Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэдний тэнгэрт тулсан ашиг бидний ёроолгүй тэнэгийг баталлаа

– “ЧАЛКО”-ГИЙН ЦЭВЭР АШИГ 2.7 ДАХИН НЭМЭГДЭЖ, “ВИНСВЭЙ”-Н ОРЛОГО 135 ХУВИАР ӨСЧЭЭ –

Урд хөршийн “винсвэй”, “Чалко” компаниуд гуравдугаар сарын 28-нд буюу ердөө гуравхан хоногийн өмнө өнгөрсөн оны ажил, ашгаа тайлагналаа. Тэд нүүрсний үнэ хаданд гарсан түрүү жил супер ашиг олжээ. “Чалко” компанийн цэвэр ашиг гэхэд л 2015 оныхоос 2.7 дахин нэмэгдсэн мэдээ байна. 58.5 сая ам.доллар олсныг нь “Блүүмберг”-ийн мэдээнээс харж болно. Сүүлд “E-Commodities” гэж нэрээ сольсон “винсвэй” -н борлуулалтын орлого өмнөх оныхоос 135 хувиар өсчээ. Тэд 13.5 тэрбум хонгконг доллар буюу ойролцоогоор 2.8 тэрбум ам.доллар олсноо хөөр баяртайгаар зарлаад байна. жилийн цэвэр ашиг нь 2.8 тэрбум хонгконг доллар буюу 360 сая ам.доллар гэдэг бол том тоо. өндөр ашигтай ажилласан учраас 231 сая хонгконг долларын ногдол ашиг тараахаар болж. “Винсвэй” толгой эргэм их мөнгө олсон шалтгаанаа нүүрсний тонн тутмын ашиг нэмэгдсэнтэй холбоотой гэж тайландаа тов тодорхой дурджээ. өнгөрсөн онд 15 сая тонн нүүрс борлуулсан нь 2015 оныхоос бараг 2.5 дахин өссөн үзүүлэлт юм. “Винсвэй” өнгөрсөн оны үр дүнгийн тайландаа их ашиг болсон нэг шалтгаанаа манай улстай холбоод биччихэж. Нүүрснийхээ багагүй хувийг Монголоос авдаг гэсэн тайлбар компанийн тайланд дурайж байна. “эрдэнэс Таван толгой” компани нийт нүүрснийхээ 65 хувийг TTJV­CO компанид өгөх тусгай гэрээтэй учир авсан, гэрээний дагуу маш хямд нүүрс авсан нь ашиг нэмэгдэхэд нөлөөлсөн” гэсэн агуулгатай тодруулга ч хийжээ.

“Чалко”, “Винсвэй” компаниуд асар өндөр ашиг хийснээ зарласны дараахан буюу өчигдөр “эрдэнэс Таван толгой” компани “Чалко”-гийн өрийг дарснаа зарлалаа. Эдийн засаг хэцүүдсэн энэ өдрүүдэд өрнөөс сална гэдэг сайхан мэдээ. гэхдээ анхаарах өнцөг бас байна аа. Биднийг өрөө дарчихлаа гэж хөөрцөглөж яваа энэ өдрүүдэд түншүүд маань Таван толгойн нүүрсийг хямдхаан авч цааш нь үнэтэй зараад зөрүүнээс нь асар их ашиг хийснээ зарлаж бүр ногдол ашиг тараасан шигээ пээдэлзэж сууна.

Хатуухан хэлэхэд тэдний тэнгэрт тулсан ашиг бидний ёроолгүй тэнэгийг баталж орхилоо. Дэлхийн зах зээл дээр 100 ам.доллар хол давсан нүүрсээ цөөхөн хэдэн ногооноор үнэлж хэдэн сая тонноор нь зөөж байж өрнөөс гарснаа бахархан ярих хэрэг байсан ч юм уу. Уг нь тэгтлээ хөөрч баярлаж мэдээлээд байхаар тэмдэглэлт үйл явдал биш. Өрөө дарчихлаа, одоо алзахгүй ээ, бид мундаг байна гэж бахархан мэдээлэхээр өнцөг огтоосоо биш гэдгийг учир мэдэх улс бол гадарлаж суугаа. Энэ үйл явдлыг өчигдөржингөө сайн мэдээний сэдэв болгосон Засгийн газар ч хичнээнийг зараад, хэдий хэмжээний хохирол амсаад, дараа нь төлөх өчнөөн мөнгөний асуудалд орж байж өрөө дарсаншуу аядсанаа мэдэхийн цаагуур мэдэж байгаа. Харагдах өнгөндөө гоё, сайхан, гэгээлэг ч урд хормойгоороо хойд хормойгоо нөхсөн төдий л явдал. Дахиад хэлэхэд ёроолгүй тэнэгээ л баталж буй хэрэг. Сонирхуулж хэлэх бас нэг мэдээ байна. “Винсвэй”-н түрүү жилийн үр дүнгийн тайлан дээр аудитын компани хязгаарлалттай санал дүгнэлт оруулчихаж. Аудитын хязгаарлалттай санал дүгнэлтийн хувьд компанийн санхүүгийн зарим үзүүлэлт дээр аудит хангалттай нотлох баримт олж чадаагүй, эсвэл санал зөрөлдсөн үед гардаг. Аудитын компанийн зүгээс “Монголын талын ложистикийг хариуцдаг харьяа компанийн өр авлагатай холбоотой асуудал дээр дүгнэлт гаргасан” гэсэн утгатай тайлбар хийжээ. “Винсвэй”-д KPMG гээд олон улсад нэр хүндтэй аудитын компани аудит хийснийг энд онцолъё. KPMG-гийн хувьд Moveday Enterprise Limited гэдэг компанитай холбоотой зээл, төлбөрийн асуудал дээр сөрөг буюу хязгаарлалттай санал дүгнэлт гаргасан байна. Асуултын тэмдэгтэй компанийн тухайд манай улсын нүүрсний экспорттой холбоотой ложистикийг хариуцдаг газар бололтой юм. Олон улсын аудитын зарчмаар тухайн үзүүлэлт, санхүүгийн асуудал дээр компанийн гаргаж өгсөн мэдээлэл батлагдаагүй, аудитын компани түүнийг нь хүлээн зөвшөөрч, баталгаажих боломжгүй үед сөрөг санал дүгнэлт гардаг. Хар үгээр хэлбэл аудитын хүлээн зөвшөөрч болохгүй “но” нуугдаж буй асуудал дээр сөрөг дүгнэлт, санал гардаг юм байна.

“Чалко”-гийн өрийг хичнээн тонн сайн чанарын нүүрсээ урагш нь зөөж байж дарсан бэ гэсэн асуултад хариу олохын тулд багахан тоо бодъё. Урд хөршийн компаниас ам.доллараар авсан өрөө дарахын тулд, тодруулж хэлбэл 350 сая ам.долларыг нь буцааж өгөхийн тулд бид 24 сая тонн нүүрсээ Хятад руу ачуулж. TTJVCO-ийн гэх мэт цаана нь өөр нэртэйгээр үлдэж байгаа өрийг эс тооцъё гэхэд өнгөрсөн хугацаанд сайн чанарын нүүрсээ тонныг нь дунджаар 14 ам.доллараар өгсөн гэх харамсмаар тоо гарч байна. Өдгөө дэлхийн зах зээл дээр 100 гаруй ам.доллараар үнэлэгдэж буй өндөр чанарын коксжих нүүрсээ 10 гаруйхан ам.доллараар зөөж байж өрөө дарна гэдэг баярлахаар үйл хэрэг огтхон ч биш.

Таван толгойн орд дээр хөрөнгө оруулалт татахгүй, яг одоогийнх нь загвараар явуулсаар байвал нүүрсний экспортын ашиг цаашдаа ч “Винсвэй” гэх мэт дундын зууч компаниудад очсоор байх нь хэнд ч ойлгомжтой л доо. “Голомт капитал”-ын таваарын зах зээл хариуцсан шинжээчид “Хятадын Шинхуа групп бүхий консорциум Таван толгой төсөл рүү орохгүй нөхцөлд, Монголын нүүрсний экспортын урсгал одоогийн нөхцөлөөр явж байгаа тохиолдолд хамгийн өндөр хувийн ашиг хийж байгаа компани бол E-Commodities. Нүүрсний зах зээлээ дагаад тус компани 2012 оноос хойш алдагдалтай ажиллаж байсан бол 2016 оноос компанийн бизнес ашигт ажиллагаа нь сэргэж эхлээд байна. E-Commodities 2015 онд нэг тэрбум 615 мянган хонгконг долларын алдагдалтай ажиллаж байсан юм. Энэ компанийн борлуулалтын хэмжээ, үйл ажиллагааны гол ашиг нь өнгөрсөн оны хоёрдугаар хагаст гарсан болов уу” гэж онцолсон удаатай. Урд хөршийн компаниуд нүүрсний үнэ огцом өссөнөөс хойш их хэмжээний ашиг олж эхэлснийг таваарын шинжээчдийн энэ таамгаас төвөггүй харчихаж болно гэсэн үг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Иргэдийнхээ ашгийг хулгайлдаг баячуудтай байснаас байхгүй нь дээр юм биш үү?

“АПУ”, “Улсын их дэлгүүр”-ийн хувьцаа эзэмшигчдэдээ хандаж буй хандлага нэг л биш ээ. Ганц тэд ч биш Хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг топууд ер нь л нэг иймэрхүү хүйтэн хөндий сэтгэлтэй аж төрцгөөдөг. Ах дүү, аав хүүхдүүд дансны аргаар өөр зуураа өр үүсгэж хувьцаа эзэмшигчдэдээ ашиг хялайлгадаггүй нь хэнд ч ил харагддаг.Үндсэн компани нь ашигтай ажилладаггүй хэрнээ доор нь бүртгэлтэй борлуулалт хийдэг,түрээсэлдэг компаниуд ашигтай ажиллаад байдаг увайгүй гэж хэлэхэд зөөлдмөөр хандлага маш тод анзаарагддаг.

Эхлээд онцлох жишээ бол яах аргагүй “Улсын их дэлгүүр”. Нийслэлийн ашигтай байрлалд байршдаг, өчнөөн том талбайтай, жуулчдаас эхлээд улаанбаатарчууд тэр аяараа шахуу үйлчлүүлж шопингдог том төв. 2001 онд 30 мөнгө, 2007 онд гурван төгрөгийн ногдол ашиг хуваарилсанаас бусад жилүүдэд нь алдагдалтай ажилласан гэвэл итгэх хүн гарах уу. Өөр нэг сонирхол татам баримт гэвэл энэ том дэлгүүр гуравхан ажилтантай. Гүйцэтгэх захирал, нягтлангаас өөр ажилтангүй. Долоон давхар томоо дэлгүүрийг 2002 оноос хойш “Номин холдинг” ХХК болон охин компаниуд нь түрээсэлж байгаа. Өөр бусад түрээслэгчид ч бий. Хөрөнгийн зах дээр хувьцаа нь арилжаалагддаг компаниудыг харахаар тайлан дээрээ нэг л их өртэй улс харагддаг. Их дэлгүүрийн алдагдал гэхэд 792 сая төгрөгөөр хэмжигддэг. Хэн ч итгэмгүй, жижиг хувьцаа эзэмшигчдээ үл ойшоосон хүйтэн худлаа тоо. Өчнөөн метр квадратыг брэндүүдэд зах зээлийн өндөр ханшаар түрээслүүлдэг их дэлгүүрийг алдагдалтай ажилладаг гэсэн үлгэрт итгэх хэн байхав. Дахиад тоо хэлье. Улсын их дэлгүүр 36 сая хол давсан энгийн хувьцаатай. Хамгийн олон жижиг хувьцаа эзэмшигчтэй компани.

Өөр нэг тоонд таны анхаарлыг хандуулъя. Улсын их дэлгүүрийн зах зээлийн үнэлгээ 19 тэрбум төгрөг. Тодруулж хэлбэл хөрөнгийн бирж дэх үнэлгээ нь. Яг үнэндээ өнөөгийн зах зээлийн ханшаар тооцоод үзвэл захын нэг дэлгүүрийн үнэлгээ. Ахиулаад хэлбэл таван давхар жижигхээн байшингийн ханш. Гэтэл Улсын их дэлгүүр ямар газар билээ. Их дэлгүүрийн ширхэг хувьцааг жирийн иргэд 500 төгрөгөөр өөр зуураа арилжаалдаг. Харин 80, 90 хувийг нь эзэмшдэг эрхмүүд эзэмшлийн хувиа ийм ханшаар зарах болов уу. Харамсалтай нь тэд тэгэхгүй. Хоосон газар хэдэн тэрбумаар үнэлэгддэг болсон өнөө цагт асар их мөнгө хийдэг үнэ цэнтэй обьектоо 19 тэрбумаар үнэлээд хувьцаагаа зарах тэнэг зориг тэднээс лав гарахгүй. Хүний гарт байгаа хувьцааг хямдхан авчихдаг шигээ өөрсдийнхөө хувьцааг тэр хэмжээнд үнэлээд зарах зориг их дэлгүүрийг эзэмшигчдэд төрөхгүй. Гэхдээ иргэдэд боломж бий. Их дэлгүүрийн хувьцааг хөрөнгийн биржээс хямдхаан үнэлж байгаа дээр нь ахиухныг авчихад алсдаа нөлөөлөхөөр хувьцаа эзэмшигч болох өндөр магадлалтай. 100 сая байтугай хадгаламжтай хүмүүс цөөн биш байгаа. 100 сая төгрөгөөр их дэлгүүрийн хувьцааг худалдаж аваад хав дарчихвал алсдаа багагүй ашиг хийх нь гарцаагүй. Байдал бүр бишдээд их дэлгүүрийн байрыг нураахдаа туллаа гэхэд 100 саяар хувьцаа авсан нөхрийн үг нөлөөлөхөөр түвшинд байна. Угтаа бол нэг ширхэг хувьцаа эзэмшигч ч “Улсын их дэлгүүр” компанийн хувьцаа эзэмшигчдийн хуралд сууж, сонирхсон асуултдаа хариу авч үгээ хэлэх эрхтэй. Жижиг хувьцаа эзэмшигчдийн идэвхгүй хандлага Их дэлгүүр АПУ гэх мэт компаниудыг оодруулаад байдаг гэм бий.

АПУ-гийн сүүлд дэгдсэн шуугиан ч Улсын их дэлгүүрийнхтэй агаар нэг. Үндсэн бааз суурь нь АПУ дээр байдаг хэр нь үр ашгийг нь, борлуулалтын орлогыг нь “АПУ трейдинг” гэж өөр нэг компани авчихаад байдгаас болж саяны дуулиан дэгдсэн. Дахин хэлэхэд хувьцаа эзэмшигчдээсээ ашгийг нь хулгайлдаг увайгүй хандлага ганц АПУ биш хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудын нийтлэг зан. АПУ-г бизнес талаас нь харвал маш их зээлтэй, үйлдвэрлэлээ өдий зэрэгт хүргэх гэж банкны өндөр хүүтэй зээл авч зүтгэж байж томорсон энэ тэр гээд яривал цаана нь нарийн учир шалтгаан бийг үгүйсгэхгүй. Гэхдээ АПУ гэж компанийг хувьчилж авсан учраас, тэр компанийн үр ашгаар л бизнесээ олон салбарт тэлж, ах дүүгээрээ том бизнес эрхлэгч болсон гэдгийг монгол даяараа бас мэднэ. Товчхондоо АПУ-г томорч, хөгжиж, өдий болоход хэвлэл мэдээллээс эхлээд хувьцаа эзэмшигчид нь тэвчээртэйгээр дэмжиж хүлээсээр өнөөг хүрсэн. Төр засгаас бизнест халтай шийдвэр, үг яриа гарах бүрт хэвлэлийнхэн баялаг бүтээгчдээ ад үзэж болохгүй гэж өмгөөлсөөр ирсэн. Алдагдалтай гэж ашгаа харамласан жилүүдэд нь хувьцаа эзэмшигчид “Ийм хэцүү цагт аргагүй дээ” гэж ууч ханддаг байсан. Ийм байтал борлуулалтаа өөр компаниар дамжуулж иргэдийнхээ ашгийг хулгайлсан шигээ сууж болохгүй л дээ.

Борлуулалтаа “АПУ трейдинг”-ээр биш АПУ-гаараа хийвэл борлуулалтын орлогоороо номер нэгт бичигдэж хувьцааны ханш нь 400 биш 1000 төгрөг хол давах сайн талтай. Ногдол ашгаа ахиу тараагаад, хувьцааны ханш нь өсөөд ирвэл хөрөнгө босгох боломж өсөөд ирнэ. Банкны өндөр хүүтэй зээл биш, хөрөнгийн захаас хямд хүүтэй мөнгө татаад үйлдвэрээ өргөтгөх боломж АПУ-д байгаа. Зах зээлд, иргэдийн гар дээр их мөнгө байдгийг саяхны Засгийн газрын бондын захиалга харуулсан. Засгийн газраас 17 хувийн хүүтэй 11 тэрбумын бондын зарна гэхэд 55 тэрбум төгрөгийн захиалга орж ирсэн нь ердөө ойрхны үйл явдал. Хөрөнгийн зах зээлийг сонирхдог хүмүүсийн гар дээр мөнгө байна гэсэн үг. Гадны компаниудын хувьцаагаа хөрөнгийн зах дээр арилжаалдаг нэг шалтгаан нь үнэ цэнээ өсгөх. Ухаандаа АПУ-гийн хувьцааг худалдаад авчихсан нөхөр АПУ-гийн сүү, жимсний ундаа, цөцгий зөөхийг авна гэсэн үг. Хөрөнгийн зах зээлийн жамыг сөрөлгүйгээр, үнэнчээр ногдол ашгаа тараагаад аж төрвөл АПУ-гийн бүтээгдэхүүн зах зээл дээр шажигнатал борлогдож, импортын ижил төрлийн бүтээгдэхүүнийг шахаад ирнэ гээд ойлгочихож болно. Дэлхийн компаниуд хөрөнгийн зах зээлээр дамжуулж үнэ цэнээ ингэж өсгөдөг. Гадны зах зээл дээр АПУ-гийнх шиг асуудал гарсан бол дуулианы эзэн компанид дампуурлаас өөр зам үлдэхгүй. Шуудхан хэлэхэд АПУ-гийн саяхны жишээ бол санхүүгийн залилан. Санхүүгийн залилан хийсэн компани орон зайгаа алдах нь хэнд ч тодорхой зүйл.

Гэхдээ хөрөнгийн зах зээл хөдөлж амилж байгаа нь АПУ-гийн шуугиан дуулианаас харагдсан эерэг тал бий. Энэ компанийн хувьцаа 400 дөхөж байснаа 350 руу унасан нь урьд ажиглагдаж байгаагүй хөдөлгөөн гэж хөрөнгийн захынхан олзуурхаж байна. АПУ-гийн хувьцааг худалдаж авсан хүмүүс эрсдлээс болгоомжлоод хувьцаагаа зарж эхэлсэн учраас ханш нь буурсан хэрэг л дээ. Мэдээж хөрөнгийн зах зээл дээр сайн жишээ болсон компани багагүй бий. Жишээ нь “Говь”, “Дархан нэхий”. Хувьцаа нь өсөөд, хувьцааг нь худалдаж авсан хүмүүс сэтгэл ханамж өндөр аятайхан байна. “Газар сүлжмэл” гэхэд хамгийн өндөр ногдол ашиг өгдөг.

Хөрөнгийн зах зээл дэх увайгүй хуншгүй гэж хэлэхээр дараагийн жишээ бол “Зоос гоёл”. Төрийн ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн балгас хоёр жилийн өмнө дуудлага худалдаагаар таван тэрбум гаруй төгрөгөөр “Таван богд”-од очсныг уншигчид санаж байгаа байх.1584 метр кв талбайтай гэсэн тоо дуулддаг. Гэтэл “Зоос гоёл”-ын нэр дээр байдаг 5800 давсан метр квадрат бүхий барилга байгууламжууд нийлээд гурван тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй гэвэл та итгэх үү. Ордны зүүн талынх бол балгас, харин “Зоос гоёл”-ынх амьд, өнөө хүртэл үнэ цэнэтэй, мөнгө үйлдвэрлэдэг, ашиглагдаж байгаа обьект. Байрлал нь ч дажгүй. Зах зээлийн өнөөгийн ханшаар багцаалдаад бодоход наад зах нь 50 гаруй тэрбумаар өлхөн үнэлэгдэх обьект. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа арилжаалдаг компаниудад ямар их “но” байгааг хөнгөхөөн уншчихаж болох тод жишээ. “Зоос гоёл”-ын хувьцааг аваад хэт хямд үнэлсэн энэ шийдвэрээс болж мөнгөөрөө хохирсон хувьцаа эзэмшигч хувьцаанд мөнгөө ахиж зарах итгэлгүй болж буй нь хамгийн том аюул. Хөрөнгийн зах дээрх энэ мэт жишээг дурдвал багагүй “но” бий. Ингэсгээд зогсъё.

Товчхондоо Монголын топ баячуудын хаялгагүй, хуншгүй, явцгүй, увайгүй хандлага хөрөнгийн зах зээлээс тод харагдаж байна. Үнэндээ хөрөнгийн биржид бүртгэлтэй толгой компаниудын боссуудад АНУ, Канад гэх мэт улсын бизнес эрхлэгчдээс ялгарах нэг том ялгаа бий. Тэд хөрөнгийн зах зээлээс тав гурван төгрөг гуйж байж хөл дээрээ босоогүй. Энгийн олноос хураасан мөнгө, авсан мэдээллээрээ жаахан илүү нөхөд хямдхаан хувьцаа олноор нь авч том обьект, үйлдвэрийн эзэд болцгоосон. Манай хөрөнгийн захын топуудын нийтлэг түүх л дээ. Улсаас бүх иргэддээ ягаан цэнхэр тасалбар тарааж, Улсын их дэлгүүр, АПУ-гийн хувьцааг авч эзэн суух эрхийг нь өгсөн. Ихэнх нь цөөхөн төгрөгөөр хувьцаагаа зараад дууссан. Цөөнх нь ихэнх хувьцааг худалдаж авч юмны эзэн сумны занги болцгоосон. Мэдээж төдийгөөс өдий хүртэл урсгасан хөлсийг нь үгүйсгэхгүй. Хөдөлмөрлөсөн, баялаг бүтээсэн, үйлдвэрлэсэн. Их хувьчлалын үр ашгийг ч хангалттай хүртсэн. Салбар бизнестэй болсон. Толгой баячуудын бизнесийг харахад бүх салбарт мөнгө олох хөлтэй болчихсон.Мөнгөтэй учраас бизнесийг бүхэлд нь атгасан гэхэд хэтрүүлэг болохгүй. Энгийн иргэдэд хөл тавих боломжгүй болтол зах зээлийг эзэлсэн нь нууцлаад байх зүйл биш. АПУ гэхэд л архи, пиво, ундаа, сүүнээс гадна шатахуун түгээх станцаас эхлээд олон бизнестэй.Их дэлгүүрт эзэн суусан “Номин” гэхэд барилгын компанитай. Барьсан хотхонуудынхаа хажууд томоо гэгчийн супер, хайпермаркетуудтай. Ахиухан мөнгө олсон хүмүүс бор зүрхээрээ дорвитойхон бизнес хийе гээд хөдлөхөд орон зай бараг үлдээгүй.

Хөрөнгийн зах дээр бүртгэлтэй томчуудын хувьд олонхи иргэдэд ногдох ашгийг нь өгөх цаг болсон гэж хэлэх гээд байна л даа. Улсын минь буян гэж хувьцаагаа тас атгаж суугаа энгийн иргэдэд ногдол ашгийг нь асуудалгүй тараах эрийн цээнд аль хэдийнэ хүрсэн. Томчуудын тас атгаж, татваргүй бүсэд байршуулсан их мөнгө Монголын эдийн засагт эргэлдэх ганц л суваг бий. Тэр нь хөрөнгийн зах зээл.Хотоо малтахдаа хориулаа болоосой, хоолоо идэхдээ хоёулаа байгаасай гэж нэг айхавтар үг бий. Ард түмний увайгүй баячуудыг элэглэсэн үг л дээ.

Эдийн засгаа томруулъя, улсаараа хөгжье гэвэл энэ хандлагаасаа салах цаг болчихож. Төдийгөөс өдий хүртэл хангалттай оллоо, одоо хувьцааныхаа төчнөөн хувийг арилжаалъя гээд нээлттэй компани болоод эхэлбэл их зүйл өөрчлөгдөнө. Дахиад хэлэхэд ингэж байж л бултаараа хөлжиж, улсаа хөгжүүлнэ. Иргэд ч гар дээрх мөнгөө хөрөнгийн зах зээр эргэлдүүлж ашиг хийчихнэ. Компаниуд нь ч банкны өндөр хүүнд дарлуулахгүйгээр хямд зардалтай хөрөнгө оруулалт татчихна. Хэн хэндээ ашигтай шийдэл.

Categories
мэдээ цаг-үе

Г.Гантулга: Шүүмжлэхээсээ илүү өөдрөг мессэж өгье гэж Улаанбаатарын давхар замын зургийг хийлээ

“Сая санаа” компанийн ерөнхий менежер Г.Гантулгатай ярилцлаа.


-Танай компани Улаанбаатарт давхар зам тавих боломжтой гээд зургийг нь хүртэл гаргасан нь сонирхол татаж байна. Хэр хугацаанд хийсэн зураг вэ?

-Ажлынхаа хажуугаар хийсэн болохоор хорь орчим хоногийн хугацаа зарцуулсан. Эхлээд энэ зургийг яагаад хийх болсноо яривал илүү ойлгомжтой болох байх. Нийгэм их бухимдалтай болсон анзаарагддаг. Түгжрэл, утаа гээд бүх асуудалд төр засгаа буруутгасан хандлага хавтгайрсан. Залуус ийм сэтгэхүйтэй болоод байгаа нь харамсалтай санагддаг. Манай компанийнхан дандаа залуус. Төр засгаа шүүмжилж буруутгахын оронд өөрсдөө ямар нэгэн шийдэл санал болгоё гээд цуврал шийдлүүд гаргаж байгаа. Санал болгосон шийдлүүдийн маань нэг нь таны сонирхсон давхар зам. Бид зургийн хүмүүс учраас санаа шийдлээ зургаар илэрхийлж байгаа юм. Инженерүүд, багш нар гээд мэргэжил бүрийн хүмүүс чиглэл чиглэлээр тодорхой шийдэл санал болгооч ээ гэж уриалж байгаа. Бидний хийж байгаа зураг захиалгатай ажил биш, яг хийе гэсэн төсөл ч биш. Нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж хийж байгаа л ажил. Захиалгат ажлууд ихтэй учраас бид маш завгүй ажилладаг. Гэхдээ шөнө орой, зав чөлөөгөөрөө сууж байгаад шийдлүүдээ санал болгосоор байх болно. Улаанбаатар хотыг анх 500 мянган хүнд зориулж төлөвлөсөн. Гэтэл өнөөдөр аль хэдийнэ сая гарсан хүн амтай хот болчихсон. Нэг сая 600 мянган хүнтэй болсон учраас замаас эхлээд бүх талаараа даац ачаалал хэтэрсэн гэсэн үг. Даац нь хэтэрсэн учраас зам түгжрэлтэй байхаас аргагүй л дээ. Эргэн тойронд байшин барилга баригдсан учраас замуудыг сунгаад тэлээд байх боломж хомс. Зүгээр шүүмжлээд суухын оронд түгжрэлийг бууруулах өөр гарц хайх учиртай. Нэг гол гарц нь давхар зам. Яг хийчихье гэсэн санаа биш л дээ. Иймэрхүү харагдана, ийм байж болно гэсэн бодлоор нийгэмд өөдрөг мессэж өгье гэж зорьсон юм.

-Давхар замын зургаа яагаад төв замын дагуу хийсэн юм бэ?

-Бидний хувьд хүмүүст ойр, танил гэдэг утгаар нь төв зам дээр давхар замын зураг хийсэн юм. Улаанбаатарт давхар зам хийх бүрэн боломж бий. Метро хийхэд газар ухах, шугам сүлжээ хөндөж янзлахаас эхлээд маш том бүтээн байгуулалт өрнүүлнэ. Харин давхар замын хувьд арай хялбар байдлаар хийчих боломжтой.

-Төв зам дээгүүр татсан давхар замын зургаас харахад буудлыг нь нэлээд зайтай төлөвлөжээ?

-Буудал нь ойрхон байвал төвлөрлийг татаад байх болов уу гээд буудлыг нь зайтай төлөвлөсөн юм. Сүлжмэл, Саппоро, Баруун дөрвөн зам, Багшийн дээд, Зүүн дөрвөн зам, Офицерийн тойрог, Ботаник гэсэн цэгүүдийг сонгосон. Талбай дээр яагаад буудал байхгүй байгаа юм бэ гэх мэт асуулт гарч магадгүй. Гэхдээ давхар замаар холын зайнд явах хүмүүс зорчвол түгжрэлийг бууруулах талаасаа илүү зөв шийдэл болох байх гэж бодсон. Үндсэндээ замынхаа ачааллыг хоёр хуваачихаж байна гэсэн үг. Одоо бол хол, ойрын зай ялгаагүй нэг замаар зорчиж буй учраас түгжрээд байгаа юм. Гэхдээ манай гаргасан зургийг харсан хүмүүс хотын төв хэсэгт давхар зам дэмий, хэтэрхий шуугиан чимээ, хөдөлгөөнтэй болно хүнээ бодсонгүй, түгжрэлд л анхаарлаа гэсэн шүүмжлэлүүдийг хэлсэн. Төв замын дээгүүр давхар зам барихгүй байх гарц бий. Урагшаа Нарны замын чигээр ч юм уу, эсвэл хойшоо Зуун айлын замаар давхар зам тавьж болно.

Төв замын явган хүний гарц

-Давхар зам барихаар боллоо гэхэд хамгийн түрүүнд шийдэх ажил нь технологи талаасаа юу вэ?

-Технологийн хувьд дийлэнх хотуудад давхар зам байгаа учраас ямар ч асуудалгүй. Хамгийн ойрын жишээ гэхэд Бээжин. Бээжингийн хувьд төвдөө биш захаараа аалзны тор шиг сүлжилдсэн давхар замуудтай. Давхар замын хувьд даац авах баганууд их чухал. Баганын доорхи суурийн ажил гэж бий. Нарны гүүр, Энхтайваны гүүрэн доор очоод доод хэсгийг нь харахад л давхар замын шийдэл тодорхой харагдана. Тэгэхээр багануудын зай талбайг шийдсэнээр давхар замаа шийдчих боломжтой гэсэн үг.

-Замын компаниуд та нарын хийсэн зургийг хараад хандаж байна уу?

-Танил талын хүрээгээр нэлээд олон газраас сонирхож хандсан.

-Давхар замаас өөр ямар зураг хийсэн бэ?

-Байгалийн түүхийн музей ажиллахаа болиод хоёр жил орчим болчихсон хуучин барилга. Хажуугаар нь явах бүрд “Их гоё байрлалтай, хотын түүхийг өгүүлэхээр эртний энэ гоё байшинг засч янзлаад сайхан болгочих юмсан” гэсэн бодол төрдөг юм. Тэгээд манайхан ярилцаад Байгалийн түүхийн музейг шинэчилье гэсэн шийдэл гаргаж зураг хийсэн. Барилгын нүүрэн хэсэгт төмөр рам зангидаж фасад хийе гэсэн санаа гаргасан юм. Доогуур нь явган хүний замыг коридор гаргаж шийдсэн. Шилэн фасадан дотор үлэг гүрвэлийн дуураймал үзмэрүүд тавьж гэрэлтүүлчихвэл гаднаасаа маш гоё харагдана. Харсан хүн бүр орохгүй байх аргагүй сэдэл төрүүлэх зураг хийсэндээ баяртай байгаа. Бидний зураг ажил болбол Байгалийн түүхийн музейн барилга Монголыг сурталчлах байгууламж болж чадна. Байгалийн түүхийн музейн зургийг харсан хүн бүр эерэг сэтгэгдэл хэлж байсан нь бидэнд их том урам өгсөн.

-Төв дөрвөн замын гүүрэн гарцын зураг гаднаасаа маш үзэмжтэй харагдаж байна?

-Өнгө үзэмж талаасаа төвд учраас гоё байх ёстой гэсэн бодлоор зургаа гаргасан. Бас явган зорчигчдын аюулгүй байдлыг бодолцож үзсэн л дээ. Төв зам учраас машины хөдөлгөөн ихтэй. Явган хүний гүүрэн гарц барьчихвал аюулгүй байдал талаасаа их зөв шийдэл болох юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс лифтээр, бусад нь шатаар гараад явах боломжтой. Өвлийн дүн хүйтнээр дулаацчих давуу талтай (инээв). Дотор нь түргэн хоолны газар, кофе шоп зэрэг түрээсийн газар ажиллуулаад түрээсийн мөнгөөр нь цахилгаан гэх мэт зардлуудаа шийдчих бүрэн боломжтой. Наад зах нь төв замын хөдөлгөөнийг харангаа кофе уухыг хэн ч сонирхоно. Эдийн засгийн ийм үндэслэлтэй төслийг санал болгож зургийг нь гаргаад байна. Хотын төв цэгт одоогоор бол намхан байшингууд байгаа. Яваандаа, арав, хорин жилийн дараа орчин цагийн шийдэлтэй өндөр байшингууд сүндэрлэх нь ойлгомжтой. Бид явган хүний гүүрэн гарцынхаа зургийг ирээдүйг харж хийсэн. Өндөр байшингуудын дунд маш гоё харагдана.

-Ер нь нэг ийм зургийг хэчнээн хүн хийдэг вэ?

-Дор хаяж дөрөв таван хүн хийнэ. Илүү том зураг бол ажиллах хүн нь нэмэгдэнэ. Зардалтай учраас зураг ажиллагаатай, үнэлгээтэй байдаг. Барилгын норм, стандартын дагуу үнэлгээнүүд гарчихсан байдаг л даа. Барилгын захиалгат зургуудыг бид тэр үнэлгээний дагуу хийдэг. Зургийн салбар Монголд хөгжөөд багагүй хугацаа өнгөрсөн ч нийгэм, хүмүүсийн дунд зураг чухал гэсэн ойлголт бүрэн утгаараа бүрдээгүй тал бий. Зураг бол барилгын амин судас, зүрх нь. Зураггүйгээр барилга барьчихвал тэр нь төлөвлөлт, шийдэл муутай болдог. Бид барилгын зургаас гадна дизайны зураг зурдаг. Барилгын зураг гэхээр тухайн барилгын даац тооцоолол, лифт, шат нь хаана байх гэх мэтийг төлөвлөдөг бол дизайных гэдэг нь харагдах байдлыг чухалчилдаг.

Байгалийн түүхийн музейн шинэчилсэн зураг

-Танай компанийн зургийг нь хийсэн олны мэдэх ажлууд гэвэл юу байна?

-Манайх жил гаруй болж байгаа залуу компани. Гэхдээ том компаниудад ажиллаж байсан туршлагатай залуус нэгдсэн учраас өмнө нь хийж бүтээсэн ажлууд бий. Манай ахлах мэргэжилтнүүд “МCS”, “Шунхлай” гэх мэт том газруудын барилгын компанид ажиллаж байсан. Тэнд ажиллаж байхдаа “Вива сити”, “Будда виста”, “Орчлон” зэрэг томоохон бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан. Ийм туршлагатай залуус нэг баг болоод ажиллаж байгаа.

-“Сая санаа”-гийн залуусын дараагийн өөдрөг мэссэж юу байх вэ?

-Утаа нийслэлийн хамгийн тулгамдсан асуудал болчихсон. Утаатай холбоотой нэг шийдэл санал болгох гээд ажиллаж эхэлсэн. Нялх хүүхдүүд, жирэмсэн ээжүүд хот дотроо агаарт яваа юм шиг орчинд тухлах газар хомс байдаг. Дубай халуун орон. Тэнд шилэн хоргонд маш том цанын бааз байгуулсан байдаг юм. Өвлийн улиралд нар ээсэн, цэвэр агаартай орчныг бүрдүүлсэн нарладаг, тухалдаг байгууламжийн зураг тун удахгүй бэлэн болно.

-Сайхан санаа байна. Хаана байгуулбал зүгээр бол?

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэн хавь илүү тохиромжтой санагдаад байгаа юм.

-Ажлынхаа хажуугаар эерэг мэссэж өгсөн зургуудаа зурсаар байх уу?

-Тэгнэ. Бид чадах хэмжээндээ ийм эерэг мэссэж өгсөөр байх болно.


Categories
мэдээ цаг-үе

Отчоос доктор хүртэл дөрвөн үеийн эмчтэй гавьяатынх

Сар шинийн өмнөхөн гавьяат болсон Б.Оюунбилэг эмчийнд өнжлөө. Гавьяатынх “Ногоон төгөл” хотхоны таван өрөө сууцанд амьдардаг юм байна. Ханаараа дүүрэн гэр бүлийн зурагтай зочны өрөөний томоо ширээн дээр сар шинийн идээ будаа, айраг цагаа дэлгэж, мөнгөн аяганууд өрсөн нь зочдын хөл тасраагүйг илтгэнэ. Эзэгтэй бууз жигнэж, гэрийн эзэн Ч.Чулуунбат гуай Булганы Могодын айргаар дайлангаа яриа хөөрөө дэлгэв. Гавьяатын аав нь ч мөн эмч юм байна. 80 гарсан гэхэд хөнгөн шингэн, цэцэн цэлмэг гэж жигтэйхэн энэ буурайг эрүүл мэндийн салбарынхан Буджав доктор гэхээр андахгүй. Бага залуудаа Ховд аймагт мэс заслын эмчээр ажиллаж байгаад хожим Эрүүл мэндийн яаманд томилогдон ирж, насаараа яаманд ажиллажээ. Буджав докторын аав нь эрдэмтэй чадалтай оточ хүн байж. Эм барьдаг, жижиг мэс засал хийчихдэг байсан гэнэ. Замкаменскт төрсөн буриад хүн аж. 1919 оны Октябрийн хувьсгалийн үймээнээс дайжиж ах дүүсээрээ Монголдоо иржээ. Буджав гуай охиныхоо аягалж өгсөн сүүтэй цайг оочлонгоо “Нийтдээ арав гаруй айл хуучнаар Түшээт хан аймгийн Төмрөнгийн гол гэдэг газар суурьшсан гэдэг. Одоогийнхоор бол Булган аймгийн Тэшиг сумын нутаг л даа. Аавын эртний овог гэвэл Тэртэ. Чингис хаанд дагаар орсон уулынхны нэг овог аймгийн нэр гэлцдэг. 1937-1939 оны хэлмэгдүүлэлтийн жилүүдэд Орос улсаас урвасан нэрийдлээр буриад айл бүрийн эрчүүдийг дайчлан баривчилж, Орост аваачиж, цөөн хэдийг нь цөллөж, бусдыг нь цаазаар аваачсан түүх бий.

Аав маань баривчлагдаад гурав хоногийн дараа буцаж ирсэн байдаг юм. Яагаад суллагдсан шалтгаанаа хэлэхгүй байсаар өөд болсон доо. Бага залуудаа их олон орноор аялсан мэдлэгтэй хүн байсан гэж мэдэх хүмүүс нь хуучилдаг. Аавын тухай нутгийнхны гаргасан шог яриа хүртэл бий шүү” гэж хэлээд хөгжилтэй инээв. Гэрийн эзэн Төв аймгийн Эрдэнэсант сумын уугуул гэнэ. Эдийн засагч мэргэжилтэй, тэтгэвэрт гараад Бөхийн өргөөний аж ахуйг хариуцах болжээ. Эзэгтэй бууз таваглангаа “Манай хүн чинь их олон жил ном үзсэн. Аравдугаар ангиа төгсөөд ажилчин болж, дараа нь металистийн чиглэлээр ТМС-т суралцаж, сүүлдээ бүр санхүүгийн чиглэлээр дээд сургууль төгссөн хүн.

Бас даргын одонд төрсөн нөхөр. Оюутны зөвлөлийн дарга, оюутны байрны дарга, сургуулиа төгсөөд бас дарга хийсээр яваад насандаа суусан” гэж хэлээд инээдэм болов. Сонирхуулж хэлэхэд эдний таван хүүхдийн хоёр нь эмч, гурав нь эдийн засагч юм байна. Гавьяатын ээж нь бас эмч хүн байж. Насаараа нэгдүгээр эмнэлэгт эмчээр ажиллажээ. Гэрийн эзэн “Манай хоёр чинь заримдаа мэргэжлийн хэлээр ярина шүү дээ. Би ч дуугүй суухгүй. Монголоор орчуулаад яриарай гэсэн шаардлага тавина” гээд мушилзав. Хавдар судлалын төвд уруулын хорт хавдартай хүмүүс цөөнгүй ирдэг болсон гэх яриа содон дуулдав. Сонингийн цаасанд дүнсэн тамхи ороож татдаг хүмүүс уруулын хавдар тусах эрсдэл өндөр байдаг аж. Амандаа хадаас зууж ажилласаар байгаад уруулын хорт хавдар туссан мужаан ирж байсан гэнэ.

Таван хүүхдийнхээ гэр бүлийн зургуудаар зочны өрөөний нэг ханаа бүхэлд нь гоёжээ. Том охин нь Худалдаа, аж үйлдвэрийн танхимд хэлтсийн дарга хийдэг бол том хүргэн нь “Гурван гал” эмнэлгийг байгуулжээ. Хоёр дахь нь хүү. Нэгдүгээр төрөхөд эмчээр ажилладаг гэнэ. Гурав дахь хүү нь компьютерийн чигийн хүн юм байна. Дараагийнх нь охин гэр бүлээрээ татварын байцаагчид аж. Бага охин нь шүдний гажиг заслын эмчийн мэргэжил сонгожээ.

Буджав эмчийг Ховдод мэс заслын эмчээр ажиллаж байх тавь, жараад онд бэтэг өвчин их байж. “Бараг толгой дараалан шахуу байсан шүү. Маш олон хүнийг бэтгэнээс салгасан. Жараад онд бэтэгтэй хүн байхгүй болсон” гэж дурсав. Бас тэмбүү, заг хүйтэн өвчин элбэг байсан гэнэ. Бас жигтэйхэн томорч, бүдүүрдэг заандах гэж айхтар өвчин байжээ. 1955 онд Ховдод анх очиход нь хоёр л монгол эмч байсан гэнэ. Тэр үед ходоодны хорт хавдар их байж. Гэрийн эзэгтэй эмэгтэйчүүдийн хавдрын мэс заслын эмч юм байна. Хоол, цай бэлдэж дуусаад ширээний ард тухалсан Оюунбилэг эмч “Сүүлийн үед хавдар харьцангуй эрт үедээ оношлогддог болсон. Хортой хавдар дөрвөн үе шаттай. Эхний хоёр үедээ эдгэнэ. Нэгдүгээр үедээ бол 100 хувь эдгэрдэг өвчин. Эмэгтэйчүүдийн хорт хавдар гээд яривал эхний байранд умайн хүзүүний хорт хавдар ордог. Умайн хүзүүний хортой хавдарыг урьдчилан сэргийлж л үзүүлэхгүй бол ямар ч шинж тэмдэг илрэхгүй. Илрэхээрээ хүндэрчихсэн байдаг. Умайн хүзүүний хавдартай болсон хүмүүсийн бараг 80 хувь нь бэлгийн замаар авдаг хөхлөг вирусийн халдвараас үүдэлтэй. Ийм вирустай эрэгтэй хүнтэй харилцаанд орсон эмэгтэйд халдвар авснаасаа хойш хамгийн богинодоо гэхэд 4-5 жилийн дараа хавдар үүсдэг” гэж ярилаа. Гэрийн эзэгтэй 1981 онд анагаахын сургууль төгсөөд Цацраг туяа эмнэлэгт ажилд орж байснаа дурсав. Тэр үед цацраг туяа эмнэлэгт хэвтэхээр явж байгаа хүмүүсээ хөдөөгийнхөн уйлж гаргаж өгдөг байсан гэнэ. “Эргэж ирэхгүй нь гэж бодоод уйлж байгаа хэрэг л дээ. Багш маань хүний гавьяат эмч Янжин гэж мундаг хүн. Сү.Батболдын ээж. Дайчин гэж жигтэйхэн. Хавдрын хагалгаа их хүнд. Наанадаж зургаа, долоон цаг зогсоно. Удаан зогсохоор муужирч унана. Эхлээд шантардаг л байлаа. Ирсэн хүмүүс эдгэрэхгүй нас бараад байхаар элдвийн л юм бодно. Гэхдээ хавдартай, эрт үедээ оношлогдсон хүнийг эдгээгээд амьдрал бэлэглэх агшин их сайхан. Ер нь эдгээнэ гэсэн хүнээ хагалгаанд оруулна л даа. Янжин эмч, Дарь эмч хоёрыг хүмүүс их шүтнэ. Тэднийгээ хараад ийм гоё эмч болохсон гэж бодно шүү дээ” хэмээн ярив. Аав, охин хоёр нэг айлын хоёр хүнийг аварсан сонин сайхан түүхийг эднийд сонсов. Оюунбилэг эмч Жавзан гэж хүний хавдрыг эмчилж байжээ. Хожим аав нь баяр хүргэхээр ирэхдээ амийг нь аварсан Буджав эмчийн охин охиных нь амийг аварсныг мэдээд бөөн баяр болсон гэнэ. Цус алдаж ирж хавдрын эмч нарыг сандаргаж байсан Жавзан өдгөө Төв аймгийн Угтаал суманд амьдардаг юм байна. 37 кг хавдар авч шуугиан тарьж байсан мэс заслыг Оюунбилэг эмч хийж байж. Говь-Алтай аймгаас 37 настай бүсгүй элэгний хорт хавдартай гэсэн оноштой ирж л дээ. Тогоо шиг том гэдэстэй, олон сараар хоол ундандаа муу байсан бүсгүй турьгүй, тамирдуу гэж жигтэйхэн байсан гэнэ. Хамаатан садан нь найдваргүй гээд хүний тооноос хасахдаа тулсан тэр үед Оюунбилэг эмч оношийг нь зөв тавьжээ. “Дөрвөн жил болж байгаа гэхэд нь л хоргүй хавдар юм байна гэж бодсон. Тэгээд л яаралтай хагалгаанд оруултал хавдрыг нь дийлдэггүй. Чулуу шиг хүнд гэж жигтэйхэн. Өндгөвчний хоргүй хавдрыг элэгний хавдар гэж оношлоод удаачихсан юм билээ л дээ. Арай гэж хавдраа гаргаад авсан чинь өндгөвчний хоргүй чулуужсан хавдар байж билээ. Мэс заслын эмчийн ажилд нэг онцлог бий. Ганц өөрөө биш багаараа ажиллаж байж хүнээ эмчилж эдгээнэ. Норкозны эмч их чухал. Хагалгаа хэр зэрэг удаан үргэлжлэх, хэдэн цаг унтуулах, хүнийхээ жинд тааруулж хэмжээг нь гаргах гээд их нарийн тооцоотой” гэж ярихад аав нь ярианд оролцож “Норкозны эмч ийм мундаг хэрнээ ил гардаггүй нууц ноёнтон шүү дээ” гэв. Оюунбилэг эмчийн дүү норкозны эмч юм байна.

Тэтгэвэртээ гараад хувийн эмнэлэг байгуулах болсон шалтгаанаа “Хавдрын ганц эмнэлэгтэй учраас ачаалал их байдаг. Ачааллыг нь хагаслая гэж эмнэлгээ байгуулсан” гэж тайлбарлав. Оюунбилэг эмчийн байгуулсан “Оби” эмэгтэйчүүдийн эмнэлэг хажуугийн байранд нь ажилладаг юм байна. Гэрийн эзэн “Би найзууддаа эхнэртээ өвлийн хувцас авч өгөх шаардлагагүй болсон, ажил нь ойрхон болохоор амар юм аа гэж хошигнодог юм” гэж хэлээд мушилзав. Эмэгтэйчүүдийн хувьд өндгөвчний, хөхний хавдар удамшдаг бол эрчүүдийн тухайд түрүү булчирхайн хавдар удамших магадлалтай аж. Хоёр жил тутам хавдрын шинжилгээ өгөөд байхад энэ аюултай өвчнөөс сэргийлэх боломжтой гэсэн зөвлөгөөг Оюунбилэг эмч өгсөн юм. Бас анхны жирэмслэлт дээрээ үр хөндүүлвэл үргүй болох магадлал 60 хувьтай байдаг аж. Буджав эмч охиныхоо ярианд оролцож “Би урьдчилан сэргийлэх үзлэгийн нүүдлийн амбулаторийг эхлүүлж бий болгосон хүн. Ерээд онд мөнгөгүй гэсэн шалтгаанаар хаасанд их харамсдаг. Миний охины эмнэлэг урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг” гэж ярив.

Гэрийн эзний ажлын өрөөнд орлоо. Компьютер дээр хөзөр тоглож байгаад орхисныг нь гэрийн эзэгтэй “Манай хүний ой ухааны хамгаалагч нь. Баруунд элбэг тохиолддог альцгеймер өвчнийг монголчууд тусаад байдаггүй нь малчин ахуйтай холбоотой юм билээ. Хөдөө малаа нүдэлж хараалаад сууж байдаг хөгшчүүл зөнөх өвчин тусдаггүй юм байна л даа. Манай хүний оюунаа хамгаалдаг зэвсэг нь энэ” гэж хэлээд хөгжилтэй инээв. Унтлагын өрөөндөө бурханаа залжээ. Аав, ээжийнхээ хөргийг залсан энэ өрөөнд удам судрын яриа үргэлжлэв. Саяхан эзэгтэйн тал ургийн баяраа хийсэн гэнэ. Ээжийнхээ төрсөн газар Цамбагарав хайрханд мөргөж, хамаатан саднаараа цуглажээ. 500 гаруй хүн цугласан аж. Орныхоо хажууд хүүгийнхээ хэвлүүлж өгсөн календарийг өлгөчихөж. Хүү нь аав, ээж хоёрынхоо зургаар календарь хийлгэж бэлэглэсэн юм байна. Гэрийн эзэн, эзэгтэй хоёр ээжүүддээ зориулж ном бүтээснээ сонирхуулав.

Эзэгтэйн аавын өрөөний үүдэн дэх гүйлтийн зам нүдэнд тусав. 88 хүрч яваа Буджав доктор мото спорт, волейболийн мастер цолтой шаггүй тамирчин юм байна. Ануухан яваагийн учир нь спорт аж. Оюунбилэг эмч ч спортод дуртай, сагсан бөмбөгийн мастер гэнэ. Наймдугаар ангид байхдаа багаараа улсын аварга болж тэр үедээ шуугиан дуулиан болж явж. Буджав эмчийн өрөөнд амьдралынх нь түүхэн агшнуудыг мөнхөлсөн гэрэл зургуудыг томоо цаасан дээр хэвлэж өлгөжээ. Хувцасны шүүгээнийх нь дээр “2017 он. Хүүхдийн шинэ хувцаснууд” гэсэн бичигтэй хүрэн чемодан тавьсан нь нүдэнд тусав. Ач, зээ, гуч олонтой учраас бэлгийг нь жилийн өмнөөс бэлдээд эхэлдэг гэнэ. Хүүдүүдийнхээ төрсөн өдрүүдийг зургадугаар сарын 1-нд бөөндөж нэг өдрийг хүүхдүүдээ зориулдаг гэж гэрийн эзэн сонирхуулав. Төрсөн өдрийн, амжилт гаргасны, хүүхдийн баярын гээд гурван бэлгийг том жижиг гэж ялгахгүй өгч, ресторанд орж, хүүхдүүдийнхээ бэлдсэн концертыг үзэж тэр өдөржин бужигнацгаадаг юм байна. Зуны дэлгэр цагаар хүүхдүүдтэйгээ гэрийн эзний төрсөн газар очиж ундаалж өссөн рашаанаас нь ууж гурав хоног амардаг нь эдний гэр бүлд уламжлал болжээ.

Гэрийн эзний хобби нь бөхийн ном. Зочны өрөөнийхөө ханын шүүгээнд өрөөстэй бөхийн номнууд нь бүгдээрээ зохиогчийн гарын үсэгтэй гэдгээрээ үнэ цэнэтэй эд аж. Зочны өрөөний хананд XIX-XXI зууны үндэсний бөхийн аваргуудын зургийг жаазалж өлгөсөн нь хэний ч нүдэнд тусахаар содон харагдана. “Цэрэнтогтох аварга бид хоёр бол нэг үеийн сайхан найзууд байсан. Бөхчүүдийн нэг сайхан чанар нь хүнийг ялгахгүй дээ. Ухаантай, холын бодолтой хүмүүс байдаг. Яг бөхийн холбооондоо ороод ажиллахаар их өөр юм аа. Бөхчүүд жудагтай, дэг журамтай нь илүү тод анзаарагддаг юм байна. Бөхийн өргөөнд ороод ахмад бөхчүүдийнхөө өмнө суухгүй. Хоол унд идэхдээ ч дэг ёс хүндэтгэлтэй” гэж байна. Найдлага тавьж явдаг бөхчүүдийг нь сонирхоход “Санжаадамба аваргыг дархан аварга болох байх гэж найдвар олон дунд байдаг. Удаах нь Пүрэвдагва. Бас Бүрэнтөгс байна. Өндөр цолонд хүрэх магадлалтай бөхчүүд. Дархан аваргийн хэмжээнд л гэж хэлж байгаа шүү дээ” гэсэн хариу өгөв. Сонирхуулж хэлэхэд Бөхийн өргөөнд жилдээ урлагийн 65 тоглолт, бөхийн дөчөөд барилдаан болдог юм байна.

Эдний эрхэмлэн хадгалж явдаг хуучны эд нь гэрийн эзний угж. Бярууны эврээр хийжээ. Хориод грамм сүү орохоор жижигхээн эвэрний үзүүрт даавуу углаад угждаг байж.

Яриа хөөрөө өрнүүлж суутал гэрийн эзэн “Өө охиноо хичээлээс нь авахаа мартаж” гэсээр яаран гарав. Удсан ч үгүй өндөр цагаан охин дагуулсаар ороод ирэв. Таэквондогийн өмсгөлтэй Ариунзаяа охин хоёрдугаар ангид сурдаг гэхэд тавдугаар ангийн гэмээр нуруулаг юм. Эмээ нь “Аав нь бараг хоёр метр шахуу өндөртэй болохоор” гэсэн тайлбар хийв.

Оюунбилэг эмч өрх толгойлсон 500 гаруй эмэгтэйд үнэ төлбөргүй шинжилгээ хийж буян үйлджээ. Шинжилгээгээр хорт хавдрын таван тохиолдол илэрсний дөрөв нь эрт үедээ оношлогдсон гэнэ. Хавдрын урьдал үеийн дал, наяад тохиолдол илэрсэн юм байна. Удахгүй 65 дээш насныхныг үнэ төлбөргүйгээр үзэж эхлэхээр болж. Удам дамжсан эмч нартай, сав л хийвэл эрүүл мэндийн чиглэлийн яриа хөөрөө өрнөчих гээд байдаг, яриа хөөрөө, унд устай Ч.Чулуунбатынх саяхан гучаа угтаж авчээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Топ бизнес эрхлэгчид гаднаас хөрөнгө оруулалт татаж, үйлдвэрлэгч болж байж л хүндрэлээс гарна гэв

Монгол дахь Америкийн худалдааны танхимын зүгээс өчигдөр ээлжит уулзалтаа зохион байгууллаа. “Шангрила”-д болсон уг хэлэлцүүлэг уулзалт “Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал болон 2017 оны төлөв байдалд хувийн хэвшлийн манлайлагчдын өгөх үнэлэлт дүгнэлт” гэсэн сэдвээр өрнөв. “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од, “Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл, “Вагнер Ази” группийн гүйцэтгэх захирал Стив Поттер, ОУСК-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Түен Нгүен нар панелистаар оролцсон юм.

Ж.ОД: ХЯТАД ГАНГИЙН ҮЙЛДВЭРТЭЭ АНХААРНА ГЭДЭГ БИДЭНД САЙН МЭДЭЭ

“М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Од Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгчийн албыг хашдаг юм. Тэрээр “Сүүлийн хэдэн жил Монгол маань амаргүй хүнд байгаа ч миний хувьд бизнесийн том түнш зах зээлтэй, баялагтай улс орныхоо ирээдүйд итгэдэг. Эдийн засгийн гэрэлт ирээдүй бий гэдгийг баталсан өчнөөн шалтгаан бий” гэсэн үгээр яриагаа эхлэв. Ж.Од эдийн засаг хэцүүхэн байгаагийн нэг шалтгааныг улстөрчдийн зарим шийдвэртэй холбоотой гэсэн юм. УИХ-д нэг нам олонхи болсон учраас бизнесийн орчин тогтвортой байх болов уу гэсэн үгийг уулзалтад ирсэн бизнес эрхлэгчид хэлж байлаа. Улс төрийн энэ давуу талаас гадна коксжих нүүрс гэх мэт гол эрдсүүдийн үнэ дэлхийн зах зээл дээр өссөн, өнөө жилийн турш өнгөрсөн оныхоос хавьгүй өндөр үнээр экспортлох боломжтой гэсэн эерэг мэдээнүүдийг Ж.Од онцлов.

Тэрээр “Хятадын Ардын их хурал өчигдөр (уржигдар) эдийн засгийн том төлөвлөгөөгөө баталчихлаа. Монголын уул уурхайн салбарт сайн мэдээ болох хөтөлбөр батлагдсан гэж харж байна. Тэд гангийн үйлдвэрээ бэхжүүлнэ гэчихлээ. Гангийн үйлдвэрийн түүхий эд болсон коксжих нүүрс экспортолдог манай улсын хувьд таатай мэдээ. ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжих нь цагаа олсон алхам болсон. Нөгөө талаас тавьж буй нэг шаардлага, нөхцөлийг онцолмоор байна. Эдийн засгийн төрөлжүүлэх, тэр дундаа аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэл өгсөн нь зөв зүйтэй хэрэг” хэмээн яриагаа үргэлжлүүлэв. Түүнийхээр өндөр чанартай органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортлоод эхэлбэл эдийн засгийг төрөлжүүлэхэд, уул уурхай гэсэн ганц салбараас хэт хамааралтай байдлаас гарахад бодитой нөлөө үзүүлэх гэнэ. Ж.Од ярианыхаа төгсгөлд “Энэ он эдийн засаг төрөлжсөн, солонгорсон жил болох байх” гэсэн юм.

Ж.ОЮУНГЭРЭЛ: ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ҮНДЭСНИЙ БАЯЛАГ ГЭЖ ҮЗДЭГГҮЙД ХАМАГ УЧИР БАЙНА

“Петровис” группийн ТУЗ-ийн дарга Ж.Оюунгэрэл Улаанбаатар хотын худалдааны танхимын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албыг давхар хашдаг юм. Ж.Оюунгэрэл “2016 онд Оюу толгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын хоёр дахь шатны санхүүжилт хийгдэж, нүүрсний үнэ өсөөгүй бол эдийн засаг өнөөдрийнхөөс аймшигтай байх байлаа. 2017 оны эдийн засгийг олон улсын санхүүгийн байгууллагууд янз бүрээр төсөөлж проогноз хийж байна. Дэлхийн банк Азийн хөгжлийн банк, Олон улсын валютын сан 0.7-2.7 хувиар өснө гэсэн прогнозууд хийж байгаа юм билээ. Засгийн газрын валютын сантай хийсэн гэрээ өөдрөг итгэл төрүүлж байна. Эндээс харахад эдийн засаг 2016 оноос хоёр, гурав дахин өсөх нь тодорхой болчихсон. 2.5 хувиар өсч чадвал бидний хувьд сайхан мэдээ. Монголын гадаад өр ДНБ-ээс хоёр дахин их гэсэн стастистик бий. Үйлдвэрлэж байгаагаасаа хоёр дахин илүүг зээлсэн гэсэн үг. Одооны зээлүүд судалгаагүй, улс төрийн шийдлээр буруу авсан гэсэн сул талтай. Төлж чадахгүй байгаа учраас зээлээ хойшлуулах, эсвэл шинээр нэмж зээл авах зам бий. Тэгэхээр хамгийн гол арга болж экспортоо нэмэгдүүлэх. Ж.Од захирал, Стивийн хэлж байгаачлан хөдөө аж ахуй Монголын боломж юм. Ашиглагдаагүй газарт эрүүл хүнс бий болгох боломж дүүрэн байна. Худалдааны танхим Ж.Од захирлын санаачилсан Агропарк гэдэг төслийг дэмжиж, олон хөрөнгө оруулагчтай хамтарч ажиллая гэж бодож байгаа. Биднээс эрүүл хүнс худалдаж авахыг хүсч буй улс орнуудын Засгийн газруудтай гэрээ хэлэлцээр байгуулах гэх мэт улстөрчдийн хийх ажил цөөнгүй бий” гэж ярилаа.

Бизнес эрхлэгчдэд хууль эрх зүй, эдийн засгийн тогтвортой ойлгомжтой орчин ус, агаар шиг хэрэгтэйг тэрээр мөн онцолсон. “Петровис”-ын ТУЗ-ийн дарга “Харамсалтай нь бүх зүйл дандаа эсрэгээрээ эргэдэг. Монголд хувийн секторуудын хөрөнгө оруулалт их хийгдсэн байдаг. Ялангуяа махны үйлдвэрт. Монголчууд өөрсдийнхөө хөрөнгөөр барьсан цементийн үйлдвэр байна. Энэ мэтчилэн хувь хүний хийсэн хөрөнгө оруулалтыг үндэсний баялаг гэж үздэггүй. Нэгэнт бий болгосон, босгочихсон хөрөнгө оруулалтыг хамгаалах ёстой. Бий болгосон хөрөнгө оруулалтуудыг экспорт руу яаж чиглүүлэх вэ гэдэг дээр тус, дэм хэрэгтэй. Өнөөдрийн тухайд хувийн сектор хөнгөлөлттэй, урт хугацааны хөрөнгө оруулалтын зээл авах боломжгүй нөхцөлд ажиллаж байна. Нөгөө талаас нь харахад Монголын аж ахуйн нэгжүүд, эдийн засаг жижигхэн. Тэгэхээр бид эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд гадаадын хөрөнгө оруулалтыг татахаас өөр гарц байхгүй. Гадаадын тэргүүний технологи, сайн туршлагыг оруулж ирж байж л жижиг аж ахуйнуудаа хүчирхэг болгоно. Төр жижиг дунд аж ахуйн нэгжийг дэмжинэ гээд байдаг. Бизнес угаасаа л жижигхэн шүү дээ” гэсэн тайлбар хийв.

Эдийн засгийг сайжруулахад төсвийн сахилга бат чухал гэсэн саналыг ч тэрээр хэлж байлаа. Төсөв дээр шүүмжлэлтэй ханддагаа ч тодорхой жишээтэйгээр ярьсан юм. Ж.Оюунгэрэл “Төсвийн зардлыг хараад бидний зүрх шимширдэг. Яаж ийм их мөнгийг үр дүнгүй зүйлд хөрөнгө оруулж чадаж байна аа. Аймшигтай тоонууд харагддаг. Валютын сантай хамтарч ажиллах болсон нь зөв шийдвэр. Тэд улстөрчдийн гарыг “мушгих” байх. Төрийн хөрөнгө оруулалт, төрийн төсвийн зардлуудыг хямгадах нь маш чухал байна” гэж онцлов. Тэрээр төр хувийн хэвшлийн түншлэлд сэтгэл дундуур явдгаа нуусангүй. “Төр хувийн хэвшлийн түншлэлд төр дандаа давуу эрхтэй байдаг. Хувийн хэвшлийнхэн төрөө гуйж араас нь гүйдэг. Жинхэнэ түншлэл байхгүй гэсэн үг. Янз бүрийн концессын гэрээгээр төр үүргээ биелүүлж, төлбөрөө хийдэггүйгээс болж маш олон компани хохирдог ч тоодог хүн байдаггүй. Шүүх хүчтэй талд нь л ордог. Эцэст нь хэлэхэд хүндрэлээс гарах нэг л зам бий. Гадаадын сайн хөрөнгө оруулалтыг татаж, чаддаг юмаа хийж экспортолж байж л асуудлаас гарна” гэсэн юм.

СТИВ ПОТТЕР: ГҮЙЦЭТГЭХ ЗАСАГЛАЛЫГ УЛС ТӨРӨӨС ХОЛ БАЙЛГАХ ХЭРЭГТЭЙ

“Вагнер Ази” группийн гүйцэтгэх захирал Стив Поттер ОУВС-гийн хөтөлбөрийг “Эдийн засгийг тогтворжуулахад шинэ засагт дөхөм болно. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухлаар нөлөөлнө” гэж үнэлэв. Тэрээр “Яагаад ийм байдалд хүрснээ эргэж харах ёстой. Бодлогын алдаагаа давтахгүй байхад анхаарах хэрэгтэй. Тэгэхгүй бол хэчнээн хөтөлбөр хэрэгжүүлээд үр дүн гарахгүй. Би саяхан Австрали яваад ирлээ. Танайхтай ижил төстэй эдийн засаг. Хоёулаа л эрдэс түүхий эддээ тулгуурласан эдийн засгууд. Сүүлийн 25 жилийг нь харахаар Австралийн эдийн засаг жил бүр өсөлттэй явж ирсэн байх юм. Эдийн засгийн тогтвортой өсөлт нэг салбараас хамаарах ёсгүй гэж үзээд тэр зарчмаараа ажилласан учраас амжилтад хүрсэн хэрэг. Монголд хамаатай асуудал. Мэдээж хөгжилд хүргэх тулгуур салбар бол уул уурхай. Гэхдээ бусад салбартаа анхаарах ёстой. Хувийн хэвшилдээ анхаарах цаг болсон. Монголд социалист нийгмийн зарим нэг зүйл байгаад байх шиг анзаарагддаг. Төр бүх зүйлд оролцдог тэр цаг үе хэдийгээр өнгөрсөн ч төрийн нөлөө өнөөг хүртэл их байна. Нэг том жишээ нь Эрдэнэс Таван толгой” хэмээн ярилаа.

Өмнөх хоёр оролцогчийн хөндсөн бодлогын тогтвортой байдлыг ч тэрээр онцолсон юм. Уул уурхайн салбарт хувийн хэвшлийн компаниуд олноор ажиллавал эдийн засагт эерэгээр нөлөөлнө гэсэн санаа нь содон сонсогдов. Гүйцэтгэх засаглалыг улс төрөөс хол байлгаж, мэргэжлийн Засгийн газар бодлогоо зөв тодорхойлж хэрэгжүүлээд явбал эдийн засаг хөгжинө гэсэн шинэ санаа ч дуулдав. Засаг төр солигдох тоолонд халаа сэлгээ өргөн хүрээнд явагдаж байгаа нь туйлын буруу гэсэн шүүмжлэлийг “Вагнер Ази” группийн гүйцэтгэх захирал хэлсэн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өнөө жил уул уурхайгаас гадна хөдөө аж ахуйнхан ч эдийн засгийг тэтгэнэ

Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болчихсон, доллар орж ирэх сургаар хэсэгтээ цойлж сандаргасан ноён ногооны ханш номхорч эхэлсэн, ОХУ, Хятад, Энэтхэгээс зээл авах яриа хөөрөө өрнөж буй, нүүрс, зэс, алтны үнэ давгүй байгаа гэж ирээд яривал алтан унжлагат гал тахиа жилийн эдийн засаг сайн мэдээ олонтой эхэлж байна. Сүүлд харин Хөгжлийн банкны евро бондын өрийг шинэ бонд босгож дарахаар болсон, өнөөхийнх нь хүү өмнөхөөсөө өндөр, төлөх хугацаа нь хатуу, хагас жил тутам зөвхөн хүүгийн төлбөрт 26 сая 250 мянган ам.доллар төлнө гэсэн мэдээ цацагдлаа. Гэхдээ өөдрөг талаас нь харвал Монголын маргаашд итгэсэн хөрөнгө оруулагчдын найдлага тасраагүйн нэг баталгаа л даа. Түүнээс биш ирээдүй нь тодорхойгүй, авсан зээлээ төлж чадахгүй яваа нөхөрт хэн ч итгэж мөнгөө сарвайхгүй. Бидэнд авсан зээлээ төлж чадахгүй сандарч яваа ойрын зовлон байгаа ч газрын дороо баялаг ихтэй, мега төслүүдээ хөдөлгөх боломжтой гэсэн давуу тал бий. Хөрөнгө оруулагчид Азийн Монголын энэ давуу талд найдаж мөнгөө өгөхөөр толгой дохисон хэрэг.

Мэдээж өнөө жилийн эдийн засгийг авч явах гол салбар бол уул уурхай. Хөрөнгө оруулагчдын хүсч байгаачлан том төслүүдээ хөдөлгөх шаардлага бидэнд байгаа. Шийдвэр гарлаа л бол доллар олоод эхлэх “Гацуурт”, төсөл, хөрөнгө оруулалт нь тов тодорхой тавдугаар цахилгаан станц гэхэд тэгтлээ зардал, цаг авахаар төслүүд биш. Таван толгойг өнөөгийн үрэлгэн загвараар биш бизнесийнх нь зарчмаар хөдөлгөчихвөл ногооныг хүүдийлэх аварга орд. Нүүрсний үнэ буулаа гэхэд 70 ам.доллараас уруудахгүйг Дэлхийн банк эрдсийн тайландаа тов тодорхой хэлчихсэн. Тэд эрчим хүч, металл зэрэг аж үйлдвэрийн түүхий эдийн үнэ өнөө жил шаггүй өснө, 11 хувийн өсөлт үзүүлнэ гэсэн өөдрөг таамгийг оны эхний өдрүүдэд дуулгасан. Уг нь түрүү жилийн сүүлээр дөрвөн хувиар өснө гэж таамаглаж байсан юм. Тэгэхээр гаднаас овоо доллар олоод ирдэг зэс, нүүрсний үнэ давгүй байна гэсэн үг. Өссөөр байгаа Хятадын эрэлт, дэд бүтэцдээ доллар харамлахгүй зарцуулах Доналд Трампын бодлого эрдсийн үнийн таамагт эерэгээр нөлөөлсөн гэх тайлбарыг Дэлхийн банк өгч буй. Зэсийн үнэ энэ жилдээ өнөөгийн өсөлтөө алдахгүй тогтворжино гэж ихэнх судалгааны байгууллага ам нийлүүлж байна. Зэсийн ханш 2019 оноос бүр ч өндрөө авна гэсэн таатай таамаг бий.

Нүүрсний хувьд урд хөрш Хойд Солонгосоос нүүрс импортлохоо зогсоосон, дотоодын компаниудынхаа ажиллах цагийг богиносгосон, ган үйлдвэрлэгчид нь улам бүр импортын нүүрснээс хараат болсон гэх мэт бидэнд эерэгээр нөлөөлөх мэдээ хэд хэд байгаа. Алтны үнэ өнгөрсөн жилийнх шиг цойлохгүй ч өнөөгийн ханшаа алдахгүй гэсэн таамаг голлож байна. Эдийн засагч Ч.Отгочулуу “Алтыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахаас гадна өртөг хадгалах, мөн хөрөнгө оруулалтын хэрэгсэл гэж үзэн хэрэглэдэг. 2016 он таамаг эвдсэн санал хураалт, сонгуулиудаар дүүрэн болж өнгөрлөө. Популистууд хаа сайгүй ялалт байгуулсаар байгаа нь зах зээлийг сандралд оруулсан. Үр дүнд нь алт бол шуурганаас хоргодох хамгийн найдвартай арал юм гэх хандлага эргээд хүчээ авлаа. Их Британи Европын холбооноос гарсан, Трампын ялалт зэрэг үйл явдлууд алтны үнийн өсөлтөд нөлөөлсөн. Гэвч алтны хувьд нийлүүлэлт нь эрэлтээсээ давсан байгаа учир үнэ төдийлөн өсөхгүй” гэсэн бол MIBG үнэт цаасны хөрөнгө оруулалтын компанийн гүйцэтгэх захирал А.Билгүүн “2017 он алтны хувьд гялалзсан жил болох төлөвтэй байна. АНУ-ын шинэ Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлснээр дэлхий дахины геополитикийн эрсдэл нэмэгдэнэ гэж хөрөнгө оруулагчид тооцоолж байна. Энэ онд Франц, Нидерланд, Герман гэх мэт улсуудад улс төрийн сонгуультай тул тогтвортой байдлын эргэлзээг улам ихэсгэсээр байгаа. Энэ мэт шалтгаан алтны хашийг хөөрөгдөх үндэслэл болох байх” гэсэн юм. Алтны тухайд валютын нөөцийг нэмэгдүүлэх нэг гол суваг. Монголбанкны алт худалдан авалтын хэмжээ жилээс жилд өгссөн графиктай гарч буй. Түрүү жил гэхэд алт тушаалт 34 хувиар өссөн. Энэ онд 20 тонноос буулгахгүй гэсэн төсөөллийг төв банк хэлж байгаа. 20 тонн алтыг өнөөгийн ханшаар тооцоод үзвэл ойролцоогоор 760 орчим сая ам.доллар гэсэн үг. Засгаас ч “Алт-2” хөтөлбөрийн хүрээнд дажгүй ажил өрнүүлэх янз анзаарагдаад эхэлчихлээ. Саявтар алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд зээл өгнө гэсэн мэдээ дуулдсан. Дажгүй нөхцөлтэй санхүүжилт өгчихвөл алт олборлолтыг өнөөдрийнхөөс огцом нэмэх боломжтой гэж алтны компаниуд дуу нийлүүлдэг. Алт үнээ алдахгүй, тушаалт нь нэмэгдэнэ, ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжинэ гэхээр өнөө жилийн бас нэг гэгээтэй мэдээ бол долларын ханш түрүү жилийнх шиг хаданд гарч сандаргахгүй.

Түрүү жил нүүрсний үнэ огцом өссөн нь онцолж хэлэхээр эерэг мэдээ байсан бол өнөө жил металлын хайгуул, олборлолтын төслүүд олон улсын хөрөнгө оруулагчдад илүү боломжийг бий болгож магадгүй нь. Сүүлд сонсогдсон гэгээтэй мэдээ гэвэл “Эрдэнэ ресурс девелопмент”-ийн зүгээс дуулдлаа. Тэд Торонтогийн Хөрөнгийн бирж дээр 12 сая канад долларын хөрөнгө босгохоор болсон нь Монголын хайгуулын салбарт 2012 оноос хойш дуулдаагүй хамгийн том санхүүжилт. Мөн “Хүннү коул”, “Харанга”, “Вояажер” компаниудад тодорхой амжилт гаргасан Австралийн “Гаррисон капитал” компани Дорнодын “Алтан цагаан овоо” төслийг олон улсын бирж дээр гаргахаар төлөвлөж суугаа гэсэн таатай мэдээ дуулдаж байна. Үүнээс гадна хууль эрхзүй, санхүүгийн хүндрэлтэй байсан “Кинкора” компани саяхан 500 мянган канад доллар босгосноо зарласан. Канадын Торонтод өчигдөр эхэлсэн PDAC чуулганд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ахлуулсан төр засгийнхан олон улсын хөрөнгө оруулагчдад улсаа сурталчлахаар явсан. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагчдын хамгийн том чуулга уулзалтад засгаас анхаарна гэдэг бас л нэг эерэг хүлээлт. Гадаадын хөрөнгө оруулалтыг татаж эдийн засгаа аврахаас өөр гарцгүй гэж дээр дооргүй ярьж суугаа энэ үед аль салбарт гадныхан мөнгөө хийх сонирхолтой вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Доллар орж ирэх боломжтой цорын ганц салбар гэвэл ойрын ирээдүйд уул уурхай л байна. Дахин хэлэхэд хөрөнгө оруулагчдын хамгийн том хүлээлт Таван толгой гэх мэт мега төслүүдэд л бий.

Уул уурхайгаас гадна найдлага тавих салбар бол аялал жуулчлал, мал аж ахуй, газар тариалан. Аяллын улирал дөхөж байгаа болохоор удахгүй овоо хэдэн доллар энэ салбараас орж ирнэ. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарт онцолж хэлэхээр хэд хэдэн өөдрөг мэдээ байна. Мах, сүүний аяны хүрээнд гээд ярихад ойрхоны гэгээтэй жишээ гэвэл хуурай сүүний үйлдвэр байна. Японоос оруулж ирсэн хуурай сүүний жижиг оврын үйлдвэрийг олноор нь ажиллуулахад төвөггүй юм билээ. Салбарын сайдын хэлснээр бол эхний ээлжинд 60 үйлдвэр ажиллана, дөрөв, тавдугаар сараас эхний үйлдвэрүүд ашиглалтад орно. Сүүнийхээ 60 хувийг доллар заран байж гаднаас худалдан авдгаа больчихвол эдийн засагт нэмрээ өгөхөөр шийдэл.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт малын гоц халдварт өвчин гарсан учраас хөл хөдөлгөөн хорьчихлоо. Бэлчээрийн гэдгээрээ дэлхийд брэнд болчих бүрэн боломжтой монгол малын мах үнэд хүрдэггүйн гол шалтгаан ерөөсөө энэ. Малаа эрүүлжүүлээд авбал малынхаа махыг элдэв төрлөөр нь боловсруулаад ахиухан үнээр экспортлоход асуудал байхгүй. Алт, нүүрс шиг ухаад зөөсөн л бол нөхөгддөггүй баялаг биш, өсч үрждэг, шавхагдашгүй баялаг учраас хэдэн арав, хэчнээн зуунаар ч малынхаа махыг мөнгө болгоод аж төрөөд байх бүрэн боломжтой. Энэ жил монгол малыг эрүүлжүүлэх том ажил эхэлнэ. Тодруулж хэлбэл бид хойд хөрштэйгөө малаа эрүүлжүүлэх чиглэлээр хамтран ажиллах гэж байна. Дөрвөн жилийн хугацаанд монгол малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх В.Путины шийдвэр гарчихсан. ОХУ-ын мэргэжилтнүүд судалгаа хийгээд яаж хэрэгжүүлэх зургаа гаргах юм билээ. Хоёр талаасаа за зүй болчихвол мал эрүүлжүүлэх ажил шууд эхэлнэ гэсэн мэдээллийг салбарын яамнаас өгч байгаа.

Яамны хувьд гадны улсын тусламжаар малаа эрүүлжүүлчих юм чинь гээд гараа хамхиад суухгүй. Малын эрүүл мэндийн тухай хуулийг өргөн бариад байна. Батлагдчихвал улсын мал эмнэлэг үүдээ нээнэ. Мал эмнэлэг улсын, аймгийн, сумын хэмжээнд сэргэнэ гэсэн үг. Вакциныг технологийн горимын дагуу хийдэг, хийсэн эсэхэд нь хяналт тавьдаг, хариуцлага тооцдог болно. ОХУ-ын мэргэжилтнүүдийн хүчээр эрүүлжүүлээд авсан малаа байнга эрүүл байлгах тогтолцоо нь ингээд бүрдчихвэл доллар олох том суваг нээгдэнэ.

Өөрсдөө вакцин үйлдвэрлэх цаг ч ойрхон байна. Олон он дамнан яригдсан Био комбинатын төслийг энэ жилдээ багтаад эхлүүлэх нь тодорхой болж. Жилд 15-20 тэрбум төгрөгийг вакцин худалдан авахаар гадагш нь урсгадгаа болино гэсэн үг. Дотооддоо вакцин үйлдвэрлээд эхлэхээр сая дурдсан мөнгөнөөс 3-4 дахин бага мөнгө вакцинд зарцуулах юм билээ.

“Атрын гуравдугаар аян” үргэлжилнэ гэсэн өөдрөг мэдээ бий. Гурилаа гаднаас авахгүй амьдарна гэдэг доллар хэмнэх бас л нэг гарц. Улаан буудайнаас гадна хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангахаар ажиллана гэж Хүнс хөдөө аж ахуйн яамныхан онцолж байна. Хятадаас импортолдог байцаагаа удаан хадгалдаг технологи нэвтрүүлнэ гэх мэт яриа дуулдаад эхэлснийг бодоход салбарын яам нь энэ зүгт онцгой анхаарч байгаа бололтой. За тэгээд ноолуур, чацаргана, хивс гэх мэт нэгэнт брэнд болчихсон бүтээгдэхүүнүүдээс багагүй доллар орж ирж эдийн засагт эргэлдэх нь бол тодорхой.

Categories
мэдээ цаг-үе

ОУВС-гийн хөтөлбөрийн ачааны хүндийг хувийн хэвшлийнхэн л үүрнэ

ОУВС зурган илэрцүүд

Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр тойрсон яриа хөөрөө ид өрнөж байна. Эдийн засгийг нуруундаа үүрч яваа хувийн хэвшлийнхэнд энэ хөтөлбөр яаж нөлөөлөх вэ гэсэн асуулт удахгүй тавигдаад эхлэх байх. Энэ өнцгийг хөндөхөөс өмнө валютын сан юуны төлөө идэвхийлэн ажилладаг, тэдний манайд хэрэгжүүлэх гэж буй хөтөлбөрт ямар эерэг тал байгааг анзааръя.

Валютын сангийн үүссэн түүх нь ерөөсөө л дэлхийн нэгдүгээр дайнаас улбаатай. Шалтгаан нь эдийн засаг. Нэгдүгээр дайнд ялагдсан Герман дайны төлбөр өгөхийн тулд баахан мөнгө хэвлэж шаралхсан нь хэний ч мэдэх түүх. Үр дүнд нь инфляци, ажилгүйдэл хэмжээгээ алдаж, Гитлер засгийн эрхэнд гарч ирж, өнөөгийн манайх шиг биенээ буруутгаж шүүмжилсэн маргаан өндрөө авч, шинэ удирдлага нь асуудлаа эдийн засгийн аргаар шийдэж чадахгүйд хүрэнгүүтээ еврейчүүдийг хөнөөж, дээрэм хийж, сүүлдээ Европ руу дайрч дэлхийн түүхэнд хүсэмгүй өөрчлөлт авчирсан. Санхүүгийн хямрал дайнд хүргэдгийг анзаарсан улс гүрнүүд өөр зуураа ярилцаж хэлэлцээд “Бага дээр нь дарахгүй бол санхүүгийн хямрал халдварладаг юм байна. Нэг улс валютын хямралд орчихоор бусдыгаа татаж унагачих эрсдэл байна шүү. Дайн үүсгэж, дэлхий даяараа үймэхгүйн тулд валют, эдийн засгийн хямралд орсон улсууддаа тусалж байя” гээд ОУВС-г үүсгэсэн түүхтэй. Энгийнээр хэлбэл, валютын санг эрсдэлээс хамгаалах сан гээд ойлгочихож болно. Энэ санд яг НҮБ шиг дэлхийн бүх улс гишүүнчлэлтэй. Бүх улс саналын эрхтэй. Мөн л бултаараа татвараа төлдөг. Ердөө ийм л клуб. Хардахын тулд хардана гэдэг ч юм уу нөгөө талаас нь харъя гэвэл Америк, Япон, Англи энэ клубт маш их мөнгө төлдөг, сангийн ихэнхийг бүрдүүлдэг. Тэр хэрээрээ нөлөө оролцоо, ямар нэг лобби энэ тэр бий гэсэн хардлага гардаг байж мэднэ. Гэхдээ тэглээ гэж хардахад манайх шиг жижиг улсад сэрэмжлэхээр шалтаг, нөлөө гэж юу байхав.

Үнэнийг хэлэхэд бидний зүгээс хардаад байх шалтгаан бага. Учир нь ОУВС биш бид тэдэнд хүсэлт тавьж, гуйж шалж байж энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Анхнаасаа хямарсан энэ тэр гэж элдэв дэмий мэдэгдэл хийж зах зээлд сөрөг сигнал өгөхгүйгээр гарцаа хайгаад олчихсон бол боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ нэгэнт тэгээгүйгээс хойш сангийн хөтөлбөрийг залбирч хүлээж авахаас аргагүй. Цагаа олж хэрэгжиж байгаа хөтөлбөр мөнөөсөө мөн. Хэрвээ валютын сангийнхан толгой дохиогүй бол Монгол гэдэг улс дефольт зарлах байсан. Дефольт зарлачихсан бол гадаадын хөрөнгө оруулалт арван жилдээ баяртай болох байсан. Товчхондоо монголчууд хоёр муу сонголтын арай дээрийг нь сонгочихоод байгаа. Нэг бол дампуурлаа зарла, эсвэл одоо байгаа өндөр өртөгтэй богино хугацаатай зээлээ урт хугацаатай хямд зээлээр солиод амь тариа залгуул гэсэн хоёр сонголтын дөнгүүрийг нь хийчихсэн гээд ойлгочихож болно. Алга ташиж баярлахаар мундаг шийдэл биш, аргаа барахдаа гаргасан шийдвэр.

Сангийн хөтөлбөрийн эерэг талд анхааръя. Бидэнд санал болгосон хөтөлбөрийг хэрэгжүүлсэн улсуудын хувьд эхний хоёр жилдээ хүндэрч байгаад гурав дахь жилээсээ эерэг нөлөө мэдрэгддэг гэх тайлбар дуулддаг. Тэгэхээр өнөө жил, ирэх оныг шүдээ зууж байгаад туулчихвал 2019 оноос өр буурч, төсөв алдагдал багатай батлагддаг болж, зээлжих чадвар сайжирч, валютын ханшийн нөөц өсч магадгүй. Валютын нөөц өсөөд, ханшийн эрсдэл буурчихвал хөрөнгө оруулалт дагаад өсөх нь хэнд ч тодорхой зүйл. Хар ухаанаар бодоход л манайд хөрөнгө оруулах сонирхолтой 200 сая ам.доллартай англи эр валютын нөөц багассан, ханшийн эрсдэлтэй үед лав мөнгөө тас атгачихаад алга тэнийхгүй. Доллароо төгрөг болгож бизнес хийгээд баахан ашиг оллоо ч ногоон валют руу хөрвүүлэхдээ ханшийн зөрүүнд хамгаа алдахыг хэн хүсэхэв. Харин валютын ханшийн нөөц дажгүй, долларын ханш савлаад байхааргүй орчинд бол мань эр итгэлтэй нь аргагүй хөрөнгөө оруулна. Ер нь ирэх өдрүүдэд хэрэгжих хөтөлбөрийн гол зорилго нь валютын нөөцийг өсгөх. Энгийнчилж тайлбарлавал одоогийн 1.5 тэрбумыг гурван тэрбум болгоё л гэж байгаа юм. Ингэхийн тулд хөрөнгө оруулалт татах шаардлага байгаа, гэхдээ өнөөгийн нөхцөлд лав итгэж мөнгөө оруулах хүн гарахгүй гэх мэт авцалдаагүй логикууд бий. Ноён доллар номхорно гэдэгт бас нэг эргэлзээ анзаарагдаж буйг хэлэхгүй орхиж болохгүй. Валютын ханшид төв банк оролцохгүй, зах зээлийн зарчмаараа явна гэсэн албан байр суурь бий. Гэхдээ сангийн хөтөлбөрийн хүрээнд валютын ханш тогтворжино гэх таамаг одоохондоо давамгайлж байна.

Өнөөдөр хөрөнгө оруулагчдыг айлгаж байгаа өндөр өрийн дарамт, хомсодсоор буй валют, өрөө төлж хүчрэхээ больсон бодит нөхцөл хоёр жилийн дараа арилбал хөрөнгө оруулалт гэрлийн хурдаар өсөх боломжтой. Валютын сангийн тавьж буй нөхцөлүүдийг биелүүлж чадвал шүү дээ. ОУВС тухайн орны нөхцөл байдлыг мэдрэхгүйгээр стандарт онол чихэх гээд байдаг гэсэн шүүмжлэлийг учир мэдэх улс хэлдэг. Анхаарахад илүүдэхгүй өнцөг.

Валютын сангийн тавьж буй нөхцөлүүд дунд цагаа олсон, хийх учиртай зөв шаардлагууд цөөнгүй байгаа. Тансаг барааны татварыг нэмэх нь зөв. Том мотортой машин, архи тамхины татвар нэмэгдлээ гээд маньд сүйдтэй нөлөө үзүүлэхгүй. Үрэлгэн төсвөө танахаас аргагүй. Цаг нь болсон. Хэтэрсэн, хүрээгээ тэлсэн халамжуудыг ч цэгцлэх ёстой. Тэтгэвэр, цалингийн нэмэгдэл дээр хэсэгтээ бүсээ чангалахаас өөр гарц байхгүй Бусдын хяналт дор л төсөв, халамжаа цэгцэлж авахгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэдэг улстөрчдөд ийм зориг хэтээсээ төрөхгүй. Тэр үүднээс нь валютын сангийн хөтөлбөрт алга ташмаар байна.

Хамгийн эрсдэлтэй нь шатахуун. Суурь хэрэглээ болчихсон, инфляцийг галзууруулдаг гол өдөөгч болсон бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд эхэлбэл жаахан хэтрүүлээд зүйрлэхэд зах зээлд шуурга дэгдэнэ. УИХ ирэх сарын 5-нд хуралдаад сангийн нөхцөлүүдийг эхнээс нь хуульдаа тусгаад өөрчлөөд эхлэх нь бол ойлгомжтой. Шатахууны үнэ эгэл иргэдэд нэрмээс, ачаа болохоос гадна хувийн хэвшилд ч нөлөөгөө үзүүлнэ гэсэн гаргалгааг эдийн засаг мэдэхгүй хэн ч хийчихнэ. Инфляци өсөнгүүт хувийн хэвшлийнхний зардал өснө. Нийгмийн даатгал нэмэгдэнгүүт хөдөлмөрийн зардал нь цойлно. Бодлогын хүү өндөр хэвээр байхаар зээл олголтод гэрэл гэгээ харагдахгүй. Банкуудаас зээл гарахгүй байхаар эрэлт багасах нь жам. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрүүд бол шүдээ зуугаад урагшлахаас аргагүйд хүрнэ. Нийлүүлэлт талаасаа зардал өртөг нь өсөөд явчихаар худалдан авалт буурна. Тодруулж хэлбэл төрийн худалдан авалт багасна. Хувийн хэвшлийн худалдан авалт ч ялгаагүй, уруудах цикл рүүгээ орно. Иргэдийнх ч мөн адил. Товчхондоо хувийн хэвшил хоёр талаасаа бахинд орчихно гэсэн үг.

Шинээр орж ирэх хөрөнгө оруулагчдад ямар нөлөө үзүүлэх талаар эдийн засагч Ч.Отгочулуу “Монгол эрсдэлтэй орон учраас хөрөнгө оруулагчид заавал нэг зүйл шаарддаг. Тэр нь Засгийн газрын баталгаа. Энэ хөтөлбөрт орчихоор засгийн шинээр баталгаа гаргаж өгөх боломж хумигдчихаж байгаа юм. Тэгэхээр шинээр орж ирэх гэж буй хөрөнгө оруулагчдад хүнд байдал үүснэ гэсэн үг. Дээр нь дотоодын хөрөнгө оруулагчдад маш том эрсдэл үүсч байгаа. 100 сая төгрөгтэй нэг хүн байлаа гэхэд хадгалуулах уу , бизнес хийх үү гэдэг эргэлзээнд орчихож байгаа юм. Бизнес хийхээр зах зээл хумигдвал шатчих болов уу гэх айдас төрнө. Хадгалуулахаар хүүгийн татвар энэ тэр гэсэн асуудал санааг нь зовооно. Бизнес хийлээ гэхэд ямар ч тохиолдолд төр батлан даасан бол, төсвөөс авна гэсэн итгэлтэй бол хэн ч зориглоод орно. Тэр итгэл, найдвар нь алга болчихлоо. Шинээр орж ирэх сонирхолтой хөрөнгө оруулагчдад тодорхойгүй байдал үүсчихлээ л дээ. Логикоор бодоход ийм сонирхолтой хүмүүс наад зах нь 2-3 жил харна, хүлээнэ гэдэг бол тодорхой” хэмээн ярилаа.

Валютын сангийн хөтөлбөр орж ирж байгаад алгаа ташиж суугаа хэсэг бол том зээлдэгчид. Агуулгыг нь жижигсгэж Бат, Дорж хоёр дээр жишээ аваад харъя. Доржоос 100 сая төгрөг зээлсэн Бат өнөө мөнгөө тансаглаж дуусгачихаад энд тэндээс ахиад зээл аваад цацаад байвал мөнгөө зээлүүлсэн нөхөрт эргэлзээ төрнө өө дөө. Бушуухан миний мөнгийг өгөөсэй гэж залбирч суутал өнөөх нь Дулмаагаас бага хүүтэй ахиухан мөнгө аваад өрийг нь дарах нь тодорхой болчихвол мөнгөндөө гонсойж суусан Доржийн магнай тэнийж таарна. Энэ жишээг арай томсгоод харвал “Чингис”, “Самурай”, “Евро” бонд өгсөн нөхдүүд баярлаж суугаа гэсэн үг. Манай улсын хувьд өнөөдрийн зовлонгоо түр хойш тавьж байгаа л нэг арга.

Компаниудад эерэг байж болох хоёр өнцөг бий. Дефольт зарлаагүй учраас хөрөнгө оруулалт татах боломж нээлттэй байгаа. Одоогоор хөрөнгө оруулалт татаж Монгол гэдэг улсыг сэвхийлгэх боломж уул уурхайд л байна. Хятадын зах зээл дээр нүүрс, зэсийн үнэ дажгүй бол, Таван толгой гэх мэт том төслүүдээ ашигтай хувилбараар хөдөлгөж чадвал, хайгуулын төсөл хэрэгжүүлэгчид гэгээтэй мэдээтэй дуулгаад байвал өөр хэрэг. Хүсвэл татгалзаж болох хөтөлбөр учраас асуудал байхгүйгээр эдийн засгаа тэлээд явах гарц нээлттэй. Хөтөлбөр амжилттай хэрэгжвэл эдийн засгийн макро орчин яваандаа сайжирна. Хувийн хэвшилд нөлөөлөх хоёр дахь сайн тал нь энэ. Бусдаар бол Валютын сангийн хөтөлбөрийн ачааны хүндийг үүрэх хэсэг нь хувийн хэвшлийнхэн л байна даа.

Categories
мэдээ цаг-үе

​Хөдлөх хөрөнгөө барьцаалж зээл авах боломж нээгдэж байна

2015 оны долдугаар сард батлагдсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хууль энэ оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэгчдэд, тэр тусмаа жижиг, дунд аж ахуй эрхлэгчдэд бизнесээ өргөжүүлэх таатай боломж нээгдэж байна.

Хууль зүй, дотоод хэргийн яам болон Дэлхийн банкны бүлгийн гишүүн байгууллага болох Олон улсын санхүүгийн корпораци 2012 оноос хойш хамтран хэрэгжүүлсэн төслийн үр дүнд зээлийн барьцаанд үл хөдлөх хөрөнгөнөөс гадна хөдлөх хөрөнгөө барьцаалах эрх зүйн орчин бүрдэж, түүнийг бодитой хэрэгжүүлэхэд нэн чухал хүчин зүйл болох хөдлөх хөрөнгийн барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан ажиллаж эхлэхэд бэлэн болжээ.
Цахим мэдээллийн сангийн гол зорилго нь тухайн хөдлөх хөрөнгийн хувьд үүссэн барьцааны эрхийг олон нийтэд нээлттэй ил тод мэдээллэхээс гадна барьцааны эрхийг хэрэгжүүлэх дарааллыг тогтоох юм билээ. Интернэтэд холбогдсон хэн ч барьцаанд байгаа хөдлөх хөрөнгийн талаарх мэдээллийг харчихна, хөдлөх хөрөнгө барьцаалж буй банкны ажилтан тусгай кодоор нэвтрээд барьцааны мэдэгдлийг хэдийд ч оруулах боломжтой гэх мэт давуу талуудтай цахим мэдээллийн сангийн нээлт энэ сарын 20-нд болох юм байна.
Нэг талаас үл хөдлөх хөрөнгийн барьцааны шаардлагыг хангаж чаддаггүйгээс болж зээл авч хүчирдэггүй жижиг дунд бизнесийнхнийг дэмжсэн, нөгөөтэйгүүр эдийн засаг тэлэхэд өгөөжөө өгөх энэ хуулийг хэрэгжүүлэхэд Хууль зүй, дотоод хэргийн яам, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголбанк, Монголын банкны холбоо зэрэг байгууллага Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ажиллаж байгаа юм билээ.
Төслийн менежер Б.Батмөнх “Цахим мэдээллийн сангийн зорилго бол барьцаанд авсан тухайн хөдлөх хөрөнгийн эзэмшигчийг тогтоох бүртгэл огт биш юм. Таван сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй бизнес эрхлэгч байлаа гэж бодъё. Энэ тоног төхөөрөмжийг барьцаанд авсан банк барьцааны гэрээ хийснийхээ дараа цахим мэдээллийн санд барьцааны мэдэгдлийг оруулна. Энэ нь тухайн тоног төхөөрөмжийн хувьд энэ банкны барьцааны эрх байгаа шүү гэсэн нотолгоо л юм” гэсэн тайлбар хийлээ. Хууль батлагдаж, цахим сан ажиллаж эхэлснээр бизнес эрхлэгчдэд бас нэг том давуу үүсч байгаа юм байна. Таван сая төгрөгийн үнэтэй тоног төхөөрөмжөө “А” банкинд нэг сая төгрөгийн барьцаанд тавьсан бизнес эрхлэгч маргааш нь “Б” банкин дээр очоод нөгөө тоног төхөөрөмжөө барьцаалж дахиад зээл авах боломжтой аж. “Б” банкны зээлийн мэргэжилтэн цахим мэдээллийн сангаас хайлт хийн өмнө нь “А” банкны барьцаанд тавьсан талаарх мэдээллийг хараад “Таван сая төгрөгийн зах зээлийн үнэтэй тоног төхөөрөмжийг нэг сая төгрөгийн барьцаанд тавьсан юм байна. Энэ тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ өндөр учраас манай банк ч барьцаалж зээл өгч болох нь.
Зээлээ төлж чадахгүй нөхцөл үүсч тоног төхөөрөмжийг борлууллаа гэхэд өгсөн зээлээ буцаагаад авах боломж бидэнд байна” гэсэн дүгнэлт хийгээд зээл олгох боломжтой аж. Тоног төхөөрөмжөө барьцаалсан бизнес эрхлэгч банкинд заавал үлдээх шаардлагагүй, барьцаанд тавьсан эд зүйлсээ ашиглаад бизнесээ үргэлжлүүлээд явах боломжтой нь энэ хуулийн хамгийн том давуу тал юм байна.
Хөдлөх хөрөнгө гэдэгт эдийн болон эдийн бус хөрөнгүүд багтаж байгаа юм билээ. Эдийн бус гэдгийн наад захын жишээ нь Оюу толгой компанитай хийсэн ханган нийлүүлэлтийн гэрээ байж болох юм. Ганц Оюу толгой компанитай ч биш, ямар ч газартай хийсэн бизнесийн амжилттай, тогтвортой гэрээ хэлцлээ барьцаалах боломж бизнес эрхлэгчдэд үүсч байна гэсэн үг. Жилийн турш тийм бүтээгдэхүүн нийлүүлэх юм, орлого нь орж ирэхээр зээлээ төлнө гээд санхүүжилт татах боломж жижиг, дунд бизнесийнхэнд нээгдсэн гэж ойлгож болно.
Жижиглэнгийн худалдаа эрхэлж буй, лангуу түрээслэн ажиллуулж байгаа, эргэлтийн хөрөнгө муутай бизнес эрхлэгчдэд ч ирэх сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хууль өгөөжөө өгнө. Лангуун дээрх бараагаа барьцаалаад банкнаас зээл авах боломж хуулиар нээгдэж байна. Банкны барьцаанд тавьсан бараагаа багасгахгүй, байнгын худалдааны эргэлттэй байхад л зээлж авсан мөнгөө эргэлдүүлж өсгөөд байх боломж бүрджээ.
Арилжааны банкууд Олон улсын санхүүгийн корпорацийн энэ чиглэлээр хийсэн сургалт, мэдээлэлд оролцсоор өнөөг хүрчээ. Шинэ боломж бий болж байгаа болохоор банкуудын зүгээс ч хөдлөх хөрөнгө барьцаалаад зээл олгоод эхлэх болов уу.
Сонирхуулж хэлэхэд ОУСК энэ хөтөлбөрийг дэлхийн 30 гаруй улсад хэрэгжүүлж байгаа юм байна. Хэрэгжүүлсэн зарчим нь манай улсад хэрэгжүүлж байгаатай яг адилхан гэнэ. Өнгөрсөн жилүүдийн түүхээс харахад сайн хэрэгжсэн жишээнүүд олон юм билээ. Манай улсын оршдог бүсэд гэхэд л Вьетнам улс сайн жишээнд ордог аж. Урд хөршид энэ хууль бүр 2007 оноос хэрэгжсээр өнөөг хүрчээ. Өдийг хүртэл хөдлөх хөрөнгө барьцаалж олгосон зээлийн хэмжээ хэдэн триллион доллараар хэмжигдэж байгаа аж.
Ер нь хөдлөх хөрөнгө барьцаалж зээл олгож буй сайн жишээ болсон улсуудын хувьд жижиг, дунд бизнес нь мэдрэгдэхүйцээр хөгжсөн гэж эдийн засагчид онцолдог. Төсөв улайсан, санхүү хүндхэн ийм үед хөдлөх хөрөнгө барьцаалсан зээл дагаж жижиг дунд бизнес сэргээд ирвэл эдийн засагт мэдрэгдэхээр нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд буцаачихлаа, одоо цаашид ямар үйл явдал хөврөх вэ?

УИХ “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг төрийн мэдэлд буцааж авах шийдвэр гаргасан үйл явдал ойрхны халуун сэдэв болж байна. Оросын талын 49 хувийг “Монголын зэс” корпораци худалдаж авсан, “Эрдэнэт” 100 хувь Монголынх боллоо гэх мэт мэдээлэл хэвлэлээр улиг болтлоо хөвөрсөн учраас элдвийг нуршаад яахав. Ямартай ч монголчууд “Ростех”-тэй хэлэлцээ хийж байгаад аваад ирсэн нь үнэн. “Ростех” гэдэг нь цаад утгаараа Путин ба түүний нөхөд гэдэг нь бас үнэн. Тэд залуу захиралтай “Монголын зэс” корпорацид хувьцаагаа зарчихсан нь мөн л үнэн.

Ц.Нямдорж гишүүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлыг сөхсөн цагаас хойш “Монголын зэс” гэдэг корпорацийн нэр тийм ч хүчтэй дуулдаагүй өнөөг хүрсэн. Харин Худалдаа хөгжлийн банк ба эсэргүүцсэн улстөрчид гэсэн хоёр тал хүчтэй үзэлцэх шиг боллоо. Үр дүнд нь гэх үү, маргааны явцад гэх үү, улстөрчдийн “Эрдэнэт”-д хийсээр ирсэн он жилүүдийн айхавтар шахаа олонд ил болоодохлоо. 49 хувийг худалдаж авсан хэсгийнхний ачаар улстөрчдийн шахаа ба “Эрдэнэт” гэсэн сэдэв хүчтэй сөхөгдсөн нь өнгөрсөн хугацаанд өрнөсөн улстөржилтийн олзуурхам тал болчих шиг. “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр авах ёстой гэсэн улстөрчдийн салхийг хагалсан Ц.Нямдорж гишүүн хүртэл танилдаа захиж байж хүүдээ тендер авч өгсөн, хүү нь “Эрдэнэт”-тэй хэдэн тэрбумын худалдаа хийснийг хүлээн зөвшөөрсөн. Ж.Энхбаяр гишүүнээс эхлээд судлаач, шинжээч, учир мэдэх улс “Эрдэнэт”-ийн 49 хувийг компаниас төрд очоод шахааны үүр хэвээр байна гэдэг дээр толгой дохиж, энэ үйлдвэрийн хувьцааг хөрөнгийн биржээр олон нийтэд нээлттэй арилжаалах талаар дуугарч эхэлсэнд Ц.Нямдоржийн хүүгийн наймаа баталгаажсан явдал жин дарахаар нөлөө үзүүлсэн нь ойлгомжтой.

“Эрдэнэт”-ийн Оросоос ирсэн 49 хувийг төр авах ёстой гэсэн улстөрчид ч олны анхааралд төдийлөн ороогүй өнцгийг гаргаад ирсэн юм. Тэд Худалдаа хөгжлийн банкийг Засгийн газартай хуйвалдаж, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалаар мөнгө хэвлүүлэн байж уулын баяжуулах үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан гэх мэдээллийг цацаад байна. “Эрдэнэт”-ийн 49 хувь төрд ирчихээд байгаа гол буруутгал, шалтгаан нь ерөөсөө энэ. Ц.Нямдорж гишүүн “Эрдэнэт”-ийн 49 хувийг үйлдвэрийн өөрийнх нь мөнгөөр авсан гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Худалдаа хөгжлийн банк хувь худалдаж авах зорилгоор Төв банкнаас 500 тэрбум төгрөгийг зах зээлд эргэлддэг мөнгөнөөс тусад нь хэвлүүлсэн” гэсэн мэдэгдэл хийсэн. Нөгөө талаас Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон “Бүх мөнгийг зөвхөн зээл хэлбэрээр босгосон учраас “Эрдэнэт”-д гадны ямар нэг оролцоо байхгүй. Бид цэвэр зээлийн эх үүсвэрүүдийг босгож өгсөн. Бид өнөөдрийн байдлаар 1.1 их наядын Засгийн газрын бонд эзэмшиж байна. Банкны нийт активын 30 орчим хувьд Засгийн газар, Монголбанкинд байршдаг зээл байгаа. Банк улсаас мөнгө авсан биш, Засгийн газар, Монголбанк бидэнд өртэй” гэсэн бол “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн Да.Ганболд “Монгол Улсын Засгийн газрын эх үүсвэртэй нэг ч төгрөг энэ гүйлгээнд оролцоогүй. Ямар нэгэн но-той, хожим нь ороогдож болох зүйл байна уу гэдгийг би асууж байсан. Ямар ч тийм зүйл байгаагүй болохоор би орсон” гэж мэдэгдсэн юм.

Асуудал нэг мөр болоогүй байгаа учраас хоёр талын байр суурийг зөв, буруу гэж шүүхээ азная. Цаад, наад утга учрыг нь ч энэ удаад алгасаад “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр буцааж авах ёстой гэсэн УИХ-ын шийдвэрийн дараа ямар үйл явдал өрнөх вэ гэдэг асуултад хариу хайя.

ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД

Монголд мөнгөө хийх сонирхолтой гадаадын хөрөнгө оруулагчдын хувьд “Эрдэнэт” дээр гаргасан парламентын шийдвэр тийм ч таатай санагдаагүйг шийдвэр гарахаас хэдхэн хоногийн өмнө болсон Монгол дахь Америкийн худалдааны танхимын гишүүдийн уулзалтын үеэр өрнөсөн асуулт хариултаас анзаарчихаж болно. УИХ-ын дарга урилгаар оролцсон тэр хурлын дундуур гадны хоёр бизнесмэн яг энэ сэдвээр М.Энхболдын байр суурийг сонирхсон юм. Тэдний асуултаас “Эрдэнэт”-ийн 49 хувийг төр нь хувийн компаниасаа хураагаад авахгүй байлгүй дээ гэсэн итгэж ядсан өнгө аяс цухалзаж байсныг энэ дашрамд дурдъя. Шуудхан хэлэхэд хөрөнгө оруулагчид Оросын талын эзэмшиж байсан хувийг хувийн компани нь худалдаад аваад ирсэн чинь төр нь булаагаад авчихлаа гэж харж суугаа. Зах зээл нь жамаараа урагшилж буй улсын бизнесүүдийн хувьд ингэж харахаас аргагүй. Наад цаад шалтгаан, дотоодын элдэв тайлбар, хөшигний арын яриа хөөрөө тэдний хувьд гуч, дөчдүгээр асуудал. Хувийн компанийнхаа гадны компанитай хэлэлцээ хийгээд аваад ирсэн наймааг төр нь булаалаа гэсэн факт дээр л фокуслана. Мэдээж тэдний “Мөнгөө хийвэл яах бол” гэсэн эргэлзээний хариу явцын дунд тодорхой болох байх. Хоёр талын эсрэг тэсрэг мэдээллийн аль нь зөв бэ гэдгээс, “Эрдэнэт” тойрсон үйл явдлаас Монгол руу урсах хөрөнгө оруулалтын хэмжээ хамаарна гэчихэд хэтрүүлсэн болохгүй.

ТӨРИЙНХ ҮҮ, “РОСТЕХ”-ЫНХ УУ?

“Эрдэнэт”-ийн 49 хувийг “Монголын зэс” корпорациас авчихаар хаана очих вэ гэсэн асуулт тавигдаж мэдэх юм. “Эрдэнэт” 100 хувь төрд ирэх үү, 49 хувиа зарсан “Ростех”-д буцаад очих уу гэсэн асуулт “Монголын зэс” корпорацийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар шийдвэр гарахын өмнө “Худалдан авалтын гэрээг хүчингүй болговол “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголын Засгийн газарт бус, “Ростех” корпорацид буцаж очно. Бас манай компанийн хувь худалдаж авсан 400 сая ам.доллар бий. Гуравдагч этгээдэд шилжүүлбэл 100 сая ам.долларын торгуулийг Засгийн газар төлнө. Үүнээс гадна зээлийн санхүүжилтийн зардал, олон улсын хуулийн компани ажиллуулсан зардал, ирээдүйд олох байсан ашиг гэх мэт төлбөрийг нэхэмжлэхээс аргагүй болно” гэж хэлсэн удаатай. Тэгэхээр “Монголын зэс”-ээс буцсан 49 хувь “Ростех”-ынх үү, Монголын төрийнх үү гэдэг асуултын хариу тойрсон үйл явдал ирэх өдрүүдэд өрнөж таарна. “Эрдэнэт”-ийн 49 хувийг авахаар “Монголын зэс”-ээс гадна Хятад, Казахстан, ОХУ-ын тав, зургаан компани “Ростех”-д санал тавьсан гэх мэдээлэл ч бий. Эдгээр компаниудад хэлэлцээрийг хүчингүй болгох сонирхол байсан гэх сэжиг таамаг ч саяын дуулианы үеэр чих дэлсээд өнгөрсөн. Ямартай ч Оросын талаас тодорхой шахалт, алхмууд хийгээд эхлэх байх. Яг ямар үйл явдал өрнөхийг одоогоор хэлэхэд эрт байна.

АРБИТР

Хувийн компанийн тухайд худалдаад авчихсан, худалдчихсан хувьцааг нь аль нэг улсын төр шийдвэр гаргаад авчихвал эрхээ хамгаалуулах эцсийн зогсоол нь арбитр болно. Эзэмшлийн хувиа худалдсан “Ростех”-ийн зүгээс арбитрт хандахаа мэдэгдчихсэн гэх мэдээлэл хөвөрч байна. Шийдвэр гарахын өмнө “Ростех”-ын Ерөнхий сайдад ирүүлсэн захидалд “Гэрээ байгуулсны дараа талууд хэлцлээсээ татгалзах эрхгүй. Гэрээлэгч аль нэг тал нь хэлцлээсээ ухарснаар, нөгөө тал нь Английн болон Уэльсийн хуулийн дагуу Сингапурын олон улсын худалдааны шүүхэд хандаж, нөгөө талаасаа хохирлоо барагдуулах, шүүхийн зардлаа нэхэмжлэх магадлалтай. Хэлцэл байгуулах тухай шийдвэрийг хоёр улсын Засгийн газраас гаргасныг харгалзан, Монгол Улс ОХУ-ын нэр хүндэд хохирол учруулж болзошгүй. Иймд манай хоёр улсын сайн хөршийн харилцааг үндэслэн цаашид худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх ирээдүйтэй байгаа зэргийг харгалзан, дээр дурдсан мэдээллийг анхааралдаа авахыг танаас хичээнгүйлэн хүсч байна” гэсэн үг өгүүлбэр дурайж байгаа. Арбитраас гадна хоёр улсын харилцаа тойрсон асуудал ч өрнөж мэдэх нь гэсэн гаргалгааг эндээс төвөггүй хийчихэж болж байна. “Монголын зэс” корпорацийн зүгээс хийсэн мэдэгдэл одоогоор алга. Эхний ээлжинд шүүхэд хандах болов уу. Шүүхийн шийдвэр яаж гарахаас хамаарч арбитрт очих үгүй нь шийдэгдэх байх. Арбитрт очвол байдал яаж эргэхийг таамаглаж хэлэхэд эрт байна. Гэхдээ “Хан ресурс” лицензийг нь хурааж авсан Монголын Засгийн газартай шүүхдэлцээд ялагдангуутаа арбитрт очоод биднийг ялсан жишээ бий. Саяхных гэвэл “Эрдэнэт”-ийг өрөнд унагасан “Жаст”-ын жишээ байна.

ХУВЬЦАА

Улстөрчдийн “Эрдэнэт” рүү хийсэн шахааны талаар ой тойнд буумгүй өндөр тоонууд нисэлдсэн өдрүүдийн дараа төр ганцаараа энэ үйлдвэрт эзэн суувал иргэд, төрийн бус байгууллага, салбарынхан, мэргэжлийнхний зүгээс багагүй шахалтад өртөх нь тодорхой. “Эрдэнэт”-ийн 49 хувийг эзэмшиж байсан “Монголын зэс” корпорацийн зүгээс ч зүгээр суухгүй нь лав. Өнгөрсөн жилүүдийн шахаануудын үүх түүхийг өнгө будагтай нь дэлгээд тавьчих байх.

Ачир дээрээ “Эрдэнэт” 100 хувь төрийн мэдэлд очоод иргэдэд наалдах өгөөж ашиг нь бага гэдгийг өнгөрсөн он жилүүдийн шахааны түүх нотолно. 49 хувьд нь Оросын хяналт байсан үед тэгтлээ туйлцгааж байсан улс ямар ч хараа хяналтгүй болчихвол дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэх нь хэнд ч ойлгомжтой. Хувийн компанид “Эрдэнэт”-ийн 49 хувь байлаа ч ард түмэнд ирэх ашиг өгөөж мөн л бага. Харин иргэдэд өгөөжөө өгөхөөр нэг гарц бий. Судлаачид, улстөрчид ч эхнээсээ “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааны тодорхой хувийг Хөрөнгийн биржээр иргэд, компаниудад нээлттэйгээр арилжъя гэж дуугараад эхэллээ. “Эрдэнэт”-ийн хувийг чуулганаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр гэхэд л “Саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үеийн үед улстөрчдийн томилгоо, шахаа хийдэг, улс төрийн намууд амьдардаг, улсын нэртэй олон түмнээс хөндий өмч явж ирсэн. Төр авснаар асуудал шийдэгдэхгүй. Төрд ирсэн ч тэр, улс төрийн зохион байгуулалттайгаар Худалдаа хөгжлийн банк авсан ч ард түмэн хожихгүй. “Эрдэнэт”-ийг ард түмний саалийн үнээ болгох хэрэгтэй. Ямар ч шийдвэр гарсан “Эрдэнэт” үйлдвэрийн хувьцаа Монголын ард түмэн, аж ахуйн нэгжид нээлттэйгээр арилжаалагдах ёстой” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм. “Эрдэнэт”-ийн 49 хувийн тодорхой хувийг арилжаална гэсэн байр сууриудыг анзаарахад голдуу 10, 20 гэх мэт тоонууд дуулдаж байна. Улстөрчдийн шахаанд хяналт тавьж, “Эрдэнэт”-ийн өгөөжийг хүртье гэвэл “Монголын зэс”-ээс буцсан 49 хувийг тэр чигт нь Хөрөнгийн биржээр арилжаалбал үр дүнтэй арга болж мэдэх юм. Таван толгойн хувьцаа ид яригдаж байх үед төчнөөн хувийг нь аж ахуйн нэгжүүдэд, төчнөөнийг нь иргэдэд арилжаална гэх хувилбар дуулдаж байсан даа. Тэр жишгийг “Эрдэнэт” дээр хэрэгжүүлж яагаад болохгүй гэж. Мөнгөтэй компани, иргэддээ худалдаж авах боломж, бололцоог нь нээгээд өгчих хэрэгтэй. Иргэдийн хадгаламж гэж долоогоос есөн их наяд төгрөг банкинд байршиж байгаа гэсэн статистик дуулддаг. Ашиглагдахгүй хэвтэж байгаа тэр мөнгөний нэг хэсэг “Эрдэнэт”-ийн хувьцааны арилжаанд ороод ирвэл төсөв улайдаж, өрөө төлж чадахгүй тэвдэж байгаа төрд цагаа олсон шийдэл болно.

Categories
мэдээ цаг-үе

“Стэнд бай”-гаас өөр дэмжлэг хүсч эдийн засгаа тэлэх боломж байна

Олон улсын валютын сангийнхан ирчихсэн хэлэлцээр ид дундаа байна гэсэн мэдээлэл Сангийн яамыг зүгээс дуулдаж буй. Валютын сангийнхан дөнгөж өчигдөр манай талд нөхцөлүүдээ тавьсан болохоор бэлтгэл хийнэ, ярьж ойлголцоно энэ тэр гэсээр эцсийн шийдвэр ирэх сараас гарч магадгүй бололтой. Валютын сан засагт 13 нөхцөл тавьсан аж. Тэгэхээр доллар орж ирэх наад захын хугацаа дөрөвдүгээр сар болж таарч байна. Ямартай ч дөрвөн жилийн дотор таван тэрбум ам.доллар авах яриа хөөрөө эхэлсэн бололтой. Богино хугацаанд, бараг жил орчим л 450 сая ам.доллар авна гэсэн мэдээлэл давтамжтай цацагдаж байсан ч гэнэт таван тэрбум ам.доллар гэсэн том тоо дуулдаад эхэлчихлээ. ОУВС 1952 оноос гишүүн орнуудын төлбөрийн балансын тэнцлийн хэвийн бус байдлыг арилгах зорилгоор “Богино хугацааны хөтөлбөр” буюу “Стэнд бай”-г хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Анхандаа бүх гишүүн улсдаа хэрэгжүүлдэг байсан ч Солонгос, Япон зэрэг орнууд хөгжлөөрөө цойлж эхэлсэн учраас дундаж орлоготой орнуудад хэрэгжүүлсэн юм. Бага орлоготой орнуудад хэрэгжүүлж эхэлсэн хугацаа нь 2009 он. 12-24 сар, ихдээ гэхэд 36 сараас хэтэрдэггүй учраас богино хугацааны хөтөлбөр гэж онцолдог. Дөрвөн жилийн хугацаанд таван тэрбум ам.доллар гэхээр “Стэнд бай”-гаас арай өөр хувилбар яригдаад эхэлсэн байж мэдэх юм.

Нэг бол хэтрүүлж хэлсэн тоо байхыг үгүйсгэхгүй. Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж дууссаны дараа Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк зэрэг доноруудын санхүүжилт дөрвөн жилдээ багтаж орж ирж болно. Улстөрчдийн хэлээд байгаа таван тэрбум ам.долларын яриа хэтрүүлэг, ОУВС-гийн мөнгө доноруудын санхүүжилттэй нийлээд ихдээ 1.5 тэрбум ам.доллар орж ирэх тооцоо бий. Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд валютын санг дэмждэг, үүнээс өөр гарц байхгүй гэсэн хатуу итгэлтэй улстөрчдийн нэг. Тэр өнгөөрөө Сангийн яам, Хөгжлийн банкныхны цаг алдалгүй баталъя гээд байгаа Хөгжлийн банкны хуулийг эсэргүүцэж ийм яриа гаргасан байх талтай. Маргаан дэгдээсэн энэ асуудалд Валютын сан ямар бодол, байр суурьтай яваа нь тодорхой биш, ерөөс бүх мэдээлэл хаалттай хэвээр байна. ОУВС-гийн яг ямар хөтөлбөрийг нь хэрэгжүүлэх талаар засаг ам ангайхгүй байгаа учраас энэ мэт элдэв таамаг хөврүүлэхээс өөр арга одоохондоо алга.

Нөгөө талаас нөхцөл шаардлагуудаа тавиад эхэлчихлээ. Засгийн газраас ч эрх ашигтаа нийцсэн гарц, арга замыг хайх ёстой. Шуудхан хэлэхэд, валютын сангийн өгсөн мөнгөөр эдийн засгаа сэргээнэ гэдэг үлгэр. Компаниуд дажгүй нөхцөлтэй зээл авч, томоохон төслүүд хэрэгжээд явах боломж бүрдэхгүй. Валютын сангийнхан хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 40 хувьд олго гэж дуугарснаас гадна Нэмэгдсэн өртгийн албан татварыг 15 хувьд хүргэ гэсэн тулгалт хийсэн гэх мэдээлэл чих дэлсч байна. Элгээрээ хэвтчихсэн, зээлээ төлж чадахгүй аргаа барж байгаа компаниудад татварын нэмэгдэл гэдэг цаазын тавцангаас ялгаагүй эд. Тэгэхээр эдийн засгаа сэргээх мөнгөө засаг яаж харж байгаа нь яалт ч үгүй анхаарах сэдэв. Найман сарын турш хөшгөө хаасан засаг төлөх өр хаяанд ирсэн ийм цагт хувийн компанийн наймаанд орж, худалдаад авчихсан хувийг нь мөнгө төлж төрд буцааж авна гэсэн яриа үүсгэж хөрөнгө оруулагчдыг гайхшруулж суугаа нь яг нарийндаа цагаа олоогүй тэнэг хандлага.

“Стэнд бай” хөтөлбөрийг олон удаа хэрэгжүүлж байгаад эдийн засгаа босгочихсон жишээ Туркээс эхлээд яригддаг. Гэхдээ газрын баялаг ихтэй, хэрэгжих том төслүүд шилээ дарсан манайх шиг улсад өөр гарц боломж бас байгаа. Эдийн засагчид ДНБ -1.6 хувиар агшчихсан, дөрвөн сар дараалаад дефляци болсон, нийт эрэлт хумигдсан, банкны системд зээлийн тасалдлын шинж тэмдэг илэрсэн, бараг бүх салбарын бизнес гацсан энэ үед зогсолт хийхэд хэрэгжүүлдэг “Стэнд бай” тэгтлээ хүсч дурлахаар хувилбар биш гэж байна. Нэгэнт зогсолт хийчихсэн, эдийн засаг хүрч болох доод цэгтээ оччихсон энэ үед эдийн засгаа тэлэх хөтөлбөр авах гарц байгаа юм билээ. Тэг зогсолтоос зөв замаар эдийн засгаа алгуурхан тэлэх хөтөлбөр авахад болохгүй юмгүй. Валютын санд ийм хүсэлт тавих боломж бий. Тодруулж хэлбэл валютын сан уян хатан зээлийн шугамтай. Илүү том хэмжээтэй ирдэг. Нөхцөл нь илүү уян байдаг. Тэгээд ч авч байгаа орныхоо эдийн засагт үзүүлэх нөлөө нь арай дээр. Мексик гэхэд яг ийм шугамаар чамгүй хэдэн тэрбум ам.долларыг валютын сангаас авчихаад явж байгаа.

Энэ шугамыг нээхийн тулд манай улс нэг том болзлыг биелүүлэх ёстой. Засгийн газрын бодлого валютын сангийн зөвлөмж хоёр яг таг нийцсэн байх учиртай. Бодлого дээрээ тохирчихвол аваад ашиглаа л гэдэг. Валютын санг бурхан мэт тахиж, үгийг нь дагаад доллар авахаас аргагүй гэж байгаа энэ үед болохгүй гэх газаргүй. Саяхан баталсан эдийн засгийг сэргээх хөтөлбөртөө валютын сангийн санаа оноог сонсоод багахан өөрчлөлт оруулаад явахад асуудал байхгүй. Та нартай бодлогоо нэгтгэе, уян хатан зээлийн шугамаа л нээчих гээд суух боломж бий гэх гээд байна л даа. Тэгэхгүй гэвэл валютын сан хатуу нөхцөлөө тавина, нэг дагачихвал гарахад хэцүү. Дахиад хэлэхэд зогсолт хийсэн эдийн засагт тэлэх тухай яриа гарахгүй. Хүссэн санхүүжилтээ авч чаддаггүй юмаа гэхэд том төслүүдээ хөдөлгөх гэх мэт сайн мэдээ дуулгах ёстой. Том төслүүдээ хөдөлгөж байж их мөнгө орж ирнэ.