Categories
гадаад мэдээ

“Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жак: Бид зэсийн зах зээлийн ирээдүйд эргэлзэхгүй байгаа

Дэлхийн уул уурхайн толгой компаниудын нэг “Рио тинто”-гийн ТУЗ-ийн гишүүд манай улсад айлчлаад буцлаа. Тэднийг айлчлах үеэр “Рио тинто” группийн гүйцэтгэх захирал Жан Себастъян Жактай ярилцсан юм.

“Рио”-гийн Зэсийн группийг ахалж байсан тэрээр Оюу толгойн хэлэлцээрт өндөр үүрэгтэй оролцсон билээ.

-“Рио тинто”-гийн ТУЗ-ийн гишүүд Монголд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ айлчилж байна. Айлчлалын онцлог болон зорилгоос ярилцлагаа эхэлье?

-Миний хувьд сүүлийн гурван жилийн хугацаанд 25 дахь удаагаа Монголд ирж байна. Манай ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ ирж байгаа нь энэ айлчлалын нэг том онцлог. ТУЗ-ийн гишүүд маань Оюу толгойн уурхайн дэлхийн хэмжээний бүтээн байгуулалттай танилцаад Оюу толгойн үйл ажиллагааг дэлхийн хэмжээнд хүрчээ гэсэн сэтгэгдэлтэйгээр Улаанбаатарт ирлээ. Төслийн ажиллах хүчний 93 хувийг бүрдүүлж буй монгол ажиллагсдын ур чадвар, ажилдаа хандаж буй соёлд ТУЗ-ийн гишүүд сэтгэл хангалуун байгаа. “Оюу толгой”-н инженерүүдийн 70 гаруй хувь нь монголчууд гэдгийг мөн онцолмоор байна. Гүний уурхайн хувьд барилга бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж байгааг харлаа. Өнөөдрийн байдлаар гүний уурхайн төсөл дээр 1600 гаруй хүн ажиллаж байна. Энэ оны төгсгөлд гэхэд 2400 гаруй хүн ажиллана гэсэн тооцоо бий. Уурхайгаас гарч Улаанбаатарт ирэхээсээ өмнө орон нутгийн малчин айлуудад зочилж, сүү, идээгээр дайлуулж, уулзаж ярилцлаа. Малчидтай Оюу толгой төслийн үр нөлөөний талаар илэн далангүй ярилцсан нь энэ айлчлалын онцлог байлаа.

-Ерөнхий сайд та бүхнийг хүлээн авч уулзсан. Гүйцэтгэх засаглалын тэргүүнтэй ямар асуудлыг онцолж ярилцав?

-ТУЗ-ийн дарга Ян Дү Плесситэй хамт Ерөнхий сайдад бараалхаж ажил хэргийн яриа өрнүүллээ. Намрын чуулган эхлээд удаагүй, цаг завгүй энэ үеэр бүтэн нэг цаг гаргаж ярилцсанд Ерөнхий сайдад талархаж байгаа. Ерөнхий сайдтай нэлээд цаг зарцуулж ярилцсан хоёр зүйл бий. Гүний уурхайд ажиллаж буй, уурхайг цаашид авч явах боловсон хүчинг хэрхэн бэлдэх, Монголын дотоодоос хийх худалдан авалтыг яаж нэмэгдүүлэх талаар багагүй хугацаанд ярилцсан. Оюу толгой бол Монголын компани. Тэр утгаараа энэ төслийн үр шим, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэйгээр яаж мэдээлж байх вэ гэдэг дээр онцолж ярилцлаа. Оюу толгой компаниас улирал тутам тойм мэдээ гэж гаргадаг. Энэ тоймыг хэрхэн сайжруулах, ямар ямар мэдээллийг багтаах тухай асуудлыг ярилаа. Саяхан шинээр томилогдсон Оюу толгойн ТУЗ-ийн гишүүд болон Ерөнхий сайдын ажлын алба, Ерөнхий сайдын ажлын багтай хамтран энэ тойм мэдээллийн үзүүлэлтүүдийг сайжруулах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллана. Дүгнээд, давтаад хэлэхэд энэ бол миний Монголд ирж байгаа 25 дахь удаагийн айлчлал. Бидний өмнө маш урт зам байна. Энэ замыг хамтдаа туулаад гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Гүний уурхайг барьж байгуулахад 5-7 жил хэрэгтэй. Харин энэ уурхайг бүрэн хүчин чадлаар эзэмшихэд дараагийн 7-9 жилийг зарцуулна. Энэ бүгдийг хийж чадсанаараа аль аль тал нь урт хугацааны үр шим хүртэнэ.

-“Рио” зэсийн үнийн хэтийн төлөвийг хэрхэн харж байгаа вэ. Цаашид зэсийн үнэ энэ хавьцаандаа хэлбэлзвэл “Оюу толгой” төслийн менежмэнтийг хариуцдагийн хувьд “Рио”-гоос бодлогын ямар арга хэмжээ авах вэ. Ашигтай ажиллагааг нь дээшлүүлэхийн тулд…?

-“Оюу толгой”-г бид урт хугацааны, 70 цаашаа 100 жилээр үргэлжлэх төсөл гэж хардаг. Өнөөдрийн богино хугацааны үнийн таамаглалд суурилж биш, урт хугацааны төлөвийг харж энэ төсөлд хөрөнгө оруулах шийдвэр гаргасан. Бид зэсийн зах зээлийн ирээдүйд эргэлзэхгүй байгаа. Хувь хүн дээр аваад үзэхэд бид үр хүүхэд, ач, гучийнхаа төлөө зүтгэдэг. Үүнтэй зүйрлэж болно. Гүний уурхайн үйл ажиллагаа тогтворжиж бүрэн хүчин чадлаараа ажиллахад 7-9 жил зарцуулна гэж би түрүүн хэлсэн. Гүний уурхайг бүтээн байгуулахад 200 км урт туннель ухахаас эхлээд маш их хэмжээний ажил хийгдэнэ. Хэрэглээ талаас нь яривал хөнгөн цагаан, зэсийн хэрэглээг орлуулах бүтээгдэхүүн гарч ирнэ гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ нийлүүлэлт талд дутагдал үүсэх нөхцөл байдал ажиглагдаж байна. Дахиад хэлэхэд “Рио тинто” зэсийн зах зээлийн ирээдүйд бүрэн итгэлтэй байна.

-“Рио тинто”-гийн ТУЗ бүрэн бүрэлдэхүүнээрээ айлчилж байгаа нь Оюу толгой төсөлд ач холбогдол өгч буйн нэг илрэл гэж харж байна. Уурхай дээр очиж бодит байдалтай танилцахаас өөр ямар зорилготой ирсэн бэ?

-Сая таны хэлсэн уурхайтай танилцах гэдгийн хувьд аяллын зорилгын нэлээд томоохон хэсэг нь. Давтаад хэлэхэд Ерөнхий сайдтай уулзсан, ил болон гүний уурхайн үйл ажиллагаатай танилцсан. Айлчлалаа дуусгахаас өмнө Засгийн газрын зарим гишүүн, Монголын бизнесийн төлөөллүүдтэй уулзаж ярилцахаар төлөвлөсөн.

-“Рио тинто”-гийн зүгээс “Оюу толгой”-н удирдах болон өндөр цалинтай нарийн мэргэжлийн түвшинд монголчуудын оролцоог нэмэгдүүлэх талаар хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Ажиллах хүчний хувьд төслийн үйл ажиллагаа эхэлснээс хойш маш өргөн цар хүрээтэй ажлууд хийж хэрэгжүүлж буйг хэлэхийг хүсч байна. Оюу толгой төсөлдөө бэлдэхээс гадна олон улсад хэрэгжүүлж буй төслүүддээ ажиллах хүмүүсийг бэлдэж байгаа. Өнгөрсөн өдрүүдэд уурхайд айлчлах үеэр энэ хөтөлбөрт хамрагдан суралцаж ирээд Оюу толгойд ажиллаж байгаа олон хүнтэй уулзлаа. Тэд сурсан мэдсэн зүйлээ Оюу толгойд ашиглаж байгаа нь тод анзаарагдсан. Зөвхөн Монголд төдийгүй олон улсад ажилладаг салбар компаниудаараа дамжуулаад монголчуудыг сургаж бэлдэх ажлыг далайцтайгаар хийж байна.Нэг жишээ хэлэхэд “Рио”-гийн хамгийн том бизнес болох төмрийн хүдрийн бизнесийн борлуулалт маркетингийн үйл ажиллагааг Монголын иргэн Б.Болд удирдан ажиллуулдаг. Би “Рио тинто”-гийн Зэсийн группийн захирлаар ажиллаж байхдаа Оюу толгойд долоо, найман жил ажилласан Амаржаргал гэдэг бүсгүйг ажлын албаныхаа даргын албан тушаалд томилж ажиллуулсан. Зэсийн группийн захирлын хувьд янз бүрийн шийдвэр гаргахад Амаржаргал тусалж оролцдог байсан. Амаржаргалын хувьд айлчлалын бүрэлдэхүүнд багтаж Монголд ирсэн. Өнөөдрийн хувьд “Оюу толгой”-н гүйцэтгэх удирдлагын гуравны нэгийг монголчууд бүрдүүлж байна.

-Оюу толгой шиг том төслийн хувьд ханган нийлүүлэлтээ Монголоос авах бодлого барих нь манай эдийн засагт маш том эерэг нөлөө үзүүлнэ. Ханган нийлүүлэлтэд монголчуудын оролцоог нэмэгдүүлэх чиглэлд хэр ахиц гарч байна вэ?

-Ханган нийлүүлэлт дээр хамгийн эхний тод жишээ гэвэл “Оюу толгой” төслийн кэтерингийн үйл ажиллагаа буюу хоолны газрыг хоёр жилийн өмнө Францын компани хариуцан ажиллуулдаг байсан юм. Харин өнөөдөр Францын компани Монголын компанитай хамтарч “Оюу толгой” төсөлд кэтерингийн үйлчилгээ үзүүлж байна. Энэ мэтээр тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг үүсгэхэд онцгойлон анхаарч байгаа. Дараагийн онцлох жишээ бол тээвэрлэлттэй холбоотой. Орон нутгийн компаниудаас бүрдсэн тээврийн компани Оюу толгойн баяжмалыг олон улсын зах зээлд нийлүүлэхэд оролцоно. Энэ үйл ажиллагаа хэдхэн долоо хоногийн дараа эхлэх юм. 18 сарын турш ажиллаж байж ийм үр дүнд хүрлээ. “Оюу толгой “төслийнхөн эдгээр компани, аж ахуйн нэгжүүдийг өөрийн аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн стандартуудад сургаж бэлтгэсэн. Стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй болгоход анхаарлаа. Энэ бүхэнд бэлдэх гэж 18 сарыг зарцуулсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, богино болон урт хугацаанд манай төслийн үйл ажиллагааг дэмжих ханган нийлүүлэлтийн тогтвортой сүлжээг бий болгох ажил бага багаар урагшилж байна гэж ойлгож болно. Гүний уурхайн бүтээн байгуулалтад монгол компаниудыг оролцуулах ажил амжилттай хийгдэж байна. Нэг том жишээ нь “MCS” компани. Өмнө нь гүний уурхайн бүтээн байгуулалтад ямар нэгэн үйл ажиллагаанд оролцсон туршлагагүй ч сургаж бэлтгэсний үр дүнд бүтээн байгуулалтад гар бие оролцохоор болсон.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхийн өмнө Засгийн газартай үл ойлголцлоо тайлах гэж багагүй хугацаанд хэлэлцээрийн ширээний ард суусан. “Рио”-гийн хувьд хэдэн жил үргэлжилсэн энэ хэлэлцээрээс ямар сургамж авав, цаашид учраа ололцоод явах хэмжээнд ойлголцож чадсан уу?

-Оюу толгойн хэлэлцээрийн талаар зарим хүмүүс хэдэн жилийн дараа дурсамжаа бичиж мэдэх юм. Оюу толгойгоос авсан сургамж, шийдвэрлэх хүчин зүйл юу байсан гэхээр талуудын ойлголцол л хамгийн чухал байсан. 25 удаа Монголд ирсэн айлчлалын маань нэлээд нь энэ ойлголцолд зарцуулагдсан. Маш олон удаа уулзсан. Нэг чигт харж, нэг хүн шиг ойлголцдог болтлоо уулзаж ярилцаж үр дүнд хүрсэн юм. Аль ч тал нь өөрсдийнхөө хувьд алдаатай шийдвэр гаргуулахгүйн төлөө ажилласан учраас их цаг орсон. Зарим үед Амаржаргал надтай хамт суугаад монголчуудын хэлсэн үгийг миний ойлгодог хэлээр, миний хэлсэн үгийг монголчуудын ойлгох хэлээр хүргэж байсан.

-Гүний уурхайн бүтээн байгуулалтад олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас босгосон төслийн санхүүжилтийн мөнгө хангалттай юу. Дутлаа гэхэд үлдсэн мөнгийг нь Оюу толгой үйл ажиллагааныхаа орлогоос нөхөөд явах бололцоотой юу?

– Зэсийн үнэ өндөр бол ил уурхай маань хангалттай хэмжээнд бэлэн мөнгө гаргаж чадна. Одоохондоо бүтээн байгуулалтаа үргэлжлүүлэх хангалттай мөнгө бий. Магадгүй дөрөв, таван жилийн дараа мөнгө хэрэг болбол тухайн үед нь шийдэх байх. Товчхондоо зах зээлийн нөхцөл байдлаас хамаарна.

Ц.Баасансүрэн

Categories
мэдээ нийгэм

Хуурамч фэйсбүүк хаяг ашиглан охид, бүсгүйчүүдийг сүрдүүлдэг бүлэглэл баригдав

эйсбүүкээр бусадтай танилцахгүй байхыгцагдаагийнбайгууллагаас анхааруулж байна-

Хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж охид, эмэгтэйчүүдийн хувийн мэдээллийг нь цуглуулж, хэсэг хугацааны дараа олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө авдаг бүлэглэл хэд хэдээрээ бий болсон байна. Эрүүгийн цагдаагийн газрын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст зүй бус сүрдүүлгийн шинжтэй 20 хэргийг шалгаж байгаа аж. Ийм төрлийн гэмт хэргийн хохирогчид нь шилжилтийн насны охид, залуу бүсгүйчүүд байдаг гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр гэмт этгээдүүд амьдралын боломжтой охидтой хуурамч фэйсбүүк хаягаар дамжуулан танилцаж, олон сарын турш харилцдаг байна. Утсаар ярьж, фэйсбүүкээр байнга харилцдаг гэнэ. Бүр бэлэг хүргэлтийн үйлчилгээгээр цэцэг, бэлэг дурсгал явуулдаг аж. Ингэж итгэлийг нь олсны дараа охидын хувь хүний нууцад хамаарах мэдээлэл болон нүцгэн зургийг нь олж авдаг аж. Үүнийхээ дараа “Чиний тийм нүцгэн зураг байна. Энэ зургийг чинь олон нийтийн сүлжээнд тавилаа. Гурав хоногийн дотор бидний хэлсэн мөнгийг өгөх юм бол зургийг чинь тавихгүй. Нүцгэн зураг чинь цахим ертөнцөд цацагдах юм бол сургуулиар чинь дүүрэн яриа болно. Аав, ээж чинь мэднэ. Хамаатан садангийнхаа нүүрийг яаж харах юм бэ. Цагдаад хэлээд нэмэргүй шүү. Зураг олон нийтэд хүрчихсэн хойно цагдаа нар шалгаад юу ч хожихгүй” хэмээн дарамталдаг байна. Ингээд хохирогчид гэмт хэрэгтнүүдийн хэлсэн мөнгийг олж өгдөг аж. Үүнээс болоод гэрээсээ хулгай хийх, ах, эгч, хамаатан садандаа худлаа хэлж их хэмжээний мөнгө авсан тохиолдол ч цөөнгүй гарчээ. Хамгийн сүүлд гэхэд эрхэлсэн тодорхой ажилгүй М, Б нар нь хуурамч хаяг үүсгэж, иргэдтэй танилцаж, дотносох замаар хувийн мэдээлэл, видео бичлэгийг нь цуглуулсан байна. Зургаан иргэний хувийн мэдээллийг олон нийт болон найз нөхдөд нь тараана хэмээн сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан болохыг цагдаагийн байгууллага илрүүлэн тогтоожээ. Дээрх хэргийг бүлэглэн үйлдэж байсныг таслан зогсоож Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Нөхөртэй эмэгтэйчүүд гэмт хэргийнзолиос болдог гэнэ

Өсвөр насны охидоос гадна бүсгүйчүүдийг урхиндаа оруулж их хэмжээний мөнгө авдаг бүлэглэл бий болоод байгаа гэнэ. Нөхөртэй болон ганц бие бүсгүйчүүд дээрх хэргийн бас нэгэн гол золиос болдог байна. Нөхөртэйгөө суугаад таваас дээш жил хамтран амьдарч байгаа эмэгтэйчүүдийг тэд ихэвчлэн судалдаг аж. Ихэнх эмэгтэй фэйсбүүк хуудсан дээрээ нөхөртэйгөө хэдэн жил амьдарч байгаа талаарх болон бусад мэдээллээ оруулсан байдаг аж. Ихэнх тохиолдолд бүсгүйчүүд хуурамч фэйсбүүк хаяг үүсгэж бусадтай танилцдаг гэнэ. Гэмт этгээдүүд хэсэг хугацаанд ойр дотно яриа өрнүүлж байгаад дарамталж эхэлдэг байна. Тэд “Чиний бичсэн эдгээр зүйлсийг нөхөр рүү чинь явууллаа. Мөн хадам талын хүмүүст илгээнэ. Вэб сайтуудаар байршуулна” хэмээн сүрдүүлж эхэлдэг. Ингээд мөнгө авдаг байна. Ганц бие бүсгүйчүүдийг мөн л нүцгэн болоод хагас нүцгэн зургийг дотно танилцаж байхдаа авч дарамталдаг гэнэ. Охид, эмэгтэйчүүдийг энэ хэлбэрээр айлган сүрдүүлж, дарамталж мөнгө нэхдэг гэмт хэрэгтнүүдийн тоо эрс нэмэгдэх болжээ. Гэмт этгээдүүд хуурамч хаяг дээрээ маш олон хүнтэй зэрэг харилцдаг нь тогтоогдоод байгаа аж. Тухайлбал, Б гэгч нь 50 гаруй эмэгтэйтэй байнгын харилцдаг байсныг мөрдөн байцаалтаар тогтоосон байна.

16 настай Сгэгчид охид, эмэгтэйчүүдийнмянга гаруй зураг хадгалагдаж байжээ

Фэйсбүүк хуудсаар танилцан харилцаж, улмаар тэдний итгэлийг олж аван, хувийн мэдээлэл цуглуулж, бусдыг дарамталдаг нэгэн гэмт этгээдийг цагдаа нар барьжээ. Гэмт этгээд 16 настай Сгэгч байсан гэнэ. Тэр охид, эмэгтэйчүүдийн 1075 ширхэг зургийг хууль бусаар цуглуулж нийтэд дэлгэнэ гэж бэлгийн болон санхүүгийн дарамт үзүүлдэг байсныг мөрдөн байцаалтын явцад тогтоожээ. Манай улсын 7000 гаруй фэйсбүүк хэрэглэгчийн олонхи нь өсвөр насны хүүхэд, залуучууд байдаг тухай судалгаа бий. Өсвөр насны охидыг модель болгоно, клипэнд тоглуулна гэж хууран хувийн мэдээллийг авч, бэлгийн дарамтад оруулсан хэрэг ч энэ хугацаанд хэд хэд бүртгэгджээ. Гэмт хэргийн хохирогчдын дунд охид, эмэгтэйчүүдээс гадна хөвгүүд хүртэл байгаа аж. Хөвгүүдийг мөн л нүцгэн зургийг нь дотно танилцаж байгаад олж аван айлган сүрдүүлж, мөнгө авсан тохиолдол байгаа аж.

Өнгөрсөн жил Ө гэгч гэрэл зурагчин охид, эмэгтэйчүүдийн нүцгэн зургийг авдаг. Үүнийгээ зүй бус сүрдүүлэгтээ ашиглаж байсан нь тогтоогдсон. Тэрбээр охид, бүсгүйчүүд рүү “Сайн байна уу. Дэлхийн гайхамшиг болж байгаа манай компанийн гайхамшигт шинэ бүтээгдэхүүнүүдтэй танилцаарай. Холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Хамтран ажиллах санал тавьж байна. Холбогдох дугаараа үлдээгээрэй”, “Сайн уу. Найзаар бүртгэж байгаад миний facebook-ийн бүх зургуудыг үзээрэй. Өөрт чинь хэрэгтэй маш гоё саналуудыг тавьж байна аа. Тодруулах зүйл байвал холбогдоод дэлгэрэнгүй мэдээлэл аваарай” гэж захидал бичдэг. Улмаар утасны дугаараа үлдээдэг байна. Мөн “World Global Network” компанийн борлуулдаг гэх хоёр сим карттай гар утасны талаарх мэдээллийг явуулдаг. Хамтарч ажиллах санал нь юу болохыг сонирхож, захидалд нь хариу бичсэн охид, бүсгүйчүүдэд “Би гэрэл зурагчин. Топ модель Одгэрэл миний шавь. Ах нь чамайг тэд нар шиг од болгоод өгнө. Чиний царай төрх яг од болоход тохирно” гэх мэтээр санал тавьдаг аж. Ингэж захидлаар харилцаж байгаад гар утасных нь дугаарыг авдаг. Дараа нь утсаар ярьж ажил дээрээ урьдаг аж. Гэрэл зургийн студид нь очиход яалт ч үгүй зургийг нь авдаг, гоё гарвал сэтгүүл дээр гаргаж өгнө хэмээн амладаг гэнэ. Фото модель болгохын тулд биеийн галбирыг харуулна хэмээн хувцсыг нь тайлуулж зураг авдаг байна. Улмаар нүцгэн зургийг нь олон нийтийн сүлжээгээр тараана хэмээн эрхшээлдээ оруулдаг талаар хохирогчид цагдаад мэдэгдэж хэрэг илэрсэн байна.

Сүрдүүлэг, дарамтад өртсөнл бол цагдаад яаралтай мэдэгдэх ёстой гэв

Цагдаа нар охид, эмэгтэйчүүдийг фэйсбүүк хуудсаар дамжуулан бусадтай танилцахгүй байх, хувийн мэдээллээ бусдад өгөхгүй байхыг анхааруулж байна. Мөн ямар нэгэн байдлаар бусдад дарамтлуулсан тохиолдолд ичиж зовох зүйлгүйгээр цагдаагийн байгууллагад цаг алдалгүй мэдэгдэх ёстойг анхааруулж байна. Цагдаа нар хувийн мэдээллийг ашиглан сүрдүүлж байгаа гэмт хэрэгтнүүдийг илрүүлж, шуурхай арга хэмжээ авч, таны нэр хүндэд халдах зүйлсийг таслан зогсоох бүрэн боломжтой гэдгийг онцлон хэлж байв. Мөн цахим етөнцөөр бусдыг айлган сүрдүүлэх замаар мөнгө авдаг, зүй бус сүрдүүлэг хийж байгаа гэмт хэрэгтнүүдийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 123 (садар самууныг сурталчлах), 149 (бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх) дүгээр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн хариуцлага ногдуулдаг байна.

Э.Баатар

Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайхан: Эдийн засгийн ирээдүй болсон эрчим хүчээ өнөөдрөөс л өөрийн болгож авах хэрэгтэй

“Новотерра” компанийн захирал Б.Бямбасайхантай ярилцлаа.

-“Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ямар асуудалд түлхүү анхаарч ажиллав гэдгээс яриагаа эхэлье?

-Хоёр зүйлд анхаарч ажиллалаа. Төрийн өмчит компани гэдэг хэв маяг, уламжлал, тэнд хэрэглэгддэг байсан стандартуудыг яаж олон улсын стандартад нийцсэн, арилжаанызарчмаар ажилладаг бизнес болгох вэ гэдэгт анхаарч ажилласан. Багануур гэж 40 жил ажилласан уурхайг нэг хоногийн дотор өөрчилж шинэчлэх боломжгүй л дээ. Хамгийн түрүүнд хүмүүс нь ойлгож итгэх учиртай. Компани улам сайжирна гэдгийг ухаарч байж үр дүнд хүрнэ. Энэ процесс явж байгаа. Зарим хүний хэлдгээр темасек болгох суурийг тавих ёстой. Тэр суурийг тавих хамгийн гол зүйл бол хүн. Хүн нь ойлгодог, итгэдэг, туршлагатай, чадавхитай байхюм бол шилжилт хурдасдаг. Тэгэхээр хүнээ чадваржуулах хэрэгтэй. Шаардлагатай гэвэл чадвартай хүнийг ажиллуулах учиртай. Ингэхийн тулд хөрөнгийн эх үүсвэртэй байх ёстой. Өнөөдөр Монголд бизнес босгож, удирдаж чаддаг хүмүүс бий. Гагцхүү тэр хүмүүсийг төрийн өмчтэй компаниуд руугаа яаж татах вэ гэдэг л чухал. -Бизнес босгож чадах хүмүүст ажил санал болгоход хамгийн түрүүнд юуг хардаг вэ?

-Тийм хүмүүс олон зүйл хардаг. Очлоо гэхэд засаглалын орчин ямар байгаа, компани шиг байж чадах эсэхийг харна. Аль нэг нь шийдвэр гаргаж, тэрийг нь үг дуугүй биелүүлдэг орчин байвал, өнөө шийдвэр нь арилжааны бус байвал хэцүү. Ийм орчинд чадвартай хүн хэр барагтай ирдэггүй. Бас өнөөгийн зах зээлд үнэлэгдэж байгаа хэмжээний цалин чухал. Үүнийг хийх гэж зорилоо. Хоёр дахь нь гэвэл Оюу толгой. Оюу толгойд шинээр 2000 ажлын байр бий болсон. Хөрөнгө оруулалт нь, ажил нь эхэлчихсэн яваа. Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалт эдийн засагт хамгийн хэрэгцээтэй өсөлтийг авчрах, ажлын байр бий болгох, гадаадын хөрөнгө оруулалт авчрах сайн талтай. Хэрвээ энэ асуудлыг шийдээгүй бол бүх зүйл гацсан хэвээр өнөөг хүрэх байсан. Яг бизнесийн зарчмаар, тоогоо харж, судалгаагаа хийж байгаад шийдвэрүүд гаргасан. Ингэсний хүчинд гүний уурхайн санхүүжилтийг шийдвэрлүүлсэн. 2000 хүн шинээр ажилд авна гэдэг бол эдийн засагт байгаа бодитой жишээ.

-Ирэх жилүүдэд энэ ажлыг л үргэлжлүүлж хийгээсэй гэсэн бодол байгаа байх. “Эрдэнэс Монгол”-ын дараагийн удирдлагын үргэлжлүүлэх учиртай ажил гэвэл та юуг онцлох вэ?

-“Эрдэнэс Монгол”-ыг төслийг эхнээс нь дуустал нь хийдэг, төсөл эхэлсэн бол дуусгаж чаддаг төв болгох хэрэгтэй байгаа юм. Том төслүүдийг Монголд хэрэгжүүлэх гээд үзэж л байна. Өнгөрсөн хугацаанд гарсан алдаануудаас олон зүйл ажиглагдаж байгаа. Эхлээд анхаарах зүйл бол түрүүн ярьсан хүний чадавхи. Чадвар дутмаг байдаг сул тал бий. Чадвартай хүмүүсийг авч ажиллуулах нөхцөл нь бүрдээгүй байдаг. Сүүлийн 25 жилд Монголд янз бүрийн төсөл хэрэгжүүлж, санхүүжүүлж, амжилттай, амжилтгүй хийсэн туршлагаас судалсан. Энэ компанийн хувьд өнөөгийн хөрөнгийн нөөцөд нь тулгуурлах ёстой гэж үзсэн. Хөрөнгийн нөөц гэдэг нь Багануур, Шивээ Овоо, Таван толгой, Оюу толгой. Эд бол үнэтэй хөрөнгүүд. Үүнийг стандартын дагуу үнэлэх боломж байдаг. Үүн дээрээ үндэслэж хөрөнгө босгож, босгосон хөрөнгөө дэд бүтцийн салбар руугаа оруулах хэрэгтэй. Уул уурхай дээрээ түшиглэж дараагийн алхмаа хийх ёстой, уул уурхайгаа босгож байж бусад салбараа хөгжүүлэх боломжтой гэж ярьсаар ирсэн нь ийм учиртай. Тэгэхээр ингэж хөгжихөд “Эрдэнэс Монгол” чухал үүрэг гүйцэтгэх газар. Хөрөнгөө зөв үнэлж, ашигтай ажиллуулбал асуудал байхгүй. Том зургаар харвал арав, хорин жилийн дараа энэ компани эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно. Мэдээж энэ процесс цааш үргэлжлээд явна гэдэгт итгэж байна. Ингэхийн тулд компанийн засаглал их чухал. Өмнө хийж байсан аргаараа бүгдийг хийх гээд байвал ажил урагшлахгүй. Шийдвэрүүдээ зоригтой гаргаж, стандартуудаа эргэлзэлгүйгээр авч хэрэгжүүлээд шилжилтийн үеэ аль болох хурдан хугацаанд давах хэрэгтэй л дээ. Дүлгэнэж суусаар байгаад шийдвэр гаргадаггүй, амжилтад хүрдэггүй, эдийн засагт өгөөж авчирдаггүй маш олон жишээ бий. Ямартай ч бид зам дээр нь гаргачихлаа. Цааш үргэлжлүүлээд явбал тав, зургаан жилийн дараа нэлээд өөр болно. Тав, зургаа ч биш бүр хоёр жилийн дараа өөрчлөлт мэдрэгдээд эхэлнэ.

-Та бүхний эхлүүлсэн ажлыг цааш үргэлжлүүлэхийн тулд төрийн өмчтэй уул уурхайн компаниудад чадвартай хүмүүсийг ажиллуулж байж үр дүнд хүрэх нь гэж ойлголоо…?

-Хүмүүс мэргэжлийн гэж яриад байдаг. Миний хувьд аливаа бизнесийг удирдах чадвартай, туршлагатай, олон улсын янз бүрийн стандартуудыг ойлгодог, хэрэглэж үзсэн хүмүүс байвал асуудал гарахгүй. Багануур, Шивээ Овоо, Таван толгой дээр өчнөөн асуудал ярьдаг. Яг нарийндаа бүх зүйл л хүнтэй холбоотой байдаг. Хүн нь туршлагагүй, мэдлэггүй, чадваргүй бол алдаа гаргадаг. Хаана ч адилхан. Тэгэхээр зөв хүнээ л ажиллуулах хэрэгтэй. Гэхдээ чадвартай, туршлагатай хүн олон түмний тусын тулд гээд зүгээр ирээд ажиллахгүй. Цалин урамшууллыг нь өрсөлдөхүйц хэмжээнд өгөхгүй бол чадвартай хүнээ хулгай хий гэж байгаатай л ялгаагүй юм болно. Олон нийт ч ойлгох хэрэгтэй санагддаг. Иргэд ойлгохгүй бол энэ шинэчлэлгавьтай явдаггүй тал бий. Энэ компани иргэдийн өмч учраас сайн ойлголттой байх хэрэгтэй. Хэрэггүй хэдэн нөхөр өндөр цалин аваад байна гэдэг сэтгэлгээ арилахгүй бол чадваргүй хүмүүсийг авч ажиллуулна л гэсэн үг. Ганц нэг гэрээ нааш нь цааш нь болгоно гэсэн бодлоор ажиллавал үнэ цэнээ бий болгож байгаа хэрэг биш л дээ. Үнэ цэнийг бий болгоно гэдэг огт өөр ойлголт. Өрсөлдөөнтэй орчинд мэддэг, чаддаг юмаа хийж уралдаж байж бий болгодог. Дараагийн хорин жил тийм байх болов уу. Тэгж байж л бид өнөөдрийн байгаа орчноосоо сална.

-Ажлаа өгчихлөө, одоо ямар чиглэлээр ажиллах бодолтой байна вэ?

-Эрчим хүчний салбар бол Монголын ирээдүй гэдэгт анхнаасаа бат итгэлтэй байсан. Одоо ч итгэсэн хэвээрээ. “Салхит”-ыг амжилттай хэрэгжүүлсэн. Дараагийн төслийн хувьд санхүүжилтийн гэрээ нь саяхан зурагдсан Цэций. Санхүүжилт нь шийдэгдчихээд байгаа. Нарны, салхин станцуудын төсөл хэрэгжүүлнэ гээд төлөвлөчихсөн. Ер нь сэргээгдэх буюу цэвэр эрчим хүч Монголын хувьд өндөр боломжтой. Байгаа юман дээрээбүгдээрээ очиж зодолдох биш шинэ бизнес бий болгох хэрэгтэй. Том зах зээл дээр ажиллахыг зорьж байна. Бүс нутгийн эрчим хүчний зах зээл гэдэг бол асар том. Бас бөөн боломж. Технологи нь сайжирч хямдарч байна. Улсуудын эдийн засаг өссөн хэвээр байна. Энэ бүхнийг нийлүүлээд тооцоод үзвэл маш том боломж харагдаж байгаа. Эрчим хүчнээс гадна эрчим хүчтэй холбоотой дэд бүтэц байна. Энэ бүхэн Монголын эдийн засгийн ирээдүй. Ирээдүйгээ өнөөдрөөс л өөрийн болгож авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр гомдоллоод суух эрх бидэнд байхгүй. Сүүлийн таван жилд санхүүжилт их өөрчлөгдсөн. Банкууд цэвэр эрчим хүчийг санхүүжүүлнэ гэдэг болсон. Тэр бүхэнд бид дасч зохицох хэрэгтэй. Бүх шаардлагыг нь биелүүлдэг байх хэрэгтэй. Миний сурсан мэдсэн, талхаа олж иддэг салбар энэ л дээ. Тэнд байгаа мөнгийг яаж энд байгаа төсөл рүү авчрах вэ гэдэг бол миний ажил. Төсөл хэрэгжээд эхлэхээр орлого бий болно, татвар төлнө. Татварт өгсөн мөнгөөр сургууль цэцэрлэг барина. Үнэ цэнэ гэдэг зүйл тэгж л бий болдог.

Ц.БаасансҮрэн

Categories
мэдээ эдийн-засаг

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон: “Эрдэнэт”-ийн нэг ч хувьцаа манай банкны эзэмшилд байхгүй

Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой ярилцлаа.

-”Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгж авсан нь зөв, буруу гэсэн маргаан мэтгэлцээн ид өрнөж байна. Хууль бус хэлцэл хийсэн, хэргийн эзэн нь Худалдаа хөгжлийн банк гэсэн мэдэгдэл ч дуулдаад эхэллээ. “Эрдэнэт”-ийн хувьчлалд танай банкны зүгээс ямар оролцоотой ажилласан юм бэ?

-Манай банк энэ сарын 19-нд 26 жилийн ойгоо тэмдэглэнэ. Монголын төрийн болон хувийн хэвшлийн бүх л томоохон төсөл хөтөлбөрүүд, компаниудыг санхүүжүүлж ирсэн түүхтэй банк. Үндсэн үйл ажиллагаа маань том байгууллагад зээл олгох. Тухайн төсөл банкны эрсдэлийн шаардлага, нөхцөлийг хангаж байвал ялгаварлан гадуурхахгүйгээр санхүүжүүлсээр ирсэн, одоо ч санхүүжүүлж байгаа. Төртэй маш ойрхон ажилладаг. Худалдаа хөгжлийн банк төрийн хувьцаа, хөрөнгө оруулалттай ажиллаж байгаад 2003 онд хувьчлагдсан юм. Тэгэхээр түүхэн туршлага, жишгээрээ төртэй хамтран ажилладаг гэсэн үг. Улсын төсөв, эдийн засгийг дэмжихийн тулд Засгийн газрын дотоодын бонд үнэт цаасны өрийн бичгийн ихэнх хувийг худалдаж авдаг. Бас төрийн өмчтэй компаниудыг санхүүжүүлсээр өнөөг хүрсэн. “Монголын төмөр зам” техник тоног төхөөрөмжөө шинэчлэхдээ, “Эрдэнэт” үйлдвэр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар манайхаас санхүүжилт авч байсан. Монгол Улс түүхэндээ анх удаа “Боинг” худалдаж авсан нь ердөө саяхны үйл явдал. Онгоц захиалчихаад худалдаж авахдаа тулахад засагт мөнгө байгаагүй. Эцсийн мөчид манай банк 80 гаруй сая ам.доллараар санхүүжүүлж байсан. Дахин хэлэхэд зөвхөн “Эрдэнэт” ч гэлтгүй бүх том төсөл хөтөлбөрийг санхүүжүүлдэг. Энэ бол бидний өдөр тутам хийдэг ажил. “Эрдэнэт”-ийн хувьцааг худалдаж авахтай холбоотой гэрээ хэлэлцээр эхлэх үеэр манай банкинд санхүүгийн зөвлөгөө өгөөч, санхүүжилтэд нь оролцооч гэсэн хүсэлт тавьсан.

-Арилжааны банкуудын өнөөг хүртэл хийж чадаагүй том бондуудыг олон улсын зах зээлд амжилттай гаргаж мөнгө босгосон туршлагатай ганц банк бол танайх. “Эрдэнэт”-ийн 49 хувийг худалдаж авах хэмжээний их мөнгийг босгож чадна гэх үндэслэлээр танайхыг сонгосон уу, эсвэл өөр шалтгаан байв уу?

-Тэр бүр хийгдээд байдаггүй, хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээтэй, олон улсын гэрээгээр зохицуулагдаж байсан, томоохон хэмжээний үнэ өртөгтэй, олон улсын хориг санкцууд орчихсон улсын компанитай хэлцэл хийнэ гэдэг амар биш. Бид Монголынхоо төр засаг хувийн хэвшлүүдэд зөвлөгөө өгч байсан өндөр туршлагатай. Санал тавьсан шалтгааны нэг нь энэ. Мэдээж хэрэг гаднаас хөрөнгө оруулалт татахаар хэмжээний төсөл хөтөлбөрт мөнгө төгрөг зарцуулах туршлага маань бидэнд хандсан гол шалтгааны нэг. Санхүүжилтэд нь оролцооч гэсэн хүсэлтийн тухайд Худалдаа хөгжлийн банк зээл олгодог байгууллага гэдэг утгаараа оролцсон. Харин хөрөнгө оруулалтын банкны болон зөвлөгөө өгөх чиглэллээр ажилладаг “TDB capital”компани гэрээ хэлцэлд зөвлөгөө өгч ажилласан.

-“Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшигч “Монголын зэс” корпораци бол Худалдаа хөгжлийн банкны төлөөний компани, нэг банк “Эрдэнэт”-д эрх мэдлээ тогтоолоо, хувь оролцоотой болчихлоо гэсэн шүүмжлэлд та ямар тайлбар хэлэх вэ?

-Энэ мэдээллийг албан ёсоор үгүйсгэмээр байна. “Эрдэнэт”-ийн нэг ч хувьцаа манай банкны эзэмшилд байхгүй. Хоёрдугаарт, эрх мэдлээ тогтоосон ямар ч асуудал гараагүй. Гуравдугаарт, манай банкаар дамжуулан “Эрдэнэт”-ийн хувьцааг худалдаж авсан гэх ойлголт огт байхгүй. Бид зөвлөгөө өгсөн гэдгээ маш тодорхой хэлж байгаа. Санхүүжилт олгосон нь үнэн. Томоохон хэмжээний хэлцэл байсан учраас хууль дүрмийнхээ дагуу нэг зээлдэгчид олгох боломжтой хэмжээний санхүүжилтийг олгосон. Үүнээс гадна гадаад, дотоодын компани, хөрөнгө оруулагчдаас мөнгө босгож өгсөн.

-Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас мөнгө босгосон гэхээр гадны компанийн ямар нэг оролцоо “Эрдэнэт”-д байж магадгүй гэсэн сэрдлэг гарч мэдэх юм…?

-Бүх мөнгийг зөвхөн зээл хэлбэрээр босгосон учраас “Эрдэнэт”-д гадны ямар нэг оролцоо байхгүй. Дахин хэлэхэд бид цэвэр зээлийн эх үүсвэрүүдийг босгож өгсөн. Ингээд гэрээ хэлэлцээр амжилттай болсон. Энэ мөнгөний эх үүсвэрийг шалгах үүргийг Засгийн газраас өгсөн байгаа. Тэр үүргийн дагуу манай банкинд шалгалт хийсэн.Үр дүн нь удахгүй нийтэд ил тод болох байх.

-Танай банк жилийн өмнө Засгийн газраар баталгаа гаргуулж олон улсын зах зээлд бонд гаргаж 500 сая ам.доллар босгосон. Засгаас баталгаа гаргуулж босгосон мөнгөөрөө “Эрдэнэт”-ийн хувийг худалдаад авчихлаа гэсэн таамаг хэр ортой вэ?

-Ор үндэсгүй мэдээлэл байна. Эхлээд Засгийн газар ямар нөхцөлд баталгаа гаргадаг талаар ярья. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард батлагдсан Өрийн удирдлагын хуулийн дагуу Засгийн газар Монголын аж ахуйн нэгжүүд, арилжааны банкуудын алинд нь ч баталгаа гаргаж өгөх эрх зүйн орчин бүрдчихсэн. Гэхдээ маш өндөр шалгуураар баталгаа гаргадаг. Бүх арилжааны банкууд Засгийн газрын баталгаа гаргуулах эрхтэй. Цорын ганц нөхцөл бий. Засгийн газрын дотоодын үнэт цаасыг худалдаад авчихсан, өөрөө хэлбэл Засгийн газраас авлагатай бол тэр өрийн бичгээ барьцаалж баталгаа гаргуулж болно гэсэн хуулийн заалттай. Энэ заалтын дагуу 2015 оны дөрөвдүгээр сард Засгийн газрын баталгаа гаргуулсан юм. Тухайн үед дотоодын зах зээлд гарсан Засгийн газрын өрийн бичгийн бараг тал шахуу хувийг манай банк худалдаж авч эзэмшиж байсан. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилүүдийн төсөв эдийн засагт маш том хувь нэмэр оруулж байсан гэсэн үг. Засгийн газар өнөөдөр төсөв хүндрэлтэй байна, алдагдлаа яаж нөхөх вэ гэж байна. Өмнөх Засгийн газрууд энэ асуудлыг дотоодын бонд гаргах замаар шийдсээр ирсэн. Дотоодын бондын гол хөрөнгө оруулагчид нь арилжааны банкууд байдаг. Бид тухайн үеийнхээ хамгийн том дотоодын үнэт цаасны багцыг эзэмшиж байсныхаа хувьд нэг их наяд гаруй төгрөгийн өрийн бичгийг засагт барьцаалж 500 сая ам.долларын баталгаа гаргуулсан юм. Бондоо амжилттай арилжиж 500 сая ам.долларын эх үүсвэр оруулж ирсэн. Тэр эх үүсвэр манай банкинд ороогүй. Шууд хэлцэл хийх замаар Монголбанкинд худалдсан.

-Банкаараа дамжуулаад зээл болгож гаргасан нь илүү ашигтай байсан юм биш үү?

-Банкаараа дамжуулж зээл гаргах нь мэдээж бидэнд нэмэртэй. Гэхдээ тухайн үед Засгийн газрын бонд гаргахад маш хүндрэлтэй болчихсон байсан. Өрийн хязгаар тулсан учраас гадаад, дотоодын хаанаас ч өр нэмэх, бонд гаргах боломж хомс байсан л даа. Монголбанкинд валютын нөөц хэрэгтэй, шаардлагатай байсан учраас Засгийн газар, Худалдаа хөгжлийн банк хамтарч, нөхцөл байдлыг тохирсны үндсэн дээр 500 сая ам.долларын бонд амжилттай болсон. Түүнээс хойш огцом өсөлттэй явж байсан ханш 2015 оны тавдугаар сараас тогтворжсон. Өнгөрсөн онд, энэ жилийн эхний зургаан сард ханш нэлээд тогтвортой 2000-аас доош байсан нь ийм учиртай. Монголын эдийн засаг, валютын нөөцөд өндөр ач холбогдолтой ажил болж чадсан. Тэгэхээр өнгөрсөн зургадугаар сард хийгдсэн хэлцэл 2015 оны дөрөвдүгээр сард гарсан бондтой ямар ч хамаагүй.

-Зарим улстөрч Худалдаа хөгжлийн банк Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт хяналтаа тогтоолоо, Багануур ТЭЦ-III, ТЭЦ-IV-ийг ч эрхшээлдээ авах нь гэсэн мэдэгдэл хийгээд байх юм. Банкны зүгээс ямар тайлбар хэлэх вэ?

-Баримтгүй хардлагаар банкны нэр төрд халдаж, харилцагч, хадгаламж эзэмшигчдийг нь төөрөгдүүлж, үйл ажиллагааг нь доголдуулах нь хуулиар хориотой зүйл. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд манай банк Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрт ямар нэг хувьцаагүй. Эдгээр үйлдвэрүүдэд банкны зүгээс удирдлагын түвшинд очиж ажилласан, хяналт тогтоосон зүйл байхгүй. Элэгдэл доройтолд орсон, үр ашиггүй болсон үйлдвэрүүдийн үр ашгийг нь дээшлүүлэх, техник технологийг нь шинэчлэх зорилготой төсөл хөтөлбөрүүд байсан учраас тухайн үедээ санхүүжүүлсэн. Дараа нь гадны хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны санхүүжилтэд хамрагдаад явсан. Тэгэхээр манай банктай ямар ч хамаагүй гэсэн үг.

“Багануур”-ын хувьд хувьцааных нь 25 хувь Монголын хөрөнгийн биржээр арилжигддаг олон нийтийн компани. 75 хувийнхаа 24 хувийг Хөрөнгийн биржээр арилжаалах шийдвэр 2012 онд гарсан юм. Багануурын 24 хувийг Монголын хөрөнгийн биржээр борлуулахад зуучлах андеррайтер, брокерын компанийн нээлттэй сонгон шалгаруулалтад манай “TDB capital” гэж хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй үнэт цаасны компани ялсан. Түүнээс хойш хувьчлалын асуудал хэд хэдэн удаа буцаж, дахиж сэргэж явсаар өнгөрсөн зургадугаар сард, сонгуулийн өмнө шийдэгдэж бид Багануурын 24 хувийг олон нийтэд санал болгосон юм. Харамсалтай нь УИХ-ын сонгууль яг энэ цаг үетэй давхацсан. Эдийн засгийн хямралд орчихлоо гээд зарлачихсан. Ийм шалтгаанаар Багануурын хувьцааг сонирхож байсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид саналаа өгөөгүй. СЗХ-ны шинэ удирдлага саяхан хуралдаад нэгэнт амжилтгүй болсон, хөрөнгө оруулагч олдоогүй, хувьцаа нь зарагдаагүй хэлцлийг бүртгэлээс хасах нь зүйтэй гээд өмнө гарсан шийдвэрүүдийг цуцалсан. Багануур хувьцаат компанийн хувьцаанд ямар нэг өөрчлөлт гарч, хувьцаа нь манай банкинд ирсэн зүйл огт байхгүй. Бид цэвэр мэргэжлийн ажил хийсэн. Үнэт цаасыг хөрөнгийн бирж дээр гаргаж зардаг, зөвлөгөө өгдөг, хөрөнгө оруулагч олж өгдөг ажлаа л хийсэн.

ТЭЦ-III, IV-ын 30 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулж хувьчлах буюу олон нийтэд санал болгох Засгийн газар, ТӨХ-ын шийдвэрүүд гарсны дагуу зарласан тендерт нь манай“TDB capital”компани туршлагатай гэдэг утгаараа ялсан. Одоо ч гэсэн ажиллаад явж байна.

-ТЭЦ-III, IV-ын хувьцааг худалдаж авах сонирхолтой хөрөнгө оруулагчид “TDB capital”-д хандаж болох нь ээ?

-Хандаж болно. Бид хөрөнгө оруулагч хайж байгаа. Энэ хоёр компанийн хувьцааг худалдаж авах ч юм уу, эдгээр компанид эрх мэдлээ тогтоох гэсэн зорилго бидэнд байхгүй. Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцааг олон нийтийн бирж дээр гаргаж, нэмэлт хувьцаа гаргах, хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаанд нь л мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллаж байна. Ерөнхий сайд эрчим хүчний салбарын хувьчлалыг хойшлуулна гэж мэдэгдэлдээ дурдсан бол шинээр томилогдсон төрийн өмчийн газрын дарга өмнөх Засгийн үед гарсан хувьчлалын шийдвэрүүдийг эргэж харна гэсэн чиглэлийг бидэнд өгсөн. Тиймээс энэ ажил зогссон байгаа. Эрчим хүчний салбарт банк ноёрхлоо тогтоох нь гэсэн хардлага ямар ч ор үндэсгүй ташаа мэдэгдэл гэдгийг хариуцлагатайгаар хэлмээр байна.

-Арилжааны банкуудад ямар нэгэн компанийн хувьцааг илт давуугаар эзэмших эрх байдаг уу?

-Хуулиараа компанийн хувьцааг эзэмшиж болно. Гэхдээ компанийн гаргасан нийт хувьцааны арван хувиас дээш хэмжээнийг хувьцааг худалдаж авч болохгүй гэсэн хязгаар бий. Нийт компаниудад хувьцаа хэлбэрээр хөрөнгө оруулсан мөнгө нь өөрийн хөрөнгийнх нь 20 хувиас хэтэрч болдоггүй гэсэн босго бас байгаа. Тийм учраас Монголын банкууд компани эзэмшдэггүй. Аж ахуйн үйл ажиллагаа явуулах нь хуулиар хориотой. Бид зөвхөн санхүүгийн зуучлал, банкны мэргэжлийн үйл ажиллагаа л явуулдаг. Манай банк олон нийтийн компани байвал арван хувь гэдэг хязгаартайгаар худалдан авч болно, хязгаарлагдмал хариуцлагатай компанид бол хувь эзэмшихгүй гэсэн дотоод бодлоготой.

-Сүүлийн үед өрнөсөн шуугиан хүмүүст нэг эргэлзээ үүсгэчих шиг болсон. Сая та бид хоёрын ярьсан бүхний цаад учрын талаар нарийн мэдээлэлгүй хүмүүс Худалдаа хөгжлийн банк юунд орооцолдчихов оо гэж бодож суугаа байх. Ингэхэд танай банкны үйл ажиллагаа ямаршуу байгаа вэ?

-Банкны үйл ажиллагаа маш сайн, хэвийн өрнөж байна. Манай банкны хөрвөх чадварын харьцаа буюу бэлэн мөнгө түүнтэй тэнцэх эд хөрөнгийн харьцаа нь 40 гаруй хувьтай байгаа. Өөрөөр хэлбэл, нийт актив маань 40 гаруй хувийн хөрвөх чадвартай гэсэн үг. Гадаад валют болон төгрөгийн нөөц асар өндөр, зээл олголт ямар нэг хязгаарлалтгүйгээр хэвийн үргэлжилж байна. Валютын арилжаа ч бас хэвийн. Ханшийг тогтворжуулах тал дээр идэвхтэй ажиллаж байгаа. Цаашдаа ч гэсэн олон улсын зах зээлээс хөрөнгө босгох ажлаа үргэлжлүүлнэ. Хамгийн туршлагатай банкны хувьд гэж ярихад олон улсын зах зээлээс мөнгө босгох боломж бий. Тодорхой хэмжээний ашигтай ажиллаж байгаа, өөрийн хөрөнгийн хүрэлцээ үзүүлэлтүүдийн хувьд Монголбанкны шалгуурыг бүрэн хангасан гэж ирээд яривал банкны талаар санаа зовох ямар ч асуудал байхгүй.

-Том хэмжээний мөнгөн дүнтэй бондыг амжилттай гаргасаар яваагийн шалтгаан юунд байна аа. Гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд танай банкийг сонгоод байгаа давуу тал гэвэл та юуг онцлох вэ?

-Манай банк анх 2007 онд бонд гаргаж байлаа. Түүнээс хойш бараг есөн жил болоход нэг ч арилжааны банк бонд гаргаж чадаагүй хэр нь бид жил бүр шахуу гаргаад байгаа нь цаанаа шалтгаантай. Монголд том хэмжээний хөрөнгө оруулалт татах боломжтой, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах хэмжээний төсөл тун цөөхөн. Голдуу уул уурхайн төслүүд байдаг. Уул уурхайн төслүүдийн хувьд гаднаас санхүүжилт татчихдаг учраас гадны хөрөнгө оруулагчид Монголын уул уурхайн биш салбарт эрсдэл авахыг хүсдэг. Монголын эдийн засгийн ирээдүйд итгэдэг учраас тэр л дээ. Гэтэл уул уурхайн биш эрсдэлийг санал болгох томоохон сектор Монголд байдаггүй. Үл хөдлөх хөрөнгө, хөдөө аж ахуй, дэд бүтэц, үйлчилгээ, зочид буудлын чиглэлээр гадны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах төслүүд ч байхгүй. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татдаг сектор нь санхүүгийн салбар болчихож байгаа юм. Худалдаа хөгжлийн банк Монголын эдийн засгийн бүх л салбарт нэг талаас эрсдэл авч, нөгөө талаас санхүүжүүлчихсэн яваа нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг татдаг. Бид олон улсын зах зээлд нийтдээ зургаан удаа бонд гаргасан. Бонд гаргасан олон жилийн туршлагатай, цаг хугацаанд нь бүрэн төлж байсан сайн түүхтэй ч сүүлийн хэдэн жил уналттай яваа Монголын рейтинг, эдийн засгийн таагүй байдал зэргээс болж өртөг нь өссөн шалтгаан бий. Ийм учраас Засгийн газрын баталгаа авах шийдэлд хүрсэн юм.

-Худалдаа хөгжлийн банкны хувьд санхүүгийн салбараас огт өөр чиглэлд ямар нэгэн үйл ажиллагаа явуулах бодол, хэтийн зорилго ер нь бий юу?

-Ямар ч банк хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Манай банк хамгийн туршлагатай, хамгийн ууган нь. Зах зээлийн олон шуургыг давж, олон хямрал, олон улстөрийн өөрчлөлтийг даван туулсан банкны хувьд арилжааны банк Монголд ямар чухал үүрэгтэйг мэднэ. Банк гэдэг нэг талаасаа маш эмзэг нөгөө талаасаа чухал сектор гэдэгт итгэлтэй явдаг учраас зөвхөн банкны үйл ажиллагаа явуулна. Өөр янз бүрийн үйл ажиллагаа явуулах эрх ч байхгүй, сонирхол ч алга. Монголын эдийн засгийн ирээдүйд хэрэгтэй гэж үзвэл, ирээдүйд орлого нь бололцоотой төсөл байна гэж харвал бид 100 хувь дэмжинэ. Энэ бол арилжааны хамгийн том банкны хувьд бидний үүрч байгаа маш том ачаа.

Ц.БаасансҮрэн

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

“Стэнд бай”-д хамрагдах нь тодорхой болчихлоо

Засаг хэвтрийн өвчтөн шиг болсон эдийн засагтаа амь тариа хийхээр шийджээ. Амь тариа болохоос эдийн засгаа тэлэх, бизнесээ дэмжих алхам биш гэдгийг онцолъё. Амь тариа гуйх газар нь ОУВС. Авахаас аргагүйд хүрсэн амь тариа нь “Стэнд бай”. Вашингтон руу ниссэн Төв банкны ерөнхийлөгчийн томилолтын нэг зорилго нь энэ. Монголбанкны тэргүүн жил бүр зохион байгуулдаг арга хэмжээнд урьдынхаараа л оролцоод ирнэ гэж харвал хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Н.Баяртсайхан ерөнхийлөгч ОУВС-гийнханд санаагаа цухуйлгаад ирэх нь нэгэнт тодорхой болчихсон.

Засаг уг нь арай ухаалаг алхам хийсэн бол ингэж царай алдахгүйгээр урагшилж болох бодитой гарцууд бидний өмнө байлаа. Гэвч цаг хугацааг ухрааж болох биш, төрд ажиллагсдын цалинг тавьж хүчрэхээ болтлоо туйлдсан төсвийн алдагдал, нэмэгдэх шинжгүй дүнсийж буй гадаадын хөрөнгө оруулалт, хугацаа нь хариугүй дөхсөн бондын эргэн төлөлт, Сангийн сайдын мэдэгдлээс хойш өндрөө авсан засгийн бондын хүү, 2290 төгрөг хүрч цойлсон долларын галзуурал, том төслүүдээ хөдөлгөх эсэх нь өнөөг хүртэл тодорхойгүй засгийн хойрго байдал “Стэнд бай” авахаас аргагүйд хүргэчихлээ. Хүлээн зөвшөөрөхөөс аргагүй үнэн гэвэл энэ. Ерөнхий сайд эдийн засгийн хүндрэлийг “тусгай” хөтөлбөр хэрэгжүүлж давахаас аргагүйгээ учирлаж, ОУВС-гаас Улаанбаатарт ирэх ажлын хэсгийнхэнтэйгээ хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ мэдэгдчихсэн болохоор “Стэнд бай” нэг их удахгүй эхэлж таарна.

“Стэнд бай” бол ОУВС-гийн гишүүн орнууддаа туслах зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр. Богино хугацаанд бий болоод байгаа хүндрэлийг шийдвэрлэх зорилготойгоор үзүүлдэг тусламж. Гишүүн орнууд нь хүсэлт гаргаснаар хөтөлбөрийн үйл явц эхэлдэг гэж үздэг. Дараа нь ОУВС-гийн зөвлөхүүдтэй улсынхаа эдийн засаг ямар байгаа талаар яриа хөөрөө өрнүүлнэ. Эцэст нь бодлогын ямар арга хэмжээ авахаа тохирно. ОУВС-гийн гүйцэтгэх захирлуудын зөвлөлд хэлэлцэж тохирсон бодлогын арга хэмжээнийхээ танилцуулгыг “Letter of Intent” буюу захиа хэлбэрээр явуулах нь дараагийн хийх алхам. Бас яг ямар байгаагаа, бодлогын арга хэмжээг яг яаж яаж хэрэгжүүлэхээ дэлгэрэнгүй гэгч нь танилцуулна. ОУВС-гийн зөвлөл толгой дохивол хөнгөлөлттэй зээл үе шаттайгаар олгогдож эхэлнэ. Нэг дор бөөнд нь биш, өгөх мөнгөө хэсэгчлэн хувааж олгоно гэсэн үг. Гэхдээ нэг болзолтойгоор. Тохирсон бодлогоо яг таг хэрэгжүүлбэл амласан цаг хугацаандаа өгсөөр байна, хэрэгжүүлэхгүй бол “уучлаарай, та нар хэлснээсээ буцчихлаа” гээд буруу харна.

ОУВС зээл олгохоосоо өмнө хоёр төрлийн нөхцөл тохирдог. Эхний нөхцөл нь макро эдийн засагт хамаатай. Юуны түрүүнд инфляцийг зорилтот түвшинд барих, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг бууруулах, Төв банкны гадаад нөөцийг нэмэгдүүлэх гэсэн нөхцөлүүдийг тавьдаг. Хоёрт нь банкны хяналт шалгалтыг сайжруулах, татварын системийг шинэчлэх, төсвийн нээлттэй, ил тод байдлыг хангах, нийгмийн хамгааллын бодлогын үр ашгийг нэмэгдүүлэх гэсэн нөхцөл бий. ОУВС-гийн бидэнд санал болгож байгаа нөхцөл ер нь бол ойлгомжтой. Халамжийн бодлого дээр хэт бага орлоготой иргэдийг хамгаалах гэсэн нөхцөл тавих нь тодорхой. Халамжийг хавтгайруулах биш, хоногийн хоолоо залгуулах төдий иргэдээ түлхүү анхаар гэх байх. Хүүхдийн мөнгө авдаг айлын тоо лав эрс цөөрнө.

Дараагийн даалгавар нь мэдээж төсөв рүү чиглэнэ. Төсвийн бүх зарлагыг нэг дор төвлөрүүл гэнэ. Төсвөөс элдэв замаар хулгай хийдэг улстөрчдийн боломж хумигдана гэдэг талаасаа бол эерэг алхам. Төсөв танагдахаар төрийн албан хаагчдын тоо эрс багасч, олон хүн ажилгүйчүүдийн эгнээ рүү орж таарна. Засгийн гаргасан бонд хүртэл төсвийн алдагдалд багтаж, өр, зээлийн хүрээ хязгаар яригдаад эхлэхээр нэг эрсдэл гарч ирнэ. Хамгийн том эрсдэлийг үүрэх хүмүүс нь бизнесийнхэн.Эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа баялаг бүтээгчид. Санхүүжилтээр цангасан, зээлээ эргэн төлж чадахгүй зүдэрч яваа бизнесийнхэнд дажгүй хүүтэй зээл авах боломж улам бүр хумигдана гэсэн үг. Дотоодын арилжааны банкуудаас жилийн хориод хувийн зээл авч мачийтлаа зүтгэдэг хувийн хэвшлийнхэнд засгийн олон улсын зах зээлээс босгож ирсэн бага хүүтэй мөнгө л амин хэрэгцээ байсан. Нөхцөл байдал сайжирч, засаг зөв менежмэнт хийгээд эхэлбэл бага хүүтэй бонд босгох боломж бидэнд бий. Эргэлзээ нь арилаагүй хөрөнгө оруулагчдын хувьд одоохондоо засгаас бонд гаргавал л итгэж мөнгөө өгч магадгүй гэсэн найдлага бас байгаа. Засгаас том төслүүдээ хөдөлгөх ч юм уу, ямар нэг эерэг алхам хийчихсэн бол хямд хүүтэй бонд гаргаад дажгүй мөнгө олох боломж бидний өмнө байсан. Өнөөдөр бол “no” болсон л доо. Гэхдээ итгэл нь алдарсан хөрөнгө оруулагчид эрсдэлгүй зүйлд л мөнгөө оруулж мэднэ, тэр нь засгийн бонд гэдгийг ор тас анхаарахгүйгээр орхиж болохгүй.

ОУВС мөнгөний бодлого дээр мэдээж эн тэргүүнд инфляцийг онцолно. Төв банк инфляцийг найман хувьд барина гэдгээ зарлаад байгаа. Мөнгөний хатуу бодлого хэрэгжүүл, ханш зах зээлийн зарчмаар уян хатан тогтох ёстой шүү гэж сануулах нь ойлгомжтой. Монгол банк бодлогын хүүгээ огцом нэмж, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлээд эхэлчихсэн. УИХ-д өргөн барьсан мөнгөний бодлогын төсөлдөө ханшийг зах зээлд нь даатгана, огцом савлагаа гарвал л зохицуулна гээд тов тодорхой заасан байгаа. Тэгэхээр ОУВС-гийн мөнгөний бодлого дээр шаардах нөхцөлүүдийг бид хангачихсан гэсэн үг. Хөрөнгө оруулалтыг дэмжих талд анхаарах, хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах, сайн засаглалыг дэмжих гэсэн нөхцөлүүд бас бий. Урт хугацаандаа баялгийн сангийн үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, аж үйлдвэрийн төрөлжилтийг нэмэгдүүлэх энэ тэр гэсэн нөхцөл байгаа.

2009 онд хэрэгжүүлсэн “Стэнд бай”-д инфляци нэг оронтой тоонд орсон, огцом суларсан төгрөгийн ам.доллартай харьцах ханш тогтворжсон, төсвийн алдагдал буурсан гэх мэт давуу тал байгаа ч анхаарч харахаар нэг өнцөг бий. “Стэнд бай” хэрэгжсэнээс хойш жилийн хугацаанд эдийн засгийн голлох үзүүлэлтүүд ерөнхийдөө сайн, ажилгүйдлийн түвшнээс бусад нь дажгүй гарсан гэдэг. Төсвийг хэт танаж, хямд хүүтэй бонд гаргах замыг хааж, мөнгөний бодлогыг хатууруулчихаар эдийн засаг хумигдаж таарна. Эдийн засаг хумигдахаар ажлын байр багасах нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гарна гэдэг шиг л тодорхой зүйл. Яг нарийндаа ажлын байр нэмэгдэж, эдийн засаг тэлж байж л Дорж, Дулмаагийн орлого нэмэгдэж, бултаараа сайхан аж төрнө. Товчхондоо зээлээ төлж чадахгүй тэвдэж яваа, үлдсэн цөөхөн ажилтнаа халчихгүй юмсан гэж толгойгоо өвтгөж суугаа, хямд эх үүсвэртэй зээл, санхүүжилт хайж байгаа хувийн хэвшлийнхэн “Стэнд бай” хөтөлбөрийн хатууг үүрнэ. Гэхдээ шургаж унах гэж буй төсвөө амилуулж, ноён ногооныг тавиад туучихгүйн тулд одоохондоо бидэнд энэ хөтөлбөр шиг хэрэгтэй юм алга шиг байна. “Стэнд бай”-г амь тариа гээд байгаа нь ийм учиртай. Хэвтэрт орсон өвчтөн шиг болчихсон эдийн засгийг үхүүлчихгүйгээр торгоож барих л арга. 2009 оны хямрал гэснээс тэр үед “Оюу толгой” гэдэг аварга төсөл хэрэгжсэн нь бидний хувьд зол болсон. Тухайн үед хэрэгжсэн “Стэнд бай” сайнаар дурсагдах нь Оюу толгойн нөлөө ч байсан гэх гээд байна л даа. ОУВС-гаас Грек, Кипр зэрэг орнуудад хэрэгжүүлсэн “Стэнд бай”-г тойрсон шүүмжлэлийг ч “эдийн засгийг хумьсан учраас” гэсэн тайлбар дагадаг. Гэхдээ 2009 оноос хойш ОУВС зээлийн нөхцөлөө харьцангуй уян хатан болгож, бага орлоготой иргэдийг хамгаалах, нийгмийн хамгааллын бодлогыг авч үлдэхэд голлон анхаарч ирсэн гэх тайлбар бий. Хэлцэл цааш хэрхэн өрнөх, ОУВС бидэнд ямар нөхцөл тавих, бид ямар санал өгөх нь одоогоор тодорхой биш байна.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Нийслэлийнхний алхдаг БОГД УУЛЫН ЖИМЭЭР

Зайсангийн цаахна, Богд уулын бэлд орших “Дүнжингарав” амралтын газрын хашаа хагас, бүтэн сайнд битүү машинтай өнждөг болоод удаж байна. Нийслэлийнхэн тэнд машинаа тавиад ердөө цаахнаас нь эхлэх тодоос тод жимийг даган Богд уул руу өгсдөг. Өнгөрсөн бямба гаригт манай сурвалжлах баг Богд руу авирсан юм.

Уул руу өгсөхийн өмнө, наахан талын моддын нэгэнд “Ажлын эхлэл бол ажлын тэн хагас” гэсэн бичигтэй пайз тогтоожээ. “Ховдын түүчээ” төрийн бус байгууллагынхны санаа аж.

Өглөөний зургаа хагаст очиход аялагчид аль хэдийнэ цувраад эхэлчихэж. Зуун метр зайд хорь орчим хүн алхаж байсан гээд бодохоор өглөө эртлэн цэвэр агаар амьсгалах хүмүүс хоёр, гурван жилийн өмнөхөөс лав эрс өсчээ. Эртэч уулчид ихэвчлэн ганцаараа явцгааж байв. Тавь шүргэж яваа болов уу гэмээр насны гав шавхийсэн уулчин нүдэнд туслаа. Жаран настай гэнэ. Долоо хоногийн таван өдөр ууланд алхдаг юм байна. Зургаан жил алхаж байгаа гэж сонирхуулав. Бие нь муудаад ууланд алхаж эхэлжээ. Тал харвасан, даралт өндөр, 127 килограмм жинтэй гээд нэлээд асуудалтай байж. Зайсангийн нэг кафед сууж байхдаа ууланд алхдаг хүмүүс байдгийг олж мэдээд л авирч эхэлсэн гэж ярилаа. Одоо бие нь ямар нэг зовиургүй болж, 42 килограмм хаяжээ. “Ажлын өдөр хүн цөөтэй учраас оройхон, өглөөний долоо өнгөрөөгөөд гардаг юм. Амралтын өдөр хүн ихтэй учраас таван цаг гээд гарна. Өвөл явах хачин сайхан. Орой дээр нь гараад биеэ цасаар угаана.

Харзны усаар угаана. Эхээс нь ус аваад уулан дээр очоод биеэ угаадаг юм. Миний үүргэвчинд хоосон сав байгаа. Биеэ угаачихаад буугаад ирнэ дээ” гэж байна. Эхлээд уулын оройд гарч чадалгүй, 300 гаруй метр яваад бууж ирдэг байжээ. Одоо бол нэг ч амрахгүйгээр оройд нь гарчихдаг юм байна. Ууланд аялагчид ихэссэнд олзуурхаж явдгаа ч хуваалцав. Анх ууланд алхаж эхлэхэд нь дөч, тавиад хүн л гардаг байж. Харин одоо амралтын өдрөөр 2000-3000 орчим хүн алхдаг болсон гэнэ. Хашир уулчид хүн ихтэй амралтын өдөр эртээ гэгч нь алхчихаад буугаад ирдэг байна. Улаанбаатарт амьдардаг болон аялж жуулчилж яваа гадныхан ажлын өдрөөр түлхүү явдаг аж. Хүн цөөтэй үед нь алхах гэж ажлын өдрийг зориуд сонгодог бололтой.

Замын танил маань “Хагас, бүтэн сайн өдөр оройхон алхахаар хүн битүү. Мөргөлдчих нь холгүй юм болно шүү дээ. Найз нарыгаа алхъя гэж зөндөө гуйдаг ч ганц нэг яваад шантарчих юм. Өнгөрсөн баасан гаригт бороотой байсан даа. Улаанбаатар хот сая 200 мянган хүн амтай. Бүгдээрээ залхуу, тэнэг, арчаагүй биш баймаар. Би ганцаараа алхаж байгаа нь ямар учиртай юм бол гэж бодлоо. Бууж байхад тээр доор ганц нэг хүн таарсаан таарсан. Ууланд гардаг улсын хувьд бороо, цас, шавар шавхай хамаагүй. Уг нь бүтэн сайны өглөө доор байгаа амралтын газрын зогсоол пиг болдог. Гэтэл өнгөрсөн долоо хоногийн ням гаригт гуч, дөчөөдхөн хүн гарч байх жишээний. Бороотой болохоор тэгдэг шиг байгаа юм” гэж хэлээд шалмаг алхсаар явж одов. Тавь, жар, далаад насны байнга гардаг улс их байдаг гэнэ.

Уулын бэлээс өгсөхөд сэрүүвтэр, салхитай байсан ч моддын дунд ороод ирэхээр ер бусын нам гүм орчин угтав. Алхаад тэр үү, даарах мэдрэмж ч дороо сарнив. Амралгүйгээр алхахад хөлс цувах шинжтэй юм. Богд уулын захиргаа аялагчдын үдлэх цэгүүдийг маш сайхан тохижуулжээ. Захиргаанаас гадна олон жил аялсан уулчид ч аялагчдын амарч үдлэх газрыг сэтгэл гаргаж тохижуулдаг аж. Модон сандал, саравч, голтой газраа модон гүүртэй цэгүүд Богд уулын энэ жимд гурваас дөрөв лав байна. Хажууханд урсах голын чимээ, навчсын үл мэдэг сэрчигнээн, өглөө эртийн цэнгэг гэж жигтэйхэн агаар, гацуур, шинэс моддын таатай үнэр хүмүүсийг уул руу татдаг бололтой. Найман зуу орчим метр алхаж яваад дараагийн аялагчаа сонгов. Доороос тааваараа алхахад л амьсгаадаж, хэдэнтээ амарч байхад ядарсан шинжгүй гүйж явсан нь анхаарал татсан юм. Хөлс нь цувчихсан гүйж явсан залууг Бат-Өлзий гэдэг юм байна. Уулын тал хүртэл гүйж, талаас цаашаа нь алхсаар оройд нь гардаг гэнэ. Тал хүртэл гэдэг нь километр гаруй газар. Бат-Өлзий “Гэр бүлээрээ ууланд алхдаг хүмүүс олон байдаг юм. Өглөө эрт цөөвтөр ч нар мандсаны дараахнаас ёстой цувж өгдөг. Миний хувьд жин нэмж, бие тавгүйрхэж эхлэхээр нь эмнэлэгт хандсан юм. Хоёр жилийн өмнөх явдал л даа. Эмч нараас жингээ хая, хөдөлгөөн хий гэсэн зөвлөгөө сонсоод ууланд алхаж эхэлсэн. Алхах тусам ууланд дурладаг юм билээ. Одоо бүр гүйдэг болчихсон шүү” гэж хэлээд хөгжилтэй инээсээр аялалдаа яарав. Бат-Өлзийгийн хэлснээр үүрээр гэр бүлээрээ алхагчид цөөвтөр харагдсан ч 10 цагаас хойш илт олширчихдог юм билээ. Бүр дөнгөж төрсөн нярайгаа салхилуулаад явж байгаа гэр бүл ч харагдсан. Хэзээний алхаад сурчихсан догь жаалууд ч байна, ээж, ааваасаа зүүгдэж, байсхийгээд амарч эрхлэнгээ зугаалах хүүхдүүд ч олон таарсан. Бат-Өлзийтэй ярьснаас хойш зуу гаруй метр явж байтал долоо, найм орчим насны хүүтэйгээ ярьж зогсоо бүсгүй таарав. Хажуугаар нь өнгөрөхөд “Миний хүү аль болох бага амар. Ийм саадыг давж байж л амжилтанд хүрнэ шүү дээ” гэх нь чих дэлсэв.

Явсаар 1500 метрт ирлээ. “Ховдын түүчээ” төрийн бус байгууллагынхны энд өлгөсөн пайзнаас аялагчид 1500 метрт ирснээ мэдэхээс гадна “Өөрийгөө ялан дийлэхээс бүхий л ялалт эхэлнэ” гэсэн бичгийг хараад цааш алхацгаах аж. 1500-гаас цаашаа нэлээд өгсүүр болж ирэв. Чулуурхаг энэ газарт саявтар орсон борооны ул мөр болж үлдсэн шалбааг үе үе таарна. 2000 метрт ирснээ дор хоёронтоо таарсан танил пайзнаас хараад мэдэв. Дээр нь “Амьдрал бол уул юм. Бид удаан авирч түргэн урууддаг” гээд биччихэж. Энэ пайзны дэргэд хэсэг зогсоход зөрж өнгөрсөн хэд хэдэн залуу зургаа авахуулцгаав. “Бичгийг нь гаргаарай” гэж байгаад л патиараа татуулцгаах юм. 2000 метрээс дээшээ харин нэлээд өгсүүр зам туулах хэрэг гарлаа. Ханиндаа алхаж яваа жар гаруй насны хоёр хөгшин “Одоо юухан байхав, 500 хүрэхгүй метр яваад Дугуй цагаандаа очлоо доо” гэж ярьсаар зөрөв. Хэсэг алхсаны эцэст тээр дээр моддын чөлөөгөөр цэнхэр тэнгэр үзэгдэв. Ойрхон ойн чөлөө бий гэдгийг төвөггүй харчихаар юм. Удсан ч үгүй цэлийсэн задгай талд гараад ирэв. Захаараа битүү модтой, дундаа хангарьдын дутуу барьсан хөшөөтэй, амарч үдлэнгээ цайлахад зориулсан сандал саравч нэлээдийг барьчихсан сайхан газар юм. Есөн цаг өнгөрч байхад ойн чөлөөнд ирсэн болохоор тэр үү, тодоос тод наран таатайяа ээнэ. Улаанбаатарт бол тээр хол ёлтойж харагддаг нар энд хачин ойрхон, тод гэж жигтэйхэн гялалзана. Хоёр хөгшний яриад байсан Дугуй цагаан гэдэг нь энэ аж. Ойн чөлөөнд дөнгөж оронгуут самар зарж байна. Нийслэлд 3500 төгрөгөөр зардаг том шилтэй самрыг энд 2000 төгрөгөөр зардаг юм байна. Стакантай нь ч хотод зардгаас хавьгүй хямдхан юм. Самарчид түүсэн самраа тэндээ цайруулаад зарж байгаа нь энэ. Биднийг очиход Дугуй цагаан дээр амьдрал ёстой л бужигнаж байна. Шорлог, халуун кофе, уулнаас дөнгөж түүсэн хад жимсийг худалдаж аваад амтлах боломж энд байна.

Амарч цайлдаг саравчны наахна тойрч зогссон хэсэг хүмүүс дээр очлоо. “Хербалайф”-ын эрүүл хооллолтын клубийнхэн гэнэ. Найман шаргын хавьцаа ажилладаг “Мөрөөдөл-4” гэсэн нэртэй энэ клубийнхэн долоо хоногийн лхагва гариг бүрт ууланд алхдаг юм байна. Алхах дуртай нь амралтын өдрөөр бас аялцгаадаг аж. Энэ клубийг ажиллуулдаг Л.Сэрчмаа “Клуб гэдэг бол санаа нийлсэн хүмүүсийн л нэгдэл шүү дээ. Бид зөв хооллоё, эрүүл амьдаръя гэсэн хүслээр нэгдсэн хүмүүс. Уул руу алхах их эрч хүч өгдөг. Эрүүл амьдрахын наян хувь нь хоолноос шалтгаалдаг бол хорин хувь нь хөдөлгөөнөөс хамаардаг. Хэчнээн зөв хооллолоо ч хөдөлгөөн хийхгүй бол хэцүү. Хөдөлгөөн хийдэг байлаа ч хооллолтдоо анхаарахгүй бол зуун хувь эрүүлжихгүй. Монголчууд сүүлийн үед хоолондоо анхаарч эхэлсэнд олзуурхдаг” гэж ярилаа. Тэдний хажууханд бас нэг клубийнхэн дасгал хийцгээж байв. Улаанбаатар хотын гаалийн байцаагчидтай энд таарав. Арваад байцаагч долоо хоног бүрийн хагас сайнд ууланд алхдаг юм байна. Ихэвчлэн Богд руу алхдаг гэнэ. Өглөө долоон цагаас уулзаад аялцгаадаг аж. Байцаагч Б.Одсүрэн “Хүмүүс хог их хаях юм. Бид сүүлдээ хогны уут авч явдаг болсон. Самрынхан гараад хог их харагдах боллоо. Хоёр, гурван жилийн өмнө цөөхөн хүн алхдаг байсан бол одоо өчнөөнөөрөө аялж байна. Өвөл ууланд алхах ямар гоё гээч. Цэвэр агаарт хоёр гурван цаг алхахад 24 цагийнхаа хүчилтөрөгчийг нөөцөлж авдаг гэдэг шүү дээ. Утаа эхэлж байгаа энэ үед ууланд алхахын ач тусыг хэлэх юм биш. Алхаад байхаар сүүлдээ бүр явмаар санагдаад эхэлдэг” гэж ярилаа. Улаанбаатар хотын гаалийнхан улиралдаа нэг удаа Цэцээ гүн рүү алхдаг юм байна. Гаалийн байцаагчид дугуйгаар аялах төлөвлөгөө ч гаргачихаж.

“Flex gym” фитнесс клубийнхэн бэлтгэл хийх зорилгоор иржээ. Тус клубийн багш Г.Гантөгс “Манай клубийнхэн долоо хоногт хагас, бүтэн сайны аль нэгэнд нь ууланд алхдаг. Цэцээ гүн рүү бас гарна. Манай хүүхдүүд нэг сард тэмцээнтэй. Тэмцээний өмнө дотор өөх шатаах зорилготой кардио дасгал хийж ууланд гардаг л даа. Дотор өөх хайлна гэдэг маш сайн. Зүрх, элэг, уушги гэх мэт дотор эрхтнүүд чөлөөтэй ажилладаг. Ер нь алхсаны ач тус их. Үе мөчний өвчин ор мөргүй алга болно. Хүмүүс эрүүл мэнддээ анхаарч фитнесст их явдаг болсон. Фитнессийг сонгосон хүмүүсийн хувьд эмнэлгийн маршрутыг фитнессийн маршрутаар сольж байгаа гэсэн үг. Фитнессийг сонгосон хүмүүс баар руу биш уул руу л алхаж байна даа (инээв). Манай клубт үе мөчний өвчтэй, нурууны суулттай хүмүүс их ирдэг. Нурууны суулттай тэргэнцэр дээр орж ирсэн улс тэмцээнд ордог болтлоо сайжирдаг. Фитнесст яваад хөдөлгөөн хийгээд эхлэхээр сахарын хэмжээ багасдаг. Хоёр, гурван сар явахад л сахарын хэмжээ нь огцом багасдаг” хэмээн ярив. Тэдний хажууханд “Лантуун дохио” төрийн бус байгууллагын залуус ирчихсэн, тойрч суугаад хөгжилдөцгөөж байлаа.

Бид ойн чөлөөнөөс 13 цаг өнгөрөөгөөд буусан юм. Буух үед “Өгөөж” компанийнхан зөрцгөөв. Тэд цэнхэр малгайгаар ижилсжээ. “Өгөөж”-ийн логотой малгайгаар жигдэрсэн лав л гуч, дөчөөд хүн харагдав. Арван жилийн сурагчид ангиараа их алхацгаадаг бололтой. Уруудах үед гэхэд л тав, зургаан анги зөрсөн. Нэг байрны найз хүүхнүүд ч таарав. Сонирхуулж хэлэхэд, уулын клубийнхэн Дугуй цагаанаас цаашаа “Тэнгэр хад”, “Цэцээ гүн” гээд илүү хол зайд аялдаг юм байна.

Ц.Баасансүрэн

Гэрэл зургийг Ц.Мягмарсүрэн

Categories
мэдээ цаг-үе

​Т.Ичинноров: Хан тэнгэрийн 4200 метр мөсөн оргил дээр хоол ундгүй долоо хоноход ус, эрвээхэй хоёр л миний амийг аварсан

Уулын спортын олон улсын хэмжээний мастер Т.Ичинноровтой ярилцлаа.

-Таныг нэлээд хожуу, дөч гарсан хойноо уулын спортын хүн болсон гэж сонссон. Уулын спортод яагаад гэнэт дурлачихав?

-Уулын спортод орсон түүх гэвэл их дээрээс эхлэлтэй. 16-хан настайдаа аж үйлдвэрийн комбинатын гутлын үйлдвэрт алдарт эсгүүрчин Цэмбэл гэж хүний шавь болж байлаа, 1951 онд. Гутлын үйлдвэрт орохоосоо өмнө бүжигчин байсан юм. Тэр үед чинь үйлдвэрийнхнийг юм юманд “хөөнө”. Нэг өдөр эвлэлийн үүрийн дарга “Багшийн дээд сургуулийн зааланд очиж уран сайхны гимнастикаар шалгуул” гэж байна. Үйлдвэр бүрээс дөрөв, таван хүн очихоор нэг орой гэхэд л гуч, дөчин хүнийг хувцсыг нь тайлуулаад шалгуулж байгаа юм. Очсон анхны өдөр бүгд тэнцсэнгүй. Айгаад орсонгүй буцчихлаа. Ажлаа хийгээд хоёр хонож байтал эвлэлийн үүрийн дарга “Биеэ тоосон амьтан бэ чи, чамаас гоё тарган цатгалан хүүхнүүд очоод тэнцэхгүй байна. Их зан гаргалгүй зүгээр л оч” гээд тачигнаж гарлаа. Аргагүйн эрхэнд очлоо доо. Мөрдорж гуайн эхнэр циркийн Цэрэндулам гэж сайхан хүн шалгуулах бүсгүйчүүдийг оруулж байна. Мөн л бүгд тэнцсэнгүй. Сүүлд нь нэг бүсгүйтэй үлдлээ. Цэрэндулам гуай наашаа, цаашаа хар гээд их сонирхож байна аа. Тэгснээ циркийн гялтганасан дотуур хувцас өмсгөөд орууллаа. Удвал дарга, Үйлдвэрчний төв зөвлөлийн дарга Самбуу, Зөвлөлтийн хоёр мэргэжилтэн гээд шалгаж байгаа улс нь жигтэйхэн сүртэй. Золтой л уйлаад гараад гүйчихсэнгүй. Хий гэсэн хөдөлгөөн бүрийг нь хийлээ. Гэтэл нөгөө хоёр орос хөтөлж гүйгээд дарга нарт намайг тэнцлээ гэж хэлдэг юм. Долоо, найман зуун хүнээс дэлхийн оюутан залуучуудын их наадамд явахаар шалгарч байгаа нь тэр. 1955 онд Чехословакт болсон их наадмаас Монголын залуус анхны хүрэл медалийг авчирсан даа.

-Ирэхэд чинь баяр хүргээд сүйд болсон уу?

-Одооных шиг сүйд болоогүй ээ, ирээд шууд ажилдаа орсон. “Сайн явж ирсэн үү” л гэж асуусан байх (инээв). Тэр үед Биеийн тамирын хороо дуудаж баярын бичиг өгснөөс өөр сүйдтэй юм болоогүй. Спортын ордны үүд хаалгыг 1955 онд ийм түүхтэйгээр татаж байлаа. Дараа нь уулын спорт залгасан даа.

-Уулын спорт руу дахиад л үйлдвэрээсээ “хөөгдөж” орсон уу?

-Бараг тийм дээ (инээв). УИХ-ын гишүүн байсан Бурмаагийн аав Раднаа гэдэг хүний санаачилгаар уулчин эмэгтэйчүүдийн баг байгуулагдсан түүхтэй. Нэг их олон үйл явдлын ой тохиосон жил гарсан санаачилга л даа. Аж үйлдвэрийн комбинатын намын хорооны дарга Дангаа гэж мундаг хүн байлаа. Хүнээ ч гаргая, хөрөнгө мөнгө ч гаргая гээд дэмжсэн байдаг. “Гутлын үйлдвэрийн Ичинноров үйлдвэрлэлийн гимнастик хийлгээд зогсч байгаа харагддаг” гээд намайг багийн ахлагчаар сонгосон байгаа юм. 18 эмэгтэйгээс хурдан Алгаа, волейбол тоглодог Оюунцэцэг, хөнгөнд гүйдэг Галя бид дөрөв шалгарлаа. За тэгээд Раднаа гуайтай уулын бэлтгэлд гарлаа даа. Уулын бэлтгэл гэж аймаар. Өдөрт тав, зургаан километр газар гүйлгэнэ. Бидний хөлийн ул бөөн ногоон цэврүү. Орой нь цэврүүгээ утас сүвлэсэн зүүгээр хагалаад бэлтгэлээ үргэлжлүүлнэ. Сүүлийн 14 хоногт нь Тэрэлжийн өндөр хаднаас зүүгээд орхичихсон. Хэзээ хад өөд авирч гарна, тэр цагт л буулгана. Сүүлдээ хэдэн хурууны өндөг ногоон цэвтрүү татаад. Уулын бэлтгэл гэж ийм хатуу.

-Таныг уулчин бүсгүйчүүдтэйгээ хамт дүн өвлөөр Их Богд руу авирахаар Улаанбаатараас явган гарч байсан гэж дуулсан. Үнэхээр тийм явдал болсон юм уу?

-Манай үйлдвэрийн мастер Цэцэгмаа, хурдан Алгаа, Заяа, бид дөрөв л дөө. 1982 онд санагдана. Уулын “өвчин” туссан улс зүгээр сууж чадахгүй хоорондоо ярьж байгаад Их Богдод авирахаар Улаанбаатараас гарахгүй юу. Нэгдүгээр сард гурван ес эхэлж байсан үе. Нэг нэг цанатай. Өмссөн гутал нь хариугүй, цанын ботинк. Цанаа чахар чахар дуугаргасаар Лүн хүрлээ. Лүнгээсээ цааш зам дагаад явж байтал харанхуй нөмрөв. Хөлдөх нь ээ. Ганцхан нимгэн майхантай. Нөгөөхдөө дөрвүүлээ орж суугаагаараа хонох юм боллоо. Майхнаа зам бараадуулж барьсан юм. Тэр шөнө өвс ачсан машин манай майхны дэргэд зогсч, жолооч нь “Аминаасаа уйдсан улс вэ” гэж гайхсаар явлаа. За тэгээд цааш явган нүцгэн явсаар Баянхонгорт дөхлөө. Арай гэж машин олж суугаад аймгийн Спорт хороон дээр яваад очив. Даргад нь зад загнуулав аа. Ингээд ар тал нь задгай аавын цээж олж өгч байгаа юм. Өнөө аавын цээжийн жолооч биднийг Богд суманд хүргэж өгөх даалгавартай. Би багийн ахлагч гэж даргархаад кабинд нь суулаа. Өнөө гурав маань машины дээр брезентээр биеэ ороосон болоод суудаг юм. Дүн өвлөөр шүү дээ. Тэгж явсаар Богд суманд очлоо. Цэцэгмаагийнхаа хамаатан Даваа гэж айлд халуун хоол унд идээд жаргалтай гэгч нь нэг хонолоо доо. Тэмээний махтай нэг их гоё амттай бууз хийгээд өгтөл Алгаа маань хордлого тусчихдаг байгаа. За тэгээд сумын Засаг даргын унаагаар ууландаа хүрлээ. Тэгээд зогсоогүй ээ, замаасаа малчин айлын хоёр залууг ууланд авируулна гээд дагуулчихсан. Өнөө хоёр нь бахиал, дээлтэй. Их Богд чинь бэл рүүгээ хад ихтэй. Авирлаа даа, явж байтал тээр дээр утаа гарч байна. Дөхөөд очтол нэг айл байна шүү. Гомбо, Жавзмаа гэж хоёр хөгшнийд тэгж л анх очиж байлаа. Уулчид их очдог байсан даа.

-Хэр өндөрт амьдардаг байсан юм бол?

-Бараг 1500 метрийн өндөрт байх шүү. Хоёулаа хот үзээгүй. Жавзмаа гуай гав шав хийсэн хөгшин. Гомбо гуай уулчдад жим гаргаж өгнө. Ямаанууд нь уулан дээр янгир шиг л харайлгана. 1957 оны айхтар газар хөдлөлтөөр тэнд амьд үлдчихсэн гэдэг юм. Тэгээд л тэр газраасаа нүүх дургүй, сумынхан нь хүнсийг нь дөхүүлж өгдөг байсан санагддаг. Баянхонгор аймгийн Шинэжинст сумын хоёр хөгшин. Сүүлд сураг сонсох нь ээ, Гомбо гуай өөд болж, Жавзмаа гуайг сум руу татсан гэсэн.

-Гомбо гуайнд амарч аваад цааш авирсан уу?

-Тэгсэн. Хордлого авсан Алгаагаа Цэцэгмаагийн ах Даваатай наана, хөндийд, жижигхэн хөлдүү горхины захад модонд ойрхон үлдээгээд цааш явсан. Гал түлэхээр урдаас халаад, араас хөлдөөчих гээд бэрх л дээ. Өнөө хоёр модоо түлээд үлдлээ. Алхсаар байтал шөнө болдог юм. Их Богддоо ч дөхөөд ирэв. Нэг их олон үхэр хадан дотор ороод суугаагаараа унтлаа даа. Өнөө хэддээ хөлөө хөдөлгөөд байгаарай л гэнэ. Нөгөөдүүл дуг хийгээд байх юм. Би унтаж чаддаггүй. Үүр цайдаггүй ээ. Од дээрээс уначих гээд. Дөнгөж үүр хаяарангуут цааш явлаа. Цэцэгмаа, Заяа хоёр нэлээд дөхөж очсоны дараа явж чаддаггүй. Хамаг цас нь шуураад урдаа хунгарлачихсан, ар талдаа хадны завсруудаар гялайсан ногоон мөснүүдтэй. Яг тэр мөстэй хэсгээр нь өнөө хоёр залуутайгаа мөлхсөөр байж орой дээр нь гараад далбаагаа мандуулж билээ. Хөндийд үлдээсэн Даваа, Алгаа дээр ирэхэд нүүр нь тас хар, нүд нь гялалзсан хоёр хүн сууж байсан нь санаанаас гардаггүй юм.

-Хятадын Хан тэнгэрийн 4200 метрийн мөсөн оргилд таныг хоол ундгүй, нимгэн хөнгөн хувцастай долоо хоносон гэхээр нэг л сэтгэлд бууж өгдөггүй юм. Ардчилсан хувьсгал ид өрнөсөн үеэр гэдэг байх аа?

-Тийм ээ, 1991 онд 62 настайдаа Хан тэнгэрт авирсан юм. Хил давж гадаадын ууланд авирахсан гэсэн хүсэлд автаад сүрхий том өргөдөл бичээд Ерөнхийлөгч П.Очирбат гуайд явуулчихав аа. “Энэ хүний саналыг дэмж” гэсэн бичиг Олимпийн хороонд ирүүлчихлээ. Багаараа явна гэсэн чинь бүтдэггүй. Тэр үе чинь өлсгөлөн зарласан цаг. Багаараа явна гэхээр хүн бүр 80 мянган төгрөг олоод ир гэнэ. Мөнгөтэй хүн гэж байхгүй. Сүүлдээ намайг дасгалжуулагчтай явуулах шийдвэр гарсан. Сангийн яамнаас 2500 ам.доллар баталж өглөө. Тэр мөнгийг дасгалжуулагч маань чек болгоод авсан юм. Хантэнгэр рүү 63 кг жинтэй хүн 54 кг болоод ирсэн. Тэгж л 62 настайдаа олон улсын хэмжээний мастер болж байлаа. 17 орны уулчид байсан. Дан залуус. Улс бүрээс тав, таван уулчин авирсан юм. Намайг тэд зураач л гэж бодсон гэсэн. Хан тэнгэрийн ёроолд юм бүгдийг үзсэн дээ. 5400 дээр гарчихаад эргээд бууж байлаа. Гэтэл манай дасгалжуулагч Украины нэг хүүхэнтэй буцахаар болдог юм. “Дээр хоёр орос бий, эндээ үлд” гээд 4200 метрийн өндөрт орхичихлоо. 4200 метрийн доохон ганцаараа явж бууж болдоггүй газар байдаг юм. Мөсөн антай учраас заавал дэм дэмэндээ гарахаас аргагүй газар л даа. Тэгээд л тэр өндөр орой дээр ганцаараа долоо хоносон.

-Нөгөө хоёр орос уулчин бууж ирээгүй хэрэг үү?

-Дээр ямар ч орос уулчин байгаагүй. Эхний өдөр дээрээс ирэх хоёр оросоо хүлээгээд өнжсөн. Түнэр харанхуй нөмрөөд ирэнгүүт уулчдын үдэлдэг ганц хүний бариатай майхан руугаа шургалаа. Өглөө сэртэл дээрээс чулуу овоолчихсон юм шиг хүндрээд жигтэйхэн. Цасаар шуураад хунгар дарчихаж. Шөнө майхандаа шургаж, өдөрт нь цас мөсөн дороос сэрвийсэн хадан дээр сууж өнжинө. Аман дээрээ цас тавих төдий л амь зууж байсан даа. Хааяа хадныхаа хажууд зогсоод ийш тийш хараачилна. Хүний урманд шувуу ч нисэхгүй. Гурав хоночихоод байтал хэсэг улс ирлээ. Хоёр казахстан залуу нэг америк хүүхэнтэй. Уул өөд авирах гэж яваад цасны нуралтанд даруулж хамаг хувцас нь урагдаж, цус нөж болсон хүмүүс намайг яаж авч явах вэ дээ. Үлдээсэн улаан лоолийг нь маргааш нь бүтэн өдөржингөө шимж өнжлөө. Үүргэвчинд уулын орой дээр тавих дотоодын үйлдвэрийн хэдхэн чихэр, тугнаас өөр юмгүй. Тугаа илж уйлж, тугнаасаа адис авч, чихрээсээ ганцыг хүлхсэн болоод долоо хоносон.

-Хүн иртэл тэндээ байя л гэж бодсон уу?

-Тав хоночихоод эндээ үхсэнээс доошоо явъя гэж шийдсэн л дээ. Үхсэн ч яахав, явж байгаад л үхье гээд майхандаа шургаад хөнжлөө үүргэвчиндээ хийх гэтэл нүдний хажууд сэрвэс гээд нэг юм хөдлөх шиг боллоо. Лавлаад хартал майхны орой дээр хүрэн эрээн том эрвээхэй наалдчихаж. Уулын оргилд тав хоноход анх харж байгаа амьд амьтан. “Нутаг орноос минь илгээсэн аврагч минь, ямар сайхан юм бэ, би олон үр хүүхэдтэй, ханьтай хүн” гэж ирээд өнөө эрвээхэйтэйгээ яриад, уйлж гарлаа. Бас болоогүй ээ, ээжийн тухай нэг дуу аялж байгаа юм. Би чинь дуулдаггүй хүн шүү дээ. Сүүлдээ дуундаа уярч уйлаад, тэр өдөржингөө эрвээхэйтэйгээ уйлж ярьж хэвтсэн. Маргааш нь бас л өдөржингөө ярьж хэвтлээ. Эвэр нь хөдлөөд нүд нь бүлтийгээд байгаад л байсан. Жижигхээн майхан болохоор өнөө эрвээхэй яг нүдэн дээр. Ингээд долоо хоночихлоо. Гараас халуун юм барих шиг болохоор нь нүдээ нээтэл хоёр орос ирчихэж. Судсыг минь бариад “Бос, өндий, Андрей аваад ир гэсэн” гэж байна. Андрей гэдэг нь доор байгаа баазын захирал. Тэр залуу “Хоёр монгол байсан алга болчихлоо, ууланд л үхсэн байх, эрж олъё” гээд хоёр оросыг чарга чирүүлээд явуулсан юм билээ.

-Хамт явсан дасгалжуулагч чинь баазад байгаагүй хэрэг үү?

-Мөс судалдаг бааз дээр явж байсан гэдэг юм. Өнөө хоёр орос биднийг хайхаар явах замдаа таарч миний байгаа газар руу дагуулаад явсан байдаг. Дасгалжуулагчтай явсан украин бүсгүй “Дээр ганцаараа үлдсэн шүү дээ, одоо хүртэл ирээгүй юм уу” гэж Андрейд хэлсэн байгаа юм. Бас надтай таарсан америк хүүхэн “Ази царайтай эмэгтэй 4200 дээр байсан” гэсэн юм билээ. Нэг орос нь газаар цас хайлуулж аяганы тал ус өгсөн чинь нүд онгойгоод л явчихсан. Ус шиг нандин эрдэнэ байхгүй гэдгийг тэгэхэд л биеэрээ мэдэрсэн. Ус, эрвээхэй хоёр л амийг минь аварсан даа.

-Тэгээд Хан тэнгэрийн оргил руу гаралгүй буучихсан уу?

-Тэгсэн. Майхандаа ирээд маргааш нь царайгаа хартал харлаж хавдаад яг сармагчин. Сэтгэлээр унаад уйлаад сууж байтал Оросын уулчин Люба ороод ирдэг байгаа. Уулчид цасны бар гэнэ. Их сайхан эмэгтэй л дээ. Монголын хоёрыг тоож харна гэж үгүй. Любаг ороод ирэхээр нь гайхсан гэж. “Шөнө манайхан хуралдлаа, чи бид хоёр Хан тэнгэр явахаар болсон” гэхээр нь тэврээд уйлж гарлаа. Өнөөх маань ч уйлаад. Тэнд Любатай хамт саунд орж, Оросын уулчдын гал тогооноос хооллож цасны бараас хоёр хоног салсангүй. Хан тэнгэрт гарах уулчдыг үзэх эмчийн үзлэг эхэллээ дээ. Гадны уулчдыг дуудаж шалгаад, бид хоёрын нэрийг дуудаж өгдөггүй. Миний дасгалжуулагч орж гарж хүлээгээстэй. Дөрөв дөхөөд иртэл Монголын хоёр ир л гэж байна. Дасгалжуулагч тэнцчихлээ. Миний шалгуулах ээлж ирлээ. Зүрхээ чагнууллаа. Үзлэг хийж байсан эмч сүүлд нь нас асуудаг юм. 62 гэсэн чинь нүд нь эргэлдээд явчихав аа. Би ч “Яагаад над руу ингэж хараад байгаа юм бэ, насыг минь сонсоод явуулахгүй гэж байгаа юм байх даа” гээд уйлж гарлаа. Гэтэл өнөөдүүл чинь “Таныг газар үзэж яваа жуулчин, эсвэл уул зурахаар ирсэн зураач гэж бодсон. Уулчин гэж огт төсөөлөөгүй. Баяр хүргэе. Та тэнцлээ” гэдэг байгаа. Гараад харайсан чинь байна шүү, домбор хөгжмийн дуу хангинаад, морин туурай тачигнаад байгаа юм шиг хачин сайхан мэдрэмж төрөөд, Алтай Таван Богд тэр аяараа нүдний өмнө зурайгаад ирсэн. Тэнд чинь гараад л мөсөн уул. Майхнуудын дунд мөс ойгоод ойгоод хөлдчихсөн газар. Люба нэг мөсөн дээр зогсч байна. Өнөөх чинь “яасан” гэж байна. “Хан тэнгэр явахаар болсон” гээд Любагаа тоохгүй харайж байгаа юм. Хүн гэж тийм сонин амьтан.

-Хаанахын уулчидтай Хан тэнгэрийн оргилыг зорьсон бэ?

-Тэнцсэн уулчдаас Японы 24 настай бүсгүй, Голландын алиа гэж жигтэйхэн 37-той эмэгтэй, Люба бид дөрөв эмэгтэй. Эрчүүд гэхээр Любагийн багийн хоёр орос, Голландын хоёр, манай дасгалжуулагч. Люба рапорт өгөөд гарч өглөө. Өглөө тавд гарсан улс өдөржин явж орой таван цаг 37 минутад миний долоо хоносон уулын орой дээр очиж байгаа юм. Бүгд л ядарцгаачихсан, гэтэл би хөнгөн гэж жигтэйхэн. Агаарт нь дасчихсан хэрэг. дасгалжуулагч бид хоёр идэх юмгүй учраас оросуудтай хооллолоо. Суугаагаараа дуг хийцгээсэн юм. Шөнийн гурван цагт Любагийн дуу хадаж байгаа юм. Эрт хөдлөхгүй бол цас хад чулуутайгаа нурдаг уул л даа. Өдөржин нурах нь сүртэй гэж. Эрт өгсөхөөр цас нь царцанги учраас ажрахгүй л дээ. Гэтэл япон охин хордлого авчихсан бололтой гүйлгээд болдоггүй. Багийнхантай нь холбогдож мэдээ дуулгаад өнөөхөө орхин цаашиллаа. Бидний очоод буцаад байсан 5400 дээр очиход дасгалжуулагч маань явж чадахгүй хэвтчихэв ээ. Хоноод өглөө эрт явъя гэж байна. Люба 5900 дээр хорогдох байрандаа хүлээе гээд бид хоёрыг үлдээлээ. Үгүй гэлтэй биш, тэндээ хамт хонодог юм. Сэрээд уулаа харсан чинь гэрээ цэвэрлэсэн айл шиг. Хан тэнгэр чинь зүрх шиг зүмбэрлээд. “За одоо хүрээд ир” гэж байгаа юм шиг. Дан будан манан, цасан шуургатай байдаг уул шүү дээ. Тэгэхээр нь бүр баярлаад дасгалжуулагчаа явъя гэлээ. Явж бай гэхээр нь хувцсаа аваад явж өглөө. 100 метр авираад л хоёр алхаад амьсгаадаж амрахаас аргагүйд хүрлээ. Сүүлдээ бүр нэг хөлөө тавиад, нөгөө хөлөө хаана тавьдаг билээ гэж бодоход хүрэхээр эгц болоод ирэв. Дасгалжуулагч тээр доор шувуу шиг юм явж харагдах. 5400-5900 хүртэл иймэрхүү маягаар өдөржин явчихаж байгаа юм. 5900 дээр цасан хананы мөс цасыг цоолоод хорогдох байр хийчихсэн. Тийшээгээ шургаж ордог. Намайг дороос яваад байсныг Люба харж л дээ. Дөхөөд очтол хашгирч байна. Тэгж хорогдох байр руугаа шургаж байгаа юм. Гэтэл голланд хүүхний хамраас цус алдаад болдоггүй. Ууланд нохой шиг аахилна шүү дээ. Хүчтэй аахилснаас болж голланд хүүхэн уушгинаасаа цус алдсан хэрэг. Голланд залуус багийнхаа хүүхнийг аваад буулаа. Гэтэл хоёр орос залуу 5900-гаасаа 6800 дээр очиж хоноод өглөө эрт уулынхаа орой дээр гарна гэж ярьж байна аа. Манай дасгалжуулагч цуг явна гээд Люба бид хоёрыг үлдээчихлээ. Чадвал тосч авна гэнэ. Манай хүн “Чи Монголын рекордыг хол давуулж биелүүллээ. Эндээсээ буцахыг бод” гэдэг юм. Тэгэнгүүт л уул нүүрэн дээр, хэдхэн зуун метр алхаад хүрчихээр ойр харагдаж байгаа юм чинь. Дуугарсан ч үгүй. Любатай хэвтсэн, хэвтээгүйн дунд байтал нэг орос нь манай дасгалжуулагчид хувцсаа өгчихөөд буугаад ирлээ. Нөгөө орос нь 7000 гаруй метрт түүнтэй гарахаар үлдэж л дээ. Намайг унжийгаад байхаар тэгсэн үү, өглөө нь Люба “Явъя” гэж байна. Ахисаар байгаад том нуруун дээр гараад ирж байгаа юм. 6100 метрийн өндөрт. Тэрнээсээ дээш нуруугаа дагаж явсаар Хан тэнгэрийнхээ ёроолд нь дөхөж очоод гарах байхгүй юу. Яг ёроолд нь очиход 6800 боллоо. Дээрээс бууж ирж байгаа хоёр “Та хоёрыг оргилд гарсан гэж тооцно, бид бууж байна. Наанаасаа буцацгаая” гэлээ. Гарсантай ялгаагүй л дээ. Бөөн баяр боллоо. Любатайгаа тэврэлдэж уйллаа. Нулимс хацар дагаж хөлдөөд. Тэр оргил тийм хүйтэн. 4200 дээр үдлээд харанхуй бүрэнхийгээр бааздаа иртэл цэцэг навч болсон улс угтсан даа. 6800 дээр гарсан хүнийг 7000-д гарсанд тооцдог юм. Таван хүн баг гэж яваад хоёр нь гарвал гурав нь гарсанд тооцдог дүрэмтэй. Алма-Атад ирсэн хойно дасгалжуулагч маань сертификатаа бичүүлээд ирдэг юм. Намайг 6400, дасгалжуулагчийг 7000 метрт гарсан гэсэн бичиг байсан. “Муусайн юмнууд алдаад биччихэж, оросууд манайд муу юм, хоёр өөрөөр бичсэн байгаа юм даа” гэж билээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Дэлхийд 200 доллар давчихсан нүүрсээ хорь гаруйхан ногооноор зарж суугаагийн цаад учир юунд байна аа?

Австралиас Хятадын зүүн хойд эрэгт хүргэж буй коксжих нүүрсний спот
үнэ тонн нь 208 ам.долларт хүрчихлээ. Он гарснаас хойш 171 хувийн өсөлт үзүүлсэн
гэсэн үг. Алга ташмаар, онцгойлж үзмээр галзуу өсөлт. Гэтэл манай төрийн өмчтэй
“Эрдэнэс Таван толгой” дэлхийд ханш нь цойлсон өндөр чанарын нүүрсээ 27-хон ам.доллараар
зарж, нүүрс экспортолдог үндэсний компаниуддаа “шавар хаасан” шигээ сууж байна.
Тэд энэ янзаараа гөжүүдэлсээр байвал нүүрс экспортолдог хувийн компаниуд дампуурах
эрсдэлд хэдийнэ орчихсон. “Эрдэнэс Таван толгой” нийт экспортын 80 хувийг дангаараа
гүйцэтгэлээ гэсэн тоог их л бахархууштайгаар мэдээлдэг. Гэтэл “Энержи ресурс”,
“Таван толгой” ХК-иуд сүүлийн хоёр жилийн хугацаанд нүүрсээ борлуулж чадахгүй, хүчин
чадлынхаа аравхан хувийг ашиглаж, сул зогссон гэх тоо бий. “Энержи ресурс”-ын гүйцэтгэх
захирал уул уурхайн хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Монголын нүүрсний
салбарт бие биеэ барьж идэх өрсөлдөөн ширүүсч байна гэсэн агуулгатай үг хэлсэн нь
цаанаа ийм учиртай. Нарийн сухайтын ордод ажилладаг хувийн компаниуд ч ялгаагүй,
ийм зовлон хэлдэг. Таван толгойн зах зээлийн жамыг сөрсөн энэ тэнэглэлд дургүйцсэн,
шүүмжилсэн үгсийг учир мэдэх улс хэлдэг л дээ. Харамсалтай нь тэднийг сонсох хүсэл
энэ төрд алга. Ямартаа л “Эрдэнэс Таван толгой”-н захирлаар саяхан томилогдсон залуу
“Удахгүй 30 ам.доллараар зарна, санаа зоволтгүй” гэсэн тэс хөндлөн тайлбар өгөөд
суухав. Төрийн Таван толгойн шинэ захирал “Энэ оны сүүлийн улиралд нүүрсний үнээ
гурван ам.доллараар нэмэгдүүлнэ, бид гэрээнийхээ үнэд ийм өөрчлөлт оруулж чадлаа”
гэж их л бахдалтайгаар ярьсан харагдсан. Гэтэл Австралийн дөрөвдүгээр улиралд зарах
нүүрсний үнэ өмнөх улирлаасаа дор хаяж 50 хувиар нэмэгдэж байна. Зах зээлийн жамаараа
яваагийн давуу тал, бизнесийн зарчмаар гэрээ хийнэ гэдгийн ид хав нь энэ.

Хятадын Бугат болон зүүн хойд эргийн гангийн үйлдвэрүүд төвлөрсөн
бүс нутаг болох Таншань Таван толгойн гол зах зээл. Таван толгойнх шиг хоёрдугаар
зэргийн коксжих нүүрс тэнд 1000 юаниар үнэлэгдэж байна. Ногоон валютад шилжүүлбэл
150 ам.доллар. Бугатад манайх шиг чанарын нүүрс 145 ам.доллар болоод өсчихсөн.
“Эрдэнэс Таван толгой” нүүрсээ дор хаяж 51-72 ам.доллар болгож нэмэгдүүлэх боломжтой
гэсэн тооцоог эрдсийн шинжээч Л.Наранбаатар хийжээ. Тэрээр “Таньшаны суурь үнээс
тээвэр болон татвар хураамж, ачиж буулгах зардлуудыг хасаад “Эрдэнэс Тавантолгой”-н
уурхайн амны үнийг тооцоход 51 ам.доллар, Бугатын зах зээлд зарлагдаж буй суурь
үнээс тооцоход 72 ам.доллар болгох боломжтой. Ингэж чадвал үнийн өсөлтөөс ашиг хүртэх,
улмаар “Эрдэнэс Тавантолгой” төлж дуусдаггүй Чалкогийн өрөөс жилийн дотор
гарах боломжтой” хэмээн ярьж байна.

Өөр нэг статистик сонирхуулъя. Өнгөрсөн долоо хоногт Хятадын Гаалийн
ерөнхий газар наймдугаар сарын экспорт, импортын мэдээллээ нийтэд ил болгосон. Наймдугаар
сарын мэдээгээр урд хөршид хамгийн их нүүрс нийлүүлсэн улсаар Монгол тодорчихож.
Түрүү жилтэй нь харьцуулахад 142 хувиар өссөн гэсэн аварга тоо харагдана лээ. Гэтэл
нүүрсээ 208 ам.доллараар зарсан шигээ данайж суугаа Австралийн нүүрсний экспортын
өсөлт 35.2-хон хувь. Нүүрсний зах зээлийн хүчтэй тоглогч Индонезийн экспорт гэхэд
л 55.8 хувиар өсчээ. Манайхаас даруй гурав дахин бага өсөлт. Нүүрсээ ингэж ихээр
зарж байгаа хэр нь “Эрдэнэс Таван толгой”-н орлого түрүү жилийнхээсээ ердөө дөрөвхөн
хувийн өсөлттэй гарсан гэсэн инээдмийн статистик гарчихаж. Нүүрсний үнийн огцом
өсөлтийн ашгаас монголчууд юу ч хүртэж чадаагүйг энэ тоо бэлхнээ хэлээд өгч байна.

Нүүрсний үнийн энэ өсөлт хагас жилдээ лав үргэлжилнэ гэсэн таамаг
бий. Коксжих нүүрсний ханш ингэтлээ галзуурсан шалтгаан нь ч тодорхой. Урд хөрш
нүүрсний уурхайнуудынхаа ажлын хоногийг 276 болгож бууруулсан, олон тооны хөгшин
уурхайг аюулгүй байдал хангахгүй гэж хааснаас болж нүүрсний нийлүүлэлт хумигдаж
үнэ нь өссөн юм. Өнгөрсөн наймдугаар сард Хятадын хойд бүс нутагт болсон үерийн
гамшиг ч нүүрсний үнэд ташуур өгсөн. Үерээс болж нүүрсний тээвэр, ложистикийн дэд
бүтцэд асуудал үүсч, засварлах ажил явагдаж байгаа. Коксжих нүүрс ирэх жилүүдэд
ч хаданд гарна гэдгийг баталсан гэгээлэг мессэж цөөнгүй бий. Энэтхэг 2021 он гэхэд
ган үйлдвэрлэлээрээ Хятадыг гүйцнэ гэдгээ зарлачихсан. ASEAN-ийн таван орон болох
Индонез, Тайланд, Малайз, Филиппин, Вьетнам зэрэг орнуудын ДНБ нийлбэр дүнгээрээ
30 гаруй хувиар өсөж гурван триллион ам.долларт хүрнэ гэсэн тооцоо дуулддаг.
2020 он гэхэд энэ хавьцааны өсөлт үзүүлнэ гэх багцаа бий. Тэгэхээр ган болон коксжих
нүүрсний хэрэглээ ирэх таван жилд тогтвортой нэмэгдэнэ гэсэн үг. Мэдээж болгоомжлох
шалтгаан бас байгаа. Манай гол өрсөлдөгч Австрали, Индонез, ОХУ коксжих нүүрсний
олборлолт, тээвэрлэлтийн зардлаа бууруулах чиглэлд онцгой анхаарч байгаа. Тэд Хятад
улстай гадаад худалдааны нэн тааламжтай нөхцөлөөр буюу татваргүйгээр нүүрс борлуулж,
нийлүүлэлтийн хүчин чадлаа байнга нэмэгдүүлж буй. Тэгэхээр урд хөршийн нүүрсний
зах зээл дээр ухаалаг тоглолт хийж чадахгүй, энэ янзаараа тэс хөндлөнтөөд байвал
уучлаарай л болно гэсэн үг.

Төр уурхай ажиллуулахаараа өртөг их зардгийг Таван толгойгоос харж
болно. “Эрдэнэс Таван толгой”-н гэрээт олборлогч “TTJVCo” нэг метр куб
уулын ажлыг таван ам доллараар гүйцэтгэдэг. Гэтэл хажууханд нь ажилладаг “Энержи
ресурс”-ын олборлолтын зардал 2.92, “Таван толгой” ХК-ийнх 2.9 ам.доллар. Олборлолтын
зардлуудыг нэг тонн нүүрсэнд шилжүүлж бодохоор төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой”
нэг тонн нүүрсийг 26 ам.доллараар олборлодог. Гэтэл “Энержи ресурс” 12 ам.доллар,
Таван толгой ХК 15 ам.долларыг нэг тонн нүүрс олборлоход зарцуулж байна.

“Эрдэнэс Таван толгой”-н Зүүн Цанхийн нүүрсийг зөвхөн “Чалко”
компани л өрөндөө авна гэсэн хатуу заалттай гэрээг манай төрийн эрхмүүд хийчихээд
хэрэгжүүлээд явж байгаа. “Чалко”-гийн өрийн үлдэгдэл нь 95 сая ам доллар.
Энэ янзаараа нүүрсээ үнэгүй шахам урсгаад байвал бид Зүүн Цанхидаа 12-19 жил гар
хүрэх эрхгүй гэсэн үг. Тэндээс “Чалко” л нүүрс авах дархан эрхтэй. Бас өндөр өртгөөр
олборлолт явуулж байгаа “TTJVCo”-д нүүрс авах эрх бий. Тэр эрхийг нь “Чалко”-гоос
өгсөн гэж байгаа. Олборлогч хятад компани олборлолтынхоо хөлсөнд хаана ч байхгүй
хямд үнээр, тодруулж хэлбэл, 27-хон ам.доллараар Таван толгойн нүүрсийг авдаг юм.
“TTJVCo” ингэж авсан нүүрсээ хилийн цаана байгаа Өмнөд Монголын үйлдвэрүүдэд баяжуулж,
“Винсвэй” гэх бас нэгэн худалдааны зуучлагчаар дамжуулж нугалж зараад ашиг олдог.
“Винсвэй” наймдугаар сард Монголоос худалдаж авсан түүхий нүүрсийг угаагаад цааш
нь зарахдаа тонн тутмаас 199 юань буюу 30 ам.долларын цэвэр ашигтай ажилласан гэх
статистик бий. “Эрдэнэс Таван толгой”-н нүүрсний үнийг зах зээлийн ханшаар
биш “Чалко”-гийн өр төлөх индексээр тооцон тогтоож буй. Зах зээлийн хаана
ч байхгүй тэр индексээс болж бид дэлхийд 200 ам.доллар давсан нүүрсээ яг нарийндаа
гуравхан доллараар зарж суугаа.

Хятадуудад том ордоо атгуулчихсан суугаагийн гол буруутан нь урд
хөрш биш л дээ. Бид өөрсдөө буруутай. Тодруулж хэлбэл, гэрээ хийсэн улстөрчид, төрийн
өндөр албан тушаалтнууд гол буруутан нь. Бүр цаашлуулж яривал, өнөө маргаашийн халаасны
мөнгөө бодож, бүхэл бүтэн улсаа хохироож суугаа ийм нөхдийг сонгосон миний, таны,
бидний буруу. Товчхондоо буруутан нь бид өөрсдөө. Ашиг харж гэрээ хийсэн компанийн
буруу гэж юу байхав. Ямар ч наймаачин хямдхан үнээр худалдаа хийхийг бодох учраас
“Чалко”-гийн түмэн зөв. Сайн гэрээ хийсэн тал нь тэд. Харин хохирогч нь бид өөрсдөө.
Том зургаар харвал таван төгрөгийн ашиг харж, түрийвчээ түнтийлгэснийхээ шанд ийм
гэрээ хийсэн эрх мэдэлтнүүдээс эхлээд иймэрхүү нөхдөд итгэж төр бариулсан Дорж,
Дулмаа бултаараа хохирогчид болчихоод байна. Тэгэхээр хэн нэгнийг хожуулж, өөрсдөө
хохироод үлддэг иймэрхүү түүхийг дахиж бүтээхгүй амьдрах нэг л гарц байна. Ерөөсөө
л нам гэж талцалгүйгээр сайн хүмүүсийг төрд гаргаж, зөв бодолтой, хариуцсан асуудлаа
“ба, бэ”-гүй мэддэг, чадварлаг менежерүүдийг гол албан тушаалуудад шалгуур босго
гаргаж байгаад тавьдаг болъё. АН, МАН гэж талцдаг, аль нэг нь ялахаар манай тал,
дайсны тал гэж ирээд хөөрцөглөдөг хандлага дэмий гэдгийг харуулсан үйл явдлууд нүдэн
дээр хөвөрч байна. Наад захын тодоос тод, томоос том жишээ нь “Эрдэнэс Таван толгой”-н
үнэгүйдсэн нүүрс. “Чалко” компанитай гэрээ хийсэн, хийсэн гэрээндээ өөрчлөлт оруулсан
он жилүүдийг бодоод үзэхээр АН, МАН хоёулаа л засаг барьж байсан. Хоёр намын аль
аль нь дэлхийд ханш нь цойлсон өндөр чанарын нүүрсээ үнэгүйдэхэд хувь нэмэр, хүчин
зүтгэлээ оруулсан гэсэн үг. Сайн хүнийг төрд ажиллуулъя гээд байгаа нь ийм учиртай.
Сайн хүн гэдэг тодорхойлолтод багтах уг нь тийм ч хэцүү биш. Хуулиа л дагадаг хүнийг
сайн хүн гээд байгаа юм. Ийм тогтолцоо руу хэрхэн шилжих, яаж ийм төртэй болох энэ
тэр дээр судлаачдын дунд хэлэлцүүлэг өрнүүлбэл дажгүй хувилбарууд сонсогдох байх.
Цаашлуулж яривал сэдвээс халих учраас ингэсгээд зогсъё.

Таван толгойг нүүрсээ 208 ам.доллараар зарж байгаа Австралийн өрсөлдөгч
болгоё гэвэл цаг алдалгүй хийх хэдэн ажил байна. Нарийн өргөн цариг, танктай цэргүүд
энэ тэр гэсэн хэн ч итгэмгүй гэнэн муйхар тайлбар хийж мэдэн будилалгүйгээр нарийн
царигийн төмөр замыг Гашуунсухайт руу татах хэрэгтэй. Тэгж байж бид нүүрсээ хямд
зардлаар, их хэмжээгээр тээвэрлэдэг болно. Хямд зардлаар тээвэрлээд ирэхээр олох
мөнгө тэр хэрээр ихэсч таарна. Цаг алдалгүй хийх ёстой өөр нэг ажил бол Гашуунсухайтыг
олон улсын боомт болгох. Ингэж байж Өмнөд Монголд төлдөг элдэв татвар, хураамж,
дарамт шахалтаас чөлөөлөгдөнө гэж эдийн засагч, шинжээчид хэлдэг. Энэ сарын эхээр
болсон “Дисковер Монголиа”-гийн үеэр ч Гашуунсухайтыг олон улсын боомт болгох тухай
яриа хөөрөө давтамжтай өрнөсөн. За тэгээд Таван толгойн гэрээ байна. Төрд ажилладаг
эрхмүүдийн хөшигний ард хийсэн гэрээг хэлээгүй шүү. Төр гэрээ хийхээрээ 200 ам.доллар
давсан нүүрсийг 20 гаруйхан ам.доллараар зарах ашиггүй нөхцөлд толгой дохидог, тэгснийхээ
төлөө гэрээнд идэвхийлэн оролцсон цөөн хэдэн эрх мэдэлтэн л тухайн үедээ хожоод
үлддэг гэдгийг нийт олноороо мэдэрцгээж суугаа. Таван толгойн гэрээ гэдэг нь М.Энхсайханы
ахалж хэлэлцээ хийсэн хөрөнгө оруулалтын гэрээг хэлж байна л даа. Хөрөнгө оруулалтын
тэр гэрээг үр ашигтай хэлбэрээр үргэлжлүүлэх цаг нь аль хэдийнэ болчихсон. Тэгж
байж монгол нүүрс зах зээлийн жамаар өндөр ханштай зарагдана, цаашлаад яривал гуравдагч
зах зээл буюу Япон, Солонгосын зах зээлд илүү өндөр үнээр хүрэх зам нээгдэнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал цаг-үе

Хурим хийж байгаа хос руугаа нулимдаг үндэстэн дэлхийд ганц бид л байх

Хурим хийж байгаа хос руугаа нулимдаг нь дэлхийд ганц бид л байх гэсэн бодол сэтгэлд хорогдоод болдоггүй ээ. Дөнгөж саяхан намрын дунд сарын 17 болж өнгөрлөө. Энэ өдөр хуримаа хийж аз жаргалтай амьдралынхаа эхлэлийг тавьсан хос олон байсныг дурдах нь илүүц биз. Аавынхаа голомтоос галаа тасалж, аз жаргалаа өөрөө олж байгаа залуусыг харахаар сэтгэл огшоод сайхан байлаа. Хуримынхаа өглөө хэн л муу санаж гараа аж.

Дүүгийн минь амьдрал эхэлж байгаа өдөр болохоор бид л гэхэд бултаараа аз жаргал, инээд хөөрөөр дүүрэн энэ өдрийг угтсан. Гэтэл хамаг байдгаараа гоёж чимэглэсэн хуримын машиныг харсан хүмүүс яасан гээ. Бүгд л битүүхэндээ нулимаастай. Хажуу айлын үргэлж инээж явдаг эгч хүртэл нэг л ёозгүй, аз жаргалыг нь авчих вий гэж битүүхэндээ зовоостой. Үнэнийг хэлэхэд би ч гэсэн хуримын гоё өглөөд тийм ч дургүй нэгэн байж гэдгээ энэ өдөр ухаарсан. Аз жаргалаа бусдад булаалгахгүй гэсэн шиг нэг л хүйтэн харцаар хуримын машин руу хардаг байснаа ухаараад сэтгэл зовох шиг болсноо нуух юун. Яг над шиг ийм мэдрэмжинд эзлүүлсэн хүн саяхны өглөө олон байсан байх.

Монголчууд их сонин улс. Хурим хийж яваа улстай таарахаараа аз жаргалыг нь булаачихлаа гэж сэжиглэдэг, үүгээрээ дэлхийд хаана ч байхгүй сэтгэлгээтэй ард түмэн. Намрын дунд сарын 17 саяхан болж өнгөрөхөд энэ хандлагыг илүү тод анзаарлаа. Гэтэл дэлхийд яадаг билээ. Хуримын өдөр хүн бүр л аз жаргалаар бялхаж, хуримаа хийж, амьдралаа эхлүүлж байгаа залуу хосод хамаг сайхныг хүсч, хуримтай өдрийн сайхныг бие, сэтгэлээрээ мэдэрцгээдэг. Хуримтай кинонуудаас гутарсан дүрийг лав хэн ч олж харахгүй.

Магадгүй тэр өдрийн сайхан нь залуу хосын амьдралыг эгнэгт холбодог ч байж мэднэ. Хурим тийм сайхны дунд болж өнгөрдөг. Дүүгийн минь хурим яг л ийм мэдрэмж төрүүлсэн. Ийм их аз жаргал дунд халгиж явахад хажуугаар нь зөрөх төдийд нулимаад байхаар хэнд л олигтой санагдах билээ. Жирийн өдрүүдэд дадсан зуршлаараа нулимдаггүй юмаа гэхэд холуурхан өнгөрөх байсан хуримын машины дэргэдүүр одоо л лав би муухай харж өнгөрөхгүй. Тийм их аз жаргал яагаад надад мууг авчирна гэж. Харин ч аз жаргалыг авчрах бус уу.

Хурим таарахаар сэжиглэдэг монголчуудын сонин араншин хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэхэд бүр ч хурц илэрдэг. Хуримын машинтай таарахаараа аз жаргалаа булаалгалаа гэж нулимдаг монголчууд хэн нэгнийг сүүлчийн замд нь үдэж байгаатай таарахаараа “буян нь ирэх нь” гэж ихэд бэлгэшээдэг. Хөдлөнгийн хүнд бол их л сонин характер. “Ашгүй энэ хүн үхэж, буян нь надад ирлээ” гэж битүүхэндээ хөөрцөглөж байгаа ч юм шиг. Хуримын машин таарахаар аз жаргалаа булаалгана гэж сандарсан нөхөр, хэн нэгнийг эцсийн замд үдэх ёслолтой таарангуутаа бэлгэшээж баярлалаа гэвэл хэн сайхнаар хүлээж авахав.

Уг нь дэлхийн ард түмэн хаана ч байхгүй ёс заншлаараа баярлаж, бахархдаг. Тэр ёс зүйгээр бол бид энэ хачин хандлагаараа бахархаж хөөрцөглөмөөр. Хаана ч байхгүй ёс гээд бахархаж хөөрцөглөх учир шалтгаан харамсалтай нь алга. Япончууд нэгэн цагт нас дээр гарсан өтгөс буурлаа өндөр ууланд аваачиж орхидог байсан түүхийг хүн төрөлхтөн өнөө ч ам дамжуулан ярьцгаадаг. Гэхдээ бахархаж биш гуниглан ярьцгаадаг.

Монголчууд хуримыг үзэн ядаж, оршуулгыг хүндэтгэн үздэг жигтэй ард түмэн, биднээс бусад үндэстэн огтоосооо тэгдэггүй гэж бахархан ярих нь хаашаа юм. Хэтээсээ омогшихоор зүйл ч биш. Монголчуудын натур нь тийм. Энэ натураасаа салахгүй, байгалийнхаа инстинкээс холдож чадахгүй байж хөгжиж дэвжинэ, тун удахгүй диваажин байгуулна гэж яриад нэмэргүй л дээ. Энэ хандлагаасаа салаагүй цагт хөгжил, өөдрөг ирээдүйн тухай үлгэр шиг зүйл яриад хэтээсээ гавьтай зүйлд хүрэхгүй.

Categories
мэдээ цаг-үе

Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад зүгээр өгч байгааг нь яах бол?

“Эрдэнэс Таван толгой”-н коксжих нүүрс уг нь дэлхийн зах зээл дээр үнэ цэнэтэй эд. Хятадын далайн боомт дээр тонн нь 200 ам.доллар хүрч галзуураад эхэлчихсэн. Гэтэл манай улсын төрийн өмчтэй компанийн удирдлагууд нүүрсээ тонныг нь 27-хон ам.доллараар өгсөн шигээ сууцгааж байгаа. Үнэндээ бол 27 ам.доллар ч биш. Яг нарийндаа тонн тутмыг нь гуравхан ам.доллараар үнэлж өгч байгаа. Гурван доллараас бусад нь манай Таван толгойгоос нүүрс олборлож байгаа Хятадын зуун хувийн хөрөнгө оруулалттай “TTJV­Co”, манай Таван толгойн нүүрсийг урагш нь тээвэрлэж байгаа Хятадын “Винсвэй” компанийн ажлын хөлсөнд явчихаж байгаа юм. Ингээд тооцохоор бид “Чалко”-д нэг тонн нүүрсээ гуравхан ам.доллараар өгч, төлөх ёстой өрөө яст мэлхийн хурдаар урагшлуулж байгаа гэсэн үг. “Чалко”-гоос мөнгө авч иргэн бүрдээ 21 мянган төгрөг болгоод тараачихсан юм чинь өгөхөөс аргагүй. Гэхдээ гуравхан ам.доллараар төлнө гэвэл даруй тав, зургаан жил шаардлагатай гэсэн тооцоог судлаачид аль хэдийнэ хийчихсэн. Ногоон эдийн засгийг онилж, нүүрсний хэрэглээгээ хумьж эхэлсэн урд хөршийн бодлогыг харсан ч тэр, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын томчуудын гарын үсэгтэй нүүрсийг хэрэглээнээс шахах хэтийн зорилготой Парисын гэрээг бодсон ч тэр ирэх дөрөв, таван жил бидэнд үнэ цэнэтэй. “Чалко”-гийн өрийг гурван доллараар зарсан шигээ аж төрвөл монгол нүүрс “моод”-ноос жинхэнэ утгаараа гарна.

Нэг их холын биш жишээ татъя, Н.Алтанхуягийн Засгийн газар Багануурын нүүрсийг нэг өвөл гэр хорооллынхондоо хямдруулсан үнээр зараатахсан чинь яалаа. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн зөвлөх Л.Гансүхийг нь бариад хорьчихсон. Эгэл жирийн иргэддээ, монголчууддаа нэг өвөл хямдхан үнээр нүүрс түгээж, нурууг нь тэнийлгэснийхээ төлөө Л.Гансүх өнөөдөр шоронд хоригдож байгаа. Багануурын нүүрсийг Таван толгойн өндөр чанартай коксжих нүүрстэй харьцуулах юм биш л дээ. Шороотой, дэлхий дээр хэн ч тоож авдаггүй эрчим хүчний хүрэн нүүрсийг харин ч дажгүй мөнгөөр иргэддээ зарж, “Багануур”-т овоо мөнгө олоод өгчихсөн. Гэр хорооллын иргэдийн нүүрсэндээ зардаг мөнгийг нь овоо хэмнэсэн өгөөжтэй хөтөлбөр. Налайхын ченжүүдээс шуудай гэж хэлэхэд хэцүү жижигхэн тортой нүүрсийг 2000 төгрөгөөр авдаг байсан гэр хорооллынхон тэр жил 50 кг-ын шуудайгаар савласан Багануурын нүүрсийг 3000 гаруйхан төгрөгөөр авч ёстой л башийсныг бултаараа санацгааж байгаа. Гэтэл “Эрдэнэс Таван толгой”-н удирдлагууд ханш нь дэлхийд 150 хувиар өсчихөөд байгаа коксжих нүүрсээ хорь гаруйхан ам.доллараар зарсан шигээ налайж байна. Монголчууддаа хямдхан нүүрс зарсныг нь шоронд хорьчихдог, хятадуудад нүүрсээ зүгээр өгч байгааг нь яах бол гэсэн асуултыг өөрийн эрхгүй тавимаар санагдаад байх юм.

Төр төлөөлсөн хэдэн нөхөд далдуур тохироо хийж, нам нийлж, сэм хуйвалдаж, гэрээ энэ тэр байгуулдаггүйсэн бол, Таван толгойг төр биш хувийн компаниуд хөдөлгөж зах зээлийн жамаар нь урагшлуулсан бол уурхайн амны нөхцөлөөр тонныг нь дор хаяж 70 ам.доллараар зараад суух байлаа. Эрдсийн шинжээч Л.Наранбаатар энэ талаар нарийн тооцоо хийсэн байна лээ. Тэрээр “2010-2012 онуудад үнэ өндөр байх үед Хятадын зүүн эргийн боомт дээр зарлагдсан коксжих нүүрсний үнийг 45-50 хувь бууруулж тооцоход Ганц модны боомт дээрх түүхий нүүрсний үнэ ойролцоо очдог байсан. Энэ төсөөллөөр авч үзвэл “Эрдэнэс Таван толгой”-гоос гарч буй коксжих нүүрсний үнэ хил дээр 100 орчим ам.доллар, тээвэр болон бусад зардлуудыг хасахаар уурхайн ам нөхцөлөөр дор хаяж 70 ам.доллар байх учиртай. Гэтэл өнөөдөр үнээ нэмээд 30-хан ам.доллараар зарна гэж байна. Энэ үнэ нь бараг өөрийн өртөгтэй нь дүйж байгаа байх. 27 ам.доллараар зарахад алдагдалтай гарсан санхүүгийн тайлан веб сайт дээр нь байна. Хятадад нэг өдрийн дотор 10-15 ам.доллараар үнэ нэмэгдэж байхад манайд нэмээд нэмээд аравдугаар сарын нэгнээс дөрөвдүгээр улирлын үнээ гурван ам.доллараар л өсгөх юм яриад сууж байдаг. Дахиад л бүтэн улирлаар үнээ олон улсын зах зээлийн ханшаас хамаагүй доогуур түгжээд, өндөр чанарын коксжих нүүрсээ түүхийгээр нь 30 ам.доллараар алдагдалтай үнээр өгөөд суух юм байна. Ядаж 55-64 ам.доллараар зарж байж Чалкогийн үлдэгдэл өрийг төлж дуусгах тухай яриа байж болно. Ингэж чадахгүй бол өрийн хавхнаас хэзээ ч мултрахгүй” хэмээн ярьж байна.

Австралийн боомтын нөхцөлөөр нийлүүлэх коксжих нүүрсний дундаж үнэ оны эхний улиралд 80, хоёрдугаар улиралд 100, гуравдугаар улиралд 150 ам.доллар болж өсөөд байгаа юм. Шинжээчид цаашид ч өсөх өндөр боломжтой гэж ам нийлүүлж буйг met­alsbulletin.com онцолсон харагдсан. Л.Наранбаатарын тооцсоноор “Эрдэнэс Таван толгой” энэ янзаараа жилд таван сая.тн нүүрс түүхийгээр нь борлуулахад таван сая ам.долларын л ашиг олох гэнэ. Удирдлагын болоод хүүгийн зардлыг нэмж тооцвол мэдээж талийж өгнө.

Коксжих нүүрсийг угааж баяжуулаад гаргавал уурхайн аман дээрээс нь шууд зарснаас илүү ашиг олно. Төрийн өмчийн “Эрдэнэс Таван толгой” угааж баяжуулах үйлдвэргүй ч ердөө хажууханд нь “Энержи ресурс”-ийн хөрөнгөө зарж барьсан үйлдвэр бий. Төрийн компанийн томчуудад тэр үйлдвэрт нүүрсээ угааж, баяжуулаад арай ахиу үнээр зарах сонирхол хэтээсээ байхгүй. Уг нь нүүрсээ угааж баяжуулаад зарвал тонныг нь 90 ам.долларт хүргэх боломж бий гэсэн тооцоог Л.Наранбаатар гаргажээ. Олон улсын зах зээлийн ханшид дүйцүүлээд Монгол-Хятадын хилийн боомтын нөхцөлөөр зарвал Монголын Таван толгойн өндөр чанарын коксжих нүүрсийг 90 ам.доллар хүргэх бүрэн боломжтой гэсэн үг. Хэрвээ тэгвэл Таван толгойн нүүрсийг зарж олох жилийн ашиг нь 146 сая ам доллар. Арай ахиулаад 100 ам.доллараар борлуулж чадвал жилийн ашиг нь 190 орчим сая ам доллар. Маш том, эрс тэс ялгаатай тоонууд харагдаж байгаа биз.

Коксжих нүүрсний үнийн огцом өсөлт ойрын нэг жилдээ тогтворжино гэж шинжээчид хэлцгээж байгаа. Учир нь коксжих нүүрсийг хэрэглэдэг урд хөршийн гангийн үйлдвэрүүд дажгүй ажиллаад эхэлчихсэн. Хятадын гангийн экспорт өнгөрсөн наймдугаар сард гэхэд 18 хувиар өссөн статистик бий. Коксжих нүүрс ханшаа алдахгүй байх өөр нэг шалтгаан нь Хятадын коксжих нүүрсний уурхайнуудын өнөөгийн байдал. Төрөөс нь коксжих нүүрсний уурхайнуудынхаа ажлын цагийг багасгаж, үйлдвэрлэлийнх нь хүчин чадлыг 25 хувиар таначихсан. Энэ бол бидний хувьд алтан боломж. Урд хөршийн TTJV­Co, “Винсвэй” компаниуд энэ боломжийг биднээс түрүүлж хүртэх гэж хүнд даацын машины хорь, гучин км цуваа үүсгэн нүүрс зөөж байна даа.

Монголын нүүрсний нийт экспортын 80 хувийг эзэгнэнхэн аж төрж суугаа “Эрдэнэс Таван толгой” Чалкогийн өрийг төлж дуустал өөр компаниудад нүүрсээ борлуулах эрхгүй гэсэн хязгаарлалт бий. Чалко зөвшөөрвөл л борлуулж болно гэсэн инээд хүрэм тохироо байгаа. Юу гэж л тэнд 200 ам.доллараар зарж байгаа юмыг энд 20 гаруйхан ам.доллараар авах боломж байхад “Та нар нүүрсээ өөр компанид ахиу үнээр өгвөл өг” гэх вэ дээ. Илүү ихийг авах гэж шунаж таарна.

Л.Наранбаатар “Эрдэнэс Таван толгой”-н гэрээт олборлогч нь TTJVCo гээд 100 хувь Хятадын компани. Тэр компани ажлынхаа хөлсөнд “Эрдэнэс Таван толгой”-гоос нүүрс авдаг. Ингэж нүүрс авахдаа асар өндөр өртгөөр олборлолт хийдэг. Тэгсэн хэрнээ төлбөрөө авахдаа Чалкотой яг адилхан хямд үнээр тооцож бэлэн нүүрс аваад байгаа. Анхаарахгүй байх аргагүй асуудал. TTJVCo ингэж авсан нүүрсээ Хятадын компаниудаар тээвэрлүүлэн хил давуулж, мөн “Винсвэй” гэдэг бас нэгэн хятад худалдааны компаниар цааш нь дамлан зарж ашиг олдог” гэж саяхан хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон харагдсан.

Коксжих нүүрсний 80 хувийг гаргадаг компани энэ янзаараа цаашилбал Монгол гэдэг улс коксжих нүүрсний зах зээлээс ахиу мөнгө олно гэдэг ёстой нөгөө Мянгуужингийн үлгэр болно. Тэгэхээр одоо ганц л гарц байна. Таван толгойгоос төр ухамсраараа гарах хэрэгтэй. Хувийн хэвшлийнхэнд даатгаад татвараа авсан шигээ аж төрвөл төсөвт мөнгө орж, өнөөхөөр нь цэцэрлэг, сургууль бариатахвал маньд л нэмэртэй санагдах юм. Тэгээд ч энэ хувилбар дөнгөж яригдаж байгаа шинэ сэдэв биш. Японы “Сүмитомо”, Хятадын ”Шинхуа”, Таван толгойд нүүр бардам бүтээн байгуулалт хийж чадсан “Энержи ресурс”-ын хослол Таван толгойг нэг цонхны зарчмаар хөдөлгөнө гэсэн тохироог засагтай хийж л байсан. Нэг цонхны гэдгийг хар үгээр тайлбарлавал олборлолт, тээвэрлэлт, худалдаа гээд бүгдийг нь хариуцна гэсэн үг. “Сүмитомо” нь өнөөг хүртэл үлгэр шиг хол байгаа гуравдагч зах зээлд Монголын коксжих нүүрсийг зөндөө мөнгөөр зарах гүүр болъё л гэсэн. За гэвэл ёогүй япончууд ингээд хэлчихээр монгол нүүрс гуравдагч зах зээлд хүрэх нь тодорхой байсан. “Шинхуа” болохоор төдийгөөс өдий хүртэл нарийн, өргөн цариг гэж талцаад барьж чадахгүй суугаа, бондын баахан мөнгө зарж шороо босгосноос өөрийг хийгээгүй төмөр замыг чинь тавиад өгье л гэсэн.

Төрийн өмчийн Таван толгойтой харьцуулбал угаах үйлдвэр, цахилгаан станц, авто замын бүтээн байгуулалт өрнүүлж, тэнгэр газар шиг ялгаатай бүтээлчээр ажиллаж байгаа “Энержи ресурс” коксжих нүүрсний арвин нөөцтэй ордоо зах зээлийн жамаар нь урагшлуулъя л гэсэн.

Өөр ямар ч хувилбар байж болно. Ямартай ч Таван толгойг төр удирдахаар хэдхэн албан тушаалтны халаас түнтийхээс өөр шидгүйг монголчууд бултаараа мэдэрч сууна. Төр Таван толгойг хөдөлгөдөг учраас дэлхийд 200 доллараар зарагдаж буй нүүрсийг 27-хон ам.доллараар зарж, төсөвт ганц ч төгрөг орж ирэхгүй байгаа нь булзах аргагүй үнэн. Тэгэхээр том ордоо хувийн компаниудад даатгаж, зах зээлийн жамаар, цаг алдалгүй даруйхан хөдөлгөх л цорын ганц гарц байна даа.