Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цахилгаан станцуудын ажил хэр урагштай явна вэ?

Эдийн засаг тэлэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ жилдээ 7-10 хувиар өсч байгаа гэсэн тооцоо бий. Өнөөдрийн хувьд гэхэд л Монгол Улс эрчим хүчнийхээ хорь орчим хувийг ОХУ, Хятадаас худалдан авдаг. Станцуудаа барихгүй бол жил ирэх бүр гадагшаа урсгадаг ам.долларын хэмжээ улам өсч таарна. Дашрамд дурдахад манай улс 1977 оноос хойш ОХУ-аас импортолсон эрчим хүчнийхээ төлбөрт нийт 360 сая доллар буюу 530 тэрбум төгрөг төлсөн гэх тоо дуулддаг. Тавдугаар цахилгаан станц, Эгийн голын усан цахилгаан станц, урд хөрш рүү цахилгаан экспортлох Шивээ энержи эрчим хүчний цогцолбор гэж ирээд яривал эрчим хүчний том станцуудын сураг наашилж байгаа. Өнөөдрийн байдлаар станцуудын ажил ямархуу шатандаа явааг тоймлон хүргэе.

ДУЛААНЫ ТАВДУГААР ЦАХИЛГААН СТАНЦ

Тавдугаар цахилгаан станцын тухайд төр хувийн хэвшлийн түншлэлийн зарчмаар Концессийн хуулийн дагуу эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх гэж байгаа анхны том төсөл. Хувийн хэвшил мөнгөө гаргаж бариад, ашиглана төр тодорхой хугацааны дараа буцааж авах тохироотой. Саяхан УИХ-ын байнгын хорооны хуралдааны үеэр нэг гишүүн “Тавдугаар цахилгаан станцын ажил яагаад удаашраад байна вэ” гэж асууж харагдсан. Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Монголын талаас бүх зүйл “ок” гэж хариулна лээ. Бодит мэдээллийг харахад яг ч тийм биш байна. Хамтарч ажиллах төр, хувийн хэвшил тус бүрдээ үүрэгтэй. Засгийн газар станцыг хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, холбогдох дэд бүтцийн байгууламжуудыг барих үүрэг хүлээгээд буй. Одоогоор цахилгаан дамжуулах шугам, дэд станц, дулааны шугам сүлжээ, ус хангах шугам хоолойны зургийн судалгаа хийжээ. Төмөр замын байгууламжийн судалгаа удаашралтай байгаа аж. Тус байгууламжийн ТЭЗҮ-ийн судалгаа хийх том ажил Засгийн газарт үлдсэн гэсэн үг. Эдийн засаг хэцүүхэн учраас энэ чигийн судалгаа, шинжилгээнд зарцуулах мөнгө бүрдэхгүй байгаа бололтой. Төслийн хүрээнд Концессийн, Цахилгаан худалдан авах, худалдах, Дулаан худалдан авах, худалдах, Нүүрс нийлүүлэх, Ус ашиглах, Газар ашиглах гэсэн зургаан том гэрээг Засгийн газар, хөрөнгө оруулагч нар тохиролцох учиртай. Хоорондоо уялдаа холбоотой гэрээнүүд учраас цогцоороо шийдэгдэж байж хүчин төгөлдөх болох ёстой гэсэн тайлбарыг төсөл хэрэгжүүлэгчид онцолдог. Гэрээнүүдийн хувьд одоогоор хараахан эцэслэн тохиролцож дуусаагүй гэсэн мэдээ байна. Зарим хууль, тогтоомжид багавтар өөрчлөлт оруулах шаардлага ч байгаа юм билээ. Энэ чиглэлээр шуурхай ажиллаж байгаа аж. Гэрээний хэлэлцээр ахицтай түвшинд яваа гэсэн мэдээллийг төсөл хэрэгжүүлэгчид өгсөн юм. EPC Contractor буюу Инженерийн зураг төсөл, ханган нийлүүлэлт, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчтэй байгуулах гэрээний хэлэлцээр 98 хувьтай яваа гэнэ. Засагтай эцэслэн тохирох зүйлээ шийдчихвэл станц барих талтай гэрээ байгуулах асуудал биш болжээ.

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийн нэг олзуурхмаар тал нь засаг, хувийн хэвшил аль аль нь онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаа. Эрчим хүч гэх мэт үндэсний аюулгүй байдалтай хамаатай цараа ихтэй төслүүдийн тухайд гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг татах бодлого бий. Тавдугаар станцын хувьд хөрөнгө оруулагчид талаасаа энэ бодлогод нийцэж буй цөөн төслийн нэг.

Хөрөнгө оруулагчдын эвслийн тэргүүлэгч нь GDF Suez. Шинэ нэр нь EN­GIE. Францын улсын том компани. Нийтдээ 132.500 МВт суурилагдсан хүчин чадалтай цахилгаан станцыг ажиллуулдаг. 175.000 МВт-ын хүчтэй цахилгаан станцуудыг барьж байгуулж байгаа. Далан улсад салбартай дэлхийн хамгийн том эрчим хүчний корпораци. Дараагийнх нь хөрөнгө оруулагч Японы зургаан том арилжааны корпорацийн нэг “Сожиц”. Эрчим хүчний чиглэлээр хөрөнгө оруулалт хийдэг. Олон тооны дулааны цахилгаан станц барих төслийг санхүүжүүлж байсан туршлагатай. Тус корпораци нь дэлхийн хамгийн өндөр хөрвөх өрсөлдөх чадвартай Японы JBIC болон бусад арилжааны банкуудыг тавдугаар станцын төсөлд оролцуулах боломжийг бүрдүүлэн өгч байгаа. Гурав дахь нь “Поско”. Өмнөд Солонгосын хамгийн том группуудын нэг. Солонгосыг хөгжилд хүргэсэн суурь аж үйлдвэрийнх нь Гангийн үйлдвэрлэлийн салбарыг атгадаг. Тавдугаар станцад хамтарч байгаа “ПОСКО Энержи” групп нь БНСУ дахь хувийн хэвшлийн эрчим хүчний хамгийн том үйлдвэрлэгч. Энэ төслийн хувьд Солонгосын Экспорт, импортын банк, эсвэл Солонгосын хөгжлийн банкуудыг оролцох боломжийг бүрдүүлж буй групп. Төсөлд Монголын талаас хамтарч байгаа нь “Ньюком групп”. Дотооддоо урт хугацаанд тогтвортой ажиллаж байгаа. “Мобиком”, “Изинис”-ийн үүсгэн байгуулагч энэ компани дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт хийдэг. Монголын анхны салхин цахилгаан станцыг барьсан туршлагатай. Хоёр дахь салхин цахилгаан станц болох Цэцийн салхин паркийг барих төслийн ажлыг ондоо багтаж эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байгаа.Цаашдаа эрчим хүчний салбарт тууштай зүтгэх зорилготой компани. Хөрөнгө оруулагчдын хувьд дажгүй хослол.

Тавдугаар станц төслийнхөн энэ оны хоёрдугаар хагаст засагтай тохирох гэрээнүүдээ эцэслээд санхүүгийн хаалтаа хийчихнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм билээ. Төслийн талбар янзлах газар шорооны ажлыг ирэх зургадугаар сард эхлүүлэхээр төлөвлөжээ. Одоогийн байдлаар нэг, хоёрдугаар блокийг 2020 онд, гуравдугаар блок 2021 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.

Зуух, турбин гэх мэт үндсэн болон бусад тоног төхөөрөмжийг гадаадаас авахаас бусдаар бол орж ирэх хөрөнгө оруулалтын багагүй хувь нь Монголдоо үлдэх давуу талтай.

ЭГИЙН ГОЛЫН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хэрэгжих, ажил нь нааштай яваа хамгийн том төсөл. Суурилагдах хүчин чадал нь 315 МВт. Засгийн газар гурван жилийн өмнө Эгийн голын усан цахилгаан станц барих шийдвэрийг гаргаж байв. Геологи хайгуулын судалгаагаар усан цахилгаан станцын далангийн суурийн геологийн нөхцөлийг маш сайн гэж тогтоосон байдаг. Дэлхийн эрчим хүчний 20 хувийг усан цахилгаан станцаар үйлдвэрлэдэг, усан цахилгаан станц 30 гаруй орны голлох эрчим хүчний эх үүсвэр нь болж өгдөг гэдэг утгаараа хэрэгжих боломжтой төслийн нэг. Усан цахилгаан станцын хувьд насжилт урттай, засвар үйлчилгээ, ашиглалтын зардал бага, хөрөнгө оруулалтаа нөхсөн байхад хямд өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэх зэрэг давуу тал бий. Гэхдээ эхний хөрөнгө оруулалт нь өндөр байдаг онцлогтой. Эгийн голын станцын тухайд 20-25 жилийн дотор борлуулалтын орлогоороо хөрөнгө оруулалтаа нөхнө гэсэн тооцоо гарсан байдаг. Тав дахин хямд эрчим хүчийг чөлөөтэй борлуулж, зээлээ нөхнө гэсэн төсөл хэрэгжүүлэгчид ярьж байна.

Станцыг барихын тулд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн төвийг нүүлгэн шилжүүлэх ажил бий. Шинэ байршлыг Дамирангийн энгэрт гэж товлоод буй. Сонгосон газрын тухайд ерөнхий төлөвлөгөө нь батлагдсан байна. Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг бас хийжээ. Өнгөрсөн оны сүүлээр БНХАУ-ын “Гэжуба” групптэй Концессийн гэрээнд гарын үсэг зурснаар Эгийн голын усан цахилгаан станц төслийн урьдчилсан шатны дэд бүтцийн ажил эхлээд байгаа. Үүнд авто зам, гүүр, цахилгаан дамжуулах агаарын шугам, Эг түр дэд станц барих зэрэг ажлууд орж байгаа юм. Төслийн талбарт тоног төхөөрөмж төвлөрүүлж, туршилтын тулгуурын шон суурь цутгасан гэх мэдээллийг төсөл хэрэгжүүлэгчид өгч байна. Өвлийн улиралд түр завсарласан урьдчилсан шатны дэд бүтцийн ажлыг удахгүй эхлүүлэх юм билээ. Бэлтгэл ажил нь аль хэдийнэ эхэлчихэж. Холбогдох яамдаас бүх ажлыг эхлүүлэх зөвшөөрлийг авсан байна. Усан цахилгаан станцыг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгох ажиллагааны баримт бичгийг хянаж, шүүлт хийх ажил хийгдэж эхэлжээ. Эгийн голын усан цахилгаан станцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр барих юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нэг тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Одоогоор санхүүжилтийн талаар хэлэх тодорхой мэдээлэл гэвэл энэ л байна.

Усан цахилгаан станцын далангийн бүтээн байгуулалт энэ оны төгсгөл, ирэх оны эхээр эхлэх тов гарчээ. Төслийн нэгжийн удирдагч саяхан өгсөн ярилцлагадаа “Элдэв янзын гадны улсын дарамт шахалт гайгүй бол УИХ-аар баталсан ерөнхий зээлийн хэлэлцээрийг гүйцэтгэх гэрээ болгох учиртай. Дараа нь тусгай хэлэлцээр болно. Цахилгаан станц бүрэн хүчин чадлаараа ажиллатал 5-6 жил байгаа болов уу” гэж онцолсон нь бий.

Урд хөршөөс авах зээл хүү багатай гэсэн давуу талтай. Жилийн хоёр хувийн хүүтэй зээл авахаар тохироод байгаа юм. Урд хөршөөс авах зээлийн тухайд Монголд ахиухан валют үлдээх ёстой, далан барих цементийг дотоодоос хангах гэх мэт нарийн тохиролцоог хийх ёстой гэсэн сануулгыг эдийн засагчид хэлж байна. Гэхдээ одоохондоо Монголд усан цахилгаан станц барих хэрийн өндөр чанартай цемент үйлдвэрлэхгүй байгаа. Ямартай ч гаднаас орж ирэх ам.доллараас ахиухныг үлдээх чиглэлээр яриа, хэлээ явуулах шаардлага манай талд бий.

Эгийн станц тойрсон асуудлуудаас Байгал нуурт сөргөөр нөлөөлнө гэсэн мессэж хүчтэй сонсогддог. Гидро техникийн тооцооллоор Байгал нууран дахь нөлөөлөл 0.0023 хувь буюу үл мэдэг гэх дүгнэлт гарсныг албаныхан мэдээлж буй. Усан санг дүүргэх 2-3 жилийн хугацаанд л ийм нөлөөлөлтэй, үүнээс хойш ямар ч нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан ч яагаад ч юм Байгал нууртай холбоотой мессэжийн хүч өнөөг хүртэл сулрахгүй байгаа. Төслийн нэгжийн захирал ч “Оросын талаас хятадуудад нөлөөлөх гэсэн оролдлого бий. Энэ бол үндсэндээ хоёр том гүрний дундах жижиг улсын зовлон. Гэхдээ бид энэ асуудлаар ОХУ, БНХАУ-тай ойлголцох байх гэж найдаж байна.

“ШИВЭЭЭНЕРЖИ” ЭРЧИМ ХҮЧНИЙ ЦОГЦОЛБОР

Шивээ Овоогийн ордод түшиглэж босох 9420 МВт-ын цахилгаан станц. Монголд хүрэн нүүрсээр эрчим хүч үйлдвэрлээд урагш нь экспорлох зорилготой төсөл. Төсөл амжилттай хэрэгжвэл 2800 МВт-ын салхин цахилгаан станц, 1200 МВт-ын нарны цахилгаан станц ажиллана. Мөн л БНХАУ-ын хөрөнгө оруулалттай барихаар төлөвлөж буй. Өнгөрсөн долоо хоногт гэхэд урд хөршийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг “Шивээ энержи” төслийн ТЭЗҮ-ийг эхлүүлэх зөвлөлдөх уулзалтад оролцоод буцсан. Тодруулбал “Стейт грийд” корпораци, “Electric power en­gineering consulting” хүрээлэн, “CCTEG Шэньян” зураг төсөл судалгааны хүрээлэн, Өмнөд Монголын Ус ашиглалт, усан цахилгааны хайгуул зураг төслийн хүрээлэнгийнхэн ирсэн юм.

“Шивээ энержи” төсөл хэрэгжиж цахилгаан станц баригдвал Бээжин хүртэл цахилгаан шугам татаж эрчим хүчээ нийлүүлнэ гэж буй. Хөрөнгө оруулалт нь 11 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Хөрөнгө оруулагчдын тухайд төсөл эхлүүлэхтэй холбоотой зөвшөөрлийг цаг алдалгүй өгөх, газрын шинжилгээ судалгааны зүйлстэй дэлгэрэнгүй танилцах, төр засгийн байгууллагын уялдаа сайн бол асуудалгүй гэдгээ илэрхийлчихсэн.

Төсөл амжилттай хэрэгжвэл Шивээ овоогоос энэ аварга станцад жил бүр 34 сая тонн нүүрс нийлүүлэх үүрэг хүлээнэ. Шивээ Овоогийн ордод лиценз эзэмшдэг төр, хувийн компани нэгдэн “Эрдэнэс Шивээ Овоо” гэдэг компани байгуулж нүүрс нийлүүлнэ гэж засгийн түвшинд ажиллаад эхэлсэн.

Эрчим хүчээрээ хойд хөршөөс хамааралтай байгаа, манай улсын хувь алсдаа урд хөршөөс хамааралтай болчих вий гэсэн болгоомжлол дуулддаг. Энэ талаас нь харвал урд хөршийн хөрөнгө оруулалтаар баригдана гэж буй эрчим хүчний цогцолборын бүтээн байгуулалт одоо ярьж байгаа шиг ирэх жилээс эхлээд явчихгүй байх гэсэн таамаг бас бий. Эг, Шивээ энержи гээд том станцуудаа нэг улсын хөрөнгө оруулалтаар барина гэдэг үндэсний аюулгүй байдал талаасаа ямар байх бол гэсэн асуултыг учир мэдэх улс тавиад эхэлчихсэн юм билээ.

Ямартай ч ТЭЗҮ-ийг нь эхлүүлэх төдий байгаа, сонгуулийн жил гэсэн шалтгаанууд энэ төслийг жилийн дотор хэрэгжээд эхэлнэ гэж таамаглах аргагүйд хүргэж байна. Өөр нэг болгоомжлол нь экологи. Хятад дэлхийн эрчим хүчний номер нэг хэрэглэгч, нийт эрчим хүчний 70-80 хувь нь нүүрсэн дээр суурилсан гэхээр урд хөршийн компани дажгүй технологитой сайн станц барих нь тодорхой. Гэхдээ хэчнээн сайн технологи байгаад ТЭЦ-IV шиг 14 станц утаа гаргана, тэндээс гарах үнсний хэмжээ гэж ирээд яривал асуудал босч ирнэ гэсэн болгоомжлол эрчим хүчний салбарынханд байгаа юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

Таван толгойгоор ард түмнийг хэн дамшиглаад байна аа?

Урт цагааны хавьцаах брокерийн компани иргэдийн хөлд дарагдаад сүйд болжээ. Таван толгойн хувьцааг сая төгрөгөөр худалдаж авна гэсэн дам сураг иргэдийг тийш нь хуйлруулж. Брокер бүсгүй “Манайх данс нээдэг л газар. Заавал өнөөдөр нээлгэнэ гэсэн юмгүй шүү дээ. Хүмүүс янз бүрийн мэдээлэл сонсч ирээд ажил хүндрүүлээд байх юм. Таван толгойн хувьцааг брокерийн аль ч компани худалдаж авах эрхгүй” гэж учирлаад ч нэмэргүй, мөнгөний сураг дуулсан иргэд ирсээр байгаа гэлээ. Ганц тэр газар ч биш хэд хэдэн брокерийн компани иргэдийн хөлд дарагдсан сураг байна. Таван толгойн хувьцааг сая төгрөгөөр авна гэсэн дам сураг аль сарын өмнөөс хаанаас ч юм гарч эхэлсэн. Зарим телевиз олны энэ андуурлыг “Иргэд 1072 ширхэг хувьцаагаа эдийн засгийн эргэлтэд оруулахыг хүсч байна, Ерөнхий сайд аа” гэх мэт улстөржсөн титртэй цацсанаас харахад сонгуулийн өмнөх жижиг шоу байхыг үгүйсгэхгүй. Мөнгө ховордсон энэ цагт сая төгрөгөөр хувьцаа авна гэсэн үг хэнд ч аятайхан сонсогдоно. Ямартай ч мөнгөний тухай чихэнд чимэгтэй яриа ам дамжсаар эцэстээ брокерийн компаниудыг сандаргаж, иргэдийн цаг завыг барж байна. Брокерийн компаниуд иргэдэд хандан цаг заваа барах хэрэггүй гэсэн сануулгыг өгч байгаа юм билээ.

“Эрдэнэс Таван толгой”-н хувьцаанаас иргэн бүрд 1072 хувьцаа эзэмшүүлэх засгийн шийд гарч хүмүүс дансаа нээлгээд удаж байна. Гэхдээ тэдний дансан дахь хувьцаа арилжаалагдах боломжгүй. Энэ талаар төр засгаас ямар нэг шийдвэр гаргаагүй гэсэн үг. Тодруулж хэлбэл Таван толгойн хувьцааг ямар ч брокерийн компани худалдаж авах боломжгүй, тийм эрх ч нээгдээгүй. Нэг хэсэг хүмүүс Таван толгойн хувьцаагаа мөнгө болгосон жишээ бий. Тэр үед нүүрсний үнэ өнөөдрийнх шиг дэлхийн зах зээл дээр навс унаагүй байсан юм. Манайх шиг тээвэр ложистик муутайнууд нь Австрали мэтийн өрсөлдөгчдөдөө хол хаягдсан энэ цагт Таван толгойн хувьцаа мөнгө болох эдийн засгийн үндэслэл огтоосоо байхгүй. Хятадад нүүрс нийлүүлдэг гол улс болох Австрали үерт автаж, тэр далимаар нь нүүрсний үнэ илт сэргэсэн үед оюутан гэх мэт тодорхой хүрээнийхний 1072 хувьцаа мөнгө болж эздэдээ очиж байсан юм. Дараахан нь засгаас хувьцаагаа мөнгө болгох гарц хүссэн хүмүүст нээлттэй гэж мэдэгдэж байсан ч ажил болоогүй. Нүүрсний зах зээл муудсан учраас тэр яриа тэгсгээд замхарсан.

Таван толгойгоо гаднаас хөрөнгө оруулалт татаад хөдөлгөчихсөн бол сонгуулийн өмнөх энэ өдрүүдэд зарим иргэдийнхээ хувьцааг мөнгө болгох санаа улстөрчдөд төрж мэдэх юм. Харамсалтай нь Таван толгой өнөөдөр бараг зогсчихсон. Монголын нүүрсийг үнэд оруулах ганц гарц болсон төмөр зам барих ажил улстөрчдийн хэрүүлийн алим төдийхөн хэвээр байна. Ийм үед Таван толгойн 1072 хувьцаа иргэдийн гар дээр сая төгрөг болж очно гэдэг биелэшгүй үлгэр. Улстөрчдөд хэчнээн санаа байгаад сачий нь хүрэхээргүй нөхцөлд бид амьдарч байна. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр аль байдгаараа доошилсон, сэргэх таамаг ойрын гурван жилдээ лав сураггүй ийм үед цаг алдалгүй хамтаръя гэсэн ч биднийг гэх хөрөнгө оруулагч олдохгүй. Тэгэхээр Таван толгойгоос нэг хэсэгтээ мөнгө харах боломжгүй гэсэн үг.

Байдал ийм байхад Таван толгойгоор ард түмнийг хэн дамшиглаад байна аа?

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн банк: Оюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд оны хоёрдугаар хагаст ажиглагдана

Дэлхийн банкнаас жилдээ хоёр удаа гаргадаг Зүүн Ази Номхон далайн бүсийн эдийн засгийн тоймоо өчигдөр танилцууллаа. Тус банкны ахлах эдийн засагч Судир Шетти Сингапураас видеогоор товч мэдээлэл хийсэн юм.

Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудын эдийн засаг өнгөрсөн жил дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг тавны хоёрыг нь бүрдүүлсэн гэж Дэлхийн банк онцоллоо. Энэ нь бусад хөгжиж байгаа бүс нутгуудын үзүүлсэн нийт нөлөөллөөс бараг хоёр гаруй дахин их үзүүлэлт гэнэ. Тэд Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн идэвхжилийг харьцангуй тогтвортой байгаа хэмээн үнэлжээ. 2018 он хүртэл өсөлт ялимгүй саарна гэж таамагласнаа хуваалцав. Дэлхийн банкны үзэж байгаагаар өнгөрсөн жил 6.5 хувь байсан бүс нутгийн эдийн засгийн өсөлт энэ жил 6.3 хувь руу уруудах нь. Хятадын эдийн засаг алгуур, илүү тогтвортой өсөлт рүү шилжиж байгаа учраас тэр гэнэ. Түрүү жил өсөлт нь 6.9 хувиар хэмжигдэж байсан урд хөршийн эдийн засаг энэ жил 6.7, ирэх онд 6.5 болж саарах таамаг гарчээ. Өндөр орлоготой улсуудад эдийн засаг төдийлөн сэргэхгүй, капиталын урсгал гадагшилсан хэвээр байгаа аж. Түүхий эдийн ханшийн нөлөөллөөс гадна Америкийн бодлогын хүүгийн өөрчлөлт нэлээд бэрхшээл бий болгож байгаа гэж ноён Судир Шетти онцлов.

Хятадыг хасч тооцвол хөгжиж буй эдийн засагтай орнуудын өсөлт түрүү жилээс яльгүй өсөлттэй байх бололтой. Ноднин 4.7 хувьтай байсан бол өнөө жил 4.8, ирэх хоёр жилд 4.9 рүү өгсөх таамаг байна. Гэхдээ Хятадтай худалдаа, санхүү, зээлийн ямар харилцаатай, түүхий эдийн экспортын хэр хамааралтайгаас шалтгаалаад улс бүрд адилгүй нөхцөл үүсэх бололтой. Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засгуудаас Филлипин, Вьетнамын эдийн засгийн өсөлт хамгийн өндөр байх нь. Энэ онд гэхэд л аль аль нь зургаан хувь давсан өсөлттэй байх төлөв ажиглагджээ. Индонези ч дажгүй байна гэж Дэлхийн банк харж. Харин Ардчилсан Лаос, Монгол, Папуа, Шинэ Гвиней зэрэг жижиг эдийн засагтай улсуудын тухайд түүхий эдийн үнийн уналт, гадаад эрэлтийн сааралтад өртсөн хэвээр байна гэсэн гутранги таамаг гарчээ.

Дэлхийн банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан ерөнхий эдийн засагч Судир Шетти “Өндөр орлоготой орнуудын эдийн засаг төсөөлснөөс удаанаар сэргэж, Хятадын эдийн засгийн идэвхжил хүлээгдэж байснаас илүү хурдтай суларч буй нь хөгжиж буй Зүүн Ази Номхон далайн бүс нутгийн эрсдлийг нэмж байна. Бодлого боловсруулагчдын хувьд макро эдийн засгийн бодлогын орон зай хязгаарлагдмал байна. Энэ бүс нутгийн орнууд эрсдэлийг бууруулахуйц төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Бүтээмжийг нэмж, хүртээмжтэй өсөлтийг дэмжих бүтцийн өөрчлөлтийн бодлогоо үргэлжлүүлэх шаардлагатай” гэж зөвлөлөө.

Олон улсын эдийн засгийн өсөлт хүлээж байснаас илүүгээр саарах төлөв ажиглагдаж байгаа нь манайх шиг түүхий эдийн экспортоос хамааралтай улсуудад өндөр эрсдэл үүсгэнэ гэж Дэлхийн банкныхан анхааруулж байв. Хятад улсын тухайд зээл олголтоо зах зээлийн зарчимд илүү нийцүүлэх, төрийн өмчит аж ахуйн нэгж давамгайлсан салбаруудыг алгуураар нээлттэй болгож өрсөлдөөнийг нэмэх зэрэг зөвлөгөөг Дэлхийн банкнаас өгч байна. Тус банк энэ бүсийн ихэнх орнуудад гадаад эрсдлийн эсрэг төсвийн сахилга батаа сайжруулбал эерэг нөхцөл үүснэ хэмээн сануулжээ.

Сингапураас мэдээлэл хийсэн Дэлхийн банкны ахлах эдийн засагчийн олон улсын сэтгүүлчдийн асуултад өгсөн хариултыг тоймлон хүргэе.

-Зүүн Ази, Номхон далайн бүсийн орнуудаас хамгийн эрсдэлтэйг нь онцлооч гэвэл…?

-Энэ бүс глобал амаргүй орчинд харьцангуй гайгүй явж өнөөдрийг хүрлээ. Мэдээж улс бүр адилгүй. Түүхий эдийн экспортоос хамааралтай улсууд илүү хэцүү нөхцөлд байх болно. Учир нь эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ өсөх төлөв ойрын хоёр, гурван жилдээ харагдахгүй байна. Бүгдэд нь хамаатай нэг асуудал бий. Бүх л улс савлагаатай байгаа.

-Хятадын эдийн засагт сүүлийн хоёр гурван сарын хугацаанд эерэг хандлагууд ажиглагдах болсон. Энэ хандлага түр зуурынх уу, эсвэл цаашид үргэлжлэх төлөв үү?

-Хятадын хувьд сүүлийн үед ажиглагдаж байгаа зүйлсийг шууд сэргэлт гэж хэлэх аргагүй. Гуравдугаар сард капиталын гадагшаа урсах урсгал багассан, ханш өссөн гэх мэт давуу талууд бий. Гэхдээ Хятадын эдийн засгийн өсөлт аядуу байдлаар удааширна гэдэг л зөв хүлээлт. Хятад улс үйлдвэржилтээс үйлчилгээ рүү илүү анхаарч эхэлсэн.

-АНУ-ын Холбооны нөөцийн банк энэ сард бодлогын хүүгээ өсгөх төлөвлөгөөтэй гэсэн яриа, таамаг бий. Ийм шийдвэр гарвал бусад улсад үзүүлэх үр нөлөө нь ямар байх бол?

-Холбооны нөөцийн банкны шийдвэрийг хэт үүрэг рольтой мэтээр харах хэрэггүй гэж бодож байна. Бодлогын хүүгээ өсгөлөө гэхэд бусад улсуудад үзүүлэх нөлөө нь хүмүүсийн хүлээж таамаглаж байгаа шиг өндөр байхгүй болов уу.

-Хятадын эрэлт өөрчлөгдөж байгаа нь аль улсад илүү нөлөөлөх бол?

-Улс орнуудын тухайд Хятадтай хамгийн уялдаатай салбар гэвэл худалдаа. Индонези, Монгол гэх мэт түүхий эд экспортлогч улсад шууд нөлөөллөө үзүүлэхээр байна. Мөн хятадууд ихээр аялдаг улсуудын аялал жуулчлалын салбарт бууралт гарах болов уу.

-Энэ он сонгуулийн жил учраас төсвийн тодотгол хийж таарах байх. Тэр хэрээр төсөв тэлэх болов уу. Эдийн засаг дэлхий даяараа хэцүүдсэн энэ үед Монголын төсвийн бодлогод ямар зөвлөмж өгөх вэ?

-Сонгуулийн жилд төсвийн зарцуулалт их хийгддэг тал анзаарагддаг. Түүхий эдийн үнийн уналтаас болж төсөв хүндэрсэн энэ үед төсвийн тэлэх бодлого явуулж болохгүй. Зарцуулалт бүрээ нарийн хянах ёстой. Гадаад орчин амаргүй байгаа ч дотооддоо зөв бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж байж хүндрэлийг хохирол багатай давна.

-Эдийн засаг ийм цагт Монгол шиг онцлогтой улсууд гадаадаас хөрөнгө босгох нь хэр зөв шийдэл вэ?

-Олон улсын зах зээл рүү хандах тааламжтай үе гэж харахгүй байна.

Дэлхийн банкны эдийн засгийн тайлангийн хуралд Монгол дахь Дэлхийн банкны ахлах эдийн засагч Тай Хьюн Ли, эдийн засагч Ш. Алтанцэцэг, Даваадалай нар оролцсон юм. Монголын сэтгүүлчдийн тэднээс асуусан асуултыг хариулттай нь тоймлоё.

-Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж байгаа нь эдийн засгийг аварна гэсэн хүлээлт бий. Энэ хүлээлт дээр байр сууриа хэлээч?

-Оюу толгойн хувьд багагүй хөрөнгө оруулалт хийнэ. Монголын эдийн засгийн өмнөх том сэргэлт түүхий эдийн үнийн өсөлт, гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаатай. Тэр утгаараа Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт эерэг нөлөө үзүүлнэ.

-Ийм цагт гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд яах ёстой вэ?

-Ганц Монгол ч биш бүс нутгийн хэмжээнд анхаарахаар нийтлэг асуудлууд байна. Эдийн засгийнхаа бүтэц, засаглал дээр анхаарах хэрэгтэй. Ингэж байж эерэг нөлөө гарна. Ганцхан гадаадын хөрөнгө оруулагчид л бодлогын тогтвортой байдлыг хүсээд байгаа юм биш. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч бодлогын тогтвортой орчныг хүсч байгаа. Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл макро эдийн засгийн бодлогоо тогтвортой байлгах учиртай.

-Ирэх оноос “Чингис” бондын эргэн төлөлтийг хийж эхэлнэ. Саяхан гаднаас багагүй хэмжээний мөнгийг бонд гаргаж босголоо. Монголын өрийн асуудал дээр хэлэхээр зөвлөмж байна уу?

-Өр бол төсвийн бодлогын үр дагавар. Төсвийн тогтвортой байдлын тухай хууль бол маш сайн хууль. Гэвч хэрэгжилтэнд нь анхаарахгүй байна. Энэ хуулийг мөрдөж сахиулах хэрэгтэй. Өрийн тухайд Засгийн газрын өмнөөс ярихад хэцүү. Засгийн газрын саяхан гаднаас босгосон мөнгөний нэг хэсэг нь “Чингис” бондын эргэн төлөлтөд зарцуулагдах байх. Төсвийн ирэх хоёр жилийн орлогоос лав бондын эргэн төлөлтийг хийх боломжгүй. Хэрвээ хийнэ гэвэл төсвийн дийлэнх хэсэг нь бондод зарцуулагдаж таарна. Засгийн газар эргэн төлөлтдөө анхааръя гэвэл одооноос хөрөнгө санхүүгээ бэлдэх хэрэгтэй. Дэлхийн улс орнуудын Засгийн газруудын тухайд өр зээлийн төлөлтөө хойшлуулдаг, дахин санхүүжилт хийдэг жишиг бий. Монгол ч тэгэх болов уу. Ер нь бол төсвийн бодлого зөв байж л асуудал эерэгээр шийдэгдэнэ. Засгийн газар бодлогын хувьд нэлээд анхаарч, зөв алхмууд хийж байгаа. Удахгүй сонгууль болно. Сонгуулиар гарч ирсэн нам энэ засгийн зөв явуулж байгаа бодлогыг алдахгүй үргэлжлүүлэхэд анхаарах хэрэгтэй.

-Монголын эдийн засгийн өсөлт энэ онд ямаршуу байх төлөв ажиглагдав?

-Өмнөх оны арваннэгдүгээр сард гаргасан таамаг энэ жилийн хувьд хэвээр хадгалагдана гэж үзлээ. Монголын эдийн засаг 0.7-0.8 хувиар өсөх болов уу. Өнгөрсөн зургаан сарыг аваад үзвэл эдийн засгийн гадаад орчин огцом өөрчлөгдөөгүй. Ирэх зургаа, долдугаар сар хүртэл өөрчлөгдөхгүй болов уу. Оны хоёрдугаар хагаст Оюу толгойгоос хамаарсан эерэг өөрчлөлтүүд ажиглагдах байх.

Categories
мэдээ цаг-үе

Үерийн дайчилгаагаар танилцсан математик, физикийн ангийнхан

1990 оны уулзалт

Багшийн дээд сургуулийн физик математикийн факультетийн 1970 оны төгсөгчид есдүгээр сарын 1-нд биш наадмын дараахан анх биенээ харцгааж байж. Шинэ оюутнуудын яаруу тэвдүү нийслэлд ирсэн шалтгаан нь 1966 оны үер. Улс даяар сандарч тэвдсэн тэр үед радиогоор “Шинэ, хуучин оюутнууд Улаанбаатарт ирнэ үү” гэсэн зар сонсгосон гэнэ. Ингээд 18 аймаг, Улаанбаатараас цугласан 32 хүүхэд үерийн дайчилгааны үеэр нэг анги гэдгээ мэдэцгээж. Ажил хийж байгаад их сургуульд ирсэн Өвөрхангайн Санжмятав, Хөвсгөлийн Товуудорж, Увсын Баатараас бусад нь арваа төгссөн арваннаймтнууд. 17-той нэг охин ирсэн нь хотын гуравдугаар сургуулийг төгссөн Цэрэнбалжир. “Манай хүн чинь ганган, дэгжин гэж жигтэйхэн охин ирсэн” гэж Санжмятав багш хэлээд инээмсэглэв. Эдний ангиас долоон хос төрсний нэг нь бидний зорьж очсон айлын эзэн, эзэгтэй хоёр. Цэрэнбалжир багш энэ жил ангийнхнаасаа зургийн цомог хийх даалгавар авчээ. Жил бүрийн зургадугаар сард уулздаг физик, математикийн багш нар энэ жил түүх өгүүлсэн зургийн цомогтой, тун ч нижгэр уулзахаар төлөвлөсөн бололтой. Биднийг очиход Цэрэнбалжир багш зургийн цомогт орох зургаа сонгоод зав багатай сууж байлаа.

Наадмын дараа цугласан “шинэков”-ууд үерт хэцүүдсэн Улаанбаатарыг цэвэрлэх их ажилд ханцуй шамлан орж дээ. Охид ганган хувцсаа тайлж, хөвгүүд богино өмднөөс өөр хувцасгүй үерт урссан хотоо өнгө зүстэй болгохоор ажиллаж эхэлжээ. Хотын төвд үер орж ирээгүй нь төмөр замын далантай холбоотой гэнэ. Түүнээс хойших Толгойт, 22-ын товчооноос урагших хэсэг нэлдээ усанд автаж хэцүүдсэн байжээ. Үерт дайчлагдсан хүмүүст өдөр дундын үед хуушуур өгдөг байж.

Бусдыгаа бодвол амьдрал үзсэн, ангийнхнаасаа ес ах Санжмятав хуушуур ачсан томоо машины явуут дунд чадмаг гэгч нь зүүгдэж байгаад хоолоо авдаг байжээ. Хуушуурын яриан дундуур Цэрэнбалжир багш “Намайг арав төгсөхөд аав минь хоёр янзын гоё цүнх авч өгдөг юм. Хулдаасан дотортой том бор цүнхэнд нь Санжаа хуушуур хийж авчирна. Өнөө гоё цүнх маань хуушуурын тосонд ёстой л будагдана даа. Цүнхээ тэгж тосолж явсан нь бидний амны хишигт нөлөөлсөн байх шүү. Хуушуураа тойрч суугаад тэнцүү хувааж иддэг байлаа” гэж хэлээд инээмсэглэв.

Эдний ангийн дарга нь туужуу Баатар. Айхтар хууз сахалтай учраас туужуу гээд хочилчихож. Тухайн үед Барилгын сайд байсан Телейханы охин Жамыш сурдаг байж. Сайдын охин одоо Казахстанд амьдардаг гэнэ. Эв сайтай, бие биедээ амь гэж жигтэйхэн анги байж. Нэг ангийнхнаас цөөнгүй нь хөдөө амьдардаг юм байна. Нэгнээ хөдөөнөөс ирэхэд хотын хэд нь хүлээн авалт зохиодог гэж байгаа. Саяхан Пүрэвдуламыг Хөвсгөлөөс ирэхэд нь ангиараа “Туул” ресторанд хүлээж авчээ.Өвөрхангайн Пүрэвдулам ангийнхаа Хөвсгөлийн Товуудоржтой гэрлэж тэндээ амьдарч байгаа аж. Эмнэлэгт хэвтсэн ангийнхаа хүүхдийг эргэж очдог уламжлал эдний ангид бий. Амттай бууз, шар тос самарсан цай нь ангийнхан дундаа брэнд болсон Цэрэнбалжир багшид хоол хийх үүрэг ирнэ. Бусад нь мөнгөө нийлүүлж амттан шимтэн аваад очдог юм байна.

Могойтод хашаа барьж өнгөрөөсөн хөгжилтэй зун

Нэгдүгээр курстээ үерийн дайчилгаанд ажилласан ангийнхан дараа зун нь гахайн завод барих ажилд дайчлагджээ. Хаана ямар асуудал гарна бүхний түрүүнд гүйдэг Хөвсгөлийн дархад Рагчаа энэ үеэр эргийн шороонд дарагдаад сүйдэх дөхөж. Тэд хоёрдугаар курсээ төгсөөд Хэнтийн Жаргалтхаан суманд хашаажуулалтад явжээ. Могойт гэдэг бөөн могойн үүртэй газар хашаа барина гэдэг оюутнуудад амар байгаагүй гэнэ. Жижигхэн бор гэрт арван хэдүүлээ хоймроосоо үүд хүртэл зулж унтсан тэр өдрүүд эдний ангийнхны мартагдашгүй үеийн нэг юм билээ. Хөнжил рүү нь гэнэтхэн шургаад орж ирдэг могойнуудаас айсан хүүхдүүд гэрээ тойруулж үнс асгаж, тэмээний хоргол эгнүүлж юм юм л болдог байж. Санжмятав багш “Олон хажлага эмжээртэй юм шиг жаахан гэрийн гадаа бужигналдаж хашаа барьсан тэр өдрүүд сайхаан сайхан” гэж мишилзэнэ.

Хүүхдүүд л болсон хойно, биенээ шоглоно гэж жигтэйхэн байжээ. Давстай цай уудаггүй Хэнтийн Дадалын буриад Жаргалсайхандаа шорвог цай уулгаж, тарваганы мах иддэггүй Цэрэнбалжирт гэнэдүүлж байгаад дургүй идээг нь хүртээж юм юм л болдог байснаа ангийн хоёр хөгжилтэйгээр дурсав.

Гуравдугаар курсдээ мөн л хашаа барьцгааж. Гэхдээ Төв аймгийн Баянжаргалан суманд. Туршлагатай хашаачид ажлаа дуусгаад 600 төгрөгийн цалин авч, өнөө мөнгөөрөө бүлтийтлээ гоёод хичээлдээ орж байжээ. Төв аймагт хашаа барьж байх үеэр нь гэнэ. Нэг их бороо орсон өдөр даалуу тоглож суугаад гаднаа уясан хонио алдчихаж. Юмны түрүүнд гүйдэг Рагчаа хонь барих гэж харайж яваад хортой ургамал дээр гишгэж орхижээ. Бие нь бамбайж хавдаад бөөн юм болж. Цэрэнбалжир ангийнхаа Рагчааг “Хүн нь их сайхан” гэж магтав. Таван жилийн өмнө Рагчаагийнхаа хөдөлмөр алдрыг тэмдэглэхэд ангийнх нь “охид” хаа байсан Хөвсгөл рүү машин хөлөглөн очиж баярлуулжээ. Нэрэмжит олимпиад нь амжилттай зохиогдож, хөдөлмөр алдар нь нижгэр болсон гэнэ. Рагчаа багшийн хөдөлмөр алдрыг тэмдэглэсэн хүмүүс “Өчнөөн хөдөлмөр алдрыг зохион байгуулж байлаа. Ангийнхан нь тийм холоос ингэж сэтгэл гаргаж ирсэн тохиолдол огт хараагүй. Ямар гоё анги вэ” гэж дуу алдаж байж. Өөрсдийнх нь төлөө бүхний түрүүнд гүйж, бэртэж гэмтэж явсан Рагчаагийнхаа ачийг ангийнх нь охид ингэж нэг хариулжээ.

Ангийн хоёр (Долгоржав, Цэрэнбалжир). 1967 он

Бариу юбкатай дэгжин охид

Эдний ангийхныг оюутан байх үед нарийн өмдний эрин үе дуусаад трапец маягийн өмднүүд моодонд орж эхэлжээ. Охидын гол гоёл нь өвдөгний дээхнүүр урттай бариу юбка, ноосон цамц байсан гэнэ. Бас болоогүй ээ, 120 төгрөгийн шөвгөр хоншоортой туфлийн өндөр өсгийг товшин алхацгаана. Зарим нь бүр 300 төгрөгийн туфлиэр гоёж явсан гэж байгаа. Үсээ овоолж самнах нь тэр үед моод байжээ. Овоолох нь бас өчнөөн янз маягтай. Орой дээрээ, хажуу талдаа гээд тэрүүхэндээ өөр хоорондоо ялгарсан маягаар үсээ янзалцгаана. Дажгүй хэмжээний стипенд авчихдаг болохоор гоёлд бол мөнгө татдаггүй байж. Нэг, хоёрдугаар курсийн дунд сурлагатнууд 200, сайнууд нь 240, гурав, дөрөвдүгээр курсийн дундчуул 240, мундгууд нь 280 төгрөгийн стипендтэй байсан гэнэ. Тэр үед асрагч 110, сувилагч 160 төгрөгийн цалинтай байсныг Цэрэнбалжир багш сонирхуулав. Одооны ачааны тэрэгнүүдийн үүргийг гүйцэтгэж байсан морин тэрэгчид гэхэд л тэр үед сар мачийж тавин төгрөг авч явсан гэхээр оюутнуудын хувьд яах аргагүй өндөр цалин байж.

Эдний ангийнхан, ер нь тэр үеийн оюутнууд завгүй шахам л хичээлд шамддаг байсан бололтой. Физик, математикийн ангийнхан гэхэд л өглөө наймаас орой зургаан цаг хүртэл хичээллэдэг байсан гэнэ. Хааяахан кинонд явах, нийтийн журмаар сонгодог дуурь үзэхийг эс тооцвол ном шагайсан нөхөд байж. Багшийн дээд сургуулийн математикийнхан баруун жигүүртээ хичээллэнэ. Улаанбаатар зочид буудал руу харсан хэсэгт гэсэн үг. Гадны төлөөлөгч зочид ирсэн үед их сургуулийн танхим харанхуй байж болохгүй гээд ангиар нь суулгадаг байсан аж.

Багшийн дээдийн физик математикийн ангийнхны хувьд бусдаасаа ч илүү ачаалалтай байжээ. Их сургуулийн физикийн анги, математикийн анги хоёрын хавсарсан бүх материалыг нэг дор үзэж байсан учраас толгой өөд татахгүй хичээллэхээс аргагүй байж. Хичээлийн урт цагуудын дундуур Улаанбаатар зочид буудлаас ирдэг мантуун бууз бүгдэд нь хүрэхгүй. Дугаарлаж байж ганцыг олж идсэн нь азтайд тооцогдоно. Юм идэхгүй өдрийг өнгөрөөх тийм ч гайхаж цочирдом зүйл биш байжээ.

Уламжлалт уулзалт. 2014 он.

Солийн Данзангийн хүү, “Манай сургуулийнхан”-ы Далхаанямбуу…

Тэр үеийн мундаг гэсэн хамаг л эрдэмтэд эдний ангийнханд хичээл зааж байжээ. Тэдний нэг нь хувьсгалын анхны долоогийн нэг, хожим нь иргэн бүр баяжигтун гэсэн үгнээсээ болж цаазлуулсан Солийн Данзангийн хүү Гүрдорж. Гүрдорж багш ерөнхий физик заадаг байсан гэнэ. Аавтайгаа их адилхан хүн байсан гэж Санжмятав багш дурсав. Ч.Лодойдамба зохиолчийн “Манай сургуулийнхан” туужийн Далхаанямбуугийн бодит дүр нь Багшийн их сургуулийн Шаравнямбуу багш юм байна. Найруулагч Э.Оюуны дүү Раднаа ч эдний ангид хичээл зааж байжээ. Иргэн Ламжав гэхэд математик анализ заадаг байсан аж. Шавь нар нь “Гайхалтай чамбай хүн. Мэдлэгтэй, чадвартай гэж жигтэйхэн” хэмээн магтав.

Цэрэнбалжир багш “Элементар математикийг Эрдэнэчимэг, аналитик геометрийг Цэрэндулам багш ордог байлаа. Бидэнд чинь машин судлал хүртэл орно. Газ моторыг тэр чигт нь задалж заана. Газ моторыг бүтэн үзсэн. Баяр багш хумс гээд өчүүхэн жижиг хэсгийг нь хүртэл харуулж байгаад ярина шүү дээ. Бид тэр үед Лениний ботиуд, Капитал, улстөр эдийн засгийн ухаан, философи гээд үзэж, судлахгүй юмгүй. Багш нар маань их мундаг хүмүүс байсан” гэж ярилаа. Ангийнх нь багш Алтангэрэл одоо хүртэл сургуульдаа багшилдаг гэнэ.

Долоон хос, томхүргэчүүлтэй математикчид

Нэг ангийн 32 оюутнаас долоон хос төрнө гэдэг ховор тохиолдол. Санжмятав, Цэрэнбалжираас гадна Даваасүрэн, Ядамсүрэн хоёр гэр бүл болжээ. Толгойтод насаараа амьдарч байгаа гэнэ. Цэрэнбалжир багш өвгөндөө цай аягалангаа “Хөвсгөлийн Товуудорж Өвөрхангайн Пүрэвдуламыг аваад нутаггүй болгосон. Завханы Цэвэлмаа маань бас нутаггүй. Сүхбаатарын Эрдэнэцагааны Батбаярын хүн болсон” гэж хэлээд мушилзав. Эдний ангийн дарга Увсын Туужуу Баатар хотын охин Нарангэрэлийг ханиа болгожээ. Увсын Хөххүү Долгоржавтай гэрлэжээ. Багануурт амьдарч байгаа аж. Заамарын засаг дарга байсан хурандаа Рах ангийнхаа охин Дархижавтай ханилсан юм байна. Эдний анги хүргэчүүлээрээ бахархдаг гэнэ. Дэлхийд гайхагдаж байгаа эрдэмтдийн нэг доктор Намсрай гэхэд л эдний ангийн Цэрэндуламын хань. Боловсролын их сургуулийн ректор Батсуурь Оюунчимэгтэй нь гэрлэжээ. Увсдаа мандаж явсан, одоо ч аймаг даяар андахгүй гавьяат эмч Дэжээхүү бас энэ ангийн хүргэн. Увсын Дашцэрэнтэй ханилжээ.

Ардчилал ялтал багш нарын дунд таван жил тутамд дахин шалгаруулалт хийдэг байж. Ресторан ховор тэр үед шалгуулахаар ирсэн нэг ангийнхан Толгойтод амьдардаг Ядамсүрэн, Даваахүүгийндээ очиж бужигнадаг байсан гэнэ.

Энэ ангийнхан жил бүрийн зургадугаар сард хийдэг уулзалтаа ээлжилж даадаг юм билээ. Цэрэнбалжир багш уулзалт бүрийнхээ төгсгөлд “Ёстой сайхан байлаа. Хэчнээн их энерги цуглуулж, хэдэн нас нэмснээ хэмжиж барахгүй нь, сэтгэл асар өндөр байна” гэж хэлдэг, өнөөдүүл нь ч уламжлалт гоё үгийг нь сонсох гээд хүлээгээд суучихдаг гэнэ.

Цэрэнбалжир багш “Манай ангийн эрчүүд их чадвартай залуус байсан. Сайн багш нар гарах болов уу гэтэл дандаа захирал эрхлэгч хийгээд явчихсан л даа. Тэр үед нийгэм даяар л тийм байсан. Ангийн эрчүүд маань засгийн ажлын ихийг нугалж өгөөд үр дүнгээ харж үнэлүүлж чадаагүй шиг санагддаг. Гэхдээ ихэнх нь алтан гадастай. Дадалын Жаргалсайхан маань их сайн математикч. Математикийн олимпиадад хүүхэд бэлдэж оруулахдаа маш сайн. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадастай. Одоо ч Баганууртаа хүүхдүүд бэлдээд сууж байгаа. Бид чинь бүгдээрээ математикчид учраас ач зээ нартаа ном заагаад сууж байна. Би л гэхэд нэг зээгээ Энэтхэгт, нөгөөг нь Орост явуулчихаад их догь суугаа шүү дээ” гэж ярьсаар биднийг үдэв.

Categories
мэдээ цаг-үе

Т.Эрдэнэбат: Монгол техникчид “Камминс”-д ажиллаж эхэлсэн нь дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэх суурь тавигдлаа гэсэн үг

“Камминс Монголиа инвестмент” ХХК-ийн борлуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Эрдэнэбаттай ярилцлаа.

-Дизель хөдөлгүүр үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг “Камминс”-ын хөдөлгүүртэй монгол автобуснууд нийслэлээр давхилдаж эхэлнэ гэдэг бол маш таатай мэдээ. Танай хөдөлгүүрийг дэлхийн машин үйлдвэрлэлийн аваргууд хэрэглэдэг байх аа?

-“Камминс” хөдөлгүүрийг хэрэглэх боломжгүй газар гэж байхгүй. Хятадын тухайд гэхэд л машин үйлдвэрлэж байгаа “Хово”-гоос эхлээд бүх төрлийн машин үйлдвэрлэл нь “камминс”-ийг сонгодог. Солонгосын “Хьюнда”, Японы “Комацү”, “Хитачи” манайхаас хөдөлгүүрээ авдаг. Инженерингийн төвшинд хамтарч ажилладаг. Загвар дизайнаа цуг гаргадаг. Дэлхий даяар хэрэглэгдсэн энэ туршлагыг Монголд “Экобус”-ын инженерүүдтэй хамтарч нэвтрүүлэх гэж байна. Дэлхий даяар 100 жил хэвшсэн технологийг хэрэглэх гээд байгаа юм. Хөдөлгүүр бол машины зүрх нь.

-Тэгэхээр монголчууд “Тоёото” шиг дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн машин үйлдвэрлэх сууриа “Камминс”-тай хамт тавьчихжээ…?

-Тэгж ойлгож болно. Автобус үйлдвэрлээд эхэлнэ, “Камминс”-тай хамтраад явна гэдэг чинь машин үйлдвэрлэлийн суурь тавигдлаа гэсэн үг. Магадгүй 20, 30 жилийн дараа “Экобус” гэдэг камминс хөдөлгүүртэй автобусыг Хятад, Оросод хэрэглэж байхыг үгүйсгэх аргагүй.

-“Экобус” автобусаа үйлдвэрлээд эхлэхээр эд ангийг нь хийх хэдэн мянган үйлдвэр дагалдаад хөгжинө гэж байсан. Автобус үйлдвэрлэхэд яг хэчнээн эд анги ордог юм бэ?

-Манайх Монголд “Ecobus” гэдэг компанитай сүүлийн хоёр жил хамтарч ажиллаж байна. Таны хэлсэнчлэн автобус үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байгаа компани л даа. Улаанбаатар хотын нийтийн тээврийг шинэчлэх, байгальд ээлтэй, иргэдэд аюулгүй нийтийн тээврээр үйлчлэх зорилготой ажилладаг хүмүүс. Тэд үйлдвэрлэх автобусандаа манай “камминс” хөдөлгүүрийг тавихаар ярьж байгаа. Бидний энэ хамтын ажиллагаа Монголд бусад үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд маш том нэмэр болно л доо. Автобусыг дотооддоо үйлдвэрлээд эхлэхээр дагалдаад өчнөөн үйлдвэр ажиллаж эхлэх нь гарцаагүй зүйл. Автобусанд 6000-7000 төрлийн эд анги байдаг. Монголд хийж болохыг нь хийгээд эхэлчихсэн. Автобус үйлдвэрлэнгүүт эд ангийг нь хийдэг үйлдвэрүүд нэмэгдээд ирнэ.

-“Камминс” гэж дэлхийн брэнд Монголд дизель хөдөлгүүр үйлдвэрлэх салбар үйлдвэрээ байгуулчихлаа. Тэгэхээр “Камминс” гэж хэн бэ, үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь ямар давуу талтай юм бол гэх мэт асуулт олны сонирхлыг татаж таарна…?

-“Камминс” том машинуудын дизель хөдөлгүүрийн үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлдэг. Хөдөлгүүрийн хувьд дизель юмуу, байгалийн хий, газаар ажилладаг хоёр сонголттой үйлдвэрлэдэг юм. Дизель хөдөлгүүрийн давуу тал нь мушгих хүч өндөртэй. ”Horse power” буюу морины хүч нь арай бага. Хүнд нөхцөлд их юм чирч явна гэсэн үг. Морины хүч ихсэхээр засмал зам дээр илүү хурдтай давхих боломж нэмэгддэг. Дизель хөдөлгүүр бол бензин хөдөлгүүр шиг хурдтай давхиж чадахгүй. Арай удаан давхина. Хүнд даацын машин техникүүдэд илүү ашигладаг. “Камминс” дизель хөдөлгүүр үйлдвэрлэлээрээ дэлхийд номер нэг. 19 литрээс доошхи, 2.8 литрийн багтаамжтай хөдөлгүүрийг жижиг дунд гэж ярьдаг. 2015 онд яг ийм хөдөлгүүрийг нэг сая 200 мянгыг үйлдвэрлэсэн байх жишээтэй. Эхний аравт орсон компаниудыг харахаар хоёрт “Хино” гээд “Тоёото” орж байгаа юм. Дараагийн компаниудыг харахаар сая давсан тооны хөдөлгүүр үйлдвэрлэдэг компани дэлхий дээр нэг ч байхгүй. Гэтэл “Камминс” зөвхөн 19-2.8 литрийн багтаамжтай гэхэд сая гараад явчихдаг. 19 литрээс дээшээ гээд ярихаар 95 литрийн багтаамжтай хөдөлгүүр хүртэл бий. Ийм багтаамжтай хөдөлгүүрүүд дизель генератор, цахилгаан үүсгүүр, усан онгоц, Америкт шинээр тавигдаж байгаа хурдны галт тэргүүдэд суурилагддаг. “Камминс”-ийн ажиллаж эхэлсэн хугацаа гэвэл өнгөрсөн зууны эхэн үе. 1919 онд АНУ-д байгуулагдсан компани. Өнөөдрийн байдлаар 190 гаруй улсад үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийн таван тивд үйлдвэрлэл явуулдаг. Дэлхий даяар 55 мянган ажилтантай аварга компани.

-190 гаруй орон гэхээр бараг л бүх улсад хүрч ажилладаг байх нь?

-Ер нь бол тийм. Үйл ажиллагаа явуулж болдоггүй орнууд гэхээр Хойд Солонгос, Иран гэх мэт онцлогтой улсууд байдаг юм. Учир нь “Камминс”-ын хөдөлгүүрийг зэвсэг техникт ашиглах боломжтой байдаг. Ийм онцлогтой, өндөр нууцлалтай технологи учраас гаргаж болохгүй улсууд гэж бий.

-Манай улсад нээсэн үйлдвэрийнх нь онцлогийг сонирхуулаач?

-“Камминс” үйлдвэрлэлийнхээ хувьд шинэ, дахин гэсэн хоёр хэсэгтэй. Шинэ үйлдвэрлэл гэдэг нь төмрөө цутгахаас эхлээд бүгдийг өөрсдөө хийж бүтээгдэхүүнээ гаргахыг хэлээд байгаа юм. “Камминс” –ын Монголд барьсан үйлдвэр нь дахин үйлдвэрлэл гэдэгт орно. Хуучин хөдөлгүүрийг үйлдвэртээ оруулж ирээд шинэ болгож гаргана гэсэн үг. Үйлдвэрээс бүтээгдэхүүн ямар стандартаар гардаг, хэр баталгаат хугацаа өгдөг яг л тэр жишгээр ажилладаг төв баригдсан гэж ойлгож болно. Уул уурхайн өндөр хүчин чадалтай хөдөлгүүрүүдийг дахин үйлдвэрлэх төв юм л даа. Монголд 19 литрээс 78 литрийн багтаамжтай “камминс” хөдөлгүүрүүд 440 орчим байдаг юм. Стратегийн ач холбогдолтой уурхайнуудаас эхлээд жижиг алтны уурхай хүртэл уул уурхайн бүх тоног төхөөрөмж “камминс” хөдөлгүүртэй. Тэр хөдөлгүүрт их засвар, дунд засвар хийх үйлдвэр ажиллаад эхэлсэн гэж ойлгож болно.

-Өмнө нь уул уурхайн компаниуд дизель хөдөлгүүрүүдээ яаж засуулдаг байсан юм бол?

-Оюу толгойгоор жишээлье. Ард нь “Рио тинто” гэдэг компани бий. “Рио тинто”, “Комацү”, “Камминс” гурав дэлхий даяар биенээ дэмжих гэрээтэй ажилладаг. Жишээ нь “Оюу толгой” дээр байгаа “камминс” хөдөлгүүрт “Камминс” өөрсдөө зардлыг нь засвар үйлчилгээ хийдэг. Өмнө нь бүх хөдөлгүүрийг Улаанбаатарт авчраад, хотоос Бээжин рүү явуулдаг байсан юм. Маш өндөр зардал гардаг байсан. Гэхдээ бид тэр ачааг хэрэглэгчдэдээ үүрүүлээгүй. “Камминс” өөрсдөө дааж байсан л даа. Монголд их засвар хийх үйлдвэр байхгүй нь бидний буруу гэдэг үүднээс хандахаас аргагүй. Хэрэглэгчдийн хувьд хүлээх асуудал л байсан. Харин одоо Монголдоо өөрсдөө хийх боломжтой болчихлоо. Эдийн засагт өгөөжөө үзүүлэхээр шийдвэр болсон. Манай үйлдвэрийн техникчид гэхэд л монгол залуус. Хөдөлгүүрийн их засвар хийсэн мөнгө Хятад руу явахаа больж, Монголд үлдэнэ гээд давуу тал их бий.

-Ер нь дизель хөдөлгүүрт их засвар хийхэд хэр хэмжээний мөнгө ордог вэ?

-Хөдөлгүүрийн өртгийн 50-70 хувь нь гээд ойлгочихож болно. Маш өндөр өртөгтэй гэсэн үг. Тэр тусмаа уул уурхайн том хөдөлгүүрүүд маань их өндөр өртөгтэй байдаг. Нэг удаа их засвар хийсэн хөдөлгүүр 2-3 жил зогсохгүйгээр 24 цаг ажилладаг. Бидний унадаг машины мотор шиг өдөрт ганц, хоёр цаг явдаг эд биш л дээ. Хүнд нөхцөлд 24 цаг ямар ч зогсолтгүйгээр явдаг онцлогтой.

-Танайх Монголд хэчнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна?

-2011-2016 он хүртэл сүүлийн тав орчим жил найман сая ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байна. Монгол улсад, монгол хүнд хийсэн хөрөнгө оруулалт гэсэн үг. Манай цехэд ажиллаж байгаа техникчид гэхэд л Бээжингийн үйлдвэрт сурцгаасан. Бүтэн жил тэнд амьдарч, ажиллаж дадлагажсан. Манай нэг онцлог гэвэл Америкийн стандартыг хангасан. Монгол стандартаар хийчихэд л болчихно гэдэг газар биш. Жишээ нь ус дахин цэвэрлэж ашиглах хэсэг манай үйлдвэрт бий. Америк стандартаар бол усаа хэрэглэчихээд бараг ундны устай дүйцэхээр цэвэрлэж байж бохирын хоолойд холбодог. Хөдөлгүүр цэвэрлэсэн бохир, тостой усаа шууд гаргаж болохгүй. Монголд ийм стандарт байхгүй ч “Камминс” барьдаг стандартаа л мөрдөнө. Сонирхсон компаниудад ус цэвэршүүлэх технологийнхоо талаар туршлага солилцоход бэлэн. Манай компанийн хийж байгаа бас нэг шинэ санаа сэдэл гэвэл цаасаа огт хаяхгүй байгаа. Монголд цаас боловсруулах төв баригдахад нийлүүлнэ гэсэн бодлоготойгоор цаасаа хадгалж байна. Манай компанийн ажилчид жилд хамгийн багадаа 16 цаг нийгмийн ажил хийх үүрэгтэй. Өнгөрсөн жилүүдэд гэхэд л бид Богд ууланд мод тарьсан. Асрамжийн төвийн байрыг засч, янзалж тохижуулсан. Мод тарих бол манай компанийн маш том ажлын нэг. Жил бүр мод тарина гэж байгаа.

-“Камминс” төсөвт хэдэн төгрөгийг татвар хэлбэрээр оруулсан бэ?

-Сүүлийн хоёр жил гэхэд л 8.6 тэрбум төгрөгийг татварт төлсөн байгаа. Дизельт хөдөлгүүрийн төв нээгдсэн учраас өмнө төлдгөөсөө илүүг төлж таарах байх.

-Та түрүүн монгол залуус “Камминс”-т техникч хийж байгаа нь том давуу тал гэж онцолж байсан. Монголд дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэх суурь, хүний нөөц нь бүрджээ гэсэн утгаар хэлсэн үү?

-Гадаадад дахин үйлдвэрлэгдээд ирэх ёстой хөдөлгүүрүүдийг бүгдийг Монголд үйлдвэрлэнэ гэдэг манай улсын хувьд том давуу тал. Монгол техникчид ажиллана гэдэг үйлдвэрлэл хөгжих таатай боломж. Хувийнхаа бодлыг хэлье. Монгол техникчид “Камминс”-д ажиллаж эхэлсэн нь Монголд ирээдүйд дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлэх суурь тавигдаж байгаа гэж ойлгож болно. Үйл ажиллагаа нь өргөжих хэрээр илүү олон техникч ажиллуулна. Тэгэхээр монгол техникчид маань хөдөлгүүр дахин үйлдвэрлэх биш илүү том ажил хийж болно. Монгол Улс гангаа хайлуулж цутгаад дотоод шаталтат хөдөлгүүр үйлдвэрлээд эхэлвэл хүний нөөц талаасаа асуудалгүй болно гэдэг маш том давуу тал.

Categories
мэдээ цаг-үе

Х.Батсуурь: Барууны орнууд өргөн хэрэглээний эм тариа, хүнсний бүтээгдэхүүнээс НӨАТ авдаггүй

Эдийн засагч Х.Батсуурьтай ярилцлаа.

-Саяхан нэг иргэн рүү татварын газраас залгаад та олдгоосоо ихийг заржээ, орлогын эх үүсвэрээ мэдүүлнэ үү гэсэн утгатай зүйл хэлсэн гэж сонслоо. Татварын шинэ систем иргэдийн хувьд олсон орлого бүрээ тайлагнаад явах нь гэх болгоомжлолыг төрүүлээд эхэлж. Үнэхээр алхам бүрээ, олсон болгоноо хянуулаад явах эрсдэл үүсэх үү?

-НӨАТ гэдэг чинь ерөөсөө л хяналтын систем. Нэгдүгээрт, хэрэглээний татвар. Ер нь бол эцсийн хэрэглэгчид ногддог татвар байгаа юм. Нөгөө талаасаа энэ татвар Засгийн газрын хувьд бизнес болоод иргэдэд тавих хяналтын том механизм, систем болж өгдөг. Сая таны хэлдэг баримт Засгийн газрын хяналтын нэг хэлбэр л дээ. Ялангуяа энэ нь бизнест их тодорхой харагддаг. Учир нь бизнесийн үе шат, дамжлага бүрд нэмүү өртөг шингэж байдаг. Тэр бүхнээ Засгийн газарт мэдээлж байдаг юм. Дамжлага тус бүр дээр татвар төлдөг гэдэг утгаар нь маш сайн хяналтын систем гээд байгаа хэрэг. Нөгөө талаас иргэд хэр хэмжээний худалдан авалт хийв, орлого нь яг хэр байна гэдгийг үүнээс түвэггүй мэдчихэж болно. Хэрэглээний татвар учраас иргэдийг хэрэглээгээр нь дамжуулж тодорхой хэмжээнд хянах боломж нээгддэг.

Бага, дунд орлоготой иргэд хянагдах боломж өндөр байдаг. Өндөр орлоготой иргэд энэ хяналтын системд хамрагдахгүй нөхцөлтэй байдаг л даа. Бага, дунд орлоготой иргэдийн орлого тодорхой. Үе үе их орлого олвол хэрэглээ нь нэмэгдэж таарна. Тэгэхээр “энэ нөхөр хаанаас мөнгө олоод байна” гэсэн хар төрөх нь ойлгомжтой. Орлого өндөртэй хүн бол өөр. Хэрэглээнийхээ юмыг хэчнээн их авлаа ч орлогынх нь бага хувийг эзлэх учраас хянах шаардлага угаасаа байхгүй. Бизнес дээр ч ялгаагүй, ийм онцлог гарч ирнэ.

-НӨАТ өндөр хөгжилтэй улсуудад илүү зохидог гэж ярьдаг. Ер нь хөгжлийн түвшнээрээ ямархуу улсад илүү тохиромжтой байдаг вэ?

-Нэг талаас хэрэглээний, нөгөө талаас хяналтын татвар учраас өндөр хөгжилтэй, асар их орлоготой, хэрэглээ өндөр улсад хамгийн тохиромжтой. Франц, Англи гэх мэт өндөр хөгжилтэй улсыг харахад татварын нийт орлогынх нь 50 хүртэлх хувийг НӨАТ эзэлдэг. Өндөр хөгжилтэй улсуудын хувьд татварынх нь гол эх үүсвэр болдог. Аж үйлдвэр төдийлөн хөгжөөгүй, хоцронгуй хөгжилтэй, хэрэглээ багатай Монгол мэтийн улсад эдийн засгийнхаа онцлогт тохируулж зөв хэрэгжүүлэхгүй бол ихээхэн дарамт болдог, маш олон сөрөг үр дагавар авчирдаг. НӨАТ манайд хэрэгжсээр ирсэн. Манай улсын татварын нийт орлогын 30 хүртэл хувийг бүрдүүлдэг. Бусад татваруудаас хамгийн өндөр хувийг эзэлдэг. Өөрөөр хэлбэл өндөр хөгжилтэй орнуудад хэрэгжиж байгаа шиг хэрэгжээд явж байна гэсэн үг. НӨАТ-ын шинэ систем хэд хэдэн сөрөг үр дагаврыг эдийн засагт авчирч байна.

-Эдийн засагчийнхаа хувьд НӨАТ-ын шинэ системийн сөрөг үр дагаврыг тодруулж хэлээч. Сөрөг нөлөө нь мэдрэгдээд эхэлчихсэн гэсэн үг үү?

-Жижиг дунд бизнес, бага дунд орлоготой иргэдэд асар их дарамт үзүүлсэн хэлбэрээр хэрэгжиж эхэллээ л дээ. Би захын хорооллуудаар явж үзлээ. Жишээ нь Дэнжийн мянгын захын хорооллын дэлгүүрүүд барааныхаа үнийг 60 хүртэл хувиар нэмчихэж. Дундаж нь 30 орчим хувь байна. НӨАТ-ын шинэ систем хэрэгжиж эхэлснээс хойш буюу он гарсны дараагаас үнээ өсгөсөн гэсэн үг. Тиймээс худалдан авалт бас буурсан байна. Бүр 50 орчим хувиар. НӨАТ-ын шинэ систем захын хороололд буюу бага дунд орлоготой иргэдэд, жижиг дунд бизнест асар том цохилт болж байгааг энэ жишээнээс харж болно. Ер нь эдийн засаг муудсанаас шалтгаалсан зүйл бий. Өнгөрсөн жилийн хувьд худалдан авалт 20 орчим хувиар буурч, барааны эргэлт 40 орчим хувиар унасан. Он гараад энэ тоо бүр ч нэмэгдсэнийг сая хэллээ. Шалтгаан нь яах аргагүй НӨАТ-ын шинэ системээс улбаатай.

НӨАТ дээр шүүмжлэх бас нэг зүйл бий. Манай улс НӨАТ-ыг хавтгайруулсан маягаар хэрэгжүүлдэг. Бүх юм арван хувийн НӨАТ-тай. Барууны улс орнуудад орлогоос, барааны өртгөөс хамаарсан маягаар хэрэгждэг. Шаталсан маягаар хэрэгждэг гэсэн үг. 2, 5, 7, 10 хувь гэх мэтээр. Өргөн хэрэглээний эм тариа, суурь хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнээс НӨАТ авдаггүй. Гаднаас оруулж ирэхэд ч татвар тавьдаггүй. Тэр дундаа бага орлоготой иргэдийн амьдардаг хороололд ажилладаг дэлгүүрийн татварыг бага тавьдаг. Харин хэрэглээ өндөр хороололд ажилладаг дэлгүүрт арай өөр ханддаг. Бүр онцлоод хэлбэл тансаг хэрэглээний бүтээгдэхүүнүүдийн татвар илүү өндөр байдаг юм. НӨАТ-ыг үгүйсгэж болохгүй, шаталсан хэлбэрээр хэрэгжүүлбэл дарамт багатай гэх гээд байна л даа.

-НӨАТ-ыг нийтийг хамруулсан маягаар хэрэгжүүлэх болсон шалтгааныг та юу гэж харж байна?

-Засгийн газар чадамжгүйгээсээ болоод орлогоо бүрдүүлж чадахаа байсан. Татвараас авах орлого нь дутаад эхлэнгүүт ийм арга хэмжээ авч байна л даа. Төсвийн бүрдэлтийн эхний гурван сарыг харахад 265 тэрбум төгрөгөөр тасарлаа. Орлого буурсан учраас НӨАТ-ыг шинээр хэрэгжүүлэх журмаар татварын орлогыг нэмэгдүүлэхийг хичээсэн. НӨАТ-ын шинэ систем хэрэгжээд гурван сар болчихоод байхад төсвийн орлого хэдэн зуун тэрбум төгрөгөөр тасарсан гэхээр тийм сайн арга биш нь нотлогдож байна. Хоёрдугаарт, НӨАТ-ыг хэрэгжүүлэх системд асар их мөнгө эргэлдэж байгаа. Миний тооцсоноор 40 орчим тэрбум төгрөг. Үүн дээр ашиг сонирхлын бүлэглэлүүд ажиллаж эхэлсэн. Тодорхой эрх мэдэлтнүүдийн хувьд ашиг сонирхлоо тусган хэрэгжүүлж буй нь харагдаж байна л даа. НӨАТ-тай холбоотой асуудлуудыг хариуцсан нэгжүүдийг хувьчилж эхлэх гэж байна. Ийм хоёр шалтгаанаар НӨАТ-ын шинэ систем хэрэгжиж байгаа.

-НӨАТ дээр сугалаа гаргаж байгаа. Сугалаа гаргахаас аргагүй шалтгаан байсан уу?

-Сугалаа гаргаж байгаа нь худалдан авагчдаар буюу иргэдээр дамжуулж дарамт үзүүлж буй нэг хэлбэр. Сугалаа гаргах ямар ч шалтгаан байхгүй. Худалдан авагч иргэдэд илүү орлого бий болно гэх сэдэл үүсгээд, тэр сэдлээр жижиг, дунд бизнесээ дарамталж байна л даа. Иргэд НӨАТ-ын баримт нэхнэ, жижиг дэлгүүрүүд өнөө баримтыг нь өгөхийн тулд кассын машин худалдаж авна. Худалдаж аваад программ суулгана. Программынх нь үйлчилгээний хөлс өдөрт 2000-4000 төгрөг. Энэ бүгдийг тооцоод үзвэл хамгийн багадаа 40 тэрбум төгрөгийн эргэлт байгаа юм. Тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгчдэд 1.5-2 сая төгрөгийн үнэтэй кассын машин худалдаж ав гэсэн дарамт ирж байна. Олонх нь худалдаж авч чадахгүй байгаа. Худалдаад авсан захын хорооллын дэлгүүрийн хувьд хэрэглэх боломж алга. Интернэтэд холбогдоогүй газар их учраас хэцүү байдалд орчихсон байна. Худалдаад авсан газрууд кассын машин авсан мөнгөө, үйлчилгээний хөлсөө гаргаж авахын тулд барааны үнээ өсгөж таарна. Кассын машин суулгачихаар арван хувийн татвараа бараандаа шингээх нь тодорхой. Эцэстээ хэрэглэгчид дээр л үнийн ачаалал ирж байна. Өөрөөр хэлбэл та өмнө нь авдгаасаа дор хаяж арван хувиар өссөн үнэтэй талх авчихаад хоёр хувийг нь буцааж авах гээд байна гэсэн үг. Наад зах нь найман хувийн үнийн өсөлтийг халааснаасаа гаргаад өгчихөж байна л даа. Би өмнө нь барааны үнэ 30-60 хувийн өсөлттэй байна гэж хэлсэн дээ. Тэгж тооцвол хэрэглэгчид өчнөөн мөнгөөр хохирч байгаа.

-Та сая захын хорооллын дэлгүүрүүдээр явсан гэлээ. Захын хорооллынхны амьдрал хэр байна?

-Худалдан авах чадвар багассан гэдэг нь олон зүйлээр нотлогдож байна. Бартерын наймаа ихэсчихэж. Бэлэн мөнгөгүй болсны шинж. Гар утас, иргэний үнэмлэх, цахилгаан бараагаа тавьж байна. Бас ойр хавийнхаа дэлгүүрт зарах бараа тавиад, оронд нь идэж уух юм авч байгаатай ч олон таарлаа. Хувийн компаниудын түвшинд ч бартер байна. Цалингаа тавьж чадахгүй болохоороо хийдэг бүтээгдэхүүнээ ажлын хөлсөнд өгч буй жишээ цөөнгүй бий. Цалиндаа хүнс авсан хүн дэлгүүрээс юм авахгүй болохоор худалдан авалт буурахад нөлөөлөх нь тодорхой. Энэ мэт өөр хоорондоо уялдаатай хямралууд ажиглагдаж байна.

-Захын хороололд кассын машин авсан дэлгүүр хэр олон байна вэ?

-Хотын төвийн дэлгүүрүүдээр орсон иргэд баримт шаардаж байгаа бол захын хороололд тэр баримтыг шаардсан хүн алга. Худалдаж авах барааных нь үнэ нэмэгдэх учраас баримт нэхэхгүй гэдгээ ухаарчихаж. НӨАТ-ын баримтаа хотын төв рүү автобусанд мөнгө төлж суугаад, интернэтэд мөнгө өгч ороод бөглөхийг хэн хүсэх вэ дээ. Захын хорооллын иргэдийн худалдан авалт хэцүү шүү дээ. Хөрш айлын хоёр хүн хамтдаа орж ирээд талхаа таллаж аваад гарч байгааг нүдээрээ харлаа. Мянга гаруй төгрөгийн үнэтэй “Атар” талхыг дийлдэггүй юм байна. Хувь хүний ч юм уу, жижигхэн цехийн хийдэг талх 950 төгрөг. Тэр талхыг арвин, идэнгэтэй гээд авч байхтай хэд хэдэн удаа таарсан. Гэхдээ нэг асуудал бий. Татварын байцаагчид дулаан орохоор захын хорооллын дэлгүүрүүдээр явах нь ихэсдэг юм билээ. Тэгвэл ийм хэцүүхэн байгаа дэлгүүрүүд бүр ч хэцүүдэх нь тодорхой.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Монгол мөрөөдөл”-ийг хэн бүтээх вэ?

Дэлхийн бүх орон мөрөөдөлтэй. Америк
мөрөөдөл лав хүн төрөлхтний хувьд жишиг загвар, хэлц үг болчихсон. Си даргын яриад
байгаа хятад мөрөөдөл ямрыг мэдэхгүй. Ямартай ч америк мөрөөдлөөс хэлбэр, агуулгаараа
тэс өөр гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ сайхны төлөө тэмүүлсэн болоод л “хятад мөрөөдөл”
гэсэн хоёр үгийг бодлогодоо тусгасан байж таарна. За тэгээд орос мөрөөдөл энэ тэр
гээд яривал мөрөөдлөө зурчихаад яваа өчнөөн улс байдаг биз.

Америк мөрөөдлийн хялбаршуулсан
бэлгэ тэмдэг нь хоёр давхар хаус, хоёроос доошгүй хүүхэд, дажгүй цалин, хэрэглээндээ
уначих аятайхан жийп. Ийм зургийг америкчууд жаалуудынхаа ой тойнд тултал зураад
өгчихдөг. Өөртөө итгэл дүүрэн алхах ч америк мөрөөдөл. Тэнд танил тал хэрэггүй.
Чадвартай бол төрийн албанд ажиллах асуудал биш. Даатгал нь хөгжчихсөн учраас ядахдаа
л эмнэлэгт очихдоо танил эмч энэ тэр гэхгүй. Ор сулрахыг хүлээж өчнөөн өдөр болохгүй.
Арын хаалгадаад Ерөнхийлөгч болохгүй. Нэг нь бусдаас илүү нийгмийн халамж хүртэнэ
гэж үгүй. Ер нь тэгээд сайхан амьдрах гэдэг тийм өндөр хэмжүүртэй эд биш л дээ.
Өвчин зовлонгүй эрүүл бие, тохитой, дулаахан сууц, жаргалтай үрс, дажгүй орлого
өөр юу хэрэгтэй гэж. АНУ энэ боломжийг иргэддээ тэгш олгосон учраас л америк мөрөөдөл
гэдэг хоёр үг хүн төрөлхтөд гоё сонсогддог. Мэдээж америк мөрөөдлийн хязгаар энэ
хүрээд зогсохгүй. Хүсвэл улсын Ерөнхийлөгч, дэлхийн тэрбумтан гээд цаашлах боломжийг
иргэн бүрдээ цэлийтэл нээгээд өгчихсөн улс. Боломжийг тэгш бүрдүүлж өгнө гэдэг чинь
л мөрөөдлийн хамгийн том хөшүүрэг.

Тэгвэл монгол мөрөөдөл ямар байхыг
хамтдаа зураглаад үзье. Бид мөрөөдлөө яаж харах ёстой юм бол гээд харахаар ядаж
л хоёр өрөө тохилог сууц, хэрэглээндээ уначих машин, тогтмол дажгүй орлого, мэдээж
эрүүл амьдрах зөв орчин хэрэгтэй. Орон сууцныхаа зээлд өнөөдрийнх шиг олдог мөнгөнийхөө
талаас илүүг биш, арваас хорин хувийг нь зардаг болчихвол монгол мөрөөдлийн нэг
мөчир цэцэглээд ирнэ. Орлогоосоо байрныхаа зээлийг өгөөд үлдсэн мөнгөөрөө супермаркетаас
хүссэн хүнсээ, их дэлгүүрээс сонирхсон хувцсаа авч, хүүхдийнхээ сургалтын төлбөрийг
түүртэлгүй хийчихээд амьдрахыг монгол хүн бүр хүсдэг. За тэгээд зун нь сумынхаа
ойд хувийнхаа машинаар сүнгэнүүлж, бултаараа хүссэн газартаа аялаад амраад ирдэг
болчихвол тэрэн шиг жаргал үгүй. Монгол хүн бүр л ингэж мөрөөддөг.

Дээр нь нэмээд хэлэхэд бизнес хийхэд
төрийн дарамтгүй, чадвартай бол төрд ажиллахад асуудалгүй, эмнэлэгт хэвтэхэд ор
хүлээхгүй үйлчлүүлдэг болчиход илүүг хүсэх хэрэг юун. Энэ дундаас хамгийн чухал
нь эрүүл амьдрал. Хавдар тусчихаад бүтэн сар эмнэлэг хүлээх, диализийн аппарат хүрэлцэхгүй
гэсэн шалтгаанаар амьдралаас явах өдрөө тоолж суух хүсэхээр мэдрэмж биш. Өвчин туслаа
л бол эмнэлэг нь хүлээгээд авчихдаг орчин байхад л монгол мөрөөдөл биеллээ гэсэн
үг. Айхтар өвчин туссан мөнгөгүй нэгэн хоногоо тоолохоос аргагүйд хүрдэг өнөөдрийн
гунигтай төрхөд баяртай гээд хэлчихвэл монгол мөрөөдөл гэдэг үг амьдрал дээр утгаа
олно. Даатгалаар бүхнийг шийдсэн бэлэн жишээ дэлхийд өчнөөн бий.

Төрийн үйлчилгээг сайн байлгах хоёр
л гарц байгаа. Хуулиа биелүүлдэг иргэд, төрийн чадварлаг ажилтан байхад шийдэгдэх
асуудал. Шударга байх ёстой энэ тэр гээд ярьдаг л даа. Хатуухан хэлэхэд бид шударга
гэдэг хаана ч байхгүй ойлголтыг бөндгөртөө зохиомлоо, хүчээр хийчихсэн ард түмэн.
Нийгмийн дунд амьдардаг хэн ч шударга байж чаддаггүй. Дор бүрнээ л ямар нэг ажлыг
нуугаад хийцгээдэг. Хувиа бодлоо гэж жийрхэн ярьцгаадаг ард түмний нэг нь мөн л
бид. Хувиа бодох юу нь буруу гэж. Өөртөө ашигтай, амьдралдаа нэмэртэй гэсэн алхмыг
өөрийнхөө, гэр бүлийнхээ төлөө хүн бүр л хийдэг. Гагцхүү хэмжээнээсээ хэтрэхгүй
гэсэн алтан зарчмаас хазайж болохгүй. Тэр хязгаарыг нь улс орнууд хуулиар хашаад
өгчихдөг. Хуулиа биелүүлдэг иргэн, чадварлаг төрийн албан хаагч хэрэгтэй гээд байгаагийн
учир энэ.

Ингээд зураглахаар монгол мөрөөдлийг
хэн бий болгох вэ, яаж бүтээх вэ гэдэг асуулт гарч ирнэ. “Эдийн засгийн форум-2016”
нэг салбар хуралдаанаа “монгол мөрөөдөл”-д ориулсан нь ч тохиолдлын хэрэг биш. Энэ
хуралдаанаас “Монгол HD” телевизийн гүйцэтгэх захирал Ч.Номингийн “Ижилхэн боломжтой
нийгэмд чадлаараа цойлж гарч ирэх боломжийг хүүхдүүддээ олгох нь монгол мөрөөдөл
болов уу” гэсэн үг содон дуулдсан. Америк мөрөөдөл дэлхийд загвар болж чадсан гол
нууц нь энэ л дээ. Тэгэхээр тэгш боломжийг яаж бий болгох вэ гэдэг асуулт тавигдаж
таарна.

Монгол мөрөөдлийг биелүүлэхэд, гарааны
тэгш боломжийг бий болгоход хэдэн тэрбум ам.доллар хэрэггүй. Ганц төгрөг ч зарахгүйгээр
мөрөөдөлдөө хүрэх боломж бидэнд байна. Хамгийн түрүүнд хийх алхам маань ааш авираа
засах. Үл тэвчих ааш авираа. Биенээ үгүйсгэсэн авираа тэвчиж чадвал их олон асуудал
цэгцрээд ирнэ. Адаглаад л гудамжаар нэг хөмсгөө зангидан алхах хүмүүсийн тоо эрс
цөөрнө. Замын түгжрээ арилна. Сигнал тачигнуулсан жолооч нар соёлжоод ирнэ. Замын
ослоор жил бүр төчнөөн хүн амь үрэгдлээ гэсэн гашуудам мэдээ цацагдахгүй. Дараагийн
хийх алхам маань хуулиа сахих. Наад зах нь аль чадвартай нь төрд ажиллаад ирнэ.
Цаад зах нь хэнд ч дийлддэггүй, гэм хор нь их, мафижсан бүлэглэлүүд алга болно.
Мөрөөдөлдөө хүрэх дараагийн гишгүүр маань хөлсний амт. Хөдөлмөрт дурласан ард түмэн
хөгждөгийг дэлхийн түүх бэлхнээ гэрчилнэ. Хөдөлмөрлөсөн үндэстэн мөнгөждөг, мөнгөтэй
бол юуг ч бүтээнэ. Тэгэхээр ааш зөв, хуулиа дагадаг, хөдөлмөрлөснийхөө хэрээр хөлсөө
авдаг монгол иргэн л монгол мөрөөдлийг бүтээх хүч байж таарлаа.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Элбэгдорж: Том төслүүдээ эргэлтэд оруулчихсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан

-“МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2016″-ГИЙН ОРОЛЦОГЧИД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ТАТАЖ ХҮНДРЭЛЭЭС ГАРНА ГЭВ-

“Өдрийн сонин”-ы № 076 (5341) дугаараас авч нийтлэв.

“Сургамж, сорилт, шийдэл” уриаг сонгосон “Монголын эдийн засгийн чуулган”-ы сүүлийн өдрийн хуралдаан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үгээр эхэллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганы эхний өдөр бодлого гаргагчдын алдаа эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлж байгаа талаар хатуу үгсийг хэлсэн бол төрийн тэргүүн ч эдийн засаг муудсан шалтгааныг эрх баригчидтай холбов. Ерөнхийлөгч “Том төслүүдээ эргэлтэд оруулж чадсан бол иргэдийн амьдрал ингэтлээ дордохгүй байсан. Улс төр хийдэг нь улс төрөө хий. Эдийн засгаа хөгжүүлэх нь эдийн засгаа хөгжүүлэх хэрэгтэй. Том төслөө хэрэгжүүлсэн бол төсвийг ингэж танахгүй байсан. Аж ахуйн нэгжүүд өнөөдөр хүндхэн байна. Өнөөдөр та бүхэн асуугаарай. Зүгээр л бизнес эрхэлж байгаа эхний хүний амнаас “Мөнгө алга” гэсэн үг гарч байгаа. Яг орлоготой аж ахуйн нэгжийн тоо гэрлийн хурдаар унаж байгаа. Одоо бүр тэг дээрээ очоод зогсож байгаа.

Дажгүй бизнес хийдэг нэг залуу надад саяхан нэрээ бодоод зээл авч ажилчдынхаа цалинг өгч байна гэж хэлсэн. Түүхий эдийн үнэ өндөр байхад боломжоо ашиглаж ахиу мөнгө олсон бол, дэд бүтцээ байгуулаад бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээсэн бол байсхийгээд тохиодог үнийн уналтад өртөхгүй байсан. Монгол боломжийг алдах эрхтэй, тийм тансаглалтай орон биш. Монголд боломж олон олдоод байдаггүй юм. Өнгөрсөн жилүүдэд олдсон ганц боломж бол түүхий эд, Монголоос гардаг байсан баялгийн үнэ байсан. “Аманд орсон шар тос”-ыг бид ашиглаж чадаагүй, шороотой хутгасан. Шороотой хутгачихаад одоо тэр шороон дээр нь бүжиглэх хэрэггүй. Зарим этгээдүүд одоо энэ дээр улс төр хийх гэж бүжиглэж байгаа. Тэр ард түмний хувьцааг үхүүлснийхээ төлөө, тэр ард түмэнд ирэх байсан орлогыг алга болгосныхоо төлөө ингэх хэрэггүй. Улстөрчид дэндүү хариуцлагагүй байна. УИХ-ын нэг гишүүн том төслүүдийг зогсоосноороо бахархдаг гэж ярьсан удаатай. Тэгж хэлэхдээ эм тарианы мөнгөгүй болсон иргэдээ бодоогүй юм байх даа. Улс нь мөнгөгүй болж ингэж хэцүүднэ гэж төсөөлөөгүй байх. Эдийн засаг мөнгөөр л хэмжигддэг. Хэцүү үе, сорилтыг туулж байж бид хүндрэлээс гарна. Ид шидийн амлалтад итгээд хэрэггүй. Өнөөдөр эдийн засгийг нураасан улстөрчдийн үгэнд ахиад итгэж сонговол эдийн засаг бүр хэцүүднэ. Магадгүй ирэх жилүүдийн эдийн засгийн чуулганаараа яриад сууж мэдэх юм. Гэхдээ сонгогчид хэрсүү болж байгаа” хэмээн ярилаа.

Чуулганд оролцогчид төрийн тэргүүнийг “Нэгийнхээ амжилтад алга ташдаг байдал алга болчихоод байна. Спортод медаль авсан хүнд алга ташдаг мөртлөө гаднын Хөрөнгийн бирж дээр хүний итгэл хүлээж мөнгө босгож байгаа тэр аж ахуйн нэгжид, тэр итгэлийг авч байгаа бизнесмэнд бид алга таших ёстой. Хүнээс мөнгө зээлнэ гэдэг хамгийн том итгэл. Хүн чамд мөнгөө өгч байгаа бол тэр хамгийн том итгэл. Тэр тусмаа гаднын зах зээлээс, тэр тусмаа Монголыг янз бүрээр харж байгаа, хэлэгдэж байгаа тэр зах зээлээс хямд үнэтэй мөнгө босгоод оруулж ирж чадаж байгаа бол, бизнесээ өргөжүүлж чадаж байгаа бол энэ бол итгэл” гэж хэлэхэд алга нижигнүүлэв. Ерөнхийлөгч “Бизнест хүний итгэлийг алдсан хүн улс төр рүү зүтгэх юм. Бизнесийг хулгайн аргаар хийсэн хүн улс төрийг ч мөн тийм аргаар хийнэ” хэмээн үгээ үргэлжлүүлсэн. Улс төрд хариуцлагын тухай огт ярьдаггүй нь эдийн засаг муудсан хоёр дахь шалтгаан гэнэ. Тэрээр Хариуцлагын тухай хуулийг гаргах хэрэгтэй гэсэн санааг хэд хэдэн удаа онцолсон.

Төрийн тэргүүн УИХ-ын гишүүдийг ч “чимхээд” авав. “УИХ-ын гишүүд хууль санаачилсныхаа төлөө мөнгө авдгаа болих хэрэгтэй. Нэг бизнесмэн надад хууль санаачилсан гишүүд гэж нэрээ бичсэнийхээ төлөө хорин сая төгрөг авдаг юм байна, ингэхээр улс яаж хөгжих вэ дээ” гэж хэлж байсан хэмээн чуулганы индрээс хууль тогтоогчдыг шүүмжиллээ.

Татварын хууль дарамт ихтэй гэсэн санааг ч цухуйлгав. Манай улсын санхүүгийн зах зээлийн ер гаруй хувь банкнаас хамааралтай байгаа. Хөрөнгийн зах зээл гэсэн нөгөө баганыг нь босгож ирэх шаардлагатай гэж ярьдаг ч мэдрэгдэхээр хүчтэй ажил хийгдэлгүй өнөөг хүрсэн. Ерөнхийлөгч энэ сэдвийг сөхөв. Тэрээр “Хөрөнгийн зах зээлээ хурдан ажилд оруул гэж гурван жил ярилаа. Амжилттай яваа аж ахуйн нэгжүүд хувьцаа гарга л даа. Ард иргэддээ худалдаач. Захирал, гэр бүлийн өмч шиг л яваад байна шүү дээ. 10, 20 мянган хүнд 50 мянган хүнд хувьцаагаа өг. 50 мянган хүнтэй нийлээд баялгаа бүтээ. Тэр хүмүүсээс орж ирсэн мөнгийг эргүүлээд бизнесээ өргөтгө. Энэ боломжийг Монголын зах зээл дээрээс, Монголын ард түмэнтэй хамтраад хий л дээ. Энэ рүү чиглэсэн хуульд анхааръя” гэж ярилаа.

“Монголын эдийн засгийн чуулган-2016”-гийн хүндтэй зочдын нэг нь Байгалийн баялгийн засаглалын институцийн ерөнхийлөгч Даниел Кауфман. Дэлхийд нэр хүндтэй судалгааны олон байгууллагын зөвлөхөөр ажилладаг энэ эрхэм Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа чуулганы индэрт гарч ирлээ. Тэрээр сайн засаглалтай бол Монголын эдийн засаг хэд дахин өсөх боломжтой хэмээн онцлов. Манай улсын эдийн засгийн засаглалд шүүмжлэлтэй нэг зүйл байна гэж ноён Кауфман тодотгов. Тэр нь хэт өөдрөг үзэл гэнэ. Хэт өөдрөг үзлээс болж асуудал үүсдгийг чуулганы хүндэт зочин сануулсан юм.

М.ХАЛИУНБАТ: БҮДҮҮЛЭГ БИЗНЕС ОЛШИРСНЫ СОНГОДОГ ЖИШЭЭ НЬ БАРИЛГЫН САЛБАР

Үүний дараа салбар хуралдаанууд үргэлжиллээ. Төрийн ордны Их танхимд өрнөсөн “Бизнесийн орчин” салбар хуралдааны илтгэлийг “Монгол айдия” ХХК-ийн захирал М.Халиунбат тавив. Ипотекийн зээлийг амжилттай хэрэгжүүлсэн улс байдаггүй, судалгаа шинжилгээ, маркетингийн нарийн шинжилгээгүй бүдүүлэг бизнес олширсны сонгодог жишээ нь барилгын салбар, санхүүгийн зах зээлийн 88 хувийг дөрөвхөн банк эзэмшдэг нь чөлөөт өрсөлдөөнийг хаасан том баримт гэх мэт анхаарал татахаар дүгнэлтүүд түүний илтгэлд олон байв. Банкуудыг үргүй зардал гаргадаг гэж шүүмжиллээ. Бэлэн мөнгөний машиныг заавал тус тусад нь авч эгнүүлж тавих шаардлагагүйгээс эхлээд зардлаа хэмнэх өчнөөн боломж байгааг ч онцоллоо. Илтгэгч бизнесийн орчныг “Бизнесийн орчинд ажиглагдаж байгаа нийтлэг зураг бол яах аргагүй улстөржсөн бизнес. Монголын бизнесийн орчин чадамжгүй, мэргэжлийн бус, улстөржилт цэцэглэчихсэн” гэж дүгнэв. Түүнийхээр бизнесийн орчинд сөргөөр нөлөөлдөг, гацаадаг өөр нэг буруутан нь насаараа нэг даргатай мэргэжлийн холбоод гэнэ. Халиунбат эдийн засаг хүндхэн болсныг монголчуудын гадагшлах урсгал ихэссэнээр тайлбарласан нь содон сонсогдов. Швейцарь улсад цагаачлах хүсэлт гаргасан иргэний тоогоороо манайх гуравдугаарт жагсчээ. Хүндрэлээс гарах гол гарц бол хөрөнгө оруулалт гэж тэрээр онцолсон. Энэ хуралдаанд оролцсон Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан ч хөрөнгө оруулалтыг хадаг барьж угтах ёстой гэж байв.

ТӨСЛИЙН САНХҮҮЖИЛТЭЭР МӨНГӨ БОСГОХ БОЛОМЖИЙГ ЯРИЛЦАВ

Үдээс хойш өрнөсөн хуралдаануудаас Төрийн ордны “А” танхимд болсон “Төслийн санхүүжилт” салбар хуралдааныг онцолж сонирхлоо. Эдийн засгийн чуулган өмнөх жилүүдэд төслийг ТЭЗҮ төдий хэмжээнд ярьдаг байсан бол форум зохион байгуулагчид энэ удаа төслийн санхүүжилт гэсэн том сэдвийг барьж авчээ. Анхаарал татсан сэдэв гэдэг нь оролцогчдоос нь тодорхой байв. Өмнөх өдөр өрнөсөн уул уурхайн салбар хуралдааных шиг танхим дүүрэн хүн илтгэгч, оролцогчдын үгийг анхааралтай чагналаа.

Хурлыг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ахлах эдийн засагч Ч.Отгочулуу хөтлөв. Хурлын оролцогч, Хөрөнгө оруулалтын агентлагийн дарга С.Жавхланбаатар төслийн санхүүжилтийг “Энгийнээр бол шав тавихаас хэрэгжиж дуусах хүртэл бүх алхам тодорхой байхыг хэлнэ” гэж тодотгов. С.Жавхланбаатар Оюу толгойд засгийн оролцоо байсан, “Салхит” сэргээгдэх эрчим хүч гэсэн онцлогтой учраас төслийн санхүүжилтийн сонгодог хэлбэр биш гэж үздэгээ оролцогчидтой хуваалцсан. Тэрээр “Тавдугаар станцыг барина гэж маш олон жил ярьсан ч өнөөдрийг хүртэл долоо, найман хүнд асуудал байна. Нэг тал нь газар чөлөөлөлт, дэд бүтэц. Нөгөө тал нь хууль эрх зүйн орчин. Төслийн санхүүжилтийг хүлээж авах тохиргоо Монголд хийгдээгүй. Төслийн санхүүжилт хийх гэхээр манай эрх зүйн орчин таарахгүй байна. Жишээ нь засаглал дээр гэхэд л дээд түвшиндөө за зүй гээд шийдчихээр орон нутагт очоод төсөл гацчихдаг зовлон бий” гэж ярилаа.

Төслийн санхүүжилт босгож чадсан хоёр жишээний нэг болж яригддаг “Салхит” салхин станцыг барьж ашиглалтад оруулсан “Ньюком” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Энхболд төсөл хэрэгжүүлэхэд тулгарч байсан бэрхшээлээ ярив. Тэрээр “Засгийн газар, олон улсын байгууллагуудад дэмжих нь гэсэн үндэслэлээр Салхитын судалгааг 2007 оноос эхлүүлсэн юм. Төлөвлөснөөрөө санхүүждэдээ амжилттай босгож чадсан. Бидний үйлдвэрлэсэн цахилгааныг зуун хувь худалдаж авна гэсэн засгийн баталгааг бид санхүүжүүлэгчдэдээ барьцаа болгосон. Гэтэл дараа нь бүгдийг нь худалдаж авахгүй гэх мэт асуудал босч ирсэн л дээ. Ийм тохиолдолд хөрөнгө оруулагчдад болгоомжлол үүсчихэж байгаа юм. Манай компани Өмнөговийн Цогтцэций суманд салхин парк байгуулахаар ажиллаж байна. Төслийн санхүүжилтээ хөөцөлдөөд явахаар танай Засгийн газар тийм байдал гаргасан гэх маягийн эргэлзээ хэлэх жишээний. Энэ мэт хүндрэлүүд байдаг” гэлээ.

Дэлхийн улсуудад жил бүр 500 гаруй тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгддэгийн 40 хувь нь төслийн санхүүжилт байдаг аж. Тэгэхээр төслийн санхүүжилтээс зугтах аргагүй, амжилттай босгож сурах хэрэгтэй гэсэн санааг оролцогч бүр хэлж байсан юм.

З.ЭНХБОЛД: ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛДЛИЙГ УИХ ЗОГСООСОН НЬ ХУУЛИА ДЭЭДЭЛСЭН ХЭРЭГ

Чуулганы хаалтын үгийг УИХ-ын дарга З.Энхболд хэлэв. УИХ-ын даргыг үг хэлэхээс өмнө Таван толгойн талаар байр сууриа илэрхийлэх нь гэсэн шум чуулганд оролцогчдын дунд тарсан байсан юм. Оролцогчдын таамагласнаар З.Энхболд Таван толгойн талаар байр сууриа нэлээд дэлгэрэнгүй илэрхийллээ. Тэрээр “Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Таван толгойн төслийг Улсын их хурал зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна. Дэлхийн эдийн засаг удааширч байгаа цаг үед энэ төслийг, нэр бүхий компаниудад өгөх нь Монголд ашиггүй гэсэн дүгнэлтийг Улсын их хурлын ажлын хэсэг гаргасан. Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох хоёр сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр уг ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй. Зүйрлэн хэлэх юм бол Рио Тинтогоос асуулгүйгээр Оюу толгойн ашиглалтын лицензийг Шинхуа компанид 60 жилийн хугацаагаар хоёрхон хувийн роялтитайгаар өгөх шийдвэрийг Улсын их хурал гаргах гэсэнтэй агаар нэг, хууль бус үйлдэл юм. Авахыг оролдож байсан хоёр компанийн нөхцөл байдал сайнгүй байгаа. Тухайлбал, Шинхуа компанийн удирдлагууд авлигын хэргээр шоронд орсон бол ММС компани нь дэфолтоо зарлаад удаагүй байна. Ийм компаниудад Таван толгойн лицензийг 60 жилийн хугацаатайгаар, хоёрхон хувийн роялтитайгаар зүгээр шахуу өгөх гэсэн Засгийн газрын үйлдлийг хууль бус гэж үзэн Улсын их хурал зогсоосон нь хуулиа дээдэлсэн хэрэг мөн. Энэ бол хуулийн засаглал. Энэ бол ардчилал юм. 1990-ээд оноос өмнө Улс төрийн товчооны есөн гишүүн суугаад бүх шийдвэрийг ард түмнээсээ асуулгүйгээр гаргадаг байсан. Энэ цаг өнгөрсөн. Ерөнхийлөгч, Улсын их хурлын дарга, Ерөнхий сайд гурав сууж байгаад “Тэр толгойг түүнд өгье” гэдэг шийдвэр гаргах боломжгүй. Өнөөдөр энэ чуулган дээр Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг би сонссон. Ерөнхийлөгч маань Шинхуа, ММС компаниудад Таван толгойг өгөхийг хүссэн зарим нэг хүний буруу тайлбарт итгэсэн байна. Тэр хүмүүс Ерөнхийлөгчийг буруу мэдээллээр хангаж байсан байна. Харин Улсын их хурал асуудлыг томоор харж, ард түмний эрх ашгийг дээдэлж, зөвхөн хуульд нийцүүлж шийдвэр гаргасан.Таван толгой бол улсын төсвийн мөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон орд. Энэ бол улсын өмч” гэж Эдийн засгийн чуулганы индрээс мэдэгдсэн юм.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Энэ цагийн Гамлет

Монгол хоёр Гамлеттай. Нэг нь Ардын жүжигчин Л.Жамсранжав агсны амилуулсан дотроосоо тэсэрсэн ухаалаг, хээнцэр Гамлет. Нөгөө нь Драмын театрын С.Болд-Эрдэнийн бүтээсэн бодлогошронгуй хэрнээ ритмлэг Гамлет. “Гамлет”-ыг тавьж байж сонгодгоо баталдаг жишиг дэлхийн театруудад бий. Энэ цагийн Гамлетыг Дэлхийн театрын өдрөөр “Өдрийн зочин”-доо онцолж буй нь цаанаа ийм учиртай. С.Болд-Эрдэнээс өөр хэн ч Гамлетыг гаргаж чадахгүй гэж театрынхан, театрт дурлагчид ярьцгаадаг. Жүжигчнийхээ хувьд дотооддоо шаналдаг, дотроо багтардаг, дотроосоо гарч ирдэг учраас амилуулж чадах дүр нь маргаангүй Гамлет гэдгийг шүүмжлэгчид ч хүлээн зөвшөөрдөг. Түүнд “Ромео Жульетта”-гийн Меркуцио шиг гал ассан халуун дүрээс илүү Гамлет шиг дотроосоо бясалгаж гаргаж ирдэг онцлогтой дүр илүү зохидог. Тав, магадгүй түүнээс олон жилийн дараа Данийн хунтайжийн дүрийг илүү хүчтэйгээр гаргаж ирэх болов уу, дэлхийн театрын түүхэнд тод мөр үлдээсэн өөр хоорондоо ялгаатай Гамлетуудын нэгийг нь бардам бүтээж чадах байх гэсэн хүлээлт зөвхөн С.Болд-Эрдэнэд хаяглагддаг юм билээ.

Урлаг судлаач нэг танил маань “Гамлет” тавигдсаны дараахан “Болд-Эрдэнэ хурцлагдаад ирвэл Высоцкий шиг болно. Высоцкий дотроосоо бахирдаг, чарлаж чаддаг жүжигчин. С.Болд-Эрдэнийг хэзээ тэгж, тийм хүчтэйгээр чарлахыг мэдэхгүй. Ямар ч байсан дотроосоо асдаг, гэрэлтдэг чанар түүнд бий. Высоцкийн хувьд гаднаа биш дотоодод нь амь яваад байдаг. С.Болд-Эрдэнэ яг тийм жүжигчин. С.Болд-Эрдэнийн Гамлетаас тэсэрсэн шаналал мэдрээгүй ч хэд хэдэн монологи нь сэтгэлд хүрсэн. Гамлетыг сөхрөөд уначихгүй гаргана гэдэг том гавьяа. Дотоод цараа, мэдлэг, тэнхээ шаарддаг дүр л дээ. Тийм хэмжээний тэнхээтэй жүжигчин гэвэл түүнээс өөр байхгүй. Гамлетыг С.Болд-Эрдэнэ шиг чирээд аваад гарах тэнхээтэй жүжигчин алга. Монголын хамгийн сайн жүжигчин болох идей түүнд бий. Нэгэн үеийн гол жүжигчин яах аргагүй мөн л дөө. Тэр ид үедээ яваа учраас сайн муу аль ч шүүмж тэгтлээ туйлын гэж хүлээж авахаар дүгнэлт биш” гэж хэлсэн нь санаанаас гардаггүй юм.

С.Болд-Эрдэнэ “Гамлет”-ынхаа тухай “Ер нь бол чадах чинээгээрээ гаргасан. Маш олон Гамлетыг судалж байж өөрийн гэсэн Гамлетаа бүтээсэн. Их агуу бүтээл юм даа. Одоо эргээд харж байхад дутуу хийсэн, энийг нь ингэчихдэг байж дээ гэмээр зүйл гарч ирээд л байдаг юм. Дундаршгүй их цар хүрээтэй, сонгодог зохиол болохоор тэгдэг байх. Дүрийн хувьд Гамлет бол сэтгэлийн асар их зөрчилдөөнтэй хүн. Ёс суртахууны асар өндөр хэм хэмжүүрт баригдчихсан өшөө авагч гэж ч тодорхойлсон байдаг. Өшөөгөө авах гэхээр асар өндөр ёс суртахууны хэм хэмжээ нь бариад болдоггүй. Яг энэ талыг нь илүү түлхүү барьж дүр дээрээ ажилласан” гэж ярьсан удаатай.

Тэр “Танихгүй эмэгтэйн захидал” киноны найруулагч. Бас гол дүрийг нь бүтээсэн жүжигчин. Гол дүрийн бүсгүйн он удаан жил чимээгүй хайрласан хөгжмийн зохиолчийн дүрээс нь С.Болд-Эрдэнийн дотоод чадал мэдрэгддэг. Адал явдал гэхээр зүйлгүй, хурц өрнөлгүй, нэгэн хэвийн үйл явдал хөвөрсөн кинонд үзэгчдийг уйдаахгүйгээр дүр бүтээнэ гэдэг дотортой жүжигчний л барах ажил. Сэтгэхүйн драм чигийн гэж кино судлаачдад үнэлэгдсэн “Хөлтрөг” гэхэд л түүний найруулсан кино. С.Болд-Эрдэнийн дүр бүтээсэн киног нэрлэвэл “Ноён солиот”, “Орхидос”, “Амьдрах тасалбар”, “Нар сарны зааг” гээд цөөнгүй бүтээлийг жагсаах хэрэг гарна. Дүр амилуулсан сонгодгууд гэхээр “Парисын дарь эхийн сүм”, “Дон Кихот”, ”Ромео Жульетта” мэдээж Гамлет.

Тэр театраасаа явахгүй гэж ярьдаг цөөхөн жүжигчний нэг. Жүжигчин хүний ур чадварыг тултал нь сорьдог газар театрын тайз гэдгийг сэтгэл зүрхээрээ мэдэрдэг учраас тэр байх…


Categories
мэдээ цаг-үе

О.Адъяа: Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ажил олгогч талд санхүүгийн ачаа үүсгэх заалтууд байна

“Ам Чам Монгол”-ын Бодлогын асуудал эрхэлсэн захирал О.Адъяатай ярилцлаа.

-Танайхаас Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад санал хүргүүлсэн. Эдийн засаг, хөрөнгө оруулалтад эерэг нөлөө үзүүлэхээр өөрчлөлтүүдийг санал болгосон гэсэн тайлбар чинь содон сонсогдсон. Яг ямар саналууд өгсөн юм бэ?

-Монгол дахь Америкийн худалдааны танхимын хувьд Америкийн худалдааны танхимын албан ёсны салбар байгууллага. Америкийн болон Монголын 50 гаруй компани манай байгууллагын гишүүд. Эрхэм зорилго маань их энгийн. Хоёр улсын хооронд бизнес худалдааны харилцаа хөгжүүлэх, Монгол дахь Америкийн бизнесийн эрхийг хамгаалах, дан ганц Америкийн биш Монголд ажиллаж байгаа бүх хувийн хэвшилд үйл ажиллагаа явуулах таатай орчныг бүрдүүлэхийн төлөө Америкийн худалдааны танхим ажилладаг. Бидний ажлын нэг хэсэг бодлогын нөлөөлөл. Энэ хүрээнд Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал хүргүүлсэн юм. Өнгөрсөн оны зургадугаар сард гэхэд төр хувийн хэвшлийн том хэмжээний зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, холбогдох саналуудыг Хөдөлмөрийн яаманд хүргүүлсэн. Нэг талаасаа яамны гаргасан санаачилга байсан юм. Гэтэл яамны хувьд ажил олгогчдын зүгээс гаргасан саналыг хуулийн төсөлд бүрэн дүүрэн тусгаж чадаагүй тал анзаарагдлаа. Уг нь олон улсын практикаас харахад хөдөлмөрийн харилцаа гэдэг ажилтан, ажил олгогчийн харилцаанаас үүсдэг. Гэтэл одоо яригдаж байгаа хуулийн төсөлд ажилтны эрхийг маш сайн хамгаалсан. Тодруулж хэлбэл анхаарах ёстой гурван асуудал байна. Ажил олгогч талд нэмэлт санхүүгийн ачаалал үүсэх эрсдэл хуулийн төслөөс анзаарагдлаа. Жасаагаар буюу ээлжээр ажилладаг хүмүүсийн гэрээсээ ажилдаа ирэх цагийг ажилласанд тооцох гэх мэт эргэж харахаар заалтууд байна. Жишээ нь иргэн Доржийн автобусанд суугаад ажилдаа ирэх хүртэлх хугацааг ажлын цагт нь оруулж тооцно гэсэн үг. Ажил олгогч талд нэмэлт санхүүгийн ачаа үүсэх иймэрхүү заалтууд хуулийн төсөлд байгаа.

-Жасаагаар ажиллахад гэрээс ажил хүртэлх хугацааг ажилласан цагт тооцно гэдгээ жаахан тодруулж тайлбарлаач?

-Жасаан дээр гэхэд ажилдаа ирж буцах хугацааг ажилласан цагт оруулж тооцно гэсэн заалт бий. Ажил олгогч ирж очих зардлыг хариуцна гэж байгаа. Энэ заалтын хувьд бас нэг өрөөсгөл тал бий. Жасааг зөвхөн уул уурхайн салбарт авч үзсэн байх жишээтэй. Барилга , дэд бүтцийн бүтээн байгуулалт, үйлдвэрийн ажил гэж ирээд яривал ээлжийн өчнөөн ажлууд байгаа шүү дээ. Гэтэл зөвхөн уул уурхай гэсэн ганцхан салбарыг онцолсон нь учир дутагдалтай гэж үзэж байна. Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгаас анзаарагдсан дараагийн асуудал нь ажилтан, ажил олгогч хоорондоо зохицуулж болох маш олон асуудалд холбогдох төрийн байгууллага, үйлдвэрчний эвлэл хүчтэй орж ирэхээр байгаа. Арваас дээш ажилтантай байгууллага л бол ажилтных нь асуудал заавал маргаан таслах комисс гэдгээр орох зохицуулалт хуулийн төсөлд туссан байгаа юм билээ. Ажилтан, ажил олгогч аль аль талдаа хүндрэлтэй асуудал. Ажил олгогч талд илүү их ачаалал, хүндрэл, зардал үүсгэсэн заалт. Ажилтны хувьд ч гэсэн маргаан таслах комисс гэх мэт шат дамжлагаар асуудлаа шийдүүлнэ гэдэг амар биш процесс. Маргаан гэхэд л эрхийн, сонирхлын гээд хоёр янз, маргааныг маргаан таслах комисс, сум дүүргийн хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороо гэх мэт бүтцүүд шийднэ гэсэн заалтууд хуулийн төсөлд туссан байгаа. Нөгөө талаас нь харвал өнөөдөр ажилтан байсан Дорж маргааш ажил олгогч болох магадлалтай. Хэрвээ хууль энэ янзаараа батлагдвал Дорж ажилтан байхдаа хуулиар хамгаалагдаж байснаа ажил олгогч болонгуут хуулийн дарамт шахалтад ороод эхлэх эрсдэлтэй. Ийм сөрөг талууд байна.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд танайхаас гадна ажил олгогчдыг төлөөлсөн ямар байгууллагууд саналаа өгч байгаа вэ?

-Америкийн худалдааны танхим ганцаараа санал өгөөд байгаа юм биш л дээ. Хувийн хэвшлийг дэмжих үндэсний зөвлөл, СЕО клуб зэрэг байгууллагууд саналаа хамт өгсөн. Ингэсний хүчинд энэ хуулийг өнгөрсөн онд санаачлагч болох Хөдөлмөрийн яаманд нь буцаасан юм. Хэт нэг талыг барьсан буюу ажилтнуудыг сайн хамгаалсан, нөгөө талаас ажил олгогчийн асуудлыг бүрэн тусгаагүй гэдэг үндэслэлээр буцаасан. Хөдөлмөрийн яам он гарснаас хойш Америкийн худалдааны танхим, МҮХАҮТ, ажил олгогчдын холбоотой хамтран хэлэлцүүлэг зохион байгуулсан юм. Бид энэ оны нэгдүгээр сард хэлэлцүүлгээ албажуулж, саналуудаа бичгээр хүргүүлсэн. Хөдөлмөрийн яамны зүгээс бидний саналыг хуулийн төсөлд тусгах байдлаар ажиллаж эхэлсэн гэсэн байр суурийг хоёрдугаар сард хэлсэн байгаа. Яамдаас санал авах шатанд явж байгаа юм билээ. Яамдаас санал аваад хоёр долоо хоногийн дотор Засгийн газарт өргөн барина гэсэн чигтэй байгаа гэсэн. Америкийн худалдааны танхимын зүгээс энэ асуудалд цаашдаа анхаарч идэвхтэй байр суурьтайгаар оролцоно.

-Ер нь зах зээл хөгжсөн орнууд Хөдөлмөрийн хуульдаа ажилтан, ажил олгогчийн харилцааг яаж тусгасан байдаг юм бол. Аль алиных нь эрх ашиг хохирохгүй зохистой харилцааны загварыг бүтээчихсэн улс байна уу?

-Зах зээлийн эдийн засагтай оронд ажил олгогч, ажилтаны эрх ашгийг яг тэнцвэртэйгээр хамгаалсан хууль байдаггүй юм билээ. Ямар нэг байдлаар аль нэг талынх нь эрх ашиг арай илүү хөндөгдөх юм уу, хамгаалагддаг жишиг анзаарагддаг. Гэхдээ ажилтныхаа эрхийг хэт хамгаалахгүйгээр, арай боломжийн байдлаар оруулсан хандлага хөгжилтэй орнуудын хуулиас харагддаг. Ийм хандлагыг хуульд тусгах чиглэлээр яамны ажлын хэсгийнхэнд саналаа хэлээд явж байна. Америкийн худалдааны төвийн хувьд дан ганц Америкийн компаниудын бизнесийн эрхийг хамгаалаад байгаа юм биш л дээ. Түрүүн хэлсэн дээ, Монголын олон компани манай танхимд гишүүнчлэлтэй байдаг гэж.

-Хөдөлмөрийн хуулиас үүдэлтэй нэг шүүмжлэл бий. Үйлдвэрчний эвлэл, шүүхийн элдэв маргаанаас залхсандаа зарим ажилтнаа сул шахуу цалинжуулж ажиллуулдаг ажил олгогч, ажлаас нь халбал хууль яриад өчнөөн хэл үг үүсгэж болдог учраас нэг их хүч зарахгүйгээр ажиллаж мөнгө авдаг ажилтан нийгмийн нэг гаж гэмээр үзэгдэл болчихсон. Энэ хандлагыг өөрчлөх яг ямар гарц хуульд байна вэ?

-Одоогийн санал болгосон хуулиар бол ажилтан ажил олгогч хоёрын хооронд зохицож болох асуудлыг бүгдийг нь зохицуулах гэж оролдсон хандлага хүчтэй ажиглагдаж байна. Хэрвээ Хөдөлмөрийн хуулийг шинэчлэхдээ ажилтны эрх ашгийг хэт хамгаалсан заалтуудыг тусгавал ажил олгогчдод нэг сөрөг хандлага үүсэх эрсдэл бий. Дараа нь элдэв маргаан гардаг учраас ажлын байраа нэмэгдүүлээд яахав гэсэн хандлага ажил олгогчид төрөх нь сайн биш гэдэг нь тодорхой. Байгууллагын дотоод журмаар зохицуулж болох олон харилцааг хуульчлах гээд байгаа нь зөв биш. Яг зарчмын асуудлуудаа хуульдаа тусгаад, байгууллагын журмын хүрээнд шийдэх асуудлыг журмаар шийднэ гэчихмээр байгаа юм. Нарийн асуудлуудыг байгууллагад нь даатгавал төрийн байгууллага дээр илүү ачаалал ирэхгүй. Маргаан таслах комисс гэх мэт илүү зардал шаардсан бүтэц ажиллах ч шаардлагагүй. Ажилтан ажил олгогч хоорондоо зохицоод шийдчих асуудлыг төр хажуугаас нь орж зохицуулах шаардлагагүй.

-Манай Үйлдвэрчний эвлэлд хэт улстөржсөн, нэг хүнээс хараат ажилладаг гэх мэт дутагдлууд анзаарагддаг. Зах зээл хөгжсөн орнуудын үйлдвэрчний эвлэлүүдэд ийм “дархан эрх” байдаг уу?

-Бусад улсад ч үйлдвэрчний эвлэл нь ажилтнуудын эрх ашгийн төлөө хүчтэй ажилладаг. Ажилтнуудын төлөө тууштай зогсох учиртай байгууллага гэдэг утгаараа Үйлдвэрчний эвлэл энэ хуулийн төсөл дээр үүргээ сайн гүйцэтгэсэн. Нөгөө талаас нь харахаар хууль боловсруулах тал хэт нэг талд автсан байдал анзаарагдаж байна л даа.

-Үйлдвэрчний эвлэлийг улстөржсөн гээд байгаа нь энэ л дээ. Ажил олгогчид саналаа хүргүүлчихээд байхад үйлдвэрчний эвлэлийн санал хүчтэй туссан талаар та бид хоёр сая ярилаа. Бусад улсад үйлдвэрчний эвлэлийн иймэрхүү хэт нөлөөллийг хазаарласан байдаг уу л гэж сонирхоод байгаа юм…?

-Бусад улсуудын үйлдвэрчний эвлэл ажилтнуудын эрх ашгийн төлөө өндөр оролцоотой ажилладаг. Гэхдээ хэт улстөрждөггүй. Аль нэг улс төрийн хүчний гар хөл болохгүй байх хязгаарлалтуудыг нь сайн хийж өгсөн байдаг юм. Манайд байдал эсрэгээрээ гэдгийг та сая хэллээ. Нэг хүнээс хэт хараат байсан үе үйлдвэрчний эвлэлд байсан гэж ярилаа. Үнэний ортой үг.

-Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Засгийн газрын хуралдаанаар орохоос өмнө ажил олгогчдын санал туссан эсэхийг танай танхимаас сонирхож таарах байх. Энэ тал дээр хэр анхаарна гэж бодож байгаа вэ?

-Энэ хууль Засгийн газрын хуралдаанаар тун удахгүй орно. Түүнээс өмнө Хөдөлмөрийн яамны төлөөлөлтэй уулзаж санал маань туссан эсэхийг сонирхоно. Санал өгөөд байдаг, тусгахгүй бол үр дүнгүй шүү дээ. Энэ асуудал дээр нэлээд хатуу байр суурьтайгаар ажиллана. Бичгээр саналаа өгсөн, хариугаа бичгээр авна гэж бодож байна.

-Ерөнхий сайдад “Өсөлтөд хүрэх зам” гэсэн нэртэй бодлогын баримт өргөн барьсан гэж сонссон. Яг ямар агуулга, зорилготой баримт бичиг вэ?

-Бодлогын нөлөөллийн ажлынхаа хүрээнд энэ онд хийх ажлуудынхаа бодлогын баримт бичгийг Ерөнхий сайдад өргөн барьсан юм. Энэ баримт бичгийн хувьд холбогдох төрийн байгууллагуудыг хоёр чиглэлээр анхаарч ажиллаач гэж хүсч байгаа. Нэгдүгээрт бодлогын тогтвортой байдал, бодлогын залгамж чанарыг хадгалаач гэж хүсч байна. Хоёрдугаарт, эдийн засгийг төрөлжүүлэх шаардлага байна. Бодлогын хүрээнд тодорхой саналуудыг дэвшүүлсэн. Бодлогын тогтвортой байдал гэдэг дээр УИХ-аас соёрхон баталсан Америк, Монголын эдийн засгийн ил тод байдлын тухай гэрээний хэрэгжилтийг аль аль талаасаа чанд биелүүлж ажиллаач гэж байгаа. Монголын талаас хүлээсэн үүргүүдээ биелүүлээч гэсэн хүсэлт бидэнд бий. Удахгүй УИХ-ын сонгууль болно. Тэр үеэр бүрэлдэх УИХ, Засгийн газар одоо ажиллаж байгаа УИХ, Засгийн газрын зурсан гэрээ, хүлээсэн үүргийг даган мөрдвөл хөрөнгө оруулалт, бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлнэ. Шинээр бүрдсэн Засгийн газар өмнөх Засгийн газрынхаа байгуулсан гэрээг хүчингүй гэж үздэг нь эргээд Америкийн төдийгүй бусад хөрөнгө оруулагчдад сөрөг мэссэж болж очдог. Эдийн засгийн төрөлжүүлэлтийн хувьд уул уурхай дэлхий даяар уналтын байдалд орсон энэ үед хаашаа эргэх вэ, юунд анхаарах вэ гэдгээ бодох учиртай.