Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Лакшми: Гадаадаас хэчнээн мөнгө босгоод дотооддоо үүссэн хүндрэлийг шийдэж чадахгүй

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Эдийн засаг таагүй хэвээр үргэлжилнэ гэсэн байр суурьтай та санал нийлэх үү?

-Эдийн засгийн нөхцөл байдал таагүй хэвээр байгаа. Эдийн засгийн орчин муудсан, гадаад орчин муудсан гэх мэт хоёр гурван шалтгаан бий. Эхний хагас жилийн байдлаар ДНБ-ий өсөлт 4.4 хувьтай гарсан. Оны эхээр нэлээд хэдэн байгууллагын дэвшүүлсэн таамгаар бол энэ жилийн ДНБ-ий өсөлт 3-5 хувь байх зураг гарсан байдаг. Ойрол­цоогоор дөрвөн хувьтай байх болов уу. Зуны хувьд жуулчлалын гол үе. Аялал жуулчлал эдийн засагт бага ч гэсэн эерэг нөлөө үзүүлэх ч өсөлт сая хэлсэн тоон дээр л хэлбэлзэх байх.

-Засгийн газар гаднаас бонд хэлбэрээр мөнгө оруулж ирэх талд анхаарч тодор­хой шийдвэрүүд гар­­гаад байна. Нэг талаас өрийн хязгаар хэтэрлээ гэсэн шүүмжлэл нөгөө талаас ингэхээс аргагүй гэх тайлбар бий…?

-Бонд нэг талаас өр л дөө. Өрийг өрөөр дарж байна гэсэн үг. Цаг хожих гэх мэт богино хугацааны төлөвлөгөө боловсруулаад яваад байх шиг. Бид гадаад зах зээлээс хэчнээн их мөнгө босгосон ч дотооддоо үүсээд буй хүндрэлийг тодорхой хөтөл­бөр хэрэгжүүлэхгүйгээр шийдэж чадахгүй. Төсвийн сахилга бат ч юм уу, тодорхой төлөвлөгөөнүүд хэрэгжүүлэх шаардлагатай.

-Яг ямар хөтөлбөр хэрэг­жүүлбэл эдийн засагт нэмэр­тэй вэ, тодорхой санал байна уу?

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд сардаа багтаагаад татвар, нийгмийн даатгал гээд бүх зүйлээ төлдөг. Хэрвээ цаг хугацаанд нь төлж чадахгүй бол өр үүсээд татварын бай­цаагч нь данс хаах эрхтэй байдаг. Компаниудын хувьд мөнгөгүй болоод л татвар хураамжаа төлж чадахгүй аргагүйддэг. Дансыг нь хаалаа гээд байхгүй мөнгийг хаанаас гаргаж төлөх билээ. Данс хаана гэдэг нь гаднаас орж ирсэн мөнгийг шууд суутгаж авна гэсэн үг. Гэтэл хэцүү байдалд орсон компанид хийхээр төлөвлөсөн зүйл байж таарна. Дансыг нь хаавал үйл ажиллагаа нь хүндэрнэ.

-Зах зээл хөгжсөн орнуу­дад татварын байцаагч нартаа данс хаах эрх өгдөг жишиг байна уу?

-Шүүхээр тогтоож шийдвэр гаргадаг болохоос татварын байцаагчдаа ийм эрх өгдөг жишиг байхгүй.

-Эдийн засаг хэцүүдсэн учраас татвар бууруулах ёстой гэсэн байр суурь сонсогддог. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Татвар буурууллаа гээд хэцүү нөхцөл байдлаас гарч чадахгүй. Манайх боломжтой татвартай орнуудын нэгд багтдаг. Татвар буурууллаа гээд компаниудын үйл ажиллагаа сэргэхгүй. Яам, агентлагуудын уялдаа холбоог сайжруулах тал дээр эрчимтэй ажил хиймээр байна. Яам, агентлагуудын хооронд бүү хэл яаман дотроо хамтарч ажиллаж чадахгүй байна л даа. Сайд нь нэг намынх, дэд сайд нь нөгөө намынх гэх мэтээр засаглалтай холбоотой асуудал эдийн засгийн хүнд байдалд нэрмээс болж байгаа. Эдийн засаг хүндэрсэн ийм үед гадаад шууд хөрөнгө оруулалтыг татах хэрэгтэй. Гадаад хөрөнгө оруулалтад тушаа болж байгаа, олон жил яригдаад шийдэлд хүрээгүй зүйл бол тогтворгүй байдал. Татвараа өөрчилнө гэдэг бас л нэг ойлгомжгүй байдал. Эдийн засаг сайжрахаар татвараа буцаагаад нэмэх үү. Сая зургаан сайдыг огцрууллаа. Мөн л буруу шийдэл. Шинэ сайд томилогдоно, баг нь өөрчлөгдөнө, бүх төсөл хөтөлбөрт тушаа үүсгэнэ. Зөвхөн бизнесийнхэн, үйл ажиллагаа явуулж буй газ­руудад биш, Монголд хэрэгжиж байгаа бүх улсын хөтөлбөрт нөлөөлнө.

-Төсөл хөтөлбөрт сөр­гөөр нөлөөлнө гэдэг дээр тодорхой жишээ хэлээч?

-Олон улсын хөтөлбөрүү­дийг 2008-2012 он хүртэл Үндэсний хөгжлийн шинэт­гэлийн хороо хариуцаж байсан. 2012 оны сонгуулийн дараа Эдийн засгийн хөгж­лийн яам хариуцсан. Энэ яам татан буугдангуут олон улсын хөтөлбөрүүд Аж үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Сангийн яам зэрэгт хамаарах болсон. Олон улсын байгууллагуудын хувьд гээд харахад л сүүлийн зургаан жилд гурав, дөрвөн байгууллагатай хамтар­сан байх жишээний. Олон улсын санхүүгийн корпораци гэхэд мэргэжлийн хяналтыг чадавхижуулж бэхжүүлэх чиглэлээр төсөл хэрэгжүүлж байгаа. 2009 оноос хөтөл­бөрөө хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хугацаанд мэргэжлийн хяналтын дарга долоон удаа солигдсон гэдэг байх шүү. Дарга нь солигдонгуут хэлтсийн дарга нар нь солигддог. Сургасан хүмүүс нь ажлаасаа гарчихаар хөтөлбөрийн үр дүнд сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой.

-Эдийн засаг таагүй үед төсөв дээр ямар бодлого барих ёстой вэ?

-Эдийн засаг сайн байх үед тэр хэмжээгээр төсвөө тэлээд явчихсан тал бий. Төсвийн алдагдал өсч байгаа. Ирэх жилээс төсвийн сахилга батыг нэлээд сайжруулах хэрэгтэй. Төсвөө дандаа тэлэх нь буруу бодлого.

-Төсвийн зардал танана гэхээр халамжаа танах гээд байдаг нь буруу гэж ярьдаг. Ер нь төсвөөс таначихаар зардал гэвэл юуг онцлох вэ?

-Бид сүүлийн жилүүдэд маш их хэмжээний халамж өгөөд хүмүүсээ дасгачихлаа л даа. Гэр бүл болсны 500 мянга, шинэ төрсөн хүүхдийн 100 гэх мэтээр өчнөөн мөнгө тараасан. Одоо өгч байгаа хүүхдийн мөнгөний хувьд байж болох юм. Манай улс нийгмийн даатгалын салбартаа өөрчлөлт хийж чадаагүй. Албан бус секторт байгаа хүмүүс нийгмийн даатгалд хамрагдаж чадахгүй байгаа. Уг нь албан бус эдийн засаг 60, 70 хувийг эзэлдэг. Нийгмийн даатгалд төлж байгаа татвар, шимтгэл хүн бүрт яг адилхан хэмжээ, хувьтай байдаг. Үүн дээр өөрчлөлт хийж, хүн амын бодлоготой нь уяж өгвөл илүү зөв болов уу. Зарим орныг харахад тус бүрдээ хоёр сая төгрөгийн орлоготой хоёр өрх байлаа гэхэд хүүхдийнх нь тооноос хамаараад ялгаатай шимтгэл, татвар авдаг. Олон хүүхэдтэйгээс нь арай бага хувийг авах жишээтэй. Шууд халамж өгснөөс энэ маягаар шууд бус байдлаар хөнгөлөлт урамшуулалд хамруулбал илүү өгөөжтэй бодлого болно. Энэ мэт уян хатан загварчлалууд гаргавал зүгээр байх.

-Энэ жил Японтой хийсэн эдийн засгийн түншлэлийн гэрээ эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэж ярьж байгаа. Хэлэлцээрээс шууд өгөөж хүртэж эхлэхийн тулд бид яах ёстой вэ?

-Дутагдалтай зүйлс бий. Японы стандартыг Монголд нэвтрүүлэх шаардлага байгаа. Засгийн газрын тогтоол гар­гаж баталгаажуулах хэрэг­тэй. Гааль дээр зарим бүтээг­дэхүүний тарифыг бууруулах гэх мэт ажлуудаа хийж өгөхгүй байна л даа.

-Европ руу 7000 гаруй барааг татваргүй гар­гах эрхтэй ч энэ тив рүү экспортолдог бараа ноолуу­раас хэтрэхгүй байгаа. Шалтгаан нь юунд байна?

-Төр засгаас сайн гэрээ, хэлэлцээр хийсэн ч европ стандарт гэж яг юу юм, яаж гадаад руу экспортлох юм гээд нарийн зүйл сонирхохоор монгол хэл дээр ямар ч мэдээлэл байдаггүй. Салбарынх нь яаман дээр зөвлөгөө өгдөг жижиг нэгж ажилладаггүй юм гэхэд тусад нь сайт гаргачихмаар санагддаг. Японтой хийсэн хэлэлцээрийн хувьд ч гэсэн энэ тал дээр нь анхаарах хэрэгтэй. Тэгж байж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ.

-Найдлага тавьж байгаа өөр нэг шийдвэр бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Өчнөөн мөнгө эдийн засагт ил гарч ирнэ гэж байгаа. Бодитой, мэд­рэг­­дэхүйц үр дүн гарах уу?

-Гадаадад гаргасан мөнгөө буцааж авчирна гэж яриад байгаа. Энэ хууль бизнес эрхлэгчдийн талаас маш их хүлээлттэй байсан. Татварын өртэй компаниудын хувьд өршөөгдөөд явчихна гэх мэт хүлээлт байсан. Тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ.

-Ам.долларын ханш яах бол, танайхаас 2000 төгрөг хүрнэ гэсэн таамаг гаргаж байсан байх аа?

-Тиймээ, манайхаас түрүү жил 2000 төгрөг хүрнэ гэсэн таамаг гаргаж байсан. Өнөөдөр 2000 руу дөхчихсөн. Ирэх саруудад өсч таарна. Ямар ч байсан 2000 хүрэх нь тодорхой байгаа. Ам.долларын хувьд манай улс долларын хуримтлалгүй. Дээр нь үйлдвэрлэлгүй. Ийм учраас ам.долларын эрэлт өндөр хэвээр байх нь тодорхой. Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж олон жил ярьсан ч чадаагүй. Аймаг бүр эрчим хүчний эх үүсвэр барина гээд хөрөнгө оруулалт хөөцөлдөж байна. Бараг бүх аймаг мах боловсруулах үйлдвэртэй болно гэж байгаа. Энэ бол буруу хандлага. Монголын хувьд дотоод зах зээл жижигхэн, эрэлт нь бага. Аймаг бүр мах боловсруулах үйлдвэртэй болвол нэг нэгийн­хээ төслийг татаж уна­гаах магадлалтай. Үр өгөөж­гүй хөрөнгө оруулалт болох эрсдэлтэй гэсэн үг. Зүй нь аймгууд хоорондын бараа солилцоо идэвхтэй явагдвал зүгээр. Нэг аймаг нь махаа боловсруулж, нөгөө аймаг нь төмсөө тарьж, гурав дахь нь арьс шир боловсруулаад, хоорондоо бараагаа солилцоод явбал илүү зөв шийдэл болно. Хүн бүр бүгдийг хийх аргагүй.

-Аймаг бүрд хөгжүүлж мөнгө олох боломжтой сал­бар гэвэл та юуг онцлох вэ?

-Аймаг бүрд хөгжүүлэх ёстой салбар бий. Жишээ нь аялал жуулчлал. Гол нь аймаг бүр онцлогоо гаргасан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх ёстой. Өнөөдрийн хувьд айм­гуу­дад ялгарах онцлог гэж алга. Нөгөө л таван гэр, сагсны талбай гэсгээд болчихож байна. Миний нүдийг боогоод нэг аймгийн жуулчны бааз дээр аваачвал би хаана очсоноо ч мэдэхгүй. Аймаг бүр онцлогтоо тохирсон бүтээг­дэхүүн, бүх юмаараа маркетингийн цогц бодлого боловсруулах хэрэгтэй. Энэ жил Хөвсгөл рүү хэчнээн мянган хүн зорчив. Мэдээж хүүхэдтэйгээ явж таарна. Ядаж л замд таарсан бааз нь хүүхдийн тоглоомын талбай­тай баймаар санагддаг. Гэтэл манайд тийм орчин байхгүй. Аль нэг аймаг дээр очоод орон нутгийн онцлог­той бүтээгдэхүүн авъя гэхэд жуулчны бааз дээр нь байдаггүй. Тээр тэнд байгаа давааг даваад нэг айл бий, тэнд байж магадгүй гэх жишээ­ний.

-Оюу толгойн санхүүжилт шийдэгдвэл эдийн засаг сайжирна гэцгээж байна. Энэ төслийн эдийн засагт үзүүлэх нөлөө, энэ төсөл байхгүй бол бидэнд тулгарах эрсдэл гэсэн өнцгөөр яриа­гаа үргэлжлүүлье?

-Оюу толгой бол эдийн засагт нөлөөтэй том төсөл. Уул уурхайн том төслүүдийн хувьд дэлхийн түүхий эдийн үнэ гол нөлөө үзүүлээд байна л даа. Сүүлийн үед алт, зэсийн үнэ нэлээд унаж байна. Хөрөнгө оруулалтын асуудлууд нь шийдэгдээд явчихвал эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ. 2011, 2012 он буюу эдийн засаг хоёр оронтой тоогоор өссөн үеийг харахаар Оюу толгой төсөл, Австралийн үер хоёр нөлөөлсөн гэж үздэг. Гэтэл манайх Австралийн үерийг орхиод ганцхан Оюу толгой гэж ярих гээд байдаг. Хятадад нүүрс экспортолдог гол улс болох Австралид үер болсон нь манай эдийн засагт том нөлөө үзүүлсэн. Нүүрсний эрэлт ихэсч үнэ нь огцом өссөн учраас эдийн засаг огцом өссөн юм. Дагаад хэрэглээний зээл өссөн. Хадгаламжийн хувьд мэдрэгдэхээр өсч чадаагүй. Орлого их байх үедээ бид баялгийн сан гэх мэт янз бүрийн сан байгуулна гэж ярьж, туршлага судалж байсан ч ажил болгоогүй. Энэ мэт алдаанууд эдийн засагт таагүй нөлөө үзүүлсэн.

Ц.Баасансүрэн

Э.Энхмаа

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эдийн засаг ойрын хоёр жилдээ сэргэхгүй таамагтай ч Оюу толгой хөдөлвөл…

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн энэ оны урьдчилсан таамгийг 3.3 хувь болгож бууруулаад буй. Дөрөвдүгээр сард гаргасан урьдчилсан таамгаас 0.2 хувиар буурсан үзүүлэлт. ОУВС Өмнөд Ази, АНУ, Африкийн улсуудын эдийн засгийн өсөлтийн урьдчилсан таамгийг бууруулаад байна. Уг нь гурван жилийн өмнө тус сангийнхан дэлхийн эдийн засгийг энэ онд хэвэндээ орж, 4.8 хувийн өсөлттэй гарна хэмээн таамаглаж байсан юм. Орос, баруун Европ хүндхэн, урд хөршийн эдийн засгийн удаашрал үргэлжилсэн хэвээр тухай таагүй мэдээг шинжээчид байсгээд онцолж байгаа. Ер нь дэлхийн эдийн засаг уналттай биш юмаа гэхэд удаашралтай гэсэн үнэлгээг олон улсын банк, санхүүгийн байгууллагууд өгсөн хэвээр байна.

Ердөө хэдхэн жилийн өмнө ирээдүйн БРИКС гэгдэж , М-3 гэсэн томъёололд багтаж байсан Монголын эдийн засаг ч таагүй дүр зурагтай. М-З гэдэг нь Монгол, Мозамбик, Мьянмар гэсэн гурван улсын товчилсон нэр л дээ. Гурвуулаа байгалийн баялаг ихтэй, баялгаа ашиглаж хөгжих боломжтой учраас олон улсын шинжээчдийг ингэж таамаглахад хүргэсэн хэрэг. Гурван М-ээс Мьянмар л гадаадын хөрөнгө оруулалтыг татах чигт дажгүй байх шиг. Онцлохоор нэг таатай мэдээ гэвэл Дэлхийн банкны саяхан гаргасан жагсаалт. Нэг хүнд оногдох үндэстний орлогоор ангилдаг жагсаалтад манай улс дундаж дээд шатанд багтжээ. Жил бүр найман улсыг ардаа орхисон гэх амжилт бий юм билээ. 2011 онд манай улс энэ жагсаалтад “дундаж” улсын ангилалд багтаж байж.

Цаашид эдийн засаг нь хоёр оронтой тооноос буухгүй таамагтай улсуудаас Монгол хасагдаагүй ч өнөөхөндөө сайн биш байна. Гол шалтгаан нь тодорхой. Доллар олдог гол бүтээгдэхүүнийх нь үнэ дэлхийн зах зээл дээр навс уначихсан.

Дэлхийн зах зээл дээр эрдэс баялгийн үнэ уруудсан хэвээр байгааг статистикаас харж болно. Саяхан Дэлхийн банкнаас гаргасан таамаглалыг сонирхуулъя. Газрын тос, нүүрсний ханш өмнөх онтой харьцуулахад 39 хувиар унана гэсэн гутранги таамаг гарчээ. Металлын ханш гэхэд л 10-12 хувиар уруудах нь, тэдний таамагласнаар. Хятад, Энэтхэг тэргүүтэй зэс, нүүрс зэрэг эрдсийн том хэрэглэгчдийн эрэлт буурч, таваарын арилжаа сүүлийн арваад жилийн доод цэгтээ хүрсэн нь ч ташуур болох нь ойлгомжтой. Дээр нь нүүрс, металлаа нийлүүлдэг урд хөрш маань үйлчилгээ голлосон эдийн засагт шилжсэнээ зарлаад, зарласан бодлогоо хэрэгжүүлээд эхэлчихсэн. Нүүрс, металлын үнэ Хятадын зах зээл дээр унаж байгаа нь цаанаа бас ийм учиртай. Нэг гэгээтэй мэдээ гэвэл Хятадын зэсийн хэрэглээ нэг хувиар өснө гэсэн таамгийг Дэлхийн банк гаргасан. Тэгтлээ нөлөөлөхөөр өсөлт мэдээж биш. Тэгэхээр эдийн засаг нь уул уурхайгаас хамааралтай Монголын хувьд таагүй байдал үргэлжилсэн хэвээр гэсэн үг. Экспортын дийлэнх хувийг бүрдүүлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнэ навс уначихаар төсвийн орлого өм цөм дутах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гэдэг шиг л тодорхой зүйл. Экспортын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 109.8 сая ам.доллар буюу 4.4 хувиар буурахад эрдэс бүтээгдэхүүний экспорт 158.5 сая ам.доллараар буурсан нь голлож нөлөөлсөн гэж статистикийнхан өнгөрсөн сарын эхээр мэдээлсэн. Сангийн сайдаас эхлээд төсөв ямар байгааг яриад эхэлсэн учраас илүүг нуршаад яахав.

Нэг үе олсон доллараараа зэсийн өмнө гишгэж явсан нүүрсний үнэ аажим уруудсаар байгаа. Дотоодын уурхайнуудаа дэмжих бодлого барьж буй урд хөрш гаднаас авах нүүрсний татвараа аль хэдийнэ нэмж, босгыг нь өндөрсгөөд эхэлчихсэн. Манайхаас нүүрс худалдан авдаг компаниуд ч хэмжээгээ танаад удаж байна. Төмөр замгүй, угааж баяжуулж, боловсруулах үйлдвэргүй Монголын нүүрс ийм үед хүнд байдалд орох нь ойлгомжтой. Нүүрсний экспортын голыг нугалж байгаа “Эрдэнэс Таван толгой” гэхэд л төлөвлөснөөсөө бараг хоёр дахин бага нүүрс гаргах боломжтойгоо зарлалаа. Дээр нь өдрөөс өдөрт унаж байгаа үнэ бөөн нэрмээс.

“Оюу толгой”, “Эрдэнэт” гэсэн хоёр том мотор зэрэг ажиллаж байгаа болохоор зэсийн үнэ уруудсан ч гэлээ нүүрснийх шиг хэцүү дүр зураг одоохондоо алга. Экспортолж байгаа хэмжээ нь дажгүй учраас төсөв бас ч гэж хоосонгүй. “Голдман сакс” зэсийн ханш ирэх жилийн эцэс гэхэд 4500 ам.доллар руу уруудна гэсэн сөрөг таамаг хэлээд буй. Одоогоор зэсийн ханш сүүлийн зургаан жилийн доод цэгтээ хүрсэн гэхээр болгоомжлохоос аргагүй таамаг. Гэхдээ 6600 ам.доллар болно гэсэн өөдрөг таамаг ч бий. “Блүүмбэрг”-ийн судалгаанд оролцсон шинжээчид ийм өндөр ханш хэлээд байгаа юм. Зөрөөтэй хоёр таамгийн аль нь биелэхийг урьдчилж таах хүн өнөөхөндөө алга. Гэхдээ ихэнх шинжээчид Хятадын эрэлт ойрын жилдээ лав нэмэгдэхгүй гэж ам нийлүүлж байгааг харахад зэсийн ханш 6000 хол давах нь юу л бол. Энэ төсвийн тухай хуульд тонн зэсийг 6354.7 ам.доллараар төсөвлөсөн. Гэтэл сүүлийн үеийн байдлаар Лондонгийн металлын бирж дээр 5185 ам.доллараар үнэлэгдэж байна. Зэсийн ханш төсөвт тусгаснаас бараг 20 хувиар сул байна гэсэн үг.

Алтны ханш ч таатай биш байна. Ердөө гуравхан долоо хоногийн дотор алтны том худалдан авагч Орос, Хятадад 5.4 тэрбум ам.долларын алдагдалд хүргэсэн гэх тооцоог “Блүүмбэрг”-ийн шинжээчдийн баг хийжээ. Сүүлийн үед өсөлттэй цөөхөн металлын нэгд орж байсан төмрийн хүдрийн ханш ч ялгаагүй уналттай. Сүүлийн нэг сар орчмынхоо дээд цэгээс эргэж буусан гэх мэдээллийг “Блүүмбэрг” саяхан цацлаа. Шалтгаан нь Хятадын гангийн эрэлтийн бууралт. Эсрэгээрээ нийлүүлэлтийн илүүдэл улам нэмэгдсээр байгаа нь ханшид сөрөг нөлөө үзүүлж байна. Төмрийн хүдрийн ханш өнгөрсөн оны өдий үетэй харьцуулахад 46 хувиар буураад байгаа юм.

Ам.доллар олдог нүүрс, зэс, алт, төмрийн хүдрийн ханшийн зах зээл нэг иймэрхүү, төсөв нимгэрэх нь тодорхой энэ үед болгоомжлохоос аргагүй асуудал нь зээлийн төлбөр. Монгол Улс энэ онд 1.2 тэрбум ам.долларын зээл төлнө. Өнгөрсөн оныхоос дөрөв дахин их зээлийн төлбөр хийнэ гэсэн үг. 2017 оноос бондын төлбөр хийгдэж эхэлнэ. Ийм хүнд үед засгаас валютын урсгалыг нэмэх чигт анхаарч байгааг дурдахгүй орхиж болохгүй. Сүүлийн жишээ гэхэд өнгөрсөн даваа гаригт Засгийн газар Олон улсын хөрөнгө оруулалтын банкинд 20 сая еврогийн шугам нээхийг Хөгжлийн банкинд зөвшөөрсөн шийдвэр гаргаад байгаа юм.

Гадаадын хөрөнгө оруулалт тасарсан гэж хэлж болох нөхцөл үүсчихсэн энэ үед хөрөнгө оруулалт татах нэг том суваг бол Таван толгой. Төсөл хэрэгжиж эхэлбэл дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн таамаг тооцоо бий. Гэхдээ Таван толгой хөдөлнө гэхэд хэцүү байдал үүссэнийг хэлэхгүй өнгөрч болохгүй. Засаг бужигнаантай энэ үед коксжих нүүрсний нөөцтэй том ордын хувь заяа хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй хэвээр байгаа. Хөрөнгө оруулалт даллах том төслийн дүр төрх иймэрхүү үед гадаадын хөрөнгө оруулалттай зарим төслүүд хүрээгээ хумьж эхэлснийг онцолъё. Занарын салбарт хөрөнгө оруулаад эхэлчихсэн Америкийн “Жени энержи” Монгол дахь үйл ажиллагаагаа хумьж, Израйль дахь занарын хайгуулдаа анхаарахаа мэдэгдээд удаагүй байна. Нүүрсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтойгоо илэрхийлсээр удаж буй Америкийн “Пийбоди” Монголыг орхисон гэж ирээд яривал Монголоос татгалзсан хөрөнгө оруулагчид өчнөөн бий. Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдийг хүлээсэн хөрөнгө оруулагчдын эргэлзээ тайлагдаагүйг энэ мэт жишээнээс харчихаж болно.

Эдийн засгийн ганц өөдрөг мэдээ гэвэл өмнийн говьд хэрэгжиж буй ”Оюу толгой” төсөл тойрсон нааштай сургууд. Далд уурхайн төлөвлөгөөнд засаг, компанийн зүгээс гарын үсэг зурсан үйл явдал бага ч гэсэн найдлага төрүүлж байгаа. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын аль аль нь энэ төслийг урагшлуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлчихсэн. “Рио”-гийн зүгээс ч ондоо багтаж санхүүжилтийн гэрээ энэ тэр шийдэгдэнэ гэсэн өөдрөг таамаг хэлж буй. Тэгэхээр ирэх оны эхээр далд уурхайн бүтээн байгуулалт эхэлчих болов уу. Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ирэх дөрвөн жилд хийх юм. Эдийн засаг ойрын хоёр жилдээ лав сэргэхгүй гэсэн прогнозыг шинжээчид хэлж байгаа ч Оюу толгой хөдөлвөл дэлхийг хамарсан хямралыг Монгол дажгүй даваад гарчихна гэсэн өөдрөг таамаг бас бий.

Ц.Баасансүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон сууцны зээлийг тун удахгүй арван хувийн урьдчилгаатайгаар олгоно гэв

Орон сууцны зээлд
хамрагдагсад арван хувийн урьдчилгаа төлөөд байранд орох боломж хэзээ нээгдэх
нь тодорхойгүй байна. Байрны урьдчилгаа төлбөрийн 20 хувьд Хөгжлийн банк
баталгаа гаргана гэж байгаа юм. Барилга,
хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар өчигдөр сэтгүүлчидтэй уулзахдаа “Арилжааны
банкууд арван хувийн урьдчилгаа талбөрөөр байрны зээл өгөх хугацаа өдөр
хоногоор хэмжигдэж байна” гэсэн тойм хариу өгсөн юм. Засгаас шийдэх учиртай
асуудлаа өнгөрсөн сард эцэслэн шийдсэн гэнэ. Тодруулж хэлбэл Засгийн газар
арван хувийн урьдчилгаатай зээлийн журмыг баталчихсан. Одоо таван яамны
хамтарсан гэрээ байгуулагдах аж. Уг нь энэ гэрээ өнгөрсөн баасан гаригт
зурагдах байж. Зохицуулах асуудлууд гарсан учраас хойшилсон гэж Д.Цогтбаатар
сайд тайлбарлав. Хамтарсан гэрээ өнөө,
маргаашгүй зурагдах бололтой. Дараа нь Хөгжлийн банк, Монгол банк хооронд гэрээ
хийх ажил байгаа аж. Ингэснээр Монгол банк арилжааны банкуудтай гэрээ хийх
боломжтой болох нь.

Арилжааны
банкууд гучин хувийн урьдчилгаа авч байна

Арилжааны банкууд
одоогоор 30 хувийн урдчилгаатайгаар байрны зээлээ олгож байна. “Голомт” банкны
Зуун айл дахь салбараар орлоо. Байрны зээлийн материал авч байгаа аж. Зээлийн
шаардлагын нэг нь 30 хувийн урьдчилгаа. Арван хувийн урьдчилгаатайгаар орон
сууцны зээл өгөх чиг ирээгүй гэсэн тайлбарыг зээлийн эдийн засагчид нь хэлж
байлаа. Зээл өгч байгаа дээд хэмжээ нь 160 сая гэнэ.

Метр квадрат нь 2.1 саяас дээш үнэтэй байр авах гэж байгаа бол метр квадрат
тутамд илүү гарсан мөнгийг иргэн өөрөө төлөх юм байна. 2.3 сая төгрөгөөр метр квадратыг
нь үнэлсэн байр авлаа гэхэд илүү гарсан 200 мянга иргэдийн халааснаас гарах аж.
Одоогоор 80 метр квадратаас илүү хэмжээний байр авах бол найман хувийн зээлд хамрагдахгүй
гэж тус банкны зээлийн мэргэжилтнүүд тайлбарлаж байв. Метр квадратын хязгаарын талаар Барилга, хот байгуулалтын сайд өчигдөр “Аравдугаар
сараас 80 м.кв-аас дээш талбай бүхий байруудыг иргэд 10 хувийн урьдчилгаа төлбөртэйгөөр
худалдан авах боломж нээгдэнэ” гэсэн юм. Харин аравдугаар сар хүртэл 80-аас доош
метр квадрат байрыг л арван хувийн урьдчилгаатайгаар олгох аж.

“Голомт” банкны хувьд зээлийн хугацааг насны хязгаараар шийдэж байгаа юм
байна. 35-45 насныханд 15 жилээр, 45-аас дээш насныханд 10 жилээр, 35-аас доош насныханд
20 жилээр орон сууцны зээл олгож байгаа гэнэ. Бас “Голомт” банкны картаар сүүлийн
зургаан сар тасралтгүй цалингаа авсан байх шаардлагыг тавьжээ. Үндсэн зээлдэгч тухайн
байгууллагадаа доод тал нь хоёр жил тасралтгүй ажилласан байх ёстой аж. Хамтран
зээлдэгчийн хувьд сүүлийн жилийн хугацаанд нэг байгууллагад ажилласан байх учиртай
юм байна.

Арван хувийн урьд­чилгаатай зээлийн шинэ журамд хуучин байр хамрагдахгүй.
Ашиглалтад ороод борлуулагдаж чадаагүй байруудын борлуулалтыг өсгөх бодлогоор, тодруулж
хэлбэл барилгын салбарыг дэмжих зорилгоор ийм заалт тусгаж өгчээ. Тэгэхээр шинэ
байрны үнэ өсөх магадлал байгаа аж. Гэхдээ
хуучин байрны үнэд өөрчлөлт орохгүй гэж үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллагсад онцолж
байна.

ОРОН СУУЦНЫ БОРЛУУЛАЛТ МЭДЭГДЭХҮЙЦ БУУРЧЭЭ

Үл хөдлөх хөрөнгө зуучлалын “Тэнхлэг зууч” компанид хандлаа. Тус компанийн
гүйцэтгэх захирал Б.Батзориг “Орон сууцны борлуулалт буурсан. Өнгөрсөн оны эхний зургаан сарыг энэ оны эхний
зургаан сартай харьцуулсан тоонууд хэлье.
Улсын хэмжээнд шинэ орон сууцны борлуулалт 22.5 хувиар буурсан дүн гарсан.
Хуучин орон сууцных ч ялгаагүй. 32.4 хувиар буурсан. Улаанбаатарт гэж онцолбол шинэ
орон сууцны борлуулалт 25.8 хувиар, хуучин орон сууцных 26.8 хувиар буурлаа. Хөдөө,
орон нутагт арай өөр дүр зураг ажиглагдаж байгаа. Шинэ орон сууцны борлуулалт найман
хувиар, хуучин орон сууцных 53 хувиар буурсан” хэмээн ярилаа.

Ипотекийн зээл олголт буурсан, банкууд зээлээ багасгасан гэсэн яриа гараад
байгаа. Энэ талаар тодруулахад “Өнгөрсөн оны нэгдүгээр сард 918, хоёрдугаар сард
1326, дөрөвдүгээр сард 1309, тавдугаар сард 1017, зургадугаар сард 1165 хүнд байрны
зээл өгсөн дүн бий. Энэ оны нэгдүгээр сард 1365, хоёрдугаар сард 1093, гуравдугаар
сард 1226, дөрөвдүгээр сард 1397, тавдугаар сард 1395, зургадугаар сард 1202 хүн
байрны зээл авсан. Тэгэхээр зээл огцом буурсан гэж хэлэх үндэсгүй. Ер нь тогтмол
олгож байгаа гэж хэлж болно. Зээл олголтын хувьд өмнөх оны эхний зургаан сарыг энэ
оны эхний зургаан сартай харьцуулбал 10.2 хувиар буурсан. Харин арилжааны банкуудын
өөрийн эх үүсвэрээр олгодог зээл 34 хувиар буурсан статистик бий” гэсэн хариу өгсөн
юм.

АРВАН ХУВИЙН УРЬДЧИЛГААТАЙ ЗЭЭЛД ДУНДАЖ ДАВХАРГЫНХАН ХАМРАГДАНА

Арван хувийн урьдчилгаатай зээлд хүссэн хүн бүр хамрагдах боломжгүй. Анх удаа үндсэн зээлдэгчээр шинэ орон сууц авах
гэж байгаа хүмүүст л хамаатай. Сүүлийн хоёроос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл
тасралтгүй төлсөн, “Өрхийн мэдээллийн сан”-гийн 7-16 дугаар бүлгийн иргэн байх шалгуур
ч бий. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам хүн амын нарийвчилсан судалгаа хийж
иргэдийг 20 ангиллаар хуваагаад байгаа юм. Хэддүгээр ангилалд багтсанаа тус яамнаас
лавлах боломжтой аж. Зээл хөөцөлдөх хүмүүс орлого, цалин гэх мэт бүх мэдээллээ яаман дээр авч очиход ангиллаа мэдэхэд төвөггүй
гэнэ. Уг ангилалд дундаж давхаргынхныг хамааруулжээ. Найман хувийн зээлийн дээд хугацаа нь 20 жил бол,
шинэ журмаар 30 хүртэл жилийн хугацаанд зээлээр байр авах боломж иргэдэд нээгдэж
байна.

Хөгжлийн банк нийтдээ 200 тэрбум төгрөгийн баталгаа гаргаж байгаа аж. Зээлийн
урьдчилгаа төлбөрийн 20 хувийн баталгааны хөрөнгө гэсэн үг. Энэ баталгаагаар арваад
мянган өрх байртай болох боломжтой гэсэн тооцоо гарчээ. Дашрамд дурдахад зах зээлд
худалдагдаагүй 30 мянган орон сууц байгаа юм байна. Арван хувийн урьдчилгаатай зээлийн
хажуугаар 30 хувийн урьдчилгаатай зээлийг ч үргэлжлүүлэн олгох нь.

Ц.БААСАНСҮРЭН

Гэрэл зургуудыг Г.ЛХАГВАДОРЖ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрчим хүчний диваажин болгох тавдугаар станцын гэгээтэй сонин

Хэдэн
жил дамнан яригдсан ч өнөөдрийг хүртэл ажил болоогүй тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт
ирэх онд эхэлнэ. Хөлийн голын хөндийд буюу нийслэлийн зүүн хэсэгт 2016 онд мега
төслийн том бүтээн байгуулалт эхлэх нь тодорхой болчихлоо. Энэ мэдээ эдийн
засаг хүндхэн үргэлжилсэн зуны өдрүүдийн
гэгээтэй сонин болж байна. Монгол Улс 1984 оноос хойш анх удаа дулаан,
цахилгаан хослон үйлдвэрлэдэг том хэмжээний цахилгаан станц барих гэж буй нь
энэ.

Цахилгааны
асуудал нийслэлчүүдийн толгойны өвчин болоод өчнөөн оныг элээж байгаа. Ямар
сайндаа л хотын удирдлагууд дахиад барилга баривал цахилгаан, дулаанаар хангаж
чадахгүй гэж мэдэгдэж суухав. Сүүлдээ бүр цахилгаан станцад гарсан багахан гал
нийслэлийг тэр чигт нь цахилгаангүй болгож сандаргасан. Ердөө хоёрхон сарын
өмнөх явдал. Дэд станцын нүхээр шувуу орсноос болж богино холбоос үүсч ойр
орчмын шар өвс шатжээ, иймхэн явдал л нийслэлийг бүхэлд нь гал алдуулж байна
гэж ирээд тухайн үедээ баахан шуугисан. Дахиад ийм шуугиан дэгдэхгүй гэх
баталгаа байхгүй. Өвөлдөө хажуудаа барьсан уурын зуухны буянаар дулаацаж,
бүлээцэж буй орон сууцны хотхон жил ирэх
бүр нэмэгдэж байна. Агаарын бохирдолд сөргөөр нөлөөлөхөөр шийдлийн нэгдүгээрт
эргэлзэх юмгүй бичигдэхээр үзэгдэл. Цахилгаан, дулаан гэдэг хоолой татсан
асуудал болсныг ийм хоёрхон жишээгээр нотолчихож болно. Жилийн дөрвөн улиралдаа
байшин, гэр хороололгүй цахилгааны хязгаарлалт байнга хийгээстэй нийслэлтэй
улс хөгжиж байгаа орнуудын дунд биднээс
өөр бараг үгүй дээ. Байгаа дөрвөн станц маань Оросын хуучны технологитой гэсэн
ядруу тайлбартай. Байсхийгээд л засвар
үйлчилгээ хийж байгаа дуулддаг ч элэгдэж муудсан учраас засвар, шинэчлэлгүй жил
өнжинө гэж үгүй. Цахилгаан, дулаантай холбоотой иймэрхүү зовлон тоочъё гэвэл
барагдахгүй учраас ингэсгээд орхиё. Уг нь эрчим хүчний диваажинд амьдрах боломж
бидэнд бий. Хэдэн Засгийн газар дамнан яригдсан тавдугаар станцаа барьчихад л
цахилгаангүй бүүдийж, дулаангүй дагжиж амьдрах зовлонтой амьдралдаа баяртай гэж
хэлэх боломж монголчуудад байгаа.

Сүүлийн
үед таг гацчихаад байсан тавдугаар станцын ажил наашилж эхэлснийг нотолсон үйл
явдал энэ долоо хоногт боллоо. Өнгөрсөн өдрүүдийн онцлох сонин гэвэл тавдугаар
цахилгаан станцын төслийн концесс эзэмшигчид Засгийн газрыг төлөөлсөн
байгууллагуудтай цахилгаан худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан
явдал байв. Цахилгаан станцаа барьчихвал үйлдвэрлэсэн дулаан, цахилгааныг чинь
худалдан авъя гэсэн амлалтыг Монголын төр өгч, гарын үсэг зурж за зүй болчихлоо
гэсэн үг. Арилжааны нөхцөлөө тохирно гэдэг том алхам. Хамгийн чухал гэрээнийхээ
ард гарсан гээд ойлгочихож болно.

450 МВт
цахилгаан, 587 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай тавдугаар станцыг барих
ажлыг “Энжие”, “Сожиц”, “Поско энержи”, “Ньюком групп” гэсэн олон улсын
компаниудаас бүрдсэн консорциум барьж ашиглалтад оруулна. “Энжие” Францын
компани. Дэлхийн хамгийн том бие даасан эрчим хүч үйлдвэрлэгч групп. “Сожиц”-ийн
хувьд Японы хамгийн том худалдааны корпорациудын нэг. “Поско энержи”-г
Солонгосын хувийн хэвшлийн хамгийн том үйлдвэрлэгч гэдгийг дэлхий андахгүй.
“Ньюком” энэ чиглэлдээ манайдаа ганц нь.

Тэд
станцыг 25 жилийн дараа төрд хүлээлгэж өгөх үүргийг гэрээгээр хүлээж байгаа.
Эрчим хүчний тав дахь эх үүсвэрийн нэг КВт цагийн гарааны үнэ долоон цент.
Салхин паркийн нийлүүлдэг эрчим хүчний үнэ есөн цент гэхээр боломжийн, дажгүй
тохироо.

Эрчим
хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын хэлснээр энэ мега төслийн бичиг
цаасны ажлын 70 хувь нь гараас гарчихаж. Удахгүй дулааны гэрээ байгуулах юм
билээ. Нүүрс, усны гэрээний хэлцлүүд эхэлчихсэн, нааштай яваа дуулдсан.
Тавдугаар станц гээд ярихаар газрын
асуудал гацаа үүсгэдэг. Харин сүүлийн
үед албаныхан газрын гэрээ асуудалгүй гэцгээх болсон. Цаанаа учиртай л даа. Гадаадын хөрөнгө
оруулагчид энэ төсөл дээр хамтрах учраас газар эзэмшиж болохгүй. Ийм
шалтгаанаар станцын газрыг Эрчим хүчний яам эзэмшинэ. Станц газраа түрээсээр ашиглана гэсэн үг.
Гацаа энэ мэтээр арилж л байвал сайн. Тавдугаар станц нүүрсээ Багануур,
Шивээ-Овоогоос авах тохироотой. ДЦС-5
төслийн хувьд өнгөрсөн зун хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрээ байгуулсан.
Намраас өмнө бусад гэрээгээ нугалж, есдүгээр сард нэмэлт гэрээнүүдээ шийднэ гэж
төлөвлөсөн юм билээ.

Мега
төслийн амин асуудал нь мэдээж санхүү­жилт. Худалдах, худалдан авах гэрээг
үзэглэсэн учраас тавдугаар цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх консорциумд
банкуудад хандаж, төслийн санхүүжилтээ босгох ажил үлдсэн. Станц барихад
1.5 тэрбум ам.доллар хэрэгтэй. ДЦС-5 төслийг Азийн хөгжлийн банк, Европын
сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банк зэрэг олон улсын банк, санхүүгийн
байгууллагууд санхүүжүүлнэ гэж буй. Сүүлийн нэг жилийн хугацаанд улсын зээлжих
зэрэглэл буурсан гэх мэт таагүй үзүүлэлтээс болж зээлийн хүү өсөх эрсдэл
байгаа. Гэхдээ худалдах, худалдан авах гэрээг хоёр тал үзэглэсэн учраас хөрөнгө
босгоход асуудалгүй болсон.

Төр
хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж буй энэ төслийн хувьд Засгийн газраас нэг ч төгрөгийн хөрөнгө
оруулалт хийхгүйгээр улсынхаа эрчим хүчний хэрэглээг шийдэхээрээ давуу талтай. Франц, Япон, Солонгос, Монголын
компаниудын хамтарсан консорциум станцаа барьж, эзэмшиж, оруулсан хөрөнгөө
нөхөж, ашгаа олсны дараа төрд үнэ төлбөргүйгээр хүлээлгэж өгөх тохироо хийгээд байгаа.
Цахилгаан станц барьсны дараа төмөр зам, цахилгаан, дулааны шугам зэрэг дэд
бүтэц барих үүргийг засгийн зүгээс хүлээж буй. Төр, хувийн хэвшлийн түншлэл
гээд байгаагийн утга нь энэ.

Станцын
барилга угсралтын ажил дөрвөөс таван жил үргэлжилнэ гэж буй. Төлөвлөсөн
хугацаандаа амжвал тавдугаар станц 2020
оноос ажиллаж эхэлнэ гэсэн үг. Энэ хугацаанд гэхэд л 2700 ажлын байр бий болно
гэж төсөл хэрэгжүүлэгчид онцолж байгаа. Тавдугаар станцын бүтээн байгуулалтын
туслан гүйцэтгэгчээр зөвхөн монгол компаниуд ажиллах тохироотой. Тэр хэрээр
эдийн засагт ирэх өгөөж нэмэгдэх нь ойлгомжтой.

Тавдугаар
станц техно­логийн хувьд одоо ажиллаж буй оросын хуучин технологитой
харьцуулахааргүй шинэ, дэвшилтэт, орчин үеийнх. Гол санхүүжүүлэгчид болох Азийн
хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөрөнгө оруулалтын банкууд байгаль
орчинд нөлөөлөх байдалд онцгой анхаарал хандуулдаг. Тийм учраас хамгийн сүүлийн үеийн байгальд хал
багатай технологи бүхий дулааны цахилгаан станц Монголд хэрэгжинэ гэдэгт
эргэлзээд байх зүйлгүй. Наад захын жишээ гэхэд л тавдугаар станц жилд гурван
сая орчим шоо метр ус хэрэглэнэ. Одоо ашиглаж байгаа технологиос гурав дахин
бага ус хэрэглэнэ гэсэн үг. Усны нөөц багатай манай улсын хувьд амин хэрэгтэй
шийдэл.

Юутай ч
тавдугаар цахилгаан станцын бүтээн байгуулалт эхлэхийн өмнөх хамгийн том алхам
энэ долоо хоногт хийгдсэн нь олзуурхаж онцлохоор үйл явдал. Ерөнхий сайд энэ мега төслийн
ажлыг түргэтгэх үүрэг өгсөн гэсэн. Гүйцэтгэх засаглалын тэргүүн ингэж даалгасан
даалгаагүй тавдугаар станцын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлэхээс өөр
аргагүй болсныг хэдэн тоогоор нотолъё. Өнгөрсөн өвлийн өмнөхөн “Улаанбаатар
дулааны сүлжээ” ХК-иас есөн дүүргийн 98 барилгад дулааны зөвшөөрөл өгөх
боломжгүй гэсэн мэдэгдэл хийснийг уншигчид санаж байгаа байх. Хан-Уулд 22,
Баянголд 27, Сонгинохайрханд 26, Сүхбаатарт 21 барилгад дулаан өгөх ямар ч
боломжгүй гэж ирээд дүүрэг дүүргээр нь
жагсааж байсан нь ердөө жилийн өмнөх явдал.
Энэ жил дулаан, цахилгаанаар хангах боломжгүй барилгын тоо өнгөрсөн
оныхоос нэмэгдэж таарна.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Пайпэр Энн Уинд Кэмбэлл: Хөрөнгө оруулалтын орчны хувьд хууль зүйн хүрээнд шийдэх учиртай асуудлууд бий

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллтэй ярилцлаа.

-Та улсаа төлөөлж Монголд ажиллах хугацаандаа аль салбарт онцгойлж анхаарсан бэ?

-Би нэг зүйлд их олзуурхаж байгаа. Намайг анх 2012 онд ирэхэд Монгол, Америк улсуудын хооронд дипломат харилцаа тогтсоны 25 жилийн ой тохиож байсан. Буцах жилд минь Монгол Улс ардчиллын замыг сонгосны 25 жилийн ой тохиож байна. Миний хувьд хоёр орны эерэг, тогтвортой харилцааг илүү гүнзгийрүүлж хөгжүүлэх үүрэгтэй.Иргэд хоорондын харилцаа, хэрэгжээд явж буй хамтын ажиллагааны хөтөлбөрүүд, эдийн засаг гэсэн гурван ерөнхий чигт түлхүү анхаарч ажиллалаа.

Иргэд хоорондын харилцааны салбарт гэхэд Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд өмнө нь ирж байгаагүй олноороо ирлээ. Энэ жил Монголд 150 гаруй сайн дурын ажилтан ажиллаж байна. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд хоёр орны хоорондын өндөр дээд хэмжээний айлчлалуудын тооноос хоёр орны харилцаа хэр эрчимжиж байгааг харж болно. Сүүлийн жишээ гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-д айлчилж дэд Ерөнхийлөгч Ж.Байдентай уулзсан. Мөн саяхан Гадаад харилцааны сайд Л.Пүрэвсүрэн АНУ-д айлчлахдаа төрийн нарийн бичгийн дарга Жон Керритэй уулзлаа. Засгийн газрын түвшнээс гадна бусад салбарт ч онцлохоор айлчлалууд болсон.

-Хоёр орны эдийн засгийн харилцаанд нөлөөлөхөөр ямар шийдвэрүүд таныг элчингээр ажиллах хугацаанд гарсан бэ. Лав л Америкийн бизнес эрхлэгчдийн хувьд бизнес хийхэд ил тод байх орчныг бүрдүүлсэн гэрээ хүчин төгөлдөр үйлчилж байгаа…?

-Намайг анх ирэхэд Монголын эдийн засаг эрчимтэй өсч байсан ч сүүлийн жилүүдэд Монголын эдийн засаг томоохон бэрхшээлүүдтэй тулгарсныг танай уншигчид мэдэж байгаа байх аа. 2014 оны арванхоёрдугаар сард Америк, Монголын хоорондын ил тод байдлын хэлэлцээрийг УИХ баталсан нь цагаа олсон зөв шийдвэр болсон шүү. Энэ шийдвэрт сэтгэл хангалуун байгаа. Ингэснээр хөрөнгө оруулагчид Монголын бизнесийн салбарт үйл ажиллагаа явуулахад ил тод байдал бүрдсэн. Ганц Америк ч биш, олон улсын бизнесийн донор, хөрөнгө оруулагчдыг татахад эерэг нөлөө үзүүлэхээр шийдвэр гэж бид харж байгаа.Мөн хоёр орны хооронд сэргээн хэлэлцэгдэж буй Худалдаа хөрөнгө оруулалтын ерөнхий хэлэлцээрт оролцохоорАмерикийн Худалдааны төлөөлөгчийн газрын Дэд дарга Монголд айлчиллаа.Мөн хоёр орны худалдааны харилцааг өргөжүүлэх зорилготой Эдийн засгийн бодлогын хэлэлцээрийг засгийн газрын төрөл бүрийн агентлагуудын төлөөллүүдийг оролцуулан явууллаа. Энэ мэтээр онцолж хэлэх алхмууд эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хийгдсэн.

-Та хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд хэд хэдэн удаа шүүмжлэлтэй хандаж байсан. Манай улсын хувьд хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд анхаарч тодорхой шийдвэрүүд гаргаж байгаа. Хөрөнгө оруулалтын орчны талаарх таны байр суурь зөөлөрсөн үү?

-Саяхан Монголын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулагчдад хандаж хийсэн алхмууд, мөн тэдэнд хандсан харилцаанууд маш чухал зүйл болсон гэж бодож байгаа. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Нью-Иорк, Вашингтонд очиж бизнесийн төлөөлөлтэй уулзахдаа маш тодорхой, шууд яриа хэлэлцээр хийсэн. Лондонд очихдоо ч тэгсэн байх. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилттэй холбоотой шийдвэр ч хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүллээ. Гэхдээ хууль зүйн хүрээнд шийдэх учиртай асуудлууд бий. Хоёр орны Засгийн газрын түвшнийхэн яриа хэлэлцээгээ үргэлжлүүлсэн хэвээр байгаа. Ямар ч бизнест тогтвортой байдал хамгийн чухал байдаг. Монголд бизнесийн үйл ажиллагаа явуулахад Засгийн газраас тогтвортой байдлыг хэрхэн яаж хангаж өгөх юм бэ гэдгийг маш тодорхой ойлгуулж, харуулах хэрэгтэй.

-Хоёр тал зарим нэг асуудал дээр шийдэлд хүрэх гээд ажиллаж байна гэж та хэллээ. Цаг алдахгүйгээр эхэлж шийдэх асуудал гэвэл юуг онцлох вэ?

-Нэг шийдвэр гэж онцлохоос илүү олон салбарт зэрэг үйл ажиллагаа явуулж эхлэх нь чухал гэж бодож байна. Жишээ нь татварын салбар байна. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын бизнесийн байгууллагуудын татварын нөхцөл байдлыг зохицуулах асуудал бий. Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Америкийн бизнес эрхлэгчдэд тулгарч буй татварын асуудлын талаар Засгийн газарт тодорхой мэдээллүүдийг хүргүүлсэн. Монгол Улс илүү олон, илүү том бизнесийг өөртөө татах сонирхолтой байгаа, гэхдээ Монголд бизнес хийхээр орж ирэх гэж буй гадаадын компаниуд орж ирээд үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн компаниудаас бизнес хийхэд ямар байгааг асууж сонирхдогийг мэдэж байх хэрэгтэй болов уу. Гадны бизнес эрхлэгчид мөн нэг зүйлийг онцолж харж байгаа нь Монголын Засгийн газрын зүгээс арбитрын шийдвэр зэрэг олон улсын стандарт, хэм хэмжээг хэр чухалчилдаг, олон улсын гэрээг хэр дагаж мөрддөг зэрэг юм. Монголын эдийн засгийн ихэнх нөөц нь байгалийн баялаг. Тийм учраас хөрөнгө оруулагчид энэ салбарыг зохицуулж, зөвшөөрлийг нь өгч байгаа хууль дүрмийг илүү сонирхоно. Хуулийг хэрэгжүүлж буй гүйцэтгэх байгууллагууд хэр нээлттэй шударга ажиллаж байгааг бас харна. Үүнтэй холбоотой хууль, дүрэм, байгууллагуудын хувьд нээлттэй байхаас гадна ойлгомжтой, тодорхой байх нь их чухал.

-Америкийн том хөрөнгө оруулагчид Монголыг хэр сонирхож байна. Уул уурхай ч юм уу, дэд бүтцийн салбарт….?

-Намайг элчин сайдаар ажилласан сүүлийн гурван жилд Америкийн бизнес эрхлэгчдийн Монголд ажиллах сонирхол анзаарагдахуйц нэмэгдсэн. Том, жижиг компаниуд төлөөлөгчдөө ирүүлж байна. Ер нь группээрээ болон ганц нэгээрээ ирж Монголыг сонирхож байна. Гэхдээ одоогоор сонирхон харах түвшинд байгаа. Яг ирээд үйл ажиллагаа явуулахын тулд түрүүний миний онцолсон салбаруудад орчин нөхцөл яаж өөрчлөгдөхийг хараад байна. Монголд Америкийн хүчтэй хоёр том байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөл. Нөгөө нь дөрөв дэх жилийнх нь ой саяхан тохиосон Монгол дахь Америкийн худалдааны тэнхим. Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн хувьд Америк, Канадын бизнес сонирхлыг дэмжиж ажилладаг. Монголд урт хугацаанд ажиллаж байгаа газар.

-Таван толгой дээр Америкийн “Пийбоди” сонирхлоо илэрхийлсээр ирсэн. Таван толгойг хэн яаж ашиглах эцсийн шийдэл гараагүй байна. “Пийбоди”-гийн хувьд Таван толгойг сонирхсон хэвээр үү?

-Монголын Засгийн газар 2014 оны арванхоёрдугаар сард “Пийбоди”-той өрсөлдөж байсан “Шинхуа” болон“MCS”-ийн консорциумыг шалгаруулсан. Үүний дараахан “Пийбоди” оффисоо хааж, Монголоос гарах шийдвэр гаргасан. Таван толгойн баялгийг яаж ашиглах талаар УИХ-аар дахин хэлэлцэж байгаа.

Албаны зарим хүмүүстэй ярилцаж суухад “Пийбоди”-д дахин нэг боломж гарсан байж мэднэ гэсэн утгатай үг хэлж байсан. “Пийбоди”-гийн хувьд ирээд ажиллалаа гэхэд ордын нөөц нь хэр бол, цаашид засаг ямар процессоор шийдвэр гаргах вэ гэх мэт нэмэлт мэдээлэл хүсээд хариу хүлээж байгаа.

-АНУ руу зорчих монголчууд хэр нэмэгдэж байна. Визийн шалгуур хангах тал дээр ямар байгаа бол?

-Намайг элчин сайдаар ажиллах хугацаанд АНУ-д зорчих монголчуудын тоо жил ирэх тутам нэмэгдэж байгаа нь сайн мэдээ юм. Визэнд материал мэдүүлж байгаа хүмүүсийн тоо өндөр байна гэдэг бол Америкт зорчих сонирхолтой хүмүүсийн тоо ихэссэнийг харуулж буй хэрэг. Виз мэдүүлэгчдийн хувьд ч виз олгогдсон тоо өссөн. Өөрөөр хэлбэл виз авах боломжтой,шаардлага хангасан мэдүүлэгчдийн тоо ихэсч байна. Бизнесийн шугамаар, сурах, аялах зорилгоор Америкт зорчоод Монголдоо эргэж ирэх эрмэлзэлтэй хүмүүс өмнөхөө бодоход илт сайжирсан.

-Монголд ажиллах хугацаанд тань гүн сэтгэгдэл төрүүлсэн агшин өчнөөн л тохиосон байх. Онцолж хэлэх агшин гэвэл…?

-Хожим Монголд өнгөрүүлсэн сайхан цагаа харж, дурсахын тулд би маш олон зураг авсан. Гайхалтай олон сайхан зүйлсийг Монголд үзсэн шүү. Шинэ жилийн өглөө Говьд нар мандахыг харлаа. Хөвсгөлд мөсний баярт оролцож, Баян-Өлгийд бүргэдээр ан хийхийг үзлээ. Наадмын нээлтийг жил бүр алгасалгүй сонирхсон. Монголын тухай сэтгэлээс гарахгүй агшнуудыг эргээд бодохоор их энгийн зүйлс байх юм шиг санагддаг. Монголд анх ирээд морь унасан агшин санаанаас гарахгүй байх. Миний охин Монголд анх тэмээ унаж үзсэн тэр дурсамж. Эдгээр нь яах аргагүй миний амьдралын онцгой агшнуудын нэг.


Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбат: Улсын хэмжээнд ургацынхаа 80 хувийг алдах нь тодорхой болчихлоо

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Танай холбооны Удирдах зөвлөлийн ээлжит бус хурал болсон гэж дууллаа. Ургац хэцүүхэн байгаа талаар ярьцгаав уу?

-Манай холбооны Удирдах зөвлөлийн хурал долдугаар сарын 21-нд боллоо. Газар тариалангийн нөхцөл байдлын талаар, үүсээд буй ган гачигтай холбоотой асуудлаар нэгтгэсэн мэдээнүүдээ эцсийн байдлаар авлаа. Энэ жилийн хувьд газар тариалангийн салбарт асар хүнд цохилт боллоо. Сүүлийн 35 жил болоогүй ган гачиг болсон байна. Сэлэнгэ мөрөн хүртэл хоёр метр доошилчихсон байх жишээтэй. Сэлэнгэ мөрнөөр өмдөө шууж байгаад л гараад явчихаж байна. Настайчууд хэлж байна л даа. Ийм ган гачиг үзээгүй гэж. Зүгээр нэг ган биш онцгой нөхцөл байдал үүсчээ гэцгээж байна.

-Улсын хэмжээнд ургацынхаа хэчнээн хувийг алдчихаад байна?

-Ная орчим хувиа алдчихсан. Ямар ч найдвар байхгүй.

-Цочирдмоор тоо байна. Иймдээ тулчихаад байхад засгийн түвшинд дуугүй суумааргүй санагдах юм…?

-Үүн дээр төр засаг ямар арга хэмжээ авахаа ярих цаг болсон. Байдал ямар байгааг эртхэн зарлах хэрэгтэй. Ер нь улс болгон маш хурдан хугацаанд хэцүү байгаагаа зарладаг. ОХУ гэхэд зургадугаар сарын аравдаар ургацынхаа 25 хувийг алдлаа гэж зарласан. Хятад ч ялгаагүй зарласан. Гэтэл өнөөдрийг хүртэл манай улсын хариуцсан яам нь таг дуугүй сууж байна. Гантай, гэхдээ бороо орж эхэлсэн учраас сэргэнэ гэцгээж байна л даа. Амны бэлгээс ашдын бэлгэ, битгий муу амла гэсэн улс л байна. Үнэн хэрэгтээ аргацаасан л яриа.

-Наадмаас хойш багагүй хур орж байгаа. Сэргэх найдвар үнэхээр алга уу?

-Бодит байдал дээр үнэхээр хүнд байгаа. Сэргэх найдвар байхгүй.

-Тэгээд яагаад мэдээлэхгүй таг чиг байгаа юм бол?

-Энэ яриа үнэн эсэхийг газар дээр нь үзүүлэхэд асуудал байхгүй. Телевизийнхэн лав эхнээсээ байдлыг газар дээрээс нь хүргэхээр явсан дуулдсан.

-Ургац гайгүй авчихаар хэсэг хаагуур байна?

-Үнэнийг хэлэхэд зүүн бүсийн, Халх голын хэдэн сумд жаахан тариатай байна. Булганы арын хэсэг бага зэрэг, Сэлэнгийн хойд буюу Зэлтэр, Хүдэр гэсэн хэсгээр хоосонгүй. Төв аймаг маш хүнд байгаа. Сая дурдсан газраас өөр тариа авчихаар хэсэг алга.

-Яамнаас комисс гараад ажиллахгүй бол болохгүй нь дээ?

-Зүгээр нэг комисс биш, бүр онцгой байдлын комисс гаргаж яг ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр анхаарах хэрэгтэй байна.

-Тариаланчид хэчнээн төгрөгөө газар булаад алдчихаж байна вэ. Танай холбооноос тооцоо гаргаж үзэв үү?

-Техник худалдан авалтын зардлыг оруулахгүйгээр зөвхөн бордоо, түлш, цалин гээд урсгал зардлыг тооцоход л 150 тэрбум төгрөгийг хөрсөнд хийчихсэн байна. Булганы Хутаг-Өндөр сумаас эхлээд тарьсан талбайдаа уринш хийгээд эхэлчихлээ. Юу ч авахгүй нь гээд ирэх жилдээ бэлдэж эхэлсэн гэсэн үг.

-Үүлэнд нөлөөлж бороо оруулаад ургацаа авч үлдэх боломж байгаагүй хэрэг үү?

-Орчин үед ган гачгийг бууруулахын тулд дэлхий нийтээрээ үүлэнд нөлөөлөх байдлаар бороо оруулах технологийг ашиглаж байгаа. Тариаланчид болон холбооныхон яаманд өвөлжингөө хэлсэн. Тодорхой төсөв тавиач, үүлэнд нөлөөлөх буу, сумаа эртхэн бэлдэж нөөцлөөч, сүүлийн зургаа долоон жил сайхан ургац авлаа, мөчлөгтэй учраас энэ жил ган болно гэж өчнөөн сануулсан. Гэвч яам дорвитой арга хэмжээ аваагүй. Маш хариуцлагагүй хандсан. Төсөв, мөнгө хэцүү гэсээр байгаад таарсан. Хавар Дорнодод гарсан түймэрт байгаа сумныхаа бараг 80 хувийг зарцуулсан. Тэнд үүлэнд нөлөөлж бороо оруулсан юм. Үлдсэн сумнуудаа бүр болохоо байлаа гээд зургадугаар сарын сүүлээр тариалангийн бүс нутгууд руу татсан. Харамсалтай нь тавдугаар сар, зургадугаар сарын эхийн их хэмжээний масс үүлийг алдсан. Яг манайтай адилхан гантай Орос, Хятад хоёр ургацынхаа 20-25 хувийг алдаж байна. Гэтэл манайх 80 хувиа алдаж байна гэдэг бодох л асуудал.

-Үүлэнд нөлөөлөөд бороо оруулж эхэлсэн юм байна. Тэгээд ч үр дүнгээ өгөхгүй нь үү?

-Сүүлийн үед үүлэнд нөлөөлж бороо оруулаад байна л даа. Гэхдээ энэ ажлыг мэргэжлийн хүмүүс хийх учиртай. Салхины чиг энэ тэрээ маш зөв тооцоолохгүй бол үр дүнгүй болчихдог. Сүүлд гэхэд Төв аймагт үүл буудахад Улаанбаатарт бороо орох жишээний. Мэргэжлийн компани, мэргэжлийн хүмүүст нь даатгаж өгмөөр байна.

-Хэн дуртай нь үүл буудаж үр дүнгүй газар бороо оруулаад байгаа гэсэн үг үү?

-Өмнө нь байсан хүмүүсийг тэр чигт нь сольсон. Одоо бол маш хариуцлагагүй улс буудаж байна. Салхины чиг гэдэг чинь их нарийн эд юм билээ.

-Тариа ургах боломжтой хугацаа ер нь хэдийд байдаг вэ. Хэзээ бороо оруулсан бол ургацаа алдахгүй аваад үлдэх боломж байв?

-Зургадугаар сарын эхний арав хоногт орсон бол боломж байсан. Бутлалтын үедээ гэсэн үг л дээ. Тариад,соёолоод, бутлаад, гол хатгаад, түрийлнэ гэж ярьдаг. Хамгийн их анхаарах хугацаа нь бутлалтын үе. Бутлалтынх нь үед бороо ороогүй.

-Таны ярианаас анзаарахад салбарын чинь яам нэлээд сэтгэлгүй ажиллажээ дээ?

-Шуудхан хэлэхэд тийм. Тариаг тархиндаа ургуул гэдэг. Ний нуугүй хэлэхэд тариаг эхлээд Хүнс, хөдөө аж ахуйн яаман дээр ургуулмаар байна. Тариаланчид Хүнс, хөдөө аж ахуйн яамандаа өнгөрсөн хавраас л сануулсан. Ган гачиг болдгоороо болно, улсын хэмжээний хэрэглээний тооцоо, авах үнээ гаргаад, захиалгаа өгөөч гэж хэлсэн. Ганц улаанбуудай ч биш малын тэжээлээс эхлээд тарьж болох зөндөө зүйл бий. Яг юу нь хэчнээн хэмжээгээр хэрэгтэй байгаа талаар захиалгаа өгөх хэрэгтэй. Сэлгээний ургамал гэдэг газар тариаланд хэрэгтэй эд. Гэтэл Хүнс, хөдөө аж ахуйн яам үүнд огт анхаараагүй.

-Ган гачиг болох нь, бороо оруулахгүй л бол хэцүүднэ гэж хэлэхээр яамнаас ямар хариу өгч байсан бэ?

-Төсөв мөнгө ярина. Ган гачиг болох мөчлөг нь ирсэн гэхээр “Амны бэлгээс ашдын бэлгэ гэдэг. Та нар битгий муу юм яриад бай” гэдэг.

-Тариаланчид лав л хаврын тариалалт хүртэл буудайгаа борлуулж чадахгүй байна гэцгээсэн. Тэгэхээр буудайн нөөц байгаа гэж ойлгож болох уу?

-Түрүү жил буудай маш их байсан нь үнэн. 17 жилийн түүхэнд аваагүй өндөр ургац хураасан. Яамандаа “Аж ахуйн нэгжүүдэд байгаа буудайг улсын нөөцөнд авчихвал алсдаа хэрэгтэй” гэж хэлсэн. Том гүрнүүд шиг дөрөв, таваар нь байг гэхэд ядаж нэг жилийн нөөцтэй байх учиртай. Гэтэл яам тоогоогүй. Нөөцгүй улс ямар байдгийг хүмүүс энэ намар л мэдэрнэ. Эхнээсээ ийш тийшээ буудай, гуриланд явж байна. Түрүү жил аж ахуйн нэгжүүдэд байсан буудай спирт рүү явсан. Жар, далан мянган тонн буудайтай байснаа спиртийнхэнд зарсан нь үнэн. Гэтэл өнөөдөр Тариалан дэмжих санд 30-хан мянган тонн буудай бий. Монголын нэг сарын л хэрэгцээ. Ядаж зуун мянган тонныг нөөцөлсөн бол энэ жилийн ургацтай залгаад гал алдчихгүй байсан. Нөөцгүйн үр дагаврыг энэ намар үзнэ. Ямар ч байсан гурилын үнэ өснө. Буудайны гарц муудсан, 80 хувиа алдсан учраас өсөх нь тодорхой. Ийм хүндрэл үүссэнийг төр засаг хэлэхгүй байна.

-Улсын хэмжээнд ийм их хувиар ургац алдчихаар дараа жилийн тариалалт, ирэх өдрүүдийн нөөц гээд өчнөөн асуудал гарах нь дээ. Хэцүү байдлаас гарахын тулд Засгийн газар, салбарынхаа яаманд тариаланчдын зүгээс ямар санал тавья гэж бодож байна?

-Өмнө нь гаргалгаа гаргаж асуудлыг шийдсэн тохиолдол бий. Тариаланчдын газар булаад шатаж байгаа 150 тэрбум төгрөг бол бүгд банкны өр. Банкны үндсэн зээлийг тодорхой хугацаанд хойш нь тавиад хүүгийн алдагдлыг нь улсаас өгч газар тариалангийн салбараа авч үлдсэн түүх байгаа. 2001, 2002 оны гангийн үеэр зээл хойшлуулах аргаар тариаланчдаа аварч байсан. Зээлийн хүүгийн дарамтаас хамтарч байж л гарна. Монгол банкны зүгээс оролцох болов уу гэж найдаж байна.

-Зээлийг чинь хойшлуулж, хүүг чинь төлж чадахгүй гэвэл яах вэ?

-Төр засгаас ингэж чадахгүй гээд орхивол олон компани элгээрээ хэвтэнэ. Ирэх жил хэн тариа тарих вэ гэдэг асуудал гарч ирнэ. Тариа тарина гэдэг хэн дуртай хүний хийдэг ажил биш. Асар их хөрөнгө оруулалт, туршлага шаарддаг. Газар тариалангийн салбарт олон мянган хүний ажлын байр бий. Салбар нь унавал хэчнээн мянган хүн ажилгүй болно. Ганц тариа тарьдаг компани ч биш, түлшний, сэлбэг нийлүүлдэг гээд өчнөөн компани дагаад унах эрсдэлтэй. Ийм байдалд хүрчихсэн. Ноцтойгийн ноцтой байдал үүссэн гэдгийг л хэлмээр байна.

-Тариаланчдын тарьсан тариаг яаж ч ашиглах боломжгүй болчихсон уу?

-Тариа хэнзэрнэ гэж ярьдаг юм даа. Хэнзрээд, оройтоод гараад ирдэг юм. Үр суухгүй. Гэхдээ ногоон масс бэлдэж болно. Малын тэжээл гэсэн үг. Малын тэжээл бэлдэхийн тулд тодорхой хэмжээний техник хүч, хөрөнгө зардал хэрэгтэй. Төр засгаас тодорхой зардал мөнгө гаргаад ядаж малын тэжээл болгочихмоор байгаа юм. Яаманд санал тавьсан. Тариа тарьсан энэ их талбай уринш болох гээд байна, уринш болгохгүйгээр, тариагүй боллоо ч ядаж малтайгаа үлдэх боломжоо ашиглаач гэж байгаа. Хамтраад тэжээл бэлдье гэсэн. Гэхдээ тэжээл бэлдэхийн тулд бидэнд зардал байхгүй гэдгээ ч хэлсэн. Наймдугаар сарын 15 гэхэд улсын ургацын комисс гардаг юм. Цаг алдалгүй хуралдаж шийдвэр гаргах хэрэгтэй байгаа. Бичин жил ирнэ, хавар нь айхтар гэж ярьдаг. Ядаж малаа авч үлдэх хэрэгтэй л дээ. Яамнаас одоогоор ямар ч хариу алга байна.

-Хэрвээ засгаас анхаарч ургац авахааргүй болсон талбайгаас малын тэжээл бэлдвэл тариаланчдад бага ч гэсэн мөнгө орж ирэх нь ээ?

-Мөнгө ч бараг олохгүй дээ. Тариаланчдын хувьд бүх юм өнгөрсөн. Нэгэнт ургац авахгүй талбайгаас сайхан ногоон масс хураагаад аваасай л гэж бодож байна. Саяны борооноор бэлчээр жаахан сэргэсэн ч малд махан тарга өгөхгүй. Өөхөн тарга л өгөх өвс. Хадлан авах газар алга. Тэгэхээр байгаа тариагаа тэжээл болгоё гэвэл тариаланчид үгүй гэхгүй. Нэгэнт алдчихсан юм чинь. Дэм дэмэндээ явах нэг ийм хувилбар бий.

-Байдал хэцүүдчихлээ шүү гэж Засгийн газарт албан ёсоор хандсан уу?

-Яам руугаа байнга л хандаж байна. Бэлгэгүй юм ярилаа, сайн сайхан юм бод гэсэн юм л өөдөөс ярьдаг. Тариаг эхлээд яаман дээр ургуулах хэрэгтэй байна гэдгийн учир энэ. Энэ жилийн тариа тарьсан газар бол түрүү жилийн уриншилж өнжөөсөн газар. Талбайгаа өнжүүлэхийн тулд хор цацахаас эхлээд маш их зардал гаргадаг. Энэ жил дахиад уринш болгож өнжөөж байна гэсэн үг. Тэгэхээр зардал нь хоёр дахин нэмэгдэж таарна аа даа. Хоёр жил дараалаад уринш хийсэн гэсэн үг. Гурав дахь жилдээ буюу ирэх онд тэр талбайд тариа ургуулахаар нэг тонн буудайны үнэ хэд болох вэ. Зардал нь хоёр дахин нэмэгдсэн учраас буудайны үнэ маш өндөр гарна. Буудайгаа тохиролцоод зарах гэхээр яамнаас импортоор хямдхан буудай оруулж ирээд өгчихдөг. Ийм үед нийгэм биднийг яаж ойлгох нь тодорхой. Тариаланчид гэж шуналтай улс, дэлхийд ийм хямд байхад илүү үнээр өгөх гээд байна гэж хардаг. Угтаа бид ийм л хэцүү амьдралтай улс. Нэг жил 80 хувийн ургац алдчихаар дараа жил тариалан сэхэхэд хэцүү байдаг. Хүүгийн дарамтаас эхлээд өчнөөн алдагдалд ордог. Аажмаар, дөрөв, таван жил тогтвортой ургац авбал арай гайгүй болно. Тэгээд зургаа дахь жилд нь гангийн циклтэй.

-Усалгаатай тариалан л хөгжүүлмээр юм байна даа?

-Санал нэг байна. Монгол гол мөрөн ихтэй. Гол мөрний эрэг дагасан тариан талбай ихтэй. Гадагшаа гараад явчихдаг мөрнүүдийн усаа хөрсөнд нь шингээж авч үлдэх хэрэгтэй. Усалгаатай тариа гэдэг бол тогтвортой, баталгаатай. Монгол улсын хэмжээнд ядаж 50 мянган га талбай усалгаатай байсан бол бид огт өөр юм яриад суух байсан. Сүүлийн гурав, дөрвөн жил усалгаатай тариалан шиг хэрэггүй юм байхаа больсон. Усалгаатай тариалан эрхэлдэг улсаас усны төлбөр гэж дааж давшгүй их мөнгө нэхдэг. Ингээд бүгд татвар дээр асуудалтай болсон.

-Циклээрээ ган болсон гэж та хэллээ. Ирэх жил яах бол, гангийн давтамж гэж байх уу?

-Гангийн давтамж гэж бий. Хоёроос гурван жил гэж ярьдаг. Ирэх жил хүнд байна. Тийм учраас тариалангийн компаниуд тарилтаа их хэмжээгээр багасгана.

-Танай компани хаагуур тариа тарьсан бэ. Ургацаа алдчихсан уу, эсвэл жаахан ч гэсэн юм авах нь уу?

-Манайх Сэлэнгэ аймгийн Сант суманд 2000 га-д тариалсан. Хуурайшилт хамгийн өндөр байсан сумдын нэг гэхээр байдал ямархуу гэдэг нь ойлгомжтой байх.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Жуулчдыг амраах биш тамлаж орхисон Хөвсгөлийн дүр зураг

Хөвсгөл зүг рүү энэ зун төмөр хүлэгтэй бүхэн жолоо мушгиж байна. Засмал замаар сүнгэнүүлсээр шууд Хатгал орчихож байгааг хэлэх үү. Цэнхэр “далай” руу ойртох тусам хөдөө нүдний гэм машины түгжрээ энэ наадмаар тэнд байдаг л нэг үзэгдэл болов. Хатгал орох хэсэг дээр гэхэд яг нийслэлийн зам шиг их түгжрээ үүссэн нь тавиад удаагүй шинэхэн засмалын буян л даа. Жижиг тэрэгнээс мянган төгрөг авдаг пост гэхэд хэд хэдэн хүн эгнүүлчихсэн мөнгөө хураацгаах нь Хатгалын цоо шинэ дүр зураг байв. Шороон замаар тоос татуулдаг байсан өмнөх жилүүдэд Хатгалд машины түгжрээ үүсдэггүй байлаа. Их халуунаас зугтсан нийслэлийнхэн бараг л тэр чигтээ оччихсон уу гэлтэй, үндэсний их баяр наадмын үеэр цэнгэг Хөвсгөл түмний хөлд дарагдаастай өнжив.

Ян сарьдаг, хөвч тайга, дэлхийд тийм ч олон биш гүн цэнхэр цэнгэг уст нуур, Монголын өөр хаана ч байхгүй цаатан, Мөнх хааны ордны туурь, хэдэн мянганы түүх хүүрнэсэн буган хөшөө, эртний хиргисүүртэй гэж ирээд яривал Хөвсгөл аялал жуулчлалын брэнд байхаар нутаг юм. Дэлхийн арван долоон эртний нуурын нэг, хоёр сая гаруй жилийн настай Хөвсгөлд ганц бид ч биш дэлхийн жуулчид ирэхийг хүсдэг. Засмал замтай болчихсон учраас жуулчнаар дутахын зовлон тэнд алга. Харин засаг нь жуулчнаа тохитой байлгах орчинд анхаараагүй, иргэд нь ирэх жилүүдэд ч аялал жуулчлалаар амь зууна гэсэн сэтгэлээ бэлдээгүй нь илт анзаарагдав.

Дэлхийд ганц монгол наадмаар талын Монголыг зорих гадны жуулчдын тоо эрс өсдөг. Тэр дундаа Монголын Швейцарь гэж гадаад ертөнцөд алдаршсан Хөвсгөлийг зорих жуулчид өчнөөн. Тэгэхээр олон бужиг­насан наадмын өдрүүдэд Монголын аялал жуулчлал хэр хөгжсөн бэ гэдгийг үүргэвч үүрсэн гадныхан сонжиж таарна. Эх орондоо очоод ойр тойрныхондоо Монголын Хөвсгөл нууранд очоорой гэсэн урилга өгөх эсэх нь ч энэ өдрүүдэд шийдэгддэг. Монголчуудын хувьд ч ялгаагүй. Хөлтэй бүхэн Хөвсгөл рүү хөлхсөн энэ жилийн өнгө дараа жил дотоодын аяллын цуваа тийшээ хөврөх эсэхийн шийдэл болно гэдгийг ухаж ядах юмгүй. Энэ утгаар нь Хөвсгөлийг онцлоод байгаа хэрэг.

Энэ жилийн наадмын тухайд Хатгалд хөл тавьсан үеэс л жуулчдын толгойг өвтгөсөн асуудлууд босч ирсэн дээ. Наадмын үеэр тэнд очсон бэлэн мөнгөгүй аялагчид лав багагүй сандарсан. Хатгалын хэмжээнд ХААН банкны ганцхан АТМ-тэй. Өнөөхийнх нь мөнгө дуусчихсан учраас ямар ч авралгүй. Ингээд зогсохгүй, дэлгүүрүүдийнх нь карт уншигч сүлжээгүй учраас ажиллахгүй гацаастай. Зарим нэг азтай худалдан авагч цахим карт уншдаг жижигхэн хар төхөөрөмжийг агаарт өргөх шахам байж худалдан авалт хийж буй дүр зураг тийм ч таатай санагдаагүй. Монголчууд нь ойлгодог юмаа гэхэд гадаадын жуулчдад лав ойлгомгүй дүр зураг. Бэлэн мөнгөнөөс илүү цахим карт ашиглах болсон соёлт ертөнцөд аялал жуулчлалын гол бүсэд нь ийм байдал угтана гэж хэн төсөөлөхөв. Ер нь тэгээд Улаанбаатарчууд ч түрийвчиндээ бэлэн мөнгө түнтийтэл чихэхээс илүү карт шургуулчихаад явдаг болсон цаг.

За тэгээд өргөн хэрэглээний барааны үнэ тэнд Мөрөнгийн төвийн супермаркетаас хэд дахин үнэтэй. Нийслэлтэй жишвэл бүр ярих юм биш. Наад зах нь Мөрөнд 1100 төгрөгөөр зарж байсан цайны хийц Хатгалд 3000 төгрөг байх жишээний. Дараа жил хотоос юмаа бэлдэж ирмээр юм байна гэж хэлэх хүнтэй цөөнгүй таарсан. Угаасаа авахгүй гээд хаачих вэ гэсэн мөнгө бодсон хандлагаар хаданд гарсан үнэ тавиагүй бол тэнд очсон иргэд дараа жил ч Хатгалынханд хөрөнгө оруулалт хийх нь гарцаагүй байсан. Махны үнэ гэхэд л янз бүр. Хонины нэг килограмм мах зарим газраа 8000-9000 төгрөг байхад, “далай” руугаа цаашлах тусам үнэтэй. Килограмм махыг 13000 төгрөг гэж зарах газар ч таарсан. Сүү бол бүр ховрын бараа. Уг нь аяллын гол бүс, дээр нь хангалттай жуулчин очиж байгаа, ахиухан мөнгө аваад үлдье гэсэн сэдлээр хандсан бол ёстой нөгөө “нохойн битүү туурай, ногоон хурганы арьснаас бусад байна аа хө” гээд суух боломж Хатгалд бүрэн бий. Энэ жилийн наадмаар Хөвсгөлд очсон жуулчдын нэлээд нь “далай”-н эрэг дээр хагас өлсгөлөн өнжсөн гэх таагүй мэдээ уг нь гарахгүй өнгөрч болох л байсан.

Жуулчдын ихэнх нь их “далай” руугаа Жанхай даваад цаашилцгаадаг. Тэр зүг рүү байгалийн үзэсгэлэн бол гайхалтай л даа. Азийн цэнгэг уст нууруудаас усны эзлэхүүнээрээ хоёрт жагсдаг, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг өөртөө агуулдаг Монголын хамгийн гүн нуур цаашлах тусам хараа булаан цэнхэртдэг. Тэнгэрийн хаяатай уусан ижилдсэн их цэнхэр усан очсон хэний ч сэтгэлийн утсыг хөндөхөөр ер бусын үзэсгэлэнтэй, сайхан. Харин “далай” дагасан жуулчны баазуудын өнгө алаг цоог. Жуулчдын амрах таатай орчныг дээд зэргээр бүрдүүлж тэр хэмжээгээрээ үнэ хөлсөө хэлээд сууж байгаа газар цөөн ч гэсэн байна. Гэхдээ ихэнхдээ л ижил төрхтэй. Дотор нь өдөр өнгөрөөхөд тохь муутай хэдэн гэр, жижигхэн модон байшин голдуу жуулчны баазууд Хөвсгөлийн эрэг дагаад өчнөөн. Үнэ нь ч нэг хэвийн биш. Тогтмол тарифгүй гэсэн үг. Өглөө босоод ирэхэд жуулчдын байрлах гэрийн хоногийн ханш хэдэн арван мянган төгрөгөөр нэмэгддэг жишиг тэнд үйлчилж байна. Тэндээ л томдоо орох жуулчны баазад нэг хоног саатахад өмнөх өдөр нь хоногийн 60 мянган төгрөг байсан гэр дараа өдөр нь 80 мянга, цаашлаад 120 мянган төгрөг болчих жишээний. Ганц тэр бааз ч биш бүх л жуулчны газрууд хүн ихтэйг далимдуулан хүссэн үнээ хэлж байсныг энд онцолъё. Жуулчны баазуудын хоолны үнийн тухай ярих юм биш. Улаанбаатарын рестораны үнээс давсан ханшаар багавтар хоол олж идвэл их юм. Захын жуулчны бааз нэг таваг цуйвангаа 12000 төгрөгөөр үнэлсэн байна лээ.

Наадмын өдрүүдэд тэнд бороо орсон учраас гэр, байшин олдохгүй иргэд өчнөөн таарсан. Майхантай жуулчдыг баазынхаа хашаанд нэг орой хонуулахад 30 мянган төгрөг. Уг нь жуулчны баазууд аймгийнхаа төрийн байгууллагатай гэр, байшингийнхаа хоногийн зардлыг 30 мянган төгрөгөөр гэж гэрээ хийдэг юм билээ. Татвараа бага өгөх гэсэн заль байх л даа. Гэтэл үнэн хэрэгтээ, бодит байдал дээр тохиролцсон ханшаасаа хэд дахин илүүг жуулчдаас аваад сууцгааж байна. Бүр хашаандаа гэрийн ханшаар майхан бариулаад мөнгө хийж байна. Хувийнхаа жуулчны баазад, өөрийнхөө мөнгөөр авсан гэр, барьсан хашаандаа хэнийг хэдээр хонуулах нь эзний мэдэх хэрэг байж болох ч нөгөө талдаа Монголын аялал жуулчлалын гол бүс, жуулчдыг олноор татаж, их мөнгө хийх боломжтой гол газар гэдэг цонхоор харвал ингэж увайгүй загнаж, үйлчилгээний наад захын соёлгүй аашлах нь байж боломгүй хандлага л даа.

Усны мотоциклиор багахан газар хорин минут давхихад л нэг хүний 25000 төгрөг. Гэтэл ердөө ойрхоны, шууд зай нь 200-хан км Байгаль нууранд усан онгоцоор дор хаяж гурван цаг аялна. Байгаль нуурын аль л гоё гэсэн өнцөг тохой бүрд нь очно гэдэг үгээр өгүүлж үл гүйцэм таатай мэдрэмж. Ийм кайф авах өртөг нь мэдээж боломжийн. “Сүхбаатар” хөлөг онгоц энэ жил өмнөхөөсөө ч илүү оочер дугаартай байгаа сураг дуулдсан. Зорчигчид нь дээр доороо орох шахуу пиг яваа гэж Хатгалынхан өөр зуураа сонин болгож ярьцгаах юм билээ. Жуулчдад өгөх мэдрэмж талаас нь харахад далай ээжийн мандал дээрх аялал одоохондоо тийм ч сайхан сэтгэгдэл төрүүлэхээр биш л байна. Уг нь Байгал нуурын далайн аялал шиг сайхан мэдрэмж төрүүлээд буцаавал энэ жил ирсэн хоёр хүн дараа жил хэд дахин үржээд ирнэ. Аялал жуулчлал хөгждөг жам, замыг холоос хайх шаардлагагүй. Ердөө л энэ.

Жуулчид ид бужигнасан үеэр мэргэжлийн хяналтын газрын нэг том дарга Хөвсгөлд очиж л дээ. Энэ жилийн наадмаар. Мань эр тэнд очоод толгой сэгсрээд ирж. Аялал жуулчлалын гол бүс хэтэрхий замбараагүй, бодлогогүй, хяналтгүй байна, очиж цэгцэнд нь оруулаарай гэсэн даргын зөвлөмжөөр Хөвсгөлийн мэргэжлийн хяналтынхан Хатгал руу гарсан сураг дуулдсан. Уг нь Хатгал хүртэл саадгүй сүнгэнэх засмал замтай болсон учраас жуулчдын тоо өсөх нь тодорхой. Тиймээс аялагчдын тухтай орчныг бүрдүүлэх тал дээр төр анхнаас нь бодлогоор дэмжих учиртай. Ниргэсэн хойно нь биш өмнө нь. Тэгсэн бол Хөвсгөл энэ жилийн наадмаар ийм өнгөтэй харагдахгүй байлаа. Адаглаад ажиллаж байгаа хэдэн жуулчны бааздаа хяналт тавиад ажилласан бол…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зэсийн үнэ унаж, нүүрснийх тогтворжиж байна

Ногоон валютын ханш өндрөө авч буй энэ үед доллар олдог салбарууд олны анхааралд байна. Ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн гээд дэлхийд гардаг бүтээгдэхүүн бага сага бий ч ам.доллар олдог гол салбар гэвэл өнөөдөртөө уул уурхай л байгаа. Манай улсын хувьд нүүрс, зэс, төмрийн хүдэр, алт уул уурхайн ам.доллар олдог гол бүтээгдэхүүнүүд. Ингээд голлох эрдэс бүтээгдэхүүний үнийн таамгийг хүргэе.

Зэсийн эрэлт багасч, нийлүүлэлт нэмэгдэнэ

Төсвийн гол ачааг нугалж буй зэсийн үнэ бууна гэсэн таагүй мэдээ байна. Оны эцэст зэсийн ханш түүхэн доод цэгтээ хүрч магадгүй нь. Зэсийн үнийн ирээдүйг тандсан судалгаанд оролцсон учир мэдэх эрхмүүд, тодруулж хэлбэл арилжаанд оролцогчид болох хэджи сангийн менежерүүд оны сүүлээр зэсийн ханш 13 хувиар бууна гэсэн таагүй тоо хэлжээ. Тэдний таамаг амьдрал дээр батлагдвал нэг тонн зэсийн үнэ 4800 ам.доллар руу уруудна гэсэн үг. Дөрвөн жилийн өмнө зэсийн үнэ 10 мянган ам.доллар давж байсан түүх бий. Зэсийн үнийн уналтад нөлөөлөх хоёр том шалтгааныг шинжээчид онцолж байна. Эхнийх нь зэсийн гол хэрэглэгч болох урд хөршийн эдийн засгийн удаашрал. Эдийн засгаасаа шалтгаалж Хятадын эрэлт буурах нь тодорхой болжээ. Урд хөршийн эрэлт сүүлийн таван жилд байгаагүйгээр буурна гэсэн таамгийг шинжээчид хэлж байгаа юм. Дэлхийн зэсийн нийт хэрэглээний 40 хувь нь Хятадад хамаардаг. Урд хөршийн Чиндао боомт дахь зэсийг банкны баталгаа болгон ашиглахыг хориглосноор БНХАУ-ын зэсийн эрэлт харьцангуй буурсан гэх мэдээлэл бас бий. Зэсийн гол хэрэглэгчдийн нэг АНУ-ын үйлдвэрлэлийн салбарын үзүүлэлт тааруу гэсэн шалтгаан ч энэ металлын ханшид сөрөг нөлөө үзүүлж байгаа аж.

Зэсийн нийлүүлэлт огцом нэмэгдэж буй нь хоёр дахь шалтгаан болж байна. Перу, Монголоос нийлүүлэх зэсийн хэмжээ эрс өсч байгаа нь үнийн уналтад ташуур өгөх бололтой. Дэлхийн зах зээл дээр зэсийн илүүдэл нөөцийн хэмжээ 2016 он гэхэд оргил хэмжээндээ хүрнэ гэсэн таамаг байна. Гадагш нь зарж доллар олдог эрдэс бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр унасаар байгааг Сангийн яамнаас саяхан мэдээлсэн. Зэсийн ханш Лондонд зургадугаар сарын байдлаар 5.8 мянган ам.доллар болж өмнөх сараасаа 7.4 хувь, өмнөх жилээсээ 14.3 хувиар буурсныг тэд онцолж байсан юм. Статистикийн сүүлийн мэдээллээр зэсийн баяжмалын экспорт 16 хувиар нэмэгдсэн гэх тоо бий. Оюу толгойн үйлдвэрлэл зэсийн экспортын хэмжээ өсөхөд нөлөөлж байгаа. Тэгэхээр зэсийн үнэ унасан ч нийлүүлэлт нь нэмэгдэж буй учраас төсөвт үзүүлэх дарамт тэр хэрээр багасах нь тодорхой. Нэмж мэдээлэхэд төсөвт 1.4 сая тонн зэсийн баяжмал экспортлохоор тусгасан байсныг 1.25 сая тонн болгож бууруулаад байгаа.

Зэсийн экспорттой холбоотой нэг сайн мэдээ гэвэл Японы зэс үйлдвэрлэгч “Mitsubishi Materials Corp” компани Оюу толгойгоос бүтээгдэхүүн нийлүүлэх у р т х у г а ц а а н ы г э р э э байгуулахаар ажиллаж байгаа аж. Тус компанийн түүхий эд хариуцсан хэлтсийн ерөнхий менежер Тацуя Иноуэ Оюу толгойгоос туршилтаар 5000 тонн зэсийн баяжмал импортлох гэрээ байгуулснаа мэдэгдээд буй. “Bloomberg” энэ мэдээллийг цацахдаа Япон руу зэсийн баяжмал тээвэрлэхэд 30 хоног зарцуулна гэсэн тооцоог онцолсон юм. “Mit-subishi Materials Corp” жилд импортоор авдаг сая тонн зэсийн баяжмалынхаа 70 хувийг Өмнөд Америкаас авдаг, Өмнөд Америкаас бүтээгдэхүүнээ тээвэрлэхэд 304 хоног зарцуулдаг аж. Монголоос баяжмал авах нь Японы талд ашигтай гэдгийг энэ хоёр тооноос харчихаж болно. Тээврийг нь Японы тал хариуцна гэж байгаа. Оюу толгойн баяжмалыг төмөр замаар Владивосток боомтод хүргэж, далайгаар Япон руу тээвэрлэхээр төлөвлөжээ. Тэгэхээр Монголын зэсийн баяжмалын хувьд Япон гэдэг шинэ том зах зээл нээгдэж байна гэсэн үг. Нэг зах зээлийн нөлөөллөөс гарчихаар үнэ ханшийн хувьд ч эерэг нөлөөлөл мэдрэгдэж эхлэх нь тодорхой.

КОКСЖИХ НҮҮРСНИЙ ҮНЭ 2018 ОН ХҮРТЭЛ САЙЖРАХГҮЙ

Манай улс оны эхний хагас жилийн байдлаар 12.4 сая нүүрс олборлоод байна. Өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.8 хувиар өссөн үзүүлэлт. Борлуулалт, экспортын аль аль нь буурсан гэж статистикийнхан онцолж байна. Эхний хагас жилд 10.4 сая тонн нүүрс борлуулснаас 6.9 сая орчим тонн нүүрсийг экспортолжээ. Нүүрсний экспорт эхний хагас жилд өнгөрсөн оны мөн үеэс 30 орчим хувиар буурсан гэсэн үг. Монголын нүүрсний гол зах зээл болох Хятадын нүүрсний импорт он гарсаар 34 хувиар буугаад байгаа юм. Экспорт, борлуулалт б у у р с а н г о л ш а л т г а а н нь энэ. Хятадын Засгийн газар импортын нүүрсний чанарт тавих шалгуураа чангатгасан нь нүүрсний экспортын уналтад шууд утгаараа нөлөөлөөд буй. Импортын нүүрсний татвараа өсгөсөн гэх шалтгаан ч байгаа. Манай улсаас гадна Австрали, Индонези зэрэг томоохон экспортлогчдын нийлүүлэлт ч унаж байгааг статистикаас харж болно. Өмнөд хөршийн Гаалийн газраас гаргасан оны эхний таван сарын мэдээллээр манай улс коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ Австралийн дараа бичигджээ. Үнийн хувьд тонн нь дунджаар 42 ам.доллар байж. Нүүрсний үнийн уналт саарсан, харьцангуй тогтворжиж эхэлсэн гэсэн мэдээ байна. Баяжуулсан коксжих нүүрсний ханш өмнөх оноос 17 хувиар буураад буй.

2013-2018 онд Хятадын нүүрсний зах зээлийн нийлүүлэлт эрэлтээс давсан хэвээр байна гэсэн таамаг бий. Энэ хугацаанд коксжих түүхий нүүрсний үйлдвэрлэл 1.68 тэрбум тоннд хүрч жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байх бололтой. Нүүрсний зах зээл дээр манай улстай өрсөлдөгчид гэвэл АНУ, Австрали. Эрчим хүчний мэдээллийн төвийн судалгаагаар ирэх 30жилийн хугацаанд Америкийн нүүрсний үйлдвэрлэл тогтвортой байх гэнэ. Австралийн нүүрсний олборлолт 2020 онд 550 сая тоннд хүрэх төлөвлөгөө бий. 2009-2011 онд Хятадын коксжих нүүрсний үнэ 40 орчим хувиар огцом өссөн бол 2012 оноос өнөөг хүртэл огцом унаж байгаа. Шаньси Люлин бүс нутгийн бүрэн коксжих нүүрсний үнэ гэхэд л 44 хувиар буурсан тоог статистикаас харж болно. 2015-2018 онд Шаньси мужийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал жил бүр 40-60 сая тн-оор нэмэгдэж нийлүүлэлтийн илүүдэлтэй хэвээр байна гэж шинжээчид онцолж байгаа. Шинжээчдийн таамгаар 2018 он хүртэл коксжих нүүрсний үнэ буурсан хэвээр байх нь.

АЛТНЫ ЭКСПОРТ ЭРС ӨСЧЭЭ

Энэ оны эхний хагас жилийн байдлаар алтны экспорт 1.8 дахин өсчээ. Алтны үнэ 2011 оны есдүгээр сард 1923.7 доллар/унци болж оргилдоо хүрч байсан бол оны эхээр 30 гаруй хувиар унасан юм. Алтны үнийн бууралтад сүүлийн жил гаруйн хугацаанд огцом унаж буй нефтийн үнэ нөлөөлж буй. Ямар ч ашигт малтмалыг тээвэрлэх гол зардал нь түлш шатахуун гэдэг утгаараа. Нефтийн үнэ буух тусам инфляци бага байх нь тодорхой. Ийм үед хүмүүс алт нөөцлөх сонирхолгүй болдог гэсэн таамаг бий. Алт нүүрс, зэсээс нэг зүйлээрээ ялгаатай. Нүүрс, зэсийн үнэ эрэлт, нийлүүлэлтээс хамаардаг бол алтных тийм биш. Зөвхөн эрэлтээр тодорхойлогддог. Нийлүүлэлт тийм ч чухал нөлөө үзүүлдэггүй. Цэнхэр гариг даяар олборлолт нь тогтмол байдаг аж. Дэлхийн улсууд нийлээд жилд 2700-3000 орчим тонн алт олборлодог гэсэн статистик бий. Алтны хэрэглээний бараг тал хувь нь Энэтхэг, Хятадад ногддог байна.

Дэлхийн болон БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удаашралтай байгаа учраас алт, мөнгө гэх мэт үнэт металлын үнэ үргэлжлэн буурах хандлагатай байна гэсэн таамгийг шинжээчид хэлж байна. “Australia & New Zeland Banking Group”-ийн зүгээс “Ам.долларын ханш чангарсан нь алтны үнэд сөргөөр нөлөөлсөн. Алтны үнэ ойрын хугацаанд өснө гэдэгт итгэлгүй байна” гэж мэдэгдээд буй. Чикаго дахь “Long Leaf Trading Group”-ын ахлах стратегич Тим Эванс “Одоо алт худалдан авах цаг биш” гэсэн нь бий. “Goldman Sachs” ч гутранги таамаг хэлээд байгаа. Өнгөрсөн онд алтны дундаж үнэ 1271.19 ам.доллар/унци болсон нь 2013 онтой харьцуулахад 9.91 хувиар буурсан үзүүлэлт аж. Монголбанк грамм алтыг өнгөрсөн сард 72 мянган төгрөгөөр авсан байна. Энэ нь жилийн болон сарын дүнгээрээ гурван хувиар агшсан дүн гэнэ.

ТӨМРИЙН ХҮДРИЙН ХАНШ ДАХИН УНАЖ ЭХЛЭВ

Өнгөрсөн онд төмрийн хүдрийн үнэ 44 хувиар унаж байв. Би-Эич-Биллитон, Рио Тинто, Бразилийн Vale нийлүүлэлтээ нэмэгдүүлсэн гэсэн гол шалтгаантай. “Сити групп” төмрийн хүдрийн үнийг энэ онд 60 ам.доллараас доош унана, 2017 он хүртэл 65 ам.доллараас өгсөхгүй, 2017 онд л 73 ам.доллар болж бага зэрэг өснө гэж таамаглаад буй. Төмрийн хүдрийн үнэ 70-80 ам.долларын хооронд хэлбэлзэх үед Хятадын зардал өндөртэй үйлдвэрүүд хаагдана, Канад, Бразил, Иран, Малайз, АНУ-ын олборлолт ч дагаад буурна гэсэн таамаг бий. Харин 60-70 долларын хооронд удаан хугацаанд хэлбэлзвэл Баруун Африк, Орос, Австрали, Бразил, Иранд олон уурхай хаалгаа барихад хүрнэ гэж шинжээчид онцолж байна. Манай улсын экспортын мэдээнээс харахад төмрийн хүдрийн ханш дөрөвдүгээр сараас эргэн сэргэж, сарын дүнгээрээ 8.8 хувиар өсчээ. Гэвч төмрийн хүдрийн ханш долдугаар сар гарсаар дахин унаж эхэлсэн юм. Төмрийн хүдрийн үнийн уналтад гол хэрэглэгч болох Хятадын эдийн засгийн байдал нөлөөлж буй. Дэлхийд олборлож буй нийт төмрийн хүдрийн 98 хувийг гангийн үйлдвэрлэлд ашигладаг. Гангийн үйлдвэрлэлийн тал хувь нь Хятадад ногддог гэсэн статистик бий. Хятадад төмрийн хүдэр нийлүүлдэг улсын тоо өсч байгаа аж. 2003 онд найман улс Хятадад төмрийн хүдэр нийлүүлж байсан бол одоо 15 улс урд хөрш рүү экспорт хийж байна. Өнгөрсөн оны эхний найман сард Хятадын гангийн хэрэглээ 0.3 хувиар буурсан нь сүүлийн 14 жилд үзэгдээгүй уналт гэж шинжээчид онцолж байв. “Ситигрупп”-ийн таамгаар 2018 он гэхэд зах зээл дэх илүүдэл 300 сая тоннд хүрэх гэнэ. Тэд нийлүүлэлтийн илүүдэл энэ онд нэг тонн төмрийн хүдрийн үнийг 50 ам.доллар болтол унахад нөлөөлнө хэмээн таамаглаад байгаа. Өнгөрсөн оны эхэнд 135 ам.доллар байсан төмрийн хүдэр мөн оныхоо сүүлээр 69 ам.доллар болсон юм. Зургадугаар сарын сүүлийн өдөр гэхэд Хятадын Тяньжин боомтод 44.1 ам.доллар хүрч буурсан мэдээ цацагдсан. Ингэж буурахын өмнөх долоо хоногт төмрийн хүдрийн үнэ 56 ам.доллар байжээ. Өмнө нь 44 ам.доллараас бууж байсан ч эргээд 60 ам.доллар хүрсэн жишээ бий. Юутай ч ерөнхий дүр зургаар нь харахад төмрийн хүдрийн үнэ ирэх хоёр жилийн хугацаанд лав дээд тал нь 65 ам.доллар байх бололтой.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Зургаан настнууд өдөрт 300 удаа инээдэг, харин ахимаг насныхан…

Инээмсэглэлийн талаар нэг ийм судалгаа гарчээ. Зургаан настай хүүхэд өдөрт 300 удаа инээдэг бол 45 хүртэл насныхан хоногт дор хаяж 14 удаа инээмсэглэдэг гэнэ. Харин тавиас дээш насныхан бүтэн өдрийн турш ердөө дөрөвхөн удаа жуумалздаг аж.

Ахимаг насныхан огт инээдэггүй гэсэн үг. Тэгэхээр хүн нас ахих хэрээрээ өөрийн мэдэлгүй инээмсэглэхээ больдог байх нь. Анагаах ухаанд инээмсэглэлийн талаар бас нэг ийм нотолгоо байдаг юм байна. Сэтгэлийн хөдлөлгүй механик инээмсэглэл хүртэл энергийн түвшинг дээшлүүлдэг, зүрх сэтгэлээсээ инээвэл уураг тархиар дамжаад бүх л эрхтэнд эерэг нөлөө үзүүлдгийг шинжлэх ухаан хүлээн зөвшөөрчээ. Хэн нэг хүн инээмсэглээд зөрж өнгөрөхөд сэтгэл хөнгөрөөд сайхан болчихдог доо. Дэргэдэх хүний сайхан инээд энергийн түвшинг нэмдгийг мөн л судалгаагаар нотолчихож. Эртний даочууд “дотоод инээмсэглэл”-ээс дотор эрхтэн, бүх биеийг тэтгэдэг бал мэт шүүрэл ялгардаг хэмээн үздэг байж. Анагаахынхны хэлээд байгаа эерэг нөлөөллийг дээр үед даочууд ингэж хэлж байж л дээ.

“Дотоод инээмсэглэл”-ийн буюу чин сэтгэлээсээ инээмсэглэх дасгал хүртэл байдаг юм билээ. Инээмсэглэлийн ид шид, үнэ цэнийн талаар иймэрхүү баримт, мэдээлэл зөндөө байдаг. Тэгэхээр залуужуулж, эрүүлжүүлэх шидтэй инээдээс татгалзмааргүй байгаа биз. Та өчигдөр хэдэн удаа инээснээ бодоод үзээрэй. Тэгээд өнөөдөр чин сэтгэлийн инээмсэглэлээрээ өөрийгөө баярлуулж, ойр тойрныхондоо эрч хүч, энерги бэлэглээрэй.

Categories
ардын-цолтон булангууд мэдээ цаг-үе

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.ЖАНЦАННОРОВ: “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн тухай өнөөдөр биш 800 жилийн дараа ярих учиртай

Төрийн хошой шаг­налт, Ардын жүжигчин Н.Жан­цанноровтой ярилцлаа.

-Ж.Бадраа гуайтай хамтарч хийсэн таны дуунуудаас “Аргалд явсан ээжий” хүмүүсийн сонсох дуртай дууны нэг. Түүхийг нь яриулахсан гэж бодоод явдаг байлаа…?

-Би ээжтэйгээ 1969 оноос хойш хамт амьдарсан хүн л дээ. Ээж минь 1991 онд нас барсан юм. Битүүний урд өдөр ээж их ажилтай. Бурханаа цэвэрлэнэ, зулын гол орооно. Ээжийг нас барсан жилийн битүүний урд өдөр гэртээ орсон чинь нэг юм бодогдлоо. Бурханаа хэн цэвэрлэдэг билээ, хамгийн түрүүнд хэнд золгох вэ гэж. Намайг бүр жааханд манайх зуухгүй, тулгатай байлаа. Үнс бужигнана гэж жигтэйхэн. Ээж аргалд явахдаа намайг бүсээр ороож орны хөлнөөс уяж, өмнө минь хоёр ааруул тавьчихна. Гурав, дөрөвтэй байсан үе. Тэр жаахан хүүхдэд ээжийгээ хүлээх шиг том хүлээлт энэ ертөнц дээр байхгүй. Битүүний өдөр ээжийгээ үгүйлж дурсаад сууж байхдаа аргалд явснаасаа илүү урт хугацаагаар явчихлаа даа гэсэн бодол төрдөг юм. Гэтэл “Аргалд явсан ээжий минь та арай дэндүү удлаа” гэсэн мөр шууд ороод ирсэн. Бадраа гуай руугаа утасдлаа даа. “Бурханаа цэвэрлэж, зулаа барих гээд сууж байна. Ээжийгээ хамгийн их хүлээсэн цаг гэвэл аргалд явдаг үе нь байжээ. Надад нэг ийм мөр ороод ирлээ” гээд ярилаа. Өнөөх маань догдолчихож. “Утсаа тавь” гэж байна. Ээждээ амь гэж жигтэйхэн хүн байсан л даа. Хорин мину­тын дараа утас дуугарлаа. Бадраа гуай байна. “За үзэг цаас гаргаад бич” гэдэг юм. Ингэж л төрсөн дуу.

-Та хоёр их дотно байжээ. Рин­чен гуайн хайртай шавь нарынх нь нэг байсан гэл үү?

-Бадраа гуайтай гэр бү­лээ­рээ найзалдаг байлаа. Их том удам судартай хүн л дээ. Ерөнхий сайд асан Дамдинбазар гуайн дүү охиных нь хүүхэд. Яах аргагүй Ринчен гуайн хайртай шавь нарынх нь нэг. Сүүлд Ринчен гуайг оршуулах автобусанд Бадраа гуайг нэг хүн түлхээд оруулаагүй гэж ярьдаг юм. Үндэсний радиогийн хөгжмийн редакцийг байгуулахад том нөлөө үзүүлсэн хүн дээ. Тэнд байхдаа харшилтай учраас хөөргөөр хамрын тамхи татна. Ширээнийхээ шилэн дор Дарь эхийн зураг тавьдаг байж. Тэгээд л хамрын тамхи татдаг, бурхан шүтдэг, үндсэрхэг үзэл ярьдаг гээд Ховд аймаг руу цөлөгдсөн байдаг юм. Бадрууган тэр үед хоёр гурван настай жаахан хүү байсан байх. Түүнээс нь хойш өөдтэй ажил хийлгээгүй. Үндэсний уламжлалтай холбоотой юман дээр дуугүй суухгүй. Орос ёс хэтэрлээ гэнэ. Монгол хэлээ өмөөрнө. Тэгэхээр өөдөө ажил хийнэ гэдэг бүтэхгүй л дээ. Олон хэл гадарлана. Орос, англи хэлэнд гаргууд. Төвд хэл хоо­сонгүй. Перс рүү санаатай. Ханз харна. Долоо, найман юм­тай шүү. Гэрийн номын сан энэ тэр нь том л доо. Таагүрийн “Цусан тахилга” гэх мэт аваргуудыг орчуулсан. Хөгж­мийн зохиолчид Бадраа гуайн эрдэм чадлыг их үнэлж, тооно.

-Бадраа гуайтай хэзээ танилцаж байв?

-Багшийн сургууль төгссөн жилээ танилцсан. Танилцах ч юу байхав. Ганц хоёрхон дуу хийчихсэн мань мэтэд шүлгээ тоож өгөх хүн олдохгүй. Дууны яруу найргийн хувьд нэгдүгээр эгнээнд ганцаараа гараад ирсэн хүн. Явуухулан, Пүрэвдорж нар том яруу найрагч болохоос дууны яруу найргийн хувьд бүтэц талаасаа Бадраа гуайд хүрэхгүй. Арга байхгүй том яруу найрагчид учраас шүлэг нь сайхан дуу болчихдог. Дууны яруу найраг бол яруу найрагчид дотроо мэргэшдэг зүйл байгаа юм. Тэгж томорчихоор Намсрайжав гуай барьж аваад “Түмний нэг“ киноны “Халуун элгэн нутаг”-ийг хийлгэнэ биз дээ. Гончигсумлаа гуайн “Хүдэн татсан хангай” байна. Бирваа гуайн “Намрын шөнө”, “Зандан шоо” ярилтгүй гоё. Сүүлд нь гарч ирсэн Батсүх мэтийн залуус “Гайхмаараа”-гаас эхлээд сайхан дуунууд дээр хамтарчихсан цаг. Бадраа гуайн дуунуудыг сонсохоор л сайхан санагдаад “Яаж энэ хүнтэй уулзаж ганц шүлэг салгадаг билээ” гэж бодно. Тэгж байгаад зүрх гаргаж нэг дууны үг өглөө. “Хоньчны дуу” гэж сайхан дуу хамтарч хийсэн. Дараахан нь би хойшоо сургуульд явсан. Энэ хүнтэй насан туршдаа холбоотой явсан нэг шалтгаан байдаг юм. Би хойно долоон жил сураад ирэхдээ их юм сурсан ч соёл, түүх, уламжлал гээд Монголынхоо тухай юу ч мэдэхгүй хүн гэдгээ ухам­сартайгаар ойлгож ирсэн. Тэгэхээр ном уншихаас гадна мэддэг хүмүүстэй ойртохоос аргагүй болно оо доо. Тэгээд л Чой.Лувсанжав, Ширэндэв, Бадраа, Лувсанвандан гэсэн аваргуудтай ойртож нөхөрлөж эхэлсэн. Би дөнгөж төгсч ирсэн залуу ч гэлээ яамны ажилтан. Яамны ажилтныг юм хум асуу­гаад очихоор тэд бас голохгүй. Ингээд үг ам нийлээд эхлэлгүй хаачихав. Бадраа гуай миний нэг юмыг шүтнэ. Намайг та гэнэ л дээ. “Европын гаралтай хөгжмийн ухааныг орвонгоор нь ухаарсан учраас хөгжмийн тухай, урлагийн тухай тантай ярьж болж байна” гэнэ. Зөндөө юм асууна.

-Тэр мундаг хүн тэгээд юу асуухав?

-Яагаад тэр Вагнер чинь тэр хачин хөгжимт драм гэдэг юмыг Германд хийсэн юм бэ, герман хэлтэй холбоотой юу гэнэ. Тэгэхээр нь би хойно сурсан юмаа ярина. “Вагнер гэдэг чинь Бетховеноос хойш гурван үеийн дараа гарч ирсэн нөхөр. Дуурийн аялгуунаас залхаад дуурийг хөгжмийн бүтээл болгохын төлөө зүт­гэснээс үүдсэн” гэдэг ч юм уу. Би болохоор өөлд, урианхай гэж хэн юм, Гандан дээр ямар бурхад залаатай байдаг юм гэж ирээд асууна. Хоёр талаасаа нөхөх юмтай учраас бид хоёр гайхамшигтай эвлэсэн. Хоёулаа Монголын үндэсний урлаг соёл гэдэг зүйлийг дэл­хийн хүн төрөлхтөнд яаж хүлээн зөв­шөөрүүлэх вэ гэсэн орь хүсэлтэй. Симфонийг дэл­хий хүлээж авсан шиг уртын дууг дэлхий яаж хүлээж авах вэ гэдэг үзэл санаа бид хоёрыг нэгтгэж хов ч яриулна, хүн ч магтуулна, муулуулна. Толь бичиг дээр хамт сууна. Миний бичсэн номыг Бадраа гуай, Бадраа гуайн номыг би редакторлоно.

-Та хөгжмийн зохиолчдын хол­боог тэргүүлж байхдаа Бадраа гуайг гэртээ уран бүтээлээ хий гээд ца­лин­жуулж байсан гэж сонссон. Социализмын үед ийм шийд­вэр гаргах хэцүү байсан биз?

– Энэ хүнээр ажил хийлгээд хэрэггүй, байгаа юмыг нь л авч үлдье гэж бодсон хэрэг. Хэл ам их гаралгүй яахав. Намын төв хороонд матуулна. Найздаа улсын цалин зүгээр өгч гэрт нь суулгаж уран бүтээл хийлгэдэг гэсэн шүүмжлэлийг бол байнга сонсоно. Тэр үед байж болохгүй зүйл л дээ. Намын төв хороонд дуудагдах бүрдээ тайлбар хийдэг байлаа. “Алтан намар”, “Морин хуур” наадам зэрэг чинь бидний л хамтарч бодож олсон зүйл. Намайг морин хуурыг дэлхийд гаргачихлаа гэдэг юм. Бадраа, Ширэндэв гэж мундаг хүмүүстэй л ярьж суусан зүйл. Ширэндэв гуай намайг миний залуу найз гэдэг байсан юм. Аргагүй шүү дээ, надаас дөч, тавь ах юм чинь. Бадраа гуайг цалинжуулж гэрт нь суулгахдаа “Монгол ардын хөгжим“ гэдэг таван бүлэгтэй ном бич гэсэн даалгавар өгсөн юм. Гурван бүлгийг нь бичиж амжсан. Одоо түү­нээс хүчтэй ном манайд байхгүй. Японоос олж ирсэн магнитофоноо Бадраа гуайд өгөөд хөгшчүүлтэй яриулна. Тэр яриагаар “Их дуучны яриа” гэж их алдартай ном бүтсэн. Хорьдугаар зууны манлай ур­тын дууч Дорждагватай гурван сар сууж магнитофон дээр бичсэн бичлэгийг нь сүүлд би буулгаж, эмхэтгээд ном болгосон юм.

-Тэр үед намын үүрийн хурал гэж айхтар юм байсан гэдэг. Хөгжмийн зохиолчдын хол­бооны намын үүр гэхээр ямар юм байхав, уран бү­тээл­чид ер нь юу ярьж суу­сан бол гэсэн сонирхол тө­рөөд байдаг юм?

-Өө манай намын үүрийн гишүүд гэж “хөгийн юмнууд”. Гон­чигсумлаа, Мөрдорж, Эрдэнэ­батын Оюун, Зангад багш, Бирваа гуай, Бадраа гуай гээд. Сар бүр болдог намын үүрийн хурал их хөгжилтэй. Нэг намын үүрийн хурал дээр Бадраа гуай өөрийгөө магтаж эхэллээ. Би тийм ч юм хийсэн, ийм ч юм хийсэн гээд. Гэтэл Гончигсумлаа гуай гараа өр­гөөд “Хурлын дарга аа, Бадраа өөрийгөө магтахаас өөр юу ч хийхгүй байна, больё” гэж байна. Тэгсэн Бадраа гуай “Гончигсумлаа багш та нар ямар сонин юм бэ. Та нарыг хүн болгон магтана, намайг хэн ч магтахгүй юм чинь би өөрийгөө магталгүй яадаг юм” гэж билээ. Мөрдорж гуай хааяа архи уучихаад ирнэ. Гэхдээ намын үүрийн хурал дээр бол ууж ирнэ гэж байхгүй. Гончигсумлаа гуай нөгөөхөө дандаа шоолж явуулна л даа. Нэг удаа намын хурлын үеэр Гончигсумлаа гуай гараа өргөснөө “Зангад даргаа, архи үнэртээд байна аа. Хэн нэг нь намын хурал дээр архи уусан шиг байна. Мөрдорж л байх” гэж байна. Гэтэл өнөөх нь “Дарга аа надад болох уу, Гончигсумлаа дандаа тэгж байх юм, би намын үүрийн хурал болно гээд гурван өдөр архи уугаагүй шүү дээ” гэх жишээний. Намын үүрийн хурал нэг иймэрхүү болно.

-Уртын дууг сонгодог гэд­гийг дэлхийд хүлээн зөв­шөөрч эхэллээ гэж та ярь­сан байсан. Бадраа гуай та хоёрын зорьсон хүсэл эх­нээсээ биелж эхэлжээ дээ?

-Казахстанд болсон олон улсын хурал дээр Бадраа гуай илтгэл тавихдаа уртын дуу, хөөмий бол сонгодог урлаг гэсэн томьёолол хэлсэн юм. Хөөмийг сонгодог гэхэд хэцүү. Дэлхий өнөөдөр уртын дууг сонгодог гэдгийг хүлээн зөв­шөөрч эхэлж байна. Бидний үеийнхэн энэ урлагийг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх хэрэгтэй. Тэгж л байж манай соёлын, үндэсний дархлаа бэхжинэ. Түүнээс биш чи бид хоёр дуу­лаад үр дүнд хүрэхгүй л дээ.

-Уртын дууг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэхийн тулд яах ёстой вэ?

-Адгийн наад зах нь Бат­чулуун бид хоёр шиг байх хэрэгтэй.

-Морин хуурын чуулгыг байгуулж, дэлхийд сонс­госноо хэлж байна уу?

-Тийм ээ, Батчулуун баг­шийг Морин хуурын чуулга байгуулах үед морин хуур гэдэг биелгээ дагадаг, Ардын дуу бүжгийн чуулгын найрал хөгжимд хэдхэн хүн сууж байдаг, Норовбанзад гуайг дуулахаар ганц морин хуурч гарч ирж суудаг төдий л байсан. Бидний бага залуугийн морин хуурын үүрэг ерөөсөө тэр. Фестиваль явбал Жамъян гуай Шумины “Бодол”-ыг тоглосон болно. Тэгэхээр дэлхий яаж хүлээн зөвшөөрөх юм.

-Морин хуурын чуулгыг бий болоход Өвөр Монголын хуурч Чибулаг сэдэл өгсөн гэдэг байх аа?

-Өвөр Монголын “Чингэс хаан” киноны хөгжмийг бичсэн Мэргэжих, Чибулагийн тухай ярих хэрэг гарна л даа. 1989 онд. Би хөгжмийн зохиолчдын холбооны даргын албатай. Гэтэл Өвөр Монголд морин хуурын нийгэмлэг байгуулах гэж байна, эрхэм дарга таныг алдартай хөгжимчин Жамъян гуайтай хамт урьж байна гэдэг юм. Батчулуун, Жамъян багш хоёртой явлаа. Тэр үед нэг юм бодогдлоо доо хө. Монгол Улсын үндсэн хөгжим нь, Ардын дуу бүжгийн чуулгын оркестрт тав, зургаахан юм сууж байгаа, гэтэл Хятадад морин хуурын нийгэмлэг байгуулж байдаг, тэрэнд нь бид мэт нь очиж байх юм, энэ юу болоод байна аа гэсэн бодол төрж байна шүү. Нөгөө хоёртоо хэлэх үгийг нь чиглүүлж өглөө. Би ч гэсэн хоёрын хооронд юм хэлсэн боллоо. Баяр хүргэе, гэхдээ яг шинжлэх ухаан, судалгаа талаасаа та бүхэн бидэнтэй сайн хамтарч ажиллахгүй бол морин хуурын цаашдын хөгжилд эерэг нөлөө үзүүлэхэд хэцүү гэсэн утгатай үг хэлчихээд ирсэн.

-Ирээд шууд Морин хуурын чуулга байгуулах ажлаа эхэлсэн үү?

-Би тэр үед Намын төв хорооны гишүүн, Хөгжмийн зохиолчдын холбооны дарга болохоор бас ч гэж шийдвэр гаргах эрх мэдэлтэй. “Алтан намар” хөгжмийн наадмаа шууд л морин хуурын наадам гэж нэрлэсэн. Анх удаа 108 морин хуур цуглуулж морин хуурын наадам болгосон нь ийм түүхтэй. Чибулагийг нь авчирч тоглуулж “доош нь хийж” өгөөд мо­рин хуураа дэлхийд сонсгох ажил эхэлсэн дээ. Мэргэжихийг ч урьсан. Тэгээд морин хуурын нийгэмлэг байгуулж Жамъян гуайг ерөнхийлөгчөөр нь тавь­чихлаа. 1989 онд буюу тэр жилдээ.

-Социализмын үед морин хуурыг төр, засгийнханд ойл­гуу­лах бэрх даваа байсан уу, эс­­­вэл хялбархан бүтсэн үү?

-Нэг сонин тохиол болсон юм. Алдартай эрдэмтэн Хан­гины Гомбожав гуай Америкаас Монголд ясаа тавимаар байна гэсэн санал тавьсныг Мэргэжих гуай дуулгадаг юм. Садангийнх нь хүн л дээ. Гомбажав гуайг авчирлаа. Гэтэл ирснээсээ хойш хоёр, гурав хоногийн дараа галзуураад Шар хаданд хэвтэж, тэндээ нас барчихсан. Алтан өлгийд оршуулахаар боллоо. Би оршуулах ко­миссынх нь орлогч дарга. Сталины номын сангийн хоёр­дугаар давхраас гаргахаар боллоо. Тэр үеийн жишгээр үлээвэр хөгжмөөр гаргана гээд тохирчихлоо. Гэтэл Америкийн ЭСЯ-ныхан манай иргэн учраас ша­рил дээр нь улсынхаа тугийг бүтээнэ гэдэг юм. Бодлоо. Монгол хүн нас барчихаад байдаг, гэтэл Америкийн туг тавих гээд байдаг. Тэгээд эцэст нь үлээвэр хөгжим авахгүй гэж хэллээ. Морин хуурын дөрвөл тоглуулъя гэж шийдээд ардын дуу энэ тэрээс бүтсэн уйтгартай хөгжим найрууллаа. Гомбожав гуайг анх удаа мо­рин хуураар гашуудлын хөгжим тоглож гаргаж байгаа юм. Зориг гаргасан хэрэг л дээ. Тийм том эрдэмтэн нас барсан болохоор томчууд бүг­дээрээ очсон. Дараа нь хүн бүр “Жанцанноровоо морин хуураар гаргана гэдэг чинь их сайхан юм байна, зүрхэнд очсон аялгуу байна шүү” гэж байна. Тэрнээс хойш дарга нар морин хуур л сайхан юм гэж ярьдаг болсон. Гэнэт ан­заарсан хэрэг л дээ. Тэгээд Батчулуун Морин хуурын чуул­га байгуулсан. Би олон улсын харилцаа энэ тэрийг нь хариуцна. Тоглох юмтай байлгахын тулд тоглох юмыг нь сайн хийж өгнө. Улаан-Үүд рүү гарах ажлыг нь анх зохион байгуулж байлаа. Тэр үед чинь Улаан-Үүд гадаад шүү хөөе (инээв). Буриадуудын нүд орой дээрээ гарсан. Багш өгөөч морин хуураа сэргээе болоод явчихсан. Гэтэл дараа нь япончууд сонирхоод.

-Тэгээд НҮБ-ын тайз гээд дэлхийн хамаг л том тайзан дээр гараад эхэлсэн үү?

-Тэгсэн. Японд гэхэд 416 япон хүн морин хуур сурч татаж байна. Хоёр жил тутам Жанцанноровын морин хуурд зориулсан бүтээлийг хэн сайн хөгжимдөх вэ гэсэн уралдаан улсынх нь хэмжээнд болдог. Уралдааных нь үр дүнгээр Монголоос уран бүтээлчид очиж миний бүтээлээр кон­церт тоглодог. Бид олон ул­сын морин хуурын наадам гэж хоёр жил тутам хийнэ. Арваад улсаас хүрээд ирнэ. Сүүлийн мэдээ гэвэл Германы хөгжмийн дээд сургуулийн хийлийн дөрвөн багш морин хуур сурчихсан. Халтуур хий­нэ гэж жигтэйхэн гэж сонссон. Морин хуураар жазз тоглоно. Хийлээр тоглохоос хамаагүй илүү хүнд хүрдэг гэсэн. Бид яахаараа италичуудаас дор байх ёстой гэж. Италичууд хийл гэж нэг юм хийсэн. Тэгээд дэлхийн хөгжим болгосон. Өнөөдөр Чинбат гэдэг монгол хүн монгол хүндээ италийн хөгжим зааж байна. Тэгэхээр итали хүн Ром хотод итали хүндээ морин хуур заахыг үзмээр байна. Ингэх л юм бол бид томчуудын яриад байдаг өнөө тусгаар тогтнол, соёлын дархлаа, уламжлал гэдэг юмаа ярихаас илүүтэй авдрандаа хийгээд авлаа гэсэн үг. Өнөөдөр гитарыг хэзээ хэн испаничуудын хөгжим гэж асууж байгаа юм бэ. Дэлхий испаничуудыг хэрэглэж байна. Бадраа гуай энэ рүү явж байсан. Тэгэхээр энэ хүн оюун санааны үнэ цэн талаасаа яах аргагүй манай соёлын түлхүүр улсын нэг.

-Ингэхэд морин хуурыг дэлхий яагаад сонсоод байна гэж та боддог вэ?

-Морин хуур хийлийг бод­вол болхи хөгжмийн зэмсэг. Хялгас нь татна, сунана, эг­шиг­нүүдийн хооронд хол зай­тай. Хийлэн дээр гаргадаг эгшгийг морин хуур дээр ашиг­лахын тулд хуруугаа нэ­лээд алцайлгах хэрэг гарна. Тэгэхээр хурдтай техник энэ тэр гаргахад бэрхшээлтэй. Морин хуурыг сонссон гадны өөр соёлтой улсын сэтгэл хөдлөөд байгаа нь цаанаа шалтгаантай. Хийл бол төмөр утсыг хялгасаар үрдэг. Гэтэл морин хуур хялгасыг хялгасаар үрдэг. Органик зүйл органик зүйлтэйгээ нэгдэж байгаа учраас органик аялгуу гарч таарна. Органик аялгуу учраас хүн гэдэг юмыг нь хөндөж байгаа хэрэг л дээ. Тиймээс мо­рин хуурын дуу амьтай, сүнс­тэй, тээгч логиктой байдаг.

-“Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг сонсохоор яг тэр үед оччихсон юм шиг мэдрэмж төрдөг гэж ярих хүнтэй олон таарч байсан. Надад ч тийм мэдрэмж төр­дөг. Нууц нь юундаа байна?

-Тэр бол миний мэргэн түргэн, замбараагүй их авьяастай холбоотой гэж хэлэхгүй. Хүний оюун ухаан цаг хугацаа, орон зайгаас үл хамааран орших боломжтой. Өөрөөр хэлбэл өнөөдрийн бодож байгаагаа өнгөрсөн жилийн байран дээр аваачих боломжтой. Зөнч гэдэг утгаараа биш л дээ, ер нь хүн гэдэг ийм боломжтой нөхөр. Уран бүтээлч хүний хувьд энэ нь бусдаас илүү мэдрэгдэх учиртай гэж боддог. Би XIV зууны үеийн хөгжмийг хийхдээ юу бодож байснаа чин үнэнээр нь хэлье. “Уяхан замбуутивийн наран” –г арав, арван жилийн зайтай дуулсан Норовбанзад гуайн бичлэгүүдийг хүртэл судалж үзсэн. Өөр өөр сонсогддог юм билээ. Технологийн өөрчлөлт уртын дуунд хүртэл өөрчлөлт оруулдгийг мэдэрсэн. Царцаа ногооноор нисч байх үеийн Норовбанзад гуайн дуулсан “Уяхан замбуутивийн наран”, АН-24-өөр ниссэн үеийн “Уяхан замбуутивийн наран”-гаас өөр долгионтой. Учир нь технологийн хурд хүнийг өөрчилдөг. Хүний сэтгэхүй их янзын. Одоогийн улс удаан юмыг үзэж чадахаа больсон. Бага цагт их багтаамжтай яваад байна л даа. Харин дээр үед их цагт бага багтаамжтай явж байсан. Ингээд ухаарахаар XIV зууны үед уртын дууг иймэрхүү боольхой маягаар дуулах юм байна гэсэн төсөөлөл буугаад ирж байгаа юм. Хөгжим зохиох тэр үед яг байран дээрээ суугаагүй. Оюун санаагаа тухайн цагт аваачиж бичсэн. Энэ үгийг уншсан хү­мүүс намайг хувилгаан гэж бодож магадгүй. Хувилгаан чанараар биш л дээ. Ерөөсөө л мэдрэгдэнэ. Хөдөлгөөн нь, хүмүүс нь мэдрэгддэг. Яг тэрийг нь бичвэл унана. Тэр үеийн хүнд биш энэ ца­гийн чамд сонсгох учраас. XIV зууны үед ийм хөгжим байжээ гэж бодогдуулахын тулд XXI зууны хүнийг хуурах ёстой болж таарна. Тэгэхээр антропологоос эхлээд өрнө дахины ололтуудыг үзэхээс аргагүй. Адаглаад л XXI зууны хүний оюун санааны тэвчээр тэр үеийнхээс хэд дахин бага байж болох вэ гэдгийг ухаж байж бичнэ. Тэгж байж хэр хугацаанд удаан ая явсны дараа хурдан ая явуулах, хэ­дийд нь хүчтэй, сул ая явуу­лах зэргийг чамаар тооцож баримжаалж хийнэ. Онохдоо онож, алдахдаа алдана. Ми­­ний ч ялгаагүй, алдаа оноо­той. Гэхдээ “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийн тухай өнөөдөр биш 800 жилийн дараа ярих учиртай.

-Гончигсумлаа, Мөрдорж, Лувсаншарав, дараагийн үе нь Билигсайхан. Шарав, Нацагдорж, Жанцанноров. Бүгдээрээ л нийгэмдээ мэд­рэмж, оюун аль аль та­лаасаа хүчтэй нөлөө үзүүлсэн эрхмүүд. Та бүхний дараа үе яг ийм нөлөө үзүүлэхээр хэмжээнд байж чадах уу?

-Хэцүү. Миний дараагийн үе авьяасгүй гэсэн асуудал байхгүй. Над шиг авьяастай хүн төрөхгүй дээ гэж хэлэх ямар ч боломжгүй. Замбараагүй авьяастнууд төрнө. Гэхдээ технологи гэж асар хурдтай эд байна. Бүх юм технологижиж байна. Технологижсон хүнд технологижсон урлаг л хүрнэ. Натуральный юм уу язгуур чанараасаа хөндийрөхөөс ар­­­­­гагүй гэсэн үг. Хөгжим хэрэг­лээ рүү явж байна. Киноны, жааз хөгжим сонсъё гэцгээж байна. Хэрэглээ рүү явчихаар оюун санааны үнэ цэн гэдэг юм нь улам багасч таарна. Зохиолын дуучид гэдэг чинь үнэн чанартаа ганзагын най­маачид. Муухай нэр биш, зов­лонтой амьдрал гэдгээр нь хэлж байна. Өөрөө дуулна, өөрөө шүлэг олно, өөрөө ая хийлгэнэ, өөрөө бичүүлнэ, си дигээ өөрөө борлуулна. Ерөөсөө л ганзагын наймаачин. На­ран­туул зах иргэдийн хэрэг­лээний балансыг барьж бай­­гаатай ялгаагүй эд. Зүйрлэж хэлбэл миний нэг хөгжим гэхэд л түүхэн дурсгалыг дуурайж хийсэн баримал дотор байх нь л дээ. Тэр баримлыг авах хүн нь л авна. Гэтэл зохиолын дуучдын дуу бол Нарантуул дээр байгаа бараа шиг зүйл. Хүн бүр авч болно. Ийм том ялгаа бий. Урлаг энэ мэтээр арилжаа руу явж байгаа учраас Ша­рав шиг, Нацагдорж шиг хөгжмийн зохиолч гараад ирнэ гэдэг их зовлонтой.

Н.ЖАНЦАННОРОВ: НҮҮДЛЧНИЙ УЛАМЖЛАЛТ СЭТГЭЛГЭЭТЭЙГЭЭ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ РУУ ЯВБАЛ ХҮНДРЭЛТЭЙ

-Зах зээл жамаараа хөгжинө гэх хүмүүс цөөнгүй байдаг. Таны хувьд жамд даатгаад явах ёстой юу, эсвэл…?

-Дэлхий ингээд л яваад орсон, зах зээл жамаараа болно гэх юм. Төртэй, тусгаар улс жамаараа болохыг хүлээгээд сууж таарахгүй. Замд нь оруулж өгөх юмыг хийх ёстой. Мэдээлэлтэй, мэдлэггүй бүхэл бүтэн үе бий боллоо л доо. Харам­салтай санагддаг. Ерөнхий мэдээллийн сан нь гайгүй хэрнээ мэдлэгийн сан тун бага. Хөдөөний айл бол мэдээ­лэл, мэдлэг хоёр нь цугтаа. Хөдөөний хүүхэдмэдээл­лээ авч, мэдлэгээ бий болгож, тэрийгээ амьдрал дээр хэрэгжүүлээд явчихдаг. Гэтэл хотынхон эсрэгээрээ. Хөдөө очоод хүүхдэдээ уурган дээгүүр гишгэж болохгүй, овоон дээр гурван чулуу тавих ёстой гэдэг. Яагаад гэж асуухаар хариулж мэд­дэг­гүй. Адаглаад гурван чу­луу тавьдгийн учрыг тэн­гэр, газар, миний хишиг гээд тайл­барлачихмаар санагддаг. Соёлын мэдлэггүй, философийн баримжаагүй л байгаагийн илрэл.

-Хятадууд гэхэд Күнз гэж айхтар гүн ухаанчийг чигээ болгоод хөгжсөн гэж ярьдаг. Таны яриаг сонсохоор бид философигүй улс болж таарах нь ээ?

-Нүүдлийн соёлын хувьд бичгээр юм бага дамждаг учраас философи нь муу системчлэгд­сэн юм шиг. Нэг бол марксизм, ленинизм, эсвэл Нагаржунайг барьж үзээд аль ч үгүй болсон тал бий. Гэхдээ миний хувьд ардын зүйр цэцэн үг бол тэр чигээ­рээ философийн систем. Бид л системчлэхгүй байгаа болохоос. Сонин зүйр үг их бий. Айлаас эрэхээр авдраа уудал ч гэх шиг. Өнөөдөр ид ярьж байгаа өөрийгөө нээж, өөр рүүгээ хандаж байж бүхнийг олно гэсэнтэй агаар нэг зүйлийг хэдхэн үгээр хэлчихсэн байх жишээний. Зүйр үгсээ Кант, Гегель, Күнз, Нагаржунайтай дүйлгэж үзмээр санагддаг. Бидний хүч хүрэхгүй юм. Хоёрдугаарт нийгмийг авч явж байгаа хөтлөгч хүч нь бидний бодож байгаатай ам нийлж өгөхгүй юм. Тэр нь хүч хүрэхгүйгээсээ долоон дор.

-Ойлгосонгүй, хөтлөгч хүч гэдэг нь…?

-Нэг энгийн жишээ хэлье. Наадам, цагаан сараар манай ҮАБЗ-ийн гишүүд, УИХ-ын гишүүд атганд багтахгүй цагаан хөөрөг барьж, жигтэй­хэн булга, суусар, үнэг болсон малгай өмсөж, арай л барын арьсаар хийгээгүй байлтай сүрлэг дээлээр гоёж, гурван том ширээ засаад золгоод байдаг. Наадмаар болохоор алдарт уяач тэр, тэр гээд малгайдаа морины алтан тол­гой­той нөхөд яваад байдаг. Хүннү­гийн дээл гэж үнэн худал нь мэдэгдэхгүй юмаар гангарцгаагаад. Гэтэл тэнд, долоон буудалд төлгөний ууц олдохгүй нэг нөхөр тэвдэж суугаа шүү дээ. Өөрсдөө ийм хэрнээ“Жанцанноров гуай ард түмнээ соён гэгээрүүл” гээд байгаад л хамаг учир байгаа юм. Уг нь ядаж Күнзийг барьж байвал ёс зүй гэж айхтар юм бий. Би УИХ-ын гишүүн байсан ухаантай. Солонгос, Монголын парламентын бүл­гийн даргаар ажиллаж байсан юм. Солонгосын парламентын гишүүний эрх хязгаартай. Дундаж орлоготой хүний өмсдөг костюмаас илүү үнэтэйг өмсөх эрхгүй, алтан бөгж зүүх ёсгүй, цагных нь үнийн дээд хэмжээ хязгаартай, ярьж хэлдэггүй үгнүүдийнх нь бүхэл бүтэн урт жагсаалттай гэх мэт их л юм байдаг шиг санагддаг. Гэтэл манайд юу билээ. Дээр л гарвал бүх­нээс дээр, баян, чадалтай харагдахыг хичээдэг ч юм уу. Тэгэхээр миний хэрэггүй болчихож байгаа юм. Дарга нараа дуурайгаад баяжаарай гэлтэй биш. Дарга нар ийм байдаг юм, та нар хохь чинь гэх үү.

-Тэгэхээр гавьтай хөгжиж өгөхгүй байгаа шалтгаан нь дээрээ байна уу?

-Бидний дээр байгаа 76 бол дээрэмчид биш. Бид өөрс­­дөө сонгосон учраас ямар ч арга­гүй. Эд урвагчид биш. Эдэн дунд Монголоо боддоггүй хүн байхгүй. Тэгээд яагаад болохгүй байгаа юм бэ гэсэн асуулт гарч ирнэ л дээ. Бидний үндэсний үзэл санаа эцэстээ тултал сийрэгжжээ. Үзэл санааны нягтрал руу явахгүй бол Монгол тус­гаар байх боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрч болно. Хүн бүр Их Монгол Улсаа байгуулчихвал Чингис хаан шиг удирдагчтай болоод сүйдлэхсэн гэж бодож байгаа. Тэгсэн хэрнээ Галдан бошигт, Өндөр гэгээнийг ярихаар хоёр тийшээ хараад суучихдаг. 300-гаадхан жилийн өмнөх хоёр том зүтгэлтнээ ярихаар шүү дээ. Халхууд нь “Тэр Галдан чинь Түвдийн түлхээсээр хал­хуудыг хядсан” гэнэ. Ойрадууд нь “Галдан Монголыг нэгтгэж хүчтэй улс болгох гэж байхад Өндөр гэгээн Манжид дагаар орсон урвагч” гэнэ. Өндөр гэгээн, Галдан бошигт хоёроо эвлүүлж чадахгүй байгаа улс хэзээ Их Монгол Улсаа нэгтгэх билээ. Тэгэхээр төр эв нэгдэл гэж лоозогнож, ямар нэг зүйлийг шийдэхээсээилүүгээр үлгэрлэх учиртай. Түшээд нь ёс суртахуунтай, явдал нь цагаан байж төр гэдэг юмыг хүндлэх тухай, төр байгаа тухай ярина. Намууд нь фракц болоод задарчихсан, бүлгүүдийн эрх ашиг л нэгдүгээрт тавигдаад байхаар Монгол нэгдэх тухай яри­хад эрт. Хятад руу үхрийн мах гаргана гэж яриад байна. Манайх гурван сая 400 мянган үхэртэй. Нэг үхрийг амьдын жингээр 200 кг гэж үзвэл Хятадын хүн амыг есхөн хоног тэжээнэ. Бодмоор юм байгаа биз.Ийм тэнцвэргүй юман дээр тийм замбараагүй үйлдлийг хамаагүй хийдэггүй.

-УИХ, Засгийн газар зарим шийдвэрээ бодло­гогүй гаргадаг тал ч илт анзаарагддаг шүү. Таныхаар шалт­­гаан нь юундаа байна?

-Сайнаар хэлбэл бүх асуудлыг эдийн засгийн өнц­гөөр харж байна. Муу­гаар хэлбэл төсвөө хэр­хэн бүрдүүлэх вэ, том алдаг­далгүйгээр яаж гарах вэ гэдэгтээ тохируулж хууль хийгээд байна. Эдийн засгийн өнцгөөс нь хараад тусгаар тогтнол аюулгүй байдал, стра­теги талаас нь харж чадахаа больчихож байгаа юм.

-Ерөнхийлөгчийн засаг­лалтай болчихвол өнөөд­рийн асуудлууд цэгцрээд ирнэ гэсэн байр суурь сонсогддог. Энэ тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Нүүдэлчний уламжлалт сэтгэлгээтэйгээ Ерөнхий­лөгчийн засаглал руу явбал хүндрэлтэй байх. Эсвэл Назар­баев шиг явна. Нэг бол үргэлж хөдөлгөөн гарна. Өөрөөр хэлбэл диктатурын маягаар хүчилж болох арга бий. Ардчилсан замаар явна гэвэл Ерөнхийлөгчөө ойр ойрхон солихоос аргагүйд хүрнэ. Манайхны сэтгэл зүй их өөр. Назарбаевын замаар явъя гэхээр цөөхөн хүн амтай учраас хэцүү. Надаас өрсөөд гадны хүн баяжчих эрсдэл өндөр. Казахстаны хувьд хүн ам олонтой учраас иргэд нь баяжиж болоод байгаа юм.

-ҮАБЗ УИХ-ын гишүүний хууль санаачлах эрхэд халдах нь зохисгүй хэрэг гэж ирээд шүүмжлэх хүн олон байна. ҮАБЗ уг нь таны яриад байгаа тусгаар тогтнол энэ тэр гэсэн илүү том асуудалд хараагаа чиглүүлэх учиртай санагдах юм…?

-Үндэсний аюулгүй байдлын зөвлөл сул байх шиг санагддаг. Уг нь төрийн албан хаагчид тогтвортой байх үед айдас бага байсан. Одоо төрийн албан хаагчид тогтворгүй болсон учраас ямар ч баримжаагүй болчихсон. Намууд л гурав, дөрөвхөн жилийнхээ юмыг хийж байна. Аль нам нь ч ялгаагүй. Нэг нь гараад ирэхээр нөгөөхийнхөө тавьсан бүх хүнийг халчихдаг. Юмаа мэдсэн институци байхгүй болж хувирсан.Миний хувьд Ерөнхийлөгчийн институци дээр асуудал байх шиг. Манайх шиг ардчилсан улсад Ерөнхий сайд, УИХ-ын дарга солигдож болно. Ерөнхийлөгч хамаагүй солигдохгүй юм л даа. ҮАБЗ-ийн гишүүд нэг намаас байж болно. Өөр намаас ч байж болно. Гуч дөнгөж гарч байгаа залуу Ерөнхий сайдаар томилогдох боломжтой. Тэгэхээр хаана нөгөө хар хайрцаг нь байна вэ. Манайхан хар хайрцаг гэхээр Ерөнхийлөгчийн өрөөний буланд цоожтой юм бий мэттөсөөлдөг. Тэнд юу ч байхгүй. Төрийн уламжлалын л асуудал байгаа юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч “Би энэ намын хөтөлбөрийн дагуу Ерөнхийлөгч болно” гэж хэлээд гарч ирдэг. Харин Ерөнхийлөгч болсон өдөртөө намаас татгалзаж Монголын ард түмний эв нэгдлийн бэлгэдэл болно гэж бүгд хэлдэг. Хуулиараа тийм.Гэтэл бид мэдсээр байгаад нэг алдаа хийсэн. П.Очирбатын дараа Н.Багабанди гарч ирэхдээ бүх зөвлөхийг нь халж намынхаа ажилтнуудаа зөвлөхөөр тавьсан. Тэнд намын үүр байгуулчихаж байгаа хэрэг. Наана нь бид эв нэгдлийн бэлгэдэл, манай Ерөнхийлөгч нам бус гэж харж байгаа ч аппарат нь тэр чигээрээ нам. Н.Багабандийг дуусахаар Н.Энхбаяр дэмж­дэг улстөрчдөө авчраад тавь­чихаж байгаа юм. Ц.Элбэг­дорж гарч ирээд Н.Энх­баярын хүмүүсийг халаад өөрийнхөө намын улс төрийн зүтгэлтнүүдийг авчраад тавьчихсан. Ерөнхийлөгчийн зөвлөхүүдийн бүтэц бүрэл­дэхүүн тогтвортой байх тусам хар хайрцагны тухай ярьж болно.

-Таныхаар зөвлөхүүд улс төрөөс хараат байж төр хар хайрцагны бодлоготой байх нь ээ?

-Яг тийм. Ерөнхийлөгчийн зөвлөх аппарат ямар ч Ерөн­хийлөгч ирсэн солигд­мооргүй байгаа юм. Салбар бүрийн мундагчуулыг баг­таа­сан Ерөнхийлөгчийн зөв­лөхүүдийн танхим гэж байвал үр дүнтэй. Бид “Мандухай сэцэн хатан” кинон дээр Сатай сайдын дүрээр төрийн тэр уламжлалыг гаргах гэж оролдсон. Сатай “Хаан та болгооно биз дээ” л гэдэг. Та заавал тэгэх ёстой гэхгүй ч Сатай сайдын үгийг хаан дагах учиртай гэж толгой дохинсонсдог. Энэ уламжлалыг сэр­гээвэл бид идеалтай бол­но. Ю.Цэдэнбалын үед ч Улс төрийн товчооны гишүүд гээд салбар бүрээ доторлож, гадарласан есөн хүн ажилладаг байлаа. Дарга санал гаргаж, судлахыг даал­гана, өнөөдүүл нь чиглэл бүрээрээ судлаад шийдвэр гар­гахад нь нөлөөлдөг бай­сан. Чингис ч ялгаагүй. “Тэнгэр надад зарлигдав” гээд шийдвэрээ гаргадаг байсан. Хүмүүс тэнгэр хэлжээ л гэж ойлгодог. Би худлаа гэж бодож байгаа. Тэгвэл яагаад есөн өрлөг гэж дэргэдээ суулгасан юм. Цусан төрөл биш. Ясан төрөл биш. Ийм хүмүүс л асуудлыг шийдэж чадна. Есөн өрлөг тэглээ гэвэл хүчгүй сонсогдоно. Тэгэхээр тэр үед бид мөнх тэнгэр гэсэн идеалтай байж. Бидэнд одоо идеал хэрэгтэй байна.

-Иргэн бүр баян болно ч гэдэг юм уу, сонгосон нийгмээсээ хамаарсан идеал байгаа юм биш үү?

-Баян амьдаръя гэж байгаа. Гэхдээ яах гэж баян амьдрах гээд байгаа нь ойлгомжгүй. Сүүлийн хэдэн жил бид хэрэглээ гэдэг зүйлийг идеал руу аваачсан байна. Энэ тохиолдолд идеал маань мөнгө болж хувир­на. Идеал нь мөнгө болж хувирсан цагт үндэстэнёс зүй, уламжлалаа барьж, бусадтай харилцаж чадахгүй. Бүх юмыг мөнгөөр хэмжээд, хэрэглээг хэт шүтээд ирэхээр сайн сайхны тухай ойлголт алга болдог. Тэгэхээр ёс зүйн мухардалд орно. Үндэсний үзэл санааны нягтрал хэрэгтэй гээд байгаагийн учир энэ л дээ. Заавал хэлмээр нэг зүйл бий. Ардчилал, эрх чөлөөг дураараа дургих гэдгээс салгаж ойлгох ёстой. Тэр цаг нь ирсэн. Эрх чөлөө гэдэг дураараа дургихтай ямар ч холбоогүй зүйл. Бид олуулаа амьдаръя гэж байгаа бол олонхийнхоо эрх ашигт нийцүүлж амьдрах ёстой. Ингэхийн тулд албадахаас аргагүй. Гэхдээ хүч хэрэглэхгүй.

-Яана гэсэн үг вэ, эхлээд сонссон хүн бол эрх зөрчсөн эсэргүү юм ярилаа л гэх байх?

-Энэ бол хувь хүний эрх чөлөөтэй огт хамаагүй зүйл. Хамтаараа амьдрах гэж байгаа бол тохирсон тоглоомоороо л тоглоно. Тоглож чадаагүйгээ албадахаас аргагүй. Мэдээж буу тулгаж хүч хэрэглэхгүй. Өдөрт хоёр хүн автын ослоор үхэж байх ямар албатай гэж. Жилд 720 хүн. Ингээд яваад байх уу. Одоо зогсох ёстой. Явган хүний гарцаар яваагүй хүнийг торгоод байх хэрэгтэй. Намайг Багшийн сургуульд сурч байхад зүлгэн дээр гишгэлээ гээд таван төгрөгөөр торгож байсан юм. Бүр хайр найргүй торгодог байсан. Тэгэхээр жил бүр 700 хүнээ дайрч алахгүйн тулд хүн бүрийг торгох хэрэгтэй. Яг гарцаараа гардагболтол нь цагдаа нарыг өдөр шөнөгүй жижүүрлүүл. Мөнгөгүйг нь ажил хийлгэх боломж байна. Хог цэвэрлэхээс эхлээд өчнөөн ажил байна шүү дээ цаана чинь.