Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Төрийн албан хаагчидтай боол мэт харилцмааргүй байна DNN.mn

Эрх баригчид төрийн албан хаагчдыг барлаг мэт санаж, боол мэт харилцаад их удаж байна. Манай сонин өмнө нь энэ асуудлыг хөндсөн удаатай. Жанжин хүн цэргээ хайрлах ёстой гэж ирээд бичиж байлаа. Тэр нийтлэлийн “Цэргээ хайрладаггүй жанжин ямар ч тулаанд ялах боломжгүй” гэсэн агуулгыг анзаарч уншсан эрх мэдэлтэн хэд бол. Сүүлийн үед өрнөж буй үйл явдлуудыг анзаарах нь ээ төрийн албан хаагчдыг барлаг мэт үздэг том дарга нарын авир хэрээс хэтэрлээ. Төрийн толгойд гарсан эрх мэдэлтэн, ямба яндартан бүхэн төрийн албан хаагчдыг элдвээр хэлж гоочлох юм.

Популист удирдагчдын дээрэнгүй авираас гадна олон нийтийн шуурсан үзэн ядалт гэж айхавтар хандлага бас байна. “Муусайн төрийн албан хаагчид” гэж ирээд элдвээр зүхэж чичилцгээх нь яав ч эрүүл үзэгдэл биш. Саяхан сошиалаар сэвсэн дээ, нэг байгууллагын хэдэн ажилтан даргатайгаа ажил дээрээ архи задлаад сууж байна гэж. Сүүлд сонсох нь ээ өнөө газрын дарга ажлаасаа халагдах дээрээ тулчихсан сураг дуулдсан. Дараахан нь нэгэн хорооны даргыг бүлтэлзүүлсэн бичлэг цацагдаж, цалингаараа настай ээж, жаахан охиноо тэжээдэг хорооны дарга бүсгүй ажлаасаа гарах өргөдлөө өгч байв. Ер нь төрийн албан хаагчид руу илт дайрсан иймэрхүү өнгөтэй бичлэг байсхийгээд цацагддаг нь гэм биш зан болчихсон. Олны энэ хандлагаас болж ажлаасаа халагдаж, амьжиргаагаа алдсан төрийн албан хаагчид өчнөөнөөрөө бий. Зүгээр л нэг дэмий хийрхлээс болж ажлаа алдана гэдэг өр өвдмөөр хэлмэгдэл.

Хамгийн өрөвдмөөр нь юу гээч. Төрийн албан хаагчид нийгмийн хамгийн хэцүү давхарга болж хувирч байгаа нь. Тэднийг удирдаж залдаг, боолоо мэт санаж гар хөлийнхөө үзүүрт гүйлгэдэг, сонгуулиар өндөр сэнтийд хүрчихсэн эрх мэдэлтэй том дарга нар авлига хахууль гээд албан тушаалаараа арилжиж болох бүхнийг атгаж, халаасаа зузаалсаар аж төрдөг. Төдийгөөс өдий хүртэл ийм л байсан. Одоо ч тийм байгаа. Ирэх өдрүүдэд ч том дарга нар л мөнгөтэй мэдэлтэй амьдрах тогтолцоотой нийгэмд бид амьдарч яваа. Гашуун ч гэлээ бодитой, булзах аргагүй үнэн гэвэл энэ. Харин төрийн албан хаагчдад ийм “боломж” үгүй. Тэд бол цөөхөн төгрөгийн цалинтай, “иргэд хаан, та муусайнууд боол барлагаас өөр хэн ч биш” гэсэн олны хандлагад нуруугаа авахуулчихсан жирийн л иргэд.

Хувийн хэвшилд ажилладаг иргэдийн хувьд чадалтай чадвартай л бол хөлс хүчээ дажгүй үнэлүүлчих бололцоо бий. Харин төрийн албан хаагчдын тухайд тийм биш. Ажилласан жилээсээ хамаарч цалин нь бага багаар өсдөг хууль журамтай. Өргөн хэрэглээний барааны ханш өдөр өдрөөр өсч байхад тэдний цалин хэдэн жил тутамд цөөхөн төгрөгөөр өсдөг графиктай. Инфляц цойлж байгаа ийм үед төрийн албан хаагчдын гар дээрээ авдаг мөнгөөр амьдарна гэдэг амаргүй даваа.

“Муусайн төрийнхөн л авлига авдаг” гэсэн шүүмжлэл бий. Энэ шүүмжлэлийн гол эзэд нь төрийн албан хаагчид гэж нийтээрээ адлах нь их тод анзаарагддаг. Үнэн хэрэгтээ төрийнхөнд өгдөг авлигын мөнгө том дарга нарын л халаасыг зузаалдаг. Жирийн албан хаагч авлига авбал сошиал орчинд өнөө хорооны дарга бүсгүй шиг бүлтэлзүүлээд хэн ч биш болгох нь нэг дээр нэгийг нэмэхэд хоёр гардаг шиг тодорхой зүйл. Дахиад онцлоход, төрийн албан хаагчид эрх мэдлээрээ түрий барьж ахуй амьдралаа дээшлүүлдэг дарга нараасаа тэс өөр орчинд ажиллаж амьдарцгаадаг. Ажлаа гартаа оруулчихсан, ажилдаа дуртай, ажлаасаа өөрийг мэддэггүй чин зүтгэлтэй төрийн албан хаагчид хэдэн зуу, өчнөөн мянгаараа бийг энэ дашрамд зориуд онцолмоор байна. Яамдын ажил яг ийм зүтгэлтэй, сэтгэлтэй, мэргэшсэн төрийн албан хаагчдын нуруун дээр явдаг гэсэн яриа оргүй үг биш. Төрийн албан хаагчдын хувьд том дарга нар нь л хаа нэг архи сархад болж, хонь ямаа боож зугаалганд авч явдгаас өөрөөр гялайх гялтайх урам, дэмгүй аж төрцгөөдөг гэчихэд дэгсдүүлсэн болохгүй. Шуудхан хэлэхэд нуух юмгүй ил үнэн л дээ, энэ.

Манай том дарга нар, популист улстөрчид төрийн албан хаагчдад эр бярыг үзүүлнэ гэж жигтэйхэн харагдах юм. “Бид ард түмнээ аягүй гоё хайрлаад, аймаар гоё бодлого шийдвэр гаргах гээд байхад эдний байгаа царай нэг л биш ээ. Тэднээс болоод л бид…” гэж ирээд өнөө хэдэн төрийн албан хаагчид руугаа чичилдэг нь сүүлдээ бүр “моод” болчихлоо. За тэгээд юм л болбол төрийн албан хаагчид руу дайрцгаана. “Иргэд вакцин хийлгэхгүй байна, та нар эхлээд хийлгэ” гэж шахна. “Хүмүүс автобусаар үйлчлүүлэхгүй юм. Та нар ажил руугаа машин барьж ирэхгүй шүү. Ямар ч үед заавал автобусаар үйлчлүүл” гэж захиргаадна. Нэг сайд бүр тушаал гаргачихсан байл уу, яалаа.

Ерөнхийлөгчийг тэрбум мод тарина гэж амласнаас хойш амралтын өдрөө мод тарьж өнгөрөөх нь төрийн албан хаагчдын тухайд бүр үүрэг нь болчихсон. Хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх хоёрхон өдрийг нь “Мод тарь” гэсэн тушаал доор булааж авдаг болсныг манай Ерөнхийлөгч ингэхэд мэдээ болов уу. Төрийн албан хаагчдыг “Ажилтайгаа байя гэж боддог бол ирээрэй, хэрвээ ирж мод тарихгүй бол ажил, цалинтай чинь ярина шүү” гэж дарамталж байгаад мод тарих үйлсэд дайчилдаг болоод удаж байна. Махтай холбоотой дуулиан шуугиан дэгдсэнээс хойш нөөцийн махны борлуулалт эрс муудаад буй. Нөөцийн махны борлуулалт огцом унангуут “муу л бол захын хар овоохой” гэдэг шиг өнөө хэдэн төрийн албан хаагчдаа дарамтлаад эхэлж байгаа юм. “Мах ав, авахгүй бол…” гэж сүрдүүлэх жишээний. Эмээлтийн өчнөөн тонн өмхий махыг хүртэл өнөө дадсан сүрдүүлэг, дарамтаараа айлгаж тарааж мэдэх өнгө янз ажиглагдаад эхэлчихлээ.

Төрийн албан хаагч учраас өртдөг, хэлмэгддэг, хохирдог байдал ингээд зогсохгүй. Манай дарга нар эрх мэдэлд хүрэх тэмцэл, тулаандаа хүртэл төрийн албан хаагчдыг чадмаг ашигладаг башир аргатай. “Шударга тав” гэж анх гарч ирээд сүүлдээ хамаг том суудалд хүрцгээсэн нөхдийн жагсаал цуглаанд гэхэд л яг ийм сүрдүүлэг дарамтаар өчнөөн төрийн албан хаагч ажлаа хийдүүлээд талбай дээр очицгоосон түүх бий. Үр дүнд нь нэг бүлэглэл нь нөгөөгийнхөө эрх нөлөөг булааж, өдгөө төр түшицгээж, хамаг буруу, хамаг хүнд хүчрээ төрийн албан хаагчдад тохсон шигээ яваа. Төрийн албан хаагчдыг “залхаан цээрлүүлдэг” кейс ингээд зогсохгүй. Урлагийн үзлэг, элдэв тэмцээн зохион байгуулна гэж хүртэл цаг завыг нь бардаг бололтой анзаарагддаг. Харамсалтай нь төрийн албан хаагчдыг ингэж илт ашиглаж, тэгж ил цагаан дарамталж сүрдүүлж байхад эсэргүүцэж дуугарах хэн ч алга.

Эцэст нь хэлэхэд төрийн албан хаагчид бол хэн нэгэн том даргын амны зоргоороо сүрдүүлж, чичилдэг субьект биш. Нийт олноороо “Бид хаан, та нар бол бидний зарц барлаг” гэж чичилдэг хүмүүс ч биш. Ууж суугаа архины шилийг нь тоолдог, өмхий мах тараана гэж дарамталдаг, амралтын өдрөөр нь мод тариулах гэж цуглуулдаг хэсэг бүлэг бүр ч биш. Төрийн албан хаагч бол Монгол гэдэг улсын тусгаар тогтнолын эд эс, монгол төрийн эрэг шураг, тулгуур багана. Товчхондоо тэд ажлаа хийж яваа жирийн л иргэд. Эцэст нь нэг зүйл хэлмээр байна. Төрийн албан хаагчидтай боол мэт харилцмааргүй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Жавхлантөгс: Гадаадын хөрөнгө оруулалтыг татъя гэвэл Засгийн газар “гэрээ цэвэрлэх” хэрэгтэй DNN.mn


Монгол дахь Америкийн худалдааны танхим (“АмЧам Монгол”)-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд томоохон төслүүдээ хөдөлгөнө гэж байгаа. Энэ талаарх таны байр сууриас ярилцлагаа эхэлье?

-Шинэ сэргэлтийн бодлогын тухайд асуудлуудаа зөв тодорхойлчихсон. Боомт гэх мэт яг чухал гэсэн асуудлуудаа барьж авсанд олзуурхаж байгаа. Гэхдээ санхүүжилтээ яаж шийдэх нь тодорхой биш байна л даа. 94 төсөл хэрэгжүүлнэ гэж яриад яваа. Яг ямар төслүүд багтсаныг нь үзье гэхээр нээлттэй биш байна. Монгол дахь Америкийн худалдааны танхим сая болж өнгөрсөн хурлаараа энэ тухай хөндлөө. Манайхаас зохион байгуулсан тэр хуралд Б.Лакшми, Ч.Хашчулуун доктор гэх мэт эдийн засагчид оролцсон юм. Бид хуралдаад “94 төслийг 2024 он хүртэл хэрэгжүүлж амжихгүй нь тодорхой, тийм учраас хамгийн чухал гэж үзсэн цөөн төслүүддээ онцгой анхаарч хэрэгжүүлэх нь бодитой шийдэл” гэсэн дүгнэлт гаргасан. Засгийн газрын хувьд хэрэгжүүлэх цөөн төслийнхөө санхүүжилтийг хэрхэн босгох, хувийн хэвшилтэйгээ яаж хамтрахаа тодорхой болгох хэрэгтэй.

-Санхүүжилт гэснээс төр мөнгө гаргаад төсөл хэрэгжүүлдэг субьект биш. Хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулалтыг түшиж таарах байх. Таны ярианаас анзаарахад засаг Шинэ сэргэлтийн бодлого дээр хувийн хэвшилтэй хэрхэн яаж хамтрах зургаа тодорхой болгоогүй яваа гэж ойлголоо…?

-Төр мөнгө гаргаад төсөл хэрэгжүүлэхгүй нь тодорхой гэдэг үнэн л дээ. Ингээд харахаар тодорхой үр дүн гарахуйц, бодитой төслүүдийг л Засгийн газрын зүгээс хэрэгжүүлнэ гэж зарламаар байгаа юм. Тэгж байж хувийн хэвшлийнхний оролцоо илүү бодитой болно. Тэгэхгүйгээр хэдэн арван жил хэрэгжихгүй гацсаар өнөөг хүрсэн төслүүдийг хэрэгжүүлнэ гээд зүтгүүлбэл Дарханы зам шиг болох эрсдэлтэй. Бүр тодруулж хэлбэл, төрийн өмчид суурилсан, төрийн өөрийнх нь санал болгох төслүүд биш, хувийн хэвшлээс санаа нь гарсан, хувийн хэвшилтэй хамтраад хэрэгжүүлэхүйц төслүүд байх нь илүү үр дүнтэй. Товчхондоо хувийн хэвшилд тулгуурласан байдлаар явах учиртай. Гэтэл бодит байдал, эдийн засгийн бүтэц хэцүүхэн байгаа. Дөч, тавь, жаран хувь нь төрийн өмчид суурилсан эдийн засаг болчихоод байна л даа. Төрийн өмчид суурилчихаар бүх бизнес нь төрөө хараад суудаг болчихсон. Сүүлдээ сэтгэхүй нь хүртэл энэ байдлаа дагаад өөрчлөгдчихсөн байх жишээний. Нэг юм хийе гэхээр “Тэгвэл УИХ, Засгийн газраар ийм тогтоол гаргуулчихъя. Тэгчихвэл л энэ бизнес болоод бүтчихнэ” гэдэг чиг рүү яваад байна. Гэтэл үнэн хэрэгтээ бизнесийн орчинд төрийн оролцоо огт шаардлагагүй.

-Тэгвэл төр бизнест ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

-Төр бизнест хоёр үндсэн үүрэгтэй л оролцох учиртай. Монополийг зохицуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, төр шударга өрсөлдөөнийг хангахад анхаарах ёстой болохоос зөвшөөрлөө өгчихөөд, бизнест оролцоод явбал эдийн засаг тэлэхгүй. Тухайлбал, хувийн хэвшилд боломж олгох нь л хамгийн зөв гарц. Харамсалтай нь далайд гарцгүй дээрээ хоёр хил нь хаагдчихсан ийм хэцүү үед өөрсдөдөө илүү их садаа тотгорыг бий болгоод байна л даа. Хил гааль гээд харахад л “Төрийн том даргын мэдлийн компанийн машин” гэж илүү үзэж онцгой анхаарч ч байх шиг. Эрээн дээр ачаа тээвэртэй холбоотой авлига хээл хахуулийн асуудал яригдаж эхэлснийг та сонссон байх. Өмнө нь нэг контейнер бараа 20 сая төгрөгөөр орж ирдэг байсан бол өнөөдөр энэ ханш гурав дахин өсчихсөн. Энэ бүхний ачааг энгийн иргэд, жирийн аж ахуйн нэгж л үүрдэг. Засгийн газрын хоёр дахь үүрэг маш энгийн. Сая хэлсэн олон бөглөө таглааг задалж өгөх хэрэгтэй.

-Шинэ сэргэлтийн бодлогын нэг авууштай нь том төслүүдээ хөдөлгөх шийдэл гэж эдийн засагчид онцолж байгаа. Та түрүүн том төслүүдээс гадна жижиг бизнесүүдэд хандах сэтгэлгээгээ өөрчилж байж эдийн засаг тэлнэ гэсэн утгатай үг хэлсэн…?

-Томоохон төслүүдээ хөдөлгөж байж эдийн засаг урагшилна гэж яриад байгаа нь зөв. Том төслүүдийг дагаж жижиг дунд бизнес хөгжиж эдийн засаг тэлнэ. Нарантуул дээр гутал зардаг, ТҮЦ ажиллуулдаг, цэцгийн жижиг лангуутай хүмүүстээ чөлөөтэй ажиллаж, орлого ашиг олох боломжийг нь олгох хэрэгтэй. Мэргэжлийн хяналт, татвар гээд төрийн олон дарамтаар айлгаад байх нь зөв шийдэл биш. Ийм хүмүүстээ бага хүүтэй, урт хугацаатай санхүүжилт өгөх хэрэгцээ бий. Хөлөө олсных нь дараа татвар авах гэх мэт уян хатан, алсыг харсан зохицуулалт хийгээд эхэлбэл олон зүйл эерэгээр өөрчлөгдөнө. Хандлагаа ингэж өөрчилж чадвал эдийн засаг ядах юмгүй сэргэнэ. Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн зорилго нь эдийн засгаа сэргээх л юм бол том төслүүдээс гадна жижиг бизнесүүдээ тордох ёстой. Сэтгэлгээний ийм өөрчлөлт хэрэгтэй байна.

-Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалт гэхээр зүйлгүй чамгүй хугацаа өнгөрчихлөө. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа гол шалтгаан нь юу вэ, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд ямар нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой юм бол?

-Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэх хэд хэдэн угтвар нөхцөл байдаг юм. Бизнес хөрөнгө оруулалтын орчны эко тогтолцоо маш чухал. Эко тогтолцоонд хуулийн засаглал, шударга шүүх, төрийн албаны тогтвортой бүтээмжтэй байдал, талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэг байх соёл, хууль эрх зүйн орчин гэсэн таван зүйл багтдаг. Ерөөс чөлөөт зах зээлийн үндэс нь энэ л дээ. Монголын эдийн засгийн чуулган дээр Сангийн сайд хөрөнгө оруулагчдыг урьсан л даа. “Оюу толгойтой хэл амаа ололцоод урагшаа явж байна. Манайд ирээч” гэх мэт мессэж өгсөн. Ийм мессэж өгөх нь сайн. Засгийн газраас өгч байгаа маш том эерэг мессэж мөн үү гэвэл мөн. Үүнийг дагаад эерэг давлагаа үүсэх нь ч тодорхой. Гэхдээ Засгийн газрын энэ мессэжэд итгээд гаднаас хөрөнгө оруулагчид ороод иртэл шүүх дээр татварын маргаан үүсэх эрсдэл өндөр байгаа. Татварын маргаан шүүх дээр маш удаан хугацаанд үргэлжилдэг. Яг яах гээд байгаа нь тодорхойгүй, шүүхийн өчнөөн процесс дамжаад явчихдаг. Хугацаа сунжрах хэрээр зардал мөнгө их гарах нь тодорхой. Хөрөнгө оруулагчдын хувьд сүүлдээ залхаад хаяж гарахаас аргагүйд хүрэх нь бий. Ийм асуудалд орсон хөрөнгө оруулагч бусдадаа Монголын талаар ямар мессэж өгөх нь ойлгомжтой. “Монгол худлаа юм билээ” л гэнэ. Тийм учраас бид Засгийн газарт “Гэрээ цэвэрлээч ээ” л гэдэг зүйл хэлж байгаа. Гэрийн даалгавраа сайн хийж байж хөрөнгө оруулалт орж ирнэ. Мэдээж гадагшаа сурталчилгаа хийх нь сайн хэрэг. Гэхдээ үндсэн тогтолцоо, эко системээ бүрдүүлж дуусаагүй байж хөрөнгө оруулагчдыг урьж оруулж ирэх нь эрсдэлтэй. Дахиад хэлэхэд, гоё мессэжинд хууртаж орж ирсэн хөрөнгө оруулагч асуудалд орохоороо бусдадаа Монголыг муугаар ойлгуулахаас эхлээд өчнөөн асуудал бий. Товчхондоо урьснаасаа долоон доор юм болно. Хөрөнгө оруулагчдад муу дохио өгсөн жишээ ч цөөнгүй бий. Асгатын мөнгөний орд шиг нийгэмчилчихвэл яах вэ гэсэн айдас хөрөнгө оруулагчдад төрчихсөн л яваа.

-Эко системийг нь бүрдүүлчихвэл сурталчилгаа энэ тэр гэхгүйгээр хөрөнгө оруулалт цутгаад эхэлнэ гэж үү?

-Ерөөсөө л тийм. Амнаас ам дамжаад явчих зүйл. Гэхдээ бас нэг асуудал байна. Урамшууллын бодлогуудаа тодорхой болгох шаардлага бий. Монгол Улс далайд гарцгүй, хоёр хөршөөрөө дамжихаас өөр замгүй, байгалийн эрс тэс уур амьсгалтай. Сингапур, Монголын алинд нь хөрөнгө оруулах вэ гэсэн сонголттой нүүр тулбал хөрөнгө оруулагч ямар шийдвэр гаргах бол? Байгаль цаг уур нь таатай, олон улсын hub болчихсон, бизнес хийх таатай орчин бүрдсэн Сингапурыг илүүд үзэх нь тодорхой шүү дээ. Тэгэхээр бид өөрсдөдөө садаа, аргамжаа болохоор бүх зүйлээ тасдаж хаях хэрэгтэй. Наад захын жишээ гэхэд л Хөрөнгө оруулалтын хуулинд туссан 100 мянган ам.долларын босго байна. Ерэн мянган долларын хөрөнгө оруулах гэж ирсэн хүнийг тоож үзэхгүй, ямар нэгэн урамшуулал үзүүлэхгүй юм уу гэсэн асуулт гарч ирж байгаа биз. Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд яг энэ заалтыг жишээ татаад ярьсан удаа бий.

-Яг юу гэж хэлсэн юм бол?

-“Японд гадаадын хөрөнгө оруулагчдад энэ мэт хориг заалт тавьдаггүй. Нэг доллар оруулсан хүн ч гадаадын хөрөнгө оруулагч. Мянган доллар оруулсан ч гадаадын хөрөнгө оруулагч. Яг ижил шаардлага тавьдаг. Нэг ажлын байр бий болгосон байлаа ч эдийн засгийн далд өгөөж нь их шүү дээ. Монгол жижиг улс мөртлөө яагаад ийм том хоригууд тавиад байна вэ” гэсэн утгатай үг хэлж байсан. Түрүүн хэлсэнчлэн манай улс далайд гарцгүй. Гадаадын хөрөнгө оруулалт л Монголын эдийн засгийн ганц том гарц. Байгаа ганц гарцаа өөрсдөө ингэж боомилоод сууж болохгүй л дээ. Сингапур шиг таатай цаг агааргүй ч гэлээ “Манай хууль эрх зүйн орчин маш тодорхой. Энэ салбарт ингэж хөрөнгө оруулбал ийм тийм урамшуулал үзүүлнэ” гэсэн тайлбар хийгээд суувал хөрөнгө оруулагчид Монголыг сонирхоно. Япон, Солонгос гэж ирээд яривал хөгжингүй бүх улс гадаадын хөрөнгө оруулалтаар хөгжсөн, өнөөдөр ч гадаадын хөрөнгө оруулалтыг татахад онцгой анхаарч байна. Монгол Улсын хувьд ч гэсэн гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж л хөгжинө.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэхгүй бол ирэх жилээс байдал хүндрэхээр байна л даа. Наад захын жишээ гэхэд бондын төлөлттэй нүүр тулна…?

-Валютын нөөц ирэх жил хүндрэх нь тодорхой болчихсон. Таван толгойн нүүрсээ урьдчилж зараад доллар авчихсан суугаа. Ирэх жил нүүрсээ зарсан ч орж ирэх валют урьдчилж авсан өрөнд явчихна гэсэн үг. Ингээд харахаар гол шийдэл бол ерөөсөө л гадаадын шууд хөрөнгө оруулалт. Дахиад хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэх орчныг цаг алдалгүй бүрдүүлэх нь амин чухал асуудал болоод байна. Удахгүй наадам болно. Наадмын үеэр гадны хөрөнгө оруулагчдыг уриад бизнес эрхлэгчидтэйгээ уулзуулж, хөрөнгө оруулалт татах боломжтой салбаруудаа танилцуулах арга хэмжээ зохион байгуулахад болохгүй юмгүй. Монгол дахь Америкийн худалдааны танхимаас ирэх сарын 2, 3-нд “Web3” гээд цахим шилжилтийн чуулган зохион байгуулах гэж байна. Тэр арга хэмжээнд дэлхийд нэртэй олон компанийн төлөөлөл зочноор оролцож илтгэл тавина. Бид тэдэнтэй Монголын блокчейн, санхүүгийн зах зээлд ямар боломж, гарц байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм. Иймэрхүү уулзалтуудыг давтамжтай хийгээд байвал хөрөнгө оруулалт тэлэх нөхцөл бүрдэнэ. Нийт эдийн засгаа пиццагаар зүйрлэвэл ихэнхийг нь төр авчихаад, ард түмэндээ цөөхөн хэрчим өгөөд яваа дүр зураг харагдаад байна л даа, өнөөдөр. Хилээр бараа оруулж ирж байгаа 5000 жолоочийн хоолыг төр нь гурван компаниар дамжуулаад булаагаад сууж таарахгүй. Ингээд байгаа учраас жолооч нар гомдол тавьж, эсэргүүцээд яваа юм. Дахиад онцлоход, хувийн хэвшилдээ итгэж, эдийн засгаа тэлэх төслүүдээ хувийн хэвшлийнхнээрээ хийлгэх хэрэгтэй. Төр бүгдэд оролцож, хязгаарлалт тавиад байвал эдийн засаг тэлэхгүй.

-Хөрөнгө оруулалтын хуулинд өөрчлөлт оруулна гэж байгаа. Ямархуу өөрчлөлтүүд орох талаар мэдээлэл байна уу, “АмЧам Монгол”-д?

-Сангийн сайд Эдийн засгийн чуулганы үеэр Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулна гэж танилцуулсан. Гэхдээ яг нарийвчилж танилцъя, хэлэлцүүлэг хийе гээд хандахаар “Арай болоогүй байгаа. Боловсруулалтын шатанд яваа” гэсэн тайлбар хэлсээр ирсэн. Хөрөнгө оруулалтын хуульд өөрчлөлт оруулах асуудал яригдаад миний мэдэхийн жил гаруй болчихлоо. Арай л удаан байна.

-“АмЧам Монгол”-оос тодорхой санал тавьсан уу, эсвэл ямар ч оролцоогүй яваа юм уу?

-Саналуудаа өгсөн. Тусгасан эсэхийг мэдэхгүй. “Ярилцъя, хэлэлцүүлгийг нь зохион байгуулаад өгье” гээд хандахаар “Төсөл нь болоогүй байна” гэсэн хариу өгдөг л дөө.

-Ашигт малтмалын хуулийн өөрчлөлт дээр тодорхой мэдээлэлтэй байгаа юу?

-Одоогоор ямар нэг тодорхой мэдээлэл алга. Хөрөнгө оруулалтын хуулиас ялгаагүй дүр зурагтай суугаа. Төрийн нууц шиг л яваад байгаа. Хугацаа их авч байна л даа. Яваандаа хэлэлцүүлэг өрнөх болов уу гэсэн хүлээлттэй л сууж байна.

-Хөрөнгө оруулалтын хууль, Ашигт малтмалын хууль бол гадаадын хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд анхаарах хуулиуд. Бид өөр ямар хуульдаа анхаарах ёстой вэ?

-Хөрөнгө оруулагчид Монголд мөнгөө хийхийн өмнө сая таны хэлсэн хуулиудаас гадна Хөдөлмөрийн хуулийг харна. Татварын орчныг анзаарна. Татварын тухайд манайх татварын багц шинэчлэл хийсэн. Сайн шинэчлэл болсон. Гэхдээ дутуу зүйл их бий. Хөрөнгө оруулалтын тухайд олон улсын жишигт нийцсэн реформыг хиймээр байгаа юм.

-Тодорхой кейсээр тайлбарлах уу?

-Хувьцаа шилжүүлсний татвар гэж бий. Олон улсын жишгээр бол хувьцаагаа зарсан ашиг дээр нь татвар тогтоодог. Гэтэл манай хуулиар орлого дээр нь татвар тогтоож байгаа. Ийм орчинд хөрөнгө оруулах сонголт хийхэд хэцүү. Сүүлийн үеийн дэвшилтэт технологи нэвтрүүлж байгаа компаниудад тодорхой хэмжээний татварын урамшуулал үзүүлээч гээд хандахаар “Татварын бус урамшууллуудыг хангалттай үзүүлдэг учраас татвар дээр ямар ч урамшуулал байхгүй” гэсэн хатуу хариу өгөх жишээний. Өнөөдрийн хувьд төсөв бүрдүүлэлт хэцүү явааг ойлгож байна. Гэхдээ алсаа хараад энэ мэт урамшуулал үзүүлээд эхэлбэл ирэх хоёр, гурван жилдээ гадаадын хөрөнгө оруулалт мэдрэгдэхүйц нэмэгдэнэ. Хөрөнгө оруулалтаа дагаад ажлын байр нэмэгдэнэ, татвар өснө. Товчхондоо Засгийн газрын хүсээд байгаа зорилт ч төвөггүй биелнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батзориг: Манай улс Шри Ланка, Грек хоёрын яг дунд нь зогсож байна DNN.mn

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.


-Шри Ланка улс дампуурлаа зарлачихлаа. Араас нь дампуурах эрсдэлтэй улс ч цөөнгүй бий гэж байна. Шри Ланкийн дампуурсан шалтгаан манай улсад тулгараад байгаа асуудлуудтай төстэй шиг санагдах юм. Энэ тал дээр байр сууриа илэрхийлээч?

-Төстэй тал олон бий. Шри Ланка улсын дампуурлыг ярихын өмнө манайх шиг хөгжиж байгаа орнуудад тулгарч буй нэг асуудлыг онцлох ёстой байх. Хөгжиж байгаа орнуудын гадаад өр 2012 оноос харьцангуй тогтвортой явж байгаад 2016 оноос огцом өссөн юм. Ингээд өрийн дарамттай явж байтал 2020 онд ковид дэгдэж улам нэрмэчихсэн л дээ. Засгийн газрууд иргэд, компаниудаа дэмжих бодлого хэрэгжүүлнэ гээд их хэмжээний мөнгө хэвлэж тараасан. Дэлхийн олон орон яг ийм бодлого хэрэгжүүлснийг та мэдэж байгаа.

Манайх гэхэд л ямар нэгэн байдлаар иргэдийнхээ 80 хувьд мөнгө тараачихсан суугаа. Хөгжиж буй орнуудын өрийн тааз улам бүр нэмэгдээд байгаагийн цаана энэ мэт шалтгаанууд бий. Товчхондоо хөгжиж байгаа улсуудын өрийн тааз том асуудал болж хувирсанд ковид ташуур өгчихсөн. Шри Ланка улсын өрийн дарамт богино хугацаанд өссөн.

Хөгжиж байгаа улсууд дундаа харьцангуй өндөр өртэй яваа. Манайхаас нэг, хоёр дахин их өртэй. Гол асуудал нь гэвэл бондын төлбөрүүд нь маш өндөр, шахуу байсан.

-Манай улсын бондын төлбөр ч шахуу хуваарьтай байгаа…?

Шри Ланкатай адилтгах эхний өнцөг маань энэ л дээ. Хоёр дахь ижил тал гэвэл Шри Ланка, Монгол хоёулаа нэг салбараас эдийн засаг нь хэт хамааралтай улсууд. Шри Ланкийн хувьд аялал жуулчлал суурьтай. Ковид дэгдэнгүүт асуудал үүссэн л дээ, аялал жуулчлалын салбарт нь. Ийм шалтгаанаар төсвийн орлого нь зогссон. Манай улсын хувьд уул уурхайгаас гол орлогоо олдог. Өнөөдөр бид нүүрсээ хүссэн хэмжээндээ гаргаж чадахгүй суугаа. Нүүрсээ зарж чадахгүй бол өрөө төлж хүчрэхгүй гэсэн үг. Шри Ланка улсын удирдлагууд тухайн үедээ өрийн менежмэнтээ сайн хийж чадаагүй нь ч нөлөөлсөн. Төсвийн орлогоо зөв төсөөлж чадаагүй гэх алдаа бас бий. Ийм шалтгаанаар энэ улсын нөхцөл байдал богино хугацаанд хүндэрсэн. Боомт гэх мэт чиглэлдээ Хятадтай хамтарсан том төслүүд хэрэгжүүлээд явж байсан улс л даа. Тэр төслүүдийн тухайд Хятадад давуу талтай, нөгөө талын хувьд үр ашиг муутай байсан гэх мэдээлэл цацагдаж байгаа. ОУВС гэх мэт байгууллага ийм дампуурсан эдийн засагтай улс руу орохгүй нь тодорхой. Олон улсын байгууллагууд үргэж, донор байгууллагуудын тусламж орж ирэхгүй нь ойлгомжтой болонгуут өрөө төлж чадахгүй гэдгээ хэлээд албан ёсоор дефольт зарлачихаж байгаа юм. Манай улс 2016 онд албан ёсоор дефольт зарлах шахсан удаатай.

-Чингис бондын төлбөрийг төлөх гэтэл эдийн засаг эвгүйдчихээд сандарсан шүү. Тэр үеийн шийдлийг одоо хэрэгжүүлэх боломжтой юу?

-Эхлээд тухайн үед яг ямар процесс өрнөснийг сануулах маягаар цухас дурдах нь зөв байх. 2012, 2013 онд авсан бондын төлбөр төлөгдөх хугацаа болох үед эдийн засаг сайн биш байсан. 2013 оны сүүлээс нүүрсний зах зээл хумигдаж, экспортын орлого буурсан асуудалтай улсаараа нүүр тулсан. Тухайн үед үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж, зах зээл дээр их хэмжээний мөнгө хэвлэн гаргаж, нөхцөл байдал ер нь л хэцүүдсэн дээ. Сонгуулийн жил учраас ханшийг хүчээр барьсан нь сүүлдээ маш том асуудал болсон. Сонгуулийн дараа эрх баригч нам валютын нөөцгүй боллоо гэж зарласнаас үүдэж ханш огцом савласан гэж ирээд яривал асуудал их байсан. Сангийн яам хүртэл өр төлөх ямар боломжгүй гээд хүлээн зөвшөөрчихсөн үе шүү дээ. Гэхдээ Сангийн яам тухайн үед маш шаламгай ажилласан. Road show зохион байгуулж, refinance хийх арга хэмжээ авсан тулдаа дефольтоос холуур өнгөрсөн. Хэрвээ 2016 онд ийм шийдэл хайхгүйгээр нөхцөл байдалтайгаа эвлэрээд дефольт зарласан бол хүнд нөхцөлтэй нүүр тулах байсан нь тодорхой. Бидэнд тэр үед тулгарсан асуудлыг Шри Ланка улс яг одоо туулж байна. Инфляц нь 40 хувь гарчихсан, ажилгүйдэл ихтэй, шатахууны нөөц байхгүй, иргэд нь дүрвэж байна. Товчхондоо энэ улсад нийгмийн эмх замбараагүй байдал үүсэхэд бэлэн болчихсон.

-Хятадын хатуу нөхцөлтэй зээл Шри Ланкийн эдийн засгийг аварч чадах болов уу?

-Хятад маш хатуу нөхцөлтэй, бараг газар хуваах гэрээтэй янз бүрийн зээлийн шугам нээж байгаа ч цаг хугацааны хувьд оройтсон шийдэл болчихлоо л доо. Нэмээд хэлэхэд, Өмнөд Америкийн орнуудаас эхлээд цөөнгүй улс Шри Ланкийн араас дампуурлаа зарлах өндөр эрсдэлтэй байгаа.

-Шри Ланка улсын дампуурлын бас нэг шалтгаан нь ужгирсан авлига, сул засаглал. Манайд ч ийм эрсдэл бий. Засаглалын сул байдал эргээд сэргэхэд гол тээг болох байх, тийм үү?

-Ойлгомжтой. Шри Ланка улс засаглалын хувьд нэг талдаа хэлбийчихсэн, ардчилал сул, бараг байхгүй шахуу, мэдээллүүд нь хаалттай.

Гол давуу тал нь далайн боомт, хоёрдугаарт аялал жуулчлалын салбараараа валют олдог улс. Далайн боомттой гэдгээрээ худалдаа давамгайлдаг. Хоёр жил үргэлжилсэн ковид энэ улсад валютын орлогоо нэмэх боломж олгосонгүй л дээ. Шри Ланка улсын өмнө дефольт зарласан улс бол Грек. Тухайн үедээ дефольт зарласан ч гэлээ хариу арга хэмжээнүүд, Европын тусламж дэмжлэг гэх мэтээс шалтгаалаад харьцангуй гайгүй болчихсон. Венесуэл шиг нөхцөлд байдалд ороогүй гэсэн үг. Харин Шри Ланкийн тухайд засаглал энэ тэр нь Грекээс тэс өөр. Авлига ужгирсан, нэг намын хүч нөлөө их, улс төрийн эрх мэдэл нэгдүгээрт, ардчилал байхгүй. Ийм улс эргэж сэргэхэд хүндрэлтэй. Манай улсын хувьд наанаа ардчилалтай гэж ярьж яваа ч нэг нам нь дангаар төрийн эрх барьж барьсан гэх мэтээр яривал цөөнгүй асуудал бий. Товчхондоо бид Грек, Шри Ланка хоёрын яг дунд зогсож байна.

-Хөгжиж байгаа орнуудын бондыг авах сонирхол хөрөнгө оруулагчдад бий болов уу?

-Америкийн долларын өгөөж бага, Европын эдийн засагт хүү буурсан үед л хөрөнгө оруулагчид бонд худалдаж авдаг, хөгжиж буй орнуудын бондыг сонирхдог. Гэтэл өнөөдөр дэлхий даяар үнийн өсөлт, инфляц том асуудал болчихлоо. Энэтхэг чиг рүү тавин хэмээс дээш халж байна. Үүнээс болж хүнсний хомсдолд орно гэсэн таамаг, дүгнэлтүүд хөврөөд эхэлчихсэн. Европын үр тарианы хэрэглээний бараг гуравны нэгийг нийлүүлдэг Орос, Украин дайнтай байгаа. Ингээд харахаар намраас хүнсний хомсдолд дэлхийгээрээ орох магадлал маш өндөр байна л даа. Хүнс, шатахуун хоёр дэлхийн асуудал болсон, цаашдаа ч асуудал хэвээр үргэлжлэхээр байгаа. Байгаль цаг уур, дайнаас үүдэлтэй бараа бүтээгдэхүүний хомсдол, инфляц гэсэн хоёр асуудал хөгжиж буй, хөгжингүй гээд бүх улсад хурцаар тавигдаж байна. Хөгжингүй орнууд ийм шалтгаанаар мөнгөний бодлогоо хатууруулж эхэллээ. Сая гэхэд л АНУ бодлогын хүүгээ өсгөлөө. Дахиад ч өсгөх хүлээлт бий. Инфляц нь 8 хувь гэдэг бол АНУ-ын хувьд өндөр хэмжээ. Ийм үед хөрөнгө оруулагчид хөгжиж буй орнуудаас дайжиж, хөгжингүй буюу Америк гэх мэт долларын өгөөж өндөртэй найдвартай хөрөнгө оруулалт руу хөрөнгөө байршуулж эхэлж байна.

-Манайх шиг хөгжиж байгаа улсуудын хувьд бондны төлбөрөө төлж чадахгүй нь тодорхой учраас refinance хийх замаар л асуудлыг шийдэх гэж хичээцгээх байх. Бидний хувьд refinance хийх боломж хэр байгаа бол?

-Хөгжиж байгаа улсуудын тухайд яалт ч үгүй refinance буюу хугацаа сунгах асуудал яригдаж таарна. Маш олон улс яг ийм шалтгаанаар хөрөнгө оруулагчдыг татахын тулд roadshow хийж дэлхийгээр хэсээд эхэлчихсэн. Хөрөнгө оруулагчдын хамгийн түрүүнд харах зүйл бол тухайн улсын эдийн засаг. Улс төрийн тогтвортой байдал гэх мэт олон зүйлсийг нь харах нь тодорхой. Ийм шалгуураар харвал хөрөнгө оруулалт татах боломж хөгжиж буй улсуудад нэлээд бага болчихсон. Олон улсын байгууллагууд “Хөгжиж буй орнуудад гадаад өрийн дарамт асар өндөр боллоо, өрийн дарамтаас болж дефольт зарлах вий дээ” гэж давтамжтай сануулаад байгаа нь цаанаа ийм учиртай. Олон улсын байгууллагууд ийм анхааруулгыг бараг жилийн өмнөөс өгч эхэлсэн. Эхнийх нь Шри Ланка болчихлоо л доо. Манай улсад refinance хийх боломж бий. Олон улсын хөрөнгө оруулагчдын голчилж хардаг Fitch агентлаг манай улсын үнэлгээг тогтвортой гээд зарлачихлаа. Энэ бол хөрөнгө оруулагчдын хувьд эерэг үзүүлэлт. ОУВС байсхийгээд гарч ирж мэдэгдэл хийж, харилцаа ойртоод эхэллээ. Валютын сангийн хөтөлбөрт орох гэх мэт шийдэл байж магадгүй. Донор орнуудын мөнгийг оруулах эрхийг Валютын сан өгдөг. Тэр утгаараа Валютын сантай ойр байх нь refinance хийхэд хэрэг болно. Сангийн яамныхан ч refinance хийх чиглэлд ажиллаж байгаа байх. Гэхдээ нэг асуудал бий. Одоогийн байгаагаасаа нэлээд өртөг өндөртэй босох болов уу.

-Хөгжлийн банкны өр төлөлт дажгүй яваа нь бондын төлөлтөд эерэгээр нөлөөлнө гэсэн тайлбар бий. Хэр нөлөө үзүүлэх бол?

-Хөгжлийн банкнаас авсан эргэн төлөлтөөрөө бондоо төлчихнө гэж яриад байгаа л даа. Хөгжлийн банкинд өрөө төлөх аж ахуйн нэгжүүд орлогоо төгрөгөөр олж байгаа. Гэтэл бондоо төлөхийн тулд бидэнд доллар хэрэгтэй. Манай улсын валютын нөөц хангалттай биш. Ингээд харахаар валютын ханшаа савах эрсдэл харагдаж байна л даа. Ингээд харахаар re­finance хийх л боломжтой хувилбар болоод байна.

-Нүүрсний экспорт сэргэчихвэл үнэ нь өндөр байгаа учраас бондын төлөлтөд эерэгээр нөлөөлж мэдэх л юм…?

-Ирэх жил 1.2 тэрбум, хоёр жилийн дараа нэг тэрбумын төлөлт хүлээгдэж байгаа. Төсвийн орлогын 15-25 хувьтай тэнцэх мөнгийг төлнө гэсэн үг. Ийм хэмжээний мөнгийг төлөх боломж бидэнд байхгүй. Нүүрсний экспортын өнөөдрийн байдлыг анзаарахад энэ жил тийм ч их хэмжээгээр гарахгүй л болов уу. Хөгжлийн банкны эргэн төлөлтөөр төллөө гэж бодоход тодорхой хэсгийг нь л дарж хүчирнэ.

-Өртөг өндөр байсан ч нүдээ аниад refinance хийлээ гэж бодъё. Эдийн засаг энэ янзаараа байвал 2025 оноос ахиад л бондын төлөлт гэж сандарцгаах байх даа?

-Refinance хийсэн ч 2025 оноос ахиад өрийн цикл эхлэх нь бодитой асуудал л даа. Гэхдээ бидэнд найдлага бий. Төмөр замаа барьчихвал, Оюу толгойн далд уурхай ажиллаад эхэлбэл экспортын орлого 40, 50 хувь руу өсөх боломж бүрдэнэ. Яг тэр үед нь олсон валютаа өрөө дарахад зарцуулбал өрийн дарамтгүй амьдрах бололцоо бий. Тэгэхгүйгээр байнга сунгаад явах хувилбарыг сонговол эрсдэлтэй. Олон хавар нэгэндээ гэдэг шиг нэг эгзэг нь таарвал өрийн дарамтад ороод дефольт үүсэх магадлал өндөр. Эцэст нь онцолж хэлэхэд, Засгийн газар өрийн дунд, урт хугацааны төлөвлөгөөг яаралтай боловсруулах хэрэгтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Занданшатар ард түмэнд хөөгдөх юм уу, ард түмэн эх орноосоо хөөгдөх юм уу? DNN.mn

Саяхны чуулганы хуралдаан дээр УИХ-ын даргын хэлсэн үг сошиалын халуун сэдэв болов. Ирэх оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр мань эр “2024 он хүртэл аргалаад явчих гэсэн өрийн удирдлагын бодлого хожим нь 2030 он гэхэд Монголоос та, бид бүгдээрээ хөөгдөж, Монголдоо амьдарч чадахгүй хэмжээнд хүрэх өрийн цасан бөмбөлөгний онолоор яваад байна. 2011 онд манай улс 9.6 тэрбум ам.долларын өртэй байсан бол одоо 30 тэрбум ам.доллар болж өссөн. Тухайн үед бид нэг хүнд 14 саяын өр ногдож байна гэж байсан. 2016 онд улсын өр 21.4 тэрбум ам.доллар болсон. Улсын өр, Засгийн өр гэж манайхан ялгаад байна. Төлбөрийн тэнцэл чинь эцсийн дүндээ Монголоос л гарна шүү дээ. Өөрөөр хэлбэл, бид өөрөө өөрсдийгөө хуурч, өрийн хавханд оруулж байна” гэсэн мэдэгдэл хийсэн юм. Өр хэмжээнээсээ хэтэрсэн нь үнэн, өрийн хавханд орох нөхцөл аль хэдийнэ хаалга тогшиж байгаа нь ч бодитой. Гэхдээ УИХ-ын дарга нэг зүйл дээр том андуураад байна. Өрийн хавханд орчихвол ард түмэн, улс хотлоороо эх орноосоо хөөгдөхгүй. Харин өөрөө намынхаа нөхөдтэй ирэх сонгуулиар ард түмэнд хөөгдөнө гэдгээ ухаарах болов уу. Үнэхээр өрийн хавханд орж Шри Ланка шиг дампуурлаа зарлахдаа тулбал энгийн олон биш эрхэм дарга өөрөө өндөр сэнтийгээсээ хөөгдөх гашуун үнэнтэй нүүр тулна. Энэ дашрамд онцлоход, Fitch агентлаг өнгөрсөн пүрэв гаригт Шри Ланка улсын зэрэглэлийг дампуурлын Restricted de­fault RD түвшинд байна гэж зарласан юм. Тус агентлаг Шри Ланка улсын адил эдийн засаг санхүүгийн хүндрэлд орж дампуурлын эрсдэлд ойртож буй улсын тоонд Ливан, Пакистан, Папуа Шинэ Гвиней, Аргентин зэрэг улсыг нэрлэж буй. Тэдний араас жагсах өндөр эрсдэл бидэнд бий. Fitch агентлаг “Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал ДНБ-ий 16.3 хувьд, нийт гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь 2022 оны эцэст 167 хувьд хүрэх төлөвтэй байна” гэсэн сэрэмжлүүлэг өгөөд байгаа юм.

“Яагаад Монголын ард түмэн эх орноосоо биш, УИХ-ын дарга ард түмэндээ хөөгдөхдөө тулав” гэсэн асуултад одоо хариулъя. Манай Засгийн газар ирэх жил 1.2 тэрбум ам.доллар, 2024 онд нэг тэрбум ам.долларын бондын төлбөр хийнэ. Төлбөр хийхийн өмнө буюу одоо ч бондын хүү гэж овоо хэдэн доллар төлж байгаа. Бүр тодруулж хэлбэл, төсвөөсөө жил бүр 250 сая орчим ам.долларыг бондын хүүний төлбөрт өгч яваа. Төгрөгт шилжүүлбэл бараг 800 тэрбум. Товчхондоо 800 тэрбумаас нэг их наяд орчим төгрөг бондын хүүний төлбөрт гараад явчихдаг гэсэн үг. Яг нарийндаа хүүний төлбөр гэж баахан доллар төлж яваагаас болж шууд утгаараа хохирч суугаа хэсэг нь жирийн иргэд. Орж ирсэн, хадгалж хумьсан цөөхөн доллараа хүүнд тавиад туучихаар валютын ханшид сөрөг нөлөө үзүүлэх нь хэтэрхий тодорхой үнэн. Нэг үгээр хэлбэл, өрнөөс өрний хооронд амьдардаг төрийн бодлого иргэдийнхээ халаасыг аль хэдийнэ сэгсрээд эхэлчихсэн. Оюу толгойгоос өөр гадаадын хөрөнгө оруулалтгүй шахам аж төрж яваа өнөөдрийн тухайд байгаа багахан доллараа бондын хүүнд өгөөд суух нь яалт ч үгүй том эрсдэл. Нэмж хэлэхэд, гадаадын хөрөнгө оруулалтыг үлдэн хөөсөн популист бодлогыг эхлүүлсэн улстөрч бол УИХ-ын дарга маань өөрөө. Гадаадын хөрөнгө оруулалт жинхэнэ утгаараа “бүүм” болж, эдийн засаг цэцэглэж байсан тээр жил Г.Занданшатар стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай гэсэн тодотголтой коммунист хууль санаачилсан нь Монголын эдийн засгийн хөгжилд том гай тарьж байв. Эрхэм даргын балаг өнөөдөр ч гарсаар байна. Элдэв хууль шийдвэр баталдаг ч хэрэгжилтийг нь хянах үүргээ биелүүлдэггүй нь УИХ-ын гэм биш, зан болчихсон нь нуух юмгүй ил үнэн. Шуудхан хэлэхэд, парламентын гишүүдийн ная, ерэн хувь нь УИХ-ын ажлын хоёр дахь гол чиг үүрэг болох бодлогынхоо хэрэгжилтэд хяналт тавих ажлаа огт хийдэггүй, зүгээр л попорч, телевизийн дэлгэц, сошиал орон зайд гоё харагдахыг илүүд үздэг. Баталсан зорилт маань юу болж байна, өр төлөлт хэр яваа вэ гэх мэт ажил хэрэгч асуулт тавьдаг гишүүн гарын таван хуруунд багтахаар цөөхөн. Байдал иймдээ тулсанд УИХ-ын гишүүдийн балаг ч их бий гэж хэлэх гээд байна л даа. Наад захын жишээ гэхэд, төсвийн гүйцэтгэл хэлэлцэх үеэр гишүүд өөр зуураа маргалдаж, сайд нар руу зандарсан асуулт нисгэж, попорч суусаар хэлэлцүүлгийг дуусгадаг. Зүй нь төсвийн гүйцэтгэл хэлэлцэнэ гэдэг тэс өөр зүйл, төсвийн үр дүнг шүүж ярилцахыг хэлээд байгаа юм. Харамсалтай нь гаргасан бодлогынхоо хэрэгжилтийг шалгаж, хянаж, хэрэгжүүлэхийн төлөө ханцуй шамлаад зүтгэх ёстой УИХ-ын гишүүд дараагийн сонгуулиар дахиад сонгогдохын төлөөх популист уралдаанаасаа хэтрэхгүй сууцгааж буй нь булзах аргагүй бодитой үнэн. Өмнө нь Эрчим хүчний сайдаар ажиллаж, хамаг төсөл гацааж суусан Ц.Даваасүрэн гэхэд л эрчим хүчний станц бариагүй бурууг бусдаас хайчихсан попорч суух жишээний. Өрийн менежмэнт дээрээ олигтой ажиллаж чадаагүй экс Сангийн сайд яг энэ асуудал дээр бөөн шүүмж урсгаад явж байгаа нь өнөөгийн парламентын гол гажуудал гэчихэд хэтрүүлсэн болохгүй. УИХ-ын даргын “улсаараа улсаасаа хөөгдөх тухай” популист мэдэгдэл хийсэн чуулганы хуралдаанаар уг нь ирэх оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцсэн юм. Харамсалтай нь ганц нэг гишүүн л бодитой асуулт тавина лээ. Бусад нь нэг бол тойргийнхоо тухай лавлаж, эсвэл танин мэдэхүйн шинжтэй асуулт сонирхсон шигээ сууцгаасан нь олны өмнө ил өрнөсөн үйл явц. УИХ-ын даргад хандаж хэлэхэд, таны удирдсан чуулганы тэр өдрийн хуралдааны үеэр жинхэнэ хэлэлцүүлэг огт өрнөөгүй. Эдийн засгийн өнгөц мэдлэгтэй баахан нөхөр тойрч суучихаад Сангийн яамнаас мэдээлэл авч харагдсан. Зөөлнөөр хэлэхэд, таны даргалж суугаа чуулганы танхимд УИХ-ын гишүүд танин мэдэхүйн сонсгол л хийгээд байна. УИХ энэ мэт танин мэдэхүйн сонсгол хийдгээ болихгүй бол ирэх сонгуулиар ард түмэн даргатай юутай хээтэй нь Төрийн ордоноос хөөж гаргана гэдэгт эргэлзэх зүйл огт алга.

Мэдээж хяналт тавих амаргүй. Хяналт тавихаар наанадаж засагтайгаа, цаанадаж намынхаа удирдлагуудтай харгалдах үнэнтэй нүүр тулах эрсдэл бий. Яг ийм шалтгаанаар таг дуугүй суугаа нь бий байх. “Тойрогт маань л дажгүй мөнгө хуваарилагдаж байвал бусад нь яамай” гэх жалга довны эрх ашиг бодож амиа хоохойлж яваа нь ч олон байх. Гүйцэтгэл ярих болохоор ингэж амиа хоохойлчихоод ирэх жилийн төсөөлөл ярих болохоор гоё үгс урсгадаг нь УИХ-ын гишүүдийн хийдэг үндсэн ажил болоод удаж байна. Хатуухан хэлэхэд, УИХ баталсан бодлогоо хэрэгжүүлэхийн төлөө хяналт тавьж ажиллахаас илүү намынхаа зорилтын төлөө ажиллаад лав дөрвөн онтойгоо золгочихсон явна. Энэ шүүмжлэл Засгийн газрын голлох сайд нарт, бүр тодруулж хэлбэл Сангийн сайдад ч онцгой хамаатай. Сангийн сайдын хувьд макро эдийн засаг ямар байгааг танхимынхаа тэргүүнд ойлгуулж, улсын эрх ашгийн үүднээс чиг, гарц хэлж өгсөн шигээ ажиллах учиртай. Гэвч энэ үүргээ мартчихсан, төсөв, төсвийн тогтвортой байдлын тухай хуулиудаа дуртай үедээ өөрчлөх ёстой гэсэн улстөрч хандлагатай эвлэрчихсэн, өрөө нэмэхийн тулд ДНБ-ээ зориудаар өсгөчихөд асуудалгүй гэсэн хөндий хүйтэн хандлагад толгой дохисон шигээ яваа нь өнөөдрийн гашуун үнэн. Өрийн хязгаарыг барина, төсвийн тогтвортой байдлыг хангана гэхээс илүү Засгийн газрын мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж, ирэх сонгуульд нэмэх оноо авах тухай бодсон шигээ суугаа нь мөн л нуух юмгүй ил үнэн.

Эрх баригчид төсвийн нь

тогтвортой байдлын тухай хуульд заасан өрийн таазыг хангаад яваа гэсэн тайлбар хэлдэг л дээ. Өрийн таазаа хангаад яваа учраас зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд “тогтвортой” гэх мэт үнэлгээ өгөөд яваа. Гэхдээ өрийн таазыг хангасан гээд буй өр маань зөвхөн Засгийн газрынх. Манай улсын нийт гадаад өр хэд вэ гээд харвал эдийн засгаасаа гурав дахин том тоо гарна. Япон гэх мэт эдийн засгийн хувьд бие даасан, валют олох чадалтай хүчирхэг улсуудын хувьд л эдийн засгаасаа хэд дахин давсан өр зээлийг айх айдасгүйгээр тавьдаг. Импортын хамаарал өндөртэй манайх шиг хөгжиж байгаа улсын тухайд эдийн засгаасаа хэд дахин өр зээлтэй яваа нь маш муугийн дохио. Шуудхан хэлэхэд, өрийн хавханд орчих вий гэж болгоомжлохоос аргагүй байдалтай улсаараа нүүр тулчихсан явж байна.

Шри Ланкийн хувьд аялал жуулчлалаараа валют олдог улс. Ковид аялал жуулчлалын салбарыг нь сөхрөөчихсөн учраас дампууралтайгаа нүүр тулахаас аргагүйд хүрсэн хэрэг. Төсвийн орлого нь тогтвортой биш, өр төлөлтүүд нь давхацсан хуваарьтай, хуваарийнх нь дагуу богино хугацаанд төлөх боломжгүйд хүрсэн учраас донор байгууллагууд энэ улсаас нүүр буруулаад буй. Манай улсын хувьд Шри Ланкаас ялгарах нэг зүйл гэвэл аялал жуулчлалаас биш уул уурхайгаас доллар олдог. Гадагш нь зарж валют олдог гол бүтээгдэхүүн маань нүүрс, зэс. Өнөө жил экспортолно гэж төлөвлөсөн нүүрснийхээ арав гаруйхан хувийг гаргасан гээд харахаар хил нээгдэхгүй энэ хэвээр удвал, Хятад улс zerocovid бодлогоо үргэлжлүүлсээр аж төрвөл нүүрсний экспорт гацах том эрсдэл бий. Хэрвээ энэ таамаг бодитой болбол ирэх жил бондын төлбөрөө хийж чадахгүй зовлонтой халз тулах эрсдэл бидэнд бий. Байдал эерэгээр эргэсэн ч төсвийн орлогынхоо 15-25 хувьтай тэнцэхүйц их мөнгийг шууд гаргах боломж манай улсад байхгүй. Refinance хийе гэх нь ээ хүүгийн зардал өсчихсөн, хөрөнгө оруулагчид бодлогын хүүгээ өсгөсөн АНУ руу хөрөнгөө татаад эхэлчихсэн гэх мэт шалтгаан төвөг бэрхшээл учруулж байгаа. Тиймээс өөрсдөдөө хор хохирол багатай гарц шийдлийг эртхэн хайж олохын тулд төсвийн дунд, урт хугацааны бодлого төлөвлөгөө чухал байна. Эдийн засагч Н.Энхбаяр “Шри Ланка 80 тэрбумын эдийн засагтай. Нийт өр нь 50 тэрбум. Эдийн засагтай нь харьцуулбал нийт өр нь хамаагүй бага. Хүүгийн төлбөрөө цаг хугацаандаа төлж чадаагүй гэсэн асуудалтай нүүр тулсан. Төлж чадаагүй хүүгийн хэмжээ нь 72 сая ам.доллар. Тэгэхээр хэдэн тэрбум байх нь хамаагүй, төлөх ёстой мөнгөө цагт нь төлж чадаагүй л бол дампуурчихаж байгаа биз. Төлбөр гүйцэтгэх чадвар л амин чухал. Төлөх ёстой хугацаандаа л хүүгээ төлж чадахгүй бол эцсийн үр уршиг нь дампуурал. Бондын аюул нь энэ. Олон улсын байгууллагын зээл биш учраас тэр. Банк санхүүгийн байгуулагууд, Монголын хил нь хааагдчихсан юм даа, зайлуул гэж эвийлэхгүй. Украин шиг нөхцөлд ороогүй л бол мэдээж гарцаагүй төлөх ёстой. Хил хаасан учраас бондын төлбөрийг хойшлуулна гэсэн яриа байхгүй” хэмээн онцолсныг энэ дашрамд сануулъя. Эцэст нь хэлэхэд, долларын урсгалыг ихэсгэж, гадаадын хөрөнгө оруулалтыг татаж байж өр, төлбөрөөсөө айж зоволгүй аж төрөх боломж бий. Наад зах нь л Индонезийн ерөнхийлөгч улсдаа хөрөнгө оруулалт татахын тулд Элон Маскийг зорьж очиж уулзсан шиг хандлага Засгийн газарт үгүйлэгдээд байна. “Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орчихлоо. Одоо гадаадын хөрөнгө оруулалтыг татахад бид ингэж тэгж анхаарна. Ийм тийм боломж олгоно” гэж яриад явбал гадаадын хөрөнгө оруулагчид биднийг өөрөөр хараад эхэлнэ.

Categories
мэдээ эдийн-засаг

Б.Батдаваа: Инфляц ганц манай улсын биш, дэлхийн зовлон болоод байна DNN.mn

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваатай ярилцлаа.


-Статистикийн хороо өнөөдөр (өчигдөр) өнгөрсөн дөрвөн сарын нийгэм, эдийн засгийн байдлыг танилцууллаа. Өнгөрсөн саруудын эдийн засгийн анхаарал татсан тоонуудыг ярихаас өмнө дэлхийн эдийн засгийн өнөөдөр, маргаашийн талаарх олон улсын байгууллага, шинжээчдийн таамаглалуудыг сонирхмоор санагдлаа. Дайн дэлхийн эдийн засагт улам л сөрөг нөлөө үзүүлээд байх шиг…?

-Дэлхийн эдийн засаг Орос, Украины дайнтай холбоотойгоор сөрөг болоод эхэллээ л дээ. ОУВС-гийн өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайлангаас харахад тэд нэгдүгээр сард хийсэн эдийн засгийн өсөлтийн төсөөллөө 0.2 хувиар бууруулсан байна лээ. Тэдний таамгаас харахад, дэлхийн эдийн засаг 2022 онд 3.6 хувийн өсөлттэй гарахаар байгаа. Тэр дундаа ОХУ-ын эдийн засгийг 8.7 хувиар агшина гэсэн төсөөлөл гаргачихсан. Шалтгаан нь мэдээж дайнаас үүдэлтэй хоригууд. Урд хөршийн тухайд эдийн засгийн өсөлт нь 2021 онд 8.1 хувьтай байсан бол 2022 онд 4.4 хувьтай гарна гэсэн төсөөлөл байна. Хятад улс эдийн засгийн өсөлтөө 6 орчим хувьд барих гэж оролддог. Гэтэл ковидын эсрэг хэрэгжүүлж яваа хатуу арга хэмжээнээсээ болоод эдийн засгийн өсөлт нь энэ хувиасаа доошлох нь тодорхой болчихлоо л доо. Цар тахал гарангуут том хотууд, үйлдвэрийн районуудаа хаачихаад байгаа нь эдийн засгийн өсөлтөд нь сөрөг нөлөө үзүүлж байна. Шинжээчдийн ам нэгтэй байгаа дэлхийн гол эрсдэл бол инфляц. АНУ, Европын холбоо, хөгжингүй улсуудад сүүлийн дөчин жил ажиглагдаагүй өндөр инфляц ажиглагдлаа. АНУ-ын инфляц дөрөвдүгээр сарын байдлаар 8.3 хувь, Европын холбооных 7.5 хувьд хүрчихсэн. Европын зарим орны инфляц манайтай адилхан байна. Чехийн инфляцийн түвшин гэхэд л 14.2 хувиар хэмжигдэж яваа. Польшийн инфляц 12 хувь хүрлээ. Хойд хөршийн инфляц 16.7 хувь, Туркийнх бүр 70 хувьтай байна. Үнийн өсөлтийн эсрэг дэлхий нийтээрээ тэмцэж, арга хэмжээ авах ёстой гэж ярьж байгаа. Товчхондоо инфляц ганц манай улсын биш дэлхийн зовлон болчихлоо. Тэр утгаараа том төв банкууд шийдэл гаргаж эхэлсэн. Ялангуяа АНУ-ын төв банк бодлогын хүүгээ эрчимтэй нэмээд эхэллээ. Хоёр долоо хоногийн өмнө гэхэд л бодлогын хүүгээ 0.5 хувиар өсгөчихлөө. 2006 оноос хойш ажиглагдаагүй өндөр түвшний нэмэлт л дээ. Америкийн хувьд бодлогын хүүгээ нэг удаа ингэж огцом нэмсэн түүх сүүлийн арваад жилд тохиогоогүй.

-Дэлхийн том улсуудын төв банкууд бодлогын хүүгээ нэмээд эхэлчихээр бидэнд ямар нөлөө үзүүлэх бол?

-Манай улс руу оруулж буй хөрөнгө оруулалт, зээлийн хүүний өртгийг нэмэгдүүлж байна гэсэн үг. Засгийн газрын өнгөрсөн жил гаргасан долларын бондуудын дундаж хүү нь 3 орчим хувьтай байсан бол одоо 5, 6 хувь болоод өсчихлөө. Ер нь эрсдэл өндөртэй улсууд, хөгжингүй орнуудын бондын хүүгийн түвшин он гарснаас хойш 1 орчим хувиар нэмэгдэж байна. Дахиад онцлоход, манай руу орж ирэх зээл, хөрөнгө оруулалтын хүүний зардал нэмэгдэх эрсдэл бодитой болчихлоо. Өөрөөр хэлбэл, бидний гадагш төлөх зээлийн хүүний зардал нэмэгдэнэ.

-Дэлхийн эдийн засгийн бууралт, тэр дундаа урд хөршийн эдийн засгийн агшилт манайд шууд утгаараа нөлөөлөх нь тодорхой. Яг ямар сөрөг нөлөөллүүд ажиглагдаж байна вэ?

-Хятадын хөл хорионы дэглэм хэр удаан үргэлжлэхээс манай эдийн засаг яах нь хамаарах гээд байна л даа. Хятадаас авдаг импортын хувьд өнгөрсөн жилийн аравдугаар сараас, гол экспортын боомтуудын тухайд ноднингийн тав, зургадугаар сараас үйл ажиллагаа нь хэвийн бус болсон. Хятадын талаас хааж, нээж, хязгаарлалт тавьсаар ирлээ. Энэ байдал манай эдийн засагт маш том цохилт болсон, болсоор ч байна. Та санаж байгаа бол өнгөрсөн жилийн нэгдүгээр улиралд эдийн засаг 14.8 хувийн өсөлттэй байсан бол оны эцэс гэхэд 1.4 хувь болж буурсан. 2022 оны нэгдүгээр улиралд манай эдийн засгийн өсөлт 3.8 хувиар буурсан. Энэ агшилтад гол нөлөө үзүүлсэн хэсэг нь уул уурхайн салбар. Экспортод бүтээгдэхүүн нь гарахгүй болчихоор уул уурхайн голлох компаниуд олборлолтоо зогсоосон. Үүнийг дагаад уул уурхайн салбарт ханган нийлүүлэлт хийдэг компаниудын бизнес хумигдаад байгаа. Жишээ нь, химийн бодис, тэсрэх бодисын үйлдвэрлэл, нийлүүлэлт өнгөрсөн жилтэй харьцуулахад 78 хувиар буурчихсан, энэ оны нэгдүгээр улирлын байдлаар.

-Уул уурхайн салбар эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа тухай яриа руугаа эргээд оръё. Уул уурхайн агшилт эдийн засагт яг хэр хэмжээний сөрөг нөлөө үзүүлсэн бол?

-Уул уурхайн агшилт эдийн засаг 6.1 хувиар буурахад нөлөөлсөн. Уул уурхайн олборлосон бүтээгдэхүүнийг автомашин, төмөр замаар тээвэрлэдэг. Ноднин жилтэй харьцуулахад оны эхний гурван сард автомашинаар тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 60 хувиар буурсан. Төмөр замаар тээвэрлэсэн бүтээгдэхүүний хэмжээ 20 гаруй хувиар буурчихсан. Энэ нь эдийн засагт -1.3 хувийн нөлөө үзүүлсэн. Аж үйлдвэрийн салбарт химийн бодис, тэсрэх бодисын борлуулалт, үйлдвэрлэл буураад ирэхээр тухайн салбар эдийн засагт -0.9 хувийн нөлөө үзүүлчихэж байгаа юм. Ингээд харахаар манай эдийн засаг том зургаараа 3.8 хувиар агшчихсан гэсэн үг.

-Инфляц өндөр байна, цаашид ч өсөх эрсдэл бий. Инфляцийн өсөлтийн шалтгаан нь юу байна?

-Инфляц дээр Орос, Хятад хоёулаа нөлөөлж байна л даа. Хятадын тухайд гэхэд л гол үйлдвэрлэлийн раойн, хилийн боомтууддаа хөл хорио тогтоосон нь манайд үнийн өсөлт хэлбэрээр нөлөөлж байна. Орос, Украин хоёр хөдөө аж ахуй, эрчим хүч, нефтийн бүтээгдэхүүний гол тоглогчид. Энэ хоёр нийлээд дэлхийн наранцэцэгийн тосны хэрэглээний 70 хувийг нийлүүлдэг. Улаанбуудайн 30, бордооны 15, нефтийн 10 хувийг нийлүүлдэг. Ийм шалтгаанаар дэлхийн даяар хүнс, нефтийн үнийн өсөлт асуудал болж байгаа. Товчхондоо дэлхий даяар инфляцийн эсрэг явуулж буй мөнгөний хатуу бодлого, Хятадын цар тахлын эсрэг бодлого, дайны нөхцөл байдал Монголын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж байна. Нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн өсөлт -3.8 хувийн агшилттай, инфляц 14.4 хувийн өсөлттэй гарсанд гол нөлөө үзүүлсэн зүйл гэвэл миний сая дурдсан гадаад шалтгаанууд.

-УИХ өнгөрсөн сард олон улсын хямралт нөхцөл байдлын үед гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлтийг хязгаарлах тухай хууль баталсан. Бүр тодруулж хэлбэл мах, гурил, шатахуун гэсэн гурван бүтээгдэхүүнийг онцолж байгаа. Энэ хуулийн нөлөөлөл инфляцид эерэгээр нөлөөлөх янз байна уу?

-Улсын инфляцийн дөрөвдүгээр сарын байдлыг харахад гуравдугаар сарынхтайгаа ижил түвшинд анзаарагдсан. Гуравдугаар сард 13.4 хувьтай байсан бол дөрөвдүгээр сард яг тэр янзаараа байсан гэсэн үг. Улаанбаатарын хэмжээнд гэж яривал 15.8 байснаа 15.2 болж буурсан. Өөрөөр хэлбэл, үнийн өсөлтийн хурдац тогтворжиж байна. Гэхдээ үнийн өсөлт явагдсан хэвээр байгаа. Махны үнэ өнгөрсөн жилийн тухайд хаврын улиралд сард 10 хувийн өсөлттэй байсан бол одоо 2 орчим хувь руу орж удааширлаа. Энэ жил хаваржилт дажгүй байсан гэдэг утгаараа өнгөрсөн онтой харьцуулахад малын хорогдол 90 хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, махны нийлүүлэлт талаасаа тасалдал гэх мэт асуудал байсангүй. ХХААХҮЯ махны нөөц бүрдүүлэлтээ дажгүй хийсэн. Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханшийг харахаар шатахууны үнэ литр тутамдаа 800 төгрөгөөр нэмэгдэх нөхцөл үүсчихээд байсан. УУХҮЯ шатахууныг 25 хувийн хөнгөлөлттэйгөөр худалдаж авах хэлэлцээрийг Оросын талтай хийж байна гэсэн мэдээлэл бий. Энэ хэлэлцээр ажил болчихвол шатахууны үнэ өнөөгийн түвшиндээ хадгалагдах боломж бүрдэнэ. Ингэвэл инфляцид тодорхой хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Хэрвээ шатахууны үнэ зах зээлээ дагаад литр тутамдаа 800 төгрөгөөр нэмэгдэж, махны үнэ өнгөрсөн жилийнх шиг 10 хувиар өссөн бол инфляц 17 хувь руу орох эрсдэл байсан. Өөрөөр хэлбэл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ үр дүнгээ өгч чадвал үнийн өсөлтийн хурд буурах болов уу.

-Бүтээн байгуулалт эхэлж, эдийн засгийн идэвхжилт эрчээ авдаг үе гэдэг утгаараа зээлийн хэмжээ өссөн байх. Яг хэр хэмжээгээр өсөв, чанаргүй зээлийн хувь ямархуу байгаа бол?

-Зээлийн хувьд 20 гаруй хувийн өсөлттэй гарсан. Иргэд, хувийн хэвшлийн зээл хоёулаа өсөлттэй яваа. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хэмжээ 13 хувь болж буурсан. Банкны салбарын эрүүл мэндийн хувьд муудсан үзүүлэлт харагдахгүй байна. Гэхдээ бид энэ тоон дээр болгоомжтой хандах ёстой. Учир нь активын ангиллын журам дээр хөнгөлөлт үзүүлчихсэн. Ипотекийн зээл дээр гэхэд л иргэд он дуустал хөнгөлөлт авчихсан яваа. Тэгэхээр энэ хөнгөлөлтүүдийн хугацаа дууссаны дараа буюу хойтон жилээс зээлийн чанарын бодит үнэлгээ гарч ирнэ гэсэн үг. Тэр ч утгаараа ОУВС активын чанарын үнэлгээ хийсний дараа том банкуудынхаа IPO-г эхлүүл гэсэн зөвлөмж өгсөн. Элдэв хөнгөлөлттэй ийм үед зээлийн чанар бодит зургаараа гарахгүй, тийм учраас үнэлгээ хийсний дараа IPO гаргах нь хөрөнгө оруулагч, тэр дундаа жижиг хөрөнгө оруулагчдын эрх ашигт хэрэгтэй гээд байгаа юм л даа. “Анод”, “Зоос” банкны муу туршлагууд бий. Тодруулж хэлбэл, хувьцаа гарсны дараа банкууд нь дампуурсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, банкны салбар өнөөхөндөө эрүүл мэндийн хувьд сайн харагдаж байгаа ч болгоомжтой байх үүднээс активын чанарын үнэлгээ хийсэн нь зөв шийдэл.

-Өнгөрсөн жилийн эхний улиралтай харьцуулахад өнөө жилийн эхний улирлын импортын хэмжээ хэр байв?

-Эхний дөрвөн сарын байдлаар импорт 388 сая ам.доллараар өссөн. Үүний дөч гаруй хувь нь нефтийн бүтээгдэхүүний үнийн өсөлтөөс шалтгаалсан. Нефтийн бүтээгдэхүүн тоо хэмжээний тухайд нэмэгдээгүй. Уул уурхайн олборлолт, тээвэр буурчихсан учраас өсөх нөхцөл байсангүй. Импортын хэмжээ өсөхөд нөлөөлсөн дараагийн шалтгаан бол автомашин. Автомашины импорт оны эхний гурван сарын байдлаар 30 гаруй сая ам.доллараар буюу 27 орчим хувиар өссөн. Хүнсний бүтээгдэхүүний тухайд 39 хувийн өсөлттэй гарлаа. Шалтгаан нь үнийн өсөлтөөс улбаатай. Тансаг хэрэглээгээ танах ёстой гэж ярьж байгаа ч бид чөлөөт эдийн засгийг сонгосон улс. Тохиргоо хийе гэвэл татвар, ханшийн зохицуулалт хийх гарц бий. Түүнээс биш тэр машиныг импортолж болохгүй гэх мэтээр шууд хориг тавибал хар зах зээл үүсэх, авлига хахууль өсөх гол шалтгаан болно.

-Нүүрс, зэсийн экспорт түрүү жилийн өдийгөөс ямархуу байна?

-Нүүрсний экспорт эхний гурван сарын байдлаар 3.8 сая тонн гарсан. Гэтэл түрүү жилийн эхний гурван сард 7.5 сая тонныг гаргаж байсан. Өнөө жилийн төсвийг анх батлахад 36.7 сая тонн нүүрс экспортолно гэсэн ч жилийнхээ гуравны нэгд аравхан хувийг нь гаргасан гэсэн үг. Ийм шалтгаанаар төсвийн тодотгол хэлэлцэх үеэр нүүрсний хэмжээг бага зэрэг бууруулсан. Гэхдээ нүүрсний үнийн өсөлт татварын орлогыг нөхнө гэсэн тооцоог Сангийн яамныхан гаргасан. Газрын тосны тухайд ноднин өдийд 1.9 сая баррелийг экспортолж байсан бол өнөө жил 36-хан мянган баррелийг гаргаад байгаа. Төмрийн хүдэр 2.6 сая тонн экспортолж байсан бол энэ жил 1 сая тонныг гаргасан статистик байна. Гадаад худалдаа эхний дөрвөн сарын байдлаар 450 сая ам.долларын ашигтай гарсан нь ганцхан шалтгаантай. Тэр нь түрүүн онцолсон уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлт. Биет хэмжээний бууралт оны эхний гурван сард 1.6 тэрбум ам.доллар байсан бол үнийн өсөлтийн нөхсөн хэмжээ нь мөн л 1.6 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна л даа.

-Хил боомтын байдал хэвийн янзандаа орвол экспортоос өндөр орлого олох боломж байна даа уг нь…?

-Харин тийм, хил хэвийн нөхцөлдөө орвол маш их хэмжээний долларыг уул уурхайн бүтээгдэхүүний экспортоосоо олох боломж байна.

-Урд хөрш zerocovid бодлогоо он дуустал үргэлжлүүлнэ гэсэн шинжээчдийн таамаг бий. Тэр таамаг хэвээрээ байна уу?

-Тэр таамаг хэвээрээ байгаа. Манай улсын энэ жилийн эдийн засгийн төсөөллийг Монголбанк, Сангийн яам 2.6 хувь гээд гаргачихсан. ОУВС-гийн ажлын хэсэг манайд ажиллаад буцахдаа 1 хувь гээд төсөөлчихлөө. ОУВС ноднингийн 11дүгээр сард өнөө жилийн эдийн засгийг 7 хувьтай гарна төсөөлсөн. 7 хувиас 1 хувь руу огцом бууруулсан нь цаанаа ганц шалтгаантай. Хятад улс энэ жил хилээ нээхгүй байх эрсдэл байгаа гэсэн үг. Гэхдээ ихэнх судлаач, шинжээчийн байр суурь нэг зүйл дээр нэгдэж байна. Манай эдийн засаг дунд хугацаандаа эерэг дүр зурагтай гарахаар байгаа. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байгаа учраас хил нээгдээд эхлэнгүүт экспортын орлого огцом өснө. Тодруулж хэлбэл, 2023-2025 он хүртэл манай эдийн засаг 5-7 хувийн өсөлттэй гарна гэсэн таамаг голлож байна.

-Хятадын тухайд ирэх жилээс хилээ бүрэн нээчихвэл эдийн засаг бодит утгаараа өсөөд явчих юм байна. Урд хөрш ковидтойгоо дасан зохицох замыг сонгох нь тодорхой байгаа гэсэн үг үү?

-Шинжээчид “Хятадын шинжилгээ авч байгаа зардал нь топ 100 компанийнхаа жилд төлж яваа татвартай дүйж байна. Үүнийгээ дагаад ажилгүйдэл гэх мэт олон асуудал үүснэ” гэж онцлоод эхэлчихсэн. Тэгэхээр Хятад улс яалт ч үгүй шинэ нөхцөл байдалдаа дасахаас аргагүй болох байх. Ингээд харахаар дунд хугацаандаа манай эдийн засаг эерэг дүр зурагтай байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Дэлгэрсайхан: Хөгжлийн банк “хадны мангаа” биш, эдийн засгийг тэлэх том бүтэц DNN.mn

Эдийн засагч Ж.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-Хөгжлийн банк тойрсон шуугиан намжаагүй л байна. Сүүлдээ энэ банкийг татан буулгах хэрэгтэй гэсэн байр суурь ч дуулдаад эхэллээ. Солонгос гэх мэт улсын хөгжсөн түүхийг харахаар хөгжлийн том төслүүдээ санхүүжүүлэх ийм банктай байсан нь амжилтынх нь нууц болжээ гэж харагддаг. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ, бидэнд хөгжлийн банк хэрэгтэй юү?

-Хөгжлийн банк гэдэг бүтэц зөвхөн Монголд байдаг зүйл биш л дээ. Дэлхий нийтийн хөгжлийн хандлагаас олж ирсэн бидний нэг том ололт. Харамсалтай нь дэлхийн сайн туршлага, сайн жишгийг бид бусад бодлого, амлалтуудын нэгэн адил унагачихлаа. Өөрсдийнхөө мууд унагачихаад ард түмэнд “Хөгжлийн банк гэдэг нь бас нэг хэрэггүй зүйл байна” гэсэн ойлголтыг үлдээх өнгө янз анзаарагдаж байна. Энэ маш буруу хандлага. Хөгжлийн банк хадны мангаа биш, харин ч эдийн засгийг тэлэх том бүтэц. Увайгүй улстөрчид л гол буруутан нь болчихоод байна. Хөгжлийн банкны тухайд 1945 оноос хойш олон улсын түвшинд түгээмэл байгуулагдаж ирсэн төрийн өмчийн санхүүгийн байгууллагын хэлбэр. Дэлхийн банкны нэгэн судалгаанд “Зээл, хөрөнгийн захын бус аргаар хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх Засгийн газрын хамгийн гол хэрэгсэл” гэж тодорхойлсон байдаг. Үүнтэй би санал нэг байна. Хөгжлийн банкийг зөв удирдаж чадсан бол одоо ярьж байгаа олон их наяд төгрөг Монгол Улсын эдийн засагт үр ашгаа өгчих байсан. Үүнээс гадна холбогдох зээлүүдийг төлөх тал дээр асуудал гарахгүй байсан. Гэтэл бид Хөгжлийн банкаа ямар түвшинд хүргэчихээд байгааг нийтээрээ харж байна л даа, өнөөдөр. Одоогийн түвшинд хүртэл “дампууруулчихаад” татан буулгах тухай асуудал байж болохгүй. Үүнийг зөв болгох, гаргасан алдаагаа засах, тэр олон их наяд төгрөгийг олж авах, ийм буруу нөхцөл байдлыг бий болгосон хүмүүст хариуцлага тооцох шаардлагатай. Ингэж чадвал жинхэнэ утгаараа Хөгжлийн банк болох суурь тавигдана.

-Хөгжлийн банкийг яг ямар хэлбэрээр ажиллуулбал эдийн засагт эерэгээр нөлөөлөх бол?

-Хөгжлийн банкийг өөрийн үндсэн агуулгаар нь ажиллуулах гол шийдэл бол ерөөсөө л хууль дээдлэх, хуулийн дагуу ажиллуулах. Энэ банкны өнөөгийн байдлын учир шалтгааныг хэд хэдэн өнцгөөс харж болохоор байна. Хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй гэсэн шалтгаан бий. За тэгээд үйл ажиллагаан дахь Засгийн газар, улс төрийн хүчтэй нөлөөлөл байна. Удирдах албан тушаалтнуудынх нь хариуцлагагүй байдал ч том шалтгаан болсон. Гэтэл Хөгжлийн банк өөрийн хуультай. Тэр хуулинд нь эдгээр бүх зүйлийг тодорхой заагаад зохицуулчихсан. Тодруулж хэлбэл, улс төрөөс хараат бус байх болон үйл ажиллагааны зарчим, засаглалыг нь тов тодорхой заагаад өгчихсөн. Зээлийг аль төсөлд ямар зарчим баримталж олгох, хэрхэн хянах, ил тод байлгахын тулд яах ёстой гээд олон асуудлыг тусгасан. Гэтэл Хөгжлийн банк үйл ажиллагаандаа эдгээрийг мөрдлөг болгоогүй, хуулийг дээдлээгүй, хуулинд захирагдаагүй. Улстөрчдийн “халаасны” банк болж тэдний эрх ашгийг хэрэгжүүлдэг хөгжлийн эсрэг банк болсон л доо. Үүний гол шалтгаан нь юу вэ гэсэн асуулт тавиад харъя. Зарим улстөрчийн яриад байгаа шиг хууль “буруутан” уу гэвэл үгүй. Үндсэн шалтгаан нь улс төрчид, Хөгжлийн банкны удирдлагад ажиллаж байгаа хүмүүсийн ёс суртахууны доройтол шүү дээ. Тэд улсын эрх ашгийг өөрсдийн эрх ашгаас доогуур үздэг учраас Хөгжлийн банк ингэтлээ доройтсон. Дахиад хэлье, “буруутан” нь хууль биш. Харин ёс суртахуунгүй, боловсрол дорой, үндэстнийхээ эрх ашгийг уландаа гишгэсэн улстөрчид энэ банкинд нөлөөлж, удирдлагыг нь хэрэгжүүлээд яваа учраас хуулийг өөрчлөх, хариуцлагыг чангатгах шаардлага үүсч байна. Өнөөгийн нөхцөлд тэгэхээс өөр арга алга. Түүнээс биш Хөгжлийн банкийг татан буулгаад асуудлыг шийдэхгүй. Харин ч хөгжлөөс ухарсан алхам болж, эцсийн дүндээ улсаараа хохироод дуусна.

-Банкны IPO-г хойшлуулах асуудлыг УИХ хэлэлцэж байна. Таны хувьд ОУВС-гийн өгсөн зөвлөмж, Монголбанкны байр суурийг хэр зөв шийдэл гэж харж байгаа вэ?

-Банкуудын IPO-г хүчээр хуульчлан тулгаж шийдвэрлэх асуудлыг би анхнаас нь эсэргүүцэж байсан. Аливаа аж ахуйн нэгж хэзээ олон нийтийн компани болох, болохгүйг төр шийддэгүй юм. Гэхдээ энэ бол банкуудыг хүчээр IPO хийх хуулийг гаргаж байх үеийн миний байр суурь. Ер нь бид цаашдаа аливаа үнэ, хүү, инфляци зэрэг учир шалтгаанаас бий болдог үзэгдлүүдийг хүчээр зохицуулж болно гэсэн бодлоо орхих хэрэгтэй. Эдийн засаг эрүүлээр өсөж хөгжих суурь нөхцөлийг бүрдүүлэх нь төрийн үүрэг гэсэн тал руугаа явах нь зөв. Харин өнөөгийн нөхцөл байдлын талаар байр сууриа хэлье. Аль аль талын санаа бодлыг харгалзсан зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Нэгэнт хууль гарсан учраас биелүүлэх ёстой. Энэ итгэл үнэмшлээр олон талууд ажилласан, зах зээлд хүлээлт бий болчихсон. Энэ хүлээлтийг эвдэх нь олон талын хохиролтой. Наад зах нь гэхэд л хуулийг хойшлуулснаар бий болох шинэ нөхцөл байдлаас үүдэн гарах зардлыг хэн хариуцах вэ гэх мэт асуудал бий. Товчхондоо нэг талаас өөрсдөө хууль гаргаж зах зээлд хүлээлт үүсгэчихсэн, нөгөө талаас хөрөнгө оруулагчид өөрсдөө шийдвэрээ гаргах учраас хуулиа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулиа хэрэгжүүлэхийн зэрэгцээ хажуугаар нь бусад арга хэмжээг аваад явах нь зөв байх.

-Засгийн газар төсөв хэмнэх санал оруулсан ч хүссэн хэмжээний үр дүн гарсангүй. Гэхдээ данхгар төсөв батлах дуртай дарга нар олон хямралын дараа хэмнэлт гэж дуугарч эхэлсэн нь бас ч гэж давуу тал гэж харж байна…?

-Зүй нь аль хэдийнээс л хэмнэлт ярих ёстой байсан юм. Гэхдээ одоо ч болтугай ингээд ярьж байгаа нь олзуурхууштай. Гол нь бид хэмнэлт гэдгээ аль аль талдаа зөв ойлгох нь чухал гэдгийг сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлаас илүү тод харж байна. Мөн энэ удаагийн төсвийн тодотгол нь төсвийн ерөнхий тоог өөрчлөх бус төсвийн зарлагын бүтцийн өөрчлөлтөд илүү анхаарсан байлаа гэж би хувьдаа бодож байна.

-Төсвийн хэмнэлт дээр гаргасан засгийн саналын тухайд гишүүд өнөө л довны үзлээрээ тойрогтоо хуваарилсан хэрэггүй зардлуудыг тануулах дургүйгээ ил тод илэрхийлнэ лээ. Энэ гажуудлыг яаж засмаар юм бэ дээ?

-Энэ буруу хандлага сүүлдээ бүр байх ёстой юм шиг, жишиг гэмээр болчихлоо л доо. Төсөв бол макро эдийн засгийн хөгжлийн гол бодлогын нэг гэдэг утгаараа улсын макро эдийн засгийн хувьд эерэг үр дүнтэй байх ёстой. Эдийн засаг өсч, ажилгүйдэл ядуурал буурч байх учиртай. Засаглал сайжирч байх хэрэгтэй.

Макро эдийн засгийн зорилгыг биелүүлэхийн тулд үр ашигтай бүтэцтэй, урсгал болон хөрөнгө оруулалтын зардал нь оновчтой, хэмнэлттэй байх ёстой. Түүнээс төсөв бол хэдэн хүний хувааж аваад иддэг мөнгө биш. Тэр агуулгаар нь харвал Монгол Улсын төсөв тэр чигээрээ зөв бодлого байх ёстой. Өнөө бодлогыг нь боловсруулдаг төрийн тогтолцоо нь зөв байх хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Монголын төсөв томорсон. Түүнийгээ дагаад зарлага нь өссөн. Төсвийн зарлага 17, 18 их наядаар яригдаж эхэллээ. Гурав, дөрөвхөн жилийн дотор хоёр дахин өсчихсөн. Зарлагын ийм өндөр өсөлтийг дагаад нийгэм, эдийн засагт ямар өөрчлөлт бий болов, хөрөнгө оруулалтын зардал нь зөв байв уу, урсгал зардал буюу төрийн бүтэц үр ашигтай байж чадав уу, нийтийн мөнгийг зөв зүйлд зарцуулсан болов уу гэсэн асуулт тавиад харахаар хариу нь их эргэлзээтэй. Төсвийн зарлагын өндөр өсөлтөөс гадна өрийн хэмжээ хэцүүхэн байгаа. Гэтэл нөгөө талд нь боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, иргэдийн амьжиргааны чанар, ажилгүйдэл, ядуурал буурсан уу гэдэг асуудал тавибал тааруухан хариу гарна. Товчхондоо төсөв бодлогын хувьд үр ашиггүй байгааг олж харах хэрэгтэй.

-Гишүүдийн тойрог тойрог руугаа чирдэг хэрэггүй хөрөнгө оруулалтын зардлууд руу эргээд оръё. Тойрог руу хандсан хэрэггүй хэрнээ том хөрөнгө оруулалтуудыг танах хүсэл зориг УИХ, Засгийн газрын аль аль талд дутаад байх шиг?

-2022 оны төсвийг оруулж ирэхдээ Сангийн яамны зүгээс магтууштай нэг том өөрчлөлт хийх гэж оролдсон. Төсвийг бодлогын төсөв болгох гэж оролдсон л доо. Халамжаас хөдөлмөр рүү гэх мэтээр үр ашигтай төсвийн суурь шинэчлэлийг хийх гэж үзсэн. Харамсалтай нь төсөв олон жил буруу явж ирсэн учраас дурын хүнд үр ашиг муутай гэж харагдахуйц хөрөнгө оруулалтын болон урсгал зардлууд байсаар байна л даа. Төсвийн хэмнэлт дээр УИХ-ын гишүүдийн зүгээс хандаж буй хандлагыг шууд буруутгамаар байна. Хот хөдөө гэлтгүй “Манай тойрогт юу ч алга, чиний тойрогт хуваарилсан хөрөнгө их байна” гэсэн утгатай маргаан өрнөсөөр ирсэн л дээ, УИХ-д. Ийм маргаан хийж байгаа гишүүдийг буруу хандлагатай ажиллаж яваа гэж нийгмээрээ ойлгох хэрэгтэй. Төсвийн ард Монгол Улсын нийт иргэдийн эрх ашиг бий. Улсын язгуур эрх ашиг байгаа. Тэр утгаараа хөгжлийн тулгуур ерөнхий бодлогын хувьд зөв төсөв байх ёстой. Түүнээс биш тойрогт зориулсан төсөв гэж байх учиргүй. УИХ-ын гишүүн бол Үндсэн хуульд зааснаар нийт улсынхаа эрх ашгийн төлөө ажиллах үүрэг, тангарагтай. Товчхондоо төсвийн хэлэлцүүлгийн үеэр “Миний тойрог” гэж дуугарч суугаа гишүүн бүр буруу ярьж байна гэсэн үг. Ийм үзэгдэл далд байснаа сүүлийн жилүүдэд ил тод болж зарим УИХ гишүүн бахархалтайгаар зарлах байдалтай болж байна. Ингэж болохгүй гэдгийг уг нь бүгд мэднэ. Энэ нь дээр Хөгжлийн банктай холбоотой хэлсэн нөгөө ёс суртахуун, эрх ашгийн дарааллын алдаатай бодол зэргээс шалтгаалж байгаа хэрэг.

-Сүүлдээ бүр сонгогдсон бүсээрээ нийлж нэгдээд манай тэр асуудлыг шийдэж өгөхгүй бол хуралд суухгүй шүү гэсэн утгатай мэдэгдэл хийж бойкотолдог болсон. Тойрог руу хандсан гишүүдийн ийм амбицыг дарах тодорхой шийдэл санал болгооч гэвэл?

-Хот, хөдөө аль ч тойргийн хувьд хөрөнгө оруулалтын зардал ганцхан шалгууртай байх ёстой. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, өнөөдрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд эерэг нөлөөтэй юу, үгүй юү гэсэн шалгуурыг л тавих учиртай. Тэр гишүүний тойрог учраас төсвөөс ийм хөрөнгө оруулалт хийнэ, тэр гишүүний тойрогт бол бага хэмжээний хөрөнгө оруулна гэсэн явцуу шалгуур байж таарахгүй. Энэ асуудлыг Үндсэн хуулийн саяхны өөрчлөлтөөр тодорхой хэмжээнд шийдсэн гэж ярьдаг ч төсвийн дотор өөрчлөлт хийх нөхцөл байдлыг Үндсэн хууль руугаа татчихсан асуудал бий. УИХ-д Засгийн газрын оруулж ирсэн төсвийн орлого, зардлын хэмжээг өөрчлөхгүй, дотор нь өөрчилж болно гэсэн заалт Төсвийн тухай хуульд байсан юм. Харамсалтай нь тэр заалтыг Үндсэн хууль руу аваачаад тавьчихсан. Сүүлийн жилүүдэд УИХ-ын гишүүд тойрог руугаа хөрөнгө оруулалт татдаг, тойрогтоо тодорхой хөрөнгө оруулалтуудыг тусгуулах гэж Засгийн газрын шахдаг байдал хэтэрхий ил, увайгүй болж даамжирчихлаа л даа. Зарим гишүүн бүр “Тойрогтоо хөрөнгө оруулахын төлөө хөөцөлдөж гүйх ёстой, угаасаа гишүүдээс санал авдаг учиртай, тэр эрхийнхээ дагуу би саналаа өгч ийм тийм хөрөнгө оруулалт тойрогтоо авч чадсан” гэсэн утгатай мэдэгдлийг ил зарлаад эхэлчихсэн. Хуулийн дагуу, зарчмын хувьд бол огт байх ёсгүй зүйл шүү дээ. Төсөвт улс төрийн ийм нөлөөлөл хэт ихсэх нь яаж ч бодсон буруу. УИХ-ын гишүүд Засгийн газрын үйл ажиллагааны бие даасан байдалд зүй бусаар халдаж байгаагийн тод илрэл. УИХ бодлогын түвшинд ажиллах ёстой. Монгол Улсын хөгжлийн бодлогод нийцсэн төсөв болсон эсэх дээр л шүүн тунгаах процесс л парламентад өрнөх учиртай. Саяхан нэг гишүүн “Бид бусад улсын парламентын гишүүдээс их ажил хийдэг. Учир нь бид тойрогтоо ажиллах хэрэгтэй болдог” гэж ярина лээ. Улс төрийн тогтолцоо, гишүүдийн чиг үүргээ ойлгож байгаа байдал хэт алдагдсаны нэг жишээ л дээ.

-Төсвийн хөрөнгө оруулалтын орчин ер нь ямархуу вэ?

-Монгол Улсын төсвийн хөрөнгө оруулалтын орчин их сайн. Хөрөнгө оруулалт хийх зарчим, шалгуур нь мундаг. Харамсалтай нь хуулиуд, эрх зүйн орчин дахь дүрэм, журмууд нь сайн ч хэрэгжилтийн түвшиндээ их алддаг. Институцийн чадамж нь муу байна гэсэн үг. Ямар нэг хөрөнгө оруулалтын хэрэгтэй эсэхийг батлах, үндэслэлийг нь нарийн тооцож гаргаж ирэх институци бол УИХ дахь хотоос сонгогдсон гишүүд биш. LRT, сумын соёлын төв нэг л зарчмаар шийдэгдэх ёстой. Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт нийцсэн, зайлшгүй шаардлагатай төсөл мөн эсэхийг л батлах хэрэгтэй. Хөгжлийн бодлого гэснээс хөдөөд орон сууц авбал гэх мэт хот, хөдөөгийн төвлөрлийг механикаар сааруулах гэсэн оролдлого төсвийн тодотголын үеэр анзаарагдаж байсан. Засгийн газрын зүгээс хийж буй зоримог оролдлого мөн үү гэвэл мөн. Гэхдээ хөдөө ажиллаж амьдрах эдийн засгийн хөшүүргийг бий болгож өгөхгүй бол мянгантаа сайн шийдэл шийдвэр гаргаад үр дүнд хүрэх нь юу л бол. Энэ мэт дутуу бодсон үндэслэл муу бодлого шийдвэрүүд бидний сүүлийн жилүүдэд их хойш чангаасан гэдгийг бид мартаж болохгүй.

-Таны ярианаас анзаарахад, эцсийн бүлэгт сонгуулийн тогтолцоогоо өөрчилж байж л төсөв тойрсон асуудлууд шийдэгдэх юм байна даа…?

-Санал нэг байна. Сонгуулийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Эсвэл УИХ-ын гишүүдийг сонгуулийн бус үеэр тойрогтоо ажиллах, тойрогтоо төлөөллөө ажиллуулах гэсэн ойлголтоос татгалзах ёстой. Сонгогдохын тулд тойрогтоо өөрийгөө харуулах ёстой, сонгогдсоныхоо дараа нийт улсын эрх ашгийн төлөө ажиллах нөхцөлийг л бүрдүүлэх шаардлагатай. Ёс суртахуунаараа, үнэт зүйлээрээ улсынхаа нийтлэг эрх ашгийн төлөө ажиллахыг нь хүлээвэл бүтэхгүйг бид өнгөрсөн жилүүдээс хангалттай харлаа. Тэгэхээр түрүүн хэлсэн хязгаарлалтыг хууль эрх зүйн хүрээнд тавьж, хашиж өгөхөөс өөр арга байхгүй. Үүн дээр нэмээд хэлэхэд, сонгуулийн тогтолцооны тухай асуудал болохоос УИХ-н гишүүдийн тоог нэмэх тухай биш. Сүүлийн үед улс төрийн намуудын зүгээс энэ санааг их цухалзуулж байна. УИХ-н гишүүдийн тоог нэмэх, хасах дээрээ тулбал жинхэнэ нийт ард түмний саналаар шийдэх хэрэгтэй. Харин намууд үүнийг шийднэ гэвэл ард түмний эрхэд хэт халдсан хэрэг болно.

Categories
мэдээ нийгэм

Галбын говь, улаан тэмээ, гавилууд хоньтой Ханбогд DNN.mn

Өмнөговь аймгийн Ханбогд сум Манжийн үед Халх Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харьяалагдаж байж. “Тэр үед Говь мэргэн вангийн хошуу хачин том газар нутгийг хамардаг байсан гэдэг. Одоогийн Дорноговийн бараг бүх сум, Хэнтийн Галшарын урд хэсгээс гадна Дундговийн урд хэсэг багтаж байсан болов уу.

Хожим хошуудыг өөрчилж Хутаг уулын хошуу болгосон түүхтэй. Хутаг уулын хошуу Галба, Цээл, Ухаа, Баян гэж дөрвөн сумтайгаар байгуулагдаж байв. Манай сум Галбын говьд учраас Галба гэсэн нэртэй байлаа. Ханбогдын түүх тэр үеэс эхэлнэ. Тодруулж хэлбэл, 1924 оноос. Монголын 33 говиос хамгийн их дуу, түүх, үлгэр туульстай Галбын говиороо нэрлэгдэнэ гэдэг сайхан хэрэг шүү тийм ээ” гэж Ханбогд сумын Засаг даргын албыг хашиж явсан Д.Буянтогтох хууч дэлгэв.

Тэрээр өдгөө “Мөнх Ногоон Галба” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Дашрамд сонирхуулахад, “Мөнх Ногоон Галба” төрийн бус байгууллагыг нутгийн иргэд хамтран байгуулжээ. Уул уурхайн ашиглалтын нөлөөлөл Галба нутгийнх нь ус, ургамал, амьтан, агаарын чанарт өөрчлөлт үзүүлж байгаа эсэхийг хянах зорилготойгоор нэгдсэн юм байна. Галба сумын анхны даргаар томилогдож байсан Үржин зангийн үр хойч өдгөө сумынхаа Иргэдийн хурлын даргаар ажиллаж яваа гэнэ. Өнгөрсөн зууны хориод онд Галба сум 1249 хүнтэй байснаас 290 орчим нь лам байж. Малын тоо толгой нь 12700 байсан гэсэн тоо данс сумын түүхэнд үлджээ.

Долоон жилийн дараа буюу 1931 оны хоёрдугаар сард Улсын бага хурлаас засаг захиргааны зохион байгуулалтын хууль баталж, таван аймгийг 13 болгосноор Галба сум Өмнөговь аймагт харьяалагдаж эхэлж. Д.Буянтогтох “Манай сум чинь 1931 онд Галбын уулын яг урд энгэрт, Галбын говийн яг хойд хөвөөн дээр Дунд хүрээ гэдэг газар нүүж буусан. Дараа жил нь буюу 1932 онд Ханбогд хайрханаараа нэрийдсэн түүхтэй. Монголын зүүн хязгаар амар төвшингүй болсон 1938 онд сумын төвүүд тал газар өөрөөр хэлбэл, зүүн талаасаа ил газар байж болохгүй гэж үзсэн юм билээ. Тэгээд манай сумыг Цагаан толгойн хийд хавьцаа нүүлгэсэн гэдэг. Цагаан толгойн хийд яг Галбын уулан дотроо, хадан дунд. Хөгжлийн ирээдүй байхгүй, наадам хийлээ гэхэд морь уралдаад ирэх газаргүй. Онгоц буух аргагүй. Ингээд 1941 онд одоо байгаа газраа ирсэн” хэмээн түүх сөхлөө.

СИНГАПУРААС 21 ДАХИН ТОМ НУТАГТАЙ ХИЛИЙН СУМ

Д.Буянтогтох сумынхаа байгалийн сайхныг нүдэнд ургаж, санаанд буутал зураглаж байна гэж. Уур савссан халуун кофе оочингоо “Манай сум хачин сайхан байгалтай газар суурьшиж байсан шүү. Говь дотроо хангай болсон устай, ургамалтай газар. Энэ голын хөвөөн дээр сум ирж буухад есөн төрлийн рашаан гарчихсан, мэлхий могой хоёр нь шуугьсан газар байсан гэдэг. Усан дотор нь мэлхий дуугарна. Усанд ойрхон могой нутаглана. Байгалийн үзэсгэлэн бүрдсэн сэрүүн дэнжийн хөвөөнөө бууснаас хойш хэдэн жил өнгөрсөн юм бэ дээ” гээд хэсэг бодолхийлэв. Ханбогд сум одоогийн байгаа газраа суурьшаад 81 жилийг үджээ. Өдгөө 9000 гаруй хүнтэй, 190 орчим мянган малтай, 15 мянган хавтгай дөрвөлжин км нутаг дэвсгэртэй хилийн сум. Буянтогтохын тодорхойлсноор Сингапураас 21 дахин том, НАТО байрлаж буй Люксембургээс зургаа дахин том газар нутагтай сум.

Оюу толгой төсөл хэрэгжихээс өмнө ч Ханбогдынхон ажилсаг, ахуйчаараа аймагтаа гайхагддаг байж. Үүрийн гэгээ шаргалтахад л моторын дуу хадаж, алх хөрөө сүх хангинаж эхэлдэг байсан энэ суманд Роберт Фрийдланд ирж хайгуул хийсэн эхэн жилүүдийн түүх сонирхолтой юм. Тухайн үед сумын засаг дарга багадаа дөч, их байлаа гэхэд наян мянган төгрөгийн цалинтай явж. Харин Фрийдландын компанийн жирийн ажилтны хөлс 200 мянган төгрөг байжээ. Ямар сайндаа л тухайн үед “Сэрүүлэг” сонин сумын Засаг даргаас нь ярилцлага авч нийтлэхдээ “Ханбогд Монголын Солонгос болжээ” гэж бичихэв. Сумын Засаг дарга гэдэг нь бидэнд сумын түүхээ хуучилж буй Д.Буянтогтох.

Тэрээр “Намайг Засаг даргаар ажиллаж явах үед Анагаахын, Багшийн их сургуулийн оюутнууд танай суманд ажлын байр байна уу гэж анкет, хүсэлт явуулдаг байлаа шүү дээ. Арга ч үгүй, хайгуулын төсөл дагасан манай сумынхны амьдрал сэвхийгээд ирсэн. Гэртэй нь хашаатай, хашаатай нь машинтай, машинтай нь байшинтай болж явсан цаг. Зарим өдөр нь сайн, зарим өдөр нь муу хэлэгдэж явдаг нь уурхайтай газрын жам. Ганц манай улсад ч биш дэлхийн орнуудад байдаг л жишиг. Сайн, муу хэлэгдсээр ирсэн Оюу толгой төслийн буян их шүү.

Ганц сумыг биш бүхэл бүтэн улсыг тэжээж, Монгол гэдэг улсыг дэлхийн газрын зураг дээр шинээр тамгалсан төсөл. Дэлхийн уул уурхайн таван том компанийн нэг нь Оюу толгойн хөрөнгө оруулагч. Эцэг өвгөд минь ийм сайхан эрдэнэсийн үүцийг бидэнд үлдээсэн гээд бодохоор бахархахаас аргагүй. Газрынхаа доорх ийм их баялгийг жигшиж болохгүй биз дээ. Монголыг тэжээж байгаа уурхай манай суманд бий гээд бодохоор сайхан санагддаг. Ингээд бодохоор Оюу толгой төсөл Ханбогдын нэг том бахархал яах аргагүй мөн” гэж хэлээд сумынхаа бахархлуудыг сонирхуулж эхэллээ.

ГАЛБЫН ГУРВАН ХИЙД, РАВЖАА ХУТАГТ…

Ханбогдын нэг бахархал нь Галбын улаан тэмээд. Тэмээдийн тоо нь хэдийнэ гурван түм гарчээ. Сүүлийн мэдээгээр 33089 тэмээ тоолуулсан аж. Буянтогтох сумынхаа тухай нямбайлан тэмдэглэсэн цаасаа эргүүлэнгээ “Галбын улаан тэмээд маань тэнгэр газар хоёрын бүтээсэн мөнх сүрэг дээ. Үржлийн фермийн зоотехникчээс эрдэмтдээ хүртэл хагас зуун жил зүтгэсний эцэст улаан тэмээд маань олон улсын шилмэл үүлдрээр хүлээн зөвшөөрөгдсөн. Дэлхийн тэмээ болчихсон гэсэн үг. Олон улсын түвшинд шинжлэх ухаанаар батлагдаж нотлогдож, хүлээн зөвшөөрөгдсөн мундаг сүрэг. Гүн улаан зүстэй, ноос нь их зөөлхөн, торомных нь ноос шууд ноолуурын хэмжээнд очихоор гээд яривал бахархахаас аргагүй” гэж хэлээд хөгжүүн инээв. 2000 оны эхээр тэмээн сүрэг нь цөөрч, сумын дарга Шинэхүү гэж хүн “Улаан тэмээдээ яалтай билээ…” гэж ирээд харамсан шүлэглэж байж. Гэхдээ Галбын улаан тэмээд нь 2001 оноос тогтмол өссөн гэнэ.

Ханбогдчууд аймгийнхаа хилийн долоон сумдын нэг гэдгээрээ бахархдаг аж. Улсаа тэжээдэг хилийн том боомт сумынх нь нутагт байдаг учраас аргагүй л дээ. Ханбогдын нутагт орших боомтоор Монгол Улс зэс, нүүрсээ экспортолж төсвийнхөө багагүй хувийг бүрдүүлдэг. Ханбогдчуудын дараагийн бахархал нь гавилууд омгийн хонь. Сүхбаатарын үзэмчин хониноос шилбэний яс нь арай богино гэдгээрээ л ялгаатай гавилууд хонио зүс цагаан, ноос арвин гэж ирээд магтацгаах аж. Дэлхийн улаан номонд бичигдсэн хулан, хар сүүлт, аргаль, янгир гэсэн дөрвөн сайхан амьтан бас Ханбогдынхны бахархал.

Равжаа хутагтыг говийн гурван хийдийг барихад хүргэсэн Галбын уул сумынхны шүтэж сүсэлдэг том бахархал. Д.Буянтогтох “Хааш хаашаа далан км тогтсон дөрвөлжин бүтэцтэй уул. Халуун хайлмаг тэр чигтээ дугуйраад, царцаад үлдчихсэн юм шиг хуйларч харагддаг юм билээ, сансраас авсан зургийг харахад.Тийм дугуй эргэж тогтсон хуйлралтыг уул уурхайнхан маш их эрдэнэс дороо агуулдаг гэж үздэг бол шашныхан шамбалын орон хэлбэртэй тогтсон маш их энерги эрч хүчтэй гэцгээдэг. Ноён хутагт Данзанравжаа 25 насандаа 1828 онд энд ирээд, хүний ид шидээс илүү газрын ид шид нь ноёлсон газар байна, хүн шидтэй төрөхийн хэрэг байхгүй, энд ирээд шидийг олж болно, ийм дагшин газрыг зүүдэндээ ч үзсэнгүй гэсэн байдаг юм. Тэгээд энэ нутагт Галбын гурван хийд гэж нэрлэгддэг гайхамшигтай сайхан хийдүүд байгуулсан түүхтэй. Галбын ууланд 108 үзэсгэлэнтэй цохио бий гэж ноён нутагт хэлсэн гэдэг. Хад болгон нь янгир, арслан, заан, шувуу, хүн гээд бүх л амьтны хэлбэрийг хадгалсан олон сайхан цохиотой” гэж сонирхуулав. Хойд талаараа тал хээртэй, дундуураа тал хээр говь хосолсон, урд талаараа говьтой, уул устай Ханбогдод аялал жуулчлал хөгжүүлэх бүрэн боломжтой юм байна. Тооройн төгөл, яшил зандан, хайлаас, загтай энэ нутаг шувуудын дайрч өнгөрөх таатай орчин гэдгээрээ онцлогтой. Хангайн шувууд урагшаа нүүдэллэхдээ үдлээд нисдэг гэнэ. Хулан жороо, амарын шонхор, могойч загалай, ёл гэх мэт шувууд Ханбогдын бас нэгэн чимэг аж.

Д.Буянтогтох “Миний хувьд амьтан, ургамал, агаарын чанарт мониторинг хийдэг “Мөнх Ногоон Галба” гэдэг төрийн бус байгууллагыг ахалдаг болохоор эрдэмтэн судлаачидтай ойр ажиллана. Тэр утгаараа амьтан, шувуудын тухай багцаалддаг болсон. Галбын говьд амарын шонхорын цөөхөн бүл бий. Жижигхээн хөөрхөн, улаан хөх алаг маш үзэсгэлэнтэй шувуу. Есдүгээр сарын сүүлчээс аравдугаар сарын эхээр хойд зүгээс ирсэн шонхоруудтай нэг бүл болж аваад урагшаа нисдэг юм. Бээжин, Вьетнам, Энэтхэг, Мьянмараар дайрч, Энэтхэгийн далайг гатлаад Африк тивийн наад эрэгт өвөлждөг. Тэгээд дөрөвдүгээр сар гарав уу үгүй юү буцаад нааш нисдэг. Дулаан оронд амьдрах гээд л яваа шувуу атал тийм эрт наашилдаг. Ингээд бодохоор яалт ч үгүй Монголын “Галбын говийн шувуу” гэж байна.

СУМЫН АНХНЫ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ НАЯАД ЖИЛИЙН ӨМНӨ ӨРНӨЖЭЭ

Суманд анхны сургуулийг 1940 онд барьж байсан бол анхны хоёр давхар зочид буудал 1972 онд босч байж. Ханбогд тухайн үедээ аймагтаа анхны хоёр давхар зочид буудалтай сум байсан гэнэ. Тэр үед Д.Буянтогтох “Галбын хөгжил” нэгдлийн тэмээчин явж. Цэрэгт явсан хойно нь буюу 1975 онд сумын ус, цаг уурын станцын барилга ашиглалтад оржээ. Цэргээс ирдэг жил нь баригдсан хүн эмнэлгийн барилга тухайн үедээ сумын том бүтээн байгуулалтад тооцогдож байсан ч одоо орон сууцны л хэмжээнд очжээ. Ханбогд сум өдгөө 214 өрөөтэй, дөрвөн давхар том эмнэлэгтэй болж. Сонирхуулж хэлэхэд, Ханбогдчууд 1985-1990 онд даргаар нь ажилласан А.Чулуун гэж хүнийг хүндэтгэн дурсдаг аж.

Зах зээлд шилжсэн ерэн оноос өмнөх цөөхөн жилд “Галбын хөгжил” нэгдлийн даргаар ажиллахдаа энэ хүн төрийн албан хаагчдад зориулсан арван орон сууц бариулжээ. Төв суурин газруудаас барилгын хаягдал материал татаж ирж, барьж байжээ. Ерэн оноос өмнөхөн суманд өрнөсөн бүтээн байгуулалтын нэг нь 320 хүүхдийн 8-н жилийн сургууль” хэмээн Буянтогтох сонирхуулав.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ж.Золжаргал: Эмхлэх гэж оролдох нь байгалийн хуулийн эсрэг үйлдэл, ингэснийхээ горыг Ленин, Гитлер хоёр хангалттай амссан DNN.mn

Инженер Ж.Золжаргалтай ярилцлаа.


-Нэг нийтлэлийг чинь саяхан уншлаа. Эмх цэгцгүйгээс эмх цэгц үүсдэг, цэгцэнд оруулах гэж улайрах тусам хөгжил биш мөхөл ирдэг гэсэн санааг шинжлэх ухааны олон өнцгөөр тайлбарласан нь сонирхол татлаа л даа. Тэгж бичих санаа анх яаж төрсөн бэ?

-Орост оюутан байх үед нэг өдөр телевизээр Brаun гэдэг нэртэй сахлын машины сурталчилгаа явав аа. Сахлын машины торных нь хэлбэрийг томсгож харуулсан чинь нүхнүүд нь гурвалжин, дөрвөлжин тохиолдлын өнцгүүдтэй, эмх цэгцгүй гэж жигтэйхэн. Багад аавын сахлын машин олон жижигхэн ижил хэмжээний бөөрөнхий нүхтэй байсан нь гэнэт бодогдлоо.

Гэтэл сурталчилгаа нь гарч байгаа сахлын машиных зөгийний үүр шиг зургаан өнцөг бүхий том жижиг маш олон нүхтэй. Тэр рекламыг хараад шууд л “Эмх замбараагүй дүрсний олонлог учраас сахлыг илүү сайн авдаг байх нь. Энэ чинь ерөөсөө байгалийн хууль юм байна. Бас хүний нийгмийн хууль ч үүнээс ялгаагүй” гэсэн бодол төрсөн л дөө. За тэгээд ургуулаад бодлоо. Санаанд хамгийн түрүүнд орж ирсэн зүйл бол шингэний молекул. Усан доторх молекулыг харвал ямар ч эмх замбараагүй хөвөрч байдаг даа. Ямар ч эмх цэгцгүй, дуртай зүг рүүгээ хөдөлцгөөдөг. Үүнийг Броуны хөдөлгөөн гэдэг юм. Үр дүнд нь ус хэмээх эмх цэгц үүсдэг гэсэн үг. За тэгээд усаа ургуулж бодлоо. Ус ууршихаараа үүл болчихдог, тэгээд бороо болж бууснаа буцаад л урсдаг. Урсахдаа бас л эмх замбараагүй дураараа урсдаг.

Гэхдээ урсаж буй ус голыг харахад хэчнээн эмх цэгцтэй, үзэсгэлэнтэй билээ. Товчхондоо амьд амьгүй байгаль дээрх энэ эмх цэгц, гоо үзэсгэлэнг усны эмх замбараагүй байдал үүсгэдэг. Амьд байгалийг цааш нь ургуулаад бодохоор их сонирхолтой. Байгалийн шалгарлын хууль гэж байдаг даа.

Мөн л эмх замбараагүй зүйл. Энэ төрлийн өвсийг арай их ургуулъя, ийм үүлдрийн үхрийг илүү олноор тэжээе гэдэг бол хүмүүсийн л хийдэг үйлдэл. Түүнээс биш байгалийн хууль биш. -Байгаль юу ч төлөвлөдөггүй, эмх замбараагүй нь байгалийн шалгарлын үед эмх цэгц болж байгаа гэж үү?

-Яг тийм. Экологийн тэнцвэр буюу ургамал амьтдын зохистой харьцаа, гоо сайхан, эмх эгц бол эмх замбараагүй байдлын үр дүнд л бий болдог. Хүн л өөрсдийгөө бүхнээс ухаантай гэж сэтгэж юм бүхнийг яг таг ойлгож, яс тас зааварлах гэж оролддог амьтан. Ийм төрлийн ургамал илүү ихийг тариална гээд тариалдаг, өнөөх нь илүүдэхээрээ байгалиа эвдэж эхэлдэг. Үр дүнд нь бусад төрлийн ургамал амьтныг сүйтгэдэг. Аж үйлдвэр хүний гараар бүтсэн хөгжил. Хэт их аж үйлдвэржилт дэлхийн дулаарал гэсэн том асуудлын шалтгаан болчихоод байгаа. Товчхондоо хүний бүтээсэн эмх цэгц гэдэг зүйл эргээд экологийн тэнцвэрийг эвддэг. Эмх цэгцтэйгээр мал аж ахуйг хөгжүүлье гээд асар том хэмжээний фермүүдийг дэлхий даяар барьсны нөлөөгөөр илүүдэл жинтэй хүмүүсийн тоо, амьтны гаралтай элдэв өвчний өсөлт, хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэж яваа. Дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 18 хувь нь мал амьтны гаралтай. Малын амьсгал, унгас гэсэн үг л дээ. Мал амьтны хатуу хаягдал ялзрахаараа метан болж хувирдаг. Ер нь мал амьтнаас гаралтай хүлэмжийн хий автомашинаас өндөр байдаг. Махыг хэрэглэдэг хүнээс ялгардаг хүлэмжийн хий ч гэж бий. Хүний эмх цэгцтэй хөгжүүлнэ гэсэн хүсэл эргээд байгалийн тэнцвэрийг алдагдуулдаг жишээг энэ мэтээр дурдаад байвал барагдахгүй. Хүн гэдэг амьтны бүхнийг цэгцэнд оруулах гэсэн хүслийн балаг ганц байгальд ч биш, нийгэмд ч нөлөөлж байна. Хүмүүс нийгмийг өөрсдийнхөө бодлоор хайрцаглаж эмх цэгцэнд оруулах гэж хичээдэг. Үр дүнд нь элдэв мөргөлдөөн, зөрчил, гэмт хэрэг гэх мэт асуудлууд ургадаг жишээ ч өчнөөн бий. Яг нарийндаа хүн гэдэг чинь байгалийн бүтээгдэхүүн шүү дээ. Байгалийн бүтээгдэхүүн болох хүмүүс нийгмийг бүтээдэг учраас байгальд үйлчилдэг хууль нийгэмд ч ялгаагүй үйлчилнэ.

-Байгалийн хууль нийгэмд ч ялгаагүй үйлчилнэ гэдгийг тодорхой жишээтэйгээр яривал…?

-Хамгийн тод жишээ бол чөлөөт эдийн засаг. Эдийн засгийн олон янзын томьёо онолууд бий. Нийгэм өөрчлөх бүрт эдийн засгийн мэдээлэл, хандлага өөрчлөгдсөөр ирсэн. Гэхдээ хамгийн их үр дүнтэй буюу эмх цэгцэнд хүргэсэн нь чөлөөт эдийн засаг. Чөлөөт эдийн засаг бол хүмүүсийн сайн дурын чөлөөт харилцаан дээр тулгуурласан зүйл. Үл үзэгдэх гар гэж ярьдаг даа. Зах зээлийн зохицуулалтыг хэн нэгний хүчтэй гар биш, хүмүүсийн эрх чөлөөтэй үйл ажиллагаа, жам ёсоороо өрнөж буй эдийн засгийн харилцаа хийдэг. Ингэж чадсан эдийн засаг зохистой тэнцвэрт байдалд орж улам төгөлдөрждөг. Үр дүнд нь ард түмний орлого, баялаг өсдөг. Сахлын машины нүх олон янзын, замбараагүй байж гэмээнэ хүний нүүрэнд эмх цэгцийг үүсгэдэгтэй агаар нэг зүйл л дээ. Хүмүүсийн үйл ажиллагаа эрх чөлөөтэй байх тусам нийгэм, эдийн засаг хөгждөг.

-Үе үеийн дарангуйлагчид бүгдийг эмх цэгцэнд оруулах гэж улайрснаасаа болж улсаа мөхөөсөн жишээ өчнөөн шүү…?

-Тийм жишээ хүн төрөлхтний түүхэнд олон гэдэгтэй санал нэг байна. Ерөөсөө энэ надад таалагдахгүй байна, тэгэхээр ингээд өөрчилчихье гэсэн оролдлогууд хүний түүхэнд олон гарч байсан. Хүчээ нэгтгэж нэг зүгт хөдлөх ёстой гэж ярихаараа л бурууддаг гэсэн үг. Эмх замбараагүй молекулууд ус гэдэг эмх цэгцтэй, амин хэрэгтэй эдийг үүсгэдэг шиг хүн бүр эрх чөлөөтэй, өөрсдийнхөөрөө хөгжиж аж төрж байж нийгэм, эдийн засаг хөгжиж, эмх цэгцэндээ ордог. Таван молекул яг нэг ижил зүгт хөдөлж, нэгдсэн санаатай байвал ус гэж зүйл үүсэхгүй. Ус байгаагийн утга нь Броуны хөдөлгөөн буюу эмх замбараагүй хөдөлгөөн. Ус байхгүй бол үүл үгүй, үүлгүй бол бороо орохгүй, усгүй бол гол мөрөн урсахгүй, ургамал амьтан үгүй болно. Амьд байгалийн гоо үзэсгэлэн тэр чигтээ байхгүй болчихно. Гэнэтхэн нэг нөхөр гарч ирээд “Эрх чөлөө гэдэг утгагүй зүйл. Чөлөөт эдийн засаг гэж байхгүй. Бид маш сайн, зөв гоё эмх цэгцтэйгээр хүчээ нэгтгэж нэгэн зүгт урагшилна” гээд ирэхээрээ л “усны молекулууд адилхан замаар явбал ус үүсэхгүй, амьд байгаль гэсэн ойлголт ч үгүй болно” гэдэгтэй агаар нэг зүйл болж хувирна. Хүчээ нэгтгэж цэгцтэйгээр урагшилна гэчихээр л нийгмийн идэвхтэй үйл ажиллагаа царцаж эхэлдэг. Хөдөлгөөн нь эрс багасна. Хөдөлгөөн багассаны үр дүнд эдийн засаг агшдаг. Түүхэн харамсалтай байдалд хүрэх ч эрсдэл бий.

-Түүхэн харамсалтай байдал гэдэг нь…?

-Нийгэмд асар том хэмжээний зөрчил үүсч жам ёсны тогтолцоо нурна. Тогтолцоо ингээд нурчихаар ядуурна, өвдөнө, байлдана, алалцана. Хэдэн мянга, өчнөөн сая хүний амь нас үрэгддэг маш том хэмжээний гамшигт эмх замбараагүй байдалд хүргэдэг. Өөрөөр хэлбэл, эмх цэгцэнд оруулна гэсэн оролдлогын хамгийн том эрсдэл нь энэ.

-Улс үндэстнээ ийм хэцүү байдалд оруулсан удирдагчдаас онцлоод явах уу, хоёулаа?

-Нэг тод жишээ нь Ленин. Тэр бол гүйцэтгэгч. Франц, Германаас эхэлсэн онол явсаар олон хүнтэй том гүрэнд дайнч эзэнт гүрний хувьсгал байдлаар гай болж ирсэн хэрэг. Октябрийн хувьсгал ялсны дараа шинжлэх ухааны коммунизм хөгжсөн. Социалист нийгмийг эргээд бодох нь ээ science fantasy маягийн нийгэм. Ном бүтээлүүдэд төсөөлсөн байдаг даа. Том том гоё байшинтай, өргөн чөлөөтэй, архитектур нь хүртэл агуу ихэмсэг, нисдэг такси сүлжилдээд гэх мэтээр. Социализмаа эргээд харахаар нэг талаас их шинжлэх ухаанч нийгэм байсан. Бүх юмыг төлөвлөдөг байлаа. Зөвхөн инженер биш эдийн засгийг, нийгмийг төлөвлөнө. Хувь хүний амьдралыг хүртэл төлөвлөнө.

Нэг нь буруу харьцаа үүсгэвэл хамт олны хурлаар авч хэлэлцдэг байсан шүү дээ. Бүх юмыг хэт төлөвлөж моделчлох гэсэн оролдлого л доо. Тэгж байж нийгэм гоё хөгжинө гэсэн санаагаа хэрэгжүүлэхийн тулд хувьсгал гаргасан. Үр дүнд нь маш замбараагүй юм болсон. Наад зах нь гэхэд олон сая хүн өлсгөлөнгөөр үхсэн.

-Ийм зүйл болж байж л бид дараа нь эмх цэгцээ хэрэгжүүлэх боломжтой болно гэсэн тайлбар хэлдэг л дээ, дарангуйлагчид. Тэгэх боломжтойг нотолсон жишээ байдаг юм болов уу?

-Байхгүй. Таны хэлсэнчлэн өөрсдийнхөө улайрлыг тэгж зөвтгөдөг л дөө. Харамсалтай нь тэр бүхний дараа эмх цэгц үүсдэггүй. Хойд хөршийн хувьд хэсэг байж байгаад л эдийн засгаасаа эхлээд нурж эхэлсэн. Болхи, үр ашиггүй, зардал өндөртэй. Эцсийн дүндээ буцаад нурсан. Дэлхийн талаас илүү нь тийм загвар руу орох гэж хичээсэн. Буцаж задрахад нь хэчнээн хүн хохирсныг та мэдэж байгаа. Наад зах нь олноороо архинд орсон гэх мэтээр яривал өчнөөн асуудал ургасныг яг тэр замыг нь туулаад ирсэн монголчууд андахгүй. 90-ээд онд юу боллоо, ядуурал өлсгөлөн гээд газар авсан өчнөөн асуудал үүссэн шүү дээ. Жам ёсны зүйлийг эвдэхээр ийм харамсалтай үр дагаварт хүргэдэг. Хоёр дахь тод жишээ нь нацистууд. Нөгөөдүүлтэйгээ зарим талаараа төстэй. Бас л социалистууд. Юмыг төлөвлөнө. Нийгмийг эрэмбэ дараанд оруулна гэж улайрсан. Гэтэл хүн гэдэг амьтан байгалиасаа жам ёсоороо өөр өөр үүлдрийн, өөр өөр түвшинд байх ёстой. Илүү чадаж байгаа нь үндэстнээ манлайлна. Чадвар муутай хүмүүс хойноос нь жагсдаг. Жам ёсны үзэгдлийг бүдүүлгээр тоймлоход нэг иймэрхүү. Ингэж явж чадвал дэлхий нийтээрээ эмх цэгцэнд орно. Хоёрдугаар дайны хувьд мянган жил хөгжинө гээд түүнийгээ хүчээр хийх гэж оролдсон нь асар их гарз авчирсан. Дэлхийн 50 сая хүний амийг авч одсон аймшигтай, дайн гамшиг болсон. Хүний толгойноос гардаг иймэрхүү болхи санааны эцсийн үр дүн нь эмгэнэлтэй төгсдөг жамтай. Ертөнц дээр явагдаж байгаа нарийн загварыг буулгаад, болхи байдлаар модел хийснийгээ хэрэгжүүлэх гэж хүчээр зүтгэдэг нь гамшигт хүргэдэг.

-Хуучин нийгмийн үед хүн байгалийн хуулийг ялан дийлж байна гэж их ярьдаг, бичдэг байсан даа. Таны ярианаас анзаарахад байгалийн хуулиа дагаж байж л хөгжил ирэх нь…?

-Тэгнэ. Социализмын үед сонсогддог байсан “Байгалийн хуулийг ялан дийллээ” гэсэн үг, хандлага маш аюултай үзэгдэл. Монголчуудын уламжлал харин их өөр. Байгальтайгаа шүтэн барилдлагатай, байгальдаа ойр оршихуйтай. Олон сая жилийн хугацаанд ойлгож таньсан ухаан л даа.

-Хүн төрөлхтний түүхийг харахаар, ялангуяа ковидын жилүүдийн дараа байгаль руугаа эргээд хандах үзэгдэл хүчтэй ажиглагдаж байна. Элдэв хэрэглээгээ танаж байгальдаа ээлтэй минимал амьдаръя гэх болж. Уул хадаар аялах, үүргэвчээ үүрээд улс орнуудыг хэсэхдээ хээр хоноглох шахуу энгийн аялах нь түгээмэл болоод эхэлчихлээ л дээ. Хүн төрөлхтөн байгалийн хуулийн дор амьдрах нь хамгийн зөв зам гэдгийг ухаарсан хандлага шиг санагдаад байх юм. Танд тэгж санагддаг уу?

-Санал нэг байна. Хүн төрөлхтөн аж үйлдвэржиж ханаад буцаад жам ёсны зүйл рүүгээ татагдаж эхэлж байна. Идэж ууж байгаад нь, амьдралын хэв маягт өөрчлөлт орж байна. Орон байр энгийн болж байна.

-Бүгдийг цэгцэнд оруулах удирдагчдын улайрал одоо дэлхийн гуравдугаар дайн маягаар илэрч байх шиг. Энэ дайны харамсмаар тал нь юу вэ?

-Одоо өрнөж буй зөрчил, дайн бол тусдаа сэдэв. Хольж яримааргүй байна. Харамсаж яваа зүйл бол даяаршил гэх маш гоё ололтоосоо ухрах гээд байна л даа, хүн төрөлхтөн. XXI зууны хамгийн том олзуурхал бол даяаршил. Хүн төрөлхтөн мэдээлэл, харилцаа, соёлын хувьд даяаршина гэдэг сайн, муу аль аль талтай. Гэхдээ сайн нь муугаасаа хавьгүй илүү. Үр дүнд нь хүмүүс илүү чөлөөтэй болсон. Нэгнээ илүү сайн ойлгодог болсон. Хүний эрх чөлөө асар их нэмэгдсэн. Харамсалтай нь одоо өрнөж буй үйл явдлаас болоод буцаад багасах магадлалтай болчихлоо. Даяаршина гэдэг чинь хүмүүс бие биенээ хайрлах, хүндлэх, хүлээн зөвшөөрөх асуудал шүү дээ. Үүгээрээ даяаршиж яагаад болохгүй гэж. Даяаршингаа дангаарших бүрэн боломжтой. Монгол нь Монголоороо, Хятад нь Хятадаараа, Орос нь Оросоосоо байг л дээ. Гэхдээ бие биенээ хүлээн зөвшөөрч, өөрөө өөрийнхөө онцлогийг хадгалсан байдалтайгаар оршин тогтноход л болоод явчихна.

-Сүүлийн асуулт. Либералчлал манайд зохихгүй гэсэн утгатай тайлбарууд дуулддаг. Таны хувьд энэ хэр зөв шүүмжлэл вэ?

-Либерал эрх чөлөө гэдэг бол барууны үнэ цэнэ гэж их ярьдаг. Тийм биш л дээ. Харин ч Монголын уламжлалт үнэ цэнэ. Эрх чөлөө, байгальтайгаа ойр байх гэдэг чинь бидний юм. Барууных гэхээс илүү дорнын үнэт зүйл гэх гээд байна л даа. Дорныхон үүнийгээ жам ёсны харилцан зөв зохистой харилцаа гэцгээдэг. Тэгэхээр яаж ч бодсон “барууных учраас бидэнд зохихгүй” гэж хэлэх аргагүй.

Categories
мэдээ нийгэм

Н.Алгаа: Монгол компаниуд дэлхийд гарч эхэлсэн нь Оюу толгой төслийн том өгөөж DNN.mn

Монголын Уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алгаатай ярилцлаа.


-Таны “Монголын уул уурхай: ухрах уу, урагшлах уу?” номонд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хэрхэн байгуулагдсан талаар маш тодорхой бичсэн байдаг. Хөрөнгө оруулалтын гэрээ ямар хууль тогтоомжийн дагуу байгуулагдсан бэ гэсэн асуултаар ярилцлагаа эхэлье?

-УИХ 2008 оны арванхоёрдугаар сард тогтоол гаргаж, Оюу толгой төслийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах үндсэн зарчим, чиглэлийг тодорхойлж байсан юм. Дараа жилийнх нь долдугаар сард дахиад өөр нэг тогтоол гаргаж, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах эрхийг Засгийн газарт олгосон түүхтэй. ВHP Монголоос гарахынхаа өмнө Оюу толгойн орд дээр хайгуулын өрөмдлөг хийж байсныг чи мэднэ. Гарахдаа Канадын “Айвенхоу майнз”-д опцион хэлцлээр шилжүүлсэн байдаг. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухайд 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн Тогтвортой байдлын гэрээний заалтын дагуу анх яригдсан түүхтэй. Цаашлуулаад яривал 2006 оны Ашигт малтмалын тухай хуулийн Хөрөнгө оруулалтын гэрээний тухай заалт, 2008 оны УИХ-ын тогтоол болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн хийгдсэн гэж боддог. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байна. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ гурван удаа хэлэлцэж байж зөвшөөрсөн шийдвэр гаргаж, үр дүнд нь Засгийн газрын гурван гишүүн гарын үсэг зурж баталгаажуулсан.

-Улстөрчид Хөрөнгө оруулалтын гэрээг сайн, муу гээд янз бүрээр ярьсаар байгаа. Таны хувьд энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ? -Хөрөнгө оруулалтын гэрээг өнөөг хүртэл сайн муу, ашигтай ашиггүй гэж маргаж мэтгэлцсээр байна л даа. Мэдээж хоёр талынх нь хүсэл зориг, ашиг сонирхлыг нэг дор нэгмөсөн шийднэ гэж хэзээ ч байхгүй. Тухайн үеийн Монголын эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзаж, Үндэсний аюулгүй байдлын бодлого, Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн хийгдсэн гэрээ л гэж боддог. Энэ гэрээний хамгийн гол асуудал нь тодорхой татваруудыг тогтворжуулах асуудал байсан. Тодорхой асуудлуудаар аль аль тал нь буулт хийсэн асуудал ч гарсан байх. Хэлэлцээрт оролцож байсан манай Засгийн газрын төлөөллийн энэ талын мэдлэг, туршлага ч гэрээний үр дүнд нөлөөлсөн биз. Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш бараг нэг жилийн дараа Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэж байгуулсан. Мэдээж энэ гэрээнд төслийн компанийн хувь эзэмшил, хувь нийлүүлэгчдийн эрх үүрэг, төслийн санхүүжилтийн арга хэрэгслүүд зэрэг асуудал голчилж туссан нь ойлгомжтой.

-Оюу толгойн эдийн засагт үзүүлсэн нөлөөгөөр ярилцлагаа үргэлжлүүлье?

-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш гуравхан жилийн дотор ил уурхай, баяжуулах үйлдвэр, үйлдвэрлэл явуулахад шаардагдах дэд бүтцийг бүтээн байгуулж, 2013 оноос борлуулалт хийж эхэлсэн. Энэ хугацаанд гэхэд л Монголын эдийн засагт зургаан тэрбум ам.доллараас давсан хөрөнгө оруулалт орж ирсэн байдаг. Ингэснээр манай эдийн засгийн өсөлт анх удаа 17 хувьд хүрсэн. Энэ мэтээр яривал Оюу толгой төслийн эдийн засагт үзүүлсэн нөлөө их л дээ. Хэрвээ энэ төсөл хэрэгжээгүй бол цар тахлын жилүүдэд Монгол Улс хэцүүдэх байсан.

-Та номынхоо Оюу толгойтой холбоотой татварын маргааны талаар бичсэн хэсэгтээ гадны нэг кейс шигтгэсэн харагдсан…?

-Эхлээд татварын маргааны талаар байр сууриа хэлье. Татварын маргаан гэрээтэй шууд холбоогүй, аж ахуйн нэгжүүдэд байж л байдаг асуудал тул Монголын болон арбитрын шүүхээр шийдэгдээд явах нь ойлгомжтой. Харин маргааны суурь нь юу вэ гэдгийг хөндлөнгийн шинжээчээр судлуулах нь зөв байх гэсэн байр суурийг би номондоо онцолсон. Ялангуяа санхүүгийн тайлагнал ба нягтлан бодох бүртгэлийн үндэсний ба олон улсын стандартын зөрүүгийн шинжилгээг нэн тэргүүнд хийх шаардлагатай байх шиг санагддаг. Сая хэлсэн хоёр зүйлийг хийсний дараа цаашид үл ойлголцох явдал эрс багасах байх. Чиний асуусан кейсийн тухайд 2009 оны явдал л даа. Нью-Йоркийн шүүхэд Novagold хэмээх уул уурхайн компанид холбогдох нэг хэрэг шийдвэрлэсэн кейс бий. Тодруулж хэлбэл, ТЭЗҮ-тэй холбоотой асуудлаар. Төслийн анхны ТЭЗҮ-д заасан хөрөнгө оруулалтын зардал нь 2003 онд 1.8 тэрбум ам.доллар байснаа дөрвөн жилийн дараа хоёр дахь IPO гаргах үед хийлгэсэн ТЭЗҮ-д 4.4 тэрбум болж өссөн тул хөрөнгө оруулагчид нь төслийг орхиж байгаагаа зарласан. Хувьцаа эзэмшигчид компанийн удирдлагууд төслийн зардлын талаарх үнэн бодит мэдээллийг нуун дарагдуулсан нь хууль зөрчсөн, мөн учирсан хохирлоо нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэх гаргасныг шүүх хөрөнгө оруулагчдын талд шийдвэрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, ТЭЗҮ нь эрх зүйн үр дагавартай баримт бичиг биш болохыг нотолсон гэсэн үг.

-ТЭЗҮ-тэй холбоотой ийм маргаан манайд бол байнга гардаг. Хөрөнгө оруулалтын зардал хэтэрлээ энэ тэр гээд асуудал дэгдээдэг. Ганц Оюу толгой ч биш, цаашид хэрэгжих том төслүүд дээр үл ойлголцол үүсгэж мэдэх өндөр эрсдэлтэй харагддаг шүү…?

-Хөрөнгө оруулалтын зардлын хэтрэлтийн маргаан Оюу толгойн бүтээн байгуулалтын эхний үе шат, далд уурхайн санхүүжилтийн үе шатанд дараалж гарсан. Эхний маргаан нь ТЭЗҮ-д тусгасан, хоёр дахь нь санхүүжилтийн төлөвлөгөөнд тусгасан хөрөнгө оруулалтын зардал хэтэрсэнтэй холбоотойгоор гарсан байдаг.Ийм тохиолдолд ТЭЗҮ, төлөвлөгөө хоёрын аль нь илүү эрх зүйн үр дагавартай баримт бичиг вэ гэдэг асуудал гарах байх. Гэхдээ Оюу толгойн хувьд энэ асуудлыг тохирч шийдсэн учраас илүү зүйл яриад яахав.

-Гэхдээ ТЭЗҮ-ийн хэрэгжилт практиктай хэр нийцдэг юм бол оо. Энэ чигийн олон улсын судалгаа дүгнэлт байна уу?

-Дэлхийн банкны мэдээлэл, зарим судлаачдын дүгнэлтээс харахад ТЭЗҮ-ийн хэрэгжилт нь практикт нийцэх байдал бараг 50 хувь, судалгаанд хамрагдсан томоохон уул уурхайн төслүүдийн аравны нэгд нь хөрөнгө оруулалтын зардал дунджаар 50 хувь нэмэгддэг, төслүүдийн 50 гаруй хувьд хугацааны хэтрэлт нь 25 хувь ба түүнээс дээш байдаг гэсэн дүгнэлтүүд бий.

-Оюу толгой гэх мэт дэлхийн хэмжээний том төслүүдийн хувьд татвар, хураамж, ханган нийлүүлэлтийн сүлжээ гэх мэт олон чиглэлээр эдийн засгийг тэтгэдэг. Үүнээс гадна шинэ технологи нутагшуулах, дэлхийн уул уурхайн төслүүдэд хүний нөөцөө экспортлох гэх мэт шинэ боломжууд манай улсад тод мэдрэгдээд эхэлчихсэн. Энэ тал дээр ямар бодолтой явдгаа хуваалцаач?

-Оюу толгой төсөл тасралтгүй, тогтвортой хэрэгжих нь манай улсын хөгжил, эдийн засгийн чадавх, тэр дундаа уул уурхайн салбарт маш чухал нөлөө үзүүлж байгаа. Оюу толгойд манай залуус дэлхийн тэргүүний техник технологи, ноу хау эзэмшиж байна. Дэлхийн тэргүүний менежмэнтээс суралцаж нутагшуулж яваа. Далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах нарийн мэргэжлийн ажил үйлчилгээнд Монголын ханган нийлүүлэгчдийг татан оролцуулах бодлогыг 2015 оноос барьж эхэлснийг онцлох учиртай. Өмнө нь нарийн мэргэжлийн ажил үйлчилгээг дандаа гадныхан гүйцэтгэдэг байсан бол одоо хамтарсан консорциумууд энэ үүргийг гүйцэтгэх болсон. Далд уурхайн нэвтрэлт, барилга байгууламж, металл хийцийн үйлдвэрлэл, угсралт, гагнуур, цахилгаан, дулааны монтаж, өрөмдлөг, тэсэлгээний ажил үйлчилгээнд “Жи Си Ар Монгол”, “Хасу мегават”, “Мера”, “Ораметалл” зэрэг Монголын компаниуд бүтээн байгуулалтад оройлон оролцож байна. Оюу толгойн хувьд эдэнд хоёр жилд нэг удаа захиалагчийн аудит хийж, зөвлөж, менежмэнтийг нь сайжруулахад тусалж ажилладаг. Сая дурдсан компаниудаас “Жи Си Ар Монгол” компанийн залуус Казахстан улсын Казмедь уурхайн далд уурхайн нэвтрэлтийн сонгон шалгаруулалтад шалгарч, салбар компани байгуулан ажиллахаар болсон нь бидний хувьд сайн мэдээ. Ийм замаар маш олон монгол компани дэлхийн хэмжээний компани болох гараагаа эхлүүлсэн нь Оюу толгой төслийн үр шим, ач тус л даа.

-Зарим хүмүүс, ялангуяа зарим улстөрч Эрдэнэт, Оюу толгой хоёрыг харьцуулж ярих дуртай. Эрдэнэт ийм байхад Оюу толгой тэгэхгүй юм гэсэн утгатай үг цөөнгүй унагадаг. Ингэж харьцуулагдахаар төслүүд мөн үү?

-Тэгж харьцуулах нь утгагүй гэж би боддог. Нэг нь XX зууны, нөгөө нь XXI зууны манай уул уурхайн салбарын аварга бүтээн байгуулалтууд. Энэ төслүүд хоёр өөр хугацаанд хоёулаа гуравхан жилийн дотор ашиглалтад орсон байдаг. Одоо ялгааг нь хэлье. Нэг нь төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед, нөгөө нь зах зээлийн эдийн засгийн үед хэрэгжсэн. Нэг нь хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр, нөгөө нь Засгийн газар, хувийн компани хоорондын гэрээгээр хэрэгжсэн шүү дээ. Эрдэнэтийн тухайд гучин жилийн хугацаанд хоёр удаа хэлэлцээр шинэчлэгдсэн бол Оюу толгойн хувьд 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд өөрчлөлт оруулсан. Эрдэнэтийн хэлэлцээрээр Монгол Улсад төлөх бүх татвараас чөлөөлөгдөж байсан бол Оюу толгойн хувьд тухайн үед төлж байсан татварын хэмжээг гучин жилийн хугацаанд тогтворжуулах гэрээ хийсэн байдаг. Эрдэнэт 1973-2003 он хүртэл улсад албан татвар төлөөгүй. Харин Оюу толгой байгуулагдаж бүртгүүлсэн өдрөөсөө бүх татварыг төлж эхэлсэн. Эрдэнэт үйлдвэр ашиглалтад орсон эхний жилүүдэд жил бүр алдагдалтай ажиллаж байсан учраас 1978-1988 онуудад нийтдээ 976.3 сая төгрөгийг улсын төсвөөс татаас болгон төлж байсан юм. Харин Оюу толгой алдагдалтай ажиллаж байгаа ч Монгол Улсын хуулиар төлбөл зохих бүх татвараа төлөөд яваа. Гэх мэтээр яривал энэ хоёр төсөл эрс тэс ялгаатай.

-Төсөл хэрэгжүүлэх гэхээр л орон нутгийн эсэргүүцэлтэй нүүр тулаад таг гацчихдаг. Магадгүй ийм шалтгаан Оюу толгой шиг том төсөл хэрэгжүүлэх боломж өгөхгүй байх шиг санагддаг. Орон нутагт үүсээд байдаг энэ асуудлыг шийдэхийн тулд яах ёстой бол?

-Орон нутгаар өөрсдөөр нь шийдүүлдэг арга бий. Ашигт малтмалын хууль шинэчлэгдэх гэж байна. Засгийн газар яам агентлагуудаараа дамжуулаад бүх сумдын орон нутгийг хуралдуулаад тусгай хэрэгцээнд авах газруудыг нь авахуулаад бусдыг нь чөлөөлүүлчих хэрэгтэй. Дахиж ямар нэг шинэ газрыг таваас долоон жилийн хугацаанд тусгай хэрэгцээнд авахгүй гэчихмээр байгаа юм. Татгалзвал Засгийн газрын бодлого хэрэгжүүлсэнгүй гээд ажлаас нь халдаг, арга хэмжээ авдаг болохгүй бол уул уурхайн төслүүд шинээр хэрэгжихэд хэцүү.

-Хайгуулын лиценз олголт ямаршуу байгаа вэ?

-Лицензийн тухайд tender.mn дээр өргөдөл хүсэлтийг нь авч онлайнаар шийдэх юм байна. Сонгон шалгаруулалтыг онлайнаар хийхийн тулд 70 хувь нь мөнгө байх юм. Сонгон шалгаруулалт хоёр хэсэгтэй. Нэг нь техник, санхүү. Санхүү нь 70 хувь. Өндөр үнэ өгсөн нь шууд автоматаар авах боломжтой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мөнгөө шилжүүлсэнд нь боломж өндөр. Засгийн талаас нээлттэй, шударга юм шиг харагдаж байгаа ч нөгөө талдаа тэр шалгаруулалтад хэн оролцох вэ гэсэн асуулт гарч ирнэ. Цаашлуулаад харвал мөнгөтэй хүмүүс оролцоно. Тэгэхээр мөнгөтэй хүмүүс нь хэн бэ гэсэн асуулт тавигдаж таарна аа даа. Улстөрчид ба монгол, хятадууд гэсэн хариу гарч ирнэ. Өрнөдийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжгүйд хүрнэ. Тийм алс зайнаас ийм дуудлага худалдаанд, бүр тодруулж хэлбэл, мэдээлэл багатай талбайд оролцоно гэсэн ойлголт байхгүй. Товчхондоо ийм үнээр уралдуулсан дуудлага худалдаа явагдаж байгаа нөхцөлд өрнийн хөрөнгө оруулалт гэсэн ойлголт алга болно.

-Сонгон шалгаруулалтыг яаж хийвэл зөв шийдэл болох вэ?

-Би 2015 оноос л хэлээд байгаа. Техникийн чадамж, гүйцэтгэх ажлаар нь уралдуул гэж. Гурван жилийн хугацаанд ямар ажил хийж, хэр мөнгө гаргах вэ гэдгээр нь уралдуулах учиртай. Хийх ажлаараа уралдах ёстой болохоос хиймэл хоосон мөнгөөр уралдаж болохгүй. Шуудхан хэлэхэд, одоогийнх бол сонгон шалгаруулалт биш, дуудлага худалдаа маягийн юм болчихож байна л даа.

-Гадаадын хөрөнгийг татахын тулд, тодруулж хэлбэл өрнийн хөрөнгө оруулалтыг уул уурхайн салбарт татахын тулд яах ёстой вэ?

-Лицензийг онлайнаар өргөдлөөр олгож эхлэх хэрэгтэй. Тэгвэл гадны хөрөнгө оруулалтыг татах боломжтой.

-Уул уурхайд хөдлөх боломжтой төслүүд гэвэл та юуг онцлох вэ?

-Цагаан суварга байна. Бэлэн болчихсон төсөл шүү дээ. Өнөөдрийнх шиг Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 16,17 хувь байх юм бол жижиг хэмжээний төсөл босч чадахгүй. Тэгэхээр лиценз олголтоос гадна үүнд анхаарал хандуулах хэрэгтэй. Дунд ба дундаас доош хэмжээний төслүүдийг босгохын тулд татвар ийм өндөр байж болохгүй. Борлуулалтаас авдаг АМНАТ өндөр байвал жижиг нөөцтэй төслүүд эдийн засгаа, дэд бүтцийн зардлаа даахгүй. Эхлэх хугацаанд нь АМНАТ-ыг нь чөлөөлсөн ч болохгүй юмгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Н.Золжаргал: Экспортоо нэмчихэд л оны сүүлээр эдийн засаг сэргэх боломж харагдаж байна DNN.mn

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалтай ярилцлаа.


-Ковидын хямрал, геополитикийн хурцадмал байдал дэлхийн эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр байна. Дэлхийн тодорхойгүй байдал хэдий хүртэл үргэлжлэх бол?

-Ковидын айхавтар хүнд үеийг бид ямар ч байсан давсан. Гэтэл угсруулаад Орос-Украины нөхцөл залгачихаар дэлхий нийтээрээ тодорхойгүй байдалд орчихлоо л доо. Энэ тодорхойгүй байдал хэдий болтол үргэлжлэхийг таамаглахад хэцүү ч богино хугацааных биш гэдэг нь ойлгомжтой болчихлоо.

-Ойрын жилүүдэд дэлхий нийтээр сорилт хэвээр байх асуудлууд гэвэл та юуг онцлох вэ?

-Нефть, газ, хүнсний үнийн өсөлт, валют эх үүсвэрийн өртөг ойрын жилүүдэд сорилт хэвээр байх болов уу.

-Манай эдийн засаг хэцүүхэн байгаад ковид, дэлхийн геополитикийн нөлөө их бий ч засаг төрийн буруу бодлого улам нэрмээд байна гэсэн шүүмжлэл бий. Үнэхээр тийм байна уу, эсвэл бид яалт ч үгүй гадаад нөлөөллөөс болоод ийм байдалд хүрчихэв үү?

-Ковидоос болж дэлхийн эдийн засаг хоёр жилийн турш хямарсан, манайд ч яг тийм сөрөг нөлөө үзүүлснийг бид мартах гээд байна л даа. Одоо өрнөөд буй шүүмжлэлийн цаана ийм шалтгаан байх шиг.

Ковидын жилүүдэд иргэдийн орлого буурсан. Төсөв, ДНБ-д ч сөргөөр нөлөөлсөн. Эдийн засаг 2020 онд -5.3 хувь хүртэл агшсан. 2021 онд сэргэлт байсан ч тэр нь хангалттай байж чадсангүй. Эдийн засаг дөнгөж 1.4 хувиар өссөн. Ковидын өмнөх үетэй харьцуулахад одоо ч хасах хэвээрээ л яваад байгаа. 2022 оны эхэнд эдийн засгийн өсөлтийг таван хувь гэж тооцож байсан ч ОУВС хоёр хувь өснө гээд таамаглачихлаа. Өрхийн орлого, бизнес, банкуудын тухайд ч хүлээлт ер нь сөрөг талдаа болж байна. Нэг үгээр хэлбэл, 2020 оны уналтыг бид хоёр жил мачийгаад ч нөхсөнгүй. Гэтэл Орос, Украины үйл явдлаас болоод дэлхий нийтээрээ цоо шинэ хүндрэл рүү орчихлоо. Энэ явдал дэлхийн хэмжээнд эрчим хүч, хүнсний үнийг өсгөлөө. Товчхондоо үнийн өсөлт ганц манай ч биш дэлхийн асуудал болоод байна. Энэ оны хоёрдугаар сараас хүнсний үнийн ирээдүйн төсөөлөлд маш том асуудал үүсээд эхэллээ. Шуудхан хэлэхэд хүнс, эрчим хүчний үнийн ирээдүй бүрхэг байна. Манайх шатах тослох материалаа 100 хувь импортолдог, гурил ногооныхоо хэрэгцээг бүрэн хангаж чаддаггүй улс. Дайнаас үүдэлтэй шинэ нөхцөл байдал бүх төсөөллийг сөрөг болгочихлоо. Ковидоос үүдэлтэй асуудлуудаасаа гарах гэж ядаж явтал дахиад шинэ сорилттой нүүр туллаа. Ингээд дүгнэхэд биднээс хамааралтай зүйл цөөн байна. Тэгэхээр үүнтэйгээ дасан зохицож цаашид яах вэ гэсэн сонголтын өмнө ирснээ ойлгох учиртай. Чиний буруу миний буруу, хямрал хэр удаан үргэлжлэх вэ мэт шүүмжлэл таамгуудаа цэгцлээд цаашаа яаж явах вэ гэсэн сонголтын өмнө ирчихлээ л дээ, улсаараа. Миний бодлоор өнгөрсөн хоёр жилийн ДНБ, инфляц, төсөв гэх мэт үзүүлэлт олон улсын түвшинд сул харагдаж байгаа ч манай улсын экспортын боломж, төсөөлөл эерэг байна. Ийм учраас өрсөлдөх чадвар, экспорт, дотоод либералчлал идэвхжсэн тохиолдолд дунд хугацааны эдийн засгийн төсөөлөл харьцангуй эерэг харагдаж байна. Ер нь зөвхөн уул уурхайгаас хамааралтай Монгол шиг жижиг эдийн засгийн хувьд сорилт байнга тулгардаг. Биднээс хамаарахгүй ирэх шок нэмэгддэг, буурдаг үе гэж бий. Гэхдээ экспорт долоон тэрбум ам.доллар орчим байгаад эдийн засгийн суурь нь зөв бол хэр баргийн сорилтыг даван туулах чадвар бидний хувьд бусдаас ч илүү байх.

-Та нүүрс, зэсийн үнэ түүхэн доод цэгтээ хүрсэн үед төв банкийг удирдаж байсан. Тэр жилээс хойших анхны том сорил нь ковид, Орос, Украины асуудлаас үүдсэн эдийн засгийн хямрал боллоо. Та түрүүн энэ тодорхойгүй байдал багагүй хугацаанд үргэлжлэх байх гэсэн. Ийм үед найдлага төрүүлсэн давуу тал маань нүүрс, зэс, алтны экпорт байх нь…?

-Ерөөсөө л тийм. Ийм хэцүү сонголт, үргэлжилсэн урт хугацааны сорил дэлхийн түүхэнд байнга тохиолдоод байдаггүй. Бидний хувьд сүүлд тохиосон сорил гэвэл 2013-2015 оны хямрал. Нүүрс 30 ам.доллар болоход ийм нөхцөл байдалд орж байсан. Валют олохгүй байгаа шалтгаан нь өөр ч эдийн засагт үзүүлэх нөлөө нь тэр үетэй их төстэй. Одоогийн нөхцөлд бид арай илүү паниктаад байх шиг байна. Нүүрс 30 ам.доллар руу уруудах үед тээвэрлэж аваачаад ч ашиг хийхгүй нөхцөл үүсчихсэн байсан. Өөрөөр орлого олохгүй нөхцөлтэй улсаараа нүүр тулчихсан. Гэтэл өнөөдөр нүүрсний үнэ 200 ам.доллар давчихсан яваа. Үнэ нь ийм өндөр учраас эхний улирлын экспортоо гурав, дөрөв дахин эрчимжүүлэхэд нөхцөл байдал шууд эргэчихээр байгаа. Миний харж байгаагаар он дуусахаас өмнө байдал гайгүй болох бүрэн боломжтой. Урд хөрштэйгөө хэлэлцээ ярианд ороод аажмаар урагшлаад байх нь л чухал. 2013 оны хямралын үед экспортын ийм потенциал байгаагүй учраас хүнд байсан. Тэр утгаараа одоо бол том эрсдэл харагдахгүй байна. Зэс, нүүрс, алтны үнэ маш сайн байгаа. Засгийн газар хилийн гацаануудаа гаргаж, экспорт сайжирлаа л бол инфляц Монголбанкны тооцож буй 13 хувь, ОУВС-гийн тооцож яваа 15 хувиас харьцангуй бага тоотой гарах боломж харагдаж байна. Аз болж бид уул уурхайн олборлох хүчин чадлаа сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдүүлчихсэн. худалдан авагч улстайгаа хаяа залгасан гэх давуу тал бас бий. Хэрвээ уул уурхай байгаагүй бол, хэрвээ бүтээгдэхүүнээ тээвэрлэхийн тулд хэдэн мянган км зам туулдаг байсан бол маш том хүндрэлтэй нүүр тулах байсан.

-Нүүрс, зэсийн баяжмалаа төсөвт тусгасан хэмжээндээ гаргах боломжгүй нөхцөлтэй нүүр тулчихсан яваа нь том асуудал биш үү?

-Экспортын тухайд олборлолтын биет хэмжээний зорилгууд маань бидний хийж үзээгүй зүйл биш. 2017-2019 оны экспортын хэмжээ бол Монголын түүхэнд байгаагүй сайн тоонууд. Бид ийм том тоогоор экспортолж чаддаг улс. Арван жилийн өмнө 30 сая тонн нүүрс экспортолно гэдэг үлгэрийн тоо сонсогддог байсныг та мэднэ. Одоо 30 сая тонн бол хэвийн, гаргаж болохоор л хэмжээ. Яг одоо экспортолсон нүүрсээ харахаар арав орчим сая тонн байх шиг байна. Үнэ сайн байгаа үед хил боомтын асуудалдаа анхаарчихад л төлөвлөсөн хэмжээнийхээ нүүрсийг экспортлох нь том зовлон болохгүй болов уу. Экспортын урсгал сайжирчихвал нэг улирлын дотор эерэг үр дүн гарчихна. Учир нь манайх нээлттэй эдийн засагтай. Өрхийн бизнесийн ихэнх нь худалдаанд суурилсан, нийт аж ахуйн нэгжийн 99 хувь нь импортын бараа борлуулах бизнес эрхэлдэг. Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн бизнес модель нь импортын орцтой бүтээгдэхүүн үйлдвэрлэх гэсэн хэлбэрээр явдаг. Яг суурь экспорт нь гээд харахаар хөдөө аж ахуйн салбарын цөөн бүтээгдэхүүнийг эс тооцвол уул уурхай дээр л тогтдог. Товчхондоо валютын орлого нэмэгдсэн тохиолдолд ханшин дээр ажиглагдах эерэг нөлөө хурдан гарах суваг нь манайд бэлээхэн байна. Нэг, хоёрхон улирлын дотор эерэг үр дүн гарч, тэр нь инфляцид нөлөөлнө гэсэн үг. Экспортын орлого нэмэгдэж валютын орох урсгал сайжрахаар инфляц багасч, ДНБ өсөх нь тодорхой. Ер нь одоогийн өндөр инфляцийн шалтгаан нь зөвхөн экспортын гацалт биш л дээ. Наад захын жишээ гэхэд л ковидын үед өрхийн орлого хэцүүдсэн гээд ипотекийн төлбөрийг хойшлуулсан нь инфляцид сөргөөр нөлөөлсөн. Сарын дөчин тэрбум, жилийн 500 тэрбум төгрөгийн тухай асуудал шүү дээ. Энэ шийдэл нь эргээд эрэлтийн инфляци үүсгээд байгаа юм. Ипотекийн зээлийн төлөлтийг сэргээхээр сард дөчин тэрбум төгрөгийн эрэлт алга болно. Тэр хэмжээгээр инфляц буурна гэсэн үг. Гэх мэтээр инфляц буурахад нөлөөлөхүйц хүчин зүйлс цөөнгүй бий.

-Валютын ханш дээр төв банкны хэрэгжүүлж яваа бодлогыг шүүмжлэх эдийн засагч цөөнгүй байна л даа. Ханшаа барих арга хэмжээ авахгүй байна энэ тэр гээд. Таны байр суурийг сонирхъё?

-Бид зохицуулалттай хөвөгч ханштай улс. Тэгэхээр валютын ханшийг зах зээлийнх нь жамаар аливаа хиймэл хязгаарлалтгүйгээр зохицуулж явах нь зөв гэж бодож байна. Валютын хяналт, хязгаарлалт ер нь буруу. Хязгаарлах тусам ханшийн дарамт нэмэгдэж, орох урсгал агшиж, тэнцвэрийг тодорхойгүй болгож, тэнцвэрийг хойшлуулдаг сул талтай. Бүр тодруулж хэлбэл, валютын орох урсгалаас ханш хамаардаг. Түрүүн хэлсэнчлэн орох, гарах урсгалыг тэнцвэржүүлээд өгөхөд л болчих асуудал. Гарах урсгалыг хязгаарлах нь цаад утгаараа орох урсгалыг агшааж байгаагаас ялгаагүй зүйл. Орох урсгал нь бидэнд харагдаж байна шүү дээ. Нүүрсээ төлөвлөсөн хэмжээндээ гаргачихад л болчихоор байгаа юм. Экспорт жигдэрчихвэл инфляц, төсөв, импорт, ханш, бизнес орчин, зээл гэх мэт макро, микро олон асуудал эрс багасах нь тодорхой.

-Хятадтай хийсэн своп хэлцэл санаа зовоосон асуудлын нэг мөн үү?

-Бид 15 тэрбум юанийн своп хэлцэл хийсэн. Түүнийгээ бүрэн ашиглаагүй. 2010 онд байгуулсан гэхээр 12 жил болчихож. Гурван жил болгон сунгаад явж байгаа. Саяхан сунгачихсан. Хоёр улсын худалдааг тогтвортой санхүүжүүлэхэд төгрөг валютын худалдаанд дэм болж байгаа зүйл. Үүргээ гүйцэтгээд яваа гэсэн үг. Валютын хяналт нэмэгдсэн ч иргэд төгрөгөөр шилжүүлгээ хийгээд юанийн бараа татаад л байгаа. Хил тээвэр дээр асуудал бий ч жижиг төлбөр тооцоон дээр гацаж байгаа хүндрэл бага байна. Харин валютын хязгаарлалтаас болоод аж ахуйн нэгжүүдийн хувьд хүндрэл нэлээд нэмэгдчихлээ. Энэ нь тэдний тухайд илүү зардал, чирэгдэл болох шинжтэй. Сүүлийн арваад жилийн дотор, ялангуяа Орос, Украины асуудлаас болоод дэлхийн худалдааны төлбөр тооцоонд төв банкууд хоорондын үндэсний валютын своп хэлцлүүд эрчимтэй хэрэглэгдэх шинжтэй байна. Магадгүй манай улсын хувьд рубль, төгрөгийн своп хэлцлийг эхлүүлэх цаг үе ирж байх шиг.

-Таны ярьснаас анзаарахад хил гаалийн асуудлаа л шийдчихвэл богино хугацаанд эерэг нөлөөлөл ажиглагдаад эхлэх нь гэж ойлголоо…?

-Богино хугацаанд асуудлууд шийдэгдэж хэвийн болох боломжтой гэдэгт эргэлзэхгүй байна. Засгийн газар төрийн өмчит компаниудынхаа тодорхой хувийг олон нийтэд арилжаална гээд шийдчихлээ. Улсын үйлдвэрийнхээ тодорхой хэсгийг олон нийтэд зарчихаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх эерэг нөлөөтэйгөөс гадна эрэлтийн гаралтай инфляц, улсын төсвийн алдагдал буурах учиртай. Уул уурхайн бүтээгдэхүүний экспорт оны эцэс гэхэд бодитойгоор гурав, дөрвөн тэрбум ам.доллар болчих байх. Төв банкны ерөнхийлөгч доллар олох өөр боломжууд ч бий гэж дуугарсан. Ойрын хоёр сард багагүй мөнгө орж ирнэ гээд байгаа. Валютын орох урсгал нэмэгдчихээр ханш, инфляцийн нөлөө буурч л таараа. Нэг үгээр хэлбэл, дээр хэлсэн бүхэн ажил болбол эдийн засаг ОУВС-гийн таамагласан 2.0, төв банкны тооцож буй 2.5 хувиас давах бүрэн боломжтой. Ер нь инфляцид шууд бусаар эерэгээр нөлөөлдөг зүйлсийн нэг нь экспорт. Экспортгүй бол инфляцийг эерэгээр буюу ажлын байраа хамгаалж шийдэх боломж тун бага байдаг. Учир нь үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор бодлогын хүүг нэмээд байвал иргэдийн орлого багасч, ажилгүйдлийн түвшин нэмэгдээд явчих том эрсдэлтэй нүүр тулдаг. Гэтэл бидэнд экспортын эх үүсвэр хангалттай байна. Түүхэндээ байгаагүй долоон тэрбум ам.долларын экспортыг хэдэн жил хийгээд үзчихсэн улс. Өмнө нь дөрвөн тэрбум ам.доллараас хэтэрдэггүй байсан шүү дээ. Экспортоос олох валютаа найм, есөн тэрбум ам.доллар гээд яваандаа ахиулах потенциал ч бидэнд байна.

-Алтны олборлолтыг нэмэх нь валютын ханшийг барих том шийдлүүдийн нэг. Алтны экспортоо нэмэгдүүлэх бодит боломж бидэнд бий юү?

-Тийм боломж бий. Алтны ханш сүүлийн 15 жилийн дотор гурав дахин нэмэгдлээ. Олон улсын геополитикоос харвал цаашид ч өсөх магадлалтай байна. Тэгэхээр алт олборлолт дээр зоригтой ажиллах хэрэгтэй. 2013 онд төв банкинд тушаах алтны татварыг багасгах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Тэр шийдвэр гарснаас хойш жилдээ дөрөвхөн тонн тушаадаг байсан алтны хэмжээ гурван жилийн дотор 20 тонн болж өссөн түүхтэй. Төрөөс зөв шийдвэр гаргавал хувийн хэвшил хариуг нь дор нь өгдгийг энэ жишээнээс харчихаж болно. Одоогийн ханшаар алтны борлуулалтын орлого бараг тэрбум доллар орчим байгаа болов уу. Үнэ нь ингэж өсдөг валютын орлогынхоо хажуугаар зүгээр өнгөрөх нь яаж ч бодсон буруу л даа.

-Засгийн газрын гадаад өр толгой өвтгөсөн асуудлуудын нэг болоод байна. Зээлээ төлөх цаг ч тулчихлаа. Өр, зээлийн асуудал бидний өмнө тулсан том эрсдэл мөн үү, эдийн засагт ирэх ачаа, дарамт нь ямар байх бол?

-Эдийн засаг дорвитой тэлэхгүй бол одоогийн өрийн хэмжээ мэдээж тодорхой хэмжээний эрсдэл дагуулна. Ачаалал ирэх нь ч тодорхой. Гэхдээ хэдийг төлж, хэдийг сунгаж чадах нь манай эдийн засгийн өсөлт, экспортын чадавх буюу валютын орох урсгалаас хамаарна. Сангийн яам, Монголбанкны хувьд яг ингэнэ тэгнэ гэсэн тодорхой зураглалуудаа гаргачихсан яваа болов уу. Тэр зураглалдаа үндэслээд шийдвэрээ гаргаж байгаа гэдэгт нь эргэлзэх юм алга. Товчхондоо өрийн менежмэнт дээр Сангийн яам, Монголбанк тодорхой шийдлүүдтэй суугаа байх. Өрийн хэмжээгээ бууруулъя гэвэл эдийн засгаа тэлэх хэрэгтэй. Эдийн засаг тэлэх хэрээр өрийн хэмжээ процентоороо буугаад явчихна. Эдийн засгаа тэлэх үндэс суурь нь та бид хоёрын байсхийгээд онцлоод байгаа экспортын өсөлт. Аз болоход экспортлох бүтээгдэхүүн нь байна, үнэ ханш нь өссөөр байна. Зэс арван мянга, нүүрс хоёр зуу, алт 1900 ам.доллар болчихлоо. Арван хэдэн жилийн өмнө алт 600 ам.доллар, зэс 2000-хан ам.доллар, есөн жилийн өмнө нүүрс гучхан ам.доллар байсан үетэй харьцуулахад манай улсын валютын эрсдэл, гадаад өрийн үйлчилгээний боломж хавьгүй илүү болчихоод байгаа. Тийм учраас өрийн менежмэнтээ зөв хийвэл Засгийн газрын гадаад өрийн хувьд том хүндрэл авчрахгүйгээр шийдэж болох асуудал.

-Хэрвээ та ийм цагт төв банкийг удирдаж явсан бол ямар шийдлүүд гаргах байсан бэ, төв банкны өнөөгийн удирдлагын шийдвэрүүдээс шүүмжлэх өнцөг харагддаг л байх…?

-Наадах чинь шууд ийм тийм гэж хариулах боломжгүй асуулт. Наад зах нь тэр хүнд байгаа мэдээлэл өнөөдөр надад алга. Тэр хүнд эдийн засагт нөлөөлөх эрх мэдэл, боломж нь байна. Тэр хүрээндээ алсыг харж шийдвэрээ гаргаж яваа байх. Миний хувьд төв банкны зүгээс олон нийтэд хүргэж байгаа мэдээллийг л авч суугаа жирийн иргэн. Би хувьдаа Монголбанкны ерөнхийлөгчийг хэцүү үед сайн ажиллаж яваа гэж харж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хоёрыг хөндлөнгөөс харахад ажлаа аваад шууд ковидтой золгосон хүмүүс. Тэднийг ажлаа эхлэх үед ковидыг хэн ч ийм удаан үргэлжилнэ гэж мэдээгүй, ковидоос болоод дэлхийн эдийн засаг, худалдаа тэр чигээрээ хоёр жил гацна гэсэн төсөөлөл ч байгаагүй. Амаргүй цаг үед амаргүй шийдвэр гаргаж явсаар өнөөг хүрсэн хүмүүс гэж хардаг. Жишээ нь, арван их наядын хөтөлбөрийг зөв, буруу гэж олон янзаар ярьдаг. Хөтөлбөрийн гурван их наяд орчим нь 2021 онд зарцуулагдсан байх. Хэрэв энэ хөтөлбөрийг цаг алдалгүй батлаагүй бол эдийн засаг 2021 онд хасах дүнтэй гарах байсан. Хасах дүнтэй гарсан бол олон аж ахуйн нэгж, нийт санхүүгийн салбар, олон мянган ажлын байранд маш сөрөг нөлөө үзүүлэх байсныг урьдчилан сэргийлж чадсан. Ингэж чадсан учраас ДНБ 1.4 хувийн өсөлттэй гарсан шүү дээ. Давтаад хэлэхэд, эдийн засгийг зөөллөсөн гурван их наяд байгаагүй бол манай эдийн засаг одоогийнхоос илүү хүнд сорилттой тулах байсан.

-Засгийн газар төв банкны эрхийг авах гээд байна, ингэж болохгүй гэх мэт шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?

-Төв банкны хувьд иймэрхүү ажлууд хиймээр байна гээд засгаас дэмжлэг хүссэн гэж би хувьдаа ойлгосон. Валютын хяналт, импортын тансаглалаа багасгая гэх мэт асуудал дээр яриа хэлэлцээр явагджээ гэж харсан. Энэ асуудлууд дээр ойлголцоод цааш явсан гэж анзаарагдсан. Ийм тодорхойгүй цагт бие биенийхээ хийж байгаа ажлыг хоорондоо ярьж хэлэлцэхгүйгээр урагшлах аргагүй. Дэлхийн олон орны тухайд төв банк нь Засгийн газартаа харьяалагдаж ажилладаг. Наад захын жишээ гэхэд л Япон байна. Харин манайх бол тийм биш. Гэхдээ нэг л эдийн засгийн тухай ярьж байгаа болохоор өөр хоорондоо хэлэлцэж алхаа гишгээгээ тааруулж явах нь зөв. Цаг хэцүү байх тусам асуудлыг тодорхой болгохын төлөө хамтран хэлэлцэж шийдлүүдээ гаргаад явах нь хямралын үеийн олон улсын нийтлэг жишиг л дээ.

-Дундаж давхаргаа дэмжих ёстой, дундаж давхаргатай байж л улсаараа хөгжинө гэж хамгийн их ярьсан төв банкны ерөнхийлөгч бол та. Тухайн үеийн Засгийн газар ипотекийн зээлийн хөтөлбөрийг эрчтэй хэрэгжүүлсэн шалтгааныг дундаж давхаргаа дэмжсэн шийдэл гэж тайлбарлаж байсан. Гэтэл одоо ипотекийг халамж болгох гээд байна л даа, хөдөө зээлээр байр авбал тавин хувийг нь төрөөс даана энэ тэр гээд?

-2013 онд эхэлсэн найман хувийн ипотекийн нийт хэмжээ өссөөр зөвхөн жилийн төлөлт нь гэхэд 300-400 тэрбум төгрөг эргээд ороод ирдэг болсон. Ингэж орж ирсэн мөнгө ипотек болоод гардаг модел руу 2017 оноос шилжсэн юм. Түүнээс хойш үе үеийн удирдлагууд шаардлагатай гэвэл нэмж, боломжтой бол хүүг нь бууруулж явсаар ирлээ. Энэ хөтөлбөрийг сайн, муу гэж тал талаас нь харсан шүүмжлэл бий. Ингэж маргаж мэтгэлцэх нь байх ёстой эрүүл үзэгдэл. Өрнөж буй шүүмжлэл дундаас шийдвэр гаргагчид зүг чигээ олж хардаг эсэх нь “Ипотекийн зээл зөв үү буруу юу” гэсэн асуултын хариу болох байх. Хамгийн гол нь үе үеийн Засгийн газар зөв гэж харсан өнцгөөрөө шийдвэрээ гаргаж хэрэгжүүлсээр ирсэн. Нэгэнт гаргаад хэрэгжүүлчихсэн шийдвэрийг шүүмжлээд үр дүн багатай. Тухайн зүйлээ том зургаар нь харалгүйгээр нэг өнцгийг хараад шүүмжлэх нь хэр бодитой хандлага вэ гэдэг талаас нь ч бодох хэрэгтэй. 2013 оны хувьд төсвийн алдагдал их, хувийн хэвшлийнхэн, тэр дундаа барилгын салбарынхан бизнестээ хөрөнгө оруулаад өргөжүүлэх эсэхтээ эргэлзчихсэн үе таарсан. Хувийн хэвшил болон банкуудын хоёр их наяд төгрөг барилгын салбарт гацсан үе байсан юм. Яг энэ үед өрх гэрийн санхүү хасах болчихсон, ажилгүйдэл газар авах эрсдэлтэй улсаараа нүүр тулсан байсан. Ийм үед инфляцийн дарамтаа багасгаж чадвал ажлын байрыг, дундаж давхаргаа дэмжээд явах нь хамгийн зөв гэж бодсон. Ажлын байрыг хамгийн сайн дэмждэг салбар бол дэд бүтэц болон орон сууцны хөрөнгө

оруулалт. Орон сууцны хөрөнгө оруулалтын нэг давуу тал нь манай улсын хувьд эрэлт нь нийлүүлэлтээсээ байнга өндөр явж ирсэн байдаг. Одоо ч орон сууцны эрэлт өндөр хэвээр байна. Үүнийг квадрат метрийн үнэ өсөөд байгаагаас харчихаж болно. Уг нь орон сууцны үнэ уртдаа инфляцийн түвшнээс нэг их хол зөрөх учиргүй. Улстөрчид хүү, урьдчилгааг нь багасгаад ипотекоо халамж болгох гэж үзээд яваа нь эрэлт өндөр байгаагийн л шинж. Таны асуусанчлан заримдаа халамжийн чиглэл рүү яваад байгааг ер нь буруу гэж бодож байна. Ипотекийн үндсэн суурь санааг устгаад байна л даа. Ипотекийг халамж гэж ойлгож огт болохгүй. Гэхдээ ипотекийн талаарх Засгийн газрын шийдэл орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлэх бодлого болж хувирч байгаа бол зөв. Тэгвэл том утгаараа эдийн засгийн том асуудлыг шийдчихэж байгаа юм. Эдийн засгийн төвлөрлийг бууруулж, орон нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих нь манай эдийн засгийн сүүлийн гучин жил шийдэж чадахгүй яваа том асуудал. Энэ том асуудлыг шийдэхэд дэм болох шийдлийн нэг гэж харж байна.

-Таны үед хэрэгжсэн үнэ тогтворжуулах хөтөлбөрийг цөөхөн компанид боломж олгосон гэх мэтээр шүүмжилдэг. Засгийн газар одоо мах, гурилан дээр үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Чөлөөт зах зээлийн нийгэмд үнэ тогтоож болохгүй гэсэн шүүмжлэлд та ямар хариу өгөх вэ?

-Юуны өмнө нэг зүйлийг онцолмоор байна. 2012 оны үнэ тогтворжуулах хөтөлбөрийн тухайд Засгийн газар, УИХ-аар хэлэлцээд гаргасан шийдвэр. УИХ-аас гаргасан 57 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх үүрэг нь төв банкинд ирсэн. Тэр үед үнэ тогтворжуул гээд тогтоол гаргаж өгч байсан бол одоо хууль батлаад үүрэг өгч байна. Өнгөрсөн үеийн, одоо цагийн үнэ тогтворжуулах хөтөлбөрийн ялгаа нь энэ. Тухайн үеийн үнэ тогтворжуулах хөтөлбөр УИХ-ын шийдвэргүй хийгдсэн мэтээр тайлбарлаад байдаг ч үнэн хэрэгтээ тийм биш л дээ.

Үнэ тогтоох, үнэ тогтворжуулах хоёр чинь тэс өөр ойлголт. Үнэ тогтоох нь эдийн засгийн маш хатуу нэр томьёо. Харин үнэ тогтворжуулахын тухайд өөр хэрэг. Үнэ огцом өссөн үе буюу зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр алдагдсан үед үнэ тогтворжуулах зайлшгүй шаардлага үүсдэг. Үнэ тогтоох нь price fixing, үнэ тогтворжуулах нь price stabili­zation. Үнэ тогтворжуулахын тухайд дэлхийн бүх төв банкны хуулиар хүлээсэн үүрэг, мандатад байдаг зүйл. Эргээд суурь шалтгаан руугаа очъё. Эрэлт, нийлүүлэлт дээр гацаа шок үүссэн учраас үнэ өсдөг. Ийм шалтгаанаар өмнө нь мянган төгрөгөөр нийлүүлж байсан барааг 1200 төгрөгөөр нийлүүлэхээс аргагүйд хүрдэг. Нийлүүлэлтийн асуудал байвал нийлүүлэлтийг нэмж байж л асуудлыг шийддэг. Ингэж байж эрэлт, нийлүүлэлтийн хууль үйлчилж тэнцвэр бий болдог юм. Эрэлтийг хумиад тэнцвэржүүлэх арга бий ч эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлж, улмаар ажилгүйдлийг нэмдэг. Тэр утгаараа ажилгүйдлийн түвшин маш бага тохиолдолд л хэрэглэж болох арга хэрэгсэл гэж үздэг. Өнөөгийн нөхцөлд гадаад шок үүсч, импортын үнэ эрс нэмэгдэж, нийлүүлэлт гацах эрсдэлтэй тулгарч байна. Ийм учраас нийлүүлэлтийг тогтворжуулах, хангалттай нөөц бүрдүүлэх, дотоод үнийн тухайд аажмаар нэмэгдэх боломжийг бий болгох зорилгоор үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх гэж яваа нь Засгийн газрын хувьд шийдэл зөв.

Өнөөдрийн тухайд засгаас үнэ тогтворжуулах хөтөлбөрийг жилийн хугацаанд хэрэгжүүлнэ гэж арай богино хугацаанд харж байна. 2012-2014 оны үед ашигт малтмалын үнэ огцом унаж дараагийн гарц харагдахгүй болчихсон байсан. Тийм шалтгаанаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг гурван жилийн хугацаагаар төлөвлөж хэрэгжүүлсэн юм. Харин өнөөдрийн тухайд цаашдын гарц нь харагдаж байх шиг байна. Түрүүн хэлсэнчлэн хил, гарцынхаа асуудалд анхаарчихвал нүүрс, зэсээ ахиухан гаргаад нэг, хоёр улирлын дотор эдийн засаг маань сэргээд ирэх боломж бий.

Сангийн сайд Б.Жавхланд үнэ тогтворжуулах хөтөлбөрийн алдаа, оноо, амжилттай хэрэгжүүлэх арга, механизмыг мэдэж байгаа гэсэн давуу тал бий. Тийм ч учраас одоогийн инфляцийг энэ хөтөлбөрийн хүрээнд хазаарлаж чадна гэдэгт итгэлтэй байна. Та түрүүн дундаж давхаргын талаар асуусан даа. Инфляцийг бага байлгаснаар л бид дундаж давхаргынхаа орлогыг хамгаалж чадна. Инфляц бууж байгаа тохиолдолд бид ипотекээ нэмж болно, бизнесийн хөрөнгө оруулалт, зээлээ өсгөх боломж нээгдэнэ. Засгийн газар үнэ тогтворжуулах замаар инфляциа буулгана гэж байгаа нь цаанаа ийм ач тустай нь ойлгомжтой. Гэхдээ макро эдийн засгийн өнцгөөс дүгнэвэл инфляцийг нам доор байлгах нь угаасаа Засгийн газрын тэргүүн зорилго нь байх ёстой.

-Гурил, махныхаа үнийг ингээд тогтворжуулчихдаг юм байж. Шатахуун дээр яах ёстой юм бол оо?

-Наадах чинь л харин гадаад нөхцөл байдлаас шалтгаалаад нэлээд хүнд сорилт нь байх болов уу. Шатах тослох материал ганц манай улс ч биш Европ, цаашлаад дэлхий нийтийн асуудал болчихлоо л доо. Нефтийн бүтээгдэхүүний ханш яаж өсөхийг одоогоор тодорхойлох боломжгүй байна. Гэхдээ өссөн тохиолдолд үнийн өсөлтөөс хамгаалж, аажмаар дотоод үнэд шингээх нь бол зөв. Тийм хөтөлбөр хуулиа баталчихсан суугаа маань болзошгүй эрсдэлийг зөөллөнө гэсэн үг. Ковидын вакцинтай яг ижилхэн. Вакцинаа урьдчилаад бэлдчихсэн байсан бол ковидын шалтгаантай хямрал бидэнд арай зөөлөн тусах байсан гэдэгтэй утга нэг зүйл л дээ.

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн өнөөгийн хувилбар хэр зөв шийдэл бол?

-Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг арван жилийн өмнө анх хэрэгжүүлж эхлэх үед нөхцөл байдал өөр байсан. Нэгдүгээрт, төв банкинд эрх нь байлаа. Хоёрдугаарт, анх удаа үнэ тогтворжуулах хөтөлбөр гэж хэрэгжүүлсэн. Тэр үед Засгийн газар төсвөөс дэмжлэг өгөөд, тэр дэмжлэгээр нь төв банк үнэ тогтворжуулах ажлаа хийгээд явах уу, эсвэл төв банк хямд эх үүсвэр гаргаж тайлан баланс дээрээ тусгаад явах уу гэсэн хоёр сонголт байсан л даа. Тухайн үед бид хоёр дахь замыг нь сонгосон. Инфляцийг өсгөхгүй байх нь төв банкны үүрэг учраас түүнтэй холбоотой зардлыг төв банк үүрээд явах ёстой гэсэн үндэслэлээр тийм шийдвэр гаргасан хэрэг. Энэ нь олон улсын жишиг байгаа юм. Одоогийн нөхцөлийн хувьд төв банк ч тодорхой зардлыг үүрч, тодорхой эх үүсвэр гаргана, Засгийн газар ч яг ижил нөхцөлөөр дэмжээд явахаар харагдаж байна. Өнөөдрийн хууль эрх зүйн түвшинд магадгүй энэ хувилбар нь зөв байх. Эцсийн дүндээ үнэ тогтворжих нь л чухал. Нийлүүлэлтийн сувагтаа дэмжлэг үзүүлэх зардлыг Засгийн газар хэлэлцээд өөр дээрээ авах, төв банкинд өгөх сонголт аль нь ч байж болно.

-Эдийн засгийн форум дээр Ерөнхий сайдын хэлсэн бас нэг санаа нь төрийн өмчийн компаниудын хувьчлал. Төрийн өмчит компаниудын хувьчлалыг ярих биш, хийнэ гэсэн үг унагасан. Төрийн өмчит компаниудын тодорхой хувийг хөрөнгийн биржээр арилжаалах шийдлийн тухайд та юу хэлэх вэ?

-Төрийн өмчит компанийн тодорхой хувийг олон нийтэд санал болгож нийтийн мөнгийг татах нь төв банкны өнцгөөс харвал инфляцид эерэг нөлөө үзүүлнэ. Эерэг нөлөө нь ингээд ч зогсохгүй. Бизнесийн хувьд үйл ажиллагаа нь ил тод болох хэрээр авлига, үргүй зардлууд хэмнэгдэнэ. Энэ мэт эерэг нөлөөнүүдийг эдийн засагт авчирна. Улсын үйлдвэрүүдийнхээ хувийг олон нийтэд санал болгоно гэдэг либералчлалын маш том алхам гэж олон улсад үздэг.

-Засгийн газар төрийн өмчит компаниудын 34 хүртэл хувийг хөрөнгийн зах дээр арилжаална гэж байгаа. Нөгөө талаас хөрөнгийн зах зээлийнхэн “Энэ хэмжээний хувийг олон нийтэд өглөө гээд авлига, үргүй зардал багасах боломжгүй, шийдвэр гаргах хэмжээний хувийг гаргасан тохиолдолд үр дүн нь бодит утгаараа гарна” гэцгээж байна л даа?

-Аж ахуйн нэгж бүр дээр хувь нь өөр байх болов уу гэж бодож байна. Нөгөө талаас нь харвал гадаадын хөрөнгө оруулагч их байвал сайн. Гэхдээ гадаад, дотоодын хөрөнгө оруулагчийн хувьд эрэлт нь ямар байх бол гэсэн асуулт бий. Нэг л бодитой үнэн байгаа. Энэ шийдвэрийн тухайд инфляцид эерэг, авлигыг бууруулж, эдийн засгийг тэлэхэд сайн нөлөө үзүүлнэ гэдэг нь маргаангүй. Төр өмчийнхөө тодорхой хувийг хувийн хэвшил рүү шилжүүлж ачаагаа хуваалцах нь дэлхийн улсуудын хүндрэлээс гарсан шийдлүүдийн нэг. Наад захын жишээ гэхэд Англид Маргарет Тетчерийн хийсэн алдартай хувьчлалууд байна. Энэ шийдлийг Зүүн Европ, Латин Америкт ч маш үр дүнтэй хэрэгжүүлсэн байдаг.

-Ярилцлагаа энэ Засгийн газрын гаргасан Шинэ сэргэлтийн бодлогоор үргэлжлүүлье. Шинэ сэргэлтийн бодлого танд ямархуу санагдсан бэ?

-Эдийн засаг сайн, муу ямар ч үед Монгол улсын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд зайлшгүй хийх ёстой ажлуудыг Шинэ сэргэлтийн бодлогод тусгажээ гэж харж байна. Удаан хугацаанд шийдэгдэлгүй ужгирсан асуудлуудыг ч оруулсан байна лээ. Цаг хэцүү байх үед ч бид ажлын байр, орон нутгийн хөгжилд анхаарах, экспортын хүч чадлаа нэмэх, том төслүүдээ хэрэгжүүлэх, үйлдвэрлэл хөгжүүлэх гэх мэт асуудлуудаа орхиж болохгүй. Бидний өнөөгийн хямралаас гарах, эдийн засгаа тэлэх эцсийн гол зорилго бол экспортоо өсгөх гэж түрүүн хоёулаа зөндөө ярилаа. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд хил гаалийн гацаа, төмөр зам гэх мэт суурь асуудлуудаа шийдэх ёстой. Суурь асуудлуудаа ингээд шийдчихвэл байдал үүнээс хүндэрсэн үед ч бид давгүй аж төрчихнө. Ковид бидэнд олон сургамж өглөө л дөө. Наад зах нь гэхэд эрчим хүчний гэх мэт том төслүүдээ цаг алдалгүйгээр хувийн хэвшилтэйгээ хамтарч хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн сургамжийг өгчихлөө. Энгийнээр хэлэхэд, яг одоо байдал хэцүү байна гээд зүгээр суух цаг биш. Шинэ сэргэлтийн бодлогод туссан экспортын гарцаа нэмж, дэд бүтцээ хөгжүүлэх шийдлүүд, либералчлал, улсын үйлдвэрийн газрын реформыг эрчимтэй хийж байж эдийн засаг тэлнэ. Тэгж байж ойрын болон ирээдүйн эрсдэлүүдийг давах чадвар маань нэмэгдэх юм. Нэмж хэлэхэд экспортын санхүүжилт, даатгал, экспортын дэмжлэгийн тогтолцоог олон улсын түвшинд хүргэх нь бидний хийх ёстой хамгийн чухал ажлын нэг гэж бодож байна.

-Төсвийн тодотголоор Засгийн газрын зүгээс анх удаа хэмнэлт гэж тод дуугарсан ч ачир дээрээ УИХ-ын гишүүд нь тойргийн амбиц гаргаад хэмнэлт манатай болчихлоо л доо?

-Засгийн газрын түвшинд хэмнэлт гэж дуугарсан нь эдийн засгийг улс төрийн шууд хамаарлаас ангижруулах гэдэг утгаараа маш чухал алхам гэж харж байна. Төсвийн хэмнэлт гэдэг бол төрийн зардлыг бууруулах л гэсэн үг. Маш олон жил шүүмжлүүлсэн ч төр зардлаа хэмнэнэ гэж дуугаралгүй өнөөг хүрсэн. Энэ жилд засгийн саналыг бүрэн дэмжээгүй ч Засгийн газрыг хэмнэлтийн саналаа ирэх жил ахиад тавина гэж найдаж байна. Тэр үед өнөөдрийнхөөс өөр өнгө төрхтэй хэлэлцүүлэг өрнөх нь ойлгомжтой. Олон нийт ч тэр, Засгийн газар, УИХ ч тэр хэмнэлт хийх ёстой гэж хараад эхэлсэн нь сайн хэрэг. Ингэж дуугарсан нь эдийн засгийн хамгийн гол гажуудлыг засч залруулах тал руу өөрчлөлт шинэчлэл хийгдэх нь гэсэн найдвар төрүүлж байна. Манай төсвийн зардлын өсөлт хэрээс хэтэрчихсэн. 2005 оноос хойш бараг 25 дахин өссөн байх шүү. Эдийн засгийн өсөлтөөс үл хамаарч төсвийн зардлын өсөлтийг нам дор байлгах нь яваандаа алдагдалгүй төсөв батлахын сайн эхлэл гэж харж байна. Учир нь алдагдал болгон Засгийн газрын өр. Гадаад өрөө бууруулъя, өрийн дарамтаа шийдье гэвэл ашигтай төсөвтэй байх хэрэгтэй.

-Өр зээл тавьж элдэв төсөл хэрэгжүүлэх шаардлага яг одоо байна уу гэсэн асуулт бас бий?

-Өнөөдөр ч хасах хэвээр яваа эдийн засгаа тэлэх шаардлага бий. Экспортоо нэмж, дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийж, ажлын байраа өсгөж байж эдийн засаг тэлнэ. Манайх ажлын байраар хангагдсан эдийн засаг биш. Ажилгүйдлийн түвшин өндөр, бодит ажилгүйдэл бүр өндөр, үйлдвэрлэлийн жин бага. Ингээд харахаар ажлын байраа нэмж, үйлдвэрлэлээ хөгжүүлж, дэд бүтцээ сайжруулах нөхцөл, орон зай, шаардлага нь байгаад байна. Саяхнаас л бид цементийн хэрэгцээгээ дотоодын үйлдвэрээсээ хангаж чаддаг болсон. Импортын барааны тодорхой хэсгийг үйлдвэрлэхийн төлөө явах ёстой. Үйлдвэрлэл хөгжүүлэхийн тулд мөнгө хэрэгтэй. Тэр утгаараа мөнгө босгох боломжтой аргуудыг хайх нь буруу зүйл биш.

-“Би төв банкийг удирдаж байхдаа энийг зөв хийжээ, тэрийг хийхдээ алдсан байна” гэх мэтээр өөрийгөө эргэж дүгнэх үе гардаг уу?

-Олон жилийн өмнө гаргасан шийдвэрүүдэд одоо үнэлэлт дүгнэлт өгнө гэдэг хэцүү бөгөөд утгагүй зүйл. Шийдвэр болгон тухайн цаг үедээ урагшаа харсан байдаг. Эцсийн дүндээ 14 байсан инфляц хоёр хувь болсон нь өөрөө үр дүн. Ипотекийн хөтөлбөр хэрэгжүүлсэн, хотын барилгажилтын гуравны нэг нь шинээр баригдсан, 110 мянган өрх орон сууцанд орж, олон залуус ажил амьдралтай залгасан, ипотекийн зээлээ төлөхийн тулд ажлын байртай орлоготой байхын төлөө тэмцдэг хичээдэг болсон. Нийгмийн даатгалын шимтгэл ч үнэн зөв, бодитоор төлөгдөж эхэлсэн. Энэ бүхэн чинь нийгэмд эерэг зүйл. Нийгэм ийм замаар хөгжиж урагшилдаг. Нүүрсний үнэ огцом унасан тэр цагт ажлын байр ихээр шингээдэг барилгын салбараа ипотекээр дэмжсэний хүчинд ажилгүйдлийг нэмэлгүйгээр хямралаас гарсан нь өөрөө том олзуурхал. Тэр үед бид ингэж хараагүй бол олон зуун мянган хүн ажилгүй болох байсан. Тэгсэн бол биднийг алдаатай бодлого хэрэгжүүлжээ гэж дүгнэх байх. Ажлын байраа хадгалж үлдсэн нь тухайн үед хэрэгжүүлсэн цогц бодлогын үр дүн. Юманд аз гэж бас бий. Тэр үед 120 ам.доллар байсан нефть хоёрхон жилийн дотор 40 ам.доллар болж бууна гэдэг бол аз түшсэн л хэрэг.

-Ярилцлагынхаа төгсгөлд ковид, геополитикийн нөлөөг тодруулж асууя. Ковидын аюул намжингуут дайны нөхцөл залгасан нь дэлхийн улсуудад ямар нийтлэг зовлон асуудал үүсгээд байна вэ. Тэр асуудалтай нь бид бас нүүр тулж яваа болов уу гэдэг утгаар сонирхож байна л даа?

-Ковид хэцүү сорилт байсан, урд хөршийн хувьд хэцүү хэвээр ч байх шиг байна. Ковидын үед улс болгон төсвөөсөө иргэд, аж ахуйн нэгждээ дэмжлэг өгөх, төв банкууд мөнгөний нийлүүлэлтээ нэмэх, хүү буулгах гэх мэт арга шийдлүүдийг авсан байдаг. Дани гэхэд төсвийнхөө дөчин хувьтай тэнцсэн дэмжлэг үзүүлсэн гэдэг. Ковидоос үүдэлтэй өчнөөн асуудал бий. Дэлхий нийтээрээ нийлүүлэлт гацаж, тээврийн үнэ өсөж, Засгийн газруудын өр өссөн. Гэтэл ковидоос улбаатай хямралыг бүрэн давж амжаагүй байхад дараагийн асуудалтай тулгарчихлаа. Үүнийг дайны үеийн хямрал ч гэж зарим шинжээч дүгнээд эхэлчихсэн харагдсан. Өөрөөр хэлбэл, эдийн засагтаа ликвидити ихээр нэмсэн мөнгөө татаж авч амжаагүй байхад нь дараагийн дайны гэх хямралын нөхцөл үүсчихлээ. Дараалсан ийм асуудлууд үүсчихээр тодорхойгүй байдал нэмэгдэж байна. Тэгэхээр ингэнэ тэгнэ гэж урьдчилж дүгнэхэд улам л хэцүү болж байна. Учир нь дэлхийн эдийн засаг ийм асуудалтай нүүр тулж байсан нь маш ховор. Бидний хувьд ч ялгаагүй. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд, Б.Лхагвасүрэн ерөнхийлөгчийн үед л бид ийм хямралтай нүүр тулж ажилласан мэргэжилтэнтэй болж үзэж байна. Манай аж ахуйн нэгжүүд, банк санхүүгийн байгууллагууд бүгд л шинэ хүндрэл, шинэ нөхцөл байдалд үйл ажиллагаагаа тогтвортой авч явах бодит сорилттой нүүр тулж яваа. Өнөөгийн энэ сорилт манай эдийн засгийн өрсөлдөх чадварыг улам сайжруулж чадвал Монголын эдийн засаг цаашдаа хэр баргийн гадаад шокийн нөлөөг зөөллөх чадвартай болно гэж харж байна.