Categories
мэдээ цаг-үе

Ц.Анандбазар: Орос, Хятадад хувь санал болгож байж нефть боловсруулах үйлдвэр барих боломж нээгдэнэ

Засгийн газар нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргаад удаагүй байна. Хэнтийн БорӨндөрт барихаар төлөвлөж буй үйлдвэрийн хүчин чадал нь жилийн 2.5 сая тонн байх юм. Үйлдвэр барих шийдвэр гараад удаагүй энэ үедГазрын тос ба Монгол Улсын эдийн засаголон улсын хурал Блю скайд болов. Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, МҮХАҮТын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч Х.Бадамсүрэн, Уул уурхайн яамны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга Л.Раднаасүрэн, “Сод Монголгруппийн ерөнхийлөгч Ц.Анандбазар, “Аргус медиакомпанийн ахлах шинжээч Анастас Гатунок гээд үгийг нь анхаарч сонсохоор хүмүүс хурлын гол оролцогчид байлаа. “Сод Монголгруппийн ерөнхийлөгч Ц.АнандбазарынГазрын тос ба эдийн засгийн аюулгүй байдалилтгэлийг тоймлон хүргэж байна.

Монголд нефть боловсруулах үйлдвэр барих гэхээр нефть импортлогчид монопольдож байгаад зогсоочихдог гэсэн яриа байдаг. Нэг талаас нь харвал үнэн л дээ. Монголын импортлогч компаниуд үйлдвэр барихын эсрэг зуун хувь зогсдог. Нефтийн үйлдвэрийн тухайд импортлогчид яагаад нефть боловсруулах үйлдвэрийн эсрэг зогсох ёстой вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Манайд нэг сонин хандлага бий. Америкт бизнесмэнүүдээс юу хийснийг нь асуудаг. Монголд болохоор ямар хүн бэ гэдгийг нь сонирхдог. Боловсруулах үйлдвэрийг барихын тулд эхлээд ойлголтын зөрүүгээ арилгах учиртай. Нефть импортлогчид нефть боловсруулах үйлдвэр барихын төлөө зогсдог. Энэ үйлдвэрийг барьснаар импортлогч компаниудын сонирхол хөндөгдөхгүй. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнүүд импортлогч компаниудын шатахуун түгээх станцын сүлжээгээр дамжиж л хэрэглэгчдэд хүрнэ. Ингэвэл бидэнд хэрэгтэй. Бензинийг төгрөгөөр авдаг болно. Монгол банк, арилжааны банкуудын гадна зогсоод олдоц нь муудсан ам.долларын хүсэлт тавиад, гадаад төлбөрөө хожигдуулаад, ханш нь өсч буй долларын эрэлд мордохын оронд хэрэглэгчдээс цуглуулсан төгрөгөөрөө бүтээгдэхүүнээ худалдаж авна гэдэг том давуу тал. Долларын ханшийн зөрүүгээр ашгаа алдахгүй болно гэсэн үг. Тэгэхээр үйлдвэр барих нь импортлогчдын нэн тэргүүний ашиг сонирхолд нийцэх юм.

Монголд яагаад үйлдвэр баригдахгүй байна вэ гэсэн асуулт бий. Манай хятад хэлний орчуулагч “Хямрал гэдгийг хятад ханзаар бичихдээ хямрал, боломж гэх хоёр үсгийг нийлүүлж бичдэг” гэж хэлж байсан. Хямарч байгаа үед боломж гардгийг олж харсан ухаантай ард түмэн. Өнөөдөр түүхий нефтийн үнэ хамгийн хямд байна гэдэг нефтийг тойрсон бүх зүйл хямдарсан гэсэн үг. Д.Содном гуай нефть боловсруулах үйлдвэрийн тухай орчин үеийн түвшинд үнэхээр сайхан мэдлэгтэй байна. Түүхий нефтийн 25 бүлэг ордын ихэнх нь гадны компаниуд байгаа. Сая би “Аргус интернэшнл” компанийн захиралтай ярилцлаа. Казахстан маш хүнд байдалд орсон гэнэ. Боловсруулах үйлдвэрээ бариад эргээд харсан чинь бүх орд нь гадныхны мэдэлд орчихсон байж. Назарбаев ордуудаа яаж буцааж авах вэ гэсэн бодлого руу анхаарлаа хандуулаад эхэлжээ. Ийм алдаа Монголд давтагдах магадлал өндөр байна. Үйлдвэр барихад газрын доорх баялгаа яаж зөв зарцуулах талаар Д.Содном гуай маш гайхамшигтай үг хэллээ. Газрын тосны газар хятад компанитай гэрээ хийхдээ 70, 30 буюу гадны компанид давуу эрхтэйгээр ашиг хуваарилдаг. Харин монгол компаниудыг хайгуул хийе гээд тендерт орохоор дотоодын компанид хохиролтой байдлаар гэрээ хийх хууль үйлчилж байгааг онцоллоо.

“Аргус интернэшнл” бол нефтийн ирээдүйн ханшийг дүгнэж цэгнэдэг дэлхийн цөөхөн байгууллагын нэг. Хамгийн сүүлийн үеийн, хамгийн том экспертүүдийн дүгнэлтийг гаргадаг. Нефть бол тааж ярьж болдоггүй бодитой салбар. Бүх хүн боловсруулах үйлдвэрийг мэддэг юм шиг ярьдаг нь үйлдвэр барьж чадахгүй удсаны нэг шалтгаан. Түүхий нефтийг боловсруулах талаар мэдлэгтэй хүн хуруу дарам цөөн. Өнгөрсөн хугацаанд энэ талын бодлогын боловсон хүчин бэлдэж чадаагүй.

Дэлхий даяар геополитик гэж улс орнуудын эдийн засаг болон газар зүйн бодлогын тухай их ярьж байгаа. Тэгвэл сүүлийн үед петрополитик гэдэг нэр томъёо хүчтэй яригдаж эхэлсэн. Хүн төрөлхтөн өнөөг хүртэл дэлхийн хоёр дайныг үзээд, гурав дахь дайнд орох нь гэж ярьж байна. Дайн бүрийн шалтгаан нь нефтийн зах зээлийн төлөөх өрсөлдөөн байсан. Нефтийн өрсөлдөөн яагаад болдог вэ. Дэлхийн нийт эдийн засгийн суурь тулгуур үнэд нөлөөлдөг хамгийн чухал бүтээгдэхүүн учраас тэр. Нефтийн дийлэнх бодлогыг авсан газар тухайн цаг үеийн эдийн засгийн болоод улс төр нийгмийн голлох рольд тоглодог. ЗСБНХУ гэж байгаад задрах үед түүхий нефтийн үнэ баррель нь есөн ам.доллар хүрч уруудсан түүхтэй. ЗХУ-ыг задалж, нийгэм эдийн засгийг нь суллахын тулд нефтийн үнийг унагаасан гэсэн тайлбар бий. Экспортын гол бүтээгдэхүүнийх нь үнийг унагаачихаар эдийн засгийн хувьд оршин тогтнох аргагүй болсон хэрэг. Ийм дүн шинжилгээг барууны орнууд хийсэн байдаг. АНУ тэргүүлээд улс төрийн бодлоготойгоор түүхий нефтийн үнийг зориудаар унагасан юм. Сири, Иракийн дайн ч ялгаагүй түүхий нефтьтэй хамаатай. Түүхий нефтийн бодлого нь зөв бол дажгүй, буруу бол дайнд ч хүргэдэг уршигтай. Магадгүй бид түүхий нефтийн зах зээлд үүрэг роль, хэмжээ зэргээрээ бага учраас бидэнд энэ бодлого мэдэгдэхгүй байж болно. Гэхдээ петрополитикийн нэгдсэн бодлого байхгүй учраас үйлдвэргүй өнөөдрийг хүрсэн болов уу гэж боддог.

Түүхий нефтийг боловсруулдаг, экспортолдог, импортолдог долоон том улсыг ОХУ, АНУ, Саудын Арави толгойлж дэлхийн бодлогыг тодорхойлж байдаг. 2015 оны байдлаар ОХУ нефтийн түүхэндээ анх удаа түүхий нефтийн экспортоор анх удаа Саудын Аравийн урд орж, хамгийн их түүхий нефть экспортолсон улсаар шалгарсан. Саудын Аравийн дараа АНУ орсон. Энэ нь эргээд америкчуудыг оросуудтай тооцоо бодох хэмжээнд очсон байх. Түүхий нефтийн бизнес эрхэлдэг том компаниудын гол өрсөлдөөн бол шинэ технологи. Занарын, нүүрс шингэрүүлэх гэх мэтийн технологийн үйлдвэрүүд гарч ирэхэд хөгжүүлэх үү, байх уу гэдэг бодлого петрополитик дотор явж байдаг. Занарын үйлдвэр хэт хөгжөөд ирэхээр нефтийн үйлдвэрлэлийн үнийг буулгаж занарын хөгжлийг бууруулах бодлого барьдаг. Нефтийн үнэ буугаад ирэхээр эрчим хүчний эх үүсвэрийг бий болгодог бүх л түүхий эдийн үнэ унадаг. Тухайлбал нүүрс. Хятадын эдийн засаг муудсан учраас унасан хэрэг биш. Нефтийн үнэ унасан үед нүүрсний үнэ босно гэж байхгүй. Баррель нефть 30 ам.доллараас уруудсан өнөөгийн нөхцөлд харвал нүүрсний үнэ ойрын таван жилд босох хандлага алга. Хямралыг ашиглаад түүхий нефтийг боловсруулах санаа засгаас гарсан гэж харж байгаа.

Боловсруулах үйлдвэрийг олон жилийн өмнөөс барья гэж ярьсан. Үйлдвэр барьж чадахгүй байгаа хамгийн том саад бол төслийн эзэн. Нефть боловсруулах үйлдвэр барья гэхээр ард нь нэг нэр гараад ирдэг. Дарханы газрын тосны үйлдвэр явахгүй байгаагийн шалтгаан нь Намжим гуай. Намжим гуайд дуртай хүмүүс бий, дургүй улс ч байгаа. Тэгээд л бие биедээ саад тавиад эхэлдэг. Төрийн ямар нэг сайд, улс төрийн ямар нэг намаас хамаарч байгаа юм биш. Нефть боловсруулах үйлдвэр нэг эзэнтэй байдаггүй гэсэн дэлхийн жишгийг бид анзаардаггүй. Би Дубайд олон улсын нефтийн томчуудтай уулзлаа. Япон, Австрид очлоо. Нефть боловсруулах үйлдвэрүүдийг нь анхааралтай ажиглаж судаллаа. Нефть боловсруулах үйлдвэрийн эзэмшил нь улсын болоод нэг компанийн мэдэлд хэзээ ч байдаггүй юм байна. Хятад, Орос зэрэг цөөхөн орны хувьд л дийлэнх хувьцаа нь улсад байдаг. Нефтийн үйлдвэр хөгждөг арга нь хувьцаагаа задлаад хүмүүст хуваарилах юм билээ. Австрид 10 сая тоннын үйлдвэр байна. Есөн сая тонн түүхий нефтийг гаднаас аваад, дотоодоосоо нэгхэн сая тонн нефтийг үйлдвэртээ нийлүүлдэг. Нийт хувьцааных нь аравхан хувийг Австрийн иргэд,12 хувийг Саудын Аравийн нефтийн нэг фонд эзэмшдэг. Герман улс бас эзэмшилтэй. Олон хувьцаа эзэмшигчид тараагаад өгчихөөр тэр үйлдвэрийн аюулгүй байдал ганц улс биш дэлхийн аюулгүй байдал болчихдог. Нефть боловсруулах үйлдвэр хэн нэгний өмч биш гэдгийг улстөрчдөд ойлгуулах ёстой. Монголын ард түмнээс гадна хоёр том хөршдөө хувь өгөх хэрэгтэй. “Роснефть”-тэй тохирохгүйгээр үйлдвэр баригдахгүй. Ямар ч нефтийн компани зах зээлээ хамгаалдаг. “Роснефть”-тэй маш өндөр түвшинд эвийн гэрээ байгуулах учиртай. Уламжлалт зах зээл чинь эзэмших хувьцаагаар чинь дамжиж хадгалагдаж үлдэнэ гэсэн хэлэлцээрийг төрийн түвшинд хийх ёстой. Манай нефтийн 25 блокийн хорь гаруйд нь Хятадын компаниуд хувьцаа эзэмшдэг учраас хятадуудтай ярилцах хэрэгтэй. Үйлдвэр дампуурах эрсдэл бий. Үүнээс сэргийлэхийн тулд том сангуудад хувьцаа эзэмшүүлэх хэрэгтэй. Монголын компаниуд бас хувьцаа эзэмшиж болно. Төрийн хувьцааг тодорхой болгох нь чухал. Улстөрчдийн эрх мэдлийн төлөө тэмцлийг үйлдвэрийн эрх мэдлийн төлөө тэмцэл рүү оруулбал Монголд нефть боловсруулах үйлдвэр хэзээ ч баригдахгүй.

Дэлхийн нефтийн бүх үйлдвэрийг судалдаг “Аргус”-ын төлөөлөгчийн хэлсэн шиг маркетингийн том судалгааг хийх хэрэгтэй. Үйлдвэр барьсан олон улсын зөвлөх компанийг урих ёстой. Бүтээгдэхүүн, түүхий нефть, үйлдвэрлэл, технологи гээд бүх талын олон дүн шинжилгээтэй маркетингийн ажил хийчихээд хаана, ямар түүхий эдийг хаанаас авч, хэр хүчин чадалтай үйлдвэр барихаа шийдэж таарна.

Долларын ханшийг барихын тулд, банкны системийг эрүүлжүүлэхийн тулд эдийн засгийн хөшүүрэг болгож энэ үйлдвэрийг барих ёстой гэж Б.Лхагважав дарга хэллээ. Энэ үйлдвэрийг дагаад эдийн засгийн тогтвортой хөшүүрэг бий болно гэж харах хэрэгтэй. Монголын тухайд 80 хувийн импортоос хамааралтай. Импортын барааны шүдний өвчин долларын ханшийн савлагаа байдаг. Долларын ханш савлаад байхаар худалдаачид ашиг олдоггүй. Долларын ханш савлаад байхаар жилд 1.2 тэрбум ам.доллараар нефтийн бүтээгдэхүүн авч байна. Тэр хэрээр долларын нөөц багасдаг. Долларын нөөц багасахаар ханш нь өгсдөг. Ийм асуудлаас гарвал нэг ам.доллар 400 төгрөг ч болж уруудах боломжтой.

2.5 сая гэдэг тоог Засгийн газар зоригтой тавьж чадсанд олзуурхаж байна. Хэрэглээнээсээ илүү бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэсэн үг. Экспорт хийх нь. Импортыг орлох том үйлдвэр барих нь, экспортод нэмүү өртөг шингэсэн нефтийн бүтээгдэхүүн асар их хэмжээгээр гаргах нь гэсэн олзуурхал төрж байгаа. Нефтийн бүтээгдэхүүн экспортолдог бүтээгдэхүүн асар их доллартай болдог. Ингэснээр Монгол Улс импортын улсаас шууд импортлогч, экспортлогч, үйлдвэрлэгч болно. Эдийн засгийн тогтвортой байдал ч хадгалагдаад ирнэ.

Үйлдвэрийг хаана барих вэ гэдэг том асуудал бий. Дарханд үйлдвэр барихаар дотоодын түүхий эдээ ашиглах боломжгүй болчихож байгаа юм. Надад нэг сонирхолтой зураг байдаг. Дэлхийн бүх нефтийн үйлдвэрүүдийн газар зүйн зураг. Нефтийн үйлдвэр хоёрхон газар л байдаг юм байна. Далайн эрэг дээр байна. Хоёрдугаарт трубаны аман дээр барьжээ. Манайх шиг зөвхөн төмөр замаас хамааралтай газар үйлдвэр барьсан нь алга. Түүхий эддээ ойр байж, тээврийн зардлыг нь хямд байлгаж байж үйлдвэрийн өртөг нь хямдардаг. Далайн тээвэр, труба бол дэлхийн хямд тээврүүд… Төмөр замаа хоёр дахин өргөтгөхгүй бол үйлдвэр баригдахад бэрх. Нэг бол түүхий нефтьдээ ойр, эсвэл трубандаа ойрхон байх ёстой. Технологи нь аль хэдийнэ гарчихсан. Хуулах хэрэгтэй. Хятадын хөгжлийн нууц нь энэ.

Хэвлэл мэдээлэл зөв төлөвших учиртай. Засгийн газар нефтийн үйлдвэр барих шийдвэр гаргалаа гэнгүүт маргааш нь уг асуудал бүх дэлхий мэдэхээр хэмжээнд яригддаг. Дэлхийд дипломат байгууллагууд тагнуулын түвшинд оччихож. Нефть боловсруулах үйлдвэр барих нь оросуудаа зах зээлээ хамгаалаарай гэж ярих хэмжээнд хүртэл хамаа намаагүй мэдээлэл цацагддаг.

Би үйлдвэрлэлийн бодлогыг дэмждэг. Гэхдээ Монгол шиг гуравхан сая хүнтэй улсад жижиг үйлдвэрийг бусад том үйлдвэрээс салгаж барьж болдоггүйг ойлгосон. Японы хөгжсөн нууц нь их энгийн. Хүнд үйлдвэрээ дагаж жижиг үйлдвэр нь хөгждөг. “Тоёота”-г дагаад гэрлийг нь, бүрээсийг нь хийдэг үйлдвэр бий болдог. Түүнээс биш машины бариул хийдэг үйлдвэрийг бондын мөнгөөр санхүүжүүлээд өгөөж гарахгүй. Нефть боловсруулах үйлдвэр бол жижиг, дунд үйлдвэрийг чирч явдаг асар том үйлдвэрүүдийн нэг. Нефть боловсруулах үйлдвэрийг дагаад наад зах нь 40 үйлдвэр бий болдог гэсэн судалгаа бий. Эмийн үйлдвэр хүртэл нефтийн үйлдвэр дээр түшиглэдэг. Таны өмсч байгаа хувцас, суудаг сандал, зүүдэг шил, унадаг машины чинь дугуй гээд нефтийн оролцоогүй нэг ч зүйл дэлхийд байхгүй. Хүний амьдралд аймшигтай гүнзгий орсон цорын ганц бүтээгдэхүүн бол нефть. Нисч байгаа онгоц тэр чигтээ нефть. Тэгэхээр дагаж босох 40 үйлдвэрийг ярих ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Батдорж: Монополь импортлогчдод хамаг лангуугаа өгөөд, үйлдвэрлэгчдээ цөөхөн лангуун дээр зодолдуулаад байж болохгүй

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ц.Батдоржтой ярилцлаа.

-Танай холбоо байгуулагдсанаасаа хойш баялаг бүтээгчид рүү чиглэсэн яг ямар бодитой ажил хийсэн бэ?

-Манай холбоо өнгөрсөн оны зургадугаар сард байгуулагдсанаасаа хойш баялаг бүтээгчдийг дэмжиж ажиллаж байна. Гишүүдийн маань тоо 30 мянга давчихсан. Холбооны хувьд иргэдэд үндэсний бүтээгдэхүүнээ дэмжсэн сэтгэлгээг суулгах зорилготой. Жижиг дунд бизнес эрхлэгчдийг төр засгаас бодлого шийдвэрээр дэмжиж ажиллана гэдэг. Энэ амлалт, уриаг ажил болгоход анхаарлаа хандуулаад эхэлчихсэн. Он солигдох мөчид Засгийн газар нэг тогтоол гаргасан. Сум хөгжүүлэх санд орон нутгийн долоон гишүүн бий. Түүнд нь засаг захиргаанаас гадна иргэдийн төлөөлөл гэж гурван хүн байдаг юм билээ. Тухайн орон нутгийн захиргаанд голлох нөлөөтэй улс төрийн намын бодлогоор л асуудал шийдэгдээд явдаг байсан бол Засгийн газрын тогтоол гарснаар байдал эрс өөрчлөгдсөн. Баялаг бүтээгчдийг сангийн хөрөнгийг захиран зарцуулах эрхэд квотоор оруулж өгөхөөр болсон. Энэ бол маш том бодлого. Баялаг бүтээгчид сум хөгжүүлэх санд орчихоор жинхэнэ юм хийдэг хүмүүс нь төрийн бодлогоор дэмжиж байгаа хүү багатай зээлд хамрагдах боломжтой болсон гэсэн үг. Хяналтын зөвлөлд нь ч баялаг бүтээгчдийн төлөөлөл багтсан. Тухайн жилд төсөвлөсөн мөнгийг хэрхэн зарцуулж байгаад баялаг бүтээгчид хяналт тавьдаг болсон нь олзуурхмаар тал. Баялаг бүтээгчдээ ингэж бодитоор дэмжээд явбал импортын барааны урсгал аажимдаа багасна.

-“Мишээл экспо”-той холбоотой гомдол танд байгаа гэл үү?

-Би “Элгэн сэтгэл” гэдэг компанийн захирал, “Коко десерт” хүнсний үйлдвэрийн гадаад худалдааа, харилцааг нь хариуцдаг хүн. “Мишээл экспо”-д болж байгаа цагаан сарын үзэсгэлэнд оролцож байгаа юм. Метр квадрат нь 50-55 мянган төгрөг байгаа нь өндөр үнэ. “Мишээл экспо”-гийн хувьд төр засаг, бизнес эрхлэгчдийн дэмжлэгээр хэрэглэгч олонтой болсон. Тэгээд эцэст нь талбайнхаа үнийг өндрөөр тогтоож, талбай түрээслэхээр гэрээ хийсэн хүмүүстээ шударга бусаар хандаж байна.

-Үзэсгэлэн худалдаанд орж байгаа компаниудын хувьд бүтээгдэхүүнээ зараад ашиг олж байгаа. “Мишээл экспо” ч хөрөнгө зарж барьсан барилгынхаа талбайг дажгүй үнээр түрээслэх нь зүйн хэрэг биш үү?

-Шууд түрээс үйлчилгээний хөлс ярилаа гэж ойлгож болохгүй л дээ. Цаана нь бодлогын шинжтэй зүйл бий учраас яриад байгаа юм. Хүнс, хөдөө аж ахуйн яам өнгөрсөн жил “Монголд үйлдвэрлэв, миний хэрэглээ” гэсэн цагаан сарын үзэсгэлэн яармагийг “Мишээл экспо” дээр зохион байгуулсан юм. Тэр арга хэмжээний түрээсийн мөнгийг “Мишээл экспо”-д төрөөс зуун хувь өгсөн. “Мишээл экспо” төрөөс мөнгө авчихаад буцаагаад том компанид давхар түрээсэлсэн баримт, нотолгоо нь надад байгаа. Төрөөс ийм дэм авчихаад том компаниудад зай талбайгаа харамгүй өгдөг хэрнээ яг баялаг бүтээж байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг ойшоохгүй тал анзаарагддаг. Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө гээч л болоод байна. Ямар байхад нь хэн дэмжлэг үзүүлж, үйлчлүүлэгч олонтой болголоо гэдгийг бодолцох учиртай. Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо энэ онд гадаад, дотоодод зохиогдох үзэсгэлэн яармаг худалдаанд оролцох, зохион байгуулах ажлын хэсэг гэж байгуулсан юм. Ажлын хэсгийн ахлагч нь би. Тийм учраас энэ сэдвийг хөндөхөөс өөр арга байсангүй. Миний хувьд ажлынхаа үүргийн дагуу “Хүннү молл”, “Дүнжингарав” гэх мэт худалдааны төвүүдэд нийтдээ 67 павильон ажиллуулж байна. Гэтэл “Мишээл экспо” дээр өнөөдөр (өчигдөр) том маргаан гарлаа. “Мишээл экспо” дээр “Коко десерт” компани гэхэд л лангуугаа аваад түрээсээ төлчихсөн. Өглөө яваад очтол компанийн хаягийг хуулаад хаячихсан, хойд хөршөөс “Алейка” гурилыг импортоор оруулж ирдэг компанид өгчихсөн байх жишээтэй. Өөр компанитай давхар гэрээ байгуулсан гэсэн үг. Мэдээж лангуу түрээслэх өчнөөн хүсэлт ирэх нь тодорхой. Уг нь үзэсгэлэнд байнга оролцсоор ирсэн компаниуд давуу эрхтэй гэсэн зарлал “Мишээл экспо”-гийн хаалганы гадна байна лээ. Тэр дагуу нь “Коко десерт” талбай түрээсэлсэн хэрэг л дээ. Азаар өөр нэг компани лангуугаа ашиглахааргүй болж асуудал эерэгээр шийдэгдсэн. Гэхдээ нэгэнт гэрээгээ хийчихсэн үндэсний үйлдвэрлэгчтэйгээ ингэж харилцана гэдэг таагүй хандлага. Ганц “Коко десерт” ч биш хэд хэдэн компани дээр ийм асуудал гарсан.

-Монголд үйлдвэрлэсэн зарим бүтээгдэхүүний чанар ярих юмгүй сайн. Гэхдээ ааруул нь чихэр орлуулагч, гурилтай, эсгий углааш, оймс төдийгөөс хэтрэхгүй байна гээд сул тал ч ихтэй. Энэ тал дээр танай холбооноос анхаарч ажиллаж байгаа юу?

-Ийм шүүмжлэл байгааг үгүйсгэхгүй. Манай холбооноос “Монголд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүнийг чанартай болгох тал дээр анхаараад эхэлсэн. Наад захын жишээ гэхэд л ETV телевизээр тусгай нэвтрүүлгүүд бэлтгэн цацаж байгаа. Үйлдвэрлэл явуулдаг хүмүүсийн ажлыг газар дээрээс нь сурвалжилж байна.

-Сурталчлах бол нэг хэрэг. Чанарыг нь сайжруулахын тулд яг ямар ажил хийж байна?

-Өрсөлдөөн ихэсч байж чанар сайжирна. Ааруулыг гурилтай, чихэр оруулагчтай хийж байгаа жишээ бий. Арваад жилийн өмнө бол ааруул дан гурил байсан. Харин одоо бол ихэнх ааруул гурилгүй болсон. Учир нь ааруул хийдэг хүмүүс олширсон. Өрсөлдөгчид нь олшроод ирэхээр хэн ч гэсэн зах зээлээ алдахгүйг бодоод бүтээгдэхүүнээ чанаржуулна. Манай холбооны хувьд өрсөлдөөнийг ихэсгэх, шинээр бизнес эрхлэх сонирхолтой, чанартай төсөлтэй хүмүүсийг дэмжих бодлого барьж байна. Бодлого хэрэгжээд эхлэхээр бүтээгдэхүүний чанар, нэр төрлийн хувьд аажимдаа сайжраад ирнэ. Төр, холбоодын зүгээс бодитой ажлууд хийгээд тодорхой хугацаа өнгөрөхөд шийдэгдэх асуудал. Жишээ нь томоохон худалдааны төвүүдэд ирэх жил болох үзэсгэлэн худалдааг манай холбооны зүгээс бүтэн жилээр нь авах төлөвлөгөөтай ажиллаж байна. Тэгж байж сонголт, өрсөлдөөн гэдэг юм гарч ирнэ. Хулхи, чанаргүй бараа бүтээгдэхүүн хийдэг нь аяндаа шахагдана. Холбооны зүгээс ч гэсэн үзэсгэлэн худалдааныхаа нэр хүндийг унагахгүйн тулд оролцож байгаа компаниудынхаа бүтээгдэхүүнд тавих хяналт босгоо өндөрсгөх нь ойлгомжтой. Ер нь хүнсний салбарын хувьд харьцангуй сайн хөгжсөн. Нарийн боовны нэг жижиг компани гэхэд л 47 төрлийн бүтээгдэхүүн хийж байна шүү дээ. Санхүүжилт талаас нь бага хүүтэй зээлээр төрөөс дэмжээд өгвөл экспорт хийх боломж ч байна.

-Гурилаар бүтээгдэхүүн хийдэг компаниуд экспортод бүтээгдэхүүн гаргана гэхээр нарийн боов, жигнэмэг лав биш байх. Монголын гэсэн онцлогтой, брэнд болчихоор шинэ бүтээгдэхүүн гаргах боломжтой гэсэн үг үү?

-Боломж бий. Жишээ нь арвайн гурил байна. Уламжлалт анагаах ухаанд өргөн хэрэглэдэг байсан юм билээ. Нацагдорж хамба гэхэд л уламжлалт анагаахын эмч нартай хамтарч ажиллаад бүтээгдэхүүн гаргаж ирэх хэрэгтэй гэж зөвлөж байна. Арвайн гурилаар бүтээгдэхүүн хийж экспортлох санаа нь бол гарсан, судалгаа нь үргэлжилж байгаа. Брэнд гэж яригдахаар бүтээгдэхүүн байж чадна. Гэтэл арвайн гурилыг өнөөдөр бор еэвэнд л хэрэглэж байна.

-Жижиг, дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийн өмнө тулгараад байгаа хамгийн хэцүү асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Бизнес эрхлэгчид зээлээр амьдардаг. Зээлийн хүү хорин хувь аль хэдийнэ давчихсан. Юм хийж бүтээхээр зориглосон хүмүүсийг сөхрөөж байгаа гол зовлон энэ. Хөнгөлөлттэй зээл гэж алга.

-Жижиг дунд үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олдох боломж харин ч өндөр биш үү?

-Харин ч хэцүү гэдгийг “Коко десерт”-ээр жишээлье. Хоёр жил дараалан материалаа өгсөн. Хоёр жил дараалан хасагдаад байна.

-Ямар шалтгаанаар…?

-Хамгийн доод талдаа тавин сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, тавин хүнийг ажлын байраар хангасан, өр зээлгүй, ажлын байр нь заавал өөрийн байх, экспортод бүтээгдэхүүн гаргадаг гэх мэт шалгууртай. Ихэнх компанийн хувьд өр, зээлтэй байдгаас эхлээд бүдрэх босго олон л доо. Гэхдээ “Коко десерт”-ын хувьд бүх шаардлагыг нь хангачихаж байгаа юм. Танайх түрээсийн байранд байгаа юм байна гэсэн шалтаг хэлээд хасах жишээний. Гэтэл манай компани шинэ байр бариулж байгаа. Хөнгөлөлттэй зээл ийм үл ялиг шалтгаануудаас болж үйлдвэрлэгчдэд хүрдэггүй зовлон бий.

-Танай холбооны гишүүдийн гол зовлон зээлийн өндөр хүү юү?

-Тийм ээ, гол асуудал нь өндөр хүүтэй зээл болоод байна. Үйлдвэрлэгчдийн хэн нь ч засгаас зүгээр мөнгө авъя гэж ярьдаггүй. Хөнгөлөлттэй зээлээр дэмжээд өгөөч л гэж хүсдэг. Зээлийн баталгаан дээр бас дэмжлэг хүсдэг. Танил талтай, хөрөнгө мөнгөтэй нь дажгүй нөхцөлтэй зээл аваад явчихдаг. Танил талгүй нь хэцүүхэн дээ. Өрхийнхөө хүрээнд л эргэлдээд байна. Энэ хэсгийг дэмжихийн тулд холбооныхоо дэргэд бизнес эрхлэгчдийг дэмжих сан байгуулахаар ажиллаж байгаа. Үзэсгэлэн худалдаануудыг сайн зохион байгуулбал энэ сангийн санхүүжилтийн том эх үүсвэр болох юм. Үндэсний үйлдвэрлэгчдээ “Мишээл экспо” гэх мэт хувийн хэвшлийнхэн ч дэмжих ёстой. Цөөн хэдэн томоохон монополь импортлогчид хамаг лангуугаа өгөөд, бусдыг нь цөөхөн лангуун дээр зодолдуулаад байж болохгүй л дээ. Хэнд ч мөнгө хэрэгтэй. Гэхдээ улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө хийж бүтээж байгаа бизнесүүдээ дэмжих л учиртай. Боловсролын яам гэхэд л “Коко десерт”-эд “Танайх туршлагатай газар. Бид Үдийн цай хөтөлбөрөө Үдийн хоол болголоо. Сонгон шалгаруулалтад оролцоорой” гэсэн урилга ирүүлэх жишээний. Иймэрхүү хандлагын дэмжлэг л үндэсний үйлдвэрлэгчдэд хэрэгтэй байна.

Categories
мэдээ цаг-үе

Монгол инженерүүд хүйтэнд ажрахгүй нарны авсаархан хавтангаар цахилгаан, дулааны асуудлыг шийдэх гэж байна

Монгол инженерүүд нарны эрчим хүчээр гэр хороолол, байшин, хаусны цахилгаан, дулааныг шийдэх гэж байна. Малчдын хувьд аккумлятор ажиллуулахгүйгээр гэрэл, цахилгааны асуудлаа бүрэн шийдэх бүтээгдэхүүнийг цагаан сарын дараахнаас хэрэглэж эхлэх нь. Инженер залуус бүтээгдэхүүнээ тун удахгүй зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байна. “Гэгээ” төслийн санаачлагч, инженер Г.Биндэрьяатай энэ талаар ярилцлаа.

-Та нарын бүтээсэн төхөөрөмж их авсаархан юм. Цүнхлээд явах хэмжээний жижигхэн төхөөрөмжөөр гэрэл гаргаж, утсаа цэнэглэх нь. Ийм зүйл бүтээе гэсэн санаа хэзээнээс төрсөн бэ?

-Хоёр жилийн өмнөөс “Гэгээ” төслөө хэрэгжүүлж эхэлсэн. Би 2002 онд ШУТИС-ийг авто инженерээр төгссөн юм. Иргэний нисэхийн ерөнхий газар, Автобус баазад ажиллаж байлаа. Сүүлд “Энержи ресурс”-ын Ухаа худаг төсөл дээр автын инженерээр ажиллаж байгаад төслийн ажил руугаа орсон. Төслийн хувьд миний хобби л доо. Эхлээд Хятад, Солонгос, Японы компаниуд руу мэйл бичсэн. Манайх сэргээгдэх эрчим хүчний үйлдвэргүй учраас гадагшаа хандсан хэрэг. Япон, Солонгос, Хятад, Хонгконгоос хариу ирсэн. Хамгийн ойрхон визгүйгээр нь Хонгконгийн үйлдвэрт очоод санаагаа хэллээ. “Манай улс хасах 40, түүнээс дээш хэмд хүрч хүйтэрдэг, гурван өдөр нар гарахгүй үе олон. Нүүдлийн соёл иргэншилтэй учраас гэрэл зайлшгүй хэрэгтэй. Энэ шаардлагуудыг хангасан гэрэл хиймээр байна” гэсэн л дээ. Хонгконгийн “Янхао” үйлдвэрийн зүгээс “Бүх юмаар чинь хангаж өгье, та нар өөрсдөө бүтээгдэхүүнээ гаргаж ав” гэсэн хариу өгсөн. Хөдөөний хамаатан садан, ойр харилцаатай хүмүүстээ хэрэглүүлж тестлүүлээд одоо борлогдох хэмжээний эцсийн бүтээгдэхүүнтэй болчихлоо. Удахгүй, цагаан сарын дараахнаас худалдаанд гаргана. Оюуны өмчийн газраас өнгөрсөн оны сүүлээр гэрчилгээгээ авсан. Манай төслийн бүтээгдэхүүн хасах дөчөөс нэмэх тавин градуст ажиллана. Зөвхөн Монголын нөхцөлд зориулж хийлгэсэн гэдгээрээ онцлог. Манайхтай ижил төстэй цаг агаартай гэвэл Орос байна. Бүтээгдэхүүнээ Оросын зах зээл рүү гаргая гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Саналаа явуулсан. Оросын тосгодоор явж бүтээгдэхүүнээ сонирхуулсан. Их сонирхож байна.

-Бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой өөр улс байна уу?

-ЖАЙКА-гийн шугамаар “Токио энержи”-гийн хүмүүс ирж манай төслийг сонирхсон. Япон өндөр технологитой газар. Япончуудын хувьд улсдаа дарамтгүй сэргээгдэх хүчний бүтээгдэхүүнд их анхаардаг юм билээ. Тэр утгаараа Японы зах зээл рүү гарах боломжтой гэж харж байгаа.

-Дотоодоосоо гадна сая хэлсэн улсууд руу бүтээгдэхүүнээ гаргавал зах зээл томрох нь тодорхой л юм байна?

-Эрчим хүчний ирээдүй сэргээгдэх эрчим хүч рүү орчихсон. Нүүрснээс ерөнхийдөө татгалзчихлаа. Нар, салхи, ус, газрын дулаан гээд сэргээгдэх эрчим хүч рүү орж байна. Монголын хувьд салхи, нарны эрчим хүчийг хөгжүүлэх боломжтой.

-Танай бүтээгдэхүүн малчдад их хэрэгтэй эд санагдлаа, энэ төхөөрөмжийг ямар үнээр худалдаж авах боломжтой вэ?

-Малчдын хувьд цахилгаанаа аккумлятороор шийддэг. Аккумлятор маш хортой. Техникийн зориулалттай зүйлийг ахуйн хэрэглээнд ашиглах нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Малчид аккумляторыг гэртээ бүр хоёроор нь тавьчихсан харагддаг. Нарны эрчим хүч маш олон давуу талтай. Улс орноос цахилгаан станц энэ тэр гээд ямар нэг ачаалал шаардахгүй. Нөөц нь шавхагдашгүй. Эхний ээлжинд гэрэл гаргачихлаа. Цаашдаа бид орон сууц халаах бүтээгдэхүүн гаргана. Малчдадаа зориулаад зурагт үзэх, ахуйн хэрэглээний угаалгын машин ажиллуулах чадалтай бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлнэ. Энэ чиглэлээр эрчимтэй ажиллаж байгаа. Нэг аккумлятор 150-240 мянган төгрөгийн үнэтэй. Зөвхөн аккумляторын үнэ шүү дээ. Гэтэл манай бүтээгдэхүүн удирдлагын төхөөрөмж, нарны хавтан, гэрэл гээд бүх зүйлтэйгээ нийлээд 150 мянган төгрөг.

-Зургаахан шүдэнзний хайрцаг нийлүүлчихсэн юм шиг энэ дөрвөлжин төхөөрөмжинд гэрэлнээс гадна утас цэнэглэх оролт лав харагдаж байна, өөр ямар оролт байна вэ?

-Удирдлагын самбар л даа. Гэрэл гаргана, утас цэнэглэнэ. Нарны хавтан цэнэглэх оролт бас байгаа. Нарны хавтан нь авсаархан байгаа биз. Малчдын одоо хэрэглэж байгаа нь овор ихтэй. Хэмжээ нь бага учраас хэрэглэхэд төвөг багатай. Аялал, отор зэрэгт аваад явахад асуудалгүй. Удирдлагын төхөөрөмжинд нарны хавтангаа холбоод цэнэглэчихнэ. Дөрвөөс зургаахан цаг цэнэглэхэд 8-12 цагийн турш гэрэл асаах чадалтай. Утсыг энгийн үед ямар хугацаагаар цэнэглэдэг билээ яг тийм хугацаанд цэнэглэдэг. Манай бүтээгдэхүүний жин ердөө 800-хан грамм.

-Танай төхөөрөмжийг авч гэрэлтүүлгээ шийдье гэвэл том өрөөг хангалттай хэмжээнд гэрэлтүүлж чадах уу?

-Улайстал халдаг 60, 100 ваттын ламп байдаг даа. Бидний хийсэн энэ хоёр гэрэл 32 ватт. Хангалттай гэрэлтүүлнэ гэсэн үг. Лед гэрэл учраас их хурц. Бидний үйлдвэрлэсэн ардаа нарны хавтантай жижиг гэрлийг гэхэд л нийслэлийн оршин суугчид тог тасрахаараа хэрэглэх боломжтой. Том өрөөг хангалттай гэрэлтүүлнэ. Өдөр цонхныхоо тавцан дээр тавихад л цэнэг авчихна.

-Лед гэрэл гэхээр хараанд нөлөөлөх талаасаа ямар бол?

-Лед гэрлийг ямар нэг хамгаалалтгүйгээр тусгавал хараанд нөлөөлдөг. Энэ гэрлийн хувьд гадна талаараа сүүн гэртэй. Тэгэхээр ямар ч сөрөг нөлөөгүй. Лед гэрэл анх байлдааны зориулалтаар Орост үүсч байсан юм. Алсаас хурц гэрэл тусгаж сигнал өгөх зориулалттай үүссэн гэрэл л дээ.

-Хойноо нарны хавтантай жижиг гэрэл чинь их хэрэгтэй эд санагдлаа. Яг одоогоор бэлэн болсон өөр ямар бүтээгдэхүүн байна?

-Энгийн хэрэглээний зориулалттай гэрэл байгаа юм. Жишээ нь малчид гэртээ гэрэл гаргах зориулалтаар тавьж орой нь хотоо эргэхдээ бариад гарах боломжтой. Гэрийнхээ үүдэнд тавьж орчноо гэрэлтүүлж болно. Жорлондоо тавих бололцоотой. Өдөр нь нарнаас цэнэг аваад орой нь ойр хавиа гэрэлтүүлнэ гэсэн үг. Үнэ өртгийн хувьд 36 мянган төгрөг. Хасах 40 градуст ажилладаг гэдгээрээ давуу талтай. Хот руу чоно оруулахгүй зориулалттай анивчдаг гэрэл бас бий. Нэг ширхгийнх нь үнэ 18 мянган төгрөг. Арвыг аваад хотоо тойруулаад тавьчихад л нэг хонины үнээр суурь хонио хамгаалаад байх бүрэн боломжтой.

-Бүтээгдэхүүнүүдээ хаагуур зарж борлуулах вэ?

-Хотод нэгдсэн цэгээ байгуулна. “Нарантуул”, “Дүнжингарав” гэх мэт худалдааны томоохон төвүүдэд худалдаалах байх. Хөдөө орон нутгийн хувьд аймгуудын төв дээр борлуулах цэгээ нээх бодолтой байгаа.

-Гудамны гэрэлтүүлэгт өчнөөн мөнгө зардаг. Танайх ийм гэрэлтүүлэг хийж байгаа юу?

-Гудамжны гэрэл хийж байгаа. Сүүлийн үеийн гэрэлнүүд, орчин цагийн технологи нэлээд өндөр түвшинд оччихсон. Нэг см талбай дээр нарны энергийг авах чадал нь ихэссэн л дээ. Гудамжинд тавьсан байгаа замын гэрэлтүүлгийн хувьд аккумлятор нь тусдаа, нарны хавтан нь том гээд асуудал бий. Харин одоо бол бүгд нэг дороо байх боломж бүрдчихсэн. Зөвхөн хуучин шонг нь ашиглаж толгой тавиад л болоо. Одоогоор тестлэгдэж байгаа.

-Бүтээгдэхүүнээ Хонгконгод үйлдвэрлэсээр байх уу, эсвэл эндээ үйлдвэртэй болъё гэж бодож байгаа юу?

-Яваандаа үйлдвэр барья гэж бодож байгаа. Чадвал энэ жилдээ багтааж босгох санаа бий. Засгийн газрын тогтоолоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 18-нд сэргээгдэх эрчим хүчийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлчихлөө. Бидний хувьд маш том давуу тал. Засгийн газраас бодлогоор дэмждэг жижиг дунд үйлдвэрүүдийг дэмждэг төслүүдэд хандах сонирхол бий. Энэ бүтээгдэхүүнүүдийн хувьд өөрсдөдөө байгаа мөнгөөр хэрэглэгчдэд хүргэх гэж байна.

-Нарны эрчим хүчээр шийдэх халаалтыг хүмүүс их сонирхох байх. Яг ямар зарчмаар ажиллана гэсэн үг вэ?

-Цахилгаан эрчим хүч Монголын нөхцөлд хүндхэн байгаа. Манай хэрэглээний оргил үе нь 19-24 цаг. Маш өндөр хэрэглээтэй. Станцуудын маань хүчин чадал хүрдэггүй учраас хойд хөршөөс цахилгаан эрчим хүч импортолдог. Халаалтаа яг одоогийн эрчим хүчээр шийдье гэхээр өндөр үнэтэй гэсэн том асуудал бий. Бид нарны хавтангийн технологийг сайжруулж, илүү өртөг багатай болгохоор ажиллаж байна. Тестлэгдэж байгаа. Тогоор халааж байгаа шалны халаалтын хувьд доор нь дэвсдэг нимгэн гудас гэж байдаг даа. Тэр нь байдгаараа байна. Зуслангийн байшин байлаа гэхэд нэг талынх нь буюу нар руу харсан дээвэр нь тэр чигтээ хавтан болчихно. Повер банк гэдэг дээ, манайхаар бол аккумлятор. Аккумлятор нь мөн л гэр, байшингийн гадаа тусгай хайрцганд байх юм. Тэрийг л гэрт байгаа халаадаг гудсанд холбоод өгнө. Ийм л энгийн зарчимтай.

-Нарны эрчим хүчийг аккумлятор руу өгөөд, аккумлятороосоо шалны халдаг гудас руу өгөх юм байна?

-Энгийнээр хэлбэл тийм. Өнөөдрийн хувьд эрчим хүчийг шууд гудас руу өгч байгаа.

-Монгол гэрийн хувьд гэр дээрээ хавтангаа тавиад хэрэглэж болно гэсэн үг үү?

-Зарчим нь ялгаагүй. Таны асуусан шиг гэр дээрээ хавтангаа суурилуулаад шийдчихнэ. Гэр дээр олон шийдэл гарч байгаа. Гэрлийг нь гэхэд л тооно тойруулж хийхээр төлөвлөөд ажиллаж байна. Монгол гэр 24 метр квадрат. Цахилгаанаа дулаантайгаа хослуулаад хийчих бүрэн боломжтой.

-Өвлийн хүйтэн өдрүүдэд нар их бүүдгэр байдаг. Тэр тохиолдолд ч цэнэглэгдэх үү?

-Сүүлийн үеийн хавтангууд нарны шууд тусгалаар цэнэглэгддэг болсон. Өмнө нь нар руу харуулаад байрлуулдаг байсан. Одоо бол нэг чиглэлд, нарныхаа төв цэгийг бариулаад байрлуулчихад асуудалгүй. Нар мандаад жаргах хүртэл цэнэг авдаг болсон.

-Нарны гэрлээр гэр, байшингийн цахилгаан, дулааныг шийдчихвэл агаарын бохирдлыг мэдрэгдэхээр бууруулах юм байна. Туршилт хэр амжилттай байгаа вэ?

-Бидний хүлээж байгаагаас ч амжилттай байна. Манай төслийнхөн байшингаа сонгохдоо дулаан алдалт нь хэр вэ гэдгийг нь харж байгаа. Дулаан алдалт багатай байшин сонгоод хагас жил туршлаа. Ер нь дулааны алдагдал багатай байшин, гэрт ашиглавал илүү үр дүнтэй гэдэг нь мэдээж.

-Өнгөрсөн сарын эрс хүйтэрсэн өдрүүдэд дажгүй байсан уу?

-Ямар ч асуудалгүйгээр цахилгаан, дулааныг нь шийдэж байна. Монголын хувьд цаг агаарын онцлогтой. Гурван өдөр шуурна, гурван өдөр бороо орно, энэ хугацаанд нар гарахгүй, ийм үед ч бүтээгдэхүүн маань ажиллаж байх ёстой гэсэн шаардлагыг өмнөө тавьсан.

-Халаалтаа та нарын туршиж байгаа нарны эрчим хүчээр шийдье гэвэл үнэ өртгийн хувьд ямархуу байх бол?

– Одоохондоо үнэ хэлэх боломжгүй байна. Ер нь сэргээгдэх эрчим хүчний хувьд эхний өртөг үнэтэй, цааших хугацаанд зардалгүй байдаг. Нэг л удаа зардал гаргаад, цаашдаа жижиг засвар үйлчилгээ хийгээд явна гэсэн үг.

-Гэр, байшингийн халаалт, дулааныг шийдэх бүтээгдэхүүнээ өөрсдийн босгосон үйлдвэртээ хийх үү?

-Үйлдвэрээ энэ жилдээ багтаад босгох гэж төлөвлөж байна. Санасандаа хүрвэл эндээ үйлдвэрлэнэ.

-Танай төслийнхөн нарны эрчим хүчийг ашигласан өөр ямар бүтээгдэхүүн хийх хүсэлтэй байгаа вэ, ирээдүйд гэдэг утгаар нь асууж байна л даа…?

-Энэтхэг гэхэд л нарны эрчим хүчээр ажилладаг машин хийчихлээ. Энгийн хэрэглээгээр жишвэл оффисийнхонд нарны энергиэр утсаа цэнэглэх боломжтой бүтээгдэхүүн хийх бодол байгаа. Наран тал руу харсан цонхтой оффисын хувьд цонхыг нь нарнаас цэнэг авдаг болгоход л утсаа сэргээгдэх эрчим хүчээр цэнэглэх боломж бүрдэнэ. 2016 оны сүүл, 2017 оны эхээр гэхэд ийм бүтээгдэхүүн гаргачих байх. Одоо туршиж байна. Ийм бүтээгдэхүүнийг ганц оффисын биш машины цонхон дээр ч наах боломжтой. Жолооч нарт нарнаас авсан цэнэгээр утсаа цэнэглэх боломж бүрдэнэ. Энэ мэтээр энгийн хэрэглээнд чиглэсэн олон шинэ бүтээгдэхүүн хийх төлөвлөгөө байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Эрдэнэт” олсон мөнгө, зарсан төгрөгөө “Оюутолгой” шиг тайлагнадаг болмоор байна

“Оюу толгой” компани саяхан ажлаа тайлагналаа. Өнгөрсөн оны сүүлийн улирлын үйлдвэрлэлийн тайлангаас нь энэ компанийн олборлосон зэс, алтны хэмжээнээс эхлээд орц найрлагыг нь хүртэл харчихаж болох юм билээ. Ноднин жилийн дөрөвдүгээр улирлаас гадна уржнангийн сүүлчээс өнгөрсөн оны туршид уурхай руу ямар агуулгатай хүдэр орж, хэр орц найрлагатайгаар баяжмал болж гарч ирснийг, хэдийг нь зарж борлуулснаа хүртэл хүснэгт гаргаж байгаад жагсаасан нь хэнд ч ойлгогдохоор болж. Оюу толгой түрүү жил 202200 тонн зэс үйлдвэрлэжээ. “Туркойз хилл” уг нь 175000-195000 тонн зэс үйлдвэрлэнэ гэж төлөвлөж байж. Үйлдвэрлэсэн алтны хэмжээ нь 653000 унци. 600000-700000 унци алт үйлдвэрлэнэ гэсэндээ хүрчээ. Уурхайн олборлолт 19.3, боловсруулсан хүдрийн хэмжээ 23.9, баяжмалын үйлдвэрлэл 39.9, зэсийн үйлдвэрлэл 36.3, алтны үйлдвэрлэл 10.9 хувиар өссөн өөдрөг мэдээг Оюу толгойн тайлангаас харж болно. Өнгөрсөн оны сүүлийн улирлын хувьд үйлдвэрлэлийн гарцыг өмнөх улирлынхаас 8.5 хувиар нэмэгдүүлжээ. Үйлдвэрлэл эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрсэн нь энэ гэнэ.

Ил уурхайн хоёр дахь шатны өндөр агуулгатай хүдрийг олборлож, олборлолтын хэмжээг нэмэгдүүлснээр алтны үйлдвэрлэл өмнөх улирлынхаас 68.3 хувиар нэмэгдсэн аж. “Оюу толгой” энэ жил 175000-195000 тонн зэс, 210000-260000 унци алт үйлдвэрлэхээр төлөвлөжээ. Өнөө жил үйлдвэрлэх алтны дийлэнх хэсгийг оны эхний хагаст үйлдвэрлэх нь. “Оюу толгой” компанийн гүний уурхайн санхүүжилт бүтсэн нь эдийн засгийн гэгээтэй ганц мэдээ болоод байгаа. Энэ хавраас гүний уурхайн бүтээн байгуулалт ид өрнөж, ам.долларын хөрөнгө оруулалтын урсгал эхэлнэ. ”Оюутолгой” тайландаа энэ талаар “4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийн багцад гарын үсэг зурсан нь “Туркойз Хилл”-ийн хувьд онцлох үйл явдал боллоо. ТЭЗҮ 2015-ыг дуусгах, хөрөнгө оруулалтын зардлын тооцоог шинэчлэх, далд уурхайн бүтээн байгуулалтад шаардлагатай зөвшөөрлүүдийг авах ажил үргэлжилж байна. Эдгээр алхмуудыг 2016 оны нэгдүгээр улиралд багтаан дуусгаснаар 2016 оны хоёрдугаар улирлын эхээр “Туркойз хилл”, “Рио тинто”, “Оюу толгой” компанийн төлөөлөн удирдах зөвлөлүүд ажил эхлүүлэх зөвшөөрлийг албан ёсоор гаргах төлөвтэй байна” гэж онцолжээ. Тэгэхээр тун удахгүй их хэмжээний хөрөнгө оруулалт даллах гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжих нь.

Ер нь “Оюу толгой” улирал тутам ажлаа ингэж тайлагнадаг. Цаг үеийн байдал ямар байгаа, юу хийхээр төлөвлөснөө хүртэл тайландаа онцлоод өгчихдөг. Өнгөрсөн оны сүүлийн улирлын тайлангаа гаргасныхаа дараахан шилдэг ханган нийлүүлэгчээ тодруулаад авсан. Жил бүр тэмдэглэдэг арга хэмжээ л дээ. Хүсвэл хэн ч “Оюу толгой”-д ямар компани юу зарж борлуулдгийг энэ арга хэмжээн дээр ирээд мэдэх боломжтой. “Оюу толгой” компани өнгөрсөн онд 989 ханган нийлүүлэгчтэй ажилласны 60 гаруй хувь нь үндэсний ханган нийлүүлэгчид байж. Өнгөрсөн жил дотоодын худалдан авалтын хэмжээ үйл ажиллагааны нийт зардлын 80 хувь болсон юм билээ. Шилдэг ханган нийлүүлэгчдээ шалгаруулах үеэрээ Өмнөговийн хэмжээнд хийсэн худалдан авалтын дүн 2010 онд 0.5 сая ам.доллар байсан бол 2015 оны эцсийн дүнгээр 66 сая ам.долларт хүрсэн гэж ирээд ханган нийлүүлэлтийнхээ байдлыг танилцуулах жишээний. Гүний уурхайн санхүүжилт бүтсэн болохоор “Оюутолгой”-д ханган нийлүүлэлт хийх компаниудын тоо өсөх нь ойлгомжтой. Олон компани “Оюу толгой”-той гэрээ байгуулах бэлтгэлээ хийгээд эхэлсэн байх. 4.4 тэрбум ам.долларын санхүүжилт бүтсэний дараа “Оюу толгой”- гоос ханган нийлүүлэгчдийн форум гэж зохион байгуулаад ямар үйлчилгээ, бараа худалдаж авахаа нээлттэй зарлачихсан учраас энэ аварга төсөлд ханган нийлүүлэлт хийх сонирхолтой компаниуд бизнес төлөвлөгөөгөө гаргачихсан гэдэгт эргэлзэх зүйл алга. Худалдаж авах бараа бүтээгдэхүүндээ ямар шалгуур тавихаас эхлээд бизнес эрхлэгчдийн сонирхдог бүх л асуултын хариуг форумын үеэр авчихаж болохоор байсан.

“Оюутолгой”-той харьцуулж ярьдаг ганц уурхай бол Эрдэнэт. Гэхдээ уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр “Оюу толгой” шиг ийм ил тод биш. Уг нь улирал бүр тайлангаа гаргаж, хэнээс юу авахаа хэвлэлээр мэдээлж, хэдийг олж хэчнээнийг нь яг юунд зарснаа нууж хаалгүй тайлагнах учиртай газар. Учир нь Эрдэнэтийн хувь эзэмшигч хоёр талын нэг нь Монгол Улс. “Эрдэнэт”-ийн зэс молибденийг зарж олсон мөнгө, татвар энэ тэр нь Монголын төсөвт ордог. Тэр утгаараа энэ том үйлдвэрийн хөшигний цаана юу өрнөж байгааг монголчууд мэддэг байх учиртай. Гэтэл өнөөг хүртэл ”Эрдэнэт”-ийн хөшиг хаалттай байгаа. “Эрдэнэт”-д үе, үеийн засгийн эрх баригчид бараа бүтээгдэхүүнээ шахаж, эрх барьж буй цөөхөн хүмүүсийн бизнес болсоор ирсэн гэж мэдрэгддэг нь нууц биш. Ямар сайндаа л “Эрдэнэт” үйлдвэрийн агуулахаас хэдэн мянган бэлгэвч гарч ирж шуугиан болохов. Юу худалдаж авахаа тухай бүрт нь хэвлэлээр мэдээлж, шалгаруулалтаа ил тод зарладаг учраас “Оюу толгой”-д бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зарах хүсэлтэй компаниудад танил талаа ашиглаж мэдээлэл хайж гүйх шаардлага гардаггүй. Гэтэл ”Эрдэнэт” тодорхойгүй. Шуудхан хэлэхэд “Эрдэнэт”-ийн ханган нийлүүлэгчид “Оюу толгой”-нх шиг бизнесийн зарчмаараа чадлаараа шалгарсан жирийн компаниуд биш. Том дарга нар л ханган нийлүүлэгчид нь болчихдог. “Эрдэнэт” үйлдвэрт юу хэрэгтэй, яах ийх нь тэдэнд хамаагүй. Өөрсдийнх нь ашиг л эн тэргүүнд тавигдсаар ирснийг өнгөрсөн жилүүдийн элдэв шуугиан хэлээд өгнө. Одоо ч ялгаагүй, хөшигний ард далд наймаа хийгдсээр байгаа. Сүүлийн үед зэсийн үнэ навс унасан болохоор ийм дэмий зардал нь бага ч гэсэн танагдаж байгаа болов уу. “Эрдэнэт”-ийн удирдлагууд зардлаа хэмнэсэн талаараа мэдээлэх болсон. Хямралын үеэр ажиглагдаж байгаа “давуу” тал л даа. Ингээд зогсохгүй ирэх өдрүүдэд хэчнээн хэмжээний зэс молибден үйлдвэрлэж, хэдийг нь зарж хэдэн ам.доллар болгосноо Оюу толгой шиг ил тод тайлагнадаг болмоор байгаа юм. Компаниудаас ямар үйлчилгээ авахаа ил тод зарлаж, шилдэг ханган нийлүүлэгчдээ зарлаж яагаад болохгүй гэж. Тэгвэл хөшигний ард дэмий наймаа явагдаж улсын мөнгө хэрэггүй зүйлд урсахгүй.

“Оюу толгой”-н хувьцаа эзэмшигчийн нэг нь Монгол Улс. “Эрдэнэт”-ийн хувь эзэмшигчийн нөгөө тал нь ч Монгол Улс. Тэгэхээр ил тод байдлаараа “Оюу толгой” шиг байхаас аргагүй газар.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар түүхэнд байгаагүй өссөн нь Холбооны нөөцийн банкны шийдвэрээс шалтгаалжээ

“Өдрийн
сонин”-ы 2016-01-19-ний дугаараас

“Найман шарга” зах дээр өчигдөр ам.долларыг 2005 төгрөгөөр авч 2008 төгрөгөөр зарж байв. Ноён ногооны ханш өмнө нь энэ хэмжээнд хүрч өсч байгаагүй юм. Жил бүрийн сар шинийн өмнөхөн ам.долларын ханш өсдөг гэсэн уламжлалт шалтгаан бий. Үүнээс гадна ямар шалтгаан нөлөөлснийг сонирхлоо.

Доллар өссөн гол шалтгаан нь Холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотой гэж эдийн засагчид онцолж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөсөн юм. Цаашид ч мөнгөний бодлогоо алгуур хатууруулах магадлал өндөр байгаа. Уг шийдвэр ам.долларын ханшийг дэлхийн бусад валютын эсрэг чангарахад нөлөөлж эхэлжээ. Долларын “галзуурал”-ын хамгийн том нөлөөлөл нь энэ гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байна. Мөн дэлхийн томоохон худалдан авагч Хятад улсын эдийн засгийн өсөлт саарч байгаа нь түүхий эдийн үнийн уналтыг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын зүг чигийг өөрчилж буй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулагчид ам.доллар руу хошуурч эхэлсэн гэсэн үг. Энэ нь манайх шиг уул уурхайд суурилсан эдийн засагтай улсуудад гадаадын хөрөнгө оруулалтын хомсдол үүсгэж, ханшийн дарамт үүсгэх замаар нөлөөлж байгаа аж.

ГАЗРЫН ТОСНЫ ҮНИЙН УНАЛТ АМ.ДОЛЛАРЫН ГАРАХ УРСГАЛЫГ БУУРУУЛНА

Судалгааны байгууллагаас ам.долларын ханшийн талаар ямар таамагтай байгааг сонирхсон юм. “Эгүлэ капитал” судалгааны компанийн хувьд ноён ногооны ханш өнгөрсөн онд ямар байсныг “Төгрөгийн ханш ам.долларын эсрэг зургаан хувиар, иенийн эсрэг 3.8 хувиар, юанийн эсрэг 1.6 хувиар тус тус суларсан бол рублийн эсрэг 15.6 хувиар, еврогийн эсрэг 6.4 хувиар чангарлаа. Ам.долларын төгрөгтэй харьцах ханш өнгөрсөн оны эхний хагас жилд өндөр хэлбэлзэлтэй буюу 50-100 төгрөгөөр хэлбэлзэж байсан бол сүүлийн хагас жилд сарын хугацаанд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн хэлбэлзэл харьцангуй тогтворжсон юм. Төгрөгийн ханш тогтворжсон нь Оюу толгойн хоёрдугаар шатны бүтээн байгуулалтын гэрээ зурагдаж, зах зээлд эерэг хүлээлт бий болсонтой холбоотой байсан” гэж тайлбарлалаа.

“Эгүлэ капитал” судалгааны компаниас гаргасан тайланд ам.долларын ханш ирэх онд ямар байх талаар “Манай улсын гадаад валютын орох урсгалын 30 орчим хувь нь зэсийн баяжмалын арилжаанаас бүрддэг. Дэлхийн зэсийн 45 хувийг импортолдог Хятадын эдийн засаг удааширч байгаа, АНУ-ын бодлогын хүүний өсөлт зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр 2016 онд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханш болон эрэлт буурах хандлага зонхилж байна. Хятад улс цахилгаан шугам сүлжээгээ өргөжүүлэхдээ гэр хороолол болон жижиг үйлдвэрүүдийн хэсэгт хөнгөн цагаан ашиглах тухай яригдаж байгаа. Энэ нь 2016 оны зэсийн эрэлтийг буурахад мөн хүчтэй нөлөө үзүүлж магадгүй. Алтны арилжаанаас орох валютын урсгалын хувьд манай улсын валютын нийт орох урсгалын тав орчим хувийг бүрдүүлдэг. Холбооны нөөцийн банкнаас 2016 онд бодлогын хүүгээ улирал бүр 0.5 хувиар өсгөх талаар яригдаж байгаа. Холбооны нөөцийн банкнаас хүүг өсгөснөөр алт худалдан авахын алдагдсан боломжийн зардлыг нэмэгдүүлж байгаа учир алтны ханш буурсаар 1,000 ам.доллараас доош орох магадлал өндөр. Ирэх оноос Хятадын юань ОУВС-гийн нөөц валютуудын нэг болж байгаа учир юанийн эсрэг алтны ханш мөн унах магадлалтай байна.Валютын гарах урсгалын 10 орчим хувийг нефтийн бүтээгдэхүүний импортоор гадагшлах валютын урсгал бүрдүүлдэг. Мөн хүнсний бүтээгдэхүүний импортын төлбөрөөр гарах валютын урсгал манай улсын нийт валютын гарах урсгалын тав орчим хувийг бүрдүүлж байна. Дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ буурч байгаа нь манай улсын хувьд валютын гарах урсгалыг бууруулах таатай нөхцөлийг бүрдүүлээд байгаа. Иран улс цөмийн хөтөлбөрөө цуцалж буй учир ирэх жилийн эхээр зах зээлд тус улсаас их хэмжээний газрын тосны нийлүүлэлт хийгдэхээр хүлээгдэж байна. Тэгэхээр энэ онд газрын тосны үнэ үргэлжлэн буурах төлөв бий гэсэн үг. Дэлхийн зах зээл дээрх нефтийн үнийн бууралтаас үүдэлтэй валютын гарах урсгал буурч байна. Мөн зэс, алтны эрэлт болон ханшийн бууралттай холбоотойгоор манай улсын валютын орох урсгал ч буурч мэднэ. Гэхдээ валютын орох урсгалын бууралт нь гарах урсгалын бууралтаас давах төлөв илүү ажиглагдаж байна. Тиймээс энэ онд төгрөгийн ханш бага зэрэг сулрах болов уу” хэмээн дурджээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол банкинд дөрвөн тонн алт биетээрээ хадгалагдаж байна

“Алт” хөтөлбөр хэрэгжиж эхлэхээс өмнө манай улс жилд 700 орчим кг алт олборлож байжээ. Хөтөлбөр хэрэгжсэнээс хойш тонн давж эхэлсэн гэдэг. 1996 онд 5.4, 2005 онд 24 тонн хүрсэн статистик бий. Харин урт нэртэй хуулийн дараа 5.7 тонн хүрч буурсан юм. Сүүлд Монголбанкинд тушаасан алтны нөөц ашигласны татварыг бууруулж, урт нэртэй хуульд хамрагдсан зарим лицензийг буцааж олгосноор алт олборлолт эрс нэмэгдсэн. Энэ жил Монголбанкинд 15 тонн алт тушаажээ. Дөрвөн тонн нь биет байдлаараа хадгалагдаж байгаа аж. Үлдсэнийг нь экспортолжээ. Алтны шороон ордын ашиглах нөөц багасч байгаа учраас Гацуурт, Бурхан дэл, Нарантолгой, Үрлийн овоо, Өндөрнаран, Хатавч өндөр, Алтан цагаан овоо зэрэг хүдрийн ордуудыг ашиглалтад оруулах хэрэгтэй гэж геологичид онцолдог. Сонирхуулж хэлэхэд Монголд 1902-1918 онуудад Орос, Франц, Америкийн хамтарсан “Монголор” хэмээх компани 9.3 тонн орчим алт олборлосон албан мэдээ бий.

МАНАЙ УЛС ОХУ, АНГЛИ, ЯПОНД АЛТАА ЦЭВЭРШҮҮЛДЭГ

Алтыг олон улсын зах зээлийн эргэлтэд оруулахын тулд агууламжийг нь өндөр цэвэршилттэй буюу 999.9-999.99 сорьцтой болгох шаардлагатай аж. Өнөөг хүртэл манай улс ОХУ, Англи, Япон зэрэг оронд алтаа цэвэршүүлж иржээ. Ингэж гадаадад цэвэршүүлэхээр зардал нь өндөр гардаг сул тал бий. Алт цэвэршүүлэх технологи улс бүрт адилгүй. Ер нь алтыг хими, цахилгаан, пиро, гидрометаллургийн аргыг ашиглан сорьцыг нь 999.9-д хүргэж цэвэршүүлдэг байна. Пирометаллургийн аргыг энгийнээр хэлбэл алтанд байгаа хольц элементүүдийг өндөр температурт дэгдээх замаар цэвэршүүлдэг юм байна. Алт боловсруулалт цэвэршүүлэлтийн технологийн түвшнээр АНУ, Япон, Англи, Герман Австрали, Өмнөд Африк, Орос зэрэг улс тэргүүлдэг. Лондонгийн металлын биржийн баталгаагүй үйлдвэрт цэвэршүүлсэн алтыг дэлхийн зах зээлд гаргах, барьцаалан хадгалуулах, арилжаа хийх боломжгүй аж.

Цэвэршүүлэх үйлдвэрийн хувьд заавал их хэмжээний металл цэвэршүүлэх хүчин чадалтай байж үр ашигтай ажиллана гэдэг ойлголт өрөөсгөл гэнэ. Монголын хувьд алт цэвэршүүлэх үйлдвэр барих хууль, эрх зүйн орчин бүрджээ. Алт цэвэршүүлэх үйлдвэрийг Улаанбаатар, Бор-Өндөрт байгуулах боломжтой гэсэн хэтийн төлөвлөгөө дуулддаг. Төлөвлөсөн хоёр үйлдвэр ашиглалтад орчихвол жилд 32 тонн алт цэвэршүүлэх боломжтой гэсэн тооцоог салбарынхан нь хийжээ. Үйлдвэр барих хөрөнгө оруулалтын хэмжээ нь 0.5-1 сая хүртэлх ам.доллар гэсэн тооцоо гаргасан байдаг.

ХАМГИЙН ТОМ АЛТ ОЛБОРЛОГЧ НЬ ХЯТАД

Хамгийн том алт олборлогч компани бол Канадын “Баррик гоулд”. Тус компани АНУ, Канад, Австрали, Перу зэрэг олон оронд алтны 27 уурхайтай. Дэлхий даяар жилдээ 3000 орчим тонн алт олборлодог гэсэн тоо бий. ӨАБНУ алт олборлолтоороо зуу гаруй жил дэлхийд тэргүүлж. 2007 онд урд хөршид байраа тавьж өгчээ. БНХАУ сүүлийн долоон жилийн турш хамгийн том алт олборлогч гэсэн тодотголоо алдаагүй байна. Урд хөрш жилдээ 360 гаруй тонн алт олборлодог. Энэ нь дэлхийн олборлолтын зургаан хувийг эзлэхээр том тоо. Хятад, Австрали, ОХУ, АНУ, Перу, Өмнөд Африк зэрэг улс алт олборлолтоороо тэргүүлдэг. Монголын хувьд 2015-2025 онуудад 19.3-42 тонн алт олборлох төлөв бий.

3000 ТОНН АЛТНЫ ТААМАГ НӨӨЦ БИЙ

Алтны нөөцөөрөө дажгүй улсын нэгд Монгол ордог. Боломжтой нөөц нь нийлээд 513970 килограмм гэсэн тоог эрдэмтэд 2010 онд гаргаж байж. Европын хэвлэлд Монголын алтны нөөцийг Канадын Клондейк нутагтай зүйрлэж бичсэн удаатай. Монголын хөрсөн доор 3000 тонн алт бий гэсэн тоо ч сонсогддог. Алтны шороон ордын нөөц эрс буурч, зэс, хар тугалга, цайрын ордуудад дагалдах байдлаар тогтоогдсон алт болон дан алтны үндсэн ордын нөөц эрс ихсэх хандлагатай байгаа. Сэлэнгэ аймгийн Баянгол, Мандал сумын нутагт орших Гацууртын үндсэн орд нөөцөөрөө том ордод багтах боломжтой гэдэг. Энэ ордын нөөцийг 50 тонн гэж бүртгээд байгаа юм. Гацуурт, Баян айраг, Бурхан дэл, Өндөр наран, Алтан цагаан овоо, Хармагтай, Эрдэнэтолгойн ордуудаас 1-4 тонн хүртэл алт олборлох тооцоо бий. Алтны үндсэн орд илрүүлэх хэтийн төлөв сайтай үндсэн ордын тоонд Ургамал, Говь-Алтай, Өмнөговь, Өмнөт Хэрлэн, Өмнөд Хэнтий, Баянговь-Баянлиг зэрэг бүс багтдаг.

АЛТ АЛЬ Ч ҮЕД ҮНЭЭ АЛДДАГГҮЙ

Санхүүгийн хямрал 2007 оноос эхлэхээс таван жилийн өмнө алтны үнэ өсч эхэлжээ. Ер нь сүүлийн арван жилийн хугацаанд эдийн засаг ямар байхаас үл хамаарч алтны үнэ өссөөр ирснийг статистикаас харж болно. Хөрөнгө оруулалт өссөн, зогссон аль ч үед ханшаа алдаагүй металл бол алт. Жишээ нь 2002-2004 онд алтанд оруулах хөрөнгө оруулалт 21 хувиар буурсан байхад алтны үнэ 41 хувиар өсч байж. 2006-2008 онд алтны хөрөнгө оруулалт дөрөвхөн хувиар өсөхөд алтны үнэ 67 хувиар өсчээ. Алтны ханш 2018 оноос 2000 ам.доллар руу дөхнө гэсэн прогноз бий. Олон улсын байгууллагуудын прогнозыг дундажлахаар алтны ханш энэ онд 1150 орчим, ирэх онд 1180 гаруй ам.доллараас буухгүй гэсэн ерөнхий таамаг гараад байгаа. Юанийг олон улсын валют болгох зорилтын хүрээнд хятадууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа гэсэн шалтгаанаар алтны ханш сая дурдсан хэмжээнээс ч өсөх хандлага байгаа аж. Ирэх оны төсвийн тооцоололд нэг унци алтны үнийг 1156 ам.доллар байхаар төсөөлсөн. Мөн 23.6 тонн алт олборлох тооцоо бий. “Оюутолгой” гэхэд л 10.1 тонн алтыг олборлож экспортлох юм билээ. Монголбанк, арилжааны банкуудад 13.5 тонн алт тушаагдана гэж одоогоор төлөвлөж буй.

Categories
мэдээ цаг-үе

​Ө.Ганзориг: Оюу толгой, Таван толгойгоо хөдөлгөхгүй бол дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнес энэ жилийг давахгүй

“Голомт” банкны ерөнхийлөгч Ө.Ганзоригтой ярилцлаа.

-Орон сууцны найман хувийн зээлийн хүүг багасгах асуудал ид яригдаж байна. Хямд хүүтэй орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжих бодитой боломж эдийн засагт байгаа юу?

-Ажиглаж байхад энэ асуудал дээр маш олон тал байр сууриа илэрхийлж байна. Янз бүрийн өнцгүүд ч гаргаж ирж байх шиг байна. Зарим тохиолдолд бүүр орон сууцны зээл хэрэггүй ч гэх хүмүүс байдаг. Юуны өмнө иргэдээ орон сууцтай болох боломжоор хангах нь аль ч төрийн үүрэг. Гэхдээ тэр орон сууцыг төрөөс өгдөг социалист эдийн засаг нуран унаж иргэн өөрийн хөдөлмөрийн үр шимээр орон сууцаа худалдан авдаг чөлөөт зах зээлт, ардчилсан нийгэм шалгарч үлдээд байгаа гэж би ойлгодог. Орон сууцны зээл буюу моргэйж, эсвэл ипотек гэж нэрлээд байгаа энэ зүйл бол чөлөөт эдийн засаг дахь шалгарсан санхүүгийн механизм гэдгийг юуны өмнө ойлгох ёстой. Энэ утгаараа моргэйжийн хүүг буулгах нь аль ч төрийн, төв банкны, арилжааны банкны зорилго байдаг. Манайд 2004, 2005 оноос буюу нэлээд хожуу банкны моргэйжийн бүтээгдэхүүн гарч эхэлсэн. Гэхдээ банкуудын эх үүсвэрийн өртөг их өндөр тул хүү нь өндөр байсан. Найман хувийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш иргэд 15 орчим хувийн хүүтэй моргэйжээ найман хувийн зээлд хөрвүүлсэн. Шинээр маш олон мянган хүн орон сууцтай болж чадсан давуу тал бий. Одоогийн байдлаар 76 мянган өрх моргэйжтэй байна. Сүүлийн гурван жилд гурав дахин өссөн гэсэн үг.

-Орон сууцны зээлийн хүүг таван хувь болгох боломжтой гэж шийдвэр гаргах түвшинд яриад эхэлчихсэн. Гурван хувиар буулгах боломж бүрдсэн үү, ингэж буулгасны сул болон давуу талыг та юу гэж харж байна вэ?

-Америкт моргэйжийн хүү жилийн дөрвөн хувьтай, Японд 1.5 хувьтай байна.Тэдний төв банкны бодлогын хүү ердөө тус тус 0.5 болон 0.1 хувьтай байгаа. Нөгөө талд Оросын дундаж моргэйж 12 хувьтай байхад Оросын төв банкны бодлогын хүү 11 хувь байх жишээтэй. Манайд харин бодлогын хүү 12 хувь байхад моргэйж найман хувийн хүүтэй байгаа. Моргэйжийн хүүг таван хувь хүртэл буулгах эсэх асуудал ярьж байна. Гол нь зөв нөхцөл байдлыг бүрэлдүүлэх нь чухал. Монголд зээлийн хүү маш өндөр байна. Зөвхөн моргэйж гэлтгүй бүхий л төрлийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ажиллах ёстой. Үүнийг Монголбанк дангаараа шийдэж чадна гэж бодохгүй байна. Юуны өмнө зээлийн хүү өөрөө банкуудын эх үүсвэрийн хүүн дээр суурилж гардаг. Хадгаламжийн хүү 10, 12, 15 хувьтай байхад бид зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах нь тун хүндрэлтэй байх нь ойлгомжтой. Эх үүсвэрийг хямд, олдоцтой болгох чиглэлээр засгийн газар, Монголбанк хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн УИХ-ын гишүүд ч гэсэн энэ тал дээр маш хариуцлагатай байх ёстой.

-Орон сууцны зээлийн эх үүсвэр манайд байна уу?

-Эх үүсвэр дотоодын болон гадаадын зах зээлээс орж ирдэг. Дотоодын зах зээл бол мэдээж хязгаарлагдмал. Харин гадаад зах зээлд мөнгө хангалттай их байна. Гэвч манай нэр хүнд маш хангалтгүй байгаа учраас гадаадаас хямд эх үүсвэр орж ирэхгүй байна. Монголын банкууд, компаниуд гадаад зах зээлээс зээл, хөрөнгө оруулалт татсан бол чадах чинээгээр ажиллаж, хөрөнгө оруулагчдыг эрсдэлд оруулахгүй байх, өөрөөр хэлбэл Монгол Улсын нэр хүндийг унагаахгүй байх чиглэлд бүх чадлаа дайчилж ажилладаг. Харин нөгөө талд нь улстөрчид судалгаа тооцоогүй, алсыг хараагүй, эсвэл эрх мэдлийн төлөө буруу шийдвэр, буруу популизм хийж гадаад зах зээлийг хааж байна. Тийм учраас би зээлийн хүүг бууруулах асуудалд зөвхөн арилжааны банк, Монголбанк, Засгийн газрыг яриад өнгөрвөл туйлын өрөөсгөл болно гэж үздэг. Найман хувийг таван хувь болгож бууруулах төлөвлөгөө гаргаад, бүгдээрээ хичээгээд ажиллах хэрэгтэй. Тэрнээс чадна, чадахгүй гэж бид хичнээн олон жил мэтгэлцээд ч найман хувь тав болж буурахгүй. Эдийн засгийн суурь нөхцөл байдлууд хүндхэн байна. Түүнийг засах, залруулах, өмнөх алдаагаа давтахгүй байх, өөрсдийгөө боловсруулж, хөгжүүлэх тал дээр анхаармаар байна.

-Орон сууцны бага хүүтэй зээлийн хөтөлбөр хэрэгжүүлэх гол суурь нь 1.9 болтлоо буурсан инфляци гэж байгаа. Инфляци өсвөл зээлийн хүү өснө гэсэн үг үү?

-Инфляциас хадгаламжийн хүү өндөр, хадгаламжаас зээлийн хүү өндөр байдаг. Ийм л энгийн зүй тогтолтой. Инфляцийг бууруулах ачааг Монголбанкинд даатгаж хаячихаад өөрсөө дор бүрнээ дуртай зүйлээ хийдэг хариуцлагагүй байдлаа одоо зогсоох ёстой. Зээлийн хүүг бууруулахын тулд бид инфляцийг жилийн 2-3 хувь дээр тогтвортой барих ёстой. Тэгэхийн тулд улстөрчид маш өндөр хариуцлагыг өөр дээрээ авах ёстой байна. Инфляцийг яагаад буулгаж чадсангүй вэ гээд Монголбанкныхныг загнаж байгаа харагддаг. Тэр асуултыг өнөөдөр УИХ-ын гишүүд өөрсдөөсөө асуух цаг болсон. Учир нь гадаадын хөрөнгө оруулалт их хэмжээгээр орж ирж байсан цаг үе бидэнд байсан. Одоо таг алга л болсон. Хэн хариуцлага хүлээх талаар ярьж байгаа зүйл ч алга байна.

-Инфляци өсөх ямар эрсдэлүүд байгаа вэ?

-Бид нийлүүлэлтийн сувгаа нээлттэй байлгаж, эдийн засгаа төлөвлөж чаддаггүй учраас эдийн засагт гэнэт огцом мөнгө орж ирэхээр инфляци савлаж өсчих гээд байдаг тал бий. Мэдээж зөв тооцоолохгүй, бэлтгэлгүй байвал Оюу толгойн төслийг дагаж орж ирэх хөрөнгө оруулалт инфляцийг өсгөх эрсдэлтэй.

-Бодлогын хүүг бууруулсан нь хэр цагаа олсон шийдвэр бол?

-Бодлогын хүүг харин ч хоцорч буулгалаа гэж би бодож байгаа. Одоо зах зээлд мөнгө хэрэгтэй байна. Засгийн газар төсвийн тэлэх, Монголбанк мөнгөний тэлэх бодлого явуулах цаг болсон. Эдийн засгийн хүндрэл даамжирч хямрал болоход ойрхон байна. Хямрал гэдэг бол компаниуд аргагүйн эрхэнд хүмүүсээ үй олноор нь халж эхлэх явдал шүү дээ. Түүнийг л хямрал гэдэг. Миний харж байгаагаар манай компаниуд сүүлчийн хүчээ шавхаж хүмүүсээ ажилтай нь үлдээх гэж зүтгэж байна. Энэ процесс их удаан үргэлжлэхгүй зовлон бий.

-Оюу толгой төслийн гүний уурхайн санхүүжилт энэ жилээс орж ирж байгаа. Эдийн засагт яаж нөлөөлнө гэж та харж байна вэ?

-Энэ оны хувьд Оюу толгойн гүний уурхайн санхүүжилтэд л найдаж байна. 2014, 2015 онд Монголын Засгийн газар өмнөх онуудад гарсан алдааг засах зорилгоор гадаадын хөрөнгө оруулалтыг сэргээх гэж нэлээд оролдсон. Амжилт олсонгүй. Эндээс харахад хөрөнгө оруулагчид бодитой үйлдэл, бодит өөрчлөлт харахыг хүсч байна л даа. Ер нь бол бид чөлөөт зах зээлийн зүй тогтлыг, глобал зах зээлийг ойлгох болоогүй байна.

-Оюу толгойг дагаж гадаадын хөрөнгө оруулалт сэргэнэ гэж ярьж байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна?

-Сэргэнэ. Гэхдээ бидний бодсон шиг хурдан байхгүй нь. Манай хууль эрх зүй, улс төрийн шийдвэр гаргалт, улстөрчдийн боловсрол нь өөрөө чөлөөт зах зээлийг дэмжиж, хамгаалж, гадаадын ч бай дотоодын ч бай хөрөнгө оруулагчдын эрх ашгийг тусгаж чадна гэдгийг бид бодитоор харуулах хэрэгтэй.

-Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжих нь, 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилт орж ирэх нь арилжааны банкуудад ямар нөлөө үзүүлэх вэ?

-Оюу толгой болон бусад төслүүдтэй холбоотойгоор арилжааны банкуудад эерэг дүр зураг үүснэ гэж ойлгож байгаа. Хэд хэдэн хэмжүүр байгааг бид анхаарах хэрэгтэй.Хэрэв бид Оюу толгой болон Таван толгойгоо хөдөлгөхгүй бол тэртэй тэргүй хангалттай дотоод нөөцөө шавхчихсан маш олон бизнесүүд 2016 оныг давахгүй. Түүнээс болж банкны салбарт хүндрэл үүснэ. Нөгөө нэг хэмжүүр нь банкуудын хөрвөх чадвар юм. Монголбанкны зүгээс хөрвөх чадварын шалгуурыг 2009 оноос хойш өсгөсөн учир Монголын арилжааны банкууд сайн хөрвөх чадвартай байгаа гэдгийг хэлмээр байна.

-Оюу толгой дангаараа биш өөр мега төсөл амжилттай хэрэгжиж байж эдийн засаг сэргэнэ гэсэн байр суурь бий. Жишээ Таван толгой. Энэ талаар таны бодлыг сонсъё?

-Таван толгой бол Хятадын зах зээлээс хамгийн их хамааралтай төслүүдийн нэг. Тэр ч утгаараа бид Хятадын зах зээлийг анхааралтай ажиглах ёстой. Юмны үнэ тогтмол байдаггүй гэдгийг улстөрчид одоо эрх биш ойлгосон байх гэж найддаг. Тийм учраас бид Таван толгойн төслөө одоо шийдэж байх ёстой. Үнэ өссөн хойно нь шийдэх гэж мунгинаж байх хооронд нүүрсний үнэ эргээд унана. Нүүрсний үнэ өсөх болно, бас унах ч болно. Тийм учраас бид нүүрсний үнэ өндөр, бага байх бүх нөхцөлийг хангасан уян хатан гэрээг хөрөнгө оруулагчидтайгаа байгуулаад Таван толгойгоо хөдөлгөх ёстой. Оюу толгой гэсэн ганцхан төслөөс хамааралтай байх нь бидэнд л муу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мөнгөний зөөлөн бодлого хумигдсан эдийн засгийг тэлнэ

Оргил үедээ 17 хувь давж байсан эдийн засгийн өсөлт 2.5 болтлоо уруудсан энэ үед гялтайх цөөхөн мэдээний нэг нь инфляци огцом буурсан явдал байв. Махны үнэ буурсан, эдийн засаг хумигдах хэрээр хэрэглээ танагдсан гэх мэт шалтгаан инфляци буурахад нөлөөлсөн юм. 14-өөс 1.9 хувь болтлоо уруудсан инфляци оны эхээр үл ялиг өснө гэсэн таамаг бий. Цагаан сар ойртсон өдий цагт өсдөг жамаараа бага зэрэг дээшлээд эргээд уруудах болов уу гэсэн төлөвийг шинжээчид хэлж байгаа. Инфляцид жин дарахуйц нөлөөтэй махны үнэ яг өдийд тэнгэрт хаддаг учраас жил бүрийн сар шинийн өмнө инфляцийн хувь дээшилдэг нь байдаг л үзэгдэл. “Оюу толгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжээд эхлэхээр инфляци эргээд өсөх байх гэх мэт болгоомжлох бас бус шалтгаан байгаа ч төв банкны байр суурийг анзаарахад инфляци огцом цойлохгүй гэсэн итгэл төрөхөөр үндэслэлүүд дуулддаг.

Өөр нэг сайн мэдээ нь ипотекийн зээлийн хүүг наймаас таван хувь руу буулгах нааштай сураг. УИХ-аар одоо яригдаж буй хуулийн төслүүд батлагдчихвал зогсчихоод байгаа найман хувийн зээл тав руу уруудаж хэрэгжиж эхэлнэ, дагаад барилгын компаниуд өндийгөөд ирнэ гэсэн эерэг хүлээлт бий. Барилгын компаниудыг дагаад цемент, тоосго, арматур үйлдвэрлэгчид, цаашлуулж яривал үйлчилгээний салбарынхан дажгүй мөнгө олоод эхлэх өөдрөг зураг харагдаж байгаа. Товчхондоо орон сууцны таван хувийн хүүтэй зээл хэрэгжээд эхэлбэл эдийн засаг тэлэхэд мэдрэгдэхээр нөлөөлнө гэсэн үг. Инфляци 14 хувь байхад найман хувийн орон сууцны зээл хэрэгжүүлж болсон юм чинь 1.9 хувь болтлоо уруудсан үед ипотекийн зээлийн хүүг таван хувь болгож буулгах нь асуудал биш гэдэг бол үгүйсгэх аргагүй тайлбар. Инфляци энэ янзаараа нам дор хэвээр хадгалагдвал ипотекийн зээлийн хүү өснө гэж болгоомжлоод байх зүйлгүй л дээ.

Гэхдээ урт хугацаандаа инфляци өсөхгүй гэсэн баталгаа өгөхөд хэцүү. Зуд болбол ирэх хавар махны үнэ хаданд гарах нь ойлгомжтой. Махны үнэ өсөөд ирэхэд л инфляци цойлох эрсдэл байгаа. “Шивээ энержи” зэрэг энэ онд эхлүүлэхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын том төслүүд хэрэгжээд явчихвал инфляцид нөлөөлнө гэсэн болгоомжлол сонсогддог. Гэхдээ барилгын материалуудынхаа дийлэнхийг дотооддоо үйлдвэрлээд эхэлсэн учраас инфляци өмнөх шиг огцом цойлохгүй байх бүрэн боломжтой гэсэн тайлбар бас бий. Найман хувийн зээлийг таван хувь болгож бууруулбал хүүнд төлөх байсан 12 тэрбум төгрөгийг өөр зүйлд зарцуулах боломж иргэдэд нээгдэнэ гэсэн тооцоо байгаа. Байрныхаа зээлд төлөх байсан энэ хэмжээний мөнгөөр иргэд хэрэгтэй зүйлээ худалдаж авна. Эрс багасчихаад байгаа худалдан авалт ихсэхээр хаалгаа барихдаа тулаад буй олон компанийн орлого нэмэгдэж таарна. Энэ мэт эерэг нөлөөлөл өчнөөн л дөө.

Бас нэг эерэг мэдээ бол бодлогын хүү буурсан явдал. Төв банк удаан хугацаанд 13 дээр барьсан бодлогын хүүг нэг хувиар бууруулж 12 хувь болгоод удаагүй байна. Төсвийн алдагдал буураагүй гэх мэт шалтгаанаар бодлогын хүүг хэвээр нь үлдээх болов уу гэсэн хүлээлт байсан ч Мөнгөний бодлогын зөвлөлийнхөн хүүг бууруулах шийдвэр гаргасан. Дор хаяж зургаан сараас нэг жилийн дотор эерэг нөлөөлөл нь мэдрэгдээд эхэлчих болов уу гэсэн байр суурийг эдийн засагчид илэрхийлээд эхэлчихсэн.

Бодлогын хүү буурснаар эдийн засагт ямар эерэг бодитой нөлөө үзүүлэх вэ гэсэн асуултад хариу хайя. Шинжээчдийн хувьд энэ шийдвэрийг эдийн засгийн мөчлөгийн эсрэг хэрэгжүүлж байгаа бодлого хэмээн харж буй. Төв банк бодит эдийн засгийг дэмжих үүднээс мөнгөний бодлогоо зөөллөлөө гэсэн тайлбарууд сонсогдож байгаа. Ямартай ч нэг хувиар буурсан бодлогын хүү эрс хумигдчихаад байгаа эдийн засгийг тэлэхэд голлох нөлөө үзүүлэх нь гарцаагүй. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, үйлдвэрлэл хөгжинө, ажилгүйдэл буурна, үнэт цаас, бонд, банкны зээлийн хүү буурахад ч нөлөөлнө гэсэн таамаглал бий. Иргэдийн хувьд зээлийн хүү буурна гэдэг сайн мэдээ. Бизнес эрхлэгчдэд хямд хүүтэй зээл авах боломж нээгдэнэ гэдэг бас л таатай мэдээ. Засгийн газрын хувьд ч мөнгөний зөөлөн бодлого эерэгээр тусна. Төсөв алдагдалтай ийм хүнд үед бондын өндөр хүү гэсэн амар биш даваа засгийн өмнө байгаа. Бондын хүү буурвал засгийн төлөх мөнгө багасна. Хүүгийн дарамтаас тодорхой хэмжээгээр гарна гэсэн үг. Болгоомжлох нэг асуудал бий. Бондын хүү өндөр байх нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг өдөөдөг. Энэ талаас нь харвал хөрөнгө оруулагчдын сонирхол буурах эрсдэлтэй. Гэхдээ хөрөнгө оруулагчдын хувьд хувьцааны зах зээлд оролцох, банкны хадгаламжийг сонирхох зэрэг өөр сонголтууд бийг эдийн засагчид онцолж буй. Хөрөнгийн зах зээл хөгжиж эхэлсэн, арилжааны банкууд амаргүй нөхцөлд ажиллаж байгаа энэ үед харин ч эерэг нөлөөлөл болж мэдэх юм.

Гадаадын хөрөнгө оруулалтын хувьд дунд хугацаанд мэдрэгдэхээр сайжирна гэсэн таамаг голлож байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт хавраас эрчимжихээр гадаадын хөрөнгө оруулалт дагаад өгсөх нь тодорхой.

Гадаад ертөнцийн хувьд эдийн засаг сайн биш байгаа. Таамаг, прогноз гаргадаг олон улсын байгууллагууд байсхийгээд л таамагласан тоогоо бууруулж байгаа нь үүний тод нотолгоо. Дэлхийн банк гэхэд л саяхан гаргасан “Дэлхийн эдийн засгийн төсөөлөл” тайландаа энэ оны дэлхийн эдийн засгийн төсөөллөө 2.9 хувь болтол бууруулсан юм. Тэд өнгөрсөн оны зургадугаар сард дэлхийн 2016 оны эдийн засгийн өсөлтийг 3.3 хувь гэж төсөөлж байсан юм. Тус банкны өнгөрсөн оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг “Хүмүүсийн урмыг хугалахад хүргэсэн” гэж зүгээр ч нэг онцлоогүй. Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч бөгөөд тэргүүн эдийн засагч Каушик Басу “2015 онд дэлхийн эдийн засгийн өсөлт төсөөллөөс дахин буурсан, 2016 он ч эрсдэлийн он болно” гэсэн гутранги үг унагаад байна. Ирэх онд хөрөнгө оруулалтын урсгал сайн биш хэвээр үргэлжилнэ гэсэн төсөөллийг Дэлхийн банк гаргажээ. Гэхдээ манай улсын хувьд Оюу толгойн 4.4 тэрбум төгрөгийн санхүүжилт бүтсэн гэх сайн мэдээ бий. Дэлхийн уул уурхайн салбарт амжилттай хэрэгжиж буй хоёр төслийн нэг нь гэхээр Монголын эдийн засагт мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх нь гарцаагүй л дээ. Манайд таатайгаар нөлөөлж болох нэг таамгийг Дэлхийн банкнаас гаргажээ. Бразил, Оросын эдийн засаг энэ онд үргэлжлэн буурах төлөвтэй бол Хятад, Энэтхэгийн эдийн засаг тогтвортой өргөжин хөгжих магадлалтай байгаа гэж Дэлхийн банк харжээ. Байгалийн баялгаа экспортолдог Хятадын эдийн засаг сайн байх нь бидэнд ашигтай. Эдийн засагчид мөнгөний зөөлөн бодлогоос улбаатай эдийн засгийн тэлэлт, Оюу толгой төслийн хоёр дахь шатны бүтээн байгуулалтын эрчимжил зэрэг шалтгаанаар энэ оны эдийн засаг дажгүй байна гэсэн таамгийг хэлж байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лакшми: Эдийн засагт Оюутолгойгоос гадна АСЕМ эерэг нөлөө үзүүлнэ

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Энэ онд эдийн засаг хичнээн хувь өсөх бол, танай төвийн гаргасан таамгийг сонирхмоор байна?

-Сүүлийн үед эдийн засгийн таамаг гаргадаг Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллагууд прогнозоо ойр ойрхон өөрчлөөд байгаа. Нөлөөлж буй хүчин зүйлүүдийг нь урьдчилж таамаглахад хүнд болчихоод байгаа хэрэг л дээ. Энэ онд эдийн засгийн өсөлт 3-4.5 хувийн хооронд байх болов уу.
-Эдийн засагт эерэгээр нөлөөлөх шалтгааны нэгдүгээрт Оюу толгой бичигдэж таарна. Таныхаар өөр ямар эерэг нөлөөлөл бий гэж харж байгаа вэ?
-Оюу толгойн гүний уурхайн санхүүжилт оны өмнө шийдэгдсэн нь мэдээж эерэг нөлөө үзүүлнэ. Энэ том төслийн бүтээн байгуулалт үргэлжиллээ гэсэн мэдээ олон улсад эерэг дохио болж байгаа. Өнгөрсөн хугацаанд Оюу толгойн нөхцөл байдал олон улсын хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдал үүсгэж байсан. АСЕМ-ийн хурлууд эерэг нөлөө үзүүлэх байх. Аялал жуулчлалын салбарт багагүй хэмжээний мөнгө орж ирнэ.
-Сөрөг нөлөөлөл гэвэл…?
-Энэ жил УИХ-ын сонгууль болно. Ер нь сонгуулийн жилүүдэд гадны хөрөнгө оруулагчид хүлээцтэй ханддаг. Тэд сонгуулийн үр дүнгээс хамаарч шийдвэрээ гаргадаг. Өөр нэг сөрөг нөлөө гэвэл өрийн дарамт. Монгол Улс ирэх жил бондын анхны төлбөрийг төлж эхэлнэ. Санхүүгийн салбарын нөхцөл байдал ч сайнгүй байна. Орон сууцны зээл зогсонги байгаатай холбоотойгоор барилгын салбар хүндхэн байгаа.
-2016 оны хувьд дотоод, гадаад гэсэн хоёр талаас нь харвал ямар зураг харагдаж байна вэ. Гадаад талдаа гэхээр баялгаа экспортолдог Хятадын эдийн засаг лав сайнгүй үргэлжлэх юм шиг байна?
-Гадаад хүчин зүйл гэдэг талаас нь харвал таатай зүйл ажиглагдахгүй байна. Ганц Хятад ч биш манай хойд хөршийн эдийн засаг ч таагүй байхаар дүр зураг харагдаж байна. Хятадын хөрөнгийн зах зээл гэхэд л уналттай байгаа. Хоёр ч удаа худалдаа, арилжаагаа зогсоолоо. ОХУ-ын эдийн засаг сэргэж амжаагүй хэвээр байна.
-Сүүлийн үед орон сууцны зээлийн найман хувийг буулгах асуудал хүчтэй яригдаж байна. Эдийн засагч хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?
-Эрсдэл нь өснө гэж ойлгох хэрэгтэй л дээ. Эрсдэлийг хэн даах вэ гэдэг хамгийн чухал асуудал. Банкууд даах юм уу, эсвэл төр үү гэдэг асуудал бий.
-Инфляци өнөөдрийнхөөс хамаагүй өндөр байхад найман хувь болгосон юм чинь одоо таван хувь болгоход асуудалгүй гэсэн тайлбар бас бий…?
-Өнөөгийн нөхцөл байдалтай холбож ярихад төсвийн орлого тасарчихсан. Чанаргүй зээлийн хэмжээ өсчихсөн. Ийм үед санхүүжилт хаанаас гарах нь анхаарал татаж байгаа. Гаднаас мөнгө босгох замаар шийдэж болох юм. Гэхдээ ингэж шийднэ гэхээр төгрөг суларсан өнөөдрийн хувьд эрсдэлтэй. Ханшийн эрсдэл гэж том зүйл тулгарна.
Нөгөө талаас манай улс маш их хэмжээний өрийн дарамтад байгаа учраас гаднаас орж ирэх эх үүсвэр хямд байж чадахгүй. Өөрөөр хэлбэл бидэнд хямд эх үүсвэр олдохгүй. Таван хувиасаа давсан эх үүсвэр олдохоор харагдаад байгаа.
-Манай улсын экспортолдог эрдэс баялгийн үнэ энэ жил яах бол, ямартай ч зэсийн хувьд нүүрс шиг уруудахгүй гэсэн таамаг гарсан харагдсан…?
-Зэсийн хувьд яваандаа өсөх хандлагатай байгаа. Нүүрсний хувьд маш хүнд байдалтай байх нь ойлгомжтой. Ойрын дөрөв, таван жилдээ өөдрөг зүйл ажиглагдахгүй болов уу. Нүүрсийг ерээд онд бүр авахаа больсон байсан. Нүүрсний зах зээл сэргэлээ гэхэд Монголын нүүрсний эрэлт хэрэгцээ хэр байх вэ гэдэг эргэж харахаар асуудал. Нүүрсний үнэ өссөн 2011, 2012 онуудад дэлхийн нүүрсний үнэ өссөн гэхээс илүүтэй Австралийн үер гэсэн том шалтгаан байсан. Австралиас Хятадад нийлүүлдэг нүүрс боломжгүй болоод Монголоос их хэмжээгээр дажгүй үнээр авсан юм.
-Эдийн засгаа уруудуулчихгүй тогтоож барья гэвэл бидний өөрсдийнхөө зүгээс шийдчих боломжтой ямар гарцууд байна?
-Эдийн засгаа төрөлжүүлнэ гэж маш олон жил ярьсан. Экспортолж буй бүтээгдэхүүнүүдээ харахаар түүхий эдээс өөр бүтээгдэхүүн бараг л алга байна. Тэгэхээр аль болох дотоод бизнес, үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Нөгөө талаас Хятад, Орос зэрэг гадны улсуудын дотооддоо үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн дээр анхаарал хандуулаад нэмэртэй юм болохгүй. Учир нь бид тухайн бүтээгдэхүүнийг тэднээс хямд үйлдвэрлэнэ гэж байхгүй. Тэгэхээр хоёр гол зах зээл дээрээ эрэлт ихтэй байхуйц бүтээгдэхүүн экспортлох бодлого барих хэрэгтэй. Дэлхийн нэмэгдсэн өртгийн сүлжээнүүд гэж бий. Ийм сүлжээнд нэгдвэл илүү амжилт олно.
-Дэлхийн нэмэгдсэн өртгийн сүлжээнд нэгдсэнээр их мөнгө олох боломж нээгдэнэ гэсэн үг үү?
-Монголын ноолуур гадагшаа гарч байгаа. Нэмэгдсэн өртгийн сүлжээнд нэгдвэл монгол ноолуур дэлхийн зах зээлд танигдсан шошготойгоор зарагдана гэсэн үг. Ийм тохиолдолд монгол ноолууран бүтээгдэхүүн илүү хурдан хугацаанд дажгүй үнээр зарагдах боломж нээгдэх юм.
Дэлхийн том компаниуд зах зээлээ хуваагаад авчихсан ийм нөхцөлд монгол компанийн нэр, шошготойгоор дэлхийд танигдаж бүтээгдэхүүнээ борлуулахад урт хугацаа орно.

Categories
мэдээ цаг-үе

“Алт” хөтөлбөр, том төслүүдийн хөрөнгө оруулалт эдийн засгийг сэргээнэ

Эдийн засаг өгсч уруудах нь уул уурхайгаас хамаарсан хэвээр байгаа. Тэгэхээр уул уурхайн салбар хэр өнгөтэй байхаас эдийн засаг ямар байх ерөнхий зураг гараад ирнэ гэчихэд хэтрүүлсэн болохгүй. Монголын хувьд энэ жил уул уурхайн салбараасаа 900 орчим тэрбум төгрөгийг төсөвтөө төвлөрүүлэхээр төсөөлөөд буй. Ихэнхийг нь буюу 90 хувийг нь зэс, алт, нүүрснээс төвлөрүүлнэ гэсэн тооцоо бий. Зэсийн үнийг төсөвт 5137 ам.доллараар тооцсон бол алтаа 1156 ам.доллар, нүүрсээ 32.8-54.8 ам.доллараар зарна гээд энэ оны төсөвтөө тусгачихсан. Төсөвт төсөөлсөн баялгийн үнэ жил бүр л байгаа олдоггүй гэх шүүмжлэлийг эдийн засагчид хэлдэг. Эцэст нь төсвийн тодотгол хийхээс аргагүй нөхцөл үүсдэгийг өнгөрсөн жилүүдийн түүхээс харж болно. Энэ онд Монгол улсын валют олох гол эрдсүүд хэр үнэд хүрэх дээр судлаач, шинжээчид ямар таамгууд дэвшүүлснийг тоймлон хүргэе.

ЗЭСИЙН ҮНЭ ТӨСӨӨЛСНӨӨС УНАХ ЭРСДЭЛТЭЙ

Дэлхийн зэсийн нийт хэрэглээний 40 хувийг хэрэглэдэг том зах зээл бол Хятад. Тэр утгаараа зэсийн үнэ дээшээ, доошоо байх нь урд хөршийн хэрэглээнээс хамаардаг. Зэсийн том зах зээлтэй холбоотой нэг таатай мэдээ бий. Энэ онд БНХАУ 12 дугаар таван жилийн төлөвлөгөөнийхөө хүрээнд цахилгаан шугам сүлжээгээ өргөжүүлэх зорилт дэвшүүлээд байгаа. Энэ зорилт зэсийн эрэлт нийлүүлэлтээ давах гол хүчин зүйл болно гэсэн таамгийг шинжээчид хэлж байна. Эрэлт ихэсвэл үнэ өгсдөг нь жам учраас зэсийн үнэ төсөвт төсөөлсөн 5137 ам.доллараас уруудахгүй байж мэдэх л юм. Гэхдээ шинжээчдийн таамгуудтай зэрэгцүүлбэл хэдэн зуун ам.доллараар зөрсөн өөдрөг төсөөлөл. “Goldman Sachs” гэхэд л 2016 оны эцэс гэхэд зэсийн үнэ 4500 ам.доллар байна гэж таамаглажээ. Шинжээчдийн таамгуудыг багцлаад харахаар 2019 оноос зэсийн үнэ эргээд өсч эхлэхээр байгаа. Тэгэхээр энэ жилийн төсөвт зэсийн баяжмалыг арай өөдрөгөөр төсөөлсөн байж мэднэ. Энэ онд “Оюутолгой” 774.1 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж борлуулахаар тооцоод байгаа. Харин Эрдэнэт үйлдвэр 587.5 мянган тонн зэсийн баяжмал борлуулах тооцоотой ажиллаж байна.

АЛТНЫ ХАНШ УНАХГҮЙ

Энэ оны төсөвт нэг унци алтны үнийг 1156 ам.доллар гэж төсөөлөөд байгаа. Жилийн турш олборлох алтны хэмжээ нь 23.6 тонн. 2016 онд Оюутолгой 10.1 тонн алтыг олборлож экспортлох бол олборлогч компаниудын Монголбанкинд тушаах алтны хэмжээг 13.5 тонн гэж тооцжээ. Алт олборлогчдод амласан хөнгөлөлттэй зээлээ засгаас өгчихвөл төв банкинд тушаагдах алтны хэмжээ огцом өсөх боломжтой гэж Алт үйлдвэрлэгчдийн холбооныхон онцолж байна. Төрийн эзэмшлийн хувь хэмжээ нь УИХ-аар яригдаж эхлэх гэж байгаа Гацуурт төсөл хөдөлбөл алтны олборлолт мэдрэгдэхээр нэмэгдэнэ. Тэгэхээр энэ жил дажгүй хэмжээний хатуу валюттай болох нь бараг л тодорхой байна.

Алтны үнийн хувьд цаашдаа өснө гэсэн өөдрөг таамаг голлож байна. Зул сараар алтны ханш сэргэдэг жамаараа өгссөнийг “Блүүмбэрг”-ийн мэдээнээс харж болно. Алт бэлэглэдэг уламжлалтай Энэтхэгт гэхэд оны сүүлээр олон баяр тохиодог. Энэ ч алтны үнэд дэмжлэг болж өгдгийг “Блүүмбэрг” онцолсон юм. Цагаан сар дөхөхөөр Хятадад алтны эрэлт нэмэгддэг. Тэгэхээр ирэх сард ч алтны ханш уруудахгүй, сэргэлттэй байх нь. Эрдэс баялгийн шинжээч Д.Галсандорж “Алтны ханш 2018 оноос 2000 ам.доллар руу дөхнө гэсэн прогноз бий. Ирэх онд 1150 орчим, 2017 онд 1180 гаруй ам.доллар байх болов уу. Олон улсын байгууллагуудын прогнозыг дундажлахаар ийм зураг харагдаж байна. Гэхдээ алтны үнийн хувьд нэг гэгээтэй зүйл бий. Юанийг олон улсын валют болгох зорилтын хүрээнд хятадууд алтыг их хэмжээгээр худалдан авч байгаа. Эрэлт ихсэхээр үнэ өсөх нь тодорхой. Тэгэхээр цаашдаа үнэ өсөх магадлал бол бий” гэж ярив. Түүний ярианаас анзаарахад Хятадын худалдан авалтад ганц цагаан сар ч биш юанийг олон улсын валют болгох бодлого, зорилт ч нөлөөлж байгаа аж.

АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас бодлогын хүүгийн түвшинг өсгөснөөр алтны үнэ 1000 ам.доллараас доошилно гэсэн болгоомжлол шинжээчдэд бий. Гэхдээ алтны томоохон зах зээлүүд болох Хятад, Энэтхэгийн металлын бодит эрэлт өндөр байна гэдгийг шинжээчид үгүйсгэхгүй байгаа. Эдийн засгийн таамаг төсөөлөл гаргадаг судалгааны байгууллага болох “Эгүлэ капитал” гэхэд л “Олон улсын хөрөнгө оруулагчид Хятадын төв банкийг алтны худалдан авалтаа үргэлжлүүлнэ гэсэн хүлээлттэй байгаа. Энэ нь алтны үнэ өсөх нэг шалтгаан болно. Алтны үнэ сүүлийн таван жилийн хамгийн бага түвшиндээ өнгөрсөн сард хүрсэн учир 2016 онд эргэж өснө гэсэн таамаглалыг HSBC-ийн шинжээчид хэлж байна” гэж онцолжээ.

НҮҮРСНИЙ ХЭРЭГЛЭЭ ХУМИГДСААР БАЙНА

Энэ оны төсөвт нэг тонн нүүрсний үнийг 32.8-54.8 ам.доллар байхаар төсөөлжээ. 19.5 сая тонн нүүрс экспортлохоос 9.5 сая тонн нь “Эрдэнэс таван толгой” , “Энержи ресурс”-ийн хамтран ашиглахТаван толгой ордоос экспортлох угааж, баяжуулсан нүүрс байна гэж тооцоолжээ. Манай улсын хувьд урд хөршийн гангийг үйлдвэрүүдийн гол орц болсон коксжих нүүрс экспортолдог. Нүүрсний үнэ өсөхгүй гэсэн гутранги таамаг голлож байна. Дэлхийн гангийн хэрэглээ өсөхгүй гэсэн таамаглалыг Австралийн Эрдэс баялаг эрчим хүч, эдийн засгийн хорооноос дэвшүүлээд байгаа.

“Эгүлэ капитал”-ийнхан нүүрсний үнэ өсөхгүй байх бодитой шалтгааныг “АНУ-д байгалийн хийн үйлдвэрлэл нэмэгдэж байна. Байгалийн хийг эрчим хүчний эх үүсвэр болгох, цаашид экспортлохоор зорьж байгаа нь нүүрсний эрэлтийг бууруулах нэг шалтгаан болж байна. БНХАУ нүүрсний том хэрэглэгч хэдий ч цаашид эрчим хүч үйлдвэрлэхэд нүүрсний хэрэглээгээ бууруулах бодлого баримтлаад эхэлчихсэн. Энэ хүрээнд нүүрс ашигладаг дулааны цахилгаан станцынхаа тоог цөөрүүлж, бусад эх үүсвэрийн эрчим хүчний үйлдвэрлэлийг өсгөх зорилт дэвшүүлсэн” хэмээн тайлбарлажээ. 2013-2018 онд Хятадын нүүрсний зах зээлийн нийлүүлэлт эрэлтээс давсан хэвээр байна гэсэн таамаг бий. Энэ хугацаанд коксжих түүхий нүүрсний үйлдвэрлэл 1.68 тэрбум тоннд хүрч жилд дунджаар 3-4 хувийн өсөлттэй байх төсөөлөл гараад байгаа. Нүүрсний зах зээл дээр манай улстай өрсөлдөгчид гэвэл АНУ, Австрали. Эрчим хүчний мэдээллийн төвийн судалгаагаар ирэх 30 жилийн хугацаанд Америкийн нүүрсний үйлдвэрлэл тогтвортой байх бололтой. Австралийн нүүрсний олборлолт 2020 онд 550 сая тоннд хүрэх төлөвлөгөө бий. 2009-2011 онд Хятадын коксжих нүүрсний үнэ 40 орчим хувиар огцом өссөн бол 2012 оноос өнөөг хүртэл огцом унаж байгаа. Шаньси Люлин бүс нутгийн бүрэн коксжих нүүрсний үнэ гэхэд л 44 хувиар буурсан тоог статистикаас харж болно. 2015-2018 онд Шаньси мужийн коксжих нүүрсний үйлдвэрлэлийн хүчин чадал жил бүр 40-60 сая тн-оор нэмэгдэж нийлүүлэлтийн илүүдэлтэй хэвээр байна гэж шинжээчид онцолж байгаа. Шинжээчдийн таамгийг багцалж харахад ямартай ч 2018 он хүртэл коксжих нүүрсний үнэ буурсан хэвээр байх нь. Тэгэхээр нүүрсний үнэ төсөвт төсөөлснөөс уруудаж, төсөвт тодотгол хийх хэмжээнд хүрэх өндөр магадлалтай юм. Нүүрсний үнэ таагүй хэвээр үргэлжлэх ирэх жилүүдэд олборлолтын зардлаа багасгаж, хар алтнаасаа дажгүй мөнгө олох ганц л гарц бий. Тодруулж хэлбэл Таван толгойгоос урд хил рүү татах төмөр замын бүтээн байгуулалтыг цаг алдалгүй эхлүүлэх. Нүүрсээ төмөр замаар зөөж байж л нүүрсний зах зээлийн таагүй он жилүүдэд ашиг олох боломж бидэнд олдоно. Цаашлаад яривал урд хил рүү татах төмөр зам Оюу толгойд ч хамаатай асуудал.

Их биш хэмжээгээр экспортолдог төмрийн хүдрийн үнийг энэ оны төсөвт тонныг нь 34.8-43.2 ам.доллар гэж төсөөлжээ. Энэ жил БНХАУ-ын төмрийн хүдрийн импорт 40 орчим сая тонноор нэмэгдэх төлөвтэй байгаа. “Жи Пи Морган”, “Сити групп” зэрэг байгууллагууд төмрийн хүдрийн үнэ буурахгүй гэж төсөөлсөн. Тэгэхээр төмрийн хүдрийн хувьд үнэ унана гэсэн болгоомжлол алга. Гэхдээ зэс, алт, нүүрс шиг төсөвт мэдрэгдэхээр хэмжээний мөнгө авчирдаггүй учраас төмрийн хүдрийн үнэ уруудаж, өгсөх нь тийм ч анхаарал татахаар мэдээ биш.

ТӨРИЙН ӨМЧИЙН ХУВЬЧЛАЛААС 171 ТЭРБУМЫГ ОЛНО

Төрийн өмчийг хувьчлах замаар ирэх оны төсөвт 171 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тооцоолжээ. Тодруулж хэлбэл Төрийн банкийг 75 тэрбум төгрөгөөр, Монголын хөрөнгийн биржийг таван тэрбум төгрөгөөр хувьчлахаар төлөвлөөд байгаа. Төрийн өмчийн зарим обьектуудыг худалдах замаар 80 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх тооцоо бас бий. Энэ жил хувьчлах, өөрчлөн байгуулах төрийн өмчийн жагсаалтад Дулааны цахилгаан станц-2, 3, 4, Дархан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станц, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ”, “Диспетчерийн үндэсний төв”, “Шивээ -Овоо”, “Багануур”, “Эрдэнэс таван толгой”, “Оргил рашаан сувилал”, “Кино урлагийн дээд сургууль”, “Монгол шуудан”, “Монголын цахилгаан холбоо”, “Хөтөлийн цемент шохой” зэрэг байгууллагууд багтаад буй.

ЭДИЙН ЗАСГИЙН БОДИТ ӨСӨЛТ 4.1 ХУВЬ

Шинжээчдийн таамгаар эдийн засгийн өсөлт дунджаар дөрөв гаруй хувь байх бололтой. Дэлхийн банк, АХБ, ОУВС, Монголбанк, Сангийн яамны хувьд эдийн засаг энэ онд 4.3 хувьд хүрч өснө гэсэн таамаг хэлцгээсэн. Гурав гаруй хувиар таамагласан газар ч бий. Судалгааны “Мандал даатгал” компани гэхэд л энэ онд эдийн засгийн өсөлт 3.6-4.4 хувьд хүрэх болов уу гэсэн таамаг хэлээд байгаа. Энэ жилийн хувьд зээлийн чанаргүйдэл нэмэгдэнэ, төсөв хүндэрнэ гэж бараг шинжээч бүр хэлж байна. Эдийн засгийн өсөлтийг төсөвт 4.1 хувь гэж төсөөлжээ. Ингэж өсөхөд нөлөөлөх хэд хэдэн шалтгааныг ч онцолжээ. Томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг эрчимжүүлэх засгийн бодлого эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө гэж үзсэн нь оны өмнөхнөөс биеллээ олоод эхэлчихсэн. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтад зарцуулагдах 4.4 тэрбум ам.долларын төслийн санхүүжилтийг олон улсын банк санхүүгийн хорь орчим байгууллагаас босгоод байгаа. Энэ жил гэхэд л тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн багцаа тооцоог эдийн засагчид онцлоод эхэлчихсэн. Дагаж орж ирэх өгөөжийг нь багаар бодоход нэг тэрбум ам.доллар гэцгээж буй. Ямартай ч эдийн засагт бодитой эерэг нөлөө үзүүлэх том шалтгааны нэг нь яах аргагүй Оюутолгой. Дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн таагүй зургаас болж нүүрс, төмрийн хүдэр, жоншны олборлолт энэ жил нэмэгдэхээргүй байгаа. Гэсэн хэдий ч Оюутолгой ордоос олборлох баяжмалын хэмжээ өснө гэсэн хүлээлт бий. Эдийн засгийг эерэгээр харахад хүргэж байгаа бас нэг шалтгаан нь энэ. Засаг “Алт” хөтөлбөрт найдлага тавьж эдийн засгаа өөдрөгөөр төсөөлөөд байна. “Алт” хөтөлбөр эдийн засагт ямар нөлөө үзүүлэхийг өмнө тодорхой дурдсан. Энэ онд төлбөрийн тэнцлийн хөрөнгө ба санхүүгийн дансны ашиг өнгөрсөн жилийнхээс өснө гэж тооцжээ. Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалт,Таван толгойн хөрөнгө оруулалт, Цагаан суваргын зэс молибдений ордын бүтээн байгуулалт голлох нөлөө үзүүлнэ хэмээн таамаглаж. Цагаан суваргын ордын хувьд санхүүжилтийн асуудал нь ид яригдаж буй.