Categories
мэдээ цаг-үе

“Стэнд бай” орж ирэхээр ам.долларын ханш 1900-гаас ч уруудна

Найман шарга захын өчигдрийн хаалтын ханшаар ам.долларыг 2497 төгрөгөөр авч 2499 төгрөгөөр зарж байна. “Стэнд бай” хэрэгжээд эхлэхээр ам.долларын ханш буурна гэсэн хүлээлт валютын зах дээр байгаа юм. Наад зах нь 1900 төгрөг рүү орно, цаашлаад яривал илүү буух ч магадлал бий аж. “Стэнд бай”-н хүрээнд яригдаж буй 1-1.5 тэрбум ам.долларын түрүүч хоёрдугаар сараас ороод ирнэ гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өглөө. ОУВС-тай за зүй болоод гар хөлийн үсэг зураад авбал Японы хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээл ороод ирнэ гэсэн сайн мэдээ бий. Нийтдээ гурван тэрбум гаруй ам.доллар орж ирэх нь тодорхой болчихоор ногоон валютын ханш сулрах нь тодорхой гэж эдийн засагчид хэлж байна. Өмнө нь ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад ам.долларын ханшид иймэрхүү өөрчлөлт гарч байсныг валютын ханшийн түүхээс харж болно.

Засгийн газар 2009 онд хямралын эсрэг арга хэмжээнүүд авсны нэг нь ОУВС-тай тохирсон “Стэнд бай” хөтөлбөр байсанюм. Тэр жилийнхээ дөрөвдүгээр сард шийдвэр гарч байв. Тухайн үед 229 сая ам.долларын зээлийг валютын нөөцийг зузаатгахад авч ашигласан түүхтэй. Тэр үед манай улс яг өнөөдрийнх шиг валютын багахан нөөцтэй, долларгүйгээс болж валютын ханшийн огцом хэлбэлзэл бий болчихсон байсан юм. Ийм шалтгаанаар эдийн засгийн тогтворгүй байдал даамжрах төлөвтэй болчихсон тэр цагт нүүрс, зэс гэх мэт гадагшаа зарж олдог бүтээгдэхүүний үнэ ч таагүй байсныг эдийн засагчид онцолдог. Экспортоор орж ирдэг валютын урсгал эрс багассан гэсэн шалтгаанаар импортоо гадаад валютын нөөцөөрөө санхүүжүүлж байсан маань тэр үеийн сонин хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа. ОУВС-гийн “Стэнд бай” орж ирэхээс өмнө буюу 2009 оны гуравдугаар сарын 31-нд 2048 төгрөг хүрч цойлсон ам.доллар “Стэнд бай”-н шийдвэр гарсны дараахан 1428 төгрөг болж бууж байж. Тодруулж хэлбэл тэр жилийнхээ тавдугаар сард нь. Ногоон валютын ханш 620 төгрөгөөр уруудсан гэсэн үг. Өнөөдөр ам.доллар 2499 төгрөгт хүрсэн гэхээр ирэх сарын сүүлээр юм уу, гурав, дөрөвдүгээр сард наад зах нь 1900 төгрөг болж буух нь.

Эдийн засаг агшчихсан ийм цагт “Стэнд бай”-н хүрээнд орж ирэх дөрөв шахам тэрбум ам.доллар ногоон валютын ханшийг үүнээс ч буулгаж мэднэ гэсэн таамгийг шинжээчид хэлж байна. 2009 онд ОУВС-гаас 229 сая ам.доллар авч байсан бол энэ жил авах мөнгө тэрбумаар яригдаж байгаа гэсэн ялгаа ч бас бий. ОУВС-тай 2009 онд гэрээ байгуулсны дараа Засгийн газарт олон улсын санхүүгийн байгууллагууд болон донор орнуудаас мөнгө олох боломж өнөөдрийнх шиг нээгдэж байв. Тухайн үед 160 сая ам. доллартай тэнцэхүйц хөрөнгийн эх үүсвэрийг Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Япон улсын Засгийн газар хоёр жилийн хугацаанд олгохоо амлаж байсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Тэгвэл өнөөдөр “Стэнд бай”-г дагаж ирэх мөнгө хоёр тэрбумаар яригдаж байгаа.

Тэгэхээр ам.долларын ханш 1900-гаас ч уруудаж 1700 төгрөг рүү орохыг ч үгүйсгэх аргагүй. Зах зээл томрох, бизнесүүд хөгжих, бүтээн байгуулалт өрнөх, эдийн засаг тэлэх талаас нь харвал “Стэнд бай” тэгтлээ хүсэхээр хувилбар биш.

Гэхдээ өчнөөн жилээр өвчилсөөр ирсэн төсвөө эрүүлжүүлж, алдагдлыг нь багасгахын тулд олон улсын байгууллагын хараа хяналт дор мөнгө төгрөгөө зарцуулж зөв төсөвтэй болох давуу тал бий. Бас ам.долларын ханш уруудаж халаасан дахь төгрөгийн маань үнэ цэнэ мэдэгдэхүйцээр өсөх өгөөж “Стэнд бай”-н ард байна.


Categories
мэдээ цаг-үе

Таван толгойг хөдөлгөх таван хувилбар

Оны өмнөхөн МАН-ын бүлэг дээр ширүүхэн маргаан болсныг эс тооцвол Уул уурхайн яамны Таван толгойг хөдөлгөх ажлын хэсгийн хувилбар төрийн ордон хавьцаа яригдаж амжаагүй байна. Хэсэг бүлэг хүмүүсийн дургүйцсэн жиргээг алгасаад харвал ордноос гаднах ертөнцөд ч Таван толгойг хөдөлгөхгүй гэсэн сүрхий хүчтэй эсэргүүцэл алга. Ачир дээрээ хоногийн хоолоо гэж яваа олонд халаасан дахь хэд нь цаас болохгүй байх л амин асуудал. Халаасан дахь төгрөг нь долларт дарлуулахгүй байх ганц гарц нь гаднаас ахиухан доллар орж ирэх. Том төслөө хөдөлгөж байж ахиухан доллар олдгийн учир шалтгааныг давтан улиглаад яахав, ингэсгээд зогсъё. Таван толгойд дөрвөн асуудал бий. Энэ ордын лиценз хэнд байх вэ гэдэг нь эхний асуудал. Төслийг хөдөлгөе гэвэл уул уурхайн төслийн компани байгуулна. Бас нүүрсээ зөөх тээвэр ложистикийн компани байгуулах зайлшгүй шаардлага бий. Мэдээж борлуулалтын компани байгуулж байж нүүрсээ зарна. Төдийгөөс өдий хүртэл Таван толгойг хөдөлгөх ямар хувилбарууд яригдаж ирснийг жагсаая.

М.Энхсайханы хувилбар: М.Энхсайханы ахалж байсан ажлын хэсэг Таван толгойн лиценз эзэмшигч нь “Эрдэнэс Таван толгой” гэсэн хувилбар гаргаж байв. Зах зээл дэх нүүрсний үнээс хамаарч 2-8 хувийн рояалти авна гэсэн тохироог хөрөнгө оруулагчидтай хийснийг тухайн үеийн хэвлэлийн мэдээнээс харж болно. Мэдээж улс таван хувийн рояалтигаа авдгаараа авна гэсэн нөхцөлтэйгөөр. Уул уурхайн төслийн компанийн 51 хувийг ММС буюу “Энержи ресурс”, 49 хувийг “Шинхуа” гэсэн хувилбарыг М.Энхсайханы баг санал болгосон юм. Тээвэр ложистик буюу төмөр замын тухайд 100 хувь “Шинхуа” хөрөнгөө гаргаж барихаар за зүй болсныг хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Тээвэр ложистик дээр rolling stock гэж бий. Тодруулж хэлбэл, төмөр зам дээгүүр явах зүтгүүр вагон. Үүн дээр “Шинхуа”, “ММС” хамтарна гэж байв. Борлуулалтын хувьд 70 хувь нь “ММС”, 30 хувь нь “Сумитомо” гэсэн тохироо хийснийг мөн л хэвлэлийн мэдээнээс харах боломжтой. М.Энхсайханы багийнхны хувилбарын давуу тал нь гадагшаа өгөх өрөө тэглэж, Монголоос мөнгө гаргахгүйгээр Таван толгойг хөдөлгөх гэж байсан юм.

Л.Эрдэнэчимэгийн хувилбар: М.Энхсайханы ахалсан ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай тохиролцоонд хүрч гэрээнд гарын үсэг зурдгийн даваан дээр УИХ хэлэлцээрийг тодорхойгүй хугацаагаар зогсоож байв. Дараахан нь Л.Эрдэнэчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хувилбараа гаргасан юм. Лицензийн хувьд М.Энхсайханыхтай ижил “Эрдэнэс Таван толгой”-д гэсэн хувилбарыг тэд дэвшүүлсэн. Рояалти биш 51 хувийн ногдол ашиг авна, уул уурхайн төслийн компанийн 51 хувийг “Эрдэнэс Таван толгой”, 49 хувийг “Шинхуа” эзэмшинэ, тээвэр ложистикийн 51 хувь нь “Монголын төмөр зам”, 49 хувь нь “Шинхуа”-д хамаарна, борлуулалтыг “Эрдэнэс Монгол”, “Сумитомо” хариуцна гэсэн уялдаа авцалдаа муутай, бүтэх ямар ч боломжгүй хувилбар нь өчнөөн шүүмжлэл дагуулж байв. Товчхондоо “Энержи ресурс”-ийг жийх хувилбар гэчихэж болно. Учир мэдэх ямар ч засаг Л.Эрдэнэчимэгийн ахалсан багийн хувилбарыг дэмжихгүй л дээ. Гэхдээ энэ хувилбар дэмжигдсэн бол Таван толгой хоёр дахь Эрдэнэт болох байв.

Ч.Сайханбилэгийн хувилбар: Л.Эрдэнэчимэгийн дараа зүтгүүлэх гэж байсан хувилбар. Засаг дээр хэлэлцэгдэж амжаагүй учраас “зүтгүүлэх гэж байсан” гэж тодотголоо. Лицензийн тухайд өмнөх хоёртойгоо адилхан “Эрдэнэс Таван толгой”-д үлддэгээрээ үлдэх хувилбар яригдаж байв. Рояалти авахаас гадна тодорхой хувийн ногдол ашиг авах хувилбар хөшигний цаана яригдсан гэдэг. Хувийнх нь тухайд 34, 17 гэсэн хувилбарууд яригдаж байж. Уул уурхайн төслийн компанийн хувьд 51 хувийг нь хоёр компани хувааж авах хувилбар яригдаж байжээ. 51 хувийг хувааж эзэмших нэг компани нь “Энержи ресурс”, нөгөө нь “Эрдэнэс Таван толгой”. Үлдсэн 49 хувь нь өнөө олны анхааралд буй “Шинхуа”. Тээвэр дээр 51 хувийг нь “Монголын төмөр зам”, 49 хувийг нь “Шинхуа” эзэмших хувилбарыг гаргасан гэдэг юм. Rolling stock дээр ММС байж болох юм гэсэн яриа хөөрөө өрнөж байж. Борлуулалт маркетинг дээр “Шинхуа”, “Сумитомо”, “Эрдэнэс Монгол” гурвын нэр яригдаж байжээ. “Эрдэнэс Монгол”-ын тухайд борлуулалтын арван хувийг гэсэн санаа оноо өмнөх засгийн түвшинд яригдсан гэдэг. Албан ёсны болж амжаагүй энэ хувилбарыг бизнес рүү дөхсөн хувилбар гэж учир мэдэх улс үнэлдэг юм билээ.

Ж.Эрдэнэбат, Ц.Дашдоржхоёрын хувилбар: Энэ засгийн үед Таван толгойн хөдөлгөх хоёр хувилбар яригдаж байна. Нэг нь шууд зарах хувилбар. Хэрвээ энэ хувилбараар явбал Эрдэнэс Таван толгойн лиценз “Таван толгой”-г худалдаж авах талд очно гэсэн үг. Хэрвээ тэгвэл “Эрдэнэс Таван толгой” татан буугдаж таарна. Нөгөө нь “Эрдэнэс Таван толгой”-д үлдэх хувилбар. Гэхдээ ямар нөхцөлд яаж үлдэх талаар тодорхой болсон зүйл одоохондоо алга. Бүх тохироо, хувилбар хөшигний ард байна. Ойрхны баттай мэдээ гэвэл МАН-ын бүлэг дээр өрнөсөн маргаан. Уул уурхай, эдийн засгийн нарийн мэдлэг, ойлголтгүй залуу голдуу гишүүд Таван толгойг зарах нь, үнэгүй болгох нь гэж ирээд сүрхий дуугарсан дуулдаж байна. МАН-ын бүлэг дээр Таван толгойг “Шинхуа”-д таван тэрбум ам.доллараар зарчихъя гэсэн яриа ч өрнөөд авч. Энэ хувилбар шийдэл болбол “Чалко”-гийн томсгосон хувилбар болох өндөр эрсдэлтэй. Юун эдийн засгийн тусгаар тогтнол, улс төрийн тусгаар оршихуй болно. Таван толгойн 49 хувийг “Шинхуа”, 51 хувийг “Энержи ресурс”, “Эрдэнэс Таван толгой” хувааж эзэмших хувилбар ч яригдсан бололтой байна.

Тав дахь хувилбар. Дөрөв дэх засаглалын хувьд эдийн засаг унах эсэх, улс хөгжих, уруудахын нэгнийг шийдсэн том төсөлтэй хамаатай асуудалд гарц, шийдэл гаргах нь хэвлэлийнхний үүрэг. Энэ утгаараа гаргаж байгаа хувилбар. Уг нь эдийн засаг талаас нь, улсад ирэх өгөөж ашиг гэдэг өнцгөөс нь харвал Таван толгойг цогцоор нь хөдөлгөх М.Энхсайханы багийн хувилбар дажгүй. Уул уурхайн том төслийг төрийн компани хэрэгжүүлээд амжилтад хүрсэн түүх дэлхийн хаана ч байхгүй гэдэг утгаар нь дэмжихээс аргагүй хувилбар байсан. Хувийн компани Таван толгой шиг том төслийн удирдлага менежмэнтийг хариуцаад цогцоор нь хөдөлгөөд явчихвал алсдаа ирэх ашиг нь их гэдгийг уул уурхайгаараа хөгжсөн улсуудын түүх бэлхнээ нотолдог. Гэхдээ МАН-д Оюу толгойг хөдөлгөсөн С.Баяр шиг, ядаж л түүнд дөхөхөөр лидер одоохондоо байхгүй. Тэгэхээр энэ засаг М.Энхсайханы багийн гаргасан хувилбараар, Таван толгойг зах зээлийн жамаар нь зоригтой хөдөлгөж чадах эсэх нь эргэлзээтэй. Эргэлзээтэй гээд эдийн засаг хүнд ийм цагт Таван толгойг өмнөх засгууд шиг таг гацаах бүр боломжгүй. Иргэдээ тэгтэл нь туйлдуулах эрх энэ УИХ-д байхгүй.

Шийдэх боломжтой хувилбаруудаа нээлттэй ярилцаад шийдэлд хүрэх л анхаарал татсан асуудал болчихоод байна. Таван толгойн лицензийг “Эрдэнэс Таван толгой”-д үлдээж, Цанхийг зүүн, баруунаар нь хуваан ашиглуулах гарц байж болох юм. Баруун Цанхи дээр “Энержи ресурс”, “Шинхуа”-г оруулж, Зүүн Цанхи дээр Эрдэнэс Таван толгой “ үндэснийхээ операторуудтай ажилла гэвэл болохгүй юмгүй. Энэ хувилбарын сул тал нь “хятадууд зөвшөөрөхгүй” гэсэн эрсдэл бий. Төмөр замаа “Шинхуа”-д өгч, борлуулалтыг “Сумитомо”-той хамтраад өөрсдөө хийх гарц байж болох юм. Төмөр зам гэснээс “Монголын төмөр зам” Таван толгойн тээвэр ложистикт оролцох ямар ч шаардлагагүй гэж уул уурхайн салбарынхан, эдийн засагчид дуу нэгтэй хэлдэг. “Сумитомо”-гийн хувьд анхнаасаа борлуулалтын 30 хувийг хариуцъя гэж дуугарсан ч сүүлд мөнгө гаргая, хувь нийлүүлье гэж хэлсэн сураг дуулдсан. Гэхдээ үнэн, худал нь тодорхой болоогүй мэдээлэл. Дотооддоо тэрсэлдээд учраа олохгүй бол манайх шиг орнуудад туслах зорилготой, мега төслүүд дээр зөвлөгөө өгдөг газар хандаж болох юм. Ингэвэл өмнө яригдсан хувилбаруудаас шүүж, ашигтай хувилбар гаргах гарц уг нь бол бий.

Сүүлд сонссон сонин гэвэл яамны ажлын хэсэг нөхцөлүүдээ хэд хэдэн хувилбараар судалж, консорциумтай хэлэлцээрээ хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Одоогоор нөхцөлүүдээ яг эцэслэсэн зүйл байхгүй аж. Талууд нөхцөлүүдээ тохирч, тодорхой байдлаар эцэслэсэн тохиолдолд УИХ-ын хэлэлцүүлэгт оруулах нь ойлгомжтой.

Categories
мэдээ эдийн-засаг

Таван толгойн цахилгаан станцын барилгын ажил энэ ондоо багтаж эхэлнэ гэв

Таван толгойн цахилгаан станцын хөрөнгө оруулагчид өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын дундуур Сингапурт уулзжээ. Таван толгойн цахилгаан станц төслийн нэгжээс гадна “Марубени”, “Оюу толгой”-н төлөөлөл оролцсон техникийн уулзалтын үеэр төслийн танилцуулга гэх мэт ерөнхий асуудлууд яригдсан гэснээс өөр тоймтой мэдээлэл одоогоор алга. Тэд Улаанбаатарт биш Сингапурт уулзжсан бөгөөд дараагийн уулзалтаа хийхээр төлөвлөжээ.

Хөрөнгө оруулагчаар шалгарсан “Марубени”-д санхүүжилт босгоход хүндрэлтэй байгаа гэх мэдээлэл оны өмнөхөн цацагдсан удаатай. Санхүүжилтийн хувьд ямар ч асуудал байхгүй гэсэн мэдээллийг төслийн нэгжээс өгч байна. Энэ ондоо багтаад Таван толгойн станцын барилгын буюу газар шорооны ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Өнөөдөр “Оюу толгой” компани зөвхөн эрчим хүч худалдаж авахын тулд урд хөршид 200 орчим сая ам.доллар төлж байна.

Засгийн газраас Таван толгойн нүүрсний орд дээр 450 МВт-ын цахилгаан станц барихаар төлөвлөөд байгаа юм. Энэ цахилгаан станц жилд дунджаар нэг сая тонн орчим эрчим хүчний нүүрс хэрэглэх тооцоо бий. Цахилгаан станцыг барьж босгоход 3000 гаруй ажилчин оролцохын дийлэнх нь монголчууд байна гэсэн мэдээллийг албаныхан өгдөг. Станц ажиллаж эхэлснээр улсын төсөвт татвар, хураамж хэлбэрээр жил бүр 150 тэрбум хүртэл төгрөгийн орлого орно гэж Таван толгойн цахилгаан станц төслийн нэгжийнхэн өмнө нь мэдээлж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Нарантуулын тэрэгчнээс Зуун айлын портерчин болсон хорин жил

-Д.ДАШЦОГЗОЛ:
СҮҮЛДЭЭ ХАДГАЛАМЖИНДАА МӨНГӨ ХИЙХГҮЙ Л БОЛ ТАЙВШРАХАА БОЛЬЧИХДОГ ЮМ БИЛЭЭ-

Нарантуул дээр тэрэг түрээд гүйж явсан залуу мөнгөө хураагаад амины
хоёр ч байшин, портер машин, сарын сая гаруй төгрөгийн орлоготой товхийтэл амьдарч
байна. Дашцогзол 1997 онд Завханаас Улаанбаатарт шилжиж иржээ. Мэргэжил боловсролгүй
хорь хүрч яваа залууд Нарантуул зах дээр тэрэг түрэх ажил л олдож. Өдөрт олсон хэдээсээ
өл залгах хоолны мөнгө авч үлдээд бусдыг нь хамаатныхаа хүнд хадгалуулж эхэлжээ.
Гэр хол ч унаанд мөнгө зарахгүйн тулд зах руу ирж, буцахдаа алхана. Өдөрт хадгалуулдаг
мөнгө нь дээд талдаа хорин мянга, ер нь бол арван мянган төгрөгөөс буухгүй. Тэр
үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 9800 төгрөг байсан гэхээр овоо мөнгө.

Дашцогзолыг Нарантуулынхан Доржоо гэдэг нэрээр нь анддаггүй юм билээ.
Тэрэг түрж хураасан мөнгөөрөө барилгын материал увуу цувуугаар авч ахынхаа хашаанд
хураасаар байгаад байшинтай болчихож. 6х8-ын харьцаатай тохьтой, дулаахан сууцаа
Доржоо өөрөө барьжээ. Орон гэрээ бэлдээд авсан залуу хураасан мөнгөөрөө эксель худалдаж
авч таксинд явж эхэлж.

Таксинд явж олсон мөнгөө хүү авах давуу талтайг нь бодоод хамаатныхаа
хүнд биш банкинд хадгалуулдаг болжээ. Олсон мөнгөнийхөө 80 хувийг хадгална гэж өөртөө
амласнаа ярив. “Зарим өдөр бензинийхээ мөнгийг хасаад ганц, хоёрхон мянгыг олно.
Юуг нь хадгалах вэ дээ гээд үрчихье гэж бодож байгаагүй. Залуу хүн л юм чинь наргиа
цэнгээн, аялал зугаалгад мөнгө үрмээр санагдана. Гэхдээ эхлээд зорилгодоо хүрээдхэе
гэж зүтгэсэн. Мөнгөө хадгалаад байхаар сүүлдээ хадгаламжиндаа мөнгө хийхгүй л бол
тайвшрахгүй болчихдог юм билээ” гэж Доржоо ярьж байсан. Портероор ачаа бараа зөөх
нь илүү ашигтайг олж харсан залуу будаг нь ханхалсан шинэ портер худалдаж авчээ.
Мэдээж такси барьж хуримтлуулсан мөнгөөрөө. Доржоо одоо ч портероороо ачаа зөөдөг.
Зуун айл дээр зогсч ачаа зөөгөөд долоон хоногт 300-350 мянган төгрөг өлхөн олчихдог
юм байна. Олсон мөнгөнийхөө 60-70 хувийг хадгаламжиндаа хийдэг.

Доржоо “Би долоо хоног болгон банкинд очиж мөнгөө хийдэг. Бэлэн мөнгөтэй
явахаар хэрэггүй зүйлд үрчих гээд байдаг юм. Гэртээ хадгалах бас дэмий. Увуу цувуугаар
авсаар дуусгачихдаг. Дараа нь бодохоор энэ гээд хэлчихээр хэрэгтэй юм аваагүй байдаг.
Мөнгөө хадгалаад сурчихаар хүн хэрэггүй зүйл авахаа больчихдог юм билээ. Найзуудаа
хараад байхад хүссэн зүйлээ авч мөнгөө үрээд байгаа анзаарагддаг. Хүний хүсэл барагдахгүй
шүү дээ. Хүсэл хэрэгцээ хоёроо ялгах нь чухал гэж нэг хүн зурагтаар ярьж байсан.
Үнэхээр үнэн үг. Хүмүүс хадгалахаар их цалин авч байгаа биш, юуг нь хадгалах юм
гэж ярьдаг. Олсон мөнгө болгоныхоо тодорхой хувийг хадгалаад жил өнгөрөхөд л хадгаламж
ямар хэрэгтэйг ойлгоно доо” гэж ярив. Залуу гурван жилийн өмнө Дарь-Эхэд хашаа худалдан
авч мансардтай, 9х9-ийн харьцаатай амины сууц барьжээ. Мөн л хуримтлуулсан мөнгөөрөө.
“Зуун айл удахгүй газарт орно. Хэзээ хөөгдөх бол гэж түгшиж амьдрах хэцүү. Тэгээд
ч миний хашаа биш болохоор өөрийн гэсэн орох оронтой болъё гэж бодсон” гэж байна.
Мөнгөө хураагаад аятайхан амьдарсан ийм энгийн түүхээс гадна дэлхийд гэж яригддаг
тэрбумтнууд дунд ч хуримтлуулсаныхаа ачаар бизнесээ цэцэглүүлсэн түүх цөөнгүй дуулддаг.
Хөрөнгө мөнгө нь Опрагаас 800 сая ам.доллараар илүү Хятадын тэрбумтан Жан Шин гэхэд
л ядуу тарчиг амьдралд өссөн гэдэг. Бээжингийн охин мөнгө олохын тулд ээжтэйгээ
Хонгконгийг зорьж, таван жил мөнгөө цуглуулсан байдаг. Лондонд очиж англи хэлний
курст сурах гэж. Ингээд л амжилтанд хүрэх тийзээ олоод авч.

IKEA-гийн босс Ингвар Кампрадын бизнес ч хуримтлуулсан мөнгөнөөс
эхэлсэн юм билээ. Сурагч байхаасаа харандаа үзүүрлэгч, шүдэнз гэх мэт жижиг сажиг
барааг бөөний үнээр авч борлуулдаг байсан хүү хураасан мөнгөн дээрээ ааваасаа багахан
мөнгө нэмж зээлээд бизнесээ эхэлж байж. 15 настайдаа.

Манай улсад 820 мянга орчим айл байдгаас 760 мянга нь ямар ч хуримтлалгүй
гэсэн статистик бий. Хадгаламжтай монголчуудын 83 хувь нь нэг сая хүрэхгүй төгрөг
хуримтлуулсан гэж эдийн засагчид онцолдог. Ганцхан хувь нь л тавин сая төгрөгөөс
дээш хуримтлалтай. Монголчууд бултаараа мөнгө хуримтлуулж сураагүй гэсэн үг. Их,
бага хуримтлалтай 60 мянган айлын нэг нь Д.Дашцогзолынх. Уг нь гурван өрх тутмын
нэг нь сард 50 мянган төгрөг хадгалуулаад байхад л арван жилийн дараа айл бүр
13 сая төгрөгтэй болох юм билээ. Улсаараа гэж яривал 3.3 их наяд төгрөг эдийн засагт
эргэлдэх нь.

Хадгаламж ихсэх хэрээр банкууд компаниудад өгөх зээлээ нэмнэ, бизнесийн
төслүүд мөнгөөр дутахын зовлонгүй болоод ирэхээр ажлын байр нэмэгдэж, төсөвт цуглах
татвар өснө. Ажилгүй, мөнгөгүйн зовлон ард үлдэж улсаараа аятайхан амьдрах боломж
мөнгөө хадгалуулах гэсэн энгийн зүйлээс эхэлдэг. Иргэд нь мөнгөө хуримтлуулаад заншчихсан
улсуудыг харахаар хөгжлөөрөө цойлсон орнууд байдаг нь цаанаа ийм учиртай.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мятав нь авна уу, Готов нь авна уу ард бидэнд хамаа алга

“Ирж яваа цаг”-ийн гол дүрийн бүсгүй ингэж хэлээд нэгдлийн хонийг
туугаад гүйдэг дээ. Багаяагийн охины “Мятав нь авна уу, Готов нь авна уу хамаа алга”
гэсэн үгийг Таван толгойн хэлэлцээ эхэлсэн энэ өдрүүдэд хэлмээр санагдаад байх юм.
Таван толгойн хэлэлцээрийн эхний өдрүүдийн өнгө нэг л биш оргиод явчихлаа. Өндөр
чанарын коксжих нүүрсний том ордоо тэрэнд, энэнд өгөхгүй гэсэн улиг болсон дайралт
эхлэх янзтай. Төдийгөөс өдий хүртэл ард олноороо талцаж суугаад маргасаар ирсэн,
одоо ч маргаж яваа, ирээдүйд ч маргасаар сууж мэдэх “гоё” сэдэв л дээ. Үнэндээ Таван
толгойг хэн авах нь маньд огт падлийгүй. Засгийн мэдэгдлээс анзаарах нь ээ М.Энхсайханы
багийн хөрөнгө оруулагчидтай хийсэн тохироо ажил шийдэл болох нь шиг байна. Японы
“Сумитомо”, Хятадын “Шинхуа” Монголын “Энержи ресурс”-тай консорциум болж төмөр
зам, уурхай, баяжуулах үйлдвэр гээд Таван толгойг цогцоор нь хөдөлгөх тохироо хийсэн
ч хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурдгийн даваан дээр хэлэлцээрийг зогсоосон
юм.

Ер нь ямар ч том ажил, төслийг эдийн засаг, улстөрийн аль нэг бүлэглэл
авч, урагшлуулдаг жамтай. Өөр хэн ч авах билээ. Энэ бол ганц манайд ч биш дэлхий
даяар үйлчилдэг бичигдээгүй хууль. Ашигтай том төслүүдийг авахын төлөө бүлэглэл
хоорондоо тэмцэл өрнүүлж, тэд л бүгдийг хувааж авсаар ирсэн жишээг хүн төрөлхтний
түүхээс өчнөөнөөр нь харж болно. Бүлэглэлүүд ард олны дэмжлэгийг авахын тулд пи
ар хийдэг, тэрэнд нь улс даяараа татагдаж, дайн тулаандаа хүрсэн тохиолдол ч ная
түмээрээ. Хэдэн зууны өмнө ч тийм байсан, одоо ч ялгаагүй, ирээдүйд ч цэнхэр гаригийн
хөгжил ийм загвараар өрнөнө. Хүн бүр хүссэнийхээ хэрээр мөнгөтэй, эрх мэдэлтэй болдоггүй,
цөөхөн хэд нь их мөнгө атгаж, эрх мэдэлд хүрдэг. Нэг улсад гэхэд эдийн засаг, улстөрийн
хүчтэй хоёр гурван бүлэглэлд л мөнгө, эрх мэдэл төвлөрдөг. Мөнгөтэй, мэдэлтэй нөхдүүд
том төслүүдийг яахаа шийдэж, улсын хөгжлийг дохиурдсан шигээ аж төрдөг нь ерөөсөө
жам. Ардчилсан Америк, социалист Куба гэсэн системийн ялгаа хамаагүй үйлчилдэг бичигдээгүй
ганц хууль гэвэл энэ. Таван толгойг ашиглах эсэх тухай маргаан мэтгэлцээн өрнөсөн
өнгөрсөн жилүүдэд яг л ийм тоглолт, дэглэлт тод ажиглагддаг, одоо ч тийм байгаа.

Бодоод үз дээ, ирэх зуун жилд ердөө 25-хан хүн Ерөнхийлөгч болно.
Одоогийн төрийн тэргүүн шиг улираад сонгогдчихоор нөхдүүд нэр дэвшээд байвал арваадхан
хүнд л төрийн тамга атгах хувь тохионо. Бүх хүн Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй
ч бүгдэд боломж олддоггүй нь хатуу ч гэлээ үнэн. Жаахан томруулаад харъя. Оросын
эдийн засгийг хэдхэн хүн удирддаг, Азийн өнгө ямар байхыг цөөн улс л мэддэг, дэлхийн
амьдрал яаж өрнөх нь хуруу дарам бүлэглэлийн гарт байдаг. Хүн төрөлхтөн долоон тэрбумуулаа
баян байхыг хүсдэг ч 1453-хан хүн л тэрбумтан болж чадсан. Хүнийхээ тоогоор бусад
тивээсээ хамаагүй их Ази гэхэд 600 гаруйхан тэмбумтантай. Хүн төрөлхтөн ганцхан
Ньютан, цорын ганц Эйнштейнтэй.

Ингээд ухаад бодохоор Таван толгойг Мятав, Готовын аль нь авах нь
маньд ёстой падлийгүй болж таарч байгаа юм. Шуудхан хэлэхэд Таван толгойг бүгдээрээ
авч, бултаараа хувааж идэх гэж байгаа мэт сэтгэж миний чиний хэмээн хийрхэж маргах
нь утгагүй гэнэн хэрэг. Хэтээсээ нэг бүлэглэл нь авч байж ажил урагшилна. Таван
толгой хөдөлнө. Эдийн засагт их мөнгө эргэлдэж эхэлнэ. Гэхдээ нэг хатуу үнэн гэвэл
“намайг дэмжсэний чинь төлөө” гээд эгэл иргэдэд таван төгрөг май гээд сарвайх бүлэглэл
байхгүй. Халаасандаа ганц төгрөгийн нэмэргүй сэдвээр маргаж мэтгэлцэж Таван толгой
төслийг өчнөөн жилээр гацаасны гол хохирогчид нь хэн гэж та бодож байна. Талцаж,
мэдэмхийрч, ухаантай царайлсан бид өөрсдөө. Өнгөрсөн засгуудын үед талцаж, их мэдэгч
царайлж, бужигнаан шуугиан үүсгэж Таван толгойг гацаагаагүй бол өдийд монгол төгрөг
навс унаж, сарын цалингийн маань өгөөж 30-40 хувиар буурахгүй байв. Доллар галзуурсан
энгийн бодитой жишээ гэвэл Таван толгой. Нүүрсээ зарж доллар олох боломж байхад
таг гацаагаад суугаа улс нь бид өөрсдөө гээд бодохоор гунигтай санагддаг.

Өндөр чанарын коксжих нүүрсний нөөцөөрөө дэлхийд гэж яригддаг ордоо
ашиглаж чадаагүй өнгөрсөн жилүүдэд Таван толгойг булаалдсан бүлэглэлүүд лав хохироогүй.
Мөнгөтэй, эрх мэдэлтэй улс яалаа ч гэж хохирохов. Харин Таван толгой хөдөлсөн бол
ажилтай орлоготой болох байсан бид л хохирцгоож суугаа. Таван толгой хөдөлбөл ажлын
байр нэмэгдэнэ, ханган нийлүүлэлтээр бизнесээ цэцэглүүлэх боломж компаниудад олдоно.
Улсын төсөвт ирэх татвар өснө. Таван толгойгоос өчнөөн цэцэрлэг барьчих мөнгө татвар
хэлбэрээр орж ирэх бүрэн боломжтой. Тэгэхээр Таван толгойг тэрэнд л өгнө, учир нь
тэр их сайн хүн гэж хадуурахаа больё. Манай сонины 2010 оны зургадугаар сарын
17-ны дугаарт УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын нэг ярилцлага нийтлэгдсэн. “Таван толгойн
тухай тогтоолын төслийг хаврын чуулган өндөрлөхөөс өмнө амжиж батална” гэсэн лут
гоё гарчигтай. Тэр үеэс хойш даруй долоон жил өнгөрчихөж. Гэтэл Таван толгой бахь
байдгаараа, өнөө янзаараа. Одоо ганц л гарц байна. Улиг болтлоо ярьсан нарийн өргөн
царигийн маргаанаа өнөөдрөөс зогсооё. “Нарийн царигийн төмөр зам Хятадын хил рүү
тавьчихвал цаадуул чинь танктай орж ирээд…” гэж ирээд хөмсөг зангидсан улстөржилтийн
балгийг улсаараа үүрч яваа маань хангалттай шийтгэл. Хойд хөршөөс эхлэлтэй шуугиан
дуулиан ч гэцгээдэг, хаанаас эхтэй нь одоо юуны хамаа. Таван толгойтой өрсөлдөхөөр
орд хойд хөршид бий гэдэг нь л үнэн. ОХУ коксжих нүүрсний их нөөцтэй Элгагаасаа
Хятадын хил рүү нарийн царигтай төмөр зам бариад, япончуудад хувь эзэмшүүлж нүүрсээ
зарах тохироо хэдийнэ хийчихсэн. Нарийн, өргөн царигаар манийг маргалдуулсан нь
үнэн бол хойд хөршөө сайн байна гэж магтахаас өөр яахав. Улсаараа хоёр талцчихаад
маргалдаж суух сүүлийн дөрвөн жилийн дотор тэд зах зээлтэйгээ, бидний айгаад байсан
өнөө нарийн царигаар холбогдчихлоо. Ухаалаг л байна.

Тэгэхээр Мятав, Готовын хэн авах нь хамаа алга, Таван толгойгоо хөдөлгөх
нь чухал гэж л улсаараа ухаантай царайлахаас өөр арга ард бидэнд алга. Тэгж байж
л тэр том төслийн өгөөж энгийн бидний халаасанд мөнгө болж орж ирнэ.

Categories
мэдээ нийгэм

Мандарины үнэртэй шинэ жил

Онц гарчихсан, өвлийн өвөөгөөс бэлэг авна гэсэн бөөн догдлолтой сүрхий амьтан бригадынхаа улаан булан руу дэгдсэн 1987 оны шинэ жил санаанаас гардаггүй юм. Сумаасаа 20 гаруй км алслагдсан бригадын төвийн 1-ийн ”а”-гийн охинд улаан буланд ёолкдох боломж ингэж нэг гарав аа. Бригад маань Төв аймгийн Жаргалантын сангийн аж ахуйд данстай. Одоо бол Жаргалант сумын Загдал баг гэж явдаг. Манай ангийнхан дотроо галлагаатай жижигхээн өрөөнд хичээллэдэг байсан юм. Гэр, сургуулиасаа өөр газар орж үзээгүй нөхөр цэлгэр уужим гэж жигтэйхэн үлгэрийн ордонд ороод явчихав. Уг нь улаан булан маань өндөр таазтайгаас биш сургуулийн хоёр ангийг нийлүүлсэн дайны жижигхэн талбайтай л даа, манай багийнхан одоо ч тэндээ вальс эргэдэг. Улаан булангийн хойморт зассан өнгө өнгийн шилэн чимэглэлтэй том ногоон гацуурын гоё гэж. Нэг л их гэрэл цацруулсан сүрлэг мод. Цэцэрлэгээсээ л найзалсан Бадмаа маань “Хөөх ийм том ёолк байдгийм байна ш дээ” гээд өнөө гацуур руу чавхадчихав.

Клубын таазан дээгүүр хэцэлж татсан утсанд гурвалжин дөрвөлжин, сар нар, туулай, манжин гээд янз бүрийн дүрстэй өнгийн цааснууд өлгөчихөж. Ангидаа цугаараа үлдэж байгаад 12 мөнгөний дэвтрийн хуудсыг элдэв дүрсээр хайчилж, өнгийн харандаагаар гараа цуцтал будаж урласан бүтээлээ дор нь танилгүй хаачихав. Бадамаа “Тэр миний хийсэн чимэглэл байна” гээд час улаанаар будсан гурвалжин цаасыг зааж байна. Би яаж дутахав “Хөөх тэр нь минийх” гээд тод цэнхэр өнгийн дарцагийг зааж тэрүүхэндээ хөл хөөр болов. Цээгий, Хуланаа, Баажиг гээд манай ангийн охид урласан чимэглэлээ өмчлөөд бөөн дуу шуу. Хөвгүүд харин тэгтлээ сүйд болсонгүй. Чоно, үнэг, хулгана, туулайны баг өмссөн нөхөд л гацуур тойрч пижигнээд, багш байсхийгээд укаскаа шүүрч элдээд улаан булангаар дүүрэн шуугиан. Гацуур тойрох амьтдын дүр хөвгүүдэд оногдсон юм. Дүрээ бэлдэж байгаа нь тэр.

Гоёлоо хэлэхээ мартах нь. Би гэдэг хүн ээжийнхээ нямбай гэгч нь индүүдэж өгсөн складтай юбка, цасан цагаан цамцаар гоёчихсон. Бас болоогүй ээ толгойдоо саагаар хийсэн титэмтэй. Салаа гэзгэндээ саанаасаа дутахгүй том цагаан тууз цэцэглэчихсэн, цамцныхаа баруун энгэрт ээжээрээ хээ гаргуулан байж саа оёулсан гэхээр дээгүүрээ нэг л их гялтганасан гялалзсан нөхөр л сургуулийнхаа шинэ жилд дэгдэж явж. Цасан охид болох өрсөлдөөн тун ширүүн болж билээ. Ариун цэврийн дарга Хуланаа, Хуланаагийн салдаггүй ганц найз Баажиг хоёр л ямар ч өрсөлдөөнгүйгээр цасан охин болсон санагддаг юм. Охид хүртэл “Хөөрхөн учраас аргагүй л дээ” гэцгээгээд тэрүүхэндээ л яриа хөөрөө болсон юмдаг. Хоёрдугаар ангид орсон жил доод ангийн Анжаа цасан охин болгосонгүй гэж уйлж гүйгээд жигтэйхэн шуугиан болж билээ.

Бөөн хөөр хөгжөөн дунд шинэ жил эхэллээ дээ. Хоёрдугаар ангийн багш “Өвлийн өвгөн цас мөсний орноос цан хүүрэг татуулсаар морилон ирлээ” гэж тод дуугаар уянгалуулж байна. Нээрээ л улаан булангийн үүд нээгдэж цагаан нөмрөг, цэнхэр дээл, уртаас урт буурал сахал, сахал шигээ өтгөн гэж жигтэйхэн хөмсөгтэй өвлийн өвгөн ороод ирлээ. Туулайны багаа барьчихсан хажууд зогсоо Батка “Цан хүүрэг нь хааччихав аа” гэж нүдээ эргэлдүүлээд сүйд. Би “Ийм халуун болохоор цан хүүрэг нь татахгүй байх шиг байна” гэж оношлов.

Өвлийн өвөөгийн уутан дахь бэлэг тэгсгээд цан хүүргийг ч мартуулав. Тэр үед онц гарсан хүүхдүүд өвлийн өвөөгөөс бэлэг авдаг байлаа. Миний нэрийг дуудаж байна шүү. Дэгдээд очлоо, бүгд над руу хараад, бүгдээрээ л надад баяр хүргээд байгаа юм шиг. Би гэдэг хүн бэлгээ авч суудалдаа ирж суутлаа ниссэн дээ. Өвлийн өвгөн, цасан охины зураг, “С Новым годом” гэсэн бичигтэй цаасан ууттай хачин гоё бэлгээ Бадмаатайгаа хамт задаллаа. Шажигнасан мөнгөлөг цаастай шоколад, банкяа, ээжийн хааяахан өгдөг “Сарлаг” гэж дотроо ч, гаднаа ч шоколадтай 24-ийн чихэр нэг ширхэг, “Оргил” гэж хатуу чихэр арваад, гурван алим, хоёр мандарин байна. “Сарлаг чихрийг нь Оргил шиг олныг хийсэн бол гоёо” гэж Бадмаатайгаа ярилцаад бэлгээ идлээ дээ. Дүүдээ, ээждээ хадгалахаа бас мартсангүй. Тэр шинэ жилийн бас нэг гайхамшиг нь улаан булангаар нэг сэнгэнэсэн мандарины үнэр. Хааяахан ирдэг агентаас үнэртдэг алимны таатай гоё үнэрээс давсан хачин сайхан үнэртэй мандарин гэдэг жимсийг анх удаа амталсан нь тэр. Тэр үеийн мэдрэмж тод үлдсэн байх, одоо ч шинэ жил гэхээр хамгийн түрүүнд мандарины үнэр санаанд буудаг. Мандарин шинэ жил хоёрыг салгаж төсөөлж чаддаггүй минь ийм түүхтэй. Өвлийн өвөө ирсэн шигээ гэнэтхэн цас мөсний орон руугаа явж одов. Гэнэт явж одсон гэснээс хөрш айлынхаа Оюутан гэдэг ахыг өвлийн өвөө болдгийг сумынхаа төвийн арван жилийн сургуульд очсон хойноо ах, эгч нарынхаа ярианаас мэдэж билээ. “Сувд эрдэнийн чимэгтэй Сүлд ногоон модоо Дун цагаан сахалтай Дүн өвлийн аав аа” гэж дуулцгаан гацуур тойрох амьтдаас хамгийн сүртэй нь ойн хүрэн баавгай санагдав. Туулай, хулгана мэтхэн нь ангийн хөвгүүд учраас нэг их гайхсангүй. Гайхал баавгайг харин хэн гэдгийг нь бодоод олсонгүй. Бас л тээр хойно дунд ангид орсон хойноо ээжийн найз Цээмээ эгчийн нөхөр Мижээ ахыг баавгай болдгийг мэдсэн санагддаг. Оюутан ах, Мижээ ах хоёр лав өвлийн өвөө, хүрэн баавгайн дүрээрээ олон олон шинэ жилд баяр хөөр бэлэглэсэн. Бид мэтийн балчруудын өвлийн өвөөд итгэх итгэлийг алдуулахгүй гэсэндээ тэр үү, дүрээ их л нууцалдаг байж дээ гэж одоо боддог юм.

Тэр жилийн ёолкноор биднийг жигтэйхэн инээлгэсэн хүн бол Ганаа ах. Ганаа ах жил бүр алиалагч болдог албатай. Бас шүлэг бичдэг Батсүрэн ах алиалагч хийнэ. Амьдрал дээрээ ч алиа хошин хүмүүс л дээ. Томоо гэгчийн цагаан өмд улаан цамц, малгайтай, хамар, хацраа бас улаанаар будчихсан ах нар уртаас урт цаасан дуран барьчихаад “Муу сурсан хүүхэд та нарын дунд байна уу. Нустай хүүхдүүдийг алдахгүй барьж авна даа” гэж хойш урагш гүйх тоолонд л манай сургуулийн жаалууд элгээ дарж ирээд л инээцгээнэ. Ганаа ахынх манай урдхан. Тэр шинэ жилийн дараагаас Ганаа ахыг харахаар л инээд хүрдэг болчихож билээ. Алиалагчийн дүрээрээ санаанд тод үлдсэн нутгийн ах маань одоо ч Загдалынхнаа хөгжөөж алиалсаар яваа.

Дараа жил нь ангийнхаа хүүд хуулуулсан хэргээр цээж бичгэн дээрээ сайн гарч өвлийн өвөөгөөс бэлэг авалгүй харьж билээ. Баахан уйлж сууснаа мартдаггүй юм. Нэг л их гомдол тээсэн нөхөр шинэ жилдээ очсон доо. Бэлэг гэснээс бас нэг бэлэг санаанаас гардаггүй юм. Зах зээлд шилжсэн ерэн онд сумандаа дотуур байранд амьдрахаар ирлээ. Дөрөвдүгээр ангийн том сурагч болчихсон тэр жил Дууяа багшийг “Онц гарсанд баяр хүргэе. Сургуулийн шинэ жилээр бэлэг авахаар болсон” гэж хэлэхэд нь жигтэйхэн баярлаж билээ. Бага ангидаа Оюутан ахаас авдаг байсан мандаринтай гоё бэлгээ төсөөлсөн нөхөр байдгаараа гоёод очлоо. Шинэ нийгэмд дөнгөж шилжсэн, дэлгүүрийн лангуу хоосорсон тэр оны шинэ жилийн бэлэг “Сарнай” саван, тосон бал байсан юм.


Categories
мэдээ цаг-үе

Урлан нь компьютерт багтсан төрийн соёрхолт барималчийнх

Төрийн ордны өмнөх “Төрийн ёслол хүндэтгэлийн цогцолбор, Үндэсний түүхийн музейн урд талын хэлмэгдэгсдийн хөшөө, яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж, Сэрэлтийн Бумаагаараа олонд хайрлагдсан Т.Цэвээнжав, Улс төрийн товчооны Д.Төмөр-Очир, Мэргэн гүн Гомбожав зэрэг алдартнуудын өөрийн гэсэн характер нь хачин тод сийлэгдсэн, өвөрмөц шийдэлтэй хөшөөнүүдийг урласан Төрийн соёрхолт Л.Болдынд өнжлөө. Барималчийнх цэнгэлдэх хүрээлэнгийн урдхан талын Номун хотхонд амьдардаг юм байна. Оронгуут л хүүхдийн шулганасан яриа, цангинасан инээд угтав. Амралтын өдөр учраас ач нь иржээ. Хүү, охин нь тусдаа гарсан өвөө, эмээгийн жаргалтай өдрүүдийн нэг гэдэг нь харваас илт. Гэрийн эзэн “Манайх чинь хүү, охинтой айл. Хүү маань эдийн засагч. Охин АНУ-д менежмэнтийн чиглэлээр сурч төгсөөд тэндээ аж төрдөг. Бага залуудаа хүүхэдтэй болчихоор тэдэнтэйгээ хамт л өсч төлөвшдөг бололтой юм. Хүүхдийн өхөөрдөм, хайрлам, хөөрхөнийг тавь гарсан насандаа, яг өдийд л жинхэнэ утгаар нь мэдэрч байна.

Уран бүтээлчид бүтээлээ хүүхэд шигээ санадаг гэдэг. Сэтгэл гаргаснаа л зүйрлэж хэлж байгаа байх. Тэрнээс биш үр хүүхдийг юутай ч зүйрлэх аргагүй л дээ” гэж хэлээд инээвхийлж байна. Гэрийн эзэн Сэлэнгийнх, эзэгтэй Сарангэрэл Улаанбаатарынх гэнэ. Аав, ээжийн нутаг ус гэж яривал Л.Болд барималчийн аав нь Хэнтийн хүн аж. Харин эзэгтэйн аав Завханых юм байна. Аавыгаа “Сууж байгаад сургаал хайрлаж байсныг нь санадаггүй. Аав минь тийм байгаагүй. Зөв аж төрөхийг амьдралын хэв маягаараа харуулсан хүн. Мянган сургаалаас илүү үлгэрлэл шүү” хэмээн дурслаа.

Бидний анх орсон өрөөг Л.Болд “Найз нөхөдтэйгөө үүрлэдэг үүр” гэж хошигнов. Ширээ тойруулсан буйдантай, урлаг цэцэглэсэн Тан улсын үеийн бүтээлүүдийг хуулбарласан баримлуудтай, ханандаа Гүюг хааны тамганы дардсыг жаазалж өлгөсөн тохитой гэж жигтэйхэн өрөө юм. Эзэгтэйн бэлдсэн ширээний ард яриа хөөрөө өрнүүллээ. Ардчилсан холбооны Зохицуулах зөвлөлийн анхны хурал урлангийнх нь өрөөнд болж байж. Гэрийн эзэн “Зохицуулах зөвлөлийн 11 гишүүний нэгээр Э.Бат-Үүлийг хүчээр оруулж байсан юм. Мань хүн сэтгүүлч болж тэмцэнэ гээд тэрүүхэндээ хөөрхөн юм болсон” гээд хөгжилтэй инээв. “Одоо таны урлан хаана вэ” гэтэл “Монголд урлангүй ганц хүн би л байх. Миний урлан энэ шүү дээ” гэж хажуудаа байсан цагаан өнгийн i mac-ийг заагаад жуумалзав. Барималч урдаа байсан халуун байхууг оочлонгоо “Москвад хөшөө дурсгалын мэргэжлээр төгссөн хоёр хүний нэг нь би. Тиймээс өдөр тутмын жижиг баримал энэ тэрд сэтгэл татагдаад байдаггүй юм. Хөшөө дурсгалаа гүйцэтгэх, боловсруулах ажлыг энэ өрөөндөө л хийдэг. Гүйцэтгэх болохоороо тав, арван метрийн өндөртэй заал түрээсэлдэг” гэж ярилаа. Өрөөндөө найзынхаа аавын хөргийг бүтээж эхэлжээ. Ойрын хүнийх нь аав учраас жижиг баримлын ажил эхэлсэн бололтой.

Удам сударт нь урлагийн хүн байсан эсэхийг сонирхоход “Би анх ном, замаар нь яваад барималч болсон гэж боддог байлаа. Арван жилийн маань ангийн багш мужаан, дүрслэх урлагийн дунд сургуулийн төгсөгч гэсэн зам л барималч болгосон гэж сэтгэнэ. Ихдээ л аавыгаа бодно. Аав минь хуучин бичгээр хачин гоё бичнэ л дээ. Чөлөөлөх дайнд штабын бичээчээр ажиллаж байсан хүн. Нэг удаа төрийн хүлээн авалтын үеэр хэсэг уран бүтээлчтэй уг удмаа ярилаа. Н.Жанцанноров гуай ээжийгээ сайхан дуулдаг гэж яриад. Н.Сувдаа гуай ойлгомжтой. Ээж нь мундаг. Би аавыгаа хэллээ дээ. Гэтэл гавьяат Г.Эрдэнэбат “чи боль л доо” гээд дургүй гэж жигтэйхэн байна. Аав маань Хэнтийн Батноровынх болохоор мань эр аавыг мэднэ. Тожил дархнаас гаралтай нутгийн хүн байж гэж ирээд нэг их зэмлэсэн нь санаанаас гардаггүй юм. Тийм л дээ, Монголын уран дархны агуу хийц тэнд байдаг. Тэр дундаа цутгаж бүтээдэг Батноров хийц. Би одоо болтол барималч гээд хөөмөл цутгаад явж байна. Миний аав тэр дархыг хийгээгүй, уламжлаагүй ч гени нь надад байгаа хэрэг. Тэр үеэс хойш өөрийгөө Хэнтийн Батноровын үр хойчис, урлалыг нь дамжуулж яваа нэгэн гэж боддог болсон” гэж байна.

Хэлмэгдэгсдийн хөшөөг цоолж балласанд эмзэглэж яваагаа нуусангүй. “Засах гээд цагдаа цэрэг болоод байх шиг. Сэтгэл шимшрээд очиж үзээгүй ээ. Хүмүүсээс дуулах нь ээ, 200 гаруй цоолсон сурагтай” гэв.

“Чингисийн хамгийн бодитой гэж хэлж болох зураг Тайваньд байдаг гэдэг. Ордоны өмнөх хааны дүрийг бүтээхдээ ямар зургийг барив” гэхэд “Миний шийдэл. Олон янзын үзэл байсан учраас өөрийнхөөрөө бүтээсэн” гэж байна. Хятадын зарим эх сурвалжид Чингис хааныг 197-201 см өндөр, зөв царайтай гэж дүрсэлсэн байдаг бол хэд хэдэн эрдэмтэн Тайваньд байдаг хааны хөргийг бодитой биш гэж үгүйсгэдэг гэнэ. Төрийн ордны урд талын Өгөөдэй, Хубилайг харин маргашгүй гэдэг утгаар нь Тайванийн зургаар бүтээжээ.

Өмнөд Монголд Чингис хаан болон Их Монголын түүхтэй хамаатай хэд хэдэн хөшөө урласнаа нөүтбүүкээсээ сонирхуулав. Хорчин нутагт хорчин гэж үгийг морины хэлбэрээр урласан хөшөө нь анхаарал татахаар содон юм. “Хорчин хошууны 84 хувь нь монголчууд болохоор тэр үү, хятадууд нь хүртэл монголоор ярьдаг юм билээ” гэх мэтээр урд зүгийн монголчуудын тухай баахан яриа өрнүүлэв.

Л.Болд барималчийн “Есүхэйн захиас” гэж хөшөө Сөүлээс ойрхон Ичон гээд газарт олон улсын баримлын паркт байдаг юм байна. Зургийг нь харлаа. Гарны хэлбэртэй өвөрмөц бүтээл юм.

Гэрийн эзэн Жанрайсигийг бүтээх ажлыг таван жил удирдсанаа ярьж сууснаа Ардчилсан холбоотой хамаатай бас нэгэн түүх дэлгэв. “Ардчилсан холбооны анхны хурлаар шууд надтай хамааралтай гурван зорилго тавьсан юм. Эхнийх нь хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж хөшөө босгох. Хоёр дахь нь өв соёлоо сэргээхийн тулд оросуудын бууны сум хийхээр авч явсан гэх Жанрайсигийг бүтээх. Гурав дахь нь Чингис хааныхаа хөшөөг мөнхжүүлэх. Хувь тавилангаар уу, азаар гэх үү гурвууланг нь би хийсэн. Ардчилсан холбооны анхны хурал дээр өгсөн даалгаврыг биелүүлсэн гэсэн үг. Энэ болгонд Н.Энхбаяр Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч байж таарсан. Ухаандаа Ардчилсан холбооноос дэвшүүлсэн зорилтыг биелүүлэхэд Н.Энхбаярын оролцоо байдаг юм” гэснээ үе үеийн төрийн тэргүүнүүдийг “Бүгдээрээ урлагт хайртай, элэгтэй, урлагийг үнэлэх үнэлэмжтэй улс” гэж магтав. Л.Болд барималч Урчуудын эвлэлийн хорооны орлогч даргаар ажиллаж байхдаа П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяртай харилцаж байж. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн тухай “Шууд харилцах ажил үүрэг байхгүй ч урлагийн өндөр үнэлэмжтэйг нь мэднэ. Уран зургийн хоббитой. Өөрөө зурдаг, хувийн маш баялаг галлерейтэй. Ордны өмнөх цогцолборыг эхлүүлэх шийдвэр гаргахад голлох нөлөөтэй ажилласан” гэж ярив.

Сонирхуулж хэлэхэд, Төрийн соёрхолт барималч маань оюутан ахуйдаа хамтлагт цахилгаан гитар тоглож манаргаж явж. Төрийн соёрхолт С.Саранцацралтын нөхөр зураач Бат-Эрдэнэ, “Нохойн орон” бүтээлээрээ нэг хэсэг шуугиан тарьсан Д.Төрмөнх гээд хэсэг зураач залуус хамтлаг болж явжээ. Хамтлагийнх нь найзууд өнөөдрийн Болдыг бүтээхэд нөмөр түшиг, хөг болсон хэмээн гэрийн эзэн ярилаа.

Барималч өрөөнийхөө хойморт Бурхан багшийн хөргийг залжээ. “Шүтэхдээ философи болгож судалсангүй. Бодол, сэтгэл цэгцлэх цэг, түшиг тулгуур маань бурхан багш болчихоод байна л даа. Хүнийг сайхан руу чиглүүлэх нь шашны мөн чанар гэж хардаг. Тэр талаас нь бодож хүндэлж, шинийн 29-нд Очирваань бурхандаа мөргөх хэмжээний л шүтлэгтэн” гэж өөрийгөө тодорхойлов.

Номын сан нь их даруухан юм. Зураг, баримал, урлагийн голдуу ном өржээ. Үе үе дэлгэж хардаг нь 30000 жилийн дэлхийн урлагийг багцалсан зузаан гэгчийн цагаан хавтастай ном юм байна. Сингапураас монгол төгрөгөөр бол хагас сая орчим төгрөгөөр авчээ. Зураг сайтай, товч, ойлгомжтой тайлбартай энэ номд Монголоос Занабазарын нэг бүтээл багтжээ. Гэрийн эзэн номоо бидэнд сонирхуулчихаад “Ямар ч байсан хүмүүний урлагийн түүхэнд дурсагдах агуу уран бүтээлчтэй л ард түмэн” гэж хэлээд номын сан руугаа эргэв.

Гэрийн эзэн “Зураач хүн гэхээр зурахаас өөрийг мэддэггүй гэж шүүмжилдэг. Спортынхныг ч ялгаагүй. Гэтэл Түвшинбаярыг олимпийн аварга болоход монголчууд яалаа. Талх үйлдвэрлэдэг хүн биш л бол юу ч хийдэггүй нөхөд гэсэн ойлголтыг эвдэж чадсан. Уран бүтээлчээс гадна Улаанбаатарт амьдарч яваа хүний, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг гэж бодож явдаг сонгуульт болон томилогдсон ажлууд бий. Урлагийн зөвлөлийг байгуулсан. Ирэх жил 15 жилийн ой нь болно. Өнгөрсөн жилүүдэд зургаан сая ам.долларыг Монголын урлагт олж ирж зарцуулсан байдаг. Өнөөдрийг хүртэл улаанбаатар хотын ерөнхий зураач гэсэн ажилтай. Орон тооны биш л дээ. Жил бүрийн наадмын чимэглэл гэхэд миний нуруун дээр. Цалингүй, сэтгэлээрээ хийдэг ажлууд. Үүргээ л биелүүлж яваа гэж ойлгодог доо” гэсээр биднийг үдлээ.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Г.Батцэнгэл: “Шинхуа”, “Сүмитомо”, “Энержи ресурс” Засгийн газартай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлнэ

Таван толгойн хэлэлцээр хэрхэн үргэлжлэх, ажлын хэсгийн түвшинд ямар тохироо хийгдсэн талаарх мэдээлэл олны анхааралд байна. Хэлэлцээрт Таван толгойн өмнөх тендерт ялсан Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа”, Монголын “Энержи ресурс” компаниуд консорциум болж оролцох эсэх дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам албан ёсоор байр сууриа илэрхийлээгүй байгаа юм. “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэлтэй энэ сэдвээр ярилцлаа.


-Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр гаргасан танай компанийн мэдэгдлээс Засгийн газрын Таван толгойн ажлын хэсгээс консорциумтай яриа хэлэлцээр үргэлжлүүлэхээр боллоо гэж ойлгосон…?

-Тийм ээ. Засгийн газраас байгуулагдсан ажлын хэсгээс өнгөрсөн пүрэв гарагт консорциумд албан ёсны захидал ирүүлсэн. Нээлттэй хувьцаат компанийн хувьд олон нийт, хөрөнгө оруулагчдадаа мэдээллийг цаг хугацаанд нь түгээх ёстой учраас тухайн өдрийнх нь орой энэ талаар мэдээлсэн юм. Таван толгойн өмнөх тендерт шалгарсан “Энержи ресурс”, БНХАУ-ын “Шинхуа” групп болон Японы “Сүмитомо” корпорацийн хамтарсан консорциумтай Засгийн газрын шинээр байгуулагдсан ажлын хэсэг яриа хэлэлцээрээ хийгээд, Тавантолгойн төслийг үргэлжлүүлэх юм байна гэсэн утгатай мэдэгдэл байгаа.

-Шинэ ажлын хэсэг эхний өдрөө “Шинхуа” группийн удирдлагуудтай уулзсан нь “Ганцхан Шинхуад Таван толгойг өгөх нь” гэх хар дагуулсан. Тэгэхээр “Шинхуа” ганцаараа биш гурван орны консорциум бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцээрт ороод явна гэсэн үг үү?

-Тэгж ойлгож болно. Консорциумын бүтэц анхнаасаа ойлгомжтой байсан. Тэр хэвээрээ байгаа. Монголын талаас “Энержи ресурс”, Хятадын талаас “Шинхуа” групп, Монголын нүүрсийг гуравдагч зах зээлд гаргах үүднээс Японы “Сүмитомо” корпораци хамтарсан. Энэ бүрэлдэхүүнээрээ л Засгийн газрын ажлын хэсэгтэй яриа хэлэлцээрээ үргэлжлүүлээд явна.

-Таван толгойн хэлэлцээрийг үргэлжлүүлэхтэй холбоотойгоор гаргасан Ерөнхий сайдын удирдамжид өмнөх гэрээний нөхцөлүүдийг сайжруулна гэж онцолсон харагдсан. Чухам ямар сайжруулалт хийгдэх тал дээр тодорхой мэдээлэл байна уу?

-Ерөнхий сайдын удирдамжид төслийн компанид Монголын талын хувь эзэмшил доод тал нь 51 хувьтай байна, төмөр замын 51 хувьд Монголын төрийн өмчит МТЗ компани оролцоно, олборлосон нүүрсийг зөвхөн Монголдоо боловсруулсны дараа экспортолно, төслийн боломжит бүх л үе шатанд дотоодын туслан гүйцэтгэгчдийг олноор оролцуулах ёстой гэсэн нөхцөлүүдийг маш тодорхой зааж өгснийг харсан байх. Гэрээ маш олон зүйл, заалтаас бүрддэг. Засгийн газрын тусгайлсан саналуудыг бид хүлээж аваад, консорциум дотроо ярилцаж, аль боломжтой байдлаар саналуудаа тусгаад явах бодолтой байгаа. Тодорхой өөрчлөлт гэвэл жишээ нь, төмөр замын бүтээн байгуулалт дээр Монголын төрийн өмчит МТЗ компани 51 хувийг эзэмшинэ, үлдсэн 49 хувь дээр “Шинхуа” групп оролцоод явна гэсэн өөрчлөлтүүд орсон байна лээ. Гэх мэтчилэн шинэчилсэн нөхцөлүүдийг хүлээж авах бүрэн боломжтой гэж харж байгаа. Ажлын хэсгээс ирүүлсэн захидалд дурдсанаар бол арванхоёрдугаар сарын 21-нээс хэлэлцээр албан ёсоор эхэлнэ. Тэгэхээр хэлэлцээрийн үр дүнг Засгийн газар, ажлын хэсгээс тухай бүрт нь мэдээлээд явах байх.

-“Шинхуа” группийн хувьд гол зах зээл БНХАУ-д тээвэрлэлтийн сүлжээ эзэмшдэг бол “Сүмитомо” Таван толгойн нүүрсийг гуравдагч зах зээлд гаргахад чухал үүрэгтэй. Энэ стратегийн давуу талууд ашиглагдах хэвээрээ юу?

-Консорциумын санал анхнаасаа маш тодорхой байсан. Ерөөсөө Монгол Улсын Засгийн газраас тавьсан шаардлагад нийцүүлж л саналаа тавьж байсан. Энэ стратегийн давуу талууд мэдээж хадгалагдана. Тухайлбал, нийт бүтээгдэхүүний 75 хувийг Хятадын зах зээлд, үлдсэн 25 хувийг далайн чанадын зах зээл, тэр дундаа Япон, Солонгос, Энэтхэг гэх мэт улсад борлуулна гэдгийг саналд тодорхой заасан.

-Ерөнхий сайдын удирдамжид Таван толгойн нүүрсийг зайлшгүй дотооддоо боловсруулж байж экспортолно гэж заасан. Таны хувьд үүн дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Нүүрсний томоохон төслийг хөдөлгөхөд, ялангуяа Таван толгойн ордын хувьд хоёр зүйл маш чухал. Эхнийх нь мэдээж экспортын төмөр зам, дэд бүтэц. Төмөр замтай болчихвол Монголдоо нүүрс тээвэрлэхээс гадна далайн боомтын зах зээлд хүрэх боломж нээгдэнэ. Дараагийн анхаарах асуудал бол мэдээж олон улсын зах зээлийн эцсийн хэрэглэгчдэд хүрэхийн тулд нүүрсийг түүхийгээр нь биш боловсруулж экспортлох. Дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолсноор экспортын орлого нэмэгдэх давуу талтай. Уул уурхай, геологийн талаасаа ч ордын нөөцийг бүтнээр нь ашиглах, сорчлохгүй байх гэсэн хуулийн заалттай бүрэн нийцэж байгаа. Ийм учраас нүүрсийг дотооддоо бүрэн боловсруулж, экспортлох чиг баримжаатай ажиллана. Шаардагдах хөрөнгө оруулалтуудаа ч хийгээд явна. Бидний хувьд Монголдоо баяжуулсан нүүрс экспортлогч ганц компани учраас хуримтлуулсан туршлага, технологийн давуу тал хангалттай бий. Одоо байгаа үйлдвэр маань жилд 15 сая тонн түүхий нүүрс боловсруулах чадалтай. Төслийн хүрээнд хүчин чадлыг нь 30 сая тонн хүртэл нэмэгдүүлж, өргөтгөл хийхээр төлөвлөсөн. Ингэснээр Таван толгойн ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулахад маш чухал ажил болно. Өнөөдрийнх шиг орд газрынхаа нөөцийг сорчлоод, зөвхөн хамгийн сайн чанарын нүүрсийг түүхийгээр нь олборлож гаргаад байвал ердөө 5-6 жилийн дараа Таван толгой ордын үнэ цэнэ тэг болоод дуусна. Ордыг сорчлох нь ямар аюултайг уул уурхайн мэргэжлийн хүмүүс андахгүй. Өнөө, маргаашдаа ашиг өгч байгаа мэт харагдах ч тухайн орд газрыг олон арван жил ашиглана, нөөц нь бүрэн ашиглагдах ёстой гэдэг талаас харвал маш аюултай. Канад, Австралийн бодлогыг харах хэрэгтэй. Австрали улс бүх нүүрсээ баяжуулж гаргадаг.

-Таван толгой төсөлд зөвхөн консорцуимаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдийг түлхүү татан оролцуулна гэж Ц.Дашдорж сайд мэдэгдсэн. Оролцооны түвшин, нөхцөл тодорхой болсон юм болов уу?

-Дотоодын аж ахуйн нэгжүүдээс янз бүрийн түвшинд хэлэлцээрийн саналыг авсан байх. Гэхдээ бидний ойлгосноор, бүх компани туслан гүйцэтгэгч хэлбэрээр оролцъё гэсэн байдлаар сонирхлоо илэрхийлсэн байна лээ. Өөрөөр хэлбэл, консорциум эрсдэлээ үүрнэ, хөрөнгө оруулалтаа татна, үйл ажиллагааг зангидаж удирдана гэсэн үг. Гэхдээ энэ ажлыг ганцаараа хийнэ гэж байхгүй, монголчууд, Монголын аж ахуйн нэгжүүд бүгдээрээ л нийлээд хийнэ. Ямар оролцоотой байна гэдгээрээ л ялгаатай болохоос биш Таван толгой монголчуудын л төсөл шүү дээ.

Жишээ нь 2008 оноос хойш манай компани Ухаа худагийн төслийг хэрэгжүүлж ирсэн. Өнөөдрийн байдлаар Ухаа худагт ажиллаж байгаа бүх боловсон хүчин 100 хувь монголчууд. Нүүрс баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, усан хангамж, уурхай, уурхайн төлөвлөлт, геологи, тээвэрлэлт зэрэг бүх ажлыг монголчууд 100 хувь өөрсдөө хийгээд явж байна. Дээр нь сүүлийн зургаан жилд бид давхардсан тоогоор 3000 гаруй дотоодын аж ахуйн нэгжтэй хамтарч ажилласан байдаг. Ханган нийлүүлэлт, гэрээт гүйцэтгэгч, уурхайн тэсэлгээний ажил, өрөмдлөг гээд бүх л ажил дээр 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компаниудтай хамтарч ажиллаж байна. Гэх мэтээр эдийн засгийн цар хүрээгээрээ монгол компаниудаа татаж оролцуулдаг, тэдэнтэйгээ хамт хөгждөг зарчмаа цааш нь үргэлжлүүлээд л явна. Ингэснээрээ монголчууд ажилтай орлоготой, монгол компаниуд бүтээн байгуулалтад оролцоод явна гэж харж байна.

-Цаг хугацааны хувьд нүүрсний үнэ боломжийн сэргэсэн энэ “цонх”-ыг ашиглаж Таван толгой төслийг хөдөлгөх нь зөв гэсэн судлаачдын байр суурьтай та санал нэг байна уу?

-Мэдээж санал нэг байна. Үнэ нэг хэсэг өссөн ч одоо Австралийн далайн боомтууд дээр дахиад буугаад эхэлчихлээ. Би өмнө нь ч хэлж байсан, Цагаан сар хүртэл нүүрсний үнийн өсөлт үргэлжилж магадгүй, түүнээс хойш бол эргээд буурах байх гэж. Иймээс хүлээлт бол нүүрсний салбарын хувьд тийм амар биш. Гэхдээ шаардлагатай бүтээн байгуулалтаа хийгээд, тээвэрлэлт ложистикийн асуудлаа шийдээд, нэг “цонх”-ны бодлогын хүрээнд зангидвал Монголын нүүрс урт хугацаандаа өрсөлдөх чадвартай явах бүрэн боломжтой.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: “Стэнд бай”-гаас гадна хөнгөлөлттэй зээл авч, том төслөө хөдөлгөж байж л хямралыг давна

СЭЗДС-ийн багш, эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Ойрын найдвар “Стэнд бай” болоод байна. Манай улсад энэ хөтөлбөрийн хүрээнд ихдээ хэчнээн ам.доллар орж ирэх боломжтой вэ?

-Өнөөгийн нөхцөл байдал биднээс өмнөх алдаагаа давтахгүй зээл, олсон орлогоо зөв, тооцоо судалгаатай зарцуулахыг шаардаж байгаа. Ер нь зээл болон бүх шатны төсвийн зарцуулалтыг зөв чиглэлд, судалгаа шинжилгээтэй, үр дүнд суурилсан байдлаар шийдэлгүйгээр энэ хүндрэлийг даван туулах боломжгүй л дээ. “Стэнд бай” хөтөлбөрийн хувьд Монгол Улс 1991, 2009 онд авч хэрэгжүүлсэн. Сүүлийн хөтөлбөрийн хүрээнд 122.6 сая зээлжих тусгай эрх буюу 200 орчим сая долларыг авч 2010 оны аравдугаар сард аль аль тал хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хэмээн дүгнэж хааж байсан. Үүнээс гадна гурван удаа бага хэмжээний харьцангуй урт хугацаатай зээлийг ОУВС-гаас авч ашигласан түүх бий. 2011 оноос валютын сангийн зүгээс хөтөлбөрүүдийг өөрчилж, зээлийн хэмжээг бас нэмсэн. Валютын сангийн зүгээс гаргасан өөрчлөлт, Монголын эдийн засгийн хэмжээ өссөн зэргээс шалтгаалж бид өмнөх зээлээс илүүг авах боломжтой. Нэг тэрбум ам.доллараас багагүй хэмжээний зээл авчих байх. Энэ зээлийг валютын сангийн зүгээс тавих шаардлагын дагуу болон улсынхаа эдийн засагт үр ашигтай өөрчлөлтүүдийг хийх зүйлд зарцуулах нь чухал. Миний хувьд аливаа эх үүсвэрийг үр ашигтай дэд бүтцийн салбар, өрсөлдөх чадвар өндөр салбаруудад эдийн засгийг төрөлжүүлэх зорилготойгоор зарцуулах нь өгөөжтэй гэж боддог. “Стэнд бай” хөтөлбөрийн тухайд эхний хувилбарт зарцуулах боломж нь зээлдүүлэгчийн шаардлагаас хамаараад илүү боломжтой байх магадлал өндөр.

-“Стэнд бай” хэрэгжээд эхэлсний дараа Япон, Хятадаас хөнгөлөлттэй зээл авах зайлшгүй шаардлагатай, тэгж байж эдийн засаг сэргэнэ гэсэн байр суурьтай та санал нийлж байна уу?

-Аливаа улс оронд хөнгөлөлттэй зээлийг ашиглах шалтгаан, цаг хугацаа гэж байдаг. Олон улсын байгууллага, хандивлагчдын хүрээнд хөнгөлөлттэй зээл тусламж ашиглаж байсан үе манайд бий. Япон зэрэг гол хандивлагч орнууд, олон улсын байгууллагуудаас авч байсан зээлүүд эдийн засагт хэрэгтэй үедээ чухал үүрэг гүйцэтгэсэн нь ч бас бий. Харин сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг өсч хөнгөлөлттэй зээл тусламж авахаа зогсоосон байсан. Буурай хөгжилтэй орноос хөгжиж буй орны ангилалд орох болж хандивлагчидтайгаа түншүүдийн хэмжээнд харилцах цаг болсныг зарлаж явсан цаг ердөө саяхан шүү дээ. Энэ боломжтой зэрэгцээд Монгол гэдэг улс анх удаа арилжааны зээл авах боломжтой болж 2012 онд 580 сая ам.долларын бонд, араас нь “Чингис” бондыг гаргасан.

Гэвч боломжоо зөв ашиглаж чадаагүй. Бондуудын мөнгө, уул уурхайгаас орж ирэх орлогыг бодлогогүй буруу зарцуулснаас болж түүхэндээ хөнгөлөлттэй зээл тусламжийн тухай маш богино хугацааны дотор эргэн ярих болж байгаа нь харамсалтай хэрэг. Өнөөгийн нөхцөл байдалд таны сая дурдсан орнууд болон бусад орнуудаас хөнгөлөлттэй зээл авахаас аргагүй. Учир нь ойрын жилүүдэд бий болох өрийн дарамт, эдийн засгийн хүндрэлий дан ганц “Стэнд бай” хөтөлбөрийн зээлээр давах боломжгүй. Гэхдээ чухам юунд зарцуулах, зээлдэгчидтэй хэрхэн зөвшилцөх асуудлыг онцгой анхаарах хэрэгтэй.

-Гадны улс орны хөнгөлөлттэй зээлийн давуу болон сул тал нь юу вэ?

-Хөнгөлөлттэй зээл гэдгийг урт хугацааны, хүү болон үндсэн төлбөрийн хувьд харьцангуй таатай нөхцөл бүхий зээл гэж ойлгож болно. 2012 оноос өмнө бид энэ хүрээнд гадны улс орон байгууллагуудаас тусламж дэмжлэг авсаар ирсэн. Хөнгөлөлттэй зээлийн давуу тал нь арилжааны зээлээс урт хугацаатай хүү багатай ч зээлдэгчийн тавьсан шаардлага, хязгаарлалтын тодорхой хүрээнд зарцуулах шаардлагатай болдог. Үүнийг нь сул тал гэж хэлж болох юм. Сүүлийн дөрвөн жилд авсан арилжааны зээлүүдийн хувьд өндөр хүүтэй, харьцангуй богино хугацаатай ч юунд хэрхэн зарцуулах нь бидний асуудал байсан. Зээлийн эх үүсвэрийнхээ хувьд давуу тал л даа. Харамсалтай нь энэ давуу талаа ашиглаж чадалгүй их хэмжээний мөнгийг бодлогогүй зарцуулснаас болж хэцүү байдалд орчихоод байна.

-Хятадын хөнгөлөлттэй зээлийг авлаа гэхэд бид юун дээр анхаарах ёстой вэ?

-Аль ч улстай эдийн засаг, санхүүгийн харилцаанд орохдоо тухайн харилцааны өнөөгийн эерэг талаас гадна ирээдүйн үр дагаврыг тооцоолох хэрэгтэй. Хамгийн сүүлийн жишээ гэхэд “Чингис” болон бусад бондыг гаргахдаа их мөнгөтэй болох тухай бодсоноос биш яаж зөв зарцуулах, эргүүлж хэрхэн төлөх талаар бодлогогүй хандсан. Өнөөдөр тодорхой нэг улстай санхүүгийн харилцаанд орохдоо энэ бүдүүлэг алдаагаа давтаж болохгүй. БНХАУ манай худалдаа, бизнес, санхүүгийн хамгийн гол харилцагчдын нэг байсаар ирсэн, байх ч болно. Өнөөдөр өмнөд хөршийн эдийн засаг хүчирхэгжиж бүс нутаг төдийгүй дэлхийн хэмжээнд томоохон байр суурь эзэлж байна. Цаашид ч энэ эрчээ алдахгүй хөгжих хандлагатай байгаа. Бидний хувьд өмнөд хөршөөс бүх талын хамааралтай, зээл авснаар энэ хамаарал улам нэмэгдэх эрсдэл бий. Иймээс хэр хэмжээтэй зээлийг ямар нөхцөлөөр авах, гол нь юунд зарцуулах нь тодорхой байх хэрэгтэй. Мэдээж эргэн төлөх тодорхой төлөвлөгөө зайлшгүй чухал. Дэлхийн хэмжээнд гээд харахаар Хятадын санхүүгийн хараат байдлаас хамаарч газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах, үндэсний мөнгөн тэмдэгтээ урд хөршийн үндэсний валютаар солих тохиолдол ойрхон гарч байгааг анзаарахгүй орхиж болохгүй.

-Зээл авахгүйгээр эдийн засгаа сэргээх боломж бий юу. Байгаа бол тодорхой гарц, хувилбарууд хэлээч?

-Гурван жилийн өмнө бол болно гэж хэлэх байлаа. Тухайн үед нөхцөл байдал маш өөр байсан. Тэр үедээ л төр, төсвийн шинэчлэлээ цогцоор нь хийж, өрийн удирдлага, уул уурхайн талаарх том жижиг асуудлаа зөв шийдчихсэн бол “Стэнд бай”, хөнгөлөлттэй зээл ярих хэмжээнд хүрэхгүй байсан гэж би хувьдаа үздэг. Нүүр тулсан өрийн дарамт, төсвийн томоохон алдагдал, хүндэрсэн эдийн засаг, гадаад зах зээл дэх нэр хүндийн уналт гээд олон сөрөг хүчин зүйлийн дарамт нэмэгдсэн энэ үед зээл авахаас өөр арга байхгүй. Гэхдээ зээл тусламж аваад л эдийн засаг сэргэчихнэ гэж бодох нь өрөөсгөл хандлага. Зээл бол эдийн засгаа сэргээх олон ажлын зөвхөн нэг нь. Үүнээс гадна төсвийн шинэчлэл, төрийн хариуцлага, эдийн засгийн гол болон бусад салбараа сэргээх оновчтой бодлого тодорхойлох гэх мэт олон ажлыг цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай.

-Ойрхон хугацааны арга гэвэл том төслүүдээ хөдөлгөж байж л хямралаас гарах байх…?

-Уул уурхай, тухайн салбарын томоохон төслүүд эдийн засгийн тулгуур гэдэгтэй санал нэг байна. Том төслүүдийг хэрхэн хөдөлгөх, өмнөх төслүүдэд гарсан алдааг засч чадах эсэхээс эдийн засаг сэргэх боломж нэмэгдэнэ. Гэхдээ сүүлийн хэдэн жилд уул уурхай, гадаад зээлд хэт анхаарлаа хандуулж, тухайн чиглэлийн мөнгөнд хэт дулдуйдсан эдийн засаг, төсвийн шийдвэр гаргалтыг хийснээс болж алдаанд хүрсэн байх талтай.

-Таван толгойн хэлэлцээ дахин эхэллээ. Ер нь Таван толгойг яаж хөдөлгөвөл эдийн засагт өгөөжөө өгнө гэж та бодож байна?

-Таван толгойн асуудлаар эерэг мэдээллүүд гарч, тодорхой үр дүнд хүрч байгаа нь сайн хэрэг. Төслийг бүрэн шинэчлэн хэрэгжүүлэхийн хувьд өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд шалгаруулсан тендерийн үр дүнд ялсан консорциумыг боломжийн хувилбар байсан гэж үздэг. Одоо “Шинхуа”, “Сумитомо”, “Энержи ресурс” гэсэн гурвалтай хэлэлцээрийг үргэлжлүүлэхэд болохгүй гэх газаргүй.

-Тавдугаар цахилгаан станц, нүүрсээ тээвэрлэх төмөр зам гэх том төслүүд өчнөөн жил яригдсан ч өнөөг хүртэл ажил болоогүй. Таныхаар шалтгаан нь яг юундаа байна вэ?

-Манайд цаасан дээр батлагдсан бодлого, хөтөлбөрүүд хангалттай их бий. Гэхдээ бодит байдалд буулгаад харахаар биелсэн нь маруухан байдаг нь гэм биш зан болчихсон. Хэрвээ уул уурхай, төмөр зам, хүнд үйлдвэрлэлийн талаар өмнө батлагдсан бодлого, хөтөлбөрүүдээ хэрэгжүүлж чадсан бол өнөөдөр ийм байдалтай суухгүй байсан. Энэ мэтээр яриад байвал бидэнд маш олон “хэрвээ” байгаа. Гол шалтгаан нь төрийн бодлогын алдаа, тогтворгүй байдал, хэт улстөржилт. Төрийн нэгдсэн ул суурьтай, тооцоо судалгаатай хөгжлийн бодлого байхгүй нь бидний гол алдаа. Нэг нам эрх барих хугацаандаа төрийн хөтөлбөрийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг, тэр нь өмнөх бодлогын залгамж чанарыг алдагдуулдаг, цаг зуурын шийдвэр гаргадаг. Энэ л өнөөгийн хямралын гол шалтгаан. Дээрээс нь хэт улстөржилт, улс төрийн амлалтад тулгуурласан буруу шийдвэрүүд нь нөхцөл байдлыг улам дордуулж байна.

-Манай улсын болон арилжааны банкуудын зээлжих зэрэглэлийг саявтар буулгасан. Зээлжих зэрэглэл буурсан шалтгаан нь юу вэ. Зээлжих зэрэглэл буурснаар бидэнд ирэх сөрөг нөлөөлөл…?

-Зээлжих зэрэглэл буурсантай холбоотой олон талын байр суурь байна. Эхлээд Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Үүний дараагаар банкуудын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан нь бусад байгууллагын зээлжих зэрэглэлийг эргэн харах суурь нөхцөл болсон гэж харж байна. Бууруулсан үндсэн шалтгаан нь Монгол Улсын хувьд өрийн дарамт нэмэгдсэн, шийдвэрлэх арга зам тодорхойгүй хэвээр байгаа болон төсвийн алдагдал гэж харж байна. Харин арилжааны банкуудын хувьд чанаргүй зээлийн хэмжээ, валютын ханшийн дарамт, бодлогын өндөр хүү зэрэг нь голлон нөлөөлсөн. Энэ нь Монгол Улсын банкуудын хувьд гадаадын хөрөнгө оруулагчид болон гадаад зах зээлээс үнэт цаас болон бусад хэлбэрээр эх үүсвэр нэмэгдүүлэх боломжийг хязгаарлах сөрөг нөлөөтэй. Ингэснээр валютын орох урсгалын санхүүгийн салбарын дүнд сөрөг нөлөө үзүүлнэ. Монгол Улсын хувьд зээлжих зэрэглэл буурсан нь хөрөнгө оруулагчидтай хийх тохиролцоо, гадаад санхүүжилт авах байдлыг харьцангуй төвөгтэй байдалд хүргэнэ гэж харж байна.

-Төв банкнаас хэрэгжүүлж байгаа бодлого эдийн засгийн хямралын энэ үед хэр оновчтой гэж та бодож байна вэ?

-Төв банкны зүгээс бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн нь эдийн засгийн хямралын нөхцөл байдалд тийм ч зохистой зүйл гэж үзэхгүй байна. Төв банк тодорхой эрсдэлийг бууруулах зорилготой гэж тайлбарласан. Бодлогын хүүг огцом нэмснээр валютын ханшийн өсөлтийг саармагжуулах зорилгоо бол биелүүлсэн. Харин эдийн засгийн хувьд эерэг нөлөө багатай. Энэ утгаараа одоогийн байгаа өндөр хүүг удаан хадгалахгүй гэсэн хүлээлттэй байна. Бодлогын хүүг энэ хэвээр хадгалах нь мөнгөний нийлүүлэлтэд хязгаарлалт болж эдийн засагт тодорхой эрсдэл учрахаас сэргийлэх сайн талтай. Гэхдээ эдийн засгийн уналтыг даамжруулах, сэргэлтийг удаашруулах сөрөг нөлөөллийг бий болгох өндөр магадлал бий. Монголбанк өмнө хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийг хязгаарласан нь сайн ч гэлээ мөнгөний хэт хумих бодлого барих нь өнөөдрийн хувьд тийм ч тохиромжтой биш.

Categories
мэдээ цаг-үе

М.Дагва: Уул уурхайгаараа хөгжсөн улсууд хувь эзэмшье гэхээс илүү татвараа л ханатал авъя гэдэг

Монголын геологи, уул уурхайн мэргэшсэн институцийн ерөнхийлөгч М.Дагватай ярилцлаа.


-Уул уурхайд төрийн өмчит компаниуд ажиллах нь хэр зөв хандлага вэ?

-Уул уурхайн салбарт төрийн өмчит компани байх ёстой эсэх дээр Дагва гэдэг хүний байр суурийг илэрхийлэхээс илүүтэйгээр төрийн өмчит уул уурхайн компани тойрсон ямар асуудлууд байдаг, сайн муу нь юу вэ гэдэг дээр монголчууд юуг анзаарах ёстой вэ гэсэн өнцгөөс яривал хэлэх зүйл бий. Миний хувьд төрийн өмчит компани удирдаж үзээгүй, энэ сэдвээр экспертийн хэмжээнд бэлтгэгдсэн хүн биш.

-Хүн бүр экспертийн хэмжээнд биш гээд чимээгүй суухаар уул уурхайгаас их мөнгө олох боломжоо алдаад байна л даа. Наад зах нь төрийн өмчит компани удирдаж явсан хүмүүст асуудал, зовлон ярих сэдлийг тан шиг салбартаа мэргэшээд яваа судлаачид л өгөх байх…?

-Монголд төрийн өмчит компани удирдаж явсан хүмүүс энэ асуудалд нээлттэйгээр байр сууриа илэрхийлээсэй гэсэн хүсэл мэдээж олон хүнд байгаа. Магадгүй тэр ярианд нь өдөөлт болох байх гэдэг үүднээс асууж байгаа бол ярих зүйл бий. Уул уурхайг энгийнээр газрын доорх баялгийг улсын хөгжилд чиглүүлэх үйл ажиллагаа гээд ойлгочихож болно. Ингэхдээ төр заавал хувь эзэмших ёстой юу, эсвэл хувийн компаниудад даатгаад явах нь зөв үү гэдэг асуудал гарч ирдэг. Манай улс түүхэн уламжлалаараа төрийн өмчит уул уурхайн компаниудтай явсаар өнөөг хүрсэн. Бас гадныхан ирээд эзэмшвэл нутгаа, баялгаа алдана гэсэн айдсаар стратегийн ач холбогдолтой орд гэх нэр томьёолол бодоод олчихсон улс. Өөрсдөө олсон бол 51 буюу дийлэнхийг нь төр эзэмшинэ, хөрөнгөө оруулж хайгуул хийсэн хувийн компани олсон бол төр 34 хувийг нь эзэмшинэ гэсэн дүрэмтэй. Миний хувьд таны сонирхсон асуудлаар нэлээд юм үзэж судалсан. Маш олон асуудал бий. Наад зах нь гэхэд л бяртай чадалтай зодоон цохион сайн хийдэг нөхрийг зүрх нь хөөрсөн нэг залуу очоод өдөхөөр “Чи өөрөө араа дааж чадах уу” гэдэг асуулт гардаг шиг төрийн өмчит компани байгуулж уул уурхайг хөгжүүлнэ гэж бодож яваа бол хожим гарах эрсдэлүүдийг нь дааж чадах уу гэсэн асуултад хариулах ёстой.

-Төр татвараас гадна хувь, ногдол ашгаа авна гэсэн сонирхлоор хувь эзэмшинэ гэж зүтгэдэг ч байдал эсрэгээрээ эргэчихдэг гэдэгтэй та санал нийлэх үү?

-Хөгжлийн түвшин, санхүүгийн нөхцөл байдал, солонгорч чадаагүй эдийн засаг, ядуурал, ажилгүйдлийн хувь, ур чадвартай ажиллах хүчний хүрэлцээгээрээ ямар билээ, ийм нөхцөлд төрийн өмчит компаниар тоглоход хэр зохимжтойг бодох учиртай. Төрийн өмчит компанитайгаар амжилт олж, цэнгэлийн манлайд хүрье гэвэл яг ямар нөхцөл бүрдүүлэх учиртайгаа бодох ёстой л доо. Таны асуусанчлан хувийн компаниас зөвхөн татвар авна, төрийн өмчтэй бол хувь, ногдол ашиг зэргийг нэмж авна гэхээр давуу талтай юм шиг харагддаг. Ашиг гэдэг үгэнд нь бид төөрөлдөөд байна л даа. Төрийн хувьд ашиггүй ажиллаж байгаа уул уурхайн компаниас ч авах мөнгөө авсаар байдаг. Уул уурхайн салбарын тухайд ашигт малтмал ашигласны гээд өөр ямар ч салбарт байхгүй онцлог татвартай. Шууд борлуулалтын орлогоос нь авчихдаг. Ашигтай эсэх нь хамаагүй, юм борлуулсан л бол таван хувиа өг гэдэг. НӨАТ гэх мэт бусад татваруудыг бас авна. Ямар ч компани үйл ажиллагааныхаа зардал, улсад төлөх татвар, зээлсэн өрөө төлсний эцэст тодорхой хугацаа өнгөрсөний дараа ашигтай ажиллаж эхэлдэг. Тэр ашгаасаа ногдол ашиг гэж хувьцаа эзэмшигчдэдээ хуваарилдаг юм.

-Энэ онцлогийг мэддэггүйгээс болоод саяхан Оюу толгойн ногдол ашгийг тээр хойно авах нь гэсэн шуугиан дэгдсэн. Татвараа л ахиухан аваад явчихмаар юм байна даа…

-Ашиг гэдэг юман дээр нь хэт анхаарч ашгаас нь хуваалцахын тулд хувь эзэмших дээр ач холбогдол өгөөд байна л даа. Наана нь маш их хэмжээний мөнгө авч болдог олон хувилбар байхад цаана байгаа ногдол ашгийг яриад суугаа тал бий. Засаглал муу, авлига өндөр улс хэрнээ бүх эрсдэл арилсны дараа олддог ашиг гэдэг юмнаас хүртэлцэх гээд зүтгээд байгаа нь анхаарч харах ёстой асуудал. Уул уурхайгаас ашиг авч хоцордог цорын ганц хэлбэр нь ногдол ашиг биш.

-Ер нь уул уурхайгаараа хөгжсөн орнууд ямар аргыг нь илүүд үзээд байна вэ?

-Татвар, хураамжаа авахыг илүүд үздэг юм байна. Ялангуяа уул уурхайгаа ашиглаад хөгжлийн дараагийн шатанд хүрсэн улс ногдол ашиг энэ тэр гэж хувь эзэмших нь төвөг гэдгийг ойлгочихсон. Ерөөсөө л хувийн компаниудыг уул уурхайн салбартаа ороод ажилла гэдэг. Уул уурхайгаараа хөгжсөн улсуудын хувьд татвараа ханатал авъя гэсэн бодлого барьдаг.

-Засаглал муу, авлига өндөр улсад төр уул уурхайдаа оролцох эрсдэлтэй гэдэг нь олон улсын жишиг хандлага мөн үү. Бид засаглалаараа дэлхийд аль хавьцаа нь жагсдаг бол?

-Байгалийн баялгийн засаглалын институт гэх мэт газрын судалгаагаар бол засаглал муутай авлига өндөр улсад төрийн өмчийн байтугай хувийн уул уурхайн компаниудын хувьд хүртэл байгалийн баялгаас улсад өгөх өгөөж нь муу байдаг гэдэг. Монгол Улс авлига, засаглалаараа дэлхийн 200 улсын тэг дунд нь яваа. Сайн гэсэн үг биш, бүр сөнөсөн ч гэж ойлгож болохгүй. Засаглал, авлигын хувьд анхаарлын тэмдэгтэй гэсэн үг.

-Анхаарлын тэмдэгтэй гэхээр эрсдэл өндөр гэж ойлгож болох нь ээ?

-Манай улсын уул уурхайн салбар нялх байна. Төрийн өмчит компани тойрсон олон асуудлыг зөв талаас нь цэгцтэйгээр харж чадахгүй байна. Хуулиуд, төрийн өмчийн компанийн захирлуудыг томилдог тогтолцоо, хяналт гээд бэлэн биш зүйл өчнөөн. Төрийн өмчит компанид нялх байхдаа хоолондоо хүрч өгдөггүй, хоолонд хүрчихээрээ үгэнд ордоггүй зовлон байдаг. Бас хамаг ажлаа өөрсдөө хийх өндөр сонирхолтой. Уурхайгаа ухъя, үйлдвэрээ барья гэж зүтгэчихдэг. Хүүхэд нь дөнгөж 18 хүрчихээд аавыгаа ийш тийш нь хөрөнгө оруулъя гэж ятгаад, бизнесээ өөрөө мэдэж хийчих гээд байхаар нэг л итгэл төрж өгдөггүйтэй ялгаагүй эд. Уул уурхайн салбарт бизнесийнхээ жам ёсоор өрсөлдөж буй компаниуд өөрийн гэсэн технологи, ноу хаутай болоод тасарч явчих гээд байхаар төрийн өмчтэй компанийн удирдлагууд улсынхаа эздэд “Бид маш нууц технологи хөгжүүлье. Тэрбум ам.доллараар судалгаа хийе. Тэгэхгүй л бол Риотой өрсөлдөж чадахгүй нь” гэдэг. Улсын удирдлагуудын хувьд үнэхээр тийм ч юм шиг санагдах үе мэдээж гарна. Энэ мэт шалтгаанаас болж амжилтгүй хөрөнгө оруулалт хийж, дампуурах тохиолдол маш олон бий.

-Улстөрчдийн үнэлэмжээр дарга болсон нөхөр “Рио”-гийн зиндааны компаниудтай өрсөлдөж чадах уу гэж ирээд яривал захирлуудын томилгоо асуудалтай. Нааштай шийдсэн улс байна уу?

-Энэ асуудлыг хуулиараа шийдсэн улсууд бий л дээ. Улс төрийн томилгоогоор захирлаар очлоо гэхэд заавал компанийн засаглалын сургалтуудад суух үүрэг хүлээсэн байх жишээний. Маш хүчтэй хүний нөөц, сургалтын бодлоготой, өндөр түвшний менежерүүдийн ашиг сонирхлын зөрчлийг хязгаарлаж өгч чаддаг орчин бий болгосон байдаг.

-Ил тод байдал, хөндлөнгийн хяналт нь дажгүй төрийн өмчтэй компаниудтай улс дэлхийд хэр байдаг бол?

-Дэлхий даяар хийсэн судалгаанаас харахад төрийн өмчит компаниудын энэ үзүүлэлт хангалтгүй байдаг. Парламент нь чадавхитай мэргэшсэн улсад бол өөр. Төрийн өмчит компанийнхаа менежмэнтэд сайн хяналт тавьж чаддаг.

-Парламент нь мэргэшээгүй, популист улстөрч олонтой улсад ямар байдаг вэ?

-Товчхондоо ийм улсад төрийн өмчит компаниуд даам гардаг.

-Төрийн өмчит компаниудыг ингэвэл л ашигтай ажиллана гэсэн жор дэлхийд байна уу?

-Маш олон судалгааг харахад төрийн өмчит компанийг амжилттай явуулдаг нэгдсэн жор гэж байдаггүй юм байна. Ерөнхийд нь харвал Африк, Ази Номхон далай, Ойрхи Дорнодын улсуудын төрийн өмчийн компаниуд миний түрүүний хэлсэн ашиг олох, улсынхаа хөгжилд дэм болох гэсэн зорилгыг хангах тал дээрээ сайн, муу, дунд янз бүр байна. Засаглалын индекс талаас нь харвал олон нийтийн оролцооны механизмыг хангасан уу үгүй юу гэдэг дээр маш сул, бүр сүйрч буй категори дотроо. Европ, Евро Ази, Латин Америкийн компаниуд бас л янз бүр. Улсынхаа зорилгыг хангах тал дээр сайн муу байгаа ч оролцооны механизмынхаа хувьд овоо гайгүй байх жишээний.

-Төрд данстай уул уурхайн компани ямар тохиолдолд амжилттай ажиллаж байна?

-Хувийн компаниудын үйл ажиллагаа бол ойлгомжтой, компанийн тухай хуулиар явчихдаг. Гэтэл төрийн өмчит компанийг компанийн тухай хуулиар удирдаад ч байгаа юм шиг, төрийн өмчийн хороо, Уул уурхайн яам, Сангийн яам, Ерөнхий сайд нь ч удирдаад байгаа юм шиг сонин нөхцөл үүсдэг юм байна л даа. Яг бизнесийн байгууллага шиг үү, эсвэл арай өөрөөр ажиллах ёстой юу гэдгийг нь ямар нэг хууль гаргаж байгаад, стратегийг нь нарийн тодорхойлоод өгчихсөн улсад төрийн өмчит компаниуд амжилтад хүрдэг. Бие даасан байдлыг нь, бүтцийг нь хуулиар маш сайн тодорхойлж, компанийг удирдах хүмүүсийн урамшууллын механизмыг зөв тогтоож өгсөн тохиолдолд амжилттай ажилладаг юм байна.

-Уул уурхай нь дөнгөж хөгжиж байгаа үед төрийн өмчит компани нь хайгуул, олборлолтоо хийгээд амжилтад хүрсэн жишээ дэлхийд бий болов уу?

-Амжилтад хүрсэн түүх ховор юм билээ. Төрийн өмчит компани юуг хийх, юуг эс хийх, яам, төрийн өмчийн хороо гэх мэт байгууллагууд төрийн өмчит компанийнхаа юунд нь оролцох, оролцохгүй байхыг хуулиар маш сайн зааж өгсөн ч юм уу, иймэрхүү тогтсон соёл суугаагүй цагт төрийн өмчит компани амжилтад хүрэхэд маш хэцүү. Үүнээс гадна 10, 15 жилийн дараа ашгаа өгөх уул уурхайн бизнес рүү хөрөнгө татах нь төрийн өмчтэй компаниудад хүнд асуудал байдаг.

-Итгэж мөнгө өгөхгүй гэдэг утгаараа юу?

-Яг тийм. Төрийн өмчит компанид аль болох бие даасан байдлыг нь бүрдүүлж өгч чадвал боломж гарч ирнэ гэсэн үг. Ингээд бодохоор аль болох улс төрийн нөлөөгүй байлгамаар. Гэтэл улсынхаа төсвийн орлогын маш том хувийг бүрдүүлдэг салбарын төрийн өмчит компанийн бие даасан байдлыг хэт хангаад өгчихөөр вант улс болох гээд байдаг зовлон бий. Ерээд оны эхээр Ерөнхий сайд нь хувь эзэмшдэг компанийнхаа захирлыг царай алдчихсан гуйж явдаг, өнөөх нь дуудахад нь ирдэггүй гээд асуудал зовлон их байсан юм билээ.

Хүссэн компани бүр биржид гарч чадахгүй шиг төрийн өмчит компани биржид гарч чаддаггүй тохиолдол байдаг. Нийгмийн асар их ачаа үүрсэн компанийг биржид гараад ирэхээр яах вэ гэдэг асуулт бий. Мэдээж хувьцаа авах хүмүүс тэнэг биш, нүдээ аниад авахгүй нь тодорхой. Наад компанийн чинь хамаг ашгийг Ерөнхий сайд нь аваад иргэддээ халамж хэлбэрээр тараачихдаг, ардаа нэг хот, аймаг чирч явдаг гэвэл хувьцаа нь олигтой үнэд хүрэхгүй, хэн ч авахгүй.

-Хувь эзэмшдэг компанийнхаа олж байгаа мөнгийг улс нь ямар үед хуу хамж авах эрсдэл өндөр байдаг вэ?

-Төрийн өмчит компанийн олж байгаа орлого төсвийн орлогын нэлээд хувийг эзэлж байгаа үед улс нь хамж авах эрсдэл өндөр. Хэрвээ төр нь өөр олон салбараас дажгүй татвар авдаг бол, уул уурхайн компанийн орлого төсвийнх нь өчүүхэн хувийг бүрдүүлдэг тохиолдолд хурц асуудал биш.

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес улсынхаа төрийн өмчит газрын тосны компанийг шахаж дарамталж байгаад 2012 онд 4.4 тэрбум ам.долларыг нийгмийн хөтөлбөрүүдэд цацсан байдаг. Гэтэл тэр жилдээ тухайн компани үндсэн үйл ажиллагаандаа 3.6 тэрбум ам.доллар зарсан гэсэн статистик бий. Төрийн өмчит компанийн хамгийн эмзэг тал нь энэ л дээ.

-Манайх шиг уул уурхайн салбарт нь төрийн өмчтэй компани олон тоогоор ажилладаг оронд салбар нь хөгжихгүй гацах эрсдэл бий юу?

-Төрийн өмчит компаниуд яам, төртэйгөө ойрхон байдаг учраас янз бүрийн хууль дүрэм шийдвэр гаргахад хувийн уул уурхайн компаниудаасаа давуу эрхтэй болчихдог тал бий. Хуулийн төсөл оруулаад батлуулах, нөлөөлөх чадвар нь хамаагүй өндөр байдаг. Тэр утгаараа хэтэрхий өөртөө үйлчилсэн тоглоомын дүрэм гаргачих гээд байдаг зовлонтой. Энэ нь алсдаа бүхэл бүтэн нэг салбарын хөгжлийг боомилох өндөр эрсдэл дагуулдаг.

-Бид уул уурхайгаасаа ахиу мөнгө олж, бусад салбараа өндийлгөхийн тулд өнөөдөр яг яах ёстой юм бол?

-Монголын хувьд төрийн өмчит компанитай байхыг хуулиараа зөвшөөрчихсөн. Олон улсын компанийг оруулаад ирчихсэн. Хувийн уул уурхайн компаниуд нь бойжоод хөгжлийн тодорхой шатанд хүрсэн. Гурвууланд нь таардаг жор, гурвууланд нь таардаг хууль байдаг уу гэдэг асуултад л хариулах ёстой болоод байна. Миний бодлоор гурвууланд нь таардаг жор дэлхийд хаана ч байхгүй. Тийм болохоор Австрали, Канад зэрэг улс татварыг нь өндөр тавиад хувийн компаниудыг тоглуулъя гээд шийдлийг нэг талд нь гаргачихаж байна л даа. Манай улс гурвуулангаас нь ашиг хүртчих гээд суугаад байгаа нь оновчтой бодлого мөн үү гэдэг бол томоос том асуултын тэмдэг.