Categories
мэдээ цаг-үе

Н.Алгаа: Идэвхтэй төслүүдгүй учраас уул уурхай сэргэхгүй байна

-“ДИСКОВЕР МОНГОЛИА” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГА УУЛЗАЛТ ИРЭХ САРЫН 7,8-НД БОЛНО-


Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаатай ярилцлаа.


-Уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Дисковер Монголиа” хэзээ болох вэ. Түрүү жил оролцогч багатай байсан. Энэ жил яахаар байна?

-“Дисковер Монголиа” жил бүр зохион байгуулдаг цаг хугацаандаа буюу есдүгээр сарын 7, 8-нд болно. Нэг өдөр хагасын хөтөлбөртэй. Өмнөх жил шиг оролцогч, ивээн тэтгэгч багатай байна. Идэвхтэй төслүүд ховор учраас байдал сайжраагүй байна л даа. Идэвхтэй төслүүдгүй болохоор тоног төхөөрөмжийн хангамжийн компаниуд үзэсгэлэн, хурал чуулганд орохоо зогсоож байна. Яаж оршин тогтнох вэ гэдэгтээ л анхаараад эхэллээ.

-Уул уурхайг сэргээхийн тулд яах ёстой гэж та бодож байна вэ?

-Уул уурхайг тэлэхийн тулд хайгуулын төслүүд олноор хэрэгжих боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Шинэ ордууд бий болж байж уул уурхайн салбар томорно. “Дисковер Монголиа” ийм шалтгаанаар хайгуулын төслүүдийг онцолно. Үндсэн илтгэлүүдийн сэдвийн хувьд бодлого, эрх зүйн орчин, гадаад, дотоод зах зээлийг хамарна. Ихэнх илтгэгч нь гадныхан байна. Орон нутгийн асуудлаар тусдаа панель хэлэлцүүлэг өрнөнө.

-Хөрөнгө оруулагчдын сонирхон хүлээдэг “Засгийн газрын цаг”-ийг энэ жил зохион байгуулах уу?

-“Засгийн газрын цаг”-ийг зохион байгуулна.

-Хайгуулын төслүүд танилцуулна гэлээ. Ямар төслүүд танилцуулах вэ?

-“Занаду”, “Эрдэнэ ресурс”-ын төслүүд бий. Үүнээс гадна жижиг хэмжээний хэдэн төсөл танилцуулна.

-“Дисковер Монголиа”-гийн оролцогчид оргил үедээ мянга дөхөж байсан. Энэ жилийн хувьд хичнээн оролцогчтой байх бол?

-Урьсан зочидтойгоо нийлээд 150 орчим байх болов уу.

-Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт сэргэх хандлага ер нь байна уу?

-Ашигт малтмалын 2006 оны хууль их сайн байсан учраас уул уурхайн салбарт сэргэлт авчирсан түүхтэй. Харамсалтай нь УИХ энэ хуулийн дараа хөрөнгө оруу-лалтад сөргөөр нөлөөлөхөөр хэд хэдэн хууль баталчихсан. Урт нэртэй, Гэнэтийн ашгийн, Гадаадын хөрөнгө оруулалтыг стратегийн ач холбогдолтой салбарт зохицуулах гэх мэт олон хууль гарч эрх зүйн орчин дордуулсан. Дараахан нь хайгуулын лицензийг шинээр олгохгүй гэсэн шийдвэр гарсан нь бүр ч том цохилт болсон. Хайгуулын лиценз олгохгүй бараг гурван жил хагас болсон шүү дээ. Уул уурхайгаа ингэтэл нь дордуулсны эцэст эрдэс баялгийн салбарт барих бодлоготой болж, хууль эрх зүйн орчны нааштай шинэчлэлүүдийг хийсэн. Эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх үеэр ашигт малтмалын үнийн уналт үргэлжилж байсан учраас дорвитой сэргэлт ажиглагдаагүй.Дотоодын нөхцөл байдлаа хичнээн өөрчиллөө ч нэгэнт гараад явчихсан, зогсчихсон хайгуулын ажлууд эргэж иртлээ, сэргэтлээ цаг их ордог юм байна. Бидний хувьд хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлсэн шийдлүүд, практик алхмууд хийх ёстой. Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгох ажил гэхэд л удаан явж байна. Хайгуулын ажлаа урагшлуулах зайлшгүй шаардлага бий.

-Хэрэгжээд явчихаар том төслүүд байна уу?

-Асгатыг, ураны хэдэн ордыг эс тооцвол Таван толгойгоос өөр хөрөнгө оруулагч сонирхоод урагшлуулчих төсөл одоогоор алга. Цагаан суварга гэхэд л Засгийн газрын урагшгүйгээс болоод олон жил зогслоо. Стратегийн ангилалд оруулна, оруулахгүй гэх мэтээр багагүй хугацаа авлаа л даа.

-Нүүрс, зэсийн үнийн өсөлт хайгуул хийх сонирхлыг хөрөнгө оруулагчдад төрүүлж эхэллээ гэсэн мэдээлэл дуулдаж байна. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Таны хэлсэн шалтгаанаар хайгуул идэвхжих хүлээлт байна. Өнгөрсөн хугацаанд тасралтгүй хайгуул хийсээр ирсэн гурав, дөрвөн төсөл бий. “Эрдэнэ ресурс”, “Занаду” компаниуд төслөө хэрэгжүүлээд хүнд үеийг давлаа. “Кинкорра” нэмэгдэж байх шиг байна. Хайгуулын төсөл нэмэгдэнэ гэдэг таваас арван жилийн дараа нээгдэх ордуудын эхлэл тавигдаж байна гэсэн үг. Тэгж байж цаашид хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Тэгэхээр эхлээд тусгай зөвшөөрлийн асуудлаа шийдмээр байгаа юм. Монголын хэмжээнд тусгай зөвшөөрөл олгож болох талбай ердөө 35-хан хувь. 75 хувь нь ямар нэг байдлаар хориотой, хязгаартай бүсэд бий. 30 гаруй хувь нь ямар нэгэн байдлаар орон нутгийн тусгай хамгаалалттай болон тусгай хэрэгцээний газарт багтчихдаг. Бид холбооны улс биш, нэгдсэн улс. Байгалийн баялаг бол орон нутгийн өмч биш. Газар нутагт нь амьдарч байгаа хүмүүсийн аж амьдрал уул уурхайг дагаад дээшлэх нь зүйтэй хэрэг. Гэхдээ асуудлыг түргэн шуурхай шийдэхийн тулд хаа хаанаа зөв шийдэл, гарцыг олох цаг нэгэнт болсон. Таван толгой төмөр зам, цахилгаан станц гэх мэт дэд бүтцийн бүтээн байгуулалт өрнүүлж байж урагшлах, ашиг шимээ өгөх төсөл. “Эрдэнэс Таван толгой” хэдийгээр өрөө дарсан ч гэсэн жилд 30, 40 сая тонн нүүрсийг боловсруулж экспортлож чадахгүй юм бол дутуу ашигтай ажиллаж байна гэсэн үг. Тодруулж хэлбэл бид боломжоо бүрэн дүүрэн ашиглаж чадахгүй байна. Энэ мэт асуудлыг шийдэж чадвал уул уурхай гайгүй болох төлөв бий. Мэдээж байгаль орчныг хамгаалах, орон нутгийн иргэдтэй зөв ойлголцох, уул уурхайн бус хүмүүст уул уурхайн талаар зөв мэдээлэл, анхан шатны боловсрол өгөх тал дээр анхаарах шаардлага байгаа.

-Таван толгой төслийг цогцоор нь хөдөлгөж байж ашгаа өгнө гэж салбарынхан ярьдаг. Та ч сая ийм утгатай үг хэллээ. Энэ төслийг дэд бүтэцтэй нь хамт урагшлуулах боломж байна уу?

-Таван толгой дээр засаглалын түвшинд хоёр хуваагдчихаад байна. Цаад талд нь хэн ч байлаа гэсэн Монголын хууль тогтоомжийн дагуу зөв гэрээ хэлэлцээр хийж томоор ашиглах асуудлыг зөв гарц гэж хараад байгаа. Түүнээс биш мэрж ашиглах аргаар хол явахгүй. Энэ тохиолдолд Таван толгойн хувьцааг эзэмшиж байгаа хүмүүс ашиг хүртэхгүй. Ашгаа өгөхгүй хувьцаагаар юу хийхэв.

-Таван толгойн хувьцааг амь оруулах ганц гарц нь энэ төслийг томоор хөдөлгөх гэж ойлголоо?

-Үүнээс өөр арга байхгүй. Ерөнхийлөгч, УИХ нэгдсэн ойлголцолд хүрэх шаардлагатай.

-Та түрүүн хайгуулын лиценз олгох ажил удаан байна гэж ярилаа. Хайгуулын чиглэлээр ажиллаж буй компаниудад ямар бэрхшээл байна вэ?

-Хайгуул дээр “Эрдэнэ ресурс”-ын хоёр төсөл, “Занаду”-гийн хоёр төсөл, “Кинкорра”-гийн нэг төсөл л байна. Жижиг, дунд төслүүд бараг алга. Өнгөрсөн жилүүдэд шинээр авсан тусгай зөвшөөрлүүдийн ихэнхийг хадгалж чадахгүй гэсэн шалтгаанаар буцааж байгаа юм билээ. Төлбөр нь өндөр учраас тэр л дээ. Нэг жил хадгалаад л буцааж байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн захиргааны үйлчилгээний хураамж ч маш өндөр болсон. Өмнө нь 150-250 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо зөвхөн нэвтрэх эрх нь гэхэд 500 мянгаар яригдаж байна. Үүний дараа тусгай зөвшөөрлийн төлбөр яригдана. Тийм учраас нэлээд том, хүчтэй компаниуд, монополиуд үүсэх бололцоо л бүрдэж байна. Өмнө нь жижиг, дундуудад боломж байсан бол одоо хязгаарлагдмал болчихлоо.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гантулга: МИК-иас арилжааны банкууд руу буцааж байгаа ипотекийн зээлийн хэмжээ таван хувь хүрэхгүй

Орон сууцны найман хувийн хүүтэй зээлийн олголт эрс буурсан, Монголбанк хямд хүүтэй байрны зээлийн санхүүжилтээс гарахаар болсон учраас ипотек зогсч магадгүй гэх мэт сураг, мэдээллүүд хөвөрч байна. Монголын ипотекийн корпорацийн гүйцэтгэх захирал Б.Гантулга “Хэмжээ нь багассан болохоос найман хувийн зээл зогсоогүй. Өмнө нь хөтөлбөр хэрэгжих үед байсан 3.8 их наяд төгрөгийн эх үүсвэр одоо байхгүй. Өнөөдрийн хувьд эргэн төлөлтөөр сардаа 16-20 тэрбум төгрөгийг банкуудад төлөөд явж байна. Монголбанк энэ хөтөлбөрөөс гарах учраас Засгийн газар үргэлжлүүлээд явна. Гэхдээ одоогоор шийдлүүд нь яг нарийн эцэслэгдээгүй. Монголбанк, Сангийн яам, Дэлхийн банк зэрэг байгууллага зөвлөх үйлчилгээ үзүүлж, яаж шилжүүлэх, ямар шийдлээр явах вэ гэдгээ ярьж байна” хэмээн ярилаа. Түүнээс зарим асуултад хариу авсан юм.


-Орон сууцны зээл авахад тавьдаг банкны шалгуурыг намсгах боломж бий юу?

-Одоогийн шалгуур гэвэл өр, орлогын харьцаа 45 хувиас бага гэж байгаа. Хамгийн гол шалгуур үзүүлэлт л дээ. Улстөрчид энэ шалгуурыг бууруулахыг хүсдэг. Банк болон мэргэжлийнхэн энэ шалгуураар явбал илүү эрсдэлгүй гэж хардаг. Иргэдийг зээлийн дарамтад оруулахгүй байх талыг хамгийн сайн хангаж өгч буй шалгуур үзүүлэлт байгаа юм. Иргэд дарамтад орохгүй байна гэдэг нь сар тутам зээлээ төлөөд үлдсэн мөнгөөрөө амьдраад болоод байна гэсэн санаа. Банк 70 хувийн эрсдлийг өөртөө авч байгаа. Тэр эрсдлийг нь бид татаад авчихдаг. Энэ шалгуур үзүүлэлт сайн гэдгийг статистикаас харж болно. Банкны салбарын муу зээлийн түвшин 8-9 хувьтай болчихлоо. Монголбанкны журмаар бол таван хувь дотор байх ёстой үзүүлэлт. Зээлийн чанар муудаж байгаа учраас банкинд хөрөнгийн чанарын шалгалт хийх тухай яриад эхэлсэн. Гэтэл найман хувийн зээлээс чанаргүй нь 0.6-хан хувь. Шалгуур үзүүлэлт маань иргэдийг өрийн дарамтад оруулахгүй байхад тохирсон гэж үзэх нэг том шалтгаан бол сая миний хэлсэн тоо. Тэгэхээр ойрын хугацаанд бууруулах шаардлагагүй л дээ. Иргэдийн бодит орлого цаашдаа өсөөд явахаар шалгуурыг бууруулж болно. Бууруулах бас нэг боломж бий. Баталгаа гаргадаг байгууллага байдаг бол иргэд арван хувийг нь төлөөд, үлдэж байгаа 20 хувьд нь өнөө байгууллага баталгаа гаргаж банк 70 хувьд нь эрсдлээ хүлээгээд явж болох юм. Ойрын таван жилд амьдрал дээр хэрэгжих боломжтой арга. МИК-ийн хувьд орон сууцны зээл манай үнэт цаасны хамгийн том барьцаа учраас мэдээж барьцаа хөрөнгөө чанартай байлгахыг зорино. Банкнаас орон сууцны зээлийн багцыг худалдаж авахдаа бид хоёрдогч шинжилгээ хийж зээл бүрийг нэг бүрчлэн шалгадаг. Өндөр шалгуураар авдаг гэсэн үг.

ТОСКийн барьсан “БуянтУхаа” хорооллын байрнуудын зээлийг танай байгууллага худалдаж авдаг уу?

-Худалдаж авдаг. Монголбанкны орон сууцны санхүүжилт олгодог журмын дагуу бид журмаа гаргаад шалгуур хангасан байруудыг авахад бэлэн. “Буянт-Ухаа” хорооллын орон сууцнаас 60 гаруй тэрбум төгрөгийн 1534 зээлийг худалдаж авсан байдаг юм. Яг одоо үнэт цаас гаргах процесс явагдаж байгаа. 200 гаруй сая төгрөгийн зээлийн багц авахаар яригдаж байна.

-Банкуудаас орон сууцны зээл авахад заавал даатгуулах шаардлага тавьдаг. Иргэдийн хувьд даатгуулахгүй байж болох уу гэж их сонирхдог юм билээ…?

-Орон сууцтай холбоотой хоёр төрлийн даатгалыг бид ярьж байгаа. Эхнийх нь эд хөрөнгийн даатгал буюу худалдаж авсан орон сууцаа даатгуулаач гэж байна. Хоёр дахь нь амь насны даатгал. Хувь хүн нэр дээрээ зээл авч байгаа учраас амь насаа даатгуулах шаардлагыг Монголбанкны журамд тусгасан. Анх удаа зээл авч байгаа хүмүүс энэ шаардлагын дагуу даатгалд заавал хамрагддаг. Хоёр, гурав дахь жилээсээ даатгуулдаггүй тохиолдол их байдаг юм билээ. Сайн дурынх учраас даатгуулах албагүй ч иргэдэд өөрсдөд нь хэрэгтэй үйлчилгээ л дээ. Хэрвээ зээлээр авсан байрны турба задарснаас болж хохирол учирлаа гэхэд даатгалтай нь даатгалын компаниас хохирлоо гаргуулаад авах боломжтой. Даатгалгүй бол хохироод дуусна. Даатгалын эрх үүссэн тохиолдолд нэг талаас зээлдэгчийг, нөгөө талаас барьцаа хөрөнгийг хамгаалах сайн талтай.

-Даатгалаа сунгуулаагүйгээс болж хохирох тохиолдол хэр гардаг бол. Эсрэгээрээ даатгалтай байгаад хохирлоо шийдүүлсэн тохиолдол ч гардаг байх?

-Даатгалаа сунгуулаагүйгээс болж хохирсон жишээ олон бий. Хамгийн сүүлийн жишээ гэхэд л нэг гэр бүлийн хоёр хөдөө явж байгаад авто машины ослоор газар дээрээ нас барсан тохиолдол гарсан. Иргэний хуулийн дагуу зээлийн барьцаанд байгаа орон сууцыг хоёр хүүхэд нь өв залгамжилж авсан ч мөн хуулийн дагуу орон сууцны зээлийг үргэлжлүүлэн төлөх үүрэг хүлээхээс аргагүй байдалд хүрсэн. Мөн үүнээс гадна барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн хангуулах үүрэг хоёр хүүхдэд нь ирсэн. Аль аль нь дөнгөж сургуулиа төгссөн залууст хүндхэн сонголт шүү дээ. Хэрвээ зээлдэгч даатгалаа сунгуулсан байсан бол даатгалын нөхөн олговроор зээлийн үлдэгдлийг бүрэн хааж болох байсан. Энэ тохиолдлын дараахан ид хөдөлмөрлөх насан дээрээ байсан зээлдэгч маань үйлдвэрлэлийн осолд орж хөдөлмөрийн чадвараа 90 хувиар алдсан. Даатгалаа хугацаанд нь сунгуулсан байсан учраас даатгалын нөхөн төлбөрт олгогдсон мөнгөөр зээлийнхээ үлдэгдлийн 90 хувийг төлж барагдуулсан жишээ бий.

-МИК банкнаас нэгэнт худалдаад авчихсан найман хувийн зээлээ ямар шалтгаанаар буцаагаад байдаг юм бэ гэсэн асуулт бас түгээмэл сонсогддог. Энэ тал дээр тайлбар хэлээч?

-Бид банкнаас зээлийг нь авахдаа нарийн шалгаж авдаг. Гэхдээ зарим тохиолдолд бидэнд мэдэгдэхгүй нөхцөлүүд байдаг л даа. Бэлэглэлийн гэрээгээр авсан байран дээр асуудал гардаг. Биднийг зээл шилжүүлж авсны дараа бэлэглэсэн хүн нь “Бэлэглэхээ болилоо” гээд буцаачихдаг. Ийм маргаантай асуудал үүсэхээр бид банкууддаа зээлээ буцааж ав гэсэн шаардлага тавьдаг. Буцаах нөхцөл маш бага. Гэхдээ буцаагдаж буй ихэнх тохиолдлыг харахаар тухайн зээлдэгчийн орлогын бууралт нөлөөлсөн байдаг юм. Ийм шалтгаанаар зээл доголдоод ирэнгүүт буцаах нөхцөлтэйгөөр банкнаас авсан зээлээ бол буцаадаг. Банкууддаа буцаагаад өгдөг гэсэн үг. Буцаах нөхцөлгүй авсан зээлийн тухайд компанийн алдагдал болоод үлддэг. Гэхдээ шууд алдагдал болдог гэж ойлгож болохгүй. Найман хувийн зээлийн барьцаа нь орон сууц учраас худалдаж борлуулаад алдагдлаа нөхөх гэх мэт гарцууд бий. МИК-иас банкууд руу буцааж байгаа зээлийн хэмжээ таван хувь хүрэхгүй. Сүүлийн үед банкууд зээлээ олгохдоо МИК-ийн шалгуурыг хангаж буй эсэхээ хардаг болсон. Манай тавьж байгаа шаардлага өндөр байдаг юм. Өндөр байх тусам зээлдэгчид зээлээ төлөхөд амар хялбар байдаг.

-Ипотекийн зээл олгогдохгүй байна, хэзээнээс өгч эхлэх вэ гэсэн асуултыг иргэд сонирхоод эхэллээ. Банкуудын хувьд санхүүжилт орж ирэхгүй байгаа гэсэн тайлбар л хэлж байна…?

-Монголбанк 2018 онд хөтөлбөрөөс гараад Засгийн газарт шилжүүлж байгаа гэж түрүүн хэлсэн. Одоо олгогдож байгаа зээлийн эх үүсвэр бол 2013 оноос анх гаргасан үнэт цаасны хүү, үндсэн төлбөрийн эргэн төлөлтүүд. Энэ бүх мөнгө Монголбанкинд очоод буцаад зээл болоод гарч байгаа. Сардаа 25 орчим тэрбум төгрөгийг банкуудад хуваарилдаг юм билээ. Улаанбаатар, хөдөө орон нутагт хувааж хуваарилдаг гэсэн үг. Тэгэхээр шууд зогссон гэсэн үг биш. Санхүүжүүлэх хувь хэмжээ багассан учраас эрэлт ихэссэн хэрэг. Орон сууцны зээл хүсч байгаа иргэд их байна. Гэхдээ санхүүжилтийн эх үүсвэрээ одоогоор нарийн, тодорхой болгоогүй, шийдэж амжаагүй байна. Долдугаар сард гэхэд Монгол банк 28 тэрбум гаруй төгрөгийг арилжааны банкуудаар дамжуулсан гэсэн тоо дуулдсан. 408 иргэн өнгөрсөн сард зээл авсан гэсэн үг. Сар бүр иймэрхүү хэмжээний мөнгө орон сууцны зээлд зарцуулагдах төсөөлөл бий. 2018 онд Засгийн газар энэ хөтөлбөрийг яаж ямар хэлбэртэй авч явах вэ гэдгээ тогтвол энэ тоо одооныхоос өсөхийг үгүйсгэх аргагүй.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Дэлгэрсайхан: Ойрын үед өсөж буй валютын ханш эерэг шийдвэр гаргахад саад болох талтай

Санхүү эдийн засгийн их сургуулийн багш Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Намар эдийн засагт ямар өөрчлөлтүүд гарах бол. Улирлын шинж чанартай эрэлт нэмэгдэхээс өөр ямар давуу талууд байна вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал харьцангуй сайжирсантай холбоотой эрэлтийн нөлөөлөл өмнөх оны нөхцөл байдлаас илүү эерэг байх боломжтой гэж үзэж байна. Өмнөх оны гуравдугаар улирлын хувьд ДНБ-ы өсөлт -1.6 хувь гарч бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтгүй хэдэн сар дефляцийн байдалтай байсан. Энэ нь тухайн оны эдийн засгийн нөхцөл байдал маш дордсон байсныг илэрхийлж байгаа бөгөөд 2017 оны хувьд дээрх нөхцөл байдал давтагдахгүй байх боломжтой. Өөрөөр хэлбэл, энэ оны хоёр болон гуравдугаар улиралд эдийн засаг эерэг өсөлттэй байх бөгөөд инфляци ч гэсэн одоогийн түвшингээс бага зэрэг өсөлттэй байх болов уу. Өмнөх жилийн гуравдугаар улирлын эдийн засгийн өсөлтөд уул уурхайн салбарын дараа орох томоохон эерэг нөлөөллийг бий болгож байсан ХАА-н салбар, ялангуяа газар тариалангийн салбарын нөхцөл байдал эргэлзээтэй байгаа нь инфляци болон эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэх магадгүй юм. Эдийн засгийн хувьд гол давуу тал нь өнөөг хүртэл өндөр байгаа уул уурхайн гол бүтээгдэхүүний үнийн өсөлт, алт тушаалтын байдал байх нь тодорхой. Мөн засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан ажлууд хэрхэн хэрэгжихээс ихээхэн зүйл шалтгаална. Энэ хүрээнд засгийн газар эдийн засгийн бараг бүх л чиглэлийг хамарсан олон хөтөлбөрүүдийг тусгасан байгаа.

-Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд ямар арга хэмжээнүүд авагдах бол?

-Валютын сангийн хүрээнд хийгдэх гол ажлууд нь институцийн хөгжлийн асуудал, төсөв, мөнгөний бодлого, санхүүгийн зах зээл рүү чиглэсэн байхаар тусгагдсан. Саяхан Монгол Улсад ажилласан ОУВС-гийн төлөөлөл биднийг эхний үе шатны хэрэгжилтийг амжилттай хангасан гэж үзсэн тул цаашдын ажил, дараагийн санхүүжилтийн асуудлууд хөндөгдөх байх. Мөн нэг гол ажил нь хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан банк, санхүүгийн зах зээлийг чанаржуулах ажлын хүрээнд хийгдэх ажлууд өрнөнө гэж харж байгаа. Энэ хүрээн эрх зүйн орчныг сайжруулах, банкуудын активын чанарыг үнэлэх зэрэг ажлууд хийгдэх хүлээлттэй байна.

-Валютын сангийн хашаа, мал барьцаалахыг хориглох сануулга амьдрал дээр биеллээ олбол эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ. Хамгийн түрүүнд банкуудын мал барьцаалсан зээл чанаргүй ангилалд шилжиж, банк санхүүгийн салбар хэцүүднэ гээд байгаа. Таны хувьд валютын сангийн хөтөлбөртэй холбоотой үүсч болох ямар эрсдлүүд харагдаж байна?

-Хэрвээ энэ асуудал хэрэгжиж эхэлбэл Монгол Улсын банкны салбарт сөрөг байдлаар нөлөөлөх нь тодорхой. Хүн амын дунд томоохон хувь эзэлдэг малчин өрхүүдэд малаас өөр барьцаа хөрөнгийн асуудал хүндрэлтэй болно. Мөн бага орлоготой өрхүүдийн хувьд хашаа байшин нь гол үндсэн хөрөнгө болдог. Түүнчлэн банкуудын томоохон харилцагчдын асуудал хөндөгдөж лицензийг барьцаанд авахгүй гэдэг асуудал тавигдвал сөрөг нөлөөлөл улам нэмэгдэх хандлагатай юм. Үүнийг Монголбанк, Засгийн газрын зүгээс аль болох санхүүгийн салбарт нөлөөлөхгүй байдлаар зохицуулахыг хичээх нь зүйтэй. Жишээлбэл, манай улсын болон малчин иргэдийн маань хувьд мал гэдэг нь хэдэн мянган жил тогтвортой хөрөнгө байсаар ирсэн цаашид ч байх болно гэдэг нь тодорхой тул энэ асуудлыг бидний онцлогт нийцүүлэн авч үзэх боломжтой гэж би хувьдаа үзэж байна. Дээрх барьцааны асуудал болон банкны салбарын активыг ОУ-н өндөр хөгжилтэй оронд мөрдөж буй стандартын дагуу үнэлэх нь банкны салбарын нөхцөл байдлыг хэт доогуур харагдуулах эрсдэлтэй байж болох юм. Ер нь миний харж байгаагаар өнөөгийн Монгол улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй хэт өндөр стандартыг барих нь сайн зүйл биш юм.

-Валютын сангийн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн давуу талууд ирэх намар яаж илрэх вэ?

-Тухайн хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүн Монгол Улсын эдийн засагт эерэг нөлөөллийг хэрэгжиж эхэлсэн цагаасаа эхлэн бий болгосон гэдгийг дурдах хэрэгтэй. Үүний үр дүнд бид тулгамдсан өрийн дарамтыг давж, зээлжих зэрэглэл бууралгүй үлдсэн, гадаад өрийн дарамтыг цаашид ч шийдвэрлэх боломжоо хадгалж үлдсэн гэдгээ санах хэрэгтэй. Намрын хувьд хөтөлбөрийн хүрээнд төсвийн шинэчлэл болон дээр дурдсан санхүүгийн зах зээлийн хүрээний асуудал нь гол эерэг нөлөө байх болно. Ялангуяа эрүүл зөв төсөв хийх зоригтой алхамыг хийх нь цаашдын нийгэм эдийн засгийн хөгжилд чухал юм. Эдийн засгийн хүрээнд бол санхүүжилтын дараагийн шатны асуудлууд үргэлжлээд явах байх.

-Есөөс арваннэгдүгээр сарын хугацаанд ам.долларын ханш яаж хэлбэлзэх бол, өсөх эрсдэл ажиглагдаж байна уу?

-Миний хувьд ойрын хугацаанд гарч буй валютын ханшийн өөрчлөлтийг суурь хүчин зүйлээс шалтгаалсан өөрчлөлт гэж үзэхгүй байгаа. Энэ нь улс төрийн орчинд гарсан өөрчлөлт, ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний нэр дэвшигч ялсан болон сонгуулийн өмнө сөрөг хүчин болон эрх баригч намын зүгээс гаргасан болчимгүй амлалт шийдвэрүүд зэргээс шалтгаалж гадаад дотоод нөхцөл байдал түүнд хандах хандлага хүлээллтэй холбоотой болов уу. Эдийн засгийн нөхцөл байдлаа бүхэлд нь харвал таны асуугаад байгаа саруудад гадаад валютын ханш хэт ихээр өсөх эрсдэл байхгүй гэж би хувьд үзэж байгаа. Учир нь эдийн засгийн үзүүлэлтүүд бага зэрэг сэргэж нааштай зүйлүүд харагдаж байгаа боловч эдийн засаг бүрэн сэргэж идэвхжих болоогүй байна. Үүний дээр энэ эерэг үр дүн эдийн засаг, нийгмийг бүрэн хамрах болоогүй ерөнхийдөө сул хэвээр байсаар байна. Үүнтэй холбоотой нийт массын худалдан авах чадвар тэгтлээ сэргэж чадаагүй байгаа болов уу.

-Сургууль, цэцэрлэг орж эрэлт огцом нэмэгдэхээр инфляцид хэр нөлөөлөх вэ. Ер нь инфляци өсөх ямар эрсдлүүд анзаарагдаж байна?

-Өмнөх оны намар бид хэдэн сар дарааллан үнийн өсөлт биш уналттай явсан гэж дээр хэлсэн. 8-9 сар бол эрэлт таны асуусан шалтгаанаар тодорхой чиглэлд нэмэгддэг нь үнэн. Гэхдээ энэ нь юмны үнэ бүгд өснө гэсэн үг биш. Өнөө жилийн хувьд эдгээр саруудад инфляцитай байх боловч хэт өсөхгүй байх. Инфляцийг ихээр нэмэгдүүлэх гол эрсдэл нь эдийн засгийн идэвхжил, бодлогогүй мөнгөний нийлүүлэлт, хөтөлбөрүүд л байдаг гэж би хувьдаа үздэг.

-Таван толгой тэргүүтэй том төслүүд хөдлөх шинж ажиглагдаж байна уу?

-Засгийн газрын зүгээс ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдах зорилготой хийсэн төсвийн тодотголын үеэр Сангийн сайд томоохон төслүүдийг энэ онд багтаан хөдөлгөх боломжгүй гэж мэдэгдэж байсан санагдаж байна. Засгийн газрын зүгээс энэ чиглэлд энэ онд томоохон арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байх гэж бодож байна. Гэхдээ Таван толгойн хувьд үнэ болон менежментийн хувьд энэ засгийн газар тодорхой дэвшил бий болгож чадсан гэж боддог. Томоохон төслүүдийн хувьд миний хувьд хурдан хөдөлгөх нь зүйтэй гэж үздэг. Хүлээх шаардлага байхгүй.

-Засгийн газрын эдийн засгийн чиглэлээр явуулж буй бодлогын талаар таны байр суурийг сонсъё. Өнгөрсөн хугацаанд эдийн засагт эерэг болон сөрөг ямар шийдвэрүүд гаргав?

-Засгийн газрын хувьд 2016 оны наймдугаар сарын төсвийн тодотголоос эхлээд харьцангуй зөв эхэлсэн бөгөөд боломжийн түвшинд ажиллаж байна гэж би хувьдаа үздэг. Тэдний хувьд харьцангуй хүнд нөхцөл байдалд ажлаа эхлүүлсэн. Тэр үед татварын өөрчлөлт, төсвийг нэгтгэх, хавтгайрсан нийгмийн халамжийг хязгаарлах зэрэг асуудлыг оруулж ирсэн нь шинэлэг бөгөөд зөв зүйл байсан. Энэ хугацаанд тэдний хийсэн гол эерэг ажлууд нь төсвийг нэгтгэсэн, төсвийн алдагдлыг хязгаарлаж чадсан явдал юм. Мөн уул уурхайн чиглэлээр дээр дурдсан өмнөхөөс сайжруулсан зүйлийг хийсэн гэж үздэг. Гол нь ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдаж гадаад, дотоод нөхцөл байдлыг тогтворжуулж чадсан нь хамгийн том эерэг нөлөөллийг бий болгосон гэж үздэг. Энэ ажлын хувьд Засгийн газрын хүчин чармайлтыг үнэлэх хэрэгтэй. Мэдээж энэ нь Засгийн газар 100 хувь сайн ажиллаж байна гэсэн үг биш. Сайны хажуугаар саар бас байна. Үүнд дээр та бидний ярьсан томоохон төслүүдийн хувьд удаашралтай хандаж байгаа явдал нь уул уурхайн таатай нөхцөл байдал үргэлжилж байгаа энэ үед биднийг томоохон алдагдалж оруулж байна. Мөн эдийн засгийн бодлогын хүрээнд 2016 оны 11 сард УИХ-аар батлуулсан хөтөлбөрт тусгагдсан ажлуудаа хийх, эдийн засгийн суурийг бэхжүүлэх асуудалд хугацаа алдаж байна гэж харж байна. Засгийн газрын зүгээс энэ асуудалд судалгаа шинжилгээтэй, сайн төслүүдийг бэлтгэх шаардлагатай гэж үзэж байгаа нь зөв боловч аль болох хурдан хийх нь бидний хувьд чухал юм. Одоо гол хийх ажил бол эдийн засгийг төрөлжүүлэх, суурийг бэхжүүлэх ажил юм.

-Монголбанк бодлогын хүү дээр ямар шийдвэр гаргах ёстой гэж та харж байна вэ?

-Монголбанкны хувьд саяхан бодлогын хүүг хоёр хувь бууруулсан шийдвэр гаргасан. Энэ удаагийн мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэр нь миний таамаглаж байгаагаар хүүг хэвээр хадгалах байх болов уу. Учир нь хавар эдийн засгийн нөхцөл байдал 2016 оны байдлаас маш ихээр эерэг өөрчлөгдсөн байдалтай байсан бол одоо цаашид харгалзан үзэх эргэлзээтэй нөхцөл байдлууд байсаар байна гэж би хувьдаа үзэж байна. Мөн дээр нь ойрын үед өсөж буй валютын ханш эерэг шийдвэр гаргахад саад болох талтай.

-Чанаргүй зээлийн төлөв ямар байгаа бол?

-Сүүлийн статистик мэдээнээс харахад чанаргүй зээл өмнөх оны мөн үеэс бага зэрэг өссөн боловч 2015 оны сүүл 2016 оны дунд үетэй харьцуулахад өсөлт саарсан байдалтай байна. Цаашид эдийн засгийн нөхцөл байдал эргээд муудахгүй л бол чанаргүй зээлийн өсөлт нэмэгдэхгүй байх боломжтой. Харин ОУВС-гийн хүрээнд хэрэгжиж буй банкуудын активын чанарыг үнэлэх, барьцаа хөрөнгийн асуудалд өөрчлөлт орвол чанаргүй ангилалд одоо хэвийн байгаа зээлүүд орж болох юм. Жишээлбэл, малыг барьцаа гэж үзэхгүй бол өмнө мал барьцаалж олгосон зээл шууд ангилал буурах боломжтой юм.


Categories
мэдээ цаг-үе

Оюу толгойн далд уурхайг саадгүй барьчихвал бид 45-60 тэрбум ам.долларын өгөөж хүртэнэ

Далд уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж буй үйл явц

Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын явц 15 орчим хувьтай яваа гэсэн багцаа таамаг бий. Далд уурхайн бүтээн байгуулалт дуусвал Оюу толгойгоо 100 хувь ашиглах боломж бидэнд нээгдэнэ. Одоо ажиллаж буй ил уурхайгаа бүрэн ашиглалаа гэхэд нийт баялгийн ердөө 20-хон хувийн өгөөжийг хүртэх юм. Хурдан бариад дуусгавал 45-60 тэрбум ам.долларын өгөөж хүртэх зам Азийн Монголд нээгдэнэ. 45 тэрбум ам.долларыг өнөөгийн ханшаар төгрөгт шилжүүлбэл 110 гаруй их наяд төгрөг болно. Хамгийн багадаа гэж тооцоход л Оюу толгойгоос хүртэх өгөөж ингэж гарч байна. 110 гаруй их наяд гэдэг бол аварга тоо. Нэг тэрбум төгрөгөөр нэг сургууль барьчихдаг гэхээр ямар их мөнгө эдийн засагт орж ирэх нь төсөөлөгдөх байх. Энэ өгөөжөөс гадна олон мянган хүн ажилтай, олон зуун компани орлоготой болно. Тэд 100 жилийн турш орлогоо алдахгүй аятайхан амьдарна. Гэхдээ Оюу толгойгоо зуун хувь ашиглах боломж бүрдсэн тэр цагт, гүний уурхайн бүтээн байгуулалт өрнөж дууссан хойно энэ хэмжээний мөнгө эдийн засагт эргэлдэж, Оюу толгой жинхэнэ өгөөжөө өгч эхэлнэ. Өмнөх шиг элдвээр улстөржиж ид өрнөж буй далд уурхайн бүтээн байгуулалтыг зогсоовол, уурхай барьж дуусгах боломж өгөхгүй бол мэдээж хэн ч ашиг хүртэхгүй.

Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд Дубайд гарын үсэг зурсан үйл явдал байсхийгээд улстөржилтөд өртөх гээд байдаг гэмтэй. Гадныхны толгойгоор гадаадад зурсан гэж ирээд улстөрждөг, одоо ч тийм мессэж хаяад эхэлчихсэн. Ганц л үнэн бий. Санхүүжилтийн төлөвлөгөөг санаачилсан, боловсруулсан тал нь манайх. Бид өөрсдөө. Өмнөх засгийн үед гарын үсэг зурж баталгаажсан энэ төлөвлөгөө монголчуудад ямар давуу талууд өгсөн юм бол гэдэг асуулт олны сонирхлыг татаж байгаа. Асуултад хариу хайя.

Олон улсын нэр хүнд бүхий 19 орчим банк санхүүгийн байгууллагуудаас дор хаяж 4.2 тэрбум ам.долларын санхүүжилт татах боломжийг далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө нээж өгсөн. Ингэснээр дэлхийн банк санхүүгийн томчууд Монголын түнш болсон том олз бий. Оюу толгойн араас олон олон монгол компани дэлхийн санхүүгийнхэнтэй харилцах боломж тэр үед нээгдсэн юм. Өмнөх засгийн толгой дохисон төлөвлөгөөний дараагийн давуу тал нь өгөөжийн харьцааг баталгаажуулсан явдал. Дэлхийд гэж яригддаг энэ төслийн 53-аас дээш хувийн өгөөжийг манай тал хүртэнэ гэсэн зарчим үргэлжлүүлэн хадгалагдахаар болсон. Менежмэнтийн төлбөрийг бууруулсныг онцлохгүй орхиж болохгүй. Ингэснээр жил бүр хамгийн багаар тооцоход 10 орчим сая ам.долларын хэмнэлт гарсан. Төсөл үргэлжлэх хугацаанаас хамааран тэрбум хүртэл ам.долларыг хэмнэх нь тодорхой болчихсон. Наад зах нь хоёр их наяд 500 тэрбум төгрөгийн хэмнэлт гэдэг муугүй тохиролцоо.

Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Монголд мөрдөгдөж буй жишгийн дагуу төлүүлэх шийдвэрт хүрснээр олон сар үргэлжилсэн маргаанд цэг тавьсан гэж ирээд тухайн үед хэвлэлээр хангалттай мэдээлсэн. Үүнээс гадна өмнөх жилүүдийн гүйцэтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэхээр болсон давуу тал бий. Ингэснээр дор хаяж 810 сая ам.долларын орлогыг баталгаажуулсан юм. Монголын талаас хөрөнгө оруулалтын болон худалдан авалттай холбоотой шийдвэр гаргах, хянах ажиллагаанд шууд оролцдог тогтолцоог шинээр бүрдүүлсэн нь алга ташихаар тохиролцоо.

Төслийн санхүүжилт Монголын талын эзэмших 34 хувийг огт хөндөхгүй гэсэн давуу талыг дурдахгүй орхиж болохгүй. Тодруулж хэлбэл хувьцааны санхүүжилтэн дэх Монголын талын 34 хувийг баталгаажуулсан. Далд уурхай ашиглалтад орсноор хувь нийлүүлэгчдийн хүртэх шууд ба шууд бус өгөөж баталгаажсан гэсэн үг.

2014 онд үүссэн татварын маргааныг арбитрт очуулахгүйгээр шийднэ гэж тохирсон нь далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөний бас нэг давуу тал. Өөрөөр хэлбэл 30 сая ам.долларын акт манай талд ашигтайгаар шийдэгдсэн билээ. Төслийн санхүүжилтээр хийгдэх бүтээн байгуулалтын хүрээнд жил бүр дунджаар 1.21 тэрбум, нийт 9 тэрбум ам.долларын нэмэлт өгөөж манай улсын эдийн засагт бий болно, Өмнөговь аймгийн хөгжилд жил бүр таван сая ам.доллар зарцуулна гэсэн чихэнд чимэгтэй тоонууд санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар бодитой болсон.

Уул уурхайн төслөөс их мөнгө эдийн засагтаа авч үлдэх хамгийн том боломж бол дотоодын ханган нийлүүлэгчдийг нэмэгдүүлэх. Уул уурхайн компанид бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлдэг компаниудын олонхи нь гадных байвал бүх мөнгө нь гадагшаа урсана. Харин ханган нийлүүлэгчдийн дийлэнх монгол компаниуд бол Оюу толгойн долларын ихэнх нь Монголд үлдэнэ гэсэн энгийн логик бий. Хар үгээр хэлбэл Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтад зарцуулж буй долларын ихэнхийг Монголд авч үлдэх тохироог өмнөх Засгийн газар хийж чадсан юм. Дотоодын ханган нийлүүлэгчдэд давуу эрх олгохын тулд төсөл шалгаруулахад Монголын талын хяналтыг нэмэгдүүлэх тохиролцоог тухайн үед хийж чадсан гавьяа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт бий.

Өмнийн говьд Таван толгойн цахилгаан станц барих аварга бүтээн байгуулалт удахгүй өрнөнө. Оюу толгой энэ станцаас эрчим хүч авна гээд дуугарчихвал уул уурхайн бүс нутгаа тэр чигт нь цахилгаанаар хангах станц баригдах боломж нээгдэх байсан юм. Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурснаар Оюу толгой, Таван толгойн цахилгаан станцаас эрчим хүчээ худалдаж авна гэж дуугарсан билээ.

Далд уурхайн санхүүжилтийн төлөвлөөнд гарын үсэг зурах үйл явц хуулийн дагуу өрнөсөн гэж тухайн үеийн Засгийн газар мэдээлж байв. УИХ-ын 2014 оны 34, 2015 оны 41 дүгээр тогтоолуудын дагуу ажиллажээ. Уг тогтоолуудад төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг түргэтгэх, төслийн хэрэгжилтэд засгаас бодлогын дэмжлэг үзүүлж ажиллах, төслийн хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийж, далд уурхайн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхийг Засгийн газарт даалгасан байдаг.

Эцэст нь бас нэг статистик онцолъё. Далд уурхай ашиглалтад орсноор Засгийн газарт ногдох мөнгөн урсгал 2009 оны Оюу толгойн ТЭЗҮ-ийн тооцоололтой харьцуулахад 40 хувиар нэмэгдэх нь тодорхой болсон.


Categories
мэдээ цаг-үе

Б.Наранзуны эмээ, гавьяат эмч Х.Бадарчтай хөөрөлдсөн хугас өдөр

Х.Бадарч эмч нярайн эндэгдлийг бууруулахад бодитой ажил хийсэн эмч
нарын нэг

“Эрэвгэрхэн алаг нүд чинь энгийн ч биш дээ амраг минь, ай хө бүжиглэе дээ, алив бүжиглэе дээ, эрвээхэй эндүүрмээр ээ мөн ч хөөрхөн дөө” гэж ирээд сэтгэл хөвсөлзүүлдэг хуучны дуу бий дээ. “Энгийн биш нүд” гэдэг нэрнээс нь илүүтэй “Эрэвгэр алаг нүд” гэдгээрээ олны сэтгэлд үлдсэн сайхан дуу. Энэ дууны эзэнтэй хугас өдөр хууч хөөрлөө. Монголын урлагт нэртэй, мөртэй Жамцын Бадраа агсны гэргий, гавьяат эмч Х.Бадарч гуайтай. “Дэлхий ээж”, “Хайрын дурсамж”, “Зүүдэлснийг минь уучлаарай” гээд олон сайхан дууг түмэнд хүргэсэн Бадрууган агсны ээж, Наранзуны эмээ гээд яривал хуучлах түүх ихтэй буурай. Бадарч гуай ханьтайгаа галыг нь бадрааж орсон тавин мянгатын байрандаа даруухан аж төрж байна.

“Эрэвгэр алаг” нүд гэснээс ийм явдал болж. Наймдугаар ангид байхад нь сумын клуб шинээр байгуулагдаж үдэшлэг болж л дээ. Тухайн үед үдэшлэгийг олон нийт гэдэг байж. Найзынхаа ятгалгаар үдэшлэгт очсон сурагч охиныг улаан булангийн эрхлэгч үдэшлэгийн хөтлөгчөөр тодруулаатхаж. Нөгөө хөтлөгч нь хотоос ирсэн МУИСийн оюутан Бадраа. Тухайн үеийн үдэшлэг бүрийг эхлүүлдэг “Монголын залуучуудын марш”ыг клубт цугласан залуус босч зогсоод дуулсны дараа вальс эхэлж дээ. Улаанбулангийн эрхлэгчийн баянхуурын ая эгшиглэхэд босох хүн гарахгүй нэлээд юм болж. Хотын оюутан залуу сурагч охиныг урьснаар бүжиг эхэлжээ. Тэр тухай Ж.Бадраа агсан “Эргэн тойрноо харлаа. Уриад бүжиглэх хүүхэн нүдэнд туссангүй. Цуг үдэшлэг хөтлөхөөр болсон охин цаашаа хараад зогсч байна. Энэ охин бүжиглэх болов уу гэж бодоод ойртож очоод алив хоёулаа бүжиглэх үү гэлээ. Өнөө охин огцом эргээд дүрлийтэл ширтлээ. Тэр харц түүнээс хойш сэтгэлээс гараагүй шүү” хэмээн ярьж байжээ. Ж.Бадраа агсны үгийг нь зохиосон “Энгийн биш нүд”ний түүхийг гэргийтэй нь уулзаж байж сонссон нь энэ. Барууны ертөнцөд морин хуур, уртын дууны гайхамшгийг анхлан мэдрүүлсэн Ж.Бадраа агсныг “Халуун элгэн нутаг”, “Гайхмаараа”, “Гоёхон чимэг юм уу даа, “Жаргаах зүрхэн” -ээс эхлээд олон сайхан дууны үгийн зохиогч гэдгийг уншигчид андахгүй.

Гэр бүлээрээ

Биднийг очиход Бадарч гуай тос хайлж, ааруул хурууд таваглачихсан хүлээж байлаа. Наранзун лагер дээр байна гэнэ. Бадрууганы дүү Бадарсан ээжтэйгээ амьдардаг юм байна. Ач, гуч нар нь үе үе ирж бужигнуулдаг гэж гэрийн эзэгтэй ярилаа.

Бадарч эмч сүүтэй цай оочлонгоо “Би Хөвсгөлд төрж өссөн. Ижий аав минь ч тэр нутгийнх. Бид Хөвсгөлийн улс” хэмээн яриагаа эхлэв. 1933 онд Улаанбаатар хотод анхны төрөх эмнэлэгт төржээ. Нэгдүгээр төрөх бүр эхэндээ 15 ортой, жижигхэн дүнзэн байшин байж. Аав нь “Монгол транс”-ын анхны жолооч, авто сургуулийг анх төгссөн долоон жолоочийн нэг гэнэ. “Аав ээж маань хотгойдууд. Ээжийн нагац ах нь Ахай бэйсийн хошууны сүүлийн ноён Цэдэндорж. Мөрөнгийн төвийн хойд талд Хужиртын ам гэж бий. Цэдэндорж ноён Хужиртын аманд арваад хүүхэдтэй бага сургууль байгуулаад ээжийг сургуульд оруулсан юм билээ” гэж хуучлав. Радиогийн анхны нэвтрүүлэгч Л.Рагчаа, Хөвсгөлийн цэргийн хэлтсийн даргаар олон жил ажилласан Цэрэнжав хурандаа гээд сүүлд нэрээ гаргасан мундагууд ээжтэй нь нэг анги байжээ. Ээж нь анхны соёлын дотолгоогоор улаан гэрийн эрхлэгч болж Ховдын хязгаарыг зорьж байж. Тэндээсээ Улаанбаатарт ирээд Монгол банкны эрдэнэсийн тасагт ажиллажээ. Тухайн үед феодалуудын хөрөнгө гэж шуудай шуудайгаар алт, мөнгө, шүр, сувд ирж байсныг ялгаж бүртгэх үүрэгтэй ажилладаг байсан бололтой. Бадарч эмчээр ээжийнх нь түүхийг яриулаад байвал их л сонин содон зүйл хуучлах янзтай. Аавынх нь түүх ч сонин гэж жигтэйхэн юм. 1932 оны эсэргүү дарах хөдөлгөөнд Лхүмбийн жолоочоор ажилласнаас нь эхлээд яриулбал чих сортойлгосон хууч яриа хөврөх нь илт. Ээж, аав нь охиноо багад нь нутагтаа буцаж очиж, Бадарч эмч тэндээ аравдугаар ангиа төгсчээ.

Зүүн гараас төрийн соёрхолт Д.Лувсаншарав, Ж.Бадраа, Т.Насанбуян, урд
эгнээнд Б.Наранзун

Ж.Бадраа гуайтай дотноссон түүх нь гэгээхэн, дотно дулаан гэж. Хотын оюутан залуугийн “Гурван жилийн дараа чи аравдугаар ангиа төгсч, би их сургуулиа төгсөх юм байна. Би чамд итгэж болох уу” гэсэн асуултад “Сургуульдаа онц сурдаг юм чинь би итгэж болох сайн хүн байх. Итгэж болохгүй гэвэл муу хүн болж таарна” гэж гэнэхнээр бодоод толгой дохисноо ярьж хөгжилтэй инээх. Оюутан залуугаас захиа авчихаад “Бушуухан шатаах юмсан” гэж яаран уншдаг байснаа, кирилл бичгээр хичээл үздэг болохоор монгол үсгээр дурайтал бичсэн утга төгөлдөр захианы зарим утгыг ухаж амжилгүй шатааж сууснаа, хүлээсэн гэх гурван жилийнхээ зун нь л хальтхан тааралдаад өнгөрдөг байснаа, аравдугаар ангид орох жилээ Арбулаг сумын наадам дээр таарахдаа арай өөр нүдээр харснаа дурсав. Ингээд л сургуулиа төгсөцгөөгөөд гэр бүл болжээ.

Зургийн цомог сонирхуулах зуураа Бадарч эмч түүхээ ярив. Нэгдүгээр төрөхөд эмчээр ажиллаж байж. Тухайн цагт нэгдүгээр төрөхийн эмч нарын тал нь орос, тал нь монголчууд байсан гэнэ. Зөвлөлтийн эмч нар эрүүл мэндийн салбарын суурийг ганхахааргүй тавьж өгсөн гэж хуучны эмч нар ярьдаг. Бадарч эмч ч орос эмч нарын тухай олон сайхан дурсамж ярилаа. Эх барихын тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан Соловеев гэж хүн эмчийн дөртэй болгож байж. Эмчээр ажиллаж эхлэх үед нь нярай хүүхдүүд дутуу төрөлтөөс болж эндэх тохиолдол их гардаг байжээ. Дутуу төрөлтийг онцгойлж судалж, нярайн эндэгдлийг багасгаж чадсан хүн юм байна. Дутуу төрөлтөөс урьдчилан сэргийлэх кабинет хүртэл байгуулж явжээ. Лаост ажилласан түүх нь их сонирхолтой юм. Эмнэлэггүй алслагдсан Сингхуанг мужид нь манай улсын Эдийн засгийн хорооноос 150 ортой эмнэлгийн цогцолбор барьж өгч байжээ. Монголоос явсан мэргэжилтнүүдийнх нь нэгээр Бадарч эмч явж. Төрөх тасагт нь ажиллаж, лаос эмч нарыг сургажээ. Төв банкны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Чулуунбат агсны аав Очирбат Монголын мэргэжилтнүүдийн багийг ахалж явжээ. Лаосчууд эмнэлэг гэж мэдэхгүй, ёстой нөгөө “Сэрэлт” кинонд гардаг шиг л юм болж. Тэнд ардын засаг тогтоод арав гаруйхан жил болж байсан үе аж. Эмнэлэг нээгдсэн хагас сард ямар ч хүн ирсэнгүй гэнэ. Мужийн хүн амын ерээд хувь нь шумуулаар дамждаг хумхаагаар өвчилчихсөн, архагшсан хэцүүхэн цаг байж. 14 хоногийн дараа өглөө эрт хулсан дээр нэг эмэгтэйг дамнаад ороод ирж. Ус нь гараад хоёр хонож байгаа 29 настай бүсгүйг аварснаас хойш хүмүүс олноороо ирэх болжээ. “Европ эм хэрэглэж үзээгүй улс учраас маш дуулгавартай. Антибиотек хэрэглэж, шөнөжингөө үзсэн дээ. Бид чинь эм тариагаа өөрсдөө авч явсан болохоор учиртай. Залуу хүн, эм хэрэглэдэггүй байсан улс учраас дороо тэнхэрсэн” гэж ярилаа. Бас нэг бүсгүйг үхлээс аварсан түүхээ ярив. Нөхөр нь баярласнаа илэрхийлж зөгийг үүртэй нь авчирч бэлэглэсэн гэнэ. Хагас жилийн дараа өнөө бүсгүй уулнаас дөрвөн хүүхдээ дагуулан алхаж ирээд уулын зэрлэг жимс бэлэглэж, уйлж баярлаад жигтэйхэн юм болж.

Зүүн гараас Б.Бадрууган аавын хамт

Бадарч гуайн өрөөнд орлоо. Хоймрынх нь ханаар дүүрэн ном. 2000 гаруй ном бий гэнэ. Хуучны, одоо бол нүдний гэм болсон толь бичиг, цувралууд голдуу харагдана. Номонд дуртай хүмүүсийн хорхой хөдөлгөхөөр ховор номнууд ч цөөнгүй үзэгдэнэ. 1800-гаад онд хэвлэгдсэн ном ч байгаа аж. Дийлэнх нь орос, англи хэлээр хэвлэгдсэн номнууд юм. Төвд, хятад хэлээр хэвлэгдсэн ном ч харагдана. Бадарч гуай ханийнхаа цуглуулсан сонгодог зохиолуудыг том хүүдээ өгчээ. Бадрууган агсанд. Мянгаад номыг нь Радио, телевизийн дээд сургуульд хандивлажээ. Номын сангийн дээхнэ Бямбын Ринчений идэр цагийн хөрөг зургийг залжээ. Садангийнх нь гавьяат Балдандорж гэж зураач зуржээ. Бадарч эмч “Ринчен гуай чинь манай хүний их сургуулийн анги даасан багш. Өөрөө захиж байж зуруулсан юм. Үлгэрийн маягтай ч юм шиг, их сайхан зураг” гэж байна. Инжинаш, Нацагдоржийн хөргийг ч энэ өрөөний хүндтэй хэсэгт залжээ.

Ж.Бадраа агсан сургууль төгссөн жилээ Хөвсгөлд багшаар ажиллажээ. Очсон эхний жилээ сайн ажилласан гэж Ю.Цэдэнбалд тоогдоод анхны нууц, шууд сонгуульд депутатаар нэр дэвшиж байж. Хөвсгөлийн Зүрх сумаас. Шууд сонгуулиар сонгогдсон анхны депутатаар ийм түүхтэйгээр сонгогдож байжээ. Дараа нь Радио хороонд ажиллуулахаар Хөвсгөлөөс хот руу татсан юм байна. Радиог редакцийн системтэй болгох зохион байгуулалтыг анх хийсэн хүн ажээ. Сүүлд үндэсний үзэлтэй гэж ажилгүй байх хугацаандаа уран бүтээлээ завсаргүй туурвидаг байж.

Монголын урлагийн нэртэй зүтгэлтэн Ж.Бадраа агсны гэргий, Б.Бадрууганы ээж, Монгол Улсын хүний гавьяат эмч Х.Бадарч. 2017.08.05

Номын сангийн дээхнэ Бадраа агсны хөвгүүддээ авчирсан бэлэгнүүд болох шаазан тоглоомууд өржээ. Бадарч гуай “Хүүхдүүдийнхээ зан аашинд тохируулж ийм хөөрхөн тоглоом авчирдаг байсан юм. Бар нь дунд хүү Бадарсангийнх. Тэр янзага нь Бадрууганых. Тахь нь Наранзуных. Морь нь бага хүү Баатарнарангийнх. Наранзунаас хойш ийм тоглоом олдохоо байсан. Оросууд хийхээ байчихсан юм” гэж байна. Чингүнжавын номнууд номын санд нь байдаг нь учиртай юм байна. Бадарч эмчийн уг гарлыг хөөвөл Чингүнжавын удмынх гэнэ. Номын сангийн нүүрэн хэсэгт өлгөсөн цаг их түүхтэй эд аж. Гэрийн эзэгтэй цагны түүхийг “Манай хүн 1987 онд Америкт ардын дуу бүжгийн долоо, найман уран бүтээлчтэй явсан юм. Найман хотын их сургуулиудаар явж, лекц тавьж, ардын урлагийг сонирхуулсан. Ардын урлагийг америкчуудад мэдрүүлсэн хамгийн анхны групп дээ. Тэр үед Нью-Жерсид амьдарч байсан Цорж ламын дурсгасан эд” хэмээн сонирхуулав.

Зочны өрөөнд гэрийн эзний төрсөн буйрны зургийг хүндэтгэн залжээ. Энэ өрөөний нэг хана бас битүү номоор дүүрчээ. Бурхан тахилын хэсэгт Жалханз хутагт Дамдинбазарын хөрөг байна. Гэрийн эзний ээжийнх нь аавын дүү гэдгийг уншигчид андахгүй байх. Ж.Бадраа агсны удмын энэ мундаг хүний зургийг Бадрууган агсан жаазалж залсан нь энэ ажээ. Бакула Ринбүүчи зургаа дурсгасан нь тахилын хэсэгт хүндтэй байр эзэлжээ. Зочны өрөөний ханын шүүгээнд зэс домбо гэх мэт түүх өгүүлсэн хуучны эд цөөнгүй юм. Найз нөхдийн дурсгасан дурсгалын эд зүйлээ ч өржээ.

Бадарч гуай цай аягалангаа “Манайх гурван сайхан хүүтэй. Бадрууган маань гурван хүү, нэг охинтой. Том хүү нь Наранзун. Удаах нь Лондонд сургууль төгсөөд ирсэн. Дараагийнх нь Гийгүүлэн. Кино оператор. Овоо нэртэй болж байгаа, миний хүү. Охин Болор нь Радио телевизийн сургууль төгссөн. Дунд хүү маань надтай хөгширч яваа хүн. Бага хүү Баатарнаран маань ганц охинтой. Охин нь МУИС-д багшилж байгаад Австрид судалгаа хийхээр явсан. Наранзуны маань том охин анагаахад эмч болохоор сурах гэж байна. Дараагийн хүү нь дунд сургуульд сурдаг. Бага нь гурван нас хүрч байгаа” хэмээн ярилаа. Бадарч эмч айлын том учраас цагаан сараар олны хөлд дарагддаг ажээ. Ж.Бадраа агсны үед гэрээр нь орж гарч явсан хүмүүсээс Төрийн хошой шагналт Н.Жанцанноров, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуян, хөгжмийн зохиолч Т.Насанбуян нар одоо ч ирж хууч хөөрдөг гэнэ.

Гэрэл зургийг Б.БАЗАРРАГЧАА

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Машин машинаар нь татсан тэрбум тэрбум төгрөгөөр өчнөөн цэцэрлэг барьчихаар боллоо

Сонгуулийн сурталчилгааны үеэр байсхийгээд л тэнд төчнөөн төгрөг ачиж явсан машиныг илрүүллээ, мөнгийг нь хураалаа, татлаа гэсэн утгатай мэдээлэл цацагдаж байсан даа. Хураасан, татсан мөнгөнүүд нийлээд хэдэн тэрбум төгрөг болчихсон байгаа нь гарцаагүй. Лав л Говь-Алтай аймагт нэг тэрбум 80 сая төгрөг ачиж явсан машин саатуулагдлаа гэж дуулдсан. Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт 90 сая төгрөг ачиж явсан машиныг бас л саатууллаа гэсэн. Баян-Өлгий аймагт хар шөнөөр шатахуун түгээх станц дээр олон тооны машин цуглуулж шатахууны талон тараасан үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон мэдээг тэр үеийн хэвлэлүүдээс харчихаж болно. Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт сонгогчдын саналаа өгсөн цагаан хуудсыг 10-20 мянган төгрөгөөр худалдаж авч байгаа үйлдэл гарсан гэх мэдээлэл ч сонгуулийн үеэр олны анхааралд байсан. Бэлнээр 20-50 мянган төгрөг тараасан жишээ бол аймаг, хот, дүүрэг, сум гэлтгүй ташраараа. Энэ мэт жишээг түүвэл өнгөрсөн сонгуулиар нэр дэвшигчид мөнгийг бороо мэт цутгасан болж таарч байна.

Сонгуулийн үеэр мөнгийг баруун солгойгүй цацдаг улстөрчид, намуудад ард түмнээ гэсэн сэтгэл байдаггүйг баталсан жишээ хэдэн зуу, өчнөөн мянгаараа бий. Ойрхоны жишээ гэхэд цэцэрлэг байна. Цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй аав, ээжүүд жил бүрийн намар холын марафонд гүйх дайны юм болцгоодог. Бүртгэлээс хэд хоногийн өмнө цэцэрлэгийн гадаа майхан барьж хонож өнжих бол байх л үзэгдэл болоод удаж байна. Энэ жилээс цэцэрлэгт явж эхлэх гэж байгаа хоёр настнуудыг цахимаар бүртгэнэ гэж баахан шуугилаа. Сүүлдээ бүр ачаалал их хэсэгт нь сугалаа явуулна, сугалаа, цахим бүртгэл дээр цагдаа, тагнуулынхан хяналт тавьж байгаа гэх мэт түмнээ доромжилсон шийдвэрийг жишим ч үгүй гаргаад сууж байна.

Ардчилсан засаглалыг сонгоод жарны талыг барж байгаа, хөгжиж буй эдийн засагтай улс гэсэн статуст багтсан, хүсвэл мөнгийг хаанаас ч ямар ч аргаар босгож чадах суурьтай орны иргэд цэцэрлэгийн бүртгэл дээр амь наана, там цаана болдог гэхээр гашуун, гунигтай сонсогддог. Цэцэрлэгийн бүртгэлийн үеэр ”Иргэдээ яаж ингэж доромжилж чадаж байна аа” гэж чанга дуугаар хэлмээр санагддаг. Сургууль ч ялгаагүй. Социализмын үед барьсан сургуулиудын барилга түрүүчээсээ жагсаалаас гарч эхэлж байгаа. Заримынх нь дээвэр нурж, аргагүйн эрхэнд сурагчдадаа хажуугийн сургуулиа санал болгож байх жишээний. Лав л Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургууль зэргэлдээ сургуулийнхаа хүүхдүүдийг хүлээн авч хичээллүүлэхээс аргагүй байдалд хүрсэн. Бага ангийнхан нь гурван ээлжээр хичээллэж, цүнхээ даахгүй жаалууд өвлийн цагаар гуравдугаар ээлжинд хичээллэж харанхуй шөнөөр гэртээ харьж байгаа нь бодитой үнэн. 44 шиг ийм зовлонтой сургууль ганц хоёроор тогтохгүй. Төвийн сургуулиуд ачаалал ихтэй болохоор бага ангийн анги дүүргэлт ихэнхдээ 50, 60-аар яригддаг. Товчхондоо бага ангийнхан чихэлдэн байж, гуравлан сууж хэцүү, тав тухгүй орчинд, зарим нь бүр хүн амрах шөнийн цагаар хичээллэж байна. Цэцэрлэгийн насны жаалууддаа бид цэцэрлэггүй бол гэртээ бай гэсэн ганц сонголт тулгачихдаг. Харин сургуулийн насныхан яаж ийгээд сурахаас аргагүйд хүрдэг учраас тохьгүй орчинд хичээллэж байна. Япончууд буцалтгүй тусламжаар хэдэн сургууль барьж өгсө, өнгөрсөн засгийн үед өмнөхөө бодвол арай олон сургууль ашиглалтад оруулсан гэдгээс өөр том бүтээн байгуулалт сургуулийн хувьд өрнөсөнгүй өнөөдөртэй золгосон.

Цэцэрлэгт хамрагдаж чадалгүй гэртээ цоожлуулж үлддэг жаалуудын хувьд хотын төвд тохитой сууцанд амьдралтай боломжийн амьдралтай хэсгийн хүүхдүүд биш. Гэр хороолол, алслагдсан дүүргийн хэцүү хатуу амьдралтай хэсэг л хүүхдээ цэцэрлэгт өгч чаддаггүй. Захын дүүргүүдийн захын хороололд цэцэрлэг гэдэг ховрын үзэгдэл. Гэр хорооллынхон ихээр суурьшсан Сонгинохайрхан дүүргийн захын зарим хороо өнөөг хүртэл цэцэрлэггүй. Сонгинохайрханд цэцэрлэгийн насны 20 мянган хүүхэд бий. Тал нь цэцэрлэггүй гэсэн статистик хэдхэн жилийн өмнө дуулдаж байсан. Ойрын хоёр гурван жилд цэцэрлэгийн бүтээн байгуулалт өмнөхөө бодвол их байсан ч цэцэрлэггүй жаалуудын асуудлыг шийдэхээр хэмжээнд эрчтэй өрнөсөнгүй.

“Зуун хувь цэцэрлэгт” хөдөлгөөнийхөн цэцэрлэгийн насныхан гэртээ цоожтой үлддэгээс болж ямар хохирол гарсныг судалсан байдаг юм. Тэд “Жил тутам 17 хүүхэд харах асрах хүнгүйгээс болж энддэг” гэж мэдээлж байсан удаатай. Гэртээ цоожлуулаад галд өрстөн, муу усны нүх, жорлонгийн нүхэнд унасан, угаартсан, халуун зүйлд түлэгдсэн гэсэн шалтгаанууд зонхилдог юм билээ. Хоёулаа нийлж зүтгээд ч олсон хэд нь амьжиргаанд нь хүрэхгүй байгаа захын хорооллынхонд хүүхдээ гэрт нь цоожлоод ажилдаа явахаас өөр сонголт байдаггүй учраас ийм эмгэнэлтэй жишээ жил бүр гарсаар байна. Гэртээ цоожтой үлдээд галд эндсэн харамсмаар жишээ яг цэцэрлэг, сургуулийн цагаар, дүн өвлөөр гардаг давтамж буурахгүй байгаа. Чингэлтэй дүүрэгт 2011 онд хоёр настай хүүхэд гэртээ угаартаж нас барсан, 2012 онд Говь-Алтай аймагт нэг айлын хоёр хүүхэд гэртэйгээ шатаж нас барсан, 2013 оны есдүгээр сард Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд гарсан галд гурван настай хүүхэд эндсэн гэж ирээд тоочвол цоожтой хаалганы цаадах эмгэнэлтэй явдал өчнөөнөөрөө тоологдоно.

Өнгөрсөн жилийн өвөл гэхэд л арванхоёрдугаар сарын дундуур Хан-Уул дүүрэгт нэг айлын гурван жаахан орчлонгоос цаг бусаар буцсан. Мөн л галд өртөөд. Ой долоон сартай, таван настай хоёр хүү, дөрвөн настай бяцхан охин аав, ээжийнхээ элгийг эмтлээд буцсаны гол буруутан хэн бэ. Мэдээж хүүхдээ цоожлоод явсан аав, ээжийн хариуцлага эхэнд яригдана. Гэхдээ ингэж орхихоос аргагүй байдалд хүргэсэн төр, засгийн сэтгэлгүй дарга, удирдлагуудад хамгийн том гэм бий. Эрх ашиг, эрх мэдлийнхээ төлөө мөнгийг баруун солгойгүй халаасалдаг хэрнээ хүүхдийн цэцэрлэг, сургуулиас зоос харамлаж, хямрал яриад суудаг түшээд төрд олширсон учраас бид балчир жаахнуудаа цаг бусаар алдсаар байгаа юм.

Гэмтлийн Түлэнхийн тасагт очихоор ямар өрөвдөм дүр зураг угтдаг гэж санана. Тэнд сурвалжлагаар очсон сэтгүүлчдийн зүрх зүсэгдээд гардаг гэхэд хэтрүүлсэн болохгүй. Түлэгдсэн хүмүүсийн талаас илүү нь гурваас доош насныхан байдаг гэсэн айхавтар статистикийг эмч нар хэлдэг. Ингээд зогсохгүй, бага насны хүүхдүүдийн эндэгдлийн 70 гаруй хувийг түлэгдэлт эзэлдэг гээд төсөөл дөө. Харж хандах аав ээж нь ажилдаа явсан хойгуур ах эгч, эмээ, өвөөтэйгээ үлдээд буцлам халуун усанд түлэгдсэн хүүхдүүд түлэнхийн төвд олноороо ирдэг. Цэцэрлэггүй үлдсэн жаалуудын нэг хэсэг ийм золгүй байдлаар амьдралын аз жаргал, баяр хөөрийг мэдэрч амжилгүй буцаж байна.

Эх орон маань Монгол гэж тусгаар тогтносон улс. Тусгаар тогтнолоо дэлхийд хүлээн зөвшөөрүүлчихсэн НҮБ-ын гишүүн Монгол гэдэг улс ардчилсан засаглалтай, ардчиллын замыг сонгоод аль хэдийнэ 27 жил болчихсон. Ардчиллыг хөгжүүлсэн загвараараа Азидаа гэж яригддаг. Эдийн засгаараа өөдөө дээшээ явах боломж бололцоотой. Хөрсөн доорх эрдэнээ ашиглаж чадвал гуравхан сая хүнийг аятайхан аваад явах тийм том асуудал биш. Хүний амьдралыг нэгэн жарнаар хэмждэг орчлонд жарны тал гэдэг бага хугацаа биш. Ардчилал, зах зээл маань нялх, балчир дээрээ байна гэж өхөөрддөг цаг өнгөрсөн гэж хэлэх гээд байна л даа. Жарны талаар хэмжигдэх ардчилал, зах зээлийн түүхтэй Монгол Улс гээд харахаар чамламаар зүйл их харагдах юм. Дахиад хэлэхэд нэг том жишээ нь одоо хөндөж буй цэцэрлэг. Яагаад ийм улсын иргэд болж төрчихөөд цэцэрлэггүй гэсэн шалтгаанаар хүүхдээ гэртээ цоожлоод гарна гэж? Бидэнд бусад улс орнууд шиг дайн дажин, үймээн самуун алга. Дэлхийн ихэнх улс шиг хөрсөн дороо баялаггүй гэхийн зовлон ч алга. Амар амгалан, боломж дүүрэн улсын иргэд байж яагаад цэцэрлэг мэтийн аар саар жижигхэн асуудалд толгойгоо өвтгөөд байна аа? Шалтгаан нь иргэдээ гэх сэтгэлгүй төр гэхээс өөр тайлбар олдохгүй байна. Дайн дажинтай, хэцүү хатуу улс бол яая гэхсэн. Гэтэл Монгол тийм зовлонгийн үнэр ч байхгүй улс. Ийм орны иргэн болж төрчихөөд цэцэрлэггүй байна гэдэг том эмгэнэл. Тэгэхээр ийм байна, тэрбум тэрбум төгрөгийг баруун солгойгүй цацахдаа цацдаг эрхэм дарга нараа. Цэцэрлэгийн насны хүүхдийн ихэнх нь цэцэрлэгт хамрагдах боломжгүй, сугалаа сугалж азаа үзэцгээ гэсэн утгагүй, доромж мэдэгдэл хийгээд сууж байхынхаа оронд баруун солгойгүй цацдаг мөнгөнийхөө багахан хэсгийг цэцэрлэг барихад зарцуулмаар байна.

Categories
мэдээ цаг-үе

Нүүрсний үнийн өсөлт цаашид ч үргэлжилнэ

Оюу толгой, эрдэнэт гэсэн зэсийн том төслүүд амжилттай хэрэгжиж байгаа. “Оюу толгой” энэ онд 130.000-160.000 тонн баяжмал дахь зэс, 100,000-140,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна. Эрдэнэт үйлдвэр жилд 500 гаруй мянган тонн баяжмал үйлдвэрлэдэг. Цагаан суварга ажиллаад эхэлбэл жилд дунджаар 310 мянган тонн баяжмал үйлдвэрлэнэ. Оюу толгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл Монголын нийт баяжмалын хэмжээ хоёр сая тоннд хүрнэ гэсэн статистик бий.

Дэлхийн зах зээл дээр зэс, нүүрсний үнэ онцлохоор өсөлттэй байна. Нүүрсний тухайд коксжих нүүрсний үнэ өндөр хэвээр байгаа юм. Энэ долоо хоногт гэхэд л бага зэргийн өсөлт ажиглагдлаа. Австраличууд нүүрсээ 180 орчим ам.доллароор урд хөршид худалдаалж байгаа аж. Энэ үнэ тодорхой хугацаанд хадгалагдана гэсэн таамаг гарчээ. Манай улс эхний хагас жилд 26 сая тонн нүүрс олборлож, 19.1 сая тонныг нь экспортолсон статистик бий. Экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 98.89 хувиар өссөн гэх мэдээллийг Үндэсний статистикийн хорооноос өгсөн. Хятадад эрэлт өндөр байгаа учраас их хэмжээний нүүрс гаргасан гэх тайлбарыг Ашигт малтмалыг газраас хийж байгаа. “Эрдэнэс Таван толгой” компани дангаараа 11.5 сая тонн нүүрс экспортлох жилийн төлөвлөгөө гаргаад буй. “Энержи ресурс”-ийн хувьд хамгийн өндөр үнээр нүүрсээ экспортолж байна. Өмнөд Монголын өөртөө засах орны Гаалийн газар оны эхний хагаст 19.77 сая тонн нүүрс импортолсон, жилийн өмнөхөөс 118 хувиар өссөн дүн гэж мэдээлжээ. Мөнгөн дүнгээр нь тооцвол тэд 1.27 тэрбум ам.доллараар нүүрс худалдаж авчээ.

Нэг тонн нүүрсний дундаж ханш 64.24 ам.доллар байж. Өмнөд Монгол руу нийлүүлж буй нүүрсний дийлэнхийг манай улсаас “Ганц мод”, “Сэхэ” боомтоор дамжуулан гаргадаг юм.

Нүүрсний зах зээл өнгөтэй байгааг урд хөршийн нүүрсний том компаниудын олсон ашгаас харж болно. Хятадын нүүрсний толгой компани “Чайна Шинхуа энержи” –гийн ашиг гэхэд л оны эхний хагаст хоёр дахин өсчээ. Гол шалтгаан нь мэдээж нүүрсний үнийн өсөлт. “Шинхуа энержи” дөрвөн жил дарааллан алдагдал хүлээсний эцэст өнгөрсөн оноос ашигтай ажиллаж эхэлсэн билээ. Нүүрсний үнийн өсөлтөд урд хөршийн бодлого багагүй нөлөө үзүүлж буй. Хятадын Засгийн газар нүүрсний үнийг өсгөхийн тулд уурхайнуудын гарцыг танах ажлыг эхлүүлсэн юм. Бодлого хэрэгжсэнээр нүүрсний компаниудад өр төлбөрөө бууруулж, ашигт ажиллагаагаа сэргээх боломж нээгджээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятад, Монголын худалдааны хэмжээ 3.1 тэрбум давж түрүү оныхоос 44.2 хувиар өссөнд нүүрсний борлуулалт, ханш мэдрэгдэхээр нөлөө үзүүлсэн нь тодорхой.

ЗЭСИЙН ХАНШ 2020 ОН ХҮРТЭЛ БУУРАХГҮЙ

Зэсийн үнэ ч өнгөлөг байна. Сүүлийн хоёр жилийнхээ дээд цэгт хүрсэн зэсийн үнийн өсөлт цаашид ч үргэлжилнэ гэж шинжээчид онцолж байгаа аж. Зэсийн ханш тонн нь 6400 ам.доллар байна. Зэсийн үнэ өсөх хэд хэдэн шалтгаан бий гэж шинжээчид онцолдог. Эхний шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Трампийн хэрэгжүүлж буй бодлоготой холбоотой. Трамп зэсийг хамгийн ихээр хэрэглэдэг дэд бүтцийг хөгжүүлнэ гэж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалт нь өрнөж буй Оюу толгой бүрэн хүчин чадлаараа ажиллах хүртэл дэлхийн зэсийн нийлүүлэлтэд өөрчлөлт гарахгүй, тэр хүртэл эрэлт өндөр хэвээр хадгалагдах учраас үнэ тэгтлээ уруудахгүй гэсэн таамаг бас бий. Машиныхаа үйлдвэрлэлийг огцом нэмэх нь тодорхой болсон “Тесла”-гийн томролт зэсийн эрэлтийг 35 мянган тонноор нэмнэ гэсэн тоо дуулддаг. Цахилгаан шугам сүлжээ, барилгын салбар, автомашины салбарт үүсэх зэсийн эрэлт цаашид өндөр хэвээр байна гэсэн таамаг бий. “Рио тинто”-гийн хувьд зэсийн зах зээлийг өөдрөгөөр төсөөлж байна. Хятадын аж үйлдвэржилт, цахилгаан хэрэгсэл, тоног төхөөрөмж, барилгын салбарын өргөжилт гэх мэт шалтгаанаар дэлхийн зэсийн хэрэглээ сүүлийн 50 жилд гурав дахин өсчээ. Дэлхийн зэсийн жилийн хэрэглээ 23 сая тонн, энэ хэмжээний 80 орчим хувийг есөн улс хэрэглэдэг. Зэсийн нийт хэрэглээний талыг нь урд хөрш хэрэглэдэг бол АНУ-ын хэрэглээ найм, Японы хэрэглээ дөрвөн хувийг нь эзэлдэг юм. Судлаачид зэсийн хэрэглээг жилд 1-3 хувиар өссөөр байна гэж таамаглажээ. Манай гол зах зээл болох Хятадын зэсийн хэрэглээ цаашид алгуур өсөлттэй байх нь. АНУ болон Европын улс орнуудын эрэлт ч ирэх жилүүдэд тогтвортой хадгалагдах юм байна.

Монголд 57 зэсийн орд, 1180 илрэлийн нийт 93.3 сая тн таамаг нөөц тогтоогдоод байгаа. Эдийн засгийн үр ашигтай нөөц нь 50 орчим сая тонноор хэмжигддэг.

Оюу толгой, Эрдэнэт гэсэн зэсийн том төслүүд амжилттай хэрэгжиж байгаа. “Оюу толгой” энэ онд 130.000-160.000 тонн баяжмал дахь зэс, 100,000-140,000 унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байна. Эрдэнэт үйлдвэр жилд 500 гаруй мянган тонн баяжмал үйлдвэрлэдэг. Цагаан суварга ажиллаад эхэлбэл жилд дунджаар 310 мянган тонн баяжмал үйлдвэрлэнэ. Оюу толгойн гүний уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл Монголын нийт баяжмалын хэмжээ хоёр сая тоннд хүрнэ гэсэн статистик бий.

ЦАЙР, ХАР ТУГАЛГА ЦОЙЛЖ, АЛТ ЯЛИМГҮЙ УРУУДНА

Металлын үнэ ханшийн хувьд нөөц багасч байгаа гэсэн шалтгаанаар энэ жил 11 хувийн өсөлт үзүүлнэ гэж Дэлхийн банк таамаглаж байна. Дэлхийн банк эрдсийн тоймдоо “Цайр, хар тугалгын уурхайнууд тодорхой нөхцөлөөр эсвэл бүрмөсөн хаагдаж байгаагаас нийлүүлэлт хязгаарлагдан, үнэ нь хамгийн их өсөлттэй байхаар байна. Цайр 27 хувийн, хар тугалга 18 хувийн өсөлттэй байх нь. Зэс, никел, цагаан тугалганы үнийн өсөлтийн хувь хоёр оронтой тоонд байх төлөвтэй байна” хэмээн онцолжээ. Үнэт металлын хувьд хөрөнгө оруулалтын эрэлт сул, долларын ханш чангарч, бодит хүүгийн түвшин нэмэгдэх хүлээлтээс болж үнэ нь долоон хувь буурна гэж Дэлхийн банк таамаглажээ. Хөрөнгө оруулалтын эрэлт сул байгаагаас алтны үнэ найман хувь, харин мөнгөний үнэ дөрвөн хувиар буурах төлөвтэй байгаа аж.

Монголбанкинд тушаах алтны хэмжээ өнгөрсөн долоо хоногийн зарим өдрүүдэд 500-800 кг болж нэмэгдсэн таатай мэдээ байна. Жирийн өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 100-200 кг алт тушаадаг юм. Алт тушаалт ингэж огцом нэмэгдсэн нь алтны үнэ өсөлттэй байгаатай холбоотой. Монголбанк нь өнгөрсөн оны сүүлээс алтны үнийг Лондонгийн үнэт металлын захын үнээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс худалдан авч эхэлсэн нь алт тушаалтад эерэгээр нөлөөлж буй. Он гарснаас хойшхи долоон сарын хугацаанд Монголбанканд нийт 8.94 тонн алт тушаажээ. Урд хөршийн эрэлт өссөн гэсэн шалтгаанаар төмрийн хүдрийн ханш таамаглаж байснаас өсөх төлөвтэй байгаа гэж “Goldman Sachs” онцоллоо. Тэд ойрын гурван сарын хугацаанд нэг тонн төмрийн хүдрийн ханш 55 ам.доллар байна гэж таамаглаж байсныг 70 ам.доллар болгон өсгөжээ. Жилийн эцсийн ханшийн төлөвөө ч таван ам.доллараар нэмж шинэчилжээ. “Goldman Sachs”-ийн таамаг биелвэл төмрийн хүдэр оны сүүлээр тонн нь 60 ам.долларт хүрэх нь. Сүүлийн өдрүүдэд нэг тонн төмрийн хүдрийн ханш 70 ам.доллараас даваад байна. Өнгөрсөн сарын дундуур 50 ам.доллар байсан юм.

НЭГ БАРРЕЛЬ НЕФТИЙН ҮНЭ 50 АМ.ДОЛЛАР ДАВЛАА

Нефтийн үнэ огцом өсч баррель нь 50 ам.долларыг даваад байна. ОПЕК-ийн даваа гаригийн мэдэгдэл, АНУ-ын стратегийн нөөцийн тухай тайлан долдугаар сарын турш унаж байсан нефтийн үнэ өсөх шалтгаан болжээ. 1982-1983, 1985-1986, 1992-1993, 1997-1998, 2001-2002 онуудад түүхий нефтийн үнэ унаж байж. Нефтийн үнэ унасны дараа эдийн засгийн өсөлт ажиглагдаж байсан гэж судлаачид онцолдог. Сүүлийн 50 жилийг харахад эдийн засгийн хямрал нефтийн үнийн өсөлтийг дагуулж байжээ. 2008 оны санхүүгийн хямралын өмнө нефтийн үнэ бараг гурав дахин өсч 50 ам.доллараас 140 ам.доллар хүрч байсан аж. Манай улсын хувьд 1996-2016 оны хооронд нийт 43.8 сая баррель буюу 5.9 сая тонн газрын тос олборлож, 41.6 сая баррель газрын тосыг БНХАУ-д экспортолжээ. Газрын тосны орлогоос нийт 1.1 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ. Газрын тосны ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй “Петрочайна дачин тамсаг” ХХК болон “Доншен газрын тос Монгол” ХХК-иуд 1993-2015 оны хооронд нийт 2.83 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дундаж давхарга, хувийн хэвшилдээ элгэмсүү хандсан улс л хямралыг хөнгөхөн давдаг

Дэлхийн орнууд 2008 оны их хямралаас хойшхи том хямралыг даван туулж байна. Бид ч ялгаагүй Олон улсын валютын сангийн дохиур дор хямралаас гарчих санаатай улсаараа зүтгэж явна. Хүн төрөлхтний түүхэнд эдийн засаг, санхүүгийн хямрал гэдэг шинэ зүйл биш л дээ. Өдгөө цэнхэр гаригийн хөгжлийг түүчээлж яваа улс орнууд хямралыг хэдэнтээ даваад босоод ирчихсэн байдаг. Автомашин, усан онгоц, гангийн үйлдвэр нь гайхалтай хөгжсөн, “Самсунг”, “Хьюндай”, “Эл Жи” гээд дэлхийд яригддаг акул компаниудтай Өмнөд Солонгос гэхэд тавиад оны үед Азийн хамгийн ядуу улсын нэг байсныг өнгөрсөн түүхээс харчихаж болно. Япончуудын мэдэлд байхдаа байгалийн баялгаа барж, Солонгосын дайны үеэр бүрэн сүйрсэн хэцүү цагт Хан улсын иргэд алтан бөгж, ээмэг гээд өөрт байгаа үнэтэй бүхнээ улсдаа хандивлаж эдийн засгийн хямралаас гарах эхлэлийг тавьсан байдаг. Иргэдийнхээ хүчээр өндийж сэргэсэн энэ жишээг өнөө ч дэлхий даяараа онцлон иш татацгаадаг. Солонгосын хөгжлийн нууц ердөө л иргэдийн хүч, сэтгэл дээр нэмэх нь төрийн зөв бодлого.

Одоогийн хямрал Европоос, тэр дундаа Грекээс эхлэлтэй бол өмнөх хямрал Америкаас давалгаалж байв. 2008 оны хямралыг эхлүүлэгч Америк тэр жилийн хямралаас хувийн хэвшлээ дэмжиж байж гарсан түүхтэй. Бүр тодруулбал төв банк нь арилжааны банкуудаараа дамжуулан хувийн хэвшилдээ санхүүжилт олгосон юм. Банкууд нь иргэддээ зээлэх мөнгөтэй, иргэд нь бизнес эхлэх санхүүжилттэй байхад эдийн засаг хөнгөхөөн босоод ирдгийн сонгодог жишээ бол Америкийн тухайн үеийн “сэргэн мандал”. Европын холбооны тухайд хямралыг мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлж давахаар ажилласан нь үр дүнгээ өгсөн. Бүр тодруулбал төв банк нь мөнгөний тэлэх бодлого хэрэгжүүлж, бодлогын хүүгээ бууруулах замаар хямралыг сөрсөн юм. Бодлогын хүү багасахаар зээлийн хүү дагаад буурдаг, хүртээмж нь ч тэр хэрээр нэмэгддэг сайн талтай. Бизнес төсөл хэрэгжүүлэх бодол хүсэлтэй иргэдийн хувьд үүн шиг таатай орчин гэж юу байхав. Мөнгө нь байвал, бага хүүтэй дажгүй зээл нь бэлэн бол үйлдвэрлэл нэмэгдэнэ, үйлдвэрлэл өсөхөөр компаниуд томрох нь тодорхой. Компаниудад томрох орон зай олдож л байвал ажлын байр нэмэгдэх нь хууль. Ажлын байр нэмэгдэхээр айл өрхүүдийн олдог хэд өсч, хөлсөө дуслуулж яваа дундаж давхаргынхны орлого нэмэгдэнэ гэдгийг хэн ч ухаад олчихно. Товчхондоо эдийн засаг хямарч, агших тусам эсрэгээрээ эдийн засгаа тэлэх бодлого явуулдаг улс орнууд хямралыг зовлон багатай давдгийг Европын жишээ нотолж байна.

ОХУ-ын эдийн засаг нэг хэсэг огцом уруудаж, рублийн төгрөгтэй харьцах ханш 30 руу бууж шалдаа унаж байв. Одоо 40 төгрөг давсан нь хойд хөршийн эдийн засгийн сэргэлтийн бидэнд ойрхон харьцуулалт. Европын холбоо, АНУ-аас тавьсан хоригоос бол эдийн засаг нь удааширч, хямралын ирмэгт тулсан ОХУ богино хугацаанд өндийж чадсан нь олон шалтгаантай. В.Путины хийсэн хамгийн том алхам бол алдагдалтай төрийн компаниудаа худалдсан явдал. Ингэснээр нэгдүгээрт төр ачаанаасаа салсан, хоёрдугаарт төсвийнхөө орлогыг нэмж чадсан гэж эдийн засагчид онцолдог.

Япон улсын гол зовлон нь дефляци. Дефляцитай тэмцэхийн тулд иргэдийнхээ худалдан авалт зарцуулалтыг нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Ингэхийн тулд компаниудынхаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр чармайж байгаа нь сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй бодлогоос нь тод анзаарагддаг.

Хятадын эдийн засгийг Грек, ОХУ, Америктай харьцуулбал хямарсан гэж хэлэхэд хэцүү. Гэхдээ дэлхийд гайхуулж байсан эдийн засгийнх нь өсөлтийн хурд сүүлийн хэдэн жил дараалан саарч буй нь урд хөршийн удирдлагуудын толгойны өвчин болж байгаа. Хятад улс өмнө нь үйлдвэрлэлд шүтсэн эдийн засагтай байсан бол одоо үйлчилгээнд суурилсан эдийн засаг бүтээхийг зорьж яваа. Уналтаас өндийлгөж ирээдүйд хүчирхэгжүүлэх үйлчилгээнд суурилсан эдийн засгийнх нь гол цөм нь дундаж давхаргынхан. Дундаж давхаргынхан гэдэг дээр яг таг тэр энэ гэсэн тодорхойлолт байхгүй. Гэхдээ дэлхий нийтээрээ дундаж давхаргынхныг тогтвортой ажилтай, орлоготой, мэргэжил ур чадвартай, өөрийн гэсэн унах унаа, амьдрах сууцтай, хэрэндээ таарсан хөөрхөн хуримтлалтай, эрүүл мэнд боловсролын үйлчилгээ авчихдаг нөхдүүд гэж ойлгодог. Ер нь дэлхийн орнуудын амжилттай хөгжсөн түүхийг анзаараад байх нь ээ дундаж давхаргынхандаа элгэмсүү хандаж, дэмжиж тэтгэх бодлого явуулсан учраас томорсон байдаг юм билээ. Дундаж давхаргаа дэмжих бодлогыг зүгээр ч нэг биш хүчтэйгээр, онцгойлон хэрэгжүүлдгийн наад захын жишээ нь Австрали. Дэлхийгээс тусгаарлагдсан тив улсын хөгжсөн нууц нь ердөө энэ. Тэнд амьдардаг танил маань “Энд том хэмжээний бизнес эрхлэх боломж байхгүй. Орлого ихсэх хэрээр өгөх татвар нь өндөр. Ажилтай орлоготой, аятайхан орчинд тухтай аж төрөх боломж бол хангалттай шүү” гэж ярьж байсан. Дундаж давхаргынхан нийгмийн олонхийг бүрдүүлэх хэрээр хэрэглээ, үйлчилгээ нэмэгдэж, тэгэх тусам илүү их мөнгө эргэлдэж эдийн засгаа тэтгэдэг бичигдээгүй хуулийг л мундаг хөгжсөн улсууд олоод харчихсан хэрэг. Дундаж давхарга ойрын 15 жилд 2.1 дахин өсч, дэлхийн хүн амын 35 хувиас 66 хувийг төлөөлдөг болох хандлага бийг шинжээчид онцолдог нь цаанаа ийм учиртай.

Урд хөршийн хувьд яг ийм бодлогоор дундаж давхаргаа дэмжээд эхэлчихсэн. Абсолют хандлагаар Хятад дундаж давхаргаараа дэлхийд хоёрт жагсдаг. Гэвч харьцангуй хандлагаар бол урд хөршийн хүн амын ердөө 12 хувь нь л дундаж давхаргынхан гэдэг. Энэ алдаагаа засч 2030 онд хүн амынхаа 70 хувийг дундаж давхарга болгохоор зүтгээд эхэлчихсэн. Дорнын луу гэгддэг Хятад улс дундаж давхаргынхаа хүрээг ингэж нэмж чадвал жилд 10 их наяд ам.долларыг бараа үйлчилгээ худалдаж авч хэрэглээндээ зарна гэсэн аварга тоо дуулддаг. 2030 он гэхэд Ази, Номхон далайн бүс нутагт дундаж давхаргын тоо 3.2 тэрбумд хүрч 2009 оныхоос 6.2 дахин өснө, Азийн дундаж давхаргынхан дэлхийн дундаж давхаргын 66 хувийг эзэлнэ, Хятад Энэтхэгийн дундаж давхарга дэлхийн нийт эрэлтийг тодорхойлно гэх мэт статистикуудын цаад шалтгаан нь энэ. Орчин үеийн эдийн засаг нийгмийн тулгын чулуу, Азийн бизнесийн ирээдүйн өсөлтийн гол түлхүүр гэгдэж буй дундаж давхаргынхныг дэмжих хөрс нь нам дор тогтвортой инфляци, макро эдийн засгийн гадаад, дотоод тэнцвэртэй байдал гэдэг. Үүн дээр нэмэх нь дотоодынх нь үйлдвэрлэл тогтвортой, ажлын байр нь найдвартай гэсэн үзүүлэлт багтдаг. За тэгээд хөрөнгө оруулалтын аятайхан орчин, экспортын өсөлт яриангүй орно. Дундаж давхаргынхныг агшаах, ядуу ангилал руу уруудуулах шалтгаануудад эдийн засагчид өндөр инфляци, эдийн засгийн хямрал, мөчлөг дагасан төсвийн тэлэлт, хөрөнгө оруулалтын тогтворгүй орчныг багтаадаг. Инфляцийн өсөлтийн тухайд хүнс, шатахуун эрчим хүчний үнэ тогтворгүй бол дундаж давхаргынхан агшдаг гэм бий. Хятад улс дундаж давхаргынхан руугаа онилсон ямар бодлого хэрэгжүүлж байгаа бол гэсэн асуултад хариу хайя. Ирэх жилүүдэд Америкийг давах Азийн хүчирхэгжилийн гол дүр болох Хятадын гол бай нь дундаж давхаргынхан гэж өмнө дурдсан. Урд хөршийн удирдлагууд дундаж давхаргынхныг дэмжих сууриа бүрдүүлэхээр ажиллаад эхэлжээ. Бидний коммунист гэж жишээлэх дуртай Хятад улсын дундчуудаа дэмжих эхний алхам нь хувийн хэвшил рүү чиглэжээ. Урд хөршийн удирдлагууд банк санхүүгийн салбарын зохицуулалтуудаа зөөллөж, бизнес, хувийн хэвшлээ дэмжих бодлого хэрэгжүүлж байна. Хувийн хэвшлээ дэмжиж буй нь төрийн өмчийн компаниудынх нь хувьчлалаас тод харагддаг.

Дэлхийн орнуудын хямралаас гарсан туршлага, түүхийг сөхөөд харахаар ер нь бүх л улсууд дундаж давхарга, хувийн хэвшилдээ тулгуурлаж, дулдуйдаж өсөлтийн цикл рүүгээ орсон байдаг юм билээ.


Categories
мэдээ цаг-үе

​Хямралын үед төв банкууд яаж ажилладаг вэ?

Грекээс эхлэлтэй Европын хямрал дэлхийг хэрсэн хэвээр байна. 2008 оноос хойшхи том хямралын эрч өнөөдөр ч сулраагүй. Хямралаас гарлаа гэж зарлаж буй АНУ асуудал олонтой, баргийн зүйлд савладаггүй урд хөршийн зах зээлд сайн, муу мэдээ хосолж байна. Хямралыг хохирол багатай давахад гол үүрэг гүйцэтгэдэг газрууд бол улс орнуудын төв банкууд. Хямралын үед төв банкууд нь сайн ажиллаж, зөв бодлого хэрэгжүүлж чадвал эдийн засагт буух сөрөг нөлөө нь багасдаг учраас анхаарахаас аргагүй өнцөг. Цэнхэр гаригийн эдийн засаг нь дажгүй улсуудын нийтлэг туршлагыг анзаарахад төв банкуудын анхаарч онилдог зүйл бол инфляци. Инфляцийг бага, тогтвортой түвшинд байлгах нь төв банкны онцгой үүрэг. За тэгээд мэдээж банк санхүүгийн салбарын найдвартай тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх гэж том үүрэг байна. Гэхдээ улс орон бүрийн эдийн засгийн бүтэц онцлог, гадаад эдийн засгийн орчноос хамаарах хамаарал харилцан адилгүй болохоор дотоодын эдийн засаг санхүүгийн салбарт эрсдэл учрах явдал гардаг. Төв банкууд ийм шалтгаанаар “Санхүүгийн салбараа хямралаас яаж хохирол багатай гаргах вэ. Хөдөлмөрийн зах зээлээ тогтвортой байлгах ямар гарц байна” гэж толгойгоо гашилгадаг юм.

2008-2009 онд дэлхийг нөмөрсөн хямралыг судлаач, шинжээчид жишээ татан ярьцгаадаг. Дэлхийн томчуудыг айлгасан тэр хямралын үеэр АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас эхлээд дэлхийн маш олон орны төв банкууд хямралын эсрэг уламжлалт болон уламжлалт бус гэж нэрлэгддэг бодлогуудыг хослуулан хэрэгжүүлж байж. Мэдээж улс орон бүрийн хэрэгжүүлсэн бодлого өөр өөрийн онцлогтой. Гэхдээ одоогийнх шиг эдийн засаг огцом уналтад орох эрсдэлтэй үед мөнгөний нийлүүлэлтийг хувийн хэвшлийн зээлээр нэмэгдүүлэх аргыг түгээмэл хэрэглэдэг байна. Санхүүгийн салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих замаар зээлийн тасалдлын эрсдлийг бууруулахаас гадна гадаад валютын хөрвөх чадварыг тогтвортой байлгах, валютын своп хэлцэл хийх замаар ханшийн эрсдлийг багасгах, ажлын байрыг тогтвортой байлгах гэсэн бодлогыг нийтлэг хэрэглэдэг нь 2008 оны хямралын түүхээс тод харагддаг.

Олон улсын валютын сангийн нэг судалгаа бий. Дэлхийн 40 орныг хамруулж хийсэн судалгаанаас нь иш татъя. Хямралын үед Хятад, Нигери, Унгар зэрэг орнуудын төв банкууд дотоодын зээлийн нөхцөл шаардлагыг зөөлрүүлж байж. Харин Чили, Израйль, Филлипин, Оросын холбооны улс, Мексик, Өмнөд Солонгосын төв банкууд банкны салбарын төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжихэд анхаарч байжээ. Төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих бодлогынхоо хүрээнд банкуудаас актив худалдан авах, банкуудад зээл олгох, банкуудад санхүүгийн эх үүсвэр байршуулах, мөнгөний зах зээлийн арилжаанд хүлээн зөвшөөрөгддөг зээлийн барьцаа хөрөнгийн жагсаалтыг шинэчилж өргөжүүлэх зэрэг олон арга хэрэглэж байж.

Турк, Филлипин, Бразил, Чили, Энэтхэг, Унгар, Индонези, Серби, Өмнөд Солонгос, Мексикийн төв банкууд Засгийн газартайгаа хамтран хямралын эрсдлийг зөөлрүүлэхэд анхаарчээ. Энэ хүрээндээ төв банк хооронд болон төв банкнаас дотоодын банкуудтай валютын своп хэлцэл хийх замаар гадаад валютаар төлбөр түргэн гүйцэтгэх чадварыг дэмжих, гадаад валютын захад оролцох буюу инвервенц хийх замаар ханшийн огцом савлагааг зөөлрүүлэх зэрэг арга хэрэглэж байсныг Олон улсын валютын сангийн судалгааны багийнхан онцолжээ. Үүнээс гадна дотоодын арилжааны банкууддаа гадаадын зах зээлээс валютын эх үүсвэр зээлж татахад нь бодлогын дэмжлэг үзүүлэх, гадаадын валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг бууруулах гэх мэт цаг үеийн арга хэмжээ ч авч байж.

Сая дурдсан бодлого арга хэмжээг хэрэгжүүлсний үр дүнд банк санхүүгийн салбарт болон бодит эдийн засагт учирсан эрсдлийг бууруулж учирч болзошгүй эрсдлийг тойрч гарсан улсууд олон байна. Хямралыг зөөлрүүлж ажлын байраа аль болох хадгалахыг хичээснээрээ хямралын дараа эдийн засаг тогтвортой тэлэх суурийг бүрдүүлж чадсан гэж Валютын сангийнхан дүгнэжээ. ОУВС-гийн судалгаанаас анзаарахад улс орнуудын төв банкуудын ихэнх нь Засгийн газартайгаа хамтарч бодлогын урьдач арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлсэн байх юм. Засагтайгаа гар барьж, нэг сэтгэлээр зүтгэсэн төв банкууд учирч болзошгүй олон эрсдлийг тойроод гарчихаж. Хэрэв хямралын илүү том аюулаас сэрэмжилсэн бодлогыг цаг алдалгүй хэрэгжүүлээгүй бол эдийн засаг дахь мөнгөний нийлүүлэлт огцом буурч, банкны салбарт зээлийн гэнэтийн тасалдал бий болж гүнзгийрэх аюул улс орнуудыг хүлээж байсан гэж шинжээчид ярьдаг. Ингээд ч зогсохгүй банк санхүүгийн салбар системийн шинжтэй эрсдэлтэй нүүр тулах, хөдөлмөрийн зах зээлд маш олон тооны ажлын байр хоромхон зуур алга болж ажилгүйдэл огцом нэмэгдэх магадлал өндөр байсан гэж эдийн засагчид онцолдог.

Харин өмнө дурдсан аргуудыг хэрэглэсэн төв банкууд улс орноо хямралаас аятайхан аваад гарч чаджээ. Хямралын үед ирэх өдрүүдэд тулгарч мэдэх аюулыг зөөлрүүлсэн бодлого хэрэгжүүлээгүй, нэгэнт хямарсан хойно нь засах гэсэн оролдого хийсэн төв банкуудын хувьд муу түүх олон дуулддаг. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх гэдэг шиг улсаа тэр чигт нь элгээр нь хэвтүүлж орхисон жишээ өчнөөнөөрөө бий.

2008 оны хямралын үеэр Wall street-ийн Bear stearns банк дампуурахад тулснаа зарлаж байсан юм. Тухайн үед АНУ-ын Холбооны нөөцийн банк Bear stearns-ийг хэцүү цагт нь дэмжиж санхүүжүүлсэн түүх бий. Тэр хямралын үед Германы Засгийн газар 500 тэрбум еврогийн хөтөлбөр хэрэгжүүлэхээ зарлаж, банкуудад туслах гурван том арга хэмжээ хэрэгжүүлж байв. Зээлийн баталгаа гаргаж өгснөөр банкууд харилцан мөнгө зээлэх боломжтой болж байж.

Эрсдэлтэй хэсгийг нь Засгийн газар хүлээн авч, банкуудыг өөрийн хөрөнгөө ихэсгэхэд тусалсан тухай мэдээ тэр үеийн хэвлэлийн хуудаснаа дурайж байгаа. 2008 оны арванхоёрдугаар сарын 16-нд АНУ-ын Холбооны нөөцийн банк сүүлийн аргаа хэрэглэсэн нь мөн л банкууд руу чиглэж байв. Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ 0-0.25 хувь болгож бууруулснаар хялбархан мөнгөжих боломж банкуудад нээгдсэн билээ. Хямрал эхэлснээс жил гаруйн хойно буюу 2009 оны гуравдугаар сарын 23-нд АНУ-ын Сангийн сайд Гейтнер банкуудыг аврах төлөвлөгөөгөө танилцуулж байв. АНУ-ын засаг хувийн хөрөнгө оруулагчидтай хамтарч их наядаар тоологдох долларын муу зээлийг худалдан авах шийдвэр гаргаж байлаа. Энэ бол санхүүгийн зах зээлээ дэмжиж байж хямралын хүнд цохилтоос бултаж чадсан том жишээний нэг. Дахин түүх сөхье. АНУ-ын сангийн сайдын мэдэгдлээс гурван сарын дараа Европын төв банк “Зах зээлээ идэвхжүүлэхийн тулд” гэсэн тайлбартайгаар түүхэндээ анх удаа өрийн бичиг худалдан авсан удаатай. Энэ шийдвэрээс хоёр сарын дараа том банкууд хэдэн тэрбумын ашигтай ажилласнаа зарлаж, дэлхий эдийн засгийн хямралд баяртай гэж хэлсэн юм.

-“ОЮУ ТОЛГОЙ“-Н ОЛБОРЛОСОН
ХҮДРИЙН ХЭМЖЭЭ ӨСЧЭЭ

“Оюу толгой” компани 2017 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлан, тоймоо гаргажээ. “Оюу толгой”-н гүйцэтгэх захирал Армандо Торрес “Бид анхны баяжмалаа дөрөв хүрэхгүй жилийн өмнө хэрэглэгчдэдээ хүргэж байсан бол өнгөрсөн хоёрдугаар улиралд гурван сая дахь тонн зэсийн баяжмалаа тээвэрлэлээ. 2017 оны хоёрдугаар улиралд бид өмнөө тавьсан зорилтоо биелүүлэхэд төвлөрч, гүний уурхайн бүтээн байгуулалтын эрчмийг хадгалахаар зорин ажиллаж байна” хэмээн онцолж байна. “Оюу толгой” компани нэг тонн хүдэр боловсруулахад дэлхийн дундаж болох 1.2 шоо метрээс маш бага буюу ердөө 0.373 шоо метр ус ашиглажээ. Энэ оны хоёрдугаар улиралд олборлосон хүдрийнх нь хэмжээ өмнөх улирлаас 3.5 хувиар өссөн байна. Төлөвлөгөөт засвар үйлчилгээний зогсолттой байсан ч зэс алтны үйлдвэрлэл буураагүй гэсэн мэдээллийг компанийн зүгээс өглөө. Туркойз хилл “Оюутолгой”-г 2017 онд 130-160 мянган тонн баяжмал дахь зэс, 100-140 мянган унци баяжмал дахь алт үйлдвэрлэнэ хэмээн таамаглаж байгаа аж.

-АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 48 ТӨГРӨГӨӨР ЧАНГАРЧЭЭ

Монгол банкны мэргэжилтнүүд өнгөрсөн сарын голлох үзүүлэлтүүдийг өчигдөр танилцууллаа. Мөнгөний нийлүүлэлт 20 хувьд хүрч, 13.5 их наяд төгрөг болжээ. Нийлүүлэлтийн дийлэнхийг төгрөгийн хадгаламж болон харилцах эзэлсэн байна. Нийт хадгаламжийн 64 хувийг иргэдийн төгрөгийн хадгаламж, 19 хувийг иргэдийн долларын хадгаламж бүрдүүлж байгаа аж.

Хадгаламжийн байгууллагуудын зээлийн үлдэгдэл 12.9 их наяд төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 872 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн дүн юм байна. Иргэдийн зээл 839 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нийт зээлийн үлдэгдлийн 51 хувийг хувийн хэвшилд, 47 хувийг иргэдэд, нэг хувийг бусад салбарт олгосон гэж Төв банкнаас мэдээллээ.

Нийт зээлийн үлдэгдэлд хугацаа хэтэрсэн зээлийн эзлэх хувь өмнөх сараас нэг нэгж хувиар буурч, 6.2 хувьд хүрсэн байна. Чанаргүй зээлийн хувь өмнөх сараас 0.3 нэгж хувиар буурч, 8.8 хувьд хүрэв. Хугацаа хэтэрсэн зээлийн 82, чанаргүй зээлийн 80 хувийг хувийн хэвшилд олгосон байна. Ипотекийн зээл дөрвөн их наяд 177.2 тэрбум төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 91 916-д хүрчээ. Өнгөрсөн сард шинээр олгосон зээлийн 57 хувийг хөтөлбөрийн хүрээнд олгосон аж.Түрүү сард төгрөгөөр олгосон зээлийн хүү 20.3 хувь байж. Валютын зээлийн хүү 0.5 хувиар өсөж, 12.5 хувь болжээ.

Өнгөрсөн сард татсан хадгаламжийн хүү өмнөх сараас 0.7 нэгж хувиар буурч, 12.5 хувьд хүрсэн байна. Гадаад валютын хадгаламжийн хүү бага зэрэг буурч, 5.6 хувьд хүрсэн бол тухайн сард татсан валютын хадгаламжийнх огцом буурч, 4.3 хувь болж. Зургадугаар сарын эцэст Монгол банкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2 хувь буюу 48 төгрөгөөр чангарч, 2349 болжээ.


Categories
мэдээ цаг-үе

​Австралид доллар цутгаж, Монголд агаар бохирдуулсан метан хий​

QGC компанийн нүүрсний давхаргаас метан хий олборлож боловсруулах үйлдвэр

АвстралийQGC компанийн нүүрсний давхаргаас метан хий олборлож боловсруулах үйлдвэрОнгийнн Күйнсланд мужийн Вестерн даун бүсэд нүүрсний давхаргаас метан хий олборлодог QGC компанитай танилцах боломж өнгөрсөн хавар олдсон юм. Эдийн засаг, уул уурхайгаар бичдэг сэтгүүлчдэд ийм боломж олгосон газар нь Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ). GIZ-гийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга төслийн хүрээнд Монголын сэтгүүлчид Күйнсландад үйл ажиллагаа явуулж буй QGC-д зочилсон юм. “Бритиш газ”-ын дор байсан QGC өдгөө “Shell” корпорацид харъяалагддаг. Нүүрсний давхаргаас метан хий олборлож Хятад, Энэтхэг, Японд экспортолдог энэ үйлдвэр үүдээ нээснээсээ хойш Квийнсланд мужид 4.5 тэрбум ам.доллар оруулчихаж. Монгол төгрөгт шилжүүлбэл бараг 13 орчим их наядаар тоологдох асар том мөнгө. Бидний хувьд улсаараа хоёр жил амьдардаг мөнгөнөөс ч давсан хэмжээний долларыг австраличууд метан хийгээ зараад олсон гэсэн үг. Эхэндээ иргэдийнх нь цөөнх эсэргүүцэж, олонх нь гайхан хүлээж авч байсан метан хийн үйлдвэр өнөөдөр хүлээн зөвшөөрөгдсөн мөнгөний машин болжээ. Австралид доллар цутгаж эхэлсэн нүүрсний давхаргын метан хий манайд харин агаар бохирдуулагчдын нэг байсаар байна. Нүүрс, байгалийн хий, нефть олборлож, үйлдвэрлэж тээвэрлэх үед их хэмжээгээр ялгардаг метан хий агаар мандалд 15 жил задрахгүй хадгалагддаг гэсэн айхавтар тоо бий. Бусад хүлэмжийн хийнээс аюултай энэ хий дэлхийн дулааралд нүүрсхүчлийн хийнээс 21 дахин илүү сөрөг нөлөөтэйг эрдэмтэд аль хэдийнэ баталчихсан. Австралид нүүрсний ордоо ашиглахаас өмнө метан хийгээ соруулж аваад мөнгө болгочихож байна. Агаараа бохирдуулахгүйгээр, дэлхийн дулааралд гэмтэн болохгүйгээр метан хийгээ өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж чадаж байгаа улсад Австралиас гадна АНУ, Канад, Хятад зүй ёсоор багтдаг.
Нүүрсний давхаргаас метан хийг нь соруулж авдаг үйлдвэр тийм ч нүсэр биш юм билээ. Авсаархан, цомхон үйлдвэрийн эргэн тойрны байгаль унаган төрхөөрөө байгаа нь анхаарал татаж байсан юм. Нүүрсний давхаргын хийг соруулж, гадагшлуулдаг цооногуудыг газрын гүн рүү өрөмдөн суурилуулж, шингэрүүлсэн хийгээ гүйлгэх хоолой татаад л нүүрснээс метаныг нь ялгаад авчихаж байна. Цэвэр ус алтнаас үнэтэй Австралийн хувьд нэг том асуудал байгаа нь гүний ус болж. Метан хий нүүрсний давхаргад их хэмжээний устай хамт байрладаг. Эхний удаад их хэмжээний ус ялгардаг бэрхшээл байдаг юм байна. Тэгэхээр цэвэр усны хомсдолтой говийн бүсэд орших Таван толгойн ордын метан хийг соруулж авахад мөн л ийм асуудал үүснэ. QGC ус цэвэршүүлэх байгууламж бариад энэ асуудлаа шийдчихэж. Уурхайн цэвэршүүлэх байгууламж хийн цооногоос гарсан усны 97 хувийг цэвэршүүлээд орон нутгийнхны хэрэгцээнд нийлүүлж байна. Манайд ч ингэж шийдэх боломж байгаа гэсэн үг.
Нүүрсээ олборлохоос нь өмнө давхаргынх нь хийг соруулж аваад эдийн засгаа босгох хэмжээний мөнгө олох боломж бидэнд бий. Манай оронд нүүрсний 300 гаруй орд илэрснээс 70 гаруйд нь геологийн хайгуул хийгдсэн. Нүүрсний тойм нөөц 172 тэрбум тонноор хэмжигддэг. Хайгуулаар тогтоогдсон нөөц гэхэд л 23.5 тэрбум тонн. Нүүрсний ордууд нийт нутаг дэвсгэрийн 80 хувьд жигд тархсан гэж геологичид онцолдог. Тэгэхээр ашиглаж амжаагүй ордууддаа судалгаа хийж хийн агууламж өндөртэйг нь эхлээд жагсаачих хэрэгтэй. Ийм ордуудын нүүрсийг авахаас өмнө метан хийн олборлолт заавал хийнэ гэсэн зохицуулалтыг хуульд тусгачихад л болоод явчихна.
Австралийн тухайд дэлхийд гэж яригдах компаниуд хөрөнгө оруулж, нүүрсний давхаргын метан хийг шингэрүүлж экспортолж байгаа. Бидэнд ч дэлхийн томчуудыг татах боломж бий. Азийн Монгол нүүрсний давхаргын метан хийгээр Хятадын өмнө гишгэж Орос, Канадын дараа жагсах өндөр магадлалтай гэж мэргэжлийнхэн ярьдаг нь оргүй үг биш. Хятадын нөөц 28 их наяд куб метр. Харин манай улсынх 17-43 их наяд куб метр байж магадгүй хэмээн яригдаж буй. Нүүрсний давхаргын метан хийн судалгааг аль арваад жилийн өмнө 2004 онд Канадын “Стормкат” компани хийж эхэлсэн байдаг юм. Америкийн “Норвест” компани ч нүүрсний давхаргын метан хийн тойм үнэлгээг хийсэн удаатай. 2009 онд геологич Дашцэрэнгээр ахлуулсан баг Хархираа, Онгийн голын нүүрсний сав газруудын нүүрсний давхаргын метан хийн тойм нөөцийг тогтоож байсныг бас дурдахгүй орхиж болохгүй. Инженер З.Төмөрбаатарын санаачилгаар эхэлсэн энэ ажлын дүнд судалгаа хийсэн сав газруудад 40-80 тэрбум шоо метрийн хийн нөөц бий гэсэн тойм таамаг гарч байсан юм. Австралийн “Голденхорд” компани Засгийн газрын хүсэлтээр Таван толгойн нүүрсний давхаргын метан хийн тойм нөөцийн судалгааг тус нүүрсний ордод сүүлийн гучаад жилд явуулсан геологийн судалгаа, хайгуулын ажлын үр дүнд тулгуурлан хийсэн нь саяхны явдал. “Голденхорд” 4.3-8.6 триллион фут шоо хийн нөөцтэй гэсэн тойм таамаг хийж байв. Эрлийн гэрээг “Голденхорд”-оос гадна дөрвөн компани хийсэн гэх мэдээллийг Ашигт малтмал газрын тосны газраас өгдөг. “Голденхорт”-ын хувьд нүүрсний давхаргын метан хийн чиглэлээр амжилттай яваа цорын ганц төслийн хэрэгжүүлэгч. Эрлийн гэрээгээ дуусгаад бүтээгдэхүүн хуваах гэрээний хэлэцээрээ эхлүүлээд явж байгаа. Засагтай тохирч за зүй болоод гэрээнд гарын үсэг зурчихвал шууд олборлолт нь эхлэх юм.
Амжилттай хэрэгжиж болохоор дараагийн төсөл бол Таван толгой. Таван толгойн нүүрсний давхаргын метан хийн чанарын үзүүлэлт маш сайн гарсан учраас өмнийн говийн нүүрсний орд хөрөнгө оруулагчдын хорхойг хөдөлгөөд эхэлсэн. Таван толгойн өөр нэг давуу тал бол Хятад гэсэн аварга зах зээл. Хийн хэрэглээгээрээ дэлхийд гэж яригддаг урд хөрштэй ойрхон байрладаг нь Таван толгойг моодонд оруулж байгаа. Солонгосын “Коргаз”-аас гадна Хятадын хөрөнгө оруулагчид ч Таван толгойг сонирхож эхэлсэн нь цаанаа ийм учиртай. Нүүрсний давхаргын хийн нөөцөд цэвэр метаны агуулга 0-30 хувь байвал доогуур, 30-80 хувь байвал дундаж, түүнээс дээш хувьтай бол сайн чанарын гэж үздэг. Сүүлд хийсэн судалгаагаар Таван толгойн уурхай дахь метан хийн агуулгын хэмжээ 84.5-92.5 хувьтай гарсан юм. Тэгэхээр ашиг хийх бүрэн боломжтой гэсэн үг. Хятадын “Жентон ойл энд газ” компани манайд метан хийн чиглэлээр хөрөнгө оруулахаа илэрхийлсэн ч түрдээ хүлээзнэсэн байдалтай байгаа юм билээ.
Технологи нь тодорхой, олборлолт, үйлдвэрлэл явуулж буй туршлага нь бэлэн, байгальд хал багатай, эдийн засгийг тэтгэхээр хэмжээний ашиг олдог нь батлагдсан, зах зээл нь хажууханд, хөрөнгө оруулагчид сонирхоод эхэлчихсэн ийм үед нүүрсний давхаргын метан хийгээ мөнгө болгох уг нь тийм хэцүү биш. Хүний нөөц нь бэлэн биш гэх мэт саад бэрхшээлийг засаг зүгээс тоочдог л доо. Гэхдээ хүний нөөц байтугайг импортолж болдог хавтгай дэлхийд ийм шалтаг үнэнд ойрхон сонсогдохгүй.
Товчхондоо агаарт хор болоод дэгдэж байгаа метан хийгээ мөнгө болгох сонирхол засаг зүгээс ажиглагдахгүй байна. Өмнөх засгийн үед “Эрдэнэс Монгол” компанийн дор “Эрдэнэс метан” гэж охин компани байгуулсан нь уг нь олзуурхам зөв шийдвэр. Харамсалтай нь засаг солигдсоны дараа “Эрдэнэс метан” компани нэр төдий үлдсэн нь гашуун ч гэлээ үнэн. Одоо “Эрдэнэс Монгол”-ын нэр дор мэргэжлийн бус хүн хариуцсан төдий ажиллаж байна.