Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Саарал жагсаалтаас гарах нь байтугай хар жагсаалтад орох нь

Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага буюу FATF өнгөрсөн онд манай улсыг Саарал жагсаалтад орсон тухай зарласан. Учир нь манай улс ФАТФ-аас өгсөн зөвлөмжүүдийн дөрөвт нь бүдэрсэн юм. Товчхондоо, ФАТФ манай улсыг мөнгө угаах, терроризмтой тэмцэх чиглэлд хойрго, хяналт шалгалт хийлээ ч шүүх нь шийдвэр гаргаж, хөрөнгийг нь хураадаггүй гэж дүгнэсэн. Энэ талаарх зохицуулалтуудыг холбогдох салбарын хууль тогтоомждоо бат нот суулгаж гэмээнэ саарал жагсаалтаас мултарна гэдгийг хэлсэн хэрэг.

Эрх баригчид сандралдаж хоёрхон сарын хугацаанд Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гээд хэд хэдэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар өргөн барьсан. Харамсалтай нь ингэж сүржигнэсний ч хэрэг гарсангүй. Биднийг саарал жагсаалтаасаа ч гарч чадаагүй байтал Европын холбоо мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх өндөр эрсдэлтэй, мөнгө угаалттай тэмцдэггүй орнуудын хар жагсаалтдаа оруулахаар зэхэж байна. Уг хар жагсаалтад орсон улс орнууд Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн системд аюул учруулах эрсдэлтэй, тиймээс хяналтаа сайжруулах ёстой талаар ч холбогдох баримт бичигтээ тусгаад амжиж. Тэд биднийг найдваргүй түнш гэж хэдийнэ үзэх болсон нь ийнхүү ил боллоо.

Дэлхий биднийг ингэж л харах болж. Бид яагаад ийм хөөрхийлөлтэй байдалд орчихов, энэ хэмжээнд хүртэл нэр хүндээ алдахад юу нөлөөлөв гэдгийг бид бодох цаг болжээ. Бид тарчиг ядуудаа ийм байдалд хүрчихлээ гэвэл хамгийн өрөөсгөл дүгнэлт болно л доо. Хамгийн гол нь ардчиллын зарчмаа алдсанд л энэ бүхнийг шалтгаан бий. Энэ цагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүхнийг шийддэг болсон. Хэвлэлийн эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдаж байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг шахах бодлого гаарч байгаа. Ганц том төсөл болох Оюу толгойтойгоо зарга үүсгэсэн. Банкны салбарын хараат бус байдал өдрөөс өдөр алдагдаж, эрх мэдэлтнүүд банкийг нийгэмчилж өөрсдөө юм уу өөрсдийнхөө хүмүүст хувааж өгөх хууль хэлэлцэнэ гэж сүрдүүлэх боллоо. Эрх барьж буй бүлэглэлүүд банкинд хувь хүртэх гэж хөөцөлдөх нь нэмэгдлээ. Энэ бүгд л Монголыг Европын холбооны хар жагсаалтад оруулахад хүргэв бололтой. Бид дэлхийд ийм л хар юм уу их сайндаа саарал үнэлгээтэй орон болж хувирчээ.

Саарал жагсаалтад орсноос болж Монголбанкны ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны дарга огцорч байв. Тэгвэл одоо эрх баригчдын хэн нь хариуцлага хүлээх вэ. Хууль дүрмийг нь хэлэлцүүлж өгөөгүй УИХ-ын дарга хариуцлага хүлээх үү, Ерөнхий сайд хариуцлага хүлээх үү. Ямар ч л байсан банкны удирдлагуудад хариуцлага хүлээлгээд нэмэр болсонгүй. Сахил хүртээд шал дордов гэгчээр саарал жагсаалтад орсон гээд сайн ажиллаад байгаа гээд байсан бүүр нэмээд хар жагсаалтад орохоор болчихоод сууж байна.

Угтаа хэн нэгэнд бурууг үүрүүлэх гэж тэвдэхийн оронд саарал жагсаалтаас гарах арга хэмжээгээ тууштай хэрэгжүүлсэн бол зөв байх байлаа. Өнгөрсөн долоон сарын хугацаанд амжиж саарал жагсаалтаас мултарсан бол өдийд Европын холбоо ийм дүн тавих байсан уу үгүй юү, бодох л асуудал. Нөхцөл байдал улам дордсон нь төр засгаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй, тэр нь үр дүнд хүрээгүйг харуулж байна. Магадгүй эрх барьж байгаа бүлэглэлүүдийн эрх ашиг зөрчилдсөн учир шуурхайлаагүй биз. Зөвхөн эрх барьж байгаа бүлэглэлийн эрх ашгийн төлөө л Монгол Улсыг золионд гаргаж байгаа нь харамсалтай юм. Холбогдох албан тушаалтнууд нь энэ цаг үед саарал жагсаалтаас төд удалгүй гарчих нь, хар жагсаалтад орохгүй гэж иргэдийг тайвшруулахаас өөрийг хийж чадахгүй байгаа нь ч илт байна.

Хар жагсаалтад нэгэнт орчихсон тохиолдолд саарал жагсаалтаас гарна гэдэг юу л бол. Хэрэв энэ хоёр давхацвал өнөөдрийн хүнд эдийн засаг элгээрээ хэвтэх нь мэдээж. Саарал жагсаалтад бүртгэгдсэн өдрөөс л валютын ханш савлаж, зарим банк валютын хязгаарлалт хийж байв. Үүнтэй адил хар жагсаалтад орсноор эдийн засагт ил болон далдаар сөрөг нөлөө үүсэх нь гарцаагүй юм.

Хар жагсаалтад орсноор Европын холбооноос Монгол Улсад үзүүлэх санхүүгийн дэмжлэгт саад тотгор үүснэ. Тус холбоонд элссэн манай гуравдагч хөршүүд болох АНУ, Япон тэр бүү хэл БНХАУ ч биднийг дэмжих эсэхтээ эргэлзэхийг үгүйсгэх аргагүй. Европын Холбооны банкууд, бусад санхүү, татварын байгууллагууд хар жагсаалтад багтсан улстай харьцдаг үйлчлүүлэгчдээ илүү нарийвчлан судлах үүрэг хүлээх болно. Бидний Европын санхүүгийн зах зээлд хандах эрх хумигдаж, банкуудтай хийгдэх төлбөр тооцоонд хүндрэл үүснэ. Хяналт нь улам чангарах учраас тэр. Төр засаг ингэж л ядарсан ард түмэн, өөрийнхөө чадлаар яваа бизнес эрхлэгч, ажил олгогчдоо хөлдөө чирж байна.

Categories
мэдээ цаг-үе

Л.Бямбажаргал: Намууд ямар улс орон хүлээж авах гэж байгаагаа огт бодохгүй байна

– ЭРХ БАРИГЧИД ЯМААНД Ч БОЛОВ МӨНГӨ ӨГЧ БАЙГААД СОНГУУЛЬ ХҮРГЭЧИХЬЕ ГЭЖ БАЙНА –

Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг, физикч Л.Бямбажаргалтай ярилцлаа.


-Энэ удаагийн сонгууль хугацаандаа болж чадах болов уу?

-Сонгуулийг бол явуулах юм шиг байна. Хэрэв сонгууль явуулахгүй байсан бол улсын төсөвт тодотгол хийх, зарим хэрэгцээгүй ажлыг хойшлуулах зэрэг араа бодсон ажил хийх байв. Гэтэл ямаанд ч болов мөнгө өгч байгаад зургадугаар сарын 25 хүргэчихье, сонгуульд ялбал дөрвөн жилийн хугацаанд болж л таараа, ялагдчих юм бол дараагийн хүн нь мэднэ биз гэсэн хандлага одоо авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнээс харагдаж байна. Зарим арга хэмжээг долдугаар сарын 1-н хүртэл, мөн хэсэг арга хэмжээг аравдугаар сарын 1-н хүртэл буюу орон нутгийн сонгууль өнгөртөл гэх байдлаар авч хэрэгжүүлж байна л даа. Өнөөдрийн нөхцөл байдлын үр дүн нэгээс хоёр жилийн дараа гарах боловч түүнд зориулсан арга хэмжээ хараахан алга. Сонгуультай холбоотойгоор эрх баригчид ийм л бодолтой байх шиг. Ер нь намуудыг харахад ямар улс орон хүлээж авах гэж байгаагаа, ажил хийх хугацаа хэдэн жил билээ гэдгээ бодохгүй байна.

-Дэвшүүлж буй мөрийн хөтөлбөрүүд нь урт хугацаанд хэрэгжихээр харагдаад байгаа л даа.

-Эрх баригч нам нь 2050 он хүртэлх хөтөлбөр, 400 сая жуулчин гэж ярьж байгаа юм чинь бусад нь яаж хоцрох вэ дээ. (инээв) Хүлээж байгаа эдийн засагтаа зориулсан алхам хийе гэж байгаа нам харагдахгүй байна. Улс орны эдийн засаг хүндрэлээс гадаад дахь нөхцөл байдлын хүнд үед битгий хэл энгийн үед ч амархан гарчихдаг зүйл биш. Тиймээс одоо байгуулагдах Засгийн газар хүссэн хүсээгүй хямралтай нүүр тулна.

-Бүрэн эрхийн хугацаанд ч бус ер нь хэзээ биелэх нь мэдэгдэхгүй мөрөөдлийн зүйл амлаад байгаа нь иргэд, сонгогчдыг тохуурхаж байгаа хэрэг биш үү?

-Бид нар ярьж л байдаг, эд нар итгэчихдэг гэж ойлгоод байх шиг байна л даа. Ард түмэн хэрсүү болсон. Мэдээж ирээдүйг харсан зүйл хийж болно. Гэхдээ 2050 он арай алсдана. Учир нь хүн төрөлхтний шинжлэх ухаан, технологийн мэдлэг асар хурдацтай хөгжиж байна шүү дээ. Бидний энерги, мэдээлэл харилцаа, дэд бүтцийн тухай төсөөлөл үндсээрээ өөрчлөгдөж болно. 30 жил гэдэг их хугацаа. Яахав тав, арван жилээр төсөөлж болох юм. Энэ төсөөллийг хийхдээ төр өөрийнхөө нуруун дээрээс ямар ачааг авч хаях вэ гэдэг тал руу явах ёстой. Өнөөдөр энэ олон хүн улс төрд орох гээд байгаа шалтгаан нь Монголын төр данхайсантай холбоотой. Монгол Улсад эргэлдэж байгаа мөнгөний ихэнх нь төрийн мөнгө болчихсон. Тиймдээ ч тэнд ашиг бий гэж хараад байгаа юм. Өөрийн данхайсан их ачааг тараагаад, буцаагаад аваад байх нь төрийн зорилго ердөө биш. Тиймээс илүүдсэн ачаагаа нуруун дээрээсээ авах хэрэгтэй.

-Тухайлбал, ямар шийдвэрүүдийг гаргаж байж төр ачаанаасаа салах вэ?

-Ачаанаасаа салах том шийдвэрүүдийг хийчихвэл сонгогчдоосоо салчих гээд байгаа юм. Үнэхээр хийхээр шийдсэн бол хамгийн түрүүнд тэтгэвэрийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл тэтгэвэр авагч, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч хоёрын тооны харилцаа эерэг байгаа. Учир нь олон хүүхэдтэй байх үеийн буюу 1980-аад оныхон өнөөдөр ажиллаж байна. Харин 1980-аад оныхны тэтгэврийг төлөх болоход дараа үеийнхэн нь дийлж чадахгүй. Төр энэ асуудлыг эртхэн зарлаад тодорхой хугацаанд хэрэгжүүлэх зохих шийдлийг гаргах ёстой. Мөн цалингийн системийг сараар бус цагаар тооцдог болгож өөрчлөх, тодорхой зүйлүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийхийг хориглох ёстой. Жишээ нь, ЖДҮ-ийг төсвийн хөрөнгө оруулалтаар дэмжих шаардлагагүй. Үүнд мянгаадхан хүн хамрагдаж, үлдсэн жижиг, дунд бизнес эрхлэгчид энэ салбараас арчигддаг. Нэг нь гурван хувь, нөгөө нь 36 хувийн хүүтэй зээл аваад нэг гараанаас хөдлөхөөр шударга бус байх нь ойлгомжтой шүү дээ.

-Энэ удаагийн сонгуульд түүхэнд байгаагүй их бие даагчид өрсөлдөхөөр байна. Та үүний шалтгааныг юутай холбож тайлбарлах вэ?

-Тэд сонгуулийнхаа хуулийг ойлгохгүй байх шиг байна. Энэ сонгуулийн хуулийн агуулга нь илүү багийн, намын шинж чанартай юм. Ард түмэн хоёр намд дургүй болчихлоо, эдгээрийг муулаад байвал гараад ирэх юм байна гэж бодох нь өрөөсгөл. Бодвол шинэ УИХ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлээд эхлэх байх. Миний ойлгож байгаагаар УИХ-ын үйл ажиллагаа гацах хэмжээнд хүрч магадгүй. Учир нь манай хууль цаасан дээр, хэрэгжүүлэхдээ өөр, өөрөөр тайлбарладаг шүү дээ. Яагаад УИХ-ын үйл ажиллагаа гацах вэ гэхээр Үндсэн хуулийн өөрчлөлтөөр аливаа хууль УИХ-ын гишүүдийн олонхоор буюу 39 гишүүн дэмжиж байж батлагддаг болох юм. Энэ бол өндөр босго. Ирц хүрлээ ч илэрхий 39-өөс дээш гишүүн дэмжинэ гэдэг түвэгтэй юм. Хэрэв нэг нам нь хүчтэй олонх болж чадахгүй бол УИХ-ын үйл ажиллагаа хямралд орох байдал руу орохыг үгүйсгэх аргагүй.

-Сонгогчдын боловсрол муу байгаа учир нийгэмд идэвхтэй байгаа залуучуудыг сонгуулиа өгч, сонголтоо зөв хийх нь чухал гэдэг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Сонгогчдыг огт мэдээлэлгүй гэж ойлгож болохгүй л дээ. Тэд аль хэдийнэ сонголтоо хийчихсэн, үгүй юм аа гэхэд нэр дэвшигчдээр нэг их заалгаад байхгүй шиг саналаа өгчихөж чадна. Ер нь тэр мөнгөөр саналаа худалддаг, ухуулгад автчихдаг гэдэг чинь худлаа зүйл шүү дээ. Тэр бол ялагдсанаа бухах тийм л асуудал. Манай сонгуулийн тогтолцоо өөрөө мажоритар учраас маш бага саналын зөрүүгээр л хоёр нам руу савлачихдаг юм.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ард түмний амьдрал сайжирч чадсан уу. Та юу гэж дүгнэх бол?

-Өнөөдрийн нөхцөл байдлыг 2016 онтой харьцуулаад үзэхэд дундаж давхаргынханд илүү их дарамт ирсэн байна. Цалин хөлс 30-40 хувь буурч 10-15 хувь нэмэгдэж. Эрх баригчид нэмэгдсэнээ л яриад байгаа болохоос биш, ам.долларын ханш 1000 төгрөгөөр нэмэгдсэн тухай хөндөхгүй байна. Бусад өртөг, зардлууд сэмхэн сэмхэнээр нэмэгдчихээд л байгаа. ойрын жишээ дурдахад манай цахилгааны үнэ гэхэд 25 хувиар нэмэгдсэн.

Энэ үед хамгийн их маргаан дагуулж байгаа нь ноолуурын асуудал байна л даа. Угтаа энэ үед ноолуурын үнэ унах ч ёстой юм. Ноолуур ажлын байр бүтээдэг бүтээгдэхүүн биш. Гэтэл төрөөс үүнд хагас их наяд төгрөг зарцуулах гэж байдаг. Зам, гүүр, засвар тохижилтын ажлууд үр дүнгээ өгдөггүй мэт харагддаг боловч олон хүний ажлын байр шингэдэг гэдэг утгаараа мөнгө эргэлтэд ордог юм. Энэ цаг үед эдийн засагт хамгийн бага өртөж байгаа хэсэг бол малчид юм. Тэнд хөл хорио алга, хамгийн их зардал гаргадаг Цагаан сарыг нь хориглочихсон, хөгшчүүлийнх нь тэтгэврийг тэглэчихсэн, төлөө авдгаараа л авчихсан. Дээрээс нь эмзэг бүлгийнхэн, ахмадууд энэ хямралд төдийлөн өртөөгүй. Төрөөс авдаг халамж, үйлчилгээгээ урьдын адил аваад л явж байгаа. Гагцхүү өөрсдийнхөө мөнчгөрөөр амьдралаа авч явдаг хүмүүс л хамгийн хүнд байдалд орж байна. Тэдний талаар улстөрчид хэзээ ч ярьдаггүй. Яахав, улстөрчдөд малчид, хөгшид, эмзэг бүлгийнхнийг л ярихгүй бол болохгүй, ингэж байж би дахин сонгогдож чадна гэсэн итгэл үнэмшил, жишиг тогтчихож л дээ.

-Ер нь та ирэх сонгуулийн өнгийг хэрхэн харж байна вэ?

-Манай Ардчилсан намд загнуулаад сурчихсан нэг дутагдал байгаа юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН дангаараа Засгийн эрхийг бүрэн хэрэгжүүлсэн жил байхгүй дээ. Тийм хэрнээ энэ 30 жилийн бүх мууг өөр дээрээ үүрдэг. Баабар улс орныг сүйрүүлчихлээ л гэдэг. Үнэн хэрэг дээрээ зургаахан сар л Сангийн сайд хийж үзсэн хүн шүү дээ. Тийм хүн яаж улс орныг балласан байхав. Гэтэл МАН-д 20 жил нэг яамны сайд хийсэн хүн байна. Тэр ямар ч буруугүй байх л даа.

Баалуулдаг нөхдүүдийн нэрс Д.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан гээд цувна л даа. Үүнд нь манай намынхан бүр дасчихсан. АН айлын хамаг хар ажлыг хийдэг хэрнээ загнуулаад сууж байдаг хүүхэд шиг л байхад МАН-д хамгийн сайн сайхан бүхэн нь хамаатай байгаа юм. Магадгүй энэ нь хуучин коммунист намд байдаг үзэл суртлын технологи гээч зүйл байх. Ардчилсан нам бол хуучин үзэл суртал байх ёсгүй гэж үздэг учраас өөрсдөд нь тийм уламжлал алга.

Яахав, МАН шинэ хүн гаргаж ирээд байгаа юм. Гэтэл манайд өмнөхүүд нь харагдаад байдаг. 2000 оны үед байна уу даа залхсан юм байлгүй бүгдээрээ улс төр хийхээ байя гэж нэг ярьж байсан юм. Гэсэн ч өнөөдөр хэвээрээ байгаа нь ялж үзээгүй учраас ялчих юмсан гэсэн тэр эрмэллэл байх шиг. одоо АН залуучуудаа дэмжиж, нэр дэвших квот зэргээ харамгүй өгөх хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Батзандан: ШИНЭ эвслийг сонгуульд ялалт байгуулна гэж олон хүн айж байх шиг байна

УИХ-ын гишүүн, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандантай ярилцлаа.


-Улс төрийн 10 гаруй нам, 100 гаруй ТББ, иргэний нийгмийн байгууллагуудаас бүрдэж буй ШИНЭ эвсэл өнгөрсөн баасан гаригт СЕХ-ноос 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа авлаа. ШИНЭ намын даргын тухайд эвсэл болж сонгуульд оролцох шийдвэрийг хэрхэн гаргав?

-Монгол Улс өнгөрсөн 30 жилийн хугацаанд авлига, оффшор, хулгай дээрэмд автаж, баян хоосны ялгаа асар их болжээ. Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр төрийн өндөр албан тушаалтнууд нийгмийн болон байгалийн хамаг баялгийг хувьдаа авч, эсвэл бусдад зарах болсноор төрөөс тэрбумтнууд төрөх болсон. Тэд насаараа шударгаар хөдөлмөрлөж, бизнес эрхэлж буй хүмүүсийн эдэлдэггүйг эдэлж, тэрбум тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөнд эзэн суучихсан байна. Тэгэхээр маш олон шударга иргэд нам харгалзахгүйгээр нэгдэн тэмцэж гэмээнэ МАНАН дэглэмийг нурааж, энэ 30 жилийн алдаа, завхралыг засаж, ирэх 30 жилд нийгмийн бүх салбарт шударга ёсыг тогтоож чадна шүү дээ. ШИНЭ эвсэл эх оронч иргэдтэйгээ хамтран 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож, төрөө бүлэглэлээс цэвэрлэж, баялгийн шударга хуваарилалтын тогтолцоог бий болгох зорилт тавьж, “Шинэ эргэлтийн 21 бодлого” хэмээх мөрийн хөтөлбөрөө боловсруулсан байгаа.

-ШИНЭ эвслийн гол суурь нь ШИНЭ нам гэж харагдаж байгаа. Энэ нам МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл тэмцлийн суурин дээр үүссэн гэж ойлгогддог. ШИНЭ намын бусад улс төрийн намаас ялгагдах онцлог, үзэл санаа нь юу вэ?

-ШИНЭ намын гол үзэл санаа нь шударга ёс хийгээд үндэсний эрх ашиг юм. Эх орноо, үндэсний эрх ашгаа нэгдүгээрт тавьдаг хүмүүсийн нэгдэх газар. Мөн намчирхал, талцлыг сааруулахын тулд хатуу гишүүнчлэлээс татгалзсан цорын ганц нам. Тийм ч учраас намын харьяалал харгалзахгүй үндэсний эрх ашгаа дээдэлж, нэгдүгээрт тавьдаг иргэдийг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхээр иргэд дэмжигчдээсээ санал авч байна.

-ШИНЭ эвслээс нэр дэвшүүлж болохгүй хүмүүсийн жагсаалт бий гэсэн үү?

-Байлгүй яахав. ШИНЭ эвсэл оффшорчид, авлигачид, төрөөс төрсөн тэрбумтнууд, тэдний үр хүүхэд, төрөл садангуудыг аль ч шатны сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэсэн байр суурин дээр хатуу зогсож байгаа. Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулахдаа тухайн орон нутагтаа нэр хүндтэй, амьдралын туршлага, мэдлэгтэй хүмүүсийг сонгоно.

-ШИНЭ нам хэдийгээр улс төрийн 34 дэх намаар бүртгэгдсэн ч парламентад суудалтай дөрвөн намын нэг болсон. Парламент дахь Зөвлөлөө ч байгуулаад авсан. Өнгөрсөн хагас жилийн хугацаанд танай зөвлөлөөс ямар ямар хуулийн төсөл санаачилж, өргөн барив?

-ШИНЭ намын зөвлөл байгуулагдсан Өнгөрсөн хугацаанд 30 удаа хуралдаан зохион байгуулж, нийт 60 орчим хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, санал боловсруулан холбогдох ажлын хэсэг, байнгын хороо, чуулганы хуралдаанд хүргүүлсэн байна. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан нийт 25 ажлын хэсэг томилон ажиллуулсан. Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн 24 өргөдөл гомдлын дагуу төрийн байгууллагын шийдвэр гаргах эрх бүхий нийт 85 албан тушаалтныг зөвлөлийн хуралдаанд урин оролцуулж бодит мэдээлэл авч хамтран ажиллалаа.

Түүнчлэн улс орны эдийн засгийг дэмжих, иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах чиглэлд зайлшгүй авах арга хэмжээний тухай нийт таван шаардлагыг УИХ-ын дарга болон Ерөнхий сайдад хүргүүлсэн. Зөвлөлөөс УИХ-д өргөн барьсан хууль, тогтоолын төслүүдээс дурдвал, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт дээр ард түмний нийтлэг эрх ашгийг хангах зарим заалтыг тусгуулах тал дээр онцгой анхаарал тавьж ажиллалаа. Тухайлбал, монгол хүн баялагтаа эзэн болох, ашигт малтмалаас олох орлогын дийлэнх хувь ард түмэнд ногдох заалтыг тусгуулахад голлох үүрэг гүйцэтгэсэн. Мөн хуульд хүн ам хэт их төвлөрсөн Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг дүүргийг шинээр зохион байгуулж, хотын статусаар хөгжүүлэх нь зүйтэй гэсэн санал оруулсан нь тусгагдсан.

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн зарим эрхийг хязгаарлах тухай хуулийн төслийг санаачилж, санал авахаар Засгийн газарт хүргүүлсэн. Төслийн гол үзэл санаа нь төрийн өндөр албан тушаалаас чөлөөлөгдсөн этгээдийн тодорхой хугацааны дотор гадаад орон руу зорчих, гадаад улсад бүртгэлтэй хуулийн этгээд болон гадаадын хөрөнгө оруулалттай Монгол Улсын хуулийн этгээдэд хувьцаа эзэмших, ТУЗ, хяналтын зөвлөлд сонгогдох, гүйцэтгэх удирдлагын багт ажиллах зэрэг эрхийг хязгаарлахад чиглэж байгаа юм. Ийм хязгаарлалт байхгүйгээс өнөөдөр Дубайн гэрээгээр Монголын төрд ихээхэн хохирол учруулсан Ч.Сайханбилэг өнөөдрийг хүртэл гадаадад зугаалж, Монголын хуулийн өмнө хариуцлага хүлээхээс зайлсхийсээр байна. Ц.Элбэгдорж мөн зугаалж зугаалж, саяхан ирлээ.

Мөн коронавируст халдварын үед улс орны эдийн засгийг дэмжих, ард иргэдийн амьжиргаа, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр “Иргэн, аж ахуйн нэгжүүдэд онцгой нөхцөлийн зээл олгох тухай” хуулийн төслийг санаачилсан. Энэ нь жилийн 1.5 тэрбум хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой, 250 хүртэлх иргэнийг ажлын байраар хангаж байгаа ААН-үүдэд урт хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй зээл олгохоор заасан. Иргэдийн нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаасыг мөнгөжүүлэх тухай хуулийн төсөлд Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу нэг сая төгрөгтэй тэнцэх дүнтэй үнэт цаас эзэмшигч иргэдийн үнэт цаасыг 2020 оны хоёрдугаар улиралд багтаан худалдан авч бэлэн мөнгө олгох хуулийн төсөл мөн санаачилсан. “Цар тахлын үед гадаад улсад байгаа Монгол Улсын иргэдийг дэмжих, санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай” хуулийн төсөл өргөн барьсан. Уг төсөлд гадаад улсад байгаа Монгол Улсын иргэн буцаж ирэх хүсэлт гаргасан тохиолдолд татан авах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах, өндөр настан, оюутан, жирэмсэн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн татан авахад зардлыг хариуцах мөн гадаад улсад түр зорчсон Монгол Улсын иргэн санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсон бол санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлыг тусгаж өгсөн байгаа. Гэх мэтчилэн нэлээн хэдэн хуулийн төсөл санаачилж, өргөн барилаа. Эрх баригчид өргөн барьсан хуулиудаас өөрсдийн үзэмжээр сонгож, хэлэлцдэг. Цар тахалтай холбогдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг намын эрх ашгаа хойш тавьж, яаралтай хэлэлцэх ёстой.

-Баянзүрх дүүргээс УИХ-д сонгогдсон гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тойрогтоо юу хийв?

-Дөрвөн жилийн хугацаанд сөрөг хүчин болж ажиллалаа. Цөөнх байхад олонх нь дэмжиж өгдөггүй зовлон гэж байна. Төсвийн хууль, ер нь ямар ч хуулийг олонхын саналаар баталдаг шүү дээ. Гэсэн хэдий ч парламентад сууж, хууль тогтоох үндсэн ажлаа хийхээс гадна тойрогтоо хөрөнгө оруулалт шийдвэрлэж өгөх замаар багагүй бүтээн байгуулалт хийжээ.

-Та жил гаруйн өмнө эхэлсэн МАНАН дэглэмийн эсрэг тэмцэлд голлох үүрэгтэй оролцсон таван гишүүний нэг. Энэ тэмцэл дууссан уу, үргэлжилж байгаа юу. Ер нь энэ тэмцлээс монголчууд юу хожив?

-Хүмүүс та нар яриад л байх юм, тэмцээд л байх юм, тэгээд юунд хүрч байгаа юм бэ гэж асуудаг л даа. Бид ч энэ тухай сайн ярихгүй болохоор мэдэхгүй байх нь аргагүй биз. МАНАН дэглэмийн эсрэг тэмцлийг өрнүүлж эхэлснээс хойших жил гаруйн хугацаанд чамлахааргүй асуудлууд шийдэгдсэн. Тухайлбал, энэ бүлэглэлийн нэг гол толгойлогч болох УИХ-ын дарга асан М.Энхболдыг огцруулж, Авлигатай тэмцэх газар, Прокурорын удирдлагыг өөрчлөв. Томоохон гэмт хэргүүдийг шийдэлгүй, замхруулдаг хууль хяналтын байгууллагууд, тэдний удирдлагыг шинэчлэх нь энэ тэмцэл үр дүнд хүрэх эсэхэд шийдвэрлэх нөлөөтэй юм л даа. Тэгээд, харийнханд алдсан төв талбайгаа төрийнхөө мэдэлд эргүүлэн авлаа. Төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, авлигын шинжтэй 30 гаруй томоохон хэрэг ямар ч байсан шүүхэд шилжсэн. Төмөртэйн ордын арбитрын маргаанд Засгийн газар ялалт байгуулав. Улсын Их Хурал, Засгийн газраас Эрдэнэт, Асгатын ордыг төрд буцаан авах шийдвэр гаргалаа. Нэр бүхий 17 шүүгч холбогдсон Салхитын мөнгөний ордыг төр буцаан авлаа. Орхон гол, Орхоны хөндийг сүйтгэсэн хариуцлагагүй уул уурхайн компаниудын лицензийг цуцлав. Багануурын ордыг “Алтайн гянт” компаниас хураан авах шийдвэрийг Улсын дээд шүүх гаргалаа. Тост, Тосон бумбын байгалийн нөөц газрыг улсын тусгай хамгаалалтад авав. “Сентерра гоулд Монголия” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж, Ноён уул орчмын газрын тусгай хамгаалалтыг өргөтгөж, дархан цаазат газар болголоо. Стратегийн орд газрын жагсаалтыг шинэчлэх асуудал хөндөгдөж байна. Гэх мэтчилэн тодорхой үр дүнгүүд эхнээсээ гарч байна.

-Та С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж, ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргээр шалгагдаж буй ТЕГ-ын дарга асан, генераль Б.Хурц тэргүүтэй есөн хүний шүүх хурал гацаад удаж байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ. Шийдэгдэхгүй байсаар сонгууль өнгөрөөчих юм биш үү?

-Цар тахалтай холбогдуулан хөл хорио тогтоосны улмаас Түр хорооны ажил хэсэг хугацаанд гацсан. Шүүх хурал ч удаа дараа хойшлогдлоо. Улсын дээд шүүх шийдвэрээ гаргаад Төв аймгийн анхан шатны шүүх рүү шилжүүлснээс хойш есөн сар өнгөрлөө. Тодруулбал, Улсын дээд шүүхээс мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй, Төв аймгийн анхан шатны шүүх шийдвэрээ яаралтай гарга гэсэн. Гэтэл Төв аймгийн анхан шатны шүүх авлигад автаж, барьцаалагдчихаад, эрүүдэн шүүдэг хүмүүсээсээ айгаад, хурлаа хийсэнгүй. Хэрэв Төв аймгийн шүүх шийдвэрээ гаргасан бол есөн сарын өмнө Б.Содномдаржаа, Т.Чимэгээ нарыг суллаж болох байсан. Харамсалтай нь Б.Хурц ба түүний нөхдийн өмгөөлөгчид давж заалдах шатны шүүхэд хандсаар байгаад хугацаа хожиж байна. Авлигад автсан шүүгчид ажлаа хийсээр байгаа учраас, шүүх засаглалд томоохон эргэлт хийгээгүй учраас тэд цаг хугацаа хожих тоглоомыг санаснаараа удирдаж байна. Үүнийг таслан зогсоохын төлөө Түр хороо эцсээ хүртэл явна. Энэ бол зөвхөн Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрын асуудал биш шүү. Иймэрхүү байдлаар гэм зэмгүй атлаа эрүү шүүлтийг давалгүй, хилс хэрэг хүлээн, ял эдэлж буй хүмүүс цөөнгүй байдгийг иргэд ярьдаг, бидэнд ч мэдээлэл ирдэг. Тиймээс энэ хоёр хүний асуудлыг үнэн зөвөөр шийдсэн цагт эрүү шүүлтийг таслан зогсоох, олон хүнийг хэлмэгдүүлэхээс урьдчилан сэргийлэх боломжтой болно.

-Хоёр сарын дараа эрх баригч нам тодорсон байна. Энэ удаагийн сонгуулийн өнгө ямар байх бол?

-ШИНЭ эвслийг сонгуульд ялалт байгуулна гэж олон хүн айж байх шиг байна. Бүлэглэл ард иргэдээс маш их баялаг, олон тэрбум төгрөг хулгайлж байна. Бидний авсан мэдээллээр “Э”-ээр эхэлсэн дарга нарын бүлэглэлийн цуглуулсан хөрөнгө 20 тэрбум төгрөг болсон байна. Энэ мөнгөөр ард түмний сонголтыг худалдан авна гэсэн төлөвлөгөө гаргажээ, тэд. Мөнгөтэй нь ялдаг юм уу, мөрөөдөлтэй нь ялдаг юм уу гэдгийг харуулъя. Миний ард түмэн агуу мөрөөдөлтэй. Монголын ард түмэн, залуу үеийнхээ мөрөөдлийн төлөө бид тэмцэх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

А.Бямбажаргал: Онцгой нөхцөл мөн гэж үзвэл эдийн засгаас хамаарахгүйгээр сонгууль хойшилно

– АЛЬ Ч ТОХИОЛДОЛД БИД ҮНДСЭН ХУУЛЬД ОРУУЛСАН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ШҮҮХ ЭРХ МЭДЭЛД ХОЛБОГДОХ ХЭСГИЙН СУУРЬ ЗАРЧИМ, АГУУЛГЫГ Л ДАХИН САНАХ ХЭРЭГТЭЙ-

МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Хууль зүйн доктор А.Бямбажаргалтай ярилцлаа.


-Та Хууль зүйн яамнаас боловсруулсан Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болсон олон үзэл санааг гуйвуулж, ноцтой зөрчлүүдийг бий болгохоор байна гэж үзжээ. Ингэж үзэх болсон гол шалтгаан нь юу байв?

-Энд ямар нэг хувийн, эсвэл хэн нэгний ашиг сонирхлын төлөө хандаад буй зүйл огт байхгүй. Ганц зүйл буй нь таван сарын өмнө баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааг зарим нэг нь олж үзээгүй байхад бүү мартаасай л гэдэг асуудал байгаа. Бодит байдал дээр буюу шүүхийн тухай хуулийн төсөлд буусан хэлбэрээр яах аргагүй таван сарын өмнө баталсан үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмаа мартсанд л учир байна. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг бүрдүүлж буй асуудал Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бий болгосон үзэл санаа, зарчмыг орхигдуулж буйгаас харж болно. Хэрэв Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр оруулсан суурь зарчмаа зөрчих юм бол яах гэж 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан юм бэ гэдэг асуулт гарч ирнэ шүү дээ.

-Та Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус таван гишүүнийг томилж буй арга Үндсэн хууль зөрчихөөр байна гэжээ. Үүнийг тодорхой тайлбарлаач?

-Шүүхийн ерөнхий зөвлөл бүрдэх үйл явцыг аль болох улс төрийн албан тушаалтнаас л ангид байлгах зорилго нэн чухал байсан. Энэ ч үүднээс шүүгч бус таван гишүүн яг л энэ шалгуураар бүрдэх учиртай. Гэтэл төсөлд хэд хэдэн ноцтой зүйлс буй нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд яригдаж байсан асуудлыг орхигдуулсанд хамаг учир байна. Төсөлд шүүгч бус таван гишүүнээ УИХ-ын холбогдох байнгын хороо гурав, Хууль зүйн сайд Засгийн газрыг төлөөлөөд нэг, Ерөнхийлөгчид энэ бас гомдох вий гэсэн шиг нэгийг томилно гээд оруулаад ирсэн. Үүгээр зогсохгүй шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдээ орон тооны, орон тооны бусаар ялгах зохицуулалт оржээ.

Хууль зүйн сайд Ерөнхий зөвлөлийн дарга байсан 1996-2002 он шигээ өөрийн томилж буй гишүүнээ орон тооны гишүүнийг төлөөлөн орохоор зохицуулсныг бид чухам юу гэж ойлгох вэ. Учир нь төсөлд ШЕЗ-ийн даргыг орон тооны гишүүд дотроос сонгохоор заасан. Гэтэл энэ заалт бүхэлдээ 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу орсон нэмэлт болох “зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэх заалттай шууд зөрчилдөнө шүү дээ.

-Мөн төсөлд ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг Ерөнхийлөгч томилох эрх олгожээ. Энэ зохицуулалт орвол ямар үр дагавар бий болох вэ?

-2012 оны Шүүхийн багц хуулиудын гол эхлэх цэг бол 2002 оны хуулиар Шүүхийн дотоод хараат бус байдал хэрээс хэтэрлээ. Дээд шүүх бүхий л асуудлыг өөрөө мэдэж шүүн таслаад ч тэр, шүүхийн захиргаагаа ч тэр гартаа авлаа гэдгээс шинэчлэл эхэлсэн байдаг. Гэтэл энэ савлагаа нь 2012 оны хуулиар Ерөнхийлөгчид шүүхтэй холбоотой бүхий л эрх мэдэл төвлөрснөөр өнөөгийн асуудал бий болсон. Бид түүхийг мартаж болохгүй. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр бид Гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт төвлөрүүлэх буюу парламентын сонгодог тогтолцоо руу бодит алхам хийсэн. Үүний дагуу Ерөнхийлөгчийг төрийн тэргүүний хувьд Монголын ард түмний эв нэгдлийг хангаж ажиллах тал руу зоримог өөрчлөлт орсон. Энэ дагуу хийгдсэн нэг томоохон өөрчлөлт бол Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн дөрөв дэх хэсэгт орсон өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” хэмээн заасан. Өөрөөр хэлбэл, өмнөх хувилбар Ерөнхийлөгчид зөвхөн хуулиар тодорхой бүрэн эрхийг олгож болно гэж заасны дагуу Авлигатай тэмцэх газрын дарга, дад даргыг нэр дэвшүүлэх, ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилох, Шүүхийн ёс зүйн хорооны бүх гишүүдийг томилох зэрэг Үндсэн хуульд заасан бүрэн эрхэд нь хамаарах эрхийг хуулиар олгож ирснийг хязгаарласан. Гэтэл төсөлд ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны тус бүр нэг гишүүнийг Ерөнхийлөгч томилохоор бүрэн эрхийг хуулиар олгож буй манай Үндсэн хуульд Ерөнхийлөгчид огт олгоогүй бүрэн эрхийг дахин олгох гэж буйгаараа 2019 оны өөрчлөлтөөр орсон 33.4 дэх хэсгийг шууд зөрчиж буй юм.

-Энэ хуулийн төсөл батлагдвал Шүүхийн ерөнхий зөвлөл, Сахилгын хороог бүрдүүлэхэд ямар нэгэн улс төрийн байгууллагын нөлөөлөл үүсэх үү?

-Мэдээж хэрэг орон тооны гишүүдээр дамжин улс төрийн нөлөөлөлд орохыг үгүйсгэхгүй. Нөгөө талаасаа энэ төслийн дагуу нийлээд олон зүйлс Улсын дээд шүүхэд төвлөрч байгаа. Ялангуяа шүүхийн захиргааны байгууллагыг Улсын дээд шүүхтэй зэрэгцэх байгууллага боллоо гэх сүүлийн хэдэн жилийн шүүмжлэлийн үр дүнд 2002 оны шүүхийн тухай хуульд байсан төвлөрөл шүүхэд ирж буй юм. Энэ нь ШЕЗ-ийн шүүгч таван гишүүнийг сонгож буй хэлбэр, мөн Шүүхийн сахилгын хорооны гишүүдийн олонхыг шүүгчид өөрсдөө бүрдүүлж буй зэргээс харж болно. Дээр нь хууч хамаарал сэдэрсэн асуудал болох Хууль зүйн сайд ШЕЗ, Сахилгын хорооны гишүүний өөрөө томилох эрхийг, өөрөө санаачилж оруулж ирсэн, дээр нь Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхэд үл хамаарах эрхийг хуулиар олгох замаар бий болгож буй нь хэрэг дээрээ дахин шүүх эрх мэдлийн хараат бус байдалд нөлөөлөх улс төрийн нөлөөг хэвээр хадгалах л үр дүн гарахаар байна.

-Ерөнхийлөгчийн зүгээс мөн Шүүхийн тухай хуулийг өргөн барьсан. Ингэж барьж буй шалтгаан нь ямар учиртай вэ?

-2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хамгийн ээдрээтэй байсан хэсэг бол шүүх эрх мэдлийн асуудал юм. Ийнхүү хэлж буйн нотолгоо бол хууль санаачлах эрх бүхий хоёр институци болох Ерөнхийлөгч, Засгийн газар аль аль сонирхолтой нэг нь Монгол Улсын Шүүхийн тухай хууль, Шүүхийн багц хуул нэрээр Шүүхийн тухай, Шүүгчийн эрх зүйн байдал, сахилга хариуцлагын тухай хуулиудыг санаачилж буйгаас тод харж болно. Яагаад гэвэл хуулийг санаачлах замаар өөрийн эрх мэдлээ хэвээр хадгалах нөгөө л өрсөлдөөний үр дүнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд маш тодорхой байсан зүйлсийг, агуулгын хувьд зарчмыг тогтоох хэмжээний мөлийлгөж баталснаас харж болно. Энэ нь чухамдаа шүүхийн тухай хуулийг батлах замаар эрх мэдлийг өөртөө төвлөрүүлж ирсэн түүхийг санагдуулж буй юм.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн гол агуулгыг та юу гэж харж байгаа бол?

-Төслийг өнгөрсөн долоо хоногт албан ёсоор өргөн барьсны дараа л олж үзсэн. Ийм төсөл байгаа тухай магадгүй хэвлэлийн мэдээ гарахтай зэрэг л танилцсан. Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн барьсан хуулиуд бүхэлдээ Хууль тогтоомжийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй нь нууц биш юм. Харин агуулгын хувьд бүрэн судалж дуусаагүй боловч ШЕЗ, Сахилгын хорооны гишүүнийг томилох асуудалд Засгийн газраас өргөн барьсан төсөлтэй ижлээр өөрөө томилох саналыг оруулсан байсан. Өнгөц харьцуулж үзэхэд төсөөтэй заалтууд цөөнгүй байна. Дээр нь ШЕЗ, Сахилгын хороог бүрдүүлэх үйл ажиллагааг ялгаатай байдлаар зохицуулж өгсөн харагдсан. Гэхдээ аль аль төсөлд нэг төсөөтэй тал буй нь ШЕЗ, Сахилгын хорооны гишүүдийг бүрдүүлэх асуудалд өөрийн эрх ашиг сонирхлыг хадгалах гэж зорьсон нь харагдаж буй юм. Мэдээж аль ч тохиолдолд бид 2019 оны Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн шүүх эрх мэдэлд холбогдох хэсгийн суурь зарчим, агуулгыг л дахин санах хэрэгтэй. Энгийн жишээ бол хуульчдаас шүүгчийн шилж олох чиг үүргийг ШЕЗ хүлээхээр заасан байдаг. Гэтэл үүнтэй зэрэгцэн Шүүхийн мэргэшлийн хороо гэх хэрэг дээрээ хуульчдаас шүүгчийн шилж олох ажлыг эрхлэх 2002 оноос бий болгосон бас нэг орон тооны бүтцийг аль аль төсөлд хэвээр хадгалахаар оруулж ирсэн байна. Энэ тохиолдолд бид яах гэж ШЕЗ-ийн гишүүний тоог арав болгосон юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Хэрэг дээрээ Үндсэн хуульд заасан хуульчдаас шүүгчийг шилж олох ажлыг хийх чиг үүрэгтэй учир түүнийг л хийлгэх гэж ийнхүү зохицуулсан шүү дээ. Энэ мэт Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ашиглан шүүхийн тухай хуулийг шинэчлэн батлах замаар эрх мэдлээ өөрт төвлөрүүлэх оролдлогыг УИХ-ын гишүүд эрх биш засах болов уу л гэж найдаж байна.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Засгийн газар огцрох нөхцөл байдал үүсэх үү?

-Товчхондоо бол огт үүсээгүй. Харин үүсээд буй асуудал бол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөх тухай л эргэлзээ үүсч буйг зарим хуульч, судлаачид хэлж байгаа. Гэхдээ бид бүхэлд нь авч үзвэл дагаж мөрдөхөд шинжих асуудал бол 2019 оны нэмэлт, өөрчлөлтийн дагуу өөр хоорондоо уялдаа холбоо бүхий гурван баримт бичиг буйг мартаж болохгүй юм. Энэ нь нэгд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, хоёрт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, мөн үүнтэй холбоотойгоор Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хууль, гуравт, 2020 оны УИХ-ын Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх, түүнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай тогтоол гэж бас бий. Энэ тогтоолоор Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор хууль тогтоомжийг утга агуулгад нийцүүлэх хуваарийг тогтоосон байдаг. Тэгэхээр энэ гурван баримт бичгийн уялдааг харах хэрэгтэй болно. Энэ нь 2020 оны тавдугаар сарын 25-ны 12 цагт дан ганц Засгийн газартай холбоотой асуудалд бус бусад заалтуудад ингэхдээ дагаж мөрдөхөд шилжих тухай хуульд хугацааг тусгайлан заасан Улс төрийн намыг байгуулах нэг хувь болон Дархан, Эрдэнэт зэрэг хотуудыг байгуулах харилцааг шууд уг хуульд заасан. Харин бусад хуулийн хувьд УИХ-ын тогтоосон хуваарийн дагуу шинэчлэн батлах хүртэл хуучин хуулийг дагаж мөрдөхөөр л зохицуулсан шүү дээ. Харин хуваарийг УИХ 2020 онд нэгдүгээр сарын 02 дугаар тогтоолоор баталсан. Хууль зүйн хувьд цаашид УИХ өөрийн баталсан хуваарьт багтан хууль тогтоомжийг батлахгүй бол сая асуудал гарна.

-Огцрох нөхцөл байдал үүснэ гэж зарим хуульчид үзжээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, мөн дагаж мөрдөх хуулийг өөрөөр тайлбарлах боломж бий юү?

-Үндсэн хуульд өөрт нь он, сар зааж дагаж мөрдөх заалт нэг ч байхгүй. Харин Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт болон түүнийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд хугацааг нь зааж өгсөн. Дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн нэгдүгээр зүйлд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуулийг шинэчлэн батлах хүртэл хугацаанд тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө гэж заасан.

Хууль зүйн хувьд хууль хүчин төгөлдөр болох, түүний дагаж мөрдөх гэх ойлголтыг өөр хооронд нь хольж болохгүй. Учир нь 2019 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч нотлон баталгаажуулснаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт албан ёсоор албажсан. Үүнээс үүдэн уг нэмэлт, өөрчлөлтийн дагаж мөрдөх асуудал бол одоо Үндсэн хуулийн салшгүй нэг хэсэг болсон дагаж мөрдөхөд шилжих хуулиар зохицуулагдаж буй юм.

Үүний нотолгоо нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн нэгэн адил хүчинтэй гэдэг заалт байгаа. Энэ нь уг хууль эрэмбийн хувьд ердийн хуулиас дээгүүр гэсэн үг. Энэ заалт гэв гэнэт ингэж хийгдээгүй. 1992 онд шинэ Үндсэн хуультайгаа хамт хавсралт буюу Үндсэн хуулийг дагаж мөрдөхөд шилжих хуулийг баталсан. Өнөөгийнхтэй логик нь яг л адилхан. 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийн хавсралт хууль гэж нэрлэдэг дагаж мөрдөхөд шилжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-т яг ийм заалт бий. Үүний дагуу бид өнгөрсөн хугацаанд 2000 хүртэл дагаж мөрдөхөд шилжих хуулийн дагуу хууль тогтоомжийг Үндсэн хуульд нийцүүлэх үйл ажиллагааг хийснийг санах хэрэгтэй.

-Цар тахалд 4.6 тэрбум, сонгуульд 450 тэрбум зарцуулахаар байна. Ийм цаг үед УИХ-ын сонгуулийг хойшлуулах хэрэгтэй гэх байр суурийг илэрхийлэх нь олонтаа байна. Иргэдэд ч өвчин тарах вий гэсэн айдас байх шиг. Энэ удаад сонгуулийг хойшлуулаад үзвэл яадаг юм бэ?

-Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хуулийг хэрэгжүүлэх, биелэлтийг хангах үүргийг УИХ-ын өмнө Засгийн газар хүлээдэг. Энэ хүрээнд өвчин хяналтад байна гэж үзэж байгаа юм болов уу гэж харсан.

Эдийн засаг дийлэхгүй гэдгээр сонгууль хойшлуулж болох уу гэдэг асуулт гарч ирнэ. Монгол Улсын Үндсэн хуульд ээлжит сонгуулийг хойшлуулахтай холбоотой зохицуулалт бий. Үндсэн хуулийн 22.1-т улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл байдал үүссэнийг арилах хүртэл сонгуулийг хойшлуулж болно. Үүнийг УИХ шийдвэрлэнэ гэж заасан байдаг. Өнөөгийн нөхцөлд бол коронавирусийн халдварыг дэлхий нийтийг хамарсан цар тахал гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн боловч энэ манай улсад хэр хэмжээнд байна вэ гэдэг бол тусдаа асуудал юм. Хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулиа баривал Монгол Улсын хэмжээнд зарим хэсгийг, эсвэл бүхэлд нь хамарсан онцгой нөхцөл мөн эсэхийг тогтоох эрх нь зөвхөн УИХ-д хадгалагдаж байна. Хэрэв онцгой нөхцөл мөн гэж үзвэл эдийн засгаас хамаарахгүйгээр сонгууль хойшилно. Эргээд эдийн засгийн хямрал нь онцгой нөхцөл эсэхийг мөн л УИХ шийдвэрлэнэ. Дашрамд дурдахад, Сонгуулийн хуульд заасны дагуу сонгууль хойшлуулах зохицуулалт Үндсэн хуультай зөрчилдсөн байгаа. Үүнийг УИХ мөн засах хэрэгтэй болов уу.

Categories
мэдээ цаг-үе

Г.Ариунбуян: Бид гадаадаас иргэдээ татах ажлыг тасралтгүй хийнэ. Ингэхдээ зөвхөн МИАТ-ийн онгоцоор авах боломжтой

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас тусгай үүргийн нислэгтэй холбоотой мэдээлэл хийлээ. одоогийн байдлаар нийт тусгай үүргийн найман нислэгээр 1800 гаруй, хилийн боомтоор 2400 гаруй, төмөр замын боомтоор 4300 гаруй иргэнийг татан авчээ. Маргаашнаас эхлэх тусгай үүргийн гурван нислэгээр 790 гаруй иргэнийг татан авах бэлтгэлийг хангасан байна. Цаашдаа засгийн газар, Улсын онцгой комисс үе шаттайгаар иргэдээ татан авах юм байна. эх орондоо ирэх иргэдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа учраас иргэдээ татан авах ажиллагааг зогсоохгүй үргэлжлүүлнэ гэдгийг албаныхан хэллээ.

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян сэтгүүлчдийн асуултад хариуллаа.


-“Хүннү эйр” компани иргэдийг татан авах боломжтой гэсэн. Ер нь тусгай үүргийн нислэгийг бусад авиа компаниар үйлдүүлэх боломжтой юу?

-Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй зарим авиа компаниас Улсын Онцгой комисст хандан гадаад улсаас иргэдийг татан авахад дэмжлэг үзүүлж ажиллах хүсэлт ирүүлсэн. одоогоор тусгай үүргийн нислэгийг гэрээт улс орнуудад “МИАТ” ТӨХК л үйлдэж байгаа. Бусад компанид нислэг үйлдэх боломж байхгүйг өчигдөр (уржигдар) УоК-ын хурал дээр албан ёсоор мэдэгдсэн. Гадаадаас иргэдээ татан авах ажиллагаа тасралтгүй явагдана. одоогоор 9900 гаруй иргэн эх орондоо ирэхээр хүсэлтээ гаргаад байна.

-ОХУ-аас хичнээн оюутан татахаар тооцоолж байна вэ?

-ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй 2000 оюутан байгаагаас 570 гаруй оюутан өргөдлөө өгөөд байна. Бид тусгаарлах байрны хүрэлцээ, эмч эмнэлгийн ажилтны нөөц боломж, халдварын нөхцөл байдал зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үе шаттайгаар зохион байгуулалтаа хийнэ. Мөн Туркээс 500 гаруй иргэн яаралтай ирэх хүсэлтээ өгсөн. Энэ асуудлыг ойрын хугацаанд судалж, шийдвэрлэхээр ажиллаж байна.

-Тусгаарлах байранд байгаа иргэд төлбөрөө төлөхгүй байгаа тухай өмнө нь нэлээд яригдсан. Тусгаарлагдаад гарсан иргэд төлбөрөө төлж гүйцээсэн үү?

-Хоёрдугаар сарын 1-нээс хойш 4300 гаруй иргэнээ татан авсан. Тэдний 2195 нь төлбөрөө төлснөөр 1.7 тэрбум төгрөг нь тусгаарлах байрны зардалд орсон. Харин 60 иргэн тусгаарлах байрны төлбөр 39.5 сая төгрөгийг төлөөгүй байна. БНХАУ-д ял эдэлж байсан төлбөрийн чадваргүй хүмүүс ч үүнд багтсан тул асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна.

ӨНӨӨДРИЙН ТРАНЗИТ ТУСГАЙ НИСЛЭГЭЭР ДОЛООН УЛСААС 273 ЗОРЧИГЧ ИРНЭ

Улсын Онцгой комиссын Шуурхай штабын мэдээллийн үеэр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “ УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу ойрын өдрүүдэд гурван онгоц хүлээн авахаар төлөвлөөд байна. Зорчигчийг сонгон шалгаруулах тал дээр байнга асуудал гардаг. УОК-оос гарсан шийдвэрээр АНУ, Европ, Зүүн өмнөд Азид байгаа иргэдээ татан авахаар гурван тусгай нислэгийг хийх гэж байна. Энэ сарын 30-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр долоон улсаас 273 зорчигч, тавдугаар сарын 1-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр БНСУ-д байгаа 271 зорчигч, тавдугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатарын транзит нислэгээр 13 улсаас 263 зорчигч ирэхээр байна.

Нислэг тус бүрийн зорчигчийн тоо өөр байгаа нь 0-2 насны хүүхэд аав ээжийнхээ өвөр дээр суугаад ирэхтэй холбоотой. Сул суудал гарах тутамд дараагийн хүнээ аваад явж байгаа гэж ойлгож болно. Үндсэн таван шалгуураас гадна иргэдийн хүсэлт оюутнуудын нөхцөл байдлаас шалтгаалаад оюутнуудыг хамруулахаар болсон. Оюутны байргүй болсон болон бусад шалтгаантай оюутнуудыг авчирна. Мөн БНСУ-ын Хууль зүйн яамнаас визийн хугацаа хэтрүүлээд саатуулах байранд байгаа 33 иргэн, өршөөлийн аянд хамрагдаж байгаа 200 гаруй иргэнээс боломжоороо аваач ээ гэсэн хүсэлт тавьсныг харгалзан үзэхээс аргагүй байна. Ингээд иргэдийн нэрсийг эцсийн байдлаар гаргаад МИАТ компанид хүргүүлсэн. Гэсэн ч транзит нислэгийн хувьд асуудал гарсан. БНСУ-аас транзит нислэгээр ирж байгаа иргэдэд нэмэлт шаардлага тавьж транзит зорчигч 24 цагаас илүү хугацаагаар Инчеон олон улсын нисэх онгоцны буудалд байвал дараагийн улс руу нисгэхгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс транзит нислэгийн хувьд онгоц наашаа хөөрөх хүртэл нэрсийн жагсаалтад өөрчлөлт орох магадлалтай” хэмээн тайлбарлалаа.

ТУСГАЙ ИРЭХ ИРГЭДИЙГ СОНГОХДОО ЭМЯ ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ БАЙГАА ГЭВ

Тусгай нислэгээр ирэх иргэдийг сонгоход маш төвөгтэй байгаа аж. Тухайлбал, АНУ, Европын орнуудад байгаа иргэдээс 3000 гаруй хүн нутаг буцах хүсэлт гаргасны 1074 нь УОК-оос тавьж байгаа таван шаардлагыг хангажээ. Тэднээс дахин 273 хүнийг сонгож авсан байна. УОК-т ирж байгаа өргөдлийн дийлэнхийг эрүүл мэндийн шалтгаантай иргэд зонхилж байгаа аж. Иймд иргэдийн өгсөн мэдээлэл үнэн эсэхийг нягтлахын тулд ЭМЯ, тагнуулын байгууллагатай хамтарч ажиллаж байгаа юм байна. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Зургаан сартай жирэмсэн эмэгтэйг авчрах уу эсвэл хоёр сартай жирэмсэнг нь авчрах уу, хавдрын сүүлийн шатанд орсон хүнээ авах уу, эхний шатандаа байгааг сонгох уу гээд маш хэцүү сонголтуудыг бид хийж байна” гэлээ.

ФРАНКФУРТ-УЛААНБААТАР НИСЛЭГЭЭР ИРЭХИРГЭД МИАТ-ЭЭР АНХ УДАА ҮЙЛЧЛҮҮЛЖ БАЙГАА БОЛ ТАСАЛБАРЫН ҮНЭ 725 ЕВРО

Тавдугаар сарын 2-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэж, Европоос иргэдээ татахаар болсон. Үүнтэй холбоотой мэдээллийг “МИАТ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Баттөр өглөө. Тэрээр “Франкфурт чиглэлийн нислэг нь зургадугаар сарын сүүлээр нээгддэг чиглэл. Гэхдээ Улсын Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу нислэг үйлдэхээр болоод байна. Энэ нь Берлиний чиглэлийг Франкфурт руу шилжүүлсэн гэсэн үг. Уг нислэгээр ирэх хүмүүсийн 50 гаруй хувь нь манай үйлчлүүлэгчид буюу Берлиний чиглэлд тасалбартай байсан хүмүүс. Зарим нь зуны нислэгийн тасалбарыг урьдчилан авсан байсан тул хугацаагаа наашлуулсан. Харин 30-40 хувь нь “МИАТ”-ийн үндсэн зорчигч байгаагүй, шинээр тасалбар авч байгаа хүмүүс. Тэдний тасалбар нь 700 гаруй евро. Энэ бол 2015 онд батлагдаж, таван жил мөрдөгдөж байгаа тариф юм. Энгийн ангиллын тариф нь арваад төрөлтэй. Үнэ нь 400-905 еврогийн хооронд хэлбэлзэж байна. Тэгэхээр 725 евро нь бага зэрэг үнэтэй байгаа. Учир нь энэ хүмүүс “МИАТ” ТӨХК-аар зорчигч бишээс гадна эрэлттэй холбоотой юм. Мөн тусгай үүргийн нислэг нь зөвхөн нэг талдаа зорчигчтой байгаа тул үнийг 2015 оны тарифаар үйлдэх нь зүйтэй гэж үзсэн” гэсэн тайлбарыг хийв. Мөн тусгай үүргийн нислэгийг далимдуулж иргэд МИАТ-ийн суудал байна, тасалбар зарна гэсэн хуурамч зар их байгааг анхааруулав.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ноолуур 100 мянгад хүрэхгүй л юм бол хүргэнэ гэж худал ярих хэрэг байна уу

Цар тахал гарсантай холбоотойгоор Засгийн газраас эдийн засгийг тэлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор долоон арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр болсон. Үүний нэг нь ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эд бэлтгэхэд нь зориулж 300 тэрбум төгрөгийн санхүүжилт олгох байв. Ингэснээр малчин бүрийн ноолуурыг 100 мянган төгрөгөөр авч чадна гэж Засгийн газраас баатарлагаар мэдэгдэж, үүнийгээ ч сонгуулиар малчдын саналыг авах гол хэрэгсэл гэж үзсэн нь нууц биш. Гэсэн ч шийдвэрээ хэрэгжүүлэхдээ ноолуураа хар, цагаан, малчдаа нутаг усаар нь ялгаж эхэлсэн юм. Ихэнх аймагт ноолуурын ханш 25-40 мянган төгрөгөөс дээш гарахгүй, зээл хуультай малчдад “Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу” цаг үе үргэлжилж байна.

Ямартаа ч өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо. Бодит нөхцөл байдал ямар байгааг УИХ-ын танхимд тоймтой ярьсан нь энэ. Хуралдааны үеэр Ж.Мөнхбат гишүүн Ч.Улаан сайдаас “Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрэх вэ. Хүрэхгүй бол та хариуцлага хүлээх үү” хэмээн асуухад “Архангайн ноолуур хэзээ 105 мянган төгрөг хүрч байсан юм бэ. Энэ чинь чанараасаа хамаардаг юм. Одоо 40 мянгаар авч байгаа юм билээ. 85 мянгаар зараарай гэдэг жишиг үнийг өгсөн” гэж хариулна лээ. Ноолуурын ханшийг 100 мянгад барина гээд ханхалзаж байсан сайд маань улайчихгүй ингэж хэлж суугаа харагдана. Үнэхээр ноолуурын ханш 100 мянгад хүрэхгүйг мэдсэн юм бол энэ Засгийн газар анхнаасаа хүргэнэ гэж худал ярих хэрэг байсан юм уу. Малчдыг ингэж хуурах шаардлага юу байв.

Энэ нам, Засгийн газар ард түмэнд шилний цаанаас чихэр долоолгоно гэдгийг ёстой жинхэнэ утгаар нь үзүүлж байна. Ноолуурыг 100 мянган төгрөгт хүргэнэ гэж худал цуураад зогсохгүй Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх тухай шийдвэр гаргаад амжсан. Ил мэдэгдэж байгаагаар Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд нар нь өөр, өөр байр суурь илэрхийлсэн. Нам дотороо нэгдсэн байр суурьт хүрч чадахгүй, ихээхэн маргаантай байгаа гэж дуулдана лээ. Тийм болоод ч тэрүү Нийгмийн даатгалын ерөнхий газар нарийн журмыг нь мэдэхгүй, хүлээж байна гэчихээд тоймтой хариу хэлж чадахгүй байна.

Мөн борлуулалтын орлого нь буурсан ч цомхотгол хийгээгүй аж ахуйн нэгжийн ажилчдад ажилгүйчүүдийн даатгалын сангаас 200 мянган төгрөгийн дэмжлэгийг гурван сарын хугацаанд үзүүлэхээр болсон. Өнөөдрийн байдлаар 200 мянган төгрөг гар дээрээ авсан нэг ч ажилтан алга. Ямар байгууллага, хэрхэн яаж, олгох нь ч тодорхой бус байна. Ямар байгууллагад өгөх, тэд нь хэнд яаж хандах нь бүр ч тодорхой бус байгаа юм. Үүнийг нэхвэл толгойгоо хагалуулж мэдэх шинжтэй болчихоод хий дэмий бүлтгэнэсэн хэдэн аж ахуйн нэгжийн захирлууд л сууцгааж байна. Чаддагаараа татвараас л өдөрт нэг удаа асуудаг, тэд нь бараг сүүлдээ занах маягтай, яахаараа чи үргэлж ийм юм асуугаад байгаа юм гэж.

Бид болж бүтэхгүй, хэзээ үр дүнгээ өгөх нь тодорхой бус зүйлсийг яриад байвал “улс төр хийлээ” гэдэг. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд улстөрчдийн ард түмэнд үзүүлсэн нүүр царайг ингэж нэрийддэг болсон хэрэг. МАН болон түүний байгуулсан Засгийн газар энэ удаад мөн л улстөр хийлээ. Сүр дуулиантай зарласан 5.1 их наяд төгрөгийг зарлагадах арга хэмжээнүүдээс нь бүтсэн зүйл одоог хүртэл ганц ч алга байна. Арга ядсан ард түмэн хэрэгжихийг нь хүлээн, тэднийг царайчлахаас өөрийг хийж чадахгүй сууна. Өөр яалтай ч билээ. Үнэндээ хэлсэн ярьсан болгон нь худал, хуурмаг байхаар энэ нам Засагт итгэхэд бэрх юм. Тэр дундаа энэ хүнд цаг үед энэ нөхүүд улс орныг удирдаж авч явж чадах эсэх нь улам л эргэлзээтэй санагдаж байна.

Цар тахал гарч, хөл хорио тогтоосноос хойш олон ч аж ахуйн нэгж хаалгаа барилаа. Сүүлийн гурван сар хөл хориотой, худалдаа үйлчилгээ нь явахгүй болохоор арга ч үгүй биз. Уг нь дэлхийн улс орнууд ямар ч хүнд хэцүү нөхцөлтэй тулгарсан эдийн засаг, эрүүл мэнд хоёртоо эн тэнцүү анхаарал хандуулаад яваад байж болоод байх юм.

Өмнөд Солонгос л гэхэд хэдэн мянган хүн нь халдвартай байлаа гэхэд сонгуулиа хойшлуулж сүржигнэсэнгүй. Ямар нэгэн эрсдэлгүйгээр сонгуулиа зохион байгуулчихлаа. Харин манайх тахлаар далимдуулж зөвхөн хааж боохдоо л бүх анхаарлаа хандуулж байна. Хориглосон, цагдсан хууль тогтоомжууд батлагдмагцаа хэрэгжиж байхад ард түмний амь амьжиргааг дэмжсэн, тусалж дэмжих гэсэн тогтоол шийдвэрүүд нь хэзээ гарах нь улсын нууцад орохоо алдсан журам гээч зүйл дээрээ гацаж, огт хэрэгжихгүй байна.

Монгол Улсад өвчин тахлын үед маш шуурхай хэрэгжиж, ажиллаж байгаа зүйл юу байна гээч. Бүх талын хориглосон хууль, журам гарангуутаа хэрэгжиж байна. Мөн шүүх, шорон хорихууд, мөрдөн байцаалт л маш идэвхтэй цаг наргүй ажиллаж байна. Энэ нь ч У.Хүрэлсүхийн Засгийн өнгийг тодорхойлох мэт. Хэвлэл мэдээллийн бүхий л сувгийг та нэг анзаараад үзээрэй. Тэрнийг хорив, энийг шүүв, ийм хэвлэлийн байгууллагыг хаана гэсэн мэдээгээр л дүүрсэн байгаа. Тэгээд цааш нь одоо тэрийг барина, тэр луйварчин сул чөлөөтэй явж байна, АТГ маш сайн ажиллаж тийм хүнийг мөнгөө тоолоод сууж байхад нь барив, машин явуулахгүй, өө одоо хэд хоног явуулаад үзье гэсэн мэдээ мэдээлэл л хахаж байна. Харин ийм эдийн засгийн тусламж үзүүлэв, ингэж ажиллах нөхцөл, татварыг хөнгөллөө, тэдэн ажлын байр нэмлээ гэсэн мэдээ үзээд өгье гэсэн ч алга байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Баярхүү: БНАСАУ-ын Элчин сайд “Манай удирдагч эрүүл саруул. Бие нь муудлаа гэх мэдээлэлд үнэмших хэрэггүй” гэсэн байна лээ

Олон улсын харилцааны судлаач-профессор Дашдоржийн Баярхүүтэй ярилцлаа.


-БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны биеийн байдал хүнд байгаа, нас барсан байж болзошгүй гэх мэт таамгууд хөвөрсөөр байна. Та энэ талаар ямар мэдээлэлтэй байна?

-Ертөнцөөр нэг мэдээлэл байна. Тэр болгонд автах хэрэггүй. Гэхдээ интернэтэд нэвтэрч уншихад чинь хэн ч саад хийгээгүй. Яг над руу хандаж асуулт тавьж байгаа бол энэ талаар баттай дуулсан мэдээлэл алга л гэж хариулна. БНАСАУ өөрөө албан ёсоор мэдээлээгүй байхад бид таамаг дэвшүүлэх нь зохисгүй хэрэг. Энэ бол тухайн улсын дотоод хэрэг. Учир нь Монгол Улс, БНАСАУ хоёр найрсаг харилцаатай түнш улсууд. Тэр ч утгаараа тухайн улсын дотоод асуудалд бид оролцож байгаа мэт улс төрийн амьдралыг нь дураараа тайлбарлах алхмыг бид хийхгүй байхыг бүр уриалмаар байна. Хил залгаа улс болох БНХАУ болон БНСУ-ийн эх сурвалжууд Умард Солонгосын удирдагчийн нас барсан тухай мэдээллийг няцааж байгаа. Тэдэнд илүү сайн мэдээлэл байж магадгүй. Үүнийг харгалзан үзэх хэрэгтэй. Мөн ОХУ-ын мэдээллийг харах нь чухал. БНАСАУ-ыг хамгийн сайн нарийн судалсан, ямагт мэдэж байдаг гурван улс нь Хятад, Орос, Өмнөд Солонгос гурав шүү дээ.

-Нас барчихлаа гэсэн мэдээлэл яваад байгаа юм биш үү?

-Хонконгийн HKSTV гэх телевизээр Хойд Солонгосын удирдагчийг нас барлаа гэсэн мэдээ нэвтрүүлснийг Хятадын Weibo гэх сайтад авч тавиад түүнээс нь Америкийн The New York Post гэх сонин дэлхийд цацсан хэмээн Оросын lenta.ru сайтад биччихсэн байна лээ. HKSTV телевизийн дэд захирал энэ мэдээгээ найдвартай эх сурвалжаас авсан гэж ярьсан байх шиг. Японы Shukan Gendai сэтгүүлд бичсэнээр Хойд Солонгосын удирдагч хагалгааны дараа маш хүнд байна, үхэлтэй тулж байна гэсэн ч байх шиг. Ийм мэдээ олон байгааг энд бүгдийг тоочих шаардлага байхгүй. Бид БНАСАУ-ын албан ёсны мэдээллийг хүлээх хэрэгтэй. Гол эх сурвалж Пхеньян хотод байгаа. Тэндээс албан ёсны мэдэгдэл хийж мэдээлээгүй байхад Хонконг, Япон, Америкийн эх сурвалжийн мэдээллийг азнах хэрэгтэй. Барууны ба Япон, Хонконгийн хэвлэл мэдээллээр цацаж байгааг тэр чигт нь буулгаж нөхцөл байдлыг оношлох нь зохимжгүй.

-Тэгвэл эсрэгээр нотлох мэдээлэл танд байна уу?

-Хамгийн сүүлд тарсан нэг мэдээ байна. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун амьд мэнд, эрүүл байна хэмээн Fox News ТВ-д Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн туслах ярьжээ. Хойд Солонгосын удирдагчийн талаар Оросын Төрийн Дум ба БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын харилцан ажиллагааг зохицуулах ажлын хэсгийн зохицуулагч Казбек Тайсаев гэдэг хүн Интерфакс агентлагт дөнгөж сая ярилцлага өгөхдөө яаран дүгнэлт хийхгүй байхыг уриалсан байна. Тэрээр БНАСАУ-ын шинэ Элчин сайдыг хүлээн авч уулзах үеэр Ким Жөн Уны эрүүл мэндийг лавлаж асуухад зочин нь “Манай удирдагч эрүүл саруул сайн байгаа. Бие нь муудлаа, өвчиллөө гэсэн мэдээ гадаадын хэвлэл мэдээллээр бишгүйдээ гарч л байдаг, үнэмших хэрэггүй” гэж хэлжээ. БНАСАУ-ын нам-төрийн төв сонин “Нодон синмун”, мөн Төв Радиогоор тус улсын Төрийн Зөвлөлийн дарга Ким Жөн Уны мэдэгдлийг дамжуулсан мэдээ байна. Самжиён хот дахь бүтээн байгуулалтад удирдагч талархал дэвшүүлж амжилт хүсэв гэснийг Оросын ТАСС агентлаг эш татсан байна.

-Ким Жөн Уны эмэгтэй дүүг улсаа удирдаж эхэлжээ гэх таамаг хүртэл байна. Тэр ч утгаараа Умард Солонгосын хатуу дэглэм нуран унах болно гэж олон улс судлаач, шинжээчид үзэж байгаа юм билээ.

-Энэ бол зөвхөн барууны ба гадаадын судлаачдын л бичиж байгаа таамаг. Тэр дундаа АНУ-ын судлаачдын бичиж байгаа гаргалгаа, таамаг юм. Үүнийг бид үнэн мэт шууд ярьж болохгүй. Гагцхүү албан ёсны мэдээллийг л хүлээх ёстой. Тэртэй тэргүй ямарваа нэг асуудал үүссэн бол тухайн улс албан ёсоор зарлаж л таарна. Бид хоёр улсынхаа харилцаанд л анхаарах ёстой болохоос биш бусад улсын таамаг, томьёололд итгэх шаардлагагүй гээд би дээр хэлчихлээ шүү дээ.

-Хэрэвзээ БНАСАУ-ын удирдагч нас барж, дүү нь түүний залгамж халааг авах дээрээ тулчихвал хатуу дэглэм нь нуран унах уу. Залгамжлалын асуудлыг хэрхэн шийдвэрлэх бол. Та хувь судлаачийнхаа зүгээс ямар таамаг дэвшүүлэх вэ?

-Энэ улсад гэр бүлийн дарангуйлал үүсчихсэн, ганцхан Ким Жөн Уны ахан дүүсийн мэдлийн улс болчихсон юм биш шүү дээ. Хамтын удирдлагын тогтолцоо эрх зүйн хувьд байж ирсэн, одоо ч байгаа. Солонгосын Хөдөлмөрийн Нам (СХН), түүний Төв Хороо, түүний Улс төрийн Товчоо, Улс төрийн Товчооны Тэргүүлэгчид гээд шат дараалсан эрх баригч намын засаглалын тогтолцоо байдаг. Улс төрийн Товчооны Тэргүүлэгчид гэдэг бол энэ улсын нам, төрийн дээд эрхийг барих байгууллага, найман хүн байна. Тэдний дотор БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ён Нам, Солонгосын Ардын армийн Улс төрийн ерөнхий газрын дарга Хван Бен Со нар үлэмж эрх мэдэлтэйд ордог. Бас Улс төрийн Товчоонд СХН-ын орлогч дарга гээд зургаан хүн байна. Намын Төв Хорооны дэргэд Цэргийн Төв Хороо гэж байна. Одоогоос яг дөрвөн жилийн тэртээ СХН-ын VII их хурал хуралдаж байх үед зарласнаар СХН-ын эгнээд дөрвөн сая коммунист байна. Тус улсын хүн ам 25 сая гэж тооцвол хүн амын 16 хувь нь коммунист намын гишүүд байна. Ардын Дээд Хурал гэдэг нь парламентын засаглалын хэлбэр нь. Засаг захиргааны маш том нүсэр бүтэц, олон шатлалтай төвлөрсөн хатуу захиргаатай ийм л улс. Залгамжлалын асуудал гэдэгт гадаадын судлаачид, гадаадын хэвлэлүүд л элдэв таамаг дэвшүүлдэг. Тэдний үздэгээр аавынх нь дүү буюу авга ах ахмад дипломатч Ким Пхён Ир, өөрийнх нь төрсөн ах Ким Жон Чхоль гэж бас бий. Хэвлэлээр шуугиад байгаа охин дүү Ким Ё Жон гээд нэрс явж байна. Ким Пхён Ир бол Ким Ир Сений хүү болж таарна. Энэ бүхнийг би зүгээр л мэдээлж байна. Гадаадад тэгж үзэж байнаа гэж. Харин энэ улсын нам төрийн нүсэр институци нь паникт автах, төрийн эргэлт, дэглэм нураах үйл явцыг хийлгүүлэхгүй байх боломжтой. Тэнд улсыг аюулаас хамгаалах, батлан хамгаалах маш хүчтэй тогтолцоо, сүлжээ бий. Тэд бүх ард түмнээ алхах гишгэхийг нь хүртэл хянаж, цагдаж чадаж байна. Энэ нь өөрөө бодит үзүүлэлт шүү дээ. Тиймдээ ч энэ дэглэм амархан нурчих нь гэдэгт би санал нийлэхгүй байна.

-Цөмийн зэвсэгтэй орон учраас ямар нэгэн аюул, хөнөөл учрах вий гэх болгоомжлол зарим улс орнуудад байх шиг.

-Тэр улсын пуужинт-цөмийн зэвсэг хатуу хяналтад байдаг болов уу. Хэрэв хяналтаас гарчих хэмжээнд байсан бол аль хэдийнэ баларчих байсан байх. Хяналтын тогтолцоог нь гадаад улсууд сайн ойлгохгүй, мэдэхгүй учраас янз бүрийн таамаг сценар зохиомжлоод түгшүүртэй байдлыг дэвэргээд байна шүү дээ. Нөгөө талаас олон улсын хамтын ажиллагааны хүрээнд БНАСАУ-ын ярьж хэлж, амласан зүйлүүд бий. Тиймээс юу юугүй хяналтаас гарч аюул хохирол учруулаад байна гэж байхгүй. Тэр бол дэгсдүүлсэн ойлголт. Байдлыг бид харах хэрэгтэй.

-Ким Ир Сен буудуулж нас баржээ гэх шуугиан 1986 онд гарч, БНАСАУ дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон яг тэр эгзэгтэй үед Ж.Батмөнх дарга айлчлахаар очиж байсан тухай Элчин сайд асан Ж.Ломбо гуай дурсамжиндаа бичсэн байдаг юм билээ. Мэдээж Умардын удирдагч амьд сэрүүн байсан нь айлчлалын багийнханд баярт мэдээ болсон гэдэг. Магадгүй энэ удаагийн үйл явдал Умард Солонгосын дэлхий нийтийн анхаарлыг татах гэсэн үйлдэл юм болов уу?

-Үгүй л болов уу. Удирдагчаа өвчнөөр үхэх гэж байна, өвчин амийг нь аваад явчихлаа гэж шуугиан дэгдээн дэлхийн анхаарлын төвд орж ирэхийг хүсэх нь юу л бол? Одоо тийм цаг биш шүү дээ. Гадаадынхан л тэгж шуугиад байгаагаас өөрсдөө ганц ч үг ганхийхгүй байгаа биз дээ. Одоо Хойд Солонгосын удирдагчийн эрүүл мэндээс илүүтэй хүн төрөлхтнийг шинэ аюулд дуудаад бараг биологи-бактериологийн зарлаагүй дайны хэмжээнд түгшээж байгаа коронавирусийн цар тахал нэгдүгээр асуудал болчихоод байна. Хойд Солонгост удирдагч өвчилсөн нь дэлхийн нэг улсын дотоод асуудал, харин дээрх цар тахлын аюул бол дэлхийн 220 улс орны хамгийн тулгамдсан глобал асуудал. Дэлхий дахин өнөөдөр Пхеньян руу нүд бэлчээх завдалгүй байна шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тэрбишдагва: Бодлогоо гаргаж тууштай хэрэгжүүлсэн улс л алдахын зовлонгүй хөгжинө

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай ярилцлаа.


-Таны ахалсан Оюу толгойн гэрээг шалгах ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан УИХ-аас тогтоол гарлаа. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-УИХ-ын даргын захирамжаар Оюу толгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Тэр дагуу тухайн ажлын хэсэг ордыг ашиглах бүхий л гэрээ, хэлэлцээрүүд одоо мөрдөгдөж байгаа ашигт малтмал, хөрөнгө оруулалт, татварын зэрэг хууль, тогтоомжид нийцэж байгаа эсэхийг шалган тогтоож, санал дүгнэлт гаргах үүрэг хүлээсэн хэрэг. УИХ-ын даргын 2018 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 93 дугаар тоот захирамжаар зайлшгүй шаардлагын улмаас Ажлын хэсгийн өмнө нь тавигдсан ахлагчийг чөлөөлж, намайг томилсон л доо. Ажлын хэсэг нийт 13 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллах болсон. Мөн мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх таван Дэд ажлын хэсгийг таван яамны төрийн нарийн бичгийн дарга нараар ахлуулан байгуулж, бүрэлдэхүүнд төр, засгийн холбогдох байгууллагын мэргэжлийнхэн, улс төрийн дөрвөн нам, 10 гаруй төрийн бус байгууллага, хөдөлгөөнийхөн, энэ салбарт ажиллаж байсан мэргэжлийн ахмад ажилтан, эрдэмтэд, судлаачдын төлөөлөл оролцсон том баг ажилласныг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Дэд ажлын хэсгийн бусад төлөөллийн саналыг ч нэгтгэж дүгнэлтэд тусгаж өгсөн. Монгол Улсын Засгийн газар 34 хувийг нь эзэмшдэг энэ том төслийг гацаах, зогсоох биш харин алдааг нь засч, хийдлийг нь арилгаж, харилцан ашигтай, хамтран ажиллах нь юу юунаас чухал байлаа. Тийм ч учраас гэрээ хэлцэл, хууль, журмын уялдаа холбоо, давхардал хийдлийг нэг бүрчлэн нягталж, алдаа оноог нь дэнсэлж хийгүй ажиллах учиртай байв. Ер нь л алдах эрхгүй, аргацааж болохгүй, аливаад шантрах ёсгүй нь тодорхой. Салбарын мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид, төр нийгмийн зүтгэлтнүүдэд ч хандаж, зөвлөгөө авч байв. Хугацаандаа амжуулна гээд “Бушуу туулай борвиндоо баастай” гэдэг үлгэрээр орохгүйн тулд бид тэр зун бараг амраагүй. Төрийн ордон эл хульхан, цонхны гэрэл нэлдээ харанхуй шахам байхад манай ажлын хэсгийнхэн л өдөр шөнөгүй цаас нухаж, нүдээ аргатал бичиг баримтуудыг тулгаж, амсхийх завгүй ажиллаж байв. Уйгагүй хүн уул нүхэлдэг гэгчээр Оюу толгойн гэрээг засч залруулахын төлөө тэгж шаргуу ажилласны хүчинд тун чамбай дүгнэлт гаргасан гэж би боддог.

Ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын даргад өргөн мэдүүлэхийн зэрэгцээ ҮАБЗ-д ч хүргүүлсэн. Төрийн гурван өндөрлөг сайтар мэддэг байх ёстой, түүгээр ч барахгүй ҮАБЗ-өөс чиглэл өгнө үү хэмээн өнгөрсөн хоёрдугаар сард бичиг хүртэл илгээсэн. Засгийн газрын ХЭг, АТг, Үндэсний аудитын газрын зүгээс хийсэн хяналт, шалгалтын ажлын дүн ч гарсан. нэгтгэсэн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороо, УИХ-аар хэлэлцэж, 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 92 дугаар тогтоол гарч, хэрэгжилтийг нь хангуулахаар Монгол Улсын Засгийн газарт даалгасан.

-УИХ-ын тогтоол гарснаас хойш багагүй хугацаа өнгөрлөө.Засгийн газар Оюу толгой компанитай хэзээ хэлэлцээрийн ширээний ард суух бол?

-Цар тахлын улмаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн, хилийн хорио цээрийн дэглэм тогтсон ийм үед хэлэлцээрийн ширээний ард суухад амаргүй байгаа нь мэдээж. нөгөө талаар, дэлхийд зэсийн ханш унаж байгаа тул хэлэлцээр хийхэд адармаатай л болчихлоо.

Уг нь ажлын хэсгийн дүгнэлт, УИХ-ын тогтоол гармагц л цаг алдалгүйгээр яриа хэлэлцээрт орж, мятралгүй зүтгэх байсан юм. Гэхдээ нэгэнт өгсөн үүрэг даалгавар учир ямар ч байсан Засгийн газар яриа хэлэлцээрээ эхлүүлээд ажиллаж байгаа байх аа.

-Ажлын хэсгийн дүгнэлтийг нарийвчилж гаргасан, маш олон хуудас бүхий баримт бичиг бий гэдэг. Хэрхэн шалгаж, ямар дүр зураг гарсныг тодруулахгүй юу?

-Дэлхийн хэмжээний орд, асар үнэ цэнэтэй баялгаа ашиглаж байгаа хэр нь монгол түмэн яагаад сэтгэл дундуур байгаа билээ гэдэгт ганцхан л гол утга учир нь бий. Анхнаасаа л гэрээ хэлэлцээр хийхдээ алдаа гаргаснаас л үүдэлтэй. Тэр нь миний оролцсон хоёр удаагийн шалгалтын явцад илт харагдсан. Хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээ болон далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүгийн төлөвлөгөөний талаар хэдэн зүйлийг тодотгож хэлье. Эдгээр гэрээг боловсруулахад оролцсон, гэрээ зурсан Монголын талын төлөөлөл, УИХ-ын 2008 оны 40 дүгээр тогтоол, 2009 оны 57 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг ягштал баримталж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг илт зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон зэрэг нь манай талын хүртэх ашиг, үр өгөөжийг бууруулахад хүргэсэн тухай дүгнэлт гарсан байгаа. Манай ажлын хэсгийн хийсэн хяналт шалгалт нь зөвхөн Хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд төдийгүй Хувь нийлүүлэгчдийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө (Дубайн гэрээ) зэрэг үндсэн баримт бичгүүдийг бүхэлд нь хамруулсан. Тэр ч дагуу Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Хувь нийлүүлэгчдийн гэрээнд хяналт шинжилгээ, үнэлгээг хийх хоёр талын төлөөлөл оролцсон ажлын хэсгийг бий болгон ажиллуулж, гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн ерөнхий дүгнэлтэд хүрсэн. Далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө, менежмэнтийн гэрээ нь Монгол Улсын хууль тогтоомж, хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээний зүйл, заалтыг зөрчсөн учир түүнийг нягтлан судалж, хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд, шалтгааныг нь нарийвчлан тусгаж өгсөн.

-Дубайн гэрээг зогсоох шаардлагатай гэх дүгнэлтэд хүмүүс чамгүй талцсан санагдана.

-Бидний хувьд дүгнэлтээ хатуухан гаргасан байж магадгүй ээ. Хууль тогтоох дээд байгууллагаас гаргасан шийдвэрийг Засгийн газар хэлэлцээрийнхээ нэг ёсны зэвсэг, тулгуур баримт бичиг болгоно шүү дээ. УИХ-аас гарсан тогтоолд Оюу толгойн гэрээ, төлөвлөгөөг Монгол Улсын эрх ашиг, хууль тогтоомжид нийцүүлэн сайжруулах, Оюу толгой ордын зэс, алт, мөнгө болон бусад дагалдах элементийн нөөцийн үнэлгээг дахин хийх, ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэрэгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ авах гээд тодорхой тусгасан. Дубайн гэрээг хүчингүй болгоно гэснийг хэлэлцээр хийнэ гэх маягаар зөөлрүүлсэн л байна билээ. Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг Засгийн газар хэлэлцээрийнхээ явцад баримтлах ёстой гэж зааж өгсөн нь тун чухал юм. Хэлэлцээрийн явцад УИХ-аас гарсан шийдвэрийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар хяналт тавьж хамтран ажиллана.

-Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсээр байна. Тэр хэрээр Монголын талын ногдол ашиг хүртэх хугацаа цаашилж байгаа нь тодорхой. Та энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Рио Тинто компани анхны ТЭЗҮ-ээр тохирсон зардлаа өнөөгийн байдлаар хоёр дахин нэмэгдүүлчихээд байна. Тэгэхлээр Монголын Засгийн газар Оюу толгой төслийн 34 хувьдаа ногдох ногдол ашиг авах хугацаа хойшилсоор л байгаа хэрэг. 2009 оны аравдугаар сарын 6-нд гэрээг үзэглэж байснаас хойш 11 жил өнгөрлөө. Энэхүү чамгүй урт хугацаанд ямархуу гэрээ хийчихсэнийг нь, хэр үр өгөөжтэй байсныг нь монгол хүн бүхэн биеэрээ мэдэрсэн, бас таньсан даа. Эхний төсөөллөөр 2.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийж, Монголын тал 34 хувийг нь эзэмших л тохиролцоотой байсан. Гэтэл одоо хөрөнгө оруулалтын дүн хөөсөрсөөр байгаад 10 тэрбумаас даваад явчихлаа. Анхаарууштай нэг зүйл бол хэтэрсэн зардлын хэмжээгээр тус компанид олгох менежмэнтийн төлбөрийг хасч тооцох хэрэгтэй байгаа юм. Гэтэл нэг төрлийн үйлчилгээ үзүүлчихээд, түүнийгээ хоёр өөр нэрээр давхардуулан авч байгааг даруйхан таслан зогсоох шаардлагатай. Тухайлбал, Рио Тинто группийн үйлчилгээний төлбөрийг Хөрөнгө оруулалтын гэрээгээр тохирсон Менежмэнтийн үйлчилгээний төлбөрөөс тусад нь нэхэмжлэн авч байгаа нь манай талын хүртэх өгөөжид сөргөөр нөлөөлж, цаашид уурхайн нийт ашиглах хугацаанд хоёр тэрбум гаруй ам.доллар болох магадлалтай. Ийнхүү нэмэлт төлбөр тогтоож, РиоТинто компани зардлаараа дамжуулан өөрт ногдох үр ашгийг нэмэгдүүлж байгааг зогсоох шаардлагатай.

-Санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө шимтгэл авдаг хэвээрээ юү, өөрчлөгдсөн үү?

-Рио Тинто групп нь санхүүжилтийн баталгаа гаргасны төлөө 1.9 хувийн шимтгэл авдаг. Гэтэл энэхүү шимтгэлийг Менежмэнтийн төлбөр тооцох суурьт оруулан тооцохоор тохирсон нь мөнгө давхар авах шударга бус үйлдэл юм. Тэгтэл бас менежмэнтийн төлбөр тооцох суурийг хүртэл нэмэгдүүлсэн байна билээ. РиоТинто группийн санхүүжилтийн баталгааны шимтгэл болох 1.9 хувийг төслийн санхүүжилтийн 4.3 тэрбум ам.долларын дүнд тооцох ёстой байтал бусад хүү шимтгэлийн дүнг нэмсэн дүнгээр тооцож, улмаар 215 сая ам.доллар нэмж авахаар тохирсон байдаг юм. Цаашид авах нэмэлт санхүүжилтэд энэ аргачлалаар тооцоо хийж явбал энэ групп 500 орчим сая ам.доллар нэмж авах болчихоод байгаа юм. Энэхүү төслийн гэрээг бүр анхнаас нь, тал талаас нь бодолцож, нягт нямбай хийсэн бол өнөөдөр ийм болчихоод сууж байхгүй л байсан.

-Та Оюу толгой төсөлд хийсэн хоёр ч шалгалтыг ахалж ажиллалаа. Таныг Шадар сайдаар ажиллаж байхад Оюу толгой төслийн 2010-2012 оны санхүүд шалгалт хийж баахан зөрчил илрүүлсэн гэдэг. Өмнөх шалгалтын дүнгээр Монголын талд эерэг өөрчлөлт гарсан болов уу?

-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед юм л даа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг орж ирээд, “Оюу толгойг шалгах гэсэн чинь манай яам дангаараа барахгүй байна. Сангийн сайд, Шадар сайд та хоёр хамтарч орвол санхүүгийн шалгалтыг иж бүрнээр хийхээр байна, та анхаарч өгөөч” гэхээр нь, Ерөнхий сайд дээр ороод саналаа хэлсэн юм. Ерөнхий сайд ч зөвшөөрч, Шадар сайд миний бие, Сангийн сайд, Уул уурхайн сайдуудын хамтарсан тушаалаар 2013 оны гуравдугаар сарын 25-нд Оюу толгой төслийн санхүүд баримтын шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй. Ажлын хэсэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Уул уурхайн яам, Сангийн яам, Эрдэнэс Оюу толгой компаниас нийтдээ 24 мэргэжлийн хүн ажиллаж, 2014 оны тавдугаар сарын 5-нд дүгнэлтээ гарган, Засгийн газарт танилцуулсан. 2010 оноос 2012 оны санхүүгийн тайланд судалгаа, дүн шинжилгээ, баримтын шалгалт хийхэд 3.2 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн юм. Тэр бүхнийг нэг бүрчлэн задалж яривал, дотор нь олон ноцтой юм байсан. Тиймээс ч хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээнд сууж, зөрчлийг шийдвэрлэхээр бид шаргуу ажиллаж байсан ч, харамсалтай нь Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан. Тэгээд л дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нууцаар гадаад руу гэнэт нисэж, тэр олон мэргэжилтний жил гаруйн хүч хөдөлмөрийг Дубайн гэрээгээр бараг тэр чигт нь арчиж орхисон доо. Тухайн үед татвар төлнө, төлөхгүй гэсэн маргаан гаргахад зөвлөлөөр хэлэлцээд 30 сая ам.долларыг эхний ээлжинд яаралтай төлөх, үлдсэн 100 сая ам.долларыг нь баримтаа гаргаж, баталж чадахгүй бол төлнө гэж хугацаа зааж, хойшлуулсан юм билээ. Гэтэл Дубайн төлөвлөгөө нэртэй гэрээ байгуулаад, зөвхөн 30 сая ам.долларыг төлчих, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгоё гэснээр 100 сая ам.долларын татвар нэхэх, авах боломжгүй болгочихсон гээд олон юм бий. Миний хувьд Оюу толгойн гэрээг ойлгохын тулд үндэстэн дамнасан корпорациудтай олон улсын эдийн засаг, санхүү, уул уурхайн тухай дэлхийд нэр хүндтэй эрдэмтэн зохиолчдын бичсэн 30 гаруй ном судалж, эрдэмтэн мэргэдтэй уулзаж ярилцсан. Энэ гэрээний цаанаа уул уурхай, санхүү, татвар, байгаль орчин, эрчим хүч, дэд бүтэц, олон улсын эрх зүй, хот байгуулалт, орон нутгийн хөгжил, усны асуудал, ажиллах хүчин гээд олон асуудлыг хамрах тул нэг ярилцлагад багтаах боломжгүй юм. Тиймээс Оюу толгойн гэрээний асуудлаар Ажлын хэсгийг хоёронтоо оройлж ажилласан хүний хувьд энэ талаар ном бичхээр бэлтгэж байгаа. Хэтдээ уул уурхайн асуудлаар олон улсын гэрээ хийхдээ алдаа оноогоо харах, цаашилбал буурай хөгжилтэй улс орнуудад ч дэлхийн нөлөө бүхий томоохон корпориацуудтай гэрээ хийхэд туршлага, судалгааны арга зүй болог гэж бодно.

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд МАН олонх болж төрийн эрх барилаа. Парламентад олон удаа сонгогдсон туршлагатай улстөрчийн хувьд та энэ удаагийн парламентын үйл ажиллагааг хэрхэн дүгнэх вэ. Сонгогчдод өгсөн амлалтаа МАН биелүүлж чадав уу?

-Парламентын ажлыг хэн нэг нь дүгнэх биш, ард түмэн дүгнэж, сонгуулиар дүн тавьдаг. Хэрэв та хувь гишүүний байр сууриа хэл гэж байгаа бол парламент бүрэн хариуцлагажаагүй байна. Зарим гишүүд ажилд хойргоших, хуралдаа ирэхгүй байх, хоцрох, аливаа ажилд хариуцлага сул байх явдал хавтгайрч байгаа нь ажиглагддаг. Яг хэрэг дээрээ бол төр түмэндээ тангараг өргөсөн, тодорхой тойрог иргэдийн төлөөлөл болсон хүмүүсийн хувьд УИХ-ын гишүүд оногдсон ажил үүрэгтээ цаг ямагт манлайлж, төрдөө итгэх олны итгэлийг зузаатгаж байх учиртай. Нэг гишүүний үйлдэл бүхний цаана бүхэл бүтэн парламентын нэр хүнд дэнслэгдэж, хасах нэмэх оноо шажигнан цуглаж байдгийг өдөр бүр санаж байгаасай гэж залуучууддаа хэлдэг. Хүлээж авдаг нэг нь байхад, үгүйсгэж дургүйцдэг нь байдаг л байх. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэсэн парламентыг сахилгыг сануулах мэт онож хэлсэн үг бий.

Энэ парламент Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж дөнгөлөө. Ийм нэмэлт, өөрчлөлтийн талаар хэдэн парламент дамжин ярьсан ч бараагүй л байсан шүү дээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг санаачилсан гишүүдийн нэг нь би. Хэдийгээр илүү сайжруулах боломж байсан, бас тусгагдаж чадаагүй зүйл бий ч гэлээ дэвшилтэт зүйлүүд их орсон. Тухайлбал Засгийн газар тогтвортой ажиллах боломж нэмэгдсэн. Бүлэг, фракцуудын толхилцоон, эрх ашгийн хуйвалдаанаар ойр ойрхон засгаараа наадаад байдаг жишиг бараг тогтсон байсан. Өнгөрсөн 30-аад жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газрууд дунджаар 1.6-1.8 жил л тэсч, 300-гаад сайд төрүүлсэн байх юм. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд тогтвортой ажиллавал эхлүүлсэн ажлаа дуусгадаг, үр дүн нь хамаагүй илүү байдаг тодорхой болсон зүйл. Богино богино хугацаагаар засаг ээлжлээд байхаар улс орны хөгжил саарч, төлөвлөлтийн бодлого алдагдаж, залгамж чанар хадгалагдах битгий хэл, харин ч өмнөхөө үгүйсгэдэг, ахиад өөрийг санаачилдаг. Ганц жишээ гэхэд л, Засгийн газар солигдох бүрт Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам, Хөгжил шинэтгэлийн хороо гэх зэргээр өөрчлөгдөнө, эсвэл бодлого төлөвлөлт хариуцсан бүтцийг шууд татан буулгадаг. Тиймээс ч Үндсэн хуульд хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна гэж тусгаж өгсөн. Миний хувьд хуучнаар төлөвлөгөөний комисс гэж байсан шиг хөгжлийн бодлогоо төлөвлөдөг бүтэц байх ёстой гэсэн байр суурьтай байсан. Долоо төөлж, нэг огтол гэдгийг монголчууд зүгээр ч нэг хэлээгүй ард түмэн шүү.

-Тус өөрчлөлтийн хүрээнд Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн яамтай болж, түүнийг Монгол Улсын Шадар сайд хариуцна гэсэн үү?

-Өнгөрсөн хугацаанд эрх баригчид Монгол Улсын хөгжлийн талаар урт, дунд, богино хугацааны бодлогын баримт бичиг олноор нь үйлдвэрлэж ирсэн. Тэгж хөгждөг бол хөгжчихөөр болсон. Өмнөх бодлогоо үргэлжлүүлэхгүй тас цохиод, хөгжлийн шинэ бодлого гаргаж ирээд байхаар өөр хоорондоо уялдахгүй юм, тэгээд ч өөрсдөө шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг байхаар чинь улс орон яаж хөгжих вэ. Хамгийн гол нь төрийн бодлогын залгамж чанар нь алдагдаж ирлээ. Тэр бүхэнд цэг тавихаар Үндсэн хуулийн өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Төслийг баталснаар Монгол Улсын урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг харилцан уялдаатай, хоорондын нийцлийг хангаж боловсруулан батлах шинэ тогтолцоог бий болгоно. Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн яамтай болж, Шадар сайд хариуцна гэх зэрэг эрх зүйн зохицуулалтыг нь тодорхой тусгасан. Улс орон хөгжихийн тулд бодлогоо тодорхойлж, төлөвлөх нь зайлшгүй чухал. Гурван нүүдлийн цаана байгааг харсан шатарчин ялдаг шиг, бодлогоо гаргаж, төлөвлөж, тэр бүхнээ тууштай хэрэгжүүлсэн улс л алдахын зовлонгүй хөгжинө.

-Монгол Улс “Алсын хараа 2050” гэх урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэж байна. Энэ нь хэр оновчтой, холыг харж чадсан бодлого болохоор байна вэ?

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуулийн хүрээнд “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийг батлах хэрэгтэй. Монгол Улсын гучин жилийг гурван үе шаттайгаар хэрэгжүүлэх чиглэлүүдийг төлөвлөсөн л дөө. Уг төслийг боловсруулахдаа нийт 1500 гаруй олон салбарын мэргэжилтнүүдийг хамруулж, найман сарын турш ажилласан гэж Засгийн газар танилцуулсан байна билээ. Удахгүй УИХ-ын Байнгын хороодоор хэлэлцээд ирэхээр баримт бичгийн зүйл заалт бүрээр ярилцаж, тодорхой тодорхой санал тусгагдаж таарна. Хүнс, хөдөө аж ахуйн салбар л гэхэд нүүдлийн соёл иргэншлийг тээгч нь бөгөөд энэ давуу тал дээрээ тулгуурлаж, хөдөө аж ахуй, мал аж ахуй, экологийн цэвэр хүнс, аялал жуулчлал зэргийг хөгжүүлэхэд анхаарах шаардлагатай. Тэр бүхний том зураглалыг гаргаж, хэтийн бодлогодоо тусгах хэрэгтэй. Шинээр Ажлын хэсэг ч байгуулж байгаа. Гэхдээ нуухыг нь авах гээд нүдийг сохолчихдог гэм бас бий. УИХ дээр лобби бүлгүүд байгуулагдаж, өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн хуулийг өөрчлөх гэж дайрдаг. Өөрийн тавьж буй саналаа хамгаас чухал хэмээн сэнхрүүлж, лобби ажиллагаа явуулсаар байгаад сүүлдээ ч өргөн барьсан хуулийн төсөл танигдахаа байдаг дутагдал бий. Нэг салбар, нэг тойрог, нэг аймаг, сум, багийн эрх ашгийг улсын эрх ашигтай эн тэнцүүлж, бодлогын гажуудал үүсгэж болохгүй. Хэн нэгэнд таалагдах тааруулах гэж улсад хохирол учруулж болохгүй. Аливаа зүйлийн жанжин шугамыг л алдагдуулж огт болохгүй. Энэ урт хугацааны хөтөлбөрийг ч гэсэн аль болохоор сайжруулна уу гэхээс, аль нэг тийшээ хэлбийж муутгаж болохгүй шүү гэдгийг хэлээд л байгаа.

-Эрх баригчид бүрэн эрхийнхээ хугацаанд нэг цул болох бус 60 тэрбум, ЖДҮ-гээрээ хуваагдлаа. Магадгүй ирэх сонгуульд энэ талцал нь нөлөөлөхийг ч үгүйсгэх аргагүй юм. Та энэ байдалд ямар байр суурьтай байдаг вэ?

-Төрийн хар хүний эрхэмлэж нандигнах зүйл бол төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэх явдал. Албан тушаал, цол хэргэм, сандал суудлыг эрх ямба, эд хөрөнгө гэж үздэггүй, харин үүрэг хариуцлага, ажил хийх боломж гэж үзэж ирсэн. Тэгээд ч би өнөөдрийг хүртэл ямар нэг уул уурхайтай хавирсангүй, газрын лиценз, концесс зэрэгтэй хутгалдсангүй. Албан тушаалын ч бай, хөнгөлөлттэй элдэв зээл ч бай, өөрт авч хожоо сонжоо харж явсангүй. Улсаас орон сууц авч, хүүхдүүдээ төрийн зардлаар гадаад, дотоодын их дээд сургуульд сургах гэж хөөцөлдөж ч үзсэнгүй. Байгаадаа сэтгэл хангалуун, боломжиндоо амьдрал тэнүүн, шуналын шулам мэт хорхойг хазаарлаж явах эцэг өвгөдийн сургаалыг дагаж хүмүүжсэндээ олзуурхдаг, сэтгэл тайван амар байдаг. Авлига, хээл хахууль, аваа өгөө, ашиг хожоо харж, төрийн нэр сэвтээж, түмний итгэлийг хугалсан бол тухайн хүн ч намаа бодоод нэр дэвшье гэхгүй биз, намууд нь ч нэрийг нь дэвшүүлж халаахгүй биз. Тийм эрх улс төрийн ямар ч намд бий. Нэр цэвэр, сэтгэл тунгалаг, мэдлэг боловсролтой, хөдөлмөрч хүмүүжилтэй гайгүй залуус төлөвшиж байгаа санагддаг. Үүнд л би их сэтгэл дүүрэн байдаг. Дөч хүрсэн эр, дөрвөө дарсан ат гэдэг шиг боловсорч, хүмүүжсэн ид насны залуус аль ч намд бий. Энэ удаагийн сонгуулиар шулуухан хэлхэд тэдгээр зөв мөрийн залуусаас олноороо орж ирээсэй гэж бодож байна. Гагцхүү нам нь хэрхэн сонгож, яаж нэр дэвшүүлэхээс бас шалтгаална. Монголчууд ч тэгээд зөвийг олж, бурууг ширвэдэг айхавтар билгийн мэлмийтэй ард түмэн шүү дээ.

-Нэр дэвших эрхээ авахын тулд зарим хүмүүс намын даргаа тойгдоод эхэлсэн гэх юм. Таны хувьд?

-Улс төрд би багагүй хугацаанд нэг ёсондоо нэлээд сайн чанагдлаа. Хэзээ ч, хэнээс ч, ямар ч албан тушаалыг гуйж явсангүй, тойрог өгөөч хэмээн хошуу дэвсэн, дарга бараадан харайлгаж байсангүй. Таныг дэвшүүлнэ ээ гэвэл надад татгалзах юм алга, намын шийдвэрээ дагана. Улс төрд хөл тавьсан цагаас миний баримталсан зарчим бол нэгдүгээрт улс орны, хоёрт намынхаа, хамгийн сүүлд өөрийн эрх ашгаа тавьж эрэмбэлж, асуудалд хандаж ирсэн. Тиймдээ ч улс орны эрх ашгийг ардаа тавьж, хувийн амбиц, өөрийн өчүүхэн эрх ямба, ашиг сонирхлыг нэн түрүүнд тавьж увайгүй улс төр хийж ирсэн нөхдүүдтэй нам харгалзалгүй “дайтаж” явсан. Үүгээрээ сайн муугаар дуудуулж, нүд үзүүрлэгдэж, буланд шахагдаж ч үзсэн. Гэхдээ өөрийнхөө зарчимд хатуу зогсдогтоо сэтгэл хангалуун байдаг. Ямар нэгэн хуйвалдаан, явуургүй арга, бусармаг үйлдлээр санаатайгаар зайлуулах үйлдэл гаргавал бодит үнэнийг илчилж, шударга үнэний төлөө хэзээд ч үгээ хэлэхэд бэлэн байна. Нэр дэвшлээ гэхэд айж бэргэх, ухарч няцах юм ердөө алга. Сүүлийн үед өрсөлдөгчөө захиалгатайгаар доромжлох, гүтгэх, санаатай зохиол бичүүлэх явдал хирээс хэтэрч байна. Тухайлбал, намайг бие дааж нэр дэвшинэ гэж хэсэг нөхөд зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээнд тараагаад эхэлжээ. Хэн хаанаас ямар чулуу хэрхэн шидэж байгааг дэндүү сайн мэдэж байна. Гэхдээ би үүнийг тоохгүй байгаа. Ийм улс төр хол явдаггүй юм даа. Хаана ч нэр дэвшсэн хүрч очоод, сонгогч түмэнтэйгээ уулзахад хийсэн ажил хэлэх үгтэй, хамгийн гол нь олны жаргал зовлон дунд ямба нэхэхгүй, ялгарах юмгүй, ичих зүйлгүй, нэр цэвэр, итгэл бат, сэтгэл зүтгэл нэгтэй байдаг ясны ардын хүүхдийн чанар минь бэлээхэн байдаг. Хөдөө орон нутаг, үйлдвэрийн цех, ер нь хаана ч хэн ч бай, миний таньж мэдсэн хорвоо, танил дотно хүмүүс байдаг.

-Төрд олон жил ажилласан хүмүүсийг дахин нэр дэвших хэрэггүй гэх хандлага бий болсон. Гадны жишгээр бол ахимаг насныхныг дэвшүүлж, албан тушаалд томилж л байгаа харагддаг.

-Төрд байгаа ахмад насныхан одоо зайгаа тавьцгаа гэх болсон нэг хандлага, өдөөж байгаа хүчин зүйл бий нь бий. Гэхдээ одоо та яв, таныг дэвшүүлэхгүй гэвэл чаргууцалдаад байх юм алга. Би төр түмэндээ хоёргүй сэтгэлээр чин үнэнчээр зүтгэж ирсэн. Ажилласан салбар болгоноо өөд татаж, ахих дэвших үүд хаалгыг хичээл зүтгэлээрээ нээж ирсэндээ сэтгэл дүүрэн байдаг. Үүгээрээ би бахархдаг, бас сайн сайхнаар нэрлүүлэх зүйлтэй, хийсэн ажилтайдаа нүүр бардам байдаг. Сайн эцгийн нэрийг гурав хувааж иддэг гэгчээр залгаж үлдэх хорвоод бүтэн нэртэй, бүлээн зүстэй явна аа. Нэр цэвэр байна гэдэг, хэний ч өөдөөс дальдчих юмгүй, нүүр дүүрэн инээмсэглэж, сэтгэл тэнэгэр аж төрөх шиг жаргал гэж үгүй. Нэр хугарахаар, яс хугар гэдэг. Би зүтгэнэ, би чадна гэж амлан байж гарч ирчихээд, улс орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавилгүй, хувиа борлуулж, довоо шарлуулж, өөрийн эрх ашигт хүлэгдэж, буруу бузрыг үйлдсэндээ айж бэмбэгнэхгүй, бүтэн нойртой байна гэдэг юутай сайхан аз жаргал, амар амгалан бэ. Ард түмэндээ зовлон шаналал тарьж, асар их эд баялгаар арьсаа язартал зоолчихоод, хэн ч, юу ч мэдээгүй юм шиг хэчнээн хэнэггүй байя гэвч тэр нь түр зуурынх, өнөөдөр баригдаж тавигддаггүй юм гэвч, яваа яваандаа хилэнц болон хувирч, ядаж дотоод сэтгэлийн тамд шатах байлгүй дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Ганбаатар: Төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт хийх боломжийг Засгийн газарт олгож байгаа

– ИРГЭН 10 САЯ, АЖ АХУЙН НЭГЖ 100 САЯ ХҮРТЭЛХ ЗӨРЧИЛД ХОЛБОГДСОН БОЛ ЭХНИЙ УДААД ТОРГУУЛИЙН АРГА ХЭМЖЭЭ АВАХГҮЙ САНУУЛДАГ БОЛНО –

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг иргэдэд бодит нөлөө үзүүлэх эдийн засгийн арга хэмжээ авахгүй байна гэж шүүмжилж байгаа. Ажилгүй орлогогүй болсон иргэдэд мөнгөн тусламж үзүүлж болоогүй юм уу гэх нь ч байна. Та үүнд юу хэлэх вэ?

-Эдийн засгаа сэргээх, ААН, иргэдийг дэмжихийн тулд 5.1 их наяд хүртэлх төгрөгийг зарцуулахаар болсон. Монгол Улсын төсөв өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа ашигтай гарч, тодорхой хэмжээний нөөцтэй болсон. Уг нөөцөөс болон гадаадын зээл, тусламжийг авч Сангийн яам дотоод зохицуулалтыг хийж байгаа. Шулуухан хэлэхэд хорио цээрийн асуудал их удаан үргэлжилж байна. Гадны улс орнууд хэсэгчилсэн хорио цээр тавьж, тэрхүү хугацаанд шаардагдах хүнс, эсвэл мөнгөн тусламжийг үзүүлж байна. Та бүхэн гэртээ байж бай, тэр хугацаандаа энэ мөнгөөр, энэ хоол хүнсээр хэрэгцээгээ ханга гэх байдлаар энэ асуудлыг шийдэж байгаа юм. Хорио цээрийг ийм төрлийн арга хэмжээ дагаж, уялдаж явж байна гэсэн үг. Муухайгаар хэлэхэд хүнийг гэрээс гарахыг нь хориглочихсон юм бол ядаж хоол ундных нь асуудлыг шийдэх ёстой биз дээ. Манай улсад энэ зохицуулалт дутагдалтай байгаа нь үнэн. Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд би энэ асуудлыг бүлэг, байнгын хорооны хуралдаануудад байнга хэлж байгаа л даа. Энэ нь ч тус байнгын хорооны даргаар ажиллаж байгаа хүний үүрэг.

Ажилгүй орлогогүй, хүүхдүүдээ хараад гэртээ гурван сар сууж байгаа хүний бүхий л нөөц бололцоо шавхагдаж таарна. Бүр дахин хэдэн сарын турш хорио цээр үргэлжилнэ гэвэл хүүхдүүдээ яаж тэжээх вэ. Тиймээс хэсэгчилсэн хорио цээр дахин урт удаан битгий үргэлжлээсэй гэж хүсч байна. Манайх шиг гурван сарын турш хэсэгчилсэн хорио цээр тогтоосон улс орон хаана ч байхгүй.

-Нөхцөл байдал нь хүндэрсэн улс орнуудад ч ийм хугацааны хорио цээр тавиагүй гэж үү?

-Нэг сар, 14 хоногийн хугацаанд л үргэлжлүүлсэн. Жишээ нь, Герман улсын хувьд гуравдугаар сарын 28-наас дөрөвдүгээр сарын 19-ний хооронд л тогтоолоо. Нөхцөл байдал нь сайнгүй байгаа ч эдийн засаг дийлэхгүй гэж үзээд хорио цээрээ цуцалчихлаа. БНХАУ-ын ихэнх мужууд хорио цээрийг хоёр сарын хугацаанд л үргэлжлүүлсэн. Одоо дотоодын жуулчлал, нислэг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа нь бүгд хэвийн байдалд орсон. Иргэдийнх нь хувьд л багахан айдастай байх шиг байна. Мэдээж манай улсын Засгийн газраас иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй ярих зүйл байхгүй. Дэлхийд жишиг болохуйц хэмжээнд явж байна. Гагцхүү эдийн засгийн асуудлуудаа орхигдуулж байгаа зүйлүүд байна.

-Эдийн засгийг дэмжих зорилгоор аж ахуйн нэгжүүдийг Нийгмийн даатгалын шимтгэлээс зургаан сарын хугацаанд чөлөөлөхөөр болсон. Энэ асуудал дээр Сангийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нар хоёр өөр байр суурь илэрхийлсэн. Энэ асуудал яаж эцэслэгдэж байгаа вэ?

-Сангийн сайдын зүгээс нийт аж ахуйн нэгжүүдийн 99.9 хувийг Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлнө, алтны компаниуд урьдын адил НДШ-ээ төлөөд явна гэх байр суурийг илэрхийлсэн. Үүний дагуу холбогдох дүрэм, журам нь гарч хэрэгжээд явна гэж ойлгож байгаа. Үүнээс гадна ноолуурын асуудал, бензиний үнэ, хүүхдийн мөнгө, хүн амын орлогын албан татвар, 200 мянган төгрөгийн олголт зэргүүд хэрэгжээд явж байна. Ерөнхий сайдын тавьсан долоон асуудал дээр нэмэгдээд түрээсийн талаарх зохицуулалт тусгагдсан. Тодруулбал, нэг м.кв-ыг 10 мянган төгрөгөөр түрээсэлдэг байлаа гэхэд энэ үед гурван мянган төгрөгөөр түрээсэлдэг болжээ. Үлдсэн долоон мянган төгрөгийн алдагдлаа тайлан, баланс бичихдээ зарлага талдаа бичих боломжтой гэсэн үг.

-Банкны салбарт реформ хийнэ гэж байгаа. Ямар өөрчлөлтүүдийг хийх вэ?

-Миний хувьд банкны салбарт реформ хийх нь зөв гэж үзэж байна. Манай томоохон банкуудын дийлэнх нь нэг гэр бүлийн юм уу эхнэр, нөхрийн л өмчлөлд байдаг. Нэг хүн тухайн банкны 60, 70 хувийг эзэмшдэг байх жишээтэй. реформ хийснээр үүнийг дэлхийн жишигтэй ойртуулж олон нийтийн болгох нь зөв юм. Гэхдээ энэ нь өнөө, маргаашгүй олон нийтийнх болгочихно гэсэн үг биш. Ойрын таван жилдээ багтаан эзэд нь банкаа хувьцаат болгох ёстой. Нэг хүнд ногдох банкны хувьцааг 20-иос дээш хувь байлгахгүй. Банк төрөөс тусгай зөвшөөрөл авч байж үйл ажиллагаагаа явуулдаг байгууллага шүү дээ. Банкинд ямарваа нэгэн асуудал гарахад тухайн хувь хүний гэхээсээ илүү нийт иргэдийн эрх ашиг, асуудал хөндөгддөг. Тиймээс төр энэ асуудал дээр анхаарч, бодлого гаргах нь зөв гэж хардаг. Дээрээс нь гадны банкыг оруулж ирж, зээлийн хүү, хадгаламжийн хүүг бууруулах өрсөлдөөн үүсгэх хэрэгтэй. Гэхдээ хадгаламж авахгүй байх, жижиг зээл рүү орохгүй байх зэрэг тодорхой шалгууруудыг тавих ёстой.

-УИХ Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ хуулиар яг ямар тодорхой зохицуулалтууд орж байгаа вэ?

-Цар тахлын үед төрийн байгууллагууд хэрхэн ажиллах вэ гэдэг нь тодорхой бус байсан. Үүнийг тодорхой болгож, сайжруулж байна. Цар тахлын үед ажилласан, ажиллаж байгаа албан хаагчдын эрх мэдлийн хэмжээг нэмэгдүүлнэ. Зарим аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг дайчлах тухай ч зохицуулалт орж байна.

-Хэрхэн яаж дайчилна гэсэн үг вэ?

-Гадны улс орнуудад эмнэлэг хүрэлцэхээ больж, зочид буудал зэргийг эм-нэлгийн шугамаар ашигласныг та бүхэн мэдэж байгаа байх. Хэрэв тийм нөхцөл байдал үүсвэл аж ахуйн нэгжүүдийн эд хөрөнгийг дайчилна. Дайчилсан тохиолдолд нөхөн олговор олгох юм. Энэ асуудлыг уг хуулиар тодорхой болгож байгаа. Мөн халдварын нөхцөл байдлыг ойлгоогүй, санаатайгаар бусдад тараасан иргэдэд Эрүүгийн арга хэмжээ авах хүртэлх хариуцлага хүлээлгэнэ. Миний хувьд уг хуульд эдийн засагтай холбоотой зохицуулалтууд маш бага туссан гэж бодож байгаа. Энэ асуудлыг хөндөх болно.

-Уг хуулиар Засгийн газар ямар эрх мэдэлтэй болох вэ. Энэ тохиолдолд УИХ хэрхэн хяналтаа тавих вэ?

-Төсөвт тодотгол хийхгүйгээр зохицуулалт хийх боломжийг Засгийн газарт олгож байгаа. Нэмж, хасах бус дотор нь хөдөлгөнө гэсэн үг. Энэ нь УИХ-ын эрх мэдлийн асуудал. Гэхдээ онцгой нөх-цөлд Засгийн газар энэ асуудал дээр түргэн шуурхай ажиллая гэж байгаа юм. Үүнийг тийм ч буруу зүйл биш болов уу гэж харж байгаа. Гэхдээ энэ нь нэг удаагийн л хууль шүү дээ. Хэрэгжих эсэх нь ч одоогоор тодорхой болоогүй байна. Ер нь бол өөрөөр УИХ-ын онцгой эрх мэдэлд халдаад, Засгийн газрын эрх мэдлийг нэмсэн зүйл байхгүй.

-Зөрчлийн тухай хуульд сануулах заалт оруулах ёстой гэж та хэлж байсан. Ийм боломж одоо бий юү. Энэ парламент амжиж өөрчлөлт хийж чадах уу?

-Миний бие Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг санаачлан боловсруулаад, төрийн байгууллагуудаас санал авч байна. Удахгүй Засгийн газрын саналыг авч УИХ-ын даргад өргөн барина. Уг хуулийг дагаж гарч байгаа Зөрчлийн тухай хуулиар олон тооны зөрчлүүдийг зөрчилд тооцохгүй болгоно. Мөн иргэн 10 сая, аж ахуйн нэгж 100 сая хүртэлх зөрчилд холбогдсон бол эхний удаад торгуулийн арга хэмжээ авахгүй сануулдаг болно. Сануулах заалтыг оруулна гэсэн үг. Миний хувьд Зөрчлийн тухай хуулийг санаачилж, ажлын хэсэгт нь орж ажилласан хүмүүсээс тодорхой өөрчлөлт бүхий хууль өргөн барихыг хүлээж байна. Хэрэв хуулиа засахгүй бол би өөрөө өргөн барих юм. Зөрчлийн тухай хуулийн 60-70 хувь нь жижиг аж ахуйн нэгж, иргэдэд хохирол учруулдаг. Товчхондоо, уг хуулийн хамгийн том хор хохирол, үр нөлөө нь иргэдийн бизнес эрхлэх сонирхлыг шууд хаадаг явдал. Та жижиг аж ахуйн нэгж үүсгээд явж байлаа гэхэд таныг өөрийнхөө гаргасан зөрчлийг огт мэдээгүй байхад төрийн байгууллагаас 40, ихдээ 200 хүртэлх сая төгрөгөөр торгох зохицуулалт уг хуульд орсон. Угтаа та хүнд ийм хохирол учруулжээ, саад болжээ, энэ хуулийг зөрчсөн байна гэдгийг эхэлж хэлж, дахин ийм үйлдэл гаргавал торгоно гэдгийг сануулах ёстой. Хүн олон сая төгрөгөөр торгуулаад ирэхээр урамгүй болж, хийж байгаа зүйлээ орхьё, больё гэж боддог. Тэр ч утгаараа хийж бүтээхийг хүсэх бус амар хялбар аргаар хөлжих гэж зүтгэж байна гэж хардаг. Монгол Улсад бизнес эрхэлхэд хүнд хэцүү болгодог зүйлсийн нэг нь энэ мэт хуулийн зохицуулалт юм. Хямрал зэргээс болоод байсан ч юм байхгүй, зугтдаг шалтгаан нь ердөө энэ. Монголын аж ахуй эрхлэгчид энэ дарамтан дор хэдэн хүнийг цалинжуулах гэж их л чармайх шаардлагатай болдог. Намайг анх Зөрчлийн тухай хуулийг ярихад хүмүүс шинэ УИХ-ын гишүүн төр самрах нь маягийн юм ярьж шүүмжилдэг байлаа. Одоо үнэнд гүйцэгдсэн учраас сонгууль дөхөнгүүт хүн бүр л ярьдаг болсон байна. Зөрчлийн тухай хуулийн өөрчлөлт гурван жил хэрэгжлээ. Одоо иргэд гэлтгүй төрийн байгууллагууд ч энэ хуулийг засах шаардлагатай гэдгийг ойлгож байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнбилэг: Хандив гуйхаасаа өмнө өөрөө хэдэн төгрөг босгоё гээд байраа зарж байна даа

Хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Таныг МАН-аас нэр дэвшихгүй болсон гэх юм. Та намаасаа гарчихсан хэрэг үү. Яг юу нөлөөлөв?

-Намаасаа мандат авах гэж бараг нугарах нь холгүй юм боллоо. намын дарга нараасаа добро авах гэж их хичээсэн боловч, одоогийн нөхцөл байдалд дэмжлэг авахгүй юм байна гэдгээ мэдэрлээ. Заримдаа өөрөө өөрөөсөө ичээд юу ч хүлээгээд байгаа юм гэж бодсон. аймгийн намын хурал ч уг нь болоогүй байгаа.

Намын Бага хурал дараа нь болно. ингээд бодсоны эцэст өөртөө үнэнч үлдэхээр шийдлээ. Хүнд хэтэрхий их таалагдах гэж агаа, эгээ гээд байнга бөхөлзөөд байж чадахгүй юм байна. Би чинь өөрөө намын хатуу гишүүнчлэлийг халах тухай их яриад байгаа.

Энэ заваан улс төрөөс салахын тулд иргэдээ хашааны сэтгэлгээнээс гаргах ёстой. Өөрөө ман-аасаа дэвшиж гарчихаад намын хатуу гишүүнчлэлийг байхгүй болгоно гээд хууль санаачлаад ярихаар МАН-ын гишүүд маань хүлээж авах билүү гэж гайхаад. сүүлдээ ерөөсөө өөрөө хашааны сэтгэхүйгээс салаагүй байж, хашаагаа задална гээд ярихаар итгэл үнэмшилгүй юм байна гэж бодож, намаас гарахаар шийдсэн. уг нь өнөөгийн нөхцөл байдалд би хувь хүнийхээ хувьд ман-д байвал надад амар байхаар байгаа юм. булган аймаг бол улаанаараа алдартай газар шүү дээ. Гэлээ ч хамгийн бартаатай замаар явахаар болж байх шиг байна.

-Тэгэхээр та Булган аймагт бие даан нэр дэвшинэ гэсэн үг үү?

-Бие даахгүй. Бие даагаад гарчихлаа гэхэд дараагийн дөрвөн жил юу хийхэв. Ганц нэгээрээ ярьсаар бие даагч гишүүд дөрвөн жил эморно гэдэг билүү, тийм юм болоод өнгөрдөг зохицуулалттай улс шүү дээ. Өөрөөр хэлбэл, бие дааж гараад ажил хийх, санаачилсан хууль нь амжилттай батлагдах боломж үнэндээ бодит байдал дээр тааруу.

Хавчигдаад дуусдаг. Олон бие даагч гарвал бүр тэгээд шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг юм болно. Тиймээс намын хатуу гишүүнчлэлийг хална гэж зорьж байгаа нам, эвслээс нэр дэвших бодолтой байна.

-Ямар нам, эвслээс нэр дэвшихээр шийдсэн бэ?

-Зөв хүн эвсэл.

-Энэ удаагийн сонгуулийн тогтолцоо жижиг нам, бие даагчдад ээлгүй гэгддэг. Та намаасаа дэвшвэл илүү боломжтой байсан юм биш үү?

-Мэдээж. Гэхдээ үзэл бодлын, хуулийн талаарх ойлголтын хувьд зөрүү гарчихаад байна. Одоо сонгогчдын боловсролд ээлтэй боломжтой үе гарчихаад байна. нөгөө мөнгө, өнгө харж Үндсэн хуулиар олгогдсон төрийн эрх барих эрхээ иргэд, тэр дундаа булганчууд маань худалдахгүй байх гэж бат итгэж байна.

Хүн ам ойролцоо, хотоос алслагдсан байдал ижил Хэнтий яагаад Булганаас илүү төсөвтэй байгаад байгаа юм бэ. Тэгш байдал, эдийн засгийн эрх чөлөө, хүний эрхийг хангах эдийн засгийн баталгаа яагаад өөр өөрөөр эдлэгдээд байгаа юм бэ гэдгийг Булганчууд ойлгох цаг нь болсон. Монгол хүн бүр тэгш эрхтэй гэдгийг одоо ярих цаг болсон. Улсын тусгаар тогтнол алдагдах гээд байгаа шалтгаан нь бидний өнгөрсөн 20 жилийн иргэдийн сонголтоос болсон шүү гэдгийг нүдээ нээж харах цаг болсон. Нүдээ нээгээч ээ, хашаанаасаа гараачээ гэж хүмүүст тайлбарлана, ярина.

-МАН УИХ-ын тойрогт хийх судалгаанд багтах гишүүдээсээ 50 сая төгрөг авсан гэх жагсаалт гарчээ. Сонгууль бүрт ийм маягаар судалгаа явуулдаг, мөнгө тушаагаагүй бол судалгаанд хамруулдаггүй гэж зарим гишүүд нь шүүмжилсэн байна лээ. Таны нэр ч тэрхүү судалгаанд багтсан байсан…

-Би МАН-аас албан ёсоор гарчихсан шүү дээ. Лав намайг гишүүн байх хугацаанд МАН надаас 50 сая төгрөг нэхээгүй.

-Угтаа МАН-ын дарга энэ удаагийн сонгуулийг мөнгөгүй хийнэ гэж байгаа. Сөрөг хүчин МАН төсвийн мөнгөнөөс сонгуулийн санхүүжилтээ бүрдүүлчихээд ингэж байна, мөнгөгүй сонгууль хийх боломжгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа. Та үүнд юу хэлэх вэ?

-Ер нь сонгууль тодорхой хэмжээний зардалтай болдог нь тодорхой. АН-ынхан 100 сая төгрөг гэсэн гээд шуугиад байгаа. Би нэг юм бодоод байдаг юм. Энэ том намууд ямар мөнгөөрөө сум болгонд байшин бариад, намын хороодоо болон төв намын ажилтнуудаа цалинжуулаад байдаг юм бол. Үүнийгээ гишүүддээ, олон нийтэд дэлгэх ёстой. Тэр 100 саяараа тэдгээрийгээ санхүүжүүлдэг бол одоо яахав дээ. Гэхдээ энэ нь хуулийн дагуу юу гэдэг нь өөр асуудал. Энэ том намууд өөрсдийн генсекүүдээ бүгдийг нь гэмт хэрэгтэн болгоод байдаг юм биш байгаа гэж бас хардаад байдаг юм. Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийг нарийвчилж гаргах нь маш чухал.МАН-ын тухайд мэдэх юм алга. Би эртээд орсон чинь зарим хүмүүс надаас хальт зугтаад байгаа юм шиг мэдрэмж төрсөн. Бодоод байсан чинь Ц.Нямдорж, Х.Нямбаатар хоёрыг УИХ-д нэр дэвшүүлж болохгүй гэж мэдэгдэл хийж, МАН-ын хяналтын ерөнхий хороонд өгсөнтэй холбоотой юм билээ (инээв).

-Та сонгуулийн санхүүжилтээ бүрдүүлэхийн тулд орон сууцаа зарсан юм уу. Санхүүжилтэд тань хэр нэмэр болно гэж үзэж байгаа вэ?

-Бүр сониноор энийгээ ярих юмуу (инээв). Өнгөрсөн хорин жилд эхнэр бид хоёр зогсоо, зайгүй, зогсолтгүй ажиллалаа. Гадаадад аяга угаалаа, зөөгч хийлээ, будагчин хийлээ, арьсны үйлдвэрт ажиллалаа. Мэргэжлээрээ Монголдоо ч, гадаадад ч ажиллаж үзлээ. Эхнэр бол бүр гадаадад уран зураг зардаг ажил олон жил хийсэн. Монголдоо дандаа олон улсын байгууллагуудад ажиллаж. Үүний хүчинд бид хоёр амьдрах тавлаг орон сууцтай. Зуслантай, унаатай л явна. Бас хашаа байшинтай, найзуудтайгаа нийлж барьсан адууны жүчээтэй. Баяны дэргэд цэх, боломжгүйн дэргэд даруу явж ирлээ. Үнэндээ бид хаа ч амьдарна. Бид хоёр хоёулаа айлын багууд, арван жилийн нэгдүгээр ангиас хойш 32 жил хамт явна. Хоёулаа голомтоо авч явна. Тэгэхээр аав, ээж маань бас тус бүртээ байртай, тус бүртээ зуслантай. Тэгсэн хэрнээ хотоос гараад хадам ээжтэйгээ, хотод аав ээжтэйгээ амьдардаг. Угаасаа цөөн хүүхэдтэй айлын хүүхдүүд ээж, аавтайгаа амьдрахгүй бол нас өндөр болоод ирэхээр болдоггүй юм байна. Би ганц эгчтэй. Манай хүргэнийх маниасаа илүү. Хаалга зардаг юм. Эхнэр маань хувь заяаны эрхээр айлын ганц болчихсон. Бас жижиг ч гэсэн өөрсдөө амьдардаггүй илүү байр байгаад байдаг. Тэгээд би сонгуульд үзэх үү, байх уу, зардал өндөр, Булганд маань МАН-ын дарга нар боломж олгохгүй юм байна гэсэн чинь манай хүн “Одоо үзээч, наад мангарууд чинь энэ улсыг дуусгалаа шүү дээ” гэхгүй юу. За ёстой долоон булчирхайгаа тоочлоо шүү. Эхнээсээ ил тод биз. Тэгээд нэг байраа зарж байгаа юм. Сонгуулийн зардал үнэхээр өндөр юм байна. Бусад хүнийг хандив өгөөч ээ гэхээсээ өмнө өөрөө ядаж хэдэн төгрөг босгоно биз дээ. Хүний их мөнгөөр сонгуульд өрсөлдвөл дараа нь барьцаалагдчихна.

-СЕХ-оос нэг нэр дэвшигч сонгуульд 400-750 сая төгрөг зарцуулна гэж мэдэгдсэн. Энэ хэмжээний санхүүжилтийг та өөрөөсөө гаргана гэсэн үг үү?

-Үгүй үгүй. Хамгийн бага мөнгөөр яаж сонгууль хийх вэ гэж бодож байна. Булганд үзэх баячуудтай яаж өрсөлдөх юм бэ. Коронатай үед, бас мөнгөө хэмнэх үүднээс нэг суманд 22 хоногийн турш биш, ердөө 3,4 өдөр л ажиллая гэж манай найзууд яриад байгаа. Сонин, сэтгүүлээ тийм зузаан биш, бүгдийг хоёр дахин бага хуудастай хийе гэж бодож байна.Ер нь коронатай үед сонгууль хийж байгаа бол нэгдсэн журмаар материал тараах боломжийг төр бүрдүүлбэл таарна. Бас найз нөхөд дэмжиж мөнгө өгвөл мөнгөөр чинь ийм юм авлаа шүү найзаа гээд зургийг нь аваад тавиад явъя. Багаараа цуйвандсан ч зургийг нь аваад “Найзаа энэ занзгар цуйванг чиний мөнгөөр идэж байгаа шүү” гээд л. Анхнаасаа бүх зүйл ил тод, амар. Том том баячууд хэдэн зуун ухуулагч аваад, гоё зузаан сонин сэтгүүлээ тараана биз. Хамгийн бага мөнгөөр, ямар нэгэн барьцаанд орохгүйгээр, яаж сонгуульд оролцож болдгийг харуулна гэж бодож байгаа. За ёстой үнэнээсээ хамаг юмаа ярьчихлаа.

-Танд орон сууцаа заран байж улс төрд орох ямар зорилго байна вэ?

-Энэ улс чинь өрийн ангал руугаа унаад, тэр Булган маань хоцрогдлын туйл руугаа живээд дахиад дөрвөн жил болох гэж үү. Надаас нэг өөдгүй зүйл гарахгүй дээ. Айраг их уулаа л гэж магад. Хууль л яриад зөрүүдлээд, ойлгохгүй хүмүүсийн дургүйг хүргээд байж мэднэ. Аав маань амьдралынхаа идэр 20 жилд төрийн өндөр албан тушаал хашсан. Ээж маань бас л улс төрийн тогоонд чанагдаж, МАН-ын төв хорооноос тэтгэвэртээ гарсан. “Гэргий”, “Сэтгэлийн булаг”, “Хан шувуу”, “Талын монгол айл” гээд ард түмний дунд түгсэн дууны шүлгийг бичсэн хуульч, сэтгүүлч хүн. Ямар ч баяны дэргэд миний ээж, аав хоёр дээр түрүүлж ирж хүмүүс гар барьдаг юм. Насны эцэст хөрөнгөтэй нь биш, хүндтэй нь яаж нүүр бардам амьдардгийг би харж байна шүү дээ. Хадам аав маань МОНЭЛ гэдэг зурагтыг анх Монголд угсарсан электроникийн том эрдэмтэн, гавьяат байлаа. Хадам ээж насаараа хүүхдийн эмч хийсэн хүн бий. Эд нар шигээ насыг элээхэд бидэнд юу дутахав, бүх юм бэлэн байна. Улсын тусгаар тогтнолын төлөө одоо биш бол хэзээ ч биш.