Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван толгойн цахилгаан станц ба төмөр замын цариг

Оюу толгой” компани  Өмнөговьд  босох цахилгаан станцаас эрчим хүчээ хангана гээд албан ёсоор дуугарчихлаа. Үүнийгээ Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаад байна. Гарын үсэг зурсан нөгөө тал нь мэдээж Засгийн газар. “Рио” Засаг хоёрын үл ойлголцолд эцсийн цэг тавигдаагүй энэ үед “Оюу толгой” ийм алхам хийнэ гэдэг бол “Таван толгой цахилгаан станц” төслийг хариуцан ажиллаж байгаа хүн хөлсөө урсгаж ухаанаа зарсан гэсэн үг. Тодруулж хэлбэл М.Энхсайхан энэ ажил дээр лидер гэдгээ харуулж чадлаа. Таван толгой бол түүний хэлж ярьдгаар мега төсөл. Дэлхийн хэмжээний ийм аварга төслүүдийг хэрийн аавын хүү барьж авч хэрэгжүүлээд байдаггүй. 

”Танай засаг бидэнд хангалттай төвөг удаж байна. Байгуулсан гэрээнээсээ хүртэл буцаж, эхлүүлсэн бүтээн байгуулалтыг минь хүртэл зогсоосон…” гэж хэлээд энэ гэрээнд гарын үсэг зурахгүй суух эрх  “Оюу толгой”-д байсан. Ингэлээ гээд ёс зүйгүй харагдахгүй түмэн шалтгаан тэдэнд бий. Хэрвээ “Оюу толгой” компани энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол Таван толгойн цахилгаан станц төсөл хэрэгжихгүй, хэсэгтээ гацах нь мөн л тов тодорхой байсан. Өчнөөн жилийн өмнөөс ярьсан Таван толгойн цахилгаан станцын төслийг энэ засгийн үед М.Энхсайхан хөдөлгөж чадлаа. М.Энхсайханы хөдөлгөсөн “Таван толгой цахилгаан станц” төсөл хэрэгжиж эхлэх нь Монголд ямар давуу талтайг жагсаая.

Нүүрс, зэс гээд хөрсөн дороо эрдэнээр баян Өмнөговь нутаг өнөөдрийг хүртэл эрчим хүчний системгүй.  Даланзадгадын зургаахан МВт-ын станцаас гадна Ухаа худагт “Энержи ресурс”-ийн босгосон бага хүчин чадалтай станц л бий. Эрчим хүчний сүлжээ үүсгэж томоохон станц барья гэхээр том хэрэглэгчгүй бол дэмий мөнгөний гарз. Том хэрэглэгчгүй газар ямар ч хөрөнгө оруулагч том станц барья гэж бодохгүй. Өмнийн говийн эрчим хүчний системийг тэтгэх  том хэрэглэгч нь Оюу толгой гэдгийг дээр дооргүй  мэднэ. Гэхдээ төдийгөөс өдий хүртэл Оюу толгой компанитай энэ тал дээр за зүй гэж эцсийн тохироонд хүрээгүй байсан юм. 

“Оюу толгой” эрчим хүчээ урд хөршөөс мөнгийг нь төлөөд авч байгаа. Таван толгойн станц баригдчихвал  Монголоос эрчим хүчээ аваад эхэлнэ. Таван толгойн цахилгаан станцын 70 хувийг Оюу толгой дангаараа хэрэглэнэ гэж байгаа. Тэгэхээр урд хөршийн компанид төлж буй их хэмжээний мөнгө Монголд үлдэнэ гэсэн үг. Өмнөговь цахилгаан станцтай байхын эдийн засгийн наад захын үр ашиг гэвэл энэ. 

Өнөөдрийг хүртэл Засаг “Рио” хоёрын учраа олохыг хүлээж хөрөнгө оруулахаа азнаж буй мөнгөтэй эрхмүүдэд “Оюу толгой” компанийн энэ алхам эерэг дохио өгч эхэлсэн нь гарцаагүй. Гэрээнд гарын үсэг зурах ёслолыг “Рио”-гийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастъян Жак “Засгийн газар, Оюу толгой компани хоёр нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо” гэж дүгнэнэ лээ. Хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхээр гэгээтэй үг. Энэ үг Таван толгойн цахилгаан станц гэсэн аварга том төсөлд хөрөнгөө оруулах сонирхол тээн чимээ чагнаж байгаа хөрөнгө оруулагчдад ч хамаатай. Цахилгаан станцын төсөлд нэг тэрбум ам.доллар хэрэгтэй гэсэн тооцоо гараад буй. Оюу толгой шиг том хэрэглэгч цахилгаан авъя гэчихээр Монголд хэрэгжих энэ мега төсөлд мөнгөө оруулах сонирхол нэмэгдэх нь тодорхой. 

Таван толгойн цахилгаан станцын төсөлд Японы Марубени, Кансай, Солонгос, Францын хамтарсан консорциум үлдээд байгаа. Тэдэнд техникийн даалгаврыг нь өгсөн. Энэ сардаа багтаж арилжааны даалгаврыг нь өгөх юм билээ. Одоо станц тойрсон бичиг цаас, гэрээ хэлэлцээрийн ажил ид өрнөж буй. Зарцуулах хөрөнгө нь их наяд аль хэдийнэ давчихсан энэ аварга төсөл амжилттай хэрэгжвэл цахилгаан станц нэмж барьж, нүүрсний их нөөцтэй өмнийн говиос  Хятад руу цахилгаан экспортлох боломж нээгдэнэ. Цаашлуулж яривал баялаг дагасан цахилгаан станцын төслүүд өгөөжөө өгөөд эхэлбэл нийслэлд ч цахилгаан станц барих ажил асуудал биш болно. Цахилгаан гэдэг эд ховрын барааны тооноос хасагдчихвал хотын утаа үлгэр болно. Одоохондоо хэтрүүлэгтэй сонсогдох ч өмнийн говийн станц ажиллаад эхэлсэн үед санаанд багтах л төсөөлөл. Эдийн засаг, нийгмийн ийм  ач тустай төслийг амжилттай эхлүүлж чадсанд нь М.Энхсайханд баяр хүргэе. Дахин хэлэхэд тэр энэ ажлаараа улс төрийн том лидер, Монголын шилдэг эдийн засагчийн нэг гэдгээ баталлаа. 

Яг үүн шиг том хувьсгал  төмөр замд хэрэгтэй байна. Монгол нүүрс моодонд орж, үнэ нь хаданд гарч байх үед төмөр замтайсан бол овоо дориун мөнгө олох боломж бидэнд байлаа. Тэр үед “Энержи ресурс” гаднаас хөрөнгө оруулалт татаад төмөр зам барих гэж байтал хэсэг нөхөд  нарийн биш бүдүүн царигаар л төмөр замаа барина гээд болиулчихсан. Тэднийг оройлогч нь Женко Баттулга. Гэтэл өнөөдөр бид  өргөн, нарийн ямар ч төмөр замгүй сууцгааж байна. Ямар царигтай нь мэдэгдэхгүй төмөр замын даланд гаднаас өр тавьж авсан “Чингис бонд”-ынхоо өчнөөн ам.долларыг зарчихсан. Өнгөрсөн чуулганы үеэр нарийн царигийн төмөр зам  тавина, хөрөнгийг нь “Шинхуа” гаргана энэ тэр гээд овоо ажил өрнөх  нь үү гэж байтал хэсэг улс эсэргүүцсээр байгаад хойшлуулчихсан. Оройлогч бөгөөд санаачлагч нь мөн л Баттулга. 

Уг нь урд хөрш рүү тэдний нутагт байгаа шиг нарийн царигтай төмөр зам тавибал нүүрсээ шижигнэтэл нь зарчих боломж бидэнд бий. Зүй нь нарийн цариг гэдэг хөмсгөө атируулж ирээд  “геополитик, стратеги” гэх мэтийн айхтар сүржин үг яриад байх шаардлагагүй эд л дээ. 

Гэтэл Женко яагаад ч юм нарийн царигт тун дургүй. Х.Баттулгын хувьд М.Энхсайхан шиг улс төрийн лидер мөн үү гэвэл мөн. Энэ улсад баялаг бүтээсэн сайн бизнесмэн мөн үү гэвэл мөн. Таван толгойн станц шиг түмэнд хэрэгтэй өчнөөн ажил хийх боломжтой салбарыг толгойлдог байсан уу гэвэл байсан. Улсынхаа төлөө сэтгэлээ чилээдэг хүнд бол юм хийхээр салбаруудыг тэр удирдаж байсан. Барилга хот байгуулалтын сайд гэдэг жижиг алба биш. Тэр энэ албыг хашиж л байсан. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд гэдэг мөн л мундаг алба. Саяхныг хүртэл тэр энэ том салбарыг удирдаж байсан. Өчнөөн жил сайд хийлээ, гэтэл өнөөдрийг хүртэл “Баттулга тэр яамыг толгойлж байхдаа үүнийг хийсэн юм шүү, үгүй мөн олонд тустай ажил болж дээ” гээд дүгнэчихээр ажил харагддаггүй. Реформ хийж, хөгжлийг тодорхойлбол тодорхойлохоор салбаруудыг удирдсан хүнд Таван толгойн цахилгаан станцын дайны нүсэр ажил эхлүүлэх бололцоо байгаагүй гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Гэтэл М.Энхсайхан ердөө өнгөрсөн жилээс л Таван толгойн станцын төсөл дээр ажиллаж эхэлсэн. Өнөөдөр Таван толгойн станцын төсөл хэрэгжих нь баараггүй болж, бүхэл бүтэн Монгол Улсын  хөгжлийг тодорхойлох хэмжээнд  хүрчихлээ. Өмнийн говь нүүрсээ тээх төмөр замгүй хэвээрээ.  Ийм л ялгаа харагдаад байгаа юм даа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Засагт хувь биш татвар хэрэгтэй

Монголын уул уурхайн хамгийн том компани нь төрийнх. Уг нь “Рио”, “МАК”, “Энержи ресурс” гэж ирээд яривал том төслүүд хэрэгжүүлж байгаа нь бүгд хувийн компаниуд л даа. Гэхдээ Оюу толгой, Таван толгой гэсэн ланжгар хоёр ордоос гадна стратегийн бүх ордын хувьд дээрээ ганц малгайтай. Аль л сайн нөөцтэй ордууд төр гэсэн нэг том эзэнтэй гэсэн үг. Тэр нь “Эрдэнэс Монгол”. Монголын уул уурхайн хамгийн том эзэмшил төрийн компанид бий гээд байгаа нь ийм учиртай. Хувийн хэвшлийн компаниудыг жамаар нь хөгжүүлж байж л чөлөөт зах зээл хөгжинө гэдэг өнцгөөс харвал яг өнөөдрийн “Эрдэнэс Монгол” төгс загвар биш. “Эрдэнэс Монгол”-ын доор “Эрдэнэс Таван толгой”, “Эрдэнэс Оюу толгой” гэж дэлхийн хэмжээнд яригдах төслүүдэд оролцоотой хоёр компани бий. Удирдлагууд нь бүгд улс төрийн томилгоогоор ажилладаг. ТУЗ нь ч ялгаагүй улс төрөөс хараат. Энэ том хоёр ордын ажил урагшлахгүй байгаа нь ганцхан ийм шалтгаантай. Жишээ нь “Рио”, “Эрдэнэс Оюу толгой” хоёр өнөөг хүртэл учраа олоогүй. “Эрдэнэс Таван толгой” гэхэд нүүрсээ зарах гэж хувийн компаниудтай өрсөлдсөөр байгаад өөрөөсөө бусдыг бараг л унагачихсан. Төрийн түшээдэд уул уурхайн салбарт төр оролцох ёстой гэсэн сэтгэлгээ бүр суучихсаныг жишээлж яривал өчнөөн баримт бий. Сүүлийн жишээ гэхэд УИХ-аас “Цагаан суварга гэдэг ордыг МАК минь дангаараа эзэмш. Төрд өгөх мөнгө байхгүй учраас хувь эзэмшихгүй, харин татвараа сайн төлөөрэй” гэсэн овоо ухаалаг шийд гараатахсан чинь УИХ-ын нэг гишүүн нь “Өө, тэгж ярихгүй. Энд чинь манай төрийн оролцоо хувь байх ёстой. Энэ муу компанид дангаараа эзэмших эрх байхгүй” гээд Цэцэд өгчихөж байгаа юм. Өөрсдөө хөрөнгө гаргаж чадахгүй хэрнээ олсон ашгаас нь авах ёстой гэсэн зах зээлийн жамаас гажсан сэтгэлгээ ганц энэ гишүүнд ч биш, өчнөөн түшээдийн элэг зүрхнээс уяатай яваа.

Байгалийн баялгаа зарж байж л ам.долларын галзуурлыг намжаана гэдгийг Монголбанкнаас эхлээд эдийн засагчид нь хүртэл хүлээн зөвшөөрчихсөн энэ үед яах аргагүй ярих учиртай асуудал бол энэ. Тодруулж хэлбэл, уул уурхай дахь төрийн хэт оролцоог багасгах гарцыг хайх цаг болчихож.

“ЭРДЭНЭС МОНГОЛ”-ЫГ “ТИМАСЕК” ШИГ БОЛГОЁ

Ирэх сарын эхний долоо хоногт “Дисковер Монголиа-2014” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно. Чуулга уулзалтад гадны ганц ч хөрөнгө оруулагч шинээр бүртгүүлээгүй ч “Блүүмбэрг”-ээс эхлээд гадна ертөнцөд мэдээллийг нь цацах сувгууд бол бий. Монголд төсөл эхлүүлээд гацчихсан цөөн хэдэн шар толгойтнууд мэдээж энд ирнэ. Монголын уул уурхай тэр чигтээ төрөөсөө хамааралтай гэсэн гутранги бодол тээн санааширч яваа тэдэнд “Манай төр уул уурхайд дээрэмчин шиг оролцохгүй” гэж хэлэх ганц индэр нь “Дисковер Монголиа”. Энэ үеэр ийм сэдвээр эвтэйхэн яриа хөөрөө өрнүүлбэл биднийг дэлхий сонсоно гэх гээд байна л даа. “Дисковер”-ийн хоёр дахь өдөр “Уул уурхайн төсөл ба төрийн оролцоо” гэсэн сэдэвтэй хуралдаан болох юм билээ. Лав л “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал О.Сайнбуян төрийн өмчийн компанийн засаглалаар илтгэл тавих сураг дуулдсан. О.Сайнбуянгийн хувьд өөрөө бизнесмэн учраас уул уурхайн төрийн өмчит компаниудыг бизнесийн зарчмаар явуулъя гэж энд тэнд болж байгаа чуулга уулзалтын үеэр их ярьдаг. Гэхдээ засгийн хувьд тэгтлээ дэмжсэн царай үзүүлэхгүй байх шиг санагддаг. Төр, хувийн хэвшлийнхэн нэг дор цугласан энэ хуралдаанаар “Эрдэнэс Монгол”-ыг Сингапурын “Тимасек” болгох чигийн хэлэлцүүлэг өрнүүлмээр байгаа юм. “Тимасек” бол Сингапурын төрийн өмчтэй компани. Компанийн засаглалаараа онц, хувьцаагаа олон нийтэд нээлттэйгээр арилжаалдаг гэдгээрээ дэлхийд танигдсан. Компанийн удирдлагыг улстөрчид биш ТУЗ-өөс нь сонгодог. ТУЗ-ийнх нь гишүүд улсдаа нэр хүндтэй бизнесмэн, эрдэмтдээс бүрддэг. Өөрөөр хэлбэл, цэвэр бизнесийн зарчмаар ажиллаж чаддаг гэсэн үг. “Эрдэнэс Монгол”-ын хувьд яг ийм загвараар ажиллабал уул уурхайн салбар дахь төрийн оролцоо цэгцрээд ирнэ. Гэхдээ анхаарах нэг зүйл бий. ТУЗ-өөс компанийн удирдлагыг сонгоход улс төр нөлөөлөхгүй гэх баталгаа байхгүй. Том төслүүдээ бизнесийн зарчмаар урагшлуулъя гэвэл захирлуудын томилгоонд улс төр орохгүй байх өндөр босгыг хуулиар тогтоож өгөх хэрэгтэй. Мэдээж тэр хууль нь дөрвөн жил болоод солигдохгүй дархлаатай байж үр дүнгээ өгнө. Ингэхийн тулд О.Сайнбуян захирал биш Засгийн газар, УИХ-ын зүгээс өндөр сонирхолтой байх учиртай. Төрийн өмчийн оролцоотой компаниуд хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаад ирвэл хүссэн хүсээгүй хяналт тогтоно, төр хэт оролцох гээд байвал олон нийтийн эсэргүүцэлтэй тулна гэсэн гарц ч бас бий.

ЗАСАГТ ХУВЬ БИШ ТАТВАР ХЭРЭГТЭЙ

“Тимасек” бол “маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушги дээр” гэх талаасаа байж болох хувилбар. УИХ, Засгийн газар хүсэхгүй бол ажил болоход бэрх шийдэл л дээ. Мэдээж үүнээс ч сайн хувилбар бий. Гадна, дотнын мөнгөтэй эрхмүүд цугласан “Дисковер Монголиа”-гийн үеэр манай засгийнхан “Төр уул уурхайн ордууддаа хувь эзэмшихгүйгээр татвараа аваад явъя” гэсэн мессэжийг өгвөл эргэлзсэн хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд ирнэ. “Цагаан суварга”-д хувь эзэмшихгүй гэсэн шийдвэр гаргаж чадсан төр энэ удаа стратегийн бүх ордод хувь эзэмшихгүй, татвараа л авъя гэчихмээр байгаа юм. Засгийн газрын “Рио”-той учраа олохгүй байгаагийн шалтгаан ч яг нарийндаа хувь эзэмшлээс үүдэлтэй. Том төсөлд төр хувь эзэмших нь тэр хэрээр эрсдэл хүлээнэ гэсэн үг. Манай төр Оюу толгойд 34 хувийн эзэмшилтэй. Эзэмшиж буй хувийнхаа хэмжээгээр “Рио”-гийн бүтээн байгуулалтад мөнгө зарцуулах үүрэгтэй. Гэтэл өнөөдрийг хүртэл ганц ч доллар гаргаагүй, “Рио”-гоос мөнгө зээлж байж энэ аварга төслийг эхлүүлсэн. Төрийн эзэмшиж буй 34 хувийн хэмжээнд тохирсон мөнгийг “Рио” өөрөөсөө гаргаад баяжуулах үйлдвэр барьчихсан. Одоо дахиад гүний уурхайн бүтээн байгуулалтад хэдэн тэрбум доллар зарах учиртай. Бид Оюу толгойн ордод хувь эзэмшдэг учраас өнөө хэдэн тэрбумынх нь 34 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг өөрсдөөсөө гаргах ёстой. Гэтэл бидэнд мөнгө байхгүй. Төр гэдэг бол яг нарийндаа бид. Төр мөнгө үйлдвэрлэдэг газар биш, бидний татварт өгсөн мөнгөөр амьдардаг субъект. Төрийн өнөөдөр “Рио”-д тавьсан, маргааш өөр нэг “Рио”-д тавих өрийг бид л төлнө. Тэгэхээр төр гэдэг эзэн биегүй этгээдийн тавьж буй өр бүхнийг бид төлж барагдуулна гэсэн үг. За ер нь бол нэг иймэрхүү асуудал л Оюу толгой дээр үүсчихээд байгаа. Цагаан суваргын хувь эзэмшлээс төр өгөөмөр зантайдаа биш зах зээлийн энэ айхтар хуулийг ойлгосон учраас татгалзсан юм.

ТӨР ТӨР БАС ДАХИН ТӨР

Төрийн уул уурхай дахь оролцоо энэ хүрээд зогсохгүй. Нүүрсэн дээр гэхэд 30 гаруйхан ам.доллараар зараад байхад л Хятадын хаа холын далайн боомтын үнэ болох хоёр дахин өндөр тоог жишиг үнэ гэж тавиад татвар авах жишээний. Ухаандаа талх үйлдвэрлэгч нэг талхаа 1000 төгрөгөөр зарчихаад байхад татварын газраас “Та талхаа 2000 төгрөгөөр зарах ёстой шүү дээ” гээд ахиу татвар авсантай ялгаагүй дүр зураг л даа. Төр уул уурхайд ингэж оролцож байна. За тэгээд ТЭЗҮ-ийг хянан бичиж батална, уулын ажлын төлөвлөгөөг мэдэж батална. Уг нь ТЭЗҮ батлах нь цэвэр хувийн компанийн хийх ажил. Хувийн компанийн бизнес төлөвлөгөөг баталдаг сонин жишиг манайд л бий. Энэ мэтээр жагсаавал уул уурхай дахь төрийн оролцоо өчнөөн. Төр нүүрсээ зарах гэж ядаж байгаагаа хувийн компаниудтайгаа өрсөлдөхөө ч юман чинээ тоохгүй оролцоно. Эсвэл хувийн компаниудынхаа хөлсөө урсгаж цэцэглүүлсэн бизнесийг төрийн асар том ашиг сонирхлын бүлгүүд нийлж байгаад боловсон аргаар дээрэмдэж оролцоно. Боловсон арга гэдэгт нь зохиомол хэрэг үүсгэж юм уу аль нэг хэрэгтэй холбож бизнесийг нь төрийн нэр дээр буцаан аваад дахин хуваарилалт хийх, хуулийг өөрчлөх замаар дээрэмдэх гээд түмэн зам багтана. Зарим тохиолдолд бүр энэ зорилгодоо төрийн институцийг ашиглана. Уул уурхайн бизнес рүү орж амжаагүй төрд гарсан том бизнесмэнүүд энэ салбарт дахин хуваарилалт хийгээд эхэлснийг бизнес эрхлэгч, эдийн засагчид барим тавим жишээ татан ярьцгаадаг. Тэгэхээр уул уурхайн яг ямар процесст нь төр оролцохыг энэ удаагийн “Дисковер Монголиа”-гаар тогтож яримаар байна. Зүй нь чөлөөт эдийн засгийг жинхэнэ утгаар нь хөгжүүлсэн улсын төр нь уул уурхайн салбартаа татвар авч, хяналт тавих маягаар оролцдог юм билээ. Айхтар хяналт, ахиухан татвар хамгийн зөв гарц гэдгийг уул уурхайгаараа хөгжилд хүрсэн өчнөөн улсын түүхээс харж болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Улаанбаатарыг хийгээр хангах үйлдвэрийн туршилтын загварыг Солонгост үйлдвэрлэж байна

Том Таван толгойд метаны хангалттай нөөц илэрсэн,
Өмнөговиос Улаанбаатар руу хийн хоолой татаж хотыг утаанаас салгах боломжтой гэсэн
мэдээлэл сүүлийн өдрүүдэд цацагдах болсон. “Эрдэнэс Таван толгой”-н бүтээн байгуулалт
хариуцсан дэд захирал С.Цэвэгжавтай энэ сэдвээр ярилцлаа.

 -Хотыг нүүрсээр биш хийгээр дулаацуулах боломжтой гэсэн эерэг
мэдээлэл дуулдах боллоо. Солонгосын “Корей газ”-тай  хамтарч метаны нөөцөө тогтоосон уу?

-Метаны нөөцтэй эсэхийг “Корей
газ”-тай хамтрахаас өмнө судлуулсан л даа. Нүүрсний ашиглалтын хайгуул хийлгэх явцдаа
давхар судлуулсан юм. Өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн ажил. Судлуулсан нь
ч цаанаа шалтгаантай. Манай улс 2008 онд хүлэмжийн хийг бууруулах чигийн олон улсын
конвенцид нэгдсэн юм билээ. Хоёрдугаарт, Таван толгойн ордод нүүрснээс гадна эрчим
хүчний өөр эх үүсвэр буюу метаны нөөц бийг “Норвест”-ийн судалгаагаар тогтоочихсон
байсан юм.  Хүлэмжийн хийг бууруулах олон
улсын байгууллагын том уурхайнуудад хүлэмжийн хий бага ялгаруулах шаардлага тавьдаг.
Таван толгойн хувьд ч  залуу уурхай учраас
олон улсын шаардлагыг эхнээс нь барьж ажиллая гэсэн зорилготой ажилладаг. Ашиглалтын
хайгуулаар метаны агуулга өндөр гарсан.  Монголд
метан хийн чиглэлээр судалгаа хийдэг лаборатори байхгүй учраас Солонгосын “Корей
газ” компанитай хамтарч эхэлсэн. “Корей газ”-ынхан ч хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлсэн.
Энэ оны хоёрдугаар сарын 24-нд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулаад ажиллаж
эхэлсэн юм. Солонгосын талаас 8.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх шийдвэр
гарсан нь ийм түүхтэй. 

-Метан хийн туршилтын үйлдвэр барина гэж байгаа. Үйлдвэр барих
хөрөнгө ч энэ мөнгөнд багтсан уу. Танай компани энэ төсөлд ямар үүрэгтэй ажиллаж
байгаа вэ?

-Багтсан. Өрөмдлөгийн зардлын
хувьд “Элгэн” компаниас гарсан. Манай компанийн зүгээс талбайгаар хангахаас гадна
мэдээллээр холбох үүрэг гүйцэтгэж байгаа. 

-“Норвест”-ын судалгаагаар хичнээн тонн метан хийн  нөөцтэй гэсэн таамаг гарсан юм бол. Сүүлд сонссон
мэдээллээр 150 жилийн нөөц байна гэж дуулдсан, хэр бодитой мэдээлэл вэ?

-“Норвест” 300 метр орчим гүний
судалгаа хийсэн байдаг юм. 20-30 тэрбум метр.куб метаны нөөцтэй гэсэн тооцоо гаргасан
байсан. Солонгосын “Корей газ”-ын хувьд 780 гаруй  метр өрөмдсөн. Доошлох тусам хийнийх нь чанар
сайжирч  нөөц ихэссэн. Одоогоор Таван толгойн
ордын метан хийг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглаж болно гэсэн дүгнэлт гараад байна.
Нөөцийн тухайд 60 сая тонн гэсэн урьдчилсан тоо гарсан. Гэхдээ энэ бол урьдчилсан
таамаглал. Нэмэлт хайгуул хийхээр нөөц нь нэмэгдэх нь тодорхой. 60 сая тонн гэдэг
нь Улаанбаатарын нийт хэрэглээг гучин жилийн турш хангах хэмжээ. Улаанбаатарын бүх
цахилгаан станцын хэрэглээг хангаж, халаалтыг шийднэ гэвэл  жилд хоёр сая тонн метан хий хэрэг болох тооцоо
гараад байгаа.

-Туршилтын үйлдвэрийн ажил эхэлсэн үү?

-Туршилтын үйлдвэрээ Солонгост
үйлдвэрлээд эхэлчихсэн. Цагт 50 куб метр хий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байх
юм. 11 дүгээр сард оруулж ирээд ирэх оны хоёрдугаар сар гэхэд угсарч дуусах төлөвлөгөөтэй
ажиллаж байна. Туршилтаа тавдугаар сар хүртэл хийгээд зургадугаар сар гэхэд дүгнэлт
нь гарчих юм. Өөрөөр хэлбэл, ирэх оны зургадугаар сар гэхэд ямар үйлдвэр баривал
тохирох эсэх нь тодорхой болно гэсэн үг.

-Хийн үйлдвэр хэр овортой байдаг юм бол?

-Нэг их овортой эд биш. Туршилтын
үйлдвэр нь гэхэд л  дөрвөн контейнерт багтаад
ирнэ.

-Метан хийг яг ямар процессоор гаргаж авах вэ?

-750 метр гээд ордын нүүрсний
үе дуусангуут доор нь гүний ус их хэмжээгээр байгаа. Технологийн хувьд яг нефтийн
хийн тоног төхөөрөмжтэй адилхан юм билээ. Гүнээс сордог нассос тавина. Нассосоор
устай хийгээ соруулаад үйлдвэр рүүгээ оруулж хий, ус хоёроо ялгана. Илүүдэл нүүрсхүчлийн
хий гээд бүх зүйлийг ялгах процесс энд явагдах юм. Хийгээ устай  нь хамт авчихаар газрын гүнд байгаа өндөр даралт
сийрэгжээд ирдэг, газрын гүний даралтыг чөлөөлөөд өгчихөөр хийн хуримтлал ихэсдэг
юм байна л даа. Хий нь шууд цооногоор гараад явна гэсэн үг. Нэг цооногийг гэхэд
15 жил ашигладаг юм байна.

-Хий дэх метаны агуулга өндөр гарсан, бараг байгалийн хийтэй
дөхөж очихоор гарсан гэх юм…?

– Хийн дэх метаны агуулга  84.6-93-ийн хооронд гарсан. Байгалийн хийтэй дөхөж
очсон гэж үзсэн нь үнэн. Ийм өндөр агуулгатай болохоор үйлдвэрлэлд ашиглах бүрэн
боломжтой гэж үзсэн юм. Метаны агуулга нь гучаас доош болбол үйлдвэрлэлд ашиглах
технологи одоогоор нэвтрээгүй байгаа юм билээ. Ерээс дээш гэхээр бүр сайн чанарынх
болоод явдаг юм байна.

-Өмнөговиос Улаанбаатар хүртэл хийн хоолой тавихад хэр өртөг
шаардах бол. Урьдчилсан таамаг тооцоо гарсан уу?

-Ойролцоогоор 400 гаруй сая ам.долларын
хөрөнгө оруулалт шаардана гэсэн урьдчилсан тооцоо бий. Шууд ил хоолой татчих асуудал
бий. Аюулгүй байдал  талаас солонгос стандартаар
тавих учраас ямар нэг асуудал байхгүй.

-Яг үйлдвэр барих цэвэр зардал нь хэр байх бол?

-Улаанбаатарыг нэг жилд хоёр сая
тонн хийгээр хангах үйлдвэр барихад 200-гаад сая ам.доллар хэрэгтэй юм билээ.

-Метан хийний нүүрснээс ялгарах онцлог давуу талуудыг нэрлээч?

-Метан хий хэд хэдэн онцлогтой.
Илчлэг чанар нь нүүрснээс 2.5 дахин их. Нүүрс шатааж гаргадаг зардлаас хоёр дахин
хямд үнээр метан хийг ашиглаж болно. Байгальд үзүүлэх хортой нөлөө байхгүй. Нийслэлийг
метан хийгээр хангаад эхэлбэл Улаанбаатарын утаа гэсэн ойлголт байхгүй болно.

-Хийг хоолой татахгүйгээр шийдэх боломж байсан уу. Шингэрүүлээд
тээвэрлэвэл овор багатай болмоор санагдах юм?

-Тээвэрлэлтийн зардлын тухайд
хоолойгоор тээвэрлэх нь хамгийн хямд гэсэн тооцоо гарсан. Шингэрүүлнэ гэхээр өртөг
нь өндөр гарч байгаа. Сая үйлдвэр барихад 200 сая ам.доллар зарна гэж ярьсан даа.
Шингэрүүлнэ гэвэл найм дахин их өртөг шаардах юм билээ.

-Өмнөговиос наашаа хийн хоолой татахад ямар нэг асуудал байхгүй
юу?

-Солонгосчуудын хувьд Өмнөговиос
Улаанбаатар хүртэл хийн хоолой тавихад газар зүйн байрлалын хувьд ямар ч асуудалгүй
гэж үзсэн.

-Ингэхэд метан хийгээр дулааны асуудлаа шийдсэн газар дэлхийд
хичээн байдаг юм бол?

-Дэлхийн жилийн хийн хэрэглээний
арван хувийг метан хий эзэлдэг юм билээ. Хятадад гэхэд нэг хотын хэрэглээг тэр чигт
нь метан хийгээр хангаж байгаа бодит жишээ байна.

-“Корей газ” Солонгосын хийн хэрэглээг зуун хувь хангадаг
гэсэн үү?

-Тиймээ, мөн дэлхийн 16 улсад
хийн төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Дэлхийд энэ чиглэлээрээ эхний тавд жагсдаг
компани. Туршлага, технологийг нь бодолцож энэ компанитай хамтран ажиллахаар шийдсэн.
“Корей газ” Солонгосын төрийн өмчит компани.

-Тэгвэл энэ төсөл хоёр улсын хэмжээнд яригдаж таарах нь ээ?

-Тэгж таарна л даа. “Корей газ”
компанийнхан Уул уурхайн сайдтай уулзахдаа ч “Бид ирэх оны дунд гэхэд өдий хэмжээний
хөрөнгөөр яг ийм  үйлдвэр барихад болох нь
гэсэн дүгнэлтээ гаргаад өгчихнө. Дараагийн алхмууд нь хоёр улсын Засгийн газрын  шийдэх асуудал”  гэж байна лээ. Цаашлуулаад яривал бүтээгдэхүүн
хуваах гэрээг төртэй хийнэ гэсэн үг.

Ц.БААСАНСҮРЭН 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол нь монголоо тэжээхэд төрийн багахан дэм хэрэгтэй байна

Аялал жуулчлал гэхээр үүргэвч үүрсэн шар толгойтой нөхдөөр төсөөлдөг үе ард хоцорчээ. Монголчууд эх орны­хоо үзэсгэлэнт байгалиар ёстой л нэг аялсан шиг аял­даг болж. Зун болонгуут майхан саваа машиндаа ачиж аваад гэр бүлээрээ аялаад сурчихаж, манайхан. Аялал жуулчлалын салбараа бид өөрсдөө тэтгэхээр хэмжээнд хүрчээ гэж хэлэх гээд байна л даа. Хөвсгөл далай гэхэд л зунжин, намаржин наадмын өдрүүдийн Хүй долоо худаг шиг хүний хөлд дарагддаг болж. За тэгээд Буйр нуур, Тайхар чулуу, Өгий нуур, Хамрын хийд, Эрдэнэзуу гээд яривал бахдаад барш­гүй үзэсгэлэнтэй, түүх өгүүлсэн утга учиртай газар нутаг Монголоор нэг бий. Үзэсгэлэнтэй, гоё гэсэн ямар ч газар очсон, жуулчдын ихэнх нь дан монголчууд байна. 

Ер нь үүргэвч үүрч дугуй унаад Монголыг хөндлөн гулд туулдаг гадны жуулчдыг жуулчны компанийнхан “харамч” гэж зүгээр ч нэг нэрлээгүй санагддаг юм. Зар­дал багатай амардаг нөх­дийн хувьд  жуулчлалын сал­барт хаялга гэх юм үгүй. Үсрээд ойр зуурын хүнс, ундаа усхан гээд л энд үлдээх мөнгө нь тун цөөхөн доллараар хэмжигдэнэ. Монголд олноороо аялдаг Азийнхан гэхэд их үндсэрхэг. Солонгос жуулчдыг гэхэд дэлхий даяараа  “царцаа нүүдэлчид” гэдэг юм билээ. Тухайн орныхоо аль гоё гэсэн болгоныг үзээд зөвхөн үндэснийхээ хөрөнгө оруулалттай зочид буудалд хонож, үндэснийхээ ресторанд хооллоод явдаг учир ингэж нэрлэсэн хэрэг. Анзаараад бай­хад солонгосчууд Солон­го­сынхоо  хөрөнгө оруулалт­тай ресторанд, япончууд гэхэд япон ресторандаа хоол­лоцгоож харагддаг. Мэдээж жуулчдын компаниар дамжин Монголд өчнөөн доллараа зарж үрээд аялдаг хэсэг бий л дээ. Гэхдээ дэлхий даяараа эдийн засгийн хямралд өртөж, цэнхэр гаригийн том буудлууд хүртэл эзгүйрээд эхэлсэн энэ үед Монголыг зорих гадны жуулчдын тоо ч цөөрсөн.  Яг өдийд аяллын цаг учраас энэ жил хичнээн жуулчин гадаадаас ирснийг хэлэхэд эрт байна. Өнгөрсөн жилийн тоог сонирхъё. Монгол Улс өнгөрсөн онд 417 мянга гаруй жуулчин хүлээж авсан байх юм. 2012 онтой харьцуулахад 12, 2011 оныхоос бараг арван хувиар буурсан тоо гэж статистикийнхан онцолж байна. Монголд аялдаг жуулч­дын ихэнхийг буюу  дөч гаруй хувийг бүрдүүлдэг урд хөршийнхний аялагчдын тоо гэхэд өмнөх жилийнхээ ирснээс хорь гаруй хувиар буурсан харагдана. Одоо дотоодын жуулчид эх орноороо яаж аялсан тоог харъя. Мөн л өнгөрсөн оны статистик. Хоёр сая 176 мянган иргэн дотооддоо зорчсон гэсэн тоо гарчээ. Монголчууд эх орныхоо зүг бүрт тэднээс дутахгүй их аялдаг болсныг  сая дурдсан баримтаас харж болно. Бараг тэр чигээрээ л аялдаг болсныг энэ тоо нотолж байна. 

Монголчууд Монголынхоо аялал жуулчлалын салбарыг тэжээгээд эхэлчихсэн энэ үед төрд хэдэн үг дайхгүй бол болохгүй нь. Уг нь хаана аялал цэцэглэж байна, тэнд төр үүргээ гүйцэтгэх учиртай.  Тэгж байж аялал жуулчлалын салбараасаа ахиу мөнгө олох учраас иргэддээ үйлчлэхээс ч аргагүй. Ухаалаг төртэй улсад төр нь энэ үүргээ айхавтар мэдэрч  үйлчилсэн шиг үйлчилж чаддаг. Аялал жуулчлалын салбарт төрийн үйлчилгээ хэрэгтэй гэж яриад байгаа нь ийм учиртай. Адаглаад хөдөөгийн замууд дээрээ тэмдэглэгээ хадчихмаар санагд­даг. Хар замаар явж байгаад сум, багууд руу салсан шороон замуудаар ороход ёстой төөрдөг байшин шиг юм болно. Тийшээ, ийшээ явбал төчнөөн км явна гэж зүг чиг заасан самбар харин ч нэг байхгүй дээ. Нэг сумаас нөгөө сум руу хар таамгаараа жирийлгэхээс аргагүй. За тэгээд Дорнын талаар бол зам мэдэхгүй нөхөд төөрөх энүүхэнд. Нүд алдам талаар давхиад байхад л тэмдэг, самбар хүний урманд таарах­гүй. Шөнө орой зүгээ алдсан улсын хувьд бүр яриад байх юм биш. Зүй нь аяллын гол замууд дээр цагдаагийн пост хүр­тэл ажилламаар байгаа юм. 

За тэгээд аялагчдын очих дуртай газрууд руу хатуу хучилттай зам тавьж амжаагүй гэсэн зовлон бий. Уг нь төрд  аяллын салбараасаа мөнгө олох хүсэл байгаа бол зам тавих ёстой гэдгийг захын хүн гадарлана. Гэтэл наадмын үеийн Хүй долоон худаг шиг түм түчигнэсэн Хөвсгөл рүүгээ гэхэд өнөөдрийг хүртэл асфальтан зам тавьж амжаагүй байх жишээний. Ирэх жилдээ бол засмалаар Хөвсгөл рүү сүнгэнэчих юм яриад байгаа. Гэхдээ Хөвсгөл далайгаас цаашаа Хорьдол сарьдаг энэ тэр гээд үзэсгэлэн бүрдсэн газар өчнөөн бий. Тийшээ тэвчээр заан сэгсчүүлсээр очсон жуулчид бол үзэсгэлэнг нь дуу алдан шагшдаг. Ихэнх нь чулуутай энхэл донхол замаар явахыг хүсдэггүй. Далай үзээд л наашилдаг.  Асфальтан зам тавьдаггүй юмаа гэхэд сайжруулсан шороон зам тавьчихвал Хөвс­гөл нутгийн үзэсгэлэнг бахдах хүсэлтэй хүн өчнөөн бий. Аялагчид цувах хэрээр Хөвсгөлийн захын сумдынхны ахуй амьдрал ч дээшлээд ирнэ. 

Зам гэснээс дугуй засва­рын газрууд хөдөө бараг алга. Нурах шахсан амбаарын гадна дугуй засварын газар гэсэн бичиг хаа нэг харагдана. Тэр газрууд нь ажиллахаасаа ажиллахгүй нь их.  Төв суурин газруудад зам дагуу дугуй засварын газрууд ажиллуулах хэрэгцээ байгааг захын аялагч хэлнэ дээ. Албан ёсны зөвшөөрөл өгөөд албан ёсоор ажиллуулах газрыг хэлээд байна л даа. Түүнээс биш өнөөдөр овоо хэдэн төгрөг олчихоод маргааш нь хаагаад наадамдаад явдаг эзэнтэй засварын газар бол дэмий. Тогтоогоод өгсөн цаг нараар ажилладаг албан ёсны дугуй засварын газрууд зам дагуу ажиллуулбал аялагчид нэмэгдэж, нутгийн иргэдийн амьжиргаа дээшлэхэд нэмрээ өгөхөөр л шийдвэр. 

Байгалийн үзэсгэлэнгээрээ олныг далласан суурин газруу­дад нэг том зовлон бий. Зочид буудал, зоогийн газар гэж өрөвдмөөр оромжирхуу юм угтана. Аль арваад жилийн өмнөх хуучин жижигхэн бай­шин­гууд голдуу. Уг нь тохилог, цэвэрхэн, аятайхан буудлуудтай бол зориод очсон аялагч овоо хэд хонохыг бодно. Тэр хэрээр аялагчийн халаасан дахь мөнгө тэнд үлдэж, алс бөглүү суурингийн иргэдийн амьдрал сэргээд ирнэ. Иймэрхүү аар саар асуудлыг хөнгөлөлттэй зээлийн бодлогоор ч юм уу дэмжээд, буудал барихад нь хөрөнгөөр дэмнээд өгвөл төрд “Ядуурлыг яаж бууруулах вэ” гэж шанаагаа тулах шаардлага гарахгүй. Амьжиргаа сайтай төв газрынхан бөглүү суурингийн иргэдээ аялал жуулчлалаар дамжаад тэжээчихнэ.  

Төрдөө хаяглаж хэлэх бас нэг зовлон байна. Аялагчид олноор очдог нутгийн иргэдэд сургалт явуулмаар байна. Салбараа хариуцсан яам нь жаахан сэтгэл гаргачихад бүтчих асуудал байгаа юм. Сэдэв нь тийм хүнд биш. “Аялагчид та нарын амьдралд ямар хэрэгтэй вэ, аялагчидтай яаж харилцах вэ” гэсэн энгийн агуулгатай сургалт. Аялагчдад муухай хандахгүй бол тэд дараа жил дахиад ирнэ, аягүй хандвал ирэхээ байж, та нарын амьжиргаа доошилно гэчихэд бараг болчихно л доо. Монголын хаана ч очсон нутгийн иргэд аялагчидтай сайхан харилцана гэж үгүй. Аялагчдыг хүн гэж харахаас илүү мөнгө гэж харах нь олон. Хахарсан айраг, өмхийрсөн шахуу махаа зарах гээд шогшоод очно. Энэ авахгүй гээд яах юм гэсэн аятай харьцана. Ам халсных аялагчдад бас нэг зовлон бий. Нэг сайхан газар майхнаа хатгаад гэр бүлээрээ тухлах гэж байтал нутгийн нэг нөхөр давхиад ирнэ. Бүдүүн бааздуу нөхдүүд  сүрхий саймшраад салж өгөхгүй тух алдуулдаг жишээг хөдөө аялаад ирсэн хүн бүр ярих байх. Аялагчдад зориулсан үйлчилгээний стандарт, харилцааны соёл энэ тэрийг нь аялал хөгжсөн нутгийн иргэдэд учирлаад ойлгуулах энгийн хэрнээ хэрэгтэй тогтолцоо хөдөөд одоохондоо лав алга.  

Монголын хүн амын тэн хагасаас  илүү нь Улаанбаатарт ажиллаж амьдардаг. Эдийн засагт эргэлддэг мөнгөний ихэнх нь нийслэлийнхэнд бий. Төрөөс бага зэргийн зохицуулалт хийчихэд л энд эргэлдэж буй их мөнгө аялал жуулчлалын цагаар хөдөө рүү цутгаж, монголчуудын мөнгө Монголдоо үлдэх боломж байна. Эдийн засаг хүндхэн байна гэж дэлхий даяараа хөмсгөө зангидсан энэ үед аялал жуулчлалын салбараараа бие биеэ тэтгээд сайхан амьдрах боломж байна даа, уг нь.    

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Өүлэн эх” цогцолборт гурван тэрбум төгрөг зарцуулжээ

Цонжин болдогийн Чингэс хааны  морьт хөшөөний замын эсрэг тал буюу зүүн урагшаа Өүлэн хатны 13 метр гаруй өндөр хөшөө наадмын өмнөхөн сүндэрлэсэн. Боржин чулуун хаалгатай томоо гэгчийн хашаанд  энэ хөшөөнөөс гадна өчнөөн бүтээн байгуулалт өрнөж байна. Энд “Сайхан Булган” компани аялал жуулчлалын цогцолбор барихаар гурван жилийн өмнө ажлаа эхэлжээ. “Өүлэн эх” цогцолборын бүтээн байгуулалтын ажлыг сурвалжлахаар Цонжинболдогийг зорилоо. Хашааны боржин чулуун хаалган дээр Чингис хааны “Төрүүлж өсгөсөн ачтаны сууг тэнгэрт дуулгаж дэлхийд дуурсгая” гэсэн үгийг сийлжээ. Хаалганы орой хэсэгт байрлуулсан соёмбоны хоёр талд хар, цагаан тугны орой, гурван цагийн галыг мөн л боржин  чулуугаар урласан нь содон шийдэл болжээ. 

Биднийг очиход хөшөөт цогцолбор болон замын ажил ид өрнөж байв. “Сайхан Булган” компанийн захирал А.Лхамжав ч байж таарлаа. Аялал жуулчлалын цогцолбортоо одоогоор гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Дахиад арваад тэрбумын хөрөнгө зарж байж аялал жуулчлалын цогцолбор иж бүрнээрээ сүндэрлэх аж. Эхлээд Өүлэн хатны хөшөөг сонирхов. Хөшөө тун нарийн хийцтэй нь хатны ээмэг, бөгжийг харахад л илт юм. Шүрэн хэлхээтэй ногоон өнгийн унждаг ээмэг нь чулуугаар урласан гэмээргүй гоёмсог, шүр бүр нь ялгарч харагдана. Хөшөөг бүхэлд нь саарал боржингоор урлажээ. Хөшөөний доод хэсгийг усан, уулан, үүлэн хээгээр чимэглэжээ.  

А.Лхамжав захирал “Монгол хатны ийм хөшөө одоогоор дэлхийн хаана ч байхгүй. Өүлэн хатан аян дайнаас буцан ирж буй хүүгээ угтаж байгаа бэлгэдлээр бүтээсэн юм. Газрын байрлал нь яг таарсан байгаа биз” гэж сонирхуулав. Нээрээ л Чингэсийн морьт хөшөөний өмнөхөн сүндэрлэсэн Өүлэн хатны хөшөөг  хэн ч хүүгээ угтаж байгаа ижий гэж харахаар юм билээ. Замын аль ч талаас харсан Өүлэн эхийн хөшөө нүдэнд тусч байна лээ. “Женко тур”-ийн морьтой Чингэс хааны хөшөөтэй зохиомж, утга агуулгаараа нэгдэж чадсан бүтээл болжээ. А.Лхамжав  “Өүлэн ээжийн царайг тухайн үеийн хүмүүсийн царайны хэлбэрийг судалж байж гаргасан. Боржин чулуун хаалга болон энэ хөшөөг Энхтайван захиралтай Үүдэн чулуу компанийнхан бүтээсэн юм. Саяхан над руу ярьж байна лээ. Өүлэн хатны хөшөөг урласан бүтээлчээ төрийн шагналд нэр дэвшүүлэх гэж байгаа гэнэ. Их мундаг залуус. Өүлэн ээжийн хөшөөг сэтгэлд тултал урлаж өгсөн дөө. Чулууны урлаг Монголд хэр түвшинд хөгжсөнийг жинхэнэ утгаар нь харуулсан бүтээл болсон. Чулуугаар урлуулсан нь учиртай. Чулуу гэдэг хэдэн мянган жил болсон ч байгальтайгаа цуг оршсоор байдаг эд. Нэгэнт л мөнхийн бүтээл хийж үлдээе гэж зорьсон учраас боржин чулуугаар хийе гэж шийдсэн”  хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Өүлэн хатны хөшөөг шүншиглэсэн гэнэ. Шүншиглэсэн болохоор тэр үү ирж мөргөх хүмүүс их байгаа аж. Цогцолборын ажил дуусаагүй ч энд хүний хөл татардаггүй бололтой. 

 Хатны хөшөөний өмнө хэсэгт есөн хатны дүртэй ханан хөшөөг суурилуулжээ. Яг монголчилвол хавтгай хөшөө гэдэг аж. Компанийнхан боржин чулуун шигтгэмэл хөшөө гэж тайлбарласан.  Чулуун дээр хатдын дүрийг товойлгон сийлж урласан энэ хөшөөнд Алунгоо, Бөртэ,  Дөргөн, Огул Хаймиш, Мандухай, Ану зэрэг хатдын дүрийг мөнхөлжээ. Хатдын хөшөөг СУИС-ийн багш Нямхүү урлажээ. Хатад судлалаар нэлээд ажилласан учраас хатдын зураг бүр тухайн цаг үеийнхээ онцлогийг илэрхийлсэн агуулгатай болж чадсан гэнэ. Дөргөн хатны хэсэг дээр гэхэд л Христийн сүмийг товойлгон сийлжээ. Дөрвөн хүү нь бүгдээрээ хаан болсон Сорхугтани хатныг гэхэд л дөрвөн хүүтэйгээ зогсч байгаагаар урлажээ. Алунгоогийн дүрийг домгийн зохиомжоор бүтээсэн харагдав. Таван хөвгүүндээ эвтэй байхыг багцалсан сумаар үлгэрлэсэн домгийн үйл явдлыг эндээс харж болохоор юм. Хатдын дунд мандаж буй нар, Бөртэ чоно, Гоо марлыг дүрсэлжээ.  

Энэ хөшөөний наана том тулга залах юм байна. Монголын хамгийн том тулга болох гэнэ. Таван бүслүүртэй тулга хийлгэж байгаа нь цаанаа учир агуулгатай юм байна.  Дээр үед ихэс ноёд таван бүслүүртэй тулга, энгийн ардууд гурван бүслүүртэй тулга хэрэглэдэг байж. Тулганы нэг, гурав, тавдугаар бүслүүрийг хас хээгээр чимэх аж. Бүслүүр тус бүр 33 хас хээтэй байх нь. Нийлээд 99 хас хээ болсон нь 99 тэнгэрийг бэлгэдсэн хэрэг юм байна. Хоёр, дөрөвдүгээр бүслүүрийг эврэн хээгээр чимжээ. Их Монголын үеийн хаад ноёдын тулганы бүслүүр эврэн хээтэй байсныг бодолцон энэ хээг сонгожээ. Тулганд мөнхийн гал бадамлуулахаар төлөвлөжээ. 

Ханан хөшөөний наахна боржин чулуугаар тайз хийчихэж. Тайзны өмнө мянга гаруй метр квадрат талбайтай юм. Мөн л тэр чигтээ боржин чулуугаар хийж. Энд шоу, ээжийн баяр, хурим найр гээд олныг хамарсан арга хэмжээнүүдийг зохиож болох юм байна. Төрийн ордны өмнөх шиг морьтой баатрын хөшөөг ч байрлуулах гэнэ. Гэхдээ эмэгтэй баатрууд гэдгээрээ онцлог байх нь. Эскизийг нь гаргасан ч урлах ажлыг хөрөнгө мөнгөний шалтгаанаар түр хойшлуулжээ. Хөшөөт цогцолбор руу боржин чулуун шатаар өгсөж гарахаар юм билээ. Биднийг очих үед шат хийх ажил ид өрнөж байв. 

Хөшөөт цогцолборын наад талд гурван одтой зочид буудал барьж эхэлжээ. Каракас нь бэлэн болчихож. Хөрөнгө мөнгөн дээр асуудал гарсан учраас  барилгын ажил зогсчихоод байгаа юм байна. Зочид буудлын хажууд усан оргилуурын суурь цутгасан харагдав. Зочид буудлын барилгын ажилд гадаадын хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж байгаа аж. Хоёр ч компани руу мэйл илгээжээ. 

“Сайхан Булган” компанийн хувьд барилгын салбарт бизнес эрхэлдэг аж. Аялал жуулчлалын салбар руу гурван жилийн өмнөөс л оржээ. А.Лхамжав “Би Монголдоо нэг барьцтай юм үлдээе гэж насан туршдаа бодсон хүн л дээ. Туулсан амьдрал, давсан даваа бүхэн минь энэ цогцолборыг бүтээхийн төлөө байжээ гэж бодож сууна. Манайх дөрвөн хүүхэдтэй. Мөнгө төгрөг, алт, эрдэнэс бэлдэж өгснөөс сайхан амьдрах  ухаан, боловсролыг өгье гэдэг зарчмаар хүмүүжүүлсэн. Бүх зүйл нь бэлэн бол амьдралын зорилгогүй болчихно. Амьдралын зорилгогүй хүнд ажиллах, бүтээх хүсэл төрөхгүй шүү дээ. Сүүлийн хэдэн жил хийсэн бизнесийнхээ мөнгөө энэ бүтээн байгуулалтад зориуллаа. Харамсалтай нь энэ хүртэл яваад  хөрөнгө мөнгөний шалтгаанаар  эрч нь сулрах юм шиг байна. Гэхдээ яаж ийж байгаад хийж дуусганаа. Бүх л гарц, боломжийг хайна гэж бодож байна” хэмээн ярилаа. 

Энэ хашаанд босох бас нэг бүтээн байгуулалт нь 21 дарь эхийн номын өргөө гэнэ. Өндөр гэгээн Занабазарын тэг жаягаар Непальд цэвэр алтаар цутгуулах бололтой. Өргөөгөө  барьсны дараа дарь эхүүдээ бүтээх юм байна. Мөнгөтэй эрхмүүд дарь эх бүтээх ажлыг нь ивээн тэтгэх санаа оноогоо хэлээд эхэлжээ.  

Өөр нэг анхаарал татсан том ажлыг “Сайхан Булган” компанийнхан энд хийгээд амжчихаж. Аялал жуулчлалын цогцолбор байрлах 17 га газрын нүүрэн талыг л төмрөөр хашаалжээ.  Хоёр хажуу, хойд хэсэгт нь хайлаас эгнүүлжээ. 11 мянган хайлаас тарьсан гэнэ. Их сайн ургажээ. Өнгөрсөн жил тарьсан хайлааснуудын бараг 90 гаруй хувь нь ургажээ. Зарим хайлаас нь бүр метр гаруй өндөр ургасан харагдав. Тэгэхээр энэ хавь хайлаас модон хашаатай болох нь. Компанийн захирал “Заримдаа ажил бүтэхгүй болохоор сэтгэл тавгүйтэх үе гарна аа. Яг тийм үед ургаж байгаа моддоо харахаар сэтгэл сэргээд л ирдэг юм. Энэ жил тэнгэр хангай хураа харамласангүй. Модод маань үнэхээр сайхан ургалаа” гэж хэлээд инээмсэглэв. 

Хөшөө, зам талбайн ажилд нийтдээ тавь гаруй хүн ажиллаж байна лээ. Гурван одтой зочид буудал, хөшөөт цогцолбор, 21 дарь эхийн номын өргөө, гэр, байшин, хатдын өргөө сүндэрлэх энэ цогцолборт сэргээгдэх эрчим хүч ашиглана гэж “Сайхан Булган” компанийнхан төлөвлөж байгаа юм билээ. Тэд энэ цогцолборын бүтээн байгуулалтад хамтарч ажиллах түншээ хайж байгаа гэнэ.  


Ц.БААСАНСҮРЭН

У.УУГАНЦЭЦЭГ

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Бээжингийн гудамж ийм өнгө төрхтэй болох нь

ШУТИС-ийн уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэлх авто зам огт өөр өнгө төрхтэй болох гэж байгаа. Хоёр урсгалдаа дөрвөн эгнээтэй байсан авто зам нийтдээ зургаан эгнээтэй болох гэж буй. Нэг талдаа гурван урсгалтай болно гэсэн үг. Хуучин Сансар руу арваннэгдүгээр хорооллоос өгсдөг байсан зам энэ удаа нуман хэлбэртэй гүүр болох юм. Энэ хэсгийн зам ийм хэлбэртэй гүүр болчихоор доогуурх замаар нь машинууд чөлөөтэй зорчино гэсэн үг. Нарны зам шиг замын түгжрээг зохих хэмжээнд  шийдэж чадсан  хэсэг нийслэлд нэмэгдэх нь ямар ч гэсэн тодорхой болчихож.  Тэр хэрээр хотын түгжрээ тодорхой хувиар шийдэгдэнэ гэж албаныхан үзэж байна. 

Бид энэ удаа өнгөө бүрэн шинэчлэх гэж байгаа Бээжингийн гудамж бүтээн байгуулалтын явцыг сурвалжиллаа. Зам, барилгын болон гүүрийн ажил одоогоор 65 хувийн явцтай явж байна. Биднийг очиход далангийн доод суурь үе, дээд үеийн ажлууд дуусчээ. Авто замын хоёр талын хашлагууд аль хэдийнэ тавигдсан харагдав. Өчигдрийн байдлаар гэхэд замын доод суурийн хучилтын  ажил хийгдэж байлаа. Манайхны хэлж заншсанаар харлуулсан чулуу буюу том ширхэгтэй асфальт тавих ажил гараас гарсан гэсэн үг. Энэ хучилтан дээр суурийн болон өнгөт асьфалт тавих юм байна. Замын ажлыг “Бээжин констракшн инженеринг” групп гүйцэтгэж байгаа аж.

Хуучин гүүр 40 метр урттай байсан бол шинэ гүүр 74 метр урттай байх нь. Төмөр бетонон хийцтэй гэж албаныхан онцолж байна. Хэлбэрийн хувьд арк буюу хагас нуман хэлбэртэй байх талаар өмнө өгүүлсэн. Америк элчингээс уруудаж байгаа зам болон  Арслантай гүүрнээс хойшоо Сэлбийн баруун эргээр тавигдсан шинэ замууд нуман гүүрний доод талаар огтлолцох аж. Өөрөөр хэлбэл хойноос уруудсан зам буюу урдаасаа ирж байгаа зам Бээжингийн гудамжтай огтлолцохгүйгээр шууд доогуур нь гараад явна гэсэн үг.

Ийм хэлбэрийн давхар гүүрнүүд манайд нэгээр тогтохгүй бий. Хуучнаар Энх тайвны гүүр байна. Доогуур нь машин сүлжилдэж л байдаг. Дамдинсүрэнгийн гудамжны гүүрийг бас дурдаж болно. Сүүлд гэхэд л япончуудын барьж өгсөн Нарны гүүр бий. Яг үүн шиг нийслэлийн түгжрэлийг шийдэх бас нэг гүүрний бүтээн байгуулалт  Сансар хавьцаа өрнөж байна.  

Зам барилгын ажил дээр гүйцэтгэл хийж буй өчнөөн Монгол компани  бий аж. Жишээ нь, Аръяа компани гэхэд дотооддоо асфальт  үйлдвэрлэж байгаа гэнэ. 2009 оноос хойш энэ чиглэлийн үйлдвэрлэл явуулжээ.  Зам барилгын ажил хийхэд ашиглаж буй тоног төхөөрөмж гэхэд л Хятадаас ирээгүй юм байна. Зөвхөн дотоодын компаниудын  тоног төхөөрөмжүүдийг түрээсэлжээ. Мөн барилгын түүхий эд болон бусад материалыг дотоодоосоо авч байгаа аж. Далд инженерийн шугам сүлжээнд хэрэглэгдэж байгаа труба  яндан хоолой, борооны ус зайлуулах хоолой, замын хашлагууд нь ч  урдаас иржээ. Бусад түүхий эд материалууд дотоодоос нийлүүлэгдэж байгаа гэнэ. Туслах ажилтнуудыг мөн дотоодоос авч ажиллуулж  байгаа юм байна. Асфальтын  ажил дээр дотоодын ажилчид  тусалж байгаа аж. 

Авто замын хувьд борооны ус зайлуулах иж бүрэн шугам сүлжээ тавьж байгаагаараа өмнө өрнөсөн замын ажлуудаас онцлог аж.  Хуучин шугам сүлжээний ус зайлуулах шугам 50-70 метрийн зайтай байсан бол шинэ сүлжээ 25-30 метрийн хооронд борооны ус хүлээж аваад дамжуулах салбар шугамуудтайгаар хийгдэх  юм байна.

Замын хоёр захаар явган хүний замтайгаас гадна гэрэлтүүлгийг нь иж бүрэн шийдэж өгч байгаа гэнэ. Ногоон байгууламжийг нь ч тусгайлан шийдэж өгч байгаа гэж Нийслэлийн авто замын газрын мэргэжилтэн тайлбарлав. 

Бээжингийн гудамжны ажлын яриа хөөрөө бүр өмнө нь хийгдэж байжээ. Хоёр улсын Засгийн газрын гэрээгээр зураг төсөл, судалгааны ажлууд хийгдэж 2012 онд дуусчээ. Өнгөрсөн онд  Хятадын тал сонгон шалгаруулалтаа явуулж “Бээжин канстракшн инженеринг” групп шалгарсан юм байна.  Дулааны шугам сүлжээний хувьд нэг олзуурхам ажил энэ төслийн хүрээнд хийгджээ. Өмнө нь дулааны шугамыг газар сэндийчиж байж зассан бол одоо хонгил дундуур яваад л засч янзлаад байх болж. ШУТИС, МУИС хоёрын дундах хэсэгт хонгилоор яваад дулааны шугамыг засах боломж бүрджээ. Дулааны шугам сүлжээг хонгил маягийн тунельд шийдэж өгсөн. Энэхүү бүтээн байгуулалтын ажил дөрөвдүгээр сард эхлэх боломж байсан ч зарим нэг шалтгаанаар тавдугаар сар өнгөрөөж байж шийдлээ олжээ. 

Энэ жилийн хувьд зам, гүүрийн ажил цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад удсан тал бий гэж албаныхан онцолж байна. Гэхдээ аравдугаар сарын дунд гэхэд Бээжингийн гудамжны ажил дуусна гэсэн баталгааг тэд өгч байгаа юм. Гэрэлтүүлэг чимэглэлийн ажил хойшлогдож магадгүй ч замын ажил иж бүрнээрээ дуусах гэнэ. Биднийг очиход замын ажилд гэхэд хорь гаруй техник оролцож байв. Гүүрний ажил ид дундаа байлаа. Гүүрний онцлог нь дөрвөн алгасалтай юм байна. 

Гэрэлтүүлгийн шугам нь сувагчлалаар явагдаж байгаа аж. Өмнө нь замынхаа хоёр талаар газар доогуур булах маягаар шугам сүлжээг нь шийдэж байсан бол энэ удаа хоолой маягийн труба дундуур утсыг нь гүйлгэж өгч байгаагаараа онцлог аж. Ямар нэг асуудал гарлаа гэхэд сугалж аваад гэмтлийг нь засчих юм байна. Биднийг очиход гэрлийн шонгууд нь аль хэдийнэ ирсэн байлаа. Удахгүй суурилуулах гэж байгаа аж. 

Тэр хавьд Лхагвасүрэн жанжны хөшөө байдаг. Жанжны хөшөөг одоо байгаа газраас нь 25-30 метрийн зайд шилжүүлэх нийслэлийн удирдах байгууллагын тогтоол гарчээ. Хэрвээ ингэж шилжүүлэхгүй гэвэл жанжны хөшөө яг гүүрэн дундуур орох гээд байгаа аж. Албаны хүмүүсийн өгч байгаа мэдээллээр Бээжингийн гудамж арваннэгдүгээр сарын сүүлээр ашиглалтад орно гэж байгаа ч Нийслэлийн авто замын газрынхны хэлснээр зорчих хэсэг нь аравдугаар сарын дунд гэхэд нээгдчих юм байна. Нийслэлийн авто замын газрын авто замын  хяналтын мэргэжилтэн С.Түмэндэмбэрэл өдөр бүр энд ирдэг гэнэ. Технологи талын хяналтыг өдөр бүр тавьдаг аж. Замын ажлыг гүйцэтгэж буй “Бээжин инженеринг констракшн”-ний хувьд манай улсад хэрэгжиж буй долдугаар хороолол гэх мэт том төслүүдэд гүйцэтгэгчээр ажилладаг компани юм байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Солонгосын бизнесмэнүүд Монголд хөрөнгө оруулахаар сонирхож эхэллээ

Орос, Япон, Солонгос, Хятад зэрэг дэлхийн мундагчуул багтдаг Зүүн хойд Азийн бүс нутгийн чухал идэвхтэй хэсэг болохоор оролдлого хийж буй Монголын хувьд түүхэн гэж хэлж болохоор том гэрээнүүдийг үзэглэхээр бэлдэж буй гэнэ. Тодруулж хэлбэл урд хойд хоёр хөрштэйгөө.  Ирэх хоёр гуравхан долоо хоногийн дотор Оросын В.Путин, Хятадын Си Жинь Пин хоёр шил дарааллан айлчлах гэж байгаа. Их гүрнүүдийн удирдагчдын айлчлалын үеэр эдийн засагт тод мөр гаргахаар хэд хэдэн гэрээг манайхан бэлдээд эхэлчихэж. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд өчигдөр Их тэнгэрт болсон Монгол, Солонгосын бизнес форумын үеэр ийм агуулгатай үг унагасан юм. Эдийн засгийн хөгжлийн дэд сайд “Энэ хоёр айлчлалын үеэр бүс нутгийн хөгжилд ач холбогдол өгөхөөр дэд бүтцийн төслүүдийн талаар тохиролцоо хийхээр бэлтгэж байна. Том хэмжээний зээлийн шугам зарлагдана гэсэн хүлээлт байна. Бүс нутгийг холбосон томоохон дэд бүтцүүдийн тохиролцоог зарлана” гэж ярив. Манай талаас УИХ-ын дэд дарга, парламентын гишүүд, Солонгосын талаас Үндэсний ассамблейн гишүүн, элчин сайдаас нь эхлээд  “Кореан эйр”, “Кореа газ” гэх мэт толгой компаниудынх нь удирдлагууд оролцсон чуулганы үеэр О.Чулуунбат сайд энэ үгийг зүгээр ч нэг унагасангүй. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр шийдэгдэх том төслүүдэд оролцох боломж байгааг хангүгчүүдэд сануулсан юм. Засгаас зарласан тавь гаруй концессийн төсөлд оролцох боломж байгааг ч Солонгосын бизнесмэнүүдэд дуулгав. 

Монголын эдийн засгийн өнөөгийн байдлын талаар анхаарал татам илтгэлтэй, ажил хэрэгч санаа оноо шийдэлтэй халуухан болж өрнөсөн Монгол, Солонгосын бизнес форумын зохион байгуулагч нь “Монгол-Солонгосын эдийн засгийн форум” төрийн бус байгууллага.  Анх удаа болж байгаа, цаашдаа хоёр жил тутам нэг удаа  өрнөнө гэж Монгол-Солонгосын эдийн засгийн форумын дарга Г.Батхүү онцлов. Форумын даргын үгнээс “Солонгосын шилдэг технологийг Монголд нэвтрүүлэх их ажил бидний өмнө байна.  Мэргэжилтэй залуусыг олноор бэлдэх, Солонгост одоо ажиллаж байгаа болон ажиллаж байсан иргэдээ бүртгэлжүүлэх, албан ёсны зохион байгуулалтад оруулах, тэдний олж авсан ур чадвар, мэдлэгийг Монголынхоо хөгжилд ашиглах зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна” гэсэн хэсэг  нь анхаарал татав. Форумын үеэр үг хэлсэн монгол, солонгосчуудын хэн хэн нь  “Монголд баялаг нь байна. Солонгост технологи нь байна. Аль аль талынхаа давуу талыг ашиглаад хөгжилд хүрье” гэж ам нийлүүлцгээснийг бодоход Солонгосын технологийг Монголдоо оруулж ирье гэсэн форумын даргын санаа нэг их удахгүй биеллээ олох бололтой. 

МОНГОЛ УЛС ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТИЙН НӨӨЦӨӨРӨӨ ХЯТАДЫН ДАРАА ЖАГСЧЭЭ

Форумд оролцогчдоос Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөлийн гүйцэтгэх захирал Ч.Хашчулуун, Бизнесийн зөвлөлийн дарга Б.Бямбасайхан нарын илтгэл Солонгосын бизнесмэнүүдийн анхаарлыг татсан нь илт байв. Ч.Хашчулуун “Монгол байгалийн олон төрлийн баялагтай. Нүүрс, зэсээрээ гэхэд дэлхийн топ аравт багтдаг. Газрын ховор элементээрээ  Хятадын дараа орохоор том нийлүүлэгч болно гэсэн судалгааг Америкийн Засгийн газар 2009 онд хийсэн. Одоогоор газрын ховор элементийн том нийлүүлэгч нь Хятад, тодруулж хэлбэл Өвөр Монгол байгаа. Дэлхийн ховор металлын 16 хувийг монголчууд эзэмшдэг. Гол таван орд, 71 илэрц бий.

Одоогоор  бид ховор  металлынхаа гуравны нэгийг нь л судалсан. Бусдыг нь судлаагүй, мэдэхгүй. Өөр өчнөөн олон газар илрэх бололцоотой. Ховор металл хөдөлгөөнт технологид тун хэрэгтэй эд. Цахилгаан батерейн гол эд болдог. Гар утас, цахилгаан машины гол түүхий эд нь. Ирээдүйд хүмүүс  цахилгаан машинаар явцгаах байх. Энэ үед ховор металлын үнэ цэнэ асар өндөр болно. Тиймээс та бүхэн Монголтой хоёр чиглэлээр хамтарч ажиллах боломжтой. Тодруулж хэлбэл технологи, чөлөөт худалдаагаар. Технологийг шилжүүлэхийн тулд эхний ээлжинд эрчим хүч, байгалийн хий, нүүрс, газрын том боловсруулах, ган хайлах, төмөр хийц, ложистик тээвэр, бусад технологийн төсөл гэж ангилж болох байх. Одоогоор Солонгосын технологи эрчим хүчний салбарт л орж ирж байгаа. Технологи шилжсэнээр аль аль талд нь давуу тал үүсэх учиртай. Солонгосын хувьд гэхэд технологи худалдах, цаашлаад яривал засвар үйлчилгээ сэлбэг эд ангийн зах зээлээ томруулах боломжтой” гэж ярив.

Түүний илтгэлээс  “Монголын зах зээл жижиг ч ойрын хугацаанд арван жилийн өмнөх Катарын түвшинд очно” гэсэн үг гэгээлэг сонсогдов. Солонгосын технологийг Монголд оруулж ирэх гарцыг хүртэл нэг, хоёр гэж жагсааж байгаад ярьсан нь бодитой санагдсан. Самурай бондын өмнө гишгээд буй вонын зах дээр тоглох боломжтой, Солонгосын Засгийн газраас хөнгөлөлттэй зээл авах маягаар шийдэхэд асуудалгүй  гэсэн барим тавим  санааг илтгэлдээ цухалзуулсан нь  хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн бололтой. Солонгосчууд түүний үгийг толгой дохин сонсов. 

Ерөнхийлөгч саяхан Японд айлчлаад ирэхдээ чөлөөт худалдааны гэрээ байгуулна гэж за зүй болсон. Японтой ижил чөлөөт худалдааны гэрээг Солонгостой байгуулах  боломжтой гэсэн  О.Чулуунбат дэд сайдын санааг Ч.Хашчулуун ч дэмжиж байлаа. Тэрээр “Солонгосын хувьд олон оронтой чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан. Зарим  нь хэлэлцээрийн шатанд яваа юм билээ. Монголтой төстэй хэлэлцээр гэвэл Перугийнх  байна. Перу зэсийн хувьд дэлхийн том нийлүүлэгч гэдгээрээ Монголтой адилхан. Перутай гурван жилийн дотор гэрээ байгуулсан. Яг үүн шиг хугацаанд Монголтой гэрээ байгуулахад болохгүй юмгүй”  гэж ярив. 

Эдийн засгийн эрчимжүүлэх ажлыг зангидан ажиллаж буй Б.Бямбасайханы хувьд хөрөнгө оруулалтын хуулийг онцоллоо. Хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүс өмнөх шиг өчнөөн шат дамжиж бүртгүүлэхгүй, зүгээр л бүртгүүлнэ, тогтвортой байдлын гэрчилгээ авна, оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр татварын таатай орчинд ажиллана гэх мэт давуу талууд бийг уйгагүй тайлбарлав. 

Б.Бямбасайхан “Дэд бүтэц, эрчим хүч, тээврийн салбарт маш олон боломж бий. Сүүлийн хоёр сарын хугацаанд гэхэд концессийн таван ч гэрээнд гарын үсэг зурчихлаа. Нийт өртөг нь 15 орчим тэрбум ам.долларын төслүүд. Өнөөдөр Солонгосын компани ТЭЦ-5, Таван толгойн цахилгаан станцын төсөлд оролцоод явж байгаа. Эрчим хүчний өөр том төслүүд дээр хамтрах боломж бий. Манай Ерөнхийлөгч  Хятадын даргатай Шанхайд уулзахдаа хоёр орны эрчим хүчний худалдааны талаар ярьсан. Үндсэн гэрээ байгуулах ажил явагдаж байна. Ойрын хугацаанд хоёр улсын хооронд 20 мянган МВт хүчин чадлыг худалдаалах нөхцөл бүрдүүлнэ гэж үзэж байгаа. Учир нь Монгол эрчим хүчний асар их нөөцтэй. Нэг нь нүүрс. Нөгөө нь сэргээгдэх эрчим хүч буюу салхи, нар. Олон төсөл шат шатандаа хэрэгжээд эхэлчихсэн. Эдгээр төслүүдэд ч Солонгосын эрчим хүчний компаниуд оролцоо бий. Цаашдаа ч оролцох байх. Ашигт малтмалын хуулийн өөрчлөлтөөр хайгуулын үйл ажиллагаа эхлүүлэх боломжийг нээж өгсөн. Уул уурхайн зах зээл 2017-2018 онд өснө гэж таамаглаж байгаа энэ үед Монголын бизнемэнүүдтэй хамтраад том төслүүд рүү орох боломжтой” гэж  ярив. 

ӨМНӨГОВИОС УЛААНБААТАР РУУ ХИЙН ХООЛОЙ ТАВИНА ГЭВ

Монгол-Солонгосын эдийн засгийн форумын дэд дарга, “Эрдэнэс Таван толгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь дэлхийд тэргүүлэгч “Корей газ”, “Дэлим” корпорациудтай хамтран төсөл хэрэгжүүлэх гэж байгаагаа форумын индрээс дуулгалаа. “Корей газ”-тай Таван толгойгоос Улаанбаатар хүртэл хийн хоолой тавьж, нийслэлчүүдэд газ нийлүүлэх төсөл хэрэгжүүлээд эхэлчихэж. Өмнийн говийн нүүрсэнд метан хийний хангалттай нөөц байгааг Солонгосын тал судалж шинжлээд тогтоожээ. Метан хийнээс гаргах газ нүүрсхүчлийн хийн ялгаралтыг тавин хувиар бууруулах гэнэ. Энэ төсөл хэрэгжчихвэл цахилгаан станц, айл өрхүүд хэрэглээгээ бүрэн хангаад нийслэл утаанаасаа зовлонгүй салчих бололтой. Өмнөговиос нийлүүлэх хийгээр нийтийн тээврийн асуудлаа ч зохицуулж болно гэж дэлхийн 13 сая өрхөд газ, хий нийлүүлдэг “Корей газ”-ынхан ярив. Тус корпорацийн захирал Ян Юнг Мюнг  “Хийгээр явдаг автобус оруулаад ирэхэд болно. Солонгост бензинээр явдаг автобуснууд явж байхад бидний хувцас нэг өдөр болоод л угаахаас аргагүйд хүрдэг байлаа. Харин хийгээр явдаг автобустай болчихсон чинь нэг хувцсаа таван өдөр өмссөн ч хиртэхээ байсан” гэж ярьсан юм. Хийн цооногийн шав тавих ёслол өнөөдөр Өмнөговьд болно.

“Дэлим” корпорацийн хувьд “Эрдэнэс Таван толгой”-той нүүрсний тээвэрлэлт дээр хамтарч ажиллах талаар яриа хөөрөө үүсгэж байгаа гэнэ. Далайгаар, газраар, агаараар гээд бүх л орчинд тээвэр хийдэг, Солонгостоо дээгүүрт ордог корпораци юм байна. Дэлхийд ч томд тооцогддог гэнэ. Тусгай тээвэрлэлтээр гэхэд Азидаа гуравт ордог гэж тус корпорацийн гүйцэтгэх захирал Сан Ки Лий онцолсон. Таван толгойн хувьд тээвэрлэлт дээрээ эдэнтэй хамтарвал давхар чиргүүлтэй, хажуугаараа буулгадаг машин ашиглаж болох нь. GPS системтэй эдний аварга машинууд Мьянмар, Мозамбикэд тээвэр хийдэг аж. 

ГҮЙЦЭТГЭГЧЭЭР БУС ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР АЖИЛЛАХ САНАЛ ТАВИВ

Солонгост улсаа төлөөлж суугаа элчин сайд Б.Ганболд форумын үеэр “Солонгос бол бидний хувьд  бүс нутагт дахь хамгийн ойр өндөр хөгжилтэй өрнөдийн хэв маяг бүхий улс. Хоёр орны хоорондын худалдаа жилээс жилд эрс өсч байна. 2013 онд хагас тэрбум ам.доллар болсон. Солонгосын хувьд манай худалдааны дөрөв дэх том түнш. “Самсунг” шинэ нисэх онгоцны буудал, Таван толгойн ордоос Гашуунсухайтын чиглэлд төмөр зам барих төслүүдэд гүйцэтгэчээр ажиллаж эхэлсэн бол ПОСКО групп тавдугаар цахилгаан станцын тендерт оролцож байна. Солонгосын томоохон компани болох Халла групп Чойр, Сайншандын автозамыг барьж дуусгаад хүлээлгэж өгсөн. Нийслэл хотын захиргааны барилгын гүйцэтгэгчээр шалгараад байна. Цаашид Солонгосын том компаниуд ийм  томоохон төслүүдэд  гүйцэтгэгчээр биш хөрөнгө оруулагчаар ажиллана гэдэгт найдаж байна” гэж ярьсан. Форумд оролцсон бизнес эрхлэгчдийн хувьд ч Монголд хэрэгжиж буй, хэрэгжихээр зэхэж байгаа том төслүүдэд гүйцэтгэгчээр биш хөрөнгө оруулагчийн хувьд хамтрах сонирхолтойгоо ил тод хэлцгээж байсан юм. Ийм сонирхолтой компаниудын наад захын жишээ нь  “Корей газ”, “Дэлим” хоёр. Тэд хөрөнгөө оруулахад эрсдэлгүй орчин байгаа эсэхэд эргэлзэж байгаагаа ч нуугаагүй. Солонгосын Үндэсний ассамблейн гишүүн Ким Таэ Нён гэхэд л “Монгол цөөн хүн амтай, дэд бүтцийн хөгжил сул. Солонгосын хувьд өндөр технологитой. Дутуугаа гүйцээгээд хамтрах бүрэн боломжтой улсууд. Солонгос бизнесмэнүүд Монголыг маш их сонирхож байгаа. Гэхдээ шууд өнөө маргаашгүй хөрөнгө оруулна гэсэн шийдвэр гаргахад амаргүй байна. Танай улсын нөхцөл байдалтай холбоотой болгоомжлол л доо. Хууль болон системийн тогтвортой байдал л хамгаас чухал байна” гэсэн сануулга гэмээр үг унагасан. Манайд улсаа төлөөлж буй Солонгосын элчин ч гэсэн “Байгалийн арвин нөөцтэй нь Монголын том боломж. Уул уурхайгаараа эдийн засгаа сэргээх боломжтой. 

Засгийн газраас эдийн засгийн хоёр дахь үсрэлтийг хийхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах хэрэгтэй” гэж ассамблейн гишүүнийхээ сануулгыг давтав.  Солонгосын тал төмөр зам, зам гүүр, холбоо харилцааны салбарт хамтран ажиллах өндөр сонирхолтой нь форумын явцаас илт байлаа. 

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Австралиас Хятадын боомтод хөлөг онгоцоор ирсэн нүүрсийг ингэж тээвэрлэдэг

Австралийн хөлөг онгоцноос туузан дамжлага руу нүүрс буулгаж байгаа нь

Урд  хөршид Боомтын захир­гааныхантай хамт очоод ирлээ. Энэ ажлын айлчлалын ахлагч нь Боомтын захиргааны дэд дарга  Д.Бэхбат. Айлчлалын албан ёсны бүрэлдэхүүн гэвэл Засгийн газрын ахлах реферэнт П.Зоригтбаатар,  Замын-Үүд, Алтанбулаг, Тэс зэрэг боомтын удирдлагууд.  Тэднээс гадна Эрээн хотод консулаар ажиллаж байсан С.Мягмар, Эрээн хотын Засгийн ордны нарийн бичгийн дарга Шилийнбаатар нар айлчлалын бүрэлдэхүүнд багтсан юм. Бидний эхлээд очсон газар Нин Бө хот. Хятадын далайн боомтын арав гаруй сая хүнтэй их хотод саатах болсон гол шалтгаан маань Австралиас далайгаас ирдэг нүүрсийг яаж ачиж буулгадгийг үзэх. Биднийг угтаж авсан Нин Бө группийнхэн урд хөршийн нүүрсний чигийн том компаниудын нэг аж. Хоттойгоо адилхан нэртэй   энэ групп зуун хувь хувийн өмчийн компани юм байна. Нин Бө хотын арван сая хүний зургаан сая нь уугуул оршин суугчид, үлдсэн нь боомт дагаж  арилжаа наймаа хийдэг суугуулууд. Энд дэлхийн дөрвөн том далайн боомтын нэг байдаг учраас үйлдвэрлэл их хөгжжээ. Тэр дундаа хөнгөн үйлдвэрлэл. Хятадын Европ руу гаргадаг хувцасны томоохон брэндүүд энд байрладаг юм байна. Шоппинг хийвэл брэндийн хувцсыг дажгүй үнээр авчих боломжтой юм билээ. Далайтай ойрхон учраас ой мод ихтэй. Оршин суугчид нь уулын ам, ойн хэсэг чөлөөгөөр суурьшсанаараа эх газрын хотоос ялгаатай санагдсан. Хотын төвд орчин үеийн тансаг барилгын дэргэд навтайж нооройсон муу барилга байх нь энүүхэнд. Гэхдээ зам дагуу бол ийм ялгаа ажиглагдахгүй. Жирийсэн өндөр барилгууд л нүд эрээлжлүүлнэ. Орон сууцны барилгын ажил хаа сайгүй өрнөх юм билээ. Боомт дагасан хот учраас үйлчилгээ сайн хөгжжээ. Дэлхийн хэмжээнд үйлчилгээ үзүүлдэг газар олонтой. Бидний буудалласан зочид буудал гэхэд л “Интерконтинентал” гээд сүлжээ зочид буудлын нэг байв. 

Нин Бө хотод очсоныхоо маргааш гатлага онгоцоор далайн боомт дээр ирэв. Лиу Хөн боомтын хил дамжсан туузан дамжлагын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн нь энэ. Энд цахилгаан бараа, хувцас, хүнс гээд байхгүй бараа алга. Эрээн хотын Засгийн ордны нарийн бичгийн дарга Шилийнбаатар нэлээд бараа сүртэй нэг  байгууламжийг зааснаа “Энэ усан онгоцны засварын төв. Үнэ нь хямдхан учраас гадаадын усан онгоцнууд энд ирж засвар хийлгэдэг юм” гэж тайлбарлав. Энд усан онгоцны үйлдвэр ч байна. Хятад Улсын 286 боомтын нэг нь бидний ирчихээд байгаа энэ боомт. Хятаддаа хоёрт ордог гэнэ. Энд Америк, Австрали, Энэтхэгээс ашигт малтмал ачсан хөлөг онгоцнууд ирдэг юм байна. Хамгийн дээд тал нь гэхэд л 450 мянган тонн нүүрс ачсан аварга хөлөг онгоц ирдэг аж. Австралиас голдуу  350 мянган тонн нүүрс ачсан хөлөг онгоцнууд энд зангуугаа татдаг гэнэ. Жилдээ 600 сая гаруй тонн бараа эргэлддэг гэхээр хэр том боомт болох нь тодорхой. Биднийг боомт дээр ирэхэд 350, 150 мянган тоннын ачаатай хоёр онгоц ирчихсэн зогсч байв. Хөлөг онгоцноос нүүрсийг кранаар ачиж буулгадаг юм байна. Нэг хутгахад л 60 тонныг шүүрчихдэг аварга эд юм. Тавантолгойгоос урд хөрш рүү ачаа зөөж байгаа том машин дүүрэн нүүрсийг зөвхөн нэг удаа шанагадаад л авчихдаг аж. Шанагадаж буулгахад ганцхан минут болно гэж боомтын ажилтан тайлбарлалаа. Бидэнд Австралиас ирсэн хөлөг онгоцноос нүүрс буулгаж байгааг сонирхуулав. Цагт 3000 тонн ачаа буулгадаг гэнэ. Манайхаар бол цагийн дотор 50 вагон нүүрс буулгачихаж байна гэсэн үг. Австралийн хөлөг онгоц 150 мянган тонн нүүрстэй иржээ. Хөлөг онгоцноос буулгасан нүүрс туузан дамжлагаар урсаад талбайд буучих юм. Манайхаар яривал Оюу толгойн туузан дамжлагын томсгосон хувилбар гэмээр санагдав. Өргөн нь хоёр метр, хорь гаруй км үргэлжилсэн энэ аварга эдийг бүтээхэд хоёр тэрбум 500 сая юанийн хөрөнгө оруулалт хийжээ. 400 сая ам.доллар гэсэн үг. Секундэд дөрвөн метр явна, цагт 5000 тонныг дамжуулах хүчин чадалтай гэнэ. Нүүрсийг буулгах явцад усаар шүршдэг учраас туузан дамжлагын хавиар явахад тоос гэх юм огт алга. Энд жилд 22 сая тонн нүүрс хүлээж авдаг юм байна. Манай улсын гаргана гэж мөрөөдөөд байгаа тоотой адилхан хэмжээний нүүрс зөвхөн энд буудаг байх нь. Хүлээж авдаг нүүрсний ердөө 100 гаруй мянга нь коксжсон нүүрс, үлдсэн нь эрчим хүчнийх гэнэ. 

Одоогоор Австралиас л нүүрс ирж байгаа гэж компанийнхан тайлбарлав. ОХУ, Америк, Африк, Индонезиас ирэх нүүрсний хэмжээ илт багасчээ. Боомтод бууж буй эрчим хүчний нүүрсийг хүлээж авдаг компани нь “Zhenjiang energy”. Зуун хувь төрийн өмчийн компани аж. Энд ирсэн нүүрс эдний компанийн цахилгаан станцуудад очдог байна.  Америкаас ирдэг нүүрс хүхэр ихтэй учир өөр компанид өгдөг гэнэ. 

Туузан дамжлагын хөдөлгүүрийн хэсэгт ирлээ. Хоёр давхар байшин гэмээр байгууламж байна.  Хөлөг онгоцноос буулгасан нүүрс туузан дамжлагаар энд урсан ирж доош тасралтгүй урсах юм. Цаашаа туузан дамжлагаар явсаар ачиж буулгах талбайд хүрдэг гэж ажилтнууд нь тайлбарлав. Хөдөлгүүрийн хэсэгт байх бүрхээр маягийн төмөр нь нүүрстэй хамт урсан ирсэн металлуудыг дээш нь соронздон авдаг  гэнэ. Алт холилдсон байлаа гэхэд л соронздоод авчих аж. Тэгэхээр ганцхан нүүрс л Хятадын хилээр орох “виз”-тэй юм байна. Туузан дамжлагын хэсэгт гурван сая тонн нүүрс буулгаж ачих хүчин чадалтай ложистикийн төв ажиллаж байна. Энд тэндгүй нүүрс овоолсон хэр нь тоос байхгүй нь таатай санагдав. Эндээсээ дахин конверт ачиж жижиг онгоцонд зөөн цахилгаан станцууд руу хүргэдэг гэнэ. 

Сонирхуулж хэлэхэд туузан дамжлагын ременийг гурван жилд нэг удаа сольдог юм байна. “Монголынх шиг эрс тэс нөхцөлд ремен нь тасарна гэсэн асуудал гарах байх даа” гэтэл “Zhenjiang energy” компанийн инженер “Ремен хөлдөнө гэсэн асуудал огт байхгүй” гэж  толгой сэгсрэв. 

Тэндээсээ боомтын хил, гааль, цагдаа төвлөрсөн оффис дээр ирлээ. Бидний орсон эхний өрөөнд гурван залуу компьютер ширтээд сууж байна. Гаалийнхан гэнэ. Хэлтсийн дарга нь хоёр ажилтантайгаа л компьютер ширтээд гаалийн хяналтаа тавьчихдаг юм байна. Эд гурван аргаар гадаадаас ирж байгаа нүүрсэнд хяналт тавьдаг байна. Эхний арга нь 24 цагийн ажиллагаатай камер. Бичлэгээ гурван сар хүртэл хадгалах хүчин чадалтай. Конвер дээр байгаа электрон пүүгээр жинг нь хяначихна. Энэ нь тэдний тавьдаг хоёр дахь хяналт. Гурав дахь хяналт нь их энгийн. Ямар нэг асуудал гарвал хүнээ явуулж газар дээр нь шийдчихнэ. Бүх ажлаа техник, технологийн шийдлээр хийж байгаа нь амар санагдав. Төмрийн хүдэр, зэс ч гэсэн яг ийм туузан дамжлагаар орж ирдэг гэнэ. Хилийн цагдаагийнх нь өрөөгөөр оров. Хоёрхон хүнтэй юм. Хоёр цагдаагийн үүрэг нь товчхондоо гадны хөлөг онгоцноос хүн гаргахгүй, гадны хөлөг онгоцонд Хятадын талаас хүн суулгахгүй байх юм билээ. Хөлөг онгоцны ахмад л Хятадын хэсэг рүү орох эрхтэй. Гэхдээ ачааны биш зорчигчдын боомтоор. 

Мэргэжлийн хяналт нь мөн л нэг өрөөнд гурван компьютер, гурван хүн. Хөлөг онгоц орж ирэхэд хүндийн жинг нь хянах үүрэгтэй. Хүхэр бага, их эсэх гээд чанарыг нь шалгана. Шалгалтаа мөн л компьютерийн тусламжаар хийчихдэг юм байна. Дөрвөн минутад нэг удаа автоматаар дээж аваад л гүйцээ. Дээжин дээр харин чимхлүүр ажил их учраас арав гаруй хүн тусдаа ажилладаг гэнэ.   

Нин Бө группийнхэн Монголын боомтын захиргааныхныг туузан дамжлагатай танилцуулсан нь цаанаа учиртай. Тэд “Жинь Мэй” групптэй хамтарч туузан дамжлагын төслийг Монголд хэрэгжүүлэх ажлыг хоёр жилийн өмнөөс эхэлжээ.  Хөрөнгө оруулах компани нь энэ хоёр групп аж. Туузан дамжлагын төслийг хэрэгжүүлэх газар нь манай Замын-Үүд боомт юм байна. Замын-Үүдээс эрчим хүчний нүүрс урд хөрш рүү туузан дамжлагаар экспортолбол төсөвт ахиу мөнгө орж ирэх боломжтой юм билээ. Замын-Үүдэд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй туузан дамжлагын төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараагийн сурвалжлагаараа хүргэх болно.  

 

Үргэлжлэл бий. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөвсгөлийн барометр дохиолж эхэллээ, АН-ЫНХААН

Ердөө саяхан, энэ сарын эхээр болсон Хөвсгөлийн ИТХ-ын нөхөн сонгуулийн дүнг сонирхлоо. АН бараа сураггүй уруудчихаж.  Долоон тойргийн тавд нь МАН ялалт байгуулсан гэж хэвлэлийнхэн мэдээлэв. Сонгуулийн дүнг бүр нарийвчилж мэдээлбэл Хөвсгөлийн ИТХ-ын 41 суудлын 24-ийг нь МАН, хоёрыг нь бие даагч, үлдсэн 14-ийг нь АН аваад байна. Арваад суудал авсан нь АН-ын хувьд тайвшрахаар мэдээ биш. Хөвсгөлийнхөн энэ удаа МАН-д итгэл үзүүлсэн нь ардчилагчдын хувьд анхаарахаас аргагүй бодит үйл явдал. 

Хөвсгөлийн сонгуулийг онцолж бичих болсон нь цаанаа нарийн учиртай. Улстөрийнхөн Хөвсгөлийн сонгуулийг анхааралтай ажигладаг нь тохиолдлын хэрэг биш. Тэд цэнхэр далайн хавьцаа өрнөх сонгуулийн дүнгээс улстөрийн чигийг танддаг. Хөвсгөл нутаг их сонин. Манжийн түрэмгийллийн үед манжууд Монголын цэнхэр хязгаарт бараг ялж чадаагүй. Яаж ч  айлгаж сүрдүүлээд нөлөөллөө тогтоож хүчрээгүй. Хоёр зуун жил хаанчлалаа тогтоох гэж үзээд сая нэг хүлээн зөвшөөрүүлэх гэтэл Манж  гэдэг улс дэлхийн түүхийн тавцангаас чимээгүйхэн буучихсан. Чингүнжавыг өөртөө татахын тулд Манжийн хаан эрх мэдэл, хэргэм зэрэг гээд элдэв дээдийг амласан ч манжийн эсрэг тэмцсээр байсныг өнгөрсөн түүхээс харж болно. Хаантан ямар сайндаа л “Би дотоод газрын цэргийг гаргаж Чингүнжавыг бариулна. Чингүнжав бузар  хааш оргож чаднам. Чингүнжавыг барьж ял өгөхгүй бол хэн болохсон билээ” гэж хилэгнэн бичиж байхав. 

Бээжинд хоёр хүү, ханийнхаа хамт цаазлуулсан Чингүнжавдаа  Хөвсгөлчүүд хайртай. Жанхас бор толгойгоо Ван толгой хэмээн нэрлэж, хөшөөг нь босгон хүндэтгэл илэрхийлсээр байгаа. Хөвсгөлчүүд эрх чөлөөнд хичнээн хайртайг Чингүнжав хэмээх монгол ноёны Манжийн дарангуйлалтай тэмцсэн он цаг, Чингүнжавынхаа хөшөөнд хүндэтгэн бөхийдөг энэ цагийнхнаас нь харж болно. Манжийн хааны засаглалыг хөхиүлэн дэмждэг байсан шарын шашныг ч Хөвсгөл нутгийнхан хүлээж аваагүй. Бөө мөргөлийн ёс жаягаа өнөө хүртэл эвдэлгүй авч үлдсэн газар гэвэл ганцхан Хөвсгөл гэхэд хэтрүүлсэн болохгүй. Хөвсгөлчүүд ийм л сонин улс. 

Яг нарийндаа Монголд ерэн жил оршсон Ардын хувьсгал ч Хөвсгөлд бараг ялаагүй. Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалын үеэр эрх чөлөөнд дуртай цэнхэр хязгаарынхан л хөдөөгийнхнөөс хамгийн түрүүнд “Ардчилал мандтугай” гэж хашгирсан.  “Бидэнд социализм биш эрх чөлөө хэрэгтэй” гэж чанга дуугаран  жагсацгаасан нь Ардын хувьсгалын улаан туг Хөвсгөлд жинхэнэ утгаараа намирч чадаагүй гэх итгэмээргүй ч итгэхээс аргагүй үнэний наад захын нотолгоо.  Хөвсгөлчүүд ардчиллын түүчээ болсон нь мөн л өнгөрсөн түүхийн шарласан хуудсанд тодоос тод бичээтэй байгаа.  МАХН (одоо бол МАН) парламентын бараг л бүх суудлыг эзэгнэж байхад Хөвсгөлчүүд АН-аас нэр дэвшсэн Л.Гүндалайг сонгож байв. Ганц намын дарангуйллын эсрэг агуулгатай үг бичгийн цаасан дээр бичин барьж зогсон чуулганы нээлт бүрийг үймүүлдэг байсан  Л.Гүндалайгийн зураг одоо ч хаа нэг харагддаг. Хөвсгөлөөс сонгогдсон Л.Гүндалай далан хэдүүлээ суугаа олонхийн хувьд, тэдний тухайн үед гаргаж байсан шийдвэрүүдэд  сүрхий айхтар нөлөө үзүүлж чадаагүй ч монголчуудад ардчилал, АН хоёрыг мартуулаагүй л юмдаг.  Хөвсгөл ийм л нутаг. 

Эргээд Хөвсгөлд болсон ИТХ-ын сонгуулийн дүн рүү анхаарлаа хандуулъя. Эрх чөлөөнд ийм дуртай, уг язгуураараа ардчилсан хөвсгөлчүүд энэ удаа МАН-ыг сонгожээ. Энэ бол АН-ын хувьд том сануулга. ”Ажлаа хийхгүй байна шүү та нар” гэсэн том дохио. Бодож үзэхгүй байх аргагүй сэрэмжлүүлэг. Аливаа нам ялаад ард түмэнд юу өгөх ёстой вэ гэсэн асуултад хариу хайгаад үзье. Аягандаа ахиухан хоолтой байх боломжийг бүрдүүлж  өгөх нь  л ялсан намын иргэддээ үзүүлэх том дэм.  Аяга дүүрэн хоолон дээр нэмэх нь өмнөхөөсөө илүү ая тухтай амьдрал, аюулгүй, эрүүл орчин.  Иргэдэд үүнээс өөр юу ч хэрэггүй. Ялснаасаа хойш хоёр жилийн турш төр барихдаа АН үүнийг нь бүрдүүлж өгөөгүй учраас л Хөвсгөлд ялалт байгуулж чадаагүй гэх гээд байна л даа. 

Түүхэндээ төрийн гурван өндөрлөг нь АН-ынх байсан тохиолдол үгүй. Энэ цагт л Ц.Элбэгдорж, З.Энхболд, Н.Алтанхуяг гэсэн АН-ын гурван гишүүн монгол төрийн магнайд байна. АН Монголын түүхэнд анх удаа засгийг бүрэн утгаар нь барьж байгаа тохиолдол нь бидний амьдарч буй өдгөө цаг. Бямбасүрэнгийн засгийн үед АН-ыг  төр барьсан гэж хэлж болох юм. Гэхдээ бага хурлын эрх нь МАН-д байсан. Р.Гончигдоржийг Их хурлын дарга байх үед Ерөнхийлөгч нь Н.Багабанди байлаа. Харин энэ удаа төрийн удирдлагууд гурвуулаа АН-ынх. АН дангаараа төр барьж байна. АН бүх эрхийг нь авчихвал арай илүү юм хийх байх гэсэн итгэлээр л Монголын ард түмэн энэ эрхмүүдийн төлөө саналаа өгч  АН-ыг бүх сонгуульд ялуулсан. 

АН өнөөдөр юу ч хийхгүй байна гэвэл хэт өрөөсгөл дүгнэлт болно. Мэдээж тэд төр засгийн эрхийг аваад  юм хийж байгаа. Гэхдээ ардчиллынхаа уг үндэс рүү нулимсан алхмууд их хийж байна. Ардчиллын язгуур эрх ашиг болсон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй дайтаж байна. Дөрөв дэх засаглал гэгддэг хэвлэлийг үгүй болгохоор улайрсан жишээг нэг биш нэжгээдээр нь дурдаж болно. Ардчиллын амин сүнс болсон төрийн институтуудыг хооронд нь дайтуулаад эхэлчихлээ. Эдийн засгийн бодлогын чанартай стратегийн гэж онцолж болох бүтээн байгуулалтаас нэг нь ч бодитой ажил болсонгүй. Таван толгой төсөл, тавдугаар цахилгаан станц, төмөр зам өнөөдрийг хүртэл таг чиг. Тавдугаар цахилгаан станц нь арай нааштай явж байгаа. Бусад нь бараа сураггүй. Нүүрс нь үнэ цэнэгүй болсон Таван толгойг төмөр зам л аварна. Эдийн засагчид, учир мэдэх эрхмүүд  урд хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавьж байж нүүрсний үнэ арай өснө гээд байхад л шийдвэр гаргахгүй явсаар хаврын чуулганаа хаачих жишээний. Намрын чуулганаар царигийн асуудлыг эдийн засгийн талаас нь эрүүлээр харж шийдлээ ч  энэ жилдээ лав төмөр замын ажил “будаа” болсон. Санхүүжилт дээр нь туслаад өгье гэж дуугарсан “Шинхуа” яг өнөөдөр бол ууртай байгаа.  Хөгжлийнхөө төлөө хөдөлж өгдөггүй түшээд маань Хятаддаа төдийгүй дэлхийд дээгүүрт давхидаг энэ группынхны гайхшийг ёстой л нэг барж буйг таамаглаж цөхөх юмгүй. 

Сүүлийн үед АН-ынхны хийж байгаа бүхнийг харахаар дандаа хуурсан, дүр эсгэсэн жүжгүүд харагдах боллоо. Харин ч нэг жинхэнэ утгаар нь дэглэж  тавьж  чадаж байна.  Харамсалтай нь ард түмэн жүжигт итгэдэггүй. Амьдралынхаа төлөө зүтгэж яваа эгэл иргэдэд тайзан дээр өрнөх, амьдралаас нь тасархай, амьдралд нь нэмэргүй гоё жүжиг хэрэггүй.  Тэд бодитой, биетэй ажлыг л үнэлнэ. Амьдралд нь мэдрэгдсэн ажил хийсэн хэнийг ч дэмжих хүч тэдэнд бий. Төмөр замаа шийдэж нүүрсээ дажгүй үнээр ахиухан гаргаад доллар оруулж ирээд байвал ядаж л иргэдийн халаасан дахь төгрөгийн үнэ цэнэ өдөр өдрөөр унахгүй. Жилийн өмнө түрийвчинд нь байсан арван мянган төгрөг зургаан мянган төгрөг болоод шалдаа уначихаад байхад хэн АН-д дуртай байх юм бэ. Энэ удаа Хөвсгөлийн ИТХ-д АН цөөнх боллоо. Яг энэ янзаараа яваад байвал хоёр жилийн дараа УИХ-д цөөнх болно гэсэн дохиог Хөвсгөлийн сонгууль өгчихлөө. Хөвсгөлийн барометр дохиолж эхэллээ шүү, АН-ынхаан.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Боломжоор дүүрэн амьдрал

Америкийн элчингийн Эдийн засаг, худалдааны хэлт¬сийн дарга Дэвид Уайштай ярилцаж суухад “Би урьд нь”Уолл март” гэдэг сүлжээ дэлгүүрт менежер хийдэг байлаа. Асуудал гэдэг үгийг үгийн сангаасаа авч хаях нь бидний барьдаг гол зарчим байсан. Тэнд зөвхөн боломж, бололцоо гэсэн үгийг ашигладаг. Асуудлыг аль өнцгөөс харахаас  бүх зүйл шалтгаална гэх гээд байна л даа. Миний хувьд танай улсад болохгүй юм бий ч Монголоор дүүрэн боломж байна” гэж хэлсэн нь санаанд тод үлдчихэж. Саяхан даа, Завханы Бат¬сүх гавьяат хэвлэлд өгсөн нэг ярилцлагадаа “Би Мон¬голынхоо замын түгж¬рэлд хүртэл хайртай. Сайн анзаарвал хотын замаар машиндаа хүүхдээ суул¬гачихаад явж байгаа залуус ямар олон байдаг гэж санана. Өмнө нь байгаа өчнөөн болом­жийн төлөө тэмүүлж яваа харцыг би тэр залуусаас олж хардаг. Гэтэл айхтар өндөр хөгжсөн улсын нийслэл тийм эрчимтэй хэмнэлгүй. Явган хүний замаар нохой хөтөлсөн ахимаг насныхан л олон харагддаг. Замын түгж¬рээгээ хүртэл ийм талаас нь харж яагаад болохгүй гэж.  Би Мон¬голд өчнөөн боломж бий гэж боддог” гэж чин сэтгэлээсээ ярина лээ. 

Нээрээ л нийслэлд өрнөж буй амьдралын агшин бүр хэдэн жилийн дараах өндөр хөгжлийн төлөө өрнөж байгаа. Хаа сайгүй баригдаж буй өндөр байшингууд, их хотын гудамжаар завсар зайгүй хөл­хөлдөх завгүй хүмүүс, за тэгээд саяын ярьсан замын түгжрээ. Монголчууд тэр аяа­раа ирэх жилүүдийн аз жаргалынхаа төлөө боломж бүхнийг алдалгүй шүүрэхээр завгүй амьдарцгааж байна даа. 

Ц.БААСАНСҮРЭН