Categories
мэдээ нийгэм

Метр квадратыг нь 1.2 саяар үнэлбэл байрны зээлийн хүү дөрөв рүү уруудахад асуудалгүй л юм байна

УИХ-ын дарга З.Энхболд өнгөрсөн долоо хоногт “Буянт-Ухаа 2” орон сууцны цогцолборын нээлтэд оролцохдоо олны анхаарлыг татсан нэг мэдэгдэл хийлээ. Орон сууцны найман хувийн зээлийн хүүг одоогийнхоос ч багасгах боломж байгаа гэсэн УИХ-ын даргын үг Цэцийн шийдвэрээс болж байрны зээлэнд орох үгүйгээ мэдэхээ больсон хүмүүсийн чихэнд чимэгтэй сонсогдсон нь гарцаагүй. Найман хувийн зээл зогсохгүйгээр барахгүй хүү нь ч буурч магадгүй нь. Орон сууцны бага хүүтэй зээлтэй холбоотой цэцийн шийдвэрээс болгоомжлох хэрэггүй, хуулийг бүх зүйл заалтаар нь дахиж батална гэсэн үгийг зүгээр ч нэг дарга хэлсэнгүй. Хууль баталдаг, шийдвэр гаргадаг УИХ-ын дарга хэлсэн нь олон хүнд итгэл өглөө. Тэр “Найман хувийн ипотекийн зээлийг зогсоосны харгайгаар “Буянт-ухаа 2” хороололд орох байсан 1620 айл байрандаа орж чадсангүй. МАН-ын нүгэл гэж яриад байгаа найман хувийн зээлийн асуудлыг АН ард түмнээ орон сууцтай болгох, барилгын салбараа ажилтай байлгах, утаанаас салах хамгийн зөв зам гэж санаачилсан. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарахаас өмнө хэвийн явж байсан ажил. УИХ энэ асуудлыг яаралтай горимоор шийдэж найман хувийн зээл удахгүй сэргэнэ” хэмээн ярьж. Тэгэхээр найман хувийн зээл үргэлжлэх эсэх дээр эргэлзэх зүйл алга. Үргэлжлэхээр барахгүй хүү нь буурна гэдгийг өмнө онцолсон. Харин хэд болж буурах боломжтой вэ гэдэг асуудал л цэцийн шийдвэрээс илүү анхаарал татаж эхэллээ.

Орон сууцны зээлийг зургаан хувь болгох бүрэн боломж байгаа юм билээ. Дөрвөн хувь руу ч оруулахад асуудалгүй гэдгийг албаны эх сурвалж онцолсон. Эдийн засаг талаасаа хэр боломжтой шийдвэр вэ гэсэн асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Инфляци гурван хувь руу уруудсан учраас байрны зээлийн хүү буурах бүрэн үндэслэлтэй гэж эдийн засагчид хэлж байна. Инфляци 14 хувь байхад найман хувийн зээл олгож эхэлж байсан. Дажгүй л хэрэгжээд явчихсан. Одоо инфляци гурван хувь. Зургаа байтугай дөрвөн хувь болгох суурь нь аль хэдүйнэ бүрдчихсэн гэсэн үг.

Байрны зээлийн хүүг зургаа юм уу дөрөв болгочихвол эдийн засагт ямар өөрчлөлт гарахыг төсөөлцгөөе. Хамгийн их мөнгө гацаасан салбарын нэг бол барилга. Орон сууцны хоосон барилгууд хотоор нэг байна гэж бичиж мэдээлэхээс хэтрэхгүй сууцгааж байгаа. Зээлийн хүү буурангуут орон сууцны зээл дорхноо сэргээд ирнэ. Ипотекийн зээлээр наян мянга орчим өрх байртай болсон гэсэн статистик бий. Тэгвэл дахиад энэ хэмжээний өрхийг хямд хүүтэй зээлээр байртай болгох боломж байгаа гэсэн тооцоог учир мэдэх улс хийсэн байна лээ. Тэгэхээр барилгын салбарт их мөнгө цутгаж эхэлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл барилгын салбарт гацсан, царцсан мөнгө эдийн засагт эргэлдэж эхэлнэ. Эргэлтэд орсон мөнгө яах нь тодорхой. Бусад салбараа тэтгээд өндийлгөөд ирнэ. Хэрвээ орон сууцны хямд хүүтэй зээлийг сэргээхгүйгээр цаашилъя гэвэл эдийн засагт байгаа мөнгө төсвийн алдагдлыг нөхөхөд л зарцуулагдана. Эдийн засагт ямар ч эерэг нөлөө үзүүлж чадахгүй гэсэн үг.

Байрны зээлийн хүү буурангуут орон сууцны зээл авах хүмүүсийн тоо өснө. Учир нь зээлийн хүү уруудах тусам төлөх мөнгө нь багасна, төлөх мөнгө танагдчихаар орлогын босго намсана. Өдгөө байрны зээл хүссэн хүмүүсээс орлого нь дор хаяж нэг сая 500 мянган төгрөг байх ёстой гэсэн шаардлага тавьж буй. Харин байрны зээлийн хүү буурвал орлогын босго нэг сая болж багасна. Батлан даагч, хамтран зээлдэгч энэ тэр гэхгүйгээр орон сууцны зээлд хамрагдах боломж нээгдэнэ гэдэг иргэдийн хувьд таатай хэрэг.

Нийслэлийн засаг дарга “Буянт-Ухаа 2”-ын нээлтэнд очихдоо 600 гаруй мянган иргэн орон сууцанд орох хүлээлттэй байгаа гэсэн тоо хэлж байсан. Ямартай ч дахиад 80 мянган өрх ойрын хугацаанд байрны зээлд хамрагдах боломж нээгдэх нь. Тэгэхээр шийдвэр нэг талдаа хүндрэл үүсгэсэн ч нөгөө талдаа байдлыг эргэж харах боломж олгосныг өнгөрсөн өдрүүдэд болсон үйл явдлууд батлав. Хотын дарга гэхэд л УИХ-ын даргад “Америк, Герман гээд бүхий л орнуудад моргейжийн зээлээр л орон сууцтай болдог практик байдаг. Орон сууцжуулах бодлогын гол эргэлт нь ипотекийн зээл. Иргэдийнхээ үндсэн хэрэгцээгээр битгий улстөржөөч. Хашааны газрыг эргэлтэд оруулах боломж бий болж, УИХ хууль баталсан ч Үндсэн хуулийн цэц бас хүчингүй болгосон. Иргэд яагаад хашааны газраа эргэлтэд оруулж, бизнес хийж болохгүй юм бэ. Иймээс эдгээр шийдвэрийг хатуу анхаарч, УИХ-ын гишүүддээ анхааруулаач” гэж байсан юм.

Засгийн газар 2012 оноос найман хувийн хүүтэй орон сууцны зээлийг хэрэгжүүлж эхэлснээс хойш 2013-2014 онд 2.5 сая метр квадрат орон сууц шинээр ашиглалтад орсон гэсэн статистик бий. Тэр цагт улсын хэмжээнд 5.2 их наяд төгрөгийн орон сууцны барилга угсралтын ажил хийгдсэн байдаг. Найман хувийн зээл хэрэгжээд эхлэнгүүт бараг л толгойтой бүхэн байрны зээл хүссэн өргөдлийг банкуудад өгч эхэлсэн. Эрэлт ихсээд ирэнгүүт байрны метр квадратын үнэ өссөн нь бас үнэн. Найман хувийн зээл олгож эхэлснээс хойш гарсан сөрөг гэж хэлж болохоор зүйл гэвэл байрны үнийн өсөлт. Авах хүмүүс нь ихсээд ирэнгүүт барилгын компаниуд байрныхаа метр квадратын үнийг өсгөөд эхэлсэн. Харин одоо орон сууцны үнэ хөрсөндөө буучихаад байгаа. Худалдаж авах мөнгөтэй хүн багассан учраас бодит үнэ рүүгээ орсон гэж шинжээчид онцолж буй. Тэгэхээр орон сууцны зээлийн хүүг бууруулбал шаардлага гэх үү, босго гэх үү нэг зүйлийг тусгаж өгмөөр байгаа юм. Барилгынхаа метр квадратыг бодитойгоор үнэлбэл хямд хүүтэй зээлд хамруулах боломжтой гэсэн хязгаарлалт хийх шаардлага бий. Ухаандаа метр квадратыг нь 1.2 саяар үнэлбэл байрны зээлийн хүү дөрөв рүү уруудахад асуудалгүй гэх гээд байна л даа.

Ямартай ч эдийн засгийг сайнаар харах нэг гарц яах аргагүй орон сууцны хямд хүүтэй зээл болж байна. Зургаа, дөрөв нь яахав, ямартай ч байрны зээлийн хүү буурвал эдийн засагт чамлахааргүй мөнгө эргэлдэх нь. Өөр нэг сайн мэдээ нь мэдээж Оюу толгой. Ирэх жил шууд орж ирэх хөрөнгө оруулалт гэхэд л нэг тэрбум ам.доллар. Хөрөнгө оруулалтын нэг ам.доллар хоёр ам.доллар болж үрждэг гэсэн тооцоогоор бол хоёр тэрбум гаруй ам.доллар эдийн засагт орж ирнэ. Тэгэхээр орон сууцны хямд хүүтэй зээл үргэлжилж, Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж байхад учиртай гэсэн үг. Эдийн засаг ч алзахгүй ээ гээд итгэл төгс урагшилж болохоор л байна.

Categories
мэдээ цаг-үе

Х.Баасансүрэн: Шунал байгаа цагт та хэзээ ч баян болж чадахгүй

Байсгээд л алга ташилт
нижигнэсэн лекц өнгөрсөн баасан гаригт “UB palace”-ийн концертын танхимд
боллоо. Эрдэнэ зуу хийдийн хамба лам Х.Баасансүрэнгийн “Зүрхийг тань дайлъя”
лекцийг “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан юм.
Түүний лекцийг тоймлон хүргэе.

Бусдын сайн сайхнаас баяр
баясгаланг амталж сурвал хэзээд өөрийн тань жаргал дундрахгүй энэ хойтдоо
цэнгэх болно гэсэн сайхан сургаал бий. Хэрвээ та бусдаас сайн сайхныг нь л олж
харж чадаад байгаа бол аз жаргалтай байна гэсэн үг. Эсрэгээрээ бусдыг шүүмжилж,
улыг нь шагайж, муу муухайг ярьж яваа бол та аз жаргалгүй нэгэн болчихож.
Адгийн муу, хамгийн дургүй хүнд чинь хүртэл сайхан чанар байдаг. Таны хамгийн
дургүй хүн өөр хэн нэг хүний хамгийн сайн хүн байдаг. Шүүмжлэлээр аливааг
засдаг нь үнэн ч шүүмжилсээр эцэст нь өөрөө зовдгийг би ойлгосон. Нэг атеист
хүн байж л дээ. Бүхнийг үгүйсгэнэ, бурханыг хүртэл. Нэг удаа шавь нар нь гэрт
нь иртэл өнөө эсэргүүцэгч маань бурханы сургаалуудыг дэлгэчихсэн уншиж сууж.
Шавь нар нь ч тэсэлгүй “Та эсэргүүцээд байсан сургаалаа өөрөө уншдаг л юм
байна” гэсэн чинь “Байз байз алдаа хайж байна” гэсэн гэдэг. Алдаа хайвал юунаас
ч олж болно. Хорвоо дээр төгс хүн гэж үгүй. Та өөрөө төгс хүн мөн үү? Та өөрөө
төгс биш хэрнээ төгс хүнийг хайгаад, аливааг төгс болгох гээд байгаа юм биш
биз? Алдаа байж оноо ирдэг. Оноотой талыг нь олж хараад байх тусам алдаа
багасдаг.

Хол байхаар санаад болохгүй,
хамт байхаар хэрэлдээд салахгүй, ааш нь олдохгүй энэ сэтгэл амар тайван байлгах
нь үгүй ээ гэсэн үг бий. Хамаг гол зүйл сэтгэлд байгаа юм. Амьдрал дүүжин
даажин шиг савлагаатай. Энэ савлагаа их байх тусам бид зовдог. Дуртай нэг
үлгэрээ ярья. Хятадад нэг ухаантай өвгөн амьдардаг байж. Хоёр морьтой, нэг
хүүтэй, газар тариалан эрхэлж амьдардаг байжээ. Нэг удаа хоёр морь нь алга
болчихож. Хөршүүд нь өвгөн дээр ирээд “Танд ямар их гай зовлон тохиов оо,
хөрөнгө болсон морьд чинь алга болчихжээ, газраа яаж хагална аа” гэж л дээ.
Өвгөн “Магадгүй л юм” гэж. Маргааш нь өнөө хоёр морь нь найман морь дагуулаад
ирдэг байгаа. Хөршүүд нь баярлаад азтайг нь гайхаж бөөн үг хэлж. Өвгөн мөн л
“Магадгүй л юм” гэж. Хэд хоногийн дараа ганц хүү нь дагуулж ирсэн морийг нь
унаж яваад хөлөө хугалчихаж. Хөршүүд өвгөний азгүйг гайхахад өнөө л тайван
янзаараа “Магадгүй л юм” гэжээ. Дараахан нь дайн дэгдэхэд хөлд нь хугарсан хүү
гэртээ үлджээ. Хөршүүд нь азтайг нь гайхахад өвгөн өнөө л үгээ хэлсэн гэдэг.
Амьдралд чамд өчнөөн зүйл тохиолдоно. Магадгүй зовлон гэж бодож байгаа зүйл
чинь маш том зовлонд унахаас аварсан хэрэг ч байж мэднэ. Бид өвгөний хөршүүд
шиг тохиолдол бүрд зовж жаргалаа гэж савлаад яваа. Тохиолдол бүрт тайван
хандаад байвал идэвхгүй болчихно шүү дээ гэж болгоомжилж магадгүй. Амьдралыг
даван туулахын тухайд аль чадлаараа хичээх хэрэгтэй. Үнэхээр таныхаар болохгүй
байгаа бол сэтгэлээ тайван байлга, хүлээн авч сур гээд байгаа хэрэг л дээ.

Байхгүй зүйлээрээ дутахын
гачлан, байгаа зүйлсээ голохын гаслан, хүссэндээ хүрсэн ч уйдахын зовлон,
ховдог сэтгэлийн түмэн тарчлан гэсэн сургаал бий. Бид дандаа өөрт байхгүй
зүйлсээ анзаардаг. Хэн нэг хүний хөмсөг илүү тод, таных болохоор бүдэгхэн ч юм
шиг. Хэн нэгэн хүний унаж байгаа машин тансаг, амьдарч байгаа гэр орон илүү гоё
юм шиг… Та өөрт байхгүй гэж бодож буй зүйлээ анзаараад байгаа учраас тэр.
“Надад ийм зүйл байхгүй дээ, би гуйлгачин даа, шалны алчуур ш дээ” гэж
байгаагаас ялгаагүй. Шууд өөрийгөө тээр доор авааччихаж байгаа юм. Гэтэл бидэнд
зөндөө юм байдаг. Хүний зайлшгүй хэрэгцээ тун бага. Нэг ядуу хүн хүүхэдтэй
болоод баян айлын гадаа очоод гуйлга гуйж л дээ. Өнөө баян хүүдий дүүрэн алт
үзүүлээд “Би танд үүнийг өгч болж байна. Та хүүхдийнхээ зүүн хөлнийх нь хамгийн
жижигхэн хурууны үзүүрийг л өгчих” гэж. Мэдээж хүүхдийнхээ хөлийн хурууны
жижигхээн хэсгийг хүүдий алтаар солих аав, ээж байхгүй. Таныг үхэхэд араас тань
уйлах хүн байхгүй бол ямар вэ, таны араас зул өргөөд маань унших сэтгэл
үлдээгүй бол… гэсэн асуултыг өөртөө тавиад үзээрэй. Таны төлөө гэсэн
сэтгэлтэй аав, ээж, ах, дүү, дотны найзууд бий нь танд байгаа хамгийн том зүйл.

Тэгэхээр яг одоо байгаа,
байхгүй зүйлсийнхээ жагсаалтыг гаргаарай. Хамгийн багадаа хүн гурван зүйлтэй
байхад л амьдрах юм билээ. Өлсөхгүйн тулд өдөрт гурван аяга хоол, даарахгүйн
тулд хувцас, толгой хорогдохоор гэр оронтой байхад хүн амьдраад явна. Гэтэл бид
хувцсаа хэдэн зуу болгох гээд зовдог. Тэгээд л цалин нь хүрэхгүй, өөрийгөө
зовоосоор явдаг. Билл Гейтс мөнгөтэй гээд зуун аяга хоол идэж, алт, мөнгө,
эрдэнэсээр хийсэн өчнөөн орон дээр сэлгэж унтахгүй. Яг тан шиг өдөрт гурван
аяга хоол идэж, яг тан шиг өөрийнхөө хэмжээний орон дээр л унтаж амардаг. Ингэж
бодохоор сэтгэл өег байгаа биз. Бид өөрт байгаа зүйлсээ хэзээ мэддэг гээч.
Нүүхдээ. ”Ямар их хэрэггүй зүйл цуглуулаа вэ” гэж ирээд шогширдог. Ганц цамц
хийхийн тулд 15 тонн ус зарцуулагддаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Гэтэл бид
хэмжээ хязгаартай байгалийг хэрэглэж байгаа. Шуналгүй болж байж л баян болно.
Шунал байгаа цагт та хэзээ ч баян болж чадахгүй.

Хурмастын энтэй баялаг байвч
хумсын чинээг ч аваад явахгүй, үлгэрийн дайтай алдар байвч үхсэн хойноо сонсоод
хэвтэхгүй гэсэн сургаал бий. Зовлон биднийг ухааруулдаг. Аз жаргалыг хоолтой
зүйрлэвэл зовлон давс нь. Маш олон гэгээрэл зовлонгийн дараа үүссэн байдаг.
Тийм учраас зовлонгоо жаргал, ухаарал гэгээрэл болгож хувирга. Нэг найз маань
осолд орсныхоо нэлээд хожим “Ямар азаар найз нь осолд оров оо, би өчнөөн зүйл
ухаарлаа” гэж ярьж байсан. Зовсны дараа ухаажих, сэхээжих боломж олддог. Эд
хөрөнгө хэрэгтэй, гэхдээ нэг номерт биш. Нэгэнт авч явахгүй учраас. Хийсэн
үйлийн үрээ л авч явдаг. Зуун жил амьдрахаа ч мэдэхгүй байж мянган жилийн
хөрөнгө цуглуулах гэж зовохын учир юу вэ? Үр хүүхдэдээ үлдээхийн тулд гэдэг л
дээ. Мэдээж үлдээлгүй л яахав. Гэхдээ юмыг нь бүрэн дүүрэн үлдээлээ гээд хүүхэд
чинь хангалттай аз жаргалтай амьдрах нь эргэлзээтэй. Суурь хонио өсгөх гээд
ядаж явахад чинь цаана нь аминаасаа илүү хайрладаг үр тань чоно болж өсч байгаа
юм биш биз. Харин та хүүхдээ жинхэнэ малчин болгож өсгөвөл хорин хонь үлдээлээ
ч үржүүлээд өсгөөд явна. Үхэхдээ хүртэл та санаа зовохгүй.

Хурааж цуглуулахын нэг зовлон,
хумхиж хамгаалахын нөгөө зовлон, алдаж харуусахын адаг зовлон, ахуйд
хүлэгдэхийн мянган зовлон гэж сургаал бий. Нэгэн хүү нас барахдаа хөвгүүддээ
“Хоёр оймсыг минь өмсүүлээд л оршуулдаг юм шүү” гэж захижээ. Аавыгаа нас
барахад хоёр хүү нь ламд хүсэлтийг нь хэлэхэд “Нүцгэн ирсэн нүцгэн л буцдаг.
Манай шашинд тийм ёс байхгүй” гэжээ. Оршуулгын маргааш хажуу айлынх нь хүн
аавынх нь захиаг дамжуулж. Өнөө захианд нь “За тэр, хүүхдүүд минь. Үхсэн хойноо
хоёр оймс ч авч явж чадахгүй байгаа биз. Эд хөрөнгөнд тэгтлээ шунаж амьдраад
хэрэггүй шүү. Аль болох өглөг хийж, буян түгээж амьдраарай” гэж бичсэн байж.
Өгснөөр авах боломж гардаг. Амжилттай бизнест нэг л зарчим бий. Хайрла, өг,
таларх, хуваалц гэсэн зарчим. Олон хүнийг тэжээж буян үйлдээд явах нь хөгжих
дэлгэрэх том зарчим болдог. Бид хүний нохой идэхээр өөрийн нохой ид гэж өгдөг.
Яагаад ингэдэг юм бол гэдгийн учрыг хайж яваад нэг зүйлийг анзаарлаа.
Таньдагтаа тусалбал хариугаа эргэж нэхэхэд амар, танихгүй хүнд туслахаар өнөө
тус нь ор сураггүй алга болчих гээд байгаа юм шиг санагддаг юм байна л даа.
Туслая л гэсэн бол чин сэтгэлээсээ ханд. Хэн байх нь хамаагүй, тусалж байгаа
чинь л чухал шүү.

Хэн намайг үгээр доромжилно,
хэн намайг үйлээр гутаана, хэн намайг сэтгэлээр хорсоно, тэр бүхэн гэгээрэх
болтугай гэсэн гайхамшигтай сургаал бий. Бурхан багшийг нэг хүн харааж
доромжлоод бөөн юм болж. Гэр бүлийнх нь хүн номлол сургаалд нь суугаад гэртээ
оройтож ирээд байхаар тэгж л дээ. Будда мишээгээд л суугаад байж. Эцэст нь
Будда “Та өөрийнхөө мөнгөөр бэлэг худалдаж аваад тэр бэлгээ хөрш айлынхаа хүнд
бэлэглэлээ гэж бодъё. Хөрш чинь таны бэлгийг авахгүй бол тэр бэлэг хэнд үлдэх
вэ” гэж асуужээ. Өнөө хүн “Ийм юм бодож чадахгүй байна уу, өөрт нь л үлдэнэ биз
дээ” гэж бухимдаж гэнэ. Будда мишээсэн хэвээр “Тэгвэл та нэг хүнийг харааж
зүхлээ, таны хараал зүхлийг цаад хүн авахгүй бол хэнд үлдэх вэ” гэж асуужээ.
Хэнд үлдэх вэ, өөрт нь үлдсэн байж таарах нь. Өнөө хүн ч хачин царайлаад
явчихаж. Хараал зүхэл бухимдлыг нь Будда аваагүй учраас. Магадгүй тан руу
өчнөөн хүн дайрч давшилж муухай үгсийг мөндөр шиг цутгаж мэднэ. Битгий хүлээж
ав. Дотроо зуу тоол. Эцэст нь өнөө хүний бухимдал багасна. Сүүлд нь “Яах гэж
ингэж байдаг юм бэ дээ, хө” гээд хэлчих. Хариу нь ямар байх бол. “Харин тийм
ээ” байж магадгүй. Учир нь та тэр хүнийг аль муу үг хэлж дайрч давшилж байхад
нь гал дээр тос нэмээгүй. Дандаа хэлж байгаарай гэж уриалах дөрвөн үгийн маань
анхных нь энэ үг. Гэхдээ ямар нэг асуудлыг шийдэхийн тухайд үгээ хэлэх нь зөв л
дөө. Байнгын уур уцаараас хол байх хэрэгтэй л гэх гээд байгаа юм.

Сөрөг юм яриад явбал тэр зүйл
чинь л ирнэ. Үйлийн үрийн нэг том хууль бий. Таны хийсэн үйл танд л ирнэ. Таны
хийсэн үйлийг өөр хэн нэг нь авах боломжгүй. Хэрвээ хэн нэгэн хүний үйлийг өөр
хэн нэгэн авч болдог байсан бол би хамгийн түрүүнд бурхан Буддаг шүүхэд өгнө.
Яагаад энэ хүмүүсийн үйлийн үрийг цэвэрлэлгүй өдий хүртэл зовоогоод байгаа юм
бэ гэсэн үндэслэлээр. Даанч тэгэх боломжгүй. Бурхан Будда “Би та нарын нүгэл
хилэнцийг усаар угааж байгаа юм шиг цэвэрлээд аваад явж чадахгүй. Яагаад гэвэл
та нар тэр үйлийг хийсэн. Харин гарах замыг нь зааж өгч чадна” гэж хэлсэн. Өдий
хүртэл туулж ирсэн амьдрал чинь зөвхөн таны үйлийн үр. Үүнээс болж би ингэсэн
гэж бусдад буруугаа тохож өөрийгөө зовоох учиргүй.

Зургаан нас хүртэлх хүүхдүүд
амьдралынхаа бүх мэдлэгийн 50 хувийг авчихсан байдаг гэдэг. Хүүхдийнхээ хажууд
мууг бүү үзүүл гэдэг нь ийм учиртай. Хүүхдийнхээ хажууд маргалдахаа юман чинээ
бодохгүй хэрнээ хажууд нь нэгнээ үнсэхээс ичдэг. Уг нь хайрлахыг л үрдээ зааж
өгөх учиртай. Би шоронгоор явж лекц уншдаг. Хоригдлууд дандаа хайр асуудаг.
Гараад очиход аав, ээж минь амьд сэрүүн байх болов уу, энэ орчлонгоос буцахаас
нь өмнө баярлуулахсан, хань минь намайг хүлээх болов уу, насны эцэст аяга
цайгаа хуваагаад алдсанаа нөхөөд амьдрахсан гэдэг. Шоронд орсон хүмүүсийн наяас
дээш хувь нь бага насаа хүчирхийлэл, архидалт, салалт дунд өнгөрөөсөн байдаг.
Хайр амсаж өсөөгүй учраас буруу алхсан байдгийг би олж харсан.

“Энэ ч гэсэн болоод л өнгөрнө”.
Миний санал болгох хоёр дахь үг энэ. Бүх юм болоод өнгөрдөг. Зовлон хаана
оршдог вэ? Болж өнгөрдөг зүйлийг авч үлдэх гээд байгаа сэтгэл дээр оршдог. Та
тавьж явуулахгүй байгаа учраас, та хүссэнээрээ байлгах гээд байгаа учраас
зовлон оршдог юм. Тавьж явуул, хүлээн зөвшөөр. Амьдрал хэцүү, зовлон ирнэ.
Гэхдээ бүх юм таны хүссэнээр болохгүй.

Дараагийн үг “Зовох уу, жаргах
уу”. Нэг хүн надад “Гудмаар явж байгаа хүмүүс инээчихвэл л Монгол болчих гээд
байна” гэж хэлж байсан. Зөвхөн инээдэг бясалгал бий. Тосгоноос тосгон руу очиж,
хамгийн олон хүн цугласан газар инээдэг гурван гэгээнтэн байсан гэдэг. Инээхийг
нь харсан хүмүүс шоолж инээгээд бөөн инээдэм болдог байж…

Аз жаргалыг үнэхээр хүсч байвал
аз жаргалын шалгуурыг намхан болго. Энгийн зүйлээс ч аз жаргалыг мэдэр.
Зовлонгийн шалгуурыг маш өндөр болго. Ийм тийм зүйл болж байж л зовно, түүнээс
нааш зовохгүй гэж өөртөө хэл. Ингэж байж та аз жаргалтай амьдарна. Хүнийг
өөрчлөх гэж хичээх хэрэггүй. Учир нь тэр хүнийг өөрчлөх хүч өөрт нь л бий.
Харин та өөрийгөө өөрчилж чадна. Тэгэхээр аз жаргалтай байя гэвэл өөрийгөө
өөрчилчих. Таныг дагаад бүх зүйл өөрчлөгдөнө, та аз жаргалыг өөрчлөлтөөрөө
бүтээж чадна.

Танд санал болгох дөрөв дэх үг
бол “Миний буруу, миний буруу”. Хүчирхийлэл хүчирхийллийг л бий болгодог. Буулт
буултыг л бий болгодог. Ухаантай нь эхэлж буулт хийдэг. Тийм учраас ухаантай
хүмүүсийн хэрүүл удаан үргэлжилдэггүй. Хоёр тэнэгийн хэрүүл хэзээ ч салж
өгдөггүй. Уучлахгүй байлаа гээд та юу ч хожихгүй. Уучлахгүй суугаа нь цаад
хүнээ шийтгэж байгаа хэрэг мөн үү. Харин ч өөрийгөө нэмээд шийтгэж байгаа
хэрэг. Уучиллаа гээд танд алдах юм байхгүй.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Махны экспортоос тэрбум ам.доллар олох боломжтой

Хүнс, хөдөө аж ахуйн яамны
төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболдтой ярилцлаа.

-Хятад руу 500 сая ам.долларын
мах экспортлох ажил юу болж байгаа вэ?

-Монголын махны холбоо Хөх
хотод болсон үзэсгэлэн худалдааны үеэр албан ёсоор мах нийлүүлэх сонирхлоо илэрхийлж
БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Махны холбоотой санамж бичигт гарын
үсэг зурсан. Зургаан тэрбум орчим юанийн мах нийлүүлнэ гэж нэг талаас худалдах,
нөгөө талаас худалдан авах сонирхлоо илэрхийлж санамж бичигт гарын үсэг зурсан
юм. Монголын махыг урд хөршийн худалдан авагчид сонирхож, худалдаж авах
боломжтой гэдгээ илэрхийлнэ гэдэг том давуу тал. Монгол малын мах олон улсын
зах зээл дээр гарах боломжтойг илэрхийлсэн үзэгдэл гэж ойлгож байгаа. Монголын
хилээс Хятад руу мах гаргах хууль эрх зүйн орчин, хорио цээрийн нөхцөлүүд бэлэн
болсон эсэхийн тухайд тусдаа яригдах учиртай асуудал. Яг өнөөдрийн хувьд салаа
туурайтай малын махыг түүхийгээр нь Хятад болоод олон улсын зах зээлд гаргах
асуудлыг идэвхтэй ярьж байна. Ингэж зарвал илүү хурдан, их хэмжээгээр гаргах
боломж байгаа юм. Манай улс БНХАУ-тай салаа туурайтай мал амьтан гаргах хорио
цээрийн протоколыг түүхэндээ тохироогүй өнөөг хүрсэн. Шийдэх гэхээр л олон
улсын хорио цээртэй шүлхий гэх мэт өвчин дэгдчихдэг. Шүлхий гарсан тохиолдолд
нэгээс хоёр жилийн хугацаатай хориг тавьдаг стандарттай.

-Энэ жил манай улсад шүлхийн
өвчлөл бүртгэгдсэн. Хятад руу мах гаргах асуудалд саад болох юм биш байгаа?

-Энэ жилийн хувьд шүлхийн
өвчлөл хоёр удаа бүртгэгдсэн гэдэг утгаараа урд хөрш рүү мах гаргах асуудал
хойш тавигдах нөхцөл бүрдчихсэн байсан. Бидний зүгээс нэлээд идэвхтэй ажилласан
л даа. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр Ерөнхий сайд, Хүнс, хөдөө аж ахуйн сайд
тэргүүтэй албаны хүмүүс мах экспортлох асуудлыг тусгайлан анхаарч үзээч гэсэн
асуудал тавьсан юм. Баян-Өлгийд наймдугаар сард гарсан шүлхий нийтлэг биш,
байгалийн хямгаарлагдмал нөхцөл байдалд гарсан, үүнийг даруй зогсоож чадсан
гэдгээ илэрхийлсэн л дээ. БНХАУ-д Монгол Улсыг төлөөлж суугаа элчин сайд, Элчин
сайдын яамны аппаратынхан идэвхтэй ажилласны дүнд шүлхийн хориг цуцлагдсан.
Гэхдээ бүрэн хэмжээгээр биш. Таван аймагт л цуцлагдсан. Онцолсон таван аймгийн
малын махыг авах боломжтой болсон гэсэн үг.

-Ямар аймгууд вэ?

-Ховд, Баянхонгор, Говь-Алтай,
Завхан, Хөвсгөл. Төвийн бүс хяналтын бүсэд ордог учраас боломжгүй. Зүүн бүс
өвчин байнга дэгддэг учраас мөн боломж байхгүй. Шүлхийн хориг цуцлагдсанаар
Монголоос салаа туурайтай малын мах авах боломжтой болсон гэсэн үг.

-Шүлхийн хориг цуцлагдсан
болохоор зөвшөөрөгдсөн таван аймгийн махыг шууд экспортлох боломж нээгджээ дээ?

-Шууд гаргаад эхлэх боломжгүй.
Шүлхийн хориг цуцлагдсан учраас талуудын хорио цээрийн байгууллагууд хорио
цээрийн нөхцөлийг тохирдог. Манай талаас долдугаар сард саналаа хүргүүлсэн.
Хятадад суугаа манай улсын элчин сайдын яамныхан холбогдох албаныхантай нь
уулзсан байна лээ. Нөгөө талаас ондоо багтааж протоколынхоо саналыг ирүүлье
гэсэн нааштай хариу өгсөн. Протокол тохирсны дараа гэрчилгээ тохирдог. Завхан
аймгийн тэр сумын тийм газраас гаралтай үйлдвэрт бэлтгэгдсэн мах гэдгийг батлах
гэрчилгээний асуудал бий. Гэрчилгээг эцэслэж тохирсны дараа мах экспортлох
боломж нээгдэнэ гэсэн үг. Хятадын талаас бусад асуудлаа хойш нь тавьж байгаад
махны экспортын асуудлыг богино хугацаанд судалж өгье гэдгээ өндөр хэмжээнд
илэрхийлсэн л дээ. БНХАУ-ын дарга манай улсын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр
илэрхийлсэн юм. Тэгээд чиглэл өгсөн байх. Хятадын талаас найман мэргэжилтэн ирж
арав хоногийн хугацаатай ажиллаад буцсан. Долоон аймгаар явж, хэд хэдэн
үйлдвэртэй танилцсан. Олон жилийн хугацаанд яригдаж төдийлөн үр дүн гарч
өгөхгүй байсан асуудал маань энэ жилийн эцсээр шийдвэрлэгдэх таатай боломж
бүрдэж байна.

-Монгол малын мах бэлчээрийн
гэдгээрээ урд хөршийн хэрэглэгчдийг татдаг шиг байгаа юм…?

-Өвөр Монголын хувьд хэрэглэгч
нь бэлэн байдаг. Монгол малын мах идээд сурчихсан бэлэн хэрэглэгч бий учраас
Хятад тал авъя гээд байгаа юм. Ер нь Хятад бол том зах зээл. Энэ утгаараа мах
экспортлох бүрэн боломжтой.

-Бусад улсын хувьд ч монгол
малын махыг авах сонирхол анзаарагддаг. Жишээ нь ямар улсууд манай улсаас мах
авъя гэсэн хүсэлт тавьдаг вэ?

-Авах сонирхлоо илэрхийлдэг
улсууд бий. Японы аж ахуйн нэгжүүд мах авъя гэсэн санал тавьдаг. Гэхдээ өндөр
хэмжээнд бизнес сонирхол нь төрөхгүй байна. Арабын лалын шашинтнууд хонь, ямаа
авъя гэсэн сонирхолтой. Гэхдээ тийм даацтай хэмжээгээр биш. Бүтээгдэхүүн маань
хэрэглэгчдэд төдийлөн танил болж чадаагүй учраас их хэмжээгээр авъя гэсэн том
захиалга бараг алга. Туршилтын журмаар цөөн тонноор аваачаад, боломжтой бол
худалдаж авъя гэсэн сонирхол илэрхийлж байгаа. Ийм сонирхол илэрхийлсэн
компаниудад туршилтын экспортын зөвшөөрлийг саадгүйгээр олгож байна. Хятад,
Орос зэрэг түнш болсон улсуудын хувьд худалдааны экспорт яаж хийгддэг, яг тэр
журмаар явж байгаа. Манай улс Орос талдаа бүтээгдэхүүнээ олон жилийн хугацаанд
нийлүүлээд туршчихсан ч рублийн ханшийн зөрүүнээс болоод хойд хөршийн худалдан
авагчид манай махыг даацтай хэмжээгээр авахгүй байна. Хойд хөршийн
хэрэглэгчдийн хувьд манайхаас үхэр, адууны мах сонирхохоос биш бага малын мах
төдийлөн авдаггүй. Хүнс хөдөө аж ахуйн яамны зүгээс бизнес эрхлэгчдэдээ зориулж
ямар нэг хүндрэлгүйгээр экспортын эрхийг тухайн үеүдэд нь шийдээд явж байгаа ч
экспорт хүссэн хэмжээнд хийгдэхгүй байна.

-Хятад бол том зах зээл, манай
улсын хувьд энэ том зах зээл рүү малынхаа махыг массын хэмжээнд нийлүүлэх
боломжгүй нь ойлгомжтой. Урд хөрш рүү мах нийлүүлэх асуудал дээр яг ямар
бодлого барьж байна вэ?

-Мэдээж массын хэмжээнд
нийлүүлэх боломжгүй. Тийм учраас бид монгол малын мах, бэлчээрийн мал аж ахуйн
онцлог шинжид тааруулж Хятад болон олон улсын зах зээл дээр илүү үнэ цэнтэй
брэнд бүтээгдэхүүнийг таниулж өрсөлдөх бодлого барьж байгаа. Үнэ, хэмжээгээрээ
биш онцлогоороо өрсөлдье гэж байгаа юм. Олон улсын хорио цээртэй өвчин ойр
ойрхон гарч буй нь гол бэрхшээл болоод байна л даа. Мөн махны үйлдвэрүүдийн
хувьд боловсруулах, нядлах хүчин чадал, олон улсын стандартад нийцсэн үйл
ажиллагаа явуулж чадаж байгаа эсэх асуудал бий. Аливаа улс ялангуяа малын
түүхий махан дээр худалдах, худалдан авах гэрээ хийхэд заавал үйлдвэрийн аргаар
нядалсан, боловсруулсан байх ёстой гэсэн шаардлага тавьдаг. Гэтэл бид дотооддоо
зуун хувь гар аргаар буюу уламжлалт аргаар нядалсан малын мах хэрэглээд
заншчихсан. Олон улсад бол гар аргаар нядалсан мах авдаггүй. Өөрөөр хэлбэл мах
л бол мах гэсэн ойлголт махны бизнест байдаггүй.

-Махаа боловсруулаад гадагш нь
гаргах хэмжээний үйлдвэр Монголд хэчнээн байдаг бол?

-Үйлдвэрийн хувьд хоёр янз. Нэг
хэсэг нь мал нядлаад махыг нь түүхийгээр нь гулуузалж бэлддэг. Нөгөө хэсэг нь
дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн гаргадаг. БНХАУ-тай
дулааны аргаар боловсруулсан салаа туурайтай малын мах гаргана гэж албан ёсоор
тохирсон. Дулааны аргаар гэдэг нь тодорхой хэмжээний халуунд хагас болон бүрэн
боловсруулж гаргасан бүтээгдэхүүнийг хэлж байгаа юм. Энэ үйл явцын хувьд тийм
нийтлэг биш. Эцсийн боловсруулалт учраас өндөр стандарт шаарддаг. Мөн улс
орнуудын хувьд үйлдвэрлэлийн түүхий эдийг аль болох түүхийгээр нь худалдаж
аваад дотооддоо боловсруулах сонирхолтой байдаг. Хятадын хувьд ч ялгаагүй. Аль
болох түүхий мах худалдаж авахыг илүүд үзнэ. Манай улсын хувьд салаа туурайтай
малын махыг дулааны аргаар боловсруулах зөвшөөрлөө авсан хоёр үйлдвэр байна.

-Элдэв эрсдэлгүй гэдэг утгаараа
адууны махны экспорт чөлөөтэй хийгдэж байгаа юу?

-Адуу шүлхий өвчин тусдаггүй
битүү туурайтай мал учраас Орос, Хятадын зах зээл нээлттэй. Тэр утгаараа
экспорт нь чөлөөтэй байгаа.

-Шаардлага, стандартуудыг нь
хангаад малынхаа махыг экспортоллоо гэхэд энэ зах зээлээс хэчнээн ам.доллар
олох боломжтой вэ?

-Өнгөрсөн жил манай улс
ойролцоогоор 52 сая толгой мал тоолуулаад 18 сая төл хүлээн авч 70 орчим сая
толгой малтай болсон. Арван сая орчмыг нь хүнсэндээ хэрэглэдэг гэхээр цаана нь
хонин толгойд шилжүүлснээр 7-8 хүртэл сая малын махыг экспортлох боломжтой
гэсэн үг. Ингээд тооцохоор ойролцоогоор тэрбум хүртэл ам.долларыг махны
экспортоос олох боломжтой.

-Урд хөрш рүү мах экспортлох
асуудлаа шийдэх гээд явж байтал дахиад шүлхий гарвал яах вэ, ийм эрсдэлийг
тооцож үзсэн үү?

-Дахиад хаагдана гэсэн үг.
Салаа туурайтай малын махны экспортын талаар яам урт хугацаанд ямар бодлого
баримтлах вэ гэдэг асуудал бий. Шүлхий гарангуут бизнес нь зогсдог, арилангуут
жаахан урагшилдаг хэвээр явах уу, эсвэл өөр гарц хайх уу гэдэг асуудал үүсч
байгаа юм л даа. Үүний эсрэг бид арай өөр бодлого барья гэсэн концепци
зохиогоод явж байна. Хятадаас тодорхой хэмжээний мал, мах боловсруулах, нядлах
үйлдвэрүүдийг хөнгөлөлттэй зээлийн хүрээнд олгоё гэсэн асуудлыг УИХ-аар
шийдвэрлэж, хоёр улсын хооронд хэлэлцээ хийгдэж байгаа. Олон улсын мал амьтны
эрүүл мэндийн байгууллагаар хүлээн зөвшөөрөгдсөн эрүүл бүсүүдийг байгуулъя гээд
ажиллаж эхэлсэн. Мал, хүний хөдөлгөөн, халдвар тархах нөхцөл байдал нь бүрэн
хяналтад орсон бүсүүдэд эрүүл бүс гэсэн сертификат олгодог юм байна. Ийм
бүсүүдийг байгуулж, тэнд нь махны үйлдвэрүүдээ ажиллуулж мах экспортолъё гэсэн
бодлого байгаа. Өөр аймагт шүлхий гарлаа ч эрүүл бүс гэсэн сертификаттай
аймгаас гадагш нь мах гаргах боломж нээгдэнэ гэсэн үг. Ингэвэл махны экспорт
тогтвортой, тогтмол болно. Худалдан авагчдын хүсдэг гол зүйл энэ. Махны
нийлүүлэлтийг тогтмол болгохын тулд ийм ажлууд эхлүүлье гэж байгаа юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөрсдөө хөдөлмөрлөж, үр хүүхэд нь зугаацаад байвал ач, зээ нь гуйлга гуйхын цондон

Монголчуудын дийлэнх нь биш юм аа гэхэд нэлээд хэсэг нь найз нөхдөөрөө тухтай уулзах ч завгүй хөдөлмөрлөж байна. Завгүй иргэдтэй улс хөгжинө гэдэг талаас нь харвал ярих юм алга. Гэхдээ нзаарахаас аргагүй нэг өнцөг байна. Ажил, гэр гэж гүйсээр хүү, охиноо ч анхаарах завгүй ажилладаг аав, ээж олширчихож. Заримынх нь хүүхдүүдийн өдрийн хэмнэл нэг л биш ээ. Аав, ээж нь үлгэрлээд ажил хийлгэхгүй болохоор буйдан дээр тухлангаа зурагт үзэж өдрийг өнгөрөөнө. Аав, ээж нь анхаарал тавьж, яав ийв гэхгүй учраас баар ресторан хэсч цагаа барна. Дажгүй орлоготой зарим айлын хүүхэд гадаад, дотоодоор аялсан шигээ аж төрж байна. Цөөн хэсэг нь бүр хар тамхи татаж хүртэл зугаацна. Тэд гэрийн үйлчлэгчтэй учраас гэрээ цэвэрлэж, хоолоо хийж, хувцсаа угаахгүй, халаасны мөнгө, сургалтын төлбөрийг нь хангалттай өгчихөөр хэрэглээний хэдэн төгрөг олох гэж зөөгч хийхгүй. Ямар нэг зүйлд хүрэхийн төлөө, сурахын төлөө, хэрэглээний мөнгөө олохын төлөө тэмүүлэх орон зай өгөлгүйгээр өсгөчихсөн учраас зугаа цэнгэл, зүгээр суухаас өөр зүйлд дурлахаа больсон хэрэг.

Орлого сайнтай, сайнгүй нь хамаагүй, үр хүүхдэдээ зав гаргалгүй хөдөлмөрлөж байгаа бүх хүний бодохоос аргагүй асуудал ажил сураагүй хүүхдүүд нь болчихоод байна даа.

Өөрсдөө хөдөлмөрлөсөн хэрнээ үр хүүхдэдээ ажил сургаагүй хүмүүсийн ач, зээ нь яаж амьдрах бол. Хариулт нь тодорхой. Ажил сураагүй, хөдөлмөрлөж мэдэхгүй хүмүүсийн хүүхдүүд гуйлга гуйхаас өөр юу ч хийж чадахгүй. Амьдралын бичигдээгүй хууль, гашуун үнэн гэвэл энэ.

Categories
мэдээ цаг-үе

Тавин жаалыг цэцэрлэгтэй болгохоор зүтгэж яваа сэтгүүлч залуу

NTV-гийн “Чухал яриа”-г хөтөлдөг
Б.Болдбаатарыг “Өдрийн зочин”-доо урилаа. МУБИС-ийг сэтгүүлч-утга зохиолын ажилтан
мэргэжлээр дүүргэсэн энэ залуу найзуудтайгаа тавин хүүхдийг цэцэрлэгтэй болгохоор
зүтгэж яваа юм.

Б.Болдбаатар XIII хорооллын хүүхэд.
Аав нь Улаанбаатарын уугуул бол ээж нь Завханы Яруу сумынх. Сэтгүүлч залуу “Аав
маань Батлан хамгаалах яамны барилгын цэргийн ангид насаараа ажилласан хүн. Харин
миний ээж онц холбоочин хүн байлаа. Хүүхдүүдийг цэцэрлэгтэй болгохоор сэтгэл шулуудсан
нэг шалтгаан ээж минь байсан. Ээжийнхээ дурсгалд зориулж ном бичих үү, суварга бүтээх
үү гэж бодоод яваад байлаа. Их сургуулийнхаа ангийн Сайхантуяатай таараад бодлоо
өөрчилсөн. Ангийн маань бүсгүй “Эгэл амьдралын мөр” гээд төрийн бус байгууллага
ажиллуулдаг юм. Сайхантуяа “Болдко нэг байр байна, засч тохижуулах хөрөнгө байдаг
бол ч…” гэдэг юм. Тэр үед л цэцэрлэг байгуулъя, хүүхдэд буян хийе гэсэн бодол
төрсөн. Суварга босгосноос илүү бодит буян юм даа гэж бодоод зүтгэсэн” гэж ярилаа.
Найзад нь тохиолдсон гунигтай явдал ч бас нөлөөлжээ. Найзынх нь эхнэр гурван настай
хүүгээ гэртээ хардаг байж. Нэг өдөр бүсгүйг хашаандаа мод хагалж байтал гэртээ тоглож
явсан хүү нь таварцаглаж унахдаа буцалж байсан хар цай руу орчихож. Гүн түлэгдэж
ирсэн хүүхдүүдийн ихэнх нь Хятадаас оруулж ирдэг улаан хүрэн өнгийн халуун тогооноос
болдгийг түлэнхийн тасгийн эмч нар анхааруулдаг. Яг ийм халуун тогоонд нүүрээрээ
унасан хүү ээжийгээ түлээ хагалаад орж иртэл буцалж буй уснаас гарч чадахгүй тарчилжээ.

Болдбаатар “Нэг өдөр хүүгийн аав
гэмтлээс над руу утасдаад, хүрээд ирээч хө, танил талтай хүн өөр шүү дээ, хүүд минь
туслаач гэдэг юм. Би ч тэр даруй гэмтлийн эмнэлэгт очсон. Гэтэл арваад хоногийн
дараа эмч нь намайг дуудлаа. Тэр эмч надад, хүүгийн аав ойлгохгүй юм, чи хэлээд
өгөөч, хүүг нь унтуулахаас өөр арга үлдээгүй гэсэн хүнд мэдээ дуулгасан. Найзынхаа
хүүтэйгээ эмчлүүлж байгаа өрөөнд ортол аав, хүү хоёр тоглоод сууж байна. Шулганаж
тоглоод сууж байгаа хүүгийн нүүр боолттой. Түлэгдэх бол учиртай юм байна. Амь насыг
нь аврах боломжтой. Харин тэр хүү шиг буцалж байгаа зүйлд чанагдчихаар авралгүй
юм билээ. Боолт хийх тоолонд мах нь хэсэг хэсгээрээ унаад араг яс л үлддэг, ямар
ч авралгүй гэдэг тайлбарыг эмчээс сонссоноо найздаа хэллээ. Ингээд эцэст нь хүүг
унтуулсан даа” гэж хэлээд санаа алдав. Хүүгээ оршуулсны дараахан залуу хос салжээ.
Эхнэр нь нөхөртөө “Би чамаас хүүгээ цэцэрлэгт оруулаад өгөөч гэж гуйсан биз дээ”
хэмээн гомдоллоход хүүгээ алдсан залуу өвдөг сөхрөн суугаад “Би дөрвөн цэцэрлэгээр
явсан. Хүүг минь аваагүй. Нэг нь надаас 400 мянган төгрөг нэхсэн. Надад тэр мөнгө
нь байгаагүй. Сугалаанд орсон ч аз таараагүй. Цэцэрлэг нь байхгүй юм чинь хаанаа
өгөх юм бэ” гээд уйлж суусныг Б.Болдбаатар нүдээрээ харжээ. Тэр үеэс цэцэрлэг байгуулахсан
гэж бодох болжээ.

Болдбаатар найздаа тохиолдсон гунигтай
түүхийг ярьсныхаа дараа “Энэ бол нэг л айлын амьдрал. Гэтэл өнөөдөр нийслэлд 55
мянган хүүхэд цэцэрлэггүй байна. Нэн ядуу, амьдралын боломжгүй, хаяг тодорхойгүй,
уулын оройгоор амьдардаг айлын хүүхдүүд цэцэрлэггүй байна. Гэмтэл согог судлалын
үндэсний төвд 16.00 цагаас өмнө өдөрт тогтмол 10-12 хүүхэд түлэгдэж бэртэж гэмтэж
ирдэг гэсэн. Ажлын цагаар харж хандах хүнгүй учраас тэр шүү дээ. Танай сонин дээр
ч гэсэн саяхан гурван хүүхэд гэртээ шатаж эндсэн тухай сурвалжлага нийтлэгдсэн байсан.
Бид гэрэлт ирээдүй гэж яриад байдаг. Өдөрт нэг микро автобус дүүрэн хүүхдээ түлэнхийн
төв рүү аваачиж өгөөд байвал гэрэлт ирээдүйн талаар өөдрөг зүйл яриад нэмэргүй.
Хүүхдээ л амьдралд нь хүргэчихвэл бусад нь хамаагүй гэсэн хандлага ээж, аавуудад
байдаг. Бусдын хүүхдийн төлөө ч гэсэн сэтгэлээ чилээж, нийлээд зүтгэвэл болохгүй
юм үгүй” хэмээн бодлоо хуваалцсан юм.

Цэцэрлэгийн барилгын хувьд хүнд
бэрх ажлынхаа ард гарчээ. Дотоод заслаа хийгээд эхэлчихэж. Хандиваар зургаан сая
төгрөг цугларсан гэнэ. Ашиг, зардал энэ тэрээ хасаад хориод сая төгрөгөөр босох
том ажил учраас энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй нь тодорхой. Санаа нийлсэн залуус ингэлээ
гээд шантраагүй юм билээ. Алиалагчийн хувцас өмсөөд зуун айл хавиар явж барилгын
материал зардаг хүмүүсээс тусламж хүсч эхэлжээ. Гэхдээ мөнгө биш, тэдний зарж байгаа
хадаас, цемент, багс гээд барилгын ажилд хэрэгтэй зүйлсийг наймаачдаас гуйжээ. Сэтгүүлч
залуу “Амьдрал хаа сайгүй хэцүү байгаа учраас юм гуйгаад очиход дуртай хандах хүн
цөөн байна. Өвчин зовлонгоо ярьж хандиваар амьдардаг хүмүүс олон болсон учраас хүмүүс
хаширчихаж. Заримд нь гуйлгачнаараа дуудуулж хөөгдөх энүүхэнд байгаа. Зорьсон ажил
маань бүтвэл өчнөөн хүүхэд аюулгүй орчинд амьдрах учраас элдвээр хэлүүлэх бол жижиг
асуудал” гэж байна.

Сэтгүүлч залуу “Би “Чухал яриа”-г
хөтөлсөн найман жилийн хугацаанд 850 гаруй дугаар хийсэн байна лээ. Монголын хамгийн
олон нэвтрүүлэг хийсэн рекордтой. Төрийн тэргүүнээс авахуулаад өчнөөн хүнтэй ярилцжээ.
Гэхдээ үр дүнтэй юм юу хийв гээд эргээд харахаар сэтгэл дүүрэн биш байна. Ингээд
дэлхий ертөнцөө тойръё, хүний төлөө сайн үйл бүтээе гэж шийдсэн дээ. Хөгжил гэдэг
чинь хүн хүнээ хайрлаж сурах л юм байна гэдгийг Японд очоод мэдэрсэн. “Болдоо фүүд
шоу” гээд дэлхийн улс орнуудын гаж хоолыг сонирхуулдаг нэвтрүүлэг бэлдэж байгаа.
Одоогоор 22 орноор аялаад байна. Хүний төлөө юм хийе гээд цэцэрлэг байгуулах ажил
руу орчихлоо. Энэ хоёр зорилгынхоо төлөө амьдарна” хэмээн ярилаа.

“Болдкогийн цэцэрлэг” Дарь-Эхийн
нэгдүгээр буудал хавьцаа удахгүй нээлтээ хийх нь тодорхой болчихож. Сэтгүүлч залуугийн
найзуудтайгаа нийлж босгож буй энэ цэцэрлэгт хэцүүхэн амьдралд өсч бойжиж байгаа
50 хүүхэд хамрагдана.

Цэцэрлэггүй өөр олон жаалыг дулаахан,
тохилог цэцэрлэгтэй болгох хүсэл Болдкод байгаа юм билээ. Нийслэлийн хороод шинэ
байртай болоод эхэлчихсэн. Хорооны хуучин байшингуудыг жаахан сэтгэл гаргаад засч
додомдоход л цөөн ч гэсэн хүүхдийн цэцэрлэг босно гэдгийг тэр олж харжээ. Ашигладаггүй
хуучин байр нийслэлд 300 гаруй бий гэсэн тооцоог хүртэл гаргачихаж. “Хуучин байрыг
цэцэрлэг болгох бүрэн боломжтойг харуулах гэж, анхны жишгийг нь тогтоох гэж хичээж
байна” гэж сэтгүүлч залуу хэлээд дараагийн ажилдаа яарлаа.

Цэцэрлэггүй жаалуудыг цэцэрлэгтэй
болгох Болдкогийн санаачилгыг дэмжиж байвал фэйсбүүкийн Болдко сэтгүүлч гэсэн хуудсанд
зочлоорой. Тэнд хандив өгөх данснууд байгаа. Шинэ цэцэрлэгийн түлхүүр, цоожийг иж
бүрнээр нь сольж өгсөн ээж, хүү хоёр, “Болдкогийн цэцэрлэг” гэсэн бичигтэй тавин
ширхэг аяга бэлэглэсэн компанийн захирал, 50 мянган төгрөг бариад ирсэн хоёр ихэр
хүүхэдтэй залуу хос гээд Дарь-Эхийн цэцэрлэгт чадлаараа тусалж буй олон хүний сэтгэл
хөдөлгөм сайхан түүхүүд ч бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Да.Ганболд: 2018 оноос зэсийн үнэ гарцаагүй өснө

Уул уурхайн сайд Р.Жигжидийн оролцсон “Сайдын цаг”-т “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нар иржээ. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах 4.4 тэрбум ам.долларын зээлийн гэрээ хоёр хоногийн өмнө батлагдсан учраас тэд оролцож байгаа юм байна. Уул уурхайн сайд эхлээд салбарынхаа анхаарал татахаар мэдээллүүдийг хүргэв. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлын хувьд орон нутгаас АМГ-ын саналын эсрэг шийдвэр гаргах явдал гарсаар байгаа аж. Энэ асуудлыг хуулийн хүрээнд зохицуулахаар ажиллаж эхэлжээ. Өнөө жил нийтдээ 48 уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад хүлээж авсан юм байна.

Стратегийн ордууд дээр хэрэгжиж буй төслүүдийн явцыг мөн сонирхуулав. Стратегийн ордод багтаасан Гацууртын ордод төрийн эзэмших хувь хэмжээг тогтоохоор засгаас УИХ-д хандчихаад байгаа. Р.Жигжид сайд “Уг нь өнөөдөр УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудалд Гацууртын орд орсон. Гэхдээ ирц сайн бүрдээгүй гэсэн шалтгаанаар хэлэлцэх эсэх нь тодорхойгүй байх шиг байна” гэж ярилаа.

Германаас хөрөнгө оруулалт татахаар ажиллаж буй зэс, молибдений Цагаан суварга төслийн ажил урагштай байгаа гэнэ. Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн хувьд зэсийн үнэ уналттай гэх шалтгаанаар эдийн засгийн үр ашиг нь сайн биш байгааг сайд онцлов. Засгийн газрын 100 дугаар тогтоолоор Эрдэнэтийг “Эрдэнэс Монгол” компанийн охин компани болгох ажил эхэлжээ. Тэгэхээр “Эрдэнэт” “Эрдэнэс Монгол”-д албан ёсоор шилжиж ирэх нь тодорхой болжээ. Шивээ-Овоогийн ордыг түшиглэж том хэмжээний цахилгаан станц барих ажил урагштай яваа. Хятад руу эрчим хүч экспортлох энэ станцад жилдээ 34 сая тонн нүүрс нийлүүлэх үүргийг манай тал хөрөнгө оруулагчдын өмнө хүлээх юм.

Төрийн өмчит “Шивээ-Овоо” компанийн нүүрс хүрэлцэхгүй учраас энэ орд дээр ашиглалтын зөвшөөрөл эзэмшдэг компанитай хамтарч ирээдүйд баригдах аварга станцад нүүрс нийлүүлнэ хэмээн Р.Жигжид сайд ярилаа.

Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилээс жилд нэмэгдэж иржээ. Алт олборлогчид энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 13.9 тонн алтыг төв банкинд тушаажээ. Алт олборлогчдод 256 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох асуудал Засгийн газрын түвшинд яригдаж байгаа юм байна.

Р.Жигжид ураны тал дээр “Цацраг идэвхт ашигт малтмалыг эрэх хайх, ашиглах чиглэлд нэлээд анхаарч байна. Манай улс ураныг шар нунтгийн хэмжээнд хүртэл үйл ажиллагаа явуулах зорилттой. Энэ чиглэлээр өндөр технологитой улсуудын компаниудыг татах, тэдэнтэй хамтрах зорилго бий. Манайх “Мон атом” Чехийн компанитай хамтарсан нь ийм учиртай. Францын “Арева”, Японы “Мицүбиши”-гийн дунд хамтарсан комани байгуулах ажил ид явагдаж байна. Цацраг идэвхт ашигт малтмалтай холбоотой асуудал ҮАБЗ-өөр орж шийдэгддэг байсан. 181 дүгээр зарлиг гарснаар бодлогын шинжтэй асуудал л ҮАБЗ-ийн хэмжээнд яригдаж байна. Хайгуул, ашиглалтын зөвшөөрөл олгох асуудлыг Засгийн газар шийдээд явдаг болсон. Өөрөөр хэлбэл энэ салбарын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд өмнөхөөсөө дөхөм орчин бий болсон” хэмээн ярилаа.

Газрын тосны салбарын хувьд энэ жил бүтээгдэхүүн хуваах гэрээ дөрвийг байгуулжээ. Энэ салбарт өнөө жил хийгдсэн хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Өнгөрсөн хугацаанд дөрвөн сая тонн газрын тос олборлож экспортолжээ. Төсөвт нэг их наяд төгрөг төвлөрүүлсэн гэсэн статистикийг сайд онцлов. Энэ жилийн тухайд газрын тосны салбарынхан төсөвт 140 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Түүхий газрын тосны үнэ огцом унаж байгаа учраас төсөвт оруулна гэж төлөвлөсөн мөнгө хэмжээндээ хүрэхгүй нь тодорхой болж. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнийхээ 94 хувийг ОХУ-аас, хоёр хувийг Хятадаас, хоёр хувийг Өмнөд Солонгосоос, үлдсэнийг нь Литва, Сингапур, Японоос импортолдог юм байна.

“Оюу толгой” компани 2009-2014 оны хооронд 7.9 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт, хоёр тэрбум ам.долларын борлуулалт хийж, улсын төсөвт 1.3 тэрбум ам.долларын татвар хураамж төлөөд байгааг сайд дуулгав.

Сайдыг мэдээлэл хийсний дараа сэтгүүлчид сонирхсон асуултдаа хариу авлаа.

Оюу толгойн төслийн санхүүжилт бүтчихлээ. Их хөрөнгө зарсан том гэрээнүүд яг хэзээнээс байгуулагдаж эхлэх вэ?

Б.Бямбасайхан: Оюу толгойн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас авсан зээл тэр чигтээ гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдана. Бүтээн байгуулалт 5-7 жилийн хугацаанд хийгдэх төсөөлөл бий. 6-7 тэрбум ам.долларын зардал гарах таамаг байна. Гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах мөнгөний тодорхой хэсгийг банкуудаас зээлж санхүүжүүлж байгаа юм. Барилгын сезон эхлэх үеэр гүний уурхайн бүтээн байгуулалтын томоохон гэрээнүүд зурагдана. Энэ жил “Оюу толгой” компани улсын төсөвт 560 орчим тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Дотоодын худалдан авалт нь 450 орчим тэрбум төгрөгт хүрсэн.

Нүүрсний экспорт ямархуу байгаа вэ, хэчнээн тонн нүүрс экспортлоод байна?

Р.Жигжид: Нүүрсний үнэ ирэх жилийн хувьд ч үргэлжлэн унах төлөвтэй байна. Дэлхийн дулааралтай холбоотой асуудлууд их байна л даа. Нүүрснээс татгалзах хандлага улс орнуудад хүчтэй байна. Саяхан Парист болсон арга хэмжээний гол асуудлын нэг нь хүлэмжийн хий байсан нь үүний тод илрэл. Тэр арга хэмжээний үеэр дэлхийн олон орон нүүрсний хэрэглээгээ хумихаа илэрхийлсэн. Хятад ч тийм байр суурь илэрхийлсэн. Манай ганц хэрэглэгч Хятад ийм бодлого бариад эхлэхээр нүүрсний зах зээлийн ирээдүйд санаа зовохоос аргагүй. Энэ оны эхний арваннэгэн сарын байдлаар 12.9 сая тонн нүүрс экпортлоод байна. 15.5 сая тонн нүүрс экспортлох зорилттой байгаа.

Зэсийн үнэ аажмаар уруудсаар байна. Ирэх жилүүдэд зэсийн үнэ ямар байх бол?

Р.Жигжид: Олон улсын судалгааны байгууллагын үнэлэлт дүгнэлтээс харахад зэсийн зах зээл ойрын үед сэргэх төлөв анзаарагдахгүй байна. Гэхдээ зах зээл олон хүчин зүйлээс хамаардаг учраас огцом өөрчлөлт гарч ирэхийг үгүйсгэхгүй. Уул уурхайн яам зэсийн үнийн хувьд олон улсын болон, дотоодын байгууллагуудын хийсэн судалгааг байнга хардаг. Судалгааны дүнгээс харахад зэсийн үнэ 2011 оны хоёрдугаар сард 10 мянган ам.доллар хүрч байж. Үүнээс хойш тогтвортой унаж байгаа.

Б.Бямбасайхан: Лондонгийн металлын бирж дээр өчигдөр (уржигдар) зэсийн үнэ 4609 ам.доллар байсан. Сүүлийн жилүүдэд ийм бага хэмжээнд хүртлээ унаагүй. 2016 оны сүүл, 2017 оны эхээр олон улсын зах зээл дээр нийлүүлэлтийн хомсдол бий болох төсөөлөл бий. Зах зээлийн олон хүчин зүйлээс болж зэсийн үнэ хэлбэлзэж байгаа.

Да.Ганболд: Олон улсын томоохон байгууллагууд 2017, 2018, ялангуяа 2019 он гэхэд зэсийн ханш нэлээд тогтворжино гэж үзэж байгаа. 2011 оноос хойш тогтмол унаж ирлээ гэж Р.Жигжид сайд сая онцоллоо. Уналаа гэхэд тэг рүү орохгүй нь тодорхой. Зэсгүйгээр хүн төрөлхтөн амьдарч чадахгүй нь ойлгомжтой. Аль хүртэл үргэлжлэх вэ гэдэг таамгууд дээр судалгааны байгууллагуудын тооцоо нэг, хоёр жилийн наана, цаана зөрдөг. 2018, 2019 онд зэсийн үнэ баталгаатай өснө. Дэлхий дээр зэс олборлодог компани тийм ч олон биш. Тэр тусмаа алт үнэ цэнээ хэзээд хадгалдаг. Олон улсын зах зээл дээр байдал хүндрэх тусам алтны үнэ цэн тогтвортой хадгалагддаг. Оюу толгой ордын нэг онцлог нь алт, зэс нэг дороо бий.

Оюу толгойн 4.4 тэрбум ам.долларын зээл эдийн засагт эерэг мэдээ ч Засгийн газрын өр нэмэгдээд байна гэсэн шүүмжлэл сонсогддог?

Да.Ганболд: Нэг зүйлийг ойлгох ёстой. Шуудхан ирэх хавраас мөнгөн бороо ороод ирнэ гэсэн үг огтхон ч биш. Монгол шиг эдийн засаг жижигтэй улсуудад нэг хандлага анзаарагддаг. Удаан жилийн холын стратеги төлөвлөлт дээрээ дандаа алддаг. Гол төлөв богино хугацааны төлөвлөлт хийж, богино хэмжээний бодлого хэрэгжүүлдэг гэмтэй. Сая зурсан гэрээний тухайд макро түвшинд нь харвал дор хаяж хорь, гучин жилийн хугацаанд Монголын эдийн засгийг тогтвортой байлгах үндэс суурь бүрдчихлээ. Янз бүрийн жижиг сажиг шалтгаан, богино хугацааны хямралын шинжтэй үзэгдлүүдээс Монголыг авч гарах, элдэв савлагааг багасгах том төсөл юм.

Оюу толгойн хувьд гадны компаниас зөвлөгөө авахын тулд 17 тэрбум ам.доллар зарлагадсан гэсэн шүүмжлэл байдаг. Энэ тал дээр тайлбар хэлээч?

Да.Ганболд: Гадаад, дотоодын өндөр мэдлэгтэй, мэргэжилтэй, хууль зүйн, санхүүгийн, эдийн засгийн задлан шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгдөг компаниудгүйгээр ийм том гэрээнүүд зурагддаггүй юм билээ. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн алдааны гол шалтгаан нь иймэрхүү зөвлөгөө байгаагүйнх. Тийм учраас хүссэн хүсээгүй ийм зөвлөгөө авах шаардлагатай гэдэг утгаар тухайн үедээ 10 сая ам.долларын төсөв батлагдсан юм. Манай улсын хуулиар 30 хувийг нь татвар гэж авдаг. Гурван сая ам.доллар нь Сангийн яамны дансанд буцаад орчихсон гэсэн үг. Тэгэхээр бодитойгоор зарцуулах мөнгөний хэмжээ нь долоон сая ам.доллар. Долоон сая ам.долларын хувьд бүгдийг нь зарцуулаагүй. Талдаа ч хүрээгүй байгаа. Хувь нийлүүлэгчдийн дундах зөрөөтэй асуудлуудын маргаан хэр хугацаанд үргэлжлэхийг урьдаас харах боломжгүй учраас ийм хэмжээний мөнгө батлуулсан юм. Үлдсэн мөнгөний хувьд өөр бусад макро төсөл, шийдвэрлэх асуудлуудад зарцуулна гэсэн тооцоо, багцаа байна. Зарим нэг популистуудын ярьж байгаа шиг 17 тэрбумыг агаарт цацах хүмүүс бид биш л дээ. Дахин хэлэхэд хаана хаанаа өгөөжтэй гэдэг зөв дүгнэлтүүдийг гаргаж өгсөн учраас хэлэлцээр амжилттай болсон.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сайханбилэг: Оюу толгой одооноос ямар ч улстөргүй, цэвэр бизнесийн төсөл боллоо

-Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсныг баталгаажуулав-

Оюу толгой ордын үнэ цэнийн 80 орчим хувийг агуулж буй гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх таван жилд саадгүй үргэлжлэхээр боллоо. Гүний уурхайн бүтээн байгуулалтаар жил бүр дор хаяж тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх юм. “Оюу толгой” компани 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн 20 байгууллагаас авахаар болоод байна. Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсныг баталгаажуулах ёслол өчигдөр “Шангрила” зочид буудалд болов. Уг ёслолд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Уул уурхайн сайд Р.Жигжид, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд, Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, Оюу толгой ХХК-ийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал Эндрью Вүдлей, “Рио тинто”-гийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак нар оролцлоо. Мөн Монгол Улсын сайд М.Энхсайхан, МҮХАҮТ-ын дарга Б.Лхагважав нарын хүмүүс ирсэн харагдав. Хувийн хэвшлийнхэн цөөнгүй иржээ. Монголын бизнесийн зөвлөл, CEO клуб зэрэг эдийн засгийн чиглэлээр ажилладаг байгууллагуудын төлөөлөл ч олноор ирсэн байв.

Гарын үсэг зурах ёслолын дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Би анх удаа урилгагүйгээр үг хэлэх гэж байна. Энэ өдрийг бид олон жил, сар хүлээсэн. Энэ өдрийг бий болгохын төлөө хичээн зүтгэсэн Монголын болон гадаадын бүх хөрөнгө оруулагчид, Рио тинто, Туркойз хилл, энд хүрэлцэн ирсэн Засгийн газрын гурван төлөөлөл, энэ том баримт бичигт гарын үсэг зурсан банк, санхүүгийн байгууллагуудад баяр хүргэе. Хоёр л зүйл хэлье. Нэгдүгээрт, Оюу толгойд өнөөдрөөс эхлэн ямар нэг улс төр, Засгийн газрын асуудал байхгүй. Оюу толгой цэвэр бизнесийн төсөл болж байна. Энд сууж байгаа Удирдах зөвлөлийнхөн, бизнесийнхэн Оюу толгой төсөл, Оюу толгойн гүний уурхайг цаашдаа авч явна. Хоёрдугаарт, өнөөдөр дэлхийн хамгийн том 15 банк Монгол Улсад, Рио тинтод зээлээ өглөө. Одоо Монголын хувийн хэвшлийнхэнд хөрөнгөө оруулах, өөрсдөө гадаад түншээ олох, зээл авах үүд хаалга нээгдэж байна. Монгол бизнестээ буцан ирлээ” хэмээн хэлсэн юм.

Нээлтийн үеэр “Рио тинто”-гийн Монголыг хариуцсан захирал С.Мөнхсүх 4.4 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий санхүүжилтийг баталгаажуулах түүхэн ач холбогдолтой гэрээнд гарын үсэг зурж байна хэмээн онцолсон бол “Рио тинто”-гийн Зэс-нүүрсний группийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак “Энэ санхүүжилтээр Монгол Улсад асар их эерэг нөлөөллийг бий болгох бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ” гэж байв. Мөн тэрээр сүүлийн үед үнэ нь уналттай байгаа зэсийн ханш эргэж сэргэх таамаг буйг дуулгасан.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюу толгой бол Монголын компани, монгол бизнес, Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадварын суурь. Төслийн санхүүжилтийг авснаар санхүүжилтийн өртөг багасна. Зардал багассанаар ирээдүйд олох ашиг нэмэгдэнэ. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 2010 онд хийгдэж, эхний шатны хөрөнгө оруулалт орж ирснээр манай эдийн засаг хурдацтай тэлсэн. Бидний хувьд өмнө нь болж байсан үйл явдлаа давтаж, шинэ хөрөнгө оруулалт татаж байна. Тэгэхээр энэ удаагийн алхам эдийн засагт бодитой нөлөө үзүүлнэ. Жилд дор хаяж нэг тэрбум орчим ам.долларыг шинэ бүтээн байгуулалтын явцад зарцуулна. Өнөөдрийн арга хэмжээнд Монголын бизнесийнхэн олноороо ирсэн байна. Бизнест эерэг дохио өгч байгаа нь төслийн санхүүжилтийн хамгийн том давуу тал. Монгол компаниуд ойрын гурван жилд олох орлогоо тооцоолох боломжтой болж байна. Оюу толгой Монголын бизнесүүдэд ээлтэй компани. Маш олон компани Оюу толгойтой гэрээтэй ажилладаг. Энэ үйл ажиллагаа ирэх таваас зургаан жилд тасалдахгүй боллоо. Өнөөдөр Оюу толгойд 6000 хүн ажиллаж байгаа. Явцын дунд энэ тоо нэмэгдэнэ” хэмээн ярив.

Монгол Улсын сайд М.Энхсайханы сэтгэгдлийг сонирхоход “Оюу толгой төслийн хувьд Рио, Туркойз хилл, Монголын Засгийн газар гурав нэг завин дээр сууж дэлхийн том зах зээл дээр хөвж явсан. Буруу зөв хэлүүлээд их удаан явж байсан. Одоо тэр завин дээр дэлхийн банк, санхүүгийн 20 байгууллага нэмэгдчихлээ. Тэд нэг зүгт сэлүүрдэнэ. Оюу толгой төсөл маш эрчимтэй урагшлахаар боллоо” гэсэн юм. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд жил бүр орж ирэх тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалтыг дагаад жил бүр 2-3 тэрбум ам.долларын нэмэлт орлого олох боломж бүрдэнэ гэдгийг ёслолд оролцогчид онцолж байлаа.

4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн хувьд Засгийн газар ямар нэг баталгаа гаргаж, эрсдэл үүрэхгүй. “Оюу толгой” компани зээлж, “Рио тинто” баталгаа гаргаж байгаа гэдгийг “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал дурдаж байв.

Өнгөрсөн тавдугаар сард байгуулсан Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөний дагуу бүх ажил явагдана. Барилгын улирал эхлэнгүүт гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжээд явах нь. Өмнө нь халагдсан зуу гаруй инженер ажилдаа

оржээ. Гүний уурхайд өмнө нь ажиллаж байсан залуусыг буцаан авахаар болсон байна.

4.4 тэрбум ам.долларыг олон улсын банк, санхүүгийн 20 байгууллагаас 12-15 жилийн хугацаатайгаар зээлж байна. АНУ, Канад, Австралийн экспортын зээлийн агентлагууд, “BNP Paribas”, “ING”, “Societe Gener­ale”, “Sumitomo mitsu”, “HSBS” зэрэг арилжааны 15 банк зээл гаргаж байгаа. Зээлийн хязгаарыг зургаан тэрбум ам.доллар гэж тогтжээ. Шаардлагатай тохиолдолд 1.6 тэрбум ам.долларын нэмэлт зээл гаргах боломжтой аж. Одоохондоо гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах үлдсэн 1.6 тэрбум ам.долларыг Оюу толгой компани дотоодоосоо гаргана гэж төлөвлөж байгаа гэнэ.

Зээлийн хүү нь Английн банк хоорондын захын суурь хүү буюу LIBOR+6 хувь байхаар тогтжээ. 0.3 тэрбум ам.доллар нь шимтгэл хураамж, татварт төлөгдөх гэнэ. Ингэснээр 4.1 тэрбум доллар нь “Оюу толгой” төслийн далд уурхайн санхүүжилтэд зарцуулагдах юм байна.

Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт 5-7 жил үргэлжилнэ. 2021 оноос олборлолтыг нь эхлүүлэхээр төлөвлөжээ. Газрын гүнд буй 20 гаруй километр үргэлжлэх хүдрийн биетийг 2021 оноос эхлэн олборлож эхэлнэ гэсэн үг. Бүтээн байгуулалт оргил үедээ хүрэхэд буюу хоёр, гурван жилийн дараагаас 3000 гаруй хүн ажилтай, орлоготой болно гэж төслийн зүгээс мэдээлж буй.

Оюу толгойг санхүүжүүлэгч гадны банкууд Монголын компаниудыг сонирхож эхэлжээ

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр 15.00 цагт төслийн санхүүжүүлэгчид, хөрөнгө оруулагчдыг Төрийн ордонд хүлээн авч уулзсан юм. Уулзалт 40 гаруй минут үргэлжилжээ. Хэвлэлийнхэнд хаалттай болсон энэ уулзалтын үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн “Манай улс стратегийн 15 ордтой. Эрдэс баялгийн 6000 гаруй илэрц нөөцтэй. Менделеевийн бүх элемент манай улсад байдаг. Бид Хөрөнгө оруулалтынхаа хуулийг өөрчилсөн. Хууль эрх зүйн орчны хувьд Монгол Улс хөрөнгө оруулагчдад таатай орон болсон. Аж үйлдвэрийн яам 600 төсөл бэлэн гэсэн мэдээ өглөө. Тэгэхээр Оюу толгойгоос гадна өөр олон боломж, бололцоо манай улсад бий” хэмээн хөрөнгө оруулагчдад ярьжээ.

Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч, санхүүжүүлэгчид өчигдөр болсон үйл явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Зарим банкны төлөөлөл “Бид зөвхөн Оюу толгой төслийг санхүүжүүлээд зогсохгүй. Монголын өөр бусад төсөл, банкуудтай харилцаж ажиллах гэж байгаа” гэсэн гэгээтэй мессэж хэлсэн гэнэ. Жишээ нь Канадын даатгалын компани “Голомт” банктай хамтарч байгаагаа дуулгажээ. “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан манай сонинд ярилцлага өгөхдөө “Гэрээ байгуулсан 20 банк санхүүгийн байгууллага Монголоос салахаа болино. Ахиад шинэ бизнесүүдэд зээл өгнө гэсэн давуу тал бий” хэмээн ярьж байсан юм.

Уул уурхайн сайд Р.Жигжид өнөөдөр төрийн ордонд Оюу толгой төслийн хоёр дахь шатны санхүүжилтийн гэрээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна. “Сайдын цаг”-т Р.Жигжидтэй хамт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Да.Ганболд нар оролцохоор болжээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

“Оюу толгой” дэлхийгээс 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт босголоо

“Оюутолгой компани 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсан нь Монголд төдийгүй дэлхийд сайн мэдээ болж байна. Гэрээнд гарын үсэг зурсан нөгөө тал нь дэлхийн банк санхүүгийн байгууллагын удирдлагууд. Батлан даалт гаргагч нь “Рио тинто”. Гүний уурхайн санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурсныг баталгаажуулах ёслол өчигдөр “Шангрила” зочид буудалд боллоо. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилт шийдэгдсэнээр Монголын эдийн засагт мэдрэгдэхээр эерэг нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид онцолж байна. Энэ сэдвээр байр суурийг нь сонсохоор “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, шинжээч Ч.Эрдэнэдалай нарт хандлаа.

ГҮНИЙ УУРХАЙ АШИГЛАЛТАД ОРОХ ҮЕД ЗЭСИЙН БАЯЖМАЛЫН ҮНЭ 20 ХУВИАР ӨССӨН БАЙХ НЬ

Оюу толгойХХКийн ТУЗийн дарга Г.Батсүхтэй ярилцлаа.

Яг ямар банк, санхүүгийн байгууллагууд гүний уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтыг хийж байгаа вэ?

-“Оюу толгой” төслийн хоёрдугаар үе шат буюу гүний уурхайн барилга бүтээн байгуулалтын ажлыг сэргээж эхлүүлэхэд зориулсан санхүүжилт болох 4.4 тэрбум ам.долларын хөрөнгө бүрдүүлэх ажлын хувьд таван жил үргэлжилсэн хэлэлцээр. Хувьцаа эзэмшигчид, “Рио тинто”, Монгол Улсын Засгийн газар, “Туркойз хилл”, “Оюу толгой” компанийн оролцоотойгоор дэлхийн 15 шилдэг арилжааны банк, таван олон улсын санхүүгийн байгууллагуудтай сүүлийн таван жилийн турш хэлэлцээр явуулсны эцэст гэрээ байгуулах ажлуудыг амжилттай хийгээд дуусч байна. Олон улсын санхүүгийн корпораци, Канадын Эскпортын хөгжлийн банк, Австралийн Экспортын хөгжил, даатгалын корпораци, АНУ-ын Экспорт импортын банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллага оролцсон. Энэ хөрөнгө оруулалтыг бүрдүүлсэн санхүүжилт Монголын, Оюу толгой уурхайг иж бүрэн хөгжүүлэх төлөвлөгөөний, манай хувьцаа эзэмшигчдийн хувьд чухал ач холбогдолтой. Дэлхийн зах зээл дээр Монголын экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болох төмрийн хүдэр, зэсийн баяжмал, алт, жоншны үнэ сайн биш байгаа. Мөн дэлхийн ихэнх орон санхүү, эдийн засгийн хямралд өртсөн. Монголын хувьд ч эдийн засаг сайнгүй хэвээр байна. Ийм нөхцөлд олон улсын хэмжээний шилдэг санхүүгийн байгууллагууд, дэлхийн олон том арилжааны банкуудаас Оюу толгой төсөлд зээл олгож байгаа нь төслийг цааш нь амжилттай хэрэгжүүлэх, Монголд гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх үйл явцыг дахин сэргээх ач холбогдолтой.

Далд уурхайн бүтээн байгуулалт хэдэн жилийн хугацаанд үргэлжлэх бол?

-Гүний уурхайн барилга, бүтээн байгуулалтын үйл ажиллагаа 5-7 жил үргэлжлэх болов уу. Ирэх оны эхний хагаст багтаж эхлүүлээд 2020, 2021 он гэхэд дуусгаж ашиглалтад оруулах зорилго тавьж байна. “Оюу толгой” өнөөдөр ил уурхайн хэмжээнд жилд 700 мянган тонн баяжмал үйлдвэрлэж байгаа бол 2020, 2021 онд 1.7-1.8 сая тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж олон улсын зах зээлд нийлүүлнэ. Гүний уурхайн барилга бүтээн байгуулалт үргэлжлэх хугацаанд төсөвт орох татварын хэмжээ нэмэгдэнэ. Төсөвт төлөх рояалти, цалин хөлс, түүнтэй холбогдсон татварууд, орлогын татвар гэх мэт зүйлс өнөөдрийнхөөс мэдрэгдэхээр нэмэгдэх нь ойлгомжтой. Сүүлийн тав, зургаан жилд “Оюу толгой” компани 1.3 тэрбум ам.долларын татвар хураамж төлсөн. Шууд бус ач холбогдол ч их бий. Оюу толгой дотоодын хангамжийн том сүлжээг сүүлийн таван жилийн хугацаанд бий болгож чадсан. Цаашдаа ч улам нэмэгдэнэ.

Гүний уурхайн бүтээн байгуулалтын явцад 3000 хүртэлх ажлын байр бий болно гэж байгаа. Хугацааг нь сонирхмоор байна?

-Гүний уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил ид дундаа явж байна. Барилга бүтээн байгуулалтын төлөвлөгөө, ТЭЗҮ, холбогдох зөвшөөрлүүд гэх мэт ажлууд руугаа орчихсон. Гүний уурхайн барилга бүтээн байгуулалтын ажлын ид оргил үед буюу 2017, 2018 оны үеэс эхлэн 3000 хүртэлх ажлын байрыг шинээр бий болгоно гэсэн тооцоо бий. Ирэх хавраас энэ тооны дөрөвний нэгтэй нь дүйцэхүйц ажлын байр шинээр бий болох байх. Бэлтгэл ажлын хүрээнд техник тоног төхөөрөмж, барилгын материал түүхий эд, үйлчилгээ зэргийг оролцуулбал дотоодын худалдан авалт эрс өснө. Мөн бэлтгэн нийлүүлэгч компаниуд, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа манай төслийн хөрөнгө оруулалтын хэмжээгээр тэлнэ. Гүний уурхайн бүтээн байгуулалтын ажилд Монголын компаниуд, гадаадын компаниудаас үйлчилгээ авах, тоног төхөөрөмж, материал худалдаж авах тендерийг ажиллагааг он гаргаад эхлүүлнэ. Нэгдүгээр улиралдаа багтаж тендерүүд зарлана. Гадаад, дотоодын бүх компани нээлттэй оролцох боломжтой.

Гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулах мөнгөний хэмжээний хувьд зөрүүтэй тоонууд сонсогддог…?

-Одоогоор хийгдсэн ТЭЗҮ-ийн үзүүлэлт, барилга, бүтээн байгуулалтын ажилтай холбогдуулсан төлөвлөгөө тооцоогоор 5-6 орчим тэрбум ам.долларын зардал гарна гэж үзсэн. Гэхдээ энэ тооцоог цаашдаа илүү нарийвчилж хийнэ. Одоогийн байдлаар 4.4 тэрбум ам.долларын хөрөнгийг зээлээр авч байна. Цаашдаа Оюу толгой компанийн үйл ажиллагаа болон “Туркойз хилл” компанийн бэлэн байгаа хөрөнгөнөөс санхүүжүүлнэ.

Гүний уурхайн бүтээн байгуулалт дуусаад Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх үед зэсийн үнэ ямар байх бол, энэ талаар таамаг тооцоонууд сонирхсон байх?

-Өнөөдөр зэсийн зах зээлийн үнэ унасан байгаа. Цаашдаа унасан хэвээрээ үргэлжилнэ гэсэн судалгаа алга. Харин ч өснө гэсэн таамаг голлож байна. 2020 он гэхэд дэлхийн зах зээл дэх зэсийн баяжмалын үнэ 20 хувиар өсөх тооцоо таамаг гарч байгаа юм билээ. Зэсийн баяжмалынхаа дийлэнх хэсгийг нийлүүлдэг БНХАУ-ын хэрэглээний зах зээл нэлээд өсөх шинжтэй тооцоо гарч байна. Тухайлбал Хятадын нийт хүн амын дундаж анги 2025 он гэхэд дөрөв дахин өсөх тооцоо бий. Хятадын хүн амын худалдан авах чадвар бараг дөрөв дахин өснө гэсэн үг. Үүнээс гадна Хятадын эрчим хүчний үйлдвэрлэлийг бий болгодог салбарт хэрэглэдэг зэс болон хагас боловсруулсан зэсийн хэрэглээ хоёр дахин өсөх таамаг гарч байгаа юм байна. Мэргэжлийн хүмүүсийн хийсэн эдгээр тооцоо бидэнд өөдрөг сэтгэгдэл төрүүлж байгаа. Тэгэхээр гүний уурхай ашиглалтад орох үед зэсийн баяжмалын үнийн өсөлтийн цикл эхлэх нь тодорхой байна. Үүнийг угтаж ашиглалтад оруулъя гэсэн урам зоригтойгоор ажиллаж байгаа.

Гүний уурхай ажиллаж эхэлснээс хойш төсөл хэдий хугацаанд хэрэгжих бол, төслийн насыг уртасгах тал дээр ажиллаж байгаа гэсэн байр суурийгРио”-гоос илэрхийлдэг…?

-Хувьцаа эзэмшигчдийн хийсэн судалгаа, зээл олгож байгаа банкууд, олон улсын санхүүгийн байгууллагуудын хийсэн тооцоогоор Оюу толгой гүний уурхайгаа ашиглалтад оруулаад бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн үед дэлхийн зэсийн таван том уурхайн нэг болно. Энэ талаас нь харсан ч Монголын эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулах “Оюу толгой”-н хувь нэмэр эрс өсөх нь ойлгомжтой. Гүний уурхай ашиглалтад орсноос хойш дор хаяж 50 жил, түүнээс дээш хугацаанд ашиглая гэсэн зорилго тавьж байгаа.

Он гараад л төслийн санхүүжилт орж ирж эхлэх үү?

-Он гарангуут бэлтгэл ажлын хүрээнд 4.4 тэрбум ам.долларын эхний хэсэг орж ирнэ. Тодруулж хэлбэл нэгдүгээр улиралд багтаж 500 сая орчим ам.доллар орж ирнэ. Гадаадын чөлөөт валютын урсгал хөрөнгө оруулалтаар дамжаад ороод ирэхээр хамгийн наад зах нь валютын ханшид нөлөөлнө. Ингэснээр Монголын жижиг, дунд бизнесүүдийн ажлын цар хүрээ эрс сэргэж, тэлж эхэлнэ.

ОЮУ ТОЛГОЙД ЗЭЭЛ ӨГСӨН ДЭЛХИЙН БАНКУУДЫН ХААЛГА МОНГОЛЫН КОМПАНИУДЫН ӨМНӨ НЭЭГДЭНЭ

Эрдэнэс Монголтөрийн өмчит компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-“Оюу толгойкомпанийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг сонирхмоор байна?

-15 арилжааны банк, таван Хөгжлийн банк нийлээд санхүүжүүлж байгаа. Банк болгон өөрийн гэсэн эргэн төлөлтийн хуваарьтай, хүүтэй. 12-15 жилийн дотор энэ зээлийг Оюу толгой компани үйл ажиллагаа, орлогоосоо төлөх юм. Хамгийн гол нь Оюу толгой өөрийнхөө мөнгөн урсгалаас энэ зээлийг төлнө. Зээлийн гол зорилго ерөөсөө л Оюу толгойн орлогыг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах. Оюу толгой бүтээн байгуулалтынхаа санхүүжилтийг тасралтгүй хийх боломжтой боллоо. Бүтээн байгуулалтын үйл ажиллагаа тасралтгүй явагдана гэсэн үг. Нэмж хэлэхэд зах зээл сайнгүй ийм үед олон улсын банкуудаас ийм шийдвэр гаргуулж чадсан нь сайн хэрэг. Зах зээл хэцүү үед хэн ч том төсөл хэрэгжүүлье гэж боддоггүй. Аль болох зардлаа танахад л анхаардаг

Гүний уурхай ашиглалтад орсноор Монголын өмнө нээгдэх боломж, давуу талууд гэвэл…?

– Гол зах зээлүүддээ ойр гэсэн давуу тал бидэнд бий. Ер нь бизнес гэдэг юмны хамгийн чухал зүйл нь мөнгөн урсгал. Оюу толгой бол яах аргагүй тогтмол мөнгөн урсгалтай байх бизнес. Тийм ч учраас 20 банк итгээд зээл өгч байгаа юм. Бизнесүүдэд ирэх гурваас таван жилд компанийнхаа бизнес төлөвлөгөөг гаргаад тайван явж болох нь гэсэн итгэл төрж эхэлнэ. Энэ бол маш том давуу тал. Зах зээл хүндхэн байгаа ийм үед хагас жилийн дараа орлоготой байх эсэхээ мэдэхгүй яваа компани олон. Одоо тэгэх шаардлагагүй. “Оюу толгойгоос байнга худалдан авалт хийгдэнэ, тэрэнд нь би оролцох учраас бизнес төлөвлөгөөгөө таван жилээр төсөөлж чадна” гээд банк руу очих боломжтой болчихож байна. Тийм тодорхой зүйл яриад очиж байгаа хүнд банк санхүүжилтийг нь өгч таарна. Өнөөдөр банкны хэд хэдэн захирал над руу ярилаа. Бүгд л баяртай байна. Сүүлийн үед муу зээл ихсээд байгаа. Орлоготой хүн, ашигтай компани байж л муу зээл сайн зээл болно.

Та олон улсын банкуудын үүд хаалга Монголын компаниудын өмнө нээгдэж байна гэж ярьж байсан. Энэ ч бас том давуу тал шүү.

-Гэрээ байгуулсан 20 банк санхүүгийн байгууллага Монголоос салахаа болино. Ахиад шинэ бизнесүүдэд зээл өгнө гэсэн давуу тал бий. “S&P”, “Мүүдис” агентлагууд манай зээлжих зэрэглэлийг буурууллаа гэсэн мэдээ байсхийгээд сонсогддог. Тэгвэл ирэх өдрүүдэд ийм муу мэдээ сонсогдохоо болино гэж найдаж байна. Энэ салбарт ажилладаг улс хоорондоо холбоотой байдаг гэдэг утгаараа одооноос Монголыг хэн ч муулахаа болино. Хэн нэг хүн танд итгээд мөнгө өгчихлөө гэж бодъё. Зээл өгсөн хүнээ хэн ч муулахыг хүсэхгүй. Муулбал өөрт нь сөргөөр нөлөөлөх учраас муу үг амнаасаа унагахгүй л дээ.

Таван жил хөөцөлдөж байж бүтээсэн санхүүжилт гэхээр бичиг цаасны ажил гэж нүсэр юм байна биз?

-Давхарлаад тавибал бараг тааз хүрэхээр их бичиг баримтанд гарын үсэг зурсан. Бараг таван жил хөөцөлдсөн зээл учраас аргагүй. Их олон хүний хөдөлмөр орсон, олон ч сая ам.доллар зарцуулсан.

Гүний уурхайн бүтээн байгуулалтад ажиллах хүмүүсийн хэчнээн хувь нь монголчууд байх вэ?

-“Оюу толгой”-д ажиллаж байгаа хүмүүсийн 96 хувь нь монголчууд. Гэрээгээр бол 90 хувьтай байх ёстой ч өнөөдөр 96 хувь болоод өсчихсөн. Алсдаа үүнээс ч илүү болж магадгүй. Ер нь бизнесийн нэг гол чухал хүчин зүйл бол хүн. Нарийн мэргэжлийн болж туршлагажаад, мэргэшээд явбал бидэнд л хэрэгтэй. Гүний уурхайн технологийг ашиглах гэж байгаа анхны улс нь Монгол. 20 жилийн дараа ийм уурхайнууд дэлхийд олноор баригдахад монгол мэргэжилтнүүд үнэ цэнтэй болно. Монголчууд л очиж ажиллана. Оюу толгойд ажиллаж буй хүмүүс мэргэжлийн хувьд бусад уурхайтай нь харьцуулахад хамгийн дээр байна гэдгийг “Рио”-гийн зүгээс ч хэлдэг. Австралийн уурхайн мэргэжилтнүүд дэлхий дээр яагаад ийм үнэ цэнтэй байгаад байна вэ гэдэг асуултын хариу тодорхой. Туршлагатай болоод л тэр. Өндөр цалин авдаг улс ингэж бий болдог.

ДЭЛХИЙД УРАЛДАЖ БАЙГАА ХОЁР ТОМ ТӨСЛИЙН НЭГ НЬ ОЮУ ТОЛГОЙ

“Mongolian metals & min­ing” компанийн эрхлэгч, шинжээч Ч.Эрдэнэдалайгаас гүний уурхайн санхүүжилт батлагдсан нь Монголд ямар эерэг нөлөө үзүүлэхийг сонирхоход “Уул уурхай дэлхий даяар уначихсан. Бүх төслүүд зогссон. Дэлхийд хоёр том төсөл уралдаж байгаагийн нэг нь Оюу толгой. Нөгөө нь мөн л “Рио”-гийнх. Австралид хэрэгжүүлж байгаа хөнгөн цагааны төсөл. Уул уурхайн гигантууд захаасаа унаж эхэлж байна л даа. “Англо Американ”-ы зах зээлийн үнэлгээ гэхэд л “Оюу толгой”-гоос бага болчихсон. Тэд 85 мянган ажилтнаа халах төлөвлөгөөтэй байна. Харин Монгол энэ их уналтын эсрэг сөрөөд явж байна. Ирэх жил ойролцоогоор хоёр тэрбум ам.долларын зарцуулалт хийгдэнэ. Монгол дахь зарцуулалт нь ойролцоогоор нэг тэрбум ам.доллар хавьцаа байгаа болов уу. Монголын ханган нийлүүлэлтэд шууд утгаараа нөлөөлнө гэсэн үг. Ирэх жил Оюу толгойг дагасан гадаад хөрөнгө оруулалт 885 сая ам.доллар хавьцаа байх болов уу гэсэн таамаг бий. Миний хувьд 500 сая ам.доллар хавьцаагаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх болов уу гэж харж байна. Ямар ч байсан өнөөдрийн 70 сая ам.доллараас эрс нэмэгдсэн хөрөнгө оруулалт орж ирнэ” гэсэн хариу өглөө.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийг нуруундаа үүрэх уул уурхайг АЛТ л АВАРНА

Өнгөрсөн оны сүүлчээр найман хувьтай байсан эдийн засгийн өсөлт энэ жилийн эцсээр 2.5 хувь болж буурсан гол шалтгааныг гадаадын шууд хөрөнгө оруулалтын татралт гэж шинжээчид харж байна. Манай зэс, нүүрсийг худалдаж авдаг Хятадын эдийн засгийн өсөлт удааширсан гэх том шалтгаан бий. Сүүлийн таван жилд экспортын 90 гаруй хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 гаруй хувь уул уурхайн салбарт ногдож байсан нь үүний гол нотолгоо. Гадаадын хөрөнгө оруулалт оргил үедээ 4.6 тэрбум ам.доллар хүрдэг байсан бол өдгөө 15.9 сая ам.доллараар хэмжигдэж байна. “Өмнөх буюу 2009 оны хямралын үед уул уурхай, барилгын салбарын өсөлт саарч дараа нь үйлчилгээний салбар муудсан бол одоогийн байдлаар үйлчилгээ, уул уурхайн салбар уналттай байна” гэж “Эгүлэ капитал”-ынхан онцолжээ. Ирэх онд ч эдийн засаг хүндхэн үргэлжилнэ гэсэн таамгийг судалгааны хэд хэдэн байгууллага гаргаад байна. Тэдний нэг нь сая дурдсан “Эгүлэ капитал”. Тэд ирэх оны эдийн засгийн өсөлтийг 4.3 хувь гэж төсөөлжээ.

Судалгааны “Мандал даатгал” компани ч гэгээтэй зүйл олж харахгүй байгаагаа дуулгалаа. Тэд ирэх онд эдийн засгийн өсөлт 3.6-4.4 хувьд хүрэх болов уу гэж таамаглажээ. “Мандал”-ын таамгаар бол ирэх оны эдийн засаг өнөө жилийнхээс дээрдэхгүй нь. Ирэх оныг “Мандал”-ынхан зээлийн чанаргүйдэл нэмэгдэнэ, төсөв хүндэрнэ, эдийн засгийн өсөлт ажиглагдахгүй гэж харжээ. Дэлхийн банк, АХБ, ОУВС, Монголбанк, Сангийн яамны төсөөлөл ч айхтар өөдрөг биш. Эдийн засаг 4.3 хувьд хүрч өсч магадгүй гэцгээж. Магадгүй гэж болгоомжилсон нь цаанаа учиртай. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр хэрхэхээс, уул уурхайн том төслүүдийн явц муу байвал үүнээс ч уруудах эрсдэлтэй гэсэн сануулга энэ үгний ард бий. Монголын уул уурхайн голлох бүтээгдэхүүн гэвэл зэс, нүүрс, алт, төмрийн хүдэр. Тодруулж хэлбэл доллар олж ирдэг гол бүтээгдэхүүнүүд маань. Эдгээр ашигт малтмалын үнэ ирэх онд ямар байхаас унах босох маань шалтгаална гэсэн үг.

Зэсийн үнэ үргэлжлэн уруудна

Дэлхийн банк, Лондонгийн металлын бирж зэрэг олон улсын байгууллагуудын тайланд зэсийн 45 хувийг импортолдог урд хөршийн эдийн засгийн өсөлтийг 2018 он хүртэл буурна гэж онцолжээ. Дэлхий үгийг нь анхаарч сонсдог шинжээчид ч Хятадын эдийн засаг ойрын гурван жилдээ сэргэхгүй гэсэн гутранги таамаг хэлээд эхэлчихсэн. Хятадын эдийн засаг сайн биш ирэх жилүүдэд зэсийн үнэ үргэлжлэн буурна гэж тэд ам нийлүүлж байна. Зэс, никель зэрэг металлууд газрын тосны үнийн бууралт, арилжаачдын Хятадын эдийн засгийн талаарх сөрөг төсөөллөөс шалтгаалж буурч байгаа гэх таамгийг Glen­core зэрэг зарим уул уурхайн компани тайландаа тусгажээ. Хөрөнгө оруулагчдын тухайд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ашиг багатай ажилласан учраас зах зээлийг богино хугацаанд эргэж сэргэнэ гэх итгэлгүй байгаа аж. Тэгэхээр ирэх онд зэсийн үнэ одоогийнхоос буурах нь тодорхой болчихож. “Голдман сакс” гэхэд л ирэх оны зэсийн үнийг 4500 ам.доллар гэж төсөөлжээ. Ийм багаар төсөөлснөө мөн л Хятадын эдийн засгийн удаашралтай холбожээ. Эрдэнэт үйлдвэрт зэсийн одоогийн үнэ хүндхэн тусч байгаа. Борлуулснаасаа давсан үнээр зардал гаргачихгүйн тулд аль байдгаараа хичээж буй. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт ирэх хавраас эрчимжинэ. Далд уурхайн санхүүжилтийн гэрээнд ирэх лхагва гаригт гарын үсэг зурна гэсэн мэдээлэл цацагдаж байна. “Рио” уг бүтээн байгуулалтад шаардлагатай дөрвөн тэрбум гаруй ам.долларыг олон улсын банк санхүүгийн байгууллагаас босгож байгаа юм. Энэ жил далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэл ажилд гэхэд л 300 сая ам.доллар зарцуулж буй. Далд уурхай тойрсон сайн мэдээ шил дарж байгаа учраас ил уурхайн олборлолт хэвийн үргэлжилж таарна. Технологи энэ тэр нь Эрдэнэттэй харьцуулах аргагүй учраас олборлолтын зардал дээр толгой өвдөх зовлонгүй. Зэсийн үнэ “Голдман сакс”-ын таамагласан 4500 ам.доллараас эрс уруудчихгүй л бол Оюутолгой олборлосноо борлуулаад дажгүй мөнгө эдийн засагт оруулчих боломжтой. Өөр нэг гэгээтэй мэдээ дуулгахад сар ирэх бүр хумигдсаар 9.8 их наяд болоод буй зээл олголт хавраас эрчимжих далд уурхайн бүтээн байгуулалтаас хойш мэдэгдэхүйц нэмэгдэнэ гэх төсөөлөл байна. Үлдсэн санхүүжилт нь шийдэгдэх шатандаа яваа зэс молибдений Цагаан суваргын ордын хувьд ирэх онд ашиглалтад орохгүй учраас таамаглалын гадна орхилоо.

Нүүрсэнд найдах зүйлгүй

Уг нь төмөр замаа бариад Таван толгойгоос нүүрсээ зөөвөл овоо хэдэн доллар олчих боломж бий. Гэвч Япон, Хятадтай хамтарч Таван толгойг ашиглах хувилбар өнөө хэр шийдлээ олоогүй. Улс төрийн том эрх ашиг цаана нь бий учраас сонгуулиас өмнө лав тодорхой шийд гарахгүй гэцгээж буй. Ийм үед ирэх онд нүүрснээс айхтар их мөнгө олж эдийн засгаа тэтгэх боломж харагдахгүй байна. Нүүрсээ зардаг Хятадын эдийн засаг удааширсан хэвээр, дээр нь агаарын бохирдлыг бууруулах бодлого урд хөршид хэрэгжээд эхэлчихсэн. Ийм шалтгаанаар Хятад улс нүүрсний хэрэглээгээ эрс хумих чиг рүү явж байгаа. Гэсэн хэр нь Австрали, Оросоос эхлээд тийшээ нүүрсээ зардаг улсууд нийлүүлэлтээ багасгах сонирхолгүй хэвээр гэдгийг Хятадын нүүрсний импортын сүүлийн үеийн статистикаас харчихаж болно. Эрэлт багасч нийлүүлэлт өсөхөөр үнэ хямдрах нь тодорхой. Нүүрсний үнэ ирэх онд өсөхгүй, уруудах нь ойлгомжтой болсон гэсэн үг. Ийм цагт “Эрдэнэс Таван толгой”-гоос бусад нүүрс экспортлогчид олборлолтоо зогсоочихоод байгаа. Тэгэхээр Монгол Улс 2016 онд нүүрснээс их хэмжээний мөнгө олно гэж найдалтгүй болчихоод байна.

Алт үнээ алдахгүй

Алт руу чиглэсэн хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа, томоохон төв банкуудын алт худалдан авалтын хэмжээ багассан, эрэлт, нийлүүлэлтийн аль аль нь сайн биш гэсэн таагүй мэдээ алтны зах зээл дээр бий. Алтны үнэ мянган ам.доллараас буурна гэсэн гутранги таамаг ч байгаа. Алтны ханш ам.долларын ханшийн хөдөлгөөнөөс шалтгаалдаг. Ам.долларын ханш сүүлийн үед илт чангарсан. Одоо ч чанга байгаа. Тэр хэрээр алтны үнэ суларч буй. Энэ сарын 16-нд АНУ-ын холбооны нөөцийн банкнаас бодлогын хүүгээ өсгөх эсэхийг шийднэ. Хэрвээ өсгөвөл ногоон валют чангарч алтны ханшид сөргөөр нөлөөлөх болов уу гэсэн таамаг бий. Гэхдээ илүү гэгээтэй таамаг, төсөөлөл нүүрс, зэсээс илүү алтны зах дээр л байна. Хөрөнгө оруулагчдын хувьд Хятадын Төв банкыг алтны худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Тэдний хүлээлт биеллээ олж, Хятадын Төв банк алтны худалдан авалтдаа анхаарвал алтны үнэ өсөх нэг том шалтгаан яах аргагүй мөн. HSBC-ийн шинжээчид “Өнгөрсөн сард алтны үнэ сүүлийн таван жилийн хамгийн бага түвшиндээ хүрсэн. Тийм учраас ирэх онд эргэж өснө” гэж онцолжээ.

Эрдсийн зах зээл дээр судалгаа тандалт хийдэг MIBG-гийн гүйцэтгэх захирал А.Билгүүн ч алтны үнэ зэс, нүүрснийх шиг буухгүй өснө гэсэн байр суурь илэрхийллээ. Тэрээр “Хөрөнгө оруулагчид айдас ихтэй байх тусмаа валютад итгэдэггүй. Мөнгөө алт болгож хадгалуулахыг илүүд үздэг. Тэр утгаараа алтны үнэ ирэх жил дажгүй байх болов уу. 1000-1100 ам.долларт хэлбэлзэнэ гэсэн таамаг байна. Зэс, төмрийн хүдэр, нүүрснийх шиг унахгүй. Ер нь баялгийн үнэ Хятад, Энэтхэг, Орос, Бразил гэх БРИКС-ийн гишүүн орнуудын эдийн засгаас хамаардаг. Оросын эдийн засаг энэ онд уналттай гарах нь тодорхой болчихсон. Ирэх жил ч сайн биш байх зураг гараад байгаа. Хятадын эдийн засгийн хувьд энэ жил долоон хувьдаа байх ч ирэх жил уруудна гэж буй. БРИКС-ийн эдийн засгаас Бразил арай гайгүй нь. Гэхдээ Орос, Хятад хоёр суларчихаар нүүрс, зэс зэрэг объем ихтэй товарын үнэ хэцүү болчихлоо л доо. Эцэст нь хэлэхэд уул уурхайг алт л аврахаар байна. Алтны хувьд Заамарын жижиг ордууд, өчнөөн тооны шороон ордууд байна. Оюу толгой алттай. Яг алтаараа дагнасан, эхлэхэд бэлэн болсон том төсөл гэвэл Гацуурт л байна. Шинжээч, судлаач, уул уурхайнхан энэ ордын ажлыг цаг алдалгүй урагшлуулах хэрэгтэй гэсэн байр суурийг хэлээд байдаг нь ийм учиртай” хэмээн ярилаа. Гацууртын ордод төр хувь эзэмших асуудал УИХ-ын түвшинд яригдаж эхлэх шатандаа яваа. УИХ хэлэлцэх эсэхийг нь шийдэх гэж хэд хэдэн удаа хуралдсан ч тоймтой шийд гараагүй өнөөг хүрсэн юм.

“Гацуурт” төслөөс Монголд оруулах шууд өгөөж нь 2.3 их наяд төгрөг. Татвар хураамж, элдэв зардал, дотоодод хийх худалдан авалт, Монгол ажилчдын цалин, орон нутагт хэрэгжүүлэх төслүүд, хандив зэргийг шууд өгөөж гээд байгаа юм. Хөрөнгө оруулалтын үржүүлэгч нөлөө гэж бас бий. Энгийнээр хэлбэл төсөлд бараа, үйлчилгээ ханган нийлүүлдэг компаниудын ашиг орлого гээд эдийн засагт шууд бус утгаараа мэдрэгдэж буй эерэг нөлөөг үржүүлэгч гэж тодотгодог. Шууд өгөөжийг 5-7 дахин нэмэгдүүлэхэд үржүүлэгч нөлөө нь гараад ирнэ гэж үздэг. Ингээд тооцоход зөвхөн “Гацуурт” гэхэд л эдийн засагт арван их наяд төгрөгтэй дүйцэхүйц өгөөж өгөх нь.

Гацууртаас гадна “Эрдэнэ ресурс”-ийн алт, зэсийн орд бий. Дажгүй нөөц илрэх магадлалтай дараагийн орд дээрээ хайгуул хийх мөнгө босгохын тулд Баянхонгор аймагт орших “Алтан нар” орддоо олборлолт явуулах гэж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Ирэх онд олборлолт нь эхэлбэл гарцаагүй сайн мэдээний нэг болно.

Эцэст нь дүгнэж хэлэхэд мөнгө олох ганц салбар уул уурхай гэдгийг дээр дооргүй хүлээн зөвшөөрч байгаа. Эдийн засаг ганц салбараас хамаарч буй нь гашуун ч гэлээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн. Уул уурхайн салбар ДНБ-ий 22 хувийг эзэлж байгаа. Уул уурхайн голлох бүтээгдэхүүн нүүрс, зэс, төмрийн хүдрийн зах зээл ирэх онд тааруу байх нь олон улсын судалгааны байгууллагуудын таамаг төсөөллөөр тодорхой болчихлоо. Алтны ханш л хэлбэлзэхгүй гэдгийг хэд хэдэн шинжээч онцолж байна. Тэгэхээр эдийн засгийг нуруундаа үүрэх уул уурхайг аврах гол гарцын нэг нь алт болж таарч байна.

Уул уурхайгаас гадна барилгын салбарт эрсдэл өндөр байна. Шинжээчдийн таамгаар бол ашиглалтад орсон байрнууд ирэх онд ч авах хүнгүй, эзэнгүйдсэн хэвээр байх бололтой. Үүнийг дагаад банкны салбар ч эрсдэл үүрч мэдэх нь. Арай гайгүй гэгдэж буй хөдөө аж ахуйн салбар ч өнгөрсөн зуны гангаас болж тэнхрээгүй хэвээр байгаа нь ирэх оны эдийн засагт нөлөөлнө гэж учир мэдэх улс ярьж байна.

Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх хэрээр долларын ханш суларна

Харин ам.долларын ханш ирэх онд суларна, тогтвортой байна гэсэн төсөөллийг бидний хандсан судалгааны байгууллагууд дуу нэгтэй хэллээ. Гэхдээ гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл гэсэн тайлбартайгаар. “Мандал даатгал” гэхэд “Төсвийн алдагдлыг ДНБ-ий дөрвөн хувиас хэтрүүлэхгүй бол, эдийн засгийн өсөлт гурван хувиа алдахгүй тохиолдолд, гадаадын шууд хөрөнгө оруулалт ДНБ-ий 3.7 хувьтай тэнцэх хэмжээнд орж ирвэл валютын ханш одоогийнхоос 20-40 төгрөгөөр бууна” гэж таамаглажээ. Харин гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ ДНБ-ий 7.1 хувьтай тэнцэхээр хэмжээнд орж ирвэл ам.долларын ханш 60-90 төгрөгөөр буурах боломжтой гэсэн тооцоо гаргажээ. Тэгэхээр аль ч талаас нь харсан гадаадын хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж байж л одоогийн таагүй байдлаас гарах нь. Оюу толгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалт эрчимжсэн мэдээ долларын ханшийг тогтвортой байлгасаар шинэ онтой золгоно гэж эдийн засагчид онцолж байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Ганболд: Ирэх онд зөвхөн алтаараа гэхэд л тэрбум ам.доллар олох боломжтой

Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.

-Алт олборлогчид энэ жил хэчнээн тонн алт нийлүүлээд байна вэ?

-Алтны зах зээл дээр сүүлийн хоёр жилд эрх зүйн хувьд эерэг хандлага гарч ирсэн. Ийм шалтгаанаар алтны нийлүүлэлт таван тонноос 15 тонн хүртлээ өслөө. Энэ жил 15 тонн алт нийлүүлээд байна.

-Ам.доллараар тооцвол эдийн засагт хэчнээн хэмжээний валют орсон гэсэн үг вэ?

-Мөнгөн дүнгээр бол зөвхөн алтны нийлүүлэлтээр 2014 онд 500 гаруй сая ам.доллар улсад орсон. Харин энэ жил 600 гаруй сая ам.доллар оруулаад байна. Манай эдийн засагт яах аргагүй сайн, эерэг үзүүлэлт болсон. Зээл, өр биш дотоод нөөц бололцоогоороо энэ хэмжээний доллар олчихож байна гэсэн үг. Эдийн засагт шууд оруулж байгаа мөнгөнөөс гадна шууд бус үр өгөөж ч өчнөөн. Алт олборлогч компаниуд ажлын байр бий болгохоос эхлээд эдийн засагт бодитой нэмэр болж байгаа.

-Ирэх жил алтны нийлүүлэлт хэр байх бол?

-Энэ жилийнхээ хэмжээнд байх болов уу.

-Нэмэгдэх боломжтой юу?

-Бүрэн боломж бий. Харамсалтай нь санхүүжилт, зээлийн асуудал шийдэгдэж өгөхгүй байна.

-Засгаас алтны санхүүжилтийг шийдчихлээ гээд байгаа шүү дээ. Худлаа болж таарч байна уу?

-Сүүлийн гурван жилд алтны санхүүжилт шийдэгдсэн, болсон гэсэн нэр томъёо яригдаад байгаа л даа. Гэтэл өнөөдрийн байдлаар чамлахааргүй хэмжээний валютын нөөц оруулж байгаа компаниуд санхүүгийн дэмжлэг буюу зээл авч чадаагүй. Өнөөг хүртэл нэг ч мөнгө аваагүй. Алтны компаниуд энгийнээр хэлэхэд техникжсэн боловсронгуй нинжа маягаар ажиллаж байна. Өөрсдийнхөө боломж бололцоогоор, ломбардны зээлээр өдий зэрэгтэй, ийм том юм хийж чадаад байхад санхүүгийн дэмжлэг үзүүлчихмээр байгаа юм. Эдийн засагт оруулсан мөнгөнийх нь арав, хорин хувьтай тэнцэх хэсгийг урт хугацааны санхүүгийн зээл хэлбэрээр өгөөд дэмжчихвэл алтны нийлүүлэлт өсөх боломжтой. Харамсалтай нь бодлогын, хөгжлийн гэсэн янз бүрийн нэр томъёотой зээл, тэтгэлгүүд энэ салбарт ажилладаг хэмжээний жижигчүүдэд олддоггүй нь амьдралаар, цаг хугацаагаар харагдаж байна. Дээд зиндааны, улс төрийн том нөлөөлөлтэй компаниудад л олддог шиг байна. Ийм нөхцөл дунд бид нэр төртэй ажиллаж улс орныхоо эрдэнэсийн санд алтаа нийлүүлж, эдийн засагт бодитой үзүүлэлт гаргаад явж байгаа.

-Алтны компаниудад яагаад санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгаа вэ?

-Барууны том компаниудын хувьд санхүүгийн сайн хэрэгсэлтэй учраас үйл ажиллагаагаа өргөн хүрээгээр далайцтай явуулаад байгаа юм. Нөөцөө томоор нь тогтоогоод үйл ажиллагаагаа таваас арван жилээр төлөвлөж явуулдаг. Харин дотоодын алтны компаниудын хувьд байдал огт өөр. Санхүүгийн нөөц бололцоогүй учраас урд хормойгоороо хойд хормойгоо нөхөх зарчмаар ажилладаг.Тухайн жилийнхээ ажлыг цаг хугацаанд нь хийгээд, дараа оныхоо ажлыг дараа жилд нь ашиглалттайгаа давхцуулж хийдэг. Чадалгүй ядуу хүний жишгээр ажилладаг. Хийгээд гаргасан ажил нь чамлахааргүй их гэдгийг сүүлийн хоёр жилд алтны компаниуд харуулсан. Төр засгаас асуудалд өрөөсгөл ханддаг. “Дотоодын компаниудын сүртэй нь хаанаа байдаг юм, дийлэнх хувийг чинь иргэд тушаасан байна” гэдэг л дээ. Татварын эрх зүйн орчин хангалтгүй, дутагдалтай, хоцрогдсон гэдгийн л тод илрэл.

-Тэгэхээр компаниуд алтаа иргэний маягаар тушаадаг гэсэн үг үү?

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын хуулийн 17.1-д байдаг гурван тэрбум төгрөгөөс доош ашгаас арван хувь, гурван тэрбум төгрөгөөс дээш ашгаас 25 хувь авдаг буруу тогтолцооноос үүдээд дийлэнх нь иргэн хэлбэрээр өгдөг. Татварын дарамтад орохгүйн тулд. Тэгэхээр статистик тоон мэдээн дээр иргэд тушаасан мэт харагддаг юм. Энгийн ухаанаар бодоод үзсэн ч иргэдэд ийм боломж байхгүй. Жирийн нэг иргэн алтыг гараар малтаад олборлоно гэж байхгүй. Уулын ажил гэдэг ондоо зүйл. Хамгийн багадаа 50-70 метр гүнзгий ухаж байж олборлолт явуулдаг.

-Алт эдийн засагт бодитой нөлөө үзүүлдэг гэдэг утгаар нь Татварын хуульд өөрчлөлт оруулаад шийдчихэж болмоор юм биш үү?

-Засгийн газар, Татварын ерөнхий газрын зүгээс татварын шинэчлэлтийн ажиллагаа хийж байгаа. Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль хэрэгжиж байна. Компани, иргэдийн үйл ажиллагааг шилэн болгож, нөхцөл байдлыг нь сайжруулж, эдийн засгаа тэлэх, татварын бааз сууриа томруулах зорилгоор хэрэгжүүлж буй хууль. Тэр утгаараа татварын орчин нь цаашдаа зөв болох ёстой. Эдийн засагт ийм өөрчлөлт ороогүй байх үед хийгдсэн хуулийг сайжруулах цаг үе ирсэн. Шинэчлэл хийгдэж байгаа. Татварын шинэчлэлийн хууль ондоо багтаж батлагдах болов уу гэсэн хүлээлт бий. Тодорхой хэмжээнд санал бодлоо илэрхийлж байна. Эдийн засагт эерэгээр нөлөөлөх хэмжээний татварын зөв зүйтэй хууль гарах байх.

-Алт олборлогч компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлчихвэл ирэх онд алтны нийлүүлэлт хэр хэмжээгээр өсөх боломжтой вэ?

-15 тонн гэсэн таамаг маань хэд ч хүрч нэмэгдэх боломжтой.

-Хоёр дахин нэмэгдэх боломж бий юу?

-Тийм боломж бий. Ломбардны зээлээр их хэмжээний алт тушааж байгаа юм чинь бодлогын хөнгөлөлттэй зээлээр дэмжвэл хэд дахин ч өсөх магадлалтай.

-Хоёр дахин нэмэгдвэл тэрбум гаруй ам.доллартай тэнцэхээр алт нийлүүллээ гэж шуугих нь дээ?

-Тэрбум байтугайг алтнаас олох боломжтой.

-АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ сард хуралдахдаа бодлогын хүүгээ өсгөж магадгүй, тэгвэл ам.долларын ханш чангарна, ногоон валютын чангарал алтны ханшийг суллаж мэднэ гэх мэт таамгууд яригдаж эхэллээ. Алтны үнэ ирэх онд яах бол, та юу гэж бодож байна?

-Алтны ирээдүйн үнэ ханшийн төлөв гэдэг бол өрөөсгөл ойлголт. Дэлхий дээр хэвлэл мэдээлэл, олон улсын бүх л эх сурвалжаар том шинжээч, судлаач, эдийн засагчид алтны үнийн талаар янз бүрийн таамаг хэлдэг. Таамгууд нь дандаа зөрдөг. Хэрвээ үнэхээр таагаад биччихдэг байсан бол дэлхийн эдийн засаг өнөөдөр ийм хүнд байдалд орохгүй байсан байх. Ирээдүйн үнэ төлөв, хандлага гэхээс илүүтэй нэг зүйл алтанд бий. Хүн төрөлхтөн ахуйн харилцаанд орсон цаг үеэс хойш эд хөрөнгө, мөнгөний баталгаа, үндэс суурь, хуримтлал хэрэглүүр зэргийг баталгаажуулдаг юм зөвхөн алт л байсан. Алмаз, очир эрдэнэ биш алт л ийм онцлогтой. Үүнд ямар нэг логистик, маркетинг гэдэг юм огт байхгүй. Өнөөдөр ч тодорхой харагдаж байгаа. Бусад түүхий эдүүдтэй харьцуулахад хамгийн их хөрвөх чадвартай, ондоо зорилгоор хэрэглээнд тооцогддог эрдэс баялаг.

-Тэгэхээр алтны үнэ унахгүй гэсэн үг үү?

-Алтны үнэ унана гэж байхгүй. Дэлхий дээр хэвлэгдэн гарч ирж буй цаасан мөнгөн тэмдэгтүүдийн тоо хэмжээ дэлхий дээр үйлдвэрлэгдэж, олборлогдож гарч ирж байгаа алтнаас хамаагүй их учраас алтны үнэ унах нөхцөл байхгүй. Тийм болохоор ойрын үед алтандаа түлхүү анхаараад явах учиртай.

-Алтны үнэ оргилдоо хэчнээн ам.доллар хүрч байлаа, 2000 ам.доллар дөхсөн санагдах юм?

-Сүүлийн тав, зургаан жилийн хугацаанд огцом үнийн өөрчлөлт гаргаж байгаа эрдэс баялаг бол алт. Унци алтны үнэ 200 ам.доллараас эхлээд бүр 1800 гаруй, бараг 1900 ам.доллар дөхсөн. Оргил үе нь 2011 байсан л даа. Унци алтны үнэ дөрвөн жилийн турш аажмаар унасаар өнөөдөр унци нь 1080 ам.доллар дээр ирчихсэн. Мянган ам.доллараас доош орно гэж байхгүй. Хөрвөх чадвартай, үнэ цэнтэй эрдэс баялаг хэвээрээ байгаа. Алтны үнэ хэзээ ч эдийн засгийн үр ашиггүй болох хэмжээнд тултал унахгүй.

-Ер нь манай улс хэчнээн тонн алтны нөөцтэй бол, багцаа тоо бий юу?

-Тогтооход хэцүү. Эртнээс нааш яригдсан таамаг нөөц гэвэл 3000 тонн гэсэн тоо байдаг. Гэхдээ ашиглалтын хэмжээнд яг баталгаажсан нөөц биш. Хувийн компаниуд хайгуулын талбай дээрээ судалгаа хийгээд нөөцөө баталгаажуулах боломжтой. Хамгийн гол асуудал нь санхүүжилт байна даа. Ер нь уул уурхайн салбарт ажилладаг компаниуд хамаагүй том нөөц гаргахаас айдаг болсон. Төр шууд л 34 хувийг нь авна гэдэг болсон учраас.