Categories
мэдээ цаг-үе

Ж.Чинзориг: Тариаланчдын хэлж байгаа үнээр буудай худалдаж авбал талхны үнэ 500 төгрөгөөр нэмэгдэнэ

Монголын
Гурил үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Милл хаус” компанийн
гүйцэтгэх захирал Ж.Чинзоригтой ярилцлаа.

-Тариаланчид
гурилын үйлдвэрийнхнийг хөнгөлөлттэй зээл зэрэг өчнөөн дэмжлэг авдаг хэрнээ бидний буудайг тоодоггүй, гаднаас
буудай авах сонирхолтой байдаг гэж ирээд шүүмжилдэг. Энэ тал дээр танд хэлэх үг
бий байх?

-Байнга өрнөдөг
яриа л даа. Газар тариалангийн салбар хөл дээрээ тогтоод дотоодын хэрэгцээг
зуун хувь хангаад явбал сайн.Бүр цаашлаад экспортод буудай, гурил гаргах улмаар ургац алдсан тохиолдолд нөөцтэй болох хэмжээнд очих хэрэгтэй. Гэтэл харж байгаа биз
дээ, ганцхан жил ургац алдахад гурилын хомсдол үүсэх аюултай болоод байна. Ер нь тухайн жилийнхээ улаанбуудайн
хэрэгцээг зуун хувь хангасан тохиолдол
ховор. Тийм учраас жил бүр буудайн импортыг ярихаас аргагүйд хүрдэг. Мэдээж
хоёр дахь асуудал нь буудайн чанар. Жишээ нь: 400 мянган тонн буудай авлаа
гэхэд хэчнээн тонн нь гурилын стандартад нийцэж байна вэ гэдгийг нарийн гаргах
ёстой. Дотоодын бүх буудай чанартай,нөөц
хангалттай байдаг бол хэн ч импортын буудайг бэлэн мөнгө
төлж авахыг хүсэхгүй.

-Энэ жилийн
хувьд буудайн чанар ямархуу байна?

-Шинэ ургацын
буудай гарах болоогүй байна. Ургац
алдсан буудайн болц хойшилсон гэх байдлаар есдүгээр сарын аравдаас хойш тариа хураалт эхлэх болов уу. Тэгэхээр
будааны чанарыг хэлэхэд эрт.

-Буудайн чанар муу байгаа нь сортоосоо болдог уу?

-Сорт, бордоо,
техникийн хүчин чадал, хөрсний үржил шим,тухайн жилийн нар, бороо хур гэх мэт
байгалийн нөлөөллийн олон шалтгаантай.
Энэ бүхэн нийлж байж буудайн чанар буюу цавуулаг гэдэг асуудал яригддаг.

-Тариаланчид
намар бүр “Бидний буудайг хямд үнээр авдаг” гэсэн яриа үүсгэдэг. Үнэхээр тийм
хямдхан аваад байдаг хэрэг үү?

-Өнгөрсөн жил бид
нэг тонн буудайг 500-550 мянган төгрөгөөр авсан. Хөрш улсын буудайн үнэ ч
ойролцоо байсан. Тэрнээс өндөр үнээр авбал Оросоос импортын гурил орж ирээд
гурил үйлдвэрлэгчдэд сөргөөр нөлөөлөх аюултай. Тэгэхээр буудайн үнийг
тогтоохдоо гадаад зах зээлийн үнэ ямар байгааг харахаас аргагүй. Ер нь Монголд
ургасан буудай зуун хувь зарагддаг. Өнгөрсөн жилийн ургацаас гэхэд гурилын стандартад нийцсэн буудай зарагдаад дуусчихсан.Өнгөрсөн нэгдүгээр сард импортын буудайны асуудал
яригдаж байсан. Гурилын чанар буудайн чанараас хамаарах учраас яригдахаас аргагүй асуудал л даа. Буудайн
нөөцтэй ч хамаатай. Гурил үйлдвэрлэгчдийн зүгээс нөөцөө тооцож үзээд тодорхой
хэмжээний буудай оруулж ирэх эрэлт байна гэж үзээд импортын квотын хүсэлт
яаманд гаргасан. Гэтэл элдэв эсэргүүцэлтэй тулаад арваадхан мянган тонн буудай
оруулж ирсэн.Та санаж байгаа бол талбай дээр баахан буудай асгаад л бөөн асуудал үүсээ биз дээ.

Үүнээс болж гурилын үйлдвэрүүд буудайгүй
зогсчихоод байна. Хэрвээ нэгдүгээр сард буудай
оруулаад ирчихсэн байсан бол гурилын үйлдвэрүүд өнөөдөр хэвийн ажиллаад
явах бололцоотой байсан.

-Гурилын
үйлдвэрийнхэн гурилынхаа үнийг бодит бусаар нэмдэг гэсэн гомдлыг тариаланчид
хэлдэг. Хэр ортой шүүмжлэл вэ?

-Өнгөрсөн жил бид
550 мянгаар буудайгаа авъя, гурилаа 850 төгрөгөөс дээшгүй үйлдвэрийн үнээр
заръя гэсэн гэрээ хэлцэл хийсэн. Энэ тохироо маань наймдугаар сарын 15 хүртэл
хэрэгжээд явж байгаа. Гэхдээ өрсөлдөөн их байсан учраас өнгөрсөн хугацаанд бид үйлдвэрлэсэн гурилаа 700-750 төгрөгөөр
зарсан. Үүнээс хожсон улс нь хэрэглэгчид. Гурилын үйлдвэрүүд ашиг хийгээгүй.
Харин саяхан ургац алдлаа, буудайн үнэ өсөх нь гэсэн сургаар ченжүүд их
хэмжээний гурил авсан тал бий. Мэдээж гурил авч байгаа хүнийг боль гэхгүй нь
ойлгомжтой. Түүнээс биш гурилын үнийг замбараагүй нэмсэн асуудал байхгүй.

-Өнгөрсөн жил
тариаланчдаас авсан буудай хэзээ дууссан бэ?

-Аль дөрөвдүгээр сард дууссан.Чанарын шаардлага
хангахгүй үлдэгдэл буудайгаар үйлдвэрлэл явуулж болохгүй байснаас дөрөвдүгээр
сарын сүүлээс “Гацуурт” компаниас тонн тутмыг нь 600 мянган төгрөгөөр буудай
авч байгаа. Ингэж авсан буудайгаар хийсэн гурилаа 700-750 төгрөгийн хооронд
борлуулсан. Ашиггүй, бараг хасах шахуу. 600 мянга гэдэг чинь газар дээр нь авч
байгаа үнэ. Бараг 630 мянган төгрөгөөр
Улаанбаатарт орж ирсэн гэсэн үг.

-Тариаланчид
буудайн үнийг чөлөөлөх хэрэгтэй, бид
гурилын үйлдвэрийнхэнтэй үнээ тохирч чадна гэсэн тайлбар хэлдэг. Энэ тал дээр
та ямар бодолтой байна?

-Үнийг чөлөөлбөл
аль, аль талдаа хэрэгтэй.Чөлөөлнө гэдэг маань буудай ихтэй үедээ үнэ тогтоогоод
ховордсон үед нь өндөр үнээр зарах эрхтэй болгоно гэсэн үг биш л дээ.Импортын
хориг, квотоо ч бас чөлөөтэй өгч байж үнэ бодитой болно гэсэн ойлголт болов уу.
Тариаланчид, гурилын үйлдвэрийнхэн аль аль нь зах зээлийнхээ бодит үнээр
бүтээгдэхүүнээ борлуулна. Хэрэглэгчид зах зээлийн бодит үнээр бүтээгдэхүүн авч хэрэглэнэ. Импортын
гурил, буудайны үнээс шалтгаалан үнэ тогтоно гэсэн үг. Импортын буудайны үнэ
ямар байгааг харж байж дотоодын буудайны үнэ тогтоно.Түүнээс биш өөрсдийн
хураасан ургацын хэмжээ зах зээлийн эрэлт хоёрын зөрүүгээр үнээ хөөрөгдөж
болохгүй болов уу. Улаанбуудайн том экспортлогч хөрш улс байхад хэрэглэгчид
өндөр үнээр гурил хэрэглэж болохгүй.

Оросоос 500 мянган төгрөгөөр буудай оруулж
ирэх боломж байхад бид дотоодын буудайг 700 мянгаар авахгүй нь тодорхой. Ийм
үнээр буудайгаа ав гэсэн шаардлага тавибал хэрэглэгчид л хохирно. 300 мянган
тариаланч гэж их ярьдаг. Тэгвэл энэ асуудлын цаана гурван сая хэрэглэгчийн эрх
ашиг гэж том юм бий. Тийм учраас аль болох боломжийн үнээр буудайгаа ав,
боломжийн үнээр гурилаа зар, аль болох өсгөхгүй бай гэсэн бодлого хэрэгждэг.

-Гурилын
үйлдвэрүүдэд буудайгаа зээлээр өгчихдөг, буцаагаад мөнгөө авах гэхээр өгдөггүй
гэж тариаланчид шүүмжилдэг. Гурилын үйлдвэрүүд ашиг багатай ажилладаг учраас
ийм төвөгтэй байдал үүсээд байна уу?

-Жил болгон л
гардаг яриа. Бид тариаланчдын буудайг намар шууд авдаг. Багтаж байгаа нь
савандаа, багтахгүй нь сав түрээслэн байж буудайг нь авчихдаг. Ингэж авсан
буудай бүтэн жилийн хэрэгцээнд хүрч байгаа эсэх нь тусдаа том асуудал. Манай
компани өнгөрсөн жил гэхэд ургац хураалт дуусах үеэр 35 мянган тонн буудай
авсан. 35 мянган тонн буудай гэдэг манай үйлдвэрийн дараа жилийнх нь
зургадугаар сар хүртэлх хэрэгцээ. Ийм хэмжээний буудайн тухайн үеийн ханш нь 18 тэрбум төгрөг болсон.
18 тэрбум төгрөгийг бэлнээр өгөөд буудай авна гэдэг хэцүү. Хоёрдугаарт олон
сарын хэрэглээ шүү дээ. Тэр дор нь үйлдвэрлэж
гурил болгоод мөнгө нь ороод ирдэг эд биш. Үүнийг тариаланчид ойлгож байгаа.
Нөгөө талаас гурилын үйлдвэрүүд
тариаланчдыг буудайгаа хадгалах зардал ,борлуулалт зэрэг хүнд ажлаас салгаад
өгчихдөг. Мөнгийг нь ингэж төлнө гээд график гаргаж байгаад тохиролцдог. Ингэж
тохирч за зүй гэчихээд буудайгаа нийлүүлсний маргаашнаас мөнгөө нэхээд утасдаж
эхэлдэг. Мэдээж бид өөрсдөдөө байгаа дөрөв, таван тэрбум төгрөгийг урьдчилж
өгөөд авсан. Үлдсэн арваад тэрбумын буудайг зээлээр авахаас аргагүй байдаг.
Өнөөдөр гэхэд манай компани тариаланчдад буудайн өргүй. Мэдээж тариаланчдад
түлш, тоног төхөөрөмж, банкны зээл гээд олон бэрхшээл бий. Бид ч ялгаагүй.
Банкны зээлтэй. Гурил борлогдохгүй бол мөнгө өгөхөд хэцүү. Өвөлжингөө склад
дүүрэн гурилтай байсан шүү дээ. Сая л хомсдол үүсч магадгүй гэсэн шуугианаар
складууд хоосорч тариаланчдын мөнгийг өгч дуусгалаа. Бүх л үйлдвэр ялгаагүй,
ийм зарчмаар явдаг.

-Оросоос улаан буудай оруулж ирэхдээ наанаа чанартай гэсэн шошго зүүдэг
ч, цаанаа гахайн тэжээл шахуу муу буудай авчирч мөнгө угаадаг гэсэн шүүмжлэл сонсогддог.
Тариаланчдын энэ яриа хэр ортой вэ?

-Мушгин гуйвуулж байгаа хэрэг. Өнгөрсөн жил Эба гэж тариа тарьдаг залуу
Оросоос оруулж ирж байгаа буудай төмрийн хольц ихтэй, тэрийг нь шалгадаг
лаборатори Монголд байхгүй гэж ярьсан. Лаборатори байхгүй юм бол хаана
шалгачихсан юм. Худал үгийг мянга давтахаар үнэн болдог гэдэг шиг зүйл өрнөөд
байна л даа. Орос экспортын буудайн
дээрээ өндөр стандарт тавьдаг. Тэрийгээ ч дагаж мөрддөг улс. Монгол руу гаргаж байгаа хэмжээ Оросын
буудайн өчүүхэн хэсэг нь. Тэгтлээ анхаарахаар хэмжээ биш шүү дээ. Гурилын
үйлдвэрүүд мөнгөө төлж байгаа учраас аль болох сайн буудай авахыг хүсч таарна.
Хэн ч малын тэжээл, хэдэн жил нөөцөнд байсан буудай авахгүй. Ингэх ямар ч үндэсгүй. Муу буудай авбал
бидний хийсэн гурил зарагдахгүй. Ямар ч бизнест ийм гэнэн зүйл байж таарахгүй л
дээ. Энэ намар импортын буудай авч болохгүй, тариаланчдын
буудайг ав гэсэн яриа дахиад гарна. Бид дотоодын буудайг 100 хувь авах нь
ойлгомжтой.Цаашдаа бүтэн жил ажиллахын тулд импортын асуудал гарч ирнэ.Гэтэл
буудайн хомсдолоор үнээ нэмэх гэсэн сонирхолтой
хэсэг бүлэг хүмүүс импортын
буудайг эсэргүүцнэ. Ийм процесс сүүлийн жилүүдэд тогтмол явагдаж байна.Эндээс
алдаж буй нь нийт хэрэглэгчид гэдэгт л асуудал байгаа юм. Ченжүүд биднээс 850
төгрөгөөр гурил авч 1000 төгрөгөөр зарж байгаа нь тэдний буруу биш. Гурил
хомсдуулах, гурилын үнэ нэмэгдэх шалтгааны үндсийг тариаланчдын төлөөлөл гэсэн
хэсэг хүмүүс л тавьсан. Нэгдүгээр сард
буудай оруулаад ирсэн бол наймдугаар сард гурилын үнэ өсөхгүй байсан.

-Тариаланчдын хэлээд байгаа шиг ургац өндөр хувиар алдагдсан нь үнэн үү.
Хэрвээ тийм бол гурилын хомсдол үүсэх
үү?

-Энэ жил 200 гаруй мянган тонн буудай авна гэсэн ургацын эхний баланс
гарсан байгаа. Энэ хэмжээний буудай хурааж авбал гурилын хомсдол үүснэ. Ургацын
50 хувь нь байхгүй болохоор хомсдол үүсэх нь ойлгомжтой. Ургац энэ хэмжээгээр
алдагдах нь тодорхой болсон. Тэгэхээр импортоор буудай оруулж ирж байж л бид
дараа жил гурилтай, талхтай амьдарна.

-Одоо байгаа, удахгүй хураах буудайгаа тооцоод үзэхээр нэг жилийн
хэрэглээгээ өлхөн хангана гэсэн тайлбар бий…?

-Импортын буудайг оруулж ирэхгүй гэсэн санаагаар л гарсан яриа. Тэртэй
тэргүй хоёр, гуравдугаар сар гээд буудайн нөөц дуусна. Тариаланчид мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Буудай оруулж
ирдэггүй юм гэхэд Оросоос импортын гурил ороод ирнэ. Гурил үйлдвэрлэгчид,
тэдний ард байгаа хэдэн мянган ажилчид хохирно. Үндэсний үйлдвэрүүд нь
дампуурвал улс өөрөө л хохирно. Яг одоо ТЭДС-г эс тооцвол хаана ч гурилын
стандартад нийцэх буудай байхгүй.
“Гацуурт” компанид багахан
хэмжээний буудай байгаа болов уу.

-Нийслэлд гурилын хэчнээн үйлдвэр ажилладаг вэ?

-Улсын хэмжээгэр 70 гаруй үйлдвэр
гэсэн тоо бий. Цаасан дээр байдаг тоо л доо. Томхон гэж онцолбол арваад
үйлдвэр байгаа. Монголын гурилын хэрэгцээг зуун хувь хангахаар хүчин чадалтай
үйлдвэрүүд. Тоног төхөөрөмж технологи нь ч орчин үеийнх. Гурилын үйлдвэр олон
болох хэрээр өрсөлдөөн бий болж үр дүнд нь хэрэглэгчид л хожно. Өрсөлдөөн ихсэх
тусам үнэ буурдаг нь жам. Буудайгаа зарах газар олон байх нь тариаланчдад өөрсдөд
нь бас ашигтай. Гурилын үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олголоо гэдэг. Үнэн хэрэгтээ
тэр мөнгө буудайн төлбөр болж тариаланчдад л очсон.

-Тариаланчид буудайгаа хэдээр зарна гэж байгаа бол, сонссон дуулсан юм
байна уу?

-Цандэлэг саяхан өгсөн ярилцлагадаа энэ жил буудайгаа 850 мянган
төгрөгөөр зарна гэсэн байсан. 850 мянган төгрөгөөр авсан буудайгаар хийсэн
гурил 1100 -1200 төгрөг болно. 1100-1200 төгрөгийн гурилаар хийсэн талх 1500
төгрөг болж таарна.

Дахиад хэлье, хохирогчид нь хэрэглэгчид. Ингэснээс хөрш улсаас хямд
буудай оруулж ирээд гурил хийвэл талхны үнэ ингэж өсөхгүй,гурилын үйлдвэрүүд нь
ажилтай байх болно. Бодлогын яам нь тодорхой шийдвэрээ зоригтой гаргаад явах
хэрэгтэй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөрөнгө оруулагчид төр, засгаас “популизмгүй уул уурхай”-г хүсэв

“Далайд гарцтай
бол та дэлхийг ажигла, дэлхийн эдийн засагт үйлчил, хэрвээ далайд гарцгүй бол
хөрш орныхоо эдийн засгийг ажигла, хөрш орондоо үйлчил гэсэн үг бий. Сүүлийн
үед байдал хэцүүдэж байгаа. Энэ удаагийн дэлхийн эдийн засгийн уналт 2008 оны
санхүүгийн уналттай харьцуулбал хоёр дахин хурдацтай өрнөж байна. Хөрш орны эдийн засаг ч таагүй хэвээр байх
шинжтэй. Жишээ нь саяхан Хятадын үнэт цаасны зах зээл дээр богино хугацаанд маш
том уналт ажиглагдлаа. Гарсан алдагдлыг нь Оюутолгойтой харьцуулбал асар их тоо
гарна. 520 Оюутолгойтой дүйцэхүйц хөрөнгө шатаад алга болчихлоо. Төв банкуу­дын
бодлогын хүү нэмэгдэж, дэлхийн санхүүгийн байдал улам чангарсан ийм нөхцөлд бид
мега төслийн талаар ярихаас аргагүй” гэсэн үгээр М.Энхсайхан илтгэлээ эхэллээ.
“Корпорэйт конвэншин” төвд өчигдөр эхэлсэн
“Дисковер Монголиа” чуулганы сонирхолтой илтгэлүүдийн нэг нь түүнийх
байв. Тэр илтгэлээ “Мега төслүүд: Алдаа оноо” хэмээн гарчиглажээ. Олон улсад
хөрөнгө оруулалт нь нэг тэрбум ам.доллараас давсан төслийг мега төсөлд тооцдог
гэнэ. Гэхдээ бүхэл бүтэн улсын эдийн засагт нөлөөлөхөөр хэмжээний төслийг мега
төсөлд багтааж болно гэсэн санааг М.Энхсайхан илтгэлдээ онцолсон.

“Independent
project analyses” гэдэг байгууллага жил бүр дэлхийн хэмжээний 800 мега төсөл
дээр анализ хийдэг юм байна. Мега төслийн алдаа, оноог шинжилж байгаад арга зүй
боловсруулдаг аж. Энэ байгууллагынхан боловсруулсан арга зүйгээ дэлхийн том
компаниудад хичээл болгож заадаг гэж
илтгэгч ярив. М.Энхсайханы илтгэлээс
“Мега төсөл асар эрсдэлтэй. Хэрвээ мега төслийг зөв ойлгохгүй бол дэмий л
мөнгө, цаг хугацаагаа алдана.

Үүнийг төр засаг,
хувийн хэвшил аль аль нь бодох хэрэгтэй. Ер нь тэрбум ам.доллараас давсан мега
төслүүдийн гуравны хоёр нь унадаг. 500 сая ам.доллараас дооших төслүүдийн 40
хувь нь унадаг. Тэгэхээр мега төслийг боловсруулж, дэлхийн зах зээлээс хөрөнгө
босгоно гэдэг маш нарийн арга зүй шаардсан ажил. Мега төсөл нэг бол унана,
эсвэл босно, дундуур нь явна гэсэн ойлголт байхгүй” гэсэн өгүүлбэр содон
сонсогдсон. “Мега төсөл харьцангуй шинэ
үзэгдэл, бие даасан шинжлэх ухааны судлагдахуун. Одоохондоо мега төсөл дэлхийн
хэмжээнд санхүүгийн баялгийг бүтээгч биш, санхүүгийн баялгийг устгагч байгаа.
Үүнийг юуны өмнө анхааралдаа авах ёстой” гэсэн үгийг нь хөрөнгө оруулагчид
анхааран сонслоо. Мега төсөл бүтэлгүйтдэгийн үндсэн шалтгааны нэг нь яарах
гэнэ. Төр засгийнхан сонгуульд оноо авахын тулд, тууз хайчлах гэж мега
төслүүдийг яаруулдаг аж. Дэлхийн том
компаниуд ч ийм алдаа гаргадаг бололтой. Захирлууд нь ажиллах хугацаандаа
амжилт гаргах гэж адгах тохиолдол цөөнгүй гардаг юм байна. Мега төслийг
хэрэгжүүлэх гэж хэчнээн яарна тэр хэмжээгээр төслөө ална гэсэн бодмоор санааг
илтгэгч онцлов. Бүр “Мега төслийн төмөр хууль” гэсэн нэршил ч байдаг аж. Ингэж
унасан төсөл эргэж сэргэдэггүй нь хамгийн том аюул гэнэ.

Мега төслийг мега
мөрөө­дөл, мега хөтөлбөрөөс ялгах хэрэгтэй гэсэн санаа ч содон дуулдсан.
Илтгэгч мега төсөлд Таван толгой, Оюутолгой гэх мэт хэрэгжих нь тодорхой,
хэрэгжээд эхэлчихсэн, ашгаа өгөх нь ойлгомжтой төслүүдийг багтаана лээ. Харин
Сайн­шан­дын аж үйлдвэрийн цогцолбор гэх мэт өчнөөн жил яригдсан ч хэрэгжих
эсэх нь, өгөөжтэй өгөөжгүй нь мэдэгдэхгүй заримыг нь мега хөтөлбөр гэж
нэрлэсэн. Эднийг хольж, хутгаад байгаа учраас мега төсөл явахгүй байна гэж
оношилсноо “Дисковер Монголиа”-гийн индрээс дуулгав. М.Энхсайхан “Мега мөрөөдлийг мега хөтөлбөр болгохын тулд
судалгаа хэрэгтэй. Хөтөлбөр бол бизнесийн гэхээсээ илүү нийгэм, улс төрийн ач
холбогдолтой. Хөтөлбөр олон мега төслөөс бүрдэх ёстой. Төсөл бүр үр ашигтай
байх учиртай. Тэгж байж мега төсөл, хөтөлбөр, мөрөөдөл ялгарна” гэж ялгааг нь
тоймлов. Мега төслийн өгөөж хоёр оронтой тоогоор яригдаж байж л өнөөдрийн
өрсөлдөөнтэй зах зээлээс мөнгө босгоно, суурь судалгааг нь сайн хийж байж л мега төсөл амжилттай
хэрэгжинэ гэсэн санаанууд түүний илтгэлийн анхаарал татахаар хэсэг байлаа.
Суурь судалгааны алдаа манайд хэрэгжих учиртай ихэнх мега төслийг гацааж,
нурааж байгаа гэнэ.

П.Очирбат:
Таван толгойн гацааны гол шалтгаан нь
улс төр

Мега төслүүдийг
хэрэгжих боломжтой, боломжгүйгээр нь ангилснаа ч сонирхуулав. Хөрөнгө
оруулагчдад “Гэрэл сүүдэр” гэсэн тусгай слайд харуулж байгаад ярив. Хэрэгжих
боломжтой, гэрэлтэй төслүүдийн эхэнд Оюу
толгойг тавьжээ. Хоёрт нь Таван толгой төслийг онцолжээ. Илтгэгч “Таван толгойг өөдрөгөөр төсөөлөөд
гэрэл рүү жаахан дөхүүлсэн” гэсэн тайлбар дайв. Таван толгойн гэрээ яах нь
тодорхойгүй энэ үед М.Энхсайхан юу хэлэх бол гэсэн хүлээлт танхимд цугларагсдад
байсан юм. Тэр Таван толгой төсөл дээр “Бизнесийн гэхээс илүү нийгэм эдийн
засгийн ач холбогдолтой төсөл. Энэ төслийн хувьд зах зээлээс биш засаг хоорондын харилцаагаар
хөрөнгө мөнгө босгох шаардлагатай цаг үе ирчихсэн. Таван толгойн нүүрсний
уурхайн төслийг УИХ-д анх өргөн барьж
байхад би нэг л үг хэлсэн. Энэ төслийн
бүтэх унах магадлалыг тавь, тавин хувь
гэж хэлж байсан бол өнөөдөр өөрчлөгдсөн. Одоо бол бүтэх магадлал арав хүрэхгүй
хувь байгаа. Тэрнээс хойш дэлхийн байдал, нүүрсний зах зээл, гол хөрш Хятадын
дотоод байдал асар их өөрчлөгдсөн. Цаашид ч хурдтай өөрчлөгдөнө. Гэхдээ энэ
төслийг бүтээхийн төлөө ажилласаар байх хэрэгтэй. Одоогийн нөхцөлд компаниудын
хэмжээнд л жижигхэн параметрүүд дээр засамжлах маягаар хэлэлцээр хийх гэж
оролдож байна. Энэ хэлэлцээр хэр үр дүнд хүрэхийг хэлэхэд хэцүү. Үүнтэй Таван
толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам холбоотой” гэсэн тайлбар хэлэв.
М.Энхсайхан Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг хөтөлбөрийн шинжтэй том
төслүүдийг “Сүүдэрт багтаасан. Одоогоор ямар ч гэрэл алга” гэж тодорхойллоо.

Чуулганы эхний
хэсгийн хуралдааныг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат хөтөлсөн юм.
Тэрээр М.Энхсайханы илтгэлийн дараа “Илтгэгч сая мега төслийн гол гацаануудыг ярилаа.
Гэхдээ дипломат хандлага гаргасан уу,
нэг хүчин зүйлийг ярьсангүй. Мега төсөлд эдийн засгийн суурь судалгаанаас гадна
улс төрийн хүчин зүйлийг онцолсонгүй. Таван толгойн хэлэлцээ муу болсон гэж
хэлэх аргагүй. Эдийн засгийн шалтгаанаас болсон уу, захиргааны сэтгэлгээгээр
нураасан уу гэдгийг ялгаж салгах, хэлэх цаг нь болсон. Төмөр зам ярихаар л ураг­шаа
тавина гэвэл улс төр болчихдог. Хойшоо тавина гэхээр ямар ч маргаангүй, эдийн
засаг, дэд бүтцийн асуудал болоод явчихдаг. Шуудхан хэлэхэд улс төрийн нөлөөлөл
эдийн засагт их байна. Таван толгойн гацааны гол шалтгааны нэг нь улс төр” гэж
ярив.

Оюу
толгой үржүүлэгч нөлөөгөөр есөн тэрбум
ам.доллар өгнө

Оюу толгойн далд
уурхайн бүтээн байгуулалт үргэлжилбэл зөвхөн хөрөнгө оруулалтын үржүүлэгч
нөлөөгөөр гэхэд л есөн тэрбум ам.доллар эдийн засагт орж ирнэ гэсэн мэдээ
“Дисковер Монголиа”-гийн индрээс дуулдсан гэгээтэй мэссэжийн нэг байлаа.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Рио тинто” компанийн Монгол дахь захирал
С.Мөнхсүх “Оюу толгой: Далд уурхайн бүтээн байгуулалт” гэсэн илтгэл тавьсан юм.
Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэдэгт бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд
ком­панийн улсад төлөх татвар, төсөлд ханган нийлүүлэлт хийх монгол компаниудын
ашиг, орлого гээд шууд хөрөнгө оруулалтаас бусад өгөөж багтдаг юм. Оюу толгой
төслийн санхүүжилтийг олон улсын 15 банк, санхүүгийн байгууллага консорциум
болж хийх гэнэ. Зургаан тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэх байх гэсэн
урьдчилсан тооцоо гарчээ. Оны сүүл гэхэд судалгаа дуусч, Оюу толгой төслийн
зардлыг нарийвчилж гаргах юм байна. Далд
уурхайн барилгын бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжлэх аж. Сонирхуулж хэлэхэд Оюу
толгойн ордод нэмэлт хайгуул хийж эхэлжээ. Нөөц нэмэгдвэл энэ уурхайг зуун жил
ч ашиглах боломжтой гэж төсөл хэрэгжүүлэгчид найдаж байгаа аж. Өөр нэг таатай
мэдээ гэвэл далд уурхайг ашиглаж эхлэхэд
зэсийн үнэ эргээд өснө гэсэн хүлээлт хөрөнгө оруулагчдад байгаа юм билээ.

Монголыг
орхисон хөрөнгө оруулагчид эргэж иржээ

Арван гурав дахь
жилдээ болж буй “Дисковер Монголиа”-д энэ жил 300 гаруй хөрөнгө оруулагч
оролцож байна. Өнгөрсөн жил 250 гаруй хүн ирснийг бодоход оролцогчдын тоо өссөн
гэж зохион байгуулагчид нь онцолж байлаа. Зохион байгуулагч нь Монголын уул
уурхайн үндэсний ассоциаци гэдгийг уншигчид андахгүй. “Дисковер Монголиа”-д
ирсэн хөрөнгө оруулагчдын тавны нэг орчим нь гадныхан гэнэ.

Жил бүрийн
“Дисковер Монголиа”-гийн үеэр үзэсгэлэн гардаг. Энэ жил үзэсгэлэнд оролцогчдын
тоо эрс буурчээ. Оргил үедээ зуу дөхөж байсан бол энэ удаа 49 компани л
үзэсгэлэнд оролцож байна. “Корпорэйт”-ийн гурван давхарт гарсан үзэсгэлэнгээр
ороод гарахад л оролцогчид эрс цөөрсөн нь анзаарагдаж байв. Жил жилийн
үзэсгэлэн хайгуулынхан, уул уурхайн компаниудад бүтээгдэхүүн, үйлчилгээ
нийлүүлдэг ханган нийлүүлэгчид голчилж оролц­дог аж. Бизнес нь унасан учраас
өмнө нь ирдэг бай­сан ханган нийлүүлэгч, хайгуулын­хан оролцоогүй гэнэ.

Дисковери
өнгөрсөн жил “Эргэж ирээрэй” гэсэн уриатай байсан бол энэ удаа “Популизмгүй уул
уурхайн төлөө” гэсэн уриатай болж байна. Уул уурхайн үндэсний ассоциацийн
ерөнхийлөгч Н.Алагаагаас ийм уриа сонгох болсон шалтгааныг нь сонирхоход “Популизмын хамгийн том жишээ бол Гацуурт.
Өрнөдийн л хөрөнгө оруулалттай болохоос уул уурхайн дунд хэмжээний төсөл. Ийм
төслийн УИХ-аар гурван удаа хэлэлцээд урагшлуулахгүй байгааг популизм гэхээс
өөр юу гэхэв. Таван толгой дээр популизмаас гадна том бүлэглэлүүдийн зодоон бий
гээд байгаа. Энэ яриа үнэн бол популизмаас
хол гэж бодъё. Оюутолгойн санхүүжилтийг зогсоогоод гурван жил болно гэдэг
бол популизм. Өрийн тааз гэдэг шиг
популизмын тааз дуусах ёстой. Бүлэглэлүүдийн том зөвшилцлөөр, асуудлыг
хурцатгахгүйгээр ярилцаж зөвшилцөөд зөв замаар явах хэрэгтэй. Популизм олон
шалтгаантай. Эрдэс баялгийн үндсэрхэг үзэл гэж айхавтар юм байна. Олонхи нь
мэдлэггүй учраас мал үхлээ хордлоо гэдэг. Хэсэг улс тэр сул талыг нь
далимдуулж, бусдад таалагдах гэж худлаа мэдээлэл түгээдэг. Тэдний дэгдээсэн
сенсаци төрөөс гарч байгаа шийдвэрт нөлөөлөөд олон жил боллоо л доо. Үүнийг
зогсоох цаг болсон гээд ийм уриа сонгосон. Олон хүнд таалагдахгүй байж
магадгүй. Гэхдээ бодит байдал ийм учраас өөр арга алга” гэсэн тайлбар хэлэв.

Энэ жилийн
чуулганд өмнө нь Монголд ирээд 2008 оны хямралын үеэр лицензээ шилжүүлээд
буцсан жуниор компаниуд ирсэн гэж зохион байгуулагчид нь олзуурхаж байв. Эргэж
ирсэн хөрөнгө оруулагчид баруун аймагт зургаа, долоон лиценз авсан гэнэ. Оюу
толгойн далд уурхайн бүтээн байгуулалтад ажиллаж байсан Өмнөд Африкийн нэг иргэн Швейцарь, Европын холбооны улсуудад уул
уурхайн чиглэлээр ажилладаг компаниудтай хамтарч Монголд хөрөнгө оруулахаар
иржээ.

Хайгуулын
лиценз том компаниудад очихгүй байна гэв

Өмнөх чуулга
уулзалтуу­дын үеэр хоёр дахь өдөр нь болдог байсан Засгийн газрын цаг энэ удаа
эхний өдрөө боллоо. Засгийн газрын цагт Уул уурхайн яам, БОНХАЖЯ, АМГ, МХЕГ-ын
төлөөлөл оролцсон. Хайгуулын лиценз олголт удаан, муу байна гэсэн гомдол
хөрөнгө оруулагчдын зүгээс их гарав. Эрдсийн шинжээч Дэйл Чой гэхэд л “Миний
харилцдаг гадны компаниудын аль нь ч авч чадаагүй. АМГ-ын дарга сая хангалттай
хурдтай биш, ачаалал дийлэх тал дээр асуудалтай гэж ярилаа. Систем нь
төлөвшөөгүй юм байна гэж ойлголоо. Би сая дугаар олгосон 120 компанийн
жагсаалтыг харлаа. Ихэнх нь нэрд гараагүй, том биш компани байна. Хайгуул
өчнөөн сая ам.долларын хөрөнгө оруулалт шаарддаг. Лиценз авсан жижиг компаниуд
яах нь тодорхой. Лицензээ хий дэмий дарж байгаад үнэ хүргэж зарах арга л хайна.
Лицензийн наймаа эргэж цэцэглэхээс өөр үр дүн гарахгүй. Баялгаа хайлгаж олуулах
сонирхол төрд байхгүй байгаа юм биш үү. Та хайгуулын компаниудад тодорхой
тайлбар өгөөч” гэсэн асуулт тавив. АМГ-ын дарга Д.Үүрийнтуяа түүний асуултад “Би систем доголдолтой гэж
хэлээгүй. Зөвхөн санхүүжилт сайн, мэргэжлийн компанид олгоно гэсэн хуулийн
заалт байхгүй. Цахимаар сонгогдсон компаниуд гэдгийг ойлгох хэрэгтэй” гэсэн
хариу өгсөн юм. “Дисковер Монголиа” өнөөдөр өндөрлөнө.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Намрын эдийн засаг

Намрын эдийн
засаг ерөнхийдөө гандуу, гундуу байна.
Зэсийн үнэ тонн тутамдаа төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар унасан, овоо
хэдэн доллар олоод ирдэг байсан нүүрсний экспорт нь зогссон шахуу, тариаланчид
нь өнөө л буудайны чанар, ургацын тухай маргаанаа яамтайгаа өрнүүлсэн янзаараа.
Зэсийн үнэ өмнөх оны мөн үеэс 20 орчим, боловсруулсан нүүрсний үнэ 38, төмрийн
хүдрийн үнэ 46, газрын тосны үнэ 40 орчим хувиар буурчихсан. Эрдсийн экспорт өмнөх оны өдийгөөс 204.7 сая
ам.доллараар буурсан гэж статистикийнхан мэдээлж байна. Үнэ нь буурсан ч
экспорт хийсээр байгаа. Нийт экспортын 90 орчим хувийг бүрдүүлдэг гээд бодохоор
эрдсийн үнийн уналт төсөвт дарамт болохоос аргагүй.

Дажгүй хямдарсан
хүнсний ногоо, ноолуур, боловсруулсан
махны буураагүй экспорт, гадагшаа
урсгадаг долларын хэмжээг хумьсан хэдэн үйлдвэр л гэгээтэй мэдээ болоод байна.
Сүүлийн үед дуулдсан эерэг мэдээ гэвэл дулааны аргаар боловсруулсан үхэр, хонь,
адууны 20 орчим төрлийн мах, махан бүтээгдэхүүнийг бусад улсад экспортлохоор
ажиллаж байгаа юм билээ. Боловсруулах салбарт ч өөдрөг тоонууд дуулдаж эхэлсэн. Тус бүрдээ нэг сая
тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай гурван цементийн үйлдвэр барих төсөл
амжилттай хэрэгжсэн. Хөтөлийн цементийн үйлдвэр өнгөрсөн хавар, Монцемент
үйлдвэр саяхан ашиглалтад ороод байна.
Хөх цавын цементийн үйлдвэр төсөл 90 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа.
Өнгөрдөг зун үүдээ нээсэн МАК-ийн хийт бетоны үйлдвэр гэхэд л улсын нийт
хэрэглээний гурван хувийг дангаараа хангачихаар чадалтай. Түүхийгээр нь
гаргадаг учраас үнэ багатай зардаг уул уурхайн үйлдвэрлэлд ч нааштай мэдээнүүд
бий. Жилд 600 мянган тонн нүүрс баяжуулах чадалтай “Шарын гол”-ын нүүрс угааж,
баяжуулах үйлдвэр зургадугаар сард ашиглалтад орсон.

Нэг жилд 26 сая тонн хүдэр боловсруулдаг “Эрдэнэт”  баяжуулах үйлдвэрийнхээ чадлыг зургаан сая тонноор нэмээд байна. Үйлдвэрээ өргөтгөснөөр төсвийн орлогыг 73 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэсэн тооцоо хийсэн байна лээ. 

Гундуу эдийн
засгийг өөд нь татах ямар гарцууд байгааг тоймлон хүргэе.

Эдийн засагт
зээлээр ч хамаагүй доллар оруулж ирье

Эдийн засгаа
өнөөд­рийнхөөс дордуулахгүй байх хоёр гарц бий. Эхнийх нь төлбөрийн тэнцэл,
хоёр дахь нь төсөв. Хоёулаа алдагдал багатай гарч байж л эдийн засагт эерэг
нөлөө үзүүлнэ. Төлбөрийн тэнцлээ алдагдалгүй гаргахын тулд энэ намар эдийн
засагт орж ирэх валютыг зээл тавиад ч хамаагүй нэмэгдүүлэх хэрэгтэй гэж
шинжээчид сануулж байна. Хар үгээр хэлбэл гаднаас юм худалдан авч байгаа мөнгө,
гадагшаа юмаа зараад олж байгаа мөнгөний зөрүүг төлбөрийн тэнцэл гээд байгаа
юм. Энэ оны эхний хагас жилд төлбөрийн тэнцэл 83 сая ам.долларын ашигтай
гарсан. Нүүрс, зэс гээд валют олдог эрдсийн үнэ навс уначихсан гэхэд дажгүй
үзүүлэлт. Гаднаас авдаг бараагаа мэдрэгдэхээр танаж чадсан учраас ийм өөдрөг
тоо гарсан хэрэг. Гадаад худалдааны ашиг оны эхний долоон сарын байдлаар гэхэд
л 604 сая ам.доллар болчихоод байгаа. Түрүү оны долдугаар сараас 800 гаруй сая
ам.доллараар өссөн гэсэн үг. Ийм эерэг тоонууд байгаа учраас төлбөрийн тэнцлээ
алдагдалгүй гаргах боломж бидэнд бий. Шийдэл нь эдийн засагт шинээр валют
оруулж ирэх.

“Рио” Оюу толгойн
далд уурхайн санхүүжилтийн эхний хэсэг болох 300 сая ам.долларыг оны эцэс гэхэд
оруулаад ирнэ гэдгээ мэдэгдчихсэн. Энэ мөнгө ондоо багтаад орж ирэх эсэх нь
улстөрчдийн шийдвэрээ хэр түргэн гаргахаас хамаарна. Оюу толгой гэдэг мега
төслийн далд уурхайн бүтээн байгуулалт саадгүй үргэлжилбэл ирэх жилээс эхлэн
дөрвөн тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Энэ мөнгө гурваас
дөрвөн жилийн хугацаанд эдийн засагт орж ирэх юм. Засгийн газрын хувьд
дотоодынхоо банк санхүүгийнхэнтэй хамтарч нэг тэрбум гаруй ам.долларын хөрөнгө
босгох шаардлага байгаа гэсэн тооцоог эдийн засагчид аль хэдийнэ гаргачихсан. Засаг Азийн хөгжлийн банкнаас 150 сая
ам.долларын хөнгөлөлттэй зээл авах бэлтгэлийг хангаад байгаа юм билээ. Эхний
бодитой алхам. Хувийн хэвшлийнхэнд олон
улсын зах зээлд бонд арилжаалах, зээл авах магадлал бий. Он дуусахаас өмнө
компаниудаар дамжиж овоо хэдэн ам.доллар ороод ирэх боломж байгаа.

За тэгээд Таван толгойн гэрээг шийдэж чадвал дор хаяж таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагт орж ирэх тооцоо дуулддаг. 

Улсын төсөв
долдугаар сарын байдлаар гэхэд л 635 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчихаад
байгаа. Тэгэхээр энэ намар төсвөө тодотгож, байхгүй орлогоо хүлээн зөвшөөрөхөөс
аргагүй. Худлаа зарцуулалтаа үнэн болгохгүй бол эдийн засаг хэцүүднэ. УИХ-ын
намрын чуулганаар хэлэлцэх хамгийн эхний асуудал төсвийн тодотгол байх болов уу.
Ирэх жил сонгууль болно. Өмнөх шигээ гишүүд нь тойргууддаа ахиу мөнгө
хуваарилуулах гэж зүтгэсэн сонгуулийн төсөв баталбал байдал өнөөдрийнхөөс ч
дордоно. Сонгуулийн жил бүр худал амлалт өгч, биелэхгүй орлого төлөвлөж,
бүтэшгүй зарцуулалт төсөвлөж, улсаа хорлодог уламжлалаасаа энэ жил татгалзахаас
аргагүй нөхцөл үүсчихсэн. Ирэх оны төсвөө алдагдалгүй батлах ёстой гэх гээд
байна л даа. Алдагдалтай төсөв батлах нь хоёр том гэмтэй. Нэг бол улсын өр
нэмэгддэг. Үгүй бол хувийн хэвшил шахагдаж, ажилгүйдэл өсдөг. Долоон хувьтай
байгаа инфляцийг галзууруулахгүй байх эсэх нь төсвөөс хамаатай.

Мега
төслүүдээ амилуулбал хөрөнгө оруулалт сэргэнэ

Гадаадын шууд
хөрөнгө оруулалт өмнө нь ДНБ-ий талтай тэнцдэг байсан бол одоо нэг хувьд
нь хүрэхтэй үгүйтэй байна. Гадаадын шууд
хөрөнгө оруулалтгүй бол эдийн засаг яваандаа зогсонги байдал руу орох эрсдэл
бий. Гаднаас орж ирэх хөрөнгө оруулалтыг өсгөх нэг л гарц бий. Тэр нь Оюу
толгой, Таван толгой зэрэг мега төслүүдээ амь оруулах. Цаашлуулаад тоочвол
хөрөнгө оруулалт татах боломжтой, шийдлээ хүлээж байгаа төслүүд өчнөөн бий.
Жишээ нь Тавдугаар цахилгаан станц, Гацууртын орд, төмөр замын төсөл байна.
Хүнд, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтцийн том төслүүдийг ч дурдаж болно.

Хариуцлагатай
улс төр л эдийн засгийг анагаана

Товчхондоо
улстөрчид том болцгоомоор байна. Өнгөрсөн 25 жилийг эргээд харахаар улстөрчдийн
бодлогогүй, ухаалаг бус шийдвэрээс болж
эдийн засаг доройтсон байдаг. Стратегийн салбарт гадаадын хөрөнгө
оруулалтыг зохицуулах хууль, Урт нэртэй хууль гээд яривал эдийн засгийг
хорлосон популист хуулиуд хэдэн арваараа бий. Шинэ сайдуудыг томилох, эдийн
засгийг хөдөлгөх төслүүд дээр эцсийн шийдвэр гаргах гээд энэ намрын чуулганаар
шийдэх асуудал олон байгаа.

Эцэст нь давтан хэлэхэд энэ намрын эдийн засгийн хамгийн гол анхаарах асуудал  нь шинэ валют, зөв төсөв, хариуцлагатай улстөр л байна даа.  
Categories
мэдээ цаг-үе

Зэсийн үнэ төсөвт төлөвлөснөөс 2000 ам.доллараар унажээ

Монгол Улсын уул уурхайн зөвлөх инженер, техникийн ухааны доктор Д.Галсандоржтой ярилцлаа.

-Зэсийн үнэ уруудаад бүр 4900 ам.доллар руу орчихлоо. Металлын зах зээл дээр яг юу болоод байна вэ, зэсийн үнэ буурсан шалтгаанаар яриагаа эхэлье?

-Дэлхийн эдийн засаг саарч байгаа учраас ганц зэс ч биш нүүрс, төмрийн зах зээлийн үнэ унаад их хүнд байна. Эрдсийн гол хэрэглэгч Хятадын хэрэглээ саарч байгаа. Хөрөнгийн биржүүдэд өнгөрсөн даваа гаригт огцом уналт боллоо. Хятадын бирж дээр алдагдал гарсан. Ялангуяа томоохон биржид тооцогдох Шанхайн бирж дээр том алдагдал боллоо. Хятад Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн. Энэ байгууллагын өмнө хүлээсэн үүрэг гэж бий. Зэсийн үнийг Лондон, Нью-Иоркийн металлын бирж зарладаг. Европын үйлдвэрлэгч, худалдан авагчид Лондонгийн биржийн зарласан үнийг хэрэглэдэг бол Нью-Иоркийн металлын биржийн үнийг хойд, өмнөд Америкийнхан ашигладаг. Шанхайн биржийн үнийг Хятад, Азийн худалдан авагчид хэрэглэдэг. Тэр дундаа Шанхайн металлын бирж дээр зарагдаж байгаа алт, мөнгө, бусад эрдсийг Хятадын дотоодын худалдан авагч гэхээс илүү бусад бүс нутгийнхан нь авдаг. Дэлхийн худалдааны байгууллага болон бусад улсууд Хятадын юань, дотоодын ханш нь хэтэрхий өндөр гэж шүүмжилж байсан. Эдийн засгийн байдалтай уялдаж байгаа эсэхийг анхаарах ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн л дээ. Тэгээд Хятадын төв банк юанийн ханшаа сулрууллаа. Ингэж сулруулсан нь Хятадын экспорт, импортын үйл ажиллагаанд хүчтэй нөлөөлсөн. Ялангуяа металлын бирж дээр. Лондонгийн металлын бирж дээр зарагддаг цэвэр зэсийн үнээс Шанхайн металлын бирж 100-300 ам.доллараар өндөр байдаг. Учир нь хятадууд зэсийг стратегийн түүхий эд гэж их хэмжээгээр нөөцөлдөг. Их хэмжээний худалдан авалт хийж зэсийн нөөц гэж байгуулдаг байсан. Хэрэглээ өндөр, бас юаниар үнийг нь тогтоодог учраас валют руу шилжүүлэхээр өндөр гардаг байсан юм. Харин сүүлд үнийг нь тэгшитгэх арга хэмжээ авсан. Хятадын эдийн засгийн өсөлт зургаа, долоон хувьтай, бодит байдал дээр түүнээс ч доошоо явж байна. Санхүүгийн хүндрэлд орсон учраас өнгөрсөн оны сүүлээс ганц зэс ч биш нүүрс, төмрийн салбарын худалдан авагчид багасчихлаа.

-Зэсийн нөөц их байсан нь ч бас нөлөөлчих шиг болов уу?

-Сүүлийн хоёр, гурван жилд зэсийн нийлүүлэлт хэрэглээнээсээ ихээхэн өндөр байсан талтай. Ялангуяа Лондон, Нью-Иорк, Шанхайн металлын биржийн агуулахуудын нөөц байнга өсч байсан. Одоо нөөцийн хэмжээ дээд цэгтээ хүрлээ. Нөөц өссөн нь зэсийн үнэ уруудах бас нэг шалтгаан болсон. -Монгол Улсын төсөвт зэсийг бараг долоон мянга дөхүүлээд тавьчихсан. Төсөвт том дарамт ирэх нь тодорхой боллоо гэдэгтэй та санал нийлэх үү?

-Өнгөрсөн жил Сангийн яам зэсийн үнийг 6900 ам.доллараар төлөвлөж улсын төсөвт оруулаад батлуулсан. Эрдэнэт үйлдвэр арай бодитойгоор 5900 ам.доллараар төлөвлөсөн юм. Харамсалтай нь сүүлийн хоёр, гурван сард цэвэр зэсийн үнэ зах зээл дээр нэг тонн нь 5000, одоо 4900 болчихлоо. Эрдэнэтийн төлөвлөгөөнөөс тонн тутамд 1000 ам.доллараар, улсын төсвийнхөөс бүр 2000 ам.доллараар доошоо орчихоод байна. Ийм том зөрүү гарчихаар төсөв яах нь тодорхой л доо.

-Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспорт анх төлөвлөснөөсөө 60 хувьтай, орлого бол бүр эрс буурчихлаа. Тэгэхээр төлөвлөгөөний үндэслэл хэр сайн байв аа, үндэслэлгүй баахан тоо тавьчихсан юм биш үү?

-Өнгөрсөн онд төсөв хэлэлцэхийн өмнөхөн Засгийн газрын асуудал яригдаж байсан шүү дээ. Уг нь Эдийн засгийн хөгжлийн яам төлөвлөгөө хийдэг. Сайд нь яах нь мэдэгдэхгүй байж байгаад төлөвлөгөөгөө хийж чадаагүй. Ийм шалтгаанаар Эрдсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт, орлогын төлөвлөгөөг Сангийн яам хийчихсэн л дээ. Монголын зэсийн баяжмалын экспорт 2014 оны гүйцэтгэлээр нэг сая 380 мянган тонн болсон юм. Харин 2015 онд нэг сая 250 мянган тонноор төлөвлөсөн. 120 мянган тонноор бага төлөвлөсөн. Ганц зэс ч биш, нүүрсийг бас буулгаж төлөвлөсөн. Сангийн яам зах зээлээ мэдэрсэн үү, экспортын төлөвлөгөөг бага авсан. Харамсалтай нь экспортын үнийг өндөр авсан. 6900 бол том тоо. Гэтэл энэ оны эхний долоон сарын дундаж 5000 орчим ам.доллар байна. Зэсийн баяжмалын үйлдвэрлэл, экспортын төлөвлөгөө тоо хэмжээгээр бол биелнэ. Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Ганц зэсийн баяжмалаар ч биш алтаар нэмэгдэж байна. Энэ жил 20 тонн алт гаргана. Экспортоос олсон зэсийн баяжмалын орлого, нөөц ашигласны төлбөрийг эхний найман сарын байдлаар аваад үзвэл ойролцоогоор 90 сая ам.доллар орсон байгаа. Үүний 60 хувь нь Эрдэнэт, 40 хувь нь Оюутолгойгоос орсон.

-Эрдэнэт үйлдвэрийн хүнд байдалд орсон шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?

-Эрдэнэт үйлдвэр үндсэн нөөц ашигласны төлбөр таван хувь дээр нэмээд 11-12 хувийн татвар төлж байгаа. 16-17 хувийн татвар төлж байгаа гэсэн үг. Харин Оюу толгой таван хувийн татвар төлдөг. Татварын хувь ачаалал болж байгаа. Бас Эрдэнэт үйлдвэрийн нэг тонн цэвэр зэс гаргах зардал нь маш өндөр.

-Зэсийн үнийн одоогийн бууралт Эрдэнэт үйлдвэрийн зэс үйлдвэрлэх зардлаас уруудчихсан. Үйлдвэрийн хувьд одоохондоо зардлаа хэмнээд ажиллаж байна. Зэсийн үнэ дахиад мэдрэгдэхээр уруудвал Эрдэнэт яах бол?

-Эрдэнэт нэг тонн цэвэр зэс гаргахад 5300-5600 ам.долларын зардал гаргадаг. Гэтэл өнөөдөр 4900 болсон гэхээр дор хаяж 400 ам.долларын алдагдалтай болчихсон. Гэхдээ зардлаа бууруулах талаар ажиллаж байгаа. Энэ тал дээр Эрдэнэтийн удирдлагын баг бас ч гэж сайн ажиллаж байна. 2012 онд нэг тонн цэвэр зэс гаргах зардал 6000 ам.доллар гарч байсныг бууруулаад байгаа нь энэ. Импортын худалдан авалтын, үйлдвэрлэлийн бус зориулалттай нэгжүүдийн, гадаад томилолтын, эрчим хүчний гэх мэт зардлуудаа хасч байна. Цалингаа нэмэхгүй тогтвортой барьж байгаа. Гэхдээ дэлхийн зах зээл дэх зэсийн үнийг харахаар зардлаа дахиад ч буулгах ёстой. Эрдэнэтийнхэн зах зээл дээр үнэ унаж байгаатай тэмцэх төлөвлөгөөгөө гаргачихсан. 4500 ам.доллар хүртэл унасан ч ажиллана гэсэн төлөвлөгөө хийсэн. Нэг сайн мэдээ бий. Өнгөрсөн долдугаар сард Эрдэнэт үйлдвэр зэсийн хүдэр олборлох, баяжмал үйлдвэрлэх хүчин чадлаа нэмсэн. 26 сая тонн баяжмалын хэмжээгээ жилд 32 сая тонн хүргэе гэж байгаа. Шинэ үйлдвэрийн туршилт тохируулгыг хийж байна. Тэгэхээр энэ ондоо нэмэгдэх баяжмалын хүчин чадал сайндаа л 15 мянган тонноор нэмэгдэх байх.

-Эрдэнэтийнхэн 4500 ам.доллар хүртэл тэсч ажиллана гэж ойлголоо. Зэсийн үнэ энэ хэмжээнээс буувал ямар байдал үүсэх бол?

-Төлөвлөгөө хийсэн учраас зэсийн үнэ 4500 ам.доллар хүртэл уруудвал ажиллах нь тодорхой. 4000 ам.доллараас ч доошилж магадгүй гэсэн үнэ яригдаж байгаа. Дэлхийн зах зээлийн томоохон шинжээчид, банк, хүрээлэнгүүд нарийн прогнозоо гаргахын завдалгүй сүүлийн хэдэн долоо хоногт л ийм шок боллоо. 5500-гаас зуу зуугаар буусаар байгаад 4900 рүү орчихлоо. Ингэж огцом буурна гэж хэн ч хэлээгүй байхад 4500 руу буурвал ингэнэ, үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг түр хугацаагаар багасгана гэсэн арга хэмжээг Эрдэнэтийнхэн аваад эхэлчихсэн нь сайн тал. Би эрдэс баялгийн эдийн засагчийн хувьд Эрдэнэтийн татварын асуудал дээр нь анхаарч, санхүүгийн туслалцаа үзүүлэх цаг болсон гэж бодож байна. Тэртэй тэргүй алдагдалтай ажиллаад ирвэл татвараа төлж чадахгүй нь тодорхой. Алдагдалтай ажиллавал найман жилийн турш ч татвараа төлөхгүй байж болохыг ашигт малтмалын хуулиараа зөвшөөрчихсөн. Монгол Улсын төсвийн орлогын бараг 60 хувийг зэс хийж байгаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл төсвийн орлого тасарна гэсэн үг.

-Зэсийн үнэ огцом уруудаж эхэлсэн ийм үед Эрдэнэтийн авч байгаа арга хэмжээ хэр зөв бэ?

-Цэвэр зэс гаргаж байгаа олон улсын томоохон компаниудын авдаг арга хэмжээг л авч байна. Зардлаа бууруулж, хүчин чадлаа нэмэгдүүлэх арга хэмжээ авч байгаа нь зөв. Зардлаа бууруулаад байгаа ерөнхий аргыг нь харахаар хэлэх зүйл бий. Импортын тоног төхөөрөмжийг хасч байна. Томилолтынхоо зардлыг хасч байна. Энэ мэтээр өнгөц хараад байна л даа. Сайн ажиллаж байгаа ч олон улсын өрсөлдөх чадвар тааруу гэж хэлнэ. Нэгдүгээрт зардал өндөр байна. Хоёрдугаарт технологийн шинэчлэл тааруу. Уг нь технологийн шинэчлэлийг иж бүрнээр нь хийх ёстой. Эрдэнэт бол 1978 оноос ажиллаж байгаа хуучин үйлдвэр. Баяжуулах үйлдвэрийнх нь шинэчлэлтийг олон удаа хийсэн. Өнөөдөр Эрдэнэтийн баяжуулах үйлдвэрт Америк, Финлянд, Хятад, Орос зэрэг арав гаруй орны тоног төхөөрөмж байдаг. Секц тус бүрд нь янз бүрийн орны үйлдвэрийн баяжуулах тоног төхөөрөмж ажиллаж байгаа. Технологийн бодлогоо оновчтой болгох, үр ашгийг нь дээшлүүлэх цаг болсон. Зэсийн баяжмалын агуулга 26-28 хувь байх ёстой. Гэтэл Эрдэнэтийнх 22 хувь байх жишээний. Баяжуулах үйлдвэрийн өрсөлдөх чадварын гол үзүүлэлт бол металл авалт өөрөөр хэлбэл зэс авалт. Эрдэнэт үйлдвэр дээр 86 хувьтай, Оюу толгой дээр 88-90 хувьтай байна. Дэлхийн шилдэг үйлдвэрийнх Оюу толгой хавьцаа байдаг. Тийм учраас зэс авалтыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Металл авалтыг нэмэгдүүлж байж баяжуулах үйлдвэрийн зардлыг ихээхэн бууруулах боломжтой.

-Эрдэнэтийн баяжмал хэр үнэтэй зарагддаг вэ, дэлхийн зах зээлийн дундажтай харьцуулбал…?

-Ний нуугүй хэлэхэд Эрдэнэт баяжмалаа дэлхийн зах зээлийн дунджаас бага үнээр зарж байгаа. Тийм учраас түрүүн ярьсан хоёр асуудлыг л ажил болгомоор байгаа юм. Технологио цогцоор нь шийдэхээс гадна зэсийн баяжмалын экспортын маркетинг дээр ажиллах хэрэгтэй. Орлого мөнгөн урсгалын менежмэнтийг цогцоор нь удирдах учиртай. Түүнээс биш зүгээр нэг зарим төрлийн зардал хасаад шийдэх асуудал биш. Импортоо хасахын зэрэгцээ баяжмалын экспортынхоо үнэлгээг нэмэх хэрэгтэй. Тийм боломжууд бий. Энэ дашрамд нэг зүйл хэлмээр байна. Ер нь Монгол, Оросын хамтарсан үйлдвэрийг удирдах асуудал дээр анхаарах зүйл бий. “Эрдэнэт”, “Монросцветмет”-ийн удирдах зөвлөлийн хурал сүүлийн хоёр жилд болсонгүй. Шалтгаан нь төрийн яамдын бүтцэд орсон өөрчлөлт. ТӨХ, “Эрдэнэс МГЛ”-ын уялдаа холбоо гэсэн том шалтгаан бас байгаа. Оросын талтай ажлынхаа уялдаа холбоог идэвхжүүлэхгүй байгаа тал бий. Зах зээлийн өөрчлөлттэй холбоотой үйлдвэрлэл, санхүүгийн зэрэг маш олон асуудал байна. Энэ асуудлуудыг шийдэхгүй, төлөвлөгөөг нь албан ёсоор баталж өгөхгүй яваад байна л даа. Хамтарсан үйлдвэрүүдийг удирдах асуудлаар төрийн байгууллагуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх хэрэгтэй.

-Ирэх онд Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилнэ гэсэн хүлээлт бий. Хүлээлт ажил болбол зэсийн салбар ирэх жилүүдэд дажгүй өнгөтэй байх болов уу. Та юу гэж бодож байна?

-Далд уурхайг ашиглах төлөвлөгөө гэж хийсэн байгаа. Төлөвлөгөө цаашдаа хэрэгжиж, хөрөнгө оруулалт нь орж ирж, Оюу толгойн далд уурхай 2018 оноос ажиллаад эхэлбэл Монголын зэсийн салбар өөр болно л доо. Эрдэнэтийн үйлдвэрлэлийн буурч байгаа хэсгийг Оюу толгойгоор нөхөх боломж гарч ирнэ. Цаашлаад Цагаан суваргын орд газрыг ашиглалтад оруулах асуудлыг шийдвэл Монголын зэсийн салбар өнөөгийн түвшнээ хадгалаад цаашаа явах найдлага бий.

-Зэс хайлуулах үйлдвэр барих асуудал дээр таны байр суурийг сонсъё?

-Аж үйлдвэрийн яамнаас аж үйлдвэрийн салбар, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлье гээд концепци баталсан. Зэс хайлуулах үйлдвэр байгуулах асуудалтай холбогдуулаад нэгж байгуулчихсан. Зэс хайлуулах үйлдвэрийг Бор-Өндөрт байгуулах Засгийн газрын шийд гарсан байгаа. Энэ тал дээр анхаарах хэрэгтэй. Өнөөдөр 22 хувийн агуулгатай зэсийн баяжмал гаргаж байна. Үүнийг 99.99 хувийн агуулгатай болгочихвол экспортын орлого дөрөв дахин нэмэгдэнэ. Олон арван жил ярьсан. Өнөөдөр ажил болгох тал руу хандах цаг болсон. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн гаргаж ирж байж л зах зээлийн уналтад өртөхгүй амьдарч чадна.

-Манай гол зах зээл Хятадын хувьд баяжмалаар нь авах сонирхолтой. Зэс хайлуулах үйлдвэр дээр энэ асуудлыг харгалзаж үзэж таарах байх…?

-Хятадад баяжмалаар авах сонирхол байгаа гэдэг нь үнэн. Үүнтэй уялдуулаад зэс хайлуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг бодох хэрэгтэй. Үндэсний үйлдвэр байх уу, гадаадын компанитай хамтрах уу гэдгээ ч ярих учиртай.

-Бидний бүтээгдэхүүнээ борлуулах зах зээл дээр Оюутолгойтой өрсөлдөхөөр, ойрын хугацаанд ашиглалтад орох том орд байна уу?

-Ойрын хугацаанд ашиглалтад орох ордууд бий. Сибирьт байгаа Удоканы орд газар. Нөөц нь цэвэр зэсээр 25 сая тонн. Оюу толгойтой бараг ойролцоо. Эрдэнэтээс гурав дахин их. Энэ ордыг ашиглах асуудал олон жил яригдсан. Саяхан сэргээд, Хятадтай хамтарч ажиллая гэсэн яриа хэлэлцээ явж байгаа. Хятадын хилтэй их ойрхон л доо. Удоканы ордын хувьд технологи, хөрөнгө оруулалтын асуудал бий. Энэ асуудал нь шийдэгдчихвэл удахгүй ашиглалтад орно. Манай Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суваргатай өрсөлдөх томоохон орд гараад ирнэ гэсэн үг. Удокан ажиллаад эхэлбэл манай зэсийн экспортын үнэлгээ буурах, хятадууд Монголоос худалдан авах баяжмалын хэмжээгээ багасгах эрсдэлтэй. Үгүйсгэх аргагүй болгоомжлол. Ганцхан Оросын орд ч биш, Чили, Аргентин, Өмнөд Африкийнх ч байна. Олон орд газрууд хөрөнгө оруулалтаа хайж, зах зээлээ хүлээгээд байж байгаа.

-Дэлхийн зах дээр зэсийн үнэ цаашид яах бол, шинжээчдийн таамгийг багцлаад харахаар ямар чиг харагдаж байх юм?

-Зэсийн үнэ энэ жил өсөх найдлага байхгүй. Ирэх онд ч ялгаагүй. Зэсийн бараг 50 хувийг хэрэглэж байгаа Хятадын эдийн засаг доошиллоо. Худалдан авалт багасчихлаа. Зах зээл дээр илүүдэл гарчихсан, үнэ өсөхгүй бодитой хандлага харагдаад байхад үнэ өснө гэж таамаглах аргагүй л дээ.

Ц.Баасансүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дөчин мянгатын хоёр байрныхан хажуугийнхаа барилгын дуу чимээнээс болж гэрээсээ “дүрвэжээ”

Улсын их дэлгүүрийн хойд талд буюу хоёрдугаар дөчин мянгатын 18, гуравдугаар байрны зарим оршин суугч хажууханд нь барьж буй барилгын дуу чимээ, тоос шорооноос болж гэртээ хонохоо болиод хоёр сар болж байгаа гэнэ. Орон сууцныхаа гадна талд нарлаж суусан нэг эмэгтэй “Зун цаг болохоор бас ч гэж зуслан, хөдөө гээд явчихаж байна. Намар бол хэцүү шүү дээ. Дуу чимээнд нь дасан зохицохоос аргагүй болох байх. Нялх нойтон хүүхэдтэй хүмүүсийн хувьд хэцүү л байх шиг санагддаг. Хүүхэд нь унтахгүй цочиж уйлахаас эхлээд зовлон байдаг юм билээ” гэж сэтгэгдлээ хуваалцав. Эмэгтэй нэрээ хэлэхийг хүссэнгүй. Барилгын компаниас дарамт шахалт ирж магадгүй гэж болгоомжилж байгаагаа хэлээд гэртээ орохоор яарлаа. Тэрээр гуравдугаар байрны оршин суугч юм байна. “Авзага” компанийн барьсан 18 дугаар байрныхан ч түүнтэй адил зовлон хэлж байв. Оршин суугчидтай нь уулзахад ихэнх нь дуу чимээ нь хэцүү юм гэцгээж байлаа.

Биднийг очиход гуравдугаар байрны хоёр давхрын орцны харалдаа “Тоосонд дарагдсан орчин, дуу чимээнд оршин суугчид унтаж амарч чадахаа болилоо”, “Хүүхэд, өндөр настан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн бичиг бүхий даавуу өлгөсөн харагдав. Хоёр байрны хойхно талд, чанх голд нь барилгын ажил ид өрнөж байлаа. Хоёр дахь давхрынхаа цутгалтыг хийчихэж. Чимээ шуугиан их гэж шүүмжлэхээс аргагүй юм. Хамгаалалтын хашаагаа хэтэрхий намхан барьжээ. Барилга дээрээс юм уналаа гэхэд байрны оршин суугчдын толгой дээр ойчихоор эрсдэлтэй харагдав.

Хоёр байрныхан “Оршин суугчдын эрх ашгийг хамгаалах түр хороо” гэж байгуулжээ. Тус хороонд нэгдсэн гуравдугаар байрны оршин суугч Наран­гаас зарим зүйлийг тодрууллаа.

-Оршин суугчдын зүгээс барилга барьж байгаа компанид албан ёсоор хандсан уу?

-Компанийн удирд­лагуудтай уулзъя гэсэн саналыг бол тавьсан. Гэхдээ ширээний ард албан ёсоор уулзаагүй байна. Манай байрны оршин суугчид аль зургадугаар сараас энэ талаар ярьж эхэлсэн. Энэ асуудлыг мэдэх төрийн байгууллага, албан тушаалтнуудад ч бичиг хүргүүлсэн. Зун болохоор хариугаа авч амжихгүй өнөөг хүрлээ. Удахгүй албан ёсны хариугаа авах байх. Хариу бичиг авч байгаад барилга барьж буй компанийнхантай албан ёсоор уулзъя гэж бодож байна. Өнөө орой (өчигдөр орой) манай түр хорооныхон уулзахаар цаг тохирсон байгаа.

-Байрны оршин суугчдын хувьд тоос шороо бужигнасан, чимээ шуугиан их гэцгээж байна. Барилгын компани ямар хууль, тогтоол дүрэм зөрчсөн юм бол?

-НИТХ-ын 2014 онд баталсан 5/14 гэсэн тогтоол бий. Тэр тогтоолд хэрвээ барилга барихаар бол орчин тойрны үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ёстой гэсэн утгатай зүйл бий. Жишээ нь 12 давхар барилга барихаар бол барилга барих газраас 50 метрийн радиуст амьдарч байгаа үл хөдлөх хөрөнгө эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ёстой гээд заагаад өгчихсөн. Гэтэл барилга бариулж байгаа компани биднээс юу ч асуугаагүй. Бидний хэний ч саналыг сонсоогүй. Тийм учраас оршин суугчид төрийн байгууллагад хандаад явж байна.

-Танай байрнаас хичнээн хүн түр хороонд нэгдсэн бэ?

-Ер нь байраараа л явж байгаа. Тэр дундаа нэгдүгээр орцныхонд бүр хэцүү байдал үүсээд байна. Хамгийн хэцүү нь барилгын дуу чимээ. Би л гэхэд энэ зун гэртээ байсангүй. Хөдөө байж байгаад ирлээ. Манай орцны нэлээд хэдэн айл энэ зун гэртээ байгаагүй. Барилгын ажил ид явагддаг үе нь шөнө болохоор чимээгүй орчинд тайван унтаж амарна гэсэн ойлголт байхаа больсон. Манай байр чинь дээр үеийн хуучирсан барилга. Ойрхон ийм том барилга баригдахаар чанарт нь нөлөөлөх байх гэсэн болгоомжлол ч бидэнд байгаа.

Гуравдугаар байрны оршин суугч Наран ингэж ярилаа. Бид түүнтэй уулзсаны дараа барилга барьж буй компанийн удирдлагатай уулзахаар очсон юм. Учраа хэлж тодруулга авахыг хүсэхэд гуч орчим насны залуу хашааны хаалганд гаргасан нүхээр шагайснаа “Бид хуулийн дагуу зөвшөөрлөө авсан учраас барилгын ажлаа явуулж байгаа. Өөр зүйл хэлэх боломжгүй” гээд цааш эргэв. Хашаан дээр хадсан самбараас багцаалдахад энэ барилгын захиалагч нь “Пиэрл”, “АЭ” ХХК-иуд юм байна. “Pearl building” нэртэй 12 давхар оффис, үйлчилгээний барилгын ажил энд өрнөж байгаа аж. Гүйцэтгэгч нь “Титан таур” компани гэнэ. Зарлалын самбар дээрх 990750.. дугаарын утас руу залгалаа. Утас авсан залуу “Манай компани барилгаа эхлүүлэхийн өмнө оршин суугчидтай уулзаж сонирхсон асуултад нь хариулсан. Иргэд одоо яриад байгаа радиусынхаа талаар асуусан. Бид тухайн үед нь хариуг нь өгсөн шүү дээ. НИТХ-аас гаргасан тогтоолд байгаа радиус гэсэн ойлголт зөвхөн шинээр барилгажсан талбайд хамаарна. Манай компанийн барилга барьж байгаа талбай шинээр барилгажсан гэсэн ангилалд хамаарахгүй. Өмнө нь хоёр давхар барилга байсан газар” гэсэн хариу өглөө.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Зуд болбол инфляци цойлох эрсдэл байна

Өнгөрсөн оны сүүлээр Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагынхан инфляцийг хоёр оронтой тоо руу орно гэж таамаглаж байсан бол Төв банк долоон хувь дээр барина гэж дуугарсан. Одоогоор инфляци Монгол банкны зорьсон долоон хувиас ч доогуур байна. Гэхдээ зуд болно гэсэн таамаг инфляцийг өндөр авахад хүргэж магадгүй гэж эдийн засагчид болгоомжилж байна.

Инфляци өслөө, буурлаа гэсэн өгүүлбэр яагаад анхаарлын төвд байх учиртайг энгийнээр тайлбарлая. Товчхондоо худалдан авах чадвар буурахыг инфляци гээд байдаг юм. Батаа гэрийнхээ сарын хүнсийг 100 мянган төгрөгөөр бэлддэг байсан бол инфляци өсөнгүүт 150 мянган төгрөг зарцуулахаас аргагүйд хүрнэ. Авдаг барааных нь үнэ цойлчихоор хэрэглээгээ танахаас аргагүйд хүрнэ, хэрэглээ танагдах хэрээр үйлдвэрлэгчдийн бараа зарагдахаа болино, үйлдвэрлэгчид бараагаа зарж чадахгүй болонгуут татварт өгдөг мөнгө нь багасна, татвар багасаад ирэхээр эдийн засаг хумигдана. Америкийн Ерөнхийлөгч Роналд Рейган “Инфляци бол дээрэмчин мэт хэрцгий, алуурчин мэт аюултай” гэж зүгээр ч нэг хэлээгүйг сая дурдсан нөлөөллөөс харчихаж болно. Доллар өснө гэдэг импортын хэрэглээ үнэтэй болно гэсэн үг. Харин инфляци өсөхөөр нийт хэрэглээ үнэтэй болдог. Энэ утгаараа инфляци гэдэг долларын өсөлтөөс чухал үзүүлэлт. Инфляцийн аюул нь ийм том учраас улс орнууд инфляцийн эсрэг бодлогыг идэвхтэй хэрэгжүүлдэг. Инфляциа барьж чадаагүй жишээнүүдийг анзаараад байх нь ээ хөгжил нь сул талдаа орнуудын нэр дуулддаг. Боливи улсын хагас жилийн инфляци 1985 онд 38000 хувьд хүрч байсан жишээ бий. Зимбабвегийнх бүр 231 сая хувьд хүрсэн тоо сонсогддог. Манайд инфляци хамгийн өндөр цэгтээ очсон жил ардчилал ялсны дараахан буюу 1992 он байдаг юм билээ. Тэр жил инфляци 325.5 хувь хүрснийг статистикаас харж болно. Ер нь эдийн засгийн хямралтай улсуудад инфляци хэдэн мянган хувьд хүрсэн өчнөөн баримт дуулддаг. Харин эдийн засгийн өсөлт нь урт хугацаанд үргэлжилсэн улсуудын хувьд инфляци нам дор байдаг. Сингапурын 40 жилийн дундаж инфляци гэхэд л ердөө 3.2-хон хувь байх жишээний. Манайх шиг байгалийн баялаг ихтэй улсуудад инфляци өндөр байх эрсдэлтэй гэж шинжээчид онцолдог.

Инфляцийг бодож гаргах арга нь их энгийн. 329 төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн дунджаар бодоод гаргачихдаг. Айлуудын хэрэглэдэг бараа бүтээгдэхүүнийг багцалж тооцоод инфляцийг гаргадаг гээд ойлгочихож болно. Хэрэглээний сагсанд багтдаг бараануудын бараг 70 хувь нь хүнс, ундаа, ус, хувцас, орон сууц, тээврийн үйлчилгээ байдаг. Инфляци өндрөө авахын сөрөг талыг ганц тоогоор жишээлье. Инфляци жилийн 15 хувь байвал тав хүрэхгүй жилийн дотор юмны үнэ хоёр дахин өснө гэсэн тооцоог эдийн засагчид хийсэн байдаг.

Инфляци бол үнийн хэт өсөлт буюу мөнгөний ханшийн үнэгүйдэл. Эрэлт болон нийлүүлэлтээс үүдэлтэйгээр үүсч болдог. Эрэлтээс үүдэлтэй инфляцийн хувьд бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч дэлгүүрийн лангуу хоосрох, хүмүүс ямар ч хамаагүй бараа авч дарах үзэгдэл гардаг. Нийлүүлэлтээс үүдэлтэй инфляцийн үед үйлдвэрлэгчдийн олгох цалин, үндсэн түүхий эдийн үнэ огцом өссөнөөр бараа бүтээгдэхүүний үнэ өсөх явдал ажиглагддаг.

Манайд инфляци үүсэх хэд хэдэн эрсдэл бий. Эхний эрсдэл нь шатахуун. Бид шатахуунаа зуун хувь гаднаас авдаг. Тэр дундаа ганц улсаас дийлэнхийг нь авдаг сул талтай. Тээвэр хангамжийн дутагдал гэсэн сул тал бас байгаа. Хэрэглээнийхээ бараа бүтээгдэхүүний бараг 70 хувийг гадны улсуудаас авдаг нь гурав дахь том эрсдэл. Ургацаас хамааралтай гурилын нийлүүлэлтийн хомсдол гэж бий. Ургац муу байвал гурилын үнэ өсөх эрсдэл өндөр гэсэн үг. Гурилын үнэ өсвөл дагаад талх, нарийн боов гээд хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэл байгаа. Махны нийлүүлэлтийн зөв суваггүй гэсэн зовлонг орхиж болохгүй. Монгол хоёрхон сая хүнтэй, 50 сая малтай хэрнээ Шинэ Зеланд, Австралийн иргэдээс үнэтэй мах хэрэглэдэг. Зуд болно гэсэн таамаг үнэн бол махны үнэ одоогийн өндөр үнээсээ ч галзуурах эрсдэл бий. За тэгээд дараагийн шалтгаан нь хүнсний ногооны зоорь, агуулахын асуудал. Зоорь багатай учраас хүнсний ногоогоо хадгалж чаддаггүй, жилийн жилд импортын өндөр үнэтэй ногоо хэрэглэдэг. Энэ жилийн хувьд зарим аймгууд гантай байснаас болоод өдийд навс хямдардаг хүнсний ногоо үнэтэй хэвээр байна. Лууван гэхэд л өнгөрсөн сараас 50 хувиар нэмэгдсэн гэсэн мэдээг статистикийнхан хэлж байна.

Монгол банкны хувьд сая дурдсан инфляци үүсгэх эрсдэлтэй хэсэг рүү анхаарч ажилласныг хэрэгжүүлсэн дэд хөтөлбөрүүдээс нь харчихаж болно. Мах, гурил, шатахууны үнийг тогтворжуулах хөтөлбөрүүд хэрэгжүүлж, шатахуун импортлогч, мах бэлтгэгч, гурилын үйлдвэрийн эздэд эргэлтийн хөрөнгө гэж дажгүй нөхцөлтэй мөнгө зээлсэн. Бас хүнсний агуулах зоорь барих хүмүүст ч мөнгө зээлсэн юм билээ. Шатахууны үнийг зохицуулах тал дээр явуулсан бодлогыг нь зарим эдийн засагч “Зах зээлийн жамыг сөрсөн” гэж шүүмжлэх нь бий. Ямартай ч инфляци үүсгэх өндөр эрсдэлтэй хэсэгтэй тулж ажилласных нь өгөөж гэвэл эдийн засаг таагүй энэ үед иргэдийн халаасан дахь хэдийг хэрэггүй цаас болгочихолгүй аж төрүүлж байна. Мах, гурил, шатахуун, орон сууцны үнийн өсөлт сүүлийн хоёр жил нам, тогтвортой түвшинд байгааг статистикаас харж болно.

Инфляцийг ингэж барих нь бага, дунд орлоготой иргэдийн цалин, орлого, төгрөгийн худалдан авах чадамжийг хамгаалахаас гадна алсдаа зээлийн хүүг бууруулах хөшүүрэг болдог гэж эдийн засагчид онцлох нь бий. Инфляци өсвөл эсрэгээрээ бага орлоготой иргэдийг үгээгүй ядуу хэсэг рүү оруулах эрсдэлтэй. Чинээлэг нь дундаж давхарга руу, дундчууд нь бага орлоготой хэсэг рүү хальтирдгийг дэлхийн түүх бэлхнээ нотолдог.

Инфляцийг бага түвшинд барьж, иргэдийнхээ авдаг хэдийг үнэ цэнтэй байлгахын тулд төр, засгаас хийх ажлууд ч бий гэсэн сануулгыг эдийн засагчид хэлж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх, төсвөө сахилгатай байлгах, төр нь эдийн засаг дахь оролцоогоо хумих гээд хийх ажлууд олон байгаа.

Ц.Баасансүрэн

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улстөржиж хийрхсэнээс хөрөнгийн зах дээр тоглож мөнгөө өсгөе

Лааз, шил түүдэг далан настай өвгөн хөрөнгийн зах зээл дээр тоглоод зөвхөн хувьцааны ашгаараа хоёр сард гурван сая төгрөг олдог гэвэл та итгэх үү. Хөрөнгийн зах зээл дээр аль ерээд оноос тоглосон ийм хүн бидний дунд амьдарч байна. А.Чулуун гэхээр хөрөнгийн захынхан андахгүй юм билээ. Өвгөн аль социализмын үед ажлаасаа халагдаад самар түүж, тарваганы арьс өвчиж, ундаа зарж, юм юм л үзэж. Мань эр ажилгүй болчихоод Төв хорооны дарга Төмөр-Очирын орчуулсан “Мөнгө” гэдэг номыг уншсан гэж байгаа. Өнөө номонд нь хөрөнгийн зах зээлийн талаар гардаг юм байна л даа. “Мөнгөө өсгөх хүнд энэ зах чинь уг нь их дажгүй юм, даанч манай нийгэмд байхгүй юм даа” гэж бодож суусан өвгөнд ардчилал ялж, Хөрөнгийн бирж байгуулагдсан нь том олз байлгүй хаачихав. Брокер дээр харайж очоод данс нээлгүүлчихэж. Бичиг баримтаа гээчихсэн, регистрийн дугаараа мэдэхгүй учраас анхандаа хэцүү байсан гэдэг. Брокерууд хувьцааных нь ашгийг идэхээс эхлээд шантармаар тохиолдлууд гарч байсан ч хөрөнгийн захаас урваагүй өдий хүрчээ. Энэ эрхэм одоо гэр хороололд хашаа байшинтай, лааз, шилээ түүсэн хэвээр санаа амар амьдарч байна. “Орон сууц авахгүй юм уу” гэхээр “Байр авах мөнгө бий л дээ. Эргэлтийн хөрөнгө түүнээс илүү хэрэгтэй байна” гээд хавьтуулдаггүй хашир тоглогч гэсэн. Тэр саяхан “Хувьцааг үнэтэй авч болохгүй, арилжаа суларсан, мөнгө чангарсан, хүнд байх үед авах хэрэгтэй. Одоо жинхэнэ хувьцаа авдаг үе” гэж дуугарсныг Хөрөнгийн биржийн нэг ажилтнаас сонсов. Тиймээ, одоо л жинхэнэ хувьцаа авдаг үе.

Дэмий улстөржиж суухаар байгаа хэдэн төгрөгөөрөө хувьцаа худалдаж аваад өгөөжийг нь хүртээд суувал өөрт хэрэгтэй. Намайг дэмжиж, дайсныг минь муулсанд баярлалаа гээд мөнгө сарвайхгүйгээс хойш улстөржиж маргацгаах хэрэггүй л байгаа юм. Аль нэг нам нь ямар нэг зүйл амлаад сонгуульд ялчихдаг. Ялаад засаг барихаараа ажил нь амнаасаа зөрдөг. Ингээд л бөөн улстөржилт, нерв, стресс нийгэмд өрнөнө дөө, харин ч нэг. Ялагдсан нам нь ч ялгаагүй. Дараагийн сонгуульд өнөөхөөсөө гоё юм яриад гараад ирнэ. Тэгээд “өмнө нь та нар идсэн, одоо бид иднэ” гэсэн юм яриад дөрвөн жилийг барна. Нийгэм тэр чигээрээ дахиад л улстөржиж, стресстэнэ. Тэглээ гээд бидний дагаж хуйлраад байдаг өнөө улстөрчид маань май гээд мөнгө өгдөггүй. Бүх хүүхдээ цэцэрлэгт явуулъя гээд цэцэрлэг бариад эхэлдэггүй. Монголын жирийн иргэд 25 жил улстөржлөө. Өөрсдөө засаг барьж мөнгө идэж хөрөнгөжөөгүй хэрнээ талцсаар өнөөг хүрлээ. Үр дүн нь их гунигтай. Үр хүүхдэд нь цэцэрлэггүй, долларын галзуурлаас болж халаасан дахь хэдэн төгрөг нь цаас болчихсон, зүгээр л амьдрах орон сууц мөрөөдөл болоод өндөрт тахигдчихсан, өнөө маргаашаа болгоод амьдарцгааж байна.

“Сүү” компанийн хувьцаа анх 100 төгрөгөөр гарч байсан бол өнөөдөр 100 мянган төгрөгөөр үнэлэгдэж байна. А.Чулуун шиг идэвхтэй тоглогчид ийм өгөөжтэй учраас хөрөнгийн захаас холдож чадахгүй яваа. Тэдний нэг байх боломж бидний хэнд ч бий. Хувьцааны зах дээр тоглогч болж мөнгөө өсгөхийн тулд ажлаасаа гарах шаардлагагүй. Ажлаа хийнгээ мөнгөө өсгөөд байх боломжтой. Улс төр ямар байхаас үл хамаарч мөнгөжих боломж хөрөнгийн зах зээлд байна. Хувьцаа худалдаж аваад ашгийг нь хүртэж амьдарна гэдэг биднээс харь юм биш. Дэлхийн аль ч улсын ямар ч иргэн тоглож болдог зах зээл. Америкийн жирийн нэг ачигч эр хувьцааны зах зээлийн гол тоглогч болоод мөнгөө өсгөөд аятайхан амьдарч байна. Бид ийм л дэлхийн нэг хэсэг нь. Дэлхийн тэрбумтнуудын хоёрт жагсдаг Уоррен Баффет гэхэд л 11 настайдаа хотын үйлчилгээний компанийн гурван ширхэг хувьцааг Нью-Иоркийн Хөрөнгийн биржээс худалдан авсан гэдэг. Хүү кока коланы шил цуглуулж, бохь зарж, сонин түгээж олсон мөнгөөрөө хувьцаа авч байж. Их сургууль төгсөх жилдээ 90 мянган ам.доллартай болсон гэж байгаа. 1962 онд хөрөнгө нь сая ам.доллар давж, 1965 онд найзтайгаа “Berkshire Hathaway” компанийн хувьцааг худалдан авч удирдсан түүх намтарт нь тодоос тод дурайж байдаг. Ерэн онд компани нь A төрлийн хувьцаа худалдаж, Уоррен Баффет тэрбумтнуудын эгнээнд орж байж. Өнгөрсөн онд түүний компанийн нэгж хувьцааны үнэ 200 мянган ам.долларт хүрч цойлсныг хөрөнгийн захынхан андахгүй. Үр дүнд нь 321 мянган ширхэг хувьцаа эзэмшиж байсан Уоррен Баффетийн хөрөнгө 64.2 тэрбум ам.доллар болтлоо өссөн юм.

Хөрөнгийн зах зээл гэдэг хэдэн зууны түүхээр батлагдсан систем. Хүн төрөлхтөн төдийгөөс өдий хүртэл энэ захаас мөнгөжиж, хөрөнгөжсөөр ирснийг хэдхэн тоогоор тодотгоё. Төв Европт 1409 онд анхны бирж үүссэн бол өнөөдрийн бирж гэсэн ойлголттой илүү ойролцоо нь Антверпын биржийг гэцгээдэг. Өнөө алдартай Нью-Иоркийн биржийн үүсэл 1792 оноос улбаатай. 24 худалдаачин Нью-Иоркийн Уолл стрийтийн гудамжны нэгэн модны дор тогтмол цугларч байхаар тохиролцсон нь өнөөдрийн аварга биржийн эхлэл болсон гэдэг.

Хүн төрөлхтний түүх хэдэн зуун дамжин ашигтай, өгөөжтэйг нь баталчихсан хөрөнгийн зах зээл Монголд тэгтлээ айхтар хөгжөөгүй нь үнэн. Гэхдээ бас ч гэж өнгөө олчихсон. Саяхан гэхэд түүхэнд тохиогоогүй өндөр дүнтэй арилжааг ганцхан өдрийн дотор хийчихлээ. Арван тэрбум төгрөг гэдэг бага тоо биш. Рекорд эвдсэн Засгийн газрын үнэт цаас гэсэн шинэ бүтээгдэхүүн хөрөнгийн зах дээр тун эрэлттэй байгаа. Арван тэрбумын хязгаартайгаар Сангийн яамнаас өгдөг үнэт цаасыг худалдаж авъя гэсэн санал долоо хоногт 20, 30 тэрбумаараа ирж байна. Ашигтай, анхаарал татахаар бүтээгдэхүүн гаргавал авъя гээд мөнгөө атгасан өчнөөн улс Хөрөнгийн бирж хавиар алхаж явааг баталсан жишээ. Удахгүй компанийн даатгагдсан бонд гэж гарна. Эхний компани 500 саяын захиалга өгөхөд ганцхан цагийн дотор захиалга нь бүрдчих жишээний. Компанийн бондоос лав ойрын хоёр сард 20 тэрбумыг босгоно гэж дуулдсан.

Дэлхийн өнцөг булан бүрд хэн дуртай нь хөрөнгийн зах дээр тоглож байхад монголчуудын цөөн зарим нь л энэ захын өгөөжийг хүртэж байна. Аль ерээд оны ягаан, цэнхэр тасалбараа оруулбал Монгол Улсын 237 мянган иргэн хувьцааны данс эзэмшдэг. Тэгэхээр ихэнх нь хувьцааны данс нээлгэснээ мэдэхгүй яваа. Бэлгэдэл төдий данс гээд ойлгочихож болно. Жинхэнэ идэвхтэй тоглогчид гэвэл 37-хон мянга. Бидний дунд амьдарч яваа, боловсрол өндөр, хувьцааны талаарх мэдлэг дажгүй хэсэг нь л энэ зах дээр тоглож мөнгөө өсгөж байгаа гэсэн үг. “Миний бизнес нийт хөрөнгийн маань төчнөөн хувь, хувьцаанаас олсон мөнгө төчнөөн хувийг эзлэх ёстой” гэж ирээд хөрөнгөө төлөвлөчихсөн хүмүүс цөөн ч гэлээ бий нь сайн хэрэг. Одоо бүгдээрээ хөрөнгийн зах зээл рүү орж, хувьцаа худалдаж авъя. Ёстой нөгөө юун наадам, юун цагаан сар гэдэг шиг юун улстөр. Хувьцаа худалдаж авч мөнгөө өсгөвөл амьдралд маань, алсдаа үр хүүхдэд маань нэмэртэй. Эцсийн бүлэгт бидэнд мөнгө л хэрэгтэй. Саяхан нийтлэлч Б.Цэнддоо тусгаар тогтнол бол эдийн засаг гэсэн санаа хэлсэн байна лээ. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үг.

Хөрөнгийн биржийн зарим нэг хувьцааг харж байхад гурван сарын дотор 37 хувь өссөн хувьцаа ч байдаг. Тэр хувьцааг авсан хүмүүсийн мөнгө гуравхан сарын дотор ийм хувиар өсчихсөн гэсэн үг. Арилжааны банкинд мөнгөө хадгалуулснаас хавь илүү өгөөж гэдгийг энэ мэт жишээгээр нотолчихож болно. Мэдээж эрсдэл бий л дээ. Буруу хувьцаа худалдаж авбал мөнгөө алдах эрсдэл бий. Гэхдээ Хөрөнгийн бирж дээр явагддаг сургалтаар хувьцааны зах зээл, ашигтай хувьцаа худалдаж авах мэдлэг, мэдээллийг өгчихдөг юм билээ. Хөрөнгийн зах зээлийг яаж мэдрэх аргыг хүртэл нарийн хэлээд өгдөг гэж дуулдсан. Тэр сургалтад нь сонирхоод суучихад гэмгүй. Зах зээлээ мэдэрч арайхандаа барахгүй гэвэл эрсдэлгүй бүтээгдэхүүн ч Монголын хөрөнгийн зах дээр байна. Тэр нь өнөө эрэлт ихтэй гээд байгаа Засгийн газрын үнэт цаас. Сард 1.7 хувийн хүү аваад суух боломж танд ч бий. Үүнээс ч өндөр өгөөж хүртье гэвэл зах зээлээ мэдрээд илүү гүнзгий түвшинд тоглох боломж бас нээгдэж байгаа.

Хөрөнгийн зах зээлийн алтан дүрэм уг нь их энгийн. Сонирхож байгаа компаниудынхаа санхүүгийн тайланг уншаад сурчих хэрэгтэй. Аргыг нь Хөрөнгийн биржийнхэн сургалтаараа хэлээд өгдөг гэсэн. Уналттай, уналтгүй салбар, ашигтай, ашиггүй компанийг мэдрэх тийм хэцүү эд биш л дээ. Өнөөдөр гэхэд барилга, уул уурхайн салбар сайнгүй, хөдөө аж ахуйн гадагшаа экспортолдог бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудын хувьцаа дажгүй байгаа. А.Чулуун шиг хувьцааг хямд дээр нь аваад, үнэ хүрэхээр нь зардаг хашир тоглогчийн дүрмээр бол яг өдийд уул уурхай, барилгын салбарын хувьцаа, бондыг сонирхох цаг. Уул уурхайн салбар гэхэд ирэх жилүүдэд таагүй байх ч хэдэн жилийн дараа аяндаа сэргээд ирнэ. Уул уурхайгаа дагаад барилга, бүтээн байгуулалтын компаниуд ч өөдлөх нь гарцаагүй.

Хувьцаа, бонд худалдаж аваад мөнгөө өсгөчихсөн хүн наад зах нь “Миний хүүхэд цэцэрлэггүй үлдлээ” гэж гомдоллохгүй. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгөх гэж цэцэрлэгийн үүдэнд хэд хоногоор дугаарлаж зовохгүй. Мөнгө нь байвал стандарт хангасан, гял цал, шил толь болсон хувийн гоё цэцэрлэгүүд зөндөө байна. Хувьцаа, бонд худалдаж аваад хөрөнгийн зах дээр тоглож эхэлсэн хүмүүс өчнөөн мэдлэгтэй болно. Наад зах нь Хөрөнгийн биржийн сайтыг ашиглаад сурчихна. “Блүүмберг”-ээр ханшийн, зах зээлийн мэдээ хардаг болно. Хөрөнгийн зах зээлийн талаар гайгүй сайн мэдлэгтэй иргэд олшрохын хамгийн гоё үр дүн нь юу гээч. Улстөржсөн хийрхэлт алга болно. Өнөөдөр бол улстөрчид нэгнээ намнахын тулд элдэв мэдээлэл түгээж, өнөөхийг нь өргөн түмэн сонгогчид нь өлгөж аваад нийгэм тэр аяараа дэнсэлгээтэй байгаа. Үр дүнд нь улс төр нь тогтворгүй, тогтворгүй улс төрөөс нь хөрөнгө оруулагчид жийрхээстэй, хөрөнгө оруулагчгүй эдийн засаг ямар байх нь тодорхой. Иргэд нь хөрөнгийн зах дээр тоглодог болчихвол огт өөр дүр зураг харагдана. Хөрөнгийн зах зээл дээр тоглож байгаа иргэд хэзээ ч улстөржиж хийрхдэггүй. Тоглож, мөнгө олж байгаа зах зээл нь улс төрөөс шууд хамааралтай учраас тэр л дээ. Улс төр тогтворгүй байхын хэрээр хувьцааны ханш унадаг. Улстөр тогтвортой байвал харин сэргэдэг зах зээл.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: Засгийн газрын үнэт цаасан дээр долоо хоног бүр 20-30 тэрбум төгрөгийн захиалга ирж байна

Монголын Хөрөнгийн
биржийн гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.

-Хөрөнгийн бирж
түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй арилжаагаа хийлээ гэсэн мэдээ эдийн засаг хэцүү
байгаа энэ үед таатай сонсогдож байна. Өмнө нь үүнтэй дөхүү арилжаа хийсэн жил бий
юу?

-Мягмар гариг бүр Засгийн газрын үнэт цаасны анхдагч зах зээлийн
арилжаа явж байгаа. Уржигдрынх ээлжит арилжаа байсан л даа. 5041 дэх нь. Арван тэрбум
төгрөгийн Засгийн газрын үнэт цаас арилжаалагдсан. Энэ он гарсаар нийт арилжааны
дүн 356 тэрбум боллоо. Хөрөнгийн бирж үүсгэн байгуулагдсанаас хойших дүнтэй харьцуулахад
хамгийн өндөр нь болж байгаа юм. Хөрөнгийн зах зээл дэх хамгийн өндөр арилжааг энэ
жил хийсэн нь дөнгөж эхлэл. Хөрөнгийн зах зээл цаашдаа улам хөгжих, дотоод, гадаадын
хөрөнгө оруулагчдыг татах бололцоотой. Дөхүү арилжаа хийсэн жил гэвэл 2011 он байна. Тэр үед Монгол Улс дэлхийн гэж хэлж болохоор анхаарлын
төвд байсан шүү дээ. Хөрөнгө оруулалтаас эхлээд бүх талаараа. Улс төр нь тогтвортой,
эдийн засгийн орчин дажгүй байсан. 2011 онд
350.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байдаг.

-Засгийн газрын
үнэт цаас гэсэн бүтээгдэхүүн орж ирээд бараг жил болж байна уу?

-Найм, есөн сар болж
байна. Үнэнийг хэлэхэд манай зах зээлийнхэн ч тухайн үедээ таашаалтай хүлээж аваагүй.
Манай зах зээлийн гол бүтээгдэхүүн бол хувьцаа. Засгийн газрын үнэт цаас Монгол
банкин дээр байхад л болно гэсэн хандлага давамгайлж байсан. Гэтэл Засгийн газрын
үнэт цаас зах зээлд бусад шинэ боломжуудыг нээж өгсөн.

-Компанийн бонд
арил­жаалахаар болсныг хэлж байна уу?

-Тийм.

-Ингэхэд компанийн
бонд гаргах ажил хэр амжилттай байгаа вэ?

-Засгийн газрын бонд
зарагдсанаар бусад санхүүгийн хэрэгсэл, ту­хайлбал, компаниуд бонд гаргах боломж
нээгдсэн. Ер нь Хөрөнгийн бирж гэдэг чинь дэлгүүр. Өмнө нь хүн ордоггүй, харанхуй,
авахаар бараагүй дэлгүүр байсан. Гэтэл одоо Засгийн газрын үнэт цаас зарагдсанаар
байнгын хүнтэй, байнгын эргэлттэй, үе үе том хэмжээний арилжаа хийчихдэг дэлгүүр
боллоо.

Энэ дэлгүүрийг бараагаа тавих, худалдан авалт хийх хүмүүсийн
аль аль нь сонирхдог. Анхны даатгагдсан корпорацийн бонд болох “Эрчим” бонд өнгөрсөн
долоо хоногт нээлтээ хийлээ. Энэ баасан гаригт захиалга нь хаагдах гээд байж байна.
500 орчим сая төгрөгийн бонд гаргах юм.
“Эрчим инженеринг” компани тендерийн баталгаа гаргах зорилгоор гаргаж байгаа юм
билээ. Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн биржийн бүртгэлийн бүх шаардлагыг
хангаад олон нийтэд зарагдах нөхцөл нь бүрдсэн.

-Энэ бондыг худалдаж авах хүмүүсийн сонирхол
хэр байна?

-Захиалгын сан нээгдээд дөнгөж нэг цаг болоход 500 сая төгрөгөөс
дээш хэмжээний захиалга ир­чихсэн. Одоогийн байд­лаар анх төлөвлөснөөс хоёр, гурав
дахин их хэмжээний захиалга ирээд байна. Баасан гариг хүртэл нэмж захиалга орж ирэх
байх. Бидний харж байгаагаар дор хаяж хоёр тэрбум төгрөгийн захиалга ирэхээр байна.
Бусад компанийн хувьд хувьцаагаа биш юм гэхэд ямар ч байсан Хөрөнгийн зах зээл дээр
бонд гаргаж хөрөнгө татах боломж нээгдлээ. Ер нь бонд гэдэг тухайн компанийн нэрийн
хуудас байдаг. Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн тулд санхүүжилт нь зөв байх ёстой.
Компаниуд хэн хамгийн урт хугацаатай, бага хүүтэй бондыг хам­гийн хурдан хугацаанд
гаргаж байна вэ гэдгээрээ өрсөлддөг. Дахин хэлэхэд энэ бол тухайн компанийн санхүүгийн
зах зээл дэх нэрийн хуудас нь. Зээлжих зэрэглэл нь AAA үнэлгээтэй “Apple”,
“Coca cola” зэрэг компани гэхэд л
500 тэрбум ам.доллартай тэнцэх хэм­жээний санхүүжилтийг нэг сарын дотор 3-5 хувийн
хүүтэй босгоно гэдгээрээ өрсөлдөнө гэсэн үг. Үүнийг л Монголын хөрөнгийн зах зээл
дээр ажил болгоё гэж байгаа юм. Эхлэл нь “Эрчим” бонд.

-Тэгэхээр компаниудын хувьд банкны богино
хугацаатай зээлээс гадна урт хугацаатай, хүү багатай мөнгийг хөрөнгийн захаас босгох
боломж нээгдлээ гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Компаниудын санхүү­жилтийн зам сүүлийн
25 жилд нэг л байсан. Тэр нь аль нэг арилжааны банкин дээр очиж зээл хүсэх. Цаашаа
явахгүй зам л даа. Банкны системийн гаргадаг бүтээгдэхүүн нь урт хугацаатай биш.
Дэлхий нийтийн жишиг нь ч тийм. Манайд бусад зах зээл нь хөгжиж амжаагүй учраас
ямар нэг өөрчлөлтгүй яваад байгаа. Уг нь санхүүгийн зах зээл нь хөгжсөн бусад улсын хувьд богино хугацаатай санхүүжилтээ банкнаас,
урт хугацаатайг нь хөрөнгийн зах зээлээс босгодог. Энэ бол тогтсон зарчим. Бид ч
гэсэн ийм чигээр явахгүй бол эдийн засаг хөгжихгүй. Ингэлээ гээд банкны систем муудна гэсэн үг биш.
Хө­рөнгийн зах зээл, банкны зах зээл хамтдаа хөгжиж байж, эдийн засгийнхаа тулгуур
болох ёстой. Гэтэл өнөөдөр нийт санхүүгийн зах зээлийн 95 хувь нь банк гэчихээр
эдийн засгийнхаа нийт хөгжлийг дэмжиж чадахгүй болчихоод байгаа юм. Өөрөө ч хөгжихгүй,
бусдыг ч хөгжүүлэхгүй яваад байна. Тэгэхээр юуны өмнө санхүүгийн гажуудлаа засах
ёстой. Засах арга нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх. Цаашлаад үе шаттайгаар бусад
зах зээл­дээ анхаарах учиртай. Жишээ нь даатгал байна. Даатгагдсан бонд гаргана
гээд байгаа нь ийм учиртай. Хөгжиж чадахгүй байгаа хоёр зах зээл дундаасаа бүтээгдэхүүн
гаргаж ирж байгаа хэрэг. Төрөөс ч бод­логоор дэмжих ёстой.

-Компанийн бондыг компаниуд хэр сонирхож
байна вэ?

-Маш их сонирхож бай­на.

-Аль салбарынхан голч­лон сонирхож байгаа
вэ, лав л барилгын сал­барынхан сонирхлоо
илэр­­хийлчихсэн…?

-Үйлдвэрлэл явуулдаг компаниуд их сонирхож байгаа.

-Ер нь ойрын үед ком­­панийн даатгагдсан
бондоор хэчнээн төгрөг босгох боломж харагдаж байгаа вэ?

-Ирэх нэгээс хоёр сарын дотор таваас арван тэрбум төгрөгийн
бонд гаргачих болов уу. Эрчимтэй судалгаа хийгээд явж байна. Бидний зорилго бол
ТОП-100 ком­пани. “Эм Си Эс”, “МАК”, “Петровис”, “Моннис” зэрэг компаниуд
бүгд хөрөнгийн зах зээл рүү орж ирэх ёстой. Бонд гаргаж, бондынхоо өгөөжөөр өрсөлдөж,
хам­гийн бага хүүтэй хамгийн найдвартай гэсэн нэрийн хуудсаа гаргах цаг ирсэн. Бонд
гаргаж байгаа компани муу гэсэн үг биш. Үйл ажиллагаагаа өргөжүүлж, хөрөнгө оруулагчдын
итгэлийг хүлээж байгаа л гэсэн үг. Банкнаас зээл авах нь зөвхөн хоёр талын нуугдмал
харилцаа учраас ямар хүүтэй, хэр итгэлцэл үүсэх нь мэдэгддэггүй. Олон нийтэд зарж
байгаа тохиолдолд өөр. Олон нийт таны гаргасан үнэт цаасыг авч байна гэдэг ондоо
зүйл. Тэд танд итгэж байгаа гэсэн үг. Хөрөнгийн зах зээл нь хөгжсөн улсын гол үзүүлэлт
энэ л дээ.

-Хөрөнгийн зах зээл дээр тоглогчид хэт
цөөн, арилжаа нь хяз­гаарлагдмал хүрээнд эргэлддэг гэдэг. Үнэт цаасны захиалагч
эрс өссөн гэхээр энэ зах зээл дээр тоглох сонирхолтой хүмүүс нэмэгджээ дээ?

-Байдал өөрчлөгдөж байна. Цаашдаа ч тоглогчид нэмэгдэнэ гэж
харж байгаа. Өмнө нь хөрөнгийн зах зээл рүү орох гэхээр бү­тээг­дэхүүнгүй гэсэн
шалтгаан байсан. Ягаан, цэнхэр та­салбараар үүссэн хувьцаа л гэж байсан. 400 гаруй
компанийн хувьцаа. Энэ хувьцааг махаар зүйрлэж яривал хүмүүс сайныг нь сорчилсоор
байгаад хэдхэн яс үлдчихсэн. Тэр хувьцаануудаас нэмж харах юм байхгүй гэсэн үг.
Хөрөнгийн зах зээл мөлжөөд дууссан яс буюу хөрвөх чадвар багатай хувьцаа зардаг
учраас хөрөнгө оруулагчид сонирхох боломжгүй байсан юм. Одоо бол өөр. Засгийн газрын
үнэт цаас гэсэн бүтээгдэхүүн байна. Компанийн бонд гэсэн бүтээгдэхүүн ороод ирлээ.

-Компанийн бонд хөг­жих ирээдүй манайд хэр байна?

-Компанийн бондын хувьд ойрын тав хүртэл жилийн хугацаанд маш
хурдацтай хөгжинө. Хаалттай байгаа Монголын топ 100 компаниуд дунд хугацаандаа хувьцаат
компани болох зорилгын эхлэл нь бонд. Эхлээд бондоо гаргаад сурчих хэрэгтэй. Хөрөнгө
оруулагчтайгаа шууд харилцана гэсэн үг. Түрүүн
хэлсэн дээ. Сүүлийн 25 жилд ямар ч том компани зээлээ банкнаас л авдаг байсан учраас
олон нийтийн санхүүгийн харилцаа үүсч эхлээгүй. Хөрөнгийн зах зээл рүү энэ компаниудыг
оруулаад ирэхээр хөрөнгө оруулагчид хүссэн хүсээгүй олон сонголттой болоод ирж байгаа
юм. Дэлгүүрээр зүйрлэж яривал олон бү­тээгдэхүүнтэй болсон хэрэг. Засгийн газрын
үнэт цаас, компанийн бонд сайн хөгжвөл бусад үүсмэл үнэт цааснууд үүсч эхэлнэ. Өөрөөр
хэлбэл санхүүгийн бусад шинэ хэрэгсэл үүсэх боломж нээгдэнэ. Бонд, хувьцаа, өгөөж
дээр суурилсан ч байдаг юм уу. Хөрөнгө оруулагчдын сонирхол ондоо. Зарим нь эрсдэл
багатай хөрөнгө оруулалтыг сонирхдог. Нөгөө хэсэг нь эрсдэл ихтэй, өндөр өгөөжтэйг
нь илүүд үздэг. Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлье гэвэл хүн бүрийн онцлогт тохирсон
олон төрлийн бүтээгдэхүүн байх ёстой. Тоглох талбарыг нь өргөсгөөд өгчихвөл хө­рөнгө
оруулагчид аяндаа сонирхоод ирнэ. Учир нь хөрөнгийн зах зээл гэдэг дэлхийн санхүүгийн
200, 300 жилийн түүхэнд бат­лагдсан систем. Хөрөнгө оруулагчдын хувьд мөнгөө өсгөх
таатай боломж.

-Банкинд мөнгөө хад­галуулснаас юугаараа
давуу гэдгийг энгийнээр тайлбарлаач?

-Банкинд зургаан сарын хугацаатай хадгаламж бай­даг байх. Гэхдээ
хүү нь бага. Жилийн 10, 12 хувийн л хүүтэй байгаа. Банкинд мөнгөө хадгалуулчихаар
хугацаанаас нь өмнө авч болдоггүй. “Эрчим” бондын хувьд бол өөр. Зуун мянган төгрөгөөр
бонд худалдаж авлаа гэж бодъё. Зургаан сарын дараа 9000 төгрөгийн хүүгийн ашиг гээд
ороод ирнэ. Ийм л боломж байгаа юм. Иргэд ихэвчлэн улс төр яриад байдаг. Н.Энхбаяр,
Ерөнхийлөгчийн хориг, авлига, шинэ сайдуудын таамаг яриад байна л даа. Яахав улс
төр ярьж болно, гэхдээ амьдралдаа хэрэг болохоор ийм зүйлийг со­нирхмоор, яримаар
бай­гаа юм. Ядаж л өөрт нь хэдэн төгрөг ороод ирнэ. Хэрэгцээнээсээ илүү гарсан мөнгөөрөө
хөрөнгийн зах зээл дээр тоглоод сурчихвал сар бүр хөрөнгө нь нэмэгдэнэ. Үүнийг л
“Эрчим” бонд нээж өгч байна.

-Хөрөнгийн зах зээл рүү оръё гэхээр өчнөөн
ажил болно гэж төвөгшөөдөг байж мэдэх юм?

-Маш энгийн процесс шүү дээ. Брокер дээр очиж дансаа нээлгэнэ. Үсрээд л 5000 төгрөг өгнө. Банкнаас үнэт цаасны
данс руугаа мөнгө шилжүүлэх нь хэдхэн минутын ажил. Захиалга өгөх нь хоёрхон минутын
ажил. Ингээд л хөрөнгийн бирж дээр идэвхтэй тоглогч байх боломж үүсчихнэ.

-Засгийн газрын бондын эрэлт өсөөд байгаа
ийм үед хязгаарыг нь нэмж болдоггүй юм уу?

-Сангийн яамны мэдэх асуудал л даа. Ямартай ч зах зээлийн эрэлт
их байна. Хөрөнгийн бирж дээр долоо хоног бүр 20-30 тэрбум төгрөгийн захиалга ирж
байна. Зөвхөн Засгийн газрын үнэт цаасан дээр гэхээр өндөр тоо байгаа биз. Сангийн
яамны хувьд зөвхөн арван тэрбумыг нийлүүлнэ
гэсэн хязгаар тавьж байгаа. Тийм учраас хүү нь буураад байна. Хөрөнгийн бирж рүү
орж ирэхээс өмнө Засгийн газрын үнэт цаасыг дөрөвхөн банкинд зардаг байсан. Нөгөө
хэд нь хүүгээ тогтоодог байсан учраас хүү нь 9-16 хувь хүртэл хяналтгүй өсч байсан.
Хөрөнгийн бирж орж ирснээр өнөөдрийн байдлаар гэхэд хүү нь хоёр хувиар буураад байна.
16 байсан хүү 14 хувь болсон гэсэн үг. Мэдээ тайлан нь, хэн авсан нь ил болоод өрсөлдөөн
үүсэхээр эрэлт нь нэмэгдэж хүү нь буурч байгаа хэрэг. Ач холбогдол нь энэ. Энэ бол
зөвхөн Хөрөнгийн бирж дээр гарч байгаа үнэт цаасан дээр яригдахгүй. Нийт зах зээлд
нөлөөлнө. Засгийн газар 16 хувиар гаргана гэхээр компани 18 хувиар гаргана гэсэн
үг. Засгийн газрын үнэт цаасны хүү 14 болонгуут компани 16 хувиар гаргах боломж
нээгдэж байгаа юм. Компаниудад санхүүжилт олдохгүй байгаагийн шалтгаан нь Засгийн
газ­рын үнэт цаас өндөр хүү­тэй болсных. 14 бол буурсан байгаа ч бага гэж хэлэхээргүй
хүү. Цаашдаа ч хүү буурах боломж бий.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын твиттерчдийг баярлуулан жиргүүлэхгүйгээр ам.долларын ханшийг барих боломж бий

Ам.доллар 2000 хүрнэ гэсэн шинжээчдийн таамаг амьдрал дээр
батлагдчихлаа. Таамагласан хязгаараас давж магадгүй байдал үүслээ гэх
болгоомжлолыг учир мэдэх улс хэлж байна. Эдийн засаг сайнгүй байгаа нь үнэн ч
ингэж савлах шалтгаан зах зээлээс биш улстөрчдөөс болоод байна. Шуудхан хэлэхэд
ам.долларын ханш улстөрчдийн зэвсэг болчихож. Улстөрийн намууд ам.долларын
ханшаар тулалдаж байна. Хоёр нам нийлбэл гайгүй болдог, салчихаар эргэж өгсдөг
дүр зураг ноён ногооны ханшаас харагдаж байгаа нь нууц биш. Энэ нь эргээд ард түмний
нуруун дээр шийтгэл болж бууж байна.

Засаг бужигнангуут нэмэгддэг ханш

Ноён ногоон өгсөж уруудаж савлах тоолонд ямар үйл явдал өрнөж
байсныг эргэж харъя. АН МАН нэгдэж засаг
байгуулсан өдөр ам.долларын ханш мэдрэгдэхээр унаж байсныг ханшийн мэдээ хардаг
эрхмүүд бол анзаарсан. Засгаас МАН гарах сургаар доллар эргээд өсч байна.
МАН-ын цахим пиарчид гэгддэг хэсэг твиттерч бий. Тэд эгээтэй л ардын хувьсгал ялсан дайны үйл
явдал харсан юм шиг хөөрцөглөөд эхэллээ. Ам.доллар ингэж тэгж өслөө энэ тэр
гээд ёстой л жиргэж өгч байна. Ханшийн захыг удирдах асар их доллар МАН-д
байдаг л байх. Гэхдээ иргэдээ туйлдуулах зүйлд ингэж сэтгэлгүй хандаж боломгүй
санагдах юм. Ямартай ч ногоон өсөх үед өрнөж буй үйл явдлыг анзаараад
байхад ам.долларын ханш улстөрийн
шантааж, шахааны айхтар зэвсэг болсон нь тодорхой байна. Бүр тодруулж хэлбэл
МАН-ын ард түмнийг залхаах хэрэгсэл болоод хувирчихаж. Засаг барьж буй АН-ын
хувьд МАН-тай нийлж ард түмнээ залхааж, шийтгээд байгаагийн учир юунд оршино
вэ. Яагаад ямар нэг алхам хийхгүй байна вэ. Хөндөж тавихаас аргагүй асуулт.

Улстөрийн тогтворгүй байдал, хуйсгануур араншин долларын ханшид
яаж нөлөөлснийг баталсан өөр жишээ ч бий. Гачууртын алтны ордыг гадны
компанитай хамтарч ашиглах асуудал УИХ-ын хэлэлцүүлэгт орж ирээд унасан өдөр
ам.долларын ханш огцом гэхээр өсч байв. Гачууртын асуудал унах үеэр хагас өдрийн
дотор 1959 төгрөг болж нэмэгдсэн нь ердөө саяхны жишээ.

Ханшид нөлөөлж байгаа хоёр шалтгааныг сөрж
чадахгүй ч…

Ам.долларын ханшийн галзууралд бодитой нөлөөлж байгаа эдийн
засгийн шалтгааныг өнгөрсөн хоёр жил хангалттай улигласан. Гадаадын хөрөнгө
оруулалт тасарсан учраас доллар өслөө гэж
дээр, дооргүй ярьсаар удаж байна. Гаднаас орж ирдэг ам.доллар
багасчихаар яах нь тодорхой. Ханш нь дээшээ дээшээ бүр дээшээ өгсөх нь
ойлгомжтой. Ядаж байхад гадагш нь зарж доллар олдог нүүрс, зэсийн үнэ унаастай
хэвээр. Нүүрсний үнэ бүр навс доошилсон. Цаашдаа ч өөдийн нар харахгүй гэлцэж байна.
Шинжээчдийн энэ таамаг үнэн биз. Нэгэнт үүсчихсэн ийм байдлаас бултаж зугтах
аргагүй л дээ. Дотооддоо ямар ч зөв бодлого хэрэгжүүлээд Хятад хэрэглээгээ нэмж
нүүрсний үнэ өсөхгүй. Зэсийн үнэ ч ялгаагүй, биднээс хамааралтай эд огтхон ч
биш. Дэлхий үнийг нь зохицуулдаг металл. Зогсолтын байдалд орчихоод байгаа
гадаадын хөрөнгө оруулалт өнөөдөр сайхан юм ярингуут маргааш нь ороод ирэхгүй.
Гадныхантай тохирсон тохирооноосоо буцдаг зан маань хэвээрээ гэдгийг одоо ч харсаар суугаа хөрөнгө оруулагчид итгэж мөнгөө өгөхгүй нь
угаасаа тодорхой. Саяхны жишээ гэхэд л Таван толгой дээр Японы “Сумитомо”,
Хятадын “Шинхуа”-тай за зүй болж тохирчихоод үгүй гэчихсэн. Өнөөдүүл нь
толгойгоо сэгсрээд нутаг буцсаныг бид бултаараа харсан. Таван толгой дээр
Монголд ашиггүй тохироо хийсэн, хийгээгүй
гэдгийг хөндөх гэсэнгүй. УИХ, Засгийн
газар нь хоёр тийшээ харж ажилладаг, засагт голлодог нам нь дотроо хагаралдаантай, засагт
хамтарсан нь ч цаад утгаараа ажил явуулахыг биш гацаахыг эрхэм зорилгоо
болгодог, нөлөө бүхий улстөрчид нь хэзээ ч ямар ч шийд гаргаад хичээж хийсэн
тохироог үгүй хийдэг улсад ер нь хэн
итгэхэв. За тэгээд цаашилбал Гачуурт байна. Уг нь алтны дажгүй нөөцтэй энэ
ордыг гадны том компанитай хамтраад ашиглавал нэг хэсэгтээ л ам.долларын ханш
гэж хөмсгөө атируулахгүй. Гэтэл УИХ нь Засгийн газрынхаа оруулж ирсэн төслийг
хэлэлцэхгүй гээд буцаачихсан. “Монголын улстөрчид ч эвгүй юм даа” гэсэн
болгоомжлол төрөхөөр үйл явдал шил дараад байхаар ер нь хэн бидэнд итгэхэв.
Ам.долларын ханшид нөлөөлж байгаа хоёр шалтгааныг сөрж чадахгүй нь үнэн гэдгийг
энэ мэт өчнөөн жишээгээр нотолж болно.

Ноён ногооныг хазаарлах ийм боломж байна

Гэхдээ ам.долларын ханшийг галзууруулахгүй бариад байх боломж эдийн засагт бий. Улстөрчид зохиомлоор өсгөөд байхгүй бол шүү дээ. Монгол банкинд өнөөдөр 1.6 тэрбум ам.доллартай тэнцэхээр валютын нөөц байна. Ямар ч байсан ам.долларыг 2000 хүргэхгүй бариад байх боломжийн нөөц. Монголчууд хэтэрсэн хэрэглээгээ танаж, гаднаас авдгаа хумисан. 2006 оныг эс тооцвол байнгын алдагдалтай явсаар 2014 онтой золгосон гадаад худалдааны тэнцэл өнгөрсөн оны сүүлээр анх удаа нэмэх баланстай гарч байв. Энэ оны долдугаар сард 604 сая ам.долларын ашигтай гарлаа. Бидний гаднаас авдаг бараа, гадагшаа гаргадаг барааны нийт зөрүү нь арван сар дараалан эерэг үзүүлэлттэй гарсан гэсэн үг. Урьд хожид байгаагүй үзэгдэл. Монголчууд эдийн засаг таагүй үед аль хэдийнэ бүсээ чангалаад эхэлчихснийг сая онцолсон тоонуудаас харчихаж болно. Наад захын жишээ гэхэд л айлууд хөргөгч, гар утасны лизингээс татгалзсаныг статистик хэлээд өгч байна. Орон сууцны зээлтэй иргэд л олширсон байх. Хэзээд үнэ цэнээ алдахгүй үл хөдлөх хөрөнгийн зээл бол тансаг хэрэглээ биш. Тэгээд ч орон сууцны зээлийг хөгжлийг чирч явдаг дундаж давхаргынхны тоог нэмэх зөв гарц гэж эдийн засагчид онцолдог. Тэгэхээр эргээд эдийн засагтаа эерэг нөлөө үзүүлнэ гэсэн үг. Зэсийн үнэ буурсан ч Оюу толгой хөдөлж байгаа учраас нийлүүлэлтээ нэмж чадсан. Нүүрс таг зогсчихоогүй. Ноос, ноолуур зэрэг доллар олдог бүтээгдэхүүнүүд зарагддагаараа зарагдаж байгаа. Дээр нь лаазалсан мах, халгайны бэлдмэл гэх мэт гадагш зардаг барааны нэр төрөл бас ч гэж нэмэгдээд эхэлчихсэн.

Ингээд харахаар эдийн засагт доллар огцом өсөхөөр шалтгаан алга. Одоо улстөрчдөөс л бүх зүйл шалтгаална. Улс төр нь тогтворгүй, улсын төсөв нь үрэлгэн хэрнээ алдагдалтай, цагтаа ДНБ-ий 45 хувьтай тэнцэж байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт нэг хувьд ч хүрэхээ больсон энэ үед ухаалаг алхам хийвэл хямралыг эвтэйхэн давчих боломж байгаа. Эхлээд ам.долларын ханшийг барих тал дээр тоймтой шийдвэр гаргах хэрэгтэй. МАН-ын твирттерчдийг баярлуулан жиргүүлэхгүйгээр ам.долларын ханшийг аятайхан барих боломж уг нь бий. Наад зах нь ам.доллар олж ирэх төслүүдээ хурдан шийдэх арга байгаа. Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн асуудал ирэх сард эцэслэгдэнэ гэж дуулдсан. Улс төрийн элдэв нөлөөгүйгээр, нэгэнт хөдөлсөн аварга төслөө урагшлуулах хэрэгтэй. Гачууртыг ч уях шалтгаан байхгүй. Алтны дажгүй нөөцтэй энэ орд дээр хамтаръя гээд байгаатай нь хамтраад хувиа аваад, ашгаа хүртээд, валют олоод хөдлөхөөс аргагүй нөхцөл үүсчихсэн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт тэг заасан энэ үед эдийн засагт цоо шинэ гадаад валютын эх үүсвэрүүд оруулж ирэхгүй бол байдал хүндэрнэ гэж шинжээчид сануулсаар байгаа. Энэ онд ядаж 300-400 сая ам.доллар оруулж ирэх зайлшгүй шаардлага бий гэсэн тоо дуулдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалт орж ирэх хүртэлх хугацаанд гадаад зээллэгийн боломжуудыг ухаалгаар ашиглаж, шинээр валютын эх үүсвэр бүрдүүлэхээс аргагүй гэсэн гарцыг бас учир мэдэх эрхмүүд хэлдэг.

Эдийн засгаа өөд татах гарцууд

Эдийн засгийн гялтайх тоонуудын нэг нь гадаад худалдааны тэнцэл ашигтай байгаа явдал. Хэр ашигтайг өмнө дурдсан. Нөгөө нь тогтвортой байгаа инфляци. Энэ жил зуд болох магадлал өндөр гэж ярьцгаагаад эхэллээ. Ийм бэрх цагт инфляци цойлох эрсдэл бий гэж эдийн засагчид болгоомжилдог. Гадаад худалдааны тэнцэл эерэг хэвээр учраас долларын ханш тэнгэрт хадчихгүй тэсч байгаа. Гэхдээ экспорт, импорт зэрэг агшиж, худалдааны урсгал хумигдах эрсдэл өндөр учраас богино хугацаанд цаг алдахгүйгээр ашиглах гарцууд бас байна. Эхний гарц нь дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд анхаарах. Бидэнд уг нь боломж бий. Дэлхийд монгол ноолуур зардаг “Говь” компани гэхэд л энэ оны хоёрдугаар улиралд 2.4 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан дуулдсан. Нэгж хувьцааны ханш нь 8800 төгрөгт хүрнэ гэдэг чамлахааргүй үр дүн. Мэдээж гаднаас олдог валют энэ компанийн ашгийн ихэнх хувийг эзэлж байгаа. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагшаа зарж доллар олох сонирхолтой бизнес эрхлэгчид “Говь”-ийн менежмэнтийг судлаад үзчихэд гэмгүй. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өөдрөгөөр төсөөлөхөд 2018 оноос нааш сэргэх төлөвгүй, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хандлагагүй байгаа энэ үед хийхээс аргагүй алхам. Тэгэхээр бараа бүтээгдэхүүнээ гадагш нь гаргах цогц бодлогыг даруйхан хэрэгжүүлж эхэлье. Засаг төр бизнесийн хурдыг гүйцдэггүй юмаа гэхэд эн тэнцүү алхах шаардлага бас бий. Жишээ нь Хятадын удирдагчийн амласан 40 хувийн транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг яриа хэлцэл төдий биш бодит ажил болгомоор байна. Япон улстай байгуулж байгаа эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийг түргэвчилж, гуравдагч зах зээл рүү хүргэх хүсэлтэй хувийн хэвшлийнхэнд таатай нөхцөл, боломжийг нь даруйхан бүрдүүлж өгмөөр байна.

Ажил болгох хоёр дахь гарц бол үрэлгэн төсвөө цэгцлэх. Төсвөө цэгцэлчихвэл эдийн засгаа өөд нь татах боломж бий. Дараа жил сонгууль. Сонгуулийн төсвөөс татгалзахаас аргагүй цаг ирчихсэн. Улстөрчдөд бол илүүдэхгүй л сануулга. Ийм хүнд үед төсвөө ашиггүй юмаа гэхэд алдагдалгүй баталчих хэрэгтэй. Ингэж чадвал алсдаа улсаараа хуримтлал үүсгээд явах боломж нээгдэнэ. Өмнөх жилийн өдийд нэгдсэн төсвийн тэнцэл хасах 160.9 тэрбум төгрөг байсан. Энэ жилийн хувьд бүр цадигаа алдсан. Хасах 637.8 тэрбум. 400 хувиар нэмэгдсэн гэсэн үг. Удахгүй төсвөө буруу төсөөлжээ гээд тодотгол хийхээс аргагүй нөхцөл үүсчихснийг сая хэлсэн тоонуудаас төвөггүй харж болно. Төсвөө үнэн, бодитой болгох нь бас нэг том боломж.

Олж байгаа валютынх нь 90 хувь уул уурхайгаас хамааралтай байсан манайх шиг эмзэг зах зээлд гадаадын хөрөнгө оруулагчид бүү хэл мэргэшсэн санхүүгийн шинжээчид, хөгжиж буй зах зээлийн тоглогчид хүртэл оролцохоос эмээдэг. Тэгэхээр уул уурхайн хамаарлаа багасгах гарцыг хайх хэрэгтэй. Энэ бол бидний ашиглах гурав дахь боломж. Нэг үгээр хэлбэл үйлдвэрлэлээ дэмжмээр байна. Үйлдвэрээ дэмжих бодлогын эхлэл уг нь тавигдчихсан. Наад захын жишээ гэхэд барилгын материалын 40 орчим үйлдвэртэй болсныг статистикаас харж болно. Үр дүнд нь барилгын материал авах гэж гадагш нь урсгадаг 600 сая ам.доллараа лав алдаагүй.

Ц.Баасансүрэн

Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

“Арслан”-гийн гөжүүд шавь

Дуурийн театрын тайзнаа “Хязгааргүй” моно операгаа 350 ам.доллараар тавьж тухайн үедээ шуугианы эзэн болж байсан эрхмийнд өнжлөө. Төв аймгийн ”Монгол туургатан” театрын дарга байхдаа найруулсан “Хязгааргүй” нь тэр жилийнхээ “Гэгээн муза”-гийн хөгжимт драмын төрөлд хамаг цомыг нь хамж, бүр гран приг нь хүртэл авч байсныг театрт дурлагчид андахгүй. “Хязгааргүй” моно операг урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг найруулсан юм. Тэрээр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагчаар ажиллаж байгаа аж. Ч.Ганхуяг найруулагч руу өнгөрсөн баасан гаригт утас цохилоо. “Хүрээд ир ээ” гэж уриалгахан зөвшөөрлөө. Найруулагчийнх Төв аймгийн Зуун мод суманд хоёр өрөө орон сууцанд амьдардаг юм байна. Биднийг ороход гэрийн эзэгтэй “Гэгээн муза”-гийн хэд хэдэн цом эгнүүлсэн ханын шүүгээ, буйдан, телевизтэй зочны өрөөндөө урив. Бага охин нь цай хоол бэлдэхэд ээждээ тусалж, найруулагч бидэнтэй яриа дэлгэлээ.

Ч.Ганхуяг найруулагчийн багш нь “Говийн зэрэглээ”-гийн Арслангийн дүрээр олны сэтгэлд үлдсэн Г.Доржсамбуу юм байна. “Миний багш наддаа бурхан. Хоёрдугаар курсээсээ багшаасаа салаагүй. Би ангиасаа ганцаараа найруулагчаар төгссөн юм. Шулуун шударга гэж жигтэйхэн хүн байсан. Их хатуу үгтэй. Хүний алдааг нүүрэн дээр нь шууд хэлж орхино. Хүнийг том жижиг гэж сүрдэхгүй, бардахгүй. Намайг дипломын жүжгийнхээ сургуулийг хийж байтал Гомбосүрэн гуай тайзан дээгүүр алхаад буугаад явчихлаа. Тэр мундаг том жүжигчинд нэг муу оюутан юу хэлэхэв. Гайхаад зогсч байтал багш, хөөе чи зогс гэж хашгирдаг юм.

За тэгээд л хэн чамд ингэж заасан юм, театр гэж юу болохыг мэддэггүй ийм хүн театрт ажиллаж байдаг, Монголын хамаг төмрийг энгэрээрээ дүүрэн овоолчихоод юугаа мэдэж явсан амьтан бэ чи, орж ирсэн газраараа буцаад гар гэж ирээд тачигнаж гарлаа. Гомбосүрэн гуай ч уучлал гуйгаад буцаад алхсан. Ийм тохиолдол ярья гэвэл өчнөөн л дөө” гэж байна. Багшийнх нь тухай гэгээлэг дурсамж сонсож нэг хэсэгтээ л инээд шуугиан болов. Найруулагч зургийн цомог эргүүлэнгээ “Миний хуриман дээр багш очсон юм. Тэгэхээр их сүрлэг хурим болсон байгаа биз. Хуримын орой өнөөдөр шавьтайгаа сайхан ярьж хононо оо гэж байна. Тэгээд “Монголын найруулагчдаас миний хүүд хэн илүү таалагддаг вэ” гэж асуудаг юм. Би Нямгаваа найруулагчийг их шүтнэ. Тэрийгээ л хэллээ. Гэтэл багш босоод хамаг юмаа цүнхлээд унав аа. Хаачих гэж байгааг нь асуутал “Битгий хуцаад бай, чи тэр Нямгаваа дээрээ очихгүй юу” гээд жигтэйхэн. Би ч дагаад гарлаа. Зочид буудалд өрөө авч өг гэхээр нь хэлснээр нь болголоо. Нэг их удалгүй за за больё больё хоёулаа гэртээ харья гэж билээ” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Цагаан инээдтэй ийм дурсамж багш, шавь хоёрын дунд өчнөөн юм.

“Хязгааргүй” моно операг 350 ам.доллараар тавих болсон шалтгааныг сонирхоход “Би Монголын урлагт гавьяа байгуулсан амьтан. Театрын билет 3000 төгрөг байх үед найруулсан жүжгээ 10 мянган төгрөгөөр тавьж байлаа. Араас нь Баабарын “Бооцоо” 999 мянган төгрөгөөр үнэлэгдсэн. Үүний дараа билет 6000 төгрөг болсон. “Хязгааргүй”-г 350 ам.доллараар үнэлж зарсан хойно театрын билет 10 мянган төгрөг болсон. Монголын урлагт үнэлгээний хэмжүүр тогтоосон л байгаа биз” гэж хэлээд хөгжилтэй инээлээ. “Монгол туургатан” театрын даргын албаа сонгуулийн дараахан өгсөн гэнэ. “Хөдөөгийн театр “Гэгээн муза” наадмаас гранпри авлаа гээд тухайн үедээ шуугицгааж байсан. Та яагаад ажлаа өгчихсөн юм бэ” гэж сонирхоход “Юм хийж эхэлдгийн даваан дээр сонгууль болоод давалгаанд нь арчигдсан даа” гэснээс өөр үг унагасангүй.

Ч.Ганхуяг найруулагчийнх хоёр охин, ганц хүүтэй юм байна. Охидыг нь Номундарь, Номунзаяа гэдэг аж. Бага хүү нь Тэнгис. Долдугаар ангийн сурагч гэнэ. Биднийг очиход Тэнгис найзуудтайгаа тоглохоор гарсан байлаа. Найруулагчийн ханийг Б.Ганчимэг гэдэг аж. Эхнэрээ “Манай гэрийн босс, миний асран халамжлагч. Хүүхдүүдтэйгээ үлдэхэд хоол цай нь таалагдахгүй. Байж байгаа нь таалагдахгүй. Энэ хүний гараас холдвол би гэдэг хүн үсрээд ойчно” гэж тодорхойлов. Байсгээд охиноосоо “Аавынх нь тэр юм хаана байна” гэж асууж байгаагаа “Би энэ айлд мэдэх юмгүй хүн. Ямар сайндаа л бага хүү “Миний аав” гэсэн зохион бичлэг хийхдээ “Миний аав ажлаасаа ирээд диван дээр хэвтэж, телевизор үздэг” гэж бичихэв” гэж тайлбарлаад хөгжилтэй инээлээ.

Гэрийн эзэгтэй загасны шөл, бууз, өргөст хэмхийн салат бэлджээ. Хооллох зуур удам судрын тухай яриа өрнөв. Ч.Ганхуяг найруулагч ааваараа бол Дундговийн хүн юм байна. Аав нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аж. Ээж нь Архангайнх гэнэ. Хотод төрөөд Архангайд өсч тэндээ дунд сургууль төгсчээ. Урлагийн гэр бүлд төрж өссөнөө ярив. Аав, ээж нь хоёулаа жүжигчин. Эмээгийнх нь эмээ “Дангийн даавуун майхан” гэдэг дууг зохиосон хүн гэнэ. Манжуудыг Монголоос гаргах үед нэг манж залуутай хайр сэтгэлийн холбоотой байж. Өнөө залуугаа хилийн ойролцоо майхан барьж байж гаргаж өгөхдөө олонд түгсэн энэ дууг зохиожээ. “Дангийн даавуун майхан даваан дээр дэрвэлзэнэ ээ, давхраат нүдтэй манжийн хүн даван давтлаа тормолзоно хө” гэсэн дууг зохиосон эмэг нь хэлэмгий гэж жигтэйхэн хүн байж. Гэрийн эзний аавын ээж Дэнсмаа гэж сайхан дуулдаг хөгшин байсан гэнэ. Зураач Доржпалам, зохиолч Д.Батбаяр хоёр аавынх нь талын хамаатан аж.

“Урлагийн гэр бүлд өссөн болохоор найруулагч болъё гэж шийдсэн үү” гэж сонирхоход урдаа байгаа загасны шөлнөөс халбагадангаа “Ёстой тэгж бодож байгаагүй. Би чинь арван жилд байхдаа сахилгагүй, сурлагаар гойд биш хүү байсан. Мөрөөдөл гэвэл жолооч болох. Хүүхдүүдийн дурсгалын дэвтэр дээр ачаатай, ЗИЛ-130 машин зурчихна. Тэгээд болоогүй ээ, доор нь энэ бол миний мөрөөдөл гээд биччихнэ. Арав төгсөх гэж байтал Архангайд кино драмын ангийн элсэлтийн шалгалт авахаар хэсэг хүн очдог юм. Аав шалгалт ирснийг дуулаад “Хүн болоод нэг удаа конкурсдсэн юм гэж хожим дурсаж ярихад сайхан шүү дээ. Миний хүү нэг шалгуулаад үзэх үү. Чамд авьяас бий. Тэнцэхгүй бол тэр л биз. Тэнцсэн ч үнэхээр дурлаад байвал жолоочоо хий” гэж аядуухан хэлж байна. Эвгүй хэлбэл гөжнө гэдгийг мэдэх учраас тэгсэн хэрэг. Тэгээд л ганцаараа тэнцэж байлаа” гэж ярив.

Дээд сургуулиа дөнгөж төгсөөд Архангайн соёлын ордонд найруулагчаар ажиллах үедээ аймгийн дарга нартай нэлээд үздэг байж. Сүүлдээ хурлаар орж дилломоо хураалгах шийдвэр сонсч байснаа сонирхууллаа. “Диплом хураана гэнгүүт өнөө мундаг амьтан чинь дипломтой ч, дипломгүй ч найруулагч гэж хэлээд ураад шидчихэж байгаа юм. Тэгээд мөрдөнд орж, 45 хоног суугаад жил зургаан сарын хорих ял сонслоо. Азаар Октябрийн 70 жилийн ойн зарлигт орж өршөөгдсөн дөө. Дараа нь намайг Хангай сумын соёлын төвийн эрхлэгчээр ажилла гэдэг юм. Юу гэж очихов. Тээврийн товчоон дээр энэ хүнийг гадагш явуулахгүй гэж бичээд зураг наачихсан. Аргаа бараад найзынхаа машины ачаан дор орж нуугдаад Архангайгаас гарч байлаа. Намын хянан шалгах хороонд өргөдөл бичлээ. Хотод ирээд ажилд авах газар байхгүй. Очих айлгүй. Оройдоо орцоор хоноглож хэсэг явдаг юм. Сүүлдээ хэцүүднэ биз дээ. Юу ч гэсэн намын хянан шалгах хороогоор оръё гээд Засгийн газрын ордонд ордог юм. Дарга нь Лхамжав гэж хүн байсан. Ороод ярих гэтэл самсаа шархираад болдоггүй. Аавыгаа харсан хүүхэд шиг гомдоод. Учраа хэлтэл шийдвэр аль эрт гарсан шүү дээ гэдэг байгаа. Бичиг хэрэг нь явуулаагүй байж л дээ. Лхамжав гуай тэр дор нь сайд руу яриад асуудлыг өнөөдрийн дотор шийд гэсэн үүрэг өглөө. Баярлаж үзээгүйгээрээ баярласан. Хоёр, гурван хоног юм идээгүй өлссөн гэж жигтэйхэн явсан үе. Юу нь хатгасан юм “Би танд маш их баярлаж байна. Та надад 50 төгрөг зээлээч. Цалингаа аваад явуулъя” гэчихлээ. Лхамжав гуай нэг их инээснээ ширээнээсээ цоо шинэ тавин төгрөг гаргаж ирээд “За залуу амжилт хүсье. Нисээд бай даа” гэдэг юм. Тэндээс яаж гарснаа ч мэддэггүй юм, нэг мэдэхэд Улаанбаатар ресторанд урдаа баахан хоол өрчихсөн сууж байсан” хэмээн ярилаа. Ингээд Дундговь аймгийн театрт найруулагчаар очжээ. Дараа нь Баянхонгор, Архангай гээд хэд хэдэн аймгийн театрт ажилласан гэнэ. Хэчнээн удаа нүүснийг нь сонирхоход “Юу ч үгүй болтлоо нүүсэн айл. Нэг ч тавилгагүй, хөнжил гудас, гурван аягатай болтлоо нүүж байсан. Улаанбаатарын бүх дүүргийг гүйцээсэн байдаг юм” гэж байна.

Энэ үеэр бага хүү нь орж ирлээ. Найруулагч хүүгээ өглөө босонгуут 100 суниалгаж, гантель өргүүлдэг гэнэ. “Миний хүү чинь тэгж болохгүй л гэвэл үгээр болно. Зургаан сард нэг чипс ид гэхэд зургаан сарыг тоолоод суучихдаг нөхөр дөө” гэж хэлээд бага хүүгээ үнсэв. Тэнгис ээжийнхээ хийсэн буузыг идэж аваад тоглохоор гарлаа. Гал тогооны өрөөнд ээждээ туслаад завгүй байсан Номунзаяа ч гарах гэж байгаа бололтой. Аль хэдийнэ хувцсаа солиод өмсчихөж. “Би ааваараа бахархдаг. Ийм аавын охин болж төрсөндөө баярладаг. Гаднаасаа ааштай юм шиг харагддаг байж магадгүй. Гэхдээ огтхон ч тийм биш. Миний аав их зөөлөн хүн” гэж хэлээд гарч одлоо.

“Энэ жүжгийг нь сэтгэлдээ тултал хийсэн дээ гэж бодох бүтээлээ нэрлээч” гэхэд “Ромео Жульетта”-гаа онцлов. “Будаа болтлоо шүүмжлүүлээд таг болсон доо. Надад амбицтай улс өөрсдийнхөөрөө зүтгэж буруутгах гэж үзсээр байгаад дарсан. Одоо дахин сэргээн тавья гэж бодож байгаа. Тэгвэл Францын Авинионы фестивальд тоглох юмсан гэж боддог” хэмээн ярив. “Ч.Ганхуягийн “Ромео Жульетта” бусад найруулагчдаас юугаараа онцлог, өөр вэ” гэж сонирхоход “Бүхлээрээ өөр. Уг нь “Ромео Жульетта” гайхамшигтай гоё хоёр залуугийн тухай жүжиг. Миний Ромео, Жульетта тийм биш. Галзуугийн эмнэлгийн өвчтөнүүд “Ромео Жульетта”-г уншаад дүрээ булаацалдаж авдаг. Тэгээд давтаж, тоглосоор дүрүүдээ өөрийн болгочихож байгаа юм. Ромео нь дал гарсан өвгөн. Жульетта нь 16, 17-той залуухан охин. Сүүлдээ үхэл нь жинхэнэ үхэл болдог. Тэд эмнэлгээсээ оргож задгай театрт жүжгээ тоглож байгаад баригддаг юм. Олон жил бодож байгаад хийсэн бүтээл. Өнөөдөр хайр сэтгэл гэж хаана юу байна, чин үнэн хайрын төлөө тэмцэл, чин үнэн дурлал бий юу гэсэн асуултад хариу хайсан. Дурлал, хайрынхаа төлөө тэмцэж байгаа хүн өнөөгийн нийгэмд галзуу хүн болж харагддаг. Тэгэхээр галзуу хүмүүс нь эрүүл үү, эрүүл нь галзуу юу. Мөн чанар нь яг юу юм. Энэ санааг хэлэх гэж сонгож авсан хувилбар” гэсэн хариу хэллээ. Шүүгчдийн бүрэлдэхүүнд байсан Баатар найруулагч “Ромео Жульетта” жүжгийнх нь талаар “Би хэзээ ч ингэж бодож чадахгүй юм билээ. Яаж бодсон юм гэж гайхдаг. Гайхалтай л гэхээс өөр үг хэлж чадахгүй” гэж ярьжээ.

Энэ жилийн наадмын нээлтийн баатруудтай хэсгийг Ч.Ганхуяг найруулагч найруулжээ. “Миний санаачилсан сценариар хийлгэнэ гэвэл хийе” гэж байж ажилласан гэнэ. Улсын наадмын нээлтийг зургаан удаа найруулсан юм байна. Наадмын нээлт дээр шүүмжлэлтэй явдгаа ч хуваалцав. “Хэн дуртай нь жил бүр наадмаар тоглоод баймааргүй санагддаг. Наадмын нээлт гэдэг чинь нэг л ёслол. Есөн цагаан туг залах ёслол шиг наадам нээдэг тогтсон нэг ёслолтой болмоор байгаа юм. Тэр ёслолыг нь үзэх гэж дэлхий ирдэг байвал илүү өгөөжтэй. Бээжинд өглөө бүр төрийн далбаа өргөх ёслол болдог. Дөрөв, таван цэрэг л хааны ордноос гарч зам хөндлөн гараад бүх хөдөлгөөн зогсч тугаа зөөгөөд алхдаг. Ийм жижигхэн ёслол хэрнээ дэлхийн жуулчдын үзэхгүй өнгөрөх аргагүй ёслол болчихсон. Монгол наадам тийм л байх ёстой. Би өмнө нь саналаа хэлж байсан. Төрийн ёслолын албаны өмнөх дарга халгаагаагүй” гэж ярив.

Гэрийн эзэгтэй хоолны дараа нэрс жимс таваглаж тавилаа. Ер нь л үг дуу цөөтэй хүн юм. 1987 онд аравдугаар анги төгсөөд аймгийнхаа соёлын төвд бүжигчнээр оржээ. Ч.Ганхуяг найруулагчтай 18 насандаа ханилсан аж. “Миний аав, ээж Дундговийн улс. 1959 онд гэр бүл болоод өнөөдрийг хүртэл сайхан амьдарч яваа буянтай буурлууд бий. Би ч гэсэн ханьтайгаа олон жил жаргал, зовлонгоо хуваалцаж сайхан амьдарч байна. Энэ л манай удмын бахархал даа” гэснээс өөр үг унагасангүй. Найруулагч хажуунаас “Манай хүн чинь өдөрт 16 үг хэлдэг байсан юм. Сүүлийн үед 1860 үг хэлдэг болчихсон. Хажууд нь ийм яриа хүн суугаад байхаар халдварладаг шиг байгаа юм” гэж эхнэрээ цаашлуулаад авав. Тэгснээ зургийн цомгоос эхнэрийнхээ бүжиглэж байх үеийн зургийг харуулаад “Ийм цагаан дарь эхийг ногоон дарь эх болгочихсон хүн дээ би” гээд мушилзав. Цагаан дарь эхийн өмсгөлтэй бүжиглэж байх үеийнх нь зураг аж. Хорь дөнгөж хүрч байгаа үеийнх нь патиар бололтой.

Гэрийн эзэн ноднингоос л гэр амьтай болж байгаа аж. Цэргийн дуу бүжгийн чуулгын найруулагч болсноос хойш өглөө бүр долоон цагаас гэрээсээ гарч байгаа гэнэ. Орой арав, арваннэгэн цагт л гэрийн бараа хардаг юм байна. Чуулгаа гадагш нь гаргах, дэлхийн урлагийн тайзнаа Монгол гэсэн нэрийг дуудуулах ойрын зорилготой яваагаа сонирхуулав. Кино хийх бодолтой яваагаа ч хуваалцав. Ч.Ганхуяг найруулагч эмнэлгээс чөлөөгөөр гарч биднийг хүлээж авсан юм. “Хамгийн болдоггүй юм зүрх. Аппараттай байгаа юм. Мөнгө төгрөгийн эв таарвал хагалгаанд орж судаснуудаа солиулаад ирчихвэл аятайхан болчих гээд байдаг. Японд хагалгаа хийлгэхэд 100 гаруй сая төгрөг болох юм билээ” гэж ярив.

Хошин шогийн хамтлагуудын талаар ямар бодолтой явдгийг нь сонирхоход “Урлаг биш гэх аргагүй. Би буруутгадаггүй. Эд чинь мэдрэмжийн хувьд их өөр. Зрителээ мэдрээд байна л даа. Тоглоод байгаа юм нь яг нарийндаа дорно дахины театрын элементүүд. Дорно дахиныхан инээх, уйлах дуртай. Бодох дургүй. Юм бодуулна гэдэг чинь европ стандарт. Дорно дахинд уярах, уйлах, инээх ёстой. Энэ үндсэн жанр нь. Хошин шог зарим хэсэгтээ нулимстай байдаг шүү дээ. Тэгэхээр хаа хамаагүй хүний юм хийгээд байгаа улс биш” гэж байна.

Найруулагч биднийг үдэж өгөхдөө “Сүүлийн үед хүмүүс хүүхдээ тоо сайн бодуулж, хэл сургах гэж зүтгээд байна. Хүүхдүүдийн зүрх сэтгэлийг зөөллөх уран сайхны суурь боловсрол гэж алга. Уран сайхны суурь боловсрол бодлогоор тавигдаагүй нөхцөлд хүний хүсэл мөрөөдөл, зүрх сэтгэлийн ертөнц төгс боловсрохгүй. Зөв хүн болгохын тулд, сэтгэл нь эмзэглэж, өвдөж чаддаг хүчийг бий болгохын тулд уран сайхны суурь боловсрол байхаас аргагүй. Холливудын алдартай найруулагчид сургуульд үзсэн суурь боловсрол дээрээ л дөрөөлсөн байдаг” хэмээн бодлоо хуваалцсан.

“Хэнд зориулж юу бичиж юу хийхээ мэдэхээ байж байна. Өнөөдрийн үзэгчдэд таалагддаг юм хийнэ гэхээр тэдний сэтгэхүйгээр ажиллах хэрэгтэй болно. Тэр сэтгэхүй нь надад байхгүй. Тэгэхээр миний хийсэн бүтээл тэдэнд таалагдахгүй” гэх мэтийн найруулагчийн л амнаас гарах “хөндлөн” үгсийг тэднийд байх хугас өдөржин сонсч, урлагийн тухай, театрын тухай хөөрөлдлөө.

Ц.Баасансүрэн

Гэрэл зургуудыг Д.Лхагвадорж