Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Нямсамбуу: Буддизмд далдын хүч гэж байдаггүй

XIV Далай ламын манай улсад хийсэн номын айлчлалын хүрээнд “Буддизм ба шинжлэх ухаан” олон улсын эрдэм шинжилгээний хурал Улаанбаатар хотноо болсон. Тус хурлын үеэр тавьсан илтгэлүүдийг манай сонин цувралаар нийтлэхээр боллоо. Энэ удаа “Жавзандамба хутагт” төвийн багш, гавж Д.Нямсамбуугийн “Монголын өнөөгийн нийгэм дэх Буддын ёс зүйн сургаалын үнэ цэнэ” илтгэлийг хүргэж байна. Энэтхэгийн Гомон дацанд буддын гүн ухаанд суралцаж, Англид буддын судлалын чиглэлээр номын дуу сонсоод ирсэн Д.Нямсамбуу гавж Буддын гүн ухаан, сэтгэл судлал, ёс зүй, бясалгал, Монголын бурхны шашны түүх, өвөрмөц онцлогийг судалдаг юм.

Буддын ёс суртахууны сэдвийг сонгосон маань цаанаа учиртай. Ганц Монгол ч гэлтгүй дэлхий нийтэд үүсээд буй олон асуудлын суурь нь хувь хүний ёс суртахуунд оршиж байгаа нь булзах аргагүй үнэн. Монголд үүссэн их олон асуудлыг шийдэх гарц нь ёс суртахуунд л байна. 2010 оны судалгаагаар шашин шүтдэг монголчуудын 80 орчим хувь нь өөрсдийгөө бурхны шашинтан гэж тодорхойлсон байдаг. Гэвч харамсалтай нэг өнцөг бий. Монголчууд ёс суртахуундаа хэр сэтгэл хангалуун байгаа вэ гэсэн асуултын хариу тийм өөдрөг гарахгүй болов уу. Монголд бурхны шашин дэлгэрч байсан үеүдээс энэ удаагийн дэлгэрэлт олон зүйлээрээ ялгаатай. XXI зууны монголчууд бурхны шашинг уламжлал учраас шүтье гэхээсээ илүүгээр буддизм надад, нийгэмд, Монголд ямар хэрэгтэй вэ, яагаад би бурханы шашинтай байх ёстой гэж гэсэн асуултыг тавих болсон. Яагаад шүтэх ёстой вэ гэдэг асуултад өгөх хамгийн том хариулт бол буддын ёс суртахуун. Буддист байснаараа, буддын сургаалыг дагаж мөрдсөнөөрөө хувь хүн болоод нийгэмд тодорхой хэмжээний өөрчлөлт гарна. Харамсалтай нь бурхны шашинтан гэж өөрсдийгөө үздэг хүмүүсийн итгэл үнэмшил нь олонхи тохиолдолд аливаа нэг далдын хүчнээс юм гуйж, тэр хүчинд өргөл хандив өргөснөөр бүх муу муухай асуудал нь шийдэгдэнэ гэдэг бодлоос хэтрэхгүй байна. Ёс суртахууны хандлагаа эерэг болгох, илүү зөв байхын төлөө зүтгэж яваа нь ховордсон гэх гээд байна л даа.

Гэтэл бурхны сургасан сургаал номлолын зонхилох хэсэг нь буюу гол зорилго ерөөсөө л ёс суртахуунтай байх. Бурхан Будда одоогийн байгаагаасаа илүү зөв, ариун, ёс суртахуунтай орших боломж хүнд бий юу гэж асуугаад хариултыг нь номлосон байдаг. Шинжлэх ухаан болон бурхны шашны огтлолцох олон цэг, өрнийн философи болоод шинжлэх ухааны философи хоёрын давхцах цэгүүд дотроос маш прагматик үр дүнтэй, магадгүй өнөөдөр Монголд хамгийн их тулгамдаад байгаа нь буддын ёс суртахууны асуудлууд. Шашин шүтлэгтнүүдийн 80 орчим хувь нь бурхны шашинтан юм бол тэр итгэл үнэмшлээрээ дамжуулж, буддын ухааныг ойлгож ёс суртахууны өөрчлөлт, зөв байх оролдлогуудыг хийдэг болчихвол Монголд илт өөрчлөлт мэдрэгдэнэ.

Зөв байхсан гэж бодох, зөв байж чадах хоёрын хооронд том зай бий. Яагаад ёс суртахуунтай байх ёстой гэж, хэрхэн ёс суртахуунтай байж болох вэ гэсэн хоёр асуултад буддизм, хойд Энэтхэгийн Наландарын уламжлалт буддизм хэрхэн хариулсан талаар товч өгүүлье.

Өрнийн ёс суртахууны философид хоёр үзэл баримтлал бий. Нэг нь танин мэдэхүйн ёс суртахуун. Нөгөө нь үл танин мэдэхүйн ёс суртахуун. Зөв, ёс суртахуунтай байх ёстой гэсэн сургаал, итгэл үнэмшлийн цаана тодорхой нэг мэдлэг, тодорхой нэг бодит оршихуйн үнэн байх ёстой гэж үздэг нь танин мэдэхүйн ёс суртахуун. Харин зөв байх ёстой гэсэн үзэл, бусдад туслах гэх мэт ёс суртахууны тунхгууд сэтгэл хөдлөлөөс үл хэтрэх, цаана нь тодорхой гүн ухаан, үзэл баримтлал, мэдлэг байх албагүй, угаасаа нотлогдохгүй гэж үздэг нь үл танин мэдэхүйн ёс суртахуун. Учир шалтгаан мэдлэг байх ёстой гэж үздэг, тайлбарладаг дийлэнх урсгал нэг асуудалтай нүүр тулдаг. Тэдний хувьд ёс суртахуунтай амьдрах нь бодит байдалтай хэрхэн зохицох вэ гэдэг асуултад хариулахад нэлээд хүндрэлтэй байдаг. Ёс суртахуунтай байх шалтгааныг тэнгэрийн хууль, бүтээгч эзэн ч юм уу, тийм байхыг дэмждэг, тэгж амьдрахгүй бол шийтгэдэг хүчин зүйл байх ёстой гэж үздэг. Ийм шалтгаанууд гаргаж байж ёс суртахуунтай амьдрах нь зөв гэсэн бодол хүмүүст төрнө хэмээн тайлбарладаг.

Гэтэл буддын шашинд огт өөрөөр үздэг. Бодит байдал хийгээд ёс суртахуунтай байх ёстой гэсэн сургаал давхцах ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, буддизм бол танин мэдэхүйн ёс суртахуун. Буддын шашинд зөв явдлыг дэмжиж, зөв байхыг зохицуулдаг далдын хүч, тэнгэр бурхан байдаггүй. Эндээс “Хажуугаас нь дэмжих, айлгах хүч үгүй бол хүмүүсийг яаж ёс суртахуунтай амьдруулах юм бэ” гэсэн асуулт гарч ирэх нь ойлгомжтой. Ер нь тэгээд ёс суртахуун жам ёс, оршихуйтай хэрхэн нийцэх вэ, ёс суртахуунтай байхын ашиг гэж бий юү гэх мэт асуултад тайлбар өгөх хэрэг гарна.

Эдгээр асуултад тайлбар өгөхийн тулд Буддын гурван номноос ишлэл авъя. Хойд Энэтхэгийн агуу их эрдэмтэн, төв үзлийг үндэслэгч Нагаржунай “Ёс суртахуунтай байснаар амар амгалан үүснэ” хэмээсэн нь бий. Бурхны шашны үзэл баримтлалын дөрвөн тамга буюу “Чагжаши” гэдэг номонд “Шунал хүсэл зогсох нь маш тогтвортой, үнэн амар амгалан юм” гэсэн ишлэл байдаг. Шунал хүсэл зогсох гэдэг нь энгийнээр бол сөрөг эмоцио ялж чадвал гэсэн үг л дээ. Гурав дахь нь “Амгалангаас амгаланд одох тул ухамсартай мэдрэмжтэй хэн бээр түүнээс уйдах вэ” гэсэн ишлэл.

Ёс суртахуунтай байдал олон түвшиндээ аз жаргалтай холбогдох ёстой гэж буддизм үздэг. Ёс суртахуунд эхлэн суралцагчийн хувьд зөв байх нь ирээдүйд сайхныг авчирна гэж ухаардаг. Үүнийг буддизмд бидний сайн мэдэх кармагаар тайлбарладаг. Ёс суртахуунтай байдлыг дэмжих буддизмын маш тодорхой онол бол карма буюу үйлийн үрийн онол. Үйлийн үрийн онол бол шүтэн барилдлага гээд буддизмын том онолын нэгээхэн хэсэг нь. Энгийнээр хэлбэл, аливаа зүйл дангаараа бусдаас үл харгалзан орших боломжгүй гэдгийг шүтэн барилдлагын онол гээд байгаа юм. Ямар ч чадалтай хүн, улс төрийн хүчтэй нам, их гүрэн байлаа ч бусдад шүтэж, бусдаас харгалзаж оршдог. Үл харгалзан орших нөөц боломж ямар ч оршихуйд байхгүй гэж үздэг. Оршихуй гэдэг маань бусдаас хамаатай учраас оршихуйн суурь нь бусдын хамаарал гэж ойлгож болно. Жишээ нь Нямсамбуу гэдэг хүн бусдын хийсэн хоолыг идэж, бусдын барьсан байшинд амьдарч бусдаас харгалзаж оршдог. Тийм болохоор бусад гэдэг бол оршихуйн суурь. Тэгэхээр бусдад таагүй хандана гэдэг оршихуйн сууриа үгүйсгэж байгаагаас ялгаагүй. Нийгэм бол биенээсээ харгалзан үүссэн олонлог учраас зөвхөн би аз жаргалтай байна гэдэг бол явцуу ойлголт. Оршихуйгаа томоор харвал ганцхан та аз жаргалтай байх боломжгүй, бусдын хүчээр аз жаргалтай байхаас аргагүй гэж буддизм үздэг. Үйлийн үрийн онол ерөөсөө тийм шүү дээ. Миний үйлдэл бусдад хэрхэн тусахаас ирээдүйн аз жаргал, зовлон зүдгүүрийг маань шийднэ гэсэн энгийн тайлалтай. Эцэст нь базаад хэлбэл, ёс суртахуунтай байхыг буддизм хувь хүн, нийгэмд эерэг зөв үр дагаврыг авчирч чадна гэж тайлбарласан. Өөрөөр хэлбэл ямар ч далдын хүчний оролцоогүйгээр.

Бурхны шашинд ёс суртахуунаа олон түвшинд хөгжүүлэх учиртай гэж үздэг. Эхнийх нь үйлийн үрийг ухаарснаар муу үйлдлээ зогсоох зөв сайныг хичээх шат. Хоёр дахь нь гэгээрлийнх. Дунд төрөлхтний хүрэх шат. Энэ шатанд орчлон хорвоо, мөн чанарыг гүнзгий таньдаг. Тэр хэрээр орчлон хорвоогийн аз жаргалыг хэт үнэлэх, гадна талаас аз жаргалыг хайх нь ямар нэг байдлаар сөрөг үр дагаврыг авчирна гэдгийг ухаардаг. Тэгээд хүнд төрөхөөс байдаг дотоод амар амгаланг ухаардаг. Үүнийг нирвана буюу гэгээрэл гэдэг юм. Эхлээд ёс суртахуунтай амьдарвал үйлийн үрийн хуулиараа аз жаргалтай болно гэж бодож байсан хүн хоёрдугаар түвшиндээ хүрэнгүүт “Ёс суртахуунтай байх чинь амар тайвныг өгдөг юм байна” гэж ухаардаг. Гуравдугаар түвшинд хүрэхээрээ бүр өөр. VIII зууны үед амьдарч байсан Шантидива гэгээний “Бодисадын явдалд орохуй” гэдэг номны шамдал зүтгэлийн бүлэгт муу үйлдлийг үйлдэхгүй орших, муу сэтгэлийг тэвчих, шуналгүй амар тайван амьдрах нь хангалттай бус гэсэн байдаг. Гуравдугаар түвшиндээ хүрэхээр бусдад туслах сэдэл төрдөг хэмээсэн нь бий. Бусдад тусална гэдэг бол ёс суртахууны илүү өндөр түвшинд гарч ирж байна гэсэн үг.

Бусдад туслах нь миний үүрэг гээд амьдрахаар залхмаар хэцүү биш үү гэсэн асуулт гарах нь гарцаагүй. Шалтгааныг нь буддизмд “Амгалангаас амгаланд одох тул” хэмээн тайлбарласан байдаг. Бусдад туслахын хэрээр аз жаргал, сэтгэл ханамж, цэнгэл өссөөр байдаг гэсэн үг л дээ. Тиймээс бурхны номонд дурдсанчлан бусдад туслахаас ёстой хэн уйдах вэ. Зөв, сайн үйлдэл хожим аз жаргалыг авчирна гэж эхэлснээ дараагийн шатандаа амар тайван амьдралыг өгнө гэдгийг хэлж, эцэст нь бусдад туслах нь аз жаргал, сэтгэл тайван байдлыг шууд үүсгэж чадна гэж байгаа нь буддын шашны маш сонирхолтой өнцөг. Тэгэхээр буддын шашны ёс суртахуун өрнийн ёс суртахууны зүйлчлэл ангиллаас том ялгаатай болчихож байгаа юм. Ёс суртахуунтай байхыг далдын хүчинтэй холболгүйгээр бодит оршихуйн мөн чанартай холбож, зүй тогтлынх нь үүднээс тайлбарлаж чаддаг нь буддизмын онцлог.

Ёс суртахууныг тийм ийм гэж тодорхойлоод хэрэглээний түвшиндээ заалт, мөрдлөгүүд гаргаж ирлээ гэж бодъё. Жишээ нь, бурхны шашинд арван хар нүгэл гэж жагсаагаад хийж болохгүй гэдэг. Тэгж болохгүй гэнгүүт шууд дагах нь ховор. Ёс суртахуун яагаад байх ёстой вэ гэдэг дээр буддизмын шүтэн барилдлагын онол түлхүү хариулт өгч байсан бол энэ удаа буддизмын сэтгэл судлал талаас бясалгал гэдэг ойлголт гол хариулт болж ирдэг. Хэрхэн ёс суртахуунаа хөгжүүлэх, зөв сайн байх вэ гэдгийн гол хариулт нь бясалгал. Монголд олон төрлийн бясалгал орж ирсэн. Гэхдээ зарим тохиолдолд бясалгалыг ид шидийн мэтээр төсөөлөөд байна. Бясалгал хийхээр нисдэг, далдыг хардаг гэх мэтээр тайлбарлах нь элбэг болж. Яг үнэндээ буддизмд бясалгалыг ёс суртахуунтай, амар амгалан амьдрахад сэтгэлд эерэг нөлөө үзүүлнэ гэж үздэг. Ийм зорилгын төлөө бясалгал хийдэг. Булчинтай болохын тулд тэнгэр бурханд мөргөөд тусгүй, тодорхой дасгалыг олон дахин хийж дадвал булчин муутай үлбэгэр сулбагар нэгэн ч булчинтай болно. Яг тэрэн шиг буддизм ёс суртахуун гэж үүнийг хэлнэ гэж загвар гаргаад, ёс суртахуунтай байх бодитой санал, арга дэвшүүлсэн нь бясалгал. Буддизм сэтгэлийг хувьсан өөрчлөгддөг гэдгийг олж харсан. Бусдыг хүндлэхийг, уурыг захирахыг, сэтгэл төвлөрлийг, энэрэл нигүүлслийг давтан давтан хийхийн хэрээр алгуурдаа сэтгэлд өөрчлөлт ордгийг нотолсон. Аливаа зүйлийг олон удаа хийхийн хэрээр илүү хялбар болдог, мэргэшдэг, улмаар автдаг хандлага байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунжаргал: Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн хүчтэй цохигддог

Глобал стратеги менежмэнт институтийн захирал Ц.Оюунжаргалтай ярилцлаа.


-Хямралын үед жижиг дунд компаниуд яг ямар арга хэмжээ авбал тэсч үлдэх боломжтой вэ?

-Хямралын үед ер нь бүх компани стратегиа эргэж харах ёстой. Учир нь эдийн засгийн өсөлтийн үед боловсруулсан дунд хугацааны стратегиараа явах боломжгүй. Өмнө нь эдийн засаг өснө, тэлнэ гэсэн төсөөллөөр зохиож байсан учраас эргэж харахаас аргагүй гэсэн үг. Хэцүү үед компаниуд тодорхой зарчмуудыг барьж ажиллахаас аргагүйд хүрдэг. Зардлаа хэмнэх бол хамгийн түрүүнд хийх ёстой ажил. Нэг төрлийн бүтээгдэхүүнтэй дунд хэмжээний компаниуд хямралд хамгийн түрүүнд хүчтэй цохигддог. Учир нь хямралын үед ганцхан бүтээгдэхүүнээс хамаарах ёсгүй гэсэн зарчим үйлчилдэг. Бүтээгдэхүүнээ аль болох төрөлжүүлбэл зүгээр. Эдийн засгийн өсөлтийн үед гаргаж байсан бүтээгдэхүүн хямралын үед хүссэнээр нь борлогдохгүй байх эрсдэл өндөр. Тэгэхээр эдийн засгийн хэмнэлттэй үйлчлүүлэгч, зах зээлд зориулсан бүтээгдэхүүн гаргахад анхаарах хэрэгтэй. Шинээр бүтээгдэхүүн гаргаж болно. Эсвэл өмнө нь гаргаж байсан бүтээгдэхүүнийхээ сав, баглаа боодлыг жижигсгэх хувилбар байж болно.

-Хямралын үед юмны үнэ эрс буурдаг гэдэг ч манай компаниудын ихэнх нь бараа бүтээгдэхүүнийхээ үнийг эдийн засаг өндөр өсөлттэй байх үеийнхээсээ нэг их буулгахгүй байгаа. Энэ хэр зөв хандлага вэ?

-Олонхи компани эдийн засгийн өсөлтийн үед байсан үнийн бодлогоо хэвээр бариад байгаа нь зөв биш. Зайлшгүй эргэж харах ёстой. Худалдан авах чадвар асар их буурсан энэ үед өндөр үнээрээ явбал зах зээлээс гарах, шинээр гарч ирж буй, хурдтай, ухаалаг бодлого явуулж байгаа компаниудад шахагдах эрсдэл бий. Боломжуудыг хараад, худалдан авах чадварт нийцсэн шинэ юм уу шинэчилсэн бүтээгдэхүүн гаргах нь чухал. Мэдээж нэг төрлийн бизнес, нэг төрлийн бүтээгдэхүүнээс хамаарахгүй байх хэрэгтэй. Ер нь хямралын үед тэсч үлдэх стратегийг л ярих учиртай. Үүнээс гадна стратегийн зөвлөх хүний хувьд компаниуд хямарсан ч гэлээ тодорхой хэмжээнд өсөлтийн стратеги баримтлах хэрэгтэй гэж зөвлөдөг.

-Хүн бүр мөнгөө хэмнээд эхэлчихсэн, олдог хэд нь хумигдсан өнөөдрийн хувьд их хэмжээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж, их ашиг олно гэсэн ойлголт байхгүй байх. Үйл ажиллагааны зардлаа бууруулах хамгийн ухаалаг шийдлийг компаниудад зөвлөөч?

-Өмнөх шигээ ихийг үйлдвэрлэвэл борлогдох зах зээл нь хумигдсан гэдэгтэй санал нэг байна. Өнөөгийн хэцүү нөхцөлд зардлаа хэмнэх үүднээс дотоод үйл ажиллагаагаа автоматжуулж, IT-жуулбал илүү зөв гарц болно. Захиалга борлуулалтаа интернэтээр авч, хийх гэх мэтээр үйлчлүүлэгчтэйгээ ч IT орчинд харилцвал сайн. Ийм компаниуд илүү орчин үеийн бөгөөд үр ашигтай байж чадна. Урд хөрш гэхэд энэ чиглэлд асар том дэвшил хийсэн. Нэг тэрбум гаруй хүний 600 сая нь интернэтээр худалдан авалтаа хийдэг болчихлоо шүү дээ.

-Та түрүүн нэг төрлийн бүтээгдэхүүн, бизнес дээр төвлөрсөн компани өндөр эрсдэлтэй гэж ярьсан. Жишээ нь нарийн боовны жижигхэн цехэд өөр төрлийн бизнес хийх боломж байхгүй шүү дээ?

-Заавал өөр бизнестэй бол гэсэн үг биш л дээ. Нэг төрлийн бизнестэй бол бүтээгдэхүүнээ ангилах хэрэгтэй. Ер нь аливаа бизнес, бүтээгдэхүүнийг саалийн үнээ, од, асуултын тэмдэг, dog буюу нохой гээд ангилчихсан байдаг. Таны асуусанчлан нарийн боовны жижигхэн цех хэд хэдэн төрлийн нарийн боов хийдэг байж таарна. Тэр дундаа саалийн үнээ, од бүтээгдэхүүнтэй байж хямралыг давна. Саалийн үнээ, од болох нь мэдэгдэхгүйг нь асуултын тэмдэг бүтээгдэхүүнд оруулдаг юм. Бүтээгдэхүүний ангиллаа ингээд хийчих, тэгээд алдагдалд хүргээд байгаа dog бүтээгдэхүүн, бизнесээсээ хурдан салах хэрэгтэй. Асуултын тэмдэг бүтээгдэхүүний хувьд саалийн үнээ, од болох уу гэдгийг нь цаг алдалгүй шийдэх ёстой. Dog бол шууд татгалзаад цаашлах ёстой. Групп компанийн хувьд ч ялгаагүй. Алдагдалтай бизнесээсээ татгалзаж байж хямралыг тэсч гарна.

-Дэлхийн компаниудын гүйцэтгэх захирлуудын хамрагддаг хөтөлбөрийг Монголд эхлүүлж байгаа гэж сонссон. Яг ямар хөтөлбөр юм бол?

-“Leadership coaching” гэдэг хөтөлбөр. Хөгжсөн зах зээлд ная, ерээд оноос эхэлж үүссэн үйлчилгээ байгаа юм. Зах зээл өндөр хөгжсөн орнуудын гүйцэтгэх түвшний удирдлагууд, ялангуяа гүйцэтгэх захирлуудыг ийм хөтөлбөрөөр бэлддэг. Ер нь дэлхийн компаниудын хувьд гүйцэтгэх захирлуудаа энэ хөтөлбөрт хамруулж, тав арван жилээр бэлтгэсний эцэст албан тушаалд нь томилдог хандлага бий болчихсон. Би 20 жил ажиллахдаа 15 жилд нь банк санхүү, олон улсын байгууллагад удирдах шатны алба хашсан. Долоон жилд нь “coaching” авч байсан юм. 30, 40 жил менежмэнтийн ажил хийсэн Америк болон Их Британийн зөвлөхүүдээс “coaching” авч асар ихийг сурсан. Удирдагчийг бэлддэг хэрэгсэл гэдгийг олон улсын түвшинд баталсан хөтөлбөр л дөө.

-“Coaching” гэдгээ энгийнээр тайлбарлаач?

-“Coaching” гэдэг бол спортоос орж ирсэн ойлголт. Спортын ертөнцөд тамирчин дасгалжуулагчийн хоорондын харилцаа гэж байдаг. Сайн “coach” буюу дасгалжуулагч байж сайн тамирчин гарч ирж амжилт үзүүлдэг. Яг энэ ойлголтыг бизнест оруулсан хэрэг л дээ. Бизнесийн ертөнцөд менежерүүдийг бэлдэхийн тулд маш сайн дасгалжуулагчид хэрэгтэй гэж үзээд гаргаж ирсэн шийдэл. Гүйцэтгэх захирлуудын асуудал манай улсад төдийгүй дэлхийд ч их байдаг.

-Дэлхий даяар хэрэгждэг, шинэ залуу захирлуудыг бэлддэг хөтөлбөр байх нь ээ?

-Зөвхөн шинэ, залуу захирлууд гэж ойлгож болохгүй. Дэлхийд нэрээ гаргасан Уоррен Баффет, Билл Гейтс бүгдээрээ дасгалжуулагчтай. Дасгалжуулагчидтайгаа зөвлөлдөж байж шийдвэрээ гаргадаг. “Гүүгл”-ийн гүйцэтгэх захирлаар 12 жил ажилласан Эрик Шмидтийг дэлхий андахгүй. “Гүүгл” гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явуулаад түүнийг сонгож л дээ. “Гүүгл”-ийг үүсгэн байгуулсан хоёр хүн Эрик Шмидтэд дасгалжуулагч санал болгоход нь мань эр “Би хангалттай туршлагатай менежер хүн, яахаараа дасгалжуулагчтай байх ёстой юм” гээд их дургүй байсан гэдэг. Гэтэл “Гүүгл”-ийн хувьцаа эзэмшигчид “Ямар ч байсан ажиллаад үз, гурван сарын дараа асуудлыг эргэж ярья” гэсэн хариу өгсөн байдаг юм. Гурван сарын дараа Эрик “Энэ бол хамгийн зөв шийдвэр байжээ” гэж хүлээн зөвшөөрсөн. Эрик “Гүүгл”-ийг 12 жил удирдахдаа тэр хүнтэй л хамтарч ажилласан байдаг.

-Танайхаас зөвлөгөө аваад амжилттай яваа компаниуд ер нь ямархуу арга хэрэглээд ашигтай ажиллаад байна вэ?

-Компаниудын амжилттай ажиллах зарчмын нэг нь маркетинг бас маркетинг байдаг. Зарим компани үүнийг их сайн ойлгож, эхнээсээ ашигтай ажиллаж байна. Хэд хэдэн компани бүх ажилчдаа борлуулагч болгоно гэсэн уриан дор ажиллаж байгаа. Манайх нэг жижгэвтэр компанид зөвлөгөө өгдөг юм. Саяхан очиход нягтлан нь хүртэл борлуулалт хийчихсэн сууж байна лээ. Компанийнхаа бүтээгдэхүүнийг борлуулбал цалин дээр нь тодорхой хэмжээний бонус нэмдэг урамшууллын тогтолцоо бий болгочихвол маш үр дүнтэй арга.

-Бизнес нь амжилтгүй яваа компаниудын хамгийн гол алдаа нь юу байна?

-Компани сайн эсвэл саар явах уу гэдэг нь шийдвэр гаргадаг хүнээс өндөр хамааралтай байдаг. Тэр хүний алсын хараа, манлайлах ур чадвар, менежмэнтийн чадвартай шууд холбоотой. Орчин цагийн менежмэнтийн ухааныг үндэслэгч Питер Дракерын нэг үг бий. Тэр хүн “Менежерийн хамгийн гол ур чадвар бол зөв хүнийг сонгож зөв албан тушаалд тавих явдал” гэж хэлсэн байдаг. Сайн, саар компаниудыг харахаар алдаа, оноонууд нь эндээ л байгаа харагддаг. Нөгөө талаас багаа сайн бүрдүүлэх ёстой. Ганц сайн хүнээр хол явахгүй. Удирдлагын баг маш чадварлаг байх учиртай. Удирдлагын багийг бүрдүүлэхэд гурван F-ийн зарчим гэж бий. Монголчилбол дотнын найз, гэр бүлийн гишүүн, ухаалаг биш хүнээс хол яв гэсэн зарчим. Ингэж байж илүү мэргэжлийн удирдлагын баг бүрдэнэ. Зарим компани хүнд зориулж албан тушаал бий болгоод байдаг талтай. Эхлээд стратегиа боловсруулж бүтцээ гаргачихаад албан тушаалын шалгуур үзүүлэлт болгоныг гаргах ёстой. Тэгж байж хүний асуудал яригдах учиртай.

-Танайхаас Business leadership forum-ыг “Эдийн засгийн хүндрэлийн үе дэх өсөлтийн боломжууд” сэдвээр зохион байгуулах юм билээ. Хямралыг дажгүй давах хүсэлтэй жижиг, дунд бизнесмэнүүдэд хэрэг болохоор зөвлөгөө, туршлагыг форумын үеэр хуваалцах уу?

-Манайхаас арванхоёрдугаар сарын 5-нд зохион байгуулах форумын үеэр санаа сэдэл авахаар олон сайн туршлагыг сонсох боломжтой. Биднээс зөвлөгөө авч, сургалт, хөтөлбөрт хамрагдаад амжилттай яваа компанийн захирлууд хямралын үед ашигтай ажиллаж буй туршлагаа хуваалцана. Түгээлтийн цоо шинэ үйлчилгээ нэвтрүүлээд амжилттай яваа нэг компани бий. Захирал нь манай “coaching”-ийн хөтөлбөрт хамрагдсаныхаа дараа ердөө сар гаруйхны хугацаанд борлуулалтаа 50 хувиар өсгөж чадсан. Жишээ нь тэр залуу богино хугацаанд үр дүнд хүрсэн туршлагаа хуваалцана. Өмнөговийн бизнес эрхлэгч нэг бүсгүй манай сургалтад суусныхаа дараа олон жил бодсон ч хийж амжаагүй явсан ажлаа эхлүүлсэн. Улаанбаатарт байгуулсан шинэ компани нь төслийн түншлэлийн талбар гэдэг маш сонирхолтой төсөл хэрэгжүүлж байна. Залуусын дунд бизнесийн шинэ саналын уралдаан зарласан юм. Ер нь бол гарааны бизнесийг дэмжих төсөл л дөө. Шалгарсан төсөл энэ компаниас тодорхой хэмжээний санхүүжилт авна. Тэр бүсгүй илтгэл тавихаар болсон. Монголын Хөрөнгийн биржийн арилжааны албаны даргын илтгэл ч сонирхолтой байх болов уу. Өсөлт хийхийн тулд компаниудад санхүүжилт хэрэгтэй. Манай бизнес эрхлэгчид банкнаас өндөр хүүтэй зээл авч, банкны төлөө ажилласаар байгаад дуусдаг. Зээлээс зээлийн хооронд амьдарч яваа нь нууц биш. Хөрөнгийн биржийн илтгэгч санхүүжилтийн өөр ямар боломж байгааг ярина. Банкны зээлээс өөр боломжуудыг танилцуулна гэсэн үг.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд 300 давчихсан нүүрсээ 50 ам.доллараар зарна гэж хөөрцөглөх хэрэг байна уу?

“Эрдэнэс Таван толгой” урд хөрш рүү экспортлох нүүрсний үнээ 50 ам.доллар болгож өсгөсөн нь сүүлийн үед дуулдсан цорын ганц таатай мэдээ байлаа. Өмнөх улирлын үнээс нь 1.8 дахин хувиар нэмж чадлаа гэж “Эрдэнэс Таван толгой” компанийнхан мэдээлнэ лээ. Чамлахаар чанга атга, болж л байна.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн “Чалко”-той үнээ дахиад ярь, өсгөж чадахгүй бол өөр зам бий шүү” гэж чанга дуугараагүй бол “Эрдэнэс Таван толгой”-н дарга нар өнөөдрийг хүртэл өмнөх шигээ “Гэрээндээ тэгээд тусгачихсан юм чинь бид юу ч хийж чадахгүй” хэмээн мөрөө хавчсан шигээ суух байсан биз. Тус компанийн удирдлагууд өмнө нь хэд хэдэн удаа “Нүүрсний үнийг нэмэх боломжгүй, тэгээд ч коксжих нүүрсний энэ удаагийн үнийн өсөлт түр зуурынх” гэсэн агуулгатай тайлбар хийснийг хэвлэлийн хуудаснаас харж болно.

Гэвч “Чалко”-той үнэ яривал дэлхийн зах зээлийн жишгээ дагаад өсгөөд явах бүрэн боломжтойг саяын жишээ харууллаа. Ер нь яаж ч бодсон ямар ч бизнесмэн нүдэн дээр нь хэдэн зуун хувийн үнийн өсөлт үзүүлж буй бүтээгдэхүүнийг ичмээр бага үнээр аваад гүрийгээд сууна гэж байхгүй л дээ. Манай талаас “Дэлхийн зах зээл дээр өндөр үнээр зарагдаж байгаа нүүрсээ бид ийм бага үнээр зарахгүй. Үнээ өсгөмөөр байна” гэчихэд л “Чалко” хэлэлцээний ширээний ард суух байж. Манай талтай хэлэлцэж тохиролцоод өмнө нь авч байсан үнээ 1.8 дахин хувиар өсгөчихсөн нь үүний хамгийн том нотолгоо.

Ямартай ч тонныг нь хориодхон доллараар зарж байсан өндөр чанарын коксжих нүүрсээ ирэх сард 50 ам.доллар, он гаргаад 60 ам.доллараар зарах нь тодорхой болчихлоо. Гэхдээ коксжих нүүрсний дэлхийн зах зээл дээр галзуурч буй үнийг бодохоор 50 ам.доллар гэдэг тэгтлээ баярлаж хөөрцөглөхөөр ханш биш. Австралийн далайн эргийн боомтууд дээр FOB нөхцөлтэй, сайн чанарын коксжих нүүрс өнгөрсөн долоо хоногт 305-310 орчим ам.доллараар зарагдсан. Өнгөрсөн өдрүүдийн үнийн өсөлт энэ долоо хоногт ч хадгалагдаж байна.

Мэдээж Хятадын зах зээл дэх үнэ дотоод олборлолт гэдэг утгаараа Австралийнхаас арай доогуур л даа. Гэхдээ Австралийн үнийн түвшинг дагаж явдаг онцлогтой. Энэ долоо хоногийн хувьд Хятадын Шанси, Хэбэй, Шандонг зэрэг аж үйлдвэрийн гол бүсүүдэд коксжих нүүрс чанар, үзүүлэлтүүдээсээ хамааран 180-279 ам.долларын ханштай байна. Өнгөрсөн долоо хоногийнхоос дунджаар 150-200 юаниар өссөн үзүүлэлт. Эндээс харахад Австрали, Хятадын зах зээл дэх коксжих нүүрсний үнэ ханшийн аль аль нь өнгөрсөн сарынхаас ойролцоогоор 25 орчим хувийн өсөлттэй байгаа юм. Харин түрүү жилийн өдийтэй харьцуулахад коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр 250-300 хувийн өсөлт үзүүлсэн гэсэн аварга тоо байна.

Коксжих нүүрсний үнэ ирэх жилүүдэд тэгтлээ доошлохгүйг мэргэжлийн байгууллагуудын таамгаас харж болно. “China coal resource”-ийн шинжээчид

Ямартайчтонныгньхориодхондоллараарзаржбайсанөндөрчанарынкоксжихнүүрсээирэхсард 50 ам.доллар, онгаргаад 60 ам.доллараарзарахньтодорхойболчихлоо. Гэхдээкоксжихнүүрснийдэлхийнзахзээлдээргалзуурчбуйүнийгбодохоор 50 ам.долларгэдэгтэгтлээбаярлажхөөрцөглөхөөрханшбиш.

Дахин давтан хэлэхэд төмөр замгүй бол монгол нүүрс моодонд орохгүй. Хэчнээн нэг цонхны үнэтэй байлаа ч, арав хорин ам.доллараар зугуухан нэмээд ч шороон замаар тоос бужигнуулан давхидаг өнгөрсөн зууны болхи тээвэртэйгээ аж төрвөл Таван толгойн нүүрс Австралийнх шиг 300 хүрч өндрөө авахгүй нь хэтээсээ тодорхой асуудал.

“Хятадын Засгийн газар нүүрсний нийлүүлэлтийг буцаагаад нэмэгдүүлэх бодлого барьж эхэлсэн учраас ойрын хугацаанд нүүрсний үнийн өсөлт тогтворжино” гэж байна. Нүүрсний үнэ дээр таамаг гаргасан бусад байгууллагын дүгнэлтүүдийг тоймлоод хэлэхэд одоогийн үнийн өсөлт он гарсаар зогсоно, бага зэргийн бууралт ажиглагдана, гэхдээ өнгөрсөн жилүүдийнх шиг шалдаа унахгүй юм байна.

Таван толгойн нүүрсний үнэ 1.8 дахин нэмэгдсэн нь сайн хэрэг, Баруун Цанхийн олборлолт эхэлж, төсөвт орох мөнгө нэмэгдэнэ гэдэг таатай мэдээ. Гэхдээ өндөр чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө цэнхэр гаригтаа томоохонд тооцогддог Таван толгойн нүүрсийг дэлхийн зах зээлийн үнэд хүргэхэд бол чамлалттай, гал унтраах төдий арга. Шуудхан хэлэхэд ийм аргаар монгол нүүрс дэлхийн зах зээлийн үнэд хэзээ ч хүрэхгүй. Учир нь дэлхийн зах зээлийн түвшинд зөвхөн угааж, баяжуулсан нүүрс л яригддаг. Хоёрдугаарт, улиг болтлоо яригдсаар ирсэн тээврийн асуудал. Дахин давтан хэлэхэд төмөр замгүй бол монгол нүүрс моодонд орохгүй. Хэчнээн нэг цонхны үнэтэй байлаа ч, арав хорин ам.доллараар зугуухан нэмээд ч шороон замаар тоос бужигнуулан давхидаг өнгөрсөн зууны болхи тээвэртэйгээ аж төрвөл Таван толгойн нүүрс Австралийнх шиг 300 хүрч өндрөө авахгүй нь хэтээсээ тодорхой асуудал. Тээврийн зардалд хамгаа бардаг өнөөгийн загвараар хол явахгүй гэдгийг гадаад, дотоодын эдийн засаг, хөрөнгө оруулалтын чигийн чуулган бүр дээр ярьдаг ч манай төр төмөр замтай болъё гэж тэгтлээ хүчилдэггүй. Өнөөгийнхөөрөө байвал дарга нарт мөнгө төгрөг ийш тийш зувчуулах боломж илүү учраас гэсэн тайлбар давтамжтай дуулддаг. “Эрдэнэс Таван толгой”-н үе үеийн удирдлагууд засаг солигдож суудлаасаа буунгуут АТГ-ын хараанд ордгийн цаад учир нь ерөөсөө энэ л дээ.

М.Энхсайхан өмнөх засгийн үед Таван толгойг зах зээлийнх нь жамаар хөдөлгөх гээд хүчрээгүй. Мань эр Таван толгой шиг мега төслийн хувьд тээвэр, олборлолт, борлуулалт гээд бүх зүйл нь цогц менежмэнтээр явах ёстой гэж өчнөөн тайлбарлаад бараагүй. Сүүлдээ арга нь барагдаад Швед рүү элчингээр явчих шиг боллоо. Төр, засгийн эрх баригчид мега төслийн талаар М.Энхсайханаас ч муу ойлголттой, Таван толгойг “Сумитото”, “Шинхуа” мэтийн аваргуудтай хамтраад хөдөлгөх нь эдийн засагт нэмэртэйг ойлгохгүй гэнэн тэнэгтээ коксжих нүүрсний ордоо таг гацаачихсан юм биш л дээ. Гэхдээ эдийн засаг тартагтаа тултал уруудчихсан өнөөдрийн хувьд авахаар төлөвлөж буй өр зээлээс өөр найдах ганц юм гэвэл Таван толгойг зах зээлийнх нь жамаар хөдөлгөх. Өндөр чанарын коксжих нүүрсийг нь австраличууд шиг аятайхан үнээр зарах боломж ингэж л нээгдэнэ. Олон улсын үнэлгээний агентлагууд улсыг нь банкуудтай нь өндөр эрсдэлтэй гэж дүгнээд, эдэнд мөнгөө битгий өгөөрэй гэсэн сануулгыг хөрөнгө оруулагчдад өгчихсөн хэцүүхэн үед өөрсдөдөө наалдах хэдэн төгрөгийн төлөө Таван толгойгоо таг гацааж “гэнэн царайлахгүй” байлгүй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Н.Дашзэвэг: Монголбанкны хэнэггүй, мэдлэггүй удирдлагыг солихгүй бол төгрөгөөс зугтах хандлага ихэснэ үү гэхээс багасахгүй

“Монгол” Эдийн засгийн ахлах сургуулийн захирал, доктор, гавъяат
эдийн засагч Н.Дашзэвэгтэй ярилцлаа.

-Ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногт 2700 төгрөг даваад эргэж
уруудлаа. Долларын ханшийн огцом өсөлтийн шалтгаан нь таныхаар юу вэ?

-Суурь нөхцөл муудсан. Өөрөөр хэлбэл төгрөг долларын харьцаа ихээхэн
алдагдсан байгаа. Дээр нь Монголбанк валютын ханшийн зөв стратеги, тактик баримталж
мэдэхгүй байна л даа. Монголбанк зөв бодлого явуулсан бол ханшийн уналт маш бага
байж болох байсан. Тэдний хувьд ядахдаа нөөцгүй болчихсон гэж ярихаа зогсоох ёстой.

-Төв банк энэ сарын 3-наас хойш валютын дуудлага худалдаанд оролцоогүй.
Н.Баяртсайхан ерөнхийлөгчийн “Интервенц хийгээд ч нэмэртэй юм болохгүй” гэж мэдэгдэж
байснаа нэг ам.долларын ханш 2700 төгрөг давангуут интервенц хийсэн үйлдэл эдийн
засагчдад ямар харагдсан бол. Жишээ нь танд…?

-Энэ бол агуу тэнэглэл. Монголбанкны удирдлага ийм мэдэгдэл хийх
ёсгүй. Төгрөгийн ханшаа, эдийн засгаа алах мэдэгдэл шүү дээ. Ер нь нөөцгүй болсон
тухай Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын өмнөх мэдэгдлүүд ч маш буруу. Долларын
төлөө дайнд уриалсантай ижил утгатай мэдэгдлүүд байсан. Дажгүй сэтгэдэг хүмүүс бол
төгрөгөөс салахын түүс болж байгаа нь булзах аргагүй үнэн.

-Монголбанкны ерөнхийлөгч валютын нөөцгүй, интервенц хийгээд ч ханшид
нөлөөлөхгүй, долларын ханш хэсэгтээ сулрахгүй гэх мэт мэдэгдлийг дөрөв таван удаа
албан ёсоор хийсэн. Мэргэжлийн гэхээс илүү улстөрчийн байр сууринаас асуудалд хандаад
байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэргэжлийн гэхээсээ илүү энгийн логик сэтгэлгээ алгал даа, энэ хүнд.
Монгол банк төгрөгөө, улмаар эдийн засгаа “алснаар” МАН-аа цаашдын сонгуульд оролцох
нүүргүй болгож байна. Ийм л улс төр харагдаж байна. АН-ыг шүүмжлэх аргаа олохгүй
л байна.

-Сангийн сайд хамгийн сүүлд долларын ханшийн өсөлтийг анхааралтай
ажиглаж байна гэж хэллээ. Ер нь Сангийн сайдын үг, үйлдэл мэргэжлийн түвшинд байж
чадаж байна уу. Энэ хүн ам.долларын ханшийг огцом өсгөхгүйн төлөө ямар нэг гарц,
шийдэл гаргаж, ажил хэрэг санаачлав уу, ер нь…?

-Сангийн сайд ханшаа, улмаар эдийн засгаа, улсаа ард түмнээ хорлочихлоо.
Төсвийн алдагдал, төсвийн санхүүжилт бол инфляци, ханшаа хөөрөгдөх нэг том хүчин
зүйлс мөн л дөө. Энэ тал дээл Сангийн яам муу ажиллаж байна.

-Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч зах зээлд паник, шок үүсгэхээр
мэдэгдлүүдийг удаа дараа хийх нь хэр зөв хандлага вэ, бусад улсын хувьд ямар жишиг
байдаг юм бол?

-Маш буруу хандлага. Ер нь ийм жишиг хаана ч бас байхгүй. Бусад оронд
Төвбанк, Сангийн сайд нь ингэж мэдэгдсэн бол шууд огцруулна. Улс төрийн соёлтой
оронд бол өөрсдөө сайн дураараа огцорно гэж том асуудал бий. “Уучлаарай миний зүгээс
ханш уналтын эсрэг юу ч хийж чадахгүй нь. Өөрөөр сэтгэж өөрөөр ажиллах хүмүүс байвал
энэ ажлыг хийж эх орноо авраач” гэж хэлээд л огцорно.

-Монголбанкны ерөнхийлөгч цаашид иймэрхүү маягаар улстөрчийн байр
сууринаас асуудалд хандсаар байвал байдал ямраар эргэх бол?

-Ханш улам унаж, гадаад өр 100 хувь нэмэгдэж, эцэст нь МАН л хохирно.
Орон нутгийн сонгуулиар иргэд МАН-д дургүйцэж эхэлж буйг бид бултаараа харлаа. Тэгэхээр
Төвбанкны ерөнхийлөгчийн байр суурь энэ янзаараа удвал олон нийт дараагийн сонгуулиудаар
МАН-д эсэргүүцэл үзүүлнэ.

-Ерөнхий сайд ханшийг захиргааны аргаар тогтворжуулах үүрэг чиглэл
өглөө. Ингэх нь хэр зөв шийдэл вэ?

-Одоо захиргааны аргыг хэрэглээд үзэх сүүлчийн боломж л байна. УИХ,
Монголбанк ханшийг барих захиргааны аргыг үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны
найман хувийн зээл зэргээр хийсэн бол төв банк өнөөдөр 3-4 тэрбум ам.долларын нөөцтэй
байх боломжтой байсан.

-Одоо үүсчихээд байгаа нөхцөл байдал Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгчийг
огцруулах хэмжээнд хүрсэн үү. Эсвэл энэ хоёр хүнийг харзнавал аятайхан шийдэл гарна
гэсэн хүлээлт, итгэл байна уу?

-Төвбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын мэдэгдлүүд ханшийг удирдлагагүй
унах зам руу нь туугаад л өглөө шүү дээ. Ялангуяа Монголбанкны одоогийн хэнэггүй,
мэдлэггүй удирдлагыг солихгүй бол иргэд, аж ахуйн нэгжүүдийн төгрөгөөс зугтах хандлага
ихэснэ үү гэхээс багасахгүй. Ханш гэдэг бол Төвбанкиндаа хэр итгэлтэй байгааг харуулдаг
эд. Энэ итгэлийг Монголбанкны шинэ удирлага бий болгож чадсангүй. Энэ хэрээр эрх
баригч МАН-д дургүйцэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэнэ.

-Долларын ханшийн өсөлтөөс цөөхөн хүн ашиг олж байгаа гэсэн шүүмжлэлтэй
та санал нийлэх үү. Санал нийлж байвал валютын захад ямаршуу байдал үүсчихээд байгааг
энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Ханшаар тоглодог хүмүүс, арилжааны банкууд ашиг олж байна. Валютын
зах дээр сандрал үймээн үүсээд эхэлчихсэн. Дээр нь гадныхан хатгаад өгвөл удирдлагагүй
ханш уналт, түүнийг дагасан инфляцийн цогилт хүчээ авна. Эцэст нь ядуурлын далайд
ард түмэн живнэ. 2012 оны долдугаар сарын нэгэнд долларын албан ханш 1342 төгрөг
байсан. Өнөөдөр 2452 төгрөг болчихсон. 1110 төгрөгөөр буюу 83 хувиар унасан байна.
Ханшийн энэ их уналтаас болж үгүйрч хоосорч буй иргэд, аж ахуй эрхлэгчид босч тэмцэх
эдийн засаг, нийгмийн суурь нөхцөл бүрдчихсэн гэсэн үг. МАН яаралтайгаар, цаг алдалгүй
Монголбанкны удирдлагыг солихгүй бол иргэд тэмцэлд нэгдэж босоод ирж магадгүй нөхцөл
үүссэн. Энэ тэмцэл цаашилбал УИХ-ыг огцруулах жагсаал үймээн болохыг ч үгүйсгэх
аргагүй.

-Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэлээ хөгжүүлж байж ам.долларын
ханшийг сулруулна. Засгийн газар энэ чиглэлээр ажиллаж чадаж байна уу?

-Монголд гадаадын хөрөнгө орж ирэхгүй. Аль салбарт ашиг хийх юм бэ
гэхээр хариулт олдохгүй байна шүү дээ. Иймд гадаадын хөрөнгө оруулалтыг дуудна,
таатай нөхцөл бүрдүүлнэ гэх зэрэг гэнэн бодлоо төр засгийн удирдлагууд хаях хэрэгтэй.
Оюу толгойн ил уурхайн хөрөнгө оруулалттай өнөөдрийн хөрөнгө оруулалтыг харьцуулж
ярих нь логикгүй. Харин валютаа бариад ороод ирье гээд байгаа гадны банкийг зохих
дүрэм, дэглэм, хязгаарлалт тогтоож оруулж ирэх хэрэгтэй байна.

-Таныхаар яг яавал, ямар алхмууд хийвэл ам.долларын ханшийг тогтворжуулах
боломжтой вэ?

-Валютын нөөцгүй онцгой байдал үүссэн. Энэ нь ойрын 1-2 жилдээ үргэлжлэх
хандлагатай учраас валютын нөөц, алтны олборлолт, худалдаан дээр онцгой байдлыг
бий болгож, төрийн зохицуулалтаа ухаантай хийх ёстой. Миний хувьд ийм үзэл бодолтой
яваа, УИХ-ын зарим гишүүдийг тааралдвал хэлж байгаа. Энэ арга хэмжээтэй уялдаад
экспорт, импорт дээр ч зохицуулалт хиймээр байна. Улсын төсвөө ч валютын нөөцтэй
уях хэрэгтэй.

-Дифляцийн үед мөнгөний бодлогод инфляцийг найман хувь гэж тавих
нь хэр зөв шийдэл гэж та бодож байна вэ. Зарим эдийн засагч ханш 10-20 хувиар өсөх
хүлээлтийг бий болгочихлоо гэсэн тайлбар хэлж байна…?

-2016 оны долдугаар сарын 1-нд долларын албан ханш 1992 төгрөг байсан.
Өнөөдөр 2452 төгрөг болж 460 төгрөгөөр буюу 23 хувь уначихаад байна. Энэ бол тодорхой
хугацааны дараа инфляци хоёр оронтой тоогоор өсөх суурь нөхцлийн нэг л дээ. Ханш,
инфляци хоёр бие биеэ дагаад ойролцоо хувиар өөрчлөгддөг. Гэвч иргэдийн худалдан
авах чадвар сүүлийн жилүүдэд эрс унасан учраас инфляцийг барьж, тэр ч байтугай сүүлийн
саруудад дифляц үүсгээд байгаа. Монголбанк энэ чиглэлийн тооцоо судалгаагаар муу
байх шиг байна. Төвбанкны хувьд инфляцийг өндрөөр онилох нь буруу. Инфляцийн хүлээлтийг
бий болгож төгрөгөөс зугтах үзэгдлийг хөөрөгдөж байна. Монголбанк бодлогын хүүг
нэг нэгжээр нэмэх юм уу бууруулахад ханш, инфляци, эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл,
төлбөрийн болон гадаад худалдааны тэнцэлд ямар хугацаанд ямар тооны өөрчлөлт авчрах
вэ гэдгээ хэлж мэдэхгүй байна. Таамгаар хөдөлж байна гэсэн үг.

Засгийн газар, Сангийн яам төсвийн хүрээний мэдэгдэл, улмаар эдийн
засгийн өсөлтөө гурван жилээр таамаглаж болоод байхад Монголбанк төлбөрийн тэнцлээ
гурван жилээр харж ханшийн сценариа бас л гурван жилээр харж ярьж чадахгүй, мэдэхгүй
байна. Мэдлэг нь дутаад байна л даа. Гадарладаг эрдэмтдээсээ зөвлөгөө авах ч үгүй
юм.

-Том төслүүдээ хөдөлгөх нь гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах
нэг том суваг гэж эдийн засагчид хэлж байгаа. Энэ Засгийн газарт одоо яригдаж байгаа
том төслүүдийг хөдөлгөх чадамж байна уу?

-Хөдөлгөх нь гол биш. Ухаантай хөдөлгөх нь чухал. Таван толгойг зөв
болгомоор байна. “Чалко”-тай хийсэн хулхи гэрээг төр засгийн өндөр түвшинд ярьж
өөрчлөхгүй бол компанийн захирлууд өөрчлөх боломжгүй. Хятадын Засгийн газартай төмөр
замын тээврийн дамжин өнгөрөх гэрээ, далайн боомт ашиглах гэрээ гэх мэтээ яаралтай
байгуулмаар байна. Тэгвэл нүүрс, төмөр зам гэх мэт салбаруудад хөрөнгө оруулагчид
орох гэж уралдана, үнэ өснө. Засгийн газрын бонд ч үнэ хүрээд эхэлнэ.

-Долларын ханшийг чангалахгүй байх нэг хөшүүрэг бол мэдээж экспорт.
Экспортын чиглэлийн үйлдвэрлэлийг дэмжихэд өнгөрсөн засгийн үед хэр анхаарсан гэж
та боддог вэ. Энэ Засгийн газрын үед экспортын үйлдвэрлэлд анхаарч чадаж байна уу?

-Экспортыг нэмэгдүүлэх боломжтой ямар компани байна түүнийгээ л дэмжье.
Одоо шинэ төсөл гэх цаггүй болж байна. Экспортын үндэсний зөвлөлийг үйлдвэрлэгчид,
эрдэмдтийн оролцоотой яаралтай байгуулж, Ерөнхий сайд нь удирдаж сар бүр хуралддаг
болох хэрэгтэй. Төслийн зөв тооцоо судалгаа чухал байна. Хөгжлийн банк, Чингис бондоор
дөрвөн цементийн үйлдвэр байгуулсан нь илүүдэл үүсгэчихсэн. Үнэнийг хэлэхэд Хятад,
Орос хоёр Монголоос цемент авахгүй. Валютын тогтмол, уул уурхайн бус эх сурвалж,
нөөцтэй болохгүй бол Монгол Улс 5-10 жилийн дараа газар нутгаасаа өгөхөд тулах эрсдэл
байна. Энэ удаа ч яахав, ОУВС, Хятадын зээл гэх мэт түр аргалах хэрэгсэл олдож болох
байх. Арван жилийн дараа арван талаас зэрэг “архирвал” бид яах болж байна вэ гэдгээ
санаж ажилламаар юм даа.

-Монгол банк яг одоо ямар бодлого явуулах ёстой гэж та бодож байна?

-Дэлхийн санхүүгийн зах зээлээс тусгаарлагдсан Монголын өвөрмөц хөрсөнд
ургах тэр бодлогыг Монголбанк явуулах ёстой. Юугаа онилохоо мэдэхгүй байна л даа.
Зах зээл хөгжсөн орнуудад инфляцийг дагаад санхүүгийн хүүнүүд нь хоорондоо уялдаад
хөдлөөд явчихдаг. Төвбанкууд нь ч уялдуулсан, хамтарсан бодлого явуулдаг. Гэтэл
монголд тийм биш байгаа. Инфляци хасах гарч байхад хүүнүүд 15-25 хувьтай л байгаа
нэг хэлбэр. Энэ бол Монголын санхүүгийн зах зээл гажигтай, стандарт биш байгааг
харуулж байна. Гадны санхүү, банкны байгууллага ч Монголд алга, дотоод өрсөлдөөн
ч алга. Стандарт биш арга хэмжээ л мөнгөний зах зээлийн өвчнийг анагаана. Энэ бол
төрийн зохицуулалтыг ухаантай, чадварлаг явуулах хэрэгтэйг харуулж байна. Монголбанкны
удирдлага над мэтийн эрдэмтийг уриад бодлогоо хянуулж, зөвлөгөө авч болно шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Яст мэлхий шиг гэлдэрч байсан ханш кенгуру мэт үсэрсний буруутан хэн бэ?

“Өдрийн сонин”-ы №261 /5526/ дугаараас авч нийтлэв

Америк долларын ханш 2700 давж галзуурсан хойно Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төвийн захирал Б.Лхагважав “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш сүүлийн хоногуудад огцом суларлаа. Үүнийг Монголбанк тэнцвэрт түвшнээсээ хэт хөөсөрсөн, түр зуурын шинжтэй гэж үзэж байна. Монгол Улсын Засгийн газрын олон улсын санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай хийх хэлэлцээр үр дүнтэй болж, ойрын хугацаанд санхүүжилтийн асуудал шийдэгдэхээр болсон. Монголбанкнаас ханшийн огцом хэлбэлзлийг тогтворжуулахад шаардлагатай бүхий л арга хэмжээг авна гэдгийг үүгээр мэдэгдэж байна” гэсэн модон үгтэй тайлбар хийв. Төв банкнаас зарласан хэвлэлийн хурлыг зорьж очсон сэтгүүлчдэд Б.Лхагважав захирлаас асуух асуулт олон байсан ч Монголбанкнаас гаргасан мэдэгдлийг “ба”, “бэ”-гүй уншиж танилцуулснаас өөр мэдээдэл өгсөнгүй. Та нар өөрсдөө анализ хий, эдийн засагчдаас асуу гэсэншүү битүү хатуу үг унагаад гарч одов. Ийнхүү Монголбанк яг ямар арга хэмжээ авч, ноён ногооныг номхруулах гэж байгааг зөвхөн тааж хэлэх үүрэг л сэтгүүлчдэд үлдсэн юм.

Монголбанкны хувьд өчигдөр хэвлэлийн хурал хийж бүрхэг утгатай мэдэгдэл хийснээс гадна банкуудыг хүсээд байхад өгөөгүй доллар, юаниа ээлжит бус дуудлага худалдаа зарлаж яаран сандран зах зээлд нийлүүллээ. Банкууд 2450-2490 төгрөгийн ханшаар 72.4 сая ам.доллар, 358.23-364 төгрөгийн ханшаар 73 сая юань худалдан авах санал өгсөн ч Монголбанк өмнөх өдөр нь дуудлага худалдаанд оролцоогүй юм. Төв банк яагаад дуудлага худалдаанд оролцсонгүй вэ гэсэн асуулт үүсчихсэн тэр үед Н.Баяртсайхан ерөнхийлөгч “Валютын ханшийг интервенцээр барих боломжгүй боллоо” гэсэн мэдэгдэл хийж даарин дээр давс нэмж орхисон. Гай, ачааг нь монголчууд өнөөдөр түрийвчин дэх хэдээрээ мэдэрч сууна. Төв банкны ерөнхийлөгчийг ийм мэдэгдэл хийснээс хойш ердөө цаг гаруйхан хугацаанд ам.долларын ханш 100 гаруй төгрөгөөр өсч түүхэн рекорд тогтоосон юм. Н.Баяртсайханы хувьд ажлаа авснаасаа хойш долларын ханшид нөлөөлсөн иймэрхүү мэдэгдлийг лав л дөрөв, таван удаа албан ёсоор хийгээд байгаа. Уг нь Төв банк уржигдар хуваарь ёсоороо валютын дуудлага худалдаанд оролцсон бол доллар 2700 давж өсөхгүй байсан гэх гаргалгааг эдийн засаг мэдэхгүй энгийн иргэн ч хийчихнэ. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа дэлхий даяараа ам.долларын ханш уруудаж байхад Монголд эсрэгээрээ цойлсон шалтгаан нь ердөө энэ.

Өмнөх дөрвөн жил ам.долларын ханшийг шүүмжилж суусан МАН-ын гишүүд “Эдийн засаг тартагтаа тулчихсан учраас яах ч арга алга” гэж мөрөө хавчицгааж байна. Яг үнэндээ эдийн засаг зөвхөн өнөөдөр ингэтлээ сульдчихсан юм биш л дээ. Өнгөрсөн таван жилийн турш яг л ийм нөхцөлд монголчууд аж төрсөн. Гэхдээ тэр жилүүдэд ам.долларын ханш яст мэлхийн хурдаар аажуухан өссөн. Тодруулж хэлбэл, өмнөх засгийн үед 600-хан төгрөгөөр өссөн бол энэ засгийн өнгөнд кенгуру мэт үсэрч ердөө дөрөвхөн сарын дотор 600 төгрөгөөр өсчихлөө. Ам.долларын ханшийг атгаж суугаа нь улс төрийн тохироогоор гарч ирсэн Увсын хоёрын нөхөр. Хоёулаа улстөрч. Тодруулж хэлбэл, нэг нь Н.Баяртсайхан, нөгөө нь Б.Чойжилсүрэн. Намынхаа дохиогоор хөдөлдөг улстөрч Монголбанкийг тэргүүлэх нь ямар балагтайг монголчууд ахиад л мэдэрч эхэлж байна.

Үнэн хэрэгтээ ханшийг ингэж сулруулах хэмжээнд валют жигтэйхэн эрэлттэй болчихсон юм биш л дээ. Монголын эдийн засагт итгэх итгэл өнгөрсөн долоо, наймдугаар сард эрс муудсан, төр засгийн бодлогод итгэх хүн алга гэдэг бол хамгийн том шалтгаан. За тэгээд хямраад удаж буй эдийн засгаа сэргээх гарц шийдэл ярихгүйгээр өмнөхөө муулахаас өөрийг хийгээгүй МАН-ын тактик зах зээлд таалагдаагүй нь тодорхой асуудал. Төв банкны тэргүүний мэргэжлийн бус мэдэгдэл, үйлдлийн талаар ярих юм биш. Богино хугацаанд своп хэлцэл хийхээ зогсоосон, валютын дуудлага худалдаанд хойрго хандаж доллар огцом өслөө ч төв банк оролцохгүй юм байна гэсэн сөрөг сигналыг зах зээлд өгсөн, бодлогын хүүг огцом өсгөсөн гэж ирээд яривал ноён Н.Баяртсайханы санаатай ба санаатай бус үйлдэл хэрээс хэтэрснийг эдийн засагчид шүүмжилж байна. Засгийн газрын уржигдрын хуралдаанаар гүйцэтгэх засаглалын тэргүүн ханшийг захиргааны аргаар тогтворжуулах үүргийг Сангийн сайдад өгсөн нь зах зээлд паник үүсгэсэн гэж үзэх шинжээч ч байна. Долларын авах, зарах ханшийг захиргаадаж тогтоох нь гэсэн сөрөг хүлээлт ханшийг ёстой галзууруулж орхисон. Ядаж байхад Сангийн сайд өчигдөр “Засгийн газар долларын өсөлтийг анхааралтай ажиглаж байна” гэсэн гэнэн гэхэд хэтэрсэн мэдэгдэл хийж огцом муйхарлав. Төр засгийнхны ээлж дараалсан иймэрхүү ухвар мөчид мэдэгдлүүдийн хариуд гадагшаа төлбөр тооцоо хийж байгаа аж ахуйн нэгжүүдэд доллар олдохоо болиод байна. Өчигдөр гэхэд л “Хаан”, “Голомт”, “Хас” банкуудын хэд хэдэн салбараар ороход доллар зарахгүй гэсэн хариу өгсөн юм. Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми “Засгийн газар, Төв банк тодорхой бус бодлого бариад байна л даа. Яг яах нь тодорхой бус байгаа учраас ханшид сөрөг нөлөө үзүүлэхээс аргагүй. Цаг алдалгүйгээр эдийн засагт эерэг дохио өгөхгүй бол ханшид нөлөөлсөөр байх болно. Засгийн газрын хүндрэлээс гарах төлөвлөгөө хэзээ батлагдаж яаж хэрэгжих нь тодорхойгүй, өөх ч биш, булчирхай ч биш байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Ногоон валютыг дахин өндөр авахуулахгүйн тулд Монголбанкны зүгээс богино хугацаат своп хэлцлээ хийдэг болох, ханшийн огцом хэлбэлзлийг зөөлрүүлэх өмнөх бодлогыг зогсоох биш үргэлжлүүлэх, валютын нөөц дөрвөн сарын импортын хэрэгцээг хангах түвшинд байгаа гэдгээ зарлах гэсэн зөвлөгөөг эдийн засагчид өгч байна. Мэдээж Төв банкны ерөнхийлөгчийн валют олох өөр боломжууд ч бий, зах зээлээ удирдаж чадна гэсэн эерэг мэдэгдлүүд зах зээлд үгүйлэгдэж байгаа. Товчхондоо, ийм чадваргүй, мэдлэггүй, мэдрэмжгүй, мэргэжлийн бус, коммунист эрх баригчдад хувийнхан, санхүүгийн захынхан итгэхгүй байгаа нь долларын галзуурлаар дамжин илэрч байна.

Гэхдээ валютын дуудлага худалдаанд оролцохгүй гэж байснаа ам.доллар 2700 давангуут зах зээлд валют нийлүүлж байгаа Монголбанкны үйлдлийг гэнэн тэнэгтээ, юу ч мэддэггүйдээ ингэчихлээ хөөрхий гэж тайлбарлавал хэтэрхий өрөөсгөл дүгнэлт болно. “Доллар өндрөө авч, нийгэм даяараа бужигнах мөчийг хүлээх…” гэсэн улстөрийн тактик бийг шинжээчид үгүйсгэхгүй байна. ОУВС-гаас “Стэнд бай” авах гарцаагүй шаардлага байгааг нийгэмд мэдрүүлэхийн тулд ийм жүжиг тавих санаа эрх баригчдад төрсөн байж мэдэх юм. Шок үүссэний дараа “ОУВС, Азийн хөгжлийн банкны зөвлөснөөр… “ гэсэн аятайхан тайлбартайгаар Таван толгойг хөдөлгөхөд хэн дургүйцнэ гэж. Барилгын салбарыг унасан дээр нь гишгэж, ипотекийг ор нэр төдий хөдөлгөсөн болж байгаа нь ерөөсөө л банкны салбарт итгэх итгэлийг бууруулах тактик гэсэн хардлага бас бий. Тэгэхээр засгийн дараагийн алхам Bank of China ч байж мэднэ. “Ингэхгүй бол доллар яалаа, мартаагүй биз дээ” гэсэн сануулга дагалдчихаар хэн ч юу ч ярихгүй гэсэн давхар тооцоо саяны шуугиан, дуулианы цаана байсан гэж таамаглах шинжээчид ч байна.

Иргэд өмд авч хүчрэхээ больтлоо мөнгөгүйджээ

Ам.долларын ханш иргэдэд хэр нөлөөлж байгааг тандахаар “Sunday”, “Баялаг ундраа” худалдааны төв, “Нарантуул” захаар орсон юм. Ажлын өдөр болоод ч тэр үү, түм түжигнэж өнждөг “Нарантуул” зах хүн цөөтэй байв. Өвлийн куртка худалдаалдаг С.Чанцал “Долларын ханш цаг, минутаар өсч буй энэ үед иргэдийн амьдрал ч тэр хэрээр доройтож байна. Энэ бүхнийг хараад суухаас өөр хийж чадах зүйл байхгүй болохоор яалтай ч билээ. Хүмүүсийн дулаан хувцсаа зэхдэг энэ үе уг нь бидний хувьд хамгийн ашигтай цаг. Одоо тийм биш болжээ. Сардаа хоёроос гурван удаа урагшаа явж бараагаа татдаг байлаа. Гэтэл сүүлийн үед хэзээ бараандаа явахаа мэдэхээ больсон. Юань өсөх хэрээр бид барааныхаа үнийг нэмдэг. Ингэж байж л түрээс, ашгаа гаргана. Төгрөг цаас болчихжээ. Төр засгаас авч болох бүх л арга хэмжээгээ аваасай гэж хүсмээр байна. Ард, иргэд чинь элгээрээ хэвтэж байна шүү” хэмээн бухимдангуй хэлж байлаа.

Гутлын лангуугаар явахад арьсан, загварлаг гутал сонирхож байгаа хүн цөөнгүй ч яг мөнгөө тоолоод авах нь ховор байв. Худалдагч “Юань өссөн. Гутал доошоо ярихгүй” гэх нь дуулдлаа. Хамгийн хямд, төсөр бараатай гэх захын лангуун дээр өвлийн гутлуудыг 45-280 мянган төгрөгөөр худалдаалж байна. Малгай ороолт зардаг С.Цагаанчулуун “Урьд нь өдөртөө 15-20 ширхэг малгай, ороолт зарчихдаг байлаа. Одоо бол хамгийн сайндаа наймаас есөн ширхгийг л зарж байна. Өнөөдөр гэхэд ганцхан малгай, ороолт зарлаа” гэв. Найзыгаа дагуулан өвлийн хувцсаа бэлдэхээр яваа Б.Аззаяа “Куртик, гутал авахаар ирлээ. 100 мянган төгрөгт багтаагаад авчихна гэж бодсон чинь хүрэхгүй нь. Өнгөрсөн жилийн өдийд ийм байгаагүй. Хэдэн төгрөгөөр буулгах уу гэхээр “Юань өссөн” л гэх хариу өгч байна. Ингээд өсөөд байвал нүцгэн гүйх бололтой” хэмээн ярилаа.

Ноосон өмд худалдаалдаг Б.Нямсүрэн “Түрүүхэн аав, ээж, хүү гурав ирээд өмд сонирхсон юм. Үнэтэй байна гээд хүүдээ л аваад явлаа. Аав, ээж хоёр нь хуучин өмдөө өмсье гээд худалдаж авсангүй. Би ноосон өмдөө хамгийн үнэтэйдээ 15 мянган төгрөгөөр зарж байна. Гэтэл саяын хоёр залуу хүүдээ 8000-ын нимгэн өмд авсан. Бараандаа удахгүй явах гэж байгаа. Юань өссөн болохоор үүнээс хамаагүй үнэтэй зарж таарна. Тэгэхээр ингэтлээ мөнгөгүйдсэн ард түмэн өмд ч авч өмсч хүчрэхгүй нь дээ охин минь” гэв. Валютын ханш амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдээс асуухад “Буух сураг ажиг байна уу, цаашид арай ингээд өсөөд байхгүй биз дээ” гэж эргэж асуух нь олонтоо байв.

Захын хажуугийн “Баялаг ундраа” төвд гурил, будаа худалддаг Н.Цацрал “Манайд бараа нийлүүлдэг борлуулагч удахгүй доллар дахиад өсч магадгүй гээд ургамлын тос, гурил, будаа, элсэн чихэр гээд нийлүүлдэг бараануудаа бөөндөхөөр авчирлаа. Арай хямд байгаа дээр нь авчихсан нь дээр ч байх гэж бодоод авсан. Хэзээ дахиад доллар өсчих бол гээд л дайн, дажин болох гэж байгаа юм шиг айдастай сууж байна” гэсэн юм. Худалдан авалт үнэхээр багассан нь илт. “Баялаг ундраа” төвийн хажуудах хүнсний бөөний худалдааны цэгүүд эл хуль байв. Худалдагчид нь урдуур хойгуураа явах хүмүүсийг чирэх нь холгүй “Нааш ир. Юу авах вэ. Манайд ор” гэхчилэн дуудацгаана. Иргэд хүнсний ногоо гэхээс илүү мах, гурилаа л авахыг бодож байх шиг байна гэж наймаачид ярьж байлаа.

Долларын галзуурал гутал, куртканы үнийг 10-15 мянгаар өсгөөд байна

“Sunday” худалдааны төвөөр ороход харин үйлчлүүлэгчид харьцангуй олон байв. Куртка, өвлийн гутлын лангуунууд бухимдсан хүмүүсээр дүүрэн. Наймаачид куртка, гутлынхаа үнийг дор хаяж 10-15 мянгаар нэмжээ. Гутлын лангуу түрээсэлдэг Д.Пүрэвжав “Сүүлийн гурван хоног доллар, юанийн ханш өссөнтэй холбоотойгоор гутал болоод бусад барааны үнэ 10-15 мянган төгрөгөөр нэмэгдсэн. Худалдан авалт муу байна. Ханш нь тэгтлээ өссөн мөртлөө банк юань, доллараа зарахгүй байна. Би өнөөдөр хоёр ширхэг гутал л зарлаа. Бусад лангууныхан маань ч ялгаагүй. Одоо лидерин гутал 90 мянган төгрөгөөр зарагдаж байна. Урьд нь арьсан гутлыг 90-100 мянган төгрөгөөр зардаг байсан. Гэтэл одоо доод тал нь 160 мянган төгрөг. Арьсан гутал авч байгаа хүн бараг алга. Чийг татдаг байсан ч хамаагүй гээд хямдыг нь л сонгож байна даа. Ер нь “Нарантуул” зах, “Sunday” худалдааны төвөөр нийгмийн дунд болон түүнээс доош давхаргын хүмүүс үйлчлүүлдэг. Долоо хоногийн өмнө ирээд үзэхэд бага үнэтэй байсан өнөөдөр яагаад нэмэгдчихэв” гээд л худалдан авагчид бидэнд буруу өгөх юм. Бид дурандаа нэмээд байгаа юм биш доллар, юань өсөхийн хэрээр л алдагдалд орохгүйн тулд ингэж байгаа юм шүү дээ” гэж ярилаа.

Ихэнх худалдаачид Хятадын бөөний наймаачидтай тохиролцож ажилладаг юм байна. Авах барааныхаа 10-30 хувийнх нь мөнгийг бэлнээр төлөөд үлдсэнийг нь зээлээр авдаг гэнэ. Юань хямд байхад зээлээр авсан барааныхаа үнийг юань өсөнгүүт өсгөхөөс аргагүй болдог нь ийм учиртай гэсэн тайлбарыг наймаачид өгч байсан юм. Худалдан авалт эрс буурсан гэдгийг уулзсан хүн бүр хэлж байв. Зарим наймаачид төдий тооны бараа авна гэж урьдчилгаа арваас гучин хувийн мөнгөө хятад түншдээ өгчихсөн ч эхнээсээ захиалгаа цуцлаад эхэлжээ. “Урьдчилгаа мөнгө ч дүүрчээ. Авах юм учиртай. Баахан бараа аваад ирдэг, зарагдахгүй бол бөөн дараа” гэсэн үгийг хэд хэдэн хүнээс сонсов. Бараагаа бүр татахаа больсон олон наймаачин байгаа гэнэ. Тус төвд лангуу түрээсэлж бэлэн хувцас зардаг Д.Чимэгсайхан “Манай орон дампуурлын ирмэгт ирчихсэн юм биш үү. Оффшор данстай, доллар хуримтлуулсан хүмүүс бидний хэрхэн зовж, ямар хүнд бэрхшээл туулж явааг мэдэхгүй. Доллар, юанийн өсөлт иргэдийн амьдралд яаж нөлөөлж байгааг энд ирээд бодитоор хараач гэж улстөрч, дарга нарыг уриалмаар байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Манайх шиг засаглалтай оронд “Bank of China” орж ирээд ч гавьтай зүйл болохгүй

Эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.

-Олон улсын валютын сан уу, Хятадын хөнгөлөлттэй зээл үү гэсэн хоёр хувилбар ид яригдаж байна. Таныхаар аль хувилбар нь дээр вэ?

-Монгол Улсын Засгийн газар шууд төлөх ямар ч чадваргүй болтлоо гадаад, дотоодын өрөнд баригдсан учраас хүнээс мөнгө гуйж таарна. Гуйхдаа мэдээж зээлж авна. Бага хүүтэй, урт хугацаагаар өгөх боломжтой нь Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл байх. ОУВС тодорхой нөхцөлтэйгөөр өгдөг. Энэ удаад ОУВС, Хятад хоёр хамтрах боломж бий гэж харж байна. Учир нь Хятадын мөнгө саяхан ОУВС-д орсон. Тэгвэл бид өрөө дарах хэмжээний зээл авчих болов уу. Мэдээж өр дарлаа гээд эдийн засагт өөрчлөлт орохгүй. Гэхдээ энэ маягаараа цаг алдвал илүү их өрөнд орох эрсдэлтэй. Төр засаг эдийн засгаа удирдаж чадахгүй, нийт ард түмнийг гэхээс илүү тодорхой бүлэглэлийг төлөөлөөд байна л даа.

-Бизнесүүдийг дэмжиж байж л эдийн засаг тэлнэ. Компаниудаа яаж дэмжвэл үр дүнд хүрэх бол?

-Бизнесээ дэмжихийн тулд үнийг чөлөөлж, төр бизнест оролцохоо болих хэрэгтэй. Төрийн өмчит компаниудыг бүгдийг нь хувьцаат компани болгох шаардлага бий. Чөлөөт өрсөлдөөнийг урамшуулж, бонд гэх мэт есөн шидийн мөнгийг хувааж нууж өгдгөөсөө татгалзах ёстой.

-Дифляци гэсэн ойлголт эдийн засагт гараад ирлээ. Иргэдийн худалдан авах чадвар унасан учраас ийм үзэгдэл ажиглагдаж байна гэх юм…?

-Худалдан авах гэж юуг хэлээд байна гэдгээс эхэлнэ л дээ. Хоол хүнс, өргөн хэрэглээний бараа авах нэг хэсэг бий. Нөгөө талд хадгаламжаасаа том зүйл худалдаж авах дунд ангийн хэрэгцээ гэж байгаа. Энэ утгаар нь авч үзвэл хүн амын 20 хувь ядуу байна. Ахиад 20, 30 хувь нь ядуу руу ороход бэлэн болчихсон. Хэзээнээсээ өндөр хувьтай байгаагүй дундаж анги харьцангуй багасчихлаа. Тийм учраас сегмент болгоны худалдан авах чадвар юунаас хамаарч байна вэ гэдгийг хэлэхгүй бол ерөнхийлөхөд хэцүү. Жишээ нь өндөр орлоготой хүмүүс дуртайгаа хэрэглээд явна. Хадгаламжтай хүмүүс нэг хэсэгтээ тэвчинэ. Бага орлоготой хэсэг буюу хүн амын бараг хагас нь хэцүү байдалд байгаа нь үнэн. Үүнээс гарах гарц нь ажлын байр. Ажлын байрыг хувийн хэвшил бий болгодог. Хувийн хэвшилд ажлын байр нэмэх боломж одоогоор алга. Ер нь хувийн хэвшил хумигдаж байна. Компаниудын худалдан авах чадвар буюу хөдөлмөрийн бүтээмж бага байгаа. Өөрөөр хэлбэл эдийн засаг идэвхгүй болж байна гэсэн үг.

-Эдийн засаг идэвхгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хямралын байдалд орчихоод идэвхгүй болчихлоо л доо. Гадагшаа экспортолдог бүтээгдэхүүний үнэ уначихаар уул уурхайн салбар уруудлаа, ийм шалтгаанаар хямарсан гэж яриад байгаа. Үнэн хэрэгтээ тийм биш. Монголын хувьд үүнээс илүүтэйгээр улс төрийн, засаглалын чанартай хямрал нүүрлэсэн. Бид бонд авснаас болж өрөнд орсон. Бондоо юунд зарцуулахаа төлөвлөлгүйгээр авсан. Энэ бол засаглалын асуудал. Юунд зарцуулахаа тохироогүй, шийдээгүй байж хүнээс мөнгө зээлнэ гэдэг хариуцлагагүй явдал. Тэгээд сандрангуутаа зам тавьчихсан. Гэтэл замыг урт хугацааны дэд бүтцийн хөгжлийн зээл гэж тусдаа зээлээр тавьдаг. Мөнгөө яаж хуваасан нь ил тод биш, бүлэглэлүүд нь хуваагаад авчихдаг гэж ирээд яривал асуудал их бий.

-Дээгүүрээ мөнгө хувааж идээд байгаа бүлэглэлүүдийг задалж хүчийг нь сулруулахын тулд яах ёстой юм бол?

-Ардчилсан оронд зах зээл гэдэг аж ахуйгаа хянаад явдаг зах зээлийн ардчилал гэсэн ойлголт байдаг. Манайд үүнийг явуулах сонирхолгүй хүмүүс төр засаг хянадаг болгоод хувиргачихсан. Улс төрийн нам гэдэг олон хүний үзэл бодлыг илэрхийлдэг институци байхаа больчихлоо л доо. Тодорхой хэсэг бүлэглэлийн сонирхлыг төлөөлсөөр өнөөг хүрсэн. Үүнийг зогсоож, улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод болгох хэрэгтэй. Улс даяар иргэний нийгмийг хүчтэй болгох шаардлага бий. Ер нь зах зээлийн ардчилалд хамгийн чухал хүчин зүйл бол иргэдийн, иргэний нийгмийн хяналт шалгалт байдаг. Энэ механизмыг сэргээхгүйгээр хямралаас гарахгүй. Ойлгохгүй удах тусам хямралд илүү их өртөнө. Төлбөрийг нь бүгдээрээ нийлээд төлнө. Хожих хүмүүс нь бидний нэрийн өмнөөс шийдвэр гаргаж өөрсдөө завшаад байгаа этгээдүүд.

-Эрдэнэтийн 49 хувь дээр ямар байр суурьтай байгаа вэ, төр зуун хувь авах нь хэр зөв шийдэл бол?

-Ер нь бол Оросын Засгийн газраас Эрдэнэтийн хувийг авах нь зөв. Процедурын хувьд эргэж харах асуудал бий. Эрдэнэтийн хувийг Монголын Засгийн газраас ч авах хэрэгтэй.

-Эрдэнэтийн хувьтай холбоотой асуудлыг УИХ хэлэлцээд Оросын талд байсан 49 хувийг төр засаг авчихлаа гэж бодъё. Тэгвэл Эрдэнэт өнөөдрийнхөөсөө ч уруудна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Мэдээж. Монголын төрийн эрхийг улс төрийн намууд гартаа авдаг. Улс төрийн намууд нь хэн бэ гэхээр том асуултын тэмдэг гарчихаад байна л даа, яг өнөөгийн нөхцөлд. Товчхондоо, ил тод биш бизнесийн бүлэглэлүүд улс төрийн намуудыг худалдаад авчихсан.

-Таван толгой гэх мэт том төслүүд яагаад ч юм урагшилж өгдөггүй. Таны яриад байгаа бүлэглэлүүдийн зодоон том төслүүдийг гацаагаад байна уу?

-Бизнесийн нууц бүлэглэлүүд буюу ил тод биш үйл ажиллагаатай компаниудын л хийж байгаа ажил. Дахин хэлэхэд улс төрийн намыг хувьчлаад авчихсан нь гол асуудал болоод байна.

-Улстөрчид энэ тэр нам гэхээс илүү, ашиг сонирхлоороо нам дамжаад нэгдчихлээ гэсэн шүүмжлэл таны хэлж байгаатай агуулга нэг санагдлаа…?

-Компаниуд улс төрийн аль аль намд нь орчихсонд хамаг учир байгаа юм. Энэ талаас нь харахаар улс төрийн нам гэдэг институци бараг алга болчихсон. Ганц манайд ч биш посткоммунист орнуудад улс төрийн намууд гэсэн институциудыг нөлөө бүхий бизнесийн нууц бүлэглэлүүд, үйл ажиллагаа нь тодорхой биш бизнесийн группууд авчихсан байгаа. Монголын удирдлагууд гэхэд л бүгдээрээ том бизнесийн эзэд. Тэр хүмүүсийн хоорондын тохиролцоогоор бүх зүйл өрнөж байна. Намын нэр, өнгө ямар ч хамаагүй болчихсон. Түүн шиг худлаа юм байхгүй.

-“Bank of China” Монголд салбараа нээх асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Улс төрийн бүлэглэлүүдийн эрх ашгийг хөндөх учраас эсэргүүцээд байна л даа. Ер нь манайх шиг засаглалтай оронд “Bank of China” шиг банк орж ирээд гавьтай зүйл болохгүй дээ. Оруулсан нэртэй, гарсан ч юм шиг, орсон ч юм шиг ажиллах болов уу. Жинхэнэ либериал эдийн засагт бусад орнуудын банк орж ирэх нь тийм онцгой асуудал биш. Ер нь өндөр хөгжилтэй, зөв явсан улс оронд мөнгөний, хөрөнгийн урсгал чөлөөтэй байх тусмаа сайн. Гэхдээ төр засаг нь авлигагүй байх ёстой.

-Тэгэхээр одоо яах ч ёстой юм…?

-Наадах чинь асуулт л даа. Иргэний нийгэм хүчтэй хөгжиж, төр засгийг хянадаг шалгадаг системийг хүчирхэгжүүлэхээс өөр ямар ч сонголт байхгүй. Иргэний нийгмийг хүчтэй хөгжүүлэхийн тулд хараат бус хэвлэл мэдээллийг хүчтэй хөгжүүлэх ёстой. Гол шалтгаан нь бидний толгойноос коммунист сэтгэлгээ арилахгүй байна. Хүчнээс айж байна, хүчний байгууллагууд нь хүчтэй байна. Улс төрийн намуудын удирдлагыг үг дуугүй дагадаг яахаас ч буцахгүй бүлгүүд бий болчихож. Үүнээс гарахын тулд хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Харамсалтай нь ярилцах механизм нь бага байна.

-“Де факто”-гийн зочид их сонирхолтой хүмүүс байдаг. Зочдоо ямар шалгуураар сонгодог вэ?

-Амьдралдаа өөрчлөлт хийсэн, нийгэмд нөлөө болохуйц үзэл санаатай, том хэргийн төлөө зүтгэдэг хүмүүсийг урихыг оролддог. Нэвтрүүлгээ орос, англи, монгол хэлээр хийж байна. Орос, англи хэл эзэмшлээ, баруун зүүнгүй сурлаа, олж авсан мэдлэгээ олон хүнд хүргэе гэсэн чин хүсэлтэй явдаг. Энэ бүхнээ ашиглаад нэлээд баян болъё гэсэн зорилго тавьж байснаа больсон (инээв).

-Хамгийн сонирхолтой ярилцагч чинь хэн байв?

-Олон хүн бий. Мэдээж Далай лам маш сонирхолтой ярилцагч. Уянга гээд хараагүй бүсгүй байна. Яг хараатай юм шиг амьдарч яваа эмэгтэй. Ийм хүмүүсээс эрч хүч авдаг. Улс орны лидерүүд, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, хаан, ханхүү, Нобелийн шагналтан гээд яривал сонирхолтой зочид олон доо. Энэ бүхний цаана тодорхой хувь заяа, өөрчлөлт байдаг. Тэр бүхэн нь яаж бий болсон, ямар зан характер, хэр тэвчээртэй хүн ийм зүйл хийж чаддаг вэ гэдгийг яриулах сонирхолтой шүү. Ер нь амжилтын цаана асар их хөлс хөдөлмөр, шударга ёс, сахилга бат байдаг юм билээ.

-Тэгвэл урьж ярилцахад нэлээд цаг авсан зочин хэн бэ?

-Далай лам. Ярилцах гэж нэг жил хөөцөлдсөн.

-Уриад ярилцаж чадаагүй яваа, ярилцахсан гэж хүсдэг хүн гэвэл хэн байна?

-Түдэв гуай. Хэнээр ч яриулаад хавьтуулахгүй байна. Ухаан санаа нь саруул байгаа дээр ярилцаад авахсан гэж бодох юм. Ер нь энэ хорвоод гайхамшигтай хүмүүс олон бий. Тэр хүмүүсийг монголчуудтайгаа уулзуулж, нөлөөлөхүйцээр асуулт тавиад яриулахсан гэж зорьж явна даа.

-Гадны томчуудаас урихаар төлөвлөсөн хүмүүс өчнөөн биз?

-Зөндөө бий. Тодорхой улсын удирдлагуудаас байгаа. Гэхдээ одоохондоо нэрийг нь дурдаад яахав. Саявтар хойд хөршийн төмөр замын дарга байсан Якунинтай ярилцлаа. Монголд телевизийн ярилцлага өгдөггүй хүн байгаа юм. Их ширүүн характертай нөхөр. Ярилцлага хийх тохиролцоог дөрөвдүгээр сард Москвад хийгээд энд ирэхэд нь ярилцсан.

-Та эдийн засгийн чиглэлээр нийтлэл бичээд нэлээд удаж байна. Ер нь анх хэний саналаар бичиж эхэлсэн юм бэ?

-Талийгаач Ц.Балдоржийн саналаар. 2009 оны долдугаар сарын 1-нээс бичихээр шийдсэн юм. Хөтөлдөг булангаа нэг ч долоо хоног алгасаагүй. Бичсэн нийтлэлээ бизнес радио 98.9-д орой бүр 18.30 цагт өөрөө уншдаг. Энэ жилээс “Де факто тойм” гэж хийж эхэлсэн. Долоо хоногийн онцлох дөрөв, таван үйл явдлыг, яагаад ийм юм болов гэдгийг хараат бусаар тайлбарлахыг оролдож байна. Юу ч хийгээгүй хэрнээ би тэгэх байсан юм гэж ярьдаг хүмүүсийн нэг болчих вий гэж айдаг. Эргээд харахад өөрөөс хамаарах бүхнээ хийжээ гэсэн мэдрэмж төрөхөөр амьдрах хэрэгтэй. Ер нь би их өөдрөг хүн. Улсаа хөгжиж дэвжинэ гэдэгт итгэдэг. Хүн амын маань хагас нь залуус, дарангуйллын системийг мэдэхгүй хүүхдүүд өсч өндийж байна. Тэр хүүхдүүд эрхийг нь хязгаарласан зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь монголчууд хамтраад, хийж бүтээгээд, бүтээснээ дэлхийд зарж борлуулаад сайхан амьдрах бүрэн боломжтой, эрхтэй хүмүүс.

-Англи хэлийг бие дааж сурав уу, эсвэл сургууль номоор нь явж байж энэ хэмжээнд эзэмшсэн үү?

-Ямар нэг зүйлийг төгс сайн эзэмших хэцүү, би англи хэлийг төгс эзэмшээгүй. Гэхдээ төгс сурахын төлөө тэмүүлэх хэрэгтэй. Одоо ч сурсаар яваа. Яаж хэлбэл дээр юм, англи, америк, австрали, канадуудын хэллэгийн ялгаа нь юу байна гэж ирээд яривал хэзээ ч дуусашгүй танин мэдэхүйн ертөнц л дөө. Миний хувьд англи хэлийг 18 наснаасаа 20 хүртлээ бие дааж судалсан. 18-тайдаа Орост очмогцоо англи хэл илүү чухлыг ойлгоод сурч эхэлсэн. 20 настайдаа англиар ойлгож ярих болсон минь миний амьдралд том өөрчлөлт авчирсан гэж боддог. Ер нь гадаад хэл сурахад ахиад нэг хүн бий болж байгаа юм шиг ертөнц хүний дотоодод нээгддэг.

-Таныг олон жил бодибилдингээр хичээллэсэн гэж сонссон. Бодибилдингээс өөр ямар спортоор хичээллэдэг байв. Ер нь спорт хүнд юу өгдөг гэж боддог вэ?

-Москвад сурах үедээ цанаар хичээллэж эхэлсэн. Сургуулийнхаа эдийн засгийн салбарын багт орж цанаар арван километрт гүйдэг байсан юм. Ломоносовын их сургуульд сэлж чаддаггүй хүүхдийг төгсгөдөггүй хуультай. Тавь, жараад онд маш олон залуус усанд сэлж чаддаггүйгээсээ болж үрэгдэж байсан учраас ийм шийдвэр гаргасан байдаг юм. Ийм түүхтэй сургуульд сурсан учраас мэдээж сэлэх дуртай. Талын цанаа хориод жилийн өмнө уулын цана болгосон. Бодибилдингээр 24, 25 жилийн турш хичээллэж том биетэй, булчинтай болж үзсэн л дээ. Хийж байгаа ажилд таарахгүй гэсэн шалтгаанаар больсон. Тэгж их унтаж, идээд байвал хэзээдээ юугаа бичихэв гэмээр юм билээ. Одоо гольф тоглож байна. Ер нь хүн зовлогоо зовоох ёстой. Боломжтой бол биеийн тамир хийж биеэ зовоовол нөгөө зовлон нь бага даа. Өвдөх зовлон нь.

-Төрд ажиллаж байсныг тань мэднэ. Гэхдээ нэг их удаан ажиллаагүй. Дэмий санагдсан уу?

-Хувийн бизнес хийе гэж боддог байсан юм. Хийж эхэлж байтал М.Энхсайхан “Гадаадын хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалд англи хэлтэй хүн хэрэгтэй байна, чи яриад байхаар хийгээч” гэсэн. Тэгээд М.Энхсайханы Засгийн газрын үед Гадаадын хөрөнгө оруулалтын газрын дарга болж байлаа. Энэ албанд гурван жил хагас ажилласан. Дараа нь баруунд тэтгэлгээр сурах боломж гарч 2000 онд Америк явсан. Найзууд дөч гарсан хойноо мастер хийхдээ яадаг юм гэж шоолж л байсан. Тоохгүй яваад санхүүгээр мастер хийгээд ирсэндээ баяртай байдаг. Эргэж ирээд төрд ажиллаад дэмий юм байна, шийдвэр гаргах түвшинд л биш бол бүх юм дээрээс хамааралтай учраас үр дүн бага гэж бодоод хувийн салбарт арваад жил ажилласан.

-Та санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн үү?

-Санхүүгийн эрх чөлөөний хувьд юуг ямар хэмжээнд хүсч байгаагаа тодорхойлохгүй бол шунал гэдэг хязгааргүй. Бүх юманд дээд хязгаар гэж байх ёстой. Гэхдээ зарим хүмүүст тийм хязгаар байдаггүй юм шиг санагддаг. Хүний наад захын хэрэгцээ гээд харахаар сайхан ор, тохитой дээвэр, эрүүл саруул уур амьсгал, юу байх нь хамаагүй а-гаас б-д хурдан хүргэдэг унаа байх ёстой гэж боддог. Ийм төвшинд хүрээд урсгал зардлаа даагаад явж байгаа бол санхүүгийн эрх чөлөөнд хүрчихсэн гэсэн үг. Би ингэж л боддог.

-Таны хувьд нийтлэл бичих, нэвтрүүлэг хийх ажил бизнес болж чадсан уу?

-Миний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл ямар нэг хэмжээгээр бизнес болж чадсан. Хэрвээ би хүнд хэрэгтэй үнэ цэнэ бүтээж байгаа бол тэрийг мөнгөөр илэрхийлж болох учиртай. Жишээ нь би компаниудад мөнгөөр лекц уншдаг. Харин залуус, оюутнуудад үнэ төлбөргүйгээр лекц уншдаг.

-Хувийн томоохон компаниудад хэр үнэтэй уншдаг вэ?

-Томоохон, олон ажилтантай компанид бол маш үнэтэй уншдаг. Хэрвээ намайг нэг компани уриад, нэг ажилтандаа ганц шил шар айраг авч өгч байгаа юм шиг үнэ хэлбэл би очихгүй. Учир нь би ажилтнуудад нь нэг шил шар айраг ууснаас илүү үнэ цэнийг өгч байгаа. Тэр үнэ цэнийг би хийсэн юмаараа батлах ёстой. Миний хувьд монгол, орос, англиар бичсэн номнуудтай. Бичсэн номнууд минь хамгийн том баталгаа.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Да.Ганболд: Хувийн компани “Эрдэнэт”-ийн хувийг аваад ирсэн нь хуулийн дагуу л өрнөсөн процесс

“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболдтой ярилцлаа.

-Да.Ганболд Эрдэнэтийн ТУЗ-д яагаад ажиллах болов оо гэж олон хүн сонирхож байна. Мэдээж Оюу толгойд ажилласан туршлага нөлөөлсөн байх?

-Таны хэлдэг шалтгаан нөлөөлсөн нь тодорхой. Миний хувьд дэлхийд олон шалгуур үзүүлэлтээрээ тэргүүн эгнээнд гэж тооцогддог толгой компанийн ТУЗ-д гурван жил гаруй ажиллалаа. Аюулгүй үйл ажиллагаа, худалдаа арилжаагаа зохион байгуулдаг систем нь ил тод, санхүүгийн үйл ажиллагааны ихэнх нь ойлгомжтой, тоглоомын дүрэм нь анхнаасаа бүх дэлхийд тодорхой компанийн сайн чанар, сайн туршлага, сайн засаглалын туршлагыг 30 гаруй жилийн настай Эрдэнэт үйлдвэртээ авчирмаар байна гээд шинэ эзэд нь надад санал тавьсан. Эрдэнэтийн оргил үе нь социализмын жилүүдэд өнгөрсөн л дөө. Зах зээлд шилжсэн сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд Эрдэнэттэй холбоотой салаа үзүүртэй ойлголтууд их байсаар өнөөг хүрсэн.

-Тийм шүү, наад зах нь л хамаагүй өндөр үнээр шахаа хийдэг энэ тэр гээд Эрдэнэттэй холбоотой эвгүй мэдээлэл их сонсогддог…?

-Ярианы эхэнд шууд тэгж хэлмээргүй байна. Эрдэнэтийн хувьд олон жилийн турш Монголын ууган үйлдвэр, төсөв бүрдүүлдэг хамгийн том компани байсаар ирсэн. Гэсэн хэр нь яг нарийн зарчим, дүрэм, ажилладаг арга барилыг нь бидний ихэнх мэддэггүй. Асуудал тавьж, шүүмжилж, өмөөрч байгаа хүмүүс нь хүртэл тодорхой тоо баримт хэлдэггүй. Улсад төлсөн татвар гээд ярихад л Ц.Нямдорж гишүүн нарийн тоог нь мэдэхгүй будилах жишээний. Эрдэнэтийн талаар ярьж байгаа гишүүдийн ихэнх нь иймэрхүү.

-Мэдэхгүй хэсэг нь харин ч илүү тод, чанга дуугараад байгаа юм биш үү?

-Магадгүй. Энэ төсөлд нэр холбогдож байгаагийн минь гол шалтгаан ч үүнтэй холбоотой. Тав, зургаахан жилийн өмнө Монголын хөрсөн дээр цоо шинээр ажиллагаагаа эхлүүлсэн Оюу толгой төслийн дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн санхүү, технологи, аюулгүй байдал, боловсон хүчин, техникийн хөгжил дэвшлийн бодлогын бүх сайн туршлага, уламжлалыг Монголын хөрсөнд, нэг салбарт ажиллаж буй зэсийн томоохон ордын өдөр тутмын амьдралд хэвшүүлэх, авчрах урилгыг шинэ эзэд нь тавьсан учраас би ийшээ орж ирэх гээд байж байна. Зүгээр нэг ахуйн жишээгээр зүйрлэе. Бид зах зээлд шилжээгүй үед ганцхан Орос гэдэг улсын машин хэрэглэдэг байсан. Гэтэл өнөөдөр орос машин шинээр нь худалдаж авах сонирхолтой хүн байхгүй. Илүү шатахуун иддэг, эвдэрдэг, тохь тухгүй гэх мэт маш олон шалгуураараа барууны, дорнын машинуудтай өрсөлдөөд дийлэхгүй учраас тэр л дээ. Жишээ нь автомашин дээр яагаад япон машин унах гээд байгаа юм бэ, хуучны унаж дадсан 69-өө уна л даа гэвэл ямар сонсогдох вэ. Хэн ч “Солиороо юу, тэнэг үү” гэж гайхна. Монголын төсвийн дийлэнхийг бүрдүүлдэг, хичнээн мянган хүнийг ажиллуулж буй ууган, том үйлдвэртээ машинаар зүйрлэхэд “Тоёота”, “Мерседес бенз” шиг дэлхийн технологи, туршлага, арга барилыг авчиръя гэхээр чи ер нь яадаг хулгайч вэ гэж өндөр дуугаар шүүмжлээд суугааг нь би хувьдаа ойлгохгүй байгаа.

-Өндөр дуугаар шүүмжилнэ гэснээс Эрдэнэтийн хувьчлалын талаарх байнгын хорооны хурал ширүүхэн өрнөсөн. Ц.Нямдорж гишүүн Оросын талаас хувийг нь худалдаж авсан компанийн хүмүүсийг нэр зааж хардаж, загнаад нэлээд юм болсныг та харсан байх. Хэлцэл яагаад, ямар шалтгаанаар, яаж хийгдэв гэсэн асуултад та ямар хариу өгөх вэ?

-Худалдан авалтын процессыг би бусад хүнээс түлхүү яримгүй байна. Учир нь би Оросын 49 хувийг авалцах, өгөлцөх, төлбөр хийх, янз бүрийн зөвлөгөө өгөх, хууль зүйн зарим нэгэн олон талтай асуудлуудыг нарийн судалж, гүнзгийрч орсон хүн биш. Засгийн газрын гишүүд, Ерөнхий сайд, бусад холбогдох хүмүүс, энэ бизнесийн наймаа арилжаанд оролцсон компани гэж бий. Хуучин, шинэ эздийн хооронд үүссэн хууль зүйн, бизнесийн, шилжүүлэлтийн асуудлыг хариуцсан шууд эрх мэдэлтэй, хэрэгжүүлсэн хүмүүс нь байгаа. Ямар учраас энэ наймаа зүгээр мөрөөрөө явдаг улстөрчдийн тэнцвэрийг нь алдагдуулж, өндөр дуугаар бие бие рүүгээ дайрах довтлох, хүмүүсийг элдэв шидээр яллах довтлох уур амьсгал үүсгэв гэдэг нь надад илүү сонин байна.

-Оросын талын хувийг Монголын компани аваад ирсэн нь тэгтлээ уурлаж, өшрөөд баймгүй, харин ч бусад улсаас түрүүлээд авсанд нь баяр хүргэмээр үйл явдал болсон шиг санагдах юм. Энэ асуудлыг барьж авсан улстөрчид байсхийгээд л төр Эрдэнэтийн 49 хувийг авна, наадах чинь ард түмнийх гээд байх юм. Оросын тал хувиа зарсан л хэрэг биз дээ?

-Би түрүүн автомашинаар зүйрлүүлж хэлсэн дээ. Яагаад заавал биднийг хуучин ямбий, чанар муутай, үр ашиггүй машин унуулах гээд байгааг нь ойлгохгүй байна. Байнгын хороодын хурал дээр өрнөсөн хэлэлцүүлгээс төрсөн анхны сэтгэгдлийн нэг нь энэ. Түрүүн хэлсэнчлэн хамгийн мэддэггүй нь, бүрэн гүйцэд мэдээлэл аваагүй нь, магадгүй хэн нэгний даалгавраар хөдөлж байгаа нь чанга дуугарч, илүү ихээр хөмсгөө зангидаж, бусдаас тодоор хоолойгоо шахаж яриад байх шиг. Ард түмэндээ өгнө, төр 49 хувийг авна гэж яриад байх юм. Монголын төрийн 51 хувь байснаараа байгаа. Бүх ажиллагааг 51:49 хувийн эзэмшил, хуулийнхаа хүрээнд л хэрэгжүүлээд явна. Өөрчлөлт оруулж, саад тавих гэсэн хүн огтоосоо алга. Гагцхүү Монголд ямар ч хүртээлгүй, 35 гаруй жилийн хугацаанд гадаад хүний өмчид байсан зүйлийг Монголын компани худалдаж аваад өөрийн болгоод ирсэн. Жижигхэн зүйрлэл хэлье. Нэг аймгийн музейгээс алдагдсан түүхийн ховор үзмэрийг хулгайлчихаж гэж бодъё. Гэтэл Монголын нэг иргэн Парисын дуудлага худалдаанд оролцож, түүхийн ховор үзмэрээ худалдаж аваад эх орондоо авчирвал яах вэ. Ингэлээ гээд буруутах шалтгаан байна уу. Үүнээс ялгаагүй эд. Олоод ирснийг нь улс булааж өөрийн болгох гээд байгаагийн шалтгаан нь яг юу юм бол гэж гайхаж сууна. Монголын түүх, соёлын эд өлгийн зүйл хулгайн замаар гадагшаа гарсаар байгаа. Ийм зүйлийг харсаар байж төсөвтөө мөнгө суулгаж авъя гэж зорьдоггүй, сэтгэл гаргаж мөнгө олж чаддаггүй хэрнээ дөрөв, таван зуун сая ам.долларын асуудлыг болохоор авна, бид чадах байсан, миний авах гэж байсан юмыг чи авлаа гэцгээсээр суугааг нь гайхаж байна. Хаана байгаа, ямар мөнгөөрөө авах байсан юм бүү мэд. Үнэхээр Эрдэнэтийн 49 хувийг авах дэл сул мөнгө байсан юм бол зарцуулахаас аргагүй, амин чухал хэрэгцээтэй өчнөөн зүйл бий. Цалин, тэтгэврээс эхлээд сургууль, цэцэрлэггүй аймаг, барих ёстой зам гээд шийдэх ёстой зөндөө асуудал энэ улсад байна.

-Улстөрчид дөрөв, таван зуухан сая ам.доллар гэж яриад байх юм. Уг нь төсөв улайсан, эдийн засаг хямарсан өнөөдрийн хувьд улсад бол ихээс их мөнгө. Ийм үед засгаас бэлнээр тоолоод өгчих мөнгө мөн үү?

-Их мөнгө, бараг их наяд шахуу төгрөг шүү дээ. МАН сонгуульд өрсөлдөхдөө юу ч алга, эдийн засаг сүйрлээ гэж ярьж байж гарч ирсэн. Ч.Сайханбилэгт тийм их мөнгө байгаагүйг өөрсдөө мэдсээр, ярьсаар сонгуульд ялсан улс. Сонгууль дуусаад бараг дөрвөн сар өнгөрлөө. Эхний өдрөөсөө л өрөндөө баригдлаа гэж шүүмжилсэн хэрнээ Засгийн газрын гаргаж буй анхны шийдвэр нь нэмж зээл авах. Одоо хөөцөлдөж байгаа. Гэхдээ өнөөдөр нэг ч төгрөгийн зээл бүтээгүй. Гэвч яриа хөөрөө нь дажгүй явж байгаа. Бүтэх нь ч тодорхой. Монгол Улс хэдийгээр хүндхэн зурвас үеийг туулж яваа ч итгэл найдвараа алдсан, нэмж зээл авах нүүргүй болтлоо туйлдсан орон биш. Харин ч маш том ирээдүйтэй, олон газар орны хөрөнгө оруулагчдын сонирхлыг татаж байгаа улс. Тийм учраас урдаас уу, хойноос уу, олон улсын байгууллагаас уу хамаагүй, хөөцөлдөж байгаа зээлүүд бүтнэ. Оросын хувьд ганц Эрдэнэт биш төрийн өмчийн маш олон обьектоо хувьчилж байгаа. Ийм нөхцөлд Монголын компани Эрдэнэтийн 49 хувийг худалдаж аваад ирсэнд баярлалаа гэх ёстой. “Монголын зэс корпораци” гэдэг компанийнханд одон медаль зүүгээд, Монголынхоо баялгийг тодорхойгоор нэмэгдүүллээ гэхийн оронд хоолойгоо шахаж, элдэв шидээр дайрч доромжилж, хардаж байгаа нь 37, 38 оны хэлмэгдүүллийн үе, цээжээ дэлдсэн коммунистуудын дүр төрхийг санагдуулаад байна л даа. Гэхдээ зугуухандаа ойлгох биз дээ.

-Эрдэнэтийн 49 хувийг хувийн компани авсан нь хууль зөрчсөн үйлдэл боллоо гэсэн агуулгатай байр суурь, мэдэгдлүүдийг улстөрчид хийсээр байна. Хууль талаас нь та ямар тайлбар хэлэх вэ?

-Манай орны хувьд төрийн өмч, хувийн өмч, ер нь өмчийн олон хэвшлүүдийн хооронд аль нэг нь давуу эрх эдлэх ёсгүй, өмчийн бүх хэлбэр тэнцүү эрхтэй гэдгийг Үндсэн хуульдаа заагаад өгчихсөн. Төр нь Эрдэнэтийн хувийг авах мөнгийг түргэн шуурхай олоод ирэх бололцоогүй үед Монголын хувийн компани мөнгө олоод түргэн шуурхай ажиллаад аваад ирнэ гэдэг хуулийн дагуу л болсон процесс. Үндсэн хуулийн дагуу бол өрнөх ёстой зүйл өрнөдгөөрөө өрнөсөн. Монгол Улсын эд хөрөнгө баялаг, үйлдвэрлэл явуулах бололцоо нэмэгдсэн болохоос хэн нэгний юмыг булаагаад хулгайлаад авсан зүйл үгүй. Ийм зүйлийг илүү тайван, илүү өргөн, илүү томоор харах хэрэгтэй. Тэр тусмаа Монголын холын ирээдүйн хөгжлийг харж байгаа төрийн түшээ гэгдэх хүмүүс ийм юмыг олж харахгүйгээр “Би эндээс юу олох вэ, надад энэ ямар хүртээлтэй юм бэ” гэдэг амиа, халаасаа, хувийнхаа сонирхлоо урдаа тавьж өндөр, эр хонгор дуугаар ярьж байгаа нь дахиад нэг том асуудал төрүүлээд байна.

-Эрдэнэтийн 49 хувийг хэтэрхий бага мөнгөөр авчихлаа гэсэн улстөржилт ид дундаа байна. Эндээс ургуулаад бодохоор Эрдэнэт ер нь хэр үнэлгээтэй, ямар орд вэ гэдэг асуултыг тавихаас аргагүй байна л даа?

-Миний хувьд Эрдэнэт рүү бүрэн гүйцэд ороогүй. Томилгоо аваад удаагүй, үндсэн ажил руугаа бүрэн орж чадаагүй байна. ТУЗ-ийн гишүүд гэдэг томилогдонгуутаа нэг юм яриад, хаана юу зөрчигдөж байна гэж мөрдөн байцаагч шиг ухаж төнхөөд явдаг хүмүүс биш. ТУЗ бол хамтын байгууллага. Шаардлагатай мэдээллээ гүйцэтгэх удирдлагаасаа авч, олон талаас нь ярьж хэлэлцээд, ойлгомжгүй эргэлзээтэй зүйл байвал лавлаж асуугаад, бололцооны бүх мэдээллийг авсныхаа үндсэн дээр дараа нь ямар ажил хийх ёстой вэ гэдэг дээр хамтын шийдвэр гаргадаг. Гэтэл өнөөдөр Эрдэнэтийн ТУЗ ажилдаа хараахан ороогүй байна. Гучаад жил гурав, гурваараа томилогдоод ажиллаад ирсэн байгууллагыг яагаад ч юм гэнэт дөрөв болгочихлоо. Зарчмын хувьд гурав, дөрөв нь хамаагүй. Эцсийн дүнд санал хураалтын тоогоор яривал 51:49 гэсэн харьцаагаар л явна. Оросуудтай ямар зарчмаар ажиллаж байсан түүгээрээ явна гэсэн үг. Орос гэдгийн оронд л “Монголын зэс корпораци” гэсэн нэр тавигдана. Иванов гэдэг орос хүний овгийн оронд Дорж гэж монгол хүний нэрийг хуулж тавиад шинэ байдлаар дүрэм хийснийг Болор сайд баталсан хэрэг. Өмнө нь энэ компани Засгийн газар хоорондын хэлэлцээрийн үндсэн дээр, аль далаад онд байгуулагдсан хэлэлцээгээр ажилладаг байсан бол өнөөдөр Монголын компанийн тухай хуульд захирагддаг Монголын аж ахуйн нэгж болчихсон. Өөрийгөө УИХ-ын гишүүн гэж бодож байгаа хүн наад зах нь Компанийн тухай хуулийг нэг удаа уншчих хэрэгтэй. Компанигүй байж болох ч компанийн тухай ямар нэг шийдвэр, дүгнэлт гаргах гэж байгаа бол энэ хуулийг харах ёстой. Компанийн хуульд ТУЗ, гүйцэтгэх удирдлага гэж юу байдаг, санал хураалтыг яаж явуулдаг юм, ТУЗ, гүйцэтгэх удирдлагын эрх мэдэл нь юу билээ гэдгийг харж, судалж байж ярих учиртай.

-Эрдэнэтэд тендер гэж хөшигний цаана өрнөдөг том юм бий. Улстөрчид чанга дуугаар шүүмжлээд байгаагийн гол шалтгаан нь ерөөсөө энэ. Тодруулж хэлбэл их мөнгө Эрдэнэтийг өндөр авахуулж байна л даа. Та юу гэж бодож байна?

-Миний хувьд гурван жил гаруй хугацаанд “Оюу толгой”-д ажилласан. Тэнд ямар шийдвэрүүд яаж гардаг, ямар тайлангуудыг ТУЗ-ийн гишүүдэд танилцуулдаг, ямар мэдээллээр яаж хангадаг, тендерүүд яаж зарлагддаг, хаана хэн хэн оролцдог, оролцож байгаа компаниудад ямар хариу өгдөг зэрэг бүх юм нь ил байдаг. Тендерт оролцохоос нь өмнө манай тендерийн журам энэ шүү, энэ шаардлагыг хангахгүй бол танд оролцох эрх байхгүй гээд нээлттэйгээр мэдээлчихдэг. Шаардлага хангасан, үүнийг нь зөвшөөрсөн компаниуд тендерт орж ялбал ялж, ялагдвал ялагдаад явдаг. Харин Эрдэнэт дээр юу болж байгааг хэн ч мэддэггүй. Ямар ч ил тод мэдээ байхгүй. Цахим хуудсан дээр нь дарга цэрэг нь Дорж, Батаа, Цэцэгээ гэж байдгаас биш ямар дүрэм, шалгууртай, яаж авсан, юу болсон гэх мэт нарийн ширийн мэдээллийг мэдэх бололцоогүй. Оюу толгойг өнгөрсөн хоёр, гурван жилийн хугацаанд бүх шатны улстөрчид янз бүрээр өөлсөн, шүүмжилсэн. Мэдээж шүүмжлэх зүйл байлгүй яахав. Гэхдээ хэдэн жил өнгөрсний дараа эргээд харахад 1300 гаруй метрийн дороос, олон миллиард долларын хөрөнгө оруулалт хийж, маш хүнд хэцүү нөхцөлд уурхай ажиллуулахаар бэлдэж, өчнөөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихээд байхад нэг тонн баяжмалын гаргаж буй зардал нь худалч хүнд Эрдэнэтээс бараг хоёр дахин бага байна. Эрдэнэтийн хувьд гуч гаруй жил ажиллачихсан, хамаг ажил нь жигдэрсэн компани. Тэр ч байтугай зарим байшин барилга, тоног төхөөрөмжийн ихэнх нь өртгөө аль хэдийнэ нөхчихсөн. Дэд бүтцийн ямар ч асуудалгүй. Гэтэл Оюу толгой хол газраас хамаагүй өндөр үнээр тог цахилгаан авдаг. Хүмүүсийг ажиллуулахын тулд онгоцоор өчнөөн зардал гаргаж өдөр бүр тээвэрлэдэг. Тэгэхээр Эрдэнэтийн зардал юунаас болоод ийм өндөр байгааг бодож үзэх хэрэгтэй. Үнэхээр зохиомол алдагдал уу, үр ашиг муугаас болсон уу, хоцрогдсон техникээс шалтгаалав уу гэдгийг нягтлах ёстой. Нэг жишээ хэлье. Оюу толгой сар бүр мэдээ гаргадаг. Дэлхийн зэсийн том ордуудыг жагсаагаад энэ үзүүлэлтээрээ ийм тийм байна гэж ирээд мэдээлдэг. Тэгээд аль болох тэргүүний байр сууринд очихын төлөө зорьж ажилладаг.

-Эрдэнэтэд тэгвэл ийм хандлага, жишээ байна уу?

-Одоогоор мэдэхгүй учраас байхгүй гэж муулмааргүй байна. Гэхдээ Оюу толгойтой харьцуулахад маш олон үзүүлэлтээрээ хол хойно яваа нь үнэн. Уг нь обьемоороо, 500, 600 мянган тонн зэсийн баяжмал гаргадаг гэдгээрээ дэлхийд бараг эхний арав дотор багтдаг том үйлдвэр. Гэсэн хэр нь үр ашгийн үзүүлэлтүүдээрээ яагаад тийм хол, ард явна вэ гэдгийн цаана ямар нэг шалтгаан байгаа нь ойлгомжтой. ТУЗ юм бол, үнэхээр Монгол Улсын төлөө ажиллаж байгаа бол одоо Орос хамаагүй, зуун хувь Монголын өмч болчихлоо. Зардлаа багасгахын төлөө ажиллах боломж нээгдэж байна гэсэн үг. Зардал багасна гэдэг чинь ашиг нэмэгдэнэ гэсэн үг. Зэсийн үнэд Монгол мэдээж нөлөөлж чадахгүй. Зэсийн үнэ ямар байхаас хамаараад зардал нь багасвал манай улсын ашиг л нэмэгдэнэ. Монголын ашиг нэмэгдвэл ашигт ногдох татвар нь төсөвт орно. Рояалти буюу байгалийн баялаг ашигласны төлбөр Монголын төсөвт л очно.

-Бас Орос руу очдог байсан 49 хувийн ногдол ашгаас хүртэх бүхэн Монголд орж ирнэ…?

-Тэгнэ. “Монголын зэс корпораци” гэдэг компани өөртөө оногдох юмаа авах л юм бол түүнд оногдох бүх татварууд Монгол Улсын төсөвт орно. Улстөрчид ард түмний төлөө гэж их ярьдаг. Ард түмний төлөө хийдэг юм төсвөөр дамжиж л яригдана. Өөрөөр хэлбэл, энэ наймаа явснаас хойш Монголын төсөвт орох мөнгө нэмэгдэх нөхцөл бүрдчихсэн. Энэ компанийн ашиг нэмэгдвэл Эрдэнэтэд ажилладаг хүмүүсийн цалин өснө. Эрдэнэт хотын хүрээнд хэрэгжүүлдэг нийгмийн халамжийн янз бүрийн ажлын цар хүрээ өргөснө. Эцсийн дүндээ эрдэнэтийнхэнд л өгөөжөө өгнө. Хойд хөрш рүү явдаг мөнгө энд үлдэнэ гэсэн үг.

-Эрдэнэт ба Оюу толгой гээд харьцуулахаар эрс тэс олон юм бий. Эрдэнэт, Оюу толгойн ялгаануудыг хамгийн сайн мэдэх хүний нэг нь та даа…?

-Миний хувьд Эрдэнэт дээр ганцхан юмыг харьцуулж чадаж байна. Эрдэнэт рүү бараа бүтээгдэхүүнийг дандаа өндөр үнээр шахдаг.

-Эрдэнэтийн ТУЗ шинэ бүрэлдэхүүнээрээ ажиллаад эхлэхээр 49 хувийг төлөөлсөн гишүүдэд ядаж л юуг ямар үнээр авч байгааг нь харьцуулаад явчих нөхцөл боломж бүрдэх байх, тийм үү?

-Тэгнэ, жишээ нь маргаашнаас манай ТУЗ хэвийн үйл ажиллагаанд орж, янз бүрийн тайлан аваад эхэлбэл байдал илүү тодорхой болно. Наад зах нь баяжмал гаргадаг уут гэж бий. Хүн бүрийн мэддэг зүйл. Баяжмалын уутнуудыг бүгдийг нь Монголд оёж байгаа. Арваад компани оёдог юм. Хэдээр өгч, авч байгааг нь харьцуулаад харчихна. Маш ойлгомжтой асуудал. Орос машин хамаагүй илүү шатахуун иддэг. Гэхдээ шатахуунаа ямар нэг үнээр авч байгаа. Монголын хэдхэн компани бензин оруулж ирдэг. Ямар үнээр шатахуун авсныгнь харъя, сонин дээр хэвлэе л дээ. Хятадын хэдэн компани Эрдэнэтийн бүх баяжмалыг авдаг. Нууц юм байхгүй. Гэхдээ нэг тонн баяжмалыг Оюу толгой хэдээр өгч, Эрдэнэт хэдээр зарж байгааг харьцуулъя.

-Энэ тоонууд ил болчих учраас зарим улстөрч таны хэлдгээр хөмсгөө илүү зангидаж, бусдаас чанга дуугаар шүүмжлээд байгаа юм биш үү?

-Тийм л дээ, үүнийг ил болгочих гээд байгаа учраас зарим хүмүүс боож үхэх гээд байгаа нь үнэний хувьтай.

-Эрдэнэтэд ганц ширхэг аягыг санаанд багтамгүй үнээр шахжээ энэ тэр гээд аймаар тоонууд сонсогдоод эхэлчихсэн. Та тиймэрхүү айхтар тоонуудтай танилцаад эхэлчихсэн үү?

-Яг албан ёсоор ширээнийхээ ард, кабинетдаа, төрийн 51 хувийг төлөөлөөд ирсэн гишүүдтэйгээ ярьж суугаад хамтын шийдвэр гаргаж байж ярих асуудал. Шаардлагатай бол эхний шийдвэр гаргаад ТУЗ-ийнхөө дотор ярина. Байгууллагын, технологийн нууц гэж бий. Өнөөдөр би тантай Эрдэнэтийн асуудлаар ярьж байна. Гэхдээ сэтгүүлчийн асуусан тоолонгоор бүхнийг дэлгээд тавьчихдаг хүн гэж байхгүй. Ц.Нямдорж гишүүн төрийн мэдэхгүй нууц мэдээлэл надад байна гэнэ лээ. Төрд мэдэхгүй юм гэж байдаггүй. Харин олон нийтийн мэдэхгүй юмнуудыг мэддэг мэдээллүүд гэж байдаг юм. Нийтээрээ мэддэггүй маш олон мэдээлэл надад ч бий. Тэрийг дэлгэх шаардлагатай үед, жишээ нь УИХ дээр ч юм уу дэлгэж болно.

-Гэхдээ л Эрдэнэтэд аймаар үнээр бараа бүтээгдэхүүн шахдаг нь нэгэнт ил болчихсон шүү дээ?

-Аймаар үнээр шахдаг нь үнэн. Би нэг л зүйл хэлье. Өнөөдөр шахааны эсрэг ярьж байгаа зүйл нэг ч алга. Шахааг өнөөдөр ганц Эрдэнэт дээр онцгойлж яриад байгаа болохоос ер нь төрийн өмчийн компаниуд бүгд адилхан гэдгийг бас бодох хэрэгтэй. Том, багаараа л ялгаатай.

-Эрдэнэтээс иддэг уудаг, идэж уухыг зорьж байгаа улстөрчид 49 хувийг эсэргүүцээд байна гэж ойлгочиход болохгүй юмгүй л санагдаж байна?

-Тэндээс ямар нэг зүйл идэж уухыг ч юм уу ямар нэг зүйл горилж хүсч байгаа улс л эсэргүүцдэгээс биш улстөрчдийг бүгдийг нь хэлж болохгүй нь мэдээж. Эрдэнэтээс авахыг завдаж байгаа, өнөөдөр миний хоолны ээлж гэж бодоод ороод ирсэн хүн байхыг үгүйсгэхгүй.

-Эрдэнэтэд хувийн компани 49 хувийн хэмжээнд оролцоод ирэхээр улстөрчдийн шахаа, идээ уугаа хаагдах болов уу?

-Нэг шөнийн дотор хаагдана гэж бодохгүй байна. Улстөр гэдэг чинь өөрийн жам, дүрэмтэй. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохолно гэж айхтар үг бий. Дэндүү улайрсан, дэндүү олон арван жил явчихсан. Жишээ нь бодит шалтгаанаар нэг шөнийн дотор Эрдэнэтийн белазуудыг барууныхаар сольж болохгүй. Хэдий муу машин байлаа ч солино гэдэг нэрийн цаана гаргаад хаячихаж болохгүй л дээ. Тэгэхээр нэг хэсэгтээ хуучны буруу арга барил, буруу зуршил, муу техник, муу технологитой холбоотой их олон юм үргэлжилж явахаас өөр аргагүй. Хүссэн, хүсээгүй өнөө муу юмыг нь ажиллуулна, ажиллуулахын тулд запас, сэлбэгийг нь авна. Тэднийг нь хийдэг шахдаг олон жил тогтчихсон газрууд бий. Тэдэнтэй нь харилцана. Тэр ч байтугай урьдчилаад гэрээ мөнгө хийчихсэн зүйлсийг нь үгүй гэж татгалзах эрх байхгүй. 51-тэйгээ харилцан тохиролцож байж шийдэгдэх асуудал. “Би л ганцаараа мундаг, ерөөсөө ингэх ёстой” гэж сэлэм эргүүлснээрээ ажил явдаггүй. Дотроо давхар санаатай, хожоо, хувийн улсын юмыг хослуулаад бодчихсон улс байгааг үгүйсгэхгүй. Байгаа нь тодорхой. Гэхдээ апетитаа зохицуулах шаардлага гарах нь бол тодорхой. Зөв зорилго тавиад, зөвөөр тайлбарлаад, зарчмаа, тоглоомынхоо дүрмийг ил болгоод явах юм бол 51, 49 хувийн алиных нь ч төлөөлөл бай биенээ ойлгоод явна гэдэгт миний хувьд хатуу итгэдэг. Хэдийгээр бид өөр нам болоод өөр зорилго тавьж байгаа ч ардчилал гэдэг чинь эцсийн дүндээ зугуухан, аажмаар, улс орон, хувь хүмүүс, үйлдвэрийн хамт олон, жирийн ажиллагсад, шийдвэр гаргагчдад аль алиндаа ач тустай шийдвэр гаргахын төлөөх систем. Тэгэхээр зугуухандаа явах нь тодорхой.

-Нямдорж гишүүнд үнэхээр төрийн, хэний ч мэдэхгүй нууц байгаа болов уу?

-Том том нууц дэлгэнэ гэсэн, ямар ч нууц байхгүй нь хэд хоногийн өмнө харагдлаа шүү дээ. Ерэн оноос хойш ардчиллыг яаж муу хэлж байлаа. Өмч хувьчлал, үнэ чөлөөлөх асуудал, Англи, Америк, Израил, Өмнөд Солонгостой харилцаа тогтоож байх үед яадаг байлаа. Бүгд ойлгомжтой болчихсон. Өнөөдөр том, жижиг асуудал дээр янз бүрийн маргаан байхыг үгүйсгэхгүй, өөр үзэл бодол байхыг ч хорих аргагүй, угаасаа тийм байх ёстой. Гэхдээ ерөнхий зарчим дээр, ерөнхий зарчмын гадаад бодлогын асуудлууд дээр, зах зээл, компаниудыг удирдах ерөнхий зарчим дээр бид бултаараа нэг завин дээр байна. Өнөөдөр өрсөлдөгч намын дээд удирдлагын гэр бүлийн гишүүд, хүүхдүүд нь ерээд оны эхэнд түрүүчээсээ янз бүрийн арга замаар гадаад дотоод явж, Харвард, Кэмбриж, Сорбонд сураад дэлхийн хэмжээний мэдлэг, дэлхийн хэмжээний дипломын шалгуур хангаад ирчихсэн. Тэд хорь хүрсэн. Монголынхоо нийгэмд ажиллая, амьдаръя гээд түрүүчээсээ ажиллаад эхэллээ. Энэ хүмүүс хүссэн хүсээгүй миний аавын зөв үү, энэ хүмүүсийн яриад байгаа зөв үү гэдгийг ялгахтайгаа болсон. Захын малчид хүртэл телевизээрээ хувьцаа, ногдол ашиг, зах зээлийн үнэ ханш, өсөлт бууралтыг хүсвэл мэддэг болчихсон цаг. Тэгэхээр энэ бүхэн ил болоод гараад ирнэ гэсэн үг. Ийм тодорхой юм ярихгүйгээр, цаанаа ингэсэн байна гэж хардаад, төрийн авах ёстой юмыг булаачихлаа гэх нь утгагүй хэрэг. Хэн хэнээс юу дээрэмдсэн гэж. Тэгэх тусмаа Орос улс монголчуудад дээрэмдүүлэх ард түмэн мөн үү.

-Загатнасан газар маажна гэдэг шиг хэллээ. Эрдэнэтийн хувийг шүүмжлээд байгаа улстөрчдийн байр суурийг анзаарахаар Путин ба Оросын сайдууд Монголын нэг компанид хэтэрхий хямд үнээр хувиа зарахаар хэмжээний гэнэн тэнэг болж таараад байгаа юм…?

-Оросын удирдлагууд ямар нэг байдлаар Монголын хувийн компанитай хуйвалдаад, Монгол Улсын Засгийн газрын ар хударгаар буруу юм хийгээд явчихсан гэдэгт учир мэдэх хэн ч итгэхгүй. Орос улс энэ бүс нутагт, магадгүй алсдаа Монголтой, Монголоор дамжаад Хятадтай, Хятадаар дамжаад Зүүн Өмнөд Азийн бүхэл бүтэн том бүс нутагтай хамтын ажиллагаагаа өргөжүүлье, гүнзгийрүүлье гээд явж байгаа гүрэн. Ийм жаахан асуудлаас болж тэр том нэр хүндээ алдъя гэж бодох уу. Энэ бүхний хар сүүдэр ямар нэг байдлаар, тойруу замаар Медведев, Путин руу очиж таарна шүү дээ.

-Чемезов гэж хэн ч танихгүй нөхөр, “Ростехнологи” гэх хэтэрхий гэнэн яриа шүүмж өрнүүлж суугаа улстөрчдийг харахаар яана вэ л гэсэн бодол төрөх юм?

-Тэгж хадуурч болохгүй л дээ. Ядаж Орос улс гэж хэн билээ, улс төрийн тогтолцоо нь ямар, Ростехнологи гэдэг компани ямар үүрэг, цараатай ажилладаг, энэ компанийн толгой Чемезов гэж хэн бэ гэдгийг мэдчихээд ярих хэрэгтэй. Энэ компанийн ТУЗ-д ямар хүмүүс, ямар байгууллагууд ордог билээ. Орос Улсын хар хайрцагны бодлого, төрийн хамгийн холын хариуцлагатай бодлогыг томьёолж, тодорхойлж, хэрэгжүүлдэг компани бол “Ростехнологи”. Хамгийн холын цэрэг стратегийн, хамгийн холын өндөр технологиудыг тодорхойлдог учраас “Ростехнологи” гэж нэртэй юм. Өнөөдөр Орос улс дотроо хөгжөөд байна. Тийм учраас Эрдэнэт бол нэг их мундаг, “Ростехнологи”-ийн дайны компанийн өмч хөрөнгө, актив байх шаардлагагүй, толгойны өвчин, ерөөсөө л зар гэсэн хэрэг. Хатуухан хэлэхэд дэлхий нийтийн шараа болсоор суугаад яахав гээд хувиа зарсан хэрэг шүү дээ.

-Шахааны обьект учраас ичихээс яахав. Оросууд сүүлийн үед төрийн өмчүүдээ идэвхтэйгээр хувьчлаад эхэлсэн гэж та түрүүн ярьсан. Оросын төрийн эзэмших хувийг гадны компаниуд хэр авч байна?

-Хувьчлал идэвхтэй явагдаж байгаа. Хамгийн том “Роснефть”, “Газпром”-ын өчнөөн олон обьектыг зарж байна. Өчнөөн олон компанийг нь Хятад, Европын компаниуд худалдаж авч байгаа. Эрдэнэтийн тухайд Оросын хувьд л хувьчлал болохоос Монгол Улсын тухайд хувьчлал явагдаагүй. “Эрдэнэт”-ийн 51 хувь төрд байдгаараа байгаа. Харин Монголд байгаагүй хувийг хувийн компани Оросоос худалдаж аваад оруулаад ирлээ. Би олон удаа хэлж байгаа. Даахгүй нохой булуу хураана гэж. 400, 500 сая ам.доллар байлаа ч улс өөрөө ийм обьект худалдаж авах ёсгүй. Ер нь Ерөнхий сайд, Засгийн газрын зарим гишүүд өмч хувьчлалаас олох орлогоо нэмэгдүүлнэ гэж байгаа. Өмч хувьчлал уг нь аль ерэн онд эхэлсэн процесс. Буцааж нийгэмчлэх тухай хэн ч ярихгүй байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт бүх юмыг нийгэмчилнэ, 100 хувь төрийн өмч болгоно гэсэн нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Тийм байж, сонгуульд ялсан мөрийн хөтөлбөрийнхөө эсрэг юм яриад байна л даа. Яахаараа Оросын өмчийг төр авах ёстой билээ. Эрдэнэтийг 100 хувь төрийн болгоно гэж яриад байгаа нь өөрөө ойлгомжгүй зүйл. Гэх мэтээр яривал олон юм бий. Хамгийн гол нь Үндсэн хуулийн хувийн өмч төрийн өмч хоёрын улс төрийн эрх, статус, зэрэг дэв нь адилхан юм. Хувьд очсоноороо муудаж, дээрдэж байгаа гэдэг утгаараа биш. Төрийн болон хувийн өмч адил эрх мэдэлтэй өмч юм шүү гэдгийг эрхэм гишүүд сайн ойлгомоор байгаа юм.

-Оросууд хувиа зарсан, төр хамаагүй гэдгийг Эрдэнэтийг улстөржүүлж байгаа улстөрчид, тэр дундаа Ц.Нямдорж гишүүн мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Хувийн болоод улс төрийн эрх ашиг л Эрдэнэтийг бужигнуулаад байна гэдэгтэй та санал нийлэх үү?

-Улстөрч хүний дотор эмээлтэй хазаартай морь байтугай багтдаг байх. Тэр утгаараа их холын бодолтой явааг нь үгүйсгэхгүй. Жаахан дуулиантай, сүртэй сэдэв дээр л мордож байж тодорно уу гэхээс агаарын бохирдол, эх нялхсын эндэгдэл, халдварт шар өвчний тухай яриад хол явахгүй нь тодорхой л доо. Тийм учраас гол төлөв дуулиантай, богино хугацаанд улс төрийн их хэмжээний оноо олж авч болдог сэдвийг барьж авдаг жам байдаг. Тийм аргаар явж байх шиг байна. Гэхдээ тэр бол тухайн хүний сонголт. Улстөрчдийн үйлдлийг бид дүгнэх ёсгүй. Ард түмэн сонгуулиар нэг удаа дүгнэдэг. Гэвч хэдхэн сарын өмнө болсон сонгуулиар ард түмэн сонголтоо хийчихсэн. Тийм учраас буруу зөв гэж үнэлээд яахав. Ийм юм ярихаар олонд таалагддаг юм байна. Гэхдээ олон түмэнд таалагдана гэдэг тэр хэрээрээ улс оронд хэрэгтэй гэсэн үг биш.

-Хувийн нэг компани “ГОК”, “Улаанбаатар төмөр зам”-ыг барьцаанд тавьж баталгаа гаргуулаад “Стандарт банк”-наас өчнөөн мөнгө зээлчихсэн асуудал бий. Эцсийн дүндээ Монгол Улс өрөнд ороод дууссан. Төрд буруу байхгүй, хуурамч гарын үсэг энэ тэр гэсэн тайлбар сонсогдох юм. Энэ асуудал дээр таны үгийг сонсмоор байна?

-Өмнөд Африкийн “Стандарт” банк гэхээр африкийн нигерүүд гэж төсөөлөөд байх шиг анзаарагддаг. Зарим улстөрчид тийм ойлголттой суугаа шиг байна. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс бол дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орон. Хамгийн өндөр технологитой, зам дэд бүтэц хөгжчихсөн улсын нэг. Үйлдвэрлэдэггүй бараа гэж бараг байхгүй. Банкны салбар нь Англо Саксоны Англи, Америк, Канадын хамгийн тэргүүний арга барил, стандартуудыг баримталдаг, дагадаг, мөрддөг. Тийм банкнаас зүгээр нэг хуурамч гарын үсгээр, хоёр гурван удаагийн явган залиар баталгаа гаргаж зээл авсан гэж ярьж, бодож байвал ёстой уучлаарай. Тэгэхээр баталгаа байсан нь үнэн. Ямар аргаар энд байгаа төрийн эрх мэдэлтнүүдээс нуусан гэдэг нь жич асуудал. Тэрийг би мэдэхгүй. Юм асуудаг эр хонгор дуутай хүмүүсийн анхаарлаас яаж гадуур үлдсэнийг нь бас мэдэхгүй. Ямар ч байсан тээр жилийн “Марубени”-гийн хэрэг шиг олон улсын шүүх болсон. Монгол Улс торгуульд унасан. “Та нар баталгаа гаргасан нь үнэн байна. Зээл авсан нь бас үнэн. Авсан мөнгөө төлөх ёстой” гэсэн шийдвэр гарсан. Зөвхөн шүүхийн зардал нь 120 гаруй сая ам.доллар. Үндсэн зээл нь дараагийн асуудал. Зуун хувь төрд байна гэдэг ийм үр дагаварт хүргэдэг. Хувийн компани өөрийнхөө мөнгөөр, өөрийнхөө толгойг цусдах гэнэн тэнэг гарын үсэг зурж, баталгаа гаргадаггүй. Та хамгийн сайн найз банкны захирлаасаа хорьхон саяын баталгаа гаргаад өгөөч гэж гуйгаад үз дээ. Хэн ч баталгаа гаргаж өгөхгүй. Нүдэн дээрээ байгаа ийм том дүнзийг олж харахгүй байж, бусдын мөрөн дээрх өдийг шүүмжлээд суугааг ойлгохгүй л байна.

Categories
мэдээ цаг-үе

Т.Наран: Төрийн компани нь хуулиа зөрчиж, нүүрсний экспортоо унагаад байна

Монгол нүүрс ассоциацийн ерөнхийлөгч Т.Нарантай ярилцлаа.

-Монголчууд нүүрсээ хямдхан өгөөд байгаа юм биш, Австрали ч нүүрсээ уурхайн аман дээрээсээ хямдхан зардаг гэсэн тооцоог нэг эдийн засагч хийсэн байсан. Хэр бодитой тооцоо вэ?

-Нүүрсний үнэ богино хугацаанд асар их өссөн нь үнэн, манайх энэ өсөлтөөс ашиг хүртэж чадахгүй суугаа нь бас бодит үнэн. Нүүрсний үнэ шалдаа буусан байх үед хийсэн гэрээгээр үнээ тооцоод явж таарахгүй л дээ. Тэр үеэс хойш нүүрсний үнэ 2.5 дахин өсчихсөн. Таван толгойн коксжих нүүрс Бугат, цаашлаад Таншань хүрдэг. Тэнд нүүрс ямар үнэтэйг харахад л бүх зүйл тодорхой. Тээвэрлэлт баяжуулалт зэрэг үйл ажиллагааны зардлыг хасахад Таван толгойн нүүрсийг уурхайн аман дээрээс дор хаяж 50 ам.доллараар зарах ёстой гэсэн тооцоог эдийн засагчид аль хэдийнэ хийчихсэн. Сая таны хэлсэн тооцоог харсан, худалдан авагч талын зардлуудыг нэмсэн байна лээ. Зах зээлдээ очсон хойно гардаг зардлуудыг нэмэх үндэс уг нь бол байхгүй. Худалдан авагч тал авсан нүүрсээ агуулахад хадгалахад хэчнээн мөнгө зарах нь бидэнд хамаагүй. Мөн нүүрсний гарцыг доогуур тавьсан харагдсан. Нэг тонн түүхий нүүрсийг угаахаар баяжуулсан нүүрс гардаг. Тэр хувийг нь 80 гаруй гэсэн байсан. Гэтэл нүүрсний салбарынхан Таван толгойн коксжих нүүрсний гарцыг 94-95 хувь гээд тооцдог.

-Австралийн нүүрс ер нь хэчнээн ам.долларт хүрч өсөөд байна вэ?

-Австралийн нүүрс Хятадын боомтууд дээр 250 ам.доллар хүрч байна. Өмнө нь шалдаа унах үедээ 70 ам.доллар руу уруудаж байсан. “Эрдэнэс Таван толгой” одоо мөрдөж байгаа гэрээгээ тэр үед хийсэн юм.

-Нүүрсний үнэ цаашдаа тэгтлээ өсөхгүй байх гэх юм. Ер нь манай улсын нүүрсээ нийлүүлдэг хэсгийн ирэх жилүүдийн эрэлт хэр байгаа бол?

-Сая урд хөршид ажлаар яваад ирлээ. Хятадын коксжих нүүрсний гол нийлүүлэгч бол Австрали манайх хоёр. Австрали өндөр үнээр тултал ашиг олж чаддаг ч манайх чаддаггүй. Манай улсын нүүрсээ нийлүүлдэг Хятадын баруун талын нүүрсний эрэлт өсөх нь тодорхой байгаа. Хуучин уурхайнуудынх нь сайн чанарын нүүрсний нөөц барагдсан, төрөөс нь уурхайнуудынхаа ажиллах хоногийг багасгасан гэж ирээд яривал дотоодоосоо олборлодог хэмжээ нь эрс багасч байна. Тэгэхээр нүүрсний үнэ өсөх ирээдүй өндөр.

-Манай улсад нүүрс экспортолдог хэчнээн компани байдаг вэ?

-Нүүрс экспортолдог компаниуд олон. Гэхдээ экспортын нүүрсний 90-95 хувийг экспортолдог зургаан компани л бий. Таван толгойн орд дээр “Эрдэнэс Таван толгой”, “Энержи ресурс”, орон нутгийн Таван толгой, Нарийн сухайтын орд дээр “МАК”, “Саусгоби сэндс”, “Өсөх зоос” гэсэн гурван компани байдаг.

-Таван толгойгоос гаргадаг нүүрсний 80 орчим хувийг “Эрдэнэс Таван толгой” экспортолж байна уу?

-Тэр багцааны хувийг гаргаж байгаа. “Эрдэнэс Таван толгой”-н экспортолдог нүүрс сүүлийн жилүүдэд жил бүр өсөлттэй гарч байна л даа. Бусад компанийн тухайд эзлэх хувь нь огцом багассан. Харамсалтай нь “Эрдэнэс Таван толгой”-н нүүрс экспортлох хэмжээ өсч байгаа ч олдог мөнгө нь өсдөггүй зовлон байна. Монголд орж ирдэг валютын хэмжээ өсөхгүй байна гэсэн үг. 2012 онд Монгол Улс нүүрсний экспортоос 2.4 тэрбум ам.доллар олж байсан. Хориод сая тонн нүүрс гаргаад олсон мөнгө. Гэтэл одоо бараг хорин сая тонныг гаргаж байна. Гэтэл 2015 онд 600 гаруй сая ам.доллар л орж ирсэн. Дөрөв дахин бага мөнгө олсон гэсэн үг. 2016 онд ч ялгаагүй, 800 орчим сая ам.доллар л олохоор байгаа. “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой”, орон нутгийн “Таван толгой” гэсэн компаниуд гурван өөр улсын компани шиг уялдаагүй ажиллаж байна. “Эрдэнэс Таван толгой”-г ажиллаж эхлээгүй байхад нөгөө хоёр нь боломжийн үнээр нүүрсээ борлуулдаг байсан. Гэтэл одоо нүүрсээ дажгүй үнээр борлуулж чадахаа больсон. Хажууд нь олборлолт явуулдаг төрийн өмчтэй компани нүүрсээ маш хямдаар экспортлоод байхаар хэн ч өндөр үнээр нүүрс авахыг хүсэхгүй. “Эрдэнэс Таван толгой”-гоос л нүүрс худалдаж аваад байхаар экспортын ихэнх хувийг эзлэхээс аргагүй л дээ.

-Ашигт малтмалын тухай хуульд ашигт малтмалын нөөцийг бүрэн ашиглах үүрэг хүлээнэ, зөвхөн ашиг олох зорилгоор сорчлон ашиглахыг хориглоно гээд заачихсан. Таван толгойн зүүн Цанхийн хамгийн сайн давхаргын коксжих нүүрсийг сорчлон зарж, арай сул чанарын нүүрснүүдийг хаяж байна гэсэн шүүмжлэл бий. Тэгэхээр “Эрдэнэс Таван толгой” хууль зөрчиж байна гэсэн үг үү?

-“Эрдэнэс Таван толгой” таны сая хэлсэн заалтыг шууд зөрчиж байгаа. Бас өөр ч заалтыг зөрчиж байна. Ашигт малтмалын тухай хуулийн 27.1.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон экспортлох эрх бүхий хуулийн этгээд нь ашигт малтмал, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлийн үнээр борлуулах” үүрэгтэй гэсэн заалт бий. Тэгэхээр Ашигт малтмалын хуулийн голлох хоёр заалтыг зөрчиж байна гэсэн үг. Зах зээлийн үнээс доогуур зарж байгааг сая хоёулаа ярилаа. Төрийн компани гэхээр давуу эрхтэй байж болохгүй л дээ. Авто замаар жишээлье. Шороон замаар нүүрс тээвэрлэж болохгүй гээд “Энержи ресурс”-ын уурхайг нь зогсоож байгаад засмал зам тавиулж байсан түүх бий. Гэтэл дараахан тавьсан замыг нь Засгийн газар авчихсан хэрнээ л хажуугаар нь 100 тоннын машинаар тээвэр хийж байх жишээтэй.

-Зам тээврийн сайд өнгөрсөн жил шороон замаар тээвэр хийхгүй гэсэн тушаал гаргасан санагдаж байна. Гэтэл “Эрдэнэс Таван толгой”-гоос засмал зам хүртэл арав гаруй км шороон замаар явсаар байгаа шүү?

-Ийм хандлага нүүрсний салбарт их тод анзаарагддаг. Жишээ яривал өчнөөн юм бий.

-Таван толгойд уг нь нүүрс угаах үйлдвэр бий. Угаагаад зарвал арай ахиу үнэтэй, бас дотооддоо нэмүү өртөг бүтээгээд зүгээр санагдах юм. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Сул тал бий ч эерэг тал нь их. Адаглаад л тээврийн зардал эрс багасна. Хэрэггүй шороо ачихаа болино гэсэн үг. Нүүрсийг угааж баяжуулахаар хэчнээн хүн ажилтай байх вэ, угаах үйлдвэрт хэчнээн компани ханган нийлүүлэлт хийх вэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Энэ бүх зардал Монголд л шингэнэ. Одоо бол бид уурхайн аман дээрээс нүүрсээ хямдхан зарж орлого олж байгаа. Бусад бүх зардлаа алдаж байна. “Винсвэй”, “Шанхай” өөрсдөө угаах үйлдвэртэй. Өөрөөр хэлбэл, нүүрсний үнийн өсөлтөөс хүртэж болох бүх ашиг хилийн гадна гарчихаад байна л даа. Ашигт малтмалын хуульд олборлосон нүүрсийг тухайн улсад үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрт зах зээлийн үнээр нийлүүлнэ гэсэн утгатай заалт бий. Төрийн компани нь хуулиа зөрчөөд байна л гэсэн үг. “Эрдэнэс Таван толгой” төрийн өмчтэй компани учраас ард түмний мөнгө яах нь хамаагүй байлаа гэж бодъё. Хажууд нь ажилладаг бусад компаниа татаж унагаж байгаа нь анхаарахаас аргагүй гол асуудал. Монголын нүүрсний экспортын зах зээлийг тэр чигт унагаж боломгүй байгаа юм.

-“Чалко”-той байгуулсан гэрээний нөхцөлийг эргэж харах талын ажлыг засгаас эхлүүлэх янз байна уу?

-Гэрээний нөхцөлөө сайжруулах талаар Засгийн газар анхаарч ажиллаж эхэлсэн гэж сонссон. Салбарын яамнаас нүүрсний салбарынхны санаа оноог сонсч байна. Гэрээний нөхцөлөө эргэж харахад “Чалко” нэг их дургүйцэхгүй байх. Авахаа зогсоолоо гэвэл “Чалко” хохирохгүй. Цаг хугацаа алдах хэрээр хүү өсөх эрсдэл бий. Зүүн Цанхийн нүүрсийг “Чалко”-гоос өөр газар нийлүүлэх боломжгүй. Ийм гунигтай ч гэмээр, инээдтэй ч гэмээр байдалд орчихоод байна. “Эрдэнэс Таван толгой” яг ийм болно гэдгийг бид олон жилийн өмнөөс сануулсан. “Эрдэнэс Таван толгой”-г 2011 онд олборлолтоо эхэлж байхад дэд захиралд нь “Нүүрсний үнэ унагаж, дотоод өрсөлдөөн үүсгэв ээ. Орон нутгийн Таван толгой, Энержи ресурс зах зээлийн үнээс нь нэг их доошлуулахгүйгээр нүүрсээ зараад эхэлсэн шүү” гэж сануулж байсан. Иймэрхүү сануулгуудыг тоосонгүй л дээ.

-“Таван толгой”-г ашигтай ажиллуулах ямар гарц байна?

-“Эрдэнэс Таван толгой” 100 хувь төрийн өмчтэй байж болно. Гэдээ менежмэнт нь хувийнх байх ёстой. Менежмэнтийн баг “Эрдэнэс Таван толгой”-г хэр өндөр үр ашигтай ажиллуулж байгаагаас хамаарч ашгаа авдаг болчихвол огт өөр дүр зураг харагдана. Засгийн газарт ч, тухайн компанид ч ашигтай хувилбар. Гадны том компаниудыг ажиглахаар зарчим нь ийм л байдаг.

-Төмөр зам дээр байр сууриа илэрхийлэх үү?

-Зам тээврийн сайдын ярьж байгаагаас харахад Хятадаас мөнгө зээлээд хятадуудаар төмөр зам бариулах юм шиг байна. Гэтэл өмнө нь хувийн компаниуд улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр төмөр зам бариад тодорхой хугацааны дараа мөнгө төгрөг нэхэхгүйгээр төрд хүлээлгэж өгнө гэж байхад үгүй гэсэн. Таван толгойн тендерт шалгарсан консорциум “Чалко”-гийн өрийг авъя, экспортолсон нүүрсний 25-аас доошгүй хувийг гуравдагч зах зээлд гаргая, тодорхой хэмжээний долларыг урьдчилж өгье, 30 сая тонн нүүрс угаах үйлдвэр барья гэж амлахад үгүй л гэсэн. Эцсийн дүндээ Засгийн газар өчнөөн өртэй дээрээ нэмээд зээл авч төмөр зам тавина гэж яриад эхэллээ. Төмөр зам зардлаа нөхөж, Хятадаас зээлсэн мөнгөө төлнө гэдэг эргэлзээтэй. Төмөр замаар ачаагаа тээх нүүрсний компаниуд өндөр ашигтай ажиллаж байж өрөө төлж таарна. Байдал таагүй бол төмөр зам барьсан мөнгөө Хятадад өгөх цаг боллоо, татвараа нэмэхээс аргагүй нь гэж ярихаас өөр зам төрд үлдэхгүй. Ачаа нь компаниуд, иргэдийн нуруун дээр л ирнэ.


Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Эрдэнэтийн 49 хувь дээр маргах шаардлагагүй, жам ёсоороо л явж байна

Image result for Ч.ХашчулуунМУИС-ийн Эдийн засгийн сургуулийн багш, доктор Ч.Хашчулуунтай ярилцлаа.

-Таван толгой төсөл хөдөлбөл эдийн засагт том нэмэр болно гэж байгаа. Ойрын хугацаанд хөдлөх янз ажиглагдаж байна уу?

-Ямар ч нам засгийн эрх барьсан стратегийн хоёр дахь том төсөл болох Таван толгойг хөдөлгөх зайлшгүй шаардлага бий. Эдийн засгийн эргэлтэд орох ёстой. Энэ Засгийн газрын хувьд эхний 100 хоногтоо багтааж БНХАУ, Япон Улсуудтай Таван толгойн хамаарах гол сэдвүүдээр ярьчих шиг боллоо. Төсөл амжилтад хүрэх нэг алхмыг хийчихсэн гэсэн үг. Зах зээлд яаж оролцох, хөрөнгө оруулалтыг нь хэрхэн хийх вэ гэдгээ тохирох учиртай. Таван толгой төслийг цаашид яаж хөдөлгөх вэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хүрэх ёстой. Хятадтай хэлэлцээр хийж байгаагийн сайн тал нь энэ чиг рүү явах эхний алхмаа хийсэн болов уу гэж харж байна. Нарийн ширийн деталь асуудал нь хожим гарч ирэх байх. Гэхдээ зарчмын хувьд шийдэлд хүрнэ гэдэг бол том алхам. Таван толгойн хоёр дахь том сонирхогч бол Япон. Тавантолгойн төсөлд оролцох сонирхолтойгоо удаа дараа илэрхийлж байсан улс. Ерөнхий сайдын айлчлалын үеэр энэ сэдвээр яриа хөөрнөө өрнөж, Японы зах зээлд Монголын нүүрсийг туршилтаар хүргүүлэх ажлын эхлэл тавигдлаа. Гуравдагч зах зээлд хүрэх замаа зайлшгүй нээх ёстой л доо. Хэдийгээр Хятадын зах зээл том, манай нүүрсийг шингээх бололцоотой ч Монголын хувьд нэг биш хэд хэдэн худалдан авагчтай байх нь илүү ашигтай.

-Таван толгойн гол асуудал бол төмөр зам. Төр төмөр замаа өөрөө барих ёстой, худалдан авагч талын хөрөнгө оруулалтаар барихаар нөгөө талд илүү ашиг ирнэ гэх юм. Энэ тал дээр байр сууриа хэлээч?

-Монгол Улсын тогтвортой хөгжлийн хөтөлбөрт томоохон уурхайнуудын дэд бүтцийг аль болох хөгжүүлж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх ёстой гэсэн заалт бий. Төмөр замын хөрөнгө оруулагч нь хэн ч байж болно. Гуравдагч орон, худалдан авагч улс, дотоодын гээд аль нь ч болох хувилбар. Учир нь төмөр замгүй бол аль ч талд хохиролтой, байвал хоёуланд нь ашигтай. Нэг нь илүү ашиг олох гээд байна гэж хардах шаардлагагүй. Хятадын компани төмөр замд хөрөнгө оруулж барилаа гэхэд саад бэрхшээл үүснэ гэж бодохгүй байна.

-Таван толгойд төрийн оролцоо өндөр байх ёстой юу, эсвэл хувьд даатгасан нь дээр үү?

-Дэлхийн жишгийг харахад төр уул уурхай, гутал, хоол хүнсний үйлдвэрлэлд оролцох нь зохимжгүй нь нэгэнт батлагдчихсан зүйл. Учир нь төр бол зохицуулагч. Төр бүхнийг үйлдвэрлэх ёстой гэдэг үзэл бол аль социализмын үеийн баримтлал. Зах зээлийн эдийн засагтай улсуудад төрийн өмчтэй компаниуд тодорхой тоогоор байдаг ч сүүлийн үед аль болох хувьчлах тал руугаа хандах болсон. Жишээ нь Япон төмөр замаа тэр чигт нь хувьчилсан. Бидний сайн мэдэх BBC компани гэхэд л хувьчлалд орж байна. Баруун Европын улсууд төрийн мэдлийн компаниудаа хувьчилж байгаа. Солонгосын Хөгжлийн банк хувьчлагдсан. Ерөнхий хандлагыг нь анзаарахаар улс орнууд томоохон компаниудаа хувьчилж байна. Төрийн мэдлийн компаниудаа хувьчилсаны эерэг нөлөө гэж яривал маш их. Учир нь тухайн компанид хөрөнгө оруулагчид орж ирснээр зардалд нь тавих хяналт, менежмент сайжирдаг. Хөрөнгө оруулагчид аль болох үр ашигтай ажиллуулахыг хичээдэг. Энэ нь эцсийн эцэст улсад л хэрэгтэй. Төрийн өмчтэй компаниуд ашигтай ажиллаж эхэлнэ, төсөвт өгөх татвар нь өснө. Алдагдалтай, татаастай, өрөнд баригдсан олон компани төрд хэрэггүй л дээ. Төсвийн алдагдал ихсэхээс өөр шидгүй шүү дээ. Мэдээж төр зохицуулалт, хяналтын үүргээ бол гүйцэтгэнэ.

-Төрийн оролцоо гэснээс сүүлийн үед Эрдэнэт дээр энэ асуудал халуун сэдэв болж байна. Зарим улстөрч Эрдэнэтийг 100 хувь төрд байх ёстой гэсэн байр суурь ч илэрхийлсэн. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Эрдэнэт бол улсын том үйлдвэр. 51 хувь нь Монгол Улсын мэдэлд байгаа. 49 хувийг нь ОХУ-ын компани эзэмшиж байгаад зарчихлаа. Оросын талын хувь хувийн компанид очсоноор энэ компанийн хяналт илүү сайжирна. Зардал нь танагдана. ТУЗ-дөө холбогдох өөрчлөлтийг хийнэ биз. Төр нэгэнт илүү хувь эзэмшиж байгаа бол эзэмшигчийн хувьд эрхээ эдлэх нь ойлгомжтой. Эрдэнэт дээр айхтар маргаад байх зүйл байхгүй шүү дээ. Жам ёсоороо л явж байна.

-ОУВС-гийн төлөөлөл энэ сарын 20-нд ирнэ, “Стэнд бай”-д хамрагдах нь тодорхой болчихлоо. ОУВС-тай хэлэлцээ хийхдээ юуг анхаарах ёстой вэ. Энэ хөтөлбөрт орохоос аргагүй зайлшгүй шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?

-Талцсан маргаан байр суурь бий ч “Стэнд бай” зайлшгүй хэрэгтэйг бүгд ойлгож байх шиг байна. “Стэнд бай” авахаас аргагүй хамгийн гол асуудал гэвэл ерөөсөө л өнөөгийн тогтолцоо. Санхүүгийн тодорхой хүндрэлтэй тулгарангуут хаа нэг газраас зээл авч түүгээрээ төсвийн алдагдлаа нөхөж ирсэн туршлага бидэнд бий.Өнгөрсөн жилүүдэд ийм арга хэрэглэсээр ирсэн. Ингэснээрээ санхүүгийн систем сайжраагүй, улам муудсан. Эдийн засгийн санхүүгийн төлөвлөлт маань болохгүй байгаа хэрэг. Тогтолцоо нь үрэлгэн, зардлаа зөв тооцож, танаж чадахгүй байна. Эцсийн эцэст зардал дээр нэг л гол асуудал бий. Их танахдаа биш юуг танах вэ гэдэгт гол учир байгаа юм. Улстөрчид таналт дээр сул улс. Яагаад гэвэл манайх ардчилсан тогтолцоотой. Улстөрчид дөрөв дөрвөн жилээр сонгогддог.

Тэр утгаараа улстөрчдийн зүгээс зардлаа таная гэж ярих нь маш хэцүү. Харин эсрэгээрээ зардлаа нэмэгдүүлье, ийм тийм юм хийж өгье гэж ярих нь илүү амар байдаг. Эцсийн дүндээ зардлаа танах биш, зардлаа нэмэгдүүлэх байдал руу хүссэн хүсээгүй орчихдог. Бүгд сонгогчдын гарт орсон учраас тэр л дээ. Тэгэхээр энэ асуудлыг монголчууд өөрсдөө шийдэж чадахгүй болчихсон. Ямар ч нам таналт хийж чадахгүй учраас гаднаас тусламж гуйхаас аргагүй. Өөрсдөө нөхөж чадахгүй болсон, их мөнгө урсдаг болоод удаж байгаа том нүхээ гадны байгууллагаас тусламж авч таглах шаардлага бий. Ингэж байж тогтолцоо сайжирна. “Стэнд бай” авч асуудлыг шийдэхээс аргагүй гэдгээ улстөрчид өөрсдөө мэдэж байгаа. Өөрсдөө шийдэхэд хэцүү учраас олон улсын байгууллагын хүрээнд шийдэх гэж оролдож байх шиг байна. Мөнгө авах бол дараагийн асуудал. Хамгийн гол асуудал нь тогтолцоогоо сайжруулах. Тогтолцоогоо сайжруулах чиглэлд ОУВС хэрэгтэй зөвлөгөөнүүд өгөх байх.

-Төсвийн зардлаа өөрсдөө танаж чадахгүй гэж та сая ярилаа. Жишээ нь төсвийн бодлого дээр онцолж хэлэхээр яг ямар алдаа байна вэ?

-Засгийн газар төсвийн төслөө боловсруулаад УИХ-аар батлуулахаар оруулдаг. УИХ зардлаа багасгах биш нэмэгдүүлэх шахалтад орчихсон байдаг учраас нэмэгдүүлчихдэг. Зардлаа нэмэгдүүлэнгүүт төсвийн алдагдлыг тэг болгох гэж байсан сайхан санаа алга болдог. Сонгуулийн амлалттай холбоотой, ямар нэг тооцоо судалгаагүй хэрэгтэй хэрэггүй төслүүд орж ирдэг. Энэ бол намаас үл хамаарсан тогтолцооны гажуудал. Гэтэл Германд огт өөр жишиг үйлчилдэг. Засгийн газрын оруулсан төсвийг нэг бол тэр хэвээр нь баталдаг, эсвэл тэр чигт нь буцаадаг. Ийм хоёрхон хувилбар үйлчилдэг. Гэтэл манайд Засгийн газрын оруулсан Төсвийн төсөл дээр баахан зүйл нэмж, танигдахааргүй болгоод баталчихдаг. Танигдахааргүй болтол нь төсвийг зардлыг нэмдэг энэ сувгийг хаах ёстой.

-“Стэнд бай”-д орсон улсуудын үр дүн адилгүй байдаг. Амжилттай нь ч бий, амжилтгүй болж улам дордсон жишээ ч байгаа. Муу жишээ болохгүйн тулд ОУВС-тай хэлэлцээрт орохдоо бидний зүгээс юунд анхаарах ёстой гэж та бодож байна?

-ОУВС-гийн хувьд эдийн засгийн түргэн тусламж үзүүлдэг байгууллага. Хүүхдээр зүйрлэвэл Дэлхийн банк удаан хугацаанд өсгөн бойжуулж хөл дээр нь тэнцүүлдэг байгууллага. Харин ОУВС бол халуурангуут нь өвчнийг нь оношилж эм өгч халууныг нь буулгадаг газар. Халууныг нь буулгахаар улс орны эдийн засаг босч ирэх ёстой. Босч ирэхгүй тохиолдол бий. Тухайн үеийн зах зээлийн байдал сайжраагүй байж болно. Эмээ дуустал уугаагүй байж болно. Жишээ нь Грек ОУВС-тай гэрээ хийсэн, мөнгө авсан, гэхдээ хийнэ гэж амласан зүйлийнхээ 75 хувийг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл эмээ уугаагүй гэсэн үг.

-Манай улс Грек шиг амласнаа биелүүлэхгүй бол…?

-Олон улсын байгууллагад хандаад хамтран ажиллая гэж байгаа нь тоглоом биш. Нэгэнт л ОУВС-гийн зөвлөмжийг авч, эдийн засаг, санхүүгийн тогтолцоогоо сайжруулъя гэж байгаа бол амлаж, амласнаа биелүүлэх хэрэгтэй. Мэдээж тухайн үедээ төдийлөн таатай байхгүй гэдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ урт хугацаанд тогтолцоо эрүүлжинэ гэдэг талаас нь харах хэрэгтэй. Өнөөдрийнх шиг байнгын мөнгө урсдаг тогтолцоогоо хэвээр байлгавал ямар ч мөнгө орж ирээд нэмэргүй л дээ. Тэгэхээр ОУВС-тай гэрээ хийхдээ тогтолцоон дээрээ яаж анхаарах, Төсвийн хууль болон холбогдох бусад хуульд ямар заалт тусгах, төсвийг нэмэгдүүлдэг зарлагыг хуулиар яаж зогсоох гэх мэт зүйл дээр зөвлөгөө авах нь зөв болов уу. Түүнээс биш ОУВС-гаас түр хугацаанд мөнгө авч гал унтраах бол гол асуудал биш. Тогтолцоогоо засахад л анхаарах хэрэгтэй. Монголын хувьд ОУВС-тай хоёр, гурван удаа хамтарсан.

Ямартай ч хөл дээрээ тогтож өндөр хурдтай хөгжих зам руугаа орсон. Азийн хямралын үеэр Монголын санхүүг хөл дээр нь босгож эрүүлжүүлсэн газар нь ОУВС. Энэ удаагийн тухайд Азийн хямрал ч юм уу, дэлхийн эдийн засгийн таагүй байдлаас биш дотоодын асуудал хурцдаж улсаа хүнд байдалд оруулсан. Нийгмийн халамжийг зайлшгүй хүртэх ёстой хэсэгт нь хэрхэн чиглүүлэх талаар мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгтэй. Зайсанд амьдардаг, гэр хороололд аж төрдөг айлын хүүхдүүдийг ялгалгүйгээр хүүхдийн мөнгө өгөх нь зохимжтой биш. Оюутны автобусны хөнгөлөлтөд сургууль руугаа машинаар ирдэг оюутнууд хамрагдах шаардлагагүй.

Ц.БААСАНСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Б.Лакшми: Тусгай зөвшөөрлийн хуулиа 50 гаруй удаа өөрчилчихсөн ийм үед эдийн засаг томрох тухай ярихад хэцүү

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшмитай ярилцлаа.

-Хуулийн сул засаглал эдийн засгийн хөгжилд сөргөөр нөлөөлдөг гэж та ярьж байсан. Манай хуулийн засаглал хэр вэ?

-Хуулийн засаглал ер нь сул. Хуулийн засаглал сайн бол эдийн засгийн урт хугацааны хөгжилд асар эерэг нөлөөтэй. Аливаа асуудлыг авлигаар биш шударга ёсоор шүүж шийдвэр гаргаж чаддаг тогтолцоо бүрдсэн тохиолдолд л урт хугацаанд эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгоно. Хуулийн засаглал сайжирвал ДНБ-ийг урт хугацаандаа дөрөв дахин өсгөдөг гэсэн тооцоо бий. Хуулийн засаглал, эдийн засаг хоёр хамааралтайг баталсан иймэрхүү судалгаа олон байдаг. Хуулийн засаглал сайжирснаар компаниудын өрсөлдөх чадвар сайжирдаг, зах зээлийн чөлөөт өрсөлдөөн бий болдог, бизнесийн зээлийн хөгжилд эерэг нөлөө үзүүлдэг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлдэг. Сүүлийн хэдэн жилд манай ажиглагдаж байгаа нэг зүйл бий. Хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалж өгөхгүй байна. Ийм шалтгаанаар гадаадын хөрөнгө оруулагчид дайжаад байгаа юм. Олон улсын болон бизнесийн гэрээнүүдэд маргаан гарсан тохиолдолд Монголд шийдвэрлэнэ гэсэн заалт байдаггүй. Олон улсын шүүхэд очно, Сингапур, Лондонгийн шүүхээр шийдвэрлүүлнэ гэж тусгайлан зааж өгдөг. Бидэнд итгэхгүй байна л даа. Асуудлаа шударгаар шийдүүлнэ гэдэгтээ эргэлзэж байна гэсэн үг.

-Бизнесийн бүх л гэрээнд ингэж зааж байна уу, эсвэл зарим нь эндээ шийднэ гэж байгаа юу?

-Ямар ч гэрээнд маргаан гарсан тохиолдолд олон улсын шүүхээр шийдүүлнэ гэсэн заалт бий. Уг нь бүр том биш юмаа гэхэд зарим нэг гэрээнд нь “Маргаан гарвал Монгол Улсад шийддэг болно” гээд заачихвал эдийн засгийн нэг салбарт өгөөжөө өгсөн өөрчлөлт болно. Монголын аж ахуйн нэгж гадаад руу явж бүх асуудлаа шийдүүлнэ гээд бодохоор хэр зардал гарах билээ. Зөвхөн унаа тээвэр, хоол унд зэрэг ойр зуурын хэрэглээний зайлшгүй зардлаас гадна хуулийн үйлчилгээний гэх мэт бүх зардал гадагшаа гарчихаж байна гэсэн үг. Гадагшаа гардаг тэр их мөнгөний тодорхой хувийг Монголдоо шингээдэг болох нь эдийн засагт нэмэр тустай. Манай улсын тухайд олон улсын хууль дүрмийг судалж, Монголдоо нэвтрүүлж дагаж мөрдөх шаардлага бий. Гэрээний эрх зүй дээр гээд харахад л ихэнх гэрээгээ дагаж мөрддөггүй. Жишээ нь засаг солигдох бүрт тендер зарладаг. Тендерт орж шалгараад үйл ажиллагаагаа эхлэхэд наад зах нь таван жил болдог. Хэрэгжүүлээд эхлэх гэтэл шинэ гарсан Засгийн газар өмнөх засгийнхаа ажлыг үгүйсгэж шинээр тендер зарлачихдаг. Тэр нь нам дамжсан ч биш, бүр нам дотроо байгаад байна л даа. Ийм шалтгаанаар маш их хэмжээний зардал төсвөөс гарч байгаа.

-Таван толгой дээр гэхэд л хэд хэдэн тендер зарлаж баахан цаг, мөнгө зарсан гэж ирээд яривал ч жишээ олон байх юм?

-Тийм шүү, таны жишээ авсан Таван толгой дээр гэхэд л тав, зургаан удаа тендер зарласан. Гадаадын компаниудыг тендерт шалгаруулж гэрээ байгуулж за зүй гэчихээд тохирч шийдсэнээсээ буцвал зарим нь олон улсын шүүхэд хандах эрсдэл бий. Олон улсын шүүхээр явсан гэрээнүүдийн хувьд ялсан нь ч бий, ялагдсан нь ч байгаа. Гэхдээ гол асуудал нь ялах, ялагдахдаа биш. Нэгдүгээрт, Монголын нэр хүндэд сөргөөр нөлөөлнө. Хүчин төгөлдөр гэрээнүүдээ дагаж мөрддөггүй гэсэн мессэж гадаад ертөнцөд түгэхээр хөрөнгө оруулалтад муу нөлөөтэй. Хоёрдугаарт, төсөв маш их хэмжээний алдагдал хүлээдэг. Олон улсын шүүхээр явахаар олон улсын шүүхийн зардал гэж том юм бий. Хуулийн үйлчилгээний өртөг байна. Олон улсын хуулийн том компаниудыг гэрээлж ажиллуулдаг. Үйлчилгээний үнэ ханш нь маш өндөр шүү дээ. Зөвхөн Таван толгой дээр гэхэд л маш том зардал гарсан нь ойлгомжтой. Энэ нь эдийн засагтаа эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Ямар ч үр өгөөжгүй мөнгө урсгаж алдаж байна гэсэн үг.

-Хууль байсхийгээд өөрчлөгддөг, тогтворгүй байдгаас болж л хөрөнгө оруулагчдад эргэлзээ үүсдэг, түүнээс биш татварын хувь хэмжээ тэдний сонирхлыг татдаггүй гэсэн дүгнэлт дуулддаг. Бизнест хамгийн их нөлөөтэй хуулиудад хичнээн удаа өөрчлөлт орсон талаар судалгаа, тоо бий юу?

-2001 онд батлагдсанаасаа хойш хамгийн их өөрчлөлт орсон хууль гэхэд л бизнест маш хамаатай хууль байгаа. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд 50 гаруй удаа өөрчлөлт орсон байх жишээний. Ийм үед эдийн засаг томрох тухай ярихад хэцүү. Төр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд хэт их оролцоод байгаагийн л тод жишээ. Сүүлийн үед арай сайжирсан. Гэхдээ нэг асуудал бий. Батлагдсан хуульд хэзээ хэрэгжихийг нь зааж өгөөгүй тохиолдолд “Төрийн мэдээлэл”-ийн эмхэтгэлд хэвлэгдсэнээс хойш арав хоногийн дотор хүчин төгөлдөр болдог. Хууль хэрэгжүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэдэг л дээ. Зарим хуулийг хэрэгжих он сар өдөртэй нь заачихаар хэрэгжилтэд нь бэлдэх тал дээр асуудал бага гардаг. Компаниудын хувьд ядаж л шинэ хуультайгаа танилцаад авах боломж гарч ирдэг. Гэтэл “Төрийн мэдээлэл”-ийн эмхэтгэлд хэвлэгдсэн хуулиудын тухайд маш хэцүү байдал үүсчихэж байгаа юм. Шинэ хууль аравхан хоногийн дотор хүчин төгөлдөр үйлчилчихээр компаниуд хуультайгаа танилцах ч цаггүй болчихож байгаа юм.

-Урт нэртэй хууль батлагдахад яг таны хэлсэн шиг асуудал үүссэн санагдаж байна…?

-Урт нэртэй хуулийн эдийн засагт үзүүлсэн сөрөг нөлөө их. Голын эх, ойн сав газраас тодорхой зайд алтны олборлолт, хайгуулыг хориглоно гэсэн агуулгатай энэ хуулийг ямар ч тооцоо судалгаагүйгээр батлаад эдийн засагт маш том эрсдэл үүсгэсэн. Яг хичнээн компани хуульд хамрагдсан газруудад ажиллаж байгаа, хичнээн ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн зэргийг нь судлахгүйгээр хуулиа баталсан. Өчнөөн хөрөнгө оруулалт хийгдэж маш их ажил хийгдсэн байхад гэнэтхэн хууль гаргаж, аравхан хоногийн дотор “Лиценз чинь хүчингүй боллоо” гэхээр компаниудад ямар санагдах вэ. Ийм тохиолдолд тухайн хөрөнгө оруулагч яаж тэр зах зээлээс гарах, оруулсан мөнгөө яаж нөхөж авахаа ч төлөвлөж амжихгүй. Наад зах нь л ажилтнуудаа арав хоногийн дотор халах эрх компаниудад байхгүй. Хуулиараа бол нэг сарын хугацаа өгдөг. Ингээд бодохоор баталсан хуулиуд нь хүртэл хоорондоо зөрчилдчихөж байгаа юм. Уг нь сэтгэлийн хөөрөл хөдөлгөөнөөр хууль батлахаас өмнө салбарт нь ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг урьдчилаад сайн судлах ёстой.

-Урт нэртэй хуулиас болоод бүхэл бүтэн алтны салбар унасан, төв банкинд тушаадаг алт огцом буурсан, алтны салбарт мөнгөө хийсэн, хөрөнгө оруулах сонирхолтой гадаадын том компаниуд Монголоос татгалзсан гэж ирээд яривал өчнөөн сөрөг нөлөө бий л дээ. Ингэхэд манайд хичнээн хууль, тогтоол үйлчилж байгаа вэ?

-2015 оны эхний статистикаас харахад Монголд ойролцоогоор 500 гаруй хүчин төгөлдөр хууль, УИХ-ын тогтоол гэвэл 2472 бий. Нэгдчихсэн олон улсын гэрээ конвенцын тоо 300 гаруй. Монгол Улсын хуулиудад маш их хэмжээний өөрчлөлт орж байна. Одоо хэрэгжиж байгаа хуулиудад анализ хийхээр хангалттай хуулиуд батлагдсан. Хэрэгжүүлэхэд л анхаарах хэрэгтэй. Хууль хэрэгжүүлэх журам гэж яамдаас гаргадаг. Зарим тохиолдолд гаргасан журмууд нь хуулиасаа давчихсан тохиолдол анзаарагддаг. Хуулийг анх гаргахдаа сайн сайхнаар төсөөлөөд баталчихдаг, гэтэл хэрэгжих шатандаа журам энэ тэрээс болж агуулга нь эсрэгээрээ эргэсэн жишээ олон байдаг. Анхаарах л асуудал. Хүчин төгөлдөр хуулиудын уялдаа холбоог нарийн анзаарах хэрэгтэй.

-Та түрүүн хууль хэрэгжүүлэх шатанд социалист нийгмийн үеийн хандлага арилаагүй гэж байсан. Тодорхой жишээ хэлээч?

-Эдийн засгийн тогтолцоогоороо хөгжиж байна, чөлөөт зах зээлийн эдийн засаг гэж ярьдаг хэр нь хууль хэрэгжүүлэх шатанд төвлөрсөн төлөвлөгөөт нийгмийн эдийн засаг хэвээр байгаа нь ажиглагддаг. Маш хүнд сурталтай. Торгууль ногдуулах, бизнесийн үйл ажиллагааг хязгаарлах, тусгай зөвшөөрөл, эд хөрөнгийг нь хураах гээд хэт олон эрхийг хууль хэрэгжүүлэх байгууллагуудад өгчихсөн байдаг.

-Эдийн засаг, бизнесээр мэргэшээгүй гэсэн шүүмжлэл хуульч, шүүгч, өмгөөлөгчдөд хаяглагддаг нь хуулийн засаглалын сул талд орж таарах уу?

-Оролгүй яахав. Ялангуяа шүүх дээр. Эдийн засгаар мэргэшсэн шүүгч шаардлагатай байгаа. Шүүхийн үйл ажиллагааг аваад үзэхээр иргэний, захиргааны, эрүүгийн гэж хуваагддаг. Иргэний шүүх дотор компаниудын асуудал ороод явчихдаг. Иргэний шүүх гэр бүл ч салгаад, бизнесийн компаниудын гэрээг ч шүүгээд явж байна. Ер нь хуулийн бүх л шатанд эдийн засгаар мэргэшсэн улсыг бэлдэх шаардлага бий.

-Эдийн засгийн, бизнесийн гэрээний нарийн мэдлэггүй нөхөр улс төрийн ч юм уу ямар нэг нөлөө, лоббигоор шийдвэр гаргачихдаг, тэр нь олон улсын шүүхэд очоод унадаг, эргээд засаг их хэмжээний төлбөрт унадаг жишээ “Хан ресурс”-ээс эхлээд бий шүү…?

-“Хан ресурс”-ээс гадна Эрдэнэтийн асуудал байна. Маш олон гэрээ олон улсын шүүхээр явж байгаа. Гадаад дотоод гэлтгүй нэгэнт байгуулсан л бол гэрээгээ нарийн чанд мөрддөг болмоор байна. Шүүх улс төртэй холилдчихсон нь үнэн. Ер нь улс төр бүх л юмтай холилдоод байна л даа. Уг нь төр бизнесийн үйл ажиллагаа явуулах орчинг нь бүрдүүлээд жижиг сажиг зүйл рүү хутгалдмааргүй байгаа юм. Төр өөрийн өмчийн аж ахуйн нэгжийнхээ цэвэрлэгчийг хүртэл томилохоор ямар хэрэг байхав. Дөрвөн жил тутам бизнесийн орчинг савлуулаад байвал эдийн засгийн өсөлт ярихад хэцүү. Яамдын нэр өөрчлөх гэх мэт жижиг өөрчлөлтүүд хийнэ, яам нь өөрчлөгдөхөөр бүх хүнийг хална, дахиад гэрээ байгуулж авна гэхээр хичнээн хэмжээний зардал орох билээ. Авахгүй гээд тэтгэмж өгөөд халахад өчнөөн мөнгө орно. Хямралын энэ үед бол асар их зардал. Гэрээ хэлэлцээр хийгээд нэг том бизнес хийх гэсээр байтал бүхэл бүтэн нэг яам алга болно гэдэг хөрөнгө оруулагчдын хувьд ойлгоход хэцүү асуудал.

Ц.БаасансҮрэн