Categories
мэдээ цаг-үе

Гэртээ өнжих завгүй “хордлого”-ын Юндэн эмч

Хөтөлд гарсан булчин задрах тахал, метилийн спирттэй  архинаас болж өчнөөн хүн амиа алдсан тохиолдол, Дорнодын түймэр, Налайхын уурхайн осол гээд Монголд болсон томоохон үйл явдлуудын ихэнхэд нь хордлогын эмчээр ажилласан эрхмийнд өнжлөө. “Хордлого”-ын С.Юндэн гэхээр салбарынхан нь анддаггүй юм билээ. Утас цохиж гэрт нь өнжих хүсэлтэйгээ  хэлтэл “За даа, би ч гэртээ тогтоод байдаг хүн биш дээ. Манай эмнэлэг дээр хүрээд ирэх үү. Гэрээр ороод гарах зав олдох байхаа” гэж байна. Эмнэлгийг нь заалгаж аваад очлоо. С.Юндэн эмч Сонгинохайрхан дүүргийн урд талд “Гэгээн мед” гэдэг хувийн эмнэлэг ажиллуулдаг юм байна.  Айраг найрын цаг болохоор цөөхөн хүн хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Хордлогын чигийн эмнэлэг аж. Тасгууд нь цэвэрхэн, тохилог, өрөө бүрдээ ариун цэврийн өрөөтэй юм.

Эмчийн өрөөнд орлоо. Номоо хэвлэлд бэлтгээд тун завгүй суугаа нь ажлын ширээг нь харахад л илт байв. Эмнэлэгтээ ажиллахаас гадна Эх  хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвлөх эмчээр ажилладаг гэнэ. Мэдээж хордлогын чиглэлээрээ. “Та Монголд гарсан томоохон хордлогууд дээр ажиллаж байсан хүн. Илүү хөлс урсгасан, хүч шаардсан тохиолдол гэвэл алийг нь онцлох вэ” гэж асуутал “Хөтөлд 1996 оны үед гарсан холер. Монголоор бол булчин задрах тахал л даа. Би Эрүүл мэндийн яамны багийг толгойлж сэхээний эрчимт эмчилгээний зөвлөхөөр ажилласан юм. Өмнө нь манайд халуун орны тийм өвчин гарсан удаагүй учраас их хэцүү байсан. Ямар ч туршлагагүй. Шууд холер гэж мэдээгүй. Хөтөлийн цемент шохойн үйлдвэрээс гарч байгаа хаягдал уснаас хүн амьтан хордчихож, химийн хордлого байж магадгүй гээд намайг явуулсан юм. Анх очиход таван хүн нас барчихсан байлаа. Биднээс түрүүлээд бактерлогич, эрүүл ахуйчид оччихсон байсан л даа. Яг очдог орой  лабораторийн шинжилгээгээр холерийн үүсгэгч  гэдэг нь тодорхой болчихлоо. Өмнө нь огт заалгаж байгаагүй зүйлтэйгээ нүүр тулсан” гэж хэлээд толгой сэгсрэв. Тэднийг очсоны дараа нэг ч хүн амь үрэгдээгүй, шуурхай эмчилгээ хийж бүгдийг нь босгожээ.  Амжилттай болсны шалтгаан нь цэргийн байгууллага ажилласных гэнэ. “Цаашдаа ч гэсэн янз бүрийн голомтон дээр ажиллавал цэргийн байгууллагаа түлхүү түших нь зүйтэй юм байна гэсэн сэтгэгдэл төрсөн” гэж яриагаа үргэлжлүүлэв. Холерийн голомтод ажилласан эмнэлгийн ажилтнуудын хэн нь ч халдвар аваагүй нь зохион байгуулалт өндөр байсантай холбоотой гэж С.Юндэн эмч ярив. 

 Дараагийн хэцүү  тохиолдол нь Багануурын хордлого гэнэ. “Азийн чоно” компанийн метилийн спирттэй архины хордлого гэхээр уншигчид андахгүй. С.Юндэн эмч тэр хордлогын талаар “Маш богино хугацаанд их олон хүнийг хамарсан, нягтрал ихтэй хордлого байсан. Би арванхоёрдугаар сарын 31-ний шөнө хотоос дуудагдаад очсон юм. Тэр үед хоёр хүн нас барчихлаа гэж байсан. Намайг очих хооронд шөнөдөө долоон хүн нас барчихсан. Тэр үед бид нэг л зүйлд гомдолтой байсан. Эрүүл мэндийн боловсролтой холбоотой асуудал л даа. Архинд хордсон хүмүүс шартчихаж гээд гэртээ хэвтсээр байгаад яг үхэх болохоороо эмнэлэг бараадсан. Эмнэлгийн хаалгаар орж ирээд үхээд байсан. Тэр үед зуун хориод хүн хордож ирсэн. Цаг алдалгүй ирсэн хүмүүс нь бүгд сэхсэн. Хамгийн харамсалтай нь нас барсан хүмүүсийн дийлэнх нь  баяр ёслолын үеэр л архи амсдаг  залуус байсан” гэж ярилаа.  Архинд хордох, шартах хоёр ялгаатай эсэхийг сонирхоход “Ялгаатай байлгүй яахав. Хордлого нь  харьцангуй гүнзгий илэрнэ. Нүдний хараа муудна. Хөхрөлтийн шинжүүд ажиглагдана” гэсэн хариу өгөв. Ерэн оны эхээр Налайхын уурхайн осол ч их хүч шаардаж байж. Уурхай нурсан тэр үед угаарын хийн хордлого голложээ.  Уурхайчид тархины архаг хордлогод орсон гэнэ. Одоо ч зарим нь эмчийн хяналтад байдаг аж. Монголд олон хүнийг хамарсан химийн голомтын ослууд  20 гаруй удаа гарч байсны ихэнх тохиолдолд С.Юндэн эмч ажиллаж байжээ. 

Сүүлийн үед залуу хүмүүс амиа хорлох нь ихэсчээ. Эмчийн эмзэглэж явдаг асуудлын нэг нь энэ гэсэн. Тэрээр “Цаана нь сэтгэл зүйн асар том драм явагдаж байгаа. Гарцгүй байдалд орж эцсийн шийдэл нь үхэл болчихсон байдаг. Энэ нь эмчид үнэхээр хатуу буудаг. Нэгэнт сэтгэл зүрхээрээ явъя гээд шийдчихсэн учраас эмчилгээний үр дүн муу байдаг. Хүний бие сэтгэл хоёрыг хоёуланг нь эмчилж байж л босч ирдэг” гэж ярив. “Аврах боломжгүй өвчтөнийг аварсан тохиолдол бий юу” гэж асуухад “Өчнөөн бий. Эх нялхаст  могойд хатгуулсан  хоёрхон настай  казак хүүхэд ирж байсан юм. Их хүнд хордлоготой. Монголд тэрийг нь эдгээдэг эм  байхгүй. Могойн хорны ийлдэс гэж байдаг. Вакцин шиг зүйл гэсэн үг. Бие нь эрс муудчихаад байхад бид лазерын туяаны эмчилгээ хийсээр байгаад босгоод ирсэн. Хатгасан могойг тэр хүүхдийн аав цэвэр усны таван литрийн саванд хийгээд ирчихсэн. Хүү нь амьдарвал ууланд нь тавина, хүүгээ нас барвал цуг оршуулна гэж ярьж байлаа.  Жэпэнес мабуши гээд бамбай хоншоортны бүлгийн Японы могой байсан юм” гэж дурсамж сөхөв. Одоо л гэхэд Гэмтлийн сэхээнд могойд хатгуулсан есөн настай охин хэвтэж байгаа гэнэ. Мөн л энэ могойд хатгуулаад иржээ.  Зун цагт хүүхдүүд могойд хатгуулах нь их байдаг аж. 

С.Юндэн эмч ширээн дээрээсээ үдэж бэлдсэн зузаан гэгчийн бичгийн цаасыг авснаа  “Бид өглөө бээлий өмсөөд орой нь  тайлдаг хүмүүс. Амьдралын хэв маяг маань тийм. Хажуугаар нь эрдмийн ажилтай, багшилна, зөвлөх эмч хийнэ. Хувийн эмнэлгээ ажиллуулна. Одоо гуравдугаар эмнэлэг орж бэлэн болгосон номын эхээ редакторлуулах хүндээ өгөх юм. Тэр далимаараа та нарт гэрээ харуулъя. Ороод л  гарах байх шүү. Дараа нь гэмтлийн эмнэлэг орж эмчилгээ хийх ажил бий” гэж байна. Эмчилгээний өрөөнөөсөө саарал өнгийн жижиг аппарат аваад халаттайгаа үүд зүглэлээ. Могойд хатгуулсан охиныг эмчлэх лазерын эмчилгээний аппарат гэнэ. Машинд суугаад гуравдугаар эмнэлэг явах замд утас нь хангинав. “Одоо чинь найр наадмын цаг. Хүмүүс нь цуглана гэвэл очиж болж байна аа” гэж хэлээд утсаа салгав. Найз бүсгүйдээ гар хүрч амиа алдахад нь нөлөөлсөн гэх Алтанхүүгийн хэрэгтэй холбоотойгоор  шүүх хуралд  байлцахыг хүсч залгажээ. Шүүх эмнэлэг бүсгүйг зодуулснаас болж амиа алдаагүй, эрүүл мэндийн байдлаас шалтгаалсан гэсэн дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлтийг нь хохирогч тал хүлээн зөвшөөрөөгүй учраас  дүгнэлтийн талаар яамнаас хөндлөнгийн шинжээчид томилжээ. Шинжээчдийнх нь бүрэлдэхүүнд С.Юндэн эмч багтсан юм байна. Энэ мэт ажилд ч нэлээд оролцдог бололтой юм. 

Гуравдугаар эмнэлгээр орсны дараа гэр рүү нь явлаа. Гэрт нь ороход зураачийнд ороод ирэв үү гэж андуурмаар дүр төрх угтав. Бийр, будаг, эгнүүлж өрсөн эскиз зургууд хамгийн түрүүнд нүдэнд туслаа. Мандаж буй нарны наана зогсох унага, хоёр морь хөтөлсөн хүү гээд морины зураг цөөнгүй харагдав. Нөгөө талын хананд жаазлахад бэлэн болсон зургууд харагдана. Ц.Дамдинсүрэн зохиолчийн хөрөг их содон шийдэлтэй юм. Доод талд нь тоос татуулан давхих морьд, дээд талд нь эрдэмтэн зохиолчийн хөргийг зуржээ.  Саарал голдуу өнгө давамгайлсан энэ хөрөг яах аргагүй нүд унахаар бүтээл болж. Цэцэгсийн зураг ч нэлээд хэд үзэгдэв. Хүүхдүүд нь бололтой хүү, охин хоёрын зураг ч анхаарал татахаар юм. Зураг зурах нь  С.Юндэн эмчийн хобби гэнэ. Өнгөрсөн жил  хөгшнөө өөд болсноос хойш гэртээ байхдаа сав л хийвэл бийр, цаас нийлүүлдэг болж. Өглөө таван цаг гэхэд босч номоо бичдэг ажилтай гэнэ. Голдуу хордлогын чигийн ном бичдэг аж. Одоогоор хориод ном бичжээ. Номныхоо завсар зайгаар зургаа зураад суучихдаг бололтой. Зургаа цуглуулахаас илүү бэлэглэчихдэг юм байна. 

Санктпетербургт сурч байхдаа зурсан зургаараа бие даасан үзэсгэлэн хүртэл гаргаж байж. Хойно сурч байсан зургуудаа сонирхуулав. Санктпетербургийн цэргийн академи төгсч ирээд хөдөө бага эмчээр хэсэг ажиллажээ. Хотод ирээд цэргийн газарт нэлээд хугацаанд цэргийн эмч хийж.  Сонирхуулж хэлэхэд С.Юндэн эмч анагаах ухааны доктороос гадна цэргийн хурандаа цолтой юм билээ. Гэрийн эзэн зургийн цомог сонирхуулангаа “Одоогоор бол Сантпетербург, миний сурч байх үеийнхээр бол  Ленинградын Цэргийн хүмүүнлэгийн академид  байнга л байлдааны тухай заана. Шарх, хордлого хоёр л заана шүү дээ.  Тэр үед чинь надаас өөр хордлогын эмч байгаагүй юм. Эндээ ажиллаж байгаад Ленинградад буцаж очиж эрдмийн зэрэг хамгаалсан. Ленинградад нийтдээ  11 жил болсон. Санктпетербург их гоё хот. Зүгээр ч нэг тэнгэрийн доорх музей гэж нэрлээгүй. Жинхэнэ урлагийн хот доо” гэж ирээд Санктпетербургийн талаар баахан яриа өрнүүлэв.

Эднийх нэг хүү, нэг охинтой. Ач, зээ нийлээд долоо хүрчээ. Зуны цагт хайртай ач, зээ нар нь зуслан гардаг гэнэ. Өвөө нь амралтын өдрөөрөө очиж “эрхүүлэх ажил”-аа хийдэг аж. Ач, зээдээ амь, их ажлынхаа хажуугаар яаж ийгээд зав гаргадаг нь ярианаас нь илт. Байсгээд л ач, зээгээ ярих юм. Охин нь Боловсролын их сургуулийг хэлний чиглэлээр төгсчээ. Том хүү нь циркийн найруулагч  юм байна. Одоо циркийн сургуулийн тэнхимийн эрхлэгчээр ажиллаж  байгаа гэнэ. 

Өчнөөн ажлын хажуугаар хоёр төрийн бус байгууллагатайг нь гэрт нь яриа өрнүүлж  суухдаа мэдэж авав. Нэг нь баруунд элбэг байдаг  шар айрагны клубэрхүү байгууллага гэнэ. “Оюуны сүм” гэсэн нэртэй. Ертөнцийн ээдрээтэй түмэн асуудлаар салбар салбартаа дажгүй яваа хүмүүс тойрч суугаад халуун яриа өрнүүлэх бололтой. С.Юндэн эмч бидэнд кофе бэлдэнгээ “Танин мэдэхүй хязгааргүй учраас шашнаас эхлээд ярихгүй сэдэв байхгүй. Миний цагийг авч мэдэх эд болоод байна даа” гэж байна. Эрхээ авахаар бичиг баримтаа бүрдүүлээд өгчихсөн гэнэ. Шар айрагны клубынхны ярих эхний уулзалт тун сонирхолтой өрнөх шинжтэй. Цөмийн физикийн залуус оролцох гэнэ. Эйнштейн амьдралын сүүлийн жилүүддээ эхний онолуудаа үгүйсгэсэн шиг шинжлэх ухаанд байдаг маргаантай асуудлуудаар  Монголын шар айрагны клубынхан яриа өрнүүлж эхлэх нь ямар ч гэсэн тодорхой болчихож. Хоёр дахь төрийн бус байгууллага нь Хордлого судлалын үндэсний шинжилгээний нийгэмлэг. Нийслэлийн Засаг даргын тамгын газрынхантай хамтарч архины эсрэг сурталчилгааны төсөл хэрэгжүүлж  эхэлжээ. Хашдаг алба нь хэд хүрснийг сонирхвол “Лав л хориод юм бий” гээд инээж байна. Одоо дахиад нэгийг нэмэх гээд бэлдэж суугаа  нь “Оюуны сүм” клуб аж.  

Кофе ууж, зургийн цомог сонирхож, элдэв яриа өрнүүлж суутал нэг л мэдэхэд гарах цаг болжээ. С.Юндэн эмч цагаа харснаа “Одоо гэмтэл рүү явж хоёр хүнд эмчилгээ хийх ёстой” гэж яаравчлав. Бид ч дагаж явах зөвшөөрөл аваад хамтдаа Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү сүнгэнүүллээ. Могойд хатгуулсан охин сэхээнээс энгийн тасаг руу шилжжээ. Лазерын эмчилгээ хийж эхлэх гэнэ. Охины өрөө рүү явах замдаа  “Хэт ягаан туяаны нэг гол үйлчилгээ нь микробыг шууд үхүүлдэг. Дараагийн үйлчилгээ нь  дархлааны бүх л элементийг идэвхжүүлнэ” гэж эмчилгээгээ тайлбарлав. Охин их л зовиуртай байгаа нь илт. Хөлөө битүү боолгожээ. Хөлөндөө дахиад мэс засал хийлгэсэн гэнэ. Биднийг очиход ээж нь сахиж байв. Охин эмээ, өвөөтэйгөө хөдөө явж байгаад могойд хатгуулжээ. Ганцаараа жимс түүх гээд мод руу ороод хатгуулчихсан аж. С.Юндэн эмч авч яваа аппаратандаа холбогч маягийн зүйл шургуулж, охины судсанд бэхэлсэн уян зүүтэй холболоо. Охины судсыг нэвтлэн харагдах  ягаан туяаг С.Юндэн эмч заагаад “Хэт ягаан туяа дамжиж байгаа нь энэ” гэв. “Хордлогын хувьд хамгийн гол зүйл бол цаг алдалгүй  тусламж үзүүлэх. Бид цаг алдаад байна. Хөдөө орон нутагт нарийн мэргэжлийн эмч байхгүй нь гол зовлон болоод байна даа. Хордлогын хувьд үндэсний сүлжээтэй, үндэсний төвтэй болох цаг ирсэн. Миний зорьж ажиллаж байгаа гол ажил гэвэл энэ. Одоо бол эндээс онгоцоор явж очих гэсээр байтал хордсон хүн маань муудчихдаг. Тэнд нь мэргэжлийн эмч байхгүй учраас нааш нь авчрах гэсээр байтал цаг алддаг. Манай оронд11 төрлийн могой байдгийн дөрөв нь хор учруулдаг. Могой бол хүнийг зүгээр байхад нь ирээд хатгачихдаг. Зөгийний хувьд  зөвхөн биеэ хамгаалах гэж л хатгадаг. Монголд могойноос өөр өчнөөн олон аюултай амьтад бий. Зун болоод ирэхээр хусны хачиг аюул тарьдаг. Хазуулчихсан л бол бараг авралгүй. Амьд үлдсэн хэд нь элий балай болоод дуусдаг. Аалз, хилэнцэт хорхой ч аюултай” гэж ярьснаа “За үг олдох нь, эмч нь эмчилгээгээ үргэлжлүүлье. Одоо зөгийд хатгуулсан нэг хүүхдийг үзнэ. Дахиад нэг хүүхэд могойд хатгуулаад ирчихэж. Нохойд хазуулсан хүнээ бас эмчилнэ. Ингэсгээд өндөрлөх үү дээ” гээд эмчилгээндээ анхаарав. 

Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ухаалаг эзэнтэй редакци л төрд дээрэмдүүлсэн иргэдээ өмөөрдөг

Сүүлийн үед төр хувийн хөрөнгийг дээрэмдэхдээ “уучлаарай” ч гэхгүйгээр иргэдийнхээ эрхэнд халддаг болж. Жишээ татвал өчнөөн баримт жагсаах хэрэг гарна. Саяхны жишээ гэхэд л өнгөрсөн хавар хэд хэдэн ТҮЦ-ийг  эвдэлж нураагаад хамаг барааг нь гаргаад шидэлж байв. Гэртээ амраад өглөө ирэхэд нь хамаг юмыг нь сүйдлээд хаяхдаа манай төр харин ч нэг гаршсан даа. Зүй нь эзнийг нь байхад хэл үгээ ололцоод асуудлыг нэг тийш нь шийдэх учиртай. Хөрөнгөө гаргаж барьсан ТҮЦ-ийн чинь мөнгийг өгье, үлдсэн барааг чинь худалдаж авъя гэдэг ч юм уу, заавал дээрэмчин царайлахгүйгээр асуудлыг шийдэх түмэн гарц төрд бий. Бидний үлгэрлэн дуурайх дуртай, бидэн шиг чөлөөт зах зээлийн эдийн засагтай, бидэн шиг ардчилсан засаглалтай  Америк, Германд лав төр нь ийм дээрэмчин авир гаргадаггүй.   

Яг ийм хүнд бэрх үед нь иргэдэд хэн тусалдаг вэ? Үнэнийг хэлэхэд ганцхан хэвлэл мэдээллийн хэрэгсэл л тус болдог. Саяхан твиттерт бичсэн байна лээ. “Төр хувийн хөрөнгийг дээрэмдэх үед  хэн ч танк хөдөлгөж эсэргүүцэхгүй, ард түмэн өмөөрөхгүй, хэвлэл мэдээлэл л тус болдог” гэж. Гэхдээ яг ийм үед хэвлэл бүхэн тус хүргэж чаддаггүй. Хэвлэлийн эзэн нь өөрөө хөрөнгө мөнгөтэй, зах зээлийн жамыг бие сэтгэл, амьдралын түүхээрээ мэдэрсэн  ухаалаг хүн байвал тэр редакци төр хувийн хэвшлийг луйвардах явдлыг тууштайгаар эсэргүүцдэг. “Энэ муу баячууд” гэж хөрөнгөтэй  хүмүүсийг адлах сэтгэлгээгүй, ямар ч хүнийг хөрөнгө мөнгөөр нь ялгаж үздэггүй эзэнтэй редакци л хувийнханд тусалдаг. Харин ард түмэн бол өөр. Хувийнхны хөрөнгийг хураахад “Муусайн баячуудыг тэгж байвал таарна, хохь нь” гэцгээдэг. Ингэж ид бахаа хангаж байхдаа хэзээ нэгэн цагт өөрсдийнх нь хөрөнгө рүү төрийн дээрэм орох вий гэж болгоомжилдоггүй. Өнөөдөр Батын хөрөнгө рүү дайрсан төр маргааш Дондогийн хөрөнгө рүү дайрахыг үгүйсгэх аргагүй тийм л хандлага сүүлийн үед газар аваад байна. Ердөө сар гаруйн өмнө манай сонинд “Хүрз шороо даахгүй ганц бие хөгшин хаашаа ч нүүх юм билээ” гэсэн гарчигтай сурвалжлага нийтлэгдсэнийг  уншигчид маань санаж байгаа байх. Чингэлтэй дүүрэгт хашаа, байшиндаа аж төрж суусан ганц бие хөгшин нүүхгүй гэж хэлснийхээ төлөө төрийн дарамтанд орсноо манай сурвалжлагчид ярьж байв. Төр ямар ч мөнгө төлөхгүйгээр цэцэрлэг барина гэж хашаа руу нь дайрсан, элдэв хүмүүс явуулж дарамтлуулсан гэх өвгөний яриатай сонины хуудас шарлаж ч амжаагүй байна. Насны эцэст ганцаараа амьдарч яваа хөгшинд нэг өрөө байрны түлхүүр гардуулаад газрыг нь авна гэсэн бол төр дээрэмчин гэж хэлүүлэхгүй байлаа. 

Ер нь ухаалаг эзэдтэй хэвлэлийн редакци л “Өнөөдөр энэ хүний хөрөнгийг хураалаа, маргааш таны хөрөнгийг хураах магадлал өндөр байна шүү” гэж сануулж эхнээс нь эцсийг нь хүртэл тууштай мэдээлдэг.  

 Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол мэргэшсэн байгууллага. Өөрийн гэсэн орон зай, өөрийн гэсэн уншигч, мэргэшсэн хамт олонтой мэргэжлийн байгууллага. Ямар ч үйл явдлыг мэргэжлийн ёс зүй, мэргэжлийн хэм хэмжээ, мэргэжлийн ур чадвар гээд ер мэргэжлийн өндөр  түвшинд олон нийтэд хүргэдэг. Иргэдээ тэр энэ гэж ялгалгүйгээр ядарсан цагт нь, төрийг зах зээлийн хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдэл гаргаж иргэнээ дээрэмдэх үед нь  олонд үнэн бодитоор мэдээлж, өмгөөлж, эрх ашгийг нь хамгаалах бол хэвлэл мэдээллийн оршин тогтнох  үндэс. Саяхан гэхэд л шог зураач С.Цогтбаяр тэргүүтэй өчнөөн хүний гарааш руу  төр халдаж эвдэж сүйтгэснийг манай сонин газар дээрээс нь сурвалжлан хүргэсэн. Энэ удаа тоглоомын талбай, цэцэрлэг сургууль гэсэн нийгэмд хэрэгтэй объект биш, хэн нэгэн эрхэмд үйлчилгээний газар барих боломжийг нь олгох гэж төр нь иргэдийнхээ өмч рүү дур мэдэн бүдүүлгээр халдсан. Үүгээрээ өмнөх жишээнүүдээс ялгаатай. Уг нь “дахиад өөр газар гарааш худалдаад авчих, тэр мөнгийг чинь өгье ч” гэдэг юм уу, ядаж л гарааш барьсан зардлыг нь нөхөн олгочихсон бол төр дээрэмчин шиг харагдахгүй байв. Төр нь дээрэмдэж, иргэд нь хохирч буй иймэрхүү үйл явдлыг ганц удаа сурвалжлаад орхихгүй, дахин дахин дуугармаар л байгаа юм. Учир нь зах зээлийн жамыг сонгосон энэ нийгэмд иргэдийнхээ өмчид халдахгүй байх нь  төрийн зайлшгүй хүлээх үүрэг билээ. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Зэсийн үнэ энэ онд 7000 ам.доллараас буухгүй

-ЗЭС, ЦАЙРЫН ҮНЭ НЭМЭГДЭЖ, ТӨМӨР,
НҮҮРСНИЙ ХАНШ  БУУРЧЭЭ-

Монголын экспорт­логч­дын холбооны ерөнхийлөгч Д.Галсандоржтой
ярилцлаа.

-Манай
улсын гадагшаа экспортолдог ашигт малтмалын үнэ дэлхийн зах зээл дээр ямархуу байна
вэ?

-Энэ оны эхний зургаан сарын гаалийн статистик, экспортын бүтээгдэхүүний  үнэлгээг өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулаад
харахаар үнийн хувьд зэс, цайрын үнэ нэмэгдсэн дүнтэй байгаа.  Зэсийн үнэ 18 хувиар, цайрын үнэ арав гаруй хувиар
нэмэгдсэн. Экспортын орлогын 40 хувийг эзэлж байсан нүүрсний үнэ унасан. Төмрийн
баяжмал ч ялгаагүй уруудсан. Жоншны баяжмалын үнэ өнгөрсөн жилийнхээс нэг их уруудаагүй.
Хэмжээндээ байна.

-Зэсийн
экспортын хэмжээ өссөн нь тодорхой. Зэсээс гадна өссөн бүтээгдэхүүн байна  уу?

-Өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулахад зэсийн баяжмал Оюутолгойтой
холбоотойгоор  их хэмжээгээр нэмэгдсэн. Алтны
үйлдвэрлэл ч нэмэгдсэн. Экспорт нь харин нэмэгдээгүй. Түүхий нефтийн экспорт их
хэмжээгээр нэмэгдсэн дүн гарч байна. Орлого нь ч дажгүй өсөлттэй. Тоо хэмжээ, орлогоороо
нэмэгдсэн хоёр бүтээгдэхүүн гэвэл зэсийн баяжмал, түүхий нефть байна.

-Одоогийн
байдлаар хэчнээн тонн зэсийн баяжмал экспортлоод байна вэ?

-Өнгөрсөн оны есдүгээр сард Оюу толгойн ил уурхай ашиглалтад орсон.
Нийтдээ есөн сар ажиллачихаад байна. Ил уурхай, баяжуулах үйлдвэр эхний ээлжийн
бүрэн хүчин чадалдаа орсон. Энэ оны төсөвт 1.2 сая тонн зэсийн баямжмал гаргана
гэж тусгасан. Оюу толгойгоос 650 мянга, үлдсэнийг нь Эрдэнэтээс гэж төлөвлөсөн юм. 

Энэ оны эхний зургаан сард 583 мянган тонн зэсийн баяжмал  экспортолсон байна. Үүний 250 мянган тонныг нь
Эрдэнэт, 330 мянган тонныг нь Оюу толгой гаргасан. Зэсийн баяжмалын экспортын
60 хувь нь Оюу толгойгоос, 40 хувь нь Эрдэнэтээс бүрдсэн гэсэн үг. Тоо хэмжээний
хувьд ийм байна. Борлуулалтын орлогыг нь аваад үзэхээр арай өөр дүр зураг харагдаж
байгаа.

Эрдэнэт үйлдвэрийн бүтээгдэхүүний борлуулалтын орлого зуун хувь Монголд
ордог. Худалдаа хөгжлийн банк, Голомтын дансанд орж ирдэг.  Оюу толгойн борлуулалтын орлогыг тооцож үзэхээр
985 сая ам.доллар болж байгаа юм. Бараг нэг тэрбум шахуу ам.доллар гэсэн үг. Оюу
толгойн борлуулалтын орлого Рио тинтогийн баруунд байгаа банкны дансанд ордог. Монголд
өсөн нэмэгдсэн рояалти, импортын татвар, ажилтан албан хаагчдын цалин маягаар борлуулалтын
орлогын хорь, гучин хувь орж ирдэг. Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөл нь тийм л
дээ.

-Зэсийн
үнийг улсын төсөвт 6800 ам.доллар гэж тогтоосон. Үнэ нь өссөн гэхээр төлөвлөснөөсөө
илүү мөнгө олчих л юм байна?

-6800 ам.доллар гэдэг бол гайгүй бодитой тоо. Долдугаар сарын
25-нд гэхэд зэсийн үнэ 7100 ам.доллар байна. Зургадугаар сарын дундаж 6900 доллар
байсан.

-Зэсийн
үнэ буухгүй өсч байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хоёр шалтгаан бий. Томоохон биржүүд тухайлбал Лондонгийн, Шанхайн
металлын биржийн агуулахын нөөц багассан. Өнгөрсөн оны зургадугаар сартай харьцуулахад
хоёр дахин багассан. Ази тивдээ зэсийн баяжмал нийлүүлэлтээр нэгдүгээрт ордог Индонези
зэсийн экспортын шинэ бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь үнэ өссөн хоёр дахь шалтгаан
болж байна.  Индонези зэсийн баяжмал, хүдрийг
түүхийгээр нь гаргахгүй гэсэн хориг арга хэмжээ авсан. Тийм учраас Хятадын зах зээл
дээр зэсийн баяжмалын нийлүүлэлт бага байгаа юм. Ийм хоёр шалтгаанаар зэсийн  үнэ тогтвортой байна.

-Тэгэхээр
зэсийн үнэ энэ жил лав 7000 ам.доллараас буухгүй нь ээ? 

-Тэгэх болов уу гэсэн таамаг бий.  Манай холбоо олон улсын зэсийн зах зээлийн судалгааны
компаниудтай хамтран ажилладаг. Олон улсын томоохон байгууллагуудын прогнозыг харахад
энэ онд 7000 ам.долларын түвшинд байх нь бараг тодорхой болсон.

-Ойрын
жилүүдэд зэсийн үнэ энэ өсөлтөө барьж чадах уу?

-2018 он хүртэлх хугацааг аваад үзэхээр цэвэр зэсийн үнэ энэ ондоо
7000, ирэх ондоо 6900, цаашлаад 2017 онд 6600 ам.долларын хавьцаа байх болов уу
гэсэн таамаг бий. 2018 оноос үнэ дээшлэх прогноз гарсан.

-Гэхдээ
цаашлах тусам зэсийн зах зээл дээрх өрсөлдөөн ширүүснэ гэсэн таамгийг шинжээчид
хэлдэг?

-Чили, Өмнөд Африк, Австралийн уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн
явагдаж байгаа. Уурхай, хайлуулах, цэвэршүүлэх үйлдвэрийн хүчин чадал нэг их хасагдаагүй.
Шинээр зэсийн орд газруудыг ашиглахаар төлөвлөж байгаа тал бий. Жишээ нь Хятад байна.
Латин Америкт саяхан өндөр түвшний айлчлал хийлээ. Тэнд болон Африкийн орнуудад
зэсийн томоохон уурхайнуудыг ажиглах, хөрөнгө оруулах, хувьцааг нь эзэмших процессыг  маш эрчимтэй явуулж байгаа.  Тийм учраас 
манай зэсийн уурхайн үйлдвэрлэгчид хоёр гурван жилийн дараа гадаад талаасаа
их өрсөлдөөнтэй нүүр тулна. Өнөөдрийн хувьд Оюу толгойн зэсийн баяжмалын дийлэнх
нь Өвөр Монголын хайлуулах цэвэршүүлэх үйлдвэрт очиж байна. Заримтай нь Оюу толгойн
уурхай зэсийн баяжмал борлуулах тав, найман жилийн урт хугацааны гэрээ хийчихэж
байгаа. Эрдэнэт үйлдвэр ч гэсэн дөрвөн жилийн гэрээ хийчихэж байна. Яваандаа Цагаан
суваргын орд ашиглалтад орно. 240-300 гаруй мянган тонн баяжмал нэмж гарч ирнэ гэсэн
үг. Оюу толгой одоогийн 650 мянгаас ч нэмэгдэнэ. Эрдэнэт үйлдвэр 500 гаруй мянган
тонныг гаргана. Нийлүүлж тооцвол Монгол Улс 
сая гаруй тонн зэсийн баяжмал гаргах юм. Ийм учраас манай зэсийн баяжмал
экспортлогчдын Хятадын зах зээл дээрх өрсөлдөөн өнөөдрийнхөөс хурц болно. Хоорондоо
өрсөлдөж эхэлнэ гэсэн үг. Энэ өнцгөөс нь харвал манай улсад зэсийн баяжмалын экспортын
нэгдсэн бодлого хэрэгтэй болж таарна. Гурван өөр үнэ, гурван өөр тээврийн нөхцөл
санал болгож болохгүй.

-Цайрын
үнэ өссөн гэж ярилаа, тэгэхээр гаргасан хэмжээ нь нэмэгдсэн байх?

-Харамсалтай нь тоо хэмжээ нь багассан. Цайрын баяжмалын хувьд  өнгөрсөн оны эхний зургаан сарын байдлаар 77 мянган
тонныг гаргаж байсан бол энэ жил 45 мянган тонныг л гаргасан байх жишээний. 32 хувиар
багассан гэсэн үг. Үйлдвэрийнх нь мэдээлж байгаагаар худалдан авагчтай хийсэн гэрээнээс
гадна баруун аймгуудад гарсан шүлхийн хорио нөлөөлсөн юм билээ. Тэнд автомашины
замгүй учраас цайрын баяжмал зөөхөд байгальд сөрөг нөлөөтэй гэж үздэг талтай. Сайншандын
мэргэжлийн хяналт ийм шалтгаанаар  хязгаар
тавьсан гэх шалтгаан бас бий. 

-Нүүрсний
үнэ өнгөрсөн жилийн өдийгөөс хичнээн хувиар буусан бэ?

-Нүүрсний экспортын үнэ өнгөрсөн оныхтой харьцуулахад 30 гаруй хувиар
буурсан. Нүүрсний экспортлогчидтой ярилцаад үзэхээр нүүрсээ өнгөрсөн жил 72 ам.доллараар
зарж байсан бол энэ жил 47 ам.доллараар өгч байгаа юм билээ.  “Энержи ресурс” угаасан нүүрсээ 70 ам. доллараар,
Таван толгой түүхий нүүрсээ 37 ам.доллараар өгч байгаа. Үнэ их унаж байна.

-Төсөвт
нүүрсээ хэдээр зарна гэж төлөвлөсөн бэ?

-Зуу гаруй ам.доллар гээд тавьчихсан байгаа.

-Төсөвт
31 сая тонн нүүрс гаргана гэж тусгасан. Тоо хэмжээгээрээ ч биелэхгүй гэж нүүрс экспортлогчид
ярьж байна. Энэ хэр бодитой яриа вэ?

-Тоо хэмжээгээр биелэх нөхцөл харагдахгүй байна. Өнгөрсөн онд 18
сая тонныг л гаргасан. Хүрсэн түвшин ойлгомжтой байхад 31 сая гэж тавина гэдэг хэт
өндөр тоо л доо. Төсөв батлах үед  нүүрсний
үнэ уруудаж байсан. Зуу  гаруй ам.доллар  гэж тавьсан нь мөн л өндөр тоо.

-Энэ
оны эхний хагас жилийн статистикаар хэчнээн тонн нүүрс гаргаад байна?

-Ес гаруй сая тонныг л гаргасан. Ингээд бодохоор энэ жил хорин саяас
илүү гаргаж чадахгүй байх.

-Үнэ
нь унасан, гаргах хэмжээндээ хүрэхгүй гэхээр төсөвт нүүрснээс олно гэж төлөвлөсөн
мөнгө хэмжээндээ яагаад ч дөхөж очихгүй нь ээ?

-Тэгж таарч байна. Төмөр замын асуудал гэхэд л эхний шатандаа явж
байна шүү дээ.

-Гадаад
зах зээл дээр нүүрсний үнэ ямархуу байгаа бол. Австрали гэхэд л хэцүү байдалд орсон
дуулдах юм?

-Австрали хэцүү байдалд бий. Австралийн нүүрс гэхэд л  Хятадын далайн эрэг, Тянжинь зэрэгт маш ихээр
овоорсон байгаа. Хятадын хувьд худалдан авагчийн төлбөр хүндрэлтэй. Өмнөд хөршид
маш олон уурхай хаагдсан.  Шинээр ашиглалтад
орсон нь ч бий. Тэд зардлаа багасгаж байна. Тиймээс манай нүүрс экспортлогчид хүндхэн
байдалд байгаа гэсэн үг. Энэ салбараа дэмжих цаг ирсэн.

-Төмрийн
үнэ ямархуу байгаа вэ?

-Төмрийн үнэ өнгөрсөн онтой харьцуулахад хорин хувиар унасан. Цаашаа
нэмэгдэх хандлага ажиглагдахгүй байна. “Алтайн хүдэр” зэрэг хувийн компаниуд их
бага үнээр зарж байгаа. Төрийн өмчит Монросцветмет арай гайгүй. 70 орчим ам.доллараар
өгч байна. Өнгөрсөн онд 190 ам.доллараар өгч байсантай харьцуулахад бага тоо л доо.
Төмрийн баяжмал 65, 62 хувийн гэсэн хоёр өөр агуулгатай. Доод талын агуулгатай баяжмалын
үнэ 40 болчихсон байгаа. Зарим аж ахуйн нэгж 42 ам.доллараар өгсөн. Нэг хэсэг нь
50, нөгөө зарим нь 70 ам.доллараар өгч байна гэдэг чинь манай эрдсийн арилжаа хэцүүхэн
болсон гэсэн үг. Хатуухан хэлэхэд эрдсийн үнэ маань явсаар байгаад махны дотоодын
жижиглэнгийн үнэтэй адилхан болох гээд байна даа. Дахин хэлэхэд уул уурхайгаа дэмжих
цаг ирсэн. Ганц манайд ч ийм хүнд байдал үүссэн хэрэг биш. Бусад улсын уурхайнууд
ч амь зуусан байдалтай байна.

 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Халхын голын дайны ой ба дэмий хөөрцөглөл

Японы милитаристуудыг ялснаас хойш 75 жил өнгөрчээ. Манайхны ярьдгаар бол Халхын голын дайн. Япончууд болохоор Номонханы тулгаралт гэдэг. Номонханы хэрэг явдал гэх нь ч бий. Номонхан гэдэг нь Монгол Манжийн хил орчим дахь уул. Япончууд Манжийн нутгийг 1939 онд  эзэлж Манж-Го нэртэй улс байгуулснаар Монголтой хил нийлэх болсон түүхтэй. Манж-Го, Монголын хоорондох хилийг япончууд Буйр нуурт цутгах Халхын гол гэж үзэж байв. Харин монголчууд Халх голоос зүүн чигт 16 километрийн цаана орших Номонхан тосгон хүртэлхийг газар нутгаа гэж үзэж байсан юм. Номонханы тулгаралт, Халхын  голын дайн гээд байгаа нь ийм учиртай. Судлаачид Халхын голд өрнөсөн үйл явдлыг дайн, байлдаан, хэрэг явдал, тулгаралт  алин болох дээр өнөөдрийг хүртэл маргадаг. Эцэслэсэн нэр томъёог дуу нэгтэйгээр гаргаагүй гэсэн үг. Манайхан энэ түүхэн үйл явдлыг тэмдэглэх санааг анх гаргаж өргөн хэмжээнд зохион байгуулахаар дээр дооргүй дэвж байна. Хөл хөөр болж байна гэж жигтэйхэн.Ингэж хөөрцөглөхийн цаад зорилгыг  ухаж ядах юмгүй. Путинд зуйрагнасан, Орос, Хятад хоёрт гавьяагаа харуулах гэсэн л санаа. Оросуудтай нийлж ийм гавьяа байгуулсан шүү гэдэг үзлийн үүднээс хийж байгаа ажил гээд дүгнэчихэд үнэнээс зөрөхгүй. 

Халх голын дайны 75 жилийн ойн арга хэмжээнд хойд хөршийн тэргүүн ёслол хүндэтгэлтэйгээр оролцоно гэж шуугиж байна. Эрхэм Путин ирэх учраас энэ арга хэмжээ дэлхийн сонорт хүрч таарна. Дэлхийн мэдээллийн агентлагууд дуу авалцан мэдээлэх нь тодорхой гэсэн үг. “Халхын голд хүн төрөлхтний дайсан муусайн япончуудыг монгол, орос цэргүүд мөр зэрэгцэн тулалдаж бут ниргэж билээ” гэж сүр дуулиантайгаар дэлхийд зарлах хэрэг байна уу. Ингэх нь бидэнд ашиг авчрах уу.  

Бид сүүлийн үед Японтой улс төр, эдийн засгийн ойр харилцаатай аж төрж  байгаа. Дэлгүүрийн лангуу давснаас өөр юу ч үгүй болтол хоосорсон ерээд оны шилжилтийн бэрх цагт гараа сунгасан цөөхөн улсын нэг нь Япон. Нэг удаа сунгаад орхиогүй, саяхныг хүртэл буцалтгүй тусламжаа үргэлжлүүлсэн орон. Одоо ч гэсэн дэлхийд жишиг болсон их сургуулийн эмнэлгийг буцалтгүй тусламжаар бариад өгье гэж байна. Эдийн засаг хүндэрсэн сүүлийн жилүүдэд ч тусалсаар байгаа цөөхөн орны нэг. Ерөнхий сайдын өнгөрсөн намар Японд хийсэн айлчлалыг эдийн засаг талаасаа түүхэн ач холбогдолтой боллоо гэж хэвлэлүүд дуу нийлүүлж байсан. Хамгийн наад зах нь гэхэд л наран улсынхны гар сунгасан “Самурай бонд” эдийн засагт эерэг нөлөө үзүүлсэн. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж арлын улсад айлчлаад ирж байна. Төрийн тэргүүний айлчлалын тодотгол нь мөн л эдийн засаг гэдэг хоёр үг. Эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд толгой цохидог Япон улс бидэнтэй хамтаръя, тусалж дэмжье гэдгээ дахиад нотолчихлоо. Хямралд өртөөд буй Монголд хэрэгтэй өчнөөн гэрээ айлчлалын үеэр зурагдлаа. Монгол, Япон хоёр хамтарсан брэнд бүтээж дэлхийн зах зээлд гаргах яриа ч гарлаа. Өчигдрийн “дайсан” Япон өнөөдөр бидний гол түнш болчихсон гэсэн үг. 

Түүхэндээ байлдаж дайтаж яваагүй улс гэж хаана байхав. Бүгд л ялж, ялагдаж явсан түүхтэй. Дэлхийн улс гүрнүүдийн  өөр зуураа муудаж сайдаж явсан түүхийг тоочъё гэвэл барагдахгүй. Гэлээ гээд ухаантай улс дайсан чигээрээ үлддэггүй. ”Чи миний дайсан байсан биз дээ” гэж бие бие рүүгээ муухай хардаггүй. Хэн хэндээ ашигтай бол гар барьж инээмсэглээд цааш алхдаг. 

Бид цагтаа наран улсын армитай тулалдаж явсан нь үнэн. Гэхдээ өнөөдөр өчигдрөөс ондоо. Цаг хугацаа юуг ч элээж өөрчилдөг.  Дахиад хэлэхэд Япон  өнөөдөр манай гол түнш болчихсон. Харилцаагаа иж бүрэн түншлэлд хүргэсэн цөөхөн орны нэг гэж дипломатууд онцолдог тийм л улс болоод удаж байна. Инээмсэглэн гар бариад цаашаа хөтлөлцөн алхах ёстой орныхоо дурсах дургүй эмзэг  сэдвийг хөөргөж, дэлхий даяар юм болгох ямар хэрэг байна. Ингэж хөөрлөө гээд бидэнд ирэх ашиг лав байхгүй. 

Ер нь дэлхийн улс орнууд түүхийн иймэрхүү эмзэг сэдвүүдээ дэвэргээд байхыг хүсдэггүй. Найр наадам хийж сүйд болдог нэг ч улс байхгүй. Мэдээж ор тас үгүйсгэхгүй л дээ. Зүгээр л чимээгүйхэн тойроод гарчихдаг. Гэтэл өнөөдөр манайд тэс өөр үйл явдал өрнөж байдаг. Зүй нь эрх ашиг энэ тэрээ бодвол дуугүйхэн өнгөрчихмөөр. 

Дээхнэ үед Японы хэлмэрч залуугаас “Номонханы тулгаралтыг танай улс хүүхдүүддээ юу гэж заадаг вэ” гэж асуусан юм. Хэлмэрч залуу хэсэг чимээгүй сууснаа “Манай Засгийн газар ийм эмзэг сэдвүүдийг хойч үедээ сүр болгож заахгүйг хичээдэг. Түүхийн хичээлийн сэдэвт Номонханы тулгаралт багтдаг л даа. Гэхдээ хичээл амрах үеэр яг тэр сэдвийг үзэж таардаг юм. Багш нар сурагчдадаа амралтынхаа үеэр Номон ханы тулгаралтын талаар уншаарай гэсэн даалгавар өгдөг. Зуныхаа амралтаар ном уншаад судлаад суудаг хүүхэд гэж хаана байхав. Үнэхээр сонирхсон нь уншаад, сонирхоогүй нь уншихгүй орхих боломжтой гээд ойлгочихож болно” гэсэн хариу хэлж байсан. Яг ийм туршлага, хандлага олон оронд бий. 

Хятад, Орос, Япон гэсэн гурван том шахаасны дунд учраа мэдэхгүй хүүхэд шиг хөөрцөглөж гүйхгүй суух шалтгаан бидэнд бий. Халх голд өрнөсөн түүхэн үйл явдлын тухайд Орос, Хятад хоёрт хандах бидний ашиг сонирхол юу болохыг өмнө хэлсэн. Хаа, хаанаа харилцан ашигтай ажиллах хоёр тал биенээ түнш гэдэг.  Японы хувьд манай хэрэгтэй түнш. Хятад, Орос ч ялгаагүй. Бидний хувьд стратегийн ач холбогдолтой түнш орнууд. Товчхондоо гурвуулаа бидэнд хэрэгтэй түншүүд. Аль алиныг нь гомдоож, сэтгэлд нь сэв суулгахгүйгээр харилцах л хамгийн ухаалаг гадаад харилцаа. 

Үе үеийн засгийн Батлан хамгаалахын сайд энэ явдлыг эргэн дурсаж байж Оросоос хуучин буу, техник авдаг гэж дуулддаг. Яахав өнгөрсөн өнөөгийн элдэв эсийн явдлаа  бодоод Халхын голын үйл явдлыг тэмдэглэж болно л доо. Бүр огт дурсаад хэрэггүй гэж хэлэх гэсэнгүй. Тун даруухнаар, ор нэр төдий тэмдэглээд өнгөрөөх гарц бий. Хамгийн гол нь өнөөдрийн Япон бидний хувьд  ямар ч хамаагүй улс байхаа больсон гэдгийг л мартахгүй амьдрах  нь Монголын хувьд амин сэдэв. Тэгэхээр гурван гол түншийнхээ аль алиныг гомдоохгүйгээр эвтэй найртай ухаалаг харилцах нь л хамгийн ашигтай, ухаалаг алхам болох гээд  байна даа. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Мотоцикльгүй наадам

Өмнөд Монголын малчдад бэлчээрийг нь хашаалаад өгчихдөг. Бат гуайн бэлчээр гэхэд тусгай хашаатай гэсэн үг. Мал нь тал нутагт дураар бэлчээрлэх боломжгүй учраас морь шаардлагагүй, морьгүй юм чинь бакиал, дээл бараг  хэрэггүй болчихож байгаа юм. Монголоо алдаж эхэлж байна даа гэсэн эмзэглэл энэ дүр зургийн цаана нуугддаг. Ар Монголын уудам талд ч  энд тэндгүй мотоцикль сүнгэнээстэй. Бэлчээрийг нь хашаалаагүй байхад л хонио мориор биш мотоциклоор эргүүлэх нь жирийн үзэгдэл болсон. Хятад мотоциклиос үүдсэн ослын тоо  хэдэн зуугаар яригдаж стандарт хүртэл баталсан нь саяхан. Төрийн тэргүүн “морио уная, морио эдэлье” гэж уриалаад байгаа нь ч цаанаа ийм давхар утгатай. Аймаг сумдын ой давхацсан энэ жил Ерөнхийлөгчийн уриалга эхнээсээ хэрэгжиж эхэлсэн байна лээ. Яг өдийд хонгор нутагт үргэлжилж буй Ламын гэгээний мэлмий гийсний 375 жилийн ойн үеэр лав Баянхонгор хот, Дуурсахын хөндий, Эрдэнэцогт сумын Жанжины дөрөвдүгээр багийн Баянзүрхийн хонхор орчмоор мотоцикльтой иргэдийг замын хөдөлгөөнд оролцохыг түр хориглоод байгаа юм билээ. Монголоо алдахгүй орших, аюулгүй сайхан наадах гэдэг талаасаа үүн шиг зөв хориг гэж хаа байхав. Мотокцикльгүй морьтойгоо наадах сайхаан сайхан.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ураны уурхайгаас өндөр хордлого үүсгэхээр цацрагийн тун хэзээ ч үүсэхгүй

Дэлхийн хамгийн анхны цөмийн бөмбөг хийсэн газар бол АНУ-ын
Лос Аламос дахь Цөмийн лаборатори юм. Тус лабораторийн судлаач Б.Баярбадрахтай
ярилцлаа.

 -Ураны
шар нунтаг аюултай гэсэн ойлголтыг иргэний нийгмийнхэн их ярьдаг. Мэргэжлийн
хүний хувьд ураны шар нунтгийг энгийнээр тайлбарлаач?

-Шар нунтаг бол байгалийн ураныг баяжуулаад хүчил хэлбэртэй
болгосон л нэг бүтээгдэхүүн шүү дээ. Цааш нь олон дамжлагаар боловсруулж байж
цөмийн реакторын түлш болдог эд. Ураныг олборлоод, шар нунтаг гаргаж авах
хүртэлх процесст цацрагийн түвшин тухайн газар нутагт байгалийн суурь
түвшингээсээ тэгтлээ ихэсдэггүй. Өөрөөр хэлбэл, хүмүүст нөлөөлөх цацрагийн
түвшин маш бага. Харин уурхайд ажиллагсдын авч байгаа цацрагийн тунг байнга
хянаж байдаг.

-Тэгэхээр
шар нунтагт байх уран яг байгаль дээрхтэйгээ ижил гэсэн үг үү?

-Яг тийм.

-Эрдэмтэн
судлаачдын яриаг сонсоод байхад цөмийн реакторт түлш болох хэмжээний баяжуулалт
хийх технологи баргийн оронд байдаггүй, байхыг ч зөвшөөрдөггүй гэж ойлгосон?

-Таны асуултад хариулахын өмнө бага зэрэг оршил хэлье. Байгаль
дээр ураны төрлийн хоёр изотоп байдаг. Химийн хувьд ижил шинж чанартай, харин
физик болон цөмийн урвал явагдах шинж чанараараа ялгаатай хоёр өөр уран байдаг
гээд ойлгочихож болно. Одоогийн цөмийн реакторуудад хэрэглэгдэж түлш болдог нь
уран-235 гэдэг изотоп.Энэ изотоп байгаль дээрх ураны 0.7 хувийг эзэлдэг.
Тэгэхээр байгалийн уранд байх 235 гэсэн хэмжээг өсгөх шаардлага гарч ирнэ.
Тодруулж хэлбэл дараагийн шатны баяжуулалт хийгдэнэ гэсэн үг. Ийм нарийн  технологи улс бүрд байдаггүй. Байхыг нь ч
хүчирхэг гүрнүүд зөвшөөрдөггүй.Учир нь уран-235-ын өндөр баяжмал гаргана гэдэг
нь шууд атомын бөмбөгийн түүхий эд болчихож байгаа хэрэг. Ямар төрлийн цөмийн
реактор гэдгээсээ хамаараад хэрэглэх түлш нь янз бүр байдаг.Голдуу 5-20 хувийн
уран-235-ын агууламжтай түлш хэрэглэдэг. Түлшний үлдэж буй хэсэг нь ураны нөгөө
изотоп. Уран-238  гэдэг изотопийн хувьд
байгал дээр 99.3 хувийг эзэлдэг.Тэгэхээр хүн төрөлхтөн одоогоор байгалийн ураны
нэг хүрэхгүй хувийг нь эрчим хүчний зорилгоор ашиглаж чадаж байгаа гээд
ойлгочихож болно. Гэхдээ уран-238-ын эрчим хүчийг ашиглах шинэ төрлийн
реакторуудын судалгаа эрчимтэй хийгдэж байгаа.

-Манай
улсад шар нунтаг хүртэл боловсруулна гэж байгаа. Энэ процесст цөмийн түлшний
хаягдал гарахгүй гэж ойлгож болох уу?

-Манай улсад шар нунтаг хүртэл боловсруулах тул цацрагийн өндөр
агууламжтай хаягдал үүсэхгүй. Уран гэдэг бол 
хэдэн тэрбум жилийн настай цацраг идэвхт химийн элемент. Олон сая жил
байгаль дээр бүрэлдэж бий болсон ураны орд дотор задралаас нь үүссэн бусад
элементүүд ч хамт байж байдаг. Хүдрийн биетээс ураныг нь ялгаж авсан ч тухайн
биет дотор байх бусад элементүүд тэр чигтээ үлдэнэ гэсэн үг. Гэхдээ үлдсэн
элементүүдийн хувьд байгальд ямар хэмжээний идэвхжилтэй байсан тэр хэвээрээ л
байна.Уран олборлолтоос үүдэж цацрагийн бохирдол үүсэх нь бага гээд байгаа нь
ийм учиртай. Мэдээж уурхайн хайгуул, олборлолтын үед сахих дүрэм журмууд гэж
бий. Дүрэм журмаа  мөрдөөд ажиллахад уран
олборлоход  аюулгүй.

-Цөмийн
хаягдал оруулж ирээд хөрсөн дор булах гээд байна гэсэн шуугиан байсгээд
дэгддэг. Ингэх боломжтой юу?

-Дараагийн шатны боловсруулалтыг алгасаад Монголд орж ирэх нь
гэж шуугиад байгаа цөмийн хаягдал гэж юу вэ гэдгийг эхлээд тодруулъя. Цөмийн
реактор дотор уран шатах нь байгаль дээрх задралаас арай өөр. Цөмийн хуваагдах
урвал явагддаг. Өөрөөр хэлбэл, үелэх системийн 92 дугаарт байрлах уран хоёр
хуваагдахаар нийлбэр нь 92 гарах янз бүрийн хөнгөн элементүүд үүсдэг.
Тэдгээрийн ихэнх нь хурдан хурдан хугацаанд задраад байгаль дээр тогтвортой
байдаг хөнгөн элементүүд үүсдэг. Урт настай олон мянган жилд задарч дуусах
элементүүд ч байдаг. Мөн шатдаггүй гэж сая ярьсан уран-238-аас байгаль дээр
байдаггүй, илүү хүнд элемент болох плутони үүсдэг. Энэ нь бас л зэвсгийн түүхий
эд болдог.  Ийм шалтгаантай учраас  их гүрнүүд ашигласан түлшийг мөн л өөрсдийн
хяналтанд байлгах сонирхолтой. Тэгэхээр манайхны яриад байгаа шиг нууцаар
оруулж ирээд хаа нэг газар булчихна гэсэн ойлголт огт байхгүй. Одоогоор
ашигласан түлшийг маш цөөхөн газар дахин боловсруулалт хийдэг.

-Маш
бага хаягдал үүсгэх реакторуудыг туршиж байгаа гэл үү?

-Тэр чигийн судалгаа хийгдсэн. Туршилтын шатандаа явж байна.
Яваандаа тун бага хаягдал үүсгэж бүрэн шаталт явагдах реакторууд ажиллаж эхлэх
байх.

-Шар
нунтаг тийм ч айж болгоомжлоод байх эд биш болж таарлаа. Нийс­лэлчүүдийн гол
хэрэглээ болсон нүүр­сэнд агуулагдах ураны хэмжээнд анхаарах цаг болсон гэж
ярьдаг. Таны фэйсбүүк дээрээ постолсон тоо судалгаа ч сонирхол татсан…?

-Манай орны ихэнх ордын нүүрс бага боловч ураны агууламжтай
байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоосон зүйл. Нүүрсэнд ганц уран ч гэлтгүй их
олон төрлийн хүнд металл агуулагддаг. Энэ бүх хүнд элементүүд нүүрсний утаа,
үнсэнд агуулагддаг юм. Зөвхөн манай улсад ч биш бусад орнууд ч энэ талаар
анхаарч судалсан байдаг л даа. Нүүрсний цахилгаан станцын ойролцоо амьдарч буй
иргэдийн авах цацрагийн нөлөөлөл цөмийн станцын ойролцоо амьдардаг иргэдийхээс
100 дахин их байдаг гэсэн судалгааг АНУ-ын Оак Ридж лабораториос гаргасан
байдаг.Улаанбаатарчууд жилдээ ойролцоогоор 5.2 сая тонн нүүрс хэрэглэдэг.
Монгол орны нүүрсэнд дунджаар 1 ppm (саяд нэг буюу тонн нүүрсэнд 1 гр) уран
байдаг гэсэн судалгаа бий. Нэг зүйлийг онцолж хэлэхэд голдуу үүнээс ч их
хэмжээтэй байдаг. Эндээс ургуулаад тооцохоор нийслэлчүүдийн түлсэн нүүрсний
үнс, утаагаар ялгарсан уран багаар бодоход л жилдээ таван тонн болно гэсэн тоо
гарч байна.

-Манай
улсад Францын “Арева” компани ураны хайгуул явуулж байгаа. “Арева”-гийн хувьд
уран олборлолтоороо дэлхийд хэдэд ордог вэ. Олборлолтоороо тэргүүлдэг улсууд
гэвэл өөр хаанах байна?

-“Арева” бол  уран
олборлолт төдийгүй цөмийн технологийн бүхий л салбарт ажилладаг дэлхийд
тэргүүлэгчдийн нэг. Уран олборлолтоор “Арева”-тай өрсөлддөг Канадын ”Камеко”
гэж компани орж ирээд гараад явсан түүх бий. Энэ хоёроос гадна Казахстан
байгаа. Цааш нь дурдвал манай хоёр хөршийн төрийн өмчит компаниуд гэсгээд
дуусна.  Ер нь  энэ салбарт олон том тоглогч
байхгүй.Олборлогч орнуудаас гэвэл Казахстан, Австрали, Канад, Нигер, Намиби,
ОХУ гэж жагсах байх.

-Цөмийн
физикчидтэй уулзахаар атомын станцтай болох хэрэгтэй гэдэг. Ер нь атомын
станцын сүүлийн үеийн чиг хандлага ямаршуу байгаа бол. Цөмийн эрчим хүчийг
дэлхий хэр сонирхож байна?

-Фукушимагийн ослоос хойш цөмийн эрчим хүчинд найдах улс
орнуудын хандлага багассан тал бий. Гэхдээ цөмийн эрчим хүчийг эрчим хүчнийхээ
гол хэсэг байсаар байх болно гэж үзэж буй орнууд цөөнгүй хэвээрээ. Ер нь аль ч
улс орон зөвхөн нэг төрлийн эх үүсвэр дээр улс орныхоо ирээдүйг найдаж
даатгадаггүй. Аль болох олон эх үүсвэр хослуулж хэрэглэх бодлого барьж байгаа
нь анзаарагддаг.Цөмийн эрчим хүчнээс бүрэн татгалзахаа мэдэгдсэн Германы хувьд
гэхэд л зарим цөмийн реакторууд нь одоо ч гэсэн ажилласаар байна. Үүний
зэрэгцээ эрчим хүчний өөр эх үүсвэрийг ч идэвхтэй хайж байгаа. Манай урд хөрш
гэхэд цөмийн эрчим хүчнийхээ нөөцийг дор хаяж гурав дахин нэмэгдүүлэх
төлөвлөгөөтэй байна. Улс орон бүр эцсийн дүндээ эрчим хүчний нэг эх үүсвэрээс
хараат биш байх бодлого барьж байгааг эндээс харж болно. Яг үүн шиг манай улсын
эрчим хүчний бодлогод ч цөмийн эрчим хүч багтдаг. Гэхдээ бодлогыг бодит ажил
хэрэг болгох хөтөлбөр урт хугацаа шаардсан ажил. Өнөө маргаашдаа барьчих ажил
биш л дээ.

-Улаанбадрахад
гажигтай төл гарлаа гэсэн мэдээлэл ч бас давтамжтай цацагддаг. Судлаач хүний
хувьд энэ мэдээлэлд ямар тайлбар өгөх вэ?

-Гажигтай төл гарах олон шалтгаан байж болно шүү дээ. Тэр
болгоныг судлаачид олон талаас нь шинжилж байж л хэлнэ. Цацрагийн хордлогоос
болж гажигтай төл гарсан гэж үзвэл ургийн гажиг бий болохуйц их хэмжээний
цацрагийн бохирдол байгаа гэсэн үг. Үнэхээр тийм бохирдол байгаа бол манай
иргэний хөдөлгөөнийхөн ч гэсэн цацраг хэмжигч барьж очоод хэмжчих боломж бүрэн
бий. Нэг зүйлийг дахиад онцолъё. Тийм өндөр хордлого өгөхүйц цацрагийн тун
ураны уурхайгаас болж үүснэ гэж хэзээ ч байхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Bank of China Монголд яаж ажиллахаа танилцуулав

Улаанбаатарын эдийн засагчдын клубийнхэн энэ сарын уулзалтандаа “Bank of China”-гийн төлөөлөгчийн газрын дарга Дай Син жунийг урьжээ. Клубийн гишүүд уламж­лал ёсоороо үдийн хоол зооглонгоо Хятадын эдийн засгийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв, Хятадын банк Монголд орж ирэх нь ямар ашигтай талаар санаа бодлоо хуваалцлаа. Уулзалтаас Дай Син жуний илтгэл анхаарал татаж байв. Хятадын том банк Монголд салбараа нээх мэдээлэл цацагдаад багагүй хугацаа өнгөрсөн ч  тус банкны зүгээс өчигдрийг хүртэл байр сууриа илэрхийлээгүй байсан юм.  Дэлхийн аварга банкуудын нэг салбараа нээх хүсэлтээ Монголбанкинд тавьчихаж. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй байгаа аж. Төв банк хуулийнхаа дагуу хянаж, нягталсны дараа шийдээ гаргах бололтой.  

Дотоодын банкуудтай өрсөлдөхгүй 

Ноён Дай Син жуний яриа Bank of China Монголд сал­бараа нээвэл яаж ажил­лах вэ гэсэн сэдэв дор өрнө­сөн. Бизнесийн төс­лийн сан­хүүжилт, дэд бүтэц, барилга, уул уурхай, амьжиргаа дээш­лүүлэх гээд бүх л салбарт хамтран ажиллах боломжтой гэж тэрээр ярианыхаа эхэнд онцолж байлаа. Засгийн газрын томоохон төслүүдийг санхүүжүүлэхэд бэлэн гэнэ. Жижиг дунд бизнесийн сан­хүүжилт дээр туршлагатай ч энэ зах зээл дээр дотоодын арилжааны банкуудтай өрсөл­дөхгүй гэсэн бодлого барих аж. Хадгаламж  дээр ч дотоодын банкуудтай өрсөл­дөхгүй юм байна. Дай Син жунь “Монголын эдийн засаг бол их хэмжээний мөнгө оруулж үр ашиг хүртэхээр том зах зээл биш. Жижигхэн эдийн засагтай. 2012 онд анх удаа 10 тэрбум ам.доллар хүрсэн эдийн засаг. Гадны том банк орж ирээд ашигтай ажиллах зах зээл биш. Төгрөгийн ханш нь гэхэд богино хугацаанд их хэмжээгээр унасан, инфляци өсөлттэй гээд сөрөг үзүүлэлт ихтэй зах зээлд салбараа нээх эрсдэлтэй. Бидэнд ажиллах тодорхой хэмжээний орчин бий учраас ийм шийдвэр гарга­сан. Манай банкны хувьд дотоодын арилжааны банкуудтай өрсөлдөхгүй, харин ч хамтран ажиллана. Хөгжихөд нь тусална.  Засгийн га­зар, Төв банк хяналт та­вих бүрэн боломжтой. Хуу­лийн хүрээнд хяналтаа тавиад эрсдэлтэй гэж үзвэл зөвшөөрлийг хурааж авах эрх нь Засгийн газар, Төв банкинд бий. Банкны хувьд компаниудтай зээлийн ха­рил­цаа л тогтоодог. Зээл авсан компанийнхаа менеж­мэнт, удирдлагын асуудалд оролцохгүй. Барьцаа хөрөн­гө­ний хувьд тухайн улсын хуулиар зохицуулагддаг” гэж ярив

“Bank of China”-гийн салбарт 40 гаруй хүн ажиллана гэв

Хятадын банк орж ирснээр үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй гэсэн байр суурь­тай хүн цөөнгүй бий. Тэрээр энэ болгоомжлолд “Гадаадын банк орж ирээд үндэсний аюулгүй байдалд нь нөлөөлсөн жишээ аль ч улсад байдаггүй. Харин ч гадаадын банк орж ирээд олон улсын санхүүгийн төв болсон жишээ Хонконг, Сингапураас эхлээд бай­на. Иргэдийнх нь амьдралд сайнаар нөлөөлдөг. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх сайн тал бас бий. Том банк салбараа нээ­вэл гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио болно. Гадаад валютын нөөц ихсэхэд ч нөлөөлнө. Дахиад хэлэхэд манай банк дотоодын арилжааны банкуудтай өрсөл­дөхгүй. Өрсөлдөх боломж нь ч хязгаарлагдмал байна.  Дотоодод арав гаруй банк 1500 салбар, арав гаруй мянган ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулдаг. Манай банкны хувьд Улаанбаатарт нэг салбар ажиллуулна. 40 гаруй хүн л ажиллана. 56 сая ам.долларын капитал бүртгүүлэхээр Монгол банкинд саналаа өгсөн. 460 сая ам.долларын зээл олгох боломжтой. Гэтэл дотоодын арилжааны банкууд 2013 оны байдлаар гэхэд зургаан тэрбум ам.доллар зээлсэн гэх статистик гарсан байна лээ. Тэгэхээр Bank of China-гийн салбар жижиг, дунд хэмжээний банктай л ойролцоо хэмжээний үйлчилгээ үзүүлнэ гээд ойлгочихож болно” гэсэн тайлбар өглөө. 

Хятадын бэлэн мөнгөний үйлчилгээний төв нээж магадгүй нь

Bank of China Монголд салбараа нээхийн өөр нэг давуу талыг ноён Дай Син жунь  “Юаньтай холбоотой гүйлгээн дээр эрсдэл буурч, зардал багасна. Хятадын хувьд Монголын хамгийн том бизнесийн түнш. Тэр утгаа­­раа ач холбогдол нь өндөр” хэмээн онцлов. Bank of China Хятадын бэлэн мөн­гөний үйлчилгээний төвийг Монголд нээх зорилготой байгаа аж. Шилжүүлгийн зардал нь багасвал дотоодын банкуудад ч эерэг нөлөөтэй гэнэ. Дай Син жунь  яриагаа “Туушин” компани Монголоос анх удаа манай банктай гэрээ байгуулсан. Үр дүн нь ирэх саруудад тодорхой харагдана. Олон банк энэ хамтын ажил­ла­гаанд оролцох байх. Бид өөрсдийгөө Монголын нэг хэсэг гэж харж байна. Монголын эдийн засгийн хөгж­лийн ирээдүйн талаар өөдрөг төсөөлөлтэй байгаа. Улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулах зорилгоор хамтран ажиллана гэсэн хүсэл бидэнд бий” гэсэн үгээр өндөрлөлөө. 

Bank of China юанийг дэлхийн хэмжээнд чөлөөтэй хөрвөдөг валют болгоно 

Улаанбаатарын эдийн засагчдын клубийн ээлжит уулзалтын гол зочин нь доктор Жон Гун. Бээжингийн Бизнес, эдийн засгийн их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн профессор, Америкт доктор хамгаалсан энэ эрхэм Хятадын эдийн засгийн өнгөрсөн, одоо, ирээдүйн талаар олон жил судалсан гэнэ. “Глобал таймс”, “Чайна дейли” зэрэг мэргэжлийн хэвлэлүүдэд энэ чиглэлээр нийтлэл бичдэг аж. Тэрээр “Богино хугацаанд эрчтэй цойлж  чадсан Хятадын эдийн засгийн хөгжлийн жорыг та бүхэнтэй хуваалцъя” гэсэн үгээр яриагаа эхэлсэн юм. Түүнийхээр Хятад хурдтай хөгжиж чадсан нь чөлөөт худалдаа, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг тууштай дэмжсэнтэй хол­боо­той гэнэ. Ноён Жон Гун “Америк, Европын холбоо­ноос Хятадад зах зээлийн эдийн засагтай гэсэн статус өгөөгүй нь улстөрийн шалтгаантай. Түүнээс биш Хятад улс жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчмаар явж байгаа. Америкт чөлөөт зах зээлийн зургаан шалгуур гэж байдаг. Хятадын зах зээл тэр бүх шалгуурыг хангасан. Жишээ нь Хятадын валют чөлөөтэй хөрвөдөг болсон. Австрали, Шинэ Зеланд зэрэг хэд хэдэн улстай юаниар наймаа хийдэг. Bank of China-гийн хувьд юанийг дэлхийн хэмжээнд чөлөөтэй хөрвөдөг валют болгох зорилго тавьсан. Чөлөөт зах зээлийн дараагийн нэг  гол шалгуур нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чадвар. Гадаадын том хөрөнгө оруулалтууд сүүлийн 20 жилд Хятадын зах зээлд тогтвортой орж ирж байна” хэмээн ярилаа. 

Хятадын зах зээлд төрийн өмчийн компаниуд олноороо үйл ажиллагаа явуулдгийг зарим эдийн засагч шүүмжил­дэг. Энэ талаар доктор Жон Гун “Дэлхий дээр түгээмэл биш практик л даа. Гэхдээ Европ, Америкт ийм компаниуд үйл ажиллагаа явуулдаг. Хятадын эдийн засаг Зөвлөлтийн үеийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг биш. Жинхэнэ чөлөөт зах зээлийн зарчмаараа явж байгаа. Миний амьдрах дуртай Шанхай, Бээжин гэхэд л олон улсын зах зээлийн төв болж байна. Худалдаа бол Хятадын хөгжлийн мотор. ДНБ-ий 30 хувийг экспорт эзэлдэг статистик бий. Экспорт давамгайлсан эдийн засаг сайн, муу хоёр талтай. Гэхдээ маргах аргагүй хүчтэй нөлөөлөл. Самсунг, LG, Хонда, Тоёота Хятадад салбартай. Тэнд Iphone-ийн үйлдвэрлэл явагдаж байна. Үндэстэн дамнасан компаниуд их байна гэдэг Хятадын зах зээл дээр үнэ цэнэ бий болсон гэсэн үг. Дэлхийн үйлдвэрлэлийн төв Хятадад төвлөрч байна. Iphone-оос гэхэд Америк руу 300 ам.доллар гарч, Хятадад 10 ам.доллар л үлддэг. Тэглээ гээд Хятадын Засгийн газар Apple-ийг хөөж гаргахгүй. Үлдэж байгаа мөнгө нь бага ч туршлага нь үлдэнэ гэдэг том өгөөж. Өнөөдөр хятадууд өөрсдөө ухаалаг утас үйлд­вэрлэж байгаа. Дэлхийн хэм­жээнд өрсөлдөхгүй ч Apple-ийг оруулж ирээгүй бол ийм үр дүнд хүрэхгүй байсан. Дэлхийн машин үйлдвэрлэгч бүх том үйлдвэр Хятадад салбартай. Үүнийг дагаад тэнд машин үйлдвэрлэл хөгжсөн. Хятадад үйлдвэрлэсэн машиныг дэлхийн улс орнууд хэрэглэж эхэлж байна. Хятадын экспортын 60 хувийг үндэстэн дамнасан компаниудын бүтээгдэхүүн эзэлдэг.  Хамгийн их хөрөнгө оруулалт татаж, хамгийн их худалдаа хийсэн нь л Хятадын хөгжлийн үндэс. Үндсийг нь хайвал ердөө л гадаадын шууд хөрөнгө оруулалт” гэсэн тайлбар хийлээ. 

Тэрээр ярианыхаа төгс­гөлд “Эдийн засгийн өсөлт улстөрчдийн бодол саналаар шийдэгддэг асуудал биш. Хувийн хэвшлийн эрх ашигт нийцсэн бодлого барих учир­тай. Хөрөнгө оруулагчдад тогтвортой  эрх зүйн орчноос гадна мөнгө нь аюулгүй байх орчин чухал. Татварын таатай орчин чухал. Энэ талуудыг анхаарчихвал Монголын эдийн засагт тасралтгүй өсөх боломж бүрэн бий. Жишээ нь Монголд Орос, Хятад гэдэг хоёр том хөрш байна. Казахстан Монгол шиг далайд гарцгүй. Гэхдээ Орос Хятадын алинтай нь ч эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлэхийг хичээж байгаа. Дэлхийг эзэл­сэн эцэг өвгийн түүх шигээ Монголд үйлдвэрлэсэн бараа дэлхийд гарах цаг ойрхон гэдэгт итгэж байна. Хятад Монголын харилцаа улам хөгжинө гэж найдаж байна” хэмээн онцолсон юм. 

Илтгэлүүдийн дараа уул­залтад оролцсон эдийн засагчид доктор Жон Гунаас сонирхсон асуултдаа хариу авцгаалаа. “Нүүрс цаашдаа хэр үнэтэй эд байх вэ” гэсэн асуултад Жон Гун “Өмнөх шигээ эрс өсөхгүй ч одоо байгаа нэг тонн нь 600 юань гэсэн үнэлгээ хэсэгтээ үргэлжлэх байх. Тэгэхээр бодит байдалд тохирсон шийдэл олох хэрэгтэй” гэж хариулна лээ. Хятадын эдийн засаг арван хувийн өсөлттэйгөөр удаан явахгүй, ирэх жилүүдэд 7, 8 хувь дээр тогтворжино, алсдаа хөгжингүй орнууд шиг гурав, дөрвөн хувь руу орох гэнэ. Жон Гуны хариултаас “Хэсэг хугацааны дараа Хятадын зах зээл дээр зэсийн эрэлт хэрэгцээ багасна” гэсэн үг содон сонсогдсон. Урд хөрш цэвэр эрчим хүчний бодлого бариад эхэлчихсэн  учраас  нүүрсний зах зээл ирэх арваад жилд л идэвхтэй байх бололтой.  

“Ирэх 20-50 жилд Хятадын зах зээлд тулгарах сорилт бэрхшээл гэвэл юуг онцлох вэ” гэсэн асуултад “Аж үйлдвэрийн салбарт нь төрийн зохицуулалт их байна. Өрсөлдөөнтэй болгох нь зөв. Өрсөлдөөн нэмэгдэж байж л эдийн засаг өрсөлдөх чадвартай болно. Гэхдээ яваандаа эдийн засаг нь илүү өрсөлдөөнтэй, нээлттэй болох байх. Энэ тал дээр Австралийн жишгийг дагавал зүгээр” гэж хариуллаа. 

Ц.БААСАНСҮРЭН 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Дамба: Би бууны нохой биш

Монголын уул уур­хайн үндэсний ассо­циацийн ерөнхийлөгч асан Д.Дамбатай ярилцлаа. 

-“Зуун чухал сэдэв” нэвтрүүлгийн төмөр замын царигийн тухай хөндсөн дугаарт оролц­сон хүмүүсээс таныг шүүмжлэх хүн олон байна. Ингэхэд та ийм нэвтрүүлэгт орно гэдгээ мэдэж байсан уу? 

-Нэвтрүүлэг бүү хэл “Та ийм хүнтэй хамт ярилцлаганд орно” ч гэж хэлээгүй. Мэргэжлийн түвшинд, цэвэр эдийн засгийн утгын яриа хөө­рөө өрнөнө гэж ойлгосон учраас “Төмөр замын царигийн талаар яриа авъя” гэсэн хүсэлтэд нь зөвшөөрсөн юм.  “Та манай дээр ирээд ярилцлага өгчих. Машин явуулаад авахуулъя” гэсэн л дээ. Удсан ч үгүй хоёр залуу ирсэн. “Улаанбаатар” зочид буу­далд гэж байснаа  бүтэхээ  байчихлаа гээд урагшаагаа Удирдлагын академийн хажууд айлын гэр бололтой газар аваачсан. Тэнд сууж байтал Х.Баттулга ороод ирсэн. Хөтлөгч нь Го.Бадарч гэдгийг тэр үед мэдсэн. Тэгээд л гурван сандал тавиад ярьсан даа. Өөрөө өөрсдийнхөө үзэл бодлыг л ярьсан. Сүүлдээ Х.Баттулга уурлаад “Ийм юмнуудтай ярихгүй” гээд нэвтрүүлгээ хаяад гарсан. 

-Бууны нохойтой ярихгүй гэж хэлсэн шүү дээ. Нэвтрүүлэг үзсэн хүмүүсийн дийлэнх нь Хятадын бодлогыг хэрэгжүүлэх гэж өмнөөс нь яриад байгаа нөхөр гэж харсан?

-Энгийн иргэдэд бол Дамба гэж хятад хүн л Хятадын бодлогыг хэрэгжүүлэх гээд бай­на гэсэн хандлагыг төрүү­лэхээр өнгө аястай нэвт­рүүлэг болсон байна лээ. Би Монголдоо төрж өссөн, эх орондоо хайртай жирийн л нэг иргэн нь. Миний удам угсаанд хятадын хольц байхгүй. Хятадын төмөр замыг ч дэмжээд байгаа юм биш. Нарийн царигийг олон улсад гарах гарц гэж хардаг өчнөөн хүмүү­сийн төлөөлөл. Монголыг Хятадын гарт оруулчих юмсан гэсэн бодол  ямар ч монгол хүнд байхгүй. Тэгж хэлээд гарч явахад нь үнэнийг хэлэхэд их гайхсан. Монгол хүнийхээ хувьд эх орноо яавал хөгжүүлэх үү, яавал хэдэн төгрөгтэй болгож ард түмнийхээ амьдралыг дээш­лүүлэх вэ гэж бодож л үзэл бодлоо илэрхийлсэн хэрэг.  Тэр нэвтрүүлгийн үеэр надаас “Хэний төлөөлөл вэ” гэж асуусан л даа. Би хэн нэг улстөрч, баян хүний төлөөлөл, бууны нохой биш.  Би Монголын уул уурхайн салбарынхны төлөөлөл. Саяхан өгсөн ажил маань уул уурхайн салбарынхны эрх ашгийг хамгаалах гол үүрэгтэй байсан. Тэр үүргийнхээ дагуу л байр сууриа илэрхийлсэн. Хэн нэг мөнгөтэй хүний төлөө явах шаардлага, сонирхол надад байхгүй. Би эдийн засгийн хувьд өөрийн гэсэн эрх чөлөөтэй хүн. Харин ч би Го.Бадарчийг их гайхаад байгаа. 

-Яагаад?

-Х.Баттулгыг уурлаад гарсны дараа намайг гаргаж өгсөн юм. Тэр үедээ “Үнэхээр уучлаарай. Би энэ нөхрийг 17 чингэлэг спиртийн хэргээр будаа болгож байсан болохоор их өширхдөг шиг байгаа юм. Тэгээд л уурлаад явчих шиг боллоо” гэж хэлсэн. Гэтэл тэгж хэлсэн хүн маань нэвтрүүлэг эхлэнгүүт “уучлаарай” энэ тэр гээд огт өөр юм яриад унахаар нь гайхсан.  Жинхэнэ урваач шарваачийг хийлээ дээ л гэж бодоод өнгөрсөн.

-Та хөтлөгч рүү эргэж ярьсан уу? 

-Одоо бол хэл үг үүс­гээд явахыг хүсэхгүй. Эр улс, мөс жудаг талаасаа нэг ярих хэрэгтэй байх гээд  залгасан ч утсаа авахгүй байна лээ.

-Таныг ассоциацийн ерөнхийлөгч байсан гэдэг утгаар нь тэр нэвт­рүүлэгт урьсан юм уу, ажлаа өгөөд нэлээд удчихсан болохоор тань гайхаад байна л даа? 

-Ассоциацийн ерөн­хий­лөгч байхдаа өгсөн ярилцлага. Бүр сар гаруйн өмнө хийсэн бичлэг байгаа юм. Таг чиг болчихоор нь Х.Баттулга дургүйцээд болиулсан юм болов уу гэж бодоод өнгөрсөн. Гэтэл бүр монтажлаад, кино шиг юм болгочихсон байсан. Зарим хэсэгт нь жүжигчид оролцуулаад этюд маягийн юм хийчихсэн байна лээ. Богд хааныг суулгасан ч байх шиг. Энэ чинь өөр асуудал. Өнгөрсөн түүхийн тусдаа хэрэг явдал. Бидний яриад байгаа сэдэв бол цэвэр эдийн засгийнх. Ямар ч улс төр байхгүй асуудал. 

-Гэхдээ нарийн цариг эдийн засаг талаасаа ийм ашигтай, хүмүүсийн ойлгоод бай­гаа шиг “хадны мангаа” биш гэдгийг тас хийтэл хэлсэн боди­той дүгнэлтийг таны ярианаас олж сонсоогүй. Тэр чигийн яриа өрнөөгүй юм уу?

-Уг нь би царигийн ач холбогдлыг, яг яагаад хэрэгтэй байгаа гэдгийг эдийн засаг талаас нь өчнөөн ярьсан. Царигтай холбоотой ярьсан хэсгийг бүгдийг нь хассан байна лээ. Гол яриаг нь хасч монтажлаад их утгагүй юм болгосон харагдсан. 

-Нарийн царигийг эдийн засаг талаас нь ултай суурьтай ярихаар инженер, эдийн засагч, бизнесийн төлөөлөл миний хувьд лав хараг­даагүй. Тэр нэвтрүүлэгт орсон хүмүүсээс энэ чигийг гадарлахаар улс таны хувьд байсан уу?

-Сүүлд нэвтрүүлэг болж гарахаар нь мэргэж­лийн улс орсон байх гэж бодоод нэлээд харсан л даа. Харамсалтай нь царигийн талаар ултай ярьчихаар хэн ч тэр нэвт­рүүлэгт ороогүй байна лээ. Уг нь царигийн асууд­лыг үнэхээр хөндөх гэж байгаа бол, хөгжил гэдэг талаас нь онцолъё гэж бодсон бол чиглэлийн хүмүүсийг нь оролцуулах ёстой.  Нэвтрүүлэгт оролц­сон хүмүүст царигаар ийм зорилготой нэвтрүүлэг хийнэ гэдгээ хэлээгүй болов уу гэж харсан. Зүгээр л түүх яриулъя гээд өмнө нь микрофон барьсан болов уу гэх хүн ч анзаарагдсан. Огт өөр зорилгоор, өөр нэвтрүүлэгт байр сууриа илэрхийлсэн яриа­нуу­дыг тасдаж аваад мон­та­жилсан болов уу гэж хардахаар хэсгүүд ч харагдсан. Мэргэжлийн улс гэвэл төмөр замын машинист, төмөр замын сургуулийн багш гэх мэт зарим нэг хүмүүсийн яриа байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ дээрээсээ үүрэг аваад ярьж байгаа нь илт харагдахаар юм билээ. Уг нь төмөр замын инженерүүдийн холбооныхон царигийн талаар их сайн ярина. Тийм хүмүүсийг  урьчи­хаар нэвтрүүлгийн санааг урвуулчихна гэж болгоомжилсон байх. Х.Баттулга Уул уур­хайн ассоциацийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан До.Ганболдтой тэр үед хамт  ирсэн юм. До.Ганболд үүдэнд хүлээж үлдсэн л дээ. Сүүлд л энэ асуудалд нэлээд анхаарал тавьж байгаа юм байна гэж бодсон. Уул уурхайнхны хувьд алдагдал багатай замыг хүсч байгаа. Нарийн царигийн төмөр зам тавихаар баахан хятад орж ирээд суурьшчихна гэж яриад байгаа юм. Яагаад ч  суурьшихгүй. Монголын төмөр замчид ажиллана. Жирийн нэг иргэн хүний тархийг угаах бодлогоор хийсэн нэвтрүүлэг гэдгийг учир мэдэх ямар ч хүн хэлнэ. Улаанбаатар төмөр замын ганц нэг ажилчдаас “Оросын төмөр замыг Хятадын нарийн царигаар солих гээд байна, тэгвэл та нарт хэцүү биш үү” гэх маягийн асуулт  тавьчих шиг санагдсан. Хэлж байгаа үгнээс нь хэн ч анзаарчихаар  зүйл. Оросын өргөн царигийн төмөр зам Монголд байдгаараа  байна. Хэн ч өөрчлөх гээгүй. Харин эдийн засгийн хөгжлөө бодоод нэмээд нарийн царигийн төмөр замыг Өмнөговийн нүүрсний уурхайгаас хил хүртэл тавья гэсэн санаа  явж байгаа. Нарийн царигийн төмөр замыг улсынхаа гүн рүү татах гэсэн асуудал огт  байхгүй. 

-Нэвтрүүлэг гарс­ны дараа сошиал ертөн­цөөр  Дамба гэдэг хүнийг шүүмжилсэн сэтгэгдэл өчнөөн байна. Яг тан руу хандаад бухимдлаа илэрхийлсэн хүн байна уу?

-Өнөө нэвтрүүлгийн үеэр асуусан “Та хэний төлөөлөл вэ” гэсэн асуултыг хэд хэдэн хүн тавьсан шүү. Ойр дотны хүмүүсээс ч санаа оноогоо хэлж байна. Гадаадад амьдардаг найз маань энэ нэвтрүүлгийг үзээд “Монгол яагаад хөгжихгүй байгаагийн учрыг сая л ойлголоо. Ийм муухай үндсэрхэг үзэлтэй, ийм тэнэг зүйл ярьдаг улс яаж хөгжих юм” гэж байх жишээний. 

-Ингэхэд та уул уурхайд бизнестэй юу, өөрөө нүүрсээ гаргах гээд ингээд байна гэсэн сэтгэгдлүүд харагдсан?

-Би нэг ширхэг ч нүүрс­ний уурхайгүй. Ер нь ямар ч уурхайгүй. Уул уурхайд бол олон жил ажилласан. 

-Нүүрсийг одооных шиг шороон замаар биш төмөр замаар тээгээд эхэллээ гэж бодоход хэчнээн ам.дол­лар хэмнэх талаар яг мэргэжлийн хүмүүсийн тооцоог сонсмоор байна?

-Мэргэжлийн инженерүү­дийн тооцоо байдаг. Төмөр замаар тээвэрлэвэл авто замаар тээвэрлэснээс өртөг нь гурав дахин хямд. Өнөө­дөр нүүрсний компаниуд зогсчихоод байгаагийн шалтгаан нь энэ. Өртөг өндөртэй авто замаар тээвэрлэхээр нүүрсний үнэ унасан энэ үед компа­ниуд тээвэрлэлтийн зард­лаа давж гарч чадахгүй байна л даа. Засгийн газар жилд тавиас доошгүй сая тонн нүүрс гаргаж байж арван жилд тэрбум тонн нүүрс нийлүүлнэ гэсэн яриа хэлэлцээ хийсэн. Төмөр замын тээврийг нэвтрүүлж байж энэ тоонд хүрнэ. 

-Өргөн царигийн төмөр зам  тавиад шилжүү­лэн ачлаа гэхэд зардал хэр гарах вэ?

-Нэг тонн нүүрс тутамд зардал нь гурван ам.доллараар өснө. 50 сая тонн нүүрсийг гурваар үржүүлэхээр асар их тоо гарна. Ийм их мөнгө зарна гэсэн үг. Нарийн царигийг Хятадтай холбоод бай­гаад гайхдаг. Энэ чинь дэлхийн стандарт. Өргөн цариг ОХУ, Монгол хоёрт л бий. Дэлхийн стандарт руу л орох хэрэгтэй. Нүүр­­сийг ганцхан Хятадад нийлүүлэх гээгүй. Хятадаар дам­жуулж бусад оронд, далайгаар дамжуулан  гаргах алсын зорилго бий. Дэлхийтэй хамгийн ойр гарц нь Хятадаар дамжих. Оросын нутгаар дамжуулж Алс Дорнодоор явуулж Японы наахна аваачна гэхээр дөрөв дахин илүү зам туулна. Нүүрсийг тээвэрлэж нарийн царигаар ачна гэвэл нүүрсний чанар муудах эрсдэлтэй. Олон ачиж буулгасан нүүрс амархан шатах магадлалтай. Нүүрс ойрын арван жилдээ бол моодноос гарахгүй ч цаашдаа үнэд хүрэхгүй эд. Дэлхийн чиг хандлага, урд хөршийн бодлого ч ялгаагүй нүүрснээс эрчим хүч гаргаж авах аргаас татгалзаж байгаа. Дэлхийн хөгжилтэй улсууд ногоон эдийн засаг гэж их ярих болсон. Ойрын арван жилд байдаг чадлаараа нүүрс олборлож тээвэрлэлээ гэхэд Монголын нийт нөөцийн арав хүрэхгүй хувийг л ашиглана. Бид ийм баялаг нөөцтэй. Нарийн царигийг Засгийн газар өргөн барьсан. УИХ дээр ухаантай гишүүд олон байгаа л гэж найдаж байна. Эдийн засагт нөлөөтэй ийм чухал  асуудлыг улс төржүүлж, хэзээний өнгөрсөн үүх түүхтэй холбож харах  хэрэггүй. Түүхийн хуудсыг сөхвөл Хятад, Монгол хоёр сайн нөхөр яваагүй урт он жилүүд бий. Өнөөдөр тэрийг ярьж хадуураад хэн ч хожихгүй. Дэлхий даяараа Хятадтай харилцахыг хүсч байхад манайхан харилцахгүй гээд байх юм. Би нарийн царигийг эсэргүүцээд байгаа улсыг харин ч  Монголын эсрэг үзэл бодолтой юм болов уу гэж харж байна. 

Ц.БААСАНСҮРЭН

У.УУГАНЦЭЦЭГ

Categories
мэдээ цаг-үе

Монголын төр хөрөнгө оруулагчдад бизнесийн таатай орчин амлав

Монголын бизнесийн дээд хэмжээний уулзалт өчигдөр “Их тэнгэр” цогцолборт эхэллээ. Шийдвэр гаргагчид  Таван толгойн станц, Эгийн голын усан цахилгаан станц зэрэг  мега төслүүдээ танилцуулахаар Австрали, БНХАУ, ХБНГУ, Энэтхэг, Япон, ОХУ, АНУ гэх мэт  ная гаруй орны  хөрөнгө оруулагчдыг урьжээ. Дотоодоос 300 ор­чим бизнес эрхлэгч уул­залтад оролцож байна. “Эм Си Эс”, “МАК”, “Занаду майнс”, “Номадс”, “Гацуурт” зэрэг үндэсний томоохон ком­па­ниудын төлөөлөл ирсэн юм.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Бизнесийнхэн маань өнгөрсөн хугацаанд өнчин хүүхэд шиг явж ирлээ. Бид хүүхдээ хүмүүжүүлэхдээ эхлээд биеийг нь даалгаад дараа нь тусыг нь хүртдэг уламжлалтай ард түмэн. Гэтэл Монголын төр өнгөрсөн 20 жилд хувийн хэвшлийнхнээ бойжуулж чадсангүй. Улстөрчид сонгуулиар гараад л амлалтаа мартаад, алга болдог. Улстөрчдийн эрх мэдэлд шунадаг увайгүй үйлдлийг таслан зогсооно” гэж ярилаа. Төрийн тэргүүний  ”Хувийн хэвшлийнхнээ цээжээрээ хамгаална”, “Бид бизнес эрхлэгчдийн бүтээлч сэтгэлгээ, боломжийг ашиглах гэж л ардчилсан замнал сонгосон”, “Ухаалаг төр гэдэг бол байрандаа байдаг л төр”, “Аймаг, нийслэлийн Засаг дарга нарын ажлыг хэдий хэмжээний хөрөнгө оруулалт татсан, хэдэн хүнийг ажлын байраар хангаснаар нь буюу хувийн хэвшлийг хэр дэмжсэнээр нь дүгнэнэ” гэсэн баялаг бүтээгчдийг дэмжсэн мэссэж дүүрэн үг танхимд цугларсан хүмүүсийн сэтгэлд нийцсэн нь алга ташилтаас илэрхий байв.

Том төслүүд дээр төр оръё гэвэл эхлээд мөнгөө төлөх зарчим үйлчлэх учиртай гэсэн байр суурийг ч төрийн тэргүүн хэлж байсан юм. Мөн тэрээр  “Монгол бизнесийн асар их боломжтой улс. Сайн бизнес, санаа болгоныг манай улсад хэрэгжүүлж болно. Гол нь бизнесийн салбарыг өргөн харах хэрэгтэй. Эдийн засгийн ийн нөхцөлд Монгол Улс юу хийх вэ гэдгээ Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын түвшинд ярилцаад  шийдлээ гаргаад явж байгаа” хэмээн ярилаа. Төрийн тэргүүнийг үгээ хэлээд дууссаны дараа хуралдаанд оролцогч зарим төлөөлөгч сонирхсон асуултдаа хариу авсан. Ерөнхийлөгч  концессын талаар сонирхсон эдийн засагчийн асуултад  “Концессын араас хөөцөлдөх нь сайн зүйл биш. Эргээд Засгийн газарт өр болж  үлдэх гэдэг утгаараа аюултай” хэмээн хариулж байв.

Уржигдар орой Ерөнхий сайд Н.Алтанхуяг хөрөнгө оруулагчидтай уулзаж бүх талаар дэмжиж ажиллахаа амлажээ. Харин энэ өдөр ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг гүйцэтгэх засаглалыг төлөөлөн иржээ. Эдийн зас­гийн хөгжлийн сайдын ирээгүй шалтгааныг тэрээр “Чуулганы хуралдаанд сууж байгаа” гэж тайлбарлана лээ. Бизнес эрхлэгчдийн сонирхол татсан төслийн нэг нь  эдийн засгийн ил тод байдал, өршөөлийн хуулийн төсөл. ЗГХЭГ-ын дарга энэ хуулиудыг наадмаас өмнө хэлэлцэнэ гэсэн ам өглөө. “Бид эдийн засгаа ил тод болгоно. Энэ хуулиар олгогдох нартай өдрүүд бизнес эрх­лэгчдэд нэг л удаа тохионо. Үүнээс хойш далд эдийн засаг байхгүй болно гэж тооцоолж байна. Бизнес эрхлэгчид өөрт байгаа бүх хөрөнгө, мөнгөө ил болгоосой гэж бид энэ хуулийг санаачилсан” гэж ярив. Засгийн газраас эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд долоо хоногт хоёроос гурван удаа хуралдаж байгаа гэдгийг хөрөнгө оруулагчдад дуулгасан. Тэрээр “Бид эдийн засгийн маш олон асуудлыг шийдэж байна. Их хуралд  23 хуулийн төсөл өргөн барьсны 11 нь татвартай холбоотой.  Бизнест илүү таатай боломж бий болгосон татварын өөрчлөлтүүд байгаа” хэмээн ярьж байлаа. 

 Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх  П.Цагаан энэ үеэр  нэг таатай мэдээ дуулгав. Судлаач Даниэл Алтманы  “Хаана хөрөнгө оруулж болох вэ” гэсэн судалгааны  жагсаалтад Монгол Улс эхний аравт орсон аж. Тэрээр хөрөнгө оруулагчдад хандан “Та нар зөв газраа ирсэн шүү. Сүүлийн хэдхэн жилд манай ДНБ арав дахин өссөн. Эдийн засгийн өсөлт хоёр орон тооноос буухгүй бол бид  20 жилд бүр зуун тэрбумын эдийн засагтай орон болно. Хурдтай хөгжих оронд хөрөнгө оруулах нь том боломж” хэмээн ярьж байлаа.  

 “Монголд хөрөнгө оруу­лах нь” сэдэвт хуралдаанд оролцож үг хэлсэн эрхмүүдээс “Эрдэнэс Оюу толгой” компанийн захи­рал Да.Ганболдын Оюу толгой төслийн талаар өгсөн мэдээлэл шинэ содон дуулдав. Монголын засаг, “Рио” хоёрын хэлэлцээ өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа билээ. Да.Ганболд энэ талаар “Анх 2010 онд төлөвлөж байсан ТЭЗҮ-ийн дагуу  гүний уурхай 2016 онд бүтээгдэхүүнээ гаргаж нийлүүлэх учиртай. Магадгүй сүүлийн хэдэн сарын турш гарч байгаа төслийн санхүүжилттэй холбоотой маргаанаас болж цөөхөн сар, магадгүй хагас жил, жилийн саатал гарсаныг бид үгүйсгэхгүй. Гэхдээ хуваарьт ёсоор 2016 онд гүний уурхайн бүтээгдэхүүн гарч ирнэ.  2021 онд хоногт 150 мянган тонн хүдэр боловсруулах тооцоо, график өнөөдөр ч хүчин төгөлдөр байгаа. Ийм графикийн дагуу ажиллана гэсэн итгэл үнэмшил хөрөнгө оруулагч, Монголын Засгийн газар бий. Бид цаашид хамт­ран ажиллахад бэлэн байгаагаа олон улсын банкны нийгэмлэг, бусад томоохон хөрөнгө оруулагч, олон улсын байгууллагуудад мэдэгдээд тэр дагуугаа ажиллаж байгаа. Зарим нэг тех­никийн, процедурын, гэрээ хэлэлцээрийн нөхцөлийн тухай маргаан явж байгаа болохоос гүний уурхайг зогсоох, хөрөнгө оруулагчийг хөөж гаргах  асуудал огтхон ч байхгүй гэдгийг энэ индрээс хэлмээр байна” гэж ярив. Харин ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг энэ асуудлаар  “Хямрал гэх нь хэтэрхий  эртэдсэн хэрэг. Хүндрэлүүд бол байгаа. Шийдэх гэж бид өнөөдөр уулзаж байна.  Одоо “Оюутолгой”-той холбоотой хоёрхон асуудал л үлдсэн. ТЭЗҮ- гээ зургадугаар сард өгөөд, есдүгээр сард Засгийн газар шийдвэр гаргана. Гадны хөрөнгө оруулагчид “Оюутолгой”-г их асуудаг. Дахин хэлье. Анх бид 33 хэлэлцэх асуудалтай байсан бол одоо хоёр л үлдсэн” гэсэн нэмэлт тайлбар өгөв. Засгийн зүгээс ирэх долдугаар сард Японд ийм уулзалт зохион байгуулах гэнэ. Өөр хэд хэдэн оронд ч хөрөнгө оруулагчдыг цуглуулан ярилцахаар тохиролцжээ. 

Уулзалтад оролцсон томоохон бизнес эрхлэгчид хямралыг амжилттай даван туулахын тулд том төслүүдээ даруйхан эхлүүлэх их хэмжээний хөрөнгийг татах хэрэгтэй гэсэн байр суурьтай байв. Тэд төр, засгаас хөрөнгө оруулалтад анхаарлаа хандуулсанд олзуурхаж байлаа. “Эм Си Эс” компанийн хувьд гэхэд л хэрэгжүүлж буй төслүүдээ тасалдуулахгүй ажиллаж байгаа гэнэ. 

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөн­хийлөгч Н.Алгаагаас уулзалтын үеэр сэтгэгдлийг нь сонирхоход  “Ерөнхийлөгчийн яриад байгаагаар бизнесийн орчныг таатай болговол ямар ч салбар хөгжөөд явчихна. Төрийн оролцоо, хүнд суртал бага,  татвар аль аль талдаа ашигтай байх хөрс суурийн тухай ярьж байгаа нь сайн хэрэг. Сул талаа засъя гэж байгаад олзуурхаж байна. Мөнгийг Монголоос бид гаднаас л босгоно. Тэндээс босгосон хөрөнгө Монголд орж ирээд үр ашигтай, найдвартай, халдлагад өртөхгүй байхыг л бизнесийн таатай орчин гээд байгаа юм. Засгийн газар хөрөнгө оруулалтыг татах чиглэлээр сүүлийн үед олон ажил хийж байна. Гэхдээ уул уурхайн салбарт гэхэд дутуу хэдэн асуудал байна. Ашигт малтмалын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, урт нэртэй хуулийн хэрэгжилтийн гарцыг олох,  нэг албан тушаалтны хэргээс болж хоморголон цуцалсан хэдэн зуун лицензийн асуудал бий. Уул уурхайн салбарын хувьд шийдлийг нь хаврын чуулганаар хурдан гаргаж өгөөсэй гэсэн хүлээлттэй байна. Ингэвэл манай улс руу хөрөнгө оруулалт орж ирнэ. Монгол дахь үйл ажил­лагаагаа зогсоосон хөрөнгө оруулагчид ажлаа үргэлжлүүлнэ” гэж ярив. Эдийн засагч Б.Лхагважав “Монгол Улс 1990 онд ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш дөрөв дэх хямралтайгаа нүүр тулж байна. Энэ хямралуудыг бид амжилттай даван туулж чадсан. Энэ удаад ч бас асуудалгүй даван туулах болно. Хамгийн гол нь энэ үед Засгийн газраас эдийн засгийн ил, тод байдлын тухай хуулийг хэлэлцэж, батлахаар болсонд их талархаж байгаа” хэмээн ярьсан юм.  Уулзалтад 50 гаруй банк, хөрөнгө оруулалтын компаниуд оролцохоор иржээ. 

Уулзалтын үдээс хойшхи хуралдаанаар уул уурхай, эрчим хүч, аялал, хөдөө аж ахуй, дэд бүтэц зэрэг чиглэлээр томоохон төслүүдийн танилцуулга болсон юм. Хуралдааны төгсгөлд Засгийн газрын гишүүд болон Төв банкны удирдлага хөрөнгө оруу­лагчдын сонирхсон асуултад хариуллаа. 

Уулзалтын үеэр хөрөнгө оруулагчид дэд бүтцийн чигийн мега төслүүдийг сонирхож буйгаа онцолж байв. “Монголын эдийн засгийн чуулган” ТББ-аас зохион байгуулсан Бизнесийн дээд хэмжээний уулзалтанд ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүд болон бүтээн байгуулалтын ажилтай танилцах юм билээ. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Газрын тосны үйлдвэр байгуулах шийдвэрээсээ Засгийн газар ухарч байна

“Дархан газрын тос боловсруулах үйлдвэр” компанийн захирал, академич
Т.Намжимтай ярилцлаа.

 

-Н.Алтанхуяг,
Ш.Абэ хоёрын гарын үсэгтэй баримт бичигт Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр  барих төсөлд хамтарна гэсэн утгатай өгүүлбэр дурайж
байгаа. Гэтэл манай засаг газрын тосны үйлдвэр барина гэсэн санаанаасаа буцлаа гэсэн
яриа сонсогдох юм. Энэ үнэн үү?

-Энэ төслийн хэрэгжилтийн хувьд дотоодод саармагжих нөхцөл байдал
үүсээд байгааг үгүйсгэхгүй.  Гэхдээ засаг
ч биш л дээ. ҮАБЗ-өөс зөвлөмж гарсан байна лээ.

-ҮАБЗ-өөс
ямар зөвлөмж гаргасан юм бол?

-“Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодын тосыг ашиглах аргаар
бодож байгуулах хэрэгтэй” гэсэн  ганцхан заалттай
зөвлөмж байна лээ. Дарханы үйлдвэрийн хувьд 
дотоодын олборлосон тосны хэмжээ хүрэлцээтэй болж, зам тээврийн нөхцөл нь
бүрдвэл мэдээж  дотоодын тосоо боловсруулж
таарна. Дотоодын тосны нийт нөөцийн 90 хувь нь Тамсагт бий. Олборлолтыг нь Хятадын
компани хийж байгаа. 24-25 хувь нь Монголд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр ногдож
үлдсэнийг нь  Хятадын компани авч байна. Түүхий
тосыг хаанаас ч авсан дэлхийн зах зээлийн үнэ үйлчлэх учраас эндээсээ худалдаж авахад
асуудалгүй. Ганцхан зам тээврийн нөхцөл гэсэн том асуудал бий.

-Зөвлөмж
бол шийдвэр биш. Засагт өөрт нь сонирхол байхгүй юм биш үү?

-Засгийн газрын хувьд  газрын
тосны үйлдвэр байгуулах ийм том төсөлд сонирхолгүй байж болмооргүй л дээ.

-Гэхдээ
л шийдвэрийг Засгийн газар гаргана?

-Засаг үйлдвэр байгуулна гэсэн шийдвэрээ гаргачихсан байгаа шүү дээ.

-Н.Алтанхуяг
сайдыг “Нефтийн үйлдвэр барих төслийг хувийн хэвшлийн шугамаар хэрэгжүүлнэ биз дээ.
Дарханы үйлдвэр барих асуудал юу болж байгааг мэдэхгүй” гэж ярихыг телевизээр сонссон.
ҮАБЗ-ийн зөвлөмж, Дарханы үйлдвэрийг төрийн эзэмшилтэй барина гэсэн тохироог бодохоор
засагт өөрт нь учир бий гэсэн хар төрөөд байна л даа?

-Шууд тэгж хэлэх нь ч юу юм. Н.Алтанхуяг сайдыг телевизээр тэгж хэлэхийг
би ч гэсэн сонссон. Аймгуудын теле хурал дээр Дарханы Засаг дарга “Дарханд байгуулах
төсөл юу болж байгаа бол” гэж асуусан юм. 
Төр хувь эзэмшихгүй гэвэл асуудалгүй. Хувийн хэвшил хэрэгжүүлээд явах бололцоотой.
Энэ төсөл анхнаасаа ийм зарчмаар явж байсан. Өмнөх Засгийн газрын үед төрийн оролцоог
40 хувь болгуулсан. Харин өнөөгийн Засгийн газар батлан даалт гаргана гээд төрийн
эзэмшлийг 51хувь болгосон юм. 

-Дарханд
газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах талаар өмнө нь гарсан шийдвэрүүдээр ярилцлагаа
үргэлжлүүлье.  Засгийн газраас ямар ямар шийдвэр
гарлаа?

-Таны ярианыхаа эхэнд онцолсон баримт бичиг байна. Ноднин есдүгээр
сард Ерөнхий сайдыг Японд айлчлахад Н.Алтанхуяг, Ш.Абэ нар Стратегийн түншлэлийн
дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан юм. Энэ хөтөлбөрт “Хоёр орны Засгийн
газар Японы олон улсын хамтын ажиллагааны банк болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн
хөрөнгөөр Монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахад үргэлжлүүлэн
хамтарч ажиллана” гэсэн заалт бий. Дараахан нь Ерөнхийлөгч Нью-Иоркоос Токиогоор
дайрч ирэхдээ Ш.Абэ Ерөнхий сайдын өргөөнд 
зочилсон юм. Ш.Абэ анх удаа гадаадын төрийн тэргүүнийг өргөөндөө хүлээж авсан
нь тэр. Тухайн үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч “Манай хоёр орны Ерөнхий сайд нарын гарын
үсэг зурж байгуулсан стратегийн түншлэлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх
талаар эрчтэй хамтран ажиллая” гэж мэдэгдэж байсан. Шинэчлэлийн  Засгийн газар өнгөрсөн онд энэ төслийг хэрэгжүүлэх
талаар хэд хэдэн тогтоол гаргасан. 2013 оны нэгдүгээр сарын 22-нд есдүгээр тогтоол
гэж баталсан юм. Үйлдвэр барьж байгуулах үндсэн үүргийг УУЯ, ЭЗХЯ-нд, Японы олон
улсын хамтын ажиллагааны банктай зээлийн хэлэлцээр хийх үүргийг ЭЗХЯ-нд, зээлийн
баталгаа гаргах арга хэлбэрийг судалж, танилцуулах үүргийг Сангийн яаманд өгсөн
юм. Түүхий тосоор хангах үүрэг нь  Уул уурхайн
яаманд оногдсон. Үйлдвэрийн  хувьд ТЭЗҮ, зураг
төсөл нь бэлэн болчихсон. Манайд зээл олгох Японы олон улсын хамтын ажиллагааны
банк  гэрээний төслөө өгсөн байгаа. ЭЗХЯ гэрээ
байгуулахад болж байна гэсэн хариу өгсөн. Ажил энэ мэтээр эрчтэй өрнөж байсан.

-Япон
Улстай засгийн түвшинд ярилцсан зүйлээсээ ийм амархан буцаж болдог юм байх даа?

-Хамтын түншлэлийн ийм том хөтөлбөр байгуулчихаад ухарвал олон улсын
ёс жудаг талаасаа мэдээж эвгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар нь хэдхэн сарын өмнө
хэлсэн үгнээсээ буцвал таатай харагдахгүй л дээ. Гадаад яаманд урьд жилүүдэд ажиллаж
байсан улс ч гайхаж байна лээ. Япон Улс өнгөрсөн хориод жилд манай улсад хоёр тэрбум
илүү ам.долларын буцалтгүй тусламж болон Засгийн газрын нэн хөнгөлөлттэй зээл олгосон.
Сүүлийн хориод жил олон улсын санхүүгийн байгууллагаас олгосон зээл тусламжийн хэмжээтэй
харьцуулахад Японых дангаараа хамаагүй давж байгаа. Хоёр Ерөнхий сайдын гарын үсэг
зурж баталгаажуулсан хөтөлбөрт хоёр тоймтой юм орсны нэг нь Дарханы үйлдвэр. Нөгөөх
нь Хөшигтийн хөндийн онгоцны буудал. Метро ч яригдаж байгаа. Жишээ нь Япон л биднийг
метротой болгож чадна. 

-Дарханы
шатахууны үйлдвэрийн төслийн явц ямархуу байгаа вэ?

-Тоёо инженеринг корпораци Техникийн зураг төсөл боловсруулах ажлыг
өнгөрсөн  гуравдугаар сард  дуусгасан. Одоо бариулах компанийг нь сонгох асуудал
яригдаж байна.  “Тоёо инженеринг” компани
ТЭЗҮ, зураг төслийг нь  боловсруулсан ч яг
барихыг нь өөр компани хийх төлөвтэй болоод байгаа.  “Марубени” корпораци энэ сарын сүүлээр үйлдвэр
барих компанийнхантайгаа ирэх байх.

-ТЭЗҮ-д
Японы талаас багагүй мөнгө зарцуулсан байх аа?

-ТЭЗҮ-ийг Японы олон улсын хамтын ажиллагааны банкны зардлаар Японы
мэргэжлийн корпорациар хийлгэсэн. Сая ам.долларын буцалтгүй зардлаар хийсэн юм.
Учир нь Японы Засгийн газрын банк өөрсдийнхөө боловсруулсан ТЭЗҮ-ийг санхүүжүүлдэг
юм. Экспортын харьцангуй урт хугацаатай хямд хүүтэй зээл олгож дэмждэг.

-Ордтой
нь ойролцоо шатахууны үйлдвэр барина гэж ярьж байна. Дорнод, Чойр гэсэн хувилбар
байх шиг. Ингэхэд ордын хажууд газрын тос боловсруулах үйлдвэр барих нь эдийн засаг
талаасаа хэр ашигтай вэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийг хэрэглээний гол бүсэд нь байгуулдаг.
Олборлож байгаа газрынх нь дэргэд байгуулсан жишиг дэлхийн хаана ч байхгүй. Манай
улсын шатахууны нийт хэрэглээний 90 хувь нь төвийн бүсэд байдаг. Баруун, зүүн бүсэд
тав, таван хувь нь ногдож байгаа. Бидний ярьж байгаа боловсруулах үйлдвэрээс зургаа,
долоон төрлийн бүтээгдэхүүн гарна. Хэдэн төрлийн бензин, дизель, онгоцны түлш гээд
бүтээгдэхүүн  бүрийг тусад нь тээвэрлэх учиртай.
Харин түүхий тос бол өөр. Тамсагаас вагонд ачаад үйлдвэрт хүргэчихнэ. Тээвэрлэлтийн
зардал талыг нь харвал газрын тосны үйлдвэр хэрэглээндээ ойр байсан нь илүү дээр.
Мөн боловсруулах үйлдвэрийг  дэд бүтцийн нөхцөл
бүрдсэн газар байгуулах ёстой. Тээвэрлэх төмөр замаас гадна асар их цахилгаан, усны
хэрэглээ шаардана. Дарханд барих хоёр сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрт
45 МВт-ын цахилгаан хэрэгтэй. Ийм хэмжээний цахилгааны хэрэгцээг хангах боломжтой
газар бол Дархан. Дорнод, Чойрт тийм хүчин чадал байхгүй.  Энэ үйлдвэр хоногт 6800 тонн ус хэрэглэнэ. Энэ
хэмжээний усаар хангах усны байгууламжтай газар Дарханаас өөр байхгүй. Усны нөөцийн
хувьд Дархан усныхаа бүх байгууламжийг  ЖАЙКА-гийн
шугамаар шинэчилсэн. Дархан ус суваг хоногт 70 мянган тонн ус нийлүүлэх хүчин чадалтай.
Дархан хотын одоогийн хэрэглээ нь 12 мянга гаруй тонн. Үйлдвэр ашиглалтад ороход
6000 гаруй тонн болно. Цаана нь тавиад мянган тоннын хүчин чадал үлдэж байгаа.

-Манай
газрын тосны одоогийн нөөц Дарханы үйлдвэрийн хэчнээн жилийн хэрэглээг хангах бол?

-Дорнодын хэмжээнд олборлох нийт нөөцийн хэмжээ 40 гаруй сая тонн.
Жилд хоёр сая тонныг боловсруулна гэхээр 
хориод жилийн нөөц гэсэн үг.

-Оросын
талаас  түүхий тосоо нийлүүлэхээ больчих вий
гэсэн болгоомжлол  ҮАБЗ-д байсан юм болов
уу?

-Дотоодын нефтийн хэмжээ бага, үйлдвэр ашиглалтад орох хугацаанд
төмөр зам тавигдаж амжихгүй бол Эрхүүгийн нефтийн үйлдвэрээс  түүхий тос авах тохироог 2010 онд хийсэн. Эрхүүгийн
нефтийн компани,  “Монгол секью” компани,
“Марубени” корпорацийн төлөөлөл гэрээ байгуулсан юм. “Марубени” корпораци урьд нь
Эрхүүгийн нефтийн компанитай  нефть, газын
салбарт хамтран ажиллах харилцан тохиролцооны меморандум байгуулсан байсан. Эрхүүгийн
нефтийн компани энэ хүрээндээ Японд болоод Зүүн хойд Азийн орнуудад түүхий тос болон
газын конденсац экспортлоход хамтрах тохироо хийсэн юм билээ. Бидний байгуулсан
гэрээ үйлдвэр ашиглалтад орж түүхий тос импортлох хүртэл хүчинтэй. Ийм тусгай заалт
оруулсан юм. Үүнийгээ баталгаажуулах үүднээс УУЯ, Дархан газрын тос боловсруулах
үйлдвэр компани, Японы Марубени корпорациуд 
үндсэн гэрээ гэж байгуулсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 2-ны өдөр
байгуулсан энэ гэрээнд Эрхүүгийн нефтийн компаниас Дарханы үйлдвэрт түүхий тос нийлүүлэх
гэрээ  байгуулахад Марубени оролцоно, Оросын
талаас түүхий тос нийлүүлэхэд хүндрэлтэй нөхцөл үүсвэл “Марубени” ОХУ-аас Японд
импортолж авах түүхий тосноосоо Дарханы газрын тосны үйлдвэрт нийлүүлнэ гэсэн заалт
багтсан.

-Эрхүүгийн
нефтийн компани Японд түүхий тос нийлүүлж байгаа юу?

-Нефть, газын ордтой энэ компани Японд алс Дорнодын хоолойгоор түүхий
тос нийлүүлж байгаа. Өнгөрсөн онд гэхэд гурван сая тонн түүхий тос нийлүүлсэн. Түүхий
тосны хоолой явсаар Япон тэнгисийн эрэгт хүрч байгаа. Япон улс тэр хоолойгоор  40 сая тонн түүхий тос авч байна. Хэрвээ Оросын
талаас манайд нийлүүлэх боломжгүй гэвэл “Марубени” Япон руу  импортолж байгаа тосноос нь Дарханы үйлдвэрт нийлүүлэх
үүрэг хүлээж байгаа юм. Үндсэн гэрээнд УУЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, Марубени
корпорацийн нефтийн импортын асуудал хариуцсан газрын дарга бид гурав гарын үсэг
зурсан. Ердөө хэдхэн сарын өмнө байгуулсан гэрээ. Дахин хэлэхэд бидний үндсэн зорилго
бол мэдээж дотоодоосоо түүхий тос авах.

-Эрхүүгийн
компаниас нефть авах, Дорнодоос төмөр замаар нефть тээвэрлэх хоёрын зардлын зөрүүг
сонирхмоор байна?

-Эрхүүгийн нефтийн компаниас нүүрс авбал Наушкаар тооцоо хийгдэнэ.
Наушкаас Дархан хүрэхэд 121 км. Нэг тонн түүхий тосны зардал гурван ам.доллар байх
юм. Дорнодоос төмөр замаар түүхий тос татахад 30 орчим ам.долларын зардал гарна.

-Үйлдвэр
ашиглалтад орвол дотоодын зах зээлийн хичнээн хувийг хангах бол?

-Ойрын ирээдүйн хэрэглээг 100 хувь хангана.Өнөөдөр монголчууд жилдээ
сая 200 мянган тонн бензин, дизелийн түлш хэрэглэж байна. Дарханы  үйлдвэр сая 600 мянган тонн бензин дизелийн түлш
үйлдвэрлэнэ.  Нисэх онгоцны түлш, мазотын
хэрэглээг мөн бүрэн хангана. Хамгийн олзуурхмаар нь евро-5-аас дээш үзүүлэлтийн
шатахуун үйлдвэрлэнэ. Японы стандарт нь тийм л дээ. Дизелийн түлш,  95, 98 үйлдвэрлэнэ.  Хойд хөршөөс 
авч байгаа дизель түлш хүхрийн агуулга, хар тугалга ихтэй. Энэ үйлдвэрээс
гарах түлш хар тугалганы агуулгагүй байна. Хүхэргүйгжүүлэх байгууламжтай байх юм.
Үйлдвэрт байх 16 техникийн байгууламжийн нэг нь л дээ. Ес нь Японы патенттай тоног
төхөөрөмж, долоо нь Францын “Аксенс” компанийн патенттай. “Аксенс”-ийн дэд ерөнхийлөгчтэй  лицензийн нууцлалын гэрээ байгуулсан байгаа. Европын
орнууд Оросоос авсан дизелийн түлшээ дахин боловсруулж хэрэглээнд гаргадаг. Манайд
ажиллаж байгаа гадаадын уул уурхайн том компаниуд “машин техник стандартын бус шатахуунаас
болж эвдрээд байна, стандартын түлшээр хангаач” гэсэн шаардлага тавьдаг нь ийм учиртай.

 Ц.БААСАНСҮРЭН