Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гэр хорооллынхныг түрээсийн нөхцөлөөр байртай болгох төсөл 2017 оноос хэрэгжиж эхэлнэ

Гэр хорооллын орлого багатай иргэдийг түрээсийн нөхцөлтэйгөөр орон сууцжуулна гэж нийслэлээс төлөвлөж байна. Метр квадрат нь сая нэг зуун мянгаар үнэлэгдэх 10 мянган айлын орон сууц нийслэлд 2017 оноос баригдаж эхэлнэ. Энэ төслийг Азийн хөгжлийн банк санхүүжүүлэх юм. Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Хот байгуулалтын салбарын ахлах мэргэжилтэн Арнауд Хэкманнтай энэ талаар ярилцлаа.

-Гэр хорооллынхныг хямд үнэтэй орон сууцаар хангах зорилготой энэ төслийн санхүүжилтийг Азийн хөгжлийн банкнаас яаж хийх вэ. Хөнгөлөлттэй зээлээр үү?

-10 сая орчим ам.доллар нь нийслэлийн санхүүжилтээс гарна гэсэн яриа бий. Азийн хөгжлийн банкнаас бусад санхүүжилтийг нь гаргаж байгаа. Гэхдээ Засгийн газарт олгож байгаа зээл гэж ойлгож болно. Тэгэхээр Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжих төсөл гэсэн үг. Нийслэлээс гарах санхүүжилтийг аль болох бага байлгахыг хичээж байна.

-Азийн хөгжлийн банкнаас засагт өгөх зээлийн давуу тал нь юу вэ?

-Хоёр төрлийн зээлийн эх үүсвэр орж ирнэ гэж яригдаж байгаа. Хөнгөлөлттэй болон хөнгөлөлттэй биш гэсэн ялгаатай. Гэхдээ энэ хоёр зээлийн нөхцөл нь нэлээд дөхүү. Эрс ялгаа байхгүй. Хоёр төрлийн зээлийн хувьд зээлийн гэрээ батлагдсанаас хойш эхний таван жилдээ зээлдээ юу ч төлөхгүй. Тодруулж хэлбэл үндсэн зээл, хүүгийн аль алийг нь төлөхгүй гэсэн давуу талтай. Бүрэн чөлөөлөгдөнө гэсэн үг. Зээл эцсийн байдлаар яаж шийдэгдэх нь яг таг тодорхой биш байгаа. Гэхдээ хугацааны хувьд зээлээ 20-25 жилийн хугацаанд эргүүлж төлөх нөхцөл тавих байх.

-Хүү нь хэчнээн хувь байх талаар таамаг тооцоо бий юү?

-Жилийн 2-3 хувийн хүүтэй байх болов уу. Хөнгөлөлтгүй, ердийн эх үүсвэрээс гарч байгаа зээл нь зах зээлийн ханшаар, олон улсын санхүүгийн зах зээл дээр лайбор хувь хэд байна, түүгээр тооцогдоно байх.

-Энэ төсөлд хөрөнгө оруулах болсон гол шалтгаан юу байв?

-Тав тухтай орчинд амьдрах бол хүний зайлшгүй хэрэгцээ. Тийм болохоор Азийн хөгжлийн банк ийм төслүүд рүү илүүтэй анхаарч, хөрөнгө оруулалт хийж байгаа. Улаанбаатар хотын дунджаас доогуур нөхцөлд амьдардаг иргэдэд хамгийн наад захын тулгардаг асуудал бол орон сууц, амьдрах орчин байдаг. Тэр утгаараа оролцохоос аргагүй төсөл. Эхлээд бид гэр хороололд гол дэд бүтцүүдийг байгуулах ажилд оролцсон. Одоо төсөл маань өргөжиж байгаа. Нэг тод илрэл нь гэр хорооллын иргэдийг орон сууцжуулахад анхаарсан энэ төсөл.

Хотын дэд бүтцээс гадна нийгэм талаас нь давхар хөгжүүлэх шаардлага бий. Цэцэрлэгт хүрээлэн, сургууль гэх мэт амьдрах орчныг цогцоор нь хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах бодлого барьж байна.

-Төслийн барилгын явцад 70-100 мянган ажлын байр бий болно гэсэн тоо дуулдсан. Барилга барих компаниудын хувьд үндэсний аж ахуйн нэгжүүдээс сонгох уу, эсвэл олон улсын тендер зарлах уу, тодорхой таамаг байна уу?

-Төсөл яг ямар байдлаар хэрэгжих нь нарийвчилж шийдэгдээгүй байхад яг төчнөөн ажлын байр шинээр бий болно гэж хэлэхэд эрт. Мэдээж энэ том төсөлд үндэсний компаниуд идэвхтэй оролцох байх. Олон улсын хэмжээний компаниуд тендер шалгаруулалтаар оролцох эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Урьдчилж хэлэх боломжгүй.

-Түрээсийн нөхцөлөөр өгөх орон сууцны метр квадратыг сая хоёр зуун мянган төгрөгөөр үнэлэх багцаа тооцоог нийслэлээс мэдээлсэн. Энэ тал дээр Азийн хөгжлийн банкны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Бидний орон сууцаар хангахыг зорьж буй хэсгийн худалдаж авах чадвар тийм өндөр биш. Улаанбаатар хотын иргэдийн дундаас доогуур давхаргынхны хувьд орон сууц худалдаж авах чадвар нь сая хоёр зуун мянган төгрөг гэсэн баримжаа бий. Гэтэл зах зээл буюу барилгын компаниудын нийлүүлэх боломжтой үнэ нь сая дөрвөн зуун мянган төгрөг. Ингээд харахаар зөрөө гарах нь тодорхой болчихоод байдаг. Энэ зөрөөг татаас хэлбэрээр шийдэх үү, эсвэл барилгын компаниудад хямд өртгөөр барилга барих боломжийг өгөх гарц хайх уу гэдгийг шийдэх хэрэгтэй болно. Үүнийг төсөл хэрэгжих явцад шийдэх байх. Энэ төсөл 2017 оноос хэрэгжиж эхэлнэ.

-Азийн хөгжлийн банк олон улсад ийм агуулгатай төсөлд санхүүжилт хийж ажилласан байх. Монголд хэрэгжүүлэх гэж байгаа шиг ийм төслийг амжилттай хэрэгжүүлсэн улс байна уу?

-Азийн хөгжлийн банк орон сууцжуулах чигийн төслүүд рүү саяхнаас л орж эхэлж байна. Мэдээж өөр туршлагууд бий. Энэ төслийг Монголын нөхцөлд хамгийн сайнаар тохируулахад л анхаарлаа хандуулж байна. Жишээ нь Сингапурт орон сууцжуулах ийм төсөл амжилттай хэрэгжсэн байлаа гэхэд тэр улсын жишээ, туршлагаас авах ямар ч боломжгүй. Монголын онцлогт хэр нийцсэн бэ гэдэгт л анхаарлаа хандуулж байгаа. Азийн хөгжлийн банк өмнө нь өөр улсад Засгийн газраас нь хэрэгжүүлсэн орон сууцжуулах хөтөлбөрт оролцож байсан. Хувийн хэвшлийн оролцоотой орон сууцжуулах хөтөлбөрийг ч хэрэгжүүлж байсан юм. Монголд хэрэгжүүлэх гэж байгаа энэ төслийн хувьд онцлог, шинэлэг талтай. Засгийн газар, хувийн хэвшлийн аль алиных нь оролцоотой хэрэгжүүлэх төслийг санхүүжүүлэх гэж байна. Асуудлыг цогцоор нь шийдэх тал дээр их анхаарч байна.

-Нийслэлийн хувьд тодорхой байршлуудыг урьдчилж зарласан. Азийн хөгжлийн банкинд энэ тал дээр санаа оноо хэлэх сонирхол байгаа юу?

-Орон сууц барих байршлыг эцсийн байдлаар тогтоогүй байгаа. Нийслэл, иргэд, барилгын ажилд оролцох хувийн хэвшил гэсэн талуудын саналыг тусгаж байж эцсийн шийдэл гарна. Одоогоор тодорхой болсон мэдээлэл гэвэл 130 га газарт орон сууцны хороолол барина. Гэр хорооллыг барилгажуулах төсөлтэй уялдуулах боломжтой гэж харж байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Баялгийг хөгжил болгох “харти”-тай танилц

Сэр Пол Коллир, Даниэль Кафман, Майкл Спенс нар хамтраад “Байгалийн нөөцийн харти” гэдгийг гаргажээ. Оксфордын профессор Сэр Пол Коллирыг “Адагт үлдсэн тэрбум” номын зохиогч гэдгээр нь уншигчид андахгүй. Байгалийн нөөцтэй хэрнээ хөгжиж чадахгүй байгаа орнуудын асуудлыг тусгайлан ярьдаг эрдэмтэн. Даниэль Кафман болохоор Байгалийн нөөцийн засаглалын институцийн захирлаар ажилладаг. Майкл Спенс нь Нобелийн шагналтан. Энэ гурвын “Байгалийн нөөцийн харти”-г боловсруулах болсон зорилго нь их энгийн. Манай улс шиг байгалийн баялаг ихтэй орнуудыг Африкийн улсууд, Ангол, Венесуэл шиг болгохгүй гэсэн зорилгоор бичсэн харти. Анголын байгалийн нөөцийн орлогоос гуравхан жилийн дотор 32 тэрбум ам.доллар сох дутсан гэдэг. Латин Америкт газрын тосны нөөцөөрөө тэргүүлдэг Венесуэлийн иргэдийн гуравны хоёр нь ядуу амьдардаг. Ийм харамсалтай жишээнүүдийг бүхэл бүтэн улс орны байгалийн баялгийн өгөөж эрх мэдэлтэй цөөхөн хүний халаасанд орсон гэсэн тайлбар дагадаг. Чили, Норвеги, Ботсвана шиг баялгаа хөгжил болгохыг зорьж байгаа Монголын хувьд түрүүн хэлсэн гурван эрдэмтний боловсруулсан харти анхаарахгүй өнгөрч боломгүй зүйл. Нэг зүйлийг онцлоход тэд уул уурхайн чигийн ямар ч байгууллагаас санхүүждэггүй. Норвегийн хөгжлийн сан гэх мэт байгууллагаас санхүүждэг. Уул уурхайн салбараас хараат бус хүмүүс одоо тайлбарлах гэж байгаа харти-г боловсруулсан гэсэн үг.

“Байгалийн нөөцийн харти” 12 жортой. Улс орнуудын Засгийн газарт шийдвэр гаргахад нь тус болохоор жорууд гэж зохиогчид нь онцолжээ.

Засагт ажиллагсад улс төрөөс хамааралгүй байх хэрэгтэй (жор-1)

Эрдэмтэд уул уурхайн компаниудад үйл ажиллагаа явуулах эрх олгохоосоо өмнө хууль эрх зүйн орчинг нь аль болох бүрэн бүрдүүлэх учиртай гэж Засгийн газруудад зөвлөжээ. Засаг төлөөлсөн төрийн байгууллагуудад ажилладаг хүмүүс мэргэшсэн, чадварлаг бол зөв хуулиуд гардаг гэсэн санаа эхний жороос анзаарагдав. Засгийн газраас хамаарах хүний нөөцийн шийдвэрүүд бие даасан, улс төрийн нөлөөнөөс ангид байх ёстой гэсэн эрдэмтдийн сануулга манайд бол эргэж харахаар л асуудал. Уул уурхайтай хамаатай засгийн байгууллагуудад ажилладаг хүмүүсийг харахад улс төрийн томилгоо голдуу нь нуух аргагүй үнэн. Мэргэжилтэн энэ тэр нь гээд ажлаа яг гардаж хийдэг хэсэгт нь чадварлаг, мэргэшсэн хүмүүс мэр сэр бий ч бас нэг зовлон тулгардаг гэж эрдэмтэд сануулжээ. Сайн хүмүүсээ хувийн компаниудад алдах эрсдэл өндөр байдаг аж. Монгол шиг хөгжих гэж байгаа орнуудын хөрсөнд буулгаад харвал цалин сайн биш, улс төрийн нөлөө илүү гэх мэт шалтгаан төрөөс чадварлаг, мэргэшсэн улсыг үргээдэг гэж учир мэдэх улс ярьдаг. Олборлох салбар ил тод байх ёстой гэсэн санаа нь ч бидэнд хамаатай. Манайд хэрэгжиж эхэлж буй олборлох салбарын ил тод байдлын санаачилга ер нь дэлхийн хэмжээнд тааруухан, сул байдаг гэж харти-г зохиогчид онцолжээ. Орлогын удирдлагын индексээр шинжсэн 58 улсаас ердөө арав нь л газрын тос, хий, бусад ашигт малтмалын гэрээ тусгай зөвшөөрлийг ил тод нийтэлдэг гэсэн дүн гарчээ. Гэхдээ Афганистан, Гана, Гвиней зэрэг улс сүүлийн үед зарим мэдээллээ ил болгож эхэлсэн учраас энэ тоо нэмэгдэж байгаа гэнэ.

Мөнгө зарцуулдаг төр нээлттэй байх үүрэгтэй (жор-2)

Төр бидний өмнөөс байгалийн нөөцийг захиран зарцуулах эрх эдэлдэг. Тэр утгаараа Засгийн газар иргэдийнхээ өмнө хариуцлага хүлээж байж л баялгаасаа олсон мөнгийг хэдхэн эрхтэн дархтаны халаасанд биш бусад салбараа хөгжүүлэхэд зарах боломж нээгдэнэ. Хоёрдугаар жорын гол санаа нь энэ. Шийдвэр гаргах бүх түвшинд мэдээллийг ил тод байлгах ёстой гэсэн гарцыг эрдэмтэд санал болгожээ. Засгийн газар шийдвэр гаргах хэлхээний талаарх бүх мэдээллийг ил болгох ёстой гэнэ. Засаг зөвхөн төлбөр зардлын мэдээллээс гадна бүх түвшинд гаргасан журмаа хүртэл ил гаргахыг эрдэмтэд зөвлөжээ. Ихэнх тохиолдолд Засгийн газрууд ийм журмуудынхаа багагүй хэсгийг томоохон гэрээ хэлцлүүдэд оруулж олны анхаарлыг сарниулдаг аж. Гэрээнд нууцлалын нөхцөл, заалт оруулахаас зайлсхийвэл зүгээр, хууль зөрчсөн хүмүүст хариуцлага тооцдог болоход чадварлаг, бие даасан шүүхийн тогтолцоо чухал гэсэн анхаарахаар зөвлөгөө, санамжуудыг энэ хэсгээс харж болно.

Тусгай зөвшөөрлийг дуудлага худалдаагаар “арилж” (жор-3)

Сүүлийн жилүүдэд илрүүлсэн орд газрууд мөнгөн хөрөнгө болж хөрвөх бүрэн боломжтойг Гвинейн төмрийн хүдрийн Симандаоу төсөл, Либерийн төмрийн хүдэр газрын тосны төслүүдээр жишээлжээ. Энэ төслүүд улсдаа жилд дунджаар 1.6 тэрбум ам.долларын орлого оруулж, хоёр улсын ДНБ-ий 31, 147 хувьтай тэнцэж байж.

Зөвшөөрлийн эрх хуваарилах аргуудаас нь харах зүйл их юм. Төр ямар нөхцөлөөр хайгуул, олборлолт, үйлдвэрлэл явуулахыг шийдэхдээ хувийн хэвшлийнхний хувьд хоёр аргын аль нэгийг хэрэглэвэл зүгээр гэнэ. Эхнийх нь тусгай зөвшөөрөл-тусгай зөвшөөрөл нөхцөлөөр шууд гэрээ байгуулах. Хоёр дахь нь уралдаан шалгаруулалтын үндсэн дээр хэд хэдэн хэсэгчилсэн тусгай зөвшөөрөл олгох. Өрсөлдөөнд үнэ хаялцах арга нь улсад илүү ашигтай байх боломж өгдөг аж. Ингэхийн тулд сайтар төлөвлөсөн дуудлага худалдаа илүү чухал гэж эрдэмтэд онцолжээ. Шалгаруулалтад оролцох олон улсын компаниудын талаар Засгийн газрууд сайн мэдээлэлгүй үед энэ арга илүү өгөөжтэй юм байна. Дуудлага худалдаа нь шууд гэрээ хэлцэл хийхээс мэдээллийн хувьд илүү нээлттэй учраас хайгуул олборлолтын эрхийг шаардлага хангаагүй компани, хувь хүн авах эрсдэл буурдаг байна.

Дуудлага худалдааг амжилттай явуулахад дор хаяж гурван оролцогч санал ирүүлсэн байх шаардлагатай гэнэ. Дуудлага худалдаанд хангалттай үнийн санал ирэхгүй бол Засгийн газраас техникийн хатуу тогтоосон минимум шалгуур тавьсан сонгон шалгаруулалтын урилга хэрэглэвэл зүгээр гэж харти-г зохиогчид зөвлөжээ. Ер нь ямар арга ашигласан нь хамаагүй, тусгай зөвшөөрлийн эрх олгох явцад Засгийн газрын байр суурийг бэхжүүлэхийн тулд төрөөс ил болгох мэдээллүүдийг тэд жагсаажээ. Төрөөс тусгай зөвшөөрөл олгох явц, нийт лиценз эзэмшигчдийн өмчлөлийн байдал, тусгай зөвшөөрөлтэй хамааралтай аливаа санхүүгийн хариуцлага, татварын нөхцөлийн мэдээллийг ил болгох ёстой гэнэ. Тендерийн ялагч шалгарсны дараа тэдэнтэй хожим дахин хэлцлийн нөхцөлүүдийг тохиролцохгүй байх хэмжээнд ажиллахыг эрдэмтэд Засгийн газруудад зөвлөжээ. Манайд хөрөнгө оруулагчидтай байгуулсан, тохирсон гэрээ хэлцлээсээ буцсан жишээ бий. Ингэж эргэж буцахгүйн тулд тодорхой, ил тод нөхцөл тавих, загвар гэрээ ашиглах зэрэг аргуудыг хэрэглэвэл зүгээр гэнэ.

“Засгийн газар олборлолтын эрхийн хариуд хүлээн авах тохиролцооны нэг хэсэг болсон үйлчилгээ, дэд бүтцийн үнэ цэнийг анхааралтай үнэлэх хэрэгтэй. Ирээдүйд бий болох нөхцөлүүдийг урьдчилан таамаглах боломжгүй тохиолдолд Засгийн газар энэ төрлийн тохиролцооноос зайлсхийх нь зүйтэй. Бартерийн хэлцлүүд угаас хаалттай бөгөөд авлигал үүсэх нөхцөл бүрдүүлдэг” гэсэн орхиж боломгүй зөвлөгөө ч энэ хэсэгт багтжээ.

Төр уул уурхайн төслүүдэд хувь эзэмшихээс татгалз (жор 4-5)

Уул уурхайн компаниудтай гэрээ хийхдээ Засгийн газар юунд анхаарах ёстойг тодорхой зөвлөжээ. Татвараа хөнгөлөхөөс аль болох зайлсхийх ёстой гэсэн санаа нь анхаарал татахаар юм билээ.

“Баялгийн нөөцийн харти”-д энэ талаар онцолсон хэсгийг бүрэн эхээр нь хүргэе. Эрдэмтэд “Хөрөнгө оруулагчид нөөц илэрсэн болон илрүүлэх боломжтой улс орнуудын Засгийн газраас татвараас хөнгөлөх, чөлөөлөх, капитал зардалд нэмэгдүүлсэн нөхөн төлбөр авах, ашгийн болон байгалийн нөөц ашигласны төлбөрийг бууруулах хэлбэрээр татварын тусгай нөхцөл олгохыг шаарддаг. Засгийн газрууд ийм хөнгөлөлтүүд санал болгохоос татгалзаж байх ёстой. Хэрэв аливаа төсөл байгалийн нөөц ашигласны төлбөр эхсүл оруулсан хөрөнгөндөө ногдох татварыг төлөх чадваргүй бол энэ нь тухайн улсын хувьд сайн хөрөнгө оруулалт биш юм. Түүхий эдийн үнэ өсөх, эсвэл шинэ технологи бий болох зэргээр нөхцөл байдал өөрчлөгдөхөд, жишээ нь эдийн засгийн үр ашиггүй гэгдэж байсан төслүүд засгийн газрын дэмжлэггүйгээр хэрэгжих боломжтой төсөл болон хувирах боломж ч бий. Тиймээс бүхий л нөөц баялгийг нэг дор, нэг цаг хугацаанд ашиглах шаардлагагүй бөгөөд зарим байгалийн нөөц хэзээ ч хөгжлийн баталгаа болохгүй байх тохиолдол бий” гэж зөвлөжээ. Импортын татвар хөрөнгө оруулалтад саад учруулахаар хэмжээнд байж болохгүй, татвараас зайлсхийх сөрөг зүйл гаргахгүй гэвэл олон улсын татварын систем рүү анхаар гэсэн харж үзмээр санаанууд энэ хэсэгт цөөнгүй байна.

Эрдэмтэд уул уурхайн төслөөс Засгийн газрын хүртэх ашгийг нэмэгдүүлэхийн тулд төрийн эзэмшлийн хувийг ашиглахаас зайлсхий гэж зөвлөжээ. Яагаад ингэж зөвлөснөө тайлбарласан хэсгийг нь мөн үг, өгүүлбэр хасахгүйгээр хүргэе. Харти-г зохиогчид “Татварын дэглэм нь Засгийн газарт баялгаас ашиг хүртэх боломж бүрдүүлдэг боловч, Засгийн газрууд хэлбэрээс нь хамааран боломжтой төслүүдэд эзэмших хувиа нэмэгдүүлэхийг зорьсоор байдаг. Энэ нь төр хувь эзэмшигчийнхээ хувьд татварын дарамттай тулгарахад хүргэдэг. Засгийн газар өөрийн эзэмшлийн хувийг бусад зорилгоор ашиглаж болно. Мэдээллийн тэгш байдал хангагдаагүй, эсвэл хяналт тавих чадвар сул тохиолдолд байгалийн нөөцийн төлбөрийн хоёр дахь хувилбар хэлбэр гэх мэт хэд хэдэн арга бий” гэж онцолжээ.

Төрийн өмчиткомпани ямар ч тохиолдолд ашиггүй гэрээ хийж болохгүй (жор 6)

Уул уурхайн салбартаа төрийн өмчит компаниудтай манай улсын хувьд онцгой анхаарч харах хэсэг. Төрийн өмчтэй компани ямар ч тохиолдолд ашиггүй гэрээ хэлцэл хийж огт болохгүй гэж зөвлөжээ. Төрийн өмчит “Эрдэнэс таван толгой” компанийн Хятадын “Чалко” компаниас авсан зээлийг иргэддээ халамж болгож тараасан жишээ манай улсад бий. Уул уурхайгаараа зөв хөгжсөн орнуудын хувьд төрийн өмчит компаниудаа ийм ашиггүй хэлцэл хийхийг хуулиараа хорьдог юм байна. Засаглал нь сайн биш бол төрийн өмчит компани нэмэр болохоосоо илүү нэрмээс болдог аж. Төрийн өмчийн яг ийм шалтгаанаар баялаг бүтээхээс илүү баялгийг устгасан жишээ дэлхийд цөөн биш гэдгийг судлаачид сануулжээ. Сайн засаглалгүй цагт төрийн өмчит компаниудын хувьд бүтээмж сул, хувийн сонирхол бүхий төсөл хэрэгжүүлэгчдээр дамжин Засгийн газарт орох орлого хязгаарлагдах, эсвэл бүр алдагдал хүлээхэд хүргэдэг гэнэ.

Ирээдүйдээ хадгал, зөв зүйлд зарцуул (жор 7-10)

Баялгаасаа олсон орлогыг юунд зарах, хадгалах нь зөв эсэх зэрэгт зөвлөгөө өгчээ. Үргэлж үнийн савлагаан дунд байдаг уул уурхайн баялгаас олсон мөнгөний тодорхой хэсгийг сан байгуулж, ирээдүй үедээ хадгалсан улс элдэв хямралд өртдөггүй гэх мэт бидэнд хамаатай саналууд энэ хэсгээс олон харагдав. Норвегийн стратегийн нэг чухал хэсэг нь тогтворжилтын сан байж. Алмазаасаа өчнөөн мөнгө олсон Ботсвана “Муу өдрийн сан” гэгчийг байгуулж баялгийн үнийн савлагаанд өртөхгүй хөгжиж байгаа аж. “Баялгийн нөөцийн харти”-г орчуулж монголчуудад хүргэхэд гол нөлөөтэй Монгол Улсын сайд М.Энхсайхан гэхэд л “Зовох цагийн сан” гэж байгуулах санал гаргаж байсан гэдэг. Баялгийнхаа орлогоос ирээдүйдээ хадгалах агуулгатай хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэх гэж байгаа сайн мэдээ бас бий.

Байгалийн нөөц нь эдийн засгийн өсөлтийг дэмждэг ч ядууст үр ашгаа өгөх нь ховор гэнэ. 2003-2010 онд Замбиа улсын нэг хүнд ногдох ДНБ 30 хувиар өссөн боловч нийгмийн доод давхаргын 20 хувьд ногдох орлогын хувь 6.2-оос 3.6 хувь болж буурсан статистикийг эрдэмтэд онцолжээ. Тэд баялгаас олсон мөнгөний тодорхой хувийг ядуу хэсгийн амьжиргааг дээшлүүлэхэд зарах ёстой гэж зөвлөжээ.

Баялгаас олсон мөнгийг тогтвортой хөгжилд зарцуулах хэрэгтэй гэж харти-г зохиогчид сануулж байна. Жишээ нь Нигер улс 1999 онд төрийн худалдан авах ажиллагааны тогтолцоондоо реформ хийж. Үүнээс өмнө жил бүр дунджаар 300 мянган доллар авлигын луйварт алддаг байжээ. Шинэчлэл хийснээс хойш буюу 2001-2007 оны хооронд Холбооны засгийн газраас үнийн зөрүүг багасгах замаар 1.5 тэрбум доллар хэмнэж чаджээ. Африкийн ихэнх улсын хувьд дэд бүтцийнх нь хангалтгүй байдал бизнес эрхлэхэд хамгийн их сөрөг нөлөө үзүүлдэг гэсэн судалгаа гарчээ. Сул дэд бүтцээс болж үйлдвэрлэлийнх нь бүтээмж 40 хувиар буурсан байна. Чад улсын төсөвт олборлох салбараас асар их орлого орж ирдэг аж. Засгийн газрын нийт орлогын 70 хувь нь газрын тосны салбараас орж ирдэг байна. Гэсэн хэдий ч энэ хөрөнгийг хүний хөгжилд зарцуулахын оронд төсвийн 18 хувьтай тэнцэх хөрөнгийг аюулаас хамгаалах салбарт зарцуулжээ. Үр дүнд нь өр зээл нэмэгдэж, Хүний хөгжлийн индексээр дэлхийн орнуудаас 184-т бичигдсэн байна. Манай хувьд уул уурхайн салбараас олсон мөнгөө дэд бүтэц хөгжүүлэх, хөдөө аж ахуйн салбараа өөд нь татахад зарцуулбал ирээдүйн эдийн засаг өнгөтэй харагдана гэж судлаачид зөвлөдөг.

Хувийн хөрөнгө оруулалтад таатай орчинг бүрдүүлэх ёстой, байгалийн баялгаа ашиглахдаа хувийн компаниудыг түлхүү оролцуулбал өгөөж нь их гэх мэт тогтож хармаар зөвлөгөөнүүдийг энэ хэсгээс харж болно. Сүүлийн хоёр жорд олон улсын засаглалд тодорхой хариуцлага хүлээх олон улсын компани, улс орнуудын Засгийн газрууд болон бусад оролцогчдоос баялгаар баян орнуудад хэрхэн тусалж, яаж хамтрах талаар зөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

​Гадаадын шууд хөрөнгө оруулалтын сэргэлт ирэх оны эдийн засагт өсөлт авчирна гэв

Дэлхийн банкнаас жилд хоёр удаа гаргадаг эдийн засгийн тоймоо өчигдөр танилцууллаа. Эдийн засаг таагүй байгаа ч гадаадын хөрөнгө оруулалтын сэргэлт ирэх оныг өөдрөгөөр харах шалтгааны нэг гэж тэд харжээ. Хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, гадаадын хөрөнгийн урсгал Монгол руу чиглэвэл ирэх жил эдийн засгийн идэвхжил аажмаар сэргэх гэнэ. Ийм өөдрөг зургийг бий болгоё гэвэл хөрөнгө оруулалтын урьдчилан таамаглаж болох бодлого зохицуулалтууд шаардлагатай гэсэн зөвлөмж гаргажээ. Хөрөнгө оруулалтын хуулийг зохистой хэрэгжүүлж байж ийм үр дүн гарна гэж сануулав. Оюу толгой, Таван толгойг орхисонгүй. “Гадаадын хөрөнгө оруулалтын томоохон төслүүдтэй холбоотой тодорхойгүй байдлыг түргэн шуурхай, ил тод замаар арилгах нь Монгол руу чиглэх хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь гарцаагүй” гэж Дэлхийн банк тоймдоо онцолжээ. Тэдний үзэж байгаагаар Оюу толгой, Таван толгой зэрэг хөдөлж байж эдийн засагт эерэг өөрчлөлт гарах нь. Мөн эдийн засгийн урт хугацааны төлөв өөдрөг хэвээр байгаа гэсэн байр суурь илэрхийллээ.

Дэлхийн банк Монголын эдийн засгийн талаарх энэ оны таамаглал, төсөөллөө бууруулжээ. Эдийн засгийн өсөлт оны эхний хагаст гурван хувь болж саараад байгаа билээ. Харин Дэлхийн банк Монголын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 2.3 хувьд хүрнэ гэсэн таамаг гаргажээ. Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тайхун Ли өсөлтийг бууруулж таамаглах болсон шалтгаанаа “Цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс үүдэн ургац алдсан. Мөн гуравдугаар улирлын эцэст аж үйлдвэрийн бүтээгдэхүүн хүлээгдэж байснаас муу гүйцэтгэлтэй гарлаа. Ийм шалтгаанаар ирэх онд эдийн засгийн өсөлт нэмж саарах эрсдэлтэй. Түүхий эдийн зах зээлийн идэвхжил муу байгаа учраас уул, уурхайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2016-2017 онуудад удаашрах төлөвтэй. Нэг боломж бий. Гадаадын хөрөнгө оруулалт сэргэх нь уул, уурхайн хөрөнгө оруулалтын томоохон төслүүдэд бараа үйлчилгээ нийлүүлдэг бусад салбарын идэвхжлийг дэмжихээр байна” хэмээн тайлбарлав.

Ирэх жил эдийн засаг ямар байх дээр Дэлхийн банк гэгээтэй үг унагасангүй. Уул уурхайн салбарын өсөлт саарах эрсдэл байгаа учраас ирэх жил эдийн засаг өснө гэж найдаад хэрэггүй гэнэ. Төсвийн орлого аажимдаа сэргэх ч хүндрэлээс салтлаа өдий бололтой. Дэлхийн банкны үзэж байгаагаар ирэх жилдээ лав төсвийн хүндрэл арилахгүй нь. Орлогоо хэтрүүлж биш, бодитой зөв төлөвлө гэсэн зөвлөгөө өгөв.

Байгалийн баялгийн үнэ ирэх онд унасан хэвээр байна, Хятадын эдийн засагт ирэх жил лав сэргэлт ажиглагдах найдлагагүй гэж Дэлхийн банк үзжээ. Ийм учраас гадаад эдийн засгаас сөрөг шок ирэх эрсдэл өндөр байгаа гэнэ. Байгалийн баялгийн үнэ дэлхийн зах зээл дээр сэргэх янзгүйгээс болж сүүлийн саруудад экспорт хурдтай саарч эхэлжээ. Ирэх онд урсгал тэнцлийн алдагдал нэмэгдэх эрсдэлтэй гээд байгаагийн учир нь энэ аж. Уул уурхайн үйлдвэрлэл огцом багасах учраас ирэх онд эдийн засгийн өсөлт ердөө 0-8 хувьтай болж буурна гэсэн таамгийг тэд хэлэв. Дэлхийн банкны таамгаар олон улсын зах зээл сэргэж, Оюу толгойн баяжмалын агуулга сайжирсан 2018 оноос л эдийн засаг өнгөтэй болох нь. Ирэх оны хоёрдугаар сард уул уурхайн гадаадын хөрөнгө оруулалт сэргэснээр байдал арай наашлах бололтой.

Дэлхийн банкнаас гаргасан эдийн засгийн тоймоос “АНУ мөнгөний бодлогын төлөвөө эргүүлж хэвийн түвшинд аваачих нь Монгол шиг үсрэнгүй хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн гадаад эх үүсвэрийн нөхцөлд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй. Дэлхийн банк суурь төсөөлөлдөө АНУ-ын мөнгөний бодлого хэвийн төлөвтөө шат дараатай шилжсэнээр гадаад санхүүгийн нөхцөл аажмаар, алгуур чангарна гэж тооцоолсон. Гэвч АНУ-д бодлогын хүү өсөхөд зах зээл гэнэтийн хариу үйлчлэл үзүүлж, улс орнуудад валютын ханш ихээр сулрах, бондын хүү огцом өсөх болон эх үүсвэрийн олдоц багасах эрсдэл бий. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Монгол Улс гадаад өрийн санхүүжилтийг ихээр авч ашигласан тул 2017 оноос хойш их хэмжээний өрийг дахин санхүүжүүлэх шаардлагатай болно. Санхүүгийн гадаад эх үүсвэрийн нөхцөлүүд чангарвал өрийн дахин санхүүжилт болон урсгал тэнцлийн алдагдалд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг босгоход хүндрэлтэй, зардал ихтэй байж болзошгүй“ гэсэн өгүүлбэр анхаарал татав.

Дотоод эрэлт, экспорт саарсныг Дэлхийн банк тоймдоо дурджээ. Шалтгаан нь хөрөнгө оруулалт огцом татарч хэрэглээ суларсантай холбоотой аж. Гадаадын шууд хөрөнгө оруулалт татарсан нь нийт хөрөнгө оруулалт огцом агшихад нөлөөлсөн гэх дүгнэлтийг тэд хийжээ. Төсөв хүндэрч, айл өрхийн бодит орлогын өсөлт багассан учраас хэрэглээ суларсан гэнэ. Инфляци 4.9 хувь хүртэл буурч, урсгал тэнцлийн алдагдал ДНБ-ий таван хувьд хүрэх төлөв ажиглагдаж байгааг дотоод эрэлт саарсантай холбожээ.

Ирэх оны төсвийн төсөлд зарим тодорхойгүй зүйлүүд агуулагдаж байна гэж Дэлхийн банкныхан ярив. Зарим төрлийн орлогын төлөвлөгөө биелэхгүй байх өндөр магадлал байгаа аж. Тэд нүүрсийг жишээлжээ. Нүүрсний зах зээл муу, Хятадын байдал хэрхэх нь тодорхойгүй нөхцөлд нүүрсний экспортын хэмжээг өөдрөгөөр тооцсон гэсэн байр суурь илэрхийлэв. Хэрвээ төлөвлөснөөсөө олъё гэж байгаа бол хүчтэй, итгэл төрүүлэхүйц бодлого хэрэгжүүлэх шаардлагатай гэж Дэлхийн банкнаас зөвлөлөө. Дэлхийн банк тоймдоо “Засгийн газар нэмэлт орлогын дийлэнх хэсгийг төлөөгүй татварын авлагаас бүрдүүлнэ гэж тооцсон нь эрсдэлтэй. Төлөөгүй татварыг ирэх хоёр сарын хугацаанд багтаан барагдуулна гэж байгаа. Эдийн засгийн идэвхжил эрс саарсан өнөөгийн нөхцөлд орлогын төлөвлөгөө бодит биеллээ олоход бэрхшээл учирч мэднэ” гэж онцолжээ.

Төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах гэж нэг тэрбум гаруй ам.долларын гадаад зээл авсныг ч онцлов. Монголын гадаад өр жилийн өмнө ДНБ-ий 162 хувь байсан бол энэ оны эхний хагас жилийн байдлаар 180 хувьд хүрчээ. Тэднийхээр төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулах гол зам нь гадаадын шууд хөрөнгө оруулалт юм байна.

Валютын ханшийн талаар Дэлхийн банкны тоймд “Сүүлийн хоёр жилийн турш валютын ханшид томоохон тохиргоонууд хийгдсэн бол сүүлийн хэдэн сарын хугацаанд бодит үйлчилж байгаа ханш чангарах хандлагатай болоод байна. Төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байгаагаас болж төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2013 оны гуравдугаар сараас хойш хоёр жилийн хугацаанд 40 хувиар суларсан” гэж дурджээ. Төгрөгийн ханшийн сулрал импортын хэрэглээг хумьж, гадны бүтээгдэхүүнийг биш аль болох үндэсний үйлдвэрлэлээ дэмжих чиг рүү эргэсэн нь сайн хэрэг гэсэн санааг тэд хэлж байлаа. “Гэхдээ төв банкны гадаад валютын дотоодын захад хийж буй интервенцээс шалтгаалж сүүлийн саруудад төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид хийгдэх тохиргоо бүрэн явагдахгүй байна. Өнгөрсөн зургаагаас аравдугаар сарын хооронд төгрөгийн ам.доллартай харьцах ханш дөнгөж 1.4 хувиар суларсан нь түүхий эдийн экспортоос хамааралтай бусад эдийн засгуудтай харьцуулахад ханш нь багаар суларсан орон болж байна” гэсэн өгүүлбэр Дэлхийн банкнаас гаргасан тоймд бий.

Нийгмийн халамжийг хавтгайруулж биш хэрэгтэйд нь өгөх, Хөгжлийн банкны арилжааны шинжтэй зээлүүдийг төсөвт нэгтгэх, төв банкнаас хэрэгжүүлж буй төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоож Засгийн газарт шилжүүлэх, банкны системийн эрсдэлд бэлэн байх чадварыг сайжруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах чиглэлд онцгой анхаарах, сонгуулийн нөлөөнд автахгүй зөв бодлого хэрэгжүүлэх зэрэг зөвлөмжийг Дэлхийн банкнаас өгч байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Оюутолгой төсөл энэ эрчээрээ хэрэгжвэл Монголын эдийн засаг 35 их наяд болох боломж бий

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн ерөнхий эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.

-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ, тоогоор харьцуулж сонирхуулаач?

-Өнгөрсөн оны байдлаар манай эдийн засаг 22 их наяд төгрөг байгаа. 2009 онтой харьцуулахад гурав дахин өссөн дүн. Хэрвээ энэ эрчээрээ явж чадвал 2018 он гэхэд эдийн засаг 35 их наяд төгрөгт хүрэх боломжтой. Эдийн засаг ингэж өсвөл өрийн хязгаар ч доошилно. Зээлээ төлж чадах чадвар маань ч өснө. Үүнд Оюу толгойн оруулж буй хувь нэмэр их л дээ. Эдийн засаг 2009 онтой харьцуулахад, ийм богино хугацаанд гурав дахин өссөнд Оюу толгойн хөрөнгө оруулалт чамгүй нөлөө үзүүлсэн. Оюу толгой дангаараа өнгөрсөн жилүүдэд 5-6 тэрбум ам.долларын бодит хөрөнгө оруулалт хийсэн. Энэ төсөл хэрэгжээгүй бол манай эдийн засаг арван их наяд төгрөгөөр бага, жижиг эдийн засаг байх байсан. Оюу толгой төслийн эхний үе шат Монголд ийм том нөлөө үзүүлсэн. Ил уурхай нийт баялгийн багахан хэсгийг агуулдаг.Төлөвлөсөн ёсоор гүний уурхайд байгаа баялагтай хэсэг рүүгээ орж чадвал зэсийн үнэ хэдий унасан ч орлого эрс өснө. Ойрын хоёр жилдээ зэсийн үнээс хамаарч 3-4 орчим тэрбум ам.долларын борлуулалт хийх тооцоо бий. Энэ жил хоёр тэрбум арай хүрэхгүй байх. Ирэх жилүүдэд борлуулалт буурна гээд байгаа нь гүний уурхайн бүтээн байгуулалт удааширсан болон алтны агуулга бага зэрэг буурч байгаатайхолбоотой. Гүний уурхайн бүтээн байгуулалт хэдэн жил үргэлжилнэ.

-Тэгэхээр ил уурхай ядуу агуулга руугаа орчихож байна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Цаашдаа бүрэн хүчин чадлаараа ажиллавал жил бүр 2-3 тэрбум ам.долларын нэмэлт орлого олно. Эдийн засагт том нөлөө үзүүлнэ гэсэн үг. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэлээд өсгөж өгнө. Хэрвээ 2014 оныг суурь болгоод 2015, 2016 оныг харвал эдийн засаг дор хаяж найм орчим хувьтай өсөх боломж бий.

-Цэвэр Оюу толгойгоос хамаарах өсөлтийг хэлж байна уу?

-Тийм.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт талаасаа Оюу толгой эдийн засагт яаж нөлөөлж байна?

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын хувьд энэ жил зөвхөн Оюу толгойд гэхэд 300 орчим сая ам.доллар байгаа. Жил бүр нэг тэрбум ам.доллар орно гээд тооцохоор цаашдаа өсөөд явна. Тэр хэрээрээ төлбөрийн тэнцэлд сайн нөлөө үзүүлнэ.

-Энэ жил “Оюу толгой” төсөл төсөвт татвар, төлбөр хэлбэрээр хэчнээн төгрөг төвлөрүүлэхээр байна вэ?

-2015 оны хүлээгдэж байгаа төсвийн орлого дөрвөн их наяд төгрөг. Оюу толгойн хувьд ерөнхийдөө 400 орчим тэрбум төгрөгийн татвар, төлбөрийн орлого оруулчих байх гэсэн хүлээлт бий. Энэ бол урьдчилсан таамгаар гаргасан тоо. Төсвийн орлогын арав орчим хувийг эзэлнэ гэсэн үг. Цаашдаа гүний уурхайд хөрөнгө оруулалт хийгдэнэ. Өсөн үржүүлэх коэффициентээр нэг ам.долларын хөрөнгө оруулалт эдийн засагтаа хоёр ам.долларын өгөөж өгдөг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр гүний уурхайн хөрөнгө оруулалт эдийн засгийг нэлээд тэлэх боломж өгнө. Одоогоор Оюу толгой үйл ажиллагааныхаа нийт зардлын 60-70 хувийг Монголд зарцуулж байгаа. Тэр ньМонголын банкаар орж ирдэг. Гадуур Монголын банкаар орж ирдэггүй гэсэн буруу ойлголт анзаарагддаг. Физикийн хувьд боломжгүй л дээ. Ажилчдынхаа цалинг өгөх, дотоод ханган нийлүүлэлтийн худалдан авалт гээд мөнгө орж ирэх өчнөөн шалтгаан бий. Орж ирж буй мөнгийг цаашид өсгөх боломж ч байгаа. Монгол компаниудын оролцоог ахиулах бодлогоор нийт зардалд гарч байгаа 60 хувийг цаашдаа 80 хувь болгох зорилт тавиад ажиллаж байна. Өөрөөр хэлбэл ханган нийлүүлэлтийн жар орчим хувийг Монгол компаниуд хийдэг, цаашдаа 80 хувь болгохын төлөө явна гэж ойлгож болно. Оюу толгойн бусад салбарт үзүүлэх нөлөө нь тэр хэрээр эрчтэй, далайцтай болох юм.

-Гүний уурхайн бүтээн байгуулалт зогссон жилүүдэд бид хэчнээн ам.долларын боломж алдсан бол, багцаа тооцоо бий юу?

-2013, 2014 онд Оюу толгой төсвөө батлахдаа зөвхөн үйл ажиллагааны зардал, цалинг л баталж байсан. Том хөрөнгө оруулалт хийгээгүй. Уг нь гүний уурхайд жилд ойролцоогоор 700 саяас нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийх учиртай байсан. Энэ хэмжээний хөрөнгө оруулалт 2013, 2014 онд хийгдээгүй гэсэн үг. Ийм хэмжээний мөнгө эдийн засагт орсон бол шууд утгаараа хоёр тэрбум ам.долларын өгөөж өгөх байсан. Энэ хугацаанд өгөх байсан янз бүрийн татвар, цалингийн зардлуудыг тооцвол 200 гаруй сая ам.долларын боломжийг бид алдсан. Гэхдээ асуудал шийдэгдсэн. Хоёр жил үргэлжилсэн маргаантай асуудал дээр хувь нийлүүлэгчид ойлголцолд хүрээд явж байна.

-Төслийн санхүүжилт оны өмнө бүтнэ гэсэн мэдээлэл бий. Явц нь ямархуу байна вэ?

– Төслийн санхүүжилт оны өмнө бүтэх магадлал өндөр байгаа. Засгийн газраас хийх шаардлагатай алхмаа хийчихсэн. “Рио” банкуудтай хийх гэрээ хэлцлээ эцэслэх шатандаа орсон гэж би хувьдаа ойлгож байгаа. Оюу толгой дэлхийн маш нэр хүндтэй банкуудаас зээл авч байгаа. 15 нь банк, гурав нь санхүүгийн байгууллага. Дэлхийн банк, Олон улсын валютын санг гадны банк гэж буруу ойлгоод байдаг. Дэлхийн хэмжээний банк шүү дээ. Манай улс хувь эзэмшигчийнх нь нэг. Хөгжлийн шинж чанартай ийм банкууд ашиг олох зорилгоор жижиг үндэстнийг шулан мөлжих бодлого явуулдаггүй. Дэлхийн улс орнуудыг нэн ядуу, туйлын ядууралгүй байлгах зорилготой л олон улсын санхүүгийн байгууллагууд. Монголын ард түмэнд, хөгжилд нь хэрэгтэй төсөл гэдэг үүднээс Дэлхийн банкнаас Оюу толгойг дэмжиж баталгаа гаргаж өгч байгаа юм. Манайханд газраа барьцаалах нь гэсэн буруу ойлголт байна. Газрын тухай хуулинд бий. Гадаадын хөрөнгө оруулалттай компанид үсрээд л газар ашиглах эрх бий. Зөвхөн ашиглах эрхтэй компани газар барьцаална гэсэн ямар ч ойлголт байхгүй. Гадны нэр хүндтэй банкууд зээлээ өгөхөөс өмнө хуулийн судалгааг маш нарийн хийдэг. Эрх зүйн хувьд ямар ч боломжгүй зүйлийг тэд барьцаанд авахгүй нь ойлгомжтой.

-Гүний уурхайн бүтээг байгуулалт ирэх хавраас ид өрнөнө гэж байгаа. Нийт хэчнээн ажлын байр бий болох нь вэ, дагаад босох салбар гэвэл та аль салбарыг онцлох вэ?

-Гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжлээд явж байна. Ид ажил нь ирэх оны хавраас эхлэнгүүт олон залуус ажилтай болно. Ажилтай болсон залуус банкнаас зээл авч таарна. Залууст хамгийн хэрэгтэй зүйл бол орон сууц, сургууль, цэцэрлэг, машин байдаг. Тэр хэрээр худалдан авалт ихэснэ гэсэн үг. Үйлчилгээний салбар тэлнэ. Дагаад барилга, банк, боловсролын салбар босоод ирнэ. Эдийн засагт наад зах нь ийм эерэг өөрчлөлт гарна. Нийтдээ 3000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоо бий. Эдний 95 хувь нь монголчууд байх юм. Одоо бол Оюу толгой компанид 3000 орчим хүн, төслийн хэмжээнд гэрээгээр ажиллаж байгаа хүмүүсийг нэмбэл нийтдээ 6000 орчим хүн ажиллаж байна. Мөн л 95 хувь нь монголчууд. Уул уурхайн том төсөлд нэг ажлын байр бий болоход дагалдаад арван ажлын байр бий болдог гэж үздэг. Өрөмдлөг, зураг дизайн, барилга гээд дагаад бий болох ажлын байр өчнөөн л дөө.

-Оюу толгой төслийн хувьд зардлын өсөлт гэж том асуудал яригдаж байсан. Ер нь дэлхийд гэж ярихад Оюу толгой шиг мега төслүүдийн хувьд зардлын хэтрэлт хэр байдаг вэ?

-Оюу толгой төслийн нэгдүгээр үе шатанд гол маргаан нь зардлын хэтрэлт байсан л даа. Хоёрдугаар үе шатанд үүнийг гаргуулахгүй байх талаар анхаарч ажиллаж байгаа. Менежмэнтийн зардлыг бууруулсан. Цаашдаа зардлыг аль болох оновчтой болгохын төлөө ажиллана. Гэхдээ зардал хоёр талтай. Нэгдүгээр үе шатанд зардал 1.4 тэрбум ам.доллароор хэтэрсний бараг хорин хувь нь НӨАТ. Компанийн хувьд зардал ч улсад орлого болоод орчихсон мөнгө. Казахстанд манайхтай ижил зардал хэтэрсэн тохиолдол гарч л дээ. Тэр үед Назарбаев “Казахын эдийн засагт мөнгө болоод орсон бол, үүний цаана казах хүмүүс ажилтай бол яахав дээ. Үүнтэй харьцуулахад том асуудал биш” гэж хэлж байсан юм билээ. Ер нь иймэрхүү том төслүүд дээр зардлын хэтрэлт их гардаг. Жишээ нь маш нарийн тооцоотой гэгддэг Герман улс байна. Зүүн Германы онгоцны буудал дээр мега төсөл хэрэгжүүлсэн жишээ бий. Анх хоёр тэрбум ам.доллар гэж тооцсон. Хоёр гурван жилийн өмнө ашиглалтад оруулна гэж анх төлөвлөсөн. Гэтэл өнөөг хүртэл ашиглалтад ороогүй, одоогоор нийт гүйцэтгэл нь найман тэрбум ам.доллар болчихсон байх жишээний. Төлөвлөж байсан зардал нь дөрөв дахин хэтэрнэ гэдэг бол том тоо.

-Олон улсын үнэлгээний газрууд манай зээлжих зэрэглэлийг бууруулж байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт энэ эрчээрээ урагшилбал зээлжих зэрэглэлд нөлөөлөх үү?

-Манай зээлжих зэрэглэл сүүлийн үед буурах гээд байгаа ч эргээд сайжрах боломжтой. Оюу толгой, Таван толгой төсөл амжилттайгаар хэрэгжээд явбал зээлжих зэрэглэл нэмэгдэх нь тодорхой. Ер нь ирэх гурваас дөрвөн жилд эдийн засаг хоёр дахин томрох боломж бий. Ингэж өсөхөд хамгийн том нөлөө үзүүлэх нь мэдээж Оюу толгой төсөл. Оюу толгой Монголыг дэлхийд таниулж байна л даа. Энэ төслийн хоёр дахь үе шатанд тохирсон гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө Монголыг олон улсын хөрөнгийн зах зээлд эргүүлж авчирлаа. Стратегийн салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах болон урт нэртэй хуулиудаас болж гадаадын хөрөнгө оруулалт үргэсэн. Ялангуяа 2012 оноос өмнөх үед байдал маш хэцүү байсан. Сая хэлсэн санхүүжилтийн төлөвлөгөө энэ хэцүү байдлыг эргүүлэхэд чухал арга хэмжээ болсон л доо. Дэлхий дээр уул уурхайн компанийн хувьцааны үнэ хэд дахин унаж байна. Хамгийн гайгүй нь “TRQ”-гийнх. Хувьцаа нь харьцангуй тогтвортой уналттай, цаашид өсөх магадлалтай байгаа ганц компани. Оюу толгойн төслийн санхүүжилт дор хаяж 4.2 тэрбум ам.доллар. Энэ утгаараа дэлхийн санхүүгийн түүхэнд байгаагүй том хэлэлцээр. Тэгэхээр дэлхийн хөрөнгө оруулалтын зах зээлд Монголыг сайнаар сурталчлахаас арагүй. Бизнес хийж байгаа хүмүүст маркетинг чухал байдаг. Монголыг дэлхийд таниулж байгаа, маркетинг болж буй төсөл нь Оюу толгой.

-Гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад ирвэл Монголд ямар давуу талуудыг өгөх вэ?

-Одоо бол жилд 700 орчим мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байна. Гүний уурхай алсдаа бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлбэл энэ хэмжээ хоёр дахин нэмэгдэх боломжтой. Өндөр агуулгатай алт, зэс рүүгээ орохоор борлуулалтын орлого одоо байгаагаасаа хоёр дахин өсөх тооцоо бий. Тэгэхээр жилд дөрвөн тэрбум ам.долларын орлого олно гэсэн үг. Тэр үедээ хөрөнгө оруулалтаа нөхөх хэрэгтэй. Хоёрдугаарт Монгол Улс Азийн бүс нутагт нэлээд том тоглогч болно. Одоо бол бид үнэ дагагч. Дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ ямар байна, тэр жишгээр л баялгаа борлуулдаг. Хэрэв бид гол тоглогч болчихвол үнэ тодорхойлогч болно.

Оюу толгой олон бүлэг ордоос бүрддэг. Одоо бидний хэрэгжүүлж буй үе шат цаад ордууд руугаа нэвтрэх үүд хаалга нь. Ер нь дэлхий даяар байгалийн нөөц баялгийн хэмжээ багасч байгаа. Ил аргаар олборлох боломжтой ихэнх ордыг ашиглаад дуусч байна л даа. Цаашдаа гүний буюу илүү төвөгтэй нөхцөлтэй уурхайнуудыг ашиглах боломж хүн төрөлхтөнд үлдсэн. Оюу толгой дээр ярихад монголчууд өөрсдөө энэ төсөл дээр ажиллаж сураад, технологийг нь эзэмшчихвэл маш том боломж биднийг хүлээж байна. Цаашдаа түүхий эд экспортлохоос гадна ийм төвөгтэй нөхцөлөөс түүхий эдийг яаж гаргаж авах вэ гэдэг ур чадварыг экспортлох боломж монголчуудын өмнө нээгдэнэ. Одоо ч гэсэн Оюу толгойд ажиллаж байсан залуус гадны том уурхайнуудад ажиллаад эхэлчихсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өөд болсон иргэддээ хүртэл тэтгэмж өгөхөөр эдийн засаг дампуурахгүй яах вэ дээ

Шог зургийг С.ЦОГТБАЯР

Ердөө хоёр, гуравхан жилийн өмнө Монгол гэдэг Азийн жижигхээн улс мөнгөтэй, баян гэж жигтэйхэн орон байлаа. Харамсалтай нь уул уурхайгаасаа баахан мөнгө олж дэлхийг дэлдийлгэсэн бидний оргил үе удаан үргэлжлээгүй. Энэ цагийн өнгөнд Монгол гэдэг улс шалдаа уначихаад байгаа нь нуух аргагүй үнэн. Иргэд нь халаас нимгэн гундуухан, ам нээвэл л зээл ярьсан төр нь мөнгөтэй орнууд руу горьдонгуй харсан шигээ зутруухан аж төрж байна даа.

Дэлхийн эдийн засаг хэцүүдсэн учраас гэсэн тайлбар Монголын хямралд хэтэрхий томдоно. Эдийн засаг халгиж цалгисан хэдхээн жилд байдгаа баруун солгойгүй цацсан учраас бид модоо барьцгаасан юм. Төр нь баян ядуу гэж ялгалгүйгээр бүх иргэндээ сар тутам мөнгө өгч тансагласныг давтаж улиглаад яахав. Тэнгэрийн оронд оччихсон хүмүүстээ хүртэл мөнгө өгч халгиж цалгисны хажууд давхийж цочихоор зүйл огт биш. Бүр арван мянган бүрлээч шүү. Тэтгэврийн доод хэмжээ 200 мянган төгрөг гээд бодоход л нийгмийн даатгалынхан сар бүр хоёр тэрбум төгрөгийг бидний татвар гэж төрд төлдөг мөнгөнөөс хулгайлсан болж таарч байгаа юм. Ийм олон хүнийг нийгмийн даатгалын хэдэн нөхөд цаасан дээр амьдруулаад, тэтгэврийг нь өмнөөс нь аваад хэнд ч мэдэгдэхгүйгээр өнөөдрийг хүрчихэж.

Нас барсан хүний тэтгэврийн мөнгийг иддэг алба хаагчид ингээд зогсоогүйг монголчууд сая л мэдлээ. Орчлонгийн мөнх бусыг үзүүлсэн буурлууд банкнаас зээл хүртэл авсан гээд төсөөл дөө. Диваажин гэж байдаг бол, дэлхийгээс явагсад тэнд очдог нь үнэн бол хамгийн мөнгөтэй хөгшчүүл нь Монголоос очсон хүмүүс болж таарах нь л дээ, янз нь. Бусад орны бүрлээчид нь “Танай улс ч баян юм аа, энд ирсэн хойно чинь ч гэсэн мөнгө өгөөд. Гэтэл манай улс таг” гэцгээн атаархангуй харцгаагаад л. Байж боломгүй үйлдэл хийж мөнгө идсэн нөхдийг бодохоор ийм утгагүй төсөөлөл санаанд ургаад болохгүй юм. Ийм л гашуун шогийг монголчууд бултаараа харлаа, сонслоо, гайхширлаа. Ихэнхэд нь хэлэх үг олдоогүй байх.

Иргэний бүртгэл замбараагүй, урсгалаараа яваагийн тод жишээ энэ боллоо. Эргэж харж, нягталж хянахгүй бол горьгүй нь дээ гэж хэлэхээс аргагүй нөхцөл үүсчихэж. Саяхан гурван сая дахь иргэнээ өлгийдсөн он сар ч худлаа болж таарах нь. Сард дунджаар 7000 орчим нялхас төрдөг, 1400 орчим хүн нас бардаг гэсэн багцаа таамаг дуулддаг. Орчлонгоос явагсдаа хасаад тооцохоор таван мянга гаруй гэсэн тоо гарна. Тэгэхээр гурван сая дахь иргэн маань лав л өнгөрсөн оны нэгдүгээр сард мэндэлсэн Монголжин охин биш болж таарлаа. Цаасан дээр амьдарсаар байгаа тэтгэврийн хөгшчүүлээ хасч тооцвол гурван сая дахь иргэн маань Монголжингоос хоёр сарын дараа төрсөн болж таарах нь. Тэр хугацаанд нас барсан хөгшчүүлээ өнөө тэтгэвэр, мөнгө авдаг “амьгүй албат”-ын жагсаалтад оруулчихаагүй бол шүү дээ. Оруулсаар энэ цагийг хүрсэн бол гурван сая дахь иргэн төрөөгүй ч байж мэдэх юм.

Нас барагсад нь амьдраад, тэтгэврээ аваад, өндөр шалгууртай арилжааны банкнаас зээл хүсээд, зээл нь гялалзтал бүтээд явсан юм чинь сонгуульд санал өгөх бол энүүхэнд. Ер нь ч сонгууль өгдөг болж таараад байна. Төрд байгаа хэдэн хүний хүслээр “амьдраад” яваа хүмүүс саналаа өгсөн гээд нэг эргэцүүл дээ. Ийм нөхцөлд ард түмний сонголт чин үнэн байж таарах уу. Ардчилсан сонгууль түмний сонголтоор биш төрийн тааллаар яваад байна уу даа гэж хардах шалтгаан нь бэлхнээ гараад ирчихлээ. Арван мянган “амьгүй албат”. Хардах томоос том шалтгаан.

Ингээд бодохоор энэ улсад ер нь төр гэж байна уу. Хүн, малаа үнэн зөв тоолж, сонгуулиа явуулж чадахгүй бол төр оршихын хэрэг алга мэт санагдах юм. Тэгэхээр төр өөрийгөө тогтож нэг хараад эрс шийдэмгий арга хэмжээ авах цаг ирчихэж. Төр төрөөрөө оршъё гэвэл ингэхээс аргагүй. Эхлээд цаг алдалгүйгээр иргэний бүртгэлээ амьтай, бодитой, чамбай болгоё.

Төр төрөөрөө оршиж чадахгүй байгаа жишээ өчнөөн бий. Төрийн байгууллагууд нь улс төрийн намуудын, улстөрчдийн тулааны зэвсэг болчихсоныг дээр, дооргүй л гадарладаг. Ил цагаандаа гарчихсан учраас гадарлах гэдэг үг зөөлдөх байх. Ер нь тийм. Энэ долоо хоногт шуугиан болсон арван мянган “амьгүй албат”-ын дуулианы үеэр ч маш тод анзаарагдсан. Цагдаа нь нийгмийн даатгалаа хянаад байна уу, нийгмийн даатгал нь цагдаагаа хянаад байна уу гэж асуумаар үйл явдал нүдэн дээр өрнөлөө. Бэлгэ, ёсыг эрхэмлэдэг, орчлонгоос одогсдодоо хүндэтгэлтэй хандаж араас нь муу үг унагахыг хүртэл цээрлэдэг монголчуудын санаанд багтамгүй энэ хэргийг илрүүлсэн улс нь Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн. Уг нь тэд илрүүлсэн хэргээ зарласан юм. Дараахан нь нийгмийн даатгалын хэсэг ажилтан “Бид буруугүй. Цагдаагийнхан л хуурамч бичиг баримтаар дөчин сая төгрөгийн тэтгэвэр авсан” гэсэн агуулгатай мэдэгдэл хийж харагдсан. Хэн нь хэнээ хянаад байгаа юм бүү мэд. Зүй нь цагдаа нь нийгмийн даатгалаа…. За ингэсгээд орхиё. Зэрэгцээ өрнөсөн энэ мэдэгдлүүдээс бидэнд хамаатай нэг том зүйл байгааг л эргэлзэхгүйгээр мэдэж байна. Төрд алба хаадаг, тодорхой эрх эдэлдэг хүмүүсийн халаасанд хууль бусаар орж байгаа төгрөг бүр биднийх. Тодруулж хэлбэл цалингаа аваад, баялаг бүтээгээд явж байгаа хүмүүсийн татвар гэж төрд өгдөг мөнгөнөөс төрд ажилладаг хэд нь хумслаад байна. Уг нь бидний төрд өгсөн мөнгө хүүхдэд минь сургууль, цэцэрлэг, цаашлаад яривал зам, гүүр, эмнэлэг гээд тухтай амьдрах орчинд минь нөлөөлөхөөр зүйлсэд зарагдах учиртай юм.

Categories
редакцийн-нийтлэл

Л.Чинбат: Надад С.Баяр гэдэг хүн нэг талаасаа гай болоод, нөгөө талаасаа буян болсон

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы 266 (5218) дугаарт>>

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.

-Бизнест таатай улс байхын тулд яах ёстой юм бол. Та ямар гарц санал болгомоор байна?

-Манайхны хийгээд байгаа улс төр буруу байна. Хоёрдугаарт, монголчууд аль ч шатандаа стандарттай, хуулиа мөрддөг болох хэрэгтэй. Хуулиа баримталж чаддаг газар хөгждөг. Яг үнэндээ Монголд байшин барилга л хөгжиж байна. Гэхдээ стандартын дагуу хийсэн нь ховор. Нэгнийхээ цонхыг хаачихна, ойр хавьд нь явган хүний замгүй гээд тоочвол стандартгүй нь их. Урт нэртэй хууль гарсны дараа миний л хэдэн лиценз хураагдсан. Нэгэнт болохгүй л гэсэн учраас араас нь хөөцөлдөх шаардлагагүй гэж үзээд бүгдийг нь буцаагаад өгчихсөн. Гэтэл өөр бусдынх нь ажиллаад яваад байдаг. Нинжа гэж байгалийн баялгийг ямар ч хуульгүй ашигладаг хүмүүс байна. Миний хэмжээний тоног төхөөрөмжтэй болчихоод нинжа гэдэг нэрийн дор ашиглаад яваад байдаг нь нуух аргагүй үнэн. Хууль, журам, стандартаа мөрдөөд явсан нь хохироод, хуульгүй явсан нь хожоод байна л даа.

-Улс төр буруу байна гэдгээ тодруулаач?

-Яаж улстөрч болох вэ гэдэг хүмүүс их болчихож. Улстөрч болсныхоо дараа яаж мөнгөтэй болох вэ гэдэгт л анхаараад байгаа анзаарагдах юм. Энэ салбар ийм бодлоготой яваа, үүнийг нь үргэлжлүүлэх ёстой гэсэн залгамж алга. Засаг солигдонгуут бүх юм тэгээс эхэлдэг. Бид ерөөсөө буруу замаар явчихсан байна л даа. Засна гэхэд хэтэрхий их зардал хэрэгтэй. Буруу, стандартгүй юм хийчихээд өнөөхөө эргэж засах гэж бөөн мөнгө зараад байна.

-Та бид хоёрын яриад байгаа асуудал ойрын үед цэгцрэх болов уу. Байдал сайжирна гэсэн итгэл байна уу?

-Тийм итгэл алга. 2020, 2022 он хүртэл хүндхэн үеийг туулах байх. Туулах ч ёстой байх. Яагаад гэвэл хүн амьдрал үзэж, шалдаа бууж, юмны үнэ цэн, хөдөлмөрийн амт шимийг мэдэрч байж хөгждөг гэдгийг ойлгосон үедээ зөв замаар явдаг. Улс орон, компаниуд ч ялгаагүй. Олсон мөнгөө улс орон нь ариг гамтай хэрэглэдэг, хувь хүн нь зөв зарцуулж сурсан цагт л Монгол хөгжинө. Шалдаа унаж, гараагаа тэглэж байгаад эхэлбэл зөв явж магадгүй. Тэгэхгүйгээр нэгэнт буруу явчихсан одоогийн байдлыг яаж ч хараад засч чадахгүй нь гэсэн бодол төрөөд байгаа. Би өнгөрсөн хорин жилийнхээ юмыг алдчихсан хүн. Хорин жилийн өмнөх түвшиндээ оччихоод буцаад зүтгэнэ гэхээр зүрх үхээд эхэлж байна. Уг нь миний үеийн, зовлон үзсэн хүмүүс Монголын юм хийх хэсэг. Гэтэл ихэнх нь улс төр рүү орчихсон. Ороогүй зүтгэснийх нь бизнес бараг л зогсч байна. Өнөөдөр явж байгаа том бизнес бараг алга. Том компаниуд түрүүчээсээ хаалгаа барьж байна.

-Бизнесийн найз нөхөд чинь ямархуу байна, таны сая хэлсэн шиг хэцүүхэн байгаа юу, эсвэл…?

-Яг адилхан. Намайг хотод байх үед дор хаяж гурваас дөрвөн хүн ирдэг. Мөнгөтэй гэж бодоод ирж байгаа хэрэг л дээ. Мөнгө байхгүйгээ хэлэхээр “Та мөнгөгүй бол өөр хэн мөнгөтэй байх юм бэ” гэдэг юм. Бодит байдал ийм л байна.

-Бондоос мөнгө хөөцөлдөж үзсэн үү?

-Үгүй.

-Яагаад, арилжааны банкнаас хамаагүй бага хүүтэй урт хугацаатай дажгүй нөхцөлтэй зээл шүү дээ?

-Ялсан намынх нь хүмүүсийн бизнес явдаг зарчимтай болсон юм шиг. Надад С.Баяр гэдэг хүн нэг талаасаа гай болоод, нөгөө талаасаа буян болсон. Атрын гуравдугаар аяны дараа манай дээр очсоноос болоод намайг С.Баярын хүн гээд харчихсан. 2012 он гараад ирэнгүүт юм л бол энд тэндээс дууддаг, дарамталдаг болсон. Тийм болохоор бондоос мөнгө зээлье гэж бодоогүй. Бадамжунайгийн үед тариалан эрхлэлтийг дэмжих сангаас улаанбуудай, үрийн улаанбуудайны мөнгөө аваагүй байсан юм. Мөнгө өгөхгүй зовоож байтал засаг солигдож шинэ хүмүүс гарч ирсэн. Засаг солигдонгуут буудайны чинь мөнгийг өгөхгүй гээд эхэлж байгаа юм. Х.Баттулгыг сайд байхад би Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 18 тэрбум төгрөгийн авлагатай байсан. Өмнөх засгийн үеийн авлагаас үлдсэн мөнгө л дөө. Манайхаас үрийн буудай авсан юм. Бүтэн хоёр жил хадгалуулчихаад дараа нь авахгүй гэсэн. Бизнесийг тэгж түгжиж болохгүй. Өмнөх засгийн үед хийсэн гэрээ байна, хүлээн зөвшөөрөхгүй гэчихэж байгаа юм. Тохиролцоод, авлига өгөөд асуудлыг шийдэж болох байсан ч надад тийм хүсэл байхгүй. Ямар ч байсан хийдгээ хийгээд явна гэсэн зарчмаасаа буцахгүй амьдарна гэж боддог.

-Гэхдээ улс төрийн нөлөө яах аргагүй хүчтэй байна. Зарим үед хөлд нь суугаад ч болтугай бизнесээ урагшлуулахгүй бол унаж мэднэ гэж болгоомжлох ёстой юм шиг ээ…?

-Тавь хүртлээ ингэж амьдарчихаад үлдсэн амьдралдаа зарчмаасаа, өөрөөсөө урваад, ухраад яах юм. Надад арван жил л байна. Нэр төртэйгөөр явж байгаад дууссан нь дээр. Насаараа хийж сураагүй юмыг одоо өөрчилнө гэж юу байхав.

-Та хадгаламжтай юу, бүх мөнгөө ийм эрсдэлтэй салбарт хийдэггүй байх…?

-Надад нэг ч төгрөгийн хадгаламж байхгүй.

-Тэгвэл хүүхдүүд чинь хадгаламжтай юу?

-Үр хүүхдийн нэр дээр ч байхгүй. Дэлхийн аль ч цэгт ямар нэг хадгаламж огт байхгүй.

-АН таныг МАН-ын хүн гээд байдаг, МАН-ын үед илт дэмжлэг аваад байсан юм болов уу?

-Аль ч намынх нь үед би хийдгээ хийгээд л явсан. Ардчилсан нам нь Ардын намынх гэж хардаад, Ардын нам нь Ардчилсан намынх гэж сэрдээд байдаг. Надад аль нь ч ялгаагүй. МАН-ыг засаг барих үед “Анод”-оос намайг мөнгө авсан гэж буруутгаж байсан. Үнэндээ би нэг ч төгрөг аваагүй. Харин “Анод”-д би мөнгө зээлж байсан. Манай хөдөө аж ахуйн компанийн нэр дээр тэд зээл авсан юм. Шалгаад үзэхээр манай данс руу оруулаад “Анод”-ынхан данс руугаа буцаагаад татсан байдаг. Тэр нь Монголбанкны шалгалтаар гараад ирчихсэн. Чинбатын компанийн данс руу оруулаад буцаагаад “Анод”-ын данс руу хийгээд авчихжээ гэдгийг тогтоосоор байтал надаар таван тэрбум төгрөг төлүүлсэн.

-Таван тэрбум төгрөг өө, аваагүй нь тогтоогдчихоод байхад яагаад ийм их мөнгө төлсөн юм бэ?

-Миний хувьд аваагүй юм чинь шоронд нь сууя гэж үзсэн л дээ. Гэтэл зээл авсан компани маань эхнэрийн нэр дээр байсан учраас яаж ч болоогүй. Тэгээд л бууж өгсөн. Ингээд мөнгө төлөх үү, хахуульдах уу гэдэг хоёр юмны зааг дээр ирсэн дээ. Тэгээд шууд мөнгийг нь төлсөн. Хайран мөнгө ч гэлээ би сэтгэл амар явж байгаа юм.

-Яагаад нэр дээрээ зээл гаргуулсан юм бэ?

-Хөдөө аж ахуйн салбар эрсдэлтэй учраас банк итгэж зээл өгдөггүй. Ямар ч зээлгүй компани учраас нэрээр нь зээл гаргасан хэрэг. Тэр зээлэн дотор миний гарын үсэгтэй зээл бараг байхгүй. Эхнэр ганцхан баримтан дээр гарын үсэг зурсан байдаг юм. Тэр нь батлагдаагүй. Туслаач гээд байхаар нь тусал гэсэн нь бол үнэн. Адилхан бизнес хийж байгаа улс гэсэн сэтгэлээр хандсан хэрэг. Тэд манай компанийн нэр дээр зээл аваад буцааж тушаагаад, дахиж аваад эргүүлж тушаагаад явсан байгаа юм. Би мэдэж байсан бол тийм тайван байхгүй л дээ. Бүр баригдахынхаа урьд өдөр надаас 300 мянган ам.доллар зээлж байсан. Мэдэж байсан бол ийм хэмжээний мөнгө зээлэхгүй шүү дээ. “Анод” Монголын ард түмэнд ач гавьяагаа өгсөн банк. Олон хүн мөнгөө хадгалуулж хүүг нь авч амьдарсан. Би ч тэдний нэг. Хэрэгтэй үед нь харилцчихаад хэрэггүй цагт нь хаяж болохгүй гэсэн сэтгэлээр хандсан. Нэгэнт найз нөхөд гээд тусалж дэмжээд явж байснаа хэцүү болонгуут нь хаях жудаггүй хэрэг. Тэгээд л эцэст нь таван тэрбум төгрөг төлөөд дууссан. Өөрийнхөө эрсдэлийг тооцоогүй хийсэн алхам учраас төлөхөөс аргагүй. Төлчихөнгүүт ямар их мөнгөтэй хүн бэ гээд асуудал үүсч л байгаа юм. Гэхдээ сэтгэл тайван явна гэдэг сайхан. Сүүлд “Анод”-ын Даваа шоронгоос гарч ирчихээд “Уучлаарай. Яг амьдрал дээр танаас өөр хохирсон хүн байхгүй шүү дээ” гэж хэлсэн удаа бий. Өмнөөс нь намайг хохирсон гэдгийг “Анод”-ынхан бүгд мэдэж байгаа. Хаана хаанаа л хэцүү юм болсон.

-“Гацуурт” олон сайхан төсөл хэрэгжүүлж байна. Мөрөөдөл дуусах биш. Цаашдаа ямар төсөл хэрэгжүүлье гэсэн бодолтой яваа вэ?

-Зөндөө санаа байна. Эхэлчихсэн ажил ч бий. Газар тариалан маань цаашаа явчихна. Мал аж ахуйн төслүүд маань дөнгөж эхэлж байна. Хамгийн том төслөө мал аж ахуй дээрээ эхлүүлсэн. Зүрх үхнэ гэж том асуудал бий. Гэхдээ, ямар ч байсан зүтгэж яваад амжилтад хүргэнэ. Монголын малчдыг фермер болгоё гэсэн зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн төсөл. Монголчуудын хийж чаддаг юм нь ерөөсөө л мал маллах. Бидний тал хувь нь мал аж ахуйгаар амьжиргаагаа залгуулдаг. Тиймээс тэр хүмүүсийг малыг нь маллуулаад сайхан амьдруулъя гэвэл фермер болгох хэрэгтэй. Одоогийн загвараар бол эдийн засгийн эргэлтэд орж өгөхгүй байна. Малтайгаа адилхан амьдралтай болчихсон. Бүдүүлэг, тог цахилгаангүй, газрын мухарт, дундаж нас нь богинохон.

-Малчдыг фермер болгохын тулд “Гацуурт” юу хийгээд эхэлсэн нь сонирхол татаж байна?

-Айл бүрт гучин гурван үхэр тарааж өгч байгаа. Өөрт нь гурван үхэр өгч байна. Гучийг нь маллуулаад хорин тугалыг нь буцааж өг, арвыг нь өөрөө ав гэсэн тохироо хийх юм. Хээлтүүлэг, тариа, эм, вакциныг нь манай компани, бусдыг нь малчин хариуцна. Гучаас илүү үхэр ч авч болно. Хүсвэл бид худаг, ус цахилгаан зэрэг дээр хөрөнгө оруулж болно. Тэгээд тухайн малчны мэдэлд байгаа үхрийг зах зээлийн үнээр худалдаж аваад махны үйлдвэрт өгнө. Ингэвэл малчид суурин амьдралд шилжинэ. Монголчууд малаа дагаад өдөржин хөдөө хөхөрч, гадаа ганддаг. Үүнийг нь өөрчлөх гэсэн санаа. Хэдхэн хашаа бариад, тэндээ үхрээ бэлчээрлүүлээд, тэр зуур нь бусад ажлаа амжуулах боломжтой болно. Нэг үхэрт гурван га-гаар бодоод газраа тооцчихно. Тэгээд хагас сардаа нэг хашаанд, дараагийн 14 хоногт нөгөө хашаанд гэх мэтээр сэлгээд бэлчээрлүүлчих бололцоотой. Бэлчээрийн мөртлөө суурин амьдрал руу шилжих загвар байгаа юм. Тэжээлээ бэлдээд цөөхөн үхэр маллана гэсэн үг. Нэг малаас авдаг ашиг шим нь өндөр болчихоор нутагтаа сайхан амьдрах боломж нээгдэнэ. Зуун үхрээс авдаг өгөөжөө гучин үхрээс авна гээд ойлгочихож болно.

-Үхрээ тараагаад эхэлчихсэн үү, ер нь хэчнээн айлд тараая гэсэн бодолтой байгаа вэ?

-Сэлэнгийн хэд хэдэн сумын айлуудад үхрээ тараагаад өгчихсөн. Одоогоор арваад айл хамрагдсан. Манай компани 7000 гаруй үхэртэй. Бүгдийг нь тараая гэсэн бодол байна. Бид махныхаа үйлдвэрт л үхрүүдээ авъя гэж байгаа юм. Манай компани тугалыг нь найман сартайгаас нь аваад тэжээх тохироо хийж байгаа. Тэжээсэн үхрээ махныхаа үйлдвэрт оруулна. Үйлдвэрээсээ гарсан махыг экспорт хийдэг улсад нь өгнө. Ийм тойрсон схемд оруулах гээд зүтгэж байна. Мал аж ахуй хөгжих үндэс нь энэ болов уу. Үлдсэн хугацаандаа хийх ажил гэвэл энэ л байна даа.

-Тариа хураалт дуусч байна. Одоо нэг амсхийх нь үү?

-Хаврынхаа бэлтгэлийг өвөл хийдэг болохоор амрах зав байхгүй. Одоо л гэхэд би хагас сарын хугацаатай гадаад руу явах гэж байна. Мөнгөтэй байхдаа техник, сэлбэгээ урьдчилгаа төлөөд захиалдаг байлаа. Мөнгөө төлж чадахгүй учраас улаан нүүрээрээ уулзаад дараа нь төлье, манай сэлбэг, техникийг явуулаач гэж гуйхаас аргагүй болчихлоо. Олон жил харилцсан учраас хүрээд ир гэж байна. Эдийн засаг хэчнээн хямралтай ч зогсох арга байхгүй. Ирэх жил үр цэвэрлэх үйлдвэр нээнэ. Хоёр гурван лаборатори ажиллуулах гэж байна. Улаан буудай, гурилын лабораторио хийчихсэн. Ирэх хавар хөрсний лаборатори нээнэ. Хэзээ ч арилахгүй юм хөрсөндөө хийчихээд идэх юмаа ургуулаад байвал эрсдэлтэй.

-Монголын хөрс сэрэмжлэхээр байдалд хүрчихсэн хэрэг үү?

-Газар тариалангийн салбарт Хятадын маш олон компани байна. Бурмаагийн бас нэг гай нь одоо гарч ирж байна л даа. Тариаланчид мөнгөгүй болонгуутаа газраа, техникээ түрээслээд, зараад эхэлчихсэн. Би үүний эсрэг арван жил тэмцэж байгаа хүн. Хятадын компанид өгсөн газрыг сумын Засаг даргаас гуйсаар байгаад авсан түүх бий. Хойд талаар Хятадын компани бараг байхгүй. Гэтэл энэ жил хойшоо хүртэл ороод ирчихсэн ногоо тарьж байна. Дорнодод дөрөв, таван компани байна. Энэ зун Дорнодоор явлаа. Манайхаас тоног төхөөрөмж худалдаж авсан компанийн ард хятад иргэн байх жишээний. Тэр хүмүүс Монголын газрыг хэзээ ч хайрлахгүй. Гялс орж ирээд гайгүй ургац аваад гарахаа л бодно. Халх голд Хятад эзэнтэй хоёр компани бий. Нэг хятад нь мал, байр сав, бэлчээрийн газар худалдаж аваад байгаа. Очихоор япон паспорт үзүүлээд байгаа сураг дуулдсан. Монголд гадны компани ирээд мал худалдаж аваад амьдарч байгааг би хувьдаа хүлээн зөвшөөрдөггүй.

-Халх голд гадныхнаар тариа тариулаад түрээсийн мөнгө авах нь эдийн засагт нэмэртэй биш үү?

-Хөгжихийн тулд мөнгө хэрэгтэй. Мөнгө олох боломжтой ганц салбар гэдэг утгаар нь уул уурхайд гадныхан орсныг үгүйсгэхэд хэцүү. Харин газар тариаланд гадныхныг оруулахдаа болгоомжтой хандах учиртай. Зүүн талаар их олон газраар хил онгойж байна. Бидний хувьд тийм ч хүсээд байх зүйл биш. Халх гол хөрсний хувьд маш эмзэг. Үнэхээр ашиглая гэж байгаа бол бодлоготой хандах хэрэгтэй. Одоо байгаагаа олигтой ашиглаж сурчихаад дараагийнх руу нь орвол илүү зөв шийдэл болно. Манайхан га-гаас авдгаа сайжруулаад бүтээмжийг нь нэмэгдүүлье гэж огт бодохгүй суугаа нь гол аюул болоод байна. Сэлэнгэ, Булган, Төв аймгаас хүнсний хэрэглээгээ хангаад байх бүрэн боломжтой.

-“Гацуурт” гаднаас орж ирж байгаа бүх төрлийн хүнсийг шинжлээд аюултай, үгүйг нь тогтоодог том лаборатори нээх гэж байгаа дуулдсан. Хэзээнээс ажиллаж эхлэх вэ?

-Ирэх жилээс ажиллаж эхэлнэ. Хоёр сая ам.долларын хөрөнгө оруулалт зарцуулж хийж байгаа ажил. Хийхээс аргагүй л дээ. Гаднаас орж ирж буй хүнсийг шинжлээд телевизээр зарлаад байя гэж бодож байгаа. Араас нь шалгах эсэх нь хамаагүй. Ямар ч байсан чанарыг нь цаг алдахгүй мэдээлнэ. Дэлхийн нэг номерын том лаборатори оруулж ирэх учраас маргах юм байхгүй. Урд хил дээр очоод “Та нар ямар юмаар шалгадаг вэ” гэж асуухаар баримжаагаар, нүдэн ажиглалтаар шалгадаг гэж хэлдэг. Юу идэж уудгаа мэдэхгүй байна гэдэг хэтэрхий эрсдэлтэй.

-Та чөлөөт бөхийг санхүүжүүлэхээ болиод дугуйн спортыг дэмжинэ гэдгээ саяхан фэйсбүүкээрээ мэдэгдсэн. Яагаад ийм шийдвэр гаргачихав?

-Чөлөөт бөх хөл дээрээ зогссон топ таван спортын нэг. Төр хувийн хэвшлийн дэмжлэг дажгүй байгаа. Би багадаа дугуй их унадаг байлаа. Монголчуудад их тохиромжтой спортын төрөл гэж боддог. Ганц тамирчин гэхгүй нийт хүмүүсийн эрүүл амьдрах хэв маягийг өөрчлөх, эрүүл монгол хүнийг бүтээхэд хувь нэмрээ оруулах нь манай гэр бүлийн, найзуудын маань, миний мөрөөдөл. Монголын өнцөг булан бүрт амьдардаг багачуудад хүрч ажиллах бодол байна. Манай компани монголчуудыг эрүүл хүнсээр хангах гэж зүтгэж яваа. Одоо нийтээрээ яаж эрүүл болох вэ гэдэг дээр санаа тавья гэж бодож байна. Энэ зорилгоо биелүүлэхэд дугуй л хамгийн тохиромжтой спорт юм байна гээд дэмжихээр болсон юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Чинбат: Сүүлийн үед “Гацуурт” гэдэг үг, Чинбат гэдэг нэр сонсох л юм бол асуудал хүндрээд явчихдаг болсон

“Гацуурт” компанийн захирал Л.Чинбаттай ярилцлаа.

Монголд бизнес эрхлээд, баялаг бүтээгээд явахад хэцүү үе хэр тулгарч байна?

-Өдөр болгон янз бүрийн хүндрэл бэрхшээл байнга гарна шүү. Нэг ажил эхлээд явж байтал ямар нэг саад гараад ирэнгүүт дараагийнх руугаа ороод урагшлахаас аргагүй үе өчнөөн таардаг.

-Танд яг ямар хүндрэл тулгарч байв. Бодитой жишээ хэлээч?

-Хотын дарга өөрчлөгдсөний дараа 2012 онд 80 гаруй барилгын ажлыг зогсоосон доо. Тэр үед тав, зургаан тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан барилгаа орхихоос аргагүйд хүрсэн.

-Хаана барьж байсан барилга вэ?

-Германы элчингийн урд талын 13 давхар барилга. Өнөөдрийг хүртэл ажил нь яваагүй зогссон хэвээр байгаа. Анхны жагсаалтаар 170 гаруй барилга гарч ирсэн юм. Сураг сонсох нь ээ ихэнх нь ажиллаад явсан дуулдсан. Сүүлийн үед “Гацуурт” гэдэг үг, Чинбат гэдэг нэр сонсох л юм бол асуудал хүндрээд явчихдаг болсон.

-Яагаад тэгээд байна?

-Хүмүүсийн анхаарлын төвд их орохоор таалагдах, таалагдахгүй юм гардаг шиг байна л даа. “Гацуурт” гэдэг нэрээр биш аль болох өөр нэртэй компани, хувь хүний нэрээр явахаар ажил арай бүтэмжтэй байх жишээний. Мэдээж саад, бэрхшээл, алдаа дутагдалгүй ажил гэж юу байхав. Гэхдээ жижигхэн асуудал дээр дөрөөлж өчнөөн хөрөнгө зарсан ажлыг зогсоох бизнес эрхлэгчдийн хувьд амар биш. Сүүлдээ ч зүрх үхээд байх боллоо. Өөрөө бол халшраад явахаа байсан. Ажилтнууд маань явдаг юм. Бүтэн жил болсон ч яахав, очоод бай гэж хэлээд л сууж байна.

-Засаг солигдохоор бизнес эрхлэгчдэд бүр хэцүү асуудлууд тулгараад байх шиг анзаарагддаг. Өмнөх засгийн үед ингэж шийдсэн нь буруу байжээ гэсэн тайлбар хэлээд л бизнес төслүүдийг гацаасан жишээ өчнөөн дуулддаг. Танд тийм зовлон тулгарсан уу?

-Өө өчнөөн бий. Махны чиглэлийн үхэр гаднаас оруулж ирсэн юм. Эхлээд буцааж төлөх нөхцөлтэйгөөр авах гэрээ хийлээ. Тендерт ялсныхаа дараа үхрээ сонгоод, хоёр онгоц захиалчихаад хүрээд ирсэн чинь Сангийн яам гэрээг нь батлалгүй байсаар есдүгээр сар гаргачихсан. Сүүлдээ буцааж төлөх нөхцөлтэй гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ болгож соль гэхээр нь шаардлагыг нь биелүүлж байж үхрээ оруулж ирсэн. Тэр хооронд оруулж ирэх үхрийн тоо багасч, хоёр онгоцоо нэг онгоц болгож байгаа юм. Нэг онгоцны 200 мянган еврогийн торгууль хүлээж таарсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээр оруулаад иртэл мөнгөө өгөх дээрээ тулангуут ТӨХ-ноос буцаан төлнө гэвэл өгье, гэрээгээ дахиад өөрчил гэх жишээний. Сангийн яам, Хөдөө аж ахуйн яам хоорондын маргаанаас болж нэг жил шахуу хүлээж, тэрбум орчим төгрөгийн хохирол үзсэн. Миний арга барилын алдаа байж мэднэ. Тэр хүмүүстэй эв зүйгээ олоод, арын хаалгадаж, авлига өгөөд явъя гэж боддоггүй. Зарим танил маань “Чи эв зүйгээ олчихвол тэр барилга чинь өчнөөн жил зогссон хэвээр байхгүй” гэж хэлдэг л юм. Хэрвээ би ийм арга хэрэглээд явчихвал бусад нь яах вэ, надад ингэж хандаж байгаа юм чинь бусдыг хэр дээрэлхэх бол, хэн хэзээ энэ улсад шударга ёс тогтоох юм бэ, юунд найдаж амьдрах вэ гэсэн олон асуулт өөртөө тавьдаг. Эцсийн дүндээ миний бизнес хэр хохирох нь том асуудал биш.

-Засгийн хандлага танд ийм байгаа юм чинь тантай харилцдаг гадны бизнес эрхлэгчдэд бүр ойлгох аргагүй санагддаг байх даа…?

-Би шууд л хэлдэг. Манай төр засаг шийдвэрээ яаж ч өөрчилж магадгүй шүү гэж. Хөрөнгө оруулъя, хамтаръя гээд ирсэн заримыг нь бүр буцаадаг. “Таны мөнгө надад хичнээн хэрэгтэй ч эргээд та бүхэнд ашиггүй нөхцөл байна. Манайх зах зээлийн чөлөөт тогтолцоонд ороогүй. Төр нь үнээ тогтоодог. Тийм учраас та нар ашиг олохгүй, уучлаарай” гээд буцаасан хэд хэдэн тохиолдол бий.

-Бизнест хамгийн таатай бодлого хэрэгжүүлж байсан Засгийн газар гэвэл та алийг нь онцлох вэ?

-Өөрийнхөө хувьд гээд бодохоор аятайхан гэхээсээ аягүй нь олон юм болов уу. Урт нэртэй хууль гэж гарсан даа. Ид явж байсан бизнесийг гацаанд оруулчихсан. Нурааж хаячихаад одоо лицензийг чинь өгье, үргэлжлүүлээд ажилла гэх юм. Ийм бүдүүлэг юм байж таарахгүй. Арав, хорин жил зүтгэж байж босгосон бизнесийг унагачихаар өнөөх нь эргэж сэргэхдээ мөн л тийм хугацаа зарна. Урт нэртэй хуулийн өмнө 68 хувийн татвар гэж аваад эхэлсэн. Хамаг төлөвлөгөө нурсан. Сая онцолсон шийдвэрүүд гараагүй бол бид өнөөдөр ийм байхгүй. Манай компанийн хувьд гэж ярихад л уул уурхайтайгаа байсан бол эрсдэл нь хамаагүй бага. Ядаж л банкууд зээл өгдөг байсан юм. Уул уурхайгаас олсон мөнгөөрөө газар тариалан, мал аж ахуйгаа өнөөдрийнхөөс илүүгээр хөгжүүлээд явах бүрэн боломж байсан.

-Гацууртын хэрэгжүүлж буй төслүүдээс аль нь гайгүй урагшилж байна?

-Алдаж оносон ч гэсэн буцах аргагүй орсон салбар маань газар тариалан. Хүндрэл байгаа ч босгоно. Тэгэхээр газар тариалангийн төслөө л онцлох байх даа.

-Жилийн жилд л яам, гурил үйлдвэрлэгч, тариаланчид гэж талцаж байгаад маргацгаах юм. Яагаад маргаад байдаг юм бэ?

-Ямар ч нөхцөлд ойлголцол их чухал. Хүнээс л хамаарч байгаа асуудал. Тариаланчид муу муухай, юм мэддэггүй байж болно. Гэхдээ энэ салбарыг зохицуулж удирдаж байгаа хүн тариаланчидтайгаа хэл амаа ололцох ёстой. Тэгж байж энэ том салбарыг авч явна. Ойлголцохгүйгээр хөдөө аж ахуйн салбар хөгжихгүй. Хувийнханд ийм асуудал тулгарлаа гэхэд хамгийн уян хатнаар гарц олдог. Би гэхэд л компанийнхаа хувьд эдийн засгийн ашиггүй зүйл дээр маргаад суухгүй шүү дээ.

-Р.Бурмаа сайдын яриаг сонсохоор тариаланчид гэж урамшуулал авч баахан мөнгө идсэн нөхөд юм байна гэсэн ойлголт төрдөг. Өмнөх сайдууд ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас тариаланчидтайгаа нийлээд идэж уугаад явж байсан гэсэн байр суурь ч сонсогдох юм…?

– Эрх ашгийн зөрчилтэй байсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тийм байсан ч гэсэн энэ салбарыг авч явж чадсан уу, үгүй юу гэдэг том асуудал. Тэр хүн өөртөө ашигтай юм хийчихээд явсан уу, эсвэл өөртөө ч ашигтай, бидэнд ч ашигтай ажиллав уу гэсэн өнцгөөс хармаар санагддаг. Өмнөх хоёр сайдын үед энэ салбар тодорхой хэмжээнд урагшаа ахисан. Идэж уусныг нь бид мэдэхгүй. Бүх баримтан дээр нь суугаа, дараагийн сайд нар нь л мэддэг байх. Р.Бурмаа сайд урамшуулал гэдэг нэрээр тариаланчид өчнөөн тэрбум төгрөг аваад идчихэж гэсэн буруу ойлголтыг нийгэмд өгсөн. Би л хувьдаа маш том алдаа гэж харж байгаа. Энэ салбарыг ойлгоогүй, мэдээгүй хэрнээ энэ салбарт ажилладаг хүмүүсийн сэтгэл зүрх рүү довтолж, хар толбо үлдээсэн. Сайдын хувьд буруу эхлэл. Нэг, хоёр хүнтэй муудалцаж болно, гэхдээ тариаланчид гэж салбараар нь доромжилж болохгүй.

-Тариаланчдад өгсөн урамшуулал үнэхээр цэвэр ашиг болоод яваад байна уу. Ер нь юунд зарцуулагддаг юм бэ?

-Урамшууллыг ухаж ядах юмгүй. Тариаланчдын буудайг өртгөөс нь доогуур үнэлээд, иргэдийн гар дээр хямд гурил хүргэхийн тулд зөрүүнд нь өгч байгаа мөнгө. Тэр мөнгө бидэнд биш иргэдэд очдог гэсэн үг.

-Буудай дэлхийн зах дээр хямдарчихаад байхад тариаланчид буудайгаа хэтэрхий өндөр үнэлээд байгаа юм биш үү?

-Тариа тарьж байгаа компаниудын зардал адилгүй. 700 сая төгрөгийн үнэтэй трактороор, арван сая төгрөгийн үнэтэй трактороор хурааж байгаа хүмүүсийн зардал адил байх уу. Чанартай буудай нийлүүлж байгаа хүн чанар муутай буудай зах зээлд нийлүүлдэг хүмүүстэй ялгаагүй үнээр буудайгаа зарах уу. Яагаад миний ургуулсан буудайны худалдан авагч бэлэн байхад, гурилын үйлдвэрүүд нь худалдаад авчихаад байхад хөндлөнгөөс “Чи үнэтэй зарлаа” гээд байгаа юм бол. Чанартай буудайнд өндөр урамшуулал өгнө, өндөр үнээр авна гээд байгаа хэрнээ ийм зүйл яриад суугаа нь логикийн хувьд алдаатай биш гэж үү. Гэхдээ би буудайгаа чанартай гээд тийм үнэтэй зараагүй. 50 төгрөгөөр л ахиу борлуулсан. Тариаланчид буудайгаа өндөр үнээр зараад ч сүрхий ашиг олдоггүй. Тариа тарьж байгаа хүний зарцуулсан мөнгө тарьснаасаа хойш хоёр жилийн дараа буцаж ирдэг. Тэр хооронд тариаланчид сэлбэг, шатахуун, хор гээд бүх зүйлээ валютаар худалдаж авдаг. Энэ хооронд ам.доллар яаж өслөө. Харин гурилын үйлдвэрийнхэн буудайгаа доллараар биш төгрөгөөр авдаг. Өнөөдөр бүх компанийн ажил арилжааны банкны зээлээр явж байна. Арилжааны банкны хамгийн доод талын хүү 24 хувь. Буудайны өртгийн 24 хувь нь банкны хүү гэсэн үг. Тариаланчид банкны хүүгээ төлөөд тариагаа ургуулдаг, ургуулсан тариаг нь гурилын үйлдвэрүүд зээлээр авдаг. Гурилын үйлдвэрүүд улсаас үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр хямдхан зээл авчихсан. Бид сарын хоёр хувийн хүүг зээлэндээ төлж байхад тэд жилийн 3-4 хувийн хүүтэй зээл аваад ажиллаж байгаа. Манайх гэхэд л ноднин жилийнхээ буудайны мөнгийг өнөөдрийг хүртэл аваагүй. Гурилын үйлдвэрүүдээс таван тэрбум гаруй төгрөгийн авлагатай яваа. Таван тэрбум төгрөгийн хүү гэж сар бүр 100 сая төгрөг гарна. Сар бүр энэ хэмжээний мөнгө төлөөд явахаар буудайн бизнес ашигтай байх уу. Ингээд тооцохоор буудайгаа 500 биш, зуун төгрөгөөр зарсан болж таарч байгаа юм. Бид энэ онд ноднин жилийнхээ үнээр буудайгаа зарж байгаа.

-Танайх хичнээн төгрөгийн зээлтэй байгаа вэ, сард хүү гэж хэдэн төгрөг төлж байна?

-Бараг гуч, дөчөөд тэрбум төгрөгийн зээлтэй. Сард 500 сая төгрөгийн хүү төлж байгаа. Зундаа бүр 700 сая төгрөг төлж байсан.

-Ургац их алдсан, бага алдсан гэсэн маргаан одоо ч үргэлжилж байна. Танай компани жишээ нь ургацынхаа хичнээн хувийг алдсан бэ?

-Ерэн хувиа алдсан. Ер нь бүгдээрээ ийм. Ургац ийм болсон нь Хөдөө аж ахуйн яамныханд хүлээж авахад хүнд ч гэлээ бодит байдалтай эвлэрэх ёстой. Эвлэрээд яах вэ гэдгээ ярих ёстой гээд байхад эвлэрэхгүй зүтгэсээр эцэст нь хүргэлээ л дээ. Одоо яах ч аргагүй. Монгол Улс 100 хүрэхгүй мянган тонн буудайтай.

-Нэгэнт ургацаа алдчихлаа, цаашдаа яах вэ, буудай, гурил гаднаас оруулж ирэх нь бол тодорхой байх, тийм үү?

-Ганц яам буруутай гээд байгаа юм биш. Бид ч гэсэн эрсдэлээ үүрээд даах ёстойгоо даах учиртай. Буудай импортоор оруулж ирэх нь гарцаагүй болчихсон. Зуу биш хоёр зуун мянган тонныг оруулж ирэхээс аргагүй. Газар тариалан нь дампуурсан энэ үед гурилын үйлдвэрүүдээ дампууруулчихвал бүр хэцүү юм болно. Гурилын үйлдвэрүүдээ авч үлдэхийн тулд импортын гурил оруулж ирж болохгүй. Гурилын үйлдвэрүүд унахгүй бол бид ирэх жил худалдан авагчтай байна.

-Ер нь тариаланчид урамшууллаасаа татгалзаад зах зээлийнхээ зарчмаар өрсөлдөөд, унах нь унаад, босох нь босоод явмаар юм биш үү?

-Санал нэг байна. Тариаланчдын хувьд төрөөс урт хугацаатай, бага хүүтэй зээл аваад хөдөлье гэсэн хүсэлтэй байгаа. Арилжааны зээлээр бид босохгүй. Тэгээд урамшууллаа болиод зах зээлийнхээ зарчмаар явъя. Улсад энэ салбар нь чухал учраас хөнгөлөлттэй зээлээр л дэмжчих. Тэгээд чадсан нь чадаад, чадахгүй нь дампуураг. Энэ салбар ингэж байж эрүүлжинэ. Манай холбооноос комисс томилогдож яамныхантай уулзъя гэж байна.

-Та Р.Бурмаа сайдтай уулзаж байсан уу?

-Нэг ч уулзаагүй. Мэдээж уулзъя гэвэл уулзахгүй гэхгүй.

-“Гацуурт“ газар тариалангийн салбарт ороод удаж байна. Хамгийн алдагдалтай ажилласан жил хэзээ вэ?

-Өндөр ашигтай ажилласан жил байхгүй. Ихэнх жилүүдэд алдагдалтай ажилласан. Учир нь манай компани энэ салбарт хийсэн хөрөнгө оруулалтаа нөхөж дуусаагүй. Газар тариалан, мал аж ахуйн салбарт багадаа 200 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байгаа. Манайх 1999 оны сүүлчээр газар тариалангийн салбар руу орсон юм. Эхний таван жил гантай байсан ч хөрөнгө оруулалтаа зогсоогоогүй хийсээр байсан. 2009, 2010 оноос гурав, дөрвөн жил буудайн үнэ арай тогтвортой байсан учраас ерөнхийдөө дажгүй жилүүд. Сүүлийн нэг, хоёр жилд их хэцүү зурагтай байна. Өмнө нь зээл аваад төлөөд явдаг байсан бол одоо авсан зээлээ төлж чадахгүй байна.

-Компаниа өргөжүүлье, амжилттай байя гэвэл улс төр рүү орохоос өөр аргагүй нь гэсэн хандлага бизнес эрхлэгчдийн дунд тод анзаарагддаг. Танд ийм бодол төрдөг үү?

-Надад улс төрд орох боломж, сонирхол бүх талаасаа байхгүй. Чи өөртөө ямар зорилго тавьсан юм бэ, юунд хүрэх гэж явж байна вэ гэдэг том асуулт надад байдаг. Гуч, дөчин тэрбумын зээлтэй байж, өөр юм бодож улс төрд орох эрх надад байхгүй. Би улс төрд ороод бизнесээ хамгаална гэсэн зорилгоор энэ ажлыг эхлүүлээгүй. Монголын ард түмнийг эрүүл хүнсээр хангая гэж л зорьж яваа. Миний амьд явсны хэрэг энэ. Тийм учраас үүнийгээ гүйцээх ёстой. Компаниа аваад явах хэмжээнд хүргэж, дутууг нь гүйцээж, ямар ч хүндрэлгүй болгох зорилго л бий. Би төмс, лууван, сонгины дотоодын хэрэгцээний арван хувийг хангаж байгаа. 300 мянган хүний бүтэн жилийн хэрэгцээний хүнсний ногоог бэлдэж байна. Тогтвортойгоор энэ хүмүүсийг тэжээгээд явах механизмыг бүрдүүлчихвэл миний хэрэг болох гээд байна. Над шиг таван хүн гараад ирэхэд дотоодын хэрэглээ айлтгүй, аюулгүй болно.

-Сүүлийн үед компаниуд ажилчдаа цомхотголоо гэсэн мэдээ их сонсогдох боллоо, танайх ямархуу байгаа вэ?

-Манайх мянга гаруй хүнтэй. Одоохондоо хүмүүсээ арай халчихаагүй байна. Эхний ээлжинд хүмүүстээ цалинг нь тавья, өгөхгүй гэвэл татварыг нь л өгөхгүй байя. Хүн ажилтай байж татвар төлдөг. Хүмүүсээ халчихвал татвараа яаж төлөхөв. Нэгдүгээрт банкны зээл, хүн хоёроо аргалаад явъя гэж бодож сууна.

-Татварынхны дарамт их байгаа юм байна даа?

-Нийгмийн даатгал, татвараас шүүхэд өглөө гэж байгаа л даа. Өмнөөс нь хүнээ халах юм уу гэсэн яриа үүсгээд ажиллаж байна. Эдийн засаг таагүй энэ үед татварыг ойлгох гэж оролдож байна л даа. Дээр дооргүй санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа. Төсөв тасарлаа, та нар мөнгө олж ир гэхээр яах ч арга байхгүй биднээс нэхэж таарна. Төлж байсан бид нь төлөхөө больчихоор хэцүү. Хаана, хаанаа мөнгөгүй болсныг татварынхан ч ойлгож байгаа.

-Эдийн засаг ирэх жил энэ хэвээр таагүй байвал хүнээ халахгүйгээр ажиллаж болох нь уу?

– Ер нь байдал хүнд байгаа. Хүнээ халахгүйгээр цалингаа өгөөд он дуустал зүтгээд үзье гээд ажиллаж байна. Ирэх онд эдийн засаг энэ хэвээр таагүй байвал урт хугацаатай чөлөө өгөх, хүнээ цомхотгох зэрэг арга хэмжээ авах байх. Сая “Хас” банк манай хорь гаруй тэрбум төгрөгийн зээлийг хоёр жилээр хойшлуулж өгөөгүй бол элгээрээ хэвтэх байсан. Том дэмжлэг боллоо. ХААН, Худалдаа хөгжлийн банктай зээлээ хойшлуулах талаар ярьж байна. Хойшлуулж өгөх болов уу гэж найдаж байна.

-Уул уурхай, геологийн салбарт бизнес хийж байсныг тань мэднэ. Ер нь яаж яваад асуудал ихтэй газар тариалан руу орчихов, гантай жилүүдэд тэгж их хөрөнгө оруулаад?

-Газар тариалан руу мөнгө хийхийн оронд банкинд хийчихээд хүүг нь аваад явбал дээр байж магадгүй. Хар багаасаа газар тариалангийн зовлон, жаргалыг мэдэрч өссөн болохоор чин хүслээрээ тариа тарьж эхэлсэн. Би чинь 15 хүүхэдтэй айлын тав дахь нь. Говь-Алтайн Бигэрийн хүн. Аав, ээж хоёр минь мал маллаж, тариа ногоо тарьдаг байлаа. Миний өвөө, аав хоёулаа тариачин. Хөлөөрөө хүрз гишгэж, үхэр тэрэг хөтөлж явсан үеийн тариачид. Аав тариа тарьдаг улс цөөрлөө, байгаа хүмүүсээрээ заалгаж авъя гээд тэр хавийнхаа залууст тариа тарихыг зааж байсан хүн. Миний аав янз бүрийн юм их тарьдаг хүн байсан. Газар тариалангийн салбар руу ороод зүтгээд байгаагийн шалтгаан энэ л дээ.

-Аав, ээжээс 15-уулаа гэхээр ёстой бужигнаж өсчээ?

-Өө, бужигнаж өсөлгүй яахав. Бид чинь их хатуу хуваарьтай. Айргаа бүлэх, аргал түүх, малынхаа баасыг арилгах, үхэр, хонь саах гээд бүх ажил хуваарийн дагуу. Зун болохоор айлын эмээ нарт хуваарилагдаж очно. Тугалыг нь татаж, хонинд нь явж өгнө. Намар хичээл орохын өмнө цагаан цууямбуугаар хийсэн цоо шинэ цамц, шарваартай ирдэг байлаа. Намайг бизнест ороход нөлөөлсөн хүн бол том ах маань. Монголын анхны программистуудын нэг. Ахынхаа мөнгөөр хөл дээрээ босч байсан юм. Ах маань олсон мөнгөө хармаалдаг номын хүн. Би өнөөхийг нь авч үрж үржүүлдэг ажилтай байлаа.

Үргэлжлэл бий>>

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Жигжид: Гацууртын ордын хувийг яаралтай тогтоохгүй бол алтыг нь хууль бусаар ухаад дуусах нь

Уул уурхайн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурал өчигдөр боллоо. Тэд эхлээд Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар хэлэлцүүлэхээр болсныг дуулгав. Мянга орчим ажлын байр бий болгох Гацууртын ордын баталгаат нөөц нь 50 тонн бөгөөд ашиглалтад ороход бэлэн болсон төсөл юм. Гацууртын алтны үндсэн ордын төрийн хувь хэмжээг 34 хувь байхаар, ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийг гурван хувь байхаар тохирчээ. Алтны үнээс хамаарч гурван хувийн татвар өөрчлөгдөж болох гэнэ. Өөрчлөхөөр бол Засгийн газар шийдвэр гаргах юм байна. Анхны санхүүжилтийн дээд хэмжээ 350 сая ам.доллар байсныг 230 сая болгож буулгаснаа яамны зүгээс мэдээллээ.

Уул уурхайн сайд Р.Жигжид “Сүүлийн саруудад бичил уурхай эрхлэгчид энэ орд руу хамаа намаагүй дайрч байна. Байнгын хороод асуудлыг хойш тавьсан өнгөрсөн хугацаанд бидний хамгаалах гээд байгаа энэ газрыг гар аргаар алт олборлогчид сэндийчих боллоо. Тэнд хууль бус үйл ажиллагаа газар авчихаад байна. Ямар ч зүйлийг хуулийн дагуу хийх ёстой. Ном ёсоор нь технологийн дагуу олборлодог, улс оронд холбогдох татвар хураамжийг төлдөг, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлдэг байх өгөөжийг нь бодож энэ асуудлыг өргөн барьж байгаа” хэмээн ярилаа.

Цагаан суваргын ордыг түшиглэж байгуулах уулын баяжуулах үйлдвэрийн төслийн ажлыг урагшлуулах гэрээний талаар ч Р.Жигжид сайд мэдээлэлдээ онцолсон. Цагаан суваргын төсөл хэрэгжээд эхэлбэл 1100 ажлын байр бий болгож, улсын төсөвт жилд дунджаар 185 тэрбум төгрөг төвлөрүүлэх юм. Ашигт малтмалын 538 хайгуулын тусгай зөвшөөрөл олгожээ. Аймгийн засаг даргаас санал авахаар бэлтгэж байгаа 562 өргөдөл байгаа аж. Одоогоор 16 талбайд аж ахуйн нэгжүүдээс санал ирүүлээгүй байгаа гэнэ. Энэ сарын 14-ний өдөр есөн талбайд сонгон шалгаруулалт зарлажээ. Сонгон шалгаруулалтын саналыг ирэх сарын 18-ны өдөр хүртэл хүлээж авах юм байна.

АМГ оны эхний есөн сарын байдлаар 33.1 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Харин Газрын тосны газар 132.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлсэн байна. Уул уурхайн яам нийтдээ 165.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлснээ дуулгав. Яамны ирэх оны төсөвт төвлөрүүлэх орлогыг 272.2 төгрөгөөр тооцсоныг Сангийн яам 302.2 тэрбум төгрөг болгож УИХ-д өргөн барьжээ.

Оны эхний есөн сарын байдлаар 16.6 сая тонн нүүрс, 10 тонн алт, 868.1 мянган тонн газрын тос олборложээ. Нүүрсний үнэ он гарснаас хойш хорин хувь унажээ. Ирэх жил ч унах таамаг голлож байгаа гэнэ. Олборлолт хийж байсан ганц компани болох “Эрдэнэс Таван толгой” олборлолтоо зогсоосон байна. Учир нь тус компанийн агуулахад олборлоод бэлэн болгочихсон 2.5 сая тонн нүүрс байгаа аж.

Алт олборлолтыг дэмжихэд зориулсан санхүүжилтийн асуудал шийдэгдсэн гэсэн мэдээг Р.Жигжид сайд дуулгалаа. Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч, Уул уурхайн сайдын хамтарсан тушаал гарчээ. Одоо Монголбанк, арилжааны банкууд, аж ахуйн нэгжүүдийн гэрээ хэлэлцээр байгуулах ажил үлджээ. Сангийн яамтай хоёр талын тохироо хийх ажлууд явагдаж байгаа гэнэ.

шатахууны үнийг буулгахгүй гэв

Шатахууны сарын нөөц байна гэж яамнаас мэдээллээ. Тодруулж хэлбэл нефть импортлогч компаниуд 84720 тонн шатахуун нөөцөлжээ. Дэлхийн зах зээл дээр өнгөрсөн жилийн наймдугаар сараас нефтийн үнэ буурч эхэлсэн. Ноднин өдийд нефтийн үнэ 70 орчим ам.доллар байжээ. Өнгөрсөн жилийн наймдугаар сард 100 гаруй ам.доллар байж. Харин өнөөдөр 50 орчим ам.долларт хэлбэлзэж байгаа аж. Уул уурхайн сайд Р.Жигжид ирэх онд дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурахгүй, харин арав гаруй хувиар өснө гэсэн мэдээ дуулгалаа. Японы “Сожиц” корпорацийн судалгааны төвийнхөн ирэх онд нефтийн үнэ буурахгүй, 13-14 хувь өснө гэж таамагласан гэнэ. Газрын тос боловсруулах үйлдвэр барих асуудал юу болсныг сонирхоход Р.Жигжид сайд одоо олборлож байгаа газрын тосны хэмжээ хүрэхгүй гэсэн хариу өглөө. Дор хаяж жилдээ таван сая тонноос илүү хэмжээний газрын тос олборлож байж томоохон үйлдвэр ажиллуулбал ашигтай гэсэн тооцоо байдаг аж. Харин Аж үйлдвэрийн яам бага оврын газрын тос боловсруулах үйлдвэр барих чиглэлээр ажиллаж эхэлжээ. Зүүн болон говийн бүсэд тус бүр нэг жижиг үйлдвэр барих ажлын судалгаа эхэлсэн гэсэн мэдээг Р.Жигжид сайд дуулгасан юм.

Хэвлэлийн хурлын дараа Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

-Хайгуул дажгүй явагдаж байгаа нь газрын тосны салбар. Хэчнээн төсөл хэрэгжиж байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ нь хэчнээн долларт хүрсэн бэ?

-Бид бүтээгдэхүүн хуваах 24 гэрээтэй ажиллаж байгаа. Энэ жил гурван бүтээгдэхүүн хуваах гэрээ, нэг эрх үүрэг шилжүүлэх гэрээ хийсэн. Газрын тосны хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаас хойш хөрөнгө оруулагчдын сонирхол эрс нэмэгдсэн. Хайгуулын ажил ч энэ жил нэлээд эрчимжлээ. Энэ онд газрын тосны хайгуултай холбоотой үйл ажиллагаанд 80 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт төлөвлөгдсөн. Ажлууд нь үргэлжилж байна. Жишээ нь саяхан баруун хязгаарт хоёр цооног өрөмдлөө. Үр дүн нь хараахан гараагүй байгаа. Урд талд Өмнөговийн нутагт бас нэг цооног өрөмдсөн. Зүүн талд нэг цооног өрөмдлөө. Зүүн талд Хөх нуур XVIII талбайд тосны илрэл байгаа. Цаашдаа цаг хугацаа, хөрөнгө мөнгө нэлээд шаардсан ажлууд л даа.

-Ирэх жил газрын тосны салбарт хайгуулаар хэчнээн ам.доллар орж ирэх төсөөлөл байна, таамаг тооцоо хэлэх боломжтой юу?

-Одоогоор хэлэхэд эрт байна. Оны төгсгөл рүү компаниуд дараа жилийн ажлын төлөвлөгөөгөө ярилцдаг. Ер нь цагаан сарын өмнө хэчнээн ам.доллар зарцуулах нь тодорхой болчихно.

-Дажгүй нөөц илрэх магадлалтай ордууд байна уу?

-Газрын тосны хайгуулын ажил хатуу ашигт малтмал шиг хурдтай явдаггүй. Хайгуулын хугацаа 5-8 жил. Цаашаа хоёр жилээр сунгах нөхцөл олгодог. Ер нь их хугацаа, хөрөнгө хүч, мэдлэг шаардсан ажил. Соко компани 1993 онд анх Тамсагийн сав газарт гэрээ хийж байлаа. 1997 онд тос олж, П.Очирбат Ерөнхийлөгч энгэрээ мялааж байлаа. Түүнээс хойш туршилтын олборлолт явсаар байгаад 2005 онд “Петрочайна” гэдэг компани эрх үүргийг нь шилжүүлж аваад өнөөдөр л хэдэн сая тоннд хүрч байна. Цаг хугацаа шаарддаг ийм онцлогтой салбар. Үр дүнд хүрэх гээд явж байгаа компани бий. Гэхдээ яг энэ нь орд болчихоор байна гэсэн дүгнэлт, таамаг хэлэхэд эрт.

-Газрын тосны олборлолт, экспортын хэмжээ ямаршуухан байна. Төлөвлөсөндөө хүрэх нь үү?

-Төлөвлөсөн үйлдвэрлэлийн хэмжээ сайн байгаа. Энэ жил нэг сая 50 мянган тонныг олборлож экспортлох ёстой. Одоогоор 900 гаруй мянган тонныг олборлосон. Экспортолсон хэмжээ нь 860 гаруй мянган тонн. Газрын тосны экспортоос энэ жил төсөвт 286 тэрбумыг төвлөрүүлэх даалгавар авсан. Харамсалтай нь нефтийн үнэ унаснаас болж гучаад хувиар тасрахаар байгаа. Гэхдээ оны төгсгөл рүү 200 орчим тэрбум руу орчих болов уу. Ирэх онд бид экспортоос 260 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх даалгавар авсан.

-Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ уначихаад байхад манайд шатахууны үнэ буухгүй нь гэсэн шүүмжлэл хүчтэй сонсогдож байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Сүүлийн хоёр сард баррель нефть 47-50 ам.долларын хооронд хэлбэлзээд байна л даа. Бүр үүнээс ч дээшээ гарсан үе бий. Ирэх жилийн прогнозыг маш анхааралтай ажиглаж байгаа. Олон орны экспертүүд дүгнэлт хийж эхэлсэн. Буурах хандлагатай гэж хэлэх хүн алга. Энэ нь ч үндэстэй. Хэрвээ буураад эхэлбэл хайгуул олборлолтын үйл ажиллагаа доголдоод эхэлдэг. Олон цооног хаагдана. Буурна гэдэг мэдэгдлүүдийг гайхаж байна. Тэгэхээр газрын тосны үнийг тогтвортой байлгах нь зөв. Онцгой албан татвар нэмчихээр нэг хэсэг нь төсөвт орж байгаа. Цаашдаа сан байгуулъя гэсэн байр суурь бий. Нөөцөө бүрдүүлэхээс эхлээд хийх ажлууд өчнөөн байгаа шүү дээ. Жижиглэнгийн үнэ огцом өсвөл нөөцөөсөө зохицуулбал эдийн засагт савлагаа үүсэхгүй. Түүнээс биш шууд л төсвийн онгорхой цоорхойг нөхөж байна гэж ойлгож болохгүй. Үнийг тогтвортой байлгах зөвлөл гэж ажилладаг. Уул уурхайн яамны төрийн нарийн бичгийн дарга ахалсан зөвлөл. Бид ярьж байгаад шийдлээ гаргадаг. Зөвлөл ажилласнаар өчнөөн давуу тал бий болсон. Өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд шатахууны нийлүүлэлтийг тогтвортой, найдвартай болголоо. Зах зээлийн үнээр тооцдог болсон. Маргааш, дараа сард шатахуун ямар үнэтэй байх бол гэж айж, сандрах хэрэггүй болсон гээд яривал давуу тал олон бий. Том нийлүүлэгчтэй нэг цонхоор харьцдаг болсноор их хэмжээний валютын урсгалыг хэмнэсэн. Өмнө нь бид жилдээ нэг тэрбум тав, зургаан зуун сая орчим долларыг нефть бүтээгдэхүүн худалдаж авахад зарцуулдаг байсан. Энэ жил шатахууны үнийн бууралт, зах зээлээс шалтгаалаад 750 орчим сая ам.доллар зарцуулах болов уу гэсэн хүлээлт байна.

-Сая уул уурхайн сайд “Сожиц”-ын судалгааны багийн тооцоогоор газрын тосны үнэ ирэх онд арав гаруй хувь өснө гэсэн таамаг хэллээ. Өөр ямар газар ийм таамаг хэлж байна вэ?

-Дэлхийн нефтийн үнэ ханшийг судалдаг ийм байгууллагуудын тооцоон дээр суурилж томоохон гэрээнүүд хийгддэг. Жишээ нь Плацийн судалгаанууд байна. Ийм судалгаануудын талаарх мэдээллийг бид байнга авдаг. Ер нь ирэх жилийн таамаг бага зэргийн өсөлттэй гэж гарч байгаа. Дунджаар арав орчим хувь өснө гэсэн таамаг голлож байна. Өнөөдрийн байдлаа аваад үзье. 47-50 байна гэж ярьж байна. Гэтэл долоо хоногтоо 5-8 хувь өсөөд, эргэж 5-8 хувь буугаад байх жишээний. Тогтворгүй савлагаатай байна гэсэн үг. Бид энэ савлагааг нь дагаад хөдлөөд байвал ард түмэн, эдийн засгаа савлуулна. Дундуур нь барих гэж хичээж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Оюу толгой энэ жил Монголд 700 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулна

Зарим улстөрчид Оюу толгойгоос Монголд шингэж байгаа нь тун бага гэсэн агуулгатай мэдэгдлийг байсхийгээд хийдэг. Эрдэнэтээс өчнөөн дахин том орд хэрнээ өгч байгаа нь өчүүхэн гэсэн шүүмжлэл ч үе үе сонсогддог. Ингэхэд Өмнийн говьд хэрэгжиж буй энэ том төслөөс хэр хэмжээний, ямархуу өгөөж бидэнд ирж байна вэ. Эрдэнэттэй харьцуулах аргагүй ашигтай орд хэрнээ ашиг нь үнэхээр тийм бага байна уу? Энэ асуултуудад хариу өгөх статистикийг хүргэе.

Оюу толгой өнгөрсөн оны гүйцэтгэлээр Монголд 660 сая орчим ам.доллар оруулж иржээ. Энэ оны хувьд сард дунджаар 55 сая орчим ам.долларыг цалин, татвар, хураамж, рояалти гэх мэт хэлбэрээр Монголд оруулж ирж байгаа аж. Эхний хагас жилийн байдлаар татвар хураамжид нийтдээ 155 сая ам.доллар өгчээ. Бараг 300 тэрбум төгрөг төлчихсөн яваа гэсэн үг. Оюу толгойд ханган нийлүүлэлт хийдэг монгол компаниуд гэхэд л энэ төслөөс 155 сая орчим ам.долларын бараа үйлчилгээ нийлүүлжээ. За тэгээд өгөөжийн талаарх статистик Оюу толгой төсөлд ажиллагсдын цалин хөлс гээд үргэлжилнэ. Наад зах нь НӨАТ байна. Уул уурхайн компаниуд НӨАТ-ын буцаалтаас хасагдсан учраас энэ татвар Оюутолгойн Монголд зарцуулсан зардал болоод явчихаж байгаа юм. Энэ мэтээр өнгөрсөн жил 660 орчим сая ам.долларыг Монголд зарсан бол өнөө жил 700 гаруй сая ам.доллар зарцуулагдахаар байгаа юм билээ. Тэгэхээр Оюу толгой төслөөс дажгүй мөнгө орж ирж, өгөөжөө өгч байгаа гэсэн үг.

Яг одоогоор буюу гуравдугаар улиралд Оюу толгой Монголд хэчнээн ам.доллар оруулсныг сонирхъё. Гуравдугаар улирлын байдлаар Оюу толгойн төлсөн татварын нийт хэмжээ ойролцоогоор 192 сая ам.доллар болжээ. Ханган нийлүүлэлт хийсэн Монголын компаниудад өгсөн мөнгө нь гэхэд л 209 сая ам.доллараар яригдаж байна.

Дээр нь орон нутагт хийж байгаа дэд бүтцийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг нэмж тооцвол сая хэлсэн мөнгөн дүн өснө. Өнгөрсөн долоо хоногт гэхэд урд хөршийн хилээс төслийн талбай хүртэлх 220 вольтын шугамыг Оюу толгой компанийнхан Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Анхны хөрөнгө оруулалт нь 39 сая ам.долларын өртөгтэй бүтээн байгуулалт гэхээр бага мөнгө биш. Төслийн Монголд орж ирж буй өгөөжийн нэгээхэн хэсэг гэдэгтэй маргах аргагүй. Оюу толгой эхний хагас жилийн байдлаар Өмнөговьд 30 гаруй сая ам.доллар зарцуулсан гэсэн мэдээ байна. Зөвхөн нэг аймгийн эдийн засагт ганц компани дангаараа 70 тэрбумыг хийнэ гэдэг том өгөөж.

Дээр дурдсан тоонууд одоо ажиллаж байгаа ил уурхайн үйл ажиллагааны зардал. Оюу толгойн бүтээн байгуулалтын үеийн зардал гэхээр илэрхий том тоонууд сонсогддог л доо. Гэхдээ бүтээн байгуулалтын үеийн зардал маш богино хугацааных. Төрд буюу татварт хэсэгхэн хугацаанд том мөнгө ордог бол үйл ажиллагааны зардал тэс өөр үр дүнтэй. Нэг үгээр хэлбэл жинхэнэ бизнесүүдийг хөгжүүлдэг зардал. Ингэснээр ханган нийлүүлэлтийн компаниуд илүү тэлэх, хөгжих боломжтой болдог. Энэ утгаараа Монголын эдийн засагт үзүүлэх нөлөө нь харьцуулашгүй их.

“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгааг дуулгасан. Далд уурхайн бүтээн байгуулалтад энэ жил 150 сая орчим ам.доллар зарцуулах төлөвлөгөө гарсан юм билээ. Бүтээн байгуулалт үргэлжилж байгаа гэхээр далд уурхайд төсөвлөсөн энэ мөнгө зарцуулагдаад эхэлчихсэн гэсэн үг. Энэ бол Оюу толгойгоос Монголд орж ирж буй өгөөжийн бас нэг том хэсэг.

2010 оноос хойш өнөөг хүртэл Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын зардлаас Монголд шингэсэн нь 4.97 тэрбум ам.доллар гэсэн статистик байна. Энэ бол хоёрдугаар улирлын тоо. Гурав, дөрөвдүгээр улирлынхныг нэмбэл илүү өндөр статистик гарах нь ойлгомжтой.

Ингээд бодохоор Ц.Даваасүрэн гишүүний хэлээд байгаа Оюу толгойн нийт борлуулалтын орлогын наймхан хувь нь Монголд орж ирж байгаа гэдэг баримт илт зөрөөтэй, ташаа мэдээлэл болчихож байгаа юм. Зөвхөн өнгөрсөн оны гүйцэтгэлээр капитал хөрөнгө оруулалтаас гадна 660 сая ам.долларын өгөөж Оюу толгойгоос Монголд ирсэн гэхээр яаж ч бодсон өгөөжийн тухай илт танасан ийм тооцоонд эргэлзэхээс аргагүй.

Оюу толгой Эрдэнэтээс хэд дахин том хэрнээ өгөөж нь бага гэсэн шүүмжлэлийн нөгөө талд тодотгохоос аргагүй хэдэн шалтгаан бий. Оюу толгой экспортоо эхлээд нэг, хоёр жилээр тоологдох товчхон түүх бүтээсэн бол Эрдэнэтийн түүх гуч, дөчин жилээр яригдана. Оюу толгойн энэ жилийн үйлдвэрлэлийн мэдээг харахад Эрдэнэттэй дөхүү тоо сонсогдож байгаа. Ил, далд уурхай нь зэрэг ажиллаж байж Эрдэнэтээс гурав дахин том өгөөж эдийн засагт мэдрэгдэнэ. Учир нь энэ ордын өгөөжийн 80 орчим хувь нь гүний буюу далд уурхайд бий. Тэгэхээр гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж байж Оюу толгой жинхэнэ утгаараа том ашиг өгч эхэлнэ. Эцэст нь тодруулж хэлэхэд Оюу толгой бол үйлдвэр, уурхай барих гэж зургаа, долоон тэрбум ам.доллар газарт булчихсан, зардлаа нөхөж амжаагүй, хоёрхон настай үйлдвэр. Харин Эрдэнэтийн хувьд өөр. Эхний хорин жилдээ татвараас бүрэн чөлөөлөгдөж, зардлаа нөхчихсөн үйлдвэр. Оюу толгойн тухайд татварын ийм хөнгөлөлт эдлэхгүй. Энэ мэт дурдахаас аргагүй шалтгаанууд бий.

Оюу толгой компанийнхан өдийд ондоо багтаж олон улсын банк, санхүүгийн арваад байгууллагаас төслийн санхүүжилт авах гээд завгүй ажиллаж байгаа. “Туркойз хилл”-ийн мэдээллээс харахад гуравдугаар сард сүүлийн шийдвэр гарч, ирэх оны зургадугаар сараас далд уурхайн бүтээн байгуулалтын барилгын ажил эхлээд явах юм билээ. Бүтээн байгуулалтын их хэмжээний хөрөнгө зарах ажил шуудраад явна гэсэн үг. Одоогоор далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил ид өрнөж байна. Барилгын ажлыг эхлүүлэх багаа сонгох зэргээс эхлээд амжуулах ажил нэлээд байгаа нь тодорхой.

Далд уурхайн ажлыг эхлүүлэхийн тулд эхний ээлжинд шаардлагатай бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмжийн худалдан авалтыг бол хийгээд эхэлчихсэн юм билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Монголыг хувийн том уурхайнуудтай, хөлсөөрөө хөлжсөн тэрбумтнуудтай болгох түүчээ нь Цагаан суварга

Төдийгөөс өдий хүртэл өсөөд, хөгжөөд, томроод тэлээд яваа нь хувийн хэвшлийнхэн л байна. Төрд данстай нь харин эсрэгээрээ. Болохгүй, бүтэхгүй, уруудсан, доройтсон бүхэн улсынх гэсэн шошготой. Нуух аргагүй үнэн гэдгийг нь бултаараа хүлээн зөвшөөрчихсөн. Хувийн хэвшлийнхэн өгссөөр яваагийн нэг тод жишээ нь Цагаан суварга, энэ ордыг тойрсон үйл явдал байна. Зэс молибдений дажгүй нөөцтэй энэ ордын эзэмшигч нь МАК гэдэг хувийн компани. Дорнын говьд баяжуулах үйлдвэрийнхээ бүтээн байгуулалтыг аль хэдийнэ эхэлсэн. МАК энэ ордын бүтээн байгуулалтад 344.4 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байгаа. Эрдэнэттэй зэрэгцэхүйц, Оюутолгойн дараа орох том үйлдвэр Дорнын говьд ажиллаж эхлэх хугацаа ойртсоор байгааг баталсан үйл явдлууд саяхан шил дарлаа.

Германы Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр гэхэд л МАК “Аурибис” компанид зэсийн баяжмалаа нийлүүлэх гэрээ байгуулж чадлаа. Германы компани МАК-ийн үйлдвэрлэх зэсийн баяжмалыг 15 жилийн хугацаанд худалдаж авна. Жил бүр 150 мянган тонныг экспортолно гэсэн тохироо компаниудын хооронд хийгдсэн нь сүүлийн өдрүүдэд сонсогдсон гэгээтэй мэдээ байлаа. Засгийн газар “Монголын алт”, “Эрдэнэс цагаан суварга” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан нь мөн л онцолж хэлэхээр том үйл явдал. Цагаан суварга төсөлд 1.031 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Одоо 686.6 сая ам.доллар хэрэгтэй байгаа. Энэ мөнгийг Германы болон олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгохоор ажиллаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан учраас Цагаан суваргын баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад хэрэгтэй мөнгө бүтэхэд асуудалгүй болсон гэсэн үг.

Аж ахуйн нэгжийн орлогын, нэмэгдсэн өртгийн, гаалийн албан татварууд, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хориод жил тогтворжуулна гэсэн амлалт баталгааг засгаас өгнө гэдэг хөрөнгө оруулагчдын хувьд таатай мэдээ мөнөөсөө мөн. Хувийнх болохоор л ажил нь ийм урамтай, гялалзтал бүтэж байгаа юм.

Энэ ордын ажлыг урагшлуулахгүй гэж төр үгүй мөн их тээг тавьсан даа. Баяжуулах үйлдвэр барих том хөрөнгө оруулалтыг дэлхийгээс босгох гэж зүтгэж яваа хувийн компанитайгаа төр нь ёстой нэг үзэж тарсан. Чухам юу болоод өнгөрснийг эргэж санацгаая: Цагаан суваргад төр хувь эзэмшинэ гэж хэсэг бужигнуулсан. Бужигнаан эхлэнгүүт мөнгө өгье гэж байсан хөрөнгө оруулагчид яах нь тодорхой. Төр нь орж магадгүй болчихлоо, түр харъя даа гээд хүлээгээд суучихсан. Төр хамгийн муу менежер учраас ихэнх хөрөнгө оруулагчид жийрхдэг л дээ. Мөнгөө өгөх улс ингэж хаширлахаас ч аргагүй. Эцэстээ төр өгөх мөнгөгүйдээ бантсан уу, ер нь хувийн компанийнхаа нэгэнт эхлүүлсэн ажил руу ороод яахав өөрсдөө хийг гэж эрүүлээр сэтгэсэн үү ямартай ч Цагаан суваргад хувь эзэмшинэ гэсэн санаанаасаа буцсан. Төрийн санаархал ингээд зогсоогүй. Дараа нь УИХ-ын нэг гишүүн нь Үндсэн хуулийн Цэц рүү бичиг цаас барьж гүйгээд энэ том төслийн ажилд чөдөр болсон. Төр эзэмших ёстой, яахаараа хувийн компани ганцаараа эзэмшдэг юм гэж ирээд хэл үг үүсгэж баахан цаг алдсан тал бий. Хэвлэл мэдээллийнхэн ч энэ зуур зүгээр суугаагүй. МАК шиг муу компанигүй болтол Цагаан суваргын бүтээн байгуулалтыг хараар будацгаасныг мөн л улс даяараа харсан. Хувийн компани учраас л юунд ч шантралтгүй тэмцсээр өнөөдрийг хүрч, бүхний ард гараад зогсч байна.

Зүй нь Монголд Цагаан суварга шиг хувийн уурхайнуудыг олноор бий болгомоор байгаа юм. Тэгж байж л Азийн жижигхэн Монголд тэрбумтнууд төрнө. Ер нь энэ улсад тэрбумтан болж гарч ирнэ гэдэг асар их эр зоригийн хэрэг. Төрийн шантааж, хэвлэлийн дайралт, хөрөнгөтэй хэсэгтээ хачин дургүй хар масс гэсэн том тээг саадууд байгааг сая хэлсэн дээ. Тэр дундаа төрд гарсан хүмүүсийн баялаг бүтээгчдэдээ дургүйг ярих юм биш. Өөрсдийнх нь идэх хоолноос хасагдаж байгаа болохоор тэгдэг биз, компаниа хөгжүүлээд тэлчихье гэсэн болгоныг төр адлангуй хардаг. Тэр жам МАК-ийг тойроогүй. Туулаад туучаад гараад ирсэн компани. Цагаан суварга төсөл ингэж зүтгэсний хүчинд ийм өнгөтэй байгаа юм.

Тэгвэл төрийн том уурхайнууд ямар байгааг эргэж харцгаая. Хамгийн сонгодог жишээ нь “Эрдэнэт” үйлдвэр. Монголын уул уурхайн салбарын хамгийн том үйлдвэр. Ганц Монголд ч биш дэлхийд данстай энэ үйлдвэр ийм бараа авна, тийм мэргэжилтэн ажиллуулна гэж сонгон шалгаруулалт зарладаг бил үү. Хэвлэлд тендерийн иймэрхүү мэдээлэл тавьж байсныг үзсэн үү. Түй ч байхгүй гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Учир шалтгаан нь тов тодорхой. Эрдэнэтийн үе үеийн дарга нар энэ том “саалийн үнээ”-ний үр өгөөжийг идэж, уудаг учраас тэр. Төрд байгаа мэдэлтэй эрхмүүдийн танил тал шургалдаг учраас ажлын сонгон шалгаруулах зар тавих шаардлагагүй. Авах юмаа ч төрийн томчуудаас асууж шийддэг учраас Эрдэнэтийн даргад хэрэгтэй бараагаа жирийн компаниудаас авах гэж зарлаад байх шалтгаан үгүй. Хувийн компанитай ижил ганцхан юм бий. Осолгүй л татвараа төлдөг байх.

Эрдэнэтээс идэж уусан жишээ өчнөөн дөө. Төрд байгаа улсын шахаа гэж айхавтар юм бий. Төрд мэдэл нь илүү намын нөлөөтэй гишүүдийн халаас ийм шалтгаанаар түнтийдэг нь нууц биш. Санал болгосон бүхнийг нь өнөө “саалийн үнээ” нь ахиу үнэ төлж авдаг жишиг өдий хүртэл моодноос гараагүй. Өнгөрсөн жил гэхэд л Эрдэнэтийн агуулахад 141 тэрбум төгрөгийн шахааны бараа хог болоод хэвтэж буй тухай баахан шуугьсан. Таван сая ширхэг бэлгэвч, тосон бал, эмэгтэй хүний үсний хавчаар өчнөөн хайрцгаараа, 25 жил тасралтгүй хэрэглэх принтерийн хор гэж ирээд тоочвол толгой сэгсэрмээр хөгийн жагсаалт гарах учраас ингэсгээд орхиё.

Оюу толгойн одоогийн төрхийг харъя. Эдийн засаг таагүй энэ үед Монголыг авч яваа том орд мөн үү гэвэл мөн. Ажил нь урагштай яваа ганц том төсөл маань яах аргагүй Оюу толгой. Гэхдээ далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийг нь төр тээг тавьж зогсоогоогүй бол гэсэн асуулт бий. Хэрвээ тэгээгүй бол Оюу толгой өдийд өнөөдрийнхөөс ч илүү өгөөжийг эдийн засагт өгөх байсан нь бас булзах аргагүй үнэн. Энэ ордод төр гуч гаруй хувийн оролцоотой. Тэр хэрээр Өмнийн говийн Оюу толгойг тойрсон хэл ам, хэрүүл шуугиан, эцэс төгсгөлгүй дайралт өчнөөн. Ингээд бодохоор энэ төслийн чөдөр гацааны цор ганц шалтгаан нь өнөө төр болж таарч байна. Хэрвээ Оюу толгойг зуун хувь хувийн компани хөдөлгөсөн бол ажил нь ямар хурдтай өрнөх бол. Өчнөөн зовлон туулсан “Цагаан суварга”-ын ажил өнөөдөр ямар хурдтай бүтэж, ямар эрчтэй байгаа билээ. Үүн шиг л гялалзах байсан.

МАК-ийнхан Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэсийн болон молибденийн баяжмал үйлдвэрлэх уулын баяжуулах үйлдвэр байгуулах төслийг 2001 оноос хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ төслийг “Эрдэнэс цагаан суварга” ХХК хэрэгжүүлнэ. Цагаан суваргын үйлдвэр дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.6 сая тонн хүртэл хүдэр боловсруулна. Бүр тодруулбал 310 мянган тонн зэсийн, 4 000 тонн молибденийн баяжмал үйлдвэрлэнэ. Төсөл хэрэгжиж эхэлснээр эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг ч тооцоод гаргачихсан харагдсан. Зөвхөн татвар хураамж хэлбэрээр гэхэд л 3.3 их наяд төгрөг төсөвт ороод ирэх тойм тооцоо гаргасан байна лээ. Жилд дунджаар 185 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ гэдэг бол бага мөнгө биш. Татвар хураамжаас гадна ажлын байр гэж том өгөөж бий. Төсөл хэрэгжсэнээр 1000 гаруй монгол иргэн ажлын байртай болно. Ганц хүний ард гурван хүний амьдрал бий гэж тооцоход МАК-ийн барих энэ үйлдвэр 3000 хүний амьжиргааг дажгүй аваад явчихна. Цагаан суваргын уурхайн одоогийн батлагдсан нөөцийг ил уурхай хэлбэрээр 18 жилийн хугацаанд гурван үе шаттайгаар ашиглах юм билээ. Эндээс эдийн засагт хэр нөлөөтэй төсөл гэдгийг нь багцаалдчихаж болно. Ажил нь энэ эрчээрээ саадгүй үргэлжилбэл “Цагаан суваргын зэс-молибденийн баяжуулах үйлдвэр” 2018 оноос мөнгө үйлдвэрлэж эхэлнэ. Тэгэхээр гурван жилийн дараа бас нэг Эрдэнэт төсөвт нэмэр, эдийн засгийн тэлэлтэд хүч болоод явна гэсэн үг.

Эцэст нь хэлэхэд хувийн том уурхайнуудтай болох, Монголд тэрбумтнууд төрөх түүчээ нь Цагаан суварга гэдэгт эргэлзэх зүйл алга. “Өдрийн сонин” энэ бүгдийг сануулж бичээд байгаа нь ч цаанаа том учиртай. Монгол Улс баян байх ёстой. Учир нь баяжиж байж л хөгжилд хүрнэ. Хүчирхэг хөгжилтэй улс болох зам руу шуудрах гол гарц нь мөнгө гэдэгтэй маргах арга байхгүй. Сайн хөрш, эв найртай ах дүү улс, хэн нэг шударга гишүүний аль нь ч Монголыг баян болгохгүй. Болгох ч аргагүй. Баялаг бүтээгчид л, ирээдүйн тэрбумтнууд л Монголыг баян улс болгоно. Зах зээлийн нийгмийг сонгосон Монгол шиг улсуудын хүчирхэгжих цорын ганц чиг, зам, жим нь ерөөсөө л энэ.