Categories
мэдээ цаг-үе

60 секундын дотор унтуулах амьсгалын дасгал

Бид амьдралынхаа гуравны нэгийг унтаж өнгөрүүлдэг. Амьд организмын эрч хүчийг тэтгэж байдаг чухал хүчин зүйлсийн нэг бол яах аргагүй нойр юм. Хүн байгальтайгаа зохицсон био хэмнэлтэй байдаг учраас сарны хүч ид дэлгэрсэн үед буюу 23:00-05:00 цагийн хооронд унтаж амарч байх ёстой. Энэ үед унтаж чадахгүй бол нойргүйдэлд өртдөг. Нойргүйдэл нь маш олон өвчний эх үүсвэр болдог төдийгүй сэтгэцийн хямралд орох томоохон шалтгаан болдог. Хүн нойроо хангалттай авч чадахгүйгээс болж хийн гол эрхтэн болох зүрхэнд өөрчлөлт орно. Ингэснээр амин судасны хий хямарч улмаар сэтгэл санаанд муугаар нөлөөлж, сэтгэл тогтворгүйтдэг. Энэ нь сэтгэлийн гүн хямралд орохын эхлэл юм. Сүүлийн үед амьдралын буруу хэвшлээс болж нойргүйдэх өвчин маш эрчимтэй явагдаж байна. Хүмүүс завгүй ажилласнаас болж хэт орой хоолоо идэх болсон. Нийгмийн янз бүрийн стрессийг буруу аргаар, архи тамхи зэргээр тайлж байна. Мөн ухаалаг утасны буруу хэрэглээнээс болж маш олон хүн нойргүйдэх өвчнөөр шаналж буй.

Ерөнхийдөө нойргүйдэл гэдэг нь унтаж чадахгүй байх юм уу унтах хугацаа багасах, нойр хүрэхгүй байх, хангалттай хугацаанд унтсан ч бат бөх нойрсоогүйн улмаас амарч чадалгүй сэрэх зэргээс шалтгаалан өдрийн цагаар эрч хүчгүй болж бие сульдах үйл явц юм. Нэг сараас дээш хугацаагаар үргэлжилсэн нойргүйдлийг архаг нойргүйдэл гэдэг бөгөөд эмчлэхэд цаг хугацаа, хүчин чармайлт ихээхэн шаарддаг. Тиймээс анхнаасаа л нойргүйдэлд орохгүйн тулд амьдралдаа зөв хэвшлийг дадуулах хэрэгтэй. Нойрны эм сөрөг нөлөөтэй байдгийг бид нэгэнт мэдэх болохоор эрүүл, энгийн аргаар нойргүйдлээс салах аргуудыг эрэлхийлэх нь зүйтэй. Бясалгал хийх, хөөрүүлсэн бүлээн сүү уух, тайвшруулах үйлчилгээтэй цай уух зэрэг аргууд байдаг ч төдийлөн үр дүнгүй байдаг шүү дээ. Тэгвэл 4-7-8 нэртэй дасгалыг унтахын өмнө хийснээр таны нойр найдвартай хүрч эхлэх нь ээ. Энэ дасгалын бичлэгийг маш олон хүн үзэж, татан авч байгаа нь нойргүйдэл ямар их газар авсныг гэрчилж байна хэмээн мэргэжилтнүүд онцолж байгаа юм. Та хэрвээ нэгэнт нойргүйдэлд өртсөн бол, нойр чинь хулжиж сайн амарч чадахгүй байгаа бол дараахь дасгалыг туршаад үзээрэй. Энэ дасгал мөн сэтгэл гутралыг эмчлэхэд тустай гэсэн.


4-7-8 ДАСГАЛЫГ ХЭРХЭН ХИЙХ ВЭ?

Энэхүү дасгалыг анх Аризонагийн их сургуулийн Нэгдсэн анагаах ухааны төвийг үүсгэн байгуулагч Доктор Эндрью Вэйл зохиожээ. Амьсгалах 4-7-8 арга нь урт, гүнзгий амьсгаа авахад анхаарлаа хандуулахыг шаарддаг. Амьсгалаа зөв хуваарилснаар тайвширдаг тул бясалгал болон йогийн дасгалын гол хэсэг нь амьсгалаа мэдэрч удирдах байдаг. Энэ дасгалыг эхлүүлэхийн өмнө өөрт тухтай байрлалд суух хэрэгтэй.

1. Хэлээ дээд үүдэн шүднийхээ ар хэсэгт наагаад огт салгаж болохгүй.

2. Хамраараа дөрвөн секундын турш гүнзгий амьсгаа авна. Дотроо тоолж хугацааны баримжаа авахыг зөвлөж байна.

3. Ингэж хуримтлуулсан амьсгалаа долоон секунд түгжинэ.

4. Дараа нь амьсгалаа найман секундын турш гадагшлуулаарай. Ингэж байхдаа “вүүүүүүү” гэсэн авиаг гаргах хэрэгтэй гэнэ.

Яг энэ дарааллаар дөрвөн удаа давтан хийснээр нэг минутын дасгал дуусах юм байна. Үр дүнг хурдан мэдэрье гэвэл өдөрт дор хаяж хоёр удаа хийх хэрэгтэй хэмээн дасгалыг зохиосон Доктор Вэйл зөвлөдөг. Анх хийж байгаа хүмүүс эвтэйхэн байрлалд сууж юм уу хэвтэж байхдаа хийгүй бол толгой эргэх, ухаан балартах зэрэг шинж тэмдэг илэрч магадгүй гэнэ. Амьсгалаа удаан барьж чаддаггүй хүмүүс арай хурдан хугацаанд үргэлжлэх хувилбарыг бас сонгож болох аж. Энэ нь хамраараа хоёр секундын турш амьсгал аваад 3.5 секунд түгжээд буцаагаад дөрвөн секундын дотор гадагшлуулах арга.

4-7-8 нэртэй энэхүү амьсгалын дасгалыг нойргүйдэл болон сэтгэл гутралыг эмчилж байна уу гэдэг дээр анагаахынхны судалгаа байхгүй. Үр дүн нь хэрэглэгчдийн сэтгэл ханамжаар хязгаарлагддаг гэдгийг энд дурдах нь зөв байх.

Гэхдээ амьсгалын зөв хуваарилалт нь хүний биед ямар гайхалтай эерэг нөлөөлөл үзүүлдэг болох талаар анагаахын судалгаа, нотолгоонууд бол байдаг. Хэдийгээр 4-7-8-ыг нойргүйдлийн эмчилгээнд албан ёсоор бүртгээгүй ч эерэг үр дүнгийн талаарх хэдэн сая сэтгэгдэл байдаг нь энэ дасгалын ач холбогдлыг харуулж байна. Уг дасгалыг заах, зөв хийх дараалал бүхий гар утасны аппликэйшн хүртэл зохиогджээ. Ийм төрлийн аппликэйшн нь дасгалаа хийх цагийг сануулдаг юм билээ.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Амьдрал байх боломжтой гэгддэг K2-18b гаригаас ус илэрлээ

Энэ онд сансар судлалд нэгэн томоохон ахиц гарлаа. Эрдэмтэд Кеплер, Спитцер болон Хаббл сансрын телескопын өгөгдлийг нэгтгэсэн хоёр бие даасан судалгааны үр дүнд K2-18 тойрог замын агаар мандалд их хэмжээний усны уур байгааг илрүүлсэн байдаг. Энэ нь хүн төрөлхтөн амьдрах боломжтой бүсэд байрлах анхны гарц хэмээн дэлхий нийтээрээ шуугьж байв.

Тэгвэл энэхүү тойрог замд орших K2-18b гариг дээр ус байгааг одон орон судлаачид илрүүлснийг BBC зарлажээ. Энэ гариг нь дэлхийгээс хоёр дахин том хэмжээтэй, “супер дэлхий” ангилалд багтдаг юм байна. Супер дэлхий гэдэг нь манай гаригаас хэмжээгээр үлэмж том боловч устай, уур амьсгалын хувьд дэлхийтэй харьцангуй адил гаригуудыг хэлнэ. Тэгээс 40 хүртэлх хэмийн уур амьсгалтай тус гариг дээр ус шингэн төлөвт орших боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

K2-18b гаригийг анх 2015 онд нээсэн бөгөөд судалгаа шинжилгээний ажил ид явагдаж байгаа юм. Уг гариг нь M2.8 хэмээх одны спектр хэлбэртэй улаан одой одны (одоо K2-18 гэгддэг) тойрог замд байрладаг. Судлаачид 2016-2017 оны хооронд Хаббл сансрын телескопоор нээсэн гаригуудыг судалж эхэлжээ. Ингэхдээ тэд гаригууд нараа тойрч байх үед оддын гэрлийн өөрчлөлтийг судалж агаар мандал дахь зарим химийн бодисыг тодорхойлсон байна. Гэтэл зөвхөн K2-18b гариг дээрээс дэлхийн амьдралын чухал бүрэлдэхүүн хэсэг болох усны молекулыг илрүүлжээ.

K2-18b гариг нь дэлхийгээс 111 гэрлийн жилийн зайд оршдог. Тийм ч учраас судалгаа шинжилгээ хийхэд хэтэрхий хол зайтайд гол асуудал нь байгаа аж. 2020 онд сансрын шинэ телескоп хөөргөх хүртэл амьд организмын үүсгэдэг уур амьсгал тус гариг дээр үнэхээр байгаа эсэхийг судлах ажил эрдэмтдэд үлдээд байгаа юм. 2020 онд “Жеймс Уэбб”, 2028 онд “Ариел” нэртэй телескопуудыг тус тус сансарт хөөргөхөөр зэхэж байгаа бөгөөд эдгээр телескопуудад K2-18b гаригийн агаар мандлыг судлах тусгай, нарийвчлал бүхий багажуудыг тээж хөөргөх гэнэ.

ХЭДИЙ УСТАЙ Ч ГЭСЭН АМЬРАЛЫГ
ДЭМЖИХЭСЭХНЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Монтреалын их сургууль болон Лондонгийн их сургууль, коллежийн эрдэмтдийн баг гаригийн агаар мандлаар дамждаг одны гэрлийн спектрүүдийг судалж үзэхэд K2-18b нь устөрөгч-гелийн уураг ихтэй, усны уур нь 0.01 хувиас 12.5 хувь хооронд, 20 хувиас 50 хувь хүртэл байна хэмээн шинжилжээ. Усны уур нь үүл үүсэхэд хангалттай өндөр үзүүлэлттэй байгаа аж. Лондонгийн их сургууль, коллежийн зүгээс хийсэн судалгаа зургаахан хоногийн өмнө буюу есдүгээр сарын 11-нд “Nature Astronomy” сэтгүүлд нийтлэгдсэн байна. Тэдний судалгаагаар тус гариг дээр ус байх магадлал 99,9 хувьтай гэж гарчээ. Ус байх магадлал ийм өндөр байгаа нь амьдрал байх магадлал төдий чинээ их гэсэн үг. Лондонгийн их сургууль, коллежийн (UCL) тэргүүлэх эрдэмтэн, профессор Жованна Тинетти энэхүү нээлтийг “оюун ухааны тэсрэлт” гэж тодорхойлжээ. Тэрээр “Бид анх удаагаа амьдрал байж болохуйц гариг дээрээс ус илрүүллээ” хэмээн онцолсон байна. Харин Монтреалын их сургуулиас явуулсан судалгааны хариу хараахан олны хүртээл болоогүй байгаа аж.

Энэ нээлт нь сансар огторгуйн судалгаа шинжилгээнд гарч буй томоохон амжилт болохыг мэргэжилтнүүд дуу нэгтэйгээр баталж байна. K2-18b нь оддын амьдрах орчинд байрлах анхны экзопланет (амьдрал байх боломжтой гариг). Түүнчлэн ийм бүс дэх анхны гаригаас ус илэрсэн нь сансар судлалын шинжлэх ухаанд томоохон үсрэлт болж байна гэхэд болно. Ерөөсөө өөр гаригаас ус нээсэн нь шинжлэх ухааны талаасаа тунчиг онцлох үйл явдал юм хэмээн эрдэмтэд бичиж байгаа юм. Гэхдээ K2-18b-ийн агаар мандалд ус илэрсэн нь тухайн гариг дээр амьдрал байгаа, эсвэл амьдралыг бүрэн дүүрэн тэтгэнэ гэсэн үг хараахан биш. Учир нь одоогоор гадаргуу болон агаар мандлыг нарийвчлан судлаагүй байгаа гэдгийг эрдэмтэн судлаачид мөн анхааруулж буй. Тэгээд ч одон орон судлаачид тухайн нээсэн гариг дээр амьдрах боломжтой эсэхийг батлах буюу зөвшөөрөх эрхгүй байдаг аж.

Харвардын их сургуулийн Астрофизикийн төвийн доктор Лаура Крейдберг “Одоохондоо энэ гариг нь хуурай газар эсвэл далай тэнгис бодитоор оршин байгаа эсэхийг бид ажиглаж хэлж чадахгүй байна. Гэвч агаар мандалд устай байх нь сайн эхлэл юм шүү” хэмээжээ.

ЭКЗОПЛАНЕТ ГЭЖ ЮУ ВЭ?

-Манай Нарны системээс бусад гаригуудыг экзопланет гэж нэрлэдэг.

-Хамгийн анхны экзопланетыг 1992 онд пульсар (цахилгаан соронзон цацраг ялгаруулдаг нейтрон од) тойрог замаас нээж байжээ.

-Өнөөдрийг хүртэл хэд хэдэн арга техникийг ашиглаж 4000 гаруй экзопланетыг илрүүлжээ.

-Эдгээрийн олонх нь Бархасбадь болон Нептунтай төстэй томоохон гаригууд юм.

-Энэ мэт олон аварга гариг өөрийн одны тойрог замтай маш ойрхон зайнаас олдож байжээ.

Энэ жил сансар судлалд гарсан томоохон ахиц дэвшлүүдээс дурдвал:

-Хар нүхний зургийг хүн төрөлхтөнд анх дэлгэн харуулав.

-Манай нарны аймгийн хамгийн жижиг нь болох Меркүри гаригийн цөм нь чулуулаг болохыг олж нээсэн.

-НАСА-гийн шинэ ангууч Тэсс нь дэлхийтэй ижил хэмжээтэй шинэ гаригийн зургийг HD форматаар авсан.

-Саяхан эрдэмтэд сар нь Теа (Ангараг гаригийн хэмжээтэй гаригийн объект) -оос болж үүссэн байж болзошгүй гэсэн таамгийг дэвшүүлсэн.

-Хятадууд судалгааны станцаа сарны нөгөө талд буулгав.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Эртний Грекийн домог

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай
сурвалжлагч, хэл шинжээч М.Саруул-
Эрдэнийн хамгийн сүүлд бичсэн “Эртний
Грекийн домог” ном хэдхэн хоногийн өмнө
хэвлэгдэн уншигчдын гарт хүрсэн билээ.
М.Саруул-Эрдэнэ багш АНУ-ын Конгрессын
номын сангийн монгол номын мэргэжилтнээр
ажилладаг. Шинэхэн номыг нь найзаасаа
бэлгэнд авсан даруйдаа уншиж эхэллээ.
“Орчлон ертөнц гээч анхандаа оргүй хоосон
байжээ. Тэнд хамгийн анх буй болсон нь
Хаос бөлгөө. Хаосын араас Гэя хэмээх Газар
эх, үзэсгэлэн гоо Эрос хэмээх Хайр дурлал,
Тартаар хэмээх Там гурав буй болжээ”
гэх эхний мөрүүдээс л домог амилан, түүх
хөвөрч эхэллээ. Бурхад болон титануудын
дайн, там диваажингийн дундах хөрст
газар дээр бурхад хүн төрөлхтнийг хэрхэн
бүтээсэн, Алтан, мөнгөн, хүрэл эрин яаж
үүссэн хийгээд агуу баатруудын гайхамшигт
үйл хэргийн тухай гардаг үлгэрийн ном ажээ.

Аймшигт мангасууд, ганц нүдэт циклопууд,
үлэмж биетэн, үзээрийн муухай царайтай
Медузагаас авахуулаад үзэсгэлэнт бурхад,
хатад гоо охид, эрэлхэг зоригт дайчин
баатруудыг хүртэл бүгдийг нь үүх түүхтэй
нь, хаанаас эхлээд хаана дууссан замнал
мөртэй нь нэг дороос ийнхүү олж мэдэхэд
эл номны “ид шид” оршиж байна уу гэлтэй.
Эртний Грекийн домгийг хэсэг бусгаар, энд
тэндээс түүвэрлэн уншиж мэддэг байсан над
мэтийн уншигч олзуурхахаас ч аргагүй.
Ертөнцийн үүслээс эхэлсэн үлгэр хүчит
баатар Херакл (Ром хувилбар нь Геркулес)-
ын бурхад болон хүн төрөлхтөнд хийсэн ач
гавьяагаар төгсөх хүртлээ там, диваажин,
дэлхий, сансар огторгуйгаар гайхамшигт
адал явдлуудтай учруулангаа Грекийн
бурхдын талаар өргөн дэлгэр мэдлэг,
мэдээллийг олгож байлаа. Түүх өгүүлж
байхдаа нэгэн өөр дүр юм уу өөр цаг
үед болсон явдлыг тоочих хэрэг гарвал
“Үлгэр доторх үлгэр” гэсэн зохиомжийг
оруулж, түүндээ тухайн домгоо ярьж өгч
байх юм. Энэ дотор дахиад “Үлгэр доторх
үлгэрийн доторх үлгэр” гэж ч байна. Үүгээр ч
зогсохгүй нэг бүлэг дуусаад төгсгөлд нь “Хэл
шинжээчийн тайлбар” хэсэг бий. Энэ хэсэгт
нэр томьёо, үг хэллэгийг тайлбарлажээ.
Жишээлэхэд, “Эртний Грекийн домогт доод
тив тамыг Тартаар хэмээдэг байсан нь
Эртний Грекийн
домог
Европ дахинаа монголчуудыг бүгдийг тэгж
нэрлэдэг болоход нөлөөлжээ. Монголчуудын
байлдан дагууллын үед баруун европынхон
ихэд айж, хаанаас хэн гараад ирэв хэмээлцэн
бүхүйд Монголын нэг гол аймаг татаар
хэмээх нэртэй байсанд бүгд доод тивээс
ирэгсэд байна хэмээн итгэсэн хэрэг” гэжээ.

Энэ мэт бичил түүхүүдээс гадна Грекийн
бурхад болон баатдын,
газар лусын нэрсийн утга учир,
шалтгааныг тайлахаас гадна Грекийн энэ
олон зуун нэрээс урган гарсан салбар ухаан,
философиийн нэршил өдгөө хүртэл тэр
янзаараа хэрэглэгдэж байдгийг олж мэдэх
болно.
“Хэл шинжээчийн тайлбар”-ын дараагаар
тухайн бүлэгт гарсан баатарлаг тулаан
болон онцлох үйл явдал, гол дүрийн
баатруудыг харуулсан эртний уран зураг, сийлбэрийн фотог хавсаргажээ.
Эдгээр зургуудыг хараад уншсан домгоо
төсөөлөхгүй байхын аргагүй юм билээ.
Уншиж дуусаад төрсөн сэтгэгдэл ийм байна,
үлгэрийн ертөнцөөр тавтай аялаарай.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

“Elopement” буюу нууцаар хуримлах трэнд

Хурим бол хүний амьдралын хамгийн дурсамжтай, мартагдашгүй мөчүүдийн нэг. Амьдралынхаа ханиар сонгосон хүнтэйгээ нэг гэр бүл болж, насан эцэслэтлээ хамтдаа амьдарч жаргал зовлонгоо хуваалцах боллоо гэдгээ аав ээж, хамаатан садан, найз нөхдөдөө зарлан тунхаглаж, баяртай жаргалтай мөчөө хуваалцдаг сайхан баяр юм. Аав, ээжээсээ ерөөлийн үг сонсох нь энэ ёслолын хамгийн том утга учир байдаг. Тэгвэл сүүлийн үед 23-28 насны миллениал (“Y” буюу 1981-1996 оны хооронд төрсөн залуусын үе. Мэдээлэл, технологийг эзэгнэгч хүмүүс гэж тодорхойлох нь бий) залуучуудын дунд нууцаар хуримлах мода дэлгэрээд байгаа гэнэ. “Elopement” нь “elope” буюу зугтах, оргох гэсэн үгнээс гаралтай бөгөөд олон нийтийн оролцоогүйгээр яаруу байдлаар хуримлах хэв маягийг ийнхүү нэрийддэг юм байна. Уламжлалт заншлаар бол хос хоёрын аль нэг талын эцэг, эх тэдний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх, эсвэл сүйт бүсгүй хуримаасаа өмнө бие давхар болсон бол нууцаар хуримлах замыг сонгодог. Өөрөөр хэлбэл аргагүй байдалд орсон тохиолдолд гаргадаг шийдвэр гэсэн ойлголт байжээ. Харин орчин үед санхүүгийн асуудлаас болж хосууд ийм маягаар хурим хийх нь олширчээ.

elopement зурган илэрцүүд

Хуримын зардал хаа газар л өртөг өндөртэй байдаг. Америкт дундаж хурим 30-40 мянган ам.доллар байдаг гэсэн судалгаа бий.

Манайхаар бол 80-100 сая төгрөг. Энэ мөнгөөр Монголд бол гурван өрөө байр, нэг машин авчихаж болмоор харагдаж байна. Өндөр хөгжилтэй, манайхыг бодвол санхүүгийн боломж харьцангуй өндөр нийгэмтэй Америкт ч гэсэн энэ нь маш их мөнгө. Америк залуусын жилийн дундаж орлого 40 мянган ам.доллар. Тэгэхээр нэг жил юу ч идэхгүй, өмсөхгүй мөнгөө цааш хийж байж хуримын зардлаа босгоно гэсэн үг. Манайд ч хуримын өртөг өндөр болохоор залуу хосууд цалингийн зээл хүртэл авч зочдоо дайлж цайлах хэрэг гардаг шүү дээ. Орчин үеийн суурин газрын хурим наргиж цэнгэх найр наадам гэхээсээ илүү тээр дараа болдог болсон нь нууц биш. Бэлэг сэлтнээс авахуулаад уригдсан зочдод ч шаналгаатай байдаг хэмээн шүүмжлэл дагуулдаг.

Ийм болохоор залуус хамаатан садан, найзуудаа урьж сүртэй дайллага хийлгүй хоёулхнаа ёслоод өнгөрөхийг илүүд үзэх нь аргагүй. Зарим хосууд шашны ялгааны асуудлаас болж ийм замаар хуримлаж байгаа боловч ихэнх нь санхүүгээ хэмнэх бас хөгжилдөх, өвөрмөц дурсамж үлдээх гэсэндээ ийнхүү нууцаар гэрлэдэг аж. Байгалийн үзэсгэлэнт газар очиж ёслол хийлээ гэхэд аялаад, шинэ газар үзчих давуу талтай.


НУУЦААР ГЭРЛҮҮЛДЭГ АГЕНТЛАГ БОРООНЫ ДАРААХЬ МӨӨГ ШИГ ОЛШИРЧЭЭ

Барууны оронд Elope­ment үйл ажиллагаагаар дагнадаг тусгай газрууд бий болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзжээ. Ийм шийдвэр гаргасан хосууд эхэндээ айж түгшин самгарддаг гэнэ. Гэр бүлийнхнээсээ айхаас өгсүүлээд хамтын амьдралаа ийнхүү “бие даан” эхлүүлэх гэж байгаа залуу хүмүүст бэрхшээл гарах нь мэдээж. Эдгээр асуудал дээр сэтгэл санаагаар дэмжин туслахаас гадна очих гэж буй газрын тухай судлан, ёслолоо хэрхэн үйлдэх гээд л бүх зөвлөгөөг өгч гардан гүйцэтгэдэг гэнэ. Залуу хосууд ихэвчлэн өөр улсыг зорьдог бөгөөд хуримын зургаар мэргэшсэн чадварлаг зурагчин дагуулж явдаг юм байна. Шаардлагатай бол хөтөч, орчуулагч хөлсөлж болно. Ингээд зорьсон газраа очин зурагчин, хөтөч гэх мэт цөөхөн гэрчтэй цомхон хуримын ёслол үйлдэнэ. Ийм хуримын хамгийн чухал зүйл бол гэрэл зураг. Хамгийн өвөрмөц, хамгийн онцгой зургуудтай болох гэж чамгүй мөнгө төлдөг гэсэн. Ингэж авахуулсан зургуудаа Инстаграм хуудсанд нийтлэх нь нууцлаг хуримын бас нэгэн салшгүй хэсэг бололтой. Учир нь Инстаграмд ийм төрлийн хуримын зураг маш их хандалт авдаг юм байна.

elopement зурган илэрцүүд

Нууц хуримын үйл ажиллагаа явуулдаг “Events, Etc”-ийн үүсгэн байгуулагч Линдсэй Никелийн цахим хуудсаар зочлоход хосуудад дараахь зөвлөгөөг өгсөн байх юм. “Хамгийн эхлээд гэр бүлийнхэн болон найз нөхдийнхөө хариу үйлдэлд сэтгэл санаагаа бэлдэх нь чухал. Чиний хайртай, дотны хүмүүс амьдралын чинь хамгийн чухал өдрийн нэг хэсэг болж чадаагүйдээ гомдон, сэтгэл дундуур үлдэх нь нууц хуримын хамгийн хэцүү, гунигтай зүйл. Хүн бүр та хоёрын шийдвэрийг зөвөөр хүлээж авч, ойлгоно гэж найдалтгүй шүү” хэмээн Линдсэй Никел онцолжээ. Мөн “Ойр дотныхныгоо шархлуулахгүйн тулд гаргасан шийдвэрээ урьдчилж хэлээд аяллын явцдаа холбогдон, зураг явуулах ч юмуу видеогоор ярилцан хэрэг явдлыг зөөлрүүлэх хэрэгтэй. Хамтдаа гаргасан энэ шийдвэрийнхээ төлөө тэднээс уучлал гуйх албагүй ч тэд та хоёрыг төрүүлж өсгөн хүн болгосон, бас та хоёрыг хос болоход найз нөхөд чинь их бага хэмжээгээр хувь нэмрээ оруулсан гэдгийг мартаж болохгүй” гэж зөвлөсөн байна. Гэрлэх гэж буй хосууд хууль, эрх зүйн мэдлэг цуглуулах нь чухал. Энэ нь мэдээж тухайн очих гэж буй газрынхаа гэр бүлийн тухай хуулийг судлахаас эхэлнэ. Мөн мартаж болохгүй нэг зүйл нь дээр хэлсэнчлэн зурагчин, хөтөч болон орон нутгийн хурим зохион байгуулагчийг хөлслөх. Ингэвэл төгс хурим болох магадлал өсдөг. Яагаад гэрэл зургийг чухалчлаад байна гэвэл гэр бүлийнхэн чинь та хоёрын хуриманд гэрэл зургаар дамжуулан оролцох боломжтой болно, өөр арга байхгүй. Гэхдээ ямар ч тохиолдолд хосууд л сэтгэл хангалуун, сайхан дурсамжаар дүүрэн үлдэх нь чухал гэж Линдсэй Никель сануулжээ.

СҮЙТ БҮСГҮЙЧҮҮДИЙН ОРГОДОГ ШАЛТГААН ЮУ ВЭ

Зарим орнуудын нууц хуримын уламжлалаас түүвэрлэн бэлтгэсэн юм. Их Британид л гэхэд хуримын заншил хатуу дэгтэй. Хуримлах хосууд ёслолоос өмнө сүмдээ нэрсээ бүртгүүлдэг. Товлосон өдрийн өмнөх ням гаригийн мөргөлөөр хосуудын нэрсийг залбирал үйлдэхээр ирсэн олны өмнө чангаар дуудан уншдаг байна. Үүний зорилго нь гэрлэлтийг эсэргүүцэх хууль ёсны эрхтэй хэн нэгэнд шударгаар сэрэмжлүүлэг өгөх. Ингэснээр хууль бус гэрлэлтээс болгоомжилж байна хэмээн англичууд үздэг аж. Шашны дэг жаягийн дагуу, уламжлалт ёсоор хуримаа хийхийн тулд сүмийн тэргүүн хамбаас зөвшөөрөл хүсдэг бөгөөд хосууд олны нүдэн дээр гэрлэлтээ батлуулахгүй байх шалтгаантай бол өөр хууль үйлчилдэг газар луу зугтан хуримлах тохиолдол байдаг гэнэ.

Харин Филиппин улсад нууцаар хуримлах заншлыг “tanan” хэмээдэг. Энэ үйл Филиппинд олон жилийн турш уламжлагдан ирсэн бөгөөд эмэгтэй хүн эцэг, эх нь зөвшөөрөөгүй тохиолдолд найз залуутайгаа хамтран амьдрахаар төрсөн гэрээ орхиж явахыг хэлдэг ажээ. Хамтрагчид ихэвчлэн шөнөөр оргон зайлдаг ба өглөө нь эцэг, эх нь охиноо байхгүйг мэдээд бөөн дуулиан дэгдээдэг нь ойлгомжтой.

Маш хатуу шашны жаягтай Индонез улсад хүртэл нууц гэрлэлтийн “соёл” байдаг. Эндхийнхэн эцэг, эх юм уу ойр дотныхоо хүний зөвшөөрөлгүй гэрлэнэ гэдэг бараг л байж боломгүй зүйл. Тиймээс оргон зайлж хуримлана гэдэг маш хэцүү. Эсэргүүцэлтэй тулгарсан хосууд ихэнх тохиолдолд салж хагацдаг бөгөөд цөөн хэд нь гэрлэлтээ батлуулахгүйгээр зүгээр л хамтран амьдрах замыг сонгодог байна. Дэлхийн хаа сайгүй нууцаар гэрлэх уламжлал байдаг байх нь. Манай улсад ч бүр эртнээс л ийм зүйл байсан. Эцэг, эхийн шахалт заавраар (гэвч энэ нь цаанаа нэгэн амбан захирагч, ноёны тушаал байдаг) хайргүй хүнтэйгээ гэрлэн, богтлуулдаг эмгэнэлт хувь заяаны тухай бишгүйдээ л уншиж сонссон биз ээ. Богтлуулж буй бүсгүйг хайрт залуу нь шөнө дөлөөр үүрч дүүрэн, мориндоо сундлан оргуулж зугтдаг. Тэр үед гэр бүлийн баталгаа энэ тэр гэж юм байгаагүй тул хошуу алгасан оргон зайлж, төвхнөдөг эсвэл балар шугуйд нуугдан амь зогоодог байсан болов уу. Ингэж зугтсан амрагууд хөөрхий бүсгүйг хүчээр эхнэрээ болгох гэж байсан эрхтэн дархтаны зуултанд орсноор гэмт хэрэгтнүүд, оргодлууд болон хувирч, аймаг хошуу даяар эрэн сурвалжлагдана. Ингээд амьдрах аргагүйд хүрдэг байсан гэдэг. Одоо үед богтлох гэдэг харгислал, хүчирхийлэл арилсан биз. Харин ч залуу хосууд аав, ээжийнхээ үгнээс зөрж хамтын амьдрал үүсгэсэн болоод удалгүй салж сарнин хүүхэд өнчрүүлэх явдал газар аваад байгаа. Энэ нь нэг талаар эрх чөлөөгөө эдэлж байна гэсэн хэт туйлшрал болов уу гэж анзаарагддаг.

А.МӨНХЗУЛ

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

iPhone 11 хиймэл оюун ухааны тусламжтайгаар зургийг маш тод гаргана

“Apple” компани уламжлалт ёсоор iPhone утасны шинэ загварыг намар танилцуулдаг билээ. Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 10-ны өдөр iPhone 11 загвараа дэлгэлээ. Уг арга хэмжээнд Apple дагалдах үйлчилгээнүүдээ давхар танилцуулсан. Үүнд дижитал контент болох тоглоомын Apple Arcade болон кино, ТВ цуврал үзэх Apple TV+ зэрэг үйлчилгээ багтсан юм. Мөн шинээр iPad загвар, Apple Watch дараагийн үеийн загварыг танилцуулжээ.

Шинээр гарсан iPhone загварууд нь iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max гэсэн нэртэй. Үнийн хувьд iPhone 11 699$-ээс эхлэх бол iPhone 11 Pro $999, I Phone 11 Pro Max 1099$ үнээс эхэлж байгаа юм. Камер нь маш мэдрэмтгий өргөн өнцөгтэй болж өнгөний сонголт нэмэгджээ. Мөн түүнчлэн A13 Bionic хүчирхэг чипийг тус загварууд өөртөө агуулсан юм.

Дээрх загварууд өмнө жил танилцуулсан iPhone XS, iPhone XS Max болон iPhone XR загваруудтай адилхан хэмжээтэй гарсан. Гэхдээ харагдах байдлаасаа камерууд өөрчлөгдсөн.

i phone 11 зурган илэрцүүд

iPhone 11 Pro, iPhone 11 Pro Max загварууд гурван төрлийн камертай болсон нь энэ жилийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээний хамгийн онцлох үйл явдал нь болсон байна. Түүнчлэн Face ID унших хурд эрс нэмэгдсэн бөгөөд хормын дотор таны нүүрийг таних боломжтой. Энэ үйлдлийг хүчирхэг A13 Bionic чип гүйцэтгэж чадах гэнэ.

Тус чип нь батарей хэмнэх чадамжтайгаараа онцлог. Өөрөөр хэлбэл, хэрэглэгч утсаа ашиглаж байхдаа шаардлагагүй хэсгүүдээ ажиллуулахгүй байх боломжтой. Шаардлагатай тохиолдолд үндсэн чадамжаа 20% нэмэгдүүлж илүү хурдан ажиллаж чадах гэнэ. Мөн цэнэглэгч нь Type-C оролттой болсон нь онцлох шинэчлэлт бөгөөд ижил төрлийн Type-C хүлээн авах адаптер залгах боломжтой. Ямар нэг хөрвүүлэгчгүй шинэ Macbook загварууд дээр холбож болно.

i phone 11 зурган илэрцүүд“Apple” компани анх удаа өргөн линз болон telephoto авах линз мөн илүү өргөн линз гэсэн хосолсон мэдрэгчтэй камерууд суурилуулж байгаа нь энэ юм.

Түүнчлэн урд камер нь 12 мегапиксел, арынх нь 13 мегапиксел нягтаршилтай болжсон. Өмнөх загваруудаас илүү өргөн линзэн дээр нэмээд 12 мегапиксел болон telephoto зураг дарах мэдрэгчүүд суурилуулсан байна. “Apple” компанийн эдгээр ухаалаг утаснууд камертаа сайжруулалт хийснээр бусад компанийн утаснуудаас өргөн зураг дарж чадахаар болсон хэмээн мэргэжилтнүүд онцолсон. Хэрэглэгчид байгалийн болон харанхуй орчны зураг дарах гэх фото зурагтай холбоотой бүх асуудлыг сайн шийдэж өгсөн хэмээн “Apple”-инхан итгэлтэйгээр танилцуулсан юм.

Орчин болон өнгийг мэдэрдэг ухаалаг камер нь хиймэл оюун ухаанд суурилсан ухаалаг шийдэл болсон байна. Ингэснээр шөнийн цагаар эсвэл гэрэлтүүлэг муутай үед зургийг тод гаргах боломж бүрджээ.

Камер дээр нэмэгдсэн бас нэг сонирхолтой нэмэлт нь урд камер дүрсийг удаашралтайгаар авдаг тохиргоотой болсон гэнэ. Үүнийг “Apple” компани “slofie” гэж нэрлээд байгаа юм. Үүнийгээ залуусын дунд трэнд болох магадлал өндөртэй гэж үзэж байгаа гэнэ.

i phone 11 зурган илэрцүүд

Дээрх шинэ загваруудын урьдчилсан захиалга энэ сарын 13 буюу ирэх баасан гаригт эхлэх ба есдүгээр сарын 20-ноос Apple.com болон Apple-ийн дэлгүүрүүдээр албан ёсоор худалдаалагдах юм.

iPhone 11 Pro болон Pro Max
түлхүүр үзүүлэлт


5.8 болон 6.5 инч бүхий OLED дэлгэц (нэг инчид агуулагдах пиксел 458 “458
ppi”)
• Super Retina
XDR дэлгэц HDR10 болон Dolby Vision, Dolby Atmos формат дэмжинэ
• Gold, Space Gray,
Silver, Midnight Green гэсэн өнгүүдтэй
• 64GB, 256GB, 512GB багтаамжийн сонголттой
• 3 камер нь 4x хүртэл optical zoom хийнэ: Wide, ultra-wide, telephoto линзүүд
• Night mode дэмжинэ
• Deep Fusion технологийн тусламжтай хиймэл оюун ухааны тусламжтай зургийг илүү
тод гаргаж чадна. Удахгүй нэмэгдэх нэмэлт
• Өмнөх iPhone загваруудаас iPhone 11 Pro загвар 4 цагаар илүү харин iPhone Pro
Max загвар нь 5 цагаар илүү цэнэгээ барина
• Face ID илүү хурдан уншина
• Wi-Fi 6 дэмжих ба одоогоор 5G дэмжихгүй
• Урд болон ард камер
хоёулаа 4k бичлэг хийх чадамжтай
• Protrait lighting эффект дээр шинээр “Monochrome” эффект нэмэгдсэн
• iOS 13 систем суулгах
боломжтой
• Fast charging
цэнэглэгч дагалдана
• iPhone 11 Pro 999$
үнээр эхэлж худалдаанд гарна
• iPhone 11 Pro Max 1,099$ үнээр эхэлж худалдаанд гарна

iPhone 11 түлхүүр үзүүлэлт

• 6 төрлийн
өнгө : Хар, Шар, Яагаан, Ногоон болон Product RED тусгай загвар мөн цагаан
• A13 Bionic чип
• 64GB, 128GB, 512GB
багтаамж
• iPhone XR загвараас 1 цаг гаруй илүү хугацаанд цэнэгээ барина
• Face ID илүү хурдан уншина
• Wi-Fi 6 дэмжих ба одоогоор 5G дэмжихгүй
• Хос камерын систем буюу 12-megapixel камер болон линз : wide болон ultra-wide
линзүүд
• Night mode дэмжинэ
• Protrai lighting эффект дээр шинээр “Monochrome” эффект нэмэгдсэн
• iOS 13 систем суулгах боломжтой
• Урд болон ард камер хоёулаа 4k бичлэг хийх чадамжтай
• 699$ үнээр эхэлж
худалдаанд гарна

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Манай гаригийн хамгийн үнэтэй зарагдсан уран зургууд

Сальвадор Мунди

Уншигчдадаа бүх цаг үеийн туршид хамгийн өндөр үнээр зарагдсан зургуудаас хамгийн сор гэгддэг гурвыг нь танилцуулахаар бэлтгэлээ. Гэхдээ эдгээр зургуудыг дэлхийн хамгийн үнэтэй зургууд гэж шууд ойлгож болохгүй. Зөвхөн зарагдсан байдлаар нь авч үзсэн гэдгийг анзаарна биз ээ. Дэлхий дахинаа шагшин магтаж, шүтэж буй эдгээр зургуудын түүх болон илэрхийлэмжийн талаар уншигчдадаа хүргэхээр урлаг судлаач Эсүд хандлаа.

“САЛЬВАДОР МУНДИ” – ЛЕОНАРДО ДА ВИНЧИ

Манай эриний 1500-гаад оны үед амьдарч уран бүтээлээ туурвиж байсан Сэргэн мандалтын үеийн зохион бүтээгч, агуу сэтгэгч, зураач Леонардо Да Винчигийн бүтээл болох “Сальвадор Мунди” 450.3 сая ам.доллараар зарагдсанаараа дэлхийн хамгийн өндөр үнэтэй уран зургуудыг тэргүүлж байна. Да Винчиг агуу уран зураач гэдгээр нь хүн төрөлхтөн андахгүй ч таван зууны өмнө амьдарч байсан тэр сод хүн зохион бүтээх ажилдаа илүү их цаг зарцуулсан байдаг юм. Амьдралдаа 30-аадхан уран зураг зурснаас 20 хүрэхгүй нь л дэлхийн хүмүүст өвлөгдөн үлджээ.

Цөөхөн бүтээл үлдээсэн учраас Да Винчигийн зургийг зах зээл дээрээс олж авна гэдэг бараг л боломжгүй зүйл. Нэг уран бүтээл дээр маш удаан ажилладаг, зурж байх явцдаа техникээ үргэлж өөрчлөн, эрэл хайгуул хийдэг байсан гэдэг. Тэгж удаан зурдаг болохоор нь хүмүүс захиалга өгөх дургүй байсан ч гэлцдэг. Урлаг судлаач Эсү “Да Винчигийн нэг онцлог нь маш нарийн өнгөний давхраануудыг давхарлан зурсан байдаг. Өөрөөр хэлбэл ингэж байж зурааснаас салдаг. Бидний нүдэнд харагдаж буй бүхэнд зураас гэж байхгүй. Бүгд л гэрэл сүүдэр, өнгөний шилжилт. Бүр энгийнээр хэлбэл, Да Винчи өнгөний цаанаас өнгө гаргаж ирснээр зурааснаас салж чадсан юм. Цэвэр гэрэл сүүдрийн тоглолт хийж байна гэсэн үг” гэлээ. Түүн шиг байгалийн өнгийг ингэж “амьдруулсан” хүн бараг байхгүй гэнэ.

Да Винчигийн гайхамшиг ингээд зогсохгүй. Бурхны зургууд нь зөвхөн түүнийх гэх том онцлогтой. Түүнээс өмнөх зураачид бурхныг жишээ нь, Христийг дүрсэллээ гэхэд эзэн, их хаан гэх зэрэг хэвшмэл тодорхой утга дотор, тигийн дагуу бүтээдэг байж. Харин Да Винчи бурхдын дүрд хүний шинж чанаруудыг оруулж ирсэн гэх тодотголоороо уран зургийн ертөнцөд тод гялалздаг. Ганц Да Винчи ч гэлтгүй сэргэн мандалтын үеийн зураачид бурхад, дарь эхүүд хүмүүс бидэнтэй л адил энэлдэг, шаналдаг, эргэлздэг, ухаардаг гэдгийг харуулахыг зорьж эхэлжээ. Да Винчигийн хувьд бурхан, дарь эхийн хөргийг бүтээхдээ ухаалаг шинж чанаруудыг “сийлж” өгснөөрөө дүрслэх урлагт нэр, мөрөө үлдээж чадсан суутан.

Түүний энэ ялгарлыг “Сальвадор Мунди”-гээс харж болно. Христ баруун гараараа загалмайг дүрсэлсэн байгаа нь бүгдийн эзэн хаан гэсэн илэрхийлэл. Царайнд нь хүчирхэг ухаарал тодорно. Гэхдээ энэрэл нигүүлслийн зөөлөн ухаалаг төрх биш. Сэтгэл хөдлөлөөс нэгэнт ангид оршиж, гэгээрэлд хүрсэн бурхны төрх “Сальвадор Мунди”-гаас харагдана. Зурагт дүрсэлсэн бурхны баруун гарын хөдөлгөөн нь загалмайг илэрхийлсэн, адислаж ивээж байна гэсэн утга, бэлгэдэлтэй. Энэ хөдөлгөөн нь гэмтэй хүн төрөлхтнийг адислаж байгаа пантакратар гэх христийн шашны тиг юм. Зүүн гартаа болор шилэн бөмбөлөг барьсан нь ч цаанаа гүн утгатай. Ертөнцийн эрх мэдлийг илэрхийлж байгаа дүрслэл. Энэ дүрслэл нь үзэгдэх, үл үзэгдэх ертөнцийн хаан гэсэн санааг илэрхийлнэ. Да Винчигийн “Сальвадор Мунди”-д дүрсэлсэн Христ уран зургийн олон бүтээлд туссан цовдлуулж харгислуулсан шаналант нэгэн биш. Тэр Христийн үхлийнхээ дараа амилсан төрхийг нь урлагт мөнхөлсөн юм. Гэхдээ ухаалаг, бясалгасан, нугаршгүй цэгц хааны дүрээр.

Эртний Грекийн үеийн туурвигчид сэтгэл хөдлөлийг байх ёсгүй зүйл хэмээн үзсээр ирсэн нь сэргэн мандалтын үед ч хэвээрээ байжээ. Ихэмсэг хүйтэн, сэргэлэн ухаантай, аливаа зүйлийг бодитойгоор харж, элдэв янзын сэтгэл хөдлөлгүй орших ёстой, тийм дүрийг урлагт үлдээх ёстой гэж үздэг байж. Да Винчи ч мөн адил хөрөг зураг зурахдаа энэ зарчмаас хазайдаггүй байсныг “Сальвадор Мунди”-гаас харж болно. “Сальвадор Мунди”-д дүрсэлсэн Христийн өмсгөл сэргэн мандалтын үеийнхний өмсч байсан хувцас. Бурханд өөрийнхөө цаг үеийн хувцсыг өмгөсөн нь Да Винчигийн бүтээлийн бас нэг онцлог. Ухаандаа өнөөгийн цаг үед хэн нэг зураач Христийг дүрслэхдээ хослол өмсүүлж зурахтай ялгаагүй л дээ. Христийг өөрийнхөө өмсдөг өмсгөлтэйгөөр зурсан нь бид бурхадтай эн зэрэгцэнэ гэсэн санааг илэрхийлнэ. Цэнхэр өнгө нь мэдээж тэнгэрийн бэлгэдэл.

“Сальвадор Мунди”-г 1505 оноос хойш зурсан хэмээн шинжээчид үздэг. 1958 онд уг зураг Лондонгийн нэгэн дуудлага худалдаан дээр 60 ам.доллараар зарагдаж байж. Тухайн үед зургийг Леонардо да Винчигийнх биш, түүний дагалдагчийн зурсан хувилбар гэж дүгнэцгээж байжээ. Улмаар 2011 онд Да Винчигийн зураг мөн юм хэмээн баталсан байдаг. Зургийн нэр нь латин хэлээр “Ертөнцийг аврагч” гэсэн утгатай. Уг зургийг 2017 оны арваннэгдүгээр сарын 15-нд Нью-Йорк хотод байрлах Кристигийн дуудлага худалдаанаас Саудын Арабын анхны Соёлын сайд, хунтайж Бадр бин Абдулла утсаар холбогдон худалдан авч байжээ. Сонирхуулахад, өмнөх эзэмшигч нь Оросын бизнесмэн, хөрөнгө оруулагч Дмитрий Рыболовлев. Тэрээр 2019 онд “Форбес” сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтын 224 дүгээрт бичигдсэн байна.


Хөзөрчид

“ХӨЗӨРЧИД”- ПОЛ ЦЕЗАННИ

Францын пост-импрессионист зураач Пол Цезанни ид туурвиж байсан он жилүүдийнхээ төгсгөлд буюу 1890-ээд оны эхээр “The card players” буюу “Хөзөрчид гэсэн таван цуврал зураг зурсан байдаг. Хувилбар бүрийн хэмжээ болон зургийн өгөгдлүүд өөр өөр. Тухайлбал хөзөрчдийн тоо, тоглож буй газар гэх мэт. Цезанни нь уг цуврал зургуудаа бүтээхийн тулд маш их судалгаа хийсэн гэдэг. Түүнийг урлагийн ертөнцийнхөн модернист урлагийн эцэг гэдгээр нь анддаггүй. Малгайны худалдаачны хүү угсаа гарвалгүй тариачны охинд дурлаж гэр бүл болсон гэдэг. Модель авчирч студид суулгах мөнгөгүй байсан тул зургийнх нь натур алим, жүрж төдийхөн байсан үе бий. Гэхдээ түүний энэ төрлийн бүтээлүүд уран зургийн ертөнцөд алдартай.

Урлаг судлаач Эсү “XVI зуунаас авахуулаад уран зургийн үүсэл хөгжлийг ажиглахад тодорхой зарчмын дагуу явж ирсэн. Тэрэн дундаа өгүүлэх түүх өгүүлэхгүй түүх гэж байсан. Баатарлаг шинж чанартай зураг зурах ёстой. Зүгээр нэг энгийн амьдралын хэв маягийг, жишээ нь архи уугаад хөзөр тоглож байгаа хүмүүсийг зурахгүй гэдэг ч юм уу. Улс орны онцгой үйл явдлын түүхэн зураг, Христийн хөрөг, уран зохиолын түүх гэх зэрэг дүрүүдийг илэрхийлэх ёстой гэж үздэг байсан л даа. Энэ хэв шинжийг импрессионистууд эвдэж, өдөр тутмын амьдралын гоо зүйг олж харсан юм. Өөрөөр хэлбэл тэд бүтээлдээ энгийн амьдралыг дүрслэх болсон. Академик түвшний зураачид дандаа студид, өөрийн санаандаа байгааг дүрслэн зурдаг байсан бол импрессионистууд анх удаагаа байгалийн зураглалыг маш хүчтэйгээр гаргаж ирсэн байдаг. Ерөнхийдөө импрессионистууд болон нео-импрессионистууд харж байгаа зүйлээ зурдаг бол пост-импрессионистууд харахыг хүсч байгаа зүйлээ зурдгаараа онцлог. Жишээ нь Ван Гогийн “Одот шөнө”-ийг авч үзэхэд амьдрал дээрх одтой шөнө хэзээ ч тийм байдаггүй. Тэр харахыг хүссэн, мэдэрч байгаа зүйлээ л зурсан хэрэг” гэж ярилаа.

Цезаннигийн зургууд дээрх хүний дүрүүд нь баримал шиг шинж чанартай, хөдөлгөөнгүй, нэлээн бүхэлдүүлсэн хэв маягтай. Да Винчи гэхэд л нарийн гэрэл сүүдэр ашигладаг байсан бол Цезанни том том бүхэл цэг болон өнгөний хавтгайгаар тоглодог байж. Энэ нь аажмаар кубизм, абстракт шинж чанар руу оржээ. Юмыг заавал бодитоор дүрслээд байх албагүй юм байна гэдгийг Цезанни гаргаж иржээ.

“Хөзөрчид” зураг нь зохиомжийн хувьд тэгш зохиомжтой. Энгийн ажилчин хүмүүс нэг орой суугаад хөзөр тоглон алжаалаа тайлж буй эгэл амьдралын агшныг энэ зургаас харж болно. Зураг дээрх эрс сэтгэл хөдлөл багатай, чулуун баримлууд шиг харагдах боловч яг тэдний хөзөр тоглож суугаа орчинд аваачиж чаддаг нь Цезаннигийн онцлог.

Эдгээр зургийн нэг хувилбарыг 2011 онд Катарын хааны удмын гэр бүл 250 сая ам.доллараар худалдаж авчээ. Энэ зураг уг нь АНУ-ын Флорида мужаас гаралтай Дэвисийн гэр бүлд 225 саяар зарагдах гэж байсан гэдэг.


Хурим хэзээ вэ

“ХУРИМ ХЭЗЭЭ ВЭ”- ПОЛ ГОГЕН

Францын пост-импроссионист уран зураач Пол Гогений “When will you marry” буюу монголчилбол “Хурим хэзээ вэ” нэртэй тосон зураг дэлхийн хамгийн үнэтэй зургуудын тоонд зүй ёсоор багтана.

Импроссионист урлагийн гол төлөөлөгч Гоген 1891 онд Номхон далайн төв хэсэгт байрладаг, Францын Полинезийн арлуудын хамгийн том нь болох Таити арлыг зорьсон байдаг. Ингэхдээ тэрээр хуурамч, дүр эсгэсэн, хэлбэрийн урлагийг бус цэвэр, энгийн, өөрөөр хэлбэл балар эртний урлагийг бүтээх онгод олж авна хэмээн найдаж байж. Гэсэн ч Таити төсөөлж байсан шиг нь биш байсан юм. XVIII зуунд колоничлогдсон тус арлын уугуул иргэдийн гуравны хоёр нь европчуудын авчирсан өвчний улмаас амиа алдсан байж. Эртний, энгийн урлаг тэнд нэгэнт үгүй болсон байсан ч зураач тэнд амьдрах хугацаандаа нутгийн бүсгүйчүүдийн маш олон зургийг зурсны нэг нь “Хурим хэзээ вэ” зураг нь юм. Тэнд очихоосоо өмнө символист буюу бэлгэдлийн чанартай уран зургууд их зурдаг байж. Таитид зурсан зургуудад нь ч бэлгэдэл ихээхэн шингэсэн гэж судлаачид үздэг. Гогеныг тэнд байхдаа домог, шүтлэг гэх мэтийн зүйлсийг нутгийн иргэдээс шингээж авсан гэдэг юм билээ. Гогены зураг зурах техник нь Цезаннитай тун төстэй, бүхэл бүхэл өнгөний толбонууд ашиглан зурдаг байж. “Хурим хэзээ вэ” зэргийг авч үзэхэд л таити эмэгтэйчүүдийг бурханчилж, ерөнхийлөн зурсан хэлбэртэй хэмээн уран зураг судлаачид онцолдог. Харин урлаг судлаач Эсү “Зураг дээрх хоёр эмэгтэйн суусан байдал, үсэндээ хатгасан цэцэг гэх зэрэг нь бэлгэдлийн шинж чанартай гэж судлаачид хэлдэг. Харин би хувьдаа заавал тийм байх ёстой гэж үздэггүй. Бүх зүйл бэлгэдэлтэй байх ёстой гэдэгтэй санал нийлдэггүй юм. Наана сууж буй эмэгтэй сониуч, хэрэгт дурлагч, аз жаргалтай эмэгтэй л гэж харагддаг. Тэрнээс биш зарим судлаачдын хэлдэг шиг бурханлаг шинж чанар нэг их мэдрэгддэггүй. Цаад талын эмэгтэйн хувьд мутрын байрлал зэрэг нь бэлгэдлийн чанартай байх магадлал өндөртэй” хэмээн урлаг судлаач Эсү хэлж байна. “Хурим хэзээ вэ” зургийн тухайд 2014 оны есдүгээр сард Швейцарийн бизнесмэн Рудольф 210 сая ам.доллараар худалдан авсан түүхтэй. Дашрамд онцлоход энэ зураг дэлхий дээрх хамгийн үнэтэй зарагдсан уран зургийн жагсаалтын дөрөвдүгээрт жагсдаг.

Төгсгөлд нь хэлэхэд Гоген, Цезанни, Ван Гог зэрэг уран зураачид өнгийг маш зоригтойгоор өөрчилж эхэлсэн юм. Тэдний энэ шийдэл модернист буюу орчин үеийн урлаг хөгжихийн үндэс болжээ. Өөрөөр хэлбэл тэд бол XX зуунд гарч ирсэн олон изм буюу үзэл онолуудын анхдагчид, хүн төрөлхтний дүрслэлийн сэтгэлгээг задалсан суутнууд.

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

В.Путинтэй үзэлцэж байгаа ганц хүн

Хойд хөршийн сөрөг хүчний удирдагч, Кремлийн шүүмжлэгч, “Ирээдүйн Орос” намын тэргүүн Алексей Навальныйг В.Путинтэй үзэлцэж байгаа ганц хүн гэдгээр нь дэлхий андахгүй болжээ. Тэр Нэгдмэл Орос намын бодлогыг эрс буруушаагч. Нэг удирдагчийн дарангуйллаас Орос орон гарах ёстой гэж үздэг улс төрийн зүтгэлтэн. Маш олон жагсаал зохион байгуулж, баривчлагдаж байгаа намтартай. Саяхан гэхэд л тэр москвачуудыг эсэргүүцлийн жагсаалд уриалсан гэх шалтгаанаар 30 хоногийн хугацаатай баривчлагдсан юм. Москва хотын сонгуульд сөрөг хүчний улстөрчдийг бүртгэж аваагүй гэсэн шалтгаанаар эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсныг уншигчид санаж байгаа байх. Хоригдож байх хугацаанд Навальныйгийн нүүрээр тууралт гарч, эмнэлэгт хүргэгдсэн. Хэвлэлийн төлөөлөгчид нь түүнийг ямар нэгэн бодист хордсон байж болзошгүй хэмээн мэдэгдээд байгаа юм.

2012 онд түүнийг “Wall Street Journal” В.Путины хамгийн их айдаг хүн гэж тодорхойлсон байдаг. Тэр 1976 оны зургадугаар сарын 4-нд ОХУ-ын Москва хотын Одинцовийн дүүрэгт байрлах Бутинь хэмээх цэргийн хотхонд төржээ. Москвагаас 100 бээрийн зайд орших Обнинск хотод өссөн боловч зуны амралтаараа Украинд байх эмээгийндээ очдог байж. Тиймээс түүнийг Украинтай салшгүй холбоотой хэмээдэг. Хуульч мэргэжилтэй. ОХУ-ын Улс түмний эв найрамдлын сургуулийн хуулийн факультетийн төгсөгч. ОХУ-ын Засгийн газрын дэргэдэх Санхүүгийн академид сурч санхүүгийн мэргэжил эзэмшиж байжээ. “Yale World Fellows” хөтөлбөрийн хүрээнд АНУ-ын Йелийн их сургуульд зургаан сарын курст сурч байж.

Эхнэр, хоёр хүүхэдтэй. Түүний аав, ээж Анатолий Навальный, Людмила Навальная нар Москва мужийн Кобяково тосгонд 1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй сагс нэхэх үйлдвэрийн эзэд. Навальныйгийн хувьд дампуурлаа зарласан маш олон үйлдвэр, аж ахуйн нэгжийг хөл дээр нь босгосон туршлагатай. Энэ түүх нь Оросын сөрөг хүчний удирдагчийг мөнгө угаах гэмт хэрэгт хардах шалтгаан болсон нь бий. Тэр 2008 онд “Транснефть”, “Сургутнефть”, “Роснефть”, “Газпромнефть” зэрэг томоохон компаниудын хувьцааг худалдаж авч, компанийн удирдлагын түвшинд эрх мэдлийг гартаа авахаар шаргуу оролдож байжээ.

Невальный улс төрийн гараагаа ОХУ-ын ардчилсан үзэлт нам болох Оросын “Яблоко” намаас эхлүүлж 2000-2007 он хүртэл тус намын удирдагч байж. Дараа нь намаасаа гарч үндэсний ардчилсан хөдөлгөөн “Народ”-ыг үүсгэн байгуулжээ. 2009 оны гуравдугаар сараас авлигын эсрэг хүчтэй тэмцэн жагсаал цуглаан зохион байгуулж эхэлснээр хэвлэл мэдээллийнхний хараанд өртөж, улс төрийн хүрээлэл дундаа зартай нэгэн болж. Тэрээр шинэчлэлийг дэмжиж, улс төрийн авлигыг эсэргүүцэн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин болон холбоотнуудыг нь ил цагаан шүүмжилдэг. Оросын сөрөг хүчний удирдагч байгаад буудуулж нас барсан Борис Немцовын үхлийг Оросын эрх баригчидтай холбохоос ч айдаггүй. Немцовоос хойш Оросын төр засгийн тогтолцоог хайр найргүй шүүмжлэгч болсон юм.

Түүнийг интернэт орчинд youtube-ээр хоёр сая гаруй хүн тогтмол үздэг бол твиттер хуудсандаа мөн л хоёр сая гаруй дагагчтай. Навальный Оросын төрийн албан тушаалтнуудын авлигын талаарх видео бичлэг, баримт бичгийг нийтлэх, улс төрийн жагсаал зохион байгуулах, албан тушаалын төлөөх кампанит ажлаа сурталчлах зорилгоор блогоо идэвхтэй хөтөлдөг. YouTube, твиттерийг ч ашигладаг. Тэрээр бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч идэвхтэй ажилладаг. 2011 онд радиод өгсөн ярилцлагадаа Оросын эрх баригч нам болох Нэгдсэн Оросыг “хууран мэхлэлт, хулгайч нарын нам” хэмээн тодорхойлсон нь Невальныйг олны хараанд оруулсан юм. Тэрээр мөн ондоо “Авлигатай тэмцэх сан”-гаа байгуулсан байдаг. Тус сан нь Оросын нутаг дэвсгэр дээрх хамгийн нөлөө бүхий томоохон байгууллага болоод буй. Санхүүжилтийн хувьд шилэн гэж зарладаг ч өнөөг хүртэл хаанаас санхүүжилтээ авдаг нь тодорхойгүй байдаг аж.

Навальныйг Оросын эрх баригчид олон удаа баривчилж байжээ. 2011 онд түүнийг залилангийн аргаар хөрөнгө оруулалт олсон хэмээн буруутгаж, таван жилийн хорих ял оногдуулсан ч хэлэлцээ хийж ялаас мултарч чаджээ. Тухайн үед Оросын ард түмэн болон дэлхий нийт энэхүү хэлэлцээрийг улс төрийн тохироо гэж шүүмжилж байлаа. Энэ хандлагын дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин “ойлгомжгүй хэрэг” гэсэн үг унагаж байжээ.

2012 оны долдугаар сарын 30-ны өдөр Мөрдөн байцаах хорооноос Навальныйг хөрөнгө мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгав. Түүнийг Киров мужийн захирагч Никита Белыхын зөвлөхөөр ажиллах үедээ тус мужийн төрийн өмчит компани болох Кировлесээс мод хулгайлахаар хуйвалдсан гэж буруутгаж байсан юм. Гэвч нотлох баримт хангалтгүй гэх үндэслэлээр хэргийг хаажээ. Гэсэн ч тухайн үед түүнийг Москвагаас гарахыг хориглосон шийдвэр гаргаж байж. Энэ хэргийг Навальный өөрөө “хачин ойлгомжгүй зүйл” хэмээн тодорхойлсон нь бий. Түүнийг дэмжигчид цагдаагийн газрын гадаа уг шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байсан түүх бас байгаа.

2008-2012 оны хооронд Францын “Ив Роше” компанийн охин компани болох “Ив Роше Восток”-ийг төрсөн дүү Олег Навальныйтайгаа хамтран ажиллуулах гэрээ хийжээ. 2012 оны арваннэг, арванхоёрдугаар сард Мөрдөн байцаах хороо “Ив Роше Восток”-ийг байцааж, Навальныйг дүүтэйгээ хамтарч мөнгө угаасан хэрэгт буруутгав. Түүнийг шүүх хурал хүртэл гэрийн хорионд оруулж байв. Тухайн үед Навальный Европын хүний эрхийн хороонд хүсэлт илгээсэн боловч үр дүнгүй байсаар 2014 оны арванхоёрдугаар сарын 30-нд шүүх хурал нь зарлагджээ. Ах дүү хоёрыг тус тус 3.5 жил хорих ялаар шийтгэн, 4.8 сая рублиэр торгож байлаа. Шүүх хурал болсон орой нь Москва хотын төвд хэдэн мянган эсэргүүцэгчид цугларсан нь томоохон шуугиан тарьсан юм. Давж заалдах шатны шүүхээр орсны дараа зөвхөн Алексейг торгуулийн ялаас мулталжээ. 2017 оны аравдугаар сард Европын хүний эрхийн хорооноос Оросын шүүхийн шийдвэрийг Хүний эрхийн тухай Европын конвенцын 6,7 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзжээ.

Тэр 2013 онд Москва хотын захирагчийн сонгуульд өрсөлдөж Сергей Собянинд ялагдаж байжээ. Навальный болон түүний дэмжигчид сонгуулийн дүнтэй санал нийлсэнгүй. Луйвар орсон хэмээн мэдэгдэж Москва хотын Чистопруд өргөн чөлөөний орчимд жагсаал зохион байгуулж байв. Ингэж эсэргүүцсэнийхээ төлөө тэрээр 15 хоног хоригдох ялаар шийтгүүлж байлаа.

2016 оны арванхоёрдугаар сарын 13-нд Навальный Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдэв. “Экономист” сэтгүүлд “Алексей Навальный сонгуульд өрсөлдөх нь В.Путины хувьд маш том эрсдэл болно” хэмээн бичиж байж. Навальный ба түүний “Авлигатай тэмцэх сан”-гаас ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн их хэмжээний эд хөрөнгийн тухай баримтыг олсон талаар өгүүлэх “Он нам не Димон” нэртэй баримтат киног 2017 оны гуравдугаар сард олон нийтэд цацжээ. Энэ явдлын дараа Медведевийн нэр хүнд огцом унаж, сөрөг хүчин болон Оросын эрх баригчдын дундах тэмцэл улам хурцадсан юм. Үүний дараахан буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр “Авлигатай тэмцэх сан”-гийнх нь байрны гадаа үл таних этгээдүүд Навальный руу халдаж, ногоон өнгийн бодис нүүр рүү нь цацсанаар нэг нүд нь 80 хувийн хараагаа алджээ. Тэрээр энэ халдлагыг Кремлийн зүгээс ирсэн гэж мэдэгдэж байж.

Тэр жилийнх нь зургадугаар сард түүнийг Москва хотод эсэргүүцлийн жагсаал зохиосон гэх үндэслэлээр 30 хоног баривчлаад, 25 хоног хорьсны эцэст суллажээ. Гэсэн ч аравдугаар сарын 2-нд Навальный муж улсын эрх баригчдын зөвшөөрөлгүйгээр эсэргүүцлийн жагсаалд оролцохыг ард иргэдэд уриалсан хэргээр дахин 20 хоног хоригдов. Түүнийг Киров мужийн хэргээр дахин буруутгасан нь сонгуульд өрсөлдүүлэхгүй гэх олон аргынх нь нэг байсан гэдэг. Ингээд арванхоёрдугаар сард Сонгуулийн хорооноос түүнийг авлигын хэрэгт буруутган Ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байх шийдвэр гаргажээ.

2018 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр Оросын Дээд шүүхийн шийдвэрийг давж заалдсан ч 6-ны өдөр нь ОХУ-ын Дээд шүүх түүний давж заалдах хүсэлтээс татгалзав. Тэр уг шийдвэрийг эсэргүүцэн сонгуулийг бойкотолъё хэмээн иргэдийг уриалсан ч баривчлагдаж, орон даяар 257 хүн мөн л баривчлагдсан гэх мэдээ бий. Тавдугаар сарын 5-нд В.Путины тангараг өргөх ёслолыг эсэргүүцэн жагсагчдын дунд тэрээр бас л байсан юм. Яг тэр өдрөө баривчлагдаж 30 хоног хоригдсон юм. 2018 оны есдүгээр сарын 25-нд суллагдсан даруйдаа хууль бус жагсаал зохион байгуулсан хэргээр дахин баривчлагдаж, 20 хоног шоронд хоригдов.

2019 оны Москва хотын Думын сонгуулийн үеэр Навальный бие даан нэр дэвшигчдийг дэмжиж байсан ч тэдний ихэнхийг сонгуульд оролцохыг хориглосон нь олон нийтийн гудамжны эсэргүүцлийг үүсгэсэн юм.

Дэлхий нийт В.Путин, А.Навальный хоёрын тэмцлийг ажиглаж байгаа эдгээр өдрүүдэд тэр шоронгоос гарч орсоор байна. Түүнийг өрнөдийнхний дэмжлэгийг авдаг гэх хардлага одоо нууц биш болчихсон. Америкийн тагнуул гэж үзэх хэсэг ч байдаг. АНУ-ын Йелийн их сургуульд сурахад нь л ийм яриа газар авч байв. Кремлийн шүүмжлэгч, авлигын эсрэг тууштай тэмцэгч Алексей Навальный олон удаа халдлага баривчилгаанд өртөж, гүтгүүлж хоригдож торгуулсан ч бууж өгөхгүй цаашид ч кампанит ажлаа үргэлжлүүлэх болно хэмээн дэмжигчдээ уриалдаг. Оросууд түүнийг ард түмнээс төрсөн удирдагч гэж хүндэлж дэмждэг. Хойд хөршид сөрөг хүчний үйл ажиллагаа газар аван идэвхжиж, өдөр ирэх тусам дэмжигчид мянга мянгаараа нэмэгдэж буй нь В.Путины толгойны өвчин болоод байгаа юм. Кремлийг эсэргүүцэгчдийн жагсаал тасрахгүй, сөрөг хүчний удирдагч Навальный ч бууж өгөх янзгүй байна.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Ардын дууч Алтанжаргалынх

Ардын дууны гэдгээрээ танигдсан, “Идэр жинчин”, “6 маа”, “Дөмөн” гэсэн гурван цомог бүтээж олны хүртээл болгосон Б.Алтанжаргалынд өнжихөөр өнгөрсөн амралтын өдөр Багануурыг зорилоо. “Багануур” хувьцаат компанид экскаваторын жолоо мушгидаг уурхайчин залуу гэдгийг утсаар ярихдаа л мэдэв. “Дүүргийн төвд таван давхар орон сууцнуудын хавьцаа ирээд залгаарай” гэж байна. Цомхон цэвэрхэн хорооллоос зааж өгсөн байрыг нь төвөггүй олчихлоо. Гэргийтэйгээ инээд хөөр болчихсон үүдэндээ хүлээж байна. Гэрийн эзэн нэлээд шооч, алиа гэдэг нь илт. “Намайг анх харсан хүмүүс чи мөн үү гэдэг юм. Та нар бас тийм харцаар хараад байна уу үгүй юү. Би клипэн дээрээ гардгаасаа өөр байгаа биз” гэж хошигносоор зочны өрөөндөө урилаа. Гэрийн эзэгтэй “Холоос сэтгүүлчид ирнэ гээд өглөөнөөс хойш бэлдлээ” гэж хэлээд даруухан инээмсэглэсээр галын өрөө рүүгээ явав.

Хоол, унд, чихэр жимс, айраг цагаа дүүрэн ширээний ард сууцгааснаар халуун яриа өрнөв. Зочны өрөөний хойморт Морин хуурын чуулгатай дуулж буй Б.Алтанжаргалын зураг харагдана. Ер нь энэ өрөөний ханыг чимсэн зурагнууд бүгд л дуучных юм. Зураг сонирхож суугааг анзаарсан гэрийн эзэгтэй “Манай хүний эмээ жил бүр цагаан сараар л айлчилж ирдэг юм. Өнөө жил орж ирснээ “Өөрийгөө шүтсэн муу золиг” гэж манай хүнийг зэмлэсэн. Уг нь би л ханиа хүндэлж зургийг нь жаазалж ханандаа өлгөсөн юм” гээд хөгжилтэй инээв. Гэрийн эзэн Булганы наадмын нээлтэнд оролцоод шөнийн дөрвөн цагт гэртээ ирсэн гэнэ. Б.Алтанжаргал эхээс зургуулаа айлын гурав дахь хүүхэд аж. Аав, ээж нь Төв аймгийн уугуул, хоёулаа аймгийнхаа урчуудын эвлэлд ажилладаг байж.

Багаасаа дуу дуулах дуртай, ээж нь хөтлөөд л уралдаан тэмцээнд оролцуулаад явдаг байжээ. Өвөө нь Төв аймгийн Алтанбулаг сумаас төрсөн алдарт уяач юм байна. Уяач өвөө нь Б.Алтанжаргалыг зургаан наснаас нь л хурдны морь унуулах болж. Морин дэл дээр гийнгоо хадааж өссөн нь амьсгаа задлах маш том дасгал байсан болов уу гэж байна. 16 нас хүртлээ хурдны морь унажээ.

2006 онд Соёл урлагийн их сургуулийг уртын дуучин мэргэжлээр төгссөнөө ярив. Монгол Улсын гавьяат багш Ц.Дэлгэрийн шавь гэнэ. Гэрийн эзэн эхнэрийнхээ аягалж өгсөн цайг оочлонгоо “Мэргэжлээрээ ямар нэгэн урлагийн байгууллагад харьяалагдаж ажилладаггүй. Уурхайн ажлынхаа хажуугаар уран бүтээлээ туурвидаг. Уурхайн ажил сайхан ч эрсдэлтэй. Хариуцлага өндөртэй байхгүй бол болохгүй. Өндөр хүчдэлтэй ажилладаг болохоор нэг л болгоомж алдвал үнс болчих эрсдэлтэй. Газар ухаж байгаа нь монголчуудын сэтгэлгээ, хандлага талаас сайн зүйл биш гэгддэг боловч хүмүүст дулаан гэрэл гэгээ түгээж байгаа болохоор буян юм гэж эерүүлэн боддог. Алтан уурхай минь гэж залбираад л ажилладаг даа” хэмээв. Өглөө ээлжнээсээ буугаад л Улаанбаатар руу явдаг аж. Бичлэгэнд орох, клипний зураг авахуулах, хүмүүстэй уулзах зэрэг уран бүтээлийн ажлаа тэгж амжуулдаг гэнэ.

Гэргий Тунгалаг нь мөн л Багануурын уурхайд ажилладаг юм байна. Охин Сэрчмаа нь энэ жил сургуульд орно. Аавынхаа бүх дууг цээжээр мэддэг, жинхэнэ фэн нь. Ааваасаа салахгүй эрхлэх Сэрчмаа охин эхэндээ жаахан бишүүрхэнгүй байснаа сүүлдээ бидэнтэй элдвийг дуржигнуулж, ээжийнхээ хийсэн пиццаг амтархаж, их л хөгжилтэй болчихов.

Хос залуус гэр бүл болсон түүхээ ам уралдуулан ярив. Тунгалаг Багануур дүүргийн унаган хүүхэд юм билээ. Бүсгүй их сургуулиа төгсчихөөд хотод амьдардаг байж. Б.Алтанжаргал харин Багануурт ирээд суурьшчихсан байж л дээ. 2012 оны зун Багануурын наадам үзэж явахдаа танилцжээ. Болзож эхлээд долоо хоноод л хоёр гэрийнхэнтэйгээ танилцаад гэрлэчихэж. Эхнэрээ эмээ дээрээ дагуулж оччихоод гарсных нь дараа “Та нар надад ямар ч үг хэлээд нэмэргүй, би нэгэнт шийдчихсэн, гэрлэнэ” л гэж. “Дүүриймаа” дуугаа клип болгочихсон, бас ч гэж олонд танигдсан байсан ч дуучин гэдгээ хэлээгүй нуучихаж. Эхнэр нь нөхрөө дуучин гэдгийг сүүлд найзаасаа сонсчээ. Дуучин гэдгийг нь сүүлд мэдэхгүй байх үед нь албаар солгой хоолойгоор дуулж өгдөг байснаа яриад бөөн инээд болов. Нөхрийнхөө солгойрч дуулахыг сонссон бүсгүй “Чи дуулах үнэхээр тийм дуртай юм уу, дуулаад хэрэггүй байх аа” гэж зөвлөдөг байж.

Тунгалаг “Манай Багануур тохьтой, цэвэрхэн гоё дүүрэг. Ажлаа хийгээд илүү зарлага гаргахгүй сайхан амьдрах боломжтой. Залууст яг л тохирсон, стресс багатай сайхан газар” гэж хэлээд охиныхоо гарыг угаалгахаар угаалгынхаа өрөө рүү явлаа.

Б.Алтанжаргалын ах, эгч болон яг доод талынх нь дүү уурхайд ажилладаг юм байна. Харин нэг дүү нь бурханч лам Пүрэвбатын шавь, бурхан урлаач залуу бий гэнэ. Отгон дүү охин нь Хөдөө аж ахуйн их сургуульд мэргэжлээрээ ажиллдаг юм байна. Анх ээжийнхээ дэргэд амьдарч, асарч тойглохоор Багануур хотод ирж байж. Багануур компанид ажилладаг ах нь манай дуучин дүү бий гэж удирдлагууддаа санал болгосноор анх ажилд орж байжээ. Ажлын гараагаа харуулаас эхэлсэн гэнэ. Гэрийн эзэн бидэнд айраг аягалангаа “Эхний хоёр, гурван жил бол урлаг соёлын бүхий л тэмцээн наадамд нь урдаа барьдаг дуучин нь байлаа. Одоо ч хуучин бууны хугархай болж дээ” гээд хөгжилтэй инээв.

Эхнэр нь бичиж найруулах авьяастай, фэйсбүүк хуудсыг нь хөтөлдөг юм байна. Б.Алтанжаргал эхнэрийгээ хамгийн том зөвлөгч, шилдэг туслах, мундаг шүүмжлэгч гэж тодорхойлов. Бас хөрсөн дээр нь буулгадаг ганц хүн гэж хошигноод авна лээ. Тунгалаг нөхрийнхөө тоглолтын бэлтгэл, клипний зураг авалт, шинэ цомгийн ажил, билет захиалга гээд уран бүтээлийнх нь бүх ажлыг зохицуулдаг гэнэ. Б.Алтанжаргал эхнэр рүүгээ инээмсэглэн хараад “Манай хүн чинь дууны эрэл хайгуул хийнэ. Бүр түүхийг нь судална. Сүүлийн үед миний дуулалтан дээр хүртэл зөвлөгөө өгдөг болоод байгаа шүү” гэж байна.

Түүний үзэгч фэнүүдийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэнэ. Ганц “галзуу фэн” байдаг нь франц эмэгтэй аж. Ноднин жил анхны бие даасан тоглолтоо хийхэд нь онлайнаар билетээ захиалж авчихаад хаа холын Францаас нисэж ирж үзчихээд буцаж. Дараа нь Багануур дүүрэгт хийсэн тоглолтыг нь мөн л ирж үзчихээд хамт зургаа даруулж гар барьчихаад нутаг буцсан гэх. Ардын дуу дуулдаг дуучдаас вэб сайт ажиллуулдаг ганц хүн нь Б.Алтанжаргал гэнэ. Франц фэн нь өнөө сайт руу нь ороод л тоглолтынх мэдээллийг авч, дууг нь сонсдог аж.

Б.Алтанжаргал “Дууны судалгаа хийхэд яг хэддүгээр зуунд зохиогдсон дуу вэ гэдгийг олж тогтооход хэцүү, их бүрхэг байдаг. Зуун зуунаасаа шалтгаалаад үг хэллэг нь бас өөр өөр. Хамгийн эртний дуу бол одоогийн судлагдсан байдлаар Чингис хааны үеийн төрийн дуулал болох “Эртний сайхан”. Мөн л 13 дугаар зуунд монголчууд ардын дуугаа зохион дуулдаг байж. 17, 18 дугаар зуунаас дууны үг нь илүү уран тансаг, дэлгэрэнгүй болж ирсэн байдаг юм. Найр нээж, өндөрлүүлдэг “Өвгөн шувуу хоёр”, “Түмэн эх”, “Энх мэндийн баяр” гэх зэрэг дуунууд цаг хугацааны хувьд маш эртний, мөн л 13 дугаар зуунд хамаарагддаг. Монголчууд тусгаар улсаа байгуулан нэг туурганд нэгдсэнээс хойш, найр наадам хийдэг болсон цагаас л ардын дуу үүсч хөгжиж ирсэн болов уу” гэж ярилаа.

Дуулах дуртай дууг нь сонирхоход эр хүний хийморь сэргээж, огшоосон уртын дуунуудаа дуулах дуртай гэж байна. “Эр бор харцага”, “Эрдэнэ засгийн унага”-ыг аялах дуртай. Дархад ястны дуунд бас их дуртайгаа ярив. Аялгуу нь өвөрмөц сайхан санагддаг аж.

1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үеэр зохиогдсон Богд хаант улсын төрийн дуулал болох “Зуун лангийн жороо луус”-ыг сэргээж дуулахаар төлөвлөжээ. Монголын үндэсний олон нийтийн радио телевизтэй хамтран Боловсрол соёлын газраас хэрэгжүүлж буй “Уран бүтээлчид улсын хилээр” төслийн хоёр дахь групын бүрэлдэхүүнд багтжээ. Уртын дууг яг зохиогдсон газарт нь очиж нутгийн аялгуугаар нь хэрхэн дуулдгийг судлахаар болж. “Бид л очиж яриулж, мэдэж авахгүй бол жинхэнэ оригнал өв тээгч маань яг тэр л хонхортоо үлдчих эрсдэлтэй” гэж байна.

Шинэ уран бүтээл гаргах, шинэ клипний зардлаа цалингаараа л болгодог гэнэ. “Идэр жинчин” цомогтоо хайртай, ид эрчимтэй дуулж явсан үедээ гаргасан болохоор дуунууд нь ч чансаа сайтай хэмээн сонирхуулав.

Сургуулиа төгсчихөөд мэргэжлээрээ ажиллахгүй, дуугаа дуулахгүй зургаан жил болжээ. Гэрийн эзэн “Энэ хугацаанд урлагийн байгууллагад орж, урлагийн замналаар тасралтгүй явж болох байсан ч тэгээгүй. Гэхдээ үүндээ харамсдаггүй. Хийх ёстой юмаа хийх ёстой цагтаа л хийж яваа” гэж байна.

Ноднин Багануур хотдоо тоглолт зохион байгуулж хамт ажилладаг уурхайчныхаа хүүгийн эмчилгээнд хандив өргөж. Уурхайчин дуучин гээд уул уурхайнхан урьж дуулуулах дуртай бололтой. Оюутолгой зэрэг уул уурхайн компанийн үйл ажиллагаан дээр очиж дуулахад тайзнаас буулгахгүй тав зургаа дахиулах энүүхэнд гэнэ.

Байсхийгээд л ардын дуу, үндэсний урлаг, алтан уурхайгаа бахархан ярих дуучин залуу “Омголон явсан үе бий надад. Уран бүтээл хүнийг их өөрчилдөг юм билээ. Одоо бол их тайван уужуу болсон. Уртын дуу надад ихийг өгсөн. Бараг бясалгал байх гэж боддог. Ийм сайхан дуу дуулахын шид юу гээч. Хүнд муу санах, атгаг бодол гэх мэт муу бүхэн үргэчихдэг. Ардын дуу их сайхан. Хүн байгальтайгаа ойр байсан үед зохиогдсон болохоор сэтгэлд илүү ойр тусдаг байх шүү. Аялгууг нь сонсохоор л тайвширч, яг тухайн нутаг, орчинд нь оччихсон мэт болдог. “Тосонгийн орой” дууг дуулж, сонсохоор өндөр уулс нүдэнд харагдаж сэтгэлд буух жишээний. Ардын дуунаас их ухаарал авдаг. Уртын дуу бол сонгодог урлаг. Дуурийн дуу сонсдог хүмүүс өөрсдийгөө сонгодог урлаг сонссдог гэж хэлдэг. Гэсэн атлаа язгуурын, элит урлагаа тоохгүй, зүгээр л бэлгэдлийн чанартай ханддагт нь харамсдаг” гэлээ.

Аялгуу нь аргадаж, үг нь зэмлэдэг ардын дууны “ханхүү” Б.Алтанжаргалынд бүтэн өдөр өнжиж амьдрал ахуй хийгээд уран бүтээлийнх нь талаар яриулан суухад цаг хугацаа харвасан сум шиг л өнгөрсөн юм.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Танилц: Цэнхэр гаригийн хамгийн нөлөөтэй эрхмүүд

Их Британийн судалгааны байгууллага YouGov жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийг тодруулдаг уламжлалтай. Тэдний шалгаруулалтын гол үзүүлэлт нь интернэт санал асуулга. Өнөө жил дэлхийн 41 орны иргэдийн саналыг сонсчээ. YouGov-ын сонгосон 41 улс хүн амынхаа тоогоор дэлхийн нийт хүн амын гуравны хоёрыг эзэлж байна. Онцолж хэлэхэд судалгааны багийнхан орон орны хүмүүсээс “Хамгийн их бишрэн хүндэлдэг эрэгтэй, эмэгтэй хүн чинь хэн бэ” хэмээн асуудаг. Эцэст нь хамгийн олон удаа дурдагдсан хүмүүсийг эрэмбээр нь жагсаадаг юм. Санал асуулга зөвхөн интернэт орчинд явагддагаараа онцлог. Тэгэхээр судалгааны дүн онлайнд идэвхтэй байдаг хүн амыг л төлөөлж чадна гэж YouGov –ынхон хэлж байна. Сонирхуулахад, интернэт хэрэглээ нь 60 хувиас доогуур улсуудад Хятад, Египет, Энэтхэг, Индонези, Пакистан, Өмнөд Африк зэрэг орон ордог юм байна. Ингээд өнөө жилийн хамгийн нөлөө бүхий төр ниймгийн зүтгэлтнүүдийг танилцуулъя.

АХИАД Л ХЯТАД, АМЕРИКИЙН ЭРЧҮҮД

Дэлхий даяар хамгийн их хүндлэгдэж, бишрэгдсэн эрчүүдийн жагсаалтыг “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Бил Гэйтс тэргүүлсэн хэвээр байна. Энэ алдартай эрхэм 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг мөн тэргүүлсээр ирсэн билээ. Хоёрдугаар байранд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, гуравт БНХАУ-ын алдартай жүжигчин, Оскарын наадмын тусгай шагнал болох Академийн хүндэт шагналт Жеки Чан жагсчээ. Дөрөвдүгээр байрын эзэн нь БНХАУ-ын дарга Си Жинпин. Тавд нь мөн л Хятадын бизнесмэн, “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жек Ма бичигдлээ.

Нөлөө бүхий эрчүүдийн эхний таван байр өмнөх жилийнхээс огт өөрчлөгдөөгүй гэж YouGov –ийнхон онцлов. Цэнхэр гаригийн алдартай таван эрийн хоёр нь америк, гурав нь хятад болсон нь яах аргагүй анхаарал татсан хэрэг гэж тус байгууллагынхан хэлж байна. Билл Гейтс жагсаалтыг олон жил тэргүүлсээр яваа нь хэр зангарагтай бизнесмэн гэдгийг харуулж байгаа юм. Зөвхөн эхний тав ч гэлтгүй эхний 20 байрын эзэд нэг их өөрчлөгдөөгүй гэхэд болно. Учир нь эхний хорьд энэ жил хоёр л шинэ гишүүн нэмэгдсэн нь Шахрукх Хан болон Салман Хан гэсэн Энэтхэгийн хоёр жүжигчин.

ХАМГИЙН НӨЛӨӨТЭЙ ХАТАГТАЙ НАР БОЛ УРЛАГ, СОЁЛЫНХОН

Харин хүндлэгдэм эмэгтэйчүүдийн тэргүүнд АНУ-ын экс тэргүүн хатагтай Мишел Обама бичигдлээ. Түрүү жил Холливүүдийн жүжигчин НҮБ-ын элч төлөөлөгч Анжелина Жоли тэргүүлж байсан юм. Хоёрт АНУ-ын ток шоуны хөтлөгч, сэтгүүлч Опра Уинфри жагсав. Гуравдугаар байранд өнөө ч дур булаам хэвээрээ Анжелина Жоли оржээ. Энэ удаа Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабет дөрөвт жагссан бол Их Британийн үзэсгэлэнт жүжигчин Эмма Ватсон тавд бичигдлээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Мишель Обама, Анжелина Жоли хоёрын байр солигдож, Хиллари Клинтоны байрыг залуу жүжигчин Эмма Ватсон эзлээд байна.

Энэ жилийн хувьд нөлөө бүхий хатагтай нарын жагсаалтын эхний 20-д таван шинэ эмэгтэй нэмэгдсэн байна. Тэдний хоёр нь дэлхийн хамгийн том гүрнүүдийн удирдагчдын эхнэр буюу тэргүүн хатагтай нар. АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп 19-д бичигдсэн бол БНХАУ-ын тэргүүн хатагтай, дуучин Пэн Лиюань долоод жагсчээ. Хятадын химич, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Тү Юү Юү есдүгээр байранд орсон байна.

89 настай эл эрдэмтэн нь халуун орны хумхаа өвчинг эмчлэх эмийн жорын нээлтийг хийснээр Өмнөд Хятад, Зүүн Өмнөд Ази, Африк, Өмнөд Америкт олон сая хүний амь насыг аварч байсан эгэлгүй ачтан юм. Өнөө жил Энэтхэгийн жүжигчид дэлхийн шилдгүүдэд шинэ өнгө нэмснийг Энэтхэгийн жүжигчин Сушмита Сен шилдэг хорьд багтаж батлав. Дэлхийн нөлөө бүхийн шилдэг 20 эрэгтэйд Энэтхэгийн хоёр эрэгтэй жүжигчин багтсаныг өмнө онцолсон билээ.

Шилдэг эмэгтэйчүүдийн жагсаалтад Америкийн ток шоуны хөтлөгч Эллен Дежинерес нэмэгдсэнийг онцолъё. Түүний хөтлөн явуулдаг ток шоуг Опрагийн шоунаас ч илүү алдар хүндийг олоод байгаа гэлцдэг. Эллен нь жинхэнэ од төдийгүй дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүний нийгэмд үзүүлэх нөлөөллийн жин маш их гэдэг нь твиттер дагагчдынхаа тоогоор дэлхийд долоод, инстаграмынхаа дагагчдын тоогоор 58-д жагсдаг үзүүлэлтээс нь харагдана. Мөн тэрээр лесби, эхнэр нь Австрали- Америкийн модель, жүжигчин Портия де Росси гэдгийг фэнүүд нь андахгүй мэдэх билээ.

Жил жилийн нөлөө бүхий эрхмүүдийг ажиглаж байхад эмэгтэйчүүдийн хувьд дуучин, жүжигчин, телевизийн шоуны хөтлөгчид гэх мэт энтертайнмент чиглэлийн ажил эрхэлдэг эмэгтэйчүүд тэргүүлж ирсэн байдаг. Харин эрчүүдийн хувьд бизнесмэн, улстөрч, спортынхон дээгүүр бичигддэг. Эндээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь болон амжилтанд хүрдэг карьерыг харж болохуйц байна.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Америкт төрж өссөн Солонгосын к-pop од Amy Lee буюу Ailee

Эили нэрээр Солонгостоо төдийгүй дэлхий дахинд алдаршаад буй америк-солонгос гаралтай залуу дуучин, дууны зохиолч Эми Лигийн намтар, уран бүтээл, хувийн амьдралын тухай сонирхуулъя.


Эми Ли АНУ-ын Колорода мужийн Денвер хотод 1989 оны тавдугаар сарын 30-нд мэндэлжээ. Нью-Жерсид хүүхэд насаа өнгөрөөсөн бүсгүй ахлах сургуулиа төгссөний дараа хөгжмийн карьераа эхлүүлэхээс өмнө Pace University-д харилцаа холбооны чиглэлээр суралцаж байж. К-поп уран бүтээлээ хийж эхлэхээс өмнө тэрээр АНУ-ын “Muzo” энтертайнментад харьяалагдаж байжээ. 2010 онд Өмнөд Солонгос руу нүүхийнхээ өмнө Youtube-д өөрийн гэсэн сувгуудыг нээж “mzamyx3” буюу “aileemu­sic” гэх нэрийг өгчээ. Энэ үеэс л интернэт орчинд олны анхааралд өртөж эхэлсэн гэдэг.

ТВ ШОУГААР ТЭСЭРСЭН НЬ …

Тэр авга ахынхаа холбож өгсний дагуу хоолойгоо шалгуулж Солонгосын алдарт эмэгтэй хамтлаг болох Big Mama-гийн “Resig­nation” дууг дуулснаар YMC энтертайнмэнтийн дуучин болжээ. Энэ үедээ буюу 2011 оны аравдугаар сард Эили дуучин Wheesung-тай хамтран “They are coming” буюу “Тэд ирж байна” дуугаа бичүүлсэн аж. Мөн энэ үедээ Жэй Парк, Жоннипло, Клара-Си нарын алдартнуудтай хамтарч уран бүтээл туурвиж байжээ. Ингээд 2011 оны есдүгээр сард Солонгосын MBC телевизээс зохион байгуулсан “Singer and Trainee” шоу тэмцээнд алдарт дуучин Беойнсегийн “Halo” дуугаар оролцож үзэгчид болон шүүгчдээс өндөр үнэлгээ авч чадсан байдаг. Шүүгчид түүнийг “Тэр хаана ч байлаа гэсэн үргэлж од болон гялалзах болно. Тэр үнэхээр их авьяастай юм” хэмээн магтаж байж. Тэр тэмцээнд Эили тэргүүн байр эзэлж байв.

2012 оны хоёрдугаар сарын 6-нд түүний “Диваажин” дууны клип цацагдсан юм. Уг дууг Эилигийн уран бүтээлийн хамтрагч Wheesung бичиж продюсерложээ. Нэг сарын дараагаар тэр энэ дуугаараа Солонгосын сошиал компани болох Cyworld-ийн хөгжмийн номинацийг тэргүүлээд зогсохгүй “Азийн хөгжмийн наадам”-ын “Шилдэг шинэ уран бүтээлч” өргөмжлөлийг хүртжээ.

Мөн оныхоо гуравдугаар сард KBS телевизийн “Immor­tal songs-2” буюу “Мөнхийн дуунууд-2” шоунд 1967 онд Өмнөд Солонгосын поп дуучин Пэтти Кимийн дуулсан “Гэрэл ба сүүдэр” дуугаар оролцсон байна. Петти Ким сүүлд нь Эилиг “дараачийн агуу дуучин” хэмээн дүгнэн хэлсэн байдаг. Тавдугаар сарын 19-ний өдрийн шоугаар тэрээр мөн л Өмнөд Солонгосын алдартай дуучин, хөгжмийн зохиолч JYP буюу Пакийн “Намайг бүү орхиоч” дууг дуулж Солонгосын охидын хоёрол хамтлаг болох “Давичи”-гийн Ли Хэериг ганцхан онооны зөрүүгээр ялж байжээ. Мөн зургадугаар сарын 30-ны өдрийн үзүүлбэртээ тэрээр Солонгосын хамгийн алдартай уран бүтээлчдийн нэг болох Ли Сүн Чолын “Тавилан” дуугаар оролцож мөн л ялалт байгуулсан байна. Наймдугаар сараас нь харин өөрийн уран бүтээлдээ анхаарал хандуулах хэрэгтэй байна гэх шалтгаанаар уг шоуг орхих болсноо мэдэгджээ.

Тус оныхоо аравдугаар сарын 6-нд “Invitation” нэртэй EP (extended play буюу 5-6 дуутай бөгөөд бүрэн хэмжээний биш) цомгоо гаргажээ. “Invita­tion” буюу “Урилга” цомог зургаан дуунаас бүрдэх бөгөөд түүний хамгийн алдартай уран бүтээл гэгддэг “I’ll show you” болон “Heaven” дуунууд нь багтжээ. 2012 онд тэрээр шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд “Сөүлийн хөгжмийн авардс”, “Мелон хөгжмийн авардс”, “М нет Азийн хөмжмийн авардс” болон “Алтан цомог авардс”-аас “Шилдэг шинэ уран бүтээлч” цом хүртжээ. Мөн К-попын шилдэг хамтлаг, дуучдыг шалгаруулдаг “Gaon chart awards”-аас “Шинэ эмэгтэй соло уран бүтээлч” номинацийг тэргүүлсэн байна. Эилиг 55 дугаар Грэммиийн шагнал гардуулах үйл ажиллагааны өмнөх Улаан хивсний ёслолын ажиллагаанд Лос Анжелос хотноо хүндэт зочноор урьж байж. Энэ үеэр тэр “Mnet America Rising Star” шагналыг хүртсэн юм.

“A’S DOLL HOUSE” БА ЯПОН ДАХЬ КАРЬЕРИЙН ЭХЛЭЛ

2013 онд гаргасан “A’s doll house” нэртэй хоёр дахь EP цомогт нь багтсан “U&I” сингл нь цацагдаад дөрөвхөн цагийн дотор хөгжмийн чаартыг тэргүүлжээ. Цомог гарсан даруйдаа Солонгосын ойр орчмын бүх дэлгүүрээр зарагдаж дууссан гэдэг. 2013 оны наймдугаар сарын 4-нд Эили Японы “Warner Music Japan”-тай хамтран “Heaven” дуугаа япон хэлээр гаргажээ.

2013 оны арваннэгдүгээр сарын 13-нд К-попынхныг ангуучилдаг “Allkpop” хэмээх шар сайт түүний хэд хэдэн нүцгэн зургийг нийтэлж шуугиан тарьж байв. Үүний дараа түүний харьяалагддаг YMC энтертайнмэнт уг зургуудыг дотуур хувцасны зар сурталчилгаанд зориулсан зургууд байсан хэмээн мэдэгджээ. Дуучин нүцгэн зураг тараагчдыг цагдаад мэдэгдсэн бөгөөд өөр олон охиныг ийм байдалд оруулсан болох нь тогтоогджээ. Тэд хуучин найз залуутайгаа бичиж байсан фэйсбүүк мессенжерийг нь хакердаж нүцгэн зургуудыг олж авсан байж. Энэ дуулианаас болж тэрээр хэд хэдэн рекламны зураг авалтаас хасагдаж уналтад орсон гэдэг. Гэвч фэнүүд нь түүний энэ асуудлыг сүртэйгээр хүлээж аваагүй юм.

2014 оны нэгдүгээр сард Эили зургаан сарын турш олны нүднээс хол байсны эцэст эргэн гарч ирэв. Мөн оны есдүгээр сард “Don’t touch me” буюу “Надад бүү хүр” дуу нь гарч, мөн гурав дахь бие даасан EP цомог болох “Magazine”-ээ гаргасан байна. Энэ цомог нь “Gaon single chart”-ийн хоёрдугаарт бичигдэж байв.

АНХНЫ БИЕ ДААСАН ТОГЛОЛТОО ХИЙЖ БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ ЦОМГОО ГАРГАСАН ЖИЛҮҮД

Жэй Парк болон Сан И нартай Торонтод хамтарсан тоглолт хийснийхээ дараа Эили өөрийн бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөж эхэлжээ. Зургадугаар сарын 4-нд Сөүлийн олимпийн хүрээлэнгийн 3000 хүний суудалтай Гимнастикийн асарт анхны бие даасан тоглолтоо хийжээ. Тавдугаар сарын 27-ноос тоглолтын тасалбарыг интернэтээр худалдаалж эхлэхэд дороо дуусч, хамгийн хурдан зарагдсан тасалбарын рекордыг эвдэж байв. Эили олон алдартай дуучинтай хамтран гайхалтай шоуг үзүүлж чадсан байна.

2015 оны есдүгээр сард клипний зураг авалтанд орж байхдаа хөлөө гэмтээжээ. YMC энтертайнмэнтийн зүгээс түүнийг зураг авалтын турш суугаагаараа байвал ажлаа цааш үргэлжлүүлж болох юм хэмээн үзэж байсан бөгөөд дуучин бүсгүй ч өөрөө энэхүү бэртэл гэмтэл маань фэнүүддээ амласан амлалтыг маань зөрчүүлж чадахгүй хэмээж байжээ.

2015 оны есдүгээр сарын 30-нд дуучин бүсгүй маань анхны бие даасан бүрэн хэмжээний цомог “VIVID”-ээ гаргасан байна. Энэ үедээ тэрбээр шилдэг эмэгтэй дуучин төрөлд гурван ч удаа нэр дэвшээд байсан юм.

2016 онд Эили “Superstar K 2016” тэмцээний шүүгчээр ажиллахаар сонгогдов. Аравдугаар сарын 5-нд “New Empire” EP цомгоо гаргасан байна. Энэхүү цомог нь “Gaon chart awards”-ийн 10 дугаарт, АНУ-ын Billboard чаартын есдүгээр байранд бичигдэж байжээ.

АМЕРИК СИНГЛ, АЯЛАН ТОГЛОЛТУУД

2017 оны нэгдүгээр сарын 7-нд “West side” энтертайнмэнттай хамтран анхны америк сингл болох “Fall Back”-ийг A.Leean нэрийн дор гаргажээ. Энэ нь “Gaon Digital Chart”-ийг гурван долоо хоногийн турш тэргүүлсэн байна. Мөн 2016 онд гарсан Өмнөд Солонгосын телевизийн “Хамгаалагч: Ганцаардал ба агуу бурхан” олон ангит киноны дууг дуулсан нь 2017 оны шилдэг киноны дуу шагналыг хүртэж байжээ. Энэхүү дуу нь маш олон шагналыг ар араасаа дагуулсан гэдэг. “Сөүлийн үндэсний драм авардс”, “М нет Азийн хөгжмийн авардс”, “Мелон хөгжмийн авардс”, “Сөүлийн хөгжмийн авардс”, “Алтан цомог авардс”-аас “Шилдэг киноны дуу” шагналыг хүртэж байв. “Mu­sic Bank” хөгжмийн сувгийн жагсаалтыг мөн 20 долоо хоногийн турш тэргүүлэн рекорд эвдэж байлаа. Үүнээс хойш тэрээр өөрийн улсын томоохон хотуудаар аялан тоглолтуудаа хийж эхэлсэн юм. Тайванд “Эили-Сайн байна уу Тайпэй 2017” нэртэй анхны тоглолтоо хийж байсныг нь бас онцолъё.

2018 оны гуравдугаар сарын 18-нд Эили Пёнчаны олимпийн цэнгэлдэх хүрээлэнд Паралимпийн олимпийн хаалтан дээр “I will show you” дуугаа дуулж сонирхуулж байжээ. Өмнөд Солонгосын соёлын элчээр сонгогдож Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотод болсон дээд хэмжээний уулзалтанд ая дуугаа өргөж байв. Мөн оныхоо 10 дугаар сарын 24-нөөс “Ailee I am” нэртэй хоёр дахь үндэсний хэмжээний аялан тоглолтоо эхлүүлж байжээ. Саяхан буюу энэ сарын 2-нд тэрээр хоёр дахь бүрэн хэмжээний цомог болох “Butterfly” цомгоо гаргасан юм байна.

Дуучин бүсгүй Солонгостоо мэдэхгүй, танихгүй хүнгүй болтлоо нэр алдарт хүрч, дэлхийн тайзнаа од болон гялалзаж яваа хэдий ч хувийн амьдрал нь олонд ил биш. Нууцлаг амьдралтай од. Хэд хэдэн залуутай болзож байсан ч энэ талаараа огт дурсдаггүй. Ийм байдал нь ч үзэгч фенүүдэд нь таалагддаг гэсэн. Баруунд төрж өссөн болоод тэр үү, маш энгийн. Энгийн даруу зан нь алдрын оргилд хүрэхэд нь том нөлөө үзүүлсэн гэдэг юм билээ.

А.МӨНХЗУЛ