Categories
мэдээ нийгэм

Чой хамбын лекцтэй гэр бүлийн өдөрлөг

-БАГАНУУРЫН УУРХАЙНХАН ШИЛДЭГ ГЭР БҮЛҮҮДЭЭ ШАЛГАРУУЛЛАА-


НҮБ-ын ерөнхий ассамблей тавдугаар сарын 15-ныг олон улсын гэр бүлийнөдөр болгох шийдвэр гаргаж, 1994 оноос тэмдэглэж ирсэн түүхтэй. Дэлхий даяар гэр бүлийнөдрийг 23 жил тэмдэглэж байгаа бол Багануурын уурхайнхан 11 дэх жилдээ тэмдэглэж байгаа аж. “Багануур” ХК-ийнхан өнөө жил “Ёс зүйт Багануурын ирээдүйн төлөө” гэсэн уриан дор гэр бүлийнөдрөө тэмдэглэлээ. Компанийн захирлын зөвлөлийн гишүүд, дүүргийн засаг даргын орлогч оролцсон өдөрлөгийнүеэр “Ёс зүйт хүүхдийн хэвшүүлэх есөн дадал” хөтөлбөрийн хаалт болсон юм. Энэ хөтөлбөрийг Багануурын Засаг даргын тамгын газар, “Соёлоор гийгүүлэхүй” ТББ-тай хамтран өнгөрсөн дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж эхэлсэн гэнэ. Уурхайчдын 750, дүүргийн зургадугаар ангийн 350 гээд нийтдээ 1100 хүүхэд мэндлэх хүндлэх ёсонд суралцжээ. “Ёс зүйт хүүхдийн хэрэгжүүлэх еөсөн дадал” хөтөлбөр тун энгийн санагдав. Жижигхэн ном, хүснэгттэй самбар, самбар дээр наах смайл гээд л болоо. “Эрүүл биетэй, саруул ухаантай, сайн зан чанартай, зөв ёс зүйт хүүхдийн хэвшүүлэх есөн дадал” гэсэн гарчигтай самбар хэвлүүлчихэж. Зөв хувцаслалт, зөвүнэлгээ, зөв хөдөлмөр амралт, даалгавраа хийх, ном уншиж ойлгох, анхаарлаа төвлөрүүлэх, мэндлэх-хүндлэх-талархах-уучлах, ширүүнүг хэлэхгүй-худал хэлэхгүй, бусдад туслах гэсэн есөн дадлыг жагсаажээ. Даваагаас ням хүртэл дадал бүр дээр ямар амжилт гаргаснаа хүүхэдөөрөө дүгнэх юм байна. “Би чадсан”, “би хичээсэн”, “оролдсон” гэсэн бичигтэй смайлуудтай. Хамгийн сүүлийн хүснэгтэд нь аав, ээж нь “сайн хүүхэд”, “хичээгээрэй”, “амжилт” гэсэн бичигтэй наалтуудаас аль нэгийг нь сонгож наах гэнэ. Зөв хооллолтыг хөтөлбөрт багтааж өгсөн нь аав, ээжүүдийн талархлыг хүлээжээ.Буддын шашны сургаал, номлол дээр үндэслэж хийгдсэнээрээ онцлог энэ хөтөлбөрийг зөвлөж хянасан хүн нь Д.Чойжамц хамба юм билээ.

900 гаруй айлын хүүхдүүд зөв хүүхэд байх самбарыг аав, ээжтэйгээ идэвхтэй гэгч нь бөглөжээ. Самбараа бөглөсний дараа гарсан өөрчлөлтөө бичиж ирүүлсэн 100 хүүхдийг “Голомт” банкны Багануур дахь салбараас паркад тоглох эрхээр шагнасан нь энэ өдрийг баяртай мэдээний нэг байв. Хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн хүүхдүүдийг төлөөлөн зургадугаар ангид сурдаг З.Эрхэс хүүсэтгэгдлээ хуваалцсан юм. Долоон настайгаасаа бүжгээр хичээллэсэн хүү сурлагадаа ч сайн гэж жигтэйхэн аж. “Өмнө нь би өөрийгөө хамгийн мундаг гэж бодож бусдыгаа тоохгүй явсан нь буруу байсан юм билээ. Үеийнхнээ хүндэлж, өөрийгөө илүү сайн хөгжүүлэх ёстой гэдгээ ойлгосон” гэж хэвлүүхэн гэгч нь дуржигнуулав. Сэргэлэнгийн үеийнхэн хөтөлбөрт хамрагдаад гарсан өөрчлөлтөө бичиж ирүүлжээ. Зургаагийн “а” ангийн сурагч О.Жавхлан “Би уурандаа муухай ширүүнүг хэлчихдэг байсан бол одоо муу зангаа засч байгаа” гэсэн бол Э.Батзолбоо хичээлээ тарж ирээд дүүгээ харж ээжээ тусалдаг болсноо бичжээ. Б.Урангоо охин нэгэн эмээд өдөр бүр тусалж баярлуулдаг болсон түүхээ “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагад хаяглан ирүүлжээ. Дашрамд дурдахад “Соёлоор гийгүүлэхүй” төрийн бус байгууллагын идэвхтэй гишүүдийн нэг, ёс зүйт хүүхдийн есөн дадлыг сурагчдад хэвшүүлэхэд гар бие оролцож яваа О.Туяа “Багануур” ХК-ийн Хүний хөгжил, судалгаа эрхэлсэн дэд захирлаар томилогдоод бараг хагас жил болох гэж байгаа юм билээ.Багш нар, аав, ээжүүд ч хүүхдүүдэд чиглэсэн энэ хөтөлбөрт сэтгэл өндөр яваагаа ярьж байв. Зургаагийн “в” ангийн багш Баянтөгс “Зургадугаар ангиудын ихэнхийг залуу багш нар дааж авсан учраас бидэнд хүндрэлтэй асуудал их байсан. Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчидтайгаа илүү ойр, дулаан харилцаа үүсгэж чадсан” гэсэн юм.

Уулын хоёрдугаар хэсгийн экскаваторын туслах машинч Б.Алтанжаргал ардын дуу аялж, оператор жолооч Энхманлайгийн охин Э.Анударь “Миний ээж хөөрхөн” дууг цангинуулсны дараа шилдэг гэр бүл шалгаруулах ёслол болов. Компанидаа инженерээр ажилладаг Ж.Даваахүү, Ч.Оюунцэцэг нар шилдэг гэр бүлүүдийг түүчээлж, Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Чойжамцын гарын бэлэг болох ном, хадгийг гардлаа. Хоёр хүү, нэг охинтой хос дээд сургуулиа төгсч ирээд л компанидаа тасралтгүй 18 жил ажиллаж байгаа юм байна.Насосчин П.Лхагвадоржийнх энэ жилийн шилдэг гэр бүлд багтжээ. Гэргий Д.Алтанцэцэгтэйгээ тайзнаа гарч ирж хамбын гарын бэлэг, шилдэг гэр бүлийнөргөмжлөлөө авсан юм. “Багануур” ХК-д ажиллаад 26 жил болж байгаа инженер С.Даваасүрэн, нярав Ш.Ганчимэг нар бас энэ жилийн шилдэг гэр бүл.Охин нь ЭМШУИС-ийг дотрын эмч мэргэжлээр төгсөөд Австралид магистрантурт суралцдаг, хүү нь “NTLS” ХХК-ийн захирал юм байна. Монтёр Н.Баяндалай, гэргий Ж.Мөнхтулгатайгаа, экскаваторын машинч Н.Батхүү, гэргий Д.Отгонбаяртайгаа, ерөнхий маркшейдер С.Мөнхжаргал, гэргий Т.Оюунбаяртайгаа тайзнаа гарч шилдэг гэр бүлийнөргөмжлөлөө гардсан. С.Мөнхжаргалынх таван хүүхэдтэй аж. Гурав нь ерөнхий боловсролын сургуулийн сурагч, нэг нь цэцэрлэгт, бага охин нь нэг ойтой юм байна. Тэсэлгээчин Ө.Цолнэмэхийнх энэ жилийн шилдэг гэр бүлээр шалгарчээ. Бага хүү нь төрөөд долоо хонож байгаа учраас Ө.Цолнэмэх хоёр хүүтэйгээ ирж өргөмжлөл, цэцэг, хамбын гарын бэлгийг авсан юм. Том хүү нь “Ааваа бид хоёр хамт ирээгүй бол бэлгээ авахгүй явж магадгүй байжээ” гэж хэлээд аавыгаа инээлгээд авна лээ.Бульдозерчин Ж.Энхболд, гэргий Н.Мөнхжаргалтайгаа шилдэг гэр бүлийнөргөмжлөлөө авахаар иржээ. Том хүү нь биеийн тамирын багш, бага хүү нь компанидаа цахилгаанчин, отгон охин нь газар зохион байгуулалт, кадастраар хойд хөршид мэргэжил эзэмшсэн гэнэ. Жолооч Ж.Эрдэнэчимэг, үйлчилгээний ажилтан Р.Туяа нар компанидаа хамт ажилладаг шилдэг гэр бүлийн тоог нэмсэн юм.

Шилдэг гэр бүл шалгаруулах ёслолын дараа Монголын бурхан шашинтны төв Гандантэгчлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц “Багануур” ХК-ийнханд “Монгол хүний хөгжил” сэдвээр лекц тавилаа. Хамба илтгэлээ “Цалинг нь өгчихөөд нүдээ аниад яваа албан байгууллага Монгол орны ирээдүйн сайн сайханд хувь нэмэр оруулж байна гэхэд их зовлонтой. Зүй нь ажилтнуудынхаа бүлээн дулаан гэр нь байх учиртай. Цалин цавгаа авдаг, ажил хөдөлмөрөө дүгнүүлдэг газар нь байх ёстой л доо. Багануурын уурхайн хувьд дүгнэхээр барахгүй дарга нар нь зэрэгцэж суучихаад шилдэг гэр бүлээ шагнаж урамшуулсанд баярлаж сууна. Залуухан гэр бүл таван хүүхэдтэй гэдгийг сонсоход сайхан байлаа” гэсэн үгээр эхэллээ. Эхнэр, нөхрийн суудал зүгийн утга учрын талаар хэлсэн тайлбар нь сонирхол татав. Чой хамба “Гэр бүлийн чанх хойд хулгана зүгт бурхан шүтээн, хамгийн үнэ цэнтэй гэснээ залдаг. Эрхэмсэг зүгтээ сайхан бүхнээ залж чадсан айл гаднаас орж ирэх хар муу бүхэнд дарлуулахгүй. Ийм тийм айл байна гэж хочлуулаад байхгүй. Тооноор байнга гэрэл тусч байдаг зүүн хойд буюу бар зүгт эр хүнээ суулгадаг нь цаанаа учиртай. Хүн орж ирэхэд тэвхийтэл суучихсан гэрийн эзэнтэй айлд аятайхан харьцаа эхэлж үүсдэг. Хатавчиндаа ч хамаагүй суучихсан, гэрийн эзэн нь мэдэгдэхгүй нөхөртэй айлд ийм харилцаа үүсэхгүй. Үл тоосон хандлага үүснэ. Амьдарч байгаа нөхцөлд ямар нэгэн хуульд бидэнд үйлчилж байдаг. Хувь хүнд ч гэсэн ёс зүй, ёс суртахуун гэдэг хууль заавал бий. Жишээлбэл айлд орчихоод ярьдаггүй зүйлөчнөөн. Ардчилал, хүний хувийн эрх чөлөө гээд юугаа л бол юугаа хийнэ гэж онгирдог боловч айлд орчихоод хэлдэггүй зүйлс зөндөө. Наад зах нь л айлд дөнгөж орчихоод элдэв юм асуугаад унадаггүй. Бидэнд харагддаггүй, баригдаггүй ёс суртахуун гээч зүйлүйлчилж байгаа нь тэр. Тийм учраас ёс суртахууныг баримталж байгаа хүнөндөр зэрэгт хүрдэг, нийгэмд, гэр бүлдээ эзлэх байр нь чангардаг. Тиймээс монголчууд гэртээ хүртэл суух суудалдаа утга учиртай хандаж байсан юм. Туулай зүгт эмэгтэй хүн сууна. Зөөлөн зүг учраас тэр л дээ. Эмэгтэй хүн хэчнээн уянгалаг, инээд хөөртэй байна гэр нь төдийчинээөнгөлөг байна. Эмэгтэй хүн жаахан хөлдүүшрээд ирэхэд гэр нь хэцүүддэг. Тиймээс уян хатан зүг эмэгтэйнх байдаг” гэж ярилаа.

Categories
мэдээ цаг-үе

Дэлхийн зах зээлд 330 долларт хүрсэн нүүрсээ бид 50 доллараар зарж байна

Австралийн эргүүдэд сайн чанарын коксжих нүүрсний спот үнэ 320-330 ам.долларт хүрч, дээд амжилт тогтоолоо. Коксжих нүүрсний үнэ өнгөрсөн пүрэв гаригт гэхэд 314 ам.долларт хүрч, гангийн Steel Index индекс 4.6 хувиар өссөн мэдээ цацагдсан юм. Австралид болсон хар шуурганаас үүдсэн өсөлт одоогийн байдлаар 330 ам.долларт хүрсэн, цаашид ч өсч мэднэ гэж ажиглагчид дүгнээд эхэлчихэж.

АНУ-ын экспортлогчдын коксжих нүүрсний үнэ ч гэсэн 300 ам.доллар хүртэл өссөн мэдээлэл байна. Дэлхийн зах зээлд 2011 оны хоёрдугаар хагасаас хойш коксжих нүүрсний үнэ ийм түвшинд өсч байсан удаагүй. Өнгөрсөн жилийн сүүлчээр нүүрсний үнэ огцом өссөн ч 300 ам.доллар шүргэж байснаа өнгөрсөн сард эргээд 160 орчим ам.доллар болж буурсан юм. Өөрөөр хэлбэл, коксжих нүүрсний үнэ ердөө ганц сарын дотор хоёр дахин нугарч өсөөд байна гэсэн үг. Энэ удаа Австралиас Ази-Номхон далайн бүсэд нийлүүлдэг 11-12 сая тонн нүүрсний нийлүүлэлт гацаанд орсон нь үнэ ийм түвшинд өсөхөд нөлөөлөөд байна. Австралийн эргийн төмөр зам, дэд бүтцүүд эргэн сэргэхэд сар орчмын хугацаа зарцуулагдана, нийлүүлэлт эргэн сэргэнэ гэдэг утгаараа энэ үнийн өсөлт тийм ч удаан үргэлжлэхгүй. Гэхдээ Австралийн нийлүүлэлт тасалдсан энэ үеийг бусад орны нийлүүлэгчид сайн ашиглаж байна. Байгаль орчны асуудлаас болж уурхайнуудынхаа тоог цөөлөх бодлого баримталж байгаа БНХАУ-ын нүүрсний импорт нэгдүгээр улиралд нэмэгджээ.

2016 оны мөн үетэй харьцуулахад 34 хувиар нэмэгдэж, 64.71 сая тонн нүүрс импортолсныг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газраас мэдээллээс харж болно.Урд хөршийн Засгийн газар дотоодын хэт олборлолтоо хязгаарлах бодлогоо үргэлжлүүлсээр байгааг дээр дурдсан статистикаас харчихаж болно. Дашрамд дурдахад металлургийн нүүрсний хэрэглээ жилдээ 300 сая тонноор хэмжигддэг аж.

Харин Хятадтай хил залгаа оршдог, үнийн өсөлтөөс хамгийн их ашиг хүртэх боломжтой манай улс энэ боломжийг ашиглаж огтхон ч чадсангүй. Ашиглаж чадахгүй байсаар нүүрсний үнийн богино хугацааны өндөр өсөлтийг алдах нь тодорхой болчихлоо. 2011 оны Австралийн үерийн дараа манай төр засгийн албаны хүмүүс болон төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компанийн зүгээс “Энэ удаа боломжийг ашиглаж чадсангүй. Үнэ уналттай байх үеийг ашиглаад Таван толгойгоос дэд бүтэц, төмөр замаа тавина, нүүрс баяжуулах үйлдвэр барина, тэгээд дараа үнэ өсөхөд бүх юм бэлэн сууж байх болно” гэж дээр дооргүй ярьж, амлалт үүрэг авч байсан ч харамсалтай нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд юу ч амжуулсангүй. Төмөр зам барьсангүй, нүүрс баяжуулах үйлдвэрээ босгосонгүй, бахь байдгаараа шороон замаар сайн чанарын түүхий нүүрсээ гаргаж ашиг биш алдагдал үүрээд сууж байна. Ийм учраас дэлхийн зах зээлд үнэ яаж ч өссөн бидэнд “наалдах” юм байхгүй.

“Чалко”-гийн өр дууссан сайн мэдээ бий. Гэхдээ Цанхийн дөрөвдүгээр давхаргын хамгийн сайн чанарын нүүрсээ маш хямдаар гаргасан хэвээр байгаа юм. Ийм өсөлттэй үед сорчилж авсан сайн чанарын нөөцөө ченжүүдэд зүгээр шахам өгсөөр байна. Нүүрсийг дэлхийн зах зээлийн жишгээр угааж баяжуулж, нэгдсэн стандартаар гаргавал одоо гаргаж байгаа дөрөвдүгээр давхаргын сайн чанарын нүүрс хэд дахин баяжиж, үнэ хүрэх боломжтой. Дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ 330 гарсан энэ үед “Эрдэнэс Таван толгой”-н зүүн Цанхи буцаад нээгдсэн ч 57 орчим, ерөнхийдөө 60 хүрэхгүй доллараар үнээ тохирсон сураг мэдээлэл байгааг онцолъё. “Чалко”-гийн өр дууслаа, одоо дэлхийн зах зээлийн үнээр нүүрсээ зарна гэж удирдлагууд нь албан ёсоор мэдэгдсэн ч одоогоор байдал ийм л байна.

“Coal Mongolia” чуулга уулзалтыг манайхтай хамтран зохион байгуулахаар болсон БНХАУ-ын нүүрсний салбарын мэдээллийн хамгийн том бааз суурьтай “Фенвей” компанийн удирдлага саяхан “Монгол Улс нүүрсний их нөөцтэй ч төмөр зам байхгүй, хил гаалийн зохицуулалт муу учраас байгаа хүчин чадлынхаа тал хувийг ч ашиглаж чадахгүй сул талтай. Бид Монголын нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн түвшинд хүргэх чиглэлд хамтран ажиллахдаа баяртай байна” гэж байв. Энэ бол хятадууд өөрсдөө хүртэл нүүрсээ үнэ хүргэж чадахгүй суугаа монголчуудыг гайхаад эхэлсний наад захын жишээ л дээ.

“BDSEC” компанийн шинжээчийн хийсэн судалгаанаас харахад манай улсад энэ оны нэгдүгээр улиралд нүүрсний үнэ тонн нь 66.52 ам.доллар байж. Дэлхийн зах зээлийн үнээс хамгийн багадаа 40 хувь доогуур гэж тус компанийн шинжээчид онцолсон байна лээ. Үнэнийг хэлэхэд 66.52 ам.доллараас ч бага ханшаар бид нүүрсээ зарж байсан. Үнэ тэнгэрт цойлсон энэ өдрүүдэд ч үүнээс бага тоо хэлж, хэлэлцэж суугаа нь нуух юмгүй гашуун үнэн. 66.52 гэсэн тоог “Энержи ресурс”-ын угааж баяжуулсан нүүрсний өндөр үнэтэй дунджилж гаргасан гэх тайлбарыг “BD¬SEC” компанийн шинжээчид хийсэн байсан. Бусдаас мөнгө гуйж суугаа энэ өдрүүдэд зарж буйгаасаа ахиу мөнгө олох боломж уг нь нүүрсэнд бий. Таван толгой төслөө зөв хөдөлгөвөл энэ жилдээ нүүрснээс овоо доллар босгох боломж бийг эдийн засагчид онцолсоор байна.

Зэсийн хувьд олборлолт ихэссэн гэх мэдээлэл байна. Олон улсын зэсийн судалгааны группийн тайлангаас харахад зэсийн олборлолт 5.3 хувь буюу нэг сая тонноор өсч 20.16 сая тоннд хүрсэн аж. Перу, Канад, Индонези, АНУ, Мексикийн уурхайнуудын үйл ажиллагаа, хайгуул өргөжсөн нь олборлолт ингэж нэмэгдэхэд нөлөөлж. Зэсийн олборлолт ихэссэн учраас үнэ нэмэгдэнэ гэсэн хүлээлт одоогоор алга.

Алтны тухайд 1300 дөхөж эхэлсэн нь энэ зах зээл өнгөтэй явааг илтгэж байна. Олон улсны зах дээр алтны үнэ 1295 ам.долларт хүрээд байгаа юм. Энэ бол сүүлийн хагас жилээр харвал хамгийн өндөр үнэ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганболд: “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван толгой” компаниуд ашигтай ажиллаж, иргэн бүр ногдол ашиг хүртэх боломжтой болно

“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын санхүүгийн болон хөрөнгийн удирдлагын талаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Дэд захирал Г.Ганболдтой ярилцлаа.


-“Эрдэнэс Монгол” компанийн хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийг хэрхэн даван туулах ёстой гэж харж байна вэ?

-“Эрдэнэс Монгол” бол Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудад болон “Эрдэнэс Таван толгой” ХК, “Эрдэнэс Оюу толгой” ХХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК болон бусад охин компаниудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэн ажилладаг. Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд “Эрдэнэс Монгол” болон түүний охин компаниуд голлох нөлөө үзүүлсээр ирсэн. Энэ ч утгаараа нэгдэл компанийн хэмжээнд алдагдлыг бууруулах, хуримтлагдсан өрийг төлж барагдуулах, өөрийн хөрөнгөд суурилсан томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт татах, хэрэгжүүлж буй төслүүдийг эрчимжүүлэх ажилд анхаарлаа хандуулж байна. Компанийн дунд хугацаанд хэрэгжүүлэх стратегийн хүрээнд мөнгөн хөрөнгийг оновчтой удирдах, хөрөнгө оруулалтыг зохистой төвшинд захиран зарцуулах замаар өр төлбөр болон ашигт ажиллагааны харьцааны тэнцвэрт байдлыг сайжруулж тогтворжуулах, нийт нэгдэл компанийн хэмжээнд 2017 онд тооцоолсон 1.6 их наяд төгрөгийн орлого, 400 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар бизнес төлөвлөгөө батлуулан ажиллаж байна. Мэдээж ийм үр дүнд хүрэх гол зүйл нь зах зээл дэх нүүрсний үнийн тогтвортой байдал болон төрөөс баримтлах түүхий эд худалдах гэрээний тогтвортой үнэ юм. Монголын хувьд нүүрсний экспортын гол зах зээл нь Хятад. Коксжих нүүрсний үйлдвэрлэл болон хэрэглээгээрээ Хятад улс дэлхийд тэргүүлдэг.

-Коксжих нүүрсний үнэ энэ жилдээ ямаршуу байх бол. Төлөв, таамаг хэлэх боломжтой юу?

-Урд хөршийн Засгийн газар гангийн үйлдвэрлэлийнхээ хэмжээг нийт 150 сая тонноор, тодруулж хэлэхэд 2017 онд 50 сая тонноор багасгах төлөвтэй байгаа нь коксжих нүүрсний үнэ буурахад нөлөөлж магадгүй. Гэхдээ Австралид тохиолдсон үерийн гамшгаас болж энэ оны хоёрдугаар улиралд нүүрсний зах зээлд 15-20 сая тонны хомсдол үүсэхээр байгаа нь өнөө жил нүүрсний үнэ харьцангуй тогтвортой байх төлөвийг харуулж байна. Иймээс бид 2017 онд нүүрсний экспортын хэмжээ төлөвлөснөөс илүү байх бололцоотой гэж үзээд төрийн холбогдох байгууллагуудтай хамтран хилийн боомт болон Гашуунсухайтын зам, талбай, дэд бүтцийг хөгжүүлэхэд илүү анхаарч ажиллаж байна. Нүүрсний олборлолт, экспортыг нэмэгдүүлснээр манай компанийн ашигт ажиллагаа, улсад төвлөрөх татвар хураамжууд нэмэгдэх, үйлдвэрлэлийн нэгж зардал багасах, худалдан авагчдын хувьд нүүрсний ачаа тээвэрлэлт нэмэгдэж хурдан шуурхай болох боломжтой. Мөн компанийн хэмжээнд эдийн засгийн үр ашигтай төсөл хөтөлбөрт гадны хөрөнгө оруулалт татах, төр хувийн хэвшлийг бэхжүүлж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх тал дээр голлон анхаарна. “Эрдэнэс Монгол”-ын хувьд эдийн засгийн хүндрэлтэй үеийн доод цэгийг даван туулаад өсөлтийн шатанд явж байгаа гэж үзэж байна.

-Та алдагдлыг бууруулах, хуримтлагдсан өрийг төлж барагдуулах талаар дурдлаа. Төрийн өмчит компаниуд алдагдалтай ажилладаг гэх шүүмжлэл байнга сонсогддог. Алдагдлыг бууруулах ямар арга хэмжээ авч байна вэ?

-Сүүлийн жилүүдэд ашигт малтмалын зах зээл дэх үнийн огцом бууралт, макро эдийн засгийн ханшийн савлагаа зэрэг үүссэн нөхцөл байдалтай уялдуулж нэгдэл компанийн хэмжээнд зардлаа бууруулах, төсөв хэмнэх, хөрөнгө оруулалтын зөв оновчтой бодлого хэрэгжүүлж ажиллалаа. Үүний үр дүнд “Шивээ Овоо” компани 2016 онд 2.1 тэрбум, “Багануур” компани 1.6 тэрбум, “Эрдэнэс Монгол” компани 51 сая төгрөгийн ашигтай ажилласан. Он дамжсан хуримтлагдсан зарим өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэсэн, ОУНББ-ийн стандарт журмын дагуу компанийн санхүүгийн тайланд тусгах үйл ажиллагаа зэрэг нь энэхүү ашигт ажиллагаанд нөлөөлсөн. 2017 онд охин компаниудын томоохон хуримтлагдсан өр төлбөрийг цэгцлэх бодлогыг үргэлжлүүлнэ.Төрийн өмчит компанийн хувьд бизнесийн ерөнхий зарчмаа баримталж ашигтай ажиллах, ноогдол ашгийн хуваарилалтыг бий болгохыг зорьж байна. Мөн нэгдэл компанийн 2017 оны төлөвлөгөөнд өртөг зардал бууруулах, уурхайн үйл ажиллагаатай холбоотой машин тоног төхөөрөмж, тусгай программ хангамжийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх зэрэг ажлуудыг тусгаж, мөрдлөг болгон ажиллаж байгаа.

-“Чалко”-д төлөх өрийг барагдуулсан үйл явдал өнгөрсөн сард болсон. Үүнтэй холбогдуулж Ерөнхий сайд “Одоо компани ашигтай, дээр нь иргэдийнхээ 1072 хувьцаанд ногдол ашиг хуваарилах боломжийг бий болгохыг зорьж ажилла” гэсэн чиглэл өгсөн. Энэ чиглэлийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа бол?

-Зургаан жилийн турш сунжирсан “Чалко” компанийн өр төлбөрийг 100 хувь бүрэн төлж дууссан нь “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой” компаниуд Засгийн газартай нягт уялдаа холбоотой ажилласны үр дүн л дээ. “Эрдэнэс Монгол”-ын зүгээс “Эрдэнэс Таван Толгой”-н уурхайн хамтын ажиллагааны холбогдох гэрээнүүдэд өөрчлөлт оруулах хэлцлүүдийг амжилттай хийснээр тонн тутамд 27 ам.доллараар борлуулж байсан нүүрсний үнийг өнгөрсөн оны аравдугаар сард 33 ам.долларт, дараа нь 50 ам.долларт хүргэсэн. 2017 оны нэгдүгээр сард 59.3 ам.долларт хүргэсэн. Түүнчлэн Цанхийн баруун уурхайгаас олборлосон нүүрсийг нээлттэй сонгон шалгаруулалт зарлан борлуулснаар үнийг 72.5 ам.долларт хүргэж өмнөх үнээс 169 хувиар өсгөж чадсан. Одоо Цанхийн баруун болон зүүн уурхайгаас олборлосон нүүрсний орлого Монгол Улсын орлого болж, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх боломж бүрдлээ. Нэмж хэлэхэд “Чалко”-гийн өрийг барагдуулсан Цанхийн зүүн уурхайн үйл ажиллагаа хэвийн явж байгаа.

Иргэдийн дунд 1072 ширхэг хувьцаагаар дамжуулж ашиг хүртэх хүлээлт их байгаа. “Эрдэнэс Таван Толгой” компани Монголын эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулж, энэ жилээс эхлэн төлөвлөгөөний дагуу жил болгон ашигтай ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой”-н зүгээс Сангийн яамтай хамтарч, хувьцааны бүртгэлийн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх хүрээнд идэвхтэй ажиллаж байгаа, холбогдох шийдвэрийг хоёрдугаар улиралдаа багтаан гаргана гэж тооцоолсон. Үүний үр дүнд холбогдох газруудын процессын чанартай ажлууд бүрэн хийгдэж “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны бүртгэл дуусч, иргэн бүрт эзэмшүүлсэн 1072 хувьцааны ноогдол ашгийг 2018 оноос эхлэн жил болгон хүртээх боломжтой болно.

-“Эрдэнэс Таван Толгой” компанийн гүйцэтгэх захирал Д.Ариунболд “2018 онд гадаадын хөрөнгийн биржид IPO хийх боломж бүрдлээ” гэж мэдээлсэн. Энэ талаар тодруулга тайлбар өгөөч?

-“Эрдэнэс Таван Толгой” компани IPO хийх нь гарцаагүй зүйл. IPO хийх нь компанийн хувьд санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт авч хөрөнгө босгох боломжийг бүрдүүлэх давуу талтай. “Эрдэнэс Таван Толгой”-н хувьд эхний ээлжинд хувьцааны бүртгэлээ хийж дуусгах, 2018 оны дундуур зарим урт хугацаат өр төлбөрийг цэгцэлж IPO хийх үйл ажиллагаандаа орох байх. Засгийн газрын зүгээс “Эрдэнэс Таван Толгой” компанийн хувьцааны 20 хүртэлх хувийг олон улсын болон дотоодын хөрөнгийн биржээр арилжаалах, хөрөнгө татах тухай тогтоолуудыг гаргаж, чиг үүргийг өгсөн. Эдгээр ажлууд ирэх онд бодит ажил болох үндэс суурь бүрэн тавигдана гэж харж байна. Мэдээж IPO хийхийн тулд санхүү болон үйл ажиллагааны тодорхой шалгууруудыг хангасан байх шаардлагатай. “Эрдэнэс Таван Толгой”-н хувьд ихэнх хөрөнгийн биржүүдийн шаарддаг санхүүгийн үзүүлэлтүүдээ сайжруулах нь нэн тэргүүний ажил. Ийм учраас IPO хийх үйл ажиллагааг хангахын тулд тодорхой цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй.

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын өр төлбөрийн хэмжээ ямар байдалтай байгаа вэ? Өр төлбөрийг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлсэн ажлуудын талаар болон цаашид ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хувьд нийт өрийн хэмжээ 2016 онд 1,37 их наяд төгрөгт хүрч, өмнөх онтой харьцуулахад 190 тэрбумаар буюу 14 хувиар өссөн. Үүнд “Багануур”, “Шивээ Овоо” компаниуд төсвийн хөнгөлөлттэй зээл болон арилжааны банкны богино хугацаат зээлүүдийг авч төлөвлөгөөт хөрөнгө оруулалтын санхүүжилтийг нөхсөн, валютын ханшны өсөлтөөс үүдэлтэй дотоод, гадаадын харилцагчдаас авсан өр төлбөр төгрөгийн илэрхийллээрээ нэмэгдсэн зэрэг нь шууд холбоотой.

2017 онд “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байгаа 900 гаруй тэрбум төгрөгийн хуримтлагдсан өрийн гэрээг шинэчлэх, бэлнээр төлж барагдуулахаар зорилт тавин ажиллаж байна. Үүний дотор “Багануур” болон “Шивээ Овоо” компаниудын техникийн шинэчлэлийн хүрээнд 1996-1998 онуудын хооронд Дэлхийн банк, Японы Засгийн газраас Сангийн яамаар дамжуулан авсан зээлийн үлдэгдэл, “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой” компаниудын Хөгжлийн банкнаас авсан зээл, бусад богино хугацаат өр төлбөрүүдийг шийдвэрлэхэд Эрчим хүчний яам, Уул уурхай хүнд үйлдвэрлэлийн яам, Сангийн яам болон Хөгжлийн банктай хамтран, боломжит хэлбэрээр шийдвэрлэхийг голчлон анхаарч ажиллана.

-Эрдэнэс Монгол болон охин компаниудын хэмжээнд хяналтын тогтолцоо хэрхэн хэрэгждэг вэ? Дотоод, гадаад болон хөндлөнгийн аудит яаж хийгдэж байна?

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын санхүүгийн тайланд жил бүр төрийн болон хөндлөнгийн аудит хянан баталгаажуулалт хийж байна. 2014, 2015, 2016 онуудад дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Эрнст энд Янг” компаниар аудит хийлгэж, олон улсын аудитын компаниар баталгаажсан нэгтгэсэн санхүүгийн тайлангаа гаргаж авсан. Санхүүгийн тайлангаа олон улсын стандартад шилжүүлэх чухал алхам болсон үйл явдал гэж харж байгаа. Олон улсын зах зээлээс хөрөнгө оруулалт, санхүүжилт авахад нэн тэргүүнд аудитлагдсан санхүүгийн тайлан үндсэн шаардлага нь болдог. Өөрөөр хэлбэл, охин компаниудын үйл ажиллагааг өргөжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр шаардлагатай хөрөнгө оруулалт, санхүүжилтийг босгох бэлтгэлийг хангах ажиллагаа явагдаж байна. Мөн “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд НББ-ийн нэгдсэн бодлогын баримт бичиг, нэгдсэн санхүү бүртгэлийн цахим программыг 2017 онд багтааж бий болгохоор зорилт тавин ажиллаж байна.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Эрдэнэс Монголын компанийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчилж Санхүүгийн үйл ажиллагааны аудит, мониторингийн хэлтсийг шинээр байгуулсан. Энэ нэгж нь охин компаниудын үйл ажиллагааны бүхий л цар хүрээнд дотоод хяналт явуулж, гарч болзошгүй эрсдэлийг илрүүлэх, бууруулах, зөрчил дутагдлыг цаг тухай бүрт нь засч сайжруулах зорилготой.

-Одоогийн байдлаар танай компанийн хөрөнгийн бүтцэд ямар компаниуд байгаа вэ? Толгой компанийн хувьд охин компаниудын менежмэнтэд хэрхэн анхаарч, ямар ажлуудыг хийж байгаа талаар ярилцлагаа үргэлжлүүлье?

-Манай компани “Оюу Толгой” ХХК-ийн Монголын талын 34 хувь эзэмшигч “Эрдэнэс Оюу Толгой” ХХК, “Эрдэнэс Таван Толгой” ХК, “Багануур” ХК, “Шивээ Овоо” ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцаа болон Тавантолгой -Гашуунсухайт автозамыг эзэмшдэг. Мөн “Мон Атом” ХХК, “Эрдэнэс Метан” ХХК, “Эрдэнэс Ассет Менежмент” ХХК болон “Эрдэнэс Шивээ Энержи” ХХК зэрэг компаниудыг нэгдлийн бүрэлдэхүүндээ багтаасан. 2017 оноос төр, хувийн хэвшлийн түншлэлийг бэхжүүлж “Эрдэнэс Ашид”, “Эрдэнэс Стийл” хамтарсан компаниудыг байгуулаад байна. Эдгээр компани бүр ашигтай ажиллах, өмнөх жилүүдэд хуримтлагдаад буй өр төлбөрийг барагдуулах зорилготой 2017 оны төсөв, төлөвлөгөөгөө батлуулан ажиллаж байгаа. Үүнээс “Эрдэнэс Таван Толгой” компани энэ онд 1.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажиллаж, 280 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана. “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван толгой” компаниудын хувьд Хөгжлийн банкны зээлийн хуримтлагдсан хүүгийн өглөгийг өөрсдийн хүчээр төлж барагдуулахаар энэ ондоо хүчин чармайлт гарган ажиллах болно.

Өнөө жилийн батлагдсан төлөвлөгөөгөөр нэгдлийн томоохон компаниуд болох “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Таван Толгой”, “Шивээ Овоо”, “Багануур” компаниуд бүгд ашигтай ажиллана. Ашигт ажиллагааг хангаж ажиллах тал дээр толгой компанийн зүгээс дэмжлэг туслалцаа, чиглэлүүдийг өгч, охин компаниудад төрийн зүгээс зайлшгүй шаардагдах шийдвэрүүдийг гаргуулах тал дээр шуурхай ажиллах болно.

Толгой компани нь “Багануур” болон “Шивээ Овоо” компаниудын нэмэлт хувьцааг гаргах, төрийн мэдлийн хувьцааг Засгийн газрын тогтоолын дагуу тогтсон хувь хэмжээгээр арилжаалах, санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох үйл ажиллагааг зохион байгуулах, холбогдох эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулан хөрөнгө босгоход дэмжлэг үзүүлж, улмаар компаниудад шаардагдах үйлдвэрлэлийн шинэчлэл, тоног төхөөрөмж механизмийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх тал дээр хяналт тавин ажиллана.

Мөн “Эрдэнэс Монгол” болон охин компаниудын үйл ажиллагааг сайжруулах, сайн засаглалыг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, алдагдлыг багасгаж ашигтай ажиллуулах, санхүүгийн болон үйл ажиллагааны менежмэнтийг чадавхижуулах зорилгоор Азийн хөгжлийн банкаас техникийн туслалцааны төслийг авч хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд гадны мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, үйл ажиллагааны бүхий л чиглэлд нь удирдлагын менежмэнтийг сайжруулах, мөн нэгдсэн “ERP” системийг нэгдэл компанийн хэмжээнд шат дараатайгаар нэвтрүүлэх болно. Мөн бид охин компаниудын ордын үнэлгээний ажлыг энэ онд эхлүүлнэ.

-Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх энэ төсөл төрийн эзэмшлийн компаниудын алдагдлыг багасгаж, ашгийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэх боломжтой гэж ойлгож болох уу?

-Тэгж хэлж болно. Уг төслийг хэрэгжүүлснээр нэгдэл компанийн хэмжээнд нэгдсэн санхүүгийн удирдлага, ханган нийлүүлэлт, төлөвлөлт, хөрөнгө оруулалтын болон төслийн менежмэнтийг бүхэлд нь хамарсан цогц удирдлагын системийг бий болгох юм. Үүний хүрээнд нэгдлийн хэмжээнд бизнесийн үйл ажиллагааг үр ашигтай удирдах зориулалттай нэгдсэн ERP системийг нэвтрүүлснээр нэгдсэн санхүүгийн систем болон худалдан авалтын нэгдсэн бодлоготой болох, төлөвлөлтийг бодитоор хийх, удирдлагын шийдвэр гаргалт сайжрах, ажлын бүтээмжийг үнэлэх, төслийн менежмэнтийг үр ашигтай ашиглах, төлөвлөх, охин компаниудад хэрэгжих төслүүдийг хамтран оновчтой удирдах зэрэг маш олон давуу талыг бий болгоно.

-Өнгөрсөн онд танай нэгдлийн хэмжээнд хэдий хэмжээний татвар, хураамжийг улсын төсөвт төвлөрүүлсэн бэ?

-“Эрдэнэс Монгол” болон охин компаниудын хэмжээнд 2015 онд улсын төсөвт нийт 60.7 тэрбум төгрөг төвлөрүүлснээс 53 хувийг “Эрдэнэс Таван Толгой” дангаараа эзэлсэн. 2016 онд “Эрдэнэс Монгол” болон “Эрдэнэс Таван Толгой” компаниудын борлуулалт нэмэгдсэнээр улсын төсөвт төвлөрүүлэх татвар, хураамжийн хэмжээ нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт 96 тэрбум төгрөгийг төвлөрүүлж өмнөх оны үзүүлэлтээс 58 хувиар өссөн амжилт гаргалаа. 2017 онд 284 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхийг зорьж байна. Энэ онд “Эрдэнэс Монгол” компанийн 10 жилийн ой тохиож байгаа юм. Бидний зүгээс анх удаа ашигтай ажиллаж, дангаараа улсын төсөвт 4.06 тэрбум төгрөгийг төвлөрүүлж Шилдэг татвар төлөгчдийн 14-дүгээрт жагслаа.

2017 онд уг амжилтаа бататган улсын төсөвт хамгийн их мөнгөн хөрөнгө төвлөрүүлдэг байр суурийг тогтвортой хадгалах, Монголын иргэн бүрт төрийн эзэмшлийн компаниудаас нэгдсэн ашиг хувь хүртээх тал дээр чармайн ажиллах болно.

-Ярилцсанд баярлалаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Ганхуяг: Сангийн яамныхан өмнө нь оролдоод чадаагүй өөрчлөлтөө валютын санд дулдуйдаж хийх гэж байх шиг байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.


-Оффшорчдын эсрэг жагсаал Англиас эхлээд гадны улсуудад, саяхнаас Монголд өрнөөд эхэллээ. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-Тэмцэж буй хүмүүсийн хувьд үнэн голоосоо эсэргүүцэж байгаа байх. Хамгийн гол нь бай нь хуурамч. Хоосон юм руу дайруулаад байна. Нохойг туу гээд юм бариулж сургадаг даа. Тийм технологи хэрэглэж хүмүүсийн тархийг угаагаад байх шиг. Гадаадын тэр тусмаа Оросын иймэрхүү хар пиарыг манайхан маш сайн сурсан юм шиг санагддаг.

-Оффшор гэхээр болохгүй бүтэхгүй юм гэж харж, ярьж байна. Үнэхээр тийм аюултай эд үү?

-Оффшор гэдгийн тодорхойлолт уг нь их энгийн. Ерөөсөө л нам доогуур татвартай, давхар татварын хууль тогтоомж нь таатай, тогтвортой бизнесийн орчин. Жишээ нь зуун төгрөг хийлээ гэхэд хоёр газар татвар төлдөггүй тийм улсыг л хэлээд байгаа юм. Голланд, Швейцарь, Люксенбург бүгд л оффшор бүс. Гэтэл оффшорыг тэс хөндлөн тайлбарлаад байна л даа. Хамаг муу хулгайч нар авлига, хар тамхинаас олсон мөнгөө АНУ, Орос, Европын холбооны Засгийн газруудаас зугтаалгаад хэзээ ч олдоггүй, хэн ч мэдэхгүй харь гариг шиг ертөнц рүү авааччихдаг гэж тайлбарлаад, тийм ойлголтыг нийгэмд бий болгочихлоо. Уг нь тийм биш. Саяхан даа, Олон улсын валютын сангийн нэг нөхөр тодотголын талаар ярьж байхдаа “Монгол бол маш олон талаараа оффшорын шинж чанарыг агуулсан улс” гэчихэж байгаа юм. Муулж хэлээгүй. Татвар нь сүүлийн арван жилд маш доогуур байсан гэсэн утгаар хэлсэн хэрэг. Бизнес хийх гэж байгаа ямар ч хүн бага татвартай газрыг сонгоно. Нэг улсаас нөгөөд хөрөнгө оруулалт хийхдээ нэгэнд нь тав, нөгөөд нь гучин хувийг төлөхийг хүсэхгүй. Өнөөдөр бидэнд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйл бол хөрөнгө оруулалт. Манай улс руу чиглэсэн гадаад хөрөнгө оруулалтын дийлэнх нь оффшор бүсээр дамжиж орж ирсэн. Унгар улс оффшор маягийн шинж агуулдаг. Ийм шалтгаанаар хүмүүс Унгар руу мөнгөө шилжүүлдэг болж байна. Энэ бол муу зүйл биш. Нам доогуур тогтвортой татвартай, давхар татвар авдаггүй бүсийг л оффшор гээд ойлгочих хэрэгтэй. Оффшор бүсийн тухайд нэг талдаа хувь хүний нууцыг хадгалж чаддаг шинж чанартай. Банкинд гурван сая төгрөг хадгалуулсны маргааш “Ганхуяг гурван сая төгрөгийн хадгаламж нээлгэжээ” гэвэл надад лав таатай санагдахгүй.

-Гэхдээ л оффшор улс төрийн том сэдэв болчихсон шүү дээ. Улстөрчид нь хөмсгөө зангидаж ирээд байж боломгүй зүйл мэтээр яриад байгаа…?

-Манай улстөрчид оффшорт байгаа авлигын мөнгийг буцааж авчруулах ёстой, ингэвэл Монгол Улс хөгжинө гэсэн утгагүй юм яриад байдаг. Гэтэл нөгөө талд мөнгө хулгайлсан хэд хэдэн дуулиантай хэргүүд байгаа. Эзэд нь ч тодорхой. Энэ хэргүүдийг л ярих ёстой. Наад зах нь төмөр зам дээр өчнөөн мөнгө алдсан. Тэр их мөнгө Монголын банкинд байна уу, гадаадын банкинд очсон уу, алт мөнгө, барилга байшин болсон уу гэдгийг шалгаад гаргаж ирэх хэрэгтэй. Тэгэхгүй байж оффшор гэх мэт хоосон бүтэхгүй юм руу олны анхаарлыг хуйлруулаад нэмэртэй юм болохгүй.

-Олны анхаарлыг мөнгө идсэн том хэргүүдээс холдуулж сарниулах арга гэж хэлэх гээд байна уу?

-Ер нь тийм. Улс төрийнхөө өрсөлдөгчдийг харлуулах нэг арга. Энэ мэт хоосон хэрэг тохож олон түмний дунд дахиж хэзээ ч сонгогдохгүй болтол нь доош хийх хэлмэгдүүлэлтийн арга хэрэглэж байна.

-Түрүүн та оросуудын хэрэглэдэг хар пиарын технологийг ашиглаад байна гэж цухас дурдсан. Тэгэхээр цаанаа том бодлоготой явуулга болж таарах нь уу?

-Хоосон дайсан гаргаж ирээд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг мөнгөөр худалдан авч олны тархийг хүчээр угаах ийм аргыг Орост их хэрэглэдэг.

-Эрдэнэтийг 100 хувь төр авах шийдвэрийг засгийн зүгээс гаргачихлаа. Энэ хэр зөв шийдэл гэж та бодож байна?

-Өнөөг хүртэл өрнөсөн процесс тодорхой. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Нөгөө талд анхаарах учиртай нэг асуудал бий. Дарга нар өөр зуураа манай авгайд наадахаа өгчихөөрэй гээд шахаа, бизнес хийдэг нь тодорхой болчихлоо. Өмнө нь нээлттэй ярьдаггүй байсан болохоос тодорхой байсан л даа. Төрийн гэх тодотголтой компаниуд яагаад дандаа алдагдалтай ажилладаг, ямар хүмүүсийг ямар шалгуураар гүйцэтгэх захирлаар нь тавьдаг, тэр хүмүүсийн цалин хэд юм гэдгийг олон түмэнд ил болгох цаг ирсэн. Эрдэнэтийн бизнес төлөвлөгөөг гол хувьцаа эзэмшигчид болох ард иргэдээс нуух нь утгагүй. Эрдэнэтийн тухайд хөрөнгийн биржээ хөгжүүлэх нэг том гарц гэж харж байгаа. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гучин хувийг нь зараад, Лондон, Нью-Йоркийн хөрөнгийн биржийн засаглалыг жинхэнэ утгаар нь оруулж ирэх хэрэгтэй.

-ТУЗ-ийн гишүүдийг 100 хувь төрөөс томилчихлоо. Яг л төрийн өмчит бусад компаниудынх шиг. Таны хэлсэн шиг алхмыг хийсэнгүй…?

-Арай өөрөөр шийдэх болов уу гэсэн хүлээлт байсан ч тэгсэнгүй. Зүй нь ТУЗ-д намын өмч зүтгэлтэн гэдгээр хандаж болохгүй. Бизнес, эдийн засаг, санхүү, олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбоотой хүмүүсийг ТУЗ-д оруулах ёстой. Улаанбаатар хотын хөгжлийн корпораци их сайн жишээ. Улаанбаатар хот зуун хувь энэ корпорацийг санаачилж байгуулсан ч ТУЗ-ийн гурван гишүүн л эднийхээс томилогдсон. Гурвыг нь бизнесийн салбараас буюу Улаанбаатарын хотын танхим СЕО клубээс дэвшүүлсэн. Үлдсэн гурван гишүүн нь хараат бус. Хотын өмнөх болон одоогийн удирдлага энэ чигээс хазайгаагүй. Тэгэхээр Эрдэнэтийн ТУЗ-ийг зөв бүтэцтай байлгах тал дээр бизнесийнхэн хатуу байр суурьтай байх ёстой.

-Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд гэсэн тайлбартайгаар хэд хэдэн татвар нэмэх нь тодорхой болж байна. Эдийн засаг хэцүү байхад бизнесийнхэн болон иргэдийн нуруун дээр ачаа нэмэх нь хэр зөв шийдвэр вэ?

-Валютын сан татвараа нэм гээгүй байх. Төсөв чинь асар их хэмжээний алдагдалтай болчихож, санхүүгийн тогтвортой, тэнцвэртэй байдал нь алдагджээ, орлогоо нэмэгдүүлээд зардлаа тогтвортой барь гэсэн үндсэн чиглэл л өгсөн. Сангийн яамныхан л өмнө нь оролдоод чадаагүй зүйлээ сая чоно борооноор гэдэг шиг валютын сангаар дулдуйдаад хийж байгаа болов уу. Энэ бол бодлогын том алдаа. Эдийн засаг зогсонги байдалд орсон, гадаадын хөрөнгө оруулалтыг татах гэж ядаж байгаа энэ үед Олон улсын валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эдийн засгаа өсгөнө гэж байгаа бол татварыг нэмж, мөнгөний бодлогыг чангалж болохгүй. Харин эсрэгээрээ мөнгөний бодлогоо зөөллөж, татвараа бууруулж байж эдийн засаг сэргэнэ. Татвараа бууруулдаггүй юм гэхэд тогтвортой барих ёстой. Хувь хүний орлогын албан татвар дээр өөрчлөлт гарах нь. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмнэ гэж байна. Хямралын шуургыг даваад амьд гараад ирсэн хэдэн компанидаа дахиад дарамт болох эрсдэлтэй. Хөрөнгө оруулалт хийх гэж байгаа гадныханд тодорхойгүй байдал үүсгэж итгэлийг нь алдах аюул бий. Татвар нэмлээ гэхэд мөнгөө нэгэнт хийчихсэн “Оюу толгой”-нхон баярлахгүй нь тодорхой.

-Хүн амын орлогын албан татвараас эхлээд татварууд нэмэх нь эдийн засагт ямар эрсдэл авчрах бол?

-Хориод жил ярьж байж арай гэж зөв тайлагнаж эхэлсэн компаниудыг буцаагаад албан бус эдийн засаг руу түлхэх эрсдэл бий. Өнөөдөр хүмүүст, бизнес эрхлэгчдэд мөнгө, итгэл аль нь ч алга.

-Татвар нэмэхээс өөрөөр төсвийн орлогыг нэмэх гарц байгаа гэж боддог. Наад зах нь алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниудаа хувьчлаад эхэлбэл…?

-Санал нэг байна. Алдагдалтай ажилласан зуун компанидаа ашигтай ажиллах үүрэг өгөх бүрэн боломжтой. “Монгол шуудан”-гийн 34 хувийг олон нийт авсан. Өмнө 75 сая төгрөгийн ашиг хийж байсан компани тэрбум төгрөгийн ашиг хийчихлээ. Ганцхан жилийн дотор шүү. Бүх компани ийм болох ёстой. “Эрдэнэс Таван толгой” 23 сая тонн нүүрсээ 350 сая ам.долларын өрөө төлөхийн тулд гадагш нь экспортолсон байна. Тооцоод үзэхээр нэг тонныг нь 15 ам.доллараар өгсөн болж таарч байгаа юм. Гэхдээ 15-аар хийсэн гэрээ ганц ч байхгүй. Анх 70 ам.доллараар эхэлж, 30, 40 гэх мэтээр явсан. Тэр бүх үнийн зөрүү хаашаа орсон бэ гэдэг асуулт гарч ирнэ ээ дээ. Юу яасан оффшор, жинхэнэ том асуудал тэнд байна. Таван толгойгоос нүүрс зөөдөг машины эздийг гаргаж ирэх ёстой. Ямар даргын машинуудаар өнөөг хүртэл нүүрс зөөж байна гэдэг жинхэнэ асуудал. Жирийн иргэдэд тийм эрх олддоггүй. Биднийг санаачилга гаргаснаас хойш хүмүүсийн чих ашгүй онгойгоод эхэллээ. Ерөнхий сайд Таван толгойн удирдлагад ашигтай ажилла, ноогдол ашиг хуваарил, 1072 хувьцаагаа амилуул, хөрөнгийн бирж дээр арилжаал гэсэн үүрэг өгч байна. Энэ сард болох хурлаа нээлттэй явуул, орох хүмүүсийг нь оруул гэж байна. Энэ бол ахиц. Бид нар хохирлоо тогтоолгох гэж шүүхэд хандаж байгаа. 2011, 2012 онд сая төгрөгийн ханштай байсан. Банкинд хадгалсан байсан бол өгөөж нь өсөх байсан. Тэгэхээр төдийгөөс өдий хүртэлх алдагдлыг хэн үүрэх вэ гэсэн том асуулт бий.

-Төсөв хэт томссон шалтгаанаар яриагаа үргэлжлүүлье?

-Таван тусдаа явсан төсвийг зангидаад нэг тоо болгоод гаргаад ирсэн учраас хэтэрхий том харагдаж байгаа. Цалин сүүлийн таван жилд нэмэгдээгүй. Тэтгэвэр нэмэгдээгүй. Элдэв халамжууд танагдсаар ирсэн. Хүүхдийн мөнгийг ч хязгаартай олгож эхэллээ. Ийм байтал төсөв нэмэгдэж орж ирсэн нь төсвийн гадуурх зарцуулалтууд нэг болсонтой холбоотой.

-Төсвийн тодотгол одоогийнхоороо батлагдвал яах бол?

-Тодотгол энэ чигээрээ батлагдвал алдаа болно. Бид зээлээ төлчихсөн. Дэлхийн банк, Олон улсын валютын сангийнханд зээлээ төлсөн гэдгээ харуулсан. Одоо нэг хэсэгтээ хойноос буудчих зовлонгүй. Тиймээс наад төсөл чинь унах аюултай шүү, уян хатан байгаарай гэж хэлсэн. Би МАН-ын бүлэгт орон тооны бус зөвлөх хийж байгаа. Бид сая хэлснээ л зөвлөнө. Тэтгэврийн шинэчлэл хийнэ, цалин орлогыг нэмэгдүүлнэ, бизнес эрхлэгчдэд боломж олгоно, гадаад хөрөнгө оруулалтыг татна, том төслүүдээ явуулна, цахилгаан станцаа барина гэсэн бол тэрийгээ хийх хэрэгтэй. Хувьчилна гэсэн юмаа хувьчлах ёстой. Төрийн албаа цомхон чадварлаг байлгана гэсэн бол хэлсэн зорьсондоо хүрэх учиртай. Чадварлаг цөөхөн хүнийг өндөр цалин хөлстэйгөөр ажиллуулах цаг болсон. Хамгийн гол нь төсвөө нээлттэй байлга, ойлгомжтой байлга, шилэн дансаа хөтөл гэж л хэлмээр байна. Мөнгөний бодлого, татвар дээр би бизнесийн төлөөллийн хувьд эсэргүүцэж байгаа. Хуучин машинаас татвар авах, хадгаламжийн хүүд татвар ногдуулахыг бол дэмжинэ. Төр өөртөө ачааллаа авна гэж Ерөнхий сайд хэлсэн. Хэлсэн шигээ төрийн албан хаагчдыг цуглуулаад төрийн зуун компанийнхаа шүүсийг шахах хэрэгтэй.

Б.ҮРЖИГ

Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Нийтийг төлөөлсөн этгээд уриалсан учраас татвар дээр компаниудыг буруутгахгүй байх үндэслэлтэй

СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-МҮХАҮТ-аас төсвийн тодотголтой холбоотойгоор мэдэгдэл гаргачихлаа. Тодотголыг энэ хэвээр нь баталбал энэ сарын аравдаас эхлээд татвар төлөлтөө хийхгүй гэж байгаа. Ийм нөхцөл үүсвэл яах бол?

-Төсвийн тодотгол энэ хэвээрээ батлагдаж, аж ахуйн нэгжүүд татвар төлөлтөө зогсоовол эдийн засагт нэлээд хүндрэл үүснэ. Төсвийн орлогын дийлэнх нь татвараас бүрддэг, татварын бус орлого багатай учраас хэцүү л дээ. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн татвар бол төсөв бүрдүүлэх гол эх үүсвэр. Гэхдээ ийм байдалд хүрэхгүй байх. Татвар төлөгч аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцэл буруу зүйл биш. Татварыг нэмэх нь тодорхой шалтгаантай байх ёстой. Татвар нэмэх орчин, цаг хугацаа, нөхцөл бүрдсэн байх учиртай. Манай улсын хувьд аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа тэгтлээ сайжраагүй, эдийн засаг төлөвшөөгүй. 20 гаруй жил төлөвшсөн тогтвортой, сайн бүтэц бүхий эдийн засгийг бий болгож чадаагүй харамсалтай үнэн бий. Аж ахуйн нэгжүүдийн орлого сүүлийн жилүүдэд буурсан. Эдийн засгийн уналтаас шалтгаалаад хүнд байдалтай байгаа. Үүнтэй холбоотойгоор иргэдийн орлого ч сүүлийн хоёр жил дараалаад өндөр хэмжээгээр буурсан. Саяхны статистикаас анзаарахад бага зэрэг өссөн дүн харагдаж байна. Ийм нөхцөлд татвар нэмэх нь таатай үйлдэл биш.

-Бизнес эрхлэгчид татвараа төлөхгүй бол наад зах нь төрийн албан хаагчдын цалин тавигдах боломжгүйд хүрэх байх. Татвар төлөлт зогссоноор ямар эрсдэлүүд үүсэх вэ?

-Төсвийн нийт зардлын 20, 30 хувийг цалин хөлс эзэлдэг. Цалин хөлс олголт мэдээж зогсоно. Төрийн үйлчилгээ тасалдах эрсдэл бий. Аж ахуйн нэгжүүдэд үйлчилгээ үзүүлдэг татвар, гааль, тээвэр гээд төртэй холбоотой бүх процесст доголдол үүсэх магадлалтай.

-Өмнө нь ийм тохиолдол гарч байсан уу?

-Манай улсад бол тохиолдож байгаагүй. Хоёр жилийн өмнө АНУ төсвөө баталж чадаагүйгээс болж төрийн албан хаагчдын цалин зогсч, тодорхой хугацаанд төсөвгүй явж байсан тохиолдол бий.

-Татвар төлөх бол компаниудын хуулиар хүлээсэн үүрэг, татвар төлөлт зогссон тохиолдолд хууль зөрчсөн асуудал компанийн захирлуудын түвшинд яригдах байх гэсэн болгоомжлол бий. ийм эрсдэл байгаа болов уу?

-Хууль зөрчиж буй байдал үүснэ. Монгол Улсын хуулиар орлого олсон хэн бүхэн татвар төлөх үүрэгтэй. Төрийн тодорхой шийдвэрийг эсэргүүцэж татвар төлөхгүй байна гэдэг бол хууль зөрчсөн үйлдэл. Тийм үндэслэл байгаа. Тэгэхээр ийм байдалд хүргэхгүйгээр асуудлыг шийдэх нь л хамгийн чухал гэж бодож байна. Хүргэхгүй байх боломж нь ховор. Аж ахуйн нэгжүүд маань ойлгож, хүлээн зөвшөөрөх асуудал байж магадгүй юм. Түүнээс биш нөгөө талаас Валютын сантай тохирсон тохиролцооны хүрээнд татвар нэмэх шаардлага үүссэн гэсэн тайлбарыг нэгэнт тавьчихсан. Зарим татварыг хэсэгчилсэн бага хэмжээгээр гэхээс биш бүх татварыг нэмэхгүй байх боломж бага юм шиг харагдаж байна.

-Танхимын ерөнхийлөгч компанийн захирлууд энэ асуудлыг тавиагүй, би ярьж байгаа учраас хамтын шийдвэр гэж явна. Тиймээс компанийн түвшинд хариуцлага яригдах боломжгүй гэсэн агуулгатай тайлбар хийсэн. Тийм боломж бий юү?

-Нийтийг төлөөлж байгаа этгээд ярьсан, уриалсан учраас тодорхой нэг гишүүний эрх ашиг биш гэж ойлгож болох юм. Гэхдээ бас эргэлзээтэй. Хэдийгээр мэдэгдэж, ярьж байгаа нь Лхагважав ч гэсэн татвар төлөхгүй үйлдэл хийх субьект нь гарцаагүй компанийн захирал.

-Валютын сан татвараа заавал нэм гэсэн үү, үгүй юү гэсэн эргэлзээ, шүүмжлэл сонсогдож байгаа. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Валютын сангийн энэ удаагийн хөтөлбөр манай улсын өмнө нь хамрагдаж байсан “Стэнд бай” биш. Өргөтгөсөн гэж нэрлээд байгаа санхүүжилтийн хөтөлбөрийн хувьд харьцангуй боломжийн, урт хугацаатай, цуврал маягаар хэрэгждэг. Санхүүгийн хүндрэлд илүү өртсөн улсуудад хэрэгждэг хөтөлбөр учраас өмнөхөөс илүү шалгуурууд тавьсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ ингэж хардах эрх аж ахуйн нэгжүүдэд бий. Тэр дундаа аж ахуйн нэгжүүдийг төлөөлж байгаа субьектын хувьд байж болох хардлага. Учир нь татвар нэмэх шийдвэр өнөөгийн эдийн засагт нэлээд хүнд тусахаар байгаа нь үнэн.

-Эдийн засаг хэцүү үед татвар нэмж болохгүй гэсэн тайлбарыг танхимаас хийж байна л даа. Нөгөө талаас эдийн засгийн үзүүлэлтүүд дажгүй гэсэн тайлбар байна. Эдийн засагч хүний хувьд өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдалд ямар дүгнэлт хэлэх вэ?

-Он гарсаар эдийн засгийн суурь нөхцөлүүд арай наашилсан, сайжирсан нь үнэн. Валютын сантай хамтрахаар боллоо гэсэн мэдээлэл цацагдсанаар олон улсын түвшин дэх Монголын нэр хүнд сэргэж байна. Эрдэс бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байгаа учраас экспортын орлого нэмэгдэж байгаа. Ажилгүйдлийн түвшин бага зэрэг буурсан. Энэ мэт сайн мэдээ бий. Гэхдээ энэ мэдээллүүд эдийн засаг сайжирсныг илэрхийлэхгүй. Эдийн засгийн төлөв сайжрах суурь нөхцөлүүд харьцангуй эерэг болж эхэлж байна гэсэн нь илүү бодитой тайлбар. Ийм эерэг нөхцөлийг зөв ашиглах ёстой. Харамсалтай нь Валютын сангийн шаардлагаар татвар нэмэх нөхцөл бүрдэж байгаа нь тийм сайн зүйл биш. Гэхдээ өнөөдөр Валютын сантай хамтрахаас аргагүй нөхцөл үүсчихсэн л дээ.

-Хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл компаниудаас гадна иргэдэд хүнд тусна. Иргэдийн амьжиргаа ташраараа хүндхэн байгаа гэдэгтэй та санал нийлэх үү?

-Санал нэг байна. Нэмэх гэж байгаа татвар, шимтгэлүүд аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр ачаа болохоос гадна тэнд ажиллаж байгаа ажиллагсад, жирийн иргэдийн амьдралд шууд нөлөөтэй. Нефтийн онцгой албан татварын нэмэгдэл ч иргэдэд сайн нөлөө үзүүлэхгүй. Шатахууны үнэ өсвөл нийгэмд эсрэгээр нөлөөлнө. Ингээд харахаар аж ахуйн нэгжүүдийн эсэргүүцлийг буруутгах аргагүй.

-Татвар нэмэх гэх мэт асуудлаас гадна эдийн засгийн нааштай байгаа үзүүлэлтүүд дээрээ дөрөөлөөд том төслүүдээ хөдөлгөх гэх мэт гарц шийдэл хайх ёстой байх, тийм үү?

-Эдийн засгийн өсөлтийг богино хугацаанд түргэсгэх томоохон төслүүдийг хөдөлгөх гэх мэт гарц шийдлүүдийг хайх ёстой. Ингэж байж аж ахуйн нэгжүүд, иргэдэд ирэх сөрөг дарамтыг сааруулна. Харамсалтай нь одоо яригдаж буй төсвийн тодотголын хүрээнд энэ өнцгийг хөндөхгүй байна л даа. Төр яаж зардлаа бууруулах вэ, аж ахуйн нэгжүүдэд буцаагаад ямар бэлэг барих вэ гэдэг нь тодорхойгүй байгаа учраас бухимдал үүссэн тал бий. Жишээ нь төсвийн тодотголын хүрээнд эдийн засгийн өсөлтийг бууруулаад хасах руу оруулаад тавьчихсан. Ийм таамагтай нөхцөлд татвар нэмэх нь нийгэмд сөрөг дохио өгөхөөс аргагүй. Төрийн зардал төсвийн шинэчлэлийг яаралтай эхлэх нь чухал. 2017 оны төсвийн тодотголын хүрээнд энэ шинэчлэлийг хийх эхлэлийг тавьсан бол зөв харагдах байсан. Төрийн албан хаагчдыг аль болох аажмаар цөөрүүлэх бодлого гаргах хэрэгтэй. Төрийн урсгал зардлуудын түвшинд өрийн үйлчилгээнээс бусад зардлыг танахыг хичээх ёстой. Гэтэл тэгсэнгүй л дээ. Бас Сангийн яамны хийж буй тайлбар хангалттай бус байна. Сангийн яамны тайлбараас анзаарахад ипотек, Хөгжлийн банктай холбоотой зээлийн зардлаас болоод төсвийн зардал өссөн гэж байгаа. Гэтэл төсвийн баримт бичгүүдэд тодорхой нэг төсвийн ерөнхийлөн захирагчид дээр хөрөнгө оруулалт болон бусад зардал бага зэрэг өссөн харагдаж байна. Төрийн өссөн зардал бүр тодорхой тайлбар шалтгаантай байх учиртай.

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр бидэнд ямар давуу талууд үүсэх вэ. Эсрэгээрээ бидний алдаж буй боломж, хүлээж мэдэх эрсдэл гэвэл юу байна?

-Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь маш зөв сонголт. Эдийн засгийн өнөөгийн нөхцөлд үүнээс өөр сонголт байхгүй. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаар болсон гэх мэдээллийн үр нөлөө аль хэдийнэ ажиглагдаад эхэлчихсэн. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар нүүр тулсан өрийн дарамтыг давж чадлаа. Олон улсын зах зээл дээрх нэр хүндээ сэргээлээ. Сүүлийн үед үүнтэй холбоотойгоор гадны томоохон байгууллага, хэвлэл мэдээллийнхний Монголын талаарх мессэжүүд эерэг болж эхэлж байна. Сүүлийн хэдэн жил Монголын талаар ийм эерэг мессэж гараагүй. Цаашилбал илүү олон эерэг өгөөж бий. Валютын урсгал нэмэгдэнэ, валютын ханшийн хэлбэлзэл тодорхой хугацаанд багасч тогтворжино, олон улсын зах зээлээс багагүй хэмжээний санхүүжилт татах боломж нээгдэнэ. Төсвийн шинэчлэл, өрийн зөв удирдлага гэх мэт хийе гээд хийж чадахгүй өнөөг хүрсэн зүйлүүдээ шийдчих боломжтой. Хөтөлбөрт хамрагдсаны сөрөг тал гэвэл тодорхой үйлдлүүдийг Валютын сангийн хязгаарлалтын хүрээнд шийдвэрлэхээс аргагүйд хүрнэ. Нийгмийн халамж, эдийн засгийн шинэчлэлийн бодлого, өрийн удирдлагын асуудал гэх мэтийг тодорхой хяналтад хийхээс өөр арга байхгүй. Хяналтыг зөв ажиллуулж чадвал бидэнд эерэгээр нөлөөлж ч мэднэ. Мэдээж дураараа авирлах боломж хязгаарлагдана. Дураараа авирлаад ямар байдалд хүрч болохыг өнгөрсөн таван жил баталчихсан.

-Төсвийн тодотголд хүлээн зөвшөөрөхөөс аргагүй ямар шийдлүүд байна вэ?

-Хийвэл зохистой нэлээд хэдэн зүйл байна. Нийгмийн хавтгайрсан халамжаа эргэж харах цаг болсон. Хүүхдийн мөнгөний тухайд байж болох шийдэл. Хуучин машины татвар ба хадгаламжийн хүүгийн татвар ч зөв алхам. Хадгаламжийн хүүнээс татвар авах асуудал цаг хугацааны хувьд яг одооноос хэрэгжүүлэх нь хэр зохистой юм бол гэсэн бодол байна. Бага зэрэг эргэлзээ бий. Монголд санхүүгийн зах зээл төлөвшиж чадаагүй, зээлийн хүүгийн түвшин өндөр, Засгийн газрын хүү хадгаламжийн хүүгээс давсан байгаа ийм үед хадгаламжийн хүүнээс татвар авах нь хуримтлалд хандах иргэдийн сонирхлыг бууруулах сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй.


Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний үнийг 286 ам.долларт хүргэж цойлуулсан Австралийн “хямрал” наад зах нь сар үргэлжилнэ

НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛ ЭНЭ ЖИЛИЙНТУРШ ӨӨДРӨГ БАЙХ ТААМАГ ГАРЧЭЭ

Австралийг дайрсан хар шуурга коксжих нүүрсийг хаданд гаргаж байна. Түрүү долоо хоногт коксжих нүүрсний үнэ 86 хувиар өссөн юм. Зөвхөн өнгөрдөг баасан гаригт гэхэд л нүүрсний ханш 34 хувиар цойлж, 286 ам.долларт хүрлээ. Энэ долоо хоногт ч нүүрсний зах зээл өнгөтэй байх нь. гол зах зээл Хятад, Японы боомтууд дээр коксжих нүүрсний арилжаа эрчимтэй, эрэлт өндөртэй байгаа учир спот буюу гэрээний үнэ улам өсөх хандлагатай байгаа аж. 2011 оны их үерийн үеэр Австралийн нүүрс тухайн үедээ 330 ам.доллар даван рекорд амжилт тогтоож байсан удаатай. Энэ удаагийн үнийн өсөлт тэр үеийнхийг арай гүйцэхгүй ч нүүрсний үнэд чамгүй өндөр өсөлт үзүүлж чадлаа. Нүүрсний зах зээлийн шинжээчид өнөө жилийн үнийн таамгаа өөдрөгөөр хэлээд эхэлсэн таатай мэдээ байна.

Австрали улс үерийн аюул, байгалийн гамшгийн эсрэг бэлтгэл, эрсдэлийн менежмэнтийг өндөр түвшинд авч хэрэгжүүлсэн ч олон хоног үргэлжилсэн Дебби хар шуурганы улмаас багагүй хохирол амсаад байна. Энэ аюул дэлхийн далайгаар тээвэрлэгддэг коксжих нүүрсний бараг 50 хувийг дангаар нийлүүлдэг Куинслэнд мужийг дайрсан юм. Нүүрсний уурхайнуудын амссан хохирол 2011 оны үерийнхтэй зүйрлэхээргүй боловч уурхайнууд багагүй хэмжээний усанд автсан гэж хэвлэлүүд мэдээлжээ. Усанд автсан уурхайнуудаас гадна гол төмөр замууд үйл ажиллагаагаа түр зогсоохоос аргагүй болсон гэх зовлон австралид байна. Австраличууд боомтын төмөр замаа бүрэн засварлаж дуусахад ойролцоогоор 30-35 хоног зарцуулна гэх мэдээллийг эх сурвалжууд өгч буй.

BHP Billiton, Peabody, Glen­core зэрэг тус бүсэд ажилладаг томоохон компаниуд одоогоор бүгд “давагдашгүй хүчин зүйл” гэсэн шалтгаанаар уурхайнуудаа зогсоожээ. Stan­dard and Poor’s үнэлгээний фирмийн хийсэн судалгаагаар энэ удаагийн хар шуурганы улмаас ойролцоогоор 15-20 сая тонн коксжих нүүрсний нийлүүлэлт тасалдаж байгаа аж.

ЗҮҮН ЦАНХИЙН НҮҮРСИЙГ 50-ИАДХАН АМ.ДОЛЛАРААР ЗАРНА ГЭВ ҮҮ?

Нүүрсний зах зээлийн шинжээчид энэ орон зайг нөхөх боломжтой улсын нэгээр манай улсыг нэрлээд эхэлчихэж. Хятад, Япон гэх мэт гол импортлогчид Америк, Монгол, Оросоос нөхөх байх гэсэн таамаг голлож буй. Бүр тодруулж хэлбэл Австралийн коксжих нүүрсний нийлүүлэлт тасалдаж буй энэ хугацаанд Хойд Америк, Монгол, ОХУ-ын нийлүүлэлт өсч, үнээ өсгөх өндөр боломжтой гэдэг дээр олон улсын шинжээчид ам нэгтэй байна. Харамсалтай нь төмөр зам, тээврийн дэд бүтэцгүй, экспортын ухаалаг цогц бодлогогүй манай улс энэ боломжоос ашиглах нь бүү хэл алдагдлаа нэмээд сууж байгаа нь гашуун ч гэлээ үнэн. Үүнийг ч олон улсын таваарын шинжээчид түрүүчээсээ шүүмжилж эхэлжээ. BdSEC-ийн гадаад шинжээчид гэхэд л ийм агуулгатай шүүмжлэл бичээд байна.

Коксжих нүүрсний үнэ дэлхийн зах зээл дээр 300 ам.доллар шүргэж галзуурсан энэ өдрүүдэд Таван толгойн ордыг эзэмшигч төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани үнийн өсөлтийн цонх үеийг ашиглах болов уу гэсэн хүлээлт үүсэх нь мэдээжийн хэрэг. Одоогоор Таван толгойн өндөр чанарын коксжих нүүрсний дээд үнэ 70 гаруй ам.доллар байгаа. 70 ам.доллараас ч өсөх бололцоо байгааг Автралид тохиолдсон таагүй явдал баталчихлаа. Гэтэл нүүрс хаданд гарсан энэ үед 70 ам.доллараас ч бага үнэ яригдаж байгаа бололтой. “Эрдэнэс Таван толгой” зүүн Цанхи дээрээ “Чалко”-той 50 гаруй ам. долларын үнэ хэлэлцээд сууж байгаа гэх мэдээлэл байна. Далайн боомтын ханштай өөрсдийн зарж буй нүүрсний үнээ шууд харьцуулах боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Гэхдээ бүх зардал, өртгийн тооцоог хийгээд үзэхэд “Эрдэнэс Таван толгой”-н үнэ өсөлтийн энэ үед дор хаяж 80 ам.долларт хүрэх бүрэн боломжтой гэсэн судалгааг шинжээчид хэлж байна. Саяхан нүүрсний үнэ эргээд уруудах үед баруун Цанхийн нүүрсний үнийг 71 ам.доллар болгосон. Хэвлэлүүд сүүлийн үед дуулдсан цөөхөн эерэг мэдээний нэг боллоо гэж ирээд мэдээлж байлаа. Дэлхийн зах зээлийн үнэ уруудах үед нүүрсний үнээ өсгөсөн хэр нь ханш огцом өссөн өдийд зүүн Цанхийнхаа нүүрсийг 70 ч хүрэхгүй ам.доллараар худалдах яриа үүсгээд суугаа нь үнэн бол хэцүү л байна. “Зүүн Цанхи”-ийн хувьд Чалкогийн өрнөөс саллаа гэсэн хэр нь 50-иадхан ам. доллараар нүүрсээ зарсаар байвал баруун Цанхийн нүүрсийг хэн 71 ам.доллараар авах вэ гэсэн асуулт тавигдаж таарна. Хар ухаанаар бодоход, зүүн баруун Цанхи энэ тэр гэлтгүй нэг цэгцтэй бодлогоор, үнээ ахиухан тогтоохгүй бол “Эрдэнэс Таван толгой” өрөөлийг төдийгүй өөрөө өөрийнхөө борлуулалтыг хорлох эрсдэлтэй. Эдийн засаг гадарлахгүй хэн ч бодоод олчих гаргалгаа. Зэрэгцээ хоёр дэлгүүрийн нэг нь бараагаа хямдруулаад байвал хэн ч үнэтэй бараатай дэлгүүрээр шагайхгүйтэй л агаар нэг явдал.

Тэгэхээр нүүрсний зах зээл өндийж сэргэсэн, үнэ нь 300 шүргэж цойлсон энэ өдрүүдэд баруун, зүүн Цанхийн аль алиных нь нүүрсийг дор хаяж 80 ам. долларт хүргэж байж бид коксжих нүүрсний наймаанаасаа овоохон ногоон олно. Урд хөрш рүү нүүрс экспортолж буй бусад компанид ч нүүрсээ ахиу үнээр зарах боломж ингэж байж л олдоно.

ТӨМӨР ЗАМГҮЙ УЧРААС ОЛДСОН БОЛОМЖОО АХИАД АЛДАХ НЬ

Нүүрсний үнэ өөдөө гэж жигтэйхэн энэ өдрүүдэд урд хөршийн наймаачид ханасан ханш хэлж их хэмжээгээр авъя гэж дуугарсан ч дэд бүтэц гэсэн том асуудал өмнийн говьд бий. Төмөр замтай бол төлөвлөснөөсөө асар их ам.долларыг нүүрснээс олох боломж байгаа. Харамсалтай нь өнөөг хүртэл төмөр замын төсөл дэмий яриа, хоосон улстөржилтөөс хэтэрсэнгүй. Нэг тонн коксжих нүүрс 330 ам.доллар давж өссөн Австралийн их үерийн үеэр яг ийм шалтгаанаар бид нүүрснээс өчнөөн сая ам.доллар олох боломжоо алдаж байв. Өнөөдөр ч яг тэр зовлонгоо хэлээд сууж байна.

Хувийн хэвшил нь төмөр зам барья гэж дуугарсан 2008 оноос хойш төр төмөр зам дээр яаж улстөржиж, эргэж хургасныг он цагаар нь тоймлоё. Таван толгойн Ухаа худагт уурхай ажиллуулдаг “Энержи ресурс” компани төмөр замыг өөрийн хөрөнгөөр, төсвөөс нэг ч төгрөг гаргуулахгүйгээр барьж, төрд хүлээлгэн өгнө гэж анх дуугарсан түүх бий. Тэд 2009 оноос ажлаа эхлүүлээд байсан ч 2010 онд Төрөөс төмөр замын салбарт баримтлах бодлого гаргаж, гацаанд оруулсныг хэвлэлийн шарласан хуудаснаас харж болно. 2012 онд эргээд концессоор бариулахаар боллоо гэсэн шийдвэрийг төрөөс гаргаж “Энержи ресурс”-тай концессын гэрээ үзэглэж байв. Гэвч мөн ондоо концессийг цуцалж, төр өөрөө барихаар боллоо хэмээн мэдэгдсэн юм. “Энержи ресурс” эхлүүлээд байсан бүх ажлаа 2013 онд төрд албан ёсоор хүлээлгэж өгсөн нь мөн л тухайн үеийн хэвлэлийн хуудаснаа дурайж буй. 2013-2014 онд төр өөрөө төмөр зам барина гээд газар шорооны ажлыг нь эхлүүлсэн ч сүүлдээ хуурамч гүйцэтгэгч, мөнгө төгрөг идсэн уусан болоод замхарсан. Одоо ч уг хэрэг эцэслэн шийдэгдээгүй, шүүхийн түвшинд явж байна.

2014 онд УИХ-аас “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх тухай” 34 дүгээр тогтоол гаргаж, Таван толгойгоос Хятадын хил хүрэх төмөр замыг төсвийн бус хөрөнгөөр буюу ахин концессын гэрээгээр шийдэхээр болсон юм. Мөн ондоо царигийн асуудлыг төрөөс нэг мөр шийдэж, 1435 мм буюу нарийн царигтай барих дээр толгой дохисон. 2014 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын 268 дугаар тогтоолын дагуу Таван толгойд хөрөнгө оруулалт татаж, сонгогдсон хөрөнгө оруулагчийн хөрөнгөөр төмөр замын ажлыг бүрэн гүйцэтгүүлэх шийдэлд хүрсэн ч мөн л гацаанд орж таг зогссоныг уншигчид санаж байгаа байх.

Монгол гэдэг улс өнөөдөр төмөр замаа “Монголын төмөр зам” хэмээх төрийн өмчит компаниар бариулна гэж буй. Гэсэн хэдий ч хэний ямар хөрөнгөөр барих нь өнөө хэр тодорхойгүй. Голоод, хардаад байсан урд хөршөөсөө зээл авна гэсэншүү яриа үүсгээд сууж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Татвар ба Валютын сангийн хөтөлбөр

Төсвийн тодотгол батлагдах нь тодорхой болчихлоо. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахаас аргагүй нөхцөл үүссэн учраас тэгэх ёсгүй, ингэж учиргүй гэж улстөржих хэтээсээ илүүц л дээ. Ерөнхий сайдын хэлж байгаачлан Валютын сангийн хөтөлбөрийг хэрэгжүүлээд эхэлбэл Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк тэргүүтэй олон улсын банк санхүүгийнхэн бидэнд үүдээ нээнэ, урсгал нь татраад амь тавих гэж буй гадаадын хөрөнгө оруулалтын талаар таатай мэдээнүүд дуулдаж эхэлнэ. Гүйцэтгэх засаглалын тэргүүн чуулганы хуралдааны үеэр гишүүдэд “Дэлхийд тэргүүлэгч олон улсын банк, санхүүгийн байгууллагууд манай дотоодын санхүүгийн зах зээлд орж ирснээр Монголын нэр хүнд өсөх, төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх боломж нэмэгдэх, хямд өртөгтэй эх үүсвэрийг дотоодын аж ахуйн нэгжүүдэд олгох, цаашлаад урт хугацааны хөгжлийн зээл, төгрөг-юанийн своп хэлцлийн хэмжээг нэмэгдүүлж, хугацааг сунгахад эерэг нөлөө үзүүлсээр ирсэн. Цаашид ч энэ байдал хэвээр хадгалагдана” гэсэн тайлбар хийнэ лээ. Санал нэг байна, ийм боломжууд бидний өмнө нээгдэх нь үнэн. Товчхондоо Валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс аргагүй шалтгаан нэгэнт үүсчихсэн. Хөтөлбөрт хамрагдахаас өөр гарц бидэнд байхгүй.

Гэхдээ “Юманд учир суманд гичир” гэж үг бий. Валютын сангаас ногоон авах зорилготой төсвийн тодотгол нэг л биш гэдгийг дээр, дооргүй шүүмжилж байна. Наад захын жишээ гэхэд баргийн дарамтыг тэвчээд өнгөрдөг бизнес эрхлэгчид нэгдэж тэмцэхээ дуулгалаа. Тэднийг төлөөлдөг Худалдаа аж үйлдвэрийн танхимын зүгээс мэдэгдэл гаргачихлаа. Компанийн эзэд төсвийн тодотголыг энэ хэвээр нь баталбал татвараа төлөхгүй шүү гэдгээ хугацаа зааж байгаад зарлав. Нэмэгдсэн татвар төлж нуруугаа авахуулснаас татвар төлөөгүйнхээ төлөө торгуулдаг хоногийн 0.01 хувийн алдагдлыг төлсөн нь дээр гэж үзэж байгаа бололтой. Арга чаргатай бол хэн ч илүү мөнгө алдаж алданги төлөх гарц сонгохгүй. Аргагүйдээд сонгосон гарц болов уу гэж харагдаж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл дан ганц компаниудад ачаа болохгүй. Авдаг хэдээ байрны лизингдээ бараад дуусч буй иргэдэд дарамт нэмэх учраас үйлдвэрчний эвлэл бас дуугүй суусангүй. Нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвараар оролдох юм бол ажил хаялт зарлана гэчихлээ. Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын татварыг нэмэх санал гаргасан төр зардлаа хэдэн зуун тэрбумаар өсгөсөн учраас энэ удаагийн тодотгол “хэрүүлийн алим” болсон хэрэг.

Энэ удаагийн тодотгол Валютын сангийн даалгавраар гэсэн тамгатай болохоор Сангийн сайд ам бардам “Валютын сан ингэж даалгасан учраас бид төсвөө ингэж тодотголоо” гэсэн тайлбар хийж сууна. Валютын санд орох сураг бидэнд “Сезам хаалгаа нээ” гэдэг шиг л сонсогдсон. “Али Баба ба дөчин дээрэмчин” дээр ингэж хэлэхээр эрдэнэс нуусан агуйн үүд нээгддэг дээ. Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлбэл бидэнд “эрдэнэсийн үүд” нээгдэнэ. Валютын сангийн амлаж буй 440 сая ам.доллараас гадна Япон, Солонгос, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас гурав орчим тэрбум ам.доллар орж ирнэ. Нийтдээ таван тэрбум гаруй ам.долларын сураг дуулдаж буй. Хамгийн түрүүнд ам.долларын ханш суларч, төгрөг чангарна гэсэн сайн мэдээ бий. Валютын ханшийн галзууралгүй орчин гэдэг бол бизнес хийх таатай суурь гэх мэт эерэг тайлбарууд дуулдаад эхэлчихсэн. “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн тухайд Олон улсын валютын сантай хамтран хэрэгжүүлэх зургаа дахь хөтөлбөр. Хугацаа нь 36 сар. Харьцангуй урт хугацаатай, хүү багатай гэсэн давуу талтай. Гэхдээ “Үнэгүй бяслаг хавханд бий” гэдэг шиг энэ их мөнгө бидэнд зүгээр ирэхгүй. Товчхондоо хариуд нь төлөөс өгөх учиртай мөнгө.

Тэтгэвэрт гарах нас маань нэмэгдэнэ, дээр дурдсанчлан нийгмийн даатгал, хувь хүний орлогын албан татвар өснө. Мөнгө нь хэрэгтэй ч татвараа нэммээргүй байдаг. Шуудхан хэлэхэд хүсэл, хясал зэрэгцчихээд байна. Энэ талаас нь харахаар УИХ-ын гишүүд төсвийн тодотголыг нэгэн дуугаар батлахгүй нь эхнээсээ л тодорхой байсан. Төрийн өмчийн компаниудаа ашигтай ажиллуул, алдагдалтайг нь хувьчил гэх мэтээр төр өмчийнхөө компаниудад шударгаар, зах зээлийн зарчмаар хандах хэрэгтэй гэж дуугарсан гишүүн цөөнгүй байлаа. Энэ талаар нэлээд жинтэй үг хэлсэн нь Л.Энх-Амгалан гишүүн. Түүний “Өмч хувьчлалын орлогыг төсвийн орлогод бүртгэхгүй байгааг дэмжихгүй. 100 гаруй төрийн өмчит компани бий. 11.3 тэрбумын алдагдалтай ажилласан. 2012 онд 187 тэрбумын ашигтай ажилладаг байсан. Хувьцаа эзэмшигчдэдээ 8.4 тэрбумын ногдол ашиг хуваарилдаг байсан ч одоо 1.5 тэрбумын ногдол ашиг хуваарилсан. Төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжид 2012 онд 40300 хүн ажилладаг байсан бол өнгөрсөн онуудад 455618 болж нэмэгдсэн. Ялсан намын компани болж хувирдгийг нь болиулъя. Удирдлага, менежмэнтийг цоо шинэ шатанд гаргаж ирэх ёстой. 10 их наядын хөрөнгөтэй компани байдаг ч өгөөж нь тэг” гэсэн үг анхаарал татаж байв.

Гишүүдийн шүүмжлэлд өртсөн өөр сэдвүүд гэвэл хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдэл ба тэтгэврийн нас, нэмэх нь төрийн тансаглал. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн төслийг дэмжихгүй. Хувь хүний орлогын албан татвар нь хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг бүлгийнхэнд хамаарч байгаа. Хоёр ч төрлийн татвар нэгэн зэрэг нэмэгдэх болж байна. Ингэвэл иргэдэд дарамт нэмэгдэнэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Тэтгэврийн насыг 65 хүргэхээр хатуу хуульчлан тогтоосноос сонголтыг нь өгчих. Хүссэн нь 60 насандаа тэтгэвэртээ гараг, цааш ажиллая гэсэн нь 65-тайдаа тэтгэвэртээ гарч болно” гэж байв. Монгол компаниудын дундаж нас арав гэсэн судалгаа байдаг юм билээ. Арван жил ажиллаад дампуурдаг, алга болдог нь олон гэсэн үг. Тэгэхээр тэтгэврийн нас нэмэгдвэл хувийн хэвшилд ажилладаг хүмүүс хохирч таарна. Төрд ажиллагсдад халгүй ч олонхи иргэдэд халтай заалт гэдгийг эндээс төвөггүй харчихаж болж байна. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх асуудал дээр УИХ-ын гишүүн Х.Баделхан “Эдийн засаг хүндрэлтэй үед дарамт учруулна. Үйлдвэр аж ахуйн газрууд хүнд байдалд байгаа учраас анхааралтай хандах хэрэгтэй. Төсвийн байгууллагад хүндээр нөлөөлөхгүй. Уул уурхайнханд том нөлөө үзүүлэхгүй. Хөнгөн үйлдвэрийнхэнд хүнд тусна” гэж байр сууриа илэрхийлж харагдсан. Эдийн засгийн үзүүлэлтүүд дажгүй байхад татвар нэмэхээс өөр арга алга гэж мөрөө хавчих нь буруу гэх шүүмжлэл ч давтамжтай дуулдсаныг дурдахгүй өнгөрч болохгүй.

Төрийн тансаглалыг шүүмжилсэн гишүүдийн нэг нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат. Д.Эрдэнэбат гишүүний “Төрийн зүгээс хувийн унаа, агентлагийн дарга нараа хасахгүй байж, татвар нэмж, иргэдийн нуруун дээр ачаа тохохоо боль” гэсэн шүүмжлэлд Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Та бүхний тавьсан өр. Одоо матрын нулимс унагаж, ард түмэнд худлаа хайр зарлаад яах вэ” гэсэн хариу өгнө лээ. Сангийн сайдын хувьд хэтэрхий улстөржсөн жижиг хариулт өглөө энэ тэр гээд шүүмжилж болж л байна. Тэтгэврийн нас нэмлээ гэх шүүмжлэлд “Олон улсын жишгээс тэтгэврийн насаараа хоцрох гээд байна” гэсэн хариу өгснийг нь сонсоод “Олон улсын жишигт хүрэхээр амьдрах, ажиллах, бизнес хийх орчин бүрдүүлж өгсөн бил үү” гэх мэтийн тайлбар өгмөөр санагдсан. Гэхдээ одоо Сангийн сайдыг ийм тийм гэж шүүмжилж, чи, би гэж улстөржиж суух цаг биш.

Төр нь хасмаар тансаглалаа танаж, татвар дээр бизнес эрхлэгч, жирийн иргэдээ туйлдуулчихгүй шиг ухаалаг хандаж, хуучин машин гэх мэт улс даяар нөлөөлөөд байхааргүй татварууддаа анхаарч, аль аль талдаа хохирол гомдол багатай хувилбарыг олоод урагшлахаас өөр зам бидэнд байхгүй.

Валютын сан шаардсан учраас төсвийн тодотголоо ингэж хийхээс өөр гарц олдсонгүй гэсэн тайлбарыг засгийн зүгээс өгч байгаа. Яг үнэндээ эрх баригчид өнөөг хүртэл валютын сан яг ямар шаардлага тавьсныг цагаан дээр хараар бичсэн баримт, нотолгоотой нь хэнд ч харуулаагүй. Валютын сангийнхны тухайд үрэлгэн зардлаа тана, нэмж болох татвараа өсгөх ч юм уу, ямар нэг аргаар төсвийнхөө орлогыг өндөр болго гэсэн ерөнхий чиг өгсөн байх. Лав л төрд зардлаа хэдэн зуун тэрбумаар өсгө гэж зөвлөөгүй болов уу. Дахиад хэлэхэд аль аль талдаа учраа ололцох зам л бидэнд үлдсэн. Мэдэгдэл гаргаад байгаа бизнес эрхлэгчдээс голлох хэдийг нь сонгоод валютын сангийнхантай хэлэлцээрийн ширээний ард сууж яагаад болохгүй гэж. “Төрийн ордонд суугаа тансаг амьдралтай улстөрчид Баянхошуунд зүдрүүхэн амьдардаг Дулмаагийн амьдралыг ойлгохгүй байна” гэж ирээд шүүмжилдэг шиг ОУВС-гийн эдийн засагчдад Монгол гэдэг улсын дотоод зовлон үнэндээ хол сэдэв. Тэр зовлонг нь хэлэх хүмүүсээ хөтөлж аваачаад валютын сангийнхантай уулзуулчихад болохгүй юмгүй. Энэ мэт бодитой гарц олж чадахгүй, хөнжилдөө хөлөө жийлцээд байвал өнөө гоё “Сезамын хаалга” эргэж нээгдэхгүйгээр хаагдана. Хаагдчихвал дампуурлаа зарлахаас өөр сонголт бидэнд үлдэхгүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр нь бизнес хийх гэж зүтгэдэггүй улс л хөгждөг

Уул уурхайгаараа хөгжсөн Австрали, Канад гэх мэт улсын эрдэс баялгийн компаниуд бултаараа хувьд харьяалагддаг.

Ганц уул уурхайгаа биш бүх л салбараа хувийнханд даатгадаг. Австралийн тухайд баялгаа ашиглаж эхлэх үедээ манайхан шиг “төр уул уурхайн бизнест оролцох ёстой” гэж зүтгэсэн юм билээ. Сүүлдээ хувьд өгсөн нь зөв гэж шийдээд өнөөгийнхөө хөгжлийг бүтээсэн гэдэг. Манайхан улстөрчдөө анддаггүй, өнөөдүүлээ дагаж хуйлардаг бол америкчууд тэрбумтнуудаа, баялаг бүтээгчдээ хүндэтгэдэг том ялгаа бас байна. Билл Гейтсийн үг Конгрессын гишүүний байр сууриас жинтэй сонсогддог. Ирээдүйн эрчим хүч гэх мэт ухаалаг төслийг тэрбумтнууд нь санаачилж хэрэгжүүлдэг учраас тэр.

Төр нь баячуудаа хүчирхэг болоход дэм өгсөн учраас ухаантай улсын том бизнесмэнүүд өнөө маргаашийн таван төгрөг биш улс орон, бизнесийнхээ ирээдүйг харж илүү хол алхаж чаддаг. Хувийн хэвшилтэйгээ өрсөлдөж бизнес хийнэ гэж зүтгээгүй засагтай улсын хөгжил өндрөө авсан жишээ дэлхийн түүхэнд өчнөөнөөрөө бий. Төрийн бизнес дэх ганц гол үүрэг бол татвараа бүрэн авч, төсөвт төвлөрсөн тэр их мөнгөөр хувийнхны хөрөнгө оруулах боломжгүй нийгмийн чанартай төслүүдийг хэрэгжүүлэх.

Мэдээж онцгой тохиолдолд томоохон дэд бүтцийн хөрөнгө оруулалтын санхүүжилт төрийн халааснаас гарахаас өөр аргагүй. Хувиараа бизнес эрхлэх боломж хүн бүрд нээлттэй, компаниуд нь том төсөл ярих хэмжээний цар далайцтай болох уг нь тийм хэцүү эд биш. Төр мөнгө их олдог салбарт хувийнхантай өрсөлдөж компани байгуулдгаа больчих хэрэгтэй байгаа юм.


Categories
мэдээ цаг-үе

Д.Жаргалсайхан: Монголын төр бизнесээсээ томорсон учраас эдийн засаг унах гээд байна

Эдийн засагч Д.Жаргалсайхантай ярилцлаа.


-Эдийн засгийн орчин ямар байна вэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-Эдийн засгийн орчин ямар байвал хамгийн сайн бэ гэдгийг эхлээд ярих нь зүйтэй болов уу. Эдийн засаг гурван зүйлээс бүтдэг. Эхнийх нь төр. Төр өөрөө ажил олгогч. Зам, газар гээд нийтийн хэрэглээний хөрөнгө оруулалт хийгч. Үүнийг төрийн худалдан авалт гэдэг. Төрийн худалдан авалт ихэнхдээ татварын орлогоос бүрддэг. Хоёрдугаарх нь бодит хэрэглээ. Хувийн салбарын, хувь хүний, компаниудын худалдан авч буй хэрэглээ. Гуравдугаарх нь хувийн салбарын хөрөнгө оруулалт. Энэ гурвын нийлбэр нь дотоодын нийт бүтээгдэхүүн. Дээр нь гадаад худалдааны тэнцэл нэмэгддэг. Энгийнээр тайлбарлавал экспортоос импортыг хасаад гарсан зөрүү. Сая дурдсан дөрвөн зүйлийн тухайд систем учраас өөр өөрийн харьцаатай байж явах учиртай. Энэ дөрвийн харьцаа ямар вэ гэдгээс эдийн засгийн орчин хэр байх нь хамаарна.

-Төр, хэрэглээ, хувийн салбарын хөрөнгө оруулалт гурвын харьцаа ямар байвал эдийн засгийн таатай орчин бүрдэх вэ?

-Улс орон хэр зэрэг хөгжсөн, эдийн засаг нь ямар салбар дээр тогтдог вэ гэдгээс хамаараад харьцаа нь бага зэрэг өөр өөр байдаг. Гэхдээ төрийн хэрэглээ өнөөдүүлээсээ бага байх ёстой.

-Манайд бол эсрэгээрээ юм байна. Төр нь хэтэрсэн хэрэглээтэй, бизнест оролцох өндөр сонирхолтой, тэгж ч чаддаг, чадахынхаа хэрээр саад болдог…

-Санал нийлж байна. Төр эдийн засгийн тал нь болчихсон. Зээл аваад байгаа учраас улам томроод байна л даа. Төрийн оролцоо хэт их гэсэн шүүмжлэлийн эхний том шалтгаан нь энэ. Хоёрдугаарт, төрд бусдаасаа ялгаатай нэг чадвар бий. Төрөөс өөр хэн ч татвар авахгүй. Төр өндөр татвар авч томрохын хэрээр өнөөдүүл нь жаахан болчихдог.

-Хэрэглээ, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт багасна гэж үү?

-Тийм. Хэрэглэх, хөрөнгө оруулах юмыг нь татвар гээд авчихаад байгаа учраас багасч, жижгэрэхээс аргагүй л дээ. Төр татвар авна гэдэг нь нийгмийн хэрэглээг багасгаж буй хэрэг. Хувийн компаниудын хөрөнгө оруулалтыг ч багасгаж байна.

-Татвар өндөр гэсэн шүүмжлэлийг бизнес эрхлэгчид жижиг, томгүй хэлдэг. Татварт хамгаа тавиад туугаад байгаагийн цаад шалтгаан нь таныхаар юу вэ?

-Төрд байгаа хүмүүс мэдлэггүй, ойлголтгүй байна. Үүнээс гадна санаатайгаар, өөрөө л сонгогдож байвал бусад нь хамаагүй гэсэн хандлага ч тод анзаарагддаг. Төр гадаадаас зээл аваад өөрийгөө томруулаад байсан. Мөнгө орж ирэх хэрээр эдийн засаг том харагдах нь ойлгомжтой. Өнөөг хүртэл тэгж харагдаж байсан шүү дээ. Гэтэл авсан өрөө төлье гэтэл өнөө мөнгө нь алга болчихсон. Төр мөнгөгүй гэдэг нь тодорхой боллоо. Уугаад идчихсэн хэрэг. Гарцгүй болоод ирэнгүүтээ хэрэглээ, хувийн хөрөнгө оруулалт хоёр руугаа орж байгаа юм. Цээж нь, толгой нь томроод л байна. Хөл нь жил ирэх бүр жижгэрээстэй. Эдийн засаг уначих гээд байгаа нь ийм учиртай. Эдийн засгийн таатай орчинтой улс байя гэвэл компаниудынх нь бизнес сайн байх учиртай. Бизнес сайн гэхээр борлуулалт дажгүй байж таарна. Борлуулалт сайн байх шалтгаан нь худалдан авагч. Худалдан авагчид олон, бүтээгдэхүүн худалдаж авах хэмжээний орлоготой үед бол борлуулалт сайн байна. Мэдээж худалдан авагчдын хэрэгцээтэй зүйлийг үйлдвэрлэж байж компаниуд ашигтай ажиллана. Миний үйлдвэрлэдэг юмыг та үйлдвэрлэдэг байлаа гэж төсөөлье. Тантай өрсөлдөхийн тулд би чанар, үйлчилгээндээ анхаарна. Бид хоёрын дунд тийм шударга өрсөлдөөн байгаа бол эдийн засгийн орчин эрүүл саруул гэсэн үг.

-Шударга өрсөлдөх орчин байхгүй гэсэн том зовлон манайд бий шүү. Шалтгаан нь юундаа байна аа?

-Шалтгаан нь ойлгомжтой. Би шийдвэр гаргагчидтай ойр дотно, миний хүн тэнд байгаа бол би танаас түрүүлж мэдээлэл авч байна. Хоёрдугаарт надад нэг боломж бий. Хөнгөлөлттэй зээл тусламж, хандив зэрэг янз бүрийн дэмжлэгийг танил талтайгаараа мөн л би түрүүлж авч байна. Ийм нөхцөлд та яаж ч хичээгээд надтай өрсөлдөж чадахгүй. Яагаад гэвэл миний зардал хамаагүй хямдхан. Учир нь та бид хоёрын зардлын суурь өртөг нь банкны хүү. 16 хувийг банкинд өгөөд өөрөө таван хувийн ашиг гаргадаг бизнес гэж одоо цагт оршин тогтнох боломжгүй. 20 хувийн ашигтай бизнес хаана байгаа юм. Хоол унд гэх мэт хэдхэн бизнес л бий.

Энэ өрсөлдөөн дээр орон даяар акцент хийсэн учраас хүмүүс төр засаг руу шилжчихсэн хэрэг. Тэгэхээр төр нь томроод, хүмүүсийн бүтээе өрсөлдье гэсэн уур амьсгал алга болж, төрөөс юм авъя гэсэн хандлага руу орчихоор эдийн засгийн орчин уначихаж байгаа юм.

-Манай төр бизнес хийх дуртай. Уул уурхай гэх мэт ашиг ихтэй салбарт аль болох олон компанитай байх сонирхолтой, үйлдвэрүүдээ өөрөө барина гэж дайрдаг буруу зантай. Монгол гэдэг улс хөгжихгүй байгаа том шалтгаан энэ гэвэл та хүлээн зөвшөөрөх үү?

-Ер нь тийм. Төр болж өгвөл бүхнийг авчих гээд байгаа юм. Жишээ хэлье. Саявтар Ханбогдод зэс хайлуулах үйлдвэр барина гэсэн шийдвэр гаргачихлаа. Төр барих нь л дээ, янз нь. Урт хугацааны, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийгээд ашиг нь хэзээ буцаж нөхөгдөх нь тодорхой биш эрсдэлтэй зүйлд төр цэцэрлэг, сургууль барих мөнгийг зарж болохгүй. Нийгэмтэй хамаатай хөрөнгө оруулалт бол төрийн үндсэн үүрэг. Манай дарга нар гадаадад очоод бид тийм юм барина, ингэнэ тэгнэ гэдэг. Толгойд нь хувийнх нь компани байна уу, төр байна уу гэдэг нь одоо хүртэл ойлгомжгүй санагддаг юм. Ойлгодоггүй.

-Та яг голыг нь олоод хэлчихлээ. Шийдвэр гаргагчдыг анзаараад байх нь ээ, хувийнхаа компанийн төлөө ажиллаад байгаа нь илт анзаарагддаг тохиолдол олон шүү…?

-Зарим тодорхой төслүүд дээр хувийн компани байна уу даа гэж би харж байгаа. Жишээлбэл тавдугаар цахилгаан станц. Арван жил боллоо. Арван удаа шав тавилаа. Том төслүүдийн тухайд төр засаг солигдох тусам нэг төслийг мартагнуулж байгаагийн гол шалтгаан бол тухайн даргын толгойд хувийн компани нь юм уу, түншийнх нь компани яваад байна. Би тэгж харж, ойлгож байгаа. Тийм учраас өмнөх түүхийг нь, өмнө нь хийсэн ажлыг арилгаад өөрөө хийх гэж үздэг. Монголын төр засаг, Засгийн газар дунджаар нэг жилийн настай юм шүү дээ. Ганцхан жилийн дотор дарга болж сурч ч амжихгүй байна. Тэгээд л хамаг юм солигддог. Бид ардчилсан зах зээлийн нийгмийг зүг чигээ болгосон. Ардчилсан чөлөөт зах зээлийн нийгэм байгуулъя гээд явж байгаа. Чөлөөт зах зээл гэдэг бол өрсөлдөөн, чөлөөт үнэд суурилсан байдаг. Гэтэл төр томроод, бүхнийг мэддэг амьтан болоод хувирчихлаа л даа. Төр хичнээн бүгдийг мэддэг лут амьтан боллоо ч гурван сая иргэнээс илүүг мэддэг байж таарахгүй. Гурван сая хүнд гурван сая толгой, зургаан сая нүд бий. Төр томроод ирэнгүүт хэт үнэтэй байна гээд үнэ тогтоож эхэлсэн. Монголын эдийн засгийн дампуурлын суурийг үнэ тогтоохтой цуг эхэлчихсэн юм. Социализм үнэ тогтоосоор байгаад сөнөсөн. Ямар ч үнийг төр урт хугацаандаа тогтоож чаддаггүй, тийм боломж ч байхгүй. Хамгийн том жишээ гэвэл ипотек, шатахууны үнэ байна. Шатахууны үнэ тогтооно гээд импортолж байгаа компаниудтай нь тухайн үеийн төрийн эрх мэдэлтнүүд ширээн доогуур, дээгүүр тохиролцсон. Хөнгөлөлттэй зээл өгч, татвараас чөлөөлөөд үнээ барь гэчихсэн. Дэлхийн үнэ буурчихсан үед энэ шийдвэр шатахуун импортлогчдод найр боллоо л доо. Хутга тавихгүй мах идэж, хундага тавихгүй архи уусан. Дэлхийн үнэ гурав дахин унасан байхад “Үнээ барь гээ биз дээ дарга аа” гэсээр өнөөдөртэй золгосон. Дэлхийн зах зээлийн үнэ нэмэгдэнгүүт одоо бид барьж чадахгүй гэж байгаа юм.

-Яагаад зарим бизнес ийм онцгой инкубаторт байна вэ гээд харахаар төртэй хамаатай бизнес учраас гэсэн хариу гардаг. Шатахуунаас гадна тариа, будаа гурил гээд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бизнес ч төрөөс мөнхийн татаастай. Төрд байгаа хүмүүсийн хувийн сонирхол энэ салбарт байна гэсэн хардлага дээр та ямар байр суурьтай явдаг вэ?

-Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд шатахуунтай адил зарчмаар явж байгаа. Гурил хийнэ гэдэг гаднаасаа бол сайхан ажил. Гоё харагддаг. Гэхдээ яг таны гэрт очдог гурилын бодитой зардал хэд вэ гээд харахаар танд өгч буй үнээс өндөр байгаа юм. Үнэгүй өгсөн түлш шатахуун бүтээгдэхүүний үнэд тооцогддоггүй. Гаднаас үр тариа авч чадахгүй бол өлсөж үхэх учраас гэдэг утгаар нь харвал хэрэглээн дээр нь татаас өгөх ёстой. Авч чадахгүй хүнд нь өгөх ёстой болохоос бүгдэд нь өгөх учиргүй. Ингэж өгөх нь энэ бүхнийг зохицуулсан яам, газар, дарга удирдлагуудад ашигтай. Тэд өөрсдөө энэ бизнес рүү орчихсон хэрэг. Энэ хүмүүс тухайн бизнесийн монополиуд нь болсон учраас тэр л дээ. Элеватор, талбайг нь авчихсан, нийлүүлэлтийг нь өөрсдийнх нь компани хариуцаж байгаа. Ингэж бодлоготойгоор зохион байгуулагдсан авлигаас болоод бид өнөөдөр ийм намганд орчихсон.

-Зэс хайлуулах, газрын тос боловсруулах гээд хөгжилд нөлөөлөх том төслүүдийг төр өөрөө хэрэгжүүлэх гэж зүтгээд гацаагаад байна л даа. Төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх ёстой төслүүд гэж байх уу?

-Нобелийн шагналт эдийн засагч Жеймс Макгилл Бьюкенен гэж хүн байсан юм. Би тэр хүнтэй уулзаж байсан. Тэр хүн “Төр хамгаалах бүтээх гэсэн хоёр үүрэгтэй” гэж хэлсэн байдаг юм. Хамгийн гол нь хамгаалах. Төр хүний аюулгүй байдал, амь нас, эрх, хөрөнгийг хамгаалдаг. Учир нь хүн үүнийгээ өөрөө хамгаалж чаддаггүй юм байна л даа. Төр байгуулагдсан гол шалтгаан нь ерөөсөө энэ. Хувь хүн хийж чадахгүй хэдэн юм бий. Тухайлбал нийгмийн дэд бүтэц. Төрийн бүтээх үүргийн нэг жишээ нь зам. Зөв явъя гэвэл төр бүгдийг хүнээр хийлгэх хэрэгтэй. Татвар авах нь л төрийн үүрэг. Хамгийн эхэнд хамгаалах гурван зүйлээ л хийх ёстой. Хувийн сектор хийж чадахгүй зэр зэвсгийн гэх мэт үйлдвэрийг төр хийхээс өөр аргагүй. Төр бүтээх, хамгаалах ажлаа хийснийхээ дараа нь өөр зүйл рүү орох учиртай. Төр зэс хайлуулах шаардлагагүй. Онгоцтой байх хэрэггүй. Харин онгоцны буудлыг бол барьж болно. Төмөр замын замыг нь барьж болно, дээр нь явах зүйл төрд хамаагүй. Дээр нь үйл ажиллагаа явуулж буй компаниуд сөнөнө үү, мандана уу төрд падлийгүй. Харин төмөр замын хоёр компанийн нэг нь нөгөөгөө сөнөөхөөр оролдвол хөрөнгийг хамгаалах үүргийнхээ дагуу төр зогсоох ёстой. Төр ямар үүрэгтэй болох, 27 жилийн өмнө бид ямар нийгмийг сонгосон, хаашаа хүрэх гэж байгаагаа өнөөдөр мартсан нь харамсалтай. Гэтэл төр үндсэн үүргээ “Намайг ахиад сонгох ёстой” гээд бодчихсон явж байна.

-ОУВС-гийн шаардлага нөхцөлүүдийг эрх баригчид хүлээгээд авчихлаа. Иргэдэд, компаниудад ачаа болсон хатуу нөхцөлүүд хэрэгжих нь дээ…?

-Бид намагт орчихлоо гэж түрүүн хэлсэн дээ. Одоо биднийг энэ намгаас татаж гаргах зүйл хэрэгтэй. Татаж гаргах хүмүүс нь саяын нөхцөлүүдийг тавьсан. Ийм нөхцөл тавихад та бид хоёрын түрүүн ярьсан зүйл бас нөлөөтэй. Татвараа аваад зээлд хамрагдах нь тодорхой болж байна. Татвар авах хэмжээгээр компаниудын хөрөнгө багасна гэдгийг ойлгохгүй байна. ОУВС-тай, өөр зуураа ч ярихгүй яваа нэг том зүйл бий. Өмнө нь авсан мөнгө хаачсан бэ гэдгийг ярихгүй байна л даа. Тэр мөнгө хаашаа орсон тухай хөндлөнгийн тайлан алга. Бондын мөнгө хаачсан бэ, зээлээр авсан мөнгийг хэн авав гэсэн асуултын хариу хэрэгтэй. Өгөөжтэй, өгөөжгүйгээр нь ялгах учиртай. Хэзээ ч зам барьж байгаагүй компани барина гэж бөөн мөнгө аваад замын компанийг гуйгаад явж байх жишээний. Бондын мөнгийг яаж зарсны наад захын жишээ. Зуучилсан хүн нь, өгсөн хүн нь хувиа авдаг. Үүнийг авлига гээд байгаа юм. Харамсалтай нь бид энэ талаар ярихаас хэтрэхгүй байна. Иргэд сонсоод л өнгөрч байна. Удахгүй биеэрээ мэдрэхээрээ хэлж яриад эхлэх байх. Авдаг цалингийнхаа 30 хувийг алга болсны дараа ойлгох болов уу. Ардчилсан нийгэмд энэ мөнгө хаана байна, ил тод болгооч гэсэн шаардлагыг иргэд нь тавьдаг. Тэгж сураагүй, чадаагүй цагт Монгол Улс ядуу хэвээрээ байна гэдгийг өнөөдөр зарим нь ойлгосон. Ойлгоогүй нь тэс хөндлөн юм шаардаад явж байна. Ихэнх нь мэдлэггүйгээсээ, гүнзгий ойлгоогүйгээсээ болж ингэж яваа.

-ОУВС-гийн татвараа нэм гэсэн шаардлага компаниудад ачаа болох нь тодорхой. Уг нь алдагдалтай ажилладаг төрийн өмчийн компаниудаа хувьчлах гэх мэт төрөөс өөрөөс нь хамаарах гарцууд харагдах юм. Татвар нэмэхээс өөр ямар арга гарц байна вэ?

-Төрийн бизнесийн оролцоог эрс багасгах ёстой. Төрийн аппаратын брюкрат системийг хямдхан, жижигхэн болгох учиртай. Дэд сайд гэх мэт дэмий албан тушаалуудаа болимоор байгаа юм. Ингэж чадвал өчнөөн мөнгө хэмнэнэ. Төрийн нэртэй бүх компанийг хувьчилж хувийн секторт өгөх хэрэгтэй. Гэхдээ хувьцаат компани хэлбэрээр.

-Уул уурхайн салбарт төр зайлшгүй оролцох ёстой гэдэгтэй та санал нийлэх үү?

-Уул уурхайд төр оролцох зайлшгүй шаардлага байхгүй. Төрийн хамгийн өгөөжтэй хийж чадах зүйл бол зам. Замыг манайх шиг ядуу улс 30, 40 жилийн дэд бүтцийн зээлээр барих хэрэгтэй. Дэлхийгээр дүүрэн зээл байна. Надад өгөхгүй, гэхдээ төрд бол өгнө. Учир нь Монгол гэдэг улс 30, 40 жилийн дараа алга болохгүй. Их мөнгөтэй, зориулалтын сантай газарт жилийн нэг, хоёрхон хувийн хүүтэй дөчин жилийн хугацаатай зээл асуудал биш. Өөр зүйлд төр оролцох ямар ч шаардлага байхгүй. Зам бариад л болоо. Бусад салбарт төр оролцох ёстой гээд байгаа нь цаанаа ганцхан шалтгаантай. Төрд ороод баяжъя гэсэн мөрөөдөлтэй, баяжиж чадаад байгаа, үе дамжаад хөрөнгөжиж буй хүмүүст л ашигтай эд. Төрийн мөнгөөр хийсэн зүйлийн тайланг гаргадаггүй, иргэд нь мэдлэггүй, идэвхгүй, хоосон ярихаас хэтрэхгүй газарт л авлига цэцэглэдэг.

-Энэ янзаараа яваад байвал алсдаа яах бол?

-Авлига цэцэглэхийн хэрээр нийгмийн тэгш бус байдал гүнзгийрнэ. Удлаа гэхэд хорь, гучин жил үргэлжилнэ. Эцэстээ зад үсэрнэ. Хүмүүс тэвчихээ байгаад босоод ирнэ. Тэр цагт мөнгөтэй боломжтой хэсэг нь хөрөнгөө аваад гараад явчихсан байна. Арчаагүй хэд нь үлдэнэ гэсэн үг. Нэг бол шашнаараа ялгарч байлдана, эсвэл үлдсэн ганц дарангуйлагчаа ээлжилж магтаж, мөргөж амьдарна. Ийм байдалд хүрсэн улс орон өчнөөн. Бид тэр зүг рүү хурдтай гэгч нь явж байна. Баялгийг бүтээж хүртдэг болохоос түрийвчээ даллаад авдаггүй. Гэтэл өнөөдөр иргэд түрийвчээ даллаад авч болно гэж бодоод байна л даа. Харанхуй, унтаа байна. Хоёр унтаа хүн бие биенийгээ сэрээдэггүй юм. Нэг нь сэрсэн байж нөгөөгөө сэрээнэ. Түнэр харанхуйд хэн нэг нь түрүүлж гэрэл асаах ёстой биз дээ. Би тийм байхыг хичээж байна. Хүн бүр л хичээх ёстой. Сэрчихээд чимээгүй яваа хүн олон байгаа нь харамсалтай.


Categories
мэдээ цаг-үе

Австралийн үер бидэнд боломж олгох уу?

2011 оноос хойш болж байгаагүй асар хүчтэй хар салхи Австралийн нүүрсний үйлдвэрлэлийн гол бүс гэгддэг Куинслэнд мужийг дайраад эхэллээ. Шуурга ид үедээ 300 км/цаг хүрэх учир маш аюултай гэгдэж буй. Тус улсын Засгийн газраас иргэдийг нүүлгэн шилжүүлэх, хоргодох байраар хангах ажлыг зохион байгуулж байна. Гэвч эртнээс мэдээ авч, бэлдсэн учир эрсдэл харьцангуй бага учирч байгааг онцлох учиртай. Одоогийн байдлаар нэг иргэн нас барсан гэх мэдээлэл бүртгэгдээд байгаа юм. Эрдэс баялгийн шинжээч Л.Наранбаатар “Австралийн зүүн эрэгт хэд хоногийн өмнөөс сануулж байсан далайн хар шуурга эхэллээ. Маш хүчтэй шуурга тус улсын нүүрсний нөөц, олборлолтын гол цөм болсон Куйнсланд мужийн Бовен Бассэйнийг ниргэж байна. 2011 онд айхтар шуурга болсноос энэ бүсийн нүүрсний уурхайнууд үерт автаж, коксжих нүүрсний үнэ 400 ам долларт хүрч өсч байв” гэж нүүр хуудсандаа постолсныг онцолъё.

Өчигдөр буюу мягмар гаригт шуурганы гол хэсэг дайрч өнгөрнө гэсэн мэдээлэл цацагдаж байсан. Гэхдээ энэ долоо хоногийн турш Куинслэндэд хүчтэй бороо тасралтгүй орно гэх мэдээллийг цаг уурчид өгч байгаа юм. Энэ мэдээллийг урьдчилж авсан нүүрсний том уурхайнууд эртнээс бэлдэж, уржигдраас эхлэн уурхайнуудаа түр хугацаагаар зогсоогоод байна. Тухайлбал, BHP Bil­liton, Glencore компаниуд тус бүр 1-2 уурхайгаа түр зогсоосныг дэлхийн хэвлэл мэдээллийнхэн онцолж эхэллээ. 2011 онд тохиосон Австралийн үерээс болж уурхайнуудын бүх дэд бүтэц эвдрэн зогсч, коксжих нүүрсний үнэ 300 ам. долларт хүрч тэнгэрт хадаж байлаа. Түүнээс хойш Австралийн уурхайнууд энэ тал дээр маш их бэлтгэлтэй, эрсдэлийн тооцоотой болсныг хэлэх хэрэгтэй. Тус улсын уурхайнууд дэд бүтцийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлж, уурхайнуудаа чадавхижуулсан. Ийм учраас энэ удаагийн шуурга хэдий хүчтэй боллоо ч ил уурхайнууд руу ус орж ирэх эрсдэл л байгаагаас биш ачилт болон боомтын дэд бүтцэд төдийлөн хохирол учруулж чадахгүй гэж үзэж байгаа юм. BHP Billiton, Glen­core компаниуд энэ удаагийн түр зогсолтыг уурхайнуудын жилийн үйлдвэрлэлийн гарцад нөлөө учруулахгүй гэж үзэж байгаа аж.

Гэхдээ энэ бол албан мэдээлэл. Хэн ч байгалийн гамшгийг урьдчилж хэлж чаддаггүй. Гамшгийн улмаас том эрсдэл үүрэх нь тодорхой болсон ямар ч том бизнес эрхлэгч “Үүнээс болж ийм алдагдал хүлээнэ” гэж бас хэлэхгүй. Өөрөөр хэлбэл, Австралийн нүүрсний уурхайнуудад хичнээн хэмжээний аюул учрахыг урьдчилж таах боломжгүй гэж хэлэх гээд байна л даа. 2011 оных шиг, тэр жилээс ч аюултай гамшиг боллоо гэхэд “Бид дампуурлаа” гэж зоригтой хэлэх бизнес эрхлэгч одоо лав гарахгүй. Мэдээж аль нэг улсад үер болоод эдийн засгийг нь тэтгэдэг гол сувгийг хаана гэдэг баярлаж хөөрөхөөр сэдэв биш. Гэхдээ энэ удаагийн үеэр бидэнд боломж олгож буйг хэлэхгүй орхиж болохгүй. Австралийн тухайд бодлоготой, ухаантай улс. Тулаад ирсэн гамшгийг мэл гайхаж цэл хөхрөөд өнгөрөөхгүй нь ойлгомжтой. Гэхдээ сүүлийн өдрүүдэд цацагдаж буй мэдээллээс анзаарахад хэлж ирдэггүй хийсч ирдэг байгалийн гамшиг манай гол өрсөлдөгч болсон улс руу чиглэсэн нь тов тодорхой байна. 2011 он шиг “аз” дайрах цаг мөч бидэнд ирж магадгүй гэсэн үг.

Монгол нүүрс хаданд гарах бас нэг шалтгаан нь Хойд Солонгос. Хятад Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон нь манай төмөр зам дагуу оршдог жижиг нүүрсний ордуудыг “моодонд” оруулсныг сүүлийн өдрүүдийн мэдээлэл гэрчилнэ. Олон-Овоо өртөөнөөс нүүрс ачсан галт тэрэг урд хөршийн Тяньжиныг зорьсон нь саяхны үйл явдал. Монгол нүүрс далай руу ойртсон, далайд хүрэх боломжтойг баталсан гэдэг утгаараа энэ үйл явдал хэвлэл мэдээллийнхний анхаарлын төвд байж чадлаа. Хойд Солонгосоос нүүрс авахаа зогсоосон учраас Хятадын өндөр чанарын нүүрсний нийлүүлэлт энэ жил 20 орчим сая тонноор тасалдаж байгаа. Энэ мэдээ Хятадад нүүрсээ нийлүүлж овоо ам.доллар олдог Австрали, ОХУ, Индонезийн хувьд таатай сонин. Гэтэл манай улсын хүчтэй өрсөлдөгч Австрали байгалийн гамшигтай нүүр тулаад байна. Тэгэхээр бидэнд боломж гарч ирлээ гэсэн үг. Хойд Солонгост тавьсан Хятадын хориг 2017 оныг дуустал үргэлжилнэ. Энэ ондоо нүүрсний үнэ тогтвортой байна гэсэн таамаг голлож буй. Австралийн үерээс үүдсэн уурхайнуудын зогсолт үргэлжлэх хугацаанд нүүрсний үнэ улам өсч, монгол нүүрс моодонд орох нь тодорхой. Өр зээл яригдсан эдийн засагт бол үүнээс таатай мэдээ гэж юу байхав. Нүүрснээсээ төлөвлөж байснаасаа илүү ам.доллар олох нь тодорхой болчихлоо.

Гэхдээ санаж сэрэх нэг өнцөг бий. Австралийг нөмөрсөн 2011 оны үер олон улсын зах зээлд нүүрсний үнийг асар их хэмжээгээр өсгөхүйц том нөлөөтэй байсныг уншигчид мэдэж буй. Тэр үед манай улс төмөр зам, тээврийн дэд бүтэц байгаагүйгээс үнийн өсөлтийг сайн ашиглаж чадаагүй. Төмөр замтайсан бол олсноосоо асар ихийг олох байлаа гэж амаа барьцгааж байсан харамсал өнгөрсөн түүхэнд бий. Гэтэл өнөөдөр, зургаан жилийн дараа Австралид дахиад үер болчихлоо. Харамсалтай нь өнөө л үгээ хэлж, өмнөх харамслаа давтсан шигээ сууцгааж байна. Тодруулж хэлбэл яг тэр үеийнх шигээ төмөр замгүй сууцгааж байна. Зам тээвэр нь тэр үеэсээ дордсон, дэлхийд байхгүй 50-60 км урт дараалал үүсгээд сууж байна. Австралийн үер илүү мөнгө олох боломжийг нээж байгаа нь үнэн. Гэхдээ үүнээс илүүг олох боломж байсан. Боломжоо бид өөрсдөө нураасан нь бас үнэн. Төмөр замаа тавьчихсан байсан бол бид ОХУ, Индонезийг харамстал нүүрсээ үнэлээд өчнөөн ам.доллар халаасалсан шигээ суух байлаа.