Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагвасүрэн: Компаниудыг ногдол ашгаа тараадаг болгоход хувьцаа эзэмшигчдийн санаачилга дутаад байна

Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газ-рын дарга Б.Лхагвасүрэнтэй ярилцлаа.


-Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас идэвхтэй арилжаанд ордог нь хэд вэ?

-2018 оны гуравдугаар сарын 21-ний байдлаар 300 хувьцаат компани Хороонд бүртгэлтэй байна. Үүнээс 65 ХК-ийн үйл ажиллагаа зогссон. Хөрөнгийн биржид бүртгэлтэй 219 хувьцаат компани байна. Идэвхтэй арилжаанд оролцдог нь цөөхөн шүү дээ.

-Энэ компаниудын хэд нь ногдол ашгаа тогтмол тараадаг бол?

-Үйл ажиллагаа явуулдаг компаниудын 2.5 хувь нь буюу зургаахан компани 2013-2018 оны хооронд буюу сүүлийн зургаан жил дараалан ногдол ашиг тараасан. Сүүлийн гурван жилд ногдол ашгаа тараасан гэвэл таван компани нэмэгдэнэ.

-Маш бага тоо байна. Ногдол ашгаа тараадаг компаниудыг нэрлээч?

-СЗХ бол төрийн байгууллага. Сайн, муу ямар ч жишээнд компаниудыг нэр зааж дурдах нь бизнест нөлөөлөх эрсдэлтэй.

-Биржид бүртгэлтэй ТОП 10 гэхэд л хувьцааных нь маш цөөн хувь иргэдэд байдаг. Том компаниуд дэргэдээ трейдинг компани байгуулж орлогоо хийгээд хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг тараадаггүй, сЗХ үүнийг нь өөгшүүлчихсэн гэсэн шүүмжлэлд та ямар хариу өгөх вэ?

-Энэ асуудалд хоёр байр сууринаас хандаж байгаа. Нэгдүгээрт, ерээд оноос хойш өнөөг хүртэл үндэсний томоохон компанийнхаа хувьцааг эзэмшиж өдий дайтай ажиллуулж яваа хүмүүст баярлах ёстой. Яг тэдэн шиг ажиллачихаар үндэсний хэд хэдэн том компани байсан ч дампуурсан жишээ өчнөөн гэдгийг та ч мэднэ. Маш олон жижиг хувьцаа эзэмшигчид нь төмөр, хадаас, модыг нь салгаж авсаар байгаад юу ч үгүй болгосон харамсалтай түүх бий. Хувьцааг хэт төвлөрүүлж авчихаад ногдол ашиг бага тарааж хувьцаа эзэмшигчдийг хохироосон асуудал өнөөг хүртэл яригдсаар байгаа нь бодитой үнэн. СЗХ-ны хувьд энэ асуудлыг аль болох цэгцлэх гэж хичээж байна. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг бол анхаарахгүй орхиж болохгүй асуудал. Хувьцаат компаниуд жил бүр хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж ногдол ашгаа тараах ёстой. СЗХ 2015 оноос хойш энэ чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

-Улсын их дэлгүүр түрээсээр асар их ашиг олж байж ногдол ашгаа өгдөггүй гэсэн гомдлыг хувьцаа эзэмшигчид нь тавьдаг. Ийм барим тавим асуудлыг шийдэх талд хэр анхаарч ажиллаж байгаа вэ?

-Өнгөрсөн жил гэхэд УИД-тэй нэлээд хэлэлцээр хийсэн. Хувьцаа эзэмшигчдийг хохироохгүй, ногдол ашгаа тарааж байх талаас нь зөвлөмжүүд өгсөн. Шийдвэрлэх хэмжээнд хүрсэн гэж бодож байна.

-Хэр өндөр ашигтайг нь шууд харчихаж болохоор ийм газар өдийг хүртэл хувьцаа эзэмшигчдэдээ ашиг хуваах тал дээр асуудал үүсгэсээр ирсэн гэхэд итгэмгүй санагддаг. Танд арай л санагддаггүй юу?

-Санагддаг. Гэхдээ гээндээ ч бий, гоондоо ч бий гэдэг шиг асуудлууд ч анзаарагддаг. Хувьцаа эзэмшигчид нь өөрсдөө гүйж очоод “Би танай түрээслэгч болъё. Хөнгөлж туслаач” гэж хандаад яриа хэлэлцээр хийчихдэг, дараа нь үүссэн жижиг сажиг асуудлаас үүдэж гомдол гаргадаг гэх мэт олон асуудал байдаг юм билээ. Энэ тохиолдолд иргэн хооронд асуудал үүсч байгаа биз. Тэгэхээр аливаа асуудлыг шууд харж, бүхнийг СЗХ мэддэг гэж хандах нь нэг талдаа өрөөсгөл хэрэг болчихож байгаа юм. “Муу л бол хойд талын хар овоохой” гэдэг шиг сэтгэхүй иргэдэд суучихаад байна л даа. СЗХ юм чинь санхүүтэй холбоотой бүх асуудлыг зохицуулна гэж боддог. Гэвч бүх юм хууль дүрэм заавартай. Энэ утгаараа СЗХ ирсэн гомдол саналыг журмынх нь дагуу л шийддэг газар. Түүнээс биш аливаа аж ахуйн нэгж, иргэний бүх асуудал руу шууд дайраад ороод байх боломж ямар ч субьектэд байхгүй. Гэхдээ нэг эерэг мессэж бий. Компаниуд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй ил тод сайн засаглалтай байвал хувьцаа гаргаж хямд санхүүжилт татах бололцоотой. Нээлттэй компанид л хөрөнгө оруулагчид буюу иргэд мөнгөө итгэж өгнө. Түүнээс биш бүх юмаа нуучихаад би 90 хувьтай, чи арван хувьтай бай гэвэл хэн ч хөрөнгө оруулахгүй. Харин компанийнхаа нийт хувьцааны 30 хувийг нийтэд арилжаалаад явцын дунд ахиад нэмж гаргая гэвэл хүмүүс сонирхоно. Энэ тохиолдолд “Над шиг олон хүн энэ компанийн хувьцаа эзэмшигч юм байна. Тийм учраас би хадгаламжин дахь мөнгөө ийш нь оруулъя. Энэ компани олон жилийн дараа өгөөж ашигтай ажиллаад эхлэхээр үр хүүхэд минь өндөр орлоготой амьдраг” гэсэн бодолтой хүмүүс олширно.

-Компаниудын хувьцаа эзэмшигчдээсээ ашгаа бултуулдаг “трейдинг”-үүдийг өөрчилнө гэхээр тусдаа компанийн асуудал учраас мэдээж хэцүү. гэхдээ хувь-цаа эзэмшигчдийн эрх ашиг зөрчигдөж байгаа гэдэг утгаар сЗХ ямар нэг шийдэл, зөвлөмж өгөх ёстой байх аа?

-Мэдээж, хувьцаа эзэмшигч-дийн эрх ашгийн асуудал яах аргагүй мөн. Энд ганц бодитой, хэрэгжиж болох гарц бий. Хувьцаа эзэмшигчид өөрсдөө санаачилгатай байх хэрэгтэй. Урт хугацаанд тухайн компанийн хувьцаа эзэмшигч байя гэж бодож байгаа бол жилд ганц удаа болдог хуралд нь маш идэвхтэй оролцох ёстой.

-Компаниуд хурлынхаа зарыг идэвхтэйгээр сурталчилж байж л хувьцаа эзэмшигчдэд хүрнэ. гэтэл сони-ны жижигхэн зайд хүн харахааргүй газар тавьчихдаг шүү дээ?

-Яг зөв асуудал хөндлөө. Зарлаад байгаа хэлбэр, тавьдаг санхүүгийн тайлан нь бэлгэ тэмдэг төдий болсон нь үнэн. Наад асуудлыг чинь хорооны удирдлагын хэмжээнд өнгөрсөн жилийн эцсээр хөндөж яриад мэдэгдэл хүргүүлсэн.

-Иргэдийн хувьд цөөхөн хувьцаатай болохоор хувьцаа эзэмшигчдийн хурлыг зорьж очихгүй байгаа тал бас анзаарагддаг…?

-Цөөхөн хувь эзэмшдэг болохоор ийм харилцаа үүсдэггүй тал байгаа нь мөн л үнэн. Тийм учраас СЗХ-ноос компаниудад дор хаяж 30 хувиа арилжаал гэсэн шаардлага тавьж байгаа.

-Тэгэхээр шинээр хувьцаагаа арилжаалж байгаа компаниуд дор хаяж 30 хувийнхаа хувьцааг арилжаалах нь гэж ойлгож болох уу?

-Тэгж ойлгож болно. Бид цаашдаа ч энэ чигээ барина. Хамгийн багадаа 30 хувийн хувьцаагаа санал болго, тэгж байж хөрөнгө оруулагчдын эрх ашиг хамгаалагдаж, компани нээлттэй ил тод болно гэсэн бодлогыг хорооны зүгээс барьж байна.

-Сүүлд IPO гаргасан “Монгол базальт” дээр гэхэд л хувьцааных нь үнэ доошилчихлоо, зах зээлд үнийн хөөсрөл үүсгэж, хөрөнгө оруулагчдыг хохироох нь гэх мэтээр тайлбарлах боллоо. Энэ хэр бодитой тайлбар вэ?

-Тэгж бодохгүй байна. Олон улсад тухайн улсын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг ДНБ-нд хэдэн хувь эзэлж байгаагаар нь хэмждэг. Монгол Улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн жилийн сүүлээр л ДНБ-ий есөн хувийг эзэлсэн. Гэтэл хөрөнгийн зах зээл нь хөгжсөн улсуудын хувьд энэ харьцаа тэс өөр. Хөрөнгийн зах зээлийнх нь үнэлгээ ДНБ-ээс нь хэд дахин илүү үнэлгээтэй байдаг. Тэгэхээр хөөс гарч, хохирол хүлээх нь гэх мэт яриа бодитой биш мэдээлэл.

-Гадаадын нэг хөрөнгө оруулагчтай ярилцаж байхад “Танай хөрөнгийн зах зээл богино зайны, мэргэжлийн биш тоглогч олонтой” гэж байсан. Богино хугацаанд өндөр ашиг олох гэсэн хүсэлтэй хүмүүс ийм яриа гаргаад байна уу?

-Тантай санал нэг байна. Сүүлийн үед шинээр гарч байгаа хувьцаан дээр богино хугацаанд тоглолт хийх явдал их ажиглагдаж байна. Богино зайны тоглогчдын хувьд тэгж хэлэх эрхгүй хүмүүс. Өөрсдөө дүрмээ мэдээд богино зайнд тоглож байж олон нийтэд нөлөөлөхийн тулд худлаа сенсацилж болохгүй. Зах зээлд сайнаар нөлөөлөх хандлага лав биш. Гэхдээ бид анализ хийж үзнэ. Ер нь хөрөнгийн зах зээлд цаашдаа өчнөөн боломж бий. Хүний хэрэгцээ шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд хөрөнгийн зах зээлээс хямд эх үүсвэр босгоосой гэж хүсэж байна. Хувьцааны үнийн өсөлт, уналт байдаг л асуудал. Юунаас болж өсч унаад байна вэ гэдгийг судалж үзэх ёстой. Үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэх гэж мөнгө босгосон компанийн хувьд өгөөжөө харахын тулд дор хаяж нэг жил, түүнээс ч олон жил шаардагдана.

-СЗХ бидний төлөө хөдөлж өгөхгүй байна гэсэн шүүмжлэл давтамжтай сонсогддог. Энэ хэр бодитой шүүмжлэл бол. Хууль эрх зүйн орчноос болоод яах аргагүй хашигдаад байна уу?

-Би энэ албандаа хоёр жил ажиллаж байна. Анх ажлаа эхлэхэд “Хууль дүрэм нь хэрэг алга, боож хаагаад хэцүү байна” гэсэн хүмүүс их орж ирдэг байсан. Үнэхээр тийм юм болов уу гээд судлахаар хэцүү юм байдаггүй. Тухайн компани хууль эрх зүйн орчноо бүрэн дүүрэн бүтэн нэг эргээгүй гэсэн шалтгааныг л олж хардаг. Хуулийг дуустал нь ашиглаад, ургаж гарсан асуудал дээр нь дөрөөлөөд санаа оноо гаргавал өөр шүү дээ. Тэгэхгүйгээр дунд нь нэг жижиг уул тааралдангуут хормойгоо шуугаад байвал хэцүү.

-ТэгвэлсЗХ бүрэн эр-хийнхээ хүрээнд ажиллахад хууль зүйн талаас ямар ч бэрхшээл, асуудал байхгүй гэж ойлгож болох уу?

-Би тэгж хэлэх гээгүй. Асуудал мэдээж бий. Хамгийн гол нь тухайн асуудлыг туршиж үзээд гарсан кейс дээр нь ийм байна гэж ярих хэрэгтэй. Ихэнх тохиолдолд жижиг сажиг асуудлаа давж чадаагүйнхээ төлөө бурууг гаднаас хайгаад байгаа анзаарагддаг. Тэр буруутан нь эзэн биегүй хууль болчихоод байна л даа.

-гэхдээ сЗХ ямар нэг бодлогын юм гаргадаггүй, бүртгэсэн, зөвшөөрсөн гэх мэтээс хэтэрдэггүй гэсэн шүүмжлэл ортой л сонсогддог. Хууль зүйн талаас нь харахад хүчтэй ажиллаж болохоор газар гэж ойлголоо, зөв үү?

-Хууль зүйн хүрээнд хашигдсан, боогдсон зүйл байхгүй. Хууль талаасаа эрхээ хэрэгжүүлээд ажиллах боломжтой газар гэж хардаг.

-Тэгвэл хүчгүй байлгах сонирхол байдаг юм биш үү?

-Тийм гэж шууд хэлэх аргагүй. Ор тас үгүйсгэх ч аргагүй. Зарим талаар санал нийлж байна.

-СЗХ хөрөнгийн зах зээлийн хөрөнгө оруулагчдын талд бүрэн ажиллаж шийдвэр гаргаж чадаж байгаа юу?

-Хамгийн түрүүнд хөрөнгө оруулагчаа буюу иргэдээ боддог нь бидний баримталдаг гол зарчим. Тэр утгаараа хувьцаагаа арилжаалах гэж хандсан компаниудад “Хөрөнгө оруулагч танд яагаад итгэх ёстой вэ” гэж асуудаг, тэр үүднээс танилцуулгыг нь нарийн нягталж судалсны эцэст шийдвэрээ гаргадаг. Хөрөнгийн зах зээл дээрээс олон нийтээс мөнгө татаж болох нь гэсэн хандлага илэрхий ажиглагдаж байна. Нөгөө талаас хөрөнгөө оруулаад өгөөж хүртэх боломж ч харагдаж байгаа.СЗХ-ны Үнэт цаасны газрын хувьд хүмүүсийн итгэл сэргэсэн нь сайшаалтай ч бодит байдал дээр чанарын өсөлт биш гэж дүгнэж байгаа. Юуны түрүүнд хувьцааны хөрвөх чадвар чухал. Компанийн хэдэн хувь нь олон нийтэд арилжаалагдаж байна вэ гэдэг маш чухал асуудал.

-Танайхаас IPO гаргах гэж байгаа компаниудад ямар шалгуур тавьдаг вэ?

-Компаниуд эхлээд биржүүдэд үнэт цаасаа бүртгүүлж, биржийн зүгээс болж байна гэвэл манайх руу дүгнэлтээ ирүүлдэг. Тэр үед нь бид компанийн танилцуулгыг үзэж эхэлдэг. 2013 оноос өмнө манайх эхлээд танилцдаг байсан юм. Энгийнээр хэлбэл бирж бол дэлгүүр. Ирсэн барааг зарахад анхаардаг газар гэсэн үг. Эцсийн хариуцлагыг бирж биш үнэт цаасны танилцуулгыг хийсэн андеррайтер, аудит, хууль, үнэлгээний компани, СЗХ хариуцдаг гэдэг утгаараа бараа хэр чанартайг СЗХ шийддэг.

-Тэгвэл танайхаар эхэлж явдаг зарчим нь зөв байж дээ?

-Уг нь тийм. Гэхдээ эцсийн шийдвэрийг манайх гаргаж байгаа нь хэвээрээ. Сая гэхэд хоёр ч компани биржээс зөвшөөрөл аваад ирсэн. Материалыг нь үзэхээр нэг нь компанийн нийт хувьцааныхаа 15 хувийг гаргана гэсэн байсан л даа. Нийтэд 25, 30 түүнээс дээш хувиа санал болгож байж компанийн засаглалын нээлттэй, ил тод байдал сайжирдаг гэсэн олон улсын байгууллагын зөвлөмж бий. Бид энэ мэт үндэслэл хэлж буцаасан. Гурван сарын дараа бүх материалаа шинэчлээд 30 хувиа заръя гээд орж ирэх жишээний.

-Хувьцаа худалдаж авсан хөрөнгө оруулагч хохирвол яах вэ. IPO шинээр гаргасан компаниуд Хөрөнгийн зах зээл дээр байдаг компаниуд шиг дэргэдээ трейдинг компани байгуулаад хамаг ашгаа хийгээд явах эрсдэл бий юу?

-Шинээр IPO гаргаж байгаа компаниуд явуулах үйл ажиллагаа, олох ашиг, хүртээх ногдол ашиг гэх мэт нарийн тоонуудыг хугацаатай нь товлосон бизнес төлөвлөгөөтэй орж ирдэг. Манайхаас тэр бүхэнтэй нь танилцаад арилжаалах зөвшөөрөл өглөө гээд тогтоол гаргадаг юм. Тэр тогтоол дээр бүгдийг нь нэг бүрчлэн үүрэгжүүлж, хүлээх хариуцлагуудыг нь зааж өгч байгаа учраас тийм эрсдэл гарахгүй.


Categories
мэдээ цаг-үе

Б.Лхагважав: Татварын багц хуулийн өөрчлөлт эдийн засагт өсөлт авчирна

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Татварын багц хуулийн төсөлд бизнес эрхлэгчдийг дэмжсэн заалтууд багагүй туссан гэж дуулдсан. Энэ удаагийн багц хуулийн онцлогоос ярилцлагаа эхэлье?

-Энэ удаагийн багц хуулийн гол онцлог бол эдийн засагт өсөлт авчирна. Нөгөө талаас татварын эрх зүй гэж бий. Шударга ёсны хэмжүүр эрх зүйгээр л илэрдэг. Шүүх засаглал, хүчний байгууллагууд татварын багц хуулийн эрх зүйг ашиглаж шударга ёсны хэмжүүрийг гаргаж ирэх ёстой. Нөгөө талаар зах зээлийн шударга ёс гэж байна. Монголд бий болж буй баялгийг хамтран бүтээлцэх, баялгийн хуваарилалтаас тодорхой хэмжээний үе шаттайгаар хүртээмжтэй байх тухай асуудал бий. 27 жил үйлчилсэн татварын системийн үндсэн үүргийг харахаар аж ахуйн нэгжид маш их ачаалал өгсөөр ирсэн. Ийм шалтгаанаар бүртгэлийн ажиллагаа, санхүүгийн тайлангуудын ажиллагааг хялбаршуулж, энгийн болгох тал руу нь хандуулж байна. Энэ бол татварын багц хуулийн хоёр дахь онцлог. Гурав дахь онцлог нь компаниудад өсч дэвжих боломж олгохыг зорьсон явдал.

Оюу толгой, MCS, ТҮЦ гурав ижил гараанаас эхэлдэг. Ийм тохиолдолд компани өсч дэвжих боломжгүй. Монголын 157 мянган компанийн 90 хувь нь өнөөдөр 1-9 хүнтэй байна. 27 жилийн процессийг харахад компани өсдөггүй, өндийдөггүй орчинд бид амьдарч байна. Багц хуулийн дараагийн онцлог нь татварын процесс. Татвар хэдийгээр бага ч татвар авч буй процесс, үүнийг дараа нь ашигладаг үйл явц маш хүнд байдаг.

-Дараа нь ашиглаж байгаа үйл явц гэдгээ тодруулаач?

-Товчхондоо дарамтлах гэж хэлж болно.

-Компаниудад томрох боломж олгохгүй байна гэж та сая ярилаа. Компаниуд жижгэрсэн шалтгаан нь юундаа байна?

-Татварын хуульд янз бүрийн тоо оруулж ирээд компаниудаа жижиглэчихсэн юм. Өмнө нь НӨАТ 10 саяын босготой байсан. 10 саяын босгон доогуур нь орох гэж Монголын хэдэн мянган компани жижгэрсэн. 50 саяын босго тогтоож НӨАТ-ыг үндсэн философиор нь ажиллуулаад хоёр жил л болж байна. Өнөөдрийн байдлаар 88000 цэгт НӨАТ бүртгэж байгаа. 1700 байсан цэг ингэж огцом өссөн. Өөрөөр хэлбэл орлогын эх үүсвэрүүдээ бүгдийг нь бүртгэж эхэлсэн гэсэн үг. НӨАТ бол зөвхөн бүртгэлийн систем. Ирэх өдрүүдийн тухайд 88000 бүртгэлийн цэг дээр Аж ахуйн нэгжийн болон Хувь хүний орлогын албан татварын хуулиараа дараагийн симфонийг тоглоно. Ингэж тоглохдоо иргэдийнхээ аж ахуй эрхлэх эрхийг нь аль болох хамгаална. Татварт хамаардаггүй маш олон бүлэг бий. Жишээ нь малчид. 600-700 тэрбум төгрөгийн махны бэлтгэл, ноос ноолуурын худалдаа байна. Дараагийн үе шатандаа очихдоо хүртэл татварт хамаардаггүй. Татварт хамрагдахгүй явдаг үйл явц маш их байна. Үүнд анхаарах цаг болсон. 2016 онд НӨАТ-аар 207 сая талон хэвлэгдэж 35 их наяд төгрөг тэмдэглэгдсэн. 2017 онд 247 сая талон хэвлэгдэж, 56 их наяд төгрөг тэмдэглэгдлээ. Ганцхан жилийн дотор НӨАТ-ын тэмдэглэсэн мөнгө 20 гаруй их наяд давсан байгаа биз. 20 их наяд гэдэг бол асар том мөнгө. Шинэ системд орох цаг болсныг энэ тооноос харж болно. Технологийн хувьд ч том дэвшил гарсан. Ухаалаг утас хэрэглэдэг хүний тоо бараг 1.8 сая байна.

-Компаниудыг өсч томрохыг дэмжсэн ямар заалтууд багц хуулийн төсөлд туссан бэ?

-Жилийн 50 саяын орлоготой компани жилдээ нэг удаа тайлан гаргаж орлогынхоо нэг хувийг л татварт өгч болно. 50 саяас 1.5 тэрбум төгрөгийн орлоготой бол жилд хоёр удаа тайлан гаргаж өгсөн татварынхаа 90 хувийг буцаагаад авах юм. НӨАТ-ын хувь буцааж авдагтай яг адилхан механизм. Ямар ч хүнд сурталгүй. 1.5 тэрбумын орлоготой гэж үзэхэд нийт компанийн 90-ээд хувь хамрагдана. Хөдөлмөрийн зах зээлийн хувьд 600 мянган хүний ажлын байрыг энэ компаниуд гаргадаг. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2006 оны хуулиар гурван тэрбумаас дээш орлоготой бол 25 хувийн татвартай байсан. Сангийн яам зургаан тэрбум төгрөг болгож Засгийн газар, УИХ руу орууллаа. МҮХАҮТ-ын хувьд хоёр, гурван жилийн өмнөөс арван тэрбум гэж яриад байгаа. Хэдээр яаж тогтоох нь УИХ-ын мэдэх хэрэг л дээ. Гэхдээ 2006 оны гурван тэрбум төгрөг чанараараа бол өнөөдрийн 10 тэрбумаас ч үнэтэй. Инфляциас болж өндөр татвар төлнө гэдэг гамшиг. Баялаг их бүтээгээд өндөр татвар төлж байвал өөр хэрэг. Гэтэл мөнгөний ханш 2012 оноос хойш бараг хоёр дахин уначихсан. Үүнээс болж гурван тэрбумаар босго давсан компанийн бүтээмж сайжраагүй. Өөрөөр хэлбэл мөнгөний ханшийн уналтаас болж өндөр татвар руу орж байна.

-Компаниуд руу чиглэсэн анхаарал татахаар өөр ямар өөрчлөлт төсөлд суусан бол?

-Татварын процесс дээр сайн ажилласан. Өмнө нь татвар төлөгч, татвар авагч хоёрын дунд хүндрэл байсан. Хүндрэл гарахад Маргаан таслах зөвлөлөөр явдаг. Сүүлд Зөрчлийн хууль батлагдсаны дараа энэ хүндрэл бүр ихэссэн. Тийм учраас аливаа маргааныг татварын систем дотроо шийдье гэж зорилоо. Хоёр шаттай маргаан таслах зөвлөлийг нэг шаттай болгож, Захиргааны хэргээрээ яваад шийддэг механизмыг суулгаж өгсөн. Зөрчлийн хуулийн санкциар явбал хэцүү байна.

-Зөрчлийн хууль татвар талд ямар хүндрэл үүсгээд байна?

-Он гараад сөрөг тал нь мэдрэгдээд эхэлчихсэн. Хоёрдугаар сарын 15-наас хойш X тайлантай компаниуд хүртэл тайлан гаргаж өгөх ёстой болж байна. Тайлангаа гаргаж өгөөгүй бол Зөрчлийн хуулийн дагуу 1.5 сая төгрөгөөр торгуулна. Ямар ч орлогогүй учраас тайлан гаргаагүй хүнээс тайлангаа гаргаж өгсөнгүй гэж 1.5 сая төгрөг авна гээд бод доо. Энэ мэт хүндрэлтэй асуудал олон байна. Шийдэхгүй бол прокурор хянадаг болсон. Тийм учраас татварын асуудал дээр прокуророор биш, Захиргааны хэргийн шүүхээр явдаг болъё гэж байгаа. Маргаан таслах зөвлөл яваандаа Татварын шүүх болох ёстой. Татвар бол нийгмийн маш эмзэг харилцаа. Захиргааны хэргийн шүүх, прокуроор яваад шийдэх нь маш олон асуудал дагуулдаг.

-Та ярилцлагын эхлэлд татварын багц хуулийн өөрчлөлт эдийн засагт өсөлт авчирна гэсэн. Энэ талаараа тодруулж яриач?

-Эдийн засгийн өсөлт ойрын хоёр жилдээ тогтвортой, цаашдаа өснө гэсэн зурагтай байна. Энэ ашгийг иргэн, аж ахуйн нэгж бүрд хүртээмжтэй байлгах ёстой. Татварын багц хуулийн энэ удаагийн өөрчлөлтийн нэг том чиг нь энэ л дээ. Эдийн засаг 17 хувь өссөн түүх бидэнд бий. Тэр өсөлтөө бид микро эдийн засаг руу шингээж чадаагүй. Учир нь банк, татварын системээ өөрчилж чадаагүй юм. Өнгөрсөн өвөл банкны багц хууль батлагдсан. Одоо Татварын багц хууль батлагдчихвал эдийн засгийн өсөлт айл бүрийн хаалгаар орж эерэг нөлөө үзүүлнэ. Өөрөөр хэлбэл бид эдийн засгийн өсөлтийг иргэн бүрт хүргэнэ.

-Хууль батлагдсаны дараа гарч болох хүндрэл гэвэл юуг онцлох вэ?

-Хуулийн дараа 40 журам батлагдана. Өнгөрсөн түүхийг харахад татварын процесс их хүнд санагддаг. Шалтгаан нь 40 журамдаа байдаг. Хуулиа баталсны дараа журмуудаа гаргахад дөрвөөс таван сар хэрэгтэй. Татвар өгөгч, авагч, иргэдэд таниулах сургалтууд болно. Энэ маш хүнд процесс. Хугацаа шаардана. Журмуудаа даруйхан батлахгүй бол 2019 оны төсөв үйлчилж байгаа хуулийнхаа хүрээнд боогдоод ороод ирэх эрсдэлтэй.

-Хувьдаа мөнгө хийх сонирхолтой байцаагчид компаниудад өндөр дүнтэй акт тавьж дарамталдаг гэх мэт асуудлууд бий. Хуулиа сайжруулсан ч хэрэгжүүлэгчид нь ийм хандлагатай байхаар үр дүн гарах уу?

-Ч.Сайханбилэг, Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар гурвуулаа татварын системээс дарамтын систем рүү оруулахгүйн төлөө явсан, явж байгаа. Багц хуулиудын дараа Татварын ерөнхий хууль гэж гол хууль батлагдана. Татварын институцийг дотор нь авч үзнэ. Аль ч компанийн татварын тайланг нягтлан нь хийдэг. Нийгмийн даатгал, татвар, гааль руу өгөх ёстой мөнгийг нь өгдөг. Нэг нягтлан гурван үйлдэл хийдэг юм. Ганцхан сангийн байцаагчтай болчихъё, төртэй нэг л байцаагчаар дамжуулан харилцъя гэсэн саналыг компаниудын зүгээс тавьдаг. Энэ талд анхаарч байгаа. НӨАТ-ын систем дээр өндөр технологи ашиглаж эхэллээ. Хүнээс хамаардаг юм улам багасч байна. Блокчейн ороод ирвэл татварын байцаагчаас хамаардаг зүйл бүр багасна. Хоёрдугаар сарын 1-нд 650 мянган иргэн рүү яг нэг өдөр 78 тэрбум төгрөг шилжүүлсэн. Ямар ч хүнд сурталгүй өгчихсөн. Татвар авдаг, өгдөг системийг яг ингэж хялбаршуулна. Үүнийгээ дагаад татварын үндсэн институци өөрчлөгдөнө.

-Байцаагч нарын тоо 1000 хол давчихсан. Байцаагчдыг цөөлөх талд та ямар бодолтой явдаг вэ, энэ талаар багц хуульд тодорхой заалт, зохицуулалт туссан уу?

-Миний тооцоогоор бол байцаагчдыг маш их гэж боддог. Илүү нарийн ширийнийг хууль батлагдсаны дараа яривал зүгээр байх.

-Бизнес эрхлэгчдэд хэрэгтэй, УИХ-ын хэлэлцүүлгийн үеэр битгий унагачихаасай гэсэн заалтыг онцлооч?

-Сангийн яам хоёр сарын турш маш өргөн хэлэлцүүлэг өрнүүллээ. Хуулийн төсөл ийм өргөн хэлэлцүүлэгт орсон удааг санахгүй байна. Хэлэлцүүлгийн явцад багц хуулийн төслийн ус нэлээд шавхагдсан. Хоёрдугаарт, хэлэлцүүлгийн явцад лобби оруулаагүй. Танхим ийм зарчмыг анхнаас нь барьсан. Эдийн засагт нөлөөтэй салбарын лоббиг хэт оруулах нь утгагүй байдаг юм. Лобби орж ирвэл систем бүхэлдээ нурах эрсдэлтэй. Зөв суурь тавьж байгаа гэдэг утгаараа лоббиноос аль болох зай барьсан. Ний нуугүй хэлэхэд Сангийн яаманд ирсэн 5400 саналаас лоббитойг нь хассан. Үүн дээр Сангийн яам сайн ажилласан. Тийм учраас танхимын лобби тэр нь шүү гэдэг байдлаар ямар нэг заалтыг онцолмооргүй байна. Товчхондоо орлого олж байгаа бол татвараа төл, татвараа төлсөн бол зах зээлийн эзэн бай гэсэн гол зарчим л үйлчилнэ.

-Нэг бизнесээс нөгөө бизнес рүү шилжих явц их байгаа нь компаниудад томрох бололцоо өгөхгүй байна гэж та ярьсан. Энэ үзэгдлийг хуулиар зохицуулах боломжтой юу?

-Монголчууд байгалийн болон газар дээр байгаа баялгаараа ойрын үед нэлээд том эргэлт рүү орох бололцоо бий. Гэхдээ өмнөх нийтийн баялгаас ашиг олсон нөхөд хуушуурын бизнес рүү орж ирж эвддэг үйл явц их байдаг. Хуушуурын бизнес гэж нийтийн үйлчилгээний бизнесийг хэлдэг л дээ. Татварын хуулиас гадна аж ахуй эрхлэх лицензийн эрхийг хуулийн сайн зохицуулалттай болгох хэрэгтэй. Уул уурхай эрхэлж байгаа бол тэндээ л ашгаа хийгээд хөрөнгө оруулалтаа шингээх учиртай. Хямралын үеэр уул уурхайнхан үйлчилгээний бизнес рүү хэдэн сая доллар оруулж дөнгөж хөл дээрээ зогсч байсан компаниудыг үүдээ барихад хүргэсэн. Ийм үзэгдэл ажиглагдсан шүү. Төр гэж байгаа бол авсан эрхийнх нь хүрээнд бизнесийг нь хийлгэх цаг ирсэн. Татварын хуулийн дагуу энэ асуудлыг хөндөнө. Танхим судалгааны ажил руу нь орсон. Татвараа өгсөн хүмүүс төрөөс зах зээлээ хамгаалуулахыг л хүсдэг. Төр татвар, лиценз хоёроор л эдийн засаг руу орж ирдэг юм. Гурав дахь гол зүйл нь мөнгөний бодлого. Дөрөв дэх нь улсын төсөв. Улсын төсөв батлах үйл явц нь эдийн засгийн том тоглолт болдог. Энэ дөрвийг л онолын дагуу хязгаартай болгох ёстой.

-Ирэх өдрүүдэд танхимаас бодлогын түвшинд ямар санаа оноо, судалгаа санал болгох вэ?

-Тендерийн худалдан авалтын хууль хэлэлцэгдэж байна. Тендерийн хуульд танхимаас нэг зарчим барьж байна. Бид нийтийн мөнгийг цуглуулах үйл явцад идэвхтэй оролцож байгаа. Цуглуулаад өгчихсөн нийтийн мөнгийг эргүүлээд нийтэд зарцуулж чадаж байна уу гэдэг асуудал нь Тендерийн худалдан авалтын хууль. Тийм учраас танхимаас оролцоотой ажиллана. Бид саналаа хэлж байгаа. Мөнгөө ч цуглуулж авдаг, буцаагаад шударга хуваарилалт хийж чаддаг байвал нийгэм зөв явна. Үндсэн хуульд бид өөрсдийн концепцоо хэлж байна. Үндсэн хуульд нийтийн санхүү гэсэн ойлголт байдаггүй. Нийтийн санхүүгийн зохицуулалтыг УИХ-ын онцгой эрх рүү өгчихсөн. Төсөв, санхүү, мөнгөний бодлогыг нийтийн санхүү гэдэг. Үүнийг анхааралтай ажиглаж байна. Энэ бүхэн тусч байж Үндсэн хууль эдийн засагжина. Манай Үндсэн хууль эдийн засагжаагүй. Тийм учраас нийтийн санхүү, төрийн нийтийн хамааралтай өмч гэх мэт гол зүйлүүдийн хяналт төр гэсэн ганцхан нэрийн дор нуугдчихаад байна. Төр улс төрийн намаар дамжуулж нийтийн гэх энэ том өмчин дээр эзэн суух гэж их оролддог. Үүнээс болж эдийн засаг унадаг.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Эрх мэдлийн парадокс

Хэнийг ч донтуулдаг эрх мэдэл гээчийн тухай шинжлэх ухаанч мэдлэг тань хэр зузаан бэ? Эрх мэдэл гэж юу болох, эрх мэдлээ удаан хугацаанд хадгалж үлдэхийн тулд яах ёстой, эрх мэдэлгүйчүүдэд илрэх сөрөг нөлөө, эрх мэдлээ алддаг шалтгаануудыг мэдэхийг хүсч байна уу? Нөлөөтэй, мэдэлтэй байхын учир шалтгааныг сонирхогчдод Америкийн нэртэй социологич Дачер Келтнерийн “Эрх мэдлийн парадокс” номыг зөвлөе. Б.Одсүрэнгийн орчуулгаар “Пийк паблиншинг” хэвлэсэн энэ номын зохиогч Дачер Келтнер бол Беркли дэх Калифорнийн их сургуулийн эрдэм шинжилгээний төвийн орлогч захирал, сэтгэл зүйч, профессор хүн юм.

Эрх мэдэл буруу зүг рүүгээ эргэхээр ямар байдалд хүргэдгийг зурагласан хэсгүүд нь их сонирхолтой. “Эрх мэдэлд толгойгоо мэдүүлснээр хүн бусдыг чин сэтгэлээсээ ойлгохоо больж, эргэн тойрныхоо хүмүүсийн бодол санаа мэдрэмжийг хайхрахаа больдог”, “Эрх мэдэлтнүүд өөрийнх нь талаар бусад хүн юу гэж боддогийг мартсан цагт нийгмийн сайн сайханд хор учруулахаар үйлдлүүд хийж эхэлдэг, эцэст нь эрх мэдлээ алддаг. Харалган байдал эрх мэдлийг дагалдах нь энгийн л зүйл”, “Эрх мэдэлтэй байх тусам өөрийнх нь үйлдэл бусдад хэрхэн тусч байгааг үл тоож ёс зүйгүй аашилдаг”, “Эрх мэдлийг хадгалж үлдэхдээ бусдыг хүндэтгэхээ мартаж болохгүй. Ямар ч хүн өгөөмөр зангийнхаа ачаар л эрх мэдэлд хүрдэг. Харин дараа нь шунахай сувдаг авир, амин хувийн хэрэгцээгээ хангах эрмэлзэлдээ бууж өгдөг. Талархаж, бусдыг хүндлэхийн оронд бүдүүлэг түрэмгий болдог” гэх мэт нээрээ л тэгдэг дээ гэж толгой дохимоор эшлэлүүд энэ номд цөөнгүй таарна.

Мэдээж эрх мэдэл хүнд зайлшгүй хэрэгтэй. Эрх мэдэлгүйгээ мэдрэх мэдрэмж наад зах нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг юм байна. Эрх мэдэл эрүүл мэндэд хамаатай гэх сонирхолтой нээлтийг аль ерээд онд хэсэг эрдэмтэд хийчихэж. Хүний нийгэм дэх байр суурь, боловсрол, эд баялаг, нэр хүнд зэрэг нь өвчинд нэрвэгдэх магадлалыг нэмэгдүүлдэг гэнэ. Амьдралынхаа эхний 25 жилийг ядуу зүдүү байдалд өнгөрөөсөн хүмүүсийн наслалт зургаан жилээр богиносдгийг мөн л судлаад нотолчихож. Амьдралаа ялж, баян чинээлэг боллоо ч насаа нэмэх ямар ч боломжгүйг баримт нотолгоотойгоор тогтоосныг “Эрх мэдлийн парадокс”-оос сонирхоорой. Амьдралын түвшин доогуур, эрх мэдэлгүй хүмүүс савны хорт хавдар, үе мөчний болон бусад архаг өвчний улмаас шаналдаг гэнэ. Судалгаанд хамрагдсан эрх мэдэлгүйчүүд эрх мэдэлтэйчүүдтэйгээ яг адилхан эмнэлгийн үйлчилгээ авч байсан хэр нь ийм үр дүн гарчээ. Эрх мэдэлгүйдэл, хүчин мөхөсдөл ямар нэг байдлаар мэдрэлийн эсийг эвдэж гэмтээдэг гэх мэт анагаахын судалгаа, нотолгоо ч энэ номд бий.

Дачер Келтнерын энэхүү номд эрх мэдлээ удаан хадгалах жор ч багтжээ. Түүний жор их энгийн. Бусдын зовлонг ойлгож, өгөөмөр хандаж, талархал илэрхийлж, эвлэрүүлэн нэгтгэсэн түүх ярих нь эрх мэдлийн маш том дархлаа. Даруу зантай хүн эрх мэдлээ удаан хадгалдаг гэж Дачер Келтнер хэлж байна. “Түүх намтар ярина гэдэг эрх мэдлээ хадгалах арга зам. Амьдралынхаа түүх намтрыг тодорхой ярьж, бусдыг уриалсан хүсэл тэмүүлэл өгсөн түүх ярьдаг хүмүүс ихэвчлэн илүү эрүүл чийрэг бие махбодтой байдаг. Өндөр настай болсон хойноо ч амьдралын зорилгоо гээдэггүй” гэх мэт санаж сэрмээр үг, өгүүлбэрүүдээр дүүрэн “Эрх мэдлийн парадокс” танд эрх мэдлийн утга учрыг таних ухаан өгнө гэдэгт итгэлтэй байна. Эцэст нь онцлоход эрх мэдлийг зөвөөр таньсан удирдагчтай улс орон хөгждөг, эрх мэдлийг буруу таньсан удирдагчтай улс ядуу буурай хэвээр аж төрдөг юм байна. “Эрх мэдлийн парадокс”-ыг уншаад хийсэн дүгнэлт маань энэ.


Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын төрийн соёрхолт түүхч О.Батсайхан: Хятадад дагаар орж тусгаар тогтнолоо алдсан зурвас үе Монголд бий

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэмтэн, Монгол Улсын төрийн соёрхолт, түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхантай ярилцлаа.


-Тусгаар тогтнолын төлөөх тэмцлийн түүхээс нэг үйл явдал анхаарал татдаг. 1915 онд Орос, Хятадын шахалтаар Монгол Улсыг Хятадын бүрэлдэхүүн дэх автономит буюу өөртөө засах эрхэт улс болгосноос дөрвөн жилийн дараа урд хөршийн цэргүүд Өргөөг эзэлж тусгаар тогтнолоо алдсан зурвас үе Монголын түүхэнд бий. Богдын засаг унасан гол шалтгаан нь юу байсан бэ?

-Түүхээс сургамж аваагүйн тод жишээ байх. Хоёр зуун жил харийн эрхшээлд байснаа тийм амархан мартаж, хүний урхинд орж Чин И-гийн хятадаар бичсэн 64 зүйлийг монголчлон дотроосоо засаг төрөө устгах атгаг санаа гаргасан л даа. Үүнийг мэдсэн Богд хаан ихэд хилэгнэн уурлаж, хятад элчин Чин И-г Монголын засгийн зарим эрх баригчидтай нам нийлж, хуйвалдав хэмээн зэмлэн буруушаасан тухай Магсар хурц тодорхой бичсэн байдаг. Нөгөө талаас тусгаар тогтнол, эрх чөлөө маш эмзэг шүү гэдгийг сануулсан хэрэг гэж хардаг.

Тусгаар тогтнол мэдээж улс орны хил хязгаар доторх газар нутаг, бүрэн эрхт байдлын халдашгүй байдал дээр тогтдог. Үүнээс гадна бүс нутаг, олон улсын орчины нөхцөл байдал ч нөлөөлөх нь бий. Тухайн үед манай хойд хөршид 1917 оны хувьсгал дэгдэж, дотооддоо самуунтай болсон юм. Үүнийг далимдуулан хятадууд түрэмгий бодлого явуулсан нь Чин И –гийн 64 зүйл, Сюй Шү Жаний цэргийн түрэмгийллээр илэрсэн хэрэг.

-Тухайн үед өрнөсөн үйл явдлыг та хэрхэн хардаг вэ. Тусгаар тогтнолоо алдахад Монголын лам, ноёдоос ямар хүмүүс голлох нөлөө үзүүлсэн бол?

-Ерөнхий сайд байсан Бадамдоржийг ихээр муучлан хэлэх нь бий. Хятад боловсролтой, Хятадын талыг баримталсан бодлогыг тухайн үед илүү дэмжсэн учраас тэр хүн Сюй генералын хятадаар бичсэнийг монгол хэл рүү хөрвүүлсэн байх. Хятадад дагаар орох тэр бичигт Засгийн газрын Ерөнхий сайд Бадамдорж тэргүүтэй бүх сайд нар гарын үсэг зурсан гэсэн утгатай өгүүлбэр сурвалжид бий. Гэхдээ Богд хаан гарын үсэг зураагүй, мөн тамгаа дарж батламжлаагүй юм.

-Автономит засгийг устгаж тусгаар тогтнолоо алдахад манай зарим ноёд, лам нар урд хөршөөс илүүгээр оройлон оролцсон гэх нь бий. Та энэ байр суурьтай санал нийлэх үү?

-Санал нийлэхгүй. Монгол ноёд, лам нар оройлон оролцоогүй. Хүрээнд сууж байсан хятад сайд Чин И эхэлж, хятадаар бичиг бичээд зарим хүмүүсийг өөртөө татаж, нам нийлж, сэм хуйвалдах ажил зохион байгуулсан байх. Дараа нь харин Сюй генерал Чин Игээс өрсөж нэр төр олж авахын тулд цэрэг дайчлан, улаанаас хамгаалах нэрийн дор уг үйл явдлыг хүчээр хийсэн хэрэг. Богд хаан, Бадамдорж хоёрыг Бээжинд хүргэж, хэрэг шийтгэнэ хэмээн айлган, Богд хааны заларч байсан ордонг тойруулан зэвсэг бүхий хятад цэргүүд жагсааж сүрийг үзүүлсэн гэж түүхэн эх сурвалжид бичсэн байдаг.

-Шанзав Бадамдорж анх удаа тусгаар тогтнох хүсэлтийг хойд хөршид тавьсан гавьяатай ч 1919 онд “Монгол хэцүү, ядуу учраас том улсын нөмөр бараадъя” гэж хүчтэй дуугарсан хүмүүсийн нэгд багтдаг. Тухайн үед Бадамдоржоос өөр хэн хэн Хятадад дагаар орох байр суурьтай байсан бэ?

-1900 онд Богд гэгээнтэн Оросын эзэн баатар Цагаан хаанаас мөнгө гуйх нэрийн дор “Үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцэл өрнүүлмээр байна, тусална уу” гэсэн хүсэлтийг нууцаар илгээсэн байдаг. Богд гэгээний нууц элч төлөөлөгчдийн нэг нь Шанзавын яамны тэргүүн түшмэл Бадамдорж, нөгөөх нь хутагтын сойвон Цэрэн-Осор лам. 1911 онд Манжаас салж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээх үндэсний тэмцэлд ч Бадамдорж өөрийн хувь нэмрээ оруулсан нэгэн. Хожим Монгол Улсын Ерөнхий сайдын алба хашиж байхдаа 1919 онд Хятадад дагаар орох бичигт гарын үсэг зурсан тухай дээр ярьсан. Уг бичигт Засгийн газрын бүх сайдууд гарын үсэг зурсан гэдэг юм.

-Бадамдоржийг авлига авдгаараа зартай байсан гэх нь бий. Авлига ихэссэн, төрд зүтгэсэн ноёд мөнгөнд дуртай болсон нь тусгаар тогтнолоо алдах гол шалтгаануудын нэг байсан гэдэгтэй та санал нийлэх үү?

-Энэ үед “Богц богц мөнгөөр Богдоо худалдсан сайдууд гуай. Дэнс дэнс мөнгөөр дээдсээ худалдсан сайдууд гуай” гэсэн үгтэй дуу хүртэл гарч байсан. Тодорхой үндэслэл байсан учраас л ийм дуу гарсан байж таарна. Өөрөөр хэлбэл мөнгөнд дуртай ноёд, түшмэд цөөнгүй байсан хэрэг л дээ.

-Монголын автономит засгийг устгасныг нотолсон Хятадын ерөнхийлөгчийн зарлигийг уншиж сонсгосон генерал Сюй Шү Жан яаж яваад Монголтой холбогдов, ямар үзэл, байр суурьтай хүн байв?

-Автономи хэмээх үгийг хэрэглэхгүй байх нь зөв байх. 1911 онд тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан Монгол Улсын Засгийн газар үргэлжлэн оршиж байсан юм шүү. Гадаадын үг хэллэг хэрэглэх нь гадаад улс, гүрнүүдийн нүдээр өөрийн түүхийг харж, тэдний хүссэнээр өөрийн тусгаар тогтнон оршиж байснаа үгүйсгэсэн хандлага юм. Тиймээс би хувьдаа Автономит Монгол гэсэн нэрийг хэрэглэх дургүй. Эл үед Богд хаантай Монгол Улсын Засгийн газар оршиж байсан нь бодит зүйл. Хятадын цэргийн эрхтэн генерал Сюй-Шү-Жан 1919 оны зургадугаар сард Хятадын баруун хойд хязгаарыг тохинуулах сайдаар томилогдож, Нийслэл Хүрээнд ирээд Монголын Засгийн газраас засгийн эрхийг хүчээр булаасан.

-Богдын засгийг унагаахын эсрэг тэмцэж явсан ноёдын түүхээр ярилцлагаа үргэлжлүүлье. Тэдний хувь заяа хэрхсэн бол?

-Богд хаан Монголын тусгаар тогтнолын төлөө тууштай байсан. Барон Унгернтэй холбогдсон учраас Гамингийн шоронд тавь гаруй хоног хоригдож байлаа. Манлай ван Дамдинсүрэн, Хатанбаатар ван Магсаржав, гүн Жамьян, Гомбо –Идшин, бэйс Лувсанжанцан, бэйс Магсаржав, Дара эх лам Чойжинжанцан нарыг хятадууд баривчлан гамингийн шоронд хорьж, Манлай ван Дамдинсүрэн босоогоороо нас барсан гэдэг. Богд хаан хийгээд эдгээр ноёд, түшмэдийг гамингийн гараас Барон Унгерн чөлөөлсөн нь мөн л түүхэн үнэн.

-Монгол Улс автономит байгаагүй, Хятадад дагаар орох бичгийг Богд хаан эцэслэн батламжлаагүй учраас тусгаар тогтнолоо алдсан гэхэд хэцүү гэсэн утгатай үгийг та сая хэллээ. Гэхдээ л манай улс тухайн үед тусгаар тогтнолоо зурвас хугацаанд алдсан нь гашуун ч гэлээ бодитой үнэн шүү дээ…?

-Хэлэхэд хүнд байгаа ч 1919 оны арваннэгдүгээр сарын 22-ноос 1921 оны хоёрдугаар сар хүртэлх зурвас хугацаанд тусгаар тогтнолоо алдаж байсан гашуун түүх бий. Эл зурвас үед хятадуудын монголчуудыг дарлан зовоох хэрээс хэтэрч, хаа сайгүй хараа, хяналт, дарамтанд орж, их зовлон амсаж, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдгийг мэдэрч байсан гэдгийг Магсар хурц бичсэн байдаг.

-Ер нь 1919 оноос өмнө ба хойно Монголын тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлсөн оролдлогуудаас онцлооч гэвэл та ямар үйл явдлуудыг нэрлэх вэ?

-Бидний түүх бол тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцлийн түүх шүү дээ, тэр чигээрээ. 1911 онд монголчууд Манжийн эрхшээлээс салж, тусгаар тогтнол, эрх чөлөөгөө олсон. Богд Монгол Улсын эзэн хааны ширээнд 1911 оны арванхоёрдугаар сарын 29-нд суугаад маргааш нь Манжийн Засгийн газарт бичиг явуулж, “Бид өмнө байгуулсан холбоотны гэрээнээс гарч өөрийн төр улсаа сэргээн газар нутагтаа эзэн суулаа. Үүнээс хойш хоёр улсын хооронд найрсаг харилцаа тогтооё” хэмээсэн түүхтэй. Харин Монгол тусгаар тогтнолоо тунхаглан зарласнаас хойш гурав хоногийн дараа Манжийн эзэн хаан суудлаас бууж, улмаар шинэ тутам байгуулагдсан Дундад Иргэн Улс Манжийн төрийг өвлөн авахыг санаархах болсон. Өөрөөр хэлбэл Манжийн эрхшээлд байсан бүхэн Дундад Иргэн улсын эрхшээлд багтах учиртай, Монгол тусгаар тогтнох учиргүй хэмээн шууд Богд хаанд элдэвээр нөлөөлөхийг оролдсон юм. Дундад иргэн улсын ерөнхийлөгч Юан Ши Кай Монгол Улсын эзэн хаан Богд Жавзандамба хутагтын нэр дээр ирүүлсэн удаа дараагийн цахилгаандаа Богдыг айлган сүрдүүлэх, хахуулдах зэргээр хичээн оролдсон ч Богд Монголынхоо тусгаар тогтнол, бие даасан байдлыг тууштай хамгаалж, өөрийн байр сууриндаа хатуу зогсож чадсан юм. Ингэж тэмцсэний үр дүнд 1912 оны арваннэгдүгээр сард Орос Монголын хооронд гэрээ байгуулж, Оросын эзэнт гүрнээр Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлсэн. Харин Оросын Засгийн газар Япон улстай байгуулсан нууц гэрээ ёсоор Монгол гэдэг нэрийн дор зөвхөн Халх дөрвөн аймаг, Ховдын хязгаарын нутгийг багтааж, Өвөр Монголыг Монголын Засгийн газарт оруулахгүй байх бодлого баримталсан юм.

-Манжийн эрхшээлээс гарсан цаг руу оръё?

-Энэ бол тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөгөө олж авсан, 1911 оны түүхэн үйл явдал гарцаагүй мөн. Монгол үндэстэн багаар бодоход 150 гаруй жилийн дараа, ихээр бодвол 1636 онд Өмнөд Монгол Манжид дагаар орсоноос хойш 275 жилийн дараа үндэсний эрх чөлөөгөө олж, тусгаар тогтнолоо сэргээсэн хэрэг шүү дээ. Тиймээс 1911 оны арванхоёрдугаар сарын 29-ний өдөр Нийслэл Хүрээнд монголчууд хар шар, ар, өвөр, барга, урианхай, буриад гээд нийт монгол овогтоны төлөөлөл оролцсон томоохон төрийн ёслол болсон юм. Энэ өдөр настан буурлууд магнай тэнийтэл баярлан нүдэндээ баярын нулимстай байсан талаар гадна дотны хүмүүсийн эх сурвалжид бичсэн байдаг. Агуу түүхтэй үндэстэн доройтож, тусгаар тогтнол, төр улсын эрхээ алдсан үе байсан учраас ингэж баярлах нь аргагүй л дээ. Өнөөгийн монголчууд тусгаар тогтнол, үндэсний эрх чөлөөнийхээ үнэ цэнийг ч мэдрэхгүй шахам болсон шиг байна. Өвөр Монголоос ирсэн нэгэн хүн “Дархан Монголдоо ирэхэд ямар сайхан юм бэ, та нар чинь бүгд нар өөд харж, толгой дээгүүр явах юм” гэж хэлж байна. “Та нар яаж явдаг болж байна” гэсэн чинь “Бид нар дандаа газар харж явдаг юмаа” гэж билээ. Нэгийг бодогдуулахаар л үг.

-Хүрээний төв талбайд Богдыг хаан ширээнд залах ёслол баяр хөөрөөр дүүрэн болсон гэдэг шүү. Яагаад ч юм тусгаар тогтнолоо олж авсан тэр үеийн монголчуудын мэдрэмж, ой санамж өнөө цагт арилсан юм шиг санагддаг…?

-Энэ өдөр буюу одоогоос зуу гаруй жилийн тэртээ өвлийн ес тачигнаж байсан жавартай өдөр монголчууд тусгаар тогтнол, төр улсаа сэргээж, Манжийн эрхшээлээс гарсны баяраа хийсэн байдаг юм. Богдыг Монгол Улсын эзэн хаанд өргөмжилсөн төрийн их ёслол сая таны хэлсэнчлэн Хүрээний төв талбайд болсон л доо. Бидний ой санамж ажиллахгүй болсноос болоод зуун жилийн өмнөх бүү хэл хэдхэн жилийн өмнөхөө ч санахгүй юм уу, санахыг хүсэхгүй болсон шиг анзаарагддаг. Монголчууд зуу гаруй жилийн тэртээ үндэстнээрээ ингэж хөдөлсөн шүү гэж хэлмээр, сануулмаар санагддаг. Яг тэр үеийнх шиг үндэстнээрээ баярласантай арай дөхүү үйл явдал гэвэл олимпийн аваргатай болсон өдөр. Бүгдээрээ гудамжинд гарч баярлацгаасан. Үндэстэн өөрийгөө таньж, бие биеэ ойлгох учиртай. Үндэстэн өөрийгөө хамгаалах чадвар, үндэсний дархлаа бидэнд чухал байна.

-Чухам яагаад бидний ой санамж ажиллахаа байчихав аа?

-Асуудал энд л байгаа юм. Ой санамж гэдэг бол тэр үндэстний түүх шүү дээ. Бидний ой санамж хэзээнээс ажиллахаа байчихав гэдгийг бодох хэрэгтэй. Хүний тархи ажиллахгүй бол хүн хэн ч биш болно. Өнгөрснөө санахгүй бол тэр хүн хэн ч биш. Үндэстэн өнгөрсөн түүхээ мэдэхгүй бол мөхөх аюултай. Тийм аюул бидэнд тулгарч байгаа гэдгийг санах хэрэгтэй.

-Тэгвэл хэзээнээс бид ийм байдалд хүрэв? Шалтгаан нь юу вэ?

-Эргээд түүхээ нэг харъя. Үндсэндээ монголчууд бид гурван зуун орчим жил гадны нөлөөнд хүчтэй автаж байсан. Манжийн эрхшээл, Оросын гэдэг юмуу социализмын үзэл суртлын нөлөөн дор байлаа.Галыг нь юутай ч бүр мөсөн тасалчихалгүйгээр ХХ зууны эхтэй золгож, үндэстэн сэргэсэн. Энэ бол 1911 он. Богд хааны зарлигаар монголчууд үндэсний хувцас өмсөж, харийн бүх зүйлийг хэрэггүй гэж үзсэн. Монголын төрийн тамга, төрийн бүхий л зүйлс заавал монгол бичгээр бичигдэхийг зарлигдсан. Богд хааны тамганд зөвхөн монгол бичиг хэрэглэсэн. Хааны хувцас, төрийн түшмэдийн өмссөн зүүсэн бүхэн монгол байхыг зарлиг буулгасан. Бүгд ёсоор болсон. Алтан ургийн хэлхээ тасраагүй явж ирснийг түүх шастирт бич хэмээн зарлиг буулгасан нь бас энэ үеийн түүх. Мөн л ёсоор болсон. Богдын зарлигаар бүтээсэн ноёдын уг шастир Эзэн Чингисээс ХХ зууны хориод он хүртэл хэдэн үе дамжин ирснийг шастирт буулгаж үлдээсэн юм.

1919 онд түүхэнд сургамж үлдээсэн үйл явдал болсон юм. Энэ үйл явдлыг та бид хоёр ярианыхаа эхэнд онцолсон. Сюй генералын цэрэг улааны үзлийн аюулаас хамгаалах нэрийдлээр Хүрээнд орж ирж төрийн эрхийг цэргийн хүчээр айлган байж булаан авсан түүхтэй. Богд хаан ганцаар эсэргүүцээд нэмэр болоогүй хүчинд автсан л даа. Харин тусгаар тогтнолыг маань цуцалсан бичгийг Богд хаан батламжлаагүй гэдгийг дахин онцолъё. Ердөө хэдхэн сарын дараа Богд хаан зүүн хилээр Барон Унгернийг урьж залан Монголд оруулсан юм. Барон Унгерний орос, монгол, япон зэрэг олон үндэстэний цэргүүд Сюй генералын арван мянган хүнтэй армийг Хүрээнээс үлдэн хөөж, Богд гэгээнтэнийг Монгол Улсын эзэн хааны ширээнд дахин залсан түүхтэй.

1920 –иод он гарахад Богд хааныг хэрэггүй гэж үзсэн. Ардын Засгийн газрын шийдвэрээр монголчууд овог хэрэглэж болохгүй болсон. Монголд гадны үзэл суртал, тодруулж хэлбэл улаан коммунизмын үзэл хүч түрэн орж ирсэн л дээ. Монголоо гэсэн үндэсний үзэлтнүүд, тухайлбал, Ерөнхий сайд Бодоо нэг жил хүрэхгүй хугацааны дараа цаазлуулсныг бид мэднэ. Жанжин Данзан хоёр гуравхан жилийн дараа буудуулсан. Богд хаан 1924 онд цаг бусыг үзүүлсэн. Чингисийн алтан ургийн ноёд цугаараа алга болсныг мөн л бүгдээрээ мэднэ. Бурханы шашны номтой лам нарыг хөнөөсөн. 1930-аад онд бүр хэдэн арван мянгаар нь цаазалсан гашуун түүх өнгөрсөнд бий. Ийм явдал Орост ч яг адилхан болсон. Үндсэндээ Орост болж байсан бүхэн Монголд давтагдсан юм. Энэ үед ангийн тэмцлийн онол, ангичлан ялгаварлах үзэл суртал маш хүчтэйгээр бидний тархинд суусан л даа Өөр бас бус шалтгаан бий байх, гэвч энэ бол нэг үндсэн шалтгаан нь.

– Түүх ямар үүрэгтэй байдаг вэ, зарим хүмүүс түүх рүү их хандаж зууралдах нь уруудахын шинж гэж ярьдаг?

-Түүх гэдэг бол чиглүүлэгчийн үүрэгтэй. Түүх бол үндэстний хувьд уламжлал болгон авч явдаг чиглүүлэгч. Тиймээс үндэстэн улсын хувьд түүхээ мэдэх явдал онц чухал. Хэрэв та монгол бол эх түүхээ заавал мэдэж байх учиртай. Ямар учгаар Монголтой холбогдсоноо мэдэж байх нь монгол хүн бүрийн үүрэг. Бидний бусдаас ялгарах онцлог бол ерөөсөө л энэ. Түүхээ мэдэхгүй байх нь үндэстэн сөнөх аюулыг дагуулдаг. Түүхийн талаар ингэж ярьдаг хүмүүс түүхгүй л ард түмэн байх. Түүнээс бус Английн хатан хаан, Японы эзэн хаан гээд үзвэл бараг л биеэрээ түүх, уламжлалаа тээж яваа хэрэг биз дээ.

-Түүхийг жаахан урагшлуулъя. Монгол, Хятад, Оросын гурван улсын Хиагтын хэлэлцээрээр тусгаар тогтнолын статусыг эвдэж Хятадын автономит улс болгосон. Хиагтын хэлэлцээрт Монголын удирдагчид ямар байр суурь барьж, хэн нь юу гэж ярьж байсан нь өнөөдөр олон хүнд сонин санагдах байх…?

-Хиагтын гурван улсын гэрээнд Монголын Засгийн газрын бүрэн эрх барих сайдаар Дотоод яамны тэргүүн сайд Да лам Дашжав, Сангийн яамны тэргүүн сайд Г.Чагдаржав нар томилогдсон юм. Харин хэлэлцээрийн явцад тусгаар тогтнолын төлөө тууштай зогсож, өөрийн байр сууринаас ухрахгүй байсан тул Да лам Дашжавыг “улс төрийн талаар мөчид” хэмээн буцааж, оронд нь Шүүх яамны дэд сайд, эрдэнэ жонон бэйс Ширнэндамдинг Богд хааны зарлигаар томилсон байдаг. Өөрөөр хэлбэл Ширнэндамдин, Чагдаржав нар албан ёсоор Монголын Засгийн газрыг төлөөлөх бүрэн эрхтэй байж, Хиагтын гэрээнд гарын үсэг зурсан. Харин Монголын талын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Б.Цэрэндорж, Удай ноён, Жигжиджав, Манлай ван Дамдинсүрэн, Ж.Цэвээн, Цогт Бадамжав, Санжмятав гүн, Цэнд гүн нар багтсан байдаг.

Ерөнхийдөө, 1911-1919 он хүртэл Монгол бие даан оршиж байсан хэмээн үзэх нь зүйтэй гэсэн саналтай байдаг, тиймээс элдэв автономит хэмээх нэр зүүхийг хүлээн зөвшөөрдөггүй юм. Харин Өвөр Монголын тухайд бол Монголын хил хязгаараас тусдаа байх асуудал Хиагтын гэрээгээр нэгэнт тогтсон хэрэг байсан. Үүнийг зөвшөөрөхгүй хэмээн Шударга баатар Бавуужав “Өвөр монголчууд бид чинь үнсэнд хаясан шалз шиг болно” хэмээн босон харайж тэмцсээр дууссан түүхтэй.

-Түүхч, улстөрчид монголчуудын тусгаар тогтнолын төлөөх төдийгөөс өдий хүртэлх тэмцлийн цор ганц зорилго нь гуравдагч хөрштэй болох хүсэл байсан гэж хардаг.Энэ хүсэл хэзээ биелсэн гэж та хардаг вэ?

1912 оны Орос Монголын гэрээний дараа Монгол Улсын Засгийн газраас АНУ, Англи, Дани, Япон зэрэг дэлхийн есөн гүрэнд хандан нот бичиг илгээж, тусгаар тогтнол, төр улсаа сэргээн мандуулсан Монгол Улсын Засгийн газартай харилцаа тогтоохыг хүссэн юм. Үүгээр одоо бидний яриад байгаа гурав дахь хөршийн бодлогын эх үүсвэр тавигдсан хэмээн үзэж болох байх. 1923 онд МАН-ын их хурлаас баталсан Эдийн засгийн үндсэн бодлого хэмээх баримт бичигт Монгол Улсын гадаад бодлогыг тодорхойлохдоо дээр дурьдсан улсуудтай харилцахаар тогтоосон байдаг. Хожим 1994 онд Гадаад бодлогын үзэл баримтлалд гурав дахь хөршийн бодлогыг мөн иймэрхүү агуулгаар тодорхойлсон хэмээн бид ойлгодог. Энэ бол хоёр хөршийн дунд орших манай Монгол Улсын гадаад бодлогын үндсэн чиг баримтлал. Гэхдээ эхний ээлжид хоёр хөршийн харилцаа, түүний дараа гурав дахь хөршийн харилцаа орж буй байх.

-ХХ зууны Монголын түүхийн гол сургамж юу вэ?

Уг нь бид бол нэгдмэл улс шүү дээ, нэг түүхтэй, нэг бурханы шашин давамгайлсан соёл, уламжлалтай. Тийм болохоор улс үндэстнийхээ хөрс сууринд таарч нийцсэн бодлого явуулах нь чухал гэдгийг хэлмээр байна. Хөрснөөсөө тасарч явахаар таарахгүй, өөр хоорондоо заавал эсрэг тэсрэг болох нь жам шүү дээ. Өнөөгийн Монголыг сэндвич гэж барууныхан нэрлэдэг. Орос, Хятадын дундах жийргэвч гэсэн үг байх. Үнэндээ 1911 оны дараахь Монгол ийм геополитикийн байрлалд тогтсон хэрэг. Өөрөөр хэлбэл Орос, Хятадын ашиг сонирхлын уулзвар дээр Монголын тусгаар тогтнол тогтож ирсэн байх. Монголчууд бидний тусгаар тогтнох, улс үндсээ гэсэн сэтгэл, тэмүүлэл, тэмцэл нэн тэргүүнд байсан нь гарцаагүй л дээ. Гэвч бидний оршин тогтноход олон хүчин зүйлс нөлөөлсөн гэдгийг байнга бодож, түүхээсээ сурч, мэдэж байх нь чухал юм.


Categories
мэдээ цаг-үе

Өмч хувьчлал эзэд нь тодорсны дараа эхэлж байна уу?

Засгийн газраас Төрийн банк, Хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гаргачихлаа. Хувьчлах газруудын нэрс ингээд зогсохгүй. Хувьчлалын жагсаалтад МИАТ, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл холбооны сүлжээ”, АЗЗА, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” гэх мэт компаниуд бий. Хөрөнгийн биржээр дамжуулан олон нийтэд, стратегийн нэгжид нээлттэй хувьчлах нь энэ удаагийн хувьчлалын онцлог гэж засаг баригчид мэдэгдэж буй. Өмнөх шиг багахан хүрээнд булагнахгүй, хэний ч хүү авч болно, хөшигний ард элдэв явдал өрнөхгүй гэсэн санаагаар ийм мессэж өгч байгаа ч цаанаа эзэнтэй хувьчлал явагдах гэж буй нь хэнд ч ил асуудал. Төрийн банк, МИАТ, Хөрөнгийн бирж, АЗЗА зэрэг компаниудын хувьчлал хэдэн засаг дамжин яригдсан ч шийдлээ олоогүй өнөөг хүрсэн нь хамгийн том нотолгоо. Сая л нэг хувьсгалын тохироо бүрдэж, бүлэглэлүүдийн тохироо нийлсэн учраас энэ засгийн өнгөнд шийдэгдэх гэж байгаа хэрэг л дээ. Хувьчилснаар компанийн засаглал сайжирна, менежмэнт нь урагшилна, төрийн ачаа багасна, төсөвт мөнгө орж ирнэ гэх мэт давуу талууд байгаа. Гэхдээ засаг баригчдын онцолсон шиг шударга, нээлттэй хувьчлал явагдах нь юу л бол. МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн бирж гэх мэт томчуудын ард төдийгөөс өдий хүртэл нуугдсаар ирсэн маш том сонирхол бий. Шуудхан хэлэхэд энэ удаа эзэнтэй өмч хувьчлал явагдах гэж байна.

МИАТ

Гурван жилийн өмнөөс цэвэр ашиг ярих болсон МИАТ-ын 49 хувийг Хөрөнгийн биржээр дамжуулан нээлттэйгээр авах боломжтой гэж засаг зүгээс мэдээлж байна. Түрүү жил 6.3 тэрбум төгрөгийн татвар төлсөн энэ компанийг хувьчилна гэсэн яриа шинэ мэдээ биш. Аль 23 жилийн өмнөөс эхэлж 13 засгийн нүүр үзсэн гэсэн сонирхолтой статистик бий. Хэр олон бүлэглэл иргэний агаарын тээврийн салбарт эзэгнэх сонирхолтой явааг энэ тооноос харчихаж болно. Түүхийн хуудас эргүүлээд үзэхээр МИАТ-ын хувьчлалыг тод эсэргүүцсэн улсын олонх нь МАН-ын угшилтай улстөрчид харагддаг. Наахны жишээ хэлэхэд Н.Алтанхуягийн Засгийн газар 2015 онд хувьчлах гэж үзээд бараагүй. Энэ бол МИАТ-ын хувьчлал энэ засгийн өнгөнд шийдэгдэж байгаа нь тохиолдлын хэрэг биш гэдгийг харчих хөнгөхөн нотолгоо. МИАТ-ын хувьчлалын ард “Таван богд”-ын Ц.Баатарсайханы сонирхол бий гэсэн таамаг давтамжтай сонсогддог. УИХ агаарын тээврийн монополь компаниа хувьчилна гэсэн шийд гаргачихвал “Таван богд” шиг үндэсний том компани Хөрөнгийн биржээр дамжуулаад МИАТ-ийн хувьцааг авах бүрэн боломжтой.

Зам тээвэр, хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ албаа авсныхаа дараахан МИАТ-ийг хувьчилна гэж дуугарч байв. Сайд болонгуутаа АН-ын хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлж дураараа загнасныг нь “МИАТ-ыг хувьчлах Ерөнхий сайдын санааг бүдгэрүүлэх гэсэн жүжиг” гэж хардах хүн ч цөөнгүй байна. Түүнээс биш салбарын сайд нь өрсөлдөгч намынхаа нөхдөөр яамаа дүүргэчихээд байхад дуугүй суух Ерөнхий сайд гэж хэтээсээ байхгүй. Тэр дундаа У.Хүрэлсүх шиг характертай хүн чимээгүй хараад явна гэдэг юу л бол. Дүр эсгэлт байж магадгүйг нотолсон бас нэг үйл явдал бий. Ж.Бат-Эрдэнэ сайд саяхан МИАТ-ын томилгооноос холхон бай гэсэн анхааруулгыг Ерөнхий сайдад хэвлэлээр дайсан удаатай. Элдэв яриа гаргахгүйгээр иргэний агаарын тээврийн том компаниа хувьчлах гэсэн санаагаар ийм жүжиг тоглосон байх өндөр магадлалтай. АН-д ашигтай хувилбараар тохироо хийгдсэн учраас сөрөг хүчнээс ч хүчтэй эсэргүүцэхгүй гэсэн таамаг дуулдаж байна.

Төрийн банк

2.3 их наяд төгрөгийн активтай, хоёр сая 863 мянган харилцагч, 202 мянган зээлдэгч, 585 мянган хадгаламж эзэмшигчтэй, түрүү жилийн цэвэр ашиг нь 1.8 их наядаар хэмжигдсэн Төрийн банкийг 100 хувь хувьчлах шийдлийг засгаас гаргачихсан. Банкны салбар биеэ даагаад дэлхийн жишгээр хөгжиж байхад төрд эзэмшлийн банк шаардлагагүй гэсэн үндэслэлийг нь эдийн засагчид бодитой гэж дүгнэж буй. Төрийн банкны тодорхой хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад өгнө. Үлдсэн хувийг нь Хөрөнгийн биржээр арилжаалах зураг гараад байгаа.

Байгуулагдсанаас нь хойш гурван жилийн дараа Төрийн банкийг хувьчлах асуудал яригдаж эхэлсэн юм. Төрийн банкийг хувьчилна гэсэн яриа дэгдэх бүрд “Алтжин”-гийн Г.Алтангийн нэр ёс мэт дуулддаг. Энэ удаа ч түүний нэр сонсогдож байна. Г.Алтанг зүтгүүлж буй хүн нь нэг нутгийн, найз нөхдийн харилцаатай Ц.Нямдорж сайд гэсэн хардлага улс төрийн хүрээнийхэнд бий. Бүр тодруулж хэлбэл Увсын фракцын сонирхол төрийн банкны хувьчлалд хүчтэй оролцож яваа гэсэн таамаг сонсогддог. Төсвийн байнгын хорооны дарга, Сангийн сайд, Монголбанкны ерөнхийлөгч гээд мөнгө санхүүг Увсын фракц атгаж буй нь тохиолдлын хэрэг биш байж мэдэх л юм.

Г.Алтан гэдэг нэр Төрийн банктай зүгээр ч нэг холбогддоггүй. Хувьцааных нь 20 хувийг Г.Алтангийн хүү атгаж байсан “Зоос” банкны дампуурал Төрийн банк байгуулагдах суурь болсныг олон нийт мэднэ. Г.Алтангийн хүүгийн нэр дээрх хувьцаа “ЖАСТ”-ын Ш.Батхүүгийнх гэсэн мэдээлэл тухайн үед цацагдаж байв. Хожим Ш.Батхүүгийн өмч “Хадгаламж” банк дампуурахад ч мөн Төрийн банкинд нэгтгэсэн нь бодит үнэн. Г.Алтанг Төрийн банктай холбон хардах нэг нотолгоо “Зоос” банк дампуурах үеэс эхлэлтэй. Тэр үед “Зоос” банкны жижиг хувьцаа эзэмшигчид хууль бусаар дампууруулсан гэж мэдэгдэж, аль чадахаараа үгээ хэлж явахад 20 хувийг нь эзэмшдэг Г.Алтан таг дуугүй суусан гэдэг. Төрийн банкинд эзэн суух найдлага нь тэр үед дуугүй байх шалтгаан болсон гэх хардлага өнөөдөр ч хуучраагүй.

Г.Алтангаас гадна оросууд ба Европын сэргээн босголт хөгжлийн банкны нэр Төрийн банкны хувьчлал яригдах үеэр дуулддаг. “Зоос” банк дампуурахад 26 хувийг нь эзэмшиж байсан Европын сэргээн босголт хөгжлийн банкны хүчин зүтгэл нөлөөлсөн гэгддэг. Хувиа нэмэгдүүлсэн ЕСБХБ “Зоос” банкинд удирдлагын шинэ баг ажиллуулж байсан нь мөн л үнэн түүх. “Зоос” дампуурч, Төрийн банк байгуулагдахад ч ЕСБХБ-ны өнөө баг удирдсан түүхтэй. Гэхдээ ЕСБХБ-ийг засагтай гар барьж явахдаа мөнгөө авч, хохиролгүй болсон гэх таамаг дуулддаг. Хэрвээ энэ таамаг бодитой бол тэдэнд энэ удаагийн хувьчлал сонин биш.

Өнөөг хүртэл Төрийн банкийг хувьчлаагүй шалтгаан нь тус банкийг байгуулах гэж гаргасан 100 тэрбумын бонд байсан гэж албаныхан тайлбарладаг. Мэдээж энэ бол цор ганц шалтгаан биш. Төрийн банкны хувьчлалын тохироог улс төрийн хүрээнд хийж чадаагүй гэсэн том шалтгаан бас бий. Бондын төлбөр халхавч төдий байсан нь хэнд ч тодорхой асуудал л даа. Улс төрийн тохироо хийгдсэн учраас Засгийн газар Төрийн банкийг хувьчилна гэж дуугарсан нь эргэлзээгүй. Г.Алтангаас гадна Худалдаа хөгжлийн банкныхан нэр энэ хувьчлалын цаана дуулддаг. Хүрээ, цараагаа өргөжүүлье гэж зүтгээд Төрийн банкинд нөлөөгөө тогтоох боломж, чадалтай газар мөн үү гэвэл мөн. Гэхдээ Г.Алтан шиг том үндэслэл, хүчтэй дэмжлэг нөөлөг өнөөхөндөө харагдахгүй байна.

Хөрөнгийн бирж

Хөрөнгийн биржийг хувьчлах санаа дөрвөн жилийн өмнө анх гарч байсан юм. Банк хүчээ авч, хөрөнгийн зах зээл мартагдахдаа тулж байсан үеийг бодвол цаг наашилсан. Хөрөнгийн зах зээл амилсан ийм үед яригдаж буй нь цагаа олсон шийдэл байж мэдэх юм. Засгийн газар Хөрөнгийн биржийг 100 хувь хувьчилна гэсэн байр суурьтай байгаа. Хотын төвд өөрийн гэсэн объекттой, Лондонгийн хөрөнгийн биржийн хөрөнгийн зах зээлийн цогц дэд бүтцийг суурилуулсан гэх мэт давуу талуудаас гадна дотоод, гадаадын санхүүжилт татаж бизнес эрхлэгчдэд хямд эх үүсвэр татах гүүр болж өгдөг нь Хөрөнгийн биржийн үнэ цэнийг өсгөж буй. Банкны зээлийн хүү өндөр гэсэн шалтгаанаар компаниуд хөрөнгийн зах дээрээс хүүгүй мөнгө босгох аянд гараад эхэлсэн. Эхний тод жишээ нь “Монгол базальт”. Чулуун хөвөнгөөр дулаалгын материал үйлдвэрлэдэг энэ компани үйлдвэрлэлээ өргөтгөхөөр IPO гаргаж хэрэгтэй мөнгөө амжилттай босгочихсон. Бүтээгдэхүүнээ Зүүн хойд Азид нийлүүлэх том зорилготой төслийн ашиг өгөөж хөрөнгө оруулагчдыг хуйлруулсан гэж хөрөнгийн зах зээлийн шинжээчид дүгнэж буй. Канадын Торонтогийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ ресурс” компани Монголын Хөрөнгийн биржид давхар бүртгэл хийлгэж хувьцаагаа арилжаалж эхэлсэн нь онцлох учиртай эерэг дохио. “Эрдэнэ ресурс” шиг дэлхийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Монголд геологи, уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компаниуд Монголын Хөрөнгийн биржийг гээд зориод ирвэл манай улсын биржийн лангууны бараа улам чанаржих сайн талтай.

Иргэдийн ихэнх хувь нь хөрөнгийн зах зээлийн мэдлэггүй, эдийн засагт эргэлддэг ихэнх мөнгө хүн амын цөөхөн хувьд ногддог ийм үед Хөрөнгийн биржийн хувьчлалыг явуулах нь үр дүнгүй гэсэн судлаачдын байр суурийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хөрөнгийн биржийн хувьчлалын цаана төрийн тэргүүний нэр сонсогдож байсан удаатай. Энэ удаа хэн авах нь тодорхой бус байгаа ч олон хүн биржийн хувьчлалыг сонирхож яваа нь эргэлзээгүй.

Юутай ч өмч хувьчлалын дараагийн шат төрийн өмчийн томоохон компаниудаар эхлэх нь тодорхой болчихлоо. Дээр дурдсан компаниудаас гадна “Монголын цахилгаан холбоо”-ны төрийн эзэмшлийн хувьцааг 66аас доошгүй хувьд байлгах, “Мэдээлэл холбооны сүлжээ”ний 49 хувийг үүрэн телефоны оператор компаниудад шилжүүлэх, Хөдөө аж ахуйн биржийн 49 хувийг хувьчлах гэх мэт зарчмын шийдлүүдийг засгаас гаргаад байгаа. Одоо УИХ гэсэн даваа бий. Өнөөхөндөө АН, МАНын бүлэг байр сууриа албан ёсоор илэрхийлээгүй байна. Тэд засгийн саналд толгой дохивол УИХ ямар компанийг хэдэн онд, яаж хувьчлах зэрэг нарийн асуудлуудыг хэлэлцэж эхэлнэ.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

ШХАБ-д элсвэл “нугасны муухай дэгдээхэй” л болно

Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “жинхлүүлэх” гэж зүтгүүлээд байгаа ШХАБ-д элсвэл бид ер нь яах бол гэсэн асуулт олны анхааралд байна. В.Путин таван жилийн өмнө ШХАБ-д шинэ гишүүн элсүүлэх албан ёсны журам батлах санал гарга ж байв. Мань эр Бишкект болсон уулзалтын үеэр Энэтхэг, Пакистанаас гадна манай улсыг элсүүлэх төлөвлөгөөгөө ил тод зарлаж байсан удаатай. В.Путины санал болгосон гурван улсаас хоёр нь буюу Энэтхэг, Пакистан өдгөө ШХАБ-д албан ёсоор харьяалагдаж байна. Монгол Улс Евразийн бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагад элсэх хүсэлтээ илэрхийлдэг ч өнөөдүүл нь тоож авч хэлэлцдэггүй, ШХАБ л элсээч гэж урьж залдаг ганц том байгууллага гэж учир мэдэх улс өөр зуураа зүгээр ч нэг ярилцдаггүй. Уул уурхайн баялагтай Монгол дахь Америкийн нөлөөг багасгах Орос, Хятадын сонирхол энэ шахааны цаана нэгддэг гэсэн хардлага дуулддаг. Сэмхэн ярьж тохироод аль нэг нь хөнгөхөн няслахад л хэцүүдэх улс учраас мэдээж ил тодоор ШХАБ-ын жинхэнэ гишүүн болохгүй энэ тэр гэж зарлах нь хоёр их гүрний дундах жижигхэн улсад аюултай. Монголын нэрт соён гэгээрүүлэгч Ж.Цэвээн “Монгол Улс нь Швейцарь лугаа төвийг сахисан орон байваас зохилтой” гэж хэлснийг ийм үед санаж сэрж, бодлого шийдвэртээ тусгасан шигээ аж төрмөөр санагддаг. Тэгэхээр ажиглагч гишүүн гэсэн өнөөгийн статусаа хадгалж, эсэргүүцэхгүй ажиглаж төвийг сахих л хамгийн зөв зам гэж харагдаад байна.

АВТОРИТАРУУДЫН КЛУБ

Эхлээд энэ байгууллагад нэгдсэн орнуудын улс төр, засаглалыг харъя. Урд хөршийн хувьд ойлгомжтой. Засаглал нь бидний сонгосноос өөр замаар өрнөдөг. Нэг намын тогтолцоотой, ганц том даргатай. Үндсэн хуулиндаа саяхан өөрчлөлт оруулж төрийн тэргүүний дахин сонгогдох эрхийг хязгааргүй болгочихсон. Тэгэхээр улсынхаа мөнхийн удирдагч хэвээр аж төрөхөд Си даргад ямар нэг асуудал гарахгүй гэсэн үг. Хойд хөршийн тухайд хүчтэй цорын ганцхан лидертэйг сүүлийн дөрвөн удаагийн Ерөнхийлөгчийнх нь сонгуулийн дүнгээс харчихаж болно. Путин, Путин, Путины хүн Медведев, Путин гэсэн жагсаалт ирэх сонгуулиудаар Путин, Путины хүн, Путин гэх маягаар үргэлжлэх нь хэтэрхий тодорхой асуудал. ШХАБ-т хожим элссэн Энэтхэг гэхэд л кастын системтэй. Доор байгаа хүн дээшээ цойлох боломжгүй нийгэм. Жирийн хар арьст хүү ерөнхийлөгчөөр сонгогдоно гэдэг Энэтхэгт бол үлгэр. Казахстан Назарбаеваас өөр удирдагчгүй. Байх ч боломжгүй. Түүх нь угаасаа тийм.

ШХАБ-ын гишүүн Тажикистан улс ч Казахстанаас ялгарах юмгүй. 1992 онд ерөнхийлөгчөөр сонгогдсон Эмомали Рахмон өнөө хүртэл төр барьж яваа. Түүний толгойлдог Тажик улсын ардын ардчилсан нам олон жилийн турш дангаар шахуу засагласаар өнөөг хүрсэн. Коммунист, Эдийн засгийн шинэчлэлийн, Хөдөө аж ахуйн гэх мэт тодотголтой сул гэж жигтэйхэн, ганц хоёр суудлаас хэтэрдэггүй хэдэн намтай. АНУ-ын “Фрийдом хаус”-ын Дэлхий дахины эрх чөлөөт байдлыг судалгаагаар энэ улс эрх чөлөөгүй гэсэн ангилалд багтсан удаатай. Эрх чөлөөгүй ангилалд багтсан шалтгааныг нь судлаачид “Суперпрезидентизм” буюу ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл олгосон явдал гэж тайлбарладаг. Узбекистан ч “Фрийдом хаус”-ийн судалгааны эрх чөлөөгүй гэсэн ангилалд дурайж байна. Шалтгаан нь сая онцолсон “суперпрезидентизм”. Узбекистан ерөнхийлөгчийн засаглал давамгайлсан улсуудын нэгд зүй ёсоор багтдаг.

Олон жил нэг хүний, гэр бүлийн дарангуйлал мэдэлд явсан гэгддэг Киргизстаны хувьд сүүлийн үед байдал арай наашилж буй. 1993-2011 он хүртэл ерөнхийлөгчийн засаглалаар явсан энэ улс одоо парламентын засаглалтай. Пакистаны тухайд ерөнхийлөгчийн засаглал давамгайлсан. Энэ орныг судлаачид исламын шашны хэлбэр шингэсэн улс төрийн үзэлтэй, эрх баригчид нь улс төрийн нам, шашны байгууллага, цэргийн хүчний гэсэн гурван хэсэгт хуваагддаг, байнгын зөрчилтэй гэж тодотгодог. ШХАБ-ын 13 дахь уулзалтын өмнөхөн яг өнөөдрийнх шиг “Монгол Улс ШХАБ-ын жинхэнэ гишүүн болно” гэсэн гарчигтэй мэдээлэл цацагдаж байсан удаатай. Тухайн үед өрнөдийн хэвлэлд “Гуравдагч хөрш гэж ярих дуртай монголчууд авторитаруудын клубт элсэх нь” гэж зүгээр ч нэг онцолж мэдээлээгүйг ШХАБ-ын гишүүн орнуудын засаглалаас харж болно.

Харин Монгол бол өөр. Азидаа ардчиллын жишиг загвар гэж үнэлэгддэг, парламентын засаглалтай, гуравдагч хөршүүдтэйгээ түншийн хэмжээнд харилцдаг, хэн нэг нөхөр хэдэн үеэрээ ноёлох боломжгүй ардчилсан засаглалтай улс. Монгол гэдэг улсын төдийгөөс өдий хүртэлх түүхийг ганц өгүүлбэрт багтаа гэвэл ерөөсөө л хоёр хөршийнхөө нөлөөнөөс гарч гуравдагч хөрштэй болох тэмцэл байсан. Цагаан морин жилийн хувьсгалаар олсон хамгийн том олз гэвэл энэ. Ялимгүй хэтрүүлбэл 200 жил Манжийн эрхшээлд, бараг зуун жил Оросын хараанд байсан Монгол Улс 28 жилийн өмнө дэлхийд үүдээ нээж, гуравдагч хөрштэй болсон түүхтэй.

Үүсэл түүхийг нь хөөвөл бидний гуравдагч хөрш гэж хардаг, харилцдаг барууныхны эсрэг чиглэж нэгдсэн байгууллагад багтвал 1990 оны хувьсгалын амин сүнс алга болно. Бүр цаашлуулж яривал монголчуудын хэдэн зуунаар зорьж хүсч ирсэн тэмцлийн утга учир алдагдана.

Ерөнхийлөгчийг ШХАБ-д элсэхийг уриалснаас хойш энэ асуудлаар учир мэдэх улс байр сууриа илэрхийлсээр байна. Тэдний нэг нь ахмад дипломатч Ц.Гомбосүрэн. Гадаад харилцааны сайдаар ажиллаж явсан энэ эрхэм “Манайхыг ШХАБ-д элсүүлэхийн цаана манай улсын гурав дахь хөршийн бодлогыг саармагжуулах санаа байгаа гэж бид “хардах” эрхтэй. Бид тэр бодлогоо бүдгэрүүлж хэрхэвч болохгүй. Дахин хэлэхэд, болзошгүй “хуваагдмал” ертөнцөд бид хэний ч талд орох ёсгүй” гэсэн юм. Дараагийн онцлох эшлэл мөн л Гадаад харилцааны сайдын албыг хашиж явсан хүнийх. Ц.Мөнх-Оргил гишүүн “Бид бүх түүхээрээ хоёр том их гүрний хэт их нөлөөнд орохгүйн төлөө тэмцэж ирсэн. Монгол Улс 1990 оноос хойш гуравдагч хөршийн бодлоготой болж чадсан. Энэ гуравдагч хөршийн бодлогод ямар нөлөө орж ирэхийг олон талаас нь судлах хэрэгтэй” хэмээн байр сууриа илэрхийлээд буй. Эргэж харахаас аргагүй болгоомжлол.

ХЭВЛЭЛИЙН ЭРХЧӨЛӨӨ БУЮУ ТЭС ӨӨР ЗУРАГ

ШХАБ-ын улсуудын хэвлэлийн эрх чөлөөг өөрсөдтэйгөө харьцуулахад эрс тэс дүр зураг харагдаж байна. ЗХУ-аас тасарсан, өнөөг хүртэл нэг хүний дарангуйллаас гарч чадахгүй яваа “стан”-ууд, улстөр нь шашинтайгаа хэт холилдсон Пакистан, кастын системтэй Энэтхэгийг алгасаад хоёр хөршийнхөө үнэлгээг сонжъё. Олон улсын хүний эрхийн төлөө тэмцдэг, нэр нөлөө бүхий “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргадаг “Хэвлэлийн эрх чөлөө” индескийн жагсаалтад хойд хөрш 148-д, урд хөрш сүүлээсээ гуравт буюу 176-д жагссан бол Монгол Улс 71-т эрэмбэлэгдэж. Бид тэднээс хэр өөр вэ гэдгийг энэ тоонуудаас харчихаж болно. “Монгол Улс өмнөхөөсөө хоёр байраар ухарчээ, уг нь бид 175-д байсан шүү дээ” гэж ирээд харамсаж халагласан мэдээлэл хэвлэлээр хөвөрснийг тод санаж байна. ШХАБ-ын жинхэнэ гишүүн болчихвол хоёр биш хорь, гучин байраар ухрахыг үгүйсгэх аргагүй.

ЭДИЙН ЗАСГИЙН ГАНЦ Ч ТӨСӨЛГҮЙ НЭГДЭЛ

Монголд хэрэгжиж байгаа, Монголын эдийн засгийг өдий дайны өсгөж буй хамгийн том төслийн хөрөнгө оруулагч нь гуравдагч хөрш. Төмөр замыг эс тооцвол хойд, урд хөршийн нөлөө бүхий том төсөл өнөөхөндөө байхгүй. Тэгэхээр ШХАБ-ын гишүүн болвол эдийн засаг маань яах бол, гуравдагч хөрш биднийг хэрхэн харах вэ гэсэн асуултыг өөрсдөдөө тавихаас аргагүй. ШХАБ-ын жинхэнэ гишүүн орнуудаас Орос, Хятадаас бусад нь манай улсад эдийн засгийн хувьд ямар ч ашиг өгөхгүй. Нэг хүнд ногдох ДНБ-ээрээ сүүл мушгидаг Тажикстан, хөвөн, тамхи, эрчим хүч гэсхийгээд экспортолдог бүтээгдэхүүнийх нь жагсаалт дуусдаг Киргизстан, газар нутаг, соёл түүх, эдийн засгаар нь яаж ч холбох гээд ойртохгүй Энэтхэг, Пакистантай доллар, харилцан ашигтай наймаа яриад хэтээсээ нэмэр багатай. ШХАБ-д нэгдсэнээр Орос, Хятадыг холбосон хийн хоолой, авто зам манайхаар дайрна гэх мэт эдийн засгийн өгөөжийн тухай яриа ид хөвөрч байна. Үүнтэй зэрэгцээд ШХАБ эдийн засгийн өгөөжтэй нэг ч том төсөл хэрэгжүүлээгүй гэсэн бодитой тайлбарууд ч дуулдаад эхэллээ.

Нийтлэлч Баабар “Яг одоо ШХАБ-д интеграцын бүтээн байгуулалт, бүс нутгийн дэд бүтцийн томхон төслүүд яригдаагүй, худалдаа-хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны ямар нэг төсөл хөтөлбөр, хамтарсан ажиллагааны ганц ч эхлэл алга” гэсэн бол ХИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн сургуулийн захирал, доктор, профессор Д.Уламбаяр “Одоогоор ШХАБ-ын хүрээнд явагдаж байгаа тодорхой том төсөл, хөтөлбөр байхгүй” гэж байна. Орос, Хятадтай хамтарч эдийн засгийн том төсөл хэрэгжүүлье гэвэл заавал ШХАБ-д элсэх шаардлагагүй гэсэн байр суурь бас бий. “Гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалт”-аар том асуудлуудаа шийдээд хөдөлгөөд явах боломжтойг учир мэдэх улс аль хэдийнээс ярьж хэлээд яваа.

ДОТРОО СӨРГӨЛДСӨН ШХАБ

Гишүүн нь болохын тулд энэ байгууллагыг чухам ямар зорилготой вэ гэдгийг анзаарч судлах учиртай. Дэлхийн судлаачид ШХАБ-ыг эдийн засгийн нэгдэл үү, улс төр, цэрэг дайны эвсэл үү гэдэг дээр өнөөг хүртэл байр суурь нэгдээгүй байна. Америк, Европын орнууд ШХАБ-ыг ирээдүйд аюул учруулах цэргийн эвсэл гэж хардаг. Тэд ШХАБ-ын дүрэмд НАТО, АНУ, Зүүн Азийн цэргийн эвсэлтэй сөргөлдөх агуулга бүхий заалтууд бий хэмээн мэдэгдсээр байгаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “ШХАБ нэг талаас улс төрийн, нөгөө талаас цэргийн байгууллага болох өндөр магадлалтай” гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “ШХАБ бол НАТО-гийн эсрэг зогсох зорилготой байгуулагдаж байсан цэрэг, улс төрийн байгууллага” хэмээн байр сууриа илэрхийлээд буй.

Дэлхийн анхааралд байдаг асуудлын нэг нь ШХАБ-ын гишүүдийн толхилцоон, сөргөлдөөн. Энэтхэг, Пакистаны хилийн маргаан хэдэн арван жил үргэлжилж байна. Тажикстан Узбекистан улсууд урсгал голын эзэмшил, ундны усныхаа нөөц дээрээ маргасаар суугаа. Энэ асуудлаа бүр зэвсгийн хүчээр шийдэх гэж оролдсон удаатай. ШХАБ-ын гишүүдийн толхилцооныг үргэлжлүүлж тоочвол урд хөрш Тажикстаны газар нутгийн маргаан байна. Урд хөрш энэ нэгдлийг эдийн засаг талаас нь харж бүс нутагтаа 84 тэрбум ам.долларын хөрөнгө цацаад байгаа бол хойд хөрш ШХАБ-ыг улс төрийн зэмсэг болгох эрмэлзэлтэй гэсэн эсрэг тэсрэг хандлага бас анзаарагддаг.ШХАБ дотооддоо ийм олон асуудалтай ч Ази-Европ дахь хүчээ өсгөхийн тулд Иранаас гадна манай улсыг жинхэнэ гишүүнээ болгохоор мэрийж байгаа гэсэн тайлбар анхаарал татдаг. Иран ШХАБ-ын жинхэнэ гишүүн боллоо л бол ШХАБ-ын бүх улс бидний гуравдагч хөрш Америкийн хоригт орно гэсэн болгоомжлол бий. Өөрөөр хэлбэл бид энэ байгууллагын жинхэнэ гишүүн болвол Америкийн хоригт багтана гэсэн үг. Тэр цагт гуравдагч хөрш гэсэн бодлого утгаа алдана гэдэг нь хэнд ч тодорхой асуудал.

ШХАБ-Д ЖИНХЛЭХГҮЙ БАЙХ ШАЛТГААНУУД

Хятад судлаач Ч.Сумъяагийн саяхны нэг нийтлэлд энэ тухай их тод дурдсан байсан. АНУ бодлогын барим бичигтээ Хятадыг өрсөлдөгч гэж тодорхойлсоор байгаа үед, Оросын зарим төрийн байгууллага, компани хувь хүнд чиглэсэн хоригоо АНУ, Европ цуцлаагүй цагт ШХАБ-т жинхлэх эрсдэлтэй гэсэн судлаачийн дүгнэлт ултай санагдсан. АНУ тэргүүтэй барууны орнуудын ШХАБ-д нэгдсэн улсуудтай өрсөлдсөн, үл ойлголцсон байдал ойрын таваас арван жилд намжихгүй гэсэн судлаачдын таамаг бий. Бас ШХАБ-ын төсөв санхүү НҮБ, Европын холбоо шиг ил тод биш гэсэн шүүмжлэл өнөөдрийг хүртэл хүчтэй өрнөж байна.

Монгол ШХАБ гэсэн малгай доор нэгдсэн жинхэнэ гишүүдээс олон зүйлээрээ ялгаатай. Ардчилсан сонгуультай, эрх чөлөөтэй, ардчиллын баян бүрд гэсэн тодотголтой. ШХАБ-д нэгдвэл дэлхийн газрын зураг дээрх энэ онцлог маань бүдгэрэх эрсдэлтэй. Шуудхан хэлэхэд ШХАБ-д жинхэлснээр бидэнд алдах зүйл их, унах унац нь харин хар зам төдийхөн харагдаж байна. Гэхдээ хар замгүй үлдэх ч эрсдэл бийг мартаж болохгүй. ШХАБ гэсэн нэгдлийг анзаарах нь ээ ОХУ, Хятадаас бусад нь хэцүүхэн харагддаг. Хөрөнгө оруулагчдад найр тавьж, Хятадаас мөнгө татсаныхаа хүчинд Казахстан овоо яваагаас биш Тажикстан, Узбекистаны эдийн засаг элгээрээ хэвтсэн хэвээр байна. Тэд ШХАБ дотроо “нугасны муухай дэгдээхэй” шиг харагддаг нь бодитой үнэн.

Манай улс ШХАБ-д элсчихвэл тэднээс ялгарахгүй. Хоёр хөршдөө гологдсон, шоовдорлогдсон, босго бараадаж суусан нунж дорой царай муутай дэгдээхэй л болно. Харин ШХАБ-ын ажиглагч гишүүн хэвээр үлдвэл гуравдагч хөрштэй, гуравдагч хөршийн хөрөнгө оруулсан том төслүүдтэй, ардчилалтай, эрх чөлөөтэй, улс орнуудын элдэв үймээн сөргөлдөөнөөс хол, хоёр хөршдөө гологдож шоовдорлогдохгүй амар жимэр аятайхан амьдрахаар харагдаад байна даа.


Categories
мэдээ цаг-үе

Л.Пүрэвбаатар: Таван толгойн төмөр зам дээр Засгийн газар тээвэр логистикийн стратегийг гүйцэт харж чадахгүй байна

Ерөнхий сайд Таван толгойг хөдөлгөх хувилбараа намынхаа бүлэгт танилцуулаад байна. Таван толгойн төмөр замыг засгаас дөрвөн чиглэлд төлөвлөөд буй. Тодруулж хэлбэл Таван толгой-Зүүнбаян-Сайншанд чиглэлийн 448, Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн 267, Зүүнбаян-Ханги чиглэлийн 270, Нарийн сухайт-Шивээ хүрэн боомт чиглэлийн 46 км төмөр замын бүтээн байгуулалтыг өрнүүлнэ гэж байгаа. Таван толгойн төмөр замын асуудлаар төмөр замын зөвлөх инженер Л.Пүрэвбаатартай ярилцлаа.


-Ерөнхий сайд Таван толгойг цогцоор нь хөдөлгөх санаачилга гаргаж, Таван толгойн төмөр зам дээр гэхэд л хэд хэдэн чиглэлийг санал болголоо. Шинэ зүйл ажиглагдав уу?

-Засгийн газрын Таван толгойн төмөр зам дээр гаргасан саналд шинэ юм байхгүй. Таван толгойг төмөр замтай нь, уул уурхайтай нь цогцоор нь шийднэ гэсэн концепци угаасаа байсан.

-Таван толгойгоос урд хил рүү барих төмөр замын чиглэл эдийн засгийн хувьд өндөр өгөөжтэй. Энэ чиглэлд царигийн маргаан дахиад дэгдэх болов уу?

-Төмөр замаа урд хил рүү татвал нарийн царигаар нь барья гэсэн тогтоол бий. Даланг нь барьчихсан. Гүүр хоолойнуудын заримыг нь бэлдсэн. Төмөр замын инженер хүний хувьд, олон жил төмөр замын байгууллагыг удирдсан хүний тухайд нөхцөл нь бүрдчихсэн ийм үед энэ чиглэлийн төмөр замыг цаг алдалгүй барих хэрэгтэй гэж бодож байна. Төмөр замын цариг дээр эрх чөлөө эдлэх цаг болчихсон. Бидний хувьд төмөр замыг сүлжээ гэдгээр нь харахаас биш, цариг гэдгээр нь хардаггүй. Ачаа үүсч буй цэгээ Таван толгой гэж үзэж байгаа л бол тэр цэгээс борлуулагч хүрэхэд төмөр замын ямар цариг явсан, түүгээр нь барих хэрэгтэй. Ачаа гарсан цэгээсээ очих цэгээ хүртэл шилжүүлэн ачилт гэдгээс зайлсхийх ёстой. Ачаа үүсч байгаа Таван толгойгоос наашаа Сайншанд, Зүүнбаян руу харин өргөн царигаар барих учиртай. Үүн дээр маргах асуудал байхгүй. Товчхондоо Таван толгойгоос урагшаа баригдах төмөр замын цариг нарийн, Таван толгойгоос хойшоо баригдах цариг нь өргөн байна гэдэг асуудал улс төрийн сонгууль, хэн нэгний удирдсан Засгийн газартай ямар ч холбоогүй. Цэвэр ТЭЗҮ-ээр хийдэг асуудал. Таван толгойгоос Хятад руу чиглэсэн төмөр замын тухайд аль төмөр замтай холбогдох нь хүртэл тодорхой байгаа шүү дээ.

-“Шинхуа” компанийн төмөр замтай холбоно гэж яриад ажил болоогүй. Ингэх боломжтой юу, эсвэл өөр хувилбар байгаа юм уу?

-“Шинхуа”-гийн төмөр замтай холбох ямар ч арга байхгүй. Харин цаахна нь байгаа улсын төмөр замтай нь холбох боломжтой. Улсын төмөр замтай холбох тухай Хятадын Төмөр замын яамны гадаад хамтын ажиллагааны газартай зурсан санамж бичиг, протокол нь бий. Бүр цаашлуулаад хэлбэл барьж эхэлсэн төмөр зам цаанаа ямар төмөр замын өртөөтэй яаж холбогдох вэ гэдэг нь ч тодорхой болчихсон.

-“Шинхуа” компанийн төмөр замтай холбогдох ямар ч боломж байхгүй хэрэг үү?

-Мэргэжлийн хүн л ойлгох асуудал. Энгийнээр хэлбэл төмөр замын координат зөрнө. Манай барих төмөр зам байгалийн зүгээрээ баруун талаараа явна.

Цаадах төмөр зам нь зүүн талаараа ирж байгаа учраас холбох ямар ч боломжгүй. Гүүр хоолой барьж байгаад холбоё гэхэд түвшин нь хэт зөрүүтэй. 30 метр өндөр буюу долоо, найман давхар байртай тэнцэхүйц зөрүү гарч ирнэ. Холбохын тулд 20-30 км төмөр зам барьж аажуухан дөхүүлэх хувилбар бий. Гэтэл наанаас ачаа тээсэн галт тэрэг явна. Хүнд ачаатай галт тэрэг огцом өгсөнө гэдэг том асуудал. Тийм учраас “Шинхуа”-гийн төмөр замтай холбох ямар ч боломжгүй гээд байгаа юм. Улсын төмөр замтай нь холбочихвол манай Шивээ хүрэн, Таван толгой Хятадын төмөр замын үндсэн сүлжээтэй холбогдоно.

-Таван толгойгоос урд хөршийг чиглэсэн төмөр замыг нарийн царигаар барина гэсэн шийдвэр гарлаа гэж бодъё. Санхүүжилт нь шийдэгдэх магадлал хэр байгаа бол?

-Зураг төсөл, ТЭЗҮ нь бэлэн. Газар шорооны ажил нь эхэлчихсэн. Ачих нүүрс нь бэлэн, авах худалдан авагч нь дугаарлаад зогсч байна. Монгол, Хятадын хувьд нэг нь бүтээгдэхүүнээ тээвэрлэж хүргэж өгнө, нөгөө нь худалдаж авна гэсэн гэрээ тохироонууд ч бий. Ийм нөхцөлд төмөр зам барихад ямар ч саад байхгүй. Санхүүжүүлэх газар хаанаас ч олдоно. Төмөр замыг цэргүүдээр бариулна, техник ашиглана, төмөр замын мэргэжлийн хүмүүс оролцож бүтээн байгуулна гэдэг бол маргаан мэтгэлцээн өрнүүлэхээр том асуудал биш. Төмөр зам барих үндсэн нөхцөл бүрдчихсэн гэсэн үг. Тийм учраас Таван толгой-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт багахан сэтгэл зүрх гаргахад л бүтчих асуудал.

-Таван толгойгоос урд хил хүрэх төмөр замыг нарийн царигаар барьж болохгүй, геополитикийн аюултай гэсэн тайлбарын тухайд та юу хэлэх вэ?

-Уул уурхайн бүтээгдэхүүн ховх сорогдоод үнэгүй гараад дуусна гэсэн эдийн засгийн ойлголт хэтээсээ байхгүй. Цаад талаас ямар нэгэн аюул занал орж ирнэ гэсэн байр суурийг ярих ч хүсэл алга. Тийм юм гэж хаана байхав. Орчин үеийн ертөнцөд ийм аюул заналыг механик аргаар ойлгохоо больсон. Тэгж харахаа байсан шүү дээ.

-Таван толгойгоос Зүүнбаян, Сайншанд руу чиглэсэн төмөр замын маршрутыг ярихаас өмнө тодруулах нэг зүйл байна. Ер нь Таван толгойн төмөр замын түүх ямар процессоор яаж өрнөөд өнөөдрийг хүрчихэв ээ?

-Миний хувьд гучин жилийн хугацаанд энэ салбарт зүтгэсэн, төмөр замын салбарыг удирдаж ажилласан, төмөр замын мэргэжлийн инженер хүн. Тэр утгаараа энэ салбарын түүх, ололт, амжилт бүхнийг мэдсэн, мэдэрсэн хүмүүсийн нэг. Монгол Улсад “Алт” хөтөлбөр хэрэгжиж байхад хэн ч төмөр зам ярьж байгаагүй. 2000 оноос хойш уул уурхайгаа хөгжүүлж байж л урагшилна гэж ярьж эхэлсэн. ОХУ-ын Засгийн газрыг тэргүүлж байсан М.Е.Фрадков 2006 онд Монголд айлчлахдаа энэ асуудлыг ярьсан удаатай. Тухайн үед хоёр улсын түвшинд анх удаа нефть боловсруулах үйлдвэр барих эсэх, нүүрсийг олборлож экспортлох, уул уурхайн бусад бүтээгдэхүүнийг эргэлтэд оруулах гэх мэт асуудлыг ярьсан юм. Тэр үед өрнөсөн яриа хэлэлцээрт төмөр замын нэгдүгээр орлогч даргын хувьд оролцож байлаа. 2000 оноос өмнө, уул уурхайгаараа хөгжих ёстой юм байна гэсэн яриа эхлэл төдий байхад Хятадын талаас Төмөртэй, Төмөр толгойн ордууд, Бор-Өндөр орчмын уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн тухай яриа хөөрөө үүсгэж байсан юм билээ. Ер нь уул уурхайгаа ашиглах сонирхол төрсөн үеэс л төмөр замын тухай яриа эхэлсэн. Хожим 2008, 2009 онд Таван толгойн нүүрсний ордыг ашиглах тухай асуудал болоод ирсэн л дээ. Яг энэ үед л уул уурхай, төмөр зам хоёр нүүр тулсан. Төмөр замыг Таван толгой буюу уул уурхайтай холбох концепци төрийн бодлого болсон үе нь 2013 он.

-Эхэн үедээ аль чиглэлд төмөр зам тавих асуудал хүчтэй яригдаж байсан бэ?

-Тухайн үед Хятадаар биш, Оросоор уул уурхайн бүтээгдэхүүнээ гаргана гэсэн хандлага хүчтэй байсан. Тэр утгаараа Монголын нүүрс Владивостокоор дамжиж гарах ёстой гэсэн концепци гарсан юм. Цариг нь өргөн учраас шууд Орос руу гарах ёстой гэсэн байр суурь мэргэжлийнхэнд байсан. Гэтэл хувийн секторын хувьд номер нэг асуудал нь үр ашиг. Зөрчил ингэж эхэлсэн. Тэгэхээр төмөр замын цариг сэтгэлгээний, концепцийн, стартегийн, арга барилын зөрүү болохоос хувь хүмүүсийн муудалцаан биш. Нэг талд төр нь Оросоор дамжуулаад өчнөөн зуун километр газраар зардал мөнгөө бодолгүйгээр тээвэрлэ гэж муйхарлаж, нөгөө талд хувийн хэвшлийнхэн нарийн тооцоон дээр ажиллаж эхэлсэн хэрэг л дээ. Бид өнөөдрийг хүртэл уул уурхай төмөр зам хоёрыг нийлүүлэх гэж будилаад л явна.

-Одоо Таван толгойгоос Сайншанд руу чиглэсэн төмөр замын маршрут руу оръё. Энэ чиглэлд яг ямар асуудал, үл ойлголцол байна?

-Таван толгойгоос Сайншанд руу барих төмөр зам маргаан дагуулж байна. Гэхдээ царигийн маргаан биш гэдгийг онцолъё. Таван толгойгоос урагшаа ба зүүн тийш асуудалгүй. Харин Зүүнбаянгаас урагшаа ба баруун тийш чиглэл нь маргаантай. Зүүнбаянгаас урагш Тавантолгой руу төмөр зам барихад маш урт. 400-500 километр. Гэтэл зэрэгцээд Зүүнбаянгаас Ханги Мандал руу төмөр зам барина гэсэн салаа утгатай зүйл яриад эхэллээ. Зүүнбаянгаас Таван толгой руу ч явах юм шиг, Зүүнбаянгаас Ханги Мандал руу ч тавих гээд байгаа юм шиг байдал үүсчихсэн. Бүр тодруулж хэлбэл Зүүнбаянгаас явах нэг чиглэл нь хил рүү, нөгөө чиглэл нь уурхай руу гэсэн хувилбар яригдаж байна. Ингэж хоёуланг нь ярьж олон нийтийг төөрөгдүүлээд дундаас нь нэг хүн хожих зорилго нуугдаж байхыг үгүйсгэхгүй. Зүүнбаянгаас уурхай руу, Зүүнбаянгаас Ханги Мандал руу чиглэсэн төмөр замын дундуур нь төмөр зам барьж болохгүй учраас аль нэгийг нь сонгож таарна.

Алийг нь сонгох вэ гэдэг маргаантай асуудал болчихоод байна. Зүүнбаянгаас Ханги Мандал руу өргөн царигаар төмөр зам барих асуудлыг түрүүчийн Зам тээврийн сайд Д.Ганбат Засгийн газрын шийдвэрээр УИХ-д оруулсан удаатай. Тэр үед УИХ “Хятадын хилийн төмөр зам руу чиглэж байна. Тэр чиглэлд дандаа нарийн царигаар барина гэсэн биз дээ” гээд унагаачихсан юм. Буруу л даа. Зүүнбаянгаас Ханги Мандал руу чиглэх төмөр зам өргөн царигийн байх ёстой.

-Яагаад?

-Улаанбаатар төмөр замын Эрээний нэг гарц бий. Ханги Мандал тэр гарцын хоёр дахь нь учраас өргөн царигтай байх учиртай. Төмөр замын мэргэжлийн хүмүүс өргөн царигтай байх ёстой гэсэн байр суурьтай явдаг. Зүүнбаянгаас Таван толгойн уурхай руу баригдах төмөр замд мөн л царигийн маргаан байхгүй. Ялгаагүй өргөн царигтай. Гэхдээ энэ хоёр чиглэлийн төмөр замын аль нь түрүүлж баригдах вэ гэсэн асуудал байна. Хоёуланг нь зэрэг барих чадал байна уу, эсвэл Таван толгой, Зүүнбаянгийн төмөр замуудыг Ханги Мандал дээр өргөн царигаар уулзуулах уу гэсэн асуулт байгаа. Энэ тохиолдолд Таван толгойгоос явсан төмөр зам Ханги Мандал дээр очиж, Зүүнбаянгаар дайрна. Өөрөөр хэлбэл Орос руу ч, Хятад руу ч гарах боломжтой гэсэн үг. Ийм логистик үр ашигтай төмөр замын сүлжээг үүсгэх цаг болсон. Бүр тодруулъя. Таван толгойгоос шууд Ханги Мандал-Зүүнбаян-Орос, эсвэл Таван толгой-Ханги Мандал-Зүүнбаян-Эрээн гэсэн чиглэлийг анзаараарай. Хаанаас нь ч Ханги Мандалаар гарах шийдлүүд. Үүнийг тээвэр логистикийн бодлого гэдэг юм. Илүү тодорхой тайлбарлавал энэ бол стратеги, нийгмийн хөгжил, эдийн засгийн сонирхолтойгоо холбосон бодлого.

Төмөр замын тээвэр логистикийн шийдлийг олдог байгууллага нь УИХ биш. УИХ бол хууль баталдаг байгууллага. Засгийн газар ч төмөр замын логистикийг шийддэг судалгааны байгууллага, институци биш. Тээвэр логистикийг мэргэжлийн хүмүүст нь даатгах ёстой. Ийм бодлогыг стратегийн гэж тодотгодог юм. Энэ асуудлыг бодож тооцоолж шийддэг стратегичид хаана байна, тэд яагаад дуугарахгүй сууна вэ гэдэг асуудал болчихлоо л доо.

-Төмөр замын чиглэлд эрх ашгийн, үзэл бодлын, бүр цаашлуулж яривал эрх мэдлийн маргаан үүсээд байх шиг анзаарагддаг. Энэ тал дээр таны байр суурийг сонсъё?

-Хүмүүсийн, нам бүлгийн эрх ашгийн маргаан төмөр зам дээр бол жижигдэнэ. Хэн нэг УИХ-ын гишүүн, ямар нэг улс төрийн намын бодол санаа төмөр замын тээвэр логистикийн бодлогын энд хүрэхгүй.

-Бүр тодруулж асууя. Засгийн газрын дэвшүүлсэн хувилбар хэр боломжтой вэ?

-Энэ Засгийн газрын дэвшүүлсэн хувилбар боломжгүй. Тээвэр логистикийн стратегийг гүйцэт хараагүй шийдвэр. Таван толгойн төмөр замын талаар мэргэжлийн хүмүүсийн бодож боловсруулсан бичиг баримтыг одоогоор салбарын яамнаас гаргаж тавиагүй, ҮАБЗ дээр ч яриагүй, битүү хатуу байна. Ашиг сонирхлын зөрчлийг арилгаж шийдэх ганцхан арга нь ил гаргах шүү дээ. Ил гаргачихаар шийдэгддэг онцлогтой. Далд байх тусам ашиг сонирхлууд улам чангараад байдаг.

-Ашиг сонирхлын зөрчлүүдийг ил гаргах боломж харагдаж байна уу?

-Ил гаргах боломж бий. Улс төрийн жолоон дээр сууж байгаа улсын л санаа зоригийн асуудал. Ил гаргаад, тас цохихыг нь цохиод, зөвшилцүүлэхийг нь зөвшилцүүлээд шийдэх хэрэгтэй. Түүнээс биш Таван толгойн төмөр зам дээр МАН-ын бодлого гэж байж болохгүй. Улсын бодлого гэж л байна. Эсвэл цэвэр уул уурхайг ашиглах гэсэн эдийн засгийн бодлого байна. Ямар нэг нам, бүлгийн бодлого ороод ирвэл зорилго нь алдагдана. Манайд хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал гээд яривал төр засаг бүрэн бүтнээрээ байна. Гэхдээ төр улс болоход нэг зүйл дутуу байгаа. Тэр нь ой санамж. Ой санамжаа хадгалсаар ирсэн институци, ард түмнийхээ мэдлэг ур чадварыг тээж явдаг элит давхарга алга болчихсон. Таван толгойн асуудлыг үе үеэр нь ярьж судалсан, судалж яваа шинжлэх ухааны байгууллага, институти байхгүй. Ийм асуудлыг улстөрчид шийддэггүй юм. Ямар ч улсад мэргэжлийн холбоод, байгууллагууд, шинжлэх ухааны институтууд нь эцсийн шийдэл гарцыг олдог. Тэрийг нь улстөрчид сонсч хэлэлцээд эцсийн шийдвэрийг гаргадаг.

-Мэргэжлийн холбоо гэснээс төмөр замын чиглэлээр ул үндэстэй дуугараад зүг чиг өгчихөөр ямар холбоод байна вэ?

-Монголын төмөр замчдын бүтээн байгуулагчдын холбоо гэж бий. Монголын төмөр замын инженерүүдийн холбоо гэж ажилладаг. Үүнээс гадна Монголын төмөр замын нэгдсэн холбоо байна. Цаашлаад яривал жижиг хүрээний мэргэжлийн холбоо өчнөөн. Энэ холбоод Стратегийн судалгааны хүрээлэн, Олон улсын судалгааны хүрээлэнтэй хамтраад сая ярьсан ой санамж, концепци, ур чадварыг гаргаж ирж ашиглаад салбарын төсөв төлөвлөгөөг хийж өгч байх ёстой. Зам тээврийн яамны жилийн төсөв, төлөвлөгөө, бодлогыг хийж өгч байх учиртай. Яамны ажилтнууд төрийн захиргааны ажилтнууд учраас хийж амжихгүй.

-Засгийн газар сая Таван толгойн төмөр зам дээр хувилбар гаргахдаа мэргэжлийн байгууллагуудаа сонсоогүй гэж ойлголоо, зөв үү?

-Яг тийм. Мэргэжлийн байгууллагуудыг сонсдог механизм төр засагт, яаманд, ер нь хаана ч алга. Салбарын яаманд Б.Артур, Б.Цогтгэрэл гэж хоёр хүн л байна. Б.Артур нь төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга. Б.Цогтгэрэл нь дэд сайд. Ийм хүмүүс л төмөр замын ой санамж, ур чадвар, мэдлэг болоод байна даа. Гэтэл цаана нь төмөр замын ой санамж, ур чадварыг тээж яваа 15 мянган төмөр замчин, төмөр замд ажиллаж явсан хүмүүсийн үүсгэж бий болгосон мэргэжлийн холбоод бий.


Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Б.Бямбасайханы эхнэр Д.Өнөржаргал: Надад уйлах ч завдал олдохгүй байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Б.Бямбасайханы эхнэр Д.Өнөржаргалтай ярилцлаа.


-Б.Бямбасайханыг хориод хоёр сар болчихлоо. Энэ хугацаанд нөхөртэйгөө хэдэн удаа уулзсан бэ?

-Долоо хоногт нэгээс хоёр удаа шилний цаанаас утсаар ярих маягаар уулзаж байгаа. Нэг удаа уулзах хугацаа 15 минут гэхээр долоо хоногт дээд тал нь хагас цаг уулздаг гэсэн үг.

-Уулзалтын үеэр хүүхдүүдээ л их асуух уу?

-Хүлээгдээгүй гэнэтийн явдал тохиолдсон болохоор хүүхдүүддээ, аав, ээждээ санаа зовсон асуулт их тавина. Долоо хоногт хагас цаг уулзах гэж бүтэн хоёр өдрийг зарцуулж байгаа минь ерөөсөө л нөхөртөө эрч хүч, сэтгэлийн тэнхээ өгөх. Сэтгэл санаагаар дэмжих гэж уулзаж яваа болохоор аль болох эерэг зүйлс ярьж, хүүхдүүдээ өвдсөн үед ч “Санаа зоволтгүй ээ, зүгээр” гэж хэлж байгаа.

-15 минут уулзах гэж бүтэн өдөр зарцуулдаг хэрэг үү?

-Үдээс урагшдаа АТГ-аас нэвтрэх зөвшөөрөл авна. Яваад очихоор ойр дотныхоо хүмүүстэй уулзах гэсэн хүмүүс дугаарлаад зогсч байдаг. Бүгд л дотны хүмүүстэйгээ уулзах гэж яарч байгаа улс. Яалаа гэж хөл хүнд гээд намайг урдуураа оруулах билээ. Хүлээж байгаад ханьтайгаа уулзаад гэртээ ирэхэд оройны зургаа, долоон цаг болчихдог.

-Тэгж удаан дугаарлахаар бэлдэж очсон хоол цай хөрөхөөс эхлээд хэцүү л юм байна?

-Хоол унд оруулахгүй, зөвхөн эмчийн заавраар шаардлагатай эм тариа, унших ном, тухайн улирлын нэг ээлжийн солих хувцас л оруулдаг юм билээ. Эхний хоёр долоо хоногт бол зөвшөөрдөг хувцсыг нь ч аваачиж өгч мэдэхгүй будилж явсаар таарсан.

-Танай хүнийг нэлээд жин хаясан гэж хэвлэлээр мэдээлж байна. Биеийн байдал нь ямаршуу байгаа бол?

-Хоёр сарын хугацаанд 13 кг турсан байна. Хэр стресстэй, сэтгэлийн дарамттай байгаа нь эндээс харагдах байх. Огцом жин хаясан нь дархлаанд нь нөлөөлөөд өвчин ороогоод эхэллээ. Гаднаас нарийн мэргэжлийн эмч очиж үзсэн гэсэн. Манай хүн элэг муутай. Элэг өвддөггүй эрхтэн болохоор хүндрэх вий гэж айгаад байх юм. Олон цаг сууж ажилладаг, биеэ хайхардаггүй байсан болохоор санаа зовоод л байна.

ШАЛГУУЛАХГҮЙ ГЭЖ ГАНЦ Ч УДАА ХЭЛЭЭГҮЙ БАЙХАД ХОРЬСОНД НЬ ҮНЭХЭЭР ГАЙХАЖ БАЙНА

-Эмчилгээ хийлгэж байгаа юу?

-Эмчилгээ хийлгэсэн. Гэхдээ яг тохирсон эмчилгээ хийгдээгүй юм шиг санагдсан. Сүүлийн үед хамраас нь байнга цус гарч, гүйлгэж байна. Бид хууль дүрмийнх нь дагуу шалгах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ. Шалгуулахгүй гэж нэг ч удаа хэлээгүй. Оргон зайлах оролдлого ганц ч удаа гаргаагүй. Байцаалт өгөхгүй гэж татгалзаагүй. Ийм байхад гэрчийн мэдүүлэг авъя гэж дуудангуутаа хорьсон нь үнэхээр хүнд санагдаж байна. Гайхаж байна. Эцэст нь эрүүл мэндээрээ хохирч байгаад сэтгэл дундуур байна.

-Хөл хүнд, хэзээ мөдгүй төрөх дөхсөн хүн ийм хүнд үеийг ганцаараа туулна гэдэг хэцүү. Уулзах үед нулимсаа барьж чадахгүй үе гарна биз?

-Эрч хүч өгөх гэж нөхөртэйгөө уулзаж байгаа хүн чинь уйлж болохгүй. Харц тулгарахгүйгээр “Хүүхдүүд сайн байгаа. Санаа зовох хэрэггүй” гэх мэт ерөнхий зүйлс ярьж байгаад л гарч ирдэг. Ханьдаа санаа зовсноо ил гаргахгүй шүү гэж хичээгээд нулимсаа барьдаг. Үнэнийг хэлэхэд надад уйлах ч газар олдохгүй л байна. Гэртээ хүүхдүүддээ мэдэгдэхгүй гэж хичээнэ. Нөхөртөө сэтгэлээр унаснаа харуулж болохгүй. Ээж, аавынх нь санааг зовоож хямрааж бүр болохгүй. Уулзах үеэр манай хүн ч надад сэтгэлийн дэм өгөх гэж сэтгэлээ барьж байгаа нь анзаарагддаг. Би ханьтайгаа уулзахаараа “Бидэнд санаа зовоод хэрэггүй. Өөртөө л анхаар” гэдэг юм. Тэгж хэлсэн хэр нь хүүхдүүддээ, надад, ээж, аавдаа санаа зовж суугаа нь мэдрэгдээд хэцүү юм (нүдэнд нь нулимс цийлэгнэв).

-Ямар учраас яагаад хорьчихов гэж хандсан газар байна уу?

-Огт мэдэхгүй процесс болохоор хэнд хандахаа ч сайн мэдэхгүй л байна. Үнэн, мөн нь тогтоогдоод удахгүй гараад ирнэ гэж явсаар хоёр сарын нүүр үзэж байна. Хуучнаар бол Ганц худаг, одоогийн 461 дүгээр хорих ангийг хөдөө байдаг гэж л боддог байлаа. Ийм л юм руу гэнэт орчихлоо. Өмгөөлөгч маань хуулийн хүрээнд холбогдох арга хэмжээг авч байгаа.

ТЭР ӨДӨР ЯАХ ГЭЖ САЛХИНД ГАРАВ ДАА ГЭЖ ХАРАМСААД БАЙХ ЮМ

-Танай хүний компанийн ажил төрөл ямаршуу байгаа вэ?

-Ойр зуурын жижиг ажлууд нь хэвийн явж байгаа. Манай хүн байхгүй болохоор өөрөөс нь хамааралтай бүх ажил зогсчихсон.

-Б.Бямбасайханы өмгөөлөгч “Хүүхдүүдээ гэрийнх нь гадаа буулгаад л АТГруу мэдүүлэг өгөхөөр яваад хоригдсон” гэж манай сонинд ярилцлага өгөхдөө ярьсан. Тэгэхээр яаж ч бодсон сэтгэл зүйн хувьд хүнд үеийг туулсан байх…?

-Тэр үед надад хүртэл маш хүнд байсан. Хүүхдүүдээ агаарт гаргая, төрөхөөсөө өмнө гэр бүлээрээ амаръя гэж ярьж ярьж ганц салхинд гарсан нь тэр л дээ. Тэр өдөр яах гэж салхинд гарав даа гэж гэмшээд, харамсаад байх юм. Арга ядсан хүний л бодол байх даа. Манай хүнтэй АТГ-аас холбогдсон өдөр нь хагас сайн байсан. Бүтэн сайнд заавал ир гэхээр нь учир байдлаа тайлбарлаж даваа гаригт ажил цуглангуут яваад очъё гэсэн л дээ. Бүр хэд хэдэн удаа учир байдлаа хэлсэн ч байн байн залгаад байхаар нь амралтын хугацаагаа богиносгох шийдвэр гаргахаас аргагүйд хүрсэн. Манай хүн “Очиж мэдүүлэг өгөх хэрэгтэй бололтой. Яаралтай юм шиг байна. Тодруулах зүйл байна гэнэ” гээд л бүтэн сайнд Улаанбаатар руу яарч ирсэн. Ирэх замд хүүхдүүд машиндаа унтчихсан байсан болохоор тэдэнтэйгээ тухтай ярьж, үнсэж ч амжилгүй “Хайр нь хурдхан мэдүүлэг өгчихөөд ирье” гээд явсан хүнийг шууд хорьчихоор хэцүү шүү дээ. Сэтгэл зүйн хувьд нэлээд хүнд цохилтод орсон байх. Би ч тухайн үед олон юм бодоогүй. Удахгүй ирчих байх гээд хоолоо хийчихээд хүүхдүүдээ усанд оруулаад байж байтал танихгүй дугаараас дуудлага ирсэн л дээ. Утсаа автал манай хүн “Яаралтай АТГ дээр ирэх хэрэгтэй байна. Миний дулаан хувцсыг авчраарай” гээд л утсаа тавьсан. Би ч яаруу сандруу хувцсыг нь бэлдээд очтол түр саатуулах шийд гаргаад манай хүнд танилцуулчихсан байсан.

-Тэр үед тухтай ярьж амжсан уу?

-Тухтай ярих ямар ч боломж байгаагүй. Бараг хувцсыг нь өгөөд л салсан. Тэр үед манай хүн “Удахгүй ээ. 48 цаг саатуулж мэдүүлэг авна гэсэн болохоор тайван байгаарай. Хоёр өдрийн дараа гарчих болохоор аав, ээж, хүүхдүүдэд битгий хэлээрэй. Санаа нь зовчихно” гэснээс өөр юм хэлэх завдал гараагүй.

ХҮҮХДҮҮДДЭЭ ААВЫГ НЬ ОНГОЦОНД СУУГААД ЯВСАН ГЭЭД ХЭЛЧИХСЭН

-Хүүхдүүд нь аавыгаа санаад хэцүүхэн байна уу?

-Өмнө нь ингэж олон өдрөөр явж байгаагүй болохоор хэцүү байгаа. Томчууд нь сонин хэвлэл, зурагт, сайтаас аавынхаа тухай олоод мэдчихсэн болохоор яах ч аргагүй. Жаахнууддаа “Аав нь ажил хийхээр онгоцоор явчихсан” гээд хэлчихсэн чинь онгоц хардаг болцгоосон. Сүүлдээ бүр барьж байсан тоглоомоо хайгаад олохгүй болохоороо “Онгоцонд суугаад явчихсан” гэцгээгээд. Тэгж хэлэхээр нь уйлчих гээд их хэцүү. Сураггүй алга болсон юмыг л онгоцонд суугаад явчихдаг гэж ойлгоод байх шиг байгаа юм. Манай хүн хөдөө, гадаа хаашаа ч явсан ажлынхаа зав чөлөөгөөр хүүхдүүдтэйгээ байнга утсаар ярьдаг л даа. Энэ удаа огт ярихгүй болохоор гайхаж цочирдоод байх шиг. “Аав ямар дүрсгүй юм бэ, тийм ээ ээж ээ. Яагаад утсаар ярихгүй байна аа. Аавыгаа санаад байна ш дээ. Хүзүүн дээр нь суумаар байх юм” гэх мэтээр байнга л аавыгаа ярьдаг боллоо. Аавынхаа тухай ярих болгонд нь сэтгэл сэмрээд хэцүү санагддаг. Манай хүн жаахан цаг гарахаараа л хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай. Баргил хоолойтой, хүн харахаар сүрдмээр төрхтэй ч гэлээ их зөөлөн. Хүүхдүүддээ бол хайлаад урсчихна. Тийм болохоор аавынх нь орон зай үгүйлэгдэнэ л дээ.

-Танайх хэдэн хүүхэдтэй вэ. Аавын амины хүүхдэд бүр хүнд байгаа байх даа…?

-Манайх 2-16 насны таван хүүхэдтэй. Олон охинтой. Охин хүүхдүүд аавдаа амь байдаг болохоор бүгд л аавыгаа гэнэ. Хоёр настай жаахан маань аавыгаа ганц хоёр өдрөөр явсан ч халуурдаг их сонин хүүхэд л дээ. Тэгээд ирэнгүүт нь өргөс авсан аятай зүгээр болчихдог юм. Хоригдсон эхний өдөр нь халуурсан. Өнөөдөр ч ларингит болчихсон халуунтай байгаа. Сүүлийн сард хоёр удаа дараалаад антибиотикийн эмчилгээ хийлгэж байна. Том охин нь хөлөө бэртээгээд гипсдүүлсэн. Ер нь хүүхдүүд маань аавыгаа явснаас хойш их өвдөх болсон. Өвдсөн гээд хэлчихвэл санаа нь зовчихно гээд аавд нь хэлж чадахгүй л байна. Сургуулийн хүүхдүүдийн шалгалтын үе нь ирчихлээ, яаж байгаа бол гэж санаа нь зовж суугаа хүнд өвдчихлөө гэж хэлбэл бүр хэцүүднэ.

-Багыгаа халуурдгийг нь мэддэг болохоор байнга биеийг нь асууна биз?

-Очих болгонд л хүүхдүүд яаж байна гэж асуудаг. Сүүлд очихдоо өвдсөн гэж хэлэхгүй нуух гэж байгаад “Ерөнхийдөө гайгүй” гээд хэлчихсэн чинь “Ерөнхийдөө гайгүй гэдэг чинь юу гэсэн үг юм бэ” гээд их сандарсан.

-Мэдээж хүүхдүүдтэйгээ тэнд уулзах аргагүй. Ядаж зургийг нь харуулах боломж олдож байна уу?

-Зургийг нь өгсөн. Тэгж л дэвтэж байх шиг байна. Сүүлд байцаалт өгөхөөр ирээд байхад нь завсарлага дундуур нь хувцсыг нь аваачиж өгөнгөө нүүр тулж уулзах боломж гарсан юм. Хүүхдүүдийнх нь зургийг, бас хэвлийд байгаа ургийн зураг үзүүлсэн чинь “Яасан том болоо вэ” гээд цурхиртлаа уйлсан (уйлав). Манай хүн хүүхдүүдээ төрөхөд дэргэд нь байж, хүйг нь өөрөө хайчилдаг юм. Энэ удаад ч бага хүүхдээ төрөхөд нь хамт байх юмсан гэж их ярьж байгаа.

-Томчууд нь аавыгаа хоригдож байгааг мэдчихээр хүндхэн л байгаа байх…?

-Сургуулийнх нь хүүхдүүд сэтгэл зүйн дарамт үзүүлэх вий гэж айх юм. Дунд, ахлах ангийн хүүхдүүдэд тийм дам нөлөө ирвэл сургуульдаа явмааргүй санагдахаас эхлээд санаа зовоосон маш олон асуудал гардаг.

-Б.Бямбасайханы аав, ээж нь ямар хүмүүс байдаг вэ. Хүнийг ямархуу зан чанартай вэ гэдгийг хардаг нэг шалгуур нь аав ээж, гэр бүлийнх нь суурь хүмүүжил байдаг гэдэг утгаар асууж байна л даа…?

-Манай хадам аав Засгийн Газрын болон Гадаад Хэргийн Яамны авто баазад насаараа жолоочоор ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүн бий. Хадам ээж маань гадаад харилцааны яаманд насаараа ажиллаад тэтгэвэртээ гарсан дипломатч. Ханийн минь суурь боловсрол, хүмүүжлийг өгсөн ачтай хүмүүс дээ. Сайн хүн байх, шударгаар ажиллах, зөв байх ухааныг өгсөнд нь тэдэндээ талархаж явдаг. Аав, ээжийг гадаад яамныхан андахгүй. Тэтгэвэрт гарсан ч гэсэн ГХЯ-ны Ахмадын Хорооны тэргүүлэгч гишүүнээр ажилладаг, завгүй, идэвхтэй гэж жигтэйхэн хүн. Ер нь их зөв улс. Манай хүн аав, ээжийгээ дагаад арван жилд байхдаа л Америкт амьдарч байсан болохоор англи хэл сайтай. Унаган хэл нь шахуу болчихсон. Хэл сайтай учраас 1990-ээд оны сүүлч, 2000 оны эхээр оюутан байхаасаа л англи хэлний орчуулагч хийж аав, ээждээ тусалдаг байсан гэж ярьдаг юм.

-Хоригдсон эхний өдрөө аав, ээждээ битгий хэлээрэй гэж захисан тухай ярианы эхэнд дурдагдсан. Ээж, аав нь хүүгийнхээ хоригдсоныг хэзээ мэдсэн бэ?

-Манай хүн аав, ээжтэйгээ утсаар байнга харилцдаг юм. Эхний өдрийнх нь орой ээжийн совин татсан уу яасан хэд хэд залгасан байсан. Нөхрийнхөө өмнөөс “Ажил ихтэй байна, сайхан амраарай” гээд мессэж бичээд хоносон чинь өглөө нь хэвлэлээр шуугьчихсан байсан л даа. Асууж тодруулах зүйл байгаа биз, удахгүй гараад ирэх байлгүй дээ гэж зоригжуулж нэг сарыг өнгөрөөсөн. Гэтэл 15 хоногоор сунгачихсан. Тэр үед хадам ээж нэлээд хэцүүдсэн. “Миний хүү зөв хүн шүү дээ. Бүх л хүнтэй эвтэй байдаг” гээд их хямарсан. Сүүлд 30 хоногоор сунгах үед хадам ээжийн бие огцом муудаж эмнэлэгт хэвтсэн. Хүүгээ амьд үзэх тавилан байна уу гэж уйлаад ярихыг нь сонсох үнэхээр хэцүү санагдсан. Ханийгаа гараад ирэхэд нь хөгшид, нялхсыг нь эрүүл саруул байлгахсан л гэж хичээж байна даа. Миний толгой дээр байгаа хамгийн том хариуцлага энэ л байна.

МИНИЙ ХАНЬ ЭХ ОРНЫХОО ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЕ ГЭЖ ЗОРИОД НУТАГТАА ИРСЭН

-Б.Бямбасайхан Монголд ирэхээсээ өмнө сэргээгдэх хүчний олон том төсөлд хөрөнгө оруулалт татсан туршлагатай, дэлхийн хэмжээний том байгууллагын чадалтай ажилтан байсан. Монголын анхны салхин станцын төсөл дээр ажиллах санал аваад ирсэн байх аа?

-Тэгсэн. Монголын хамгийн анхны салхин цахилгаан станц “Салхит”-ын төслийг ахлаж ажиллах санал хүлээж аваад ирсэн. Манай хүн Монголд ирэхээсээ өмнө Азийн Хөгжлийн Банкны төв оффист эрчим хүчний мэргэжилтэн байсан юм. Эрчим хүчний доголдол, хомсдолтой Төв Азийн орнуудыг эрчим хүчээр хангах чиглэлд тэрбум ам.доллараар хэмжигдэх хөрөнгө оруулалт босгож байсан туршлагатай. Тэндээ үргэлжлүүлээд ажиллаад явахад хэнээс ч дутахгүй мэдлэг боловсрол, ур чадвартай хүн. Гэнэт ажлаасаа гарах шийдвэр гаргахад нь удирдлагууд нь гайхаж хүлээж авсан гэж манай хүн ярьдаг юм. Чадалтай боловсон хүчнээ алдахгүй гэсэндээ “Цалингүй чөлөө өгье. Монголдоо нутагшихгүй бол буцаад ирээрэй” гэсэн юм билээ. Гэхдээ үр хүүхэд, ирээдүй хойч нь амьдрах эх орон юунаас ч эрхэм гэсэн үзэлтэй хүн болохоор Монголдоо ирэх шийдвэр гаргасан л даа. Эх орныхоо хөгжлийн төлөө зүтгэе гэж зориод нутагтаа ирсэн залуусын нэг.

-Салхит төсөл ч жишиг гэж бүтээн байгуулалт болсон шүү…?

-Би нөхрийнхөө бизнесийн ажилд төдийлөн оролцдоггүй болохоор нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй л дээ. Салхит төсөл дээр нэлээд шаргуу ажилласан санагддаг юм. Бид хүүхдээ эргэж байгаа юм шиг хагас, бүтэн сайн алгасахгүй бүтээн байгуулалт өрнөж байгаа талбай дээр очдог байсан. Тэр том салхин станцыг барих хөрөнгийг амжилттай босгоод ажиллана гэдэг мэдээж цаг зав шаардсан нүсэр ажил. Ийм том ажлын ард гарсаныхаа дараа омогшсон байх. Анх “Ньюком” группийн сэргээгдэх эрчим хүч хариуцсан охин компанид ажиллаж байгаад дараа нь толгой компанийнх нь захирал хүртэл дэвшсэн. Тэр үед Азийн хөгжлийн банкны удирдлагууддаа “Би буцаж очихооргүй боллоо” гэсэн хариу өгсөн санагдаж байна.

-Б.Бямбасайханыг Монголоо Азийн супер сүлжээний гол тоглогч болгоно гэсэн том амбицтайгаар хувийн бизнесээ эхлүүлсэн гэж хардаг. Засгийн газраас яг энэ үед нь “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллах санал тавьсан байх аа?

-Тэгсэн. Ажил бизнесийнх нь гүн рүү ордоггүй болохоор илүү тодорхой зүйл хэлж мэдэхгүй байна. Гэхдээ нэг зүйлийг тодорхой хэлж чадна. Манай хүн сая таны хэлсэнчлэн Монголоо сэргээгдэх эрчим хүчний диваажин болгоё гэсэн том мөрөөдөлтэй ажиллаж яваа. Дундаршгүй байгалийн баялгаа экспортлоод дэлхийн хэмжээний том тоглогч болох боломжтой юм байна гэдэг санаандаа нэлээд хөтлөгдөж хувийн компаниа байгуулаад ажиллаж байсан юм. Тэр үед нь л Засгийн газраас ажиллах санал тавьсан болов уу гэж боддог. Том төслүүд дээр амжилттай ажиллаж байсан туршлагыг нь үнэлсэн байх. Хүний суурь хүмүүжил гэж байдаг даа. Манай хүн олонтой их нийцтэй, хүнийг том, жижиг гэлгүй нөхөрлөж чаддаг, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалж, тэднийг төлөөлж үе үеийн Засгийн газартай хамтран ажилласан туршлагатай. Тэр чадварыг нь олж харсан байх.

-Олны танил нэг бизнесмэн Б.Бямбасайханыг “Салхит” төсөл дээр тун чадмаг гэрээ хэлцэл хийсэн гэж үнэлэхийг сонсч байсан. Гүйцэтгэгч компани нь ам.долларын ханшийн зөрүүнээс болж нэлээд хэмжээний алдагдал хүлээсэн ч гэрээгээ тултал хийсэн болохоор анх тохирсноороо хийхээс аргагүйд хүрсэн ч билүү, лав л Монголд маш ашигтай нөхцөлөөр Салхит станц боссон юм билээ. Гадны хөрөнгө оруулагч, бизнесмэнүүдийг уншиж, мэдэрч харилцдаг тун цөөхөн хүний нэг байх шүү…?

-Хувь хүний натур гэж ярьдаг даа. Манай хүний натур нь юмны арга эвийг мундаг олно. Зорьсон л бол эцсийг нь үздэг сайн зантай. Зориод зүтгэсэн ажлаа тултал нь хийдэг. Гадаадад ажиллаж, амьдарч байсан болохоор гадныхны сэтгэхүйг сайн ойлгоно. Дээр нь хэлний бэрхшээлгүй болохоор тухайн хүний юу хэлэх гээд байгааг, хоолойгоо яаж засахыг хүртэл уншиж мэдэрнэ. Хэлний бэрхшээлтэй бол хэцүү л дээ. Орчуулагчаар дамжиж харилцахаар цаад хүнийхээ хэлэх гээд байгаа зүйлийн 50 хувийг л ойлгодог. “Наанаа ингэж хэлсэн ч цаанаа тэгж бодож байгаа даа” гэж харж харилцана гэдэг том давуу тал. Тэр үүднээсээ аливааг бүх талаас нь харж, түүнийгээ цаасан дээр буулгаж чаддаг. Энэ чадвар нь олон том төслийг амжилттай хийхэд нь нөлөөлсөн болов уу.


Categories
мэдээ цаг-үе

Сэтгэл зүйч Э.Баянжаргал: Зохиомол айдас төрдөг гурав, дөрвөн настнуудыг “мангас”-аар айлгаж болохгүй

Сэтгэл зүйч Э.Баянжаргалтай ярилцлаа.

-Монголчуудын дийлэнхэд хүүхдэдээ гар хүрэх гээд байдаг гэм бий. Багадаа зодуулж өссөний буруу алга гэж ирээд ярьдаг хүмүүс ч олон таардаг. Ер нь хүүхдийг зодож хүмүүжүүлэх хэр зөв арга вэ?

-Маш буруу арга. Манай улс хүүхдээ зодож шийтгэвэл хариуцлага хүлээлгэдэг хуультай. Гэхдээ хүүхдээ зодож шийтгэвэл ийм хариуцлага хүлээлгэнэ гэж хуулийн заалт ярихаас илүүтэйгээр гар хүрэхгүйгээр өсгөж хүмүүжүүлэх арга зүйг нь ойлгуулмаар санагддаг. Таны хэлсэнчлэн томчууд багадаа зодуулж өслөө, тэглээ гээд буруудсан юм алга гэж ярьдаг. Тийм биш л дээ. Харин эсрэгээр нь би зодуулаагүй өссөн юм бол өнөөдөр ямар амжилттай яваа бол гэдэг талаас нь харж ярих хэрэгтэй. Хүүхдийг зодох нь хүмүүжлийн ямар ч ач холбогдолгүйг эрдэмтэд судлаад тогтоочихсон. Багадаа зодуулж байсан насанд хүрэгчдээс судалгаа авахад 95 орчим хувь нь яг юунаас болж аав, ээждээ зодуулснаа санадаггүй гэсэн хариу өгсөн байдаг. Зодох нь хүмүүжлийн ач тусгүйг энэ судалгаанаас харж болно. Ээж аавууд хүүхдээ зөв хүмүүжүүлэх гэсэндээ зоддоггүй, стрессээ тайлах нэг арга нь болсон гэсэн судалгаа ч бий.

-Стрессээ тайлах гэж хүүхдээ зоддог гэсэн тайлбар хатуу сонсогдож байна шүү?

-Сүүлийн үед хүмүүс их стресстэх болсон. Замын бөглөрөл, ажлын орчин гээд стресстэх шалтгаан өчнөөн байна л даа. Шуудхан хэлэхэд тэр бүх стрессээ гарын дор байдаг хүүхдэдээ гаргаж, хүүхдээ аашилж, зодож стрессээ тайлаад байна. Дарга нь загналаа гэхэд тэр бүр үг сөрж чаддаггүй. Даргадаа загнуулж шийтгүүлсэн стрессээ хүүхдэдээ гаргаад байна. Мэдээж аав, ээжүүдэд энэ тайлбар хатуу сонсогдох байх. Дахиад хэлэхэд энэ бол бодитой тайлбар.

-Хүүхдүүд ээж, ааваасаа илүү стресст ордог гэж сонсч байсан. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Бодитой үнэн мэдээлэл. Ээж, аавууд стресст ордог гээд байдаг ч яг үнэндээ хүүхдүүд илүү стресст ордог. Тэр дундаа 5-7 насныхан их стресстдэг. Хэдэн цагт босох, юу идэх, ямар ажил амжуулах гээд сонголт бидний гарт бий. Гэтэл хүүхдэд сонголт хийх боломж маш бага байдаг. Энэ талаас нь харж хүүхдээ илүү ихээр ойлгож харилцахыг сэтгэл зүйчид зөвлөдөг. Японы нэг сэтгэл зүйч бүдэрч унахад хүртэл хүүхдэд сэтгэл зүйн тусламж хэрэгтэй гэж ярьж байсан удаатай. Хүүхдийн тань хайртай амьтан үхчихлээ гэж бодъё. Энэ тохиолдолд аав, ээжүүд өөр амьтан авч өгье гэх мэтээр ханддаг. Хамтдаа гашуудах л хамгийн зөв арга. Ер нь хүүхэдтэйгээ ижил түвшинд, найзын хэмжээнд харилцах хэрэгтэй. Аав, ээжүүдийн хувьд хэн нэгэнтэй ярилцаж зөвлөлдөөд сэтгэлээ онгойлгочихдог. Харин хүүхдүүд хуримтлагдсан уур бухимдал, гомдол стрессээ тайлах аргаа олдоггүй. Тийм учраас стрессээ уйлж, зөрүүдэлж, үеийнхнээ шоглож, аав, ээжтэйгээ тэрсэлдэж гадагшлуулдаг. Үүнийг нь ойлгохгүй загнаж, зодох гээд байдаг нь эцэг эхчүүдийн том алдаа болдог.

-Та сая 5-7 насныхан хамгийн их стресстдэг гэж ярилаа. Ямар шалтгаанаар стресстдэг юм бол?

-Энэ насныхны хувьд сургуульд ордог, шинэ орчинд орж нийгэмшиж эхэлдэг үе. Тэр утгаараа 5-7 насныханд аав, ээжийн дэмжлэг бусад наснаас илүү хэрэгтэй. Багш нь нэг юм хэлээд, ээж аав нь ондоо зүйл яриад байхаар хүүхэд зөрчилд орж эхэлдэг. Цэцэрлэгтээ тоглож, амраад явж байсан хүүхдүүд дүрэм журам дагаад, нийгмийн харилцаанд ороод ирэхээр стресстдэг. Энэ насанд найз нөхөдтэй болох хэрэгцээ үүсдэг. Найзуудыг нь төрсөн өдөрт нь урих, хамтад нь кино үзүүлэх гэх мэтээр дэмжих хэрэгтэй.

-Зодож шийтгэх нь буруу юу, зөв үү гэдэг асуудал руугаа эргээд оръё. Зодуулж өссөн хүүхэд томроод ямар хүн болдог вэ. Сэтгэл зүйн хувьд хэр сөрөг өөрчлөлт гардаг бол?

-Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдтэй ярилцахаар хүний нүүр рүү ч эгцэлж харж чаддаггүй нийтлэг тал анзаарагддаг. Энэ бол зөвхөн эхний шинж тэмдэг нь. Байнга шүүмжлүүлж, загнуулж, зодуулж өссөн хүүхэд ноомой, өөрийгөө илэрхийлэх чадваргүй, бусдыг хайрлах сэтгэлгүй хүн болж төлөвшдөг. Монголын нэг айхавтар зүйр үг бий. “Хурга байхдаа цадаагүй бол төлөг болсон ч майлсаар байна” гэж. Энэ үгийг ухаад бодвол хүүхэд насандаа хайрлуулж, халамжлуулаагүй бол насанд хүрсэн хойноо хэцүү хүн болно гэсэн утга гарч ирж байгаа биз. Өнгөрсөн нийгэмд төлөв төвшин, дуу цөөтэй хүмүүсийг ноён нуруутай гэж үнэлдэг байсан бол өнөөдөр тэр хандлага өөрчлөгдсөн. Нээлттэй, ямар ч хүний арга эвийг олж чаддаг, үнэхээр чадаад байгаа бол тэрийгээ таниулж илэрхийлдэг хүмүүс л өнөөдөр амжилтад хүрч байна. Тэгэхээр хүүхдийнхээ санаа бодлыг сонсохгүй, зодож дарамталж шийтгэх тусам өөртөө итгэх итгэлийг нь үгүй хийж байна гэсэн үг. Бие даах чадваргүй, шийдвэр гаргадаггүй, бусдын хараат, аялдан дагагч энгийн номхон хүнийг бэлдэж байна гэдгээ ойлгож ухаарах хэрэгтэй. Бүр их хүчирхийлэлд өссөн хүүхдүүдийн хувьд том болоод гэмт хэрэгтэн болохоос өөр гарц байдаггүйг баталсан судалгаанууд олон бий. Эрүүл саруул төрсөн хүүхдүүдээ өөрийнхөө гараар бусдаас ялгарахгүй энгийн даруу нэгэн болгоё гэж хүсэх аав, ээж мэдээж байхгүй. Зодож хүмүүжүүлэхийн уршгийг мэдэхгүйдээ гар хүрээд байна л даа.

-Зодохгүйгээр эерэгээр хүмүүжүүлэх ямар аргууд байдаг вэ?

-Хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга гэхээр физикийн томьёо шиг тов тодорхой байдаг зүйл биш л дээ. Нас насных нь онцлогийг ойлгож харилцахыг л хэлээд байгаа юм. Түрүүн гэхэд хоёулаа 5-7 насныхны онцлог, энэ насныхантай хэрхэн харилцах тухай ярилаа шүү дээ. Аав, ээжүүдийн алсын зорилго нь хүүхдээ сайн хүн болгох. Гэтэл аар саархан ойрын зорилгоосоо болоод холын зорилгоо мартчихдаг. Холын зорилгоо мартахгүйн тулд хүүхдийнхээ онцлогийг мэдэж харилцах хэрэгтэй. Тодруулж хэлбэл хүүхдийнхээ нас, бие, сэтгэл зүйнх нь онцлогийг нарийн мэддэг байх ёстой. 0-6 настай хүүхэд гэхэд л өөрийн гэсэн онцлогтой. Энэ үед хүүхдэд ээж, аавынх нь хайр чухал байдаг. Биеийг нь илэх, харцаа тогтоож хүүхэдтэйгээ ярих зэргээр харилцаа тогтоож байх хэрэгтэй. Аавууд энэ үед нь хүүхэдтэйгээ дотно байдаггүй тал анзаарагддаг. Учир мэддэг болохоор нь сайн харилцана даа гэцгээдэг. Харамсалтай нь тэр үед хожимдсон байдаг. Яг хэрэгтэй үед нь л хүүхдийнхээ сэтгэл зүйн хэрэгцээг нөхөөгүй бол том болсон хойно нь ярилцахад түвэгтэй, үр дүн багатай байдаг.

-Нялх үед нь хүүхдээ ээжид нь бүрэн даатгасан аавуудад хожим нь хүүхэдтэйгээ ойлголцоход хүндрэл гарах нь ээ дээ?

-Тэгж ойлгож болно. Хүүхдүүддээ хоол өгөхөө мэддэг хэрнээ сэтгэл зүйн тэжээлийг нь өгч чаддаггүй гэм аав, ээжүүдэд анзаарагддаг. Зургаан сартайгаас хоёр, гурван настай хүүхдийн хувьд шинэ зүйл сурдаг үе. Энэ үед нь хүүхдийн тархины эд эс хүчтэй хөгждөг. Шинэ зүйлийг сурах тусам эд эсүүд нь холбогдож байдаг. Ийм учраас гурван нас хүртэлх хүүхдүүд бие даахыг хүсдэг.

Ээжийгээ гурил зуурахад нь дуурайх гэдэг. Яг ийм үед нь хориг тавихаар зөрүүдлэхээс эхлээд эсэргүүцэл үзүүлдэг. Энэ насны хүүхэдтэй аав, ээжид зөвлөхөд танай хүүхэд л юм юм руу орох гээд байгаа хэрэг биш, тархины хөгжил нь хэвийн явагдаж байна гэсэн үг. Халуун зүйл рүү орох гэх мэт эрсдлээс хамгаална уу гэхээс танин мэдэх, хөгжих гэсэн үйлдлүүдийг нь шууд хорьж болохгүй. 3-4 настай хүүхдийн хувьд тархинд нь олон янзын эд эс шинээр бүрэлддэг. Тэгэхээр санаа, сэдлийг нь аль болох хориглохгүй байх хэрэгтэй. Гурав, дөрвөн настнуудын нэг том онцлог гэвэл маш их айдастай байдаг. Зохиомол айдас төрдөг үе. Гэтэл энэ насныхныг аав, ээж нь “Үгэнд орохгүй бол цагдаа аваад явна”, “Мангаст өгнө шүү” гэх мэтээр айлгадаг. Айдастай, зорилгоо хэлж ойлгуулж чаддаггүй хүн болох эхлэлийг л тавьж байгаа хэрэг.

-Шилжилтийн нас эрт эхэлдэг болсон гэж ярих юм. Энэ хэр ортой мэдээлэл вэ?

-Шилжилтийн нас эрт эхэлдэг болсон. Өмнө нь 10-13 насанд шилжилтийн нас эхэлнэ гэж үздэг байсан бол сүүлийн үед 8-9 нас гэж ярьж байна.

-Гурав, дөрөвдүгээр ангиасаа л шилжилтийн нас руу орчихож байгаа юм байна. Шилжилтийн насанд ааш занд нь өөрчлөлт ордгийг шинжэх ухаан, сэтгэл зүй талаас нь тайлбарлаж өгөөч?

-Үгэнд орохгүй шинж анзаарагддаг. Шилжилтийн насанд бие физиологид өөрчлөлт орж эхэлдэг. Бие, сэтгэл хоёр бол нэгдмэл зүйл. Биед нь өөрчлөлт орохоор ааш нь хувирч эхэлдэг. Уурлахад царай улайж, хоолойны өнгө өөрчлөгдөж, хүүхдийн бие хөгжөөд физиологийн өөрчлөлт гараад ирэхээр яалт ч үгүй зан аашинд өөрчлөлт орж эхэлдэг. Гэтэл ээж, аавууд хүүхдийнхээ энэ онцлогийг ойлгохгүй “Зүгээр байдаг хүүхэд яах нь энэ вэ” гээд эвгүй харилцаад эхэлдэг. “Хүүхэд том хүн байж үзээгүй, харин томчууд хүүхэд байж үзсэн” гэдэг үг бий. Тэгэхээр хүүхэд биднийг ойлгох боломжгүй. Ээж аавууд л хүүхдээ ойлгохоос аргагүй. Мэдээж хүүхдээ ойлгож харилцана гэдэг ярьж байгаа шиг амар зүйл биш. Хэцүү зүйл их тохиолдоно. Тэр болгонд хүлээцтэй, тэвчээртэй байх хэрэгтэй.

-Шилжилтийн насны хүүхэдтэй яаж харилцах ёстой вэ?

-Шилжилтийн насныхан өөрсдийгөө том хүн болчихлоо гэж боддог. Ингэж бодох нь хүүхдийн буруу биш. Тэр утгаараа шилжилтийн насныхан том хүний хийдэг бүхнийг бие даагаад хийхийг эрмэлздэг. Энэ насны нэг том эрсдэл бол амьдралын туршлага багаас болж алдаа гаргах гээд байдаг. Нэг талаараа тархины хөгжилтэй ч холбоотой. Хүний тархи хойноосоо урагшаа хөгждөг. Духны хэсэгт бодож төлөвлөх, эрсдэлт үйлдлийг урьдчилан тооцоолох чадварыг бүрдүүлдэг хэсэг байдаг. Тэр чадвар нь хамгийн сүүлд хөгждөг гэсэн үг. Энэ үед хүүхдийг мэдээж хянах ёстой. Гэхдээ дээрээс харж хянах биш, алсын зайнаас, найз нөхөд шиг нь харилцах учиртай. Хүүхдэд харж хамгаалуулах, сурч боловсрох, амьд явах, оролцох гэсэн дөрвөн үндсэн эрх бий. Оролцох эрхийг бүр багаас нь эдлүүлж байх ёстой. Хувцас худалдаж авахаас эхлээд нүүж суухдаа хүртэл саналыг нь асуух хэрэгтэй. Ингэж өссөн хүүхэд аливаад ач холбогдол өгдөг, бүх юманд дүгнэлт хийх чадвартай хүн болдог. Барууны оронд бүр хүүхдээ дөнгөж төрөхөд нь өлгийнийх нь өнгийг “сонгуулдаг” жишиг бий. Аль нэг өнгөн дээр нь харцаа тогтоовол өнөө өнгийнх нь өлгийг сонгодог юм байна л даа. Өлгийтэй хүүхэд ойлгохгүй шүү дээ гэх байх. Хүүхдийн оролцоог өндөр хэмжээнд авч үзэх ёстой гэдгийг харуулсан сонирхолтой кейс мөн үү гэвэл мөн.

-Ер нь хүүхдийг эерэгээс хүмүүжүүлэхэд хамгийн өргөн хэрэглэдэг ямар арга байдаг бол?

-Хүүхдээ хүмүүжүүлэхдээ зайлшгүй хэрэглэх ёстой арга гэвэл AA буюу алдааг нь биш, амжилтыг нь, ЗЗ буюу загнахгүй, залхаахгүй байх гэсэн аргууд байна. Шалгалтандаа хангалтгүй дүн авсан байлаа ч бурууг нь харж загнахаас илүүтэй зөв хийснийг нь магтаж урамшуулах хэрэгтэй. “Миний хүү маш хүнд даалгаврыг нь хийж чадсан байна. Жаахан хичээхэд л үлдсэн даалгавраа асуудалгүй хийх юм байна” гэх мэтээр урамшуулж, хүч өгөх хэрэгтэй. Бидний тархины хувьд сэтгэл хөдлөлийг удирддаг хэсэг нь дотроо, бодож төлөвлөдөг хэсэг нь гадуур нь хучигдсан байдаг. Сэтгэл хөдлөл удирддаг хэсэг ажиллаж уурлаж бухимдаад ирэхээр бодох хянах хэсэг нь ажиллахгүй болно гэсэн үг. Тэгэхээр түр зуурын бухимдалдаа хөтлөгдөхөөс илүү хэрхэн харилцах ёстойгоо бодож, ухамсарлаж, хүүхэдтэйгээ харилцаарай гэж аав, ээжүүдэд зөвлөе.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Улаанбаатар төмөр зам” хоёр жилийн дараа 32 сая тонн ачаа тээвэрлэх чадалтай болно

“Улаанбаатар төмөр зам” хоёр жилийн дараа гэхэд 32 сая тонн ачаа тээнэ гэсэн зураг гарчээ. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа “2019 онд 26.32 сая тонн, 2020 онд 32 сая тонн ачаа зөөх дүр зураг бодитой харагдаж байна. 2020 он гэхэд орон нутгийн ачаа 14 сая тонн, экспортын ачаа 10 сая тонн, импортын ачаа 3.5 сая тонн болно. Үүнтэй холбогдуулж 2020 он хүртэл нэн яаралтай богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний жагсаалт гарсан. Мөнгөн дүн нь 261 сая ам.доллар болно. Өөрөөр хэлбэл 261 сая ам.долларыг хоёрхон жилийн дотор олж ашиглах шаардлага байна. 150-иад сая ам.долларын хөрөнгө оруулалтыг нь өөрийн хөрөнгөөр хийнэ. Үлдсэн хөрөнгийн эх үүсвэрийг нь хөөцөлдөнө. Энэ мөнгөөр суурь бүтэцдээ их засвар хийнэ. Хөдлөх бүрэлдэхүүнээ шинэчилнэ” гэж ярилаа. Тэрээр өчигдөр болсон “Төмөр замын хөгжил, салбарын ажилтнуудын нийгмийн асуудал” сэдэвтэй үндэсний зөвлөгөөний үеэр “Улаанбаатар төмөр зам”-ын 2030 он хүртэл хэрхэн хөгжих загварыг танилцуулсан юм.

Тээх чадлаа ингэж огцом өсгөхөд улсын, яамны дэмжлэг хэрэгтэй гэж илтгэгч онцоллоо. Төрийн зүгээс санхүүгийн байгууллагуудтай ярьж өгөх гэх мэт дэмжлэг шаардлагатай байгаа аж. Нэмж дуулгахад төмөр замын нэвтрүүлэх чадварыг хорь гаруй хувиар нэмэх систем удахгүй ашиглалтад орох бололтой.

“Болд төмөр ерөө гол” ХХК-ийн дэд захирал М.Сүхбаатар төмөр замын салбар дахь хувийн хэвшлийн оролцоо, бэрхшээл, шийдэх гарцуудын талаар хөндлөө. Хувийн хэвшил төмөр замд орж ирээд арван жил болсон аж. Нийт төмөр замын 4.6 хувь нь хувийн хэвшилд ногддог гэнэ. Ажиллагсдын дөрвөн хувь нь мөн хувийн хэвшилд харьяалагддаг юм байна. Илтгэгч Монголд байгаа ачааны вагоны 50 гаруй хувь нь хувийн хэвшлийнх гэсэн сонирхолтой статистикийг мөн онцоллоо. Түүний илтгэлээс төмөр зам дээр мэдээллийн технологи ашиглах ёстой гэсэн санаа содон дуулдав. М.Сүхбаатар “Тулгарсан асуудлаа хамтдаа шийдэхгүй бол бие биеэ шүүмжилж суугаад тээх ёстой ачааг газраас хөдөлгөж чадахгүй. Зөвлөгөөнөөс гарсан зөвлөмжийг ажил болгох талд хамтдаа анхаарах хэрэгтэй” гэсэн үгээр илтгэлээ төгсгөлөө.

“Нортерн рейлвейс” компанийн төслийн зөвлөх Д.Хосбаяр “Монгол Улсын төмөр замын хойд коридор, Эрдэнэт-Овоотын төмөр зам” гэсэн сэдвээр илтгэл тавив.Австралийн “Аспайр майнинг” компанийн 100 хувийн хөрөнгө оруулалттай тус компани Эрдэнэт-Овоотын төмөр замын төслийг хэрэгжүүлж байгаа юм. “Аспайр майнинг” манай улсад хоёр чиглэлээр ажилладаг. Овоотын ордын ашиглах уул уурхайн төслөөс гадна хойд чиглэлийн гэгддэг Эрдэнэт-Овоотын төслийг хэрэгжүүлж буй. Төмөр замын төслийн тухайд олон улсын банк санхүүгийн байгууллагын шаардлагыг хангахуйц ТЭЗҮ-ийг боловсруулж дуусчээ. Өмнө нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас тус төсөлд 1.3 тэрбум ам.долларын санхүүжилт олгож болох юм гэсэн сонирхол илэрхийлж байж. Түрүү жил Эрдэнэт-Овоотын төмөр замын чигийг Засгийг газраас баталжээ. Өнгөрсөн онд тус компани Улаанбаатар төмөр замтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан аж. ОХУ-ын талаас, тэр дундаа Тува улсын зүгээс Эрдэнэт-Овоотын төмөр замын төсөлд анхааран ажиллаж байгаа гэнэ. Хоёр жилийн өмнө “Нортерн рейлвейс” компани Тувагийн Засгийн газартай санамж бичиг байгуулж мэдээлэл солилцон хамтарч ажиллаж эхэлжээ. “Улаанбаатар төмөр зам”-тай энэ оны хоёрдугаар сараас хамтарсан ажлын хэсэг байгуулсан гэсэн мэдээллийг Д.Хосбаяр өглөө. Эрдэнэт-Овоотын төмөр замын хувьд гурван улсын эдийн засгийн коридор байгуулах тухай хөтөлбөрт хойд коридорт нь багтжээ. Илтгэгч “Бусад коридоруудтай өрсөлдөх чадвартай эсэх дээр 2016 онд судалгаа хийлгэсэн. ОХУ, Хятадын хоорондын худалдаа 2016 онд 80 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ үзүүлэлтийг 100-200 тэрбумд хүргэх зорилтыг хоёр хөрш тавьсан байгаа. Манай улс газар зүйн байрлалын давуу талаас транзит тээврийн том боломж бий” хэмээн ярилаа.

ТЭЗҮ-ээр энэ чиглэлийн төмөр замын барилга угсралтын ажилд 1.25 тэрбум ам.доллар зарцуулах тооцоо гарчээ. Барилга угсралтын хугацааг нь таван жилээр тооцжээ. Д.Хосбаяр Эрдэнэт-Овоотын төмөр замын онцлогийг “Төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжиж байгаа. 30 жилийн дараа төмөр замыг ямар ч төлбөр тооцоогүйгээр 100 хувь төрд хүлээлгэж өгнө” гэж тодорхойлов.

Төмөр замчдын үндэсний зөвлөгөөнийн төгсгөлд оролцогчдын санал дүгнэлтэд үндэслэж зөвлөмж гаргасан юм. Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж батлуулах ажил хэзээ мөдгүй эхлэх нь тодорхой болжээ. Үүнээс гадна эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн жагсаалтад батлагдсан төмөр замын төслүүдийг хэрэгжүүлэх гурван талт арга механизмыг бүрдүүлэх гэсэн өгүүлбэрийг зөвлөмжид тусгасан байна. Төмөр замын хойд коридорыг эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн тэргүүн ээлжинд хэрэгжүүлэх төслийн жагсаалтад оруулах тухай ч засгийн хэмжээнд анхаарах бололтой. Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бү-тээн байгуулалтад санхүүжүүлэлтийн асуудлуудыг шийдвэрлүүлэх талаар зөвлөмжид онцолжээ. Мөн Нарийнсухайт-Шивээ хүрэн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын маргаантай асуудлыг богино хугацаанд шийдвэрлүүлэх гэсэн өгүүлбэр ч зөвлөмжид багтжээ.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслийг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллах, Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлийн хөтөлбөрийг шуурхай боловсруулж батлуулах, Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нйиэгмлэгт тулгараад буй томоохон өр зээлийн асуудлыг шийдвэрлүүлэх гэх мэт асуудал ч зөвлөмжид туссан байна.