Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Оюу толгойн далд уурхайн санхүүжилт энэ жилдээ багтаж шийдэгдэнэ

Уул уурхайн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга
Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Хөрөнгө
оруулагчдыг эргэлзэхэд хүргэсэн Оюу толгой,106 лицензийн асуудал хэзээ шийдэгдэх
бол гэсэн хүлээлт нийгэмд үүсчихлээ. Яамнаас энэ асуудалд хэр анхаарч ажиллаж байгаа
вэ?

-2012 оны сонгуулийн өмнө батлагдсан Стратегийн салбарт гадны хөрөнгө
оруулалтыг зохицуулах  тухай хууль хөрөнгө
оруулагчдыг  үргээх шалтгаан болсон. Үр дагавар
нь  хоёр жилийн хоцрогдолтойгоор өнөөдөр гарч
байна л даа. Одоо бол хөрөнгө оруулалтын тогтвортой орчинг бүрдүүлсэн хууль хэрэгжиж
байна. Үр дүн нь ч мэдрэгдэж байгаа. 106 лицензийн хувьд сонгон шалгаруулалтаар
олгох ёстой байсан лицензийг өргөдлөөр олгочихсон юм билээ. Процесс нь буруу байна,
дахин сонгон шалгаруулалт зарлаж  хуульд нийцүүл
гэсэн шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн дагуу ажиллаж байна. Компаниуд идэвхтэй оролцож
байгаа. Оюу толгойн хувьд татвар болон ТЭЗҮ-ээ өгөх гэсэн хоёр гол асуудал байна.
Мөн төслийн санхүүжилтийн зээлийн нөхцөл бий. Хамгийн гол нь ТЭЗҮ-ээ өгөх ёстой.
Удахгүй өгөх болов уу гэсэн хүлээлттэй байна.

-Оюу
толгойн нөөц нэмэгдэх боломжтой гэж байсан. Нөөц нь  нэмэгдсэн болов уу?

-Оюу толгой нөөцийн тайлангаа өгчихсөн. Өнгөрсөн хоёр жил эрэл хайгуулын
ажил явуулсны үр дүнд алтны нөөц  өссөн. Гүнд
байгаа хүдрийн биетээ илүү сайн ойлгож байна.

-ТЭЗҮ-ийг
боловсруулахад хугацаа хэр орох вэ. ТЭЗҮ-ээ өгсний дараа Эрдэс баялгийн мэргэжлийн
зөвлөл хэлэлцэхэд хэр хугацаа зарцуулах бол?

-Оюу толгой компани бүтээн байгуулалтын үе шатаа дуусгасан.  Өөрөөр хэлбэл барилгын төсөл байхаа больсон. Хөлөө
олсон, технологийн хувьд зүгширч байгаа, борлуулалт нь маш сайн компани болоод хувирчихлаа
л даа. Тэгэхээр үйлдвэрлэлийн ТЭЗҮ-г тодотгоход цоо шинэ ТЭЗҮ хийхээс хялбархан
гэсэн үг. Хүлээж авахад ч ачаалал нь харьцангуй бага. ТЭЗҮ-ийн тодотгол ороод ирвэл
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл чиг үүргийнхээ дагуу хэлэлцээд хурдан хугацаанд
хүлээж авах боломжтой. Энэ асуудалд Засгийн газрын оролцоо байдаггүй.

-Оюу
толгойн татварын асуудал яаж шийдэгдэх бол. Хэд хоногийн өмнө Уул уурхайн дэд сайд
татварын маргаан шийдэгдлээ гэсэн утгатай мэдэгдэл хийсэн…?

-Татварын асуудал дээр татвар төлөгчийн зүгээс байцаагчийн тавьсан
актад маргаантай зүйл байна гээд гомдол гаргасан. Маргаан таслах зөвлөл дээр энэ
асуудал шийдэгдсэн гэж ойлгож байгаа.

Хувь нийлүүлэгчдэд техникийн шинжтэй хоёр асуудал үлдсэн гэж Уул уурхайн
сайд мэдээлсэн. Үнэхээр зарчмын зөрүүтэй асуудал байхгүй хэрэг үү?

-Гол гацааг үүсгэж байсан ойлголцлын зөрүүтэй асуудлууд дээр тодорхой
ахиц гарч байна. Хувь нийлүүлэгчдэд зарчмын зөрүүтэй ойлголцоогүй асуудал байхгүй.
Нэг завин дээр сууж байгаа, олон улсын зах зээлд нийлж  өрсөлдөх хоёр шүү дээ. Хоёуланд нь зардлаа бага,
үр ашгаа өндөр байлгах сонирхол бий. Оюу толгойн хувьд  маргаантай асуудал байгаа ч Монголыг дэлхийд таниулах
нэрийн хуудас болсон төсөл. Гадаадад ажлаар очоод кафед сууж байхад зөөгч нь хаанаас
ирсэн бэ гэж асуудаг юм. Монголоос гэхээр “Танайд нэг том уурхай байдаг билүү” гэж
асуудаг.  Тэгэхээр Монголыг яах аргагүй дэлхийд
таниулж байгаа төсөл. Намайг 2002 онд Германд сурч байхад тэндэхийн хэвлэлээр “Дэлхийд
хамгийн томд тооцогдох зэс алтны орд илэрлээ” гэж шуугиж байсан. Зэсийн хувьд дэлхий
дээр хамгийн том үйлдвэрлэгч орон бол Чили. Гэхдээ олон жижиг үйлдвэрүүд нь нийлж  байж Чилийг дэлхий дээр том тоглогч болгодог.
Гэтэл манай Оюутолгой дангаараа дэлхийд нэлээд томд орох үйлдвэр. Цагаан суварга
зэрэг орд ашиглалтад орвол  манай улс зэсээрээ
бүс нутагтаа жинтэй тоглогч болж чадна.

-Ерөнхий
сайд Оюу толгойн асуудлыг энэ намартаа багтааж шийднэ гэж мэдэгдсэн. Гүйцэтгэх засаглалын
тэргүүний үг биеллээ олох болов уу?

-Оюу толгойн далд уурхайн санхүүжилт энэ жилдээ шийдэгдэж далд уурхайн
бүтээн байгуулалт эхэлнэ. Оюутолгойн асуудлыг энэ намартаа багтааж шийдэх боломжтой.

-Таван
толгой төсөлд оролцох сонирхлоо Орос, Хятадаас эхлээд Япон, Солонгос зэрэг улс илэрхийлээд
удаж байна. Саяхан болж өнгөрсөн “Инвест Монголиа”-гийн үеэр АНУ-ын элчин гуравдагч
хөрштэйгээ эдийн засгийн харилцаагаа орхигдуулаад байна гэж шүүмжлэхдээ Таван толгойд
оролцох сонирхлоо дахиад илэрхийлсэн. Сонгон шалгаруулалт дээр ямар бодлого барих
учиртай гэж та бодож байна?

-Таван толгой дээр ажлын хэсэг байгуулагдсан.  Таван толгойд үйл ажиллагаа явуулах компанийг
сонгон шалгаруулах ажил хуулийн дагуу ямар нэг байдлаар үргэлжилнэ. Би хувьдаа энэ
том ордод хамтрах түншийг сонгохдоо  үндэсний
аюулгүй байдлын  үзэл баримтлалд байдаг  тэнцвэртэй олон тулгуурт бодлогыг хангах нь зүйтэй
гэсэн байр суурьтай явдаг. Мэдээж гол худалдан авагч улсынхаа эрх ашгийг тооцохгүйгээр
сонгон шалгаруулалт явахгүй. Гэхдээ дэлхийн шилдэг техник технологи,   шинэ туршлага, практик авчрах боломжийг ч давхар
тооцох ёстой. Том төсөл учраас нэг, хоёр оролцогчоор хязгаарлагдахгүй байх боломжтой.
Аль болох арилжааны сонирхлоо харсан, техник технологийн шинэ стандарт, шалгуурыг
хангасан компаниудтай хамтарч ажиллах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Гуравдагч
хөрштэй эдийн засгийн хувьд яаж хамтрахаас аргагүй өчнөөн шалтгааныг тусгаар тогтнолоос
эхлээд дурдаж болно гэж эдийн засагчид ярьдаг. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Хоёр хөршөөс орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг хамгаалах, хадгалах
нь зүй ёсны хэрэг. Гэхдээ манай улс өөрсдийнхөө бодлогыг тунхагласан орон. Хувийн
хэвшилд тулгуурласан чөлөөт зах зээлтэй улс. Улс төрийн хувьд ардчилсан тогтолцоотой.
Хүний эрх, хувь хүний өмчийг дээдэлдэг орон. Тэгэхээр бидэнтэй адил үнэ цэнэтэй
гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах нь бидний тунхагласан, хувийн хэвшилдээ
тулгуурласан чинээлэг эдийн засгийг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой. Манайх шиг
жижиг улсын хувьд тэнцвэрээ хадгалах нь л чухал. Дахин онцлоход мэдээж  хоёр хөршгүйгээр дэлхийн зах зээл дээр гарч чадахгүй.

-Энэ
жил уул уурхайн салбараас төсөвт хэр мөнгө төвлөрөх боломж байна?

-Уул уурхай шууд утгаараа төсвийн орлогын 30 орчим хувийг бүрдүүлсээр
ирсэн. Энэ хэмжээ, байр сууриа хадгалж үлдэхийг хичээж байна. Төсвийн гол орлогыг
бүрдүүлэгч нүүрсний салбарын хувьд байдал сайнгүй байгаа. Биет хэмжээгээрээ их гарч
байгаа ч өр төлж байгаа гэсэн шалтгаан бий. Монголоос гадагшаа гаргадаг үндсэн түүхий
эдийн хувьд ирэх жил үнэ өснө гэсэн найдлага муу байна. Гэхдээ орлого бүрдүүлэхийн
тулд салбараараа зүтгэхээс өөр арга байхгүй. Гол худалдан авагч оронтойгоо худалдах
худалдан авах гэрээнүүд байгуулж байна. Зэсийн тухайд  борлуулалт сайн байгаа. Зэсийн үнэ нүүрсийг бодвол
харьцангуй тогтвортой байх болов уу. Гэхдээ гол худалдан авагч Хятадын зах зээл
дээр нийлүүлэлтийн илүүдэлтэй, нөөц сайтай байгаа. Тэгэхээр зэсийн үнэ өснө гэх
магадлал муутай. Нүүрсний хувьд Хятадад экспортолж байгаа орнуудын тоо өсч байна.
Манай тээврийн зардал олон улсын дунджаас нэлээд өндөр учраас өрсөлдөх чадварыг
нэлээд бууруулж байгаа. Төмөр замын асуудлаа шийдэж чадвал нүүрсэн дээр урт хугацаанд  зах зээлээ бэхжүүлэх боломж бий.

-Нүүрсэн
дээр манай гол өрсөлдөгчид хэр ширүүн байгаа вэ
?

-Нүүрсний зах зээл ирэх оноос сэргэх хандлага байгаа учраас нүүрсний
салбарт өрсөлдөөн ширүүсч байна. ОХУ экспортынхоо хэмжээг өсгөнө гэдгээ зарлачихлаа.
Америкаас нүүрс нийлүүлээд эхэлчихсэн. Индонези, Австрали нүүрсний үнийн уналтыг
тоо хэмжээгээ өсгөх замаар давж байна. Тэгэхээр өрсөлдөөн улам ширүүсч байна гэсэн
үг. Монголчууд дотроо нэгдмэл байр суурьтайгаар дэлхийн  зах зээлд өрсөлдөж байж хүнд үеэ давж чадна. Хамгийн
гол нь зардлаа бууруулах хэрэгтэй. Тэгэхийн тулд төмөр замын асуудлаа даруйхан шийдэх
хэрэгтэй болчихоод байна.

-Сая
шил дараалаад хөрөнгө оруулалтын гурван ч уулзалт боллоо. Ямар ч байсан хөрөнгө
оруулагчдын хувьд Монгол моодноос гараагүй нь мэдрэгдсэн. Танд ямар сэтгэгдэл төрөв?

-“Дисковер Монголиа”-д 350-400 хүн ирсэн. “Инвест Монголиа”-д  400 гаруй хүн харагдсан. Газрын тосны хуралд
250 хүн оролцсон. Нийлээд мянга орчим хөрөнгө оруулагч ирлээ гэж харсан. Сая дурдсан
чуулга уулзалтуудын хувьд оролцогчид нь нэг их давхцаагүй учраас хөрөнгө оруулагчийн
тоо цөөрөөгүй, харин ч их байна гэж дүгнэж байгаа. “Инвест Монголиа”-д оролцсон
хөрөнгө оруулагчид  уул уурхайгаас гадна өөр
бусад салбарыг сонирхсон шинэ хандлага анзаарагдлаа. “Дисковер Монголиа”-д оролцогчид
уул уурхайн салбарыг улстөржүүлэхгүй байя гэдэг дээр санал нэгдсэн. Энэ бол хамгийн
том мэссэж. Газрын тосны хуралд энэ салбарын дэлхийн томчууд ирсэн. Газрын тосны
хуулийн шинэчилсэн найруулгыг их сонирхож байна лээ. Газрын тосны хуулийн шинэчилсэн
найруулга батлагдсанаас хойш эрлийн гэрээ байгуулах 27 хүсэлт ирсэн. Сая чуулга
уулзалтын үеэр гурван эрлийн гэрээн дээр гарын үсэг зурлаа. Ер нь бол өмнө нь нэг
л том уулзалт болдог байсан. Харин энэ жилийн хувьд нэг дор шахуу гурван ч том уулзалт
боллоо. Ийм шалтгаанаар хөрөнгө оруулагчдын чуулганд оролцох хүсэлтэй хүмүүс гурав
хуваагдсан. Ийм механик шалтгаанаар оролцогчдын тоо буурсан гэж харагдсан тал бий.
Үүнийг хөрөнгө оруулагчид цөөрлөө гэж  айхтар
улстөржүүлэх хэрэггүй байх.

-Газрын тосны шинэчилсэн
хуулиар уламжлалт бус газрын тос гээд занар, метан хий орсон нь онцолж хэлмээр өөрчлөлт
болсон. Энэ хуульд өөр ямар давуу тал байгаа вэ?

-Газрын тосны өмнөх хууль
либериал тогтвортой явж ирсэн. Үүн дээр нэмсэн ололттой зүйл гэвэл төрийн байгууллагуудын
чиг үүргийг тодорхой болгосон. Хүнд суртлыг бууруулсан. Хамгийн гол өөрчлөлт нь
сая таны онцолсон занар, нүүрсний давхаргын метан хий хувьд  бизнес эрхлэх эрх зүйн боломжуудыг бий болгож
өгсөн явдал. Цахилгаан,  бензиний  олдоц хүртээмж  муу байгаа нь манай улсын эдийн засгийн өрсөлдөх
чадварыг бууруулж байгаа гол зүйл. Үйлдвэр нээсэн хүн төвийн цахилгаан эрчим хүчинд
холбуулна гэдэг том асуудал болсон. Хөдөө орон нутагт жижиг хэмжээний бизнес явуулъя
гэхээр бензиний олдоц муу байна. Хоёроос гурван сараар ажлаа  төлөвлөөд юм хийхэд хэцүү. Занараас эрчим хүч
гаргаж, шатахууны асуудлаа шийдчихвэл хэрэгцээгээ хангахаас гадна дэлхийн зах зээл
дээр өрсөлдөх боломжтой.

-Америкийн элчингийнхэн
газрын тосны шинэчилсэн хуулин дээр компаниудын техник
технологийг төр дайчлан
ашиглана, хурааж авна гэсэн агуулгатай заалт байна гэж шүүмжилсэн. Ямар агуулгаар
тийм  заалт оруулсан бэ?

-Орчуулгын алдаа болчихжээ
гэж харсан. Манай зарим хуулинд дайн, онцгой байдал, газар хөдлөлт зэрэг  үед техник хэрэгслийг нөхөн олгох замаар түр дайчилж
болно гэсэн агуулгатай заалт бий. Ийм агуулгаар орсон заалтыг  өөр соёлтой хүн  буруугаар ойлгодог тал байгаа байх.  Дайчлах гэдэг монгол үгийг  төрийн өмчид авна гэсэн утгатай үгээр орчуулсан
байсан. Манай орчуулсан хувилбар дээр дайчилгаа гэдгээрээ бий. Албан бусаар орчуулахдаа
ийм алдаа гаргасан болов уу.

-Газрын тосны хурал
дээр “Вульф петролиум” компани 100 км-ийн бассейн нээсэн гэж ярьсан. Ер нь газрын
тосны нөөц нэмэгдэх боломж манай улсад бий юу?

-“Вульф петролиумын яриад
байгаа бассейны хувьд өрөмдөж үзэж байж л ямар нөөцтэйг нь  мэднэ. Галба -19 дээр бол хатгасан болгоноос нь
тос гарч байгаа гэсэн. Гэхдээ Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр орж баталгаажаагүй
учраас нөөц нь албан ёсных болоогүй. Газрын тосны нөөц алсдаа нэмэгдэх боломж бол
асар их. Манай улс хайгуул хийгээгүй шахуу орон. Зүүн тийшээ, урагшаа л жаахан хайгуул
хийсэн. Өндөр нарийвчлалтай хайгуул хийгээгүй. Хайгуулыг урамшуулж дэмжээд  хийгээд явбал нөөц өсөх бүрэн боломж бий.

-Ашигт малтмалын хайгуулын
тусгай зөвшөөрлийг хэзээ олгож эхлэх вэ?

-Энэ сарын 24-нөөс өргөдөл
хүсэлт хүлээж авч эхэлнэ. Тэгэхээр нутаг дэвсгэрийн хорь хүртэл хувьд лиценз олгож
эхлэх юм.Энэ үеэр томоохон орд илрэх магадлал бий. Учир нь Монгол хагарлын бүс ихтэй.
Хагарлууд дээр янз бүрийн ашигт малтмалууд үүсдэг юм. Тэгэхээр газрын хэвлийн баялаг
одоо байгаагаасаа илүү байх боломжтой.

-Зэс,
нүүрс, алт, газрын тос, занар, уранаас гадна дэлхийд үнэ хүргэж зарахаар ямар эрдэс
байна?

-Фосфор байна. Дэлхийн хүн ам өсөхийн хэрээр хүн төрөлхтнийг  тэжээх шаардлага гарч ирнэ. Тэгэхийн тулд бордоо
маш чухал. Гэтэл бордооны үндсэн түүхий эд нь манайд байна. Хүний хоолтой холбоотой
учраас бордооны үнэ нүүрс, зэс шиг савлаад байдаггүй. Манай улсад фосфорын нөөц
боломжийн хэмжээнд бий.  Бүрэн хааны фосорын
орд гэхэд л бүс нутагтаа томд орох орд.

-Ганц
Монголд ч гэлтгүй дэлхий даяараа хөрөнгө оруулалт хүнд байна гэсэн яриа бий. Эдийн
засагчийн тань хувьд асууя. Дэлхий даяараа хөрөнгө оруулалт үнэхээр хүнд асуудал
болоод байгаа хэрэг үү?

-Дэлхийн уул уурхайн компаниудын хувьд өмнөх жил  маш хүнд байсан. Нийтдээ 120 тэрбум ам.долларын
алдагдалд орж байсан юм. Хөрөнгө оруулагчид жижиг компаниудын хувьд хөрөнгө босгох
нь дэлхий даяар хүнд байх шиг байна. Евро бүс, Грекийн байдал тодорхойгүй. Украины
хүндрэл хэвээрээ. Ойрхи Дорнодод Сири, Иракт байдал хурцадсан янзаараа. Хятад, Америкийн
эдийн засагт төдийлөн өсөлтгүй. Өрийн хямрал байна. 2007-2009 оны хямралын үеэр
улс орнууд асар их өр тавьж байж эдийн засгаа тэтгэсэн. Цаашдаа дэлхий эдийн засаг
хоорондын худалдаагаа сайжруулж хамтарч ажиллахгүй л бол дахиад нэг том хямрал руу
орох эрсдэл өндөр бий. Учир нь өр зээл тавих боломж алга болсон. Гэхдээ ойрын хугацаанд
Европын зах зээл сэргэх хандлага байна. Хятад, Америкийн байдал  сайжраад ирвэл манай эдийн засагт, экспортод эерэгээр
нөлөөлөх магадлал бий. Ганцхан Монгол ч биш ер нь уул уурхай хөгжиж байгаа орнуудын  хөрөнгө оруулалт саарсан байдал ажиглагдаж байна.
Манайтай адил экспортод түшиглэж амьдардаг улсуудын валютын ханш мөн л ялгаагүй
суларсан. Зөвхөн Монголд учирсан асуудал биш л дээ. Нүүрсний ханш дэлхий даяар унасан.
Австралийн нүүрсний компаниуд ажилчдаа хэдэн мянгаар нь халж байна. Нүүрс, төмрийн
гол экспортлогч Австралид хүртэл байдал хэцүү байна. Хөрөнгө оруулагчид нэлэнхүйдээ
голомтгой, шилэмтгий болсон байна. Эрсдлээс айсан байдалтай байгаа. Гэхдээ бид гараа
хумхиж зүгээр суугаагүй.  Гол зах зээлүүдтэйгээ
эдийн засгийн харилцаагаа улам эрчимжүүлж, өөр зах зээл рүү гарах ажлуудыг хийгээд
эхэлсэн. 106 дээр удахгүй лицензийг нь олгоод эхэлнэ. Хайгуулын ажлыг идэвхжүүлнэ.
Хөрөнгө оруулалт сайжрах төлөв байна.

Ц.БААСАНСҮРЭН

 

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгой, засаг хоёрын ойлголцол Монголд яагаад хэрэгтэй вэ?

Засаг, Рио хоёр 130 сая ам.долларын татварын асуудлаас болж хоёр тийшээ харчихаад байгаа энэ үед Уул уурхайн дэд сайд Оюу толгойтой ойлголцсон гэсэн гэгээтэй мэдээлэл цацлаа. Ерөнхий сайд ч энэ намартаа багтаж Оюу толгойн асуудлыг шийднэ гээд дуугарчихсан. Дэд сайдын үгээр бол манайх Оюу толгойгоос 130 сая биш 30 сая ам.доллар авъя гэсэн шийд гаргах гэж байгаа бололтой. Татвараа дутуу төлөөгүй гээд мэдэгдчихсэн “Рио”-гийн хувьд ийм шийдвэр гарвал асуудал үүсгэхийг үгүйсгэх аргагүй. Гэхдээ засгийн хувьд ойлголцох чиг бариад эхэлсэн учраас “Рио”-той одоо яригдаж байгаагаас өөр тохироо хийж ч мэднэ. Эцсийн дүндээ ойлголцохыг илүүд үзэж таарах болов уу. Ямартай ч Ерөнхий сайдын үг, дэд сайдын мэдээллээс анзаарахад засаг их хэргийн төлөө жижиг маргаанаа хойш тавьж байгаа бололтой.

Маргаан хаанаас эхэлсэн, ямар шалтгаантайг эргэж сөхье. Оюу толгой Татварын ерөнхий газарт хандан компаниа шалгуулахыг хүсч л дээ. Өнөөдүүл нь Бээжингээс өчнөөн контейнер бичиг цаасыг нь авчруулж шалгаад 130 сая ам.долларын татвар төлөөгүй гэсэн факт гаргаад ирж. Тэр даруйд нь акт тавиад явуулсныг хэвлэлүүд шуугилгүй хаачихав. Сайн мэдээ дуулдвал хувьцааны ханш нь өсч, муу мэдээ сонсогдвол ганц шөнийн дотор өчнөөн хувиар уначихдаг зах зээлд хувьцаагаа арилждаг Оюу толгойн гол хувьцаа эзэмшигч “Туркойз хилл” ч дуугүй суугаагүй. “Бид татвараа дутуу төлөөгүй. Үнэхээр тэгж буруутгаж байгаа бол олон улсын шүүхэд хандъя. Хэлэлцээг урагшлуулах ТЭЗҮ-гээ өгөх хугацаагаа ч хойшлууллаа” гэсэн мэдэгдэл гаргаатхав. Хэрвээ ийм мэдэгдэл гаргаагүй бол Оюу толгой татвараа төлдөггүй муу компани гэж дэлхийд харагдаж, нэгэнт уруудсан хувьцааны ханш нь улам унах эрсдэлтэй нүүр тулах байсан гэж эдийн засагчид ярьдаг. Үнэхээр “но”-той бол арбитрт хандана гэж ийм зоригтой дуугарахгүй гэсэн таамаглал ч байдаг. Гэхдээ өнөөдөр татвар дээр ийм тийм шалтгаан бий гэдэг өнцгөөс асуудалд хандах цаг биш. Дэлхийд данстай энэ том төслийн дөрвөн тэрбум ам.доллар авчрах хоёр дахь шатны санхүүжилт гацчихаад байгаа үед “Рио”-той ойлголцчихвол Монголд ямар ашиг өгөх вэ гэдэг үүднээс харвал илүү бодитой, амьдралтай хандлага болно.

Бид Оюу толгойг тойрч улстөржихдөө гарамгай хүмүүс. Энэ том төслөө тойрч эх оронжино гэж жигтэйхэн улс. Эх орондоо хайртайгаа батлах хязгааргүй боломж Оюу толгойг тойроод өчнөөн бий. Тэр өчнөөн боломжоос Оюу толгойн тавин хувийг ард түмэн эзэмших ёстой гэсэн үлгэр хамгийн амжилттай “гялалзан гялтганадаг”. Ингэж хэлсэн хүмүүс хамгийн эх оронч, Монголын төлөөх зүрх нь бүгдээс хүчтэй цохилсон улс болж хувирдаг. “Үнэхээр тийм шүү, энэ муусайн луйварчдаас тавин хувиа авчихвал юу гэж ингэж халаас хоосон явах вэ дээ” гэж ирээд бахархангуй харах хүмүүс зөндөө. Уг нь сонсогдож байгаа шигээ тийм гоё үг биш л дээ. Өнөөдөр яаж байгаа билээ дээ, Оюу толгойн 34 хувийг засаг авсны гор одоо ч гараагүй байна. Хувь эзэмшинэ гэдэг ганцхан ашиг хуваахын нэр биш. Эрсдлээ ч давхар үүрдэг. Өнөөдөр Оюу толгойд дөрвөн тэрбумын хөрөнгө оруулалт орчихоод байгаа. Тэрбум гаруй ам.доллар нь бидний төлөх өр. Учир нь бид энэ төслийн 34 хувийг эзэмшигч. Хоёр дахь шатны хөрөнгө оруулалтынх нь өртөг мөн л дөрвөн тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа. Энэ мөнгөний 34 хувь нь мөн л бидний төлөх өр. Нарийн яривал өнөөдрийн үл ойлголцол эндээс эхтэй. Уг нь бусад улс шиг татвараа ном журмаар нь аваад явчихад л болчих асуудал байсан юм. Уул уурхайгаараа хөгжсөн улс бүхэн л энэ замаар ордоосоо ашгаа хүртээд аятайхан амьдарцгааж байна. Гэтэл өнөөдөр бид хувь хүртэх ёстой гэсэн эх орончдоос болж өчнөөн тэрбумын өрөнд орчихоод сууж байгаа нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй гашуун үнэн. Хувиа нэмээд тавь болговол бидний төлөх өр өнөөдрийнхөөс ч нэмэгдэнэ. Төлөх мөнгөн дээр хүү энэ тэрийг нь яривал толгой эргэмээр тоо гарна. Учир нь эзэмших 50 хувийнхаа хэрээр хөрөнгө оруулах мөнгө засагт байхгүй.

Дүр эсгэсэн эх орончдод энэ мэтээр тодрох боломж Оюу толгойд хэдэн арваараа бий. Шуудхан хэлэхэд ингэж эх оронждогийн эцсийн зорилгыг гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг сааруулах заль мэх гэчихмээр санагддаг. Саяхан даа, ураны эсрэг тэмцээд байдаг нөхөд жагсаал хийхдээ “Америкийн ардчилалд найдсанаас агуу Орост итгэе” гэсэн бичигтэй лоозон барьсан зураг твиттер, фэйсбүүкээр цацагдсан. Энэ зургийг ШӨХТГ-ны дарга О.Магнай “Францын Аревагийн эсрэг өнгөлөг жагсаалуудын цаад тал өчигдөр тодорхой боллоо. Надад ч мөн эргэлзээ байсан юм” гэсэн тайлбартайгаар жиргэсэн байсан юм. Барууны хөрөнгө оруулалттай том компаниудын хайгуулын ажлыг явуулахгүй, зүгээр л саатуулж цаг хожих маягаар тэмцээд байсныг нь энэ хэдхэн үгнээс харчихаж болохоор. Ураны эсрэг биш гуравдагч хөршийн эсрэг тэмцэл байсан юм уу гэж гайхсан коммент хэд хэд харагдсан.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан хөрөнгө оруулалт галуун цуваа маягаар орж ирдэг гэсэн байна лээ. Товчхондоо толгой галууг сүрэг нь дагадаг гэсэн утгатай зүйрлэл л дээ. Оюу толгой манай улсын хувьд түүчээ галуу. Тэдний төсөл урагштай бол бусад нь мөнгөө оруулна, ойлголцохгүй хоёр тийшээ хараад байвал бусад нь мөнгөө оруулахгүй гэсэн үг. Хөрөнгө оруулалт 70 хувиар татарсан гэж статистикийнхан онцлоод буй нь ийм учиртай. Оюу толгойтой учраа олохгүй, гадны хөрөнгө оруулалттай компанийн лицензийг зуу гаруйгаар нь хураасан учраас гадаадын хөрөнгө оруулагчид хүлээлтийн байдалд орж, хөрөнгө оруулалт ингэтлээ татарсан хэрэг. Бид сүүлийн хэдэн жил түүчээ галуу руугаа буугаа онилох болсон.

Сүүлийн үед Оюу толгойн хөрөнгө оруулалтыг анзаарч байхад эдийн засгаас гадна улс төрийн утга илүү тодорч харагдах боллоо. Гуравдагч хөршийн бодлого зүгээр нэг гоё үлгэр үү, бодитой бодлого уу гэдгийг хэмжих барометр нь Оюу толгой болчихоод байна. Ийм том зорилгын төлөө Засгийн газар жижиг маргаан зэргээ золиослосноор тэнэг, гэнэн, арга мухардсан гэж харагдахгүй. Харин ч илүү ухаалаг алхам хийлээ гэж баяр хүргэх хүн олон гарна.

Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт хийгдэж эхэлбэл өчнөөн эерэг нөлөө гарна. Том хөрөнгө оруулагчид галуун цуваа шиг дагаад ороод ирнэ. Америкаас эхлээд дэлхийг хуйлруулсан занарын хувьсгалын эхлэл, том баталгаа нь болж өгнө. Цахилгаан эрчим хүч, төмөр замын хувьсгалын эхлэл болно. Занарын хувьсгалд нэгдэх нь Монголын эдийн засгийн хамгийн том баталгаа. Гадныхны гарыг харахгүйгээр шатахуун, эрчим хүчээ үйлдвэрлэж, хэрэглээнээсээ илүү гарсныг Азийн зах зээлд гаргаж, дэлхийн эрчим хүчний зах зээлийн гол тоглогчоор гялалзах боломж Монголын шатдаг занарт бий. Нөөц нь өчнөөн тэрбумаар яригдаж байгаа гэж сая болсон газрын тосны олон улсын хурал дээр хөрөнгө оруулагчид зүгээр ч нэг онцлоогүй. Хөрөнгө оруулалт татаж чадвал Монголын занар дэлхийд цахиур хагалахаар чанартай гэж мөнгөтэй эрхмүүд дуу нийлүүлснийг онцолъё.Занараа ашиглаад эхэлбэл улс төрийн, эдийн засгийн, улс оршихын баталгаа жинхэнэ утгаараа бүрдэнэ.

Товчхондоо Засгийн газар, Оюу толгой хоёрын ойлголцол Монголыг хоёр хөршийнхөө илүүчилснийг алга тосон авдаг бөглүү хязгаарын улс байх хүсмээргүй тавилангаас аварна. Харин ч эсрэгээрээ олон улсад данстай, цэнхэр гаригт өөрийн гэсэн орон зайтай тусгаар улс оршихын эхлэл болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган Оюу толгой гацаанаас гарлаа гэж твиттер хуудсаараа мэдээллээ


Уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган өчигдөр твиттер, фэйсбүүк хуудсаараа “Сайн мэдээ! ОТ татварын асуудал шийдсэнээр, далд уурхайн ажил товлосон хугацаандаа эхлэх боломжтой боллоо. Ирэх онд 1 тэрбум доллар + 3000 а/байр Нийт 5 тэрбүм доллар 2 дахь шатны хөрөнгө оруулалт” гэж мэдээллээ. ОТ гэдэг нь Оюу толгой. А/байр гэдэг нь ажлын байр. Оюу толгойн хоёр дахь шатны санхүүжилт эхэлж, ажилгүй гэртээ суугаа ажилтнуудаас нь гадна зөндөө хүн орлоготой болж, гаднаас өчнөөн доллар Монголын эдийн засагт урсаж орж ирнэ гэсэн таатай мэдээнд нь олон хүн коммент үлдээсэн байна лээ. Дэд сайдын постолсон мэдээллийн дор “ашгүй дээ, одоо л нэг долларын галзуурал намжих нь” гэсэн агуулгатай сэтгэгдлүүд дүүрэн харагдсан. Татварын асуудал гээд байгаа нь Татварын ерөнхий газар “Оюу толгой”-н дунд өрнөсөн 130 сая ам.долларын татварын маргаан. Татварынхан “Та нар 130 сая ам.долларын татвар төлөх ёстой, түүнийгээ төлөөрэй” гэж шаардаж буй. Харин хөрөнгө оруулагч тал “Ийм юм байж таарахгүй. Та нар зөв шийдвэр гаргахгүй бол бид арбитрт хандана” гэсэн мэдэгдэл хийгээд байгаа. Энэ асуудал хөрөнгө оруулагчдад эерэгээр шийдэгджээ гэсэн агуулга дэд сайдын мэдээллээс уншигдаж байна. Татварын ерөнхий газрын дэргэд маргаан шийдвэрлэх зөвлөл гэж бий. Зөвлөл иймэрхүү маргааныг эцэслэн шийдэх үүрэгтэй. Тэд өчигдөр Оюу толгойн татварын асуудлыг хэлэлцэж эхэлжээ. Эцсийн шийдвэр гараагүй учраас эхэлжээ гэж тодотголоо. Оюу толгойн татварын асуудлыг хөрөнгө оруулагч компанийн талд эерэгээр шийдэх тохироо аль хэдийнэ хийгдсэн гэж эх сурвалж мэдээлж байна. Мэдээж эцсийн шийд бичиг цаасан дээр гарын үсэг энэ тэртэйгээ дурайж байж дэд сайдын яриад байгаа эерэг нөлөө мэдрэгдэж эхэлнэ.

Гэхдээ жирийн нэг иргэн жиргэж, постлоогүй, салбарынх нь дэд сайд ийм үг унагасан учраас Оюу толгойн талаар бодитой мэдээлэл хийлээ гэж тодотгох нь зүйд нийцнэ.

Саяхан Ерөнхий сайд иргэдэд хандаж үг хэлэхдээ Оюу толгойн талаар гэгээлэг мэдэгдэл хийсэн нь ч цаанаа нарийн шалтгаан учиртай байж. Гүйцэтгэх засаглалын тэргүүн зүгээр ч нэг ингэж дуугараагүйг О.Эрдэнэбулган дэд сайдын мэдээлэл батлаад өглөө. Ерөнхий сайд “Гадна дотны олон хөрөнгө оруулагчид манай хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин шинэ хуулиудаа даган эрс сайжирсныг үнэлж байна. Гагцхүү Оюу толгой, Таван толгой төслүүдийн гацаатай байдал Монгол руу орж ирэх хөрөнгө оруулалтын гол түгжээ нь болоод байна. Тиймээс бид энэ намартаа Оюу толгой төслийг гацаанаас нь гаргаснаар дөрвөн тэрбум америк долларын хөрөнгө оруулалт орж ирэх нөхцөл бүрдэх юм” гэж хэлснийг давтан онцолъё.

Рио, засаг хоёрын хэлэлцээр хөрөнгө оруулагч талаас шинэчилсэн ТЭЗҮ өргөн барьсны дараагаас наашлах тал руугаа эргэх учиртай. Хоёр дахь шатны санхүүжилт хийгдэх цаг мөч тэр хэрээр ойртоно гэсэн үг. Татварын маргаан дэгдэх үед Оюу толгойн голлох хувьцаа эзэмшигч “Туркойз хилл”-ээс мэдэгдэл гаргаж байсныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Тэд маргаан таслах журмаар шийдэж чадахгүй бол олон улсын арбитрын шүүхэд хандан хянан шийдвэрлүүлнэ гэсэн байр сууриа мэдэгдэлдээ онцолсон байсан. Мэдэгдлийн ерөнхий агуулга нь “Бид зургадугаар сарын сүүлчээр ТЭЗҮ-ээ өгөх байсан ч ийм мэдээлэл гарсан учраас чадсангүй. Хөрөнгө оруулалт хийх эсэхээ энэ асуудлыг шийдтэл харзнана” гэсэн утгатай. Оюу толгой компанийн байр суурийг Крэйг Киннелийн тухайн үед хэлсэн “Ийм асуудал гарсанд бид харамсаж байна” гэсэн үгнээс харчихаж болно.

Тэгэхээр О.Эрдэнэбулган сайдын итгэлтэйгээр цацсан мэдээллээс харахад Оюу толгой гацаанаас гарах нь тодорхой болчихож. Татварын асуудал нь хөрөнгө оруулагч талд эерэгээр шийдэгдэх нь баараггүй болж. Татварын маргаан шийдэгдчихвэл хөрөнгө оруулагч тал ТЭЗҮ-ээ өгнө, ТЭЗҮ бэлэн болчихвол хэлэлцээр урагшилна, хэлэлцээр амжилттай дуусвал Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилт эхэлж, зах зээлд хэдэн тэрбум ам.доллар орж ирнэ. Ерөнхий сайдын “Энэ намартаа Оюу толгойн асуудал шийдэгдэнэ” гэсэн үгний учрыг О.Эрдэнэбулган дэд сайд тайлаад өгчихлөө.

“Рио” бол дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг, хувьцаагаа олон нийтэд нээлттэй арилжаалдаг, ганц эвгүй алхам хийхэд л хувьцааных нь үнэ шалдаа бууж дампуурах эрсдэлтэйгээ ойлгохын цаагуур ойлгодог, стандарт нь дэлхийн энд яригддаг компани. “Но”-той алхам хийсэн бол Татварын ерөнхий газартай хэл үггүй тохиролцохоо илүүд үзэх нь тодорхой. Ингэлгүйгээр “Асуудлыг эндээ шийдэж чадахгүй бол арбитрт хандана” гэж итгэлтэйгээр мэдэгдчихсэн. Тэгэхээр “Рио”-д өөртөө эргэлзэх өчүүхэн ч шалтгаан үгүй нь илэрхий байна. “Но” байгаад арбитрт унавал ямар өндөр эрсдэл ирэхийг тэд мэдэхийн цаагуур мэднэ. Татварын маргааны хувьд манай стандарт дэлхийн түвшинд хүрээгүй учраас арга барилын зөрүү байсан болов уу гэсэн таамгийг учир мэдэх эрхмүүд хэлээд эхэлчихсэн. Магадгүй ийм шалтгаанаар үл ойлголцол үүссэн байж мэдэх л юм. Юутай ч дөнгөж хэдхэн хоногийн өмнө нийгмийн даатгалын шилдэг татвар төлөгч болсон Оюу толгой компани, Татварын ерөнхий газар хоёр ойлголцож гар барих нь тодорхой болчихож. Үр дүн нь дөрвөн тэрбум ам.доллар. Оюу толгойг дагасан өөр өчнөөн тэрбумууд. Монгол руу хөрөнгө оруулалт цутгах үүдийг нээсэн чихэнд чимэгтэй мэдээлэл дуулгасан Уул уурхайн дэд сайдад уншигчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Засаг төлөөлсөн эрхмүүд ийм эерэг мэдээлэл цацаад байвал хөрөнгө оруулалтын орчин эрс сайжраад ирнэ гэдэгт эргэлзэх юм алга.

Ц.БаасаНсҮрЭН

Categories
мэдээ цаг-үе

Геополитик ярьсан хөрөнгө оруулагчид

Өнгөрсөн долоо хоногт хөрөнгө оруулагчдын хоёр ч том чуулга уулзалт боллоо. “Инвест Монголиа”, “Дисковер Монголиа” чуулга уулзалтууд жил бүрийн өдийд өрнөдөг уламжлалынхаа дагуу мөнгөтэй эрхмүүдийг нэг дээвэр дор цуглуулав. Хөрөнгө оруулагчид энэ удаа өмнө ярьдаггүй нэг сэдвийг онцолцгоолоо. Бизнесмэнүүдийн онцолсон шинэ сэдэв нь геополитик.Хятад, Оросын төрийн тэргүүнүүд шил дараалан айлчилсан нь тэднийг ийм сэдэв хөндөхөд хүргэсэн юм. “Дисковер Монголиа”-гийн  урилгаар илтгэл тавьсан “IHS” компанийн Азийг хариуцсан дэд тэргүүн Нейл Ашдаун “Орос, Хятадын төрийн тэргүүнүүд ойрхон зайтай айлчилсан мэдээллийг Монголд хөрөнгөө оруулсан Лондон, Канадад амьдардаг бизнесмэнүүд сонирхон харцгаасан. Оруулсан хөрөнгөнд нь айлчлалаас үүдэж ямар эрсдэл гарах бол гэдгийг ч тунгааж суугаа. Монголын талаар хөрөнгө оруулалтын орчныг сайжруулсан гэх мэт эерэг мэдээлэл гарч байгаа ч нэг сөрөг мэдээлэл гарангуут мөнгөө хийсэн улсад хүчтэй тусдаг” гэж онцолсон бол “Инвест Монголиа”-гийн эхний өдрийн хуралдаанд илтгэл тавьсан АНУ-аас манай улсад суугаа Элчин бүр ч ноцтой мэдэгдэл хийсэн юм. Элчин сайд Пайпэр Кэмбэлл “Сүүлийн үед олон улсын хамтын нийгэмлэг, түүн дотор энд байгаа монгол хамтрагчид маань “гуравдагч хөршийн бодлого”-ын худалдаа, бизнесийн тулгуур багана дээр арай бага анхаарах хандлага ажиглагдаж байна. Магадгүй бид геополитикийн тал дээр голчлон анхаараад , заримдаа бүр түүндээ толгой эргээд байгаагаас шалтгаалсан байж болох юм. Миний харж байгаагаар гуравдагч хөршийн бодлогын бүрэн дүүрэн хэрэгжиж амжаагүй чадавх нь эдийн засгийн харилцааны салбарт, худалдааны хэлэлцээрт, бизнесийн бодит хэлцлүүдэд байна”  гээд тодорхой төслүүдийг нэр заан жишээлсэн юм. Си Жиньпин, В.Путины айлчлалаас үүдсэн эдийн засаг дахь нөлөөлөл Монголд хийсэн мөнгөнд нь эрсдэл учруулах вий гэсэн болгоомжлол хөрөнгө оруулагчдад төрсөн нь дээрх хоёр чуулганыг сурвалжлах явцад тод анзаарагдаж байлаа. 

ГУРАВДАГЧ ХӨРШИЙН БОЛГООМЖЛОЛ

“Инвест Монголиа”-г  “Фронтиер” компаниас найм дахь жилдээ зохион байгуулсан юм. Энэ жилийн чуулга уулзалтын онцлог нь гуравдагч хөршийн оролцоог чухалчилсанд байлаа. Оролцогчид нь мөн л гуравдагч орны мөнгөтэй эрхмүүд. Гуравдагч хөршийн эдийн засгийн оролцооны талаар мэдэгдэл хийж байгаагүй АНУ-ын элчин нээлтийн хуралдаан дээр энэ талаар онцолж, “Гуравдагч хөршийн бодлого тусгаар тогтнолоо болон олон улсын тавцан дээр үүрэг гүйцэтгэх эрхээ тунхаглан бататгах орон зайг өөртөө бий болгоход нь Монголд тусалдаг болохыг энд ирсэн хүн бүр хүлээн зөвшөөрөх байх” гэж мэдэгдсэн юм. АНУ-ын элчинтэй  ижил агуулгатай үг унагасан бизнесмэн ч цөөнгүй байв. Гадны хөрөнгө оруулагчдаас гадна Монголын эдийн засагчдад ч тийм болгоомжлол төрөөд эхэлснийг Ч.Хашчулууны байр сууриас харж болохоор байлаа. Тэрээр “Өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт багасч, Рио-гийн хэрэгжүүлж байгаа Оюу толгой төслийн хоёрдугаар үе шат эхлэх эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед хоёр хөршийн төрийн тэргүүнүүд айлчилж урд хөршөөс орж ирэх хөрөнгө оруулалт эрс нэмэгдэх төлөвтэй боллоо. Монголын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд хөрөнгө оруулалтыг аль болох баланслах, аль нэг орны эзлэх хувь хэт их байвал аюулгүй байдалд таарамжгүй гэж үздэг” хэмээн ярьсан юм. Оролцогчдын ийм агуулгатай үгсээс “Инвест Монголиа-2014”-ийн гол фокус нь гуравдагч хөршийн оролцоог сануулахад чиглэсэн гэсэн дүгнэлтийг хийчихэж болохоор байна.

Гуравдагч хөршийнхний өөр нэг болгоомжлол нь уул уурхайн салбар дахь төрийн оролцоо байлаа. АНУ-ын ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны хэлтсийн дарга Дэвид Уайш гэхэд л Газрын тосны шинэчилсэн хуулийн 38 дугаар зүйлд төрийн оролцоо хэт их байна гэсэн шүүмжлэл хэлж байсан юм. Хөрөнгө оруулагчдын техник тоног төхөөрөмжийг төр шаардлагатай үед дайчлан ашиглана гэсэн заалт хувийн өмч нэгдүгээрт тавигддаг капиталист орнуудын бизнесмэнүүд ой тоонд багтахгүй байгааг Дэвид Уайшийн үгнээс анзаарч болохоор байв. Хуралдааны хоёр дахь өдөр “Япон” гэсэн тусгай сэдвийн дор хуралдаан өрнөсөн.ЖАЙКА-гийн төлөөлөл ерээд оноос хойш үзүүлж ирсэн Японы тус дэмийг тоо баримттайгаар илтгэсэн нь  мөн л гуравдагч хөрш болох арлын оронтой эдийн засгийн ашигтай харилцаа эхлүүлэх цаг болсныг сануулсан хэрэг байлаа. Нарны зам, Нарны гүүр, Говь гэсэн бүтээн байгуулалтууд өрнүүлж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд Монголын Засгийн газраас илүү мөнгө зарцуулсан Японы Засгийн газар дэд бүтцийн том төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа “Инвест Монголиа”-гийн индрээс дуулгасан юм. Бас Таван толгой төсөлд оролцох сонирхол хэвээр байгаа нь чуулга уулзалтын үеэр анзаарагдсан. ПОСКО, Самсунг гэх мэт том компаниуд нь Монголд бүтээн байгуулалтын анхаарал татахуйц төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн солонгосчууд гэхэд л бүтээн байгуулалтын том  төслүүдэд хамтрах сонирхолтойгоо мөн нуугаагүй.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДААС ЭРГЭЖ ИРЭХИЙГ ХҮССЭН ХОЁР ӨДӨР

Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас жил бүрийн өдийд зохион байгуулдаг “Дисковер Монголиа”-д эдийн засаг өссөн оргил үед мянга гаруй хөрөнгө оруулагчид ирдэг байсан бол энэ жил 300 орчим бизнес эрхлэгч л ирсэн юм. Гадаадын хөрөнгө оруулалт 70 орчим хувиар унасан, гадны мөнгөтэй эрхмүүдийн Монголыг гэх итгэл алдарсныг оролцогчдынх нь тооноос харж болохоор байв. Монголд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн “Рио” энэ удаа оролцохоос татгалзсан нь  гадаадын хөрөнгө оруулагчдад нөлөөлсөн гэж таамаглах хүн ч байна. “Рио”-гийн хувьд Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн талаар Засгийн газартай өнөөдрийг хүртэл тохиролцоонд хүрээгүй нь “Дисковер”-т оролцохгүй байх шалтгаан болсон гэчихэд үнэнээс зөрөхгүй. Өмнө нь Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээ зурагдах, үгүйдээ тулж эргэлзээ үүссэн үед “Рио” энэ чуулга уулзалтад оролцолгүй өнжиж байсан юм.

Хятадын даргын айлчлалын  үеэр хоёр орны Засгийн газар уул уурхайн чиглэлээр онцгой анхаарч ажиллахаар за зүй болсон. Энэ жилийн “Дисковер Монголиа”-д Хятадын цөөнгүй бизнесмэн ирсэн нь энэ таамгийг баталсан явдал боллоо гэж хэлэх хүн ч байлаа. “Дисковер Монголиа”-д Уул уурхайн сайд Д.Ганхуяг оролцож хөрөнгө оруулалтын орчноо яаж сайжруулснаа ярьсан бол Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс  Хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан Монголд хөрөнгөө оруулах таатай орчин бүрдсэнийг дуулгасан. Мөн Хөрөнгө оруулалтын газрын төлөөлөл Монголд мөнгөө хийсэн зарим хөрөнгө оруулагчдад татварын тогтворжуулалтын гэрчилгээ олгож эхлэхээр болсноо зарласан юм. Энэ мэт хөрөнгө оруулагчдын чихэнд чимэгтэй мэдээллийг засгийн зүгээс өгсөн ч  Ерөнхий сайд үг хэлнэ, Төрийн өмчийн хорооны дарга уул уурхай дахь төрийн оролцооны талаар илтгэл тавина гэсэн хүлээлт биеллээ олоогүй юм. Гадаадын хөрөнгө оруулалт эгзэгтэй байгаа энэ үед хөрөнгө оруулагчдад эргэлзээ төрүүлсэн ийм алхмыг албаныхны зүгээс хиймээргүй л байгаа юм гэж ярих оролцогч цөөнгүй байлаа.  “Дисковер Монголиа”-гийн сүүлийн өдрийн хуралдаанд Ерөнхий сайдын зөвлөх Д.Батмөнх “Монголын эдийн засгийг эрчимжүүлэх арга” хэмжээ сэдвээр илтгэл тавих байсан ч мөн л ирээгүй. 

Оролцогч нь эрс цөөрсөн “Дисковер Монголиа”-д оролцсон эрхмүүдээс Монголын эдийн засгийн талаар гэгээтэй үг унагасан хүн ч цөөнгүй байв.“IHS” компанийн Азийг хариуцсан дэд тэргүүн Нейл Ашдаун ”Сүүлийн үед хөрөнгө оруулалтыг татах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлээд эхэлсэн Мьянмар руу мөнгөтэй эрхмүүд шууд зориглож орохгүй байгаа. Зах зээлийг сонгосон ч шилжилтийн үедээ яваа, хагас цэргийн дэглэмтэй гэдэг нь Мьянмарыг эрсдэлтэй гэж үзэх хангалттай үндэслэл. Хөрөнгө оруулагчид Монголыг тэгж хардаггүй. Монгол тэдний сонирхлын төвд хэвээр байгаа. Хөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө хийхээс болгоомжилж байгаа зүйл нь улс төрийн эрсдэл” хэмээн ярьсан бол Оюу толгойн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Камерон МакРей “Хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгөө оруулах сонирхлоо илэрхийлж эхэлсэн. Энэ бол сайн зүйл. Монголын Засгийн газраас эерэг хандлага ажиглагдаж байна. Би асуудлыг аль болох эерэгээр харахыг хичээж байгаа” хэмээн онцолсон. Харин Голомт банкны Хөрөнгө оруулалтын банкны газрын захирал Э.Амарбаясгалан эдийн засаг ирэх жил бага хэмжээгээр өснө, 2016 оноос  арай гэгээлэг зураг харагдана гэсэн прогноз гарсныг хөрөнгө оруулагчдад сонирхуулсан юм. Дэлхийн арваад оронд бүтээн байгуулалтын төсөл санхүүжүүлсэн  “Pacific road capital” хөрөнгө оруулалтын сангийн  ажилтан Жиофф МакНамара Монголд мөнгө хийх боломж хэр байгааг судлахаар ирснээ  “Дисковер”-ийн оролцогчдод дуулгасан нь хөрөнгө оруулагчдын сонирхол үргээгүйн нэг жишээ болсон юм. Хайгуулын төслүүд таг зогссон хямралын үе ч гэлээ “Занаду майнс”, “Эрдэнэ ресурс”компаниуд Монголд явуулж байгаа хайгуулын төслүүдээ танилцуулсан нь хөрөнгө оруулагчдад бага ч гэсэн итгэл төрүүлсэн байх. “Дисковер”-ийн онцолж хэлэх нэг зүйл нь уул уурхайг хийрхлээс гаргах тунхагт яам, иргэний нийгэм, уул уурхайнхан гарын үсэг зурсан явдал байв. Эцэст нь онцлоход “Дисковер Монголиа”-д ирсэн гадны цөөхөн хөрөнгө оруулагчдад Зүүн Өмнөд Азид хамгийн бага эрсдэлтэй нь Монгол улс гэсэн эерэг прогнозыг гадны судалгааны компаниас өгсөн. Арван хоёр дахь жилдээ болж өндөрлөсөн “Дисковер Монголиа”-гийн энэ жилийн уриа нь “Эргэж ирээрэй” байсан юм. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Дисковер Монголиа” нүүрс, алтыг онцлов

– “ОЮУ ТОЛГОЙКОМПАНИ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТАД

ОРОЛЦОХ БОЛОМЖГҮЙ ГЭЖЭЭ

Гадаадын хөрөнгө оруулалтын оргил үед оролцогч нь мянгаар тоологддог байсан “Дисковер Монголиа”-г энэ удаа 300 гаруй хөрөнгө оруулагч зорьж иржээ. Уул уурхайн хамгийн том хөрөнгө оруулагч “рио” өнөө жилийн “Дисковер”-ийг алгасахаар шийдсэн байна. “Оюу толгой” компани хөрөнгө оруулалтын гэрээний асуудал шийдэгдэхгүй эргэлзээ үүсчихээд байсан 2009 онд мөн оролцоогүй юм. Энэ удаа оролцоогүй шалтгаан нь мөн л гэрээтэй холбоотой бололтой. Засаг, рио хоёр гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлэлцээр эхлүүлсэн ч өнөө хэр дуусаагүй үргэлжилсээр байгаа. Барууны том хөрөнгө оруулагчдаас “Англо Американ”-ыхан л харагдав. Монгол дахь ерөнхийлөгч нь энэ өдрийн “Хууль эрх зүйн орчин” сэдэвт хуралдааныг даргалсан юм. “Эрдэнэс Таван толгой” компанийн уул уурхай хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Грэм Хэнкок “Англо Американ”-ы Монгол дахь дэд ерөнхийлөгчөөр томилогдон ажиллаж байгаа билээ. Сонирхуулж хэлэхэд “China
mining” клубээс арав орчим бизнесмэн иржээ.

“Монголиа”-гийн зохион байгуулах хорооны дарга п.Очирбатын өөдрөг үгээр чуулга уулзалт эхлэв. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч “Энэ жилийн чуулга уулзалт маань Welcome
back буюу Эргэж ирээрэй гэсэн уриатай. Хөрөнгө оруулагчид бүр явчихаагүй. Орчныг нь сайжруулж, хөрөнгөө оруулах таатай нөхцөл бий болговол эргэж ирэх нь эргэлзээгүй Монголын төр хөрөнгө оруулалтыг татах алхмаа хийгээд эхэлчихсэн ” гэсэн бол Уул уурхайн сайд д.Ганхуяг “Монголын төр хөрөнгө оруулалтыг дэмжих бодлогоо чанд сахина” гэж амлав. Уул уурхайн сайдын ярианаас “Монгол банкинд алт тушаавал татварыг нь хөнгөлөх шийдвэр гарснаас хойш алт тушаалт огцом нэмэгдлээ. Одоогийн байдлаар 7.2 тонн алт тушаасан. Өнгөрсөн жилийнхээс хоёр гаруй дахин нэмэгдсэн гэсэн үг. Татварын хөнгөлөлт үзүүлэх таван жилийн хугацаанд валютын нөөц 8.5-10 тэрбум ам.долларт хүрэх төсөөлөл гарсан” гэж онцоллоо. Д.Ганхуяг сайд АМГ-ын экс даргын авлигын хэргээс болж цуцлагдсан 106 лицензийн сонгон шалгаруулалтад шударга хандана гэж хөрөнгө оруулагчдад хэллээ.

Чуулганы үдээс өмнөх хуралдааны анхаарал татсан илтгэлийг “MIBG” компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн тавьсан юм. Тэрээр “Сүүлийн хэдхэн жилд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хоёр дахь удаагаа өөрчилье гэлээ. Оюу толгойн гэрээнд гарын үсэг зурсан жил буюу 2009 онд хайгуулд 124 сая ам.доллар зарцуулсан гэх статистик бий. Энэ бол зөвхөн хувийн хөрөнгөөр хийсэн хайгуулын зардал. 2010 онд 173 сая ам.доллар болж нэмэгдсэн байдаг. Оюу толгойд эргэлзээтэй байдал үүсээд эхлэнгүүт гадны хөрөнгийн бирж дээрх бусад хувьцаа дагаад уначихсан. TRQ-гийн хувьцаа гэхэд л зургаа дахин унасан. Гэхдээ ганцхан манай улсад эдийн засаг хүнд байгаа биш л дээ. Манайх шиг уран, газрын тостой казахстан, зэстэй Чили, нүүрстэй Индонезийн эдийн засаг ч сүүлийн хоёр жил дараалан буурсан үзүүлэлттэй гарсан” гэж ярив. Дэлхийн банкнаас алтны үнэ бага зэрэг буурна, бусад эрдсийн үнэ ирэх жилүүдэд дажгүй байна гэсэн судалгаа гарсан гэнэ. MIBG компанийнхан эдийн засгийн өсөлт 2016 он хүртэл удаашралтай байна гэсэн прогноз гаргажээ. Одоо хэрэгжиж буй хайгуулын хоёр, гурван том төсөл амжилттай үргэлжилбэл хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн өөдрөг таамаг ч бий аж. “Хууль эрх зүйн орчин” сэдэвт хуралдааны оролцогчдоор “Дисковер Монголиа”-г зохион байгуулагч Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа, “Минтер Элисон” хуулийн фирмийн ахлах мэргэжилтэн Сибастиан рошолт, Эдийн засагч н.Эрдэнэбилгүүн, “MBS” хуулийн фирмийн хуульч Б.Цэцэнбилэг нарыг сонгожээ. Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч “Ашигт малтмалын хуулийн хэрэгжилт” сэдвээр илтгэл бэлджээ. Тэрээр 1996 оны Ашигт малтмалын хуулийг “либериал” гэж үнэлсэн бол 2006 оныхыг “Төрийн оролцоог хуульчилсан. Тусгай зөвшөөрлийн эрхийн хамгаалалт суларсан” гэж дүгнэв.

Хуульч Б.Цэцэнбилэг “Тусгай зөвшөөрлийн эрхийн баталгаа, шүүхийн практик сэдвээр илтгэл тавилаа.Төрөөс гаргасан хууль, шийдвэртэй маргаан Үндсэн хуулийн цэцэд очоод хэрхэн шийдэгдсэнийг бодитой жишээгээр тайлбарласан нь сонирхолтой санагдав. Урт нэртэй хууль батлагдсаны дараа ажлаа үргэлжлүүлж байсан компаниудад эрүү үүсгэсэн нь түүнийхээр хууль зөрчсөн үйлдэл гэнэ. Ашигт малтмалын хуулинд “Нөхөн олговор олготол тухайн орд газарт үйл ажиллагаагаа үргэлжлүүлж болно” гэсэн агуулгатай заалт байдаг аж. Төр урт нэртэй хуульд заасан газруудад ажиллаж байсан уул уурхайн компаниудад өнөөдрийг хүртэл нөхөн олговор өгч чадаагүй хэр нь хувийн компанийн өмчид хууль зөрчин халдаж болохгүй гэж Б.Цэцэнбилэг ярив. Хэсэг иргэн төрийн өмчид халдсан энэ үйлдлийг “Өмчлөх эрхийг хуулиар хамгаална”, “Төрөөс хувийн өмчийг дайчлан авсан тохиолдолд нөхөн олговор олгоно” гэсэн Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн хэмээн цэцэд ханджээ. Цэц “засгийн газар Үндсэн хууль зөрчөөгүй” гэсэн дүгнэлт гаргасан юм байна. Б.Цэцэнбилэг илтгэлийнхээ төгсгөлд “Ямар тохиолдолд төрөөс хувийн өмчид халдсан гэж үзэх шалгуур улам бүдгэрсээр байна. Үндсэн хуулийн цэц ийм эрсдэл дагуулсан дүгнэлт гаргачихаад тодорхой тайлбар өгдөггүй. Төрөөс хууль батлах замаар өмчлөх эрх рүү халдах вий гэсэн болгоомжлол төрж байна. Төрийн албан хаагчийн авлигын хэргээс болж цуцлагдсан 106 лицензийн асуудал байна. Нэг шинжээчийн дүгнэлтээр л компанийн өмчид, тусгай зөвшөөрлийн эрхэнд халдсан үйлдэл. Бас нэг жишээ хэлье. ҮАБз-ийн нарийн бичгийн дарга тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болго гэсэн албан бичиг явуулангуут АМГ цуцалчихаж байна. Үүнийг нь ч цэц Үндсэн хууль зөрчөөгүй гэчихэж байгаа юм. Уг нь бид өмчлөх эрхийг хамгаална гээд Үндсэн хуулиндаа заасан орон. Сүүлийн жилүүдэд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн эрх зүйн байдлыг дордуулсаар ирлээ” хэмээн ярьсан юм.

“Дисковер Монголиа”-гийн үдээс хойшхи хуралдаан нүүрс, алтыг онцлов. Уул уурхайн яамны Түлшний бодлогын газрын дарга л.раднаасүрэн нүүрсийг онцолсон хуралдааны гол илтгэгч байлаа. Монголд 1950 орд, 8150 илэрц байдгаас 300 ордыг нь л ашигладаг юм байна. Хангай, баруун бүс руу хайгуул бараг хийгдээгүй, хийгдвэл орд, илэрцийн хэмжээ нэмэгдэнэ гэж газрын дарга ярив. Нүүрсний геологийн нөөц 175.5 тэрбум тонн аж. Манай улс алт, зэс, нүүрс, жоншны нөөцөөрөө дэлхийд эхний аравт жагсдаг юм байна. Нэг гэгээтэй мэдээ дуулгахад боловсруулсан нүүрсний хэмжээ жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. 2011 онд олборлосон нүүрснийхээ 6.8 хувийг боловсруулж байсан бол 2013 онд 32 хувь болтлоо нэмэгджээ. Монгол Улсын нүүрсний экспорт” сэдвээр өрнөсөн хэлэлцүүлэгт нүүрс экспортолдог хувийн компанийн төлөөллүүд иржээ. Харин төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой”-гоос хэн ч ирсэнгүй. Зохион байгуулагчдын зүгээс урилга явуулсан гэнэ. “Хувийн компаниудтайгаа өрсөлдөж үнийг нь буулгаж хэцүү байдалд оруулчихаад ирсэнгүй” гэсэн агуулгатай хатуу үг унагах бизнесмэн ч байв.

“МАк” компанийн дэд ерөнхийлөгч Г.Цогт, “Энержи ресурс”-ийн Г.Энхтүвшин, “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч С.Энх-Амгалан нар панелистаар оролцсон энэ хурлыг “Монгол нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал Т.Наран даргалсан юм. Модератор “Хятадын зах зээлд нүүрсний нийлүүлэлт хүндэрсэн. Нүүрс нийлүүлдэг компаниуд сүүлийн жилүүдэд хямд үнээр өрсөлдөж байна. “Эрдэнэс Таван толгой” баруун, зүүн Цанхиасаа зэрэг олборлолт хийж байгаа учраас экспорт нэмэгдсэн гэж ярьж байгаа. Харин хувийн хэвшлийн компаниудын хувьд экспортоо нэмж чадаагүй. Хувийн бүх компани алдагдалтай ажиллаж байгаа. Гол зах зээл дээрх хэрэглэгчдээ алдахгүй, дэлхийн зах зээлд бүрдүүлсэн орон зайгаа тавьж өгөхгүй гэж хичээсэндээ л алдагдалтай ч гэсэн нүүрс нийлүүлж байна. Гэхдээ нэг өөдрөг таамаг гарсан байна лээ. Нүүрсний үнийн уналт энэ онд доод цэгтээ хүрээд тогтворжино, алсдаа бага багаар нэмэгдэж магадгүй гэсэн” үгээр хэлэлцүүлгийг эхлүүллээ. Манайх Хятадын коксжих нүүрсний зах зээлд Австралитай өрсөлдөж байгаа гэнэ. Орос, канад, Америк улсууд үнийн уналтаас болоод нийлүүлэлтээ багасгажээ.

Ийм хэцүү үед компаниуд бүсээ чангалж эхэлснээ ярилаа. “МАк” компанийн дэд ерөнхийлөгч Г.Цогт “Манай компани зардлаа бууруулах арга хэмжээ авч байна. Зардлаа илүү сайн буулгахын тулд хамгийн түрүүнд царигийн асуудлыг намрын чуулганаар цаг алдалгүй шийдмээр байна. Сая Хятадын дарга ирж транзит тээвэр дээр нааштай шийд гарлаа. Хятад улс бидэнд далайд хүрэх боломжийг нээж өгч байна. Энэ боломжийг нь алдалгүй ашиглах хэрэгтэй” гэж байлаа. Харин “Энержи ресурс”-ийн төлөөлөл “Манай компани олборлолтын зардлаа 20, ложистикийн зардлаа 30, тээвэрлэлтийн зардлаа 17 хувиар багасгалаа. Дахиад ч бууруулна. Төмөр замтай болчихвол зардал эрс багасна гэдэгтэй санал нэг байна” гэж онцолсон. Төмөр замын асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой гэдэг дээр “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч С.Энх-Амгалан ч адил байр суурьтай байв. Тэрээр “Энэ жилийн экспорт төлөвлөсөн хэмжээндээ хүрэхгүй нь тодорхой болсон. Манай компани өмнө нь нүүрсээ 280-300
юаниар зардаг байсан. Одоо 180-190
юаниар зарж байна. Монголын нүүрсний үнэ дөрөвдүгээр сард доод цэгтээ хүрсэн. Тэр үеэс хойш дахиад 20-30 хувиар уначихлаа” гэж ярилаа. “Саусгоби сэндс” олборлолтын зардлаа 40 хувиар бууруулжээ. “Дисковер Монголиа” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт өнөөдөр өндөрлөнө. Энэ өдрийн хуралдаанаар геологи хайгуул, уурхайн төслийн санхүүжилт, Монголын газрын ховор элемент гэсэн сэдвийг онцлох юм байна. “Азийн зах зээл дэх Монголын өрсөлдөх чадвар”, “Монголын эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээ” зэрэг сонирхолтой илтгэлүүдийг тавигдах юм билээ. Мөн Монголд хайгуулын том төсөл хэрэгжүүлж буй “Занаду майнз”, “Эрдэнэ ресурс” компаниуд төслөө танилцуулахаар болжээ.

Ц.Баасансүрэн

 

 

 

 

Categories
мэдээ эдийн-засаг

Гадныхан хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж Монголд мөнгөө хийх сонирхолтой болжээ

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын Хөрөнгийн зах
зээлийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээний хэлтсийн дарга Д.Долгорсүрэнтэй хөрөнгө оруулалтын
сангийн талаар ярилцлаа.

-Хөрөнгө
оруулалтын сангийн хуулийг дагасан хичнээн журам гарах вэ, батлагдаад мөрдөгдөж
эхэлсэн журмууд бий юу?

-Хөрөнгө оруулалтын сангийн хуулийг дагаж хориод журам батлагдах
учиртай. Хөрөнгө оруулалтын менежмэнтийн компанийг үүсгэн байгуулах, хөрөнгө оруулалтын
санг үүсгэн байгуулах гэх мэт таван журам мөрдөгдөөд эхэлчихсэн.  Нягтлан бодох бүртгэлийн, сангийн зохицуулалтын
гэх мэт үлдсэн арваад журмыг боловсруулж байна. Гаргаж буй журмууддаа Дэлхийн банкны
техникийн туслалцааг авч ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын сан, хөрөнгө оруулалтын
менежментийн компани, нягтлан бодох бүртгэл зэрэг дээр гадаадын нарийн мэргэшсэн
зөвлөхүүдийг урьж  ажиллуулж байна. Тийм ч
учраас манайхаас гарч байгаа журмууд олон улсын стандартад нийцсэн гэсэн үг. Товчхондоо
гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдад ойлгомжтой орчин бүрдэж байгаа. Санхүүгийн
салбар итгэл дээр тулгуурладаг, итгэл дээр тоглодог, итгэл үнэмшил дээр дөрөөлж  сайжирдаг. Аль ч журмыг нь харсан дэлхийн ямар
ч оронд байдаг стандартын дагуу учраас хөрөнгө оруулагчдад итгэл төрж байгаад эргэлзэх
зүйлгүй.

 -Дэлхийн стандартад нийцсэн орчин бүрдүүлж байгаа
гэхээр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид сонирхоод эхэлсэн байж таарна. Өнөөдрийн
байдлаар хичнээн компани хөрөнгө оруулалтын сан байгуулах сонирхлоо илэрхийлээд
байна?

-Хөрөнгө оруулалтын сангийн хуулиар бол санг зөвхөн хөрөнгө оруулалтын
менежмэнтийн компани үүсгэн байгуулах эрхтэй. Яг өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах
хорооноос хөрөнгө оруулалтын сангийн менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг
хоёр хуулийн этгээд авсан. Үйл ажиллагаа нь 
эхэлчихсэн. Хөрөнгө оруулалтын сангаа үүсгэн байгуулах судалгаагаа эхлээд
явж байна.

-Хөрөнгө
оруулалтын сан байгуулахад бэрхшээлтэй асуудал бий юу?

-Хөрөнгө оруулалтын сан ажиллаад эхлэхэд  бэрхшээлтэй нэг асуудал байсан. Тэр нь кастодионы
үйл ажиллагаа. Кастодионыг санхүүгийн зах зээлд бий болгох ажлыг Монголбанктай хамтраад
шийдлээ. Журмыг нь баталчихсан. Журмын хүрээнд хамгийн эхний тусгай зөвшөөрлийг
“Голомт” банкинд олголоо. Тэгэхээр санхүүгийн салбарын дэд бүтэц бий болоод эхэлсэн
гэсэн үг. Кас­тодионы үйлчилгээг Монголд нэвтрүүлэх боломжтой болсон. Эцэст нь дүгнэж
хэлэхэд хөрөн­гө оруулалтын сангийн хууль эрх зүйн орчин бүрдээд байна.

-Гадаадын
хөрөнгө оруу­лагчидтай хөрөнгө оруулалтын сангийн талаар уулзалт зохион байгуулаад
эхэлсэн гэж сонссон?

-Тэгсэн. Япончууд сонир­хож байна. Тусгай уулзалт зохион байгуулсан.
Хонконгийн бизнес эрхлэгчид  ч уулзсан.

-Гадныхан
Хөрөнгө оруулалтын сангийн хууль, дагалдаж гарах журмууд дээр нь анхаармаар асуудал
байна гэнэ үү?

-Зарим журам нь гараагүй учраас хүлээлт байна. Давхар бүртгэлийн
асуудал бий. Бусад оронд бүртгүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчид Монголд бүртгүүлэхдээ
яах вэ зэргийг сонирхож байна. Үүнийг журамдаа нарийвчилж тусгаж өгнө. Түүнээс биш
бусдаар айхтар саад тотгор байхгүй.

-Гадаадын
хөрөнгө оруулагч­дад  шууд сан байгуулаад
ажиллая гэсэн сонирхол байна уу?

-Монголын зах зээл жижиг. Дэлхийн хямралыг дагасан хямрал нөлөөлсөн
гээд асуудал бий. Гадаадын хөрөнгө оруулагчдын ярьдаг нэг л зүйл бий. Монгол өнөөдрийнх
шиг байнга хямралтай байхгүй гэж ярьдаг. Эдийн засгийн тэлэлт явагдахаас өмнө түрүүлж
орж ирээд хөрөнгө оруулалтын сангуудаа бага хэмжээнд ч гэсэн байгуулъя гэсэн сонирхол
анзаарагдаад эхэллээ. Томоохон хөрөнгө оруулагчид ороод ирчихсэн байхад дараагийнхад
нь зай үлдэх магадлал бага. Энэ утгаараа хөрөнгө оруулагчдын Монголд мөнгөө хийх
сонирхол нь өндөр байгаа юм.

-Журмууд
эцэслэгдлээ, хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдаад эхэллээ гэхэд эдийн засагт
мэдрэгдэхээр эерэг нөлөө ойрын жилүүдэд гарах уу?

-Ер нь бид хөрөнгө оруу­лал­тын сангаар дамжуулж гадаадын хөрөнгө
оруулалтыг их хэмжээгээр татна гэсэн байр суурь барьж байгаа. Учир нь Монгол өөрийн
онцлогтой улс. Иргэд нь дотоодын хуримтлал багатай. Хүн бүрд хуримтлал байхгүй,
хөрөнгийн зах зээл дээр тоглож сураагүй. Илүүдэл мөнгө байхгүй улс л даа. Тийм учраас
бид хөрөнгө оруулалтын санг гадаадын хөрөнгө оруулалтыг татах бас нэг шинэ суваг
гэж харж байгаа. Хөрөнгө оруулалтын сангаар дамжин мэргэжлийн хөрөнгө оруулагчид
орж ирдэг. Тэднийг дагаад технологи, бодлого, менежмэнт нь орж ирдэг. Монголчуудад
сурах боломж гарч ирнэ гэсэн үг.

-Төрийн
оролцоотой том сангууд байгуулагдвал тийм зөв гарц биш, хувийн сангуудыг олноор
нь байгуулах боломж бүрдүүлж, жамаар нь хөгжүүлбэл зүгээр гэсэн санааг зарим судлаач
хэлдэг. Энэ тал дээр ямар бодолтой байгаа вэ?

-Ямар ч тохиолдолд хөрөнгө оруулалтын сан дээр төрийн тодорхой хэм­жээ­ний
зохицуулалт байх ёстой. Заавал төр бүх сан­гуу­даа байгуулна гэсэн үг биш. Мэргэжлийн
хөрөнгө оруулагчид орж ирж тоглоосой, тодорхой хэмжээний үр дүнд хүрээсэй, Монголын
сан­хүүгийн зах зээлийг дэмжээсэй гэсэн өндөр сонирхол бий. Дан ганц санхүүгийн
зах зээлийг дэмжих асуудал биш л дээ. Уул уурхай, хөдөө аж ахуй, барилга зэрэг салбарууд
дагаад босоод ирэх боломжтой гэж хараад байгаа юм.

-Төрийн
оролцоог эрчим хүч зэрэг үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэгддэг салбаруудад
онцлоод байна уу?

-Тэгж ойлгож болно. Манай санхүүгийн зах зээл нэг онцлогтой. Арилжаа
байхгүй, идэвхгүй байгаа нь хууль эрх зүйн орчин болохгүйдээ биш л дээ. Хувьчлал
эхнээсээ гаж буруу явсанд хамаг учир байгаа юм. Олон нийтэд хувьчилсан ч том компаниуд  нь эргээд цөөхөн гэр бүлийн эзэмшилд оччихсон.
Нөгөөдүүл нь төвлөрүүлсэн хувьцаагаа олон нийтэд нээлттэй зарах сонирхолгүй. Хоёрдугаарт
төрийн компанийн хувьцаа бирж дээр зарагддаггүй. Зүгээр л бүртгэлтэй байж байдаг.
Бүртгэлтэй хэрнээ ямар ч идэвхгүй гэсэн үг. Үүнийг идэвхжүүлэх гарц бол төрийн өмчийн
компаниудыг хувьчлах, хувьцааг нь олон нийтэд хөрөнгийн биржээр дамжуулан арилжаалах.
Ингэж чадвал хөрөнгө оруулалтын сангууд орж ирнэ.

-Сан
байгуулах нь иргэ­дэд ямар давуу талтай вэ, одоогоор бол хүмүүст мөнгөө банкинд
хадгалуулснаас илүү хэмжээгээр  өсгөх боломжтой
гэсэн ойлголт л байна?

-Зөв ойлгосон байна. Санхүүгийн салбарын хувьд банкинд дээр төвлөрсөн
санхүүгийн систем болчихоод байгаа. Бараг 80-90 хувь нь банкнаас хамаарч байна.
Хорооноос 2020 он хүртэл санхүүгийн салбарын шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийг боловсруулаад
УИХ-д өргөн барьсан. Энэ концепцийн ерөнхий агуулгыг би сая ярилаа л даа. Гэр бүлийн
компаниудыг задалж олон нийтийнх болгох, “Скайтел”, “Мобиком” зэрэг олон нийтийн
өмчид тулгуурласан компаниудыг тодорхой хувиа олон нийтэд зардаг болгох жишиг рүү
оруулах гээд байгаа юм.  Төрийн өмчийн компаниудыг
хувьчлах учиртай. Ялангуяа уул уурхайн компаниудыг. Төрийн хөрөнгөөр хайгуулыг нь
хийж нөөцийг нь тогтоосон компанийн хувьцааг олон нийтэд арилжаалах хэрэгтэй. Олон
нийт хувь эзэмшиж байж хяналт сайжирна. Мэдээж стратегийн салбарт төр хувиа эзэмшинэ.
Гэхдээ арав, хорин хувийг нь ард түмэнд хувьчлах учиртай гээд байгаа юм. 

-Сая
таны ярьсан бүхэн журмаар зохицуулагдаад явах уу?

-Журам бол хууль гэсэн үг. Мэдээж  тодорхой хуулиудад өөрчлөлт орох ажил гарч болно.
Ногдол ашгийн татвараас чөлөөлөх гэх мэт асуудал бий. Хөрөнгө оруулалтын сан гэдэг
бол нэгдүгээрт хөрөнгө оруулалт татах цоо шинэ суваг. Хоёрдугаарт хөрөнгө оруулагчдыг  татах менежмэнтийг бий болох ёстой. Гуравдугаарт
санг дагаад  бусад хөрөнгийн зах зээл хөгжих
учиртай. Хөрөнгө оруулалтын сангаа дагаад бирж өргөжнө, биржээ дагаад хувьчлал явагдана
гэдгийг хэлээд байгаа юм. Энэ утгаараа яах аргагүй том бодлого.

-АПЕК-ийн
гишүүн орнуудын санхүү чигийн байгууллагын төлөөлөл Монголд анх удаа чуулж байна.
Монголоор бол Санхүүгийн зохицуулах хороо маягийн үүрэг гүйцэтгэдэг байгууллагуудын
төлөөлөл ирсэн гэж ойлгож болох уу?

-Ази Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны гишүүн орнуудын
зах зээл зохицуулагч байгууллагынхан ирээд байна л даа. Санхүүгийн зохицуулах хороотой
адил түвшний байгууллагын төлөөлөл ирсэн гэж ойлгож болно. Хөрөнгө оруулалтын сангийн
төрийн зохицуулалт гэж юу юм гэсэн сэдвээр таван өдрийн сургалт зохион байгуулж
байгаа. Хөрөнгө оруулалтын сан гэдэг бидний хувьд цоо шинэ ойлголт. Харилцан туршлага
судалъя, сан байгуулаад хориод жил болсон улсын алдаа онооноос суръя гэсэн зорилготой.
Шриланк, Лаос зэрэг ижил түвшнийхэн ч ирсэн. Эднээс ч сурах юм бий. Хийсэн судалгааг
нь харилцан солилцъё гэж байна. Монголоос гэхэд ганцхан Санхүүгийн зохицуулах хорооныхон
биш Монголбанк, Сангийн яамныхан ч оролцож байгаа. Хөрөнгө оруулалтын санг зохицуулахад
төрийн бодлого нэг байх ёстой. Хөрөнгө оруулалтын санг Монгол банк, Санхүүгийн зохицуулах
хороо, Сангийн яам бүгд нэг өнцгөөр харах учиртай. Тэд ийм зорилгоор оролцож байгаа.

-Хуралдааны
эхний өдөр АПЕК-ийн гишүүн орнуудын зах зээлийг удирдагчид юу ярив?

-Хамгийн түрүүнд энэ бүсдээ санхүүгийн зах зээ­лээрээ манлайлагч
Австралийн туршлагыг сонслоо. Солонгосчууд хөрөн­гө оруулалтын сангаараа нэлээд
хүчтэй хөгжсөн. Тэдний туршлагыг сонсч байна. Энэ улсад тэтгэврийн сан гэхэд л тусдаа
хөрөнгө оруулалтын сан болоод явчихсан байх жишээний.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Монгол математикчдыг дэлхийд үнэлүүлсэн АРДЫН БАГШИЙНХ

Чадраа гуай ШУА-ийн ерөнхийлөгч 
байхдаа “Тасганы овооны өнөө муу арваннэг чинь сүрхий болчихож. Тэнд ер нь
юу болоод байна аа” гэж гайхаж байсан гэдэг. Найман жилийн 11 дүгээр сургууль математик,
физикийн гүнзгийрүүлсэн сургалттай болж, сурагчид нь олон улсын олимпиадад шил дараалан
медаль авчихсан учраас ШУА-ийн ерөнхийлөгч тэгж гайхсан хэрэг. Энэ удаа өнжихөөр
зорьсон айл маань “өнөө муу арван нэг”-ийг сүрхий болгосон Ардын багш  Маамынх.

Бэлдсэн шавь нар нь математикийн олон улсын олимпиадаас медаль шүүрээд
ирдгээрээ улсдаа зартай, гоц хүүхдүүдийг анги алгасуулах шийдвэр гарахад том нөлөө
үзүүлсэн, математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай тусгай сургуулийг анх удаа
байгуулсан гэж ирээд яривал энэ эрхмийн боловсролын салбарт хийсэн ажил өчнөөн.
“Шинэ үе” дунд сургуулийн захирал энэ эрхмийг математикийн Маам гэдгээр нь мэдэхгүй
хүн үгүй. Ямар сайндаа л сургууль байгуулсан чинь шавь нар нь, шавь нарынх нь танилууд
хүүхдүүдээ дагуулаад ирэхэв. Сургуулийнх нь сурагчдын жараад хувь ийм шалтгаанаар
ирсэн гэсэн. Маам багшийнх сургуулийнхаа яг хажуугийн байрны дөрвөн өрөө сууцанд
төвхнөөд удаж байгаа гэнэ. Зуун хорьд амьдарч байгаад ийшээ нүүж иржээ. Биднийг
ороход гэрийн эзэгтэй, гэрийн эзэн хоёр “Сургууль эхлэхийн өмнөх өдрүүдэд манайх
гэдэг айл бужигнана шүү дээ” гэсээр угтав.

Эзэгтэйг цай, хоол базаах зуур зочны өрөөнд тухлангаа  гэрийн эзэнтэй нутаг ус, удам судрын яриа хөөрөө
үүсгэв. Маам багш Завхан аймгийн Сонгино сумын уугуул аж.  “Би уг нь Пэлжээ гэдэг хүний хүүхэд.  Үнэнбилэг гэдэг нь өргөж авсан аавын минь алдар.
Нэг сонин нь надад хэн ч нэр өгөөгүй. Хүн бүр намайг  маамаа гэж өхөөрддөг байж л дээ. Тэгээд л Маамаа
гэдэг нэртэй болчихсон. Сургуульд ороход хүүхдүүд шоолно гээд Маамаагаа Маам болгож
өөрчилсөн” хэмээн яриагаа эхлэв. 1964 оноос хойш багшилж байгаа аж. 52, 18, 11 дүгээр
сургуульд ажиллаж байсан тухайгаа баахан ярив. Тулж ажилласан сургуулиуд нь гэнэ.
Зургаан жил багшлаад л хичээлийн эрхлэгч, менежер, захирал гээд явчихаж. Гэхдээ
хичээлээ бол заасаар байж. “Дал гарсан хэрнээ шохой бариад хичээлээ заагаад явж
байгаа Ардын багш ганцхан байгаа” гэж эзэгтэй ярианд оролцов. Гэрийн эзэгтэйг Цэрэндолгор
гэдэг юм байна.  Маам багштай нэг нутгийнх,
бүр нэг багийнх гэнэ. Баян Нямаа гэдэг хүний үр сад аж. Тэд гэрлээд хагас зуун өнгөрчээ.

 

АМЕРИК ЦЭРГИЙН ДЕСАНТ БУУЛГАСАН ЗАХИРАЛ

Арваннэгдүгээр сургуулийн захирал болсон түүх нь сонирхол татав.
Яармагийн 34 дүгээр сургуулийн захирлаар гурван жил ажиллачихаад Хотын боловсролын
газарт математикийн сургалттай тусгай сургууль байгуулах хүсэлтээ уламжилсан гэнэ.
Өнөөдүүл нь ч дэмжиж 11 дүгээр сургуулийг математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай
болгожээ. Ойр хавийнхаа сургуулиас тоондоо сайн 
хүүхдүүдийг сонгон авч хичээллээд хоёрхон жилийн дотор улс даяар нэртэй сургууль
болсон гэнэ.  Хүүхдүүд нь олон улсын математикийн
олимпиадаас медаль авч тухайн үедээ шуугиан дуулиан болж байж. Хүүхдүүдийнх нь мундгийг
гайхсан АНУ-ын Элчин сайд Жонсон Америкийн цэргийн тусгай десант буулгаж сургуулийнх
нь заалыг барьж өгсөн гэж байгаа. “Их л сонин явдал болсон гэж дуулддаг. Америк
цэргүүдээр спорт заалаа бариулсан тэр үйл явдлаа нэг сайхан яриад өгөөч” гэтэл
“Тэр үед гадаадаас мөнгө орж ирэх төвөгтэй байсан. АНУ ганцхан батлан хамгаалахын
шугамаар харилцаатай. Жонсон сайдыг ирдгийн хавар сургуулийн заал барьж өгнө гээд
баахан цэргийн дарга нар ирдэг юм. Америкаас мөнгө орж ирсэн тул заал барьж өгнө
гэнэ. Элчингээсээ асуутал Америкийн Ази Номхон далайн цэргийн флотоос Батлан хамгаалах
яам руу мөнгө шилжүүлсэн гэж байна. Яамныхан 
хариуцаж бариулсан ч цонх нь цантаад болдоггүй. Элчингээ ахиад дуудлаа. Үнэхээр
тааруу болж гэж толгой сэгсэрч байгаад явлаа. За тэгээд нэг их удалгүй Америкийн
цэргийн десант буудаг юм. Нэг их том онгоцтой. Монголд тийм том онгоц анх удаа л
буусан нь тэр болов уу. Өнөө онгоцондоо барилгын бүх багаж, материалаа хийчихсэн.
Эндээс тоос, шавар, элс энэ тэрээ л авсан байх. Цэргүүд нь гэж хачин гоё ногоон
эрээн хувцастай. Урт түрийтэй үддэг гуталтай. За тэгээд өнөө цэргүүд чинь манай
сургуулийн спорт заалыг барьж эхэлсэн дээ. 
Би өнөөдүүлээ манаж хянадаг ажилтай” гэж байна. Америк цэргийн гоё хувцас,
гутлыг нь манай залуус сонирхоод байж л дээ. Гадаадаас ирсэн цэргүүдийг харах гэж
тэр хавиар эргэлдэх болсон охид ч цөөнгүй байж. Ингээд л захирал манаанд гарсан
хэрэг. Арваннэгдүгээр сургуулийг хоёр жилийн өмнө нураахад өөрийнх нь бариулсан
улаан тоосгон суурьтай төмөр хашаа, Америк цэргүүдээр бариулсан спорт заал нь хэвээр
үлдсэнийг бэлгэшээж байгаа гэнэ. “Цаашид ашиглах юм байна гэсэн бодолтой байгаа
шүү” гэж байна.

 

ГОЦ АВЬЯАСТАЙ ХҮҮХДҮҮДИЙГ АНГИ АЛГАСУУЛДАГ

БОЛГОСОН НЬ

“Шинэ үе” сургуулиа байгуулсан түүх нь ч санамсаргүй гэмээр тохиолдол
болж. 2002 онд амралтаа авчихаад хотын захиргааны хажуугаар өнгөрч явахдаа гэнэт
л сургуулийн газар хүсч ормоор санагдсан гэнэ. 52 дугаар сургуульд хүүхдүүдээ олимпиадад
бэлддэг байхад нь тухайн үеийн хотын дарга 
М.Энхболд нэгдүгээр сургуулийн сурагч байсан аж. Сайн багш гэдгийг нь мэддэг
хотын мэр сургууль барих газар гуйхад нь уриалгахан тусалжээ. Сургуулиа хүн гуйж
бариулсан  үеийн түүхээ ярьж байтал эхнэр
нь гал тогооны өрөөнөөс “Амжилтаа ярихгүй юм уу. Нөгөө Алтанцог, Энхболдыг…” гэж
байна. Маам багш нүүрэндээ инээмсэглэл тодруулснаа “Чи ярьж өг тэгвэл” гэж цаашлуулж
инээдэм болов. Эзэгтэйг өнөөхөө хэл гэж сануулах бүрд л гэрийн эзэн иймэрхүү хошин
үг унагах юм.  Тэрээр “Би ингэсэн тэгсэн гэж
ярих ч халуун шүү” гэсээр  яриагаа үргэлжлүүлэв.  Маам багш 52 дугаар сургуульд математикийн гүнзгийрүүлсэн
сургалт явуулах гээд хүчрээгүй учраас дугуйлан ажиллуулж байж. Нэг талаас олон улсын
тэмцээнд хүүхдүүдээ сойё, нөгөө талаас математиктаа сайн хүүхдүүдийг сонгож нэг
дор хичээллүүлбэл илүү үр дүнтэй гэж бодож хийсэн ажил аж. Ингэж зүтгэсний хэрэг
ч гарч олон улсын олимпиадаас анхны медалиудаа аваад эхэлсэн гэнэ. Шавь нараасаа
Энхболдыг онцолж байна. Математикт авьяастай хүү 32 дугаар сургуульд наймаа төгсөөд
есдүгээр ангидаа 52-т шилжиж ирсэн аж.  Маам
багш хайртай шавийнхаа талаар “Энхболдод ес, арвынх нь хичээлийг заагаад аравдугаар
ангийн олимпиадад оруулсан чинь хотын аварга болчихлоо. Анги ахиулсан гээд хэл ам
болсон л доо. Дараа нь олон улсын олимиадаас медаль аваад ирэхээр аргагүй хүлээн
зөвшөөрч байгаа юм. Тэр үед би хичээлийн эрхлэгч. Тийм сайн хүүхдээ аравт нь суулгаад
дахиад уралдаан тэмцээнд оруулж сургуулийнхаа нэрийг гаргаж болох байсан л даа.
Гэхдээ тэгээгүй. Ээжтэйгээ амьдардаг хүүд нэг жил ч гэсэн хэрэгтэй. Тэгээд их сургуулийн
Содном багш дээр очлоо. Гэрчилгээгүй гээд авдаггүй. Боловсролын сайд дээр яваад
орлоо. Тэр үед Дашцэрэн гэж  математикийн
хүн сайд байсан болохоор төгсөлтийн гэрчилгээ асуудалгүй шийдэгдэж Энхболдыгоо их
сургуульд оруулсан түүхтэй. Дээд сургуулиа хугацаанаас нь өмнө төгсөх гэтэл Төв
хорооноос бусад хичээлээ судал гээд зөвшөөрдөггүй. Энхболд маань сүүлдээ төгсөх
курстээ багшилж байлаа. Төгсөнгүүт нь Москвагийн аспирантурт явуулах гэтэл хоёр
жил ажиллаж байж бол гээд мөн л халгаасангүй. Ажиллаж байгаад хойшоо явлаа. Тэнд
очоод бүр гялалзсан. Москвагийн их сургуулийн багш нар тавьсан илтгэлийг нь  нээлт хийсэн илтгэл болж байна гээд алга ташаад  сүйд байсан. Даанч нэг их урт наслаагүй дээ” хэмээн
дурсамж сөхөв.

Сонирхуулж хэлэхэд Маам багш Энхболдоос үүдэж боловсролын салбарт
нэг шинэчлэлийг анх удаа хийсэн юм билээ. Гоц сайн хүүхдийг анги алгасуулах шийдвэр
гаргуулах гэж нэлээд зүтгэжээ. Ерээд оноос анги алгасч болохыг албан ёсоор хүлээн
зөвшөөрсөн гэнэ. Боловсролын салбарт хийсэн бас нэг шинэчлэлээ анхны тусгай сургууль
байгуулсан явдал гэж тайлбарлав. 11 дүгээр сургуулийг хэлсэн хэрэг.

Шавь нарынх нь тоог сонирхтол цаасан дээр тоо бодож сууснаа “Лав
4000 гарчээ” гэж байна. Эрдэмтэн шавь нарынхаа тоог алджээ.  “Монос”-ын Хүрэлбаатар, академич Бэгзээс эхлээд
жагсаавал барагдахгүй шинжтэй. Аль нэгийг нь хаячихаар “Багш миний нэрийг хэлсэнгүй”
гээд сүйд болдог гэнэ. Улстөрчдөөс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, УИХ-ын
гишүүн Бурмаа, Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд С.Эрдэнэ, Боловсролын сайдаар
ажиллаж байсан Ё.Отгонбаярыг онцолж байна. 
Урлагийнхнаас хамгийн мундаг яваа нь дуучин Ариунаа гэнэ. За тэгээд хөдөлмөрийн
баатар шавь гэвэл Цэнд-Аюуш, Бямбажав, Ганчимэг гээд өчнөөн нэр жагсаахаар юм билээ.
Дэлхийд гэж яригдах хүн ч шавь нар дунд нь байгаа гэж бахархав. Америк, Азийн их
сургуулиудад хичээл зааж байсан, одоо Европт багшилж байгаа  Отгонбаярыгаа нэрлэв. УИХ-ын гишүүн, Хотын дарга
байсан Ц.Баасанжав багшдаа ойр шавь нарын нэг. Дотно холбоотой, байнга л тусалж
дэмжиж явдаг аж.

 

СУРАГЧДАА ГЭРТЭЭ ЦУГЛУУЛЖ ШӨНӨЖИН ТОО БОДДОГ БАГШ

Хоол бэлэн болжээ. Гуляш идэх зуур гэрийн эзэгтэй дуугүй суусангүй.  “Манай хүний шавь нар салбар бүрт л амжилттай
яваа. Маам багшийн чинь нэг онцлог ёстой хүний төлөө шүү дээ. Тэр үед конкурст бэлдэнэ
гэж том ажил болдог байлаа. Манайх 120-д. Маам багшаар бэлдүүлнэ гээд дарга нар
хүртэл хүүхдээ дагуулаад ирнэ. Хүүхдүүдээ сургуульд оруулна гээд шөнө унтахгүй бэлдэнэ.
Би том өрөөнд хүүхдүүдтэйгээ унтаад өгнө. Өнөө хэд гал тогооны өрөөнд шөнөжин суугаад
бодлого бодчихно. Конкурс эхэлдэг өдөр Маам хүүхдүүддээ анхаарал тавина гэж жигтэйхэн.
За тэр маань гараад ирлээ яасан, ямар бодлого ирсэн гээд гүйчихнэ. Чехэд элчингийн
тэрэг барьж байсан Сэнгээгийн эхнэр бүр сүүлд “Маам багшийг бодохоор санаа зовоод
байдаг юм. Хүүхдээ тэгж бэлдүүлж өчнөөн гоё сургуульд оруулчихаад баярлалаа гээд
хэдэн төгрөг өгөхөө ч мэдэхгүй. Албатай юм шиг л явдаг байж” гэж билээ. Манай Маам
ийм л хүн” хэмээн ярихад гэрийн эзэн дуугүйхэн инээмсэглэнэ.

Сургуулиа байгуулах үед хэдэн шавь нь  “Маам багшаа, бид танд өртэй шүү. Тусламж хэрэгтэй
бол та бусад шавь нартаа дуулгаарай” гэхэд “Би ямар мөнгө гуйх гэж шавь нараа сургасан
уу. Бүтвэл бүтэг байвал байг” гээд халгаагаагүй гэнэ. Зэрэг цолтой өчнөөн сайн багштай,
улс, нийслэлийн шилдэг сургууль хэр нь төлбөрөө нэмье гэж огт дуугардаггүй гэнэ.
Гэрийн эзэгтэй сургуулийнхаа санхүүг хариуцдаг учраас хааяа төлбөрөө нэмэх санал
тавихаар “Би төлбөрөө нэмэхгүй. Энэ хэдэн сэхээтний хүүхдүүдийг хэн сургах вэ. Эрдэм
шинжилгээний ажилчид, их сургуулийн багш, төрийн албан хаагчид байна. Эдэнд тийм
өм цөм мөнгө хаана байхав” гээд халгаадаггүй аж. Эзэгтэй сургуулийнхаа санхүүг барихаас
гадна сурагчдын автобус, дүрэмт хувцас, цайны газрын эрүүл ахуй, сургуулийн доторх
соёл гээд хариуцдаггүй ажил үгүй бололтой. Маам багш “Манай сургуулийн соёл сайн
шүү. Арваад жил болсон гэхэд хана нь тэр хэвээрээ. Өнөөг хүртэл ямар ч будаг хүргээгүй.  Хулгай гэж огт байхгүй” гэснээ  “Манай сургуулийн удирдлагууд их сайн. Заавал
бичээд өгөөрэй, манай дэд захирал О.Идэрсайхан гэж мундаг залуу бий. Ур чадварын
уралдааны гурван удаагийн аварга, улсын хоёр удаагийн аварга” гэж ярив.

Гэрийн эзний ажлын өрөөг сонирхлоо. Нэг ханандаа битүү ном өрчихөж.
Дан тооны чигийн ном харагдав. Шавь нар нь гадагшаа яваад ирэхээрээ л нэг ном авчирч
өгдөг гэнэ.  Компьютер тавьсан ажлын ширээгээ
“Гаднаас мэдээлэл авах, мэдээлэл дамжуулах үүрэгтэй газар” гэж байна. Бичгийн ширээний
эсрэг талын  ханын шүүгээнд бурхан тахилаа
залжээ. Далай багштай авахуулсан зургаа их л нандигнан залжээ. Бурхан тахил залсан
шүүгээний доод талын тавиурт хүндэтгэн байрлуулсан  цагаан зааныг Энхболдын ах Алтанцог дурсгажээ.
Хайртай шавийнхаа дурсгасан зүйлийг нандигнаж явдаг гэнэ.  Ном өрсөн шүүгээний дээд талд өчнөөн шагнал өржээ.
Энд  Ж.Батмөнх гэсэн гарын үсэгтэй Засгийн
газрын хүндэт жуух ч байна. Ардын боловсролын тэргүүний ажилтан шагнал авснаа их
л онцгойлж байна. Тэргүүний ажилтны улаан хавтастай үнэмлэх дээр  “Ардын боловсролын яамны үзлэгээр амжилттай дүн
үзүүлж ажилласан явдалд…” гэсэн өгүүлбэрийг зүгээр ч нэг бичээгүй гэнэ. 52 дугаар
сургуульд очсон жил нь яамнаас үзлэг иржээ. Хажуу хавийн сургуулиуд нь үзлэгт уналаа
гэсэн түгшмээр мэдээ ирээд байж. Үзлэгийнхэн ч ирж гэнэ. Шалгуулсан сурагчид нь
бүгдээрээ зуу авчихаж. Маам багшийн амжилт нь 100, чанар нь 90 хувь гэж гарчээ.  Үзлэг ахалсан дарга  “Ийм юм гэж хаана байдаг юм. Тест задарсан юм
биш үү” гээд дахиад шалгасан чинь мөн л 100 гэсэн үнэлгээтэй гараад ирж. Шалгалтын
дараа өнөө хардсан дарга дээр очоод “Хүүхдүүдийг маань ахиад шалгах уу” гэж асуутал
“Битгий донгос, явж үз” гэж бухимдан хэлж байжээ. 1972 онд авсан тэргүүний ажилтны
тэмдэг нь Хятадад хийлгэсэн  эд гэнэ. Уртаа
гэгчийн шруптэй, төрийн далбааны цэнхэр улаан хосолсон ромбо хэлбэрийн тэмдэг харагдав.

Зочны өрөөний ханын шүү­гээний дээд тавиурт дурс­галын үгтэй мөнгөн
аяганууд өржээ. Ардын багш авдаг жил нь салбарынхаа яамнаас дурсгасан мөнгөн аягыг
зааснаа “Эдэлж хэрэглэхдээ дургүй, харж байх хүсэлтэй” гэж байна. Зочны өрөөний
ханандаа Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатаас гавьяат багш цол хүртэж байгаа
үеийн зургаа өлгөжээ. Хажууд нь Н.Багабанди Ерөн­хий­лөгчөөс Ардын багш цол авч
байх үеийнх нь зураг  харагдана.

 

ГУЧ НАРАА “МОНГОЛ ХҮН БОЛГОХООР” АМЕРИКААС АВЧИРЧЭЭ

Маам багшийнх хоёр охин­­той юм байна. Том нь Ленинградад суралцаж
ирснээсээ хойш  Хавдар суд­ла­лын үндэсний
төвд ажилласан гэнэ. Ээж нь “Инженер эмч хийдэг” гэж тодруулав. Элэг бөглөхөөс эхлээд  энэ эмнэлэгт ашигладаг бүх л чухал аппаратуудыг
мэддэг хүн бололтой. Хүргэн нь мөн л эмч. Одоо хувиараа бизнестэй аж. Аав нь ууган
охиноо “Миний охин нэг газ­раа удаан ажилласан болохоор ажилдаа гаршсан, шагнал
урамшуулал сайн авдаг” гэж магтав. Бага охин нь МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг
төгсөөд Татварын газарт өнөөдрийг хүртэл 
ажиллаж байгаа юм байна. Том охиных нь хүү Америкт гэр бүлтэйгээ амьдардаг
гэнэ. Зээ хүүгийнхээ гурван хүүхдийг “монгол хүн болгох” гэж саяхнаас авчирчээ.
Гуч нар нь хагас бүтэн сайнаар ээжийнхээ аавынх руу явчихдаг гэнэ. Бусад өдөрт нь
Маам багшийнд бужигнадаг аж. Том нь Чингүүн, 
хоёрдугаар анги. Харин  дундах нь Нинжин,
нэгдүгээр анги. Өвөөгийнхөө “Шинэ үе” сургуулийн сурагчид гэнэ.  Маам багшийг “Манай хэд анх ирээд хэлгүй хэцүүдсэн.
Дунд охин яриа ойлгохгүй болохоороо уйлаад унана. Том нь их сэргэлээн. Чалчаа талдаа
болохоор монгол хэлээ их түргэн сурсан. Саяхан өө, “энэ тэнэг” гэж байна лээ. Тэгэхээр
монгол хэлийг муу, сайнгүй сурсан болж таараад байгаа юм. Эхлээд дүүдээ орчуулах
маягийн юм болно. Хоёулаа бол англиар шулганаж өгнө. Одоо бол холиод л давхиад байна”
гэж хэлээд инээхэд  эхнэр нь “Саяхан би Чингүүнд,
сайн сурч өвөө шигээ мундаг хүн болоод сургуулийнхаа захирал болоорой гэсэн чинь,
“Тэгнээ, би захирал болно харин Нинжин таны өрөөнд суух уу” гэж байгаа юм даа. Дүүгээ
бас дарга болгох нь” гээд хөгжилтэй инээв. Эзэгтэйг “Манай хүүхдүүд ер нь банк,
санхүү чигийн улс болж байна. Нэг нь ч багшийн мэргэжил сонгоогүй. Чингүүн маань
харин яах бол” гэхэд Маам багш “Би хашраачихсан шиг байгаа юм. Хүүхдэд конкурсын  давтлага өгөхөөр шөнө их богино. Хэдхэн тоо бодоод
сууж байхад л нар манхайчихна. Шөнөжингөө тоо боддог муу ажил байна гэж бодоод л
халгасан байх”  гээд хүд хүд инээв. Энэ хооронд
зэгтэй яаралтай ажилтай гээд гарч одов. Том охинтойгоо багш нарынхаа өрөөг гоёх
шкаф сонгох гэж байгаа аж.

Маам багшаас гэр бүлийнх нь нандигнаж явдаг зүйлийг сонирхоход “Хоёр
юм бий. Гэртээ номтой байхсан гэж боддог. Харин манай гэрийн хүн цэвэр байхсан гэж
хичээдэг” гэж байна.  “Үр хүүхэд, ач зээ,
гуч нар гэрт байхад их сайхан. Хоёулаа байхад бол ер нь хэцүү шүү дээ. Зун амрахдаа  би тийм тааламжтай байдаггүй. Хүүхдүүдийнхээ дунд
орчихоор бие хөнгөрөөд, энд тэнд юм өвдөхөө болиод ирнэ шүү дээ” гэж яриагаа үргэлжлүүллээ.

Эзэгтэйг гарсны дараа хагас цаг орчим яриа хөөрөө өрнүүлсний эцэст
гэрийн эзэн ажлынхаа өрөөний Очирваань хайрханы зургийг үзүүлэх юм болов. Гэрээс
нь дөнгөж гараад л ажил нь. ”Шинэ үе” сургууль хичээлийн шинэ жилдээ ид бэлдэж байв.
Хоёр давхар, дотоод зохион байгуулалт сайтай юм. Тасалгааны цэцэг хаа сайгүй. Зарим
цэцгээ хүүхдүүдээрээ арчлуулахаар гэр рүү нь өгөөд явуулсан гэхээр битүү цэцгэн
дунд л өнждөг бололтой.

Найман зуу гаруй сурагч энд бужигнадаг юм байна. Үүнээс ч илүүг авах
боломжтой ч ийм хязгаар тавьдаг гэнэ. Маам багш ”Олон байх чинь хоёр  талтай. Нэгдүгээрт сургалтын чанар муудна. Хоёрдугаарт,
энэ хөгшин чинь ямар шуналтай хүн бэ гэж ярина. Багш нь ийм ярианаас жаахан айдаг”
хэмээв. 

Багш нарынхаа зургийг зэрэг цолтой нь бичээд ханан­даа өлгөх гээд
бэлдчихэж. “Гадаадад явж байхад багш, эмч нарын зургийг зэрэг цолтой нь бичээд өлгөсөн
байдаг юм билээ. Хүмүүс зурагнаас нь харж байгаад эмч, багшаа сонгодог. Тэр жишгийг
нэвтрүүлж байгаа юм” гэж тайлбарлав. Зурагнуудыг нь сонирхоход зэрэг, цолгүй багш
гэж алга. Сайн багш нарыг цуглуулж чаддаг турш­ла­га­тай нь ярианаас нь илт. Маам
багш дээхэн үед яаманд байцаагч хийх үедээ аймгуудын аль сайн гэсэн багш нарыг хот
руу татаад бангадуулсан удаатай  гэж байгаа.

Бага охин нь сургууль дээр ирчихсэн засварын ажилд туслаад завгүй
харагдана. “Захирал Монгол Улсын Ардын багш Ү.Маам” гэсэн хаягтай өрөөнд орлоо.
Хоймор хэсэгт нь Отгонтэнгэрийн фото зургийг хүндэтгэн залжээ. “Хайрханы орой ингэж
бүрэн харагдах нь ховор шүү. Голдуу дээгүүр нь үүл манан бүрхэж бай­даг. Номтой
лам нар ирээд ном уншихаар дорхноо цэлмээд, алга болчихно. Би бас том лам аваачиж
үзсэн. Тэр үед хайрханы  дээр их том үүл байсан
ч өнөө ламыг ном  уншингуут алга болсон. Хайрхан
сайн үйлстэй, сайн энергитэй хүнийг андахгүй” гэж байна. Шүтэж явдаг хайрханых нь
зургийг сонирхоод Маам багшийн сургуулиас гарахад нар жаргаж байлаа. 

 Ц.БААСАНСҮРЭН

О.АНХЗАЯА

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хууль эрх зүйн хичнээн гоё орчинтой байлаа ч ашиг хийх боломж өгөхгүй бол хэн ч ирэхгүй

MIBG компанийн гүй­цэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа. 

-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль батлагдчихлаа. Том сангууд байгуулах яриа хөөрөө эхэлж байна. УИХ-ын баталсан хууль хэр сайн болсон бэ? 

-Хөрөнгө оруулалтын сан хэрэгтэй гэдэг бол тун зөв хандлага. Өнгөрсөн онд баталсан  Үнэт цаасны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль хэрэгжиж байна. Олон улсын жишигт нэлээд дөхсөн.  Гадаадын хөрөнгө оруулагчид сайн хууль гарчихлаа гэж ярьж байгаа ч олон нийт тийм ч сайн ойлгож өгөхгүй байна. Ерөнхий хандлага нь их эерэг ч харалган хандлагууд байна. 

-Жишээ нь?

-Төрийн оролцоотой хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдана гэж яриад байгаа. Ойлгохгүй зүйлүүд байна л даа. Хөрөнгө оруулалтын сангийн амин сүнс нь менежментийн компани буюу менежментийн баг. Өмнө нь энд тэндхийн улс орны  баячуудын хөрөнгийг удирдсан туршлага Монголд байхгүй. Ийм туршлагатай болохын тулд хөрөнгө оруулалтын сан удаан хугацаанд ажилласан байх шаардлагатай. Тэгэхээр эхний ээлжинд гадаадын хөрөнгө оруулалтын сангийн менежмэнтийг урьж ажиллуулахаас аргагүй.  Тэнд нь монгол залуусаа ажиллуулж туршлага хуримтлуулсны дараа урт хугацааны бодлоготойгоор хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулалтын сан байгуулна гээд эхний ээлжинд төслүүдээ бэлдчихэж байгаа юм. Дараа нь хүмүүсээс мөнгө гуйж яваад  том хэмжээний хөрөнгө босгох боломжгүй л дээ. 

-Ингэхэд хөрөнгө оруулалтын сан дотроо хичнээн янз байдаг вэ?

-Хөрөнгө оруулалтын сан дотроо нэлээд олон салбартай. Олон нийтэд нээлттэй сангууд гэж бий. Олонд нийтэд хаалттай хувийн сангууд байна. Олон нийтэд нээлттэй нь голдуу эдийн засаг, хөрөнгийн зах зээл рүү хөрөнгөө оруулдаг. Олон нийтэд хаалттай нь мэргэшсэн тал руугаа. Манай хувьд мэргэшсэн талын сангуудыг судалж ажиллуулахаар төлөвлөж байна. Олон нийтэд нээлттэй зах зээлийн хувьд хөрөнгийн зах зээл томорч насанд хүрээд ирэхийн алдад аяндаа бий болдог. Бидний хүчээр бий болгох ёстой нь олон нийтэд хаалттай, өндөр хүчин чадалтай хөрөнгө оруулалтын сангууд.

-Хаалттай сангууд мэргэшсэн тал руугаа бай­даг гэж та ярилаа. Жаахан тодруулаач?

-Эрүүл мэнд, ашигт малтмал, дэд бүтэц гээд салбар бүрээр мэргэшсэн санг хэлээд байгаа юм. Энэ салбаруудад хөрөнгө оруулаад сурчихсан хөрөнгө оруулалтын мэргэжлийн компаниас гадна тухайн салбарын санхүүгийн бүтэц модель гэж бий. Жишээ нь уул уурхай өндөр ашиг өгдөг салбар. Бас өндөр алдагдал хүлээдэг салбар. Тэгэхээр энэ салбарт  өндөр ашиг хайсан хөрөнгө оруулагчид оролцох боломжтой. Гэтэл бүх хөрөнгө оруулагчид өндөр ашиг хайдаг уу гэвэл үгүй. Зарим хөрөнгө оруулагч өндөр ашгаас илүү тогтвортой ашгийг  чухалчилдаг. Зарим нь урт хугацааны бага ашиг сонирхдог. Энэ маягаар ашиг бүр өөр болоод явчихдаг. Үүнийгээ дагаад хөрөнгө оруулалтыг авч байгаа, хөрөнгө оруулалтын санд хөрөнгөө оруулж буй улс ч өөр болоод явчихдаг. Монголд хамгийн их яригдаж байгаа нь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын сан. Ийм санд жирийн хүмүүс мөнгөө хийх ямар ч шаардлагагүй. Учир нь урт хугацаанд хэрэгждэг, их хэмжээний хөрөнгө оруулалт шаарддагаараа онцлог.  Манайд гэхэд л цахилгаан станц, төмөр зам ихэнх нь алдагдалтай ажилладаг. Энэ бол дэд бүтцийн салбарын нэг онцлог чанар нь. 

-Ямар хөрөнгө оруулагчид дэд бүтцийн салбарт мөнгөө хийдэг юм бол?

-Нийгмийн даатгалын, амьдралын даатгалын компани байна. Тэдэнд 30, 40 жилийн дараа орж ирэх мөнгө л хэрэгтэй. Учир нь тэд өнөөдөр бидний нийгмийн даатгалыг авчихаад гуч, дөчин жилийн дараа тэтгэвэрт гарангуут мөнгийг маань өгөх ёстой улс. Оюу толгойд мөнгөө оруулсан  хөрөнгө оруулагчдын хувьд өөр. Богино хугацааны  ашиг хайж хөрөнгөө оруулсан хүмүүс. Ирэх дөрөв, таван жилдээ тавь, жаран хувийн ашиг хийнэ  гэсэн бодолтойгоор ийм өндөр эрсдэлтэй салбарт хөрөнгөө оруулсан хэсэг. Харин Оюу толгой шиг уурхайгаа барьж байгаа компаниудад хөрөнгө оруулдаг хүмүүс байна. Хайгуул хийдэг, эсвэл бүр дампуурах гэж байгаа компанид хөрөнгө оруулдаг нь ч байна. Олон улсын  төвшиндөө бол өчнөөн салаалж  солонгорсон салбар байгаа юм. Монголд одоогийн  байдлаар хэрэгжиж эхлээгүй. Гэхдээ яг Монгол руу хандсан хөрөнгө оруулалтын жижиг сангууд бол  бий. Тэр сангууд хөрөнгөө оруулаад явж байгаа. 

-Монголд мөнгөө оруулж байгаа сангуудыг нэрлээч?

-Бидний харьцаж байгаа сангууд гэвэл “Хан инвестмент менежмент”  байна. Сингапураас гаралтай. 10 орчим сая ам.долларын хөрөнгөтэй. Монголд өндөр эрсдэл бүхий компаниудын хувьцааг худалдан авч сан­хүүжүүлдэг. Өнөө, маргаашдаа ашиг хийгээд шальдаггүй. Гэхдээ урт хугацаанд томорно гэсэн төлөвлөгөөтэй. Монголчуудад туслах гээд явж байгаа гадны хэдэн залуу бий. Монголын хөрөнгийн биржийн ная орчим хувийн арилжааг хийдэг галт шувуу буюу Fire bird гээд Нью-Йоркоос гаралтай сан байгаа. Ийм хэдхэн сан Монголд хөрөнгө оруулалт хийх гэж үзээд байна.  

-Бүгд алдагдалтай ажиллаж байна уу?

-Ихэнхдээ алдагдалтай. Гэхдээ л урт хугацаанд Монголтой амьдралаа холбоцгоосон, хувийн холбоо сүлбээтэй болсон хүмүүс. Өөрсдийгөө монгол хүн гээд бодчихсон австрали, америкууд ч байна. Алдагдалтай ч хамаагүй урт хугацаандаа өгөөжөө өгнө гээд мөнгөө хийгээд байж байдаг. Өнөөдрийн хувьд  хөрөнгө оруулагчид сайн санааны үүднээс л Монголд сан байгуулж байгаа. Түүнээс  биш ашиг хийсэн улс нэг ч байхгүй. 

-Монголд үйл ажиллагаа явуулдаг гадны хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьцааг худалдаж авч байсан сангууд ч нэлээд байх?

-Монголд хөрөнгө оруулж байсан сангууд өчнөөн бий. 2009-2012 оныг хүртэл Монголын эдийн засгийг өндөр өсөлттэй үед энд ажиллаж байсан компаниудын хувьцааг худалдаж авсан сангууд. Энэ сангууд үйл ажиллагаагаа Монголд явуулж байгаагүй.Гадны хөрөнгийн биржүүдээс Монголын компаниудын хувьцааг худалдаж авч байсан юм. Хамгийн алдартай нь Сингапураас гаралтай “Тимасек”. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа “Эрдэнэ ресурс”, “Кинкора”, “Энержи ресурс”, “Оюу толгой”, “Өмнийн говийн элс”, “Мо Эн Ко” гэх мэт ашиглалтын болон хайгуулын шатны компаниуд Торонто, Австрали, Нью-Йорк, Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг. Эдний хувьцааг хөрөнгийн биржүүдээс нь худалдаж авч байсан сангууд л даа. Хичнээн хөрөнгө оруулалтын сан байгааг тоолж баршгүй.

-Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль гарснаас хойш та бид хоёрын онцолж ярьж байгаа хөрөнгө оруулалтын сангууд Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг сонирхохоо больсон…?

-Яг тийм. УИХ-аас энэ хуулийг баталдаг жилийн сүүлээр буюу 2012 оны эцсээр Ерөнхийлөгчийн тамгын газраас Ашигт малтмалын хуулийн шинэчилсэн найруулга гэсэн төсөл оруулж ирснийг та санаж байгаа байх. Уул уурхайн салбарт дахиад хөрөнгө оруулалт хэрэггүй, одоо байгаа Таван толгой, Оюутолгойгоо ашиглаад явахад л болно, үүнээс цаашаа лиценз олгохгүй гэсэн агуулгатай. Үндэсний үзэл, маяг шингэсэн,  гадны хөрөнгө оруулагчийг хөөсөн өнгөтэй хуулийн төсөл орж ирсэн л дээ.  Яг тэр үед  Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эргэж харна гэсэн юм яригдаад эхэлсэн. Ингээд л 2012 онд бид өөрсдөө эдийн засгаа унагах гол алхмуудыг хийсэн дээ. Энэ үеэс Монголд ажиллаж байсан компаниудын  хувьцааг авсан, банкуудад мөнгө зээлүүлсэн нөхөд Монголоос гарах алхмуудаа хайж эхэлсэн. “Туркойз хилл”-ээр жишээ татъя. Оюу толгойн хувьцааг авчихсан байж байгаад тийм асуудал яригдаад эхлэнгүүт зараад эхэлж байгаа юм. Нээлттэй зах зээлийн, Адам Смитийн хуулиар зарах нөхөд нь олон болоод ирэхээр хувьцааны үнэ унаж таарна. Монголд үйл ажиллагаа эрхэлж хөрөнгө оруулалт татаж байсан компаниудын хувьцаа гадны зах зээл дээр 80-90 хувиар унасан нь ийм шалтгаантай. Энэ уналт үргэлжилсээр байгаад компаниудын хувьцаанд эрэлт үүсэхгүй болж нэгмөсөн унасан. 

-Зарим нь бүр дампуурсан байх?

-Тэгсэн. Дампуурлынхаа шат руу орсон хэсэг бий. Ингэнгүүт Монголд дахин орж ирэх гэж байсан гадны хөрөнгө оруулалт алга болчихож байгаа юм. Манайх арван тэрбум ам.долларын эдийн засагтай. Дөрөв нь гадны хөрөнгө оруулалт байлаа. Энэ дөрөв өнгөрсөн жил гуч, энэ жил далаад хувь уначихсан. Ганцхан нь үлдсэн гэсэн үг.  Уг нь арван тэрбумын эдийн засаг долоо болж багасах ёстой. Гэтэл Засгийн газар хөрөнгө оруулалт гэдэг юмаа болиод бонд босгодог болчихсон. “Чингис”, “Самурай” гээд. Хөрөнгө оруулалтын сангийнхны хийдэг юмыг Засгийн газар хийдэг болсон гэсэн үг. Засаг хөрөнгө оруулж баахан барилга, зам барилаа. Энэ бүхэн ДНБ-д тооцогдож явдаг. Ингээд бодохоор яг нарийндаа  хувийн сектор жижигсээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын санг дахиад бодлоготойгоор гаргаж ирэхийн тулд яах аргагүй хувийн сектороо дахиад сул тавих хэрэгтэй. 

-Танай компани хөрөнгө оруулалт татах чигээр ажилладаг. Компанийн тань ажил ямархуу байна?

-Манай компани хөрөнгө оруулалтын санд компаниудын хувьцааг зарах ажил хийдэг юм. Энэ жил бид “Эрдэнэ ресурс” компанид хоёр ч удаа сая долларын санхүүжилт босгож өглөө. “Кинкора” компанид таван сая ам.долларын санхүүжилт босгож өгөх консорциумд нь орж ажиллалаа. Торонтогийн хөрөнгийн бирж дээр болсон процесс л доо. Эд дандаа алдагдалтай яваа. Огт ашиг олохгүй, хайгуул хийдэг компаниуд. Хайгуулаа хийж тодорхой нөөц тогтоочихоод да­хиад таван сая ам.долларын санхүүжилт хэрэгтэй гэж байгаа. Зорилго нь мэдээж нөөцөө ихэсгэж хувьцааныхаа үнийг өсгөх. Таван сая ам.долларынхаа хувьцааг гаргаад зарахад нь брокерийн компаниуд хэрэгтэй. Манай хувьд  хөрөнгө оруулалтын сан руу залгаж яагаад энэ компанийн хувьцааг авах ёстой вэ гэдгийг нь хэлж,  зохицуулж өгдөг жижиг эрэг боолт нь. Одоо хамаг талбайнуудын маань хувьцаа унаж, хувьцааг нь авдаг хүнгүй болчихоод манай компани асуудалд орчихоод байгаа. Энэтхэгийн ILFS гэдэг компанитай дэд бүтцийн салбарт хөрөнгө татахаар ярьж байна. Энэтхэгтээ дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт босгодог компани л даа. 

-Гал тогоонд нь байгаа хүнээс асуухгүй өнгөрч боломгүй санагдлаа. Хөрөнгө оруулалтын сангийн хууль хэрэгжиж байна, Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулчихлаа, уул уурхайн салбараа бодлоготой болгочихлоо, хууль эрх зүйн орчин сайжирсан болохоор хөрөнгө мөнгө орж ирэхэд асуудалгүй гэж ярих юм. Үнэхээр тийм үү, эсвэл…?

-Монголын улстөрчид хууль эрх зүйн орчин сайжрангуут бүх юм сайхан болчихно гэж ойлгодог. Гэтэл бизнес гэдэг итгэлцэл дээр тогтдог эд. Зээлийг англиар кредит гэдэг. Кредит гэдэг маань латины кредо гэдэг үгнээс гаралтай. Кредо гэдэг нь латинаар итгэл гэсэн утгатай. Англиараа ч тийм. Энэ итгэлийг бүрдүүлэх шаардлагатай. Итгэлийг бүрдүүлэхэд хууль эрх зүйн орчин сайхан байх мэдээж нөлөөлнө. Гэхдээ  энэ орчин дээр нэг хөрөнгө оруулагч ашиг олдог жишгийг бий болгох хэрэгтэй. Монголд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж эдийн засаг өссөн гоё үеэсээ жишээ авах хэрэгтэй. Тэр үед хууль эрх зүйн орчин сайн байсан. Оюу толгойн гэрээ зурагдсан.  Гэрээнд гарын үсэг зурагдсан шөнө  Торонтогийн бирж дээр компанийнх нь хувьцаа 40-50 хувиар өссөн. Яг энэ өсөлт дээр олон хүн ашиг хийж таарна. Ашиг хийхийг нь харсан улс зүгээр суухгүй. Тэдэн шиг ашиг олохын тулд мөнгөө хийгээд эхэлсэн.  Тэгэхээр хөрөнгө оруулалтын орчныг сэргээхэд хоёр зүйл хэрэгтэй. Нэг нь хууль эрх зүйн орчин. Хууль эрх зүйн орчноо сайжруулсан нь маш том эерэг алхам. Хоёр дахь нь газар дээр нь батлах. Амаар ярьсан ажлыг амьдрал дээр хэрэгжүүлэх гэж ярьдаг даа. Тэгэх ёстой. 

-Амьдрал дээр хэрэгжүүлэхийн тулд яах ёстой вэ? 

-Нэлээд хэдэн гарц байна. Улстөрчдөд бэлэн байгаа гарц. Эхнийх нь Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийг баталгаажуулж есдүгээр сарын 30-наас өмнө бүтээн байгуулалтынх нь ажлыг явуулах. Хоёрдугаарх нь 106 лицензийн асуудлыг цэгцлэх. Хохирогч компаниудад нь эргүүлж олгох хэрэгтэй. Энэ бэлэн хоол, бэлэн боломжийг ашиглаж  гадны хөрөнгө оруулагчдын итгэлийг эргүүлж олох боломж бий. Гадны хөрөнгө оруулагчдын итгэл алдраад тэр чигтээ явсан гэж ярьдаг хэсэг байгаа. Гэтэл хүний шунал гэж сонин. Өнөөдөр толгойгоо сэгсрээд гарсан ч маргааш нь ашиг хийвэл эргээд ирнэ. Нэг, хоёр удаа ашиг хийх боломжийг нь өгөх хэрэгтэй. Тэгж байж хөрөнгө оруулагчид наашилна. Хууль эрх зүйн хичнээн гоё орчинтой ч ашиг хийх боломж өгөхгүй  бол хэн ч ирэхгүй.  Бүгдийн анхаарлыг сэртхийлгэх хэрэгтэй.  Тэгсэн тохиолдолд манай хувьцаа өснө. Өнөөдөр гучин цент байсан хайгуулын компанийн  хувьцаа маргааш 40 цент болоход 25 хувийн ашиг гараад ирнэ. Энэ бол гадаадынханд  том ашиг гэж харагдана. Нэг компани ингэхэд л  дараагийнх нь дагана. 

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүмүүс яагаад Орос, Хятад руу биш Америк руу дүрвэдэг юм бэ?

Мериам Яхиа Ибрахим бол христийн шашинтай залуутай гэрлэсэн судан бүсгүй.  Улсынх нь шүүх сүсэг бишрэлээсээ урвасан гэж бүсгүйг буруутган зуун удаа ташуурдаж дүүжлэх ял оноогоод байсан юм. Ташуурдуулж байгаа бичлэг нь цахим ертөнцөд шуугиан дэгдээснийг уншигчид санаж байгаа байх. Шоронд хоригдсон бүсгүй анхны үрээ нарсанд төрүүлсэн. Үрийн зулай үнэрлэснийх нь дараа Суданы шүүхээс Мериамыг цаазлах ялыг хоёр жилээр хойшлуулж байлаа. Бүсгүй хоёр дахь хүүхдээ ч шоронд төрүүлсэн. Олон улсын хүний эрхийн “Эмнести интернэшнл” байгууллага, барууны  улсуудын удирдагчид Суданд шаардлага тавьсны хүчээр бүсгүй цаазын ялаас мултарч чадсан юм. Давж заалдах доод шатны шүүхээс Мериамд оноосон ялыг хүчин­гүй болгосон мэдээг дэлхий даяараа баярлан хүлээж авсан. Бичиг баримтын асууд­­лаас болж Суданд байх хугацаанд нь исламын Хамза бүлэг бүсгүйг болон түүнд тусалсан бүгдийг ална хэмээн заналхийлж байсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Харин Хартум дахь АНУ-ын Элчин сайдын яам бүсгүйн авралын газар болж чадсан юм. Дараахан нь тэр Италийн Засгийн газрын онго­­цоор Италид ирсэн. Одоо тэндээ хоёр хүүхэд, нөхрийнхөө хамт сайхан амьдарч байна.

Мериам бүсгүй шиг хэцүү байдалд орсон хүмүүс АНУ, баруунаас орогнол хүссэн талаар өчнөөн мэдээ дуулддаг.  Наад захын жишээ гэхэд л BBC-д блог хөтөлдөг байсан пакистан охины түүх бий. Амьдарч байсан мужид нь эзэр­хийлэл тогтоосон Тали­бан бүлэглэлийнхэн хүүх­дүүдийг сургуульдаа явахыг хориглосон юм. Үүнийг нь эсэр­гүүцсэн Малала ВВС-д нууц нэрээр өдөр бүр блог хөтөлж хүний эрхийг зөрчсөн бүлэглэлийг зоригтой шүүмжлэх болсныг дэлхий даяараа дэмжин уншиж байв. Ингэснийхээ төлөө охин Талибан бүлэглэлийнхний халдлагад өртөж сонсголгүй болсон юм. Ээжийнхээ хамт Англи руу дүрвэсэн Малала одоо тэндээ сурч боловсроод сайхан амьдарч яваа. Оросын тэрбумтан “Юкос”-ыг удирдаж явсан Ходорковский гэхэд л шоронд өчнөөн жил хориг­доод гарсныхаа дараа эхнэр хөвгүүдийнхээ хамт  Швейцарийг зорьсон. Швейцарийн удирдлагууд Ходорковскийн хэрэгт шударга хандахыг Орост сануулсаар ирсэн юм. Оросын тэрбумтан шоронгоос гарсныхаа дараа өөрт нь эрх чөлөө олгох талд бат зогссоор ирсэн Швейцарийн удирдлагад талархаж байсан нь ердөө саяхны явдал. Эрх чөлөөг хүссэн хүмүүс барууныг сонгосон, тэднээс орогнол хүссэн жишээг энэ мэтээр дурдвал  өчнөөн түүх ярьж болно. 

Харин Орос, Хятадаас орогнол хүссэн жишээ сон­согд­доггүй. АНУ-ын тагнуулын нууц материалыг дэлхийд тараасан Сноуден, өндөр татвар төлөхгүй гэж шаралх­сан Жерарьд Депарьде хоёр л Оросоос орогнол хүссэн. Гэхдээ Сноудений жишээ бол амьдрах аргагүй болт­лоо дарамтлуулж, үхэл амьд­ралын зааг дээр ирсэн Мериам бүсгүйнхээс өөр. Улсынхаа тагнуулын нууцыг задруулсан гэдэг бол тусдаа хэрэг. Жерарьд Депарьде ч гэсэн ахиухан мөнгөтэй үлдэх гэж л Оросоос орогнол хүсч иргэн нь болсон. Харин Мериам шиг эрх чөлөөг хүссэн бүхэн Орос, Хятад руу биш, Америкаас орогнол хүсдэг нь сонин юм шүү. 

Сүүлийн үед манай дарга нар Орос, Хятад шиг диваажин алга, тэдэнгүй л бол бид балрах гээд байна, өмнө нь бид барууныхныг хэт дагаад ёстой нэг төөрөлдөж явжээ  гэх маягийн үг унагах боллоо. Си дарга бидэнд овоо мөнгө өглөө, ашгүй дээ, эдийн засаг сэргэх нь гэх маягийн үг ч дуулдаж байх шиг. Путин ирвэл ч бүр их мөнгө өгнө дөө гоё, гоё гэцгээгээд нэг л биш ээ. Бид­нийг ингэж догдлоод байхад дэлхий яагаад тэгэхгүй байна вэ? Яагаад эрх чөлөө хүссэн иргэд Орос, Хятадаас биш барууны улсаас орогнол хүсдэг юм бол? Бодох л асуулт. Хэрвээ үнэхээр л хоёр хөршөө түшээд санаа амар амьдаръя гэж бодож байсан бол яагаад ардчиллыг бий болгох гэж хорин жилийн турш улс даяараа үйлээ үзсэн юм бол? “Азийн цээжин дэх ардчиллын ганцхан бамбар” гэж үнэлэгдтэлээ зүтгэж хөлсөө дуслуулсны хэрэг юу билээ?  Энэ цагийн дарга нарын сэтгэл хөдлөлөөр унагасан цөөхөн үгэнд баллуурдуулах байсан юм бол тэгтлээ хөлсөө урсгах хэрэг байсан юм болов уу? Тавих л учиртай асуулт. 

Саяын айлчлалаар хоёр улсын төрийн тэргүүн бие биенээ үндэстнийх нь хувьд гутаан доромжилсон үйлдэл гаргахгүй гэж үг хэлээ нэгтгэсэн нь сайхан санагдсан. Хятад улс ямагт Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэнэ гэж мэдэгдсэн Си даргын үг гоё сонсогдсон. Нарийн царигаа зөвшөөрвөл төмөр зам барихад чинь бүх талаар тусална гэж дуугарсан нь эдийн засагт хэрэгтэй мэдэг­дэл байж чадсан. Монгол Улс Хятад улсын нутаг дэвсгэ­рээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр ч түүхэн тохиролцооны  тоонд зүй ёсоор багтана. 2020 он гэхэд хоёр улсын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэнэ гэцгээсэн нь аль аль талдаа хэрэгтэй шийдэл. Дэлхийн хамгийн том зах зээлийг удирддаг хүн нь ирж, эдийн засагт хэрэгтэй өчнөөн асуудлыг шийдэл болгосонд Монгол даяараа олзуурхаж байгаа. Мөнхийн хөрш, дэл­хийн хамгийн том зах зээл гэдэг утгаар нь бидэнд Хятадтай ойр харилцах түмэн шалтгаан бий. 

Гэхдээ анзаарахгүй орхиж боломгүй зүйл ч бас байна.  Жишээ нь айлчлалын үеэр Си дарга “Олон улс, бүс нутгийн салбарт хамтын ажиллагаа хөгжүүлэх, хоёр улс цаашид НҮБ, АСЕМ, ШХАБ,CICA зэрэг байгууллагын хүрээнд хамтын ажиллагаа, зохицуулалтыг нэмэгдүүлж, сайжруулж хөгжүүлэх болно” гэж мэдэгдсэн. НҮБ, АСЕМ-ын хүрээнд харилцаагаа сайжруулах нь байж болох асуудал. Харин Шанхайн хамтын ажиллагааны байгууллага бол манайх шиг жижиг оронд болгоомжлох учиртай нэгдэл. Хятадын талаас ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох шахалт ирвэл бидэнд эрсдэлтэй гэж судлаачид онцолдог нь цаанаа нарийн шалтгаантай. Барууны оролцоог хазаарлах Азийн хүчирхэг эвсэл болж хөгжиж буй газар гэвэл учир мэдэх ямар ч хүн ШХАБ-ыг нэрлэнэ. Энэ эвслийн бодитой, хүчтэй нөлөөг дэлхий даяараа мэднэ. ШХАБ-ын шахалтаар Узбекстан нутаг дэвсгэрээсээ Америкийн цэргийг гаргаж байсан бодит түүх бий. Энэ явдлын дараа цэнхэр гаригийнхан Азийн энэ нэгдлийг бүр ч өөрөөр харах болсон. НАТО-гийн орнууд энэ үеэс хойш ШХАБ-ыг цэргийн эвсэл гэж үзэх болсон нь нууц биш. Хэрвээ Хятадын талаас ШХАБ-ын жинхэнэ гишүүн болооч гэсэн санал гаргавал, тэр санал нь ажил болбол Азийн Монголд ардчиллын замаар явахад бэрхшээл тулгарна. Судлаачид ийм болгоомжлолыг эртнээс сануулсаар ирсэн.  

Хоёр тал айлчлалын үеэр Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны Монгол, Хятадын зөвлөл байгуулахаар санамж бичиг зурсан. Уул уурхай бол Монголын эдийн засгийн голлох салбар. Эрчим хүчний хувьд үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригдах салбар. Энэ хоёр салбартаа барууны хөрөнгө болон урд хөршийн хөрөнгө оруулалтын жин банг тааруулах учиртай гэж эдийн засагчид хэлдэг. Үүнтэй холбоотой урт гэгчийн өгүүлбэр хоёр улсын хамтарсан тунхаглалд багтсан. Өгүүлбэрийг бүтнээр нь сийрүүлье. “Талууд Монгол, Хятадын Эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааны зөвлөл болон хоёр талын бусад механизмын хүрээнд Монгол, Хятадын төмөр зам, авто зам, боомт, төмөр, зэс, хар тугалга, цайр, уран, нүүрс, газрын тос, цахилгаан эрчим хүч, химийн үйлдвэрлэл, автомашин үйлдвэрлэл, хөнгөн үйлдвэр болон үл хөдлөх хөрөнгө зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалт болон уул уурхай, эрчим хүчний томоохон төс­лүүд, аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг хурдацтай урагш­луулж, Монгол, Хятадын бодит хамтын ажиллагааны цар хүрээ, чанар, түвшинг бүх талаар дээшлүүлнэ” гэжээ. Хамтарсан тунхаглалд үүнтэй агуулга нэг өөр ч өгүүлбэр бий. “Хятадын тал Хятадын нэр хүнд бүхий томоохон аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчмын дагуу өөрсдийн давуу талыг ашиглан Монгол дахь томоохон төслүүдийн хамтын ажиллагаанд орол­цо­хыг дэмжинэ” гэсэн өгүүл­бэр. Манай сонин өмнө нь төрийн өндөр оролцоотой Хятад, Оросын компаниуд олноор орж ирвэл зах зээлийн жамаар яваа барууны компаниуд тоглох дүрэмгүй болж шахагдана, тоглох дүрэмгүй компаниуд хүссэн хүсээгүй Монголыг орхино, байдал иймдээ хүрвэл олон улсын хөрөнгийн бирж дээрх Монголын гэх компани цөөрнө, тэр хэрээр Азийн Монголыг дэлхий үнэлэх аргагүй болно гэсэн сэдвийг хөндөж тавьсан. Цаашлуулж яривал Орос, Хятадын компаниудын эзлэх жин ихэдвэл Азид ардчиллын загвар гэж гайхагддаг тогтолцоонд маань эрсдэл учирна гэдгийг ч сөхөж гаргаж ирсэн. Энэ өнцгөөс  харвал дээр дурдсан  өгүүлбэрүүд хамтарсан тунхаглалын ухаж уншмаар л хэсэг.  

Энэ мэт болгоожилмоор, алсдаа санахад илүүдэхгүй ямар ямар  асуудал айлчлалын үеэр яригдсаныг судлаачид сөхөж гаргаж ирмээр байна. Ардчиллаасаа ухрахгүйгээр их хөрштэйгээ яаж харилцвал аль аль талдаа ашигтай байх талаар өчнөөн гарц суд­лаач, шинжээчдэд байж таараа. Эцэст нь дахиад асууя. Эрх чөлөөг хүссэн хүмүүс яагаад Орос, Хятадаас биш Америкаас, баруунаас орогнол хүсдэг юм бол?

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Үнээ нэмсэн эрчим хүчнийхэн ямар мөнгөөр наадам хийчихэв ээ?

Саяхан энгийн иргэдийн цахилгаан хэрэглэсний төлбөрийг  таван төгрөгөөр нэмсэн. Төгрөг цаас болсон ийм үед цахилгааны үнэ нэмэгдэнэ гэдэг нэг өрхийн хувьд  бага ачаа биш. Компаниудын цахилгаан хэрэглэсний төлбөр  иргэдийнхээс ч илүү нэмэгдсэн байж таарна. Ашиггүй, дандаа алдагдалтай ажиллаж байна, бүр ажиллаж дийлэхээ байсан учраас арга буюу үнээ нэмлээ гэцгээсэн л дээ. За яахав, үнэхээр тийм зовлонтой бол юу гэхэв гэсхийгээд сууж байтал маргаашнаас нь наадамлаад эхэлдэг байгаа. Эрчим хүчний өдрөө тэмдэглэж байгаа юм гэнэ. Хүй долоо худагт дэнж хотойтол наадацгаасан.  Мөнгөө багтааж ядсан салбарынхан л ингэж нааддаг байх даа гэмээр, сүртэй сайхан наадам тэнд боллоо. 

Асар бүрт хонины ууц, айраг цагаа бялхалзаад сайхаан сайхан. Эрчим хүчнийхний наадам хачин сайхан болсон. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэж санааширмаар сайхан наадам Хүй долоо худагт болж өнгөрлөө. Өчнөөн алдагдалтай учраас үнээ нэмж байна гэж уруу царайлаад байсан улс мөнгөө багтааж ядан нааддаг л юм байна. 

Наадамлаж найрлаж суухыг нь харахаар мөнгөгүй ч биш ээ гэж хардмаар. Үнэхээр алдагдалд ороод бөөн юм болж байгаа бол юун наадам, юун цагаан сар гэцгээгээд ажилдаа хэрэглэдэг цаасаа хүртэл хэмнэж суумаар санагдах юм. Тэгэхээр энэ салбар мөнгөгүй ч биш юм байна. Наадмыг нь хараад лав тэгж бодогдсон. 

Тэгж сүрхий мөнгөгүйдсэн юм бол ийм сүрхий наадмыг яаж хийсэн байж таарах вэ. Наадам хийнэ гэдэг тоглоом биш. Морь уралдуулж бөх барилдуулна. Зангаргаа харуулах гэж байгаа ахиухан хэлж таарна. Ахиу бай хэлж байж гайгүй бөхчүүд зодоглох учраас энд тэндхийн наадмууд байгаараа өрсөлддөг нь бараг зан болсон. За тэгээд айраг цагаа, мах шүүс гээд өчнөөн юм бий. Тэгэхээр ийм зардалтай наадмыг  ямар мөнгөөр яаж хийв гэдэг асуулт сонирхол татаад байгаа юм даа. Алдагдалтай ажиллаж байна гэж үнээ нэмчихээд ингэж болох уу. 

Ер нь муу удирдагч л найр наадам хийж сүйд болдог. Ажлаараа тодорч гавихгүй учраас нэрээ дурсуулахын тулд наадам хийдэг гээд хэлчихмээр дүр зураг хаа яагүй л анзаарагддаг. Хожим  удирдлагад нь ажиллаж байсан хэд нь “Манай тэр даргын үед Хүй долоон худагт үгүй мөн сайхан наадаж билээ” гэж ярих нь л дээ. Энэ гээд хэлчихмээр тоймтой ажил хийгээгүй нөхдийн хувьд ядаж ингэж дурсагдъя гэж боддог байж мэдэх л юм. Гэхдээ найр наадам хийнэ гэдэг удирдагч хүний хийдэг ажил биш. Тэр дундаа Монголын өрх бүрт хамаатай салбарт дарга хийж байгаа хүмүүсийн хийдэг ажил бүр ч биш. 

Тэгээд бүр зөндөө алдагдалтай гэсэн зовлон тоочиж амьжиргаагаа арай гэж залгуулж байгаа иргэдийнхээ нуруун дээр ачаа нэмж буй салбарын хувьд их мөнгө зарж наадамлана гэдэг байж боломгүй хэрэг. 

Ц.БААСАНСҮРЭН