Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн нүүрсний экспорт сэргэж эхэлжээ

-“Эрдэнэс Таван толгой” урд хөрш рүү хоногт 300-400 машин нүүрс тээвэрлэж байна-

Сүүлийн үед эрс унасан нүүрсний борлуулалт өнгөр­сөн сараас илт сэргэчихэж. “Эрдэнэс таван толгой”-н Баруун Цанхиас  гэхэд л тавдугаар сард 576 мянган тонн нүүрс урд хөрш рүү  тээвэр­лэжээ. Өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд эдний компани ердөө 100 мянган тонн нүүрс борлуулж байсан бол он гараад эхний гурван сард нэг сая тонн нүүрс экспортолсон байна. 

Биднийг “Эрдэнэс таван толгой” дээр очиход баруун Цанхийн орд дээр олборлолт ид явагдаж байлаа. Өмнө нь очиход эл хуль байсан уурхайд аварга машин техник бужигнаж эхэлжээ.  Нүүрс ачсан машинууд тасралтгүй цувцгаана.  “Эрдэнэс таван толгой” компанийн ордоос өдөрт 300-400 машин тээ­вэр­лэлт хийж байгаа аж. “Баруун Цанхи дээр тээвэрлэлтийн машин дахиад ч хэрэгтэй байна” гэж уурхайн захирал Н.Ням­гэрэл ярилаа. Уул уур­­хайн салбарт 15 жил ажил­ласан ашиглалтын инженер энэ залуу өмнө нь уран, нүүрс, алтны ордуу­дад ажиллаж байж. Австралид мастер хам­гаалаад иржээ. Энэ жилээс уурхайн захирлаар ажиллаж эхэлжээ. 

“Эрдэнэс Таван толгой”-д тээвэрлэлтийн найман ком­пани ажилладаг юм бай­на. “Монголын үндэсний олборлогч”, “Хишиг арвин”, “Мера” компаниудын хамтар­сан “Монгол уурхайчин” нэгд­лийн олборлолт явуулж буй баруун Цанхиас 100 тонноос дээш даацтай машинд нүүрс ачиж байгаа гэнэ. Харин Зүүн Цанхиас буюу “Чалко”-гийн өрөнд өгдөг нүүрсийг 70 тоннын даацтай машинууд тээвэрлэдэг аж. Зүүн Цан­хийн нүүрсийг “Энержи ре­сурс”-ийн барьсан засмал замаар тээвэрлэдэг юм. Замын даа­цаас шалтгаалж ийм хязгаар тавьжээ. Одоогоор “Энержи ресурс”, жижиг Таван толгойн борлуулалт сайнгүй хэвээр учраас замын ачаалал бага байгаа аж. 

Н.Нямгэрэлийн хэлснээр баруун Цанхи дээр олбор­лолтыг нэмэгдүүлэхэд ямар ч асуудал байхгүй гэнэ.  Зүүн Цанхийн хувьд техникийн бэлэн байдал муу гэсэн шалтгаанаар асуудал гарч байгаа гэсэн тайлбар хэлэв. Олборлолт эрчимтэй явагдаж байгаа нь Баруун Цанхи юм байна. Олборлолтын зардал 25-30 ам.доллар орчимд хэлбэлзэж байгаа аж.  

Одоогоор “Эрдэнэс Таван толгой”-н  агуулахад 2.5 сая тонн нүүрс хадгалагдаж байгаа гэж уурхайн захирал онцлов.  Гаргахад бэлэн нөөц нь 1.5 сая тоннд хүрчээ. Он гарсаар олборлосон хоёр сая гаруй тонн нүүрснийхээ талыг нь борлуулсан гэсэн мэдээг бидэнд дуулгасан юм. 

Оны эцэс гэхэд 10-11 сая тонн нүүрс зарна гэсэн тооцоо гарчээ. Энэ оны төсөвт 30 гаруй сая тонн нүүрс зарж мөнгө олно гээд тусгачихсан гээд бодохоор эдний компани Монголын компаниудын экс­порт­­лох учиртай нүүрсний гуравны нэгийг нь л лав зарчих болол­той.

Шинэ мэдээ дуулгахад “Эрдэнэс Таван толгой” энэ долоо хоногт “Шинхуа”-д нүүрсээ зарж эхлэхээр болж. Ерөнхий сайдын урд хөршид хийсэн айлчлалын үеэр “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд  хорин  жилийн хугацаанд нэг тэрбум хүртэлх тонн нүүрсийг “Шинхуа энержи” компанид нийлүүлэхээр тохиролцсон юм. Энэ тохиролцооны эхлэл болгож “Эрдэнэс-Тавантолгой”  “Шинхуа”-д энэ сард  450 мянган тонн нүүрс нийлүүлэхээр болсон билээ. Нэг тонн нүүрсийг “Цагаан хад”-ны нөхцөлөөр буюу 48.5 ам.доллараар нийлүүлэхээр тохиролцжээ. Тус компани одоогийн байдлаар  нэг тонн нүүрсийг уурхайн амны нөхцөлөөр 35 ам.доллар,  Цагаан хадны  нөхцөлөөр 48.5 доллар, Ганц модны нөхцөлөөр 57 ам.доллараар нүүрсээ худалдаж байгаа аж. “Шинхуа”-д тавдугаар сард нийлүүлэх нүүрсний  нийт төлбөр нь  21.8 сая доллар болж байгаа гэнэ. Энэ төлбөрийн 17.4 сая ам.доллар нь “Эрдэнэс Таван толгой”-н дансанд оржээ. Тус компанийнхан энэ наймааг “Шинхуа”-тай хийх худалдааны зөвхөн эхлэл нь хэмээн ярьж байв. Нүүрсний үнэ хэлбэлзэлтэй байгаа учраас цаашдаа сар бүр тохироод явахаар ярьжээ. 

“Эрдэнэс Таван толгой” он гарсаар “Шинхуа”-тай нийлээд урд хөршийн найман компанитай нийтдээ 4.25 сая тонн нүүрс нийлүүлэхээр тохиролцжээ. Нэг тонныг нь хамгийн багаар буюу 35 ам.доллараар зарна гэж бодоход ойрын үед 150-160 сая ам.долларын борлуулалтын орлого олох боломжтой гэсэн тооцоог компанийнхан гаргажээ. 

Н.Нямгэрэл “Нэг үеэ бодвол борлуулалт илт сэргэсэн учраас цаашдаа үйл ажиллагаагаа эрчимжүүлээд явах боломжтой болж байна” хэмээн ярив.

Баруун Цанхи дээр олборлолт явуулж байгаа үндэсний олборлогчид цалин цуух, төлбөр мөнгөө аваагүй гэсэн шалтгаанаар өнгөрсөн дөрөвдүгээр сард ажил хаясан ч одоо байдал хэвийн болсон гэнэ. Компанийн зүгээс төлбөрийнх нь ихэнхийг барагдуулж тохироо хийжээ.   

Таван толгойд олборлолт явуулдаг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, “Таван толгой” компаниуд “Шинхуа”-тай хамтарч хил хооронд төмөр зам барихаар тохирсон. Одоогоор 51 хувийг нь манай гурван компани, 49 хувийг нь “Шинхуа” эзэмших “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компани байгуулаад буй. Төмөр замын зураг төслийн ажил хийгдэж байгаа аж. Энэ сардаа багтаагаад бүтээн байгуулалтын ажлыг нь  эхэлчих байх гэсэн тайлбарыг “Эрдэнэс Таван толгой”-нхон өгч байв. Бүтээн байгуулалт нь эхэлчихвэл хагас жилийн дотор хил дамнасан 18 км төмөр зам баригдах нь. Төмөр зам ашиглалтад орсноор жилд 20 сая тонн нүүрс тээвэрлэх боломж нээгдэх юм. Ачааны машинаар хил дамнуулан тээвэрлэлт хийхэд 8-9 ам.долларын өртөг гардаг бол төмөр зам барьсны дараа тээвэрлэлтийн зардал 5-6 ам.доллараар буух боломжтой гэсэн тооцоо гарчээ. 

“Эрдэнэс таван толгой” нүүрсээ “Энержи ресурс”-ийн баяжуулах үйлдвэрт угааж илүү үнэ хүргэн зарна гэж төлөвлөөд ажиллаж байгаа. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй гэнэ. Хоёр талаас ижил хэмжээний нүүрс нийлүүлж хамтарч угаагаад Хятадын зах зээл дээр хамтран зарах гэрээний төсөл ТУЗ-ийнх нь түвшинд яригдаж эхэлжээ. Тус компани Японы “Нагата инженеринг” компанитай хамтран элс ашиглан хуурай аргаар нүүрс баяжуулах технологийг туршиж үзэхэд амжилттай болсон талаар салбарын яам нь мэдээлж байсан. Туршилтыг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Үйлдвэрээ барьтал “Энержи ресурс” компанийн баяжуулах үйлдвэрийг хамтран ашиглахаар төлөвлөөд байгаа гэнэ. 

Таван толгойн хоёр Цанхи ирэх аравдугаар сард нийлчих юм билээ. Зүүн Цанхи 80 метр,  Баруун Цанхи 50 метр гүнтэй байгаа юм байна. Хуулиараа ашигт малтмалыг бүрэн ашиглах үүрэгтэй учраас Таван толгойн орд дээр ажиллаж байгаа компаниудын эзэмшиж буй хэсэг энэ маягаар хоорондоо нийлэх бололтой. 

Зүүн Цанхиас нүүрс авдаг “Чалко”-гийн борлуулалт хүндэрч нүүрс авахаа хязгаарласан янзтай байгаа учраас манай улс өрөө бүрэн дарж дуусаагүй байна. Гэхдээ “Чалко”-гийн зүгээс Зүүн Цанхийн нүүрсийг өөр компаниудад борлуулж өрөө дарах боломж олгожээ. Өмнө нь ийм боломж олгодоггүй байж. Борлуулалт илт сэргэсэн учраас хоёр Цанхиасаа зэрэг олборлож өрөө дарж, ашиг олох боломжтой гэж тус компанийнхан ярьж байв. Уг нь “Чалко” компанитай хийсэн гэрээний дагуу бол “Ганц мод”-ны нөхцөлөөр Зүүн Цанхиас нүүрс нийлүүлэх үүргийг манай улс хүлээгээд байгаа юм. Одоо бол уурхайн амны, Ганц модны, Цагаан хадны гээд гурван нөхцөлийн алинаар нь ч нүүрсээ зарах боломж нээгджээ. “Эрдэнэс Таван толгой”-д  Өмнөговь аймгаас 120 гаруй, Цогтцэций сумаас жар гаруй хүн ажилладаг гэсэн статистикийг тус компанийн Захиргаа, хүний нөөцийн газрын дарга С.Ганболд хэлж байлаа. 

Дашрамд дурдахад Таван толгойн  ордоос хэдхэн километрийн зайд байрлах Өмнөговийн Цогтцэций сумынхны нэг өрхийн доод талын орлого гэхэд л 500-700 мянган төгрөг байдаг гэнэ. Дээшлээд гурван сая хүртэл орлоготой өрхүүд ч олон бий гэсэн. Гудамж талбайгаар нь хөлхөлдөх машины ихэнх нь жип, “Бродвэй”, “Модерн номадс” зэрэг том сүлжээнүүдийн салбар аль хэдийн нээгдсэн, дэлгүүр, бар, ресторан нэлээд хэд, төвд байрлах хоосон хашаа нэг өрөө байрны ханшаар үнэлэгдсэн гэж ирээд яривал уул уурхай дагасан Цогтцэцийгийн бусад сумаас ялгарах онцлог их. “Энержи ресурс”-ын ажилчдын хотхон гэхэд хажууханд нь нээгдсэн “Орчлон” сургууль, цэцэрлэг, үйлчилгээ энэ тэртэйгээ  нийлээд бараг хороолол болчихож. Цогтцэций муухан аймгийн төвөөс том сум болжээ. Сумын урагшаа коксын үйлдвэр байдаг юм билээ. Нүүрсний зах зээл оргил үедээ байх цагт компаниуд тэр үйлдвэрт нүүрсээ аваачаад коксжуулж дажгүй үнээр зарчихдаг байж. Харин одоо бол үйлдвэрийн ажил зогсчээ. Удахгүй бүтээн байгуулалтын ажил нь эхлэх төмөр замын бетон дэрний үйлдвэр байгуулагдаж байгаа гэж нутгийн иргэд олзуурхан ярьж байсан. Сонирхуулж хэлэхэд Цогтцэцийд  шилжин ирж буй хүмүүсийн тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа гэж Засаг дарга нь онцолсон. Сумын иргэд жилд 17-18 хувиар өсч байгаа гэнэ. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Жинхэнэ аз жаргал

Буддын ухаанд “Эсрэг тэсрэг мэдрэмж хэзээ ч зэрэг төрдөггүй” гэсэн философи бий. Уурлаж бухимдсан хүнд хэзээ ч энэрэл төрдөггүй,  хайр энэрэл сэтгэлийн гүнээс ундарсан агшинд уур цухалд орон зай байдаггүй гэсэн санаа л даа. Нэг ийм домог бий. Ад чөтгөрүүд бурхан багшийг хөнөөхөөр нум харваж л дээ. “Чөтгөрүүдийн харвасан сум бүр бурханы  биед хүрэлгүй цэцэг болон хувирч дэлбээлсэн гэдэг. Учир нь тэр үед Будда энэрэн нигүүлсэхүйн сэтгэлийг бясалгасан юмсанжээ” гэж домогт өгүүлдэг.  Энгийнээр ухвал ямар ч хүчтэй сөрөг зүйлийг эерэгт урвуулах онцгой шид хайранд бийг үлгэрлэсэн хэрэг. Бидэнд ч ийм хүч бий. Сэтгэлээ хайраар дүүргэж, зүрхний гүнээсээ хайр оргилуулж чадвал уур, бухимдал, атаа, зэвүүцэл ер хатуу хөтүү юунд ч үл ажрах хүчийг олно. Сэтгэлд нь нар гийсэн хүн  хэнд ч хатуу үг хэлэхгүй. Хэн рүү ч муухай харахгүй, дэргэдээ байгаа хүмүүст элдэв муу зан гаргахгүй. Ийм хүн рүү бас хэн ч муухай харахгүй. Эерэг сэдэл эерэг хандлагыг төрүүлнэ гэж үүнийг л хэлээд байгаа юм. Хүнийг бухимдуулахгүй, өөрөө ч бухимдахгүй амьдрах л жинхэнэ аз жаргал. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баялаг бүтээгчдийнхээ эцсийн зоосыг шавхах социалист уралдаан

Татварын байцаагчдыг орлогын төлөвлөгөөгөө давуулан биелүүлбэл мөнгөн дүнгийнх нь 30 хувьтай тэнцэх төгрөгөөр шагнадаг гэнэ. Мөнгөнд дургүй хэн байхав. Бүгд л орлогын төлөвлөгөөгөө ахиулан биелүүлэх социалист уралдаанд улаан тугаа ман­дуулаад идэвхийлэн оролцдог байж таарна. Төр нь “Бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн эцсийн ганц зоосыг ч үлдээлгүй сэгсэр” гэсэнтэй агаар нэг урамшуулал амлачихаар ёстой нэг дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж гардаг гэ¬дэгт эргэлзэх юм алга. Чө¬лөөт зах зээлийн энэ цагийн өнгөнд бол ойлгохын аргагүй урамшуулал. Татварын бай­цаагч­дад хэдэн саяар нь өгч байгаа урамшууллыг эрхэм төр халааснаасаа мөнгө гаргаад өгнө гэж байхгүй. Тэгээд ч төрд мөнгө байхгүй. Мөнгө олдог, баялаг бүтээдэг газрыг төр гэдэггүй, компани гэдэг. Төр бол баялаг бүтээгч¬дийнхээ мөнгөөр амь зуудаг л нэг байгууллага. Сургууль, цэцэрлэг шиг. Тэгэхээр со¬циа­лист уралдаанд ялсан байцаагчдыг баялаг бүтээгч¬дийн, та бидний олсон хэдээ¬сээ өгсөн мөнгөөр шагнадаг  гэсэн үг. 

 Гэтэл улсын төсөвт олс­ны¬хоо овоо хэдийг өгч төрийг түмэнтэй  юутай хээтэй нь тэжээж байгаа татвар төлөгчдөд ямар урамшуулал байдаг билээ.  Үсрээд л тат­варын байгууллагаас шилдэг татвар төлөгч гэсэн жаазтай бичиг өгдөг. Өөр урамшуулал энэ тэр огт байдаггүй. Ха­рин ч урамшуулахын оронд шийтгэхээ нэгдүгээрт тавьдаг нь нууц биш. Сүүлийн жи¬шээ гэхэд л АТГ-ын хар дан­санд орсон бизнесмэний тоо гэрлийн хурдаар өсч байгаа. Иргэд нь “муусайн баячууд” гэсэн соц үеийн сэтгэлгээнээсээ одоо ч салаагүй. 

Зах зээл хөгжсөн, тэр жа¬маараа дажгүй урагшилж яваа улсуудад бол бизнесмэнүүдээ дэмжсэн бодлого явуулдаг. Татвар дээр гэхэд л айхавтар улсууд бизнесээ эхэлж яваа хэддээ өсч томрох боломж өгдөг. Нөгөөдүүл нь томорч чадвал улс нь ядах юмгүй сэхээд ирнэ гэдгийг мэддэг учраас тэр.  Гэтэл манайд эсрэгээрээ компани байгуулж бизнес эхэлсэн цагаасаа төрийн төмөр нүүртэй тулдаг. Уг нь манайх шиг зах зээлийг сонгосон улсад татварыг  бизнесээ дэмжсэн тэтгэсэн агуулгаар хөгжүүлдэг юм билээ. Хөгжингүй орнуудыг хараад байхад татвар дээр үр хүүхдээ хайрлаж өсгөснийхөө дараа хариуцлага нэхдэг  эцэг, эхийн хандлага, жишгийг барьдаг юм билээ. 

Тэгэхээр татвар дээр сэт­гэл­гээгээ өөрчлөх цаг болжээ. Эхлээд татвар төлөгчдөө дайсан мэт харахаа больё. Төр, түмний  хэн хэн нь. Адалж харж, байцааж шийт¬гэхийнхээ оронд улсын хөгж¬лийг нуруундаа авч яваа, төр, түмнийг тэжээж байгаа баялаг бүтээгч гэсэн өнцгөөс харж яагаад болохгүй гэж. Тэгж байж л улс хөгждөг. Ингэхгүйхээр урагшилсан түүх цэнхэр гаригийн хаана ч байдаггүй. Шагнадаггүй юмаа гэхэд хамгийг нь хамах социалист уралдаанаа ядаж болимоор байх юм. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зам салаалаг байснаас ухаалаг байсан нь дээр

Утас, телевиз гээд бүх зүйл ухаалагжсан энэ үед төр хүртэл ухаалаг болно гэж яриад эхэлсэн. Яг одоо ухаалаг болгохоос аргагүй  нэг зүйл байна. Тэр нь машин явдаг засмал зам. Сүүлийн үед тавьж байгаа замууд нэг л биш ээ. Бүр даанч яав даа гэмээр сонин сонин замууд хаа сайгүй. Ямар ч хэрэггүй, хэн ч явдаггүй газарт зам бариад байх юм. Уг нь зам барина гэдэг тоглоом биш. Өчнөөн тэрбум төгрөгөөр бүтдэг эдийг хэн нэг нь дээшээ харж байгаад тавиад байж боломгүй санагдана. 

Зуунмод Улаанбаатар чиглэлийн засмал  замыг Мэргэжлийн хяналтынхан “Ашиглаж болохгүй” гээд бүр тусгайлан дүгнэлт гаргасан байна лээ. Өнөөдөр тэр замаар машин цувсаар байгаа. Явахаас аргагүй гол замуудын нэг болохоор аюултай гээд хаана гэж юу байхав. 

Налайх Зуунмодыг холбосон шив шинэхэн нэг зам байна аа. Тэр замаар өдөрт хаа нэг ганц, хоёрхон машин л явдаг. Яах гэж барьсан нь ойлгомжгүй. Яаж ч бодоод эдийн засгийн ашиг харагдахгүй нэг хачин зам тэнд байна.  Гэтэл Налайх Улаанбаатарыг холбосон зам баригдаад хэчнээн жил болсон билээ. Лав л дөчөөд жил болж байгаа. Гар хүрч засч янзалсан юмгүй тэр замаар өдөрт хэдэн зуун машин зорчдог. Өглөө ажил эхлэх, орой тарах үед бол машинууд Налайх хүртэл түгжирдэг болсон. Налайхаас нийслэлд ажил хийдэг хүн жилээс жилд нэмэгдэж байгаа болохоор цаашдаа бүр ч олон машин цувна. 

Шуудхан хэлэхэд Налайхын зам өнөөдөр хүн алдаг зам болчихсон.  Нарийхан гэж жигтэйхэн энэ замын энхэл донхол, нүх энэ тэр бол бүр дэндсэн. Энэ замаар нүүрс ачсан портер тасралтгүй цувж байдаг. Налайхад амьдраад хотын төв рүү ажилладаг улс  өдөр бүр өглөө, оройд зорчоостой. За тэгээд зун болохоор олширдог Цонжин болдог, Тэрэлжийг зоригсод байна. Тэд мөн л Налайхын “алуурчин” замаар зорчдог. Нарийнхан зам дээр хурдлах машинууд засвар зай гарвал л нэгнийгээ гүйцэж түрүүлэх гэнэ, өөдөөс нь явж байгаа нь бас хурдан явах гэж булталзаастай. Налайхын зам дээр гардаг ослууд нэг иймэрхүү шалтгаантай. Энэ зам дээр долоо хоног бүр хүн амиа алддаг гэсэн тоо бий. Саяхан гэхэд л өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гэсэн жижиг машин өмнөөсөө ирж байсан портертой мөргөлдсөнөөс болж урд талынх нь суудал дээр хүүгээ тэврээд сууж явсан бүсгүй амиа алдсан. Ээждээ тэврүүлсэн хэдхэн сартай нялх ч эндсэн. Ийм сэтгэл эмзэглүүлсэн ослууд өчнөөн гараад байхад өнөөдрийг хүртэл Налайхын замд санаа зовсон хүн алга. 

Жилд нэг л удаа, тодруулж хэлбэл наадмаар явдаг зам байна. Тодруулж хэлбэл Хүй долоон худгийн зам. Тэнд нэг биш бүр нэжгээд зам барьчихсан. Хүй долоон худаг руу очдог зам гэхэд л дөрөв. Хойшоо нь уруудаад Рашаант ордог нэг зам бий. Тавын таван замыг жилд ганцхан удаа ашиглахын тулд тавьсан байх юм. Эрх мэдэлтэй улсуудын хувийн хүслээр баригдсан уу, цөөхөн хэдэн хүний эрх ашиг нөлөөлөөд ийм олон замд өчнөөн мөнгө зарсан уу бүү мэд. Өөр ч шалтгаан байж мэдэх юм. 

Уг нь зам гэдэг аль болох олон машин цувж л байвал ашгаа өгнө. Толийсон сайхан засмалаар салхи татуулах машинууд элэгдэж сүйд болохгүй. Тэр хэрээр эзнийхээ хэтэвчин дэх хэдийг хэмнэнэ. Зөв газраа барьсан саадгүй замаар түмэн амьтан холхино.  Дэлгүүрийнхээ барааг татах нь татаж, байшин барих нь барилгын материалаа зөөж, аймгийн төвд  үйлдвэр ажиллуулдаг нь бүтээгдэхүүнээ хотод авчирч мөнгө болгож, зам дагуу байгуулсан үйлчилгээний газрууд нь хөөрхөн мөнгөжинө. Монголын хөдөөг зорих жуулчдын тоо ч зам баригдах хэрээр нэмэгдэнэ. Хөвсгөлд гэхэд л далай үзэхээр гарсан жуулчин энхэл донхолтой хэцүү замаас нь болж нисдэг тэрэг дуудаад уйлж буцсан жишээг жуулчин тээвэрлэдэг нэг жолооч ярьж байсан. Хэрвээ Хөвсгөл хүртэл жирийсэн саадгүй замтай байсан бол өнөө уйлж буцдаг нөхөр далай үзчихээд дараа жил нь дотны хэдэн хүндээ Монголын Хөвсгөл рүү очихыг зөвлөх л байсан. Зам эдийн засгийн хөгжилд хэрэгтэй гэж яриад байдаг нь ийм учиртай. 

Тэгэхээр одоо замаа салаалаг биш ухаалаг л болгомоор байна. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Бүх гүйлгээг дансаар хийдэг болчихвол үл хөдлөх хөрөнгө биш данс барьцаалах боломжтой

-БОДЛОГО НЬ
ХЭРЭГЖЭЭД ЭХЭЛЧИХСЭН УЧРААС АМ.ДОЛЛАРЫН ХАНШ ТОГТВОРЖИНО-

Төрийн банкны гүйцэт­гэх захирал Д.Батсайхантай ярилцлаа.

 -“Хадгаламж”
банкийг Төрийн банкинд шилжүүлээд бараг жил болох гэж байна. Тухайн үед
шүүмжлэх хүн олон байсан. Ер нь энэ алхам хэр зөв шийдэл байсан гэж та боддог
вэ?

– Өнгөрсөн оны  долдугаар
сарын 22-нд Хадгаламж  банкийг Төрийн
банк руу шилжүүлэх болсон нь түүхэн шийдвэр байсан гэж боддог. Өмнө нь
арилжааны банкууд бие биедээ нэгдэх, шилжих процедур олон удаа болж байсан ч
Хадгаламж банкны хувьд Монголбанк асуудлыг түрүүлж харж, хүндрэхээс нь
өмнө  арга хэмжээ авч чадсан. Үр дүн нь ч
сайн байгаа. Би танд хэр зөв шийдвэр байсныг хэдхэн тоогоор хэлье. Төрийн банк
руу Хадгаламж банк  шилжсэний дараахан
1.2 их наяд төгрөгийн  активтай байсан.
Гэтэл одоо манай банкны актив 1.9 их наяд төгрөгт хүрлээ. 60 хувиар өссөн гэсэн
үг. Татан төвлөрүүлсэн хөрөнгийн  хэмжээ
гэхэд л  50 гаруй хувиар өссөн. Төлбөр
түргэн гүйцэтгэх чадвар 45 хувьд хүрч монголбанкны  шалгуур үзүүлэлтийг 80 гаруй хувиар давуулж
биелүүллээ.

-Хадгаламж
банкийг нэгтгэхээс өмнө Төрийн банк хэр ашигтай ажиллаж байсан бэ. Банкууд
нэгдсэний дараа хэр хугацааны дараа ашигтай ажиллаж эхэлсэн бол?

 -Хадгаламж банкийг
шилжүүлэх шийдвэр гарахаас өмнө Төрийн банк 
сардаа нэг тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байсан. Өмнө нь Хадгаламж
банк сардаа 2-5 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилладаг байсан.  Шилжүүлсний дараа ашигтай ажиллаж эхэлсэн үе
гэвэл өнгөрсөн оны  есдүгээр сар. 

Хоёр
сарын дараахнаас л үр дүн нь гарсан гэсэн үг. Төрийн банк 2013 оны эцэст долоон
тэрбум төгрөгийн ашигтай ажилласан бол энэ оны эхний таван сард 11 тэрбум
төгрөгийн цэвэр ашигтай ажиллалаа. Хадгаламж банкны өөрийн хөрөнгийн үзүүлэлт
тухайн үед Монгол банкнаас тогтоосон стандарт шаардлагыг хангаж чадахгүй
хэмжээнд очсон байсан юм. Тэгвэл өнөөдөр энэ 
асуудал хэвийн боллоо. Төрөөс нэг ч төгрөг гаргалгүй энэ  өөрчлөлтийг хийсэн нь л хамгийн сайн  үр дүн гэж би хардаг.  Өмнө нь банкуудыг эрсдлээс хамгаалах  гэж төрөөс мөнгө гаргадаг байсан шүү дээ. Нэг
зүйлийг онцолж хэлэхэд Хадгаламж банкны харилцагчдын эрх ашгийг хамгаалж чадсан
нь тоогоор хэмжих аргагүй том үр дүн. Хадгаламж банк тэр хэвээрээ үйл
ажиллагаагаа үргэлжлүүлсэн  бол дампуурах
эрсдэлд орж, 1.7 сая харилцагч 900 гаруй тэрбум төгрөгийн хохирол амсах байсан.
Гэтэл өнөөдөр ямар ч харилцагч нэг ч төгрөгийн хохирол амсаагүй харин ч
харилцагчийн санхүүгийн үзүүлэлтүүд сайжирсан.

-Ингэхэд
хуучин Хадгаламж банкинд ажиллаж байсан хүмүүсээс цомхотгосон ажилтан бий юу?

 -Байхгүй. 3300 гаруй
ажлын байрыг хадгалж авч үлдсэн. Тухайн үед ажиллаж байсан бүх хүн өнөөдөр
ажлаа хийгээд явж байна.

-Банкуудыг
нэгтгэх шийдвэр гэнэтхэн л гарч хэрэгжээд эхэлсэн гэж олон нийт хардаг. Тэр үед
яг ямар процесс өрнөж байсан бэ?

-Монголбанк хоёр сар гаруйн хугацаанд Хадгаламж банкин дээр
Хяналт шалгалтын групп гаргаж ажиллаад дөрвөн хувилбар гаргаж ирсэн. Үүнийг нь
Засгийн газар шийдвэрлэснээр миний саяны хэлсэн үр дүнгүүд гарсан л даа.
Сангийн яам, Монголбанк хоёр шилжилтийн процедур дээр их сайн ажилласан.
Шилжилтийн процедур богино хугацаанд өрнөсөн гэдэгтэй санал нэг байна.  

Олон нийтэд мэдээлснээс  хойш 18-хан цагийн хугацаанд бид Монгол орны
бүх нутаг дэвсгэрт хүрч, хуучин хаяг, тамга тэмдэг албан бланк зэргийг Төрийн
банк болгон шинэчилж,  долдугаар сарын
23-ны өглөө есөн цаг гэхэд бүх салбар нэгжүүдээ Төрийн банкны тамга тэмдэг,
хаяг, диллертэй нь ажиллуулж  гүйлгээг хэвийн
явуулж эхэлсэн.  Шилжилтийн хоёр дахь үе
шат өнгөрсөн оны есдүгээр сарын 6-ны өдөр дууссан. Энэ хугацаанд программ
хангамжийг шилжүүлэх бүртгэлийн нэгдсэн системд орох өөрчлөлтүүдийг хийж
чадсан.

-Хадгаламж  банк эвгүйдлээ гэсэн мэдээлэл тархахаар
мөнгөө хадгалуулсан хүмүүс авч эхэлсэн нь ойлгомжтой. Хадгаламжаа  татсан хүмүүс хэр олон байсан бэ?

-Төрийн банкинд нэгтгэх шийдвэр гарсан долдугаар сарын 22-ноос
өмнөх өдрүүдэд хадгаламж татах үзэгдэл маш их байсан. Өдөрт хамгийн багадаа 15
тэрбум төгрөг,  дээд тал нь 40-50 тэрбум
төгрөг гарч байсан юм билээ. Гэхдээ энэ үзүүлэлтийг бид мэдэхгүй л дээ. Сүүлд
нь харахад ийм үзүүлэлтүүд анзаарагдсан юм. 
Нэг сонирхолтой нь банкууд нэгдээд ажиллаж эхэлсэн өдөр буюу өнгөрсөн
оны долдугаар сарын 23-ны өдөр 11.40 цагт шинээр хадгаламж нээгдэж байсан. Ер
нь хадгаламж эхний сардаа л өсөөд эхэлчихсэн. Иргэдийн хадгаламжийн хэмжээ 50
гаруй хувиар өссөн дүнг гарсан.

-Туршлагатай
банкирын хувьд банкууд нэгдэх үед ингэж тэгж ажиллавал ашигтай ажиллана гэсэн
төсөөлөл танд  байсан байх?

-Шийдвэр маш богино хугацаанд гарсан учраас төсөөлөлтэй байж үнэндээ
чадаагүй. Энэ байдлыг анх мэдсэн өдөр гэвэл долдугаар сарын 19. Тэр өдөр Монгол
банкнаас бидэнд анх хандсан юм. Бид судалж үзээд 22-нд  шийдвэрээ гаргасан. Хадгаламжийг шилжүүлж
авсны дараа хамгийн түрүүнд хүний нөөц дээрээ тулгуурлаж ажиллах ёстой гэж
бодсон. Эхлээд бүх ажилтнуудынхаа мэргэжил, ур чадварын түвшинг тогтоож  чадваржуулах ажлыг үе шаттайгаар хийсэн.
Шилжилтийг ямар нэг эрсдэлгүйгээр давах шаардлага байсан учраас ажилтнуудаа
аймаг сумдад хуваарилж хөрөнгө шилжүүлэх, актив шилжүүлэх гээд процедур бүрийг
хянах ажлын хэсгүүдийг томилон ажиллуулсан юм. Дараагийн анхаарсан ажил бол
үйлчилгээ үзүүлэх. Харилцагчдаа угтаж авдаг банк байя гээд угтах үйлчилгээг
эхлүүлсэн. Чирэгдэлгүй үйлчлэх ёстой гэж үзсэн учраас шинээр цахим
бүтээгдэхүүнүүд гаргасан. Заавал банкин дээр ирэлгүйгээр үйлчилгээ авах
боломжуудыг нь  нээж өгсөн гэсэн үг.
Дараагийн хийсэн ажил гэвэл муу зардлуудаа багасгах аян. Үр дүнд нь 2013 оны
эцэст муу зардлыг 2.3 тэрбум төгрөгөөр бууруулсан бол он гарснаар энэ үзүүлэлт
3.5 тэрбум төгрөгт хүрсэн.

-Муу
зардлуудыг бууруулна гэхээр илүү хэрэглээгээ хумьсан гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Ажилтнууддаа хандсан зардал банкинд үр
өгөөжөө өгч буй зардлуудаас бусад 
зардлыг хумьсан гэсэн үг.

 -Танай банкийг 
нэгдүгээр эмнэлэгт диализийн аппарат бэлэглэх гэж байгаа гэж сонссон.
Ажилтнуудын амьдрал, банкны хөгжилд хэрэгтэй зардлуудаас гадна нийгэм рүү
чиглэсэн зардлуудаа хумиагүй гэж ойлгож болох уу?

-Саяын таны асуудаг зүйл бол өөр шалтгаантай. Засгийн газрын
тогтоолоор банкны ажилтны өдрийг энэ жилээс анх удаа тэмдэглэж эхлэх гэж байгаа
юм. Монголд банкны тогтолцоо үүсч бэхжсэний 90 жилийн ой бас энэ онд тохиож
байна. Ой тэмдэглэнэ гэхээр л хүмүүс баярын концерт, хүлээн авалт, шагнал
урамшуулал гэж ойлгодог. Бид тэгье гэж бодоогүй. Нийгмийн сайн сайхны төлөө нэг
төсөл хэрэгжүүлье гэж шийдсэн л дээ. Банкны системийн 90 жилийн ойд зориулж “90
90” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлсэн юм. Сайн үйлсийн сан гэж байгуулаад ажилтан бүр
9090 төгрөг хандивласан чинь  32 сая
төгрөг болсон. Ажилтнуудынхаа саналуудаас шигшээд  клиникийг нэгдүгээр эмнэлэгт бөөрний аппарат
авч өгөхөөр шийдсэн.

-Зарим
улстөрч төрөөс бодлогоор өгч байгаа хөнгөлөлттэй зээлийг Төрийн банкаар
дамжуулан өгөх ёстой, Төрийн банк төрийнх юм чинь бусад арилжааны банк шиг
барьцаа шаардалгүйгээр зээл өгөх ёстой гэдэг. Үүн дээр та ямар тайлбар хийх вэ?

-Аль ч банкинд суурь нөхцөл шаардлага байх ёстой.  Хамгийн түрүүнд тавих шаардлага гэвэл
санхүүжилт хүссэн төслүүд хэрэгжүүлэхэд 
үр ашигтай байх хэрэгтэй. Тухайн төсөл үр ашигтай эсэхийг ямар ч банк
үнэлж цэгнэх учиртай. Анхаарах хоёр дахь өнцөг нь барьцаа хөрөнгөний шаардлага
хангасан байх хэрэгтэй. Аль ч банкинд байх зүйл. Энэ хоёроос бусад зүйлийн
хувьд ялгаатай байж болно. Ялгаатай байгаа зүйлүүдийг аль болох багасгах,
шуурхайлах өөрчлөлтүүдийг Төрийн банк арай түлхүү хийчихсэн юм байна гэж би
харж байгаа. Жишээ нь өнгөрсөн онд бид зээлдэгчийн бүрдүүлдэг бичиг баримтыг
2-3 дахин багасгая, зээл шийдвэрлэгддэг хугацааг 3-4 дахин бууруулъя гэдэг
зорилт тавиад ажилласан. Зөвхөн цалингийн зээл дээр гэхэд 9-10 төрлийн бичиг
баримт бүрдүүлдэг байсныг 3-4 л болгосон. Хамгийн богино хугацаанд
шийдвэрлэгдсэн зээл 72 цагийн дотор шийдэгдэж байсныг таван минут
болголоо.  Ийм ажлууд өрнүүлсэн учраас
Төрийн банкинд хандах иргэдийн сонирхол нэмэгдсэнийг үгүйсгэхгүй. Түүнээс биш
Төрийн банк л байгаа бол ямар ч барьцаа хөрөнгөгүй зээл өгнө гэсэн ойлголт байж
таарахгүй.

-Гэхдээ
үйлдвэрлэл эрхлэх хүсэлтэй хүмүүс хэдий сайн төсөл боловсруулсан ч барьцаа
хөрөнгө яах аргагүй асуудал болоод байна л даа. Нэг нь барьцаа үнэхээр байхгүй,
нөгөө нь барьцаагүй учраас мөнгө өгөхгүй гээд суугаад байвал үр дүн гарахгүй л
байх?

-Барьцааны тухайд банк, харилцагч гэсэн хананы хоёр талд
гарчихаад нэг нь барьцаа байхгүй, нөгөө нь барьцаа өгөхгүй гээд суугаад байхаас
илүү гарц бий.  Улсын хэмжээнд бүртгэлийн
системийг төгөлдөржүүлэх шаардлагатай байгаа. Олон улсад хөрөнгө
барьцаалахаасаа илүү данс барьцаалдаг. Манайд харин эсрэгээрээ.  Учир нь манайд гүйлгээ бүр дансаар
хийгддэггүй. Харин олон улсад данснаас гадуур гүйлгээ байдаггүй болохоор тухайн
хүний дансны гүйлгээнд тулгуурлаад зээлээ олгодог. Манайд данснаас гадуур
их  мөнгө эргэлддэг болохоор үл хөдлөх
хөрөнгө барьцаалахаас аргагүй  болчихож
байгаа юм. 

-Эдийн
засаг хэцүү байгаа энэ нөхцөлд хямралыг бага эрсдэлтэй туулахын тулд банкууд
дор бүрнээ эрсдлээс хамгаалсан ажлууд хийж байгаа байх.  Төрийн банк эрсдэлд ямар тактиктай ажиллаж
байна?

-Төрийн банк хэдэн сарын өмнөөс эрсдлийн тухай ярьж, эрсдэлээс
ангид байх бодлогоо боловсруулчихсан. Манай банкны салбар бүрд эрсдлийн хороо
ажиллаж байна. Эрсдлээ урьдчилж  харж
чаддаг болсон гэсэн үг. Өнөөдөр эдийн засаг тэгтлээ муудсан юм алга. Онолын
талаасаа эдийн засаг сайн, муу аль аль замаар нь явдаг. Эдийн засагт өсөлтийн
тааз, уналтын шал гэдэг хоёр юм бий. Эдийн засаг энэ хоёрын дунд өрнөдөг.
Тэгэхээр өнөөдөр эдийн засаг шалан дээр унатлаа дордоогүй. Өсөлт рүүгээ явж
байгаад саармагжсан тал бий. Үүнийг хямрал боллоо гэж  дэвэргэхийн оронд зөв оношилж, зөв аргаар
давж гарах л хэрэгтэй.

-Уул
уурхайн төслүүдийн зээлийн эргэн төлөлт хэцүүхэн байгаа. Танай банкны хувьд уул
уурхайн том төслүүд санхүүжүүлсэн үү?

-Манайд харилцагчийн хоёр сегмент л байдаг. Хамгийн эхнийх нь
иргэдийн зах зээл. Хоёр дахь зах зээл нь жижиг дунд бизнес эрхлэгчид.  Манай зээлийн бодлого энэ хоёр чиг рүү түлхүү
явж байгаа. 

-Төрийн
банкны санхүүжүүлсэн  төслүүдээс өгөөжөө
өгөөд эхэлсэн бизнес гэвэл юуг онцлох вэ?

-Манай банкны хөрөнгө оруулалтын зээлээр байгуулсан Дархан таван
нуур гэж гурилын том үйлдвэр байна. Дархан Сэлэнгэд тариалсан буудайгаар гурил
хийж  бүс нутгийн дотоодын хэрэгцээг 100
хувь хангаж байна. Манай банкнаас жил бүр эргэлтийн хөрөнгө оруулалтыг нь
шийдэж өгч байгаа. Манайх орон сууцны зах зээл дээр ажилласан  туршлагатай банк. Зургаан хувийн зээл гээд
нэлээд асуудал болж байсан даа. Энэ хөтөлбөрийн ачааны хүндийг үүрч, асуудлыг
зохистойгоор шийдэж чадсан. Засгийн газар, 
Монгол банк, Барилга хот байгуулалтын яамтай хамтарч найман хувийн
хүүтэй зээлийн хөтөлбөр үүсгэхэд Төрийн банк идэвхтэй оролцсон. Үр дүнд нь орон
сууцны найман хувийн хүүтэй зээл бүхий л банкуудаар дамжин амжилттай хэрэгжиж
байна.

-Орон
сууцны зээлийн эргэн төлөлт өндөр байдаг гэж мэдээлдэг. Танай банкны хувьд орон
сууцны зээлийн эргэн төлөлт ямархуу байгаа вэ?

-Манай банкны хувьд зээлийн эргэн төлөлт дээр арилжааны банкууд
дотроо хамгийн сайн үзүүлэлттэй байгаа. Манай банкнаас  олгосон зээлүүдийн  99.1 хувь нь цаг хугацаандаа төлөгдөж байна.
Банкны системийн дундажтай харьцуулбал 4-5 дахин сайн үзүүлэлт. Тэр дундаа орон
сууны зээл бараг 100 хувийн эргэн төлөлттэй явж байгаа.

-Валютын
ханш өссөөр байна. Монгол банкны барьж буй бодлого хэр зөв гэж та бодож байна?

 -Урсаж байгаа усыг хүчээр
барьж болно. Хүчээр далан барихад нэг хэсэг хугацаанд торгоох ч сүүлдээ  дийлдэхээ болино. Тэгэхээр усыг хүчээр
барилгүйгээр зүй тогтолд нь тохируулсан зохицуулалт хийх нь урт хугацаандаа үр
дүнгээ өгнө.  Валютын ханшийг өмнө
нь  дандаа хүчээр барьж  байсан. Хүчээр барьж байсан учраас сүүлдээ
дийлэхээ больж том хямрал бий болдог. Тийм учраас Монгол банкны хүчээр барих
биш, зүй тогтолоор нь удирдах бодлого урт хугацаандаа үр дүнтэй гэж харж
байна. 

-Зарим
шинжээч ам.доллар 2000 төгрөг хүрэх эрсдэл бий гэж байгаа. Жамаар нь гээд сул
тавьж болохгүй байх. Монгол банкны зүгээс ханшийн өсөлтийг цаг зуурынх гэсэн
тайлбар хэлсэн. Таныхаар валютын ханш хэзээнээс тогтворжих бол?

-Саяын хэлсэнчлэн ерөнхий хэв маягийг эвдэхгүйгээр урсгалыг
нь  өөрчлөх  бодлогууд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэр
бодлогуудыг хэрэгжүүлээд эхэлчихсэн. Нэг үеэ бодвол хөрөнгө оруулалтын орчин
таатай болчихлоо. Экспортыг дэмжих бодлогууд эхэлчихлээ.   Дотооддоо импортыг орлох бүтээгдэхүүнүүдийг
дэмжсэн хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Энэ бүхний дүнд ам.долларын  ханш тогтворжино. Монголын эдийн засагт нэг
буруу зүйл байна. Сенсацийн эдийн засаг болчих гээд байдаг тал бий. Хэн нэг нь
ам.доллар  өсөх гээд байна шүү гэхээр
олноороо доллар аваад хадгалж эхэлдэг. 
Хэрэггүй мөртлөө валют аваад байгаа маань ханш өсөх эрсдэл болоод байна.
Ийм хандлагууд эргээд бизнес болчихоод байна 
л даа. 

 Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Рио”-гийн 20 тэрбумын гэрээ Гвинейн хувь заяаг өөрчлөх нь

Монголын Засгийн газрыг Оюу толгой төслийн далд уурхайн санхүүжилт дээр “Рио”-той учраа ололцохгүй цаг алдаж байх энэ үед дэлхийн уул уурхайн гигант гэгддэг “Рио” Африкийн буурай орны нэг Гвинейн Засгийн газартай хөрөнгө оруулалтын том гэрээ байгуулчихлаа. “Рио тинто” Гвинейн Засгийн газрын хооронд Симандоу төслийн хөрөнгө оруулалтын гэрээг батлаад байгаа юм. Симандоу бол дэлхийд нөөцөөрөө дээгүүрт жагсдаг төмрийн хүдрийн орд. Төслийн нийт өртөг нь 20 тэрбум ам.доллар гэсэн аварга тоо сонсогдож байна.  Төсөл ашиглалтад орсноор “Рио” жилд 95 сая тонн хүдэр олборлож экспортолно. Африктаа нөөцөөрөө тэргүүлдэг төмрийн хүдрийн том ордын буянаар Гвинейн эдийн засагт  жилдээ 7.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орно гэсэн тооцоо хүртэл гарчихаж. Симандоу ордоо ашиглалтад оруулснаар Гвиней Улсын төсөвт жил бүр 1.2 тэрбум доллар рояалти, татварын хэлбэрээр орж ирнэ. Цэргийн дэглэмээс салаад удаагүй байгаа, эмзэг эдийн засагтай энэ улс төмрийн хүдрийн ордоо “Рио”-той хамтран ашиглаж эхэлбэл хөгжихөд асуудалгүй гэж үзэх шинжээч олон байна. Гвинейд хоёр жилийн өмнө  олон улсын тусламжийн байгууллагуудаас 340 сая ам.долларын хандив цуглаж байж. Харин одоо байдал өөрчлөгдөх нь. Гвинейн эдийн засагт гэгээ татсан энэ өдрүүдэд  олон улсын “Мүүдис” агентлаг манай улсын бондын зэрэглэлийн хэтийн төлвийг валютын нөөц нь дуусах гэж байгаа, гадаад өр ихтэй гэсэн шалтгаанаар сөрөг хэмээн тодорхойлоод байгаа.

ГВИНЕЙН ЗАРИМ ИРГЭД ӨНӨӨГ ХҮРТЭЛ БАЛАР ЭРТНИЙ ШАШИН ШҮТДЭГ

 Гвинейн хувьд уул уурхай айхавтар хөгжчихсөн улс биш. Нийслэл нь Конакри. Нийт иргэдийнх нь 70 гаруй хувь нь хөдөө аж ахуйн салбартаа ажилладаг гэж Википедиад онцолжээ. Цагаан будаан тутарга, кофе, хан боргоцой, гадилаа зарж амьдардаг улс юм байна.

Ерөнхийлөгчийн бүгд найрамдах засаглалтай Африкийн энэ улс Атлантын далайд гарцтай. Хойд талаараа Гвиней-Биссау, Сенегал, Мали, урд талаараа Котд Ивуар, Либери, Сьерра Леоне гэх зургаан улстай газраар хил залгадаг. Арван сая гаруй хүн нь  24 ястанд хуваагдана. Зонхилох ястан нь фула, мандика, сусу нар. Иргэдийнх нь 85 хувь нь исламын шашинтан. 4.6 хувь нь балар эртний шашин шүтэгсэд. Харин 4.3 хувь нь христүүд. Албан ёсны хэл нь Франц. Гэхдээ манинка, сусу, фулар, кисси, кпелле,лома хэлнүүд өргөн тархсан. 

Түүх сөхвөл Гвиней улс IX-XV зууны үед Гана вант улс болон Мали эзэнт улсын нэг хэсэг байж. XV зуунд Португалийн колоничлогчид цөмрөлт хийж, 1885 оны Берлиний хурлаар Францын хүчний хүрээнд оруулжээ. 1893 оноос Францын харьяа Гвиней гэгдэх болж. Энэ улсын иргэд XIХ зууны сүүлчээр вант улс байгуулж Францын эсрэг тэмцлээ эхлүүлж XX зууны эхээр бүр зэвсэгт тэмцэлдээ хүртэл хурцаджээ. Ингээд 1958 оны есдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулж Францын хамтын нийгэмлэгт багтахаас татгалзсан байна. Сарын дараа буюу аравдугаар сарын 2-нд тусгаар тогтнолоо зарлаж БНГУ-ыг байгуулж, Ерөнхийлөгчөөрөө Сайгү Дүр гэгчийг сонгожээ. Ерөнхийлөгч нь 1984 оны гуравдугаар сард нас барж, сарын дараа хурандаа Лансана Контегээр тэргүүлүүлсэн цэргийнхэн төрийн эргэлт хийж, төрийн эрхийг авч Гвинейн хоёр дахь бүгд найрамдах улсыг байгуулсан түүхтэй. Энэ улсад олон намын тогтолцоо үүссэн үе нь 1992 он. 1993 оны арванхоёрдугаар сард ардчилсан засаглалын анхны Ерөнхийлөгчийн сонгууль хийсэн аж. Ардчилсан сонгуулиар өмнөх Ерөнхийлөгч нь дахиад сонгогджээ. Лансана Конте 24 жил төрийн эрх барьсны эцэст 2008 оны арванхоёрдугаар сард нас барсан байна. Гвинейн сангийн нөөц Лансана Контегийн эрх барих хугацаанд барагдаж дуусчээ.  Экс Ерөнхийлөгчийн гэр бүлийнхэн асар их эд хөрөнгөтэй гэж гайхагддаг байж. 

Одоогийн Гвинейн  Ерөнхийлөгч Альфа Кондег  2010 онд тангаргаа өргөхөд Францаас тусгаар тогтнолоо зарласны дараа 50 орчим жил захиргаадалтын нийгэмд байсан энэ  улсад түүхийн шинэ хуудас нээх хүн төрийн эрхэнд гарлаа гэсэн мэдээлэл түгж байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Энэ үед Францын гадаад хэргийн сайд асан Бернард Коучнер Гвинейчүүдэд эерэг үлгэр жишээ үзүүлж байгаад нь талархал илэрхийлж байжээ. Уг сонгуулийг НҮБ-аас зарлаж байсан аж. Гол зорилго нь Зааны ясан эрэг гэх мэт Африкийн бусад улсуудад ардчиллын үлгэр  жишээ болгох байж. Альфа Конде Ерөнхийлөгчөөр сонгогдохдоо улсынхаа дэг журамгүй гэдгээрээ алдартай цэрэг армийг шинэчилж, ард иргэддээ боловсрол эзэмшихэд нь анхаарч,  гэрэл цахилгаан, цэвэр усны хангамжийг сайжруулахаа амлажээ. Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгогдох үед Гвинейн парламентийн сонгууль явалгүй удсан байж. Өмнөх Ерөнхийлөгчийн үед парламентийн сонгуулийг хамгийн сүүлд 2002 оны зургадугаар сард л зохион байгуулж байсан гэдэг. Тухайн үед Европын холбоо хямралд орсон энэ улсад “Ардчилсан сонгууль явуулахгүй бол ямар ч тусламж үзүүлж чадахгүй” гэж мэдэгдэж байжээ. Ингээд  Гвиней улс удтал хийгээгүй парламентын сонгуулиа Альфа Кондег Ерөнхийлөгч болсны дараа хийж байж. Сонирхуулахад Альфа Кондег Ерөнхийлөгч болсноос хойш жилийн дараа харш руу нь зэвсэглэсэн хүмүүс дайрсан түүх бий. Хоёр цагийн турш дайралт хийсэн босогчдыг Гвинейн цэргүүд гэж хэвлэлээр мэдээлж байж. Энэ үйл явдлыг төрийн эргэлт хийх гээд бүтэлгүйтсэн гэх тайлбар дагадаг. 

Энэ улсын Ерөнхий сайд нь Мохамед Сайд Фофана. Гвинейн нэг хүнд ногдох ДНБ 448 ам.доллар. Мөнгөн дэвсгэрт нь гвиней франк. Сонирхуулж хэлэхэд хоёр жилийн өмнө Дэлхийн банк, ОУВС их хэмжээний өртэй ядуу буурай орнуудыг дэмжих бодлогынхоо хүрээнд Гвинейн гадаад өрийн гуравны хоёрыг нь цайруулжээ. Хүчингүй болгосон өр нь 2.1 тэрбум гаруй ам доллар байж. Гвинейн Ерөнхийлөгч энэ дэмжлэгийг эдийн засгийг  нь сэргээх чухал боломж гэж онцолж байсан аж. 

ДЭЛХИЙД НӨӨЦӨӨРӨӨ ТЭРГҮҮЛДЭГ ТӨМРИЙН ХҮДРИЙН СИМАНДОУ ОРД

Хөдөө аж ахуйгаас өөр олох орлогогүй Гвинейн хувь заяаг өөрчлөх нь тодорхой болсон Симандоу орд 2.4 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөцтэй. Хүдрийн агуулга нь 62 хувь. 

Өчнөөн жилийн турш яригдаж байж саяхнаас биеллээ олж эхэлсэн энэ төслийг хэрэгжүүлэхэд   “Рио тинто” компани Хятадын “Чайналко”, ОУВС-тай хамтарна. Хөрөнгө оруулагчид ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулах тохироог хийжээ. Төмөр зам зэрэг дэд бүтцийн асуудлыг нь ч давхар шийдэж өгөхөөр болж. Ордоос Гвинейн Конакри хойд хэсгийн эрэг буюу Conakry хот хүртэл 700 км үргэлжилсэн төмөр замыг хөрөнгө оруулагчид мөнгөө гаргаж тавина. Зарим эх сурвалжид  650 км гэсэн тоо ч харагдаж байна. Төмөр замын бүтээн байгуулалтад долоон тэрбум ам.доллар зарах тооцоо гарчээ. Хөрөнгө оруулагчдын барьсан төмөр зам 30 жилийн дараа тус улсын Засгийн газрын мэдэлд шилжинэ. Хүдрийг ачаалах боомтын дэд бүтцийн санхүүжилтийг ч хөрөнгө оруулагчид шийдэх гэнэ. Тодруулж хэлбэл “Морбая” эргийн боомт, бусад дэд бүтэц зэрэг томоохон бүтээн байгуулалт Гвинейд өрнөх гэж байна. Төсөл хэрэгжүүлэгчид Симандоугийн баялгийг зөөхдөө Хятад, Европыг холбосон далайн боомт байгуулж, усан онгоцны тээвэр ашиглана.  Боомтод дөрвөн тэрбум ам.доллар, дэд бүтцийн бусад байгууламжид 2.5 тэрбум доллар зарцуулахаар болж. Төмөр замын даац, боомтын ачаалах хүчин чадал нь  жилд 100 сая тонн байх нь. Дээрх бүтээн байгуулалтад 1000 км сайжруулсан зам бас багтаж байгаа.  

“Рио”-гийн төмрийн хүдрийн олборлолтын 30 гаруй хувийг Симандоугийн олборлолт бүрдүүлнэ гэсэн тооцоо байна. Хөрөнгө оруулагчид Симандоу ордод одоогоор гурван тэрбум ам.доллар зарцуулаад байгаа аж. Гвинейн Засгийн газар 3.5 хувийн рояалти татвар, 30 хувийн ашгийн татвар авахаар тохиролцжээ. Симандоу “Рио тинто”-гийн  хэрэгжүүлж буй төмрийн хүдрийн уурхайнуудаас нөөцөөрөө гуравдугаарт жагсах орд аж.  “Рио тинто”  2011 оны дөрөвдүгээр сард Гвинейн Засгийн газартай гэрээ хийн Симандоу төслийг ашиглах зөвшөөрлөө авсан юм. Тэр үеэр  “Рио Тинто”  Гвинейн Засгийн газарт 700 сая ам.доллар төлөх тохироо хийжээ. Мөн ордын нийт хувьцааны 35 хувийг эзэмшүүлэх шийдэлд хүрсэн байна. Сүүлийн мэдээллээр Симандоу уулын төмрийн хүдрийн төслийн найман хувийг Гвинейн Засгийн газар, 47 хувийг “Рио Тинто”, 41хувийг “Чайналко”, үлдсэн таван хувийг Олон улсын валютын сан эзэмшиж байгаа аж. Ойрын хорин жилд Гвиней эзэмшлийн хувиа 35 хүртэл нэмэгдүүлэх  юм байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд эзэмшлийн хувийг ийм маягаар тусгаж өгчээ. Тодруулж хэлбэл 7.5 хувийг нь  үнэ төлбөргүй, харин 20 хувийг худалдаж авах зарчмаар эзэмшлийн хувиа нэмэгдүүлэх сонголтыг гэрээнд тусгаад өгчихөж.

1997 оноос Симандоу уурхайг сонирхож эхэлсэн “Рио” Гвинейн төмрийн хүдрийн ордыг санхүүжүүлэхийн тулд  Абу Дабигийн хөрөнгө оруулалтын компани болох “Мубадала” болон Кувейт, Катарын үндэсний баялгийн сангуудтай хэлэлцээ хийж эхэлсэн талаар дөрвөн сарын өмнө хэвлэлээр мэдээлж байв. Үүнээс гадна  Хятадын хөгжлийн банк, Хятадын арилжааны банк болон Хятадын хөрөнгө оруулалтын корпорацитай хэлэлцээ хийж эхэлсэн гэж  “Financial Times” хэдэн сарын өмнө онцлон мэдээлж байсан юм.  Гвинейн Уул уурхайн сайд Керфалла Янсане хөрөнгө оруулалтын гэрээгээ даруйхан хиймээр байна гэсэн мэдэгдлийг сүүлийн үед удаа дараа хийсэн аж. Симандоугийн ордын олборлолтыг 2018 оноос явуулж эхэлнэ гэж хөрөнгө оруулагчид нь төлөвлөжээ. 

Юутай ч манай “Оюу толгой”-н хөрөнгө оруулагч “Рио тинто” Африкт  20 тэрбумын өртөгтэй ийм аварга төсөл хэрэгжүүлээд эхэлчихлээ. Харин Монголын “Оюу толгой” төсөлтэй холбоотой сүүлийн мэдээ гэвэл 300 ажилтны цомхотгол л байна. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хятадын зах зээлд Оюу толгойтой өрсөлдөх Удоканы орд ийм түүхтэй

Дэлхийн зэсийн том ордууд гэвэл Оюу толгой, Пеббл, Удокан гэж ирээд бий. Пеббл гэдэг нь Аляскийн орд. Удокан нь ОХУ-ынх. Газар зүйн байршлаараа манай улстай их ойрхон. Чита мужид байрлах энэ ордын түүх тэртээ 1949 оноос эхтэй. Дэлхийд нөөцөөрөө дээгүүрт жагсдаг энэ ордыг тус улсын Ойн экспедицийнхэн анх олж байж. Урьдчилсан хайгуулыг нь 1952-1958 онд хийжээ. Харин 1959 онд эдийн засгийн үр ашиггүй гэсэн дүгнэлт гарч хэсэгтээ сонирхлын гадна үлдсэн гэдэг. Гэхдээ энэ бай­дал удаан үргэлжилсэнгүй. Жилийн дараа уулын далд малталтаар нэг цооног өрөм­дөөд ашигтай орд гэдгийг нь мэдсэн байна. Өрөмдлөгөөр зэсийн нөөц хоёр километр хүртэл үргэлжилж буй нь то­дор­хой болсон гэдэг. ЗХУ-ын Засгийн газар үүнийг мэдсэн даруйдаа тогтоол гаргаж ордын нарийвчилсан хайгуулыг 1964 он гэхэд хийж дуусгахыг үүрэгджээ. Нарийвчилсан хайгуулын ажил хугацаанаасаа нэг жи­лээр хоцорч дуусчээ. Ингээд оросууд зэсийн дажгүй нөөц­тэй ордоо нэг хэсэгтээ нам жим орхисон байна. Бай­галь-Амурын төмөр замын ажил эхлэх үед буюу 1975 онд ордын хайгуул дахин үргэлжилжээ. Үүнээс хойш таван жилийн хугацаанд нарийв­чилсан хайгуул хийн хагас үйлдвэрийн туршилт явуулж байж нөөцийг нь шинэч­лэн тогтоожээ. ЗХУ-ын Нөөцийн комисс 1981 онд Удоканы ордод цэвэр металлаараа 20 сая тонн зэс бий гэсэн дүгнэлт гаргасан аж. Энэ ордын зэсийн дундаж агуулгыг 1.45 хувь гэж тодор­хойлжээ. Энэ бол 1949-1980 оны турш үргэлжилсэн хайгуулын үр дүн байв. Со­нирхуулж хэлэхэд наяад онд ордын хөрс хуулалтыг цөмийн дэлбэлэх аргаар хийнэ гэсэн хувилбар ч яригдаж байж.
Забайкальск хязгаарын төмөр замын Новая Чара станцаас 30 км зайд орших энэ ордын лицензийг Орос, Америкийн Удоканы уулын компани 1992 онд анх ав­чээ. Лиценз авснаасаа хойш ямар ч ажил хийгээгүй учраас зургаан жилийн дараа Оросын төр мэдэлдээ эргүүлэн авсан байна. Сүүлд нь 2008 онд “Металлоинвест” лицензийг 15 тэрбум руб­лиэр худалдан авчээ. Тэр­бумтан Алшир Усмановын “Металлоинвест”-тэй Олег Дерипаскагийн “Союз­металл­ресурс”, Михаиль Прохоровын “Норникель”, “Русская мед кон­сорциум” өрсөлдөж байж. “Металлоинвест”-ын хувьд “Михайловский ГОК” нэрийн дор өрсөлдөж энэ ордын эзэмшигч бол­жээ. Удоканы ордыг өнөө­дөр “Металлоинвест”-ийн бү­­рэл­дэхүүнд багтдаг “Бай­­галийн уул уурхай” гэдэг компани хариуцан ажилладаг. “Михайловский  ГОК” лицензээ авсныхаа дараа охин компани болох “Байгалийн уул уурхай”-д шилжүүлэн өгсөн түүхтэй аж. 2010 оноос энэ ордод дахин хайгуул хийсэн байна. 2.5 мянган метр уулын далд малталт гэх мэт өчнөөн ажил өрнүүлсний эцэст Удоканы ордын нөөцийг дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг JORK стандартаар баталжээ. Уг ордын зэсийн нөөц цэвэр металлаараа олон улсын стандартаар 25.7 сая тонн, хүдрийн нөөц нь 2.7 тэрбум тонн гэж гарчээ. Удокан ордын ил аргаар олборлох уурхайн хэмжээний хүдрийн нөөц 795 сая, зэсийн нөөц цэвэр металлаараа 9.9 сая тонн гэдгийг ордыг эзэмшиж буй компани хайгуулаараа нотолжээ.
2011 онд хайгуулыг дахин эхэлж, 2012 оны есдүгээр сар хүртэл үргэлжлүүлж, үйлд­вэрлэлийн туршилт хийсний үр дүнд хүдрээс зэсийг 89 хувийн металл авалттайгаар гаргаж авах боломжийг тог­тоосон байна.
2010 оны арваннэгдүгээр сард уг ордын лиценз  эзэмшигч ком­пани Забайкальскийн удирд­­лагатай нийгэм, эдийн зас­гийн гэрээ байгуулжээ. 2012 оны намар олон ул­сын инженерингийн “Флюр” компаниар ТЭЗҮ-ээ хийл­гэхээр болжээ. “Флюр”-ыг Сайншандын аж үйлд­вэрийн паркийн ТЭЗҮ дээр ажилласан гэдгээр нь мон­голчууд андахгүй. Өнгөр­сөн оны гуравдугаар сард Оросын засгаас Алс Дорнод болон Байгалийн бүс нут­гийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн хөтөлбөр гэж баталжээ. Удоканы ордыг ашиглалтад оруулах төслийн хүрээнд баталсан аж. Энэ оны хоёрдугаар сард олон улсад нэр хүндтэй “Флюр”, “SRK consulting”, “Knight piesold” зэрэг компаниуд Удоканы ТЭЗҮ-ийг хийж дуусгажээ. Удоканы ордын хүдрийн нөөц JORK стандартаар 2.3 тэрбум тонн гэж гарчээ. Зэсийнх нь нөөц металлаараа 24.6 сая тонн гэсэн дүн гарсан байна. Энэ нь Оросын зэсийн нийт нөөцийн 60 хувь гэсэн үг. Харин манай Оюу толгойн  хувьд 36 сая тонн зэс, 45 сая унци алтны нөөцтэй. Тэгэхээр Удоканыг зэсийн нөөцөөрөө Оюу толгойтой өрсөлдөхүйц гээд ойлгочихож болно. Сүүлийн мэдээгээр Удоканы уулын баяжуулах үйлдвэрийн барилга бүтээн байгуулалтын ажлыг 2015 оны арван­хоёрдугаар сарын 25-нд эхлүүлэхээр төлөвлөжээ. Ашиг­лаж эхлэх хугацаа нь 2017 оны зургадугаар сарын 25. Энэ өдрөөс хойш Удоканы ордоос хүдэр олборлож эхэл­нэ гэсэн үг. Удоканы уурхайг 2024 оноос бүрэн хүчин чад­лаар нь ажиллуулах гэж байна.
“Металлоинвест” анх   “Таван жил хагасын дараа олборлолтыг 12 сая тонн хүдэрт хүргэх, долоон жи­лийн дараа 36 сая тонн хүдэр олборлох” нөхцөлөөр Удоканд эзэн сууж байж. Таван жилийн дараа гэсэн тохироогоор бол өнгөрсөн онд энэ ордын олборлолт эхлэх учиртай байв. Харин ирэх онд хүдрийнхээ олборлолтыг 36 сая тоннд хүргэж нэмэгдүүлэх ёстой байж. Гэтэл өнөөдөр Удокан ашиглалтад ороогүй  хэвээр байгаа. Олборлоход хүнд хэцүү, төвөгтэй нөхцөлд байршдаг, хөрөнгө оруулалт их хэмжээгээр шаардана гэсэн шалтгаан яригддаг.  Дашрамд дурдахад “Металлоинвест” ордыг ашиглахад хэрэгтэй дэд бүтэц, олборлолт дээр “Ростехнологи”, “Норникельс металл”-тай  хамтран ажиллах санал тавин ажиллаж байгаа юм билээ.
Удокан ордыг төлөвлөсөн хугацаанд нь буюу 2013 онд ашиглаж эхлээгүйг Чита мужийн Забайкальск хязгаарын нэгдүгээр орлогч дарга хоёр шалтгаантай гэж тайлбарлажээ. Эхний шалтгаан нь эрчим хүчний дэд бүтэц тавих, хоёрдугаар шалтгаан нь төмөр замын нэвтрүүлэх чадлыг сайжруулах гэнэ. Удоканы ордыг ашиглая гэвэл 500 КВт-ын 1200 км эрчим хүчний шугам тавих шаардлагатай юм байна.
Удоканд эзэн суусан  “Металлоинвест”  Орост хэн бэ?
“Металлоинвест”-ийн эзэн Алишер Усманов бол Оросын шинэ баян. Дэлхийн баячуудыг эрэмбэлсэн “Форбес”-ийн жаг­саалтад 40 дүгээрт бичигддэг эрхэм. Тэр  2013 оны есдүгээр сарын 26-нд “Ордыг ашиглахад зургаан тэрбум ам.доллар хэрэгтэй” хэмээн мэдэгдсэнийг “Ком­мер­сант” онцолжээ. Тус ком­­­­па­нийн зүгээс ордыг ашиг­­­­­лахад 6-8 тэрбум ам.дол­­­­­лар хэрэгтэй гэсэн мэдэгдлийг хийгээд байгаа аж.  “Металлоинвест” төмрийн хүдэр, төмрийн баяжмалыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг, нөөцөөрөө дэлхийд хоёрт ордог төмрийн хүдрийн орд эзэмшдэг. Тус компанийн эзэмшдэг ордын нөөц олон улсын JORK стандартаар 14.6 тэрбум төмрийн хүдрийн нөөцтэй нь тогтоогдсон, 150 жилийн турш ашиглах нөөцтэй аварга орд аж. Төмрийн баяж­малын бөөрөнцгийн үйлд­вэрлэлээрээ дэлхийд тэргүүлэгч компани. Өнгөрсөн онд гэхэд ОХУ-ын төмрийн баяжмалын 37 хувийг, төмрийн баяжмалын бөөрөнцгийн 57 хувийг үйлдвэрлэжээ. “Метал­лоинвест”-ийн вант ул­сын эзэмшилд Лебе­динск Михайловскийн уулын баяжуулах үйлд­вэр, Осколоскийн электро металлургийн комбинат, төмрийн хаягдал боловс­руул­даг  “УралМетКом” үйлдвэрүүд  багтдаг.
Удокан Яагаад бидэнд Чухал гэж?
Олборлоход хүнд хэцүү нөхцөлд оршдог гэдэг утгаар нь оросууд өнөөдрийг хүртэл Удокандоо гар хүрээгүй. Сүүлийн жилүүдэд оросууд Удоканоо эдийн засгийн эргэл­тэд оруулна гэж эрчимтэй ажиллаж эхэлсэн нь Оюу толгойтой холбоотой гэж ярь­даг. Биднээс урьтаж хөдлөх сонирхол өндөр байсан ч дэд бүтцийн бэрхшээл, хөрөнгө мөнгөний дутмаг байдлаас болж хөдөлгөж чадалгүй өнөөг хүрсэн нь энэ ордын түүхээс харагддаг. Өнөөг хүртэл гэдэгт Шанхайн уулзалтаас өмнөх өдрүүд орно. Харин Шанхайн уулзалтаас хойш  буюу В.Путин, Си Жиньпин хоёр 40 гаруй гэрээнд гарын үсэг зурж эдийн засгийн цоо шинэ бодитой харилцааг үүсгэснээс хойш байдал өөрөөр эргэсэн. Хамгийн том үр дүн гэхэд л хоёр том хөршийг холбосон төмөр замын маршрут өнөөд­рийнхөөс 700 км-ээр богиносно. Тэдний дунд хийсэн өчнөөн тохирооны зөвхөн нэг хэсэг нь гэхэд л энэ. Цаашлаад худалдаа эдийн засгийн чиглэлийн маш олон бодитой төслүүд хоёр гүрний дунд хэрэгжиж эхлэх гэж байна. Бидэнтэй хамаатай төслүүдийн нэг гэхэд л зэс байна. Тодруулж хэлбэл Удоканы орд. Мон­голын Оюу толгойн зэсийн баяжмалыг авах зах зээл нь Хятад. Оросууд ч удахгүй Удокан ордоос тэдэнд зэсээ нийлүүлж эхлэх нь. Шанхайн уулзалтын үеэр хийсэн том гэрээнүүдээрээ дэлхийн эдийн засагт шинэ зам үүс­гэ­сэн хоёр гүрний аль алинд нь Удоканыг хөдөлгөх сонирхол бий. Өмнө нь хий, ашигт малтмалаа Европ руу зараад мөнгө олчихдог байсан оросууд Украины асуудлаас болж том зах зээлээ алдсан. Удоканыг хөдөлгөе гэж яарахгүй өнөөг хүрсэн нь ч Европ хэмээх том зах зээл өмнө нь байсантай холбоотой. Харин одоо байдал өөрчлөгдсөн. Хятад, Солонгос, Японд хийгээ нийлүүлэхээр болсон ОХУ-д Удоканыг үнэд хүргэх сонирхол ч бий.
Удоканы санхүүжилтийн хувьд бүр анх В.Путиныг Ерөнхий сайд байх үеэс л Хятадтай хамтрах алхам эхэлсэн юм билээ. В.Путины айлчлалын үеэр Хятадад болж буй эдийн засгийн форумын хүрээнд Удоканы эзэмшигчид Хятадын худал­­даа үйлдвэрийн банк (ICBC)-тай санхүүжилтийн урьдчилсан хэлэлцээрт гарын үсэг зурж байж. Саяын Шанхайн уулзалтын үеэр В.Путин Си Жинпин хоёр алс дорнодын ашигт малтмалыгэргэлтэнд оруулах гэрээг үзэглэсэн. Тодруулж хэлбэл Забайкальскийн Удока­ныг зэсийн ордыг хамтран эзэмших гэрээг үзэглэчихлээ.
Удоканыг 2024 онд бүрэн хүчин чадлаар нь ажил­луулна гэж байгаа ч үүнээс ч өмнө  ажиллуулж эхлэх нөхцөл бүрдчихсэн гэсэн үг. Оюу толгойн ил уурхайн олборлолт хэвийн явагдаж буй ч энэ ордын үнэ цэнийн 80 хувь нь агуулагдсан гүний уурхайн бүтээн бай­гуулалтын санхүүжилт хэзээ шийдэгдэх нь бүрхэг хэвээр байгаа.
Бидэнд ийм сул тал бий ч Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг цаг алдалгүй үргэлжлүүлбэл давуу талууд бас бий. Оюу толгойн хувьд нөөцөөрөө Удоканоос илүү, бас алт­ны агуулгатай гэдгээрээ давуу. Оюу толгой төслийг хэрэгжүүлэгч “Рио” бол дэлхийд том тоглогч. “Рио”-д хувь, ашгаа ахиухан авахын тулд баяжмалаа ахиу үнээр борлуулах сонир­хол бий, тэр сонирхлоо хэрэг­жүүлэх хүчирхэг нөлөөг ч урд хөршийн зах дээр тог­тоочихсон. Тэгэхээр дэлхийн хэмжээнд яригдах Оюу толгой гэж том ордын нөөцийн 80 хувь нь агуулагдаж буй гүний уурхайн бүтээн байгуулалтаа цаг алдалгүй үргэлжлүүлэх л бидний хувьд чухал болоод байна даа.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Хийн хоолойг Монголоор дайруулахгүй байх нь тийм ч харамсмаар зүйл биш юм байна

Украйнд дэгдсэн асууд­лаас болж Европ, Аме­­риктай харилцаа
нь хүйтэрсэн ОХУ байгалийн хийгээ Европоос өөр зах зээл рүү буюу Хятад руу ний­лүүлэхээр
болж бай­на. Хятад, Оросын дунд тавигдах хийн хоолой Монголоор дайран өнгө­рөх үү,
үгүй юу гэсэн асуултын эцсийн ха­риу га­раагүй байгаа. МУИС-ийн Олон улсын харилцааны
сургуулийн багш С.Баясгалантай энэ сэдвээр ярилцлаа.

 -Шанхайн
уулзалтаар Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч  В.Путин,
Си Жиньпин хоёр­той уулзсан. Орос, Хятадын 
төрийн тэргүүнүүд  уулзаж хийн хоолой
тавих шийдвэр гаргалаа. Уулзалтуудын  үеэр
хийн хоолойг Мон­голын нутгаар дайруулж тавих талаар хөнд­сөнгүй. Ийм яриа албан
бус хүрээнд өрнөсөн байх боломжтой юу?

-Оросын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй  уулзахдаа Орос, Хятадын харилцааны асуудлыг л
ярьсан. Хийн хоолойг Монголоор дайруулж тавих талаар хөндөөгүй. Манай Ерөнхийлөгч
ч тэр талаар юу  ч дурдаагүй. Ц.Элбэг­дорж
Ерөнхийлөгчийн хамгийн бодитой ярьсан зүйл нь транзит тээвэр. Хийн хоолойг хаагуур
дамжуулж тавих нь тийм ч нууцлаад байх асуудал биш гэж бодож байна.

-Ерөнхий
сайд Санкт­Петербург руу эдийн засгийн чуул­ганд оролцохоор явсан. Тэр үеэр  хийн хоолойг Мон­голоор дамжуулан татах асуудал
яригдаж магадгүй гэсэн таамаг байна?

-Ерөнхий сайдын айлч­лалын үеэр ямар үр дүн гарахыг хэ­лэхэд эрт
байна. Хийн хоо­лой дамжуулах асуудлыг В.В.Путин, Си Жиньпин хоёр гэрээ байгуулаад
шийдчихлээ. Төрийн тэргүүнүүд нь гэрээ байгуулангуут “Газпром”, Хятадын газрын тосны
компанитай гэрээ байгуулсан. Гэрээний дараахнаас л бүтээн байгуулалтын ажил хийгдэж
эхлэх нь тодорхой болж байна. Энэ бүх процессын явцад Медведев гэсэн нэр огт сонсогдсонгүй.

Эндээс хэн Оросыг атгаад байна вэ гэсэн асуултын хариу гарч ирж байна.

-Гэхдээ
л Монгол руу хийн хоолой тавих магадлал өндөр, Оросын талын ашиг сонирхол тэр зүг
рүүгээ хандсан гэх таамгийг судлаачид хэлж байгаа шүү дээ?

-Нааштай байх боломжтой гэсэн байр суурийг хэд хэдэн судлаач хэлж
байгаа. Оросын хувьд  манайхаар дамжуулан
хийн хоолой тавих боломж­той гэсэн байр суурийг өмнө нь илэрхийлж байсан. Гэхдээ
Оросын ашиг сонирхол юу вэ гэдэг нь таавар хэвээр байгаа гэдгийг мартаж болохгүй.

-Орос,
Хятадын хувьд Мон­го­лоор дамжуулан хийн хоолой та­вих нь хамгийн дөт гарц гэж ярьж
байна. Энэ хэр бодитой вэ?

-Газар зүйн байрлалын хувьд давуу тал байтугай ямар ч тал байхгүй.
Алс Дорнодоор явж байгаа хийн хоолой нь хүртэл Манжуураар явдаггүй. Хэрвээ  дөтийг нь бодсон бол Манжуураар явж таарна. Гэтэл
Манжуураар явахгүйгээр  Владивостокоор  тойрч байгаа. Энэ нөхцөлд Монголоор дамжуулна
гэдэг үндэслэлгүй хэрэг. Учир нь Оросын дэд бүтцийн байршил  хэвтээ чиглэлтэй. Тэгэхээр Владивосток илүү ашигтай
хувилбар.

-Яг
ямар ашигтай гэдгийг тодруулаач?

-Хоёр асуудал бий. Нэгдүгээрт нутаг дэвсгэр дээр нь хийн хоолой байгаа
учраас энэ хувилбар ашигтай.  Нэмж зардал
гаргахгүйгээр хуучин дэд бүтцээ сунгах маягаар асуудлыг шийднэ гэсэн үг. Хоёрдугаарт
ганц Хятад руу гарахгүй. Владивостокоор явбал Хятадаас гадна Япон, Солон­гос гэсэн
хоёр том зах зээл бий. Азийн том зах зээлүүд рүү шууд орчихож байна гэсэн үг.  Украйнд “Та нараар бид дутахгүй” гэсэн маш том
дохиог өгч чадах маршрут. Хятад гэж  эрчим
хүчний хэрэгцээ маш өндөр, тэрбум 400 орчим сая хүнтэй зах зээл байна. Владивостокоор
явсан тохиолдолд  Япон, Солонгос руу усан
онгоцоор хийгээ зөөчихнө. Тэгэхээр яаж ч бодсон манайх газар зүйн байршлаараа давуу
талтай биш. Өнөөдрийн нөхцөл байдлыг харахад бид өөрсдөө л гуйж байгаа.

-Эдийн
засаг талаасаа ашиггүй юм байна. Тэгвэл Монголоор хийн хоолой дайруулах өөр шалтаг,
шалтгаан Орос, Хятадад бий болов уу?

-Ямар ч шалтаг, шалтгаан байх­гүй. ОХУ-ын хувьд  геостратегийн талаасаа чухал байж болох юм. Бид
Орос, Хятадын хооронд жийргэвч улс байсаар ирсэн. Өнөөдөр Орос, Хятадын харилцаа
түүхэнд тохиогоогүйгээр  ойр болж байгаа учраас
жийргэвчний үүрэг хэрэггүй. Харин хоёр хөрш сөргөөцөлдөөд ирэхээр бид жийргэвч улсын
үүрэг гүйцэтгэдэг юм. Газар зүйн асуудал дээр яривал Орос, Хятад хоёр стратегийн
түншлэлтэй, бүх юмаа харилцан хийж байгаа одоо үед Монголоор дайруулах ашиг сонирхол
Орост байх уу, үгүй юу гэдэг нь асуултын 
маш том тэмдэг. Монголын талаас байгалийн хий дээр ганцхан ашиг сонирхол
бий. Тодруулж хэл­бэл дамжин өнгөрүүлсний хөлс авна гэсэн түрээсийн маягийн зүйл
ярих гээд байгаа. Ач холбогдлыг нь биш валют хараад байна л даа. Манай­хаар дайрууллаа
гэхэд байгалийн хийн трубаг Хятад руу 55 тэрбум ам.доллараар тавина. Оросуудын хувьд
асар том зах зээл өмнө нь байгаа учраас ийм өндөр өртгөөр хийх гэж байна. 30 жилийн
турш 400 орчим тэрбум ам.доллар олох маш том төсөл. Үүний хажууд 55 тэрбум ам.доллар
их мөнгө биш. Манайхаар дамжуулж тавилаа гэхэд хэн санхүүжүүлэх вэ гэдэг асуулт
гарч ирнэ. Бид лав санхүүжүүлж дийлэхгүй. Тэгэхээр дахин хэлэхэд эдийн засгийн ашиг
талаа харвал Оросууд Монголоор дамжуулан хийн хоолой тавих ямар ч үндэслэл байхгүй.

-Онцгой
ашиг сонирхол байгаа тохиолдолд магадгүй юм биш үү?

-Өнөөдрийн хувьд онцгой ашиг сонирхол харагдахгүй байгаа.

-Уул
уурхайн нөөц ихтэй ор­дуу­даа ашиглуулах ч юм уу Оросуу­дад ашигтай байж мэдэх өөр
хувилбар байж болно шүү дээ?

-Тийм хувилбар байхгүй. Дайны байдал, цэрэг батлан хамгаалах асуудал,
Украйн шиг сөргөлдөөд ирвэл тийм юм үүснэ. Энхийн цагт ямар ч  орон өөрсдийнхөө ашиг сонирхлыг нэгдүгээрт тавьдаг.
Энэ бол зайлш­гүй бодож үзэх өнцөг. Гэтэл сүүлийн үед “Манайхаар тавибал гоё юм
байна” гэсэн хөөрөл давамгайлаад байна л даа. “Улаанбаатар төмөр зам”-ын тал нь
Оросын мэдлийнх. Америкаас хөрөнгө оруулалт хийе гэхэд Орос үгүй л гэсэн. Жижиг
юман дээр хүртэл “зөвшилц” гэдэг. “Бид хөрөнгөний хагасыг эзэмшигч учраас гуравдагч
талын асуудлыг тийм амар шийдэхгүй”  гэсэн
байр сууриа төмөр замын хөрөнгө оруулалт яригдах үеэр тодорхой хэлсэн. Гэтэл хийн
хоолой үүнээс ч том асуудал. Манайхаар дамжуулан хийн хоолой тавибал Орост Монгол
чухал байна гэдэг нь харагдана. Тавихгүй гэвэл эдийн засаг, бизнесийн хувьд л ашиггүй
гэж үзсэнийх.

-Оросуудын
хувьд  манайхаар дамжуулан  хийн хоолой тавих нь ашиггүй байлаа гэхэд Хятадад
ямар нэг сонирхол байж болох юм?

-Бид өмнөд хилийн дагуу  өчнөөн
цахилгаан станц байгуулж урд хөрш рүү эрчим хүчээ экспортолно гэж яриад байгаа.  Аливаа улсын эрх ашигт өөрийн улсын аюулгүй байдал
гэж чухал юм бий. Хятад эрчим хүчээрээ хараат бус байхын тулд 21 цөмийн цахилгаан
станц ажиллуулж байна. 28 цөмийн цахил­гаан станц нэмж барина гэж байгаа. Ийм улс
манайхаас эрчим хүч авах нь маш эргэлзээтэй. Хятад Улс хүнд үйлдвэрлэлдээ ашиглах
гэж л манайхаас нүүрс авдаг. Эрчим хүчтэй ямар ч хамаагүй. Ингээд анзаараад байхад
ямар нэг ашиг сонирхол харагдахгүй байна.

-Манай
улсын хувьд гуравдагч орон гэж онцолж харилцаад оросуу­даа гомдоосон талтай гэж
хэлэх судлаач цөөнгүй бай­даг. Хойд хөршийн бодлогын шийд­вэрүүдэд энэ хандлага
нөлөөлөөд байна уу?

-Харилцааны хувьд  бидний буруу
байхгүй. Зөвлөлт холбоот улс задарсны дараа Оросын бодлого, анхаарал өндөр хөгжилтэй  Европ, Америк руу хандсан. Тэдэнтэй л харилцаа
тогтоохыг бодож байсан. Саяхныг хүртэл, бүр тодруулж хэл­бэл Украйны хэрэг явдал
хүртэл Оросын бодлого тийм байсан юм. Алс Дорнод, Ази руу нэг их ач холбогдол өгдөггүй
байсан. Харин Украйны дараа Америк, Оросын харилцаа эрс хүйтэрсэн. Ийм үед оросууд
Ази гэж тив бийг санаж байна л даа.

-“Роснефть”-ийн
Ерөнхийлөгч  өнгөрсөн хавар нефтийн хоолой
тавина гэж хэлээд буцсан. Энэ алхам оросуудын эерэг хандлагын илэр­хийлэл, Украйнд
үүссэн нөх­цөл манайд ашигтайгаар эргэж бай­­гаагийн нэг жишээ биш гэж үү?

– Нефть, хийн хоолой хоёр бол өөр асуудал. Нефтийн хоолойн хувьд
байж болох асуудал. “Газпром” бол өөр.  Газаар
үйл ажиллагаа явуулдаг, газаар Европыг сүрдүүлдэг, газаар хяналтаа тавьдаг компани.
Монгол, Орос гэдгээ мартаад цэвэр бодлого, эдийн засаг талаас нь ямар ашигтай вэ
гээд харахаар юу ч харагдахгүй байна.

-Украйны
хямрал даамжирвал Оросын талаас гэж ярихад 
бидэнд ямар давуу тал байж болох вэ?

-Ази руу чиглэсэн бодлого нь манайх руу тусвал худалдааны эргэлт
сайжирч таарна.

-Шанхайн
уулзалтын үеэр Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Оросын талтай ярьсан транзит тээврийг
хэлж байна уу?

-Оросын хувьд нааштай хандаж байгаа нэг зүйл нь төмөр зам дээр ажиглагдаж
байгаа. Транзит тээврийн асуудлыг Оросын тал маш сайнаар хүлээж авч байна. Өөрсдийнх
нь ашиг сонирхолд нийцэх зүйл л дээ. Нэг жишээ хэлье. Путин саяхан стратегийн төлөвлөгөө
гэж гаргахдаа Алс Дорнод руу төмөр замын дэд бүтцийг хөгжүүлнэ гэж төлөвлөсөн. Бүр
хойшоо Якут  хүртэл төмөр зам тавих төсөл
хийгдэж  ажил болоод эхэлчихсэн.  Тэр хүрээнд Монгол руу төмөр зам татах асуудал
яригдаж байгаа. Энэ бол цэвэр бодлого, ашиг сонирхлын асуудал. Тэр нь манай бодлоготой
нийцэж байгаа. 

-Транзит
тээврийн асууд­лыг шийдсэнээр дамжин өнгөрүүлсний төлбөр гэж овоо доллар олох боломж
бүрдэж таарна. Бидэнд өөр ямар давуу тал байна?

-Бээжингээс Европ, Европоос Бээжин рүү явахад манай дээр гацахгүйгээр
шууд  экспресс явна гэсэн үг. Дамжин өнгөрүүлсний
төлбөр, экспортын төлбөр авахаас гадна бид өөрсдөө реэкспорт хийж болно. Оросоос
юм худалдаж аваад Хятад руу, Хятадаас худалдан авалт хийж Орос руу зарж болно. Одоогоор
Орос, Монгол хоёрын дунд яригдаж байгаа хамгийн бодитой, ажил болохоор шийдэл гэвэл
энэ байна. Үүн дээр Хятад, Орос хоёр манайхыг олж харж байгаа нь ёстой нөгөө газар
зүйн байршил. Гэхдээ газар зүйн байрлалын хувьд Казахстан манайхаас өрсөх талтай.
Учир нь Казахстан газар зүйн байрлалаараа манайхаас дөт. Тэд биднээс илүү идэвхтэй
байвал өрсөх магадлалтай. Монголын тухайд төмөр зам, агаарын зам, авто замын ложистикоо
маш сайн хөгжүүлбэл хөгжөөд явчихна.

-Хийн
хоолойг манайхаар дайруулахгүй байсан ч ложистикоо хөгжүүлчихвэл бид алзахгүй юм
байна. Гэхдээ Орос, Хятадыг холбосон хийн хоолой манай улсын нут­гаар дайрлаа гэж
бодоход бидэнд ямар ашигтай вэ, мэдээж өмнө ярьсан шиг дам­жин өнгөрүүлсний түрээс
авч таарна?

-Ажлын байр бий болно. Крантан дээр нь хэдэн хүн хяналт тавиад сууж
таарна. Аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээнэ гэсэн үг. Монголын нутаг дэвсгэрээр
татсан трубаны галын аюулгүй байдлыг хангах, 
хорлон сүйтгэх үйл ажиллагаанаас хамгаалах үүрэгтэйгээр ажиллах юм. Өмнөд
хилээс хойд хил хүртэл труба татна гэхээр нэлээд олон ажлын байр гарах болов уу.
Мөн газын компаниуд газ авах байх.

-Бас
байгалийн хий ашиглах боломж монголчуудад нээгдэх байх?

-Байгалийн хийг өөрсдөө ашиг­лана гэвэл труба татахаас эхлээд газар
ухаж дэд бүтцээ байгуулахад их хөрөнгө зарна. Хэрэглэж чадах уу гэдэг асуудал бас
бий. Украйн манайхаас илүү хөгжсөн,  аж үйлд­вэрж­сэн
хэрнээ сүүлийн таван сарын байдлаар байгалийн хийн төлбөрөө төлөөгүй. Гурван тэрбум
ам.долларын өртэй  байна. Гэтэл бид өнөөдөр
цахилгааны төлбөр нэмнэ гэхэд л бөөн асуудал босгодог. Тэгэхээр тал талаас нь судлах
л хэрэгтэй.

-Байгалийн
хий ашиглахад экологи талаасаа сөрөг  нөлөөлөл
байх уу?

-Шууд газар дээр труба татчих учраас ямар ч нөлөө байхгүй. Труба
нь газар дээгүүр могой шиг мушгиралдсан маягаар явчих юм. Аюулгүй байдлын стандартыг
сайн мөрдөх шаардлага бий. Нэг аюул нь дэлбэрэх. Гэхдээ өчнөөн талбайг хамарсан
том дэлбэрэлт болохгүй. Шатахуун түгээх станц дэлбэрэх хэмжээний дэлбэрэлт бол үүснэ.
Ойр явж байгаа хүнд хор хөнөөлтэй болохоос хол амьдардаг хүнд нөлөө­гүй гэсэн үг.
Байгалийн хий учраас байгальд үзүүлэх хор нөлөө гэж байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон сууцны үнэ есдүгээр сараас тогтворжино

-Байрны үнэ 2018 оноос аажмаар буурч эхлэх нь-


“Юу Эм Си Альфа” ком­панийн гүйцэтгэх захи­рал Н.Монсортой ярилцлаа.

-Орон сууцны үнэ хоёр, гурван жилийн дараа эрс бууна гэх юм. Энэ зах зээлийн шинжээчийн хувьд хэр бодитой таамаг гэж бодож байна вэ?
-Ирэх гурван жилд  байрны үнэ огцом буухгүй. Орон сууцны үнэ буурна, өснө гэдэг дээр хамгийн түрүүнд ярих ёстой зүйл бол зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн зарчим. Тодорхой хөтөлбөрүүд хэ­­рэг­­жүүлсэн учраас ний­лүү­лэлтийн хувьд эерэг дүр зураг харагдаж байгаа. Гэхдээ эрэлт тал дээр бодох зүйл бий. Хүний хэрэглээ тасралтгүй хөгжиж байдаг. Өнөөдөр хэрэгжүүлж буй орон сууцны хөтөлбөрүүд маргаашийн эрэлтэд таа­раагүй бүтээгдэхүүн санал бол­гож байхыг үгүйсгэх арга­гүй. Найман хувийн зээлд 80-аас доош квадрат метр байр зээлээр авах хүмүүс хамрагдаж байгаа.Монголын хүн амын  60 орчим хувь нь 35 буюу түүнээс доош насныхан. Маш залуу улс гэсэн үг. Тэдэнд хэдэн жилийн дараа байраа томсгох шаардлага гарч ирж таарна. Илүү тав тухтай байрны эрэлт бий болно гэсэн үг.
Жилд 10 гаруй мянган гэр бүл шинээр бүртгүүлдэг гэсэн статистик бий.  Залуу гэр бүл гэдэг ажиллаж хөдөлмөрлөж, ирээдүй өөд урагшилж яваа хэсэг. Орон байртай болохын тулд тэдэнд ямар бэрхшээл байгааг харж, худалдаж авах эрэлтийг нь дэмжсэн бодлогууд дээр анхаарах учиртай. Засгийн газраас байнга хөтөлбөр хэрэгжүүлээд байх боломжтой эсэхийг бас  харах хэрэгтэй. Нөгөө талд нь санхүүгийн зах зээл хөгжих ёстой гэж хэлэх гээд байна л даа. Санхүүгийн дэд бүтэц нь бэлэн болчихвол эрэлт нэмэгдэж таарна. Эрэлт нэмэгдэж байгаа үед үнэ өсөх нь ойлгомжтой.
-Ойрын нэг, хоёр жилд орон сууц олноороо бариг­дана, нийлүүлэлт нь нэмэгдээд ирэхээр байрны үнэ буурна гэж тайлбарлаад байгаа шүү дээ?
-Манай компани 2014 оны нэгдүгээр улирлыг хамруулан  судалгаа хийж үзлээ. 2014-2015 онд 30 орчим мянган айлын орон сууц баригдана гэсэн тоо гарсан. 2014 ондоо хорь гаруй мянган айлын орон сууц ашиглалтад орох болов уу гэж тооцлоо. Гэхдээ яг энэ хэмжээний орон сууц ашиглалтад орох эсэхэд  маш олон зүйл нөлөөлнө. Дотоодоосоо цементээ хан­­га­даг болсон, арматур үйлд­вэрлэж эхэлсэн гээд давуу талууд гарсан ч  барил­гын компаниуд гаднаас хамаа­ралтай хэвээр байгаа. Гаднаас юм авахаар валютын ханшаас эхлээд асуудал бий.
-Ойрын хоёр, гурван жилдээ буухгүй ч гэсэн буух цикл байгаа нь тодорхой. Тэр хугацааг нь хэдэн он гэж таамаглаж байна?
-2020 он хүртэл 180 мянга орчим орон сууцны хэрэгцээ бий. Монголын хувьд жилд 15000 орчим орон сууц нийлүүлэгддэг зах зээл. Эрэлт нийлүүлэлтийн огтлолцож байгаа хугарлын цэг дээр ирэхээр тэнцвэржээд эхэлнэ. Үнэ нь тогтворжино гэсэн үг. Ийм нөхцөлд үнэ бууж эхэлдэг.  2017, 2018  оноос орон сууцны үнэ тэнцвэржих болов уу гэж харж байна. Гэхдээ  маш олон дэд хувьсагчтай асуудал.
-Дэд хувьсагч гэдгээ тодруулаач?
-Хэрвээ дэд бүтэц тавиг­дахгүй бол, тавдугаар цахил­гаан станц ашиглалтад орох­гүй бол гэх мэт асуудлыг хэлээд байгаа юм. Хууль эрх зүйн хувьд ч тодорхой алхмууд хийх шаардлага бий. Орон сууцанд гадна, дотнын хөрөнгө оруулалтыг татах, барилга барих буюу худалдаж авах орчныг нь таатай болгоод өгвөл энэ зах зээл хөгжих бүрэн бололцоотой.
-Өөрсдөө цемент, арма­тур, өөр бас бус юмаа хийж чадаж байгаа нөхцөлд  заа­вал гадны хөрөнгө оруулалт татах шаардлага байна уу?
-Хөрөнгө оруулалт дээр хоёр зүйлийг харах ёстой. Мөнгө хэлбэрээр нь харахаас гадна менежмэнт ноу хау, технологи талаас нь харах учиртай. Барилгын өртгийн дийлэнх хувийг нь эзэлдэг цемент, арматураа Монголдоо хийх боломжтой болчихлоо гээд тайвширч болохгүй. Барилга барихад хэрэгтэй бусад зүйлсийг хэдхэн жилийн дотор төсөл хөтөлбөр зарлаад хийх боломжгүй. Жишээ нь бидний барьж байгаа ухаалаг гар утас бүтээгдэхүүн болтлоо хэдий хугацааны оюуны хөдөлмөр шаардсан билээ.
Барилга үүнтэй яг ижилхэн. Хүмүүс барилгыг  бүдүүн баараг салбар гэж боддог. Үнэн хэрэгтээ оюуны асар хүнд хөдөлмөр, маш их ноу хау шингэсэн салбар болчихоод байгаа. Барилгын шилэн фасад, дулааны алдагдал багатай барилгууд гэхэд л шинжлэх ухааны салбар болчихсон. Ийм зүйл дээр тодорхой хугацаа, капитал зараагүй байж шууд тэр үйлдвэрлэл хийхгүй л дээ.
-Таны ярианаас барил­гын салбарт хөрөнгө оруу­лахад хамгийн тохиромжтой үе иржээ гэж ойлголоо?
-Хамгийн зөв үе. Би гадны хөрөнгө оруулагчдад энэ үгийг дахин дахин хэлж байгаа. Ийм залуу, орон сууцны хэрэглээ нь өндөр улсад хөрөнгө оруулалт хийхэд алдахгүй. Өнөөдөр нийлүүлэгдэж бай­гаа бүтээгдэхүүний хувьд анхдагч зах зээлд шинээр нийлүүлэгдэж буй орон сууцнууд. Дөнгөж гэрлээд 50 метр квадрат байр авсан хос хоёр хүүхэдтэй болоод байраа томсгож таарна. Энэ жам руу дөнгөж орж байгаа улсад эрсдэл үүрээд хөрөнгө оруулалт хийвэл  хамгийн таатай үе нь ирчихээд байна.
-Сүүлийн 15 сарын хуга­цаанд орон сууцны үнэ 31 хувиар өссөн гэсэн судалгаа гарсан байсан. Энэ онд ер нь хэр өсөх бол?
-Энэ жил байрны үнэ харьцангуй тогтвортой байна. Бага хэмжээгээр өсч байгаад ирэх есдүгээр сараас тогтворжино гэсэн төлөв гарсан. Худалдан авагчдад  хүлээлт үүсчихлээ. Тэд хоёр юмыг хараад байна. Нэгдүгээрт захиалга өгөхөөсөө өмнө сонирхсон барилгаа  хүсч буй стандартынх нь  дагуу баригдаж дуусч байгаа эсэхийг харах гээд байдаг болчихож. Барилгын салбар, хөрөнгийн зах зээл хоёр уялдахгүй байгаагийн илрэл л дээ. Өнөөдөр  брэнд болсон учраас Apple-ийн чанарт хэн ч эргэлздэггүй.  
-Барилгын салбараа брэндүүдтэй болгох ёстой гэх гээд байна аа даа?
-Яг тийм.
Яаж брэндүүдтэй болох вэ?
-Компаниуд хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арил­жаалж, тайлан ба­ланс, тө­лөвлөгөөгөө тодорхой гаргаж, түүнийгээ яг таг мөрддөг болчихвол хүмүүс эргэлзэхээ болино. Хонконгт Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг барилгын компани зургаа гаргаж,  зөвшөөрлөө авч  сууриа ухаад эхлэхэд л борлуулалт нь 50 хувьд хүрчихдэг. Барилгын компанийн хувьд гайхамшигтай үзүүлэлт. Хү­мүүсийн итгэл чухал гэдгийг л харуулсан жишээ. Өмнө нь ямар нэг асуудалд орж байгаагүй, өөрийн гэсэн  технологи, менежмэнт, ноу хаутай болсон учраас тэр компанид иргэд итгэл үзүүлж байна. Бид ч энэ чиг рүү явах учиртай.
-Эргээд байрны үнэ рүү­гээ оръё. Орон сууцны үнийг нэг жилээр прогнозлоод харахаар зайлшгүй үнэ өсдөг сар  гэж байх уу?
-Үндэсний онцлог гэж бий л дээ.  Сургууль орохын өмнө, сургууль тарахаас өмнө, сар шинээр байраа засварлах, шинэ байранд орох, байраа шинэчлэх тохиолдол ихэс­дэг. Энэ үед үнийн өсөлт ажиглагддаг.
-Жил хагасын дотор байр­ны үнэ 31 хувь өссө­нийг зарим эдийн засагч  валютын ханш, инфляцитай харьцуулахад бага өсөлт гэж байгаа. Харин ч өндөр өсөлт юм  шиг санагдаж байна. Таны хувьд өндөр өсөлт гэж бодож байна уу, эсвэл өөр тайлбар хэлэх үү?
-31 хувь гэдэг үнийн өсөл­тийн хувьд өндөр гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ бусад улсын хувьд ямар за­маар явсныг харах хэрэгтэй. Хөгжлөөрөө манайхаас түрүүлж яваа Казахстанд гэхэд орон сууцны үнэ 2000 доллар байснаа 10 мянган ам.доллар болж өссөн байдаг. Тэгээд эргэж буухдаа 7000 ам.доллар дээр очиж тогтворжсон. Огцом хэмжээгээр өсөөд буухдаа анхны үнийн дүн дээрээ ирдэггүй ийм жишээ хэд хэдэн улсад ажиглагддаг.
-Тэгэхээр манайд орон сууцны үнэ ингэж огцом  өсөх эрсдэл ч бий гэсэн үг үү?
-Үгүйсгэх аргагүй. Бид өнөөдөр санхүүгийн хямд эх үүсвэр гэдэг юмыг огт үзээгүй улс. Барилгын компаниудтай очоод уулзахаар төслийн санхүүжилтийн зардал нь маш өндөр байдаг. Дахиад хэлэхэд санхүүгийн дэд бүтэц муу хөгжсөнтэй холбоотой асуудал.
-Цемент, арматураа до­­тоо­доосоо хангаж эхэлс­нээс гадна байшин үйлдвэрлэх комбинат бай­гуулж угсармал байр олноор нь барина гээд төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Ажил болоод эхэлбэл нийлүүлэлт огцом өснө. Тэгэхээр үнэ эрс буурах юм биш үү?
-Социализмын үеийн барилгажуулалт биш шүү дээ.  Чөлөөт зах зээл учраас эцсийн шийд гаргах хүн  нь худалдан авагч. Байрнуудыг лего шиг өрөөд байж болно л доо. Гэтэл худалдан авагчид маань хоёр, гурван хүүхэдтэй боллоо, орлого ч дажгүй болчихлоо,  угсармал биш илүү тохитой том  байр авмаар байна гээд эхэлбэл яах вэ гэдэг асуудал бий. Ирээдүйд хөгжих нь тодорхой, эдийн засаг нь жилд хоёр оронтой тоогоор  өсч яваа орны хувьд банкны зээл авах баталгаатай орчин үүсч, санхүүгийн дэд бүтэц хөгжинө гэдэг нь эргэлзээгүй. Ийм нөхцөлд орлого сайтай, давгүй ажилтай хүмүүс нэг загварт оруулсан бүтээгдэхүүн худалдаж авахыг хүсэхгүй.
-Гэхдээ л орон сууцанд ороогүй гэр хорооллын иргэ­дийн хувьд халуун хүйтэн устай, дулаан байранд орох хүслээсээ буцахгүй шүү дээ. Тэгэхээр ижил загварын байрнуудын эрэлт ирэх жилүүдэд тасрахгүй гэж бодож байна?
-Үнэн л дээ. Гэхдээ техно­логийн  өрсөлдөөн явагдана. Яг одоогийн халуун устай, дулаахан байна гэсэн анхан шатны хэрэглээний хувьд цаг хугацаа хэмнэх талаасаа угсармал байрнууд байж болох талтай. Гэхдээ нөгөө талд тав тухтай, хэрэглэгчдэдээ илүү ойрхон, тэднийг илүү чагнасан зах зээл бий. Олон улсын байгууллагуудын судал­гаагаар Монголын эдийн засаг ирэх жилүүдэд тасралтгүй хоёр оронтой тоогоор өснө гэсэн таамаг гарсан. Тэгэхээр эдийн засгаа өөдрөгөөр харах ёстой. Өөд­рөгөөр харахаар үнэ бууна гэж байхгүй. Эдийн засаг сайжрахаар хүмүүсийн хэрэглээ зөвхөн халуун ус гэх мэт анхан шатнаасаа дэвшиж таарна. Үнийн хувьд нэг жишээ хэлье. Дэлхийд хамгийн том жишээ болсон, Америкт хэрэгждэг орон сууцны үнийн индекс гэж бий. Муж тус бүрд гардаг тэр индексийг харахаар их сонин юм ажиглагддаг. Орон сууцны үнэ өсч байгаа мужид ажилгүйдлийн түвшин буурч байдаг. Энэ бол эдийн засгийн харилцан хамаарал. Иргэд нь ажилтай орлоготой газарт орон сууцны үнэ өсч байдаг, харин ажилгүйдэл өндөр улсад бол орон сууцны үнэ уруудаж байдаг. Шалтгаан нь худалдан авах чадваргүйтэй холбоотой. Мэдээж энэ нь орон сууцны үнэд нөлөөлөх туйлын нөхцөл биш, өөр олон шалтгаан бий.
-Та түрүүн барилгын компаниудын барилга барих төслийн санхүүжилтийн зардал нь өндөр учраас үнэд нөлөөлдөг гэсэн агуул­­гатай үг хэлсэн. Өндөр хүүтэй зээлээр барилга барьж байгааг хэлж байна уу?
-Тэгж ойлгож болно. Өнөө­дөр барьж байгаа барил­гуудыг дандаа зээлээр барьж байна. Санхүүгийн дэд бүтцээ хөгжүүлчихвэл  зээлээр барихгүй байх боломжтой. Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа гаргаж мөнгө босгочихвол хүү гэж илүү мөнгө төлөхгүй шүү дээ. Хөрөнгөө оруулсан  хүн тухайн компани буюу брэндэд итгэж эрсдлээ үүрээд ороод ирнэ гэсэн үг. Энэ боломжийг бүрдүүлэх анхан шатны хуулиуд нь батлагдсан. Хэрэглээнд ороход хугацаа шаардах нь ойлгомжтой. Гадаадын хөрөнгийн биржээс мөнгө босгосон, Монголд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайтай холбоотой гадны компаниудын зах зээлийн үнэлгээ 30 гаруй тэрбум ам.доллар болж байсан үе бий. Эдгээр компанийн нэг нь барилгын компани байсан. Тэгэхээр гадны зах зээлээс энэ салбар руу хөрөнгө татах боломж байгаа гэсэн үг. Сүүлийн үед энэ зүг рүү чиглэсэн алхмууд хийгдэж байгаа. Гэхдээ зарим нь бидний хүсч байгаа шиг хурдан явагддаггүй юм байна. Хөрөнгө оруулагчид үлгэр, жишээ авахаар компани бай­гаа эсэхийг сонирхож байна. Байгаа бол хэр амжилттай ажилласныг нь лавлаж байна. “Би ямар шалтгаанаар Монголд мөнгө оруулах ёстой вэ” гэсэн асуултдаа хариу авсныхаа дараа “Би яагаад заавал энэ компани, энэ төсөл рүү хөрөнгөө хийх ёстой вэ” гэсэн асуулт тавьж байна.Хөрөнгө оруулна гэдэг тийм амархан процесс биш л дээ.  Монголын хувьд хөрөнгө оруулалт татах гэж  Мьянмар,Вьетнам Камбож гээд Зүүн өмнөд Азийн олон зах зээлтэй өрсөлдөж байдаг нэг л зах зээл.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Улаанбадрахын гажигтай төл ураны хайгуул хийгээгүй Төв аймагт ч гарч байна

Цөмийн физикч А.Оюун­чимэгтэй ярилцлаа.

 -Иргэний
нийгмийнхэн уран олборлож болохгүй, шар нунтаг гэж аюултай эд бий гэсэн мэдээллийг
хүчтэй цацдаг. Мэргэжлийн хүний үгийг сонсмоор байна. Шар нунтаг тийм аюултай эд
үү?

-Манай улсын хувьд шар нунтагийг 120 метрийн гүнд уусган баяжуулах
аргаар авах тухай ярьж байна л даа. Орчин үеийн дэвшилтэт технологиор газрын хөрсөн
дээр олбор­лоно. Ураны хүдрийн хэрэгтэй хэсгийг ялгаж авсныг л шар нунтаг гээд байгаа
юм. Ялгаж аваад экспортод гаргана гэсэн яриа явж байгаа.  Шар нунтаг аюултай гээд байгаа нь технологитой
холбоотой. Хорь, гучаад оны газрын хөрсөн дээр олборлож байсан хуучны аргын талаар
жишээ, баримт дурдаж ярих хүмүүс олон байдаг. Гэтэл өнөөдөр технологи асар өндөр
түвшинд хүрсэн. Шар нунтаг хүн, амьтныг хордуулдаг гэсэн яриа огт үндэслэлгүй, хар
төдий л зүйл. Ураныг аяганд хийгээд дээд талд нь бичгийн цаас тавьчихад л хор нөлөө
үзүүлэхээргүй сул цацраг ялгаруулдаг. Сая физикчид Дорноговийн өндөр цацрагтай гээд
байгаа газар тугал 25-аас дээш жил хөдөлгөөнгүй 
хэвтэж байж хордлого авна, яг тэр шорооноос 500 кг-ыг идэж байж хордоно гэсэн
тооцоог гаргасан. Энэ тооцоог цөмийн физикийн профессор Хүүхэнхүү гаргасан байгаа.

-Ураны
хор хохирол яг хэдийд нь гарах эрсдэлтэй вэ?

-Задралын үедээ л гардаг. Задралын үедээ гарахдаа  өнөөдөр хордоод маргааш нь илрээд эхэлдэггүй.
Нэг, хоёр, тав, зургаан жилдээ  ч гарахгүй.
Хорь, гуч, дөчин жилийн турш эсийн түвшинд очиж үйлчилдэг онцлогтой.  Тэгэхээр яг өнөөдөр, эсвэл ойрын үед шар нунтагаас
болж ингэж хохирлоо гэсэн,  хордлоо гэсэн  баримт дэлгэж чадахгүй гэсэн үг.

Гамма, бетта цацраг урвалд орсныхоо дараа л хүнд нөлөөлдөг. Дахин
хэлье. Өнөөдөр манайх  шар нунтагийг ялгаж
аваад урвалд оруулаагүй. Тэгэхээр уран ингэж нөлөөллөө гэж ярих нь ор үндэсгүй зүйл.
Ялгаж аваад экспортод гаргах тухай болохоос ашиглаж урвалд оруулах асуудал огт яригдаагүй.
Атомын цахилгаан станц, цөмийн зэвсэг үйлдвэрлэлийн хувьд бол өөр асуудал.  Харин бид түлж байгаа нүүрснээсээ болгоомжлох
хэрэгтэй.

-Яагаад?

-Нүүрс гэхэд л байгаль дээр байхдаа 27 хувийн цацрагтай. Түлэхээр
цацраг нь 50-60 хувь болчихдог. Гэтэл нүүрсийг хүн бүр хэрэглэдэг. Харин  шар нунтагийг шууд гадагш нь гаргана гэж байгаа.  Зөвхөн түүхий эд маягаар хэрэгцээтэй газар нь
экспортод гаргах л асуудал яригдаж байна. Зүгээр байсан нүүрсийг шатаагаад ирэхээр
урвалд орж радиац нь ихсээд явчихдаг. Ийм радиацтай дулааны станц Улаанбаатарт нэг
биш ажиллаж байна шүү дээ.

-Радиаци
гэдгээ тодруулаач?

– Ураны задрал явагдаад хор нь гарч байгааг  радиаци гээд байгаа юм. Гэрт нүүрс түлэхээр муухай
үнэртдэг нь радиацийн нөлөөлөл. Урвалд ороод гадна тийшээ тэлж байгаагийн илрэл.

-Ураны
зуу гаруй лиценз байна, энд тэнд том, жижиг компаниуд олборлоод эхэлбэл хяналт сулраад
эрсдэл гарах вий гэсэн болгоомжлол байдаг?

-Ураныг энд тэндгүй олборлоно гэж байхгүй. Зуу гаруй  лиценз бий гэж ярьдаг ч  тэр болгоныг ашиглаад явах чадалтай, олон улсад
хүлээн зөвшөөрөгдсөн улс гүрэн тийм ч олон биш. Дэлхийн том компаниудыг манайтай
хамтарч байгаа Франц тэргүүлдэг.  Орос байна.  Японы хувьд технологийг нь ашигладаг л  улс.

-Ураны
хор хөнөөл өчнөөн жилийн дараа гардаг гэж та түрүүн ярилаа. Тэгэхээр Улаанбадрахад
ураны хайгуулаас болж  тугал үхлээ, гажигтай
төл гарлаа гэсэн мэдээллүүд бодитой тайлбар биш гэсэн үг үү?

-Биш. Таны асуултад хариулахын өмнө нэг жишээ хэлье. Би саяханТөв
аймгийн Баян суманд очоод ирлээ. Тэнд газрын тос, нефтийн хайгуул явагдаж байна.
Төмрийн хүдрийн уурхайн олборлолт хийгдэж байна. Алт олборлож байна. Гэтэл Баян
суманд  яг Улаанбадрахынх шиг урд хоёр хөл
нь богинохон, үс нь халцарсан төл гарчихаж. Үнэхээр  ураны хайгуулаас болж төл гажигтай гарсан  юм бол Баян суманд яагаад ийм төл гарч эхлэв гэдэг
асуулт гарч ирж байгаа биз.

-Тэгээд
шалтгаан нь юу байж таарах вэ?

-Ямар ч шалтгаан байж болно. Химийн  элементийн урвал байхыг үгүйсгэхгүй. Газрын доорх
химийн элементүүд дээшээ гарч  агаарт урвалд
орж, усанд тархсан байж магадгүй.  Тийм усыг
уусан малд элдэв шинж ажиглагдаад байгаа ч юм билүү. Сэжиглэж болох өөр нэг таамаг
бол вакцин. Малчид  өөрсдөө ярьж байна лээ.
Сая шүлхий гарсны дараа малыг вакцинд хамруулсан даа. Тарьсны дараа төлөө гаргаж
чадахгүй, төл нь хөл дээрээ босч чадахгүй байна гэсэн мэдээллийг малчид бидэнд өгсөн.
Тэгэхээр гажигтай төлийн шалтгаан Улаанбадрахын уран, “Арева” компани  биш болж таарч байна. Өөр газар ч ийм асуудал
гарч байгаа учраас судалгаа явуулах хэрэгтэй. Мэргэжлийн хүмүүс шалтгааныг нь тодруулах
ёстой. Ивомек гэдэг тариаг малчид малаа тэнхрүүлэх гэж тарьдаг. Энэ тариаг тарьснаас
хойш мал төл хаяад байгаа гэж ярих малчидтай олон удаа таарч байсан. Тэгэхээр манайд
орж ирж байгаа тариа, вакциныг хэн судалж байна вэ, ямрыг нь  хаанаас оруулж ирж байна гэдгийг ч судлах хэрэгтэй.

-Ураны
хайгуул хийхэд ашиглаж байгаа бодис нь эрсдэл дагуулаад байна уу?

-Ураны хайгуул хийхэд өрмийн хошууг нь зөөлрүүлэх химийн бодис л
ашигладаг. Тэр нь тийм хортой бодис биш. Цөм хортой гээд байгаа нь мэргэжлийн биш
хүмүүсийн л яриа. Уранаас болж ийм тийм хохирол гарлаа гэсэн дүгнэлтийг цөмийн физикчид
гаргаагүй байхад иргэний нийгэм гаргах ямар ч эрх, чадавхигүй.

-Ураны
чиглэлээр дуугарч тэмцдэг  иргэний нийгмийнхэн
дунд физикч хүн байгаа юу?

-Ураны талаарх нарийн ширийнийг физикийн хүн ч мэдэхгүй. Цөмийн физикч
хүн л мэднэ. Иргэний нийгмийнхний дунд физикч хүн ч байхгүй. Цөмийн физикч хүн ч
алга. Эмч, багш, урлагийнхан бол байна. Миний хувьд иргэний нийгэм, мэргэжлийн хүмүүс,
малчид, албаныхан тойрч суугаад хэлэлцүүлэг өрнүүлбэл хүмүүст зөв мэдээлэл хүрэх
байх гэж боддог юм. Тэгвэл хүмүүсийн төөрөгдөл арилна. Өнөөдрийн хувьд  Цөмийн энергийнхэн нэг юм ярьдаг, нөгөө талд нь
иргэний нийгмийнхэн тэс өөр юм яриад байна л даа. Дунд нь малчид төөрөлдөөд байна.
“Норовсүрэн гуай та хайгуул явагдаж байгаа газраас хэчнээн км-т амьдарч байна, танай
мал ямар ус уусан, хэн ирж шинжилсэн, яг ямар дүгнэлт гарсан бэ” гэж ирээд тал талаас
нь бодитой дүгнэлт, тайлбартайгаар ярилцах хэрэгтэй.

Франц Их наймын нэг улс. Олон улсын өмнө хариуцлага хүлээсэн том
орон. Манайд хор хохиролтой үйл ажиллагаа явуулбал Монголд тэгж байг гээд олон улс
хараад суухгүй. Өнөөдөр Украйны асуудал дээр гэхэд л Их найм Орост шахалт үзүүлж
байгаа. Манайд хортой үйл ажиллагаа явуулбал үүн шиг л юм болно.  “Арева”-г шар нунтагаа  авч эхлээ ч үгүй байхад болохгүй бүтэхгүй гэж
ярих нь угаасаа утгагүй хэрэг.  Одоогоос хориод
жилийн өмнө оросууд Мардайд хайгуул хийж байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл Мардай хавиас
өрөөсөн нүдтэй, үс нь халцарсан хүн, амьтан төрөөгүй л байна. Цөмийн физикч хүний
хувьд надад нэг хүсэл байдаг юм. Цөмийн технологийнхоо хөгжлөөр ийм өндөр түвшинд
хүрсэн улстай хамтарч байгаагийнх шар нунтагийнхаа оронд жижиг оврын цөмийн эрчим
хүчний станц бариулаад үлдээсэй.

-Японд
асуудал гарч байхад  манайх шиг улсад атомын
цахилгаан станц бүр ч аюултай гэсэн тайлбар хүчтэй байдаг шүү дээ?

-Дэлхийн хөгжингүй орнуудын түүхийг харахаар  цөмийн дэвшилтэт технологийг ашиглаж хөгжсөн байдаг.
Цөмийн технологийг ашиглан том хэмжээний үйлдвэр байгуулсан улсууд бүгд л хөгжчихсөн
байна. Хүдэр дотор хичнээн хэмжээний зэс, алт, мөнгө байгааг  цөмийн цацрагаар л нэвт харна. Хил гааль, эрүүл
мэнд гээд цөмийн технологийн дэвшлийг  ашиглахгүй
салбар гэж байхгүй. Ингээд бодохоор  бидний
амьдралд цөмийн технологи хэрэгтэй. Хэрэгтэй юмаа хортой гэж хашгираад байж болохгүй
л дээ. Шар нунтагийнхаа оронд тийм технологиудыг солилцох маягаар оруулаад ирэх
хэрэгтэй. Станцын хувьд Чернобылийн осол гарч байсан үеийн технологи, өнөөдрийн
технологи хоёр өдөр шөнө шиг ялгаатай. Японы Фүкүшимагийн осол технологиосоо болоогүй.
Гадны хүчин зүйл байсан. Хэрвээ атомын станц аюултай байсан бол Хятад Гуанжоугаас
цаашаа гурав дахь цөмийн станцаа барина гэж төлөвлөхгүй.  Орос дөрвөн станц барина гэхгүй.

-Гэхдээ
манайд нар, салхи гээд сэргээгдэх эрчим хүчний нөөц нь хангалттай байна, эрчим хүчний
хүрэн нүүрсний нөөц ч их. Өөр гарц байгаа болохоор заавал атомын станц гэх хэрэг
байна уу?

-Америкт очих үеэрээ сэргээгдэх эрчим хүчнийх нь станцуудтай  танилцсан юм. Салхин станцын хувьд  нэг сэнс нь гэхэд л  200 сая ам.доллар. 50 сэнс эргэлдэж  байж нэг хотыг эрчим хүчээр хангадаг. Тэгэхээр
асар өндөр өртөг шаардаж байгаа юм. Ер нь нар, салхи, усны сэргээгдэх эрчим хүч
маш өндөр зардалтай. Хоёрдугаарт гаргаж байгаа КВт нь дулааны буюу атомын станцаас
бага байдаг. Тийм учраас манайд их эрсдэлтэй. Дэлхий нийт сэргээгдэх эрчим хүчийг
хэрэглэхийг илүүд үзэж байгаа нь үнэн ч манайх шиг улс эдийн засаг талын ийм тооцоог
бодох л хэрэгтэй. Дорноговьд аж үйлдвэрийн парк барина гэж байгаа. Эрчим хүчнийх
нь хэрэгцээг яаж хангах вэ гэдэг бодох асуудал. 
Улаанбаатар дулааны цахилгаан станцтай. 
Дахиад дулааны станц барьж цацрагтай нүүрсээ шатаана гэж байна. Радиац нь
нэмэгдээд байхад нүүрс түлдэг дулааны станцуудыг хотоо дагуулаад барих  шаардлага байна уу үгүй юу гэдгийг бодох л хэрэгтэй.
Аль болох экологид хор багатай эдийн засагт хэмнэлттэй эрчим хүч ашиглавал илүү
зөв шийдэл болно гэж би хувьдаа үздэг. Эзгүй талд бага оврын цөмийн станцтай байхад
ямар ч аюулгүйгээр хямдхан өртгөөр эрчим хүчээ авчихна.  Ямар ч улсын хөгжлийн суурь нь зам, эрчим хүч
байдаг. Усан станц бариад эрчим хүчээ бүрэн хангана гэдэг манайх шиг  95 хувь нь гадагшаа гардаг гол мөрөнтэй улсад
зөв шийдэл биш. Салхины станцыг өртөг өндөр гэж сая хэлсэн.  Нарных гэхээр толинуудыг нь заавал цэвэрлэж байх
хэрэгтэй. Хүнхэр толь тавья гэвэл  асар үнэтэй.
Хавтгай дэлгэцийг  бороонд норох бүрд  цэвэрлэх шаардлага гардаг юм.

 Ц.БААСАНСҮРЭН