Categories
мэдээ цаг-үе

Санхүүгийн пирамид буюу боловсон дээрэм

Санхүүгийн пирамидын “эцэг” нь өнгөрсөн зууны хориод онд амьдарч байсан Чарльз Понзи. Америкийн эдийн засаг хурдацтай хөгжиж, иргэд нь хувьцааны наймаа ид сонирхож эхэлсэн тэр үед мань эр 90 хоногийн дотор хөрөнгө оруулалтыг хоёр дахин өсгөж чадна гэсэн зар тараажээ. Итали гаралтай цагаач эр зар төдийгөөр зогссонгүй. Компаниа нээж, төлөөний хүмүүстээ чамлахааргүй мөнгө төлж хүн итгэхгүй байхын аргагүй тансаглаад эхэлж. Понзи тэр үеийн шуудангийн улс хоорондын төлбөрийн системийн үнийн зөрүүгээс ашиг хийж хурдан хугацаанд мөнгө өсгөж болно гэж хүмүүст итгүүлжээ. Тухайн үедээ нэр хүндтэй “The Boston Post” сонинд цагаач эрийн мөнгөө үржүүлэх “гайхалтай санаа”-ны тухай нийтлэл гарсан нь байдлыг бүр ч гааруулж орхисон гэдэг. Гэвч “The Bos­ton Post” дараахан нь Понзийг Америкт цагаачилж ирснээсээ хойш удаа дараа санхүүгийн луйварт хутгалдаж байсныг нь илчилсэн нийтлэлээрээ сэтгүүл зүйн дээд шагнал “Пулитцер” авч байсан түүхтэй. Цагаач эрийн мөнгө үржүүлэх схем нь их энгийн. Аль болох олон хүнд өндөр амлалт өгч их мөнгө цуглуулна. Эхэлж мөнгөө өгсөнд нь илүү ихийг буцаан өгнө. Их мөнгөний сургаар халаасандаа байгаагаа атгаад ирэх хүмүүсийн тоо ч олширно. Өнөөдүүлээс авснаа өмнө нь мөнгөө тушаасан хүмүүст тараана. Товчхондоо анх хөрөнгө оруулсан цөөн хүн нь хожиж, үлдсэн олонх нь халаас хоосон хоцрохыг санхүүгийн пирамид гээд байгаа юм. Хар үгээр бол боловсон дээрэм.

Понзигийн схемийн дээд амжилтыг хамгийн сүүлд тогтоосон хүн нь Нью-Йоркийн еврей хорооллоос гаралтай Бернард Мадоф. 40 миллиард ам.долларыг олон арван жилийн турш хуурч мэхэлж луйвардсан нь 2008 онд илэрч байв. Тэр NASDAQ мэтийн орчин үеийн анхны электрон биржийг ашиглан асар их мөнгө завшин тансаг гэж жигтэйхэн амьдарч байж. “Боловсон дээрэмчин” маань сарын тогтмол нэг хувийн хүүгийн өсөлтийг зарлаж байсан гэдэг. Санхүүгийн пирамидын эцэг гэгддэг Понзи шоронгоос гарсныхаа дараа хэцүүхэн амьдарч яваад нас барсан бол Мадоф амьддаа гарч ирэхээргүй олон жилийн ял сонссон байдаг.

Манай улсын хувьд аль далаад оноос энэ пирамидыг ашигласан олон луйвар гарсан баримт бий. Монголчууд Понзигоос эхтэй системийг гадаадаас оруулж ирэхээс гадна дотооддоо ч ийм пирамид бүтээж мөнгө босгон, эцэстээ олон хүнийг хохирогч болгосон жишээ өчнөөнөөрөө дуулддаг. Өнгөрсөн зууны далаад оны дундуур гэхэд л “Нэг төгрөгийн аз жаргалын захиа” гэж гарч байв. Дөчөөс дээш насныхан бол энэ захиаг андахгүй. За тэгээд “Жавхланг бадруулагч”, “Шинэ санаа” төв, “Холливуд”, “Глобал Ньюс”, “Монголын буддист залуучуудын холбоо” гэх маягаар тоочвол жагсааж барахгүй өчнөөн пирамид бий. Орост төвтэй гэж гарч ирсэн “Шинэ санаа” төв гэхэд л гишүүн болох хүмүүсээсээ 1500 ам.доллар авдаг байж. Аль тэртээ, 1995 оны үе гээд бодохоор маш их мөнгө. 700 ам.доллар нь гишүүний хураамж. Энэ мөнгөнд нь гадаад явуулж сургана, шинэ санааг дэмжинэ гэх мэт гоё тайлбар зүүж олныг хошууруулсан байдаг. Харин 800 ам.доллар нь элсүүлсэн хүнд нь бэлэглэлийн журмаар очно. Нэг хүн элсүүлээд 800 ам.доллар авахыг хүсэхгүй хэн байхав. Мэдээж санхүүгийн пирамидын хууль ёсоор эхний хэсэг хүн нь мөнгөжөөд ихэнх нь хохироод үлдсэн. Эцэст нь 2000-аад оны эхээр төвийн удирдлагууд ял сонссон түүх бий. Сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг гарахаа больж ихэвчлэн интернэтээр луйварддаг болсон гэж хууль, хяналтынхан байсхийгээд сануулдаг. Мэйлээр чинь нэг л өдөр та сая ам.доллар хожлоо, ногоон картны азтан боллоо гэх мэт гоё захиа ирвэл энэ зүгийнх гээд ойлгочих хэрэгтэй. Амласан орондоо аваачиж, тансаг орчинд амьдруулж байгаад мөнгө салгадаг нарийн зохион байгуулалттай хэрэг ч байдгийг мэдээд авчихад илүүдэхгүй.

Санхүүгийн пирамид гэхээр манайхан сүлжээний бизнес гэж ерөнхийлж ойлгоод байдаг талтай. Сүлжээний бизнес гэдэг нь энгийнээр бол шууд худалдаа. Бараа бүтээгдэхүүнээ борлуулах үүднээс гишүүнчлэл үүсгэдэг. Санхүүгийн пирамидын хувьд зөвхөн мөнгө яригддаг гэдгээрээ ялгаатай. Гэхдээ нэг зүйлийг сануулахад онлайн худалдаагаар цэвэр санхүүгийн пирамидын болон бараатай, бараагүй пирамидуудыг бий болгон ажиллаж байгаа гэсэн сэрэмжлүүлэг бий. Худалдан авах гэж байгаа бүтээгдэхүүний чинь дэлгэрэнгүй, тодорхой мэдээлэл байхгүй бол онлайн худалдаа хийхгүй байхыг сануулъя. Сүлжээний компаниудын аль нь найдвартайг мэдэж цөхөх юмгүй. Дэлхийн шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны www.wfdsa.org, Европын шууд худалдааны нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны www.fed­sa.de гэсэн цахим хуудас руу орж худалдаа хийх гэж байгаа компанийнхаа нэрийг оруулж хайлт хийгээд үзээрэй. Таны хандсан компанийн нэр байхгүй бол пирамид тогтолцооны луйвар гэсэн үг. Манай улсад орж ирсэн дийлэнх сүлжээний компаниуд ОХУ-ынх байдаг. Оросын Шууд худалдааны нийгэмлэгийн цахим хуудас нь www.rdsa.ru.

Бусдыг элсүүлэхдээ мөнгө авч, бусдыг элсүүлсний төлөө мөнгө өгдөг санхүүгийн пирамидыг АНУ, Англи, Франц, Герман, Канад, Румын, Колумб, Малайз, Польш, Норвеги, Болгар, Австрали, Шинэ Зеланд, Япон, Итали, Непал, Исланд, Филиппин, Өмнөд Африк, Шри-Ланк, Тайланд, Иран, Хятад, Мексик, Португал, Голланд зэрэг улсууд луйвар гэж үзэн хуулиараа хориглосон байдаг. Хууль зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага нь ч тийм зөөлөн биш. АНУ-д гэхэд л пирамид тогтолцоог үүсгэн байгуулсан, гүйцэтгэхэд нь тусалсан хүнийг арван мянган доллараар торгох, албадлагын хөдөлмөр хийлгэх, эсвэл арван жил хорих ялаар шийтгэх хуулийн заалттай. Орост санхүүгийн пирамидын луйвар их хэмжээгээр гардаг нь хууль зүйн орчин бүрдээгүйтэй холбоотой гэдэг. Хойд хөршөөс энэ төрлийн луйвар их орж ирэх магадлалтайг санаад авчихад илүүдэхгүй. Манай улсад санхүүгийн пирамид хуулиараа хориотой. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуульд олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг олох үйл ажиллагааг зогсооно гэсэн заалт бий. Тэгэхээр санхүүгийн пирамидын шинжтэй боловсон луйврын талаар цагдаа, хуулийнханд мэдэгдэх боломжтой гэсэн үг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөөдөр хэн нь хэнээсээ урвах бол…?

Энэ сонгуулиар өмнөх шиг элдэв бие даагч, эсэн бусын нам эвслийн эрээвэр хураавар төлөөлөл гарч ирэхгүй. 2016 оны УИХ-ын сонгууль хоёр намд ээлтэй өрнөх нь тодорхой болчихсон. Сонгуулийн хуулийн саяхны өөрчлөлтийн онцолж хэлэхээр гол агуулга нь энэ. Манай сонин ч Монголд хоёр нам л хэрэгтэй гэж байнга бичсээр ирсэн. Цэнхэр гаригт, манайх шиг ардчилал хөгжсөн улсуудад олон намын өрсөлдөөн хэрэгтэй энэ тэр гээд шүүмжилдэг л дээ. Гэхдээ дэлхийд болж бүтээд байдаг олон зүйл Монголд таардаггүй. Хүн ам цөөн, чадалтай боловсон хүчин бага гэх мэт дурдвал цөөнгүй шалтгаан бий.

Хоёр намыг дэмжсэн агуулгатай хуулийн өөрчлөлт АН, МАН-аас бусад намын үнэн царайг илчлээд эхэлчихлээ. Зүгээр л нам болж тоглож байсныг нь, хоёроос бусад нь ганц хүний нам гэдгийг нь баталсан үйл явдал та бидний нүдэн дээр өрнөж байна. Товчхондоо намын дарга нар нь урваад байх юм. “Эрэл”-ийн нам АН-д орлоо л гэнэ. Либериал ардчилсан нам АН-ыг сонголоо л гэнэ. МАХН-аас МАН руу явлаа л гэнэ. Намын дарга нар нь л намаасаа урваж гүйлдээд жигтэйхэн. Тэднийг явлаа, урвалаа гээд араас нь хэл ам, нэхэл дагал болж байгаа нь ч алга. Ганц хүний нам байсныг нь нотлох тодоос тод жишээ үүнээс өөр юу байхав.

Жижиг намуудад өчнөөн “но” бий. Нэг бол саналыг чинь хуваана гэж гол хоёр намыг шантаажилна. Мэдээж амин зорилго нь мөнгө. Эх орноо хөгжүүлнэ, иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлнэ гэх мэт чин хүсэл бол хорь, гуч, дөчдүгээр асуудал нь. За тэгээд аз нь гийж, ганц нэг суудал авчихвал сайд болно гээд зүтгэчихнэ. Жижигчүүдийн мөн чанар нэг иймэрхүү үнэ цэнээр хязгаарлагддагийг төдийгөөс өдий хүртэлх бүх л сонгуулиас харж болно. Тэдэнд үндсэн хөрөнгө гэж байхгүй. Боловсон хүчин бол бүр таг. Ганц нэг олонд танигдсан хүнээс хэтрэхгүй. Хөдөө орон нутагт салбартай энэ тэрийн тухайд яриад ч хэрэггүй. Монголын зүг бүрт амьдарч буй иргэдийн зовлон жаргалыг сонсох “чих” аль ч жижиг намд байхгүй. Жижиг нам тойрсон сүүлийн үеийн сонин гэвэл тэр урвалаа, энэ урвалаа гэсэн шальдир бульдир мэдээ л байна. Ядаж урвахдаа жудагтай харагдмаар юм. Хүний мөс чанарыг эрхэмлэсээр ирсэн уламжлалтай монголчуудын хувьд урвалт гэдэг тэгтлээ гайхуулаад байхаар эд биш. Орчин үед урвалтыг үзэл бодлоо илэрхийлэх орон зай, сонголтоо хийх эрх чөлөө гэх мэт гоё үгээр тайлбарлаж болох л юм. Гэхдээ эцсийн цэг, хязгаарыг нь харахаар, утга учир, мөн чанараар нь тунгаагаад үзэхээр ёс суртахууны доройтол гэж хэлэхээс өөр аргагүй.

Дөнгөж өчигдөр уржигдархны жишээ. Тэрбишдагвын тэлээний хэд яаж толгой нь эргэхээрээ МАХН-аас урваж буйгаа намаа муулан байж зарладаг байна аа. Намаа зүхэн зүхэн гарахаар тэднийг “Зоригтой, сайн байна” гэж магтах уу. Яг нарийндаа хэн ч ингэж магтахгүй. Урвалт л гэж харна. Ер нь тэгээд урваж байгаагаа хэвлэлийн хурал хийж, олонд гайхуулан байж мэдэгдэх хэрэг байсан ч юм уу. Урвалт бахархал биш гэдгийг монголчууд бултаараа хэлнэ. Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сошиал ертөнцийнхөн хэн нь хэнээсээ урваж байгааг бичиж, мэдээлж гүйцэхээ болилоо. Өнөөдөр гэхэд л хэн нь хэнээсээ урвах бол…?

Categories
мэдээ цаг-үе

Уулын спортын олимпийн аварга төрүүлэх хүсэлтэй бүсгүй

“Алтай таван Богдын Хүйтний оргилд хийсэн авиралт амьдралын минь хамгийн хүнд даваа байсан. Зарим сэтгүүлээс гаргасан статистикаар дэлхийн хамгийн хүнд арван оргилд багтдаг хайрхан л даа. Авиралт хийх үедээ бүр буцъя гэж хэлж үзсэн. Амьдралдаа тэгтлээ шантарч байснаа санадаггүй юм. Гэтэл оргилд гарсан чинь хэцүү бүхнээ мартчихсан. Уул их шидтэй юм билээ. Оргилд гарангуутаа өөрийн эрхгүй цурхирч уйлсан. Өөрийгөө ялсандаа, байгалийн сүр хүчийг биширч сүсэглэсэндээ уйлсан. Уг нь би сүсэгтэй хүн биш ч уул надад байгальд сүслэх мэдрэмж өгсөн. Доогуур үүлс нүүгээд, эргэн тойрон уулсаас өөр юу ч харагдахгүй, тэнгэр энүүхэнд юм шиг тийм орчинд сүрдэж сүслэх мэдрэмж төрөхгүй байх аргагүй юм билээ” гэж ярих бүсгүйг Б.Золжаргал гэдэг. “Skypro” компанийн үүсгэн байгуулагч энэ бүсгүй Монголын уулчдын үндэсний холбооны тэмцээнт төрөл хариуцсан дэд ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүн нь. Б.Золжаргал дөрвөн хүүхэд төрүүлсэн алдарт эх. Нөхөр нь төрд алба хашдаг юм билээ. Бизнес эрхэлдэг завгүй ээж чөлөөт цагаа уулын спортын олимпийн аварга төрүүлэх том зорилгодоо зарцуулж байгаа.

Уулын спортын мөсөнд авиралт, спорт авиралт гэсэн хоёр төрөл олимпод орох гэж өрсөлдөж байгаа юм билээ. Уулын спортод дурлах болсон нь бизнестэй нь холбоотой аж. Түүний удирддаг компани уулын спортын хэрэгслийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болох Францын “Petzl”-ийг Монголд албан ёсоор оруулж ирдэг юм байна. Зах зээлээ судлах зорилгоор уулын спортыг судалж эхэлсэн бүсгүй уулын спортын тэмцээнүүдийг ивээн тэтгэдэг байж. Монголоос дэлхийн цомын тэмцээнд явж байгаа хүүхдүүдийг ч ивээн тэтгэж байжээ. Холбооноос хүсэлт тавьсан учраас өнгөрсөн жилээс дэд ерөнхийлөгчөөр нь ажиллаж эхэлсэн гэнэ.

Тэр Хүйтний оргилоос гадна Ховдын Цамбагарав хайрханд авиралт хийж байж. Ууланд дуртай бүсгүй боломж цаг гарвал Европ тивийн ноён оргил Эльбрус, Альпийн нуруунд аялах хүсэлтэйгээ ярив. Гэхдээ мэдээж хамгийн том хүсэл нь Монголоос уулын спортын олимпийн аварга төрүүлэх.

Дэлхийд уулын спортын хоёр том байгууллага байдаг гэнэ. Нэг нь Олон улсын уулын холбоо. Нөгөө нь Олон улсын уулын холбооноос тасарсан Спорт аяллын олон улсын холбоо. Манай Уулын холбооныхон олон улсын холбоодтой идэвхтэй хамтраад эхэлчихэж. Өнгөрсөн жил Олон улсын уулын холбооны ерөнхийлөгчийг урьжээ. Түрүү жилээс мөсөнд авиралтын төрлөөр дэлхийн цомын тэмцээнүүдэд орж эхэлсэн гэж Золжаргал сонирхуулав. Тэр энэ сарын эхээр Хятадын Нянжинь хотод болсон спорт авиралтын дэлхийн цомын тэмцээнд хоёр тамирчинтайгаа оролцжээ.

Хэр амжилттай оролцсоныг нь сонирхоход “Олон улсын тэмцээнд оролцоогүй дөрвөн жил болсон учраас мэдээж сайн амжилт үзүүлээгүй. Гэхдээ маш ихийг сурлаа. Олон улсын уулын холбоо болон Хятадын уулын холбоотой харилцаагаа бататгалаа. Цааш цаашдын олон тэмцээнд хамтарсан бэлтгэл хийхгүй бол хол хоцорсноо мэдэрлээ. Тамирчдын хувьд гэхэд л сургалт шаргуу хийх ёстой гэсэн сэдэл төрөөд ирсэн. Зориулалтын стандартын хана нь алга л даа. Стандартын дагуу барьсан 15 метр өндөртэй хурдны хана алга. Энэ талд түлхүү анхаарч ажиллана гэж бодож байна. Уулын спортыг олимпод оруулах гээд Хятад, Солонгос маш их хөрөнгө хаяж байгаа. Бид ч хоцролгүйгээр анхны олимпод тамирчнаа явуулмаар байна” гэсэн хариу өгөв.

Уулын холбоо нэлээд шинэчлэгдсэн бололтой. Компаниар яривал корпорацийн түвшинд шахуу өөрчлөлт хийгдсэн гэнэ. Дотроо олон мэргэжлийн хороодтой болж задарсан нь уулын спортыг хөгжүүлэхэд том тус болно гэж уулчид олзуурхаж байгаа гэсэн. Золжаргал гэхэд л Спорт авиралт, хаданд авиралтын хороо, Мөсөнд авиралтын хороо, Скайранингийн хороог ахалж байна. Скайранинг нь их сонин төрөл юм. Бүдүүн тоймоор хэлбэл уулан дээгүүр гүйдэг спортыг ингэж нэрлэдэг аж. Дотроо босоо чиглэлийнх, хэвтээ чиглэлийнх гэсэн хоёр төрөл байдаг бололтой. Сүүлийн үед хурдацтай хөгжиж буй уулын спортын энэ төрлийг эх орондоо хөгжүүлнэ гэж Золжаргал ярьсан юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тарчиг цагийн гэгээтэй ганц мэдээ Оюу толгой л байна

“Рио”-гийн босс саявтар Монголд ирээд буцахдаа Ерөнхий сайд Ч. Сайханбилэгт тусгайлан талархал илэрхийлэв. Оюу толгойг цааш нь хөдөлгөх хүч зориг гаргасанд нь, төдийгөөс өдий хүртэл энэ том төслийг уясан популистуудын эсрэг эргэлзэх юмгүй тэмцсэнд нь, хамгийн гол нь улсынхаа хөгжлийг бодож алсыг харсанд нь баяр хүргэсэн хэрэг. Мэдээж “Рио”-д том ашиг өгөх дэлхийн төсөл учраас ноён Жакийн хувьд “Оюу толгой” цааш хөдлөх нь алга ташиж баярлахаас аргагүй үйл явдал л даа. Өмнөговьд болсон “Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын гараа” ёслолд оролцсон хүмүүсээс хамгийн сэтгэл өндөр байсан нь “Рио”-гийн гүйцэтгэх захирал. Дэлхийн уул уурхайн акул компанийн боссыг баярлуулсан энэ үйл явдал монголчуудын хувьд ч талархан хүлээж авахаас аргагүй түүхэн өдөр.

Гадаадын хөрөнгө оруулалт татарсан, эдийн засгийн өсөлт оргил үеэсээ хэд дахин буусан, худалдан авах чадвар ташраараа муудчихсан, компаниудынх нь данс хоосон, банкууд нь зээлэх мөнгөгүй гацсан тарчиг хаврын ганц гэгээтэй мэдээ нь Оюу толгой болж байна. Эдийн засаг сэргэх нь гэсэн итгэл, горьдлого төрүүлсэн үйл явдал өнгөрсөн долоо хоногийн хагас сайн өдөр болоод өнгөрлөө. Монголчууд өнгөрсөн зуунд Эрдэнэт гэж том бүтээн байгуулалт эхлүүлж байв. Эрдэнэт үйлдвэр саяхныг хүртэл ганц саалийн үнээ маань байсныг бултаараа мэднэ. Ерээд оны бэрх үед Эрдэнэт үгүй бол мөнгөгүйдэж хэцүүдэхээр байсныг ярих юм биш. Эрдэнэтийг хөдөлгөсөн нь нүдээ олсон явдал болсныг иймэрхүү жишээгээр өлхөөн нотолчихно. Харин энэ зууны хамгийн том бүтээн байгуулалт бол Оюу толгой. Өчнөөн улстөржилт, тухайн үедээ ид моодонд орж байсан гудамжны хөдөлгөөний эсэргүүцэл дунд ямар азаар энэ том төслөө хөдөлгөө вэ гэсэн олзуурхал төрдөг юм. С.Баяр Оюу толгойг хөдөлгөсөн гавьяатай Ерөнхий сайд. Түүний хөдөлгөсөн төслийн эрч хэдэн жилийн өмнө суларч эдийн засагт яаж муугаар нөлөөлснийг иргэн Дорж, Дулмаа өнөөдөр ч амьдралаараа амсч яваа. Оюу толгойн ордын үнэ цэнийн 80 хувийг агуулж байгаа гүний уурхайн бүтээн байгуулалт гацсан нь гадны хөрөнгө оруулалтын урсгалыг хумихад шууд утгаараа нөлөөлснийг эдийн засагчид ч онцолдог.

Хүчээ авсан попуудын эсэргүүцэл дунд Оюу толгойг хөдөлгөж чадсан гавьяа Жакийн хэлснээр Ч.Сайханбилэгт ногдохоос аргагүй. Гүний уурхайн бүтээн байгуулалтыг Ч.Сайханбилэг ба түүний баг үргэлжлүүлж чадсан. Баг гэж онцолсон нь учиртай. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Да. Ганболд тэргүүтэй эрхмүүдийг хэлээд байна л даа. Б.Бямбасайханы хувьд бизнесийн том төслүүдэд ажиллаж байсан туршлагатай, 120 сая ам.долларын хөрөнгө татаж босгосон анхны салхин станц “Салхит” гээд ярихад л гол ажлыг нь нугалсан хүмүүсийн нэг. Бизнес эрхэлж байсан, зовлон жаргалыг нь яс махаараа мэдэрсэн бизнесмэнүүдийн нэг. Хөрөнгө оруулалт татах чиглэлээр мэргэшсэн гэсэн үнэлгээ түүнд томдохгүй. Өдгөө гэхэд л тэр дотоод, гадаадын 260 гаруй хөрөнгө оруулагчийг нэтгэсэн Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн даргаар ажилладаг. Хөрөнгө оруулалт, төслийн менежмэнт, санхүүгийн зөвлөгөө өгдөг “НоваТерра” ХХК-ийг удирдаж байсан үе намтарт нь бий. Ингээд зогсохгүй Азийн хөгжлийн банкинд ажиллаж байхдаа Дундад Азид эрчим хүчний хөрөнгө оруулалтын төслүүд хэрэгжүүлж байсан туршлагатай. Гүний уурхайн бүтээн байгуулалт эрчимжихэд Б.Бямбасайханы нөлөө, үүрэг их байгаа. Да.Ганболдын тухайд ярих юмгүй мундаг эдийн засагч. Ардчилал, зах зээлийг сонгосон ерээд оны хувьсгалыг эхлүүлсэн гол хүмүүсийн нэг. Төдийгөөс өдий хүртэл ёстой нөгөө үхэхээс бусдыг үзнэ гэдэг шиг улс төрд хатаагдсан түүнд шүлсээ үсчүүлэхээс өөрийг мэдэхгүй популистууд түүртэхээр саад биш л дээ. Ч.Сайханбилэгийг ийм түүхэн шийдвэр гаргахад зоригжуулж байсан хүмүүсийн нэг тэр мөнөөсөө мөн.

Оюу толгой цахим хуудсандаа ирэх гурван сард зарлах тендерийнхээ төлөвлөгөөг байршуулсан байна лээ. Компаниудад том боломж гарч ирж байна гэсэн үг. Гүний уурхайн бүтээн байгуулалтын хугацаанд хамтрах ханган нийлүүлэгчдийн дийлэнх нь үндэсний компаниуд байна гэсэн тохироог хувь нийлүүлэгчид хийчихсэн. Энэ том бүтээн байгуулалтад зарцуулагдах 100 төгрөг болгоны 80 төгрөгийг нь Монголд үлдээнэ гэсэн төлөвлөгөө бий. Оюу толгойн ТУЗ-ийн монгол гишүүдийн зүгээс энэ тал дээр анхаарал хандуулж, нэлээд хүч тавин ажиллаж байгаа. Тэгэхээр Монголын компаниуд чадавхитай, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлж чадаж л байвал Оюу толгойн бүтээн байгуулалтын ажилд оролцох боломжтой гэсэн үг.

Бүтээн байгуулалтад ажиллах хүмүүсийг ажилд авах зар ч ирэх долоо хоногоос өдөр тутмын сонинуудаар яваад эхлэх юм билээ. Гагнуурчин, слесарь гээд уурхайд ажиллах хүсэлтэй залууст орлоготой болох бодит боломж бүтээн байгуулалт хөдөлснөөр нээгдлээ гэж ойлгож болно. Энэ жилдээ дор хаяж 1000 хүнийг ажилтай болгохоор төлөвлөснөө зарлачихсан. Бүтээн байгуулалтын оргил үед өмнийн говийн Оюу толгой уурхайд 3000 хүн ажиллана. 3000 ажлын байрны хувьд 24 сарын хугацаанд бий болно гэсэн хүлээлт таамаг бий. Энэ бол зөвхөн Оюу толгой компанийн хэлж байгаа ажлын байр. Нэг өрх гурваас дөрвөн ам бүлтэй гэж тооцоход Оюу толгойд ажиллах 3000 хүнийг дагаж дор хаяж арван мянга орчим хүн орлоготой болох юм. Ханган нийлүүлэгч компаниудад ажиллаж цалин авах хүмүүсийг оруулбал энэ тоо эрс нэмэгдэх нь ойлгомжтой. Лав л Оюу толгойн эхний шатны бүтээн байгуулалт өрнөсөн хугацаанд нийтдээ 40 мянган ажлын байр бий болсон гэсэн статистик дуулддаг.

За тэгээд Оюу толгой төсөл хөдөлснөөр жил бүр тэрбум ам.доллартай тэнцэхээр хэмжээний хөрөнгө оруулалт орж ирнэ гэдэг бол онцолж хэлэхээр таатай мэдээ. Олон улсын санхүүгийн байгууллагууд, АНУ, Канад, Австралийн Засгийн газрын харьяаны экспортын зээлийн агентлагууд болон 15 арилжааны банктай байгуулсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг санхүүжүүлэх төслийн санхүүжилтийн гэрээгээр 4.4 тэрбум ам.долларыг нь батлаад байгаа. Тэд “Рио”-той байгуулсан гэрээндээ зээлийн дээд хэмжээг зургаан тэрбум ам.доллар хүртэл байхаар тохиролцоод буй. Гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөх 5-7 жилд энэ хэмжээний ам.долларын хөрөнгө оруулалт Монголд орж ирэх нь тодорхой болсон гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

А.Бадарчин: Хог ургамалтай үр таривал өвчтэй тариа хурааж авна гэсэн үг

Анхны атарчин, гавьяат агрономич А.Бадарчинтай үрийн будаа тойрсон асуудлаар ярилцлаа.

-Хойд хөршөөс орж ирсэн үрийн будаанаас татаар сагаг, чөдөр тарна гэх мэт хориотой хог ургамал орсон, иймэрхүү хольц 30 хувь хүрсэн учраас тариалалтад огт тэнцэхгүй гэсэн тайлбар байна. Яам, МХЕГ-аас болохоор хог ургамлыг нь цэвэрлээд тарьж болно гээд байгаа…?

-Газар тариаланд хохирол учруулдаг муу талын л хог ургамал. Зарим оронд бүр хорьсон байдаг. Хэрвээ ийм хог ургамалтай үр таривал намар ургац хураахад өвчтэй тариа авна гэсэн үг. Ургацын хэмжээ, чанарт нөлөөлөх сөрөг талтай. Ийм хог ургамалтай бол олон дахин цэвэрлэж байж тарихгүй бол горьгүй.

-Тариалалт эхлэх цаг болчихоод байхад хогтой үрийн будааг цэвэрлэж амжихгүй гэж тариаланчид ярьж байна. Цэвэрлэж амжихаар хугацаа үлдсэн үү?

-Тариалалт аль хэдийнэ эхэлчихсэн. Үрийг тарилтад бэлдэхийн тулд дэс дараатай ажлуудыг маш нарийн хийх ёстой. Цэвэрлэнэ, нарлуулна гээд өчнөөн процесс бий. Цэвэрлэхэд их цаг авна. Цэвэрлэлээ гэж бодоход тийм амархан цэвэрлэгдэхгүй. Ер нь ийм хольцтой бол тарьж болохгүй л дээ.

-Тэгэхээр 30 хувийн хогт хольцтой учраас үрийнх биш гээд байгаа нь үнэн болж таарах нь ээ?

-Ийм хогт хольцтой бол үрэнд огт таарахгүй.

-Таныг ид ажиллаж байсан хуучин нийгмийн үед улаанбуудайн үрэнд нэлээд өндөр стандарт тавьдаг байсан биз?

-Үрийн стандарт гэж том юм бий. Одоо ч бий. Тэр үед чинь үрийн соёололт нь хэдэн хувь байна вэ гэдгийг нарийвчилж гаргадаг байлаа. Өөрөөр хэлбэл тарих үрийн хэдэн хувь нь ургах вэ гэдгийг тандаж байгаа хэрэг. Хоёрдугаарт нь хольцыг тоолно. Тодруулж хэлбэл, өөр үр тарианы хольц хэдэн хувь байгааг гаргана гэсэн үг. Хольц дотор сая хэлсэн шиг аюултай хог ургамлын үр байгаа эсэхийг шалгана. Гэх мэтээр стандарт гэж нарийн юм бий л дээ. Стандартын шаардлага хангасан үрээр л тарих ёстой.

-Социализмын үед энэ бүх стандартыг яг таг барьдаг байсан уу?

-Барилгүй яахав. Бидний үед тариаланчид, төр засаг, шинжлэх ухааны байгууллагууд хамтарч нэг баг болж ажилладаг байлаа. Шинжлэх ухааны байгууллага үрийг шинжлээд болох, болохгүйг нь хэлээд өгнө. Тэрнийх нь дагуу тарихаа тариад, тарихгүйгээ болиод явдаг байсан.

-Таныг ажиллаж байхад хогт ургамлын хольц 30 хувиас давсан үрийн будааг цэвэрлэж тарьсан тохиолдол бий юу?

-Яалаа гэж тарихав. Тариулах ч үгүй.

-Шууд тарихад боломжтой сайн чанарын үрээр л тарьдаг байв уу?

-Тэгэлгүй яахав. Стандартын шаардлага хангасан үрээр тарьдаг байсан юм.

-Хойд хөршөөс “Алтайская жница” гэдэг эрлийзжүүлж гаргаж авсан үрийн будааг оруулж ирсэн нь маргаан дэгдэх шалтгааны нэг болоод байна. Албаныхан манайд нутагшсан Алтайн бүлэг сортынх учраас асуудалгүй гээд, тариаланчид болохоор эрлийзжүүлж гаргаж авсан шинэ сортыг Монголд гурваас дөрвөн жил нутагшуулж байж тариалах эсэхээ шийдэх учиртай гэх юм…?

-Тариаланчдын хэлээд байгаа яг зөв. Дээр үед бүх бүсэд сорт сорилтын станцууд гэж байсан юм. Гаднаас орж ирсэн шинэ сортын үрүүд тэр станцуудад олон жил туршигдаж байж тариалалтад ашиглагддаг байсан. Бүр цаашлуулж яривал баруун, зүүн бүсийн алинд нь сайн ургац гарахаар байна гэдгийг хүртэл нарийвчилж туршдаг байсан. Нутагшуулсан үр боллоо гэсэн нөхцөлд тарьдаг байлаа. Өмнө нь үүнийг эрдэм шинжилгээний байгууллагууд хийж өгдөг байсан. Тэр байгууллагууд нь алга болсон учраас компаниуд өөрсдөө л туршиж сорьж байгаа болов уу.

-Жилийн жилд л тариалалт дөхсөн хойно үрийн будаа оруулж ирснээс болж маргаан дэгдээд байх шиг санагддаг. Өмнө нь шийдэх боломжтой юу, хуучин нийгмийн үед үрийн будаагаа хэзээ бэлддэг байсан бэ?

-Тариалалт эхлэхийн өмнө үрийн будаа импортолж оруулж ирдэг нь хамгийн зохисгүй, буруу хэрэг. Бидний үед үрийн будааг ургац хураасны дараа бүгдийг нь сортлоод бэлдчихдэг байсан. Урьд намар нь бэлдчихдэг байсан гэсэн үг. Одоо тэгэхээ больсон учраас сандраад юу ч хамаагүй тарихдаа хүрээд байна л даа. Ийм маягаар газар тариалан эрхэлбэл буудайн тариалан тун амархан мөхнө дөө.

-Та нарын үед урьд жил нь бэлдээд хадгалчихдаг байсан байх нь. Одоо ингэх боломж бий юу?

-Бидний үед үрийн талбай гэж тусдаа талбай байсан юм. Сайн чанарын үрийг үрийн талбайдаа үржүүлээд дараа жилийн хавар нь тарьдаг байлаа. Нэг, хоёр, гуравдугаар үржүүлгийн үр гээд ёстой л алт шиг үр тарьдаг байсан даа. Алтан дотор шижир алт энэ тэр гээд зэрэг дугаар байдаг шиг шилэгдсэн, сайн үр тарьж арвин ургац авдаг байлаа. Бодлогоо алдчихаад байгаад нь харамсдаг.

-Бодлого алдсан гэдгээ тодруулаач?

-Өмнөх жил нь үрээ бэлдээгүй учраас дээр дооргүй сандраад хөгийн юм болж байна л даа. Энэ янзаараа удаж боломгүй санагддаг. Үрийн бодлого байхгүйн үр дагавар.

-Үрийн бодлоготой байхын тулд яах ёстой вэ?

-Үрийн аж ахуй гэж тусдаа шинжлэх ухаан байна. Эхлээд сорт гаргана. Дараа нь сортоо үржүүлнэ. Элит үр үржүүлнэ гэж бий. Тэрийгээ талбайд үржүүлээд сортын үр гаргана. Сортоо хэдэн жил туршина. Тэгж байж тариална шүү дээ.

-Таны үед байсан үрийн аж ахуй тэр чигтээ алга болсон гэсэн үг үү?

-Үндсээрээ байхгүй болчихсон. Бидний үед эрдэм шинжилгээний байгууллага, туршилтын станцуудтай, аж ахуй бүр үрийн аж ахуй, үрийн талбайтай, үр үржүүлдэг бригадууд хүртэл байсан. Монголын үрийн аж ахуйн хамгийн сүүлийн голомт нь Дарханы Хонгор. Үр үржүүлдэг ганц аж ахуй байлаа. Үрэн таран хийгээд алга болгочихсон. Бид чинь шинжлэх ухаанаас маш хол, хөндий яваад байгаа улс.

-Гаднаас үрийн будааныхаа багагүй хэсгийг оруулж ирж байна гэдэг хэр зөв хандлага вэ?

-Хатуухан хэлбэл бараг гэмт хэрэг шахуу зүйл.

-Тариалалтыг хэдийгээр эхэлбэл оновчтой байдаг вэ?

-Одоо ид тарьдаг цаг нь болчихоод байна. Дөрөвдүгээр сарын сүүлчээс тарьж эхэлдэг.

-Тариалалт оройтсоноор ургацад яг ямар нөлөө үзүүлдэг бол?

-Хаврын тариалалт оройтно гэдэг чинь намрын ургац хураах хугацаа оройтно гэсэн үг. Тариаланчид “Хавар алдсан нэг өдөр намрын арван хоногтой тэнцэнэ” гэлцдэг нь зүгээр ч нэг үг биш. Хавар нэг хоногоор хожуу тарихад л тариа намар арван хоногоор оройтож болно гэсэн үг. Намар тариа ногооноороо байна, авах уу болих уу гэдэг нь үүнээс болдог.

-Тариаланчид Оросоос оруулж ирсэн 30 хувийн хогт хольцтой үрийг цэвэрлэж авахаар болоод байна. Цэвэрлэхийн тулд хэр хугацаа шаардах бол, та багцаа хэлээч?

-Би наадахыг чинь цэвэрлэнэ гэж огт хэлэмгүй байна. Үнэхээр таны өмнө асуудаг шиг хогт хольцтой бол огт тарьж болохгүй.

-Албаны хүмүүс ариутгаад цэвэрлээд тарьж болно гэсэн тайлбар хэлээд байгаа шүү дээ?

-Нэлээд зүрхтэй л хүний хэлдэг үг байна даа. Би бол тэгж хэлж хэрхэвч чадахгүй. Ер нь буудайн тариаланд хэлмээр үг их байх юм. Би буудайн тариаланг Монголд эхлүүлэхэд атрын анхны сангийн аж ахуйг даргалж явсан тариачин хүн. Газар тариалантай амьдралаа холбоод 57 жил болж байна. Бид хоёр том үеийг өнгөрөөлөө. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үе өнөөгийн зах зээлийн цаг чинь тэмээ ямаа хоёр шиг тэс өөр юм боллоо л доо. Гэхдээ тариа тариагаараа байгаа. Тариалан эрхлэгчийн хувьд харахад эрс тэс ялгаа байна. Бидний үед төр засаг, эрдэм шинжилгээний байгууллага, тариаланчид гурав нэг баг болж, нэг бодлого нэг дохиогоор ажилладаг байсан юм. Эрдэмтэд нь яах ийхийг нь зааж өгдөг. Төр засаг нь техник, бусад санхүүгийн зүйлээр дэмжлэг үзүүлдэг. Тариаланчид нь тарьдаг. Тодруулж хэлбэл, жинхэнэ номоороо ажиллаж байсан. Зах зээлд шилжингүүт энэ гурав өөр өөр тийшээ хараад салаад явчихсан. Эрдэм шинжилгээний байгууллагынхаа ихэнхийг нь устгасан. Байгаа хэдэн эрдэмтнийхээ үгийг тоодог улс ч гэж алга. Дур дураараа энд тэндээс юм оруулж ирээд номгүй тариалан эрхлээд байна. Төр засаг, тариаланчид хоорондоо бүр таарахаа байсан. Нэг баг болж ажиллах учиртай улс гурван тийшээ харчихаар хортой үр дагавар үзүүлээд байгаа юм. Учрыг нь ойлгохыг хүсэхгүй, биесээсээ улам л холдоод байна. Та бид хоёрын яриад байгаа энэ сэдэв гэхэд л хамгийн ноцтой, хамгийн тод баримт нь.

Categories
мэдээ цаг-үе

Сум, сумын мундагчуул цугласан 9 “А”-гийнхан

Одоогоос 44 жилийн өмнө Увсын Улаангом хотын нэгдүгээр арван жилийн 9 ”а” гэж ангид сум, сумаас цугласан хүүхдүүдийг “Нэг ангийнхан” буландаа урьсан юм. Бөхмөрөн, Сагил, Түргэн, Давст, Өмнөговь, Ховд гээд аймгийн хойд сумдын хөвгүүд голдуу сайн сурлагатнууд аймгийн төвд цуглацгааж, “а”, “б”, “в” бүлэгт хуваагджээ. Тэр үед сумдын найман жилийн хүүхдүүдийг сүрхий шигшиж есдүгээр ангид хуваарилдаг байж. Нэг сумын наймынхны талаас илүү нь ТМС-ийн оюутан, илгээлтийн эзэд болдог байжээ. Бакиалын түрий эргүүлж, дээл өмссөн хөдөөх хөвгүүдэд аймгийн төв жигтэйхэн том, сургууль нь шил толь шиг санагдсан гэдэг. Сагил сумаас ирсэн Н.Алгаа гэхэд л сургуульдаа бүртгүүлэх гэж ирэхдээ шляпан малгай, монгол дээл, орос бакиалтай сүрхий нөхөр иржээ. Амьхандаа гангарч очсон нь тэр. Жигтэйхэн гоёчихоод сургуульдаа ирсэн хүү биеийн тамирынхаа Эрдэнэсүрэн багшид загнуулснаа дурсаж бөөн инээд болов.Онигооны эзэн нь Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа.

Эдний ангийнхан өнгөрсөн амралтын өдөр цуглацгаасан юм. Алгаагаас гадна ангийн дарга Цэдэнбал, ангиас төрсөн ганц хос Шүлэгмаа, Дүгэржав, зургийн авьяасаараа ангидаа номер нэг Эрдэнэбаяр нар иржээ. Тэд ангийнхаа багшийг дагуулаад ирж. Б.Аюуш багш болоод хоёр, гуравхан жил болж байхдаа 9 “а”-г дааж авчээ. Гурван бүлгийн багш нар сумдаас ирсэн сурлагатай нөхдийг хувааж авах гэж тэрүүхэндээ хөөрхөн тэмцэл өрнүүлж байж. Аюуш багш Бөхмөрөнгөөс ирсэн Цэдэнбалыг математикийн Замбал багштай булаацалдан байж авснаа дурсаад хөгжилтэй инээв. “Аймгийн төвийн хүүхдүүдийн тухайд өмнө нь сурч байснаараа а, б, в бүлгүүддээ үлдсэн. Сумдаас ирсэн хүүхдүүдийг хуваарилах гэж элдэв явдал болсон нь энэ. Анх сумаас ирсэн ангийнхнаа хараад ямар том болсон хүүхдүүд вэ гэж бодож билээ. Эрүүл чийрэг, бадриун гэж жигтэйхэн хүүхдүүд ирсэн шүү” гэж багшийгаа ярихад Шүлэгмаа “Багшийг ямар жижигхэн хүн бэ, Цэдэнбалыг ямар том хүүхэд вэ гэж гайхан харж байлаа” хэмээж ангийнхнаа инээлгэв. Эдний анги наймхан охинтой байж. Шүлэгмааг Дашдэлэг багш нь “Эмэгтэй хүүхэд хэрнээ физик математикт сайн юм” хэмээн магтдаг байсан гэнэ. Шугам зургийнх нь багш ч “Бүсгүй хүүхэд байж шугам зурагтаа сүрхий юм гээч” хэмээдэг байж. Тэр үед сумдаас шилэгдэж ирсэн сайчуулын ихэнх нь хөвгүүд байсан гэнэ.

ҮЙЛЧИН ОХИД, ХАТУУ ДАРГА

Эдний ангийн сумдаас ирсэн охид үйлэнд уран гэж жигтэйхэн байж. Тэр үед ёолкийг цагаан сараас сүртэй тэмдэглэдэг байсан гэнэ. Шүлэгмаа, Оюунчимэг хоёр ёолконд орохоо хойшлуулан байж багшийнхаа нөхрийн шинэ жилийн гоёлын дээлийг оёж өгч байжээ. 9 “а”-гийн цугласан хэд цагаан сарын өмнө багшийнхаа хэвийн боовны бэмбээг ёс мэт нухалцаж, шинэ жилийн баншийг нь бөөнөөрөө очоод чимхээд өгчихдөг байснаа ярив. Аюуш багш “Амьдралаа дөнгөж эхэлж, анхны хүүхдээ төрүүлж бүх л юм анхных байсан үедээ анх удаа дааж авсан есдүгээр анги маань болоод тэр үү, эд нартаа их дотно. Осолгүй л монгол хэл, уран зохиолоо зааж байсан байх. Бусдаар бол эгч дүү мэт л дотно байсан. Шавь гэхээсээ дүү нар шиг минь санагддаг. Шавь нартаа амьддаа бие биеэ хайрлаарай, уулзах бүрдээ сайхан бүхнээ дурсацгааж байя гэж хэлэх дуртай. Сая гэхэд л Цэдэнбалын Япон явсан гурван сарын тайланг тавиулаад сууж байна. Цэдэнбал маань хурандаа цолтой цэргийн хүн л дээ. Миний шавь өвөөгийн ажлаа хийгээд иржээ” гэж хэлээд инээмсэглэв.

9 “а” бүрдэх үед л ангийнх нь багш Цэдэнбалыг ангийн дарга болгочихож. Ангийн дарга юу л гэнэ ангийнхан нь “за” гэдэг байсан бололтой. Сумын гудамж талбай цэвэрлэх субботник, жижүүр ангийн үүрэг энэ тэр бол яс тас. Тэр үед анги ангиараа сургуульдаа жижүүрлэдэг байжээ. Жижүүр ангийнхны үүрэг нь хүүхдүүдийн гутлын алчуур, нусны алчуурыг шалгах. Бас захны даавуу цэвэр эсэхийг шалгадаг байсан гэж Аюуш багш сонирхуулав. Цэдэнбал ангийн даргын ажлыг хэтэрхий сайн хийснээсээ болж нөгөө бүлгийн хүүхдүүддээ гөвшүүлэх дөхсөнөө ярьж бөөн инээдэм болов. Ангиас төрсөн хурандаа “Хотод амьдарч дасаагүй нөхөр ангийн дарга яаж хийх вэ дээ гэж айж байсан ч азаар ангийнхан маань хүний үг сонсоод сурчихсан хүүхдүүд байж таарсан. Үг авна гэж янзын. Сүүлдээ тэрэндээ урамшаад явж өгсөн. Арваннэгдүгээр сарын нэгэн өдөр ангийнхаа хэдэн охиноор ангиа цэвэрлүүлээд зогсч байтал нөгөө бүлгийн хөвгүүд дууддаг юм. Яваад очтол Улаангомын унаган дөрөв, таван хүүхэд байна. Танай ангийнхан сургуулийн жижүүрийг дэндүү хатуу хийж байна. Гутал, хамрын алчуургүй, захны даавуу нь хиртэй хүүхдүүдийг буцааж байгаа чинь арай хэтэрлээ. Чамайг хүмүүжүүлнэ ээ. Дагаад яв” гэдэг юм. Эд намайг зодох гэж байна гэж охиддоо хэлэлтэй биш. Дагаад л гарлаа. Азаар тэр үед айхтар зодоогүй, сүрдүүлэх төдий өнгөрсөн” гэж хэтэрхий сайн дарга байснаасаа болж “хэлмэгдэх” дөхсөнөө дурсав.

МАНГА ТАТАЖ СУРАХ ГЭЖ ХАЙРЫН КИНО ҮЗСЭН НЬ

Тэр үед аймгийн төвд Энэтхэгийн “Зуурдын хайр” гэдэг кино ид гарч байжээ. Хайр дурлалтай кино учраас аль ч ангийн сурагч үзэж болохгүй. Гэхдээ ахлах ангийнхан яаж ийгээд, янз бүрийн төлөвлөгөө зохиож байгаад үзчихдэг байж. Эрдэнэбаяр “Яаж ийгээд соёлын төв рүү орлоо. Кинон дундуур гэрэл астал хажууд Идэш ах сууж байдаг байгаа. Манай сургуулийн шугам зургийн багш л даа. Хамаатны маань ах. Ганц зугтдаг хүнтэйгээ халз таарчихаар яах нь тодорхой. Маргааш нь гэртээ дуудаж байгаад загналаа даа. Захирлын зөвлөлийн хурлаар оруулна л гэнэ, гэр рүү буцаана л гэнэ. Хамт үзсэн хүүхдүүдийнхээ нэрийг бич гээд цаас үзэг өгч байна. Юу гэж хэлэхэв” гээд хөгжилтэй инээв. Шүлэгмааг “Ес, аравдугаар ангийн том болсон хүүхдүүдийг хайрын кино үзэхийг хорьж байсан гэхээр сонин шүү” гэхэд Цэдэнбал “Тэр кинон дээр манга татдаг юм. Тэрийг нь сурах гэж үздэг байсан. Нэг элемент сурчих юмсан гээд болж өгвөл дахиад үзэхийг боддог байлаа. Дуу нь сонсоод баймаар их гоё” гэж ярив.

Эдний ангийн хамгийн үг цөөнтэй, самбарын өмнө гарахаараа хөлс нь цувчихдаг Эрдэнэбаяр зургийн багшаар 38 жил ажиллажээ. Аюуш багш “Багш хүнд сурагч нь таагдашгүй битүү ертөнц хэвээрээ л үлддэг шиг санагддаг. Хүнийг таньж бардаггүй юм билээ. Бүр хожим Эрдэнэбаярындаа айлчлахдаа олон янзын цуглуулгатайг нь мэдээд биширсэн шүү” гэж шавийгаа магтав.

Ангиас төрсөн ганц хос нь Дүгэржав, Шүлэгмаа гэж өмнө хэлсэн. Дүгэржав Чандманийн найман жилээс төвийн нэгдүгээр арван жилийн есдүгээр ангид элсчээ. Чандмань сум аймгийн төвийнхөө яг хажууханд гэнэ. Мань эрийг есдүгээр ангид орсон намар дотуур байранд оруулчихаж. Дотуур байрны хоолонд дасаагүй хүү байрныхаа хоолонд орчихоод гэр рүүгээ харайлгаж хооллодог байснаа ярив. Эхэндээ дотуур байранд дасч өгөхгүй гэртээ хоноод байрныхаа багшаас зэм хүртдэг байж. Сүүлдээ дотуур байранд дуулгавартай гэгч нь амьдрах болжээ. Цагаан царайтай болохоор багш нар нь юм л бол “Чи хотын хулигаан уу” гэж хөмсөг зангиддаг байсан гэнэ. Дүгэржав “Тэр үед хөдөөний хүүхдүүд хөрслөг бор царайтай байсан хэрэг. Одоо ч ялгарахаа больсон л доо” хэмээн хэлж ангийнхнаа хөгжөөв. Нэлээд дэггүй нөхөр байсан бололтой. Хувийнх нь хэрэг дээр ангийнх нь багш “Охидыг шоглодог” гэж бичсэн байжээ. Сүүлд хүү нь хараад хөөрхөн сандаргаж байсан гэнэ.

ГОЁ СОНСОГДСОН МЭРГЭЖИЛ

Эдний анги инженер, эмч олонтой. Ангийн дарга “Уул уурхайгаас ганц сод хүн төрсөн нь Алгаа. Манайхан дэндүү даруухан. Би ийм салбарт ингэж ажилласан энэ тэр гээд явсан бол мундаг хүмүүс олон бий. Төрийн сайдын хэмжээнд ажиллах хүн ч байна. Даруу зангаа багшаасаа авчихсан шиг байгаа юм” гэж байна. Химийн хичээл дээрээ тааруу дүн авлаа гэж багшийгаа сандаргаж байсан Заяа эмэгтэйчүүдийн сайн эмч болсныг ангийнхан нь дурсав. “Манай Заяа чинь мундаг эмч”, “Хүүхдэд их ээлтэй, нэг ч эндэгдэлгүй” гэж ирээд магтацгаах юм.

Конкурсын үеэр мэргэжлээ яаж сонгосноо ярьж баахан инээлдэв. Эхэнд жагссан 20 хүүхдийг гадаадын дээд сургуульд явуулахаар болж. Н.Алгаа тэдний нэг. Мэргэжлээ яаж сонгосноо “Гадаад явбал сайн гэж сонсоод л есдүгээр ангиасаа хичээж эхэллээ. Би дээрээсээ долоод жагссан юм. Нягтлан бодохын анги авах уу гэж байна. Хөдөөний хүүхдэд нягтлан бодох гэхээр сампинтай нөхөр төсөөлөгдөөд авсангүй. Бүдүүн тойм байсан байгаа биз. Тэр үед гадаадын хуваариудаас алийг нь авбал дээрийг зөвлөх хүн байхгүй. Бүгд хөдөө. Өнгөт төмөрлөгийн инженер гэж урт нэртэй мэргэжлийг сонгочихлоо. Гоё сонсогдохоор нь сонгочихсон хэрэг. Хүргэн ах дурамжхан байна аа. Хүргэн маань жолооч л доо. Чи тэр автын инженерийг нь авахгүй яасан юм, баазын дарга хийнэ шүү дээ гэдэг юм. Ингэж л мэргэжлээ сонгож байлаа” гэж дурсаад хөгжилтэй инээв.

Эрдэнэбаяр зургаан хүүхэдтэй өрсөлдөж Багшийн дээд сургуулийн зургийн ангийн хуваарь аваад хагартлаа баярласнаа ярив. Эрдэнэбаяр “Тэр үед чинь хөдөө сумдад хэний хүүхэд ямар хуваарь авав гэж эрж сурч ярилцдаг байлаа шүү дээ. Их, дээд сургуулийн хуваарь авсан айлын хүүхдийг сум даяараа ярианы сэдэв болгоно. Дээд сургуулийн хуваарь авсан хүн хөөрөөд жигтэйхэн юм болно биз дээ, томилолтоо аваад дотуур байрандаа ч оролгүй шуудангийн задгай машинаар гэр рүүгээ сүнгэнүүлчихлээ. Юун цагаан сар, наадам гэдэг шиг юун хувцас. Сүүлд нь хувцас хунараа Идэш ахад захиж байж шуудангаар авч билээ” гэж хэлээд тас тас хөхрөв.

Шүлэгмаа Анагаахын дээдэд өрсөлдөөд эм зүйчийн хуваарь дээр буужээ. Эхний дөрөв нь эмчилгээний анги авч л дээ. Тэдэн шиг эмчилгээний ангийн хуваарь авах гэж хөөцөлдсөн ч хамаатны эмч эгчийнхээ зөвлөснөөр эм зүйчээр суралцжээ. Одоо Увсад эмийн сангийн Шүлэгмаа гэхээр мэдэхгүй хүн байхгүй гэнэ. Тэр жил их дээд сургуулиудын хуваарийн ихэнхийг нь нэгдүгээр арван жилийнхэн авч байж.

1974 оны 10 “а” төгсөгчид багштайгаа хамт энэ онд 90 жил нь тохиож буй Увсын Улаангомын нэгдүгээр арван жилийнхэндээ баярын мэнд хүргэж сайхан бүхнийг хүсч байгаагаа манай сониноор дамжуулан уламжилсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Кофены соёлыг түгээгч бариста бүсгүй

Б.Оюунбилэг Улаанбаатарт кофе шоп дөнгөж нээгдэж байх үеийн бариста. Европын холбооны зэрэг хамгаалсан Монголын гурван баристагийн нэг. Монголд кофены соёлыг түгээж байгаа энэ бүсгүйг “Танайд өнжье” буландаа урьсан юм.

Цагаан хаалганы хойхно байрлах кофе хуурах үйлдвэрт нь өнгөрсөн баасан гаригт очлоо. Биднийг очиход Б.Оюунбилэг кофегоо хуураад завгүй ажиллаж байв. Үйлдвэрийнхээ үүд хавьцаа шуудайлж савласан кофены үр эгнүүлжээ. Талласан вандуйн хэлбэртэй ногоон өнгийн кофены үрийг Бразил, Колумби, Этиоп, Гватемала, Кени, Танзани, Индонезиас Солонгосын боомтоор дамжуулан импортолдог гэж сонирхуулав. Кенийн кофе дарсны эсвэл цэцгийн анхилуун үнэр, амттайгаараа дэлхийд танигдсан брэнд бол кофены эх орон гэгддэг Этиопын кофеноос цэцэг, жимс, модны үнэр мэдрэгддэг гэж кофенд дурлагчид онцолдог юм. Кофе хуурах машинаа Солонгосоос захиалж авчирчээ. Кофены ногоон үрийг хуурах машинд хийсний дараа бидний төсөөлдөг хүрэн бор өнгийн кофены үр гарч ирдэг аж. Хуурсан кофены үрээ 150 гр, 250 гр, 1 кг-ын уутанд савлаад хэрэглэгчдэд хүргэдэг гэнэ. Кофенд дурлагчдын авах дуртай кофе ингэж бүтдэг юм байна. Газ, цахилгаан ашиглаж хуурдаг энэ машин дээд талдаа 4-5 кг кофены үрийг нэг дор хуурах хүчин чадалтай юм байна. Хуураад гаргаж ирсэн кофегоо нэг хоног өнжөөгөөд савладаг байна.

Оффисийнхон голдуу хэрэглэдэг “инстант” гэсэн бичигтэй шилэн савтай кофеноос яг ямар ялгаатайг нь сонирхоход “Шинэ талх, хөргөгчинд удаан хадгалсан хуучин талх ямар ялгаатай билээ, яг л тийм гээд ойлгочиход болно. Инстант бол түргэн уусдаг кофе. Давуу тал нь хэрэглэхэд хялбар гэдэгтээ л байгаа юм. Сөрөг тал нь дандаа эрүүл мэнд дээр яригддаг. Ихээр хэрэглэвэл стрессийн гормон ялгаруулдаг. Инстантыг кофены үрээр хийдэг ч түргэн уусдаг болгохын тулд химийн боловсруулалт хийдэг юм. Байгалийн чанараа алддаг гэсэн үг. Тодруулбал хиймэл кафейн нэмдэг. Уух тусам сэргэж, донтуулаад байдаг нь ийм учиртай. Эрүүл мэндээ бодвол хуурсан кофе уувал зүгээр. Шинэ талх шиг гээд төсөөлөхөд ямар хэрэгтэй нь мэдрэгдэх байх. Гэхдээ дэлхийд нийт тариалагдаж байгаа ногоон үрний тал нь инстант кофе үйлдвэрлэхэд зарцуулагддаг” гэсэн хариу өгөв. Кофег хураасны дараа хамгийн сайн нь, хоёрдугаарх нь, гуравдугаарх нь гэх мэтээр зэрэглэж ангилдаг аж. Ангилсны дараа үлдсэн “хог”-ийг нь хөлдөөж, хатаах маягаар бэлтгээд л бидний хэрэглэдэг инстант кофе худалдаанд гардаг бололтой.

Б.Оюунбилэг кофегоо хуурангаа “Кофе уудаг бидний хувьд гээд ярихад л инстант уухаар шууд л зүрх дэлсэж, дотор бэлбэгнээд эвгүй болно шүү дээ. Манайханд нэг алдаа байдаг. Ууж байгаа ундаагаа хоол шиг илчлэг өгнө гэж боддоггүй. Кофег хараар нь уухад илчлэггүй, харин сүү, сахар нэмэхээр хоолны дайны илчлэг өгдөг” гэж сонирхуулав.

Түүнтэй ярилцах үед утас нь дуугарав. Бариста нарынх нь нэг ярьж байгаа бололтой. Кофены тухай яриа хэсэгтээ өрнөв. “Би өчигдөр шинэ кофе авчирч хуураад амталгаа хийлээ. Этиопийн натурал. Амт нь үнэхээр янзтай” гэж байна. Этиопоос ирсэн натурал үрийг хуурч амталснаа найздаа сонирхуулсан нь энэ аж. Кофены жимсний мод экваторын бүс дагасан дулаан уур амьсгалтай нутгуудад ургадаг, кофены модноос ургасан чери гэдэг жимсийг хальслахад дотроос нь Оюунбилэгийн үйлдвэрт байгаа шиг ногоон үр гарч ирдэг, хурааж авсан ногоон үрийг нэг бол угааж, эсвэл байгалиар нь хатаадаг гэсэн танин мэдэхүйн мэдээллийг энд сонсов. Байгалиар нь хатаасан үрийг хуурч хийсэн кофены үнэр, амт “янзтай” байдаг аж. Хуурч бэлдэж савласан кофены үрэн дээр natural, washed гэсэн бичиг харагддаг нь ийм учиртай юм байна. Манай улсад натурал үр бага хэмжээгээр л орж ирдэг бололтой.

Сонирхуулж хэлэхэд баристагаас гадна кофе хуурах ч бас тусдаа мэргэшил болоод явчихдаг гэнэ. Зэрэг авна, сайн муу хуурагч гэж ирээд яривал тун нарийн эд бололтой. Бүр кофе амтлагч хүртэл байдаг гэнэ. За тэгээд латтэ арт, кофе ногоон үр судлал гээд нарийвчилбал кофены соёл энгийн хэрэглэгч ойлгож барамгүйгээр гүнзгийрчээ. Улаанбаатарт кофе хуурч савлаж зардаг зургаан кофе шоп байдаг аж. Кофенд дурлагчид “Меркури” захад байрладаг “Бэст прессо”, арвангуравдугаар хорооллын шинэ зам дагуух UBean, “Мөнгөн завьяа”-гийн хойд талын “Камино”, Хүүхдийн зуугийн “Peaber­ry”, Их дэлгүүрийн баруун талын “M cafe”, “Sachem”-аас хуурч бэлдсэн шинэхэн кофе худалдаж авах боломжтой юм байна.

Кофены үр хуурах үйлдвэрээс гараад “Меркури”-д байрлах “Бест прессо кофе”-д очлоо. Багавтар зайг чадмаг гэгч нь ашигласан тохилог кофе шоп юм. Өнөөг хүртэл ажиллаж байгаа Монголын анхны кофе шоп гэнэ. Б.Оюунбилэг “Еспрессо, американо, латтэ, мока гэдэг цэстэй монголчууд танилцаагүй байх үеэс кофе шопоо ажиллуулж эхэлж байлаа. Менюгээ нэг бүрчлэн гараараа бичээд тавьчихаар алдчихна. Бусад кофе шопууд манай менюг дуурайх гээд авчихдаг байсан хэрэг л дээ” гээд хөгжилтэй инээв.

Энэ кофе шопын бариста нь Даваасүрэн гэж бүсгүй. Баристагаар найман жил ажиллаж байгаа гэнэ. Хийх дуртай кофе нь латтэ арт аж. Сүү голдуу, дээр нь сүүний хөөсөөр зүрх, цэцэг гээд элдэв дүрс урладаг кофег латтэ арт гэдэг юм байна. Даваасүрэн бидэнд кофе бэлдэж өгөнгөө “Би цэцэг зурах зуртай. Цэцэг зураад өгөхөөр хүмүүс ямар гоё кофе вэ гээд чин сэтгэлээсээ баярлан уудаг. Тэгж баярлахыг нь харах үнэхээр кайфтай. Цаашдаа ч олон жил ажиллана гэж боддог шүү. Кофе шопт ажиллах их гоё. Хүмүүс амттай кофе уунгаа үргэлж сайхан яриа өрнүүлдэг юм шиг санагддаг. Инээд хөөр тасардаггүй ховорхон газрын нэг бол кофе шоп. Би гэхэд л кофены үнэр, амтанд аль хэдийнэ татагдчихсан. Анхны бариста нарын шавь гэдгээрээ бахархдаг” гэж хэлээд инээмсэглэв.

Биднийг яриа өрнүүлэх үеэр гуч орчим насны нэг бүсгүй орж ирэв. Хэзээний танил гэдэг нь илт. Даваасүрэн “Сайнжаргал эгч ээ, сайхан амарсан уу” гэж дотно гэгч нь мэндлээд ямар кофе авахыг нь асуусангүй, шуудхан л кофены машинаа ажиллуулж эхэллээ. Тун удалгүй дабль эспрессо бэлэн болов. Сайнжаргал өдөр бүр энд ирж дабль эспрессо уудаг юм байна. “Эднийхээс өөр газарт орохоор сэтгэлд нэг л хүрдэггүй юм. Хууралтаасаа эхлээд өөр шүү” гэж байна. Эспрессо Италиас уламжилж түгсэн кофе гэнэ. Эспрессо гэдэг нь express буюу хурдан шуурхай гэдэг үгнээс үүдэлтэй аж. Оюунбилэгийн “Хэдэд гарсан” гэсэн асуултад Даваасүрэн “25 секунд” гэж хариулах нь содон дуулдав. Учрыг нь лавлахад Оюунбилэг “Экспрессо, капучино, латтэ гээд бүгдийнх нь суурь эспрессо. Эспрессо гэдэг машин дээр бэлтгэдэг 30 мл өтгөн кофены ханд л даа. Бэлтгэдэг технологи нь тусдаа. Технологид нь үндсэн хэд хэдэн шаардлага байдгийн нэг нь гаргах хугацаа. Олон улсад 21-29 секундэд гарсан эспрессог хамгийн төгс гэж үздэг. Ер нь эспрессог шинжих хэд хэдэн арга бий. Кофе сайн мэддэг хүн бол аягаа эргүүлэх юм уу, өнгө зэргээр нь шинжээд зөв буруу хийснийг нь мэдчихдэг. Би Баристагийн холбооны сургагч багшаар ажилладаг. Багш нарын тухайд буруу харж сууж байгаад ямар эспрессо гарсныг сонсоод мэддэг. Мэдрэмжээрээ мэдчихдэг гэсэн үг. Бид эхлээд кофе шопуудаар явж кофег нь амталдаг байлаа. Энэ чинь буруу байна, биднээс сургалт авч болно шүү гэхээр нэг их тоодоггүй байсан үе бий. Гэтэл одоо өөрсдөө ирдэг болсон. Хэрэглэгчид нь айхтар болчихсон учраас тэр л дээ. Кофе мэддэг хүмүүс танай эспрессо чинь буруу бэлтгэгдсэн байна гэх зэргээр шүүмжилдэг болсон хэрэг. Ер нь бол Монголд кофены соёл хурдтай хөгжиж байна” хэмээн хариулав.

Б.Оюунбилэг өөртөө американо захиалжээ. Эспрессон дээр халуун ус нэмж шингэрүүлсэн хар кофег американо гэдэг аж. Түүнээс хар кофены давуу талыг сонирхлоо. Шинэ үрийн хар кофенд олон давуу тал байдаг аж. Өглөө багахан зүйл идээд хар кофе уухад бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжирдаг гэнэ. Хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, сахар, чийг бам, мартах өвчнөөс сэргийлнэ, зүрхний үйл ажиллагааг дэмжинэ, цөсний чулуу үүсэх магадлалыг бууруулна, бүдүүн гэдэсний хорт хавдрын эрсдэлийг багасгана, элэгний янз бүрийн гэмтлээс хамгаална гэж ирээд яривал давуу тал ихтэйг нь эрдэмтэн судлаачид баталжээ. Гэхдээ хэтрүүлж хэрэглэвэл ходоод хямрах, даралт ихсэх, зүрх дэлсэх зэрэг олон сөрөг талтай гэж Оюунбилэг анхаарууллаа.

Кофенд дурлагчид өдөрт хоёроос гурван цагийн зайтай гурваас дөрвөн аяга кофе л уух ёстой юм байна. “Бест прессо“-гийн бариста “ Хүмүүс кофены онцлог амт, кафейн буюу сэргээх чанарт нь дурлаж уудаг. Кафейнийг нь тооцож уух хэрэгтэй. Нэг аяга кофе 80-100 мг кафейн агуулдаг. Эмэгтэй хүн 300 мг кафейний өдрийн нормтой. Эрэгтэй хүн 400 мг-ийн нормтой. Тэгэхээр эмэгтэйчүүд кофе уухдаа гурван аягаас хэтрүүлээд хэрэггүй” гэж зөвлөв. “Кофе уувал арьс хуурайшдаг гэсэн яриа байдаг, хэр ортой вэ” гэж Оюунбилэгээс сонирхоход “Таны хэлсэн зүйл удсан кофе хэрэглэснээс үүдэлтэй. Кофег удаан хадгалбал найрлага дахь тосонд нь өөрчлөлт орж арьсыг хуурайшуулж сэвхтүүлэхээс гадна дотор эрхтэнд муугаар нөлөөлдөг” гэсэн хариу өгөв.

Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд өдөрт нэг аяга кофе уухыг зөвшөөрдөг аж. Үүнээс хэтрүүлбэл эрт төрөх магадлал өндөр байдаг гэнэ. Кофе хэтрүүлж уусан ээжээс рахиттай хүүхэд төрдөг байна. Хүүхдэд кофе өгөх хэрэггүй гэж Б.Оюунбилэг анхааруулав. Учир нь кафейн кальцийн нийлэгжилтийг эрс бууруулдаг гэмтэй юм байна. Ид өсч байх үед буюу кальци хэрэгтэй насан дээрээ кофе уугаад сурчихвал өсөлтөд муугаар нөлөөлдгийг эрдэмтэд баталжээ. Сонирхуулж хэлэхэд кофенд дуртай жирэмсэн бүсгүйчүүд кофе хуурдаг газруудад очоод кафейнгүй кофе авах боломжтой юм билээ.

Б.Оюунбилэг яриан дундуур гэнэтхэн “Та нар кофе шопт ороод хамгийн түрүүнд ямар асуулт асуудаг вэ” гэж асуув. “Уух дуртай кофегоо л захиалдаг” гэтэл “Харин манайхан ингэж алдаад байдаг юм. Танайх ямар кофе хэрэглэж байгаа вэ гэж асууж заншмаар санагддаг. Ресторанд ороод танайх гурилтай шөлөө үхрийн махаар хийсэн үү, эсвэл хонины махаар хийдэг үү гэж асууж байгаатай ялгаагүй шүү дээ. Кофе сорт, чанараараа хоёр янз байдаг. Арабика буюу робуста гэж. Арабика нь хамгийн сайн чанарынх. Өнөөх нь чанар муутай. Таны орсон кофе шоп арабика гэхгүй бол холимог гэсэн хариу өгөх байх. Учир нь робустаг чанар муутай учраас дангаар нь огт хэрэглэдэггүй. Энэ хоёр үрний амт нь гэхэд ялгаатай. Арабика чихэрлэг, исэллэг, хүчиллэг гэх мэт таван амтыг цогцоор нь агуулдаг. Нөгөөх нь гашуун амттай, үнэр муутай. Хоёрдугаар гол ялгаа нь робустагийн кафейний агууламж хоёр дахин их байдаг. Ер нь робустагаар инстант кофе хийдэг” хэмээн сонирхууллаа.

Биднийг ярилцаж суух зуур дахин хоёр үйлчлүүлэгч орж ирэв. Нэг нь мока, нөгөө нь американо захиалав. Шоколад амтагдсан мока хамгийн их борлогддог кофе гэнэ. Анх кофе ууж байгаа хүмүүс их захиалдаг аж. Нийслэлчүүд эхэндээ сүүтэй кофе голдуу захиалдаг байсан бол сүүлийн үед американод дурлагсад олширчээ. Ялангуяа бүсгүйчүүд калоригүй, жинд нөлөөлөхгүй гэж чихэргүй, сүүгүй американог илүүд үзэх болж. Бүсгүйчүүддээ аминчилж хэлэхэд кофег илчлэг өндөртэй махан хоолноос хойш гучин минутын дараа уувал өөх тос задлах эрчимтэй үйлчилгээ үзүүлдэг юм байна.

Кофены үрийг гурван жил хүртэл хадгалдаг байна. Нэг жилийн насжилттай, хоёр, гурван жилийн насжилттай гэж ангилдаг гэнэ. Жил ахих тусам үнэ нь буурдаг юм байна. Кофег чанараар нь дөрвөн ангилалд хуваадаг гэж Оюунбилэг сонирхуулав. Манайд дорооосоо хоёр дахь нь буюу комершл үрнүүд орж ирдэг аж. Кофены үр худалдаж авахыг хүссэн хүмүүст сонирхуулахад нэг кг нь 55-80 мянган төгрөгийн хооронд худалдаалагддаг юм байна.

Кофены хуурсан шинэ үр худалдаалдаг кофе шопууд хүсвэл нунтаглаад өгдөг юм билээ. Биднийг “Бест прессо”-д байхад дөрвөн ч хүн кофены хуурсан үр нунтаглуулаад гарсан юм. Гэртээ юм уу оффистоо кофе чанагч авчихад л хуучраагүй, шинэ, чанартай кофе уух боломжтой юм байна. Кофены чанартай үр зардаг газраа л олчихвол кофе чанагч үнэтэй байх эсэх нь огт хамаагүй гэнэ. Супер маркет, дэлгүүрүүдэд кофе чанагчийг 70 мянгаас 400 мянган төгрөгийн хооронд худалдаалдаг аж. Сонирхуулж хэлэхэд кофег болж өгвөл үрээр нь авч хадгалбал амт, үнэрээ удаан хадгалдаг байна. Кофены үрийг гар аргаар нунтагладаг жижиг хэрэгслийг дэлгүүр, захын алинаас ч авах боломжтойг хэрэглэгчид андахгүй байх. Мэдэхгүй зүйлээ кофе шопуудад ажиллаж байгаа мэргэжлийн бариста нараас асуучихад болох юм билээ. Кофены үрийг хуурч савласнаас хойш нэг жилийн дотор хэрэглэхэд тохиромжтой гэж үздэг юм байна. Гэхдээ савласнаас хойш сарын дотор уувал амт, чанар нь илүү сайнаар нөлөөлдөг гэсэн зөвлөгөөг “Бест прессо”-гийн бариста бүсгүй өгөв. Тэрээр “Хуурч савласан кофены үрийг задалж хэрэглэчихээд буцаагаад агаар оруулахгүй нөхцөлд хадгалах хэрэгтэй. Амтлагчуудтай хамт байлгаж огт болохгүй. Учир нь кофе үнэр, агаарыг сорж татдаг онцлогтой. Хүмүүс хөргөгчнийхөө үнэрийг арилгах гэж нунтагласан кофе хийгээд байдаг нь ийм шалтгаантай. Бариста нар үнэртэй ус цацдаггүй. Үнэртэй ус цацчихаад ажиллавал найруулсан кофенд үнэртэй ус шингэчихдэг юм. Би л гэхэд ажиллах үедээ гараа ч тосолдоггүй” гэж ярив.

Оюунбилэг биднийг явахын өмнө “Кофены дэлхийд гэж яригдах гурван ч том сүлжээ Монголд орж ирсэн нь олзуурхууштай. Сүлжээний дараагийн кофены хөгжил гэвэл арай өөр зураг харагдаж байгаа. Кофены соёл маш нарийн мэргэжлийн, өөрийн онцгойлсон шинж чанартай болно. Кофе шоп нь хуурсан кофегоо яг л шинэ талх шиг өдөрт нь хэрэглэгчдэдээ түгээж үйлчлээд өдөрт нь дуусгадаг чиг рүү орж байгаа. Сүлжээ нэг их удаан үргэлжлэхгүй” хэмээн ярьсан юм.

Гэрэл зургийг Ц.МяГМарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Дан бие даагчдын УИХ болох нь уу

Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад 80 бие даагч мөрийн хөтөлбөртөө аудит хийлгэхээр хандсан гэж сонирхууллаа. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж саяхны ярилцлагадаа энэ талаар дургүйцсэн өнгөтэй үг унагасан харагдсан. Хашир парламентч “Сонгуулийн хуульд зааснаар 18 хоногт багтааж сурталчилгаагаа явуулахаар болсон. Гэтэл УИХ болон аймаг, нийслэлийн сонгуульд бараг 2000 шахам хүн өрсөлдөх тооцоо гарч байна. 18 хоногт 2000 хүний сонгуулийн сурталчилгаа явагдахаар юу болох вэ. Хавар их цас ороод зутраад ирэхээр хонь, хурга хоёр бие, биеэ танихаа больдог. Тэгвэл энэ удаагийн сонгууль тийм л юм болох зураг харагдаад байгаа юм даа. Орхон аймагт гэхэд л УИХ-ын сонгуульд 50 хүн бие дааж нэр дэвших сураг гарч байна” гэж ярьсан байна лээ. Үнэн л дээ. Ер нь хүн бүр нэр дэвшье гэж ярих болсон энэ үед тэр олон нөхрийг 18-хан хоногийн хугацаанд таньж барахгүй. Ц.Нямдорж гишүүний хэлсэн шиг хонь, хурга биенээ танихаа байдаг шиг юм болно.

Байдал ийм байхад яагаад ийм олон бие даагч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэж зүтгээд байгаа юм бол. Мэдээж угаасаа ялахгүй юм чинь гэж хэн нь ч бодохгүй. УИХ-ын гишүүний суудал руу горьдлого тээсэн харц унагасан нөхөд л нэр дэвших бодол өвөрлөж яваа. Олны огт танихгүй нэр дэвшигчдийн дунд сошиал ертөнцөд “нэрд гарсан” хүмүүс цөөнгүй байхыг үгүйсгэхгүй. Цахим ертөнцөд овоо дажгүй яваагаа “Би Монгол даяар танигдсан. Нэр дэвшихэд гараад ирнэ” гээд эндүүрчихсэн тууж явахаасаа сийхгүй жиргээчид өчнөөн л харагддаг. Сошиэл ертөнцийн гол баатруудаар өөрийгөө рекламдуулчихвал Улаанбаатарын тойрогт өлхөн ялна гэсэн бодолтой нөхөд ч бие даан нэр дэвшигчдийн дунд бий. Өнөөдүүл нь ч тийм утгатай мессэжийг цахим ертөнцөөр нэг тараагаад эхэлчихсэн. Сая хэлсэн шиг санаа, зорилготой жиргээ сүүлийн үед твиттерээр нэг үзэгдэх болсон нь нууц биш.

Харамсалтай нь жиргээний оддыг сонгогчид танихгүй. Твиттерт 900-1200 хүн жиргэдэг, 200-300 нь идэвхтэй жиргэдэг гэсэн судалгаа бий. Нэг хүн өчнөөн твиттер хаягтайг жиргээчид өөр зуураа шивнэлдэцгээдэг. Жиргэдэггүй энгийн иргэдэд ч энэ мэдээ нууц биш болчихсон. Миний нэг танил гэхэд л 50 хаягаар жиргэдэг. Захын жиргээчид дунджаар арван хаягтай. Ийм улсын дунд танигдсаныгаа нийгэмд танигдлаа гэж бодвол хол эндүүрсэн хэрэг болно. Тэгэхээр УИХ-ын гишүүний зөөлөн суудлыг мөрөөдсөн цахим ертөнцийн одод лав сонгуульд хүч үзээд хүссэндээ хүрч чадахгүй.

Мэдэх, мэдэхгүй өчнөөн хүн тойрогт нь нэр дэвшихээр сонгогчид гол хоёр намаа гэх нь тов тодорхой зүйл. Ядаж л эргэж буцах мөртэй. Амласнаа биелүүл гэж шаардлаа гэхэд хандах газар нь тодорхой. Ганцаараа бодож суугаад мөрийн хөтөлбөрөө зохиочихсон нөхрөөс дараа нь хариуцлага нэхэх аргагүй гэдгийг захын хэн ч гадарлана. Ер нь тэгээд монголчууд хүний хуучин нь, дээлийн шинэ нь гэсэн философитой улс. Дэлхий рүү харъя. Улс төр хийдэг сонгодог жишиг загвар нь ерөөсөө л нам байдаг. Үүнээс өөрөөр, ганцаарчилсан тоглолт зохиож улс төр хийдэг сонгодог жишээ ардчилал хөгжсөн улсуудад лав байхгүй. Товчхондоо улс төр гэдэг хүссэн хүн бүрийн хийгээд байдаг эд биш. Сүүлийн хэдэн жил аль ч нам нь ялгаагүй муу, УИХ-ын гишүүд хулгайч гэж ярьсны гор одоо гарч байна. Үнэн хэрэгтээ тийм биш гэдгийг нурших нь илүүц хэрэг.

Categories
мэдээ цаг-үе

Хор гадагшлуулагч бөөр

Бөөр 9-11 см, 130 грамм жинтэй жижигхэн хэрнээ бүх л хортой бодисыг гадагшлуулдаг чухал үүрэгтэй эрхтэн. Хүний бодисын солилцооны явц дахь хортой бодисууд шээсээр дамжиж гадагшилдаг бол хэрэгтэй нь цусандаа орж байдаг. Нэг минутад 1.2 литр цус шүүдэг, чухал хэрэгцээтэй ус, сахар, амин хүчил, эрдэс давсуудын хэмжээг тэнцвэржүүлдэг, биед улаан эсийн тоо цөөрөхөд дааврын хэмжээг нэмэгдүүлж зохицуулдаг, цус төлжилтөд оролцдог гэж ирээд яривал энэ эрхтний үүрэг их. Бөөр өвчилбөл биед үүсдэг хортой илүүдэл шингэнийг зайлуулж чадахаа больдог. Тэр хэрээр царайны өнгө барайж, биеийн эсэргүүцэл суларч, хамаг өвчний шалтгаан болдог гэж эмч нар сануулж байна. Эртний эмч оточ нар бөөрийгДотор эрхтний язгуур, бүх сүвийн эх, амьдралын үндэсгэж үздэг байжээ. Товчхондоо бөөр бол тархийг тэжээх, ясыг бэхжүүлэх, биеийн илч дулааныг сэлбэх, хоол хүнсийг шингээх үйл ажиллагаатай шууд холбоотой эрхтэн.

БӨӨР ӨВЧИЛБӨЛ ИЛРЭХ ШИНЖҮҮД

Нуруу бөөрөөр хөшиж байвал бөөр чинь нэг л биш болсны шинж. Бөөрний хурц үрэвслийн үед халуурах, шээсэнд өөрчлөлт орж бага хэмжээгээр гарах, шээс үнэртэй болох зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Бөөрний ямар ч өвчний үед нүд, зовхи хавагнана. Нүүр ам, хөл чинь хавагнаад байвал даруйхан шинжилгээ өгөх хэрэгтэй. Шээсний шинжилгээгээр бөөрний өөрчлөлтүүд тодорхой гардаг. Бөөр өвдөх нь тархи, гэдэс ходоод, яс сийрэгжихэд хүртэл нөлөөлдөг.

БӨӨР ЯАГААД ҮРЭВСДЭГ ВЭ?

Бөөрний хэд хэдэн өвчлөл бий. Бөөрний үрэвсэл гэхэд л ямар нэг хэмжээгээр цусаар дамждаг. Ойролцоох эд эрхтнээс бөөрөнд халдвар ордог гэсэн үг. Бүсгүйчүүдийн хувьд гэхэд цистит, савны архаг үрэвсэл гэх мэт өвчнүүд бөөр үрэвсүүлэх суурь болдог. 35-45 насныхны дунд бөөрний архаг үрэвслийн өвчлөл өндөр байна. Эмэгтэйчүүд эрчүүдээс гурав дахин илүүгээр бөөрний архаг үрэвслээр өвчилдөг гэсэн статистик бий. Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай болсон гол шалтгаан нь цаг агаарын эрс тэс уур амьсгал, эрүүл ахуйн дадал, хооллолт. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүний даавар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний саванд нөлөөлдөг. Бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис биеэр тарах аюултай. Хар үгээр хэлбэл шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг.

БӨӨРНИЙ ДАРАЛТЫГ ТООХГҮЙ ОРХИЖ БОЛОХГҮЙ

Бөөр артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн. Артерийн даралтын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаар бөөрний даралт ихэсдэг. Бөөрний даралт ихсэх нэг шалтгаан нь бөөрний үрэвсэл судсаа гэмтээснээс болдог. Бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй хэмээн эмч зөвлөж байна.

Бөөрний даралтад нь өөрчлөлт орчихоод байхад тоохгүй бол тархи, бөөрний судас хатуурах гэмтэй. Бас зүрх томордог. Хамгийн том эрсдэл нь зүрхний өвчлөл, бөөрний дутагдал, цус харвалтад хүргэдэг.

БӨӨРНИЙ ДУТАГДАЛ

Товчхондоо бөөрний хор шүүх ажиллагаа алдагдсанаас болж хүний шээс цусанд нэвтэрч, архаг хордлогод орохыг бөөрний дутагдал гэдэг. Хурц болон архаг дутагдал гэж бий. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослоос болж бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрдэг. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явснаас шалтгаалж бөөр хатангиршиж үйл ажиллагаа нь алдагддаг аюултай. Энэ үед бөөрний дутагдалд ордог гэсэн үг. Чихрийн шижингээр өвдсөнөөс хойш 10-15 жилийн дараа бөөрний дутагдалд хүрдэг.

Тэгэхээр сахараар оношлогдсон нь л бол сахарын хэмжээгээ хэвийн байлгах хэрэгтэй, тэгж байж бөөрний дутагдлаас сэргийлж чадна. Жилдээ нэг сая хүнээс 100-120 нь бөөрний архаг дутагдалд ордог гэсэн судалгаа бий. Бөөрний архаг дутагдлын үед шээс ховордох, хавагнах, ядрах, ам цангах, арьс хуурайших, загатнах, арьсны өнгөлөг байдал алдагдах, хамар амнаас цус гарах, даралт ихдэх, оюун ухаан доройтох, дотор муухайрах, бөөлжих, гүйлгэх, хоолны дуршилгүй болох, турж эцэх, хараа сонсгол муудах, толгой өвдөх, амьсгалаар шээс үнэртэх, зүрх өвдөх зэрэг шинж илэрдэг.

БӨӨРӨНД САЙН ХҮНС

Бөөрний өвчнийг хүндрүүлэхгүй гэвэл, хор гадагшлуулдаг эрхтнээ өвчнөөс хамгаалахыг хүсч байвал хоол хүнсэндээ л гол анхаарлаа хандуулах хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна.

Ус: Хоолны өмнөхөн буюу дараа ус уух тохиромжгүй. Хоолноос өмнө ус уухаар бол заавал 15 минутын өмнө уугаарай. Хоолны дараа бол нэлээд удаж байж уух хэрэгтэй. Жимс идээд 30 минут, мах идээд гурван цаг болоод ус уу.

Халуун чанартай хоол: Сэрүүний улиралд үхрийн годонгийн шөл, хонины мах зэрэг хүйтнийг гадагшлуулах халуун чанарын хоол идэх хэрэгтэй. Бөөр муутай бол бүх төрлийн сэрүүн чанартай идээнээс татгалзаарай. Ялангуяа жимснээс.

Давс: Өвлийн улиралд бөөрний үйл ажиллагаа харьцангуй идэвхтэй байдаг учраас давсыг хэтрүүлж болохгүй. Бөөрний ажиллагаа бүр идэвхжиж зүрхэнд муугаар нөлөөлөх нь бий.

Үргэлж идэх идээ: Жүрж, гахайн элэг, хонины элэг, манжин, байцаа, ногоон сонгино, цай.

Хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн: Бөөрөндөө анхааръя гэвэл хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүн идэж, чихэрлэг хүнснээс аль болох татгалзаарай. Хар өнгөтэй хүнсний бүтээгдэхүүнд хар будаа, хар буурцаг, хар гүнжид, хар далдуу мөөг, хар чавга, мөөг, далайн байцаа зэрэг багтана. Хар будаа, хар буурцаг, хар гүнжид зэргээр будааны зутан хийж идвэл тэжээл нөхөх сайн талтай.

Жимс, ногооны шүүс: Ялангуяа аньс жимсний шүүсэнд үл исэлдүүлэгч эд агуулагддаг учир бөөрний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг. Хэрчсэн яншуйг усанд хийж арваад минут буцалгаад хөртөл нь байлгасны дараа шүүж уугаарай. Өдөрт нэг аягыг уухад л хангалттай. Хамгийн хямд бөөр цэвэрлэгч гэдгийг эрдэмтэд аль хэдийнэ судлаад тогтоочихсон.

БӨӨР ЭМЧЛЭХ АРДЫН АРГА

Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог, шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минутын дотор илааршдаг, нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр, ходоодны өвчингүй болно, тарвасны шүүс бөөр цэвэрлэхээс гадна бөөрний чулуу гадагшлуулдаг, тэхийн шээг хандалж уух бөөрөнд сайн гэж ирээд жагсаавал бөөр эмчлэх ардын эмчилгээ барагдахгүй. Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвддөг. Шар тос, арвайн гурил, бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавихад эдгэрдэг гэх нь бий.

БӨӨРНИЙ ӨВЧНӨӨР ШАНАЛАХГҮЙ БАЙХ БОЛОМЖУУД

Даралтаа тогтмол хянаж, жил бүр шээсний шинжилгээ өгч, өдөрт багадаа хагас цаг дасгал хийгээд байхад л та бөөрний өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой. Дахиад хэлэхэд ус уухаа мартаж болохгүй. Бөөрний үйл ажиллагааг дэмжих хамгийн гол зүйл бол ус. Усыг хангалттай хэмжээгээр ууснаар биеэс хэрэггүй бодисуудыг гадагшлуулж цэвэрлэхэд бөөрөндөө тусалж байна гэсэн үг. Бас цусан дахь креатинины хэмжээгээ хянаж байгаарай. Хэрвээ цусан дахь креатинин ихэссэн байвал бөөр бүрэн гүйцэд ажиллахгүй байгаагийн дохио.

ӨНДӨР ӨСГИЙТ БӨӨРНИЙ НЭГ ДАЙСАН

Халдварт өвчин, удаан хугацаагаар хэрэглэж буй зарим эмийн бодисууд бөөрний гол дайсан. Бас байнга даарах, хүйтэн чийгтэй газар ажиллах, хоолой, шүд, хамрын идээт үрэвсэл зэрэг нянтай өвчин тусч, шээс, бэлгийн замын өвчнүүдийг дутуу эмчилсэн бол тэр өвчнүүд архагшиж бөөрийг гэмтээдэг. Хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд сөргөөр нөлөөлдөг. Энэ тохиолдолд халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад үрэвсэх шалтгаан болж өгдөг. Бөөрний эмгэгээс сэргийлэх гол арга нь даралтаа 130/80-аас бага байлгах. Бөөрний эмгэг архагшиж хүндэрсний гол шалтгааны гуравны хоёр хувь нь чихрийн шижин, даралт ихэссэнээс болдог. Цус багадалт бөөрний бас нэг дайсан. Үргэлж ядарч, амархан энд тэндээ хөхөрч, толгой эргээд байвал цус багадсаны шинж. Энэ эмгэгийг эмчлүүлэхгүй бол архагшиж бөөрөнд муугаар нөлөөлдөг. Эмийн замбараагүй хэрэглээ ч бөөрний дайсан. Эм ууж ханиадаа дарлаа, өвдөлтөө намдаалаа гэдэг ч уусан эм бүрийн чинь хор хөнөөл бөөрөнд очдог. Бөөрний өөр нэг дайсан нь бүсгүйчүүдийн дурладаг өндөр өсгийт. Өндөр өсгийтөөр байнга гоёдог бол бөөр чинь сунах эрсдэлтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Т.Жамбаажамц: “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг арилжаалах юм уу худалдан авах ямар ч боломжгүй

Санхүүгийн зохицуулах хорооны Хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамцтай ярилцлаа.

-Таван толгойн хувьцаагаа зарах гэсэн хүмүүс Урт цагаан дээр бараг долоо хоночихлоо. Үнэхээр худалдаж авах боломжтой хувьцаа юу гэдгээс яриагаа эхэлье?

-Товч бөгөөд тодорхой хариулахад “Эрдэнэс Таван толгой” компанийн хувьцааг арилжаалах юм уу худалдан авах ямар ч бололцоогүй. Өнөөдрийн хууль эрх зүйн орчныг харахад ийм бололцоо байхгүй. Засгийн газраас 2010 онд иргэддээ Таван толгойн тодорхой хувьцааг олгох шийдвэр гаргасан. Хувьцаа олгосон тогтоолынхоо дараа шийдвэр гаргасан л даа. 350 дугаар тогтоол гэж гарч байлаа. Энэ тогтоолоор Таван толгойн хувьцаа Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаад, хоёр дахь зах зээлийн арилжаа эхэлсэн тохиолдолд эргэлтэд орохыг тодорхой заагаад өгчихсөн. Нэг үгээр хэлбэл Хөрөнгийн биржээр арилжаалагдаж эхлэх хүртэл ямар нэг хэлбэрээр бусдад шилжихгүй. Тэр хүртэл зөвхөн анх эзэмшүүлсэн хүмүүс дээрээ байна гэсэн шийдвэртэй. Засгийн газрын энэ тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Цаашдаа ч үйлчлээд явна. Хоёрдугаар гол асуудал гэвэл энэ хувьцаа цаашид хөрөнгийн биржээр арилжаалагдана. Өөрөөр хэлбэл гараас гар дамжин арилжаалагддаг таваар биш гэсэн үг. Зөвхөн Хөрөнгийн биржээр л арилжаалагдана гэдгийг анхаарах хэрэгтэй. Хөрөнгийн биржээс гадуур арилжаалагдах хувьцаа бол өв залгамжлал, бэлэглэл зэрэг хэлбэрээр бусдад шилжих бололцоотой. Гэхдээ энэ хувьцаа бол өөр. Засгийн газрын тогтоол шийдвэрээр хориглогдсон гэдгийг би сая тайлбарлалаа.

Дахин хэлэхэд биржээр арилжаалагдаагүй, хүмүүсийн нэр дээр бичилт хийчихсэн байгаа хувьцаа. Чөлөөтэй арилжигдаагүй хувьцаа учраас хувьцаа худалдаж аваад эхэлсэн гэдэг мэдээллийг тодорхой зорилготойгоор үүсгэж буй зохиомол сенсаци гэж харж байна. Үнэхээр мөнгөөр авч өгөлцсөн гэх баримт олдоогүй байгаа.

-Цагдаагийнхан шалгаад тогтоогоогүй байгаа хэрэг үү?

-Тийм, цагдаагийнхны шалгалтаар өнөөг хүртэл тогтоогдоогүй. Баримт олдохгүй байна. Мөнгө авсан хүн огт алга.

-Мөнгө авсан хүн байхгүй хэр нь хүмүүс яагаад өдөр бүр, шөнө болгон Урт цагаан дээр цуглаад байгаа юм бол?

-Ам дамжиж сонсоод л ирцгээгээд байх шиг байна.

-Танай байгууллагаас газар дээр нь очиж тайлбар хийсэн үү?

-Жишээ нь би өчигдөр (уржигдар) тэнд шөнийн 01:00 цаг хүртэл байж ажиглалт хийлээ. Цугласан хүмүүст учрыг нь тайлбарлахаар өөдөөс огт өөр юм ярьж, бухимдаад байна л даа. Тэгвэл яах гэж 500 төгрөг авч данс нээж өгөөд байгаа юм бэ гэх мэтээр уурлаж байна. Зөв мэдээлэл хүргэх гэхээр зориуд тасалж үймүүлэх хүмүүс ч байх шиг санагдсан. Цагдаагийнхан сүүлийн тав, зургаан өдөр шалгалт хийж байгаа юм билээ. Дам яриа л хүчтэй яваад байна. Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт болж буй процесс учраас Чингэлтэйн цагдаа нар анхааралтай ажиглаж, ажиллаж байна. Биднийг очиж мэдээлэл хийсний дараа цугласан хүмүүсээс тавь гаруй нь явчихлаа гэх мэдээллийг цагдаагаас өгсөн.

-Байсхийгээд машинууд ирж хүн суулгаж яваад байна гэсэн яриа иргэдийн дунд байна. Хувьцаа худалдаж авах хууль эрх зүйн ямар ч үндэсгүй байхад яагаад ийм үйл явдал өрнөөд байгаа юм бол?

-Ямартай ч зохион байгуулалттайгаар ийм мэдээлэл тараагаад эхэлчихэж. Гэхдээ хэнд ашигтайг нь хэлж мэдэхгүй байна. Шалтгааныг нь цагдаагийн байгууллага шалгаж байгаа. Эрүүгийн цагдаагийн газар руу манайхаас мэдээлэл явуулсан. Холбогдох байгууллагууд нь анхааралдаа авсан гэж ойлгож болно. Хуулиар хориглогдсон үйл ажиллагаа учраас ийм мэдээлэл тарааж, хүмүүсийг дэвэргээд байгаа эзэн нь тодорвол хуулийн дагуу хариуцлага хүлээнэ.

-Хуулиар хувьцааг эрх шилжүүлэх юм уу, бэлэглэлийн журмаар өгч авалцах боломжтой юу?

-Хувьцаа бол хөрөнгө. Хөрөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрхтэй.

-Тэгвэл “Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааны тухайд хувьцаа гэдэг энэ ойлголтод багтах уу?

-Сая танд хэлсэн хувьцааны тодорхойлолт бол нэг дэх асуудал. “Эрдэнэс Таван толгой”-н хувьцааны хувьд өөр л дөө. Засгийн газраас иргэдэд бэлэглэхдээ “Энэ компани Хөрөнгийн биржээр хувьцаагаа чөлөөтэй арилжаалах ёстой. Тэгж байж жинхэнэ хувьцаа болно” гэсэн нөхцөл тавиад өгчихсөн.

“Эрдэнэс Таван толгой” бол хувьцаат компани. Хувьцаат компанийн хувьцаа Хөрөнгийн биржээр л арилжаалагдана. Дахин хэлэхэд “Эрдэнэс Таван толгой” хувьцаа гаргаж, Хөрөнгийн бирж дээр компанийнх нь хувьцаа арилжаалагдаж эхэлсний дараа иргэдэд хувьцаагаа зарах эрх үүснэ. Хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж байгаа 200 орчим компанийн хувьцаатай яг адилхан гэж хэлэхэд хүндрэлтэй.

-Засгийн газар 1072 хувьцааг иргэддээ ямар ч үнэ нэхэлгүйгээр бэлэглэсэн. Тэгвэл буруу шийдвэр байжээ, бэлэглэхээ болилоо гэх эрсдэл бий юу. Иргэд ингэж болгоомжлоод байх шиг…?

-Засгийн газар нэгэнт шийдвэрээ гаргаад, хүмүүсийн өмчлөх эрх нь бүртгэгдчихсэн. Бүртгэлтэй байгаа хувьцааг буцаагаад хураагаад авах боломж, бололцоо хязгаарлагдмал. “Эрдэнэс Таван толгой” гэдэг компанийн хувьцааны 17 орчим хувийг хоёр сая 500 мянган хүн эзэмшиж байгаа. Гурван тэрбум ширхэг хувьцаа иргэдийн эзэмшилд байгаа гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” бол зуун хувь төрийн өмчтэй компани. 17 хувийг нь иргэд эзэмшсэн, үлдсэн хувь нь төрийн өмчид байгаа гэж ойлгож болно. Төрд байгаа хувийн хориод хувийг Хөрөнгийн биржээр олон нийтэд зарах юм. Нэлээд боломжтой том хөрөнгө оруулагчдад худалдана гэсэн үг. Харин 50 орчим хувийг төр өөрөө эзэмшинэ. Засгийн газрын тогтоолоор бол ийм дүр зурагтай байгаа. Хувьцаа гаргахад их олон нөхцөл шаардлага хангагдсан байх ёстой. Энэ компанийн олборлолтын үйл ажиллагаа, зах зээлийн үнэлгээ, нүүрсний дэлхийн зах зээлийн ханш гээд маш олон зүйл нөлөөлнө.

Өнөөдрийнх шиг зах зээл таатай биш үед энэ компани хувьцаагаа гаргаж олон нийтэд арилжааллаа гэхэд хувьцааны үнэлгээ маш доогуур тогтох эрсдэлтэй. Засгийн газраас 1072 хувьцааны нийт үнэлгээг сая орчим төгрөг гээд тогтоочихсон. Засгаас ингэж тогтоосон ч хувьцаа гаргаад ирэхээр зах зээл үнэлгээ тогтоох зарчимтай.

-Засгийн газар иргэн бүрийнхээ нэр дээр хувьцааны бичилтийг нь хийгээд өгчихсөн. Сүүлийн өдрүүдэд иргэд дансаа заавал нээлгэх ёстой гэж яараад эхэллээ, ингэж яарах шаардлагатай юу?

-Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв дээр хоёр сая 500 мянган иргэний хувьцааны бүртгэл хийгдчихсэн. Үнэт цаасны дансыг яаран нээлгэх шаардлагагүй. Үнэт цаасны дансыг хувьцааны арилжаанд оролцохын тулд л нээлгэдэг.

-Оюутан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувьцаагаа мөнгө болгоод авчихсан байх аа?

-Тэгсэн. Нийтдээ 200 гаруй мянган иргэнд мөнгө олгосон байдаг. Зарим нь 1072 хувьцаагаа тэр чигт нь мөнгө болгоод авчихсан. Нөгөө хэсэг нь талыг нь мөнгө хэлбэрээр авсан гээд янз бүр байгаа. Талыг нь мөнгө болгосон хүмүүс хэдэн ширхэг хувьцааны үлдэгдэлтэйгээ харах боломжтой.

-Зарим хүмүүс хувьцаагаа мөнгө болгоё гэсэн хүсэлт гаргасан ч засаг мөнгөгүй гээд өнөөг хүртэл өгөөгүй. Тэр хүмүүсийн хувьцааны талаар мэдээлэл өгөөч?

-Засаг мөнгийг нь өгөх боломжгүй болсон учраас тэр хүмүүсийн хувьцаа нэр дээр нь байгаа. Хүсэлтийг нь хангах бололцоо өнөөдөр ч төсөвт байхгүй. Хүсэлт гаргасан хүмүүсийн хувьцааг засаг татсан байсан ч мөнгийг нь өгөөгүй гэсэн шалтгаанаар буцаагаад нэр дээр нь бичилт хийчихсэн.

Тэгэхээр мөнгөө авъя гэсэн хүсэлт гаргасан хүмүүсийн хувьцаа нэр дээр нь байгаа гэж ойлгож болно.

-Хэдэн оноос хойш төрсөн хүүхдүүд Таван толгойн хувьцаанд хамрагдахгүй билээ?

-2010 оны зургадугаар сарын 30-наас хойш төрсөн хүүхдүүд хамрагдахааргүй байгаа.