Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бонд

Сангийн сайдын төсөв улайсан гэх урваганал, төв банкны ерөнхийлөгчийн валютын нөөцгүй боллоо гэх гэнэн мэдэгдлийн цаад санааг хөнгөхөөн уншчих боломжтой. Улс төрийн элдэв санааг нь алгасаад харвал доллар олж ирэхгүй бол горьгүй нь гэдгээ тайлбарлах гэж ядаж байгаа хэрэг л дээ. Долларыг өөрсдөдөө дарамтгүй татах хоёр арга бий. Нэг нь гадаадын хөрөнгө оруулалт, нөгөө нь баялгаа Хятадад овоохон мөнгөөр зарах. Гадаадын хөрөнгө оруулалт лав ойрын хоёр жилдээ сэргэхгүй. Валют олж ирдэг нүүрс, зэсийн үнэ ч эдийн засагт нэмрээ өгөх хэмжээнд цойлтлоо өдий. Тэгэхээр бидэнд өнөөдөр доллар олж ирэх гуравхан гарц байна. Нэг нь “Стэнд бай”, нөгөө нь гадны улсуудын хөнгөлөлттэй зээл, гурав дахь хувилбар нь бонд. Аль нь бидэнд хэрэгтэй вэ гэдэг асуулт аль хэдийнэ хаалга тогшоод эхэлчихсэн. МАН-ын хувьд бондод ам муутай. ОУВС-гаас “Стэнд бай” авах гэж л улстөржсөн агуулгатай өчнөөн аймаар зохиомол тоог дэлхий даяар цацаж, гадаадын хөрөнгө оруулагчдыг айлгаж байгаа.

Олон улсын валютын сангаас “Стэнд бай” авах тийм ч хүсэхээр гарц биш. Ерээд онд яадаг байлаа даа. Хандивлагчид цуглаж суугаад “Зах зээлийн замыг сонгоод удаагүй хөөрхий энэ улсад бүгдээрээ тусалъя” гэж ярилцаад мөнгө цуглуулж өгдөг байсан. Тэр үед хөрөнгө оруулагчид биднийг тоодоггүй байсан нь ч нуугаад байх юм биш. Бизнесмэн хүн бизнес хийдэг нөхөртэй л ярихаас хандив гуйдаг ядруухан улстай харилцахгүй нь зах зээлийн бичигдээгүй хууль. Ямар сайндаа л анхны ерөнхийлөгч маань гадаадад айлчлах бүрдээ Таван толгойдоо хөрөнгө оруулалт гуйгаад явахав дээ. “Стэнд бай” бол тэр цагийн явдал. Харин одоо биднийг дэлхий өөрөөр харах болсон. Цагтаа эдийн засгийн 17 хувийн өсөлт маань BBC, CNN-ий мэдээний сэдэв болж, Financial times дараагийн БРИКС бол М-3 гээд нэгээр нь Монголыг нэрлэж байсан. Оюу толгой гэдэг ганцхан төсөл нь дэлхийн уул уурхайн төслийн хамгийн том санхүүжилтыг татаж, Засгийн газар нь 1.5 тэрбумын “Чингис бонд”-ыг хямдхан хүүгээр босгосон Монголд “Стэнд бай” жижигдэнэ. Гадаадын хөрөнгө оруулагчид биднийг хандивлагчдаас хараат, өнөө л тарчиг цаг руугаа ухарч гэж харна, доллар өгсөн ОУВС-гийнхан мөнгөө яаж зарцуулахыг маань нэг бүрчлэн заана гэж ирээд яривал “Стэнд бай” аваад алдах нь их харагдаж байна. Ядруухан улсууд аргагүйдэхээрээ хамрагддаг иймэрхүү хөтөлбөрөөс болж өгвөл бултаж байгаад гэр хорооллын барилгажилт ч юм уу, ямар нэг эмзэг сэдэв асуудал дээр өөрсдөө санал тавибал авч болох юм.

Олон улсын хөнгөлөлттэй зээл гэсэн хоёр дахь хувилбар ч тийм өгөөжтэй эд биш. Хүү багатай, хугацаа урт, хүсвэл хугацааг нь сунгаж болно энэ тэр гээд яривал давуу тал ихтэй ч гаднын улсууд мөнгөө зүв зүгээр өгчихдөггүй. “Наад мөнгөөрөө хэрэгжүүлэх төсөлдөө манай улсын компанийг ажиллуул, эсвэл манайхаас бүтээгдэхүүнээ худалдаж ав” гэж шаарддаг. Энгийнээр жишээлбэл гурван төгрөгийн өртгөөр бүтсэн бөглөөгөө найман төгрөгөөр ав гээд шахчихдаг. Хүү төлөхөөс гадна ийм өртөг нэмэгддэг учраас хүсэхээр хувилбар биш. Хуучин цагт гэхэд л ЗХУ-аас авсан рубль бүрийг яаж зарцуулахыг зөвлөлтийн засаг шийддэг байсан. Зөвлөлтийн инженерүүдийн төлөвлөсөн зохион бүтээсэн төслүүдийг л санхүүжүүлдэг байв. Энэ цагт ч ялгаагүй, зээл өгсөн улс бүр өөртөө ашигтай ийм шаардлага тавьдаг.

Гурав дахь хувилбар буюу бидний сонгох учиртай хамгийн зөв гарц бол бонд, бонд, бас дахин бонд. Дэлхийн улсуудын ихэнх нь бонд гаргаж мөнгө босгодог. Дэлхий бондоор амьдардаг. Японы өр зээл гэхэд л ДНБ-ээс нь гурав дахин их байдаг. Бондыг нь тооцоод үзвэл өнөөгийн хүчирхэг АНУ лав өрнөөс хэзээ ч гарахгүй. Гадаадын хөрөнгө оруулагчид мөнгөө оруулах улс орныхоо юуг эхлээд хардаг гээч, бидний айж эмээж шүүмжлээд байгаа бондыг. Гаргалгаа нь ч энгийн. Хар үгээр зүйрлэвэл дэлхийн улсуудын даралтын аппарат нь бонд. Монгол банк, Сангийн яам, Хөгжлийн банк гурав мөнгийг нь авсан хөрөнгө оруулагчдадаа эдийн засгийнхаа тайланг сар, улирал, хагас, бүтэн жилээр нь явуулдаг юм. Даралтын аппараттай зүйрлэсэн нь ийм учиртай. Эдийн засаг нь ямаршуу байгааг сар сараар нь анализ хийгээд харчих боломжтой учраас хөрөнгө оруулагчид бонд авсан улсад нааштай ханддаг юм. Зүй нь зах зээл нь жамаараа өсч өндийж яваа улс сонгуулиас сонгуулийн хооронд биш, бондоос бондын хооронд амьдардаг. Аль засгийн газар нь илүү хямд таатай нөхцөлтэй бонд босгосон бэ гэдгээрээ өрсөлдвөл сая зөв замдаа орно гэж учир мэдэх улс өөр зуураа ярьцгаадаг. Өмнөх засгийнхаа ажлыг үгүйсгэж тэс хөндлөн юм ярьж зүтгэвэл бонд босгох боломж нь хумигддаг, ийм алдаа гаргасан засаг дахин сонгогдох боломжгүй болдог орчин бүрдвэл гуравхан сая хүнтэй энэ улсыг өндийлгөж ядах юмгүй. Газар дороо баялагтай улс тэр дороо л сэвхийгээд ирнэ.

Бидэнд бас нэг том эндүүрэл бий. Монгол сонирхолтой учраас хөрөнгө оруулагчид мөнгөө өгдөггүй, Хятад гэж том зах зээлийн хажууханд гэдэг онцлог маань биднийг моодонд оруулдаг.

Бонд босгоход амин чухал нэг зүйл бий. Тэр нь дэлхийд танигдсан нүүр царайнууд. “Чингис бонд”-ыг тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар биш төв банкийг цөөнгүй жил удирдсан, Монголын эдийн засагт жижиг байхаас нь томортол нь хутгалдсан О.Чулуунбат агсан, Хөрөнгийн биржийг байгуулахаас нь ажилласан, Монгол банкинд арав гаруй жил зүтгэсэн Н.Золжаргал нар шиг санхүүгийн нүүр царайнууд босгосон юм. Бонд сонирхогчид, олон улсын банк, хөрөнгө оруулалтын сангийнхан, тэдний хөлсөлж авсан хуулийн болон санхүүгийн зөвлөх үйлчилгээний акул компаниудын өндөр зэрэглэлийн мэргэжилтнүүдтэй ярилцаж, амжилттай хэлэлцээ хийж, мөнгө олж ирнэ гэдэг хүнд ажил. МАН-д сайн эдийн засагчид бий. Нам энэ тэр гэж жижиг хүрээнд сэтгэлгүйгээр дэлхийд Монголын санхүүгийн нүүр царай болсон эрхмүүдээр хүч сэлбэчихвэл ногоон валют босгоход хэцүү биш. С.Баярын Засгийн газар хямралтай нүүр тулсан ч Хятадын эдийн засаг давгүй байсан учраас нүүрс, зэсээ зарж суугаад давгүй амьдарцгаасан. Харин Н.Алтанхуягийг ажлаа авахад байдал эсрэгээрээ, баялгаа зарж доллар олдог Хятадын эдийн засаг муудчихсан цаг таарсан. Бонд гаргаж мөнгө босгосон тулдаа л тэсч даваад гарсан. Барилга, хөдөө аж ахуй гэх мэт ажлын байр ихээр шингээдэг салбаруудаа бондын мөнгөөр тэтгэсэн учраас л иргэн Дорж, Дулмаагийнх хоёр идэхгүй хоосон хонохгүй өдий хүрсэн юм. Яг нарийндаа эдийн засаг гэдэг ердөө л ажлын байр. Эдийн засаг хэцүүхэн үед Н.Алтанхуягийн засаг зам гэх мэт суурь дэд бүтцүүдээ бондын мөнгөөр шийдсэн нь багагүй шүүмжлэлд өртсөн. Эдийн засаг өсөх ирэх жилүүдэд ядах юмгүй өөдлөх том суурь мөнөөсөө мөн. Үнэн хэрэгтээ бондын мөнгийг ирээдүйд өгөөжөө өгөх зүйлд зарах гэж л авдаг. Тэрнээс биш өнөөдөр аваад маргааш нь цэвэр ус савлаад зарах үйлдвэрт хөрөнгө оруулагчид мөнгөө өгдөггүй. Тэд суурь дэд бүтэцдээ зарцуулаарай гэж л мөнгөө өгдөг. Товчхондоо ирээдүйд томрох нь тодорхой улсад итгэж хөрөнгө оруулдаг гээд ойлгочихож болно. О.Чулуунбат агсан 1996 онд төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа “Манай эдийн засаг аравхан сая ам.доллар шингээж чадахгүй шүү дээ” гэж ярьж байсан бол өдгөө Монгол Улс бонд гаргаж босгосон 1.5 тэрбумыг өлхөн шингээчихдэг том зах зээл болсон. Товчхондоо өнгөрсөн дөрвөн жилд эдийн засгийн маань тогоо улам томорсон. Одоо 3.5 тэрбум ам.долларын бонд босгож тогоогоо улам томруулах хэрэгтэй. Дэлхий тэр чигтээ хямарсан энэ үед бонд босгож өдий дайны мөнгө татаад дахиад суурь дэд бүтэц, мега төслүүддээ зарж ажлын байраа хадгалаад үлдчихвэл ирэх жилүүдийн хямрал тэгтлээ айхаар даваа биш. Эдийн засаг хямарсан үед бидэнд нэг том боломж бий. Эдийн засаг сайн үед 20 сая ам.доллараар худалдаж авч байсан технологи, техникээ арав, магадгүй долоо, наймхан саяар худалдаж авах боломж нь яг одоо бүрдчихээд байна. Хямарсан үед бүтээн байгуул гээд байгаагийн энгийн логик энэ л дээ.

Ч.Сайханбилэгийн Засгийн газар ч муу ажиллаагүй, бонд гаргасан, Оюу толгойг бизнесийн зарчмаар нь явуулсан, Таван толгойн станцыг Марубенигийн хүчээр хөдөлгөхөөр болсон, Эрдэнэтийн 49 хувийг Монголд аваад ирсэн. Яаж авсан нь дөч тавьдугаар асуудал, лав л Иванаас аваад Ванд өгөөгүй. Танил бизнесмэнтэйгээ уулзахад “Олон улсын нэг банкнаас зээл авсан юм. Тэд танай хамгийн том татвар төлөгч Эрдэнэтийн 49 хувь Оросынх байх аа, бас төмөр замын чинь тодорхой хувь Оросынх, аль 45 оны гэрээгээ шинэчлээгүй өнөө хүрсэн байх аа гэж асуусан шүү” хэмээн ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Гэтэл өнөөдөр зээл авах гэж буй олон улсын банкуудынхаа өмнө Эрдэнэт 100 хувь биднийх гэж бардам хэлээд суух боломж бизнесийнхэнд бүрдчихлээ. Цаашид яах нь дараагийн асуудал, ямартай ч Эрдэнэт Монголд ирсэн нь эдийн засагт сүүлийн хорин жилээр хэмжигдэх эерэг мэдээ.

Ж.Эрдэнэбат ямар байх нь хамаагүй, эцсийн дүндээ тэр Монгол Улсын Ерөнхий сайд. Нас залуу, санхүүч мэргэжилтэй, УИХ-д олонх болсон намаас томилсон гүйцэтгэх засаглалын тэргүүн. Тогтвортой гэдэг утгаар нь энэ засагт хөрөнгө оруулагчид итгэж байгаа. Бонд босгох суурь бэлхнээ байгаа гэсэн үг.

Мэдээж Чингис бондыг босгож байсан үеийнх шиг хямд хүүтэй ногоон олох боломж бидэнд байхгүй. Гэхдээ эдийн засаг хямарсан үед бонд босгож, өрөө төлөөд, үлдсэнээр нь бүтээн байгуулчихвал өөр гарц бий. Эдийн засаг сайжирсан үед олсон мөнгөөрөө өрөө хугацаанаас нь өмнө дарчихаад, хямд хүүтэй дажгүй бонд босгох боломж байгаа. Ойрхоны жишээ гэвэл Казахстан баялгаа зарж айхтар мөнгөжингүүтээ өрөө хугацаанаас нь өмнө торгууль төлөн байж барагдуулж онгирч л байсан. Ер нь дэлхийн улс орнууд ийм замаар урагшилдаг.

Тэгэхээр эдийн засгаа тэлж, ажлын байраа хадгалах ганц зөв гарц нь бонд л байна. Дахиад хэлэхэд ямар ч орны хөгжлийн гол үзүүлэлт, цаг агаар нь хөдөлмөрлөх чадвартай насныхан нь эр, эм ялгалгүй ажилтай байх. 45 мянган хүн ажил идэвхтэй хайж байгаа гэсэн статистик бий. Ээж аавдаа ад үзэгдэн, эмээ өвөөгийнхөө тэтгэврээр амьдарч байгаа нөхдийг нэмбэл энэ тоо лав л 100 мянга дөхнө. Тэднийг ажлаар хангах хэцүү биш, бонд гаргаж, хөгжлийн том төслүүд хэрэгжүүлэхэд л шийдэгдэх асуудал.

Categories
мэдээ цаг-үе

Зэсийн ханш өгсөх эсэх нь эргэлзээтэй ч алтны үнэ өндрөө авах нь

“Өдрийн сонин”-ы 2016.08.12-ны №184 (5449) дугаараас авч нийтлэв

Австралийн Засгийн газар саявтар зарим эрдсийн үнэ эргээд унах нь гэсэн гутранги таамаг гаргасныг “Блүүмбэрг” онцоллоо. Нөөц өсч, бодит эрэлт буурсан, Австралийн олборлогчид зардлаа бууруулж хүчин чадлаа нэмэгдүүлсээр байгаа гэх үндэслэлийг тэд хэлж. Товчхондоо эцсийн хэрэглэгчдийн эрэлт сул байгаа нь ингэж таамаглах шалтгаан болжээ. Австралийн хувьд гол зах зээл нь БНХАУ. Хятадын эдийн засаг сайнгүй хэвээр байгаа нь ийм таамаг гаргахад хүргэсэн хэрэг. Урд хөршийн эдийн засгийн сүүлийн үеийн статистикийг сонирхъё. Хятадын экспорт түрүү жилийнхээсээ 4.4 хувиар, импорт нь 12.5 хувиар агшжээ. Энэ бол өнгөрсөн сарын статистик, долларт шилжүүлснээр тооцсон хувь. Сүүлийн 25 жилийн түүхэнд нь байгаагүй энэ уналт Австрали, манай хоёр шиг эдийн засгийг нь эрдсийн экспорт чирч явдаг улсуудад таагүй нөлөө үзүүлсээр байгаа юм. Импорт, экспортын агшилтаас гадна улсын үйлдвэрүүдийнх нь өрсөлдөх чадвар, улсын, өөрийн гэлтгүй хавтгайрсан өрийн өсөлт зэрэг “хадны мангаа” урд хөршид бий. Энэ оны хавар гарсан “The global growth conundrum” тайланд 2008 оны санхүүгийн хямралаас хойш дэлхий даяар өрийн хэмжээ өссөнийг онцолсон. Энэ тайлангаас харахад Хятадад хувийн болон Засгийн газрын өрийн хэмжээ аль аль нь 2008 оноос хойш өссөн зурагтай гарч. Гэхдээ хувийн секторын өсөлтийн хувь Засгийн газрынхаасаа хоёр дахин өндөр. Хувийн секторын өрийн энэ өсөлт Хятадын эдийн засаг төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөөлөх аюултай түвшинд хүрсэн гэж шинжээчид болгоомжилж байна. Жорж Соросын дүгнэснээр бол Хятадын асар их өрийн тэсрэх бөмбөг дэлбэрэх дөхөж байгаа. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас илүү сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай гэсэн болгоомжлол бий. Хятадын хотын бүс нутгийн хүрээнд таван өрхийн орон сууц тутмын нэгээс илүү нь хоосон байгаа гэсэн тоог зарим судлаач хэлдэг. Зарагдаагүй орон сууцны талбайн нийт хэмжээ 657 км.кв болсон гэх тоо ч дуулддаг. Энгийнээр хэлбэл Сингапурын газар нутагтай тэнцэхээр хэмжээ. Хөрөнгө оруулагчид болон зуучлагчдын худалдаж авсан талбайг оруулаагүй гэхээр хүн амьдраагүй эзгүй орон сууцнуудын талбайн хэмжээ Сингапураас ч том болчихсон гэсэн үг.

“Capital Economics” компанийн эдийн засагч Жулиан Эванс-Притчард БНХАУ-ын экспортын өсөлт доогуур хэмжээнд хэсэг зуур байна гэж таамаглажээ. Мэдээж дорнын луугийн таагүй байдал хэр хугацаанд үргэлжилнэ, тэр хэрээр дэлхийн эдийн засаг удааширна гэдэг хэнд ч ойлгомжтой гаргалгаа. Гэхдээ Хятадын эдийн засагт эерэг гэж хэлж болохоор зүйлс ажиглагдсаныг орхигдуулж болохгүй. Найман жилийн турш хүндхэн байсан гангийн зах зээлд энэ он гарсаар өсөлт ажиглагдаж эхэлсэн таатай мэдээ бий. Сүүлийн үед АНУ-д орон сууцны зээл хүсэгчдийн тоо өссөн гэх мэдээ дуулдаад эхэллээ. Энэ нь зэсийн хэрэглээний 30 хувийг бүрдүүлдэг барилгын салбарт эрэлт нэмэгдэх дохио боллоо гэж шинжээчид ярьж бичиж байна. Хятадын гангийн үйлдвэрт ажиглагдаж буй сэргэлт энэ хэвээр удаан үргэлжилбэл, орон сууцны зээл дагаад Америкийн барилгын үйлдвэрлэл сэргэвэл зэсийн үнэ нааштайгаар эргэж мэдэх юм.

Судалгааны “Эгүлэ капитал” компанийнхан “Үндсэн металлуудын үнэ Хятадын эдийн засгийн нөхцөл байдал болон барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтын идэвхээс өндөр хамааралтай. Хятадын эдийн засгийн идэвхижилт суларч байгаа нь уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог Австрали, Канад, Орос, Бразил, Монгол зэрэг улсуудын эдийн засагт шууд, хүчтэй нөлөө үзүүлж байна. Цаашилбал, Хятадын эдийн засаг металл үйлдвэрлэгч Glencore , BHP, Rio Tinto, Vale болон бусад компаниудын зах зээлийн үнэлгээ, хувьцааных нь ханшид шууд нөлөөлж байна” хэмээн онцлоод буй. Тэдний гаргасан тайланд зэсийн үнийн талаар “Манай улс валютын орох урсгалынхаа 30 орчим хувийг зэсийн баяжмалын экспортоос бүрдүүлдэг. Төсвийн 2016 оны тооцоололд нэг тонн зэсийн үнийг 5.137.7 ам.доллар байхаар төсөөлж, 1.361.6 мянган тонн зэсийн баяжмал экспортлохоор тооцсон. Иймд дэлхийн зах зээл дээрх зэсийн ханшийн хэлбэлзэл болон эрэлт нийлүүлэлтийн нөхцөл байдал манай улсын эдийн засагт шууд нөлөөлдөг хүчин зүйл. Нэг паунд зэсийн ханш 2015 оны 11 дүгээр сард 2.2002 ам.долларт хүрч, 2009 оны тавдугаар сараас хойших хамгийн доод түвшинд хүрсэн. Өмнө нь 2008 оны хямралын үед нэг паунд зэс 1.25 ам.доллараар арилжаалагдаж байсан бол 2000 онд нэг паунд зэсийн ханш 85 центээр арилжаалагдаж байлаа. Энэ нь зэсийн үнэ цаашид үргэлжлэн унах орон зай хэвээр үргэлжлэх боломж бийг харуулж байна. Иймд 2016 онд зэсийн ханш сүүлийн 15 жил дэх хамгийн бага үнэдээ хүрэх үү гэдэг асуулт олон шинжээчдийн толгойд эргэлдсээр байна” хэмээн тодотгожээ.

“Эгүлэ капитал”-ын шинжээчдийн үзэж байгаагаар зэсийн ханш буурахад гурван хүчин зүйл гол нөлөө үзүүлж байгаа аж. Эхний шалтгаан нь өмнө цухас дурдсан урд хөршийн эдийн засгийн идэвхижил буурсан явдал. Зэсийн хамгийн том хэрэглэгчийн эрэлт буурсан нь дахин тэнцвэржүүлэлт буюу хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийг хумьж хэрэглээ болон үйлчилгээ рүү чиглэсэн урт хугацааны шилжилт хийх тухай бодлого хэрэгжүүлж эхэлсэнтэй нь холбоотой гэж тайланд дурджээ.

Тэд хоёр дахь шалтгааныг ам.долларын чангаралт хэмээн үзэж. АНУ бодлогын хүүгээ энэ дагуу нэмэгдүүлэх бодлого барьсаар байвал зэсийн үнэ эргэж сэргэхэд хүнд сорилт болно хэмээн тайлбарлажээ. Гурав дахь шалтгаан нь нефть, эрчим хүчний үнийн бууралт аж. Долларын ханш чангарах хандлагатай байгаагийн хажуугаар Хятад, Европ эдийн засгийн өсөлт удаашралтай үргэлжилж буй нь металлын салбарыг 2016 он сэргэхэд хүнд бэрхшээл байх болно гэсэн таамгийг “Эгүлэ капитал”-ынхан хэлж байгаа юм.

Гэхдээ сүүлийн үед зэсийн ханш бага зэргийн өсөлт үзүүлж буй нь АНУ-ын холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ яаран өсгөхгүй гэх хүлээлт зах зээлд хүчээ авсантай холбоотой. Энэ хүлээлт ам.долларыг сулруулж, таваарын эрэлтийг дэмжээд байгаа. Зэсийн ханш голлох биржүүд дээр нэг орчим хувийн өсөлт харуулсан нь сүүлийн хоёр долоо хоногт ажиглагдаагүй өндөр өсөлтөд тооцогдож буй нь үүний нэг нотолгоо юм.

Тэгэхээр зэсийн үнэ өсөх үү, уруудах уу гэдэг нь одоогоор эргэлзээтэй байна. Харин алтны зах зээл өнгөлөг үргэлжилнэ гэж шинжээчид дуу нэгтэй хэлж байгаа. Өмнө хэлсэнчлэн Хятадын дотоод дахь “бөмбөг” дэлбэрвэл, дэлхийн улс орнуудын эдийн засгийн таагүй байдал энэ хэвээр үргэлжилбэл, цэнхэр гаригийн зарим өнцөг булан дахь үймээн намжихгүй хэвээр байвал хөрөнгө оруулагчид ам.долларт биш алтанд илүүтэй итгэх нь ойлгомжтой. Тэр хэрээр алтны үнэ өсөх нь гарцаагүй зүйл. Он гараад 20 хувь өсөөд буй алтны ханш 1300 ам.доллараас уруудахгүй гэсэн ойрын таамаг бий. Оны эцэс гэхэд 1500 ногоон хүрнэ гэх багцаа тоог шинжээчид хэлээд эхэлчихсэн. Ойрын ирээдүйд шаргал металлын ханш огцом өсөлт үзүүлнэ гэх өөдрөг таамаг ч дуулдаж байна. “Эгүлэ капитал”-ынхан алт, мөнгөний үнийг голчлон судалдаг Hubert Moolman-ний судалгааг хөрвүүлжээ. Тэдний нийтлэлээс товчлон хүргэе. Өнгөрсөн зууны далаад онд алтны ханшийн хүчтэй өсөлт ажиглагджээ. Тухайн үед тодорхойлсон Эллиотын давалгааны эхний хэсэгт нэг унци алтны ханш 35 ам.доллараас 195 ам.долларт хүртэл цойлж, 458 хувийн өсөлт үзүүлсэн байна. Hubert Moolman-ийнхан нийтлэлдээ “Харин одоогийн үнийн өсөлтийн давлагаанд 252 ам.доллараас 1920 ам.доллар болж өссөн нь 661 хувийн өсөлт юм. Шууд харьцуулаад харахад одоогийн үнийн өсөлт 70-аад оныхоос өндөр мэт харагдаж болно. Гэвч 458 хувийн өсөлтийг үзүүлэхийн тулд таван жил (1970-1975) шаардагдсан бол одоо 661 хувийн өсөлтийг үзүүлэхийн тулд 10 жил таван сар шаардагдсан байна. Хэрэв 70 оны өсөлтийг одоогийнх руу тэнцүү жингээр шилжүүлбэл 1000 гаруй хувийн өсөлт үзүүлэхээр байжээ” хэмээн онцолжээ. Өмнөх өсөлтүүдтэй нь уяад харахаар алтны үнэ ойрын ирээдүйд 2100 ам.доллараас ч хол давна гэсэн дүгнэлтийг тэд хийжээ.

Нүүрсний зах зээлийн хувьд байдал таагүй хэвээр байна. Хятадын 17 мужийн нүүрсний компаниуд нүүрс олборлолтын жилийн хүчин чадлаа 72.27 сая тн-оор бууруулжээ.

Энэ жил Хятад улс Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооных нь төлөвлөсний дагуу нүүрс олборлох жилийн хүчин чадлаа 250 сая тн-оор бууруулах төлөвлөгөө гаргаад байгаа юм. Нүүрсний үнийн уналтаас болж Хятадын нүүрсний үйлдвэрлэл өмнөх жилийн түвшнээс буураад байна. Энэ оны эхний хагас жилд 1.63 тэрбум тн нүүрс үйлдвэрлэсэн нь өмнөх жилийн дүнгээс 9.7 хувиар буурсан үзүүлэлт аж. Нүүрс үйлдвэрлэлийн илүүдэл хүчин чадлыг бууруулж байгаа нь нүүрсний үнэ сүүлийн саруудад өсөхөд нөлөөлж байгаа ч дэд бүтэц сул, өрсөлдөх чадвар тааруу манай улсын хувьд эерэг сайн гэхээр нөлөө үзүүлэхгүй.

Гэхдээ урд хөршийн нүүрсний дотоод үйлдвэрлэл буурсан, гангийн үйлдвэрлэл бага ч атугай сэргэсэн, Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон Хятадын удирдлагуудын шийдвэр гэсэн шалтгаанууд манай улсаас экспортлох нүүрсний хэмжээнд эерэгээр нөлөөлөөд буй. Гэвч үнэ нь эрс буурсан учраас төсөвт ямар ч эерэг нөлөө үзүүлж чадахгүй юм.

Бэлтгэсэн Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Н.Монсор: Энгийн орон сууцны үнэ арав гаруй хувиар унаж, тансаг зэрэглэлийн байрууд үнээ алдаагүй

Үл хөдлөх хөрөнгө оруулалтын “Юу эм си альфа” компанийн гүйцэтгэх захирал Н.Монсортой ярилцлаа.

-Орон сууцны хувьд хэт хөөсөрсөн үнэтэй гэсэн шүүмжлэл бий. Эдийн засаг хямарсан ийм цагт үл хөдлөх хөрөнгийн үнэ унадаг. Орон сууцан дээр үнэ буух хандлага ажиглагдаж байна уу?

-Орон сууцны үнийг ярихын тулд хоёр зүйлийг заавал ярих шаардлагатай. Юуны өмнө орон сууцны үнэ гэдэг бол зах зээлийнхээ жамаар эрэлт нийлүүлэлтээрээ зохицуулагддаг. Орон сууцны зах зээл дээр нийлүүлэгдэж буй байрнууд хэрэглээний хувьд тансаг зэрэглэлийн гэх мэтээр дотроо ялгаатай. Засаг сүүлийн долоо, найман жилд иргэдээ орон сууцжуулахад анхаарсан. Монголчуудын нэг онцлог нь хуримтлалгүй ард түмэн. Хүн хөрөнгөтэй болно гэдэг хуримтлалын нэг хэлбэр гэдэг утгаараа орон сууцжуулах бодлого маш чухал. Зах зээл дэх орон сууцны метр квадратын дундаж үнэ хоёр сая төгрөг байгаа. Гэтэл барилгын компаниудын хамгийн их мөнгө зарцуулдаг газар, дэд бүтцийг нь үнэгүй шийдэж өгч бариулсан, тусгай хөтөлбөрийн хүрээнд боссон орон сууцны үнэтэй харьцуулаад үнэтэй гэж шүүмжлээд байдаг. Эдийн засаг хөгжсөн улсад бол ажилгүйдэл ихсэхэд орон сууцны үнэ бууж байдаг зүй тогтол ажиглагддаг. Манайд ч ялгаагүй, барилгын салбар унаж, 70 мянган ажилтны ихэнх нь ажилгүй зогсоод ирэхээр орон сууцны үнэ бууж байна. Орон сууцны үнэ жилийн өмнөхөөс арав гаруй хувиар унасан.

-Жирийн орон сууцны үнэ буугаад тансаг зэрэглэлийн байрнуудын үнэ буугаагүй гэсэн мэдээлэл бий. Энэ хэр ортой вэ?

-Бид орон сууцны үнийг шинжлэхдээ хоёр эх үүсвэрийг ашигладаг. Нэг нь “Монгол банк” болон “Тэнхлэг зууч” компанийн гаргадаг орон сууцны үнийн индекс. Үүнээс гадна бид өөрсдөө үл хөдлөхийн зах зээл дээр нийлүүлэгдэж буй орон сууцны үнийг улирал тутам судалдаг. Тансаг зэрэглэлийн орон сууцны үнэ унаагүй нь үнэн. Тодруулж хэлбэл тансаг зэрэглэлийн орон сууцны хувьд үнийн өөрчлөлт ороогүй төслүүд маш их байна. Тансаг зэрэглэлийн сууцны тухайд мэдээж ихээр нийлүүлэгдэхгүй. Ашиглалтад оронгуут эрэлт нь бэлэн гэдгээрээ онцлог байгаа.

-Тансаг зэрэглэлийн байрны метр квадратын үнэ дунджаар хэдтэй байгаа бол?

-Тансаг зэрэглэлийн байрны хувьд үнийг нь дундажлаад харахаар 2 сая 269 мянган төгрөгөөс 3 сая 251 мянган төгрөгийн хооронд байгаа.

-Тэгвэл дундаж, жирийн орон сууцнуудын хувьд ямархуу үнэтэй байна?

-Нэг сая 750 мянгаас 2 сая 70 мянган төгрөгийн хавьцаа байна. Энэ бол дундажилж авсан тоо. Зах зээл дэх орон сууцыг гурав ангилж байгаа. Эхнийх нь хоёрдогч зах зээл дээр борлуулагдаж байгаа хуучин орон сууцнууд. Энгийнээр хэлбэл соц үеийн хуучин байрнууд. Хоёр дахь нь баригдаж дуусаад анхдагч зах зээл дээр шинээр борлогдож байгаа орон сууц. Гурав дахь нь баригдаж дуусаагүй, захиалгын явцдаа яваа орон сууц. Гурвуулангийнх нь үнэ харилцан адилгүй. Хуучин байрнуудын хувьд үнэ нь нэлээд буусан. Баригдаж дуусаад зах зээлд шинээр нийлүүлэгдэж байгаа байрнуудын үнэ гэж яривал зарим нь хөдлөөгүй, зарим нь буурсан. Ерөнхийд нь багцлаад дундажлаад хэлбэл байрны үнэ жилийн өмнөхөөс 11-12 хувь буураад байна.

-Орон сууц барих нэг метр квадратын өөрийн өртөг ихдээ л 800 гаруй мянган төгрөг гэсэн стандарт үнэлгээ гаргасан байдаг юм билээ. Энэ стандарт бодитой бол үнэ хөөсрөөд байгаа юм биш үү?

-Орон сууц барихад гардаг хамгийн том зардал газар, дэд бүтэцдээ зарцуулагддаг. Бас санхүүжилтын зардал гэж том юм бий. Барилгын компаниуд зээлээ төлж чадахгүй байгаа. Зээлийн хүү нь сар бүр бодогдож таарна. Тэгэхээр барилгынх нь зардал нэмэгдээд байна гэсэн үг. Ийм эрсдэл байгаа учраас орон сууцны үнэ өндөр байхаас аргагүй л дээ. Орон сууцны үнэ буулгах асуудал түрүүн ярьсан тодорхой хөтөлбөрүүд дээр хэрэгжих бололцоотой. Дахин хэлэхэд тунг нь тааруулахгүйгээр төр нь хувийнхантайгаа өрсөлдөөд байшин бариад байвал хэцүү.

-Банкуудын зээлийн хүү өндөр байна, гадны банкийг оруулж ирээд барилга, уул уурхай гэх мэтийн том төслүүддээ хямд хүүтэй зээл татъя гэсэн байр суурь хүчтэй сонсогдож эхэллээ. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Банк гэдэг эх үүсвэрээ хэн нэгнээс тодорхой хувийн хүүгээр татаж аваад мөнгө шаардлагатай байгаа хэн нэгэн рүү тодорхой хувийн хүүтэй эрсдэл болон үйл ажиллагааныхаа зардлыг нэмээд өгдөг байгууллага. Гадны нэг банк ороод ирэнгүүт юу юугүй хүч тэнцвэргүй айхавтар өрсөлдөөн болоод банкны салбар тэр чигтээ алга болно гэж байхгүй. Мэдээж эрсдлийг тооцож байж, хашилтыг нь тавьж, босгыг нь өндөрсгөсний оруулж ирэх учиртай. Том төслүүдэд хямд хүүтэй зээл татах гарцуудыг хайж, ажил болгож байж бид асуудлаа шийднэ.

-Мөнгөгүйгээс болоод гацсан барилгууд олон бий. Гүйцээгээд барьчихвал барилгын салбарт гацсан өчнөөн тэрбум төгрөг эдийн засагт эргэлдэнэ. Хэчнээн төгрөгийн хөрөнгө оруулалт хийвэл гацсан барилгууд амилах бол?

-Одоо хэрэгжиж байгаа төслүүдийг дуусгахад 830 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тоо бий. Хамгийн том толгойны өвчин гэвэл энэ л байна. Барилга бол далан мянга гаруй хүн ажиллуулдаг том салбар. Эдийн засгийг бүрдүүлэгч том секторуудын нэг. Энэ салбар гацсанаар барилгын материал үйлдвэрлэгч, барилга үйлдвэрлэгч, санхүүжүүлэгчид гээд бүгд гацаанд орчихсон. Гэтэл нөгөө талд нь бодит эрэлт байгаа. Бүтээгдэхүүн нь бэлэн болчихвол худалдаж авах хүмүүс нь бий. Харин төслүүдэд барилгаа дуусгах мөнгө алга. Банкнаас авах лимит нь дуучихсан. Хөрөнгө оруулагч нь ч ялгаагүй. Хурааж хумьсан бүх мөнгөө хийгээд огт мөнгөгүй суучихаад байгаа. Энэ хүндрэлээс гарах нэг л гарц бий. Санхүүгийн зах зээлээ олон тулгууртай болговол зовлонгүй шийдэгдэнэ. Санхүүгийн зах зээлээ ингэж хөгжүүлэхдээ гадаадын хөрөнгө оруулалтыг түлхүү оруулж ирэх хэрэгтэй.

-Гадны хөрөнгө оруулалтыг яаж, ямар хэлбэрээр оруулж ирвэл зүгээр гэж?

-Хөрөнгө оруулалтын сан байгуулах хэлбэрээр. Хөрөнгө оруулалтын сангийн мөнгийг барилгын төслийг хэрэгжүүлж дуусахад зарцуулаад, барилга, байр нь зарагдсан хойно мөнгийг нь хийх замаар явах гарц бий.

-Таны түрүүн хэлсэнчлэн орон сууцны эрэлт өндөр нь үнэн л дээ. Гэхдээ хүмүүст мөнгө алга. Хямд хүүтэй орон сууцны хөтөлбөр үргэлжлэхгүй бол орон сууцны эрэлт бодитоор бий болохгүй гэдэгтэй та санал нийлэх үү?

-Сая миний хэлсэн арга зам бол нийлүүлэлтийг дэмжих механизм. Манайд өнөөдөр бол эрэлтийг дэмжих гарц гэхээр ипотекийн зээл байна. Орон сууцны хямд хүүтэй зээлийн хөтөлбөр миний харж байгаагаар тун боломжийн хэрэгжиж байгаа. Эргэн төлөлт нь ч сайн зээл. Цаашдаа үнэт цаасжуулаад гаднаас мөнгө татна гэхээр эх үүсвэр нь төгрөгөөр яваа тал бий. Мэдээж гадаад зах руу төгрөгөөр гарах боломжгүй. Засгийн газрын хувьд тав, найм, арав эсвэл ес гэдэг ч юм уу тодорхой хэмжээнд бага хүүтэй зорилтот бүлгүүддээ хандсан хөтөлбөрүүдээ гаргах нь буруу биш. Гэхдээ зааг ялгааг нь сайн гаргаж өгөхгүй бол төр нь бизнестэйгээ, барилгын компаниудтайгаа уралдаж өрсөлдөөд байвал хэцүү л дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг барилгын салбарт татах боломжтой гэсэн гарцыг та хэллээ. Гадныхан Монголын барилгын салбарыг сонирхож мөнгөө хийх зайлшгүй ямар шалтгаанууд байна?

-Монгол улс байгалийн асар их нөөцтэй. Хөрөнгө оруулагчдын урт хугацаанд харж байгаа эерэг шалтгаан гэвэл энэ. Тэд нэг л зүйлээс болгоомжилдог. Хууль, татварын тогтворгүй орчин мөнгөтэй хүмүүсийн хувьд хадны мангаа байдаг. Энэ тал дээрээ анхаарчихвал барилгын салбарт гадаадаас хөрөнгө татах асуудал биш.

Categories
мэдээ цаг-үе

Махатма Ганди

Альберт Эйнштейн Махатма Гандийн талаар “Эгэл амьдралаас гаралтай энэ хүн нүгэлт ертөнцийг туулсан гэдэгт хойч үе нь итгэхэд бэрх байх магадлалтай” хэмээн хэлсэн байдаг. Энэтхэгт энэ хүний нэрийг бусад ариун хүмүүний адил гүн бишрэлтэйгээр дууддаг юм. 1915 онд Энэтхэгийн нэрт зохиолч, Нобелийн шагналт Рабиндранат Таагүр Мохандастай танилцаж “Махатма” буюу аугаа их сэтгэл гэсэн нэр хайрласан ч Ганди энэ хэргэмийг огт хэрэглэж байгаагүй юм.

Энэтхэгчүүдийн хайрыг татсан энэ хүн худалдаа эрхэлдэг даруухан кастит хамаарах Гандигийн гэр бүлд 1869 оны аравдугаар сарын 2-нд мэндэлжээ. Аав, ээж нь дөрөв дэх хүүдээ Мохандас гэдэг нэр өгсөн юм. Түүний эцэг Карамчанд Ганди омог дотроо болон омгуудын хоорондох зөрчилдөөн маргааны асуудлыг шийдвэрлэдэг шүүхийн гишүүн байлаа. Үнэнч чанар, омгуудынхаа эрх ашгийг хамгаалсан тууштай хандлага, амьдралын баян туршлагатай Карамчанд Ганди ажлаа хийсэн шиг хийдэг байж. Мохандасын ээж Путлибай гүн сүсэгтэй, даяанчлах дуртай эмэгтэй байсан гэдэг. Зүрх муутай, бие бялдрын хувьд сулавтар хүүгээ аав нь ирээдүйн вант улсын Ерөнхий сайд болох ёстой гэсэн итгэлээр орон нутгийн англи сургуульд оруулав. Мохандас ааваасаа харамгүй хайр, удирдах чадварыг нь өвлөж авсан юм. Тэр гойд авьяастай биш жирийн л сурагч байж. Үржихийн хүрд цээжлэх гэж зүднэ. Багш нартаа зэмлүүлэхгүй гэж гэрийн даалгавраа хийхээр сууна. Спортод дургүй гэж жигтэйхэн. Зайлшгүй хийх ёстой учраас л гимнастик хийнэ. Хичээлдээ тааруу ч хуулна гэж үгүй дөлгөөн даруу хүүд багш нар нь сайн хандана. Бүрэг ноомой зангаасаа болж үеийнхнээсээ зожигдуу явдаг хүү дотоод сэтгэлийн хүчирхэг чанараасаа ангийнхнаасаа ялгардаг байж. Хүү нэг удаа жүжиг үзэж л дээ. Шударга зантай гол дүр нь Мохандест гүн сэтгэгдэл төрүүлж. Хүү удаан хугацааны турш “Хүмүүс яагаад үүн шиг шударга сайн байж чаддаггүй юм бэ” гэсэн бодолд ээрүүлж, асуултдаа хариу олохыг хичээсэн гэдэг. Мохандас өдөр ирэх бүр илүү ихийг уншиж байлаа. Залуу хүүд гүн сэтгэгдэл төрүүлсэн нь Энэтхэгийн ууган туульс “Рамаяна”.

“Үнэн бол бүх сайн сайхны үндэслэл дээр тулгуурладаг” гэх товч сургаалийг тэрээр насан туршдаа хэрэгжүүлж ирсэн юм. Хожмоо тэр “Бхагавад-гита” буюу санскрит хэлнээс хөрвүүлбэл “Бурхны дуу” гэсэн сургаалыг баримталсан билээ. Эртний Энэтхэгийн шашин философийн утгыг агуулах энэ ”хөшөө” Гандигийн хувь хүн болж төлөвших үндэс суурь болсон байдаг.

Мохандасыг 13 нас хүрэхэд нэгэн охинтой гэрлүүлжээ. Нэлээд хожим Ганди хүүхдийг хар багаас нь гэрлүүлэх хэрцгий ёс заншлыг шүүмжилсэн удаатай. Гэвч тухайн үедээ тэр энэ ёс жаягийг дагахаас аргагүй байв. Гэрлэсэн охин Кастурбай нь бичиг үсэггүй. Чүү ай үсэглэн унших охин энгийн хар хэллэгээр цөөхөн үг солино. Мохандес эхнэрийнхээ тухай “Тэр минь маш их шүтлэгтэй, байгальтайгаа ойрхон, шийдэмгий хүн байсан” гэж дурссан нь бий. Эхнэрийнх нь энэ чанар нөлөөлсөн байх, залуу хос бие биедээ гүн гүнзгий дурлаж, нэгнийгээ гэсэн их хайр нь бүх амьдралынх нь турш үргэлжилсэн юм.

1884 онд Мохандасыг үргэлжлүүлэн сурахаар Лондонг зориход эцэг нь нас барсан байсан юм. Энэтхэгээс явахаас өмнө тэрээр ээжээсээ, нялх үрээ тэврэн үлдэх эхнэрээсээ адис авахын сацуу кастаас зөвшөөрөл авах ёстой байлаа. Барууны амьдрал ёс жаягийг нь алдагдуулна гэж болгоомжилж Мохандаст явах зөвшөөрөл өгсөнгүй. Ганди энэ хоригийг зөвшөөрөхгүйгээр явсан анхны хүн болсон юм. Зөрүүд эрийг тэр даруй кастаас хөөсөн билээ. Гэсэн хэдий ч тэр ээждээ “Маханд хүрэхгүй. Зан заншлаа баримтлах болно” гэж амлаад Лондонг зорьжээ. Тэр дээдсийн хүрээлэнгийн зугаа цэнгээнээс үргэлж дөлнө, хэт дотогшоо чанараасаа болж олны өмнө барагтай үг дуугарахгүй. Мохандас хожим энэ талаараа “Тэр жилүүд үгээ цэнэх аргад намайг сургасан. Би үзэл бодлоо маш богино үгээр илэрхийлж сурсан. Тиймээс одоо үзэгний минь үзүүрээс утга учиргүй үг гарах нь юу л бол” хэмээн дурссан нь бий.

Англид байхдаа тэр бусад шашныг ч судалсан юм. Христос, буддизм, ислам, мэдээж индуйзм. Хожим Хуучин гэрээний талаар “Үнэндээ юу ч ойлгодоггүй байсан. Уншиж суухдаа бараг унтдаг байлаа. Гэтэл Шинэ гэрээ огт өөр сэтгэгдэл төрүүлсэн шүү. Уулархаг номлол гэсэн хэсэг нь бүр онцгой. Шашны хамгийн дээд хэлбэрийг тэндээс мэдэрсэн. Дээд хэлбэр гэдэг нь бодит байдлаас тасрах шүү дээ” гэж онцолсон байдаг. Ганди тэр үед оюун санааны зарчмууд бүх шашинд нэг үндэстэйг ойлгож ухаарсан юм. Мохандес энэ үед теософи буюу шашны философи, далд ухааныг судалж сонирхож эхэлжээ. Тодруулж хэлбэл Елена Петровна Блатавскаягийн үндэслэсэн ухааныг. Тухайн үеийн оюунлаг хүмүүсээс Гандигийн онцолсон, Гандид нөлөөлсөн ухаантан нь Лев Толстой. Мохандас хожим нь Оросын их зохиолчтой захидлаар харилцдаг болсон билээ. Толстойн “Бидний доторх бурхан” зохиол нь залуу Гандид онцгой нөлөө үзүүлсэн юм. Англид очсон нь Гандид зөвхөн хууль зүйн боловсрол олгоод зогсоогүй, Европын дээдсийн хүрээлэнгийн соёлтой танилцах боломжийг өгсөн байдаг. Лондонд байхдаа тэр франц, латин хэл ч сурч амжсан билээ. Ганди 1891 оны зургадугаар сард шалгалтаа амжилттай өгч өмгөөлөгчөөр ажиллах эрхтэй болов.

1898 онд Энэтхэгт буцаж ирэхэд нь хүнд бэрхшээл угтаж байлаа. Кастын системээс гарсан учраас аяга ус уухаас эхлээд өчнөөн эрх нь хоригдсон байлаа. Ариун голд очиж угаал үйлдсэний дараа кастын систем түүнийг дахин хүлээж авсан юм. Туршлага багатай залууд олон бэрхшээл тулгарсан ч тэрээр тухайн үед Энэтхэгийн нийслэл байсан Бомбейн өмгөөлөгчийн зөвлөлд элсэн оров. Хуулиа сайн мэддэг ч амьдрал дээр яаж ашиглах талаар туршлага нимгэн учраас Энэтхэгийн баруун хэсэг болох Ражкот хотод шилжин суурьшиж хувийн оффисоо нээлээ. Удсан ч үгүй Энэтхэгийн худалдааны нэгэн фермээс өмнөд Африк дахь хэрэг дээрээ ажиллах санал тавьжээ. Ганди 1893 онд Өмнөд Африкийг зорилоо. Чухам тэнд л арьс өнгөөр ялгаварлах үзлийг мэдэрсэн юм. Мохандес Претория гэдэг хот руу ажлаар явж байж л дээ. Европчууд голдуу галт тэрэгнээс түүнийг хүчээр хөөн буулгаж, ачаа тээшийг нь араас нь шиджээ. Арьс өнгөөр ялгаварлах үзлийг биеэрээ мэдэрсэн ийм түүх Гандийн намтарт ганц, хоёрхноор тогтохгүй. Тухайн үед ажилласан хэрэг нь хоёр талд нааштайгаар дуусахад Ганди ихэд олзуурхаж байж. Хожим энэ талаараа “Тухайн үед хөл газар хүрэхгүй баярласан. Өмгөөлөгчийн туйлын зорилго нь сөргөлдөгч талуудаа эвлэрүүлэхэд оршдогийг би тэр үед л ойлгосон. Энэ сургамж бүх л амьдралд минь нөлөөлсөн. Өмгөөлөгчөөр ажилласан хорин жилийн хугацаандаа би хэдэн зуун хэргийг эвлэрлээр дуусгасан шүү” хэмээн дурссан байдаг.

Тэр Өмнөд Африкт Энэтхэг улсын эрх чөлөөний төлөөх тэмцлээ эхлүүлсэн юм. Тэр үед л хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцэх аргыг анх удаа хэрэглэж эхэлсэн юм. Түүний сонгосон арга нь сатьяграха. Сатья нь үнэн, аграха нь оюуны хувьд хатуу чанд гэсэн утгатай. Утгачилбал үнэний төлөө тууштай зогсох гэсэн үг. Гэхдээ мэдээж хүч хэрэглэхгүйгээр. Одоогийн зөөлөн хүчний бодлого юм даа. 1896 онд Ганди Энэтхэгт ирж гэрийнхнээ Дурбан хотод авчирсан юм. Арвин туршлага хуримтлуулсан Мохандас өөрийгөө олонд хэрэгтэй гэдгээ ухаарч, мэдэрч байлаа. Түүний санаачлагаар энэтхэгчүүдийн боловсролд анхаарсан холбоо ажиллаж эхэллээ. Тэр 1903 онд Indian Opinion гэдэг сонин гаргалаа. Энэ сонин тухайн үед хувьсал өөрчлөлтийн төлөө хүмүүсийг нэгтгэх гол зэвсэг болсон юм. Гурван жилийн дараа Ганди “Брахмачарью” хэмээх хатуу сахил хүртэв. “Брахмачарью” сахил зөвхөн амьтны гаралтай бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзаад зогсохгүй өөрөө өөрөөсөө, бүхнээс татгалзах хатуу жаягтайгаараа ялгардаг юм. Энэ их хүний гэгээрэл ингэж эхэлсэн билээ.

1910 онд иргэний асуудлаарх компанит ажлууд нь хурцадмал болж эрх баригчдын зүгээс дарамт шахалт үзүүлж эхлэв. Тэмцэгчдийн дийлэнхийг баривчилж шоронд хорьсон ч 1913 онд эрх баригчид Гандитай гэрээ хэлэлцээр хийж энэтхэгчүүдийн байр байдлыг хөнгөлөх тухай хуулийг баталсан юм. Энэ нь тухайн үедээ ялалт байлаа.

Тэр 1915 онд Өмнөд Африкаас Энэтхэгт дахин ирлээ. Эрх чөлөөний төлөө тэмцэгч эх орондоо ирсэн даруйдаа Сабармати голын эрэг дээр даяан хийх газраа байгуулсан юм. Эрт цагт агуйд даяан хийж байсан лам нар шиг. Гэхдээ Гандийн агуй нь түүний 12 жил амьдарсан байшин. Ганди энэ байшиндаа амьдрах үедээ тансаг хэрэглээнээс татгалзаж, хоол унд бэлтгэх, цэвэрлэгээ, угаалга хийх зэрэг ажлаа өөрөө хийж байж. Өнөө цагийнхан түүний 12 жил даяан хийсэн байшинд нэг шөнө хоноход 60 ам.доллар төлдөг. Энд хоносон хэн ч Гандигийн сахиж ирсэн хүчирхийлэл үйлдэхгүй, хүсэл бодлоо хянах, энгийн амьдрах тэргүүтэй 11 сахилыг гүйцэтгэх ёстой. Тэнд үдлэгсэд бясалгал үйлдэж, утас ээрч, хувцас урлаж, хог шүүрдэцгээдэг. Ингэснээр өөртөө итгэлтэй болж, дотоод амар амгаланд мэдрэхэд тустай гэж үздэг.

Ганди хүч хэрэглэхгүйгээр тэмцэх аргыг энэ үеэс хүчтэй эхлүүлсэн байдаг. Сонгож авсан арга нь үр өгөөжөө өгнө гэдэгт ч эргэлзээгүй итгэж байлаа. “Эхэндээ чамайг үл тооно. Дараа нь чамаар доог тохуу хийнэ. Тэгээд чамтай тэмцэж эхэлнэ. Харин эцэст нь чи ялна” гэсэн үг нь хожмоо батлагдсан юм. 1918-1919 онд дэлхийн нэгдүгээр дайн дуусгавар болсны дараа англичууд энэтхэгчүүдэд улс орноо удирдах эрхийг олгоно гэсэн амлалтаа биелүүлсэнгүй. Энэтхэгчүүд ч зүгээр суусангүй. Улс даяар эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. 1919 онд онц байдлын тухай хууль гарсны дараа энэ хөдөлгөөн улам эрчимжив. Эцэст нь Ганди олныг уриалан англи сургуулийг хааж, сонгуулийг бойкотлож, гадаадын бараа зарахыг эсэргүүцэж, нэр хүндтэй албан тушаалуудаас татгалзаж, татвараас зайлсхийж, ер байж болох бүх л аргыг хэрэглэн эсэргүүцлээ илэрхийлэв.

Гандигийн хүч үл хэрэглэх тэмцэл нь тухайн үедээ үзэл суртлын нэг хэлбэр болж хувирсан билээ. Тэрээр төдөлгүй энэ аргаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ашиглаж эхлэв. Арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэл нь ч энэ үеэс эрчээ авсан юм. Тэр зүгээр яриад зогссонгүй, биеэрээ үлгэрлэж байв. Өөр үндэстэн угсаатныг гэртээ урьж, дайлж цайлж, гуравдугаар ангиллын галт тэргээр зорчиж, тэдний эрхийг хамгаалахын тулд өлсгөлөн хүртэл зарлаж байлаа. Индуис мусульман шашныг нэгтгэхийг хичээж байсан нь ч энэ үед хамаарна. Бүх шашинд үнэн бий, орон зай цаг хугацаагаараа л ялгаатай гэсэн байр суурин дээрээ тууштай зогсч байлаа. Тухайн үеийн шашнаар биенээ тусгаарлах хатуу байр суурь энэтхэгчүүдийг нэгтгэх үзэлтэй нь сөргөлдөж байсан юм. Пакистан улс байгуулагдах эхлэл яг энэ үед тавигдсан билээ. 1947 онд Энэтхэг улс Энэтхэг Пакистан гэсэн хоёр хэсэг болон тусгаар тогтноход индус шашинтан болон лалын шашинтнуудын хооронд хурц тэмцэл өрнөж эхэлсэн юм. Эвлэрүүлэх гэж хичээл зүтгэл гаргасан ч үгийг нь хэн ч сонссонгүй.

Утгагүй хүчирхийллийг зогсоохын тулд 1948 оны нэгдүгээр сард тэр өлсгөлөн зарлахдаа “Миний үхэл бол Энэтхэгийг өөрөө устаж байгааг нь харж гэрч болсноос дээр” гэж хэлж байжээ. Үүний дараа шашны хоёр бүлэглэлийн удирдлагууд зөвшилцөлд хүрч “Хүмүүсийн амь, эд хөрөнгийг хамгаалах, лалын итгэл үнэмшлийг дээдэлж цаашид ийм явдал давтагдахгүй” гэсэн хамтарсан шийдвэр гаргаж байсан түүхтэй.

Ганди 1921 онд Энэтхэгийн Үндэсний конгрессыг тэргүүлж эхэлсэн ч намын нөхөдтэйгээ санал зөрөлдсөнөөс 1934 онд энэ албаа орхисон юм.

1930 оны тавугаар сарын 5-ны шөнө цагдаа нар Гандиг баривчлав. Энэтхэгчүүд түүний “Цөхрөх үедээ би түүхийн бүхий л явцад хайр энэрэл ямагт ялж байсан гэдгийг санадаг. Хүчирхэг алуурчид, тирантууд байж, тэд цаг үедээ ялагдашгүй мэт байсан. Гэсэн ч эцсийн эцэст тэд дандаа ялагдаж, унаж байсан юм. Ямагт энэ талаар бод”, “Галзуу эвдрэл сүйтгэл учруулж л байвал нас нөгчсөн хүнд, өнчирсөн хүүхдүүдэд, орон гэргүй болсон хүмүүст тэр нь тоталитаризм гэнэ үү либерти гэсэн ариун нэртэй байна уу, юуны ялгаа байна?”, “Нүдийг нүдээр солибол бүх дэлхий сохор болох болно”, “Олон үйл хэргийн төлөө би үхэхэд ч бэлэн байна. Харин ямар ч үйл хэргийн төлөө би аллага үйлдэхгүй” гэсэн сургаалиудынх нь мөн чанарыг чухам энэ үед л бүрэн утгаар нь ухаарсан юм.

Дөчөөд оны сүүл Гандигийн хувьд аз нь харьсан, бүх зүйл муугаар эргэсэн үе байлаа. Тэр индуис мусульманчуудыг бүрэн эвлэрүүлж чадаагүй юм. Шашны түрэмгий бүлэглэлийнхэн лалынхантай хамтрахын эсрэг байв. Улс төрийн “Раштра дал”, “Ваштрия сваям севак” зэвсэгт бүлэглэлүүд тэмцлээ үргэлжлүүлэхээр шийдэж, “Хинду Махасабха” бүлэглэлийн тэргүүн, Бомбейн саятан Винайяком Саваркар гэгч Махатма Гандиг “Индусуудын дайсан” гэж байв.

Гандийг өлсгөлөнгөө зогсоосноос хойш хоёр хоногийн дараа буюу 1948 оны нэгдүгээр сарын 20-нд амь насанд нь халдах анхны оролдлого гарлаа. Дели дэх гэрийнхээ гадаа байхад Пенжабаас ирсэн дүрвэгч Маданлал гар хийцийн бөмбөг шидэж байсан юм. Энэтхэгийн Засгийн газар хувийнх нь хамгаалалтыг нэмэгдүүлэх гэсэн ч тэр зөвшөөрсөнгүй. Тэр үед Ганди 78 настай байв. Тэрээр 1948 оны нэгдүгээр сарын 30-нд хар үүрээр босч Конгресст өргөн барих Үндсэн хуулийн төсөл дээр ажиллаад орой нь хамтрагчдынхаа хамт байшингийн өмнөх нугад гарч ирлээ. Энэтхэгчүүд хүндэтгэн биширдэг хүнтэйгээ хамт оройн мөргөл хийхээр цуглажээ. Энэтхэгийн үндэсний байгууллагын гишүүн Натхурам Винаяк Годзе гэгч Махатма Гандид дөхөж очин гурван удаа буудахад сүүлийн сум нь зүүн талын уушгинд нь туссан юм. Энэтхэгчүүдийн үндэсний эцэг Ганди “Ээ Рама” хэмээн шивнээд газар дээрээ нас барсан билээ. Түүний энэ үг аминд нь халдсан газарт босгосон дурсгалын цогцолбор дээр нь бий.

Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: Цахилгаан станцуудын хувьцааг худалдаж авсан иргэд ашиг хүртэх нь гарцаагүй

“Новел фанд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, хөрөнгийн зах зээлийн шинжээч Д.Ангартай ярилцлаа.


-Хөрөнгийн зах зээл дээр тоглож, хувьцаа худалдаж авах хүсэлтэй хүмүүс цөөнгүй бий. Тэдэнд ямар зөвлөгөө өгмөөр байна, хөрөнгийн зах зээлийн давуу тал нь юу вэ?

-Санхүүгийн онолоор бол аж ахуйн нэгжид хөрөнгө оруулах хамгийн зөв хэлбэр нь хувьцаа. Хэн хэндээ ашигтай. Хэн нэг хүн шинээр зохиох ч шаардлагагүй. Санхүүгийн 400 жилийн түүхэнд Америк, Франц, Итали, Их Британи хөгжүүлээд ирчихсэн. Сүүлийн зуун жил Азид тэр дундаа Тайланд, Солонгос зэрэг улсад эрчимтэй хөгжсөн. Хувьцааг санхүүгийн хамгийн зөв хөрөнгө оруулалтын хэлбэр гэдгийг эдгээр улс түүхээрээ баталчихсан. Хөрөнгө оруулагчдад ашигтай, аж ахуйн нэгжүүдэд зээлийн хүүгийн дарамт болохгүй гэх мэт давуу тал бий. Товчхондоо бизнесээ хөгжүүлээд хөгжсөнийх нь дараа жил бүр ногдол ашгаа авдаг модель.

-Хувьцаа худалдаж авахыг сонирхогчид хамгийн түрүүнд аль компанийн хувьцааг авбал ашгаа өгөх бол гэж асуух байх. Таны хувьд аль компанийн хувьцааг худалдаж ав гэж зөвлөх вэ?

-Өнөөдрийн тухайд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй компани гэвэл 250 орчим бий. Ний нуугүй хэлэхэд ихэнхийнх нь хувьцааг худалдаж авах хэрэггүй. Хөрөнгийн биржийн захирал байсан хүний хувьд иргэдэд ингэж зөвлөмөөр байна. Заримынх нь хаана ажиллаж байгааг Хөрөнгийн биржийнхэн, Санхүүгийн зохицуулах хороо нь хүртэл мэдэхгүй байх жишээний. Шинэ зарчмаар өрсөлдье, шинэ давуу тал бий болгоё гэсэн компаниуд бий. “АПУ”, “Сүү”, “Говь” гэсэн гурван компанийг сүүлийн хоёр жил ажиглалаа. Эдний зах зээл дээр явуулж буй үйл хөдлөл, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг анзаарахаар банкны зээлийн санхүүжилтээс салаад үе шаттайгаар хөрөнгийн зах зээлийн хувьцааны санхүүжилт рүү шилжье гэж зорьж байх шиг байна. Энэ компаниудын тухайд ягаан, цэнхэр тасалбарын үед хувьчлагдсан улсын үйлдвэрийн газрууд байсан. “Сүү” гэхэд Монголын хамгийн ууган үйлдвэр. АПУ ч ялгаагүй, ууган үйлдвэрүүдийн нэг. “Говь” ч мөн адил. Монгол дэлхийн ноолуурын 40 хувийг дангаараа бэлтгэдэг суурь баазан дээр боссон. Сүүлийн 25 жилийнх нь дүр зургийг харвал жижиг хувьцаа эзэмшигчдээсээ хувьцааг нь худалдаж авч, хяналтаа бүрдүүлэх процесс өрнөсөн. Үүнийг буруутгах аргагүй. “АПУ”-гийн Батсайхан гэдэг хүн төдийгөөс өдий хүртэл хувьцаагаа цуглуулаад одоо 93 хувийн эзэмшилтэй болчихсон. “Сүү” компанийн хувьд “Макс”-ын Ганбаатар гэж хүн бий. 90 гаруй хувийг нь авчихсан. Энэ хүмүүс ямартай ч компанидаа хяналтаа тогтоосон.

-Санхүүгийн зах зээл банк гэсэн ганцхан хөлөн дээр зогсох эрсдэлтэй, хөрөнгийн зах зээлээ давхар хөгжүүлэх ёстой гэдэг ч өнөөг хүртэл олигтой ахиц гарахгүй байгаа. Байдал энэ хэвээр үргэлжилбэл ямар эрсдэл харагдаж байна?

-Хэдийгээр хувьцаат компани гэсэн нэртэй ч санхүүгийнх нь балансыг аваад үзэхээр том, жижиг гэлтгүй банкинд маш их хэмжээний зээлтэй байдаг. Тэгэхээр асар олон компани санхүүгийн зардалдаа өчнөөн тэрбум төгрөгийг жил бүр төлдөг гэсэн үг. Сүүлийн 25 жил явсан санхүүгийн систем маань эцэстээ тулчихаад байгаа. Явах замгүй болчихсон гэж хэлж болно. “АПУ”, “Сүү”, “Говь” хүртэл банкнаас 25 хувийн хүүтэй зээл авч байна. Олсон орлогынх нь ихэнх хувь банкны хүүнд явчихаад байна гэсэн үг. Харахад ерээд хувийг нь нэг хүн эзэмшиж байгаа мэт боловч бодитоор харвал банкны боол маягийн болчихсон нь нууц биш. Том компаниуд ашиг орлого олоод тодорхой хэсгийг нь банкны хүүнд өгч үлдсэнийг нь өөрсдөдөө ашиг гэж үлдээдэг. Гэвч зах зээлд шинэ өрсөлдөөнүүд бий болж байна. Гадны зарим компани орж ирээд эхэлчихлээ. Хямд эх үүсвэртэй, эсвэл томоохон хөрөнгө оруулалттай эдгээд компанитай өрсөлдөхийн тулд манай компаниуд хүссэн хүсээгүй зардлаа бууруулах ёстой. Саяхан гэхэд л хэрэглэгчид “E mart”-ын бараа хямдхан гэж хошуурлаа, Монголын супермаркетууд харилцагчаа алдаад эхэллээ гэж байна. Зөв шүү дээ. Хэн ч хэрэгцээтэй бараагаа хамгийн хямдаар авахыг хүснэ. “Миний дэлгүүр”, “Оргил”, “Номин” гурав “E mart”-тай өрсөлдөхийн тулд зардлаа бууруулах ёстой. Барааныхаа үнийг бууруулах учиртай. Бүх байгууллагын тухайд бараа, бүтээгдэхүүнийх нь үнэд шингэсэн байгаа нэг том зардал бол зээлийн хүү. Яг нарийндаа зээлийн хүүгийн дарамтыг харилцагч, хэрэглэгчид үүрдэг. Нэг супермаркетын эзэн банкнаас зээл авлаа гэхэд худалдах бараа, бүтээгдэхүүндээ банкны 25 хувийн хүүг шингээхээс аргагүй. Зээлийн өндөр хүүгийн дарамтыг иргэд төлж байгаа гэдэг нь ийм учиртай. Манай супермаркетууд “E mart”-тай өрсөлдөхийн тулд хүссэн хүсээгүй санхүүгийнхээ зардлыг бууруулах ёстой. Тэгж байж барааны үнэ буурна. Яг үүнтэй адил процесс өрсөлдөөн нэмэгдэхийн хэрээр том компаниудад ч гарна. “АПУ”, “Сүү”, “Говь” ч ялгаагүй үнээ буулгахаас аргагүй байдалтай нүүр тулна.

-Хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэхгүй бол компаниуд өрсөлдөөнд шахагдаад эхлэх нь ээ?

-Тэгнэ. Энэ систем эцэстээ тулчихсан. Цаашдаа банк, аж ахуйн нэгжийн аль аль нь явж чадахгүй. Аж ахуйн нэгжүүд 25 хувийн хүүтэй зээлийг 25 жил төллөө. Төрийн халамж ихтэй, эдийн засгийн өсөлт өндөр өнгөрсөн жилүүдэд хүмүүс бараа бүтээгдэхүүний үнэтэйг нь мэдрэлгүйгээр авчихдаг байсан. Харин одоо төрийн халамж гэж байхгүй, төсөв алдагдалтай, эдийн засаг хүнд байгаа. Ийм үед иргэд хүртэл худалдан авалт хийхдээ ухаалаг сонголт хийх болсон. Илүү хямдыг нь сонгож байна. Компаниудын хувьд ч ялгаагүй, санхүүгийн зардлаа буулгах шаардлагатай болсон. Санхүүгийн зардлыг нь бууруулах боломжийг нээж өгөх цорын ганц салбар бол ерөөсөө л хөрөнгийн зах зээл. Төр сүүлийн 25 жилд банкны секторыг бодлогын төвшинд дэмжиж ирлээ. Татвараас нь чөлөөллөө, өрсөлдөөнийг нь хязгаарлаж өглөө, гадаад, дотоодын өрсөлдөгч орж ирэхээс хамгааллаа. Хөрөнгийн зах зээлийг өндийлгөөд ирвэл ач тусыг нь Хөрөнгийн бирж, брокерын компани биш аж ахуйн нэгж хүртэнэ. Аж ахуйн нэгжийн л зардал буурна гэсэн үг. Зардал нь буурахаар өрсөлдөх чадвар нь нэмэгдэнэ. Өрсөлдөх чадвар нэмэгдэхийн хэрээр илүү их үйлдвэрлэл явуулна, ажилчдынхаа тоог өсгөнө. Товчхондоо улсаараа хөгжих боломж нээгдэнэ. Мөн иргэд, аж ахуйн нэгжид ирэх үнийн дарамт буурна.

-Ерөнхий сайд Засгийн газрын анхны хуралдаанаар Таван толгойн 1072 хувьцааг эдийн засгийн утгаар нь цэгцлэх даалгавар өглөө. Эдийн засгийн утгаар цэгцлэх гэдгийг та яаж харж байна?

-Эдийн засгийн утгаар цэгцлэх гэдгийг Таван толгойн үйлдвэрээ явуулах, төмөр замаа барих, төслөө хөдөлгөх гэж ойлгож байгаа. Төмөр замгүйгээр орд гэдэг хоосон юм л гэсэн үг. Тийм ч учраас би жилийн өмнө 1072 хувьцаа гэж байхгүй гэсэн утгатай зүйл хэлж байсан. Мөн иргэд нь хувьцаагаа зүгээр зардаггүй, ногдол ашгийг нь авдаг байх ёстой. Хувьцаа гэдэг сар бүр өгдөг байсан 21 мянган төгрөгтэй адил зүйл биш. Урт хугацаанд хөрөнгө оруулаад жил бүр ногдол ашгаа хүртэж байх ёстой зүйл. Таван толгойн хувьцааны ашгийг хүртэхийн тулд хамгийн түрүүнд төслөө хөдөлгөж, төмөр зам, үйлдвэрээ барьж, нүүрсээ их хэмжээгээр экспортлож эхлэх хэрэгтэй. Тэр цагт бид Таван толгойн хувьцааны мөнгө гэж ганц удаа 300 мянган төгрөг авах биш, жил болгон 300 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломжтой. Аляска, Африкийн загварууд бүгд тийм. Баялаг ихтэй улс зарим орддоо суурилсан сан байгуулж, хувьцаа гаргаж, иргэддээ хувь эзэмшүүлдэг. Тэндээ хөрөнгө татаж ашиг олсон тохиолдолд иргэддээ ногдол ашгийг нь өгдөг. Иргэд нь жил бүр ногдол ашиг аваад явдаг. Манайд ч ийм боломж бий. Баялаг нь байна, зөв менежмэнт хийхэд л сэргээд ирнэ. Төсөл нь зөв явбал нэг удаа 300 мянга биш магадгүй жилд гурван сая төгрөгийн ногдол ашиг авах боломжтой. Уул уурхайн сайд саяхан ярилцлага өгөхдөө “Бид яг хуулиар нь явна. Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээд Хөрөнгийн биржээр дамжуулж арилжаа хийнэ” гэсэн байна лээ. Маш зөв байр суурь. Таван толгой төсөл зөв хөдөлбөл нэгж хувьцааны жинхэнэ үнэ тогтоно. Одоо яриад байгаа мөнгө бол зүгээр л дээшээ харж суугаад биччихсэн тоо төдий шүү дээ.

-Хувьцаа худалдаж авахдаа өссөн үзүүлэлтийг нь хараад сонголтоо хийчихвэл хэр эрсдэлтэй бол, ер нь хувьцааг нь худалдаж авах компаниа сонгохдоо юуг анхаарвал зүгээр вэ?

-Тоон үзүүлэлтээр нь авч үзэхэд бас их эрсдэлтэй. Зарим хувьцаа маш цөөн тоогоор зарагдсан хэрнээ үзүүлэлтийг нь харахаар 30, 40 хувь өсчихсөн байдаг. Үүнд хууртаж болохгүй. Ядаж арав, хорин сая, сардаа зуун сая, магадгүй улиралдаа 200, 300 сая төгрөгийн арилжаа хийгддэг хувьцааг харах ёстой. Байхгүй байснаа гэнэт л 200 сая төгрөгийн арилжаа хийгээд, ханш нь 50 хувь өссөн бол эргэлзээтэй. Зэс, нүүрс зэрэг экспортын салбарын гол бүтээгдэхүүний үнэ буурсан энэ үед уул уурхайн компанийн хувьцаа худалдаж авбал эрсдэлтэй. Ямар ч үед бараа нь зарагддаг салбар бол хүнс. Тийм учраас “АПУ”, “Сүү” гэх мэт хүнсний компаниудын хувьцаа өсөлттэй яваад байгаа хэрэг. Хагас жилийнх нь тайлангууд гарсан байна лээ. Өнгөрсөн оны мөн үеэс эхлээд дандаа 50-100 хувийн өсөлттэй гарсан харагдсан. Хямралын нэг сайн тал нь аж ахуйн нэгжүүд зардлаа багасгаж чадсан. Эрүүлжиж байна гэсэн үг.

-Ер нь ямар компаниудын хувьцааг худалдаж авбал ойрын ирээдүйд болон алсдаа ашигтай бол. Жишээ нь та аль компанийн хувьцаанаас ямархуу ашиг олов?

-Зургаан сарын өмнө “Сүү” компанийн хувьцааг 100 мянган төгрөгөөр авч байсан. Хагас жилийн хугацаанд 150 мянган төгрөг хүрч 50 хувийн өгөөжтэй байх жишээний. АПУ-гийн хувьцааг 3400 хавьцаа төгрөгөөр худалдаж авч байсан. Өнөөдөр 4100 болж өссөн. “Говь”-ийн хувьцаа урт хугацаандаа өснө. Учир нь дэлхийн ноолуурын 40 хувь нь Монголоос гардаг. Өвөлдөө өндөр хэмд хүрч хүйтэрдэг учраас дулаан хадгалах чадвараараа монгол ноолууртай зэрэгцэхээр чанартай ноолуур дэлхийд байхгүй. Технологи муу учраас сайн боловсруулж чадахгүй асуудал бий. “Говь” урт хугацааны бодлого гаргасан байна лээ. 2021 он гэхэд ноолууран пальтогоор дэлхийд тэргүүлнэ гэж байгаа. Хөрөнгө оруулалтаа нэмнэ, технологи, дизайнаа сайжруулна гэсэн үг. Энэ онд хувьчлагдах төрийн өмчит зарим компаниудын жагсаалт гарсан. Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж байгаа гурван цахилгаан станц, Дархан, Эрдэнэтийн цахилгаан станц, дээр нь Багануур, Шивээ-Овоо, Шарын гол зэрэг нүүрсний уурхай, “Монгол шуудан” зэрэг компаниуд тэр жагсаалтад бий. Эдгээр хувьчлалын андоррайтераар нь хэн шалгарах, хувьчлал нь хэзээ явагдах зэрэг мэдээлэл тодорхойгүй байж байгаад гэнэтхэн нэг өдөр зарлаад гурван хоногийн дотор захиалгаа өгөөрэй гээд хаачих эрсдэлтэй. Сая наадмын өмнөхөн гэхэд Багануур хувьчлагдсан. Харамсалтай нь хэн ч мэдээгүй. Хөрөнгийн биржийн вэб сайтан дээр нэг өдөр тавьсан болоод асуудлыг шийдсэн. Багануур хувьцаат компанийн хувьцааг гурван хоногийн дотор зарна шүү, сонирхсон хүн брокертоо хандаарай гэчихэж байгаа юм. Наадмын өмнө болохоор хүмүүс анзаараагүй л дээ. Хүмүүсээс захиалга ирээгүй гээд нэг компани авчих жишээний. Гэхдээ энэ бол нэгэнт өнгөрсөн асуудал. Гурав, дөрөвдүгээр цахилгаан станц энэ онд хувьчлагдах ёстой. Магадгүй андоррайтер нь сонгогдсон байх. Гэнэт нэг өдөр зарлаад хэн ч мэдээгүй байхад нэг компани авчих эрсдэлтэй. Тийм учраас энэ чигийн мэдээллийг анхаарч цахилгаан станцуудын хувьчлалд оролцох хэрэгтэй. Ашгаа өгнө. Учир нь цахилгааны хэрэглээ буурах ямар ч боломжгүй.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Засгийн газар халамжийн бодлогоо хойш тавиад эдийн засгаа сэргээхэд анхаарах хэрэгтэй

СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.

-Засгийн газрын анхны хуралдаанаар Ерөнхий сайд арван чиг өглөө. Эдийн засгийн чигийн үүрэг, чиглэлийнх нь талаар ямар бодолтой байна вэ?

-Засгийн газрын ажлаа эхэлж байгаа байдлаас харахад намын сонгуульд оролцсон мөрийн хөтөлбөртэй зэрэгцүүлэх чиглэлээр засгийн дөрвөн жилийн хөтөлбөрийг бэлдэх гэж байх шиг байна. Тухайн намын хувьд иргэдэд амлаж гарч ирсэн сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэдэг нь зөв байх. Гэхдээ МАН-ын мөрийн хөтөлбөрийн ерөнхий дүр төрхийг харахад эдийн засгийг хөгжүүлэх болон нийгмийн халамж гэсэн хоёр эсрэг чиглэл байгаа. Нийгмийн халамжийн чиглэлд гэхэд л цалинтай ээж, ахмадын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах гэх мэт олон амлалт бий. Нөгөө талд нь эдийн засгийг хөгжүүлэх чиглэлийн заалтууд байгаа. Гурав дахь чиглэл нь төртэй хамаатай. Тодруулж хэлбэл төрийн сахилга батыг онцолсон. Төсөв, мөнгөний бодлогыг сайжруулах, нийгмийн хариуцлага, төрийн тогтвортой байдлыг хангах, хариуцлагын тогтолцоог сайжруулах гэх мэт зорилгыг өмнөө тавьсан. Ерөнхий сайдын эхний даалгаварт аж ахуйн нэгжүүдийн орлогын татварын хувийг бууруулах амлалт багтлаа. Мөрийн хөтөлбөрт нь туссан. 1.5 тэрбум төгрөг хүртэл орлоготой аж ахуйн нэгжүүдийг нэг хувийн татвартай болгоно гээд заачихсан байгаа. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, Эрдэнэтийн асуудлыг судлах, Таван толгойн 1072 хувьцааг эдийн засаг талаас нь эмх цэгцэнд оруулах гэх мэт үүрэг чиглэл нь эдийн засагт хамаарахаар байна л даа.

-Тэтгэврийн зээлийн хүү бууруулахыг судал гэсэн Ерөнхий сайдын үүргийг нэлээд шүүмжилж байна. Адаглаад л ажилгүй, орлогогүй хүүхдүүдээ тэжээх гэж авдаг зээлийг өөгшүүлэх хэрэггүй гэцгээж байгаа. Энэ асуудал дээр эдийн засагчийн хувьд ямар байр суурьтай байна?

-Хүчээр зээлийн хүүг бууруулах бодлого зохимжтой бус. Хүү гэдэг зүйл бол тухайн зах зээл, эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран тогтдог. Монголын зах зээлд хүү өндөр байгаа нь цаанаа шалтгаантай. Бодит эдийн засгийн нөхцөл байдал таагүй, эрсдэлтэй байна. Хүү бол дан ганц инфляциас хамаардаг зүйл биш. Тэтгэврийн зээлийн тухайд хэмжээний хувьд тийм их биш юм билээ. Тэтгэврийн зээл юунд зориулагдаж байгаа талаар та сая дурдлаа. Тэтгэврийн зээлийн ач холбогдлыг нь харах хэрэгтэй. Тэтгэврийнхэн зээлээрээ тэжээгчид болж хувирчихаад байгаа юм биш үү гэсэн шүүмжлэл, болгоомжлол үнэний хувь өндөртэй. Ажиглалтаас харахад тэтгэврийн насны хөгшчүүл үр хүүхэд, ач гучаа тэжээх тэжээгч болчихоод байгаа тал ажиглагддаг. Тэгэхээр зээлийн үр өгөөж ямар байх нь ойлгомжтой. Ийм зээлийг дэмжиж, сая хэлсэн байдлыг даамжруулах нь тийм сайн зүйл биш. Монголд сүүлийн жилүүдэд нийгмийн халамж хавтгайрсан. Төрийн халамжаар амьдрагсдыг хэт хөхиүлэн дэмжих байдал үүссэн л дээ. Мэдээж нийгмийн тодорхой хэсгийг халамжлах нь зүйтэй. Харин үүний эсрэг бидний авч хэрэгжүүлэх гол арга хэмжээ бол эдийн засгаа хөгжүүлэх. Тогтвортой ажлын байр бий болгох чиглэлд л Засгийн газар анхаарах ёстой. Засгийн газрын өмнө тулгамдсан гол асуудал бол Монголын эдийн засгийн өсөлт саарч байгаа байдал. Хямралыг илүү гүнзгийрүүлэхгүй тогтоон барихын тулд яах ёстой вэ гэдэг дээр л анхаарах хэрэгтэй. Нүүр тулсан өрийн дарамт, валютын хомсдлоос яаж гарах вэ, замбараагүй төсвөө яаж шийдэх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулах цаг ирчихсэн. МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан нийгмийн халамжийн амлалтуудыг нэг мөсөн шийдэх боломж энэ Засгийн газарт байхгүй.

-Эрдэнэтийн 49 хувь Монголд шилжсэн нь эдийн засгийн хувьд сайн мэдээ гэж шинжээчид хэлж байна. Та яаж харж байна вэ?

-Эрдэнэтийн хувьд Монголын талд бүрэн шилжсэнд эерэг байр суурьтай байгаа. Хувийг нь худалдаж авсан хувийн хэвшлийг буруутгах өнцөг алга байна. Оросын талтай хэлцэл хийгээд, тодорхой төлбөр төлөөд, ямар ч гэсэн 49 хувийг нь Монголын талд шилжүүлээд авсан гэдэг бол нааштай зүйл. Зарчмын хувьд засаг талаас ярих зүйл бол бий.

-Жилд 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжийн татварыг нэг хувь болгож бууруулах шийдвэрийг энэ засаг гаргаж магадгүй байна. Хэр зөв шийдэл байх бол?

-Монголын аж ахуйн нэгжүүдийн дийлэнх нь 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой. Бараг ная гаруй хувь нь болов уу. Татварын орлогын бүрдэлтэнд эдгээр аж ахуйн нэгжийн оруулдаг хувь хэмжээ гэж яривал тийм том биш. Монгол Улс томоохон аж ахуйн нэгжүүдийнхээ татвар дээр л амьдарч байгаа.

-Томчуудаас нь их татвар аваад, жижиг компаниудаас эрс бага татвар татаад эхлэхээр том компаниуд задрах эрсдэл өндөр биш үү?

-Эерэг талаас нь харахад өмнө нь бага орлоготой аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн иймэрхүү санаачлага гардаг ч татварын хувийг нь огцом багасгасан шийдвэр гарч байсан удаагүй. Дөнгөж бий болсон, үүсгэн байгуулагдаад удаагүй, бага орлоготой аж ахуйн нэгжүүдийг тодорхой шалгууртайгаар сонгон авч татварын ачааллыг багасгах нь зөв алхам. Ингэснээр аж ахуйн нэгжүүд хөл дээрээ босч чадна. Манай улсад аж ахуйн нэгж байгуулагдаад төрийн хүнд суртал, татварын дарамтанд ордог. Өсч өндийх бойжих боломж нь хязгаарлагддаг тал тод ажиглагддаг. Сингапур, Хонгконгод гэхэд компани үүсгэн байгуулагдахад шалгуур дарамт тодорхой хэмжээнд бага байдаг. Үүсгэн байгуулагдаад үйл ажиллагаа явуулснаасаа хойш төрийн хяналтад аажмаар шилждэг юм. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд шинээр бий болж, өсч өндийх бололцоог нь дэмжих тал дээр бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Гэхдээ сөрөг тал бий. Өмнө нь аж ахуйн нэгжүүдийг борлуулалтын төвшингөөр нь хязгаарлаж байсан удаатай. Тэр үед тод компаниудын задрал бий болж олон компанитай болсон тохиолдол байгаа. Ийм зүйл гаргуулахгүй байх хязгаарлалтуудыг хуульд тусгаад өгчихөд асуудалгүй. Тэдэн оноос хойш байгуулагдсан, хуулийн хэрэгжилтээс өмнө тодорхой зохион байгуулалтын өөрчлөлтөд ороогүй гэх мэт хязгаарлах нөхцөлүүдийг тавьж өгөх хэрэгтэй. Томоохон бизнес, томоохон үндэсний компаниудтай байж улс орон хөгждөг. Хөгжлийг хойш нь татах энэ мэт нөлөөллийг харгалзан үзэх л ёстой.

-Мэдээж жижиг, дунд бизнесүүдийг татварын бодлогоор дэмжих нь сайн хэрэг. Гэхдээ нэг хувь гэдэг бодитой, тооцоо хийж гаргаж ирсэн тоо мөн үү. Татварын хувь дээр ингэж хэт савлах нь бизнесээ өргөжүүлэх, томрох хүслийг унтрааж, жижиг хэвээр байх сонирхлыг өдөөчих юм биш байгаа?

-Өнөөгийн сонгуулийн тогтолцоо, Сонгуулийн хуулиас болоод нэг гажуудал үүсчихсэн. Аливаа улстөрийн намууд сонгуулийн өмнө мөрийн хөтөлбөр боловсруулахдаа эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэхээсээ илүүтэй сонгогчдын саналыг авах сонирхлоор мөрийн хөтөлбөрөө зохиодог хандлага бий. Тэгэхээр ялсан нам засгийн эрхэнд гарсаныхаа дараа мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чигийг хэт барих нь эрсдэлтэй. Бодит байдлаас ангид байхаас аргагүйд хүрэх аюул бий. Санаснаар болдог бол “Бидний амлалт ийм байсан. Бодит байдал дээр ингэхээс өөр арга алга” гээд эдийн засгийн бодит тооцоо судалгаатай, уян хатан хандмаар байгаа юм. Нэг хувь бол хэт доогуур тоо гэсэн хандлага байх боломжтой. Нэг биш таван хувь гэвэл бодитой тооцоо болохыг үгүйсгэхгүй. Ингэвэл татварын тэгш бус байдал болон аж ахуйн нэгжүүдийн өргөжин тэлэх хүслийг хязгаарлах нөлөөллийг багасгах сайн талтай. Ер нь бол эерэг, сөрөг нөлөөллүүдийг нь тооцож байж тохиромжтой хувийг тодорхойлох нь зүйтэй.

-“Эрдэнэс Таван толгой”-н 1072 хувьцааг эдийн засаг талаас нь цэгцлэх даалгаврыг Ерөнхий сайд өгсөн. Ингэхийн тулд яах ёстой вэ?

-Таван толгойн хувьцааны тухайд өнөөг хүртэл сонгуулийн нэг гол тоглолт, оноо авах чухал хэрэгсэл хэвээр байна л даа. 1072 хувьцааг эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болгох нь засгийн хийх эхний алхам. Өнөөдөр 1072 хувьцааг сонгодог утгаар нь хувьцаа гэж хэлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл “Эрдэнэс Таван толгой” компанийн балансад Монгол Улсын иргэдийн эзэмшиж байгаа хувьцааны бүртгэл, үнэлгээ байхгүй. Бид өнөө хэр хувьцааны албан ёсны эзэмшигч болж чадаагүй. Хоёрдугаарт иргэд хувьцаанд саналаа өгдөг, хуралд нь оролцдог, ямар нэг хэлбэрээр дуу хоолойгоо хүргэдэг эрхтэй байх ёстой. Дахин хэлэхэд иргэдийн хувьцаа эзэмших эрхийг нь эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болгох учиртай. Эрх зүйн хувьд хүчин төгөлдөр болчихвол эдийн засгийн агуулгатай болох магадлал нь өндөрсөнө. Үүний дараагийн асуудал бол Таван толгой хөдлөх эсэх.

-Бондын төлөлт, төсөв улайсан энэ тэр гээд яривал долларын хомсдол үүсэх нь тодорхой байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт ойрын нэг, хоёр жилдээ шууд сэргэхгүй. Тэгэхээр доллар орж ирэх суваг гэхээр бонд, эсвэл “Стэнд бай” хөтөлбөр л байна. Таныхаар аль нь илүү зөв гарц вэ?

-Ирэх жилээс хүссэн хүсээгүй өрийн дарамт маань үндсэн төлбөрийн дарамт болж ирнэ. Энэ жил бид их наяд шахуу төгрөгийг өрийн үйлчилгээндээ өгч байгаа. Ирэх жилээс бараг хоёр их наяд шахууг өгч эхэлнэ. Үүнээс гарах гарц бол гаднаас доллар оруулж ирэх. Долларын гол урсгалууд татарсан. Гадаадын хөрөнгө оруулалт багассан. Эрдсийн бүтээгдэхүүнүүдийн үнэ багассанаас болж экспортын орлого буурчихсан. Таны хэлснээр доллар орж ирэх хоёр л гарц бий. Бондын тухайд өмнөхөөсөө илүү өндөр хүүтэйгээр авах эрсдэл байна. Монголын гадаад зах зээл дэх нэр хүнд, санхүүгийн чадамж, үнэлгээ, зээлжих зэрэглэл доройтсон. Чингис бондыг дөрөв гаруй хувийн хүүтэй гаргаж байсан бол одоо бид арав гаруй хувийн хүүтэй бонд авахаар болчихоод байна л даа. Бонд гаргая гэвэл юунд яаж зарах талаараа нарийн тооцож байж гаргах хэрэгтэй. Хоёр жилийн өмнө би “Стэнд бай” хөтөлбөрийг эсэргүүцэж байсан. Өнөөдөр бол байж болох нэг гарц. Харьцангуй бага хүүтэй, дунд хугацааны хөтөлбөр гэдгээрээ давуу талтай. Сул тал нь дагалдах хязгаарлалт шаардлагууд байдаг. Гэхдээ тэр хязгаарлалт шаардлагууд нь ихэвчлэн улсын төсөв, өрийн удирдлага, мөнгөний бодлого, зээл, цалин тэтгэвэр, төрийн зардал руу хандсан байдаг. Энэ утгаараа өнөө цагт харин ч хэрэгтэй шаардлага байж мэдэх юм.

-Хязгаарлалт ихтэй “Стэнд бай” хөтөлбөрт хөгжил сул улс хамрагддаг, энэ хөтөлбөрт хамрагдчихаар дэлхийн зах зээл дэх нэр хүнд маань эргээд унана гэсэн болгоомжлол бий. Ингэснээс эрсдлийг зөв удирдаад явах хүмүүсийг засагт ажиллуулж, том төслүүдээ хөдөлгөсөн нь дээр биш үү?

-“Стэнд бай” бол эцсийн, цорын ганц хувилбар биш. Энэ хөтөлбөрт хамрагдах нь Монголын нэр хүндэд тийм сайн байхгүй нь ойлгомжтой. Санхүүгийн хүндрэлд орсон орнуудад л өгдөг, тавиад оноос хэрэгжиж байгаа хөтөлбөр л дөө. Тэгээд ч энэ хөтөлбөрийг авсан болгон амжилттай байдаг гэвэл бас биш. 2009 онд бид аваад дажгүй болсон. Тэр үеийн нөхцөлийг өнөөтэй харьцуулбал маш өөр. “Стэнд бай” авлаа гэж бодоход анхаарах зүйл их байгаа. “Стэнд бай” хөтөлбөрийг өмнө нь хэрэгжүүлээд дуусахад Монголыг маш өөр байдал хүлээж байсан. Гадаадын хөрөнгө оруулагчид эерэгээр харж байсан. Дэлхийн зах зээл дэх эрдсийн бүтээгдэхүүний үнэ сайн байсан. Дэлхийн эдийн засаг хямралын дараах эргэн сэргэлт рүү орж байсан. Товчхондоо биднийг таатай гадаад орчин хүлээж байсан. Харин өнөөдөр бол гадаад орчны таатай байдал эсрэгээрээ эргэсэн. Анхаарах ёстой хамгийн том өнцөг бол энэ. Хоёр дахь хувилбар нь өөрсдийнхөө хүчээр гарах гээд үзэж болох юм. Гэхдээ мэргэжлийн Засгийн газар ажиллах хэрэгтэй. Мэргэжлийн Засгийн газар сонгодог утгаараа байх ёстой. Монголын өнөөгийн нөхцөл байдлыг цогцоор нь маш сайн үнэлж чаддаг хүмүүс засгийн танхимд ажиллаж байж бид өөрсдийнхөө хүчээр хямралыг давж чадна. Засгийн газар нь чадварлаг биш юмаа гэхэд хөндлөнгийн зөвлөх баг ажиллуулах хэрэгтэй.Бонд гаргалаа гэхэд ямар хэмжээний бонд гаргаад улсаа хямралаас гаргаж чадах вэ гэдэг дээр зөвлөж, сайн төлөвлөгөө гаргахад нөлөөлөхөөр зөвлөх баг ажиллуулбал байдал эерэгээр эргэх магадлал бий. Гэтэл өнөөдрийг хүртэл эдийн засгаа бодитойгоор үнэлсэн зүйл алга байна.

-Мэргэжлийн засаг бүрдсэн эсэх дээр таны бодлыг сонсъё…?

-Засгийн газрын хувьд ямар ч гэсэн дэвшил гарсан. Бүгд давхар дээлтэй байсан бол энэ засгийн зарим сайд давхар дээлээ тайлчихлаа. Тодорхой салбарт мэдлэг, боловсролтой хүмүүсийг тавьсан тал бий. Мэргэжлийн Засгийн газар гэдгийг би хувьдаа тухайн салбарт мэргэшсэн чадварлаг, мэдлэг өндөр, ажлын дадлага туршлагатай хүнийг томилохыг л хэлнэ гэж ойлгодог.

Categories
мэдээ цаг-үе

Б.Лакшми: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдвал долларын ханш тогтворжино

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Эдийн засгийн хүндрэлээс гарах хамгийн бодитой арга, гарц гэвэл та юуг онцлох вэ?

– Одоогийн хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай” хөтөлбөр. Эдийн засаг нэлээд хүндэрчихлээ. Валютын нөөц сайн биш учраас долларын ханш нэмэгдэх магадлал өндөр байгаа. Наймдугаар сарын сүүл есдүгээр сараас долларын ханш эрс өсдөг хандлага ажиглагддаг. Сургууль, цэцэрлэг, их сургууль гээд бүх юм есдүгээр сараас эхэлдэг. Хичээлийн хэрэгсэл, хувцас худалдаж авах, сургалтын төлбөр хийх гэх мэт асуудал үүсч, худалдан авалт идэвхжээд эхэлдэг учраас доллар өсөхөөс аргагүй шалтгаан үүсдэг гэсэн үг. Нөгөө талаас экспорт сайн биш байгаа нь долларын ханшид сөргөөр нөлөөлсөөр байна. Экспорт өсөх хандлага ойрын хугацаанд лав харагдахгүй байна. Тэгэхээр Монголын хувьд хамгийн түрүүнд хийх ёстой алхам бол өмнө хэлсэнчлэн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах. “Стэнд бай” бол ОУВС-гаас хэрэгжүүлдэг, санал болгодог хөтөлбөр. Энэ хөтөлбөрийн талаар өрөөсгөл ойлголт нийгэмд байдаг л даа. “Стэнд бай” хөтөлбөрт Засгийн газраас хүсэлт гаргаж хамрагддаг юм. Энэ хөтөлбөрт хамрагдсаны сайн тал гэвэл хэд хэд бий. Нэгдүгээрт гаднаас хямд эх үүсвэртэй, хямд өртөгтэй санхүүжилт орж ирнэ. Хоёрдугаарт санхүүгийн болон эдийн засгийн хямралуудыг даван туулах тусгайлсан хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Тэр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх үүргийг тухайн улс орон хүлээдэг юм. Санхүүгийн сахилга батыг нэлээд чанд сахих үүрэг хүлээдгээрээ онцлог хөтөлбөр гэж ойлгож болно. Энэ утгаараа нэгэнт үүсчихсэн эдийн засгийн хүндрэлтэй үед цагаа олсон алхам болно гэж бодож байна. Их хэмжээний өртэй, зээлжих зэрэглэл буурсан, эдийн засаг нэлээд муудсан нөхцөл байдалд хүндрэлээс гарах хамгийн бодитой гарц бол “Стэнд бай”.

-Эдийн засаг хүндхэн үед зам, эрчим хүч гэх мэт суурь дэд бүтцүүдээ шийдчихвэл сайн цаг ирэхэд илүү эрчтэйгээр урагшилна гэж шинжээчид зөвлөдөг. Мэдээж ОУВС өгсөн мөнгөөрөө зам тавь гэхгүй байх. “Стэнд бай” хөтөлбөрийг энэ талаас нь шүүмжлэхээс аргагүй санагддаг…?

-Манай улс нэлээд онцлогтой орон. Импортоос хараат хэвээр байгаа. Экспортод гарч байсан голлох бүтээгдэхүүн болох түүхий эд гээд ярихаар уул уурхайн салбарт хамаардаг. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурсан, үнэ ханшаас болж экспортын хэмжээ огцом багассан гэх том бэрхшээл байна. Үйлдвэржилт гээд харахаар экспортод гаргачихаар дорвитой, ахицтай зүйл алга. Ихэнх хэрэглээгээ гадаадаас хангаж байгаа болохоор валютаас хараат байдал маань хэвээрээ гэсэн үг. Уул уурхайгаас хараат гэдэг нь хэвээрээ. Зам, дэд бүтэц тавихын тухайд мэдээж хэрэгтэй. Нөгөө талаас эдийн засгийн үр өгөөжийг нь харах хэрэгтэй л дээ. Замыг эдийн засаг талаас нь хараад үзэхээр ашиглаж чадвал зайлшгүй шаардлагатай. Цөөхөн хүн амтай сумын хувьд ийм хүнд үед заавал зам тавих шаардлагагүй. Харин эдийн засаг сайн үед байж болох асуудал. Манай улсын сул талын нэг нь дэд бүтэц сул хөгжсөн явдал мөн л дөө. Гэхдээ эхлээд хаагуур зам тавих вэ гэдгээ эрэмбэлэх хэрэгтэй. Ингэсний эцэст дэд бүтцээ тавибал зүгээр.

-“Стэнд бай” хэрэгжсэн тохиолдолд долларын ханшид ямар нөлөө үзүүлэх бол, ханш тогтворжих болов уу?

-“Стэнд бай” хөтөлбөрт хамрагдсанаар долларын ханш тогтворжино. Өнөөгийн нөхцөл байдлын хувьд уул уурхай сэргээгүй, валютын нөөц бага, өөр бүтээгдэхүүн экспортолъё гэхээр эдийн засаг хүчтэй нөлөөлөхөөр зүйл алга, гадаад хөрөнгө оруулалт буурсан гэсэн эрсдлүүд бий. Байдал энэ хэвээр үргэлжилбэл долларын ханш өссөөр байна.

-“Стэнд бай” хөтөлбөрөөс өөр зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай алхмууд гэвэл юу байна?

-Санхүүгийн зах зээлийг либериалчлах хэрэгтэй. Аливаа бизнесийг хөгжүүлэхэд санхүүжилт хэрэгтэй байдаг. 96 хувь маань банкнаас хараат байгаад байгаа нь энэ салбар либериалчлагдаагүйтэй холбоотой. Санхүүгийн бусад эх үүсвэр, арга хэрэгслийг идэвхжүүлэхгүй, боломжийг нь олгохгүй байгаа учраас бизнес сайн хөгжихгүй байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй яам, агентлагийн бүтцийг харахаар гадаад хөрөнгө оруулалтыг хариуцсан газар байхаа больсон гэж харагдаж байна л даа. Манай эдийн засагт гадаадын хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай. Гадаад хөрөнгө оруулалтын газрыг татан буулгаад өөр яамны харьяанд оруулах нь зөв алхам биш. Үе үеийн Засгийн газар гадаад хөрөнгө оруулалтын газрыг зайлшгүй хадгалж үлдэх ёстой. Харин ч гадаад хөрөнгө оруулалтын газрын үйл ажиллагааг нь бэхжүүлээд маш идэвхтэй баг бүрдүүлж ажиллах учиртай. Гадаадын хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалдаг маш хүчтэй байгууллага болгочихвол эдийн засагт хэрэгтэй гэж харж байна.

-Гадаадын хөрөнгө оруулалт ойрын ирээдүйд ямаршуу байх төлөв ажиглагдаж байна вэ?

– Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд сонгуулийн өмнөхөн ямар нам ялах бол, засаг яаж бүрдэх нь вэ гэдэг дээр хүлээлттэй болчихсон байдаг. Засгийн газар хөрөнгө оруулагчидтай томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж яриад эхэллээ. Наймдугаар сар гарчихлаа. Манай улсын хувьд барилгын сезон богинохон байдаг. Наймдугаар сараас том төслүүдийнхээ асуудлыг ярьж эхэлсэн гэхээр шийдвэр гартал наад зах нь хоёр, гурван сар болно. Аль төслүүдээ хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал бий. Олон улсын тендер зарлаж таарна. Тендерт хөрөнгө оруулагчид саналаа ирүүлнэ. Компаниудыг сонгон шалгаруулна, дараа нь гэрээ байгуулна. Гэрээ байгуулсны эцэст хөрөнгөө оруулна. Ингээд харахаар энэ жилдээ багтахааргүй их ажил харагдаж байгаа. Тэгэхээр энэ онд лав хөрөнгө оруулалт сэргэх магадлал маш бага. Цаг алдахгүй хийх боломжтой алхам гэвэл ганцхан байна. Тэр нь “Стэнд бай”. Төсөв мөнгөгүй болчихлоо. Аль хэдийнэ улайсан. Дахиад хэлэхэд том төслүүдээ хөдөлгөх ёстойг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол өнөө маргаашдаа шийдэгдэх асуудал биш. Нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр ямар байгаа билээ. Таван толгой дээр тендер зарлалаа гэхэд өмнөх шиг шууд л бөөн бөөнөөрөө саналаа ирүүлнэ гэж байхгүй. Саналаа ирүүллээ гэхэд процесс нь олон учраас хугацаа шаардана.

-Засаг хүүхдийн мөнгийг өгч чадахаа болилоо. МАН-ын мөрийн хөтөлбөрт халамжийн өчнөөн амлалт бий. Эдийн засаг ийм үед халамжийн бодлогыг хэвээр үргэлжлүүлбэл биднийг ямар эрсдэл хүлээж байгаа бол?

-Халамжийг хавтгайруулсан хэвээр байвал дампуурлаа зарлахад хүрэх байх. Манай эдийн засгийн загвар хагас социализмын, хагас зах зээлийн эрээвэр хураавар хэлбэрээр яваад байгаа юм. Олон жилийн хугацаанд ингэж явж ирсний үр дүнд эдийн засаг хүндрэлтэй, цэгцэрч өгөхгүй байна л даа. Жишээ нь Герман нийгмийн баримжаатай эдийн засагтай. АНУ гэхэд л бас нэг өөр төрлийн эдийн засаг. Орон болгон өөрийн гэсэн онцлогтой эдийн засгийн загварыг хөгжүүлж байна. Харин манайд эдийн засгийн загварчлал явагдахгүй байна. Тухайн үедээ сонгогчдын саналыг авахын тулд боловсруулсан аль нэг намын мөрийн хөтөлбөрөөр яваад байгаа учраас улсын эдийн засагт урт хугацаанд муу нөлөө үзүүлж байна. Цэцэрлэгийн хүүхдүүдийн мөнгийг аваад үзье. Улсын цэцэрлэгт хүүхдээ өгч байгаа эцэг эхчүүд ямар ч мөнгө төлдөггүй. Энэ буруу. Анхнаас нь буруу загвар хийчихсэн. Үе шатлалтай тогтоож өгөх байсан. Жишээ нь ээж, аав нь хоёулаа ажилладаг дажгүй орлоготой айлын хүүхэд улсын цэцэрлэгт хүмүүжиж байна гэж бодъё. Тэгвэл цэцэрлэгийн төлбөрийг тодорхой хэмжээгээр төлөх ёстой. Дундаж орлоготой хүмүүст “Зөвхөн хоолных нь мөнгийг төл” гэсэн босго тогтоогоод өгчихөд болохгүй юмгүй. Төрөөс зардлыг нь даахаас аргагүй хэсэг бол ажилгүй, бага орлоготой иргэдийн хүүхдүүд. Бүх зүйлийг ийм үе шатлалтайгаар тогтоож өгөх ёстой. “Үдийн цай” хөтөлбөр гэхэд улсын, хувийн гэлгүй бүх сургуулийг хавтгайруулж хэрэгжүүлсэн нь мөн л буруу загвар. Эдийн засаг хүндэрсэн энэ үед нийгмийн халамжийг хавтгайруулж болохгүй.

-Сүүлийн үед гадны банк оруулж ирэх нь зөв, тэгж байж хүндрэлээс гарна гэж их ярих боллоо. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Болгоомжтой хандах ёстой асуудал. Тэртэй тэргүй санхүүгийн зах зээл банкнаас 96 хувийн хараат байгаа. Буруу тогтолцоо. Гадны банк оруулж ирвэл энэ буруу тогтолцоог өөгшүүлэхээс хэтрэхгүй. Харин санхүүгийн бусад арга хэрэгслийг идэвхжүүлэх хэрэгтэй. Хувийн хөрөнгө оруулалтын сан гэх мэт өчнөөн арга хэрэгсэл бий.

-Эдийн засаг хүндэрсэн ийм үед эрсдлээс гаргаж чадах чадалтай, чадамжтай хүмүүс засаг барих ёстой гэж ярьж бичиж байна. Та юу гэж бодож байна?

-Мэргэжлийн Засгийн газар гэж сүүлийн үед их ярьж байгаа. Ийм засагт ажиллаж чадах хүмүүсийг сонговол зүйтэй байдаг. Эрсдлийг тооцож харж чаддаг, асуудлаа мэддэг, шийдэмгий хөдөлдөг хүмүүс засагт ажиллах хэрэгтэй. Тэгж байж хүндрэлээс гарна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Шинэ төр засаг америк долларын өмнө цагаан тугаа өргөв

“Найман шарга” дээр америк долларыг 2075 төгрөгөөр авч, 2082 төгрөгөөр зарж байна. Төв банкны ерөнхийлөгч орой үдшээр сандран байж тамгаа хүлээж авснаас хойш ноён ногооны ханш аажимдаа нэмэгдсэн үү гэхээс унаагүй. Сонгууль хүртэл 2000 хавьцаа тогтворжиж байсан доллар өссөөр буйг монголчууд энэ өдрүүдэд нүдээрээ харж, биеэрээ мэдэрч сууна. Ам.долларын ханш ирэх өдрүүдэд ч өгссөн зурагтай үргэлжилнэ гэдэгт эргэлзэх юм алга. Н.Баяртсайханы хувьд Н.Золжаргал шиг Монголбанкинд олон жил ажилласан, дэд ерөнхийлөгчийнх нь албанаас шууд томилогдсон хашир бурхи биш. Төв банкинд шинэ хүн учраас тэр ажилтайгаа танилцаж суугаа. Шинэ ерөнхийлөгч одоохондоо ам.долларын ханшийг хазаарлах дээр ямар нэг алхам, шийдвэр гаргаагүй учраас ингэж дүгнэж байна л даа. Хатуухан хэлэхэд Төв банкны ерөнхийлөгч хэт сулбагар байна. Өмнөх удирдлагын хүчтэй байр суурь, шийдмэг зоримог алхмууд ингэж хатуу дүгнэх шалтгаан болсон байж мэдэх юм.

Долларын ханш цаашдаа ч өснө гэж итгэлтэй дуугарах шалтгаан бэлхнээ нүдэн дээр хөвөрч байна. Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайдын өгсөн анхны даалгавар нь эдийн засаг гадарладаг хүнд бол Итгэлт баяны хэлдгээр ёстой нөгөө “ичмээр дамшиг”. “Тэтгэврийн зээл авагсдын зээлийн хүүг бууруул” гэсэн лүндэн гүйцэтгэх засаглалын тэргүүний амнаас унахыг энэ чихээрээ сонслоо. Гайхалтай шүү, зээлийн хүү буурахаар хадгаламжийн хүү буурна, хадгаламжийн хүү буурахаар төгрөгөөр мөнгөө хадгалуулсан нөхөд хадгаламжаа татна, мөнгөө авсан хүн яахав арай найдвартай юм гээд доллар болгоно, үр дүнд нь төгрөг шалан дээр навс унана гэдгийг эрхэм Ерөнхий сайд уг нь мэдэхийн цаагуур мэдэх учиртай. Хадгаламжаа татсан зарим нь сая хэлсэнчлэн долларын хадгаламж болгоно. Дажгүй мөнгөтэй нь бол таатай орчин хайж оффшор энэ тэр гээд явахаас яах билээ, буруутгах шалтгаан лав тэр үед гарахгүй.

Н.Золжаргалд нэг онцлог бий. Тэр мөнгөний бодлогыг өчнөөн жилээр харчихсан учраас, санхүүгийн хувьд биеэ бүрэн даачихсан болохоор Засгийн үгийг дөлгөөхөн гэгч нь сонсч суугаад өрөөндөө ороод хэрэгжүүлчихдэг Төв банкны тэргүүн байгаагүй. Монголбанкны өнгөрсөн жилүүдийн түүхийг сөхөхөөр харж мэдэрсэн хэрнээ “no” гэж зоригтой дуугарч чадахгүй, өөрт нь албан тушаал өгсөн намынхаа заавар журмаар хөдөлдөг мөнгөний бодлого тодорхойлогчид олон байсан. Лав л түүнээс өмнөх мөнгөний бодлого тодорхойлогчид яг ингэж хөдөлж байсан шиг санагддаг. Харин тэр огт өөр уур амьсгалыг нийгэмд авчирсан. Засагт нөлөөлж чадсан Монголбанкны ганц ерөнхийлөгч гэвэл ажлаа өгөөд удаагүй байгаа Н.Золжаргал. Золоогийн үгийг Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг хоёр сонссон. Харин Баяртсайханы үгийг Ерөнхий сайд Эрдэнэбат сонсох болов уу? Эсрэгээрээ төв банкны ерөнхийлөгч Засгийн газраа сонсч таарна. Н.Баяртсайханыг сайн улстөрч, сайн санхүүч, сайн эдийн засагч гэдгийг нь үгүйсгэхгүй. Гэхдээ өмнөх ерөнхийлөгч шиг засгийн эсрэг дуугарч, холыг харсан хүчтэй лобби хийнэ гэдэг юу л бол. МАН нэг дуутай. Дээрээс хэлсэн л бол Богдын лүндэн лугаа дагадаг онцлогтой нам. Дээр нь манай төв банкны ерөнхийлөгч олны шүүмжилж байгаачлан “коммунист эдийн засагч”. Хуучин нийгмийн үед ахисан шат, хашиж байсан албан тушаал нь ийм сэтгэгдэл, дүгнэлт төрүүлдэг. Хувь лидерийн чанар, дэлхийн санхүүгийн зах зээлтэй улсаа уяж хараад бусад юу гэсэн ч хамаа алга, минийх л зөв гэж бардам бодоод итгэлтэй алхах зориг лав энэ хүнээс гарахгүй.

Тэгэхээр тэтгэврийн зээлийн хүү лавтайяа буурна. Нэмж хэлэхэд гүйцэтгэх засаглалын тэргүүний үүрэг даалгаврыг УИХ-ын гишүүд, хууль тогтоочид нэн таатайгаар толгой дохин сонсч суугаа. Тэд дэмжихээр төр засгаас албан ёсны шийдвэр гарч таарна. Тодруулбал, тэтгэврийн зээлийн хүү эргэлзээгүй буурна. Үр дүнд нь яана гэж санана. Ээж, аав, эмээ, өвөөгийнхөө тэтгэврийн зээлээр аж төрдөг ажилгүйчүүдийн эгнээ тэлнэ. Саяхан даа, сонгуулийн өмнөхөн тэтгэврээ авах гэж банкинд дугаарлаж зогссон ээжийгээ отож байгаад мөнгийг нь булаасан хэрэг гарч байсан. Ийм нөхөд өчнөөн бий. Тэтгэврийн зээл үнэн хэрэгтээ тэдэнд л хаяглагддаг. Түүнээс биш аятайхан амьдарч яваа хүмүүс ээж, аавынхаа тэтгэврийн зээл рүү орно гэж юу байхав. Олны үгийг нь хүлээн зөвшөөрч сонсдог эдийн засагч тэтгэврийн зээлийг “дарангуйлал” гэж тодорхойлсон нь зүгээр ч нэг сэтгэлийн хөөрлөөр хэлсэн үг биш. Тэтгэврээ урьдчилж бөөнөөр нь зээлээд тансаглая, гадаад дотоодоор аялъя гэж банк руу алхах настнууд байна гээд төсөөл дөө. Одоохондоо бол ийм настан байхгүй. Ингээд харахаар энэ зээлийгхарин ч бодлого гаргаж байгаад хоримоор санагддаг. Ерөнхий сайд шиг хөгжүүлэн дэвжүүлье гээд улаан тугаа өргөөд урагшилбал сайн юм дуулгахгүй зээл.

МАН-ын Засгийн газрын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг сөхье. Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах бол юу ч биш. Зүүний чиглэлийн нам болоод тэр үү мөрийн хөтөлбөрөөс нь халамжийн амлалт түүвэл өчнөөнөөрөө. Төрийн албаны цалинг хоёр дахин нэмэгдүүлнэ, дөрвөн хүүхэд төрүүлсэн эмэгтэйд байр өгнө, хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно, тэтгэврийн хэмжээг нэмнэ гэж ирээд ёстой нэг амлаж гарсныг сонгогчид тов тодорхой санаж суугаа. Ерөнхий сайдын сүүлд гаргасан тэтгэврийн зээлийн хүүг багасгах даалгавар ч намынх нь мөрийн хөтөлбөр дээр цагаан дээр хараар дурайж байна лээ, зав гаргаад сөхөөд үзээрэй. МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан л бол хэрэгжүүлнэ гээд зүтгэж таарна. Бодлогоо Н.Баяртсайханаар дамжуулан хэрэгжүүлэх нь бас гарцаагүй. Төв банкны шинэ ерөнхийлөгч “намын заасан замаар” гээд алхах нь тодорхой. Тэгэхээр Н.Золжаргалын үед ажилгүй нөхдийг ажилд оруулах зээлийн бодлого хэрэгжиж, үндэсний үйлдвэрлэл жинхэнэ утгаараа сэргэж эхэлсэн бол Н.Баяртсайханыг алба хаших цагт ажилгүйчүүдийн эгнээ улам өргөжиж өнгөрсөн дөрвөн жилд овоо өөдрөг явсан үйлдвэрлэгчид хаалгаа барьж эхэлнэ. Гэхдээ энэ бэрхшээлээс гарах гарц бий. Эрдэнэбат Ерөнхий сайд чигээ зөв харж мэдрээд цааш алхвал болохгүй зүйл бас үгүй. Мэдээж энэ бол засгийн шийдэх асуудал. Халамж уу, үйлдвэрлэл дагасан хөгжил үү?…

МАН-ын хачин дургүй бас нэг зүйл бий. Тэр нь бонд. Улсдаа байгаа боломжоо яриад хөрөнгө оруулагчдаас мөнгө татна гэдэг угтаа гэмт хэрэг биш, гавьяа зүтгэл. Гэтэл яагаад ч юм МАН бондод жигтэйхэн өстэй. Бондын үнэ цэнийг мэдэрдэг, бондгүй бол оршин тогтноход бэрх гэдгийг мэддэг МАН-д данстай эдийн засагчид ч “гайхал бонд”-д тун дургүй. Солонгос, Америк гаднаас их мөнгө татаж дэд бүтцээ байгуулсан, дэд бүтцээ төгс утгаар нь шийдсэн учраас үйлдвэрлэлээ хөгжүүлсэн, үйлдвэрлэлээ оргилд нь тултал хөгжүүлсэн учраас дэлхийн энд яригддаг гэдгийг МАН-ын томчууд мэддэггүйдээ ингэж “тэнэгтдэг” гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Зүгээр л АН эхлүүлсэн, эхлүүлээд хийж чадсан, хийгээд бүтээж чадсан учраас л тэд бондод өр зүрхнээсээ харшлаад байдаг юм.

МАН бас гадаадын хөрөнгө оруулалтад таатай ханддаггүй. Гадаадын хөрөнгө оруулагчдыг үргээсэн хуулийг анх санаачилсан хүн гэхэд л МАН-ын Г.Занданшатар. Ирээдүйн үнэ цэнээ мэдрүүлж бонд босгож доллар олж ирэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж том төслүүдээ хөдөлгөх бол доллар галзуурахгүй, төгрөг шалдаа унахгүй байх том суурь. Бас эдийн засаг хөл дээрээ тогтох, үйлдвэрлэл хөгжих, ажилгүйчүүд ажилтай болох, уяачид бөхчүүдийг биш баялаг бүтээгчдийг хүндэтгэж үнэлэх цагийн тулах цэг нь ерөөсөө л бонд ба гадаадын хөрөнгө оруулалт. Эдийн засаг ингэтлээ хүндэрсэн цагт гаднаас доллар татахгүйгээр бүтээн байгуулалт өрнүүлж, мега төслүүдээ хөдөлгөж, эдийн засгаа сэргээнэ гэдэг мянгуужингийн үлгэр. Улстөр хийнэ гэдэг нэг хэрэг. Улсаа авч явж, иргэдийнхээ амьжиргааг өөд нь татна гэдэг бас өөр хэрэг. Үнэнийг хэлэхэд МАН-ын амласан халамжийн гоё өгүүлбэрүүдийг Ерөнхий сайд нь тоть мэт давтаж, тэрийг нь төв банк цэрэг мэт хэрэгжүүлээд явбал долларын ханш 2200 төгрөг хүрэх энүүхэнд. Түүнээс цааш хэд хүрч галзуурахыг тэнгэр бурхан, Монголбанкны ерөнхийлөгч биш МАН-ын чин зориг л мэдэх хэрэг. Өнөөдөр бол шинэ төр америк долларын өмнө цагаан тугаа өргөчихөөд байна.

Ямартай ч өмнөх ерөнхийлөгчийн буянаар өнөөдөр инфляци нам дор хэвээр, валютын нөөц импортынхоо дөрвөн сарын хэрэглээг хангачихаар хэмжээний байна. Тодруулж хэлбэл, бид 1.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй налайж суугаа. Дэлхийн бусад орон гурван сарын импортын хэрэглээний бараагаа авах валютын нөөцтэй бол санаа амар аж төрдөг гээд бодохоор давгүй үзүүлэлт. Товчхондоо ноён ногоон хэд хүрч галзуурахыг засгийн ирэх өдрүүдийн бодлого л тодорхойлох нь байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялагчдаа үргээсэн жудаггүй монгол зан

Ноднин зун аагим халуунаас зугтсан нийслэлчүүд Хөвсгөл рүү бултаараа жолоо мушгицгаасан. Ганц нийслэлийнхэн ч биш хөдөө орон нутгийнхан ч гэсэн “Дөнгөж ашиглалтад орсон асфальтан замын дарданг хэлэх үү” гэсэн шигээ хоймор нутаг руу ёстой нэг цувж өгсөн. Хөвсгөлийнхөн дажгүй мөнгө хийгээд авсан байх. Мөрөн, Хатгалын дэлгүүрүүдийн лангуу хоосорч, далай дагасан жуулчны баазууд лав овоо мөнгөжсөн. Энэ жил ч их мөнгө олно гэсэн хүлээлттэйгээр зуныг догдлон угтсан хөвсгөлчүүдийн хувьд их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг юм болов. Аялагчид Хөвсгөл рүү биш Байгал нуур руу цував.

Шалтгаан нь тодорхой. Өнгөрсөн зун Хөвсгөлийг зоригсод гомдол, шүүмжлэл, бухимдалтайгаар гэртээ харьцгаасан учраас тэр. Хатгалын дэлгүүр гэхэд 1000 төгрөгөөр зардаг цайны хийцийг 3000 төгрөг, килограмм нь 5000 гаруйхан төгрөг байсан хонины махыг 8-13 мянган төгрөг болгон хөөргөж аялагчдыг бухимдуулаад авсан юм.

Нутгийн иргэд, жуулчны баазууд нь бүр ч жудаггүй. Тэр хавийнхан сүү, мах, жимс ногоо энэ тэрхэн дээрээ хүртэл ахиу мөнгө авах гэж улайрцгаасныг өнгөрсөн зун Хөвсгөлд очсон хүмүүс толгой сэгсрэн ярьцгаасан. Жуулчны баазууд өдрийн 60 мянган төгрөг байсан гэрээ аялагчид багтахаа байхаар нь бүр 120 мянган төгрөг болгож хаданд гаргачих жишээний. Уг нь жуулчны баазууд аймгийнхаа төрийн байгууллагатай гэр, байшингийнхаа хоногийн зардлыг 30 мянган төгрөг гэж гэрээ хийдэг юм билээ. Түрүү жилийн наадмын өдрүүдэд Хөвсгөлд хонон өнжин бороо шивэрсэн. Балчир үрс, хөгшид буурайгаа аваад аялсан аялагчдад гэр олдохгүй, сүүлдээ бүр жуулчны баазуудын хашаанд майхнаа барьж хонохдоо тулж байв. Хашаанд нь майхнаа хатгая гэж гуйхаар жуулчны баазын эзэд багагүй мөнгө нэхэж гэдийснийг ярих хүн өчнөөн бий. Баазынх нь хашаанд майхнаа барьж нэг шөнийг барах төдийд 30 мянган төгрөг. Гэр, байшингийн хоногийн зардал хашааныхаа газарт майхан хатгуулах төдийд л үйлчилсэн.

Жуулчны баазуудын хоолны үнэ тэр өдрүүдэд ёстой галзуурсан гэхэд хэтрүүлэг болохгүй. Захын жуулчны бааз нэг таваг цуйвангаа 12-15 мянган төгрөгөөр үнэлж мөнгө цагаан, нүд улаан гээч л болсон. Тансаг рестораны цуйван зардаг үнийг арав хүрэхгүй гэртэй, жирийн нэг жижигхэн жуулчны бааз хэлж байх жишээний. “Авахгүй гээд яах юм. Хонож өнжөөд явах нь л тодорхой” гэсэн сэтгэлгүй хандлага нь энэ жил хөвсгөлийнхөнд том цохилт болсныг амтай болгон ярьж байна. Хоймор нутгийнхан уг нь “Нийслэлийнхэн АСЕМ-аар өчнөөн хоног амарна, тэгэхээр өнгөрсөн жилийнхээс ч олон хүн зөндөө хоногоор тухлахаар ирнэ. Мөнгийг ч олж өгнө дөө” хэмээн догдолж байв.

Танил маань Хатгалд найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг юм. Мань эр өнөө зун өчнөөн хүн ирнэ гээд мөнгө зээлж байгаад бараагаа татсан ч олигтой ашиг олоогүй, харин ч өрөнд орсон дуулдсан. Танил шиг минь яг ийм хандлагаар бараа татсан дэлгүүрийн эзэд лав толгойгоо барьж суугаа.

Аялагчид Байгал нуурыг Хөвсгөлөөс илүү үзэхээс аргагүй. Тэндхийн жуулчны баазууд мэдээж зэрэглэлээсээ хамаараад адилгүй үнэтэй. Гэхдээ жуулчид ихэслээ гээд үнээ нэмдэг жудаггүй авир баазынх нь эздэд байхгүй. Манай жуулчны баазуудын үнэ өдөр өдрөөр, хорь, гучин мянган төгрөгөөр нэмэгддэг гэвэл тэд ойлгохгүй. Байгал нуурын эрэг дагуух жирийн амралтын газарт өрөө авахад хоногийн 500 рубль. Монгол мөнгөөр 16 мянган төгрөг. Тансаг зэрэглэлийн, баячууд тухалдаг баазад нэг хоновол 2000 рубль төлнө. 64 мянган төгрөг гэсэн үг. Хөвсгөлийн жирийн л нэг жуулчны баазын муухан гэрийн хоногийн хөлс өнгөрсөн зун доод талдаа 60 мянган төгрөг байсан. Дээшээ хэд хүрэхийг аялагчид биш, бурхан бүр биш, жуулчны баазын эзэн л мэдэж байсан. Харин Байгал нуур бол өөр. Жуулчид хямдхан баазад хоногловол хэдэн төгрөгтэй очихоо, үнэтэйг нь сонговол хэдийг төлөхөө мэдэж очдог.

Байгал нуурын эрэг дагуух тансаг жуулчны бааз Хөвсгөлийн жирийн нэг жуулчны баазын муухан гэрт хонох зардалтай тэнцүү гээд бод доо. Тун сонин харьцуулалт. Монголчууд энэ зун Хөвсгөлд биш Байгал нуурын оросуудад мөнгөө өгсөн хамгийн том шалтгаан энэ. Байгал нуурыг зорьсон хүмүүс нуур дагасан жуулчны баазуудын ресторан, зоогийн газарт хооллохдоо 6000 төгрөгийн цуйван 13 мянган төгрөг болно гэж болгоомжлох шаардлага гарахгүй. Эрхүү талаа дагаад явбал үнэтэй тансаг ресторан голдуу бий, хойд талаар нь явбал хямдхан хооллох боломжтой гэдгийг монголчууд андахгүй. Манайхны явдаг маршрут дагуух газруудын таваг хоолны мөнгө дунджаар 5000 төгрөг.

Хөвсгөлд өнгөрсөн зун очсон хүмүүс жижигхэн моторт завиар далайгаар хорь хүрэхгүй минут аялахдаа 25000 төгрөг төлж байсан. Нэг хүний 25000 төгрөгийн хөлстэйгөөр завь ажиллуулсан нөхөд ч дажгүй орлого хийсэн нь тодорхой. Харин Байгал нуурт усан онгоцоор дор хаяж гурван цаг аялдаг, үнэ нь ч боломжийн. Нэг хүний 45 мянган төгрөг. Байгал нуурын үзэсгэлэнг аралтай юутай хүйтэй нь гурван цагийн турш таашаан харсны төлбөр гэхэд хамаагүй хямдхан үнэлгээ. Хөвсгөл, Байгал нууруудыг үйлчилгээний хувьд энэ мэтээр харьцуулбал тэнгэр газар шиг зөрөөтэй зураг харагдана. Хөвсгөлийг биш Байгал нуурыг сонгосон бас нэг шалтгаан энэ.

Ян сарьдаг, хөвч тайга, хэдэн мянганы түүх хүүрнэсэн буган хөшөө, эртний хиргэсүүр, дэлхийн арван долоон эртний нуурын нэг, хоёр сая гаруй жилийн настай Хөвсгөл нуур маань сэтгэл, хараа булаахаар сайхаан сайхан. Гэхдээ Байгал нуур ч дутуугүй сайхан. Мэдээж Хөвсгөлд аялал жуулчлал сайн хөгжсөн бол монголчууд эх орондоо аялахыг илүүд үзэх байсан. Аялагчид тав тух, үнэ хөлс, сэтгэл ханамжийн баталгаа зуун хувь учраас л Хөвсгөлөө биш Байгал нуурыг сонгосон хэрэг. Манайд Хөвсгөл шиг аялал жуулчлалын брэнд болсон байгалийн үзэсгэлэнт газрууд өчнөөн бий. Их Монголын нийслэл сүндэрлэн байсан Хархорин, үлэг гүрвэлийн мөр өнөө ч хадгалагдаж үлдсэн говь нутаг, хараа алдам Дорнын тал гэж ирээд яривал дотоодын байтугай гадны жуулчдыг хуйлруулам газрууд олон. Биенээ муулах шахам өрсөлдөж жуулчнаа булаацалддаг аяллын 600 компаниасаа дажгүй гэгддэг хорь, гучийг нь нэгтгэж Монголын аяллын брэндүүдийн талаар ам нэгтэй дуугардаг болгох, Америк шиг аялагчдын захиалгыг жилийн өмнө авчихдаг тогтолцоог нэвтрүүлэх, гадаад сурталчилгаагаа сайн хийх, аялал жуулчлалын гол бүсүүддээ ядаж л Өмнөд Монгол шиг түүхээ харуулсан аятайхан цогцолбор, музей барих энэ тэр гээд яривал аялал жуулчлал хариуцсан яамнаас санаачлах ажил цөөнгүй бий. Наад зах нь л гадны аяллын компани орж ирээд ажиллахад тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй, өнөөдүүл нь зунжин ажиллаж мөнгө хийгээд татвар төлөлгүй гараад явчихдаг зовлон аялал жуулчлалын салбарт бий. Уг нь аялал жуулчлалын хуулиа шинэчлээд шийдчих асуудал л даа. Аялал жуулчлалын салбараа өргөмөл хүүхэд шиг хаячихсан төрийн бодлогын талаар иймэрхүү жишээ яривал өчнөөн юм бий.

Гэхдээ хамгийн түрүүнд анхаарах учиртай зүйл маань мөнгө өгдөг, амьдралыг нь залгуулдаг аялагчдаа үргээдэг жудаггүй монгол зан. Өнөө жил мөнгө олж байвал мах, сүүгээ хэдээр зарсан ч яах вэ, гэр байшингаа яаж үнэлэх нь миний дур гэж хэнэггүйрхвэл яадгийг жуулчдаа мөрөөссөн Хөвсгөлийн өнөө зуны дүр зураг харууллаа. Төр зөв бодлого хэрэгжүүлэхгүй байна, аялал жуулчлалын салбараа хаячихлаа, төрөөс ингэх тэгэх ёстой гэж суухын оронд ядаж л монгол жудгаа гээмээргүй байна. Илүү мөнгө нэхдэгээ болих нь эцсийн бүлэгт төрд биш жуулчид ирдэг нутгийн иргэдийн амьдралд л нэмрээ өгнө. Жил жилийн зун олох мөнгөө өсгөх ганц бодитой арга өнөөхөндөө энэ л байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Энхболд: Оны сүүлээр алтны үнэ өснө гэсэн таамаг голлож байна

Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал Д.Энхболдтой ярилцлаа.

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт сайнгүй хэвээр байна уу?

-Гадаад нөхцөл байдал яг хэвээрээ. Дотоодын нөхцөл байдалд өөрчлөлт гарсан юм одоогоор алга байна.

-Шинэ засаг бүрдчихлээ. Уул уурхайн салбарт зайлшгүй гаргах ёстой шийдвэрүүд гэвэл та юуг онцлох вэ?

-МАН засгаа бүрдүүлээд, байнгын хороодын дарга нарыг томилоод ажил эхэлж байна. Уул уурхайн салбарын хувьд зөвхөн засгаас хамаарах асуудлууд байна. Гадаад нөхцөл байдалд шууд нөлөөлөх арга бидэнд байхгүй. Мэдээж гадаад нөхцөл байдал хэзээ нэгэн цагт сайжирна. Түүнээс өмнө дотоод нөхцөл байдлаа сайжруулах арга хэмжээнүүд авах хэрэгтэй. Хамгийн түрүүнд хураамж нэрийн дор авч буй татваруудаа цэгцэлмээр байна. Уул уурхайн компаниудын хувьд нөхцөл байдал хүнд байгаа. Уулын уруу хар эрчээрээ өнхөрч байгаа чулуу шиг нөхцөлд орчихсон. Зогсоохгүй өнхөрүүлбэл хэзээ нэгэн цагт нам зогсоно. Уул уурхай хэдий хэцүү байдалтай байгаа ч эдийн засгийг нуруун дээрээ үүрч явааг өнөө хэр хүлээн зөвшөөрч чадахгүй байна л даа. Ганц үнэн гэвэл ойрын ирээдүйд Монголын эдийн засгийг чирч явах салбар бол зөвхөн уул уурхай. Үүнийг ойлгох хэрэгтэй. Уул уурхайн салбараа хөгжүүлье гэвэл шат болгонд нь татвар хураамжаар дөнгөлдгөө болих хэрэгтэй. Хүссэн яам, газрууд уул уурхайн компаниудад зориулсан хураамжийг санаачилж авдаг. Гааль гэхэд л экспортод гарч буй баялгийн тонн тутмаас 1500 төгрөгийн хураамж авдаг. Хураамж нэртэй боловч татвараас өндөр дүн гардаг. Гурван шатны шүүхээр үзээд дийлээгүй. Хуульд хураамжийн хэмжээг гааль хариуцсан газрын дарга тогтооно, гэхдээ тухайн бараа бүтээгдэхүүний гарч байгаа зардлыг харгалзаж үзнэ гэсэн заалт бий. Зардлыг нь тооцвол ийм өндөр үнэ тавих аргагүй л дээ. Уул уурхайн салбарыг унахад нөлөөлж буй эдийн засгийн тооцоогүй ийм хураамжуудыг шийдэх боломж Засгийн газарт бий. Сангийн яам гэж ямар ч УИХ, Засгийн газраас мэдэлтэй газар ажилладаг газар байна. Татвар бол бүр хэцүү. Татвар дээр уян хатан хандах ямар ч сонирхолгүй газар.

-Татварынхны гол зорилго татвар авах болохоор буулгая энэ тэр гэхгүй байх л даа…?

-Үүнийг бол ойлгож байна. Татвар байх ёстой, авах учиртай. Гэхдээ Засгийн газар дороо ажиллаж байгаа газар, агентлагуудынхаа уялдаа холбоог хангаж замбараагүй авдаг хураамж, татваруудаа цэгцлэх хэрэгтэй. Жишиг үнийн асуудлыг шийдсэн, илүү үнэ тооцож татвар авахаа больсон гэж ярьж байгаа. Бодит амьдрал дээр хэрэгжиж байгаа эсэх дээр хяналт тавьж арга хэмжээ авахгүй байна.

-Яамдууд татвараас ялгаагүй, бүр илүү үнийн дүнтэй хураамж тогтоож байна гэж ойлголоо…?

-Та бод доо, ганцхан цаас дүгнэлт гаргаж өгснийхөө төлөө 170 сая төгрөг авч байна. Усны дүгнэлт гаргасны хураамж гээд энэ хэмжээний мөнгө авч болохгүй л дээ. Усны хэрэглээнээс тусдаа асуудал шүү дээ. Сангийн яамнаас төсөв бүрдүүлэхэд хэрэгтэй гэсэн тайлбар тавих байх. Тийм яриа бидэнд хэтээсээ сонин биш. Хамгийн гол нь татвар хураамжаа нэг мөр болгон цэгцэлж, сайн, муу аль ч цагт жигд байлгавал л уул уурхай хөгжинө. Хөрөнгө оруулагчдын голлож хардаг зүйл энэ. Нүүрсний экспорт дээр гэж ярихад л агаар бохирдуулсны хураамж гэж авдаг. Хятадад шатаах нүүрснээс агаар бохирдуулсны хураамж авч байгааг ойлгоход хэцүү.

-Хайгуулын лиценз олголт зогссон хэвээрээ юу?

-Хэвээрээ. Лиценз олголт дээр нэг том алдаа бий. Засгийн газар орон нутагтай тохиролцолгүйгээр хайгуулын талбайг зарлачихсан. Орон нутгийн удирдлагууд татгалзсан хариу өгөөд эхлэхээр энэ ажил явцгүй болчихож байгаа юм. Компаниуд хайгуулын лицензээ аваад ажиллахаар очингуут орон нутаг үгүй гэчихэж байна л даа.

-Нэгэнт засгаас шийдсэн юм чинь гээд орон нутгийн эрхийг хумих гарц байж болох уу?

-Холбооны улс биш учраас ийм гарцыг сонгож болно. Гэхдээ хоёр талтай асуудал. Уул уурхайн үйл ажиллагаа онцлог ихтэй учраас хөрөнгө оруулагчид нь орон нутагтайгаа ойлголцож ажиллахыг хүсдэг. Тэгэхээр нэг л гарц бий. Хуульд “Орон нутагтай тохиролцсоны үндсэн дээр хайгуулын талбайг зарлана” гэсэн утгатай заалт тусгаад өгчих хэрэгтэй.

-Энэ засгийн явуулах учиртай, хөдөлгөөд эхэлбэл эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр ямар төслүүд байна вэ. Мэдээж эхэнд нь Таван толгой жагсах байх…?

-Оюу толгой гэх мэт нэгэнт хэрэгжээд эхэлсэн төслүүдийн эрчийг алдуулахгүй байх хэрэгтэй. Таван толгойн хувьд уурхай нь ажиллаж байгаа. Шуудхан хэлэхэд “нинжа” маягаар ажиллаад байх шиг. Таван толгойн бассейнд нэгдсэн ТЭЗҮ хийгдсэн эсэх дээр нарийн мэдээлэлгүй байна. Хэрвээ хийгдсэн бол, уулын ажлын нэгдсэн төлөвлөгөө гарсан бол тэр дагуугаа явж байгаа эсэхийг хянаж харж байгаа юм алга. Таван толгойг цогцоор нь хөдөлгөнө гэж яриад удаж байна. Таван толгойн дэд бүтцийг шийдэхгүйгээр юу ч яриад нэмэргүй.

-Төмөр замыг хэлж байна уу?

-Далайг чирээд авчирч чадахгүй нь үнэн болохоор төмөр зам л байж таараа. Таван толгойн төмөр замыг тоож барих газар Хятадаас өөр олдохгүй болчихлоо л доо. Өмнө нь, нүүрсний үнэ өндөр байх үед арваад компани Таван толгойн тендерт өрсөлдөж байсан бол одоо тэр цаг түүх болж үлдсэн.

-Таван толгойгоос өөр зайлшгүй хөдөлгөх учиртай ямар төсөл байна?

-Шүүх дээр асуудал нь очсон Гацуурт. Гацууртын орд тойрсон асуудал олон улсад ч тэр, дотоодод ч тэр Монголыг муухай харагдуулж байна. “Сентерра голд” олон нийтийн хувьцаат компани учраас олон улсын бирж дээр тавигдаж байгаа шаардлага, хөрөнгө оруулагчдынхаа тавьж буй шаардлагын дагуу байгаль орчны, нийгмийн хариуцлагын урьдчилсан судалгаагаа танилцуулах үүрэгтэй. Нэг танилцуулга нь наадмаас өмнө болсон юм. Компаниас урьдчилсан үнэлгээн дээр тулгуурласан төлөвлөгөөний төслөө танилцуулж байтал иргэний хөдөлгөөний хоёр нөхөр “Нарийвчилсан үнэлгээгээ хийсэнгүй” гэж орилоод байгаа юм. Шүүх дээр байгаа асуудалд хэн нарийвчилсан үнэлгээ хийлгэж эхлэх билээ дээ. Шаардлагын дагуу явуулж байгаа процесс, танилцуулган дээр ингэж болохгүй л дээ. Тэр хоёр хүн ямар зорилготой ирснээ хэлэхгүй мөртлөө “Сентерра голд Монголоос зайлаад өгөөч. Олон улсын арбитр дээр очвол тэр мөнгийг чинь төлье” гэж орилсоор байгаад гарсан. Киргизийн Кумтарын ордыг жишээ татаж яриад байгаа юм. Киргизэд манайхтай адил нөхцөл үүсээд л цагдаа шүүхэд очсон. Тэгээд ч хөзрийн мөрийнд газар нутгаа өгчихдөг хүмүүстэй жиших орон лав л Монгол биш. Киргизчүүд Ерөнхийлөгчөө Хятадад очиж хөзөр тоглож мөрийгөө алдангуутаа ордоо өгчихсөн гэж өнөөг хүртэл буруутгадаг. Тийм улсыг жишээ авч яриад байдгийг нь ойлгодоггүй юм. “Сентерра голд”-ыг ганц Монгол биш дэлхий даяар хардаг гэдгийг ойлгох учиртай. Ойлгосон хэрнээ хувийн ашиг сонирхлоор хандаж байх бүрэн үндэстэй. Эсэргүүцэж байгаа хүмүүс “Сентерра голд зайл” л гэж байгаагаас биш “Гацууртыг огт ашиглуулахгүй” гэхгүй байгаа. Ноён уул, Хүннүгийн булш гэж эсэргүүцэж эхэлсэн ч Ноён уул нь таван км-ийн цаана, Хүннүгийн булш нь долоон км-ийн цаана болж таарсан. Гэтэл нинжа нар нь андуурч лицензтэй талбайг нь биш Ноён уулыг нь ухаж юм юм л болсон.

-Ч.Сайханбилэг Дубайд гэрээнд гарын үсэг зурж Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлсэн нь буруу гэсэн агуулгатай зүйлийг УИХ-ын шинэ гишүүд яриад эхэллээ. МАН-ын голдуу гишүүд ингэж ярьж байна. Салбарын хүний хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Хаана, яагаад гарын үсэг зурсан бэ гэдгийг зөв буруу гэж дүгнэх аргагүй. Зайлшгүй шаардлагаас болж зурсан асуудал. Оюу толгойн гэрээг зураагүй бол өнөөдөр бид бүр ч хэцүү байдалд орох байсан. Бас ч гэж Оюу толгойн ачаар компаниуд хөдөлгөөнд орж эхэлж байна. “Хасу мегават”, “Хишиг арвин” зэрэг үндэсний компаниуд томоохон гэрээ байгуулчихсан. Уул уурхайн эдийн засаг дахь нөлөөлөл асар өндөр. Тэр дундаа Оюу толгой шиг дэлхийн хэмжээний уурхайн хувьд эдийн засагт мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх нь тодорхой. Уурхай ажиллаж эхлэхээс өмнөх барилгын ажилд асар их мөнгө ордог онцлогтой.

-Эрдэнэтийн 49 хувь дээр эсрэг тэсрэг санаа оноо, шуугиан шүүмж хүчтэй өрнөж байна. Засгийн газар эхэлж аваад, дараа нь яахаа төр л шийдэх ёстой гэсэн байр суурь хүчтэй байх шиг анзаарагдаж байна. Монголын компани Оросын хувийг худалдаж аваад Эрдэнэт зуун хувь Монголд ирсэн шийдвэр дээр салбарын хүний санаа оноог сонсъё?

-Засгийн газар өөрийнхөө хувийг зарж байгаа хэрэг огт биш. Манайхаас үл хамаарах, ОХУ-ын менежмэнт нь хувьчлагдсан төрийн өмчит компани болох “Ростех”-ийн л шийдэх асуудал. Тэр компани хувиа зарах эсэхээ өөрөө шийднэ. Ний нуугүй хэлэхэд цагаа тулбал оросууд “Та нарт хамаагүй, бид өөрсдийнхөө эзэмшдэг хувийг л зарж байна” гээд шийдвэр гаргачих улс. Харин ч хүлцэнгүй хандаж хэлэлцээрт орохоор болсон гэж мэдээлсэн л дээ. Зарсныхаа маргааш “Зарчихсан шүү” гэж мэдээлэх бүрэн эрх оросуудад бий. Мэдээж Монголын Засгийн газар хамтран эзэмшигч учраас юм хэлэх эрхтэй. Ер нь Хятадын компанид зарсан ч нөгөө талын бүрэн эрх. Жишээ нь “Чи машинаа хятад хүнд зарж болохгүй” гэж хэлж байгаагаас ялгаагүй эд. Таны хувьд машин чинь зуун хувь худалдаж авсан хувийн өмч. Эрдэнэтийн хувьд эзэмшиж байгаа, өмчилсөн газар биш. Зөвшөөрөгдсөн лиценз бүхий талбайн л асуудал. Тэгээд бүр уурхай эзэмшиж буй компанийн тодорхой хувийг зарж байгаа. Энэ талаас нь харвал бизнесийн зарчмаараа бол “Ростех” эзэмшдэг хувиа хүссэн хүндээ зарах эрхтэй. Хоёрдугаарт, зарахаасаа өмнө Монголын талд мэдэгдсэн байж таарна. Монголын Засгийн газрын тухайд техник, эдийн засгийн ямар нэг хүндрэл үзүүлэхгүй л бол эсэргүүцэх ямар нэг үндэслэл байхгүй. Компанийн хувь шилжиж л байгаа асуудал. Оросууд манай талд өөрийн хувиа зарахгүйгээр бэлэглэх гэж байтал өөр нэг нөхөр өмнүүр нь ороод авчихсан бол өөр хэрэг. 500 сая ам.доллараас нь илүү үнэ хэлээд авах эрх Засгийн газрын хувьд бүрэн нээлттэй. Гэхдээ Засгийн газар иргэдийн татварт төлсөн мөнгийг уул уурхайн эрсдэлтэй төсөлд зарна гэдэг эргэж бодох учиртай асуудал. Эрдэнэтийн хувьд хүдрийн агуулга нь багассан, нүсэр бүтэцтэй учраас зардал өндөр гэх мэт асуудал зовлон ихтэй үйлдвэр. Эрдэнэтийг төр бүтнээр нь аваад, зуун хувь эзэмшээд ашигтай эсэх нь эргэлзээтэй гэх гээд байна л даа.

-Төрийн зуун хувийн эзэмшилд очвол өнөөгийн данхар бүтэц нь улам данхайж, шахааны бизнес жинхэнэ утгаараа цэцэглэнэ гэсэн болгоомжлолыг шинжээчид хэлээд эхэлчихсэн. Хувийн компани менежмэнтэд нь оролцвол арай өөр, эерэг зураг харагдаж мэдэх л юм…?

-Магадгүй, гэхдээ “Ростех” хувиа ганц компанид биш хэсэгчлээд зарчихвал нэлээд хэцүү байдал үүсэх эрсдэлтэй. Төр дийлэнх хувь эзэмшигч гээд шийдвэр гаргахад оролцуулахгүй байх магадлал өндөр. Удирдах багцыг эзэмшээгүй бол өнөөгийн байдал өөрчлөгдөхгүй л дээ. Миний хувьд “Ростех” асуудлаас аятайхан холдчихов уу гэж хараад байгаа. Монголд уурхайн хаалт гэдэг ойлголт сүүлийн хоёр жилд л яригдаж байна. Манай улс Эрдэнэтийг хаах гэж нэлээд зүдэрнэ. 120 мянган хүнтэй хотыг яах вэ гэдэг томоос том асуудал. Ний нуугүй хэлэхэд Эрдэнэт үйлдвэр нэг хотыг тэр чигт нь тэжээж байгаа.

-Манай улсын экспортолдог уул уурхайн бүтээгдэхүүнээс алт л арай өнгөтэй байх шиг байна. Оны сүүлээр ханш нь бүр өснө гэсэн таамаг байгаа…?

-Алтны үнэ сүүлийн үед бага зэрэг доошилсон. Гэхдээ 1320 ам.доллараас буухгүй байна л даа. Оны сүүлээр алт өснө гэсэн таамаг голлож байгаа. Тэр дундаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль асар том нөлөө үзүүлнэ. Зэс 4900 ам.доллараас буухгүй байгаа нь бас ч гэж сайн хэрэг. Гэхдээ төсөвт өөдрөгөөр төсөөлчихсөн. Нүүрсний үнэ муу хэвээр байна.

– “Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт хэзээ болох вэ?

-Есдүгээр сарын 8,9-нд зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэ жилийн чуулган “Тогтвортой байдлын төлөө” гэсэн уриан дор болно. Мэдээж уул уурхайн салбарт тулгамдаад байгаа асуудлуудыг хөндөж ярина. Засгийн газарт бүрдэж дуусахаар чуулга уулзалт дээр хамтарч ажиллах болов уу гэж найдаж байна. Сонгуулийн дараа болж байгаа нь энэ жилийн “Дисковер Монголиа”-гийн онцлог. Хөрөнгө оруулагчид Засгийн газар ирэх жилүүдэд ямар бодлого барихыг сонирхохоор ирнэ. Засгийн газар ч бодлогоо танилцуулах байх.