Categories
мэдээ цаг-үе

Ази, Европыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хэлэлцээ ирэх жилээс эрчимжих нь

Орос, Хятад гэх дэлхийн хоёр том зах зээлийг холбосныхоо төлөө багагүй мөнгө олох боломж манай улсад бий. Төрийн тэргүүний гурван улсыг холбох эдийн засгийн коридор байгуулах санаачлагыг В.Путин, Си дарга хоёр толгой дохин дэмжиж байгаа. Гурван улсын тэргүүнүүд яг энэ асуудлаар уржнангаас уулзаад эхэлчихсэн. Засгийн газар Эдийн засгийн коридор байгуулахтай холбоотой бичиг баримтад гарын үсэг зурах зөвшөөрөл өгсөн нь энэ ажил хэр ахицтай яваагийн нэг том баталгаа. Энэ сарын сүүлээр Ц.Элбэгдорж, В.Путин, Си дарга гурав Ташкентад уулзаж эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт гарын үсгээ зурж баталгаажуулахаар товлоод байгаа.

Худалдаа арилжаагаа хоёр зуун тэрбум ам.долларт хүргэх том зорилготой хөршүүдийн хувьд Монгол тун ашигтай байршил. Хамгийн дөт замаар, хамгийн хямд зардлаар бараа, бүтээгдэхүүн солилцоод байх боломж Хятад-Монгол-Орос гэсэн маршрутад бий. Ази, Европын хоёр том улсыг авто зам, төмөр зам, хурдны зам, хийн хоолой, цахилгаан дамжуулах шугамаар холбох боломжууд яригдаад эхэлчихсэн, ирэх жилээс яриа хэлэлцээ улам эрчимжинэ гэж албаныхан онцолж байна.

Д.Зоригт: Монголд бүс нутгийн эрчимхүчний арилжаанд оролцох өндөр боломж бий

Эрчим хүчний сайд Д.Зоригттой эдийн засгийн коридорын талаар ярилцлаа.

-Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудал хэр ахицтай байгаа бол?

-Ерөнхийлөгчийн санаачилсан гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах асуудлын хүрээнд ямар ажил хийж болох талаар гурван талын экспертийн ажлын хэсэг гарч, ажиллаад дууслаа. Монгол, Орос, Хятадын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрт гарын үсэг зурахыг өнгөрсөн сарын сүүлийн Засгийн газрын хуралдаанаар зөвшөөрсөн. Ерөнхийлөгч энэ сарын хорьд гаргаад Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хуралд оролцох юм. Тэр үеэр энэ бичиг баримтад гарын үсэг зурах ёслол болно. Эдийн засгийн коридор бол Монголын хөгжилд, хоёр хөрштэйгөө эдийн засгийн интеграцчилалд ороход маш чухал асуудал.

Орос, Хятад хоёрыг хийн хоолой, цахилгаан дамжуулах шугамаар холбох боломж бий гэж ярьдаг. Жишээ нь манай улсын нутаг дэвсгэр дээгүүр цахилгаан дамжуулах шугамаар холбогдохоос аргагүй шалтгаан хоёр хөршид байгаа юу?

-Байлгүй яахав. ОХУ-ын Зүүн Сибирь Алс Дорнод бол эрчим хүчний асар их нөөцтэй бүс. Ялангуяа сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа усны эрчим хүчний нөөц сайтай. Эрчим хүч нь хямдхан, 20000 МВт-ын илүүдэлтэй. Гэтэл Хятад зүүн эрэг дагуудаа, өмнөд хэсэгтээ эрчим хүчний дутагдалтай. Тэгэхээр Оросын Зүүн Сибирь Алс Дорнодын эрчим хүчний илүүдэл Монголд бүс нутгийн эрчим хүчний арилжаанд оролцох боломжийг нээж өгөх өндөр магадлалтай гэж би хувьдаа хардаг. Энэ талаар ОХУ-ын Засгийн газрын болон эрчим хүчний байгууллагуудтай яриа хэлэлцээний анхан шатны ажлууд эхэлсэн. Эдийн засгийн коридор байгуулах баримт бичигт гурван улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурвал энэ чигээр өрнүүлсэн яриа хэлэлцээ идэвхжих байх.

-Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-ОХУ Хятад руу асар их хэмжээний эрчим хүч, хий, нефть экспортолдог орон болоод байгаа. Мэдээж энэ бүгдийг тээвэрлэж таарна. Тэгэхээр тээвэрлэлтийн дэд бүтэц чухал гэсэн үг. Манай талаас нефть, газын хоолой, төмөр зам, эрчим хүчний дамжуулах шугам, харилцаа холбооны дэд бүтцийг Монголын нутгаар дамжуулах боломжийг судалж үзээч, бэлэн байгаа шүү гэсэн саналаа тавьчихсан. Шууд бүтэх асуудал биш л дээ. Судалгаа, шинжилгээ, ТЭЗҮ, зураг төсөл гээд их олон зүйл бий. Хэлэлцэгдэх түвшиндээ явж байна. Манай улсын зүүн талаар ОХУ-д “Сибирийн хүч” гээд газын хоолойн барилга байгууламжийн ажил ид өрнөж байгаа. ОХУ дэлхийд хийн нөөцөөрөө тэргүүлдэг улс. Тэгэхээр ганц шугамаар явуулаад Хятадын хэрэгцээг хангаж чадахгүй. Хоёр, гурав дахь шугамыг төлөвлөх нь тодорхой. Хоёр, гурав дахь шугамаа хаагуур явуулах вэ гэдэг судалгааны ажил Орос, Хятад хоёрын дунд явагдаж байна.

-Манайхаас хийн хоолой тавих саналд Оросын тал ямар нэг байр суурь илэрхийлсэн үү?

-Оросын тал судалж үзье гэсэн юм билээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ноднин Санктпетербургийн Эдийн засгийн форумд оролцохдоо саналаа тавьсан. ”Газпром”-ын удирдлага манай саналд судалж үзье гэсэн хариу өгсөн. Нефть газын хоолой, транзит төмөр зам бол асар их хөрөнгө оруулалтаар бүтдэг эд. Нэг талаасаа эдийн засгийн төсөл, нөгөө талаасаа улс төрийн геополитикийн асуудал. Бараа хүлээж авч байгаа нь, бараагаа явуулж байгаа нь ч ялгаагүй, ирээдүйн улс төрийн эрсдэлээ тооцож байж шийдвэрээ гаргаж таарна. Монгол найдвартай түнш байж чадах уу, таатай нөхцөл амлах нь уу, хэдэн жилийн ямар түвшний баталгаа өгөх юм гэх мэт асуудлыг олон талаас нь судалж үзэх нь ойлгомжтой. Мөн ОХУ-ын төслүүд Дорнод, Сибирийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн хөтөлбөртэй уялдах ёстой. Хойд хөрш асар том газар нутагтай учраас аль болох нутаг дэвсгэр дээгүүрээ дэд бүтэц татаж хот суурингаа хөгжүүлэхийг зорьж таарна. Ямартай ч яриа хэлэлцээ эхлээд явж байгаа нь том давуу тал. Дахин хэлэхэд эдийн засгийн коридорын асуудал ирэх дөрвөн жилд эрчимжих нь ойлгомжтой болчихсон.

-Мэдээж газар зүйн хувьд дөт, зардал хэмнэнэ гэсэн давуу тал бидэнд бий. Хийн хоолой тавигдсанаар транзит тээврийн хөлс гэж авч таарна. Эдийн засгийн хувьд өөр ямар давуу тал бидэнд үүсэх вэ?

-Хийн хоолой тавигдвал тохиролцоо хийж хэрэгцээнийхээ хийг замаас нь авах боломж бидэнд байгаа. Мэдээж орон нутгийн төсөвт мөнгө орно. Хийн хоолойн засвар дээр олон хүн ажиллана. Тэгэхээр хангалттай ажлын байр бий болно гэсэн үг.

Си Жиньпин: Эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна

БНХАУ-ын дарга Си Жиньпин жилийн өмнө Ерөнхийлөгчтэй уулзахдаа “Гурван улсын эдийн засгийн эрх бүхий байгууллага яриа хэлэлцээ өрнүүлж, бэлэн болсон төслийг хэрэгжүүлж болно. Гурван тал Хятадын талын Торгоны зам, Оросын талын Евро Азийн коридор, Монголын талын Талын зам санаачилгыг уялдуулж, Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор байгуулахыг хүсч байна. Гурван улсын эрх бүхий байгууллагад чиглэл өгч, эдийн засгийн коридорын урт хугацааны хөтөлбөр боловсруулж, гурван талын хөгжлийн стратегийг бодит төслөөр хэрэгжүүлэхийг санал болгож байна. Евро Ази тивд ийнхүү коридор байгуулах нь гурван улсын хөгжил болон бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой” хэмээн онцолж байсан юм.

Монгол-Орос-Хятадын хооронд эдийн засгийн коридор байгуулах гурван улсын Хамтарсан ажлын хэсгийн уулзалт өнгөрсөн сарын сүүлээр БНХАУ-ын Бээжин хотноо болж хөтөлбөр, төслүүдийн жагсаалтыг эцэслэн тохиролцжээ. Гурван улсын нутаг дэвсгэрийг холбосон төмөр замын тээврийн төв, хойд, зүүн, зүүн өмнөд болон баруун чиглэлийн коридорыг байгуулах тохироо бий. “Улаанбаатар төмөр зам”-ын коридор болох төмөр замын төв коридор гэхэд л Улаан-Үд-Наушки-Сүхбаатар-Замын-Үүд-Эрээн-Жинин-Тяньжин далайн боомт гэсэн маршруттай. Төмөр замын хойд коридор байгуулах хувилбар ч яригддаг. Маршрут нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Эрдэнэт-Салхит-Замын-Үүд-Эрээн-Бээжин-Тяньжин. Төмөр замын баруун коридор нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арц суурь-Ховд-Өрөмч. Харин зүүн коридор нь Чита-Борзя-Соловьевск-Эрээнцав-Чойбалсан-Хөөт-Бичигт-Зүүнхатавч-Жиньжоу далайн боомт. Сая дурдсан маршрутуудын хувьд яригдаж байгаа хувилбарууд. Талууд боломжтой гэж үзвэл хэрэгжүүлнэ гэсэн үг.

Зам тээврийн сайд саявтар өгсөн ярилцлагадаа “Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг барих хэтийн төлөвийг судлах, транзит тээврийг нэмэгдүүлэх зорилготой гурван улсын төмөр замын тээвэр-логистикийн компанийг байгуулах талаар хамтарсан яриа хэлэлцээ явуулах, гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан төмөр замын коридорыг хөгжүүлэх төслүүдийг бэлтгэх, урьдчилсан судалгааг нь хийх, эдийн засгийн үндэслэлийг тогтоох зорилгоор хөрөнгө оруулалт, зураг төслийн хамтарсан төв байгуулахаар тохиролцоод байна” хэмээн онцолсон байсан. Ази-Европыг холбох эдийн засгийн коридорын асуудал сүүлд гэхэд л АСЕМ-ийн Сангийн сайд нарын уулзалтын үеэр хөндөгдсөн юм. Улс орнуудын Сангийн сайд нар коридор байгуулах боломж болон авто замын салбарын хөрөнгө оруулалтын талаар яриа хөөрөө өрнүүлжээ.


Categories
мэдээ цаг-үе

Австралийг айлгасан үер монгол нүүрсийг “моод”-нд оруулж магадгүй нь

Герман, Франц, Австрийг айлгасан их үер Австралийг сандаргаж байна. Европыг хамарсан энэ зуны үер гамшгийн хэмжээнд хүрснийг Парисаас харж болно. Сена мөрөн эргээ даван үерлэж, найман мянга гаруй оршин суугч онцгой байдлынханд ханджээ. Цаг уурчид өнгөрсөн тавдугаар сарыг Францын хэмжээнд сүүлийн 150 жил тохиолдоогүй их хур тунадастай үе хэмээн онцолсон бол Сиднейн түүхэнд сүүлийн 100 жил тохиогоогүй үерийн гамшиг тохиосон гэж Австралийн Онцгой байдлын яам мэдээлсэн юм. Эндээс харахад Австралийн үер 2011 оных шиг гамшгийн хэмжээнд хүрч мэдэх юм. Өнгөрсөн бямба гаригаас эхэлж орсон бороо ням гаригийн үүрээс ширүүсч үргэлжлэн орсоор байгаа юм. Үерт Канберра болон баруун Сидней хотууд илүүтэй өртжээ. Үерт автсан Куйнслэнд, Шинэ Өмнөд Уэйлс гэхэд л Австралийн уул уурхайн гол бүс. Энд Австралийн нүүрсний хамгийн том 29 уурхай оршдог. Австралийн сайн чанарын коксжих нүүрс Куйнслэнд мужийн Bowen басейн, Cla­rense Moreton басейн болон Шинэ Өмнөд Уэйлс мужийн баруун хэсэгт тархсан байдаг юм.

Австралийн коксжих нүүрс олборлолтын гол бүс нутагт хүчтэй үер болсон нь дэлхийн зах зээл дээр шалдаа унасан нүүрсний үнэд нөлөөлж мэдэх нь гэсэн таамаг хөвөрч эхэллээ. Сая дурдсан газруудад 2010, 2011 онд үер болоход уурхайнууд нь хаагдаж байсан юм.

Дэлхийн нүүрсний экспортын нийлүүлэлтийн наяас дээш хувийг Индонези, Австрали, ОХУ, АНУ, Колумби, Өмнөд Африк гэсэн зургаан улс хангадаг. Гэхдээ манай улсын нүүрсээ зардаг Хятадын зах зээлийн гол тоглогч Австрали. Эрчим хүчний нүүрсний зах зээлийг Атлантын болон Номхон далайн бүс гэж ангилдаг бол Таван толгойгоос урд хөрш рүү экспортолдог коксжих нүүрсний зах зээл ганц том нийлүүлэгчтэй. Тэр нь Австрали. Коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ толгой цохидог Австрали 2011 онд үерт автахад манай нүүрс хаданд гарсан нь ийм учиртай. Дэлхийн коксжих нүүрсний хэрэглээний тал хувийг энэ тив хангадаг. Таван толгойн ордын нийт нөөц нь 6.4 тэрбум тонн, үүнээс 1.8 тэрбум тонн нь коксжих нүүрс юм.

АВСТРАЛИЙН КОКСЖИХ НҮҮРСЭНД ҮЕРЭЭС ӨӨР АСУУДАЛ Ч БАЙНА

Үерээс өөр зовлон ч Австралийн нүүрсний салбарт тулгараад байна. Энэтхэгийн “Адани майнинг” нүүрсний нөөцөөрөө дэлхийд нэгдүгээрт бичигддэг Кармайклын бүтээн байгуулалтаас гарч магадгүй байдал үүсчээ. Австралийн Засгийн газар өнгөрсөн оны сүүлээр удаан хугацаанд сунжирч маргаан дагуулсан энэ ордыг хөдөлгөх шийдвэрийг гаргасан юм. Зургаан жилийн өмнө эхэлж байсан Кармайклын төсөл 16 тэрбум австрали доллар буюу, 12 тэрбум ам.долларын өртөгтэй. Энэ уурхайгаас жилдээ 60 сая тонн нүүрсийг Энэтхэг болон бусад орнууд руу гаргах боломжтой гэсэн аварга тоо дуулддаг. Кармайклын бүтээн байгуулалтыг төдийгөөс өдий хүртэл шүүмжилсээр ирсэн хүмүүсийн эсэргүүцэл ширүүссэн нь хөрөнгө оруулагчийг айлгасан гэх мэдээлэл цацагдаж байна. Даарин дээр давс гэгчээр нүүрсний зах зээл тааруухан байгаа гэсэн шалтгаанаар “Glencore” Тахмур дахь уурхайгаа хаана гэж төлөвлөснөө зарлаад байгаа юм.

МОНГОЛЫН ЭКСПОРТЫГ ОГЦОМ ӨСГӨСӨН ХОРИГ

Монгол нүүрс моодонд орох өөр нэг том шалтгаан нь БНХАУ Хойд Солонгосоос нүүрс авахаа багасгасан шийдвэр. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс БНАСАУ-д хориг тавих тухай 27 дугаар тогтоолыг өнгөрсөн хоёрдугаар сард баталсан. Энэ тогтоолыг БНХАУ дэмжиж байгаа юм. Урд хөрш Хойд Солонгосоос авах нүүрснийхээ хэмжээг хоёр сарын өмнөөс эрс багасгасан нь ийм учиртай. Гуравдугаар сард 2.1 сая тонныг авсан бол дөрөвдүгээр сард 1.53 сая тонныг импортолсон. Хойд Солонгосоос дөрөвдүгээр сард Хятад руу экспортолсон нүүрсний хэмжээ 1.53 сая тонн болсон нь гуравдугаар сарынхаас 35 хувь, өмнөх оны мөн үеэс 20.5 хувь буурсан дүн гэсэн мэдээг Хятадын Гаалийн ерөнхий газраас гаргаад буй. Манай нүүрсний экспорт ганцхан сарын дотор 1.98 саяас гурван сая тоннд хүрч огцом өссөн нь энэ шийдвэртэй холбоотой. Хятадад экспортолсон өмнөх оны мөн үеийнхээс 34.7 хувиар өснө гэдэг бол яах аргагүй онцолж хэлэхээр статистик. Ямартай ч Хойд Солонгосын дэглэмийн эсрэг урд хөршийн худалдааны хатуу хориг манай улсын нүүрсний экспортод эерэг нөлөө үзүүлээд эхэлчихлээ.

Хятадад хамгийн том нүүрс нийлүүлэгч Австралийн нүүрсний экспорт ч буурсан дүнтэй гарсан байна. Австралийн дөрөвдүгээр сарын нийлүүлэлт нь 5.74 сая тонн. Өмнөх оноосоо 12.9 хувиар буурчээ.

КОКСЖИХ НҮҮРС, ВИНОГ НЬ ДЭЛХИЙ АНДАХГҮЙ

Коксжих нүүрсний экспортын дэлхийн захын гол тоглогч Австрали зургаан муж, хоёр бүсэд хуваагддаг. Нийслэл хот нь Канберра. Уул уурхайн орд олонтой Викториа муж нь Австралийн зүүн өмнөд хэсэгт байрладаг. Мужийн нийслэл нь Мельбурн. Энэ мужийн цаг агаар баруун болон зүүн хэсгээрээ халуувтар. Бага зэрэг хувьсамтгай цаг агаартай гэж цаг уурчид онцолдог. Уул уурхайн гол бүс гэгддэг Куйнслэнд муж Австралийн зүүн умард зүгийн захаар байрладаг. Үзэсгэлэнт байгалиараа жуулчдын сонирхлыг татдаг газрын нэг юм байна. Уур амьсгалын хувьд халуун, чийглэг. Австраличууд амьжиргааны түвшнээрээ дэлхийд дээгүүрт ордог. 180 гаруй орны хүмүүс суурьшин амьдардаг энэ улсын зургаан хүн тутмын нэг нь гаднаас ирсэн, гадаадад төрсөн хүмүүс байдаг. Газар зүйн хувьд дэлхий дээрх хамгийн том арал бөгөөд хамгийн жижиг тив. Газар нутгийн хэмжээгээрээ Орос, Канад, Хятад, Америк, Бразилийн дараа дэлхийн хамгийн том улсуудын жагсаалтад зургаад бичигддэг. Номхон далай болон Энэтхэгийн далайгаар хүрээлэгдсэн. Бүр тодруулбал, баруун талаараа Энэтхэгийн далайтай, хойд талаараа Тимор, Арафура, Коралийн тэнгисүүдтэй, зүүн ба өмнөд хэсгээрээ Номхон далай болон Тасманийн тэнгистэй хиллэдэг. Далай дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг гэдэг дүгнэлт далайтай ойрхон улсуудад илүү хамаатай. Номхон далайд Эль нино, Ла нина гэсэн цаг уурын хоёр үзэгдэл үүсдэг гэж цаг уурчид онцолдог. Эль ниногийнх нь үед улс орнуудад ган гачиг болох эрсдэл үүсдэг, харин Ла нинагийн үед хур ихтэй, үерийн эрсдэл өндөр хэмээдэг. Эль нино дуусч Ла нина эхэлж байгаа нь Австралийн хувьд тийм ч сайн мэдээ биш. Энэ улсын экспортын гол бүтээгдэхүүн уул уурхай, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, боловсролын салбарт хамаарагддаг. Өмнөд, баруун Австралийг виноны эх орон гэдэг. Виноны зах зээл дээр Франц, АНУ-ын дараа дэлхийд гуравт жагсдаг. Уул уурхайн бүтээгдэхүүний хувьд өмнө дурдсанчлан коксжих нүүрсний дэлхийн гол нийлүүлэгч.

АВСТРАЛИЙН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ

Австралийн олон улсын нүүрсний зах зээл дээр хамгийн том экспортлогч байсан үе нь 2011 он хүртэл үргэлжилсэн байдаг. Харин 2011 оноос хойш Индонези бүх төрлийн нүүрсний экспортоороо тэргүүлж эхэлсэн юм. Гэсэн хэдий ч коксжих нүүрсээрээ бол өнөөдөр ч голлох тоглогч хэвээрээ. Азийн дийлэнх зах зээлд ойрхон байршилтай, нүүрсний их нөөцтэй гэх мэт давуу талууд бий. Австралийн хувьд нүүрсний экспорт төмрийн хүдрийн дараа ордог. Цаг агаарын өөрчлөлтөөс ихээхэн хамааралтай байдаг нь Австралийн нүүрсний салбарын эмзэг тал. Таван жилийн өмнө Куйнслэнд муж үерт автахад Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт тасарч байсныг өмнө дурдсан. Үүнээс болж гангийн үйлдвэрт ашигладаг нүүрсний үнэ 330 ам.доллар хүрч “галзуурч” байв. Австралийн коксжих нүүрсний экспорт 2018-2019 он гэхэд 195 сая тоннд хүрнэ гэсэн таамаг бий. Төмөр зам, боомтын хүчин чадал дутмаг байгаа нь нүүрсний экспортод нь саад болдог гэдэг. Боомтод ирсэн нүүрс түгжрэх нь энгийн л үзэгдэл, манайхаар бол Таван толгойн нүүрс ачсан машинууд Хятадын хил дээр дугаарладаг шиг асуудал үүсдэг бололтой. Гэхдээ дэд бүтцээ сайжруулах олон төсөл хэрэгжүүлж байгаа, эхнээсээ үр дүнгээ өгөөд эхэлсэн мэдээлэл бий.

АВСТРАЛИЙН ӨРСӨЛДӨГЧ МОНГОЛЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ

Монголын хувьд Австралитай өрсөлдөх боломж уг нь бий. Коксжих нүүрсний том нөөцтэй орд нь Хятадын хилд ойрхон байрлана гэдэг бол том давуу тал. Гэхдээ нүүрсээ тээвэрлэх зардал нь хэтэрхий өндөр, шороон замаар автомашинаар зөөдөг гэсэн болхидуу тээвэртэй учраас дэлхийн зах зээлээс өчнөөн хямд үнээр коксжих нүүрсээ зарахаас аргагүйд хүрдэг. Төмөр зам тавьчихвал коксжих нүүрсний нийлүүлэлтээрээ Хятадын зах зээлд дажгүй тоглоод байх боломжтой. Австрали шиг байсхийгээд үер болно гэх зовлон байх биш. Төмөр замтай болж, нүүрсээ хямдхан тээвэрлээд эхэлбэл нүүрснээсээ тогтвортой ашиг олоод амар жимэр амьдрах уг нь тийм ч толгой өвтгөсөн асуудал биш. Австрали үерт автсан 2011 онд Хятадын коксжих нүүрсний импортод Таван толгойн нүүрсний эзлэх хувь бүр 40 давж байсан удаатай.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсийг 30 ам.доллараас 1500 ам.долларт хүргэх боломж

Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх Монгол Улс Япон улсын хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт УИХ-ын дарга багагүй найдлага тавьж байна. Хямдхан приус авах, чацарганын жүүсээ элдэв татваргүй Японы зах зээлд гаргах энэ тэр бол наад захын асуудал, өчнөөн тэрбум тоннын нөөцтэй нүүрсээ наран улсынхны тусламжтайгаар үнэд хүргэх нь Монголын хувьд том зорилго болжээ гэсэн дүгнэлтийг УИХ-ын даргын хэлсэн үгнээс хийж болохоор байв. Хэлэлцээр хэрэгжсэнээр Японы өндөр технологийг нэвтрүүлэх боломж нээгдэж байгаа. Монгол нүүрсний арвин их нөөцтэй, Япон нүүрснээс эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах өндөр технологиудтай. Энэ давуу талуудаа нэгтгэх сонирхлыг хоёр тал харилцан илэрхийлээд эхэлчихэж. Японы технологийг нэвтрүүлж, нүүрснээсээ эцсийн бүтээгдэхүүн гаргадаг болчихвол 30 ам.доллараар биш 1500 ам.доллараар зарах гарц нээгдэнэ гэж байгаа. Гэхдээ энэ боломж яг хэзээ ажил болохыг хэлэхэд эрт байна. Ямартай ч УИХ-ын даргын Япон улсад хийсэн айлчлалын үеэр энэ талаар эхний яриа хөөрөөнүүд өрнөжээ. Монголын цэвэр нүүрсний технологи хэрэгжүүлж байгаа төслүүдэд Японы оролцоог хангах асуудал яригдсан гэнэ. Манай улсын тухайд “Цэцэнс майнинг энд Энержи”, “Монголын Алт”, “Багануур Энержи” зэрэг хэд хэдэн компани нүүрс шингэрүүлэх, нүүрснээс шингэн түлш гаргаж авах төслүүдийг эхлүүлээд байгаа юм.

Эхний ээлжинд хоёр улсын хамтарсан судалгааны баг оны сүүлээр ажиллаж эхлэх бололтой. Юуны өмнө нүүрсийг хийжүүлнэ, хийгээр ажилладаг цахилгаан станцын бүтээн байгуулалт өрнүүлнэ, нүүрсийг хийжүүлэх явцад гарсан дагалдах элементүүдийг ашиглаж нүүрс химийн үйлдвэр байгуулна гэсэн зураг гарчээ. Япончууд хэрийн зүйлд яаран шийдвэр гаргадаггүй улс. Уул уурхай, тэр дундаа нүүрсний салбараа зөв хөгжүүлж, том төслүүдээ улс төрийн элдэв нөлөөгүй хэрэгжүүлээд эхэлбэл нүүрсээ үнэд хүргэх төлөвлөгөө хэрэгжих магадлалтай.

“Эрдэнэс метан” компанийн гүйцэтгэх захирал Г.Ёндонгомбо “Хүмүүс анх нүүрсийг шатаах зорилгоор л олборлож эхэлсэн. Эхлээд ахуйд, дараа нь аж үйлдвэрт. Нүүрс байгаагүйсэн бол аж үйлдвэрийн хувьсгал ч болохгүй байсан. XIX зуунд тээвэрт маш ихээр хэрэглэж эхэлсэн.

1960 онд нүүрсний станцууд дэлхийн эрчим хүчний үйлдвэрлэлийн талыг эзэлж байсан. Гэтэл 1970 онд дөнгөж гуравны нэгийг эзлэх болсон. Нүүрс газрын тос, хийнд шахагдаж эхэлсэн хэрэг. Гэхдээ химийн болон металлургийн үйлдвэрлэлийн үнэт түүхий эд гэдгээрээ нүүрсний үнэ цэн хэзээ ч унаагүй өнөөг хүрсэн. Өнөөдөр нийт олборлож байгаа нүүрсний дөрөвний нэгийг кокс-химийн үйлдвэрлэл ашигладаг” хэмээн ярилаа.

Нүүрсийг 950-1050°С халуунд хүчилтөрөгчгүйгээр халаахад задрал явагдаж кокс хэмээх хатуу бодис, коксын хий хэмээх дэгдэмтгий бодис үүсдэг аж. Нүүрсний жингийн 75-78 хувь нь кокс болдог гэнэ. Үүнийг металлургийн үйлдвэрт ширэм хайлуулахад хэрэглэдэг юм байна. Үлдсэн 25 хувь нь коксын хий болж усны ууртай хамт өтгөрч нүүрсний давирхай болон давирхайт ус болдог байна.

Нүүрсний давирхай нь нүүрсний жингийн 3-4 хувийг эзлэх бөгөөд органик бодисуудын маш нарийн холимог гэж химичид онцолдог.

Энэ холимгоос өнөөдрийн байдлаар эрдэмтэд дөнгөж 60 хувийг нь таньжээ. Тодруулж хэлбэл, эрдэмтэд 500 бодисыг таньж чадсан аж. Эдгээрээс одоохондоо нафталин, антрацен, фенантрен, фенолууд, нүүрсний тос зэргийг боловсруулж байна.

Нүүрсний жингийн 12 хүртэлх хувийг эзэлдэг давирхайт уснаас аммиак, фенолууд, пиридини зэргийг гаргаж авдаг. Эндээс бас кумароны давирхайг гаргаж лак, будаг, линолеум, резин үйлдвэрлэхэд хэрэглэдэг юм байна.

Мөн нүүрсийг хийжүүлж нийлэг хий сингаз гаргадаг байна. Энэ хий нь түлш гэдэг утгаараа байгаль орчинд ээлтэй, химийн аж үйлдвэр, нийлэг байгалийн хий, нийлэг шингэн түлшний үйлдвэрлэлийн түүхий эд гэдэг утгаараа бүр ч илүү ач холбогдолтой эд гэнэ.

Нүүрснээс бас хиймэл графит буюу бал чулууг гаргадаг аж. Даралт, халууны орчин бүрдүүлж чадвал хиймэл алмаз ч болгож болдог байна.

Дэлхийн улс орнууд чулуун нүүрснээс ванадий, германий, галлий, молибден, цайр, хар тугалга зэрэг ховор металл, түүнчлэн хүхрийг ч асар ихээр гарган авч байна. Товчхондоо нүүрсийг боловсруулж 400 гаруй бодис гарган авдаг юм байна. Эдгээр бодисууд нь нүүрснээсээ 20-25 дахин өндөр үнэтэйгээр зах зээлд нийлүүлэгддэг аж.

Манай улс нүүрсний 173 тэрбум тонн нөөцтэй гэсэн статистик бий. Нийт нөөцөөрөө дэлхийд эхний 15-д ордог гэх жагсаалт ч дуулддаг. Нүүрсний нийт нөөцийн ихэнх нь зах зээлд үнэд хүрдэггүй хүрэн нүүрс гэж геологичид ярьдаг. Тэгэхээр үнэ хүрэхгүй хүрэн нүүрснээсээ дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаалагддаг бүтээгдэхүүнийг Японы өндөр технологийг ашиглан гаргаж эхэлбэл мэдээж худалдан авагчид бэлэн. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нүүрснээс татгалзаж эхэлсэн нь цаанаа учиртай. Нүүрсийг шатаахад хийн болон хатуу байдалтай асар их хорт хаягдлууд ялгардаг юм.

Тиймээс ихэнх оронд нүүрс шатаахтай холбоотой хатуу чанга дүрэм, журам, норм хэрэгжүүлдэг. Алсдаа нүүрсээ биш нүүрснээс гаргаж авсан өндөр чанарын бүтээгдэхүүнүүдийн эрэлт өснө гэдэг нь эндээс төвөггүй харагдаж байна.

Доктор Б.Пүрэвсүрэн нүүрсний хэтийн төлөвийн талаарх саналдаа “Таван толгойн нүүрсийг баяжуулах ба коксжуулах үйлдвэр байгуулагдсанаар нүүрсний баяжмал болон коксыг цаашид дахин гүн боловсруулалтад оруулна. Тухайлбал, баяжмалаас идэвхжүүлсэн нүүрс, коксыг төмрийн хүдрийг боловсруулж төмөр, коксыг шохойтой хольж хайлуулан кальцын карбид үйлдвэрлэх үйлдвэрүүдийг харилцан уялдаатай хөгжүүлэх боломжтой. Кальцигийн карбидыг үйлдвэрлэснээр ацетиленийг гарган авах боломж нээгдэнэ. Ингэснээр полимер химийн аж үйлдвэрийг жинхэнэ ёсоор хөгжүүлэх эх суурь тавигдах юм.

Үр дүнд нь нүүрсний гүнзгий боловсруулалтын эцсийн бүтээгдэхүүн болох орчин үеийн хамгийн их эрэлт хэрэгцээтэй нийлэг полимерууд болох поливинилхлорид, поливинилацетат, поливинилийн спиртийг үйлдвэрлэснээр төрөл бүрийн хуванцар бүтээгдэхүүнүүд, органик лак, будаг, цавуу, нийлэг мяндас болон түүгээр хийсэн бүтээгдэхүүнүүдээр дотоодын хэрэгцээгээ хангах хэтийн сайхан төлөв бий” гэж онцолсон нь бий.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдэдээ “дарлуулдаг” ганц өдөр

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр болоод өнгөрлөө. Бүтэн жилдээ ганцхан удаа хүүхдэдээ “дарлуулдаг” өдөр маань. Үнэндээ бид бусад өдөрт нь хүүхдээ “дарлаж” амьдардаг улс гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Хүүхдийн баяр өнгөрсөн хойно анзаарах нь ээ эргэж хармаар, эргэцүүлж бодмоор юмс бас байна аа. Сая хол давсан Улаанбаатар маань хотын төвдөө ганцхан парк, ганцхан том талбайтай. Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэн гэсэн гоё нэртэй парк гэхэд л энэ өдөр очихын эцэсгүй пиг хүнтэй өнждөг. Халуун наранд шарагдан байж өдөржингөө дугаарлаад хүүхдээ ганц, хоёрхон тоглоомоор баярлуулбал их юм. Гадны улсуудын парк шиг алаг үрстэйгээ ногоон зүлгэн дээр тухалж, моддын чөлөөгөөр зугаалах тухай яриад ч нэмэргүй, одоохондоо төсөөлөлд л байгаа орчин. Чингисийн талбайн зургадугаар сарын 1-ний дүр зургийн тухай бүр ярих юм биш. Ойр хавийнх нь зам машины таг түгжрээ, төв талбай нь хүний пиг түгжээ болдог. Талбай, хүүхдийн парк зүглэдэг олны цуваа төв замуудыг таг гацаадаг жил жилийн зураг энэ жил яг хэвээрээ олныг унтууцуулав.

Нэг үеэ бодвол хүүхдүүдээ хотод тухгүй баярлуулснаас холгүйхэн тухтай орчинд салхинд гарахыг илүүд үздэг хүмүүс олширсон. Гэтэл салхинд гардаг газар нь ганц Тэрэлж. Харамсалтай нь нийслэлчүүд хотоос гарах гэж зургаан цаг, Тэрэлжээс ирэх гэж найман цагийг замын түгжрээнд өнгөрөөв.Тэрэлжид амрагчдаас хамгийн сүүлд хотод ирсэн хүн лав л үүрийн таван цаг хүргэсэн байх. Манайхны зам дээр гаргадаг аяг ч даарин дээр давс болсон л доо. Цуваад аятайхан явахаа бодохгүй, өчнөөн эгнээгээр чихэлдэн эгнэж хамаг цагаа авчихаж байгаа юм. Тэрэлжээс ирэгсдийн зарим нь бүр хээр хоносон байх шүү. Ингээд бодохоор юун хүүхдийн баяр, юун хүүхдийн эрхийг хамгаалах өдөр. Хүүхдэдээ дарлагдах биш бүр дарлаж гүйцсэн өдөр болоод өнгөрлөө, зургадугаар сарын 1. Халуун өдөр замын түгжрээнд өчнөөн цагаар гацах, дүүрэн хүнтэй талбай, паркаар олны хөлд даруулах шахан зүтгэх ямар л олиг байв гэж. Энэ жилийн хүүхдийн баяр бяцхануудын маань хувьд гол харлаж зүрх шимширмээр өдөр болж хувирсан. Ганц энэ жил ч биш өнгөрсөн жилүүд ч тийм л байсан. Цаашид жил жилийн зургадугаар сарын 1-нийг ингэж тэмдэглэмээргүй байна.

Дүүрэг бүр хүүхэд залуусын цагаа зугаатай өнгөрөөдөг төв талбайтай болъё. Хүүхдийн баяраар дүүргүүдийн төв талбай дээр Чингисийн талбайд болдог шиг урлаг соёлын шоу, үзэсгэлэн худалдаа, элдэв арга хэмжээ зохиочихвол тээр баруун зүгийн Баянхошууны багачууд түгжрэн барин хотын төв бараадахгүй. Дуртай хамтлаг дуучдынхаа тоглолтыг дүүргийнхээ төв талбайд үзсэн шигээ баярлана. Ганц газраа бүхнийг бөөгнүүлэх гэдэг хуучин сэтгэлгээнээсээ салах цаг болсныг хүүхдүүдтэйгээ замын түгжрээнд гацаж, паркийн тоглоомонд дугаарласан аав, ээжүүд дуу нэгтэй хүлээн зөвшөөрнө. Төв талбай барьтал удах биз дээ гэж эргэлзэх ч хэрэггүй. Сонгинохайрханыхан гэхэд л Зүүн салааны тойргоо хааж байгаад баярлахад болохгүй юмгүй. Баянзүрхийнхэн нохойны хөшөөтэй уулзвараа чөлөөлөөд багачуудаа баярлуулах бүрэн боломжтой. Баянголынхон “Өргөө” кино театраас дооших худалдааны гудамжаа ганцхан өдөр хүүхдүүддээ зориулаад тохижуулчихвал зургадугаар сарын нэгэн хачин гоё өнгөрнө гэдэгт эргэлзэх юм алга. Ингэвэл нийслэлчүүд нэг газраа бөөгнөрч зүдэхгүй аятайхан баярлана.

Улаанбаатар одооныхоос хэд дахин бага хүнтэй байсан хуучин нийгмийн үед Хүүхэд залуучуудын соёл амралтын хүрээлэнгээ хотын урд хэсэгт гэж төлөвлөн барьж байв. Гэтэл тэр цагийн парк өнөөдөр хотын төвдөө орчихсон. Нийслэлийн иргэд сая хол давж бүл нэмсэн болохоор арга ч үгүй. Дэлхийн хотуудыг ажих нь ээ парк нь хотоосоо зайдуу, цэвэр агаартай, аятайхан газар байрласан байдаг. Зам нь асуудалгүй болохоор очиж ядах юмгүй. Дор нь сүнгэнэж очоод цэвэр агаарт гэр бүлээрээ баярласан шиг баярладаг. Манайд ч тийм боломж бий. Улаанбаатарын хойшоогоо л зам асуудалтай болохоос бусад хэсэгт нь парк барьчих бүрэн боломжтой. Хүй долоон худаг тийшээ, 22-ын товчооноос цааш Баянчандмань зүг рүү гэж ирээд яривал парк барьчих газрууд өчнөөн байгаа. Боломжтой нь хотоос зайдуух паркад очиж чөлөөт цагаа өнгөрөөдөг болчихвол хэчнээн аятай. Хүүхдийн баяр ч утгатай өнгөрнө. Хотын төвд парктай газар манайхаас өөр үгүй байх. Манай парк урдуураа, баруун зүүн талаараа машины урсгалтай. Машины утаа, тоосжилт, дуу чимээ гээд яривал эрүүл агаар, аюулгүй орчны тухай ярих аргагүй хэцүү орчин тэнд л байна.

Улаанбаатар дэлхийн хотуудын стандартын дагуу хөгжих цаг болсны наад захын жишээ гэхэд л хүүхдийн парк байна. Хотоос зайдуухан паркууд барьж, чиглэлийнх нь нийтийн тээврийн асуудлыг шийдээд өгчихвөл жил жилийн зургадугаар сарын нэгэн хүүхдийн хөгжүүн инээдээр дүүрэн өнгөрнө.

Дэлхийн хотуудын нүд унагам үзэсгэлэнтэй паркуудыг үндэсний томоохон компаниуд нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд бариад өгчихдөг жишиг ч байдаг юм билээ. Хотын иргэдийн тухтай орчны төлөө бүтээн байгуулалт хийсэн компаниа улс үндэстнээрээ хүндэтгэдэг гоё жишээнүүд өчнөөн дуулддаг. Дэлхийн хамгийн үзэмжтэй цэцэрлэгт хүрээлэнгийн нэгд тооцогддог, цэнхэр гаригийн бүх л ургамал ургадаг гэх Сингапурын ботаникийн хүрээлэнд хөрөнгө оруулсан банк гэхэд л үндэсний бахархлын дайтай хүндлэгддэг гэсэн. Хүүхэд багачууд нь дэлхийн бүх л ургамлыг нэг дор харж, байгалийн шинжлэх ухаанд дурлаад ирэхээр ямар ч ээж, аав, эмээ, өвөө нэмэр хандив оруулсан компанид талархах нь гарцаагүй. Манайд ч энэ жишээ шинэ биш. “MCS” гэхэд л хөгшин хөвөө гэлтгүй бүх л хүний чөлөөт цагаа эрүүл, зөв өнгөрөөдөг цанын баазын бүтээн байгуулалтыг хийсэн компани. Нийслэлчүүдийн алжаалаа тайлдаг паркуудыг төр мөнгө гаргаж барих шаардлагагүй, үндэсний компаниуддаа боломж өгөөд бариулчихад болохгүй гэх газаргүй. Татвараас чөлөөлөх гэх мэт хөрөнгө мөнгө шаардахгүй дэмжлэг үзүүлэхэд л шийдэгдэх асуудал. Нийгэмд тустай ийм бүтээн байгуулалт өрнүүлсэн компаниудаа эерэгээр сурталчилж, иргэд нь тэр компаниудаа хүндлээд эхэлбэл наад зах нь л баялаг бүтээгчдийг “муусайн баячууд” гэж хардаг буруу хандлага зөөлрөөд ирнэ. Тэгэхээр зургадугаар сарын нэгнийг хөл хөөр, хөгжөөн инээдтэй өнгөрөөх энгийн хүсэл биелбэл ийм том өөрчлөлт ч бас дагаад ирэх нь.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн хөрөнгийн захынхан литигийн хайгуулд гар татахгүй байна

Дэлхийн хөрөнгийн зах зээл дээр тоглодог эрхмүүд литигийн хайгуулын төслүүдэд гар татахгүй байна. Литигийн хайгуул хийх компаниудад том биржүүдээс мөнгө босгох боломж зуу, хоёр зуун хувь байгаа гэсэн үг. Манай улсын хувьд литигийн хайгуулын хэд хэдэн төсөл эхэн шатандаа яваа юм байна. Мэдээж хөрөнгийн зах зээлийнхний сонирхож байгаа ховор металл учраас амжилттай хэрэгжээд эхэлсэн нь тодорхой. Хамгийн хөнгөн металл гэдэг литиг одоохондоо утас, компьютерийн батарейд ашиглаж байгаа. “Тесла”-гийн цахилгаан машин дэлхийн хэрэглээ болбол литигийн ханш хаданд гарна гэсэн таамаг бий. Ер нь технологи хөгжих хэрээр лити гэх мэт элементүүд “моодонд” орно гэж шинжээчид онцолдог. Европын холбоо гэхэд л өндөр технологид ашиглагдах ийм металлуудын нийлүүлэлтэд аль хэзээнээс анхаараад эхэлчихсэн. Лити бол ховор металл. Газрын ховор элемент биш ч нарийн технологийн үйлдвэрлэлд гүйцэтгэх үүрэг нь асар их. Технологийн ертөнцийн ус агаар гэх нь бий. Ховор металлд литигээс гадна бериллий, тунгстен, вольфрам, цезий, рубидий, циркони, гафний, антимони, кобалт, цагаан тугалга багтдаг. Ганц Европ ч биш дэлхий даяараа ховор металлд анхаарлаа хандуулж байна. Өндөр хөгжилтэй орнууд литигийн нөөц дажгүй улсуудад төсөл хэрэгжүүлээд эхэлсэн өчнөөн жишээ бий.

ЛИТИ ГЭЖ ЮУ ВЭ?

Дэлхийн хөрөнгийн зах зээлийн халуун сэдэв болоод байгаа лити нь Мендеелевийн үелэх системийн элемент. Тодруулж хэлбэл, мөнгөлөг цагаан өнгөтэй металл юм. Бүх металлаас хамгийн хөнгөн нь. Хар тугалганаас зөөлхөн. Давтагдах, сунахдаа сайн. Хэд хэдэн металлтай хамтатгаж хайлш хийдэг. Халуун тэсвэрлэдэг хайлшууд хийхэд хөнгөн цагаан, магни, бериллийн хамт хэрэглэдэг. Литиг эдгээр металлтай хольж хийсэн хайлш өндөр үнээр үнэлэгддэг. Хэт хөнгөн, бат бөх, зэврэлтэд тэсвэртэй учраас ийм хайлшаар пуужингийн эд анги хийдэг. Металл лити, түүний нэгдлүүд нь пуужин, дуунаас хурдан онгоц, усан доогуур шумбагч онгоцны тусгай түлшний үндсэн бүрэлдэхүүн хэсэг болдог аж. Бас нисэх хүчин, сансар судлал, хар ба өнгөт металлург, цөмийн энерги, шил ба керамик эдлэлийн үйлдвэр, агааржуулалтын систем, хими ба нефтийн үйлдвэрт өргөн хэрэглэдэг. Литийн нэг хувийн хольц, хөнгөн цагааны хоёр хувийн хольцтой зэсийн хайлшууд гэхэд л маш бат бөх, зэврэлт, үрэлтэд тэсвэртэй, цахилгаан дулаан сайн дамжуулдаг давуу талтай байдаг. Лити атомын реакторт дулаан зөөгчийн үүрэг гүйцэтгэдэг. Мөн энэ элементийг эмнэлгийн практикт сэтгэц, гутралын өвчний эмчилгээнд ашигладаг байна. Хүний биед литийн хэмжээ 70 мг байдаг гэнэ. Литийн нэгдлүүд амьтны элэг, бөөр, дэлүү, уушги, цус, сүүнд хуримтлагддаг. Литийн агуулгын дээд хэмжээ хүний булчинд илэрчээ.

ЛИТИГ МООДОНД ОРУУЛСАН ЦАХИЛГААН МАШИН ДЭЛХИЙН ХЭРЭГЛЭЭ БОЛНО

Литиг хөрөнгийн зах зээлийн шуугиан болгосон “Тесла”-гийн цахилгаан машиныг дэлхий даяараа хэрэглэх цаг ойрхон байна. Ганц цахилгаан машин ч биш цахилгаанаар ажилладаг гэр ахуйн бүх л хэрэглээг зай хураагуураар шийдэх боломж байгааг “Тесла”-гийн эзэн Элон Маск ердөө хэдхэн сарын өмнө цахим орчинд жиргэсэн юм. Түүний жиргээ “лити” хэмээх мөнгөлөг өнгөтэй металлыг сонирхох хүсэл нь аль хэдийнэ асчихсан хөрөнгө оруулагчдыг “галзууруулж” орхисон хэрэг.

“Тесла”-г ирээдүйн машинуудыг бүтээгч гэдгийг хэн ч хүлээн зөвшөөрнө. “Гэхдээ яг ч машин бүтээгч биш. Тэд бол машины зай хураагуур бүтээдэг компани” гэж барууны хэвлэлүүд онцолдог. “Тесла моторс” компанийн гол зорилго бол дэлхий нийтэд цахилгаан машины хэлбэр загвар, хүчин чадал, боломжийг бүрэн харуулах, цахилгаан хөдөлгүүртэй машиныг түлшээр ажилладаг машинтай өрсөлдөхүйц хямд зардалтай болгох юм.

“Тесла Моторс” компанийг Мартин Эберхард, Марк Тарпeннинг, Ж.Б Стрюбелл, Иан Врайт, Элон Маск тав үүсгэн байгуулж байж. 2008 оны санхүүгийн хямралын үеэр Элон Маск компанийн бүтээгдэхүүн загварчлалын дарга болж удирдлагыг гартаа авсан түүхтэй. “Тесла моторс” анх Tesla Roadster хэмээх цахилгаан спорт машин үйлдвэрлэж 31 улсад 25000 ширхгийг борлуулж чадсан байдаг. Харин 2012 онд хоёр дахь машин болох дээвэр нь онгойдог, дөрвөн хаалга бүхий модел S загварыг болон зах зээлд чиглэсэн гурав дахь модел Х загвараа танилцуулсан нь олныг шуугиулсан мэдээний нэг болж байв. Модел Х загварыг өнгөрсөн оны эхээр үйлдвэрлэж эхэлсэн юм. Тэд машинаас гадна цахилгаан эрчим хүч дамжуулагч системийг Mersedes A Class, Daimler, Toyota гэх зэрэг компанид борлуулдаг. Тэгвэл саяхан тус компани салбартаа хувьсал хийх цоо шинэ загварын машин болох “Модел 3”-ыг танилцуулаад байна. “Тесла моторс”-ын эзэн Элон Маск танилцуулгаа хүлэмжийн хийн асуудал, дэлхийн дулаарлын сэдвээр эхлүүлсэн юм. Түүнийг ногоон дэлхийн төлөө тэрбум тэрбум доллар зарцуулж байгаа ухаалаг бизнесмэнүүдийн тод төлөөлөл гэдгээр нь дэлхий анддаггүй. Тэр бол хүн төрөлхтний хайртай бизнесмэн. Элон шинэ загвараа танилцуулахдаа “Байгаль орчинд ээлтэй тээврийн хэрэгсэл эх дэлхийн ирээдүйд маш чухал” хэмээн онцолсон юм. “Модел 3” загварын үзүүлэлтүүд хүн төрөлхтнийг дуу алдуулж байгаа. Ирээдүйн машин гэгдэж буй “Модел 3” нэг удаагийн цэнэглэлтээр 346 км зам туулна, 100 км/ц хурдыг зургаа хүрэхгүй секундэд авна, таван том хүн суух боломжтой, автомат жолоодлого, супер цэнэглэлтийн горимтой. Цахилгаан машиныг 35 мянган долларын үнээр худалдаална гэж буй. Маскийн хэлснээр “Тесла”-гийн автомашинуудын хамгийн гол үзүүлэлт бол аюулгүй байдал. Тиймээс ч шинэ загвар хагас автомат горимтойгоор хэрэглэгчдэд хүрч байгаа юм. Мөн “Тесла” компани АНУ, Европ, Ази дахь супер-цэнэглэгч, цэнэглэгч станцуудын тоогоо 2017 оны эцэс гэхэд хоёр дахин нэмнэ гэдгээ мэдэгдээд байна. Эх дэлхийдээ ээлтэй төмөр хүлгийг “Тесла”-гаас авсан хүмүүст хүссэн газраа төвөггүй хүрэх боломж нээгдэж байгаа гэсэн үг. “Тесла”-гийн Fre­mont дахь үйлдвэр баригдаж дууссан тохиолдолд жилдээ 500 мянган машин үйлдвэрлэх юм байна.

Энэ жил 50 мянган ширхэг машин үйлдвэрлэсэн “Тесла” 2020 он гэхэд жилдээ дор хаяж 500 мянган машин үйлдвэрлэхээ мэдэгджээ. Хэлснээ хэрэгжүүлдэг Элон Маскийн хувьд энэ хүсэл нь биелнэ гэдэгт дэлхий нийтээрээ эргэлзэхгүй байгаа. Тесла компани “Модел 3”-ыг танилцуулах арга хэмжээ болохоос цагийн өмнө онлайн захиалгыг цахим хуудсаараа авч эхэлсэн юм. 24 цагийн дотор 115 мянган хүн мянган доллар төлж урьдчилсан захиалга өгсөн гээд бодохоор цахилгаан машин хүн төрөлхтнийг хуйлруулах нь тодорхой байна. Хараагүй байж захиалга өгнө гэдэг Теслагийн зиндаа, нэр хүнд, хийгээд бүтээчихсэн зүйлтэй том компани гэдгийнх нь тод илэрхийлэл. Байгальд ээлтэй, үзүүлэлт нь шагшмаар ч даруухан үнэтэй цахилгаан машинууд дараа жилийн сүүлээр захиалагчдадаа хүрнэ. “Тесла”-д ойрын хоёр жилийн дотор Хятадад үйлдвэрээ барьж тухайн орны хэрэглэгчдэд илүү хямд үнээр борлуулах төлөвлөгөө бий. Мэдээж ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж эхэлсэн Хятадын засгийн бодлогод “Тесла”-гийн төлөвлөгөө яг тохирно. Бас жилд 20 сая машин худалдаалагддаг аварга зах зээл тэнд байна. Тэгэхээр цахилгаан машинаа дэлхийн хэрэглээ болгох Элон Маскийн хувьд Хятад сонгохоос аргагүй улс.

Элон Маск нэг сонинд “Цахилгаан тээврийн хэрэгслийн цар хүрээг нэмэгдүүлэхийн тулд бүтэн жилийн турш Канадыг оролцуулаад хойд Америк даяар өргөжүүлэх төлөвлөгөө гарган, баруун, зүүн эрэгт байгаа станцуудыг гурав дахин нэмнэ” хэмээн ярьсан нь бий. “Тесла”-гийн сюрприз ингээд зогсохгүй. Элон Маск хоёр сарын өмнө цахим хуудсандаа удахгүй ахуйн хэрэгцээнд зориулсан эрчим хүч үүсгэх төхөөрөмж буюу айлуудыг цахилгаанаар хангаж чадах зай хураагуурыг танилцуулна. Теслагийн зай хураагуурыг зөвхөн машинд биш олон төрлөөр ашиглаж эхэлбэл нар, салхины эрчим хүч үүсгэх эх үүсвэртэй адил сэргээгдэх эрчим хүч болох юм.

“Тесла моторс”-оор зогсохгүй “Соларсити” ч дэлхийн дулаарлын эсрэг үйл ажиллагаа явуулдаг том компани. Үүсгэн байгуулагчийн нэг нь дэлхийн дулааралтай тэмцдэг Элон Маск. Үеэлтэйгээ хамтарч байгуулсан “Соларсити” нь Америкийн нарны эрчим хүчний хамгийн том нийлүүлэгч. Элон 2012 онд цахилгаан шугам сүлжээн дээрх нарны эрчим хүчийг тогтвортой хангахын тулд цахилгаан тээврийн хэрэгслийн зай ашиглахаа мэдэгдэж 2013 онд хөтөлбөрөө эхлүүлсэн байдаг. Хоёр жилийн өмнө тэр Америк дахь нарны эрчим хүчний хамгийн том үйлдвэрээс гурав дахин том байгууламжийг Нью-Йорк, Буфаллад байгуулахаа мэдэгдэж дэлхийн хамгийн том нарны эрчим хүч гаргах байгууламжийг босгосон түүхтэй. Дахиад ч нэлээд хэдийг барина гэж Элон Маск амласан. Товчхондоо манайд хайгуулын хэд хэдэн төсөл нь эхэлсэн литиг ийм гэгээлэг ирээдүй хүлээж байна.

Бэлтгэсэн Ц.БААСАНСҮРЭН

Б.МАРАЛМАА

Categories
мэдээ цаг-үе

Монголд эерэгээр нөлөөлөх сайн мэдээнүүд

Ам.доллар олдог гол бүтээгдэхүүн гэвэл уул уурхайд л бий. Тэр дундаа зэс, нүүрс дэлхийн зах зээлээс дажгүй валют олж ирдэг. Ганц худалдан авагч маань Хятад. Хятадын зах зээлтэй холбоотой, Монголд эерэгээр нөлөөлж мэдэх хоёр сайн мэдээг онцолъё. Зэсийн баяжмалаа зарж олсон мөнгө Монголд орж ирэх валютын урсгалын 30 орчим хувийг эзэлдэг. Зэсийн дэлхийн зах зээлийн үнэ таагүй байгаа ч Хятадын зэсийн импорт 30 орчим хувиар нэмэгдсэн гэх мэдээ бий. Нүүрсний хувьд үнэ нь түүхэнд байгаагүйгээр шалдаа унаж, хэрэглээ нь хумигдсан учраас нүүрс импортлогч компаниуд хэцүүхэн байдалд байгаа. Сүүлийн үед харин нүүрсний зах зээлтэй холбоотой эерэг мэдээ дуулдаж эхэлсэн. Хамгийн сайн нь Хятадын нүүрсний эрэлт 2030 онд оргил цэгтээ хүрнэ гэсэн таамаг.

Урд хөршийн зэсийн эрэлт өсчээ

Дэлхийн зэсийн 40 гаруй хувийг хэрэглэдэг урд хөршийн зэсийн хэрэглээ оны эхний дөрвөн сарын байдлаар ингэж өссөн ч үнийн дүнгийн хувьд 300 сая ам.доллараар буугаад байгаа юм. Хятадууд 4.7 тэрбум ам.доллараар зэсийн баяжмал худалдан авчээ. Хятадад нийлүүлдэг зэсийн баяжмалын 10 орчим хувь Монголынх. Экспортын хэмжээгээрээ илүүрхэж байгаа нь мэдээж Оюу толгой. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусахад нийлүүлэх зэсийн хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ гэсэн статистик бий. Гүний уурхайн эхний бүтээгдэхүүнүүд 2020 онд гарна, 2027 онд гүний уурхайн гарцын хэмжээ дээд түвшиндээ хүрч, жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэнэ гэсэн мэдээг “Рио”-гоос саявтар өгсөн. Оюу толгойн гарц ингэж нэмэгдэх үед Хятадын зэсийн хэрэглээ нэмэгдэхээс гадна, үнэ нь ч давгүй байна гэсэн таамгийг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Цагаан суварга тэр үед ажиллаад эхэлнэ, Эрдэнэтээс гарах баяжмал нэмэгдэнэ гээд тооцохоор манай улс Хятадад зэс нийлүүлж буй голлох улсуудтай тоглолт хийх хэмжээнд хүрэх нь тодорхой байгаа. Одоогоор өмнөд хөршийн зах зээл дээр голлох тоглогч болох Чили, Перу гэх мэт улсууд энэ металлын үнийг тогтоож байгаа юм. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт дуусангуут бид дэлхийн зах зээл дээр зэсийн баяжмалын үнэ тогтоогч тоглогчдын нэг болно гэсэн үг. Чили улс оны эхний дөрвөн сарын байдлаар 1.4 сая тонн зэсийн баяжмал БНХАУ-д нийлүүлсэн бол Перу 1.3 сая тонн зэсийн баяжмалыг урд хөршийн зах зээлд борлуулаад байна.

Хятадууд зэсийн үнийн сэргэлтэд эргэлзэхгүй явааг нотолсон нэг үйл явдал болоод удаагүй байна. АНУ-ын “Freeport McMoran”-ий Конгод орших Tэнгэ зэсний уурхайн хувь эзэмшлийг Хятадын “China Molybde­num “компани 2.65 тэрбум ам.доллараар худалдан авахаар тохиролцоод буй. Америкийн зэс олборлолтын том компани өрийн дарамтад орсон учраас ийм шийдвэр гаргажээ. “Freeport” Тэнгэ уурхайн 56 хувийг эзэмшдэг юм. Шинжээчдийн хувьд зэсийн үнэ тааруухан үед хийсэн Хятадын компанийн энэ алхмыг “Зэсийн үнэ урт хугацаандаа өөдрөг байхын шинж” хэмээн тайлбарлаж байна.

Манай улс энэ жилийн төсөвтөө нэг тонн зэсийн үнийг 5137.7 ам.доллараар төсөөлсөн. Гэтэл өнөөдөр дэлхийн зах зээл дээр нэг тонн зэсийг 4600 орчим ам.доллараар арилжаалж байна. Металлын ханш савлагаатай үед зэсийн үнийн талаар барим тавим тоо дуулдахгүй байгаа юм.

Сүүлийн өдрүүдэд өмнө байгаагүйгээр үнэ нь уруудсан зэсийн үнэ цаашдаа яах бол? Зэсийн үнэ буурахад нөлөөлсөн гурван шалтгаан бий гэж шинжээчид дүгнэдэг. Гурван шалтгааны хоёр нь эерэг зүг рүүгээ эргэсэн учраас шаргал металлын үнэ өсөөд шалихгүй юм аа гэхэд унаад сүйд болохгүй, тогтворжино гэсэн таамаг голлож байна.

Зэсийн үнэд муугаар нөлөөлсөн эхний шалтгаан нь Хятадын эдийн засгийн идэвхжил буурсан явдал. Гэхдээ урд хөрш үйлдвэрлэлээс үйлчилгээ, хэрэглээг шүтсэн эдийн засаг руу шилжих бодлогоо эргэж харахаар болсон, хүнд үйлдвэрлэлдээ анхаарч эхэлсэн гэх эерэг мэдээ сүүлийн үед хүчтэй дуулдаж эхэлснийг онцлох учиртай.

Зэсийн үнэд сөргөөр нөлөөлж буй хоёр дахь шалтгаан нь ам.долларын ханшийн чангаралт. Ноён ногооны ханшийн чангаралт өнгөрсөн оны сүүлээр гарсан Америкийн холбооны нөөцийн банкны шийдвэртэй холбоотой. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 25 нэгжээр өсгөсөн нь ам.долларын чангаралд нөлөөлсөн юм. Энэ жил АНУ эдийн засгаасаа хамаараад бодлогын хүүгээ гурваас дөрвөн удаа өсгөнө гэсэн хүлээлт байгаа. Хэрвээ энэ хүлээлт амьдрал дээр биеллээ олбол зэсийн үнэ өсөхөд саад болно гэсэн таамаг бий.

Зэсийн үнэ өсөхгүй байгаа гурав дахь шалтгааныг газрын тос, эрчим хүчний үнэ буурсантай холбодог.Эрчим хүч бол зэсийн үйлдвэрлэлийн гол зардал, зардал нь буурангуут дагаж буух бүтээгдэхүүн нь мэдээж зэс. Гэвч гуч гаруй ам.доллар болж уруудсан газрын тосны үнэ 50 ам.доллар болж сэргээд байна. Ирэх жил бүр 60 ам.доллар хүрч өснө гэж шинжээчид таамаглаад эхэллээ. Тэгэхээр зэсийн үнэ өсдөггүй юм аа гэхэд тогтворжино гэсэн таамаг улам батжиж байна.

Хятадын нүүрсний эрэлт 2027 онд оргилдоо хүрнэ

Газрын тос, эрчим хүчний дэлхийн томоохон компаниудын нэг “BP Group” Хятадын эрчим хүчний эрэлт, нийлүүлэлтийн таамаг гаргасныг судалгааны “Эгүлэ капитал” компани цахим хуудсандаа онцолжээ. Тэдний таамгаар 2032 он гэхэд Хятад шингэн түлшний хэрэглээгээрээ АНУ-ыг гүйцэж дэлхийн хамгийн том хэрэглэгч болох гэнэ. 2035 онд Хятад дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 25 хувийг бүрдүүлэх нь. Нийт эрчим хүчний эх үүсвэрт нүүрсний эзлэх жин буурахаар байгаа ч Хятад дэлхийн нийт нүүрсний нийлүүлэлтийн бараг тал хувийг хэрэглэхээр байна гэж “BP Group” тооцоолжээ. Тус компанийн таамаглалаар 2027 онд дэлхийн нүүрсний эрэлт оргил цэгтээ хүрэх юм байна. Харин 2035 он хүртэл жил тутам 0.3 хувиар буурахаар аж. Хятад эрчим хүчнийхээ эх үүсвэрт хийг онцгойлж авч үзэх ч дэлхийн хамгийн том нүүрс хэрэглэгч хэвээр байна гэсэн таамаг бидний хувьд сайн мэдээ. 2035 он гэхэд нүүрсний нийт нийлүүлэлтийн бараг тал хувийг Хятад улс хэрэглэнэ гэсэн таамгийг “BP Group” гаргажээ. Мөн тэдний таамгаар 2035 онд Хятадын эрчим хүчний импортын хэмжээ Европыг гүйцэж дэлхийн хамгийн том эрчим хүчний импортлогч болох нь. Ногоон эдийн засаг гэж хүчтэй ярьж эхэлсэн ч нүүрс мөддөө моодноос гарахгүй гэдгийг Хятадаас гадна Японы жишээнээс ч харж болохоор байгаа юм.

Японы Байгаль орчны яамнаас ирэх 12 жилийн хугацаанд 43 ширхэг нүүрсний цахилгаан станц нэмж барих төлөвлөгөөг дэмжээд буй. Арлын оронд өнөөдрийн байдлаар 40.5 гегаваттын хүчин чадалтай 90 нүүрсний цахилгаан станц ажилладаг гэсэн статистик бий. Япон нүүрсний станцаа 2028 он гэхэд 50-иар нэмэгдүүлж 61 гегаваттын хүчин чадалд хүргэхээр төлөвлөжээ. Тэгэхээр нүүрсээ дэлхийн зах зээлд хямд зардлаар хүргэх төмөр замын асуудлаа шийдэж, Таван толгой гэх мэт том ордуудаа улс төрөөс хол, бизнесийн зарчмаар нь хөдөлгөж чадвал бидэнд өчнөөн боломж бийг сая хэлсэн хоёр жишээнээс харчихаж болно.

Categories
мэдээ цаг-үе

А.Билгүүн: Монголчууд олон улсын зах зээлээс өндөр ашиг олж байна

-ХАЙГУУЛЫН КОМПАНИУД СЭРГЭЖ, ХУВЬЦААНЫ ХАНШ НЬ ОГЦОМ ӨСӨЖ ЭХЭЛЖЭЭ-

MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүнтэй ярилцлаа.

-Хайгуулын жуниор компаниудын ажил сайжирч гадны хөрөнгийн бирж дээрх хувьцааны ханш нь өсөөд эхэлсэн гэж сонслоо. Яг ямар компаниудын төсөл амжилттай хэрэгжиж байна вэ?

-“Эрдэнэ ресурс”-ын 15, 16 центтэй байсан хувьцаа сүүлийн зургаан сард 55 цент хүртлээ өсч, одоогийн байдлаар 33 цент дээр байна. Энэ компанийн хувьцаа он гарснаас хойш 100 хувийн өгөөжтэй байна. “Занаду майнс”-ын хувьцаа оны эхэнд 10 орчим цент байсан. Гэтэл өнөөдөр 21-25 орчим цент болж өссөн. “Кинкора коппер”-ын хувьцааны ханш өнгөрсөн хоёр, гуравхан хоногийн дотор нугарч өслөө. Уул уурхайн хайгуулын салбар сэргэх хандлагатай гэсэн хоёр, гурван сарын өмнөх прогноз амьдрал дээр батлагдаад эхэллээ л дээ. Олон улсын хөрөнгө оруулагчдын өмнө Монголын нэр хүндийг өргөж өгөх боломж олдлоо гэж ойлгож болно.

-Хувьцаа нь амжилттай өсч яваа компаниудын хэрэгжүүлж буй төслүүдийн явц ямархуу байна?

-“Занаду майнс” Оюу толгойтой ойрхон Хармагтай гэдэг төсөл хэрэгжүүлдэг. “Айвенхоу майнз” компани Монголд үйл ажиллагаа явуулж байхдаа энэ төслийг эзэмшиж байсан. Оюу толгойн дараа орох боломжийн төсөл гэж харж байсан юм. “Занаду майнс” үүнээс гадна алтны хайгуулын чиглэлд илүүтэй анхаарч эхэлсэн. Алт үнээ алдаагүй металлуудын нэг болж хувираад байгаа. “Эрдэнэ ресурс”-ын тухайд Баянхөндийн төслийг хэрэгжүүлж байна. Агуулга өндөртэй алтны төсөл. Сүүлийн үед 60, 70 метрийн урттай өрмийн зүсэлтүүдийн мэдээг авч байгаа. Нэг грамм тонноос гурав, дөрвөн грамм тонн хүртэл агуулга бүхий маш баян орд илэрч бий болох шатандаа явж байна. “Кинкора коппер”-ын хувьд “Хүрэл үнэг” төслийн хэрэгжүүлэгч. Хайгуулын ажил өмнө нь ч гайгүй явж байсан. Гэхдээ хөрөнгийн захын нөхцөл муудсантай холбоотойгоор компанийн хувьцаа унасан байсан юм. Монголд үйл ажиллагаа явуулж байсан хувийн хоёр компанийн Оюу толгойтой нэлээд ойрхон лицензтэй тусгай зөвшөөрлийг өөрийн болгож авснаар “Кинкора копер”-ын хувьцааны ханш сүүлийн долоо хоногт 100 хувь өсчихлөө. Товчхондоо гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хайгуулын чиглэлээр ажиллаж байгаа компаниудаас маш их хэмжээний ашиг хийгээд эхэллээ. Цаашид хэрэгжих хайгуулын төслүүдэд илүү эерэг үр дагавар авчирна. Хайгуулын дараагийн төслүүд олон улсын хөрөнгийн зах зээл дээр гарах, дотооддоо амжилттай хэрэгжээд явах суурь нь бүрдэж эхэллээ гэж харж байна.

-Хайгуулын компаниуд амжилттай ажиллаж эхэлсний гол шалтгаан нь юу юм бол, лиценз олгоод эхэлсэн зэрэг шууд бус утгаараа нөлөөлсөн зүйлс бий юу?

-Сая ярьдаг гурван компанийн нэг нь ч шинэ системээр лиценз аваагүй. Өмнө нь ажиллаж байсан компаниуд. Гол хүчин зүйл гэж яривал Монголын нэр хүнд олон улсын хөрөнгө оруулагчдын дунд сэргэж эхэлсэнтэй холбоотой.Хамгийн гол нь Оюу толгой хөдөллөө. “Хан ресурс”-ын мөнгийг Засгийн газар төлчихлөө. Ийм шалтгаанууд Монголын нэр хүндийг олон улсын хөрөнгийн зах зээл дээр өсгөж өгч байна.

-“Эрдэнэ ресурс”, “Занаду майнс”, “Кинкоро коппер”-оос өөр төсөл нь дажгүй явчихаар ямар компани байна?

-Ирээдүйтэй төслүүд бий. Нууцлалын гэрээтэй ажилладаг учраас тодорхой мэдээлэл өгөх боломж одоохондоо алга. Гянт болдын болон лити гээд минералын төслүүд амжилттай хэрэгжих магадлал өндөр байгаа. Литиум гээд утасны батарей хийхэд ашигладаг минерал бий. Лити минералын төслүүд олон улсын хөрөнгийн зах зээл дээр халуун байгаа сэдэв. Учир нь “Тесла”-гийн гүйцэтгэх захирал Элон Маск цахилгаан машин үйлдвэрлэнэ гээд төсөл хэрэгжүүлээд эхэлчихсэн. Төслийнх нь эдийн засгийн үр өгөөж ашигтай гэдэг нь батлагдаж байгаа. Олон улсын литигийн зах зээл дээр том өөрчлөлт авчирсан гол шалтгаан гэвэл энэ. Олон улсын литигийн зах зээлийг харахаар өнөөгийн байдлаар литиг утас, компьютерийн батарейнд ашиглаж байна. Гэтэл литигээр машины батарей хийгээд эхэлбэл яах нь тодорхой. Литигийн ойрын дунд хугацааны олон улсын зах зээл дээрх эрэлт өндөр болно гэсэн үг. Литигийн үнэ өсөөд эхлэхээр манайд хэрэгжих төслүүд амжилттай үргэлжлэх нь тов тодорхой зүйл.

-Манайд литигийн нөөц дажгүй хэмжээнд байна гэсэн үг үү?

– Манайд хэд хэдэн төсөл байна. Хайгуул хийгээд явж байгаа сайн компаниуд байгаа. Энэ компаниудын хувьд олон улсын хөрөнгийн зах зээлтэй харилцаж ажиллах өндөр сонирхол бий.

-Монголд литигээс өөр шинэ содон, үнэ хүрэхээр ямар баялаг байна?

-Олон янзын эрдэс бий. Гэхдээ манайханд нэг буруу хандлага байдаг. Монголд л ганцхан эрдэс байгаа юм шиг, бидэнгүй л бол дэлхий хэцүүдэх юм шиг хандлага тод анзаарагддаг. Гэтэл үнэн хэрэгтээ Монголд хэрэгжиж байгаа төмрийн хүдрийн төслүүд, бусад үндсэн металлын төслүүдийг олон улсын бусад төслүүдтэй харьцуулахад техникийн хувьд сайн биш. Агуулга бага, дэд бүтэц муу гэх мэт сул тал бий. Өрсөлдөх чадварын хувьд сайн гэж яривал литигийн төсөл байна. Гянтболдын төслийг онцолж болно. Гянтболд хамгийн өндөр температурт хайлдаг металл. Тэр үүднээсээ стратегийн ач холбогдолтой. Тэр утгаараа батлан хамгаалах салбарт хэрэглэдэг онцлогтой металл.

-Хувьцааны ханшид нөлөөлдөг гол зүйл бол мэдээж металлын үнэ. Зэсийн үнэ жаахан өсч байгаад буучихлаа. Ер нь ямархуу үргэлжлэх төлөв ажиглагдаж байна вэ?

-“BHP Billiton” компани саяхан зэсийн нийлүүлэлт ойрын гурван жилдээ эрэлтээ давна гэсэн прогноз гаргасан. Зэсийн үнэ энэ мэт таамгаас болж унаад байна л даа. Ер нь бол зэсийн үнэ тогтворжих хандлага руугаа орсон. Зэсийн үнэ унаад эхлэхээр агуулга багатай, өртөг өндөртэй компаниуд үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрдэг. Тийм уурхайнууд үйл ажиллагаагаа зогсоогоод эхлэхээр олон улсын зэсийн зах зээлийн нийлүүлэлт буурдаг. Нийлүүлэлт нь буурангуут эрэлтээ хангахгүйд хүрдэг, ийм нөхцөл үүсмэгц үнэ нь буцаад өсдөг. Ийм цикл бий.

-Алт бол угаасаа үнэ цэнээ алдахгүй нь ойлгомжтой байх?

-Алтны үнэд нөлөөлдөг гол хүчин зүйл бол америк долларын тогтвортой байдал. Америк долларын үнийн савлагаа их байгаа тохиолдолд алтны үнэ харьцангуй өндөр байдаг. Олон улсын хөрөнгө оруулагчид америк долларын эрсдэлийг алт худалдан авч хаадаг юм. Америк доллар хямдхан болоод ирэнгүүт дэлхийд өөр орлох валют байхгүй учраас алт үнэд ордог. Тэгэхээр алтыг хэрэглээний металл гэхээс илүү хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж ойлгох хэрэгтэй.

-Хятад эдийн засгийн моделио өөрчилсөн нь байгалийн баялгийн үнэд сөргөөр нөлөөлж эхэлсэн гэсэн таамаг бий. Гэтэл сүүлийн үед хүнд үйлдвэрлэлдээ эргээд анхаарч эхэлсэн гэх мэдээлэл цацагдах боллоо. Мэдээж хүнд үйлдвэрлэлээ анхаарах нь манайд илүү ашигтай…?

-2015 оны сүүлээр Хятад улс эдийн засгийн моделио өөрчилнө, үйлдвэрлэлд тулгуурласан эдийн засгаас хэрэглээ, үйлчилгээ рүү хандсан эдийн засагт шилжинэ гээд бодлого хэрэгжүүлж эхэлсэн нь үнэн. Гэхдээ сүүлийн үед суларч байгаа эдийн засгийнхаа өсөлтийг сэргээхийн тулд тодорхой бодлогууд хэрэгжүүлээд эхэлчихлээ. Хүнд үйлдвэрлэлээ, барилгын салбараа сэргээх чиг рүү буцаад орж байна л даа. Сүүлийн хоёроос гурван сарын хугацаанд Хятадын Засгийн газар барилга, хүнд үйлдвэрийнхээ салбар руу илүү их хөрөнгө оруулалт хийж байна. Энэ нь төмрийн хүдрийн үнийг өсгөх гол хүчин зүйл болж байгаа. Хятадын бодлого боловсруулагчдын гаргаж байгаа үйлдэл болон Хятад улсын хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал олны анхааралд байна. Хятадын хөрөнгийн зах зээлд гэхэд л спекуляци явагдаж байна. Хар үгээр тайлбарлавал Хятадын Засгийн газар барилгын салбар руу хөрөнгө оруулна гэнгүүт төмрийн хүдрийн үнэ хөрөнгийн зах зээл дээр нь өсчихдөг. Бодит хэрэглээ үүсээгүй үед үнэ ингэж өсөхийг спекуляци гээд байгаа юм. Ийм хийсвэр савлагаануудыг Хятадын хөрөнгийн зах зээл үүсгээд байна.

-Газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр өсөөд эхэлчихлээ. Манайд шууд болон шууд бус утгаараа ямар нөлөө үзүүлэх бол?

-Олон улсын түвшинд нефть импортлогч, нефть экспортлогч орнууд гэсэн хоёр янзын эдийн засаг бий. Бид нефть импортлогч орон. Үнийн өсөлт бол бидэнд шууд үзүүлэх нөлөө. Дайвар нөлөө гэж яривал маш их. Монгол руу аль улсаас мөнгө орж ирдэг вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Мөнгө их орж ирдэг улсын эдийн засаг хэр байхаас Монгол руу урсах мөнгөний хэмжээ ямар байх нь шалтгаална. Канадаас Монгол руу маш их мөнгө орж ирдэг.

Тодруулж хэлбэл Канадын хөрөнгийн зах зээл дээр босгосон их хэмжээний мөнгө манайд орж ирдэг юм. Гэтэл Канадын хөрөнгийн зах зээлийн арваас хорин хувь нь газрын тосны үнээс шууд хамааралтай. Газрын тосны үнэ 30 болж буураад эргээд 50 ам.доллар болж байна. Энэ өсөлтийг дагаад Канадын хөрөнгийн зах зээлийн индекс өндөр үнэлгээтэй болчихдог. Нефтийн үнэ өсөхөөр Канадын Торонтогийн биржид бүртгэлтэй компаниудын ашиг өсдөг. Үүнийг дагаад “Кинкора коппер”, “Эрдэнэ ресурс”-д мөнгө босгох боломж нээгдэж байгаа юм. Тэгэхээр бензиний үнэ өсөх тийм аймаар зүйл биш. Түүнээс том өгөөж эдийн засагт ороод ирж байгаа гэдэг утгаараа газрын тосны үнэ өсөх нь сайн зүйл. Гэхдээ газрын тосны үнэ өсөхөөр газрын тос импортлогч орнууд, Япон, Солонгос гэх мэт газрын тосны хэрэглээ өндөр, үйлдвэрлэл хөгжсөн улсуудын эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлдэг. Зардал нь өснө гэдэг утгаараа сөрөг нөлөө үзүүлнэ. Америкийн эдийн засагт бас сөргөөр нөлөөлнө.

-Газрын тосны үнэ өсөхөөр занарын идэвхгүй байгаа төслүүд сэргэх боломж нээгдэх үү, манайд хэрэгжиж байсан төслүүд амь орох болов уу гэдэг утгаар нь асууж байна л даа?

-Тийм боломж нээгдэнэ. Гэхдээ манайд хэрэгжиж байсан төслүүд эдийн засгийн гэхээс илүү улс төрийн шалтгаанаар зогссон учраас шууд сэргэнэ гэж хэлэхэд хэцүү. Эдийн засгийн шалтгаанаар зогссон, идэвхгүй болсон бол өөр л дөө.

-Уг нь хэрэгжих магадлалтай, эдийн засагт өгөөжөө өгөхөөр төслүүд дунд уран багтдаг…?

-Ураны хувьд Монголын эдийн засагтай их сонин сэжмээр холбогддог. Тодруулж хэлбэл, Ураны олон улсын зах зээлийн үнэ Монголын эдийн засагтай холбогддог. Өнөөгийн туулаад гарч байгаа эдийн засгийн хямрал яг үнэндээ Фукушимагийн атомын цахилгаан станцын осолтой холбоотой. Ослын дараахан олон улсын экспертүүд атомын цахилгаан станц худлаа юм байна, цөмийн эрчим хүчний хэрэг алга гэж яриад, бичээд эхлэнгүүт ураны үнэ унасан. Ураны үнэ унахад Канадын зах зээл тэр чигтээ дампуурчихсан. Учир нь Канадын хөрөнгийн биржийн томоохон хувь нь ураны олборлолт, хайгуултай холбоотой. Тэр утгаараа Монгол руу орж ирэх хөрөнгө хумигдаад явчихаж байгаа юм.

-Гадны хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж, мөнгөө өсгөх сонирхолтой хүмүүсийн тоо өсч байгаа гэл үү?

-Надтай хамтарч ажилладаг хүмүүс гадаадын хөрөнгийн зах зээлд маш их мөнгө хийж эхэлж байна. Тухайн улсад хоёр, гурван жилийн өмнө оруулсан хөрөнгө оруулалтаа гурав нугалаад авчихаж байна. Монголын тухайд бусад салбарт яагаад ч олдохооргүй байсан боломж. Ийм боломжийг харилцагчдадаа нээж өгсөндөө баяртай явдаг. Харилцагчдадаа аль болох олон улсын хөрөнгийн үнэт цаасны бүтээгдэхүүнүүд авч өгөх, тэр зүг рүү зуучлах чиглэлд илүү анхаарч байна. Монголд олсон мөнгөө дотооддоо хийгээд байх уу, гадагшаа гаргах уу гэдэг дээр анхаарах цаг болсон. Манай харилцагчид сүүлийн гурав, дөрвөн сарын хугацаанд Канадын санхүүгийн салбарын маш олон компанид хөрөнгө оруулсан. Тэндээс дажгүй ашиг хийгээд ажиллаж буй монголчууд олон байна. Олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаа хийх эрх бидэнд бий.

Categories
мэдээ цаг-үе

Зуны гоо сайхан

Цас бороо ээлжилсэн жиндүү өдрүүд ард үлдэж нар ээсэн дулаан өдрүүд ирж байна. Нимгэн даашинз, хөнгөн шаахайтай инээмсэглэн алхах энэ өдрүүдийг бүсгүйчүүд хоног тоолон хүлээдэг гэхэд хэтрүүлэг болохгүй. Зуны улиралд өөртөө итгэлтэй, дэгжин гоё харагдах хамгийн том хүчин зүйл бол өнгөлөг, гэрэлтсэн царай. Сэвхтэй, харлаж хуурайшсан арьсыг ямар л бүсгүй хүсэх билээ дээ.

ӨНГӨЛӨГ ГЭРЭЛТСЭН ЦАРАЙНЫ НУУЦ

Өдөр бүр нүүрээ зөв цэвэрлэж сурахаас сайхан царайны нууц эхэлнэ. Нүүрний будагны үлдэгдэл арьсны нүх сүвэнд үлдвэл арьс шинэчлэгдэхэд саад болдог. Сайн чанарын үрчлээний эсрэг, тэжээлийн гээд элдэв үйлчилгээтэй үнэтэй тос түрхлээ ч шингээж чадахгүйд хүрдэг гэсэн үг.

Арьсаа яаж цэвэрлэх дарааллыг сонирхуулъя. Эхлээд нүдний тенээ арилгана. Цэвэрлэгч салфетка эсвэл цэвэрлэгч ус шингээсэн хөвөнг нүдний зовхин дээрээ таван секунд орчим байлгаж дунд хуруундаа хөвөнгөө ороон нүдний урд хэсгээс хойд хэсэгт чиглэлтэйгээр зөөлөн арчина. Хөмсгөө духны голоос гадагш арчаарай. Нүд хүрээлэгчийг савхны үзүүрт тогтоосон хөвөнд цэвэрлэгч уснаас шингээж арилгана. Сормуусны будгаа ч зориулалтын цэвэрлэгчээр арилгах хэрэгтэй. Уруулаа цэвэрлэхдээ эхлээд цэвэрлэгч салфетка юм уу цэвэрлэгч ус шингээсэн хөвөнг уруул дээрээ 2-3 секунд орчим байлгаарай. Дараа нь дунд хуруундаа хөвөнгөө ороож захаас нь гол руу, уруулын үрчлээг дагаж дээд уруулыг дээрээс доош, доод уруулыг доороос нь дээш арчиж арилгана. Суурь будалтын цэвэрлэгээ ч тогтсон дараалалтай. Юуны өмнө хацраа нүүрний төвөөс гадагш чиглэлтэй зөөлөн арчина. Дараа нь духны нэг захаас хөөн хөмсөгнөөс үсний зах хүртэл босоо чиглэлд зөөлөн арчиж духны голоос хагас тойрог маягаар гадагш чигт арчих хэрэгтэй. Эрүүгээ уруулын доод захаас нүүрний шугамын дагуу шудрах маягаар дараа нь дээш чиглэлд ороомог маягаар арчина. Эцэст нь хамарны нурууны дагуу дээрээс доош, доороос дээш чиглэлд шудран арчиж, хамрын угалзыг доороос дээш чиглэлд нарийвчлан арчвал зөв цэвэрлэгээ болно. Дараа нь зориулалтын шингэн савангаар угаагаарай. Халуун ус арьсыг хуурайшуулдаг тул хүйтэн, бүлээн усаар угаах хэрэгтэй. Хуурай арьстай бол угаасны дараа чийгшүүлэгч хэрэглээрэй. Ер нь ийм арьсыг зөөлөн лосьон юм уу, цэвэрлэгч тосоор цэвэрлэвэл зүгээр.

ЗАЛУУ БАЙЛГАХ ШИДТЭЙ МӨС

Мөсөнд бүх төрлийн арьсыг эрүүл, толигор, зөөлөн болгох шид бий. Мөсөөр нүүрэндээ жин тавихад л та эерэг өөрчлөлтийг мэдрэх болно. Хүйтэн ус, мөсөн жин тогтмол хэрэглэхэд арьс тэнийж, өнгө нь сэргэдэг. Нүүрэндээ мөсөн жин тавихдаа дээд зовхи, эрүүгээ мартав аа. Өглөө дөнгөж сэрснийхээ дараа юм уу үдэш унтахынхаа өмнө мөстэй найзалбал илүү үр дүнтэй. Хугацаа нь 10-15 минут байвал зүгээр.

ГУУЖУУЛАГЧТАЙ НАЙЗАЛ

Могойны арьс жам ёсоороо гууждаг бол хүнийх тэгдэггүй. Хүн өдөрт дунджаар 680 грамм арьс гуужуулдаг гэсэн сонирхолтой тоо бий. Тэгэхээр могой шиг жамаараа гуужаад унадаггүй үхэжсэн арьсаа яах вэ гэдэг асуулт гарч ирж байгаа биз. Скраб буюу гуужуулагчтай найзал гээд байгаагийн учир нь энэ. Хэчнээн брэнд хэрэглэлээ ч гуужуулагчгүй л бол та арьсан дээрээ жинхэнэ бантан хутгаж байгаагаас ялгаагүй гэж гоо сайханчид зүгээр ч нэг хэлдэггүй. Гуужуулагч хэрэглэсний дараа арьс чинь толигор болсон нь шууд мэдрэгдэнэ.

Арьс чинь нүхжээд эсвэл батга гараад байвал 2-3 хоноод арьсаа гуужуулах хэрэгтэй. Ийм зовлонгүй бол долоо хоногтоо нэг удаа гуужуулахад болно. Гарын ар талд, суганаас тохой хүртэл тахианы арьс шиг арзгардуу болчихдог доо. Гар, хөлийн ар талд үхэжсэн арьс, киратин бөөгнөрч ингэж харагддаг. Насанд хүрэгчдийн 50-80 хувьд нь ажиглагддаг. Бүр keratosis pilaris гэсэн нэршилтэй. Асуудалтай хэсэгтээ хуурай байхад нь биеийн гуужуулагч түрхэж 30 секунд орчим үрэх маягаар массажил. Дараа нь бүлээн усаар угааж хатангуут нь тослоод байхад л OK. Нүүр, биеийн гуужуулагчийг гоо сайхны дэлгүүр, салоноос худалдаж авахаас гадна гэрийн нөхцөлд хялбархан аргаар шийдэх боломж ч бий. Гэрийн нөхцөлд арьсаа гуужуулах нэг арга хүргэе. Элсэн чихрэнд арьсны үхсэн эд эс, хатуу давхаргыг зөөлөн гуужуулах шид бий. Эхлээд 200 гр элсэн чихэр, 200 гр глицерин, эсвэл өөр төрлийн тосыг холих хэрэгтэй. Арьсаа гуужуулахын хажуугаар эмчилмээр байвал зуун настын гелээс хэдэн дуслыг хийж болно. Бэлэн болсон скрабаа нүүрэндээ тойрог хэлбэрээр массажилж түрхэнэ. Таван минут орчим байлгаад угаа. Элсэн чихрийн скрабыг зөвхөн нүүрэндээ ч биш, бүх биедээ түрхэж болно. Хамгийн гол нь элсэн чихэр, тос хоёрын хэмжээ тэнцүү байх ёстойг анхаараарай.

НҮД ОРЧИМД ЗОВХИНЫ ТОСНООС БУСАД НЬ ХОРИОТОЙ

Зовхины эргэн тойрон нүүрний арьснаас гурав дахин нимгэн байдаг учраас сүүн шингэн, тоник, өдөр, шөнийн тос, энгэсгийг зовхиндоо хэрэглэж болохгүй гэж гоо сайханчид зөвлөдөг. Уруулын арьс зовхиноос ч нимгэн гэдэг. Тэгэхээр зовхи, уруул цэвэрлэгчийг хэрэглэж заншаарай. Зовхины тосыг түрхэх ч өөрийн гэсэн дүрэмтэй. Зовхи тойрсон ясархаг хэсэгт нүүрний шугамын дагуу зовхины тосоо түрхэх хэрэгтэй. Ясархаг хэсэгт зовхины арьсны булчингууд байрладаг юм. Булчингийн хэсгүүдэд түрхэж байж зовхины тос арьс чангалах үйлчилгээгээ үзүүлнэ гэсэн үг.

“САВТАЙ ФОТОШОП” БУЮУ ӨӨГҮЙ ТӨГС ЦАРАЙ

Зуны халуун өдрүүдэд арьсаа өнгөлөг хэвээр байлгах хамгийн гол туслагч бол крем. Бүсгүйчүүддээ ВВ, СС кремийн талаар товч мэдээлэл хүргэе. А,С,Е витамины найрлага нь хөгшрөлтийн эсрэг гайхалтай үйлчилгээ үзүүлдэг. Маш үр дүнтэй нарны хамгаалалт болдог. SPF 30 эсвэл түүнээс дээш байдаг. Түрхсэний дараа арьсны өнгө дагуу уусаж төрөлхийн мэт харагдуулдаг учраас арьсныхаа өнгөнөөс арай цайврыг сонгоорой. Солонгосын BB кремийн топ брэндүүдэд Missha, Hanskin, Skin79, The FaceShop, Mamonde багтдаг. Барууны BB кремийн онцлох брэнд гэвэл Garnier, Clinique, Maybelline, Vichy, L’Oreal. Суурь кремний өнгийг сонгохдоо гаран дээрээ биш хүзүүн дээрээ түрхээрэй.

ГОО САЙХНЫ БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХАТАН НЬ МАСК

Гоо сайхны бүтээгдэхүүний хатан нь маск, хаан нь шөнийн тос гэх нь бий. Тэгэхээр маск сайхан харагдахыг хүссэн хүн бүхний эрхэм сонголт болж таарч байна. Маскийг долоо хоногт хоёр удаа хэрэглэж заншаарай. Маск үхэжсэн арьс гуужуулах, чийгшүүлэх, тэжээл өгөх зэрэг олон үйлчилгээтэй. Дор хаяж хоёр төрлийн маск сөөлжилж хэрэглэхийг зөвлөе. Гэхдээ нэг өдөр хэрэглэж болохгүйг санаарай. Гэрийн нөхцөлд тэжээлийн маск хэрхэн тавих талаар зөвлөгөө хүргэе.

Нэг хоолны халбага тараг, адил хэмжээний ээдэм, чимх цагаан давсыг хольж хутгаад нүүрэндээ жигд түрхэж, 10-15 минутын дараа бүлээн усаар зайлна. Тэжээл өгөхөөс гадна арьсыг зөөлрүүлэх үйлчилгээтэй.

Салаалсан, орооцолдсон, өнгөө алдсан, гэмтсэн, ширүүссэн үсийг мэдээж хэн ч хүсэхгүй. Намирсан зөөлөн үсний аврагч нь мөн л маск. Химийн найрлагатай шампунь, ангижруулагчид найдсанаас үснийхээ гэмтэлд тохирсон органик эмчилгээг сонгоорой. Гэрийн нөхцөлд хийж болох хамгийн сайн маск бол өндөгнийх. Өндөгний шар, хоёр цайны халбага оливын тосыг нэг аяга сүүтэй хольж, бага зэрэг нимбэгний шүүс нэмж сайтар хутгаад л маск бэлэн. Бэлдсэн маскаа үс, хуйхандаа түрхэж 15-20 минутын дараа бүлээн, болж өгвөл хүйтэн усаар угаагаарай. Өндөг уургаар баялаг учир хуйханд тэжээл өгдөг. Мөн масканд буй А витамин, кали нь гэмтсэн үсийг сэргээдэг бол B витамин үсний ургалтыг дэмждэг.

ТАНИЛЦ, SPF

Зуны аагим өдрүүдэд цүнхнээсээ салгаж болохгүй зүйл бол нарны тос. Өдрийн тос, кремний шошгон дээр SPF гэсэн тэмдэглэгээ байдаг. Нарны хорт туяанаас шүүх шүүлтүүр гэсэн үг л дээ. Хүний арьс нарны хорт туяанаас өөрийгөө хамгаалах чадвартай байдаг гэнэ. Гэхдээ арьсны өнгөнөөс хамаараад хамгаалах хугацаа нь адилгүй. Цагаан арьстай хүмүүс 5-10 минут нарнаас арьсаа хамгаалах чадвартай байдаг бол шар арьстнуудынх 10-15 минут. Хар арьстнуудын хувьд нүүрээ 20-37 минут нарнаас хамгаалах төрөлхийн чадвартай. SPF гэсэн тэмдэглэгээний ард тоо байдаг даа. Тэр тоог нарнаас өөрийгөө хамгаалах арьсныхаа чадвараар буюу заасан минутаар үржүүлэхэд таны худалдаж авсан өдрийн тосны нарнаас хамгаалах чадал гараад ирнэ. Жишээ нь бидэн шиг шар арьстнууд нарнаас 10-15 минут царайгаа хамгаалж чадна. SPF 15 гэсэн тэмдэглэгээ байж гэж бодъё. Энэ тоог 15-д үржүүлэхэд таны сонгосон өдрийн тосны нарнаас хамгаалах хугацаа гараад ирнэ. Нарны тос түрхэхдээ өдрийнхөө тосыг суурь болгож түрхэхээ мартав аа.

ТАТГАЛЗАХ АРГАГҮЙ ШӨНИЙН ТОС

Наснаасаа залуу харагдахыг хүссэн хэн бүхний хамгийн эхний сонголт бол яах аргагүй шөнийн тос. Учир нь шөнийн тосыг гоо сайхны бүтээгдэхүүний хаан хэмээдэг. Гоо сайхны бүтээгдэхүүний өндөр чанар шөнийн тосонд байдаг. Шөнө арьс амарч жирийн үеэсээ халуун болдог гэнэ. Халсан арьс тэлдэг аж. Тэлсэн арьсанд тэжээл шингэж орох нь илүү байдаг гэж гоо сайханчид онцолдог. Гоо сайхны тосны арьс чангалах, үрчлээ тэнийлгэх, тэжээл өгөх чанар нь шөнө илүү үйлчилдэг гэсэн үг. Хүүхдийн арьс 14 нас хүртлээ өөрийгөө нөхөн төлжүүлдэг бол энэ чадвар 15 наснаас аажмаар бууж 20 нас гэхэд зогсдог. Тэгэхээр 20 наснаас шөнийн тос хэрэглэж эхлэх хэрэгтэй болж таарч байна.

Categories
мэдээ цаг-үе

Гантай Эль нино хуртай Ла нинагаар үргэлжилнэ

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллага Эль ниногоос үүдэлтэй ган гачиг энэ оны сүүлч, ирэх оны эхээр оргилдоо хүрэх төлөвтэй хэмээн мэдэгдэж байна. Өртөх магадлал өндөр улсын нэг нь Монгол гэж дүгнэжээ. Тодруулж хэлбэл ган болох өндөр магадлалтай улсын тоонд манай орон багтаад байгаа юм. Номхон далайн экваторын бүсэд үүсдэг цаг уурын үзэгдэл болох Эль нино нэлээд хүчтэй илэрч байгаа учраас өнгөрсөн зун агаарын температур Европт 40 градус, Ойрхи Дорнодод 50 градус давсан юм. Өнгөрсөн жил Монголын хувьд ч сайн байгаагүй. Газар тариалангийн голлох бүс нутагт ургац боловсрох үед хуурайшилт үүсч ургац алдсан тохиолдол гарсан. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага энэ удаагийн Эль нино Монгол, Филиппин, Индонези, Папуа-Шинэ Гвиней, Зүүн Тимор, Номхон далайн орнууд, Сомали, Этиоп зэрэг 18 улсад нөлөөлөх төлөвтэй гэж сэрэмжлүүлээд байна.

Дэлхийн цаг уурын байгууллагын прогнозоор 2015-2016 оны цочрол өгсөн Эль нино аажмаар суларч Ла нина болох магадлалтай байгаа гэнэ. Эль нино Ла нина болж шилжих явц нь 1997-1998 оны Эль нино аажмаар суларч улмаар Ла нина болсон явцтай нэлээд төсөөтэй байх бололтой. 1999-2003 онд үргэлжилсэн ган зудад 13 сая гаруй мал хорогдон ядуурлын хэмжээ хоёр дахин өсч байв.

ЭМЭЭХЭЭС АРГАГҮЙ ЭЛЬ НИНО

Европ тив бусад улсаас дулаан байдгийн шалтгаан нь тун энгийн. Далай дэлхийн уур амьсгалд нөлөөлдөг учраас л европчууд цаг уурын аятайхан орчинд тухтай амьдарцгаадаг. Номхон далайд үүсдэг цаг уурын хоёр үзэгдэл бий. Нэг нь Эль нино. Нөгөө нь Ла нина. Далайн гадаргын усны температур 0.5 градус болон түүнээс дээш хэмжээгээр халахад үүсдэг үзэгдэл бол Эль нино. Энэ үзэгдэл дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын цаг уурт ихээхэн нөлөөлдөг. Эль ниног хөрвүүлбэл “жаал хүү” гэсэн утгатай. Бүр тодруулбал “Христийн бага нас” гэсэн утгатай испани үг. Зул сарын баярын үеэр Өмнөд Африкийн баруун эрэгт ийм үзэгдэл тохиолддог учраас ийн нэрийджээ. Эль ниногийн эсрэг үүсдэг үзэгдэл нь Ла нина. Ла нина нь бяцхан охин гэсэн утгатай үг. Цаг уурчид өмнөдийн хэлбэлзэл хэмээдэг.

Эдгээр үзэгдлийг анх 1923 онд Гильберт Валкер гэдэг судлаач тодорхойлжээ. Эль нино, Ла нина таван сараас удаан хугацаагаар үргэлжилбэл үзэгдэл гэдэг юм байна. Өмнөдийн хэлбэлзэл голдуу өвөл үүсдэг гэнэ. Номхон далайн хэвийн нөхцөл гэж бий. Экваторын дагуух салхиар далайн бүлээн ус баруун зүг рүү шилжиж, Өмнөд Америкийн эргийн дагуу хүйтэн ус дээш шилжихийг ийн нэрийддэг байна. Хэвийн үед салхи бүлээн усыг Номхон далайн баруун зүг рүү зөөдөг, харин хүйтэн ус далайн гүнд Номхон далайн зүүн тийш шилждэг аж. Эль ниногийн үед харьцангуй бүлээн ус Өмнөд Америкийн эрэгт хүрдэг байна. Хүйтэн усны босоо урсгал байхгүйгээс агаарын температур нэмэгддэг юм байна. Харин Ла нинагийн үед харьцангуй дулаан ус жирийн үеийнхээс илүү хол баруун зүг рүү шилждэг гэж цаг уурчид тайлбарладаг.

Эль ниногоос үүдэлтэй ган гачиг 2016 оны эцэс 2017 оны эхээр оргил үедээ хүрнэ гэсэн сэрэмжлүүлэг бий. Уг үзэгдэл 2015 оны сүүлч, 2016 оны эхээр нэлээд хүчтэй илэрч байгаа аж. Энэ оны нэгдүгээр сарын эхээр гэхэд л АНУ-ын Калифорни мужид Эль ниногоос үүдэлтэй шуурга болж, багагүй хохирол учруулсан юм. Ази, Африк, Өмнөд Африк, Төв Америк, Номхон далайн бүс нутгийн 13 орны 60 гаруй сая хүн энэ оны эхээр Эль ниногоос болж өлөн зэлмэн амьдарч байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар Эль ниногоос үүдэлтэй ган гачиг, үер зэрэг байгалийн гамшигт өртсөн улс орнуудын 60 сая оршин суугчдад тусламж үзүүлэхэд 2.2 тэрбум ам.доллар шаардлагатай гэж өнгөрсөн сард мэдээлж байв. Энэ удаагийн Эль нино дэлхийн цаг уурын түүхэнд хамгийн их хор хохирол дагуулсан үзэгдэл болж байгааг НҮБ-ын шинжээчид анхааруулсаар байна. Эл ниногийн дараа Ла нина болбол байдал улам дордоно гэсэн сэрэмжлүүлэг давтамжтайгаараар цацагдаж байгаа юм. Гэхдээ аюул нь манай улсаас хол байх бололтой. Австрали, Индонези, Тайланд, Филиппин, Бразил, Колумби улсад ширүүн бороо орж, Уругвай, Аргентинд ган гачиг тохиолдоно гэсэн таамгийг дэлхийн цаг уурчид хэлж байна.

ЭЛЬ НИНОГИЙН ДАРАА ҮРГЭЛЖИЛСЭН ГАН БОЛОХ ЭРСДЭЛТЭЙ ГЭВ

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэвээс Эль ниногийн талаар тодруулахад “Экваторын тэг гардусын өргөрөгийн бүсээс өмнөд хойд аль аль тал руугаа 15 градуст багтдаг хэсгийг тропикийн бүс гэж нэрлэдэг. Тропикийн бүсэд буюу Номхон далайд далайн гадаргын хэм олон жилийн дунджаас нэмэх тал руугаа хазайхыг Эл нинотой холбож ярьдаг. Далайн гадаргын хэм нэмэх болох үед тэнд далай агаар мандлын харилцан үйлчлэл явагдана. Энэ нь ялангуяа Индонези, Энэтхэг, Африк, Атлантын далай, Өмнөд Америк гэх мэт тропикийн бүсэд хамаарах улс орнуудын цаг агаарын уур амьсгалд нөлөөлдөг. Зарим бүс нутагт хуурайшилт, ган гачиг болдог. Харин зарим нутагт хэт их бороо орж, үерийн гамшиг тохиолддог. Тэгэхээр Эль нино нь тропикийн бүс нутгуудад илүү хамааралтай, шинжлэх ухаанд батлагдсан үйл явц юм” гэсэн хариу өгөв. Эль нино манай оронд яаж нөлөөлдгийг сонирхоход “Онолын хувьд авч үзвэл энэ үзэгдэл дундад өргөрөг, өндөр өргөрөгтөө харилцан үйлчилнэ. Манай орон харьцангуй өндөр өргөрөгт оршдог. Тиймээс энэ хамаарал байдаггүй. Өнөөдрийн байдлаар Монгол Улс яг Эль нино бүсэд хамаарна гэж тогтоогоогүй, батлагдаагүй. Гэхдээ хүчтэй Эль ниногийн үед олон жилийн дунджаас хэт их халалттай жил 2015 онд болж өнгөрсөн” хэмээн хариулсан юм. 1999-2002 он хүртэл дараалан дөрвөн жил их хуурайшилттай байсан нь Эль ниногийн сүүлийн тохиолдол гэнэ. Монгол Улс Эль нино бүсэд хамаарна гэж тогтоогдоогүй ч нөлөөлөл нь ирдгийг цаг уурчид үгүйсгэсэнгүй. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв “Шинжлэх ухаанаар батлагдаагүй ч гэсэн өмнө нь болсон түүхээ харахаар магадгүй Эль нино жилдээ биш түүнээс хойших жилүүдэд Монголд дараалсан хуурай жил үргэлжилж магадгүй гэсэн дохио өгөөд байгаа. Тиймээс иргэд үүнд бэлтгэлтэй, сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Эль нино тохиолдол нь агаар мандалд маш хүчтэй савлагаа бий болгочихвол магадгүй дараа жилээс манай оронд нөлөөлж олон жил дараалан ган гачиг, хуурайшилт болох магадлалтай. Ингэж таамаглах үндэстэй “ хэмээн санууллаа. Тэрээр Эль ниногийн эсрэг үзэгдэл Ла нинаг “Далайн гадаргын хэм нэмэх болж байсан бол энэ үзэгдлийн үед олон жилийн дунджаасаа хасах хэм болж өөрчлөгдөнө гэсэн үг. Ла нинагийн үед тропикийн бүсийн хамаарал сулардаг. Гэхдээ Ла нинатай жил манайд ганц, хоёр удаа тохиолдож ган гачиг болж байсан. Энэ гэхдээ бас л тодорхойгүй” гэж тайлбарлав.

ХАЛУУН ЗУН БОЛОХ НЬ

Зуны эхэн сар гараад багагүй хугацаа өнгөрсөн ч бороо цас холилдон орсон сэрүүн өдрүүд жиндээж байна. Сэрүүн өдрүүд мөдхөн дуусах бололтой. Учир нь цаг уурчид энэ жил халуун зун болно гэж онцолж байгаа юм. Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн уур амьсгалын секторын эрхлэгч П.Гомболүүдэв “Дэлхийн дулааралтай холбоотойгоор жилээс жилд дулааны хэм нэмэгдэж байгаа. Халуун болох өдрийн тоо нь их байна гэсэн үг” хэмээн ярилаа.

Хур тунадас хэвийн, ордог хэмжээндээ орно гэсэн таамаглалыг цаг уурчид хэлж байна. Гэхдээ тэд улирлын ерөнхий мэдээллийг л өгч чадна гэдгээ онцолсон юм. Яг төдийд бороо орно, тэдэн хавьцаа хална гэж нарийвчлан мэдээлж чадахгүйгээ учирласаар байгаа. Тэгэхээр цаг агаарын мэдээллийг тухайн үед нь авахаас аргагүй юм байна. Цаг уурчид энэ жилээс цаг агаарын мэдээг сараар бүү хэл улирлаар урьдчилж гаргахаа болиод байгаа юм. Эль ниногийн таагдашгүй авир цаг уурчдыг дуугүй суухад хүргэсэн гэх таамаг үнэнд ойрхон байж мэдэх. Эль ниногийн нөлөөнд орсон газарт ган гачиг болох эрсдэл өндөр гэсэн сануулгыг энд дурдахад илүүдэхгүй байх.

ААШ НЬ ОЛДОХГҮЙ ЛА НИНА

Эль ниногийн араас залгах Ла нинагийн аашийг олоход бэрх ажээ. Эль ниногоос үүдсэн аагим халуун өдрүүд Ла нина эхлэнгүүт аадар бороо, үертэй өдрүүдээр үргэлжлэх гэнэ. Өмнөдийн хэлбэлзлийн нөлөөнд орсон улс орнуудын цаг агаар тогтворгүй байдаг юм байна. Дахин сануулахад манай улс өмнөдийн хэлбэлзлийн нөлөөнд шууд оршдоггүй. Гэхдээ хүчтэй илрэлтэй жил нь Эль нино, Ла нина шууд нөлөөлдгийг өмнө онцолсон. Бусад жилүүдэд нь “жаал хүү”, “бяцхан охин” хоёрын аюул аажуудаа нөлөөлдгийг цаг уурчид үгүйсгээгүй. Тэгэхээр Эль нино дуусах үед халуу шатаж, Ла нина шувтрах цагаар аадар цутгах магадлал өндөр гэсэн үг. Манай улс Ла нинагийн нөлөө хүчтэй илрэх бүсэд оршдоггүй болохоор аадарт дуртай Ла нина бидэнд төвөг удахгүй бололтой. Харин ч арай зөөлнөөр илэрч, ирэх зунаас хуртай жил үргэлжилнэ гэсэн таамаг давамгайлж байна.

Хуртай жил ирнэ гэсэн өөдрөг мэдээний зэрэгцээ санаж явахад илүүдэхгүй сэрэмжлүүлэг ч байна. 1999 оноос Эль нино суларч Ла нина үүсэх үеэр 2003 он хүртэл дараалан ган, зуд нүүрлэж, нийтдээ 13 сая мал хорогдсон, ургац алдсан, ядуу өрхийн тоо хоёр дахин нэмэгдсэн гэх хүсмээргүй статистик гарсан. Манайд 1631-1939 оны хоорондох 309 жилийн хугацаанд 89 удаа зуд тохиолдсон гэдэг. Олныг зутраасан зудын ес нь мичин жилд тохиож. Цаг агаарын хэмжилт хийж эхэлснээс хойш 17 удаа зуд болсны гуравт нь мичин жил таарчээ. Товчхондоо өнгөрсөн түүхийг харахад мичин жил бүр ган, зуд болдоггүй ажээ. Харин Эль нино үүссэн жилийн зун ган, Эль нино Ла нинад шилжсэн жилийн өвөл зуд болдог гэх дүгнэлтийг хийж болохоор байна. 2010 онд Ла нинагаас болж мянган жилд нэг тохиох хатуу ширүүн өвөл болно гэж баргийн зүйлд яаран дүгнэлт гаргадаггүй Японы цаг уурчид хэлж байв. Ла нина гэдэг нь зүүн өмнөд зүгээс хүчтэй салхи гарч, далайн урсгал баруун тийш хандсанаар далай тэнгисийн ёроолоос хvйтэн ус хөөрөн гарах үзэгдэл учраас өвөл нь хүйтэрдэг гэдэгтэй дэлхийн цаг уурчид санал нийлдэг.

Б.Маралмаа

Categories
мэдээ цаг-үе

М.Халиунбат: Монголд кроны капитализм сонгодог утгаараа бий болчихсон

“Торгоны зам” сангийн гүйцэтгэх захирал, эдийн засагч М.Халиунбаттай ярилцлаа.

-Таны Эдийн засгийн форумын үеэр тавьсан илтгэлээс Монголд кроны капитализм бий болчихлоо гэсэн санаа содон дуулдсан…?

-Өнөөгийн үүссэн байдлыг харахаар кроны капитализм буюу улстөржсөн бизнес, бизнесжсэн улс төр сонгодог утгаараа бий болсон. 26 жил хийсэн зүйл маань ерөөсөө л кроны капитализм. Өөрөөр хэлбэл улс төртэй холбогдохгүй бол бизнес нь явдаггүй, улс төрийнхөн нь бизнестэй ямар нэг байдлаар холбогдож байр сууриа хадгалж үлддэг тогтолцоог кроны гэж онцлоод байгаа юм.

-Кроны капитализм эцэстээ юунд хүргэдэг вэ?

-Товчхон хэлбэл дарангуйлалд. Бид эхний алхмаа тавьчихлаа л даа.

-Кроны капитализм хөгжиж дарангуйлалд хүрсэн улсуудад эхэн үедээ манайд одоо өрнөж буй шиг үйл явц ажиглагдаж байсан гэсэн үг үү?

-Тоочвол маш олон улсын түүх бий. Улстөрчдөд эрх мэдлээ хадгалж үлдэхийн тулд мөнгө хэрэг болдог. Мөнгө авах газар нь ойлгомжтой. Нэг бол төсвөөс хулгайлна, эсвэл бизнес эрхлэгчдээс мөнгө босгоно. Ийм л хоёр тогтолцоо ажиглагддаг. Сая хэлсэн үзэгдэл манай улсад аль хэдийнэ өрнөчихсөн. Мөнгө босгож улс төр хийж чаддаг болсон. Дараагийн алхам нь ч хийгдээд эхэлсэн. Үүний дараа асар том хэмжээний амлалтууд өгч эхэлдэг. Гэр хорооллыг дахин төлөвлөнө ч гэдэг юм уу нэлээд өргөн цараатай, их мөнгө зарцуулах төслүүдийг санал болгодог. Мэдээж хэн нь хэнээсээ илүү томыг амлах вэ, санал болгох вэ гэдэг дээр өрсөлдөөн өрнөнө. Улстөрчид амлалтаа биелүүлэхийн тулд улс, нийслэлийн төсвийг хүссэн хүсээгүй томруулдаг. Төсвийг томруулах хоёрхон үндсэн арга бий. Эхнийх нь ард иргэд, аж ахуйн нэгжээс авдаг татвараа нэмэгдүүлэх. Хоёр дахь арга нь зээл авах. Төр иймэрхүү маягаар томроод ирдэг. Төр томрох хэрээр аж ахуйн нэгжийн, компаниудын үйл ажиллагаа хумигддаг. Одоогийн бидний туулж байгаа үе бол аж ахуйн үйл ажиллагаа хумигдаж буй цаг. Өөрөөр хэлбэл хүмүүс ажилгүй болж байна. Бизнесүүд явахаа болилоо. Бизнесүүд мөнгөгүйдэхээр төрийн орлого багасах нь гарцаагүй зүйл. НӨАТ, онцгой, гааль, хүн амын татвар хумигдаад эхлэх нь жам. Өмнө нь авч байсан татваруудын хэмжээ ингээд буугаад эхлэхээр шийдвэр гаргагчид Улаанбаатар хотын татвар гэх мэт шинэ татварууд зохиож эхэлдэг. Мэдээж юу юуны туханд хүрэлгүй татварын хувь хэмжээгээр оролдохгүй. Сүүлдээ бол татварын хувь хэмжээ рүү орно. Шийдвэр гаргагчид татварын хувь хэмжээ рүү орчихсон. Сүүлийн жишээ гэхэд 110 нэр төрлийн бүтээгдэхүүний импортын татварыг нэмчихлээ. Хурц хэлбэр рүүгээ орж байна гэсэн үг.

-Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийн тулд гэсэн тайлбартай гарсан шийдвэр шүү дээ…?

-Татварын хувь хэмжээ нэмж эхлэх яг ийм үед янз бүрийн сэдэв моодонд ордог. Жишээ нь сая таны хэлсэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг уриа. Үнэн хэрэгтээ үндэсний үйлдвэрлэлээ дэмжье гэдэг чинь импортын татварыг нэмэгдүүлэх л арга. Хүн өмнө нь хэрэглэж байсан импортын бүтээгдэхүүнээ шууд үндэсний үйлдвэрийн бүтээгдэхүүнээр сольдоггүй. Өөрөөр хэлбэл хуучин хэрэглээнээсээ татгалздаггүй. Саван гэхэд хэрэглээд сурсан брэндтэй нь адил хэмжээний чанартайгаар үйлдвэрлэдэг дотоодын компани байхгүй байх жишээний. Гадны том компаниудын бүтээгдэхүүнийг дотоодынхтой харьцуулбал өрсөлдөх чадвар хавьгүй илүү гэсэн том шалтгаан бий. Харамсалтай нь иргэдийн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнэ татвараа дагаад өсдөг, үр дүнд нь хүмүүсийн халаасан дахь мөнгө үнэгүйдэж байдаг. Товчхондоо төр иргэдийнхээ халааснаас төсвөө барьдаг тогтолцоо руу ороод байна.

-Шавхаад ч юм гарахгүй болбол, эдийн засаг тамирдаад ирвэл яах бол. Кроны капитализмаар яваад байгаа улсын хувьд ер нь яадаг юм бол?

-Ийм үед зээл авч эхэлдэг. Бидэнд ажиглагдаад эхэлчихсэн. “Чингис” бондоос эхлэлтэй “Самурай” гэх мэт олон бонд бий. Сүүлд гэхэд л Энэтхэгээс тэрбум ам.доллар авах гэж байх шиг байна. Өрийн хямрал руу ордог гол шалтгаан нь энэ. Нэгэнт авсан хойно өгөх нь жам. Өгөхдөө тулаад ирэхээр эдийн засаг нь хумигдаад юу ч үгүй болчихсон байдаг. Шийдвэр гаргагчдын хувьд мөнгө олох дараагийн зам нь нийгэмчлэх үйл явц болдог. Хамгийн их мөнгө харагдаж байгаа салбаруудыг нийгэмчилж эхэлдэг. Төрийн болгож эхэлдэг гэсэн үг.

-Хувийн хэвшлийнхнээс дээрэм хийнэ гэсэн үг үү?

-Тэгнэ. Хувийн хэвшлээс дээрэмдэж эхэлнэ. Ингээд дарангуйлал эхэлдэг. Мэдээж өмчөө дээрэмдүүлсэн иргэд, хувь хүн төр засагт дуртай байхгүй нь тодорхой. Хөдөлгөөн, эсэргүүцлийн цуглаан гэх мэт эсэргүүцлүүд ажиглагдаж эхэлдэг.

-Манайх шиг ардчилсан улсад арай ч шууд хувийн өмч рүү дайрахгүй байх аа?

-Шууд дайрах өндөр эрсдэл бий. Эквадор гэхэд байгалийн хий, газрын тос, газар тариалангийн экспортоороо бүс нутагтаа давамгайлсан мундаг улс байсан. Ердөө саяхны, арваадхан жилийн өмнөх явдал. Тэр үед төр засаг нь иргэддээ маш том амлалт өгсөн. Эквадорын бүх иргэнийг орон сууцанд оруулна гэсэн амлалт өгсөн. Яг л манайхтай адил зүйл сонсогдож байгаа биз. За тэгээд орон сууцанд оруулах кампанит ажил эхэлж асар том бүтээн байгуулалт өрнөсөн. Өчнөөн байшин барилга барьсан ч сүүлдээ хямарч хүнд байдалд орсон. Барилгын салбартаа маш их мөнгө түгжсэн. Манай улс ч ялгаагүй, энэ салбартаа 7.8 их наяд төгрөг түгжчихээд байгаа. Ийм байдал үүсэнгүүт эдийн засаг нь бүтээмжгүй болж таарна. Манай эдийн засаг ч өнөөдөр бүтээмжгүйдээ орно. Бид 2-3 төгрөг зарцуулаад нэг төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Эквадорын төр засгийнхан манайд одоо ажиглагдаж байгаа шиг татвараа нэмэх гэх мэт арга хэрэглэж явсаар эцэстээ нефть олборлогч, газын компаниудаасаа эхлээд нийгэмчилсэн. Өөрөөр хэлбэл шууд улсын мэдэлд авч эхэлсэн. Хүмүүс өмчөө авч үлдэхийн тулд зугтааж таарна. Тэгэнгүүт нь зугтаалгахгүй арга хэмжээ авч эхэлж байгаа юм. Хил дээрээ хаалт хийгээд цэрэг зогсоочихсон. Ингээд л хүн төрөлхтний түүхэнд бас нэгэн алдартай дарангуйлагч төрж байгаа юм. Кроны капитализмын бас нэг тод жишээ нь Зимбабве. Бид хэдэн триллионы тоотой ч үнэ цэнгүй болсон мөнгөн дэвсгэртийг нь хараад шоолж инээлддэг. Тэр улсын толгой нь гадаадын жаахан ч гэсэн хөрөнгө оруулалттай компани байвал шууд нийгэмчилнэ гэсэн хууль гаргаад сууж байна.

-Гэхдээ л арай ч Зимбабве шиг болчихгүй байлгүй дээ…?

-Ингэж бодох нь дэндүү гэнэн хандлага. Сая та бид хоёрын ярьсан зүйл хүн төрөлхтний шинэ түүхэнд гараад ирчихсэн бас нэг үзэгдэл. Ийм хэлбэрийн дарангуйлал хүчтэй байгаа. Хаан гэж нэрлэхээ болиод Ерөнхийлөгч гэдэг болсноос өөр ялгаа байхгүй. Харин ч хэлбэрээ өөрчлөхдөө өмнөхөөсөө илүү хүчтэй болсон.

-Кроны капитализмын гол шалтгаан нь улс төр, бизнесийн хэт хамаарал гэж ойлголоо. Энэ хамаарлыг нь багасгах гарц хайвал байдал эерэг зүг рүүгээ эргэх байлгүй дээ?

-Нэгэнт эргээд эхэлсэн асар том хүрдийг зогсоох хэцүү. Бүх юм нь хоорондоо нөхцөлдөөд, нэг нь нөгөөгөө өдөөгөөд эргэж байгаа. Магадгүй шалдаа буутал унаж хаширвал арай өөр зүг рүүгээ эргэж мэдэх юм.

-Дэлхийн улсуудаас кроны капитализмаар явж байгаад зөв зам руугаа орсон жишээ бий юу?

-Тийм жишээ байхгүй. Институцийн хувьд ганхахааргүй бэхжиж байж хазаарлаж таарна. Манайд кроны капитализмыг хязгаарлаж, зогсоож чадах институциуд байхгүй. Тийм хүчтэй төрийн бус байгууллага, иргэний хөдөлгөөн ч алга. Тэгэхээр хамгийн бодитой гарц бол иргэд. Иргэд ойлгоц төсөөллөө өөрчилж чадвал эерэг зүйл ажиглагдаж магадгүй. Гучаас доош насны залуу хүмүүс онцгойлж анхаармаар санагддаг. Монголын гурван хүн тутмын нэг нь хүүхэд, гурван хүний хоёр нь залуус гэдэг утгаараа хүүхэд, залуусаа зөв бодолтой, дархлаатай болгох хэрэгтэй. Боловсролын системдээ маш том өөрчлөлт хиймээр санагддаг.

-Байгалийн баялаг ихтэй, дэлхийн хэмжээний Оюу толгой гэдэг том төсөл хөдөлчихсөн, эндээс олсон мөнгөөрөө боловсрол гэх мэт бусад салбараа хөгжүүлнэ гээд бодохоор бусдаас давуу, өөдрөг зүйлс бидэнд өчнөөн бий. Энэ бүхэн таны яриад байгаа дарангуйллаас сэргийлж чадах юм биш үү?

-Оюу толгой төсөл явлаа гэдэг нь эерэг дохио мөн. Гэхдээ та бид хоёр сууриараа буруу байгаа тухай ярьж байна. Муу хөрсөнд хэчнээн сайн үр тариад нэмэргүйтэй ялгаагүй зүйл болоод байна л даа.

-Тогтолцоо нь буруу байхад хэчнээн том төсөл хэрэгжээд ч үр дүнгүй гэж хэлэх гээд байна уу?

-Ер нь бол тийм. 2-3 төгрөгөөр нэг төгрөгийн баялаг бүтээж байна гэж өмнө ярьсан даа. Дэндүү бүдүүлэг үр ашиггүй тогтолцоо байсаар байна. Төрд мөнгө очихоор дандаа бүтээмжгүй юм хийдэг учраас тэр. Социалист гэгддэг Хятад манайхаас арай дээр. 1.7 төгрөг зарцуулаад нэг төгрөг бүтээдэг. Сүүлийн үед эдийн засагт нь “Цагаан заан” гэдэг ойлголт гарсан. Хэн ч явдаггүй зам, хэн ч суудаггүй “сүнс”-ний хотоо тэгж нэрлэсэн хэрэг. Манайд ч бий. Урдуур, Богд уулын хормойгоор барьсан замаар хэдэн хүн явдаг юм бэ гээд тооцвол их сонин дүр зураг гарч ирнэ. Хөгжлийн төлөө гэсэн хаягтай ажлууд улс төрийн шалтгаанаар, ийм юм хийсэн болохоор намайг сонгоно гэдэг дээр төвлөрөөд байна.

-Гадны хөрөнгө оруулалт хэт их хэмжээгээр орж ирэх нь эрсдэлтэй, үндэсний компаниудаа дэмжих хэрэгтэй гэж үзэх хэсэг байхад, гадны хөрөнгө оруулалтаар л босно гэх хүмүүс бий…?

-Өрсөлдөөн байх ёстой. Өрсөлдөөнд гадна, дотнынхон бүгдээрээ орох учиртай. Гадныхантай өрсөлдөөд гарч ирсэн үндэсний компани л бидэнд хэрэгтэй.

-Тэгэхээр аль алинд нь гарааны тэгш нөхцөл олгох ёстой гэсэн үг үү?

-Яг тийм. Өрсөлдөөнөөс шалгарч гарсан компанууд л улс үндэстний баялгийг бүтээдэг.

-Та бид хоёрын яриад байгааг ажил болгохын тулд төрийн оролцоо ямар байх ёстой вэ?

-Зөнд нь орхих хэрэгтэй.

-Өрсөлдөөний хэт чөлөөтэй орчин том нь багыгаа барьж идэхэд хүргэж, хэт монополь үүсгэнэ гэсэн болгоомжлол дуулддаг…?

-Монополиуд ихэнх тохиолдолд өрсөлдөөнгүй байдлаас үүсдэг. Өрсөлдөөн байгаа л бол жижиг компаниуд том компаниудаа хүнд цохилтод оруулах эрлийг тасралтгүй хийж, том компаниудынхаа араас нэхэж явдаг. Тэд технологиороо, менежмэнтээрээ, түүхий эдийнхээ онцгой чанараар илүү гарахыг эрмэлзэж завгүй ажиллацгаадаг. Толгойлогч компани нь ч араас нь нэхэж байгааг мэдэж үйл ажиллагаагаа байнга сайжруулдаг. Өрсөлдөөн ийм гайхамшгийг бүтээдэг.

-Манайд өрсөлдөөнтэй, арай эрүүл хөгжиж байгаа салбар гэвэл та алийг нь онцлох вэ?

-Аль ч салбар давуу талаа ямар нэг улстөрчөөр дамжуулж хууль журам батлуулж баталгаажуулдаг тогтолцоо манайд үйлчилж байна. Ер нь хаана лиценз зөвшөөрөл өгч байна, хэн нэгний бизнесийг хамгаалж байна л гэсэн үг. Тиймээс өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Өрсөлдөөн байгаа газар олон ажлын байр, орлого бий болдог. Жишээ нь лицензийг байхгүй болгох хэрэгтэй. Тэгвэл бүгд хийх гэж оролдоно. Амжилттай, амжилтгүй нь дараагийн асуудал. Уг нь манай эдийн засаг тодорхой хэмжээнд өсөөд хуримтлал бий болчихсон. Төв банкны тайланг харвал хадгаламж гээд чамгүй мөнгө хуримтлагдчихсан. Эргэлтэд орохгүй байгаа хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, улс төрийн ийм эрсдэлтэй нөхцөлд бизнест хөрөнгө оруулах бодолтой нь цөөн байна. Хоёрдугаарт, банкны хүү өндөр. Бизнес хийснээс хадгалуулсан нь ашигтай байна. Банкууд өндөр хүүтэй хадгалж байгаа нь Засгийн газрын бондтой холбоотой. Засгийн газрын бондын 93 хувийг банкууд худалдаж авдаг. Энэ бол эдийн засгийн идэвхтэй эргэлт биш. Одоо бидэнд гоё болно, урагшилна гэсэн итгэл хэрэгтэй. Ингэхийн тулд төрийн энэ олон бизнесийг болиулах ёстой.