Categories
мэдээ цаг-үе

Химийн бордоогоор бордсон тарвасны иш бүдүүн байдгийг анхааруулав

Гантай жил тарвас сайн ургаж, болц нь ч сайн гүйцдэг гэлцдэг. Тэр ч үнэн болов уу. Ховд, Сэлэнгэ аймагт тарьж ургуулсан гэх тарвас томоохон худалдааны төв, хүнсний захуудаар дүүрэн байна. Тухайлбал, “Барс” худалдааны төвийн жимс, жимсгэний лангуу, гаднах агуулах, задгай талбайд ч гэсэн орон нутгаас ирсэн тарвасыг ихээр худалдаалж байх юм. Зөвхөн Ховд, Сэлэнгийнх гэлтгүй оросоос ирсэн тарвасууд ч байсан. Ховд аймгаас ирсэн тарвас нь тод ногоон өнгөтэй байсан бол Сэлэнгийнх нь судалтайгаараа ялгаатай аж.

Орос тарвас нь цайвар ногоон өнгөтэй байхаас гадна монгол тарвасыг хэд, хэд нугалмаар том хэмжээтэй юм билээ. Харин урд хөршөөс орж ирсэн тарвас одоохондоо байхгүй хэмээн “Барс” худалдааны төвийн жимс, жимсгэнэ худалдаалагчид хэлсэн. Тарвас элбэг байгаа болоод ч тэрүү үнийн хувьд боломжийн байв. Монгол тарвас 700-1200 төгрөг гэж байсан бол орос тарвас нь 1200-2500 төгрөгийн үнэтэй юм байна. Харин Сэлэнгийн нэг шуудай тарвас 13-14 мянган төгрөг аж. Нэг шуудай тарвас 35 кг жинтэй гэсэн. Л.Сурмаа “Шуудайгаар нь авчихвал хямд шүү дээ. Нэг кг-ыг нь ойролцоогоор 400 төгрөгөөр авчихаж байгаа юм. Энэ чинь жинхэнэ монгол хөрсөнд ургасан тарвас.

Манай Сэлэнгийн тарвасыг хятад тарвастай андуураад байдаг юм. Хятад тарвасыг бодоход Монгол хөрсөнд ургасан юм болохоор илүү амттай. Мэдэх хүмүүс нь мэднэ дээ” хэмээв. Бид цааш алхан Ховдын тарвас зарж буй худалдаачинтай очиж уулзлаа. О.Чинбат “Манай ахынх тарвас тарьдаг юм. Хот руу ачааны автобусаар тарвасаа дайгаад би тосож авдаг. Ямартай ч өнөөдөр санасныг бодоход муугүй ашигтай байна шүү. Өглөөнөөс хойш 10-аад шуудайг зараад дуусчихлаа. Манай Ховдын тарвас тод ногоон өнгөтэй болохоор хятад тарвастай андуураад байхгүй давуу талтай. Тиймээс хүмүүс эргэлзэх юмгүй л худалдан авдаг юм. Сэлэнгийн тарвас орос болон хятад үрийн тарвас. Тиймээс ногоон эрээн байдаг байх. Ерөнхийдөө хятад тарвасны хальс нь их зузаан байдаг” гэж байлаа. Ховдын тарвасыг хар ногоон өнгөтэйгөөр нь ялгаж мэдэхээс гадна үр нь жижигхэн мөртлөө хар байдаг гэнэ. Харин бусад тарвасны үр нь том байдаг юм байна.

Тэд тарвасаа дөрөвдүгээр сарын 20-д гэхэд тариалж эхэлдэг аж. Ингэснээр долдугаар сар гарангуут л шинэ ургацаа хураан авч чаддаг байна. Мөн О.Чинбат “Тарвас их арчилгаа, усалгаа шаарддаг жимс. Усалгаа ихдэх юм бол амт нь сул болчихно. Бас багадуулж болохгүй. Тунг нь тааруулахын тулд тарьсан өдөр хоногоо сайн тооцоолж услах шаардлагатай байдаг юм. Харин ургацаа хураахаас 14 хоногийн өмнөөс услахгүй байх нь сайн. Бид тарвасныхаа бордоонд өтөг, бууц, шувууны сангас зэргийг ашигладаг. Энэ бол жинхэнэ байгалийн гаралтай бордоо шүү дээ. Харин зарим тарвас тариаланчид ургацаа хурдан зах зээлд гарган ахиу орлого олох нэрийдлээр нунтаг химийн бордоо ашиглаад байдаг юм билээ. Мөн хүнд жинтэй, том болгохын тулд их хэмжээгээр услах нь ч бий” гэж ярьсан юм.

Тарвасанд хэрэглэдэг энэхүү химийн бордооны тухай Хятадын хэвлэлд “Тариаланчид тарвасандаа фосфорын бордоо зохих хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэхийн сацуу ургаж байх явцад нь “эстроген” нэрт бодисыг ахиу тунгаар тарьчихдаг. Эдгээр бодисууд нь тарвасны хэмжээг богино хугацаанд томруулдаг боловч үүнийг идсэн бага насны охидын бойжилт түргэсэж, хөвгүүдэд эм шинж төрх давамгайлж болох талтай. Мөн эдгээр бодис нь тарвасны амт чанарт ч ихээхэн нөлөөлдөг” хэмээснийг судлаач Д.Болдбаатар орчуулжээ.

Түүнчлэн манай улсын хувьд тарвасныхаа 60 гаруй хувийг урд хөршөөс авдаг. Гэтэл хэдхэн сарын өмнө Дэлхийн 10 том боомтын нэг Нинбо хотод тарвасны өвчин тархсан талаар Хятадын төвийн хэвлэлүүд дотооддоо мэдээлсэн. Тарвасны өвчин тархсан шалтгаан нь жимсний ургацыг нэмэгдүүлэх зорилгоор химийн бордоо хэт их хэрэглэсний үр дагавар хэмээн Хятадын “China Central Television”-ээс мэдээлж байсан. Үүнтэй холбоотойгоор Хятадад химийн бордооны хэрэглээнд квот тогтоогоод байгаа юм билээ. Харин энэхүү хор нөлөө бүхий химийн бордоог манайд ч гэсэн хэрэглэдэг гэдгийг үгүйсгэх аргагүй юм. Сэлэнгэ, Ховдод ургасан жинхэнэ монгол тарвас хэмээн нэрлэх боловч элдэв химийн бордоо хийж хурдан хугацаанд томруулан, амт чанарыг нь алдагдуулсан байна гэх мэр, сэр яриа ч сонсогдсоор л байдаг. Тэр бүү хэл тарвасны талбайгаа химийн бордоотой, бордоогүй гэдгээр нь ялгаж, эрүүл, сайныг нь өөрсдөө иддэг хүмүүс ч байдаг гэлцдэг юм билээ.

Харин үүнд хяналт шалгалт хийдэг эсэх талаар Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын байцаагч Б.Туяагаас тодруулахад “Манайх ерөнхийдөө төлөвлөгөөтэй хяналт шалгалт хийдэг л дээ. Тухайн жилд хийх хяналт шалгалтаа эртнээс төлөвлөдөг гэсэн үг. Тэгэхээр төлөвлөгөөнд ороогүй л бол аж ахуй нэгжүүдээр явж хяналт, шалгалт хийгээд байдаггүй. Харин гомдол, санал гарсан тохиолдолд тухайн харьяа дүүргийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийдэг. Ямартай ч одоогоор тарвастай холбоотой гомдол санал ирээгүй байна. Харин урд хөршид тарваснаас шалтгаалан элдэв өвчлөл гарсан үеэр Нийслэлийн мэргэжлийн хяналтаас худалдаалж байсан тарваснуудаас дээж авч шинжилгээ хийсэн. Тэрхүү шинжилгээгээр ямар нэгэн хор, хөнөөлтэй зүйл илрээгүй. Ямартай ч тарвас тариалж байгаа тухайн аймаг, сумдын байцаагч нар зохих хяналт, шинжилгээг хийсээр байгаа. Тэдний хувьд одоогоор ямар нэгэн зөрчил илрээгүй гэсэн хариу өгсөн” гэсэн юм.

Харин энэ сарын 14-ний өдөр иргэдийн гомдлын дагуу Баянгол дүүргийн Засаг даргын захирамжаар дүүргийн Хүнс худалдаа, үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэс 85 шуудай тарвас хураан авсан байна. Учир нь Баянгол дүүргийн III хорооны 72 дугаар байрны оршин суугчдаас байрны орчимд ил задгай худалдаа эрхэлж байгаа нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулж, орчныг бохирдуулж байгаа талаар удаа дараа гомдол ирсний үндсэн дээр тус арга хэмжээг авсан аж. Түүнээс тарвас хүний биед хор, хөнөөл учруулсан гэх гомдол гараагүй гэж байв.

Түүнчлэн хилээр орж ирж буй тарвасанд хэрхэн хяналт тавьдаг талаар Хилийн мэргэжлийн хяналтын албаны Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайханаас асуухад “Тарвасны хувьд урд болон хойд хөршөөс орж ирдэг жимсний нэг л дээ. Тарвас ч гэлтгүй бусад жимс, жимсгэнийг оруулж ирж зардаг компаниуд байдаг. Эдгээр компаниуд ихэвчлэн “Барс” худалдааны төвд жимс, жимсгэнүүдээ худалдаалдаг. Харин манайх орж ирж буй тарвас тэргүүтэй жимс, жимсгэнүүдийг хил дээр лабораторидоо шинжилгээ хийж, шалгадаг юм. Ингээд лабораторийнхоо шинжилгээний дүн дээр үндэслэн хилээр нэвтрэх эрх олгодог” гэлээ.

Тарвас нь төмөр, марганец, кали, магни зэрэг олон аминдэмийг агуулаад зогсохгүй биеийг шингэнээр ханган, өлсөх мэдрэмжийг дарж, бие организмаас хортой бодисуудыг зайлуулах ид шидтэй. Сэрүүн нөхцөлд 14 хоног ч хадгалж болдог уг жимсийг сайтар болсон эсэхийг нь танихын тулд ишийг нь ажиглах нь чухал. Хэрэв иш нь моджиж хатууран нарийссан байвал болц нь хэдийнэ гүйцсэн гэсэн үг. Харин элдэв бордоогоор бордож томруулаад, гүйцэт болоогүй байхад нь хураасан бол иш нь бүдүүн байдаг. Мөн хэт хатуу болон зөөлөрсөн байвал сонгохгүй байхыг зөвлөж байна.

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй ээж Ж.Гэрэл: 60 тэрбумаар нь завшдаг энэ улстөрчид 60 цэцэрлэг барьчихдаг ч болоосой доо

Наймдугаар сарын сүүлээс эхлэн улсын цэцэрлэгүүд цахим бүртгэл болон сугалаагаа явуулсан. Цэцэрлэгт орж чадаагүй хүүхдүүдээ хаана, хэнд даатгаж үлдээх вэ гэж шаналсан эцэг эхчүүдийн дүр зураг үргэлжилсээр. Хэрэв улс төрчид 60 тэрбум хэрхэн босгох вэ гэж толгойгоо гашилгах бус 60 цэцэрлэг хэрхэн яаж барих гэж хэлэлцэж суусан бол ийм хүндхэн байдалтай жил бүр нүүр тулгараад байхгүй нь ойлгомжтой. Мөн түүнчлэн Баянзүрх дүүргийг хуваана, хуваахгүй гэсэн асуудал яригдсаар байна. Шинээр дүүрэг хуваагдвал гарах зардал нь 40 тэрбумыг хол хаяж байгаа. Тэгвэл энэ мөнгөөрөө яагаад сургууль, цэцэрлэг барьж болохгүй гэж. Уул шугамандаа ард түмэн улс төрчдийг 60 цэцэрлэг бариарай гэж сонгодог болохоос 60, 70 тэрбумаар нь хулгайлаад, эсвэл хэрэггүй зүйлд үрэн таран хийгээд байгаарай гэж итгэл хүлээлгэдэггүй нь лавтай. Ямартай ч цэцэрлэгийн хомс байдлаас үүдэн хэдэн зуун хүүхэд гэртээ цоожлогдож, басхүү эндсээр байна. “Зуун хувь цэцэрлэгт” хөдөлгөөнийхөн “Жил тутам 17 хүүхэд харах асрах хүнгүйгээс болж энддэг” хэмээн мэдээлж байсан удаатай. Үүнд ихэвчлэн гэртээ цоожлуулаад галд өртсөн, муу усны нүх, жорлонгийн нүхэнд унасан, угаартсан, халуун зүйлд түлэгдсэн гэх шалтгаанууд зонхилдог юм билээ. Эцэг, эхчүүдийн хувьд ч үр, хүүхэдээ цэцэрлэгт оруулж чадаагүйгээс болж олон асуудалтай нүүр тулгардаг гэж байлаа. Ингээд хүүхэдээ цэцэрлэгт оруулж чадаагүй ээж Б.Гэрэлтэй цөөн хором ярилцснаа хүргэе.


Би хүүгээ СХД-ийн 91 дугаар цэцэрлэгт өгөх гэсэн боловч оруулж чадаагүй. Энэ жил хүү минь гурван настай. Хүүхдээ цэцэрлэгт өгч чадаагүй болохоор маш олон асуудал тулгарч байна. Уг нь хүүгээ цэцэрлэгт өгөөд ажил хийж, нөхөртөө тус дэм болъё гэж бодсон юм. Нэг хүний цалингаар амьдралаа залгуулна гэдэг тийм ч амар биш шүү дээ. Залуу хүн болохоор ажил хиймээр л байх юм. Гэтэл хүүгээ хамаатан, садан цөөтэй над шиг хүн хэнд найдаж үлдээх билээ. Гэрт нь ганцааранг нь үлдээнэ гэдэг аз сорьсон асуудал шүү дээ. Яг үнэнийг хэлэхэд тэгж үлдээх ч зориг алга байна. Ганцааранг нь үлдээснээс болж ямар аймшигтай зүйлүүд гарсан билээ дээ. Тэгэхээр энэ жилдээ хүүгээ харахаас өөр аргагүй л болж байна. Уг нь цэцэрлэгт явсан хүүхэд илүү нээлттэй болдог юм шиг санагддаг. Мэдээж мэргэжлийн байгууллага учраас хүүхдэд хэрэгтэй олон зүйлийг зааж сургадаг нь дамжиггүй. Гэхдээ манай улсад цэцэрлэгийн хүрэлцээ маш муу байна. Зөвхөн би гэлтгүй эргэн тойронд маань байгаа найз нөхөд, ах, эгч нар маань ч хэлж, ярьж байна. Ингээд бодохоор тэр 60 тэрбумаар нь идэж, ууж завшаад байгаа улстөрчид ирээдүй, хойч үедээ хөрөнгө оруулалт хийгээд 60 цэцэрлэг барьчихдаг ч болоосой доо гэж хүсэх юм. Гэхдээ тэр тэнгэрт байгаа хүмүүс газарт хөлөө олох гэж ядаж яваа бидний зовлонг мэдэхгүй байх л даа. Бид нар шиг залуу гэр бүл өөрийн гэсэн орон байр, унах унаатай болохын тулд нэн тэргүүнд ажил хийж, хөдөлмөрлөх шаардлагатай. Гэтэл үр, хүүхдээ итгэж үлдээх цэцэрлэггүйгээр яаж тайван ажил хийх билээ. Энэ зөвхөн хүүхдийн асуудал биш. Цэцэрлэгийн насны хүүхэдтэй гэр бүлийн хамгийн том асуудал шүү дээ. Ямартай ч энэ жил миний ажил хийнэ гэдэг талаар болов бололтой” гэсэн юм.

Categories
мэдээ цаг-үе

“Өдрийн сонин”-ы дөрвөн замын уулзвар ашиглалтад орлоо

“Өдрийн сонин”-ы 2017.08.29-ний мягмар гаригийн №183 (5750) дугаараас авч нийтлэв.

Сүхбаатар дүүргийн X хороонд байрлах “Өдрийн сонин”-ы дөрвөн замын уулзвар ашиглалтад орлоо. Тус дөрвөн замын уулзварын нээлтэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаныхан оролцсон. Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замын уулзварын өргөтгөл шинэчлэлтийг барьж байгуулан нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан байна.

Энэ ажлын хүрээнд Авто замын сангийн хөрөнгөөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Өдрийн сонин”-ы уулзвар, тавдугаар хороонд байрлах “Өгөөж чихэр боов” ХХК-ийн баруун урд уулзвар, Хан-Уул дүүргийн XV хороо, Богд Жавзандамбын уулзвар, 11 дүгээр хороо, ХААИС-ийн уулзварын өргөтгөл шинэчлэлийн ажлыг тус тус хийж гүйцэтгээд байгаа юм байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэхэд бас нэг чухал алхам бол уулзваруудыг өргөтгөх явдал юм.

Хотын төв замуудын уулзвар нь ашиглалтад орсноос хойш өргөтгөл шинэчлэлийн ажил хийж байгаагүй. Тиймээс энэ жил дөрвөн томоохон уулзварыг шинэчилж байна” хэмээн онцолсон. “Өдрийн сонин”-ы уулзварыг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд Их тойруугийн өргөн чөлөө хоёр талдаа зургаан эгнээтэй байсны дээр баруун тийш эргэх нэг эгнээ нэмжээ. Мөн хойно нь байх хоёр эгнээг тав, урд талынхыг гурав болгон өргөтгөсөн байна. Энэхүү өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийснээр Их тойруу дахь 100 айл, “Өлзий төв”-ийн ачаалал 20-30 хувь буурна гэж албаныхан үзэж байгаа юм.

Харин энэхүү уулзварыг иргэд “Өдрийн сонин”-ы уулзвар хэмээн тодотгон нэршиж эхэлжээ. Хэрэв Авто плазагийн уулзвар хэмээн нэрлэвэл бусад Авто плаза төвүүдтэй андуурагдах учир ийн нэрлэх болсон байна. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны иргэн Г.Бат-Эрдэнэ “Өдрийн сонин”-ы дөрвөн замын уулзвар сайхан болжээ. Хэдэн ажилчид халуун нар, хүйтэнд бороонд ажилласны үр дүнд сайхан зам хийсэн байна. Анх зай талбай нь хүрэлцэж, дөрвөн замын уулзвар болох юм болов уу даа гэж эргэлзэж байлаа. Харин ажлын үр дүн нь давгүй шүү. Замын ачаалал багасаж л байна гэдэг чинь дэвшил шүү дээ. Бид энэ уулзварыг “Өдрийн сонин”-ы гэж нэрлээд байгаа юм. Авто плазагийн уулзвар гэвэл хүмүүс андуураад будилж мэднэ. Авто плаза нэг, хоёр гээд хаа сайгүй байдаг болохоор “Өдрийн сонин”-ы дөрвөн замын уулзвар гэвэл хүмүүс андахгүй сайн мэднэ” гэсэн юм.

Харин Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Байнгын ачаалалтай байдаг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах энэ уулзвар нь 1990, 2010 онд өргөтгөл шинэчлэлт хийж байсан юм.

Хотын авто замын хэт түгжрэл, иргэдээс ирсэн саналыг үндэслэн энэхүү уулзварыг нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр энэ онд засварлахаар шийдвэрлэсэн билээ. Тус ажлын гүйцэтгэгчээр “Велтэд лайн Монголия” ХХК ажиллаж, гэрээт хугацаандаа ажлаа дуусгасан” гэлээ.

Түүнчлэн “Өгөөж чихэр боов “ХХК-ийн баруун урд уулзварт өргөтгөл шинэчлэлт хийснээр тус замын зорчих хэсгийн өргөн 17-24.5 метр, явган хүний зам 1.5-аас гурван метрийн өргөнтэй болжээ. Харин эгнээний тоо таваас ес болон нэмэгдсэн байна. Ингэснээр уг уулзварын нэвтрүүлэх чадвар 20-30 хувь нэмэгдэж, замын хөдөлгөөний ачаалал бууран, иргэдийн аюулгүй байдал сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх ая тухтай байдлыг бүрэн хангах боломжтой юм байна.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Жигжидсүрэн: Элс, шавар шороонд дарагдсан даац усыг лайдаж Ганга нуурыг хамгаалж болно

Өнгөрсөн зун Ганга нуур ширгэж байна гэж шуугисан ч намар нь буцаад ихэссэн. Гэвч энэ зун мөн л нуурын ус багассан байна. Энэ талаар Дарьганга сумын уугуул Ч.Жигжидсүрэнтэй ярилцлаа.


-Та “Ганга нуур тийм амархан ширгэхгүй” гэж ярих юм. Гэтэл өнгөрсөн жил бараг ширгээд алга болсон. Та энэ тухайд юу хэлэх вэ?

-Байгалийн жамаараа бол Ганга ширгэхгүй л гэж боддог. Ганга дэргэдээ усан сантай, зарим шургасан булаг уснууд нь даацлан нуураа сэлбэсээр байдаг. Усаа татрахаар Ганга нуур өөрөө бороо хур уриад сэлбэгддэг, өөрийгөө цэвэрлэдэг зэрэг онцлог чанарыг нь нутгийн бид мэднэ л дээ. Гэхдээ цөлжиж, элс нүүж, ургадаг ургамлын бүтэц нь өөрчлөгдөж, гангийн халуун нөлөөлж байна. Бас орчны ус ширгэж, агаарын температур ихсэж байгаа нь үнэн.

Хүмүүс бидний буруутай үйл ажиллагаа ч нөлөөлдөг байх. Олон мал усалж, булгийн усыг нуурандаа хүргэхгүй шалбааг болгож бэлчиж байна. Тархин дээр нь овоо босгож, газар доорх усан судлыг нь дарж, урсацыг багасгаж байна. Ингэхэд булгийн ус шургадаг, эсвэл эх ундаргаа сольдог. Улаанбаатарын хойно Шарга морьтод Дондогдуламын рашаан гэдэг сайхан булаг байсан, тархин дээр нь том овоо босгосноос хойш шургасан. Дарьгангад Дагшин булгийн тархин дээгүүр машин явдаг болсноос үүдэн Дагшин булаг эхээ гурван удаа солиод байгаа. Энэ булаг одоо эхээ солих боломжгүй болсон, булгийн эхийг хамгаалахгүй бол намагших замдаа орно гэсэн үг. Дагшин булгийг хамгаалахгүй бол Дуут нуур ширгэхэд хүрнэ гэдгийг сум орны удирдлагууд ойлгож байдаг болов уу.

Оргих булгийн тархин дээр босгосон овооноос болоод усны урсгал саарах, эх ундарга нь солигдох вий гэсэн айдас байдаг юм. Иймээс тэр овоог босгох эх үндсийг тавьсан хүмүүс лусын бумбаа зөөж, хойд мөргөцөг дээрх шувуун овоон дээр тахиасай гэж боддог. Ийм олон нөлөө байгаа учраас хүмүүс бид Гангадаа туслахгүй бол ганц байгалийн жам, Гангын хүч чадалд өөрийг нь даатгаж болохгүй болжээ.

-Ганга нууртаа нутгийнхан хэрхэн туслах вэ?

-Ганга нуурын зүүн урд, Оргих булгийн баруун хойно нуурынхаа хөвөөнд Гангын өрх гэж нэрлэдэг нэг том өрх байдаг юм. Тэр өрх нь хоёр метр орчим диаметртэй, хамгийн багадаа гурван метр гүн нүх. Энэ өрхийг Ганга нууртай газрын судлаар холбоотой, Гангын ус хэвийн байвал өрхний ус дүүрэн байна гэж өвгөд ярьдаг байсан. Гангын усны толь болсон өрхийг дарагдсан бол лайдаж, додомдож, усаар дүүргэх хэрэгтэй. Энэ өрх байнга устай байвал Гангад нэмэртэй. Энэ өрхөд хамгийн багаар бодоход есөн тонн ус багтана. Энэхүү өрхийг л Гангын усан сан гэж хэлж байна. “Өрх, нуур хоёр доогуураа усан судлаар холбоотой” гэдэг өвгөдийн домогт итгэвэл энэ нь харилцах сав л гэсэн үг. Харилцах савны нэг нь ажиллахгүй бол нөгөө нь ажиллагаагүй болно. Тэгвэл энэ эко систем бүхэлдээ ажиллахгүй, Гангыг доороос нь сэлбэдэг нэг суваг бөглөрчээ гэсэн үг. Уул уулаа түшдэг, ус усаа сэлбэдэг гэдэг билээ. Өрхний ус амсраасаа доош 40 см байлаа гэж бодвол Гангын усны түвшин мөн төчнөөн сантиметр буурсан гэж ойлгох хэрэгтэй. Өрх бол Гангын усан сан ч мөн, Ганга нуурын усны хэмжүүр ч болно.

-Ганга нуур 21 булагтай байсан домогтой гэдэг. Одоо хэд нь үлдсэн бэ?

-Би таван булгийн нэр мэднэ. Дөрвөн булгийг нь үзсэн. Дөрвөн булгийн нэг нь ширгэж, нөгөө нь шургасан. Үлдсэн хоёр булаг нь муухан амьтай байна. Гангад усаа өгдөг Оргих булаг, Баянбулаг, Хараатын булаг, Баруун, Зүүн нүдэн булгууд гэж байлаа. Хараатын булаг шургасан, Зүүн нүдэн булаг ширгэсэн. Баруун нүдэн булгийг үзээгүй, гэхдээ нэрийг нь мэднэ. Зүүн нүдэн булаг Гангын зүүн талаас түрж орсон мөргөцөгийн баруун хормойд байсан. Хараатын булаг нь Гангын баруун урд бургасны ёроолоос эх авдаг байсан. 1960-аад оны эхээр Ганга нуурын ус багасаж, ус нь зарим газраараа 3-4 метр дотогшилсон юм. Тэгэхэд Гангын баруун урд Хараатын булаг эх авч байсан бургасны чигт Ганга нуурын хатсан хэсэгт 16-18 даац ус нэвчин гарч ирсэн. Жижигхэн зууван дугуй хар нүхнүүдээс утас шиг нарийхан ус урсаж байв. Тэгэхэд манай өвгө эцэг дархан Т.Шонуу Гангын өрхийг очиж үзэж байлаа. Өвөө Гангын өрхийг очиж үзсэнийхээ дараа даац усыг үзэж, Хараатын булаг шургаад ус нь нэвчин гарч байж магадгүй гэж байлаа.

-Таны түрүүн хэлснээр нуурын баруун даац усыг лайдаж, додомдвол ус нэмэгдэх үү?

-Багахан тооцоо хийгээд үзэхээр нэмэгдэхээр харагдаж байгаа юм. Даацуудын нэгээс нэг минутад 100 грамм урсан гарна гэж тооцвол хагас жилд 420 тонн усаар нэмэгдэх боломжтой. Тэгэхээр элс, шавар шороонд дарагдсан эдгээр даац усыг лайдаж, сэргээн гаргаж ирэх хэрэгтэй байна.

Нутгийн ахмад хүмүүсээс сураглавал даац ус хаана байдагийг заагаад, хэлээд өгөх хүн байгаа даа. Гангын ус багассан тэр намар есдүгээр сарын сүүлээр хэд хоног бороо орж, усан манан татаад Ганга усаар дүүрсэн юм. Өнгөрсөн намар Ганга ширгэлээ, Гангын гаслан энэ тэр гэж байхад бороо орно, өвөл цас их орно гэсэн итгэл минь нэг ч хором буураагүй. Үнэхээр ч бороо орж, усан манан татаад Гангын ус сэргэлээ гэж зурагтаар харуулж байна лээ. Ганга тийм амархан ширгэхгүй ээ.

-Ганга нууранд хунгийн чуулган болдогоороо алдартай. Ус нь багассан сураг дуулсан болохоор хун чуулах болов уу гэж бодож байлаа. Гэтэл өнгөрсөн жил усны шувууд ирж чуулсан сурагтай. Өмнөх жилүүдэд чуулаагүй байж яаж мэдээд ирж байгаа юм бол?

-Хэн ч хариулах бэлээхэн нэг хариу байна. Хөдөөгийн гурван нуур, Холбоогийн хоёр нуур, Муруй нуур усгүй гэнэ. Дуут нуурын ус багассан сурагтай. Ийм учраас Ганга устай бол шувууд Гангад л бууж, сууна биз дээ. Ямар буцаад явалтай нь биш. Халуун орон руугаа нүүх нүүдлийн цаг нь арай болоогүй байдаг. Нөгөө нэг хариу нь Гангын ус бараг цэвэршсэн учир сэжигч, цээрч хун Гангадаа чуулж байгаа бололтой. 20 жилд Гангын усны ядаж 15-20 хувь нь цэвэршээ биз. Өнгөрсөн зун Гангын 70 хувь нь ширгэсэн гэсэн. Тийм үед борооны усаар сэлбэгдсэн болохоор усны 70 хувь цэвэршсэн. Сүүлийн 20 жилд Гангын усны 85-90 хувь цэвэршсэн гэсэн үг. Тийм болохоор хун чуулж, хунгаа дагаад бусад шувууд ирсэн байлгүй.

-Нуурын ус ширгэж байгааг лус савдаг хилэгнэсэнтэй холбоотой гэж ярих хүн байдаг юм билээ. Нутгийн олон түмэн нуураа тахих ёс, уламжлал байдаг болов уу?

-1995 онд лусын бумба тахиж, Оргих булгийн тархин дээр лусын бумба залсан гэдэг. Тэр тахилгыг зөв болсон эсэхэд эргэлздэг юм. Тахилгаас хойш хун шувууд Ганга нууранд чуулахаа больсон. Гангад жилийн жилд байнга байдаг хос мөнгөн шигтгээ мэт хоёр хун шувуунд Гангын лус савдаг амилан оршдог гэлцдэг. Гангын усанд байдаггүй зүйл нууранд орсон бол тэр хоёр хун Гангадаа ирэхгүй, бусад нь бас ирэхгүй гэсэн домог бий. 1995 оны есдүгээр сард Онгоны Хавиргын булаг, Шар бүрд, Дарьгангын Ганга нуурын лусыг тахиж гэнэ гэж сониноос уншсан. Тэрнээс сарын дараа Баяндэлгэр, Онгон, Дарьгангын нутгийг дамжсан их цасан шуурга болж зургаан хүний алтан амь үрэгдэж, үй олон мал үхэж, зарим нь хил давсан. Яагаад ийм юм болов гэдгийг бодох л хэрэгтэй. Ганга нуурыг буруу тахиж, Оргих булгийн тархин дээр овоо босгож, нуурын усанд буруу зүйл, бузар орсон учраас хун шувууд “сэжиглээд” өөр нуур усанд чуулдаг болсон гэж нутгийн иргэд ярьж байна.

-Ганга нуур өөрийгөө цэвэрлэдэг гэсэн. Яаж цэвэрлэдэг юм бол?

-Жилийн жилд намартаа салхигүй байсан ч Ганга нуур 2-3 өдөр саваа халин давалгаалж, нуурын зүүн тал тэр чигээрээ цагаан хөөсөөр эмжигддэг байлаа. Давалгаа зогсож, нуурын ус дотогшлон, цагаан хөөс арилахад түүний дороос өвс, хог, адуу малын баас, хонины хоргол зэргээс тогтсон жижигхэн шар гүвгэр гарч ирдэг. Тэр нь яваандаа хатаад малын хөл, салхины аясаар алга болдог юм билээ. Нуур давалгаалахад манай нутгийнхан Ганга нуур өөрийгөө цэвэрлэж байна, Ганга нүүрээ угааж байна гэдэгсэн.

-Хамгаалж байгаа нь тэр гээд тойруулаад хашаа татчихсан гэсэн. Ингэж хашаад байвал нуурын ус ширгэхгүй байхад нэмэртэй юу?

-Нуурынхаа хөвөөнд хэт ойр татвал ашиг муутай болов уу гэж санана. Хашааг Гангын хойд талаас эхлэн нар зөв тойруулан татахад миний бодлоор Гангын хойд дэрс, зүүн хойд дэрс, дэрстэй тойромыг, зүүн талаараа Оргих булгаас ихээхэн холуур нэг км орчим зайтай, урдуураа Баян булгийн зүлэг, баруун бургас, урд Олон модны хавь, ухнан шээгний бутнуудыг, Гангын баруун урдуур жумз ургадаг хэсэг талбайг, бас Хараатын булаг эх авч байсан хэсэг бургасыг, баруун талаараа Гангын нарийн хоолой руу явдаг замын зүүн талаар манхан дундуур, баруун хойд Олгой буланг шар манхтай нь багтаах хэрэгтэй. Харин Гангад мод тарихын тухайд би өөр бодолтой байдаг хүн. Ганга нуурын орчим мод тарих нь зөв боловч нуурандаа дэндүү ойрхон мод тарих нь ямар бол. Нуур, гол, булаг усанд хэт ойр мод тарих нь муу, хөрсний усыг ууршуулдаг гэж номоос уншсан. Ялангуяа улиасыг буруу таривал их муу гэнэ. Иймээс л хашаагаа том тат, тэгээд модоо нуур, булаг хоёроосоо жаахан зайтай тарь гэх гээд байгаа хэрэг. Тэгээд ч яг дэргэд нь тарьсан мод, бут тэр холоос ирж байгаа улаан шороог хорихгүй шүү дээ. Ганга нуурын баруун, баруун хойд талын дээр нь хэдэн суль ургаж, салхины аясаар тойрог зурсан, өөр ургамалгүй гөлөөн манхнуудын орой, ар шилээр л мод таримаар санагддаг юм. Бүр холоос Молцогийн уулны хавиас ч юм уу үелэн, үелэн мод, бут сөөг, өвс ургамал таривал хаврын улаан шорооноос Гангыг хамгаалахад нэмэртэй гэж санадаг. Тарих мод нь хайлаас байх. Усалгаа, арчилгаа багатай халуун дулаан, элсэрхэг хөрсөнд мэдээж хайлаас сайн ургана. Говьд ургадаг хөрс голдоггүй, ус бага шаарддаг жигд гэдэг мод байна лээ. Энэ мэтээс гадна элс сайн хорихыг нь бодвол бургас, гүйлсээ, морин харгана, харганаа таримаар санагдаж байна даа. Миний мэдэхээс элсэрхэг хөрсөнд сайн ургах нэг ургамал бол тэмээн хөх. Хуруугаар газар хонхойлоод гурван үр булахад гурвуулаа ургасан байсан.

-Одоо Засгийн газар Гангыг сэргээхэд зориулж хөрөнгө гаргана гэсэн. Таны бодлоор нуураа хамгаалъя гэвэл бодитой ямар ажил хийх хэрэгтэй вэ?

-Дээр ярьсан хэлснээ базаад хэлбэл, нэн яаралтай хийх бодитой үндсэн зургаагаас долоон ажил байгаа юм. Нэгдүгээрт, Гангын өрхийг гурван м-ээс доошгүй гүнтэй лайдаж, байнга усаар дүүргэж байх. Хоёрдугаарт, Гангын баруун урд, урд хатсан шавар элсийг хуулж, даац уснуудыг гаргаж ирэх. Гуравдугаарт,. Хашааг томсгон хашаан дотор болон баруун, баруун хойд манхнуудын орой, ар шилээр мод тарих. Дөрөвдүгээрт, Боломжтой үед нь цас, борооны усаар тогтмол сэлбэж байх. Цас зөөж Гангад хийхдээ эхлээд өрхөнд хий. Хараатын булаг эх авч байсан бургасны ёроолд асга, зүүн хойд, хойд талын дэрснүүдэд, Гангын зүүн талаас түрж орсон мөргөцөг дээр асга гэж хэлмээр байдаг. Асгасан цас чинь шууд хайлахгүй жаахан ч гэсэн тэснэ. Тавдугаарт, Оргих булгийн тархин дээрх овоог зайлшгүй зөөж, шилжүүлэх хэрэгтэй гэдэгт бат итгэж байна.

Монголчууд уул толгод, овоо, давааны оройд овоо босгодог болохоос ус, булгийн эхэн дээр овоо босгодоггүйг сануулах зөв шиг байна. Энэ тахилгыг санаачилж хэрэгжүүлсэн хүмүүс “Дагшин булгийн тархин дээр залаарай” гээд нутгийн гурван хүнд орхисон бумбаа эргэж сурагласан уу? Аливаа ажлыг хийвэл ул үндэслэлтэй тунгааж, угт нь тултал хийх хэрэгтэй. Түүнээс биш тийм юм байдаг гэнэ, тэгдэг гэнэ, тийм ийм ач тустай гэнэ гэсэн сураг төдийгөөр дур зоргоороо, хар муйхараар ажиллах нь хойшдоо хор хөнөөлтэй гэж боддог. Зургадугаарт, Гангын зүүн урд таван км орчим зайд нэг гүнийн худаг байсан. Түүнийг сэргээн засварлаж тэндээс Ганга руу хоолой татаж ус юүлж байж болох мэт. Хоолой татах боломжгүй бол нэг найдвартай хүнтэй хоёр тэмээн тэргээр ус, бас цастай үед цас зөөж байхаар гэрээ хийж болно. Нэг тэргэн дээр 200 л ордог тайлуу усны сав тавиад өдөрт тав эргэхэд нэг тонн ус Гангад орно.

Categories
мэдээ цаг-үе

О.Эрдэнээ: Хамгийн анхны уран бүтээл минь “Чамдаа би хайргүй байхын аргагүй” дуу юм

Хөгжмийн зохиолч О.Эрдэнээтэй ярилцлаа.


-Таныг их хожуу уран бүтээлдээ орсон гэдэг юм билээ. Хамгийн анхны уран бүтээл болох Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн шүлэг “Чамдаа би хайргүй байхын аргагүй” хэмээх дуугаа 22 жилийн дараа дуулуулсан гэлүү?

-Анх намайг наймдугаар ангид байхад аав минь төгөлдөр хуур авч өгсөн нь урлагийн хүн болгох эхлэлийг тавьсан л даа. Төгөлдөр хуураа 1990 онд их сургуульд орох хүртлээ ганцаарчлан, дараа нь сургалтад сууснаар давгүй сурчихсан. Их сургуульд орсныхоо дараа төгөлдөр хуурын аязууд зохиож эхэлсэн юм. Тухайн үед сонин дээрээс Б.Лхагвасүрэн гуайн “Чамдаа би хайргүй байхын аргагүй” шүлгийг олж уншаад ая хийсэн юм. Их сайхан шүлэг байсан л даа. Хүүхэд байсан болоод ч тэрүү тийм алдартай шүлэг гэдгийг нь мэдээгүй байгаа юм. Энэ миний хамгийн анхны дуу болсон. Гэхдээ дуу болгочихсон хэрнээ нэг ч хүнд үзүүлээгүй, далд хийчихсэн. Энэ дууг минь 22 жилийн дараа Буянжаргал дуулсан юм. Намайг сургуулиа төгсөхөд цаг үе хүнд байсан учир ганзагын наймаа хийхээс өөр аргагүйд хүрсэн л дээ. Тиймээс л анхны зохиосон дуугаа 22 жилийн дараа дуулуулсан хэрэг.

-Сүүлийн үед таны маш олон шинэ уран бүтээл төрж байгаа. Тэгэхээр уран бүтээлээсээ удаан хугацаанд завсарласан хэдий ч эргэн тун ч эрчимтэй орсон байна шүү?

-Яг үнэндээ энэ салбараасаа их хөндийрсөн байсан л даа. Гэхдээ хүний сурч мэдсэн зүйл гэдэг огт хаягддаггүй юм байна. Энэ хугацаанд төгөлдөр хуурынхаа ард хэдэн цагаар ч хамаагүй суух үе бишгүй л байв. Суухгүй удах үед аав минь тун ч дурамжхан “Энэ хөгжмийг ч хаях болж дээ” гэдэгсэн. Учир нь аав минь намайг урлагийн хүн болгох чин эрмэлзлэлтэй байсан юм. Харин ээж минь намайг инженер, эдийн засагч болгоно гэдэг байж билээ. Хэдий аавынхаа хүслээр урлагийн хүн болсон ч эргээд урлагт хөл тавина гэдэгт итгэлгүй байлаа. Таних дуучид, уран бүтээлчид ч ховор болчихсон байсан л даа. Гэтэл 2012 онд нүүдэл хийхдээ нотны дэвтрээ олдог юм байна. Нээгээд үзтэл 10 гаруй ая үгтэйгээ байж байх юм. Төгөлдөр хуурын ард суугаад тоглож үзлээ. Жигтэйхэн их л гоё санагдсан. Тэр үед энэ дэвтрийг хаавал дахиад хэзээ ч нээхгүй байх гэсэн бодол төрсөн нь урлагтаа эргээд ирэх үндэс нь байсан юм. Ингээд дуунуудаа сонсоод үзэхэд дуучин Буянжаргалын хоолойнд маш сайхан зохицох юм шиг санагдаад олж уулзахаар болсон. Буянжаргалтай хамтраад хамгийн анх “Аялагхан” хэмээх дуу минь гарсан. Хүний анхны юм гэдэг их дурсгалтай нандин байдаг юм билээ. Бүр уйдамгүй. Тэр дуугаа би долоон хоногийн турш сонссон. Дараа нь хамгийн анх зохиосон “Чамдаа би хайргүй байхын аргагүй” хэмээх дууг минь дуулсан юм.

-“Жаргалтай явна”, “Гангараа”, “Миний ээж хөөрхөн”, “Нандин” зэрэг дуунуудыг тань үзэгч, сонсогчид хэдийнэ мэднэ. Үзэгчдийн хүртээл болсон эдгээр уран бүтээлүүд хэрхэн бүтэж байв даа?

-Миний хайртай бүтээлүүдийн нэг бол СТА Э.Төрмандахын дуулсан “Жаргалтай явна” хэмээх дуу. Энэ дуу их сонин бүтсэн. Миний дунд охин жаахан байсан үе л дээ. Охин минь уйлаад болдоггүй. Би босож ширгэлсэн юм. Эргээд унтах гэтэл аманд ая орж ирээд унтаж чаддаггүй. Цаг хартал үүрийн дөрөв болж байх юм. Ямартай ч босоод нотны дэвтэр дээрээ тэмдэглэчихээд унтаад өглөө. Харин өглөө сэрээд өнөөх хөгжмөө хартал их хөнгөн, аятайхан болсон байсан. Ингээд М.Цэрэнтогтох руу явуулснаар тун удалгүй үг нь ирсэн шүү. Ер нь их хурдан бүтсэн дуу байгаа юм. Э.Төрмандах маань хэд, хэд дуулаад л өнгө, нугалаа зэргийг нь тааруулж, өөрийн болгочихсон. Гарсан даруйдаа маш хурдан хит болж билээ. Ер нь аливаа зүйлийн тохироо нь бүрдэнэ гэдэг их сайхан л даа. Бас ямар нэгэн зүйл хийхэд хэзээ ч оройтдоггүй юм байна гэдгийг их сайн ойлгосон. Одоо хамтарч ажиллаж үзээгүй нийтийн дуучин тун ховор болжээ. Бүгдэнтэй нь л ах, дүү бололцож, чанартай, сайн уран бүтээл хийхийн төлөө ажиллаж байна.

-Та цахим хаягныхаа найзууд дунд уралдаан зарлаж, зохиосон дууг тань хамгийн сайн дуулж буй оролцогчдыг шалгаруулдаг. Энэхүү уралдаанд маш олон хүн оролцож байгаа харагддаг. Ер нь энэ санааг хэн гаргасан юм бэ?

-Энэ санааг би өөрөө олсон. Миний хувьд уран бүтээлээ илүү олон хүнд хүргэхийг зорьсон л доо. Харин яавал дээр бол гэж их бодсон. Ингээд фэйсбүүк хаягтаа пэйж хуудас нээсэн юм. Харин энэ хуудсаараа уралдаан зарлавал хүмүүст хүрч болох юм шиг санагдсан. Ингээд эмэгтэйчүүдийн баяр болж байсан учир “Миний ээж хөөрхөн” дууг минь хэн сайн дуулах вэ гэсэн уралдаан зарлалаа. Гэхдээ тийм ч үр дүнтэй байна гэж найдаагүй л дээ. Гэтэл төсөөлж байснаас минь маш олон бичлэг ирсэн. Надад үнэхээр их урам өгсөн шүү. Миний хувьд ч илүү анхаарал хандуулах хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Түүнээс хойш СТА Н.Мөнгөншагайгийн дуулсан “Гангараа”, Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий нарын “Нандин”, “Гоо марал”, “Хайр бэлэглэе” зэрэг таван дуугаар уралдаан зарласан. Нийт 500 гаруй хүн бичлэгээ явуулсан байна. Энэ уралдааныг зохион байгуулснаараа би нэг зүйлд л өөртөө баярлаж байгаа. Юу вэ гэхээр би энэ уралдааныг зарласнаараа бичлэг явуулсан оролцогчийн гэр бүл, хамаатан садан, найз нөхөд, анги хамт олны дунд бага ч болов баяр баяслыг өгч чадсан болов уу. Учир нь оролцогч бүрийг хамгийн дотно хүмүүс нь дэмжиж байдаг. Тэд аль болох түрүүлүүлэхийн тулд олон хүнд бичлэгээ түгээдэг. Тэр чинээгээрээ хүмүүст дуу хуур, баяр хөөрийг бэлэглэдэг. Энэ тухай ч үзэгч, сонсогчид маань “Энэ хар бараан мэдээлэл дүүрсэн цахим ертөнцөд таны уралдааныг үзэж л баясах юм. Танд маш их баярлалаа” гэх мэт сэтгэгдлүүдийг маш их хэлж байсан шүү. Миний хувьд уран бүтээлээ олон хүмүүст хүргэснээс ч илүү аз жаргал мэдэрч байсан. Уралдаанаа явуулахгүй хэсэг хугацаа өнгөрөхөөр л хүмүүс “Яагаад уралдаан хийхгүй байна вэ. Дахиад уралдаан хэзээ болох бол” гээд л их шаарддаг. Би хамгийн сүүлд дууны шүлгийн уралдаан зарласан юм. Учир нь шүлгэндээ ая хийлгүүлмээр байна гэсэн хүмүүс надад их ханддаг л даа. Ер нь олон сайхан шүлэгтэй ч ном гаргаагүй хүмүүс олон байдаг юм билээ. Тэгэхээр тэр олон сайхан хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд уралдаан зохиохоор болсон. Би түрүүлсэн оролцогчдын шүлгэнд ая хийн, дуучныг нь өөрөө олж өгөөд, мөн дүрсжүүлж өгөх юм. Ер нь миний хувьд уралдаанд түрүүлсэн оролцогчдодоо мөнгө төгрөг гэхээсээ илүү уран бүтээлээр бэлэг барихыг хүсдэг. Хүн өөрийн гэсэн уран бүтээлтэй байна гэдэг их сайхан шүү дээ.

-Анхны уралдаанд тань түрүүлсэн Ц.Өлзийсайхан охин “Цэцгийн үнэртэй нутаг” хэмээх дуутай болсон байсан. Энэ дууны тухайд?

-Есдүгээр ангийн сурагч Ц.Өлзийсайханы маань уралдаанд оролцсон бичлэгийг цахим ертөнцөд сая гаруй хүн үзсэн шүү. Тэр бүү хэл цахим ертөнцөд “Бумбагар” нэрээрээ танигдах болсон байна лээ. Бид “Эгшиг” студийн захирал Гантулга, яруу найрагч М.Цэрэнтогтох нартай хамтраад дуу хийж өгөхөөр болсон. Хэрэв цаашид дуучин болох бол уран бүтээлийнх нь эхлэл байг гэж бодсон л доо. Дуучин болохгүй байсан ч дурсамж болон үлдэнэ. Ингээд ямар дуу хийх тухай их ярилцсан. Ц.Өлзийсайхан маань нас бага учир яруу найрагч бид хоёр хайр дурлалын тухай дуунаас татгалзсан юм.

Бумбагарын маань төрсөн нутаг бол Хөвсгөл аймгийн Түнэл сум л даа. Түнэл гэдэг нь цэцгийн нэр юм билээ. Вансэмбэрүү цэцэг шиг л их ховор үзэгддэг цэцэг юм гэсэн. Тиймдээ ч “Цэцгийн үнэртэй нутаг” хэмээн дуугаа нэрлэсэн юм. Охин маань ээжийн тухай дуутай болъё гэсэн санал тавьсан л даа. Тиймээс манай яруу найрагч М.Цэрэнтогтох маань нутаг, ээж хоёрыг нь хамтад нь өгүүлсэн “Цэцгийн үнэртэй нутаг” хэмээх маш сайхан шүлгийг тэрлэсэн. Охинд маань ч их таалагдсан шүү. Дуу нь цахим ертөнцөд гарсан даруйдаа л хүмүүст сайн хүрсэн. Фм, радио, телевизүүдээс ч гэсэн цацах саналууд ирсээр л байна. Ц.Өлзийсайхан бол миний явуулсан өчүүхэн уралдааны бас нэг эерэг үр дүн нь байсан. Энэ авьяаслаг, мундаг охиныг сайхан ирээдүй хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би уран бүтээл хийж эхэлснээсээ хойш 100 гаруй дуугаараа ард түмнийхээ сонорыг мялаагаад байна. Мөн нийтэд цацагдаагүй 70 гаруй дуу бий. Мөн энэ он гарснаар уран бүтээлийн олз арвин байна. Найман сарын хугацаанд 20 гаруй дуу гаргажээ. Уран бүтээлчид маань ч их захиалга өгч байна. Сүүлд Б.Оюунбат, Р.Бадралмаагийн “Наран хань”, В.Баттулгын “Дурлаа юу даа” гэх мэт дуунууд шинээр гараад байна. Мөн “Гангараа” дууг дуулсан Н.Мөнгөншагайгийн “Түвшин жаргалтай хурим” хэмээх шинэ дуу гарлаа. Одоогоор тэмцээнд түрүүлсэн таван оролцогч болон дуучидтайгаа хамтран кино концерт хийж байгаа. Тун удахгүй үзэгчдийн хүртээл болно. Дуунаас гадна дан болон симфони хөгжмийн бүтээл хийж байгаа. Ерөнхийдөө 80 гаруй хувьтай явж байна. Түүнчлэн аравдугаар сарын 5-нд Монгол бөхийн өргөөнд “Гэгээн эгшиглэн-2017” хэмээх бие даасан хоёр дахь тоглолтоо хийнэ. Тоглолтдоо бүх анхаарлаа төвлөрүүлээд ажиллаж байна. Уг тоглолтод дөчөөд уран бүтээлч оролцох болно. Миний хувьд “Гэгээн эгшиглэн” хэмээх тоглолтоо уламжлал болгон хийх бодолтой байгаа. Бодол, мөрөөдөл минь юм л даа. Мэдээж уламжлал болон зохиогдох учир маш чанартай хийхийг юу, юунаас илүү зорьж байна. Уран бүтээл хийж байх хугацаанд хэд, хэдэн тоглолтод найруулагчаар ажилласан. Энэ бүхнээс бага ч гэсэн туршлага хуримтлуулж чадсан гэж бодож байгаа. Ер нь жишиг болсон тоглолт хийхийн тулд маш их хөдөлмөрлөж байна даа.

Б.Урантуяа

Categories
мэдээ цаг-үе

Э.Энхтөр: Рок, попын зогсонги үе ирчихээд байна

“Free zone” хамтлагийн ахлагч Э.Энхтөртэй ярилцлаа.

-Хамгийн сүүлд дуучин С.Сэрчмаатай хамтран “Миний нулимсыг салхи л арчина” хэмээх дуугаа сэргээн дуулсан. Одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?

-Өмнө нь бага залуу байсан болоод ч тэрүү зөвхөн уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулдаг байлаа. Харин одоо хамтлагийнханд маань гэр бүл, ажил амьдрал гээд зайлшгүй цаг гаргах ёстой зүйлүүд гарч ирсэн байна. Тэгэхээр уран бүтээл хийх хугацаа, бүтээмж багасах нь дамжиггүй. Гэхдээ уран бүтээл хийж байгаа. Ямартай ч зүгээр суугаагүй гэдгээ хэлэх байна. Харин миний хувьд бие даан уран бүтээл хийгээд эхэлчихсэн. Одоогоор өмнө нь гаргасан хоёр цомгоо шинэчилж байна. Энэ хоёр цомогт багтсан ихэнх дууныхаа үг, аяыг би өөрөө зохиосон. Дараа нь үндэсний болон бусад хөгжимд зориулсан аязтай болохоор төлөвлөгөөтэй байна. Миний хувьд чанартай цөөн тооны цомог гаргах сонирхолтой байдаг.

-Таныг дуулахаас гадна лимбэ хөгжим сайн тоглодог гэж сонссон юм байна. Лимбэ хөгжмийг хэзээ тоглож сурч байсан юм бэ?

-Аав минь урлагт элэгтэй хүн байсан л даа. Сайхан дуулна, гитар ч тоглочихно. Намайг бага байхад барууны орны хамтлаг дуучдын пянз тун ховор. Тухайн үед л аав минь маш олон пянзны цуглуулгатай байж билээ. Би эхээс тавуулаа л даа. Бүгдээрээ л аавынхаа пянзнаас сонсох дуртай. Сүүлд бодоход аав, ээжийн минь хувьд нэг хүүгээ урлагийн хүн болгох сонирхолтой байсан юм шиг санагддаг. Харин тэр нь би болж таарсан юм. Би ч урлагт их сонирхолтой хүүхэд байлаа. Сонсголоороо лимбэ тоглож сурчихсан юмдаг. Аав, ээжийн ажлынхан, найзууд ирэхэд бид гурав бяцхан тоглолт үзүүлчихдэг байж билээ. Ингээд би Нийслэлийн 42 дугаар сургуулийн тавдугаар ангиас Хөгжим, бүжгийн коллеж руу элсэн орсон доо. Тухайн үед лимбэ хөгжмийн мэргэжлийн багш минь СТА Ч.Энхтайван багш байлаа. Ер нь тэгээд Хөгжим бүжгийн коллежид орсон үеэс эхлэн гадна, дотны хамтлагуудыг сонирхож, хуурцгуудыг нь цуглуулдаг байлаа. Ангийнхандаа аваачиж сонсгоно. Эндээс л хамтлаг байгуулах сэдэл төрсөн гэхэд хилсдэхгүй болов уу.

-“Free zone” хамтлаг анх тавуулаа байсан гэдэг билүү?

– Билгүүтэй, Хосбаяр, Батзаяа, Дүгэрсүрэн миний бие тэргүүтэй таван залуу хамтлаг байгуулахаар сэтгэл шулуудсан. Хамтлагаа ч байгууллаа. Ямар нэр өгөх талаар бодсоны эцэст сугалахаар шийдсэн юм. Өөрсдийн бодож байгаа нэрнүүдээ цаасан дээр бичээд шилэн саванд хуйлаад хийчихлээ. Харин хоёр ч удаа сугалахад “Free zone” гэж гарч ирсэн шүү. Тэр үед бидэнтэй Цогоо гээд найз маань хамт явсан юм. Тэр маань л энэхүү нэрийг бичиж хийсэн юм билээ. Тухайн үед хамтлагууд гадаад нэр өгөх нь бараг моод байсан л даа. Нэр өгсөн залуу маань ч “Энэ бол чөлөөт бүс гэсэн утгатай үг. Тэгэхээр та хэд минь хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн чөлөөт бүстэй байх ёстой. Мөн Монголд байгаа хамтлагуудын нэр ихэвчлэн нэг үеэс бүрддэг. Тийм болохоор илүү содон байх болов уу” гэж байсан. Бидэнд ч их таалагдсан.

Ингээд бид хамгийн анх “Титэм” хамтлагийн дуучин, хөгжмийн зохиолч Л.Тайванбат ах дээр очиж дуунуудаас нь дуулсан. Түүний хувьд “Хамтлаг байгуулахаар зорьж яваа чинь их сайн хэрэг. Гэхдээ бэлтгэл маш чухал шүү” гэж захиж байлаа. Яг тэр үед “Камертон” хамтлаг гарчихсан, бидний араас “Номин талст” зэрэг хамтлагууд байгуулагдсан санагдаж байна. Ямартай ч бид чанартай, сайн уран бүтээл хийхийн төлөө хичээсээр л явсан. Ингээд “Чамдаа өгсөн хайр”, “Мөрөөдлийн хатан” дуунуудаа гаргаж байлаа. Энэ хоёр дуу бол манай хамтлагийг үзэгч, сонсогчдод таниулж чадсан. “Чамдаа өгсөн хайр” дуу маань FM-ийн хит парадыг маш олон хоног тэргүүлсэн шүү. Үүнээс хойш сайхан уран бүтээлүүд их ч гарсан. Энэ хугацаанд хамтлагийн зарим гишүүд маань тус, тусын зам мөрөө хөөж, Билгүүтэй бид хоёр л үлдсэн юм. Улмаар 1999 онд сонгон шалгаруулалт явуулж, хамтлагийнхаа Баттөмөрийг элсүүлж авсан даа. Энэ үеэс “Free zone” хамтлаг тогтвор, суурьшилтайгаар уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Ерөнхийдөө 1998 онд хамтлагаа байгуулснаасаа хойш зургаан цомог гаргасан байна.

-Рок, попын хамтлаг дуучид цус сэлбэх цаг хэдийнэ болсон гэж ярьдаг. Энэ тухайд та ямар бодолтой явдаг вэ?

-Миний бодлоор рок, попын зогсонги үе ирчихээд байна гэж хараад байгаа юм. Учир нь 2000 он хүртэл рок, попын нөлөө бүхий хамтлагууд ихээр байгуулагдсан. Түүний дараа “A Sound”, “Lemons” зэрэг хамтлагууд гарч ирсэн л дээ. Харин тэдний дараагийн үе гэж гарч ирээгүй. Хоёр ч шинэ үе гарч ирэх хугацаа өнгөрсөн байна. Миний бодлоор одоогоор рок, попыг яг 2000-аад оных шиг олон хүн сонсохоо больсон. Энэ нь рок, поп ид хүчээ авч байх үеийн үзэгч, сонсогчид шилжилт хөдөлгөөний улмаас гадны орнуудыг ихээр зорьсонтой холбоотой болов уу. Мөн рок, попын дуучдын хоорондын эв нэгдэл алдагдсан нь нөлөөлсөн гэж боддог.

Ер нь бол 2000-аад он хүртэл театрын болон кино урлаг, нийтийн дуу зогсонги байдалтай байхад рок, поп эрчимтэй хөгжиж, дэлгэрч байсан. Гэхдээ тайз, дэлгэцийн урлагийг эргэн үзэгчдийн хүртээл болоход рок, попын нөлөө их байсан гэж боддог. Тухайлбал, театр, кино урлагийн бүтээлүүдэд рок, попын дуучид хамтарч, ажиллаж байсан. Түүний нэг жишээ нь кино, жүжгийн дуунууд юм. Ингэснээр үзэгчдэд илүү сайн хүрсэн байх. Манай хамтлагийн хувьд ч гэсэн тайз, дэлгэцийн “Надаар тоглосон хайр” жүжиг, “Мөрөөдлийн хөлөг онгоц” уран сайхны киноны дууг дуулж байлаа. Одоо бол нийтийн дуу, театр, кино урлаг хэдийнэ өөрсдийн гэсэн үзэгч, сонсогчтой болжээ. Үүнээс харахад аливаа зүйл цаг үеэсээ хамаарч хувьсан өөрчлөгдөж байдаг байх нь л дээ.

– Таны бодлоор рок, попын шинэ үе болон гарч ирэхийн тулд яах ёстой вэ?

-Дээд болон дунд үедээ үнэлэгдэж, үзэгчдэд мэдрэгдэж байж шинэ үе болдог. Хамгийн багадаа гурваас дөрвөн жил уран бүтээл туурвисан байх шаардлагатай. Түүнчлэн урлагийн хүний үнэ цэнэ, мөн чанарыг ойлгодог байх нь хамгаас чухал. Урлаг бол асар том цар хүрээтэй салбар л даа. Тухайн цаг үеийг тодорхойлдог, хүмүүжлийг бий болгож байдаг. Ил, далд байгаа сайн, муу зүйлийг өгүүлэн хүмүүст ойлгуулж, ухааруулж чаддаг. Урлаг ард түмнийг байлдан дагуулах ёстой. Би энэ зарчмыг дагадаг. Харамсалтай нь Монголд энэ эсрэгээр байдаг. Ард түмэн урлагийг минь байлдан дагуулдаг. Уг нь урлаг аливаа зүйлийн түрүүнд явж, бусдыг чиглүүлж байх хэрэгтэй. Дуугүйгээр эхэлсэн хувьсгал ч байдаггүй шүү дээ.

Д.УРАНТУЯА

Categories
мэдээ цаг-үе

Гантай жилийн ургац өмнөх жилүүдийнхээс үнэтэй байна

“Номин” супермаркет, “Баялаг Ундраа” худалдааны төв болон гадна талбайд худалдаалж буй төмс, хүнсний ногооны үнэ ханш ямар байгаа талаар сурвалжиллаа. Шинэ ургац худалдаанд гарч төмс, хүнсний ногоо элбэг байгаа хэдий ч худалдаачид үнийн хувьд харилцан адилгүй борлуулж байсан юм. Бид эхлээд “Номин” супермаркетаар орлоо. “Дэвшил” трейдийн өргөст хэмх нэг килограмм нь 6249, улаан лооль 5629, монгол төмс 999, лууван 1499, шар, хүрэн манжин 949, сонгино 1199, байцаа 1999, сармис таван ширхэг нь 3499 төгрөгийн ханштай байлаа. Мөн зориулалтын баглаа боодолтойгоосоо хамаараад Жаргалантын төмс хоёр кг нь 2499, “Гацуурт” компанийнх нэг кг нь 1199 төгрөг гэсэн.

Харин дараа нь төмс, хүнсний ногоо борлуулж буй хэд, хэдэн задгай талбайд очсон юм. Шинэ ургацын ногоо, жимс жимсгэнэ өнгө алаглан байх аж. Төмс, манжин, ногоон сонгино, яншуй, юуцай, бууцай зэрэг 1000 төгрөг байсан бол лууван 1600, монгол сонгино, байцаа, хүрэн манжин, сармис таван ширхэг нь 1500 төгрөгийн ханштай байлаа. Энэ нь “Номин” худалдааны төвийнхөөс харьцангуй хямд байв. Гэсэн ч өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад дунджаар 150-200 төгрөгөөр нэмэгджээ. Энэ нь мэдээж тариалалтын бүс нутгуудаар хур бороо багатай, гандуу байгаагаас шалтгаалаад төмс, хүнсний ногооны гарц муу байгаатай холбоотой хэмээн худалдаачид халаглаж байв. Л.Сүрэнжаргал “Энэ жилийн хүнсний ногооны үнэ ханш, гарцын талаар ярих зүйл их байна. Бид ихэвчлэн Борнуур, Мандал, Жаргалант сумдаас төмс хүнсний ногоогоо авдаг юм. Энэ жил эдгээр тариалалтын бүсүүдэд хур, бороо бага байсантай холбоотойгоор тариаланчид төдийгүй худалдаачид бидэнд ч гарз, хохирол бишгүй гарч байна. Тухайлбал төмс, хүнсний ногооны бөөний үнэ нэмэгдсэн. “Даарин дээр давс” гэгчээр хүнсний ногоог хорхой их идсэн байх юм. Тэгэхээр хаягдал ногоо их гарч байна л даа.

Ер нь бол намаршаад хөрсөн дээр цочир хүйтэрдэг учир тухайн үеийн төмс, хүнсний ногоог хөлдсөн, хөлдөөгүйгээр нь сайтар ялгаж ирдэг юм. Харин өдий үеийнх тусгайлан ялгагдах нь ховор учир хорхой идсэн, болц гүйцээгүй, хэт жижиг зэрэг хаягдал ногоо гарах нь элбэг байна” гэсэн юм.
Долдугаар сарын сүүл мушгиад л хүнсний ногооны ханш буурдаг аж. Тиймдээ ч худалдаачид өдий үед нэг шуудай төмсийг 1415 мянган төгрөгөөр авдаг байжээ. Нэг шуудайд 4044 кг төмс багтдаг. Энэ үедээ нэг килограммыг нь 600 төгрөгөөр зардаг байж. Гэтэл энэ жил уламжлал ёсоор буурах нь битгий хэл, улам өсөх хандлагатай байгаа гэнэ. Одоогоор нэг шуудай төмсийг 3335 мянган төгрөгөөр авч байгаа юм байна. Тэгэхээр дунджаар нэг кг төмсийг 800900 төгрөгөөр худалдан авч байгаа юм. Хэдий өдөр, өдрийн бөөний ханш харилцан адилгүй байгаа ч худалдаачдын хувьд 1000 төгрөгөөс давуулахгүйгээр зарж байгаа гэсэн. Харин нарийн ногоог хүлэмжинд тарьдаг учир үнийн хувьд төдийлөн хэлбэлзээгүй байна.
П.Дэнзэн “Хэрэв бид яг тариаланчдынхаа гараас хүнсний ногоогоо авбал арай ч ийм өндөр үнэтэй авахгүй л дээ. Тариаланчдаас бидэнд хүрэхийн тулд хэд, хэдэн ченжийн гар дамжиж байгаад гол учир байгаа юм шүү дээ. Ченжүүд тухайн өдрийн цаг агаарын байдлаас хамаараад л бөөний үнээ нэмчих жишээтэй. Бороотой өдөр бөөний үнэ нэмэгддэг жишиг ч бий болжээ. Яахав бид ченжүүд шиг тариаланчдаас машин, машинаар нь ногоогоо аваад зарж болох байх л даа. Гэхдээ бидэнд хараахан тийм боломж байхгүй. Олуулаа л нийлж байж машин ногоо авах хүч хүрнэ. Одоо бол бид өдөр тутамд борлуулах ногоогоо л авч байна. Үүнээс ихийг авъя гэсэн ч хадгалах байр савнаас өгсүүлээд асуудал мундахгүй. Тэгэхээр тариаланчид маань шууд л ногоогоо авчраад зарчихдаг бөөний төвтэй болчих хэрэгтэй байгаа юм. Тэгвэл тариаланчид ченжид өгөх үнээсээ хавьгүй илүү үнэтэй зарж чадна. Бид ч ченжээс авдаг үнээсээ хямдаар авч, хэрэглэгчдэд ч өндөр үнэ хэлээд байх шаардлагагүй. Түрээсийн мөнгө, сав баглаа боодол, хөлс мөнгөө нэмээд хамгийн дээд тал нь нэг кг ногоон дээр 200300 төгрөг нэмээд л зарна шүү дээ. Бидэнд зөв тогтолцоо л хамгийн их үгүйлэгдэж байна даа” хэмээн хэллээ. Тус задгай талбайн худалдаачид ихэвчлэн монгол хүнсний ногоогоо худалдан авдаг байна. Хэдий тийм боловч энэ жилийн хувьд тариаланчдын ургац хураалт өвлийн хэрэгцээт хүнсний ногоогоо хангаж чадах эсэхт эргэлзэж байгаа талаараа хэлж байсан юм.
Бид дараа нь “Баялаг ундраа” худалдааны төвийн дэргэдэх төмс, хүнсний ногооны худалдааг зорилоо. Энд төмс 1200 төгрөг, байцаа 1300 төгрөг, лууван 1500 төгрөг, шар, хүрэн манжин 1000 төгрөг, монгол сонгино 1500 төгрөгөөр тус тус худалдаалж байлаа. Лууван, манжин нь Зүүнхараагийнх бол төмс нь Жаргалантынх юм байна. Ямартай ч супермаркет болон задгай талбайн худалдаанаас хавьгүй хямд үнэтэй байв. Худалдагчийн ярьж буйгаар эднийхэн мөн л монгол хүнсний ногоогоо худалдан авч борлуулдаг байна. “Нарантуул” худалдааны төвтэй ойр учир тус хүнсний ногооны худалдаагаар үйлчлүүлэгчид олон байлаа. Жилээс жилд шинэ ургацын ногоогоо худалдан авах иргэд нэмэгдсээр байгаа тухай худалдаачид олзуурхан хэлсэн юм. Ер нь өдий үед урд хөршөөс сонгиноос өөр хүнсний ногоо орж ирдэггүй аж. Тиймээс чанар муутай ногоо авчих вий гэж айлтгүйгээр Монголынхоо шинэ ургацыг хүнсэндээ хэрэглэж, басхүү нөөшлөөд авахад гэмгүй хэмээн захиж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэлгэрсайхан: Эсрэг талын дүр бүтээх их сонирхолтой, басхүү надад зохимжтой байдаг юм болов уу

Хошин урлагийн “Маск” продакшны жүжигчин Д.Дэлгэрсайхантай ярилцлаа.


-“Маск” продакшны хамт олон шинэ уран бүтээлдээ орсон гэж сонслоо. Хэдийгээр үзэгчдийн хүртээл болох вэ?

-Манай продакшны хамт олон өнөөдөр ажилдаа цуглацгааж, тоглолтынхоо бэлтгэл, сургуулилтад орлоо. Есдүгээр сарын 15-аас эхлэн шинэ уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэх юм. Манай продакшн зуны улиралд амралтын байдалтай байдаг. Амрах нэг нь амраад, зарим нь хувийн уран бүтээл хийгээд л өнгөрдөг дөө. Миний хувьд саяхан нээлтээ хийсэн “Лизинг” хэмээх уран сайхны кинонд оролцон тоглосон.

-Таны хувьд “Маск” продакшнтай үүсгэн байгуулагдсан цагаас нь эхлэн хамт байгаа жүжигчдийн нэг. Ер нь яагаад тус продакшнд орох болсон юм бэ?

-Би 2003 онд Кино урлагийн дээд сургууль төгсчихөөд 25-дугаар суваг телевизийн хамт олонтой “360” градус хошин мэдээллийн хөтөлбөр хийдэг байлаа. Харин 2006 онд “Маск” продакшн байгуулагдсанаар жүжигчнээр орсон. М.Баярмагнай, П.Эрдэнэзаан, Ж.Мөнхсайхан ах нар маань хамтлагаа байгуулчихаад жүжигчин хайж байсан юм билээ. Тухайн үед надад “Тайзны урлагт хүч сорих бодол байгаа юу. Хэрэв тийм бодолтой бол манай хамтлагт орж, бид нартай хамт ажиллаж болно шүү” гэсэн л дээ. Энэ үеэс хойш “Маск” продакшнтайгаа хэдийнэ 11 жилийн турш хамт байж, ажил амьдрал, уран бүтээлээ холбоод явж байна даа.

-Жүжигчин болно гэхэд ээж тань тийм ч дуртай хүлээж аваагүй гэдэг юм билээ. Тэгвэл жүжигчин болох урам зоригийг өгсөн хүн нь хэн байсан бол?

-Ээж минь намайг жүжигчин болно гэхэд “Жүжигчин болоод хэрэг байна уу даа. Өөр мэргэжилтэй болвол зүгээр юм биш үү” гэж байсан л даа. Гэхдээ надад байгаа жаахан авьяас ээжээс минь эхтэй юм шүү дээ. Ээж минь урлагийн тун өндөр мэдрэмжтэй. Хийлийн концерт сонсоод уяраад уйлна. Надаар янз бүрийн уран зохиолын ном уншуулна. Тухайн зохиолын дотор нь орж сэтгэлээсээ сонсдог байсан. Басхүү бэлэн цэцэн үг ихтэй. Ах, эгчийг шүлэглэх нь холгүй л зэмлэдэг байж билээ.

Харин муугүй жүжигчин болох нь уу даа гэсэн үнэлэлт, дүгнэлт, өсөж дэвжих урмыг үзэгчид маань өгсөн. Тэр л урмаар тэтгэгдэж өдий зэрэгтэй явж байгаа гэж боддог юм.

-Таныг продакшныхаа жүжигчин Ж.Мөнхсайханд шавь болон орж байсан гэж сонссон юм байна. Ер нь жүжиглэх эрдмийг ямар хүмүүсээр заалгаж байсан бэ?

-Би Кино Урлагийн дээд сургуульд оюутан болж ороод Ардын жүжигчин Д.Мэндбаяр болон П.Цэрэндагва багшийнхаа шавь нь болсон. Манай ангийнхан Д.Мэндбаяр багшийн анхны төгсөлт болж байсан. Энэ хоёр сайхан хүн жүжигчин болох үндэс суурийг минь тавьсан юм. Жүжигчний уран чадвараас гадна хүний мөн чанар гэдэг ямар чухал зүйл болох талаар ойлгуулсан. Сайн аав, сайхан эр хүн байх хэрэгтэй гэдгийг зааж өгсөн дөө. Харин хошин урлагийн “Маск” продакшнд орж ирээд жүжигчин Ж.Мөнхсайхан ахад “Өөрийн чадах, мэдэх бүхнээ харамгүй зааж өгөөрэй” гээд хадаг барин багш, шавийн барилдлагатай болж байлаа. Олонд танигдсан дүрүүдийн ард Мөнхсайхан ах минь байдаг гэхэд хилсдэхгүй. Дүрд минь чимэг, шигтгээ нэмж илүү сайн болгодог. Зөвхөн уран бүтээлд минь нөмөр нөөлөг болоод зогсохгүй, “Миний дүүгийн амьдрал ахуй яаж байна” гээд л асуудаг юм. Би ийм л гурван багштай хүн дээ.

-Таныг “Чонын алтан шагай” уран сайхны кинонд эсрэг дүр бүтээж байсныг санаж байна. Ер нь эсрэг талын дүрд тоглох санал хэр их ирдэг вэ?

-Хошин урлагийн жүжигчин болоод ч тэрүү эсрэг талын дүр ирэх нь ховор байдаг юм. Одоогоор ихэвчлэн инээдмийн төрөл, жанрын кинонд тоглох санал ирж байгаа. Би хамгийн анх “Гялбаа” олон ангит уран сайхны кинонд эмчийн дүр бүтээсэн. Харин дараа нь мөн л олон ангит уран сайхны кино болох “Чонын алтан шагай”-д эсрэг дүрд тоглосон юм. Намайг анхандаа яг ч эсрэг дүрд хувиарлаагүй байсан л даа. Харин би өөрөө тэр дүрд чинь тоглъё, сайн бүтээж чадна гэж хэлсэн юм. Дүрдээ дурлаж тоглосон болоод ч тэрүү дажгүй болчихсон гэж боддог шүү. Би “Чонын алтан шагай” уран сайхны кинонд Содов хэмээх залуугийн дүрд тоглосон л доо. Тухайн дүрээ муу хүн гэж бодох бус, амьдралын төлөө тэмцэж л яваа нэгэн гэж бодох хэрэгтэй. Тоглож байгаа дүр бол чиний төрүүлсэн хүүхэд. Ямар ч хүн төрүүлсэн хүүхдээ муу гэж голдоггүй шүү дээ. Яг л үүнтэй адил. Багш нар маань ч тэгж л заадаг байсан. Миний хувьд эсрэг талын дүр бүтээх их сонирхолтой, басхүү надад зохимжтой байдаг юм болов уу гэж боддог.

-Цаашид хошин урлаг улам хөгжихийн тулд яах ёстой гэж боддог вэ?

-Монголд хошин урлаг хамтлаг, продакшны хэмжээнд маш сайн хөгжсөн гэж боддог. Нэг тоглолт байлаа гэхэд тэр чигтэй инээдэм биш, драм ч шигтгэсэн байх жишээтэй. Манай продакшны хувьд үзэгчид, дэлгэц, цирк, сонгодог бүжиг, драмтай цогцлоож үзүүлбэрээ үзүүлэхийг хичээдэг. Бүр заримдаа хоор дуу, сонгодог дууг ч дуулдаг. Үүний зэрэгцээ хувь жүжигчин өөрөө дүр дээрээ маш сайн ажиллах нь чухал. Хүмүүс инээх гэж, аз жаргал мэдрэх гэж л хошин урлагийн тоглолт үздэг шүү дээ. Тэгэхээр инээд хөөр бэлэглэхийн тулд маш сайн бодох хэрэгтэй. Мөн тэр инээдний цаана багахан ч гэсэн ухаарал өгөх ёстой гэдгээ ойлгох нь чухал болов уу.

Харин цаашдаа хошин урлаг маань илүү их мэргэжлийн болох ёстой. Урлаг бол гоо зүй, гоо сайхныг мэдрүүлж байх ёстой болохоос биш гудамжны гэж хэлэхүйц ёс бус хэллэг байх нь зохисгүй. Хэдэн хүн тайзан дээр цуглуулчихаад янз бүрийн юм яриад байж болохгүй шүү дээ. Энэ бол урлаг биш гэсэн үг. Хошин урлаг бол хүнийг шунан дурлуулдаг маш сайхан урлаг. Хошин урлагийн жүжигчид хоёр цагийн тоглолтод ээж, эмээ, өвөө, дүү, хүү болж хувирдаг. Энэ жүжигчнээс маш их өгөгдөл, ур чадвар шаардаж байдаг гэж би ойлгодог. Харин драмын театрын жүжигчид бол бэлэн тексттэй, найруулагчтай байдаг. Найруулагчийн хэлснээр зохиолын дагуу ажилладаг учраас амилуулахад илүү дөхөм болов уу. Мэдээж адилхан тайзны урлаг учраас хариуцлагатай байх нь дамжиггүй. Тайзны урлаг гэдэг “Хүмүүс ээ байж байгаарай. Бид нар сая алдчихлаа. Дахиад эхнээс нь эхлээдэхье” гэж хэлж болдоггүй хатуу зарчимтай.

-Аливаа зүйлд шантрах, цуцах үе байдаг шүү дээ. Таны хувьд урлагийн хүн болсондоо харамсаж, шантарч, өөр зам сонгох байж дээ хэмээн бодож байсан удаа бий юү?

-Нэг ч удаа харамсаж байсангүй. Хувийн л бодол л доо. Жүжигчний мэргэжлийг сонгосон л бол шунаж, дурлах хэрэгтэй юм шиг санагддаг. Ер нь ихэнх хүмүүс бүр багаасаа л жүжигчин болохыг бодож, мөрөөдөж байж болдог болов уу. Тиймдээ ч жүжигчин болох байр сууриндаа үнэнч, тууштай огтхон ч харамсдаггүй байх. Миний хувьд ч ялгаагүй. Ажил цуглана гэхээр баярладаг, догдолдог. Тайзнаа гараад “Сайн байцгаана уу” гээд л үзэгчидтэйгээ мэндчилээд, үзүүлбэрээ үзүүлээд зогсож байхад амьдралын хамгийн сайхан бүхнийг мэдэрч байдаг. Учир нь энэ бол миний мөрөөдөл. Бага, залуугаасаа эхлээд л ингэж мөрөөдсөн учир, үүнээсээ буцна гэдэг байж боломгүй зүйл л дээ.

-Та аль нутгийнх вэ. Нутаг руугаа хэр их очдог бол?

-Аав, ээж минь Говь-Алтай аймгийн Тонхил сумын хүмүүс л дээ. Би ч мөн адил энэ нутаг усанд төрсөн. Говь-Алтай аймаг руугаа жил бүр л очихыг боддог. Нутагтаа их элэгтэй явдаг юм. Гэхдээ миний бага нас Партизаны сангийн аж ахуйд өнгөрсөн л дөө. Амьдралын минь сайн, сайхан гэрэл гэгээтэй бүхэн минь тэнд өнгөрсөн юм. Олон ч хүмүүс танина. Тиймдээ ч сэтгэлд их ойр дотно л доо. Өссөн торнисон газартаа очихоор аав, ээж ах, эгчтэйгээ байсан сайхан үеүд минь нүдэнд харагдана шүү дээ. Гэхдээ би ах, эгчтэйгээ нэг гэрт тийм ч удаан хамт байгаагүй л дээ. Би ахаасаа 20 насаар дүү. Намайг жаахан байхад л ах, эгч минь айл гэр болоод явчихсан юм. Би хэдий хэнз хүүхэд боловч тийм эрх танхи байгаагүй. Ах, эгч минь аав, ээжид нэг ч алгадуулж үзээгүй нас биенд хүрсэн байдаг юм. Гэтэл би дүрсгүйтэж ээжээсээ их л жавтий хүртдэг байж билээ. Сайхан үе шүү. Сонирхуулахад эгч минь миний ярилцлага өгсөн сонин сэтгүүл юу л байна бүгдийг нь нандигнан хадгалдаг юм.

-Та гэр бүлийнхэнээ танилцуулаач. Ам бүл хэдүүлээ вэ?

-Миний ханийг Түмэнсайхан гэдэг. Телевизийн найруулагч мэргэжилтэй. Хоёр охин, нэг хүүтэй. Том охин маань тавдугаар ангид орно. Харин хүү маань ой гурван сартай. Миний хувьд аавынхаа үүргийг сайн гүйцэтгэж, сайн хань байх юмсан гэж их л бодож явдаг даа. Мөн хамт олныхоо муугүй эд эс нь байж, нийгэмдээ хор хөнөөл болчихгүйгээр хийх ёстойгоо хийгээд л явахсан гэж зорьдог юм.

Categories
мэдээ цаг-үе

П.Баярмагнай: Жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдөр Богд хааныхаа дүрийг бүтээнэ гэдэг ховорхон хувь тохиол

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын дуучин П.Баярмагнайтай ярилцлаа.


-Та Богд хааны дүрийг тайзнаа амилуулж байсан. Энэ дүрийг бүтээх болсон тухай яриагаа эхэлье?

-Би Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын босгыг алхаад хэдийнэ хоёр жил болжээ. Намайг театрт орох үед Богд хааны дүрийг тайзнаа амилуулах зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгч гаргаад байсан юм билээ. Тиймдээ ч надад Богд хааны дүрийг анх удаа тайзнаа бүтээх ховорхон завшаан тохиосон юм. Энэхүү дүр минь надад “Гэгээн муза” наадмын шилдэг эрэгтэй дүрийн шагналыг авчирсан сайхан үйл явдал болсон. Харин одоогоор миний хувьд театрынхаа томоохон бүтээлүүдэд оролцоод явж байна даа.

-Энэхүү түүхэн хүний дүрийг бүтээнэ гэдэг амаргүй байсан болов уу?

-Их театрын тайзнаа Богд хааны дүрийг бүтээх чухал хүнийг олно гэдэг маш хариуцлагатай зүйл учраас сонгон шалгаруулалт явуулсан юм. Би тэрхүү сонгон шалгаруулалтад тэнцэж, энэ их үүргийг хүлээсэн. Богд хааны дүр Монголын ард түмний нүд, чихэнд киноны дүрээр мөнхөрсөн байдаг. Харин тэр агуу хүний дүрийг өмнө нь тайзнаа амилуулж байгаагүй юм билээ. Би Богд хааны дүрийг бүтээх анхны жүжигчин болсон учир маш хүндэтгэлтэй хүлээж авсан.Түүнийг Монголын хамгийн сүүлчийн хаан, тусгаар тогтнол, эв нэгдлийг бий болгогч гэдэг утгаар нь илүүтэй харуулахыг зорьсон доо. Дүрээ судалж, сайн бүтээхийн тулд Ардын жүжигчин П.Цэрэндагва гуайтай хагас жилийн турш ажилласан. Тэрээр “Энэ хүн бол эгэл хүн биш. Монгол орны төлөө эцсийнхээ дусал цусыг хүртэл зориулсан. Монголын төлөө маш их зүйлийг хийж бүтээсэн хүн шүү дээ. Чи үүнийг эд эсээрээ ойлгох хэрэгтэй. Харин чи Богд хааны дүрийг буруу буюу худлаа ойлгож, жүжиглэж, дуулах юм бол насаараа үүрээд баршгүй их зовлонг олно. Хэрэв зээ үнэхээр сайхан тоглож, ард түмнийхээ сэтгэлд үлдээж чадах юм бол дааж давшгүй их аз жаргалыг туулна” хэмээн хатуу бөгөөд үнэн үгийг хэлсэн. Энэ нь маш хүнд ачаа байсан хэдий ч нөгөө талаараа хэн хүнд олдохгүй аз завшаан гэж ойлгодог. Ямартай ч Богд хааны дүрийг өөрийнхөө хэмжээнд амилуулсан. П.Цэрэндагва ахдаа ч маш их талархаж явдаг. Жил бүрийн Тусгаар тогтнолын баярын өдөр Богд хааныхаа дүрийг бүтээнэ гэдэг залуу уран бүтээлчийн хувьд ховорхон хувь тохиол гэж бодож явдаг даа.

-Монгол Улсын Үндэсний урлагийн их театр зуны турш уран бүтээлээ үзэгчдэдээ хүргэсээр байдаг. Театрынхаа сүүлийн үеийн уран бүтээлийн тухай яриач?

-Тэгэлгүй яахав. Манай театр зун амардаггүй ганцхан улсын байгууллага гэхэд хилсдэхгүй болов уу. Мэдээж Монгол Улсын Үндэсний хамгийн том театр гэдэг утгаараа гадна дотны төлөөлөгчдөд бүхий л цаг үед уран бүтээлээ хүргэсээр байдаг. Одоогоор Ази номхон далайн орны уулзалтад ирэх зочдод зориулсан тоглолтоо бэлдэж байна. Мөн театрын маань уран бүтээлчид есдүгээр сарын сүүл мушгин гадаадын томоохон хотууд руу 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй аялан тоглолт хийхээр төлөвлөчихсөн байгаа.

-Театрийнхаа ажлын хажуугаар хувийн уран бүтээл хийх боломж хэр байдаг бол?

– Боломжийг өөрөө гаргах ёстой гэж ойлгодог. Миний хувьд нийтийн дуунд хүч үзэх бодолтой байдаг. Зөвхөн дуурийн дуу гэлтгүй нийтийн дууны архивтай болох нь зөв юм байна аа гэж бодсон юм. Одоогоор гучин минутын кино концерт хийхээр дуунуудаа бэлдчихсэн байгаа. Удахгүй Гавьяат жүжигчин Д.Ширмэнтуяатай шинэ дуугаа дүрсжүүлэх ажилдаа орно. Энэ нь “Морин хуур наадам”-д оны шилдэг дуунуудтай өрсөлдөхүйц, даацтай уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Түүнчлэн Соёлын тэргүүний ажилтан Э.Төрмандахын ээжийнхээ дурсгалд зориулсан дууг дуулахаар болсон. Мөн л дүрсжүүлэхээр зэхэж байна. Энэхүү дууны клипэнд Ардын жүжигчин Д.Мэндбаяр гуай миний ээжийн дүрд тоглож байгаа юм. Энэ сайхан уран бүтээл үзэгч, сонсогчдын маань сонорт тун удахгүй хүрэх болно. Мөн саяхан аравдугаар сард нээлтээ хийх “Зүрхний хилэн” уран сайхны кинонд туслах дүр бүтээлээ. Одоогоор МҮОНРТ-ийн “Эрт нахиалсан сарнай” 30 ангит кинонд эмчийн дүрд тоглохоор зураг авалтдаа ороод явж байна. Ер нь хүн өөрийгөө гололгүй чадах, ядахаараа дайчлах хэрэгтэй гэж боддог доо.

-Та Монгол Улсын гавьяат багш С.Дашиймаагийн шавь билүү?

-Би 2003 онд СУИС-ийн дуурийн дуулаачийн ангид элсэн орж байлаа. Надад дуучин хүн ямар байх ёстой, юу хийж бүтээх хэрэгтэй гээд үнэтэй сургаалыг хайрласан хүн бол гавьяат багш С.Дашиймаа багш минь юм. Хамгийн чухал гэх зүйлийг зааж өгсөн багшдаа маш их баярлаж явдаг даа. Манай ангид мөн л С.Дашиймаа багшийн шавь болон төгссөн Д.Намсрайноров, А.Хосбаяр, Ц.Ариунаа, Э.Бумхүү гээд сайхан уран бүтээлчид бий.

-Та сүүлийн үед томоохон уралдаан тэмцээнд амжилт дүүрэн оролцож байгаа. Хамгийн сүүлд л гэхэд Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн нэрэмжит уралдааны гран при шагнал хүртсэн байсан. Энэ тухайд?

-Би аливаа уралдаан тэмцээнд оролцож, түүнээс нэг ч зүйлийг болтугай сурч мэдэхийг хүсдэг шүү. Хамгийн анх “UBS” телевизийн “Uni¬verse best songs” тэмцээний шилдэг оролцогч болж байсан бол дараа нь ОХУ-д болсон Олон улсын дуурийн дуучдын уралдаанд гуравдугаар байрт орж байлаа. 25 дугаар телевизээс зохион байгуулсан “XX зууны дууг хэн сайн дуулах вэ” тэмцээнээс гранпри хүртсэн. Мөн “Авьяаслаг монголчууд наадам”-ын шилдэг найман оролцогчийн нэг болсон. Миний хувьд тус шоунд ахмад үеийнхний мартагдсан, хуучны сайхан дуунуудыг залуу үеийнхэндээ сануулахыг зорьсон. Яахав аливаа уралдаан тэмцээнд амжилттай оролцох хэрэгтэй л дээ. Гэхдээ миний хувьд зүрх сэтгэл, санаа бодлоо ойлгуулах нь хамгийн чухал байдаг. Түүнчлэн Төрийн соёрхолт Ц.Чинзориг гуайн “Дууны хорвоо” тэмцээнд гуравдугаар байр, хөгжмийн зохиолч Г.Бирваа гуайн 100 насны ойд зориулсан мэргэжлийн дуучдын тэмцээнд тэргүүн байрт орсон сайхан амжилт үзүүлсэн. Их сайхан байна.

Хэдий олон сайхан тэмцээн уралдаанд оролцдог ч надад хамгийн анх оролцож байсан дууны тэмцээн минь хэзээ ч мартамгүй байдаг юм. Би айлын ганц хүү юм л даа. Тиймээс их эрх танхи, багадаа цэцэрлэгт ч явж байгаагүй. Харин намайг долоон настай байхад цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд улсын дууны уралдаан болсон. Би тэрхүү уралдаанд Баянхонгор аймгийнхаа Улсын тэргүүний тавдугаар цэцэрлэгийн нэрийн өмнөөс оролцоод тэргүүн байранд орж билээ. Хажуу айлын минь эгч цэцэрлэгийн багш байсан болохоор цэцэрлэгт явдаггүй намайг тэр уралдаанд оролцуулсан хэрэг. Энэ уралдаанд түрүүлээд их урамшиж, дуучин болно гэж бодож, мөрөөддөг болсон. Би дуугүйгээр энэ амьдралыг хэзээ ч төсөөлдөггүй. Дуу бол миний амьдралын зовлон, жаргал бүхий л зүйлийг туулах ганц зам минь болдог. Өнчин өрөөсөн байна гэдэг тийм ч амар зүйл биш болохоор би дуугаараа л энэ хорвоог зөөллөж явдаг юм. Басхүү би ямар ч дуу байсан үнэн сэтгэлээсээ дуулж бусдад хүргэхийг зорьдог. Учир нь үзэгчид дунд аав, ээж хоёр минь суугаад хүүгээ үзэж байгаа гэдэгт би үргэлж итгэдэг. Тиймээс тэр хоёртоо зориулж маш сайхнаар, чин зүрхнээсээ дуулдаг даа. Мөн хэдий чинээ олон тоглолтод оролцож, төдий чинээ дуу дуулах болгонд ээж, аав минь баярлана хэмээн боддог юм.

-Та Гавьяат тамирчин М.Уранцэцэгийн ах нь байх аа…

-Ер нь бодох нь ээ хүнд учрах, учрахгүйн тавилан гэж байдаг болов уу. Би дөрөвдүгээр ангидаа бүтэн өнчин үлдсэн л дээ. Хэдий асрамжийн газраас намайг авах гэхэд би явж зүрхлээгүй. Тухайн үед надад хамгийн их санаа тавьдаг хүн миний бага ангийн багш минь байлаа. Тиймдээ ч намайг “Миний том хүү болоочээ” гэж байсан. Гэхдээ тэр үед мөн л хүү нь болоод явчихаж чадаагүй. Ингээд багш минь биднийг дөрөвдүгээр анги төгсгөөд Баянхонгороос Улаанбаатар хот руу шилжсэн. Хэдий Баянхонгороос явсан ч үргэлж намайг асууж, сураглаж, миний араас маш их санаа нь зовдог байсан даа. Миний хувьд тэр хүний энэ их агуу сэтгэлийг хүндэтгэхгүй байхын аргагүй санагдсан. Тиймдээ ч нэг хэсэг хамаатан садан, найзуудындаа байж байгаад хот руу орж ирсэн юм. Ингэж л ээжтэйгээ эргэн уулзах ерөөл бүрдсэн дээ. Ээжийнхээ хүү нь болох учир ерөөлтэй байж дээ хэмээн боддог юм. Тэр цагаас эхлэн ээж хэмээн дууддаг болсон. Басхүү би ээжээсээ салахаа больж, ээж маань ч надад илүү анхаарал тавих болсон юм. М.Уранцэцэг гээд дүү нар минь ч намайг ах шигээ хүндэлдэг. Ямартай ч ээжийнхээ намайг гэсэн харамгүй хайр энэрлийг хүндэлснээр би өдий зэрэгтэй явна хэмээн боддог шүү.

-Та гэр бүлээ танилцуулаач. Ер нь хэр сайн аав бэ?

-Манайх ам бүл дөрвүүлээ. Би хүү, охин хоёртой. Манай гэр бүл Баянхонгор аймагт байдаг. Би хотод ирээд хоёр жил болж байна. Гэр бүлээсээ хол байна гэдэг амаргүй л дээ. Ер нь гэр бүлдээ тавих анхаарал халамж минь маш бага байдаг. Тоглолтоор явж байх үед минь эхнэр минь амаржиж байсан удаа ч бий. Өөрийгөө их муу аав гэж боддог доо. Ямартай ч маш хатуу хэрнээ сайхан мэргэжлийг минь ойлгож, зовлон жаргалыг хамтдаа туулж байгаа ханьдаа үнэхээр их баярлаж явдаг шүү.

Categories
мэдээ цаг-үе

Г.Пүрэвдагва: Эзнээ олсон, сайн уран бүтээл яван чангардаг юм байна

Увертюра”-ын ахлагч Г.Пүрэвдагватай ярилцлаа.

-Энэ жил “Увертюра” хамтлаг шинэ цомгоо гаргаж, 21 аймгаар аялан тоглолт хийсэн гээд уран бүтээлийн олз омог ихтэй байгаа. Харин одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-“Увертюра” хамтлагийн хувьд энэ жил уран бүтээлийн олз омог арвинтай, сайхан байна. Бид Монгол бөхийн өргөөндөө бие даасан хоёр дахь “Монгол минь” хэмээх цомгийнхоо баярыг хийсэн. Үүний зэрэгцээ залуу малчдыг дэмжих аян өрнүүлсэн л дээ. Манай хамтлаг энэхүү аяны хүрээнд 21 аймгаар аялан тоглолт хийж “Монгол минь” цомгийн нээлтийн үеэр цугларсан орлогоо залуу малчдадаа хандив болгон өгсөн. Хандиваа аймаг бүрээс шалгарсан залуу малчдадаа мөнгөн хэлбэрээр бус, тус бүр тавин төлөг бэлэглэсэн. Залуу малчид маань баярласан талархсанаа илэрхийлсээр байгаад бид баяртай байна.

2019 онд манай хамтлагийн 10 жилийн ой болно. Иймд бид ойгоо угтаж энэ намраас шинэ уран бүтээлүүд дээрээ түлхүү ажиллахаар зэхэж байгаа. Тиймээс одооноос эхлээд төлөвлөгөөний дагуу ойдоо зориулсан ажлуудаа хийж эхлэх юм. Арван жилийн хугацаанд “Увертюра” хамтлаг юу хийж, бүтээсэн бэ гэдгээ тайлагнана гэж ойлгож болох юм. Харин уран бүтээлийн тухайд Монголд минь байдаг олон ястнууддаа зориулсан бүтээл хийхээр зэхэж байна. Ястнуудын онцлог, зан заншил, ахуй амьдралыг харуулсан уран бүтээлүүдийг хийе гэж зорьж байна. Одоогоор цаатнуудын тухай “Самгалдай” хэмээх дууг дуулахаар бэлтгэл ажилдаа орчихсон байгаа. Гэхдээ багагүй ярвигтай байх шинжтэй. Манай хамтлаг поп опера чиглэлээр дуулдаг шүү дээ. Тэгэхээр поп оперо чиглэлээр дуулдаг, дуурийн тавимал хоолойн дээр үндэсний, язгуур урлагийн шинжийг оруулах нь тийм ч амар биш юм. Гэхдээ мэдээж аль, аль хэв маягаа уусгаж, шигтгэж сайхан уран бүтээлүүд гаргах болно. Бид маш олон мэргэжлийн уран бүтээлчидтэй хамтарч судалгаа хийсний үндсэн дээр энэ ажлаа эхлүүлсэн. Цаашдаа захчин, урианхай, дарьганга гээд үргэлжлүүлээд явна.

-Өнгөрсөн онд “Надад үлдсэн найз” хэмээх мюзикл тавьж байсан. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар тэргүүтэй жүжигчид оролцон тоглосон энэ мюзиклд “Увертюра” хамтлагийнхан ч багагүй жүжиглэх авьяастай гэдгээ харуулаад амжсан. Энэ мюзиклийнхээ тухай яриач?

-Жүжигчин байна гэдэг, жүжиглэх ур чадвартай байна гэдэг амаргүй. Гэхдээ бид Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар, моно жүжгийн чиглэлээр уран бүтээл туурвидаг Ц.Баясгалан гээд чадварлаг уран бүтээлчидтэй хамтарсан учраас маш их тус дэм болсон. Зохиолын хувьд орчин үеийн залуус руу чиглэсэн. Найз нөхдийн нандин холбоо, үерхлийн мөн чанар төдийгүй эх хүний үрээ гэсэн сэтгэл зэргийг харуулдаг. Үг, утга аялгуу зэрэг нь зохицож чадсан уран бүтээл болсон гэж ойлгож байгаа. Бид энэхүү “Надад үлдсэн найз” хэмээх мюзиклээ энэ ондоо дахин сэргээж тавих бодолтой байгаа.

-“Увертюра” хамтлаг анх хэрхэн байгуулагдаж байв?

-Бид 2005 онд Хөгжим бүжгийн коллежид дуурийн гоцлол дуулаачийн ангид орж байсан юм. Харин манай хамтлагийн Ганбаатар 2009 онд хамтлаг байгуулах санаа гаргасан юм. Ингээд нийлдэг дөрвөн найздаа хэлснээр хамтлаг маань байгуулагдсан. Манай хамтлаг эхлээд тавуулаа байсан л даа. Одоо нэг найз маань Багахангай дүүргийн Соёлын төвийн даргаар ажиллаж байгаа. Бид хамтлагаа байгуулаад найм, үерхэж, нөхөрлөөд 12 жилийг ардаа орхижээ. Хамтлагаа байгуулчихаад, оюутан ахуйн дэврүүн сэтгэлээр дүүрэн явах үед минь Хөгжим бүжгийн коллежийн Б.Сүхээ багш маань хамтлагийн нэр, уриалга, зохион байгуулалт, бүтэц зэргийг гаргаж байлаа. “Увертюра” гэдэг нь удирдтгал хөгжим, номоор бол өмнөх үг гэсэн үг. Аливаа зүйлийн эхэнд яваарай гэж энэ нэрийг өгсөн. Тиймдээ ч бид эхлэл нь байхын тулд мэрийдэг. Мөн байгуулагдсан цагаас минь эхлэн “Анир” студийн хөгжмийн найруулагч Алтанхуяг ах маань продюссероор ажиллаж байна. Төрийн соёрхолт, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам ах урлагийн хүний ёс зүй болоод ямар уран бүтээл дуулах, туурвих ёстой талаар зааж зөвлөдөг дөө. Ер нь анзаараад байхад биднийг хүрээлэн байгаа хүмүүс минь зөв залж чиглүүлж, бид ч өөрсдөө зөв зүйтээ нөхөрлөж ирсэн юм болов уу даа. Үүнд их баярлаж явдаг юм.

-Яагаад поп опера чиглэлээр дуулах болсон юм бэ?

-Биднийг оюутан байх үед поп опера чиглэлээр дуулдаг Нюьанс”, “Классик жем” зэрэг хамтлагууд их гоё гарч ирж байсан. Тиймээс бид тэдэн шиг чадварлаг хамтлаг болохыг хүссэн. Одоо үзэгч, сонсогчид маань их гоё хүлээж авдаг болж байна. Мөн энэ чиглэлээр болон бидний дууг дуулдаг уран бүтээлчид, хамтлагууд бий болжээ. Тухайлбал, Өмнөдмонголд “Жалам хар”, “Адуучин” зэрэг хамтлагууд байдаг. Биднийг очиход зорин ирж уулзаж байлаа. Мөн Улан-Үдэд манайхтай адил стилиэр дуулдаг төдийгүй “Жамаас”, “Тэнгэрийн хүү”, “Өнө мөнх орон” зэрэг дууг минь дуулдаг юм билээ. Түүнчлэн 21 аймгаар аялан тоглолт хийгээд явж байхад ч тийм хамтлагууд таарч байсан. Үүнд бид их баяртай байгаа. Арван жилийнхээ ойн босгон дээр их сайхан хүрээлэлтэй болжээ гэж ойлгож байгаа юм.

-Хамгийн анхны уран бүтээл тань ямар дуу байсан бол?

-Чингис хааны одонт, Төрийн шагналт, УГЗ Б.Шаравын аялгуу, Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон” дуу бол бидний анхны уран бүтээл л дээ.

-“Жамаас” дууг сонсогчид одоо ч сонсох дуртай байдаг. Энэ уран бүтээл хэрхэн бүтэж байв даа?

-Манай хамтлагийг дуулахаас хоёр жилийн өмнө “Жамаас” дууг Д.Сосорбарам ах дуулж байсан. Харин 2011 онд Д.Сосорбарам ах та хэд энэ дууг дуулвал яасан юм гэсэн. Үүнээс өмнө Со ахтай хэд, хэдэн уран бүтээл дээр хамтран ажиллачихсан байсан л даа. Ингээд 2012 онд “Удиртгал” нэртэй цомогтоо оруулсан юм. Тухайн үед бид нар “Хөгжмийн найруулга нь гоё юм, үг нь даанч хүнд юм. Со ахад өөрт нь их зохидог шүү” гэх мэтийн юм яриад л явж байлаа. Гэтэл цомогтоо оруулснаас хойш хүмүүст маш сайн хүрч эхэлсэн. Эзнээ олсон, сайн уран бүтээл яван чангардаг юм байна. Бид одоог хүртэл хаана ч дуулсан сонсогчид маань маш сайхан хүлээж авдаг.

-Энэ хугацаанд “Удиртгал”, “Монгол минь” нэртэй хоёр цомог гаргасан байна. Үүнээс харахад ихэнх уран бүтээл тань эх орны сэдэвтэй байх шиг санагддаг…

-Тийм шүү. Манай хамтлагийн дийлэнх уран бүтээл эх орны сэдэвтэй байдаг. Багахан хэсэгт эхийн тухай дуу багтдаг юм. Харин дуучдад ихэвчлэн хайрын тухай дуу байдаг бол манай хамтлагт нэг ч хайрын дуу бас аавын тухай дуу байдаггүй юм билээ. Бидний зүгээс хайрын сэдэвтэй дуу зохиож өгөөчээ гэсэн саналыг уран бүтээлчдэдээ тавьсаар л байгаа. Гэхдээ гадна дотны, хөдөө орон нутгийн хөгжмийн зохиолчид, яруу найрагчаас уран бүтээлийн багагүй санал ирдэг. Тэр дунд ихэвчлэн эх орны сэдэвтэй дуунууд байгаа юм.

Ямартай ч гадны орнуудад аялан тоглолт хийгээд явж байхад тэнд ажиллаж, амьдардаг монголчууд эх орны сэдэвтэй дуунуудыг минь сонсоод маш их огшдог. Тоглолт эхлээд удаагүй байхад л уйлдаг шүү. Бидний хувьд ч уран бүтээлээ хүний сэтгэлд хүртэл дуулахын тулд маш их хичээдэг дээ. Ер нь манай хамтлаг уран бүтээлдээ тоо гэхээсээ илүү чанарыг эрхэмлэдэг юм. Гэхдээ сүүлийн үед сайн, муу нь ялгагдахгүй маш олон дуучид гарч ирж байна. Сошиалаар болон фм-үүдээр үй зайгүй дуугаа цацаад л гаргах болж. Харин онцлууштай нь манай үзэгч, сонсогчид урлагийг ойлгодог, мэдэрдэг болсон байна. Хэн нь ам бариад, муу уран бүтээл хийгээд байгааг ялгаж, салгадаг болжээ. Үүнд их баярлаж байгаа.