Categories
мэдээ цаг-үе

Ч.Эрдэнэдалай: Санхүүгийн зах зээлийн оролцогчийн хувьд “Эрдэнэт”-ийн хувьчлалыг дэмжиж байгаа

Хөрөнгийн зах зээлийн шинжээч Ч.Эрдэнэдалайтай ярилцлаа. Тэр хөрөнгө оруулагчдын дунд Дэйл Чой нэрээрээ танигдсан нэгэн юм.

-Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани авсан. Энэ тал дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-Би санхүүгийн шинжээчийн хувьд зах зээл, эдийн засгийн үүднээс харж байгаа. Эдийн засгийн хувьд гэж яривал уул уурхайн бизнес өндөр эрсдэлтэй. Тэр утгаараа төр уул уурхайн бизнест оролцох ямар ч шаардлагагүй. Татвар, рояалтигаа л авах хэрэгтэй. Мэдээж татварын орчин нь урт хугацаанд тогтвортой байвал зүгээр. Шахалт дарамтгүйгээр бизнес хийлгэх орчныг бүрдүүлээд өгчихвөл хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна.

-Төр “Эрдэнэт”-ийн хувийг авах ёстой гэсэн байр суурь хүчтэй байх шиг байна…?

-Төр өөрөө оролцоод янз бүрийн шаардлага тавиад, улстөржүүлээд явахаар уул уурхайн бизнес унадаг. Тод жишээ нь Оюу толгой. Гүний уурхайн бүтээн байгуулалт хэвийн эхлээд үргэлжлээд явж байтал улстөржүүлээд бараг гурван жил гацаачихсан. Төрийн оролцоо ийм эрсдэлтэй. Тэгэхээр миний тухайд хувьчлалыг зарчмын хувьд дэмждэг. Сая зарсан 49 хувь бол манай төрийнх биш. Гадаадын Засгийн газрын өмч байсан. Гадаадын Засгийн газрын эзэмшлийг Монголын хувийн хэвшил худалдаж авсан. Хувийн хэвшлийн тухайд мөнгөө зараад 49 хувийг худалдаж авч байгаа. Тэгэхээр “Эрдэнэт”-ийг аль болох зардлыг нь танаж, зах зээлийн зарчмаар нь үр ашигтай ажиллуулахыг бодно.

-Монголын компанид Эрдэнэт шиг том үйлдвэрийн 49 хувийг худалдаж авах чадамж байхгүй, тийм мөнгө нь хаана байна гэсэн шүүмжлэл хэлэх улстөрчид нэг биш байгаа. Энэ тал дээр таны бодлыг сонсъё?

-Монголын хувийн хэвшил сүүлийн 25 жилийн хугацаанд хөгжиж чадсан. Өөрөөр хэлбэл, том наймаа хийх чадалтай болсон. Худалдаа хөгжлийн банк, “Мобиком” зэрэг олон компани дэлхийн түвшинд ажиллаж байна. Тэдний нэг нь “Эрдэнэт”-ийн хувийг худалдаж авсанд олзуурхаж байгаа. Зүгээр нэг залуухан захирал биш, дотоодын өндөр түвшинд хөгжсөн компанийн хөрөнгө оруулагч “Эрдэнэт”-д оролцоотой боллоо гэж би хувьдаа ойлгож байна. Монгол Улсын хуулийн дагуу хувьцаат компани биш учраас мэдээллээ ил болгож цацаад байх хууль ёсны шаардлага, үүрэг байхгүй. Үүнийг нь олон нийт буруугаар ойлгож, нууцаллаа гэх мэтээр хардаж сэрдэж байх шиг байна. Гэхдээ нэг л зүйлийг ойлгох ёстой. Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг, Монголын компани “Эрдэнэт”-ийн хувийг худалдаж авсан.

-Хувийн компани “Эрдэнэт”-д оролцоотой болсноор ямар давуу тал үүснэ гэж та харж байна вэ?

-Хувийн хэвшлийн стандартын дагуу ажиллана гэж найдаж байна. Би санхүүгийн зах зээлийн оролцогч. Тэр утгаараа дэмжиж байгаа. Зах зээлд компаниудыг худалдаж авах, нэгтгэх, салгах, хувийг нь зарах бол хэвийн процесс. Зах зээлийн л жаяг. Дэлгүүр, кофе шоп, ресторан зардагтай л ижил зүйл. Том хэмжээний л наймаа гэдгээрээ ялгарах байх. Эрдэнэт гэдэг утгаараа маш том сенсаци дэгдэж, сэтгүүлчид эрэн сурвалжилж өчнөөн юм болж байна л даа. Монголчуудад нэг муу зан бий. Сайн явж байгаа нэгнээ хардаж сэрдэж, унагах гэдэг. Тамын тогооны үлгэр гэж ярьдаг даа. Яг тийм хандлага “Эрдэнэт”-ийн 49 хувь дээр харагдаж байна. Хэн ийм их мөнгө өгөв, хаанаас хуйвалдаад худалдаад авчихав гэх мэтээр хардаж сэрдсэн улстөржилт хүчтэй ажиглагдаж байна. Иргэдийн сэтгэл зүй дээр тоглолт хийсэн хандлага илэрхий анзаарагдаж байгааг нуух юм алга.

-”Эрдэнэт”-ийн хувьд улстөрчид сонирхохгүй байхаас аргагүй л дээ. Засгийн эрхэнд гарсан хэсэг нь “Эрдэнэт”-д шахааны наймаа хийж мөнгөждөг нь хэнд ч ил болсон зүйл. Хувийн компани энэ том үйлдвэрийн менежмэнтэд орсноор ядаж л шахааны бизнес зогсох болов уу гэсэн хүлээлт байна. Та юу гэж бодож байна?

-“Эрдэнэт” хамгийн засаглал муутай компани. Шүүмжлэхээс хэтрэхгүй явсаар өнөөг хүрсэн. 49 хувь бол өндөр оролцоо. Ийм хэмжээний хувийг нь хувийн компани худалдаж аваад менежмэнтэд нь оролцохоор шахааны бизнес алга болно. Хувийн байгууллага шахааны наймааг хүлээн зөвшөөрөхгүй. Аль болох зардлаа багасгаж ашгаа өсгөхийг л бодно. Зардлаа нэлээд танах болов уу. Хувийн компанийн төлөөлөл ТУЗ-д нь суудал авч таарна. Нийгмийн асуудал гэж бий. Үүн дээр компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хандаж ажиллах нь ойлгомжтой. Ер нь гадна дотнын уул уурхайн экспертүүд Эрдэнэтэд хэд хэдэн удаа очсон. 1500-2000 хүн ажиллахад л хангалттай гэж үздэг. Эрдэнэтийн зардал асар өндөр. Элэгдэж дуусч байгаа, нөөц нь өндөр эсэх нь эргэлзээтэй гэсэн сул талуудтай. Шуудхан хэлэхэд уул уурхай бол дурлаж гүйж ороод байх салбар биш.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авсан үнэ өртөг таны хувьд хэр бодитой тоо вэ?

-“Эрдэнэт”-ийг ойролцоогоор нэг тэрбум дотор үнэлж байгаа. Өнөөгийн зах зээлтэй харьцуулаад харахаар харьцангуй боломжийн дүн. Өөдрөгөөр сэтгэж орж байх шиг харагдаж байна.

-Эрдэнэт үйлдвэр хэт нүсэр бүтэцтэй, тэрийгээ дагаад өндөр зардалтай нь бодит үнэн. Зардлаа багасгахын тулд бизнесийн шийдвэрүүд гарч таарна. 51 хувь нь төрд учраас тэр тоолонд улстөржсөн хандлагууд хүчтэй илрэх эрсдэл бий…?

-Ер нь компани хувьцаа эзэмшигчдийн өгөөжийг ихэсгэх л үүрэгтэй. Тэрнээс биш хэн нэгнийг тэжээгч биш. Нийгмийн хариуцлагыг нэгдүгээрт тавьчихаад өөрөө ямар ч ашиггүй ажиллаад байж таарахгүй. Угаасаа тийм зориулалттай байгууллага биш. Хатуухан хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр бол Эрдэнэт хот биш. Зүгээр л компани. Компани бол хувьцаа эзэмшигчдийн ашиг, өгөөжийг өсгөх үүрэгтэй байгууллага. Гэхдээ мэдээж хуулийн дагуу татваруудаа төлөх ёстой.

-Эрдэнэтийн 49 хувийг гадаад зах зээл дээр гаргаж хөрөнгө босгох боломж хэр бол?

-Зах зээлийн үнэлгээ, зэсийн ирээдүйн үнэ, компанийн өрсөлдөх чадвар гээд олон хүчин зүйлээс шалтгаална. Шууд ийм тийм гэж хэлэх боломж одоогоор алга. Одоогоор зэсийн зах зээлийн нөхцөл сайн биш хэвээр байна. Эрдэнэтийн хувьд Оюу толгойтой харьцуулахад хэцүү. Хүдрийн агууламж нь муудсаар байгаа. Эрдэнэтийн хувийг худалдаж авсан компанийн хувьд мэдээж тодорхой тооцоо судалгаан дээр үндэслэж шийдвэр гаргасан байж таарна.

-Та хөрөнгө оруулагчидтай шууд харилцдаг хүмүүсийн нэг. Гадаадын хөрөнгө оруулагчдын хандлага ямархуу байна?

-Хөрөнгө оруулагчид нэг нам олонхи болсон учраас засаг тогтвортой ажиллах нь гэсэн хүлээлттэй байгаа. Өнгөрсөн жилүүдэд ойлголцоогүй хэд хэдэн асуудал байсан. Эргэлзээтэй байсан том төслүүд ирэх жилүүдэд хөдлөх байх гэсэн хүлээлт байна. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэнд сэтгэл хангалуун байгаа. Жижиг ч гэсэн хөрөнгө оруулагчдын хандлагыг эерэг зүг рүү эргүүлэхээр төслүүд бий. Жишээ нь Гацуурт. Таван толгой хөдлөх байх гэсэн өндөр хүлээлт бий. Эрчим хүчний станцуудын бүтээн байгуулалт өрнөөд эхэлбэл хөрөнгө оруулагчдын итгэл сэргээд ирнэ. Хөрөнгө оруулагчидтай харилцдаг албан тушаалтнуудыг томилохдоо анхааралтай хандах хэрэгтэй. Наад зах нь англи хэлний гүнзгий мэдлэгтэй байх ёстой. Мэдээж санхүүгийн зах зээлийн өргөн мэдлэг шаардлагатай.


Categories
мэдээ цаг-үе

Оросыг иргэншүүлсэн догшин эр

Өдгөө хүртэл Петр I-ийг дэмжигч шүүмжлэгчдийн
хоорондох маргаан үргэлжилсээр байна. Тэр ингэхэд хэн байсан бэ? Оросыг агуу их
эзэнт гүрэн болгосон цэргийн болон улс төрийн суут ухаан уу, эсвэл өөрийн эрхэмсэг
зангаараа доод албан тушаалтныхаа хүсэл мөрөөдөл, хувь тавиланг эрэмдэг болгосон
солиотон уу? Магадгүй аль аль нь уу? Петр хэзээ ч хувийн ашгаа бодолцож төр барьж
байсангүй. Хөшүүн байдалтай тэмцэх улс төрийн хатуу бодлого барьж байсан нь Оросыг
Европын эзэрхэг гүрэн болгож харагдуулах гэсэн хүсэл нь байв. Түүхчдийн зарим нь
түүний талаар “хаан бол төрөлхийн ялагч” гэж тодорхойлсон байдаг.

Ирээдүйн эзэн хаан (Орост энэхүү титмийг
авсан анхны хүн) 1672 онд Оросын хаан Алексей Михайлович Романовын гэр бүлд мэндэлжээ.
Энэхүү аз жаргалтай үйл явдал хаана болсон нь өнөө ч тодорхой бус. Эсвэл Москвагийн
Кремлийн Теремний ордонд, нэг бол Измайлов тосгонд, эсвэл Коломенскт байж болох
юм. Бяцхан Петруша Алексей Михайловичийн удмын 14 дэх хүн байв. Үнэндээ бол түүний
хоёр дахь эхнэр Наталья Кирилловна Нарышкинагийн ууган хүүхэд нь. Тухайн үед хүүг
хэн ч захирагч болно гэж төсөөлж байсангүй. Тиймээс ээлжит хүү нь хорвоод мэндэлсэн
нь ээж, аавынх нь хувьд онцгой үйл явдал байсангүй. Петр системтэй боловсрол эзэмшсэнгүй.
Тиймээс нас биед хүрсэн хойноо үзээгүй юмаа нөхөж үзэх шаардлага гарсан юм. Бүх
л амьдралынхаа туршид алдаатай бичиж, бичгийн хэвийг нь гаргаж унших боломжгүй байв.
Алдарт эрдэмтэд, философичид хаантай ойрын хүмүүс байсан юм. Тэд хааны сэргэг ухаан,
тал бүрийн мэдлэг, ямар ч асуудалд мэдлэгтэйг нь онцолдог байв.

Түүний эцэг Алексей Михайловичийг таалал
төгссөний дараа хаан ширээнд анхны эхнэр Мария Милославскаягийнх нь хүү Федор суужээ.
Харин хоёр дахь эхнэр Наталья Кирилловна бяцхан хүү Петрээ аван Преображенское тосгон
руу явжээ. Дараахан нь Алексей Михайловичийн анхны эхнэрээс гарсан охин хатан хаан
София төрийн эрхийг гартаа авсан юм. Залуу Петрийн хувьд эцэг нэгтэй эгчтэйгээ сөргөөцөлдөх
болсон нь хэрийн зүйлд шантрахгүй чанарынх нь анхны том шалгуур болсон билээ. Хатан
хаан тухайн цаг үеийнхээ хамгийн өндөр боловсролтой эмэгтэй байв. Эзэрхэг София
ганцаараа төр барихыг мөрөөддөг байсан юм. 1682 онд хүүхэдгүй байсан Федорыг нас
барсны дараа хаан ширээний төлөөх сөргөлдөөн өрсөлдөөн үүссэн юм. Нарышкиных (Наталья
Кирилловнагийн төрөл төрөгсөд) мэдээж хаан ширээнд арван настай Петрийг суулгахыг
хүсч байсан. Хоёрдугаар нэр дэвшигч нь милославчуудын дэмжиж байсан Петрийн ууган
ах өвчтэй, ухаан муутай Иван. Үүнээс болж нэлээд бослого, үймээн самуун дэгдэв.
Тэдний гол хүч нь буучид байв. Цуст мөргөлдөөний явцад Петрийн нүдний өмнө ойр дотнын
төрөл төрөгсөд нь хэд хэдээрээ амиа алдсан юм. Үүний үр дүнд хаан ширээнд Петр,
Иваны аль алиныг нь өргөмжлөхөөр болов. Хатан хаан София буучдын шаардлагын дагуу
засгийн эрхийг өөртөө авсан юм. Петр хожим “Захирагчдын дундаас миний багынх шиг
амьдрал туулсан нь ховор байх” хэмээн хэлсэн гэдэг.

Тун удалгүй ханхүү “тоглоомын” цэрэг байгуулах
сонирхолд автав. Үе тэнгийнхэн болох хэдэн залуусаас бүрдсэн энэхүү армийг София
ёжтойгоор хүлээж авав. Харин тэр гэнэн, жижигхэн арми нь илүү боловсронгуй болж
эрийн цээнд хүрсэн юм. “Тоглоомын” арми Лесная, Полтава, Гангутын дэргэдэх тулаанд
Шведийн хэрэм, цайзыг эзлэхэд гайхалтай эр зоригийг харуулсан. Энэ тоглоом хэдэн
жилээр үргэлжлэв. Аажимдаа хүүхдийн биш болж хувирч байлаа. Тэд Яуза эрэг дэх Потешних
хотод өссөн галт зэвсгийн мастер Федор Зомерын удирдлага дор их бууг бүтээжээ. Энэ
үед Петр анхны хайртайгаа учирсан билээ. Дарсны наймаачны (үнэт эдлэлийн наймаачин
гэх нь ч бий) охин Анна Монс ханхүүгийн сэтгэлийг анх татсан бүсгүй. Хүүгээ болох
бүтэхгүй хүмүүстэй холбогдож, гансаар тамхи татаж, их буу сонирхох болсонд өөрөө
өөртөө ихэмсэг Наталья Кирилловна галзуурахаа шахав. Энэ бүхнээс салгах ганц арга
нь мэдээж гэрлүүлэх.

Ингээд 1689 онд Петрийг тийм ч баян биш
ч язгууртан гэр бүлээс гаралтай айлын охин Евдокия Лопухина хэмээх бүсгүйтэй гэрлүүлсэн
юм. “Тэвчвэл дурлана” гэсэн зарчимтайгаар. Гэвч энэ зарчим биеллээ олсонгүй. Хосууд
эрс тэс хүмүүс байлаа. Хуримаа хийснээс хойш нэг сарын дараа Петр Плешеево нуур
руу хөлөг онгоц байгуулахаар арилж өгөв.

Наргианы, тоглоомын гэгдэж байсан цэргүүд
аажимдаа албан ёсны хүлээн зөвшөөрөгдөхөөр хүчин болж хувирлаа. София 1689 оны наймдугаар
сард төрийн эргэлт хийсэн ч амжилтгүй болов. Цэргүүдийн дийлэнх нь Петрийг дэмжсэн
юм. Хатан хааныг Новодевичий сүмд хорионд оруулахаар илгээлээ. Иван албан ёсоор
1696 онд нас бартлаа хамтран захирагч хэвээр үлдсэн билээ.

Петр өсвөр насандаа л улс нь тэнгис рүү
гарах гарцтай болохгүй бол удаан оршин тогтнож чадахгүйг ойлгосон байв. Хар тэнгист
туркууд, Балтийн Тэнгист шведүүд ноёрхож байсан нь Оросын тухайд улс төр худалдааны
хувьд улсаа тусгаарлана гэдэг маш хүнд, өндөр үнэ шаардагдсан ажил байлаа. Мэдээж
тухайн үед XVII зууны ерээд оны дундуур сайн чанарын хөлөг онгоцтой л биш бол Хар
Тэнгисийг эзэлнэ гэж мөрөөдөхийн ч хэрэггүй байв. Тиймээс Петр Азовын тэнгисийн
Дона цутгаланд байрладаг Туркийн Азов хэрмээс тулаанаа эхлүүлэхээр шийдсэн юм. Оросын
арми эхэн үедээ усан онгоцгүй тулалдав. Тулаан бүр хүндхэн бүслэлтэд орж ялагдлаар
төгсдөг байсан юм. Гэвч Петр удирдагч болон жанжны хувьд үнэлж баршгүй нэг араншинтай
байлаа. Тэрээр ялагдлыг маш хүндээр хүлээж авсан хэрнээ даван туулж чаддаг байв.
Хэдхэн сарын дотор Воронежийн усан онгоц засах газарт хэд хэдэн хөлөг онгоц бүтээв.
Тэр нь “Апостол Петр” гэдэг нэртэй 36 их буутай хөлөг онгоцоор толгойлуулсан сэлүүрт
хөлөг онгоцууд. 1696 оны тавдугаар сард Азовыг хуурай газраар, тэнгисээр бүсэлж
цайзыг буулгаж авав. Ингэснээр өмнөд тэнгис рүү гарах гарц нээгдлээ. Гэвч туркуудтэй
дайнаа дуусгавар болгож, Хар тэнгис рүү гарахад Оросын хувьд хангалттай хүч байсангүй.

Залуу хааны санааг Оросын техникийн хөгжлийн
хоцрогдсон байдал байнга зовоодог байв. Тиймээс тэрээр урьд хожид сонсогдоогүй алхмыг
хийхээр шийджээ. “Агуу Элчин сайдын яам”-ны бүрэлдэхүүнийг дагалдсан ойрын хүмүүсийн
хамт 1697 онд Европыг зорьжээ. Усан онгоц, зэвсгийн үйлдвэрлэлийг судлах гэж. Сонирхуулж
хэлэхэд Петр 14 төрлийн дархны чадварыг гайхалтай эзэмшсэн хүн байсан юм. Гарал
угсаа сайтай биш ч чадвартай, төрийн ажилд тустай хүмүүсийг өөртөө ойртуулдаг байсан
нь түүний бас нэг давуу тал байлаа.

Европт байхдаа тэр нутагт нь мөргөлдөөн
хийх оролдлого гарсан талаар мэдээ сонсчээ. Хаан Москвад буцаж ирэнгүүтээ босогчдыг
хатуу шийтгэв. Алагдсан хүмүүсийг тооцохгүйгээр зөвхөн бослогыг дарах үүднээс ойролцоогоор
800 хүнийг нэг дор цаазалсан юм. Буучдын бослогыг дарсны дараа хаан төд удалгүй
ихэс дээдсийн сахал самбайг хусч эхэллээ. Тэр 1698 оны наймдугаар сарын сүүлчээр
герман даашинз өмсч, сахал үсээ хусах тухай, үнэн алдартнуудыг яг зааж өгсөн ёс
журмын дагуу хувцаслахыг шаардах тухай тушаал гаргав. Харин тариачдыг европ загвараар
хувцаслахыг шаардсангүй. Петрийн үед соёлыг ордны болон энгийн иргэдийн гэж хуваасан
билээ. Цаашид энэ ялгаа улам гүнзгийрсэн юм.

Петр I-ийн үед Юлианы он тоололд шилжсэн
түүхтэй. Тухайн үеийн “ертөнц бий болсон үе” гэгдэх 7208 оныг 1700 он болгож хувиргасан
юм. Шинэ жилийг нэгдүгээр сарын 1-нээс тэмдэглэж эхэлсэн нь мөн л түүний санаа.
Хаан зарлигдаа “Шинэ жилээр бие биедээ баяр хүргэх, ажил хэрэгт нь сайн сайхныг
хүсч, гэр бүлд нь эрүүл энхийг хүсч байх”-ыг онцолсон байдаг. Шинэ жилээр гацуур
мод чимэглэж хүүхдүүдээ баясгахыг, насанд хүрэгчдэд архидан согтуурч гар зөрүүлэхгүй
байхыг зарлигдсан хүн нь мөн л Петр.

Хаан 1700 онд Балтик руу гарц гаргахын төлөө
тэмцэхээр шийдэв. Яг энэ үеэр Шведийн залуу хаан Карл XII Оросын газар нутгийг эзэмших
замаар эзэмшлийн газраа өргөжүүлэх санаархлаа илэрхийлж байв. Эхэн үедээ Хойд холбоо
буюу Орос, Польш, Дани, Саксон улсууд Шведийн эсрэг дайн зарлалаа. Гэвч шведүүдийн
ширүүн тулааны дараа 1700 онд энэ эвсэл аажмаар задарч эхэлсэн юм. Орос хүчтэй дайсныхаа
өмнө ганцаардаж эхлэв. Энэ үед Петрийн Христийн эсрэг гэж нэрлэгдэх эхлэл тавигдсан
юм. Учир нь тэрээр сүм хийдийн хонхыг зэвсэгт хайлуулж ашиглах болсон билээ. Эндээс
Петр шашинд итгэдэг байв уу гэсэн асуулт гарч ирнэ. Эргэлзээгүй, тэр итгэдэг байсан
юм. Энхийн цагт хаан эзэн ням гариг бүр сүмд очдог байсан билээ.

1703 оны намар Шведийн эсрэг хэд хэдэн удаагийн
ялалтын дараа хааны гарт Нева орлоо. Төдөлгүй намагтай Невийн газраар Петропавловын
цайзын суурь тавигдав. Тэнд цайз хэрэм байгуулж, хот сүндэрлүүлж эхэллээ. Арван
жилийн дараа гэхэд Оросын шинэ нийслэл бий болсон юм. Санктпетербург нь шведүүдийн
эзэмшил газар байсан билээ.

Петр тэр үед их жаргалтай байв. Учир нь
Европын цонх болох Балтик хааны гарт ороход ойрхон байлаа. Гэвч Петербургийг бүтээн
байгуулах ажил харгис хатуу байв. Хүмүүс тэнд мянга мянгаараа булшлагдаж байсан
юм. Ясан дээр боссон хот гэсэн нэршил ч сонсогдож байлаа.

Үүний дараа цуварсан ялалтууд ирлээ. Леснаягийн
дэргэдэх, Полтавын дорх, Гангут оргилын дэргэдэх тулааныг хийж ялалт байгуулснаар
Оросын байр суурь улс гэдэг утгаараа бэхэжсэн юм. Энэ улстай тооцоо хийж, сөргөөцөлдөж
болохгүй гэсэн баталгаа ингэж бүрдэв. Петрийн хувьд зөвхөн удирдаад шийтгээд зогсохгүй
урам өгөх чадвар нь ч мундаг байлаа.

Хойд дайны жилүүдэд хувцас угаадаг Екатерина
хэмээх бүсгүй хааны амьдралд гарч ирсэн юм. Екатеринаг тухайн үед Марта Скавронская
гэдэг байв. Түүний талаарх намтар дурдатгал бүдэг бадаг, сайн судлагдаагүй. Гэвч
домог хуучид өгүүлснээр хөгшин эр Шереметевээс Меншиков эхлээд сонгож авсан, дараа
нь хааны мэдэлд очсон гэлцдэг. Тэр хэнээр ч орлуулшгүй эмэгтэй болж хувирсан юм.
Зөвхөн Екатерина л Петрийн галзуурсан уур бухимдлыг намдааж чаддаг байлаа. Хүнд
хэцүү тэр үед Екатерина хаанд 7-14 хүүхэд төрүүлж өгсөн гэсэн түүх яриа энэ цагийнханд
үлджээ. Хүүхдүүдийнх нь дийлэнх ой хүрэлгүй нас барсан гэдэг. Энэ бүсгүйн ачаар
Оросын түүхэнд Гэгээн Екатеринагийн одон гэж бий болсон юм. Домогт өгүүлснээр Петр
энэхүү одонг хамтран амьдрагчдаа талархсаны хариу болгож баталсан гэдэг. Дашрамд
дурдахад Петрийн үед одон шагналын тогтолцоо бий болсон билээ. Энэ үеэс зөвхөн эрхтэн
ямбатан, дээдэс язгууртан төдийгүй ажил үйлээрээ ялгарсан, онцгой гавьяа байгуулсан
хүмүүс ч шагнуулах болсон юм.

Хойд дайны үеэр Петр Европын уур амьсгалыг
Орос орон ахуйдаа нэвтрүүлэх болсон. Эхлээд язгууртан эмэгтэйчүүдийн ганцаардсан
зожиг байдлыг халав. Өмнө нь язгууртан бүсгүйчүүд тансаг орд харшдаа өдрийг уйтгарлан,
нам гүмхэн өнгөрөөдөг байлаа. Гадны дэгжин даашинз, дарс, вальсыг ахмад настнууд
гайхаж цочирдож хүлээж авсан бол залуус таатайгаар хүлээж авсан юм.

Хаан доод албан тушаалтнууддаа ёс зүйг эрхэмлэхийг
үүрэг болгож байлаа. Бүсгүйчүүдийг элдэв үгээр дайрч доромжлохгүй байх хандлага
ч энэ үеэс эхлэлтэй. 1721 оны намар Ништадын энхийн хэлэлцээрийг байгуулсан түүхтэй.
Хорь гаруй жил үргэлжилсэн дайн Оросын ялалтаар дууссан нь энэ. Тэр жилийнхээ өвөл
нь Петр эх орны эцэг гэсэн титэм хүртсэн билээ. Сенатчдын санаачилсан эх орны эцэг,
Оросын эзэн хаан гэсэн титмийг Петр хүлээж авсан юм. Шинэ титэм нь түүнийг эртний
домогт жанждын эгнээнд багтаав. Оросын эзэнт гүрэн болж бэхэжсэн түүх ерөөсөө л
Петрийн амьдралын түүх гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

Хаан зарим үед өдөрт хоёроос гуравхан цаг
унтдаг байлаа. Бүх л юманд оролцохыг хүсдэг Петрийн шинэчлэл болон шинээр эхлүүлсэн
зүйлсээс зөвхөн нэгийг нь дурдахад л хэдэн хуудас болно. Жишээ нь инженер, их бууны
нээлтүүд байна. Тэр анагаахын сургууль, хэвлэх үйлдвэрийн сүлжээг анх байгуулсан
хүн. Сонин хэвлэх эхлэлийг тавьсан, шинжлэх ухааны академийн дүрэм хуулийг баталсан,
уулын металлург, аж үйлдвэрийн хөгжлийг эхлүүлсэн гэж ирээд яривал Петрээр овоглосон
шинэчлэл өчнөөн.

Эзэн хаан 1725 онд таалал төгсчээ. Шведийн
зохиолч Август Стриндберг түүний талаар “Оросыг иргэншүүлсэн зандалчин, тэрээр хот
байгуулсан ч түүн дотроо амьдрах хүсэлгүй байсан юм. Эхнэрээ сураар шийтгэж байсан
ч гэргийдээ маш том эрх чөлөө олгосон. Түүний амьдрал агуу бөгөөд баялаг. Бас нийгэмд
ашигтай. Хувийн амьдралынхаа хувьд байдаг л нэгэн” гэж үнэлсэн нь бий.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол төгрөгийг америк долларт дарлуулахгүй байлгах үүрэг МАН-д ирлээ

МАН шөнө дөлөөр яаран сандран Монголбанкны ерөнхийлөгчийг солилоо. Н.Золжаргалыг ажлын бус цагаар, тээр орой болсон хойно өрөөнд нь дуудаж ирүүлээд тамга тэмдгийг нь хүлээгээд авчихав. Ёс бэлгээ бодсон ч тэр, яамд шиг мөнгө хулгайлаад суух аятай орчингүй, УИХ-ын шууд хяналтанд ажилладаг Монголбанкны онцлогийг харсан ч тэр харанхуй шөнөөр тэвдэн давчдан тамгыг нь аваад байх шаардлага уг нь бол байхгүй. Золоогоос тамгыг нь авсан Н.Баяртсайханы хувьд улс төрд шинэ хүн биш. УИХ-ын гишүүнээр ажиллаж, Сангийн яамыг толгойлж явсан эрхэм. Харин төв банкинд бол тэр шинэ хүн. Гэхдээ томилгоо нэгэнт хийгдчихсэн. Элдэв эсийн шүүмжлэл өрнүүлээд дэмий ярианаас хэтрэхгүй учраас ингээд зогсъё. Золжаргал ба түүний нөхдийн амжуулсан, ирэх жилүүдэд үргэлжлүүлэх учиртай бодлого ажлынх нь тухай албаа аваад удаагүй төв банкны ерөнхийлөгчид дайх үг байгаа учраас энэ томилгоог онцолсон юм.

Өнгөрсөн дөрвөн жилд МАН-ын гишүүдийн хамгийн их шүүмжилсэн сэдэв бол ам.долларын ханш. 1300 төгрөг байсан доллар 2000 давлаа, монгол төгрөг үнэгүйдлээ гэж ирээд дуу нийлүүлцгээж байсан тэд ноён ногооныг галзууруулахгүй байх үүргийг ирэх жилүүдэд өөрсдөө хүлээхээр болж байна. Золжаргалыг ажлаа авахаас өмнө Монголын эдийн засаг, монгол төгрөг хоёр хайр сэтгэлгүй гэрлэсэн хос шиг биенээсээ хамааралгүй, төгрөг нь энд, эдийн засаг нь тэнд тэнэж явдаг байсан бол өнөөдөр эдийн засаг, төгрөг хоёр биенээ жигтэйхэн мэдэрдэг болчихсон. Төгрөг хөрсөндөө буусан. Бизнес эрхлэгчид, үйлдвэрлэгчид ингэж ярьдаг, олзуурхдаг. Яг нарийндаа дэлхийн эдийн засаг тэр чигтээ хямарсан өнгөрсөн жилүүдэд Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр эрийн сайндаа энэ улсыг тартагт нь тулгачихалгүй мэнд аваад гарсан юм биш л дээ. Эдийн засгийг мэдэрдэг, мөнгөний зөв бодлогыг хэдэн арван жилээр нь харчихсан, төв банкинд ажилласан арвин туршлагатай нөхөр Монголбанкийг толгойлж байсан учраас хэцүү цагт гал алдчихалгүй өнөөг хүрсэн хэрэг. Мэдээж мэдлэг, туршлагаараа засагт нөлөөлөх хэмжээний лидер чанар байсан учраас түүнийг УИХ, Засгийн газар сонссон байж таарна.

Европоос эхэлсэн хямрал дэлхийг хэрж, баргийн зүйлд тэвддэггүй Хятадыг ч сандаргасан жилүүдэд Монголын эдийн засгийг юу аварсан гээч. МАН-ын ад үзэх дуртай өнөө бонд. Дэлхийн улсууд ташраараа мөнгөгүйдэхээс өмнө хөрөнгийн зах зээлээс овоо хэдэн ногоон чирээд ирчихсэн учраас л бид энэ зэрэгтэй байгаа юм. Доллар олж ирсэн, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн гол нөхдийн нэг нь сая ажлаа өгсөн Золжаргал. Англиар ярьдаг, англиар сэтгэдэг, магадгүй англиар мэдэрдэг, санхүүгийн зах зээлийн өргөн мэдлэгтэй, хөрөнгө оруулагчдын хэзээний танил хүн төв банкийг толгойлж байсан учраас Монгол Улс хямд хүүтэй дажгүй бонд босгож чадсан юм. Хүссэн хүсээгүй гадаад ертөнцөд Монголын санхүүгийн нүүр царай болсон цөөхөн хүний нэг нь тэр. Хөрөнгө оруулагчид англиар ярихдаа маруухан, санхүү эдийн засгийн өнгөц мэдлэгтэй улстөрчдөд биш тэднийг л сонсч, тэдэнд л итгэж мөнгөө өгдөг юм. МАН ялсан учраас төв банкны толгойг солих нь тодорхой л доо. Харин өмнөх ерөнхийлөгчийн бүрдүүлсэн, Монголын эдийн засгийг мэдэрдэг, ажлаа, бодлогоо мэддэг чадалтай боловсролтой залуусыг соливол байдал хэцүүднэ.

Долларын ханш яагаад өсдөг вэ гэсэн асуултын хариу нь тун энгийн. Байгаа цөөхөн доллараа үрэн байж гаднаас авдаг юмаа багасгах. Гадагшаа зарж доллар олдог бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Ядаж л өөрсдийнхөө хийж чадах сүү, тараг, ундаахнаа гаднаас авахгүйгээр үйлдвэрлээд сурчихвал доллар тэгтлээ “галзуурахгүй”. Төв банкны хийж чадсан зүйл энэ. Дөрвөн жилийн өмнө бид сардаа 560 сая ам.доллараар гаднаас бараа бүтээгдэхүүн худалдаж авдаг байсан бол одоо 180 сая ам.доллар болоод огцом буурчихсан. Дотоодын үйлдвэрийг хөгжүүлэх бодлого барьсан учраас хамаг доллараа ариун цэврийн цаасанд зардгаа больсон хэрэг. Дотоодын үйлдвэрлэл нь гайхалтай хөгжсөн Герман, Япон, Азийн бар улсууд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж чаддаг болох хүртлээ мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг чангалаагүй байдаг. Үнэхээр ч төгрөг үнэ цэнтэй, доллар юу ч биш байвал хэн ч юу ч үйлдвэрлэхийг хүсэхгүй. Хямдхан үнээр импортын бараа хэрэглэсэн шигээ аж төрнө. Монголбанк төгрөгийн ханшид яг ингэж хандсан. Төгрөгийн ханшийг зах зээлд нь, эдийн засагт нь даатгаад зөнд нь орхисон. Мэдээж долларын ханш өсөөд байхаар гадны гоё савлагаатай үнэтэй иогурт авахыг хэн ч хүсэхгүй, “Мон сүү”-гийн таргийг сонгож таарна. Мэдээж “Мон сүү” дотоодын хэрэглээг бүрэн хангах боломжгүй. Монголд үйлдвэрлэсэн тарагны борлуулалт өсөөд ирэхээр Дулмаа, Дорж хоёр хамтраад сүү, тарагны үйлдвэр байгуулахыг сонирхож таарна. Үйлдвэрлэгчдэд ийм сонирхол төрөнгүүт тэднийг дэмжсэн хямд хүүтэй зээл өгчихсөн. Долларын ханшийг барьсан төв банкны аргыг энгийнээр тайлбарлавал нэг иймэрхүү.

Нүүрсний үнэ хаданд гарч, эдийн засаг цойлсон 2011 онд монголчууд нэг тэрбум ам.доллараар суудлын машин худалдаж авч байсан статистик бий. Энэ хэтэрсэн хэрэглээг хумьж, гадны зээл, уул уурхайгаас олсон мөнгөө халамжид тарааж, хэрэглээг огцом тэлсэн өмнөх жилүүдийн алдааг зассан газар нь Монголбанк. Банкууд өнгөрсөн дөрвөн жилд гар утас, компьютер, тоос сорогч авч тансаглах гэсэн нөхдөд биш хийж чадах зүйлээ үйлдвэрлэе гэсэн бизнесүүдэд зээл өгсөн. Үр дүнд нь цементээ өөрсдөө хийчихдэг боллоо. Цемент хийхэд ордог бүх түүхий эд нь байгаа учраас урдаас бараа татаж, Эрээнийг хөгжүүлэх шаардлагагүй. МАН-ыг засаг барьсан жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом нэмэгдэж байсан. Тэр үед өчнөөн доллар орж ирсэн юм чинь гээд төгрөгийн ханшаа 30 хувиар чангаруулж байсан алдаа МАН-д бий. Үр дүнд нь дотоодын бараа бүтээгдэхүүнийхээ өрсөлдөх чадварыг 30 хувиар унагаж байлаа. Хамгийн тод жишээ гэхэд л өнөө бидний өөрсдөө хийдэг болчихсон цемент. Төгрөгөө 30 хувь чангаруулчихсан чинь Хятадын цементийн өрсөлдөх чадвар 30 хувиар өсч байв. Тэр үед Замын-Үүд дээр цемент ачсан вагонууд яаж түгжирч байлаа…? Монголбанк барилгын салбар, хүнсний үйлдвэр зэрэг ажлын байр ихээр шингээдэг, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэл рүү зээлийг чиглүүлсэн нь төгрөгийн ханшийг хөрсөн дээр нь авчирсан юм. Хүнсний импорт гурван жилийн дотор 100 сая ам.доллараар буурна гэдэг сайн хэрэг. Албаа аваад хоёр хонож байгаа ерөнхийлөгчийн зайлшгүй үргэлжлүүлэх ёстой бодлого, хөтөлбөр гэвэл үйлдвэрлэлийг дэмжсэн бага хүүтэй зээл.

Бас Золжаргалын хэлэх дуртай хүчтэй дундаж давхарга гэсэн гурван үгийг төв банкны үе үеийн ерөнхийлөгч нар байнга хэлдэг тарниа болгочихвол өндөр хөгжил гэдэг халгаж ядан харах хүршгүй оргил биш. Америк, Герман зэрэг их гүрнүүдийн хүчирхэг байгаагийн нууц нь ердөө л хүчтэй дундаж давхарга. Ихэнх иргэн нь байртай, машинтай, дажгүй орлоготой байвал эдийн засаг тэлж, үйлдвэрлэл хөгждөг гэсэн гаргалгааг хэн ч хийчихнэ. Дундаж давхаргынхны мөнгөө хуримтлуулах хамгийн том хэрэгсэл нь орон сууц. Ипотекийн хэмжээ өсч байвал дундаж давхаргын хуримтлал нэмэгдэж байна гэсэн үг. Батынх гэхэд л олсон мөнгөнийхөө 45 хувийг хуримтлалд төлж байна. Тодруулж хэлбэл байрныхаа зээлэнд. Байрны зээлэнд төлсөн мөнгийг нь дэмий зүйлд заралгүйгээр орон сууц хэрэгтэй өөр нэг айлд ипотекийн зээл болгоод өгчихөж байна. Дажгүй хувилбар. МАН-ын засаг барьсан жилүүдэд эдийн засагт эргэлдэх мөнгөний 90 хувийг цөөхөн гэр бүл атгадаг байсан бол өнөөдөр энэ хэмжээ өөрчлөгдсөн. Монголын дундаж давхаргын хуримтлуулсан мөнгө аль хэдийнэ 3.4 их наяд давчихаад байгаа. Тэгэхээр төв банкны хэрэгжүүлсэн нэг том ажил бол яах аргагүй орон сууцны найман хувийн зээл. Орон сууцны бага хүүтэй зээлээс эхлээд дундаж давхаргыг дэмжсэн хөтөлбөрүүд цаашид ч үргэлжлэх учиртай.

Золжаргал Төв банкны ерөнхийлөгчөөр томилогдоод л инфляцийг онилох бодлогыг хэрэгжүүлж эхэлсэн. Инфляцийг онилсон зэвсэг нь үнэ тогтворжуулах хөтөлбөр. Жил жилийн хавар хаданд гардаг мах, хойд хөршийн нэг бизнесмэний ам, аягаар байсхийгээд л үнэ нь нэмэгддэг шатахууныг онилсон нь цагаа олсон хэрэг болсон. МАН-ыг засаг барих үед буюу 2010-2012 онд инфляци жил бүр дунджаар 12.4 хувиар өсдөг байсныг түүний баг өөрчилж чадсан гавьяатай. Инфляци одоо хоёрхон хувиар хэмжигдэж байна. Н.Золжаргал “Даршилсан өргөст хэмхийн бүх орц Монголд бий. Түүнийг Польшоос авах хэрэг байна уу? Дотооддоо үйлдвэрлэх загвараа сонгох нь зөв. Өмнө нь өргөст хэмхийн дарш хийхэд дутагдаж байсан зүйл бий. Өвөл өргөст хэмхээ ургуулж чаддаггүй байлаа. Яагаад гэвэл хүлэмжгүй, хүнсний агуулахгүй байсан. Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд жилийн дөрвөн улирлын ажиллагаатай хүлэмжтэй, хүнсний зориулалтын олон агуулахтай боллоо. Улаанбаатар хотын хүнсний агуулахын хүчин чадал дөрвөн жилийн өмнөхөөсөө эрс нэмэгдсэн” гэж ярьсан удаатай. Халамжаас татгалзаж, баялаг бүтээдэг салбартаа зээл өгч, хэцүү хатуу жилүүдэд хэдэн мянган хүнийг ажилгүй суулгаагүйд нь Золжаргалын багт талархах учиртай. Ажлын байрыг хадгалж үлдэх бодлого бариагүй бол эдийн засаг 30 хувиар агшиж, 200 мянган хүн ажилгүй болох байсан гэсэн түгшмээр статистик дуулддаг. МАН засаг барьсан 2011-2012 онд 1.9 их наяд төгрөгийг зүгээр л халамжид зарцуулчихсан том алдаа бий. Төв банкны шинэ ерөнхийлөгчийн хувьд анхаарч бодохоор л сургамж. Ирэх жилээс бондын эргэн төлөлт энэ тэр гээд яривал асуудал, зовлон их бий.

Гадаадын хөрөнгө оруулалт тасарч, доллар ховордсон үед Монголбанкны долларын ханшийг тогтворжуулсан нэг арга нь своп хэлцэл. Тодруулж хэлбэл, Хятадын Ардын банктай хийсэн төгрөг-юанийн своп хэлцэл. Удахгүй дэлхийд чөлөөтэй хөрвөх валют болох юань ноён ногооныг тэнгэрт тултал нь галзууруулаагүй том шалтгаан. Хятадын хувьд дэлхийн 30 гаруй улстай манайх шиг своп хэлцэл хийчихсэн гүрэн. 3.2 их наяд юань гэсэн аварга тоо дуулддаг. Гадаад худалдааны тогтворгүй байдал бүс нутагт асуудал үүсгэдэг, бүс нутгийн асуудлыг хүндрүүлэхгүйн тулд гадаад худалдааг тогтвортой байлгах ёстой, гадаад худалдааг тогтвортой байлгадаг механизм нь своп хэлцэл. Тэгэхээр энэ хэлцэл ирэх жилүүдэд ч үргэлжлэх учиртай.

Монголбанкны ерөнхийлөгчийн асуудлыг УИХ-аар хэлэлцэх үеэр Ц.Даваасүрэн гишүүн “Энэ нөхөр экспортыг дэмжсэн учраас долларын ханш өссөн” гэсэн гэнэн мэдэгдэл хийж харагдсан. Доллар олж ирдэг экспорт долларын ханшийг өсгөхгүй, харин ч буулгана гэсэн гаргалгааг эдийн засаг мэдэхгүй хүн ч төвөггүй хийчихнэ. Эрх баригч нам ирэх жилүүдэд ийм гэнэн, өнгөц, хайнга хандлагаар долларын ханшид хандахгүйгээр засаг бариасай гэж найдах л үлдэж байна. Төв банкны шинэ удирдлага нам гэсэн малгайн дор иймэрхүү хандлагад битгий автаасай, өнгөрсөн жилүүдийн зөв бодлогыг үргэлжлүүлээсэй гэсэн хүлээлт нийгэмд байгааг Н.Баяртсайхан ерөнхийлөгчид уламжилъя.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн цахим худалдааг атгасан “Алибаба”-гийн эзэн Монголд ирнэ

Дэлхийд хамгийн ашиг орлоготой цахим худалдаа бол alibaba.com. Үүсгэн байгуулагч нь Хятадын хамгийн баян эрхэм, цэнхэр гаригийн тэрбумтнууд дунд дээгүүрт жагсдаг Жек Ма. “Алибаба” өдөр бүр 100 мянган худалдан авагчтай харилцаж арилжаа наймаанд нь зуучилдаг юм. 30 мянган ажилтантай, зөвхөн урд хөршид гэхэд л шууд болон шууд бусаар 14 сая ажлын байр бий болгосон гэсэн аварга тоо дуулддаг. Өчнөөн мөнгөтэй ч тансаг хэрэглээнд дургүй, дэлхийн дулаарлын эсрэг тэмцдэг ухаалаг тэрбумтнуудын нэг Жек Ма Монголд энэ сарын 25-нд ирэх гэж байна. Дэлхийн тэрбумтан “Хаан жимс” амралтын газар тухлахаар болжээ.

ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ “ДЭЭРЭМДЭВ”

“Алибаба” онлайн худалдааны сүлжээ хамгийн том мөнгөн дүнтэй IPO хийсэн гэдгээрээ дэлхийн түүхэнд үлдэнэ. Жек Ма компанийнхаа хувьцааг Нью-Иоркийн Хөрөнгийн бирж дээр анх гаргахдаа 21 тэрбум ам.доллар олно гэж тооцож байсан ч 25 тэрбумыг босгож чадсан юм. Дэлхийн хөрөнгийн захын түүхэнд “Алибаба”-гаас өмнө АНУ-ын Женерал Моторс, Хятадын ICBC банк 20 тэрбум хүртэл ам.долларын хувьцааг арилжаалж байсан түүхтэй. Хувьцааны анхны үнэлгээ 68 ам.доллар байсан ч арилжааны өдөр 94 ам.доллар хүрч, Хятадын бизнесмэний компани гол өрсөлдөгчөөсөө гурав дахин их хөрөнгөтэй болсон нь ердөө хоёрхон жилийн өмнөх явдал. Гол өрсөлдөгч нь мэдээж Америкийн ebay.com. Тэр үед хэвлэлд шуугиж байсанчлан дэлхийн хөрөнгийн зах зээлийг “дээрэмдсэн” өдрөө “Алибаба” группийн хөрөнгө 231.4 тэрбум ам.долларт хүрч байв. Хятадын интернэт худалдааны групп дэлхийн тэргүүлэх хорин компанийн тоонд багтсан нь ийм түүхтэй. “Алибаба”-гийн эзний нийт хөрөнгө нь 25 тэрбум ам.доллар. “Форбс” өнгөрсөн онд энэ тоог зарлаж байв.

Жек Магийн төрсөн газар нь Хятадын Ханчжоу хэмээх жижигхэн хот. Өөрөөсөө том хүүхдүүдтэй гар зөрүүлэхдээ айхыг мэддэггүй хүүг хөршүүд нь яршигтай чалчаа, тэрслүү гэж шүүмжилдэг байжээ. Муу сурдаг, тэрслүү жаалд нэг гайхмаар тал байж. Тэр англи хэл сурах гэж ёстой л дурлан тэмүүлдэг байсан гэдэг. Хүү зочид буудлын гадаа жуулчдыг хүлээж байгаад англиар яриа өднө. Сүүлдээ бүр найз болох хэмжээнд яриа хөөрөө өрнүүлдэг болж. Жек гэдэг нэр нь ч эндээс эхтэй. Жуулчдын өгсөн энэ нэрээр тэр дэлхийд аль хэдийнэ танил болчихсон нэгэн. Ханчжоугийн ядуу хүү Ма Юнь-ий Жек Ма болсон түүхийг сонирхуулъя.

ЖЕК МА ГЭЖ ХЭН БЭ?

Дунд сургуульд байхдаа тийм ч толгой сайтай байгаагүй Жекийн дээд сургуульд орох зам дардан байгаагүй гэдэг. Бээжингийн их сургуульд элсэхээр математикийн шалгалт өгөхөд ганцхан оноо авч байсан түүх намтарт нь бий. Дараа жил нь дахин элсэх гэж оролдоод бүтэлгүйтсэн залуу Багшийн сургуульд элсэж англи хэлний багшийн мэргэжил эзэмшжээ. Сургуулиа төгсөөд ажилд орох гэж өчнөөн оролдсон ч бүтэлгүйтсээр байж. KFC-гийн сүлжээнд 24 залуу ажилд орохоор бүртгүүлэхэд ганцаараа тэнцээгүй, цагдаагийн албанд ажилд орохоор очиход бие бялдрыг нь голоод буцаасан гэж ирээд яривал өчнөөн бүтэлгүйтэл Жек Магийн өнгөрсөн амьдралд бий. Хэдэн жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө 30 ажил олгогчоос татгалзсан хариу авч явснаа дурссан удаатай. Дараа нь англи хэл зааж эхэлж. Дуртай ажлаасаа олдог мөнгө нь хэтэрхий бага, сард 12-хон ам.долларын цалин авч байсан учраас 1992 онд найзуудтайгаа хамт орчуулгын товчоо ажиллуулж эхэлжээ. Бас л бүтэлтэй юм болсонгүй. Ингээд наймаа хийх шийдвэр гаргажээ. Энэ удаа харин бүтэлтэй, чамлахааргүй мөнгө олсон гэдэг. Түүний намтар үүнээс хойш Америкт интернэт кафе ажиллуулсан, интернэт кафедаа орчуулга хийсэн, нутагтаа буцаж ирээд Хятадын шар хуудсууд нэртэй сурталчилгаанаас санхүүждэг лавлах сайт нээсэн гэх мэтээр үргэлжилжээ. Харин 1998 онд Yahoo-гийн үндэслэгчийн нэг Жерри Янгтай танилцсан нь дэлхийг хэрсэн бизнесийнх нь амжилттай эхлэл болж. Yahoo Алибабагийн хувьцаа эзэмшигч болсон байна. Жилийн дараа тэр найзуудтайгаа нийлж alibaba.com-оо нээжээ. Сайт нь 60 мянган ам.доллараар бүтсэн гэдэг.

Аlibaba.com-д Gold­man Sachs банк таван сая ам.долларын хөрөнгө оруулсан бол Японы Soft­bank хувьцааных нь 32 хувийг 20 сая ам.доллараар худалдан авч байлаа. Жек Магийн сайт гурван жилийн дараагаас ашгаа өгч эхэлжээ. Сонирхуулж хэлэхэд, тэр санамсаргүй тохиолдлоор цахим худалдааны чиглэлээр ажиллахаар шийдсэн гэдэг. 1995 онд АНУ-д анх очиж л дээ. Сиэтл хотод жижигхэн оффистой танилтайгаа уулзах үеэрээ интернэт гэдэг зүйлтэй танилцсанаа дурссан байдаг. Интернэт гэж юу болох талаар танилаасаа асуухад “Зүгээр л хүссэнээ эрж хай” гэжээ. Түүний хамгийн анх хайлт хийсэн үг нь “шар айраг”. Орон орны шар айрагны зураг янз бүрээрээ гарч ирсэн ч Хятадынх гарч ирээгүйд ихэд гайхаад өөр зүйлсийг хайж гарчээ. Мөн л Хятадын гэх зүйлс олдсонгүй. Интернэт гэдэг том зах зээлд Хятадын өрсөлдөгч байхгүй гэдгийг олж харсан залуу ямар ч эргэлзээгүйгээр санаагаа ажил болгохоор зориг шулууджээ.

Шантрахыг мэддэггүй Жек Магийн бизнесийн бас нэг үндэс нь Хятадын хамгийн том жижиглэнгийн худалдааны онлайн сайт taobao.com. “Yahoo” 2005 онд энэ сайтын хувьцааны 44 хувийг нэг тэрбум ам.доллараар худалдан авч байв. Өнгөрсөн жилд гэхэд л taobao.com хамгийн олон хэрэглэгч хандсан арван цахим хуудсанд багтсан юм. “Алибаба” группийн зөвхөн Хятадад онлайн худалдаа хийдэг энэ сайтаар 760 сая бараа худалдаалагдсан гэсэн тоо бий. Европ, АНУ-ын хувцасны брэнд компаниуд Хятадын зах зээлд бараагаа худалддаг, Хятадын хувцас үйлдвэрлэгчид бараагаа гадаад зах зээлд борлуулдаг aliexpress.com ч түүнийх. “Алибаба” групп Хятадын онлайн худалдааны 80 хувийг гүйцэтгэдэг аж. Сайтуудаар нь 300 сая хүн үйлчлүүлдэг гэсэн аварга тоо байна.

ТАНСАГЛАХ ДУРГҮЙ, БАЙГАЛЬД ХАЙРТАЙ ТЭРБУМТАН

Жек Ма тансаглах дургүй тэрбумтнуудын нэг. Кунфугийн тухай зохиол бичих дуртай. Номонд нугасгүй, покероос татгалздаггүй. Бясалгал хийж, тай-чигаар хичээллэхэд заавал цаг гаргадаг. Хэвлэлийнхний мэдэж авсан тэрбумтны дуртай зүйлсийг жагсаавал нэг иймэрхүү. Тэр хэт үнэтэй хэрэглээнээс татгалздаг ч гурван жилийн өмнө хувийн онгоц авахдаа 49.7 сая ам.доллар зарцуулж байж. Түүнийг мэдэх хүмүүс “Тэрбумтны их зангүй” гэж үнэлдэг.

Азийн Жек Ма Америкийн Билл Гейтс, Элон Маск шиг байгальд хайртай тэрбумтан. Хятадын тэрбумтнууд дэлхийн экологид тулгараад байгаа асуудалд мөнгө зарцуулдаггүй гэсэн шүүмжлэлийг эвдэж чадсан нэгэн. 27 мянган акр газрыг байгалийн нөөцөд шилжүүлэн хамгаалах ажлыг эхлүүлээд байгааг нь хэвлэлийнхэн сайны жишээ болгон мэдээлдэг. Өнгөрсөн жил Хятадын хамгийн их ашиг орлоготой ажилласан уран бүтээлчдийг багтаасан “Hurun Art List 2015” гэсэн жагсаалт гарсан юм. Энэ жагсаалтад нэлээд дээгүүр давхисан уран бүтээлчдийн нэг нь “Алибаба”-гийн эзэн. Зураач Жэн Фанчитай хамтран бүтээсэн “Paradise” нэртэй зургийг нь Хятадын нэгэн бизнес эрхлэгч 5.4 сая доллараар худалдаж авсан нь түүнийг энэ жагсаалтад багтаажээ. Жек Ма олны анхаарлыг дэлхийн дулааралд хандуулах зорилгоор бүтээсэн бүтээлээсээ олсон мөнгөө байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг Paradise Interna­tional Foundation байгууллагад шилжүүлсэн билээ.

Categories
мэдээ цаг-үе

“Ньюанс”-ын Амараатай 91 оны төгсөгчид

Хамт ажилладаг залуугаа биеэрээ нөмөрлөн тэвэрч түймрээс авраад амиа алдсан ахлах ахлагч Г.Багабишийг монголчууд андахгүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө Дорнодын Баяндунд гарсан тэр түймэрт Багабиштэй хамт явж, нутгийн арван иргэн, ажлынхаа дөрвөн залууг аварсан Ч.Болдбаатар Чойбалсан хотын хоёрдугаар арван жилийн сургууль буюу Дэнжийн сургуулийн 1991 оны төгсөгч. 1991 оны арав төгсөгчид 25 жилийн дараа уулзахаар товложээ. 10-ын “А”-г төгссөн Цээпилмаа “Манай Болдоо чинь амьдрал дээр баатарлаг үйл бүтээсэн хүн. Онцгой байдлын газарт ажилладаг юм. Ахлах ахлагч цолтой. Түймрийн уулга гэж айхтар юм бий. Хавар цагт тал нутгийн шуурга түймэр хэцүү л дээ. Болдоо түймрийн уулга ирж явахыг хараад түймэр унтрааж байсан нутгийн арван хүн, дөрвөн аврагчаа машиндаа суулган түймэр сөрж давхисан юм билээ. Мэдэхгүй хүн бол түймрээс зугтаж яваад эрсэддэг аюултай. Тухайн үед Болдоог түймэр сөрөөд давхихад машин нь халж сүйд болж байсан гэдэг. Арваад хүний амь аварсан сайн үйл нь тэгсгээд яригдаж дурсагдалгүй үлдсэн л дээ. Бид бүр хэзээ хойно мэдсэн” гэж ярилаа. Болдбаатар ангийнхаа Энхтуяатай гэрлэжээ. Ер нь эдний төгсөлтийнхнөөс хоорондоо гэрлэсэн олон хос байгаа юм билээ.

Нэг ангийнхан шиг ижилдсэн 10-ын таван бүлгийнхний уулзалт удахгүй болно. Зохион байгуулагчид нь хэд хоногийн өмнө уулзаж, яриа хөөрөө үүсгэх үеэр эдний төгсөлтийнхөнтэй уулзсан юм. News.mn-ний сэтгүүлч Д.Цээпилмаа, Нийслэлийн Гаалийн газрын мэдээллийн технологи хариуцсан улсын байцаагч Н.Батбаяр, “Ньюанс” хамтлагийн ахлагч М.Амарсанаа, Улаанбаатар төмөр замын суудлын вагон депогийн үйлдвэрчний хорооны дарга Б.Чинбат, УМБГ-ын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга П.Эрдэнэбилэг, “Кидс банк” хувийн цэцэрлэгийн хөгжмийн багш Ч.Тэгшээ, хувиараа бизнес эрхэлдэг А.Болортуяа, цахим худалдааны чиглэлээр ажилладаг Ч.Алтай нар 1991 оны төгсөлтийн уулзалтын гол зохион байгуулагчид.

Тэд найм төгсөхдөө 180-уулаа байж. Есдүгээр ангид орох жил нь Хөлөнбуйр, Сэргэлэн, Хөдөлмөр, Цагаан-Овоо, Баяндун сумдын хүүхдүүд ирж, арваа 240-үүлээ төгсчээ. “Хаан хүнс”-ийн гүйцэтгэх захирал С.Эрдэнэбат зохион байгуулагчдын нэг ч гэлээ ээлжит уулзалтдаа ирж амжсангүй. Өнөөдүүл нь “бууз хариуцсан захирал” ирсэнгүй гэцгээн инээдэм болов.

Амараа одоо ч гитартайгаа 10г

Д.Цээпилмаа “Төгссөн газар маань одоо бол Хэрлэн сум гэж явдаг. Гэхдээ бид Чойбалсан хотын хоёрдугаар арван жил гэж ярих дуртай. Хотын статустай болгоход болохгүй юмгүй газар” гэж байна. “Ньюанс”-ын Амараа эдний бас нэг бахархал. Аав нь дуучин, ээж нь багш юм байна. Айлын ганц хүү гэж ангийнх нь охид хэлэв. “Ньюанс”-ын ахлагч хамт төгссөн найзуудаа тоглолт бүрээрээ урьдаг гэнэ. Амараагийнхаа буянаар уулзсан хэд өнгөрснөө дурсаж хөгжилдөж байгаад салцгаадаг аж. 1991 оны төгсөлтийн “А” бүлгийнхэн коллектив сайтай, “Б”-гийнхэн урлаг, спортдоо гаргууд, “Д”-гийнхэн сахилгагүй хочтой гэж ирээд яривал бүлэг бүр өөрийн гэсэн онцлогтой байж.

“Д”-гийн Н.Батбаяр фото зураг дарах дуртай хүү байснаа ярив. Эдний ангийн охид сахилгагүй гэж жигтэйхэн байж. Ямар сайндаа л сургуулийн коридорт эгнэж зогсоод урдуур нь өнгөрсөн хөвгүүдийг дэгээдэж унагаж байхав. Хөдөөгийн арван жилийн нэг төгсөлтийнхөн дөрөв, есдүгээр ангидаа холилдож сүлэлдээд, бараг л нэг ангийнхан болчихдог онцлогтой. “Д”-д байсан охидоос “А” руу орж л дээ. Сурсан занг сураар боож болдоггүй гэдэг шиг “А”-гийн охидын үсний туузыг сандалтай нь холбож уяад үйлийг нь үздэг байсан гэнэ. “Д”-гийн Алтай “Тэрийг чинь бид хөвгүүдээсээ сурсан юм” гээд тас тас инээж байна. “Д”-г хэцүү анги учраас дархан, мужааны залуухан эрэгтэй багш нарт хариуцуулдаг байжээ. Захирлынхаа элэг рүү ухаан алдтал мөргөж унагасан Батбаяраас болж ангиараа нар шингэтэл гараа өргөж зогссон, хичээл эхлэнгүүт бүртгүүлчихээд арынхаа цонхоор гарч сагс тоглоод алга болдог байсан гэж ирээд яривал дурсах зүйл эдний ангид их аж.

“Ньюанс”-ийн Амараа арга хэмжээ бүрд л дуулдаг хүү байж. Дорнод аймагт 1982 онд Монголын язгуур урлагийн хүүхдийн “Солонго” чуулга гэж анх байгуулагдахад орж байснаа ярив. 1984 онд “Солонго” чуулгын дөчин жаал “Найрамдал”-д амарч, бас болоогүй ээ Цэдэнбал Филатовагийн дэмжлэгээр Үйлдвэрчний төв зөвлөлийн соёлын ордонд анхны томоохон тоглолтоо хийж байжээ. “Солонго” чуулгаас жүжигчин Амбий, Мягмаржав зэрэг олон алдартан төрөн гарсан гэнэ.

Тэр үеийн хөвгүүдийн гол тоглоом нь тэвэг байж. 25 жилийн дараа уулзсан залуус төмөр гогцоолдож дугуй түрж гүйх дуртай байснаа, охидынхоо зайрмагийг булаагаад зугтаж явсан үеэ дурсаад инээд хөгжөөн болов. 54 дүгээр дэлгүүрээс зайрмаг авсан охид хөвгүүдийн дайралтад өртөхгүй байх нь өдрийн од шиг ховор байж. Зарим нь бүр эвлэрчихсэн хэд хэдэн зайрмаг худалдаж авдаг байснаа ярив. Наймын “А”-гийн Чулуунаа байнга л гурав, дөрвөөр нь авчихсан гүйж явдаг байжээ.

Чинбат наймын “А”-гийнх.Төмөр замын үйлдвэрчний хорооны дарга “Миний унаган сургууль даа. Би цэргийн хүүхэд байлаа. Гэр маань сургуулийн хажууханд. Сургууль, гэр, тоглодог газар маань нэг. Манай сургуулийн хажууд нэг их том хиймэл нуур байж билээ. Тэнд л өдрийг өнгөрөөнө. Тоглож байгаад цүнхээ алга болгох бол бүр зуршил болчихсон. Хэд хоноод л шинэ цүнх авахуулдаг байлаа. Номгүй, хэдэн дэвтэртэй л харайлгана шүү дээ. Тэгшээ бид хоёр чинь нэг “уяа”-ны хүүхдүүд. Аав, ээжүүд маань ажилд гарахдаа нэг гэрт бөөгнүүлээд уяад орхичихно. Орой нь ирээд аваад явдаг байсан гэдэг. Анги, ангиараа нууран дээр гулгаж тоглоно, эсвэл чулуугаар байлдаж өдрийг өнгөрөөдөг байлаа” гэж бага насаа дурсав. Анагаахын сургуульд орох хүсэлтэй байсан ч тэр жил нь хүссэн хуваарь нь ирээгүй учраас багшийнхаа зөвлөснөөр төмөр замын мэргэжил сонгожээ.

Аж ахуйн атаманууд 8г

10-ын “Б”-гийн Эрдэнэбилэг ангийнхаа хөвгүүдийн нэг хөгжилтэй явдлыг яриад бөөн инээдэм болов. Есдүгээр ангид байхдаа ангийнхаа хөвгүүдтэй физикийн кабинетад “хууль бус” зүйл хийгээд багш нарын зөвлөгөөнөөр орж байж. Тухайн үед хятад хүүхний зурагтай гялгар цаасан дээр хэвлэсэн палакат ид моодонд орж байсан аж. Хөвгүүд өнөө зургийг аппаратаар татаж, олон хувиар угааж зарах гэж байгаад сургуулийн аж ахуй хариуцдаг өвөөд баригдчихаж. Аж ахуйн өвөө “Шалдан хүүхний зураг угаасан, садар самууныг сурталчлах гэлээ” гэж захиралд ховлож тэрүүхэндээ шуугиан дуулиан дэгдэж байсан гэнэ. “Манай сургуулийн байр Халх голын дайны үед эмнэлэг байсан, аймгийн маань дурсгалт газрын нэг” гэж Эрдэнэбилэг сонирхуулав.

Наймын “Б”-гийн Болортуяа ангиа “Нийгмийн идэвхтэй, сурлага урлагаараа гоц байсан” гэж тодорхойлов. Цэрэг спортын “Дөл” наадамд эдний ангийнхан өнгөлдөг байсан гэнэ. Болортуяа “1986 оны Дөл наадамд манай анги 21 багаас дөрөвдүгээр байр эзэлж байсан юм. 400 орчим хүүхдээс арван хүүхэд шалгаж авахад 50 хувь нь манай ангийнхан байсан. Гурван жил сургууль, аймгийнхаа нэрийг улсад гаргасан даа” гэж ярилаа. Ангийнхаа багш Ганбаярыг магтаж байна. Хичээл тарангуут арынхаа өрөөнд цоожилж хичээлийг нь давтуулдаг байжээ. Орой нь ангийнхаа хүүхдүүдийг гэр гэрт нь хүргэж өгөөд харьдаг байсан аж. Болортуяаг “Манай ангийнхны ихэнх гэр хороололд учраас баргийн ажилд ажирдаггүй байлаа. Биеийн тамир гадаа орно. Спорт заал гэж байхгүй учраас сургуулиа, нуураа тойроод гүйнэ дээ” гэж ярихад Тэгшээ хажуунаас нь “Угаадсан дээр гулгадаг байснаа санаж байна уу. Үзүүрт нь очиход жорлон угтана шүү дээ” гэж хэлээд жуумалзав.

Наймын “В”-гийн Ч.Тэгшээ ангийнхнаасаа содон мэргэжлээрэээ ялгардаг гэнэ. Д.Цээпилмаа “Манай Тэгшээ цэцэрлэгийн эрэгтэй багш. Цэцэрлэгт ер нь эмэгтэй багш нар л байдаг. Хүүхдүүд эмэгтэй багшийгаа багшаа гэдэг хэрнээ Тэгшээг ааваа гэж дууддаг” гээд хөгжилтэй инээв. Тэгшээ ч мөчөөгөө өгсөнгүй, “Манайхан чинь нэлээд танхайдуу, сурлага сайн биш, нэмэлтээр багш нар авна. Нэмэлтээр орж ирж байгаа багш нь Цээпил. Манай хүн орж ирээд шугамдана гэж үзүүлнэ шүү дээ” гэж бөөн инээдэм болов. Эдний үеийн хөвгүүд дүүжин өмд, ямаатай шаахайгаар гангардаг байжээ. Үсээр улаанаар будаж бүжгэнд очдог байсан гэнэ. Улаан харандааг усанд уусгаж найруулаад шүдний сойзоор түрхэж, нэг их тод улаан үстэй нөхөд гарч өгдөг байж.Тэгшээ “Пүрэвсүрэн багш биднийг бүжгэн дээр харчихаж л дээ.Тэр улаан үстэй нөхөр хэн бэ гэж асууж байцаагаад бөөн юм боллоо. Бид ч тас гүрийлээ. Пионер хүн хэзээ ч худал хэлэхгүй, бид яагаа ч үгүй гэж байгаа юм. Ингэж гүрийсний хэрэг гараагүй л дээ. Хуйхаа сайн угаагүйгээс болоод баригдаж, нэг сайн загнуулж билээ” гээд хөгжилтэй инээв. “Төмөр ба түүний нөхөд” зохиолыг уншсан Тэгшээ, Зоригоо, Баяраа, Тулгаа дөрвийнсайн үйл бүтээхээр шийдсэн хөгтэй явдлыг сонссон нэг төгсөлтийнхөн дахиад л бөөн инээд хөөр болов. Мань дөрөв гэр гэрээсээ сүх аваад хорооныхоо эмээгийн түлээг хагалж өгөхөөр шийдэж л дээ. Эмээг сүүнд явсан хойгуур хашааг нь даваад орцгоож. Тэгээд л хөрөөдөж бэлдсэн түлээнүүдийг хагалж гарч. Сүүнд явсан эмээ хашаа руугаа ороод иртэл сандарч мэгдсэн сүх барьсан дөрвөн нөхөр яаж олигтой харагдахав. Эмээ ч хашгираад зугатаж, өнөө дөрөв “Нэгийгээ харуулд гаргадаг байж” гэж амаа бариад тарцгаажээ.

1991 оны арвынхан суманд очиж өвс хадаж, төмс хурааж, саалийн фермд үнээ сааж явсан хавар, намар, зуны ажлуудын дурсамжаа тойрч суугаад ярьцгаалаа.

Наймын “Д”-гийн Алтай “Наймдугаар ангийн төгсөлтийн нийллэгийн зургаа сая харлаа.Төгрөг хорин мөнгөний нимбэгний ундаатай нийлж байж. Одоо эргээд бодохоор гэгээлэг сайхан дурсамж их байна аа. Наймдугаар ангиа төгсөөд Улаанбаатар хотод сурахын бөөн хүслэн болсон хүн барилгын техникум авч багшдаа зэмлүүлж байлаа. Манай ангийнхан багш олонтой” гэж байна.

1991 оны төгсөлтийнхөн нэг ангийнхан шиг л ижилдсэн нь уулзаад суух цагийн хугацаанд мэдрэгдэж байв. Д.Цээпилмаа “Манай ангийн Чинбатын ээж Нямсүрэн гэж сайхан эгч байлаа. Отрядийн саальчин хийдэг байсан юм. Зундаа Хэрлэн голоо дагаад сааль сүү бэлдээд яваад өгнө. Манай төгсөлтийн охид хоёр арвын бидон аваад очно шүү дээ. Нэгэнд нь сүү, нөгөөд нь тараг хийгээд буцах гэж байгаа нь тэр. Отрядын цэргүүд Чинбаагийн авгай нар ирж байна гэж цаашлуулахаар манай хүн ичээд алга болж өгнө. Эрдэнэбилэгийн аав Пүрвээ гэж худалдаа бэлтгэлийн ангийн дарга хүн байлаа. Манай ээж цэрэг нь. Ингээд яриад байвал гэр бүлээрээ хамаатан садан шиг л ойр дотно байсан даа манай төгсөлтийнхөн” гэж дурссан юм.

Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Төр өмчлөх эрхэд халдахаа болихгүй бол эдийн засгийн тусгаар тогтнол гэж яриад нэмэргүй

“MIH” группийн ерөнхийлөгч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-В.Путин саявтар Эгийн голын станцыг барих боломжгүй, Байгал нуурт сөргөөр нөлөөлнө гэчихлээ. Эрчим хүчний системийн горимын тогтвортой ажиллагааг хангах үүрэгтэй гэдгээрээ Эг бидэнд чухал байсан. Энэ мэт эдийн засгийн тусгаар тогтнолд нөлөөлөхүйц хандлага хөрш гүрнээс тод анзаарагддаг. Ер нь эдийн засгийн тусгаар тогтнолоо хадгалахын тулд бид яах ёстой вэ?

-Хэрэгтэй, үнэ цэнтэй зүйл хийж, тэрнийхээ үндсэн дээр өөртөө хэрэгтэй зүйл олж авах харилцан солилцоог л эдийн засаг гэж би ойлгодог. Энэ өнцгөөс нь харвал эдийн засгийн тусгаар тогтнол гэж томьёолж буй нь ойлгомжгүй сонсогдоод байна л даа. Жишээ нь танд оршин тогтнож, амьдрахын тулд тодорхой хэрэгцээ байгаа. Тэр хэрэгцээгээ та ганцаараа хангаж чадахгүй. Тийм учраас бусад хүмүүсээс авч таарна. Тэгэхээр нийгмийн бусад гишүүдтэй харилцаанд орохоос аргагүй болно. Энэ харилцааг л цогцоор нь эдийн засаг гэдэг.

-Хойд хөрш манай улсыг эрчим хүч, шатахууны хэрэглээгээр хараат байлгах сонирхлын үүднээс Эгийн станц, газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад таагүй хандаад байна уу гэсэн хар бий. Энэ утгаар нь тусгаар тогтнол гэдэг үг хэрэглэсэн юм. Танд тэгж харагдахгүй байна уу?

-Тэгж харагдахгүй байна. Эдийн засгийн аюулгүй байдал гэвэл ойлгож болж байна.

-Эрчим хүчний хэрэглээн дээр биеэ даасан зүйл алга гэдгийг аюулгүй байдал гэж тодотгож болох л юм?

-Эдийн засаг хүссэн, хүсээгүй даяарчлал буюу дэлхий нийтийг хамарсан үйл явдал болчихоод байна л даа. Таны асуугаад байгаа эрчим хүчний хувьд эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн асуудал.

-Улс төрийнх гэдэг нь ойлгомжтой л доо. Гэхдээ бид төсвөөсөө өчнөөн мөнгө гаргаж хойд хөршөөс цахилгаан худалдаж авдаг, тэд бидэнд жил бүр үнээ нэмж ахиухан эрчим хүч зарахыг хичээдэг гээд ярихаар яалт ч үгүй эдийн засагт хамаарах биш үү?

-Шалтгаан нь улс төрийнх. Үр дагавар нь эдийн засагтаа очоод байгаа юм.

-Тэгэхээр эдийн засгийн гэдэг талаас нь харахад болохгүй зүйлгүй гэж бодож байна…?

-Болно л доо.

-Эрчим хүчний салбарт бие дааж бусдаас гуйхгүй болгоод явах боломж бидэнд бий юу?

-Та бид хоёр биенээсээ хамааралгүй байхын тулд сонголттой байх ёстой. Сонголт хэзээд байдаг. -Сонголт нь байхгүй бол, биднээс хамаарахгүй тохиолдолд яах вэ?

-Сонголтыг бид өөрсдөө бий болгох ёстой. Бидэнд юу ч дутагдаагүй. Цахилгаан станц барьж, шатахууны оронд өөр эх үүсвэр хайж болно. Цахилгаан станц барья гэвэл түүхий эд нь байна. Өөр юу хэрэгтэй гэж. Эрчим хүчний салбарыг бие даалгах боломж бүрэн бий. Дотоодоо эрчим хүчээр хангаад, дээр нь гадаад руу эрчим хүч экспортлох маш том боломж байгаа. Орос, Америкийн аль нь ч биш, бид өөрсдөдөө саад тээг болоод байгаа юм. Эрчим хүч үйлдвэрлэхэд түүхий эд, технологи, мөнгө, хүн дөрөв л хэрэгтэй. Дөрвүүлээ бидэнд байна. Технологио ямар ч асуудалгүй оруулаад ирнэ. Хөрөнгө оруулалтаа татчихна. Танаас нэг асуулт асууя. Яагаад хийхгүй байна вэ?

-Улс төр рүү эргэж орохоос аргагүй, улс төрөөс болоод хийхгүй байна гэж үү?

-Яг үнэн. Улстөрчидтэй л холбоотой. Өвөг дээдсээс үлдээсэн баялаг нь байна. Хоорондоо ойлголцоод, бие биедээ тээг болохгүй, зөв санаа санаачилгыг нь дэмжээд явахад төвөггүй өөдөлнө. Ойр зуурын яль шальгүй сонирхлоор асуудалд хандаж, бие биедээ төвөг уддаг улстөрчдөөс салах хэрэгтэй. Байгалийн баялаггүй, эрчим хүчний түүхий эдийн нөөцгүй улс орнууд эдийн засгаа хөгжүүлээд урагшилж л байна. Наад захын жишээ гэхэд Япон, Өмнөд Солонгос байна. Бидэнд маш олон сонголттой байх боломж бий. Боломжууд байна гэдэг чөлөөтэй байгаагийн л шинж. Аль нэг улс орноос хараат бус байх бүрэн боломжтой.

-Популизм улс төрөөс тийм амар салахгүй байх. Парламентыг дээд доод танхимтай болговол байдал өөрчлөгдөнө гэх мэт хувилбарууд дуулддаг. Ер нь яавал улстөрчид эдийн засаг, бизнесийг мэдэрсэн шийдвэр гаргаж сурах бол?

-Сонгогчдын хандлага өөрчлөгдөөгүй үед УИХ хэдэн танхимтай болоод ч байдал өөрчлөгдөхгүй. Төрийн гаргасан шийдвэр эцсийн гаргалгаа гэж боддог хэвээрээ байна. Москвад гаргасан шийдвэрийг л хэрэгжүүлэх ёстой гэж боддог хандлагаа өөрчилж чадахгүй байна. Хойно тийм шийдвэр гаргасан бол хэрэгжүүлэх л ёстой гэж ханддаг улс болоод хувирчихсан тал бий. Энэ сэтгэхүй, хандлага, байдлаасаа салах хэрэгтэй. Өөрсдөө зориг гаргаад өөр жимээр алхвал залуус дагаад алхана. Хатуухан хэлэхэд найдвар залууст л байна.

-Нийтлэлч Баабарын хэлдэг шиг социалист нийгэмд өссөн хүмүүс үхэж байж л шинэ замаар алхах боломж гарч ирэх нь ээ дээ?

-Хатуу ч гэсэн үнэн үг гэж боддог. Гэхдээ олны хандлага бага ч гэсэн өөрчлөгдсөнийг үгүйсгэхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт зайл, хувийн хэвшлийн компаниудын луйварчид сөнөтүгэй гэж хашгирдгууд нь цөөрсөн. Оюу толгойг улайран эсэргүүцэгчид бүр алга болчихлоо.

-Хөгжихийн тулд эхлээд мөнгө олох салбараа урагшлуулаад олсон мөнгөөрөө бусад салбараа тэтгэх ёстой гэсэн хандлага бий. Тэр салбар нь уул уурхай мөн үү?

-Мөнгө оргүй хоосноос бий болохгүй. Мөнгө, орлого бий болгодог салбараа хөгжүүлээд, дөрөөлж хөгжихөөс өөр аргагүй. Хятад гэхэд л газар тариалангийн салбартаа дөрөөлж хөгжсөн улс. Тариачдаа чөлөөлсөн. Тэгэнгүүт хуримтлал үүсч эхэлж байгаа юм. Тариачид буудайгаа хураагаад бүгдийг нь улсад өгдөг байсныг болиулсан хүн нь Дэн Сяо Пин. “Ургуулсан буудайныхаа 70 хувийг өөрөө ав, 30-ыг нь төр авдгаараа авна шүү” гэсэн. Хуримтлал үүсгэсний гол нууц нь ердөө энэ. Ингэж л бусад салбараа өөд нь татаж эдийн засгаа хөгжүүлсэн. Бидний мөнгө олох салбар бол уул уурхай. Гэхдээ эхлээд бөндгөрөөсөө, хандлагаасаа эхлэх учиртай. Юуны өмнө бүгдээрээ нэг зорилготой байх ёстой. Нэг зорилготой болоогүй үед хэзээд бие биедээ дайсагнана. Ер нь бол онол л доо. Хүмүүс хоёр тохиолдолд л хамтардаг. Нэг зорилготой үед хамтарна, эсвэл аюулын өмнө хамтардаг. Хүсэл мөрөөдлөө зорилго гэж бодоод яваа нь л бидний алдаа. Зорилго бол өөр. Хөгжил нь өндөр түвшинд хүрсэн бусад улсын хувьд хүрэхээр төлөвлөсөн зүйлийг зорилго гэж томьёолдог. Бүгд нэг зорилготой байх учиртай, тэгэхгүй бол систем задарч унах эрсдэл бий.

-Нийгмээрээ нэг зорилготой болохын тулд яах ёстой вэ?

-Уг нь нэг зорилготой байх боломж нь бий. Тэр зорилгыг нь Үндсэн хуульд ойлгомжтой гэгч нь заагаад өгчихсөн. Эдийн засгийн форумыг зохион байгуулагчид намайг нэг салбар хуралдаа итгэл тавьж оролцохыг урьсан юм. Тэр хуралд бэлдэх гэж төрийн байгууллагуудын үүргийг хамаарах хуулиудаас нь шүүрдэж үзлээ. Ичиж үхмээр дүгнэлт гарсан. Төрд гурван том салаа мөчир бий. Гүйцэтгэх, хууль тогтоох, шүүх засаглал. Эдний хоёр нь Монголын нийгэмд хуулиараа ямар ч үүрэггүй байдгийг олж мэдлээ. Нэг нь УИХ. УИХ-д ямар ч үүрэг байдаггүй юм байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлын албанд ямар ч үүрэг алга. Дандаа тэгэх, ингэх эрхтэй гэсэн өгүүлбэрүүд л олж харлаа.

-Засгийн газарт үүрэг хүлээсэн байна уу?

-Үүрэг байна, гэхдээ үүргийн хэсэгт зөвхөн удирдах гэсэн үг л олж харсан. Шүүх засаглалын үүрэг их хөгтэй. Эрх зүйн юуг ч билээ хамгаалах үүрэгтэй гэсэн өгүүлбэр харагдсан. Аймшгийн кино. Хамаг аймшиг тэндээс эхэлж байна. Гэтэл Үндсэн хуульд тов тодорхой заалтыг тусгаад өгчихсөн. Монгол Улсын төрийн үүрэг бол иргэнийхээ эрх чөлөө, хүний эрхийг нь хамгаалах, зөрчигдсөн бол сэргээх. Төр иргэнийхээ өмнө ийм үүрэг хүлээх учиртай. Миний яриад байгаа нөгөө зорилго чинь ерөөсөө л энэ. Гэтэл Үндсэн хуулийн энэ заалтад захирагддаг нэг ч төрийн байгууллага байдаггүй юм байна. Тийм учраас хулгайч, луйварчин, хамаг муу бүхэн УИХ гэх мэт үүрэг байдаггүй баахан эрхтэй газрууд руу цуглардаг юм байна. Төрийн байгууллага хэрнээ Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлэхгүй байна гэж буруутгах гэхээр хуулиудад нь үг өгүүлбэр байхгүй. Та бид хоёр Засгийн газраар удирдуулна гээд төсөөл дөө. Агентлаг, яамдынх нь хууль ч ялгаагүй. Засгийн газрын үүргийг салбартаа хэрэгжүүлэх үүрэгтэй гэж байх юм. Тэгэхээр яам, агентлаг нь ч манийгаа дахиад удирдах нь л дээ. Энэ хандлага та бидний хуучин сэтгэхүй, ойлголтоос үүдэлтэй. Үүнийг өөрчлөөгүй цагт юун эдийн засгийн тусгаар тогтнол. Дахиад хэлэхэд нийгмийн бүх гишүүд нэг зорилгыг тойроод атгасан гар шиг болох ёстой. Тэр дундаа улс төрийн намууд, улстөрчид. Төрийн байгууллагад эрх байж болохгүй. Эсрэгээрээ үүрэггүй төрийн байгууллага гэж байх учиргүй. Дан үүргүүд байх ёстой. Гэтэл манайд эсрэгээрээ, дээр байгаа хүмүүс өөрсдөдөө зориулсан хууль баталсан байна.

-Өмнө нь анзаарч хөндөгдөөгүй өнцөг байна шүү…?

-Бид ч анзаардаггүй байсан. Өнөөдүүл чинь ажил төрөл рүү ороод, хутгалдаад ирэнгүүт сэрж эхэлж байна л даа. Өмнө нь социалист сэтгэлгээгээрээ төрийн минь сүлд өршөө гээд явж байж. Надад саяхан хүртэл байсан сэтгэлгээ. Нийт иргэдийн бараг 99 хувьд нь байгаа.

-Та энэ асуудлыг эдийн засгийн форум дээр хөндсөн юм байна. Сая ярьсан хуулиудаа өөрчлүүлэх тал дээр ажиллая гэсэн бодол байгаа юу?

-Миний хувьд “Монгол форум”-ынхаа шугамаар таниулах ажил хийж байгаа. Өөрийгөө лобби хийгээд нөлөөлөх хүн мөн үү гээд харвал үр дүн нь тийм сайн биш байх болов уу. Монголын нийгэмд хамгийн их төвөг удаж байгаа, тогтворгүй байдал үүсгэдэг газар нь төр болчихоод байна. Иргэдийг талцуулаад байгаа байгууллага нь мөн л төр. Гэтэл Үндсэн хуульд төр ямар үүрэгтэйг тов тодорхой зааж өгснийг би сая дурдлаа шүү дээ. Төрийн үүргийг биелүүлдэг нэг ч байгууллага төрд алга. Төр байх ёстой гэдгээ гадна, дотнын аюулаар айлгаж хүлээн зөвшөөрүүлдэг. Төр байхгүй бол хятадууд орж ирээд чамайг жадалчихна гэх маягийн тайлбар тавьдаг. Төр үгүй бол оросууд эдийн засгаар боож алах гээд, би байгаа тулдаа л чамайг цахилгаантай амьдруулна гэх жишээний. Бид ийм л жүжгэн дунд амьдарч байна. Иргэд өөрсдөө төрд үүргийг нь сануулж, үүргээ хуульчлахыг нь шаардах ёстой.

-Төрд өмчлөх эрхэнд халдах гээд байдаг гэм бий. Наад зах нь энэ хандлага өөрчлөгдсөний дараа эдийн засгийн өсөлт гэж ярих боломж гарч ирэх байх…?

-Хүмүүсийн эдийн засгийн эрх чөлөө, Үндсэн хуулиар баталгаажсан эрх, өмч рүү нь халдаж байгаа жишээ өчнөөн байгаа. Захын жишээ гэхэд л лицензүүд хурааж авсан явдал байна. Лицензээр дамжуулж өмч рүү дайрч байгаа нэг хэлбэр. Үндсэн хуульд хүн хуулийн дагуу олж авсан өмч хөрөнгөө хуулийн дагуу эзэмших, захиран зарцуулах бүрэн эрхтэй, тэр эрхийг нь төр баталгаажуулж өгнө гээд заачихсан. Харамсалтай нь таны хэлсэн шиг төр өмчлөх эрхэд халдсан хэвээр байна. Угшил нь өнөө л социализмын хандлага. Бид ч тэр хандлагаасаа салаагүй учраас төрөө шүүмжлэхгүй байна. Өмчийн эрхийг баталгаажуулаагүй үед эдийн засгийн өсөлт, тусгаар тогтнол гэж яриад нэмэргүй.

-Өмчлөх эрх гэснээс Эрдэнэтийн 49 хувийг Монголын компани худалдаж авахаар болсон нь хэр зөв шийдэл гэж та бодож байна вэ?

-Зөв алхам гэж бодож байгаа. Гэхдээ эцсийн шийдвэр гараагүй учраас илүү дэлгэрүүлж яримааргүй байна. Ярианыхаа төгсгөлд УИХ-ын гаргасан нэг сайн шийдвэрийг онцолъё гэж бодож байна. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, дагаж гарсан тогтоол нь их сайн. Нийгмийнхээ хөгжлийг тоогоор хэмждэг болж байгаа. Ямар тоон үзүүлэлтүүдээр хэмжих вэ гэдгээ жагсаагаад гаргачихсан. Аль нам нь засаг барьснаас үл шалтгаалж хуульд заасан хэмжүүрээр хэмждэг болъё гэж байгаа нь олзуурхахаас аргагүй зүйл. Би сайн юм, чи муу зүйл хийсэн гэх мэт хэмжигддэггүй юмаар ярихаа больж байгаа гэсэн үг. Хэн нь ч засаг барьсан хуулиар тогтоож өгсөн хориод үзүүлэлтээр л хөгжлийг хэмждэг болж байна. Хугацаа нь дуусч байгаа УИХ-ын баталсан ганц сайн хууль гэвэл энэ л байна даа.

Categories
мэдээ цаг-үе

“Найрамдал” зуслангийн нэг өдөр

“Найрамдал”-д 745 хүүхэд амарч байна. Хамгийн бага нь нэгдүгээр ангиа төгссөн зургаан настнууд гэж Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбат сонирхууллаа. Эхний ээлжинд багачууд голдуу амардаг болохоор дөрөвдүгээр ээлжинд зургаан настнууд тун цөөхөн ирж. Ирэх намар хоёрдугаар ангид орох нөхдийн нэг нь Сидина. Охин эгчтэйгээ амарч байгаа гэнэ. “Би Авинатайгаа ирсэн болохоор уйлаагүй ээ. Эгч ээ, би хатны нэртэй ш дээ. Манай эгч бас хатны нэртэй” гээд их додигор байна. “Найрамдал”-ын арга зүйч Т.Тунгалаг “Зургаан настнууд их сэргэлэн. Найман настай хүүхдүүдийг бодвол биеэ авч яваа нь хүртэл өөр шүү. Эхний өдрөө л зарим нь хямраад хэцүүхэн байдаг тал анзаарагддаг. Дасаад ирэхээрээ сэргэлэн, хөдөлгөөнтэй гэж жигтэйхэн. Энэ жил таван настай охин эгчтэйгээ хамт амарч байна. Ер нь эцэг, эхчүүдийн хүүхдэдээ ханддаг хандлага, сургууль, цэцэрлэгийн нөлөө хүүхдээс их тод харагддаг” гэж ярилаа. Бид энэ удаа олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн нэг өдрийг сурвалжилсан юм.

ТОГЛООМЫН ӨРТӨӨГӨӨР АЯЛДАГ ХАГАС ӨДӨР

Энэ зун хур ихтэй байсан нь “Найрамдал”-д очиход л илт байв. Зөөлөн ногоон зүлгэн дээр хүүхдүүд тоглоомын өртөөгөөр аялаад дуу шуутай бужигнаж байна. Ирээд ганц л хоносон, биенээ танихгүй хүүхдүүдийг тоглоомын аргаар дотносуулж байгаа нь энэ аж. Зуслангийн ээлж бүрт ирсэн хүүхдүүд эхний хагас өдрөө тоглоомын өртөөгөөр аялж өнгөрөөдөг гэнэ. “Муурын байшин”, “Дусал хүүгийн аялал” гээд тоглоом бүртээ нэр өгчихөж. “Дусал хүүгийн аялал”-ын өртөөн дээр ирсэн хүүхдүүд гэхэд л эгнэж суугаад толгой дээгүүрээ устай сав дамжуулцгаана. Дунд ангийн хөвгүүдэд их зугаатай байгаа бололтой. Эвгүйхэн бариад толгой дээрээ ус асгасан нэгнийгээ шоолж хөгжилдөнө. Хүүхдүүд аль хэдийнэ дотносоод амжжээ. “Муурын байшин” тоглож байгаа бага ангийнхан дээр очлоо. Хоёрдугаар сургуулийн Содбаяр ирэх намар тавдугаар ангид орох гэнэ. Гуравдугаар ангиасаа “Найрамдал”-д амарч эхэлжээ. “Манай зуслангийн тогооч эгч их гоё хоол хийдэг. Бөөрөнхий махтай хоол нь бүр гоё” гэхэд хажууд нь зогсч байсан үеийнх нь охин “Хоол байхдаа яахав дээ” гэж жуумалзана. “Хобби” сургуулийн Дөлгөөн “Эгч ээ би удахгүй дөрөвдүгээр ангид орно. Энд ирээд 55 найзтай болчихлоо. Надад бол манай зуслангийн тоглоом тоглуулдаг нь гоё байна. Өдөржингөө тоглохоор ээж, аавыгаа санахгүй байна” гэж дуржигнуулав. Дөлгөөн Долгион гэж ихэр дүүтэйгээ иржээ. Хөвгүүд дараагийнхаа тоглоомын өртөө рүү яаран гүйцгээлээ. Хүүхдүүд бүлгийн багштайгаа найз шиг л харьцацгаах юм. Тоглоом тоглохоороо утаснуудаа бариулчихна, шинэ тоглоомын өртөөн дээр ирэхээр “яаж тоглох вэ” гээд тойроод зогсчихно гэж ирээд яривал багшийн оролцоогүй юм гэж алга. “Ирээдүй” бүлгийн багш П.Номин “Сүүлийн үеийн хүүхдүүд их нээлттэй болсон. Амархан найз болцгоочихдог. Бага насныханд гэрээ санах, уйлах явдал гардаг л юм. Гэхдээ тун цөөн нь. Дөчин хүүхэдтэй бүлэг байлаа гэхэд ганц хоёр хүүхэд л жаахан хямарна. Харин зуслангаас явах сүүлийн өдөр бөөн уйлаан болно шүү дээ. Багшийгаа, биенээ тэвэрч уйлаад сүйд болдог” гэж яриад хүүхдүүдээ дараагийн өртөө рүү дагуулан явлаа.

ОКСФОРДЫН ОЮУТНУУД АНГЛИ ХЭЛ ЗААНА

“Найрамдал” зуслан энэ зунаас англи хэлний сургалт зохион байгуулж эхэлжээ. Англи хэл заахаар ирсэн анхны багш нь Роберт Гриин. Нигери улсын иргэн юм байна. Ээж нь нигери, аав нь америк хүн гэнэ. “Найрамдал”-ынхан Робертод зориулж Нигерийн далбааг оёж байгаа аж. Зусландаа багшлахаар ирсэн гадаадын багш нарын улсынх нь төрийн далбааг төвийнхөө гадна мандуулдаг бололтой. Роберт “Орчин үе ирээдүй гадаад хэлний төв”, “Найрамдал” төвийн хамтын ажиллагааны хүрээнд иржээ. Монголд анх удаа ирж байгаа нигери залуу “Би цасанд маш их дуртай. Өвлийг үзнэ гэхээс тэсч ядан хүлээж байна. Ер нь би хүүхдүүдтэй ажиллах их дуртай. Тэдний хайр үнэхээр агуу, ариун гэгээн байдаг. Бас их хурц ухаантай. Хүүхдэд ийм давуу талууд байдаг учраас хэлийг их амархан сурдаг” гэж ярив. Робертын хичээлд тав, зургаа, долдугаар ангийн охид голдуу хүүхдүүд иржээ. Охид Роберттой англиар ярьж, хөөрөөд жигтэйхэн. Хүссэн хүүхдүүд Робертын хичээлд суух боломжтой юм билээ. Дараагийн ээлжинд Английн Оксфордын их сургуулийн 12 оюутан ирж нэг нэг бүлэгт хариуцан багшлах гэнэ.

Хүүхдүүд өглөө долоо хагаст сэрж, найман цагт дасгал хийдэг юм байна. Дасгалын дараа цайндаа орж өдрийнхөө хөтөлбөртэй танилцдаг аж. Энэ жил “Найрамдал”-ынхан хувь хүний чадварыг төлөвшүүлэх, нийгэмд биеэ зөв авч явахад чиглэсэн хөтөлбөрт түлхүү анхаарчээ. “Хувь хүний төлөвшил мэнд мэдэхээс эхэлдэг” гэж бүлгийн багш нар нь ярьж байсан юм. Тааралдсан хүүхэд бүр мэнд мэдэцгээж байв. Арга зүйч Т.Тунгалаг “Хүүхдүүд маань 10:00-13:00 цагийн хооронд тухайн өдрийн үйл ажиллагаанд оролцоод 11:00 цагаас бага үдийн цайгаа уудаг. Дараа нь бага, дунд, ахлах наснаасаа шалтгаалж 30-60 минутад төлөвшлийн сургалтад хамрагдана. 13:00 цагаас өдрийн хоолтой. 14:00-16:00 цагт бага насны хүүхдүүдээ амраадаг. Зуслан гэдэг хүүхдийг хөгжүүлэхээс гадна эрүүл агаарт амрахад орчныг бүрдүүлэх учиртай газар. Бусад нь 14:00-15:00 цагийн хооронд амралтын цагтай. 16:30 цагаас их үдийн цайгаа уучихаад 17:00-19:30 цаг хүртэл хүүхдүүдэд зориулсан бас хөтөлбөрт хамрагддаг. 19:00-20:00 цагт оройн хоол. 20:00-21:30 цаг хүртэл оройн арга хэмжээтэй. Арга хэмжээ нь өдөр бүр өөр. Өнөөдөр гэхэд л бид галын наадам хийнэ. 22:00 цагаас хүүхдүүд оройн тойргоо хийдэг” гэж зуслангийнхаа цагийн хуваарийг сонирхуулав. Оройн тойргийн үеэр хүүхдүүд тухайн өдөр юу сурч мэдсэнээ ярилцдаг гэнэ. Багачууд нь 22:00 цагт, томчууд нь 22:30-23:00 цаг гэхэд унтацгаадаг юм байна.

ГАДААДАД АМЬДАРДАГ МОНГОЛЧУУД ХҮҮХДҮҮДЭЭ АМРААХ ДУРТАЙ

Гадаадад амьдардаг монголчууд хүүхдүүддээ улсынх нь соёл, заншлыг таниулах гэж амраадаг болжээ. Биднийг очиход Солонгост амьдардаг охин амарч байсан юм. Хамаатны эгчтэйгээ иржээ. Монголоор ойлгодог хэрнээ ярихдаа жаахан тааруу юм. Бөмбүүлэй гэж өөрийгөө танилцуулсан охин зун бүр Сөүлээс “Найрамдал”-д ирж амардаг гэнэ. Ихэнхдээ Америк, Солонгос, Герман зэрэг улсад амьдардаг монголчууд хүүхдүүдээ амраахаар явуулдаг байна. Энэтхэг, Тайвань, Нигер, Гвиней зэрэг улсад амьдардаг монголчууд ч хүүхдүүдээ эх орных нь соёлтой танилцуулахаар “Найрамдал”-д амрааж байж. “Найрамдал”-ын багш нар “Гадаадад амьдардаг монголчууд хүүхдүүддээ монгол ёс заншлаа таниулж мэдүүлэхийг их хүсдэг болсон” хэмээн ярьж байлаа. Энэ жилээс Өмнөд Монгол, Буриадын хүүхдүүд олноороо амрах захиалга өгчээ.Японоос цөөнгүй хүүхэд хүлээж авдаг гэнэ. Долдугаар сарын дундуур ОХУ-аас хүүхдүүд ирэхээр захиалга өгчээ. Гаднаас ирсэн хүүхдүүд “Найрамдал”-ын хоолонд их дуртай гэнэ. Цөөн тохиолдолд гадаад хүүхдүүд үндэсний хоолоо идэхийг хүсдэг аж. Үндэсний хоолоо идэхийг хүсвэл хийгээд өгчихдөг юм байна. Сонирхуулж хэлэхэд энэ зун “Найрамдал”-ынхан Монголын скаутын холбоотой хамтарч Ази Номхон далайн орнуудын скаутын том цуглаан зохион байгуулахаар болжээ. Долдугаар сарын 25-наас наймдугаар сарын 1-ний хооронд үргэлжлэх гэнэ. Скаутын цуглаанд арав гаруй орноос 5-10 мянган хүүхэд оролцох нь.

НЭГ ӨРӨӨНИЙ НАЙЗУУД

“Үй цай” сургуулийн Өнө-Алдар, нэгдүгээр сургуулийн Хасчулуун, Америк сургуулийн Жаргал-Эрдэнэ, Батлан хамгаалахын “Тэмүүжин” сургуулийн Бямбадорж, Замын-Үүдийн нэгдүгээр сургуулийн Төгөлдөр тав “Нарлаг” бүлгийн нэг өрөөний хөвгүүд. Ирээд ганц хонож байгаа гэхэд хэзээний найзууд болчихож. Ирэх намар долоо, наймдугаар ангид орцгоох хөвгүүд шөнө орондоо ороод нэг цаг хүртэл хууч хөөрцгөөсөн гэнэ. Жаргал-Эрдэнэ “Бид өчигдөр орой баахан онигоо яриад. Сүүлдээ бүр элэг хөших шахсан” гэж хэлээд хөгжилтэй инээв. Хөвгүүдэд ус дамжуулж тоглодог “Дусал хүүгийн аялал” таалагдсан гэнэ. Бусдаасаа хонгор шаргал үсээрээ ялгарах Жаргал-Эрдэнэ “Зуслангийн бүх хүүхэд намайг гадаад гэж бодоод байх юм. Уг нь би монгол ш дээ. Эрдэнэтэд төрсөн. Аав “Шар доктор” компанийн захирал. Ээж ч бас тэнд ажилладаг” гэж хэлэхэд өнөөдүүл нь тэрүүхэндээ жуумалзацгаана. Өрөөний тав өөр зуураа “Чи их хурхирдаг юм байна лээ”, “Би эрт босоод та нарыг сэрээсэн шүү”, “Бөмбөг байвал сагс тоглох юмсан”, “Нөгөө охидыг айлгах төлөвлөгөө яасан бэ” гэж зав чөлөөгүй ярьцгаах юм. “Гэрээ санаж байна уу” гэж асуухад Бямбадорж “Одоо ээжийгээ санавал онигоо болно биз дээ” гэсэн догь хариу өгөв. Өнөөдүүл нь ч толгой дохицгоогоод жигтэйхэн. Хажуугийн байрны охидын өрөөгөөр ороход цэмцийтэл зассан орнууд эгнэж байна. Хөвгүүдийн өрөөний дуу шуу энд алга. Охид их л намбалаг, юм асуухаар цөөн үгээр хариулцгаана. 62 дугаар сургуулийн Энэрэл, 33 дугаар сургуулийн Энхжин, зургадугаар сургуулийн Маралмаа, нэгдүгээр сургуулийн Бадамханд, 45 дугаар сургуулийн Ариунтуул, зургадугаар сургуулийн Энхлэн, “Шинэ Эрин” сургуулийн Намуун нар нэг өрөөнд оржээ. Охид ирэх намар наймдугаар ангид орох гэнэ.

“Найрамдал”-ын бүлэг бүр өөрийн онцлогтой юм. “Сакура” бүлэг гэхэд л япон хэв маяг бүхий тохижилттой. Энэ бүлгийн хүүхдүүд хөвгүүд, охидоороо хоёр өрөөнд хуваагджээ. Япон маягаар зассан өрөөнд матрас эгнүүлжээ. Бөөнөөрөө нэг өрөөнд учраас амархан дотносдог гэж бүлгийн багш Х.Баянжаргал ярив.

ГАЗТАЙ УНДАА, ЧИПС ЗАРДАГГҮЙ ДЭЛГҮҮР

“Найрамдал” зуслангийн дэлгүүрийн гол нэрийн бараа нь зайрмаг, газгүй ундаа, жигнэмэг. Нэг удаагийн шампунь гэх мэт ариун цэврийн хэрэглэл бас бий. Хүүхдүүдэд бороотой өдөр зайрмаг зардаггүй гэнэ. Хоолой нь өвдчихнө гэж болгоомжилдог аж. Чипс, газтай ундаа огт зардаггүй юм байна. Эргэлтээр ирсэн эцэг эхчүүд л хориотой хүнс авчирчихаад хүүхдэдээ өгнө гэж зүтгэчихдэг бололтой. Арга зүйч бүсгүй “Хийжүүлсэн ундаа, чипс, тостой хуушуур, торт, пицца, тахиа аваад ирдэг. Ийм хүнс авчирч болохгүй гэж хэлж сануулаад байхад л авчраад байдаг юм. Бид энэ зунаас 11:00 цагт хүүхдүүддээ зайрмаг, иштэй чихэр, сүү, иогурт өгдөг болсон. Аав, ээжүүдэд хорьсон хүнс авчирч өгч болохгүй гэхээр би хүүхдээ алах гэж ирээ юу, миний хүүхэд шоронд байгаа юм уу, хамгийн сайн чанартай юмыг л авчирч байна гэх мэтээр бухимддаг. Эцэг, эхээсээ илүү хүүхэд нь төлөвшчихсөн жишээ цөөнгүй анзаарагдана шүү. Хүүхдээ эрүүл мэндийн шинжилгээнд бүрэн оруулаагүй ээжид шинжилгээндээ хамрагдахыг сануулахад захиралтай чинь ярина гэж ирээд уурлах жишээний. Гэтэл хүүхэд нь ээждээ буруу авирлаад байгааг нь хэлж байгаа юм” хэмээн ярилаа.

АМТЛАГЧ ХЭРЭГЛЭДЭГГҮЙ ХООЛНЫ ГАЗАР

“Найрамдал” төвийн хүүхдүүд хоёр газар хуваагдан хооллодог юм байна. Биднийг “Найрамдал”-д өнждөг өдрийн хоол нь ногоотой шөл, будаатай хуурга, чацарганы шүүс байв. Хоолны газрынхан давхардсан тоогоор ганц өдөрт 5000 хүний хоолыг бэлддэг гэнэ. Өдөрт 130-150 кг мах, 250-300 кг төмс гэж ирээд тоочвол хүнсний бүтээгдэхүүнийг өчнөөн кг-аар нь хэрэглэдэг аж. “Найрамдал”-ынхан өдөр, оройн хоолондоо амтлагч хийдэггүй юм байна. ШУТИС-иас жил бүр дадлагын оюутнуудыг гэрээгээр ажиллуулдаг гэнэ. Оюутнууд сардаа 300 мянган төгрөгийн цалинтай ажилладаг аж. ШУТИС-ийн Хүнсний технологи, хоол үйлдвэрлэл технологийн гуравдугаар дамжааны оюутан Ө.Рэгзэдмаа “Өдөрт зууш, салатнаас гадна зарим хоолыг гардаж хийж байгаа. Хүүхдүүдэд үйлчлэх их гоё юм байна. Баярлалаа, эгчээ гээд хэлэхээр нь сэтгэл нэг л гоё болчихдог. Агаар сайтай, хүүхдийн инээд хөөртэй ийм сайхан орчинд ажиллаад сургалтын төлбөрийнхөө ихэнхийг цуглуулаад хичээлдээ орно гээд бодохоор сэтгэл өндөр байгаа” гэж ярив.

Батноров “Найрамдал” төвийн хоолны технологичоор 22 дахь жилдээ ажиллаж байгаа гэнэ. Технологич бүсгүй “Хүүхдүүдийн таргалалт, өвчлөл ихэссэнтэй холбоотойгоор илчлэгийн хэмжээг бууруулж амин дэмийг ихэсгэх бодлого улсаас барьж ажиллаж байгаа. Бид ч гэсэн хоолныхоо өөх тосыг багасгаж, сүү цагаан идээ, хүнсний ногоо зэргийг түлхүү өгч байна. Би нэг л зүйлээс их том урам авдаг. Амрагч хүүхдүүд маань гоё амттай хоол байна, баярлалаа эгч ээ гэхээр огшоод ирнэ шүү дээ. Хүүхдүүдтэй ажиллахаар баярлах гомдох нь амархан болдгоос эхлээд яг л хүүхэд шиг болчихдог юм байна. Том хүн байж том хүнтэй харилцахаар их сонин шүү” гэж хэлээд хөгжилтэй инээв. Эрүүл мэндийн сайд хоёр жилийн өмнө хүүхдийн хоолны илчлэгийг шинэчилж баталжээ. Өсвөр насныхан өмнө нь 2800 ккл хоол хэрэглэдэг байж. Шинэчилсэн хэмжээгээр 2300-3400 ккл хоол идэх ёстой болжээ.

ДЭЛХИЙН АВАРГАД ОРОЛЦОХ ХҮҮХДҮҮД “НАЙРАМДАЛД”-Д БЭЛТГЭЛЭЭ ХИЙЖ БАЙНА

Тайваньд ирэх сард болох чөлөөт бөхийн өсвөр үеийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчид “Найрамдал”-д бэлтгэл, сургуулилтаа хийж байна. Энэ тэмцээнд Монголоос 34 тамирчин дөрвөн багштай явахаар болж. Якутад болох Азийн наадамд оролцох тамирчид ч энд бэлтгэлээ базааж эхэлжээ. Чөлөөт бөхийнхөн бүрэн бүрэлдэхүүнээрээ явах гэнэ. Улаанбаатараас гадна аймаг бүрийн тамирчин хүүхдүүд “Найрамдал”-д иржээ. Азийн аваргад явах багийн ахлагч Б.Билгүүн “Агаар, орчин нь сайхан байна. Хоол унд нь амттай, амарч байгаа хүүхдүүд нь их соёлтой юм. Бэлтгэл сайн хангагдаж байна” гэсэн бол Сахагийн багийн ахлагч Э.Бямбадорж “Би Баянхонгороос ирсэн. Орчин нь их таалагдаж байгаа. Орой дөрвөн цагаас бэлтгэлтэй” гэж ярилаа. Өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Чулуунбаатар “Бэлтгэл анх удаа зургаан дэвжээн дээр болж байгаа . Чөлөөт бөхийн холбоо, “Найрамдал” төвийн захиргаанд баярлаж байна. Хоёр, гурван аварга төрчих болов уу гэсэн найдлага бий” гэж ярилаа.

“НУЛИМАСТАЙ” ДИСКО

Найрамдал төвийн нэг ээлж голдуу долоон хоногтой. Дээд тал нь арав хоног байдаг гэнэ. Сүүлийн өдөр үдэлтийн диско хийдэг аж. Дискон дээр “Найрамдал”-ын дэд захирал Б.Отгонбат найзуудын тухай шүлэг уншдаг юм байна. Зуслангийн захирлын шүлгийг хүүхдүүд нулимс цийлэгнүүлэн сонсдог гэнэ. Арга зүйч бүсгүй “Хүүхдүүд маань бараг хорь, гучин минут уйлалдана шүү дээ. Долоо, арав хоногт их дасчихсан байдаг юм” гэж ярилаа. Бүлгийн багш нарт ч энэ өдөр их хүндхэн байдаг гэнэ. Бараг бүгд л “Хүүхдүүдээсээ салах хэцүү шүү” гэж байна.

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвийн дэд захирал Б.Отгонбат “Манай зусланд ЭХЭМҮТ-ийн эмч нар, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэг, хоёр, гуравдугаар хэлтсийн хэв журмын цагдаа нар хамгаалалтад ажиллаж байна. Бид энэ жилээс санхүүжилтээ төсвөөс биш өөрсдөө зохицуулж эхэлсэн. Амрах эрхийн бичгээ өмнөх жилүүдээс нэг их өсгөөгүй. Үнээ өсгөе гэсэн бодолгүй байна. Нэг долоо хоногийн ээлжийн үнэ 185-195 мянган төгрөгийн хооронд байгаа. Зуны ээлжиндээ 580 хүүхэд авах хүчин чадалтай ч эрэлт их байгаа учраас 150 гаруй хүүхэд нэмэгдлээр хүлээн авч байна” хэмээн ярьсан юм.

“Найрамдал” зуслангийн ирэх ээлжүүдийн эрхийн бичгийг онлайнаар захиалж болох юм билээ. Мөн хуримын ордон дээр тарааж байгаа гэнэ. “Найрамдал”-ынхан 8-10 дугаар ээлжиндээ нэмэлт захиалга авч эхэлжээ.

Б.Маралмаа

Гэрэл зургуудыг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Монголд бүртгэлтэй, манайд үйл ажиллагаа явуулдаг компанид Оросын талын хувь шилжсэн нь яах аргагүй зөв алхам

Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын эзэмшиж буй 49 хувийг Худалдаа хөгжлийн банкийг төлөөлж “Монголын зэс” компани эзэмших нь тодорхой болоод байна. Монголын компани Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авахаар болсны наад захын эерэг нөлөө гэхэд л “Эрдэнэт”-ийн ногдол ашгийн 49 хувийг хойд хөршийн төрийн өмчит “Ростех” авахаа болино. Монголд үйл ажиллагаа явуулдаг Монголын компанид “Ростех”-ын авдаг байсан ногдол ашиг ирэхээр болж байгаа юм. Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай энэ сэдвийн хүрээнд ярилцлаа.

-Зэс молибдены баяжуулах Азийн хамгийн том үйлдвэрүүдийн нэгд тооцогддог “Эрдэнэт” 100 хувь Монголын компани болж байна. Энэ шийдвэр эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол?

-Ажиллаж байгаа үйлдвэр учраас эдийн засаг талаас нь харвал төлдөг татвараа төлөөд явна. Хувьцааны эзэмшил нь л өөрчлөгдөж байна. Оросын тал Эрдэнэтэд эзэмшдэг хувьцаагаа манай улсад бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компанид худалдах санамж бичигт гарын үсэг зурсан гэж би ойлгож байгаа. Сүүлийн үед цацагдаж байгаа мэдээллээс харахад хэлцэл бүрэн дуусаагүй болов уу гэсэн ойлголт төрсөн. Хэлэлцээрийн дагуу шийдвэрлэх асуудал байгаа бол Монголын Засгийн газар шат дараалаад шийдээд явах болов уу. Төрийн өмчтэй компанид хувийн хэвшил 49 хувиар орж ирсэн нь сайн хэрэг. Менежмэнт нь сайжирна. Зардал бууруулах талд ахиц гарах байх. Мэргэжлийн хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаг болох нь ойлгомжтой.

-Эрдэнэт тойрсон шүүмжлэлүүдээс хамгийн анхаарал татдаг асуудал нь шахааны бизнес. Бараг музей байгуулах хэмжээний хэрэггүй зүйлсийг төрийн томчууд энэ үйлдвэрт шахсан байдаг. Хувийн компани менежмэнтэд нь оролцоод ирэхээр шахааны бизнес арилах байх. Та юу гэж бодож байна?

-Шахааны бизнес бараг л арилах болов уу. Гэхдээ 51 хувь нь төрд байгаа гэдгийг мартаж болохгүй. Төрийн хувь энэ хэвээр үргэлжилбэл шахааны бизнес шууд зогсоно гэж хэлэх боломжгүй л дээ. Мэдээж өмнөх шигээ улайм цайм шахаа хийхгүй гэсэн давуу тал бий. “Эрдэнэс Монгол”-д харьяалуулах асуудал нэлээд удаан хугацаанд шийдэгдэхгүй явсан. “Эрдэнэс Монгол”-ын хувьд компанийн засаглалаа сайжруулахаар Азийн сангаас төсөл хэрэгжүүлж байгаа. ”Эрдэнэт” бүтцэд нь ороод явна гэж харахаар “Эрдэнэс Монгол”-д сайн зүйл болж байна. Намууд мэдэгдэл гаргаж, хүмүүс янз бүрийн өнцгөөс л харж байх шиг байна. Миний хувьд эерэг нөлөөлөл нь их гэж бодож байгаа. Хувийн хэвшилд Оросын талын эзэмшил шилжсэнээр “Эрдэнэт”-ийн бизнесийн шийдвэр гаргах хурд эрс сайжраад ирнэ. “Эрдэнэт”-д олон жил ажилласан хүмүүс ч юм уу, Монголын иргэд энэ үйлдвэрээс хувь хүртэх асуудал сөхөж магадгүй л дээ.

-Зарим судлаач Засгийн газар эзэмшиж байгаа 51 хувиа ч хувьчлах тал руу ажиллах ёстой гэсэн байр суурь илэрхийлээд эхэллээ. Таныг ч бас ийм байр суурьтай байна гэж ойлголоо…?

-Яг тийм ийм гэж хэлж мэдэхгүй байна. Ер нь бол Засгийн газрын эзэмшиж байгаа хувийн нэг хэсгийг иргэд, компаниудад арилжихад болохгүй зүйлгүй. Төрийн өмчийн 51 хувийн хоёр хувийг иргэд, компаниудад худалдах маягаар төрийн оролцоог багасгавал сайн хэрэг. Тэгвэл бүр л сайн үр дүн гарна. Ингэж байж жинхэнэ бизнесийн зарчмаараа явах боломж бүрдэх болов уу. Гэхдээ эдийн засагт хэтэрхий үр нөлөөтэй төсөл учраас болгоомжлол гарна. Мэдээж болгоомжлол илүүдэхгүй. Гэвч болгоомжлолоос илүү нэг зүйл байгааг мартаж болохгүй. Монголд бүртгэлтэй, Монголд үйл ажиллагаа явуулдаг компанид Оросын талын хувь шилжсэн нь яах аргагүй зөв алхам.

-Оросуудын нөлөө алга болчихоор Эрдэнэтийн хувьцааг Хөрөнгийн бирж дээр арилжаалах асуудлыг санаа нийлээд шийдэж болох юм байна. Ийм замаар хөрөнгө оруулалт босгох боломжийн тухайд та юу хэлэх вэ?

-Хувьцаагаа Лондонгийн бирж дээр гаргачих бүрэн боломж нээгдэж байгаа.

-Зэсийн үнэ уналттай ийм үед “Эрдэнэт”-ийн зардал өндөр гэсэн асуудал байгаа. Хувийн компани менежмэнтэд нь оролцоод ирэхээр зардал нь буурч таарах байх…?

-Ер нь аль ч үйлдвэрт зардал өндөр гэсэн асуудал яригддаг. “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлага өнгөрсөн хугацаанд зардал бууруулах талд нэлээд сайн ажилласан. Өөрийн өртгөө бараг мянга гаруй ам.доллараар буурууллаа. Гэхдээ энэ бол нэг л удаагийн асуудал. Ирэх жилүүдэд үнэ өсч буурах цикл үргэлжилнэ. Хувийн компани менежмэнтэд оролцож эхэлснээр зардлын таналт дээр дахиад ч ахиц гарах болов уу гэж харж байна. Ганц гол зүйл гэвэл компанийн засаглал сайн, төрийн оролцоо бага байх ёстой. “Эрдэнэт”-д хувийн компани орж ирсний сайн тал нь энэ. “Эрдэнэт” зуун хувь Монголын компани болж байгаа нь маш том давуу тал. Худалдаа хөгжлийн банк авлаа гэхээр банкинд очлоо, банкны гол хувьцаа эзэмшигчид нь монгол хүмүүс биш гэх мэт яриа дуулдаж байна л даа. Гэхдээ л Монголд бүртгэлтэй, Монголд татвар төлдөг компани. “Эрдэнэт”-ийн Удирдах зөвлөлд орос хүмүүс биш монголчууд л ажиллана.

-Эрдэнэт үйлдвэрийн тухайд Оросын зүгээс тээг тавьдаг ямар асуудлууд байсан бэ?

-Хамгийн том жишээ гэвэл зэс хайлуулах үйлдвэр байна.

-Манай талаас зэс хайлуулах үйлдвэр барих саналыг Оросын талд хэзээнээс тавьж эхэлсэн юм бэ?

-1992 оноос хойш. Ер нь бол аль далаад оноод Эрдэнэтийн хэлэлцээр эхлэх үеэс л Оросын талд санал тавьж байсан юм. Гэвч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй. Оросын талд баяжмал хэрэгтэй байсан учраас шийдэгдээгүй хэрэг л дээ.

-Одоо зуун хувь Монголын компани болчихоор зэс хайлуулах үйлдвэр барих асуудалд гадны нөлөөтэй тээг алга болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Саяхнаас Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр тусад нь байгуулна гэсэн яриа өрнөөд байгаа.

-Техник технологийн шинэчлэл гэх мэт том асуудлууд дээр ч оросуудын оролцоо байсан байх…?

-Оросын оролцоо байсан. Анх Оросын техник технологи орж ирсэн, орос хүмүүс ажиллаж байна гэх мэт шалтгаан бий. “Эрдэнэт”-д барууны техник технологи үе шаттайгаар нэвтэрч байгаа л даа. Гэхдээ Оросын талын нөлөөллөөр шийдвэр нь удаж гардаг зэрэг асуудал байсан. Шийдвэр гаргадаг бизнесийн хурдын хувьд хамаагүй сайжирна. Эрдэнэт үйлдвэрийн концепци боловсрогдож байна. Оросууд нэлээд нөлөө, оролцоотой яваа гэж дуулдаж байсан. Одоо бол энэ бүх асуудлыг Оросгүйгээр өөрсдөө шийдээд явах боломж бүрдэж байна.

-Эрдэнэтийн нөөц нэмэгдэх боломж хэр өндөр вэ?

-Нөөц нь нэмэгдэх магадлал өндөр. Эрдэнэтийн одоо ашиглаж байгаа газраас урд, хойно нь нөөц бий. Тэрний гадна талд ч хайгуул хийхээр тусгай зөвшөөрөл авчихсан байгаа юм билээ.

-Зэсийн үнэ өсөхөөр ногдол ашгийн хэмжээ дагаад өснө. Гурваас дөрвөн жилийн дараа зэсийн үнэ өснө гэсэн таамаг бий. Оросын талын хувь Монголд ирчихээрЭрдэнэтээс хүртэх өгөөж эрс нэмэгдэх нь ээ?

-Тэгнэ. Ногдол ашиг нь Монголд үлдэж, Монголын хөрөнгө оруулалт, Монголын хөгжилд л зориулагдана гэсэн үг.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд “Эрдэнэт” үйлдвэр хамгийн их татварыг төсөвт төлж байгаа. Ялгаварлан гадуурхагдсан байдлаар асар их хэмжээний татвар төлдөг. Нөөц ашигласны төлбөр гэхэд л 16, 17 хувь байх жишээний. Хувийн компани бол тэсэхээргүй татвартай явж байгаа л даа. Хувь эзэмшилд өөрчлөлт орсноор энэ асуудал ч нэг мөр яригдаж таарах байх.

-Оросын тал хувиа зарчихаар заавал орос хүн ажиллах ч шаардлагагүй болж байна уу?

-Бараг тийм дээ. Үнэхээр чухал орон тоо бол, орос мэргэжилтэн ажиллахаас аргагүй тохиолдлоос бусад нөхцөлд монголчууд ажиллаад явах байх. Бүх зүйл нарийвчилж яригдах үед хийгдэх тохироо болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Хоёр аяга өтгөн ногоон цай компьютерийн хорноос хамгаална

Компьютероос ялгарах цацрагийн хорт нөлөөг бууруулах үйлчилгээ ногоон цайнд бий гэж Британийн эрдэмтэд хэлж байна. Тэд компьютерийн ард өдрийг өнгөрөөдөг хүмүүст өдөрт хоёр аяга өтгөн ногоон цай уухыг зөвлөжээ. Өтгөн ногоон цайны үл исэлдүүлэгч чанар нь С амин дэмээс 100 дахин, Е амин дэмээс 25 дахин хүчтэй байдаг учраас цацраг туяанаас найдвартай хамгаалдаг аж. Ногоон цайны найрлага дахь танин гэх бодис хортой, хүнд элементүүдийг бие махбодоос шахан гаргадгийг анагаах ухаан тогтоогоод удаж байгааг энд сануулахад илүүдэхгүй байх.

Мөн цусны эргэлт, бодисын солилцоог сайжруулж, судасны эсийн давхаргыг нөхөн сэргээдэг үйлчлэл ногоон цайнд бий. Шингэвтэр ногоон цай даралт бууруулдаг бол өтгөн хандтай, ялангуяа элсэн чихэртэй нь ихэсгэдэг гэдгийг анхааралдаа авчихад гэмгүй. За тэгээд хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, цусан дахь сахарын түвшинг зохицуулдаг гэж ирээд ногоон цайны сайн талыг тоочвол барагдахгүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нүүрсчид, шороочид ба АН, МАН-ын мөрийн хөтөлбөрийн сонжоо

Сонгуулийн сурталчилгаа ид дундаа үргэлжилж байна. Нэр дэвшигчид хэн нь хэн бэ гэдгээ таниулах гэж айлын хаалга тогших нь халаг сандралдаж буй энэ өдрүүдэд хүн болгон л дор бүрнээ хэний нэрийг дугуйлахаа товлож суугаа. АН уу, МАН уу, хүнд нь үү намд нь уу гэх мэтээр түмэн асуулт эргэлдүүлж яваа хэсэг ихэнх нь байх. Амьдардаг гудамж, байрных нь эргэн тойронд хөл гишгэх зайгүй шахам нэр дэвшигчийн гоё зурагтай самбарууд зоочихсон болохоор арга ч үгүй. Тэр олон инээсэн царайнаас аль нь жинхэнэ өөрсдийнх нь төлөө юм хийж бүтээх нөхөр вэ гэдгийг ялгаж салгахад хэцүү санагдаж байж мэднэ. Уг нь сонголт хийх тийм хэцүү биш л дээ. Яг нарийндаа АН, МАН-аас эхлээд нэр нь дуулдаж сонсдоогүй жижигхэн намуудын дунд толгой эргээд байх зүйл огтоосоо байхгүй.

Шуудхан хэлэхэд Монголд, Монголын улс төрд хоёр л том хэсэг бий. Нэг нь шороочдын, нөгөө нь нүүрсчдийн гэсэн тодотголтой. Албан бус энэ нэршил сүүлийн үед их хүчтэй яригдаж байгаа. Ер нь бол энэ сонгуулиар сая хэлсэн хоёр бүлэглэлийн аль нь ялах бол гэсэн асуулт л тавигдаж байна.

Нүүрсчдийн гэдэг нь нүүрсээ төмөр замаар хямдхан тээгээд Хятадын зах зээл дээр үнэ хүргэн зарж олсон мөнгөөрөө бусад салбараа хөгжүүлж аятайхан амьдаръя гэсэн нөхдийн нэгдэл. Товчхондоо уул уурхайгаараа хөл дээрээ босоодохъё гэж зүтгэж яваа хэсэг. Сайн чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гэж яригддаг Таван толгойн ордыг хөдөлгөх гээд бараагүй нөхдийг нүүрсчдийн гэж нэрлээд удаж байна.Нөгөө нь ”Баялгаа тэгж дур зоргоороо ашиглахгүй, төмөр замаа урд хил рүү тавихыг урьтал болгохгүй. Болж өгвөл хойшоогоо төмөр зам татна. Хэзээ нэгэн цагт төмөр зам тавьж л таараа. Тэр үед нь нүүрсээ гүн боловсруулаад Орос, Хятадаар дамжуулж гуравдагч гүрэнд аймаар үнэтэй зарна” гэж хөмсөг зангидан шанаагаа тулж суугаа хэсэг. Тодруулбал, шороочдын нам. Нүүрсчид нь өнгөрсөн жилүүдэд нүүрсээ хямд тээвэрлэж Хятадын зах зээлд Австралитай өрсөлдөх боломж байна гэж зүтгээд шороочдыг бараагүй. Шороочид гэдэг нь ёгт утгатай нэршил л дээ. Төмөр зам бариулахгүй гэж зүтгэгсдийн хийсэн ажил нь шороо овоолсон төдийгөөр хэмжигдсэн учраас егөөдөж нэрлэсэн хэрэг. Нүүрсчдийн бүлэгт АН, МАН-ын гэх ялгаа зааг байхгүй. Аль аль намынх нь гишүүд багтдаг. Шороочдынх ч ялгаагүй, нам дамжсан нөхөд ашиг сонирхлоороо нэгдээд явж байгаа бүлэг.

Мэдээж нүүрсчид, шороочдын аль нь ч ялсан Монгол Улсын ирэх жилүүдэд эргэлзэлгүйгээр алхах зам тов тодорхой. Байгалийн баялгаа л хамгийн түрүүнд шүтэхээс өөр арга үгүй. Уул уурхайгаа хөгжүүлж, энэ салбараасаа олсон мөнгөөр бусад салбараа тэтгээд урагшлахаас өөр зам чиг бидэнд байхгүй. Энэ сонгуулиар хоёр намын гишүүд л парламентын суудлын төлөө өрсөлдөнө. Нэг нь АН, нөгөө нь МАН. Тэгэхээр АН, МАН-ын мөрийн хөтөлбөрөөс харах гол зүйл маань уул уурхай гэсэн үг. Яг нарийндаа бэлэнчлэх, бэлэнчлэхгүй, ажил хийх, хийхгүй, уул уурхай явах, явахгүй, гадаадын хөрөнгө оруулалт татах, татахгүй гэх асуудал л бидний өмнө бий. Тэгэхээр энэ сонгуулиар, та бидний мэргэн сонголтоор аль нэг бүлэглэл нь л ялж таарна. Ингээд хоёр гол нам уул уурхайг мөрийн хөтөлбөртөө яаж харсныг хамтдаа сонжъё. АН-ын мөрийн хөтөлбөрт уул уурхай гэсэн хэсэг багтаж. Алт, газрын ховор элемент, уран, зэс, ховор металл, нүүрс-устөрөгчийн нэгдлүүд гэх мэт их нөөцтэй ашигт малтмалыг хамгийн түрүүнд эдийн засгийн эргэлтэд оруулах бодлого хэрэгжүүлнэ гэж онцолжээ. Уул уурхайгаас их мөнгө орж ирэх ёстой гэдгийг нарийвчилж тусгаж өгсөн нь АН-ын мөрийн хөтөлбөрийн гялтайх хэсэг яах аргагүй мөн. АН-ын уул уурхайнханд өгөх амлалт эрдэс баялгийн бирж байгуулна, экспортын орлогыг 100 хувь дотоодын банкаар дамжуулдаг болгоно, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн бодлого хэрэгжүүлнэ, эрдэс баялгийн салбарын хүний нөөцийг олон улсад хүлээн зөвшөөрөгдөх түвшинд бэлтгэж, дадлагажуулна, стратегийн орд газрууд болох Таван толгойн нүүрcний ордын хүчин чадал, Эрдэнэтийн зэс, молибденийн ордын нөөцийг тус тус нэмэгдүүлж, Асгатын мөнгө, Гацууртын алт, Цагаан суваргын зэсийн ордыг эргэлтэд оруулж, Оюу толгойн далд уурхайн төсөл амжилттай хэрэгжихэд дэмжлэг үзүүлнэ гэх мэтээр үргэлжилж байна.

Алтны салбарыг бодлогоор дэмжиж, олборлолтыг нь эрс нэмж, алт цэвэршүүлэх үйлдвэр барьж байгуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн заалт ч багтжээ. Ам.доллар орлох бүтээгдэхүүн гэдэг утгаар нь алтыг дэмжих заалт тусгасан нь муугүй санаа. Нүүрс, зэсийн үнэ өнөөдрийнхөөс гавихгүй эдийн засаг хэцүү, хатуу хэвээр үргэлжилбэл ядаж л төгрөгөө сулд нь хаячихгүй байх боломж алтанд бий. Геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлыг нийт нутаг дэвсгэрийн 45 хувьд гүйцэтгэнэ гэдэг ч онцлох учиртай заалт. Эрэл хайгуул, зураглал, төдийлөн сайн хийгдээгүй байхад л Оюу толгой, Таван толгой гэх мэт дэлхийн хэмжээний том ордууд олсон юм чинь, хайгуулаа эрчимжүүлж, зураглалаа нарийсгавал өчнөөн том орд нээгдэж, тэр хэрээр геологи, уул уурхайн салбарт өчнөөн тэрбум ам.доллар орж ирэх боломжтой гэсэн таамаглалыг геологичид хэлдэг. Асар их мөнгө шаарддаг, маш том эрсдэл хүлээж байдаг гэдэг утгаараа геологи, хайгуулын салбарт гадаадын хөрөнгө оруулалт амин гол хэрэгцээ байдаг. Мэдээж овор ихтэй, хүнд жинтэй уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр зам, дэд бүтэцгүйгээр үнэ хүргэж зарах аргагүй. АН мөрийн хөтөлбөртөө энэ асуудлыг орхигдуулсангүй. “Эрдэс баялгийн салбарын хөрөнгө оруулалтын орчны тогтвортой байдлыг хангаж, байгаль орчинд ээлтэй дэд бүтэц, тээврийн сүлжээг хөгжүүлнэ” гэсэн өгүүлбэр мөрийн хөтөлбөрт нь дурайж байна. Ашигт малтмалын ордын үндсэн болон дагалдах эрдсүүдийг иж бүрнээр ялган авах, үйлдвэрийн хаягдал боловсруулах, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэхийг бодлогоор дэмжинэ гэж АН мөрийн хөтөлбөртөө онцолсон байна лээ. Ирэх дөрвөн жилд шуудхан хэрэгжинэ гэж таамаглахад бэрх ч алсдаа бол хэрэгжүүлэхээс аргагүй бодлого. АН-ын мөрийн хөтөлбөрийн анхаарал татсан дараагийн өгүүлбэр нь “Газрын тос, уламжлалт бус газрын тосны шинэ орд илрүүлэх, улсын хил дамнасан газрын тосны хуримтлал бүхий газарт эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлнэ” гэсэн хэсэг. Эдийн засгаа илүү өсгөе гэвэл газрын тосны үйлдвэр барих ёстой, газрын тос боловсруулах үйлдвэр барья гэвэл нөөцөө нэмэгдүүлэх учиртай гэж судлаачид онцолдог. Энэ талаас нь харвал байхаас аргагүй заалт. Уламжлалт бус газрын тос гэдэг нь товчхондоо занар. Шатахууны хэрэглээгээ гаднаас хангаж байсан АНУ занараа ашиглаж дотоодын хэрэглээгээ болгочихдог болсон наад захын үлгэр авмаар жишээ байна. Европ, Азигүй хямарсан энэ үед Америкийн эдийн засаг өнгөтэй байгаа нь ерөөсөө л бусдаас хамаардаг байсан шатахуунаа занараасаа өлхөн хангачихдаг болсон гэх энгийн гаргалгаатай. Манай улс занарын нөөц ихтэй. Америкийн ”Жени ойл” хайгуулаа эхэлчихсэн.Төрийн дэмжлэг сул учраас ахиж өгөхгүй байгаа. Төрөөс бодлогоор дэмжээд өгвөл юм дуулгаж мэдэх салбар.

АН мөрийн хөтөлбөртөө “Нүүрсийг баяжуулан чанарыг сайжруулах, хагас болон гүн боловсруулах замаар нүүрс химийн үйлдвэрлэлийн үндэс суурийг тавина” гэсэн том өгүүлбэр багтаасан байгаа. Нүүрсний арвин нөөцтэй Монголын хувьд өмнөө тавих учиртай зорилго мөн үү гэвэл мөн. Гэхдээ 2016-2020 онд хэрэгжих ойрын төлөвлөгөө лав биш. Эхлээд нүүрсээ зөөх төмөр замаа бэлд, дараа нь Таван толгойгоо хөдөлгө, тэгээд их мөнгө бол, овоо доллартай болохоороо нүүрсээ гүн боловсруул гэсэн маршрут бий. Энэ замаар явсны эцэст химийн үйлдвэрлэл гэсэн хоёр үг үлгэр, мөрөөдөл биш үнэн, амьдралд ойрхон сонсогдоно. Харин “Эрдэнэс МГЛ” ХК-ийг олон төрлийн эрдэс, баялагт түшиглэсэн, зах зээлийн эрсдэлийг жигд хуваарилсан, улс төрөөс хамааралгүй бизнес төвтэй корпораци болгон хөгжүүлнэ гэсэн заалт бол ирэх жилүүдэд хэрэгжүүлэхээс аргагүй санаа. Стратегийн том ордуудыг зангиддаг “Эрдэнэс Монгол” улс төрөөс ангид бизнесийн зарчмаараа ажиллаад эхэлбэл Таван толгойд тэрбумаар шахдаг дугуйны бизнес зогсоно. Төрийн өмчийн уул уурхайн компанид шахааны хүмүүсээ оруулж ажлыг нь уядаг хөшүүн хойрго байдал арилна. Монголын уул уурхай дэлхийн хэмжээнд хөгжих хамгийн том суурь нь ерөөсөө л улс төрөөс хараат бус “Эрдэнэс Монгол”.

МАН-ын мөрийн хөтөлбөрт АН шиг “Уул уурхай” гэсэн тусгайлсан хэсэг байхгүй. Эдийн засгийн бодлого гэсэн хэсэгтээ л цөөн өгүүлбэр оруулжээ. Иргэдийн 1072 хувьцааг үнэд оруулна гэсэн малгайтайгаар. Оюу толгой, Эрдэнэт, Цагаан суварга зэрэг оруудыг түшиглэн зэс хайлуулах, гүн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ хэмээн онцолж. За тэгээд Төмөртэй, Төмөр толгой зэрэг ордыг түшиглэн Дархан Сэлэнгийн бүсэд хар төмөрлөг, металлургийн үйлдвэрийг дэмжинэ, нүүрс, занар, газрын тос боловсруулах шингэрүүлсэн түлш, шатах тослох материалын үйлдвэр байгуулах гэх мэт үйлдвэрлэл хөгжүүлэх чигийн амлалтыг жагсаажээ. МАН-ын мөрийн хөтөлбөрөөс “Ухаа худаг-Гашуун сухайт, Нарийн сухайт-Шивээ хүрэнгийн чиглэлийн төмөр зам барьж ашиглалтад оруулна” гэсэн өгүүлбэр анхаарал татаж байна. Ийм бүтээн байгуулалт өрнөж байж л монгол нүүрс моодонд орно гэдгийг олж харсан нь МАН-ын мөрийн хөтөлбөрийн олзуурхам тал. Татвар нэмэхгүй, шинээр татвар бий болгохгүй гэх амлалт нь амьдрал дээр хэрэгжвэл гадаадын хөрөнгө оруулалтыг татах том хөшүүрэг мөнөөсөө мөн. Их мөнгө шаардсан уул уурхайн салбараа дэлхийн хэмжээнд хөгжүүлье гэвэл хямд хүүтэй зээлийг гаднаас татахаас аргагүй. МАН-ын мөрийн хөтөлбөрийн нэмж зээл авахгүй гэдэг өгүүлбэр хэтэрхий гэнэн амлалт болж харагдаж байгааг бас дурдахаас аргагүй.