад авчихдаг,
нэг эхэлбэл түргэн барьдаг тийм технологиор барих гэж байна. Баруун Европт нэвтэрсэн
байгаль орчинд ээлтэй ногоон технологи байгаа юм. Хөрөнгө оруулагчдын хувьд эцсийнхээ
гэрээ хэлцлийн шатанд явж байна. Хятадын Чанкай групп хөрөнгө оруулалт хийнэ. Жаахан
газар барилгажуулахад л наяад сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх тооцоо гарч
байна. Энэ их мөнгийг нэг компани дангаараа гаргах бололцоогүй л дээ” гэж ярив.

 ХУВИЙН КОМПАНИУД ТОСК,
НОСК-ИАС БОЛГООМЖИЛЖ БАЙНА

“Заг” компанийн гэр хо­роол­лын барилгын төслийг Н.Эрдэмбаяр гэдэг залуу
удирддаг юм байна. Н.Эрдэм­баяр VII хороололд барих ажилд гадны хөрөнгө оруулалтыг
татахад голлох үүрэг гүйцэтгэсэн гэж төслийнхөн нь ярьж байсан юм. Түүний өрөөгөөр
орлоо. Ширээгээр нь дүүрэн бичиг цаас, хананых нь нэг талаар долдугаар хорооллын
одоо ирээдүйн зураг харагдана. Кофе уунгаа төслийн захиралтай яриа өрнүүллээ. Бидний
яриа долдугаар хорооллын ажил гэхээс илүү барилгын салбарын хөгжил гэсэн ерөнхий
сэдвийн дор хөврөв.Төрөөс ТОКС, НОСК гэсэн том корпорациуд байгуулж барилгын компаниудтайгаа
өрсөлдөх юм ярьж байгаа нь түүний эмзэглэдэг сэдэв гэнэ. Ганц “Заг” ч гэлтгүй гэр
хороолын  дахин төлөвлөлтөд оролцож байгаа
бүх л компанийн эмзэглэж байгаа асуудлын нэг юм байна. Н.Эрдэмбаяр “Гэр хорооллыг
барилгажуулах нь хотын хөрсний бохирдол, утаа гээд их олон асуудлыг шийдэж байгаа.
Яг үнэндээ компаниуд мөнгөө гаргаад эрсдэл хүлээгээд явж байна. Гэтэл ТОСК залуу
гэр бүл, төрийн албан хаагч гэсэн зорилтот хэсэгт барьсан байраа өртгөөр нь буюу
нэг сая 280 мянган төгрөгөөр өгч байгаа. Мянган айлын орон сууцаа ингээд зарчихаж
байна. Одоо дахиад шинэ газар 10 мянган айлын орон сууц барина гэж яриад эхэллээ.
Нийслэлээс болохоор НОСК гэж байгуулаад  мөн
л 60 мянган айлын орон сууцыг зургаан байршилд барина гэж байна. Иргэдээ боломжийн
үнэтэй байраар хангана гэсэн санаа нь зөв ч гэр хорооллын дахин төлөвлөлттэй уях
хэрэгтэй гэж бодож байна” гэж яриагаа үргэлжлүүлэв.

“ТОСК, НОСК-той жишээ нь яаж хамтарвал зөв шийдэл болох вэ” гэж сонирхоход
“Дахин төлөвлөлтийн компаниудтай хамтарч 
өртгөөр нь бариулаад засаг зорилтот зах зээлийнхээ иргэдэд олгох боломжтой.
Барилгын компаниуд 5-10 хувийн ашигтай ажиллахад л болно. Засаг өөрөө зарна, бид
үнэ зохиохгүй гэсэн үг. Хүмүүст амьжиргааны түвшингээс нь шалтгаалж ялгаатай үнээр
зарах гарц бий. Тэгэхгүйгээр шинэ газар үнэгүй аваад, дэд бүтцээ үнэгүй татаад өөрсдөө
барилга бариад эхэлбэл бидний өрсөлдөгч болж байгаа юм. Тэгвэл бидний ингэж ажилласны
үр дүн гарахгүй” гэж байна.

Эцэст нь нэг юм хэлэхэд ТОСК, НОСК зах зээл рүү хэт орж байна. Ахмад настан,
хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэвэл тэдэнд анхаарсан бодлого л хэрэгжүүлэх ёстой. Гэтэл
дундаж орлоготой иргэд рүү хандаж эхэллээ. Дундаж орлоготой иргэдийг төр орон сууцаар
хангаад эхэлбэл ба­рил­гын компаниуд байх шаардлагагүй болно” гэж яриад дараагийн
ажилдаа яарч байгаа нь илт, цагаа хараад суудлаасаа өндийв.

 ЗУУН АЙЛЫН ДЭЛГҮҮРҮҮД ЭНЭ
САРААС ГАЗРАА ЧӨЛӨӨЛЖ ЭХЛЭХ НЬ

Бид Н.Эрдэмбаярын өрөөнөөс гараад ерөнхий менежертэй уулзахаар өрөө рүү нь
орлоо. Лхагвасүрэн гарахад бэлэн болжээ. Зуун айлд дэлгүүр ажиллуулдаг хүмүүстэй
уулзахаар явах замдаа дуугүй явсангүй. Эдний компани ирэх сараас орон сууц барих
ажлаа эхлүүлэхээр болж.  Дулааны шугам энэ
тэрийг нь төсвөөс мөнгө гаргаад татчихсан гэнэ. Зуун айлд дэлгүүр ажиллуулдаг хүмүүстэй
дэлгүүрийнх нь метр квадратыг хэмжиж байгаад тохиролцоо хийж байгаа аж. 100 метр
квадраттай дэлгүүр байлаа гэхэд шинээр барих худалдааны төвд тэр хэмжээнийх нь талбайг
үнэгүй өгөх тохироо хийгээд эхэлжээ. Шинээр 
барих худалдааны төвийнх нь зургийг харахад тун дажгүй төв баригдах бололтой.
“Заг” компани дал гаруй аж ахуйн нэгжтэй бараг л тохиролцжээ. Ганц, хоёр хүнтэй
л тохирч чадахгүй байгаа гэнэ. Түрээслэгчдээс үлдэгдэл бараагаа дундруулъя, зарим
дэлгүүр барьцаанд байгаа гэсэн хүсэлт ирснээр үйлчилгээний дөрвөн давхар барилгын
ажил таван сар гаргаад эхлэх бололтой.

Энэ тэрийг ярьж явсаар Зуун айл руу эргэлээ. Яг замын хажууханд байрлах
“Сутай” гэсэн дэлгүүр рүү оров. Дотор нь лав л дөрвөн лангуу ажиллаж байна. Дэлгүүрийн
хойд хэсэгт бидний уулзахаар зорьсон Лхамаа гуайн өрөө байдаг аж. Зуун айлд дөрөв,
таван дэлгүүртэй хүн гэнэ. Лхамаа гэж дал гарсан гэхэд ануухан бор хүн байна. Барилга
трестэд бараг л насаараа дарга хийсэн хүн гэж Лхагваа танилцуулав. “Ах нь тавин
жил ажиллахдаа 49 жилд нь дарга хийсэн хүн. Гэтэл миний гарыг хар даа. Сая амралтын
өдрөөрөө зүгээр суусангүй. 160 чацарганын мод тарилаа. Би ер нь ажил хийдэг хүнд
дуртай. Эдний захирал (Нэмэхбаатар захирлыг хэлэв бололтой) намайг трестийн дарга
байхад бүр бага албанаас ерөнхий инженер болтлоо дэвшсэн их ажилсаг залуу байгаа
юм. Бас  их сэтгэлтэй.  Ажил хийдэг хүнийг ойлгож дэмжилгүй яахав, тэр
утгаар нь би эдний ажлыг дэмжиж явдаг хүн” гэж хэлээд цай цүй болов. Лхамаа гуай
дэлгүүрүүдээ ажиллуулахаас гадна Барилгын материалын худалдаалагчдын холбоог тэргүүлдэг
юм байна. Ширээн дээрх тамхи руугаа гараа явуулснаа “Тамхи татчих уу хүүхээ” гэж
зөвшөөрөл хүсээд яриа өрнүүлэхээр тухалж авав. “Би нэг их улстөржөөд байдаггүй хүн.
Гэхдээ ардчилсан төр засаг их юм хийж байна. Ах нь хуучнаар хувьсгалт намын гишүүн
хүн. Ардчилсан намынхныг магтлаа гээд би Монгол орныхоо эсрэг болохгүй. Хэн юу хийснийг
нь дэмжинэ. Хувьсгалт намаа бүр их муу  хэлэхгүй.
Гэхдээ муу л байсан байна. 88 жил төрийг удирдахдаа 2240 км л машины зам тавьжээ
дээ. Гэтэл ардчилсан залуус гарч ирээд ганцхан жилийн дотор 1800 гаруй км зам тавьчихлаа.
Ингэж болохоор байсныг л харуулж байна” гэж яриа дэлгэлээ. Тэгснээ Лхагвасүрэнгээс
барилгын батлагдсан зураг төсөл дууссан эсэхийг лавлав. Зураг нь дөрөвдүгээр сарын
сүүлээр батлагдаж ирнэ гэсэн хариуг төслийн ерөнхий менежер хэлж байлаа. Дулааны
асуудлыг яаж шийдэх, хөрөнгө оруулагчаас компанийн дансанд мөнгө шилжиж орж ирсэн
эсэхийг  ч сонирхоно лээ. Дулаан, цэвэр ус
100 хувь улсын хөрөнгө оруулалтаар шийдэгдсэн бохирын ажил мөн нийслэлийн хөрөнгөөр
тавдугаар сарын эхээр хийгдэж эхэлнэ,  хөрөнгө
оруулалтын хувьд гэрээний шатандаа асуудлыг ярьж байгаа гэсэн хариуг Лхагвасүрэн
өгсөн. Барилгын худалдаа эрхлэгчид шинэ худалдааны төвийг хэзээ барьж, хэдэн онд
хүлээлгэж өгөх вэ гэсэн асуултыг тэргүүнээрээ дамжуулан тавьжээ. Юмаа зарж дуусгая
гэсэн барилгын худалдаачдын хүсэлт нэлээд иржээ. Бас хэд хэдэн дэлгүүр банкны зээлээ
хаатал хүлээгээч гэж хүсчээ. Ийм шалтгаануудаас болж  тавдугаар сарын сүүл хүртэл хүлээхээр шийдсэн
гэнэ. “Албан бичгийг барилгыг нураахаас хорь хоногийн өмнө өгнө” гэж төслийн ерөнхий
менежер ярьж байлаа.

Хуучин нийгмийн үед Зуун айл орчимд Барилга трест гэж том байгууллага ажилладаг
байж. Тэнд ажиллаж байсан барилгынхан зах зээлд шилжсэнээс хойш эндээ төвхнөж, наймаа
арилжаа хийн амьдрах болжээ. Энд том, жижиг 258 дэлгүүр бий гэнэ. 7000 гаруй хүн
эндээс амьжиргаагаа залгуулдаг гэсэн статистик гарчээ. Лхамаа гуай “Зуун айл дээр
худалдаа хийн амьдарч байгаа 7000 хүний цаана дөрвөн хүн байгаа гэж бодоход л дор
хаяж 30 мянган хүний асуудал яригдаж байна. Нэг аймгийн төвөөс ч их хүний асуудал
шүү” гэж хэлсээр биднийг үдэв.

Дараагийн орсон дэлгүүр Лхамаа гуайнхаас ч том, бүр гурван давхар “Болор”
гээд дэлгүүр юм. Бусад дэлгүүрээсээ сүүлд баригдсан гэдэг нь илэрхий харагдана.
Энэ барилгад барилгын худалдаа, эмийн сан, гоо сайхан, тавилгын дэлгүүр гээд байхгүй
юм алга. Их олон үйлчилгээ нэг дор төвлөрчээ. Эзэн нь гурван давхартаа суудаг юм
байна. Тавь эргэм насны хөнгөн шингэн гэж жигтэйхэн хүн сууж байна. Ханандаа долдугаар
хорооллын зургийг хадчихаж. Зураг руу харсныг анзаарсан бололтой “Би наад зургийг
чинь орсон гарсан хүмүүст сонирхуулдаг юм. Манай энэ хавь чинь ийм гоё хороолол
болно гэж гайхуулна шүү дээ” гэж хэлснээ суухыг урив. Яриа хөөрөө сайтай нь илт.
Асуух завдал өгөхгүй ирсэн зорилго сонсоод л ярьж гарав. “Манай энэ хавийн байшингууд
аль жараад оных. Би энэ барилгаа сүүлд барьсан л даа. Гэхдээ би ганцхан өөрийгөө
бодож  болохгүй. Ийм гоё бүтээн байгуулалт
хийх гэж байхад энэ зэргийн дэлгүүрээ буулгуулах зориг надад байх ёстой. Иргэний
дайны үед цэргүүд улсынхаа төлөө амиа өгч байсан. Гэтэл би байшингаа өгчихөөд эргүүлээд
авна. Ингэж ухаарч сэтгэх ёстой. Олон хүн орж гардаг стандарт хангасан бизнес төвтэй
болмоор байна. Алийн болгон зуун айл муухай гэж хэлүүлэх юм бэ” гэж байна. Энхбатын
аав, ээж барилга трестэд ажиллаж байжээ. Эхнэрийнх нь аав, ээж ч барилгын салбарын
хүмүүс байж. Удмаараа барилгаар явсан гэр бүл юм байна.

Энхбатын дэлгүүрээс гараад “Заг” компанийн орон сууцны барилга барих газарт
нь ирлээ. Барилгын ажил эхлэх гэж байгаа учраас айлууд нь нүүгээд эхэлжээ. Биднийг
тэнд очиход нэг айл нүүхээр зэхэж байлаа. Зүүн Сэлбийн 4-25 тоотын эзэгтэй Б.Энхтуяа
хүүхдүүддээ нүүж суухад заавар зөвлөгөө өгөөд зогсч байв. Эднийх “Заг” компанитай
бэлэн мөнгөөр тохиролцжээ. Ам бүл зургуулаа гэнэ. Хашаагаа зарсан мөнгөөрөө Шарга
морьтод шинэ газар авчээ. Хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг төлөх гэж банкнаас
зээлсэн мөнгөө ч төлсөн гэнэ. Б.Энхтуяа “Авсан газрын маань агаар нь их сайхан юм.
Эгчийнх нь хувьд Заг компанитай хийсэн тохиролцоондоо сэтгэл хангалуун байгаа. Эдний
компанийн барьсан байрнууд сайн юм билээ. Энд шинэ орон сууц баригдахаар нь худалдаж
авъя гэсэн санаа бий. Олон хүүхэдтэй хүнд байр сав илүүдэхгүй шүү дээ” гэж яриад
гэрээ нүүх ажилдаа яаравчлав.

Ингэж явсаар аль хэдийнэ 13.00 цаг болжээ. “Заг” компани дээр эргэж ирэв.
Гэр хорооллын хөгжлийн газрын дарга Ш.Ганхуяг ирчихсэн ажилтай нь танилцаж байхтай
таарав. Тэр газраа байраар солих хүсэлтэй иргэдтэй уулзаад иржээ. Гэр хорооллыг
барилгажуулах ажлын хүрээнд энэ жил 4000 гаруй байшин нийслэлд босох гэнэ. Компаниудын
иргэд, аж ахуйн нэгжтэй газраа өгч авалцахаар тохиролцсон гэрээ бүрийг эдний газар
нарийн шалгадаг юм байна. Гэрээ байгуулдаг гуравдагч тал нь учраас ингэж шалгадаг
аж. Ш.Ганхуяг “Төсөлд гурван тал орж байгаа. Гурвуулаа өөр өөрийн сонирхолтой. Иргэн
өмч хөрөнгөө аятайхан юм болгох сонирхолтой. Компаниудын хувьд энэ төслөөс ашиг
олох ёстой. Нийслэл энэ хоёр талын учир начрыг олж зохицуулалтын үүрэг гүйцэтгэх
учиртай. Дэд бүтцийн мөнгө төгрөгийг нь шийдэж өгч байна. Энэ утгаараа хэцүү төсөл.
Гэхдээ амжилттай явж байгаа” гэж ярив. Аятайхан байранд оръё гэсэн иргэдийн сонирхол,
том бүтээн байгуулалтад оролцож Монголын брэнд компани болох компаниудын эрмэлзэл
энэ төслийг амжилттай явахад нөлөөлж байгаа гэж Ш.Ганхуяг онцолж байсан. Ш.Ганхуяг
“Заг компанийн хувьд бусдаасаа өвөрмөц, хүнд бэрх ажил хийсэн. Тэд дан ганц иргэдтэй
ажиллаагүй. Үйлдвэрлэл эрхэлдэг хүмүүстэй ажилласан. Гэр хорооллынхны хувьд амьдрах
асуудлаа л шийдүүлчихэд болж байгаа юм. Гэтэл бизнес эрхлэгчид хоёр, гурван давхар
сонирхолтой. Амьдрал, ажлын аль алиных нь асуудлыг шийд гэдэг. Заг компани тэдний
асуудлыг шийдэж чадаж байгаа” гэж ярилаа. Гэр хорооллыг барилгажуулахад ажиллах
хүч, өчнөөн байшин барьсаны дараах борлуулалт, дулааны хүрэлцээ гээд хэд хэдэн асуудал
бий гэнэ. Хотыг дахин хөгжүүлэх, иргэдийн газрыг зайлшгүй шаардлагаар нөхөн олговортойгоор
чөлөөлөх тухай хуулиудыг батлах хэрэгцээ ч байгаа аж.

Үдээс хойш 15.45 цагт  “Заг” компанийн  үйлдвэрүүд ажилладаг Сонсголон руу хөдөллөө. Зуурмагийн
том машиныг тавхан минутын дотор дүүргэх чадалтай Бетон зуурмагийн үйлдвэр энд ажиллаж
байна. “Заг”-ийн барьж байгаа барилгуудад зуурмаг  нийлүүлэхээс гадна бусад компанид ч зуурмагаа
борлуулдаг аж. Томоо гэгчийн хашаанд бүх үйлдвэр нь төвлөрчээ. Явган замын хавтангийн
үйлдвэрээр нь орлоо. Явган хүний замын төрөл бүрийн хэлбэртэй хавтанг өнгө өнгөөр
нь өржээ. “Гудамж” төслийн хүрээнд хийсэн дөрвөн ч уулзварын явган хүний замын хавтанг
эдний үйлдвэр нийлүүлсэн гэнэ. Хар, цагаан замаскны үйлдвэр гэж байна. Барилгын
дулаалга болох хөөсөнцрийг өнгөлдөг эд бололтой. Вакуум цонх хаалганых нь үйлдвэрт
ороход өчнөөн цонх хаалга хийгээд өрчихөж. Өдөрт цонх, хаалга тус бүрдээ 40-50 ширхэгийг
хийх хүчин чадалтай аж. “Заг”-ийнхан өрлөгийн сеткийг ч эндээ хийдэг болжээ. Элс
шавар хайрга зөөдөг ачааны машинаас эхлээд зуурмагийн машин хүртэл ачаа, тээврийн
хүнд даацын тэрэгнүүд бидний очсон том хашаанд эгнэсэн байна лээ. Зуун айл хавьд
сүндэрлэх долдугаар хорооллын бүтээн байгуулалтад оролцож буй “Заг” компанийнхан
барилгын гол материалуудаа өөрсдөө үйлдвэрлэж, ачиж тээвэрлэх асуудлаа ч давхар
шийдэж чаджээ. Үйлдвэрүүдийг нь сонирхсоны дараа орсон газар маань Монголын мэргэжилтэй
ажилтнуудыг сайн бэлддэг гэж үнэлэгддэг Техник технологийн дээд сургууль. “Заг”
компани ажиллах хүчнээ энэ сургуулиас авдаг гэнэ. “Заг” компанийн хувьд энэ сургуулийг
2003 онд хувьчилж авсан юм байна.  Мянганы
сорилтын сангаас гурван  сая ам. долларын   хөрөнгө оруулалт хийж барилгын жишиг сургууль
болгожээ. Техник технологийн дээд сургуулийн хувьд сүүлийн үед барилгын чиглэлээр
мэргэжилтэй ажилтан олноор бэлтгэж байгаа гэнэ. Урдаас ажилчид оруулж  ирэхгүйгээр эндээ ажилчдынхаа асуудлыг шийдэх
боломжтой гэсэн үгийг тус сургуулийн захирал хэлж байсан юм.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Дутуу төрсөн нярайд амьдрал бэлэглэдэг бүсгүй

Саяхан Д.Оюун-Эрдэнэ эмчийн утсанд “Эмчээ алгын чинээ үрийг
минь ийм хөөрхөн болгож өгсөнд баярлалаа. Аав байхын сайхныг мэдэрнэ гэдэг ямар
гоё юм бэ. Үр минь өдрөөс өдөрт хөөрхөн болоод л байна. Анх хүүгээ хараад амьдрах
эсэхэд нь эргэлзэж байсан бол одоо сайн хүн болгохын төлөө бүхнийг хийе гэж бодож
байгаа” гэсэн талархлын үг дүүрэн уртаас урт мэссэж иржээ. Хөвсгөлийн залуухан аав,
ээжийн хүүхэд нь Эх хүүхдийн эрүүл мэндийн төвд дутуу жинтэй төрж л дээ. Аав нь
хүүхдээ анх харчихаад нэг хэсэг алга болчихож. Жирийн хүүхэд шиг 3-4 кг биш
700, 800-хан грамм жинтэй улаан цурав үрээ харсан зарим залуу аав халшраад харж
чаддаггүй гэнэ. Зарим нь бүр хэсэг хугацаанд таг болчихдог гэж байгаа. Хүүхэд нь
өдрөөс өдөрт царай ороод дажгүй торниод ирэхээр харин баярлаад жигтэйхэн хөөрдөг
аж. Бас нэг ээж дутуу төрсөн охиноо хөөрхөн торниулж аваад гарахдаа “Эмчээ танд
үнэхээр их баярлалаа, та миний охинд амьдрал хайрлалаа. Охиныхоо дүүг нь төрөхөөр
заавал таны нэрийг өгнө өө” гэж хэлээд явжээ.

Олон аав, ээжээс  таларх­лын
дотно  үг сонссон Д.Оюун-Эрдэнэ Эх хүүхдийн
эрүүл мэндийн үндэсний төвийн Нярайн нэгдсэн тасгийн Нярай суд­лалын тасгийн дутуу
нярай, эрчимт эмчилгээний хэс­гийн нярайн эмч. Төв айм­гийн Зуун модын уугуул бүсгүй
ЭМШИУС-ийг 2003 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд өнөөдрийг хүртэл Эх хүүхдийн эрүүл
мэндийн үндэсний төвд ажиллаж байгаа. Тэр пүрэв гаригт Монгол Улсын Ерөнхийлөгчөөс
шилдэг залуу эмч шагнал хүртсэн гурван эмчийн нэг нь. Ерөнхий­лөг­чийн Д.Оюун-Эрдэнэд
өгсөн өргөмжлөл дээр “Жин багатай амьсгалын хямралтай нярайд сурфактант эмчилгээ
хийх аргыг эмнэл зүйн практикт анх нэвтрүүлэн өндөр амжилт гаргасан” гэсэн өгүүлбэр
дурайж байна лээ. “Эх нялхас”-ынхан өнгөрсөн жилээс  сурфактант гэдэг эмчилгээг дутуу төрсөн, жин багатай
нярайд хийгээд эхэлчихэж. Хар үгээр бол дутуу төрсөн нялхсын цагаан мөгөөрсөн хоолойгоор
нь нийллэг тариа хийхийг сурфактант эмчил­гээ гэдэг бололтой. Ийм тариа хийчихээр
нярайн хөшингө байсан уушги уян хатан болдог юм байна. Ингээд л төвөггүй амьсгалаад
ирдэг гэнэ. Энэ эмчилгээний буянаар олон аав, ээж шинэ хүнээ өлгийдөөд баяр хөөр
дүүрэн гэртээ харьдаг болж.

Энэ тарианы нэг  ширхэг
нь гэхэд л дэндүү үнэтэй учраас өмнө нь хэрэглэж чаддаггүй байж. Өндөр хөгжилтэй
улсад жин багатай, дутуу төрсөн нярайгаа амьдруулсан үзүүлэлтээр нь бага насныхны
эмчилгээний чанарыг үнэлдэг юм байна. “Эх нялхас”-ынхан энэ жишгийг дагаж сурфактант
эмчил­гээний төсвийг шийдүүлээд амжилттай ажиллаад эхэлжээ.  Д.Оюун-Эрдэнэ эмч “Төрөлт нэмэгдэх хэрээр дутуу
төрөлт ихэсч байна л даа. Манай төв ийм шалтгаанаар өнгөрсөн жилээс шинэ эмчилгээ
нэвтрүүл­сэн юм.  Өндөр үнэтэй эмчилгээ­гээр
олон хүүхдийн амийг аварч байгаадаа манай төвийн­хөн үнэхээр баяртай байгаа. Энэ
шагналыг ганц надад хамаатуулж ойлгож болохгүй л дээ. Манай төв, миний хамтарч ажиллаж
бай­гаа багийнханы гавъяа ард нь бий” гэж 
ярилаа. Амьсгал хямралын хам шинж гэдэг эмгэг ихэвчлэн дутуу төрсөн, жин
багатай нярайд илэрдэг гэнэ. Ийм нярайд сурфактант эмчилгээ хийчихээр амьсгал хямралын
хам шинжээр өвчилдөггүй байна.

Д.Оюун-Эрдэнийн ажил­ладаг тасагт дутуу төрсөн нярай өдөрт
дор хаяж нэг, хоёр ирдэг аж. Сүүлийн үед үр шилжүүлэн суулгах аргаар төрөх тохиолдол
ихэссэн учраас гурван ихэр олноороо төрж байгаа гэнэ. Гурван ихрүүд голдуу дутуу
жинтэй төрдөг учраас дутуу нярай, эрчимт эмчилгээний хэсэгт ирдэг байна. Гурван
ихэр төрсөн өдөр бол дутуу төрсөн дөрөв, таван нярай хүлээж авдаг гэж Оюун-Эрдэнэ
ярьсан.

Хамгийн жижигхэн төрсөн нярай гэхэд л 26-27 долоо хоногтой,
бүр бяцхан нь 700-800 грамм жинтэй улаан цурав юм мэндэлдэг гэнэ. Ийм жаахан нярайг
дутуу нярай, эрчимт эмчилгээний хэсгийнхэн нэг килограмм таван зуун грамм юм уу,
хоёр килограмм болгож торниулаад суви­лал руу шилжүүлэх үүрэг­тэй. Ингэж торнитлоо
нэлээд уддаг юм билээ. Сүүлийн үед дутуу төрөлт ихэссэн шалтгааны нэг нь хожуу төрөлт
гэнэ. Бас ойрхон дав­тамж­тай төрөх дутуу төрөл­тийн нэг шалтгаан юм билээ. Эхийн
эрүүл мэндтэй холбоотой шалтгаанууд ч байдаг аж. Д.Оюун-Эрдэнэ “Гэхдээ сүүлийн үед
дутуу төрөлтийн шалтгаанд дан ганц ээжийн эрүүл мэнд гэж ярихаа больсон. Аавын халамжаас
их зүйл шалтгаална” гэж онцлов.

Оюун-Эрдэнэ яриагаа  
“Дутуу төрсөн нярай гурав, дөрвөн кг жинтэй төрсөн хүү­хэд шиг хөөрхөн төрнө
гэж байхгүй шүү дээ. Гарангуутаа үнэгчлээд хайр булаагаад эхлэхгүй. Аав, ээж нь
ийм бяцхан хүнээ яаж амьдруулах вэ гэж шаналан эргэлзэж өдөржин харж өнжинө. Өдрөөс
өдөрт жин нэмж, хөөр­хөн болоод ирэхээр харц нь гэрэлтээд ирнэ шүү дээ. Ажлаасаа
авдаг хамгийн гоё кайф бол өдөр ирэх бүр гэрэлтэж байгаа ээж, аавын харц. Яаж амьдарна
даа  гэж бодож байсан жаахан нярай жин нэмээд
ирэхээрээ үнэгчлэх нь ямар хөөрхөн гэж санана. Хүүхэд зовиураа хэлдэггүй учраас
хэцүү гэж зарим хүн ярьдаг. Миний хувьд тэгж боддоггүй. Хүүхэд байх тусам зовиур
нь тодорхой байдаг. Зовиургүй л бол царай нь хөөрхөн болоод ирдэг. Нярай хүүхэд
гэдэг чинь цоо шинэ ертөнц. Ингээд бодохоор л өөрийн эрхгүй баяр төрөөд ирдэг” гэж
үргэлжлүүлэв.

Эмч бүсгүй саяхан Австри, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудын
дутуу нярайн эрчимт эмчилгээний тасагтай танилцаад иржээ. “Өндөр хөгжилтэй орны
эрчимт эмчил­гээний тасгийн орчин нөхцөл нь танай тасгаас тэс өөр байна уу” гэж
асуултдаа эмч бүсгүйгээс гэгээлэг хариу сонсов. “Тэгтлээ хоцор­сон юм ажиглагдаагүй.  Манай төв сүүлийн үед гадаад харилцаагаа мун­даг
сайжруулсан болохоор тэр байх. Техник тоног төхөөрөм­жийн бага зэргийн шинэчлэл
хийхэд л хөгжингүй улсын сэхээнээс ялгагдахааргүй гэж боддог” гэж хариулсан.

Эдний тасагт хүүхдээ 
эмч­лүүлээд гарсан зарим аав, ээж 
одоо хүртэл  эмч нарын баяр, шинэ жилээр
баярыг алгасалгүй  дотно үгтэй мэссэж байнга
бичдэг гэнэ. “Талархал дүүрэн ийм үгс ажилдаа дурлах цэнэг болдог юм” гэж хэлээд
ажил­даа яарсан бүсгүйн ирээ­дүйн төлөвлөгөө нь дутуу төрсөн нярайн эмчилгээг сайжруу­лахын
төлөө ажиллах гэсэн.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Бодлого нь зөв бол зуу байтугай зургаахан хоногт босно

Засгийн газар эдийн засгаа зуун хоногт эрчимжүүлнэ гэж яриад
эхэллээ. Бодлого нь зөв бол эдийн засаг зуу байтугай зургаахан хоногт босно л
доо. Гүйцэтгэх засаглалын тэргүүний яриаг сонсоод байхад зөв юм байнаа байна.
Хувийн хөрөнгийг хамгаална, уул уурхайгаа дэмжинэ, өгөхгүй хав дарсан
лицензүүдээ олгож эхэлнэ гэх зэргээр дажгүй яриа өрнөөд эхэллээ, засгийн
хэм­жээнд. Олзуурхаж дэмжмээр зөв бодлого шийдвэр гаргагчдын дунд яригдаж
байна. Ерээд онд  яг ийм бодлого хэрэгжиж
байсан юм. Төрийн бодлого, хандлага лав л 2008 он хүртэл зах зээлийн  жамаа­раа хэрэгжсэн. “Петровис”-ийн Оюун­гэрэл
жил гаруйн өмнө манай сонинд ярилцлага өгөхдөө “1990-1996 онд Монголд валютын
нөөц бараг байхгүйтэй адил, барааны хомсдолтой, зах зээлд шилжих амаргүй үе
байсан. Гэхдээ тэр үеийг одоо эргээд бодохоор сайхан романтик үе байжээ гэж
бодогддог. Бүгд л зах зээл рүүгээ оръё гэсэн чин хүсэлтэй ажиллаж амьдарч байж.
Хандлага, чиг нь их зөв үе байсан. Одоо харин хаашаа явах гээд байгаагаа
мэдэхээ болиод байх шиг” гэж ярьсан нь тод санагдаж байна. Ер нь бизнес
эрхлэгчидтэй уулзаад ярьж суухад ийм агуулгатай үг их сонсдог.

2008 он хүртэл гадна, дотнын хатгаас энэ тэр нь бага байсан биз.
Магадгүй Монгол гэдэг жижигхэн улс хэний ч хараанд өртөөгүй байсан  учраас бизнесүүд нь тэр жилүүдэд зах зээлийн
замаар итгэлтэй алхац­гаа­сан байх. Гадаадын хөрөнгө оруулалт жил дараалан өсч
овоо хэдэн ногоон эдийн засагт эргэлдэж, Монголд уул уурхайн тэсрэлт болох нь
гэж гадны мэдээллийн агентлагууд шуугиад эхлэнгүүт өнөө алдарт сүгсэлзүүрүүд
борооны дараахь мөөг шиг ургацгаасан даа, харин ч нэг. Тэд бизнесүүдийн арав
гаруй жил бор зүрхээрээ, хамаг чадлаараа босгосон бүхнийг баллаж хаяцгаасан.
Сүгсэлзүүрүүдийн эцсийн зорилго нь УИХ-д сонгогдож, эрх мэдэлд хүрэх. Энэ
цагийн сүгсэлзүүрүүдийн түүх бараг Н.Багабандиас эхэлсэн  байх шүү. 
За тэгээд өнөө үеийн сүгсэлзүүрүүд гэвэл “босоо” гэж цоллогдсон
С.Ганбаатар, сөрөг эрх баригч Ж.Батзандан, Г.Уянга байна.  УИХ-д нэрийг нь барьж гарч ирсэн нам нь засаг
барьж байхад сөрөг хүчин мэт аяглаж сүгсэлзээд байгаа учраас сөрөг эрх баригч
гэж тодотгосон хэрэг. Цаашлуулбал байгаль хамгаалагч сүгсэлзүүрүүд байна.
Ц.Мөнхбаяраас эхлээд өчнөөн нэр хөвөрнө. Байгальд хайр­тай сүгсэлзүүрүүд
үнэхээр эх орныхоо, байгалийнхаа төлөө оюунаа чилээж, биеэ умартан зүтгэж
байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Сүүлд гэхэд Ц.Мөнхбаярыг шүүх үед гадаадын
хөрөнгө оруулалттай компаниуд “Манай компани дээр ирж мөнгө нэхэж дарамталдаг”
гэсэн агуулгатай бодитой, барим тавим мэдээллүүдийг өгсөн дуулдсан. Ер нь
байгаль хамгаалах хөдөлгөөн нэрийн дор бизнесүүдийг дарамталж мөнгө авч амиа
зогоодог хэсэг сүүлийн жилүүдэд хэтэвчээ нэлээд зузаалсан. Үр дүнд нь тэд
мөнгөжиж, эдийн засаг дампуурч, жирийн иргэд хөлд нь чирэгдээд дуусч байна. 

Эрхэм сүгсэлзүүрүүд төдийгөөс өдий хүртэл арай гэж босгосон
бизнесийн алтан үеийг түүх, домог болгоход л хүчин зүтгэв шив дээ. Сүг­сэл­­зүүрүүдийн
арми ингээд дуусах­гүй. Сайд сүгсэлзүүрүүд ч байна. Тод жишээ нь Н.Батбаяр,
Д.Ганхуяг. Эд нийлж байгаад ганзагын наймаа­наас корпораци болж чадсан бизнесүү­дийн
амжилтыг хэдхэн жилийн дотор үгүй хийж чадсан. Хувийн хэвш­лийнх­нийг дарамтлах
аян дайнаа нийлж байгаад дэгдээсэн хүмүүсийн жагсаалт ингээд дуусахгүй,
ингэсгээд орхиё.  Сүгсэлзүүрүүд бизнес
эрхэлж олсон мөнгөөрөө баялаг бүтээж 
эхэлсэн хүмүүсийг олигархи гэж цоллоод эхэлсэн. Хөрөнгөтнийг адлах их
үйлсэд нь хувь нэмрээ оруулагсад гэвэл бараг ихэнх хэвлэл мэдээлэл орно.
Сүгсэлзүүрүүд гарч ирсэн цагаасаа л үндэсний баялаг бүтээгчдийг шулаач,
мөлжөөч, муусайн баячууд, бидний хамаг мөнгийг идсэн бүтэхгүй нөхдүүд гэж
ирээд  шуугиж гарсан. Харин гадаадын
хөрөнгө оруулагчдыг эдийн засгийн алуурчин, эзлэн түрэмгийлэгч гэж сэжиглэнгүй
харцгаасан. Хайгуул хийхийг эх орноо худалдаж байна гэж түмэнд зарлан
хашгирцгаасан. Хаана ямар нөөц байна гэдгийг өчнөөн хөрөнгө зарж байж тогтоодог
хайгуулын ажлыг “хамаг баялгийг минь үүрээд гарах нь” гэж сэрдэж ам
уралдуулсаар зогсоосон хүмүүс өнөө сүгсэлзүүрүүд. Үр дүнд нь хайгуул таг
зогсож, хайгуулын чиглэ­лээр орж ирдэг байсан хэдэн сая ам.долларын хөрөнгө
оруулалт Мьянмар, Мозамбик, Австрали, Канад руу урссан.

Сүүлийн найман жил зурагтаар өдөр бүр гарсан дуусдаггүй яриатай
сүгсэлзүүрүүд өнөөдөр төрийн эрх барилцаж байгаа. Зарим нь бүр гадаадын хөрөнгө
оруулалттай шууд тулж ажилладаг албан тушаал дээр сууцгааж байна. Ямар сайндаа
л гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ажилладаг нэг эрхэм “Хөрөн­гө оруулагчид
Д.Ганхуяг, Н.Батбаяр хоёрыг сайдаар ажиллаж байгаа цагт танайд мөнгөө
оруулахгүй гэж толгой сэгсэрч байна” гэхэв дээ. 

Ерөнхий сайд саявтар гадаадын дипломат албаныхныг хүлээж авч
уулзахдаа эдийн засгаа яаж эрчимжүүлэхээр болсноо ярина лээ. Амжуулахаар
төлөвлөсөн ажил бүр нь толгой дохимоор зөв агуулгатай сонсогдсон. Банкуудын
гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх, 100 мянган ам.доллараас
дээш хөрөнгө оруулалт татах банк бус санхүүгийн байгууллагын ашгийн тат­варыг
тэглэх, эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө
оруулагчдад визийн тааламжтай нөхцөл бий болгох, мөнгөтэй, Монголд хөрөнгө
оруулах сонирхолтой эрхмүүдтэй 
тусгайлсан уулзалтууд хийх, татва­раар дэмжинэ гэх зэргээр амжуулах
ажлаа тодорхой гэгч нь тайлагнасан нь олзуурхмаар зөв алхам.  Ерөнхий сайдын үгийг сонссон дипломатууд
төлөөлсөн улсынхаа бизнес эрх­лэгч­дэд өөдрөг мэдээ дуулгаж, өнөөдүүлд нь ч
Азийн Монголд хөрөнгөө оруулах итгэл төрнө гэдэгт эргэлзэх юм алга.

Засгийн газрын  эдийн
засгаа аврах төлөвлөгөөнд уул уурхайн салбар руу чиглэсэн хэд хэдэн ажил
харагдсан. Хөрөнгө оруулагчдын хүлээж байгаа Ашигт малтмалын хуульд цаг
алдалгүй өөрчлөлт оруул­на, өчнөөн жил хориглосон хайгуулын лицензийг олгож
эхэлнэ гэж байна. Энэ ажил хэрэгжээд эхэлбэл ховрын бараа болчихоод байгаа
ногоон валютын урсгал эрс нэмэгдээд ирнэ.

Ерөнхий сайд АМГ-ын экс даргын авлигын хэргээс болж зуу
гаруйгаар нь цуцалсан лицензүүдийн асуудлыг эерэгээр шийднэ гэлээ. Шүүхээс
өчнөөн компанийн хэдэн тэрбумаар нь хөрөнгөө зарсан лицензийг хурааж авах
шийдвэр гарч, хэдэн арван компани эргэлзээнд орчихсон байсан юм. Засгаас энэ
шийдвэрийг эргэж харахаар болсон нь сайн хэрэг. “Энэ монголчууд чинь овоо доо,
хүний юмыг шууд хураагаад авчихдаг тэнэг улс биш юм байна” гэсэн итгэл төрөөд
эхэлбэл бидэнд л хэрэгтэй.

За тэгээд Асгатын мөнгөний ордын үйл ажиллагааг эхлүүлэх,
нүүрсний экспортыг нэмэх, алтны олборлолтыг дэмжих, газрын тос боловсруулах
үйлдвэрийн ажлыг эхлүүлэх, Хятад­тай хамтарч хэрэгжүүлэх нүүрс хийжүүлэх
үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах гээд хийх ажлынх нь жагсаал­тад нь урам
төрөхөөр дажгүй төлөвлөгөөнүүд харагдаж байна. Эдийн засгаа аврах ажлыг зүгээр
нэг уриа болгоод өнгөрөөхгүй гарцыг нь бас олчихож. Ерөнхий сайдын дэргэд Эдийн
засгийг эрчимжүүлэх зөвлөл гэж байгуулаад болох, болохгүйгээ тухай бүрд нь ярьж
шийдээд явах юм билээ. Ерөнхий сайдын дэргэд ажиллаад эхэлчихсэн нүүрсний
экспортыг дэмжих зөвлөл лав үр өгөөжөө өгч байгаа гэсэн. Энэ жил гуч гаруй сая
тонн нүүрс экспортолно гэсэн зорилго тавиад долоо хоног бүр хуралдаж байгаа
дуулдсан. Нүүрс экспортлогч компаниудын төлөөлөл, засгийн энэ чигийг хариуцсан
шийд­вэр гаргадаг дарга нар Ерөнхий сайд­тай хамт нэг ширээ тойрч суу­гаад
болох болохгүйгээ ярилцдаг болж. Компаниуд нь нүүрсээ зарахад ийм асуудал
тулгараад байна гэхэд л шийдвэр гаргадаг хэд нь газар дээр нь зөв гарц олж
шийдээд эхэлжээ. Асуудлаа хугацаа алдалгүй 
шийдүүж байгаа компаниудад итгэл төрсөн байна лээ. Эдийн засгийг
эрчимжүүлэх зөвлөлийг энэ маягаар ажиллуулахад дажгүй үр дүн гарч таарна.

Төр засаг сүгсэлзүүрүүдийнхээ ярьсан бүрийн эсрэг яг ийм
төлөв­лө­гөө гаргаад ажиллахад л Монголын эдийн засаг босоод ирнэ. Үнэндээ
манай эдийн засаг заан биш туулай. Туулай гэдэг зүйрлэлийг хүчгүй, сул дорой
гэдэг утгаар нь сонгосонгүй.  Авсаархан
гэдэг утгаар нь хэлж байгаа юм. Заан бостлоо удна, босоод хөдөлтлөө бүр удна.
Харин туулай бол үсэрсэн эрчиндээ л чавхадчихдаг. Тэгэхээр Монголын эдийн засаг
нэг үсрээд боссон бай­хад л өөдөө чавхадчихна гэсэн үг.

Эцэст нь нэг зүйл хэлэхэд эдийн засгийг эрчимжүүлэх ажлын
хүрээнд нэг хууль батлах хэрэг байна, Ерөнхий сайд аа. Сүгсэлзүүрүүдийг УИХ-д
гаргах боломжийг хаасан хууль, эрх зүйн орчинтой болмоор байна. Учир нь сүгсэлзүүрүүд
УИХ-д сонгогдож, эрх мэдэлтэй болох хэрээр улсаа баллаад байна. Тэдний хачин
гоё ярьж, эх оронсог, ард түмэнсэг зан гаргасных нь үр дүн 1800 хүрсэн
ам.долларын ханш болж, бидний халаасан дахь төгрөгийн үнэ цэн гучин хувиар
унасан учраас ингэхээс өөр арга алга. Сүгсэлзүүрүүдийг УИХ-д гаргахыг хориглох
тийм хэцүү биш. Гишүүн байх хугацаандаа эдийн засагт сөргөөр нөлөөлөхөөр хууль
санаачилсан ч юм уу эсвэл тийм хуулийг дэмжиж саналаа өгсөн, тэр шийдвэрээс нь
болж эдийн засагт бодитой хохирол учирсан бол хэн ч байсан нэр дэвших эрхийг
нь  хаачих хэрэгтэй. Жишээ нь, стратегийн
салбарт хөрөнгө оруулалтыг зохи­цуу­лах хууль батлагдсанаас хойш хөрөнгө
оруулалт тавь гаруй хувиар татарсан тодорхой баримт нь тоотойгоо байна,
санаачилсан нь Г.Занданшатар, Н.Бат­баяраас эхлээд нэр устайгаа бий. Гэнэ­тийн
ашгийн татварын хуулийг хэдхэн  хоногийн
дотор санаа­чилж батлуулаад алтны сал­барыг унагасан жишээ нь байна, Эдийн
засгийн хөгжлийн сайд гол санаачлагч нь гэдгийг хүн бүр мэднэ. АНУ-д гэхэд
хуулийг санаачлагч хүнээр нь овоглодог жишиг бий. Муу хууль баталсан нөхөд нь
хэдэн үеэрээ муугаар хэлүүлээд, сайн хууль баталсных нь карьер өсөөд явдаг
жишээ бэлхнээ бий. Энэ мэт санаануудаас болох хувилбарыг нь олж байгаад
сүгсэлзүүрүүдийн төрд гарах замыг хаамаар байна. Наадах чинь өнөө сүгсэлзүүрийн
нэг шүү гэхэд л нийтээрээ саналаа өгдөггүй болох орчин бүрдүүлэх уг нь тийм ч
хэцүү биш дээ.

Дахиад хэлэхэд Ерөнхий сайд их зөв дуугараад эхэллээ. Яг энэ
үгээрээ яваад ажил болговол эдийн засаг босоод ирэхэд зовлон алга.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

ЭМШУИС-ийн оюутнууд хоёрдугаар курсээ төгсөөд мэргэжлээ сонгоно

ЭМШУИС-ийн захирал Г.Батбаатартай ярилцлаа.

 
-Энэ жил элсэгчдээ яаж бүртгэх вэ, өнгөрсөн жил онлайнаар
бүртгээгүй санагдаж байна?

-Манай
удирдлагын баг энэ жилээс бүхнийг тунгалаг болгох зорилгоор элсэгчдээ онлайнаар
бүртгэх шийдвэр гаргасан. Хүүхдүүд гэрээсээ, сургуулиасаа хаанаас ч бүртгүүлж болно
гэсэн үг. Цаасаар бүртгэж, хүмүүс хоорондоо харилцаад эхлэхээр буруу юм гардаг.
Нуугаад байх юм алга. Манай сургуульд  буруу
юм байсан. 

-Элсэгчдийнхээ тоог тогтсон уу?

-Манай
сургууль яг одоогийн бүтцээрээ  бүрэлдэхүүний
долоон сургууль, салбар гурван сургуультай. Сувилахуйн, Анагаахын, Нүүр ам судлалын,
Био анагаахын, Нийгмийн эрүүл мэндийн, Эм зүйн, Уламжлалт анагаахын сургуулиудыг  бүрэлдэхүүний сургууль гээд байгаа юм. Эдгээр
сургуульдаа 900 хүүхэд элсүүлэхээр төлөвлөсөн. Чанар талаа харж өнгөрсөн жилийнхээс
хяналтын тоогоо зуугаар буулгасан. Өмнөх шиг мянга гаруй хүүхэд элсүүлж бөөндөж
болохгүй гэж үзсэн. Элсэгчдээ жил бүр зуугаар хасч дөрвөн жилийн дараа дээд тал
нь 600 хүүхэд элсүүлье гэсэн бодлого барьж байна. Манай сургуулийн элсэлтийн босго
оноо нэлээд өндөр буюу 620-630 байдаг. Гэхдээ БШУЯ-наас энэ жил босго оноог 450
гэж зааж өгсөн. Нэг зүйлийг онцолж хэлэхэд элсүүлж авах 900 хүүхэд маань бүгдээрээ
эмч болохгүй. Эмч гэсэн мэргэжлээр элсэх нь ердөө 360. Төв сургууль дээрээ оюутнуудыг
12 мэргэжлээр сургадаг. Говь-Алтай, Дорноговьд их эмчийг бие дааж бэлддэг байснаа
энэ жилээс зогсоосон. Хаана бэлдэхээс үл шалтгаалан эмч нарыг бид нэг стандартаар
бэлтгэнэ. Тийм учраас сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг бүх шатандаа явуулж байна.

-ЭМШУИС-ийн оюутнууд нэгдүгээр курсээсээ шүдний эмч, уламжлалт
эмч гээд мэргэжлээ сонгодог. Энэ жилээс хоёрдугаар курсээ төгсч байж мэргэжлээ сонгоно
гэж дуулдсан, үнэн үү?

-Дэлхийн
хөгжсөн улс орнуудын жишгийг дагаж анагаахын боловсролын суурь дамжаанд шилжиж байгаа
юм.  Нэгдүгээр курсээсээ шүдний эмч, уламжлалт
анагаахын эмч гэх мэтээр мэргэжлээ сонгохгүй. Нэг, хоёрдугаар курсдээ бүх оюутан
яг ижил хөтөлбөрөөр сурна. Тэр хугацаанд оюутнууд нүүр ам судлал нь ийм юм байна,
уламжлалт нь ийм онцлогтой юм байна гэх зэргээр чигээ авчихна гэсэн үг. Мэргэжлийг
нь хоёрдугаар курсээ төгссөнийх нь  дараа
сонгуулна. Нүүр амны сургуульд орвол дөрвөн жил, уламжлалтад орвол дөрвөн жил, био
анагаахад орвол гурван жил сураад төгсөнө гэсэн зарчмаар явна. Дэлхий нийтээрээ
ингэж хөгжиж, мэргэжлээ тэгж бэлддэг болсон байна. Тэдэн шиг хөгжье гэвэл энэ тогтолцоо
руу яаралтай шилжих ёстой.

-Нэгдүгээр курсээс мэргэжлээ сонгохгүй байх арга руу шилжих
шийдвэр нь эцсийн байдлаар гарсан уу?

-Удирдах
зөвлөлөөс шийдвэр гарсан.  2014-2015 оны хичээлийн
жил буюу ирэх есдүгээр сараас энэ шинэ хөтөлбөрөөр хичээллэх гэж байна.

-Элсэгчдийнхээ тоог 
цөөлж сургалтын чанараа ахиулна гэхээр төлбөр нэмэгдэж таарах уу?

-Таны
асуултад хариулахын өмнө сөрөг хоёр жишээ хэлье. Манай сургуулийн хувьд хавар, өвөлдөө
шилжих хөдөлгөөний тушаал гардаг. Өнгөрсөн нэг сард хүүхдүүдийн тушаалыг харахад
манай сургуульд хувийн сургуулиудаас 370 хүүхэд шилжих өргөдөл ирүүлж. Бүгдийг нь
шилжүүлэх бололцоо боломж  угаасаа байхгүй.
Шилжүүлбэл хувийн сургуулиуд дампуурна. Ямар учраас ингэж ихээр шилжих өргөдөл ирүүлж
байгааг нь судалж байна. Багцаа таамаг хэлэхэд гур­ван шалтгаан байх шиг. Мон­голын
анагаах ухааны нэрийн хуу­дас болсон багш нар манай сургуульд ажилладаг, ЭМШУИС-ийн
сургалтын орчин бусад сургуультай харьцуулахааргүй сайн гэсэн шалтгаан байж болно.
Өөр нэг шалтгаан нь  манай сургалтын төлбөр
хамгийн  бага. Дунджаар 1 сая 200 мянга байна.
Тодруулж хэлбэл 870.000-1.750.000 төгрөгийн төлбөр авч байгаа. Ижил чигийн хувийн
сургуулиудтай харьцуулахад манай сургуулийн төлбөр 30-45 хувиар бага байна. Төрийн
өмчийн сургууль гэдэг утгаараа энэ нь манай сургуулийн давуу тал байж магадгүй.

-Сургалтын төлбөр дээр энэ жил шинэчлэл хийнэ гэж ойлголоо?

-Шинэчлэл
хийнэ. Төлөвлөгөө гаргаж байна. Бидний тооцоогоор бага зэрэг нэмэгдэнэ. Оршин тогт­ноё
гэвэл төлбөрөө нэмэх ёстой. 25-30 орчим хувиар нэмж дундаж төлбөрийг 1.413.000 төгрөг
болгоё гэсэн тооцоо гаргасан. Гэлээ гэхэд л 
хувийн сургуулийн одоо мөрдөж байгаа төлбөрөөс бага гарч байна.  30 хувь нэмээд дундаж төлбөрөө 1.911 мянга болгоно
гэвэл яг одоо­гийн хувийн сургуулиудын дундаж. Ганц манайх ч биш их, дээд сургуулиуд
төлбөрөө нэмэх талаар санаа, оноогоо солилцоод эхэлчихсэн.

-Төлбөр бага учраас хувийн сургуулийн оюутнууд ЭМШУИС руу
шилжихийг хүсч байна гэдэг бол тийм ч бодитой шалтгаан биш байх. Танай сургуульд
орохын тулд тав, арван сая төгрөг өгдөг гэсэн барим тавим жишээ сонсогддог?

-Санал
нэг байна. Авлига өгдөг явдал байсныг үгүйсгэхгүй. Миний саяын дурддаг 370 хүүхэд
гэхэд л энэ сургуульд ямар ч аргаар хамаагүй орохыг эрмэлзэж байна. Урьд нь ажиллаж
байсан механизмыг  таслан зогсоохоор ажиллаж
байгаа.  Ямар ч бүртгэлгүй элсүүлж авчихаад
захирлын тушаалгүй байхад чи энэ ангид ор гээд заагаад өгсөн жишээ цөөнгүй байна.
Гэтэл өнөө хүүхэд нь нэг жил, хоёр жил сураад илрээд гараад ирж байна. Бид үүнийг
илрүүлэхийн тулд дотоод аудит хийж байгаа.

-Танай сургуулийн вэб дээр нэг анхааруулга байсан. Анхаарал
татахаар олон хүүхэд илэрсэн юм болов уу гэж таамаглахаар юм билээ?

-Тооны
хувьд цөөхөн хүүхэд илэрсэн гэж хэлэхгүй. Тийм учраас сургуулийнхаа фэйсбүүк дээр
анхааруулга бичсэн юм.

-Энэ ажлыг ямар хүмүүс хийсэн байж таарах вэ, удирдах түвшний
хүмүүс үү?

-Хүмүүсийн
ойлгож байгаагаар дарга, захирлууд хийгээгүй. Доор нь ажилладаг хүмүүс бүлэг болж
олон арван жил ажиллачихсан байх жишээний.  

-Эхлээд мэдэгдэхгүй оруулчихдаг юм байж, төгсөх үед нь дипломыг
нь яаж авч өгөх вэ?

-Тийм
арга зам байсан л байна.

-Мөнгө өгч элсээд өчнөөн жил сурчихаад илэрсэн хүүхдийг төгсгөх
үү?

-Хүүхдийн
буруу биш учраас зургаан жилийн амьдралаараа тоглуулсан хүүхдийг бид төгсгөнө. Хоёроос
дээш жил сурсан хүүхдийг энэ жил төгсгөнө гэсэн чигтэй байна. Ер нь цаашид ийм зүйл
гаргуулахгүй гэсэн бодлого, чиг бариад ажиллаж байна.

-Хүүхдийн эмчийн анги хааг­даад олон жил болсон. Хүүхдийн
эмч­гүй боллоо гэсэн шүүмжлэл их сонсогдох юм, энэ жил шинээр нээх үү?

-Хүүхдийн
эмчийн анги шинээр нээхгүй.

-Яагаад?

-Хүүхдийн
эмч гэдгийг дэлхийд тусад нь бэлддэг улс Оросоос өөр байхгүй. Манайх  1942-1992 он хүртэл хүүхдийн эмч бэлдэж Оросын
системээр явсан. Дэлхий нийтээрээ бэлддэггүйн шалтгаан нь хүүхдийн бие организм,
бүтэц том хүний жижигрүүлсэн хувилбар учраас тэр. Мэдээж онцлог бий л дээ. Ерөнхий
мэргэжлээр төгссөн эмч нар төгссөнийхөө дараа резинтурт сураад хүүхдийн эмч болж
болно. 

-Тэгвэл хүүхдийн эмч цөөрсөн шалтгаан нь юу юм бол?

-Эрүүл
мэндийн хуулинд эх, хүүхдийн эрүүл мэндийн бүх асуудлыг төр даана гэсэн заалт бий.
Гол шалтгаан нь ердөө л энэ. Хуулиндаа ингээд заачихсан учраас хувийн эмнэлэг байгуулах
боломж нь хаалттай болчихож байгаа юм. Зөвшөөрлийг нь хязгаар­лаж өгдөг. Хуулиа
зөрчөөд зөвшөөрлийг хамаа намаагүй  өгөөд
байж болохгүй шүү дээ. Үнэнийг хэлэхэд хүүхдийн эмнэлэг ямар ч ашиггүй гэж ярьдаг.
Ийм эрсдэлтэй салбар руу орсноос мэс заслын, мэдрэлийн, гэмтлийн эмч болоод хувийн
эмнэлэг байгуулаад явбал дээр болчихоод байна л даа. Төр даахгүй юмнаасаа татгалзах
цаг ирснийг л харуулж байгаа жишээ. Эх хүүхдийн эрүүл мэнд, хавдар, гэмтлийг төр
дааж чадахгүй байна. Эмчлэх ёстой, эмчлэхэд зардал гарч таарна. Тэгээд төлбөрийг
нь авахаар буруутчихдаг. Би энэ асуудалд эмч нарт буруу өгдөггүй. Тогтолцооны гажуудал
үүсчихээд байна. Энэ гажуудлыг  засахгүйгээр
явахгүй. Хэвлэл мэдээлэл нь гэхэд л эмч нараа шүүмжилж цохиж унагаад байхаар тийм
мэдээлэл байнга сонссон хүн Монголын эмнэлэгт очихыг хүсдэггүй.  Солонгост жилд 40 мянган монгол хүн эмнэлгийн
үйлчилгээ авах гэж 500 сая ам.дол­лараа аваачаад өгчихөж байна. Энэ мөнгөөр арван
дүүргийн эмнэлэг барих боломжтой гээд бод доо. Эмч нартаа итгэх итгэлийг нэмэг­дүүлэхгүйгээр
явахгүй. Өнөөдөр зах зээлийн зарчмаар маш олон салбар хөлөө олоод явж байна. Хөлөө
олохгүй байгаа хоёрхон салбар байгаагийн нэг нь эрүүл мэнд. Нөгөө нь дээд боловсролын
салбар. Манай сургууль яг зааг дээр нь зогсч байна. Аль алинд нь шууд хамаарна.

-Төр дээд боловсрол, эрүүл мэндийн салбараа бизнес  гэж харах ёстой гэх гээд байна уу?

-Тийм
ээ, дээд боловсрол, эрүүл мэндийн салбараа бизнес гэж хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
Бизнес гэдгийг нь дэлхийн олон орны жишээнээс харж болно.  Зүй  нь
төрийн өмчийн сургуулиа төлбөрөө нэмж болохгүй гээд үлгэн салган явуулах учиргүй
байгаа юм. Гэхдээ шинэчлэлийн Засгийн газарт олзуурхах нэг сайн тал байна. Удирдах
зөвлөл бүх асуудлаа  шийд, бид оролцохгүй
гээд зарлачихлаа.

-Анагаах ухаан хөгжиж байна, хүний зүрх, бөөр, элгийг үүдэл
эсээс нь ургуулдаг болж байна. Анагаахын шинжлэх ухааны ийм шинэ чиг рүү хэр анхаарч
байна, жишээ нь танай сургууль дээр үүдэл эсийн судалгааг эхлүүлсэн үү?

-Загатнасан
газар маажина гэдэг шиг юм асуулаа. Манай сургуулийн эрхэм зорилго бол Ази Номхон
далайн баруун эргийн бүсийн шилдэг зуун их сургуулийн нэг болох. Бүр  2020 он гээд хугацаа заачихсан. Ингээд цэг тавьчихаар
үүндээ хүрэхийн төлөө хичээж ажиллана аа даа. Дэлхийн улс орнуудын их сургуулиудын
хөгжлийг харахаар сургалтын, судалгааны, тогтвортой хөгжлийн гэсэн шатууд­тай байна.
Манайх хамгийн доод шатанд нь байгаа. Өндөр хөгжсөн орнууд судалгааны их сургууль
руугаа аль дөч, тавин онд шилжчихсэн. Одоо бүр тогтвортой хөгжлийн их сургууль болсон
байна. Стэнфордын, Массачутесийн гээд дэлхийн топ 50 сургууль энэ шат руу аль хэзээний
орсон. Ийм үед бид байрнаасаа хөдлөхгүй байж таарахгүй. Ядаж судалгааны их сургууль
болохын төлөө зорих хэрэгтэй. Ингэхийн тулд зөвхөн мэдлэг түгээдэг биш мэдлэг бүтээдэг
болох ёстой. Мэдлэг бүтээхийн тулд багш нараа чадавхжуулах, судалгаа шинжилгээний
орчноо бүрдүүлэх гээд олон ажил хийх шаардлагатай.  Мэдээж бид дангаараа чадахгүй учраас асуудлаа
салбарынхаа яаманд тавьсан. Монголын хөгжил энэ гэдгийг сайд их сайн ойлгосон. Тийм
учраас дэд бүтцээ бүрдүүл гээд хөрөнгө оруулалт өгч байна. Ирэх ес, арав, арваннэгдүгээр
сараас дэлхийн түвшний том лабораториудыг нээгээд эхэлнэ гэж бодож байна.

-Яг ямар лабораториуд 
нээх гэж байгаа вэ?

-Энэ
оны арав, арваннэгдүгээр сарын хөрөнгө оруулалтаар эсийн өсгөврийн лаборатори байгуулаад
эхэлнэ. Манайх Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль гэсэн нэртэй. Шинжлэх ухаан
гэсэн нэрийг авчихаад эсийн өсгөврийн лабораторигүй л өнөөдрийг хүрч. Улс орон үнэхээр
бололцоогүй байсан байж магадгүй. Хүнээ бэлдээгүй байсан байж болно. Өнөөдөр дэлхийн
шилдэг 500 их сургуульд доктор, магистр, докторын дараахь сургалтад хамрагдсан,
хамрагдаж байгаа залуус олон бий. Гурав, дөрвөн жилийн дараа манай багш нарын
40 гаруй хувийг өндөр хөгжилтэй улсад докторын зэрэг хамгаалсан залуус эзэлнэ. Өнөөдрийн
хувьд их юм сурч мэдсэн дүрэлзсэн гал шиг хүмүүс эх орондоо ирдэг ч ажиллах орчин
байхгүй учраас гадагшаа явахаас аргагүй болдог. Тэдний эх орондоо ажиллах нөхцөлийг
нь бүрдүүлэхийн тулд Монголд судалгааны арван кластер баг байгууллаа. Монголын шинжлэх
ухаан өнөөдрийг хүртэл нэг хүн дээр тогтож иржээ.  Тэр хүн бодож, хүссэнээ дагуулж  ирсэн хоёр гурван хүмүүсээрээ хийлгэж байсан.
Шинжлэх ухаан гэдэг чинь бүх салбарын эрдэмтэд орж байж урагшилдаг эд. Зүгээр л
нэг цаас үйлдвэрлэх биш мэдлэг бүтээх ёстой. Дэлхийн шинжлэх ухааны мэдлэгт Монголын
гэсэн нэртэй юм оруулах учиртай. Олзуурхмаар нь манайд тийм чадалтай залуус байна.

-Та сая судалгааны арван кластер баг байгуулсан гэж ярилаа.
Яг ямар чиглэлүүдээр ажиллах багууд вэ, мэдээж өндөр хөгжилтэй орнуудад сурч боловсорсон
залуус багтаж байгаа байх?

-Энэ
кластерууд дотор таны сая сонирхсон үүдэл эсийн судалгаа явагдана. Хавдрын шинэ
эмчилгээний судалгаа хийгдэнэ. Чихрийн шижинг эмчлэх шинэ арга гарч ирнэ. Дандаа
гадаад дотоодын сургууль төгссөн шижигнэсэн залуусыг том профессорууд ахалж байна.
Миний үүрэг бол энэ залуусыг ажиллуулах лабораторийг байгуулж, судалгаа хийх мөнгийг
нь олох. Гурав, дөрвөн жилийн дараа  зарим
хүмүүсийг гайхашруулсан  Монголын шинжлэх
ухааны том өгүүллүүд гарна. Нээлт, шинэ эмчилгээний аргууд ч гарахыг үгүйсгэх аргагүй.
Манай сургуулийн 40-өөд төгсөгч дэлхийн улс орнуудын шинжлэх ухааны бодлогыг тодорхойлох
түвшинд ажиллаж байна. Тэр залуусаа татаж оруулж ирнэ. Ийм том юм мөрөөдөөд сууж
байна даа. Хөрөнгө оруулалтыг нь шийдвэл бид үүнийг хийж чадна. Монголын хөгжлийн
гарц ердөө нь энэ. Шинжлэх ухаанаа хөгжүүлсэн улс л хөгждөг. Био анагаахын тэсрэлт
болох цаг ирсэн.

-Танай сургуульд үүдэл эсийн судалгаан дээр  ажиллаж байгаа хүн байна уу?

-Үүдэл
эсийн судалгаа явагдаж байна. Гэхдээ инновацийн түвшинд. Лабораторийн түвшинд олон
улсад хүлээн зөвшөөрөгдөх хэмжээний үр дүн гаргаж чадахгүй байна. Зөвхөн Монголдоо
гээд ойлгочихож болно. Би анагаах ухааны академийн гишүүн. Өнөөдөр Анагаах ухааны
академийн бага чуулганаар 2015 онд хэрэгжих төслүүдийг ярих гэж байна. Сонирхоод
харахаар нөгөө л хуучин юмнууд.

-Хуучин гэдэг нь?

-Ганцхан
тоо хэлье. Сая бид Шинжлэх ухаан технологийн сангаас хэрэгжүүлсэн төсөл дээр үнэлгээ
хийж үзлээ. 1973 оноос хойш эрүүл мэндийн салбарт 270 гаруй төсөл хэрэгжжээ. Үүний
60  хувийг дөрөвхөн хүн хэрэгжүүлсэн байвал
яахав. Нэг хүн ерэн төсөл хэрэгжүүлсэн гээд бод доо. Дандаа цаас үйлдвэрлэсэн байна.

-Одоо хэлэлцэх төслүүд нь ч тийм байна гэж үү?

-Нөгөө
л хуучин юмаа дахиад хийх гэж байна. Жирэмсэн үед эмэгтэй хүний жин яаж нэмэгдэж
байна, энэ нь төрж байгаа хүүхдийн жинтэй яаж холбогдож байгааг судлах юм гэнэ.
Яг үнэндээ хэнд хамаатай юм бэ. Ийм шинжлэх ухаан гэж байхгүй. Энэ бол хуучин шинжлэх
ухаан. Шинэ шинжлэх ухааны суурийг тавих цаг болсон.  Бүтцийг нь үүсгээд өгвөл чадахгүй юмгүй. Сая хэлсэн
дээ, хүний нөөц нь байна аа гэж. Энэ залуусыг ашиглаж мэдлэг бүтээх, мэдлэгээ баялаг
болгох гэсэн бодлого үгүйлэгдэж байсныг салбарын  яам нь дэмжээд гаргаад ирлээ. Боломж олдож байна.

-Япончуудын буцалтгүй тусламжаар ЭМШУИС-ийн дэргэд орчин үеийн
эмнэлэг барих асуудал яригдаж байсан. Тэр асуудал юу болсон бэ?

-Эмнэлэггүйгээр
их сургууль гэж байхгүй л дээ. Манай томчууд гадаадад эмчлүүлэхээр явахдаа  их сургуулийн эмнэлэг дээр л очдог. Монголд их
сургуулийн эмнэлэг гэж байхгүй, хуучин Оросын тогтолцоогоор явсаар өнөөдрийг хүрсэн.
Их олон жил хөөцөлдөж байгаа төсөл л дөө. Таатай мэдээ дуулгахад энэ үед бүтэж байна.
Би ажлаа авсаныхаа маргааш нь Японы элчин сайдтай уулзаж төслөө урагшлуулах талаар
ярьж байлаа. Одоо бол газраа шийдүүлчихсэн, Засгийн газрын тогтоол гарчихсан, бүх
ажил урагштай байна. Найм, есдүгээр сараас 
хэрэгжиж эхэлнэ. Одоо төвсөө хийж байна. Японы Засгийн газраар төсвөө батлуулах
юм бол хэрэгжиж эхэлнэ. Манай Ерөнхийлөгч сая Япон руу явахдаа Шинзо Абэтэй уулзсан
даа. Тэр үеэрээ Японы Ерөнхий сайдтай төслөө хурдан хэрэгжүүлье гэдэг дээр яриа
үүсгээд ирсэн байна лээ.

-Эмнэлгээ хаана барихаар болсон бэ?

-Найман
га газар эзэмшихээр гэрчилгээгээ авсан. Баянзүрх дүүр­гийн арванхоёрдугаар хорооны
нутаг дээр манай сургуулийн эмнэ­лэг баригдана. Манай сургуулиас дөрвөн км-ийн зайтай.
Япончууд газрын шинжилгээ аваад эмнэлэг барьж болно гэсэн дүгнэлт гаргасан. Эмнэлэг
барих газраас Ботаникийн цэцэрлэгийн тарьж ургуулсан  моддыг тавдугаар сарын эхээр шилжүүлнэ. Хаана
шижлүүлэхээ товлосон байгаа. Манай оюутнууд мод тарих нүх ухах, зөөвөрлөх гээд бүх
л ажлыг хийнэ. Яаж тарихыг нь зааж зөвлөх технологийн зааварлагч байхад л болно.
Урд нь байгаа хэдэн модыг ногоон байгууламжаар нь авч үлдье гэж тохирсон.

-ЭМШУИС-ийн эмнэлэг хэзээ ашиглалтад орох вэ?

-2016
оны сүүл гэхэд бид түлхүүрээ гардаж авна. 200 ортой эмнэлэг байх юм.

-Япончуудын барьж өгөх энэ эмнэлэгт Монголд эмчлэгдэх боломжгүй
өвчнүүдийг эмчлэх үү?

-Тэгнэ.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Японы төсөл хэрэгжүүлэх ЖАЙКА-д Монголд эмчлэгдэж, оношлох
боломжгүй  эмгэгүүдийн ядаж  арвыг нь эмчилж, оношлодог болгооч гэсэн хүсэлт
тавьсан. Тийм учраас өндөр технологи орж ирнэ гэж ойлгож болно. Бид гэрээгээ байгуулахдаа
эмнэлэгт Японы хамгийн сүүлийн үеийн технологи суурьшина гэдэг дээр тохирч чадсан.
Дээрээс нь Монголын эмнэлгүүдэд байхгүй факс системийг нэвтрүүлнэ. Эмнэлэгт байдаг
мэдээллийн маш том тогтолцоо л доо.

-Факс систем гэдгээ тодруулаач?

-Шинжилгээ
хийлгэснийхээ дараа хариуг нь хүлээлгүйгээр шууд эмч дээрээ очиж үйлчлүүлж болно.
Шинжилгээний хариу шууд эмчийн компьютер 
дээр гараад ирнэ гэсэн үг.

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Тэнгэрээс түгшин амьдрах өдрүүд

Хэдхэн өдрийн өмнө нэгэн залуу
барьж буй барилгаас унаж амиа алдсан. “Тэнгис”-ийн хажуугийн барилга дээрээс унасан
төмөрт цохиулж хорвоог орхисон оюутан залуугийн түүх одоо ч хуучраагүй байна. Шүүх
хурал нь саяхан болж өнгөрлөө. Өчигдөр гэхэд хичээлээ тараад ээжтэйгээ хөтлөлцөн
инээж  явсан жаахан охины дээрээс бас л төмөр
уначихлаа. Азаар аминд нь хүрсэнгүй. Гэхдээ 
наймхан настай бяцхан охин толгойдоо маш гүн шарх авчээ. “Аморе” зочид буудлын
өргөтгөлийн барилгаас унасан төмөр охиныг нь айхтар гэмтээсэн талаар ээж нь уйлаад
ярьж байна. Модны хоёрын урд талын зам дагуу “Аморе” гэдэг нэртэй томоо гэгчийн
зочид буудал байдгийг уншигчид андахгүй байх. Иймэрхүү өргөтгөлөөс эхлээд шинээр
барьж байгаа, засвар хийж эхэлсэн хэдэн зуун барилга нийслэлийн дүүрэг бүрт  байна.

Шуудхан хэлэхэд Улаанбаатарт хүн
бүр л айдастай нүдээр тэнгэр ширтэн алхахаас 
аргагүй нөхцөл үүсчихэж.  Шил даран
цацагдаж  буй түгшүүртэй мэдээллүүдийг уншсан
хэнд ч тэнгэрээс гайтай юм уначих вий гэсэн болгоомжлол төрөх нь ойлгомжтой. Тоосго
нь, төмөр нь, бүр барилга нь өөрөө нурж ирээд дарж мэдэх дүр төрх их хотод хаа сайгүй.

Шалтгааныг нь нэг их холоос хайх
шаардлагагүй. Ерөөсөө л бидний хэнэггүй зантай холбоотой. “Яахав дээ, яав л гэж”  гэсэн хайнга тэнэг бодлын уршиг өнөөдөр өчнөөн
хүний аминд хүрээд байна. Бүх л зүйлд хэнэггүйрхэж хандаад сурсан араншин маань
ийм эрсдэлд хүргээд байна. Нүүдэлчдийн амьдралд зуд, ган зэргийг эс тооцвол эрсдэл
гэхээр зүйл үгүй.  Тэнгэрээ шинжээд ирэх улирлаа
прогнозолчихдог ард түмэнд  гантай зун, зудтай
өвөл ч яс юман дээрээ эрсдэл биш. Нүүдлийн амьдралд тэнгэрээс юм харваж ирээд аминд
хүрнэ гэх аюул байх биш. Малаа дагаад явж байдаг хүмүүст хууль, дүрэм,  аюулгүй байдал, стандарт  гэсэн үгнүүд тэгтлээ аминд тулсан томъёолол биш
нь тодорхой.

Харин нэг газраа бөөгнөрөн суурьшсан
нийгмийн хувьд саяын үгнүүд их үнэ цэнтэй. Стандартгүй ажиллалаа л бол хэн нэгнийхээ
эрх ашиг, амь насанд халдах эрсдэлтэй учраас үнэ цэнэтэй, агаар, ус мэт хэрэгтэй
гэж тодорхойлохоос аргагүй. Наад захын нэг жишээ нь барилгын аюулгүй байдлын эргэн
тойронд өрнөж буй золгүй тохиолдлууд. Яг үнэндээ барилгын ажил нь ид өрнөж буй ихэнх  барилгад ямар ч стандарт мөрдөгддөггүй. Стандартаа
ягштал дагадаг хэсэг бий учраас ихэнх гэж тодотголоо. Ядаж л хажуугаар нь явахад
хашиж, хаасан хамгаалалттай барилгууд нийслэлд цөөхөн ч гэсэн байна. Тун цөөн хэсэг
нь барьж буй барилгынхаа наагуур ногоон тор татсан харагддаг. Цаана нь ажиллаж байгаа
нөхөд янз бүрийн юм унагалаа гэхэд нөгөө тор нь хашиж хамгаалаад доошоо унагахгүй
сайн талтай юм билээ.

Стандарт, аюулгүй байдал  гэдэг үгийг мартсан ихэнх компаниуд цаг алдалгүй
хууль дүрэм, стандартаа мөрдөж эхэлмээр байна. Барьж буй барилгынхаа ойр хавийн
хүн явах хэсэгт хаалт хашлага барья. Барилгын ажил ид өрнөж байгаа үедээ барилгынхаа
наагуур тор татдаг болчихъё. Цаашлаад яривал 
барилгын эргэн тойрондоо хашаа хатгаж, “Үүгээр зорчих аюултай, тойрч явна
уу” гэсэн томоос том бичиг хадчихмаар байгаа юм.

Тэгвэл тэнгэрээс түгшиж амьдрах
хүмүүсийн айдас бага ч гэсэн дарагдана. Хотынхоо гудамжаар түгшүүртэй нүдээр тэнгэр
ширтэж биш, урин цагийн аясыг мэдэрсэн шигээ айдас түгшүүргүй алхмаар байна. Хүн
бүхэн ийм хүсэл тээж яваа.

Тэглээ гээд тэнгэрээс төмөр харваж
ирээд хүний аминд хүрчихнэ гэж айгаад барилга барихгүй гараа хумхиад хөгжихгүй суултай
нь  биш. Бүтээн байгуулалт хаа сайгүй өрнөж
байж бид хөгжинө. Мэдээж “Энэ муусайн компаниудын үйл ажиллагааг зогсоо” гэж адлах
нь тийм ч зөв гарц биш.  Аюулгүй байдлаа хангахгүй
байгаа компаниудад хариуцлага тооцдог орчныг бүрдүүлчихэд л болох асуудал.

Мэргэжлийн хяналтын хэдэн байцаагчийн
хийгээд дийлчихдэг ажил биш  гэдгийг өнгөрсөн
хугацаанд гарсан ослууд баталлаа. Одоо ганц гарц байна. Ерөөсөө иргэдийнхээ хүчийг
ашиглая. Шаардлага, санал, гомдол, шүүмж хүлээж авдаг утастай болъё. Гар утаснаасаа
залгаад ярихад энгийн тарифаар үйлчилдэг 1111 шиг дугаар ажиллуулбал дажгүй үр дүн
гарна гэж бодож байна.

1111 дугаар руу  өчнөөн иргэн залгаж  засагтай холбоотой санаа оноогоо хэлдэг юм билээ.
Ийм утас ажиллуулсны үр дүн ч эхнээсээ гараад эхэлсэн.  Барилгын компаниудын аюулгүй байдлын талаар мэдээлдэг  тусгай дугаартай болчихвол байрныхаа гадаа нарлаж
суугаа Дулмаа гуай гэхэд л хажууханд нь баригдаж эхэлсэн барилгын ажилчид согтуу
хөлхөцгөөхөд  утасдана. “Энэ барилгын залуус
баахан архидаж байгаад ажилдаа гарцгаалаа. Арга хэмжээ авч өгөөч” гэж ирээд хэл
дуулгачихна. Согтуу хөлчүүдээ барилгын ажил хийж байгаад өөртөө болон өрөөлийн аминд
хүрэх эрсдэл энэ  хэрээр багасаад ирнэ. Огт  хамгаалалтгүйгээр барилгын ажил эхэлсэн компанийг
гудамжинд яваа хэн ч гаднаас нь хараад мэдэх боломжтой. Тэр болгонд нь утасдаж сануулаад
байвал илүү амьд хяналт тогтоно гэж бодож байна.

Тэгэхээр тэнгэрээс түгшихгүй амьдрах
хамгийн гол гарц нь иргэдийн хяналт болоод байна даа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Оюу толгой энэ жил Эрдэнэтээс давсан хэмжээний зэсийн баяжмал экспортолно

Оюу толгойн далд уурхайн
санхүүжилтийн асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь тодорхойгүй байгаа ч ил уурхай нь
хэвийн ажиллаж байгаа билээ. Энэ жил Оюу толгойн баяжуулах үйлдвэрээс 692
мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэх юм байна. 
Эрдэнэтийн  зэсийн баяжмалаас
давсан хэмжээ гэсэн үг. Өмнийн говиос хил гаргаж байгаа зэсийн баяжмалын орц ч
Эрдэнэтийнхээс өөр. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрээс гарч буй зэсийн
баяжмал мөнгөний хольцтой бол Оюу толгойн зэсийн баяжмал алт, мөнгөний хольцтой
учраас илүү үнэ цэнэтэй. Баяжмалын экспорт хил, гаалийн хүндрэлүүдээс
шалтгаалж  тодорхой хэмжээнд саатаж,
төлөвлөсөн тоонд  хүрэхгүй байсан ч
энэ  оны гуравдугаар  сараас борлуулалт нь  хэвийн болж эхэлжээ. Өнгөрсөн жил Оюу толгой
290 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэсэн гэх статистик бий. Нэг тонн
баяжмалд 25 хувийн зэсийн агууламж бий. Баяжмалын дөрөв хуваасны нэг нь цэвэр
зэс гэсэн үг. Энэ тоог цэвэр зэсэнд шилжүүлбэл 
70.5 мянган тонн зэс үйлдвэрлэсэн гэсэн тоо гарч байна. Харин нэг тонн
зэсийн баяжмалд 773 унц алт агуулагдаж байгаа. Үүнийг өмнөх шиг шилжүүлж
бодвол  102.6 мянган унц гээд ойлгочихож
болно.

Оюу толгойн баяжуулах үйлдвэр
энэ онд 692.3 мянган тонн баяжмал үйлдвэрлэхээс 98.36 мянган тонныг нь
үйлдвэрлээд байгаа аж.  Энэ жил
үйлдвэрлэх баяжмал дахь  цэвэр зэсийн
хэмжээг тооцвол 175.6 мянган тонн гэсэн тоо гарч байна.  Харин баяжмалд агуулагдаж буй алтыг өмнөх
шигээр шилжүүлж тооцвол  771.3 мянган унц
болох нь. Оюутолгойн зэсийн баяжмалд зэс, алтнаас гадна мөнгө агуулагдаж
байгаа. Энэ жил 50 орчим тонн цэвэр мөнгө борлуулах тооцоо гараад буй. Ингээд
тооцохоор Оюу толгой энэ онд 2,6 сая гаруй ам.долларын зэсийн баяжмалын
борлуулалт хийх нь.

Компанийн зүгээс хэвлэлд өгсөн
сүүлийн мэдээллээс анзаарахад Оюу толгой энэ онд 600 мянга орчим тонн баяжмал
экспортолно гэж төлөвлөсөн бололтой. Энэ хэмжээгээр тооцоход л Эрдэнэтээс
давсан хэмжээний зэсийн баяжмал экспортлох юм байна. Эрдэнэт үйлдвэр өнгөрсөн
жил 567 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон гэж мэдээлсэн юм.

Өнгөрсөн оны сүүлээр Оюу
толгойд ажиллаж байсан хүний тоо 2830 байжээ. Үүнээс 2600 нь монголчууд байж.
Харин энэ оны хоёрдугаар сарын 28-ний байдлаар Оюу толгой төсөлд нийтдээ 3064
хүн ажиллаж байснаас 2843 нь монгол иргэд байжээ. Сүүлд гарсан мэдээллээс
үзэхэд Оюу толгой төсөлд одоогийн байдлаар 2800 хүн ажиллаж байгаа аж.

Сонирхуулж хэлэхэд Оюу толгойн
зэсийн баяжмал дахь зэс, алт, мөнгөний агуулгыг Геологийн төв лаборатори
тогтоож байгаа. Засгийн газрын өнгөрсөн оны эхээр гаргасан  44 дүгээр тогтоолоор хөндлөнгийн хяналтын
шинжилгээ хийх ажлыг Геологийн төв лабораторийг түшиглэн хийхээр шийдвэрлэсэн
юм. Геологийн төв лаборатори, Оюу Толгой компани өнгөрсөн оны зургадугаар сард  хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан аж.
Лабораторийн хувьд баяжмалын дээжлэлт,
дээж бэлтгэлт, чийглэг, жин тодорхойлох, зэсийн баяжмал дахь зэс, алт, мөнгө
болон дагалдах бусад элементүүдийн агуулгыг
тодорхойлох шинжилгээ хийх үүрэг хүлээж байгаа. Оюутолгой төсөл эхний дөрвөн
жилийн шаардлагатай  эрчим хүчээ БНХАУ-ын
Өвөр Монголын эрчим хүчний компаниас гэрээгээр худалдан авахаар тохирсон. Ойрын
жилүүдэд Таван толгой дээр барихаар ярьж эхэлсэн цахилгаан станцаас Оюу толгой
төслийн эрчим хүчний хэрэгцээг хангах бодлогыг засгаас барьж байгаа.  Таван толгой цахилгаан станц төслийн нэгж өнгөрсөн  оны тавдугаар сард “Оюу Толгой” ХХК-тай  “Таван толгойн нүүрсний орд газрыг
түшиглэн байгуулах цахилгаан станцын төсөл” хамтын ажиллагааны гэрээг
байгуулсан юм.  “Эрдэнэс Оюу толгой”
компанийн хувьд  Засгийн газартай хамтран
Оюутолгой төслийг дотоодоос урт хугацаанд, найдвартай эрчим хүчээр хангахыг
дэмжин ажиллаж байгаа аж.

Оюу толгойн дээр түшиглэн зэс
хайлуулах үйлдвэр барих асуудал яригддаг. Хөрөнгө оруулалтын гэрээний 3.19-д “Засгийн газраас бичгээр хүсэлт
гаргасан бол Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эхэлсэнээс хойш гурван жилийн дотор хөрөнгө
оруулагч үндсэн үйл ажиллагаанаас
гаргасан ашигт
малтмалын баяжмалын бүтээгдэхүүнийг метал болгох, зэс хайлуулах үйлдвэрийг
Монгол Улсад барих, ажиллуулах эдийн засгийн боломжийн
талаархи судалгааны
тайланг боловсруулна”  гэсэн заалт бий. Уул уурхайн сайд, Эдийн засаг хөгжлийн сайд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын
хамтарсан тушаалаар зэс хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах,
төлөвлөлт хийх зорилгоор байгуулагдсан “Монгол зэс” хөтөлбөр
боловсруулах ажлын хэсэгт компанийн төлөөлөл оролцон ажиллаж байгаа гэнэ.
Хөрөнгө оруулагч талтай энэ чиглэлээр судалгааны төвшинд хамтарч ажиллаад
эхэлжээ.

Сүүлийн үеийн мэдээллээс
харахад Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн савлагааны хэсэг өдөрт 1000 шуудай
баяжмал савлаж байгаа юм байна. Тус бүрдээ 36 тонн баяжмал ачсан 80 машин долоо хоногт хоёр удаа хил давж байгаа гэсэн тоо сонсогдож байгаа. Нэг долоо хоногт 6000
орчим тонн баяжмал экспортолж байгаа гэсэн үг.

Ц.Баасансүрэн

Categories
редакцийн-нийтлэл

Хятадын банк ба Конгрессын болгоомжлол

Хятадын дөрвөн том банкны нэг,
дэлхийн шилдэг аравт багтдаг “Bank of China” Монголд  салбараа нээж магадгүй нь гэсэн мэдээлэл өнгөрсөн
өдрүүдэд олны анхааралд байв. Твиттерчдийн яриа маргааны сэдэв болоод амжсан энэ
мэдээ уг нь бол шинэ сонин биш. Жилийн өмнөөс л хөндөгдөж эхэлсэн сэдэв. Монголд
Хятадын хөрөнгө оруулалттай 6000 орчим аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулдаг, хоёр
орны төв банкуудын солилцох валютын хэмжээ арван тэрбум юаньд хүрсэн, уул уурхай,
үйлдвэрлэлийн том төслүүд яригдаж эхэлсэн гэж ирээд яривал Bank of China манайд
салбараа нээх сонирхол өндөр байж болох олон шалтгаан бий.

Одоогоор гадны ямар нэгэн банк
манайд салбараа нээж ажиллуулах бодитой, үндэстэй мэдээлэл алга. Таамаг сураг бол
бий. Сүүлийн үед хүчтэй яригдаж эхэлснээс анзаарахад оргүй мэдээлэл биш байх гэсэн
гаргалгааг хийчихэж болохоор байгаа.

Гадны банк санхүүгийн салбар Монголд
үүдээ нээвэл ямар давуу талтай юм бол, давуу талуудын цаана сөрөг тал бий болов
уу гэдэг асуулт хэний ч сонирхлыг татна. Эхлээд ямар давуу талтайг харъя. Гадаадын
хөрөнгө оруулалт бараг л хаалгаа барьсан энэ үед гаднаас валют орж ирэх сайн талтай.
Оюу толгой, Таван толгой, цахилгаан станц, хурдны зам зэрэг том төслүүд шил шилээ
даран хэрэгжих гэж байгаа энэ үед гадны банк манайд салбараа нээх нь мэдээж ашигтай.
Одоо бол том төслүүд дан ганц  гадны банк
санхүүгийн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа. Манай банкуудын мөнгө аварга
төслүүдэд хэрэгтэй хөрөнгийн хаана нь ч хүрэхгүй. Бүх банкууд маань хамтраад зээл
өглөө гэхэд л 250 тэрбум төгрөг гаргаж чадна гэсэн тооцоо бий. Гэтэл Оюу толгой
гэхэд л дөрвөн тэрбум ам.долларыг гадны банкуудаас зээлэх тухай ярьж байна. Хэрвээ
манайд аль нэг том банкны салбар ажиллаад том төслүүдийг санхүүжүүлээд эхэлбэл тэр
мөнгө дотоодын зах зээл дээр эргэлдэнэ, үр дүнд нь Монгол компаниуд мөнгөтэй болно,
монгол ажилчид ахиухан цалин авна. Бид валюттай болно. Бас том банкны салбар манайд
татвар төлж эхэлнэ. Төсөвт цуглах мөнгө тэр хэрээр өснө. Ийм давуу тал бий. Гадаадын
томоохон санхүүгийн компаниудын салбарыг нээн хөгжиж чадсан улсууд цөөнгүй байдаг.
Жишээ нь Сингапур. Том банкуудын салбарыг улсдаа нээсэн нь Сингапурыг Азийн санхүүгийн
төв болгосон.

Гадны  том банкны салбар манайд үйл ажиллагаагаа явуулах
нь арилжааны банкуудад ямар давуу талтай вэ гэдэг өнцгөөс харъя. Өнөөдрийн хувьд
бизнес  эрхлэгчид арилжааны банкны хүү дэндүү
өндөр гэж ам уралдуулдаг. Жилийн гуч гаруй, наашиллаа гэхэд хорь орчим, арван долоон  хувийн зээл бол бизнесээ дажгүй хэмжээнд аваад
явахаар нөхцөлтэй  мөнгө биш. Хэрвээ гадны
банкууд салбараа нээвэл зээлийн хүү тэнгэрт хадсан чигээрээ байхгүй. Цаашлаад үйлчилгээний
стандарт энэ тэр нь нүдэн дээр өөрчлөгдөөд ирнэ. Өрсөлдөөний шинэ орчин бүрдэхээр
зээлийн хүү буурч, манай арилжааны банкуудын стандарт ч дагаад дээшлээд ирнэ гэдэг
бол бодитой давуу тал.

Монголд өнөөдөр гадны дөрвөн банкны
төлөөлөгчийн газар ажиллаж байна. Хамгийн эхлээд төлөөлөгчийн газраа нээсэн нь Нидерландын
“ING group”-ийн охин компани ING банк. 40 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг энэ
банк дэлхийн санхүүгийн топ 25 байгууллагын нэг. Өөрийн хөрөнгө нь 40 тэрбум гаруй
евро, зуун мянга гаруй ажилтантай. Хөрөнгө оруулалт, санхүүгийн зөвлөх үйлчилгээ
үзүүлдэг. Мөн Английн “Standart Chartered” банкны төлөөлөгчийн газраа ажиллуулдаг
70 гаруй улсын нэг нь Монгол. Үйлчилгээний чиг нь ING-тэй адилхан. Дэлхийн 40 гаруй
оронд 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан санхүүгийн төрөл бүрийн бүтээгдэхүүн,
үйлчилгээг харилцагчдадаа хүргэдэг Японы дэлхийд тэргүүлэх санхүүгийн нэгдэл болох
MUFG-гийн охин компани болох “Токио-Мицүбиши банк”-ны төлөөлөгчийн газар манайд
ажилладаг. MUFG-г зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгчдийн нэг, дэлхий дамнасан
хүчирхэг санхүүгийн нэгдэл гэдгээр санхүүгийн зах зээлийнхэн андахгүй.

Төлөөлөгчийн газраа ажиллуулдаг
өөр нэг банк нь Bank of China. Хятадын 32 муж, 31 улсад үйл ажиллагаа явуулдаг.
Зах зээлийн үнэлгээ нь 540 тэрбум ам.доллар, салбарынх нь тоо 11 мянгад ойртож очсон
гэх статистик бий. Энэ  банкны Монгол дахь
төлөөлөгчийн газар олон улсын кредит, банкны консорциум, импорт, экспортын зээл
авах, санхүүжилтийн бус баталгаа гаргуулах харилцагчийг төвтэйгээ холбох үйлчилгээ
үзүүлдэг. Гэхдээ уул уурхайн томоохон төслүүдэд хөрөнгө оруулах, санхүүгийн зөвлөгөө
өгөх зорилгоор Монголд төлөөлөгчийн газраа нээсэн гэх таамаг байдаг.

Манайд төлөөлөгчийн газраа ажиллуулдаг
энэ банкуудыг харахаар бүгд л дэлхийд эхэнд давхидаг томчууд. Одоогоор Bank of
China л салбараа нээх сонирхолтой гэсэн дүр зураг харагдаж байгаа. Бусдынх нь хувьд
төлөөлөгчийн газраараа ажиллах сонирхолтой гэсэн таамгийг шинжээчид хэлдэг. Гадны
том банк манайд салбараа ажиллуулж эхэлбэл ямар давуу талтайг өмнө өгүүлсэн. Тийм
учраас Bank of China манайд салбараа нээх нь бидэнд ямар нөлөө үзүүлэх вэ, ямар
бодлогоор Монголыг онцлох болов гэсэн өнцгөөс энэ асуудалд анхааръя.

АНУ-ын Конгрессын судалгааны байгууллагаас
жил гаруйн өмнө нэг судалгаа хийж дэлгэрэнгүй тайлан гаргажээ. “Хятадын банкны систем:
Конгресст хамаарах сэдвүүд” гэсэн гарчигтай. Судалгаанд анхаарал татахаар хэсэг
хэд хэд байсан учраас онцолмоор санагдсан юм. Эхний хэсгийг нь жишээ татъя. “Дэлхийн
банкуудын хувьд хувийн хэвшил голлож буй энэ үед Хятадын банкны системд том өөрчлөлт
орж эхэлсэн. Хятадын Засгийн газар ихэнх банкаа төрийн шууд хамааралтай болгож байна.
Хэдийгээр Хятад банк санхүүгийн реформ хийж, банкуудаа зах зээлийн зарчмаар ажиллуулахыг
зорьж эхэлсэн ч төрийнх нь зүгээс банкуудынхаа үйл ажиллагаанд хүчтэй нөлөөтэй хэвээр
байгаа. Хятадын Засгийн газар эдгээр банкуудыг ашиглаж тодорхой компаниудад зохистой
бус дэмжлэг үзүүлж байна. Хятадын зах зээл рүү орж ирсэн гадны банк, санхүүгийн
байгууллагуудыг шударга бус байдлаар шахах бодлого явуулж эхэллээ” гэжээ. Эндээс
харахад Bank of China манайд салбараа нээвэл лав л хоёр төрлийн эрсдэл байх шиг.
Эхний эрсдэл нь нэр бүхий  хэдэн компани,
хэд хэдэн төслийг л дэмжих. Мэдээж Хятадын төрийн бодлогыг хэрэгжүүлэхүйц төслүүд
цааш хөдлөх мөнгөтэй болно гэсэн үг. Санхүүгийн салбартаа орж ирсэн гадны банк,
санхүүгийн байгууллагыг шударга бусаар шахаж эхэлсэн  гэсэн агуулгатай өгүүлбэрээс нэг гаргалгаа хийж
болохоор байна. Манайд орж ирээд чөлөөт өрсөлдөөнөөр биш ийм хандлагаар ажиллавал
зах зээлийн жамаараа хөгжиж яваа банк, санхүүгийн байгууллагуудад сөргөөр нөлөөлөхгүй
гэх газаргүй.

Конгрессын судалгааны байгууллагын
тайлангаас анхаарал татсан дараагийн өгүүлбэрийг сонирхуулъя. “Америкийн Конгрессын
хувьд Хятадын банкны системтэй холбоотой хоёр асуудал анхаарал татаж байна. Нэгдүгээрт,
Хятадын банк санхүүгийн байгууллагын зүй 
бус дэмжлэг, тэр дундаа улсын компаниудад өгч буй зүй бус дэмжлэгийг анхаарах
хэрэгтэй. Хоёрдугаарт, Хятад Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ
биелүүлэхгүй, гадаадын банк санхүүгийн байгууллагыг шахаж хавчих бодлого явуулж
байна” гэжээ.Конгрессын судалгааныхан зүй бус дэмжлэг, зах зээлийн зарчмаас хазайсан
шахалтыг нь тайландаа хэд дахин онцолсон байна лээ. Зарим талаараа бидний хувьд
ч анхаарч харахаар өнцөг.

Манайд хамаатай байж болох нэг
өгүүлбэр тайланд тодоос тод дурайж байна. “Хятадын Засгийн газар банкуудаараа  стратегийн чухал ач холбогдолтой байгалийн нөөц
баялаг руу хөрөнгө оруулалт хийлгэж, ийм чиглэлд нөлөөтэй болгоход түлхүү анхаарч
эхэлсэн гэж зарим судлаачид үзэж байна. Хятадын мөнгө зээлүүлэх туршлага нь олон
улсын зах зээл дээр өөрийн улсынхаа компаниудыг шударга бусаар дэмжиж шударга бус
давуу талыг олгож байна гэж үзэх судлаач ч бий” хэмээн тайланд онцолжээ. Bank
of China манайд салбараа нээлээ гэхэд том төслүүдийг санхүүжүүлнэ, том төслүүд нь
уул уурхайд л бий. Барьцаа нь мэдээж уул уурхайн  нөөц ихтэй ордууд.  Эрсдэлтэйг нь мэдсэн ч санхүүжилт олгож манай
том ордуудыг мэдэлдээ авах нь гэсэн болгоомжлол сүүлийн үед гарах болсон. Конгрессын
судалгааны байгууллагын тайланд онцолсон дээрх өгүүлбэрээс харахад бодитой болгоомжлол
байж мэдэх юм. Тэгэхээр Bank of China Монголд 
салбараа нээх хүсэлт тавилаа гэхэд 
бидэнд ашигтай, ашиггүй, эрсдэлтэй, эрсдэлгүй аль аль талаас нь тунгааж бодож
байж эцсийн шийд гарах байх.

Хятадын банкуудыг эзэмшлийнх нь
хувьд дөрөв ангилдаг юм билээ. Эхнийх нь улсад бүтнээрээ харьяалагддаг буюу зуун
хувь төрийн өмчийн банк. Дараагийнх ньулсад бүтнээрээ харьяалагдаж байсан ч одоо
хамтарсан хувьцаа эзэмшигч маягаар үйл ажиллагаагаа явуулдаг банкууд.  Ийм банкуудын хувьцааны ихэнх хувийг Хятадын Засгийн
газар эзэмшдэг. Гуравдугаарх нь дотоодын хэд хэдэн банкны нэгдэл. Голлох хувьцаа
эзэмшигч нь манайхаар бол аймаг, дүүргийнх нь захиргаанууд. Дөрөв дэхэд нь Засгийн
газрын эзэмшил харьцангуй бага банкууд ордог юм байна. Учир нь энэ банкууд Хятадын
банкны системийн реформын дараа байгуулагджээ. Нөгөө гурваа бодвол хувийн гэдэг
шинж нь илүү тод гээд ойлгочихож болно. Bank of China-гийн хувьд хоёрдугаар ангилалд
нь багтана. 1912 онд Хятадын Засгийн газрын байгуулж байсан банк. Өдгөө Хятадын
Засгийн газар энэ банкны хувьцааны 67,53 хувийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл төрийн шууд
хамааралтай ажилладаг банкуудын нэг.

Конгрессын судалгааны байгууллагын
тайлангийн анхаарал татсан дараагийн өгүүлбэрийг ишилье. “Өмнө нь улсынх байгаад
өнөөдөр хагас хувьчлагдсан банкууд хэдийгээр зах зээлийн зарчмаараа ажиллаж байгаа
ч төв Засгийн газрынх нь нөлөө их. Энэ банкуудын захирлуудын зөвлөл, удирдах түвшний
хүмүүсийг Коммунист намын зохицуулах хорооноос шууд томилдог. Төв Засгийн газар,
намаас томилогддог гэсэн үг. Тийм ч учраас банкны удирдах ажилтнуудын карьер томилсон
хүмүүсийнх нь үнэлэмжээр шийдэгддэг. Банкны хувьцаа эзэмшигчдээс илүү Төв Засгийн
газрын нөлөө хүчтэй байдаг. Зарим баримтаар төв Засгийн газрын агентлагууд банкны
удирдлагуудад шууд шахалт үзүүлж, тодорхой хөрөнгө оруулалтын төсөл, хөрөнгө оруулалтын
зээл болон бусад үйлчилгээ үзүүлэхийг шахдаг” 
гэж тайланд онцолжээ. Манай хувьд бодохоор л асуудал.

Ц.БААСАНСҮРЭН