Categories
мэдээ нийгэм

О.Мөнхсайхан: Шүүгч хараат бус, шударга ажиллах эрх зүйн орчин бүрдсэн

2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Шүүхийн тухай хуулийг УИХ эцэслэн баталсан. Уг хуулийн зарим заалтын талаарх хоригийг Ерөнхийлөгч 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр тавьсан. Хоригийг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан Ажлын дэд хэсгийн гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхантай ярилцав.


-Шүүхийн тухай хуулийг шинэчлэх гол шалтгаан нь бидний хэлж заншсан “шударга бусын хонгил”-ыг нураах, хараат бус болгох. Хууль тогтоогчид энэ зорилгодоо хүрч чадсан уу?

-2017-2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх үед шүүхийг хараат бус, шударга болгох талаар маш их хэлэлцүүлэг өрнөж, судалгаа хийгдсэн, үүний үр дүн ч Үндсэн хуульд туссан. ХЗДХЯ Шүүхийн тухай хуулийн төслийг боловсруулсны дараа 2020 оны нэгдүгээр сард цахим хуудастаа байршуулж гурван сар шахам хугацаанд санал авсан. Засгийн газар уг төслийг эцэслэн боловсруулж УИХ-д өргөн мэдүүлснээс хойш бүтэн найман сарын турш УИХ-ын дотор болон гадна хэлэлцүүлэг өрнөсөн. Жишээлбэл, Бодлогод залуусын хяналт, Оюуны инноваци, Нээлттэй нийгэм форум гэсэн шударга шүүхийн төлөө дагнан ажилладаг ТББ-ууд, Стратеги академи, Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Улаанбаатар хотын худалдааны танхим, УИХ дахь АН-ын бүлэг, Хууль зүйн байнгын хороо зэрэг газраас 20 гаруй хэлэлцүүлэг зохион байгуулж, санал, зөвлөмжөө ажлын хэсэгт хүргүүлсэн. Мөн шүүхийг дагнан судалдаг судлаачид, хуульчид хувиараа болон хамтран санал, зөвлөмжөө хүргүүлсэн нь бараг бүгд хуульд туссан. Ерөнхийлөгчийн саналын дийлэнх нь энэ хуульд шингэсэн. Түүнчлэн, Ажлын хэсгийн даалгавраар олон улсын сайн туршлага, сүүлийн 20 шахам жилийн дотоод гадаадын судалгаануудын дүгнэлт, саналыг шүүж шаардлагатайг нь хуульд оруулсан. Энэ бүхний үр дүнд Шүүхийн тухай хууль нь Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд нийцсэн, манайд үүссэн шүүгчийн хараат бус байдал, хариуцлагатай холбоотой тулгамдсан асуудлыг зохистой шийдэх бодлогын үндэслэл бүхий хувилбаруудаас сонгосон сайн хууль болсон. Энэ хуулийг зөв ойлгож тууштай хэрэгжүүлбэл хараат бус, шударга шүүх бэхжих суурь тавигдаж, “шударга бусын хонгил” гэгч нуран унана.

Ихээхэн мөнгөн дүнтэй эсвэл улс төрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд улс төрийн болон бусад зүй бус нөлөө орох эрсдэл байгааг “шударга бусын хонгил” гэж улс төрийн хэллэгээр хэлж байгаа гэж ойлгодог. Үнэхээр ийм эрсдэл байгаа юу гэвэл бодитой байгаа. Энэ эрсдэлийг бууруулах, сэргийлэх, хаах олон механизм Шүүхийн тухай хууль орсон.

-Шүүхийн тухай хуульд Ерөнхийлөгч хэсэгчилсэн хориг тавилаа. Уг хуулийг шүүх эрх мэдлийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бүрэн алдагдуулах гол үндсийг бүрдүүлж байна гэж үзжээ. Үүнд та тайлбар өгөөч?

-Үүнтэй ерөөсөө санал нийлэхгүй. Харин ч өдийг хүртэл Ерөнхийлөгч гэсэн нэг улстөрчид шүүхийн томилгоотой холбоотой бараг бүх эрх мэдэл төвлөрч “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг” алдагдуулж ирсэн. Улмаар, Ерөнхийлөгчийн институтын зүгээс тодорхой хэрэг, маргааны хувь заяанд шууд нөлөөлөх, эсхүл тийнхүү ойлгогдох байдлыг үүсгэдэг. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, хориг тавих, ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчдийг томилох, Дээд шүүхийн санал болгосноор Ерөнхий шүүгчийг нь томилох зэрэг үндсэн бүрэн эрхийг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгосон. Үүнээс гадуур Үндсэн хуульд зааж өгөөгүй маш олон үндсэн гэж хэлж болохоор бүрэн эрхийг хуулиар 28 жилийн турш Ерөнхийлөгчид нэмээд өгсөн. Одоог хүртэл үйлчилж буй хуулиудаар Ерөнхийлөгч шүүгчийг томилоод зогсохгүй тэдгээрийг шилж олдог Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн дарга, гишүүд, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулдаг Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүдийг томилж, бүх шатны шүүхийн ерөнхий шүүгчийг томилж, шүүгчийг түдгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлж байна. Ерөнхийлөгч УЕП-ыг томилж, АТГ-ын дарга, дэд даргыг санал болгодог. Мөн, Ерөнхийлөгчийн тэргүүлдэг ҮАБЗ-өөс зөвлөмж гарвал ямар ч үндэслэл дурдахгүйгээр шүүгчийг хугацаагүй түдгэлзүүлэх, ерөнхий шүүгчийг огцруулах, УЕП, түүний орлогч, АТГ-ын дарга, дэд дарга нарын бүрэн эрхийг дуусгавар болгодог болсон. Үндсэн хуулиар олгоогүй ийм олон бүрэн эрхийг хэтрүүлж өгснөөс болж Ерөнхийлөгчид хэт их эрх мэдэл төвлөрч төрийн эрх мэдлийн хуваарилалт, хяналт тэнцэл алдагдахад хүрсэн. Байна байдал нь “шударга бусын хонгил” гэх эрсдэлийг үүсгэж, Үндсэн хууль зөрчдөг. 2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 1992 оны Үндсэн хуулийн 33.4-ийн анхны үзэл баримтлалыг тодотгож “Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно” гэж заасан нь хонгилыг нураах гол түлхүүрүүдийн нэг. Иймээс, шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх, чөлөөлөх, огцруулах, Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг томилох, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг санал болгох, томилох зэрэг Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид олгоогүй бүрэн эрхийг Ерөнхийлөгчид эдлүүлэхээр хуульчлахаас татгалзах агуулгаар Шүүхийн тухай хууль гарсан.

-Ерөнхийлөгчийн зүгээс шүүхтэй холбоотой дийлэнх эрх мэдлийг УИХ-д, бүр ялсан намд өгчихлөө гэх шүүмжлэлтэй та санал нийлэх үү. Ерөнхийлөгчийн хоригт ч ийм санаа байсан.

-Санал нийлэхгүй байгаа шалтгаанаа нэг нэгээр нь тайлбарлая. 1992 оны Үндсэн хуулиар ШЕЗ гэж шинэ институцийг байгуулж хуульчаас шүүгчийг шилж олох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах үүргийг хариуцуулсан. Одоо энэ байгууллага таван гишүүнтэй бөгөөд эдгээр таван гишүүнийг бүгдийг нь, мөн даргыг нь Ерөнхийлөгч томилдог. Эдгээр таван гишүүний гурвыг шат шатны шүүхийн шүүгчид, нэгийг Хуульчдын холбоо, нэгийг хууль зүйн асуудал эрхэлсэн сайд Ерөнхийлөгчид санал болгодог ч энэ процесс нь маш хаалттай, олон нийтийн болон хуульчдын оролцоо, хяналтгүй явагдаж ирсэн. Ингээд Ерөнхийлөгч өөрийн томилсон ШЕЗ-ийн дарга, гишүүний санал болгосон хүнийг шүүгчээр томилдог одоогийн тогтолцоо нь түүний зүгээс шүүхэд зүй бусаар нөлөөлөх эрсдэл үүсгэдэг.

2019 оны Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу ШЕЗ-ийн бүрэлдэхүүнийг тодорхой болгож үүний дагуу Шүүхийн тухай хууль шинээр батлагдаад байна. ШЕЗ 10 гишүүнтэй байх бөгөөд эдгээр гишүүд даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай. ШЕЗ нь шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах зорилготой учраас өөрөө бас харьцангуй бие даасан байх зарчимтай. ШЕЗ-ийн бүрэлдэхүүнд өмнөх шиг шүүгчид давамгайлаад ирэхээр шүүгчийн явцуу ашиг сонирхлыг илүү баримтлаад хариуцлагыг нь сулруулах эрсдэлтэй. Шүүгчийг нь цөөлчих юм бол шүүгчийн хараат бус байдал руу халдах магадлалтай. Тиймээс шүүгч болон шүүгч бус гишүүнийг тэнцүү байхаар Үндсэн хуульд заасан нь хараат бус байдал болон хариуцлагын тэнцвэрийг хангаж буй нэгэн хэлбэр.

ШЕЗ-ийн шүүгч гишүүн болох хүсэлтэй, шаардлага хангасан аль ч шүүгч нээлттэй нэр дэвших эрхтэй бөгөөд тэдгээрийг хуульчид болон иргэдэд танилцуулж саналыг нь авсны дараа нийт шүүгч чуулж өөрсдөөсөө шууд сонгоно. Энэ нь уг зөвлөлд ирэх зүй бус нөлөөллийг сааруулна. Үүнээс гадна нийт шүүгчээс бүрдсэн Нийт шүүгчдийн чуулган хэзээ яаж хуралдаж ШЕЗ-ийн шүүгч гишүүдийг сонгох вэ гэдгийг маш нарийн процессжуулж өгч буй. Уг чуулганыг зохион байгуулах чиг үүрэг нь шат шатны шүүхээс тэнцвэртэй бүрдсэн ажлын хэсэгт ногдох, санал тооллогын комиссыг уг хуралдаан өөрөө тэнцвэртэйгээр сонгож бүрдүүлнэ. Нийт шүүгчдийн чуулганыг 45 хоногийн өмнө зарлах, ШЕЗ-д нэр дэвших боломж олгоход 21 хоног өгөх, нэр дэвшигчдийн танилцуулгыг цахим хуудаст байрлуулах, иргэд асуулт, саналаа илэрхийлэх боломж олгох, нийт шүүгчдийн хуралдаан дээр нэр дэвшигч бүр хийх ажил, нэр дэвшсэн үндэслэлээ тайлбарлаж, иргэдээс урьдчилан ирүүлсэн асуулт болон оролцогчдын асуултад хариулах, түүнчлэн тухайн орон тоонд тохирсон хамгийн олон санал авсан шүүгчийг сонгох зохицуулалт бий. Энэ нь шүүгчид нийтээрээ, чөлөөтэй, шууд, тэгш сонгох эрхээ эдэлж нууцаар санал хураалгаж хүсэл зоригоо илэрхийлэхэд чиглэсэн процесс хуульчлагдсан.

ШЕЗ-ийн үлдсэн тав буюу шүүгч бус гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр томилно. Энэ нь гурван үе шатнаас бүрдэнэ. Нэгд, тал талын төлөөллөөс бүрдсэн Ажлын хэсэг сонгон шалгаруулалт явуулж ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд тавих шаардлагыг хамгийн сайн хангасан нэр дэвшигчийг гаргаж ирнэ. ШЕЗ бол шүүгчийг шилж олох, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чухал чиг үүрэгтэй. ШЕЗ-д нэр дэвшигчийн мэдлэг, чадвар, хандлага, ёс зүй, туршлагыг нь судалж энэ чиг үүргийг хамгийн сайн гүйцэтгэж чадах хүнийг тодруулах ажиллагаа буюу сонгон шалгаруулалт нь өөрөө хараат бус, бодитой, олон талын оролцоог хангасан байх хэрэгтэй. Иймээс, УИХ дахь олонх, цөөнх, Ерөнхийлөгч, Засгийн газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, хууль зүйн сургалт, судалгааны байгууллага, их, дээд сургуулийн санал болгосон тэнцвэртэй төлөөлөл бүхий 11 гишүүнтэй ажлын хэсэг энэхүү сонгон шалгаруулалтыг хийх бөгөөд үүнд аль нэг субьект нь давамгайлж, зүй бусаар нөлөөлөх эрсдэл багасна. Шаардлага хангасан иргэд нэрээ дэвшүүлэх 21 хоногийн хугацаа олгох, нэр дэвшигчийг бүртгэж танилцуулга, баримт бичгийг цахим хуудаст даруй байрлуулах, ажлын хэсэг нэр дэвшигчийн баримт бичгийг судлах, тэдгээртэй болон бусад этгээдтэй ярилцлага хийх зэргээр мэдээлэл цуглуулж олонхын санал авсан нэр дэвшигчдээс эрэмбэлж УИХ-д санал болгох юм.

Хоёрт, олон нийтийн хяналт, оролцоо, ил тод байдлыг хангах үүднээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр УИХ-ын хууль зүйн байнгын хороо томилгооны сонсгол хийнэ. Ажлын хэсгээс сонгон шалгаруулж олонхын санал авсан нэр дэвшигчийн талаарх тайланг УИХ-ын цахим хуудаст байршуулж 14 хоногийн дотор сонирхогч этгээд нэр дэвшигчээс асуух асуулт, саналыг хүлээн авна. Нэр дэвшигчийн талаарх томилгооны сонсголыг зарлан явуулах бөгөөд уг сонсголд сонирхсон иргэн, мэргэжлийн болон төрийн бус байгууллага, судлаач, хуульчид оролцож саналаа хэлэх, асуулт асуух боломжоор хангагдахаас гадна УИХ-ын гишүүд тухайн нэр дэвшигчээс асууж шалгааж хэн бэ гэдгийг нь олон нийтийн өмнө харуулж мэдээлэл өгч, иргэдийн саналыг тусгана.

Гуравт, сонгон шалгаруулалтаар шигшигдэж нээлттэй сонсголд орсон нэр дэвшигчийг ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар шийдвэрлэнэ. ШЕЗ хуульчдаас шүүгчдийг шилж олж Ерөнхийлөгчид санал болгох бөгөөд шүүгчид нь иргэд бидний амьдралын хамгийн чухал зүйлс маргаанд орохоор хуулийн дагуу эцэслэн шийдвэрлэнэ. Ийм чухал чиг үүрэгтэй ШЕЗ-ийн гишүүдийн ядаж тал нь ард түмнийг төлөөлдөг парламентаас хүлээн зөвшөөрөгдвөл өөрөө ардчилсан ёсны легитим шинжийг хангана гэж үздэг. Шүүхийн ерөнхий зөвлөл бүхий Испани, Итали зэрэг улсад уг зөвлөл дэх шүүгч гишүүдийг шүүгч нар нь сонгож, шүүгч биш гишүүдийг нь парламент ихэнхдээ дийлэнх олонхоор томилдог.

ШЕЗ-ийг бүрдүүлэх, түүний шилж олсон хуульчийг шүүгчээр томилох процессыг бүхэлд нь харвал аль нэг субьектээс зүй бусаар давамгайлж оролцох эрсдэлийг хааж, шүүгчийг шилж олох, томилоход гол институцүүдийг тэнцвэртэй оролцуулж, ШЕЗ хараат бусаар хариуцлагатай ажиллах суурь тавигдаж буй. ШЕЗ 10 гишүүн гишүүд даргаа дотроосоо сонгох болж буй нь ШЕЗ-ийн бие даасан байдлыг хангахад тустай.

ШЕЗ-ийн талыг шүүгчид сонгож буй тул шүүгчдийн оролцоог хангаж, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалж ШЕЗ-д орж ирэх зүй бус нөлөөллийг сааруулчихна. ШЕЗ-ийн шүүгч биш гишүүнийг сонгон шалгаруулах ажлын хэсэгт төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог субьектүүдийн ч, мэргэжлийн болон иргэний нийгмийн төлөөлөл, оролцоог ч тэнцвэртэй хангана. Энэ хөндлөнгийн ажлын хэсгийн сонгон шалгаруулж санал болгосон хүнийг нээлттэй сонсголд оруулж ард түмний төлөөллийн байгууллага болох УИХ томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд энэ нарийн процесс нь өөрөө УИХ-ын үзэмж, дур зоргыг хязгаарлана. Ийм тал талын оролцоотой бүрдсэн ШЕЗ хуульчдаас шилж олж санал болгосон хүнийг шүүгчээр томилох шийдвэрийг Ерөнхийлөгч гаргах учраас Ерөнхийлөгчийн оролцоог ч маш сайн хангана.

-Ерөнхийлөгч хоригтоо Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг ШЕЗ сонгон шалгаруулж Ерөнхийлөгч томилох хэрэгтэй гэсэн санааг илэрхийлж, тухайн шүүхийн шүүгчид нь өөрсдөө ерөнхий шүүгчээ сонгохыг буруушаасан байсан. Энэ тухайд?

-Ерөнхийлөгчийн хоригийг бүхэлд нь харвал одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар өөрт хэт төвлөрсөн эрх мэдлээ хадгалж үлдэх гэсэн агуулга нэвт шингэж, чамин үгээр халхавчилсан нь харамсалтай. Үндсэн хуулийн 51.2-т “Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчдийг Улсын Их Хуралд танилцуулснаар, бусад шүүхийн шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн санал болгосноор тус тус Ерөнхийлөгч томилно. Ерөнхий шүүгчийг Улсын дээд шүүхийн санал болгосноор гишүүдийнх нь дотроос зургаан жилийн хугацаагаар Ерөнхийлөгч томилно” гэж заасан нь зөвхөн шүүгч болон Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид л хамаатай.

Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгчийг томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн 33 дугаар зүйл болон бусад заалтаар олгоогүй тул эдгээр ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч томилох нь Үндсэн хуулийн 33.4-д зааснаас хальж уг заалтыг зөрчинө. Өмнөх шиг бүх шүүхийн ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч гэсэн нэгэн улстөрч томилох нь шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулна. Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тодруулах асуудлыг Үндсэн хуулиар тусгайлан зохицуулаагүй учраас уг асуудлыг УИХ онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд хуулиар шийдвэрлэх боловч Үндсэн хуулийн “хууль дээдлэх,” “шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдал”-ийн зарчмуудад нийцүүлэн зохицуулах үүрэгтэй. Шүүхийн тухай шинэ хуульд Улсын дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгохоор заасан нь олон улсын сайн туршлага юм. 2010 онд Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагаас Германы Макс Планк институцитэй хамтран шүүхийн хараат бус байдал, хариуцлагыг судалж 1000 гаран хуудас тайлан гаргаж, “Киевийн зөвлөмж” гэх маш чухал зөвлөмжүүд гаргасны дийлэнх нь УИХ-аас сая баталсан шинэ хуульд туссан. Энэ чухал зөвлөмжид “тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгодог байх нь сайн хувилбар” гэж заасан. Венецийн комисс мөн тухайн шүүхийн шүүгчид дотроосоо ерөнхий шүүгчээ сонгохыг дэмжиж ирсэн.

28 жилийн хугацаанд хэт их эрх мэдэлтэй ерөнхий шүүгчийг бүгдийг нь Ерөнхийлөгч үзэмжээрээ томилдог болсон нь энэ томилгоогоороо дамжуулан шүүхийн тодорхой шийдвэрт нөлөөлөх эрсдэл үүсгэж байсан. Дээд шүүхээс бусад шүүхийн ерөнхий шүүгчийг бүгдгийг нь нэг улстөрч томилохоос татгалзсанаас гадна чухал өөрчлөлтийг УИХ Шүүхийн тухай хуульд оруулсан. Тодруулбал, манай улсад ерөнхий шүүгчид хуулиар маш их эрх мэдэл өгсөн нь өөрөө шударга бусын хонгил гэх эрсдэл үүсэх өөр нэг шалтгаан нь. Ерөнхий шүүгч хүссэн хуралдаанаа даргалах, шүүх бүрэлдэхүүнийг томилоход нөлөөлөх, Дээд шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч маргааны харьяалал шийдвэрлэх, танхим харгалзахгүйгээр шүүн таслах ажиллагаанд оролцох гэх мэтээр шүүн таслах ажиллагаанд нөлөөлөх давуу эрхийг Ерөнхий шүүгч эдэлж болохгүй гэдгийг тодорхой хуульчилсан. Үндсэн хууль дахь шүүгчийн хараат бус байдлын зарчмаар ерөнхий шүүгч гэдэг бол шүүн таслах ажил дээр бусад шүүгчтэй яг адилхан эрх мэдэлтэй болно. Ерөнхий шүүгч бол “дарга шүүгч” биш, харин шүүх доторх ажлаа уялдуулан зохицуулагч болж буй хэрэг. Өмнө нь ерөнхий шүүгчид төвлөрч ирсэн ихэнх эрх мэдлийг тухайн шүүхийн нийт шүүгчдийг багтаасан зөвлөгөөнд шилжүүлж зүй бусаар ашиглагдах эрсдэлийг үгүй болгож байна.

-Шүүх эрх мэдэл дэх Ерөнхийлөгчийн бүх эрх мэдлийг аваад үгүй болгож байна гэх шүүмжлэлд юу гэж хариулах вэ. Ер нь түүний санал туссан уу?

-Нэг талаар, Ерөнхийлөгчийн оролцоог бүрмөсөн алга болгох гээд байна гэх нь ор үндэсгүй. Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн хүрээнд гурван үндсэн бүрэн эрх эдлэхийг Үндсэн хуульд маш тодорхой заасан, түүнийгээ л хэрэгжүүлнэ. Тодруулбал, Дээд шүүхийн санал болгосноор түүний ерөнхий шүүгчийг, УИХ-тай зөвшилцөж Улсын ерөнхий прокурор, түүний орлогч нарыг тус тус томилох бүрэн эрхийг Ерөнхийлөгч хэрэгжүүлэх нь хэвээрээ байгаа. Мөн, шүүхийг бүрдүүлэхэд Ерөнхийлөгч ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг томилж оролцож байгаа нь ч өөрчлөгдөөгүйг ерөөсөө ярихгүй байгаа. Нөгөө талаар, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох бүрэн эрхийг Ерөнхийлөгч эдлэх ёстой, энэ нь Үндсэн хуулийн шүүгчийг томилох 51 дүгээр зүйлд заасан бүрэн эрх дотроос урган гарч байгаа юм гэж зарим хүн хэлээд байгаа юм. Ийм зүйл бол огт байхгүй. Үндсэн хуулийн 51-т ШЕЗ-ийн санал болгосноор шүүгчийг Ерөнхийлөгч томилно гэж заасан бөгөөд ШЕЗ-ийг Ерөнхийлөгч томилно гэх зүйл Үндсэн хуулийн аль ч заалтад байхгүй. Энэ бол Ерөнхийлөгчийн оролцох асуудал биш. Хуульчдаас шүүгчийг шилж олох ШЕЗ-ийг Ерөнхийлөгч өөрөө байгуулалцаад, түүнээс санал болгосон хүнийг Ерөнхийлөгч өөрөө шүүгчээр томилно гэдэг бол уг томилгоог Ерөнхийлөгчөөс хэт хамааралтай болгоно. Ийм байх байсан бол Үндсэн хуулиар ШЕЗ-ийг тусгайлан байгуулахгүй байсан төдийгүй энэ нь 2019 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй илт зөрчилдөнө. Эцэст нь, Ерөнхийлөгчийн саналаас авч болох маш олон заалт дэмжигдсэн. Жишээлбэл, шүүхийн төсвийн урсгал зардлын хэмжээг өмнөх жилийнхээс бууруулахгүй байх, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний аль алийг орон тооны болгох, ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны шүүгч гишүүдийг нийт шүүгчид өөрсдөө сонгож гаргах, харин шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулсны үндсэн дээр УИХ томилгооны сонсгол хийж томилох, Дээд шүүхийн шүүгчийн тусгай саналыг хэвлэх, шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрт харгалзан үзэж тодорхой тусгадаг байх гэх мэт санал Шүүхийн тухай хуульд бүрэн тусаж батлагдсан. Харин, Монгол Улсын Үндсэн хуулиар Ерөнхийлөгчид огт олгоогүй эрх мэдлийг өөрөө авч үлдэх гэсэн саналыг нь л аваагүй, ийм саналыг нь авсан бол УИХ өөрөө Үндсэн хууль зөрчсөн хэрэгт унах байсан.

-Шүүгчдийн сахилга хариуцлага сул байна гэх шүүмжлэл байдаг. Шүүхийн сахилгын хороог хэрхэн бүрдүүлэх ёстой вэ?

-Шүүгчийн сахилга, хариуцлагын тогтолцоо удаа дараа өөрчлөгдсөн бөгөөд Ерөнхийлөгч, ҮАБЗ, ШЕЗ гэх мэт янз бүрийн субьектээс хөндлөнгөөс энэ процесст оролцож тарамдуулахаар хуульчилж ирсэн нь уг тогтолцоог тогтворгүй, үр нөлөөгүй болгож байгаа учраас үүнийг шийдвэрлэх үүднээс Шүүхийн сахилгын хороог Үндсэн хуульд шинээр тусгасан. Шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий шүүхийн сахилгын хороо ажиллана гэж Үндсэн хуулийн 49.6-д заасан. Үүний үзэл баримтлал нь Шүүхийн сахилгын хорооны гишүүдийг шүүн таслах болон бусад туршлагатай иргэдээс нээлттэй нэр дэвшүүлэх замаар холбогдох институциэс тэнцвэртэй бүрдүүлэх юм. Шүүхийн сахилгын хороо есөн гишүүнтэй байх бөгөөд үүний дөрөв нь нийт шүүгчээс сонгогдсон шүүгч, тав нь шүүгч биш, хууль зүйн өндөр мэргэшилтэй иргэд байхаар туссан. ШЕЗ-ийн гишүүдтэй адилхан процессоор Сахилгын хорооны шүүгч гишүүнийг Нийт шүүгчдийн чуулганаар, шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулалтаар гарч ирсэн нэр дэвшигч бүр дээр УИХ томилгооны сонсгол хийж томилно. УИХ шүүгч бус таван гишүүнийг томилох эсэхийг шийдвэрлэж буй боловч үзэмжээрээ шийднэ гэсэн үг биш. Тал талын төлөөлөл бүхий ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг хийнэ, эндээс шалгарсан нэр дэвшигч бүр дээр нээлттэй сонсгол хийнэ, тэгээд УИХ томилох эсэхийг шийдвэрлэх бөгөөд сонгон шалгаруулалт болон томилгооны сонсгол яаж явагдах тухай маш нарийн процессыг хуульчилсан. Үндсэн хуулийн 33.4-ийн дагуу Ерөнхийлөгч Сахилгын хорооны гишүүнийг томилох, санал болгох байдлаар шууд оролцохгүй.

Монгол Улс 550 хүрэхгүй шүүгчтэй, сахилгын хэргийн ачаалал тийм их биш учраас уг хорооны гишүүдийн тоо одоогийнх шигээ есөн байх нь зохистой. Шүүхийн сахилгын хорооны есөн гишүүний дөрвөн буюу цөөнх нь шүүгч гишүүн байх нь шүүгч шүүгчээ өмөөрдөг байдлыг хязгаарлаж, сахилгын зөрчил гаргасан шүүгчид хариуцлага тооцоход итгэл найдвар төрүүлнэ. Нөгөө талаар, шүүгч биш гишүүд олонх учраас шүүгчийн хараат бус байдал руу халдах эрсдэл үүснэ. Энэ эрсдэлийг хаах зохицуулалтууд хуульчлагдсан. Сахилгын хорооны бүрэлдэхүүний 40 хувийг шүүгчид өөрсдөө шууд сонгож, 60 хувийг тал талын оролцоотой нээлттэй сонгон шалгаруулалт, нээлттэй сонсголоор томилно. Ийм байдлаар бүрдсэн Сахилгын хорооны сахилгын хэргийг хянан шийдвэрлэх нарийвчилсан процессыг анх удаа хуульчилсан. Шүүгч сахилгын зөрчил гаргасан тухай өргөдөл, мэдээллийг Сахилгын хорооны гишүүнд тохиолдлын журмаар хуваарилна, тухайн илтгэгч гишүүн нь сахилгын хэрэг үүсгэх эсэхийг шийдвэрлэнэ. Сахилгын хэргийг Сахилгын хорооны хуралдаанаар шийдвэрлэж магадлал гаргах бөгөөд уг хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч гишүүн нэг, шүүгч бус гишүүн хоёр орно. ШСХ-ны хуралдааны магадлалд гаргасан гомдол, эсэргүүцлийг Сахилгын хорооны хянан үзэх хуралдаанаар шийдвэрлэх бөгөөд уг хуралдааны бүрэлдэхүүнд шүүгч гишүүн хоёр, шүүгч бус гишүүн нэг орохоор хуульчилсан нь шүүгчийн хараат бус байдлыг эрсдэлд оруулахаас сэргийлэх зорилготой. Сахилгын хорооны хянан үзэх хуралдаан холбогдох шүүгчийн шударгаар шүүлгэх эрхийг ноцтой зөрчсөн тохиолдолд түүний хяналтыг тогтоолыг Улсын дээд шүүхэд гомдол гаргаж хүчингүй болгуулах боломжийг мөн хуульчилсан.

-ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнд тавих шаардлагын талаар хоригт шүүмжилсэн байсан. Энэ талаарх таны тайлбар юу вэ?

-Ерөнхий зөвлөл болон сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох шүүгч гишүүн нь шүүгчээр 10-аас доошгүй жил ажилласан, сахилгын шийтгэлгүй байна гэж заасан талаар асуудал яригдаагүй. Харин, эдгээрийн шүүгч бус гишүүнээр “эрх зүйч” этгээд ажиллах боломжийг хуульд тусгасан гэсэн нь холбогдох заалтад буй өндөр шаардлагыг орхигдуулж дутуу ойлгосны илрэв болов уу. Шүүхийн тухай хуульд зааснаар эдгээр шүүгч бус гишүүд нь дараах таван шаардлагыг нэгэн зэрэг хангасан байна. Нэгд, “хууль зүйн өндөр мэргэшилтэй” байхыг шаардаж буй нь ШЕЗ, ШСХ-нд ажиллах өндөр мэдлэг, чадвар, ёс зүй, зан төлөв, туршлагатай байхыг ойлгоно.Эрх зүйч, хуульч байх нь наад захын шаардлага мөн боловч эрх зүйч, хуульч бүр “хууль зүйн өндөр мэргэшилтэй” биш юм. Ийм өндөр мэргэшилтэй гэж хуулийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн эсэх нь сонгон шалгаруулалт, нээлттэй сонсгол, томилгооны нарийн процессоор шүүгдэж шийдвэрлэгдэнэ. Хоёрт, “эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан” туршлагатай байх шаардлагатай. Үүнд эрх зүйч, хуульч байх тухай шаардлагыг ажлын байрны тодорхойлолтод зааж, хууль зүйн дүгнэлт гаргах, зөвлөгөө өгөх, шүүхэд төлөөлөх, эрх зүйг судалж хөгжүүлэх зэрэг ажлыг багтаан ойлгодог. Хуулийн зөвлөх, өмгөөлөгч, прокурор, их, дээд сургуулийн багш зэрэг ажил эрх зүйч мэргэжлээр ажилласан хугацаанд тооцогдоно. 2012 оны Шүүхийн тухай багц хуулиар ч ШЕЗ болон Шүүхийн ёс зүйн хороонд зөвхөн хуульч байхыг шаарддаггүй байсан, харин Шүүхийн тухай саяын шинэ хуулиар эдгээр гишүүнд тавих шаардлагыг “хууль зүйн өндөр мэргэшилтэй байх,” “эрх зүйч мэргэжлээр 10-аас доошгүй жил ажилласан” гэж өндөрсгөсөн. Гуравт, “төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрээгүй” байх шаардлагатай. Дөрөвт, “сүүлийн таван жил шүүгч, улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй” байхыг шаардана. Иймээс, улс төрчдийг ШЕЗ болон ШСХ-нд оруулах боломжгүй юм. Тавд, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй Монгол Улсын иргэн байна.

АНУ-ын олон муж, Европын олон улсуудад Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо шиг бүтэц шүүгчээс гадна хуульч, өмгөөлөгч, хуулийн профессор, бүр жирийн иргэнээс бүрдсэн алаг бүрэлдэхүүнтэй байхыг сайн туршлагад тооцдог. Гэвч, шүүгчийг шилж олох, шүүгчид сахилгын шийтгэл оногдуулах бүрэлдэхүүнүүдэд жирийн иргэнийг оруулахаас энэ удаа татгалзаж, улмаар зөвхөн шүүгч болон хууль зүйн өндөр мэргэшилтэй, шүүгч бус иргэн орж ажиллах агуулга хуульчлагдсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл анхнаасаа ийм үзэл баримтлалтай байсан.

-Энэ цаг үед иргэдийн шударга шүүхээр шүүлгэх итгэл нуран уначхаад байгаа гэхэд хилсдэхгүй. Хуульд өөрчлөлт орсноор иргэн бүр шударга шүүхээр шүүлгэж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадна гэж ойлгож болох нь ээ?

-Дараахь зарчмуудад тулгуурлан шүүхийн тухай хууль батлагдсан тул иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдэлдэг болох шинэчлэл болно. Нэгд, даргад буюу нэг албан тушаалтанд хэт их эрх мэдэл төвлөрүүлбэл шүүгчид зүй бусаар нөлөөлөх эрсдэл нэмэгддэг гэж үзэж үүнээс татгалзсан. Ерөнхийлөгч төдийгүй бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч болон шүүгчдийн эрх мэдлийг зохих байранд оруулж хязгаарласан. Мөн, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны бүрэлдэхүүний дарга нь бусад гишүүдээсээ давуу эрхтэй байж тэдгээрийг захирдаг байдал гарахаас сэргийлэх олон заалт орсон. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны дарга нь тус бүр зөвхөн нэг жилээр дотроосоо сонгогдож ажиллана гэж заасан. Шүүгчийн сахилгын зөрчилтэй холбоотой гомдол, мэдээлэл, сахилгын хэрэг, түүнийг шийдвэрлэх бүрэлдэхүүн нь урьдчилан мэдэх боломжгүй, тохиолдлын журмаар хуваарилах бөгөөд үүнд дарга үзэмжээрээ оролцохгүй. Хоёрт, томилгоотой холбоотой болон бусад асуудлыг шийдвэрлэх процессыг аль болох нарийвчлан бичсэн нь урьд өмнө манай хуульд байгаагүй шинэ жишиг мөн. ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны гишүүнийг сонгох, сонгон шалгаруулж томилох, шүүгчийн шалгалт авах, сонгон шалгаруулж өргөн мэдүүлэх, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг УИХ-д танилцуулах, шүүгчийн сахилгын зөрчлийг хянан шийдвэрлэх гэх мэтийг хэзээ яаж хийгдэх, хэн ямар байдлаар оролцохыг нь нарийвчлан, дэлгэрэнгүй зааж байна. Үүнийг сайн хийж чадвал эдгээр процессод зүй бусаар нөлөөлөх, дур зоргоор авирлахаас сэргийлэх, зарчмаараа хандаж шийдвэрлэгддэг болно. Гуравт, иргэдийн оролцоог хангах, ил тод байх зарчим энэ хуулийн бараг бүх хэсэгт шингэсэн. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Сахилгын хорооны гишүүд, Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч дээр заавал нийтийн сонсгол хийнэ, мөн эдгээр нэр дэвшигчид болон шүүгчид нэр дэвшигч дээр иргэд санал, асуултаа илэрхийлэх өгөх боломжийг наад зах нь 14 хоногоор олгож байгаа. Дөрөвт, хариуцлага зайлшгүй байх зарчим суурь болж байна. Тухайлбал, шүүгчийн сахилгын зөрчлийг тодорхой, дэлгэрэнгүй заагаад түүнд тохирсон шийтгэлийн төрлийг олшруулж хөөн хэлэлцэх хугацааг нь сунгаж байна. Үүний зэрэгцээ ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүний хүлээх үүрэг, хориглох зүйл, огцруулах үндэслэл, журам урьд өмнө байгаагүйгээр нарийвчлан тусаж байгаа. Тавд, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч субъектуудын олон талын оролцоог хангах. Жишээлбэл, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүдийг сонгон шалгаруулах ажлыг тал талаас санал болгосон тэнцвэртэй бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг хийнэ. Зургаад, ШЕЗ-ийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүдийг сонгоход хэсэг бүлэг шүүгчид биш нийт шүүгчид нууцаар саналаа хураалган шууд сонгоно. Шат шатны шүүгч бүр адилхан шүүн таслах ажил хийдэг тэнцүү эрх мэдэл, статустай, адил оролцоотой гэдгийг тухайн шүүхийн ерөнхий шүүгчийг сонгох, шүүхтэйгээ холбоотой гол асуудлыг зөвлөгөөнөөрөө шийдвэрлэх олон механизм туссан юм. Долоод, аливаа ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах. Жишээлбэл, ШЕЗ, Сахилгын хорооны гишүүнээр ажиллаж байхдаа болон бүрэн эрх дуусгавар болсноос хойш нэг жилийн дотор шүүгчийн эсхүл ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр дэвшихийг хориглож байна. Өмнө нь, шүүгчид өөрсдөө ШЕЗ болон Шүүхийн мэргэшлийн хороонд ажиллаж байхдаа давж заалдах болон хяналтын шатны шүүхэд нэр дэвшээд томилогддог байсан, үүнийг хааж шүүгчийн сонгон шалгаруулалтыг шударга, тэгш явах баталгааг нэмж байгаа. Мөн, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч биш гишүүн нь сүүлийн таван жил улс төрийн албан тушаал болон улс төрийн намын удирдах албан тушаал эрхэлж байгаагүй байхаар зааж буй нь мэргэжлийн, хараат бус хүнээр бүрдүүлэхэд чухал хөшүүрэг. Наймд, мерит зарчмыг хангах. Шүүгчид тавих шаардлагыг өндөрсгөж заагаад зогсохгүй үүнийг яаж шалгах вэ гэдгийг маш нарийвчлан хуульчилж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгчид нэр дэвшигчээс хууль зүйн мэдлэг, чадварын шалгалт төдийгүй мэргэшил, ёс зүй, зан төлөвийн шалгалт авах зохицуулалтууд орсон. Өмнө ярьсанчлан, ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүнд өндөр шаардлага тавьж маш нарийн процессоор гаргаж ирнэ. Шүүгч хараат бус, шударга ажиллах эрх зүйн орчин бүрдсэн.

Categories
мэдээ улс-төр

А.Даваасүрэн: Хэлэлцээрт нэгдсэнээр гишүүн орнууд руу илүү хөнгөлөлттэй нөхцөлөөр бараа бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байна


Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор А.Даваасүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн оржээ. Энэхүү хэлэлцээрт хичнээн орон нэгдэн орсон байдаг юм бэ?

-Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг анх 1975 онд “Бангкокийн хэлэлцээр” нэртэй байгуулсан. Уг хэлэлцээрт Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, Лаос, Бангладеш зэрэг орнууд багтдаг. Харин энэхүү хэлэлцээрт 2001 онд БНХАУ нэгдэн орсноор цар хүрээ илүү өргөжиж, 2005 онд “Бангкокийн хэлэлцээр”-ийг “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр” болгосон байдаг. Энэхүү хэлэлцээр нь Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын уялдаа холбоог сайжруулах, тэдгээрийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, худалдаанд тавьж буй хориг саадыг арилгах, худалдааг чөлөөлөх замаар харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой.

-Хэлэлцээрт нэгдсэний ач холбогдол нь юу болох талаар мэдээлэл өгөөч?

-Хэлэлцээрийн гол зорилго нь гишүүн орнууд худалдааныхаа тариф, тарифын бус хориг саадыг арилгах. Тарифаас гадна гишүүн орнууд тарифын бус зохицуулалт, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, худалдааг хөнгөвчлөх зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн гэсэн үг. Тарифын бус гэдэг нь татвараас бусад бүхий л хориг саадыг хэлдэг. Үүнийг засаг захиргааны, техникийн хоригууд гэх нь ч бий. Тодруулбал, сав баглаа боодол, шошго, тухайн барааны орц, найрлага, тээврийн хэрэгслийн төрлөөс шалтгаалах хориг, орон нутгийн хураамж зэрэг багтана. Улс орнууд бие биенийхээ бараа таваарын эсрэг янз бүрийн гох дэгээ тавих нь цөөнгүй. ОХУ л гэхэд манай улсаас мах авахдаа зөвхөн төмөр замаар, хөргөлттэй вагоноор авна, гарал үүслийн бичигтэй байх ёстой гэдэг. Ерөнхийдөө Дэлхийн худалдааны байгууллагын зүгээс улс орнууд бие биендээ янз бүрийн тарифын бус арга хэмжээ авч байгааг тэр бүрчлэн хянах боломжгүй байдаг л даа.

-Тарифын хөнгөлөлт гэдгийг бараа, таваараа татваргүй экспортлох боломж гэсэн үг үү?

-Татваргүй гэж хэлж болохгүй. Тухайн улс өөрийн үндэсний нэн тааламжтай нөхцөлийн хүрээнд импортын татвараа тавьсан байдаг. Тэрхүү импортын татварыг хөгжиж буй болоод эдийн засгийн түншлэлийн хэлэлцээртэй, өндөр хөгжилтэй зэргээс нь шалтгаалж ялгавартай тогтоодог. Мөн бараа таваарын нэр төрөл онцлогоос нь хамаарч харилцан адилгүй тогтоодог юм. Манай улсын хувьд тарифаа ялгавартай тогтоодоггүй. Монгол Улс үндэстнийхээ нэн тааламжтай нөхцөлийн хүрээнд гадны импортын бараа бүтээгдэхүүнд таван хувийн тариф тавьдаг. 1991 оноос хойш долоон удаагийн хэлэлцээр хийснээр тарифаа таван хувь болгосон юм. Харин дээрх хэлэлцээрт нэгдсэнээр гишүүн орнууд руу илүү хөнгөлөлттэй нөхцлөөр бараа бүтээгдэхүүн экспортлох боломж нээгдэж байгаа. Түүнээс ямар ч татваргүй экспорт хийнэ гэсэн зүйл байхгүй. Татварыг тэглэх асуудал эдийн засгийн түншлэлийн бөгөөд чөлөөт худалдааны хэлэлцээрээр шийдэгдэнэ.

-Хэлэлцээрт нэгдсэн улс орнууд өөр хоорондоо ямар бараа бүтээгдэхүүн гаргах боломжтой байдаг вэ?

-Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн орнууд нийт дөрвөн удаагийн тарифын хэлэлцээ хийж нийт 10677 бараа бүтээгдэхүүний гаалийн тарифыг харилцан бууруулахаар тохирсон.

-Манай улс энэхүү хэлэлцээрт яг хэзээнээс нэгдэн оров?

-Манай улс тус хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ анх 2009 онд илэрхийлж байсан. Ингэхдээ 366 нэр төрлийн барааны үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг хэлэлцээрт нэгдсэн орнууддаа танилцуулсан. Улмаар 2018 оны есдүгээр сард тус хэлэлцээрт орох боломж нөхцөл манай улсад нээгдэж, 2019 оны арванхоёрдугаар сарын 12-нд УИХ “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох тухай” хуулийн төслийг баталсан юм. Хуулийн төсөл батлагдсанаар бид Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдсэн долоо дахь гишүүн орон болж, хэлэлцээрийг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс албан ёсоор хэрэгжүүлэх боломжтой болсон юм.

-300 гаруй төрлийн бараа таваарыг хөнгөлүүлэхээр хүссэн гэж байна. Эдгээрт юу юу багтах вэ?

-Бид зөгийн бал, чацаргана зэргийг чадахаараа л экспортлох гэж хичээж байгаа. Эдгээрийг экспортлоход тавигддаг тарифын бус хориг саадыг хөнгөвчилнө. Далд хоригуудаас зайлсхийх боломж нээгдэж байна гэсэн үг. Үүнтэй ижил хэлэлцээрт нэгдсэн зургаан орноос бид импортын бараа авахдаа хөнгөлөлт үзүүлэх юм. Тэдгээр орнуудаас орж ирэх бараанд бид тарифын болон, тарифын бус хориг саадыг тавихгүй байх үүрэг хүлээнэ.

-Үүнээс гадна өөр ямар давуу талууд манай улсад бий болох вэ?

-Монгол Улс өөрөө түүхий эд экспортолдог орон. Бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортолдог оронтой харьцуулах юм бол манай улсад ирэх өгөөж нь бага. Бидэнд зарах бэлэн бүтээгдэхүүн их байж гэмээнэ илүү их ашиг олох юм. Манай улс түүхий эдийнхээ 93 хувийг Хятад руу экпортолж байна. Манай улсын нийт түүхий эдийн 80 гаруй хувийг уул уурхайн түүхий эд эзэлдэг. ОХУ руу бид экспортынхоо 0.9 хувийг гаргадаг. Нэг хувь ч хүрэхгүй байна. Тийм хэрнээ бид импортын бараа бүтээгдэхүүнийхээ 32 хувийг урд хөршөөс, ОХУ-аас 36 хувийг авч байна. Бидний экспортын хүчин чадал маш муу. Энэ асуудлыг бид цогцоор нь авч шийдэх ёстой байгаа юм. Бид экспортын барааныхаа нэр төрлийг нэмэхийн тулд бараа бүтээгдэхүүний чанараа дээшлүүлэх, боловсруулалтын түвшинд сайжруулах ёстой. Бараа бүтээгдэхүүний стандартыг олон улсын түвшинд нийцүүлэх шаардлагатай. Тэгж байж дэлхийн зах зээл бөгөөд гуравдагч оронд гаргана.

Дэлхийн жишгийг харж байхад ийм хэлэлцээрт дийлэнхдээ үйлдвэрлэгч орнууд ордог. Энэтхэг, Өмнөд Солонгос, Шри Ланка, БНХАУ гээд энэ хэлэлцээрт багтсан улс орнууд бүгд үйлдвэрлэгч. Тэд цахилгаан бараа, хувцас, тоног төхөөрөмж гээд бүгдийг үйлдвэрлэж чадаж байгаа.

Манай улс энэ хэлэлцээрт орсны хоёр дахь саад бол хил хязгаар, газар нутгийн бэрхшээл. Энэ хэлэлцээрт нэгдсэн улс орнуудад бараа таваараа хүргэхийн тулд бид Хятадын газар нутгаар л гэхэд 1710 км явж байж далайн боомтод хүрнэ. Мөн ОХУ-ын газар нутгаар 3500 км явж байж далайн боомтод нь хүрнэ. Энэ нь бидэнд нэг том саад болж байгаа юм. Үндсэндээ дөрвөн жил дамнаж байж тэдгээр улсуудад хүрнэ гэхээр хүндрэлтэй л дээ.

Монгол Улсад эдийн засгийн эрх ашиг гэхээсээ улс төрийн эрх ашиг байж болох юм. Учир нь бид хоёр том гүрний голд оршдог. Бид Бангладеш, Шри Ланка, Өмнөд Солонгостой хил залгаагүй ч гэсэн энэхүү хэлэлцээрт оролцоод явахад хамгаалагдах боломж нээгдэх юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Залуус эрх чөлөөний мэдрэмжтэй байгаа нь ирээдүй маань баталгаатай л гэсэн үг

“Өргөө” амаржих газарт амаржсан эхээс коронавирусийн халдвар илэрч энэ сарын 19-нд ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Ингэхдээ нялх биетэй эмэгтэйг идэр есийн хүйтэнд нимгэн халат, даавуун углааштай нь цэл хүйтэн машинд суулгасан. Тэр бүү хэл ХӨСҮТ-ийн гаднах аваарын шатаар нүцгэн нойтон хэвээр нь алхуулсаар тусгаарлах өрөөнд нь оруулжээ. Хэдхэн цагийн өмнө хоёр яс салсан эмэгтэйн өмнөөс нялх биетэй байхын хэцүүг мэдэх хүн бүрийн яс янгиналаа. Бүсгүйн сэтгэл санаа ямар байгаа бол, бяцхан үр нь яагаа бол гэж хүн бүр л өмөрлөө.

Уг нь бид амаржсан эхээ асарч, тойглож тэнхрүүлэх өөрсдийн гэсэн онцлог уламжлалтай. Амаржсан эхийн бүх биеийн яс мах сиймхий болдог тул “Сард суух” гэх нэг сарын цээрийг ягштал биелүүлдэг учиртай. Энэ уламжлал өнөөдрийн соёлжсон нийгэмд нь гажиж зөрсөн нь үгүй. Гам алдахын хэцүүг мэддэг хэн бүхэн охин үр, бэрдээ ой тойнд нь буутал захиж сургадаг учраас арга ч үгүй биз. Гэтэл албан үүргээ биелүүлж байгаа нэртэй эмч, онцгой байдлын ажилчид амаржаад хэдхэн цаг болж байгаа эмэгтэйг өвлийн гутал, хувцасгүй дагжин чичрүүлсээр дуут дохио хангинуулсан автомашиндаа суулгаад явлаа. Хэдийгээр тахал туссан өвчин зовлонтой ч гэсэн өчигдрийн жагсаалын үед барьж байсан лоозонд дурдсан шиг “өвчтөй ч гэсэн хүн” гэгчээр ингэж дээрэнгүй хандаж болохгүй байв. Хүний ёс, монголчуудын уламжлалаас гажсан энэ үйл явдалд монголчууд тэр чигтээ дургүйцэж үүнийгээ нийгмийн сүлжээгээр тэр аяараа илэрхийлэн давлагаалав. Нялх биетэй эмэгтэйг асарч үзсэн нь битгий хэл аав болж ч үзээгүй болов уу гэмээр оюутан залуу “Би малчин хүний хүүхэд. Малчид бид ч төллөсөн малтайгаа ингэж харьцдаггүй” гээд дургүйцлээ илэрхийлэн жагсаж зогсохыг бид харлаа.

Эмнэлгийн ажилтны энэ хүнлэг бус дээрэнгүй үйл ажиллагааг “Eagle” телевиз соргогоор анзаарч шуурхай мэдээлсэн. Мэргэжлийн редакци гэдэг ямархуу мэргэжлийн ажиллаж, үнэн бодитойгоор мэдээлж чаддагийг тэд харуулсан. Хэвлэл мэдээлэл гэдэг ямар их ач холбогдолтой болохыг ч олон нийт мэдэрлээ. Нийгмийн сүлжээнийхэн ч үүргээ биелүүлж давлагаалж чадлаа. Нийгмийн сүлжээний үүрэг нь ч ийм байдаг. Тэдэнд аливаа үйл явдлыг өөрсдөө очиж сурвалжлах алба байхгүй. Тийм үүрэг ч үгүй. Харин тэд болж буй үйл явдал дээр л үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй. Энэ жишиг саяны үйл явдал дээр зөв горимоороо явсан. Очиж сурвалжлахыг нь “Ea­gle” телевиз хийж нийгмийн сүлжээнийхэн үзэл бодлоо илэрхийлж, бусдыгаа уриалж чадлаа.

Үнэхээр л олноороо дуугарахаас өөр аргагүй үйл явдал байлаа. Нялх биетэй эмэгтэйд хандсан төрийн албан хаагчдын хандлага хэн ч харсан шудрага бус, ард түмнийг дээрэлхэж доромжилсон үйл явдал болсон. Төр засгийн ард иргэддээ эрэлхүү, дээрэлхүү хандаж байгаа нь ганцхан энэ биш л дээ. Коронавирусийн халдвартай иргэнийг оргож бултлаа гээд нохой шиг төмөр хүзүүвчээр дөнгөлснөөс эхлээд арван настай охин шаардлагатай эмчилгээг цаг алдалгүй авч чадалгүй, ээж, аавтайгаа ч хамт байж чадахгүй байсаар хорвоогийн мөнх бусыг үзсэн. Архангай аймгаас ирсэн эмэгтэй баашилсан нэрийдлээр хот руу нэвтэрч, эмчилгээ үйлчилгээ авч чадахгүй байсаар автомашиндаа амь тавьсан. Энэ бүхэн эмч, эмнэлгийн ажилчид, онцгой байдлынхны иргэдтэй хэрхэн цэвдэг хүйтэн сэтгэлээр дээрэнгүй ханддаг болохыг харуулсан харамсалтай жишээнүүд. Гэхдээ бидний мэдэж байгаа нь л энэ. Нийтэд ил тод болоогүй хичнээн ч хүний эрх зөрчсөн үйл явдал өрнөснийг бид таашгүй. Ийм байхад иргэд яаж тэсэж, тэвчих билээ. Эсэргүүцлийн жагсаал хийхгүй гээд ч яах билээ.

Харин энэ бүхнээс хамгийн олзуурхууштай нь жагсагчдын дийлэнхийг залуус бүрдүүлсэн явдал байлаа. 90-ээд оны Ардчилсан хувьсгалын улс төрийн жагсаалаас хойш залуус бараг анх удаа сайн дураараа чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлж жагссан нь энэ. Хөлс мөнгөний, аль нэг улстөрч, намыг хоолонд нь хүргэх захиалгат жагсаал биш байлаа. Нэг даргыг, нэг намыг өмөөрөх үзэгдэл л хавтгай байсан бол иргэд иргэнээ өмөөрч бослоо. Нялх биетэй эмэгтэй, өөдсийн чинээ үрийг нь өмөөрч дуугарав. Залуус үнэхээр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр энэ олон шударга бус зүйлийн эсрэг тэмцэж чадлаа. Тэд эрх чөлөөний мэдрэмжтэй байгаа нь ирээдүй маань баталгаатай л гэсэн үг. Урьд нь ийм зүйл бидний түүхэнд хэр олон байлаа даа. Энэ бүхэн ардчилал, эрх, эрх чөлөөг дэмждэг хэн бүхний сэтгэлд цучил нэмж чадлаа.

Зарим хүмүүсийн хэлдгээр уйдсан залуус очсон нь үнэн л байх. Гэлээ ч тэд нэгнийгээ өмөөрч зогссон. Иргэдээ ингэж эрх баригчдаас, эрх барьж буй намаас, төрийн албан хаагчдын дээрэнгүй хандлагаас өмөөрч байгаа нь хамгийн зөв алхам.

Монголчууд бид яг л ингэж бие биенээ өмөөрч, нэг нэгнээ гэсэн сэтгэлээ харуулж баймаар байна. Хамгийн гол нь залуус шударга бус зүйлийн эсрэг зогсож, эрх, эрх чөлөөний мэдрэмжтэй байгаа нь Монголын ирээдүй найдвартай гарт байгаагийн баталгаа боллоо.

Эрх чөлөө, шударга ёс Монголд ёс заншил мэт нэвтэрчээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ж.Ганбаатар: Ажил олгогч хэдий чинээ ажилтан авна, төдий чинээ дарамт нь нэмэгдэхээр болж байна

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Хөдөлмөрийн тухай хуулийг хэлэлцэж эхлээд байна. Хуультай холбоотойгоор янз бүрийн санал, шүүмж нийгэмд өрнөж байна. Таны хувьд уг хуулийн төслийг ажил олгогчдод хэтэрхий дарамт учруулсан хууль боллоо гэсэн байр суурь илэрхийлсэн. Яагаад ийм байр суурь илэрхийлэх болов?

-Хөдөлмөрийн тухай хууль өөрчлөгдөнө гэсээр багагүй хугацаа болж байгаа. Өмнөх парламентаар хэлэлцэх үед гишүүд ажил олгогчийг хэтэрхий үүрэгжүүлсэн байна гэснээр хууль буцсан юм. Одоогоор Хөдөлмөрийн тухай хуулийн эхний хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслөөр өмнөх хуульд байгаагүй 380 орчим хэсгийг шинээр нэмжээ. Эдгээрээс 100 гаруй нь ажил олгогчид үүрэг болгосон, хориглолт тогтоосон заалт байгаа бол ажилчинд үүрэг болгосон нь арваадхан байгаа юм. Энэ харьцаанаас л ажил олгогч, ажилчин хоёрын хүлээх үүргийн зөрүү нь харагдах байх. Ажил олгогчдтой холбоотой зохицуулалтуудыг хийхдээ хар бараан талыг нь илүү харж хийсэн юм уу даа гэж бодогдож байна. Хэтэрхий шулаач, мөлжигч мэтээр харж асуудалд хандаж. Угтаа тэнцвэртэй байдлыг л харах ёстой юм.

-Та хуульд орж буй гол зохицуулалтуудаас дурьдахгүй юу?

-Байнгын хороогоор дэмжигдсэн саналын 2.5-д Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээг тогтоосон актууд хоорондоо зөрчилдвөл ажилтанд илүү таатай нөхцлийг олгосон зохицуулалтыг хэрэглэнэ гэж байгаа. Хууль санаачлагчид хуулийнхаа эхэнд л ийм заалт хэрэглэж байна гэдэг тусгаж буй зохицуулалтуудаа хооронд нь тулгаж харьцуулаагүй л гэсэн үг. Ер нь зарим хуулиудад үүсэх асуудлаас бултсан гэж хэлж болохуйц ийм зүйл заалт хэрэглэдэг л дээ. Мэдээж ажилтанд эрх олголгүй яахав. Гэхдээ ажил олгогч болоод ажилтанд олгож буй эрх үүрэг ижил тэнцүү байж ажил урагш явна, хийж бүтээнэ. Тэд хамтдаа ямар нэгэн зүйл хийж, бүтээж, бусдад үйлчлэх гэж байгаа л хүмүүс шүү дээ.

Харин дээрх зохицуулалт хуульд туссанаараа хоорондын маргаан ихэснэ, бүтээлч байдал багасна. Мөн ажилчны төлөөллөгчийн саналыг харгалзан аж ахуйн нэгж байгууллагын дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмыг тогтооно гэсэн зохицуулалт тусчээ. Байгууллагын дотоод соёл, зохион байгуулалтыг тухайн байгууллага өөрөө тогтоодог. Энэ хуулиар ажилтнаас асууж байж дотоод журмаа тогтоох нь байна. Би ажилчин байлаа гэж бодоход бага цаг ажиллаж, их амрахыг л хүснэ. Ажилтан бүр ийм л бодолтой байх нь мэдээж, тэгэхээр байгууллагын ажил хэрхэн явна гэсэн үг вэ.

Төслийн 62.3-т хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүй цуцлагдсан ажилтныг ажлын байранд эргүүлэн тогтоосон бол шүүхийн шийдвэр биелэгдэх хүртэл хугацаанд урьд авч байсан дундаж цалинтай тэнцэх олговрыг олгоно гэж. Энэ нь нэг талаар зөв. Төрийн алба бол хөдөлмөрийн зах зээлийн маш том ажил олгогч. Төрийн байгууллагад сонгууль зэргээс шалтгаалж ажилтныг үндэслэлгүйгээр халах, чөлөөлөх асуудал их гардаг. Тэр тохиолдолд үндэслэлгүйгээр халж солиод байгаа нөхдүүдэд хариуцлага тооцоод халагдсан хүмүүст ажилгүй болсон хугацааных нь цалинг өгөх нь байж болох асуудал. Нөгөө талаар энэ асуудлыг Хөдөлмөрийн хуулийг хэрэглэх том субьект болох хувийн хэвшлийнхэнд ялгамжтай авч үзмээр байна. Хувийн хэвшил ажлын гүйцэтгэл сайтай, ур чадвартай ажилтныг ялих шалихгүй үндэслэлээр халах сонирхол байхгүй. Үнэхээр компанийн ашиг чанарт туслахгүй, ажлын үр дүн гаргахгүй байгаа хүнийг ажлаас чөлөөлж таарна. Харин чөлөөлөх үедээ жижиг аж ахуйн нэгжүүд хуулийн процесс талаасаа бага сага алдаа гаргасны төлөө шүүхэд дуудагдаж таарах нь. Шүүх дээр шийдэгдэж байгаа маргааны 60 гаруй хувь нь ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнтэй холбоотой байдаг гэх судалгаа бий.Түүнийх нь 80 орчим хувь нь ажилтны талд гардаг. Тиймдээ ч дээрх зохицуулалт хувийн хэвшилд түвэгтэй байдлыг үүсгэхээр байгаа юм. Үнэхээр халах ёстой хүнээ халчихсан, халах үедээ бага зэрэг алдаа гаргачихад л шүүхэд дуудагдаж таарч байгаа юм. Шүүхийн процесс тав, зургаан сар үргэлжилнэ. Маргаан үргэлжлэх хугацаанд аж ахуйн нэгж халагдсан нөхөрт дундаж цалинг нь олгосоор л байна гэдэг амаргүй. Дээрээс нь энэ зохицуулалт хуульд тусгагдсанаар хүмүүс ажил хийе гэж бодохоосоо илүү шүүх цагдаад байдаг танил талаа ашиглаад ч болтугай ажил олгогчтой маргалдаад байж байхыг илүүд үзнэ. Энэ өөрөө нийгмийг бүтээлч биш болгоно. Тиймээс энэ асуудлыг төрийн байгууллагаас ялгамжтай авч үзэх, эсвэл огт хуульд тусгахгүй байх нь хэрэгтэй.

-Үүнтэй ижил ажил олгогчид дарамт учруулахаар ямар заалтууд байна вэ?

-Хуулийн төслийн 37.1-т Хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй ажил гүйцэтгүүлэхийг хязгаарлана гэж тусгажээ. Хүний нөөцийн ажилтан байлаа гэхэд зөвхөн тэр ажлаа л хийнэ. Өөр ямар ч ажил хийж болохгүй. Барууны бүхий л дэлгүүрүүдэд тэр өдөр жижүүрлэж байгаа хүн нь бүх цэвэрлэгээгээ хийгээд л явдаг тогтчихсон соёлтой. Энэ хуулиар бол манайд тийм байх боломжгүй болж байгаа. Үндсэн ажлаас нь өөр ажил хийлгүүлбэл ажил олгогчийг шүүхэд өгнө. Товчхондоо хүмүүсийн хийж бүтээе, томоръё гэсэн хүслийг л мохоож байна. Монголдоо очоод сурсан мэдсэн зүйлээ ажил хэрэг болгоод 20, 30 хүнийг ажилтай, орлоготой болгоё гэсэн залууст хүндхэн л тусахаар байгаа юм.

Мөн дагалдангаар бол үндсэн ажилтны 70 хувиар, туршилтаар ажиллаж байгаа үндсэн ажилтантай ижил цалин өгөх зохицуулалт тусч байгаа юм билээ. Нэгэнт ингэж байгаа юм чинь дагалдан, туршилтын гэрээтэй ажилтан гэж хооронд нь ялгах хэрэггүй баймаар. Угтаа төр өөрөө ажилчнаа дадлагажуулдаг. Ер нь ямар ч ажилтан шууд орж ирээд үндсэн ажилтны хэмжээнд ажиллаж чадахгүй. Өндөр хөгжилтэй орнуудад ажилтнаа ур чадвараас нь шалтгаалж цалинжуулдаг. Үйлдвэрчний эвлэл нь маш хүчтэй байдаг ч ажил олгогч тухайн ажилчныг хэзээ ажиллуулах, ажиллуулахгүйгээ өөрөө мэддэг. Тэр эрх нь ажил олгогчдод хадгалагддаг. Үүнийг хууль санаачлагчид сайн мэдэж байгаа байх.

Дээрээс нь 47.44-т ажилчин туршилтаар болон дагалдангаар ажиллах, дагалдангаар суралцах гэрээтэй бол Хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлахдаа хуульд заасан 30 хоногийн үүргийг хүлээхгүй гэжээ. Дагалдан, туршилтаар ажиллаж байгаа хүн хүссэн үедээ л ажлаа хаяад явчих эрхтэй гэсэн үг. Энэ мөн л учир дутагдалтай харагдаж байгаа.

-Ажилтан ямар нэгэн байдлаар ажлаасаа гарсан тохиолдолд ажил олгогч заавал тэтгэмж олгодог болж байгаа юм уу?

-Таны зөв ч бай, буруу ч бай ямар нэгэн байдлаар ажлаас гарсан тохиолдолд ажил олгогч заавал тэтгэмж өгнө. Нэг байгууллагад зургаан сараас дээш хугацаанд ажилласан л бол заавал тэтгэмж авна. Ингэснээр хүнд нэг газар удаан ажиллах сонирхол төрөхгүй байх боломжтой. Нэг газар зургаан сар ажиллаж тэтгэмж авчихаад, нөгөөд мөн адил хугацаанд ажиллаж тэтгэмж аваад л яваад байна. Эсвэл нэг байгууллагад ажиллаад тэтгэмж авч гарчихаад эргээд ажилдаа оръё гэж болох нь. Үнэхээр сайн ажилтан бол байгууллага эргэж ажилд авахгүй байх хэцүү. Ажил олгогчийн тухайд заавал тэтгэмж өгөх ёстой. Хэрэв заргалдвал дээр хэлсэнчлэн маргаан шийдэгдтэл ажилчны цалинг тухайн байгууллага олгосоор л байна.

Ажлаасаа гарсан хүн байгууллагаасаа тэтгэмж авахаас гадна төрөөс ажилгүйдлийн тэтгэмж давхар авна. Ажилгүйдлийн, ажлаас гарсны тэтгэмж авахаас гадна шүүхэд маргаан үүсгэсэн тохиолдолд байгууллагаасаа цалингаа авах нь байна. Ийм тохиолдолд тухайн хүн ямар нэгэн байдлаар ажил олгогчтой маргалдаад халагдъя, шүүхдье ингэвэл надад ашигтай л гэж бодно. Нэгэнт маргаан үүссэн бол тэр хүнд ажил хийгээд байх шаардлага байхгүй ээ гэсэн үг. Энэ бол арай дэндсэн зохицуулалт.

-Нэг бус нэлээн хэдэн нөхдүүд ийм байдлаар ажлаасаа гарчихвал өнөөх байгууллага дампуурах юм биш үү.

-Яг тийм. Үнэхээр тийм байдал үүснэ. Томоохон аж ахуйн нэгжүүд тухайн ажилчныг ингэж явуулаад байхгүй л дээ. Тэд хүний нөөцийн албатайгаас гадна хуулийн фермүүдтэй хамтран ажилладаг. Хэнийг ямар хууль дүрмийн дагуу ажилд авч, халж, сахилгын шийтгэл ногдуулах юм гэдгийг нь тэд хариуцдаг. Ганцхан Хөдөлмөрийн хууль гэлтгүй холбогдох хуулиудыг бариад тэр хүнийг зогсоох боломжийг олчихно. Гэтэл тав, арван хүнтэй жижиг компаниуд хүний нөөцийн алба байгуулж, хуулийн фермтэй хамтарна гэдэг хэцүү шүү дээ.

Үүнээс гадна хуулийн төсөлд ажлаас халагдаж байгаа хүн ямар нэгэн байдлаар ажлаа хүлээлгэж өгөхгүй яваад л байвал тэр хугацааны цалинг байгууллага төлөхөөр тусгажээ. Мөн ажил олгогч байгууллага цалингаа цагт нь тогтмол олгоогүй бол хоног тутамд алданги төлнө, Зөрчлийн тухай хуулиар торгуулна. Дээрээс нь ажилтан ажил олгогчийг цалингаа хугацаанд нь тавиагүй гэдэг үндэслэлээр ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзана. Татгалзсан хугацааных нь цалинг ажил олгогч өгнө. Энэ мэтээр ажил олгогч цалингаа хугацаанд нь тавьж чадаагүйгээсээ болж гурван төрлийн санхүүгийн дарамтад орно. Хүн үнэхээр мөнгөтэй бол ажилчдынхаа цалинг өгчихнө шүү дээ. Ялангуй жижиг аж ахуйн нэгждүүдэд асуудал байгаа учраас л цалингаа цагт нь олгож чадахгүй байгаа. Тийм байхад нь нэмээд давхацсан санхүүгийн дарамт үүсгэж болохгүй. Энэ бүгд хуульд туссан зохицуулалтуудын хэдхэн л жишээ нь. Энэ олон дарамт шахалтаас болж ажлын байр нэмэгдүүлэх сонирхолтой ажил олгогч багасна. Төрийн үүрэг бол ажлын байрыг нэмэгдүүлэх, түүнийг хөхиүлэн дэмжих. Гэтэл энэ Хөдөлмөрийн хуулиар ажил олгогч хэдий чинээ ажилтан авна, төдий чинээ дарамт нь нэмэгдэхээр болж байна. Энэ бүгдээр асуудлыг нэг талаас нь харах бус тэнцвэртэй байдлаар нь хандаач ээ л гэж хэлж байгаа юм.

-Ажил олгогч ийм үүргүүд хүлээх л ёстой гэж харснаас гарах үр дагаврыг төдийлөн анзаараагүй байх нь ээ дээ?

-Бага л анхаарч. Үйлдвэрчний эвлэлийн ч юм уу тэр чиглэлийн хүмүүсийн үгийг илүүтэй сонсчээ л гэж харж байгаа. Манайх хөгжиж байгаа орон. Бидэнд хөгжингүй улс шиг хангалттай зам гүүр, байшин барилга байхгүй. Бусад хөгжингүй улс оронд ихэнх асуудлууд нь шийдэгдчихсэн байдаг. Адаглаад дэд бүтэц нь шийдэгдчихсэн байдаг. Үүнтэй харьцуулахад бидэнд хийж бүтээх зүйл маш их бий. Бүх салбарт бид хөдлөх, хөдөлмөрлөх ёстой.

Энэ ярьж байгаа зүйлсийг хүмүүс өөр дээрээ ойлготол нэгээс хоёр жил шаардлагатай болно л доо. Хууль хэрэгжингүүт шууд маргааш нь харьцаа үүсэхгүй. Хүмүүс хооронд харьцаа үүснэ, хэсэг хугацааны дараа нь маргаан үүсч шийдэгдэхэд ажил олгогч хариуцлага хүлээнэ. Энэ цагт л ажил олгогч энэхүү хуулийн уршгийг ойлгоно. Энэ хүртэл багагүй хугацаа шаардагдана. Зөрчлийн тухай хууль нийтийг хавтгайруулан торгож байна гэдгийг өнөөдөр шат шатандаа ойлгосон. Зөрчлийн тухай хууль хэлэлцэж байх үед би “Та бүхэн улсын төсвийг торгуулиар бүрдүүлдэг болох нь, эхлээд сануулах арга хэмжээ аваач ээ” гэж зөндөө гуйсан. “Чи хувийн хэвшлийг хэт их хамгаалж байна. Өөрийгөө хамгаалах нь” гэж танхим даяараа над руу дайрч байлаа. Өнөөдөр цаг хугацаа, амьдрал өөрөө энэ хуулийг засах ёстой гэдгийг харуулж байна. Үүнтэй адил Хөдөлмөрийн тухай хуулийг санаачлагчид ч оройтоогүй дээрээ хараасай гэж бодож байна. Угтаа ажил олгогч хийж бүтээснийхээ хэрээр олон хүнийг ажлын байраар хангана, цалин хөлс нэмэгдэнэ. Хэрвээ хоорондоо маргаад байвал цалин хөлс хэзээ ч нэмэгдэхгүй. Ажил олгогч боломжтой байх тусмаа л цалин хөлсөө уралдаж нэмнэ, олон ажилтантай болохыг хүснэ, мөрөөднө. Энэ зөв цэг биш үү. Би бол зөв цэг гэж харж байгаа. Өнөөдөр эцсийн үр дүнд анхаарах бус нийгэмд гоёор харагдах нь чухал болж. Энэ тун эмгэнэлтэй. Би энэ талаар их л ярьдаг. Хэлэх нь ч миний үүрэг. Би бизнес эрхэлж байгаад УИХ-ын гишүүн болсон. Намайг одоог хүртэл УИХ-ын гишүүн гэхээсээ илүү Оргилын Ганбаатар гэж дуудах нь олонтаа байдаг. Нэгэнт л бизнес эрхэлж байгаад УИХ-д сонгогдсон хүний хувьд би бизнес эрхлэгчдийн эрх ашгийн төлөө дуугарах учиртай. Хууль эрх зүйн хүрээнд би тэднийг хамгаалах ёстой. Хэн намайг юу ч гэсэн байлаа би энэ зарчмаа барина.

-Банкны тухай хууль хэлэлцэгдэж эхлээд байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болсон гол зорилго нь юу вэ?

-Банкны тухай хуулийн гол зорилго нь төвлөрлийг бууруулах. Төвлөрөл буурснаар удирдлага ил тод байна. Банкийг нэг хүнээс хараат байлгах нь буруу, ил тод нээлттэй байлгах нь зөв гэсэн зарчмыг дэлхий нийтээрээ барьдаг. Тиймээс энэ хуулиар нэг хүн болоод түүний хамаарал бүхий хүмүүс нийлээд 20 хувиас дээшгүй хувьцаа эзэмшиж байх ёстой гэсэн зарчмыг барьж байгаа. Гол шинэчлэл нь энэ. Энэ өөрчлөлтийг 2023 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хийсэн байх ёстой гэж тусгасан. Түүнээс маргааш гэхэд ийм бол гэж тулгаагүй. Хэрэв биелүүлэхгүй бол Монголбанкнаас бүрэн эрхт төлөөлөгч томилогдоно. Хуулийг биелүүлэхийн тулд Монголбанкнаас шахаж ажиллана, энэ үүргийг хуульд тусгасан. Дээрх зохицуулалтыг хийснээр банкууд IPO гаргаж, нээлттэй компани болж, хувьцааг иргэд худалдан авах боломж бүрдэнэ.

-Зарим гишүүд иргэн, аж ахуйн нэгжийн зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах хуулийн төсөл барилаа. Энэ хуулийн төсөлд ямар байр суурьтай байгаа вэ?

-Засгийн газраас иргэд, аж ахуйн нэгжийн дулаан, цахилгааны төлбөрийг хөнгөлж, НДШ-ийн хүү торгуулиас чөлөөлж, ипотекийн зээлийн төлөх хугацааг мөн хойшлуулж байна. Энэ алхмууд иргэдийн нуруун дээрх дарамтыг багасгаж байгаа. Үүнээс гадна ажил хийх, хөдлөх боломжийг нь олгох хэрэгтэй. Эдийн засгийн байнгын хорооны зүгээс хууль санаачлагчдад зээлийн хүүг бууруулах иргэн аж, ахуйн нэгжийг тодорхой шалгуурын хүрээнд сонгох ёстой талаар зөвлөсөн. Тэрний дагуу жилийн 12-оос дээш хүүтэй, гурван тэрбумаас дооших зээлийн хүүгийн 50-иас доошгүй хувийг хөнгөлхөөр болсон. Мөн цар тахлын үед үйл ажиллагаа нь хэвийн явж байсан компаниуд үүнд хамаарахгүй юм. Зээлийн хүүг бууруулахаас өөр олон санаачилга УИХ, Засгийн газраас гарч байгаа. УИХ-ын дарга хоёр их наяд төгрөгийн эх үүсвэрийг бизнесийн орчныг сайжруулахад зориулах боломж байна гэдгийг ярьсан шүү дээ. Энэ мэт эдийн засгийг дэмжих бүх санал санаачилгыг УИХ, Засгийн газар нэгтгээд тодорхой шийдвэрүүдийг ойрын хугацаанд гаргана.

Categories
мэдээ улс-төр

М.Чимэддорж: Засгийн газар амласан төсвөө гаргаагүй зэргээс болж Жайкагийн төсөл амжилтгүй болжээ

– АРДЧИЛАЛ ТАМГАТАЙ НЬ ХААН БОЛЧИХДОГ ФЕОДАЛИЙН ТОГТОЛЦОО БИШ –


Эдийн засагч, Ардчилсан намын гишүүн М.Чимэддоржтой ярилцлаа.


-Та твиттертээ Жайкагийн тайланд МАН-ынхан 2016 оны сонгуулийн дараагаас улс орныг хэрхэн замхруулсан талаар бичиж, том утгаараа Монгол Улсын нүүр царай гадныханд ийм байдлаар дүгнэгдэж байна гэжээ. Тэд тайландаа яг юу гэсэн юм бэ?

-Жиргээ уншаад холбогдож байгаад баярлалаа. Япон бол манай улсын гол хандивлагч орнуудын нэг байсаар ирсэн. Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка ардчиллаас хойших хугацаанд манай улсад олон арван төсөл хэрэгжүүлж, хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Өнөөдөр ч хэдэн арван төсөл хэрэгжүүлж байна.Үүнд нь бид талархах ёстой. Харамсалтай нь манай засгийн газрын идэвхгүй байдал, улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн төсөл эхлэх үеийн амлалтуудаа хэрэгжүүлэхгүй байх зэргээс шалтгаалан зарим төслүүдийн үр дүнд хангалтгүй байдаг. Үүний нэг жишээ нь Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт болон хэрэгжүүлэх чадавхыг бэхжүүлэх төсөл, түүний дэд төсөл. 2015-2018 онд хэрэгжүүлсэн дэд төслийн тайлангаас үзвэл манай тал, тодруулбал Барилга хот байгуулалтын яам, НЗДТГ амлалтаа биелүүлээгүйгээс төсөл амжилтгүй болжээ.

Амжилтгүй болсон гол шалтгаанаа 2016 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж, албан тушаалтнуудын халаа сэлгээ хийсэн, Засгийн газар төсөл эхлэхэд амласан төсвөө гаргаагүй явдал гэдгийг тайландаа дурдсан байна. Үүнээс үүдэн 2017 оны гуравдугаар сар хүртэл ажлын хэсгийн хурал хуралдаагүй байна. Мөн 2017 оны зургадугаар сард хуралдаж төслийн зарим хэсгийн үйл ажиллагааг хасчээ. Ажлын хэсгийн гишүүдийг нийтдээ дөрвөн удаа өөрчилж, анхны 27 гишүүнээс найм нь л үлдэж. Хамтран ажиллаж байсан БХБЯ-ны хариуцсан албан тушаалтан нь таван удаа солигдсон байна. Дээр нь Засгийн газар гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах загвар төслийн санхүүжилтийг төсөвт суулгаагүй байна.

Энд хэлэх ёстой гол зүйл бол зөвхөн нэг төслийн хэрэгжилтийн тухай яриа биш Улаанбаатар хотыг хөгжүүлэх асуудалд санаатайгаар хойрго хандаж байна уу гэсэн хардлага төрүүлж байна.

-Олон улсын байгууллагын хувьд төслийнхөө үр дүнг үзэх нь чухал. Гэтэл манай улс төрийн тогтворгүй байдал тэдний ажилд ихээхэн саад учруулжээ гэж ойлголоо.Таны хэлж байгаачлан санаатайгаар төслийн хэрэгжилтийг удаашруулсан байх боломжтой гэж үү?

-Сүүлийн хорин жилд Улаанбаатар хот хэрхэн өөрчлөгдөж байгааг сайн харвал ийм хардлага төрдөг юм. Улаанбаатар хотыг хөгжүүлье гэвэл гэр хорооллоо дэд бүтэцтэй болгож, барилгажуулж хөгжих ёстой биз дээ. Ядаж тэнд амьдарч байгаа иргэд нь байранд орж байж утаа багасахгүй гэж үү. Гэтэл Улаанбаатарын урд талд эзэнгүй байсан газар зуун мянган айл амьдрах өндөр үнэтэй том хорооллууд босч байна. Энэ эзэнгүй газрын дэд бүтцийг улсын төсвөөр бариад байгаа шүү дээ. Тэгэхээр эзэнтэй газартаа дэд бүтэц барихгүй, дахин төлөвлөхгүй байгаа мөртлөө эзэнгүй газар руу хэдэн их наядаар тоологдох өртөгтэй дэд бүтэц барихад төсвийн мөнгийг зарцуулаад байгаа нь хэний сонирхол вэ. Хэн тэр газрыг эзэмшүүлэхэд гарын үсэг зурж, хэн эзэмшиж аваад байна. Дэд бүтэц тавьснаас хойш Яармагийн гүүрнээс цааших газар га нь тэрбум төгрөгийн үнэтэй болсон энэ мөнгө улсын төсөвт орсон уу. Ороогүй шүү дээ. Гарын үсэг зурдаг эрх мэдэлтний халаас руу орсон. Уг нь энэ мөнгө гэр хорооллын хашааны газрыг худалдан авахад зарцуулагдсан бол, их наядаар тоологдох хөрөнгөөр гэр хороолол руу дэд бүтэц барьсан бол өнөөдөр утаа яриад суухгүй л байсан.

-Гэр хорооллыг хөгжүүлэхэд энэ мэтээр чөдөр тушаа болоод байвал алсдаа бидэнд ямар хор уршигтай вэ?

Ер нь Улаанбаатар хотын барилгажилт, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг харвал манай эрх баригчид санаатайгаар баян хоосны зааг руу түлхээд байна. Өндөр орлоготой чинээлэг нь нэг дороо амьдардаг, хоногийн хоолтойгоо хөөцөлддөг ядуу хэсгийг нь нэг талд нь үлдээдэг, тэр хоёрынхоо завсарт дундаж орлоготой хэсгээ хана хэрэм маягаар үлдээж байна. Сүүлийн үед орлогод нийцсэн, түрээсийн гэх зэрэг орон сууцны төслүүд ярих болсон. Сайн ухвал энэ бол ядуусын хороолол үүсгэх гэж байгаа хэрэг. Хөршийн нөлөө гэж ойлголт бий. Хүний амьдралын чанарыг хөршүүд нь тодорхойлдог гэж ойлгож ч болно. Үүнийг дэлхий нийт 1970-аад оноос ойлгосон Нью-Йорк, Чикаго гээд том хотуудад ийм хямд барилга олон мянгаар нь бариад, яваандаа ядуусын хороолол болж гэмт хэрэг нь дийлдэхээ болиод барилгыг нь нураасан жишээ олон арваараа бий. Нийгэм гэдэг орлогоороо, шашны итгэл үнэмшлээрээ, арьсны өнгөөрөө ялгараад бөөгнөрөөд ирэхээрээ тогтворгүй болдог. Аль болох холилдож байж бусдаасаа суралцана, дагаж хөгжинө, буруу зөвөө ухаарна. Ингэж байж урагшаа тэмүүлсэн, эв найрамдалтай ахуй бүрэлддэг. Харин ингэж ялгарахгүй байх орчныг бүрдүүлдэг суурь хүчин зүйл нь хот төлөвлөлт, хотын хөрөнгө оруулалтын бодлого.

-Та АН-ын гишүүн. Энэ цаг үед хүчтэй сөрөг хүчин байх ёстой АН хөл толгойгоо олохгүй л байх шиг байна. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Би хувьдаа үүнд маш шүүмжлэлтэй байгаа. Манай нам доторх талцал хуваагдал бол хэдэн хүний асуудал биш. Энэ бол хүний эрхийг дээдэлдэг, ардчилсан тогтолцоог хайрладаг, хамгаалдаг хүн бүрийн итгэл үнэмшлээр тоглож байгаа хэрэг. Ардчилсан нам бол түүнийг дэмжигчдийн итгэл үнэмшил дээр тогтдог болохоос биш тамга булаацалдсан хэдэн хүний хэлсэн үгэн дээр оршихгүй. Ардчиллын үнэт зүйлсээс ухарсан, хоорондоо эрх мэдлийн төлөө зарчимгүй тэмцэлдсэн тохиолдол бүр дэмжигчдийнх нь итгэлийг түймэрдэж байгаа.

-Гишүүд, дэмжигчид нь хэнийх нь зөв, бурууг ч сайн ойлгохгүй байх шиг байна. Хууль ёсоороо тамга тэмдэг нь хэнд байх учиртай юм бэ?

-Ардчилсан нам дүрэмтэй, дүрэмд нь алдаа оноо байж болно. Түүнийг нь засч залруулж ч болно. Энэ бүхнийг гагцхүү уулзаж суугаад, ярьж хэлэлцээд засдаг болохоос биш шүүх рүү, бүртгэл рүү элдэв цаас бичээд шийдэхгүй.

Би 2017 онд ч, 2020 онд ч дүрэм боловсруулах ажлын хэсэгт нь орж ажилласан. Өмнөх дүрмийн төслийг 2017 онд С.Эрдэнэ дарга дураараа өөрчилж дүрэм биш болгож намын их хурлаар батлуулсан. Алдаа юу алдаа. Энэ удаагийн дүрмийн төслийг мөн л хэт явцуу хүрээнд хэлэлцсэн. Өмнөх алдаагаа засч байгаа нэрээр намын дотоод ардчилал, гишүүдийн оролцоог хэт хумьсан. Миний хувьд ажлын хэсгийн хурлууд дээр саналаа хэлээд, оролцоод явсан. Зарим саналууд дэмжигдээгүй. Миний санал дэмжигдэх эсэх нь чухал биш. Хамгийн гол нь тойрч суугаад ярилцах, ойлголцохын оронд хэдэн тийшээ цаас шидээд суугаа хүмүүст дургүй хүрч байна.

-Ц.Тувааныг үүрэгт ажлаас нь чөлөөллөө, АН-ын ҮБХ хуралдлаа, хурал нь хүчин төгөлдөр биш байжээ гэсэн мэдээллүүд хэвлэлээр хөвөрч байна. Таны бодлоор аль тал нь зөв бэ?

-Ардчилал бол тамгатай нь хаан болчихдог феодалийн тогтолцоо биш, улс төрийн ажил ойлголцол, итгэлцлээс эхэлдэг болохоос биш энэний тал, тэрний тал гэж хуваагдаж байгаад санал тоолдог ч ажил биш. Ардчилсан нам, ардчилсан гэдэг нэрээр нэрлэгдсэн намынхан уулзаж яриад, хэлэлцэж мэтгэлцээд асуудлаа шийдэж чадахгүй болчихно гэдэг шившиг. Нэг хүнийг дэмжих хурал, өөр нэг хүнийг эсэргүүцэх хурал, эсэргүүцэх хурлыг эсэргүүцэх хурал гэх мэт цахим хурлууд нам дотор өрнөөд багагүй хугацаа өнгөрч байна. Гэхдээ эдгээрийн алинд нь ч оролцохгүй байгаа залуус ч манай намд бий. Хоорондоо санал бодлоо солилцож байна, энэ бүх алдаа завхралыг засч заруулах талаар ярилцаж байна. Удахгүй зохион байгуулалтад ч орох байх. Намынхаа залууст хандаж хэлэхэд хэн нэгнийг битгий дагаж манай тал, танай тал гэж яваач ээ. Итгэл үнэмшил, үнэт зүйлээрээ нэгдэж цаг үеийнхээ эзэн нь байгаач ээ л гэмээр байна.

-АН-аас хэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бол. Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвших нь гарцаагүй гэх юм. Энэ үнэн үү?

-Одоогийн Ерөнхийлөгчийг сонгуульд өрсөлдөх боломжтой эсэх дээр Үндсэн хуулийн заалт тойрсон эрх зүйн маргаан явж байгаа. Эхлээд энэ асуудал Цэц дээр шийдэгдэх байх. Мэдээж АН-аас нэр дэвшиж сонгогдсон хүн намаасаа нэр дэвшинэ гэвэл өрсөлдөх эрх нь нээлттэй. Бусад хүмүүс ч өрсөлдөх эрхтэй. Харин хэрхэн өрсөлдүүлэх дүрэм нь хоёр өөр дүрэмтэй болчихоод байгаа учраас л нам дотор хагарал үүсгээд байгаа юм. Өмнө нь 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүх гишүүдээс сонгож байсан, энэ удаад ИХ-аар шийдэхээр дүрэмд тусгасан. Аль дүрэм нь хүчин төгөлдөр вэ гэдэг маргаан хурцадсан нь эндээс эхтэй. Харин хоорондоо маргаад шүүхдэлцээд явбал хоёр тамгыг нь хоёуланг нь түдгэлзүүлээд АН сонгуульд орж чадахгүй болчихож магадгүй болоод байна. Одоо Ардчилсан нам ойлголцож эвээ олж чадахгүй бол ямар ч нэр дэвшигч гарсан сонгуульд ялахад хүнд болоод байгаа нь үнэн.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн: Монгол Улс валютынхаа нөөцийг зургаан тэрбум ам.долларт хүргэсэн цагт гаднаас зээл гэж гүйж явах шаардлага бага болно

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-Манай улс цар тахлыг дотооддоо алдаад байна. Засгийн газрын зүгээс холбогдох арга хэмжээнүүдийг чадахаараа авч хэрэгжүүлж байна гэдгээ хэлж байгаа. Таны хувьд Засгийн газарт ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Энэ цар тахал хүн төрөлхтний түүхэнд анх удаа тохиолдож байгаа дэлхийг хамарсан гамшиг юм л даа. Аль нэг улс үндэстний хувьд Ерөнхий сайдын хэлдгээр бактерлогийн дайн болж байна. Тийм болохоор аль ч улс оронд байлаа гэсэн бүх нийтээрээ гамшгийг даван туулахын тулд асар их хүчин чармайлт гаргаж байна. Манай орны хувьд арваад сарын турш тогтоож бариад дотооддоо алдлаа л даа. Гэхдээ энэ нь аюулт өвчний эсрэг тэмцэж байгаа эмч нар, аюулаас хамгаалах, хэв журам сахиулах байгууллагын хүмүүсийн буруугаас биш зарим үйлчилгээний байгууллагуудын хариуцлагагүй байдал нэлээд нөлөөлөх шиг боллоо. Гэхдээ Монголын хувьд бүр нэг их дэврээд явчихаагүй, боломж бас байна. 10 сар тэссэний үр дүнд дэлхий дээр вакцин гарахыг хүлээж чадлаа. Одоо эрүүлийг хамгаалах байгууллага, төр засгаас ард түмнээ вакцинжуулах л асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Харин үүн дээр цаг алдаад байгаа юм уу даа гэж дотроо харамсаж сууна.

-Сөрөг хүчний зүгээс эрх баригчдыг 2021 оны төсөвт вакцин авах мөнгийг суулгаагүй хэрнээ цар тахалд зориулсан төсөв боллоо гэж ярилаа хэмээн шүүмжилж байсан л даа.

-Вакцины мөнгийг заавал төсөвт суулгах биш эхлээд төлбөртэй вакцинжуулалт ч хийж болно шүү дээ. Бүх зүйлийг заавал төсвийн нуруунд үүрүүлж яах юм. Хамгийн гол нь вакцинууд өөр өөрсдийн онцлогоосоо хамаарч янз бүрийн нөхцөл шаардана.

Зарим газар хэрэглэж байгаа вакциныг хасах 80 градуст хадгалах хэрэгтэй болно. Манайд тийм нөхцөл боломж байхгүй. Тиймээс бидэнд вакцинаа хадгалж хамгаалах технологи хэрэгтэй. Хүмүүсээ ч вакцин тариулж сургах хэрэгтэй болно. Энэ бүгд дээрээ л манайхан цаг алдаад байна.

-Хатуу хөл хориог үргэлжлүүлсээр байна. Хатуу хөл хорио нь эдийн засагт хүндрэл учруулж ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчдэд дарамт болж байгаа. Энэ утгаараа хөл хориог үргэлжлүүлэх нь хэр зөв юм бэ?

-Хөл хорио ч зайлшгүй байна байх л даа. Бусад орнуудад цар тахал нэлээд өргөн хэмжээгээр тараад нийтийн дархлаажуулалтын зарим нэг элемент бий болсны дараа хөл хориог сулруулсан. Гэсэн ч эцэст нь гашуун үр дүнд хүрч л байх шиг байна. Монголын нөхцөлд мэдээж жижиг, дунд бизнесүүд нэлээд хүнд байдалд орно. Жижиг, дунд бизнес эрхлэгчид түүгээрээ л хоногийн хоолоо залгуулж яваа. Гэхдээ нэгэнт төрөөс шийдвэр гаргаад гэрэл цахилгаан, дулаан, усны зардлыг нь хариуцаж байхад нэг хэсэг нь гайгүй л дээ. Хөнгөлөлт авч л байгаа байх. Мөн хүүхдийн мөнгө зэрэг янз бүрийн арга хэмжээг авч байна. Манайх хөл хориогоо сулруулаад нийтдээ тарааж алдах юм бол эргүүлж хумьж авахад хэцүү. Хүн ам таруу суурьшилтай. Сум, бригад бүрт эмч нар ажиллаж хүрэлцэхгүй. Өвчтэй хүн хөдөө гарлаа гэхэд аймаг, сумын төв рүү зөөж ч чадахгүй. Хэцүү юм болно. Түүнийгээ ч бас бодох хэрэгтэй байх.

Жижиг, дунд бизнесийнхний хувьд үүсээд байгаа хүнд байдал богино биш урт хугацаагаар үргэлжлэх байх. Жишээ нь, үйлчилгээ, нийтийн хоол, аялал жуулчлалын салбар энэ ондоо багтаж өндийнө гэдэг хэцүү. Гэхдээ дайн байлдааны нөхцөлд тэвчээд туулахаас өөр замгүй. Зохион байгуулалт л гол асуудал шийднэ шүү дээ. XX зууны эхэнд Испанид тахал гарч, гурван жил үргэлжилсэн. Тухайн үед дэлхий даяар 20-иод сая хүн нас барж хүнд байдалд орсон. Энэ вирус гурван жилээр тогтохгүй төлөвтэй. Мутацид орж байгааг нь харахад цаашдаа жил бүр давтагдаад байж магадгүй. Ийм нөхцөлд амьдрах арга технологийг бодох л хэрэгтэй болно. Хүн бүр, айл бүхэн л бодох хэрэгтэй байх.

-Засгийн газраас цахилгаан, дулааны төлбөрийг тэглэлээ, Төрийн тэргүүн өрх бүрт нэг сая төгрөгийг, УИХ-ын дарга мөн тэтгэврийн зээлгүй ахмадууд нэг сая төгрөг өгнө гэж байна. Эдийн засаг хүнд үед халамжийг хэт нэмэгдүүлэх нь хэр зохистой юм бэ?

-Ядарсан, зовсон хүмүүсийнхээ талаас бодвол болж л байгаа асуудал. Гэхдээ мөнгө, төгрөг гэдэг хязгаартай. Эдийн засгийн даацаасаа хэтэрсэн амлалт өгөөд сүүлд нь амьдралынхаа үндсийг баллаад хаячихаж болохгүй. Одоогийн нөхцөл байдлыг харахад манай төр засгийнхан голцуу гадны зээл тусламжийг үүнд зориулж, түүгээр л санхүүжүүлээд байх шиг. Энэ нь ирээдүйд өр тавьж байна гэсэн үг. Хүнд байдлын эхэнд иймэрхүү арга хэмжээ аваад байж болох ч мөнхөд үргэлжлэх ёсгүй. Ер нь бол дэг журмаа сайн бариад, энэ бүхнийг богино хугацаанд давж гарахын тулд вакцинжуулалт л хэрэгтэй байна. Вакцинжуулалтгүйгээр энэ асуудлыг шийднэ гэвэл худлаа. Төрөөс мөнгө гаргаад байдаг эцэст нь өвчин тарсан чигээрээ байх юм бол үр дүн байхгүй.

-Энэ цаг үед эдийн засгаа амь бөхтэй байлгахын тулд яавал дээр вэ?

-Эдийн засгаа амь бөхтэй авч явахын тулд зарим том асуудлуудыг яаралтай шийдмээр байна.

-Тухайлбал?

-Энэ жил алт, зэс, нүүрсний үнэ өслөө. Нүүрсний зах зээл Монголд таатай эргэж байгаа нөхцөлд бидэнд тээврийн хүчин чадал алга. Нүүрсээ автомашинаар тээгээд л өөрсдийгөө боомилоод байна. Төмөр зам тавих гэж 10, 20 жил дотроо маргалдаж цаг алдсаны уршиг гарч байгаа нь энэ л дээ.Тиймээс Таван толгой Гашуунсухайтын төмөр замыг маш яаралтай тавиад урагш нь автомашинаар бус төмөр замаар тээх юм бол тэр олон жолооч хорио цээрт орооч уу үгүй ч үү. Нүүрс тээвэрлэлт тасалдлаа гэсэн гомдоллох зүйл ч гарахгүй. Зах зээлийн хувьд БНХАУ Австралиас нүүрс авахаа больж байгаа нөхцөлд Монгол Улс гол нийлүүлэгч нь байх боломжтой. Монгол Орос хоёр гол нүүрс нийлүүлэгч нь болох байх л даа. Ийм зүйлүүд дээрээ анхаармаар байна. Жижиг үйлдвэрүүдийн тухайд жинхэнэ баялаг бүтээж зах зээлд гаргаж байгаа салбаруудаа аль болох ажиллуулах тал руу нь зүтгүүлмээр байна. Энэ нь эргээд л вакцины асуудал дээр очно. Эдийн засгаа дэмжье л гэж байгаа бол тэр эдийн засагт ажиллаж байгаа хүмүүсийнхээ эрүүл мэндийг баталгаажуулах асуудлыг эн тэргүүнд шийдмээр байна. Тэдгээр салбарын хүмүүсээ хамгийн түрүүнд вакцинжуулж, эрүүлжүүлж ажлын боломжоор хангах хэрэгтэй. Миний харж байгаагаар дэлхий даяар вакцин хэрэглээд эхэлчихлээ. Бид хойд хөршийнхөө вакциныг авсан ч болж байна. Зэргэлдээх орноосоо авбал хадгалах нөхцөл, тариагаа тарих технологи нь хүртэл ойролцоо байх шүү.

-Амьсгалын аппаратыг л гэхэд цар тахал дотоодод тархсаны дараа АНУ-аас тусламжаар авч байна. Ингээд харахаар өнгөрсөн 10 сарын хугацаанд Засгийн газар цар тахал дотоодод тархах эрсдэлийг тооцож бэлэн байдлаа төдийлөн сайн базаагаагүй юм шиг. Сонгууль руу л гол анхаарлаа хандуулчихав уу даа?

-Харин тийм л дээ. Манайхны улстөржилт нь бараг амьдрал нь болчихоод байх шиг. Цар тахал эхлэхэд улс даяар амьсгалын ганц аппараттай байсан гэж дуулдсан. Худлаа байлгүй дээ. Яахав, амьсгалын аппарат өөрөө хүн өвчилсний дараахь хэрэглэгдэхүүн. Хүнээ өвчлүүлэхгүй байя гэвэл вакцинаа л хийх хэрэгтэй. Энэ асуудлыг улирлаар нь хойш тавьчихаж болохгүй. Мэдээж ДЭМБ-аас зөвлөгөө чиглэл авалгүй л яахав. Гэхдээ хүн ардынхаа амь нас, эрүүл мэндийг нэгдүгээрт нь тавих хэрэгтэй. Урд, хойд хөрш, Европоос ч тэр янз бүрийн вакциныг аваад хүмүүс дээр туршилтын журмаар хэрэглэж болно шүү дээ.

-Хөл хорио өөрөө монголчууд шиг эрх дураараа хот, хөдөөгүй холхиж байдаг хүмүүст шинэ тутам байгаа. Энэ нь эргээд иргэдийн сэтгэл зүйд нөлөөлж, дарамт учруулахыг үгүйсгэхгүй гэдгийг ч мэргэжлийн хүмүүс хэлж байна. Та ахмад хүний хувьд монголчууддаа хандаж юу гэж хэлмээр байна вэ?

-Хөл хорио бол цар тахлын үед зайлшгүй авах ёстой арга хэмжээ. Нэгэнт гамшиг аюул монголчуудыг нөмөрч байгаа үед тэсвэр тэвчээр хэрэгтэй. Монголчуудын хувьд хүн амын тал хувь нь хөдөө орон нутагтаа малаа маллаад, хөх тэнгэрийнхээ дор өргөн талдаа морьтой, машинтайгаа давхиж л яваа. Ганцаардал, бухимдал бол зөөлөн нөхцөлд дассан хотын хүмүүсийн л ааш. Үүнийг тэсэхээс өөр арга байхгүй. Бухимдлаа гээд гараад гүйх юм бол өөрөө өвчин авна, өрөөлд ч өвчин тараах аюултай. Энэ өвчнийг зохион байгуулалтаар цааргалж чадах боломжтой улс гэвэл Монгол Улс юм. Монголчууд аливаад түргэн дасамтгай, тэсвэртэй. Тэр чанараа л одоо харуулах хэрэгтэй. Чингис хаан хэрхэн эмх журамтай байлдаж байсан яг түүн шиг л вирустэй байлдах хэрэгтэй болоод байна.

-Эдийн засгаа солонгоруулах тухай бид их ярьдаг. Цар тахлын нөхцөл байдал ч биднийг зөвхөн уул уурхайгаас хараат байж болохгүй гэдгийг хатуу сануулж байгаа. Цаашдаа хэрхэх нь зөв бэ?

-Би солонгоруулах гэх нэр томьёог хэрэглэх дургүй. Эдийн засгийг салбаржуулах гэж яривал зохилтой. Бид гаднаас төрөл бүрийн бараа худалдан авч байна. Угтаа бэлэн хувцаснаас эхлээд дотроо үйлдвэрлэх боломжтой бараа олон бий. Сая хэд хоног Эрээний нэвтрүүлэх цэг хаагдмагц дотооддоо үйлдвэрлээд байна гэсэн өндөг, нарийн ногоо ч байхгүй болж эхэлсэн. Урдаас зөөж байснаа дотоодод үйлдвэрлэж байна гэж сурталчилж байж л дээ. Хэрэгцээт, боломжтой зүйлүүдээ дотооддоо үйлдвэрлэе. Заавал мухлаг нээж ажиллуулах биш дулаан цаг болоод ирэнгүүт ногоогоо тарьцгаая. Хүлэмжийн аж ахуйгаа өргөжүүлье, нарийн ногоогоо тарья, боломж бий шүү дээ.

Нөгөө талаараа нэгэнт дайны нөхцөл шиг хатуу үе тулгарч байгаа хойно хэмнэлтийн горимд шилжиж, энэ бүхнийг давъя. Тэгэхгүй оффисын тавилга авах зэргээр төсвийг элдэв зүйлст зараад байвал байдал сайжрахгүй. Тиймээс улс даяараа хэмнэлтийн горимд шилжиж, арвич, хямгач мөн өөрсдөө юм бүтээхийн төлөө явах хэрэгтэй. Төр засаг тэрнийг даах ёстой, түүнд нөхөн олговор олгох ёстой гэж харах тал байх л байлгүй. Гэхдээ бүх зүйлийг төр засаг шийдэж чадахгүй. Мөнгө бол баялгийн л нэг илэрхийлэл. Тэр баялаг өөрөө хязгаартай учир мөнгийг хязгааргүй ихээр гаргах юм бол сүүлдээ үнийн хөөрөгдөл, эдийн засгийн хямрал нүүрлэж улам хүндэрнэ. Тиймээс жижиг үйлдвэрүүдээ ялангуяа хүнс, хөнгөн үйлдвэрүүдийн салбарууд дээр маш бодлоготой хандах хэрэгтэй болоод байна. Төр засгаас хүчин чадлыг нэмэгдүүлэх, урамшуулал олгох, хүмүүсээ сургахад анхаармаар байна. Манайхан залхуудаа биш чадахгүй, мэдэхгүйдээ хойш суух явдал их байна. Улаанбаатарт байх тэр олон хүлэмжүүд аль хэдийнэ нарийн ногоогоор Монгол Улсаа хангах боломжтой. Тийм хэмжээнд байж чадахгүй л байна. Тахианы аж ахуй гэхэд л тэжээл байхгүй учраас өндөггүй гээд сууж байна. Нэгэнт л тахиа үржүүлж байгаа юм чинь тахианыхаа тэжээлийг үйлдвэрлэж сурах хэрэгтэй биз дээ. Энэ тал дээр төр засгаас анхаарахын оронд том том улс төр яриад л байх. Ингээд байвал байдал сайжрахгүй л дээ.

-Манай улсын өрийн тааз тулчихлаа. Үүнийгээ яаж шийдэх вэ гэж ярьж байна. Гарц гаргалгаа нь юу байна вэ?

-Тулахаар барах уу даа. ДНБ-ээсээ хоёр дахин давчихсан. Өөрсдийгөө хуурч мэхэлсээр байгаад л ийм байдалд хүрлээ шүү дээ. Манайхны өмнө нь төр барьж байсан хүмүүсийн гол суртал, философи нь сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд мөнгө угааж болох тэр салбар руу хамаг анхаарлаа хандуулаад хэдэн ногоон, ягаан юм халаасалж аваад явах. Ийм л сэтгэхүйгээр хандсанаас болж л өнөөдрийн нөхцөл байдалд хүрсэн. Нөгөөтэйгүүр 30-аад тэрбум ам.доллар өрийн 2/3 нь компаниудын өр. Аж ахуйн нэгжүүдээ валютаар гүйлгээ хийхэд нь хяналт тогтоогоогүйгээс болоод дуртай нь гадны өр зээлд орж гүйсээр байгаад ийм байдалд хүрлээ. Үүнийг цэгцлэх хэрэгтэй. Өнөөдөр Монголын аж ахуйн нэгжүүд банкинд валютын хадгаламжийн данстай, мөн төгрөгийн данстай байна. Улс орон нэг л үндэсний валюттай байдаг. Төгрөг гэдэг валюттай бол аль ч аж ахуйн нэгж төгрөгөөрөө л гүйлгээ хийж, валют хэрэгтэй бол банкнаасаа очиж авдаг, түүнд нь хяналт тавьдаг журамд орох хэрэгтэй байна. Дунд болон дундаас дээш хөгжилтэй орнууд ч валютынхаа гүйлгээн дээр хатуу хяналт тавьдаг шүү дээ. Солонгос, Тайвань ч тэр нэг саяас дээш ам.доллараар гадагш шилжүүлэг хийх бол заавал хяналтад орж, баталгаажсан гүйлгээг хийдэг. Манайд л эмх замбараагүй зээл авна, валют гадагш, дотогш зөөнө.

Түүнчлэн Монголын аж ахуйн нэгжүүдээс экспортод гаргасан барааныхаа орлогыг Монголд оруулж ирэхгүй байх явдал цөөнгүй байна. Оюу толгой компани л гэхэд бүх борлуулалтынхаа өртгийг гадаадад байршуулаад сууж байгаа. Гадагшаа зөөсөн валютад татвар ногдуулдаг журам байсан ч хүчингүй болгочихсон. Хуучин Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуульд байсан юм. Энэ мэтээр дотооддоо асуудлуудаа цэгцлэхгүй бол эдийн засаг энэ дарамтнаас гарна гэдэг хэцүү шүү дээ. 30 гаруй тэрбум ам.долларын өрийг Монгол дарна гэхэд үнэхээр хэцүү. Сангийн яамны сайд нь есөн их наяд төгрөгийн өр дарлаа гээд л байгаа. Өр дараагүй, өрийг өрөөр л хаагаад явж байгаа. Төрийнхөө дээд удирдлага, ард түмнийг мэхлээд зогсохгүй ирээдүйнхээ өмнө гэмт хэрэг хийж байна даа л гэж хардаг.

Гадагш валютаа зөөж гаргаж байгаа үлэмж их ашиг олдог монополь аж ахуйн нэгжүүдийн хувьд татварын өөр бодлого явах ёстой. Тансаг хэрэглээний бараан дээр өөр татварын бодлого байх хэрэгтэй. Татварын бодлого дэндүү арчаагүй байна л даа. Энэ нь эдийн засагт нөлөөлж чадахгүй байна. Хэрэв татварын бодлого өөдтэй байсан бол олон төрлийн бараа үйлдвэрлэж болох байсан. Тэгснээр валютын зардлаа хэмнэнэ, импортын ачааллыг бууруулна. Тэр утгаараа өр зээл төлөхөд ч хөнгөлөлт болно. Ийм олон талын арга хэмжээ авмаар бодогдлоо. Мөн Монгол Улс алт олборлож байна. Алт бол үнэ нь байнга өсч байдаг валютын эх үүсвэр. Гэтэл алтны олборлолт дээрээ журам тогтоож чадахгүй аж ахуйн нэгжүүдээс банкинд тушаах нь тушааж, тушаахгүй нь далд байдлаар зах зээл дээр борлуулалт хийж байгаа. Үүнийг эмхэлж чадвал валютын нөөцийг арвижуулж болно. Ер нь Монгол Улс валютынхаа нөөцийг зургаан тэрбум ам.долларт хүргэсэн цагт гаднаас зээл гэж гүйж явах шаардлага бага болно. Валютын нөөцөө нэмэгдүүлж чадахгүй салам задгай байгаа нь өр зээл үүсэхэд нөлөөлөөд байна.

-Аливаа хуульд улс оронд хэрэгтэй заалт оруулъя гэхээр тухайн салбарын хэсэг бүлэг хүмүүс лоббидож, ашиг сонирхлоо тусгаад байна гэж зарим улстөрчид шүүмжилдэг. Тухайлбал, алтны татварын асуудал дээр ихээхэн лобби ороод байх шиг анзаарагддаг.

-Тэр ч ойлгомжтой л доо. Жишээ нь, 2012-2016 онд УИХ Ноён уулын алтны тухай асуудлыг таван удаа хэлэлцсэн. Ард түмнийхээ аж амьдралын түвшний асуудлыг нэг ч удаа тусгайлан хэлэлцээгүй. Ер нь УИХ-ын түвшинд компаниудын захиалгаар, тэдний лоббигоор шийдвэр гаргах, тэдэнд үйлчлэх явдал байдаг л даа. Хуучин УИХ-ын дарга, Ерөнхийлөгч, ард түмэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч хэлж байна. Манай төрийн бодлого нөлөөтэй компаниудын эрхшээлд орчихсон харагддаг. Монголд эдийн засгийн алуурчдын номлол маш хүчтэй яваад байна. Эдийн засгийн философи, номлолыг урвуугаар хүний толгойд шингээж өгөөд түүнийг дагасан бодлогыг төрд шургуулдаг байдал яваад л байна.

-Ийм байдлаас гарахуйц хэмжээнд дархлаажихын тулд яах ёстой юм бэ?

-Нэгдүгээрт, сонгууль. Сонгуульд оюуны чадавхитай, энэ улс оронд тус болж чадах хүмүүс нь нэр дэвшиж чадахгүй байна. Намд мөнгө төлсөн хүмүүс нь л нэр дэвшиж байгаа болохоор өөдөө гарсан хүмүүс нь эрээнтэй, бараантай байна. Дээрээс нь хариуцлагын асуудал бий. 2020 оноос өмнөх УИХ-ыг аваад үзэхэд ямаршуу байв гэдэг нь мэдэгдэх байх. УИХ-ын гишүүдийн 2/3 нь хэрэгт орооцолдсон, ЖДҮ-чингүүд сууж байлаа шүү дээ. Ийм байхад төрийн хариуцлага, бодлогын хариуцлага гээч зүйл бий болохгүй. Хариуцлагыг зөв үнэлдэг байх ёстой. Шийдэж байна гээд энд тэндээс хамж худлаа хэрэг зохиож ял сонсголоо, шоронд хийлээ гээд өнгөрөх биш чухам ийм үйлдлийн төлөө тийм хариуцлага хүлээлгэлээ гэж нийтийн өмнө ил хэлж чаддаг байх ёстой. Ингэж байж л хариуцлага аяндаа ирнэ. Шинэ Үндсэн хуулиар тангаргийн хариуцлагыг нэлээд өндөрт тавилаа. Одоог хүртэл тангараг өргөнө гэдэг зугаа цэнгэлийн хэрэг болчихсон. Нэг сөхөрч туг үнсчихээд сүүлд нь яаж ч байсан тангараг өргөсөн хүн дархлаатай гээд түүгээрээ дулдуйддаг. Тангаргийн хариуцлагыг өндөрт тавьж, төрийн бүх ажилтнууд шаардлага тавих хэрэгтэй байна. Ингэж байж л яваандаа засрахаас биш нэг өдөр хумс авч байгаа мэт цэвэршихгүй.

-Сөрөг хүчний үүрэг ихээхэн чухал. Гэтэл хамгийн том сөрөг хүчинд тооцогддог Ардчилсан намын хувьд дотоод маргаанаасаа хэтрэхгүй байх шиг.

-Хааяа чуулганы хуралдааныг телевизээр хардаг юм. Надад ихээхэн харамсах сэтгэл төрдөг болоод байгаа. УИХ-ын гишүүд нэг намынхаа олонхоор хүч түрээд бусдыгаа сонсохоо байж. 1990 онд эрх баригчид маань ямархуу байдалд орж байлаа. Яг тэр байдал давтагдах вий дээ гэж бодох юм. Ер нь хүчний тэнцвэр алдагдаад ирэхээр их эвгүй болдог юм байна. Ардчилсан намын хувьд сөрөг хүчин ч бай, эрх баригч ч бай гэсэн өргөн олон түмний талаас боломж бий. Гэтэл намын удирдлага амьдралаас хол тасархай. Дандаа өөрсдөө худалдагдсан, гадагшаа чиглэсэн бодлого хэрэгжүүлж, эсвэл авлигын сонирхолд хөтлөгдөөд байгаа учраас олон түмний дунд дээд удирдлага нэр хүндээ алдаад байна. УИХ-ын сонгуульд Ардчилсан намаас цөөн хүн гарсан мөртлөө орон нутгийн сонгуульд найман аймаг нэг тойрог авлаа. Энэ бол амьдралынхаа гүнд, олон түмнийхээ дунд байгаа хүмүүс Ардчилсан нам нэр хүнд, байр сууриа алдаагүй байна гэсэн үг. Гэтэл дээр байх дарга нар нь тамга, тэмдгээ булаацалдаад юу ч болоод яваа юм мэдэхгүй. Ийм байдлаар улс төрд нөлөөлнө гэж хэцүү. Ардчилсан намын сүүлийн 20 жил илэрч байгаа гол өвчин нь үзлийн доголдол. Нео-либерализм гээд бүх зүйлийг хувь хүний эрх чөлөө гэдэг дээр аваачиж зангидах гэж зүтгээд, түүнийгээ өөрсдөө баяжих, идэж уухдаа ашиглах гэж оролдоод байгаа нь Ардчилсан намыг хүнд байдалд хүргэж байна.

-Хэдхэн сарын дараа Монгол Улс төрийн тэргүүнээ сонгоно. Шинэ Үндсэн хуулиар одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй, эрхгүй гэсэн байр сууриуд гарч ирэх боллоо. Та юу гэж харж байгаа вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд онцлог нь саяын Үндсэн хуулийн шинэчлэлтэй холбоотой л доо. Гэхдээ П.Очирбат Ерөнхийлөгчийн тухайд л гэхэд 1992 онд Үндсэн хууль батлахдаа хоёр удаа сонгож болно гэж баталчихаад 1993, 1997 оны сонгуульд оролцуулсан шүү дээ. Тэр талаасаа Монголын амьдралд жишиг байна гэсэн үг. Үндсэн хууль батлагдахын өмнө байсан Ерөнхийлөгч Үндсэн хуулийн хэм хэмжээг дагахдаа шинэ мөрдөгдөж эхэлсэн хугацаанаас нь хойш дагадаг. Тийм учраас Х.Баттулга Ерөнхийлөгчийг сонгуульд орох эрхтэй юм даа гэж ойлгодог юм.

-Энэ цаг үед ямар хүн төрийн тэргүүн болвол зохилтой юм бэ?

-Хэнийг нэр дэвшүүлэхийг намууд шийднэ. Гол нь тэр намын өөрийн үзэл, тэрхүү нэр дэвшигчийн хөтөлбөр, түүнийгээ нэр дэвшигч хэрэгжүүлж чадах эсэх чадварын тухай л асуудал л даа. Х.Баттулгын хувьд төрийн гурван өндөрлөгийн хоорондын харилцаа хүнд, задрал бий болчихсон үед Ерөнхийлөгч болсон ч өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гар нийлж амжилттай ажиллалаа гэж харж байна.

Улс орныхоо байдлыг ерөнхийд нь дүгнэхэд надад бодогддог үнэт зүйл хэд хэд бий. Нэгдүгээрт, төрийн дээд удирдлагууд эв нэгдэлтэй, нэг чигтэй байх асуудал. Хоёрдугаарт, төрийн бодлого нь оновчтой байх, бодлогоо оновчтой томьёолох асуудал. Цар тахал ойрын хоёр, гурван жил үргэлжилнэ гэхэд улс орон яаж амьдрах вэ. Тэр талаар цоо шинэ бодлого, чиг шугам гаргах хэрэгтэй болж байна. Үүнээс гадна одоо Монгол Улсад улс төрийн тогтвортой байдал хамгийн чухал. Эдийн засаг хямарч, хүн амын эрүүл мэндэд аюул гамшиг тохиолдож байх үед улс төрийн дотоод бужигнаан хямрал эхлэх юм бол үүн шиг хэрэггүй юм байхгүй.

Гарман дээр морио солих тухай асуудал. Гарман дээр морио сольдоггүй гэж ярьдаг л даа. Гэхдээ Ардчилсан нам чухам яаж хандах, хэнийгээ нэр дэвшүүлэх юм. Миний бодлоор Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай ярих нь арай эрт юм даа.

Categories
мэдээ улс-төр

Б.Пүрэвдорж: Тэтгэврийг хамгийн өндөр цалинтай байсан таван жилээр нь тогтоовол хэмжээ нь багадаа 100 мянган төгрөгөөр илүү байна

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Та малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн үргэлжлэх хугацааг нэг жилээр сунгах хуулийн төсөл өргөн барьжээ. Нэг жилээр сунгах нь ямар ач холбогдолтой вэ?

-Ард иргэддээ ахиухан цалин, тэтгэвэр олгочих юмсан, амьдрал нь аятайхан болчихоосой гэж бодож хуулийг санаачилдаг нь ардчилсан нам. харамсалтай нь өнөөдрийн их хурал дээр ингэж хууль санаачлах хүн алга. ахмадын тэтгэвэр, тэтгэмжийн талаар хамгийн сайн хууль санаачилдаг нь муу нэртэй ч с.эрдэнэ гэдэг хүн байсан.

Тэрээр иргэдэд арай илүү боломж өгөхүйц нийгмийн даатгалын маш олон хууль санаачилсан боловч 2016-2020 оны хооронд хэлэлцэхгүй дарсан. Санаачлагч нь байхгүй бол тэр хуулиуд буцдаг. Энэ чинээгээрээ нийгэмд маш том хүлээлт үүсчихээд байгаа. Тиймээс би гишүүн асан С.Эрдэнийн санаачилж байсан хамгийн сайн хуулиудыг дахин өргөн барих санаачилгыг өрнүүлээд явж байна. Би сайндаа биш юм. Хүмүүст хэрэгтэй, тэдний сэтгэлд хүрсэн хуулийг л дахин өргөн барьж байгаа нь энэ. Хэд хэдэн хуулиуд бий. Одоогоор хоёр ч хууль өргөн барьсан.

Эхнийх нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн үргэлжлэх хугацааг нэг жилээр сунгах хуулийн төсөл. Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1990-ээд он, 2000 он гараад ч нийгмийн даатгалын шимтгэлээ төлөлгүй завсардсан. Эдгээр хүмүүсийг тэтгэвэрт гаргах боломжийг бүрдүүлэхийн тулд 2017 онд МАН маш сайн хууль санаачилсан. Өөрөөр хэлбэл, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг өргөн барьсан. Харамсалтай нь нөхөн төлбөр нь өндөр зэрэг шалтгааны улмаас энэ хууль сайн яваагүй. Хэдийгээр сайн хууль боловч иргэдэд хүндрэлтэй заалтууд байсан. Үүнийг дараа дараагийн хуулиудаараа зассан. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард нөхөн төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний 10 хувьтай тэнцүүлэхээр оруулсан. Ингэснээр нийтдээ 8100 орчим хүн хамрагдсан. Үүний 7500 нь малчин, 600 гаруй нь хувиараа хөдөлмөр эрхлэгчид. Хувиараа хөдөл-мөр эрхлэгчдийн Хүн амын орлогын албан татварыг төлж байсан баримт байхгүй учраас 600 хүн л хамрагдаж чадсан юм. Цаашдаа энэ хуулийн хэлэлцүүлгийн явцад хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг илүү хамруулахын тулд албан татвар төлж байсан баримт шаардахгүй байх боломжийг гаргаж өгнө.

Хэдий малчид сайн хамрагдаж байсан ч энэ жилийн тухайд зургаан аймагт өвөлжилт хүндэрч, зуд нүүрлэх нөхцөл байдалд хүрснээс болж юун тэтгэвэр тэтгэмж төлөх болж байна. Малаа хэрхэн яаж онд оруулах вэ гэдэг чухал асуудал л малчдын өмнө тулгарч байгаа. Тиймээс энэ хуулийг нэг жилийн хугацаагаар сунгах нь чухал гэж үзэн өргөн барьсан.

-Та мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл санаачилсан. Тэтгэврийн хэмжээг сүүлийн долоон жилийн бус таван жилийн дундаж цалингаар тогтоох ёстой гэж үзэж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Би хуулийг танилцуулах явцдаа сүүлийн таван жил гэж хэлсэн. Угтаа нийгмийн даатгалаа хамгийн өндөр, тасралтгүй төлсөн таван жилийн хугацаа гэж ойлгох хэрэгтэй. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар өндөр насны тэтгэврийн хэмжээг сүүлийн долоон жилийн дундаж цалингаар тогтоож байгаа. Энэ хугацааг таван жил болгон бууруулбал шинээр тогтоолгох тэтгэврийн хэмжээ доод тал нь 100 мянган төгрөгөөр илүү байх нөхцөл бүрдэнэ. Харин одоогийн тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүст халтай энэ хуулийг буцааж цуцлах шаардлага зайлшгүй байна. Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор болоод төр засаг солигдож, иргэд тууштай ажил хийхэд хүндрэлтэй байгаа энэ үед дээрх хууль иргэдэд маш хүндрэлтэй тусч байгаа. Тиймээс хамгийн өндөр цалинтай байсан таван жилээр нь тооцоод тэтгэврийг нь тогтоох энэхүү хуулийн төслийг өргөн барьсан.

Энэ хуулийг өнөөдрийн төсөв барьж байгаа хүмүүс эсэргүүцнэ. Гэхдээ манай иргэд өөрийнхөө сонгосон УИХ-ын гишүүдээрээ энэ хуулийг батлуулах асуудалд маш идэвхтэй ажиллах ёстой. Өнөөдөр та чимээгүй байж болно. Маргааш та тэтгэвэрт гарахад таны өмнө 200 эсвэл 300 мянган төгрөг илүү авах уу гэдэг асуудал гарч ирнэ. Хамгийн багадаа 100 мянган төгрөг илүү авах тухай асуудал гарч ирэх болно. Тиймээс өөрийн ирээдүйн төлөө тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүс маш идэвхтэй байгаарай.

-УИХ-ын гишүүд энэ хуульд хэр нааштай хандаж байх юм?

-Би ард түмний арван хууль гэж санаачлаад явж байна. Эрх баригчдын бодлогод халтай, ард түмэнд хэрэгтэй хуулиудыг өргөн барих юм. Би энэ арван хууль дээр заавал автор болох гээд байх шаардлага байхгүй. Ард иргэдэд хэрэгтэй энэ хуулиудыг шинэ гишүүдээрээ санаачлуулаад аваад явах, тэдэнд бэлэн болсон төслөө өгөөд цааш нь үргэлжлүүлэх боломжийг гаргаж өгнө. МАН-ын гишүүд энэ хуулиудыг явуулахгүй байх магадлал бий. Гэхдээ МАН-ын шинэ гишүүд, дээрээс нь эрүүл саруулаар хэтэрхий намын хатуу байр сууриар ханддаггүй гишүүдэд би ард түмний арван хуулиа өргөн барих боломжийг гаргаж өгөх болно. Мэдээж тухайн чиглэлээр илүү мэдлэг, боловсролтой, судалж шинжилсэн хүмүүст нь санал тавих юм.

-Дээрх хоёр хуулиас гадна өөр ямар хуулиуд ойрын хугацаанд өргөн барих вэ?

-Цар тахал иргэдийн орлогод маш хүндээр нөлөөлсөн цаг үе тохиож байна. Энэ цаг үед болоод ер нь манай ард түмнийг туйлдуулж байгаа нэг хатуу хууль бол Зөрчлийн тухай хууль. Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэдийг өршөөх тухай хуулийн төслийг би энэ лхагва гаригт өргөн барина. Үүгээр том дүнтэй өртэй архи, пиво, махны компани, таван сая төгрөгөөс дээш хэмжээний зөрчлийн асуудал гаргасан компаниудын асуудлыг шийдэхгүй. Таван сая төгрөгөөс доош ялангуяа амьдрахын эрхэнд алт олох гэж ганц хүрз шороо хутгасныхаа төлөө бараг тэнсэн харгалзах ял авах хэмжээнд хүрчихсэн, эхнэр нь төрөх гээд тэвдсэндээ нэгдүгээр эгнээгээр давхичихсан ч байдаг юм уу ийм л хүмүүсийг өршөөх юм. Энэ хуулиудыг үргэлж иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонсдог хүний хувьд гаргаж тавьж байгаа. Эрх баригчид бол амьдралаас тасарчихсан. Тэд ЖДҮ, тендер, концесстоо бялуураад хүмүүсийн үгийг сонсохоо больсон. Хүмүүс надад үгээ дайж хэлж байна. Тийм учраас ард түмний амьдралд хэрэгтэй энэ хуулиудыг өргөн барьж, шийдүүлэхийн төлөө явна.

-Ардчилсан нам Их хурлаа хийлээ. Их хурлаараа эвтэй найртай байх үндэс сууриа тавьж, Үндсэн дүрмийнхээ шинэчлэлийг баталж чадав уу?

-Өнгөрсөн хоёр сонгуулиар АН үнэхээр арчаагүй байлаа. Арчаагүй байсан учраас өнөөдөр МАН-ыг хэт олонх болголоо. МАН хэт олонх болсондоо дулдуйдаад социализмыг буцаан авчрах үйлдлийг хийж байна. Засаглалыг хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл гэж гурав хуваадаг. Хууль тогтоох эрх мэдэл дээр МАН хэт олонх болсон. Гүйцэтгэх засаглалыг 100 хувь бүрэн хариуцаж, хянаж байна. Дээрээс нь шүүх эрх мэдлийг Шүүхийн тухай хуулиар МАН-д авчрах энэ ажлыг хийж, уг хуулийг батлах явцдаа орчихсон. Албан бусаар дөрөв дэх засаглал гэж ярьдаг хэвлэл мэдээллийг дуугүй болгох ажлыг бүрэн хэрэгжүүлж байна. Ард иргэдийг “амьгүй”, үг хэлдэггүй болгох хуулийг Х.Нямбаатар сайд өргөн барих нь. Өнөөдөр хүн бүр сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлдэг болсон. Тэр ч утгаараа сошиал орчинд хүмүүсийн амыг барих, дуугүй болгох зүйлийг энэ хуулиараа хийж байна.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар нутгийн өөрөө удирдах ёсонд бүрэн халдаж, дээд шатны дарга нь доод шатны Засаг даргыг санал болгодог, буцаадаг бүрэн эрхийг өгч байна.

Ингэж хэтэрхий босоо тогтолцоог бий болгож байна. Төрийн олон чиг үүргүүд яамнаас суман дээр томилгоотой болсон. Социализмын хэв шинжийг Монголд бүрэн авчирч байна. Тиймээс АН Их хурлаа хийж, дүрэм журмаа өөрчилж, шинэ удирдлагаа сонгож, маш хурдан эв нэгдлийг хангаж босож ирэх ёстой. Хувь хүн, бизнесийн эрх чөлөө, шударга ёс, ардчиллыг хамгаалахын тулд эв нэгдэлтэй байх хэрэгтэй. Тийм ч учраас энэ Их хурлаар асуудлаа шийдэж, дүрэм журмаа батлуулах зайлшгүй шаардлага гарч ирсэн. Одоо Үндсэн дүрмээ Дээд шүүхэд батлуулаад, намынхаа лидерийг сонгох шаардлага зайлшгүй гарч ирж байна.

-Дараагийн намын даргыг ямар хүн байгаасай гэж та харж байгаа вэ?

-Ардчиллын суурь зарчмын эсрэг явж байгаа МАН-ын эсрэг хатуу байр суурьтай тэмцдэг, зогсдог хүн байх ёстой.

-Дүрмийн өөрчлөлттэйгөө санал нэг байгаа юу?

-Санал нэг байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Г.Дамдинням: Зээлийн хүүг бууруулах тогтоолын төсөлд банк, санхүүгийн салбарын ямар ч лобби байхгүй

– ТОГТООЛЫН ТӨСЛИЙН ГОЛ ЗОРИЛГО НЬ АЖЛЫН БАЙРЫГ ХАДГАЛЖ ҮЛДЭХ ЮМ –


УИХ-ын гишүүн Г.Дамдиннямтай ярилцлаа.


-Иргэн, аж ахуйн нэгжийн банк болон ббсб-аас авсан бизнесийн зээлийн хүүг 50-иас доошгүй хувиар бууруулах тогтоолын төслийг өргөн барьсан. ийм зохицуулалт бүхий тогтоолын төсөл өргөн барьсан гол шалтгаан нь юу байв?

-Дэлхийн улс орнуудын парламент, Засгийн газрууд энэ цар тахлын эсрэг хоёр чиглэлд ажиллаж байна.

Нэг хэсэг нь ажилгүй, ажилгүйдэлд өртөж байгаа иргэдээ халамжаар тэтгэж хамгаалах, нөгөө чиглэл нь бизнесийн салбараа хамгаалж, ажлын байраа авч үлдэх чиглэлд татаас өгөх, дэмжих чиглэлд анхаарч ажиллаж байна. Манай Засгийн газар иргэдээ дэмжих чиглэлд чамгүй сайн ажиллаж байгаа. Бизнесийг дэмжих, ажлын байрыг хамгаалж үлдэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж байгаа ч нэмэлт арга хэмжээ авахгүй бол болохгүй байдалд байна. Аливаа улс орон бүх иргэдээ ажилтай, орлоготой байлгаж байж ядуурлаас сална гэсэн үндсэн зорилготой байдаг. Энэ зорилгын хүрээнд бид дээрх тогтоолын төслийг санаачлахаас өөр аргагүй юм. Учир нь цар тахал хоёр дахь жилдээ үргэлжилж байна. Нөхцөл байдал таамаглашгүй байдалд байна. Тиймээс бид ажлын байрыг хадгалахад онцгой анхаарах хэрэгтэй. Бидний хувьд хоёр сонголтын өмнө ирчихээд байна. Нэгдүгээрт, ажил хийж байгаа хүмүүсээ ажилгүй болгоод ядуурлын эгнээ рүү шилжүүлж, тэр хүмүүстээ халамж өгч, халамжлуулагчдынхаа тоог нэмж, халамжид зориулах зардлаа нэмэх хэрэгтэй. Эсвэл бизнесийн салбараа дэмжээд ажлын байрыг нь хадгалж үлдээд, баялгаа бүтээгээд явах учиртай. Иймээс төрөөс хүссэн хүсээгүй зардал гаргахаас өөр аргагүй байдалд орно. Бидний хувьд ажлын байрыг хадгалж үлдье гэдэг санаачилгыг л гаргаж байгаа юм. Тогтоолын төсөл өргөн барьж байгаа гол зорилго бол энэ.

-Зургаан сарын турш иргэн, аж ахуйн нэгжийн банк, ББСБ-д байх бизнесийн зээлийн хүүгийн 50-иас доошгүй хувийг төлнө гэж байна. Нийтдээ хичнээн тэрбум төгрөг шаардлагатай болох вэ?

-Хамгийн ихдээ 350 тэрбум орчим төгрөгийн асуудал яригдаж байна. Өнөөдөр аж, ахуйн нэгжүүдийн дийлэнх нь ямар ч ажил хийх боломжгүй хоёр сар хоригдчихоод байна. Эргэлтийн хөрөнгөгүй, цалингаа тавих, татвараа төлөх боломжгүй болчихсон.

Банк санхүү, хүнсний үйлдвэрлэл, харилцаа холбоо, уул уурхайн зэрэг тодорхой салбарууд хэвийн бүр өсөлттэй ажиллаж байгаа ч бусад хэсэг нь асар хүндээр цохилтод өртөж байгаа. Удахгүй ажилчдаа цомхотгох, дампуурал зарлаад эхлэх эрсдэлтэй байна.

-Тогтоолын төслийг хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсвэрийг Сангийн яам бонд гаргаж Монголбанкинд арилжаалж бий болгох юм уу?

-Тогтоолын төслийн нэгдүгээр заалт нь судлах, эрэмбэлэх, шийдэх хувилбар УИХ-д оруулж ирэх чиглэлийг Засгийн газар, Монгол банкинд өгөхөөр байгаа. Бидний санал болгож байгаа хувилбар энэ юм. Засгийн газраас санал ирэх байх. Бид Сангийн яам бонд гаргах хувилбар байж болох юм гэж л яриад байгаа. Дахин хэлэхэд судлаад шийдвэрлэх аргачлалыг оруулж ирж УИХ-д танилцуулаад батлуулах ёстой субьект нь гүйцэтгэх засаглал, Монголбанк шүү дээ. Энэ хүмүүс ажиллах ёстой. Бид тийм боломж бий, үүнийг судалж үз л гэж байгаа юм.

-Сангийн яам бонд гаргавал эргээд л татвар төлөгчдийнхөө халаас руу өнгийсөн хэрэг болох биш үү?

-Ажлын байруудыг хадгалчихвал татварын орлого л нэмэгдэнэ. Татвар төлөгч бааз сууриа хамгаалж үлдэнэ. Арван аж ахуйн нэгжээс тав нь дампуурчихаж, 100 хүнээс 20 нь ажилтай үлдчихлээ. Нийгмийн даатгал, орлогын албан татвар, бусад хураамж байхгүй гээд төсөөлөөд үзэх хэрэгтэй. Нөгөө талыг нь ч гэсэн адилхан харах ёстой юм.

-Бонд гаргасантай холбоотойгоор эдийн засагт ямар нэгэн хүндрэл учрахгүй гэж ойлгож болох уу?

-Ажлын байрыг хадгалж, үйлдвэрлэл, худалдаа, бизнесийн орчныг дэмжиж байж татвар төлөлтийн суурь баазаа хамгаалж үлдэнэ. Татвар төлөлтийн суурь баазаа хамгаалж үлдэхгүй бол ямар ч татвар орж ирэхгүй. Хамгийн гол нь эх үүсвэр, ундарга хэсгээ л хамгаалах гээд үзээд байна. Тэр талаас нь харах ёстой байх.

-Яг ямар аж ахуйн нэгж энэ хөнгөлөлтөд хамрагдах вэ. Хичнээн иргэн, аж ахуйн нэгжийг хамруулна гэж тооцож байгаа вэ?

-Тогтоолын төслийн хамгийн эхний заалт нь эрэмбэлэх тухай бий. Монголбанк, Засгийн газар аж ахуй нэгжүүдээ үнэлэх хэрэгтэй. Ерөнхийдөө өсөлттэй байгаа уул уурхай, санхүү, хүнсний үйлдвэрлэл, бөөний худалдааны төвүүд, харилцаа холбооны салбаруудад энэ тогтоолын төсөл хамаагүй. Тэд цар тахал гарсан ч хэвийн үйл ажиллагаагаа явуулж байгаа учраас зээлийн хүүг бууруулах асуудал хамаарахгүй. Гурван тэрбум төгрөгөөс доош, жилийн 12 хувиас дээш хүүтэй зээлтэй иргэн, аж ахуйн нэгж, ажил олгогчдын асуудлыг авч үзье гэж ярьж байгаа. 12 хүртэлх хувь гэдэг бол сарын нэг хувийн хүү. Энэ утгаараа тэд ямар нэгэн хөнгөлөлттэй зээлд хамрагдчихсан хэсэг. Харин түүнээс дээш хувийн хүүтэй бизнесийн зээлтэй хүмүүст үнэхээр хүндрэлтэй байгаа.

Үйл ажиллагаа явуулж чадахгүй, орлого байхгүй учраас тэдэнд ажилчдаа цомхотгож, зардлаа хэмнэх л зам бий. Хэдэн арван мянгаараа ажилгүй болоод эхэлбэл халамжийн зардал л өснө. Ийм ч учраас ажлын байрыг хадгалах нь нэн тэргүүний асуудал. Бид татвар төлдөг, баялаг бүтээдэг хүмүүсээ хүндлэх, хамгаалах, дэмжих ёстой. Тэр цаг үе нь мөн үү гэвэл мөн.

Үүний цаана 60 мянган бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн асуудал яригдаж байгаа. Манай улсад байнгын болон байнгын бус 1.2 сая хүн ажил хийдэг юм билээ. Энэ утгаараа тус тогтоолын төсөл тэр бүх хүмүүст хамаатай.

-Иргэн, аж ахуйн нэгжүүд мэдээж талархууштай хандаж байгаа байх. Гэхдээ уг тогтоолын төсөлд банкуудын лобби орчихлоо гэж хардах, шүүмжлэх хүмүүсч байна л даа.

-Шүүмжлэл байгааг ойлгож байна. Шүүмжлэл байх ёстой. Олон талаас нь харах учиртай. Ардчилсан тогтолцоотой улс орны нэг давуу тал нь энэ. Чухам онож шүүмжилж байгаа эсэхийг бид ажиглаж байна. Банкуудын лобби юм биш үү гэж байна. Уучлаарай, үүнд банк, санхүүгийн салбарын ямар ч лобби байхгүй. Банк, санхүүгийн салбарын лоббигоор бус ажлын байрыг хадгалах зорилготой өргөн баригдаж буй тогтоолын төсөл. Хүссэн хүсээгүй аж ахуйн нэгжүүдийн зээл бүгд муу л зээлийн ангилалд орно, дампуурна. Дампуурлын эцсийн үр дүн ядуурал. Үүнээс бид сэргийлэх ёстой. Мөн өөрсдийнхөө компаниудын зээлийг төлөх нь гэсэн шүүмжлэл байна лээ. Тийм зүйл байхгүй ээ. Миний хувьд гэхэд л өмнө нь хийж байсан бизнес, хувь хувьцаа эзэмшдэг бизнесүүдэд маань уг төсөл хамаарахгүй гэдгийг тодорхой хэлчихье. Дээр хэлсэнчлэн тогтоолын төсөлд хамаарах, хамаарахгүй салбаруудыг тодорхой тусгаж өгнө. Ганц нэг аж ахуйн нэгжийг хамаатуулж яриад байгаа юм шиг байна лээ. Тэдгээр нь хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа салбартаа хамаарч байгаа учраас энэ зээлийн хүүгийн хөнгөлөлтөд хамаарахгүй. Санаа зоволтгүй.

-Тогтоолын төсөл хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-Ярилцаж байна. Бусад гишүүдээс бас Засгийн газраас ажлын байрыг хадгалж үлдэх чиглэлд тодорхой саналууд яригдаад байгаа юм билээ. Тэдгээртэй нийлүүлээд хэлэлцээд явах байх.

-Дэлхий нийт цар тахалтайгаа дасаж амьдрах гэж хичээж байхад хатуу хөл хорио тогтоогоод байх нь буруу гэсэн байр суурь ихээхэн гарч байна. Бүгдийг нь төр зохицуулах гэж зүтгэлгүй иргэдээ энэ байдалд дасгаж, аж ахуйн нэгжүүддээ ч ажиллах боломжийг олгох нь зөв биш үү?

-Ийм онцгой нөхцөлд дэлхий даяараа орж байна. Ийм нөхцөлд онцгой, стандарт бус шийдвэр, хууль, дэглэм гарч мөрдөгдөж явдаг. Төр засаг заавал оролцож авч, гарахаас өөр аргагүй, үүрэг нь тэр юм. Үүргээ биелүүлэхээс өөр аргагүй. Дэлхийн хөгжингүй улс орнуудыг харахад цар тахал хэтэрхий их дэгдээд ирэхээр нь хумьж хяналтдаа авчихаад хэсэг хугацаанд бизнесүүдээ явуулж байгаад, буцаад халдвар ихсээд эхлэхэд нь хумих байдлаар явж байна. Үүнээс өөр ямар ч аргачлал алга. Тахлын нөхцөл байдлыг хоёрхон зүйлээр хянаж байна. Нэгдүгээрт, хөл хорио халдвар тархах магадлалыг 90 орчим хувиар бууруулж байна. Хоёрдугаарт, вакцинжуулах асуудал.

-Вакцин авах хөрөнгө мөнгөө төсөвтөө тусгаагүй, бэлэн биш байгаа нь ямар учиртай юм бэ?

-Вакцин авах хөрөнгийг төсөвт тусгасан гэж Сангийн сайд хэлсэн. Засгийн газар вакцины асуудалд үнэхээр идэвх санаачилгатай ажиллаж байгаа юм билээ. Энэ долоо хоногт л гэхэд ЭМЯ хэдэн төрлийн вакциныг бүртгэчих нь лээ. Чамгүй сайн бэлтгэчихсэн төлөвлөгөө байгаа юм байна гэж ойлгосон. Эцсийн байдлаар баталгаажаад гартал нарийн ярих нь зохимжгүй байх.

-Өнгөрсөн долоо хоногт МАН-ын Бага хурал боллоо. Бага хурлаар юу яригдав?

-Монголын Улстөрийн анхны том институци бүрдсэн 100 жилийн ой болж байна. Монгол Улсын хөгжил дэвшил, шинэ үе рүү шилжсэн ээдрээтэй, уналт, босолттой үеүүдэд өнгөрсөн зууны турш оролцсон улс төрийн хүчний 100 жилийн ой гэдэг томоохон тэмдэглэлт үйл явдал мөн. Бага хурлаар ойг тэмдэглэж өнгөрүүлэх тухай асуудлыг ярьсан. Мөн цаашдаа улс орноо хэрхэн авч явах ёстой юм, МАН зүүн төвийн үзэл баримтлалтай улс төрийн намын хувьд ямар чиглэл, алсын харааг харах ёстой тухай ярилаа.

-Ирэх гуравдугаар сард болох намын Их хурлаараа МАН дүрэмдээ өөрчлөлт оруулна гэж байна. Ямар өөрчлөлтүүд хийгдэх вэ?

-Одоогоор тодорхой болсон зүйл алга.

-Ерөнхийлөгчийн сонгууль ойртчихлоо. МАН-аас нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн нэр эхнээсээ тодорхой болж байна. Энэ талаарх нам доторх уур амьсгал ямар байгаа бол?

-Дүрэм, журмаараа л шийдэгдэнэ дээ. МАН сүүлийн гурван удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд ялагджээ. Энэ 12 жилийн хугацаанд сонгогдсон Ерөнхийлөгчийн институциуд шүүх засаглалыг атгаж байсан. Энэ хугацаанд нийт шүүгчдийн 75 хувь, Дээд шүүхийн 90 гаруй хувь нь томилогдсон байна. Бүр шүүх, прокурорын өндөр албан тушаалд хүмүүсийг томилохоосоо өмнө өөрийнхөө хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь он, сар өдөргүй бичүүлж авдаг гэсэн яриа ч энүүгээр хөвөрч байна шүү дээ. Хэрэв энэ үнэн бол энэ шударга ёс юм уу. Үгүй.

МАН яагаад 2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялсан бэ гэвэл шударга ёс тогтооно гэсэн уриа, зорилгыг маань ард түмэн дэмжсэн учраас тэр. Хүмүүс шударга бус явдалд туйлдчихсан, ядарчихсан байсан. Тийм ч учраас биднийг сонгосон. Шударга, шударга бус гэдгийг шүүх засаглал л шийддэг. Тиймдээ ч шүүх засаглалын гажуудлыг мухарлах ёстой. Хувь гишүүний хувьд ийм байр суурьтай байгаа. Бусад гишүүд ч ийм байр суурьтай байгаа байх.

Categories
мэдээ улс-төр

Б.Бат-Эрдэнэ: Миний УБТЗ руу явуулсан бичигт хэн нэгнийг буруутгасан, зөвтгөсөн агуулга байхгүй

Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнээс цаг үеийн зарим үйл явдалтай холбоотой тодруулга авлаа.


Юун түрүүнд Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо чухам ямар асуудал эрхлэн хариуцдаг талаар тодруулж өгнө үү?

-Манай Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд арван асуудал байгаа. Жишээ нь, Улсын Их Хурлын гишүүний ёс зүй, сахилгын асуудал ирц, дэг сахиулах асуудал гэх мэт. Зарим хүмүүс зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийн асуудлаа хариуцдаг гэсэн ойлголттой байдаг юм билээ. Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд нийт төрийн албан хаагчдын, ёс зүй, сахилга хариуцлагын асуудалд хамаарах зан үйлийн шинжтэй асуудлууд бүхэлдээ багтаж байгаа. Үүнээс гадна Улсын Их Хурлыг үл хүндэтгэсэн үйлдэлд хяналт тавих чиг үүрэг ч бий. Байнгын хороо эхний арга хэмжээ болгож Төрийн албаны зөвлөлтэй хамтран бүх төрийн албан дахь Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг зохион байгуулсан. Энэ зөвлөгөөнд бодлогоо дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгааны хүрээлэнтэй хамтран Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар Улсын Их Хурлын гишүүддээ гурван удаа мэдээлэл, семинар хийсэн.

Өмнө нь Ёс зүйн дэд хороо ажиллаж байсан. Одоо тэр дэд хороо ажиллах уу?

-Дэд хороог Байнгын хороо болгон өргөтгөж зохион байгуулсан гэж ойлгож болно. Цаашдаа дэд хороо гэж ажиллахгүй, зөвхөн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо ажиллана. Бид дэд хоррооны дүрмээ өөрчлөх, Улсын Их Хурлын гишүүдийн ёс зүйн дүрмийг шинэчлэх ажлыг эрдэмтэд судлаачдын оролцоотойгоор хийж байгаа. Ойрын хугацаанд шийдвэрлүүлэхээр ажиллаж байна.

-Төмөр замчдаас ирсэн гомдолд таны өгсөн хариу бичгийн агуулгатай санал нийлэхгүй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр илэрхийлээд танай Байнгын хорооноос гарна гэсэн албан бичгээ цахим сүлжээнд тавьсан байна лээ. Энэ ямар учиртай юм бэ?

-“Улаанбаатар төмөр зам” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Зорчигч тээврийн төвийн Үйлдвэрчний эвлэлийн хорооноос Улсын Их Хурлын зарим гишүүд олон нийтийн сүлжээгээр “УБТЗ-ын 16 мянган ажилчдын нэр хүндэд халдаж, хөдөлмөр бүтээлийг нь үгүйсгэж төмөр замд сахилга хариуцлага, хорио цээрийн дэглэм алдаж найр наадам, тэмцээн болсоор корона алдсан нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй, голомт төмөр замаас үүсэлтэй гэж гутаан доромжилсон тул олон нийтийн сүлжээгээр төмөр замчдаас уучлалт гуйхыг шаардаж байна” гэсэн агуулгатай гомдлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороонд ирүүлсэн. Уг гомдолтой танилцахад “Монгол Ардын намын гишүүнийхээ хувьд нам засгийнхаа бодлогын эсрэг үйлдэлд нь хариуцлага тооцох…”-ыг хүссэн байсан тул Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлэгт шилжүүлээд энэ тухай гомдол гаргасан талд хуульд заасан хугацаанд нь хариу явуулсан. Ердөө ийм л асуудал болсон. Одоо үйлчилж байгаа дүрэмд гишүүний ёс зүйтэй холбоотой гомдол өргөдлийг шаардлагатай бол бусад байгууллагад шилжүүлж болно гэсэн заалт байдаг учраас тэр дагуу л ажилласан гэсэн үг. Хэрэв шилжүүлээгүй бол гишүүдээс ажлын хэсэг томилж хянан шалгах ажиллагаа явуулах журамтай. Ийм ажиллагаа хийж дүгнэлт гаргаагүй учраас миний явуулсан бичигт хэн нэгнийг буруутгасан, зөвтгөсөн агуулга байхгүй,хянаж танилцлаа гэсэн санааг илэрхийлсэн юм.

-Б.Энхбаяр гишүүн таныг өөртэй нь уулзаагүй байж, уулзаж сануулга өгсөн гэж бичсэн, бас төмөр замчдаас уучлалт гуйсан нь зүй бус үйлдэл болсон гэх зүйлүүдийг дурдсан байсан?

-Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлээс ирсэн гомдолд өгсөн хариу бичгийн утга бол түрүүнд хэлснээр танай гомдлыг харьяаллын дагуу намын бүлэгт шилжүүллээ гэсэн л агуулгатай. Дүрмийн дагуу хянан шалгах ажиллагаа эхлүүлээгүй учраас аль нэг гишүүнд сануулга өгөх асуудал байхгүй, биечлэн уулзах ч шаардлага гараагүй. Уг бичигт Төмөр замчдаас уучлалт гуйхыг шаардсан бичгийг хянаж танилцлаа гэсэн утга санааг тэмдэглэсэн болохоос, тэднээс уучлалт гуйсан зүйл байхгүйг тодорхой харж болно.

Миний бие Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргын хувьд Цар тахлын улмаас бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор Улсын Их Хурлын гишүүддээ, иргэдтэйгээ нэгэн адил ёс зүй, сахилга, хариуцлагатай байхыг уриалсан сануулгыг удаа дараа хүргэж ажиллаж байгаа. Тухайлбал, 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын нийт гишүүддээ явуулсан уриалга, сануулгад Улсын онцгой комиссоос албан ёсоор мэдээлэгдсэнээс бусад батлагдаж нотлогдоогүй мэдээ, мэдээллийг цахим орчинд, олон нийтэд түгээхээс болгоомжлох талаар ч дурдсан. Мөн анх удаа сонгогдсон зарим залуу гишүүдтэйгээ биечлэн уулзаж зөвлөгөө, сануулга өгсөн тохиолдлууд ч бий. Тухайн байгууллагад явуулсан хариу бичгийн сануулга өгсөн гэдэг хэсэг бол Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргын хувьд ингэж ажиллаж байгаа гэдгээ л илэрхийлсэн санаа юм. Энэ талаар бидний хооронд үл ойлголцол үүсэх үндэсгүй гэдэгт итгэлтэй байна.

-Б.Энхбаяр гишүүний олон нийтийн сүлжээнд бичсэнчлэн ОХУ-ын иргэд Монголд ирж төмөр замын баярт оролцож коронавирус тараасан гэдэг үнэн юм уу?

-Саяхан 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан дээр Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар“Төмөр замаар өөр хүмүүс ирж тэмцээнд оролцсон гэх асуудлыг Эрүүгийн Цагдаагийн алба болон холбогдох байгууллагуудаас шалгалт явуулаад тийм асуудал болоогүй, корона алдсан нөхцөл байдал тогтоогдоогүй…”гэж албан ёсоор мэдэгдсэн. Үүнийг л шалгадаг газар нь шалгаад, мэдээлдэг газраасаа гарч байгаа нотолгоотой мэдээлэл гэж бид үзэх ёстой биз дээ.

Тийм учраас манай зарим гишүүд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хариуцлагатай цаг үед Улсын онцгой комиссоос албан ёсоор мэдээлэгдсэнээс бусад батлагдаж нотлогдоогүй мэдээ мэдээллийг цахим орчинд, олон нийтэд түгээх нь буруу. Цар тахлын аюул улс оронд нүүрлэсэн ийм онцгой үед Улсын Их Хурлын гишүүд өндөр ёс зүйтэй, чанд сахилга хариуцлагатай байж халдвар хамгааллын дэглэм сахиж ард иргэдээ үлгэрлэн манлайлж байхыг Байнгын хорооны даргын хувьд энэ удаа ч гэсэн анхааруулж, сануулж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэн: Цар тахлаа хумьсан байхад эдийн засаг дахь нөлөөллийг бууруулах бололцоо хангалттай гарна

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


-УОК-оос хөл хориог тав хоног үргэлжлүүлэхээр шийдлээ. Нөхцөл байдал хүнд хэвээр байвал хатуу хөл хориог цааш үргэлжлүүлнэ гэж байна. Та үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Халдварын тохиолдол хоногт хэдэн арваараа нэмэгдэж байна. Ийм цаг үед бид төр засгаас гаргаж байгаа шийдвэрийг ойлгох хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд гарч байгаа ковидын тохиолдлуудын дийлэнх нь дандаа хяналтад байгаа хавьтагчдаас халдвар илэрсэн. Энэ бол онцгой комиссоос өнгөрсөн хугацаанд гаргасан шийдвэр үр дүнд хүрч байгаагийн илрэл байх. Цар тахалтай тэмцэх үндсэн зарчим бол халдварын бүх тохиолдлыг илрүүлж хумьж авах, оношилж, тусгаарлаж, эмчлэхийн зэрэгцээ ойрын бүх хавьтлыг тогтоож, тусгаарлах. Дэлхий нийтээрээ тархалтын эхэн үед хатуу хяналт тавих нь халдварын тархалтыг зогсоох, ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа хамгийн сайн хамгаалалт, хамгийн үр дүнтэй арга гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Цар тахлаас өөрийгөө болон гэр бүлийн хайртай хүмүүсээ хамгаалах нь зөвхөн төрийн шахалт шаардлага, хөл хориогоор хязгаарлагдах биш иргэн хүн бүрийн өөрийн ухамсар, хамтын хичээл, зүтгэлийн үр дүнд бий болно гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Уг нь заавал хөхөө өвлийн хүйтэнд гудамж талбайгаа цэрэг, цагдаагаар харгалзуулан, хянуулж байх биш хувь хүн бүр энэ асуудалд нухацтай хандаж өөрөө өөрийгөө хамгаалах, хуулиа чанд биелүүлэх нь чухал гэдгийг бусад улсуудын туршлагаас харагдаж байгаа. Энийг бид хаа хаанаа бодох л хэрэгтэй байна.

-Зарим иргэд, аж ахуйн нэгж хөл хориог үргэлжлүүлэхийг эсэргүүцэж байна. Эдийн засаг талаас нь бодоход тэдний энэхүү байр суурийг буруутгах аргагүй юм шиг…

-Бидэнд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахдаа эдийн засгийн чадавхийг нь бууруулахгүйгээр хэрхэн хамгаалах вэ гэдэгт анхаарлаа давхар хандуулах шаардлага байгаа. Цар тахлын үед эдийн засгийн нөлөөллийг бууруулж идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих үүднээс Улсын Их хурал, Засгийн газраас хэд, хэдэн шат дараалсан арга хэмжээг авсныг иргэд мэдэж байгаа. Цаашид ч эрсдэлийг бууруулах, нөлөөллийг саармагжуулах, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлээ хамгаалсан шийдвэрүүдийг үргэлжлүүлэн гаргаж таарна. Гэхдээ үүссэн нөхцөл байдлыг бодитоор тодорхойлсон, үнэн зөв тоон мэдээлэл, судалгаанд түшиглэсэн, оновчтой шийдвэр гаргах нь энэ цаг үед нэн чухал. Ямар ч бай цар тахлаа бид хумьж авсан байхад, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг хумих боломж бололцоо хангалттай гарна.

-Эдийн засаг хүнд үед төрийн тэргүүн өрх бүрт нэг сая төгрөг, УИХын дарга нар тэтгэврийн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөг өгнө, Засгийн газраас мөн цахилгаан, дулааны мөнгийг тэглэнэ гэж байгаа нь хэр зөв юм бэ?

-“Ковид-19”-тэй холбоотой амаргүй нөхцөл байдал зөвхөн манайд төдийгүй дэлхийн улс орнуудад бүгдэд ижил нүүрлэж байна. Бидний өмнө цар тахлаас гадна ядуурлыг нэмэгдүүлэхгүйбайх, аж ахуйн нэгжийнхээ үйл ажиллагааг зогсоохгүйбайх, ажлын байраа хадгалж үлдэх, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагууд тулгарч байгаа.

Хөл хорионы улмаас үүссэн эдийн засгийн хямралыг даван туулахын тулд төрөөс цахилгаан, дулааны суурь үнийг чөлөөлөөд зогсохгүй хэрэглээний ус, хогны үнийг ч гэсэн төрөөс хариуцахаар болсон. Энэ бол нэг талдаа хямралын үед иргэдэд, аж ахуйн нэгжүүддээ үзүүлж буй хамгийн том дэмжлэг. Дэмжих ёстой цаг үед нь, иргэдээ, ААН-үүдээ, бизнесийн салбараа дэмжих ёстой. Хатуу хөл хорионы цагт иргэдэд үзүүлж буй нөлөөллийг, ААН-үүдэд учруулж буй хохирлыг саармагжуулах ёстой. Онцгой тохиолдлын ийм үед энэ бол байх ёстой бодитой дэмжлэг гэж харж байгаа. Тэрнээс хавтгайруулсан халамжийн бодлого аль ч цаг үед буруу гэж үзэж байна.

-Та цар тахалтай холбоотойгоор Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн үнэлж дүгнэж байгаа вэ?

-Өнөөдрийг хүртэл Монгол Улс коронавирусийн эсрэг арга хэмжээг амжилттай авч хэрэгжүүлж ирсэн цөөн улсын нэг. Бид олон нийтийг шинжилгээнд маш сайн, өргөнөөр хамруулж, нэгд энэ тархалтыг хумьж барьж авах, хоёрт вакциныг яаралтай оруулж ирж нийтээр нь хамруулахаас нааш нөхцөл байдал хэвийн байдалдаа орохгүй нь ойлгомжтой.

Харин өнөөдрийн алдаа оноо, сургамжаас бид нэг зүйлийг анхаарч засаж, залруулах ёстой байна. Энэ бол шинжлэх ухааны салбараа хөгжүүлэх, энэ салбарынхаа хөгжилд хөрөнгө мөнгө гаргах, салбар болгонд судалгаа шинжилгээг дэмждэг болох шаардлагатай байна. Дөнгөж оны өмнөхөн дэлхийн хэд, хэдэн оронд ковидын шинэ төрлүүд бүртгэгдлээ, мутацид орсон шинэ хувилбарууд гарч эхэлж байна. Өнөөдөр гэхэд манай улс энэ вирусийн Монгол дахь омог төрхийг нь шинжилж таних, хаанаас орж ирсэн омог, төрөл нь тархаад байна гэдгийг мэдэхгүй байна. Энэ вирусийн тархаж байгаа зам нь ямар байна, энэ талаар ШУА, эсвэл судалгааны байгууллагууд юу хийж байгааг иргэд мэдэх хэрэгтэй. Манайд ямар вакцин тохирохыг маш нямбай яаравчлан тогтоож, вакцинаа худалдан авах ёстой. Хэрэв бид вирусээ таньж мэдээгүй бол ямар вакцин авахаа сайн мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр шинжлэх ухааны мэдлэгт тулгуурлан тухайн салбарыг хөгжүүлэх нь ямар хэрэгтэй болохыг эндээс ойлгож байгаа биз. Энэ мэт зүйлээс нэн даруй өөрчлөлтийг эхэлж, алдаа оноогоо засаж залруулах, төсвийн тодотголоор өөрчлөлт шинэчлэлт хийх хөрөнгө мөнгийг нь шийддэг болох хэрэгтэй байна. Цар тахлаа бид хумьж авсан байхад, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг хумих боломж бололцоо хангалттай гарна.

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан боловсруулж, уих-д өргөн барьсан. хуулийн төслийн талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай хууль өнгөрсөн оны дөрөвдүгээр сард анх батлагдсан хууль. Энэ хуульд өнөөгийн нөхцөл байдлаас үүдэж өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага үүссэн. Төр засгийн байгууллагуудын түвшинд тодорхой хэмжээнд сахилга, хариуцлага алдсан, ажлын уялдаа байхгүй, иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэсэн тохиолдлууд цөөнгүй байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотойгоор гарч байгаа хүндрэл бэрхшээл, алдаа дутагдлыг засаж залруулах зорилгоор хуульд өөрчлөлт оруулах төслийг боловсруулсан.

Нэн ялангуяа, аймаг, нийслэлийн онцгой комисс болон Улсын Онцгой комиссын үйл ажиллагааны ажлын уялдаа холбоог хангах заалтууд тусгагдсан байгаа. Иргэдийн зүгээс эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авах шаардлагатай ямар ч үед, хаана ч байсан энэ бололцоог саадгүй, шуурхай хүргэх, хүнд суртал, чирэгдэлгүй иргэдэд үйлчлэх асуудлыг тусгайлан оруулсан. Тухайн иргэн гэрээсээ эмнэлэг хүрэх, хөдөөнөөс хот явах, 22-ын товчоонд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй ирсэн эсэхээс үл хамаарч хүний амь нас, эрүүл мэнд, хүний эрх ашиг яригдаж байгаа тэр цаг үед хүндрэл чирэгдэл үүсгэхгүйгээр ажиллах асуудлыг тусгасан. Төрийн байгууллагын хоорондын ажлын уялдаа холбоог хангах асуудлыг тусгайлан оруулсан. Хяналт, хариуцлага чангатгах, алдаа оноо, хүндрэл бэрхшээл гарсан тохиолдолд шуурхай арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэх асуудлууд тусгагдсан байгаа.

-Боловсролын тухай хуулиар ямар гол өөрчлөлтүүд орж байгаа вэ?

Саяхан боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулаад иргэдээс цахимаар санал авч байна. Тун удахгүй өргөн барина. Боловсролын салбар улстөржилт, намчирхлаас ангид байх ёстой.

Ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарыг сум, дүүргийн Засаг дарга нар томилох өнөөгийн тогтолцоог өөрчилж, боловсролын байгууллага сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх, мерит зарчмаар хүлээн зөвшөөрөгдсөн менежерүүдийг бий болгох өөрчлөлтүүд орж байгаа. Мөн багш нарыг нийслэл, аймаг, дүүрэг, сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлж байгаа цагт улстөржилт намчирхлаас ангид байна гэж үгүй. Энэ асуудлыг цэгцэлье, хязгаарлалт хийе гэж байгаа. Ингэснээр улстөржилтөөс ангид байх, тогтвортой хөгжих бололцоог бүрдүүлнэ гэж харж байна.