Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Тавантолгойн хэлэлцээ цагаан сараас өмнө дуусч магадгүй нь

Таван толгойн хэлэлцээр эхэлсэн нь шинэ оныэхний таатай мэдээ байлаа. Хэлэлцээр амжилттай болбол энэ ордод дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Ам.долларын урсгал татарсан энэ үед үүн шиг таатай мэдээ гэж хаана байхав. Өчигдөр 11.00 цагаас эхэлсэн хэлэлцээ хийгчдийннэг тал нь Монголын Засгийн газар бол нөгөө тал нь Хятадын төрийн өмчит “Чайна Шинхуа энержи”, Японы “Сумитомо” корпораци, Монголын “Энержи ресурс”. Тэд Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчдаар шалгараад байгаа. Тавантолгойн ордынолборлолт, тээвэрлэлт, борлуулалтын үйл ажиллагааг хариуцах компаниуд.Сайн чанарын коксжих нүүрсээрээ дэлхийд гайхагддаг энэ ордын өмчлөл нь төрд, менежмент нь нүүрсний зах зээлдээ толгой гэж яригдах компаниудад очих нь маш том давуу тал гэж эдийн засагчид онцолж буй. Хэлэлцээр амжилттай болбол өмнө хэлсэн шиг их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдэнэ. Төсөл хэрэгжих хугацаанд үндэсний компани нөлөөтэй хэвээр байна гэдэг онцлохоос аргагүй өнцөг. Өнөөг хүртэл Хятад гэсэн ганцхан зах зээлд зарагдажбайгаа Монголын нүүрсийгилүү үнэ хүргэж борлуулж болох гуравдагч зах зээлд гаргана гэсэн том зорилго бий. Хэлэлцээ амжилттай болбол сая дурдсан асуудлууд шийдлээ олно.

Хэлэлцээний үеэр Таван толгойн орд орших Өмнөговийг хөгжүүлэх, байгальд халгүй аргаар нүүрс олборлолт явуулах талаар ч ярилцана.

“Энержи ресурс”, “Сумитомо”, “Шинхуа” гэсэн түншлэлийн давуу талыг Монгол Улсын сайд М.Энхсайханы хэлсэн үгнээс тайлчихаж болно. Тэрээр”Нүүрсийн экспортын нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд борлуулж байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг УИХ гаргасан. Маш чухал шийдвэр. Нүүрс бол Economies of scale буюу хэмжээнээс хамаардаг бизнес.Аль болох их хэмжээгээр нүүрс үйлдвэрлэвэл тэр хэмжээгээр өндөр ашиг өгч чаддаг. Олон жижиг компаниуд нүүрсний үйл ажиллагаа явуулаад тэр тусмаа өөр хоорондоо өрсөлдөөд жижиг, жижгээр машинаар тээвэрлэсэн байдлаар бид дэлхийн нүүрсний зах зээл дээр өрсөлдөжчадахгүй. Чадахгүй, бололцоо байхгүйг эдийн засгийн ухаан өөрөө хэлж өгч байна. Тийм учраас УИХ-ын 34 дүгээр тогтоолын нэг чухал заалт бол экспортыг нэг цонхны хүрээнд олон улсын зах зээлд борлуулах гэсэн шийдвэр” хэмээн онцолсон нь цаанаа ийм учиртай. Cтратегийн хөрөнгө оруулагчдад Монголын Засгийн газраас хэд хэдэн шаардлага тавьж буй. Эхний шаардлага бол Тавантолгойн нүүрсний уурхайд нийтдээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх. Бас нүүрсний орд газарт нэмэлт хайгуул хийх, нөөцийг нэмэгдүүлэх үүрэг бий. Тавантолгой – Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг хариуцах ажил ч байгаа. “Шинхуа”-г сонгосон шалтгааны нэгнь энэ. Төмөр зам барьж, өмчилж, ашиглаж, Монголын төрд буцааж өгөх гэсэн шаардлагыг засгаас тавьж байгаа. 30 жилийн дараа суурь бүтцийн 51 хувийг төрийн өмчид үнэ төлбөргүй шил жүүлэх гэсэн шаардлага бий. Төмөр зам барих дээр “Шинхуа” гол оролцоотой ажиллах нь ойлгомжтой. Хятадын төрийн өмчит энэ компанийг сонг осон өөр нэг шалтгаан нь далай хүрэх гарц гэж харсных. Гуравдагч зах зээлд гарахын тулд далай хүрэх ёстой, далай хүрэхийн тулд Хятадын нутгаар дамжихаас өөр гарцгүй. Дамжих гарц нь өмнөд хөршийн төмөр замд нөлөөтэй “Шинхуа”. Тэдэндөөрсдийн гэсэн төмөр замтай гэсэн давуу тал бий. Далайд гарчихад олон улсын худалдааны арвин туршлагатай, Монголын нүүрс үнэ хүрч болох том зах зээл гэгддэг Японы “Сумитомо” байна. Ази, Номхон далайн бүс нутагт нүүрс болон бусад ашигт малтмалын борлуулагч том тоглогч Таван толгойд орж ирэх гэж байгаа нь нүүрсээр үнэ хүргэх сайхан боломж. Товчхондоо гуравдагч зах зээлд гарах боломжтой гэсэн өөдрөг гаргалгааг хялбархан хийчихэж болох хослол. 2.5 жилд Таван толгойн нүүрсний ордод 30 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих ёстой гэсэн шаардлагыг засгаас хөрөнгө оруулагчдад тавьж байгаа. Мөн Чалкогийн өрийг төлөх үүргийн хөрөнгө оруулагчид хүлээнэ.

Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагч шалгаруулах тендерийн урилгыг Хятадын Шинхуа, ОХУ-ын РЖД компани, Америкийн Пийбоди зэрэг аваргуудад өгсөн юм.”Шинхуа”, “Энержи ресурс”, “Сумитомо”, “Пийбоди”-гоос бусад нь”Биднийг энэ уралдаант шалгаруулалт оруулъя гэсэнд талархал илэрхийлж байна” гэсэн хариу ирүүлсэн. Америкийн “Пийбоди” яагаад шалгараагүй вэ гэсэн асуултад М.Энхсайхан “Пийбоди асуудалд арай өөрөөр хандсан юм билээ.Манай Засгийн газрын тавьсан шаардлагыг шууд утгаар нь биелүүлж чадаагүй. Хандлагыг нь бид хүлээн зөвшөөрч байгаа. Тэр нь юу гэхээр “Энэ Таван толгойн орд гэдэг нүүрсний орд чинь ямар үнэтэй юм, ямар үнэ цэнэтэй юм, тэр үнэ цэнийг эхлээд гаргая, тэр үнэ цэнээснь бодоод бид саналаа хэлмээр байна” гэсэн ийм л санал байсан.Өөрөөр хэлбэл “Хөрөнгө оруулалт хийе” гэсэн хатуу үүрэг аваагүй. Асуудалдхэрхэн хандах бодол санаагаа хэлсэн. Хүндэтгэж болох үзэл бодол” гэсэн тайлбар хийсэн юм.

Ямартай ч хамгийн чухал нь 60 тэрбум ам.долларын үнэлгээтэй “Шинхуа”, 13 тэрбум ам.долларын үнэ цэнтэй “Сумитомо”, 500 сая ам.долларын үнэлгээтэй “Энержи ресурс”-тэй Засгийн газар хэлэлцээний ширээний ард суулаа. Тэд засгаас тавьсан хатуу нөхцөлүүдийг хүлээж авсан гэдэг нь бидний хувьд том давуу тал болж байгаа гэдгийг ахин онцолъё. М.Энхсайхан Таван толгойн хэлэлцээг нэгдүгээр сарын 5-нд гэснээрээ эхлүүллээ. Цагаан сар гэхэд асуудлуудаа хэлэлцэж дуусна гэсэн тохироог хоёр тал хийснээ олон нийтэд зарласан. Тэгэхээр Таван толгой гэдэг аварга ордыг яаж хөдөлгөх эцсийн тохироог морин жилдээ багтаад шийдчих болов уу гэсэн найдлага өндөр байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Эдийн засгийн өөдрөг мэдээнүүд

Эдийн засгийн хямрал, уналт, хөрөнгө оруулалтын зогсолт гэх мэт гутруу үгс хөвөрсөн энэ үед өөдрөг мэдээлэл ч багагүй сонсогдож байна. Эдийн засгийн өөдрөг мэдээллээс хүргэе.

АЛТ, ЗЭС, ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ ДАЖГҮЙ БАЙХ НЬ

Ирэх онд нүүрснээс бусад экспортын ашигт малтмалын үнэ унахгүй гэсэн өөдрөг мэдээг шинжээчид хэлж байна. Чикаго дахь “Long Leaf Trading Group”-ын ахлах стратегич Тим Эванс “Одоо алт худалдан авах цаг биш” хэмээн ярьсан ч,”Goldman Sachs” хэдэн сарын дараа унци алт 1050 ам.доллараар үнэлэгдэж магадгүй гэж сэрэмжлүүлсэн ч гэлээ алтны үнэ ирэх ондоо өснө гэсэн таамаг гарчээ. Алтны үнэ уналаа гэхэд 1000 дээр очно, мянгаас өгсөөд 2500 хүртэл “галзуурах” боломжтой гэх гэгээтэй мэдээ дуулдаж байна. Шинжээчид алтны үнийг удаан хугацаандаа энэ хавьцаа хүрнэ гэж таамаглаж байгаа. Удаан гэдэг нь зургаан сар хүртэлх хугацаа гэхээр ирэх жилдээ алтны үнэ огцом өсөх хандлага анзаарагдаад эхэлчихэж.

Төмрийн хүдрийн үнэ лав л өнөөдрийнхөөс буухгүй гэсэн таамаг бий. Болгоомжлонгуй хандсан тоо гэж хэлэх шинжээч ч байна. Дэлхийн уул уурхайн “акул” компаниудын нэг, төмрийн хүдэр олборлолтоороо тэргүүлэгч”Вале” төмрийн хүдрийн үнэ сүүлийн таван жилийн доод түвшнээсээ эргэж сэргэнэ гэж таамаглажээ. Гал тогоонд нь байгаа компанийн үнэлгээ учраас амьдралд илүү ойрхон байх магадлал өндөр.

Нийлүүлэлтийн илүүдэлд орж он гарсаар бараг 50 орчим хувиар унасан төмрийн хүдрийн үнэ өгсөх болсон нэг том шалтгаан бий аж. Өндөр өртгөөр олборлолт хийдэг хэд хэдэн уурхай үүдээ барьсан юм байна. Энэ нь ханш өсөх таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж “Вале” үзжээ. Тэдний харж байгаа хоёр дахь шалтгаан нь төмрийн хүдрийн гол хэрэглэгч тивтэйхолбоотой.Азийн бүтээн байгуулалт сэргэсэн нь төмрийн хүдрийн үнэд эерэг нөлөө үзүүлэх нь. Төмрийн хүдрийн ханш тонн тутамдаа 85-90 ам.доллар хүрнэ гэсэн таамаг яригдаж байна. Энэ металлын ханш одоогоор 68 ам.доллараар үнэлэгдэж байгаа. Зэсийн үнийн хувьдөнөөдрийнхөөсөө буухгүй гэсэн таамаг байна.

АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ НЭМЭГДСЭЭР БАЙНА

Газар доорх баялгийнхаа хэмжээг тодорхой болгоно гэдэг улсынхаа үнэ цэнийг тэр хэрээр өсгөж байгаа хэрэг. Тэнд тийм орд төчнөөн тонн нөөцтэй нь тогтоогдлоо гэсэн мэдээ бүр Монгол Улсын дэлхийн зах зээлээс мөнгө босгох боломжийг нэмж байдаг. Саяхан Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани

“Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Баруун ноён уул ордын гарцыг нэмэгдүүлсэн төлөвлөгөөг баталлаа” гэсэн мэдээг хөрөнгө оруулагчдад хүргэлээ.

Гарц нэмэгдсэнээр энэ ордоос 2015 онд1.5 сая тонн, 2016 онд хоёр сая тонн нүүрс олборлох боломж бүрджээ. “Guildford Coal”-ийн дуулгасан өөр нэг сайн мэдээ ньБаруун ноён уул ордын коксжих нүүрсийг угааж боловсруулснаар үнслэг багатай сайн чанарын нүүрс болдог нь туршилтаар дахин батлагдлаа гэсэн мэдэгдэл. Сингапурын “Sino Construction” -ызүгээс “Guildford Coal”-ийг худалдан авах саналаа албан ёсоор хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Одоогийн үнэлгээнээс нь бүр 17 хувиар өсгөж үнэлжээ.

ДОЛЛАР ХЭМНЭЖ, ДОЛЛАР ОЛОХ ГУРВАН ҮЙЛДВЭР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ

Шинэ үйлдвэр байгуулагдах хэрээр гадагшаа урсдаг долларын урсгал багасна гэсэн шалгуураар хэмжвэл эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр үйл явдал өнгөрсөн амралтын өдөр тохиолоо. “Эрдэнэт хивс” компанийн дэргэд Ноос угаах үйлдвэр, Нано технологийн даавууны үйлдвэр нээлтээ хийсэнюм. Үүнээс гадна”Хөх ган” компанийн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх үйлдвэр ажиллаж эхэлж байна. Нано технологиор үйлдвэрлэсэн даавууны эдэлгээ 2-3 дахин нэмэгдсэн гэх үзүүлэлтийг үйлдвэрлэгчид сонирхуулсан. Гэрийн бүрээсний даавуугаа хүртэл урд хөршөөс худалдаж авдаг монголчуудын хувьд гэрийн мянган метр бүрээс үйлдвэрлэчихсэн нано технологийн даавууны үйлдвэр сайн мэдээ байж чадсан. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх ноосны шинэ үйлдвэрийн онцлог нь өмнөхөөсөөнарийн цэвэрлэгээ хийх боломжтойгоороо онцлог. Ингэснээр дэлхийн зах зээлд чамлахааргүй үнээрборлуулдаг монгол хивснийчанар сайжирна гэсэн өөдрөг мэдээг үйлдвэрлэгчид онцолно лээ. Монгол руу урсах долларын урсгал бага ч гэсэн нэмэгдэх боломж бүрдсэн гэсэн үг. Шууд ангижруулсан төмөр ч ялгаагүй. Валютын нөөц нэмэгдэхэд дажгүй нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

ТӨГРӨГ

ЧАНГАРАХ СУРАГ

Хоёр мянга дөхөж явсан ам.долларын ханш өнгөрсөн хоёр хоногт уруудав. Тодруулж хэлбэл амралтын өдрүүдэд 1880 төгрөгт хүрсэн юм. Арилжааны банкуудын ам.доллар худалдан авах ханш 1867-1870 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөг байна. “Найман шарга” валют арилжааны цэгтөчигдөр 16.00 цагийн үед ам.долларыг1875 төгрөгөөр авч, 1880 төгрөгөөр зарж байлаа. Засагт АН, МАН хамтрах болсон нь долларын ханш буухад нөлөөлсөн гэх таамаг бий. Эдийн засагчид өмнө нь “Долларын ханш өсвөл ханш хөөрөгдөх гэж байгаа хэрэг, түүнээс биш ам.доллар чангарах боломж байхгүй” гэсэн таамаг хэлж байсан юм. Энэ талаас нь харвал улс төрийн тогтворгүй байдал ногоон валютын ханш чангарахад нөлөөлсөнбайж болох талтай. Тэгэхээр засаг үймснээс болж хөөрөгдсөн ам.долларын ханш, засаг тогтворжих хандлага руугаа орсон учраас хөрсөн дээрээ бууж эхэлсэн гээд дүгнэчихэд болохгүй юмгүй.

Өөр нэг таатай мэдээ гэвэл өнгөрсөн гурван сарын хугацаанд төгрөгийн голлох валютуудтай харьцах ханшийн өөрчлөлт харьцангуй тогтвортой байж. “Летфорекс” валют арилжааны төв болон зарим банкныхан “Ам.доллар төгрөгийн эсрэг өнгөрсөн таван сарын хугацаанд 3.6 хувийн өсөлттэй байсан бол юанийн төгрөгтэй харьцах ханш 4.7 орчим хувиар чангарчээ. Олон улсын зах зээлд ам.доллар голлох валютуудын эсрэг өссөн дүр зурагтай байна. Евро сүүлийн таван сарын хугацаанд ам.долларын эсрэг ес орчим хувиар, иен 16 хувиар суларсан” гэж онцолж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнөөдрийнхөөс ч чангарна гэсэн таамгийг шинжээчид хэлж байгаа юм.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ ТАСРААГҮЙ

Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал тасарсан ч гэлээ хөрөнгө оруулагчдын итгэл тасраагүйг өнгөрсөн хугацаанд болсон хоёр ч үйл явдал нотлов. Саяхан Хонконгт болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулганаас хэрэгжүүлэхээр зэхсэн том төслүүд маань мөнгөтэй эрхмүүдийн анхааралд бий нь тод харагдсан. Хөрөнгө оруулагчдын ирц өмнөх жилийнхээс төдийлөн буураагүйг “Блүүмбэрг” онцолсон.Өнгөрсөн сарын 26-28-нд уг төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөж буйФранц, Солонгосын хамтарсан GDFSUEZ & POSCO Energy консерциумын баг Таван толгойн цахилгаан станц баригдах талбай, усны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажилласан нь үүний нэг нотолгоо. Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байгаа билээ. Японы “Marubeni” корпораци, “Kansai electric”, Солонгосын “Daewoo Engineering” компанийн багууд арванхоёрдугаар сард төсөл хэрэгжих талбайд ажиллана гэсэн мэдээлэл байна.Сая дурдсан компаниудаас Таван толгойн цахилгаан станц төсөлд хөрөнгө оруулах өрсөлдөөнт саналыг ирэх оны хоёрдугаар сар хүртэл хүлээж авах юм.

Хөрөнгө оруулагчдын итгэл тасраагүйн бас нэг жишээ нь Хөгжлийн банкны босгосон гэж мэдээлээд буй синдикат зээл. Хөгжлийн банк анх олон улсын зах зээлээс анх 200 сая ам.доллар босгоно гэж төлөвлөж байсан ч эрэлт их байсан учир 300 сая болгож нэмэгдүүлсэн байдаг. Эрэлт гэдэг нь Монголын Хөгжлийн банкинд мөнгөө өгөх гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхолөндөр байсан гэсэн үг. Монголыг гэсэн шинэ хөрөнгө оруулагчид ч цөөнгүй байгааг Хөгжлийн банкны сүүлд босгосон синдикат зээл нотолсон. Тухайн үед “Credit Suisse Securities”-ийн гүйцэтгэх захирал Пол Трегидго Нью Йорк дах Блүүмбэрг телевизэд ярилцлага өгөхдөө “Энэ үйл явдал цоо шинэ зах зээл рүүнэвтэрч байгаагаас гаднашинэ хөрөнгө оруулагчдыг бий болгож байна. Монголыг сонирхох олон улсын хөрөнгө оруулагчдыг улам бүр нэмэгдүүлсэн алхам болсон. Монголд хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд олон бий ч Монголын талаарх хөрөнгө оруулагчдын сонирхол хүчтэй хэвээр байгаа. Монголын эдийн засаг дунд, болон урт хугацаандаа өндөр өсөлттэй байх учраас хөрөнгө оруулагчид их сонирхож байна. Монголд хөрөнгө оруулах тохиромжтой цаг ирсэн гэсэн үг” хэмээн ярьсныг хэвлэлийн хуудаснаас харж болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Таван толгой”-г популизмд автахгүйгээр хөдөлгөвөл иргэд л хожно

Өчнөөн жил ярьсан чшийдэж чадалгүй өнөөг хүрсэн Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчид тодорчихлоо. Засгийн газар нэгдүгээр сарын 5-ндхөрөнгө оруулагч талтай хэлэлцээ эхлүүлнэ гээд дуугарчихлаа. “Энержи ресурс”, “Шинхуа”, “Сумитомо” бол дажгүй хослол. Таван толгойн менежмэнтийг өлхөн хийчихээр хүч, цараатай компаниуд. Долоон тэрбум тоннын нөөцтэй Таван толгойн ордын түүхийг сөхвөл анхнаасаа хувийн компаниудын мэдэлд байсныг нь харж болно. Дэлхийн уул уурхайн томчуудын нэг BHP энэ ордын эхний эзэмшигч. Азаар 1998 оны эдийн засгийн хямралын үеэр “Майн Инф” гэдэгмонгол компани Таван толгойн лицензийг авч таарсан. Тухайн үеийн Кадастрын удирдлагууд ч Монголын компанидаа энэ лицензийг өгсөн байдаг. Өмнөх Ерөнхий сайд “Ийм том орд газрыг гадаадын компаниас авч мэдэлдээ оруулсных нь төлөө төр засаг талархал илэрхийлэх ёстой” гэж хэлсэн удаатай. Дараахан нь хэд хэдэн компанийн хамтарсан хөрөнгө оруулалттай “Энержи ресурс”-т энэ ордын лиценз очиж байлаа. Тэд Таван толгойн лицензийг өчнөөн жил хадгалсны эцэст төрд булаалгаж байв. Эх орончид ард түмэнд өгнө гээд хувийн компанийн эзэмшиж байсан лицензийг авсан нь тийм ч эртний түүх биш. Ард түмэнд өгнө гэдэг сонсоход гоё үг л дээ. Популистуудын энэ үгийг анх сонссон хэнд ч сайхан байсан. Нуулгүй хэлэхэд гэнэт л өчнөөн мөнгөтэй болох юм шиг сэтгэж хүлээж авсан. Гэхдээ шууд май гээд өгчихдөг эд биш, ингэх ч бололцоо байхгүй гэдгийг нийгэм сүүлийн жилүүдэд хангалттай мэдэрлээ. “Эрдэнэс Таван толгой”-гмэддэг, хариуцдаг байсан хэдэн дарга нар л мөнгөжсөн байх. Өмнөх даргын үед шахсан хэдэн тэрбумын дугуй, Дэнзэнгийн өчнөөн тэрбум гээд төрийн эрх мэдэлтнүүдийн халаас зузаарснаас Таван толгойгоос иргэдэд наалдсан юм лав байхгүй. Иргэн бүрт хувьцаа тараалаа гэж нэг хэсэг шуугиулсныг эс тооцвол Таван толгойгоос гялайж гялтайх юм алга. Өнөө хувьцаа нь өдгөө шилний цаанаас чихэр долоолгох дайны юм болчихсон. Олон улсын зах зээл дээр IPO гаргачихвал хувьцаа асуудалгүй гэсэнганцхан тайлбарыг албаныхан өгсөөр хэчнээн ч оныг үдэв.

Төр хамгийн муу менежер гэж эдийн засагчид хэлдэг. Төрийн өмчийн компаниудаас энэ л гайгүй гялалзаж байна даа гэх компани байдаггүй нь ийм учиртай. Горыг нь өнгөрсөн жилүүдэд амссан учраас Таван толгойн өмчлөл нь төрд хэвээрээ ч, менежмэнтийг нь хувьд өгье гэсэн шийд­лийг засгаас гаргасан. Стратегийн хөрөнгө оруулагч нь тодорхой болсон Таван толгойн ордын хэлэлцээр яг энэ эрчээрээ явбал ирэх хавар гэхэд Өмнийн говьд их бүтээн байгуулалт өрнөнө. Дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гээд бодоход л ямар том хэмжээний бүтээн байгуулалт өрнөхийг багцаалдаж болно. Төмөр зам тавигдана, тэр хэрээр нүүрсний тээврийн зардал багасч үнэ цэнэ нь өснө. Энэ үед л харин Таван толгойн өгөөж иргэ­дэд жинхэнэ утгаараа мэд­рэгдэнэ дээ. Таван толгойд ханган нийлүүлэлт хийдэг компаниудын бизнес өргөжөөд ирнэ. Төмөр замаас эхлээд бүтээн байгуулалт өрнөөд эхэлбэл өчнөөн хүн ажилтай болно. Улсын төсөвт орох тат­варын хэмжээ ихэснэ. Тө­сөв зузаарвал цэцэрлэг, сургууль, эмнэлэг барихаас эхлээд иргэдэд наалдацтай ажлуудыг ч хийх боломж гарна.

Одоо нэг аюул бий. Таван толгой овоо хөдлөх гэж байгаа энэ үед “эх орончид” цээжээ дэлдээд босоод ирж мэднэ. УИХ-д гэхэд хэд хэдэн эх оронч сууж байгаа. Таван толгойг мөнгө болгож харсан эрх мэдэлтнүүд ч саарал ордонд олон. Төдийгөөс өдий хүртэл Таван толгойн стратегийн хөрөнгө оруулагчийг шийдээгүй ньч үүнтэй холбоотой. Таван толгойгоос хэн ахиу юм унагах вэ гэсэн уралдаан өнөөг хүртэл хөшигний ард өрнөсөн нь нуугаад байх зүйл биш. Тэд наанаа Таван толгойг “Ард түмэнд л очих ёстой орд” гэж ярьцгаадаг. “Ганцхан компани баяжих нь. Ард түмэн юу ч үгүй хоосон хоцрох нь” гэж ирээд хашгиралдаж мэдэх нөхөд гудамжинд бол бүр олноороо хөлхөж яваа. “Ард түмний төлөө” гэсэн гоё үгээр бамбай хийдэг энэ эрхмүүдэд бол Таван толгойг хувийн компани зах зээлийн жамаар нь хөдөлгөж, монгол нүүрсийг үнэд хүргэх нь нэг их чухал зүйл биш.

Ямар ч байсан Таван толгой хөдлөх нь тодорхой боллоо. Нүүрсний зах зээлдээ том гэсэн компаниуд энэ ордод хөрөнгө оруулна гэсэн мэдээг дэлхий сонсчихлоо. Мөнгөө тас атгачихаад Монгол руу эргэлзэнгүй харж суугаа хөрөнгө оруулагчдын итгэл наашлахад нөлөөлөхөөр сайн мэдээ, эерэг дохио. Хурдан хүлэгтэйгээрээ нийгэмд илүү танигдсан, чуулганы хуралдааны үеэр дуугардаггүй шахам нэг эрхэм УИХ-д бий. Дундговиос сонгогдсон Наранхүү. Энэ эрхэм сүүлд овоо үнэн үг унагана лээ. “Төр засаг нэгэнт л гэрээ байгуулж гарын үсэг зурсан бол тэрэндээ үнэнч баймаар юм. Засаг солигдонгуут л үгнээсээ буцаад эхэлдгээ болих хэрэгтэй. Биднийг ингээд байхаар гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдраад гараад явчихаад байна шүү дээ” гэсэн үгийг нь Таван толгой дээр онцолмоор байна. Үнэн л дээ. Монголчууд байгуулсан гэрээнээсээ буцсан нь муухай харагдсан учраас, аймаар санагдсан болохооргадаадын хөрөнгө оруулагчид Монголыг орхисон.

Харин одоо төр хэлсэн амнаасаа буцахгүй, энэ эрчээрээ Таван толгойгоо хөдөлгөх хэрэгтэй. Засаг со­лигд­сон ч гэлээ Таван толгой дээр яг энэ бодлогоосоо ух­рахгүй байх учиртай. Тэгж байж л бид улсын дайтай хөгжинө.

Өдийд популистууд “Муусайн олигархиуд” гэж ирээд босоод ирвэл гайхаад байх зүйлгүй. Эх орончдын хувьд Таван толгойн менежмэнтийг компаниуд хийнэ гэсэн засгийн шийдвэр ард түмэнд хайртайгаа харуулах сайхан боломж. Азаар иргэд нэг үеэ бодоход тэднийг таньж эхэлсэн л дээ. Ард түмний нэр барьж хамгийн чанга дуугарсан иргэний хөдөлгөөнийхөн нүдэн дээр нь чинээлэг амьдраад эхэлсэн учраас иргэдэд эргэлзээ төрж эхэлсэн. Уул уурхайн нэг компанийн ажилтан “Иргэний хөдөлгөөнийхөн манай уурхай дээр эхлээд фургонтой очиж байсан, дараа нь суудлын тэрэгтэй очдог болсон. Одоо жип хөлөглөөд ирэх байна. Тэр хөдөлгөөнийг тэргүүлдэг нөхөр нь Зайсанд хаусанд амьдардаг. Ажил хийдэггүй мөртлөө 9911-тэй дугаартай” гэж яриад толгой сэгсэрч байсан.Монголыг хөгжүүлэхгүй гэсэн хэн нэгний, ямар нэг орны түлхээс, санхүүжилтээр өчнөөн мөнгөөр жагсаал цуглаан зохион байгуулаад, бужигнаан шуугиан дэгдээгээд явдаг юм биш үү гэсэн хардлагыг батлахаар энэ мэт жишээ өчнөөн бий. Тэгэхээр эх орончдын худлаа үгэнд ач холбогдол өгөхгүйгээр Таван толгойгоо хөдөлгөх нь л ашигтай гээд бодчих хэрэгтэй. Үгийг нь хэн ч сонсохгүй, үнэлэхгүй, итгэхгүй байхаар эх орончдын тоо цагийн жамаар цөөрөөд ирнэ.

Таван толгой дэлхийн акул компаниудын тоонд зүй ёсоор багтдаг “Шинхуа”, “Сумитомо”, Монголын “Энержи ресурс”-ын менежмэнтээр ажиллаж эхэлбэл ашгаа өгөөд эхлэх нь гарцаагүй. Зах зээлийн жамаар хөдөлсөн ямар ч төсөл ашгаа өгдөг. Тэр дундаа Таван толгой шигкоксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гайхагдсан орд дээр хэрэгжиж буй төслийн хувьд алдагдал гэсэн ойлголт бүр байхгүй. Ашигтай ажиллаад ирэхээр одоохондоо шилний цаанаас долоох чихэр төдий байгаа Таван толгойн хувьцаа маань ч амь орно. Тавантолгойн хувьд төрд өмчлөл нь үлдсэн учраас хувьцаа эзэмших эрх маань хэвээрээ байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Кембрижид элсэхийг хүсдэг МОНГОЛ ХҮҮ

“Өдрийн зочин” маань БСШУЯ-ны харьяа “Шинэ эрин” лаборатори сургуулийн сурагч. Олон улсын кембрижийн хөтөлбөрөөр хичээллэдэг гэдгээр нь уншигчид андахгүй. Европын ихэнх орны их сургуулиуд хүлээн зөвшөөрдөг,Канад, Австралид бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн, Америкийн зарим их сургуулиудын зөвшөөрдөг сургалтын системээр монгол хүүхдүүд амжилттай хичээллэж байгаа. “Шинэ эрин”сургуулийн 11-ийн “б”-гийн сурагч Э.Энхцацралтыг онцолж урьсан нь учиртай. Наймдугаар ангиа төгсөөд “Шинэ эрин”-д шалгалт өгч байж орсон хүү өнгөрсөн намар суурь боловсрол олгох эхний түвшний шалгалтандаа 100 оноо авчээ. Дэлхийн өнцөг булан бүрд энэ хөтөлбөрөөр суралцдаг хүүхдүүдээс хамгийн өндөр оноо авсан ганц сурагч. 160 гаруй орны их, дээд сургуулиуд хүлээн зөвшөөрдөг Кембрижийн хөтөлбөрөөр хоёр, гуравхан жил хичээллээд, хамгийн өндөр оноог нь авна гэдэг тийм ч хялбарбиш. Энхцацралт одоо хоёр түвшний шалгалт өгөх юм билээ. “Би өмнө нь 28, 40, нэгдүгээр сургуульд сурч байсан юм. Хоёрдугаар ангиасаа олимпиадад орж эхэлсэн. Дөчдүгээр сургуулийн Болд багш, нэгдүгээр сургуулийн Бат-Эрдэнэ багшнамайг математикийн олимпиадад бэлдэж байхдаа маш их юм заасан. “Шинэ эрин”-д орохдоо математикийн хүнд бодлогуудыг бодох чадвартай байсан ньолон улсын шалгалт өгөхөд маш том давуу тал болсон. Багш нартаа баярлалаа гэж хэлмээр байна. Өнгөрсөн намрын шалгалтаар хамгийн өндөр оноо авсан минь хүссэн их сургуульдаа ороход маш том давуу тал болно” гэж ярилаа.

Энхцацралт айлын том хүү. Дүү нь энэ жил сургуульд оржээ. Аав, ээж хоёр нь замын инженер мэргэжилтэй. Анх ээж нь сониноос Кембрижийн хөтөлбөрөөр хичээллэх сургуульд элсэх шалгалтын талаарх зар уншаад хүүдээ үзүүлсэн гэнэ. Тэгээд л хичээсээр байгаад шалгалтанд нь тэнцчихэж. Шөнийнхоёр цаг хүртэл хичээлээ хийгээд суучихдаг байсан гэнэ. Энхцацралт “Ээж, аав, эмээ гурав сайн сурах орчныг минь бүрдүүлж өгсөн ачтай хүмүүс. Шалгалтаа өгөх гээд очихдоо бичиг баримтаа мартчихсан чинь аав ажилтай байсан хэрнээ хамаг хурдаараа яваад аваад ирсэн. Тэр үед үнэхээр их баярласан шүү. Ээжминий биед байнга анхаарал тавьдаг. Ээжийнхээ зөвлөгөөгөөр хэт оройтож хичээллэхээ больсон. Эмээ солонгос кино үзэх дуртай хэрнээ намайг үзүүлэхгүй шүү дээ. Хичээлээ хий гээд өрөөнд ганцааранг минь үлдээчихнэ. Ганцаараа чимээгүй орчинд байхаар өөрийн эрхгүй төвлөрч хичээлээ хийдэг” гэж хэлээд инээмсэглэв. Өөртөө итгэлгүй санагдсан үедээ интернэтээс алдартай хүмүүсийн амжилтын тухай ярьсан илтгэлүүдийг татаж авч сонсдог гэнэ. Орныхоо хажуугийн ханандмөрөөдсөн зүйлийнхээ зургуудыгнааснаа сонирхуулав.

Энхцацралтын нэг өдөр зав зай багатай өнгөрдөг бололтой.Өглөөний найман цагаас оройны 17.30 цаг хүртэл хичээллэдэг аж. Чөлөөт цагаараа ном уншиж, зураг зурах дуртай гэнэ. Интернэтээр аялж томоохон сэтгүүлүүд дээр нийтлэгдсэн нийтлэлүүд харахаараа цаг өнгөрч байгааг анзаардаггүй гэнэ.

Байсгээд сургуулиа магтах юм.”Ерөнхий боловсролын сургуулиудын сурагч, багш хоёрын харилцаа хөндий юм шиг санагддаг. Бас багш их зүйлийг зааж өгч, сурагчдаа хөтөлдөг. Харин кембрижийн хөтөлбөр тийм биш. Сурагч, багш хоёр маш ойр харилцаатай. Сурагч нь хүсэл эрмэлзлээ ойлгож өөрийгөө дайчилдаг. Хичээлээ багш нараараа хэлүүлнэ гэж байхгүй. Өөрөө хичээaж, санаачилга гаргадаг. Би сургуульдаа ороод багаар ажиллах чадвартай болсон. Өмнө нь илүү дотогшоо байсан бол одоо их нээлттэй болсон шүү. Багш нар маань юу ч асуусан цааргалахгүйгээрхариулдаг. Муу, сайн ямар ч хүүхэд байсан бүгд зэрэг дээшилдэг”, “Кембрижийн хөтөлбөрийн хамгийн гоё нь мэдсэн зүйлээ чадвар болгож ямар нэг зүйлд ашиглаж чадах уу гэдгийг системтэйгээр шалгадаг нь. Тийм дадлыг суулгадаг учраас үнэхээр таалагддаг”, “Би хэлэндээ тийм ч сайн байгаагүй. Сургуульдаа ирээдэрчимжүүлсэн англи хэлний сургалтад суусан чинь миний хэлний чадварын түвшин маш хурдтайгаар ахисан”, “Манай сургуулийн төгсөгчид том сургуулиудад элсэн суралцдаг. Миний мэдэхээр өнгөрсөн жил нэг хүүхэд Харвардад тэнцсэн. Анхны төгсөгчдөөс хэдэн хүүхэд найзуудаараа Америкийн Миннесота мужийн их сургуульд сурч байгаа. Энэ талаар сонсоход үнэхээр гоё санагдсан”гэж ирээд сургуулийн тухай яриа баахан өрнөв.

Энхцацралтын сурахыг хүсдэг сургууль нь Их Британийн алдарт Кембриж. Бүр багадаа Кембрижийн сургуульд сурч байсан хүний талаар кино үзээд л энэ мундаг сургуульд сурахыг мөрөөдөх болжээ. “Английн уур амьсгал нь их гоё санагддаг. Би бороотой, чийглэг орчинд дуртай” гэж инээмсэглэн хэлэх сурагч хүү мэргэжлээ аль хэдийнэ сонгожээ. Электроникийн инженер болохоор сонголтоо хийчихэж. “Математикийн программ хангамж, физикийн цахилгаан хэлхээг түлхүү ашигладаг мэргэжил л дээ. Математик, физик хоёрт дуртай болохоороо сонгосон юм” гэж байна.

Ярилцлагынхаа төгсгөлд “Сургуулиа төгсөөд Монголдоо ирж ажиллах уу, эсвэл тэндээ үлдэх үү” гэж асуухад “Монголдоо ирэх хүсэлтэй. Төрсөн газартаа бид л юм хийхгүй бол хэн ч бидний өмнөөс улсыг минь хөгжүүлж өгөхгүй шүү дээ. Гэхдээ мэдээж төгсөнгүүтээ шууд ирэхгүй байх. Юм хийх чадвартай болсон хойноо, хөлөө олчихоод эх орондоо ирнэ. Тэгж байж л ихийг хийж амжуулна” гэсэн догь хариу өгчихөөд хичээлдээ яарсаар гарч одлоо.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэвбаатар: Богд уулын төмөр замын ажлыг эхлүүлнэ

Улаанбаатар төмөр зам”-ын дарга Л.Пүрэвбаатартай ярилцлаа.

Таны хувьд төмөр зам шинэ салбар биш. Ажилдаа шууд орсон уу?

-Санкт-Петербургийн Төмөр замын дээд сургуульд элссэн 1978 оноос хойш төмөр замын салбараас хөндийрөөгүй өнөөг хүрсэн гэхээр төмөр зам миний амьдралдямар орон зай эзэлдэг нь тодорхой харагдах байх. Төмөр замын газар гэж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг 2012 онд татан буугдсан юм. Төмөр замын агентлагт ажиллаж байсан чадварлаг хүмүүстэй хамтарч нэлээд судалгаа хийсэн. Төмөр замаа яаж хөгжүүлж, юу хийх вэ гэдэг тал дээр гарц хайцгаасан хэрэг. Цэг таслалыг нь хүртэл нягт нямбай тавьсан, мэдээлэл нь бүрэн боловсрогдсон, алхам акцууд нь бэлэн болчихсон гэж ойлгож болно. Тийм ч учраас ажилдаа шууд орж чадна. Энэ салбарыг хүчтэй болгох чадал төмөр замд өөрт нь бий. Уламжлалт гэмээр нэг чадвар байдаг юм. Тэр нь маш зөв зохион байгуулалт. Энэ хүчийг ашиглана даа. Туршлага, мэдлэгийг нь зөв зохион байгуулаад өгчихвөл хөгжихөд асуудалгүй салбар. Энэ байгууллагын хөгжилМонголын хөгжил дэвшилд түлхэц өгдөг юм байна гэдгийг өчнөөн жишээгээр нотолж болно.

Монголын хөгжилд нөлөөлсөн сүүлийн үеийн жишээ гэвэл юу байна?

-Мэдээлэл, технологийн газар сураггүй байсан үед буюу 1997 онд шилэн кабель гэдэг юмыг анх удаа төмөр зам дагуу татсан. Шилэн кабель маань 1999 онд ашиглалтанд орж, төмөр зам IT гэдэг юмыг ашиглаж эхэлсэн. Дараахан нь үүнийг ашиглах санаа Засгийн газрын байгууллагуудад төрсөн л дөө.Мэдээлэл технологийн газрын даргаар одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажиллаж байсан юм. Ч.Сайханбилэг над руу утасдаад “Монголд интернэтийг нэг төгрөг болгоно гэсэн зорилго дэвшүүлж байна. Та шилэн кабелаа ашиглуулаач” гэсэн. Интернэтийг хямдруулах, мэдээллийн урсгалыг багцаар нь бөөндөх боломжийг төмөр зам дагуух шилэн кабель өгсөн л дөө. Өнөөдөр интернэт үнэ өртөг, хүртээмж, үйлчилгээний хувьд асуудалгүй болж байна. Төмөр замчид хөгжлийн иймэрхүү эерэг дохиог ахин өгөхсөн гэж бодоод л байна.

-“Улаанбаатар төмөр зам”-ын өмнөх дарга ажлаа авсныхаа дараа ачаа эргэлтийг 20 сая тонн давуулж рекорд эвдэнэ гэж амласан. Хэлсэндээ ч хүрсэн. Таны хувьд ачаа эргэлтийг хэд хүргэе гэж бодож байгаа вэ?

-Сэрээнэндорж ачаа эргэлтийг нэмэгдүүлж, ачааны саатал бөглөрлийг арилгах тал дээр нэлээд ажил хийсэн. Ажлыг нь үргэлжлүүлнэ. Өмнөх даргын үед ачааны хэмжээ 20 сая давсан бол би гучин сая тонндхүргэнэ гэж зүтгэнэ. Техникийн хувьд боломжтой. Ер нь өмнөх үеийнхээ уламжлалт ажлуудыг үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.

Таны хамгийн түрүүнд хийх даацтай ажил юу байх бол?

-Энэ асуудлаар ажлаа авсныхаа дараа Ерөнхий сайдтай ярьсан. Хамгийн эхлээд хөдөлгөх ёстой асуудал бол Богд уулын тойруу төмөр зам.

Төмөр зам дээр хос төмөр зам гэх мэт биелэхэд хол ч биелчихвэл хөгжилд хэрэг болохоор санаанууд их бий. Мөрөөдөл биш ажил болгохын тулд яах ёстой вэ?

-Төмөр замыг анх байгуулж өгсөн, энэ асуудлын эх дээр нь сууж байсан улс бол Орос. Оросуудын чадал, мэдлэг Улаанбаатар төмөр замыг өлхөн өөд нь татна. Ганцхан монголчууд яаж оролцох вэ гэдэг асуудал л бий.Монголчууд нь гэдийгээд байвал асуудал явахгүй л дээ. Тэд дайрч орж ирээд шинэчлэхгүй нь ойлгомжтой. Би гурван жилээр томилогдсон. Мэргэжлийн хүний хувьд энэ хугацаанд төмөр замыг хос болгоно гэж худал ярихгүй. Дор хаяж хоёр даргын нүүр үзэж байж үр дүнг нь үзэх ажил гэж бий. Том ажлыг эхлэхийн өмнө зургийг ньгаргах, зохион байгуулалт,мөнгө санхүүтэй холбоотой ажлыг гүйцэтгэхээс гадна санаа сэтгэлээ бэлдэх хэрэгтэй. Хос төмөр замын ажил эхэлбэл газар шороо, инженер угсралтын ажлыг Монголын 16 мянган төмөр замчин хийж чадна. Бид “Самсунг”-ийг авчрахгүй. Тусламж дэмжлэг гэж ярихгүй. Тэртом санхүүжилтийн схем, тэр том төслийн удирдлагыг харин дэлхийнх байна уу, Оросынх байна уу, ямартай ч мэргэжлийн улс нь удирдаж таарах байх. Инженерүүд нь ирж заах байх. Хийхийн хувьд Монголын төмөр замчид өлхөн хийчихнэ. Миний үед эхлэх ажил гэвэл Богд уулын тойруу төмөр зам, шинэ нисэх онгоцны төмөр замын хөдөлгөөн байна. Шинэ нисэх онгоцны буудал руу манай төмөр зам очих ёстой.

Богд уулын төмөр зам яг ямар эерэг нөлөө үзүүлэх вэ?

-Богд уулын төмөр зам бол ганцхан Улаанбаатарыг тойрох асуудал биш л дээ. Төмөр зам хүнд байдалд байгаа. Хоолтын даваа гэж бий. Урагшаагаа Хонхорын тахир гэж байгаа. Энэ хоёр хонхороосоо гарах гэж хамаг зүтгүүрээ эвдэж, хамаг түлшээ шатааж,ачаагаа алдаад дуусдаг. Таван тонн ачаа тээхээр байсан ч хоёр, гурван тонныг ачихаас аргагүй болдог гэсэн үг. Энэ асуудлын техникийн шийдэл нь Богд уулын тойруу төмөр зам. Түүнээс биш мөнгөтэйдөө, гоёсанагдсан учраас тойруу зам барих гээгүй. Энэ асуудлыг мэргэжлийн хүмүүс олон жил судалсан. Зориглосон. Төмөр замыг хос болгоё гэж Орос, Монголын Засгийн газар хүсэл зоригоо нэгтгэж байгаа энэ үед хос болгох асуудлынх нь хүрээнд оруулчихъя гэж бодож байгаа. Хамгийн гол нь зөв эхлүүлэх хэрэгтэй. Ахиад буруу замаар явбал хэцүү. Буруу замаар явснаас болж барьж чадаагүй төмөр зам байгаа шүү дээ. Зөв эхлүүлье л гэж хичээж байна.

Гэхдээ хөрөнгө мөнгө гэж том асуудлыг үе үеийн Засгийн газар ярьж хэлсээр ирсэн?

-Хөрөнгө мөнгөний хувьд гачигдалтай гэж ярьж байна. Олон тэрбумтөгрөгийн алдагдал ч яригдаж байгаа. Үүнээс айж, няцах бодол алга. Төмөр замыг техникийн хувьд шинэчлэх, модернизаци хийхэд урд, хойд хөршөө татан оролцуулж чадвал тэд бидэнд хийгээд өгчихнө. Тийм чадалтай, хөрөнгө мөнгөтэй их гүрнүүд. Төрийн тэргүүн энэ асуудал дээр тусалж, дэмжээч гэж ярих юм билээ. Ирэх жилийн долдугаар сард Уфад очихдоо ярина гэсэн. Хоёр хөрштэйгөө дэд бүтцийн түншлэл дээр хамтарч ажиллавал илүү өгөөжтэй гэдгийг харсан хэрэг л дээ. Энэ асуудлыг Засгийн газар ажил болгожшийдээд явъя гэж байгаа.

Таныг ажлаа авсныхаа дараа Раш гуайтай уулзсан гэж сонслоо. Ямар зөвлөгөө хэлж байх юм?

-Манай төмөр замчдын сэтгэлгээний нэг онцлог байдаг юм. Мэргэжлийн онцлог ч байж мэдэх юм. Төмөр замчид түрүүчийнхээ төмөрч замчны үгийг анхааралтай сонсдог. Үгийг нь сонсдог төмөр замчид гэвэл Раш, Сүрэнхорлоо гээд олон хүн бий. Тэдний үг яг л толгойд тусна даа. Рааш дарга хүнээ зоригжуул гэж байна лээ. Төмөр замчид мэргэжлийн хүмүүс учраас итгэл төрсөн л бол салбараа аваад явчихдаг, итгэл ньтөрөхгүй бол мохчихдог юм байна л даа. Салбарыг нь огт мэдэхгүй хүн дарга болоод ирэхээр мэргэжлийн улс чинь амаа хамхиад суучихдаг юм байна. Төмөр замын салбарыг сүүлийн хэдэн жил яг ийм шалтгаанаарсуулгачихаж л дээ. Сүрэнхорлоо зөвлөх алдаагаа давтахгүй бол амжилтанд хүрдэг юм гэж хэлж байна.

Төмөр замын салбарт ажиглагдсан сүүлийн үеийн алдаа гэвэл та юуг онцлох вэ?

-Оросуудынхаа хүчээр төмөр замдаа техникийн шинэчлэл хийчихсэн бол бид ерэн онд орчин үеийн төмөр замтай болчих байсан юм билээ. Тухайн үед оросуудын хувьд хүнд байсан учраас бид 1993-1999 он хүртэл Японоос тусламж гуйсан.Японы талаас шилэн кабель, зүтгүүр, вагон гээд өчнөөн асуудал шийдэж өгсөн. Яг үүн шиг оросууддаа хандсан бол хоёр дахин илүү өгөөж ирэх байсан. Оросуудаас төмөр замыг маань шулуутгаад өгөөч, модон дэрийг миньтөмөр бетон болгоод өгөөч гэж гуйсан болөлхөн чадах байсан.

Зах зээл эхэлснээс хойш гуйсан, хүссэн юм их байх аа. Гэхдээ тэр энэ гэж онцлоод хэлчих дэмжлэг, хөрөнгө оруулалт Оросын талаас ажиглагддаггүй. Тэгэхээр бидэнд асуудал байна гэсэн үг үү?

-Яг тийм. Оросуудтай ойлголцоно гэдэг их чухал. Орос хүнтэй ази хүний зан гаргаж,ухарч найр тавихгүйгээр яг чигэндээ харилцаад байвал илүү ойлгож хариу реакци үзүүлдэг юм. Харин дорнын хүнийзан гаргаж “бултагнаад” байвал нясалчихаж мэдэх улс. Тэгэхээр Оросуудтай ажиллах урамтай бөгөөд учиртай л гэж хэлмээр байна даа.

Оросуудтай өчнөөн жил яриад шийдэж чадахгүй байгаа нэг асуудал бол 1949 онд байгуулсан гэрээ. Гэрээг өөрчлөх асуудлыг төмөр замын үе үеийн дарга нар ярьдаг. Таны хувьд гэрээг өөрчлөх асуудал ямар шалтгаанаар өнөөдрийг хүртэл гацаад байна вэ?

-Юу ч хийгээгүй байж гэрээг өөрчилнө гэж ярьснаас болж гацсан. Монголын талаас төмөр замаа хөгжүүлж, хөрөнгө мөнгө оруулж, тухай бүрд ньсайжруулаад явсан бол манай оноо нэмэгдээд явах байсан. Дахин хэлэхэд юу ч хийгээгүй мөртлөө 1949 оны гэрээг өөрчилнө гэж ярих нь буруу тактик байсан юм билээ. Юм хийж өөрчлөөд ирэнгүүт гэрээ өөрчлөгдөж эхлэх нь жам ёсны хэрэг шүү дээ. Хийхгүй бол юу ч өөрчлөгдөхгүй.Жам ёсыг тойрч гүйх аргагүй. Миний хувьд 1949 оны гэрээ хэлэлцээрийг их гоё өөрчилмөөр санагддаг. Илүүхамтын ажиллагааны гэрээ болгомоор байна. Энэ гэрээгээр илүү их ашиг олмоор байна.Энэ гэрээнд хамтарч ашиг олох, хамтарч хөгжих хамаг юм нь байгаа. Монгол Улс хурдны төмөр замтай болно гэдгийг энэ гэрээ рүү оруулж байгаад хэрэгжүүлчих бололцоо ч бий. Далайд гаръя гэвэл тэр чигийн гэрээг ашиглаж байгаад гардагтай ялгаагүй.Яг түүн шиг 1949 оны гэрээ хэлэлцээрийг ашиглаж байгаад зорилгодоо хүрэх боломжууд бий. Гэрээний хувьд гэж ярихад том философич, түүхч, эрх зүйчид ажиллах ёстой юм билээ.

Төмөр замаар тээвэр хийдэг гол салбар бол уул уурхай. Энэ салбарынханд ямар давуу тал олгоё гэж бодож байгаа вэ?

-Монголынхоо уул уурхайн компаниудыгдэмжиж ажиллана. Энэ салбарынхны экспортлох баялгийг саадгүйтээвэрлэжхүргэхүүргээ биелүүлж ажиллана. Төмөр замчид нэг ч үүрэг хүлээхгүйгээр бүх үүргийг нөгөө талд үүрүүлжачаа тээх гэж оролдвол харилцан ашигтай хамтын ажиллагаа биш. Хамгийн гол нь гаргаж байгаа бүтээгдэхүүн нь чанартай, бүх зүйл нь хуулийн дагуу байх ёстой. Экспортлогчид худалдан авагч талдаа муу бүтээгдэхүүн нийлүүлээд эхэлбэл өнөөдөр эхэлсэн тээвэр жилийн дараа зогсох эрсдэлтэй. Тэгвэл бид тогтмол тээврийн ачаагаа алдажхохирно. Тиймээс ачиж байгаа барааныхаачанартай эсэхийг шалгахаас эхлээд худалдаж авч байгаа хүмүүсийн өмнөөс үүрэг хүлээж ажиллана гэж бодож байна.

Барилгын сезоны үеэр Замын-Үүд дээр үүсдэг ачаалалд ямар менежмэнт хийх вэ?

-Орос руу явах зүйлийг Эрээнээс ачсан чигт нь шууд хойшоо явуулах бодолтой байна. Ингэчихвэл асуудал шийдэгдэнэ. Орос руу гарах, Улаанбаатар хүрэх ачаа холилдчихоороо асуудал үүсдэг. Ялгах дов гэж байгуулж байгаа. Вагонуудаа хаашаа явахаас нь хамаарч автоматаар ялгана гэсэн үг. Шинээр барих барилга байгууламж маань вагонуудыг Дархан явахыг нь Дархан руу, Ерөө явуулахыг нь Ерөө рүү гэх мэтээр автоматаар ялгах юм. Замын –Үүдийн хувьд Монгол, Орос хоёр улсын Хятадтайхарилцдаг асар том царигийн боомт болно. Учир нь тэнд царигийн асуудал нарийнаасаа өргөн рүү, өргөнөөсөө нарийн руу шийдэгддэг. Тэгэхээр манай царигийн боомт Монгол, Хятадын асуудлыг ч шийднэ. Орос, Хятадын асуудлыг ч бид шийдэж өгнө. Наушка бол өөр. Нэг л царигтай учраас асуудалгүй. Тэгэхээр Орос, Монголын аль алиных нь асуудал Замын-Үүд дээр шийдэгддэг схем, ложистик, технологи руу явж байгаа. Үүнийг монголчууд хийхээс аргагүй. Ер нь Замын Үүдийг хэрхэн хөгжүүлэх,олон улсын харилцаанд яаж ашиглах гэдэг бол их том бодлого. Засгийн газар, Азийн хөгжлийн банк аль хэдийнэ олоод харчихсан. Азийн хөгжлийн банк бүрЗамын-Үүдэд мөнгө өгье, ложистикийг нь хөгжүүлээд өгье гэж байгаа.

Халаа, сэлгээ хэр хийх вэ?

-Ажилтнуудын түвшинд халаа сэлгээ огт хийхгүй.Харин удирдах ажилтанд тавих шаардлага маш хатуу, илүү тодорхой болно. Таны тавьж байгаа шаардлагад хүрэхгүй юм байна, надад энэ ажил л илүү таарна гэсэн саналаа хэлэх бололцоо нээлттэй.Тэгэхээр халах гэдэг үг байхгүй,сэлгээ бол байна гэсэн үг. Танай сониноор дамжуулаад нийслэлчүүдээс уучлал гуйж болох уу.

Бололгүй яахав. Юуны төлөө уучлал гуйх нь вэ, төмөр замынхаа даргынхаа хувьд уу?

-Хувь хүн талаасаа ч, төмөр замын даргын хувьд ч уучлал хүсэх нэг зүйл байгаа. Хотыг хоёр хуваасан төмөр зам хот төлөвлөлтөд их саад болдог юм билээ. Үүнийхээ төлөө “Улаанбаатар төмөр зам”-ын даргын хувьд нийслэлчүүдээсээ уучлал гуйх гэсэн юм. Хоттөлөвлөлтөндөө Улаанбаатар төмөр замыг оруулж өгөөч, шинэ вокзалыг төлөвлөж,хуучин шинэ барилгуудыгмаань цаашдаа ямар архитектур дизайнтай байх ёстойг хэлж өгөөч гэж хүсмээр байна. Хотыг хоёр хуваагаад байгаа энэ сөрөг нөлөөг арилгах бүх боломжит аргыг хэрэглэе, гүүрээ барья, гарцуудаа нээе гэж уриалмаар байна. Зөвхөн дарга нь уучлал гуйгаад зогсохгүй, манай төмөр замчид ч гэсэн санаачилга гаргах ёстой. Хот суурин дундуур шөнийн 12 цагаас өглөөний зургаан цаг хүртэл дуутдохиогоо өгөхгүй гэж найдаж байна. Нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа гэдэг утгаараа хотын дүрэм, журам, соёлыг дагах хэрэгтэй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цас хүлээсэн арванхоёрдугаар сар

Нийслэлд цас хялмаалах төдий хаялсан энэ өдрүүдэд миний нутгийг нүд гялбам цагаан тал гоёж байгаа. Төрж өссөн нутаг минь Төв аймгийн Жаргалант сум. Хаашаа л харна модтой уулсаар хүрээлэгдсэн харц баясгам байгальтай сум даа.Дулааны улиралд цэнхэртэн сүглийдэг уулс нь цасан нөмрөгөөр гоёхоороо аниргүй, ихэмсэг, сүрлэг гэж. Энэ гурван үгийн хоршил өвлийн уулсад л жинхэнэ утгаараа зохицоод байх шиг санагддаг. ӨдийдЖаргалантын гол аль хэдийнэ тэс мөстөж, ширхэг бүр нь мөнгөлөг өнгөөр гялалзсан цав цагаан цас хараа булааж, сумын төвөөс Загдал хүрэх замд таардаг өвөлжөөнүүдэд хот айлын амьдрал ид буцалж байгаа. Тарга тэвээргээ авсан хоньд айвуу тайвуу идээшлээд, айлуудын гэрээс аргалын утаа суунаглаад, хүн зоноороо аргагүй л нэг налайж байгаа даа. Монгол орон даяар сайхан өвөлболж байна аа. Миний нутаг шиг цастай газар цөөхөн байгаа гэж цаг уурынхан хэлж байна. Ес эхлэх дөхсөн энэ үед хойд талын нутгууд л шагай татсан цасанд дарагджээ. Говийн аймгууд тэр чигтээ, баруун аймгийн урд тал, зүүн аймгуудын өмнө хэсэг бараг л цасгүй, хараараа сурагтай. Цас ороогүй учраас өвөлжөөндөө буугаагүй айлууд ч байгаа гэлцэнэ. Ус бараадаж байгаа хэрэг. Хараар хүйтрэхэд мал ундгүйдэх гээд байдаг гэмтэй. Ундгүйдсэн мал тарга тэвээргээ алдах, хээл хаяхаасэхлээд эрсдэл ихтэй л дээ. Арванхоёрдугаар сар өмнөх жилүүдийн өвлөөс дулаахан, цас бага орно гэж “тэнгэрийн зурхайчид” таамаглаж байгаа. Тэр дундаа Алтайн өвөр нутаг буюу Говь-Алтай, Баянхонгорын зарим газар, Завханы зүүн урд талын сумд, Архангайн зүүн, баруун талаар цас багавтар орно гэсэн төлөв гарсан байна лээ. Ес эхэлдэг арванхоёрдугаар сар ерөнхийдөө цас хүссэн өдрүүдээр үргэлжилж байна.

Харин нэг, хоёрдугаар сардаа олон жилийн дунджаас ахиу цас унана гэсэн таамаг гарсан байна лээ. Хараараа байгаанутгуудад цас их хэмжээгээр унавалөвөлжилт хүндэрнэ гэдгийг хашир малчид юу эс андахав. Зун бэлчээрийн гарц сайнгүй байсан Увс аймгийн хойд талын сумд, Ховд аймгийн ихэнх сум, Завханы урд талын сумд, Дундговь, Өмнөговьд цас их орвол өвөлжилт хүндрэх аюултай гэсэн сэрэмжлүүлэг малчдад аль хэдийнэ хүрсэн байх. Гайгүйхэн шиг цастай бол ажрахгүй л дээ.

ЗУД ТУРХАН

Өдий үеийн өнгөөр өвлийн аашийг шинжих аргагүй. Ирэх нэг, хоёрдугаар сард өмнөх жилүүдээс илүү хүйтрэх мэдээ байна. Олзуурхмаар нь ирэх хоёр сарын турш цастай, жавартай байх мэдээ аймгийн дарга нартцочроо өгсөн сураг дуулдаж байна. Баянхонгор аймгийн Засаг даргагэхэд энэ өвөл аймгийнхаа иргэдийг мотоцикль унуулахгүй байлгахаар шийдэж. Бүр захирамж хүртэл гаргаад авч. Цаг агаар хэцүүдэх учраас хүнээ бодсондоо ийм шийдвэр гаргасан нь гарцаагүй. Засаг ноёны захирамж хаврын эхэн сар шувтартал үргэлжилнэ гэхээр хөдөөгийнхөн маань цастай, жавартай өдрүүдээс аль хэдийнэ болгоомжлоод эхэлчихэж.

Монголчууд өвлийн өнгийг хоёр өдрөөр шинждэг. Тэнгэр шинждэг өдөр нь арав, арванхоёрдугаар сарын сүүлчээр тохиодог. Аравдугаар сарын сүүлээр тохиосон цагаан морин өдрийн өнгө аргагүй сайхан байсан. Цасгүй, дулаахан, нар ээсэн өдөр тохиосонд олзуурхсан малчид жар хоногийн өнтэй байх нь гэцгээсэн.Цаг уураас гаргасан прогнозод ч цасгүй, дулаахан гэсэн үг голлосоор арванхоёрдугаар сар аль хэдийнэ дундаа орчихлоо. Үнэхээр ч өнтэй сайхан өдрүүд үргэлжилж байна. Малчдын хүлээн байжшинждэг цагаан морин өдөр тэнгэр ая, зангүйбайвал жар хоногийн зудтай гэлцдэг билээ. Энэ сарын сүүлээр тохиох цагаан морин өдрийг ч хашир малчид ажиглах байх. Цаг уурын хүрээлэнгийнхэн болтаамгаа гаргачихсан. Тэдний прогнозоор хоёрдугаар сард баруун зүгийн нутгаар, гуравдугаар сард нутгийн зүүн хэсгээр ахиу цастай байх зураг гарчихаад байгаа. Зуд турхан болж хэцүүднэ гэсэн муу мэдээ одоохондоо алга.

ОТОРЛОХ НУТГУУД

Бэлчээрийн гарц муу газруудад цас их орвол эрсдэлтэй гэлцдэг. Цас ахиу орвол зуншлага сайтай байсан газрууд ч хэцүүхэн байдалд орох нь тодорхой. Таатай мэдээ гэвэлнийт нутгийн дал орчим хувьд өвс ногоо сугсарсан, нар хур тэгшхэн сайхан зун болж. Тав хүрэхгүй хувьд нь л гантай байж. Тодруулж хэлбэл Өмнөговь, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын баруун хэсгийн нутгуудад бороо хур бага орж, өвс ногоо сайн ургаагүй гэж цаг уурчид онцолж байна. Архангайн зарим сумд, Хэнтийн өмнө талаар бага зэрэг гандуу зуншсан гэх мэдээ байна. Зундаа гантай, гандуу байсан нутгийнхан отор бараадахаас аргагүй.

Зуншлага муу байсан нутгийн малчдадаймаг дундын отрын долоон бүсийг улсаас санал болгож байгаа юм билээ. Баян-Өлгий, Увсын зааг нутагт Ачит нуурын отрын бүс гэж бий. Завхан, Ховдынхон гэхэд Завхан аймгийн Дөрвөлжин сумын отрын бүсийг зорих боломжтой. Багахайрханы отрын бүс нутаг гэхээр малчид андахгүй дээ. Наашилбал Говь-Алтай, Баянхонгорын зааг нутагт Бор Аргалантын отрын бүс нутаг байна. За тэгээдТөв, Өвөрхангай, Баянхонгор, Дундговийнхонд Чилэнгийн, Хөх дэлийн отрын бүс нутаг гэж сайхан газар байгаа. Булганы Дашинчилэн, Баяннуур, Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумдын нутгийг хамарсан отрын бүс гэж бий. Үүнээс гадна хэн бүхний мэдэхХэрлэнбаян-Улаан байна. Дорнод аймаг дахь Чойбалсангийн отрын бүсийг зүүн нутгийнхан андахгүй.Адуутай айлуудын оторлодог л газар. Дорноговь аймагт гэвэл Балхын отрын бүс гэж байна. Энэ жил гэхэд л Ховд аймгийн Дарви суманд отрын бүс шинээр байгуулсан сураг дуулдсан. Морин жилийн өвлийг онд мэнд тарган тавтай давах нөөц газрууд ийм олон байгаа нь сайн хэрэг.

МАЛЫН ЦАРИГ, ТАРГА ТЭВЭЭРЭГ

Энэ жил Азийн Монголд бог, бодтойгоо нийлээд тавь гаруй саямал өвөлжиж байна. Идэшний цагаас өмнө малын тоо 60 орчим саяд хүрсэн юм. Идэшний цагаар найм, есөн саяыг нь муулсан гэх тоо баримтыг яамныхан гаргачихаж. Улс даяар16 сая гаруй хээлтэй мал бий гэсэн багцаа тоо дуулдаж байна. Энэ жилийн хавар урт болчихгүй л бол хээл хаялт гайгүй гэсэн таамгийг хөдөө аж ахуйн мэргэжилтнүүд хэлж байгаа. Хавар уртасвал мал цас, усаар гачигдаж, хээл хаях хүндрэл бод мал дээр их гардаг гэж хашир малчид ярьдаг нь учиртай. Тэгэхээр ирэх хавар сайхан болболмалчны хотод 15 сая төл дуугаа цангинуулах нь. Тарга тэвээргийн хувьд нийт малын ер гаруй хувь нь дундаас дээш тарга хүч авсан гэх статистик бий. Баргийн цаснаар торохгүй тарга тэвээрэг авсан гэсэн үг.

ӨВС ТЭЖЭЭЛ, ХАДЛАН

Хадлан тэжээлийн бэлтгэл ер нь бол дажгүй талдаа.Зорьсон тоондоо хүрээгүй ч ерөнхийд нь тооцож үзвэл ер гаруй хувийг нь бол ян тан бэлдчихэж. Тавь гаруй сая малынхааөвөл,хаврын хэрэгцээг өлхөн хангахаар өвс, тэжээл бэлэн болжээ. Улсын нөөцийн тоо нууцлалын зэрэглэлд байдаг учраас яамныхан нарийн тоо хэлдэггүй. Өвсний фондын байршил ч нууцын зэрэглэлд хамаардаг учраас тэнд, энд бий гэж хэлэх боломжгүй. Лав л засгийн бэлд гэсэн нөөцийг бэлдээд фондуудад байршуулчихаж. Фондын хувьд аймаг бүрд байгаа гэдэг. Увс, Баян-Өлгий зэрэг зарим нэг эрсдэлтэй аймагтөвсний фондыг хоёр, гурваар нь байгуулсан сурагтай. Цас их орохоор хаагддаг зам даваануудыг ч бодолцжээ. Нисдэг тэргээр очихоос аргагүй бэрхзам даваануудын ойролцоо өвсний фонд байршуулсан гэх мэдээ байна. Ямартай ч өвөл хүндхэн боллоо ч малчид өвс тэжээлээр дутагдахааргүй болж.

Хатуу өвлийн дараа хамгийн түрүүнд ногоо цухуйж, яргуй үзэсгэлэнгээ гайхуулдаг нутаг бол уулархаг газрууд. Урин хавар Монгол орны баруун, төв, зүүн аймгуудад бүхнээс түрүүлж ирдэг гэж цаг уурчид онцолдог. Хавар эрт дулаарч, ногоо ургах нутгийн өнгө ямар гайхам байдгийг зүйрлэх юм биш. Юутай ч цас хүссэн арванхоёрдугаар сард удахгүй дуусна. Дараа нь цастай, мөстэй, жавартай нэгдүгээр сар ирнэ. Хоёрдугаар сар ч тасхийм жавартай айлчлах нь. Морин жилийн өвлийг зураглахад нэг иймэрхүү өнгө бууж байна даа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар огцорсноор эдийн засагт ямар хохирол гарав?

Засагунаснаас хойш бүх л салбар хэцүүхэн байна. Хамгийн том эрсдэл үүрч байгаа нь эдийн засаг. Туйлдсан тэмээ шиг болчихоод буй эдийн засагт ямар хохирол гарсныг яг таг тооцвол тоймгүйтоо гарна. Лав л Ерөнхий сайдтай Оюу толгойн санхүүжилтийн асуудлаар яриа хөөрөө өрнүүлэх гэж байсан Дэлхийн банкны төлөөлөл ирэхээ больчихсон. Айлчлал нь хойшилсон гэх мэдээг “Блүүмбэрг”-ээр цацна лээ. Оюу толгой төслийн далд уурхайн нэмэлт санхүүжилт дор хаяж дөрвөн тэрбум гаруй ам.доллараар хэмжигдэж буй. Уул уурхайн салбартаа бол дэлхийн хамгийн том төслийн санхүүжилт. Төслийг санхүүжүүлэх сонирхлоо илэрхийлсэн банкуудын нэг нь Дэлхийн банк. Засаг эмхрээгүй учраас Оюу толгойн дөрвөн тэрбум ам.долларлав л энэ жилдээ орж ирэхгүй нь тодорхой болчихлоо. Бүр наашиллаа гэхэд ирэх оны зургадугаар сард магадгүй. Жилээс наашгүй гэсэн таамаг ч байна. Ямартай ч Оюу толгойн санхүүжилт шийдэгдэх хугацаа хойшилсны хамгийн том шалтгаан нь тогтворгүй засаг. Засаг солигдсон нь Оюу толгойтой энэ зэрэгцэхээр ашиг өгөх Таван толгойн ордод ч нөлөөлчихлөө. Энэ ордын хөрөнгө оруулагчийг шалгаруулах тендер сунжрах нь тодорхой боллоо.

Засгийн газар уначихаар гадаадын хөрөнгө оруулалт мөддөө орж ирэхгүй гэх гутранги таамаг хөвөрч байна. Үүнтэй зэрэгцээд ам.долларын ханш 1900руу дөхлөө. Засаг унаснаас хойш долларын ханш 100 орчим төгрөгөөр чангарсан гэсэн үг. Саяхан Хонконгт болсон хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Р.Коппа “Оюу толгойн асуудал шийдэгдвэл ирэх онд төгрөгийн ам.доллартай харьцах харьцаа 1000 төгрөг болж чангарна. Үгүй бол долларын ханш 2000 төгрөг болж чангарна” гэж зүгээр ч нэг хэлээгүй. Засгаа бүрдүүлэх гэж хөлөө жийлцэж байгаа эрх мэдэлтнүүдийн янз байдлыг харахад Коппагийн таамагласан шиг 2000 хүрэхийг үгүйсгэх арга алга. Ногоон валют чангарч, хоёр том ордын хөрөнгө оруулалт саарах нь хэнд хохиролтой вэ гэсэн асуултад хариу хайя. Лав л Ерөнхий сайдыг огцруулахкноп дарсан, кноп дараагүй ч бас бус аргаар эсэргүүцсэн УИХ-ын гишүүд хохирохгүй. Суудлаасаа буусан огцорсон сайд нар ч хохирохгүй. Тэд сайдын албатай, албагүй амьдарчих улс. Төрийн өндөрлөгүүд ч хохирлыг нь анзаарахгүй өнгөрнө. Ингээд харахаарзөөлөн суудал, эрх мэдлийн төлөө хөлөө жийлцээд буй эрх мэдэлтнүүдэд хохироод сүйд болохюм алга.

Хохирлыг хамгийн ихээр мэдрэх хэсэг нь өглөө ажилдаа ирж, орой гэр рүүгээ яарах жирийн иргэд. Амьдрах мөнгөө хөлс хүчээрээ олж байгаа энэ хэсэг л хамгийн том хохирогчид. Эрээн, Улаанбаатарын хооронд бараа зөөж наймаа хийдэг иргэд хохироод эхэлчихлээ. Америк, Европоос бараа импортолдог компаниудын алдагдал өчигдрийнхөөс нэмэгдчихсэн. Юань, долларийн ханш уралдан өсөөд байхаар эдний олдог мөнгө улам бүр багасах нь тодорхой. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэгч “Редпат”-ын ажилчид өнгөрсөн сар, жилүүдэд орлогогүй суусан. Тэдний ажилгүй, орлогогүй өдрүүд дахиад өчнөөн сараар үргэлжлэх нь тодорхой болчихлоо. “Таван толгой” ажиллаж эхэлбэлажилд орохыг хүсч суусан нүүрсний машины жолооч нар урамгүйхэн алхацгааж байна. Ам.долларын ханш гэрлийн хурдаар өгссөн өнгөрсөн саруудад үйлдвэрлэж, санаачилж зав чөлөөгүй хөдөлмөрлөж байгаа баялаг бүтээгчдийн нэлээд нь хаалгаа барьчихсан. Засаг үймсэн энэ өдрүүдэд үүдээ барьсан баялаг бүтээгчдийн хүрээ улам бүр хумигдаж байгаа. Товчхондоо монголчуудын дийлэнхийнх нь эрх ашиг хохирч байна.

Америк, Европ, Хятад зэрэг мундагчуул нь хүртэл эдийн засгаа яаж аварч үлдэх вэ гэж санааширч байгаа ийм үед Засгийн газрыг унагасан нь хэнд ашигтай байсан юм бол. Монголын даргалах бүрэлдэхүүнд л ашигтай байсан байж мэдэх юм. Бусдад нь лав ашиггүй. Засаг унаснаас болж хохирсон иргэдийн өмнөөс хэн хариуцлага хүлээх вэ? Парламентад суугаа улс төрийн намууд уу, Ардчилсан нам уу, засаг унагах төлөвлөгөөнд оройлон оролцсон МАН уу, эсвэл аль нэг бүлэг, фракц уу? Хэнийх нь буруу вэ гэдгийг нийт иргэдийн дунд хэлэлцүүлдэгсэн үү хамаа алга. Хариуцлага хүлээх ёстой эрхмүүдийн нэрийг л зарламаар байна. Улстөр судлаачдын жинхэнэ хөдөлдөг цаг. Аль нам, фракц, хэн гэдэг хүн засаг унаснаас болж хохирсон иргэдийн өмнө хариуцлага хүлээхийг зоригтой хэлсэн судлаачийг нийгэм хүлээж авна шүү. Ийм ашиггүй нөхцөлд ямар шалтгаанаар зүгээр ажиллаж байсан засгийг унагасан нь хэнд ч ойлгомжгүй байна. Эрсдлийг нь нуруундаа үүрч яваа эгэл иргэд, баялаг бүтээгчид бол бүр ойлгохгүй байна.

Ингээд засаг унаснаас болж хэр эрсдэл гарсныг тоймлох гээд үзье. Оюу толгойн хөрөнгө оруулалтын талаар өмнө дурдсан. Нүүрсний экспорт нь таг зогссон Таван толгой дээр уг нь дажгүй өөрчлөлт хийх гэж байсан. Хөрөнгө оруулалтын тендерийн хугацаа ирэх сарын нэгэн гэхэд дуусах учиртай. Гурав, дөрөвхөн хоног үлдсэн гэсэн үг. Америкийн “Пийбоди”, Хятадын “Шинхуа” мэтийн аваргуудад Засгийн газраас санал хүргүүлээд байсан юм. Ирэх сарын 15-нд шалгарсан хөрөнгө оруулагчидтай гэрээ байгуулах байлаа. Засгийн газар цэгцрэх нь бүү хэл, хэнтэй, яаж хамтрах нь бүрхэг байгаа ийм үед Таван толгойн хөрөнгө оруулагчийг шалгаруулах асуудал хойшлох нь тодорхой. Сайд нь бүү хэл, одоо ажиллаж байгаа хэд нь эрх зүйн чадамжтай эсэхдээ эргэлзэж, дэмий шахуу гиюүрч суугаа яамдын хувьд юун Таван толгой, Оюу толгой манатай байгаа. Таван толгойн орд дээр гадаадын хөрөнгө оруулагчдын нөгөө талд үндэсний компани ажиллана гэсэн зураг гарсан. Тендерт тавьсан шалгуураар бол “МАК”, “Энержи ресурс”-ын аль нэг нь гэсэн таамаг бий. Төр бизнес хийж чаддаггүйн жишээг сүүлийн хэдэн жил баталж нотолсон Таван толгой төслийг хувийн л бол аль компани нь ч хэрэгжүүлсэн ялгаагүй. Энэ том ордоо зах зээлийн жамаархөдөлгөх нь л чухал.

Энэ оны эхний найман сард Эрдэнэс Таван толгой бусдаасаа илүү нүүрс зарсан. Төсвийн мөнгөний багагүй хэсгийг бүрдүүлсэн Таван толгой өнөөдөр олсон мөнгөгүй сууж байна. “Чалко”-той анх байгуулсан гэрээгээ ашиггүй гээд дахин нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсныг уншигчид санаж байгаа байх. Шинэ гэрээнийх нь хугацаа өнгөрсөн долдугаар сард дууссан. Гэрээгээ сунгая, эсвэл өөр хувилбар гаргая гэсэн агуулгатай хэлэлцээр эхэлчихсэн яваа. Засаг эмхэртэл энэ хэлэлцээр явагдахгүй зогсох нь ойлгомжтой. Таван толгойн баруун Цанхид олборлолт явуулж байсан Австралийн “Макмахон”-ы ажил зогссон. Зарж байгаагаасаа илүү өртгөөр олборлолт явууллаа гэсэн шалтгаанаар гэрээгээ эргэн харцгааж байна. Хоёр талын хэлэлцээр засаг унасантай холбоотойгоор мөн л зогсчихсон. Засаг унаснаас болж төсвийн багагүй хэсгийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн Таван толгойн орд нэг иймэрхүү байдалтай байна.

Овоо доллар олж ирэх шанстай нэг салбар бий. Тэр нь хайгуулын салбар. Уг нь есдүгээр сарын сүүлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлнэ гэж байсан юм. Гэтэл программ сайжруулна гэсэн шалтгаанаар аравдугаар сарын 20-дооролгож эхлэхээр болсон. Сайд нь байхгүй, засаг унасан гэх шалтгаанаар хэн, хэзээнээс зөвшөөрөл өгөх нь өнөөг хүртэл таг чиг. Уг нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлбэл ажилгүй геологичид ажилтай болохоос эхлээд олон давуу тал бий. Хайгуулын тусгай зөвшөөрлүүд өгч эхэлбэл дор хаяж хоёр тэрбум ам.доллар орж ирэх бололцоотой гэсэн таамаг бий. Салбарын яамнаас нь хэлсэн тоо. Нэг хайгуулын лицензийг дагаад 500 мянгаас, нэг сая хүртэл ам.долларын хөрөнгө оруулалт эхний ээлжинд орж ирдэг гэхээр үнэнд дөхсөн тооцоо л доо. Үүнээс гадна урт нэртэй хуулиас болж санхүүжилт нь зогссон лицензүүд бий. Хэрэгждэггүйгээрээ алдартай энэ хуулийн хэрэгжилтэнд өмнөх засгийн үед салбарын яамнаас нь аятайхан хувилбар гаргасан. Гүйцэтгэх засаглалын төвшинд яригдаж эхэлсэн асуудал одоо засаг эмхэртэл сөхөгдөхгүй.АМГ-ын дарга асан Батхуягийн хэргээс болж цуцлагдсан 106 лицензийг тендерийн шалгаруулалтаар буцаан олгож байгаа. Засгийн газар эмхэрч амжаагүй учраас энэ ажил түр зогсч таарна. Дахин хэлэхэд засаг унаснаас болж хоёр тэрбум ам.доллараар үнэлэгдэх ажил эхлээ ч үгүй байна.

Хөгжлийн банкнаас үйлд­вэрлэлийг дэмжсэн томхон төслүүдийг санхүүжүүлж эхэлсэн. Тодруулж хэлбэл үйлдвэрлэлийн төслүүдийн санхүүжилт зогсоод байна. Хамгийн томоос нь онцлоход л “МАК”, “Мон полимет”-ийн цементийн төслүүд байна. “МАК”, “Мон полимет”-ийн төслийн санхүүжилт шийдэгдэх шатандаа явсан юм. МАК-ийн цементийн үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэлчихсэн. Одоо багахан хэмжээний дэмжлэг үзүүлэхэд л цементийн хэрэглээгээ зуун хувь хангаж, гадагш урсах долларын хэмжээ эрс багасах хэмжээний нөлөөтэй төслүүд. Энэ мэт өчнөөн ашигтай төсөл Хөгжлийн банкин дээр гацаад байна.

Ам.долларын ханшийн өсөлтөөс хүлээх алдагдлын хэмжээг сонирхуулъя. 2008 оны хямралын үед хувийн хэвшил 235 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол энэ удаа 786 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байна. Засаг унаснаас хойш ам.долларын ханш 100 төгрөгөөр чангарсан гэхээр энэ алдагдал тэр хэрээр нэмэгдсэн гэсэн үг. Өмнөх хямралаар иргэд долларын өсөлтөөс болж 43 тэрбумын алдагдал хүлээж байсан бол энэ удаа 48 тэрбум төгрөгөө салхинд хийсгэжээ. Засаг бужигнасан энэ мөчид ам.долларын ханш аажмаар нэмэгдсээр буй. Иргэдийн хүлээх алдагдал тэр хэрээр нэмэгдэж байгаа нь тодорхой.

За тэгээд гэрээ, хэлэлцээр нь үргэлжилж буй тавдугаар цахилгаан станц, хөрөнгө босгох ажил нь эхлэх дөхсөн Таван толгойн цахилгаан станц, эхний зураг нь бэлэн болсон Ази, Европыг холбосон хурдны замын “Талын зам” төсөл, Эгийн голын усан цахилгаан станц, Туул голын дагуу барих хурдны зам, Цагаан суваргын баяжуулах үйлдвэр гэх мэт бүтээн байгуулалтын том төслүүд засаг бүрдэхийг хүлээн зогсолтын байдалд орчихоод байна.

Энэ бүхний эцэст хэн хэний захиалгаар Монголыг хүчгүйдүүлэх ийм бодлого явуулаад унав аа гэсэн асуулт ургаж байна. Ямартай ч засаг хүчгүй, тогтворгүй байх нь ийм эрсдлүүд дагуулдгийг монголчууд мэдэрч эхэллээ. Одоо эрсдлээс гарах хоёр л зам бий. Нэг нь засгаа хурдан байгуулах, нөгөө нь том төслүүдээ цаг алдалгүй хэрэгжүүлж эхлэх.

Том төсөлд том хөрөнгө оруулалт хэрэгтэй. Том мөнгө гэхээр гадагшаа хандахаас өөр гарцгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид Монголд мөнгөө хийхийн тулд хамгийн түрүүнд төр, засгийн тогтвортой байдлыг хардаг. Хууль эрх зүйн орчин нь хичнээн сайн байлаа ч засаг нь тогтворгүй бол хэнд ч итгэл төрөхгүй. Тэгэхээр том төслүүдээ урагшлуулж эдийн засгаа аваръя гэвэл засгаа л даруйхан байгуулмаар байна. Гэхдээ мэдээж дахиж унахгүй тогтвортой засаг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Огцом унасан алтны үнэ 2500 ам.доллар хүртэл өсөх таамаг гарчээ

Мандал женерал даатгал” компанийн санхүүгийн бүтээгдэхүүн хариуцсан ахлах мэргэжилтэн П.Золзаяатай ярилцлаа.

Алтны үнэ огцом унаж магадгүй гэсэн таамаг байна. Хэр ортой таамаг бол?

-Дэлхий даяар нийтдээ 2800 тонн алт олборлодог. Гэтэл эрэлт нь харьцангуй өндөр. 3100 тонн. Энэ бол дахин ашиглаж буй алтыг нэмж гаргасан тоо. Алтныэрэлт нийлүүлэлтээсээ өндөр байгаа энэ үед үнэ огцом унах үндэслэл байхгүй. Ганц алт ч биш үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө ер нь аливаа юмны үнэ өсч байгаа тохиолдолд буцаад унаж байж эргэж өсдөг жамтай. Наад зах нь 50 хувиар унаад үнэ эргэж засварлагддаг юм. Тодруулж хэлбэл өгсч, буурч явдаг зүй тогтолтой. Ингээд бодоход алтны үнэ980 ам.доллар хавьцаа болно гэсэн таамаглал бий. Тэгээд зүй тогтлоороо эргээд өснө. Хүнээр жишвэл амьсгаа авдаг шиг л зүйл. Амьсгаллаа, амьсгаагаа гаргалаа гэдэг шиг үнэ өслөө, буцаад буулаа гэдэг бол жам. Алтны үнэ сүүлийн үед огцом өссөн. Аливаа үнэ огцом өснө гэдэг бол огцом уруудахын сигнал. Хүн найтаахдаа амьсгалаа хүчтэй татаад хүчтэй гаргадаг даа.Тэрэнтэй л адил зүйл.

Дэлхийн шинжээчдийн хичнээн хувь нь алтыг доод тал нь 980 дээр очно гэж үзэж байгаа бол. Танай шинжээчид ямар таамагтай байна?

-Алт уналаа гэхэд 1000 дээр очно,1000-аас буулаа гэхэд 980, 960 хавьцаа очоод эргээд өгсөх болов уу гэсэн хандлага бидэнд ажиглагдаж байна. Олон улсад эдийн засгийн судалгаа хийдэг, дүн шинжилгээ гаргадаг 64 байгууллага бий.Эдний62 нь алтыг 9500-9300 руу унана гэчихсэн. Тэдний таамаг тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Үүнийг нь дагаад хөрөнгө оруулагчид алтнаас гардаг тал анзаарагддаг. Гэхдээ айхтар том нөлөө болж чадахгүй. Уоррен Баффет мэтийн томоохон хөрөнгө оруулагчид алтыг унана гэвэл тэр таамгийгньнийтээрээ дагадаг тал бий.

Гэхдээ сүүлийн нэг жилийн хугацаанд алтны үнэ огцом гэж хэлэхээр уначихлаа шүү дээ?

-Алтны хувьд хамгийн оргилдоо 1980 ам.доллар хүрсэн л дээ. Сүүлийн найман сарын дотор1800-1200 ам.доллар болтлоо 33 хувиар огцом уналт өгсөн. Уналт өгөх шалтгаан нь Америкийн алт арилжаалдаг томоохон биржүүдийн зохицуулах зөвлөл “Та нар алтыг хэт өсгөөд байна, одоо алт арилжаалъя гэвэл дэнчинг нь төд болтол өсгө” гэснээс үүдсэн. Ингээд алтны үнэд засвар хийгдэж унаж эхэлсэн.

Алтны ханш яаж ч уруудсан 680 дээр очихгүй нь гэж ойлголоо?

-680 руу унах магадлал ер нь бол байхгүй. Нэг унц алтыг олборлоход өөрийнх нь зардал 650 ам.доллар болдог. 680 руу орчихвол ямар ч алтны компани олборлолтоо зогсооно. Ашгаа алдаж дампуурахыг хэн ч хүсэхгүй.

Олон улсын эдийн засаг тогтворгүй хэвээр учраас томоохон улс орнууд эдийн засгийн хямрал болж магадгүй гэж болгоомжилж байгаа. Ийм шалтгаанаар төв банкууд нь улсынхаа эдийн засгийгдэмжих гэж асар их хэмжээний мөнгө хэвлэж Засгийн газрынхаа бонд, банкуудынхаа эрсдэлтэй зээлийг авах гээд байна л даа. Цаасан мөнгийг ингэж хүссэнээрээ хэвлэж болдог болалт огт өөр. Хүслээрээ хэвлэж үйлдвэрлэдэг эд биш. Тэгэхээр 680 хүртэл үнэ нь бууна гэсэн ойлголт байхгүй. Алт удаан хугацаандаа өснө. 2050, 2500 ч хүрч магадгүй.

Удаан хугацаанд гэдгээ тодруулаач?

-Зургаан сараас хоёр жилийн хугацааг хэлж байна л даа. Хүн төрөлхтөн 5000 жилийн түүхэндээ алтанд итгэсээр ирсэн. Алтны үнэ хэлбэлздэг. Гэхдээ худалдан авах чадвараа өнөөг хүртэл алдаагүй. Жаран жилийн өмнө таван кг алтаар тухайн үеийн тансаг зэрэглэлийн лимузин авлаа гэж бодъё. Өнөөдөр ч ялгаагүй. Таван кг алтаархүссэн машинаа авч болно. Гэтэл зуун жилийн өмнөх нэг унци алтны мөнгөөрөнөөдөр өдрийн хоол ч авч чадахгүй. Мөнгө, алтны худалдан авах чадвар хоёр ондоо ойлголт гэдгийг энэ мэт жишээгээр тайлбарлаж болно. Дахин хэлэхэд засвар хийгдэж дууссаны дараа алтны үнэөснө.

Тэгвэл алтны ханш буурах ямар шалтгаан ажиглагдаж байна?

-Олон улсын таамаг гаргадаг байгууллагууд Америкийн төв банкийгирэх жилийн зургадугаар сараасбодлогынхоо хүүг нэмнэ гэж байгаа. Алтны нөгөө тал нь доллар. Алтыг хуваах нь доллар гэдэг. Хуваагдагч нь өсөөд ирвэл нөгөө тал нь буудаг жамтай. Алтны үнэ үүнтэй холбоотойгоор унах эрсдэлтэй. Алт эрсдлээс хамгаалах бүтээгдэхүүн болохоос хөрөнгө оруулалтад ноогдол ашиг өгдөггүй онцлогтой. Харин доллар ноогдол ашиг буюу хүү өгнө. 2008 оны хямралаас хойш Америкийн төв банк Засгийн газрын худалдан авалтыг их хэмжээгээр хийж байсан. Харин энэ жилээс эдийн засаг нь сайжирч байна.Ажилгүйдэл гэхэд энэ сард 5.8 хувьтай гарсан. Америкийн эдийн засгийн гол хөдөлгөгч мотор нь өөрсдийнх нь худалдан авалт. Дотоодынх нь худалдан авалт эдийн засгийнх нь 70 хувийг авч явдаг. Ажилгүйдэл багасах хэрээр эдийн засаг нь сайжирч байна гэсэн үг. Америкийн эдийн засаг сайжирч байгаа учраас Төв банкных нь бодлогын хүү ирэх жилийн зургадугаар сараас өсөх хандлагатай болж байгаа хэрэг. Нэг зүйлийг онцолж хэлэхэд хэлбэлзэл явагдах ч гэлээ тийм огцом хэлбэлзэл үүсэхгүй.

Монгол банкны худалдаж авсан алтны хэмжээ өсч байгаа. Төв банк алтны худалдан авалтаа нэмэгдүүлэх бодлого барьж буй ньзөв шийдвэр үү?

-Монголд валютын нөөцийг бүрдүүлэх дөрвөн янзын арга бий. Нэгдүгээрт нь гадаадын хөрөнгө оруулагчдыг шууд татах.Хоёрдугаарт нь экспортоо нэмэгдүүлэх. Гуравдугаарт нь алтны нөөцөө нэмэх. Энэ гурав боломжгүй болгадаад валют дээр Засгийн газрын бонд гаргах. Ирэх жил эдийн засаг тогтворжихгүй, экспорт сайжрахгүй гэж үзвэл Монгол банк яалт ч үгүй төгрөгийн худалдан авах чадварыг барихын тулд валютын нөөц бүрдүүлэх ёстой. Валютын нөөц бүрдүүлэхийн тулд ямар арга хэмжээ авах нь Монгол банкны өөрийнх нь бодлого. Ер нь бол алтны нөөцийг бүрдүүлэх нь маш зөв алхам.

Алтны ханш 980 ам.доллар руу орж уналаа гэхэд Монгол банкинд эрсдэл байх уу. Манайд нөлөөлөхөөр хэмжээний уналт мөн үү гэж асуух гээд байна л даа?

-Алтыг уналттай үед нь зарах тохиолдол гарвал хүлээгдэж байгаа ашигтодорхой хэмжээгээр багасна. Гэхдээ доллар өсчбайгаа.Алт зарсан доллар Монгол банкин дээр ирж байгаа гэдэг утгаараа сүртэй алдагдал байхгүй.Монгол банкны хувьд алт өсөөд ирэх үед зарвал мэдээж ашигтай. Монгол банк алтыг 83 хувийн сорьцтойгоор худалдаж авдаг. 37 хувь нь мөнгө, зэс зэрэг дагалдах элемент байдаг юм. Худалдаж авсан алтаа цэвэршүүлж 95 хувьд хүргэдэг. Түүгээрээ гадаад валютын нөөцөө бүрдүүлдэг юм.

Төв банк их хэмжээгээр алт худалдан авч байгаа нь долларын ханшид илт нөлөөлөх үү?

-Нөлөөлнө. Монголчуудын хувьд хүүтэйгээр Засгийн газрын өр тавихыг хүсэхгүй байна. Гадны хөрөнгө оруулалтыг шууд татах, экспорт хийх тал дээр асуудал үүссэн тохиолдолд алтаа аль болох их хэмжээгээр авч үнэ хүрсэн үед нь зарж байж долларын ханшид нөлөөлнө. Төгрөгийнхөө худалдан авах чадварыг хадгалах боломжтой гэсэн үг.

Монгол банкнаас иргэд бодитоор нь алт худалдан авах боломжгүй. Та түрүүн алтандцаасан хэлбэрээр хөрөнгө оруулах боломжтой гэж ярилаа. Тэгэхээр монголчуудад алтанд хөрөнгө оруулах боломж байгаа гэсэн үг үү?

-Монгол хүн гадаадад данс үүсгээд хөрөнгө оруулалтын сангаар дамжуулж алтанд хөрөнгө оруулалт хийх боломжтой. Алтны ханш удаан хугацаандаа өсөх таамаг гарсан учраас ашигтай хөрөнгө оруулалт болно.

Алтны ханш бууна, яагаад гэвэл гэж байгаад хэд хэдэн шалтгаан нэрлэсэн байсан. Компьютерийн процессор, ухаалаг утасны бичил дамжуулагчид алтыг өргөнөөр ашиглаж байсан бол орлуулах зүйл нь гарч ирсэн гэх тайлбар байна?

-Алт гэдэг металлүйлдвэрлэлд зэс, хөнгөн цагаан шиг их хэмжээгээр хэрэглэгддэггүй. Тодорхой хэмжээнд бол орно. Гэхдээ маш бага хэмжээтэйгээр. Хамгийн гол нь алтны үнэд нөлөөлөхөөр хэмжээний биш л дээ.

Европын төв банк ирэх долоо хоногт алтны нөөцөөсөө зарж борлуулж магадгүй, тэгвэл алтны үнэ бууна гэсэн таамаг бий…?

-Миний хувьд Европын мэдээн дээр суурилж ажилладаг. Ийм мэдээ гараагүй. Европод инфляци 0.4 хувьтай байгаа. Инфляц унаад ирвэл тухайн эдийн засагт инфляци өссөнөөс илүү хортой байдаг. Инфляци огцом биш, тодорхой хэмжээгээр өсөх нь тухайн улсын эдийн засагт сайн. Эдийн засаг нь өсөлттэй байна гэсэн үг. Инфляци удаан хугацаанд бага байх буюу унаад ирвэл дифляци руу шилждэг. Ингэвэл тухайн улсад хор нөлөөтэй. Нэг үсчин 15 мянган төгрөгөөр үс засдаг байлаа гэж бодъё. Үйлчлүүлэгчорж ирэхгүй бол үнээ буулгаж таарна. Дифляци болж байгаа хэрэг л дээ. Хэрэглэгчийн хувьд баяртай мэдээ чгэлээ эргээд эдийн засагтаа хор нөлөөтэй.Үсчний орлого буурах хэрээр улсын төсөвт орох татвар багасаад ирж байгаа юм. Европод ийм байдал үүссэн. Үүний эсрэг арга хэмжээ явагдах гээд байна л даа. Тодруулж хэлбэл өнгөрсөн долоо хоногт Европын Төв банкны тэргүүн ойрын саруудад нэг их наяд еврогийн үнэтэй худалдан авалт хийнэ гэж байгаа. Үүнийг дагаад Европын түүхий эд, хувьцааны гэх мэт зах зээлүүд асар өсөлттэй байна. Тэгэхээр таны лавласан таамаг ямар ч үндэслэлгүй гэсэн үг.

Хятад улс хямд үнээр худалдан авах зорилгоор алтны үнийг бууруулах алхам хийж эхэлнэ гэсэн мэдээлэл бий гэлцэх юм. Хэр бодитой яриа вэ?

-Хятадын Төв банк алтаа зарж байгаа гэж дуулаагүй. Харин ч нэмж худалдан авч байгаа. Мөн иргэддээ нийт хөрөнгөнийхөө 5-20 хувийг алтаар байлгаарай гэж захиж эхэлсэн. Бүр цаасан хэлбэрээр биш бодитоор нь худалдаж авахыг зөвлөсөн байгаа.

Алтны үнэ өсөхөөс аргагүй нөхцөл үүсгэхээр өөр жишээ байна уу?

-Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Швейцарийн банкинд эзэн нь тодорхойгүй, эзэн нь эргэж ирээгүй асар их хэмжээний мөнгө үлдсэн. Тэр хөрөнгөөр Швейцарь их хэмжээний алт нөөцөлж эхэлсэн л дээ. Үүнийг олон улсын хөрөнгө оруулалтын сан, Америкийн талаас Швейцарьт маш их дарамт үзүүлж байж зогсоосон. Энэ сарын 30-нд Швейцарийн банкны сонгууль болох гэж байна. Нийт актив дээр байгаа мөнгөнийхөө 20 хувийг алт болгох уу гэдэг сонгуулийг ард иргэдийнхээ дунд явуулах гэж байгаа юм.Швейцарь нэг хүнд оногдох алтны нөөцөөрөө дэлхийд хамгийн баян нь. Энэ сарын сүүлээр болох Швейцарийн банкны сонгуулиар дийлэнх хүн ам нь Төв банкныхаа активийн хорин хувийг алт болгохыг зөвшөөрвөл алтны үнэд маш том мэссэж өгнө. Ганц алтан дээр ч биш бусад улсын Төв банкуудын бодлогод нөлөөлж эхэлнэ. Дэлхийн даяар 2800 тонн алт олборлодог гэж түрүүн хэлсэн дээ. Хэрвээ Швейцарийн банкны активийн хорин хувь нь алт болбол 1800 тонн алт худалдаж авна гэсэн үг. Таван жилийн хугацаанд ийм алт худалдаж авах юм.Засгийн газраас нь худалдаж авсан алтаа зарах дээр хориг тавьсан байгаа. Алтаа зарахгүй гэсэн үг. Хэрвээ Швейцарийн банк алт худалдан авч эхэлбэл алтны үнэ өсгөх магадлалтай. Швейцарийн банкийг дагаад бусад улсын төв банкууд бодлогын хүүндээ, алтны нөөцдөө өөрчлөлт оруулах өндөр магадлалтай.

Швейцарийн банкныалт худалдан авах тал дээр иргэд нь ямар бодолтой байгаа юм бол. Урьдчилсан тандалт хийсэн юм болов уу?

-Швейцарийн банкны урьдчилсан сонгуулийн дүн гарсан. Иргэдийнх нь 43 хувь нь үгүй гэсэн санал өгсөн байгаа. 37 хувь нь алт худалдаж авъя гэсэн.Бусад нь саналаа өгөөгүй. Өнгөрсөн долоо хоногийн гурав дахь өдрийн ханшийг харвал хэдхэн цагийн дотор 20 ам.доллараар өсч, 20 ам.доллараар унасан байгаа.

Иргэд нь алт худалдан авахыг зөвшөөрөхгүй бол яах вэ?

– Алтны ханш огцом унана. Гэхдээ түрүүний хэлсэн ханшаас доош унахгүй.

Алтны үнэ огцом унаснаас болж алт олборлогч компаниудын орлого 30 гаруй хувиар буурч, орлого нь их хэмжээгээр тасалдсан гэх мэдээлэл байна. Алтны компаниудад алтны ханшийн эрсдлээс хамгаалсан даатгалын бүтээгдэхүүн байдаг уу?

-Бидний хүлээлтээр бол алтны ханш арванхоёрдугаар сар гараад огцом унана. Тэгээд 100 долларынөсөлт өгч магадгүй. Дараа нь ондоо багтаад дахин огцом уналт өгнө. Ондоо багтаж унахгүй бол он гарангуут уналт өгнө. 980 руу очих магадлал өндөр гэсэн үг. Ийм тохиолдолд хэсэг хугацааны дараа 900 болж унасан үед өнөөдрийн ханш буюу 1200 ам.доллараарзарах бололцоотой даатгалын бүтээгдэхүүн байдаг. Олон улсын стандарт гэрээнүүд байдаг юм. Тэр гэрээнүүдийг “Мандал даатгал”-аас алтны компаниуддаа санал болгох бололцоотой. Алтны үнэ газар дээрээ бүрэн буусны дараа дахиж өсөх хандлагатай үед нь хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн шиг даатгалын бүтээгдэхүүнийг ч санал болгох ч боломж бий. Өөрөөр хэлбэл алтыг унаж байгаа үед ч хамгаалж болно, өсч байгаа үед ч ашиг олох бололцоотой гэсэн үг.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Баруун аймгаас долоон тэрбумаар хэмжигдэх нефтийн бассейн илэрч магадгүй нь

Их нууруудын хотгорт нефтийн асар их нөөц бий ч манай улс өнөөдрийг хүртэл баруун бүсдээ хайгуул эхлээгүй байна. Баабар саяхны нийтлэлдээ “Их нуурын хотгорт дэлхийд эхний тавд орох газрын тосны орд бий талаар урьдчилсан таамаг гарсан. Энэ нөөц долоон тэрбум баррель хүрэх аваас хоолойгоор татах тухай ч ярьж байна. Үүнийг нотлохын тулд хайгуул хийж, цооног өрөмдөж, сейсм тавихаас өөр аргагүй. Засгийн газар энд тендэр зарлан шалгаруулчихаад ялсан компани яг ирээд хийх гэхээр нь унжаад хэвтчихсэн. Унжих байсан юм бол явдал болгож шалгаруулалт явуулах ямар хэрэг байна” гэж онцолсныг эс тооцвол сүүлийн үед энэ чигийн мэдээлэл ер нь цацагдаагүй. Их нууруудын хотгорт лицензтэй компаниудын төлөөлөл нь ч, салбар хариуцсан албаныхан нь ч газрын тосны асар их нөөц байж мэдэх баруун бүсийн хайгуулын талаар хөндөж байгаа юм алга.

Геологичид их нууруудын хотгорт газрын тосны нөөц бийг үгүйсгэдэггүй. Социализмын үед ЗХУ-ын геологичид манайд нефтийн хайгуул хийхдээ Их нууруудын тунамал хурдастай сав газруудыг тогтоож байсан юм. 1963 онд нефтийн хайгуул хийж байсан Зөвлөлтийн геологийн алба нутаг буцаж, Монголын нефтийн хайгуул, судалгаа гуч орчим жил зогссон байдаг. Зах зээлд шилжсэний дараа дэлхийд гуравт жагсдаг Английн “Бритиш петролиум” компанийнхан газрын тосны нөөцтэй байж мэдэх нутгуудаар явж байжээ. Тэд монгол геологчидтой хамт Тамсагбулагаас Увс нуур хүртэл явсан баримт бий. Эндээс харахад Их нууруудын хотгор дэлхийн “акул” компанийн сонирхлыг татаж байж. Тэд дөрвөн сая ам.доллар зарцуулж эрэл хайгуул хийснийхээ эцэст “Монголын газрын тос танай орны дотоод хэрэгцээнд бол бүрэн хангалттай. Харин бидэнд эдийн засгийн үр ашиг өгөх нефть алга” гээд нутаг буцжээ. “Бритиш петролиум” мэтийн аваргуудад өдөрт 200 мянган баррель нефть олборлодог орд олдвол эдийн засгийн ашигтайд тооцогддог гэдэг. Манайхаар бол Зүүнбаянгаас жилдээ олборлож байгаа хэмжээг өдөрт нь олборлож байж ашигтай ажиллана гэсэн үг. Сүүлд манайд ирсэн “Юникол”, “Филикс петролиум” компанийнхан ч Их нууруудын хотгорыг судалсан байдаг. Үе үеийн геологичдын анхаарлыг татсаар ирсэн Их нууруудын хотгор баруун Монголд оршдог. Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын нутаг дэвсгэрийг хамардаг юм.

Их нууруудын хотгорт нэг ч өрөм тавиагүй учраас яг төчнөөн тонн нөөцтэй гэж шууд хэлэх хэцүү. Гэхдээ магадлалын онолоор бол нефтийн том нөөц байх боломжтой гэдгийг геологичид үгүйсгэдэггүй. Их нууруудын хотгорын цаахна талд хятадууд газрын тосны олборлолт явуулж байгаа аж. Ялангуяа Алтай сумын урд талд хятадууд хилийн шугаманд тулгаад өрөмдөж, соруулаад байна гэсэн мэдээг нутгийн иргэд өгч байна. Албаныхан ч энэ мэдээллийг үгүйсгэсэнгүй.

Энд эргэж харахаас аргагүй нэг өнцөг бий. Нефть мэтийн шингэн зүйлийг хоёр километрээс соруулаад авчихаж болдог гэж мэргэжлийн хүмүүс ярьж байна. Налуу өрөмдлөг хийхэд л асуудалгүй гэнэ. Саяхан баруун бүсийн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт Ховдод болоход Увс, Говь-Алтай аймгийнхан “Газрын тосны хайгуулаа манай нутаг руу хийгээд өгөөч, шатахууны үнэ Улаанбаатарт хямдхан байхад бид үнэтэй хэрэглэж байна. Газар дор бэлээхэн нөөц байгаа нь тодорхой байхад ингэж амьдрах ч гэж дээ” гэсэн агуулгатай яриа шүүмж өрнүүлсэн юм билээ. Манай улсын хувьд хятадуудын олборлолт явуулаад байгаагийн наахна орших газартаа өрөм тавих гэхээр хилийн зурвас, тусгай хамгаалалттай нутаг, их говийн дархан газар гэх мэт саад бэрхшээлүүд байдаг аж. Сүүлийн үед Ховд аймгийн удирдлагууд газрын тосны нөөц байх магадлалтай тэр хэсгийг тусгай хамгаалалттай нутгаас гаргаж хайгуул хийх бололцоо олгооч гэсэн хүсэлтийг албаны байгууллагуудад нь тавьж эхэлжээ. Нөөцтэй бол баялгаа ашиглая, нөөцгүй нь тогтоогдвол буцаад тусгай хамгаалалтад нь оруулахад болохгүй юмгүй гэсэн санаа бүхий үг хэлэх иргэд жилээс жилд нэмэгдэж байгаа гэнэ. Хилийн цаахна талд хятадууд олборлолт явуулж байгаа юм чинь наад талд нь нөөц байх өндөр магадлалтай гэж геологичид ярьж байна.

Одоогоор Увс-1, Хар ус-2, Шарга-3 гэх мэт баруун таван аймгийг хамарсан том талбай дээр нэг ч гэрээ байгуулаагүй аж. Гэрээ байгуулах шатандаа явж байгаа гэнэ. Нэгнийх нь асуудал Үндэсний аюулгүй байдлын зөвлөл очоод багагүй хугацаа өнгөрчээ. Тодруулж хэлбэл Увс-1 талбай. Уг талбай дээр “Гладвилл” гэж Хонконгийн компани бий. Энэ талбайд Газрын тосны газар, “Гладвилл” компанитай байгуулах Бүтээгдэхүүн хуваах гэрээ болон гэрээний үндсэн нөхцөлүүдэд яамдаас санал авч нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж ҮАБЗ-д хүргүүлсэн юм.

Нөгөө нь Хар ус-2 гэдэг талбай. Энэ талбай Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Мянгад, Ховд, Чандмань, Манхан, Зэрэг, Мөст, Дарви, Дөргөн сумын нутагт оршдог. Уг талбайд 2007 онд нээлттэй тендер зарлаж Их Британийн Виржиний арлуудын хөрөнгө оруулалттай “Ренова илч” компани шалгарчээ. Их Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Барлоу Холдинг” компани нь “Ренова илч” ХХК-ийн хөрөнгө оруулагч аж. Нийт хувьцааных нь 82 хувийг эзэмшдэг байна. Үйлдвэр худалдааны сайдын 2008 оны гуравдугаар сарын 3-ны өдрийн тушаалаар бүтээгдэхүүн хуваах гэрээний төслийг ялсан компанитай хэлэлцэн тохирч үзэглэх эрхийг Газрын тосны газарт олгосон байдаг. Хөрөнгө оруулагч, захиалагч талуудын маргаан шүүхээр явсаар цаг алдсан тал байгаа аж. Маргааны эцэст анх тендерт ялсан компанид гэрээ байгуулах эрх үүсээд байгаа гэнэ. Тодруулж хэлбэл “Ренова илч”-д. Сүүлд энэ оны долдугаар сард Газрын тосны шинэ хуулийн дагуу гэрээний төслийг үзэглэн салбарын яаманд нь хүргүүлжээ. Гэрээний загвараа батлаагүй гэх шалтгаанаар хойшилсоор байгаа бололтой. Гэрээний загварыг батлах ёстой Засгийн газар бүрдээгүй байгаа учраас энэ асуудал нэг хэсэгтээ хүлээгдэх нь ойлгомжтой болжээ. “Ренова илч” компанийн хувьд хуульд заасан ёсоор орон нутгийг хөгжүүлэх урамшуулалд жилд 25 мянган ам.доллар төлнө, нөөц ашигласны төлбөрийн 30 хувийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн санд, 70 хувийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэсэн үүрэг хүлээх юм билээ. Хайгуулын найман жилийн хугацаанд нийт 38.9 сая ам.долларын хөрөнгө оруулна, үүнээс эхний жилд гэхэд 4,5 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэсэн тоонууд яригдаж байгаа аж.

“Шарга-3” дээр “Тэнгэр холдинг” компанийн нэр дуулддаг. Энэ компанийн хувьд тендерт материалаа өгсөн ч шалгаруулалт нь болохоос өмнө захирал нь баривчлагдсан байдаг. Хөрөнгө оруулалтыг нь “Тэнгэр холдинг” биш Английн “Коннект ресурс” компани хийжээ. Энэ компани арав гаруй сая ам.долларын хөрөнгө оруулсан гэдэг. Ном, дүрмийнх нь дагуу хөрөнгөө оруулсан гэх мэдээлэл энэ компанийг Монголоос гарах үед дуулдаж байсан. Шарга-3 дээр нэлээд өндөр түвшний судалгаа хийж байж. Гэвч захирал нь хэрэгт холбогдсон гэх шалтгаанаар судалгаа зогссон бололтой. Монголд арав гаруй сая ам.доллараа хийсэн Английн компани хоёр жилийн өмнө нутаг буцсан юм. Энэ компани Монголоос гарахынхаа өмнө “Тэнгэр холдинг”-ийнхонд “Бид хөрөнгө оруулалтаа алдагдал гэж тооцож байгаа ч гэсэн танайхаас татаж авахгүй. Царцаах шийдвэр гаргаж байна” гэж хэлээд явсан гэх мэдээлэл байна. Хөрөнгө оруулалт ид хийгдэж байх үед “Тэнгэр холдинг” 250 ажилтантай байжээ. Сөүл бизнес центрийг сардаа 27 мянган ам.доллараар түрээсэлдэг байсан гэх энэ компанийн ихэнх ажилтан өнөөдөр ажилгүй болжээ. Талбай дээр нь арав хүрэхгүй хүн ажиллаж байгааг эс тооцвол үйл ажиллагаа нь бараг зогссон гэнэ. Баруун бүсийн анхаарал татсан нэг талбай болох Шарга-3 дээр байдал ийм байна.

Дахин хэлэхэд дээр дурдсан гурван компанийн алиных нь ч гэрээ байгуулагдаагүй. Хайгуулын ажил явуулах нөхцөл бүрдээгүй байгаа гэсэн үг. Газрын тосны шинэ хуулиар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах асуудлыг Засгийн газар шийдэх бол газрын тосны асуудал хариуцсан яам нь нээлттэй сонгон шалгаруулалт зарлах аж. Харин Газрын тосны газар хайгуулын талбайд захиалга хүлээн авах гэрээлэгчийг сонгон шалгаруулах юм байна. Газрын тос хайх тусгай зөвшөөрлийг олгох газар нь салбарын яам. Төрийн байгууллага тусгай зөвшөөрөл олгосныхоо дараа орон нутгийн захиргаанд мэдэгдэх процесс бий. Компанийн хувьд тухайн жилийнхээ төлөвлөгөө, төсвийг Газрын тосны газраар батлуулж хайгуулын ажлыг эхлүүлэх юм байна.

Эдгээр талбайнууд дээр тодорхой хэмжээний мөнгөө зарчихсан хөрөнгө оруулагчдын хувьд гэрээгээ хурдан хугацаанд байгуулж ажлаа эхлэх өндөр сонирхолтой байгаа нь мэдээж. Нутгийн иргэдийн хувьд ч баялгаа эргэлтэд оруулах сонирхол хүчтэй байгааг өмнө өгүүлсэн. Дахин хэлэхэд Их нууруудын хотгорын ердөө цаахна Хятадын нутаг дэвсгэрт газрын тосны олборлолт ид явагдаж байна. Дархан газар, хилийн зурвас гэх мэтээр шалтаглаж хайгуул эхлүүлэхгүй цаг алдах хэрээр хилийн зурваст өрөмдлөг явуулж буй урд хөршийнхөн хоёр километр орчмын газар доорхийг соруулаад авчих бололцоотой гэдгийг өмнө онцолсон. Тэгэхээр нефтийн дажгүй нөөцтэй нь бараг л тодорхой болсон Их нууруудын хотгорынхоо үнэ цэнийг элдэв шалтаг, шалтгаан хайж унагамааргүй байна. Газар доорх баялгаа бусдад алдахгүйн тулд хайгуулаа эхлүүлье гэсэн баруун аймгийнхны уриалга ч санадаг санаа. Ер нь “Эрсдлээ үүрч мөнгөө гаргаад баруун бүсэд чинь нефть байгаа эсэхийг тогтоогоод өгье” гэсэн хөрөнгө оруулагчдад ингэж тээг болох хэрэг байна уу.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Царцаасан барилгуудыг дуудлага худалдаагаар үнэ хүргэх боломжтой

Барилга, хот байгуу­лал­тын дэд сайд Г.Бай­гальмаатай ярилцлаа.

-Төсөв хэцүүхэн байгаа ийм үед царцаасан барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулъя гэдэг бол дэмжихээс аргагүй санаа. Ингэхэд царцаасан барилга тийм олон байна уу?

-Есөн дүүрэг, 21 аймагт сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёлын төв, спорт цогцолбор, эмнэлэг гээд нийтдээ 550 ширхэг царцаасан барилга байна. Улсын төсвөөр баригдсан барилгуудын 80, 90 хувь нь сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилга байгаа. Дутуу баригдаад орхигдсон барилгад хэчнээн төгрөг зарцуулсан, ямар шалтгаанаар, хэний буруугаас болж зогссон гээд бүх мэдээллийг нь гишүүдэд тараасан эмхтгэлд оруулж өгсөн. Жишээ нь Яармагт дутуу баригдаад өнөө хэр ажил нь эхлэхгүй зогссон 320 ортой эмнэлгийн барилга байна. Энэ барилгад өчнөөн мөнгө зарцуулчихсан. Дутуу мөнгийг нь улс өгч чадахгүй бол бид яах ёстой вэ гэдгээ бодох цаг болсон.

-Царцаасан барилгуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ямар хувилбарууд байна вэ?

-Хувилбарууд мэдээж байгаа. Хэрвээ энэ барилгыг заавал барих ёстой гэж үзвэл үргэлжлүүлээд барих мөнгийг нь улсаас цаг алдалгүй гаргаж өгөх хэрэгтэй. Хэрвээ мөнгө өгч чадахгүй гэвэл зориулалтыг нь өөрчилж болно. Эмнэлэг биш сургууль хэрэгтэй гэдэг ч юм уу, цаг үеэ дагасан шалтгаан байхыг үгүйсгэхгүй. Аль аль нь хэрэггүй гэвэл орон нутагт эрхийг нь шилжүүлэх гарц бий. Орон нутаг нь цаашид төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар дутуу баригдсан барилгын асуудлыг шийдэж болно. Орон нутагт нь шилжүүлэхгүй гэвэл дуудлага худалдаагаар худалдах боломж байгаа. Хувийн хэвшлийнхэнд шууд худалдах хэрэгтэй. Худалдаж авсан барилгаа цаашид яаж ашиглах нь хувийн хэвшлийнхний асуудал болчихно гэсэн үг. Цэвэр бизнесийн зарчмаар явагдах процесс учраас ашиглагдахгүй байна гэж үгүй. Улс тэр барилгад төсвөөс зарцуулсан мөнгөө олоод авчихна, хувийн хэвшлийнхэн худалдаж авсан барилгаа хэрэгтэй зүйлд ашиглаад явна. Ер нь аль аль талдаа хэрэгтэй шийдэл. Яг ямар хувилбар, гарцаар шийдэх вэ гэдгийг барилга тус бүрээр нь шийдэж өгмөөр байгаа юм. Царцаасан 550 барилгад чамгүй их хөрөнгө орсон. Улсын төсвийн хөрөнгийг ингэж үнэгүйдүүлж болохгүй. Жил өнгөрөх бүр үнэгүйдэж байна. Босгоод барьчихсан барилгуудын хувьд жил ирэх бүр моралийн элэгдэлд орж байна. Шинээр юм хийлгүй яахав. Гэхдээ ингэж ярихаасаа өмнө нэгэнт оруулсан хөрөнгөө үнэгүйдүүлэхгүйн тулд эзний сэтгэл гаргах цаг болсон. УИХ шийдлийг нь гаргаад өгвөл бид гүйцэтгэхэд бэлэн байгаа.

-Ийм олон барилгыг царцаах болсон нь цаанаа нарийн шалтгаантай гэдэг нь тодорхой. Нийтлэг алдаа гэвэл та юуг онцлох вэ?

-Зураг нь хийгдээгүй байхад улсын төсөвт мөнгийг нь суулгачихсан нийтлэг алдаа ажиглагдаж байна. Зураг нь гүйцэд хийгдээгүй барилгын төсөв яаж зөв гарах вэ дээ. Таамгаар мөнгө суулгачихдаг, өнөөх нь он дамждаг гэсэн асуудал жил бүр гарсаар ирсэн. Он дамжаад явчихаар валютын ханшийн хэлбэлзэл мөнгөний ханшаас шалтгаалсан эрсдэл гараад ирж байгаа юм. Зураг нь батлагдаагүй ажлын төсөв батлагдах нь олон сөрөг үр дагавартай. Зургаа дуусгах гэсээр байтал хамаг цагаа барчихдаг. Магадлалаар оруулна, батлуулна гээд өчнөөн процесс бий. Ингэж тэгсээр байтал намар болчихдог. Арай гэж мөнгөө авлаа гэхэд хоёр, гуравхан сар л ажиллаж таардаг юм байна л даа. Дутуу үлдсэн барилгын ажлыг ирэх жил нь үргэлжлүүлж таарна. Үргэлжлүүлэхийн тулд төсвийн тодотгол хийхээс аргагүй болдог. Жилийн жилд төсвийн тодотгол хийдгийн бас нэг шалтгаан нь энэ. Өмнөх засгийн үед дуусаагүй ажилд мөнгө тавиад явдаг байсан. Харин энэ засгийн үед ажлыг яахаараа заавал тодотгол хийж байж хийдэг юм бэ гэсэн асуудал яригдсан. Тэгээд л өнөө барилгын ажлууд нь зогсч царцаасан гэсэн нэр зүүсэн хэрэг. Ер нь цаашдаа зураг, төсөл нь бэлэн болсон ажлын зардлыг төсөвт суулгах хэрэгтэй л дээ. Энэ бол бидний хамгийн эхлээд хийх ёстой ажил.

-Барилгын салбарын төсөв буруу бодогдоод байдгийн нэг том шалтгаан нь валютын ханш. Энэ эрсдлийг хаахыг тулд яах ёстой вэ?

-Дотоодын үйлдвэрлэлтэй холбоотой учраас хамгийн түрүүнд дотоодынхоо үйлдвэрлэлд анхаарах хэрэгтэй. Ер нь дотоодын үйлдвэрлэл нэг үеэ бодвол хөгжиж байгаа. Барилгын материалыг гаднаас авна гэхээр валют хэрэгтэй болж таарна. Валютын ханш өсчихвөл төсөвт багаар тооцож төлөвлөсөн зардал хүссэн, хүсээгүй өсч байна л даа. Жишээ нь 2015 оны төсөвт долларын ханшийг энэ жилийнхээр оруулж байгаа. Гэтэл ирэх жил барилгын ажил эхлэхээр доллар хэд хүрэхийг тааварлашгүй. Валютын ханштай холбоотойгоор ажилчдын цалин пүнлүүнээс эхлээд тээврийн зардал, шатахууны үнэ өртөг өсөөд байдаг эрсдэл бий.

-Царцаасан барилгууд дээр өөр ямар алдаа ажиглагдаж байна?

-Зарим компани өчнөөн газарт нэгэн зэрэг олон ажил авсан байна. Хяналт тавихаас аргагүй асуудал. “Барилга байгууламж” ХХК гэхэд 660 хүүхдийн суудалтай сургуулийн барилга, 100 хүүхдийн ортой цэцэрлэгийн барилга, соёл спортын цогцолборын барилга гэх мэт нэг дор таван ажил авсан байх жишээтэй. “Аслан” гэдэг компани таван ажил авсан байна. Яагаад бусадтайгаа хуваагаад хийж болдоггүй юм бол, нэг дор ийм их ажил авч хийж чадахгүй гацаах ямар хэрэг байна гэх мэт асуулт гарч ирж байгаа. “Өлзий иш” гэдэг компани гэхэд л 11 ажил авсан байх жишээний.

-Нэг яамнаас уу?

-Ганц яам биш л дээ. ЭМЯ, БШУЯ, ССАЖЯ гэх мэтээр нэлээд хэдэн яамнаас ажил авсан байгаа юм. Ийм компаниуд зөндөө байна. Хийж амжилгүй орхиод байгаа гэдэг утгаар нь энэ жишээнүүдийг дурдаж байна л даа. Зураг сайн байвал барилга сайн байна. Зураг дээр үндэслэж төсөв бодогдож, зохиогдож байдаг. Анхнаасаа сайн гүйцэтгэлтэй явсан эсэх нь анхаарал татаад байгаа юм. Энэ мэт зүйлсийг шалгаж нягталж аудитын дүгнэлт хийлгэж дорвитой шийд гаргах хэрэгтэй. Мөнгө төгрөг, хөрөнгө оруулалт татаж төсвөө нэмэгдүүлэх цаг нь ирсэн гэж бодож байна.

-Царцаасан барилгаас болж хохирсон компаниуд бий юу?

-Тийм компаниуд байгаа. Хохиролтой компаниудын хувьд маш хэцүү нөхцөл байдал үүссэн. Наанаа нэг компанийн асуудал яриад байгаа юм шиг боловч цаанаа өчнөөн том асуудал бий. Тэр компанид ажиллаж байгаа хүмүүс гэхэд л том тоо гарч ирнэ. Барилгын компаниуд сөхрөөд хаагдах дээрээ тулаад байгаа нь гашуун ч гэсэн үнэн. Зарим нь бүр дампуурч байна. Ер нь компаниудын олонх нь банкнаас зээл авч ажлаа эхлүүлсэн байдаг. Зээлийнхээ хүүг улсын өмнөөс төлсөөр яваад хохирсон компаниуд байгаа. Хохирсон компаниудын цаана өчнөөн хүний амьдрал ахуй яригдаж байгаа. Царцаасан барилгуудыг тохирсон гарц хувилбараар нь шийднэ гэдэг барилгын салбарын асуудлыг цэгцэлж өгч байгаа хэрэг.

-Та түрүүн царцаасан барилгуудын зориулалтыг өөрчлөх ёстой гэж ярилаа. Сургууль цэцэрлэг гэхэд л хаана ч хэрэгтэй, тэгэхээр зориулалтыг нь өөрчлөх боломж байгаа гэж үү?

-Зориулалтыг нь өөрчлөх газар олон бий. Жишээ нь Баянхонгор аймгийн Бууцагаан, Баянлиг сум байна. Тэнд “Шинэ сум” төслийн хүрээнд канад модон барилга, канад технологиор сургууль, цэцэрлэг, эмнэлэг, соёлын төвийг цогцоор нь барьж өгсөн. Бууцагаанд гэхэд 240 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөлийн барилга баригдаж эхэлсэн. Одоо царцаасан барилгын нэг болсон. Гэтэл Бууцагаанд 640 хүүхдийн сургууль баригдсан. Одоо ажиллаж байгаа сургууль нь ч бий. Тэгэхээр тэнд 240 хүүхдийн суудалтай сургуулийн өргөтгөл хэрэггүй гэсэн үг. Нэгэнт баригдаж эхэлсэн тэр барилгыг сум орон нутагт хэрэгтэй өөр зүйлд зарцуулах хэрэгтэй. Тодруулж хэлбэл зориулалтыг нь өөрчлөх ёстой. Хугацаа нь явах тусмаа зориулалт нь өөрчлөгдөхөөс аргагүй болсон энэ мэт барилгууд байна.

-Жишээ нь Бууцагааны сургуулийн өргөтгөлд хэчнээн төгрөг зарцуулаад байгаа вэ?

-Нийт 500 сая төгрөг зарцуулчихаад байгаа. Гэрээгээрээ бол 939 сая төгрөг зарах учиртай юм билээ. Тэнд гэхэд л 500 сая төгрөг царцаасан барилга нэрээр ямар ч үнэ цэнэгүй байж байна. Би нэг зүйлд их эмзэглэж байгаа. Царцаасан барилгуудын ихэнх нь хөдөө орон нутагт бий. Тэгээд дийлэнх нь сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, соёлын төв. Ингээд бодохоор орон нутагт тэр хэрээр хүүхдийн боловсрол, эрүүл мэнд, амьдрах орчны асуудал яригдаж байгаа юм. Гарцаагүй сургууль, цэцэрлэг хэрэгтэй сумд бий л дээ. Шийдэхийг нь шийдээд өгчих хэрэгтэй. Гэхдээ сая дурдсан шиг зориулалтыг нь өөрчлөх ёстой барилгуудыг дуудлага худалдаагаар зарах ч юм уу, ямар нэг байдлаар үнэ цэнэтэй болгож байгаад энэ мэт асуудлаа шийдэх хэрэгтэй. Тэндээс орж ирсэн мөнгөө сургууль, цэцэрлэгийн барилга барихад зарцуулбал төсөвт дарамт ирэхгүй.

Ц.БААСАНСҮРЭН