Categories
мэдээ цаг-үе

Таван толгойн биш Тувагийн нүүрсэнд санаа тавьсан нь Ерөнхий сайдын гавьяа юу?

Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирсэн Ерөнхий сайд маань тэнд бүтээж ирсэн ажлуудаа тайлагнаж сурталчлаад жигтэйхэн. Ж.Эрдэнэбат уг нь Монгол улсын Ерөнхий сайд. Тийм байтал Тувагаас Хятад руу тавих төмөр замын ажлыг эхлүүлэхээр боллоо гэж бахдалтайгаар мэдээлээд байгаа нь нэг л ойлгогдож өгдөггүй ээ. Харин Ерөнхий сайдын оронд В.Путин ингэж яривал гайхах юм алга. Зах зээлд хүрч мөнгө болж чаддаггүй алс хязгаар нутгийнхаа нүүрсийг яаж борлуулах вэ гэж толгойгоо гашилгаж яваа хүн нь Оросын төрийн тэргүүн болохоос манай сайд биш. Хятадтай төмөр замаар холбогдчихвол Тувагийн эрчим хүчний болон коксжих нүүрсний нөөц ихтэй ордууд амь орно. Дэлхийн нүүрсний бараг тал хувийг дангаараа хэрэглэдэг аварга зах зээлд хүрнэ гэдэг оросуудын хувьд их мөнгөний үзүүрээс атгаад авсантай ялгаагүй эд. Урд хөрштэй холбогдох хамгийн дөт, зардал багатай гарц нь манайхаар дайруулж төмөр зам тавих учраас тэд энэ асуудалд онцгойлон анхаардаг юм.

Путины хувьд гурван улсыг холбосон эдийн засгийн коридор гэсэн гоё тодотгол дор Тувагаас Хятад руу төмөр замаар холбогдох сонирхлоо эртнээс илэрхийлсээр ирсэн. Хятадын болон манай удирдлагуудтай уулзах бүрдээ сөхдөг сэдвийнх нь нэг. Хил дамнасан төмөр замын маршрутын тухайд хэд хэдэн хувилбар яригдаж байсан ч Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт гэсэн чиглэлийг эцэслээд шийдчихлээ.

Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор гэдэг сонсголонтой нэрэн дор өчнөөн сайхан үлгэр яригддаг ч манайд ашигтай гэж болох хувилбар бүрд Хятад, Орос хоёр толгой сэгсэрсээр ирсэн нь гашуун ч гэлээ үнэн. Сүүлд гэхэд хоёр улсыг холбосон хийн хоолой Монголоор дайрна гэсэн олон жилийн мөрөөдөл, хүлээлт маань талаар болсон. Ийм байтал гүйцэтгэх засаглалын тэргүүн яагаад тэдэнд л ашигтай энэ хувилбар дээр яаран толгой дохив? Санкт-Петербургийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр яригдсан шийдлүүдээс анзаарах нь ээ оросууд төмөр зам дээр “за” гэвэл Эг, Шүрэнгийн усан цахилгаан станцыг чинь бодолцож үзье гэж дуугарсан бололтой юм. Засгаас гаргасан албан мэдээнд “Монголын эрчим хүчний найдвартай ажиллагааг хангах, эдийн засгийн үр өгөөжтэй төслүүдийг хэрэгжүүлэх зорилгоор /Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС/ хоёр талын хамтарсан ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулахаар боллоо” гэсэн өгүүлбэр байна. Оросын тал ажлын хэсгийг ойрын хугацаанд байгуулъя, юу ч гэсэн судалъя гэсэн болохоос энэ төслүүдийг чинь хэрэгжүүлнэ гээгүй.

Эг, Шүрэнгийн хувьд аль эртнээс яригдсан ч өнөөг хүртэл ажил болоогүй төслүүдийн нэг. Гол тээг нь оросууд. Эрдэмтэд нь усан цахилгаан станц барьснаар Байгаль далайд харин ч эерэг нөлөөтэй гээд байхад тосгоны иргэд нь эсэргүүцсээр өнөөг хүрсэн. Яг үнэндээ хүсэл хийгээд сэтгэл байсан бол тосгоны өвөө, эмээ нар Путинд тийм ч том асуудал биш. Тэр байтугайг шийдээд явчихдаг удирдагчдын нэг. Эрдэмтдийнхээ яриад байгаа шинжлэх ухаанч нотолгоог төрийн тэргүүн нь мэдэхгүй суугаа гэсэн үлгэрт хэн ч итгэхгүй. Захын хүн л ухаад ойлгочих гаргалгаа. Манайх руу импортолдог цахилгаанаасаа олох ашгаа алдахгүйн тулд, аль нэг талаараа хараат байлгах гэсэндээ усан цахилгаан станцуудын төсөлд тээг тавьсаар ирсэн нь цорын ганц бодит үнэн. Газрын тос боловсруулах үйлдвэр ч ялгаагүй. Ямар ч сайн төсөл боловсруулаад баригддаггүйн учир цаанаа мөн л ийм шалтгаантай. Тэгэхээр Эг, Шүрэн дажгүй явчихна гэж найдаад Тувагаас наашлах төмөр замын ажлыг эхлүүлж байгаа бол хэтэрхий гэнэн хэрэг.

“Монгол, Орос улсын хөрөнгө оруулалттай махны үйлдвэр байгуулна”, “ОХУ, Серби хоёртой хамтран монгол махны экспортыг ОХУ, Европ тив рүү гаргахад онцгой анхаарал хандуулан ажиллахаар болов” гэж ирээд мэдээлж байгаа. Манайх шиг байсхийгээд шүлхий гэх мэт халдварт өвчин дэгддэг улсын хувьд стандарт өндөртэй Европт мах экспортлох тийм амар ажил биш. Малаа эрүүлжүүлнэ гэж том асуудал бий. Оросууд мал эрүүлжүүлэхэд хамтарна гэж дуугараад эхэлсэн нь сайн хэрэг. Саяын уулзалтаар дөрвөн сая тун вакцин нийлүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан нь онцлох мэдээний нэг мөн. Гэхдээ ойрын ирээдүйд махны экспортоосоо мөнгө олох боломж бидэнд байхгүй нь хатуу ч гэлээ үнэн. Тэгээд ч махны экспортоос нүүрс шиг их ашиг олох боломж хэтээсээ байхгүй. Оросоос нийлүүлэх дөрвөн сая тун вакцин Тувагийн төмөр замтай харьцуулшгүй жижигхээн гар сунгалт. Европ руу монгол мах гаргахад онцгойлон анхаарна гэдэг өгүүлбэр яг тэгнэ ингэнэ гэсэн эдийн засгийн харилцан ашигтай шийдвэр бас биш. Газар тариалангийн салбарыг хөгжүүлэхэд жилийн хоёр хувийн хүүтэй 10 сая ам.долларын техникийн зээл олгоно гэсэн шийдвэрийн ач тусыг үгүйсгэхгүй. Бидэнд амин хэрэгцээтэй зээл мөн үү гэвэл мөн. Гэхдээ манай улсын нутаг дээгүүр нүүрсээ тээвэрлэж урд хөрштэй наймаа хийх гэж байгаа оросуудын олох ашигтай харьцуулвал инээд хүрэм дэмжлэг. Зааныг хулганатай харьцуулж байгаатай ялгаагүй эд. Бид Орос руу бараа бүтээгдэхүүнээ экспортлосныхоо төлөө 30 гаруй хувийн татвар төлдөг. Манай Засгийн газраас хойд хөрштэй эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулна гээд байдаг нь цаанаа ийм учиртай. Ийм хэлэлцээр байгуулчихвал татвар буурах учраас манай талаас идэвхийлэн хөөцөлддөг. Саяын уулзалтаар татвартай холбоотой ямар ч шийдвэр гарсангүй. Мэдээж манай зүгээс яриа хөөрөө өрнүүлсэн байж таарна. Нөгөө тал хөдлөөгүй учраас татвартай хамаатай чихэнд чимэгтэй мэдээ дуулдаагүй хэрэг. Санкт-Петербургийн уулзалтаар Оросын тал татвараа бууруулна гэж дуугарсан бол өөр хэрэг. Эдийн засагт ашгаа өгсөн том шийдвэр болох байлаа.

Товчхондоо Ерөнхий сайдын Орост бүтээгээд ирсэн ажлуудаас Туваг Хятадтай холбох төмөр замтай тэнцэхээр ашигтай шийдвэр нэг ч алга. Санктпетербургээс В.Путин олз ашиг дүүрэн Кремль рүү буцсан бол манай Ерөнхий сайд дөрвөн сая тун вакцин, хөнгөлөлттэй зээл, “онцгойлон анхаарна, ажлын хэсэг байгуулж нарийн судална” гэх мэт тунхагийн шинжтэй хэдэн өгүүлбэр л ганзагалаад ирж. Тува шиг коксжих нүүрсний нөөц ихтэй ордгүй байсан бол яахав гээд орхихсон. Транзит тээврээс олох ашиг энэ тэрхэнд нь ханаж цадаад аж төрж болж л байна. Гэтэл бид Таван толгой гэж том ордтой. Америкийн “Пийбоди”, Японы “Сүмитомо”, Хятадын “Шинхуа” гээд том улсын толгой компаниуд сонирхлоо илэрхийлдэг аварга орд. Ийм ордтой улсын Ерөнхий сайд нь хаа холын, бидэнд падлий ч үгүй Тувагийн нүүрсэнд санаа зовсон шигээ суух нь ухаалаг хэрэг мөн үү. Таван толгойн ордоосоо Хятадын хил хүртэлх 200 гаруйхан км төмөр замыг өнөөг хүртэл бариагүйгээс болж өдгөө тэнд нүүрс ачсан машины цуваа 90 км-ээр хэмжигдэж байна. Тоос шороо, осол аваар, байгальд орчинд үзүүлж буй нөлөө, хүн малын эрүүл мэндийн талаар ярих юм биш. Сая онцолсон асуудлууд тартагтаа тултлаа хурцадсан.

Төмөр зам тавиагүйгээс болж хэчнээн ам.доллар алдсан бэ гэсэн асуултад хариу хайж багахан тоо бодъё. Одоогоор Тавантолгойгоос Ганцмод руу нүүрс хүргэх экспортын тээвэрлэлт тонн тутамд ойролцоогоор 26 орчим ам.доллар байгаа. Машинаар нүүрсээ тээвэрлэх гэж нэг тонн тутамд 26 ам.доллар буюу жар орчим мянган төгрөг зарцуулдаг. Хэрвээ төмөр замаар тээвэрлэвэл зардал мөнгө нь 8-10 ам.доллар болж буурах боломжтой гэсэн эдийн засгийн тооцоо бий. Дэлхийн зах зээлд нүүрс ид гялалзаж байх үед хувийн хэвшлийнхэн мөнгөө босгоод Таван толгойгоос урд хөрш рүү төмөр зам барья гээд зүтгэсэн удаатай. 2012 онд ашиглалтад оруулна гэсэн яг таг төлөвлөгөө хүртэл гаргасан байсан. Хэрвээ тэдний төслийг улстөрчид гацаагаагүй бол, өмнийн говиос урд хөршийг чиглэсэн төмөр зам анх төлөвлөснөөрөө баригдсан бол бид хичнээн ам.доллар олох байсан бол.

2012 оноос хойшхи таван жилийн хугацаанд Тавантолгойгоос нийт 52 сая орчим тонн нүүрс экспортонд гаргасан статистик бий. Төмөр зам тавьсан бол хамаагүй их нүүрс зарах байсан л даа. Гэхдээ өнөөдрийг хүртэл гаргасан нүүрснийхээ хэмжээгээр тооцоод үзье. 52 сая тонн нүүрсээ төмөр замаар тээвэрлэсэн бол бид тонн тутмаас дор хаяж 15 ам.доллар хэмнэх байлаа. Төмөр замгүйгээс болж тонн тутмаас 15 ам.доллар буюу 35 орчим мянган төгрөг салхинд хийсгэсэн гэсэн үг. Хэмнэх боломжтой байсан 15 ам.долларыг 52 сая тонноор үржүүлбэл 780 сая ам.доллар болно. Төгрөгт шилжүүлбэл 1.7 их наяд гэсэн аварга тоо гарч байна. Хамгийн багаар бодоход л энэ шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Тува руу яаран сандран төмөр замаар холбогдохын цаад учир юу байна аа?

“Өдрийн сонин”-ы 2017.06.06-ны Мягмар гаригийн №126(5693) дугаараас авч нийтлэв.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тэргүүтэй албаныхан ОХУ-ын Санктпетербург хотноо болсон олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцоод ирлээ. Эдийн засгийн хувьд ашигтай шийдвэрүүд олноороо гарлаа гэсэн мэдээллүүд хөвөрч байна. Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс бэлтгэсэн мэдээнд уулзалтын үеэр гаргасан шийдвэрүүдийг нэг бүрчлэн жагсаасан харагдсан. Малын вакцин нийлүүлэх, Улаанбаатар төмөр замын ачаа эргэлтийг нэмэгдүүлэх, Энэтхэгийн хөнгөлөлттэй зээлийн зарцуулалтыг нь өөрчилж боловсруулах үйлдвэрт зарцуулах гэх мэт ашигтай шийдвэрүүд цөөнгүй харагдсаныг үгүйсгэхгүй. Махны экспортоос давсан, эдийн засагт жин дарах нөлөө үзүүлэхээр том шийдэл юу билээ гээд анзаарахаар харин эргэлзээ төрүүлсэн шийдвэр лав л нэг байна.

Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт чиглэлийн хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болж. Тува руу яаран төмөр замаар холбогдохын цаад учир юунд байгаа юм бол гэсэн асуултад хариу хайя. Уг нь эдийн засгийн харилцаа их энгийн. Харилцан ашигтай байхыг л эдийн засгийн хамтын ажиллагаа гэх мэт албаны чухал үгээр тодотгодог. Тэгэхээр Тувагаас Хятад хүрэх төмөр зам бидэнд хэр ашигтай юм бэ гэдэг зүй ёсны л асуулт. Харилцан ашигтай байх зарчмын дагуу бидэнд ингэж асуух эрх бий.

Манай улстай 1300 гаруй км газраар хиллэдэг Тува коксжих нүүрсний нөөцөөр арвин олон ордтой. ОХУ-ын гол зах зээлээс алслагдсан, дэд бүтэцгүй гэсэн зовлон бий. Ийм шалтгаанаар эрчим хүчний болон коксжих нүүрсээ үнэд хүргэж зарж чаддаггүй. Оросын төв хэсэг буюу үйлдвэржсэн бүсэд нүүрсээ хүргэж, Хятад болон Азийн зах зээл рүү дажгүй үнээр зарахын хүслэн болсон газар. Товчхондоо тэдний цорын ганц толгойны өвчин нь төмөр зам. Төмөр зам барьчихвал нүүрсний том ордуудаасаа овоохон мөнгө олох шиг амар зүйл хаана байхав. Сүүлийн хоёр, гурван жил хойд хөршийн эдийн засаг тартагтаа тултлаа уруудсан болохоор их хөрөнгө зарах төслүүд нь урагш ахиагүй. Алс хязгаарын Тувагийн төмөр замын төслүүд ч ялгаагүй, унтаа хэвээр өнөөг хүрсэн.

Тувагийн Кызил хотын хавь ойр дахь нүүрсний олон ордоос заримыг нь онцолъё. 400 сая тонн коксжих нүүрсний нөөцтэй, нүүрсний нийт нөөц нь бараг тэрбум тонноор хэмжигддэг Элегестийн орд гэж бий. Элегестийн ордын нүүрсийг Хятад, Өмнөд Солонгос, Япон, Энэтхэгт нийлүүлэх алсын төлөвлөгөө хойд хөршид бий. Кызыл орчмын дараагийн онцлох орд бол Межегей. 765 сая тонн нүүрсний нөөцтэй. Улуг хэмийн ордын тухайд коксжих нүүрсний 630 сая тоннын нөөцтэй гэгддэг.

Оросын төв зах зээл рүү төмөр замаар холбогдож энэ ордуудын нүүрсийг үнэд хүргэх талаар идэвхийлэн ярьдаг ч нэлээд төвөгтэй, их хөрөнгө зарах төсөл учраас дээр дооргүй мөд ажил болохгүй гэцгээдэг. Үүнээс гадна манайхаар дамжуулж урд хөрш рүү нүүрс экспортлох гарц хэд хэдэн хувилбараар яригдсаар ирсэн.

Манай улс Тува шиг коксжих нүүрсний арвин нөөцтэй. Тэдэн шиг нүүрсээ Хятад гэдэг аварга зах зээл рүү үнэ хүргэж зарах чин хүсэлтэй. Нэгэн үе хойд хөршид улсаа төлөөлж Элчин сайд сууж байсан Л.Хангай хоёр жилийн өмнө “Тувагийн нүүрс манайтай өрсөлдөх үү” гэсэн гарчигтай нийтлэл бичиж байсан юм. Нийтлэлийн тухайд Тува бидний өрсөлдөгч биш, транзит тээвэр гэх мэтээс ашиг олох боломж бидэнд бий гэсэн санаагаар бичигдсэн байсан л даа. Тувагийн нүүрс шууд утгаараа манай нүүрсний зах зээлийн өрсөлдөгч биш гэдгийг үгүйсгэхгүй. Тэдний хэдэн зуун км газар тээвэрлэж хүргэсэн нүүрс өндөр өртөгтэй байх учраас бидний зарах нүүрсний үнийг унагах тоглолт хийхгүй гэх мэт бодитой тайлбарууд бий.

Гэхдээ тэд нүүрсээ урд хөрш рүү зарах зорилгоор төмөр зам тавих гэж байгаа нь үнэн. Энэ худалдаанаасаа асар их мөнгө олох нь бас үнэн. Харин бид Тувагаас Хятад хүрэх төмөр замаас оросуудын олох хэмжээний ашгийг хүртэж чадах уу гэдэг эргэлзээтэй. Бид Тува руу юу тээвэрлэж зарж мөнгө олох вэ? Хэзээ нэгэн цагт мал маань эрүүлжвэл багахан мах экспортлож магадгүй ч нүүрсний бизнестэй харьцуулшгүй хариугүй жижигхэн наймаа. Ардчилал эхэлсэн үеэс өнөөг хүртэл манайхаас орох бараанд өндөр татвар тавьж, гадаад худалдааны хувьд хүйтэн хөндий харьцсаар ирсэн улс гэнэтхэн найр тавьж мөнгө болох бүхнээ экспортол гэхгүй нь тодорхой. Ингээд бодохоор нүүрс зардаг шиг том худалдаа Тува манай хоёрын хооронд өрнөхгүй гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд транзит тээврээс л мөнгө олох боломж бий. Мэдээж нүүрс зарж олж байгаатай харьцуулах аргагүй бага мөнгө эдийн засагт орж ирнэ.

Тувагаас манай руу хил дамнасан төмөр замын чиглэлийн тухайд Кызыл-Улаангом-Ховд-Булган-Үрүмч, Кызыл-Мөрөн-Эрдэнэт-Үрүмч гэх мэт хувилбарууд яригдсаар ирж. Ерөнхий сайд тэргүүтэй албаныхны за зүй болоод ирсэн одоогийн маршрут нь Курагино-Кызыл-Цагаантолгой-Арцсуурь-Овоот-Эрдэнэт. Л.Хангайн нийтлэлд “Монголын тал улсын хил хүртлээ төмөр зам тавина гэвэл нүүрсний ордын хөрөнгө оруулагчид сонирхох нь дамжиггүй гэж Тувагийн Засгийн газрын тэргүүн Ш.В.Кара-Оол ярьж байна лээ. Манай Засгийн газар Эрдэнэтээс Овоот (өөрөөр хэлбэл Могойн голын нүүрсний орд) хүртэл 545 км төмөр замыг концессын нөхцөлөөр барих эрхийг өнгөрсөн жил нэгэн компанид олгох шийдвэр гаргаад байгаа. Цаашаагаа Арцсуурь буюу улсын хил хүртэл 225 км юм билээ. Хэрэв энэхүү 200 гаруй км зам барих хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх боломж байх юм бол Кызыл-Мөрөн-Эрдэнэт гэсэн төмөр зам баригдах магадлал өндөр” гэсэн хэсэг бий. Эрдэнэт-Овоотын төмөр зам дээр засаг толгой дохичихсон. Тэгэхээр Арц суурь боомт руу төмөр зам тавьчихвал оросууд 2.5 тэрбум тонн нүүрсний нөөцтэй гэгддэг Улуг-Хэмийн сав газраасаа нүүрс тээвэрлэж Хятад руу дөт замаар экспортлох суваг нээгдэнэ гэсэн үг. Монголын нутгаар дамжуулан хязгаар нутгийнхаа нүүрсийг Хятадад зарах нь В.Путины хэзээний сонирхол. Энэ сонирхлоо Хятад, манай хоёрт илэрхийлсээр өнөөг хүрсэн. Тувагаас Хятад руу чиглэсэн төмөр зам гурван улсын “Эдийн засгийн коридор хөтөлбөр”-т тусгагдчихсан учраас саадгүй хэрэгжээд явахад эргэлзээд байх зүйлгүй. Товчхондоо Путины сонирхол саяын Санктпетербургийн уулзалтаар ажил боллоо.

Орос манайхаар дамжуулан нүүрсээ тээвэрлэж урд хөршид дажгүй үнээр зарах нь бидэнд ашиггүй гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Өмнө хэлсэнчлэн транзит тээврийн хөлс энэ тэр гээд чамлахааргүй мөнгийг эдийн засагт үлдээх нь үнэн. Дахин хэлэхэд тэднийг шууд өрсөлдөгчөө гэж харахад ч бас өрөөсгөл. Тува манай хоёр Хятад гэдэг аварга зах зээлийн өөр өөр хэсэгт нүүрсээ зарна, бид хэчнээн их нүүрс нийлүүлээд ч тэр том зах зээлийг хангаж барахгүй.

Гэхдээ тэднээс өмнө нүүрснээсээ их ашиг олох боломж байсаар атал бусдыг мөнгөжүүлэх төслийг яаран эхлүүлмээргүй байна. Таван толгойгоос Гашуунсухайт хүрэх төмөр замаа бариагүй, барих яриа хөөрөөгөө эхлүүлээ ч үгүй байж Тувагаас Хятад хүрэх төмөр замын ажлыг яаран сандран эхлүүлэхээр болсны цаад учир юунд байна аа? Хэний ямар эрх ашиг, сонирхол энэ бүгдийн цаана байгаа юм бол? Ингэж хардаж, эргэлзэх бүрэн үндэс бий. Уг нь эдийн засгийн том ашгаа бодвол эхлээд барих төмөр зам маань Гашуунсухайт руу чиглэмээр байгаа юм. Өнөөдөр Таван толгойн ордоос нүүрс ачсан машинууд хил гарах гэж 90 км-ын уртаас урт цуваа үүсгэж байна. Төмөр зам барьчихсан байсан бол өдийд бид нүүрсээ бага багаар нь гаргах гэж ингэж үйлээ эдлэхгүй. Үнэ нь дажгүй байгаа ийм үед их хэмжээгээр худалдаад эдийн засгаа босгоод ирэх байсан. Одоо бидэнд нүүрсээ үнэд хүргэх нэг л гарц бий. Хятадын хил рүү нарийн царигийн төмөр зам татчихвал танктай цэрэг орж ирнэ гэсэн үлгэр зохиож өөр зуураа маргахаа болиод Таван толгойнхоо коксжих нүүрсийг тээвэрлэх төмөр замаа барья. Тувагаас Хятад хүрэх төмөр замын ажил эхлэхээс өмнө баримаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Том төслүүдээ хөдөлгөчихвөл эдийн засгаа өндийлгөх боломжтой

-“FITCH”: МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭЖ, ХҮЧИРХЭГЖИХИЙН ТУЛД ОЮУ ТОЛГОЙГООС ГАДНА ТАВАН ТОЛГОЙ ИХ ЧУХАЛ-

“Fitch” агентлаг манай улсын зээлжих зэрэглэлийг “B-Тогтвортой” ангилалд хэвээр хадгалахаа хэдхэн өдрийн өмнө зарлалаа. Урьд нь шил дараалан унаж байсныг бодоход бас ч гэж таатай мэдээ. Зээлжих зэрэглэл хадгалагдаж үлдсэн хамгийн том шалтгаан нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах болсон явдал. Өргөтгөсөн санхүүжилтын хөтөлбөрт хамрагдсанаас гурван өдрийн дараа “Fitch” ийм мэдэгдэл хийсэн юм.

“Fitch”-ийн хэвлэлийн мэдээнд “Монголд хэрэгжүүлэх хөтөлбөрийг баталсан шийдвэр гарсан нь санхүүгийн эрсдлийг бууруулах, эдийн засгийг тогтворжуулах, төсвийн тогтвортой байдлыг хангахад нөлөөлнө” гэсэн өгүүлбэр дурайж байна. Төсвийн үр ашигт байдал нэмэгдэж, төсвийн зорилтот түвшинд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаагаа ч онцолж. Өрийн тогтвортой байдлыг хангана, уул уурхайн томоохон төслүүдийн хэрэгжилтэд чухал нөлөөтэй гэсэн дүгнэлтийг “Fitch”-ийн мэдээллээс харж болно. Тэд ДНБ-ийг 2019 онд найман хувь болж өснө гэж өөдрөгөөр төсөөлжээ.

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсанаар валютын сангаас бид 434 сая ам.доллар авна. Эхний ээлж нь болох гучаад сая ам.доллар ороод ирчихсэн. Нөхцөл, шаардлагыг нь биелүүлээд явчихвал дараагийн мөнгөнүүд ээлж дараагаараа шилжээд ирнэ. Валютын сангийн мөнгөнөөс гадна хандивлагчдаас авах ам.долларыг нийлүүлбэл 5.5 тэрбум гэсэн аварга тоо дуулдаж байгаа. Хөтөлбөрт хамрагдсанаар хамгийн түрүүнд бидэнд ирэх эерэг нөлөө бол хөрөнгө оруулагчдын хандлага. Товчхондоо хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна.

Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэн даруйд гардаг эерэг нөлөөний нэг нь долларын ханш. Ам.долларын ханш сарын хугацаанд наад тал нь 2300 төгрөгт хүрч суларна гэх таамгийг эдийн засагчид хэлж байна. “Fitch”-ийн манай улсын эдийн засагт найдаж буй гол шалтгаан мега төслүүд гэдэг нь хэвлэлийн мэдээнээс нь төвөггүй харагдаж байна. Тэд “Монголын эдийн засаг дунд хугацаандаа сэргэж, хүчирхэгжихийн тулд Оюу толгойгоос гадна Таван толгой төсөл чухал ач холбогдолтой. Уул уурхайн мега төслүүдийн хэрэгжилт сэргэснээр экспортын орлого их хэмжээгээр нэмэгдэнэ. Ингэснээр ОУВС-гийн хөтөлбөр хэрэгжүүлэх хугацаа дууссаны дараа ч Монголын гадаад төлбөрийн чадварт ирэх дарамтын эсрэг дархлаа тогтсон байх болно“ гэж онцолжээ. Таван толгойн хэлэлцээрийн тухайд Ерөнхийлөгчийн сонгуулиас наана хөдлөхгүй гэдэг нь тодорхой. Манай талаас ч ярих сонирхолгүй байгаа. Хятадын тал ч сонгуулийн үр дүнг харж байж үг унагана. Тэгэхээр Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ирэх найм, есдүгээр сараас Таван толгойн хэлэлцээ эргэж сэргэх байх. Өмнө ярьж байсанчлан төмөр зам, баяжуулах үйлдвэр, уурхай гээд цогцоор нь шийдэж чадвал оны өмнөхөн эдийн засагт эерэг нөлөө үзүүлээд эхлэх боломжтой. Хэдэн УИХ дамжин маргасан ч шийдэлд хүрэлгүй өнөөг хүрсэн төмөр замын талцал үргэлжилбэл харин хэцүү. Төмөр замгүйгээр Таван толгой өөр ямар ч хувилбараар ашигтай ажиллах боломжгүй.

Манай улсын хувьд энэ жил уул уурхайгаас нэг их наяд гаруй төгрөг төвлөрүүлнэ гэж төсөөлөөд буй. Түрүү жилийнхээс 36 хувиар илүү их хэмжээний мөнгө нүүрс, зэс тэргүүтнээсээ олно гэсэн өөдрөг тооцоо гаргачихаад байгаа. Уул уурхайгаас дажгүй мөнгө төвлөрүүлнэ гэж тооцсон шалтгаанаа Оюу толгой, Таван толгой, Гацуурт төсөл гэж тайлбарласан. Оюу толгойн бүтээн байгуулалт саадгүй өрнөж байгаа. Нэгэнт хөдөлсөн галт тэргийг зогсоож болдоггүй учраас энэ төсөл цаашдаа ч бартаа саадгүй хэрэгжээд явах байх. “Гацуурт”-ын тухайд засгийн зүгээс хөдөлгөнө гэсэн мэссэж өгч байгаа ч яг таг шийдлээ олсон юм алга. Мөн л Ерөнхийлөгчийн сонгуулийн ая занг харж байгаа болов уу. “Таван толгой”-н хувьд өмнө хэлсэнчлэн хүлээлтийн байдалд байгаа. Нүүрсний үнэ түрүү жилийн өдийг бодвол мэдрэгдэхээр сэргэчихсэн. Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханш үнэлгээнээс хол хаягдсан үнээр нүүрсээ борлуулж байгаа ч жилийн өмнөх 20 доллараас бас ч гэж өсөөд байгаа. Төсөвт уул уурхайгаас төвлөрүүлэх ёстой нэг их төгрөгийн 92 хувийг алт, зэс, нүүрснээс бүрдүүлнэ гэж буй. 22 хувийг нь нүүрснээс бүрдүүлэх учиртай. 226 тэрбум төгрөгийг нүүрснээс олох ёстой гэсэн үг. 63 хувийг буюу 638 тэрбум төгрөгийг нь зэсийн баяжмалын экспортоос төвлөрүүлнэ. Олзуурхууштай нь нүүрс, зэс аль алиных нь үнэ сайн байгаа. Нүүрсний тухайд галзуурч байсан үеэсээ доошилсон ч үнэгүй болохоо шахсан үеэ бодвол тун давгүй ханштай байна. Оюу толгой, Эрдэнэт хэвийн ажиллаж байгаа учраас зэсийн баяжмалаас төсөвт орж ирэх мөнгөнд асуудал байхгүй. Нүүрсний хувьд Таван толгой хөдлөөгүй, үнээ нэмж сүйд болоогүй учраас санасан хэмжээнд хүрэхгүй байх. Ерөнхий сайдын айлчлалын үеэр Гашуунсухайтын ажиллах хугацааг дөрвөн цагаар уртасгалаа гэж мэдээлсэн ч бодит байдал дээр хэцүүхэн байгаа бололтой. Уржигдар гэхэд Гашуунсухайт руу чиглэсэн машины оочер 90 км-т хүрч. Таван толгой төслийн хэлэлцээр амжилттай болж, төмөр зам энэ тэртэйгээ иж бүрэн хөдөлж байж л тээврийн элдэв асуудал нь цэгцэрнэ, Таван толгой ашгаа өгч эхэлнэ гэж эрдсийн шинжээчид онцолдог.

Товчхондоо хагас жилийн дотор эдийн засагт мэдрэгдэхээр эерэг нөлөө гарах хамгийн том шалтгаан мега төслүүд байна. Тодруулж хэлбэл Таван толгой, Гацуурт. Энэ төслүүдээ сонгуулийн дараа зориглоод хөдөлгөчихвөл сэвхийгээд ирэх боломж байна.

Эдийн засаг өсөхөд нөлөөлөх сайн мэдээнүүд геологи, хайгуулын салбараас дуулдана гэсэн хүлээлт бас бий. Манай сонин өмнө нь Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Develop­ment” компанийн хувьцааны ханш өсөлттэй байгаа тухай мэдээлж байсан. Тус компанийнхан хэдхэн хоногийн өмнө алт, зэсийн Баян хөндий, Алтан Нар, Алтан Арроу ордод хийсэн хайгуулын судалгааны дүнгээ шинэчлэн танилцуулахдаа мөн л чихэнд чимэгтэй мэдээ дуулгалаа. Баян хөндий ордын “striker zone”-д 58 метрийн гүнд тонн хөрс тутмаас 1.1 грамм алтны илэрц олджээ. Гол талбай болох “midfield zone”-д 174 метрийн гүнд тонн хөрснөөс 0.7 грамм алтны илэрц гарсан байна. Тэд намрыг дуустал өрөмдлөгөө үргэлжлүүлэхээр болж. “Erdene Resource Develop­ment” компанийн хайгуул хийж буй орд Оюутолгой, Цагаан Суваргын ордын бүслүүрт багтаж байгаа учраас алт, зэсийн нөөц их байх магадлалтай гэсэн таамгийг геологичид хэлдэг. Дэлхийн бизнес мэдээллийн “CNBC” телевизийн цахим хуудсанд газар нутгийнхаа 21 хувь буюу тавны нэгийг хайгуулд нээж өгснөөр тус улсад уул уурхайн огцом өсөлтийн шинэ бужигнаан үүсэх боломжтой гэсэн агуулгатай мэдээлэл гарсан нь тохиолдлын хэрэг биш. Хөтөлбөр хэрэгжиж эхэлсний дараахан цацагдсан мэдээлэл юм билээ. Хайгуулын салбарынханд боломж нээж өгвөл манай улс хайгуулчдын хувьд тун сонирхолтой бүсэд багтдаг.

Орост найтаахад энд ханиадаг гэдэг шиг Монгол гэдэг улсын эдийн засаг Хятадын эдийн засгаас бүрэн хамааралтай. Хятадын эдийн засаг сайн бол бидэнд аятайхан амьдрах боломж байна гэсэн үг. Харин урд хөршийн эдийн засаг хэцүүдвэл адаглаад л нүүрсний үнэ шалдаа унах зовлон бий. Жишээ нь Хятадын аж үйлдвэрийн салбарын ашиг дөрөвдүгээр сард 14 хувиар өссөн гэдэг мэдээ бидний хувьд сайны дохио. Хятад гэдэг аварга зах зээлд ийм том хэмжээний өсөлт ажиглагдсан гэдэг нь дэлхийн худалдааны эргэлт эрчимжээд эхэлчихсэн гэсэн үг. Дэлхийн эдийн засаг сайжирч эхэлсэн учраас Америкийн Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өсгөж магадгүй гэсэн хүлээлт аль хэдийнэ үүсчихээд байгаа. Урд хөршийн аж үйлдвэрийн салбарын ашиг сарын дотор 23.8 хувиар өснө гэдэг бол огцом өөрчлөлт. Оны эхний дөрвөн сард Хятадын үйлдвэрлэгчдийн ашиг 24.4 хувиар өссөн юм. 41 үйлдвэрийн 38 нь түрүү жилийнхээс үлэмж өндөр ашигтай ажилласан гэхээр зүгээр ч нэг өсөлт биш нь харагдаж байна. Тэгэхээр гадаад зах зээл дажгүй болж эхэлсэн гэсэн үг. Ийм үед өөрсдөөс хамаарах алхмаа хийж чадвал богино хугацаанд хямралаас гарах боломж байна.


Categories
мэдээ цаг-үе

Уул уурхайн салбарын идэвхжил, сайн мэдээ эдийн засаг өсөхөд нөлөөлжээ

-ТОРОНТО, ХОНГКОНГ, АВСТРАЛИЙН БИРЖИД БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИУДЫН ХУВЬЦААНЫ ХАНШ ЧАНГАРЧ БАЙНА-

Валютын харилцах хадгаламж 56.2 тэрбум төгрөгөөр буурсан гэж Монголбанкнаас зарласан ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр мэдээллээ. Төгрөгийн хадгаламж 88.4 тэрбум төгрөгөөр өссөн байна. Нийт хадгаламжийн 73.4 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, үлдсэнийг нь валютын хадгаламж эзэлж байгаа аж. Валютын хадгаламжаа төгрөгт шилжүүлэх явц он гарснаас хойш эрчимжсэн гэнэ. Хугацаа хэтэрсэн зээл түрүү сарынхтай ижил, нийт зээлийн долоо гаруй хувийг эзэлж байгаа юм байна. Ипотекийн зээлийн 1.8 хувь нь л чанаргүй зээл гэсэн ангилалд багтжээ. Төгрөгийн хувьд ам.доллар, юанийн эсрэг чангарч, евротой харьцах ханш нь тогтворжсон гэж төв банкнаас мэдээлэв. Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр валютын нөөц нэмэгдэж дөрвөн тэрбум ам.доллар хүрэх, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтворжих, гадаад өрийн зохистой бүтэц, өрийн тогтвортой байдал хангагдах зэрэг эерэг өөрчлөлтүүд бий болох хүлээлттэй байгаа гэж Монгол банкнаас мэдээлсэн юм.

Эдийн засгийн өсөлтийн гол шалтгаан нь уул уурхайн салбарын идэвхжил, сайн мэдээ гэсэн тайлбар анхаарал татав. Нүүрсний үнэ өссөний дээр экспорт нь нэмэгдсэн, зэсийн үнэ муугүй байгаа, төмрийн хүдрийн үнэ өсөлттэй гэх зах зээлийн эерэг орчин уул уурхайн салбарын идэвхжилд нөлөөлжээ. Мөн энэ салбарт дуулдаж буй сайн мэдээнүүд ч эдийн засагт эергээр нөлөөлсөн аж.

Хонгконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй MMC-гийн хувьд хувьцааны ханш нь энэ сарын 25-нд хамгийн өндөр буюу 24 орчим хувиар өсч арилжааг хаасан бол Хөшөөтөд нүүрс олборлодог “Mongolian energy corporation”-ий хувьцаа 5.7 хувиар өсчээ. Хөшөөтийн хувьд Шинжаан Уйгарын автомат бүсийн баруун хойд хилийн боомтоор хийдэг нүүрсний экспортоо зогсоосон ч удахгүй үргэлжлүүлэх хүлээлттэй байгаа юм. “ММС”-гийн тухайд Таван толгойн нүүрсний экспорт сэргэсэн нь сайн мэдээ болж буй. Үүнээс гадна “Энержи ресурс” компанийн Өмнөд Монголын гангийн хамгийн том үйлдвэр Bao­tou Iron & Steel групптэй 10 жилийн, урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулсан нь хувьцааны өсөлтөд нөлөөлсөн гэж шинжээчид үзэж байна. Baotou Iron & Steel группийн тухайд бидний ярьж заншсанаар Бугатын гангийн үйлдвэр юм. Бугатыг Хятаддаа Монголын хилтэй хамгийн ойр байрлалтай, ган үйлдвэрлэлийн төв бүс, гол зах зээл гэдгийг уншигчид андахгүй. Гэрээний хүрээнд “Энержи ресурс” жил бүр таван сая хүртэлх тонн баяжуулсан коксжих нүүрсэн бүтээгдэхүүнийг Бугатын гангийн үйлдвэрт шууд нийлүүлнэ. Монголын Таван толгойн нүүрсэн бүтээгдэхүүн ямар нэгэн дундын зуучлагчгүйгээр, эцсийн хэрэглэгчдэд шууд хүрнэ гэсэн мэдээ зах зээлд сайн мэдээ болж хүрсэн хэрэг. Нүүрсээ дотооддоо өртөг шингээн баяжуулж, бүтээгдэхүүн болгосны эцэст экспортлоод, эцсийн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх нь эдийн засагт шууд эерэг нөлөө үзүүлэх юм. Төмөр зам, дэд бүтэцгүй, дээр нь Таван толгойд нэгдсэн менежмент, үнийн бодлого байхгүйгээс нүүрсээ уурхайн амнаас түүхийгээр нь гаргаж, Хятадын ченжүүдэд ашиг, орлогоо алдаж буй ийм үед Бугатын гангийн үйлдвэртэй шууд харилцаж эхлэх гэрээ сайн мэдээ болж байгааг МMC-гийн хувьцааны огцом өсөлт харууллаа.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэресурс девелопмент” компанийн хувьцааны ханш ч өгсч байна. Энэ сарын 25-ны мэдээгээр хувьцааных нь ханш 2.5 хувиар өсчээ. “Эрдэнэресурс девелопмент”-ийн хувьд Алтаннаран, Баянхөндийн алт зэсийн ордод хайгуул хийж буй. Тус компани өнөө жил Торонтогийн хөрөнгийн бирж дээр 13.8 сая канад долларын хөрөнгө босгосон нь Монголын хайгуулын салбарт 2012 оноос хойш дуулдсан хамгийн том санхүүжилт болсон юм. Канадын “Эрдэнэ ресурс”-ийн хайгуул хийж буй төслүүдээс хамгийн их анхаарал татаж байгаа Баян хөндийн алтны орд газрын нөөцийн хэмжээ өмнө нь төсөөлж байснаас үлэмж их болох нь батлагдсан гэх мэдээлэл сүүлд дуулдсан. “Алтан нар” төслийн хувьд 2011 оны дунд үед компанийн геологичид уг ордыг илрүүлж өнөөг хүртэл хайгуул хийж байна. Алтан нар орд манай улсын баруун өмнөд хэсэгт байрлах Тиан Шан зэс-алтны бүсэд багтдаг, Хятадын Сэкэ хотоос 250 км-т байрладаг юм. Энэ бүсэд Оюу толгой орд ч багтдаг.

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Профес девелопмент” компанийн хувьцаа ч 2.65 хувиар чангараад байна. Улаан овоогийн нүүрсний ордод олборлолтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг “Профес девелопмент” компани нүүрснийхээ боломжит хэрэглэгчдийн судалгааг хийж эхэлжээ. Үүнээс гадна Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Монголд үйл ажиллагаа явуулдаг ихэнх компаниудын хувьцааны ханш өссөн дүнтэй байна.

Нэмж онцлоход өнгөрсөн оны төгсгөлд нүүрсний үнэ огцом өссөн нь манай эдийн засагт эерэг нөлөөлсөн бол өнөө жил уул уурхайн салбарт металлын хайгуул ба олборлолтын төслүүд дажгүй амжилттай хэрэгжих таамаг байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ам чөлөөлөх хөдөлгөөнийг улам өргөжүүлэх хэрэгтэй

Богд уулын ам чөлөөлөх хөдөлгөөн нийгэм даяар өрнөж байна. Манай сонин ч энэ асуудлыг хөндсөөр өнөөг хүрсэн. Дархан цаазат уулын аманд газартай хүмүүсийн газрыг хураа гэж байгаа юм биш л дээ. Ард түмэнтэйгээ л хуваалц гэсэн санаагаар энэ асуудлыг хөндөж байна. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн уулын бүхэл бүтэн нэг аманд ганц хүн эзэн суудгийг болиулъя, нийтээрээ амарч зугаалдаг, алжаалаа тайлдаг, үр хүүхэд, гэр бүлээрээ зорьдог газар болгоё гэж дээр дооргүй яриад эхэлсэн нь сайн хэрэг. Богд уулын амыг олноороо ашиглахын эерэг жишээ цөөн ч гэлээ бий. Хүрхрээгийн ам байна. “МСS” тэнд “Sky resort” гэж цанын бааз байгуулсан. Нийслэлчүүдийн чөлөөт цагаа аятайхан өнгөрөөдөг газруудын нэг. Улаанбаатарчууд олноороо цэвэр агаарт гарангаа цана, чаргаар гулгах гэж “Sky resort”-ийг зорьдог. Төлбөрийн хувьд жаахан үнэтэй байж магадгүй ч Богд уулын аманд ийм газар байгуулна гэдэг сайн жишээ.

Ганц хүн эзэн суусан амнуудыг “Sky resort” шиг хүн зоноороо чуулдаг газар болгох хэрэгтэй. “MCS”-ийн байгуулсан цанын бааз шиг том бүтээн байгуулалт өрнүүлж чаддаггүй юмаа гэхэд амныхаа тодорхой хэсгийг чөлөөлөөд иргэдийн машинаа тавиад цааш алхдаг авто зогсоол, шорлог хийгээд тухалж амардаг хэсэг гарга гэсэн шаардлага тавихад болохгүй юм огтоосоо байхгүй. “Дүнжингарав” амралтын газраас дээш Дугуй цагаан, Дашийн хад руу аялагчид цувдаг. Уулын бэлээс оргил хүртэл тун аятайхан жим гаргачихсан учраас тийш алхдаггүй хүн ч гэж байхгүй болж. Өгсч яваад амрах цэг гэхэд л хоёр, гурваараа. Байсхийгээд чиг, метр заасан самбартай, ер нь л тун давгүй тохижуулсан жим. Амуудыг эзэгнэнхэн төрсөн эрхмүүд ам бүрдээ ийм жим гаргаад өгчихвөл ядаж л өнөөдрийнх шиг хэл ам гараад байхгүй.

Жаргалантын амны наахна Нүхтийн ам гэж бий. Тансаг хаусууд, хүн орж болдоггүй том цогцолборуудтай учраас жирийн иргэдийн хувьд хориотой бүс болчихсон газар. “Ажнай” Д.Бат-Эрдэнийн гэгддэг “Нүхт” цогцолбор гэхэд л мөнгөө төлсөн бийлэгжүү нөхдөөс бусдад нь хаалттай. Сүүлд тэнд өрнөсөн бүтээн байгуулалт гэвэл “Корпорэйт” зочид буудал. Мөн л мөнгөө төлөөд ирсэнд нь нээлттэй. Улстөрч, бизнес эрхлэгчдийн тухалж амардаг тансаг хаусууд бол энд өчнөөнөөрөө. “Гачуурт”-ын Л.Чинбат байшингийнхаа хашаанд ихрүүдийн цэцэрлэг гэж байгуулсан нь харин олзуурхам жишээ. Тоглоомын талбайтай тэр цэцэрлэгт хүрээлэн ихрүүдэд нээлттэй. Энгийн олон ойртож болдоггүй энэ амыг иргэдэд нээлттэй болгох боломж мэдээж бий. Аяллын жим, амарч зугаалах хэсэгхэн талбай гаргах бүрэн боломжтой. Мөнгөтэй цөөхүүл эзэн суухаас өмнө энэ ам нийслэлчүүдийн салхинд олноороо гардаг газар байсан юм. Түүх өгүүлсэн хөшөө дурсгалтай багахан цэцэрлэгт хүрээлэн байгуулчихад л нийслэлчүүд Нүхтийг гэр бүлээрээ зориод эхэлнэ. Түүхэн явдал өрнөсөн ам учраас ийм цэцэрлэгт хүрээлэн байгуулахад болохгүй гэх газаргүй. 1911 оны нэгэн түүх энэ амтай холбоотой. Монголын ноёд Богд хаанд Бат-Оршил өргөнө гэдэг нэрээр хүрээнд цуглаж энэ газар нууцаар чуулж байв. Энд л монгол ноёд Манж Чин улсаас тусгаарлах асуудлыг хэлэлцэж, Орос улсаас тусламж гуйх шийдэлд хүрсэн юм. Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Хайсан гүн нарыг Орос улс руу томилон илгээх шийдвэр гаргасан энэ амны нэгэн модны доор Өндөр гэгээн Занабазар шүншиг хийж үйлдсэн гэх домог ч дуулддаг. Гэгээнтний сүүдэрт нь сууж асан модны нэр нь Жанчивсэмбэ, тэр модонд шар, хөх өнгийн навчис ургадаг, шар навчнаас хүртвэл шашны номд, хөх навчнаас хүртвэл төрийн номд сайжирна хэмээн домоглодог. Ийм газарт түүхэн хөшөө дурсгалтай цэцэрлэгт хүрээлэн байгуулахад яг тохирно. Машины зогсоол байгуулах ёстой амнуудын нэг нь Нүхт. Иргэдэд машинаа тавиад алхах боломж олгочихвол “Нүхтэд баячууд эзэн суужээ” гэх элдэв мэдээлэл хөврөхөө байна.

Арцатын ам байна. Бурхан багшийн хөшөө энэ тэр гэсхийгээд ажин түжин болчихсон газар. Иргэдэд алхдаг, зугаалдаг жим гаргаж өгөх ёстой газруудын нэг. Богинын аманд ч уул руу алхдаг жим гаргамаар байгаа юм. Зайсангийн аманд “Энигма” гэж компани 2003 оноос 41 га газар эзэмшиж байна. Зайсан толгойн түүхийг мэдэхгүй хүн үгүй байх аа. 1800-гаад оны үед Богд хаанд бараалхах шавь, отгийн захирагч нар энэ толгойн ар өврөөр түр нутагладаг байж. Богд хаан захирагчдын цол хэргэмийг харгалзан үзэж Зайсан толгой хэмээн нэрлэх болсон гэдэг. Төрөөс Зайсан хэмээх цол олгосон гэж ам дамжин яригдаж ирсэн энэ толгойн элгийг цөмлөж цемент цутгасан компанийн эзэмшдэг газраас гурван га-д нь автомашины зогсоол барих асуудал яригдаад эхэлсэн нь сайн хэрэг. Цаг алдалгүй хурдан барих хэрэгтэй. Зайсан-Баруун ширээтийн чиглэлд аялагч олонтой учраас Зайсангийн аманд автомашины бөөгнөрөл аль хэдийнэ том асуудал болчихсон. Энэ чиглэлд амралтын өдрүүдэд 300-400 машинтай, дөрөв, таван мянган иргэн явган аялахаар ирдэг гэдэг. Зайсанд барих автомашины зогсоолыг хөрөнгө мөнгө гаргаж барих учраас төлбөр мөнгөтэй байх нь тодорхой. Зогсоол барихад их мөнгө орсон гээд өндөр төлбөр тогтоочихвол утгагүй. Аажимдаа зардлаа нөхөх нь тодорхой учраас энгийн зогсоолууд шиг төлбөр мөнгө тавиад ажиллуулахад машинууд хэдэн зуугаараа үйлчлүүлээд эхэлнэ.

Уул ус, ургамал ногоо тэгширсэн гэж ярьдаг даа, яг тийм газар бол Их тэнгэрийн ам. Их тэнгэрийн амыг гуравхан айл эзэгнэдэг. Богдын энэ аманд амьдардаг гурван айлыг нүүлгэмээр байна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нь нэг дороо, нийслэлээсээ зайдуу амьдарна гэдэг аюулгүй байдал талаасаа ч байж боломжгүй шийдэл. Ганц бөмбөг хаяхад л төр толгойлдог гурав маань цугаараа сүйдэх учраас төр улсад аюултай. Ард түмнийхээ дунд аж төрвөл аюул багатай гэдгийг хэн ч ухаад ойлгочихно. Адаглаад гурван айл бөмбөгөнд өртлөө гэвэл дэлхий тэгтлээ анхаарч сүйд болохгүй. Харин ард түмнийхээ дунд байгаад ямар нэг осолд өртвөл олноороо сүйдэж гээд анхаарал хандуулна. Тэгээд ч төр толгойлдог гурав маань иргэдийнхээ дунд амьдарвал утаа, замын түгжрэл гээд болохгүй, бүтэхгүй зовлон, асуудлыг нь илүү мэдрэх сайн талтай. Их тэнгэрийн ам онцолж хэлмээр тавиу уужуу, байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар. Туулаас ус татаж хиймэл нуур байгуулж, битүү гэрэл гэгээ болсон амралт аялал жуулчлалын цогцолбор байгуулчихвал түмний зорих дуртай газрын нэг болно. Бага тэнгэрийн амыг ч иргэдэд нээгээд өгчих хэрэгтэй. Ер нь бүх л амыг иргэдэд энэ мэтээр нээлттэй болгох аян цаашид илүү хүчтэй өрнөх нь тодорхой байна.

Төр хурах, Шажин хурах гэж түүх өгүүлсэн, байгалийн сайхан жигдэрсэн амнууд байна. Төр хурахын амны наана түр саатуулах байр бий. Баривчилсан улсыг заавал ийм газарт шорон барьж саатуулах шаардлагагүй. Өөр газарт шилжүүлээд иргэддээ нээж өгөх хэрэгтэй.

Иргэдэд нээлттэй болгох ёстой газрын нэг нь Төв аймгийн дунд насныхны дурсамж шингэсэн Жаргалантын ам. Тэдний зугаалж, ууланд авирч, залуу насны дурсамжаа үлдээсэн энэ газар өдгөө ганцхан эзэнтэй. Богд уулын Хустай, Жаргалантын ам, Түргэний голын хооронд А.Сүхбат аварга томоо гэгчийн хашаа татаад удаж байна. Богд уулын баруун урд хэсгийг тэр чигт нь хашаалсан гэсэн үг. Бүхэл бүтэн уулыг хашаалж авсан хэрнээ бугын хөшөөнөөс өөр гавьтай зүйл хийгээгүй нь олны дургүйцлийг хүргэдэг. УИХ-ын гишүүний суудалд тухалсан А.Сүхбат аварга дэлхий шиг том энэ газрын татварыг өдий олон жил яг таг төлж ирсэн үү. За бараг үгүй болов уу. Газрыг хашаалаад авч болно л доо. Гэхдээ өдий олон жил хэнийг ч аялуулахгүй, цэцэрлэгт хүрээлэн, аялал жуулчлалын цогцолбор гэх мэт олонд өгөөжтэй төсөл хэрэгжүүлэхгүй, ганцаараа хав дарна гэдэг арай л боломгүй явдал. Төв аймагчуудыг аялдаг, зугаалдаг газартай болгооч, хэдэн арван жилийн турш аялж зугаалж ирсэн газрыг нь чөлөөлж өгөөч гэж аваргаас хүсч байна. Өчнөөн жил зүгээр л хашаа хатгаснаас өөрийг хийгээгүйг нь бодохоор газраа чөлөөл гэж хүсэх биш бүр шаардах ёстой байх. Хатуухан хэлэхэд тэнд бугын хөшөөнөөс өөр юм алга. Буга үржүүлэх нэрээр торлож хашаалсан ч тэр энэ гээд хэлчих аятайхан мэдээ лав дуулдсангүй. Хэнийг ч оруулахгүй он удаан жилээр байгалийг хашаалчихаар экосистемийн доройтол гээч болдог гэдэг. Амьтны хөлөөр тоос хүртээлт явагдаж зүсэн бүрийн ургамал дэлгэрдэг нь байгалийн хууль. Хүн, амьтангүй удсан байгальд нэг л төрлийн ургамал давамгайлж, бусад нь ургахаа больдог гэдгийг ургамал судлалын наад захын ойлголттой хэн ч хэлнэ. Хамгийн аюултай нь устаж магадгүй ургамлын төрөл зүйлүүд хогийн ургамалдаа дийлдэж эхэлдэг юм билээ. Шуудхан хэлэхэд А.Сүхбат аварга уулыг хашаалж, хэнийг ч оруулахгүй хөл хорио тавьснаараа байгалийн унаган төрхийг үгүй хийж байна гэсэн үг. Тэгэхээр байгалийг байгалиар нь аварч үлдэх ганц л боломж байна. Жаргалантын ам хавийн хашааг буулгаж иргэдэд нээлттэй болгох.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Усан спортод дурлах олон шалтгаан

Усан спорт зурган илэрцүүд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага усанд живж амиа алдах явдлыг санамсаргүй бөгөөд хамгийн түгээмэл нас баралтаар нэрлэжээ. 8942 тохиолдолд нэг хүн энддэг гэсэн магадлал хүртэл гаргачихаж.

Монголчуудын хувьд ч ялгаагүй, золгүйгээр нас баралтын нэг том шалтгаанд гол ус багтдаг. Түрүү жилийн наймдугаар сард лав ОБЕГ-ынхан “Он гарсаар дал гаруй хүн усанд осолдож амиа алдлаа” гэсэн мэдээлэл өгч байсан. Жил хүрэхгүй хугацаанд хэдэн арваараа усанд осолдоно гэдэг харамсалтай хэрэг. Усанд живж амиа алдагдсдын тоо дэлхийд өндөр гараад байгаа нь манайх шиг олноороо усанд сэлж сураагүй үндэстнээс үүддэг гэж ДЭМБ зүгээр ч нэг тодотгодоггүй. Далайн орны, хар багаасаа усанд сэлж өссөн хүмүүс барагтай л бол усанд эндэхгүй нь хэнд ч тодорхой зүйл. Уснаас үүдсэн аюулыг багасгах арга уг нь тун энгийн л дээ. Гол уснаас хол, суурингийн улс хүүхдүүдээ багаас нь усан спортоор хичээллүүлж, ядаж сэлээд сургачихмаар байгаа юм. Усан спортоор хичээллэсэн хүүхдүүд усанд загас шиг болохоос гадна эрүүл чийрэг залуус болж өсч өндийх сайн талтай. Усанд сэлэх нь биеийн хэлбэр галбир засч, зүрхний булчингийн үйл ажиллагааг сайжруулж, хүчилтөрөгчийг булчингуудад тарааж, цусны эргэлтийн системийг сайжруулдаг болохыг анагаах ухаан аль хэдийнэ баталчихсан. Хуучны цаг шиг “Хаана усанд сэлэх вэ” гэж гомдоллох шалтаг үнэндээ алга.

Нийслэлд дор хаяж 20 бассейн идэвхтэй ажилладаг гэсэн статистик бий. Наад зах нь дүүрэг бүр бассейнтай болсон шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

“Цэвдэг жаран”-ы нууцыг тайлсан зохиолчийнх

Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджавынд өнжлөө. Д.Нацагдоржийн шагналт зохиолч, МУИС-ийн доктор энэ эрхмийнх дөрөвдүгээр хорооллын эцэст хуучны гурван өрөө байранд даруухан аж төрж байна. Биднийг баасан гаригийн өглөөний 09.00 цагтай уралдан хаалганых нь хонхыг дарахад Цэнджав доктор хаалгаа тайлж өглөө. Эзэгтэй шүдний эмчид цаг авсан учир өглөө эртлэн гарчээ. Гэрийн эзэн таваглаж бэлдсэн самар, чихэр, сүүтэй цай тэргүүтнийг өмнө дэлгэлээ. Эзэгтэй хичээнгүйлэн захиж бэлдэж үлдээсэн нь илт. До.Цэнджав докторынх сүүлийн үеийн сонин хачнаар дүүрэн байгаа нь гэрийн эзний өмнөө дэлгэсэн гар бичмэлээс илхэн. “Цэвдэг жаран” гэсэн гарчигтай зузаан гэгчийн эх бичмэл хорхой хүргэнэ.

Цэнджав доктор америкт ажилладаг охиныдоо очиж зээгээ харах далимдаа романаа гүйцээгээд иржээ. Үнэн хэрэгтээ гэрийн эзэгтэй Тэгшжаргал зээ хүүтэйгээ өдрийг гангар гунгар хийсэн шигээ өнгөрөөж, гэрийн эзэн зохиолоо бичсэн шигээ бүтэн улирлыг барж. Шөнийн арван хоёр хүрэх энүүхэнд, үүрийн дөрөв, тав гэж босох нь наахны хэрэг байсан гэнэ. До.Цэнджав доктор эхнэрийнхээ аягалж өгсөн мөнгөн аягатай сүү амтагдсан цайг оочлонгоо “Зохиолч хүн болж өгвөл орчноо өөрчлөх хэрэгтэй юм билээ. Довон дээрээ аж төрөөд байхаар сэтгэлгээний хувьд сэтгэл нь ханасан, эх орноо санах сэтгэлгүй, халгисан улс л байдаг юм байна. Эх орноо санаж шаналж байх үеийн сэтгэлгээ үнэхээр мундаг. Японы дэлхийд гэж яригддаг Мураками гэхэд л том зохиолуудаа Америкт очиж хийдэг нь цаанаа ийм учиртай юм билээ шүү” гэж байна. “Энэ цаг үеийн амьд байгаа зохиолчдоос хамгийн агуу нь Мураками гэх юм. Яг юу нь агуу байна аа” гэхэд ”Над шиг жар гарсан хүн өөрийгөө дөвийлгөөд яах ч билээ. Муракамигийн дүрийн сэтгэл зүй, мэдрэмж нь гайхалтай. Түүнээс бусдаар Мураками онцгой санагдаагүй. Манай зохиолчид мундаг. Гэхдээ англи хэлгүй гэсэн том зовлон, саад бидэнд байна” гэсэн тоомжиргүй хариу өгөөд нөгөө өрөө рүүгээ алхлаа.

Зочны өрөөний нэг хана “Юань улсын судар”-аас эхлээд хайрлаж харамлам номоор дүүрэн, жижиг өрөө нь тэр чигтээ номонд умбасан энэ гэрт өдрийн хугасыг өнгөрөөхөд цаанаа л нэг сэтгэлд дулаан мэдрэмж төрнө. Америкаас жин тан болж ирсэн “Цэвдэг жаран”-ы тухай хууч өрнүүлмээр оргиод болдоггүй. Хэдэнтээ асуусны эцэст бэлэн болсон бичмэлээ дэлгэнгээ “Гучаад оны хэлмэгдлийн тухай роман л даа. Маш эгзэгтэй үе байсан. Дотроо баруун зүүн гээд хуваагдчихсан. Коментерний бодлого хүчээ авчихсан. Монголоо яаж чирч гарах вэ гэсэн эх орончдын сэтгэл өдөр, шөнийг ялгалгүй чилсэн тийм л хэцүү бэрх үе. Нэг талд Хятад булаах гээд, нөгөө зүгт оросууд өөр бодолтой. Лидерүүдийн зөрчил газар авчихсан. Чойбалсан, Амар, Гэндэн, Дэмидийн тухай энэ романд гарна. Чойбалсангийн хувьд 1921 оны хувьсгалд ямар мөртэйг нь монголчууд мэднэ. 1940 он хүртэлх мөр нь бараан шүү. 30 гаруй мянган хүний аминд хүрсэн гэх гашуун үнэн бий. Улстөрийн лидерүүд, лам нар, алтан ургийнхан гээд нийгмийн элит хэсгийг хүйс тэмтэрсэн” гэж байна. “Х.Чойбалсан үнэхээр муу хүн үү, эсвэл цаг үеэсээ шалтгаалаад яах аргагүй байдалд орсон хүн үү” гэж тодруулахад “Оронд нь хэн ч байсан тэгэхээр юм билээ. Мань эр хамгийн сүүлд хувьсгал эхлүүлсэн долоогийнхоо Лосол, Догсом хоёрыг баривчлаад бодож эхэлж байгаа юм. Мөр зэрэгцэн хувьсгал хийж явсан нөхдийнх нь сүүлч наадам болохын өмнөх өдөр өөрийнх нь тушаалаар баривчлагдана гэдэг бэрх л дээ. Тэр үед, нэг л биш боллоо гэдгээ ухаардаг. Нөхдөө гараараа дуусгасны учир юунд байна, ямартай ч тусгаар тогтнолоо аварч гарлаа, одоо цаашид тэвчихгүй ээ, шударгаар үзнэ гэсэн Чойбалсангийн бодол ухаарлаар миний роман төгсөнө. Эмгэнэлтэй ч төрийн роман учраас гэрэлтэй, гийж төгсөх учиртай. Чойбалсан ухаарч байгаагаар төгсөнө гэдэг цаанаа ийм учиртай” гэж ярилаа.

Цэнджав доктор романаа бичих гэж арав гаруй жил судалгаа хийжээ. Чойбалсангийн үеийнхэнтэй уулзсан уулзалт тоогоо алдсан гэж байна. Сүүлд гэхэд Чойбалсангийн нарийн бичгийн дарга Шагдарсүрэн гуайтай хууч хөөрчээ. Жанжны дэргэд арав гаруй жил байсан Шагдарсүрэн гуайгаас нарийн ширийн зүйлс их сонссон гэнэ. Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Бямбаагаас өнөөгийн бидний мэдэх нь байтугай гадарлах ч үгүй нууцуудыг сонсчээ. Ер нь манай түүхчдийн тэр бүр орж судалж чадаагүй нууцуудыг мэдэж авсан юм байна.

“Нууц гэдэг үг сэтгүүлчдийн хувьд загатнасан газар маажих шиг болдог шидтэй эд. Ганцханыг нь жишээ болгож яриач” гэлээ. Зохиолынхоо эх хувийг дэлгэнгээ ганц нэг хуудсаар эргүүлж суусан До.Цэнджав доктор “Чойбалсан 1928 он, гучаад оны үед Орост байгаад чимээгүй болчихсон. Намтрыг нь бичигчид энд очоод зогсчихдог. Тэр нууцыг би мэдэж авсан юм. Лхүмбийн хэрэгт хүчээр хэлмэгдүүлж, нэлээд нарийн шалгаж, байцааж, тамлаж байгаад гар хөлөө болгосон байдаг юм. Бараг КГБ-д элсүүлсэн. Тэгээд ухамсрын шанаа өгсөн. Яг өөрийн хүн болгосон гэсэн үг. Энэ цаг үеийн тухай түүхчид таамаг л дэвшүүлдэг. Чойбалсан хойд хөршид авгайтайгаа, туслахтайгаа очсон юм билээ. Туслахынх нь яриаг сонсох нь ээ жанжин өглөө эртээ гэгч гараад орой нь маш баргар царайтай ирдэг байж. Ирэхгүй өдөр ч цөөнгүй. Амралт, сувиллаар явж байж яагаад ингэж барайж ирдэг юм бэ гэж асуухаар нэг их уртаар санаа алдаж, та нарт хэлж болохгүй юм байна аа, болохгүй юмтай зууралдчихлаа гэдэг байж” хэмээн хэлээд урдаа байгаа мөнгөн аягатай цайг удаанаар оочлов. Сталиныг алгадаж явсан гэх Пэлжидийн Гэндэн хэмээх хөдөөх эрийг сонирхмоор санагдаад “Гэндэн Ерөнхий сайдын талаар хүмүүсийн мэдэхгүй хэр мэдээлэл цуглуулсан бол. Аль муугаар нь хэлэх хүмүүс ч байдаг. Сайнаар хэлэх жишээ ч цөөнгүй дуулддаг” гэж сониучирхлаа. Цэнджав докторын нүд сэргэснээ “Гэндэн их тод гарна шүү. Ер нь аливаа улс төрийн зүтгэлтэн хоёр талтай. Сайн, муу аль нь ч бий. Гэндэнгийн хувьд боловсрол муутай, хөдөөний задгай хар ухаантай, амьдрал мэддэг, сайн ярьдаг тийм л хүн. 1924 онд ирж хуралд оролцоод л өөрийгөө таниулчихсан” гээд эх бичмэлийнхээ хуудсыг шалмаг гэгч нь эргүүллээ. Гэндэнгийн үгийг сонсч суусан Ерөнхий сайд Цэрэндорж “Амьдрал мэддэг хүн Бага хурлын дарга байх хэрэгтэй. Арвайхээрийн хазгар нөхөр саруул ухаантай хүн шиг санагдлаа. Тал талаас нь дэмжихэд малчин хүн дарга болж яагаад болохгүй билээ” гэж л дээ. Цаадуул нь “Бичиг үсэг тааруу юм билээ” гэж болгоомжлоход Ерөнхий сайд Цэрэндорж тэргүүтнүүд “Бичиг үсгийг сурна шүү дээ” гээд зүтгүүлж. Ингээд л XX зууны эхэн үеийн Ерөнхий сайд нарын нэг түүхийн тавцнаа гарч иржээ. “Гэхдээ Гэндэн бичиг үсэг сураагүй явсаар дууссан даа” гэсэн зохиолчийн үг чихний хажуугаар өнгөрсөнгүй.

“Гэндэн Сталиныг үнэхээр алгадсан болов” уу гэсэн сониуч асуулт өнөө хэр түүх судлаачдын дунд бий. До.Цэнджаваас энэ талаар асуухад “Ер нь их зоригтой хүн. Сталиныг арай ч алгадаагүй юм билээ. Согтоод яаж ч магадгүй хүн байсныг нь мэдэх, гадарлах хүмүүс нь үгүйсгэдэггүй. Гэндэн Сталины үгэнд ер ордоггүй байсан. Лам нараа устга гэхээр үгүй гэчихнэ. Цаанаас чинь Япон орж ирэх гээд байна, алийг нь дагах гэж байгаагаа хэл, дайсныг дагавал туслахгүй шүү гэхээр нь бас дуугарахгүй. Дотор бодолтой хүн л дээ. Япон бол түшиж болох орон гэдгийг харчихсан байсан юм билээ. Хоёр улсын хоорондын л маргаан, манайх оролцох албагүй гэсэн улстөрийн хатуу бодлоготойгоо хэлчихсэн. Согтохоороо оросуудаа тувт шүүмжилнэ. Сталиныг хуцан хамарт гэнэ. Хуцан хамартаас айхгүй гэж онгирно. Сталины зориуд зохион байгуулсан хүлээн авалт дээр их согтсон байдаг юм. Сталин “Чи муу Чингисийн гөлөг” гэнгүүт “Гүржийн бух шүү дээ чи” гэж. Маргасан, боссон, заамдсан, босонгуут нь шкаф шиг улс дор нь хэмхчих шахаад бариад авалгүй хаачихав. Өөрөө өөрийгөө л алсан хүн” гэж хэлээд санаа алдаж байна.

Гэрийн эзэн “Зохиол бичихийн 80 хувь нь баримт цуглуулах. Зохионо гэж яриад байгаатай би санал нийлдэггүй. Зүй нь туурвигч гэж ярих учиртай. Дээшээ хараад зохиодог байдал явахаа өнгөрсөн. Баримтат уран сайхны роман энэ цагт хөгжиж байна” гэж ярилаа.

Удам судрын тухай хуучаар бидний яриа үргэлжиллээ. До.Цэнджав доктор “ Бид чинь их урагшаа хөөвөл Батмөнх Даян хаан, Гэрсэнзийн удам юм билээ. Угсаа залгамжилсан цагаан ясны тайж улс л даа. Ээжийн аавын аав Мэндбаяр туслагч гэж байсан. Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны туслагч. Хошуу ноёны дараагийн хүн гэсэн үг. Жинхэнэ тамгыг нь барьдаг, хэргийг нь нийлдэг мундаг алба. Улиастайн амбаны газар хэрэг нийлнэ, эр төөлнө. Эрчүүдийг нас шүдээр нь ялгаж цэрэгт явах гэх мэт ажилд хариуцахыг эр төөлнө хэмээдэг. Манжийн үеийн зүтгэлтэн гэсэн үг. Манай говийнхон даруухан. Богдод баахан хандив өргөөд бэйл, бэйс, гүн, чин ван болно гэсэн хүсэлгүй. Нэлээд догшиндуу хүн байж. Үүдээр нь морьтой хүн өнгөрдөггүй. Өнгөрвөл эмээлийг нь хуулж аваад мянга мөргүүлнэ. Манжийн үеийн ёс л доо. Ёсоо л дагаж байгаа хэрэг. Түүний хүү нь Цэдэв тайж. Жинхэнэ даруу номын хүн байж. Ерөнхий бичээч. Хачин гоё бичнэ. Гар бичмэл нь бий. Дараагийнх нь Чоймбол аграмба. Гавж хүн ч байлаа. Миний ээжийн удамд жирийн хар хүн нэг л байж” хэмээн ярилаа. Ээжийнх нь талын ах дүү зургааг хэлмэгдүүлэлтийн үед цаазаар авч байсан гэнэ. Одоогоор нэг гэрийн ах дүү зургааг цаазаар авсан тохиолдол бүртгэгдээгүй аж. Ах дүү зургуул тайж, лам байсан нь эдний гэр бүлд асар уй гашууг авчирчээ. До.Цэнджав гуай ааваараа бол Со жанжны удмын хүн юм билээ. Аавынх нь өвөг Манжийн үед урд талын хилийг хамгаалж байж. Аав, ээж нь амьдралын эрхээр тусдаа аж төрсөн учраас ээжээрээ овогложээ.

Гэрийн эзэн Түшээт хан аймгийн Дайчин бэйсийн хошууны түүхийг нутгийнхаа түүхч өвгөн Дондовтой хамтран бичиж эхэлсэнээ сонирхуулав. Тэрээр Америк яваад улам дурлах болсон араб кофегоо чанаж өгөх зуураа “Түүх багаддаггүй. Бага түүх, бага хүн гэж үгүй. Ямар ч хүн мөр гаргаж байгаа л бол өөрийн гэсэн түүхтэй. Бид тоомсоргүйгээр том том түүх ярих дуртай. Их Монгол энэ тэр гээд мэдэх мэдэхгүй юм хичнээн ихийг ярьдаг билээ. Эхлээд хошуудын түүхээ сайн мэдэх хэрэгтэй гэж боддог. Хаа очиж түүхийн эрдэмтдийн сайхан залгамж гарч ирсэнд олзуурхаж суудаг. Чулуун, Дэлгэржаргал, Содбилэг гээд мундаг залуус олон байна. Том түүхч бага орноо авардаг юм билээ. Хятад, Солонгос, Тайвань, Японы хооронд Сенкаку гээд нэг арлын маргаан болсон доо. Тэгэхэд түүхчид нь л хоорондоо маргаж байх жишээний. Манай түүхчид оюун санааны ийм байлдаанд бэлэн байх ёстой” гэж ярилаа.

Гэрийн эзэн чанасан кофегоо аягалах зуураа “Зарим солиотой нөхөд Чингис хаан гэж хэн юм, бэлтгэгдсэн арми гэж байгаагүй, яалаа гэж хэдэн мянганы түүхтэй Европын бэлтгэгдсэн армийг ялдаг юм гэдэг. Сүүлд Оросын нэг солиотой түүхч тэгж хэлсэн шүү” гэж байна. Тэгэхээр нь философич Молор-Эрдэнийн Чингисийн талаар хэлсэн үг дээр ямар байр суурьтай явааг нь сонирхмоор санагдаад тодруулж асуутал “Молор-Эрдэнийн хэлсэн үгний 30-40 хувийг нь үнэн гэж боддог байсан ч сүүлийн үед нэг л биш болсон. Бас юу гэчихэв ээ” гээд нүдээ томруулав. Молор-Эрдэнийн сүүлд хэлсэн байр суурийг нэг бүрчлэн тайлбарлатал дургүйцээд жигтэйхэн. “Нэг удаа архив үзээгүй, сэтгэлийн хөдөлгөөнтэй нөхөр Германы хоцрогдсон философийг уншиж ирээд галзуурч байгаа нь тэр л дээ. Шизофрений философи гэж хүртэл бий. шүү дээ. Нэр хаягаа ч зөв хэлж чадахгүй яваад нь голох сэтгэл төрдөг. Ар Монголын түүх гэж яриад байдаг. Ар Монгол гэдэг чинь өнгөрсөн зууны арваад оны нэр томьёо. Тэрийгээ ч ялгахгүйгээр түүх ярина гэдэг эмгэнэл. Хамаг хүнийг доромжилж дууслаа. Ийм балай амьтдаар Монголын оюун санааг доромжлуулаад дуугүй сууж болохгүй. Ямар азаар “Монголын нууц товчоо” үлдэж, Карпини, Рубрук дэлхийд тэр цагийн түүхийг бичиж үлдээсэн юм бэ. Ийм мундаг хүмүүс Их Монгол Улсын түүхийг цагаан дээр хараар бичиж үлдээгээгүй бол Молор-Эрдэнэ мэтийн нөхөд алах нь л дээ. Дуугүй байна гэдэг зөвшөөрсний тэмдэг. Баабарыг муу хэлснийг нь лав тод санаж байна. Баабарын хувьд ийм амьтантай яриад яахав дээ л гэж бодож суугаа байх. Баабар шиг уншсан, тав зургаан хэлээр мэдэрдэг хүн ийм хүнтэй ярихгүй л дээ. Гэхдээ нэг том аюул бийг мартаж болохгүй. Юу ч мэдэхгүй залууст Молор-Эрдэнэ мэтийн үг хөөргөн сайхан санагдаж байгаа” гэж ярилаа.

Удам дамжсан, 200 жилийн түүхтэй эд зүйлс

Гэрийн эзэн Дундговь аймгийн Гурвансайхан сумынх аж. Сумын номын сан нь өөрийнх нь нэрэмжит гэнэ. Намраас сургууль орохоор номынхоо талыг нь сургуулийнхаа номын санд хандивлахаар болж. Эдний жижиг, том өрөө номоор дүүрсэнээс гадна лагерийнх нь байшин номын өргөө гэж хэлэхээр болчихсон гэнэ. Эхнэртээ цаасан хайрцаг захисан гэж ярилаа. Цаасан хайрцагнууд бэлэн болонгуут номоо бэлдэж эхэлнэ гээд жигтэйхэн догдлолтой сууж байна. Сумынхаа номын санд өгөхөөр бэлдсэн номуудаас “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн гурван боть анхаарал татна. Гэрийн эзэн “Хүүхэд залуучуудын нэвтэрхий толь”-ийн хариуцлагатай редактораар ажиллажээ. Хөл гишгэх зайгүй шахам ном өрсөн жижиг өрөөний номын тавиур дээр тавьсан яст мэлхийн хэлбэртэй чулуу сонирхол татаад болдоггүй. Учрыг нь асуутал “Төрсөн гэрийн минь буурин дээр энэ чулуу байсан. Мэлхий хэлбэртэй болохоор хүмүүс их сонирхдог юм. Нүцгэн талд ийм чулуу байна гэдэг гайхам шүү. Чулуу гэдэг байгалийн эд эс. Байгаль чулуугаа харамлана. Гуйж аргадаж байж авсан” гэж хэлээд нэгэн хөгжилтэй хэрнээ сургамжтай түүх ярив. Цэнджав доктор уржнан Өмнөд Монголын оюутнуудтай Хэнтийгээр явжээ. Дадалын ойролцоо явж байгаад амрахаар түр буудаллатал хачин гоё чулуудтай газар таарч. Урд зүгийн залуус өнөө чулуудыг булаалдан түүхэд гэрийн эзэн “Чулуу бүхэн амьтай. Хамаагүй авбал амьтай чинь яригдана шүү” гэж хэлээд болиулсан гэнэ. Цэнджав доктор төрсөн гэрийнхээ бууринаас олсон мэлхий дүрст чулууг илэнгээ “Буриадын хамба Аюушжав гэж хүн бий. Оросын Ерөнхийлөгч Путины Буддын шашны зөвлөх. Тэр хүн, танайхан Туул гол багаслаа, машинаа угааж байна гэж ярих юм. Лам нар чинь номхон даруу хүлцэнгүй байна. Би бол шууд очоод л зогсооно. Энд машин угаах юм бол удмынхан чинь сүйрнэ шүү гээд л дархалчихна гэж байгаа юм. Санах л үг. Ер хэзээнээсээ л байгалийг тахиж, шүтүүлж бишрүүлж, айлгаж байж хамгаалж ирсэн” гэж ярилаа.

Зохиолчийн хувийн тамга

Эднийд өвгөөс өвлөж ирсэн хэд хэдэн нандин эд байна. Чулуунаасаа сийлбэртэй шүрэн толгойтой хөөргийг нь эд мэддэг хүмүүс 200 гаруй жилийн настай гэж оношилжээ. Хуучны мөнгөн хэт хутга ч тэр үеийнх ажээ. Хятад ваар, зэс домбо бас өвгөөс нь өвлөгдөж иржээ. Гурван удаа хөрөнгөө хураалгаад үлдсэн эд зүйл гэж гэрийн эзэн тайлбарлав. Цэнджав докторын зоосны цуглуулга ч сонирхолтой санагдав. Хамгийн эртнийх нь 1796 оны Америкийн нэгдсэн улсын мөнгөн зоос ажээ. 1873, 1915 гээд эртний зооснууд олноороо байна. Өдгөө цагийнх бол зүсэн бүрээрээ.

Хоол унд, кофе цайгаар үйлчлэнгээ дуугүйхэн инээмсэглэн суух гэрийн эзэгтэй Тэгшжаргал Америк руу өвгөнтэйгөө явж, зээгээ асраад иржээ. Эднийх гурван хүүхэдтэй. Том охин Энхжаргал нь “Форбес”-ийг Монголд оруулж иржээ. Америкт арваад жил суралцсан охиноо аав нь “Монголдоо ир” гэсээр ирүүлжээ. Энхжаргал одоо Харвардын төсөл дээр ажиллаж байгаа гэнэ. Хоёр дахь охин Болорцэцэг нь Америкт амьдардаг аж. Отгонхүү Оюутбилэг нь “ХААН” банкинд инженер хийдэг юм байна. Өвөө, эмээгийн амины зээ Гүнбилиг “Сант” сургуульд сурдаг аж. Төгөлдөр хуур тоглодог, шүлэг уншдаг, үлгэр зохиодог гэж ирээд яривал тал талын авьяастай мундаг эр юм байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Золжаргалын удирдсан төв банк хямралын хүчийг сааруулсан

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гарч Монгол банкийг шалгаад уртаас урт дүгнэлт зохиож сенсаацлав. Залхмаар нуршуу дүгнэлтийнх нь гол бай Н.Золжаргал ба АН байгаа нь эх орондоо хайртайдаа, эдийн засагтаа туйлаас санаа зовсондоо хэрэг болгож шалгаагүйг нь харчих хөнгөхөн нотолгоо. Золоогийн АНУ, Монголын хаана амьдрах нь хувь хүний эрх, ажлын хэсэгт ямар “но”-той нөхөд багтсан нь дэндүү жижиг асуудал учраас уйтгартай урт дүгнэлтээс нь гол гурван санааг сугалж аваад эрүүл саруулаар харах гээд үзье.

Дүгнэлтэд тэнэг, гэнэн гэдэг үг багадахаар нэг утга бий. Монгол банкийг шалгасан болон энэ ажлыг нь хөгжөөн дэмжсэн гишүүд хөмсгөө зангидаж ирээд “Төв банкийг алдагдалд оруулсан байна” гэж мэдэгдээд жигтэйхэн. Эхлээд төв банк гэж ямар байгууллага вэ гэдэг асуултад хариу хайя. Мэдээж аж ахуйн нэгж, ашгийн төлөө байгууллага биш төрийн мөнгөний бодлогыг тодорхойлогч, УИХ-ын өгсөн даалгавар тогтоол шийдвэрийг биелүүлж, хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй л газар. Төв банкны үүргийг том зургаар харвал эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хамгаалах. Энэ үүргээ биелүүлэхийн тулд бодлоготой ажиллана, бодлогоо хэрэгжүүлэхдээ тодорхой арга механизм хэрэглэж таарна. Товчхондоо төв банк бодлого хэрэгжүүлэхдээ зардал гаргадаг. Н.Золжаргалаас өмнөх төв банкууд ч алдагдалтай ажиллаж ирсэн нь цаанаа ийм учиртай. Т.Аюурсайхан тэргүүтнүүдийн яриад байгаа шиг төв банк алдагдалтай ажиллах ёсгүй мэтийн яриа өрнөөд эхэлбэл бодлого хэрэгжиж чадах уу, үгүй юу гэдэг асуулт руу орж таарна.

Монголбанкны бодлого хэрэгжүүлэхдээ гаргадаг зардал нь төв банкны тэнцэл дээр бодит бус алдагдал гэж бичигддэг. Онцолж хэлэхэд алдагдал нь эдийн засаг, нийгэмд өгөөж болж очдог том давуу талтай. Төв банк ашигтай ажиллаад байвал эдийн засагт бий болох эерэг өөрчлөлтөөс татгалзаж байна гэсэн үг. Нэг жижигхэн жишээ шигтгэе. Төв банкны алдагдлыг бууруулах хамгийн амархан арга нь төгрөгийн ханшийг суллах. Үндэсний мөнгөн тэмдэгтээ хүчгүйдүүлж, иргэдийнхээ халаасан дахь хэдэн бор төгрөгийн үнэ цэнийг унагах хэрээр төв банкны алдагдал багасаад байдаг гээд төсөөл дөө. Энэ төсөөллийг ухаад бодоход л эдийн засгийн байнгын хорооныхны сүржин гэгч нь онцлоод буй “Төв банкны алдагдал” гэдэг үг энгийн иргэдэд хэрэггүй эд болох нь төвөггүй анзаарагдана.

Төв банк ашиг хардаг арилжааны банк биш учраас бодлогоо зөв хэрэгжүүлсэн үү, хэрэгжүүлсэн бодлого нь үр дүнд хүрсэн үү гэдэг асуултын хариу л онцгойлж харах учиртай өнцөг. Түүнээс биш бодлого хэрэгжүүлдэг байгууллагын баланс хэтээсээ сонин биш гэдгийг бид байтугай дэлхий хүлээн зөвшөөрчихсөн. Жишээ нь Чехийн төв банкны баланс маш олон жил алдагдалтай явсаар өнөөг хүрсэн ч, алдагдлыг нь хэн ч тоодоггүй. Эдийн засагтаа мэдрэгдэхээр реформууд хийсэн учраас иргэд нь, шийдвэр гаргагчид нь төв банкаа хүндэтгэж хардаг. Тэгэхээр төв банк их хэмжээний алдагдалтай ажилласан гэвэл их л өгөөжтэй ажиллаж, өчнөөн бодлого хэрэгжүүлсэн гэсэн үг. Н.Золжаргалын удирдсан төв банк өнгөрсөн жилүүдийн хямралын хүчийг сааруулж, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөг зөөлрүүлэхэд анхаарсан бодлогуудыг идэвхтэй хэрэгжүүлсэн учраас зардал гаргасан хэрэг. Давтан хэлэхэд түүнийг нь тэнцэл дээр бодит бус буюу unreal loss гэж тодотгодог. Төв банкийг ашигтай ажиллах ёстой гэж үзэж буй бол бодлогоо хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагагүй гэж байгаатай ялгаагүй эд. Төв банк ашгаа бодоод эхэлбэл эдийн засагт мөнгө ихдэхэд үнэт цаас гаргаж чадахгүй, эсрэгээрээ мөнгө дутагдахад банкууддаа зээл өгч хүчрэхээ байна. Үнэт цаас, валютын интервенц, своп хэлцэл гэх мэт мөнгөний бодлогын хэрэгслүүдийг зөв ашиглавал эдийн засагт хэргээ өгдөг. Монгол банкны ашигладаг энэ арга хэрэгслүүдийг зогсоож, төв банкаа хүчгүйдүүлэх гээд байна уу даа гэсэн хар төрөхөөр ажлыг УИХ-аас санаачлан явуулж эхэлсэн нь харамсаар хэрэг. Монгол банкийг юу ч хийж чаддаггүй, хөлдүү, мэдрэмжгүй, эрдэм шинжилгээний хурлаас илүү гарахгүй, их удаж эссэ бичлэгийн уралдаан зарладаг институц болгох сонирхол хэнд байна вэ? Ингэлээ гээд хэнд хожоотой гэж.

Бидний жишээ татах дуртай биднээс олон хямралыг давж, хал үзэж халуун чулуу долоосон Япон, Америк, Англи, Европын төв банкууд нэг л зүйлийг ойлгосон байдаг юм. Гадаад орчин муудаж эдийн засагт сөрөг нөлөө илрээд эхэлбэл Засгийн газар төв банк хоёр гэрлэх ёстой, тэгж байж хэцүү үеийг давдаг, давахдаа шокийг зөөлрүүлэх ёстой гэдгийг олоод харчихсан учраас тэд хөгжилтэй улсуудыг тэргүүлдэг.

Хуульд Төв банкны алдагдлын тухай ганцхан өгүүлбэр байдаг. Тодруулж хэлбэл “Төв банкны тэнцлийн алдагдлыг Засгийн газрын үнэт цаас гаргах замаар нөхөх асуудлыг УИХ-д тавьж шийдвэрлүүлнэ” гэсэн өгүүлбэр. Хуулиар алдагдлыг нь зөвшөөрчихсөн, нөхөх арга замыг нь заачихсан, шаардлагагүй бол нөхөхгүй байж болно гэдэгт толгой дохичихсон гэсэн үг. Үндэсний мөнгөн тэмдэгтээ гүйлгээнд оруулах онцгой эрх бүхий Төв банк учраас, эдийн засаг, санхүүгийн тогтвортой байдлыг цээжээрээ хамгаалдаг ганц хамгаалагч болохоор тэр. Ийм байгууллагад алдагдал бол хэдэн зуу дахь асуудал. Төв банкинд инфляци, иргэдийн амьжиргаа, ажил эрхлэлт, эдийн засгийн тэнцвэртэй өсөлт, макро баланс, санхүүгийн тогтвортой байдал, санхүүгийн салбарын эрсдэл даах чадвар, дархлаа л амин чухал асуудал. Эд бүгд дээр нэмэх нь дундаж давхарга. Улс орнуудын төв банкууд хөгжлийг чирч явдаг дундаж давхаргынханд онцгойлон анхаардаг. Хүчтэй дундаж давхаргатай улс өндөр хөгжилтэй яваагийн жишээг Австралиас эхлээд дурдаж болно. Н.Золжаргалын удирдсан Монгол банкны тухайд дундаж давхаргаа онилсон анхны төв банк. Ипотекийн зээлд олноор нь хамруулсан нь цаанаа ийм учиртай. Огцом ирсэн шокийг зөөлрүүлж, иргэддээ, эдийн засагтаа дасан зохицох хугацааг өгсөн нь Золоогийн нэг давуу тал. Тэгж чадаагүй төв банк байсан уу гэвэл байсан. 2008, 2009 оны хямралаар бултаараа нам суусан жишээ бий. Зөөлрүүлээгүй бол тэр үеийнхээс дөрөв дахин том хямрал болох байсан гэх таамаг тооцоо дуулддаг. МАН-ын гишүүдийн шүүмжлээд байгаагаар бол Монголын эдийн засгийг 2013 онд хасах болгох ёстой байж л дээ. Саяын шалгалт хийсэн нөхөд “Золоо чи хямралыг 2013 он, 2014 онд болох байсныг яагаад хойшлуулав” гэсэнтэй ялгаагүй зүйл яриад суугаа нь хачирхалтай хэрэг шүү.

Эдийн засгийн байнгын хорооны дүгнэлтээс сугалсан хоёр дахь шалтгаан мөн л хэтэрхий гэмээр гэнэн. Монгол банк асар их мөнгө нийлүүлж эдийн засгийг алаад хаячихлаа гэхээр хэнд ч сүртэй сонсогдоно л доо. Үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж хэрэгжүүлээд баахан нөхөд мөнгө идээд уучихаж гэхээр хэнд ч аятай дуулдахгүй. Үнэн хэрэгтээ үнэ тогтворжуулах хөтөлбөрт зарсан мөнгөний 98 хувь нь эргэж төлөгдсөн. Одоо 24 тэрбум төгрөг үлдсэн, ирэх оны нэгдүгээр сар гэхэд төлөгдөөд дуусна. Хөтөлбөрийн хүрээнд зээл гарсан, зээлийн цаана барьцаа хөрөнгө байсан, бизнесийн идэвхжил явагдсан. Ашигт ажиллагаа, ажил эрхлэлт тодорхой төвшинд байсан. Эдийн засгийн өсөлттэй уяад харчихад л болох эд шүү дээ. Мөнгө нийлүүлж байх үед эдийн засгийн өсөлт 12 байснаа 11.6, 8 болоод саарсныг статистикаас харж болно. Хөтөлбөрийн хүрээнд авсан зээл төлөгдөөд эхлэхээр эдийн засгаас мөнгө татагдаж таарна. Эдийн засгийн өсөлт 2.3, сүүлдээ 1 хувь болсон нь ийм учиртай. Өөрөөр хэлбэл сүүлийн хоёр жилд Монгол банк мөнгөний нийлүүлэлт хийж, элдэв хөтөлбөр хэрэгжүүлээгүй. УИХ-аас “Одоо боль, засаг руу нь өг, зээлээ төлүүлээд дуусга, үе шаттайгаар наад хөтөлбөрөөсөө гар” гэсэн учраас эдийн засгийн өсөлт нэг хувь болсон юм.

Дэлхийн аль ч оронд парламентын гишүүд нь манайх шиг мөнгөний бодлогын үнэн зөвийг шүүдэггүй. Мөнгөний бодлого халдашгүй, хараат бус байх агуулгатай. Манай хуульд ч үүнийг нь цагаан дээр хараар тов тодорхой заагаад өгчихсөн. Монгол банк улирал бүр УИХ-д тайлан тавина, УИХ тайланг нь зөвхөн сонсч, танилцана гэсэн агуулгатай үг өгүүлбэр л хуульд дурайж байгаа. Тэгэхээр төв банкны мөнгөний бодлого, үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох эрх УИХ-д хуулиараа байхгүй гэсэн үг. Сүүлийн өдрүүдэд өрнөж буй үйл явдлыг анзаарах нь ээ УИХ төв банкны үйл ажиллагаанд оролцохын дээдээр оролцож шүүгчийн үүрэг гүйцэтгээд эхэллээ. Бүр эдийн засгийн аюулгүй байдалд харшлахаар үг өгүүлбэрийг дурын нэг гишүүн сенсаацилж, постолж байна.

Дүгнэлтэд Нийгмийн хөгжлийн сан гэж байгуулж ажилтнууддаа орон сууцны зээл өгсөн нь алдагдал болоод байна гэсэн утгатай хэсэг бий. Өмнөх ерөнхийлөгч нарын үед хэдэн хүнээс цөөхнийг нь сонгож үнэгүй орон сууц өгдөг байсныг нь Золоо арай хүртээмжтэй хэлбэр рүү оруулж зээл болгочихож. Өмнөхөөс илүү олон хүн зүв зүгээр биш, зээлээр орон сууцтай болсныг МАН-ын гишүүд шүүмжлээд жигтэйхэн байна. Бүр “Золоогийн үед байр авсан хүмүүсийн хөрөнгийг хураа” гэх маягийн коммунист сүржигнэл ч өрнөөд авч. Энэ сүржигнэл ажил болбол Д.Моломжамц ерөнхийлөгчийн үеэс байртай болсон бүгд өмчөө хураалгах нь л дээ. Сан байгуулж ажилчдаа зээлээр орон сууцанд оруулсан нь мөн л хуулийн дагуу өрнөсөн процесс юм билээ. Байсхийгээд поп мэдэгдэл хийдэг Т.Аюурсайхан гишүүн Монгол банк зах зээлд нийлүүлсэн мөнгөө болон алдагдлаа төл гэсэн үг унагана лээ. Гишүүний хэлсэн үг ажил болбол АН-ын засагласан гурван жилийн хугацаанд орон сууцны зээл авсан 60 мянган иргэн авсан зээлээ даруй төлөх хэрэг гарах нь. Ипотекийн зээл 900 тэрбум байсан нь АН-ыг засаглах, Золоог Монгол банкийг удирдах үед дөрвөн их наяд төгрөгт хүрсэн юм.

Энэ мэт цаад учир шалтгаан, уг үндсийг ухахгүйгээр элдэв хатуу үгтэй дүгнэлт гаргах нь “Дондог сонсголын аппарат зүүсэн учраас тэнэг харагдаж байна” гэдэгтэй агаар нэг сонсогдож байна. Сонсголгүй учраас аппарат зүүжээ гэж ярихыг хүсэхгүй байгаагийн цаад шалтгаан нь юу юм бол?

Дэмжлэг муутай ч бүх бололцоогоо ашиглаж, эдийн засгийг өдий дайны торгоож өнөөдрийг хүргэснийх нь төлөө Золоог магтахаа байг гэхэд яг одоо ажиллаж буй Монгол банк юу хийж байгааг хэлчих гишүүн МАН-д алга. Эхний жишээ гэхэд л ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулж орон сууцны найман хувийн зээлийг зогсоосон гэм төв банкных. Төв банк арилжааны банкуудад “Өөрийн эх үүсвэрээрээ зээлээ өгчих, дараа нь биднээс тэр мөнгөө аваарай” гэчихсэн учраас найман хувийн зээл ховрын бараа болчихоод байгаа. Иргэдээс 16 хувийн хүү амлаж татаж авсан хадгаламжаа найман хувийн зээл болгож гаргах гэнэн тэнэг банкир гэж хаана байхав. Бүх свопыг зогсоосон газар нь мөн л төв банк. Свопыг зогсоочихоор арилжааны банкаар орж ирдэг валют алга болдог. Бас нэг ноцтой, хэлэхгүй орхиж боломгүй хандлага байна аа. Гишүүд нь төв банкаа хянан шалгаж, мөрдөн байцаах маягийн яриа хөөрөө өрнүүлээд эхэлнэ гэдэг гадаадын хөрөнгө оруулагч, гадаад зах зээлд маш том сөрөг дохио. “Хөрөнгө оруулах гэж байгаа улсын маань парламентын гишүүд төв банкаа ингэж байна, хараат бус юм гэж алга, энэ орны бүх зүйл улстөр юм байна” гээд харчихвал хэн ч бидэнд итгэж мөнгөө бариад ирэхгүй.


Categories
мэдээ цаг-үе

“Шөнийн гэрэлт гудамж” ирэх сарын 8-наас ажиллаж эхэлнэ

“Шөнийн гэрэлт гудамж” төсөл хэрэгжиж дууссаны дараа Сөүлийн
гудамж ийм болно

Циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх хэсгийг шөнийн гудамж болгох ажил эхлээд байна. Нийслэлээс шөнийн гудамж байгуулах төслөө “Шөнийн гэрэлт гудамж” гэж нэрлэжээ. Нэг талдаа 440 метр урт гэхээр нийтдээ 880 метр урт талбайг иж бүрэн тохижуулахаар болж. Шөнийн гудамж долоо хоног бүрийн баасан гаригт л ажиллана. Оройны 22.00 цагаас өглөөний 06.00 цаг хүртэл Сөүлийн гудамж хөл хөдөлгөөнтэй байх нь.

Энэ үеэр машины хөдөлгөөнийг хаах юм байна. Хотын дарга захирамж гаргаж соёл урлаг, аялал жуулчлалын газар, нийслэлийн ерөнхий төлөвлөгөө, захирагчийн ажлын алба гээд холбогдох бүх байгууллагуудыг багтаасан ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийнхэн шөнийн гудамжны тохижилтын ажлыг тавдугаар сарын хорьдоос эхлүүлэхээр төлөвлөжээ. Ирэх сарын 8-нд нээлтийг нь хийх юм байна.

Шөнийн гудамж бүхэлдээ гэрэлтсэн байх төлөвлөгөөг хотоос гаргажээ. Дээгүүрээ гэрлэн таазтай байх нь. Гэрэлтүүлгийн эффектүүдийг шинэчилнэ гэж Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан хэлж байна.

Сонирхуулж хэлэхэд 45 дугаар сургуулийн өмнөх налуу хэсэгт 600 хүний суудал засч эхэлжээ. Арваад хоногийн дараа суудлууд бэлэн болох гэнэ. Зуны дулаахан орой энэ суудалд тухалсан хүмүүс замын эсрэг талд буюу “Браухауз”-ийн ханан дээр суурилуулсан том дэлгэцээр хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан зүйлсийг үзэж сонирхох юм байна.

“Шөнийн гэрэлт гудамж” байгуулах ажлын хүрээнд ногоон байгууламжийн сэлгэлт, нөхөн сэргээлтийн ажил ч хийгдэж байна. Энд явган замын ажил эхэлжээ. Энэ хавийн ТҮЦ-үүдийг шилжүүлэх юм билээ. Зам дагуух ТҮЦ-үүдийг шилжүүлснээр шөнийн гудамж илүү өргөн талбайг хамрах боломжтой болжээ.

Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас шөнийн гудамжны зургийн даалгавруудыг гаргасан байна. Ерөнхий хэрэгжүүлэгч бөгөөд хяналт тавих, зохион байгуулах ажлыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Нийслэлийн захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрт даалгажээ.

Сөүлийн гудамж

Сөүлийн гудамжийг шөнийн гудамж болгох шийдвэрийг нарийн тооцож төлөвлөж байж гаргасан гэнэ. Тэр хавийн байрууд худалдааны төв, баар, ресторан гэх мэт үйлчилгээний байгууллагын зориулалтаар баригдсан учраас Сөүлийн гудамжийг сонгожээ. Дашрамд мэдээлэхэд Сансарын Баянцээл хавийн баар цэнгээний газруудыг ойрын хугацаанд хаах бололтой. Оршин суугчдаас амар тайван байдал алдагдуулсан гэх гомдол байнга ирэх болсон учраас тэр хавийн баар, цэнгээний газрууд дээр нийслэлээс анхаарал хандуулаад эхэлчихэж. Нийслэлийн залууст чөлөөт цагаа өнгөрөөх боломжийг олгосон шөнийн гудамж байгуулагдсаны дараа Сансар хавийг оршин суугчдыг санааг амраасан шийдвэр гарах юм байна. Сөүлийн гудамжны авто замын зорчих хэсэгт худалдааны асрууд барихаар болжээ. Ойр орчмын аж ахуйн нэгж байгууллагуудаас гадна бараа бүтээгдэхүүнээ сурталчлах зорилготой компаниудад “Шөнийн гэрэлт гудамж”-инд ажиллах боломж байна. Нийслэлийн захирагчийн ажлын албанд шар айраг, ундаа ус, тоглоом үйлдвэрлэдэг компаниуд эхнээсээ хандаж эхэлжээ. Нийслэлээс шөнийн гудамжинд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн шиг зах ажиллуулж, замбараагүй байдал үүсгэх бодолгүй байгаа аж. Нийслэлийн захирагчийн ажлын албаныхан “Авто замын хэсэгт ажиллах асруудад бүтээгдэхүүнээ зарах эрхийг дурын компаниудад өгөхгүй. Учиргүй гутал хувцас зараад эхэлбэл шөнийн гэрэлт гудамж гэсэн төслийн утга алдагдана. Гадны хотуудын шөнийн гудамж шиг чөлөөтэй зорчиж, дуртай юмаа авч иддэг орчныг л бүрдүүлэхийг хүсч байна ” гэж ярилаа. Шөнийн гэрэлт гудамж төсөлд ойр орчмынх нь аж ахуйн нэгж байгууллагыг ч татаж оролцуулах гэнэ. Нийслэлээс гудамжийг хамтарч тохижуулъя гэсэн албан тоот хүргүүлээд эхэлжээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгт Нийслэлийн цагдаагийн газрын дарга Эрдэнэболд хурандаа ажиллаж байгаа юм байна. Шөнийн гудамжинд баасан гаригийн орой цагдаа нар ямар зохион байгуулалттайгаар яаж ажиллахыг ярьж байгаа аж. Мэргэжлийн хяналтынхан ч онцгой үүрэгтэй ажиллах гэнэ. Мэргэжлийн хяналтынхны хувьд хугацаа нь дууссан бараа бүтээгдэхүүнээр үйлчлэхгүй байх гэх мэт иргэдийн эрүүл мэндтэй холбоотой асуудлуудад тогтмол хяналт тавьж ажиллах үүрэг хүлээжээ. Энэ төсөлд анхаарал хандуулах албан тушаалтнуудад дүүргийн удирдлагууд ч багтсан байна.

Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газрууд энэ төсөлд голлох үүрэгтэй оролцох юм байна. Шөнийн гэрэлт гудам төслийн хүрээнд тайз засч эхэлжээ. Тусгайлан зассан тайзан дээр залуу хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон баасан гаригийн үдэш бүр нийслэлийн залууст бэлэг барих нь.

Циркийн уулзвараас Наран плаза хүртэл үргэлжлэх шөнийн гудамж зүүн тийшээ Драмын театр, баруун тийшээ “Өгөөж чихэр боов” буюу баруун дөрвөн замын уулзвар хүртэл сунах боломжтой аж. Энэ төсөл амжилттай хэрэгжвэл хотын захиргаанаас шөнийн гудамжийг сунган шийдвэр гаргахаар төлөвлөчихөж. Тэгэхээр шөнийн гудамжны төв хэсгийг тохижуулах ажил ид өрнөж байна гэсэн үг.

Одоогоор шөнийн гудамжны тохижилтод хэчнээн төгрөг зарцуулах нь тодорхой бус байна. Гудамжны нээлтийг хийхдээ хэчнээн төгрөг зарцуулснаа тайлагнахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ цаг-үе

Долларын ханш багадаа 2100, ихдээ 1500 руу ч уруудах магадлалтай

Олон улсын валютын сангийн захирлын зөвлөл Засгийн газрын хүсэлтийг хүлээж авсан нь ам.долларын ханшид нөлөөлөөд эхэлчихлээ. Тэд энэ сард хуралдана. Товчхондоо бид тун удахгүй валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь тодорхой болчихсон гэсэн үг. Монголыг валютын сангийн хөтөлбөрт хамруулах эсэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 28-нд хэлэлцэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсныг уншигчид санаж байгаа байх. Сангийн хөтөлбөрт хамрагдахын тулд төсөвтөө тодотгол хийсэн ч УИХ-аас баталсан тогтоолд хөрөнгө оруулагчдад таагүй нөлөө үзүүлэхээр заалт орсон гэх үндэслэлээр ОУВС товлосон өдрөө хуралдаагүй юм. Засаг сангаас ирүүлсэн зөвлөмжид толгой дохисноор байдал нааштайгаар эргэж байна. ОУВС-гийн захирлуудын зөвлөл Монголыг өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртөө оруулах тухай асуудлыг энэ сарын 24-ний өдөр хуралдаж шийдвэрлэнэ.

Сангийн мөнгө их биш хагас тэрбум орчим ам.доллар ч хөтөлбөр дагаж орж ирэх ам.долларын урсгал хэдэн тэрбумаар яригдаж байгаа. Нийтдээ гурван тэрбум гаруй ам.доллар орж ирэх тооцоо бий. Түрүү жилийн арваннэгдүгээр сард түүхэн рекорд эвдэж цойлсон ам.долларын ханш он гарснаас хойш номхорсоор өнөөг хүрсэн нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдана гэсэн хүлээлтээс үүдэлтэй юм. “Найман шарга” валютын зах дээр өчигдөр нэг америк долларыг 2420 төгрөгөөр авч 2425 төгрөгөөр зарж байна. Сүүлийн үед ханш 2400-гаас 2500 руу орж цойлохгүйгээр тогтворжиж буй нааштай хандлага анзаарагдаж байгаа. Бизнес эрхлэх таатай орчинг холоос хайх шаардлагагүй, валютын ханш л тогтвортой бол дажгүй аж төрөөд байх боломжтой гэж бизнесмэнүүд ярьдаг. Энэ өнцгөөс харвал бизнесийн орчин огцом савлагаагүй өдрүүд үргэлжилж байна. Долларын ханш цаашид ч уруудна гэсэн хүлээлт үүсчээ. Наад зах нь 100-300 төгрөгөөр буурна гэсэн таамгууд дуулдаж байна. Валютын сангийнхан Монголын хүсэлтийг хойшлууллаа гэх мэдээлэл ногоон валютын ханшийг бага зэрэг өсгөсөн ч эргээд нааштай хандаж эхэлсэн нь валютын захын хувьд хамгийн том эерэг дохио. Долларын хадгаламжаа төгрөг рүү шилжүүлэх процесс эрчимжсэн гэж төв банкныхан хэлж байгаа. Төгрөгийн ханш чангарахад нөлөө үзүүлэхээр эерэг мэдээ мөнөөсөө мөн.

Шинжээч Ч.Эрдэнэдалай “Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэнээр зах зээлд итгэл сэргэнэ. Тэр утгаараа төгрөг тодорхой хэмжээгээр чангарах хүлээлт бий. Зах зээлд томоохон өөрчлөлт гарч их хэмжээний гадаад хөрөнгө оруулалт орж ирвэл суурь нөхцөл өөрчлөгдөнө. Ингэснээр төгрөгийн ханш төсөөлснөөс чангарах магадлал байж болно. Гэхдээ эхний ээлжинд зөвхөн хөтөлбөрт хамрагдаж байна гэдэг талаас нь харвал түр зуурын чангаралт бол ажиглагдана. Өөдрөгөөр төсөөллөө гэхэд 2100 руу уруудах боломж бий. Үүнээс уруудна гэдэг таамгийн хувьд аажимдаа магадгүй. Ямартай ч ханш тогтворжих нь тодорхой болж байна. Долларын ханш нэг түвшинд тогтвортой байвал өрсөлдөх чадвар, бизнест эерэг нөлөөтэй” гэсэн бол СЭЗДС-ийн багш Ж.Дэлгэрсайхан “Долларын ханш өсөхгүй нь ойлгомжтой болсон. Ханш бага зэрэг сулрах болов уу. Эдийн засгийн идэвхжил ямар байх нь одоогоор тодорхойгүй учраас тэдэн төгрөгөөр суларна гэх мэт нарийн тоо хэлэх боломж алга. Эдийн засгийн идэвхжил түрүү жилийнхээс сайн гарсан. Цаашдаа яах нь бүрхэг хэвээр байна. Эдийн засаг сул байгаа дээр ганц хоёр тэрбум ам.доллар ороод ирвэл төгрөг таамаглалаас илүү чангарах бололцоотой” гэлээ.

ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад ам.долларын ханшид мэдрэгдэхээр өөрчлөлт гарсан тохиолдлууд өнгөрсөн түүхэнд бий. Манай улс 2009 оны дөрөвдүгээр сард ОУВС-тай “Стэнд бай” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байв. Тэр үед 229 сая ам.доллар орж ирж байсан юм. Долларын ханш одоогийнх шиг хаашаа ч эргэж мэдэхээр савлагаатай, валютын нөөц шавхагдах тийшээ хандсан, гадагшаа зарж валют олдог нүүрс, зэсийн ханш сайн биш, импортоо гадаад валютын нөөцөөрөө санхүүжүүлж байсан тухайн үед хөтөлбөр хэрэгжсэнээр долларын ханш 620 төгрөгөөр суларч байв. 2048 төгрөг хүрч галзуурсан ногоон валютын ханш 1428 болж шалдаа унасан баримтыг валютын ханшийн түүхээс харж болно. Тэгэхээр өдгөө 2400 гаруй төгрөгөөр хэмжигдэж буй ам.долларын ханш судлаачдын таамаглаж буй 2100 төгрөгөөс ч уруудаж мэднэ. 1900 бүр цаашлуулж өөдрөгөөр сэтгэвэл 1600, 1500 гэсэн таамаг хэлэхэд хэтэрхий гэнэн харагдахгүй. Учир нь тэр үеийнхээс олон давуу тал бидэнд байгаа. Наад захын том боломж гэхэд нүүрсний үнэ өндөр байна. Зэсийн ханш ч дажгүй явсаар өнөө жилийг давах зураг аль эрт гарчихсан.

Алтны тухайд хэзээд ханшаа алддаггүй металл учраас эмээж болгоомжлох шалтгаан хэтээсээ байхгүй. Засгийн түвшинд эрчимтэй яриад эхэлсэн “Алт-2” хөтөлбөр төв банкийг алтны нөөцөө зузаалахад том дэм болох нь хэнд ч ойлгомжтой асуудал. Импортын хамаарал маань тэр үеийг бодвол тийм ч өндөр байхаа больсон. Наад зах нь Эрээнээс хонон өнжин дугаарлаж цемент зөөх шаардлагагүй. Цементээ дотоодоосоо 100 хувь хангах чадалтай үйлдвэрүүд үүдээ нээгээд удаж байна.

Тэгэхээр энэ зун, ирэх намартаа ам.долларын ханш мэдрэгдэхүйцээр уруудна гэсэн таамаг үнэнд ойрхон сонсогдож байна.