Categories
мэдээ нийгэм

Шөнийн Улаанбаатарын эхлэл болсон зөвшөөрөл

Согтууруулах ундаагаар үйлчилдэг газрууд үүрийн дөрвөн цаг хүртэл ажиллах эрхтэй болсоныг нийслэлээс саяхан мэдээлсэн. Ганц согтууруулах ундаандаа биш л дээ, нийслэлчүүдийн амарч, тухлах, яриа хөөрөө дэлгэх орчныг бүрдүүлж байгаа гэдэг утгаараа цагаа олсон шийдвэр болж чадсаныг онцолъё. Хаа газрын нийслэлд шөнө амьдрал буцалж байдаг. Дэлгүүр, зах, үйлчилгээний төвүүдээр шөнийн цагаар үйлчлүүлэх боломж тэнд нээлттэй. Иргэд нь ч зав зайгүй ажлын өдрийнхөө дараа дэлгүүр хэсэж шоппинг хийхээс эхлээд амжуулах ажил олонтой учраас өдрөөс ялгаагүй бужигнасан хэмнэлийг Токио, Сөүлийн гудамжнаас харж болно. Гэтэл манайд эсрэгээрээ. Шөнө шүд өвдөөд гарахад л нээлттэй эмийн сан олохгүй. Ганц нэг эмнэлгийг эс тооцвол шөнөөр ажилладаг шүдний эмнэлэг ч үгүй нийслэл. Хүнсний дэлгүүр бол бүр байхгүй. Бүгд л цаад зах нь 22 цагтай уралдан хаалгаа барьдаг. Хоолны газар бол харин ганц, хоёр харагддаг. Гэхдээ дажгүй амттай хоолоор аятайхан үйлчилдэг ресторанууд шөнийн цагаар ажилладаггүй.

Сая гаруй хүн амтай, хүн амынх нь бараг тал хувь нь амьдардаг Улаанбаатар яах аргагүй метрополитан хот. Их хотын стандарт гэж бичигдээгүй дүрэм, хууль бий. Метрополитан хотуудад наад зах нь л шөнийн амьдрал буцалдаг. Шөнө хүнд хэрэгцээтэй бүх л үйлчилгээ бэлэн байж байдаг. Нэгэнт хэрэглээ нь байгаа учраас иргэдээ хүндэтгэсэн бодлогыг нийслэлээс нь явуулсан хэрэг л дээ. Хэрэглээ гэснээс Европын аль нэг хотод очиход үүрээр талхны дэлгүүрийн үүдэнд дугаарлан зогсоо эрхмүүдийг харах бололцоотой. Өглөөний шинэхэн талхандаа дугаарлаж байгаа нь тэр. Зарим нь өчнббн хэдэн км газраас дугуйгаар салхи татуулан ирж өглөөний шинэхэн талхаа аваад буцдаг гэсэн яриа хөөрөө зөндөө л дуулддаг. Манай нарийн боовны газрууд ч гэсэн ийм үйлчилгээ нэвтрүүлвэл үүрээр босоод шинэхэн талх аваад идэх сонирхолтой хүмүүс өчнөөнөөрөө бий. Монголчууд нэг үеэ бодвол гадаад ертөнцөөр аялж, галуу шувууны мах идээд, амтыг нь мэдэрчихсэн, эрүүл зөв хоол гэж юу болохыг ойлгож, зөв хоолыг дадал болгож буй ард түмэн. Өглөөний шинэхэн талхаа манайхаас аваарай гэж хэсэг хугацаанд сурталчилгаа цацахад л талх, нарийн боовны газрын бизнес цэцэглээд ирнэ. Ингээд бодохоор хаа хаанаа хэрэгтэй л шийдэл.

Хотын удирдлагууд энэ зүг рүү анхаарлаа хандуулах цаг болсон. Энэ хэмнэлийг мэдэрч, эхнээсээ шийдвэр гаргаад эхэлснийг ресторан пабуудад үүрийн дөрвөн цаг хүртэл ажиллах зөвшөөрөл өгснөөс нь харж болохоор байна. Ид халуун үргэлжилсэн энэ өдрүүдэд гэхэд л Улаанбаатарчууд шөнийн 23.00 цагаас хойш л гэрээсээ гарч, ажлаа амжуулах боломжтой болж байна. Одоо паб ресторанаас гадна дэлгүүр, бусад үйлчилгээний газрууддаа ч ийм боломж олгомоор байна. Томоохон худалдааны төвүүдийг хараад байхад 22.00 цаг болов уу , үгүй юу лангуу түрээслэгчдээ хөөгөөд унадаг юм билээ. Цаанаас нь, шийдвэр гаргагчдын зүгээс “Та нар ажиллах цагаа уртасгаж болно” гэчихвэл хэн ч ашгаа бодоод ингэж хөөж туухгүй л дээ. Лангуу түрээслэгчдийн хувьд ч гэсэн уртасгасан цагаар ажиллавал орлого нь тэр хэрээр нэмэгдээд илүү таатай орчин хаана хаанаа бүрдэж таарна. Завгүй нийслэлчүүд шөнөөр ажлаа амжуулж, үйлчилгээнийхэн нь ч орлогоо өсгөөд яах аргагүй л хэрэгтэй байна даа, шөнийн Улаанбаатарын буцалсан амьдрал.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: 95 мянган аж ахуйн нэгжийн зогсолтын саармаг үе үргэлжилж байна

МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважавтай ярилцлаа.

-Танхим байгуулагдсанаасаа хойших хугацаанд үүргээ хэр гүйцэтгэсэн гэж та бодож байна?

– 55 жил гэдэг бол бараг нэг жаран. Хүнээр бол гурван үе солигдохоор хугацаа. МҮХАҮТ-ын хувьд нийгэм, эдийн засгийн загвар солигдох үед үүргээ гүйцэтгээд явсан газар. Танхим байгуулагдсан өдөр нь 1960 оны долдугаар сарын 2. Сайд нарын зөвлөлийн тогтоолоор байгуулагдах тэр цаг социализмын оргил үе л дээ. Гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татсан цаг. Импорт, экспортыг эрчимтэйгээр хийж эхэлсэн учраас худалдааны танхим байгуулсан хэрэг. Ерээд онд монголчууд социалист өмчийн зах зээлээс татгалзаж хувийн өмчин дээр суурилсан чөлөөт зах зээл рүү орсон. Тэр үед танхим дахин шинэчлэгдэж, өөрийн хуультай болж, төрийн бус байгууллагуудын нэг болсон. Өнөөдрийн хувьд өөрийн гэсэн орон зайтай институт болж чадсан нь танхимын гол онцлог. Энэ дашрамд МҮХАҮТ-ын 55 жилийн ойг тохиолдуулан танхимд ажиллаж байсан хүмүүс, үе үеийн удирдлагууд, гишүүддээ баярын мэнд хүргэе.

-Монголд бизнес эрхлэх таатай орчин бүрдэж чадсан уу?

-95 мянган аж ахуйн нэгж бий болсон нь сүүлийн 25 жилийн хамгийн том олз. Аж ахуй эрхлэх, өмчтэй байх эрх бол Үндсэн хуулиар олгогдсон онцгой эрх. Энэ эрхээ чөлөөтэй эдэлж чадаж байна уу гэдэг том асуудал. Компани байгуулж, аж ахуй эрхэлж буй хүмүүс тийм зөв замаар явсан уу, энэ замыг сонгосон улс байнга цэнгэлийн манлайд хүрсэн үү гэвэл тийм биш. Өнгөрсөн 25 жилийн хугацаанд компаниудыг чөлөөтэй явуулсан гэж үзвэл байгалийнхаа жамаар шалгараад явах байсан. Гэхдээ эдийн засагт өмч гол нөлөө үзүүлдэг. Улсын төсөв, газрын хэвлийн баялаг, бэлчээр усыг ашиглах гээд нийтийн том өмчүүд бий. Нийтийн өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахад ямар улс давуу эрхтэй тоглов гэдэг асуултад хариу хайхаар их сонин дүр зураг харагддаг. Жамаараа явж буй бизнес эрхлэгчдийн хажуугаар албан тушаал, улс төрийн эрх мэдлээ ашиглаж томорсон бизнесменүүд их байдаг. Жам ёсоороо яваад хорин жил болчихсон хүмүүсийг төсвөөс мөнгө хулгайлсан ч юм уу, лицензээ хууль бусаар зараад хөрөнгөтэй болсон хэсэг нь хайр найргүй устгадаг.

-Ийм байдлаас гарахын тулд яах ёстой вэ?

-Зах зээлийг шударга байлгах хэрэгтэй. Татвар төлдөг хүмүүс л зах зээл дээр оршин тогтнох орчныг бүрдүүлэх учиртай. Буруу гараар хөрөнгөжсөн улс зах зээлийг эвдээд байна л даа. Хувийн жижиг аж ахуйн өмчийг бий болгосны хажуугаар өмч томорч эхэлсэн. Хэдэн их наядаар үнэлэгдэх газрын хэвлийн баялаг гэх мэт хөрөнгүүд гарч ирлээ. Энэ хөрөнгийг хөдөлгөх ухаан, хүч бизнесийн салбарынханд хэрэгтэй. Том хөрөнгөн дээр тоглоход биднээс дэлхийн хэмжээний ухаан шаардаад байна. Ядаж хөрөнгөө эргэлтэд оруулах ухааныг нэхэж эхэллээ. 600 сая тонн нүүрсээ барьцаалж биржээс хөрөнгө босгодог болооч гээд байна. Улсаараа зүтгээд тэнд нь зургаахан компани бүртгэлтэй байх жишээний. Тэгсэн хэрнээ манай баялгууд өөр замаар эргэлтэд ороод байдаг. Өрсөлдөөн нь зах зээлийнхээ жамаар байхыг цаг үе шаардаж байна л даа.

-Улстөрчдөд эрх нь байгаа том өмчүүдээ зөв хөдөлгөхийн тулд яах ёстой вэ?

-Ер нь эдийн засаг өмчөө дагаж явдаг. Хамгийн том өмч гэхээр яах аргагүй төрийнх болчихоод байна л даа. Газар, газрын хэвлий, ой мод, дагалдах баялаг гээд бүгд л төрийнх. Гэтэл өнөөг хүртэл энэ том өмчийнхөө хуулийг гаргаагүй. Өмчийн хуулиа гаргах хэрэгтэй. Бид хамгийн том өмчөө Иргэний хуульдаа, Төр ба орон нутгийн өмчийн хуульдаа ч тусгаагүй. Эзэнгүй том өмч гараад ирсэн гэсэн үг. Энэ өмчин дээр зөвхөн УИХ-аар дамжуулж эзэн суудаг. Хямралыг өдөөж байгаа хамгийн том хүчин зүйл нь яг нарийндаа энэ. Өөрөөр хэлбэл энэ том өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах харилцааг зохицуулаагүй учраас Засгийн газрын эрх авсан намын гишүүн Таван толгой дээр очиж байна. Хамгийн том өмч рүү орох хаалга улстөрчдөд л нээлттэй байна.

-Улстөрчид боломжоо алдахгүйн тулд Өмчийн хуулийг хэлэлцэж батлахыг хүсэхгүй юм биш үү?

-Ерөнхийлөгч санаачилж өргөн барина гэсэн амжаагүй байна. Таг байлгаад байгаа нь улстөр талын нөлөө байхыг үгүйсгэхгүй. Мэдээгүй тал ч бий болов уу.

-Уг нь хангалттай л ярьдаг сэдэв шүү дээ. Өмнө нь Өмчийн тухай хуулийн төсөл яригдаж л байсан…?

-2011 онд Өмчийн тухай хуулийн төслийг оруулж байсан. Тэр нь УИХ-ын архивт бий. Өмчийн хуулийг батлахаас өмнө төрийн нийтийн хамааралтай өмчөө аль нэг хуульд тусгах хэрэгтэй. Иргэний, Төр ба орон нутгийн өмчийн хуульдаа ч юм уу. Мөн Эрүүгийн хуульд хүртэл хамгаалалт хийж өгөх ёстой. Эрүүгийн хуулиар өмчийг хамгаалдаггүй. Хамгийн том өмч нь эрх зүйн зохицуулалтгүй, хамгаалалтгүй учраас улстөрчид тоглоод байна.

-Хямралаас гарахын тулд төрийн цаг алдалгүй гаргах шийдвэр юу вэ?

– 2009 онд хасахтай байсан эдийн засаг хоёр жилийн дотор 17 хувь болсон. Ийм амжилтад хүрсэн хамгийн гол бодлого нь 2006, 2009 оны хуулиуд. Татвар багасгасан, бизнес эрхлэгчдээ өршөөсөн шийдвэрийг хэлээд байна л даа. 2009 оны хямралын өмнө Өршөөлийн хууль батлагдангуут 5.6 их наяд төгрөгтэй тэнцэх буюу дөрвөн тэрбум ам.доллартай дүйцэх орлого ил гарсан. Яг Оюу толгойн оруулсан хөрөнгө оруулалттай тэнцүү орлого эдийн засагт орсон гэсэн үг. Энэ найман их наяд төгрөг манай эдийн засгийг 17 хувиар өсгөсөн. Өнгөрсөн жилээс хойш хоёр Засгийн газар дамнуулж нэг л юм хүсч байгаа. Эдийн засгийн ил тод байдлын хуулиа батлаад өгөөч гэж хүссээр өнөөдрийг хүрсэн.

-Хууль батлагдлаа гэхэд шууд гарах үр өгөөжийг нь та яаж харж байна?

– Компанийн засаглалыг сайжруулах гээд байгаа юм. Компанийн хөрөнгө оруулалт, менежментийг шинээр хийх асуудал байгаа. Нэг хүнтэй компаниуд мөхлийнхөө эцсийн цэг дээр оччихсон. Нийт компанийн бараг жаран хувь нь нэг хүнтэй гэж явдаг. Нэг хүнтэй гэж явдаг ч тэр компаниудыг нэг хэсэг хүмүүс бий болгосон. Компаниа дахин шинэчилмээр байдаг ч хуурамч тайлан баланс зэрэг янз бүрийн шалтгаанаас болоод тухайн компанийн санхүү, бүртгэл хуучнаараа яваад байдаг. Хууль батлагдвал энэ компаниуд томорно. Эдийн засагт тэр хэрээр их мөнгө ил гарч ирнэ. Эрүүгийн хуульд нэг айхавтар заалт бий. 20 сая төгрөгөнд л таван жил шоронд явдаг. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд 11240 компанийн захирал энэ заалтаас болж цагдаад байцаагдсан. Бидний урд ямар харанхуй зам байгааг баталсан тоо. Эдийн засгийг зохицуулж байгаа Эрүүгийн хуулийн ганцхан заалт ийм гайг ардаа чирч байна. Тийм учраас компаниудад засаглалаа, санхүүгээ дахин шинэчлэх шаардлага тулгараад байгаа юм. Татвар төлдөг нь зах зээлээ эзэгнэе гэсэн зарчим үйлчлэх цаг болсон.

Нөгөө талаас нийтийн мөнгөний дахин хуваарилалт дээр маш том хяналт тавих цаг ирсэн. Хоёр том бондын хуваарилалтаас болж компаниуд ажил хийхээ байчихсан. Хялбархан хөрөнгө оруулалт засгаас хүлээгээд. Ийм компаниудын ихэнх нь алдагдалд орсон. Мөнгө өгчихөөд араас нь төгрөгийн ханшийг нь 40 хувиар унагачихсан. Жинхэнэ хорлон сүйтгэх ажиллагаа. Компаниуд төрөөс авсан мөнгөнийхөө үнийн зөрүүнээс болоод асуудалд орчихсон. Нэг хэсэг гайгүй явж байсан компаниудыг цагдаа, сэргийлэхээр айлгаад ажлыг нь зогсоочихсон. 95 мянган аж ахуйн нэгжийн зогсолтын саармаг үе үргэлжилж байна. Энэ байдалд орсон компаниудыг буцаагаад улстөрийн шахаанд оруулж байна л даа. Яг нарийндаа банкнаас 17 хувийн хүүтэй зээл авснаас Засгийн газрын нөхөдтэй уулзаад зургаан хувийн зээл авсан нь дээр байна. Үүнийг засах гол гарц нь Эдийн засгийн ил тод байдлын, өршөөлийн хууль.

-Эдийн засгийн ил тод байдлын хуулийг бараг баталчихаар юм шиг байна. Та юу гэж бодож байна?

-Өргөн барьсан. Энэ долоо хоногт хэлэлцүүлэгт орчих болов уу. Ерөнхий сайдын бизнес эрхлэгчдэдээ барьж байгаа хамгийн том бэлэг гэж үзэж байна. 95 мянган аж ахуйн нэгжийн хувьд зөв таатай нөхцөл бий болж байж эдийн засаг сайжирна.

-МҮХАҮТ-д ам.долларын ханшийн өсөлтөөс болж хэцүү байдалд орсон компаниуд хандаад эхэлчихсэн. Танайд хандсан компаниудын ихэнх нь үндэсний томчуул гэл үү?

-Компаниудын нууц болохоор нэрийг нь хэлэх боломжгүй. Ер нь компаниуд эдийн засаг, улстөрийн нөхцөлөөс болж алдагдалд орлоо гэсэн гэрчилгээг манайхаас авдаг юм. Нөгөө талтай хийсэн гэрээнүүддээ хэрэглэдэг л дээ. Ийм шалтгаанаар алдагдал хүлээсэн гэдгээ харилцан ойлголцох нэг хэлбэр гээд ойлгочиход болно.

-Танхимд хандсан компаниудын дийлэнх нь яг ямар шалтгаан хэлж байх юм?

-560 тэрбумын улсын төсвийн ажлыг сүүлийн хоёр, гурван жилд хийчихсэн компаниуд олноороо хандаж байна. Мөнгөө аваагүй компаниуд үнэхээр туйлдаж байна. Сая би Увс руу явж баруун бүсийн хөрөнгө оруулалтын чуулганд оролцоод ирлээ. Дөрвөн тэрбумын стадион барьсан залуу байна. Хоёр тэрбумыг нь төсвөөс өгчихсөн. Үлдсэн хоёр тэрбумыг нь байдгаа барьцаалж зээл аваад бариад дууссан юм билээ. Энэ жил улсын төсөвт суусан хэр нь өнөө мөнгө нь одоо хүртэл ороогүй. Тэр компанийн захирал хоёр тэрбумын хүүгээр хохирч байна. Нийтийн хөрөнгөөр юм хийсэн хүн хохирч болохгүй. Эдийн засаг хүнд үед компаниуд жижигрээд компани үнэгүйдэх аюул байна. Нэрийг нь дурдаад яахав. Зэсийн том ордод нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад явж байгаа компани хүнд байдлаас болж хөрөнгө оруулалт нь зогсох, оруулсан 500 сая ам.доллар нь хэрэггүй болох аюул бий болоод байна. Уг нь төр тэр компанийн үнэ цэнийг унагахгүйгээр мөнгө өгч авч үлдэх учиртай.

-Монголд хөрөнгөө оруулсан эрхмүүд дунд Улаанбаатараас гарах эрхгүй өчнөөн бизнесмен бий. Бүр Hotel Mongo­lia гэсэн таагүй нэршил дэлхийгээр тарчихсан. Үүнийг шийдэх гарц байна уу?

-Хүний хөрөнгийг оруулж ирчихээд мөнгөө хийсэн хүнийг буцаагаад бүх шатандаа тамлан зовоох ажил хийвэл хэцүү. Бидний хувьд энэ хүмүүсийг Эрүүгийн хуулиар айлгах ч юм уу, нэг газрын зөвшөөрлөөр барьцаалаад байдаг. Уг нь тэр хүн хөрөнгөө л үржүүлэх гэж орж ирсэн болохоос тусламж өгөх гэж ирээгүй. Тийм учраас хөрөнгө оруулагчийг тосч авдаг системээ сайн цэгцлэх ёстой. Гадны хөрөнгө оруулалтыг шингээдэг зүйл нь ганцхан компани. Түүнээс биш дарга нарын авлигын халаас биш. Тэр хөрөнгийг авах гэж байгаа 95 мянган аж ахуйн нэгж нь ил тод байх ёстой. Ил тод биш бол хөрөнгө оруулагч зугтана шүү дээ. Манай компаниудын тайлангийн бараг 99 хувь нь хуурамч учраас юун хөрөнгө оруулагч, бараг өөрсдөдөө гаргаж өгөхөөс айдаг болчихоод байна. Нөгөө талаас хөрөнгөө оруулаад ирсний дараа төр нь ямар ч тохиолдолд хамгаалах уу гэдгийг харна. Төр шүүхээрээ л хамгаална. Ийм олон юм бүрдэж байж хөрөнгө оруулах нөхцөл нь бүрдэнэ.

Ярианыхаа төгсгөлд нэг зүйлийг онцолмоор байна. Сая Сэлэнгэ рүү яваад ирлээ. Хойшоо улаан ган байна. Онцгой байдал зарламаар санагдсан. Төрийнхөн эндээ хэрэлдэж суухын оронд Төв, Сэлэнгэ рүү анхаараач, малчдыг нь нүүлгэхгүй бол горьгүй болж. Тариалан хэцүү байна. Цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол өвөл хэцүүдэхээр байна. Цаад утгаараа баялаг бүтээгчдийнхээ хийснийг үнэлэх хэрэгтэй. Өнгөрсөн жил өчнөөн тонн будаагаа талбай дээр асгаад хэрэлдээд байсан. Өнөөдөр буудай авахад маш хэцүү дүр зураг харагдаж байна. Том мөнгө, том бизнестээ анхаарах нь ойлгомжтой. Гэхдээ Монголчуудын амьдралыг яг авч явдаг салбаруудаа жигд харах хэрэгтэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ШӨХТГ, АТГ-ынхан Хүй долоон худаг, цэнгэлдэхийн ногоон дэвжээнээс салмааргүй байна

Монгол наадам айсуй. Монгол төрийн их наадам, улс хувьсгалын ойн баяр болоход хэдхэн хоног үлдлээ. Дараа жилийн наадам даанч хол байна даа гэж хүлээдэг монголчуудын хувьд наадам шиг сайхан баяр үгүй. Дэлгэр цаг,дээр нь монгол гэдгээ мэдэрсэн омогшил, бахархал монгол наадмыг чимдэг. Жил ирэх бүр өөр хоорондын ялгаа нь арилж,нэгдэх зүг рүүгээ явж буйдэлхийн улс гүрнүүдээс Монголыг монголоор нь таниулдаг хоёрхон зүйлийн нэг нь наадам. Нөгөө нь цагаан сар. Түүнээс биш бид бусдаас ялгараад байх юмгүй үндэстэн. Бусдын адил “адидас”-ын малгай, поло загварын цамц өмсөж,кола ууж, бургер иддэг дэлхийн хаана ч байдаг хүмүүс. Наадам, цагаансар хоёргүй бол биднийг хэн монгол гэх юм. “Бид чинь дэлхийд ганцхан дээлтэй монгол” гэж сөргөх хүн гарч ирж мэдэх л юм. Монгол дээл, малгай биднийгбусдаас ялгаруулаад байхаар эд биш гэдгийг нотлохын тулд ухаантай царайлж элдэв тайлбар хэлэх шаардлагагүй.Дээл, хантааз гээд яривал аль ч улсын иргэд өөрийн гэсэн үндэсний хувцастай.

Харин наадам, цагаан сар бол өөр. Төдийгөөс өдий хүрсэн монгол соёл, уламжлалыг тээсэн гэдгээрээ ач холбогдол өгөхөөс аргагүй баярууд. Тийм ч учраас Монгол төрийн их наадам гэж хүндэтгэн нэрлэдэг. Цагаан сараар төрийн түшээд нь Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтайгаа золгож, нөгөөдүүл нь хамгийн ахмад настай иргэддээ хүндэтгэл үзүүлэн хадаг барьж очдог. Ийм утга учиртай баяруудыг, тодруулж хэлбэл наадмыгшударга бус, будлиан, бульхайтай харагдуулдаг хоёр юм байна. Нэг нь бөх. Нөгөө нь морь. Наад захын жишээ гэхэд начин цолны найраа 250 сая төгрөгч гэх шиг барим тавим мөнгөний тоо дуулддаг. Начин цол 250 сая төгрөг хүрлээ гэдэг сураг яриа 2011 онд анх гарсан санагддаг. Тэр жил Өмнөговийн хоёр ч бөх начин цол авсныг наадамчин олон санаж байгаа байх. Б.Сумъяа, Ц.Одбаяр хоёр. Улсын гарьд И.Доржсамбуу, Улсын харцага Л.Пүрэвжав хоёрт “Ажнай” корпораци 250 сая төгрөг амлаж, аймгийнхаа бөхчүүдийг улсын цолонд хүргэж, начин цолны ханшийг өсгөлөө гэж ард түмэн өөр зуураа шуугиад өнгөрч байв. Үнэн эсэхийг мэдэхгүй, ямартай ч амнаас ам дамжиж явсаар, өнөөдөр ч наадам тойрсон сонин хачны нэг хэвээрээ байгаа нь лав маргах аргагүй үнэн. Ийм алдуул яриа гарахаас өмнө буюу 2011 оноос өмнө начны найраа 70-80 сая төгрөг хүрсэн гэдэг. Батлагдаагүй яриа гэдгийг дахиад онцолъё. Гэхдээ л олны дунд түймэр шиг дэгдсэн яриануудын нэг. Сураг яриа үнэн байгаад начин цолны ханшүнэхээр 250 сая төгрөгхүрсэн юм бол харцага 300 сая, заан цол 400 сая гээд явах нь л дээ.

Морин дээр гэхэд хүүхэд нь унасан морь нэг байраар ухардаг учраас айрагдахаар чансаатай морьдын эзэд унаач хүүхдээ унагаж сургадаг гэсэн итгэмээргүй яриа дуулддаг. Ухаандаа дараагийн мориндоо боломж олгож байгаа юм даг уу даа. Мэдээж хэн л өчнөөн шөнийн нойроо хасч сойсон морио байр ухраахыг бодохов, хэрвээ энэ яриа ортой бол ард нь их мөнгө байж таарна. За тэгээд морио жийптэй дагадаг энэ тэр гээд яривал жинхэнэ монгол наадмын утга морин дээр алдагдчихаад байгаа жишээ өчнөөнийг дурдаж болно. Ямартай читгэхэд бэрх ярианууд төдийгөөс өдий хүртэл тасрахгүй энэ цаг хүрснийг бодоход ямар нэг “но” байгаа нь гарцаагүй. Аль нь үнэн, аль ньхудал гэдгийг тогтоох л учиртай.

Тэгэхээр монгол төрийн их баяраа шударга тэмдэглэе гэвэл,бөх нь бөх шиг жудагтай,хүлэг нь хурдаа сорьсон шиг сорьдог сайхан наадам байлгая гэвэл, глобальчлагдсан дэлхийд монгол монголоороо оршъё гэвэлАТГ, ШӨХТГ хоёр сайн ажилламаар байна. Наадмын өдрүүдэд цэнгэлдэх хүрээлэнгийн зүлэг ногоон дэвжээ, Хүй долоо худагийн морь уралдааны талбайгаас салахгүй ажилламаар байна.Учир нь наадам бол монгол төрийн баяр. АТГ, ШӨХТГ бол монгол төрийн нэрийн өмнөөс ажилладаг байгууллагууд.Төрийн наадмынх нь бөх, морь булхайтай байгаад, газар авбал монгол төрийн нэр хүнд унана. Тийм учраас АТГ, ШӨХТГ-ыг наадмаар ажиллах үүрэгтэй газрууд гээд байгаа хэрэг. Тэгээд хэн ямар найраа хийгээд байна, өвөр зуураа цолны наймаа хийсэн нь үнэн үү, худлаа юу гэдгийг тогтоож, хэвлэл мэдээллээр зарламаар байна. Ёс зүйгээ зөрчсөн бөхчүүдийн нэрсийг нэг жилийн наадмаар зарлахад л дараа жилээс нь цэгцрээд ирнэ.

Японы сумо ямар билээ. Сумогийн дэвжээг монгол бөхчүүд эзэгнэж байна. Тэглээ гээд япончууд бухимдаад байгаа юм алга. Харин ч тэнд очсон монголчуудтай “Танай сумочид мундаг, Асашёорюү ийм” гэж хэлээд эрхий хуруугаа гарган талархах япон хүн олон таардаг. Сумогийн бооцооны мөнгө дүрэм гээд бүх зүйл нь шударга учраас тэнд аль улсын байхаас үл хамааран хэн хүчтэй нь аварга болж байна. Ийм найраа, тийм тохироо хийлээ гэсэн хар алга. Гэтэл манайд эсрэгээрээ. Компанийнхаа энэ бөхийг, аймгийнхаа тэр бөхийг гэж ирээдханцуй дотроо наймаа хийж эхэлдэг гэж наадамчин олон ярьцгаадаг. Сүүлдээ бүр сумын наадам ч утгаа алдсан гэдэг юм билээ. Ямар сайндаа энэ жилийн наадмаар гэхэд аймаг, сумд наадмаараа өөр аймгийн бөх барилдуулахгүй гэхэв. Цолтой бөхчүүд нь очоод бужигнуулчихдаг гэсэн яриа бий. Аймаг, сумынхаа хүнийг түрүүлүүлэхийн тулд өнөө нөхдөд мөнгө амлаж, унаад өгөөч гэж гуйдаг гэсэн дэл сул яриа сонсогддог. Наадамлахдаа өөр аймаг, сумдын бөхчүүдээ хажиглаад эхэлснийг бодоход лав л оргүй үг биш.

Монгол бөх сумо шиг цэвэрхэн ил тод байдаггүйг ганцхан жишээгээр нотолчихож болно. Допинг гэж дампуу зүйл бий. Нэг хүн хэд хэдэн бөхийн өмнөөс шээсээ өгсөн гэсэн яриа наадам бүрээр дуулддаг. Эм хэрэглээгүй, арай эрүүл гэсэн нь Дорж, Бат, Дондогийн өмнөөс шээсээ өгдөг, тэгснийхээ төлөө мөнгө авдаг, нэг удаа шээсээ өгөөд хоёр сая төгрөг халаасалдаг ч гэх шиг алдуул яриа байсгээд чих дэлсдэг. Тэгэхээр одоо үнэн худал нь мэдэгдэхгүй ийм яриаг цэгцлэх ганц арга нь ШӨХТГ, АТГ хоёр л байна даа. Тэд чиглэл, чиглэлээрээ сайн ажиллаж байгаа, хийсэн ажлаа олон нийтэд байсгээд танилцуулдаг газрууд. Ингэж гялалзтал ажиллаж чадаж байгаа юм чинь наадмын дэвжээ, морины талбай юухан байхав.Очвол үр дүн гарч таарна. Тэр хэрээр монгол наадам тойрсон дэл сул яриа цэгцрээд ирэх нь маргаангүй.Үнэхээр “но” байгаа бол илрүүлнэ гэдэгт эргэлзэх юм алга.

Наадам бол хуультай баяр. Төр хуулийг нь батлаад өгчихсөн. Үндэсний их баяр наадмын тухай хуульд “Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт их баяр мөн” гэсэн заалт бий. Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа бэлгэдсэн наадамд бульхайтай хандвал шийтгэл хүлээхээс аргагүй. Хуульдаа наадам гэж юу вэ гэдгийг заагаад өгчихсөн учраас.

Баяр наадмын хуулийн бас нэг заалтыг онцолъё.“Баяр наадамд оролцож буй бөх үндэсний бөхийн барилдааны дүрэмд заасан үүргийг биелүүлж, цээрийг сахих үүрэг хүлээнэ” гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа. Үндэсний бөхийн барилдааны дүрэмд “Хэн нэг бөхийг амлан авахыг өөр бөхөд тулган шахахыг цээрлэнэ” гэсэн өгүүлбэр бий. Манай тэрийг амлаж аваад унаад өгөөч, тэдэн төгрөг өгье гэдэг нэг талаар гуйлт ч нөгөө талаас шахаас гэж үзэхэд болохгүй юмгүй. Хуулиндаа тэр дүрмийг барь гэсэн заалт байгаа учраас бөхийн дүрэм бол хууль. Энэ мэтээр хариуцлага тооцож ажиллах боломж АТГ, ШӨХТГ-т байна даа. Бид төрийнхөө хуулийг сахиулж байна гээд л ажиллах хэрэгтэй байна шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Гялгар ууттай хуушуур

Өнөөдөр европчууд нийлэг уутнаас татгалзах өдрийг хэрэг болгож тэмдэглэнэ. Нийлэг уутанд хийсэн хүнс эрүүл мэндэд ямар хортойг шинжлэх ухаан тогтоочихсон, тэр аюулыг нь биеэрээ мэдэрчихсэн учраас тэр. Эрдэмтэд нийлэг уутыг судлаад улаан хоолой, хоол боловсруулах эрхтний өвчлөлд нөлөөлдгийг баталжээ.

Цаад хор хөнөөлийн нэг нь хорт хавдар гэдгийг ч ам нийлүүлэн сануулж буй. Нэг кг гялгар уутыг шатаахад таван тонн нефть шатаасантай тэнцэхүйц хорт хий ялгардаг гэсэн статистик бий. Бас найрлагад нь хар тугалга ихээр агуулагддаг аюултай эд.

Удахгүй наадам болно. Цэнгэлдэхэд хуушуур зардаг нөхөд халуун хуушуураа гялгар уутанд хийгээд өгчихдөг. Халуун хуушуур нийлэг ууттай урвалд орж ямар л хор байна, тэр бүгдийг нь наадмын зоогонд шингээдгийг бид харин анзаардаггүй. Хаа сайгүй л гялгар ууттай хуушуураа бариад наадамласан улс харагддаг. “Монголын ногоон сав баглаа боодлын нийгэмлэг” нийлэг уутнаас татгалзах уриалгыг наадмын өмнөх энэ өдрүүдэд гаргажээ.

Хэрэгтэй л сануулга. Төрийн бус байгууллага нь иргэдийнхээ эрүүл мэндэд ингэж анхаарч байхад хуушуур зарах зөвшөөрөл өгдөг газрууд нь зөвшөөрөл авсан хүмүүст “Хуушуураа цаасан юм уу зориулалтын хүнсний уутанд хийж үйлчлээрэй” гэсэн шаардлагыг тавимаар л байгаа юм.

Categories
мэдээ цаг-үе

Цус ойртолтын 95 хувь нь цусан төрлийнхөн байна

Нийгмийн
эрүүл мэндийн хүрээлэнгээс цуврал лекц зохион байгуулж буй. Өнгөрсөн долоо
хоногийн онцолсон сэдэв нь цус ойртолт байлаа. Цус ойртолтын хамгийн сүүлийн
үеийн мэдээллийг анагаах ухааны доктор, хүний их эмч Ц.Энхмаа өгсөн юм.
Монголчууд өмнө нь ургийн бичиг хөтөлж цус ойртолтоос сэргийлж байж. Малаа
дагаж нүүдэллэж, оторлож явдаг ахуй нь ч цус ойртолтын аюулаас холдуулж байсан
гэж Ц.Энхмаа доктор ярилаа. Урьд цагт отор нүүдэл хийж явдаг залуус өөр аймгийн
бүсгүйчүүдтэй танилцаж гэр бүл болох явдал их байсан аж. Засаг захиргааны
нэгжийн хувьд өнөөдрийнх шиг хэтэрхий жижиг олон аймаг биш дөрвөн аймгийн
тогтолцоотой байсан нь эерэг нөлөө үзүүлж байж. Гэвч 1925 онд Засгийн газрын
нууц тогтоол гарч, монгол хүн угийн бичгээ хөтөлж овгоо хэрэглэхийг хаажээ. Энэ
талаар Ц.Энхмаа “Ямар учиртайгаар тийм шийд гарсныг мэдэхгүй. Эрдэмтэн
судлаачийн хувьд ухаад бодохоор эртэй, бяртай хэдэн монголыг цус ойртуулах,
хүчийг нь сулруулах харь гүрний бодлогын нэг илрэл юм болов уу гэж хардаг”
хэмээн ярьсан юм. Ингээд монголчуудын цус ойртолтоос хамгаалах ухаан гээгдэж
эхэлжээ.

Монголчууд
аав, ээжийн удмаас есөн үеэс дотогш хүнтэй гэрлэхийг хориглосоор ирсэн нь
шинжлэх ухааны үндэстэй байж. Хүн 32040 генийнхээ 16020 буюу 50 хувийг
ааваасаа, үлдсэнийг нь ээжээсээ авдаг аж. Өвөө, эмээгийн хувьд энэ хамаарал
хоёр дахин багасна. Тодруулж хэлбэл 8010 генээ өвөөгөөсөө авдаг байна. Үлдсэн
8010 нь эмээгийнх. Энэ мэтээр хамаарал нь багассанаар 10 дахь үедээ бараг хамааралгүй
болж харь элгийн хүнийх шиг болдог юм байна. Генийн сангийн тодорхой хувиар
ижил хүмүүс хоорондоо гэр бүл болох нь гажиг төрөлтөөс эхлээд олон үр дагавар
авчирдаг гэнэ. Цус ойртолтыг шууд болон алсуур гэж хоёр ангилдаг байна. Цусан
төрлийн улс шууд цус ойртолт болдог бол нэг нутаг усныхан хоорондоо гэрлэх нь
алсуур цус ойртолт болдог аж. Монголчуудын цус ойртолтыг судлаад үзэхээр нийт
цус ойртолтын 97.24 хувийг шууд цус ойртолтын хэлбэр эзэлж байгаа юм байна.
2.74 хувь нь алсуур цус ойртолт гэсэн судалгааны дүн гарчээ.

НЭМХ-ийн
судлаачид цус ойртолтыг аймаг бүрээр гаргажээ. Цус ойртолтгүй аймаг гэж алга.
Гэхдээ алслагдсан, хүн ам цөөхөн газруудад цус ойртолтын тохиолдол өндөр
байгааг тэдний гаргасан статистикаас харж болохоор байв. Монголчууд өнөөдөр
өөрсдөөсөө дээш гурав дахь үеэ мэдэхгүй байгаа нь гашуун нь ч гэлээ үнэн гэж
судлаачид хэлж байна. Элэнцийн түвшнээс хуланц өвөг эмгийн түвшний хоорондох үр
удам өөр зуураа гэрлэх үзэгдэл түгээмэл ажиглагдаж байгаа аж. Тэр дундаа
хуланцын түвшний үр удмууд олноороо гэрлэх болж. Монголчууд гурав дахь үеэ
элэнц, дөрөв дэх үеэ хуланц хэмээн нэрийддэг. Тэгэхээр гурваас дөрөв дэх үеийн
ах дүү нар гэрлэхэд илэрдэг түвшний цус ойртолт манайд давамгайлж байгаа гэсэн
үг. Залуус “Чи бид хоёр цусан холбоогүй” гэсэн ерөнхий таамгаар гэрлэж байгаа
гэж судлаачид сануулж байна.

Гэрлэлтийн
бүтэц цус ойртолтод нөлөөлж байгаа гэнэ. Хөдөөгийн багийн хүн амын нийт
гэрлэлтийг судалж үзжээ. 85.4 хувь нь тухайн багийн уугуул хүмүүс хоорондоо
гэрлэж байгаа гэнэ. Нэг сумын уугуул хүмүүс хоорондоо гэрлэх нь мөн өндөр
хувьтай байна. Сумын нийт гэрлэлтийн 73 хувийг нэг сумын гэр бүлүүд эзэлж
байна. Нэг аймгийнхан ч хоорондоо гэрлэх нь ихэсчээ. Аймгийн хэмжээний
гэрлэлтийн хувийг тандаад үзэхэд 86.1 хувь нь нэг аймгийнхан гэр бүл болж байж.
Энгийнээр хэлбэл өөр баг, өөр сум, өөр аймгаас гэр бүл болох явдал маш цөөхөн
хувьтай гарч байгаа аж.

Цус ойртолтын тод хэлбэр нь
аминч үзэл

Цус
ойртолт ямар хор уршигтайг хүний генетикийн шинжлэх ухаан аль хэдийнэ
тогтоожээ. Цус ойртолтын хэд хэдэн шинж тэмдгийг Ц.Энхмаа доктор нэрлэлээ. Оюун
ухаан сэтгэхүйн чадавхийн түвшин буурах, оюуны төрөлхийн болон гүнзгий
хомсдолтой төрөх хүүхдийн тоо өсөх нь цус ойртолттой холбоотой юм байна. Мөн
дархлаа буурах, аминчхан бодолтой хүмүүсийн тоо өсөх нь ч цус ойртолтын тод
хэлбэр гэнэ. Бие бялдрын өсөлт давжаарах ч цус ойртолттой шууд хамааралтай аж.
Ц.Энхмаа доктор цус ойртолтын жишээ зургуудыг сонирхуулав. Шүд нь давхарлаж
ургасан хүүхэд, хөгшин хүний төрхтэй ураг, хэл нь салаалсан хүн гээд нүд
хальтрам өчнөөн зураг байна. Цагаан сормуус, үстэй альбиносууд ч цус ойртолтын
үр дагавар юм байна. Цус ойртолтоос болж хаан угсаа мөхсөн жишээг ч тэрээр
ярьсан юм. Испанийн Хабсбургийн хаан угсаа мөхсөн шалтгааныг Сантъяго хотын их
сургуулийн эрдэмтэд судалж үр дүнгээ шинжлэх ухааны томоохон сэтгүүлд гаргажээ.
Хабсбургийн хаан угсааны нэгэн үеийн түүхийг харуулсан кино ч байдаг. “Хатан
хаан Си Си” гэхээр уншигчид андахгүй. Хабсбургийнхан 1500-1700-гаад он хүртэл
200 гаруй жил хаан төр барьсан хүчирхэг угсаа аж. Энэ хаан угсааны мөхөлд цус
ойртолт нөлөөлсөн эсэхийг эрдэмтэд судлаад тийм гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Хабсбургийн угсааныхны хувьд дандаа ойр төрлийнхөн хоорондоо гэрлэдэг байж.
Филипп I гэдэг хаанаас Хабсбургийн хаан угсаа эхэлжээ. Хамгийн сүүлчийн хаан нь
Чарльз II аж. Энэ хооронд 11 цус ойртсон гэрлэлтийг судлаачид илрүүлжээ. Найм
нь дандаа үеэлүүдийн гэрлэлт байсан гэнэ. Чарльз II хүртэл цус ойртолтын
коэффициент арав дахин өссөн гэсэн тооцоо гарчээ. Сүүлийн хаан Чарльз II 39
насандаа өөд болсон юм байна. Үр хүүхэдгүй, удамшлын хоёр төрлийн эмгэгээр
тарчилж байсан, данхар толгойт гэсэн хочтой энэ хаан цус ойртолтын жинхэнэ
золиос болсон гэж судлаачид дүгнэжээ.

Цус ойртолтоос үүдсэн
гажгийн хэлбэр улам хүндэрч эхэлжээ

Эрүүл
мэндийн сайдын 2005 оны 77 тоот тушаалаар ЭНЭШТ-ийн дэргэд төрөлхийн согог
гажигтай хүүхдийг бүртгэдэг болжээ. Улсын хэмжээнд бүртгэж эхэлсэн гэсэн үг.
Төрөлхийн гажиг, согогтой хүүхдүүдийг бүртгэдэг хүмүүс улсын хэмжээнд ямар
гажиг согогтой хүүхдүүд төрж байгаа судлаад бүртгэчихэж. Зүрхний гажигтай,
уруул сэтэрхий, уруул, тагнай хоёулаа сэтэрхий, зөөлөн тагнай, хүүхэн хэл
сэтэрхий, зөөлөн тагнайгүй, өтгөний сүв битүү, хэвлийн урд талын хана
хөгжөөгүй, тархи устай, нугас эвэрхий, олон эрхтэн тогтолцооны гажиг хавсарсан
хэлбэрээр гэсэн арван төрлийн гажиг бүртгэгджээ. 2005-2009 оны эхний зургаан
сарын байдлаар гэхэд л улсын хэмжээнд 689 хүүхэд гажигтай төрсөн байна. Гэхдээ
ихэнх аймгийн мэдээлэл бүрэн бус байж. Тэгэхээр үүнээс олон гажигтай хүүхэд
төрсөн гэсэн үг. Төрөлхийн согог гажигтай хүүхэд төрөөгүй аймаг байхгүйг
судлаачдын гаргасан тооноос харж болохоор байв. “Хоёр, гурван аймагт л согог
гажиг илрээд бусдад нь хоосон бол агаарын бохирдол, химийн бодис, хүнсний
аюулгүй байдал гэх мэт тохиолдлын шинж чанартай байхыг үгүйсгэхгүй. Гэтэл бүх аймагт
илэрч байгаа нь айхтар дэвсгэр хүчин зүйл байгаа хэрэг” гэж Ц.Энхмаа доктор
ярилаа.

Судлаачид
цус ойртолтыг уртраг, өргөргөөр нь судлаад гаргаад ирж. Өргөргийн дагуу
Хөвсгөлөөс Өмнөговь руу урагшаа явах чиглэлд цус ойртолт нэмэгдэж байжээ. Согог
гажигтай хүүхдийн тоо ч үүнийг дагаад өсч байгааг судалгаагаар тогтоожээ. “Хүн
амыг цус ойртолтоос гаргах, хамгаалах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлэхгүй
бол согог гажигтай төрж буй хүүхдийн тоог цөөрүүлнэ гэж зүүдлээд ч хэрэггүй
болсон” хэмээн Ц.Энхмаа доктор онцолж байв.

Сүүлийн
үед илэрч байгаа гажгийн хэлбэр хүнд болж байгаа аж. Наад захын жишээ гэхэд л
улаан хоолой, цагаан хоолой хоёр нь нийлсэн хүүхэд төржээ. Уруул сэтэрхий,
тагнай цоорхойг мэс заслаар аргалж болох ч энэ тохиолдолд яаж ч болохгүй гэнэ.
Нүдний төрөл бүрийн хүнд гажигтай хүүхдүүд олноор төрөх болжээ. Хоёр нүдний
алим нь төрөлхийн жижигхэн, нүднийх нь алим дотор хальс бий болсон хүүхдүүд ч
олноор төрж байгаа гэнэ. Ямартай ч төрөлхийн согог гажигтай төрж буй хүүхдийн
тоо цус ойртолттой шууд шугаман хамааралтай өсч байгааг судлаачдын гаргасан
дүгнэлтээс харж болохоор байна.

Цус ойртолттой шууд
хамааралтай өсч буй өвчний 13 бүлэг бий

Монгол Улс
хүн амынхаа өвчлөл нас баралтыг 1996 оноос өвчний олон улсын аравдугаар
ангиллын статистик руу оруулжээ. Өвчлөлөө үүний дагуу бүртгэдэг болсон гэсэн
үг. Энэ статистикаар бол бүх өвчлөлийг 19 том бүлэгт хуваадаг байна. Цусны
эргэлтийн тогтолцооны өвчин гэхэд л дотроо даралт ихсэх, судас хатуурах гээд
задраад явчихдаг аж. Энэ өвчнүүдийг арван жилийн хугацаанд судлаад үзэхэд нийт
аймаг, суманд ялгаагүй шахуу жигд тархсан байж. Эндээс хүн амын өвчлөлд сүүдэр
шиг мөнхөд дагаж явдаг суурь шалтгаан үүссэнийг харж болно гэж судлаачид онцолж
байна. Сүүдэр шиг дагаж яваа шалтгаан нь тэднийхээр цус ойртолт аж. 95 хувиас
дээш түвшинд цус ойртолт, хүн амын нийт өвчлөл хоёр шууд хамааралтай байна
гэсэн цочирдмоор дүгнэлт гарчээ. Цус ойртолттой шууд хамааралтай өсч байгаа
өвчний бүлэг гэхэд л 13 байна.

Цус
ойртолтоос сэргийлэхийн тулд угийн бичгийг зөв хөтлүүлж заншуулах, засаг
захиргааны хэт жижиглэн хуваасан тогтолцоог шинэчлэн томсгох, нягтрал сийрэг
сум багад анхаарах зэрэг зөвлөмжийг НЭМХ-гийн судлаачид гаргажээ.

Ц.Баасансүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын гарамгай хийж чаддаг ажлууд

Монголчууд бидэнд маш сайн хийдэг зарим нэг ажил байна аа. Бүр гайхаш тасармаар сайн хийхийг нь яана. Мэргэжлийн өндөр түвшинд, огт залхуурахгүйгээр, хойш нь тавьж цаг авахгүйгээр сүнгэнэтэл хийж байна, цаана чинь. Сонгодог нэг жишээ хэлье. Машин ачих ажил гэхээр нийслэлчүүд андахгүй дээ. Машинаа эмийн сангийн хажууд түр тавиад хэрэгтэй эмээ ганцхан минутын дотор аваад ирэхийн хооронд ид шидтэй юм шиг алга болж байна, хөл залгуулагч унаа маань. Өнөө гайхал машин ачигчид аль хэдийнэ ачаад явчихсан хэрэг. Ганцхан минутанд шүү. Ийм жишээг их олон хүн хэлнэ гэдэгт эргэлзэх юм алга. Хоёр хоёрын дөрөв гэдэг шиг л эргэлзээгүй үнэн гэвэл энэ.

Машин ачдаг тэргэнд суусан гурван нөхөр хориглосон тэмдэгтэй газар түр зогссон машиныг харин ч нэг алдахгүй харна даа. Эзэн нь гараад ирэх вий гэж айна гэж жигтэйхэн. Машинаасаа зэрэг үсэрч буугаад нэг нь зургийг нь авчихна. Таны машин ийм газар ингээд зогсч байсан учраас бид ачаад явсан шүү гэсэн баталгаа харуулах гэжбайгаа ухаан нь. Нөгөө нь та бидниймашины дугуйн доогуур өнөө төмрөө шургуулна. Гурав дахь этгээд машиныхаа чиргүүл дээрээсивээс төмрийг хоёронтоо харайлгаж байгаад аваад ирнэ.

Ингээд л эмийн сан руу орсныхоо төлөөсөнд та 60 мянган төгрөгийн өрөнд хөнгөхөн орчихно. Мөнгийг нь өгөхгүй бол машиныг чинь өгнө гэж гонжийн жоо. Саяхан ажлынхаа гадна тэр нөхөдтэй таарсан юм. Нэг машиныг хариугүй ачих нь ээ. Хажууд нь тулаад зогсчихож. Өөрөө зовлонг нь мэдэрсэн болохоор утсаа шүүрлээ. Ер нь жолооч бүр л ийм алхам хийдэг дээ, зовлонг нь мэдэх болохоор. Гэтэл хүний машиначих гэж байгаа нөхөд сандарч байна гэж. Хурдлаарай гэж гүйлдээд, эцэст нь эзнийг нь гарч ирэхээс өмнө ачаад явчихсан. Машинаа ачуулсан нөхөр яах нь тодорхой, яаж 60 мянган төгрөг олох вэ гэсэн бодолтой л хоцорч таарна.

Хувийн байгууллагуудын цалин төрийн албаныхнаас харьцангуй өндөр. Төрийнхнөөс дажгүй өндөр цалин амлаад ажиллуулдаг. Үндэсний статистикийн хорооны сүүлийн мэдээллээс харахад хувийн хэвшлийнхэн ажилтандаа дээд тал нь нэг сая 500 мянган төгрөгөөс дээш төгрөгийн цалин өгдөг юм билээ. Дундаж хэмжээ нь таван сая ч гэж ярьдаг. Ямартай ч нэг сая 500 мянган төгрөгөөс дээш цалинтай нөхөд нийт ажиллах хүчний есөн хувийг эзэлдэг юм билээ. Бараг арван хувь. Саяас дээш цалинтай нөхөд гэхэд л арван хувь.Ийм цалин өглөө гээд ажилчид нь машин ачигчаас төгс төгөлдөр, илүү өндөр түвшинд ажиллаж чаддаггүй. Сэтгэлгүйдээ биш, байгаа чадлаараа ажиллаад лтэдний энд хүрдэггүй.

Тэгэхээр цалин мөнгө нэг их чухал биш гэсэн гаргалгааг эндээс хөнгөхөөн хийчихэж болж байна. Мөнгөнөөс гадна нэг том хүч байна гэсэн үг. Тэр нь юу вэ? Эргэлзэж тээнэгэлзэх шаардлагагүйгээр хэлэх хариубайна. Бах таваа хангах, бусдын мууг үзэх гэсэн адын хүсэл машин ачигчдын гол хөдөлгөгч хүч болоод байх шиг. Тэр хүсэл нь машиныг ганцхан минутад ачих мотор нь, шатахуун нь болоод байна. Яах гэж хориглосон газар машинаа зогсоосон юм, чадаж байгаа юманд арга алга гэж хэлээд өнгөрөөж болно л доо. Гэхдээ бидэнд үнэхээр ийм адын хүсэл нуугдаад байгаа юм биш биз гэсэн хардалтандаа үргэлжлүүлээд хариу хайя. Монголчууд яг өнөөдөр юуг сайн хийж байна вэ гэдэг дээр бодитой жишээ эрцгээе.

Толгойгоо тэгтлээ гашилгахгүйгээр, сүүлийн үед өрнөсөн үйл явдлыг шүүж байгаад гаргаад ирж болж байна. Гайхамшигтай сайн, бүгдээс илүү ажиллаж байгаа бас нэг газар бий. Тэр нь АТГ.Уг нь тийм ч зузаан түүхтэй газар биш. ЦЕГ-ын дэргэд гэж жишиж ярьвал ердөө саяхан байгуулагдсан нялх газар. Гэтэл өнөөдөр яаж байна, монголчуудыг атгадаг ганц газар болчихсон. АТГ-аас гадна ШӨХТГ сайн ажилладаг байгууллагын нэгд зүй ёсоор тооцогдоно. Долоо хоног бүр хэвлэлийн бага хурал хийж ажлаа тайлагнана гэж, сүртэй сүртэй. Тэр компани ийм буруу юм хийж, тийм учраас үүдийг нь барья, ийм компани ингэсэн байна даа, тэдэн төгрөгөөр торгоё гэж ирээд мэдэгдэл хийдэгт нь нийгэм бараг л дасчихаж. Одоо ШӨХТГ ямар мэдээлэл хийх бол гэж хорхойсон хүлээдэг болж. Бусдын мууг үзэхгэсэн далд хүсэл маань хатгаад байгаа хэрэг л дээ. Гашуун ч гэлээ үнэн гэвэл энэ.

Ямартай ч ШӨХТГ бол монголчуудаа дээрэлхсэн байгууллагын л нэг. Хэрэг хийсэн нь хамаагүй л дээ. Юу гэж л зүв зүгээр байгаа нөхрийг шалгаж, сүрдүүлж дарамтлаа аж. Эцсийн дүндээмашин ачигчид, АТГ, ШӨХТГцугаараа хүнийг айлгасан байгууллагууд. Айгаад байгаа нөхөд нь монголчууд.

Үүх түүхээ сөхье. Үнэхээр бид тийм аймаар хүний мууд дурласан нөхөд үү гэсэн асуултдаа буурал түүхээс хариу хайя. Хуучин нийгэмд До яам гэж айхтар газар байлаа. Үгчилбэл Дотоодыг аюулаас хамгаалах яам гэсэн сүржин нэртэй. Энэ яам гучаад оны сүүлээр 37 мянган хүн хөнөөсөн. Монголын хамаг л мундаг, гэгээрсэн эрхмүүдийг зүгээр л буудчихсан яам. Чингэсийн алтан ургийнхан, Монголын оюунлаг, сэхээтэн, лам хувраг бултаараатэднийсуманд өртөж орчлонг орхисон нь гашуун ч гэсэн түүхийн баларшгүй үнэн. До яам АТГ, машин ачигчид, ШӨХТГ-тай яг адилхан ажилласан.

Энэ олон мянган хүн чинь Монголын оюуны гол уурхай, төдийгөөс өдий хүртэлх агуу соёлыг тээгчид, цаашдаа Монгол бадрах эсэх нь эднээс хамаатай гэж сэтгэсэн нь нэгээхэн бээр үгүй. Ийм ухаан тээж өршөөсөн нэг ч хүнийгтэдний ажлын түүхээс хайгаад олохгүй.Бүгдийг нь чин үнэнчээр хядсан. Цаазын ял сонссон нэг ч лам тэдний гараас мултраагүй. Ажил хэрэгч, ямар ч залхуугүй, чин үнэнч До яамныхан.

Тэр мундаг хүнийг тэгж өршөөсөн шүү гэсэн сэтгэл хөндсөнтүүхээс илүү хэтийдсэн, хэтэрхий хүн биш чанар үнэртсэн явдлуудл өчнөөн сонсогддог. Эхнэр нь гоё болохоор ардын дайсан болгож ачуулсан, гоё жороо морьтой учраас дээлийг нь нөмөргөсөн, баяжиж гүйцсэн болохоор эсэргүү болгосон гэсэн яриа бол үй түмээрээ. Уран зохиолд ч тусгалаа олсон байдаг. Наад захын жишээ гэхэд л С.Пүрэвийн “Усны гудамж”. Сайхан эхнэр­тэйнхээ төлөө эсэргүү болсон чадварлаг, мундаг залуугийн түүхийг уншаад сэтгэлээ энэлгэсэн нь өчнөөн байх.

Уг нь тэр аймгийнтүмний хүндлэл хүлээсэнмундаг ламын оронд нутгийнх нь нөгөө тэнэг хэнийг цааш нь харуулчихжээ гэсэн яриа хаа сайгүй дэлгэрсэн бол хожим сонссон хүмүүст ч өөрөөр сонсогдох байв. Наад өнгөндөө харгис сонсогдож мэдэх ч цаад язгуураараа бол хүн л юм даа гэсэн чимээгүй бодлыг ухаантай л бол хэн ч гэсэн тээгээд өнгөрнө. Уг нь монголчуудын юм л бол хойш суух гээд байдагзан араншингаар бол тэр үеийн 37 мянган хүнийнэлээдньаврагдах боломжтойбайсан. Зүй нь До яамныхан залхуурах, хулхидах, хойш нь тавих гэсэн гэм биш зангаа гаргах л учиртай үйл явдал.

Өөрөөр төсөөлөөд үзье. Тэр үеийн Орос гүрэн лам нар, гэгээнтэн, сэхээтнүүдийнтолгойны оронд 37 мянган үхрийн толгой нэхсэн бол яах байсныг төсөөлцгөөе. Монголчууд яах бол. Оюунтнуудаа хайр найргүй хядсан шигээ үхэр сүрэг рүүгээ шуудхан л бууны ам шагайлгах болов уу. Харамсалтай нь үгүй. Буянт мал минь хөөрхий гэж нэг хойш алхана. Тэгж байгаад л болъё доо гэж нэг хойш тавина. Бүр шаардаад болохгүй бол яана гэж бодно. Бараг та ч гадарласан байх. 37 мянган үхрийн толгойны яс лав тушаахгүй. Үхрийн толгойны яс байж болох газар бүрээс өнөө ясаа цуглуулна. Үхрийн толгойны биш ясыг ч түүхээ төвдөхгүй. Овоон дээр тавьсан адууны толгойны ясыг үхрийн яс гэж итгүүлээд дундуур нь шургуулахаа хэн нэгнээр заалгахгүй. Жижиг үхрийн толгой юмаа гээд хонины толгой цуглуулж ч мэднэ. Монголчуудын натур нь ийм. Натураар нь харвал хэзээ ч 37 мянган үхрийн ясыг оригоор нь оросуудад тушаахгүй. Гэсэн хэрнээ гэгээрсэн, мэдлэгийн туйлд хүрсэн, Чингэсийн алтан ураг, орчлонг оюунаар харсан 37 мянган хүнийхээ ориг толгойг аваачаад тушаачихсан л улс.

Ингээд бодохоор бид ямар үндэстэн юм бэ дээ. Юм хийж бүтээдэггүй, устгах, хорсохдоо цэнхэр гаригийн аль ч үндэстэнг дагуулахгүй, аймаар гэдэг үг багадахаар үндэстэн болж таарч байна. Хатуу ч гэлээ үнэн гэж энэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Ангар: Хөрөнгийн зах зээлээс 10 их наяд төгрөг босгох боломж бий

Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.

-Сүүлийн үед компаниуд бонд гаргахад нээлттэй, даатгалын компаниудтай
хамтраад ажиллавал дажгүй мөнгө босгох боломжтой гэж ирээд ярьдаг боллоо. Компаниуд
бонд гаргах боломж жинхэнэ утгаараа нээгдсэн үү?

-Компанийн бонд гэж ирээд ярихаар бидэнд шинэ юм шиг сонсогдоод байна
л даа. Уг нь хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн эхний бүтээгдэхүүн. Хөрөнгийн
зах зээлийн үүсэл ерөөсөө бондоос улбаатай. Анх Засгийн газар бонд гаргаж байсан. Үүнийхээ дараагаар компаниуд
нь бонд гаргасан. Бондын дараа хувьцааны
арилжаа жинхэнэ утгаараа үүсдэг. Гэтэл бид 1990 онд ягаан, цэнхэр тасалбар гээд
баахан хиймэл хувьцаа үүсгэж хүн бүрт өгсөн. Сонгодог утгаар нь хөрөнгийн зах зээл,
хөрөн гийн бирж гэж үзэхэд хүндрэлтэй л дээ. Тийм учраас бид өнөөдрийг хүртэл бонд
гэдэг асуудлыг ойлгохгүй яваад байна. Бонд гэдэг бол хүн төрөлхтний урт хугацааны
хэрэглээг хангаад ирсэн зүйл. Ер нь аж ахуйн нэгжүүд урт хугацаатай, бүтээн байгуулалтын,
хөгжлийн төслүүдээ бондоор л санхүүжүүлдэг. Тоглоомын дүрэм нь тийм. Яагаад гэвэл
урт хугацаатай, бага хүүтэй санхүүжилтийг бондоор л босгож болдог. Гэтэл өнөөдөр
эдийн засаг санхүүгийн хувьд маш том гажуудалтай болчихсон. 1990 онд үүссэн гажуудал
өнөөдрийг хүртэл засагдахгүй яваад ирсэн. Тэр нь эдийн засгаа барьчихаад байна л
даа. Банкны систем дангаараа нийт санхүүгийн салбарын 95 хувийг эзэмшиж байгаа.

-Ингэхэд зүй жамаараа бол банкны салбар санхүү­гийн салбарын хичнээн
хувийг эзлэх учиртай вэ?

-Солонгорсон эдийн засгийн хувьд санхүүгийн салбарын 40 хувь нь хөрөнгийн
зах зээл, 30 хувь нь банк, 30 хувь нь банк бус бусад салбар тодруулбал даатгал,
хөрөнгө оруулалтын зөвлөх гэх мэтээр явдаг.
Гэтэл манайд 30 байх ёстой хувь нь 95 болчихоор
санхүүгийн том гажуудал болчихдог. Энэ рүүгээ
бид компаниудаа чихэж оруулаад байгаа юм. Зөвхөн банкнаас зээл авахаас аргагүй гэчихдэг.
Нэгэнт хөрөнгийн зах зээл, даатгал, бичил санхүү нь байхгүй зах зээлд банкинд хандахаас аргагүй
болчихож байна л даа. Банкнаас авдаг зээл нь богино хугацаатай, өндөр хүүтэй. Дунджаар
2-3 жил, хүү нь 20-30 хувь. Ийм зээл рүү иргэд, аж ахуйн нэгжээ чихээд оруулчихаар
улсаараа гажуудчихаж байна. Үүнийг засах ганц арга нь хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх.
Хөрөнгийн биржийн удирдлага мундагтаа хийгээд байгаа юм биш л дээ, угаасаа дэлхий
нийтийн жишиг. Санхүүгийн салбарын тулгын гурван чулуу нь хөрөн­гийн зах зээл, даатгал,
банк. Гэтэл манайх банк гэдэг нэг шон дээр дэнжигнэж бай­гаа. Унавал улсаа доош
нь унагах эрсдэлтэй. Тэгэхээр санхүүгийн салбарыг либералч лаад харьцааг нь зөв
тогтоох ёстой. Үүний тулд хөрөн гийн зах зээл нь хөгжих ёстой. Аж ахуйн нэгжүүд
маань зөвхөн банк­ны зээлээр биш, 200, 300 жилийн өмнөөс хэрэглэж ирсэн, нотлогдсон
санхүүгийн хэрэгслийг ашиглах ёстой. Энэ нь компанийн бонд.

-Компанийн бондыг хөрөнгийн зах дээр яаж гаргах вэ гэдэг мөн л шинэ
асуудал гэж бодож байна?

-Бонд гаргана гэдэг хүнээс мөнгийг нь зээлж байгаатай л агаар нэг.
Таны гаргасан бондыг би худалдаж аваад оронд нь мөнгөө өгнө. Та миний өгсөн мөнгийг
арви­жуулаад буцааж өгөх учиртай. Тэгэхээр би таны зээлжих зэрэглэлийг тогтооно
гэсэн үг. Олон улсад бол зээлжих зэрэглэлийн ком паниуд үүсчихсэн. ”Стандарт энд
пүүрс”, “Мүүдис”, “Фитч” гээд гур ван том компани бий. Тэд бонд гаргаж байгаа компаниудыг
судлаад зэрэг­лэл тогтоогоод өгчихдөг юм. AAА, АА, А ч гэдэг юм уу, ВВВ, ВВ, В гэх
мэтээр. Хөрөнгө оруулагчид таныг судлах шаардлагагүйгээр
эдний үнэлгээг хардаг. AAA бол эрсдэлгүй
юм байна, таван хувьтай өгчихье гэнэ. С ангилалтай бол эрсдэлтэй юм байна, 10 хувиар мөнгө зээлье
гэсэн шийдвэр гаргачихдаг. Ингэж хүүгээ тогтоодог. Манай улсын хувьд санхүүгийн
систем нь хөгжөөгүй учраас зээлжих зэрэглэл тогтоодог функц нь дотооддоо байхгүй. Гадны том байгууллагуудын
хөлсийг дотоодын компаниуд нь дийлдэггүй. Засгийн газрын хувьд тэднээр зэрэглэлээ тогтоолгочихож байна л даа.
Тийм учраас бид хөрөнгийн зах зээлийнхээ хөгжлийн үе шаттай уялдуулаад орлуулах
бүтээгдэхүүн гаргаж ирсэн. Даатгалтай уяад өгчихөж байгаа. Хөрөнгө оруулагч бүр
санхүүч байх албагүй. Хэрэглээнээсээ илүү гарсан мөнгөөр бонд гаргаж хүүг нь авч
болно. Зээлжих зэрэглэл байхгүй учраас тэрийг нь даатгалын компаниудаар оруулаад
даатгаад өгчихөж байгаа хэрэг л дээ. Энэ хүн мөнгөө төлж чадахгүй бол даатгалын
компани өмнөөс нь үндсэн болон хүүгийн төл­бөрийг хийнэ гэчихэж байгаа юм.

-Тэгэхээр даатгалын ком­паниуд зээлжих зэрэглэл тогтоодог компаниудын
үүргийг өөр дээрээ авчихаж байгаа юм байна. Ингэж ойлгож болох уу?

-Зарим талаар тэгж ойлгож болно. Бид өнгөрсөн долоо хоногт Даатгалын
холбоотой хамтраад даатгагдсан бонд гэдэг асуудлыг ярьсан. Энэ бол зөвхөн гарах
нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа юм.

-Компаниуд хэр сонир­хож байна?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд сонирхол нь өндөр байна. Ямар бүтээгдэхүүн
гараад ирэв, бид яаж оролцвол боломжтой вэ гэж асууж эхэллээ.

-Тэгээд хамгийн боломж­той салбар нь тодорхой болж байна уу?

-Хамгийн боломжтой нь барилгын салбар байна. Өнөөдөр (өчигдөр) гэхэд
л Барилга хот байгуулалтын сайдтай санамж бичигт гарын үсэг зурлаа. Барилгын компаниудын
хувьд заавал даатгалтай байх албагүй. Үндэсний хэмжээний хүлээн зөвшөөрөгдсөн компани
бол даатгал төлж нэг, хоёр хувийн зардал гаргахгүй байж болно. Хөрөнгө оруулагч
нь хүлээн зөвшөөрвөл асуудалгүй. Барилгын компаниудын бонд гаргах асуудлыг нээгээд
өгчихөж байгаа хэрэг.

-Ойрын хугацаанд бонд гаргахаар компани байна уу?

-Ойрын нэг сарын хугацаанд нэг компани бонд гаргах нь тодорхой болсон.
Энэ жилдээ багтаж дахиад гурваас таван компани бонд гаргах асуудал яригдаж байна.
Гэхдээ ганц барилга биш л дээ.

-Хамгийн ихдээ хэчнээн төгрөгийн бонд гаргах боломж компаниудад байна?

-Арав орчим тэрбум төгрөгөөр үнэлэгдэх бонд гаргахаар ярьж буй компани
ч байна. Дажгүй явчихаар ажил гэж харагдаж байгаа. Яагаад гэхээр хөрөнгийн зах зээл
дээр боломж бий.

-Хөрөнгийн зах зээлээс нийт хичнээн төгрөг босгох боломж бий гэж
та харж байгаа вэ?

-Хөрөнгийн зах зээл дэх нийт эх үүсвэрийг 10 их наяд төгрөг гэж харж
байгаа. Төсөл рүү оролцох бололцоотой 3-5 их наяд төгрөгийн боломж бий. Үүнийг татах
өртөг нь хэд байх вэ гэсэн асуудал гарна. Санхүүжилтийн дундаж өртөг нь 12 хувийн
хүүтэй. Энэ өртөг банкаар дамжихаар өөр. Эцсийн хэрэглэгч хүртэл ашиг нь нэмэгдээд
25-30 болчихож байгаа юм. Бонд гаргавал банкаар дамжихгүй. 12 хувийн эх үүсвэртэй
шууд холбогддог. Дунд нь брокерийн шимтгэл гээд 0.01 хувь, даатгалын хураамж нэг
хувь ч юм уу бий. Гэхдээ л 13 хувиас хэтрэхгүй. Тэгэхээр компаниудаар 13 хувийн
хүүтэй, богино, дунд, урт хугацаатай бонд гаргах боломж нь нээлттэй гэсэн үг. Энэ
нь бас нотлогдсон. Саяхан Засгийн газрын үнэт цаасны арилжаа маш амжилттай болсон.
Засгийн газрын үнэт цаасны арилжаа аль ч улсын хувьд эрсдэлгүй учраас эрэлт өндөртэй
байдаг. Гэтэл өнгөрсөн жил намайг ажлаа авахад зарагддаггүй, дөрөвхөн банк авч ядсан,
хүү нь байнга өссөн дүр зурагтай байсан. Хөрөнгийн бирж арилжаанд ороод ирэхээр
эрэлт нь нэмэгдчихэж байгаа юм. Зохиомлоор
өсгөөд байсан болов уу гэсэн сэрдэлт бий. Засгийн газрын үнэт цаас өнгөрсөн оны
арваннэгдүгээр сард орж ирсэн. Тэр цагаас хойш хүү тогтмол буурсан. Бодитойгоор
хоёр хувиар буурчихаад байна. Цаашдаа ч буурна гэсэн үг.

-Анх 16 хувиар гарсан гэхээр 14 хувь болсон гэсэн үг үү?

-Тийм. Уг нь намайг анх ажил авахад есөн хувь байсан юм. Эргээд есөн
хувь руу орох боломжтой. Дөрөвхөн сарын дотор 16 хувь болж өсч байсан. Иргэд, компаниудад
шууд хамааралгүй учраас тоогоогүй. Гэтэл цаад утгаараа аж ахуйн нэгжүүдийн бонд гаргах боломжийг хаачихаж
байгаа юм.

-Засгийн газрын үнэт цаасны хувь ес рүү ороход ямар боломж нээгдэх
вэ?

-Компаниуд 11 юмуу 12 хувиар санхүүжилт босгох боломж нээгдэж байгаа
юм.

-Засгийн газрын үнэт цаасны хүү хэзээ ингэж буурах боломжтой вэ?

-Мэдээж хүчээр бууруулна гэж байхгүй. Зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлтийн
зарчмаар буурна. Өмнө нь дөрөвхөн банк аваад ямар ч хяналтгүй өсч байсан. Одоо хүн
бүр орох эрхтэй болсон. Мэдээлэл нь ил тод. Тэгэхээр шууд өсгөх боломжгүй болсон.
Тийм учраас буураад байна л даа. Сүүлдээ буурахаас гадна бонд олдохоо болилоо.

-Тэгэхээр Засгийн газрын бондын арилжаа эрэлттэй болжээ. Сүүлийн
арилжаа гэхэд ямар байв?

-Сүүлийн дөрөв, таван арилжаан дээр Хөрөнгийн бирж дээр 200 тэрбум
төг­рөгийн захиалга ирлээ. 70 тэрбумд нь л нийлүүлэлт хийлээ. Тэгэхээр 130-150 тэрбум
төгрөгийн эрэлт байна. Энэ хэмжээний бэлэн мөнгө байгаа гэсэн үг.

-Цаашдаа хичнээн төг­рөгийн эрэлт байна гэж та харж байгаа вэ?

-Таван их наяд.

-Тэгэхээр Засгийн газрын бонд эрэлтээ дийлэхгүй байгаа юм чинь компани
бонд гаргавал зах зээл байгаа гэсэн үг үү?

-Зах зээл шингээгээд авчихна.

-Манай даатгалын компа­ниуд баталгаа өгч байна гэхээр нэлээд боломжийн
болжээ дээ?

-Даатгалын компаниудын хувьд хөгжлийн шат нь Хөрөнгийн биржтэйгээ
адил шатанд яваа. Банк 95 хувиар давамгайлсан. Үлдсэн таван хувийг нь бид хувааж байгаа. Мэдээж шууд
том хөрөнгө оруулалт боломжгүй. Эхний ээлжинд 500 сая, нэг тэрбум гээд үе шаттайгаар
нэмэгдэнэ. Даатгалтай 10 тэрбумын бонд гаргах болоогүй. Тэрбумаар эхэлж таарна.
Бонд эргэж төлөгдөөд итгэл үүсвэл 80 хувьд нь даатгаад явах боломжтой. Ингээд бодохоор зах зээл дээр зөвхөн бондоор
500 тэрбумаас нэг их наяд төгрөгийн бонд гаргах өргөн боломж бий гэж харж байгаа.
Цаашлаад таван их наяд. Санхүүжилтийн эх үүсвэр банкны хадгаламжийн хүүтэй тэнцэнэ.
Одоо банкны хадгаламжийн хүү дунджаар 12 байгаа. Цаашдаа буурна.

-Яагаад буурна гэж?

-Банкууд 12-15 хувийн хүүг өгч чадаж байгаа нь цаанаа учиртай. Нөгөө талдаа Засгийн газраас 16 хувийн
хүү авчихаж байгаа юм. Засгийн газрын хүү буурвал хадгаламжийн хүүгээ өгч чадахаа
болино. Хадгаламжийн хүү өндөр байгаа нь нэг талд иргэдэд ашигтай. Нөгөө талдаа
эдийн зас гаа боомилж бай-гаа хэрэг. Хожиж байгаа нь ганц хан банк. Засгийн газрын
үнэт цаасны хүү болом­жит хэмжээндээ очвол банкууд хадгаламжийнхаа хүүг бууруулна.
Ингэснээр аж ахуйн нэгжийн санхүүжилт авах өртөг нь буурч байгаа юм.

-Нээрээ л компаниудын толгойн өвчин нь санхүүжилт шүү?

-Яг тийм, санхүүжилт нь олдлоо гэхэд өндөр хүүтэй, богино хугацаатай.
Бөөн юм болж зээл авдаг. Эхний жилээсээ л хүүгийн төлбөр, хоёр дахь жилээс үндсэн
төлбөр нэхэгдэж, гурав дахь жилээс төлж чадахаа больдог. Өнөөдөр гэхэд л банкны
системд муу зээл толгойны өвчин болж эхэлж байна. Аж ахуйн нэгж, эдийн засаг муудаа
биш. Сайн аж ахуйн нэгжүүдийг муу зээл рүү шахаад оруулчихаар хэцүү байдал үүсчихэж
байгаа юм.

-Мөнгөтэй иргэдийн хувьд найдвартай гэсэн компанийнхаа бондыг худалдаж
авах боломжтой болж байгаа юм байна?

-Тэгэх бүрэн боломжтой. Тодорхой хугацааны дараа хүүг нь компани
төлнө гэсэн үг. Хадгаламжтай адилхан. Засгийн
газрын зээл дунджаар 15 хувийн хүүтэй байгаа. Компани хоёр хувийн нэмэлт хүү өгч
байж таныг татна. Засгийн газрын өнөөдрийн хүү хөөсөрсөн, байж боломгүй хүү. Засгийн
газрын хүү нь нэг оронтой тоо буюу есөн хувь руу орж байж аж ахуйн нэгж хоёр хувиа нэмээд 11 хувиар бонд
гаргах боломжтой. Одоо бол Засгийн газар 15, аж ахуйн нэгж 17 хувиар гаргаж болно. Цаашдаа жамаараа аль аль
нь буураад явна.

Categories
мэдээ цаг-үе

Н.Жанцанноров: Нүүдэлчний уламжлалт сэтгэлгээтэйгээ Ерөнхийлөгчийн засаглал руу явбал хүндрэлтэй

Төрийн хошой шаг­налт, Ардын жүжигчин Н.Жан­цанноровтой ярилцлаа.

-Зах зээл жамаараа хөгжинө гэх хүмүүс цөөнгүй байдаг. Таны хувьд жамд даатгаад явах ёстой юу, эсвэл…?

-Дэлхий ингээд л яваад орсон, зах зээл жамаараа болно гэх юм. Төртэй, тусгаар улс жамаараа болохыг хүлээгээд сууж таарахгүй. Замд нь оруулж өгөх юмыг хийх ёстой. Мэдээлэлтэй, мэдлэггүй бүхэл бүтэн үе бий боллоо л доо. Харам­салтай санагддаг. Ерөнхий мэдээллийн сан нь гайгүй хэрнээ мэдлэгийн сан тун бага. Хөдөөний айл бол мэдээ­лэл, мэдлэг хоёр нь цугтаа. Хөдөөний хүүхэдмэдээл­лээ авч, мэдлэгээ бий болгож, тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлээд явчихдаг. Гэтэл хотынхон эсрэгээрээ. Хөдөө очоод хүүхдэдээ уурган дээгүүр гишгэж болохгүй, овоон дээр гурван чулуу тавих ёстой гэдэг. Яагаад гэж асуухаар хариулж мэд­дэг­гүй. Адаглаад гурван чу­луу тавьдгийн учрыг тэн­гэр, газар, миний хишиг гээд тайл­барлачихмаар санагддаг. Соёлын мэдлэггүй, философийн баримжаагүй л байгаагийн илрэл.

-Хятадууд гэхэд Күнз гэж айхтар гүн ухаанчийг чигээ болгоод хөгжсөн гэж ярьдаг. Таны яриаг сонсохоор бид философигүй улс болж таарах нь ээ?

-Нүүдлийн соёлын хувьд бичгээр юм бага дамждаг учраас философи нь муу системчлэгд­сэн юм шиг. Нэг бол марксизм, ленинизм, эсвэл Нагаржунайг барьж үзээд аль ч үгүй болсон тал бий. Гэхдээ миний хувьд ардын зүйр цэцэн үг бол тэр чигээ­рээ философийн систем. Бид л системчлэхгүй байгаа болохоос. Сонин зүйр үг их бий. Айлаас эрэхээр авдраа уудал ч гэх шиг. Өнөөдөр ид ярьж байгаа өөрийгөө нээж, өөр рүүгээ хандаж байж бүхнийг олно гэсэнтэй агаар нэг зүйлийг хэдхэн үгээр хэлчихсэн байх жишээний. Зүйр үгсээ Кант, Гегель, Күнз, Нагаржунайтай дүйлгэж үзмээр санагддаг. Бидний хүч хүрэхгүй юм. Хоёрдугаарт нийгмийг авч явж байгаа хөтлөгч хүч нь бидний бодож байгаатай ам нийлж өгөхгүй юм. Тэр нь хүч хүрэхгүйгээсээ долоон дор.

-Ойлгосонгүй, хөтлөгч хүч гэдэг нь…?

-Нэг энгийн жишээ хэлье. Наадам, цагаан сараар манай ҮАБЗ-ийн гишүүд, УИХ-ын гишүүд атганд багтахгүй цагаан хөөрөг барьж, жигтэй­хэн булга, суусар, үнэг болсон малгай өмсөж, арай л барын арьсаар хийгээгүй байлтай сүрлэг дээлээр гоёж, гурван том ширээ засаад золгоод байдаг. Наадмаар болохоор алдарт уяач тэр, тэр гээд малгайдаа морины алтан тол­гой­той нөхөд яваад байдаг. Хүннү­гийн дээл гэж үнэн худал нь мэдэгдэхгүй юмаар гангарцгаагаад. Гэтэл тэнд, долоон буудалд төлгөний ууц олдохгүй нэг нөхөр тэвдэж суугаа шүү дээ. Өөрсдөө ийм хэрнээ“Жанцанноров гуай ард түмнээ соён гэгээрүүл” гээд байгаад л хамаг учир байгаа юм. Уг нь ядаж Күнзийг барьж байвал ёс зүй гэж айхтар юм бий. Би УИХ-ын гишүүн байсан ухаантай. Солонгос, Монголын парламентын бүл­гийн даргаар ажиллаж байсан юм. Солонгосын парламентын гишүүний эрх хязгаартай. Дундаж орлоготой хүний өмсдөг костюмаас илүү үнэтэйг өмсөх эрхгүй, алтан бөгж зүүх ёсгүй, цагных нь үнийн дээд хэмжээ хязгаартай, ярьж хэлдэггүй үгнүүдийнх нь бүхэл бүтэн урт жагсаалттай гэх мэт их л юм байдаг шиг санагддаг. Гэтэл манайд юу билээ. Дээр л гарвал бүх­нээс дээр, баян, чадалтай харагдахыг хичээдэг ч юм уу. Тэгэхээр миний хэрэггүй болчихож байгаа юм. Дарга нараа дуурайгаад баяжаарай гэлтэй биш. Дарга нар ийм байдаг юм, та нар хохь чинь гэх үү.

-Тэгэхээр гавьтай хөгжиж өгөхгүй байгаа шалтгаан нь дээрээ байна уу?

-Бидний дээр байгаа 76 бол дээрэмчид биш. Бид өөрс­­дөө сонгосон учраас ямар ч арга­гүй. Эд урвагчид биш. Эдэн дунд Монголоо боддоггүй хүн байхгүй. Тэгээд яагаад болохгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ л дээ. Бидний үндэсний үзэл санаа эцэстээ тултал сийрэгжжээ. Үзэл санааны нягтрал руу явахгүй бол Монгол тус­гаар байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч болно. Хүн бүр Их Монгол Улсаа байгуулчихвал Чингис хаан шиг удирдагчтай болоод сүйдлэхсэн гэж бодож байгаа. Тэгсэн хэрнээ Галдан бошигт, Өндөр гэгээнийг ярихаар хоёр тийшээ хараад суучихдаг. 300-гаадхан жилийн өмнөх хоёр том зүтгэлтнээ ярихаар шүү дээ. Халхууд нь “Тэр Галдан чинь Түвдийн түлхээсээр хал­хуудыг хядсан” гэнэ. Ойрадууд нь “Галдан Монголыг нэгтгэж хүчтэй улс болгох гэж байхад Өндөр гэгээн Манжид дагаар орсон урвагч” гэнэ. Өндөр гэгээн, Галдан бошигт хоёроо эвлүүлж чадахгүй байгаа улс хэзээ Их Монгол Улсаа нэгтгэх билээ. Тэгэхээр төр эв нэгдэл гэж лоозогнож, ямар нэг зүйлийг шийдэхээсээилүүгээр үлгэрлэх учиртай. Түшээд нь ёс суртахуунтай, явдал нь цагаан байж төр гэдэг юмыг хүндлэх тухай, төр байгаа тухай ярина. Намууд нь фракц болоод задарчихсан, бүлгүүдийн эрх ашиг л нэгдүгээрт тавигдаад байхаар Монгол нэгдэх тухай яри­хад эрт. Хятад руу үхрийн мах гаргана гэж яриад байна. Манайх гурван сая 400 мянган үхэртэй. Нэг үхрийг амьдын жингээр 200 кг гэж үзвэл Хятадын хүн амыг есхөн хоног тэжээнэ. Бодмоор юм байгаа биз.Ийм тэнцвэргүй юман дээр тийм замбараагүй үйлдлийг хамаагүй хийдэггүй.

-УИХ, Засгийн газар зарим шийдвэрээ бодло­гогүй гаргадаг тал ч илт анзаарагддаг шүү. Таныхаар шалт­­гаан нь юундаа байна?

-Сайнаар хэлбэл бүх асуудлыг эдийн засгийн өнц­гөөр харж байна. Муу­гаар хэлбэл төсвөө хэр­хэн бүрдүүлэх вэ, том алдаг­далгүйгээр яаж гарах вэ гэдэгтээ тохируулж хууль хийгээд байна. Эдийн засгийн өнцгөөс нь хараад тусгаар тогтнол аюулгүй байдал, стра­теги талаас нь харж чадахаа больчихож байгаа юм.

-Ерөнхийлөгчийн засаг­лалтай болчихвол өнөөд­рийн асуудлууд цэгцрээд ирнэ гэсэн байр суурь сонсогддог. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Нүүдэлчний уламжлалт сэтгэлгээтэйгээ Ерөнхий­лөгчийн засаглал руу явбал хүндрэлтэй байх. Эсвэл Назар­баев шиг явна. Нэг бол үргэлж хөдөлгөөн гарна. Өөрөөр хэлбэл диктатурын маягаар хүчилж болох арга бий. Ардчилсан замаар явна гэвэл Ерөнхийлөгчөө ойр ойрхон солихоос аргагүйд хүрнэ. Манайхны сэтгэл зүй их өөр. Назарбаевын замаар явъя гэхээр цөөхөн хүн амтай учраас хэцүү. Надаас өрсөөд гадны хүн баяжчих эрсдэл өндөр. Казахстаны хувьд хүн ам олонтой учраас иргэд нь баяжиж болоод байгаа юм.

-ҮАБЗ УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд халдах нь зохисгүй хэрэг гэж ирээд шүүмжлэх хүн олон байна. ҮАБЗ уг нь таны яриад байгаа тусгаар тогтнол энэ тэр гэсэн илүү том асуудалд хараагаа чиглүүлэх учиртай санагдах юм…?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сул байх шиг санагддаг. Уг нь төрийн албан хаагчид тогтвортой байх үед айдас бага байсан. Одоо төрийн албан хаагчид тогтворгүй болсон учраас ямар ч баримжаагүй болчихсон. Намууд л гурав, дөрөвхөн жилийнхээ юмыг хийж байна. Аль нам нь ч ялгаагүй. Нэг нь гараад ирэхээр нөгөөхийнхөө тавьсан бүх хүнийг халчихдаг. Юмаа мэдсэн институци байхгүй болж хувирсан.Миний хувьд Ерөнхийлөгчийн институци дээр асуудал байх шиг. Манайх шиг ардчилсан улсад Ерөнхий сайд, УИХ-ын дарга солигдож болно. Ерөнхийлөгч хамаагүй солигдохгүй юм л даа. ҮАБЗ-ийн гишүүд нэг намаас байж болно. Өөр намаас ч байж болно. Гуч дөнгөж гарч байгаа залуу Ерөнхий сайдаар томилогдох боломжтой. Тэгэхээр хаана нөгөө хар хайрцаг нь байна вэ. Манайхан хар хайрцаг гэхээр Ерөнхийлөгчийн өрөөний буланд цоожтой юм бий мэттөсөөлдөг. Тэнд юу ч байхгүй. Төрийн уламжлалын л асуудал байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч “Би энэ намын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч болно” гэж хэлээд гарч ирдэг. Харин Ерөнхийлөгч болсон өдөртөө намаас татгалзаж Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болно гэж бүгд хэлдэг. Хуулиараа тийм.Гэтэл бид мэдсээр байгаад нэг алдаа хийсэн. П.Очирбатын дараа Н.Багабанди гарч ирэхдээ бүх зөвлөхийг нь халж намынхаа ажилтнуудаа зөвлөхөөр тавьсан. Тэнд намын үүр байгуулчихаж байгаа хэрэг. Наана нь бид эв нэгдлийн бэлгэдэл, манай Ерөнхийлөгч нам бус гэж харж байгаа ч аппарат нь тэр чигээрээ нам. Н.Багабандийг дуусахаар Н.Энхбаяр дэмж­дэг улстөрчдөө авчраад тавь­чихаж байгаа юм. Ц.Элбэг­дорж гарч ирээд Н.Энх­баярын хүмүүсийг халаад өөрийнхөө намын улс төрийн зүтгэлтнүүдийг авчраад тавьчихсан. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн бүтэц бүрэл­дэхүүн тогтвортой байх тусам хар хайрцагны тухай ярьж болно.

-Таныхаар зөвлөхүүд улс төрөөс хараат байж төр хар хайрцагны бодлоготой байх нь ээ?

-Яг тийм. Ерөнхийлөгчийн зөвлөх аппарат ямар ч Ерөн­хийлөгч ирсэн солигд­мооргүй байгаа юм. Салбар бүрийн мундагчуулыг баг­таа­сан Ерөнхийлөгчийн зөв­лөхүүдийн танхим гэж байвал үр дүнтэй. Бид “Мандухай сэцэн хатан” кинон дээр Сатай сайдын дүрээр төрийн тэр уламжлалыг гаргах гэж оролдсон. Сатай “Хаан та болгооно биз дээ” л гэдэг. Та заавал тэгэх ёстой гэхгүй ч Сатай сайдын үгийг хаан дагах учиртай гэж толгой дохинсонсдог. Энэ уламжлалыг сэр­гээвэл бид идеалтай бол­но. Ю.Цэдэнбалын үед ч Улс төрийн товчооны гишүүд гээд салбар бүрээ доторлож, гадарласан есөн хүн ажилладаг байлаа. Дарга санал гаргаж, судлахыг даал­гана, өнөөдүүл нь чиглэл бүрээрээ судлаад шийдвэр гар­гахад нь нөлөөлдөг бай­сан. Чингис ч ялгаагүй. “Тэнгэр надад зарлигдав” гээд шийдвэрээ гаргадаг байсан. Хүмүүс тэнгэр хэлжээ л гэж ойлгодог. Би худлаа гэж бодож байгаа. Тэгвэл яагаад есөн өрлөг гэж дэргэдээ суулгасан юм. Цусан төрөл биш. Ясан төрөл биш. Ийм хүмүүс л асуудлыг шийдэж чадна. Есөн өрлөг тэглээ гэвэл хүчгүй сонсогдоно. Тэгэхээр тэр үед бид мөнх тэнгэр гэсэн идеалтай байж. Бидэнд одоо идеал хэрэгтэй байна.

-Иргэн бүр баян болно ч гэдэг юм уу, сонгосон нийгмээсээ хамаарсан идеал байгаа юм биш үү?

-Баян амьдаръя гэж байгаа. Гэхдээ яах гэж баян амьдрах гээд байгаа нь ойлгомжгүй. Сүүлийн хэдэн жил бид хэрэглээ гэдэг зүйлийг идеал руу аваачсан байна. Энэ тохиолдолд идеал маань мөнгө болж хувир­на. Идеал нь мөнгө болж хувирсан цагт үндэстэнёс зүй, уламжлалаа барьж, бусадтай харилцаж чадахгүй. Бүх юмыг мөнгөөр хэмжээд, хэрэглээг хэт шүтээд ирэхээр сайн сайхны тухай ойлголт алга болдог. Тэгэхээр ёс зүйн мухардалд орно. Үндэсний үзэл санааны нягтрал хэрэгтэй гээд байгаагийн учир энэ л дээ. Заавал хэлмээр нэг зүйл бий. Ардчилал, эрх чөлөөг дураараа дургих гэдгээс салгаж ойлгох ёстой. Тэр цаг нь ирсэн. Эрх чөлөө гэдэг дураараа дургихтай ямар ч холбоогүй зүйл. Бид олуулаа амьдаръя гэж байгаа бол олонхийнхоо эрх ашигт нийцүүлж амьдрах ёстой. Ингэхийн тулд албадахаас аргагүй. Гэхдээ хүч хэрэглэхгүй.

-Яана гэсэн үг вэ, эхлээд сонссон хүн бол эрх зөрчсөн эсэргүү юм ярилаа л гэх байх?

-Энэ бол хувь хүний эрх чөлөөтэй огт хамаагүй зүйл. Хамтаараа амьдрах гэж байгаа бол тохирсон тоглоомоороо л тоглоно. Тоглож чадаагүйгээ албадахаас аргагүй. Мэдээж буу тулгаж хүч хэрэглэхгүй. Өдөрт хоёр хүн автын ослоор үхэж байх ямар албатай гэж. Жилд 720 хүн. Ингээд яваад байх уу. Одоо зогсох ёстой. Явган хүний гарцаар яваагүй хүнийг торгоод байх хэрэгтэй. Намайг Багшийн сургуульд сурч байхад зүлгэн дээр гишгэлээ гээд таван төгрөгөөр торгож байсан юм. Бүр хайр найргүй торгодог байсан. Тэгэхээр жил бүр 700 хүнээ дайрч алахгүйн тулд хүн бүрийг торгох хэрэгтэй. Яг гарцаараа гардагболтол нь цагдаа нарыг өдөр шөнөгүй жижүүрлүүл. Мөнгөгүйг нь ажил хийлгэх боломж байна. Хог цэвэрлэхээс эхлээд өчнөөн ажил байна шүү дээ цаана чинь.

Categories
мэдээ цаг-үе

БРИКС бол ирээдүйд G-5 болох том амбицтай санхүүгийн нэгдэл

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажил­тан, доктор (Ph.D) Д.Базардоржтой ярилцлаа.

-БРИКС бол ид хүчир­хэгжиж байгаа, их хорийн шийдвэрт нөлөөлөхүйц байгууллага гэх мэтээр ярьдаг. Судлаачийн хувьд БРИКС-ийг цөөн үгээр то­дор­хойлооч?

-БРИКС бол 2009 онд анх байгуулагдсан, таван гишүүнтэй нэгдэл. G-20 гэдэг шиг ирээдүйд G-5 болох том амбицтай байгууллага. Анх ОХУ, БНХАУ, Энэтхэг, Бразил гэсэн дөрвөн улс нэгд­сэн. Бүгд л хөгжиж байгаа улс. Тэгсэн хэрнээ хүрээ зан­гараг нь дэлхийн хэмжээнд нөлөөлөхүйц орнууд. Бараг бүх тивийг дамнасан улсын төлөөлөл энэ байгууллагад бий. Сүүлд ӨАБНУ нэгдэж орсон. Хэдийгээр нөгөө ул­сууд­тайгаа харьцуулахад зүйл зүйлээр дутуу, хүчин чадал нь сул ч гэсэн Африк тивдээ бол нөлөөтэй том улс. Хөгжиж байгаа том гүрнүүдийн сан­хүүгийн чиглэлээр хам­тарсан байгууллага л даа. Ноднин Бразилд болсон хөл бөмбөгийн ДАШТ-ий үеэр БРИКС-ын улсуудын төрийн тэргүүн нарын уулзалт болсон юм. Тэр үеэс үйл ажиллагааны том эргэлт гарсан гэж хараад байгаа юм. Хоёрдугаар дайны дараагаас дэлхийн санхүүгийн тог­толцоонд ноёлж ирсэн, дэлхийн санхүүгийн бодлогыг тодорхойлдог хэдэн гол бай­гууллага бий. Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Европын сэргээн босголт хөгж­лийн банк зэрэг бай­гууллагын ноёлол, үйл ажил­лагаатай өрсөлдөх зорилгоор байгуулагдсан, өөрийн гэ­сэн өнгө төрхтэй, дэлхийн хэмжээний шинэ санхүүгийн байгууллага.

-Бразилийн уулзалтаар ши­нэ банк байгуулсан байх аа?

-Зургаа дахь удаагийнх нь уулзалт л даа. Энэ үеэр байгуулсан БРИКС-ийн хөгж­лийн шинэ банкны Удирдах зөвлөлийн гишүүдэд нь гишүүн та­ван орны төлөөлөл орж бай­гаа. Удирдах зөвлөлөөс томилсон банкны ерөнхийлөгч гэж бий. Механизм нь тодор­хой болчихсон гэсэн үг. Төв нь Шанхайд бий. Гэхдээ чухам юу хийх вэ, хэтийн зорилго нь ямар вэ гэдэг нь одоогоор тодорхойгүй байгаа. Энэ асууд­лыг ирэх сард болох Уфагийн уулзалтын үеэр ярих болов уу. Уфагийн уулзалтын үеэр БРИКС гэдэг эдийн засаг, сан­хүүгийн том байгууллага хэтийн арван жилийн төлөв­лөгөөгөө боловсруулах байх. Эдгээр улс дэлхийн хэмжээнд санхүү, эдийн засгийн талаар бие даасан дотоод дүрэмтэй механизм, шинэ хүч бий бол­гохыг зорьж байгаа.

-Өөрсдөд нь ашигтай төсөл хөтөлбөр гишүүн бус орнуудад нь хэрэгжлээ гэхэд санхүүжүүлэх сонирхол энэ байгууллагад бий юу?

-Одоогоор дүрмийнхээ дагуу гишүүн орнуудаа эн тэргүүнд тавьж байна л даа. Гишүүн орнуудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг сан­хүүжүүлэх чиглэлд анхаарч байгаа. Гэхдээ арван жилийн хөгжлийн төлөвлөгөөг баталж гар­гах үед юу яригдахыг хэ­лэхэд эрт.

-БРИКС-ийн гишүүн Орос, Хятад хоёр улсын дунд Мон­гол бий. Хоёр хөршийн дэд бүтцээр холбогдох нэг том гарц нь манай улс. Тэгэ­хээр энэ сонирхлынхоо хү­рээнд дэд бүтэц дээр санхүүжилт хийхийг хүсч мэдэх л юм…?

-БРИКС-ийн улсууд уул­залтынхаа үеэр хэтийн тө­лөвлөгөөгөө боловсруулна. Тэр нь яаж гарах, тэр зарчим, төлөвлөгөөнийх нь хүрээнд манай улс яаж оролцох бо­ломжтой нь тухайн цаг үедээ тодорхой болох байх. Улсын суурь бүтээн байгуулалтыг санхүүжүүлж болох нэг үүс­вэр байхыг үгүйсгэхгүй. Хятадын талаас “и дай, и лүй” буюу нэг бүс, нэг зам гэсэн том стратеги барьж байгаа. Оросын хувьд Евразийн бү­тээн байгуулалтын стратеги гэж бий. Энэ хоёрын тухайд баруунаасаа зүүн тийш, зүү­нээсээ баруун тийшээ уул­заж байгаа цэг нь яалт ч үгүй манай улс. Монголоор дайрсан, хоёр улсыг холбосон том бүтээн байгуулалтын асуудал зайлшгүй гарч ирж байгаа юм. Чухам үүнийг хэр­хэн яаж хийх вэ гэдэг том асуудал болоод байна л даа. Магадгүй нэг боломжит суваг нь энэ байхыг үгүйсгэхгүй. БРИКС-тэй Монгол яаж хол­богдох вэ гэдэг асуудлыг хөндөхөөр ШХАБ-ыг ярихаас аргагүй. Яг энэ өдрүүдэд ОХУ-аас гадна БНХАУ-ын Гадаад харилцааны яамны эдийн засгийн хэлтэс, Хөгжил шинэчлэлтийн хорооноос тө­лөөлөл ирчихсэн манай улсад ажиллаж байна. Гурван талт уулзалт хийж байгаа. БРИКС, ШХАБ-ын уулзалт, энэ үеэр болох Монгол, Орос, Хятад улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр хэлэлцэгдэх, яригдах асуудлын бэлтгэл ажлын хүрээнд ирсэн юм. Өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлж, ярьж байна.

-Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын үеэр ямар асуудал яригдах бол, эдийн засгийн чигийн яриа хөөрөө өрнөх болов уу?

-ШХАБ-ын хувьд манай улсыг гишүүнээр элсээч гэж байгаа. Энэ асуудлыг сөхөж ярьж таарна. Өнөөгийн хувьд ажиглагч гэсэн статусаа хад­галах нь зөв болов уу гэж харж бай­на. Пакистан, Энэтхэг, Иран гэсэн гурван улсыг ги­шүүнээр элсүүлэх байх. Монгол гуравдагч хөршийн бодлого хэрэгжүүлдэг. Хоёр орны түвшинд тэнцвэртэй бодлого явуулах гэсэн бодлого маань хоёр том хөршийн хувьд эм­зэг асуудал болдог. Гэтэл Хятадын талаас дэвшүүлж буй “нэг зам, нэг бэхлэлт”, Оросын талаас дэвшүүлж байгаа бүтээн байгуулалтын хүрээнд харахаар гурван ул­сыг дамнасан эдийн засгийн том коридор хонгилууд бий болгочихсон. Энэ аварга бүтээн байгуулалтыг яаж өр­нүүлэх, хэр хугацаанд хэрэгжиж дуусах нь ШХАБ-ын гишүүн болох эсэхээс ха­маа­рах юм. Энэ л Монголыг ШХАБ-д элсүүлэх том шахаас болж байгаа. Манайх одоогийн статусаа хадгалаад үлдлээ гэхэд гурван улсыг холбосон энэ том бүтээн байгуулалт яах вэ гэсэн асуудал бий. Шууд ийм тийм, ингэнэ, тэгнэ гэж ярихад хэцүү л дээ. Бид хөгжих ёстой. Орос, Хятадын завсар, гуравдагч улсаас бүрэн хасагдаж, хоёр их хөршөө холбосон хэмжээнд хөгжөөд явах уу гэдэг асуудал бидний өмнө тулгарчихаад байгаа. Өнөө маргаашийн хувьд эдийн засгийн асар их ач холбогдолтой байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ хожимдоо гарч ирэх асуудал гэж бий.

-Аюулгүй байдал талаа­саа юу?

-Тийм. ШХАБ-ын дүрэм дэх хамгийн том заалт бол гишүүн орнуудтай харилцах харилцаа нэгдүгээрт та­вигд­даг. Гишүүн бус улсуудтай харилцах харилцаа маань хязгаарлагдана гэсэн үг. Аме­рик, Япон, Европын хол­боотой яах вэ гэдэг асуудал сөхөгдөнө. Тэгэхээр маш тө­вөгтэй, будилантай нөхцөл байдалд ШХАБ-ын уулзалт болох гэж байна. Монголд эрсдэл ч байна, боломж ч бай­гаа. Гэвч манай улс өдий хүртэл баримталж ир­сэн гуравдагч хөршийн бодлогоо хадгалаад явах нь зөв гэж харж байна. ШХАБ-д өнөөдөртөө ажиглагч статусаа хад­галаад үлдэх нь аль ч талаасаа бидэнд хэрэгтэй.

-ШХАБ-ын хэтийн зо­рилго нь тодорхойгүй, эдийн засгийн хамтын ажил­лагаа тал дээр бодитой зүйл ажиглагддаггүй учраас ажиглагч гишүүнээрээ үл­дэхээс аргагүй гэсэн байр суурь бий. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Таны асуултанд ха­риулахын тулд түүх сөхье. 1996 онд Шанхай хотод та­ван орны төрийн тэргүүн нар уулзсан юм. Тэднийг уулз­санаас хойш олон улсын харилцаанд Шанхайн тав гэ­сэн нэр томъёо гарсан л даа. Энгийнээр хэлбэл АНУ юмуу Европ тэргүүтэй дэлхийд бүрэн тоглолт хийж байгаа их гүрнүүдийг зүйл бүрээр сөрж зогсч, өөрсдийн гэсэн өнгө аястай олон талын үйл ажиллагаа явуулдаг механизмыг байгуулах гэсэн сонирхлоор нэгдсэн улсууд. Мэдээж гол гишүүд нь ОХУ, Хятад. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Киргизстан, Казахстан, Тажикстан улсууд бий. Эдгээр таван улс дээр сүүлд Узбек нэмэгдсэн. Ингээд ШХАБ байгуулагдсаныг 2001 онд зарласан байдаг. Хамтарсан тунхагт талууд гарын үсэг зурсан юм. Энэ баримт бичгийг ШХАБ-ын үйл ажиллагааны гол чиглэл гэж хэлж болно. Үүнийг манай судлаачид гурван изм гэж ярьдаг. ШХАБ гурван измыг сөрсөн үйл ажиллагаа явуулна гэдэг. Терроризм, хэт даврах буюу экстринизм, салан тусгаарлах буюу себатризмын эсрэг үйл ажиллагаа явуулдаг гэж онцолдог. Энэ байгууллагын бүтэц зургийг харахаар Монгол яах аргагүй салшгүй бүрэлдэхүүн хэсэг нь. Ажиглагч гишүүдийнх нь нэг. Уулзалт арга хэмжээ болохо зочноор оролцдог улсууд гэж бий. Яриа хэлэлцээрийн түншлэл гэж байгаа. Ийм үндсэн дөрвөн шатлалын субьектээс бүрдсэн, нийтдээ 18 улс бүс нутгийг хамарсан байгууллага. Таны хэлсэнчлэн ШХАБ-ын хэтийн зорилго, үйл ажиллагаа тодорхойгүй гэж манай улс хардаг. Измүүдийн эсрэг гэж ярьдаг ч эдийн засгийн хамтын ажиллагаа гэдэг зүйл бодитой харагддаггүй гэдэг нь үнэн. ШХАБ-ын эдийн засгийн хамтын ажиллагаа, төвлөгөө, чиг нь тодорхой болбол манай улсын байр суурь өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Сэвхнээс салах энгийн арга

Зуны халуун өдрүүдэд бүсгүйчүүдийн толгойг өвтгөдөг том асуудал бол
сэвх. Арьсыг хамгаалж байдаг меланин будагч бодис багассанаас болж сэвх үүсдэг юм
байна.

Нар, салхи, ходоод, элэг цөсний хямрал ч сэвх үүсэх шалтгаан болдог
аж. Наадмын өмнөхөн боловсорч гүйцэх гүзээлзгэнэ гэхэд л сэвхний эсрэг эрчимтэй
үйлчилгээтэй гэнэ. Учир нь гүзээлзгэнэ жимсэнд лимоны хүчил ихээр агуулагддаг байна.
Гүзээлзгэнийг сайтар бяцалж, нүүрэндээ таван минут орчим тавиад байхад л үр дүн
нь дороо мэдрэгдэнэ гэж гоо сайханч зөвлөлөө.

Нимбэгний шүүс байна. Шүүсийг нь шахаж буцалгаад халбага тараг хийхэд
л сэвхний эсрэг маск бэлэн. Хэдхэн өдөр тавихад л мэдэгдэм өөрчлөлт гарна. Бас арьсыг
чийгшүүлдэг сайн талтай.

Яншуйны шүүсийг нимбэгийн шүүстэй тэнцүү хэмжээгээр хольж нүүрээ
шавшаад үзээрэй. Үр дүнд нь эргэлзэх хэрэггүй.

Бас нэг өндөгний шар, бага зэрэг ургамлын тос, эмийн санд зардаг
жижиг шилтэй улаан өнгийн B6 витаминыг хольж
маск бэлдээд долоо хоногт хоёр удаа 20 минутын хугацаанд тавиад үзээрэй. Хоёр, гурван
сарын дараагаас хавар, зундаа асуудал болдог сэвхнээсээ салах боломжтой.

Ц.БААСАНСҮРЭН