Categories
мэдээ цаг-үе

Азийн супер сүлжээнд нэгдэж нар, салхиа доллар болгох боломжтой гэв

Сэргээгдэх эрчим хүчний үндэсний форум ес дэх жилдээ боллоо. “Корпорэйт” зочид буудлын хурлын танхимд өчигдөр эхэлсэн форумын үеэр Сайншандын салхин паркийн төслийг танилцуулав. Бүтээн байгуулалт нь өнгөрсөн оны наймдугаар сараас эхэлсэн салхин станцын хүчин чадал нь 55 МВт. 2009 оноос судалгааны ажил нь эхэлж байж. Энэ оны дөрөвдүгээр улиралд хүлээлгэн өгөх тов гарчээ. Хоёр сая орчим шоо метр цэвэр ус хэмнэнэ, 50 мянга гаруй тонн нүүрс хэмнэнэ гэсэн тооцоо дуулдав. Салхин станц ажиллаж эхэлснээр 100 мянган өрхийн цахилгааны хэрэглээтэй тэнцэх ногоон эрчим хүч үйлдвэрлэх нь. 210 сая кВт/цаг цэвэр эрчим хүчийг төвийн бүсийн сүлжээнд нийлүүлэх юм байна. Эрчим хүчний яам, Сэргээгдэх эрчим хүчний ассоциаци, Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэгчдийн холбооны хамтран зохион байгуулсан уг форумд төр, хувийн хэвшлийн нийт 170 гаруй байгууллагын 600 гаруй төлөөлөгчид оролцож, 13 илтгэл хэлэлцүүлэв. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн форумыг нээж үг хэлсэн юм. Нүүрсний давхаргын метан хийг ашиглаж 200 МВт хүчин чадалтай станц барих судалгааны ажил эхэлснийг сайд форумын индрээс дуулгалаа.

Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний салбарын алсын том амбиц бол говийнхоо нар, салхийг ашиглаж Азийн супер сүлжээнд нэгдэх гэж Эрчим хүчний сайд онцоллоо. Зүүн хойд Азийн эрчим хүчний хэрэглээг хангах сүлжээнд нэгдчихвэл нар, салхиа доллар болгох асуудалгүй гэнэ.

ЭРЧИМ ХҮЧНИЙ ДӨРВӨН ХУВИЙГ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНЭЭС ҮЙЛДВЭРЛЭЖЭЭ

Улсын хэмжээнд нийт эрчим хүчний 4.2 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэсэн гэсэн статистик гарчээ. 2020 онд энэ тоог 13 болгож өсгөх таамгийг Эрчим хүчний яамнаас гаргажээ. Одоогоор Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 50 МВт-ын салхин станц, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 10 МВт-ын нарны цахилгаан станц, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 50 МВт-ын салхин цахилгаан станц, Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 10 МВт-ын нарны станц ажиллаж байна. Голлох илтгэлийг Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Г.Энхтайван тавьсан юм. Түүний илтгэлийн сэдэв нь “Монгол Улсын эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, хэтийн төлөв”. Олон компани сэргээгдэх эрчим хүчний станц байгуулах зөвшөөрөл авсан гэсэн мэдээ дуулдав. Салхин станцын хоёр, нарны станцын 29, усан станцын хоёр зөвшөөрөл өгчээ. Био газ, хог ашиглах хоёр тусгай зөвшөөрөл өгсөн гэнэ. Ихэнх нь Чойр, Сайншандын чиглэлд төвлөрсөн гэж илтгэгч онцлов. Нийтдээ 29 компанитай эрчим хүч худалдах, худалдан авах гэрээ байгуулжээ. Үнэ тарифын хувьд асуудал байгаа бололтой. Сэргээгдэх эрчим хүчинд дэмжих тариф үйлчилдэг. Одоогоор төвийн бүсийн хэрэглэгчид квт/цаг тутамд 11.88 төгрөг төлдөг аж. Мөнгөн дүнгийн хэмжээ 2020 онд 31-32 төгрөг болж нэмэгдэх тооцоо гарчээ. Гэрээ байгуулсан бүх компани станцаа барьчихвал 136 төгрөг болох магадлалтай юм байна. Ер нь сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф дэлхийн улс орнуудад ч асуудал болсон гэж форумд оролцогчид хэлж байсан юм. Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Жамбаа “Улсын хэмжээнд дэмжих тарифыг таван бүсээс дөрөвт нь хэрэгжүүлж байна. Эндээс цугласан мөнгө нь 29.9 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ мөнгийг тарифын зөрүүг байхгүй болгоход зарцуулдаг. Цаашдаа дэмжих тарифын дарамтад иргэдийг оруулахгүйн тулд хууль эрх зүйн орчинд өөрчлөлт оруулах шаардлага бий. Айл өрхийн нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих хэрэгтэй. Ирэх долоо хоногт үүнтэй холбоотой журам гарах байх” гэсэн тайлбар хийв.

Сэргээгдэх эрчим хүчний станцууд олноор баригдах үед эрчим хүчний салбарт ямар хүндрэлүүд гарах талаар хөндсөн нь форумын анхаарал татсан сэдвийн нэг байв. Эхний асуудал нь горим гэнэ. Наргүй, салхигүй үед үүсэх хэлбэлзлийг ОХУ-тай холбогдсон шугам, IV цахилгаан станцын тохируулгаар явдаг байна. Сэргээгдэх эрчим хүчний хүчин чадал 120 МВт учраас өнөө маргаашдаа дажгүй, шинэ станцууд баригдаж, хүчин чадал нэмэгдэх тусам байдал хүндэрнэ гэсэн болгоомжлол эрчим хүчнийхэнд байна. Энэ асуудлыг шийдэх гарцыг эрэлхийлж эхэлжээ.

Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга “Хуулиа өөрчилж, өрсөлдөөнт тендер нэвтрүүлнэ. Өрхийн түвшинд сэргээгдэх эрчим хүч хэрэглэхийг дэмжинэ. Ингэхийн тулд үнэ тариф нь хэд байх талаар судалж байна. Тендерийн зарчим их энгийн. Улс өөрөө хаана сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахыг шийднэ. Тоглоомын дүрмээ тодорхой болгохгүй бол Эрчим хүч худалдах, худалдан авах гэрээний хүрээнд олон асуудал үүсч байна. Диспетчерийн үндэсний төв хэрэглээ байхгүй гээд эрчим хүчийг нь авдаггүй. Харин үйлдвэрлэгч нөхөн төлбөр авах гэдэг. Иймд улс ямар хэмжээтэй эрчим хүч худалдан авахаа урьдчилж захиална. Нарны эрчим хүчний үнэ 12 цент хүртэл буурах боломжтой” хэмээн ярилаа.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ДЭЛХИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТАЛ НЬ УРД ХӨРШИЙНХ

Эрчим хүчний зохицуулах хорооны Зах зээлийн судалгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Л.Жамбаа сэргээгдэх эрчим хүч дэлхийд болон Монголд ямар байгаа тухай илтгэл тавьсан юм. Түүний илтгэлээс сэргээгдэх эрчим хүчний салбарт дэлхий даяар 10 сая гаруй хүн ажилладаг, нарны эрчим хүчний технологи сайжирч үнэ нь буурч эхэлсэн, зөвхөн энэ салбарт гэхэд л өнгөрсөн найман жилийн хугацаанд жил бүр 200 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирсэн гэх мэт сонирхолтой статистикууд сонслоо. Дэлхийн хэмжээнд 2004 оноос хойш 2.9 их наяд ам.долларын хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчинд оруулжээ. Их Британийн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэх хэмжээний мөнгө гэнэ.

Сонирхуулж хэлэхэд сэргээгдэх эрчим хүчинд зардаг мөнгөний 45 хувь нь урд хөршийнх аж. Сэргээгдэх эрчим хүчний төрлүүдээс нарных 38 хувийн өсөлттэй гарчээ. Улс орнууд сэргээгдэх эрчим хүчний шинэ төсөл хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгжүүдийн дунд дуудлага худалдаа зарлаж өрсөлдөөн үүсгэснээр тариф буураад эхэлчихэж. Мексикт гэхэд л хоёр цент болжээ. Манай улсын тухайд 2013 оноос хойш 463.9 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг сэргээгдэх эрчим хүчинд хийжээ.

ДЭЛХИЙ НАРНЫ СТАНЦЫГ ИЛҮҮД ҮЗЭЖ БАЙНА

Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын Хөрөнгө оруулалт, бодлогын шийдлийн газрын дэд захирал, Эрчим хүчний хөтөлбөрийг тэргүүн Кэрол Литвин ч илтгэлдээ жилээс жилд тариф нь буурч буй нарны эрчим хүчний талаар онцолсон юм. Дэлхийн улсууд нарны эрчим хүчийг ашиглахыг илүүд үзэх хандлага хүчтэй ажиглагдаж эхэлжээ. Энэтхэг улс гэхэд л 100 гегаваттын нарны эх үүсвэртэй болохоор зорьжээ. Удахгүй нарны эх үүсвэр нь 20 гегаваттад хүрэх гэнэ. Нарнаас үйлдвэрлэсэн эрчим хүчний тариф 2010 онд 16 цент байсан бол одоо дөрвөн цент рүү урууджээ.

Удахгүй гурван цент болох юм байна. Өмнөд Африкт нарны эрчим хүчийг ашиглах хүрээ өргөжсөөр байгаа гэж хатагтай Кэрол Литвин сонирхууллаа. Замбид 600 мегаваттын нарны эрчим хүчний эх үүсвэр суурилуулах зорилт тавьж, эхний ээлжинд 100 мегаваттыг суурилуулжээ.Засгийн газар нь газар олгож Дэлхийн банк бодлогын зөвлөгөө өгч, дэмжиж ажилласнаар сэргээгдэх эрчим хүчнийх нь үнэ өнөө жил зургаан цент болж буурчээ.

Гана улсад нарны эрчим хүчний тариф 18 цент байгаа бол манай улсад салхины эрчим хүчний үнэ 9.6 болон 9.4 цент байдаг талаар ч тэрээр дурдлаа. Кэрол Литвин эрчим хүчний хуримтлуур буюу эрчим хүчээ хадгалаад хэрэгтэй үед нь ашиглах технологийг илтгэлдээ хөндлөө. Зарим улс литиум батарей ашигладаг гэнэ. Австрали, Филиппинд энэ чиглэлээр нэлээд дэвшил гарчээ. Эрчим хүчний хуримтлуурын технологийн өртөг нь өндөр тул нийтийн хэрэглээнд нэвтрээгүй байгаа аж.

УУЛ УУРХАЙД СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ АШИГЛАВАЛ ХОЁР ИХ НАЯДЫГ ХЭМНЭНЭ

Энэ өдөр иж бүрэн хайгуулын судалгаа хийдэг “Шугам” компанийн захирал Б.Авирмэд “Уул уурхайн салбарт сэргээгдэх эрчим хүчийг ашиглах нь” сэдвээр илтгэл тавив. Тэрээр “Нүүрс, байгалийн хий хүчтэй тоглогч хэвээр байна. Манай урд хөршид сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс нүүрс, байгалийн хийн эх үүсвэр давамгайлсан хэвээр байгаа. Билл Гэйтс эрчим хүчний шилжилт амар байхгүйг онцолсон шүү дээ. Үүний тулд олон арван жил шаардагдана” гэсэн юм. Уул уурхайд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн ашиглах талаар “Дизель генератор, нар, салхины эрчим хүчийг уурхайд хослуулан хэрэглэж болно. Үүнийг хэрэгжүүлбэл жилд хоёр их наяд төгрөгийг түлшний импортод өгдгөө зогсооно” хэмээн ярилаа. Түүний үзэж байгаагаар сэргээгдэх эрчим хүчний төслүүд үр дүнд хүрэхгүй байгаа зарим тохиолдол төслийн менежмэнттэй холбоотой гэнэ. Барилгын салбарт ашиглаж байгаа төслийн менежмэнтийн тогтолцоог хуулбарлаж хэрэглэвэл эерэг үр дүн гарна гэсэн саналыг “Шугам” компанийн захирал хэллээ.

ЭКО ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ НААДМЫН ДАРАА НЭЭЛТЭЭХИЙНЭ

Цахилгаан нь үнэгүй, шатахуун түгээх станцтай болох боломж байгаа юм байна. Форумын үеэр “Сопоко” компанийн төлөөлөл энэ боломжийн талаар сонирхуулав. Дэлхийд сүүлийн үед шатахуун түгээх станцууд эко болоод эхэлчихэж. Түлшний үнэ өсөж, нарны хавтангийн үнэ буурч буй нь энэ шийдлийг гаргахад хүргэсэн гэнэ. Монголын хувьд анхны эко шатахуун түгээх станц наадмын дараа ашиглалтад орох юм байна. 7.8 мегаваттын суурилагдсан хүчин чадалтай байх нь. Уг станц гурван жилийн дараа хөрөнгө оруулалтаа нөхөх тооцоо гарчээ. Нарны станцыг 25 жилийн турш ашиглах аж. Эко шатахуун түгээх станцын давуу талыг төсөл хэрэгжүүлэгчид нь “Тогтмол зардал буурна, мотортой ноцолдох шаардлагагүй. Түлшний үнэ литр тутамд 20 төгрөгөөр буурах боломжтой” хэмээн тайлбарлалаа.

ЗАСГААС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ДЭМЖДЭГГҮЙ ГЭВ

Форумд оролцогчдын хэлж байсан нэг шүүмжлэл нь эрчим хүчний үнэ. Тэд эрчим хүчний үнэ бодитой биш гэцгээсэн юм. Эрчим хүчний үнийг төрөөс барьж байгаа нь ногоон эрчим хүчний бодлогод сөргөөр нөлөөлөх магадлалтай гэсэн хардлага ч сонсогдож байв. Батлагдсан хуулийн дагуу сэргээгдэх эрчим хүчний санг байгуулах хэрэгтэй гэсэн саналыг хэд хэдэн оролцогч онцолсон.

Форумын үеэр “Эвридэй ферм” компанийн захирал Р.Жигжид “Дэлхийн эдийн засаг энэ онд дөрвөн хувиар өснө гэсэн таамаг гарсан. АНУ-ын Төв банк, Европын холбоо гэх мэтчилэн томоохон байгууллагууд эдийн засгийг тэлэх бодлого явуулж байгаа. Үүнээс гадна сэргээгдэх эрчим хүчийг дэмжсэн хандлага ч түгээмэл байна. Гадаад орчин ийнхүү тааламжтай байхад дотоод орчин ямар байх вэ гэдгээ бодох цаг болсон. Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулахыг анхааралтай ажиглаж байна. Монголд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл ханаж байна. Засаг дэмжиж байна гэдэг л дээ. Гэхдээ бодит байдал дээр тэгж чаддаггүй. Үйлдвэрлэгчид асуудлаа бүрэн шийдэж чадахгүй хэвээр байгаа” гэсэн юм. Сэргээгдэх эрчим хүчний энэ жилийн форумаар сэргээгдэх эрчим хүчний хуулийг илүү боловсронгуй болгох чиглэлд онцгой анхаарсан нь анзаарагдаж байлаа.

Тог нь үнэгүй, шатахуун түгээх станцтай болох боломжийг Сопоко компанийн төлөөлөл танилцуулав.

Ц.СҮХБААТАР: УСАН ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ БАЙЖ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧЭЭБҮРЭН АШИГЛАЖ ЧАДНА

Монголын анхны салхин станцын бүтээн байгуулалтыг хийсэн “Клин энержи” компанийн гүйцэтгэх захирал Ц.Сүхбаатараас форумын талаарх байр суурийг нь сонирхлоо.


-Сэргээгдэх эрчим хүчний форумын үеэр яригдсан сэдэв, асуудал бодит байдалтай хэр нийцэж байна вэ. Энэ жилийн форумын онцлог нь юу байна?

-Урьд жилүүдийн форумууд ерөнхийдөө сэргээгдэх эрчим хүч чухал учраас дэмжье гэсэн уур амьсгалтай өрнөж байсан. Энэ жилийн форумын онцлог бол сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад явахад гарч буй хүндрэлүүдийн талаар нэлээд бодитой хандаж ярилаа. Маш чухал хандлага. Учир нь сэргээгдэх эрчим хүчийг ашиглаад чадал нь нэмэгдээд явахаар хүндрэлтэй талууд гарч ирдэг. Жишээ нь нар, салхины эрчим хүчийг ашиглахад хэрэглээ их үед нар, салхигүй байх магадлалтай. Хэрэглээ бага үед нар гарахгүй. Нөгөө талаар шөнийн цагаар салхитай байх нь бий. Үүнийг тохируулах асуудал их чухал. Энэ асуудлыг голчлон ярьж байна.

-Эрчим хүчний хуримтлуурыг ярьж байгаа нь сонирхолтой санагдлаа. Энэ хэр чухал асуудал гэж та бодож байна вэ?

-Эрчим хүчний хуримтлуурыг голчлон ярьж байгаа нь маш чухал. Гэхдээ эрчим хүчний хуримтлуур нэлээд үнэтэй. Хөрөнгө оруулалт шаардлагатай. Тэр утгаараа төрийн дэмжлэг гарцаагүй хэрэгтэй. Үүн дээр төр, хувийн хэвшил хамтран ажиллавал үр дүн гарна. Мөн сэргээгдэх эрчим хүчийг ашиглахад усан цахилгаан станц маш чухал. Эгийн голын усан цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэх мэт том чадлын усан цахилгаан станц баригдвал бид сэргээгдэх эрчим хүчээ 100 хувь ашиглах боломж бүрдэнэ. Энэ талаар форумын үеэр нэлээд ярьж байна.

-Сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр гэсэн шүүмжлэл бий. Энэ асуудлыг шийдэх ямар гарц байна вэ?

-Эрчим хүчний үнийг зориудаар барьж байна. Яг бодит өртөг нь одоогийн борлуулж байгаа үнээс өндөр учраас сэргээгдэх эрчим хүчний үнэ өндөр юм шиг харагддаг. Таван жилийн дараа энэ байдал өөрчлөгдөнө.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ангар: “Монгол базальт”-ын хувьцаанд 19 тэрбумын захиалга ирлээ, цаашдаа бүх том компани IPO гаргана

“Novel investment” компанийн гүйцэтгэх захирал Д.Ангартай ярилцлаа.


-“Монгол базальт” компанийн IPO -гийн захиалга олон тэрбумаар давлаа гэсэн мэдээлэл хөрөнгийн зах зээлийн гэгээтэй сонины нэг болж байна. Хичнээн төгрөгийн захиалга ирэв гэдгээ ярилцлагаа эхэлье?

-“Монгол базальт”-ын IPO-нд 19 тэрбум төгрөгийн захиалга ирлээ. Анх төлөвлөсөн хэмжээнээсээ гурав дахин илүү хэмжээний захиалга. Дотоод гадаадын хөрөнгө оруулагчид хувьцаанд мөнгөө хийх сонирхол өссөнийг энэ удаагийн IPO харууллаа. Өмнө нь дундаж иргэд мөнгөө банкинд л хадгалдаг байсан. Гэтэл өнөөдөр цаг өөр болж байна. Хоёрдогч, гуравдагч сонголтуудыг хийж сурч байна. “Монгол базальт”-ын өмнө “Айтүүлс”, “Lend.mn” IPO гаргасан. Хөрөнгө оруулагч талаасаа шинэ сонголт гэж ярьж байгаа ч компаниуд талаасаа бас шинэ сонголт болж байна л даа. Компаниуд мөнгө хэрэг болохоороо банк руу явдаг байсан бол одоо өөр зам байдгийг хараад эхэллээ. Санхүүгийн зах зээл дээр маш хэрэгтэй дүр зураг. Ингэж байж л компаниудын маань өрсөлдөх чадвар сайжирна, бүтээмжээ нэмэгдүүлнэ, тоног төхөөрөмжөө шинэчилнэ, үйлдвэрээ томсгоно. Сүүлийн хэдэн жил баахан дарга нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдийн засгаа хөгжүүлнэ гэж ярьснаас өөрийг хийсэнгүй. Гэтэл эдийн засгийн суурь нь дарга нар биш, аж ахуйн нэгжүүд. Аж ахуйн нэгжээ дэмжиж зээлийнх нь хүүг буулгая гэдэг бодлого хэрэгжээгүй учраас компаниуд өөрсдөө чардайсаар байгаад хөрөнгийн зах зээлтэй холбогдлоо.

-Сүүлийн хэдэн IPO амжилттай болчихоор бусад компанийн захирлууд IPO гаргах сонирхлоо илэрхийлж байна уу?

-Саналаа, сонирхлоо илэрхийлж байна. “Монгол базальт” мөнгө босгочихож байгаа хэрэг үү, тэгвэл бидэнд боломж байна шүү гэх жишээний үг сонсогдоод эхэллээ. Компанийн захирлууд хөрөнгийн зах зээлд мөнгө байдагт итгэж эхэлж байна. Тэд сая “Монгол базальт”-ын IPO-г анхааралтай ажигласан. Өмнөх хоёр IPO-нд бол төдийлөн ач холбогдол өгөөгүй байх. Lend.mn банк бус санхүүгийн байгууллага учраас чихнийхээ хажуугаар өнгөрөөсөн. “Айтүүлс” технологийн компани. Тийм учраас нарийн ширийнийг мэдэхгүй гэсэн шалтгаанаар сонирхоогүй байх. “Монгол базальт”-ын Л.Ариунболд гэхээр өөрсдийнх нь насны, өөрсдийнх нь дайны хүн учраас харьцуулаад эхэлчихэж байгаа юм. Хувьцааныхаа 30 хувийг зургаан тэрбумаар зарж болдог юм байна, хүүгүй зээл авах арга байна гэж олзуурхаад эхэллээ. Хөрөнгийн зах зээл дээр хувьцаагаа зарж босгосон мөнгө бол хүүгүй гэдэг маш том давуу талтай. Хөрөнгийн зах зээлээс босгосон зургаан тэрбум төгрөг тэр чигтээ үйлдвэрлэлд зарцуулагдана. Зөвхөн ашигтай ажиллаж эхэлснийхээ дараа л хөрөнгө оруулагчдадаа өгөөжөө өгнө.

Аль аль талдаа харилцан ашигтай модель. Ингэж байж үйлдвэрлэл өсдөг, томордог. Томорсныхоо дараа хөрөнгө оруулагчдадаа өгөөжөө өгнө гэсэн үг. Тугалтай зүйрлэвэл том дэлэнтэй үнээ болтол нь хүлээнэ гэж ойлгож болно. Өнөөгийн банкны өндөр хүүтэй зээл бол тугал байхад нь саах гээд нүдээд байна л даа. Харин хувьцааны зах зээл компаниа маш сайн дэмжиж өгдөг. Хувьцаа бол хүн төрөлхтний түүхэн дэх санхүүжилтийн хамгийн зөв хэлбэр. Аль ч улсын өсч дэвжих амбицтай том компаниуд хувьцаагаа л зардаг. Тэд хэзээ ч зээл авдаггүй.

Монгол базальт-ын хувьцааг хөрөнгө оруулагчид яагаад сонгож авч байна вэ гэсэн асуултад та ямар тайлбар хэлэх вэ?

-IPO гарахад үнэт цаасны танилцуулга тараагддаг. Компанийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг андеррайтер нь бэлдээд өгчихдөг юм. Хөрөнгө оруулагчдын хувьд ирэх арван жилд хэрхэн ажиллах бол гэдгийг сонирхдог л доо. “Монгол базальт”-ын давуу тал бол ирэх жилүүдийнх нь өсөлт. Ирэх таван жилийнх нь өсөлт маш сайн байна. Энэ удаа босгосон мөнгөөрөө үйлдвэр барина, тоног төхөөрөмжөө шинэчилнэ, бүтээгдэхүүнээ худалдана. Өнөөдрийн байдлаар борлуулалт нь хоёр тэрбумаар хэмжигдэж байна. Хувьцаагаа зарж мөнгө босгоод үйлдвэрээ шинэчилсний дараа дөрвөн жилийн дотор борлуулалт нь долоо дахин нэмэгдэх тооцоо гарсан байна. Энэ тоо хөрөнгө оруулагчдад таалагдсан хэрэг л дээ. Хөрөнгө оруулагчдын оруулсан хөрөнгө долоо дахина өснө гэдэг бол онцолж сонирхох том шалтгаан.

Монгол базальт-ын тухайд өөрийн гэсэн үйлдвэртэй, үйл ажиллагаа нь тогтворжсон гэсэн давуу тал нь ч нөлөөлсөн байх…?

-Тийм давуу тал бий. “Айлтүүлс”-ийн хувьд технологийн компани учраас өрсөлдөгч гарч ирэх боломжтой. “Монгол базальт”-ын хувьд үйлдвэрлэл учраас яг ийм хэмжээний ноу хау нэвтрүүлээд туршлага олохын тулд магадгүй 10-15 жил шаардагдана. Тэгэхээр хөрөнгө оруулагчдын хувьд үйлдвэрлэл өсөөд тогтворжчихвол өрсөлдөгч байхгүй гэж “Монгол базальт”-ыг харсан байх. Тодруулж хэлбэл “Айлтүүлс”, Lend.mn дээр өрсөлдөгч гарч ирэх боломжтой бол “Монгол базальт” дээр гарч ирэхгүй гэсэн том давуу тал бий. Үйлдвэрлэлийн өсөлтийн онцлог байна л даа. Үүнийг нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид харсан учраас захиалга нь хэд дахин давж орж ирлээ.

-Гадаадын хөрөнгө оруулагчид хэр сонирхсон бол?

-Монголд үйл ажиллагаа явуулдаг Солонгосын брокерийн компани хоёр, гурав байдаг юм. Тэднээс мэдээлэл авахад Солонгосын том хөрөнгө оруулагчид орж ирээд “Монгол базальт”-аас их хэмжээний хувьцаа авсан сураг байна. Гурван хоногийн дараа албан ёсны мэдээлэл гарахаар баталгаажих байх.

-Хөрөнгийн зах зээлд оролцогчид гэхээр арилжааны банкныхан юм уу, их мөнгөтэй хүмүүс л байдаг гэдэг. Дунджаар хичнээн төгрөгтэй хүмүүс энэ зах зээлд идэвхтэй тоглож байна?

-Яг зарчмын хувьд 380 төгрөгтэй хүн ч орж болно. Яагаад гэвэл “Монгол базальт”-ын нэгж хувьцааны үнэ 380 төгрөг. Манай компанийн жишгээс харахад дор хаяж арван саяас дээш төгрөгтэй хүмүүс хувьцааны арилжаанд орж байна. Хөрөнгө оруулагчдын гэхээс илүү манай зах зээлийн тушаа байдал нөлөөлөөд байна л даа. Мянган төгрөгөө больё, ядаж сая төгрөгтэй хүн яагаад хувьцааны зах зээлд орж болохгүй байна вэ гэхээр процесс нь түвэгтэй гэсэн ганц том шалтгаан бий. Брокерийн компани дээр ирж дансаа нээлгэнэ, аппликэйшн бөглөнө, захиалгаа өгнө, мөнгөө байршуулна гээд маш олон процесстой. Онлайнаар дансаа нээлгэх боломжгүй гэх мэт дотоодын техникийн бэлэн биш байдал нь жижиг хувьцаа эзэмшигчдийг үргээдэг. Зах зээл нь хурдтай хөгжөөд байдаг. Гэтэл Хөрөнгийн бирж маань хуучин арга барилаараа яваад байна л даа.

-Захиалга нь гурав дахин давчихаар захиалгаа нэгэнт өгчихсөн хүмүүст ямар зарчмаар хувьцааг нь хуваах бол?

-Захиалга өгсөн хэмжээнийхээ гуравны нэгийг авна гэсэн үг. Захиалга өгчихөөд авахгүй үлдэнэ гэсэн ойлголт байхгүй. Сая төгрөгөөс доош хэмжээний мөнгөөр захиалга өгсөн хүмүүс нь эхэлж аваад үлдсэнийг нь хувь тэнцүүлчихнэ гэсэн үг.

-Lend.mn хүмүүст их хүрч байна. Энэ үйлчилгээний талаар санаа бодлоо хуваалцаач?

-Lend.mn бол ломбардыг л соёлтой болгочихсон хэрэг. Ломбардыг хэрэглэхэд амар, хүртээмжтэй болгосон хэлбэр. Хүү нь өндөр, сарын 10, жилийн 120 хувийн хүүтэй. 200, 300 хувийн хүүтэй ломбардтай харьцуулахад дэвшил мөн үү гэвэл мөн.

Үүнийг би буруу гэж бодохгүй байна. Зах зээл дээр гарч ирэх ёстой. Одоо энэ моделийг дагаад бусад компани орж ирэх хэрэгтэй. Саяхан Lend.mn-ий эхний улирлын санхүүгийн тайлан маш сайн гарсан. Тэгэхээр үүн шиг компаниуд дахиад гарч ирнэ, магадгүй зарим компани чиглэлээ ийм болгох байх. Санхүүгийн зах зээл дээр өрсөлдөөн бий болж байж л зээлийн хүү буурна. Lend.mn зорилтот зах зээл дээрээ зөв юм хийсэн. Төр зээлийн хүүг гаргуунд нь хаячихсан, 200-400 хувийн хүүтэй зээл байгаа нөхцөлд гар утсаараа барьцаагүй 100 хувийн зээлийг арай бага хувийн хүүтэй авч эхэлсэн нь ололт мөн л дөө. Монголын бизнесийн бүх салбар өрсөлдөгчтэй. Нэг нь жаахан үнэ хэлэнгүүт нөгөөх нь хямдруулж үнэд нь нөлөөлж чаддаг. Ганц өрсөлдөөнгүй салбар нь санхүүгийн зах зээл. Хэдхэн банк нийт зах зээлийнхээ 90-ээд хувийг эзэлдэг. Ийм тохиолдолд хоорондоо өрсөлдөх шаардлага байхгүй. Харин сүүлийн нэг, хоёр жилийн хугацаанд санхүүгийн зах зээл рүү шинэ тоглогч, оролцогчид орж ирж байна. Ингэж байж л өрсөлдөөн нэмэгдэнэ. Энэ өрсөлдөөнөөс хожих хүмүүс нь хэрэглэгчид. Өөрөөр хэлбэл зээлдэгчид.

-Хөрөнгийн зах зээлд блокчейн технологийг нэвтрүүлэх боломжийн тухай яриад эхэллээ. Энэ тал дээр та ямар байр суурьтай яваа бол?

-Блокчейн бол мундаг технологи гэдэгтэй маргах юм байхгүй. Олон хэлбэрээр ашиглаж болно, өсч хөгжих орон зай дэлхийд байгааг үгүйсгэхгүй. Гагцхүү Монголд энэ технологийг ашиглаж төлбөр тооцоо гүйлгээ хийх боломжгүй. Татвараас зугтах, мөнгө угаах гэх мэт асуудал яригдах эрсдэлтэй.

-Яагаад?

-Яагаад гэвэл Монгол Улс мөнгө угаахын эсрэг, терроризмын эсрэг, татварын эсрэг гэх мэт байж болох бүх л олон улсын гэрээ, конвенцид аль хэдийнэ нэгдчихсэн. Одоо бидэнд буцах зам байхгүй. Харин ийм гэрээ, конвенцуудад нэгдээгүй улсууд блокчейн, биткойныг хөгжүүлээд ашиг олоод явж болно. Швейцарь, Хонгконг, Япон гэх мэт улсуудад болоод байгаа нь ийм учиртай.

Харамсалтай нь манай улс учир мэдэхгүй явах үедээ олон улсын баахан гэрээ, конвенцод аль хэдийнэ гарын үсгээ зурчихсан. Өнгөрсөн жил Европын холбоо манай улсыг саарал жагсаалтад орууллаа. “Та нар иргэдийн хадгаламжийн мэдээллийг бидэнд өгөхгүй байна, магадгүй үүгээр дамжиж мөнгө угаагдаж, татвараас зугтаад байна” гээд л саарал жагсаалтад оруулсан. Үүний дараа УИХ гэнэт хууль гаргаад буулт хийх жишээний. Блокчейн биткойныг нэвтрүүлээд, том тоглогчоор цойлох боломж Монголд байхгүй нь харамсалтай ч гэлээ бодитой үнэн.

-Блокчейноор том тоглогч байх боломжтой, тодорхой ажлууд хийгээд эхэлсэн гээд байгаа шүү дээ?

-Том тоглогч байж болно л доо. Гэхдээ ингэхийн тулд өмнө нь нэгдэж орсон бүх гэрээ, конвенцоосоо гарах ёстой. Энэ асуудлыг ярих хэрэгтэй. Швейцарь бол угаасаа оффшор. Хүний мөнгийг нууж амьдарч яваа улс. Гэрээ, конвенцод нэгдээгүй учраас тэр л дээ. Муугаар хэлэхэд сүүлийн тавин жилд “Манай улсад мөнгөө угаа, манайд татвараа нуу” гэсэн бодлого хэрэгжүүллээ. Үр дүнд нь эдийн засаг нь хөгжсөн. Одоо дараагийн тавин жилийн хөгжлөө блокчейн, биткойн гэж харж байж болно. Тэгэхээр Швейцарьт бол боломж нь байгаа. Харин бидэнд боломж нь байхгүй. Швейцарьт болж байгаа юм чинь бид чадна гэж яриад ч бүтэхгүй. Дахиад хэлэхэд блокчейн мундаг технологи гэдгийг хэн ч үгүйсгэхгүй.

-Хөрөнгийн зах зээл дээр амжилттай тоглож байгаа компаниуд гэвэл хичнээнээр тоологдох вэ?

-Цөөхөн байгаа. Манай компаниуд хувьцаагаа олон нийтэд гаргасан хэрнээ хувьцаатай дагалдаж явдаг хоёр гурван зүйлд ач холбогдол өгдөггүй. Хариуцлагатай, ил тод байж, хөрөнгө оруулагчдадаа ашиг өгөөжтэй ажиллах ёстой. Энэ гурван зарчмыг компаниуд алдагдуулсан. Маш харамсалтай дүр зургаар явж ирсэн. Бүх компани дэргэдээ трейдинг гэсэн охин компани байгуулаад тэр компаниараа дамжуулаад хамаг ашиг орлогоо хуваагаад авчихдаг.

Тэгэхээр хувьцаа эзэмшигчдэд нь ашиг ирдэггүй. Харамсалтай нь энэ байдал өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Шинэ гарч байгаа компаниуд яг ийм замаар явбал нэр хүндгүй болно. Миний хувьд “Lend.mn”, “Айтүүлс”, “Монгол базальт”-д маш их найдлага тавьж байна. Энэ компаниуд хуучин компаниудын захирлуудтай адил сэтгэхүйтэй ажиллавал хөгжихгүй. Манай хувьцаат компанийн захирлууд ингэж явлаа гээд хөгжөөгүй. Хувьцаат компани гэсэн нэртэй хэр нь банкнаас өндөр хүүтэй зээл аваад явж байна.

Монгол базальт-ын дараа IPO хийж мөнгө босгох сонирхолтой компани хөрөнгийн зах зээл дээр гарч ирэх болов уу?

-Дараагийн нэг хоёр жил гурваас дөрвөн IPO л гарах болов уу. Харин цаашдаа жил бүр 10-15 IPO гарах дүр зураг харагдаж байна. Ирээдүйд IPO олноороо гарна гээд байгаа шалтгаан нь хөрөнгийн зах зээлийн гэхээс илүү өнөөгийн компанийн захирлуудтай холбоотой. Зах зээл эхлэхэд компани байгуулсан хүмүүс өнөөдөр тэтгэврийн нас руугаа ойртож байна. Өөрсдөө удирдаж хүчрэхээ байсан, үр хүүхэд нь өөр бизнест сонирхолтой гэх мэт байгалийн шаардлага гараад эхэлчихсэн. Тэр хүмүүсийн тухайд компанийнхаа хаалгыг нээж, мэддэг чаддаг сайн хүнийг гэрээний дагуу гүйцэтгэх захирлаар томилж, СЗХ гэх мэт газраар компаниа хянуулчихаад өөрөө аялах сонирхолтой болж байна. Би долоо хоногийн өмнө том хүлээн авалтад орлоо. Тэр үеэр хэд хэдэн компанийн захирал яг иймэрхүү өнгөтэй үг хэлж байна.

“Одоо ах нь дангаараа бизнесээ аваад явах боломжгүй болчихлоо, хүүхдүүд маань өөр юм сонирхоод байна, ерөөсөө компаниа нээлттэй хувьцаат компани болгоод мэддэг чаддаг хүнд нь дэлхийн хэмжээний цалинг нь өгөөд удирдуулъя. Хувьцааныхаа ногдол ашгийг аваад явъя” гэж байна л даа. Цаашдаа ТОП-100-д багтдаг бүх компани IPO хийдэг болно.


Categories
мэдээ цаг-үе

Тэрбум долларын эдийн засаг

Чилийн өмнөд нутаг яргай загас нутагшуулах өндөр боломжтойг иргэд нь олж харж чадсанаар өдгөө тэр хавь яргай загасны фермүүдийн гол нутаг болжээ. (Эх сурвалж: SalmonChili)

Яргай загасгүй Чили дэлхийн яргай загасны зах зээлийг атгаж, экспортоосоо жилд гурван тэрбум ам.доллар олж байна. Чилийн энэ тэсрэлтийг дэлхийд bil­lion dollar industry гэж тодотгодог. Монгол хэлнээ хөрвүүлбэл тэрбум долларын эдийн засаг гэсэн утга гарч ирнэ. Тэрбум долларын салбар нэг л босчихсон бол өөрийгөө улам хөгжүүлээд явчихдаг онцлогтой учраас Чилийн яргай загасны аж үйлдвэрийн салбар 2007-2009 оны бактерийн хямралаа давж, шинэ стандартуудыг нэвтрүүлж, шинэ инновациудыг бий болгон хөгжиж байна.Тэрбум долларын эдийн засгийг босгож ирдэг арга, менежмэнт цэнхэр гаригийн улс орнуудад хэдийнэ бий болсон тухай ярихаас өмнө яргай загасгүй Чили хэрхэн яаж яргай загасны зах зээлийн гол тоглогч болсон түүхийг сонирхъё.

Андын нуруу даган сунасан Чилийн нутгийн Антарктид тив рүү ойртсон өмнөд хэсгийн байгаль, цаг уур “Яргай загасны эх орон” гэгддэг Норвегийнхтой төстэй болохыг чиличүүд анзаарч л дээ. Гаднаас яргай загас авчран нутагшуулж, үржүүлж эхэлсэн түүх нь ердөө энэ. Байгаль цаг уурын нөхцөл төстэйг анзаарч шинэ төрлийн загас үржүүлээд дэлхийгээс валют олох боломжтойг олж харсан иргэдийнх нь оролдлогоос эхэлсэн бизнес Чилийг тэрбум, тэрбум ам.долларын экспорт хийхэд хүргэсэн юм. Хэсэг иргэд боломжийг олж хараад хөдөллөө ч хөрөнгө оруулалт, бодлогын дэмжлэггүй тохиолдолд дэлхийн бизнес болж хөгжих аргагүй. Иргэдийнх нь энэ оролдлого эдийн засгийн шинэ салбар бий болгохыг хүсч зорьсон Засгийн газрынх нь бодлоготой нийлсэн учраас яргай загасны фермийн аж ахуй бий болгох судалгаа, хөрөнгө оруулалт асуудалгүй шийдэгджээ.

Ингээд л фермд үржүүлсэн яргай загас хэмээх шинэ бизнес дэлхийд давамгайлах болж. Чили өдгөө яргай загасны экспортоороо Норвегийн дараа хоёрт жагсдаг. 2003 оноос хойш дэлхийн яргай загасны хэрэглээний 34 хувийг хангаж байгаа. Бидний зэсийн зах зээлийн голлох тоглогч гэдгээр нь андахгүй Чили улс энэ бизнест орж ирсэнээр яргай загасны бизнес загварыг 180 градус өөрчилсөн юм. Өмнө нь дэлхийн зах зээл дээр нийлүүлэгддэг яргай загасны 70 хувь нь байгалийн, 30 хувь нь фермийнх байснаас гадна жилд нэг сая хүрэхгүй тоннын нийлүүлэлттэй байв. Гэтэл яргай загасны зах зээлийн өнөөдрийн зураг нь тэс ондоо. Өдгөө дэлхийн яргай загасны зах зээлийн 70 хувийг фермд үржүүлсэн загас эзэлж байна. Үлдсэн 30 хувь нь байгалийнх.

Тэрбум ам.долларын экспортын салбар бий болгох бодлогын үр дүнд чили виноны экспорт өдгөө дэлхийд тавд эрэмбэлэгдэж байна. Монголчуудын амтархан уудаг дарсны нэгд Чилийн вино зүй ёсоор багтдаг. (Эх сурвалж http://www.worldstopexports.com/chiles-top-10-exports/)

Чилийн экспортод тэрбум ам.доллар давсан бүтээгдэхүүн олон бий. Зэс, загас, жимс, самар, мод, вино зэргийг дурдаж болно. Экспортын орлогоороо аравт жагссан махны тухайд тэрбум ам.доллар хараахан хүрээгүй байна. Гэхдээ Чилийн Засгийн газар махны экспортоо тэрбум ам.долларт хүргэх бодлого бариад эхэлчихсэн. (Эх сурвалж: http://www.worldstopexports.com/chiles-top-10-exports\)

Нэг сая тонн ч хүрдэггүй байсан зах зээлийн өнөөгийн хэмжээ гурван сая тонноор яригдаж байна.

Чилийн яргай загасны аж үйлдвэрийн салбарт 30 мянган хүн ажил эрхэлдэг. Эдийн засгаа солонгоруулж, уул уурхайгаас хамаарах хамаарлаа бууруулах тухай яриа Чилид аль эрт 1930-аад оноос өрнөсөн түүхтэй. Энэ яриа нь 80-аад оноос бодитой ажил болж үр дүнгээ өгч эхэлсэн юм. Дахин онцлоход яргай загасны экспорт Чилид жилд ойролцоогоор гурван тэрбум доллар оруулдаг, billion dollar industry болоод буй. 300 гаруй жилийн түүхтэй Чили вино гэнэтхэн л 1980-аад оноос дэлхийн зах зээлд нэвтэрч, 2017 оны байдлаар дэлхийд тавд жагсаж, хоёр тэрбум америк долларын экспорт хийж байгаа нь мөн л Чилийн эдийн засгийг солонгоруулах бодлого, уул уурхайгаас орж ирсэн мөнгийг энэ салбарын хөгжилд цутгасаны үр дүн гэгддэг.

Өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр Монгол Улсын Засгийн газраас Гурван тулгуурт хөгжлийн бодлогодоо олон нийтийн анхаарлыг хандуулахад чиглэсэн форум зохиосныг олон нийт санаж байгаа байх. Бидний хувьд форумын гол фокус нь хөдөө аж ахуйн салбар хуралдаан байсан юм. Эдийн засгийн бодлогын реформын тулгын гурван чулуу болох уул уурхай-хүнд үйлдвэр, хөдөө аж ахуй-хөнгөн үйлдвэр, худалдаа аялал жуулчлал дэд бүтцийн салбарууд хоорондын уялдааг засаг яаж харж байгаа нь сонирхол татсан хэрэг л дээ. Тэр хуралдааны үеэр ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг салбартаа хувьсгал хийнэ гэж тунхаглаж байв. Сайдын хэлээд буй хувьсгалыг тухайн үед хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодоо хангаад, илүү гарсныг нь гадагш экспортлох юм байна гэж ойлгоод өнгөрсөн юм. Хөдөө аж ахуйн салбарт хийх хувьсгалын тухай яриа сүүлдээ махны экспортод тулгарсан асуудал, газар тариалангийн болон мал аж ахуйн бүс нутгаа зааглах шалтгаан гэх мэт өнөө л форум бүр дээр ярьдаг түмэн бэрхшээл рүү халтирсан учраас өөр нарийн гарц гаргалгаа олж хараагүй билээ. Гэхдээ салбар хуралдаанд нэг сонирхолтой панелист харагдсан. Гадны улсын Засгийн газрын дэмжлэгтэй төслөөр 10 орчим жил зүтгэсний эцэст сарлагийн ноолуур билүү, хөөврийг экспортын бүтээгдхүүн болгосон туршлагаа ярьсан нь содон, шинэ сонсогдсоныг онцолъё. Тэр хүн одоогоор жилдээ гурван сая долларын экспорт хийдэг болсон гэж ярьсан нь салбар хуралдааны үеэр сонссон цорын ганц сонирхолтой жишээ байсан юм.

Нийтлэлийнхээ эхэнд Чилийг онцолсон нь цаанаа нарийн учиртай. Тэдний явсан зам бидний одоогийн явж буй зам ерөнхийдөө давхцаж байснаас гадна Чилийн хөгжлийн явцдаа туулсан зам нь баларч амжаагүй байна. Канад, Австрали хэдийгээр уул уурхай өндөр хөгжсөн орнууд боловч анхнаасаа чөлөөт зах зээлийн системтэй учраас Монголын уул уурхайн салбартай шууд харьцуулаад харчихаж болдоггүй. Чилийн өнөөгийн эдийн засгийн хөгжил нь нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнээр 22000 орчим ам доллар. Манай улсын Тогтвортой хөгжлийн бодлого 2030-д тавьсан зорилт болох 18000 ам доллараас ялимгүй илүү гэсэн үг. Эндээс цаашлуулаад ухахаар 2032 он орчмын бидний төсөөлж буй Монгол Улсын хөгжил өнөөгийн Чилийн хөгжил хоёр дүйх бололтой харагдаж байна. Б.Батзориг сайдын хуралд сууж байхад Чилийн хэрэгжүүлж буй бодлого, эдийн засгаа олон тулгууртай болгох төлөвлөгөөний амжилттай шийдлүүд, A Billion Dollar Industry буюу тэрбум давсан долларын экспорт хийх бизнесүүдийг босгож ирж буй тогтолцоо, туршлага өөрийн эрхгүй санаанд бууж байсан юм.

Чилийн яргай загасны экспорт Норвегийн дараа дэлхийд хоёрт ордог.

Өдгөө олон улсад “Тэрбум долларын эдийн засаг”-ийг босгож ирдэг арга, менежмэнт нэгэнт бий болчихсон. Эдийн засагт тэрбум долларын орлого авч ирэх шинэ бизнесийг босгодог Чилийн жор гэхэд л юун түрүүн уул уурхайн салбартаа суурилдаг. Чилийн зэсийн экспорт 17 тэрбум, бусад ашигт малтмалын экспорт нь 17 тэрбумаар хэмжигддэг. Тодруулж хэлбэл Чили улс уул уурхайгаасаа жилд 34 тэрбум ам доллар олдог. Уул уурхайн орлогынхоо тодорхой хувиар санхүүжүүлж байгуулсан Fundación Chile хэмээх байгууллага тус улсын хөгжилд онцгой үүрэгтэй ажилладаг. Fun­dación Chile бол инновацилаг төслүүдэд хөрөнгө оруулах венчур хөрөнгө оруулагчдыг олох, улсад үнэ цэнэ бий болгох шинэ бизнес моделиуд боловсруулж, технологи дамжуулах үйл явцыг дэмжих үүрэгтэй байгууллага. Дэмжиж хамтарсан старт ап компанийнх нь үйл ажиллагаа тогтворжтол тулж түшиж, чиглүүлж зүглүүлэх гол зарчим Fundación Chile-д үйлчилдэг. Өнөө компани нь хөл дээрээ зогсонгуут харин төсөл дэх хувь эзэмшлээ зарж, дараагийн төслүүдэд хөрөнгө оруулдаг.

Тус байгууллагын хамгийн амжилттай хэрэгжсэн төслүүдийнх нь нэг бол нийтлэлийн эхэнд дурдагдсан яргай загас. Тэд улсынхаа өмнөд нутагт яргай загас үржүүлэх тусгай технологи боловсруулж, үүн дээрээ Норвегийн яргай загас үржүүлэх технологийг нэмж нутагшуулж илүү төгөлдөржүүлсэн юм. Ингэж ажилласны эцэст Чилийн яргай дэлхийд гарч ирснээс гадна Fundación Chile энэ технологио япончуудад өндөр үнээр зарсан байдаг. Товчхондоо Fundación Chile бол экспортын шинэ боломжийг олж нээдэг “инновацилаг институт”. Тус сан яргай загаснаас гадна нэрс жимсний экспортын салбар зэрэг олон чиглэл гаргаж ирснийг түүхээс нь харж болно.

Засгаас зохион байгуулсан форумын хөдөө аж ахуйн салбар хуралдаанд Б.Батзориг сайдын урилгаар ирж мэдээлэл өгсөн ГХЯ-ны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын дарга В.Энхболдын хэлж байгаагаар өнөөдөр манай улсын нийт экспорт 6.2 тэрбум ам доллар, үүний зургаан тэрбум нь уул уурхайн бүтээгдэхүүн юм байна. Үлдэж буй 200 сая долларыг нь хөдөө аж ахуй, газар тариалан, мал мах, ноос, ноолуур хамаг бүхнээ хамж шимж зараад дэлхийгээс олж ирдэг аж.

Эндээс анзаарахад Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх бодлого бол ерөөсөө л экспортын бодлого. Бүр тодруулж хэлбэл экспортоо төрөлжүүлэх бодлого болж таарч байна. Тэрбум долларын эдийн засаг шинээр босгож ирдэг Чилийн туршлагаас харахад олон юмыг хамж шимээд тэрбум доллар хүргэх гэж зүтгэх биш нэг бүтээгдэхүүн, нэг төрлийн малыг ч юмуу барьж аваад, түүн дээрээ фокуслаж инновацилаг, шинэ бизнес модельд тулгуурласан экспортын бүтээгдэхүүн гаргах чиглэлд анхаарч, сэтгэлгээндээ өөрчлөлт хийх цаг ирчихэж. Тэгэхээр юуны түрүүнд Fun­dación Chile -ийн Монгол хувилбарыг байгуулъя. Тэр байгууллагаа тэрбум доллар доллар босгох үйл явцын гал тогоо болгомоор байна. Тэрбум долларын салбар босгож ирэх “Гал тогоо”-гоо галаар таслахгүй байхын тулд харин уул уурхайн салбар нь одоогийн зургаан тэрбумын экспортоо хэд дахин нэмэгдүүлж, магадгүй 20 тэрбумын экспорт хийдэг салбар болж хүчирхэгжих хэрэгтэй байна.

Сүүлийн үеийн мэдээ гэвэл Чили дараагийн тэрбум долларын салбар руугаа зүтгэж байна. Үхрийн мах, стейкний экспортын чиглэлээр том ажил эхлүүлсэн тухай мэдээлэл хөвөрч буй. Fun­dación Chile 2025 он гэхэд Чилиэс дэлхийд экспорт хийдэг 250 уул уурхайн ханган нийлүүлэгч төрүүлэхээр зориод эхэлчихсэн. Тэгэхээр уул уурхайд үйлчилгээ үзүүлдэг салбар нь хүртэл тэрбум долларын экспорт хийдэг салбар болж гарч ирэх бололтой.

Fundación Chile-ээс ч илүү амбицтай 2010 онд эхлэлээ тавьсан Start-Up Chile төслийг онцлохгүй өнгөрч болохгүй. Төсөл эхэлснээсээ хойш дэлхийн 79 орны энтерпренерүүдийг Чилийн нийслэл Сантьягод цуглуулаад байна. Сантьяго өдгөө энтерпренерүүдийн төв болсон нь чиличүүд болон дэлхийн технологи сонирхогчдын гайхлыг төрүүлсэн итгэмээргүй ч гэсэн үнэн бодитой явдал болоод байгаа юм. Start-Up Chile 2010 онд нээлтээ хийснээс хойш 1300 гаруй жижиг бизнесүүдтэй хамтран ажиллаад байна.

Төсвөөс санхүүжүүлдэг Засгийн газрын уг хөтөлбөрийг дэлхийн 50 гаруй улсад хуулбарлан авч хэрэгжүүлээд эхэлчихсэн. Лондонгийн Эдийн засгийн сургууль дахь Innovation Co-creation Lab-ийн орлогч захирал Christian Busch “Start-Up Chile-ийн анхдагч санаачилгыг олон улсад тун таатайгаар хүлээн авч хэн бүхэн яриандаа байнга дурддаг болсон” хэмээн онцолсон удаатай. Энэ санаачилгыг анх тухайн үед Чилийн Засгийн газрын энтерпренер шип, инновацийн зөвлөх асан, бизнес эрхлэгч Николас Шеа гаргасан түүхтэй. Хөтөлбөрт ирээдүйтэй бизнес санааг шалгаруулан авч санаачлагчид нь ямар нэг барьцаагүй 10 сая чили песо болон түүнээс дээш хэмжээний санхүүжилт өгдөг. Үүнээс гадна Чилид ажиллах нэг жилийн хугацаатай виз олгодог юм. Christian Busch энэ ажлыг “Чили улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгах зорилготой санаачилга” хэмээн олзуурхан дүгнэж байна.

QMC группын захирал М.Дагватай хамтран бичив.

Categories
мэдээ цаг-үе

В.Ганзориг: Нийгэм улстөр, шашин үнэт зүйлс гэх мэт хөндөхөөс аргагүй асуудлуудыг онцолж байгаа нь энэ жилийн форумын онцлог

CEO клубийн гүйцэтгэх захирал В.Ганзоригтой энэ сарын 21-22-нд Төрийн ордонд болох Монголын эдийн засгийн форумын талаар ярилцлаа.


-Монголын эдийн засгийн форумын энэ жилийн онцлог нь юу бол. Ямар сэдвүүдийг хөндөх вэ?

-Төрийн байгууллага, бодлого тодорхойлогчидтой зөвшилцсөний эцэст форумын сэдвүүдээ баталлаа. Нэгдсэн, нээлттэй, дэд гэсэн гурван төрлийн хуралдаан болно. Төрөл бүрийн сэдвээр нийтдээ 16 салбар хэлэлцүүлэг өрнөнө. Энэ жилийн форум нэлээд онцлогтой. У.Хүрэлсүхийн Засгийн газар саяхан Гурван тулгуурт хөгжлийн бодлогоо зарлалаа. Юу хийх гээд байна вэ гэсэн асуулт хариулттай болж, нэг үеэ бодвол бодлого нь тодорхой, хийж буй ажил нь цаг хугацаатай боллоо. Тодорхой болсон бодлогод нь хувийн хэвшлийнхэн яаж оролцож, хэрхэн хамтын үнэ цэнэ үүсгэж, бие биедээ харилцан ашигтай бодитой ажлуудыг хийх боломжтой вэ гэдэг асуудлыг форумын үеэр дэлгэрэнгүй хэлэлцэнэ. Хоёр хүндэт зочны илтгэлтэй. Нэг нь Дэлхийн банк группийн Хөрөнгө оруулалтын орчин, худалдаа, өрсөлдөх чадварын газрын захирал доктор Кристин Чианг хөрөнгө оруулалтын бодлого, олон улсын хандлага ба Монгол Улсын боломж сэдвээр тавих бол Рио тинто компанийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суараттөр хувийн хэвшлийн түншлэл, харилцан ашигтай хамтын ажиллагаа, мега төслүүдийн амжилттай кэйсүүдийн талаар туршлагаа бидэнтэй хуваалцана. Дэлхийн банк дэлхийн хөрөнгө оруулалтын бодлогын өрсөлдөх чадварын маш том судалгаа хийсэн. Дэлхийн хөрөнгө оруулалтын бодлогын хувьд гээд харахад Монгол Улс хаана нь жагсав, юу нь болохгүй байна, яах ёстой вэ гэдэг дээр зөвлөмж гаргаж байгаа юм билээ. Энэ тайлан Монгол Улс дэлхийн газрын зургийн яг хаахна нь явааг нэлээд тодорхой гаргаад ирчих байх. Дараа нь Монгол Улсын хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлого ба баталсан хөтөлбөрүүдийн дэлгэрэнгүй мэдээллийг төр засгийн төлөөлөл хүргэнэ. Хувийн хэвшлийнхэн, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын тухайд баталсан хөтөлбөрүүдэд нь хэрхэн оролцох тухай төрийнхөнтэй мэдээлэл солилцох боломж байгаа. Форумын үндсэн сэдвийн нэг нь “Төрийн хувийн хэвшлийн диалоги, хамтын ажиллагаа”. Ярьсаар ирсэн сэдэв ч гэлээ үр дүн нь сайн биш хэвээр байна. Төр, хувийн хэвшлийн оролцоог яаж илүү бүтээмжтэй, улам өгөөжтэй болгох вэ гэдэг дээр нээлттэй ярилцана. Уул уурхай, санхүү хөрөнгийн зах зээл, аялал жуулчлал, хөдөө аж ахуй, агаарын тээвэр, мега төслүүд, төрийн өмчит компаниудын засаглал, хувьчлал, Улаанбаатар хотын эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүний хөгжлийн талаар халамжаас бүтээмж рүү, цахим шилжилт, блокчейн, хариуцлагатай манлайлал гэсэн сэдвүүдээр хэлэцүүлэг өрнөнө. Үүнээс гадна Монгол Улсын брэндинг гэсэн сэдвийг тусгайлан онцолно. Өнгөрсөн жилээс хүчтэй яригдаж эхэлсэн сэдэв байгаа.

-Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалын тухай эрдэм шинжилгээний хурал саяхан боллоо. Хүн бүр л шинэ, хэрэгтэй сэдэв гэж харж байна. Энэ сэдвийг хөндөх үү?

-Аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгал, цахим шилжилтийг хөндөнө. Блокчейн гэж их ярих болсон. Блокчейн технологийн хэрэглээ ганцхан хувийн хэвшлээр хязгаарлагдахаа больчихлоо. Блокчейн дээр суурилаад улс орнууд сонгуулиа явуулж байна. Иргэний бүртгэл мэдээллийн бүх систем датагаа ийшээ шилжүүлж, гүйлгээгээ хийгээд эхэллээ. Энэ сэдэвтэй хамаатайгаар гадны сонирхолтой зочид ирнэ.

-Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалын сэдвээр илтгэл тавих хүмүүсийн нэр сонирхолтой байна?

-Одоогоор форумын илтгэгчдийг зарлахад эрт байна. Заримыг нь нууцалж байгаа. Зочид буудлуудыг байхгүй болгож байгаа Airbnb гээд шинэ бизнесийг дэлхий мэднэ. Тэд бизнесээ Монголд албан ёсоор эхлэх гэж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай гэрээнд гарын үсэг зурна. Airbnb манай зах зээлд орж ирснээр Монголд ажлын байр бий болгоно, монгол хүний орлогыг өсгөнө, хариуцлагатай аялал жуулчлалыг нэмэгдүүлнэ гэх мэт олон давуу тал үүснэ.Fashion TV-гийн захирал ирэхээр болсон. Ямар дэд хуралдаанд хэрхэн оролцох нь одоогоор нууц байна. Алдартай технологийн компаниуд оролцохоо мэдэгдсэн. Дэлхийн банкнаас төлөөлөгчид ирнэ. Азийн зарим нэг улсын парламентын гишүүд ирэх байх. Дэлхийн эдийн засгийн форумын Дэлхийн залуу манлайлагчид гэж бий. Тэднээс ирэх сонирхлоо илэрхийлсэн. Мэдээж хувийн хэвшлийнхэн, гадаадын хөрөнгө оруулагчид идэвхтэй оролцоно. Хувь хүмүүс ч гэсэн бүртгэлээ онлайнаар хийлгээд төлбөрөө төлж оролцохоор бүртгүүлээд эхэлчихсэн.

-Хувийн хэвшлийнхэн ба төр гээд харахаар төдийгөөс өдий хүртэл ойлголцож өгөхгүй яваад байна л даа. Эдийн засгийн форумыг зохион байгуулагчид тэднийг ойлголцуулах чиглэлд хэр анхаарч байна вэ?

-Миний хувьд CEO клубийн гүйцэтгэх захирлаар ажиллаад хагас жил гаруй болж байна. Сүүлийн арав гаруй жил хувийн хэвшилд ажиллалаа. Янз бүрийн төсөл хөтөлбөрийн шугамаар төрийнхөнтэй ажилласан туршлагатай. Хувийн хэвшлийнхэн төрийнхнөө шүүмжилсэн, төрийнхөн нь хувийн хэвшлээ тоодоггүй, долгион нь нийлж өгдөггүй тал бий. Ийм шалтгаанаар асуудлаа нээлттэй хэлэлцдэггүй. Бие биендээ эелдэг биш, мэдээлэл дутуу буруу ойлголцлоосоо болж тэр хандлага нь даамжраад дайсагналцлын хэлбэрт орчихсон зүйл багагүй анзаарагддаг. Асуудал аль аль талдаа байгаа. Үүнд анхаарч “Бидний үнэт зүйлс, ёс зүй ба нийгмийн зөвшилцөл” гэсэн сэдвээр дэд хуралдаан хийнэ. Тэр хуралдаанд төр, хууль тогтоогчид, Засгийн газар, хэрэгжүүлэгч байгууллагууд, хувийн хэвшил, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийнхэн оролцоно. Хэвлэл мэдээлэл, сошиал медиаг анзаарахад Монголд болж байгаа юм харагддаггүй. Дан сөрөг мэдээлэл цацагдаж байна. Объектив юм ярихгүй, дандаа субъектив байдлаар хэн нэг хүнийг шүүмжилдэг. Шийдэл ярихгүй байна л даа. Бодит байдал ганц нэг бизнес, компанийн асуудал, эсвэл хэн нэгэн УИХ-ын гишүүн, Засгийн газрын асуудлаас хальчихсан. Бослого хөдөлгөөн, хууль бус үйлдлүүд гарч нийгмийг талцуулах, тогтворгүй байдалд оруулах чиг рүү хальтрих вий гэсэн айдас хаана хаанаа байгаа. Форум зохион байгуулж бүх талыг оролцуулж байгаа бол энэ асуудлаа ярилцах цаг болчихож. Нийгмийнхээ энэ асуудлыг шийдэж, тэднийхээ зовлон жаргалыг ойлгож, тэдэндээ таарсан бодлогыг жинхэнээсээ хэрэгжүүлэхгүй бол хувийн хэвшлийнхэн ч мөрөөрөө ажлаа хийж чадахаа байлаа. Төр засаг нь ч тогтвортой ажиллаж чадахаа байсан.

-Сая ярьсан дэд хуралдааны оролцогчид нь хэн байх бол?

-Одоогоор нэрсийг нь ярилцаж байна. Идеалоги талаасаа буддын шашны төлөөлөл орохоор ярилцлаа. Д.Нямсамбуу гавжийг урилаа. “Бидний цөөхөн Монголчууд” төслийг амжилттай хийж байгаа М.Зоригт гуай оролцох байх. Мөн төрийн шийдвэр гаргагчид, бизнесийн төлөөллийг тэнцвэртэй оруулна. Яг энэ сэдэвтэй зэрэгцээд маргааш нь нэг салбар хуралдаан болно. “Эргэх холбоотой хариуцлагатай манлайлал” гэсэн сэдэвтэй. Өнгөрсөн жилийн Давосын чуулганы үндсэн сэдэв болж байсан юм. Зүгээр нэг манлайлаад болохгүй байна, жинхэнээсээ хариуцлагатай манлайлахгүй бол түр зуурын шоу, популизм хийгээд эргээд тэрнийхээ горыг улстөрчид нь, улс нь даахаа больж байна гэдгийг дэлхий нийтээрээ харж, энэ сэдвийг хүчтэй хөндсөн хэрэг. Ингээд харахад Эдийн засгийн форум мэт боловч нийгэм улс төр, шашин, үнэт зүйлс гэх мэт хөндөхөөс өөр аргагүй асуудлуудыг хөндөж байгаа нь энэ жилийн форумын онцлог. Нөгөө талаар сая онцолсон асуудлууд зөвхөн мэргэжлийн хүрээнд, нийгмийн багахан хэсгийн дунд яригддаг байсан бол одоо нийтийн анхааралд орж байна. Форум өөрөө нээлттэй дэд бүтэц учраас нийгмийн бүх л төлөөллийг хамруулаад ярилцах боломжтой.

-Төр, хувийн хэвшлийн ойлголцох бодитой гарц нь юу вэ?

-Товчхондоо тэд олны өмнө нээлттэйгээр асуудлаа ярих хэрэгтэй. Ингэж ярилцаж тодорхой шийдэлд хүрэх боломж, индэр нь Монголын Эдийн засгийн форум. Үе үеийн УИХ-ын гишүүдийг бид сонгодог. Муу ч, сайн ч ард түмний квотыг авчихсан шийдвэр гаргагчид. Нөгөө талд хувийн хэвшлийнхэн бий. Бизнес нь томрох тусмаа тухайн хувийн хэвшил, компанийн нийгэм, эдийн засагт оруулах нөлөө нь улам томорч байдаг. Бүтээгдэхүүний аюулгүй байдал чанар, татвар төлөлт, нийгмийн хариуцлага гэх мэтээр.

Өөрөөр хэлбэл бизнес нь томрох хэрээр улстөрчидтэй эн зэрэгцэхүйц үр нөлөөг нийгэмд үзүүлж байдаг. Ажил олголтоор жишээлье. Оюу толгой гэхэд л 14 мянган хүн ажиллуулдаг, MCS найман мянган хүн гэсэн тоо дуулддаг. Нэг айлын өрхийн тоогоор дундажлаад үзвэл асар том ачааг нуруундаа үүрч байна. Хамтын ажиллагааны хувьд улстөрчид нь нэгэнт сонгогчдын саналыг аваад гараад ирчихсэн. Тодорхой юм амлаад сонгогдчихсон, тэрнийхээ төлөө шийдвэр гаргаж, бодлогоо хэрэгжүүлэх гээд байдаг. Гэтэл хувийн хэвшлийнхэн нөгөө талд зам мөрөөрөө бизнесээ хийгээд явдаг. Энэ хоёрын хувьд эсрэг тэсрэг хоёр туйл руу явж болдоггүй юм байна л даа. Тэгэх л юм бол улс орны хэмжээнд бүтэж байгаа юмгүй, бие биенийхээ асуудлыг бойкотлох эрсдэл үүсдэг. Тийм учраас аль аль тал нь бие биедээ тодорхой хэмжээний буулт хийж, хоёр туйлд байснаа бага багаар ойртох хэрэгтэй. Болвол голдоо ч юм уу уулзаад бодитой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ч юм уу ямар нэг тодорхой шийдэл дээр хамтрах зүйл яригдах ёстой.

-Компаниуд нь улстөрчдөд нөлөөлж шийдвэр гаргуулахаас аргагүй нөхцөлд ордог, улстөрчид нь ч тэр хандлагад нь дасчихсан тал анзаарагддаг. Нээлттэйгээр асуудлаа яриад ойлголцож, эрүүл зөв явах цаг ирсэн гэж та бодож байна уу?

-Хуучин бол компаниуд мэргэжлийнхэнтэй уулзах шаардлагагүй, тус тусдаа нэг, хоёр даргатай уулзаж лобби хийгээд хүссэн шийдвэрүүдээ гаргаад явчихдаг байсан юм. Одоо болохоо байчихлаа гэж эхнээсээ мэр сэр яриад эхэлж байна. Хэтээсээ тийм байх боломжгүй үе ирчихсэн л дээ. Бид нэг талдаа сонгогчид, нөгөө талдаа тэр том компаниудын бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авагчид. Улстөрчид сонгогчдын саналаар сонгогддог бол том компаниудын бараа бүтээгдэхүүнээ зардаг гол зах зээл нь олон нийт буюу бид. Тэгэхээр аль аль нь нийгмийн лицензээ авах ёстой. Замын түгжрэл, нийгмийн элдэв асуудал бидэнд хамаагүй ундаагаа хийгээд, хувцсаа оёод явна гэдэг байсан бол өнөөдөр нийгэм өөрчлөгдсөн. Олон нийт, төр, хувийн хэвшил гэсэн гурвалсан холбоо сонгодог утгаараа ажиллаж чадвал магадгүй бид одоо яриад байгаа нэлээд асуудлаа шийдчих боломжтой. Хамтдаа суугаад, ойлголцоод шийдчих боломж олон кейс дээр анзаарагддаг. Гэхдээ нээлттэй ярихаас аль аль тал нь цааргалдаг. Хувийн компаниуд гэхэд хэрэгжүүлж байгаа том төслөө олон нийтийн өмнө ярихгүй яваа шалтгаанаа “Олны анхаарал татаад дэмий. Мөрөөрөө л явъя” гэж тайлбарладаг. Гэтэл нөгөө талд ажил хийхгүй, буруу ажил хийж яваа нь юмаа яриад байхаар зөв ажил эхлүүлсэн хэсэг нь нийгэмд гарч ирдэггүй, дуу хоолой нь сонсогддоггүй. Нийгэм тэр чигээрээ хар булингартай зүйлд ууссан мэт мэдрэмж төрөөд байгаа нь ийм шалтгаантай. Ийм байдалд хүрсэнд компаниудын хариуцлага тодорхой хэмжээнд байгаа гэж би хувьдаа боддог. Нөгөө талдаа төрийн байгууллага ч гэсэн хувийнхантай нээлттэй ярьж нүүр тулахаас бэргээд байдаг. Төр, хувийн хэвшлийн нээлттэй харилцаа миний төсөөлсөн шиг хэмжээнд биш гэдгийг форумын бэлтгэл ажлын үеэр мэдэрлээ. Энэ бол сайны ёр биш. Хэвлэлээр байлдаж, сошаил медиад комментоор хэрэлдсэнээс нүүр нүүрээ харж байгаа бодитой фактуудаа гаргаж, судалгаа шинжилгээн дээр суурилсан мэргэжлийн дүгнэлтүүдээ солилцох хэрэгтэй. Ингэж олон нийтэд нээлттэйгээр мэтгэлцэж, шийдлээ гаргаад явбал өгөөжтэй. Дахиад хэлэхэд ингэж явах зам нь, индэр нь Монголын эдийн засгийн форум.

Энэ нюансийг нэг хэсэг нь ойлгохыг хүсэхгүй, нөгөө зарим нь жинхэнээсээ ойлгохгүй байх шиг. Ач холбогдлыг нь ойлгож, бэлэн дэд бүтцүүдээ маш сайн ашиглаж, бүх тал үзэл бодлоо нээлттэй хуваалцаж, зөв юм бодсон уу, буруу зүйл хийх гэж байна уу гэдгээ баталгаажуулаад явах сайхан боломж бол форум. Зөв ашиглаж чадвал форум шиг хэрэгтэй юм байхгүй. Гол нь хаа хаанаа улстөржихгүй, хүн биш асуудлаа ярьж сурах хэрэгтэй байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүдийн попрол Оюу толгойг хөмрөхдөө тулж байна уу?

Ингэж асуумаар дүр зураг сүүлийн хэдэн сарын турш нүдний өмнө хөвөрлөө. УИХ-ын гишүүд хөмсгөө сүрхий гэгч нь зангидаж суугаад “Оюу толгойг шалгах ёстой” гэж албархацгаагаад байсны учир бараг тайлагдчихлаа. Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Б.Бямбасайханыг Дубайд болсон үйл явдалтай хамаатуулан хорьж буй өдрүүдэд иргэний хөдөлгөөний хэсэг хүмүүс “Оюу толгойн 51 хувийг Монгол Улс авах ёстой” гэж сүржигнэв. Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнийхөн Оюу толгойн “Моннис” дахь оффист очиж шаардах бичиг гардуулсныг учир мэдэх улс бол жуумалзасхийгээд өнгөрөөсөн л дөө. Уул уурхайн талаар “а” ч үгүй тэдэнтэй юу ярих билээ. Эдийн засгийн ямар нэгэн төсөлд илүү хувь эзэмших хэрээр хариуцлага хүлээдэг, ядахнаа төслийг эхлүүлэх их мөнгөний талаас илүүг гаргах шаардлагатай болно гэдгийг бодох нь бүү хэл төсөөлөө ч үгүй яваа улс. Шаардлага хүргүүлж байгаа нөхдөд энэ мэтээр учирлаж тайлбарлаж хэлээд ч Оюу толгойн эдийн засагт үзүүлж буй үнэ цэнийг ойлгохгүй нь гашуун боловч бодит үнэн. Хэмжээндээ л сэтгэж байгаа учраас тэднийг буруутгах аргагүй. Үсэг мэдэхгүй хүнийг ном уншсангүй гэж зэмлэсэнтэй ижил юм болох учраас цаад шалтгаан нь юу вэ гэсэн асуултад хариу хайя.

Цаад шалтгаан нь ерөөсөө л улстөрчдийн попролт. УИХ-ын гишүүдээс гарын арван хуруунд багтахаар цөөхөн хэд нь зах зээлийн эдийн засгийн тухай, аятайхан хөгжье гэвэл хувийн хэвшил хэр чухал талаар цэгцтэй зөв ярьж харагддаг. Оюу толгой ба том төсөл гэсэн сэдвийг сөхөх бүртээ муусайн баячууд гэж попордог, уул уурхайгаас мөнгө босгож бусад салбараа хөгжүүлье гэхээр гадныханд эзлэгдэж дууслаа хэмээн сүржигнэдэг хэд бас бий. Товчхондоо тэднээс болоод л иргэний нийгмийнхэн “Оюу толгойн 51 хувийг улсад авъя” гэж попроод байгаа юм.

Ч.Улаан уг нь улс төрд олон жил хатаагдсан, хэдэн парламент дамжсан, Сангийн сайдаас эхлээд өчнөөн чухал алба хашсан эдийн засгийн тухай цэгцтэй мэдлэгтэй байвал байхаар гишүүн. Гэхдээ яагаад ч юм Оюу толгойд жигтэйхэн харшилтай. Монголын эдийн засгийг өдий дайны тэлсэн ганц том шалтгаан болсон төслийн талаар ам нээх бүрдээ “Тэд бидний баялгийг цөлмөж байна” гэж эх орончийн дүр эсгэдэг улстөрч. Сүүлд гэхэд “Аливаа үйл явдлыг мартаж болно, гэхдээ уучилж болохгүй гэдэг үг бий. Хэзээ ч мартаж, уучилж болохгүй зүйл бол “Оюу толгой”-н хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан үйл явдал” гэж ярьсныг хэвлэлийн хуудаснаас харж болно. Оюу толгой компани Монголын Засгийн газарт 2010-2018 оны эхний улирлын байдлаар 1.5 тэрбум гаруй ам.долларыг татвар хураамж болон бусад төлбөрт төлсөнийг мэдэхийн цаагуур мэдэж суугаа хүн шүү дээ. Ч.Улаан гишүүнийг ярилцлага өгч суусан гуравдугаар сард гэхэд л Оюу толгой компани гуравхан сарын дотор Монгол Улсад 51 сая ам.долларын татвар, хураамж төлчихөөд байсан юм.

Оюу толгойд өстэй юм шиг өөр нэг улстөрч бол УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн. Тэр хэвлэлд 2013 онд “Оюу толгойгоос орж ирэх ёстой бүх баялгийг гадагш нь алдчихвал олон улсын банк, санхүүгийн томчууд цөмөөрөө Монголыг тойроод явчихна гэсэн үг…”, 2015 онд “С.Баяр, С.Баярцогт нарын байгуулсан энэ балагтай гэрээг засч, өөрчлөхгvй бол өнөөдрийнх шиг л Монголын баялаг урсаж, бидний аманд ч vгvй, хамарт ч vгvй хохироод л суугаад байна”, 2018 онд “Өдөр ирэх тусам энэ гэрээний үр ашиггүй болох нь батлагдаж байна. Энэ гэрээг хийсэн хүмүүс нойргүй хонож, сэтгэлийн шаналалд орж байгаа. Цаашдаа Монголд эрх чөлөөтэй амьдрахад ч хүнд болно” хэмээн ярьж байж. Ер нь Ц.Даваасүрэн гишүүн Оюу толгойн тухай асуусан асуулт бүрд иймэрхүү агуулгатай үг унагадаг. Уг нь УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог тэргүүлж явсан хүн том төслийн дам нөлөө эдийн засгийн цусны эргэлт болдогийг мэдэхийн цаагуур мэднэ л дээ. Том төсөл хөдөлж эхлэхэд ариун цэврийн цаас зардаг компани, ажилчдын хувцас оёдог цехээс эхлээд шатахууны том компани хүртэл олон зуун аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ хийж эдийн засаг тэр хэрээр тэлдэгийг мань эр уг нь гадарлана. Оюу толгой компани 2010 оноос хойш есхөн жилийн дотор Монголын компаниудтай хийсэн худалдан авалт, төсөвт байгууллагад төлж буй татвар хураамж, ажилчдын цалин зэрэгт 7.5 тэрбум ам.доллар зарцуулсныг Эрчим хүчний сайд мэдэхгүй яваа гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Оюу толгойг үгүйсгэж, ашиггүйг нь гайхдаг гишүүн яагаад ч юм энэ мэт бодитой тоог яриа хөөрөөндөө огт дурддаггүй.

Оюу толгойн эсрэг дайн зарласан дараагийн попчин нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ. Уул уурхайн төсөл ярих бүрд эсэргүүцэж суудгаар нь чуулганы тойм үздэг, уншдаг хүн бүр андахгүй. “Амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрээр өнөөдөр Оюу толгойг сул авчихсан этгээдүүд араас нь Хармагтай тэргүүтэй өчнөөн орд газруудыг дээрэмдэх сонирхол л цаана нь явж байна шүү дээ” гэх мэтийн тоо баримтгүй сүржин мэдэгдэл үе үе хийж суугаа харагддаг. Ч.Улаан шиг Сангийн яамыг удирдаж, Ц.Даваасүрэн шиг Эдийн засгийн байнгын хороо ахалж яваагүй болохоор тоо, баримт, нотолгоо сэлтгүй зүйл ярилаа гэж шүүмжилмээргүй байна. Гэвч тэр одоо Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн гишүүн. УИХ-аас ийм чухал ажил даалгасан болохоор өнөөдрөөс илүү ул суурьтай хандах биз ээ.

Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэгт Б.Бат-Эрдэнээс гадна УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Б.Бат-Эрдэнэ, Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар, А.Ундраа нар багтаад буй. Ахлагч нь Д.Тэрбишдагва. Ажлын хэсгийнхний нэрсийг анзаарахад Б.Бат-Эрдэнээс гадна О.Баасанхүү гишүүн попчдын эгнээнд зүй ёсоор багтдаг улстөрч. Одоогоос гурван жилийн өмнө 2015 онд Оюу толгойг шалгах зорилгоор байгуулагдсан ажлын хэсэгт багтаж явсан удаатай. Б.Жавхлан, З.Нарантуяа, Я.Содбаатар гэсэн учир мэдэх, эдийн засгийг зөв хардаг гишүүд багтсан болохоор жин бан нь таарсан дүгнэлт гарч магадгүй гэсэн найдлага байна. Ч.Сайханбилэгийн хүссэнээр өдгөө хоригдож буй хэлэлцээрт орсон ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, нухацтай ултай хандаж байж дүгнэлтээ гаргах биз ээ.

Оюу толгойн эсрэг дуугардаг улстөрчдийн цаад санаа нь зовмоор жижигхэн. Ихэнх нь иргэдэд таалагдах гэж эх орончийн дүр эсгэнэ, зарим нь бүр С.Ганбаатар шиг дүү нь халагдах гэх мэт аар саар асуудлаас үүдэж өчнөөн юм ярьж хэл үг болно. Бүр лавшруулж хардвал улсын хөгжилд биш аминыхаа өчүүхэн хэрэгцээнд зарцуулах хэдэн төгрөгийн төлөө сүрхий чухал царайлцгаадаг ч байж мэднэ. Улсынхаа эдийн засгийг тэлж, өөрсдийнх нь төлөө саналаа өгсөн иргэн Дулмаа, Батын авдаг хэдийг ахиулахсан гэж чин зүрхнээсээ хүсдэггүйд л попчдын гол гай байгаа юм. Оюу толгой шиг том төслүүд хөдөлж байж, томуудаа дагаж бусад төслүүд амилж байж эдийн засаг тэлдэг нь зах зээлийн бичигдээгүй хууль. Эдийн засаг тэлж, олдог хэд маань нэмэгдвэл ид бүтээх насны залууст Солонгос, Америк руу хар ажил хийхээр дугаарлах шаардлага гарахгүй. Өнөөдрийнх шиг дээр суугаа хэд нь хэрэгжиж буй ганц том төслөө адлаад байвал Дулмаа, Батын авдаг цалин нэмэгдэнэ гэдэг зүгээр л хоосон мөрөөдөл.

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төсөлд 34 хувийн оролцоотой. Бизнесийн зарчмаараа 34 хувийн ашиг хүртэхээс гадна 34 хувийн хариуцлага хүлээх учиртай. Дулмаа, Бат хоёр хамтраад талхны цех байгууллаа гэж төсөөлье. Дулмаа бүх мөнгөө гаргаад талхны цех байгуулчихлаа. Нэг ч төгрөг гаргаагүй Бат “Би зөвхөн ашиг л хүртэнэ” гээд байвал ямар байх вэ. Ямар ч хариуцлага хүлээхгүй, сохор зоос ч гаргахгүйгээр ашиг хүртдэг бизнес хаана ч байхгүй. Харилцан ашигтай ажиллаж байж бизнес хөгждөг. Оюу толгойд ингэж хандмаар санагддаг юм. Харамсалтай нь ингэж хандсан хүмүүсээ бариад хорьчихоор бултаараа хандлагаа өөрчлөх тухай яриа дэмий мөрөөдөл болчихож байгаа юм.

Бидний баялгийг авч байгаа юм чинь илүүг өгөх ёстой гэж попууд ярьдаг. Энэ шүүмжлэлд нэг жижиг тайлбар зүүе. Уул уурхайн компаниудаас Монгол Улс өмчийн эзний төлбөр гэж авдаг. Албан нэршил нь рояалти буюу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр. Тэгэхээр эрдэс баялгаа ашиглуулж байгаагийнхаа төлбөрийг бид уул уурхайн компаниудаас бусад олон татвар, хураамж дээрээ нэмээд авчихдаг гэсэн үг. Энэ бол дэлхий даяараа дагадаг жишиг, зарчим.

“Тоглоом тоотой нь, толгой мөлжүүртэй нь дээр” гэдэг. Оюу толгой төсөл аль хэдийнэ Монгол гэдэг улсын хөрөнгө оруулалтын барометр болчихсон. Монголд мөнгөө хийх сонирхолтой гадны хөрөнгө оруулагчид УИХ, Засгийн газрын Оюу толгойд хэрхэн хандаж байгааг нухацтай анзаарч суугаа. Дэлхийтэй харилцаж, бусад улс шиг дажгүй хөгжье гэвэл бидэнд доллар хэрэгтэй, долларыг гадны хөрөнгө оруулагчид л оруулж ирдэг гэсэн энгийн логикоор бодоход Оюу толгойг цээжний бангаар хараагаад сууж таарахгүй. Тэгэхээр одоо элдэв аймшгийн үлгэр ярьж сүржигнэхээ больцгооё. УИХ-ын гишүүн, сайд гэх мэт улсаа төлөөлж ажиллаж яваа хүмүүс үгээ бодолтой унагамаар байна. Шүүмжилэхээр бол тэр гэрээний энэ заалтыг ингэж өөрчилье, тэгэхгүй бол эдийн засагт яг ийм хохирол үзүүлнэ гэх мэтээр баримт нотолгоотой, жинтэй даацтай яривал тэднийг хэн ч шүүмжилж, чимхэхгүй. Бараагаа шахах гээд чадаагүйдээ хорссондоо ч юм уу, эгч дүүсийнхээ элдэв жижиг асуудлаас болж сүрхий эх оронч царайлж шүүмжлээд байхаар наад зах нь сонгогчид чинь хараад үгээ барж суугаа. Ард түмэн тэнэг биш гэдэг үгийн утгыг дараагийн сонгуулиар ой тойндоо ортол мэдэрч амаа барих гээгүй л бол одоо больж үз. Үнэхээр эх орондоо хайртай, ард түмнээ боддог бол “Рио”-д “Хятад руу их мөнгө урсгаад баймааргүй байна, цахилгаан станцаа барья”, “Монгол ажилчдын тоог нэмье”, “Ханган нийлүүлдэг компаниудыг дэмжих өөр ямар гарц байгааг хамтраад судалъя” гэх мэтийн ажил хэргийн, бодитой яриа өрнүүл. Ингэж хандсан улстөрчид харин ухаантай, сэтгэлтэй, жинхэнэ төрийн түшээ шиг харагдана.

Монгол тусгаар тогтноод удаагүй Казахстан гэх мэт улс биш. НҮБ-ын гишүүн, тусгаар тогтноод өчнөөн арваныг туулчихсан Азидаа ардчиллын загвар болж, дархлаагаа тогтоочихсон орон. Хэн дуртай нь эзлээд хашаад авчих газар орон хэтээсээ биш. Ийм тийм улсын хараат боллоо, баялгаа гадныханд алдлаа, газар нутаггүй хэцүүдлээ гэж сүржигнэх нь хэтэрхий даржин сонсогдоод байх юм. Ямар нэг улсын дагуул байсан бол ингэж ярьдаг улстөрчид зоригтой гоё харагдана л даа. Монголын парламентын гишүүн ингээд ярихаар шулуухан хэлэхэд өмнөөс нь ичдэгээ нуугаад яахав.

Оюу толгойн үнэ цэнийн 80 хувь гүндээ бий. Гүний уурхайн бүтээн байгуулалт нь дуусаатахвал овоо ахиу доллар олох боломж нээгдэнэ. Ч.Сайханбилэгийн хувьд зогсчихоод байсан гүний уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжүүлсэн. Тодруулж хэлбэл, Монголын Засгийн газар, Рио хоёрын дунд үл ойлголцол үүсч гүний уурхайн бүтээн байгуулалт зогсчихсон байхад тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойг хөдөлгөсөн юм. Дубайд далд уурхайн санхүүжилтийг үргэлжлүүлэх хөтөлбөрт гарын үсэг зурснаас хойш гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилсэн, Ч.Сайханбилэгийн хорихоос бичсэн захианд дурдсанчлан 3000 хүртэл буурсан монгол ажилчид өнөөдөр 14000-д хүрсэн, мянга илүү аж ахуйн нэгж, 41000 хүн бизнесээ тэлэх боломжийг атгасан. Ингэснийх нь төлөө, эдийн засгаа бодож улстөрийн зоримог шийдвэр гаргасных нь төлөө Ерөнхий сайдаар ажиллаж явсан хүнээ бариад хорьчихсон Монгол дэлхийд ямар харагдаж байгаа бол.


Categories
мэдээ цаг-үе

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогт: Төрд зүтгэсний төлөө төмөр нүүр харуулах ёстой гэж үү

Б.Бямбасайханы өмгөөлөгч Н.Цогттой ярилцлаа.


-Б.Бямбасайханы өмгөөлөгч хэн бэ, ямар харилцаатай байсан юм бол гэсэн асуултын хариуг олон хүн сонирхож суугаа байх. Эндээс ярилцлагаа эхэлье.

-Миний хувьд ихэнхдээ эдийн засгийн буюу хөрөнгө оруулалтын чиглэлээр, түүн дотроо гадны хөрөнгө оруулалттай холбоотой нарийн ээдрээтэй асуудлуудад хууль зүйн өмгөөлөл, зөвлөгөө өгдөг. Б.Бямбасайхантай хоёр, гурван жилийн өмнө хөрөнгө оруулалттай холбоотой нэгэн хурлын үеэр танилцсан юм. Ийнхүү танилцахдаа би хууль зүйн тухай, харин Б.Бямбасайхан эдийн засгийн талаар ярьж сууцгаасан л даа.

Би үнэт цаасны зах зээлийг зөв чиглэлд хөгжүүлэх, үндэсний болоод гадаадын хөрөнгө оруулагчдад таниулан сурталчлах чиглэлээр ажил эхлүүлсэн юм. Энэ ажил дээр Б.Бямбасайханаас зөвлөгөө, дэмжлэг авч байсан удаатай. Тэр үеэс хойш бид бие биенээ дэмжиж, ойлгож хамтран ажилласаар өнөөг хүрсэн. Энэ нийгмийг хэсэг бүлэг хүмүүс тэргүүлж авч явах учиртай. Б.Бямбасайханыг би тэр хүмүүсийн нэг гэж хардаг. Надаас дүү ч гэсэн энэ утгаар нь хүндэлж харилцдаг. Зөв сэтгэлтэй, дайчин, сайн залуу.

БҮТЭН САЙНД ГЭРЧЭЭР ДУУДАЖ БАЙЦААЛТ АВААД ЗАЛГУУЛААД ХОРЬЧИХСОН БАЙСАН

-Б.Бямбасайханыг хорих шийдвэр ням гаригт гарсан. Хоригдох өдрөө л тань руу хандсан уу?

-Б.Бямбасайханыг хорьдог өдөр би Улаанбаатарт байхгүй байж таарсан юм. Тухайн үед над руу холбогдох гэж оролдсон байсныг нь даваа гаригт л олж мэдсэн. Ямар процесс өрнөснийг анх гэр бүлийнх нь хүнээс сонссон. Бүтэн сайнд эхлээд гэрчээр дуудаж тайлбар, мэдүүлэг авчхаад үргэлжлүүлээд шүүхийн зөвшөөрөлгүй сэжигтнээр баривчилсан юм билээ. Тодруулж хэлбэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд АТГ-т сайн дураараа очиж мэдүүлэг өгсөн боловч дөрвөн цагийн дараа баривчилсан. Баривчлагдахынхаа өмнө “Цогт өмгөөлөгчтэй холбогдоорой” гэсэн юм билээ. Нэг талаас англи хэлээр хууль хардаг, эдийн засаг гадарладаг хуульч, нөгөө талаар дотоодын болон гадны хөрөнгө оруулалтын талаар хууль зүйн зөвлөгөө өгдөг тул асуудлыг илүү зөв талаас нь харах болов уу гэж бодоод надад хандсан байх. Хуучны танил, хүндэтгэлтэй харилцаа үүссэн гэсэн шалтгаанууд ч нөлөөлсөн болов уу.

ГЭМ БУРУУТАЙ НЬ ШҮҮХЭЭР ТОГТООГДОХ ХҮРТЭЛ ГЭМ БУРУУГҮЙД ТООЦНО ГЭСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЗАРЧИМ БИЙ

-Хоригдох болсон шалтгаан, хууль зүйн үндэслэл нь юу байсан бэ. Амралтын өдөр дуудаж байцаадаг нь ямар учиртай юм бол?

-Амралтын өдөр дууддаг нь яалт ч үгүй сонин хэрэг л дээ. Тэр өдөр Б.Бямбасайхан гэр бүлтэйгээ хөдөө явж байсан юм билээ. Эхнэр нь хөл хүнд, бага насны хүүхдүүдтэйгээ явж байсан хэдий ч “Хуулийн байгууллага дуудаж байхад очихгүй бол болохгүй, би буруу зүйл хийгээгүй тул надаас асууж тодруулах зүйл гарсан байлгүй” гээд хар буруу бодол саналгүй, элдэв шалтаг гаргалгүй яаран сандран хөдөөнөөс давхиж ирээд, гэртээ ч оролгүй шууд очсон байсан.

Хуулийн дагуу бол прокурор нь яллагдагчаар татсан тухайгаа тухайн этгээдэд нэн даруй мэдэгдэх ёстой. Гэтэл тэгэлгүй даваа гаригт нь яллах тогтоол танилцуулаад 30 хоног цагдан хорих саналаа шүүхэд хүргүүлсэн. Таслан сэргийлэх арга хэмжээ л дээ. Үндсэн хуулийн гол зарчим бол хүний эрхийг хүндлэх.

Цагаан морин жилийн ардчилсан хувьсгалаар олж авахаар зорьсон хамгийн гол үнэт зүйл бол иргэнээ дээдэлсэн нийгэм бий болгох. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдох хүртэл гэм буруугүйд тооцно гэсэн үндсэн зарчим бий. Мөн тухайн хүн өөрийнх нь эсрэг гэмт хэрэгт ашиглахаар бол мэдүүлэг өгөхөөс татгалзаж болно гэсэн хоёр дахь үндсэн зарчим байна. Гэтэл манайхан үүнийг будилуулаад гэм буруутай нь нотлогдоогүй байхад хүний эрх чөлөөг хязгаарлаж байна.

-Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй ч хуульд тусгайлан заачихсан зайлшгүй хорих шалтгаануудыг сонирхуулаач?

-Б.Бямбасайханд таслан сэргийлэх арга хэмжээ авах шаардлага байгаагүй. Яг ямар тохиолдолд таслан сэргийлэх арга хэмжээ авах вэ гэдгийг хуульд тодорхой заасан байдаг юм. Тухайлбал “Сэжигтнээр тооцогдсон этгээдийн бие, хувцас, орон байрнаас гэмт хэргийн эд мөрийн баримт, ул мөр илэрсэн; оргон зугтахыг завдсан; эсхүл гэрч хохирогч нь сэжигтэн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн болохыг шууд заасан; хаана оршин суудаг, хэн болох нь тодорхойгүй, бичиг баримт нь эргэлзээтэй; бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулж болохуйц зүйлээр зэвсэглэсэн; бусдын амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд аюул учруулах талаар заналхийлэх үйлдэл нь биелэх магадлалтай; сэжигтэн этгээд өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох чадваргүй болтлоо мансуурсан, согтуурсан, урьд нь оргож эрэн сурвалжлагдаж байсан, хорих ялаар удаа дараа шийтгүүлж байсан; эсхүл онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон бол хойшлуулшгүй тохиолдол гэж үзнэ” гэсэн нөхцөлүүд үүссэн тохиолдолд л хуулийн дагуу гарцаагүй цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авдаг. Нийгмээс тусгаарлахгүй л бол бусдыг аюулд оруулах гээд байгаа нь тогтоогдоогүй үед тусгаарлаж хорих шаардлагагүй. Мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад болох гэсэн үндэслэл бас бий. Гэтэл Б.Бямбасайханыг цагдан хорихдоо “Дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй” гэсэн үндэслэлээр хорьсон. Энэ хүн 2015 оны Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг батлах үед “Эрдэнэс Монгол” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлын алба хашиж байсан. Энэ албан тушаалаа хүлээлгэж өгөөд гурван жил шахуу болсон, өөрийн байгуулсан хувийн компанидаа захирал хийгээд явж байна. Одоо Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөг дахин үйлдэх ямар ч боломжгүй шүү дээ.

СОЦИАЛИЗМЫН ҮЕД ПРОКУРОР, ШҮҮХ ХОЁР НЭГТАЛ БОЛЖ БАЙГААД ИРГЭНИЙ ХЭРГИЙГШИЙДЧИХДЭГБАЙСАН БОЛ ОДОО ЦАГӨӨРЧЛӨГДСӨН

-Бага ч гэсэн тодорхой шалтгаан хэлэхгүй байна уу?

-Хүний эрх чөлөөг хасаж 30 хоног бүү хэл, гурван цаг хорихын тулд яг ямар шалтгаанаар буруутгаж байгааг шүүх хурлаар тодорхой хэлэлцэж, буруу, зөвийг нь хянаж байж шийдэх ёстой.Бид шүүх хуралд оролцох бүртээ асууж байгаа хэдий ч “гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон” гэсэн тайлбараас өөр юу ч хэлэхгүй байна. Өөрөөр хэлбэл, нууц гээд байна л даа. Социализмын үед прокурор, шүүх хоёр нэг тал болж байгаад иргэний хэргийг шийдчихдэг байсан бол одоо цаг үе өөрчлөгдсөн шүү дээ.

-Хорих шалтгаан нь тэгээд огт хэлж болохгүй нууц гэсэн үг үү?

-Бидэнд огт хэлж болохгүй нууц гэсэн ганцхан л тайлбар хэлж байгаа.

-Дахин хэрэг үйлдэж магадгүй гэсэн үндэслэлээр хорьж байгаа тохиолдолд таны түрүүн хэлсэнчлэн няцаалт хангалттай байгаа гэсэн үг үү…?

-Хэтэрхий ойлгомжтой асуудал. Б.Бямбасайхан бол Монгол Улсдаа татвар төлдөг хувийн компанийн захирал, таван хүүхдийн аав, бизнесийн нэр хүндтэй байгууллагыг удирдаж нийгэмд идэвхтэй оролцоотой явдаг шударга сайн залуу. Өнөөдөр Б.Бямбасайхан “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлын албыг хашдаггүй шүү дээ. Ийм хүнийг дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэдэг үндэслэл хэлж тодорхой тайлбар хэлэлгүй хорьж байна. Хэрэв тэр албан тушаалдаа хэвээр байсан бол дахиад гэрээ хийчих эрсдэлтэй гэж болох юм. Бид юутай маргаад суугаагаа мэдэхгүй байна. Социализмын үеийнх шиг биднийг хуралд оруулж жүжиг тоглоод байгаа мэт санагдах юм.

НҮДЭЭ АНЬЧИХААД БОКСДООД БАЙГАА ЮМ ШИГ НӨХЦӨЛД АЖИЛЛАЖ БАЙНА

-Үндэслэл хангалтгүй байна гээд гомдол гаргасан уу?

-Бид зургаа дахь удаагаа гомдол гаргаж, таслан сэргийлэх арга хэмжээг сольж өгөөч гэж хүсэлт гаргасан хэдий ч тэд ярьдгаа л яриад байна. Нүдээ аньчихаад боксдоод байгаа юм шиг нөхцөлд ажиллаж байна.

-Дахин гэмт хэрэг үйлдэж магадгүй гэдгээс өөр үндэслэл одоохондоо байхгүй гэж ойлголоо, зөв үү?

-Тэгж ойлгож болно. Прокурор нь гүйцэтгэх ажлын шугамаар тогтоогдсон нууц гэнгүүт шүүх нь сонсоод “Үндэслэлтэй байна, үргэлжлүүлж хорь” л гэдэг. Юуг үндэслэлтэй гээд байгаа юм бүү мэд. Та үндэслэлээ нотол гэхээр “нотлох шаардлагагүй” гэж байна. Уг нь бид ямар үндэслэлтэй юм, тэр нь ямар баримтаар нотлогдсон юм, олж авсан баримт нь бодитой эсэх зэргийг ярьж худал хардлага бол няцааж, үндэслэлтэй гэж үзвэл нотлох баримтаар хангаж хамтарч ажилламаар байгаа юм. Ийм маягаар явж байгаад шүүх хурлын үеэр цагааддаг тохиолдол олон бий. Тэр тохиолдолд хүмүүс “За эндээс эсэн мэнд салсан л бол боллоо” гээд хаячихдаг. Ингэх тусам энэ завхрал арилахгүй байна.

-Ямар шалтгаанаар, яах гэж хорьсон нь бүрхэг байгаа байх нь?

-Бүрхэг ч биш. Бүр огт ойлгомжгүй.

-Үндэслэлээ нотол гэж асуухаар ямар хариу өгч байна?

-Хуулийн дагуу мөрдөн байцаах ажиллагааны мэдээллээ нууцлах заалт бий гэсэн хариу л хэлсэн. Тэгвэл хурал хийх шаардлага байхгүй шүү дээ. Процессын ийм завхрал болоод байна. Энэ завхралыг нь шүүмжлэхээр “төрийн ажил” гэж тайлбарлах жишээтэй. Төрийн ажил хийж байна гэхээр хүний эрх хаягдах нь л дээ. Хүний эрх зөрчигдөөд байна шүү дээ гэхээр “Юун хүний эрх, энэ чинь байцаан шийтгэх үйл ажиллагааг зохицуулсан хууль” гэж байна. Дээрээс өгсөн даалгаврыг биелүүлдэг тогтолцоо бий болчихож гэж харж байна.

Б.БЯМБАСАЙХАН БОЛООД ЭЭЖИЙНХ НЬ ЭРҮҮЛ МЭНД МУУДСАН

-Хорих 30 хоног дуусангуут 15 хоног үргэлжлүүлэн хорих шийдвэр гарсан. Гэтэл дахин 30 хоногоор сунгахаар шийдсэн байна. Эрүүл мэндийн байдал нь ямар байгаа вэ?

-Б.Бямбасайханы биеийн байдал муудаж, зүрх нь өвдсөн. Эмнэлэгт хэвтсэн тул нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх хүсэлт гаргаад байна. Мэдээж гэр бүл, ар гэр, хүүхдүүддээ санаа зовсон хүн сэтгэл амар байж чадахгүй. Ийм шалтгаан өвдөхөд хүргэсэн нь ойлгомжтой. Мөн хоёр ч удаа тодорхойгүй шалтгаанаар 15, 30 хоногоор сунгагдахаар ээжийнх нь эрүүл мэнд муудаж эмнэлэгт хүргэгдчихлээ. Өөрөөр хэлбэл гэр бүл, үр хүүхэд, эцэг эхийг нь давхар хэлмэгдүүлээд байна. Өмнө нь нэг залуу ийм байдлаар хоригдож байгаад бие нь гэнэт муудаж нас барсан гашуун сургамж байгаа шүү дээ.

-Дахин 30 хоногоор сунгахаар шийдсэн шалтгаан нь өмнөхтэйгөө адил байна уу, эсвэл арай өөр тайлбар хэлсэн үү?

-Хугацааг нь сунгахдаа өөр үндэслэл хэлсэн. Хэргийн ээдрээ түвэгтэй байдлаас шалтгаалж зайлшгүй цагдан хорих шаардлагатай гэж байгаа юм. Энэ тохиолдолд ээдрээ түвэгтэй гэдгийг нь нотлох зайлшгүй шаардлагатай эсэхийг нь батлах ёстой болж байгаа биз. Ийм ээдрээ түвэгтэй байхад ингэхээс өөр арга байхгүй гэж нотлох учиртай.

-Та илүү тодруулахгүй юү?

-Яагаад ээдрээ түвэгтэй байна вэ гэдэг асуултаас эхэлье. Дубайн гэрээг 2015 онд байгуулахаас өмнө УИХ-аас хоёр удаа тогтоол гаргасан. Эхнийх нь эдийн засгийг хүндрэлээс гаргаж сайжруулахын тулд том төслүүдийг, ялангуяа Оюу толгойг онцгойлон нэр зааж хөдөлгөх тухай заалт оруулсан байдаг. Бүр тодруулбал Оюу толгойг нэн даруй хөдөлгөж арга хэмжээ авахгүй бол Ерөнхий сайд болон хариуцаж байгаа хүмүүст арга хэмжээ авч хариуцлага тооцохоор заасан байдаг. Нөгөөх нь улс төрийн болон бодлогын хувьд дэмжиж ажиллах, далд уурхайн үйл ажиллагааг сэргээх, жилд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татаж энэ ажлыг явуул гэсэн заалттай. Хуульчид УИХ-ын тогтоолыг хууль тогтоомж гэж үздэг. Хуулийг хүн бүр заавал дагаж мөрдөх ёстой.

Энэ нь Ерөнхий сайдад ч хамааралтай. Зөрчвөл хууль зөрчсөнд тооцно. Зарим Ерөнхий сайд би хийгээгүй гэж яриад суугаа нь хуулиа зөрчсөн л хэрэг болохоос гайхуулж ярих сэдэв биш л дээ.УИХ тогтоол гаргаад Засгийн газарт үүрэг өгчихсөн. Оюу толгойн хувьцаа эзэмшигч нь Засгийн газар учраас бүх сайд нар энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд, олонхоороо дэмжээд, удирдамж гаргаж ажиллая гээд захирамж гаргачихсан. Б.Бямбасайхан өөрийн хариуцсан ажлаа л хийсэн. Тэр захирамжийн дагуу ажиллаад тодорхой асуудлуудыг судалж үр дүнгээ танилцуулангуут дэмжиж байна гэсэн. Дахин нэг захирамж гаргаад гарын үсэг зур гээд үүрэгдчихсэн. Ийм л процесс өрнөсөн.

-Б.Бямбасайханыг татварын асуудал дээр буруутгаад байгаа анзаарагдсан. Энэ асуудалд та ямар тайлбар хэлэх вэ?

-Түрүүхэн миний дурдсан захирамжаар тухайн үеийн Татварын ерөнхий газрын удирдлагад татварын асуудал дээрээ эвлэрлийн гэрээ байгуул гэсэн даалгавар өгсөн. Ингээд шүүх дээр үүссэн байсан асуудал эвлэрлээр дууссан түүхтэй. Тэр эвлэрлийг нь гэрээнд буулгасан төдий.Түүнээс биш татварын асуудлаар ямар ч шийдвэр гаргаагүй. Гэтэл Б.Бямбасайханыг татварын асуудлаар буруутгасан нь маш ойлгомжгүй.Тэгэхээр энэ ээдрээ түвэгтэй байдал мөн үү?

-Эрх мэдэлтэй хүмүүсийнх нь гарын үсэг баталгаатай, цаасан дээр буусан шийдвэртэй тов тодорхой л асуудал байна.

-Харин тийм. Цаасан дээр тодорхой байгаа зүйлийг ухаж ядаад ээдрээ төвөгтэйг нь гайхаад сууж байна. Зайлшгүй ямар шаардлага байгаа юм бэ гэсэн асуулт тавихаар хариу өгдөггүй. Ээдрээ түвэгтэй гэсэн ганц үг хэлэнгүүт шүүх хүлээж аваад тэр ганц үгээр нь шийдээд байж болохгүй биз дээ. Б.Бямбасайхан бол бусдын л адил банкнаас зээл авч бизнес эрхэлж, орон сууцны зээл авч орон байрны асуудлаа шийдээд явж байгаа залуу. Энэ залуу хахууль аваагүй.Хэрэв хахууль авсан гэж хардаж байгаа бол дансыг нь шалгаад үзэхэд гараад ирэх асуудал. Одоо сар хүрэхгүй хугацааны дараа төрөх хөл хүнд эхнэр нь биед нь зүдэргээтэй байгаа ч байрны лизинг, хүүхдийнхээ төлбөрийг төлөхийн тулд ажлаа хийгээд явж байна. Ийм л нэгэн гэр бүл.

-Б.Бямбасайхантай хэдэн удаа уулзсан бэ?

-Долоо хоногт хоёроос гурван удаа уулзаж байгаа.

-Байцаалт авч байгаа юу?

-Эхлээд гэрчээр дуудаад байцаалт авсан байдаг юм. Дөрөвдүгээр сарын 1-ний ням гаригийн оройн 18 цагаас гэрчийн мэдүүлэг авч эхлээд 21:30 цагийн үед сэжигтнээр баривчилна гэсэн тогтоол шийдвэрээ бэлдчихсэн байсныгаа танилцуулсан юм билээ. Гэрчээр дуудахаар хэн ч болсон үйл явдлыг ярина. Тэгэнгүүт шууд тогтоол танилцуулаад сэжигтэн болгоод, маргааш нь яллагдагч болгочихож байгаа юм. Яллагдагч болгохоо мэдсээр байж гэрчээр дуудаж юм яриулна гэдэг нь маш буруу.

Өмгөөлөгчгүй оруулаад өөрийнх нь эсрэг баахан юм хэлүүлж байгаад дараа нь хорьдог бурангуй тогтолцоо руу орж байна л даа. Учир нь гэрчээр дуудахад өмгөөлөгч оруулдаггүй юм. Энэ чинь хуучин нийгмийн арга барил. Хэсэг больё гэж зүтгэж яваад одоо буцаад хуучин хэв рүүгээ орж байгаа юм шиг байна. “Энэ нь амар юм, хүний эрх яриад байхаар түвэгтэй юм” гэсэн хандлага хүчтэй боллоо л доо. Үүнийгээ улс төрийн зорилгоор ашиглахад амар учраас зангаа тавихгүй байна. Б.Бямбасайханыг хорьсноосоо хойш хоёр удаа байцаасан.

ТУХАЙН ҮЕД “БАЙЦААГААГҮЙ БАЙГАА” ГЭЭД ХЭЛЧИХСЭН НЬ СЕНСАЦИ БОЛСОН ЮМ БИЛЭЭ

-Хорьчихоод байцаалт авахгүй байна гэсэн мэдээлэл саявтар цацагдсан нь ямар учиртай юм бол?

-Баривчилснаас хойш эхний 20 гаруй хоног байцаалт аваагүй. Тэр үед надад зайлшгүй ажил гараад байцаалт авах бол “Заавал өөрөө байлцаж байцаалгана” гээд дөрвөн хоног хойшлуулах хүсэлт тавьсан байсан. Тухайн үед Лу.Болд гишүүн очиж уулзаад асуухад нь “Байцаагаагүй байгаа” гээд хэлчихсэн нь сенсаци болсон юм билээ. Ингэчихээр нөгөө талдаа бид эвгүй байдалд орчихож байгаа юм. Өмгөөлөгчдийн зүгээс хойшлуулах хүсэлт тавьчихаад тийм мэдээлэл цацагдахаар хэнд ч эвгүй ойлголт төрнө. Сарын дотор нэг удаа байцаасан нь ийм учиртай. Миний эзгүйд и-мэйлд нь нэг удаа үзлэг хийсэн байна лээ. Сүүлд нэг удаа байцаалт өгсөн. Бидний хувьд байцаалтаа, хийх ёстой ажиллагаагаа бушуухан хийгээд сулла гэсэн байр суурин дээр байгаа.

-Байцаахдаа юу асуух юм?

-Хамаагүй ярьж болохгүй л дээ. Татварынх нь асуудал дээр миний зүгээс хууль тогтоомжийн үүднээс ярьж байгаа юм. Хууль зүйн үүднээсээ энгийн ойлгомжтой асуудал байгаа юм. Нөгөө тал цаасны цаад талын юм уншаад илүү гүнзгий хараад байна уу, эсвэл мал сургаар гэдэг шиг дам яриагаар хэрэг үүсгэж сандарч будилаад байна уу бүү мэд. “Эрдэнэс Монгол” гэдэг компани Засгийн газрын захирамжаар гэрээ байгуулсан. Тэгэхээр Дубайн хувьд Оюу толгойн дотоод үйл ажиллагааны шинжтэй бичиг баримтад гарын үсэг зурсан гэсэн үг. Далд уурхайд хэдэн төгрөгийн санхүүжилт авчрах юм, ямар зээлээр хийх юм гэх мэт асуудлыг л тусгасан гэрээ.

ЭДИЙН ЗАСАГ УНАГАЛАА ГЭЖ ХОРИХГҮЙ УЧРААС ЮУ Ч ХИЙХГҮЙ СУУСАН НЬ ЗӨВ БОЛЖ ТААРЧ БАЙНА

-Эдийн засгийн, арилжааны чигийн гэрээний онцлогоо харахгүйгээр зөв, буруу гэж яриад байх шиг анзаарагдах юм. Арилжааны гэрээний зөв, бурууг шүүх эцсийн шүүлтүүрийг нэрлэ гэвэл та юуг онцлох вэ?

-Энэ гэрээнд Монголын талд хожоотой зүйл их байгааг ярих хэрэгтэй. Тухайлбал, менежмэнтийн зардал зургаан хувь байсныг гурван хувь болгож хоёр дахин бууруулсныг ярихгүй байна. Жил бүр 1.2 тэрбум ам.доллар оруулж ирэх том төсөл Монголд хэдэн ажлын байр бий болгож, хичнээн ам.долларын татвар төлж байгаа, шууд болон шууд бусаар эдийн засгийг яаж дэмжээд байгааг тодорхой тооцож гаргаад мэдээлэх хэрэгтэй.Эдийн засгийн гэрээнүүд их сонин. Гэрээг талууд харилцан тохиролцож харилцан ашигтай байхаар хийдэг.

Муу гэрээ гэдэг бол нэг тал нь ялж, нөгөө тал нь ялагддаг гэрээг хэлнэ шүү дээ. Арилжааны наймаа харилцан ашигтай байдаг. Тэгэнгүүт тухайн гэрээнээс олж авсан ашигтай талыг нь тооцолгүйгээр буулт хийсэн, алдагдалтай хийсэн гэж яриад төөрөгдөл үүсгэж байгаа харагддаг. Өгөө авааг нь тэнцүүлж тооцох ёстой. Уг нь өгч байгаа нь их, авч байгаа нь бага бол шүүмжлэх учиртай.

Ажлын хэсгийн дарга сайн, муу гэсэн дүгнэлтийн алийг нь ч гаргасан буруудах нөхцөл үүсээд байна

Оюу толгой, Татварын ерөнхий газар хоёр шүүх дээр эвлэрснийг буулт хийсэн гэж тайлбарлаж, хэн нэгнийг буруутгах нь хууль талаасаа хэр зөв дүгнэлт вэ?

-Оюу толгой Татварын ерөнхий газрыг шүүхэд өгсөн. Татварын ерөнхий газар нь шүүх дээр захирамжаар эвлэрсэн гэдэг нь бодитой үнэн. Үүнийг буулт хийсэн гэж тайлбарлах нь буруу. Шүүхийн шийдвэр шүү дээ. Шүүхийн шийдвэрийг хэн ч шүүдэггүй. Шүүхээр шийдсэн асуудлыг гэрээнд тусгахад ямар ч асуудал байхгүй. Ийм л юман дээр “Улсад хохирол учруулсан” гэсэн сүржин тайлбар хийгээд байна. Арилжааны гэрээ хууль зөрчсөн гэж байгаа бол Иргэний хуулийн дагуу зохицуулалт нь маш энгийн, хэнд ч ойлгомжтой. Тухайн гэрээний хууль зөрчсөн хэсэг нь хүчингүй болдог. Хүчингүй болгоход л асуудал шийдэгдэнэ. Өчнөөн залуусыг хориод, улстөржих шаардлагагүй л дээ. Дээр үед “Тоншуул” сэтгүүл дээр социалист уралдааныг шүүмжилж бичсэн өгүүллэг гарсан юм. Хоёр хүн уралддаг юм.

Тарьсан модон дээр нэг оноо, үхүүлсэн модон дээр хасах нэг оноо гэсэн дүнтэй. Нэг нь зуун мод тарьтал 51 нь үхэж, 49 нь ургаж л дээ. Нөгөө нь юу ч хийгээгүй. Дүгнээд үзтэл мод тарьсан нөхөр хасах хоёр оноотой, юу ч хийгээгүй нь тэг оноотой учраас ялж байгаа юм. Өнөөдөр яг ийм юм болоод байна. Дубайд гарын үсэг зурсан Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн хөтөлбөрийг эсэргүүцэж байгаа хүмүүс 2020 онд яаж сонгогдох вэ, албан тушаалаа хэрхэн хадгалж үлдэх вэ, ойр дотны хүмүүсээ яаж албан тушаалд суулгах вэ, тэр болтол юуг дөвийлгөж сүржигнэх вэ гэдгээ л бодоод байх шиг. Ажил хийдэг хүнээс л алдаа хайгаад байдаг. Ажил хийдэггүйд нь аль нь ч байхгүй учраас юу ч хайдаггүй байх.

Ийм л зарчмаар яваад байна. УИХ дээр Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн дарга сайн, муу гэсэн дүгнэлтийн алийг нь ч гаргасан буруудах нөхцөл үүсээд байна. Оюутолгойн үйл ажиллагааг үргэлжлүүлж болохгүй, тэгвэл улс төрийн оноогоо алдана. Унагачихвал бас болохгүй, эдийн засаг унана. Гэхдээ эдийн засаг унагасны төлөө хүнийг шоронд хийхгүй. Ингээд бодохоор юу ч хийхгүй байсан нь л зөв болж таарч байна.

-Б.Бямбасайханы хувьд аль ч улсад очоод дажгүй ажил хийгээд амьдрах боломжтой ч хүүхдүүдийнхээ амьдрах ирээдүйг сайхан байлгах гэж эх орондоо ажилладаг залуусын нэг гэсэн үнэлгээг хоёр ч том бизнесмэнээс сонслоо. Өмгөөлөгчийнхөө хувьд биш, хувь хүнийхээ талаас энэ дүгнэлттэй санал нийлэх үү, сэтгэгдлээ хуваалцаач?

-Хүн ер нь олон зүйлийг үзэж харж, тал бүрээс нь судлах тусам эх орноо яаж хөгжүүлэх вэ гэсэн хүчтэй бодолтой болж, буцалж огшиж эхэлдэг юм болов уу гэж боддог. Ард түмэндээ тулгарсан хүнд хэцүү асуудлуудыг шийдвэрлэж, эх орондоо эерэг өөрчлөлт авчрахад өөрсдийн хувь нэмрээ оруулдаг залуус хэлмэгдэх ёсгүй.Төрд зүтгэсний төлөө төмөр нүүр харуулах ёстой гэж үү. Б.Бямбасайхан бол гадаадын олон оронд, мөн Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудад ажиллаж байгаад Монголдоо ирээд аль л шилдэг гэсэн хувийн компаниудад удирдах алба хашиж байсан. Эрчим хүчний томоохон төслүүдийн хөрөнгө оруулалтыг босгох чиглэлд гадаадад болон Монголдоо ажиллаж байхдаа оролцож байсан туршлагатай. Хувийн компаниа удирдаад хүнээс гуйхгүйгээр амьдралаа дажгүй аваад явж байгаа залуу.

Бид өнөө үед зүгээр цээжээ дэлдээд шүүмжилж суух уу, эсвэл эх орныхоо төлөө нэг ч болсон юмыг захаас нь барьж аваад хийх үү гэдэг сонголтын өмнө ирээд байна. Миний хувьд Б.Бямбасайханыг эрсдлийг нь хүлээгээд том асуудал руу зориглож ордог залуусын нэг гэж үнэлдэг. “Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал гэсэн албан тушаалд очиж, хэл аманд өртөн байж тэр ажлыг хашсан тухайд бол өөрийн мэдлэг чадвараа дайчилж хууль, дүрэм журмын хүрээнд өгсөн даалгаврыг хариуцлагатай биелүүлэх боломжтой гэж үзээд л шийдсэн байх гэж харж байгаа.

-АН, МАНаль ч Засгийн үед хамтран ажиллаж байсан хүнийг одоогоор сөрөг намын Ерөнхий сайд урьж ажиллуулсан нь гол шалтгаан байж магадгүй л юм…?

-Хэрхэн санал тавьсныг нь би мэдэхгүй. Бидний яриад байгаа Оюу толгойн хувь нийлүүлэгч компани “Рио Тинто” хаана ч, хэнтэй ч хэлцэл хийдэг дэлхийн хэмжээний компани. Манайхны хийж чаддаг нэг зүйл нь татвар, цагдаагаа явуулж дээрэмчин шиг аяглах. Харилцан ашигтай бизнес хийх гэдэг тусдаа том асуудал. “Рио Тинто” гэдэг том компанийн мундагчуулаас айж бэргэхгүйгээр ширээний ард суугаад хэлцэл хийнэ гэдэг хэрийн хүний хийчихдэг ажил биш л дээ. Үүнийг хийж чаддаг хүн Засгийн газарт маш ховор.

Бид энэ сул талаасаа болж дандаа алддаг. Тухайн үед Б.Бямбасайханыг олж томилсон нь ухаалаг алхам гэж би хувьдаа хардаг. Хэлцлийг амжилттай хийхэд гар бие оролцсон хүмүүсийнх нь нэг бол Б.Бямбасайхан. Манай улстөрчид их хүнд улс. Нэг талдаа улстөрчдөд хөрөнгө оруулагчдын байр суурийг хүргэж, нөгөө талдаа “Рио Тинто”-д улстөрчдийн хүслийг ойлгуулж тайлбарлаж, дунд нь хэлцэл хийнэ гэдэг үнэхээр хэцүү ажил. Хариуцлагатай алба хашиж байсан нэгэн эрхэм “Та нар ямар сонин улс вэ? Оюу толгой төслийг машинаар зүйрлэвэл шаварт суучихсан байсан. Шавраас татаж гаргахгүй бол машин унаагүй амьдрал хэцүүдчих гээд байсан цаг. Хүн хүчээ шавхаж байгаад татаад гаргаад ирэхээр та нар ямар их шавар болгоо вэ, яах гэж хоёр трактораар татсан юм, яагаад троссыг нь хоёр удаа тасалчихав, хэдэн хүрз хугалчихав аа, татдаг төмөр нь муруйсан байна шүү дээ гээд байх юм. Тэр машин чинь одоо сүнгэнэтэл давхиад бид унаа машинтай дажгүй амьдраад байна” гэсэн утгатай үг хэлсэн байна лээ.


Categories
мэдээ цаг-үе

Л.Наранбаатар: “Coal Mongolia” Зүүн Азийн нүүрсний салбарынхны сонирхлыг татаад эхэлчихлээ

Уул уурхайн эдийн засагч, “Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч Л.Наранбаатартай ярилцлаа.

-Энэ жилийн “Coal Mon­golia” чуулга уулзалт нүүрс худалдан авагч тал буюу Хятадын бизнесмэн, хөрөнгө оруулагчид оролцохоороо нэлээд өгөөжтэй болох нь шиг байна. Чуулга уулзалтын онцлогоос ярилцлагаа эхэлье?

-Өнгөрсөн зургаан жил бид нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийг их хэмжээгээр нэмэгдүүлэх зорилготой ажилласан. Зургаан жилийн ажлаа эргээд харахаар тодорхой зорилго маань биелсэн байна л даа. Зөвхөн нүүрс экспортын баримжаатай уурхайнуудын олборлолтын хүчин чадал гэхэд л нийлээд 60 сая тоннд хүрчихлээ. Гэтэл энэ хэрээр худалдаагаа хийж чадахгүй байна. 2016 онд 25.6 сая тонн нүүрс экспортолсон. Уул уурхайн салбарын 95 жилийн түүхэнд гараагүй рекорд. Гэтэл 2017 оны эхний хагас жилийн байдлаар 19.5 сая тонн нүүрс экспортоллоо. Оны эцэст 45 сая тоннд хүрэх төлөв бий. Энэ хэмжээнд хүрч цойллоо ч уурхайнуудын хүчин чадал, ашиглалт 70, 75 хувьтай байна. Худалдааг дэмжихийн тулд нүүрсний салбарын тээвэр, ложистик, хил гаалийн зохион байгуулалтыг сайжруулахгүй бол явахгүй нь анзаарагдаж байна л даа. “Coal Mongolia” –г өмнө нь зөвхөн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэдэг байсан бол энэ жилээс худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих нүүрсний салбарын олон улсын чуулга уузалт болгож зорилгоо томсгож байна. “Coal Mongolia” –гийн хувьд зөвхөн Монголд танигдсан хурал биш болчихлоо.

-Азийн зах зээлд танигдсан хурал болж чадсан гэж хэлэх гээд байна уу?

-Зүүн Азийн нүүрсний салбарын том хурлын нэг болж байна. Манай улсын нүүрсний экспорт энэ жил 40 сая тонн хүрч, яг энэ хэмжээний нүүрсийг Хятад руу экспортолж чадвал урд хөршид нүүрс нийлүүлж буй өрсөлдөгч улсуудыг ардаа орхиж номер нэг тоглогч болох мөрөөдлийн зорилтдоо хүрэх гээд байгаа юм. Тэр утгаараа зөвхөн Монголын хурал биш Зүүн Азийн сонирхол татах хурал болж шинэчлэгдэж байна.

-Оролцогчид нь урд хөршийн худалдан авагчид байгаа нь манайханд давуу тал шүү…?

-Өнгөрсөн жилийн “Coal Mongolia” –гаас хойш худалдаагаа дэмжих зорилгоор нэлээд ажиллалаа. Нүүрсийг илүү үнээр худалдаж авах худалдан авагч бидэнд ус агаар мэт хэрэгтэй байгаа. Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаас хойш нэлээд судалгаа хийж, хурал арга хэмжээнүүдэд оролцож, нүүрсний эцсийн хэрэглэгчидтэй уулзлаа. Нүүрсний үнэ, эрэлт нийлүүлэлт, ирээдүйн чиг хандлагын талаар хамгийн бодитой судалгаа, үнэ цэнтэй мэдээлэл тавигддаг, 30 гаруй мянган харилцагчтай Хятадын номер нэг вэб сайтыг ажиллуулдаг “Финвэй энержи” компанийн төлөөлөл ирнэ. Энэ компанийн хувьд Хятадад эрчим хүчний болон коксжих нүүрсний зах зээл, үйлдвэрлэлийн чиглэлээр сонирхолтой хурлууд зохион байгуулдаг юм. “Coal Mongo­lia” тэдэнтэй хамтарч байна. Хятад болон Зүүн Азийн орнуудаас ирэх оролцогчдын борлуулалтын суудлын хувиа “Финвэй энержи”-д өгч байгаа. Монгол, ОХУ, Европ, Америкийн чиглэлийг бид өөрсдөө хариуцаж байна. Хоёр улсын нүүрсний ассоциацууд манай хурлыг харилцан дэмжиж ажиллаж байгаа юм. Ингэж ажиллана гэдгээ өнгөрсөн дөрөвдүгээр сард тохирч дөрвөн жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Үүний үр дүнд оролцогчдын тоо энэ жил харьцангуй сайн байна. Хурал болох заалны багтаамжаас хамаараад 200 зочин хүлээж авах боломж бий. Жар гаруй компани үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлсэн. Өнгөрсөн жилийн “Coal Mongolia”-д 500-600 хүн оролцсоны ихэнх нь монголчууд байсан юм.

-Энэ жилийн 200 гаруй зочны ихэнх нь гаднаас уу?

-Ихэнх мандатыг нь гаднаас оролцож байгаа компаниуд худалдаж авсан. “Coal Mongolia”-гийн мандатны борлуулалт хагас сарын өмнө дуусчихсан учраас шинээр зочин хүлээж авч оролцуулахад хүндрэлтэй байгаа. Хурлын тодорхой хэсгүүддээ зөрүүлж оролцуулах гэх мэтээр зохицуулалтын арга хэмжээ авч таарах байх. Ийм шалтгаанаар багахан хэмжээний зочдыг хурал болох өдрөө бүртгэж авч оролцуулна.

-Онцлоод хэлэхээр ямар илтгэлүүд байна?

-“Финвэй энержи” компани нүүрсний чиглэлийн консалтингийн зах зээлд байр сууриа тодорхой эзэлсэн. Энэ компанийн дэд ерөнхийлөгч Сара Хятадын коксжих нүүрсний зах зээл, эрэлт нийлүүлэлт, үнэ өрсөлдөөний талаар илтгэл тавина. Коксжих нүүрсний зах зээлтэй холбоотой мэдээллүүдийг Сарагийн илтгэлээс сонсох боломжтой. “Shanxicoking coal”-ийн төлөөлөл илтгэл тавина. Хятадын хамгийн том коксжих нүүрсний үйлдвэрлэгч л дээ. Манай өрсөлдөгч гэж хэлж болно. Өрсөлдөгч маань ирж манай улсыг яаж харж байгаагаа ярина гэсэн үг.

-Манай нүүрсний компаниудтай хамтарч ажиллах боломжуудыг ярих болов уу?

-Тийм боломж байгаа юм билээ. Жишээ нь “Shanxi cok­ing coal”-ийн дунд чанарын нүүрстэй Таван толгойн сайн чанарын нүүрсийг хольж өөр брэндийн бүтээгдэхүүн хийж гурав дахь зах зээлд гаргах боломж харагдаж байгаа.

-Зах зээл талаасаа нэлээд сонирхолтой илтгэлүүд тавигдах нь ээ?

-Тэгнэ. Хятад, Индонези, Австрали, Канад, Америкт салбар оффистой дэлхийд гэж яригддаг консалтингийн компани болох “S&P Global plats”-ийг төлөөлж Эдвин Ёо гэж хүн илтгэл тавина. Энэ компанийн судалгаа мэдээллийг олон улсын нэр хүнд бүхий банкууд болон Засгийн газрууд авч өөрсдийнхөө таамаглалд ашигладаг юм. Эдвин Ёо Монголын коксжих нүүрсний чанар, Хятадын зах зээлд эзлэх байр суурь, боломжийн талаарх судалгааг танилцуулна.

-Манай нүүрсний тоглогчид бас илтгэлээ тавих байх…?

-Мэдээж тэгнэ. “Эрдэнэс Монгол” компанийн захирал Ц.Түмэнцогт, “Энержи ресурс” компанийн гүйцэтгэх захирал Г.Батцэнгэл, “Очир-Ундраа” группийн төлөөлөл гэх мэт олон газраас илтгэлтэй. Манай платинум ивээн тэтгэгчээр ажиллаж байгаа“Мера”-гийн захирал Т.Гантөмөр илтгэл тавина. Нүүрсний гэрээт олборлолт болон тэсэлгээний үйлчилгээгээр Монголдоо тэргүүлэх байр сууринд оччихсон компани. Мөн тоног төхөөрөмжийн зах зээлд өөрийн гэсэн байр сууриа эзэлсэн, хорь гаруй жил уул уурхайн салбарынхантай хамтарч байгаа “Вагнер Ази”-ийн ерөнхий захирал илтгэл тавина. Үүнээс гадна хамгийн чухал нэг илтгэл бий. Хятадын “Нүүрс” ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Нүүрсний холбооных нь захирал Хятадын эдийн засгийн нөхцөл байдал, макро эдийн засгийн төлөв ирээдүйд ямар байхыг онцолно. Урд хөршийн одоо хэрэгжүүлж буй бодлого Монголын эдийн засагт яаж нөлөөлөх, Хятадын нүүрсний салбар хаашаа явах гэж байгаа талаар илтгэл тавина. Ганц модны боомт дээр нүүрс түгжирч байна гэж ярьдаг. Дөрвөн гарцаар нүүрс нийлүүлэхэд нэг гарцаар гаргаад байна гэсэн яриа анхаарал татаж байгаа. Луй Вей гэдэг хүн Хятадын Ганц модны өргөтгөл, шинэчлэл, худалдааны эргэлтийнх нь боломжийн талаар илтгэл тавина. Нүүрсний татвар хураамж, төлбөрүүдтэй холбоотой мэдээллийг ч хүргэнэ.

-Төр засгийн шийдвэр гаргах төвшний хэмжээнд ямар илтгэлүүдийг хаанаас тавих бол?

-Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл тээвэр ложистикийн шийдлийг оновчтой болгох талаар илтгэл тавина. Япон, Энэтхэгийн зах зээлийн боломжуудын талаар ч ярина. Монголд нүүрс боловсруулах, угаах асуудал анхаарал татаж байгаа. Одоогоор таван компани нүүрс угаах үйлдвэрийн төслийн ТЭЗҮ-ийг батлаад, зарим нь хөрөнгө оруулалтуудаа татаад үйлдвэрлэлийн барилга байгууламжаа барих ажлаа эхлүүлж байна. Монголын баяжуулсан нүүрсний бүтээгдэхүүн зөвхөн “Энержи ресурс” дээр яригдаж байсан бол одоо яригдаж буй таван компани нийлээд дор орчим арав орчим сая тонн нүүрсийг угааж боловсруулж гаргах хүчин чадалтай болох төлөв анзаарагдаж байна. Эдгээр компаниудад технологи нийлүүлэх компаниуд Хятадаас ирж байгаа. Чуулга уулзалтын хамгийн сүүлийн хэсэгт Эрчим хүчний яамны цаг гэж бий. Энэ үеэр салбарын сайд П.Ганхүү эрчим хүчний салбарт хэрэгжүүлж байгаа бодлогын асуудлууд, хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгнө. Түүний дараагаар Шивээ-Овоо болон Багануурын цахилгаан станцын төслүүдийг танилцуулна. Хамгийн сүүлд нэлээд сонирхолтой илтгэл бий. Сингапурын компани манай улсад нүүрснээс нийлэг хий гаргах төслийн ТЭЗҮ-ийг өөрийнхөө хөрөнгөөр боловсруулж, яаманд танилцуулсан байгаа юм билээ. Цаашид энэ төсөлдөө хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлж байгаа. Эцэст нь базаад хэлэхэд эрчим хүчний болон коксжих нүүрс, цахилгаан станц гэх мэт нүүрсний салбарын бүх л асуудлыг хамарсан 30 орчим илтгэл тавигдах гэж байна.

-Хурлын бэлтгэл хэчнээн хувьтай явж байна?

-Одоогоор 95 хувьтай байна. Долоо дахь удаа зохион байгуулагдах “Coal Mongolia” чуулга уулзалтын хувьд ирэх сарын 6-9-ний өдрүүдэд болно. Эхний өдөр нь нүүрсний уурхайн дунд шатны захирлуудад зориулсан сургалт семинартай. Дараа өдөр нь чуулганы үзэсгэлэн болон хурал эхэлнэ. 8-нд хурал нь дуусаад орой нь хүндэтгэлийн хүлээн авалттай.

-Нүүрсний салбарт тулгамдаад байгаа асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Хамгийн түрүүнд дэд бүтэц хэрэгтэй. Олон жилийн турш төмөр замаа барих гээд чадаагүй. Шалтгааныг нь хүн бүр мэддэг болсон учраас нэмэлт тодотгол хиймээргүй байна. Хэрвээ төмөр зам барих нь тийм урт хугацааны шийдэж чадахгүй асуудал болчихсон юм бол одоо байгаа Таван толгойгоос Гашуунсухайт чиглэлд паралель, хүнд даацын шинэ авто замын тухай асуудлыг хөндөхөөс аргагүй. Одоогийн авто замын хүчин чадал хүрэлцэхгүй байгаа. Дээр нь засвар үйлчилгээ хийх шаардлага бий. Өнөөгийн замаар хамгийн ихдээ 65 тоннын даацаар тээвэр хийх хүчин чадалтай. Ингэж тээхэд өдөртөө 2000 машин гаргаж байгаа. Паралель замын хувьд даацыг нь нэмэгдүүлэх хэрэгтэй. Хүнд даацын өргөн авто зам барих шаардлагатай. Тээвэрлэлтийг нь 130 тонноос доошгүй болгомоор байгаа юм. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн авто замын тээврийн өртөг 24-27 ам.долларын хооронд хэлбэлзэж байгаа. Паралель авто замын асуудлыг ярих юм бол жил хагасын дотор барьчих боломжтой. Нэг тонн нүүрсний тээврийн өртөг 6-8 ам.долларт хэлбэлзэх боломж байгаа. Өөрөөр хэлбэл паралель зам баривал тээврийн зардал буурна гэсэн үг. Бүр тодруулж хэлбэл төмөр замын тээвэртэй өрсөлдөж болохуйц давуу тал үүснэ.

-Нүүрсний үнийн өсөлт хэр хугацаанд үргэлжлэх бол?

-Энэ удаагийн цонх үе нэг хоёр жилээс хэтрэхгүй. Тээврээ богино хугацаанд шийдчихвэл бидэнд боломж бий. Тэр утгаар нь паралель зам гэж яриад байна л даа. Ер нь тэгээд дунд хугацаагаа харвал ганцхан төмөр замаар тээвэр хийвэл монополь байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр өрсөлдөхөөр авто зам, тээвэр ложистикийн шийдэл бидэнд хэзээд хэрэгтэй. Ирээдүйд төмөр замын тээврийн тариф хэт өндөр болоод байвал түүнээс бага өртөгтэй авто зам байх нь ашигтай. Урт хугацаанд дан автозамаар асуудлыг шийднэ гэдэг бас л хүндрэлтэйг өнөөдрийн нөхцөл байдал бэлхнээ харуулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аврагчийн дүрээр ирсэн ОУВС ер нь яах гээд байна?

Тээр жилийн цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалаас хойш Монгол Улс маань Төв банк, арилжааны банкууд гэсэн банкны хоёр шатлалт тогтолцоотой болсон билээ. Эхнийх нь бодлого боловсруулан хэрэгжүүлэх зохицуулагчийн чиг үүрэгтэй, сүүлийнх нь иргэдийн итгэлийг нь татсаны үндсэн дээр тэднээс мөнгөн хуримтлал буюу хадгаламжийг нь татаж, түүнээсээ эдийн засаг дахь санхүүгийн хэрэгцээтэй хэсэгт нь зээл өгч, дундаас нь ашиг олдог ашгийн төлөө хуулийн этгээд болсноос хойш олон ч жил өнгөрч.

Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Монголын эдийн засаг 30 дахин, гадаад худалдааны нийт эргэлт 10 дахин, улсын төсвийн орлого 40 дахин томорчээ. Ийнхүү аж ахуйн нэгжүүдийн бизнесийг санхүүжүүлж, иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангаж, ажлын байрыг нэмэгдүүлж, улсын төсвийн орлогыг өсгөж, эдийн засгийг томруулахад арилжааны банкууд “эдийн засгийн амин судас нь”, “судсаар гүйгч цусны эргэлтийг тасралтгүй хангагч нь” гэдэг утгаараа хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн байгууллага гэдэг нь маргашгүй үнэн юм.

Монголын банкууд энэ хугацаанд олон ч хямралын нүүр үзсэн юм. Банк санхүүгийн системийг бүхэлд нь хамарсан анхны хямрал 1997-1998 оны Азийн хямралтай давхацдаг бөгөөд 1996-2000 оны нэн хүнд бэрх цаг үед олон ч банк дампуурлаа зарлаж үүд хаалгаа барьсан байдаг. Дараа нь 2009 оны эдийн засгийн хямралаар Анод, Зоос гэх хоёр банк татан буугдаж, тэр нь банкны систем бүхэлдээ тогтворгүй байдалд ороход нөлөөлж байлаа. Тухайн үед банкуудын өөрийн хөрөнгө нь Монголбанкнаас тавьдаг шаардлагад ч хүрэхгүй болж, салбар бүхэлдээ хямралд өртөж байв. Хамгийн сүүлд 2012-2016 онд эдийн засгийн асар удааширсан, гүнзгий хүндрэл болоход харин ч банкны систем элдэв янзын эрсдэлд нэрвэгдэлгүй харьцангуй тогтвортой үлдэж чадав. Монголын бүх иргэн, аж ахуйн нэгжүүдийн мөнгө найдвартай хадгалагдсан хэвээр байв. Үүнд нэг талаас зохицуулагч байгууллагын хэрэгжүүлсэн бодлого нөлөөлсөн байх. Нөгөө талаас өмнө нь олон ч хямралын нүүр үзэж хатуужсан, “ухаан сууж” туршлагажсан банкууд өмнөх алдаагаа давтаагүй, эрсдэлээ сайн удирдаж ажилласан нь нөлөө үзүүлсэн нь дамжиггүй.

Ямар ч гэсэн сүүлийн 4-5 жилийн асар хэцүү цаг үеийг банкууд, тэдэнд мөнгөө хадгалуулсан иргэд, аж ахуйн нэгжүүд, банкнаас зээл авсан айл өрх, компаниуд маань давж гарчээ. Үүнийг банкуудын өөрийн хөрөнгө хүрэлцээтэй, иргэдийн анхны шаардлагаар мөнгийг нь гаргах, төлбөр гүйцэтгэх чадвар өндөртэй, чанаргүй зээл нь өссөн ч, тэрнийгээ тогтоон барьж удирдаж, цаашилбал чанаргүй зээлээ бууруулж чадаж байгаа, банкуудын олгож байгаа зээл өсч байгаагаас нь харж болно. Юутай ч 2009 оны хямралаас хойшхи хугацаанд Монголын банкуудын олгосон зээл тав дахин, нөөц хөрөнгө найм дахин, нийт хөрөнгө долоо дахин, банкуудад дотоодын иргэн, аж ахуйн нэгжийн хадгалуулсан мөнгө долоо дахин өсчээ. Эдийн засгийн өсөлт 17 хувиас нэг хувь болсон онцгой нөхцөлд ч банк тогтвортой үйл ажиллагаатай, боломжийн сайн үзүүлэлттэй ажиллаж ирлээ. Үүнийг мэргэжлийн хүмүүс эрсдэл даах чадвартай гэж нэрлэдэг. Мэдээж үүнд хямралын үед банкны системээ бүхэлд нь аварч авч гарах Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, УИХ, Төв банкны бодлого, шийдвэрүүд чухал нөлөөтэй байсныг хэлэх хэрэгтэй. Одоо бас юм бүхнийг үгүйсгэн харлуулж, цөөхөн монголчууд бие биенийхээ хийснийг муулж суух нь утгагүй юм. Хийсэн ажлыг хийснээр нь хүлээн зөвшөөрч сурах хэрэгтэй. Юу ч гэлээ хэдэн банкууд маань өнгөрсөн дөрвөн жилийн турш эдийн засагт тохиолдсон хар шуурганд нэрвэгдэж үхэж үрэгдсэнгүй, амиа аваад эсэн мэнд гараад л ирж. Амиа аварч гараад зогсохгүй Монголын эдийн засгийг цаашид улам томруулах их үйлсийг санхүүжүүлэхэд бүрэн бэлтгэлтэй, итгэлтэй, найдвартай харагдана.

Гэтэл 2016 оны сонгуульд ялалт байгуулсан, түүндээ хахаж цацсан, дангаараа эрх баригч МАН өнгөрсөн хугацааг үнэн зөвөөр үнэлж цэгнэхийн оронд, хямралын хүнд бэрх цаг үед олсон ололт, хүрсэн үр дүнг бататган үргэлжлүүлэхийн оронд, хийж чадаагүйг нь хийхийн төлөө зүтгэхийн оронд яг юу хийчвээ? Тэд өнгөрсөн бүхнийг буруутган яллах хийрхэл, солио өвчинд автаж, сүүлдээ жил хүрэхгүй хугацаанд бие биеэ албан тушаалын төлөө хөнөөх ажилд ханцуй шамлан орсоор бүтэн жилийн нүүр үзэв.

Тэд хямралын шалтгаан, үр дагавар, хямралын үеийн бодлогыг ойлгож мэдэх чадваргүй, ямар ч мэдлэггүйгээс болж жинхэнэ бодлогын алдаануудыг шат дараатай гаргаж эхэллээ. Үүний нэг нь эдийн засгийн хямралаас гаргагч аврагч бурхнаар Олон улсын валютын санг өргөмжилж, хэрвээ валютын сантай тохирсон үүрэг амлалтаасаа одоо буцвал дэлхийд, олон улсын хөрөнгө оруулагчдад, донор орнуудын Засгийн газарт, Монголтой эдийн засгийн харилцаанд ордог бусад орнуудад хамгийн муухай харагдах эрсдэлтэй байдалд Монгол Улсыг оруулж орхив. Олон улсын валютын сангаас мөнгө л авч байвал юуг ч байсан хамаагүй зөвшөөрөв. Эдгээрийн нэг нь татвар нэмэх бодлого байсан. Бүтэн 4-5 жил зовж зүдэрч, арай гэж амиа авч гарсан, орлого нь өсөөгүй ард иргэдээ, аж ахуйн нэгжүүдээ татвараар дарамтлаад, эрх баригчид өөрсдөө харин зардлаа багасгав уу гэтэл үгүй. Төсвөөс санхүүжүүлдэг хөрөнгө оруулалтуудыг царцааж, хүүхдүүдийг алагчлан үзэж, ахмадуудын тэтгэврийн насыг нэмж доромжлов. Гаргасан шийдвэрүүд нь ямар ч насгүй, эргэж буцсан шинжтэй байгаагаас олон нийтийн дургүйцэл, уур бухимдлыг төрүүлэв. Төрийн гэх шийдвэр бүр шүүх дээр очоод унадаг болов. Төр гэж байгаа юмуу гэдэгт хүртэл эргэлзээ үүсч тэр нь дэврэв.

Олон улсын валютын сангаас мөнгө л авч байвал банкны систем яах ийх нь хамаагүй гэж МАН үзэв. Эрх баригчдын сонгон шалгаруулсан Чехийн PWC гэх аудитын компани Монголын банкуудын зээлийг гадаадын стандартаар үнэлэх ажлаа нэгэнт эхлүүлжээ. Бүх зээлээ америк, европ стандартаар гаргадаг Монголын арилжааны банк гэж байхгүй нь ойлгомжтой. Тиймээс энэ шалгалт бүх банкинд бага зэрэг сөрөг, эсвэл сөрөг, эсвэл дэндүү сөрөг гэсэн нөлөө үзүүлэх нь дамжиггүй.

Мэдээж энэ шалгалтын мөрөөр банк болгонд өөр өөр үр дүн гарах байх. Гэхдээ л энэ шалгалтын дараа ашиг нь, өөрийн хөрөнгө нь, олгох зээл нь нүд ирмэх зуур шууд өсч, зээлийн хүү нь шууд буурчих нэг ч банк байхгүй. Зарим банкны хийсэн гэх ашиг нь тэглэгдэж алдагдалд орох биз. Зарим банкны өөрийн хөрөнгө буюу эздийн мөнгө дутагдаж, банкаа цааш оршин тогтнуулахын тулд хаанаас ч юм шинээр мөнгө олох шаардлага ч тавигдах байх. Зарим банк шууд татан буугдах ч биз. Ер нь олон улсын туршлагаас үзэхэд нэг иймэрхүү л юм болсон байдаг юм билээ. Юутай ч энэ үнэлгээ Монголын банкны системд эерэг нөлөө үзүүлэх гэхээсээ системийг бүхэлд нь муухай харагдуулах, системийн нэр хүндийг доройтуулах, банкууддаа шалгалт хийдэг Төв банкны нэр хүнд, түүнд итгэх итгэлийг бууруулах, бүр цаашилбал банкны системийг задалж нураах үр дагавар үүсгэх ч нигууртай байж болзошгүй. Бусад оронд ч бас ийм зүйл тохиолдож байжээ. Гэхдээ мөнгөтэй, хуримтлалтай оронд тэрнийг нь тэсвэрлээд даваад гардаг, шалгалтаас тэсч үлдсэн банкууд нь цаашлаад банк чигээрээ өсч хөгжөөд явдаг л юм байна. Харин мөнгөгүй, хуримтлалгүй Монгол шиг жижиг оронд банкууд, тэдний харилцагчид голдуу хохироод үлдэх вий дээ. Бүхнээ гадныхнаар заалгаж, бүх бодлогоо гадныханд өгчихсөн МАН үндэсний эрх ашгаа хамгаалж үлдэх үү? Эргэлзэж л байна.

Одоо нэгэнт галт тэрэг хөдөлсөн тул банкуудад хийж буй шалгалтыг аль болох хохирол багатай даван туулах ёстой болж байна. Эс бөгөөс энэ нь системийг тэр чигт нь нурааж ч мэдэх юм. Үеийн үед Төв банкууд өөрийн санхүүгийн салбарын тогтвортой байдлаа эрхэмлэн өмгөөлж хамгаалж ирсэн байдаг. Монголд 1996-2016 онд Монголбанкны Ерөнхийлөгчөөр таван өөр хүн ажиллажээ. Тэд банкны системийн тогтвортой байдал буюу эдийн засгийн амин судсыг хамгаалан бэхжүүлэх, тэр судсаар гүйх мөнгөн урсгалыг тасалдуулалгүй тасралтгүй явуулах хуулиар олгогдсон өөрсдийн үүргээ ухамсарлан ажиллаж ирсэн байлтай. Харин энэ удаад хэрхэхийг харах л үлдлээ.

Categories
мэдээ цаг-үе

М.Дагва: Буруу шийдвэр гаргаснаар хөрөнгө оруулалт үргэлээ гэж ярьдаг нь бидний гол алдаа

QMC группийн захирал М.Дагватай ярилцлаа.


-Хөрөнгө оруулалт харзнасан хүлээзнэсэн байдалтай болчихлоо. Хөрөнгө оруулалт татрахад нөлөөлөхөөр шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Сүүлийн хэдэн жил дотооддоо болон гадаадад хөрөнгө оруулалт татах чиглэлээр зохион байгуулагдсан арга хэмжээнүүдэд цөөнгүй оролцож, хүмүүстэй уулзаж ярилцаж, заримд нь өөрөө олны өмнө ч гарч санаа оноо ярьж явсан байх юм. Одоо ингээд анзаарч байхад бидний сэтгэхүйд нэг асуудал байна. Хөрөнгө оруулагчийг урина, урамшуулна гэж олон жилийн өмнө ярьж байснаа л өнөөдөр ч давтсаар л. Хөрөнгө оруулагч гэдэг жаахан урамшуулчихаар баярлаад хөөрөөд гүйгээд ирдэг гэсэн байдлаар ханддаг, түүнээс цаашхи ажлууд руу ордоггүй нэг тийм “залхуу” сэтгэхүй байна.

Хөрөнгө оруулагч гэдэг бүр багаар бодоход л хөрөнгөтэй болсон компани юм уу бизнесмэн, цаашилвал хөрөнгө оруулалтаар мэргэшсэн банк, сан байна биз дээ. Бизнесийн урт зам туулж байж хөрөнгөтэй болсон байж таараа. Бодол санаагаа удирдаж суртлаа мөнгө удирдах талаар санаад хэрэггүй гэж варрен Баффет гуай хэлсэн байдаг юм билээ. Тэгэхээр хөрөнгө оруулагчийг нэг шөнө бодож олсон схем дээр хөөрөөд ороод ирэх юм шиг санаж, тэр хавийн хэдэн арга хэмжээг нэг авч, нэг больж суугаадаа дүгнэлт хийх ёстой гэж бодож байгаа.

Адаглаад л хөрөнгө оруулагч гэж хэн бэ, сэтгэл нь юунд хөдөлдөг, юунаас болгоомжилдог юм бол гэдгийг судлах, цаашилвал хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлэх чиглэлээр юу хийх талаар нэгдсэн байр суурьтай болж авмаар санагдаж байгаа. Ингээд энэ асуудлыг сонирхоод ирэхээр надад ойлгомжтой болж ирж байгаа, хамгийн чухал зүйл нь юм байна гэж анзаарагдаж байгаа зүйл бол дэлхийн бүх улс орон хөрөнгө оруулалт татах чиглэлээр өрсөлдөж байгаа тул хөрөнгө оруулалт татах өрсөлдөөн дэх Монгол улсын давуу талыг бид яаж товойлгож гаргаж ирэх вэ гэдэг л юм билээ.

Гарцаагүй хэлэх ёстой өөр нэг зүйл бол буруу шийдвэр гаргаснаар хөрөнгө оруулалт үргэлээ гэж ярьдаг нь бас бидний нэг алдаа юм байна.Өнгөц харахад үнэхээр төрөл бүрийн буруу шийдвэр гаргаж хөрөнгө оруулах гэж ирсэнийг байтугайг нь үргээж л байна л даа. Гэхдээ энэхүү хэн нэгэн буруу шийдвэр гаргачихлаа, үргээчихлээ, харин би гарч ирээд засчихлаа гэх маягийн хандлага маань асуудал цөөхөн хэдэн хүнээс болоод байгаа мэт ойлголтыг бидэнд төрүүлээд, биднийг гол замаас маань хазайлгаад байна.

-Бодохоор өнцөг байна шүү. Яг энүүхэндээ гэж хэлэхэд бид мундаг мөнгөтэй хүнийг сайхан юм ярьж байгаад уриад авчрах түвшинд л хөрөнгө оруулагчийг хараад байгаа…?

-Ер нь тийм, тэгэж л харагдаад байна. Хөрөнгө оруулалт татахын тулд улс орнуудын хэрэгжүүлдэг арга хэмжээнүүдээс янз бүрээр туршиж үзээд л суугаад байгаа. Гэтэл харамсалтай нь өнөөдрийн цаг үед энэ нь хангалттай биш болсон шиг байна. Хөрөнгө оруулалт татах өрсөлдөөнд оролцох стратегитайгаа холбож, өрсөлдөж буй улсуудын авч байгаа арга хэмжээтэй уялдуулж, нягт, тууштай хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд л урт хугацааны дараах том үр дүнд хүргэнэ. Өнөөдрийн авч байгаа арга хэмжээний үр дүнд хөрөнгө оруулагчид бидэн рүү бөөнөөрөө нүүж ирэхгүй нь тодорхой байгаа тул бид тэдэн рүү нүүж очоод тэднийг таньж мэдээд, дагуулж авчрах чиглэлд ажиллах цаг болж.

-Хөрөнгө оруулагчдыг уншдаг мэдэрдэг хүн манайд байна уу?

-Хөрөнгө оруулалтын онцлогийг мэддэг мэдэрдэг, мундаг хөрөнгө оруулагч найзтай, хөрөнгө оруулагчийн хажууд тухайн хүнээ бүрэн танихаар урт хугацаанд хамт амьдарч, ажилласан монгол хүмүүс эхнээсээ бий болж л байгаа байх. Гэхдээ хувь хүн хийхэд ахадсан ажил юм биш үү. Том институцийн хийх ажил байх. Манай улсын хувьд хөрөнгө оруулалтын агентлаг гээд төрийн институци байгуулж ажиллуулж үзсэн.

-Миний хувьд Хөрөнгө оруулалтын агентлагийн үр дүн гараагүй гэж боддог. Таны хувьд ямар бодолтой байна вэ?

-Сонгуулийн циклээс шалтгаалан тогтвортой ажиллаж чадаагүй, стра-теги судалгааны хүчтэй байгууллагатай уясан тогтолцоо бий болгоогүй гэх мэт шалтгаанууд байсан учраас хангалттай үр дүн гараагүй гэж хардаг. Миний хувьд хөрөнгө оруулагчийг судалж ойлгоод, Монгол руу ороод ирж болохоор хэсгийг нь олж хараад, тэдэн рүү чиглэсэн ажил хийе гэвэл арай өөр институци байх ёстой гэж боддог.

-Хэн нэг хүчтэй хувь хүн биш хувийн институт ажиллавал хөрөнгө оруулалтыг наашлуулж чадна гэж ойлголоо…?

-Өргөн хүрээтэй ажлыг урт хугацаанд тууштай хийж байж хөрөнгө оруулалтыг бага багаар наашлуулах болов уу. Таны хэлснээр Аса аварга шиг хэн нэг хүчтэй,нэр хүндтэй хүн ганц, хоёр хөрөнгө оруулагчийг чирээд ирэх нь ирэх л байх. Гэхдээ нэр хүндтэй хувь хүмүүсээ хөрөнгө оруулалт татах том ажлын нэг хэсэг болгож ашиглахаас биш тэдэндээ бүрэн дулдуйдаж зүтгээд өрсөлдөөнд ялна гэж байхгүй.

-Хөрөнгө оруулагчдын сонирхож байгаа салбар дээр улстөрчид уул уурхай, хөдөө аж ахуй гэж ирээд талцдаг. Таныхаар хөрөнгө оруулалт татах боломжтой салбар юу вэ?

-Хөрөнгө оруулалт татах боломж бүх салбарт бий гэж харах нь зөв санагдаж эхэлж байна. Гэхдээ цаг хугацааны хувьд хэзээ вэ гэдэгт асуудлын гол нь байгаа юм. Хүн ам ихтэй, дундаж цалин багатай Энэтхэг мэтийн улс шиг хөдөлмөр оролцоо ихтэй үйлдвэрлэлийн салбаруудыг хөгжүүлж, тэдгээрт хөрөнгө оруулалт татна гэж зүтгэхгүй нь мэдээж. Хөрөнгө оруулалт татах өрсөлдөөнд давуу тал үүсгэж болдог түгээмэл 10 гаруй хүчин зүйлээс манайд заяагдмал нь коммодити гэгддэг зүйл, түүн дотроо байгалийн эрдэс баялаг. Гэхдээ уул уурхайг хөрөнгө оруулалт татахад бэлэн салбар гэж хүмүүс ойлгоод байгаа бол наанатай цаанатай асуудлууд бий шүү гэж хэлмээр байна.

-Яагаад? Хөрөнгө оруулалт татах хамгийн бодитой салбар гэж бүгдээрээ харж байгаа биз дээ.

Том хөрөнгө оруулагч авдартай мөнгө ачиж орж ирээд за яг хаана хөрөнгө оруулах вэ алив уурхай байгуулаадахъя гэхэд бид сандрахаар байна шүү. Үгүй ээ энд нэг бололцооны юм байгаа юм, гэхдээ хайх, үзэх, судлах хэрэгтэй байна гээд л дуу нь сулраад явчихна байх даа. Ирээдүйд төсвөөсөө мөнгө өгнө гээд дэд бүтэц дээр хөрөнгө оруулалт татах асуудлыг яриагүй шүү. Хөрөнгө оруулагч орж ирээд цоо шинэ бизнес бий болгож, бүтээгдэхүүн үйлдвэрлээд гадагшаа экспортолж, тэр нь эдийн засагт нөлөөгөө үзүүлдэг, Монголд илүү тулгамдаад байгаа тэр хөрөнгө оруулалтын тухайд ингэж хэлж байна. Энэ талаасаа уул уурхай боломжтой салбар. Монголд хоёр удаа доллар оруулж ирэх боломжтой салбар л даа. Эхлээд бэлэн мөнгөө барьж ирээд уурхай байгуулж хөрөнгө оруулалт хийдэг. Дараа нь экспорт хийж татвар зэрэг хэлбэрүүдээр төсөвт шинэ цус сэлбэдэг. Өмнө нь байгаагүй мөнгө цоо шинээр нэмэгдэж орж ирэх хөрөнгө оруулалт л бидэнд чухал.

-Уул уурхайд ер нь ямар төрлийн хөрөнгө оруулагчид мөнгөө хийдэг юм бол?

-Уул уурхайн салбарт 2 шаттайгаар хөрөнгө оруулалт хийгддэг гэж харвал асуудал арай цэгцтэй болж ирнэ. Уул уурхай дахь хөрөнгө оруулалтын экосистем илүү ойлгогдоно. Юм олдох олдохгүй нь мэдэгдэхгүй үед хөрөнгө оруулдаг хүмүүс байна. Тодорхой хэлбэл биржээс мөнгө босгоод азаа үздэг хөрөнгө оруулагчид. Тус бүрд нь салгаад харвал 5-10 сая доллар орчим мөнгийг тухайн улсад хөрөнгө оруулалт байдлаар авч ирж байдаг ч нийлүүлээд үзвэл том дүн гардаг. Энэ бол уул уурхайн салбарт хөрөнгө ордог эхний шат бөгөөд олон жижиг компани хэдэн жил бужигнаж байж ганц нэг том орд нээгдэнэ. Бидний хувьд эдгээр азаа үздэг нөхөдтэй харилцдаг харилцаа системгүй байна л даа. Нэг уриад, нэг хөөгөөд, дахиж уриад, тэгснээ эсэргүүцэж жагсаад өнөөг хүрчихлээ.

Нээгдсэн том ордод нь түшиглэж том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирдэг нь хөрөнгө оруулалтын хоёр дахь шат. Ингэж харах юм бол уул уурхайд хөрөнгө оруулалт татах ажил бараг 30 жилийн хөдөлмөр болох ёстой гэдэг нь харагдах байх. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт татахын тулд энэ үе шатууд зайлшгүй байх ёстой гэдгийг нийгмээрээ ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна.

-Хайгуулын компаниудыг эсэргүүцдэг хандлага хаа сайгүй байгаа. Тэгэхээр бид хөрөнгө оруулалтын сууриа тавьж чадахгүй л яваа юм байна. Хөрөнгө оруулалтын орчныг бүрдүүлэхийн тулд одоо яах ёстой вэ?

-Цахиурын хөндийд баахан компани бужигнаж байдаг. Их мөнгөтэй нөхөр очоод гэнэтхэн хөрөнгө оруулалт хийнэ гэхээсээ илүү ингэвэл, тэгвэл яах бол гэсэн санаа тээж, аз эз горилсон мөнгөтэй мөнгөгүй түмэн амьтан бужигнаж байж ямар нэгэн аятай санаа гардаг. Нэлээд хэдэн жилийн дараа ийм орчноос “Тесла” гэж том компани төрчихсөн байх жишээний. Түүнээс биш Элон Маск тэнд Өмнөд Африкаас тэрбум ам.доллар халаасалж очоогүй. Тэгэхээр сайн муу нийлээд бужигнаж байдаг, аль нэг нь цойлоход дэлхийд бизнес болж гарч ирдэг зүйлийг л хөрөнгө оруулалтын орчин гэж нэрлэж байгаа. Энэ өнцгөөс харахад манайд ямар ч хөрөнгө оруулалтын орчин байхгүй. Тодруулж хэлбэл бүгд бужигнаж байдаг орчин алга. Аль нь Элон Маск болохыг бид шалгаруулж тодруулна гэх маягийн л орчин байна.

-Татвар хөнгөлж, стандарт шаардлагыг нь намсгавал хөрөнгө оруулалт татах боломж хэр байдаг юм бол?

-Бусдын стандарт өндөр бол бид шалгуураа багасгаж байгаад хөрөнгө оруулалт татъя гэдэг аргыг аль дөч тавиад жилийн өмнөөс хэрэглэж байсан бололтой юм. Хөрөнгө оруулалт хаашаа илүү явж байгаа талаарх судалгаануудыг харахаар сул стандарт тавьж өгсөн газар руу хөрөнгө оруулалт урсдаг гэх ойлголт сүүлийн үед гээгдэх тал руугаа болж. Урт настай бизнес харж буй хүчирхэг хөрөнгө оруулагчид ийм сул орчин руу явдаггүй юм байна. Хятад улс эхлээд нөхцөл, шаардлагаа сул байлгаж хөрөнгө оруулалт татчихаад яваандаа стандартаа чангалж байна гэсэн тайлбар дуулддаг. Гэтэл урд хөршид мөнгөө хийсэн хөрөнгө оруулагчид бизнес хөгжих боломжтой том зах зээл гэдгийг нь хамгийн түрүүнд харж сонголтоо хийсэн байдаг. Тиймээс хялбархан өгөөшөөр хөрөнгө оруулагч татна гэдэг бол хэтэрхий гэнэн хандлага. Хялбар өгөөшинд хариуцлага муутай, мөнгө багатай хөрөнгө оруулагчид л орж ирнэ.

-Хөрөнгө оруулагчдын хамгийн их айдаг зүйл нь юу юм бол?

-Миний бодлоор хөрөнгө оруулагч юунаас ч айдаггүй. Харин эрсдлийн үнэлгээ хийнэ. Эрсдлээс нь давсан ашиг харагдахгүй бол сонголтоо хийдэггүй.

-Улс төрийн эрсдэл том шалтгаан биш үү?

-Түрүүний онцолсончлон эрсдлээс давсан ашиг байвал асуудалгүй ч харамсалтай нь улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал зэргийг үл ойшоон орж ирдэг хөрөнгө оруулалтууд эргэлзээтэй, нийтийн ашиг сонирхолд нийцэхээргүй хөрөнгө оруулалт талдаа байна. Ялангуяа улс төрийн тогтворгүй байдал нь тухайн улсын институциудэд итгэх итгэл, хуулийн хэрэгжилтэд итгэх итгэлийг бууруулдаг гэж үздэг юм байна.

Дотоодын зах зээл нь хэтэрхий жижиг учраас том хөрөнгө оруулагчид Монголыг сонирхдоггүй. Газар зүйн давуу талыг нь ашиглаад Орос, Хятад руу гарч болох уу үгүй юу гэж харж болох. Гэтэл хоёр хөрш маань юм хийх гэж байгаа бол манай нутагт орж ирээд хий гэсэн хүчирхэг бодлого хэрэгжүүлдэг. Тэр том бодлогын эсрэг “Манайд үйлдвэр барьчих, тэгвэл илүү ашигтай” гэж хэлээд итгүүлтэл асар хол зай байгаа. Хөрөнгө оруулагчид дөрөв, таван шалгуурыг харж хөрөнгө оруулах эсэхээ шийддэг юм билээ. Технологийн асар том давуу тал байна уу гэдгийг хардаг. Технологийн давуу талыг харж хөрөнгө оруулалт хийдэг хүмүүс Монголыг сонгохгүй нь ойлгомжтой. Асар том зах зээл байгаа эсэхийг хардаг. Бидэнд тийм давуу тал байхгүй. Энэ мэтээр шалгууруудыг жагсаагаад харахаар бид нэг л шалгуурт нь тэнцэж байгаа юм. Байгалийн баялагтай гэдэг шалгуур дээр нь л тогтдог.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголыг модоо барих эсэхийг МАН-ын бүлэг л шийднэ

Эдийн засгийн өсөлт 5.3 хувьтай гарлаа гэсэн өөдрөг мэдээ өнгөрсөн өдрүүдэд хөвөрлөө. Төсвийн гол ачааг үүрдэг уул уурхай нь Оюу толгойгоос өөр гялтайх төсөлгүй гэлдэрч яваа гэхэд бас ч гэж дажгүй өндөр өсөлт. ОУВС-тай найзалсан учраас эдийн засгийн өсөлт давгүй гарлаа гэх мэт тайлбар мэр сэр дуулдаж байна. Яадгаа алдсан улс л Валютын санд ханддаг, Валютын сан орж ирэхээрээ төсвөө хямгатай зар, татвараа нэм гэх мэт эдийн засгийг агшаах жижүүрийн хэдэн шаардлага тавьдаг гэдгийг захын хэн ч гадарлахтайгаа болсон цаг. Ядаж байхад өмнөх шигээ “Стэнд бай”-д хамрагдсан бол яахав гэхсэн. Тэрнээс ч дор, туйлдаа хүртлээ зүдэрсэн улсад хэрэгжүүлдэг хөтөлбөрт нь арай гэж багтсан улс Валютын сангийн хүчээр өндийчихлөө гэвэл хэтэрхий гэнэн дүгнэлт болно. Хүүхдүүддээ сар тутам өгдөг 20 мянган төгрөгөө боль, “приус” машины татварыг нэмэгдүүл гэсэн яль шальгүй шаардлагынх нь үр дүнд эдийн засаг өснө ч гэж юу байхав. Харин ч эсрэгээрээ ихэнх иргэдийн амьжиргааг залгуулдаг “приус”-ийн татвар нэмэгдсэний балгаар шатахуун бага иддэг япон тэрэгний үнэ хаданд гарчихсан. Татварыг нь буцаад буулгасан ч нэгэнт өссөн үнэ дахиж хэзээ ч газарддаггүй ченжийн эдийн засгийн балгийг энгийн иргэд үүрээд явж байна.

Валютын сангаас тавьсан дараагийн шаардлага бүр аймаар. Арилжааны банкуудын зээлийн барьцаанд багтдаг мал, хашаа байшин гэх мэтийг барьцаанаас хасах шаардлагыг тавиад буй. Хашаа байшингаа барьцаалж лангууныхаа барааг дүүргэдэг Дорж, мал хуйгаа барьцаалж үр хүүхдээ сургаж, амьдрал ахуйгаа цэгцэлдэг Дулмаагийн амьдрал хэцүүднэ гэсэн үг. Мал, хашаа байшинг барьцаанаас хасвал чанаргүй зээлийн хувь өндрөө авч, арилжааны банкууд эхнээсээ хаалгаа барьж эхлэх эрсдэл ч бий. Тэгэхээр Валютын сангийн хөтөлбөр хэрэгжсэн учраас эдийн засаг өндөр өсөлттэй гарлаа гэсэн тайлбар яаж ч бодсон үнэнд дөхөхгүй. Харин ч анхнаасаа Валютын сангийн хөтөлбөрт хамрагдахгүй байх бүрэн боломжтой байсныг эдийн засгийн 5.3 хувийн өсөлт харуулж байна. Товчхондоо өмнөх Засгийн үед хундаментыг нь чанартай цутгаад өгчихсөн учраас өдий дайны өсөлт үзүүлээд байгаа юм.

МАН-д нэг том гэм бий. Сонгуульд ялснаасаа хойш хийсэн алдаа нь ОУВС-гийн хөтөлбөр. Өнгөрсөн жилийн зун эдийн засаг өнгөлөг дажгүй, долларын ханш галзуураагүй номхон гэж жигтэйхэн л байсан. Ийм эдийн засаг хүлээж авчихаад элдэв муу мэдээ тарааж, Валютын сангийн хөтөлбөрт хамруулах гэж идэвхийлэн зүтгэсэн хүмүүс нь Монгол банкны ерөнхийлөгч, Сангийн сайд хоёр. Мэдээж тэд МАН-ын дохиураар хөдөлсөн. Ер нь эдийн засгийг сайн байлгах уу, муу байлгах уу гэдгийг мэддэг ганцхан субьект бий. Тэр нь эрх баригч нам. Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан улсаа ОУВС-гийн хөтөлбөрт хамруулахын тулд эдийн засгаа унагаж болдгийг жинхэнэ утгаар нь харуулсан. Эрх баригч нам эдийн засгийг яаж л бол яаж дохиурддагийн наад захын том жишээ. Тэгэхээр 2016-2020 оны Монголын эдийн засаг МАН-ын гарт байгаа гэсэн үг. Дахиад хэлье. 5.3 хувийн өсөлттэй яваа эдийн засгаа унагах уу, босгох уу гэдэг нь МАН-ын гарт байна. Уул уурхайн хэдэн том төслөө хөдөлгөчихвөл мөнгө олох боломж бас ч гэж бий. Гэхдээ өнөөхөндөө Оюу толгойгоос өөр тэр гээд хэлчихээр төсөл алга.

Нүүрсний үнэ өссөн учраас л Таван толгой зүгээс дажгүй мэдээ дуулдаж байна. Төмөр замаа барьчихсан бол өнөөдрийн олж байгаагаас хавьгүй их ам.доллар олох боломж бий. Хойд Солонгосоос нүүрс огт авахгүй гэсэн шийдвэр гаргасан урд хөршид хар алт шиг хэрэгтэй юм өнөөхөндөө алга. Гэтэл бид энүүхэндээ “Төмөр замгүй учраас” гэсэн зовлон тоочоод урд хөршийн хил дээр нүүрс ачсан машин эгнүүлээд бойтоглож сууна. Аль өнгөрсөн зуунд нүүрс тээврийн хэрэгсэл байсан автомашины цуваа 160 гаруй км-ын дараалал үүсгээд зогсч байгаа нь Австрали шиг том тоглогчдын хувьд хөх инээд нь хүрэхээр болхи төрх. Төмөр замын бүтээн байгуулалт өрнөж, угааж баяжуулах үйлдвэр босгож байж Таван толгойн нүүрс Австралитай эн тэнцүү, магадгүй хол илүүрхэж өрсөлдөнө. Зах зээлийнхээ ердөө хажууханд нүүрсний том ордтой нь бидний Австралиас ялгарах давуу тал учраас төмөр замаар сүнгэнүүлчихвэл тэднээс их хэмжээний өгөөж хүртэх боломжтой. Өнгөрсөн зууны хоцрогдсон тээврээр нүүрсээ зөөж байгаа учраас Монгол гэдэг улс нүүрсний зах зээлд жижиг харагддаг юм.

Таван толгойгоо төмөр зам, баяжуулах үйлдвэр гээд юутай хээтэй нь хөдөлгөж байж бид нүүрсний зах зээлд тоглогч гэж хүлээн зөвшөөрөгдөнө. Томоор хөдөлгөх гарцууд албаны түвшинд аль хэдийнэ яригдаж, даацтай хөдлөхөд нь “Сүмитомо”, “Шинхуа”-гаас эхлээд хамтаръя гэсэн ч улстөрчид нь хоорондоо тэмцэлдээд аль ч үгүй болгосон нь бодитой үнэн. Дээр байгаа хэдийн маань тэмцлийн агуулга тун ядруу. Товчхондоо хэн нь их идэх вэ гэсэн өрсөлдөөн Таван толгойг таг гацааж буй. Таван толгойг томоор нь хөдөлгөх сонирхол манай улстөрчдөд төрдөггүй нь ийм ядмагхан шалтгаантай.

Уг нь иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлье, ахиу доллар олъё гээд улстөрийн зориг гаргавал Таван толгой өгөөжөө өгөх төсөл. Оюу толгойг дагаж ямар олон компани ашигтай ажиллаж, хичнээн их хүн ажилтай, орлоготой байгаа билээ. Таван толгойд ч тийм боломж бүрэн дүүрэн бий. Таван толгойг хөдөлгөхгүй гацааж буй улстөрийн хоёр бүлэглэл байгаа нь тод харагддаг. Нэг талд нь төмөр зам бариулах сонирхолгүй улстөрч дээр нэмэх нь машинаар түүхий нүүрс зөөх нь бизнест нь хэрэгтэйг олоод харчихсан улстөрч энэ том төслийг гацаахад их том нэмэр болж буй. Нөгөө талд МАН-ын бүлэглэл ашиг хүртсэн шигээ аж төрж суугаа. “Эрдэнэс Таван толгой” компани Ж.Мөнхбатын хүмүүсээр дүүрснийг учир ойлгох хүмүүс хардаг, мэддэг. МАН-ынхан яагаад дуугардаггүй нь ч цаанаа учиртай гэх юм билээ. “Тэрийг минь ажилд оруулаад өгөөч” гэж хандсанд нь толгой дохиж, ийм тийм юм өгөөч гэсэнд нь гар сунгаж, баргийн гуйлтанд “үгүй” гэдэггүй чанар нь Таван толгойд эзэн суугч нөхрийг дархалсан гэх яриа дээд түвшинд дуулдаж л байдаг. Таван толгойн нүүрсийг ченжүүдтэй үгсэн түүхийгээр нь их хэмжээгээр гаргах хэрээр эрх мэдэлтнүүдийн халаас зузаардаг гэх яриа хөшигний ард өрнөхөө больж нэгэнт ил болчихсон үнэн. У.Хүрэлсүхийн бухимдаад байгаа нь ч үүнтэй холбоотой гэх мэссэж нисээд эхэлчихсэн. Энэ таамаг бодитой байх боломжтой. Хэт идээд буй хэсэгтээ хэн л дуртай байв гэж. Нэг тогоонд байгаа хүмүүсийн дунд гарах л зөрчил.

Өнгөрсөн засгийн үед улстөрчдийн талцлаас болж таг гацсан Таван толгойн хэлэлцээрийг энэ засгийн өнгөнд эхлүүлнэ гэсэн гоё яриа дуулдаад л өнгөрсөн нь ийм учиртай. Хэлэлцээрийн бичиг баримт өдгөө Уул уурхайн сайдын ширээн дээр тоосонд дараатай хэвтэж байна. Хөгжилд хамгийн их нөлөө үзүүлэх учиртай Уул уурхайн салбарын сайд уг нь яг өдийд хурц тод байх учиртай. Гэтэл таг чиг ажин түжин, чимээгүй, сайд нарыг тэргүүлж яваа нь хачирхалтай хэрэг шүү. Таван толгой дээр улстөрийн намуудын эрх ашиг ямар байдгийг цухас дурдлаа, бусад орд дээр ч иймэрхүү “чимээгүй тэмцэл” өрнөж буй учраас хөдөлж өгөхгүй байгаа юм.

Дараагийн том төсөл бол Цагаан суварга. Элон Маскийн эхлүүлсэн цахилгаан машин дэлхийгээр нэг сүнгэнэлдэх нь тодорхой болсон энэ үед хаданд гарах металлаар зэс нэрлэгдээд эхэллээ. Тонн нь арав гаруй мянган ам.доллараар үнэлэгдэх нь тодорхой гэж шинжээчид ам уралдуулж байна. Оюу толгой, Эрдэнэт дээр нэмэх нь Цагаан суваргаа ашиглаад эхэлбэл Монгол дэлхийн зэсийн зах зээлийн голлох тоглогч болно. Цагаан суваргаа ашигласан шигээ данайж суух боломж бидэнд байсан уу гэвэл байсан. Стратегийн ордод авна гэж зүтгээд, Цэцэд хандаж хөндлөнтөөд юм юм л болсон. Улстөрчдөөс үүдэлтэй балгуудаас болж нэгэнт эхэлсэн санхүүжилт нь гацаж, элдэв явдал өрнөснийг өнгөрсөн жилүүдийн хэвлэлийн хуудаснаас харж болно. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаа манай сонинд саявтар ярилцлага өгөхдөө “Асгатыг, ураны хэдэн ордыг эс тооцвол Таван толгойгоос өөр хөрөнгө оруулагч сонирхоод урагшлуулчих төсөл одоогоор алга. Цагаан суварга гэхэд Засгийн газрын урагшгүйгээс болоод олон жил зогслоо” гэж зүгээр ч нэг онцлоогүй.

Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгчийн харж байгаагаар одоогоор гялайж гялтайж буй төслүүд хайгуулын чиглэлд л байна. Уул уурхай элгээрээ хэвтсэн өнгөрсөн жилүүдэд тасралтгүй хэрэгжсээр ирсэн гурав, дөрвөн төсөл хайгуулынх. “Эрдэнэ ресурс”, “Занаду”, “Кинкорра” зэрэг компанийн хэрэгжүүлж буй хайгуулын төслүүд дараагийн буюу олборлолтын шатандаа шилжвэл уул уурхайн салбарт гэгээ татах найдлага байна. Гэхдээ бас нэг асуудал байна. Өмнө дурдсан гурван компанийн төслүүдийг эс тооцвол хайгуулын салбарт жижиг, дунд төслүүд амь орж өгөхгүй байгаа зовлон бий. Ассоциацийн ерөнхийлөгч Н.Алгаагийн “Өнгөрсөн жилүүдэд шинээр авсан тусгай зөвшөөрлүүдийн ихэнхийг хадгалж чадахгүй гэсэн шалтгаанаар буцааж байгаа юм билээ. Төлбөр нь өндөр учраас тэр. Нэг жил хадгалаад л буцааж байна. Тусгай зөвшөөрөлтэй холбоотой төрийн захиргааны үйлчилгээний хураамж ч маш өндөр болсон. Өмнө нь 150-250 мянган төгрөгөөр авдаг байсан бол одоо зөвхөн нэвтрэх эрх нь гэхэд 500 мянгаар яригдаж байна. Үүний дараа тусгай зөвшөөрлийн төлбөр яригдана. Тийм учраас нэлээд том, хүчтэй компаниуд, монополиуд үүсэх бололцоо л бүрдэж байна. Өмнө нь жижиг, дундуудад боломж байсан бол одоо хязгаарлагдмал болчихлоо” гэсэн үгийг анзаарахгүй орхиж болохгүй. Уул уурхайгаас их ашиг хүртэх эрх баригчдын зөрчилдөөн хайгуул олгох процесст хүртэл орчихоо юу даа гэсэн хар төрж байна.

Одоо Таван толгой буюу бусад том төслийг хөдөлгөж, хайгуулаа сэргээх том хөзрүүд эрх баригч намд л байна. АН талаас хичнээн шантааж, тэмцэл хийлээ ч УИХ-д үнэмлэхүй олонхи болсон МАН “Иргэдээ бодоод Таван толгойг хөдөлгөнө”, “Цагаан суваргаа тэдэн онд ашиглаж эхэлнэ”, “Хайгуулын салбарт компаниудыг том, жижиг гэж алагчлахгүй” гэчихвэл уул уурхайн салбар ямар ч асуудалгүйгээр өндийгөөд ирнэ. Ирэх өдрүүдэд нүүрсний том ордын ажил таг гацсан хэвээр байвал, Цагаан суварга хөдлөхгүй, хайгуулын салбар гурав дөрөвхөн төслөөс хэтрэхгүй бол МАН-ын шунал дуусаагүй байна гэсэн үг. Шуудхан хэлэхэд Монголыг модоо бариулах эсэхийг УИХ дахь МАН-ын бүлэг л шийднэ.