Categories
мэдээ цаг-үе

Таван толгойгоор амьсгалсан “Coal Mongolia-2015”

“Таван толгойн гэрээний асуудал түр хугацаанд хойш­логдоод байгаа ч Сумитомо-гийн төлөөлөгч энэ танхимд сууж байна. Сумитомо Таван тол­гой төслийн борлуулалт мар­кетингийг хариуцна гэж байгаа. Төслийн хүрээнд гарах эцсийн бүтээгдэхүүний 25 хувийг Солонгос, Энэтхэг, Тайвань, Японы зах зээлд хүргэх юм. Таван толгойн хэлэлцээртэй холбоотой ойлгоход хэцүү, тааварлаагүй байдал үүссэн ч тэд Японы зах зээлд маркетингаа хийгээд эхэлсэн гэсэн таатай мэдээг бидэнд дуулгалаа” гэж М.Энхсайханыг хэлэхэд танхимд цугласан бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид алга нижигнүүлэв. Тав дахь жилдээ болж буй“Coal Mongolia-2015” чуулга уулзалтын эхний өдрийн үдээс өмнөх хуралдаан үе үе алга ташсан ийм уур амьсгал дунд өрнөсөн юм. Төр том төслүүдээ хөдөлгөх ёстой, Таван толгой дээр хазаар тавибал баялаг бүтээгчид зүгээр суухгүй, эдийн засгийн хямралыг том төслүүдээ хөдөлгөж байж л давна гэсэн утгатай үгийг чуулганд оролцогчид дуу нэгтэй хэлж байв.

Нүүрсам.доллар олдог гол бүтээгдэхүүний нэг гэдэг утгаараа “Coal Mongolia” жил бүр олны анхааралд байдаг. Гэхдээ энэ жил SS convention center урьд онуудынхаас ч хөл хөдөлгөөн ихтэй угтав. Чуулган эхлэх үед танхимын суудал аль хэдийнэ дүүрсэн байлаа. Хэвлэл, мэдээллийнхэн ч олноороо цуглажээ. Энэ удаагийн чуулганд 20 гаруй орны 100 гаруй эрхэм ирсэн гэсэн мэдээг зохион байгуулагчид нь өгсөн юм.

Монголын “Энержи ресурс” компани Хятадын“Шэнхуа”, Японы “Сумитомо” гэсэн дэлхийн аваргуудтай консорциум нэрийн дор нэгдэж Монголын засгийг төлөөлсөн эрхмүүдтэй тохиролцоонд хүрээд буй. Коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэр­гүүлдэг Таван толгойн ордыг хөдөлгөхөд “Шинхуа” төмөр замыг нь, “Энержи ресурс” борлуулалтыг нь, ”Сумитомо” Энэтхэг, Япон, Солонгос, Тайвань гэсэн үнэтэй зах зээлүүд рүү гаргахыг нь ха­риуцна хэмээн за зүй болоод байгаа. Гэхдээ энэ тохироо амьдрал дээр хэрэгжих эсэхийг УИХ шийднэ. Нүүрсний үнэ шалдаа буусан энэ үед Таван толгойг дэлхийн том компаниудтай нийлжхөдөлгөвөл овоо хэдэн ам.доллар орж ирнэ, зээлээ төлж чадахгүй хэцүү байдалд орсон Монголын компаниуддагаад өндийнө, хөрөнгө оруулагчдын итгэл ч сэргэнэ гэсэн горьдлого бий. Ийм эгзэгтэй үед тохиосон гэдэг утгаараа“Coal Mongolia” олны анхааралд байгаа юм.

Чуулганы эхний илтгэлийг Уул уурхайн сайд Р.Жигжид тавьсан. Түүнийилтгэлээс коксжих нүүрснээс гадна эрчим хүчний нүүрсэн дээр ч Монголдгол тоглогчоор тодрохорон зай бий, Хятадын эрчим хүчний нүүрсний хэрэглээ 2030 он хүртэл буурахгүй өснө гэсэн гэгээтэй мэдээ анхаарал татав. Сайд хөрөнгө оруулах боломжтой төслүүдийг ч нэрлэлээ. Нүүрс шингэрүүлэх, хийжүүлэх болон цахилгаан станцын төслүүдийг нэр заан дурдана лээ. Тэрээр жилд 50 мянган тонн утаагүй шахмал түлш гаргах үйлдвэрийн судалгааг ”Марубени”-тай хамтран хийж эхэлснээ чуулганд оролцогсдод дуулгасан.

М.ЭНХСАЙХАН: 76 ШАЛГУУРААР ХЭМЖВЭЛ “ТАВАН ТОЛГОЙ” ТӨСӨЛ ЯВАХГҮЙ

Монгол Улсын сайд, Таван толгойн хэлэлцээг ахалсан М.Энхсайхан “Тавантолгой ба супер цикл” гэсэн сэдвээр илтгэл тавьсан юм. Сүүлийн 200 жилийн хугацаанд түүхий эдийн үнэ 30-50 жил гэсэн циклээр явж ирсэн гэнэ. Супер цикл буюу эрдэс баялгийн үнэ огцом өсдөг хугацаа ийм хол зайтай тохиодог аж. 1950 иад онд, дэлхийн хоёрдугаар дайны дараа Европыг сэргээн босгоход түүхий эдийн үнэ огцом өсч байж. Дараагийнөсөлтийн үе1970, 1980-аад онд тохиосон гэнэ. Сүүлийнх нь нүүрсний үнэ оргилдоо хүрч байсан 2011 онд тохиосон гэж М.Энхсайхан илтгэлдээ онцолсон. Түүний илтгэлээс анзаарахадойрын хорь, гучин жилдээ лав нүүрсний үнэ өмнөх шигээ өсөхгүй нь бололтой. Супер циклээ алдсан ийм үед өртгөө бууруулж олборлолтоо нэмэх л ганц гарц байгаа гэнэ. Сүүлийн үед нүүрсний зах зээл дээр манайшинэ өрсөлдөгчөөр тодроод буй Мозамбикад гэхэд 700 кмтөмөр зам барихаар ярьж эхэлснийг М.Энхсайхан дуулгав. Энэ мэдээндээ “Улстөрийн саад байхгүй учраас” гэсэн тайлбар дайлаа. Хэлэлцээний үеэр “Шинхуа”-тай тохиролцсонашигтай нөхцөлүүдээ ч мөн онцлов. “Шинхуа” төмөр замын хөрөнгө оруулалтаас гадна “Чалко”-гийн гэрээний хариуцлагыг өөр дээрээ авна гэж дуугарчээ.

Таван толгой төсөл бүрэн хүчин чадлаараа ажилласан үед төсөвт 340 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ гэсэн тооцоо гарчээ. Гурван компанийн хамтарсан консорциумХөрөнгө оруулалтын, Хамтын ажиллагааны, Концессын гэсэн гурван гэрээг засагтай зурах юм байна. Компаниудын түвшинд 5-6 гэрээ байгуулах шаардлага байгаа аж. Таван толгойн хэлэлцээг ахалсан М.Энхсайхан сайд “Таван толгойн гэрээг удахгүй УИХ-д өргөн барих байх. Ямар шалгуураар хэмжих бол гэсэн том асуудал бий. 76 гишүүн 76 шалгуураар хэмжвэл энэ том төсөл явахгүй. Хоёр шалгуур л байх ёстой. Эхний шалгуур нь Монгол Улсын хуулийн хүрээнд хийгдэх ёстой.Бүх зүйл хуулийн дагуу хийгдсэн. Том хөрөнгө оруулагчид хуулиас гадуур алхам хэзээ ч хийдэггүй. Ингэвэл өөрсдөд нь өндөр эрсдэлтэй. Хоёр дахь шалгуур бол Засгийн газрын 268 дугаар тогтоол. Уралдаант шалгаруулалтын талаарх энэ тогтоолын бүх заалт биелэгдсэн. УИХ асуудлыг өөртөө татаж хэлэлцдэг нь Америк зэрэг улсад байдаг л жишиг. УИХ энэ том төслийг авч хэлэлцээд нүүрсний салбарынхны хүлээлтийг хангасан, хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмсэн шийдвэр гаргана гэдэгт итгэж байна” гэсэн үгээр илтгэлээ төгсгөлөө. Түүнийг ингэж хэлэхэд танхимд цуглагсад мөн л алга ташицгаав.ЭНЕРЖИ РЕСУРС: НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ ШИРҮҮН ӨРСӨЛДӨӨНТЭЙ БАЙНА

“Энержи ресурс”-ийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл “Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадвар олон улсад” сэдвээр илтгэл тавьсан. Түүний илтгэлээс нүүрсний салбар яг одоо ямар байдалд хүрснийганзаарч болохоор байв. Тэрээр “Бид өмнөх жилийн Coal Mongolia дээр Австралийн боомтын үнэ 126 ам.доллар болж уналаа, 200 гаруй ам.доллар байсан шүү дээ гэж халаглан ярьж байсан. Гэтэл өнөөдөр 100 ам.доллароос доошилчихлоо. Нүүрсний зах зээл ямар хатуу өрсөлдөөн дунд байгааг эндээс харж болно. Нийлүүлэгчдийн 75 хувь нь алдагдалтай ажиллаж байна” хэмээн ярив. Нүүрсний үнэ өндөр үед уурхайн амнаасаа хоёр дахин үнэтэй зарж, “нинжа” загвараар амьдарч болж байсан бол нүүрсний зах зээл дээрх өрсөлдөөн ширүүссэн энэ үед далайн боомт буюу эцсийн хэрэглэгч рүү тэмүүлэхээс аргагүй гэж Г.Батцэнгэл онцоллоо. Түүний илтгэлээс далайн боомт хүрэхийн тулд төмөр замаар тээвэрлэхээс аргагүй, ингэхийн тулд хилийн дөнгөж цаахна төмөр замаа тулгаад барьчихсан ”Шинхуа”-тай түншлэх гарц бий, нүүрс тээвэрлэх өртгөө хэмнэж байж лурд хөршийн зах зээл дээр тэсч үлдэнэ гэсэн санаанууд анхаарал татав. Таван толгой дээр хамтрах консорциум төмөр замаа барьж, баяжуулсан нүүрсээ шууд далайн боомтод хүргэх, цаашлаад Япон, Солонгос, Энэтхэгийн зах зээлд гаргах бизнес моделийн төлөө ажиллаж байгаа гэдгийг ч тэрээр илтгэлдээ дурдсан.

Г.Батцэнгэл илтгэлийнхээ төгсгөлд“Бид энэ зах зээлд бусадтай адилхан өрсөлдөгч болъё гэж зорьж байгаа. Санаснаараа зүтгээд явлаа гэхэд тэр өрсөлдөөнд давж гарна гэсэн баталгаа алга л байна. Сүүлийн хэдэн сард ажиглагдаж байгаа нэг том бэрхшээл бий. Австрали, канад доллар, орос рублийн ханш маш ихээр унасан. Үүнийгээ дагаад өмнөд хөршийн нүүрсний зах зээлд бидэнтэй өрсөлддөг Австрали, Канад, Оросыннүүрс олборлох өртөг зардал нь буураад эхэлж байгаа юм. Манайхан төгрөгийн ханш ч адилхан буурсаншүү дээ гэсэн тайлбар хэлжмагадгүй. Гэхдээ Монгол тэднээс өөр. Түлш, тоног төхөөрөмж гээд бүгдийг нь ам.доллароор авдаг. Бүх юм нь импорттойгоо уяатай учраас ханшийн уналттай холбоотой давуу тал бидэнд байхгүй. Австрали, Канад, Орос энэ боломжийг бүрэн ашиглаж нүүрснийүнээ бууруулж байгаа. Бодит байдал ийм л байна. Дүгнэлт бол тодорхой. Таван жил ярьснаа л давтаж хэлье. Тээвэр ложистикийн асуудлуудаа шийдэх шаардлагатай байна” гэж онцоллоо. Түүнийг илтгэлээ тавьж дуусангуут танхим алга нижигнүүлэв.

Г.Батцэнгэлийн үгнээс “Эцсийн дүндээ хөрөнгө оруулагч компани хамгийн их эрсдэл, ял үүрч явдаг. Бид төслөө2008 онд эхлүүлснээс хойш 600 тэрбум орчим төгрөгийн татвар хураамж төлсөн. Улсаас нэг ч төгрөгийн зардал гаргаагүй. Ажилчид хөрөнгө оруулалт нөхөгдсөнийдараа цалингаа авъя гэдэггүй. Цалингаа аваад амьдралаа дээшлүүлээд явдаг. Бэлтгэн нийлүүлэгчид ч мөнгөө аваад бизнесээ өргөжүүлсээр байдаг. Хөрөнгө оруулагчдын хувьд хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа үр шимээ хүртэж эхэлдэг. Ухаа худагийн лицензийг 2006 онд олгосноос хойш бараг арван жил өнгөрлөө. Юун хөрөнгө оруулалтаа нөхөх манатай явж байна. Уул уурхайн төсөл маш их хөрөнгө оруулалт шаарддаг. Өндөр эрсдэлтэй, зах зээлийн циклтэй бизнес учраас үр өгөөжийг ньурт хугацаанд харах хэрэгтэй. Монголчууд богино насалдаг учраас 30 жил урт хугацаа шиг санагдаж мэднэ. Том төслийн хувьд 30 жил бол хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа биш ч байж болно” гэсэн байр суурийг нь чуулганд оролцогчид толгой дохин сонсоно лээ.

Асуулт хариултын цагийн үеэр ч “Энержи ресурс”-ийн гүйцэтгэх захирлын хариулт алга ташилт дагуулсан. Танхимаас“Хятадын нутгаар дамжин далайн боомт хүрэх өртөг ямар байна вэ” гэсэн асуултыг түүнд тавьсан юм. “Энержи ресурс” өнгөрсөн онд далайн боомт хүргэсэн нүүрсээ 127 ам.доллароор зарж байж. Үүнээс 80 ам.доллар нь тээврийн зардалдаа явсан гэсэн статистик гарчээ. Г.Батцэнгэл“Бид төмөр зам барьж зардлаа хэмнэхийг хүсч байна. Хил дамнасан төмөр замын асуудлаа шийдэхэд 15-20 ам.доллар хэмнэх тооцоо бий. Хятадын нутгаар дамжин өнгөрөх тээврийн зардлыг 40 хувиар хөнгөлнө гэсэн ерөнхий тохироог БНХАУ-ын даргыг айлчлах үеэр хийсэн. Энэ бүхэн хэрэгжвэл нүүрсний тээврийн зардал огцом буурах боломж бий. Нэгэнт үүсчихээд байгаа боломжоо ашиглах эсэхийг бид шийдэхгүй.Улстөрчид шийднэ. Бүх юмыг тэд л шийддэг” гэсэн хариу өгсөн юм. Монгол Улсын сайд М.Энхсайхан Монгол, Хятадын хооорондын транзит тээврийн гэрээнүүдийн хөнгөлөлттэй нөхцөл, хямдралтай явах тохироо бүхэн Таван толгойн консорциумд үйлчилнэ гэж байв.

“Coal Mongolia”-гийн үеэр Баялаг бүтээгчдийн хөдөлгөөнийнхөн байр сууриа илэрхийлсэн юм. Тэд Таван толгой гэх мэт том төслүүдээ гацаалгүй урагшлуулахгүй бол тэмцэнэ гэцгээж байв. Чуулганд оролцогчид ч Таван толгой төслийн хөдлөхийг хүлээж байгаагаа нуусангүй. “Трансвест” компанийн Худалдааны хэлтсийн дарга Д.Болдсүх“Манай компани энэ чуулганд их ач холбогдол өгч оролцдог. Ил уурхайн техник тоног төхөөрөмж нийлүүлдэг компани л даа. Оюу толгойн ил уурхайн бүх тоног төхөөрөмжийг нийлүүлсэн. Таван толгойн баруун Цанхи дээр ажиллаж байгаа үндэсний олборлогчидтой ч хамтарлаа. Бэлтгэн нийлүүлэгчдийн хувьдгацаад байгаа том төслүүд урагшлаасай гэж хүсч байна”хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. “Coal Mongolia-2015” өнөөдөр өндөрлөнө.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хурдны замыг Майдар хотоор дайруулах гэнэтийн санал хөрөнгө оруулагчдад нь хүлээлт үүсгээд байна

“Чингис лэнд девелопмент” группын ерөнхий гүйцэтгэх захирал Д.Амарбаясгалантай ярилцлаа.

-Алтанбулаг-Улаан­баатар-Замын-Үүд чиг­лэлийн буюу Ази, Европыг холбосон олон улсын хурдны авто замын төслийн явц ямар байна?

-Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хурдны замынхаа трассын уртыг тогтоох чиглэлээр олон улсын зөвлөх компаниудтай хамтарч ажиллалаа. Зам тээврийн яамны харьяа Шинжлэх ухаан технологийн зөвлөл энэ оны эхээр эцэслэн дэмжсэн. Трассын чиг батлах үүрэг Авто замын тухай хуулиар салбарын яаманд байдаг л даа. Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн шийдвэр сайдын тушаал болж эцэслэх учиртай. Зөвлөл дэмжсэнээс хойш буюу гурван сарын дараа, энэ сарын эхээр сайдын тушаал гарлаа. Бидний зүгээс энэ хооронд нэлээд ажил амжууллаа. ТЭЗҮ-ээ боловсруулж батлууллаа. Урьдчилсан зургуудаа хийлээ. Хөрөнгө оруулагчидтайгаа хамтарч хөрөнгө оруулалтын багцаа тодорхойлоод ажиллаж байна. Алтанбулагаас трассынхаа цэгийг тэг цэг гэж аваад явж байгаа. Улаанбаатараас урагшаа Баян сум гэж бий. Мааньт ч гэж нэрлэдэг. Мааньт хүртэл 450 км газарт геотехникийн суурь судалгаагаа хийлгээд хүлээж авах шатандаа явж байна. Дөрөвдүгээр сарын 15-ны дотор хүлээж авна. Энэ тендерийн үндсэн гүйцэтгэгчээр ОХУ-ын “Зстисиз” гэдэг компани, Монголын 26 компани туслан гүйцэтгэгчээр ажилласан. Урд талын 550 км хүртэлх газар буюу Мааньтаас Замын-Үүд хүртэлх хэсэгтээ суурь судалгааны ажлын тендерийг хагас сарын өмнө зарласан. Дөрөвдүгээр сарын 15-ны дотор компаниудын сонирхол илэрхийлсэн захидлыг хүлээж авна.

-Ер нь хурдны замын төсөл ямар шат дараатайгаар хэрэгждэг вэ?

-Эхлээд трасс тогтоогддог. Тогтоогдсон трасс дээр геотехникийн суурь судалгаанууд хийгддэг. Хийгдсэн суурь судалгаан дээрээ үндэслээд зураг төсөв боловсруулах ажил хийгдэнэ. Зам барилгын ажлын зураг төсөв боловсруулах ажлын даалгавар гэж бий. Салбарын яамны төрийн нарийн бичгийн дарга баталж өгдөг юм. Төрийн нарийн бичгийн даргад хүсэлтээ илгээх гэж байна. Зургийн даалгавар гаргаад өгчихвөл зураг төсөв боловсруулах гүйцэтгэгч компаниа сонгон шалгаруулах тендер зарлана. Бид энэ долоо хоногийн лхагва гаригт хучилтын хийцийн технологийн зөвлөх компани сонгон шалгаруулах тендер зарлахаар болсон. Бага зардлаар барьж, олон жилийн турш эвдрэлгүй ашиглах технологийг сонгох зорилготойгоор ажиллана. Зургийн ажил гарсны дараа зам, барилгын гүйцэтгэгчээ сонгон шалгаруулах тендерүүдийг зарлаад явна.

-Олон улсын хурдны авто замын төслийг хэрэгжүүлэх явцад садаа болсон ямар шалтгаан байна, яг одоо тулгараад буй асуудлаа яриач?

-Трасс батлагдахгүй удсан тал бий. Улстөрийн тогтворгүй байдлаас болж хөрөнгө оруулагчдад хүлээлтийн байдал нэлээд үүссэн л дээ. Бид өнгөрсөн намар тодорхой хэмжээний ажлууд эхлүүлэхээр тооцоолж байсан. Харамсалтай нь Засгийн газар огцорч, хоёр сар орчмын дараа байгуулагдсан. Гэрээ байгуулж, харилцаж байсан яам нь татан буугдчихаар хөрөнгө оруулагчдын хувьд ойлгоход хүндрэлтэй байдал үүссэн. Хүлээлт үүссэн гэсэн үг. Одоо ч гэсэн хөрөнгө оруулагчдад тодорхой хэмжээний хүлээлт байна. Манай замын трасс батлагдсан ч гэлээ хэсэгчилж батлагдлаа. Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хоолтын даваа, Мааньт чиглэлийн трассын 347.2 км-ээс 444.4 км-ийг эцэслэн шийдээгүй байна.

Бид трассын чигийг нийслэлийн баруун талаар орж ирэхээр тооцож хийсэн юм. Энэ зам бол транзит тээврийнх. Авто замын тухай хуулиар бол олон улсын чанартай зам. Транзит тээвэр эрхэлж байгаа А, Б хоёр цэгийн хооронд зогсолтгүйгээр хурдтай тээвэрлэгдэх тээврийн зориулалттай зам байх учиртай. Тэр утгаар нь Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн хамгийн захын цэгээр дайран өнгөрүүлж байгаа юм. Хурдны зам Хүй долоон худагаар дайраад Био, Шувуу хоёрын дундуур, Туул гол дээгүүр орж ирнэ. Цаашлаад Өлзийт хороолол, Хөшигийн хөндийн шинэ нисэх онгоцны буудлаар дайруулж, урагш чигээр явуулсаар Баян сум хүргэнэ. Баян сумаас төмөр замынхаа баруун талыг бариад Багахангай, Чойр, Шанд, Замын-Үүд гэсэн маршруттайгаар үргэлжилнэ. Нэгдүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан ажлын хэсэг “Хот орчмын томоохон төслүүдийн уялдааг хангах гэж байна. Тийм учраас замынхаа трассыг ирээдүйд баригдах Майдар хотыг дайруулаач гэсэн санал тавьсан юм.

-Майдар эко хот байгуулна гэсэн сураг ч сонсогдож байгаа шүү. Сүүлд тэнд Майдар бурханыг бүтээж байгаа гэж дуулдсан. Ингэхэд нийслэлээс хэр зайтай юм бол?

-Майдар хотыг Богд хаан уулын урд талд, Төв аймгийн Сэргэлэн сумын зүүн талд,нийслэлээс багцаагаар 70 орчим км-т байгуулах юм болов уу гэж бодож байна.

-Чиглэл нь нэлээд өөрчлөгдөх юм байна. ТЭЗҮ энэ тэр нь батлагдчихсан үед ийм өөрчлөлт хийх боломж байдаг юм уу?

-Нэгдүгээр сарын хорьдоор ажлын хэсгийн ахлагчид нь боломжгүй гэдгээ хэлсэн л дээ. “Хөрөнгө оруулагчидтайгаа урьдчилж тохироод замынхаа трассын нийт уртаар оруулах хөрөнгийнхөө хэмжээг гаргасан. Оруулах хөрөнгөө ТЭЗҮ дээрээ тусгаж, хөрөнгө оруулалтынхаа багцын дагуу гэрээгээ хийсэн. Энэ бүхэн задрахад хүрээд байна” гэж тайлбарласан.

-Боломжгүй гэхээр ямар хариу өгч байна?

-Өнөөдрийг хүртэл хоёр, гурван сарын хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй байсан учраас дахин албан бичиг явуулсан. “Өөрчлөх тохиолдолд бидэнд хүндрэл учирч байна. Замын трасс уртасч байна. Хоолтын даваа гэж том асуудал бий. Төмөр замын хувьд энэ даваанд хавцал гаргаж сэтэлж цаашилсан байдаг. Төмөр замын хувьд ч тэр, хурдны авто зам ч ялгаагүй хазайлтын өнцөг гэж бий. Хурдны авто замын хувьд хазайлтын өнцөг нь таван градус байдаг юм. Орон нутгийн C-2 зэрэглэлийн зам шиг огцом даваад явчихдаггүй гэсэн үг. Ямар түвшинд байгаагаасаа хамаараад нэг бол сэтэлнэ, эсвэл туннель хийхээс аргагүй. Ийм бэрхшээл Хоолтын давааны хэсэгт гарна. Төсөв зардал тэр хэмжээгээр нэмэгдэнэ. Трасс уртсахаар ч зардал өснө. Өнөөдөр хийчихээд байгаа ажлуудад гаргасан зардлыг яах вэ. Энэ асуудлуудыг тодорхой хэмжээнд шийднэ гэвэл ярилцаж болно” гэсэн утгатай санал тавьчихаад хүлээж байна. Ажлаа хурдасгах үүднээс тавьсан санал л даа. Гэсэн хэдий ч энэ асуудлыг шийдэхээс өмнө трассыг хэсэгчлээд гаргачихлаа. Трасст өөрчлөлт орсон тохиолдолд маш их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудал тулгарвал яах вэ гэдэг эргэлзээ хөрөнгө оруулагчдад үүсчихлээ. Энэ хэсгийг эцэслэн шийдэхийг хүлээе гэж байна.

-Хурдны зам Майдар хот руу хазайхаар нэмж хэр зардал гарахаар байна. Урьдчилсан тооцоо хийж үзсэн үү?

-Бага мөнгөний асуудал биш. Урьдчилсан байдлаар судлахад трассын нэмэгдэж байгаа урт болон хийх туннельд гэхэд л 240 гаруй сая ам.долларын зардал нэмэгдэхээр байна. Тиймээс ажлын хэсэгт “Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөөч” гэсэн хүсэлт тавиад байгаа. Мөн Ерөнхий сайдад төслийнхөө танилцуулгыг албан ёсоор хийе гэж бодож байна. Монголын эдийн засагт их хэмжээний өгөөжтэй, маш чухал төсөл учраас явцыг нь албан ёсоор танилцуулъя гэсэн юм. Танилцуулах хүсэлтээ илэрхийлээд уулзалтын цаг хүлээгээд байж байна.

-Хурдны замын зам барилгын ажлыг ирэх сард эхлүүлнэ гэсэн мэдээлэл байсан. Таны ярианаас анзаарахад хугацаандаа эхэлж амжихгүй нь ээ дээ?

-Зам барилгын ажлыг тавдугаар сард эхлүүлнэ гэж тооцсон байсан л даа. Зураг төсвөө боловсруулаад эхэлсэн байсан. Гэтэл ийм өөрчлөлт гарчихлаа. Тэгэхээр зам, барилгын ажил маань гурав, дөрөв, магадгүй зургаан сараар ч хойшилж мэднэ гэсэн үг. Хугацаан дээр ийм асуудал гарч магадгүй гэсэн байр сууриа албан бичгээр илэрхийлсэн байгаа. Монгол орон жилийн дөрвөн улиралтай, барилгын ажил хийх таатай хугацаа нь бага. Ойролцоогоор 150 хоног л байдаг. 150 хоногийнхоо эхлэх учиртай эхний хугацааг алдаад байна. Энэ янзаар хойшилбол наймдугаар сараас наашгүй дүр зураг харагдаж байна. Монгол Улсын компани, төр аль нь ч хөрөнгө оруулагчдынхаа өмнө нэг баг болж ажиллах учиртай. Харилцан өөр мэдээлэлтэй, төр нь компаниа дэмжихгүй, компани нь төртэйгөө ойлголцохгүй байгаа юм шиг харагдсанаас эндээ нэг мөсөн асуудлаа шийдчихээд хөрөнгө оруулагчдадаа хандъя гэсэн байр суурьтай байгаа. Ингэхийн тулд нэлээд нарийн хэлцэл хийе гэсэн саналаа илэрхийлчихээд байна.

-Транзит тээврийн хурдны зам хотын дундуур баригдах хурдны замтай яаж холбогдох вэ?

-Бид өөрсдөө холбож өгнө. Хөшигийн хөндийн орчимд Өмнөговь, Дундговиос ирж байгаа аймгийн зам огтлолцоно. Огтлолцож байгаа тэр хэсгээс Хөшигийн хөндийтэй холбосон арав орчим км замыг төслийнхөө хөрөнгөөр нийслэлтэй холбож өгнө. Мөн хойшоогоо Туулын хурдны замын баруун үзүүртэй холбож өгнө.

-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны зам хэчнээн сумаар дайрч өнгөрөх вэ. Дайрч өнгөрөх сумдадаа амралт үйлчилгээний цогцолбор барина гэж дуулсан. Хурдны зам дагуу өөр ямар том бүтээн байгуулалт өрнөх бол?

-Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн олон улсын хурдны зам зургаан аймгийн 24 сумаар дайран өнгөрнө. Хөрөнгө оруулалтын дийлэнх хэсгийг зам дагуу хийгдэх бүтээн байгуулалтад зарцуулна. Хурдны замын стандартын дагуу түр амрах хэсэг болон амралт үйлчилгээний цогцолборууд байгуулагддаг. 50-70 км тутамд амралт үйлчилгээний цогцолбор баригдах юм. Сум хоорондын зай ихэвчлэн 50-70 км орчим учраас сумдаа түшиглэж байгуулна. Сумын хөгжилд ч нэмэртэй болчихож байгаа юм. Шатахуун түгээх станц, дэлгүүр, зочид буудал, цайны газар цогцоороо баригдана. Мөн энэ зам Оросоос Хятад руу, Хятадаас Орос руу явах барааны урсгалын гол коридор. Тэр утгаараа Алтанбулаг, Замын-Үүдийн чөлөөт бүсүүд дээр томоохон ложистик, худалдааны төвүүдийг барих сонирхолтой байна. Монголд анх удаа Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын хавьцаа тээврийн гурван том коридорын уулзвар бий болж байгаа. Ачаа тээврийн нисэх онгоцны буудал байна. Үүнээс гадна транзит тээврийн төмөр замыг хотоор дайруулахгүйгээр Богд уулын урдуур гаргаж Хөшигийн хөндийгөөр манай замтай зэрэгцүүлж оруулж ирнэ. Тэгэхээр энд төмөр зам, хурдны авто зам, транзит тээвэр гурав нийлнэ. Тийм учраас бид нисэх онгоцны буудал, Богд уул төмөр замынхантай уулзаж холимог ачаа тээврийн ложистик төвийг барих талаар яриа хөөрөө өрнүүлж байна.

-Хувийн хөрөнгө оруулалтаар мянга гаруй км хурдны замын төсөл хэрэгжүүлнэ гэдэг асар том ажил. Ер нь дэлхийд ийм төсөл хэр олон хэрэгждэг вэ?

-Манай зам хоёр урсгал зургаан эгнээтэй. Урьдчилсан тооцоогоор таван хэсэг газарт туннель хийгдэнэ. 30 метрээс уртыг нь бид том гүүр гэж үзэж байгаа. Ийм том гүүр 12 газарт хийгдэнэ. Хамгийн том гүүрийг Туул голын дээгүүр барина. Татлагат гүүр байх юм. Монголд анх удаа монголчууд өөрсдөө санаачлаад хийж байгаа бүтээн байгуулалтын асар том төсөл л дөө. 1000 км-ын урт, ийм том хурдны зам дэлхийд ховор баригдаж байсан. Тэр дундаа хувийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ийм төсөл тун ховор шүү. Дандаа хэсэгчилж хийгддэг. Манай төсөл их олон Засгийн газрын нүүр үзлээ. Бүх Засгийн газрын үед дэмждэг. Гэхдээ шинэ засаг гарч ирэх тоолонд бүх төсөлтэйгөө шинээр танилцана гэх шалтгаанаар цаг хугацаа алдсан тал бий.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Итгэлцэл эрсэн “Эдийн засгийн форум”

“Итгэлцэл” гэсэн уриаг сонгосон Монголын эдийн засгийн форум өчигдөр Төрийн ордонд эхэллээ. Форумнэгд­сэн хуралдаанаасаа л сонирхолтатахаар өрнөлтэй үргэлжлэв. “Монгол Улсын макро эдийн засгийн өнөө­гийн байдал” сэдвийн дорордны Их танхимд эхэл­сэн нэгдсэн хуралдааны модератороор “Де Факто”-гийн Д.Жаргалсайханыг сонгожээ. Эдийн засаг таагүй байгаа энэ өдрүүдэдүгийг нь сонсохсон гэж хүлээсэн эрхмүүдийг панелистаар урьжээ. Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн эдийн засгийн зөвлөх Л.Дашдорж, Нийтлэлч Баабар, судлаач Г.Рагчаасүрэн, Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тае Хьюн нар нэгдсэн хуралдааны индэрт сууж байр сууриа илэрхийлсэн юм.

Баабар: ЭДИЙН ЗАСАГ ОЙРЫН ТАВАН ЖИЛДЭЭ СЭРГЭХГҮЙ

Их танхимд өрнөсөн нэгдсэн хуралдааны үндсэнилтгэлийг нийтлэлч Баабар тавьсан юм. Тэрээр “Монгол банкны албан нөөц 60 хувиар, өөрийн нөөц 150 хувиар буулаа.Улсын нөөц бүрэн шавхагдсан ба өнөөдөр тулсан төлөх өр, своп болон бусдын байршуулсан мөнгийг хасаад тооцохоор огт мөнгөгүйгээр барахгүй хасах 1.5 тэрбум доллар болчихоод байна”, “Нэгэнт хөөгөөд хавчаад гаргасан гадаадын хөрөнгө оруулалт эргэж ирэх боломж мөдгүй учир эдийн засаг эргэж сэргэх хугацаа тун өөдрөгөөр бодоход ойрын таван жилдээ үгүй”, “Татвар төлдөг хагасын арван хувь нь нийт татварын 90 хувийг төлдөг, улс орноо тэжээж яваа тэд бараг толгой дараалан эргээд өөрийгөө даахгүй өрөнд баригдчихаад байгаа гээд бод доо. 10-25 тэрбум төгрөг татварт өгч төсөвт 151 тэрбум төгрөг нийлүүлдэг байсан 14 компани жилийн дотор зургаа болон хорогджээ. 1-2 тэрбум төгрөг татварт өгдөг 34 компани 11 болон цөөрчээ” гэсэн анхаарал татахаар мэдэгдлүүдийг форумын индрээс хийлээ.

“Дээрэмдэх гадаадын хөрөнгө оруулалт дуусахаар улам бүр биенээ дээрэмдэх боллоо. АТГ богино хугацаанд 600 орчим эрүүгийн хэрэг үүсгэжээ гэж би хэд хоногийн өмнө бичсэнийг тэд эсэргүүцэж 600 биш, 864 гэсэн яс тоогоор заргалдах жишээтэй. Баялаг үйлдвэрлэн Монгол Улсыг тэжээж байгаа компани хүмүүсийн нийт тоонд харьцуулахад аль нь ихдээд л байна даа. Одоо АТГ-аас гадагш гарах хөлийг нь хорьсон гадаадын 54, дотоодын 200 орчим иргэн байгаа. Гадны хэвлэлүүдэд Хотел Монголиа гэсэн нэршил гарах болсон нь хөрөнгө оруулагчдад хандаж байгаа Монголын араншинг илтгэж болгоомжлуулж байгаа юм” гэсэн мэдэгдэл нь содон дуулдав. Эдийн засгийн ийм хэцүү үеэс гарах гарцыг ч санал болголоо. Баабар “Төрийн авлига, сүрдүүлэг, хүнд суртал болон хөгжлийн эсрэг хууль тогтоолоос болж дампуурсан, ажилгүй болсон, хохирсон иргэд болон компаниуд бүртгүүлцгээе. Чухам хэний санаачилсан, хэний дарамталж буй болгосон хууль тогтоомжоос болж яаж хохирсон, үүнээс болж хичнээн хэмжээний мөнгө алдсан, хичнээн боломжоо алдсан зэргээ тооцоцгооё. Үүнээ нэгтгэн Худалдаа үйлдвэрийн танхимд аваачиж өгье. Танхим нь ажил олгогчдын татвараар амьдардаг учир тэднийгээ өмгөөлж хамгаалж байх үүрэгтэй байгууллага. Гэтэл ингэж байхыг нь сүүлийн 25 жилд хэн ч олж хараагүй, сонсоо ч үгүй. Харин ч эрх баригчидтай нийлэн тэднийгээ гадуурхаж байсан олон тохиолдол бий. Танхимын шинэ дарга Лхагважав нь шударга хүн. Түүнийг энэ ажлыг удирдан зохион байгуулж манай нийгмийг бөөс хуурснаас нь салгахад оройлон оролцоно гэдэгт найдаж байна. Ийм бүртгэл явуулсны үр дүнд бидэнд төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалт гараад ирнэ. Төрд ойртуулж болохгүй хүмүүсийн жагсаалтаа гаргаад сонгуулийн үеэр тэднийг сонгохгүй хөдөлгөөн өрнүүлнэ гэсэн үг. Үүнд асар их зардал орно, үүнийг манай ажил олгогчид, хувийн хэвшлийн компаниуд өлхөн даана” гэсэн санал хэлсэн юм.

Ч.Сайханбилэг: АЛДААГАА ДАВТМААРГҮЙ БАЙНА

Хөрөнгө оруулагчдын анхааран сонссон хүний нэг нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг.Гүйцэтгэх засаглалын тэргүүн форумын нээлтийн үгийг хэлсэн юм. Ерөнхий сайд Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдийн талаар энэ ням гаригт мэдэгдэл хийнэ гэсэн мэдээлэл цацагдаад буй. Энэ мэдээлэл үнэн болохыг Ч.Сайханбилэг ярианыхаа эхэнд онцоллоо. Тэрээр том төслүүдийн болон бодлогын чиглэлийн шинэ мэдээллүүдийг олон нийтэд хандан өгөх юм байна.

Түүний Оюу толгой төслийн талаар илэрхийлсэн байр суурь ч форумын оролцогчдын анхааралд байв. Ерөнхий сайд “Оюутолгой дээр ил уурхайн хөрөнгө оруулалтаа, далд уурхайн бүтээн байгуулалтаа шууд залгуулж чадаагүйн дийлэнх буруу нь бидэнтэй бас хамаатай. Бид цаашдаа дахин алдахгүйн тулд алдаанаасаа суралцах хэрэгтэй. Хууль тогтоомжийг ойр ойрхон өөрчилж, хайгуулын урт хугацааны хориглолт, урт нэртэй хууль орсон цуврал савангийн дуурь, улс төрчдийн популизм нэвт ханхалсан хэвлэлийн хурал, бидний итгэлцлээ гээсэн үйл явдлын жагсаалтыг нэрлэвэл нэлээн урт болох байх. Бидний сайн мэдэх Оюутолгойтөсөл дээр энэ итгэлцэл гэх юмны ямар ч үнэр байхгүй байсныг дараахь жишээ харуулна. Монголын Засгийн газар нөгөө талдаа огт мэдэгдэлгүй шинээр өсөн нэмэгдэх рояалти татвараар 450 тэрбум төгрөг авна гэдгээ жилийнхээ төсөвт шууд тусгасан. Татварын нэг байцаагч очоод компанийн дансыг шууд хааснаар бүх мөнгөн урсгал гадаад банкуудаар дамждаг болсон. Нөгөө талаас Рио Тинто компани Монголын Засгийн газрыг буруутгасан ар араасаа цуварсан мэдэгдлүүд Монголд итгэх итгэлийг алдагдуулахад жинтэй хувь нэмэр оруулсан. Манайд хийсэн, хийх гэж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт хэдэн арван жилээр үргэлжлэх хамтрагчийн үйл ажиллагаанд ийм зүйл удаан хугацаанд үргэлжилсэн гэж бодохоор толгой сэгсэрмээр” гэж чуулганы индрээс хэллээ.

Урт нэртэй хуулиас эхлээд хөрөнгө оруулагчдын эсрэг чиглэсэн хууль тогтоомжуудыг дэлхий даяар шуугиан болгож мэдээлсэн хэр нь хөрөнгө оруулалтыг дэмжсэн хууль, тогтоол, шийдвэр гаргасны дараа таг чиг болсонд шүүмжлэлтэй хандаж байгаагаа форумын оролцогчдод хандан хэлсэн. Хаана хаанаа итгэлцэл алга гэсэн иймэрхүү агуулгатай үгсийг илтгэл тавьсан хүн бүр онцолж байв.

Н.Золжаргал: ИМПОРТЫН ТАВАН САРЫН ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХААР ВАЛЮТЫН НӨӨЦ БИЙ

Монгол банкны ерөнхийлөгчөөс валютын нөөц хэр байгаа,ам.долларын ханш цаашдаа чангарах эсэхийг сонирхсон бизнес эрхлэгч олон байлаа. Манай улсын валютын нөөц нэг тэрбум 362 сая ам.доллар байгаа аж. Таван сар гаруйн импортын хэрэгцээг хангахаар мөнгө гэж төв банкны тэргүүн тодотгож байлаа. Төв банкны тэргүүн инфляцийг долоон хувьд барих бүрэн боломжтой, 6.2 хувь гэж төсөөлж буйгаачуулганы индрээс дуулгав. Дэлхийн банк манай улсын инфляцийг 8.2, ОУВС найм, Азийн хөгжлийн банк 8.9 хувь гэж төсөөлж байгаа юм. Банкуудад 1.4 тэрбум ам.долларыг гадаадын зах зээл дээр бонд гаргах замаар босгох боломж бүрдсэн гэнэ. Өөрсдийнхөө эзэмшиж буй Засгийн газрын үнэт цаасыг барьцаалахад л өдий хэмжээний ногоон валют зах зээлд орж ирэх бололтой. Энэ жил гэхэд 500-700 сая ам.долларын эх үүсвэр орж ирэх боломжтой аж. Ам.долларын ханшийг барихад гол үүрэг гүйцэтгэж буй алт тушаалт дажгүй байгаа гэнэ. Алт олборлогчид энэ жил 18-20 тонн алтыг Төв банкинд тушаана гэсэн тооцоо хүртэл гарчихаж. Засгийн газарт хөгжлийн бодлогын зээл авах сонголт бий аж. Үүгээр гэхэд л 450-950 сая ам.долларын эх үүсвэр орж ирэх бололцоотой гэж Монгол банкны ерөнхийлөгч Н.Золжаргал мэдээлэв.

Ам.долларын ханш цаашид ямар байх вэ гэсэн асуултад төв банкны тэргүүн“Долларын ханш огцом хөдлөх нь хүсмээр зүйл биш. Гэхдээ Эрээний эдийн засгийг дэмжих бодлого өөрчлөгдөнө гэдэг бол нааштай хандлага. Монголын эдийн засгийг бодит байдал руу нь чиглүүлсэн давуу тал бий. Хэрвээ томоохон төслүүд урагшлах гэх мэтээр бидний төсөөлж буй алхмууд хийгдвэл оны сүүлээр валютын нөөц нэмэгдэх бүрэн боломжтой” гэсэн хариу өгөв. Үйлдвэрлэгчид зээлийн хүү өндөр, хугацаа богино гэсэн бэрхшээлийг нэгдсэн хуралдааны үеэр ярьцгааж байв. Урт хугацааны хямд хүүтэй зээл бий болгоё гэвэл хуримтлал хэрэгтэй гэсэн санааг Н.Золжаргал онцолсон. Өрийн хэмжээг хуульчлах нь буруу гэсэн санааг ч тэрээр хэлж байлаа.

М.ЭНХСАЙХАНЫ ИЛТГЭЛИЙГ СОНССОН АЖИЛ ХЭРЭГЧ ҮДИЙН ЦАЙ

Энэ удаагийн форумын нэг онцлог нь ажил хэрэгч үдийн цай гэсэн хэсэг. Өмнөх чуулганы үеэр оролцогчид нь хоол идэхээр гарч Төрийн ордны их танхим эзгүйрдэг байсан бол энэ удаа тэгсэнгүй. Оролцогчид бургер, хотдог, сэндвич идсэн шигээ илтгэл сонсов. Илтгэгч нь Монгол Улсын сайд М.Энхсайхан. Илтгэлийн сэдэв нь “Супер цикл:Баян ба ядуу”. Агуулга нь товчхондоо байгалийн баялаг өмнөх жилүүдийнх шиг өсөхгүй, дэлхий дээр ийм супер цикл 20-25 жилд нэг удаа тохиодог, үүнээс өмнөх циклд нь Эрдэнэт баригдсан, дараагий нх нь цикл Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг өрнүүлсэн гэсэн утгатай. “Гэхдээ Эрдэнэт улс төрийн мотивациар боссон, Оюу толгой төсөлзах зээлийн сэдлээр хэрэгжижэхэлснийг мартаж болохгүй. Оюу толгой дээр яригдаж буй асуудал цэвэр бизнесийн зарчмаар явж байгаа” гэж онцлов. Орчин үеийн хөдөө аж ахуйн суперхөгжлийг бүтээе гэвэл уул уурхайгаа түшихээс аргагүй, уул уурхайгаас олсон мөнгөө хөгжилд зарцуулах ёстой, тогтвортой хөгжье гэвэл үндэсний компаниудаа дэлхийн хэмжээний болгож хүчирхэгжүүлэх хэрэгтэй гэсэн санааг Монгол Улсын сайд хэлсэн.

ШИНЖЭЭЧДЭЭС БОЛЖ ЭДИЙН ЗАСАГТ ХОХИРОЛ УЧИРЧ БАЙНА ГЭВ

Үдээс хойшхи салбар хуралдаануудаас “Төрийн хяналт шалгалт, түүний эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдвийн дор Их танхимд болсон хуралдаан сонирхол татахаар өрнөв. Хуралдааны хөтлөгчөөр JCI-ийн 2005 оны дэд ерөнхийлөгч Ц.Арилдийпүрэв ажилласан. Панелистууд нь УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, УПЕГ-ын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, АТГ-ын хэлтсийн дарга Энхтөр, “Делойт онч” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ончинсүрэн, Олон улсын санхүүгийн корпорацийн зөвлөх Данолд Макрей нар. Хэлэлцүүлгийн үеэр шинжээчдийн гаргасан дүгнэлт эдийн засагт хохирол учруулахаар хэмжээнд хүрснийг оролцогчид онцолж байлаа. Энэ сэдвээр өрнөсөн анхаарал татахаар байр сууриудыг хүргэе.

Ц.Оюунгэрэл: Шинжээчдийг өмнө нь бид огт тоохгүй орхидог байлаа. Эдийн засагт хор хохирол үзүүлэхээр хэмжээнд хүрсэн учраас анхаарч эхэлж байна л даа. Мөрдөн байцаагч шинжээчийг томилдог. Тэр шинжээчийг хүлээж авах эсэхийг мөрдүүлж байгаа тал, шүүхийн алинаас ч асуудаггүй. Гадаадын хөрөнгө оруулалттай, эсвэл гадаад, дотоодын хамтарсан хөрөнгө оруулалттай компанийн үйл ажиллагаанд шинжээч томилж ажиллуулъя гэвэл нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. Өмнө нь олон улсын нягтлан бодох бүртгэлийг шалгаж дүгнэлт гаргаж байсан уу, үнэхээр эксперт мөн эсэхийг нь нягталж байж ажиллуулах хэрэгтэй. АТГ өнгөрсөн жил Багануурын уурхайг үнэхээр хохирсон эсэхийг шинжээч томилж шалгуулсан. Тэгээд асар их мөнгө иджээ гэсэн дүгнэлт гарч баахан хүнийг барьж хорьсон. Гэтэл дүгнэлт гаргасан өнөө хүн өмнө нь нүүрсний уурхайн гэрээ хэлцэл дээр ажиллаж байсан мэргэшсэн шинжээч эсэх нь тодорхойгүй. Томруулдаг шилээр хараагүй нэг том субьект бол шинжээч.

Д.Ончинсүрэн: Шинжээч томилж ажиллуулах бүрд хохирлын хэмжээ нь буурдаг байж таарахгүй л дээ. Хуульд шинжээч гэж хүн ямар байх ёстойг заасан заалт, шинжээчид тавигдах шаардлага гэж огт байхгүй. Хэн дуртай нь шинжээч хийж таарахгүй. Чиглэл чиглэлээрээ мэргэшсэн байх ёстой.

Энхтөр:Ганц мөрдөн байцаагч шинжээчийг бие дааж томилдоггүй л дээ. Хохирогч болон өмгөөлөгчид танилцуулдаг. Дан ганц шинжээчийн дүгнэлтэд үндэслэж хэргийг шийддэг гэж ойлгож болохгүй. Харьцуулж байж шийдвэрээ гаргадаг.

Ц.Оюунгэрэл: Бидний яриа явж явж Хууль зүйн яам руу чиглэж байна. Засаг, төрд эдийн засаг, бизнес эрхлэгчдийг дэмжих уур амьсгал хүчтэй байна. Хууль зүйн яам өмнөх сайдын үед парламентаас татаж авсан хуулиудаа эргүүлж оруулж ирэхдээ хүний эрхийн асуудлыг улам дордуулж оруулж ирэх боллоо. Би энэ тал дээр дуугарна. Эрүүгийн байцаан шийтгэх хууль хүнийг байцааж шийтгэх гэсэн хатуу тодотголоосоо татгалзаж Эрүүгийн хянан шийтгэх гэж нэр нь өөрчлөгдөхөөр яригдаж байна. Сая Энхтөр дарга шинжээчийг нөгөө талд танилцуулна гэж ярилаа.Энэ тийм төгс шийдэл биш. Зүгээр л танилцуулна гэдэг хэлбэр төдий зүйл. Эрүүгийн хянан шийтгэх хуулийн төслөөр урьдчилсан шүүх хурлын дамжлагыг хүсч байгаа. Энэ санаа хуулиар баталгаажвал урьдчилсан шүүх хурлаар шинжээч нь ямар хүн бэ гэдгийг хэлэлцчих юм. Шүүхээс “Наад хүн чинь дотооддоо сайн ч гэлээолон улсын нягтлан бодох бүртгэлээр “а” ч үгүй, ямар ч туршлагагүй юм байна. Тийм учраас дүгнэлт гаргах боломжгүй хүн” гэсэн шийдвэр гаргачихвал шинжээчийн дүгнэлт эдийн засагт хор учруулахаар хэмжээнд хүрэхгүй. Өнөөдөр нэг компанийн эзнийг ч юм уу, албан тушаалтныг шалгаж эхэллээ гэдгээ хэвлэлээр шууд зарлачихдаг. Тэгж зарлангуут бизнесийн нэр хүнд унаж таарна. Шүүх нь шат шатандаа өнөө компанийг нь буруутай гэсэн шийдвэр гаргачихдаг. Компани нь хэчнээн буруугүй байсан ч зөв шийдвэр гаргахыг хүсдэггүй. Ингэж цаг алдсаар байгаад таван сард шийдчих хэргийг таван жил болгох нь энүүхэнд байдаг. Эцэст нь буруугүй гэсэн шийдвэр гаргах нь бий л дээ. Таван жил шүүхийн шийдвэргүйгээр ял эдэлсэн бизнес эрхлэгч, гадаадын хөрөнгө оруулагч биднийг яаж зөвөөр харах вэ дээ.

МОНГОЛЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ ӨНДӨР ЭРСДЭЛТЭЙД БАГТДАГ

Үдээс хойш өрнөсөн хуралдааны нэг нь “Зээлжих зэрэглэл” сэдвээр болов. Энэ хуралдаанд зээлжих зэрэглэл тогтоодог дэлхийн гол гурван байгууллагын нэг “Фич”-ийн төлөөлөл оролцож илтгэл тавьсан юм. “Фич” манай улсын зээлжих зэрэглэлийг B гэж үнэлжээ. Нөгөө хоёр байгууллага нь болох “Мүүдис”, “Стандарт энд пүүрс” ч сөрөг гэсэн үнэлгээ тавьжээ. Одоогоор Монгол Улсын зээлжих зэрэглэл өндөр эрсдэлтэй гэсэн түвшин рүү уруудаад байгаа аж. Нэг шат ахивалхөрөнгө оруулахад таатай зэрэглэлд орох боломжтой гэж форумд оролцогчид онцолж байв. Үдээс хойшхи салбар хуралдааны сэдэв бүр олны анхаарлыг татахаар байлаа. “Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах арга зам”, “Компанийн үнэ цэн”, “Үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалт” зэрэг хуралдаанууд оролцогч олонтой байв. Зарим хуралдааных нь үеэр өрнөсөн анхаарал татахаар хэлэлцүүлгийг бид маргаашийн дугаартаа хүргэх болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасайхан: Компанийн үнэ цэн өсвөл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ

Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

Маргааш (өнөөдөр) эхлэх Эдийн засгийн форумаар компанийн үнэ цэн гэсэн сэдвийг онцолж ярина гэж сонссон. Энэ сэдвийг онцлох болсон шалтгааныг сонирхмоор байна?

-Эдийн засаг томрох гол үндэс бол гадаадын шууд хөрөнгө оруулалт. Компаниуд нь үнэ цэнэтэй байж гадаадын том хөрөнгө оруулалтыг татаж чадна. Энэ утгаараа зайлшгүй хөндөж ярих учиртай сэдэв л дээ. Эдийн засгийн форумын үеэр энэ асуудлын суурийг ярих юм. Компанийн үнэ цэн гэдэг рүү чиглэсэн салбар хуралдааны панелистууд нь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Да.Ганболд, СЗХ-ны дарга З. Нарантуяа, “Бодь” группын Д.Баясгалан нар. Б.Дэлгэрмаа зөвлөх компанийн үнэ цэнийг өсгөх чигийн гурван хуулийн төсөл дээр ажиллаж байгаа хүн. Улс төрийн нөхцөл, хууль эрх зүйн тогтвортой байдал, бодлогын ойлгомжтой орчин зэрэг нь компанийн үнэ цэнд шууд нөлөөлдөг. Монголын ямар ч компани олон улсын зах зээлээс мөнгө босгоё гэхэд хамгийн түрүүнд улсынх нь эрсдлийг хэмжиж үздэг. Өнөөдөр бид дэлхийн зах зээлд гаръя гэвэл олон улсын стандартад хүрсэн байх ёстой. Улстөрийн эрсдэл өндөр улсын хувьдмөнгө босгох боломж хомс болдог. Хууль эрх зүйн ойлгомжтой орчин олон улсын зах зээлд компанийн үнэ цэн өсөх том шалтгаан болдог. Харин хууль эрх зүйн орчин нь муу байвал санхүүжилтийн өртөг нэмэгдэхээс эхлээд саар зүйл өчнөөн. Энэ тохиолдолд олон улсын зах зээлээс мөнгө босголоо гэхэд өндөр өртгөөр босгохоос аргагүйд хүрдэг.

Компаниудынхаа үйл ажиллагааг олон улсын стандартад хүргэх ёстой гэж ойлголоо. Төрийн өмчийн компаниудыг дэлхийн жишигт хүргэхийн тулд яах ёстой гэж та бодож байна, жишээ нь “Эрдэнэс Монгол”-ын охин компаниудын үнэ цэнийг өсгөж гаднаас хөрөнгө оруулалт татах боломж бий юу?

-Уул уурхайн чиглэлээр ажилладаг төрийн өмчит компаниудын хувьд олон улсын зах зээлээс мөнгө татах боломжтой бизнес. Том хөрөнгө оруулалт татах үүдийг яаж нээх вэ гэдэг нь компанийн үнэ цэн гэсэн ойлголтод хамаараад байгаа юм. Анхаарах хэд хэдэн гол зүйл бий. Нэгдүгээрт олон улсын стандартад шилжих ёстой. Өөрөөр хэлбэл санхүүгийнхаа менежментийг олон улсын стандартын дагуу хийдэг байх учиртай. Үйл ажиллагааны талаас нь харвал дэлхийд хэрэглэдэг сүүлийн үеийн технологи, шинэ арга барилыг нэвтрүүлэх хэрэгтэй. Өнөөгийн зах зээлд компанийн үнэ цэн гэдэг их чухал. Багануурын уурхайгаар жишээ авъя. Энэ уурхайн хувьцааны 25 хувь нь Хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг. Үлдсэн 75 хувийн хувьцааг Засгийн газраар дамжуулж иргэд эзэмшдэг. Миний хувьд энэ компанийн үнэ цэнийг яаж өсгөх вэ гэдэг асуудалд анхаарч ажиллаж байна. Үнэ цэнийг нь өсгөвөл иргэдийн хүртэх өгөөж тэр хэрээр нэмэгдэнэ. Нүүрсний уурхайн бизнесийн хувьд өнөөгийн үйл ажиллагаагаа явуулж байгаа хэлбэр нь хангалттай биш гэж боддог. Энэ бизнесийг зөвхөн нүүрс ухаж ачихын нэр гэж ойлгож болохгүй. Санхүүгийн олон үзүүлэлт, тайлан баланс дээр нь үндэслэж нэмэлт санхүүжилт босгох шаардлагатай. Үнэ цэнийг нь нэмэгдүүлэхийн тулд дэлхий даяар хэрэглэж байгаа стандартууд руу л хурдан шилжмээр байгаа юм. Төрийн өмчит компанийн удирдлагын арга барил, санхүүгийн менежмент ягөнөөдрийнх шиг үргэлжилбэл жилдээ хоёр сая тонн нүүрс гаргаад л явна. Өөр ямар ч өөрчлөлт ажиглагдахгүй. Зүй нь компаниуд өнөөдрийнхөөс томрох шаардлагатай. Тэгж байж эдийн засаг томорно. Эдийн засаг томорвол өнөөдрийн зовлон асуудал биш болно. Хамгийн гол өгөөж нь нийтийн өмч үнэ цэнэтэй болно. Дахин хэлэхэд компани томрох хамгийн чухал зүйл нь гадаадын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх. “BHP”, “Рио тинто” зэрэг олон улсын уул уурхайн компанийн жишигт хүрч байж л хөрөнгө оруулагчид бидэнд итгэдэг болно. Манай улсын өнөөдрийн эдийн засаг их амархан. Банкны зүгээс “Барьцаалах үл хөдлөх хөрөнгө байвал аваад ир, хөрөнгөний чинь төчнөөн хувьд нь зээл өгье” гээд л болчихож байна. Компанийн үнэ цэн, тайлан баланс дээр үндэслэж зээл олгодоггүй.

Төрийн өмчит компаниуд Компанийн хуулийн дор ажиллавал бизнес нь томорно гэсэн гарц яригдаж байгаа гэсэн. Үүнийг тодруулж тайлбарлаач?

-Төрийн өмчит компани гэдэг үг нэг л их эрх дархтай сүрхий газар гэсэн ойлголт өгөхөөр сонсогддог л доо.Нөгөө талаас нь харвал эрх нь маш хязгаарлагдмал шүү дээ. Өрсөлдөж болохооргүй нөхцөлд ажилладаг гэж хэлж болно. Төрийн өмчит компаниудын үйл ажиллагаахэд хэдэн хуулийн хүрээнд явагддаг юм. Хуулиудынх нь хүрээ гэхээр дан хязгаарлалтууд. Улсын өмчит компани учраас энэ хуулийн ийм заалтыг дагана гэчихдэг. Төрийн өмчит компаниуд төсвөөс татаас авдаггүй. Бусад компаниудтай адил татвараа төлөөд яв гэсэн шаардлага тавьдаг хэрнээ үнэн хэрэгтээ гар, хөлийг нь боочихсон. Өнөөдөр манай компани зөвлөх үйлчилгээ авъя гэвэл заавал тендерийн хуулийн дагуу, татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагатай адилхан дүрмээр явах шаардлагатай болдог. Уг нь төрийн өмчит компани бол татвар төлөгч. Төсвийн байгууллагатай адил дүрмээр ажиллахаар цаг хугацаа алддаг том эрсдэл бий. Бизнесийн хувьд зайлшгүй шаардлагатай байгаа зөвлөх үйлчилгээг тендерийн хуулиас болоод хагас жилийн дараа авдаг. Өрсөлдөөн ихтэй зах зээлд амьдарч байгаа ийм үед өнөөдөр хэрэгцээтэй байгаа зөвлөх үйлчилгээ зургаан сарын дараа үр өгөөжөө алданал даа. Хэрвээ би хувийн компанийн захирал байсан бол зөвлөх үйлчилгээний хамгийн сайн компанийг шууд аваад л ажлаа хийлгэчихнэ. Уг нь Компанийн хуулиар явчихад л болох асуудал байгаа юм. Төрийн өмчийн компаниуд өөр хуулиар ажилладгаас болж л асуудал дэгддэг. Дахин хэлэхэд төрийн өмчит компаниудад илүү эрх дарх байдаггүй. Гарыг нь хүлсэн хууль эрх зүйн орчинд ажилладаг. Шаардлагатай гэж үзвэлолон улсын зах зээлээс хамгийн сайн хүн авчраад бизнесээ өргөжүүлэх боломж “Эм Си Эс” компанийн захиралдбайдаг. Учир нь тэнд хүний үнэлэмжид таарсан цалин хөлс олгодог систем бий. Мөнгө нь илүүдсэндээ биш компанийнхаа үнэ цэнийг нэмэгдүүлэх гэж л гаднаас чадварлаг мэргэжилтнүүд урьдаг юм. Харин төрийн өмчит компанийн захирал ингэж чадахгүй. Хувийн компаниуд шиг чадварлаг улсыг урьж ирүүлээд бизнесээ өргөжүүлье гэвэл цаг алдалгүйгээр Компанийн хуулийн дагуу ажилладаг болох хэрэгтэй.

Төрийн өмчит компаниудад бизнес хийх боломж олговол хөрөнгө оруулалт нэмэгдэж, эдийн засаг томрох өгөөжтэй гэж ойлголоо.

-Монголчууд сайхан байртай, тавлаг орчинд, өндөр орлоготой амьдрахыг хүсч байгаа. Тэгж байж эдийн засаг эрүүлжилж, томрох учиртай. Энэ тохиолдолд бидний хүсээд буй орчин үеийн амьдралын үндсэн хэрэгцээ хангагдана. Ингэхийн тулд орлоготой байх учиртай. Ерөнхий сайдын том төслүүдээ явуулна гээд байгаа шалтгаан нь энэ. Том төслөө дагаад орлого нэмэгдэнэ. Бид дэлхийн стандарт руу дөхөх алхмаа хийчихсэн. Маш олон боломж байхад хүчээр, янз бүрийн байдлаар хязгаарлаад байна л даа. Нэг том, бодитой гарц бол төрийн өмчит компаниудад бизнес хийх боломжийг нь өгөх.

Төрийн өмчит компаниудыг Компанийн тухай хуулиар ажиллуулъя гэвэл хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал гарч ирэх байх. Шинээр хууль гаргах шаардлагатай юу?

-Компанийн тухай хуулиар явахад шинэ хууль батлуулах шаардлага бий. Хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулж таарна. Засгийн газрын зүгээс хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа. Зарчмаа ойлгочих юм бол яаж ийж байгаад хүрчихнэ. Ерөнхийлөгчийн хэлсэнчлэн сэтгэлгээний хувьсгал хийчихэд л болох асуудал. Сингапур 1974 оноос төрийн өмчит компаниудаа Компанийн хуулийн дагуу ажиллуулах болсон. Компанийн хуулийн дагуу “Темасек” гэсэн нэртэй компани байгуулсан байдаг. Тэгээд тэр компани руугаа төрийн өмчид байсан компаниудын хөрөнгийг шилжүүлсэн юм. Өнөөдөр гэхэд л төрийн өмчит компаниуд Компанийн хуулийн дагуу гэрчилгээгээ авдаг. Уг нь жинхэнэ утгаараа шилжих хэрэгтэй байгаа юм. Компани нь компани шиг байж, зөв засаглалаар ажиллаж, ТУЗ нь хараат бусаар томилогдож, удирдлага нь зөвхөн компанийнхаа төлөө зүтгэж байж үнэ цэнэ нь өснө. Үнэ цэнэ нь дээшилбэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргэнэ.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Женерал моторс”-ын ажилтнаас “Рио”-гийн захирал болсон Сэм Уолш

Рио тинто” группийн номер нэг хүн учраас Сэм Уолш дэлхийн эрхэм. Саяхан Монголд ирээд буцсан түүнийг уншигчдадаа танилцуулъя. “Оюу толгой” төслийн хөрөнгө оруулагчгэдэг утгаараа тэр аль хэдийнэ монголчуудын анхааралд орсон хүмүүсийн нэг.

Сэм Уолш 1949 оны арванхоёрдугаар сарын 27-нд Австралийн Миддл Брайтонд төржээ. Дунд сургуулиа тэндээ төгсөөд Мельбурний их сургуулийг зорьж. Одоо “Рио тинто” группын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Лондонд эхнэр Лианнтайгаа амьдардаг. Бен, Каролин, Том гэсэн гурван хүүхэдтэй. Дөрвөн ач, зээгийн өвөө.

Тэр аав, ээжээс тавуулаа. Багадаа христийн шашинтай айлын хүүхдүүдтэй адил долоо хоног бүр сүмд явдаг байж. Скаутын идэвхтэй гишүүн, төгөлдөр хуур, бүрээ дажгүй тоглочихдог хүү байжээ. 15 настай байхад ньаав нь хүндээр өвдөж, олон удаагийн хагалгаанд орсны эцэст зүрхний шигдээсээр нас баржээ. Тэр хожим нь “Аавыг нас барахад бүх зүйл өөрчлөгдсөн. Миний ээж чек огт бичиж үзээгүй, тооцооны хуудастай ч харьцаж чаддаггүй байсан. Тиймээс бүхнийг хийхээс аргагүй болсон доо. Гэрийнхээ санхүүг хариуцаж, эцэстээ гэр бүлээ толгойлох болсон. Хүн маш их зүйл алддаг, аавыгаа алдвалтэр мундаг хүний санаа, зөвлөмж гээд бүхнийг алддаг гэдгийг би тэр үед яс махандаа тултал ухаарсан. Алдвал дахиж хэзээ ч буцааж авч чадахгүй зүйл гэж байдаг гэдгийг мэдэрсэн. Өнгөрсөн амьдралаа эргээд бодоход намайг хэтэрхий эрт гүн хавцал руу шидсэн юм шиг санагддаг. Гэхдээ би хөл алдаагүй ” гэж дурссан нь бий.

Сэм Уолш Мелбурьний их сургуулийг Худалдааны чиглэлээр төгссөнийхөө дараа General Motors-д дадлагын ажилтнаар орж ажлын гараагаа эхэлжээ. Түүнээс хойш 20 жилийн турш автомашины салбарт ажилласан гэсэн өгүүлбэр намтарт нь бичээтэй бий. Тэрээр General Motors болон Nissan Australia-д томоохон албан тушаалууд хашсан нэгэн. “Рио Тинто”-д ажиллаж эхэлсэн үе нь 1991 он. Дэлхийн уул уурхайн тэргүүлэгч компани болох “Рио тинто”-д тэрудирдах түвшний олон алба хашсан. Австрали, Канад, Гвиней, Энэтхэг зэрэг орнуудад ажиллаж томоохонд төслүүдийг удирдаж байсныг намтраас нь харж болно. Түүнийг урлагт элэгтэй гэдгийг нь ойр хүрээнийхэн нь андахгүй. Төсөл хэрэгжүүлж байсан улсууд нь ч урлагт хайртай энэ эрхмийн дэмжлэгийг авсан нь цөөнгүй. Жишээ нь тэр Пертэд амьдрарч байхдаа Баруун Австралийн урлагийг ихэд дэмжсэн байдаг.

“Рио тинто” хоёр жил дараалан 22 тэрбум ам.долларын алдагдалд орсон хүнд хэцүү үедээ түүнийг захирлаар томилсон юм. Сэм Уолш “Рио”-г удирдахаасаа өмнө группынхээ төмрийн хүдрийн бүлгийн захирлын албыг хашиж байж. Төмрийн хүдрийн бүлгийг тэргүүлж байхдаа Баруун Австралийн Пилбарад уурхайн амжилтыг урьдчилан харж чадсан гэж группынхэн нь үнэлдэг. Ажиллаж байх үед нь “Рио”-гийн төмрийн хүдрийн бизнес цэцэглэж, группын цэвэр ашгийн 80 хувийг эзэлж байж.

“Рио”-гийн захирлаар ажилласан эхний жилдээ л гурван тэрбумын алдагдалтай ажиллаж байсан компанийг 3.7 тэрбум ам.долларын ашигтай ажилладаг компани болгож чадсан чадварлаг удирдагч. Өнгөрсөн оны гуравдугаар сард гарсан компанийн жилийн тайланг сонирхоход Сэм Уолш 9.1 сая ам.долларын цалин авсан гэсэн тоо дурайж байна. Түүний 2012 онд олсон орлого нь 6.3 сая ам.доллар. Орлогоо 44 хувиар өсгөсөн гэсэн үг. Харин Сэм Уолшийн өмнөх захирал Том Албаниз 6.7 сая ам.долларын цалин авч байж. Компанийн зүгээс “Сэм Уолш бидний таамаглаж байснаас илүү ажиллалаа. Тэр өнгөрсөн жил зардлаа хоёр тэрбумаар багасгана гэж амласан. Амласандаа хүрч зардлыг 2.3 тэрбум ам.доллараар багасгачихлаа. Хайгуул болон хөгжлийн зардлыг 750 сая ам.доллараар бууруулна гэсэн. Гэтэл нэг тэрбум ам.доллараар бууруулж чадлаа. Хөрөнгийн зардлыг 17.5 тэрбум ам.доллараас 13 тэрбум болгож бууруулна гэж амласан. Мөн л зорилгодоо хүрлээ” хэмээн дүгнэсэн нь бий. “Рио”-гийн зүгээс түүнтэй гурван жилийн гэрээ байгуулсан юм.

Сэм Уолш дэлхийд хоёрт жагсдаг уул уурхайн компанийн захирлынхаа хувьд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон Их хорийн уулзалтын үеэр нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг багасгах АНУ, Хятадын хоорондын хэлэлцээрийг найрсгаар хүлээн авсан байдаг. Нүүрсхүчлийн хий ялгаруулалтыг шийдвэрлэх гол түлхүүр нь технологийн дэвшилд анхаарах гэж тэр үздэг. “Манай группсүүлийн таван жилд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа 25 хувиар бууруулсан” гэж тэрээр мэдэгдэж байв. “Рио” 100 сая ам.долларыг нүүрсхүчлийн хийг бууруулах ажилд зарсан гэх статистик бий.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Рио Тинто” группын гүйцэтгэх захирал СЭМ УОЛШ: Бид “Оюу толгой” төслийг цаашид дангаараа санхүүжүүлэх бололцоогүй

Дэлхийн уул уурхайн акул компанийн нэг “Рио Тинто” группын гүйцэтгэх захирал Сэм Уолш өнгөрсөн амралтын өдрүүдээр Монголд ирээд өчигдөр орой буцлаа. Энэ үеэр түүнтэй Монгол Улсад хэрэгжүүлж буй Оюу толгой төслийнх нь талаар ярилцлаа.

-Сэм, таныг Оюу толгойн сая дахь тонн баяжмалын баярыг хуваалцахаар ирсэн гэж дуулсан. Гэхдээ хэлэлцээртэй холбоотой ирсэн гэх таамаг хүчтэй байна. Монголд ирсэн нэг шалтгаан тань хэлэлцээр мөн үү?

-Юуны өмнө 2010 оноос хойш хоёр дахь удаагаа Монголд ирж байгаадаа баяртай байна. Би тэр үед төмрийн хүдрийн бүлгийн захирлын хувиар ирж байсан юм. Харин өнөөдөр “Рио”-гийн захирлын хувьд ирж байна. Анх ирж байснаас минь хойш Монголд асар их бүтээн байгуулалт өрнөж, өөрчлөлт явагджээ. Танай улсын богино хугацааны эрчтэй хөгжлийг нүдээрээ харахад таатай санагдаж байна. Миний аяллын гол зорилгыг та сая асуултдаа дурдлаа. Ажиллагсадтайгаа уулзаж, нэг сая дахь тонн баяжмалыг амжилттайгаар экспортод гаргасан үйл явдалд баяр хүргэх нь миний аяллын гол зорилго. Өнөөдрийг хүртэл Оюу толгой төслийг ийм амжилтад хүргэсэн тэдэндээ талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Мэдээж Монголд ирсэн маань энэ төсөлд миний зүгээс хэр их сонирхолтой байгааг илэрхийлэх нэг хэмжүүр л дээ. “Рио тинто” группын зүгээс Оюу толгой төсөлд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж буй хэрэг. Үргэлжилж буй хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрт шууд бус ч гэсэн дэмжлэг, итгэл найдвар үзүүлэх зорилго байгаа ч гэж ойлгож болно.

-Та Монголд байх хуга­цаан­даа шийдвэр гаргах түвшнийхэнтэй уулзах уу, Оюу толгойн ТУЗ-д Монго­лыг төлөөлсөн хүмүүстэй санал бодлоо солилцох төлөвлөгөө бий юу?

-Аяллын маань зарим төлөвлөгөө батлагдаж дуусаагүй байна. Би өнөө өглөө (уржигдар) Оюу толгойн ТУЗ-ийн даргатай биечлэн уулзсан. ТУЗ-ийн дарга хэдэн долоо хоногийн өмнө надтай Лондонд очиж уулзсан юм.

Г.Батсүх дарга урлагт хэр дур, сонирхолтойг минь мэдэх учраас өнөө өглөө намайг монголчуудын очих дуртай газрын нэг Богд хааны өвлийн ордон музейг сонирхууллаа. Сэтгэл хөдөлгөм газар байна лээ.

-“Рио” бол Монголын хамгийн том хөрөнгө оруу­лагч. Хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчныг таатай болгох бодитой алхмууд сүүлийн үед эрчимтэй хийгдсэн. Төр засгийнхны зүгээс ч хөрөнгө оруулалтын орчинд анхаарна гэж удаа дараа мэдэгдэл хийж байгаа. Засгийн газар хөрөнгө оруулагчдад хэр анхаарч байна гэж та харж байна. Жишээ нь Оюу толгой төсөлд?

-Монгол Улсын Засгийн газар хувь нийлүүлэгчдийн дунд явж байгаа хэлэлцээрт маш идэвхтэй, эерэг байр суурь илэрхийлж ирснийг онцлон тэмдэглэж хэлмээр байна. Ер нь аль аль тал нь энэ төслийн амжилтын төлөө байгаа. Тийм учраас бид хүндрэлүүдийг даван туулж цаашаа алхаж чадна гэсэн итгэл дүүрэн байна.

-Хэлэлцээр сунжирч байна. Оюу толгойн хувь нийлүүлэгчдийн хэлэлцээрт ойлголцолд хүрч чадахгүй цаг авсан ямар асуудал байгаа вэ?

-Хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр эхэлснээс хойшхи хугацаанаас яг өнөөдөр бол их онцлогтой үе. Шийдэлд хүрэхэд хамгийн ойртсон цаг үе гэж хэлмээр байна. Хэлэлцэгдэж байгаа асуудлуудын суурь зарчмын хувьд ямар ч олон улсын компани Монголд ирээд төсөл хэрэгжүүлсэн ялгаагүй тавигдах тэр л шаардлагуудыг бид тавьж байгаа. Бидний тавьж байгаа шаардлагууд “Рио” ч юм уу, өөр ямар нэгэн компани байлаа гээд солигдохгүй. Аливаа олон улсын компани Монголд болон бусад улсуудад төсөл хэрэгжүүлэхэд тавигдах л шаардлага. Төслийн менежмент ч гэдэг юм уу, онолын үүднээс авч үзвэл байх л учиртай суурь зарчмууд. Дэлхийн эдийн засаг ямархуу байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Байгалийн хий, бусад түүхий эдийн үнэ ямар хэмжээний уналттай, хөдөлгөөнтэй байгаа билээ. Дээр нь дэлхийн санхүүгийн зах зээлийн хүндрэлтэй нөхцөл байдал бидэнд тодорхойгүй орчныг үүсгэж байгаа. Тэгэхээр Оюу толгой шиг ийм том, дор хаяж 50, түүнээс ч олон жил үргэлжлэх төслүүдийн хувьд баримтлах суурь нөхцөл бол тодорхой байдал. Бүх юм тодорхой тунгалаг байх ёстой. Тийм учраас бид аливаа зүйлийг сууриар нь харж, аль аль талуудын хүсэл сонирхолд нийцсэн байдлаар зөв шийдвэрлээд цааш алхах ёстой. Учир нь “Рио тинто” болон Монголын Засгийн газар олон жил цуг явна. Тийм учраас бид асуудлуудаа анхнаас нь зөв, тодорхой тохирч аваад цааш алхвал хэн хэнийх нь эрх ашигт нийцнэ гэж үзэж байна. “Рио” үүн дээр хүлээцтэй хандаж, асуудлыг зөвөөр шийдвэрлэхийг хүсч байгаа.

-Далд уурхайн бү­тээн байгуулалтыг үргэлжлүү­лэхэд зарцуулах мөнгийг төслийн санхүүжилтээр шийднэ гэж “Рио”-гийн зүгээс хэлж байгаа. Монголын Засгийн газрыг төлөөлж та бүхэнтэй хэлэлцээ хийж байгаа улсын хувьд “Хэрвээ төслийн санхүүжилтийг сонгож, олон улсын банк санхүүгийн байгууллагаас зээл авбал Оюу толгойн хувь нийлүүлэгч Засгийн газар зээлдэгч болж хариуцлага хүлээх гээд байна. Рио анх тохирсноороо бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг өөр замаар шийдэх ёстой” гэсэн утгатай тайлбар хэлдэг. Төслийн санхүүжилтээс өөр хувилбар бий юу?

-Өмнө хэлсэнчлэн эдийн засгийн ийм хүндрэлтэй нөхцөл байдалд олон хүчин зүйлийг тооцоод үзэхэд томоохон компаниуд өөрийн санхүүгийн үзүүлэлтүүдийг маш тэнцвэртэй, тогтвортой авч явах шаардлагатай байдаг. Энэ үүднээс бол төслийн санхүүжилт хамгийн боломжит хувилбар гэж бид үзэж байгаа. Нэмж хэлэхэд Оюу толгойн хувь нийлүүлэгч, эзэмшигч нь Монгол Улсын Засгийн газар, “Рио тинто”, “TRQ” компаниудын хувь нийлүүлэгчид. Тэгэхээр энэ хүмүүсийн нийтлэг ашиг сонирхлыг хангах гэдэг талаасаа төслийн санхүүжилт хамгийн бололцоотой хувилбар. “Рио тинто” компани энэ төслийг цаашид дангаараа санхүүжүүлэх бололцоогүй.

-Ирээдүйд “Рио”-гийн талаас гарын үсэг зурах ямар нэг бичиг баримт Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнээс давж үйлчлэхгүй гэсэн итгэл Монголын талд байдаг. Цаашдаа “Рио”-гийн зүгээс гарын үсэг зурах ямар нэг гэрээ, санамж бичиг гучин жилийн хугацаанд үйлчлэх учиртай энэ хоёр гэрээг давж үйлчлэхгүй гэсэн баталгаа бий юу. Энэ тал дээр таны байр суурийг сонсмоор байна?

-Оюу толгой төслийн хувьд мэдээж Хувь нийлүүлэгчдийн болон Хөрөнгө оруулалтын гэрээ үндсэн суурь бичиг баримт. Тэр хэвээрээ л байна. Харин сүүлийн үед яригдаж байгаа санамж бичгийн тухайд хувь нийлүүлэгчдийн хооронд яригдсан асуудлыг базаж, нэгтгэж дүгнэсэн л баримт бичиг. Асуудлуудыг шийдвэрлэх зарчмуудаа л тодорхойлсон санамж бичиг. Дахин хэлэхэд ямар ч баримт бичиг хөрөнгө оруулалтын болон хувь нийлүүлэгчдийн гэрээг давж үйлчлэхгүй. Энэ хоёр гэрээ суурь баримт бичгүүд хэвээрээ байна.

-Гэрээ байгуулах эдийн засгийн суурь бол ТЭЗҮ. ТЭЗҮ-ээр Засгийн газар, “Рио” хоёрын үр өгөөжийн хуваарилалт 53:47 хувь гэж явдаг. Монголын талын хүртэх өгөөж гэхээр бэлэн мөнгө­ний урсгалыг л оруулж тооцоод байна, уг нь хоёр талын халаасанд орж байгаа бэлэн мөнгө, цэвэр ашиг л үр өгөөж гэсэн тайлбар бий. Монголын талын 53 хувийн өгөөж хангагдаж чадаж байгаа юу?

-Оюу толгой шиг урт хугацаанд үргэлжлэх төслийн хувьд үр өгөөжийг маш нарийвчлалтай сайн тооцож үзэх нь чухал байдаг. Ямар ч том төсөлтэй харьцуулсан ялгаагүй л дээ. Аль аль талдаа үр өгөөжөө өгч чадаж байгаа гэдэгт итгэж байна.

-Тэгэхээр Монголын талын хүртэх учиртай өгөөж хангагдаад явчихна гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно.

-Хэлэлцээр тун удахгүй шийдэгдэх байх гэсэн өөдрөг мэдээг та ярианыхаа эхэнд хэлсэн. Ер нь хувь нийлүүлэгчдийн хэлэлцээр төдийд л дуусах болов уу гэсэн багцаа хугацаа байна уу?

-Маш олон хүчин зүйлээс хамаарах учраас яг нарийн, тодорхой хугацаа хэлэх боломжгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Л.Цандэлэг: Тариаланчдад өгдөг мөнгийг авмааргүй байна, биднийг зах зээл дээр чөлөөтэй орхичих

Монголын үр тариа эрхлэгчдийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэгтэй ярилцлаа.

-Тариаланчид өнгөрсөн долоо хоногт хийсэн зөвлөгөөнөөрөө салбарынхаа сайдтай хамтарч ажиллах боломжгүй гэсэн утгатай мэдэгдэл гаргасан гэсэн. Зөвлөгөөн нэлээд ширүүхэн уур амьсгалтай болжээ дээ?

– Дархан-Уул аймагт болсон тариаланчдын зөвлөгөөнд 200 гаруй аж ахуйн нэгж, хувь хүмүүс оролцлоо. Тариаланчид юу ч хийхээс буцахааргүй байдалд орсон нь саяын зөвлөгөөнөөс анзаарагдлаа. Хоёр жил дамжсан хөдөлмөрийнхөө үр шимийг хүртээгүй улс чинь бухимдахаас аргагүй л дээ. “Одоо бидэнд хийх ажил алга, бүх ажилчдаа аваад Улсынхаа төв талбай дээр суулт хийе” гэж байна. Компаниуд зөвхөн валют дээр гэхэд л120 орчим тэрбум төгрөгийн хохирол амссан. Он гарснаас хойш арав гаруй тэрбум төгрөгийн хүүгийн алдагдалд орчихлоо. Тариаланчид банкныхаа өрийг төлж чадахгүй байна. Улсаас өгөх учиртай 10 тэрбум төгрөгөө өгөөгүй. Танай сониноор дамжуулаад Р.Бурмаа сайдаас “Та Монголын тариаланчдыг 150 орчим тэрбум төгрөгийн алдагдалд хүргэчихлээ. Таны олсон ашиг энэ хэмжээнээс их үү” гэж асуумаар байна. Тариаланчид зөвлөгөөнөөсөө салбарынхаа сайд, төрийн нарийн бичгийн даргатай хамтарч ажиллах боломжгүй гэсэн хатуу мэдэгдэл гаргалаа. Үрийн асуудлыг шийдэж өгөөч, улсынхаа буудайн хэрэгцээ, авах үнийг нь зарлаж өгөөч гэсэн хүсэлтийг албан ёсоор тавилаа. Манай яаманд ажлаа мэдэх хүн алга. Хүнс хөдөө аж ахуйн яам гэсэн нэртэй хэрнээ нидэр дээрээ Хууль зүйн яам болчихоод байна.

-Яагаад Хууль зүйн яам гэж…?

-Сайд, төрийн нарийн бичиг нь хоёулаа хуульч. Тариаланчдыг шалгана, хянана, шүүхэд өгнө гэсэн бодлого баримтлаад ажил хийлгэхээ байсан. Сайд нь импортын буудай оруулж ирж байгаа Ц.Баатарсайханыг өмөөрөөд тариаланчдаа үзэж чадахаа байсан. Сайд маань өнгөрсөн найман сарын турш Монголын тариаланчдын хөдөлмөрийг үгүйсгэж, телевизээр мэдэгдэл хийлээ. Чанаргүй будаа тарьдаг, цавуулаг алга гэж.

-Тариаланчид энэ жил хэр тариа тарьж, ирэх намар хэчнээн тонн ургац авах төлөвлөгөөтэй байгаа вэ, энэ талаар яриа хөөрөө өрнөсөн үү?

-Энэ жил юу тарихаа мэдэхээ байчихаад байна. Яам засвар үйлчилгээ 50 хувьтай байна гэж мэдээлсэн. Тариаланчид цуглаад ярилаа л даа. Засвараа эхлэх нь битгий хэл, ажилчдынхаа цалинг тавих мөнгө алга гэж байна. Бүр шатахуунаа ч татаж чадаагүй байна. Борлогдоогүй будаа гэж том асуудал бий. Ийм байдал Монголын газар тариалангийн 55 жилийн түүхэнд огт гарч байгаагүй.

-Оросын цавуулаг сайтай буудайг Монголын цавуулаггүй буудайтай хольж гурил хийхгүй бол болохоо байлаа гээд хойноос будаа авсан. Хойд хөршөөс орж ирсэн буудай чанартай байж чадсан уу, хамтарсан ажлын хэсэг чанарыг нь шалгасан дуулдсан?

– Ерөнхий сайд саяхан МХЕГ, ХХААЯ, Гурил үйлдвэрлэгчдийн холбоо, Газар тариалангийн холбооны хамтарсан шалгалт хийлгэсэн. Шалгалтын дүнгээс харахад Монголд арван сар идэх гурил байна. Бараг нэг жилийн хэрэгцээ. Дөрвөн газрын шалгалтаар хойд хөршөөс чанаргүй, удаан жил хадгалагдсан буудай оруулж ирсэн гэсэн дүгнэлт гарсан. Уг нь тендерт 25 хувиас дээш цавуулагтай будаа оруулж ирэх учиртай. Энэ хэмжээндээ хүрээгүй нь сая нотлогдлоо. Монгол хүний нэр дээр компани байгуулаад Улаан-Үүдээс буудай оруулж ирсэн байна. Монгол хүний нэр дээр байгуулсан нь “Баргууд” гэж компани. Баатарсайханы будаа авдаг компани. Тэр компанийн 860 тонн улаан буудай хүнсний хэрэгцээ хангахгүй гээд Оросын хил дээр саатуулсан. Оросууд нь гаргахгүй гэж байхад Монголд орж ирээд байгаа нь хууль хяналт, хил, гаалийнхан муу ажилласан гэсэн үг. Нийлүүлж байгаа нь, авч байгаа нь, зөвшөөрөл өгсөн нь ч монгол хүн. Гадны хэн нэгэн биш, монголчууд өөрсдөө л зохион байгуулж байна даа. Шүүх, цагдаа, прокурорынхны хяналтдаа авахаар том хэрэг.

-Тариаланчид чанаргүй буудай нийлүүлээд байгаа учраас хойноос оруулж ирэхээс өөр арга алга гэсэн тайлбарыг салбарын сайд нь хэлдэг. Монгол хөрсөнд тарьсан буудай үнэхээр чанаргүй байна уу, эсвэл өөр шалтгаан байна уу?

-Р.Бурмаа сайд ийм л яриа гаргадаг. Оросоос улаанбуудай импортлох нь “Улаанбаатар гурил”-ын Ц.Баатарсайхан, “Од” группийн “Ургац” гэдэг гурил, сайд гуравт л ашигтай. Рублийн ханш унасан ийм үед Улаан-Үдийн удаан хадгалагдсан, хямдхан, гуравдугаар сортын буудай оруулж ирэх нь ашигтай л даа. Дөрөвдүгээр сорт гэхээрээ гахайн хоол болчихдог юм. Арав гаруй сая ам.долларын ашигтай наймаа болчихлоо гэж миний яриад байгаа нь ийм учиртай. Энэ ашиг гуравхан хүний халаасанд орж, гуравхан айлыг мөнгөжүүлж, газар тариалангийн салбарт ажиллаж амьжиргаагаа залгуулж байгаа 300 мянга гаруй хүнийг элгээр нь хэвтүүллээ. Монголд байгаа юм нь нүүрс, хэдэн мал, газар тариалан. Дотооддоо хангаж байгаа юм гэвэл ердөө энэ шүү дээ. Ердөө долоохон жилийн өмнө Ерөнхий сайд нь хойд хөршөөс 100 мянган тонн улаан буудай гуйгаад явж байсан гашуун түүх бидэнд бий. Хятадаас ясны гурил их хэмжээгээр орж ирж байсныг монголчууд санаж л байгаа. Өнөөдөр тоо нь эрс өсч байгаа хавдрын өвчлөлд нөлөөлсөн л гэж боддог. Хятадаас орж ирсэн тэр гурилыг гэрийн хаяанд тавьчихаар хулгана тоож иддэггүй гэж ирээд ярьдаг л байсан. Бэлээхэн ийм түүх байхад өнөөдөр газар тариалангийн салбараа унагах гэж зориуд Оросоос хүнсний шаардлага хангахгүй улаанбуудай оруулж ирж болохгүй л дээ.

-Бурмаа сайд үрийн асуудлыг дотоодоосоо шийдэх боломжтой гэсэн. Таны яриаг сонсохоор үр байхгүй юм шиг. Тэгэхээр сайд худлаа мэдэгдэл хийсэн гэсэн үг үү?

-Тариаланчдын гар дээр 42 мянган тонн товарын буудай бий. Р.Бурмаа сайд 42 мянган тонн үр бий гэж ард түмэнд хуурамч мэдээлэл тараагаад байна л даа. Үр гэдэг чинь өөр. Сайн чанарын, элит, супер элит үрийг аль намраас шинжилж шалгаад авах ёстой. Үрийн аж ахуй гэж бий. Эсвэл гадаадаас авдаг. Гэтэл өнөөдрийг хүртэл яамнаас ийм ажил хийгээгүй. Эцэст нь товарын буудайгаа тарь гээд байна л даа. Товарын буудай таривал жинхэнэ чанаргүй ургац гарна. Би сайдад нэг л зүйл хэлж байгаа. “Та баталгаагаа өг. Хэрвээ чанаргүй ургац хураавал хариуцлагыг нь та хүлээх ёстой. Тариаланчдын мөнгөөр тоглох гээд байна шүү” гэж хэлсэн. Тариаланчдад байгаа 40 гаруй мянган тонн таваарын будааг цэвэрлээд үр гаргая гэвэл тал нь л үр болно. Хориод мянган тонн үр гарна гэсэн үг. Нийтдээ зуугаад мянган га-д тарих үр. Гэтэл 300 гаруй мянган га-гийн уринш байна. Өнгөрсөн жил тариаланчид хамаг мөнгөө гаргаад уриншаа бэлдчихсэн. Бидний хөрөнгөө гаргаад уринш хийсэн талбай дээр тарих таримлыг зааж өгөхгүй байна л даа.

-Уг нь үр тариагаа ахиухан тариад гадагш нь экспортлох боломж хаймаар санагдах юм…?

-Экспортолж болдоггүй. Биднийг хорьчихдог. Гэсэн хэр нь гаднаас бол импортлоод байдаг. Гурил иддэг улс хөдөөнийхөн шүү дээ. Түмпэн түмпэнгээр боорцог хийгээд иддэг байсан бол өнөөдөр гурилаа авч чадахгүй байна л даа. Гурилын үйлдвэрийн гурил борлогдохгүй байна. Өмнөх жилүүдийн өдийд арай ч ийм байгаагүй. Ер нь ноолуур гарч байж л хөдөөнийхөн гурилынхаа мөнгөтэй залгадаг. Энэ хүртэл гурилын борлуулалт багасдаг л даа.

-Гурилын борлуулалт өмнөх жилүүдээс муудсан хэрэг үү?

-Сая хийсэн тооллогоор зарагдаагүй гурилын хэмжээг гаргалаа. Өдийд ийм байдаггүй. Маш бага хэмжээний гурил идсэн байна. Шалтгаан нь эдийн засгийн хямрал. Хэн ч хямраад мөнгөгүй болоод ирэхээрээ хэрэгцээгээ танаж эхэлдэг.

-Сайдтайгаа хэл үгээр учраа олох ямар ч боломж алга уу?

-Очоод уулзъя гэхээр баахан телевиз сонин цуглуулчихаад тариаланчдынхаа өр шир, муу муухайг нь л ард түмэнд мэдээлээд байна шүү дээ. Өнөөдөр ХХААЯ руу очдог тариаланч эрс цөөрсөн. Хөдөө аж ахуй, тэр дундаа газар тариалангийн салбарт дотоодын хөрөнгө оруулагчид голчилдог. Гэтэл дотоодын хөрөнгө оруулагчдаа гадуурхаж, монополь гэж дайрч давшилж байна л даа. Том аж ахуйн нэгжүүд идэж уудаг гэж ярих боллоо. Зүй нь баялаг бүтээгчдээ ингэж боломгүй санагдах юм.

-Түрүүн таны онцолсон дөрвөн газраас хийсэн шалгалтын дүнг олон нийтэд зарласан уу?

-Шалгалтын дүнг яамнаас зарлахгүй байна. Ерөнхий сайд бол сонссон. Ерөнхий сайд ч гэсэн нэгэнт нотлогдсон үнэнийг дэлгэж тавимаар л байгаа юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүнд шалгалтын дүгнэлтийг сонсгох үеэр би салбарынхаа үнэн байдлыг ярьсан юм. Гэтэл Р.Бурмаа сайд хажуунаас “Амаа тат” гэж загнаж байгаа юм. Тэгж хэлэхэд нь бидний дэргэд хорь гаруй хүн байсан.

-Таныг юу гэхээр Р.Бурмаа сайд “Амаа тат” гэж загнасан юм бол?

-“Таны чанаржуулагч гээд байсан орос буудай чинь хордуулагч байжээ” гэсэн чинь л тэгж загнасан.

-Ерөнхий сайдад зовлонгоо хэлэхээр юу гэх юм?

-Ерөнхий сайд яамтайгаа учраа ол гэдэг ганц л үг хэлдэг. Яам нь болохоор хүлээж авдаггүй. Ийм л байдалд орчихоод байна.

-Ингэхэд газар тариалан хэчнээн төгрөг эргэлддэг салбар вэ?

-300 орчим тэрбум төгрөг эргэлддэг салбар. Ийм том салбарыг авч яваа хүмүүсийг банкны хүүгийн алдагдалд, барьцаанд оруулчихлаа. Үндсэндээ дампууруулж байна. Маш олон компани газар, тоног төхөөрөмжөө зарна, тариалалтаа хаяна гэж байна. 55 тэрбум төгрөгийн аваагүй мөнгө, уриншдаа хийсэн 50 орчим тэрбум, 100 орчим тэрбум төгрөгийн хүү гээд асуудал их дээ. Тариаланчид сар бүр дунджаар хоёр тэрбум төгрөгийн хүү төлж байна. Ердөө л “Улаанбаатар гурил”, “Од” групп гэсэн ах дүү хоёрын бизнесээс болж ийм хэцүү байдалд орчихлоо. Сайд маань тэднийг дэмжиж зөвшөөрөл өгч, салбараа ганхуулснаа хүлээн зөвшөөрөхгүй голын нөгөө эргээс чулуу шидээд суудаг боллоо. Буруу юм хийсэндээ бантаад салбарынхантайгаа ч уулзахаа больсон. Уг нь улстөрч хүнд буруу үйлдлээсээ гарах гарц гэж бий. Уулзаж ярилцаад алдаагаа засах боломж бий.

-Танай холбооныхон тавьсан шаардлагаа тодорхой болтол тариалалтаа эхлүүлэхгүй юм байна. Холбоонд нэгдээгүй нь яах бол?

-Яам, тамгын газарт найз нөхөдтэй, Бурмаагийн наагуур цаагуур явж байгаад шатахуунаа хэдэн сарын хугацаатай зээлж хэрэглэх бодолтой хүмүүс бий. Ингэж байж амьдралаа залгуулдаг жижиг аж ахуйн нэгж цөөнгүй бий. Тэд яамнаас бага сага юм аваад тариалалтаа эхлэх байх. Өөр нэг аюултай зүйл байна. Жаран мянган тонн улаанбуудай оруулж ирмээр байна гэсэн импортын зөвшөөрлийн хүсэлт яаманд ирчихээд байгаа юм билээ. Хэрвээ яам энэ зөвшөөрлийг өгвөл Монголын бүтэн жилийн хэрэгцээг импортоор хангачихна гэсэн үг. Энэ тохиолдолд бид хөрөнгө мөнгө гаргаж тариа тариад яах юм. Манай агуулахад гэхэд 3000 тонн улаанбуудай байна. Цас, бороо ороод складанд хадгалсан буудай муудахад ойрхон байна. Төр гурил, мах, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүний үнийг зохицуулдаг гэсэн нэртэй. Шатахуунаа дэлхийд үнэтэй үед нь хямд зарж, хямд үед нь үнэтэй зараад зохицуулаад байх шиг. Махных нь үнийг нөөцийн мах бэлтгэж дараад байна. Гурилын үнийг зөрүү мөнгийг нь өгье, урамшуулал олгоё гэж байж дардаг. Тэгсэн хэрнээ өгнө гэсэн мөнгөө өгөхгүйгээр дарж байна л даа. Одоогийн байдлыг харахад л ганцхан зам байна. Үнээ чөлөөлье. Бид улсаас авдаг мөнгөө больё. Авдаг, иддэг гэж муугаар яриад байгаа учраас энэ мөнгийг авмааргүй байна. Биднийг зах зээл дээр чөлөөтэй тавьчих гэж хүсмээр байна. Юу тариалах нь та нарын дур гэвэл өөр хэрэг. Бид энэ зах зээл дээр оршин тогтнож амьдармаар байна.

-Дахиад асууя, тариаланчдын хурааж авсан буудай чанаргүй гэдэг нь үнэхээр үнэн үү, шалгалт хийгээд чанаргүйг нь тогтоосон гэж яамны удирдлагууд яриад байх юм?

-Саяын цагаан сараар монголчууд бууз, ул боовоо бидний тарьсан буудайн гурилаар хийсэн шүү дээ. Ямар нэг гомдол дуулдсан уу. Оросоос орж ирсэн буудай нь Монголынхоос чанаргүй нь нотлогдлоо. Сансараас гурил авчраад хийгээгүй л бол монголчуудын цагаан сардаа хэрэглэсэн гурилыг бидний хурааж авсан буудайгаар хийсэн. Бид үүнээс өөрөөр яаж батлах юм бэ. Мэргэжлийн хяналтаар шалгуулчихсан буудай шүү дээ. Ерөнхий сайд “Энд 80 мянган тонн чанаргүй улаанбуудай байна. Тэндээс 20 мянган тонн чанартай буудай авчирч холиод гурил хийнэ. Тэгээд цагаан сараа хийх гэж байгаа юм” гэсэн. Гэтэл 80 мянга биш 200 мянган тонн улаанбуудай өнөөдөр Монголд байна. Гэх мэтчилэнгээр Ерөнхий сайд гэх мэт төрийн том хүмүүсийг яам буруу мэдээллээр хангаж байна л даа.

-Тариаланчдын хүссэнээр асуудал шийдэгдэхгүй бол яах вэ?

-Тариаланчид хохирлоо Баатарсайхан, Бурмаа хоёроос нэхэмжилнэ. Том өмгөөлөгчдөд санал тавиад байгаа. Болохгүй бол шүүхэд өгнө гэж бодож байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

О.Амартүвшин: Нийслэлээ Азийн санхүүгийн төв болгохын тулд Улаанбаатарын танхимыг байгууллаа

Улаанбаатар хотын худалдааны танхимын Удирдах зөвлөлийн гишүүн, UFC группын ерөнхийлөгч О.Амартүвшинтэй ярилцлаа.

Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулах болсон шалтгаанаас яриагаа эхэлье. МҮХАҮТаас юугаараа ялгаатай юм болгэж гайхах улс цөөнгүй байгаа байх?

-Дэлхийн ихэнх хот худалдааны танхимтай. Тэр танхим нь бизнес эрхлэгчдийг төлөөлж,эрх ашгийг нь хамгаалж чаддаг. Бизнесийн орчныг сайжруулахын төлөө ажилладаг жишиг бий. МҮХАҮТ бол Монголын нийт бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах зорилготой. Засгийн газар, УИХ-аас баталж байгаа хууль, тогтоомжид өөрчлөлт оруулахад бизнесийн дуу хоолойг хүргэхийн төлөө ажилладаг газар. Улаанбаатар хотын худалдааны танхим арай өөр. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн нэгдмэл ашиг сонирхлыг хамгаалах зорилготой. Ер нь Монгол ирээдүйд хэр хөгжилтэй улс байх нь Улаанбаатарт бизнесийн орчин ямар байгаагаас хамаарна. Тодруулж хэлбэл Улаанбаатар хотын бизнес, хөрөнгө оруулалтын орчин Монголын хөгжлийнгол цэг. Улаанбаатарын худалдааны танхим байгуулагдсан гол шалтгаан гэвэл энэ л дээ.

Төр бизнесээс өндөр рейтингтэй байсаар ирсэн.Уг нь баялаг бүтээж байгаа гэдэг утгаараа бизнесийнхэн хүчтэй баймаар. Гэтэл өнөөдрийг хүртэл бизнесийнхэн нэгдэж, өөрсдийнхөө төлөө хүчтэй дуугарсан удаагүй. Улаанбаатар хотын худалдааны танхим байгуулагдах болсон гол шалтгаан нь энэ болов уу гэж харж байна?

-Тэгж ойлгож болно. Монгол Улс хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийг бий болгоно гэсэн сонголтыг аль ерэн онд хийчихсэн. Бизнес эрхлэгчид дуу хоолойгоо нэгтгэж, эрх ашгаа хамгаалж чадаагүйн хор хөнөөл өнөөдөр гарч байна л даа. Ойлгомжгүй байдалд орчихоод байна. Төр бизнесийнхэнд ажил олгогч мэт авирласан хэвээр өнөөдрийг хүрчихлээ. Уг нь төр ажлын байр бий болгодоггүй. Хувийн хэвшил л бий болгодог. Хувийн хэвшил, тэнд ажилладаг хүмүүс бол Улаанбаатарын иргэд. Зүй нь нийслэлийн хөрөнгө оруулалт хувийн хэвшилд тулгуурлаж хийгдэх ёстой. Хотын хувьд иргэдийнхээ аюулгүй, эрүүл орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг сургуулийн үйлчилгээг хүртээмжтэй байлгах гэх мэт суурь үйлчилгээний асуудалд анхаарах ёстой. Нийслэл хөрөнгө оруулалтад анхаарах ёсгүй гэх гээд байна л даа. Улаанбаатар хоёр том зах зээлийн дунд оршдог. Ази, Европыг холбодог. Энэ утгаараа танхимын үндсэн үүрэг бол Улаанбаатар хотыг Азийн санхүүгийн төв болгох. Улаанбаатарыг Азийн санхүүгийн төв болгохын тулд бизнесийнхэнд хийх зүйл их бий. Гадны хөрөнгө оруулагч мөнгөө хийлээ гэхэд хөрөнгө нь баталгаатай, ажиллаж амьдарч, сурах орчин нь аюулгүй, цэвэр цэмцгэр, найрсаг хот болох боломжийг бүрдүүлэхийн тулд бизнесийнхэн нэгдэж байна.Бид нэгдэж чадвал хотын удирдлагуудтай зөв түвшинд ойлголцоно. Таны хэлсэнтэй санал нэг байна. Бизнесийнхэн өнөөдрийг хүртэл тус тусдаа дор бүрнээ асуудлаа шийдэх гэж их явсан. Нэгдмэл байгаагүйн хор хөнөөл нь ямар ч төлөвлөлтгүй барилгажилт, доголдолтой нийтийн тээвэр зэрэг өчнөөн асуудлыг үүсгэчихээд байна л даа.

Хот өөрөө замаа барьдгийг болиулах нь танхимын нэг зорилго байх нь гэж ойлголоо…?

-Хотын хийгээд байгаа хөрөнгө оруулалт бол ерөөсөө л бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн өгч буй татвар. Улаанбаатарт амьдардаг иргэдийн цалингаасаа татварт суутгуулж буй мөнгөөр л хөрөнгө оруулалт хийдэг. Энэ мөнгийг дөрвөн жил болоод солигддог нийслэлийн иргэдийн төлөөлөгчид юунд яаж зарахыг хуваарилдаг. Бидний мөнгийг улстөрчид дураараа хуваарилж болохгүй. Танхимын зориод буй нэг чиг энэ л дээ. Нийслэлчүүдийн өгсөн татварыг хувь хүний үзэл сонирхол, сонгуулийн системд тааруулж хуваарилж болохгүй. Компаниуд татвараа төлж л байгаа бол буцаагаад хяналт тавьдаг, зарцуулалтад нь оролцоотой байдаг механизмыг бүрдүүлье гээд байгаа юм. Харилцан ярилцаж шийдэж байж зөв хөрөнгө оруулалт хийгдэнэ. Улаанбаатар хотын худалдааны танхим цаашдаа Улаанбаатарт хийгдэж байгаа хөрөнгө оруулалтад санал бодлоотусгахын тулд харилцан ойлголцож ажиллана. Бизнесийнхэн оруулж байгаа хөрөнгө оруулалтдаа эрсдэл хүлээдэг бол төр тэгдэггүй.

Улаанбаатарыг Азийн санхүүгийн төв болгоно гэхээр Хонконг төсөөлөгдөж байна. Нийслэлээ Хонконг шиг хөгжүүлэхийн тулд ингэнэ гэсэн бодитой төсөөлөл байна уу?

-Удахгүй болох Монголын эдийн засгийн форумын үеэр Монголын мөрөөдөл 2030 онд хаана байх вэ, бид улс үндэстнээрээ, нэгдмэл эрх ашиг сонирхлоороо юу руу тэмүүлээд байна вэ гэдгээ ярилцаж томъёолно. Хүрэх цэгээ тодорхойлж байж яаж хүрэх вэ гэдгээ ярьцгаах ёстой. Гэтэл өнөөдөр Монгол Улс ийм тийм болно гэсэн зорилго, чиглэл алга. П.Очирбат Ерөнхийлөгчийг анх “Бид Азийн бар болно” гэхэд хүмүүс олон янзаар хүлээн авч байсан. Миний хувьд тухайн цагтаа хамгийн зөв томъёолол байсан гэж хардаг. Тэгэхээр Улаанбаатар хот монгол мөрөөдлийн хүрээндирээдүйд ямар байх ёстойгоо тодорхойлох учиртай. Газар зүйн байрлал бүс нутгийн онцлогоо харахаар Монголын хөгжил уул уурхайд тулгуурлах байх. Мэдээж мал аж ахуйгаа хөгжүүлж таарна. Үүнээс гадна санхүүгийн төв байх гэсэн зоригтой зорилгыг дэвшүүлчих хэрэгтэй. Гэтэл өнөөдөр хөрөнгө оруулагчдад найрсаг орчин бүрдэж амжаагүй байна. Гадны хөрөнгө оруулагчид Улаанбаатарт ирж санхүүгийн институц байгуулъя гэхэд хөрөнгө нь, данс нь, зорчих эрх нь баталгаатай байх ёстой. Улаанбаатар хотын худалдааны танхимын нэг гол үүрэг бол ийм орчныг бүрдүүлэхийн төлөө нөлөөлж ажиллах.

Улаанбаатар хотын худалдааны танхим хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн тулд ингэнэ, тэгнэ гэсэн нарийн төлөвлөгөө гаргаж амжаагүй ч танд санаа оноо байгаа байх?

-Төрөөс хийж буй хяналт шалгалт давхардсан, ойлгомжгүй, төр хэтэрхий давамгай оролцож байгаа нь хөрөнгө оруулалтын орчинд сөргөөр нөлөөлж байна л даа. Жишээ нь өнөөдөр Монголд ороод ирчихсэн үйл ажиллагаа явуулж буй 200 орчим гадны хөрөнгө оруулагч хилээр гарах эрхээ хасуулсан байна. Шалтгаан нь янз бүр байх. Гэхдээ тэр хүн нутагтаа очих, зорчих эрхээ эдэлж чадахаа байна гэдэг сайн зүйл биш.

Жастин Капла шиг байдалд орчихсон хүмүүс ийм олон байдаг хэрэг үү?

-Тийм тоо гарсан байна лээ. Хотел Монголиа гэссэн парадоксындор байж байгаа улсын тоо. Үүнээс гадна 2500 орчим монгол иргэн зорчих эрхээ хасуулсан байгаа. Дандаа л хувийн хэвшилд ажил төрөл эрхэлдэг хүмүүс. Бас нэг анхаарал татсан асуудал бий. Өнөөдөр 3500 гаруй татвар төлөгчийг цагдаа, хууль хяналтынхан шалгаадхэрэг үүсээд явж байна. Тэдний эхлээд хийдэг алхам нь компаниудын дансыг хаах. Компанийн данс хаана гэдэг маш бүдүүлэг асуудал. Цалингаа тавина, гадаад дотоодоос түүхий эд, бараа бүтээгдэхүүнээ татах гэх мэтбүх л үйл ажиллагаанд нь данс хэрэгтэй. Энэ мэтээр хуульд байхгүй, тогтоол, дүрэм, журмаар зохицуулагдсан асар олон саад бизнес эрхлэгчдэд байна. Тэр болгоныг арилгахын төлөө ажиллахаас аргагүй. Хөрөнгө оруулагчид мөнгөө аль болох өндөр ашиг олох улсад байршуулахыг хүснэ. Оруулсан мөнгөнийх нь дансыг хааж, зорчих эрхийг нь хасаад байдаг улсад хөрөнгө оруулалт хийх хүн олдохгүй. Хөрөнгө оруулалт хийж байгаа хүн урт хугацааны ашигтай байх нөхцөлийг төсөөлдөг. Гэтэл өнөөдөр манайд мөнгийг нь авчихаад хүнийг нь хөөж гаргах гээд байдаг хандлага их ажиглагдлаг. Эсвэл мөнгийг нь авчихаад хүнийг ньоруулж гаргадаггүй сонин явц өрнөөд байна л даа. Энэ болгоныг зөв тайлж, зөв ойлголцож байж бидний яриад байгаа таатай орчин бүрдэнэ.

Улаанбаатарын худалдааны танхимын гишүүдийг харахаар “MCS”, “Петровисгээд Монголын топ гэсэн бүх л компанийн нэр харагдаж байна. Яг хэчнээн компани танай танхимд нэгдээд байна?

-Өнөөдрийн байдлаар үүсгэн байгуулагч 64 компани анхныхаа хурлыг хийгээд Удирдах зөвлөлөө сонгочихлоо.Удирдах зөвлөлд 15 компани орж байгаа. 64 компанийн хувьд Монголын шилдэг татвар төлөгчид. Удирдах зөвлөлд 15 компани бий. Бүгд л нийгэмд өөрийн гэсэн мөртэй баялаг бүтээгчид. Удирдах зөвлөл хуралдаад MCS группын Од захирлыг ТУЗ-ийн дарга буюу ерөнхийлөгчөөр сонголоо. Бизнес эрхлэгчдийн хүлээлт хандлага маш өндөр байна л даа. Байгуулагдах цаг нь болсон гэж бүгд л хэлж байна. Бизнес эрхлэгчдийн хүсэл эрмэлзэл дээр үндэслэж байгуулагдсанболохоор үйл ажиллагааных нь цар хүрээ, нөлөөлөл нь илүү сайн байна гэдэгт итгэж байгаа. Бид төртэй адил түвшинд тогломоор байна. Төрийн ажиллах орон зайг бид бий болгох ёстой.

Энэ олон компани хүсэл сонирхлоороо нэгдсэн гэхээр МҮХАҮТ бизнес эрхлэгчдийн дуу хоолойг төрд бүрэн хүргэж, нөлөөлж чадаагүй байх нь дээ гэсэн хар төрж байна?

-Хуулиараа тухайн аймаг нийслэлд, үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид нэгдэж бие даасан танхим байгуулах эрхтэй. Мэдээж МҮХАҮТ-ын үйл ажиллагаа хангалттай хэмжээнд байсан бол энэ асуудал яригдахгүй байсан байж болно. Гэхдээ МҮХАҮТ-ын зорилго Улаанбаатар хотын худалдааны танхимынхтай зарчмын хувьд өөр. Хүрээ нь өөр л дөө. Нэг нь зөвхөн хотын асуудлыг шийднэ. Нөгөө нь улсыг хамарсан үйл ажиллагаа явуулна.

Гэхдээ Монголын хувьд Улаанбаатар эдийн засгийн гол төв. Танхимын гишүүд тэр чигтээ танайх руу ороод ирчихсэн юм биш үү?

-Гишүүдийнх нь давхцлыг 80-90 хувьтай гэж харж байгаа. Хэрвээ Улаанбаатарын худалдаа аж үйлдвэрийн танхим сайн ажиллаад эхэлбэл гишүүдийн дэмжлэгийг илүү сайн авах байх. МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байсан хүний хувьд би нөхцөл байдлыг сайн ойлгож байна л даа. Анх яаманд харьяалагдаж байсан агентлагийг танхим гэж байгуулсан. Удирдлага нь тухайн үедээ цоо шинэ юм бий болгосон. Миний анзаарснаар бол сүүлдээ хэт аж ахуйн шинж чанартай болчихсон санагддаг. Бизнес эрхлэгчдийн дуу хоолой, эрх ашгийг хамгаална гэдэг өөр. Бодлогын, стратегийн үйлдлүүд түлхүү хийх ёстой. Магадгүй улс төрийн хэрэгсэл хэрэглүүр болоод хувирчихсаныг үгүйсгэхгүй.Энэ утгаараа хэт нүсэр бүтэцтэй, тэр нь үндсэн зорилгоо хангаж чадахаа байчихсан. Ажил нь сул учраас бизнесийнхэн тодорхой үйл ажиллагаанд нь оролцохоо байсан тал ч бий. Тэгээд өөр өөрсдийнхөөрөө явсан. Сүүлдээ эрх ашгаа хамгаалахын тулд CEO клуб, Бизнесийн зөвлөл, Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл гэх мэтээр хэсэг бүлгээрээ нэгдэж ажиллах гэж үзсэн ч хүчгүйдсэн. Эцэстээ ийм алхамд хүргэсэн хэрэг л дээ. Гэхдээ ямар нэгэн эрх ашиг, амбицаар үндэсний танхимтай зөрчилдөх юм байхгүй. Бүс нутгийн хувьд өөр учраас.

Бизнес, улс төрийн зааг ялгарахаа байсан, муусайн баячууд гэсэн хандлага хүчтэй байгаа гэж ирээд яривал асуудал их бий. Энэ хандлагыг өөрчлөхийн тулд Улаанбаатарын танхим юу хийх вэ?

-Ахиад хэлэхэд бидний сонгосон нийгэм бол хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн тогтолцоотой. Хоолтой, ажилтай байх нь тухайн хүнээс өөрөөс нь хамаарсан нийгэм. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл алдаа, оноо аль аль нь бий. Алдаагаа давтахгүйгээр урагшлах цаг нь ирсэн. Бидний адил байхыг хүсдэг хөгжилтэй орнуудад баялаг бүтээгчдийнх ньнэр хүнд асар өндөр. Гэтэл манайд эсрэгээрээ. Сүүлийн жилүүдэд бизнес улстөрхэт холилдож, нийтээрээ буруу ойлголттой болсон. Бизнес сайн байхаар л авлига өгдөг, авдаг, төрийн мөнгийг авсан гэж харддаг. Яагаад ийм байдалд хүрчихэв гэхээр тодорхой шалтгаан бий. Монгол жижиг зах зээлтэй. Төр нь капиталист нийгмийг сонгосон хэрнээбүгдийг хийх сонирхолтой. Хувийн хэвшилдээ зайгаа тавьж өгөхийг хүсдэггүй. Хөгжиж байгаа улс учраас дэд бүтцэд их мөнгө зарах шаардлага гарсан. Тэр мөнгөнийх нь хуваарилалтыг төр хийдэг учраас компаниуд ажил авахын тулд өөрийн эрхгүй төрийн хамааралд ордог. Ингээд л бизнесүүд нь улстөр рүү ороод эхэлчихсэн. Улстөртэй холилдох болсон шалтгаан нь ийм. Уг нь улстөр, бизнес жам жамаа хөөгөөд салах ёстой л доо. Бизнесийнхэн баялаг бүтээж,татвар төлөх ёстой. Орж ирж байгаа татварын мөнгийг нь улстөрчид иргэдийнхээ аюулгүй байдал үндсэн суурь хэрэгцээнд зөв хуваарилах ёстой. Түүнээс биш дөрвөн жилийн циклтэй гарч ирсэн нэг нөхөр бүх хуваарилалтад оролцоод авлига аваад байвал улс хөгжихгүй. Бизнесийн орчныг сайжруулна гэдэг зөвхөн бизнест хэрэгтэй зүйл биш. Бизнес ашиг орлоготой байвал хотын иргэдийн цалин нэмэгдэнэ. Татвар өсч улс хөгжинө. Ийм харилцан шүтэлцээтэй эд.

Улаанбаатарын танхимын эхлээд хийх ажлыг сонирхмоор байна?

-Хотын удирдлагуудтай бизнесийнхний хүсээд буй зорилго чиглэлийн дагуу санамж бичиг байгуулна. Өнөөдрөөс эхлээд Улаанбаатарын худалдааны танхим бизнестэй холбоотой асуудал дээр өөрийн байр сууриа илэрхийлэх болно.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

“Улаанбаатар” их дэлгүүр уриад л байх юм, унаагаа хаана тавих юм бэ бид

Москвад авто зогсоол хайх гэж 19 минут болдог бол Мадридад 25 минут зарцуулдаг гэсэн сонирхолтой статистик бий. Харин Улаанбаатарт машины тун багахан зогсоол хайвал хэдэн ч цаг болж магадгүй болжээ. Учир нь нийслэлд Москва шиг том зогсоол байхгүй. Цөөн хэдэн байгууллага л гаднаа машины зогсоолтой. За даа, бараг ихэнх нь зогсоолгүй дээ. Урдаа барихаар том газрууд нь зогсоолоо шийдээгүй байхад, жижгүүдийг нь бол яриад ч хэрэггүй.

Улаанбаатар их дэлгүүр бол нийслэлдээ л дээгүүрт давхих худалдааны том төв. Дэлхийн брэндүүд эгнээстэй байдаг энэ дэлгүүрээр жишээ авъя л даа. Тэд“Найрсаг Улаанбаатар” гэж ирээд биднийг байнга урьдаг. Очоод үйлчлүүлэх гэхээр машинаа зогсоох газар олдохгүй дээ.Тэрүүхэндээ бяцхан зугаалга хийхийн яршиг төвгийг ярих юм биш. Арга ядаад хажуугийнх нь зам дээр тавьчихаар өнөө жаран мянгаар ачдаг машинууд нь нүд ирмэхийн зуургүй давхиж ирээд чирээд явчихна. Хувийн компаниудад хариуцуулчихсан болохоор олох мөнгөө боддог шиг байгаа юм, хаана ямар машин зогсох нь вэ гэдгийг анаж байгаад ачна даа, харин ч нэг. За тэгээд яах нь тодорхой. Ямаан дээр тэмээний гарз гэгчээр их дэлгүүрээс худалдаа хийж бараа авсан биш нэмж жаран мянган төгрөг төлөхөөс аргагүй болж байгаа юм. Машинаа ингэж ачуулсан хүн дахиад энэ их дэлгүүрийг зорихгүй нь ойлгомжтой. Монгол Зах зээлийн нийгмийн гоё тал нь энэ. Ганц их дэлгүүр байгаа биш, зогсоолтойд нь очъё гэнэ биз дээ. Ер нь бидний сонгочихоод байгаа нийгмийн хууль нь тийм л дээ. Гаднаа зогсоолгүй ямар ч газраас хүмүүс дайждаг. Цаг алт болсон энэ үед бензин шатахуун, хайран хугацаагаа гарзданбарин тэр хавьд эргэж хургахыг хэн л хүсээ аж.

Монголчууд хэтээсээ унаа хөсөгтөө анхаарч ирсэн улс. Ганц бид ч биш, дэлхий даяараа л хөл залгуулж яваа унаа тэргээ байрлуулах газрыг чухалчилсаар ирсэн. Одоо бол машин тэрэгний зогсоол маргах аргагүй номер нэг асуудал. Дэлхийд ийм тийм байдаг гэхээс өмнө түүхээ хэдэн арван, хэдэн зуун, хэдэн мянганаар урагшлуулж харъя. Нүүдэлчдийн соёлын онцлог л доо, унаа морьгүй гийчин гэж үгүй. Жавар тачигнасан өвлөөр бол морио хэний гадаа, хаана өвслүүлэх вэ гэдгээ ямар ч гийчин эхлээд боддог. Цаад айл нь ч гийчнээ явгалчихгүй юмсан гэж анхаарна. Айлд хүн ирэхэд заавал унаа малын асуудал яригддаг. Гаднаа уяагүй айлд ирэхгийчин олдохгүйтэй адилгаднаа зогсоолгүй байгууллагад очих хүн олдохгүй. Хүн очихгүй болохоор тэр байгууллага яах вэ, дампуурна. Жишээ татсан ньУлаанбаатар их дэлгүүр болохоос ганц энэ дэлгүүр зогсоолгүй байгаа юм биш л дээ. Нийслэлд хаа сайгүй зогсоолгүй байгууллагууд ирийж байна. Арилжааны банкууд гэхэд л зогсоол гэхээр юмгүй. Гэсэн хэр нь хамгийн олон хүн үйлчлүүлдэг үйлчилгээний байгууллага.

“Тэди” төв байна. Утсаа янзлуулах ч юм уу, шинэ утас авахаар ороод гараад ирэхийн хооронд машинаа ачуулсан жишээ өчнөөн бий. Өмнөх зогсоолд нь цөөхөн машин эгнээд л дүүрчихнэ. “Тэди”-г зорьсон ихэнх жолооч хажуугийн замынх нь нэгдүгээр эгнээнд машинаатавьж ороод ачуулчихдаг. Гурав, дөрөвдүгээр хорооллыг нийслэлийн үйлчилгээ төвлөрсөн газар гэх нь бий. Монголын Нью-Иорк гэсэн хошигнол ч сонсогддог. Тэндэхийн “Мянган нэрийн бараа”, “Номин”зэрэг худалдааны том төвүүдээр орох гэхээр зогсоол олдохгүй арга бардаг. Байгаа цөөхөн зогсоолд дээр нь худалдагч, лангуу түрээслэгчдийн машин эгнэчихдэг болохоор үйлчлүүлэгчийн машинд зогсох талбай олдоно гэж үлгэр. Гурав, дөрөвдүгээр хорооллын дэлгүүрээр хэсэгчдэд хоёрхон зам бий. Азтай нь нэгдүгээр эгнээд машинаа тавьж байгаад хүссэн юмаа авна, азгүй нь ганц юм аваад гарахын хооронд машинаа ачуулж, жаран мянган төгрөгөөр “шатна”.

Саяхан нэг найзтайгаа үдийн хоол идэх гэж олны орох дуртай нэг рестораныг зорьсон юм. Зогсоол олдохгүй, ойр хавиар нь бараг хагас цаг эргэлдлээ.Сүүлдээ өнөө рестораныхаа хажууд, замын нэгдүгээр эгнээнд түр тавихаас аргагүйд хүрэв. Хоол идэх зуур яав л гэж гэсэншүү юм бодоод ороод явчихлаа. Удсан ч үгүй утас хангинаж байна. Нэг залуу нэлээд сандарсан хоолойгоор “Машиныг чинь ачиж байна. Тус болчих санаатай дуулгаж байгаа юм шүү. Хурдан гарч ирээрэй” гэх нь тэр. Өмнө нь машинаа ачуулахын зовлонг мэдэрсэн учраас машиныг нь ачих гэж байгаа танихгүй жолооч руу залгаж мэдэгддэг ийм хүн нийслэлээр дүүрэн бий. Миний бие ч ялгаагүй ачих гэж байгаа машины дэргэдүүр зүгээр өнгөрөлгүй утсаа шүүрдэг. Захиалсан хоол энэ тэр ч дүүрч гээд гараад очтол аль хэдийнэ аччихсан байдаг байгаа. Ингээд нэгэнт захиалчихсан хоолны мөнгөн дээр нэмэх нь жаран мянган төгрөг түрийвчнээс хийсч одсон доо.

Арванзургадугаар хороололд “Саруул тэнгэр” гэж хотхон бий. Тус бүрдээ гурван орцтой, арваннэгэн давхар гурван орон сууц хэрнээ машины ямар ч зогсоолгүй. Хүүхдийн тоглоомын талбай барина гэж төлөвлөсөн талбай нь оршин суугчдынх ньмашины зогсоол болчихсон. Тэнд амьдардаг хүмүүс байрны дундах жижигхэн талбайд машинаа тавих гэжажлаасаа эртлэн гарцгаадаг юм. Бага зэрэг оройтоод ирэхэд машинаа тавих газаргүй болчих учраас тэр л дээ. За тэгээд машинууд нь эгнээд зогсчихсон үед “явган хүний түгжрээ” гэж том зовлон эхэлнэ. Орц руугаа ойртох гэж завсар зайгүй эгнүүлсэн машинуудыг тойрч гүйцгээхээс аргагүй болно доо. Төөрдөг байшинд тоглож байгаа хүүхэд шиг ийш тийш сөөлжиж гүйж байж арай гэж орцныхоо үүдэнд хүрнэ. Ганц “Саруул тэнгэр” ч биш “Голден парк”-аас эхлээд өчнөөн хотхоны оршин суугчид ийм зовлонг биеэрээ амсацгааж байгаа.

Нью-Иорк бол дэлхийн хамгийн том хот. Асар нарийхан гудамжуудтай. Гэлээ гээд тэнд зогсоол асуудал болоогүй. Хэд хэдэн байгууллаганийлж байгаад дундаа зогсоол барьчихдаг учраас тэр л дээ. Нью-Иоркчууд хотынхоо ямар ч байгууллага руу очсон дундын паркад нь машинаа тавиад ажлаа зовлонгүй амжуулдаг. Машинаа зогсоолоо, лифтээр өргөөд явлаа, тэнд ийм л дүр зураг харагддаг. Ажлаа бүтээгээд гараад ирэнгүүт нь машиныг нь лифтээр буулгаад өгчихнө. Тэнд машины зогсоол хайж стресстэх шаардлагагүй, зогсоол олдохгүйгээс болж машинаа нэгдүгээр эгнээнд зогсоочихоод жаран мянгаар торгуулах зовлонгүй. Бас нэгэн хэцүү зовлон гэвэл байгууллагынх нь өмнө машин тавих зогсоол байгаад байдаг гэтэл шинээр зассан замын хашлагыг давахын эцэсгүй өндөр битонон хашлагаар боомилон хаачихсан байх жишээтэй. Бүр албаар чадаж байгаа юм шиг. Нэг юм хийхээрээ нөгөөг үгүйсгэж байдаг монголчууд бидний энэ увайгүй зан уу. Зам засварын ажлыг анхнаасаа төлөвлөхдөө, хийхдээ байгууллага нийтийн үйлчилгээний газруудын өмнөх зай талбайг тооцож хашлага юугаа хийж болноо доо. Ер нь дэлхийн хотуудын хамгийн түрүүнд анхаарч шийддэг асуудал нь зогсоол байдаг.

НайрсагУлаанбаатар, найрсаг компани, найрсаг байгууллага болъё гэвэл машин тавих зогсоолоосоо л эхэлмээр байна. Хүн бүрунаа тэрэгтэй болсон орчин цагт зогсоолгүй газарт дампуурах гэсэн ганцхан зам бий. Учир нь тэр газарт хүн очихоо байна. Үйлчлүүлэгчгүй байгууллага оршин тогтнохгүй нь ойлгомжтой.

Зогсоолгүй Улаанбаатарын тухай зовлон ярья гэвэл өчнөөн жишээ байна л даа. Гэхдээ яг өнөөдрийнх шиг нөхцөл үүсчихсэн үед яаж шийдэх вэ гэсэн гарц нь илүү чухал. Нийтийн тээврээр л хүмүүсээ зорчуулах бодлого барья, метротой болъё гээд хадуураад үр дүнгүй. Хэзээ ч барих метро юм. Аймаар их өртгөөр тансаг зогсоол барьж, төлбөрийг нь Лондон шиг өндөр тогтооё гээд нэмэргүй. Тэглээ гээд хүмүүс машинаа гэртээ орхиод өнөө муу хэдэн автобусандаа чихэлдээд зорчихгүй. Харин амьдралд ойр хэдэн санаа байна. Жишээ нь үдийн цайгаа уух гэж ирсэн хүн рестораных нь гаднаас машинаа ачууллаа гэж бодъё. Хоолоо зарж мөнгө олдог ресторан хоолыг нь авч орлоготой амьдруулдаг үйлчлүүлэгчдийнхээ машиныг зогсоох газрыг шийдээгүйнхээ төлөө мөнгө төлөх хэрэгтэй. Зүй нь бидний халааснаас гардаг жаран мянган төгрөг тэдний халааснаас гарвал шударга ёсонд нийцмээр байгаа юм. Үйлчлүүлэгчдийнхээ өмнөөс, ачуулсан машинуудынжаран мянган төгрөгийг төлөөд эхэлбэл рестораны эзэн нэг юм бодож эхэлнэ ээ дээ. Газар олдохгүй хэцүү байлаа ч ойр хавийнх нь нийлж хэрдээ таарсан давхар зогсоолын асуудал ярьж эхэлнэ гэдэгт эргэлзэх юм алга. Учир нь тэд хүнд хоол зарсныхаа төлөө ашиг олж байгаа. Ашгийнхаа багахан хэсгийг үйлчлүүлэгчийнхээ тав тухын төлөө зарах л ёстой.

Зогсоолтой, зогсоолгүй газруудын жагсаалтыг нийслэлээс зарлах бас нэг арга бий. Энэ дэлгүүрүүд зогсоолоо шийджээ, ийшээ очиж үйлчлүүлээрэй, тэр дэлгүүрүүд зогсоолгүй, холхон яваарай гэж байнга сануулаад байвал үйлчлүүлэгчдээ боддоггүй байгууллагууд нэгийг санаж, хоёрыг сэдээд л эхэлнэ.

Зогсоолгүй хотхонуудыг ч журамлах арга байгаа. Зогсоолгүй орон сууц барьсан компаниуд байрнуудаазах зээлийн үнээс гучин хувиар хямдруулж зарахаас аргагүй нөхцөлийг үүсгэчихье л дээ. Тэгж болох өчнөөн гарц бий. Эхнээс нь хууль, журам гаргаад шийдэх түмэн боломж байгаа.Мэдээж “Та байраа хямдруул” гэж шууд шахна гэж юу байхав. Тэгэхээс аргагүй нөхцөл үүсгэх эрх, гарц нь шийдвэр гаргагчдад байж л таараа. Биднийх шиг зовлонг туулаад гарсан улсын туршлага гэж бэлэн хоол байна. Судлаад гарцыг нь олооч гэж л бид тэднийг олсон орлогоосоосуутгуулан барин тэжээж байгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сандалгүй оффис

Голландын уран барилгачид саяхан оффисын нэг өвөрмөц загвар танилцуулжээ. Тэдний танилцуулсан оффис ямар ч суудалгүй.“Суух хангалттай” төслийн хүрээнд хийсэн гэж гадны хэвлэлүүд мэдээлж байна. Ихэнх цагаа оффисын ширээний ард хөдөлгөөн багатай өнгөрүүлдэг хүмүүс өчнөөн өвчинд нэрвэгдэх эрсдэлтэйг анагаах ухаан аль хэдийнэ тогтоочихсон. Наад зах нь компьютерийн ард удаан сууснаас болдог хуурай нүдний синдром гэж өвчин байна. Оффисын синдром гэх нь ч бий.Нүд чинь улайж, хуурайшиж, элс орсон юм шиг торж хорсоод байвал “оффис”-ын синдром туссан гэсэн үг. Хүндэрвэл мэс засал хийлгэхээс аргагүйд хүргэдэг айхавтар өвчин гэж эмч нар сэрэмжлүүлдэг. Компьютерийн араас босох дургүй хорин хүн тутмын нэг нь ийм өвчтэй гэсэн статистик хүртэл гарчихаж. За тэгээд гэнэтийн үхэлд хүргэх эрсдэл дагуулдаг судсанд бүлэн үүсэх өвчин,шамбарам, судас бүдүүрэх гээд сууж ажилладаг хүмүүст илэрдэг өчнөөн өвчнийг жагсааж болж байна. Бүр хачин сонин өвчин хүртэл байна. Неофобия буюу шинэчлэл, шинэ зүйлээс айх өвчин гэхэдоффист суудаг нөхдөд л ажиглагддаг гэнэ. Парурезис гэж өвчин байдгийг хүртэл эрдэмтэд тогтоожээ. Энгийнээр тайлбарлавал хүмүүсийн дэргэд бие засахаас айх айдас. Гэрээсээ өөр газар бие засч чадахгүй болдог энэ өвчин сууж ажилладаг нөхдийг л зовоодог гэж байгаа. Суудалгүй оффис гэхээр зарим хүмүүст сонин санагдаж магадгүй л дээ. Мэдээж хэн ч өдөржин зогсч ажиллахгүй нь тодорхой.Байнга сууж ажиллавалсая дурдсан шиг өвчнүүдэд нэрвэгдэх эрсдэлтэйгсануулах гэжГолландын уран барилгачид оффисын ийм өвөрмөц загварыг сонирхуулсан хэрэг. Товчхондоо ядаж цайныхаа цагаар багахан хөдөлгөөн хийгээрэй л гэсэн санаа юм даа.

Ц.БААСАНСҮРЭН