Categories
мэдээ цаг-үе

Б.Эрдэнэбулган: Рентгенээр харна гэдэг нь цацраг туяагаар шарж байна л гэсэн үг

Саяхан Монголын радиологийн нийгэмлэг, Мэргэжлийн хяналтын байгууллага хамтран Дүрс оношлогооны эмч, техникчдийн үндэсний чуулганыг зохион байгуулсан билээ. Энэхүү чуулганаар ямар асуудлууд хэлэлцсэн талаар Монголын радиологийн нийгэмлэгийн нарийн бичгийн дарга, Хавдар судлалын үндэсний төвийн Интервенционал радиологийн эмч, доктор Б.Эрдэнэбулгантай ярилцлаа.


-Дүрс оношлогооны эмч, техникчдийн үндэсний чуулганаар ямар асуудлууд хэлэлцэв?

-Монголын радиологийн нийгэмлэг 22 дахь чуулганаа хийлээ. Радиологи гэдэг нь дүрс оношлогоо, компьютер томографи, эхо рентген зэрэг аппаратын оношилгоог нийтэд нь хэлж байгаа юм л даа. Ямартай ч энэхүү чуулганд 21 аймагт үйл ажиллагаа явуулдаг улсын болон хувийн эмнэлгийн эмч нар, рентген техникч, гадны зочид төлөөлөгчид оролцож мэдлэгээсээ хуваалцсан. Энэ удаагийн чуулганаар хүүхдийн оношлогооны асуудлыг хөндөж ярьсан байгаа. Дүүргийн болон хувийн эмнэлгүүд бага насны хүүхдүүдийг рентгенд их харж байна. Энэ асуудал их хурцаар яригдлаа. Мөн улсын эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа аппарат, техникийн шинэчлэлтийн асуудлыг хөндсөн. Түүнчлэн чуулганаар цөмийн онош зүйн талаар хурал болсон. Энэ мэт асуудлыг чуулганаар ярилцсан.

-Хүүхдүүдийг рентгенд их харж байна гэлээ. Хүйтэн, сэрүүний улиралд хүүхдүүд ханиад хүрч, хатгаа тусах нь элбэгшдэг. Энэ үед эмнэлгийн байгууллагууд рентгенд харуулах шаардлагатай гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн зохицуулах шаардлагатай бол?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Олон улсын цөмийн энергийн агентлагаас рентген аппаратын зураг авах, рентген харалт, компьютерт томографийн шинжилгээнд 0-5 насны хүүхдийг оруулахгүй байхаар зөвлөмж гаргасан байдаг. Учир нь рентген туяаны ачаалал нь бага насны хүүхдэд маш хортой. Дархлалын тогтолцоог маш их дарангуйлдаг. Мөн булчирхайлаг эрхтнүүд рентгенд маш мэдрэг байдаг. Рентгенээр харна гэдэг нь цацраг туяагаар шарж байна л гэсэн үг шүү дээ. Тэгэхээр багаасаа л дархлалын тоглолцоо суларна. Булчирхайны үйл ажиллагаа алдагддаг. Гэтэл манайд өвлийн улиралд амьсгалын замын өвчин ихэсдэгтэй холбоотойгоор цээж рентгенд харуулах тохиолдол улам ихэсдэг. Эмнэлэгт хэвтэхэд нь, хэвтэж байх үед нь, гарахад нь рентгенээр хараад байдаг. Үндсэндээ хэдхэн хоногийн дотор л гурав, дөрвөн удаа рентгенд харуулдаг. Энэ нь ДЭМБ-аас гарсан дээрх зөвлөмжтэй зөрчилдөөд байгаа юм.

Иймээс эцэг, эхчүүд маань бага насны хүүхдээ олон удаа дээрх шинжилгээнд оруулахгүй байх, баталгаажсан стандарт, тун хэмжээ нь хэвийн үйлчилгээтэй эмнэлэгт хамруулах, эмнэлгээс эмнэлэг рүү шилжихэд рентген бүхий шинжилгээнд давтан оруулахгүй байх зэрэг нь хамгийн чухал. Түүнчлэн хүүхдийн эмч нарын мэдлэгийн түвшинг сайжруулах хэрэгтэй. Өмнө нь эмч нар маань заавал рентгенд харалгүйгээр чагнуураар л оношлочихдог байсан. Энэ аргаар оношлоод, эмчлээд болоод л байсан. Тэгэхээр эмнэлзүйн бодит үзлэгийг сайжруулснаар энэ асуудал шийдэгдэх боломжтой. Хэтэрхий их техникт хамааралтай, техникт найддаг болчихсон байна л даа. Зарим төрлийн техник, технологи, эм, тан бол хор болдог аюултай шүү дээ. Тиймээс бид үүнээс татгалзах хэрэгтэй юм.

-Насанд хүрсэн хүмүүст ч рентген туяа хор нөлөөтэй юу?

-Тэгэлгүй яахав. Рентген үүсвэртэй шинжилгээнд ороход тодорхой хэмжээгээр дархлааг нь сулруулж байдаг. Ядарсан байхад нь дархлааг нь сулруулаад байвал өвчин нь улам л гаарна гэсэн үг. Тэгэхээр манайд нэг асуудал байна л даа. Улсын эмнэлэгт үзүүлж байгаа хүн маш олон шинжилгээ өгдөг. Харин улсын эмнэлэг ачаалал ихтэй учир зарим тохиолдолд өвчтөнүүд хувийн эмнэлэг рүү шилждэг. Гэтэл хувийн эмнэлгийн зүгээс “Бид улсын эмнэлгийн шинжилгээг авахгүй. Бид өөрсдийнхөө хийсэн шинжилгээн дээр үндэслэнэ” гэдэг. Дахиад л рентген, компьютер томографи, цусны шинжилгээг өгдөг. Энэ бүхэнд л эрсдэл үүсч байдаг. Тэгэхээр хийсэн шинжилгээг хаана ч очсон хүчинтэй байх тал дээр анхаарах ёстой. Энэ хурлыг бид саяын чуулганаараа онцлон хэлэлцсэн.

Гэхдээ нэг зүйлийг онцлох нь зүйтэй байх. Бүх зүйлийг эмч, эмнэлгийн ажилтанд тохож болохгүй. Үүнд хувь хүний эрүүл мэнддээ тавих анхаарал халамж чухал. Өөртөө болон хүүхдэдээ ч гэсэн. Ханиад томуу, хатгаа, хоол боловсруулах эрхтний өвчлөл зэргээс хэрхэн сэргийлж болох талаар маш их зөвлөгөө заавар бий шүү дээ. Мөн 40-өөс дээш насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орж байх хэрэгтэй.

-Эхо үзлэг ч гэсэн хор нөлөөтэй юу?

-Рентген аппарат, хөхний томографи, харалтын аппарат, компьютер томографи зэрэг нь рентген туяагаар оношлогоо хийдэг. Харин эхо маань хэт авиа. Хор нөлөө нь харьцангуй бага. Хүний чихэнд сонсогдохгүй хэт авиан тусламжтайгаар биеийг нэвтэлдэг. Мөн MRI буюу соронзон резонанст томографи нь мөн адил хүний биед хор нөлөө багатай дүрсийн оношлогоонд тооцогддог.

-Чуулганы үеэр дүрс оношлогооны техникийн талаар хөндөж ярьсан гэсэн. Энэ тухайд?

-Би Эрүүл мэндийн яамны Дүрс оношлогоо, радиологийн мэргэжлийн салбар зөвлөлийн даргын албыг хашдаг юм. Тиймээс Монгол Улсад байх радиологийн багаж, төхөөрөмжийн тухай багагүй мэдээлэл бий. Ерөнхийдөө хувийн эмнэлгүүдэд шаардлага хангасан радиологийн тоног төхөөрөмж байдаг. Харин улсын эмнэлгүүдэд харилцан адилгүй. Хавдар судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёрдугаар эмнэлэгт компьютер томографи байдаггүй. Тийм учраас өвчтөнүүд заавал хувийн эмнэлэгт очиж шинжилгээ хийлгэх шаардлага гардаг. Харин нийт 15 аймагт компьютер томографи байдаг. Гэтэл эдгээр аймгууд энэхүү техник хэрэгслээ бүрэн хүчин чадлаар нь ажиллуулж чадахгүй байгаа. Үүнд боловсон хүчний чадамж, зургийг нь уншдаг эмчийн нөөц бололцоо бага байдаг. Томографийн шинжилгээ хийлгээд ирдэг л дээ. Гэхдээ тэр нь шаардлага хангаагүй байх нь олонтаа. Тийм тохиолдолд дахиад л шинжилгээнд орох шаардлага гарна. Дахиад л хордоно. Тэгэхээр оношлогооны чадамжаа нэн тэргүүнд сайжруулах хэрэгтэй. Ер нь орон нутагт өдөрт гурваас дөрвөн хүн л компьютер томографийн шинжилгээ хийлгэдэг. Харин компьютер томографи байхгүй улсын эмнэлэгт өдөрт 80-100 хүн ирж байгаа. Үүнээс үүдэн маш их зардал, чирэгдэл үүсч байна шүү дээ. Ийм асуудлыг дотооддоо шийдэх бүрэн боломжтой. Түүнээс гадна улсын эмнэлгүүдэд ашиглагдаж байгаа зарим аппарат, техникийн шинэчлэлтийн асуудлыг чуулганы үеэр ярилцсан. Тэдгээр аппаратуудын рентген цацрагийн тун хэмжээ өндөр байгаа. Үүнээс үүдэн эмчлүүлэгчид цацрагийн туяанд хордож байна. Мөн шаардлага хангахгүй аппаратаар үзлэг хийхэд оношийн алдаа их гардаг. Энэ бүгдэд зохион байгуулалтын асуудал хэрэгтэйгээс гадна төр зөв менежмент хийж өгөх нь чухал юм.

-Цөмийн онош зүйн тухай яриач?

-Цөмийн онош зүйн тасаг Улсын нэгдүгээр эмнэлэгт байдаг. Хавдар судлалын үндэсний төв дээр цөмийн туяа эмчилгээний тасаг байдаг юм. Нэг нь оношилж, нөгөө нь эмчилнэ. Цөмийн цацраг идэвх бүхий аппаратыг ашигладаг л даа.

Цөмийн онош зүй нь сүүлийн үед их хөгжиж байгаа салбар. Хавдар нь бусад эрхтэнд үсэрхийлж байгаа эсэхийг үзэж оношлох боломжтой. Мөн мэс заслаар эмчлэгдэхгүй өвчтнүүдэд туяаг ашиглан шарх эмчилгээнүүдийг хийдэг. Мэдээж мэс заслын эмчилгээ хийх боломжгүй гэхээр гурав, дөрөвдүгээр үе шатандаа орсон гэсэн үг. Тархи, уушиг, хөх, эмэгтэйчүүд, ясны хавдар зэрэгт шарлага эмчилгээг хийж байгаа. Мэс ажилбар шиг төгс эмчилгээ болж чадахгүй. Гэхдээ туяа эмчилгээ хийснээр амьдралын чанарыг уртасгах боломжтой.


Categories
мэдээ цаг-үе

Д.Түвшинтөр: Би угаасаа хоолоо сойдог

Холбоотой Зураг

“Эмоци” продакшны захирал, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Д.Түвшинтөртэй ярилцлаа.


-Та 25-дугаар суваг телевизийн “21000” реалити шоунд оролцож байгаа. Шоуны талаарх сэтгэгдлээ хуваалцаач?

-Мэдээж реалити шоу нэвтрүүлэг учраас өрсөлдөх ёстой. Гэхдээ миний хувьд нэвтрүүлэгт түрүүлэх бодол байхгүй. Мэдээж “Жаран чавганц уралдвал нэг нь түрүүлдэг” шүү дээ. Та бүхэн нэвтрүүлгийн дундаас мэдэх байх л даа. Эмэгтэй хүн ямар арвич, хямгач, аливаад яаж ханддаг вэ гэдгийг харна байх. Мөн эрэгтэй хүн хэр үрэлгэн бэ гэдгийг ч бас харна. Ер нь эмэгтэй хүнтэй өрсөлдөх амаргүй юм билээ. Харин хоёр эрэгтэй хүн өрсөлдвөл боломжтой юм шиг санагдаж байлаа.

-Хүссэн зүйлээ идэж чадахгүй байх ямар байна вэ?

-Би угаасаа хоолоо сойдог. Учир нь их таргалахыг хүсдэггүй. Таргалснаар зүрх өөхөлдөг. Үүгээр ч тогтохгүй бүхий л өвчлөлтийн үндэс суурь нь таргалалтаас бий болдог гэж ойлгодог. Тэр утгаараа би хоолыг маш сайн сойж чаддаг. Тиймээс 25-дугаар суваг телевизийн “21000” реалити шоунд оролцоод айхтар өлсөөд байгаа юм алга.

-Хоолны дэглэмийнхээ тухай сонирхуулаач. Илүүдэл жингээс айдаг, зөв хооллолтыг эрхэмлэдэг хүмүүс сонирхох нь дамжиггүй…

-Би урлагийн хүн учраас үргэлж дэлгэц, тайзны өмнө гарч байдаг. Тэгэхээр биеийн формыг барихыг эрхэмлэдэг юм. Тийм ч айхтар бусдад зөвлөхөөр хоолны нарийн дэглэм бариад байдаггүй. Яахав өдөр сайн хоол иддэг. Заримдаа идэхгүй үе ч байна. Ер нь их цадталаа иддэггүй. Үргэлж чихээд байхгүй. Бас мэдээж өлсөж, цангаад яваад байна гэж юу байхав.

-“Эмоци” продакшны уран бүтээлчид энэ намар шоу тоглолт, кино гээд олон сайхан уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барьж байгаа. Ер нь хэр амжилттай үргэлжилж байна вэ?

-“Эмоци” продакшн энэ намрын шоу тоглолтоо үзэгчдэдээ өргөн барьсаар байна. Сезоны тоглолт ч гэж ярьдаг л даа. Ямартай ч наймдугаар сарын 25-наас эхлэн үзэгчдэдээ хүргэж байгаа “Гоё өдөр” хэмээх шоу тоглолт маань амжилттай үргэлжилсээр байна. Тоглолттой зэрэгцээд “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны киноныхоо нээлтийг энэ сарын 8-нд хийсэн. Кино театр, Соёлын төв өргөөгөөр зэрэг, зэрэг л уран бүтээлүүд маань үзэгчдэд хүрч байна даа.

-Шинэ уран бүтээл хийхээр төлөвлөж байгаа болов уу?

-Одоогоор шинэ уран бүтээлээ хараахан төлөвлөж амжаагүй байна. Харин “Гоё өдөр” шоу тоглолтоо орон нутгийнхаа үзэгчдэд хүргэхээр бэлдэж байгаа. Соёлын төв өргөөнд гарч байгаа тоглолт маань энэ сарын 27-нд өндөрлөх юм. Ингээд 28-наас эхлэн Багануур, Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Сайншанд, Бор-Өндөр, Чойр луу явна. Харин дараа нь хойшоогоо Сэлэнгэ, Эрдэнэт, Дархан гэсэн маршрутаар явах юм. Орон нутаг дахь аялан тоглолтоо өндөрлөөд арваннэгдүгээр сарын эхэн үеэр Өмнөдмонголд очиж “Гоё өдөр” шоугаа тоглоно. Ингээд л залгуулаад шинэ жилийн баярт зориулсан нэвтрүүлгүүдийн зураг авалт эхэлнэ байх.

-Та хошин урлагийн тайзтай холбогдоод хичнээн жил болж байна вэ?

-Сургуульд сурсантайгаа нийлээд 20 жил болж байгаа юм байна шүү дээ. Би 1997 онд СУИС-ийн кино, драмын ангид элсэн орж байлаа. Г.Нарансолонго маань ч гэсэн хамт элсэн орж байсан. Манай ангийг Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж багш дааж авсан юм. Нэгдүгээр курсээсээ эхлээд л шоу урлаг яаж үзэгчдэд хүрдэг талаар мэдэж, бага багаар сурч эхэлсэн дээ. Мөн оюутан байхдаа тайзны ард бужигнаж, олны хэсэгт ч тоглох үе гарна. Энэ бүгдтэйгээ нийлээд яалт ч үгүй 20 жилийн амьдрал минь тайзтай салшгүй холбоотой байсаар ирсэн байна.

-Таныг жүжигчин болохын тулд хоёр ч удаа конкурс өгч байсан гэж сонссон юм байна. Ер нь таныг жүжигчний мэргэжлийн юу нь ингэтэл нь их татсан юм бэ?

-Би багын хоёрхон л мөрөөдөлтэй хүүхэд байсан юм. Сансрын нисгэгч, эсвэл жүжигчин болох гэсэн л хоёр мөрөөдөлтэй. Харин дийлэнх бодол нь жүжигчин болохын төлөө хүсэж, тэмүүлж л дээ. Гэхдээ аравдугаар ангиа төгсөөд жүжигчнээс тэс ондоо мэргэжлээр сурсан. Түүндээ хүсэл, сонирхол байхгүй учраас орхисон л доо. Харин намайг 1996 онд бурхны оронд одсон Аси ах маань бэлдэж өгсөн юм. Тухайн үед М.Баярмагнай тэргүүтэй хэд, хэдэн жүжигчид элсэж орж байсан юмдаг. Гэхдээ би тэр жил тэнцэж чадаагүй. Гэтэл Аси ах маань “Зүгээрээ. Дараа жил маш мундаг, том найруулагч анги дааж авна. Тэгэхэд л тэнцчихвэл болно шүү дээ” гэж хэлж байсан. Тэр үг нь одоо ч гэсэн бодогддог юм. Ямартай ч ах минь алсыг харж, зөв хүний гарт халуун чихийг минь атгуулж дээ гэж баярлаж суудаг юм даа. Аси ахдаа болон Найдаа багшдаа үргэлж баярлаж явдаг. Миний өдий зэрэгтэй яваа минь Найдаа багшийн минь л гавьяа.

-Мөн таныг Ч.Найдандорж гуай “Х-ТҮЦ” продакшны босгоор алхуулсан гэдэг билүү?

-Тэгэлгүй яахав. 2001 онд төгсөөд л удаагүй байхад Найдаа багш маань “Хүрч ирж ажилдаа ор” гэж билээ. Тухайн үед “Х-ТҮЦ” продакшны захирал ч байлаа шүү дээ. Шавь нараасаа энэ л хошин урлагаар явах байх даа гэж харж байсан юм шиг байгаа юм. Миний хувьд гуравдугаар курст орсон жилээ Ш.Доржсүрэн буюу Дооёо ахын оронд их тоглодог байлаа. Дооёо ах Герман луу найруулагчаар сурахаар явж байсан үе л дээ. Тэрийг ч Найдаа багш эртнээс мэдсэн шиг байгаа юм. Амралтаараа ирээд л “Х-ТҮЦ”-ийн тоглолтыг хараад сууж байтал “Дооёогийн тоглолтыг сайн харж авна шүү. Удахгүй явна. Оронд нь чи гарна” гэсэн. Миний хамгийн их туршлага хуримтлуулсан үе бол яах аргагүй Дооёо ахын оронд тоглож байсан үе л дээ.

Энэ үеэс эхлээд л “Х-ТҮЦ” продакшныхаа олон ч уран бүтээлд оролцон тоглосон. Продакшны маань олон сайхан бүтээлүүд бий. Тэр дундаа дэлгэцийн сайн бүтээлүүд байдаг. Түүний нэг нь яах аргагүй “Сэргээш-1, 2, 3” гэж боддог. Эргээд үзэхэд хамгийн их дурсамжтай басхүү хөдөлмөр шаардсан бүтээл дээ. Өнөөдрийн энэ өндөрлөгөөс харахад манай “Сэргээш”-ийг гүйцсэн хошин урлагийн дэлгэцийн бүтээл үнэндээ алга. Үнэхээр гайхалтай, дахин давтагдахааргүй бүтээл болж чадсан гэдэгт эргэлздэггүй. Тэр сайхан бүтээлд дүрээ мөнхөлсөн гэж бодохоор их сайхан санагддаг шүү.

-Та “Сайн, муу, хэрцгий гурав” хэмээх дэлгэцийн бүтээлд тоглож байсан. Таны хувьд эсрэг дүрд тоглоход ямар санагдсан бол?

-“Эсрэг дүрд сайн тоглож чадна, сурна гэдэг бол жүжигчин хүний авьяас, чадварыг улам өнгөлж байдаг. Ер нь хэдий адгийн муу хүн байлаа ч нэг сайн чанар байдаг юм шүү дээ” гэж мөн л бурхны оронд одсон Ардын жүжигчин Б.Дамчаа гуай хэлж байсныг ихэд олзуурхан сонсож байсан юмдаг. Тэгэхээр хэдий муу дүрд тоглож байгаа ч түүний сайн тал нь юу байна гэдгийг анзаарах нь чухал юм шиг. Амьдрал дээр ч тэр ямар ч муу хүн байсан нэг сайн чанар цухуйдаг шүү дээ. Цайлган, өглөгч, хүүхдүүдийг хайрладаг, эмэгтэй хүнийг хүндэлдэг гээд сайхан чанарууд нуугдаж л байгаа. Үүнийг нь л дүрээ бүтээхдээ олж харах хэрэгтэй юм билээ л дээ. Надад бол эсрэг дүр бүтээх амаргүй юм шиг санагдсан. “Сайн, муу, хэрцгий” уран сайхны кинонд тоглохын сацуу зургийн даргын ажлыг хариуцсан юм. Дүрээ ч бодох хэрэгтэй, даасан ажлаа ч амжуулах гээд их л завгүй, нөр их ажилтай өдөр, хоногууд байсан санагдаж байна. Энэ мэтчилэн жүжиглэхийн сацуу ганц, хоёр кинон дээр ажиллаж үзсэн. Өнгөрсөн оны шинэ жилээр үзэгчдэд хүрсэн “Гацуурхан” хэмээх дэлгэцийн бүтээлд өөрийн тоглох хэсгээ телевизийн багтай хамтарч найруулсан. Хүнийг яаж инээлгэх вэ, логик дараалал нь ямар байвал зүгээр вэ гээд их л зүйл бодох шаардлага гардаг юм билээ дээ.

-Аль нутгийнх вэ. Зуны дэлгэр цагт нутаг усаа зорьж амжив уу?

-Би Өврийн сайхан хангай нутгийн хүн л дээ. Саяхан Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нэгдүгээр арван жилийн тавин жилийн ой тохиолоо. Манай ангийнхан ойгоо тэмдэглэхээр нутаг руугаа зорьцгоолоо. Ангийнхан маань намайг явсангүй гээд тун дурамжхан байна шүү. Ямартай ч багштайгаа утсаар ярьж ойн мэндийг хүргэсэн. Ой арга хэмжээ өргөн дэлгэр, их сайхан болж байна гэсэн мэдээ л чих дэлсэж байна даа. Хэдий явмаар байв ч тоглолтоо орхиод явж болохгүй. Урлагийнхан “Гутлаа тайлах” гэж ярьдаг юм даа. Тэр нь ар гэрт нь ямар ч асуудал гарч, ээж, аав нь хорвоогоос одсон ч тайзнаа гарах ёстой гэсэн үг л дээ. Урлаг ийм л хатуу хуультай.

-Гэр бүлээ танилцуулаач?

-Манайх ам бүл тавуулаа. Би гурван сайхан хүүтэй хүн.

-Урлагаас өөр сонирхлыг тань татдаг, цаг заваа зориулдаг зүйл бий юү?

-Яг үнэнийг хэлэхэд өөр зүйлд сатаарах цаг зав тун бага олдох юм. Тоглолтын хажуугаар орон нутгийн тоглолт, Өмнөдмонгол руу явах асуудал гээд өдөр болгон л янз бүрийн ажил ундарч байна.

-Ингэхэд та уурлаж бухимдсан, стрессдсэн үедээ өөрийгөө хэрхэн тайвшруулдаг вэ?

-Ганцаараа тамхи нэрээд л суувал тайвширна шүү. Гэхдээ би аливаа зүйлд “сугаа өргөдөг” болчихсон. Жижиг, сажиг зүйл дээр хэрүүл маргаан гарвал хэдий миний буруу биш ч уучлал гуйгаад л өнгөрдөг. Ингэснээр би өөрийгөө тайван байлгаж байгаа юм. Хүнтэй хэрүүл маргаан хийлээ гээд надад аз жаргал, амар тайван байдал ирэхгүй нь лавтай. Тийм учраас сониныхоо уншигчдадаа ч гэсэн хэлэхэд аливаа зүйлийг дэвэргэж байснаас “сугаа өргөөд” л өнгөрөөчих хэрэгтэй шүү. Ер нь хэн хэнийгээ уучилж амьдрах, аядуу тайван байх чинь сайхан шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

А.Гэрэлцэцэг: Одоо хувийн амьдралдаа анхаарал хандуулна

“Маск” продакшны жүжигчин А.Гэрэлцэцэгтэй ярилцлаа.


-“Маск” продакшн тун удахгүй шинэхэн шоу тоглолтоороо үзэгчдэдээ бэлэг барихаар болсон сурагтай. Хэдийгээр үзэгчдийн хүртээл болох вэ?

-Монголын хошин урлагийн “Маск” продакшн нэг жил хоёр сарын дараа цоо шинэ шоу тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзахаар бэлтгэлээ базааж байна. “Тусгаар тогтносон инээд” хэмээх шоу тоглолтоо үзэгчдэдээ хүргэх юм. Үзэгчдийн маань зүгээс “Хүлээгээд байна, хурдлаач ээ”, “Яагаад шоу тоглолтоо хийхгүй байгаа юм. Аятайхан юм үзмээр байхад” гэх зэргээр загнах ч шинжтэй сэтгэгдлээ илэрхийлж байна. (инээв) Аргагүй л дээ. Бүтэн нэг жил гаруй үзэгчидтэйгээ уулзсангүй.

-Яагаад хэсэг хугацаанд шоу тоглолт хийсэнгүй вэ?

-Ер нь л бусад продакшнуудыг бодоход шоу тоглолт их цөөхөн тавьдаг л даа. Жилдээ хоёр, бүр их байлаа гэхэд гурван удаа л шоу тоглолт хийдэг юм.

-Хувийн уран бүтээлдээ хэр их анхаарч байна вэ. Шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Энэ зун Боловсрол телевизийн “Hulegu pictures”-тэй хамтран “Ээжүүд” хэмээх олон ангит уран сайхны кинонд тоглолоо. Зураг авалт энэ оны хоёрдугаар сараас эхлээд баяр наадмын өмнөхөн дууслаа. Манай хамтлагийн жүжигчин Ш.Жавхлан, УДЭТ-ийн жүжигчин Н.Баярмаа бид гурав ээжийн дүрийг бүтээсэн. Миний хувьд анх ээж болж байгаа эмэгтэйн дүрд тоглосон юм. Манай эгч Алдарт эхийн одонтой, өнөр өтгөн сайхан гэр бүлтэй хүн бий. Ээж хүний дүрийг бүтээхийн тулд эгчээсээ их судалсан л даа. Их хөөрхөн кино болсон. Аравдугаар сараас эхлэн үзэгчдэд хүрнэ байх. Киноныхоо зураг авалтыг дуусгаад тун удалгүй эргэн ажилдаа орсон доо.

Ер нь би ажлын байдлаасаа болоод дэлгэцийн уран бүтээлд төдийлөн тоглоод байдаггүй. Намайг хүмүүс дэлгэцийн уран бүтээлд их тоглочихсон гэж бодоод байдаг. Би хоёр жилийн өмнө л “247 градус” хэмээх уран сайхны кинонд гол дүрд тоглосон. Ер нь дэлгэцийн бүтээлд тоглох их хүнд. Яг тэр киногоороо амьдарч байж л хийх хэрэгтэй юм билээ.

Image result for а.гэрэлцэцэг-Та “Гарын таван хуруу” киноны Шагдарын дүрээрээ алдаршсан гавьяат жүжигчин Л.Лхасүрэн гуайн шавь гэсэн байх аа?

-Тийм шүү. Би 2000 онд СУИС-ийн кино, драмын ангид элсэн орсон юм. Ингэж л Л.Лхасүрэн багшийнхаа шавь болж байлаа. Эргээд бодоход байгаа цагт нь их юм сурч, хэлсэн бүгдийг нь тогтоож авч байх минь яав даа. Эргэж олдохгүй үнэтэй цаг хугацаа байж дээ гэж халаглах үе байдаг юм. Манай багш намайг дөрвөн жил сурахад найман удаа ангиасаа хасаж байсан. Би ч тухайн үедээ ойлгохгүй уурлаж бухимдаад л. Багш надад дургүйдээ л ингэж байна гээд их гоморхоно. Харин ээжид минь “Танай охин бол урлагийн хүн мөн. Харин их хэнэггүй” гэж хэлсэн байсан. Надад ч нэгэнтээ “Миний охин урлагийн хүн болох нь болно. Гэхдээ чамд хэнэггүй зан байдаг. Түүнийгээ л их анхаарч яваарай” гэж захиж байсан. Яг үнэндээ миний хэнэггүй занг л засах гээд ангиасаа хасаад байсан юм билээ. Асар хэнэггүй хүнийг аливаад идэвхтэй, анзааргатай болгох гэж л сургаж байж дээ. Багш хүний ухаан гэдэг тийм л холч, нарийн байдаг юм байна л даа. Ер нь багш хүн гэдэг зөвхөн хичээл заагаад зогсохгүй, хүн бүрийн онцлогт тааруулж урлагийн хүн болгон төлөвшүүлдэг байх нь. Өнөөдөр мандаж яваа сайн жүжигчид багшийн минь л тэр их ухаанаар хүмүүжсэн байдаг шүү.

-Та яагаад хошин урлагийг сонгох болсон юм бэ?

-Би өөрөө ч сонгосон юм биш л дээ. Дөрөвдүгээр курст байхад “Шинэ үе” продакшны захирал Бооёо ах маань оюутнуудын дунд уралдаан зарласан. Харин шалгарсан хүүхдүүдийг нь продакшндаа авахаар болсон юм. Тэр уралдаанд би Эдуард Разинскийн зохиол “Эрчүүдийг үзэн ядна” хэмээх жүжгийн гол дүрд тоглосон. Улмаар уралдааны шагналт байрт шалгаран “Шинэ үе” продакшны зүгээс “Манай продакшнд орооч” гэсэн саналыг хүлээн авч байсан юм. Ингэж л хошин урлагийн жүжигчин болж байлаа. Дөнгөж төгссөн оюутанд ажлын байртай болох санал ирэх шиг сайхан зүйл юу байхав. Бөөн баяр болоод л орсон. Тэр цагаас хойш л энэ салбартаа үнэнчээр явж байна даа. Хэдэн нас ч хүрсэн энэ ажлаа хийгээд л явна гэж боддог шүү.

-Харин “Маск” продакшныг байгуулагдахад үндсэн жүжигчнээр нь орж байсан байх аа?

-“Шинэ үе”-д ажиллаж байгаад “Өнгөт инээд” продакшнд хоёр жил ажилласан юм. Харин “Өнгөт инээд”-ээс ах нар маань “Маск” продакшныг байгуулан өрх тусгаарлахад үндсэн жүжигчнээр нь орж байлаа. Энэ хамт олонтойгоо 12 жилийн турш уран бүтээлээ туурвисаар байна. Манай продакшнд үнэхээр хүн чанартай хүмүүс байдаг. Дарга, цэргийн ялгаа гэж байхгүй. Бие биетэйгээ хүнлэг болоод ах захтай ханддаг. Нэгэн гэр бүл шиг байж чаддагт нь би их баярлаж, талархдаг. Гайхалтай хамт олон. Хамтаараа лаг байна гэдгийг хэрэгжүүлж яваа хамтлаг даа.

Мөн манайх шинэ залуу үеэ их дэмжиж ажилладаг. Өсөж дэвжихэд нь боломж олгодог гэсэн үг. Одоо ч гэсэн залуу уран бүтээлчдээ уран бүтээлдээ оролцуулсан байгаа. Тун удахгүй үзэгчдэд маань харагдаад эхэлнэ байх.

Related image-Энэ зун танай продакшн хоёр ч богино хэмжээний уран сайхны кино хийсэн. Ер нь бүрэн хэмжээний кино хийх төлөвлөгөө бий юү?

-Манай продакшн “Хайр, харуусал” хэмээх уран сайхны кино хийсэн. Энэ уран бүтээл маань үзэгчдэд маш сайн хүрсэн. Үзэгчдээс дахиад уран сайхны кино хийгээчээ гэсэн хүсэлт ч их ирсэн. Тиймээс бид түүний эхлэл болгож “Энэ миний наадам”, “Өөрийгөө тоодоггүй хүн” гээд богино хэмжээний кино руу орсон байгаа.

-“Маск” продакшны үзэгчдэд чамгүй хүрсэн бүтээлүүдийн нэг бол “Дорноговийн Симба” хэмээх жүжиг байдаг. Энэхүү жүжиг нь таны анхны бүтээлүүдийн нэг байсан болов уу?

-Тэгэлгүй яахав. Миний анхны дүрүүдийн нэг яах аргагүй мөн. “Дорноговь Симба” жүжгийг тавихаар болоход би хамтлагийнхаа ах нараас “Энэ жүжигт ямар нэгэн байдлаар тогломоор байна. Намайг тоглуулаад үзээч” гэж гуйсан юм. Яагаад ч юм санаанд багтаад байсан л даа. Харин хамтлагийнхан маань “Энэ охин идэвхтэй байна. Дүр авч үзээгүй, залуу хүн гэхэд тайзан дээр зориглоод гарч үзье гэж байгаа юм чинь дэмжинэ” гээд л намайг тоглуулсан. Сайн, муу тоглочих болов уу гэсэн айдас ч байхгүй. Ёстой л нөгөө “Галзуу барын аманд гараа хийж үзэхэд ч бэлэн” тийм л үе минь байсан. Хийгээд л үзье гэсэн зориг, зүрх дүүрэн байж.

-Хошин урлагт жүжиглэж эхэлсэн цагаасаа эхлээд туршлага хуримтлуулсаар яваа нь дамжиггүй. Басхүү өөрийн гэсэн арга барилтай болсон байх?

-Одоо ч би арга барилаа мэддэггүй. Учир нь жүжигчин хүн гарч ирж байгаа шинэ дүр, сэдэв бүхэндээ тохируулж яаж хийх вэ гэж бодож, сэтгэж, хувирч байдаг. Тэгэхээр одоо би болчихлоо, энэ л миний арга барил юм байна. Одоо ямар ч дүр ирсэн би гайхалтай бүтээж чадна гэдэг жүжигчин ховор байдаг байх. Ингэж ярих ч хүн ховор болов уу. Тиймдээ ч жүжигчин хүн өдөр болгон шинийг эрэлхийлдэг. Аливааг их анхаарч явдаг. Хүн өлсөж цангаж, бүр үхэж байгааг хүртэл сайтар анзаарна. Харин оноогдсон дүр бүхэн дээрээ дөнгөж сурсан мэт л ажиллах хэрэгтэй байдаг.

-Та маш сайхан дуулдаг. Ер нь гэр бүлд нь авьяаслаг хүмүүс их биз?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй. Хамаатан саданд ч байхгүй. Миний нагац өвөө маань л их сайхан дуулж, бүжиглэдэг хүн байсан гэдэг юм. Би ч сайн мэдэхгүй л дээ. Тэгэхээр өвөөгөөс минь л багахан авьяас өвлөгдсөн юм болов уу.

-Та “Никитон” хамтлагийн “Нандин шүтээн” хэмээх дууны клипийн эротик хэсэгт тоглосон. Одоог хүртэл хүмүүс энэ дууг шимтэн сонссоор байдаг.

-Би оюутан байсан юм. Тухайн клипийг хийж байгаа студиэс тэрхүү клипт тоглох санал тавьсан. Жоохон хүүхэд байсан болохоор яг ямар хэсэгт тоглож байгаагаа ч сайн ойлгоогүй. Харин энэ дүрдээ сайн л тоглох ёстой гэсэн бодолтой байсан юмдаг. Тухайн үед хувцсыг чинь тайлж байгаа юм шиг авна шүү гэсэн болохоос тайлчихсан байгаагийнх нь дараах хэсэг нь гарна гэж мэдээгүй шүү. Энэхүү клипт тоглосны дараагаас эротик кинонд тоглох санал байнга ирдэг байлаа. Би тэр болгонд үргэлж хойшлуулдаг, тоглох хүсэлгүй байгаагаа хэлдэг байсан.

-Та найз залуутай болсон уу. Ер нь гэр бүл төлөвлөлтийн тухайд ямар бодолтой яваа бол?

-Урлаг бол их хатуу л даа. Өгөх өгөөж нь их байлаа ч гэсэн хатуу мэргэжил. Тиймдээ ч зөвхөн урлагт сэтгэл зүрхээ өгөөд явж байгаа хүний хувийн амьдрал хожимдох тал байдаг. Гэхдээ одоо бол би хувийн амьдралдаа анхаарал хандуулна.

-Урлагийн хүний амьдрал олны өмнө үргэлж ил тод байдаг. Заримдаа үүнээс залхах үе байдаг уу?

-Би өөрийнхөө амьдралыг дэлгээд байдаггүй л дээ. Хувийн амьдралаа дэлгэх маш дургүй. Нууцлагдмал байдаг болоод ч тэр үү хүмүүс өөрийнхөө бодлоор янз бүрийн хүнтэй нийлүүлж, салгаж, явалдуулсан байдаг юм. Миний өмнөөс амьдрал зохиогоод л биччихдэг. Гэсэн ч би хувийн амьдралаа дэлгэсэн ном шиг байлгахыг хүсдэггүй. Хэдий урлагийн хүний амьдрал ил тод байдаг ч хязгаарлах ёстой зүйл гэж бас байх ёстой гэж боддог.


Categories
мэдээ цаг-үе

Б.Номинтүшиг: “Балдорж сан” энэ хугацаанд 600 гаруй сая төгрөгийг зарцуулсан

Сэтгүүл зүйн шилдгийн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол хэдхэн хоногийн өмнө ес дэх удаагаа боллоо. Энэхүү шагнал гардуулах ёслолыг “Балдорж” сангаас жил бүрийн намар зохион байгуулдаг уламжлалтай. Ингээд “Балдорж” сангийн тэргүүн, “Өнөөдөр” сонины нэгдүгээр орлогч эрхлэгч Б.Номинтүшигтэй ярилцлаа.


-Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслол ес дэх удаагаа болж шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын онцлог нь юу байв. Хичнээн сэтгүүлчид шалгаруулалтад материалаа ирүүлсэн бол?

-Энэ удаагийн “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолд 250 гаруй сэтгүүлч материалаа ирүүлсэн. “БАЛДОРЖ” шагналыг гардуулдах ёслолд тухайн үеийн Ерөнхийлөгч хүрэлцэн ирдэг сайхан уламжлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бий болгосон. Харин энэхүү уламжлалыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үргэлжлүүлсэн нь их сайхан хэрэг байлаа. Аавыг минь болоод “Балдорж сан”, сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчдийг хүндэтгэж ирж байгаа үе, үеийн төрийн тэргүүнүүддээ би туйлаас их баярладаг. Гэхдээ энэ зөвхөн манай сан болон аавын минь ач гавьяа биш юм.

Үүнд бүх сэтгүүлчдийн хувь нэмэр бий. Сэтгүүлчийн ажил бол маш хэцүү, хүнд хөдөлмөр байдаг. Жүжигчин хүн мэргэжилдээ хайртай учраас ямар ч дүр байсан түүнийг бүтээж, хүнд бэрхийг туулж чаддаг. Түүнтэй адил сэтгүүлч хүн өөрийн үүргээ ухамсарласан басхүү мэргэжилдээ хайртай учраас л сайн муу хэлэгдэж, хатуу бэрхийг туулсан ч энэ салбартаа зүтгэсээр л байдаг. Тэгэхээр жилдээ нэг удаа бүхий л сэтгүүлчдийг хүндэлж Монгол Улсын үе үеийн төрийн тэргүүнүүд цугладаг гэж би ойлгодог юм. Ямартай ч бид энэ жилээс Канадын Элчин сайдын яамтай хамтран шагнал гардуулдаг болсноороо онцлог байлаа. Энэ маань цаашид ч гэсэн үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байна.

-“Балдорж” сангаас сэтгүүлчдийн бүтээлд ямар шалгуур тавьдаг бол?

-Хүмүүс “БАЛДОРЖ” шагналыг Монголын “Пулитцер” гэдэг. Тиймдээ ч бид сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулдаг олон улсын байгууллагуудын жишигт нийцүүлэхийн тулд судалгаа хийсэн л дээ. Харин тэдгээр байгууллагууд ямар шалгуур тавьдаг тухайгаа огт зарладаггүй юм билээ. Бидний хувьд ч гэсэн яг ийм бодлогоор ажилладаг. Харин бид хэн нэгэн хүн, аливаа нэг редакцийн талд орохгүй, мөн нийгэмд хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг шүүгчээр сонгодог. Шүүгчдийн хувьд үнэлэлт дүгнэлт өгч, бас хоорондоо зөвлөлдсөний үндсэн дээр дүнгээ гаргадаг.

Харин ямар шалгуураар шүүлтээ хийдэг эсэх нь шүүгчдийн нууц байдаг. Түүнчлэн манай “Балдорж” сангаас сэтгүүлчдийн материалд ямар нэгэн сэдвийг онцолж үздэггүй. Яахав аав маань байгаль орчноор бичдэг байсан учраас хүмүүс энэ талын сэдвийг илүү анзаарч байна уу гэж хараад байх шиг санагддаг. Энэ бол өрөөсгөл ойлголт гэдгийг хэлэх байна.

Ямартай ч “Балдорж сан” энэ хугацаанд 600 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. Харин энэхүү шагналын ихэнх хувийг Улаанбаатар хотын банкны хамт олон гаргадаг. Үүгээр ч зогсохгүй энэхүү банкны хамт олон маань шилдгээр шалгарсан сэтгүүлч бүрийг гадаадад амрах эрхийг олгодог байгаа. Энэ мэтчилэн дэмжиж ажилладаг бизнесийн байгууллагууд бий.

Мөн “Балдорж” сангаас тэр сэтгүүлчийн, энэ материалыг авъя гэдэггүй. Сэтгүүлчид маань өөрсдөө сонгож явуулдаг. Тэгэхээр сэтгүүлчдийн минь хувь нэмэр маш их гэдгийг онцлох байна. Түүнчлэн энэ удаагийн “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолыг хэд, хэдэн телевиз шууд дамжуулсан. Мөн “Өдрийн сонин” болоод бусад хэвлэлүүд маань маш сайхнаар мэдээлж, түгээж өгсөн. Энэ бол манай хэвлэл, мэдээллийн байгууллагуудын энэ үйл ажиллагаанд оруулж байгаа дэмжлэг гэж би ойлгож байгаа.

-Та энэ жилээс “Балдорж” сангийн тэргүүнээр ажиллаж эхэлсэн. Цаашид сангийнхаа хүрээнд ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа бол?

-Өмнө нь миний ээж сангийн тэргүүнээр ажиллаж байсан. Өнгөрсөн есөн жилийн хугацаанд ээж минь маш сайн ажилласан учраас “Балдорж сан” улам өргөжиж, бүтээлээ ирүүлэх сэтгүүлчдийн тоо ч нэмэгдсээр ирсэн байна. Тэгэхээр миний хувьд энэ сайхан ажлыг улам амжилттай үргэлжлүүлэх үүрэг хүлээж байна гэж ойлгож байгаа. Гэхдээ энэхүү сангийн тэргүүн болсон ч гэсэн сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагааны шүүлтэд оролцохгүй. Миний хувьд “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгчийн албыг хашдаг учраас ашиг сонирхлын зөрчилдөөн гарах вий гэдэг үүднээс энэхүү шүүлтэд оролцохгүй гэж шийдсэн л дээ. Харин шагнал гардуулах ёслолыг зохион байгуулах үйл ажиллагаанд нь л түлхүү анхаарч ажиллах юм. Ер нь зохион байгуулалтын ажил дээрээ илүү анхаарч ажиллах ёстой юм байна гэж бодож байгаа.

-“Балдорж” сангийнхаа тухай танилцуулаач?

-Аав маань 2007 онд өөд болсон л доо. Харин 2008 оны хоёрдугаар сараас эхлэн “Балдорж” сан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн юм. Гэхдээ 2009 оноос эхлэн сэтгүүлчдийн шилдэг бүтээлийг шалгаруулж байхаар болсон. Манай сангийн гол зорилго нь Монгол нутгийн хөрсөнд соёолон буй чөлөөт хэвлэлийн нахиаг арчлан хамгаалах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх ариун үйлсийг тууштай дэмжихэд оршдог. Мөн “Балдорж” сан хоёр томоохон чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тодруулбал, сэтгүүл зүйн шилдэг бүтээлийг шалгаруулдаг “БАЛДОРЖ” ёслолын ажиллагаа болон арванхоёрдугаар сард зохион байгуулагддаг онол практикийн шүүмж хурал. Шилдэг бүтээл шалгаруулах ёслолын үйл ажиллагаа нь сэтгүүлчдийг урамшуулах зорилготой. Харин энэхүү үйл ажиллагаанд хичнээн мундаг сэтгүүлчийн сайн материал боловч дахин ажиллах анализ хийх зүйлс их байдаг. Тэр утгаараа онол практикийн хурлаараа сэтгүүлчдийн материалуудад анализ хийж, дахин сайжруулахын тулд ярилцаж, мэтгэлцдэг.

-Та мөн “Өнөөдөр” сонины орлогч эрхлэгчийн албыг хашдаг шүү дээ. Сониныг залж чиглүүлэх энэхүү чухал үүргийг гүйцэтгэнэ гэдэг амаргүй болов уу?

-Би аавыгаа бурхан болсноос хойш ажил хийж эхэлсэн юм. Орчуулагч, зурагчин бас өөр байгууллагуудад ч ажиллаж байлаа. Дараа нь Английн “University of Exeter”-т бизнесийн удирдлага, олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн юм. Харин 2014 оноос “Өнөөдөр” сониныхоо вэбсайтын ерөнхий эрхлэгчээр ажиллах болсон. Улмаар эгч Б.Нандинтүшиг маань жирэмсний амралтаа авсан учир сонины ажил руугаа илүү анхаараад байна. Ерөнхийдөө уламжлалт хэвлэл, орчин үеийн сэтгүүл зүй хоёрыг зөв холбох зорилготой явж байгаа.

Сонин хэвлэл бол хэзээ ч устаж үгүй болохгүй. Харин ч хүмүүс сонин хэвлэлд илүү итгэдэг. Сонин дээр гарсан зүйлийг хүмүүс бие, биендээ хэлж, ярьдаг. Сонины сэтгүүлчдийн гаргаж ирсэн өнцөг, нийтлэл нь телевизийн нэвтрүүлэг, вебсайтын сэдэв болдог. Олон улсад ч мэдээллийн анхдагч эх үүсвэр бол сонин гэж үздэг. Тэгэхээр сонины салбар уналтад орох юм бол бусад мэдээллийн хэрэгсэлд ч хүндээр тусна. Тэгэхээр вебсайт, сонин хэвлэл хоёр бол өрсөлдөх гэхээсээ илүү бие биенийгээ дэмжиж ажиллах ёстой гэж ойлгодог.

Тийм ч боломж бий гэдгийг биетээр нь харуулахын төлөө ажиллаж байна. Гэхдээ хэр амжилттай яваагаа хэлж мэдэхгүй юм. Ер нь хэвлэл мэдээллийг хариуцаад ажиллана гэдэг амаргүй даваа л даа. Миний хувьд залуу, туршлагагүй байгаа учир бага зэрэг алдах үе байна. Саяхан болсон “БАЛДОРЖ” шагнал гардуулах үйл ажиллагааны үеэр ч гэсэн бага зэрэг туршлагагүйтсэн. Гэхдээ надад хамгийн сайн баг байдаг. Энэ баг аавыг минь бурхан болсноос хойшхи энэ арван жилийн хугацаанд бидний бүхий л зүйлд тус дэм болж, аливааг хөнгөвчилж өгч байгаад маш их баярлаж явдаг.

Categories
мэдээ цаг-үе

Л.Ган-Эрдэнэ: Бид оддын өвчнөөр өвчлөөд бие биетэйгээ дуугарахгүй явж байсан үе бий

Монгол Улсын ардын жүжигчин, Төрийн шагналт С.Гончигсумлаагийн нэрэмжит Монголын хөгжмийн ууган сургууль болох Монгол Улсын Консерватори байгуулагдсаны 80 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Тэртээ 1937 онд Уран сайхны сургууль нэртэйгээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус сургууль нь сургалтын агуулга, хөтөлбөр, чанараараа олон улсын жишигт хүрсэн Хөгжмийн дээд сургууль буюу Консерватори болоод байгаа юм. Харин тус сургуулийн 80 жилийн ойд зориулж тус сургуулийг төгссөн үе үеийн рок попын уран бүтээлчид “Миний хөгжим бүжиг” тоглолт зохион байгуулахаар болжээ. Энэ сарын 15-ны өдөр “UB PALACE”-ын концертын их танхимд болох тус тоглолтод “Соёл Эрдэнэ”, “Титэм”, “Хар сарнай”, “Камертон”, “Сүнс”, “Киви”, “Спайк”, “Гурван охин” хамтлаг Б.Маралжингоо, С.Сэрчмаа, Б.Чинбат гэх мэт уран бүтээлчид ая дуугаа өргөх аж. Ингээд “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтай ярилцлаа.

-“Камертон” хамтлагийн уран бүтээлчид яах аргагүй Монгол Улсын Консерваториас урган гарсан үндэс мөчир шүү дээ. Сургуулийнхаа ойд ямар уран бүтээлээр оролцохоор зэхэж байгаа бол?

-“Камертон” хамтлаг тасралтгүй 22 жилийн турш үзэгч, сонсогчдынхоо сонорыг мялаасаар иржээ. Энэ хугацаанд манай хамтлагийнхан Төрийн соёрхолт, “Алтан гадас” одон, Монгол Улсын соёлын тэргүүн зэрэг эрхэм хүндтэй шагналаар энгэрээ мялаасан байна. Энэ бол яалт ч үгүй Хөгжим бүжгийн коллеж буюу Монгол Улсын Консерваторийн маань эрдэмтэн багш нарын ач гавьяа юм. Мөн сургуулийн орчин, хамт олны минь хичээл зүтгэл, хөдөлмөрөөр бид энэ зэрэгтэй явж байгаа. Харин энэ сайхан сургууль маань байгуулагдаад хэдийнэ 80 жилийн түүхийг бичжээ. Тиймээс хамтлагийнхаа нэрийн өмнөөс сургуулийн нийт хамт олон, үе үеийн төгсөгчдөд ойн мэндийг хүргэе. Мэдээж манай “Камертон” хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ сургуулийнхаа ойн тоглолтод оролцоно. Харин ямар уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барихаа хараахан шийдээгүй байна. Ямартай ч бид сургуулийнхаа ойд зориулсан “Миний хөгжим бүжиг” тоглолтоо үзэгчдийг байлдан дагуулсан, чанартай хийхийг хичээж байгаа. Энэхүү тоглолтод оролцох үе үеийн рок попын төлөөлөгчид маань ч мөн адил тийм хүсэл, тэмүүлэлтэй байгаа нь дамжиггүй. Хэдий сургуулийн төгсөгчид ч гэсэн бид нар өрсөлдөгчид. Тэгэхээр сургуулийнхаа ойд хамтлаг, дуучид ямар дуу, хуур өргөх нь гэнэтийн байвал сонин шүү дээ.

-Тийм өрсөлдөөн байгаа учраас чанартай, сайн хамтлаг дуучид олонтаа төрөн гарсан байдаг байх…

-Тийм шүү. Бүр нэгдүгээр ангиасаа эхлээд л найзтайгаа өрсөлдөөд явчихдаг. Тийм учраас найзуудыгаа өрсөлдөгч гэдэг нүдээр хардаг.

-Тэгвэл таны хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн байв?

-Би өрсөлдөгчгүй. (инээв) Учир нь би сайн сурагч байсан л даа. Гэхдээ нэг дутагдал нь залхуу. Аливаа зүйлийг тулгаж хийдэг. Хичээлээ, хөгжмөө давтаад байгаа хэрнээ муу дүн авдаг хүүхэд байдаг. Миний хувьд давтахгүй хэрнээ шалгалтаа сайн өгчихдөг л байсан. Би Хөгжим бүжгийн коллежийн хийлийн ангийг төгссөн л дөө. Мэргэжлийн дуучин биш хөгжимчин хүн юм. Манай ангид маш сайн хийл тоглодог хүүхдүүд цөөнгүй байсан шүү. Тэдэнтэйгээ их өрсөлддөг байж билээ. Тухайн үед цаг зав тун бага. Ерөнхий боловсрол, мэргэжлийн хичээл ордог болохоор арга ч үгүй биз. Өглөө гараад л орой ирдэг байж билээ. Ер нь Хөгжим бүжгийн коллеж маань хүүхдүүдэд цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, цаг сайн барих тухай маш сайн зааж, үлгэрлэж чаддаг. Энэ нь миний амьдралд маш их ач тусаа өгсөн. Мөн хүүхдийн чөлөөтэй сэтгэн бодох чадварыг дээшлүүлэх, хүнлэг сайхан сэтгэлтэй болоход хувь нэмрээ оруулж чаддаг гэдэгт би бүрэн итгэлтэй байдаг юм. Дээрээс нь нэгдүгээр ангид орохдоо л тухайн хүүхэд мэргэжлээ сонгоод орчихдог. Тэгэхээр олон давуу талтай л даа. Инженер, багш, химич болох уу гэж эргэлзэхгүйгээр зөвхөн сонгож орсон мэргэжилдээ л зорьж, тэмүүлж, сайн байхын тулд мэрийдэг юм. Энэ бүх зүйлс багш нартай минь салшгүй холбоотой. Үнэхээр чадварлаг багш нар олон бий. Би Баярсайхан багшийн шавь л даа. Ер нь л их чанга хүн шүү. Одоо ч харахаар айдаг юм.

-Харин “Камертон” хамтлагийн гишүүдийг дуучин болоход хөгжмийн зохиолч Л.Тайванбатын үүрэг чамгүй их байсан. Энэ тухайд?

-Бид чинь хөгжимчин хүмүүс. Харин хамгийн том зорилго болоод бэрхшээл маань сайн дуучин болох байсан. Хоёр жилийн турш л өглөөнөөс орой хүртэл бэлтгэл хийсэн дээ. Түүнээс хойш алхам, алхмаар сайжирсан. Миний хувьд өөрийнхөө хоолойг хийл хөгжим л гэж бодсон л доо. Хөгжим тоглох, дуулахын адил зүйл нь зүрх сэтгэлээ зориулах. Нот хараад дуулах, зүрх сэтгэлээсээ дуулах хоёр тэс ондоо байдаг. Бид зүрх сэтгэлээсээ дуулж чадсан учраас үзэгч, сонсогчдын минь ч гэсэн зүрхэнд хүрч чадсан юм болов уу гэж боддог юм. Мэдээж Л.Тайванбат ахын минь хувь нэмэр маш их. Энэ хүн миний төрсөн ах л даа. Тиймдээ ч бидэнд их ойр, дотно байдаг байлаа. Нууж, хаахгүйгээр бидэнд зөвлөнө. Энэ хүний хийсэн, ажилласан олон сайхан уран бүтээлүүд байдаг. Одоо ч гэсэн хийсээр л байгаа. Бидний хувьд Тайвнаа ахыгаа маш их хүндэлж явдаг. Энэ хүний ачаар л бид өдий зэрэгтэй явж байна.

-Зааж, сургахын зэрэгцээ зэмлэх үе ч байсан биз?

-Оддын өвчин гэж хэлдэг л дээ. Энэ өвчнөөр бид дөрөв өвчилсөн. Сүүлдээ бүр дөрвөн биендээ ч оддын өвчнөө гаргасан. Бие биетэйгээ дуугарахгүй явж байсан ч үе бий. Тэгтлээ л од болж байлаа шүү дээ. Харин тэр үед бидэнд гар хүрдэг, зөвлөгөө өгдөг хүн нь Тайвнаа ах. Тайвнаа ахаас өөр хэний ч үгийг сонсохгүй. Бүр хэний ч үгийг шүү. Ерөнхийлөгч хэлсэн ч тоохооргүй байсан байх. Хүн тийм л болчихдог юм билээ. Хүнтэй дуугарахгүй дээгүүр хараад өнгөрнө. Дараа нь тэр бүхнийг нь Тайвнаа ах л засаж, залруулна. “Яахав дээ. Жоохон хүүхдүүд юм чинь. Одоохондоо юугаа ч мэдэхгүй байна. Удахгүй зүгээр болчихно” гэх зэргээр хүнийг аргалж, аргаддаг байсан байгаа юм л даа. Бид нар тэрийг мэдэхгүй. Эргээд өөрсдийгөө бодохоор инээдтэй санагддаг шүү.

-“Камертон” хамтлаг хамгийн сүүлд “Хязгааргүй” хэмээх цомгоо гаргасан байх аа…

-Тийм шүү. “Камертон” хамтлаг маань шинэхэн цомгоо өлгийдөн аваад байна. Харин энэхүү “Хязгааргүй” хэмээх цомогт маань багтсан хоёр дуугаа саяхан дүрсжүүллээ. Мөн тун удахгүй дахин хоёр дуугаа дүрсжүүлэхээр зураг авалтдаа ороод явж байна даа. Сонирхуулахад, би нэг зүйлийг сайн ойлгоод байгаа юм. Юу вэ гэхээр хамтлагийн маань дуунууд Youtube сувагт маш их хандалт авсан байдаг л даа. Зарим нь бүр давтагдсан тоогоор таван сая орчим хандалт байх жишээтэй. Гэсэн ч “Би чамд хайртай”, “Хайрлая чамайгаа”, “18 нас” гэх мэтчилэн хит дуунуудыг минь хэзээ ч гүйцдэггүй. Ер нь хандалт сайтай байгаа дууг тайзан дээр гараад дуулахаар үнэхээр хандалттай байсан эсэх нь эргэлзээтэй болоод ирдэг л дээ. Бид нар ч сүүлдээ үнэхээр цахим орчинд хандалттай ч тайзан дээр дуулагдах болоогүй байна гэдгийг мэдэрдэг болчихсон. Тэгэхээр би Youtube сувагт итгэдэггүй юм.

-Та ганцаарчилсан уран бүтээлдээ хэдийнэ ханцуй шамлан орж хэд, хэдэн цомгоо гаргаад амжсан. Харин сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Би уянгын дууг сонсох бас дуулах их дуртай. Тэгэхээр цаашид уянгын дуу дуулах бодолтой байна. Тэр дундаа монгол аялгуутай уянгын дуу их сайхан санагдаад байгаа. Уул нь энэ одоохондоо нууц байх ёстой юм шүү дээ. (инээв)

-Хамтлагийн тань гишүүн Г.Мэнд-Амар “Яг түүн шиг” шоунд оролцсон. Энэ шоунд оролцож байсан хүний хувьд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байв даа?

-Манай Мээдээ маань яах аргагүй чадварлаг оролцогчдын нэг байсан. Бид маш их дэмжиж байлаа. Гэхдээ шүүгч нар жаахан дараад байна уу даа гэж анзаарсан. Яахав Мээдээ маань их юм үзсэн, өчнөөн шагнал урамшуулал хүртэж байсан болохоор дараад байсан байж болох юм. Гэхдээ тэмцээн бол тэмцээн шүү дээ. Миний бодлоор хоёр ч дугаарт түрүүлчихсэн байсан юм бишүү гэж бодогдсон. Би ч бас өөрийнхөө “Gangnam style” дууг дуулснаа хараад түрүүлэхээр л байж дээ гэж харсан шүү.

Нээрээ хүмүүс “Камертон”-ыхон Мээдээг дараад байсан юм бишүү” гэх нь цөөнгүй байсан. Манай Мээдээ бол амьд хөгжмөөр ярих юм бол контур басс шүү дээ. Ийм хоолойтой хүн угаасаа л Монголд гарын таван хуруунд багтахаар байдаг. Ийм дуучинтай учраас манай “Камертон” хамтлаг азтай юм байхгүй юу. Хэрвээ Мээдээгүйгээр манай хамтлагийнхан дуулах юм бол гурван охин гарч ирээд л дуулж байгаа юм шиг сонсогдоно. Тийм шингэн болчихдог. Мээдээ ороод ирэнгүүт л эрчүүд дуулж байгаа юм шиг сонсогдоно шүү дээ.

-Ингэхэд таны онцлог зан чанар юу вэ?

-Би юуг ч нууж, далдлах дургүй. Сайхан бол сайхан, муухай бол муухай гээд л хэлчихдэг. Юу гэж бодох нь тэр хүний дур. Би хүнд ая тал засаж чаддаггүй. Энэ миний хамгийн том дутагдал. Бас нэг талаараа давуу тал ч байж болох юм.

Categories
мэдээ цаг-үе

М.Нарантуяа: 500 төгрөгөөр өдрийнхөө хоолыг аваад идчих боломжтой

Дуучин М.Нарантуяатай ярилцлаа. Тэрээр 25-дугаар суваг телевизийн “21000” реалити шоунд оролцож байгаа билээ.


-“21000” шоу нэвтрүүлэгт ороочээ гэсэн хүсэлтийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Яг үнэнийг хэлэхэд 25 дугаар суваг телевиз анх “21000” реалити шоу нэвтрүүлгийг хийж эхлэхдээ л намайг урьж байсан. Түүнээс хойш хэд, хэдэн удаа урьсан. Гэхдээ тэр болгонд зав зай болж өгөхгүй байсан учраас хойшлуулаад явсан юм. Харин энэ удаад завгүй ч гэсэн амжуулаад оролцоод үзье гэж бодсон. Бас дээрээс нь шинэ бизнес эрхэлж байгаа учраас үүнийгээ хүмүүст хүргэх нэг гарц байж болох юм гэж харсан л даа. Харин нэвтрүүлэгтэй ороод явахад завгүй байгаа минь нэвтрүүлгийг илүү өрнөлтэй болгож байгаа байх. Миний хувьд ч өлсөж, цангахаа ч үл анзааран ажлуудаа амжуулсаар явна.

-Таны хувьд өдөрт хэдхэн зуун төгрөгөөр л хүнсээ авдаг. Ер нь ингэж арвич, хямгач байхад ямар санагдаж байгаа бол?

– Нийгэмд нэг ийм хандлага байдаг. Доллар өсчихлөө, юмны үнэ нэмэгдчихлээ гээд бухимдаад л байдаг. Миний бодлоор бид доллараас тийм ч шууд хамааралтай хүмүүс биш. Мэдээж аливаа барааны үнэ, ханш бага зэрэг өснө. Гэсэн ч бид 500 төгрөгөөр өдрийнхөө хоолыг аваад идчих боломжтой юм байна гэдгийг би харуулахыг зорьж байна. Саяхан нэг фэйсбүүкийн найз маань “Нарагийн оролцсон нэвтрүүлгийг үзсэн чинь төгрөг чангарчихсан юм шиг сайхан мэдрэмж төрлөө. Таван зуун төгрөгөөр ийм их хүнс аваад, хоол хийгээд иднэ гэдэг гайхалтай. Бас биднийг ямар үрэлгэн, харалган, болгохоос илүүтэй болохгүйг тоочдог гэдгийг харуулж өглөө” гэчихсэн байна лээ. Би түүнийгээ өөрөө ч анзаараагүй байсан. Ямартай ч надад бол ямар ч хүндрэл алга. Учир нь зорилго маань анхнаасаа тодорхой байсан. Хэрэв би түрүүлээд гурван сая төгрөг авах юм бол “Бяцхан уушиг” аянд хандивлана гэдгээ хэлсэн байгаа. Тиймээс энэ зорилгодоо хүрэхийн тулд шантрахгүй л хичээх ёстой.

-Нэвтрүүлгийн тав дахь өдөр өөрийн гараар хийсэн хоолоор өрсөлдөгчөө дайлдаг. Харин тэр дугаарыг үзэж байхад та өрсөлдөгч болох жүжигчин Д.Түвшинтөрд хэрхэн мөнгөө хэмнэж байгаа талаараа их нээлттэй ярьж байсан?

-Нэвтрүүлгийн журам ёсоор тав дахь өдрийн дугаарт л ямар хүнтэй өрсөлдөж байгаагаа мэддэг. Бас өөрийн гараар бэлдсэн оройн зоог барьдаг. Ер нь бол тэгэхэд л Төтө ахтай өрсөлдөж байгаагаа мэдсэн. Харин тэр нэвтрүүлгээр Төтө ах хэдэн төгрөгтэй үлдсэн талаараа надад худлаа ярьсан байна лээ. Би бол үнэнээ хэлж байна гэж бодсон. Тиймдээ ч би бүх үнэнээ хэлсэн л дээ. Миний нэг зан чанар байдаг. Тэр нь хүнд итгэмтгий байдал. Ямар ч үед үнэнээрээ байх дуртай. Тэгэхээр хүний худлаа ярих хамаагүй. Би л үнэнээ ярих хэрэгтэй гэдэг зарчимтай гэсэн үг. Харин нэвтрүүлэг гарсны дараа хүмүүс миний цахим хаяг руу “Та ямар гэнэн юм бэ. Төтө ах худлаа яриад байна шүү дээ. Та бүх юм аа хэлчих юм. Одоо Төтө ах таны зөвлөснөөр явчихвал яана” гэсэн мессежүүд их ирсэн. Их хөөрхөн. (инээв) Гэхдээ хүн миний зөвлөснөөр явах үгүй нь хамаагүй л дээ. Би эхнээсээ л давгүй арвич явчихсан учраас нэг их санаа зовохгүй байгаа шүү.

-Ингэхэд та эрүүл зөв хооллолтын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Монгол хүмүүст онцлог зан, чанар гэж байгаа. Юу вэ гэхээр бид дөрвөн улирал ээлжилдэг, эрс тэс уур амьсгалтай нутагтай хүмүүс. Тэгэхээр бидэнд идэж байх, авч байх ёстой тос, уураг зайлшгүй бий. Тиймээс бид үүнийгээ алдахгүй л явах ёстой гэж боддог. Яахав би хүмүүсийг шүүх гээд байгаа хэрэг биш л дээ. Ер нь цагаан, ногоон хоол иддэг хүмүүс энэ уур амьсгалтай хэр нийцтэй байх юм бол л гэж бодогддог. Мөн цаашдын урт хугацааны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөх, өөрчлөлт авчрах юм бол гэж битүүхэн эргэлзэж л байдаг юм. Миний хувьд хоолны асуудал дээр тэвчихгүй байх үе бий.

Эмэгтэй хүний хувьд надад маш олон хэрэгцээ шаардлагууд байгаа. Тэр болгоныг тэвчиж байгаагийн хажуугаар ядаж хоол, хүнсэн дээр стрессдээд яахав гэж бодох үе гарна. Аль болох хүсэл зорилготой, тэмүүлэлтэй, тэсвэр хатуужилтай, тэвчээртэй амьдарч байгаа хүний хувьд зарим үед тааваараа байх зүгээр гэж боддог шүү. Ер нь бүх зүйлийг хэтэрхий робот шиг хориод байх шаардлагагүй байх.

-Та урлагаасаа бүр хөндийрчихсөн үү?

-Тэс хөндийрсөн зүйл байхгүй. Мэдээж хүмүүс намайг дуучин Нара л гэдэг болохоос улстөрч эсвэл бизнес эрхлэгч гэхгүй байгаа. Тийм болохоор урлагаас хөндийрсан юм байхгүй. Хөндийрөх ч үгүй. Тэр бол миний бага, балчраас минь хамт байсан зүйл болохоор орхино гэж байхгүй. Гэхдээ надад тодорхой цаг хугацаанд амжуулах, хөл дээр нь босгох ёстой бизнес, сурах ёстой чиглэлүүд бий. Тиймээс хэсэг хугацаанд урлагаас завсарлага авах шаардлага байгааг үгүйсгэхгүй. Ер нь ч урлагийг талх үйлдвэрлэж байгаа юм шиг хүчлээд байдаг юм биш. Урлагийг өөрийнхөө мэдрэмж, дотоод сэтгэлээсээ л хийх ёстой гэж би хувьдаа боддог.

-Таны бизнес чамгүй амжилттай яваа гэж сонссон…

-Манайх “Hackstar hold¬ing” хэмээх компани л даа. Бидний үеийн хэдэн залуучууд нийлээд энэ компанийг үүсгэн байгуулсан юм. Энэ компанийн маань гол брэнд бол “Nuclear steak” ресторан. “Nuclear steak” нь БНСУ-д нээлтээ хийгээд дөнгөж хоёр жил болж байгаа, шинэ брэнд л дээ. Үйлчлүүлэгчдэд маань таалагдаж байгаад бид тун баяртай байгаа шүү. Ямартай ч рестораныхаа захирлыг хийж байгаа хүний хувьд олны таашаалд нийцүүлсэн үйлчилгээний салбар байлгахын төлөө зорино. Юуны төлөө дэлхийд үйлчилгээгээрээ дээгүүрт бичигддэг Япон улсад удаан хугацаанд сурч, ажиллаж амьдарсан билээ. Сурсан мэдснээ үүндээ хэрэгжүүлэхгүй бол болохгүй. Маш сайхан зүйлсийг мөрөөдөж, төлөвлөж байна.

-Улстөр лүү ч тэр ороод амжсан. Дахиад улстөрд хүч үзэх үү?

-Би нэг зүйл рүү ороод, гараад явдаг хүн биш. Тэгэхээр улстөрийг орхихгүй. Улстөрийн нийгмийг бодлогоор сурах төлөвлөгөөтэй байгаа. Саяхан ХБНГУ-ын Конрад Аденауэр сангийн зохион байгуулдаг “Улс төрийн манлайлагч эмэгтэйчүүд-2017” хөтөлбөрт элсэн дөрвөн сарын хугацаанд суралцсан. Энэ мэтчилэн улстөрийн талаарх мэдлэг, мэдээллээ нэмээд явж байна. Миний хувьд тууштай явна л гэж бодож байгаа.

-Зөвхөн улс төр гэлтгүй иргэн хүний хувьд өөр ямар зүйлст шүүмжлэлтэй ханддаг бол?

-Нэгэн бодлын бид үнэхээр азтай. Тэр хаалттай нийгмээс ямар ч дайн тулаан, цус нөжгүйгээр нээлттэй нийгэм рүү шилжиж чадсан. Гэхдээ бид гэнэтийн нээлттэй нийгэм рүү орохдоо маш их үнэт зүйлээ алдсан байна. Тэр нь хүн чанар, хүнлэг сэтгэл, бие, биенээ хайрлах, хүндлэх гэсэн эрхэм чанарууд юм. Дээрээс нь хамгийн чухал нь эрүүл мэнд. Учир нь эрүүл мэндээ ч үл ажран сайн, сайхан амьдрал руу нойр, хоолгүй тэмүүлсэн байгаа юм. Хоногийн хоолоо олох гэж гүйж яваад эрүүл мэнд гэгч чухал зүйлээ бид хармаанаасаа гээчихжээ. Гэтэл одоо бид дэлхийд маш олон төрлийн хавдраар тэргүүлж байна. Хэрэв бид эрүүл мэнд хүн чанар, хүнлэг сэтгэлээ тээсээр л нээлттэй нийгэмд ирсэн бол илүү их үнэ цэнэтэй байх нь дамжиггүй.

-Таны хувьд ганц бие ээжүүдэд маш их урам зориг өгдөг юм шиг санагддаг…

-Өөрийнхөөрөө амьдарч байгаа минь хүмүүст урам зориг, үлгэр дуурайлал болдогт баяртай байдаг. Маш олон хүнээс би талархлын үг сонсдог. Зүгээр л амьдарч яваа минь хүмүүст урам зориг өгч байгаадаа бахархах сэтгэл ч төрнө шүү. Гэхдээ би хэн нэгэнд урам зориг өгөх гэж амьдарч байгаа юм биш. Илүү их хүсэл тэмүүлэлтэй, шантрашгүй байхыг л үргэлж хүсдэг. Ийм л зарчимтай хүн. Ер нь айхтар зөвлөөд байх юм байхгүй л дээ. Учир нь тураах төв сурталчилж байгаа хүн туранхай байх хэрэгтэй. Тэгж байж бусад хүмүүст бодит зөвлөгөө өгч болох юм. Би бол хүмүүсийг хэрхэн яаж, шантрашгүй, цуцашгүй, өөдрөг, хүсэл тэмүүлэлтэй байх вэ гэдэгт зөвлөгөө өгч магадгүй. Гэхдээ ийм байх тийм ч хэцүү биш шүү дээ. Хүн болсных бид эцэг эхээ баярлуулах ёстой. Тийм болохоор тэр хүмүүсийн ачийг хариулах, дээрээс нь хүн болж төрснийхөө утга учрыг мэдрэхийн тулд заавал зүтгэх ёстой юм. Ийм хүсэл тэмүүлэлтэй байх нь чухал. Түүнээс тоочоод байх юм бол хүн бүхэнд л зовлон бий. Миний амьдралд ч тэр хэцүү юм маш их байгаа. Тэр болгоныг тоочсон ч гэлээ юу ч өөрчлөгдөхгүй. Амьдралыг минь сайн, сайхан болгох арга зам миний гарт л бий. Тэгэхээр хатуу, хөтүүг яаж давах вэ, давсны дараа би юунд хүрэх вэ гэдгээ л ойлгочих. Тэр бодлоор л би амьдардаг даа. Дээрээс нь би үрийнхээ төлөө амьдрах ёстой. Тэр хүүхдийг би энэ ертөнц дээр авчирсных хариуцлагаа хүлээх шаардлагатай шүү дээ. Харин түүний хариуд үр минь нийгэмдээ сайн, сайхныг бүтээвэл миний хүн болсны утга учир, гавьяа тэр дээ.

Categories
мэдээ цаг-үе

Ибукуро Томоко: Монголоос ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах маш хүндрэлтэй

Монголд зөгийний аж ахуй эрхэлдэг “Михачи” компанийн гүйцэтгэх захирал И.Томокотой ярилцлаа.


-Та Монголд хамгийн анх хэзээ ирсэн юм бэ?

-Би Токиогийн их сургуулийг түүхч мэргэжлээр төгссөн юм. Их сургуульд сурч байх үедээ Монголд анх ирж байлаа. 1997 онд ирээд нэг жил амьдарсан. Монголд ирсэн шалтгаан нь судалгаа хийх байсан л даа. Би түүхийн чиглэлээр сурдаг байсан учраас орчин үеийн Монголын түүх болон хичээнгүй сайд Балингийн Цэрэндоржийн тухай судалгаа хийдэг байлаа. Одоо ч тэр үеийн зарим зүйлсийг нь мартсан байна шүү.

-Та монгол хэлээр маш цэвэрхэн, цэгцтэй ярьж байна шүү…

-Би монгол хэлийг 19 настайгаасаа сонирхож, үзэж эхэлсэн л дээ. Тиймдээ ч багш маань надад Монголын түүхтэй холбоотой сэдвийг судлахыг санал болгосон юм. Хэдий төвөггүй ярьж, уншиж чаддаг ч маш их алдаатай бичдэг. Надад яриа болон бичгийн хэл нь их өөр юм шиг санагддаг. Бас монгол хэлний дуудлага их хэцүү шүү. Судлагдахуунд хэрэгтэй гэдэг утгаараа би монгол хэлийг үзсэн л дээ. Тухайн үед монгол хэл мэддэг япончууд тийм ч их байгаагүй. Тийм болоод ч тэрүү надад орчуулгын ажил их ирдэг байсан.

-Монголд буцаж ирэх шалтгаан нь юу байсан бол?

-Мэдээж таалагдсан болохоор эргэж ирсэн. Бас нөхөр маань монгол хүн. Мөн миний хувьд их сургуулиа төгсөөд хүүхэдтэй болсон. Тиймдээ ч Монголд хүүхэд өсгөхөд их тохиромжтой орон шиг санагдсан юм. Тухайн үед Улаанбаатарын агаар ч сайхан байж дээ. Би ирээд хэсэг хугацаанд МИАТ-д Токиогийн оффис дээр ажиллаж байлаа. Дараа нь Японоос машин оруулж ирсэн. Мөн 2011 он хүртэл ресторан ч ажиллуулж үзсэн. Ер нь юм, юм л хийсэн шүү.

-Харин хэдийнээс зөгийн аж ахуй эрхлэх болов?

-2011 оноос эхлээд хааяа нэг орчуулгын ажил хийдэг байлаа. Тэр дундаа Японоос Монголын тухай нэвтрүүлэг хийхээр ирж буй телевизийн хүмүүст хөтөч хийнэ. Харин 2012 онд зөгийчдийн тухай нэвтрүүлэг хийх хүсэлтэй байна гэж хүмүүс холбогдсон. Долоо хоног бүр л зөгийчидтэй уулзаж нэвтрүүлэг хийдэг байсан юм билээ. Ингээд би нэвтрүүлгийн хамт олонтой Хөвсгөл, Сэлэнгэ, Эрдэнэт, Төв аймгийн зөгийчидтэй уулзсан. Миний хувьд хэзээ нэг өдөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж, түүнийгээ борлуулах юмсан гэсэн хүсэлтэй байдаг байлаа. Харин зөгийчидтэй уулзаад явж байх үедээ зөгийн аж ахуй эрхлэхэд их тохиромжтой, болмоор санагдсан л даа.

-Хамгийн анх хичнээн бүл зөгий авч үржүүлж байсан бэ?

-Би 2012 оны намар 30 бүл зөгий авсан юм байна. Хамгийн анх Төв аймгийн Батсүмбэрт үржүүлж эхэлсэн. Бид Төв аймгийн Цээл суманд зөгийн аж ахуйгаа тогтворжуулах бодолтой байсан. Гэтэл энэ жил их гантай байсан учраас Сэлэнгэ аймгийн Шаамар суманд байрлаад байна. Энэ их ган гачиг зөгийний аж ахуйд сөргөөр нөлөөлж байна. Ноднин бид 60 ам бүлээс 2.5 тонн зөгийн бал хурааж авсан. Гэтэл энэ жил 200 бүл зөгийнөөс хоёрхон тонн зөгийн бал хураалаа. Ер нь тэгээд зөгийний аж ахуйтай байна гэдэг тийм ч амар биш. Хийх зүйлүүд маш их гарч ирдэг. Амьтантай харьцана. Тэр амьтан нь маш жижигхэн. Ерөнхийдөө анхааралтай ажиллах нь маш чухал байдаг даа. Хүнд юм өргөх, хатгуулах гээд зарим талаараа хүндрэлтэй асуудлууд ч бий. Ямартай ч чадах чинээгээрээ нямбай ажиллаж байгаа.

-Сайн чанарын зөгийн бал гаргахын тулд яах ёстой вэ?

-Зөгийн бал гэдэг чинь цэцэгний шүүс. Цэцэгний шүүсийг зөгий цуглуулж, жинхэнэ зөгийн бал болгодог. Тэгэхээр ямар цэцэгнээс цуглуулснаас шалтгаалан зөгийн балны үнэ ханш харилцан адилгүй байдаг. Бид тун удахгүй гангатай зөгийн бал гаргана. Энэ зөгийн бал нь хүний биед маш сайн. Элдэв үрэвсэл, шарх зэргийг анагаах чадвартай юм. Энэ жилийн тухайд гангатай зөгийн бал маань цөөн тоогоор л гарах болов уу. Ямартай ч Монголын нэг брэнд болж чадахуйц бүтээгдэхүүн гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Гэхдээ одоо байгаа байдалдаа сэтгэл ханаж болохгүй л дээ. Хэмжээ болоод чанарын хувьд. Улам л чанаржуулж, их хэмжээгээр нь гаргах хэрэгтэй гэж боддог. Бидэнд ч хөгжих, дэвжих зүйл их бий.

-Танаас зөгийчид ирж зөвлөгөө заавар хэр их авдаг вэ?

-Тийм ч их хүн ханддаггүй. Миний хувьд мэддэг, чаддаг зүйлээ хуваалцахад бэлэн байна. Ер нь яахав монголчуудын хувьд зөгийн аж ахуй шинэ зүйл л дээ. 1950-иад оны үед зөгий орж ирэхэд ч арга, ажиллагаатайгаа орж ирсэн болов уу гэж бодоод байгаа юм. Гэхдээ мартагдсан тал байх шиг санагддаг. Тиймдээ ч бидэнд хамгийн том бэрхшээл нь хүн сургах байдаг. Яахав надад ч бас шинэ арга барил, технологи байхгүй л дээ. Гэхдээ зөгийн аж ахуйтай хүнд мөрдөж явах ёстой гэсэн цөөхөн хэдэн зарчим бий. Юу вэ гэхээр зөгий ямар байвал их бал хураах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Бас нэг хайрцагт аль болох олон зөгийг байлга. Мөн зөгийн бал нь чанартай байх нь хамгийн чухал. Зөгийн бал өтгөрөлт сайтай байх тусмаа бал нь чанартай байдаг. Өөрөөр хэлбэл сахарын агууламж маш өндөр байх ёстой. Энэ нь зөгийн балд агуулагдах байгалийн сахарын хэмжээ гэсэн үг. Ерөнхийдөө цэцэгний шүүсэнд 50-60 хувийн сахарын хэмжээтэй байдаг. Тэр нь шингэн төлөвтэй гэхэд болно. Харин түүнийг зөгий 85 хувь хүртэл нь өтгөрүүлж чаддаг. Өтгөрүүлснийг зөгийн бал гэдэг. Зөгий хэр их боловсруулсан байна тэр чинээгээрээ зөгийн балны чанар сайжирдаг юм.

Харин бусад зөгийчдийн аж ахуйд энэ байдал их буруу явагддаг байсан нь анзаарагдсан. Зарим зөгийчид өтгөрөлт нь явагдаагүй байхад балыг нь хураачихдаг тохиолдол ч байдаг. Мөн өндөг, авгалдайтай бал хураачихдаг. Ер нь хэн ч шавьж идэхийг хүсэхгүй шүү дээ. Ариун цэврийн хувьд энэ нь маш буруу. Эна тал дээр хайнга ханддаг хүмүүс байдаг. Гэхдээ одоо зөгийчид маань янз бүрийн сургалт, төсөл зэргээс мэдлэг, мэдээлэлтэй болсон байх.

-Гүйцэд боловсроогүй байхад нь хураагаад авчихсан зөгийн бал хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөтэй юу?

-Айхтар муу нөлөө байхгүй байх. Гэхдээ цэцгийн шүүсний сахарын хэмжээ нь 50 гаруй хувь гэж дээр хэлсэн. Тэгэхээр сахартай уснаас ялгаагүй л гэсэн үг. Бас маш амархан исдэг. Тэгэхээр удаан хадгалж хэрэглэх боломжгүй. Би тийм зөгийн бал зөндөө харж байсан. Зөгий өглөө 8:00 цагийн үед балаа хураахаар нисдэг. Харин орой 20:00 цагийн үед бүгдээрээ ирнэ. Ингээд шөнөжингөө өнөөх цэцгийн шүүсээ өтгөрүүлдэг. Харин өглөө болоход сахарын хэмжээ нь 80-иас дээш хувьтай болж, жинхэнэ зөгийн бал болно. Тэгэхээр зөгийчид 4:00-8:00 цагийн хооронд амжиж зөгийн балаа хураах ёстой юм. Ер нь бол зөгийн балаа өдөр хураана гэсэн ойлголт байхгүй.

-Таныг зөгийн балаа Япон руу гаргаж байгаа гэсэн. Хэрэглэгчид хэр нааштайгаар хүлээж авч байгаа вэ?

-Манайх зөгийн балаа хэд, хэдэн томоохон дэлгүүр болон зарим захаар зардаг. Мөн саяхнаас Япон руу экспортолж эхэллээ. Экспортод гаргаад удаагүй байгаа болохоор хэр ашигтай байхыг нь сайн мэдэхгүй байна. Гэхдээ Японы зах зээл маш том. Манай зөгийн балнууд тийм ч их биш болохоор ямар ч асуудалгүй шингээчихнэ байх. Харин Монголд экспортыг сайжруулах талаар маш олон төсөл хэрэгждэг. Гэтэл экспорт хийж чадаж байгаа компаниуд маш цөөхөн байдаг. Учир нь монголоос ямар нэгэн бараа бүтээгдэхүүнийг экспортод гаргах маш хүндрэлтэй. Тэр тал дээр дэмжиж туслах, зөвшөөрөл өгөх ёстой байгууллагууд нь харин ч бүтээгдэхүүнийг нь экспортод гаргахгүй тал дээр ажиллаад байх шиг санагдсан. Энэ байдлыг халах ёстой л доо. Бас монголчууд өөрсдөө бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоосой гэж хүсдэг. Тэгж байж ч хүмүүсийн амьдрал сайжирна. Гэхдээ үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн нь чанартай байх шаардлагатай. Ямартай ч миний хувьд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ экспортолж, түүгээр Монголыг таниулах тал дээр өөрийн чадах бүхнээ хийнэ л гэж бодож байна.

-Газар тариаланд зөгий маш их ашиг, тустай байдаг гэж сонссон юм байна. Энэ тухайд?

-Тэгэлгүй яахав. Тоос хүртээлт явагдаж байдаг учраас ургацад сайнаар нөлөөлж чаддаг. Сүүлийн үед хүмүүсийн ихээр тарих болсон рапс байна. Рапст зөгийг тавихад ургац 2-3 дахин нэмэгддэг. Гадны орнуудад рапс тарьж байгаа хүмүүс зөгийн аж ахуй эрхлэгчдэд мөнгө төлөөд зөгийг нь авчруулдаг. Зөвхөн тоос хүртээлтээр зөгийг ашиглаж мөнгө олдог хүмүүс ч гадны орнуудад их бий. Гэвч тоос хүртээлтийн бизнес Монголд төдийлөн сайн хөгжөөгүй байна. Сайн ч мэдэхгүй байгаа байх. Харин ч зөгийнүүд хамаг цэцэг, навчийг нь идчихлээ гээд хөөгөөд байдаг. Ер нь зөгий нь гүзээлзгэнэ, гурвалжин будаа, рапс, наранцэцэг гээд жимсний цэцгүүдэд маш их ашигтай. Зөгийгүйгээр амьдрахгүй ургамал их бий.

-Та нутагтаа хэр их очдог вэ?

-Би жилд хоёр удаа очдог. Гэхдээ би насанд хүрснээсээ хойш Японд амьдраагүй хүн шүү дээ. Тэгэхээр Монголд их дассан байна. Бас бусдад дэм тус болж орчуулгын ажил хийж байна. Зөгийн аж ахуй үүсгэсэн. Харин Японд очих юм бол энэ хэмжээний байж чадах үгүйгээ мэдэхгүй юм. Хүмүүс надаас “Чи яагаад Япондоо амьдардаггүй юм бэ” гэж асуудаг л даа. Тэр үед нь нээрээ би чинь япон хүн юм байна шүү дээ гэж бодогддог шүү. (инээв) Гэхдээ надад сонголт байгаагүй. Залуудаа хүүхэдтэй болсон. Тэгээд л амьдралын урсгалаар Монголд ирсэн. Гэхдээ Монголд болж байгаа учраас л би байгаад байна. Хэрэв болохгүй бол буцаад л явчих байсан биз.

-Та гурван ч ном орчуулан гаргасан гэлүү?

-Тийм ээ. Мөн одоо ч гэсэн нэгэн уран зохиолын номын орчуулга хийж байна.


Categories
мэдээ цаг-үе

Г.Сүндэрмаа: Дэлхийд 20 жил оршин тогтносон эмэгтэйчүүдийн хамтлаг байдаггүй юм билээ

“Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцлаа.


-Сүүлийн үеийн уран бүтээлийн олз омог их үү?

-Манай Б.Чинбатын тоглолт тун удахгүй болох гэж байгаа. Тэрээр таван жилийн өмнө хоёр ч том тоглолтоо хийж, үзэгч түмэндээ уран бүтээлээ тайлагнасан. Түүнээс хойш тоглолт хийгээгүй байсан юм. Ямартай ч одоогоор энэхүү тоглолтын бэлтгэлтэй байна даа. Мөн түүний хажуугаар охид, бүсгүйчүүддээ сошиалаар дамжуулж дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын талаар хэрэгтэй зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

-Охид, бүсгүйчүүд тэдгээр заавар зөвлөгөөг хэр сайн хэрэгжүүлж, тусгаж авч байгаа санагддаг вэ?

-Анзаараад байхад бүсгүйчүүд маш хурдан хугацаанд турах хүсэлтэй байдаг. Хурдан хугацаанд турахын тулд буруу аргаар турчих гээд байгаа юм л даа. Хоолой сойж, байнга ус уух, мөн элдэв эм бэлдмэлүүд хэрэглэх гээд маш олон буруу арга хэрэглэдэг. Харин түүний оронд тогтмол хөдөлгөөнтэй, хоол хүнсээ зөв зохистой хэрэглээд байхад аажимдаа турна. Үүнийгээ дагаад ч амьдралын зөв хэв маягтай болдог. Ер нь элдэв арга хэрэглэж гэнэт турсан ч гэсэн эргээд түүнтэйгээ адил маш хурдан жин нэмэх магадлалтай. Түүнчлэн зарим охид маань биеийнхээ зөвхөн гуя, гарын арын хэсгээр турмаар байна гэдэг. Хүний бие дасгал хөдөлгөөн хийж, эрүүл зөв хооллож байж л цогцоороо гоё, сайхан болно шүү дээ. Тэгэхээр биеийн зөвхөн нэг хэсгийг л тураана, багасгана гэсэн ойлголт байхгүй.

-Та хэдийнээс эрүүл зөв хооллож басхүү дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн юм бэ. Үүнд уруу татаж, сэдэл өгсөн зүйл нь юу байсан бол?

-Бид анх “Охид” гэдэг нэртэй хамтлагтай байсан. Сарнай, Ганболор, Сэрчмаа бид хэд чинь Хөгжим бүжгийн коллежийн нэг ангийн хүүхдүүд л дээ. Долоон настайгаасаа л нэг ангид сурч, найзалж нөхөрлөж ирсэн. Харин тухайн үед англи дууны тэмцээн болсон. Тэрхүү тэмцээний зарыг телевизрээр харчихаад найзууддаа хэлсэн юм. Манай хэд ч тэрхүү тэмцээнд оролцох саналыг уриалгахан хүлээж авсан. Ингээд бид дөрөв тэр тэмцээний гран при шагналыг авч байлаа. Түүнээс хойш бид хэдийг ээж, аавууд маань ч их дэмжиж, тусалдаг болсон. Удалгүй Сарнайгийндаа ч бид хэд амьдардаг боллоо. Бараг 20-иод жилийн өмнө гэсэн үг шүү дээ. Бид хэд тухайн үед эрүүл зөв хооллож, өглөө болгон дасгал хийнэ. Дасгал хийдэг хүмүүс ямар хоол хүнс хэрэглэх ёстой талаар бага зэрэг мэдээлэлтэй байсан л даа. Гэхдээ тэр үед фитнесс клуб бараг байхгүй. Ганцхан “Тайхар” клуб л гэж байсан санагдана. Бидний хувьд түүнд очиж бэлтгэл сургуулилт хийх зав зай тун бага. Ерөнхий эрдэм болоод мэргэжлийн хичээлүүдээ хийнэ. Мөн хамтлагийн уран бүтээл гээд л завгүй л гүйцгээдэг байсан. Харин нэг эгч маань бидэнд 45 минутын дасгалтай DVD авчирч өгсөн. Тэр эгчдээ эргээд өгөх учир дасгал бүрийг нь гараа өргөлөө, суулаа гэх мэтээр бичиж авч билээ. Би дасгал хийх их дуртай л даа. Тиймдээ ч өглөө болгон бичиж авсан дасгалаа найзууддаа зааж өгнө. Чинбаа хүртэл дагаж хийдэг байж билээ. Ер нь тэр үеэс л дасгал хөдөлгөөн гэдэг хүнд ямар их ач тустай вэ гэдгийг мэдэрдэг болсон. Дараа нь Америкт очоод дасгал хөдөлгөөн, эрүүл зөв хооллолтын талаар илүү судалж, мэдэж амьдралдаа хэвшил болгосон доо. Харин 2010 онд Монголдоо ирж, удалгүй гэр бүлтэй болсон. Охиноо тээж байх үедээ мөн л жирэмсэн хүнд тохирох дасгал хөдөлгөөнийг хийж байсан.

-“Sweetymotion” хамтлагийн 20 жилийн ой тохиож байгаа. Ойгоо угтаж үзэгч, сонсогчдодоо ямар бэлэг барихаар төлөвлөж байгаа вэ?

-Бид ойгоо угтаж хэд, хэдэн шинэ уран бүтээл дээр ажиллалаа. Зарим дуунуудаа дүрсжүүлсэн. Тун удахгүй цацагдах болно. Уул нь ойгоо угтаж томоохон тоглолт хийх бодолтой байсан л даа. Гэхдээ хараахан бодож байсан шигээ нүсэр, том тоглолт хийж амжихгүй нь бололтой. Ямартай ч ойгоо тэмдэглэх болно. Эргээд бодоход 20 жилийн хугацаанд их ч зүйлийг үзэж туулсан байна.

-20 жилийн өмнөх охидын хүсэл мөрөөдөл биелсэн болов уу. Яг бодож, мөрөөдөж байсан хэмжээндээ хүрсэн гэж боддог уу?

-Хүрсэн л гэж боддог. Гэхдээ бид Америкийн зах зээлд гарна гэсэн хүсэл, мөрөөдөлтэй байсан. Түүндээ бол хүрч чадаагүй. Гэсэн ч Америк явснаараа бид алдаагүй. Нүд тайлагдсан. Уран бүтээл болоод амьдрал дээр ч аливааг харах өнцөг өөрчлөгдсөн. Өөрөөр сэтгэж боддог болсон. Бүх зүйлд л туршлага хуримтлуулсан даа. Сонирхуулахад, дэлхийд 20 жил оршин тогтносон эмэгтэйчүүдийн хамтлаг байдаггүй юм билээ. Бидэнд ч гэсэн жаргал, зовлон, баяр гунигаа хуваалцаж 20 жилийн турш хамтдаа байсан гээд бодохоор бахархам сайхан байдаг. Нэг л тийм сайхан санагддаг.

-Урт удаан оршин тогтнохын үндэс нь юунд байна вэ?

-Хамгийн чухал нь зорилго. Том зорилготой, түүнийхээ төлөө эв нэгдэлтэй, тууштай хөдөлмөрлөж, бие биенээ хайрлаж, хүндэлж чадвал хичнээн ч жил хамтдаа байж чадна. Харин зорилгодоо хүрч чадахгүй шантраад, жижигхэн зүйлээс болж маргалдаад байгаа учраас л шинэ залуу хамтлаг, дуучид маань удаан оршин тогтнож чадахгүй байна уу даа гэж хардаг. Ямартай ч бидний хувьд нэг ангид байсан болоод ч тэрүү хамтлаг байгуулахаасаа л өмнө бие биенийхээ занг мэддэг байсан. Бас бид аливаа зүйлд нээлттэй байдаг л даа. Болохгүй, бүтэхгүй зүйлээ нээлттэй ярьчихдаг нь ойлголцоход маш дөхөм болдог юм билээ. Мөн хэн, хэндээ буулт хийж чаддаг. Манай Сарнай, Болороо хоёр маань их зөөлөн хүмүүс. Хүнийг аргадаж, эв дүйг нь олчихож чаддаг. Харин би бол их гүргэр. (инээв) Энэ зангаа засна гэж бодож байгаа шүү.

Түүнчлэн дээрх зүйлсээс гадна Чинбаа маань уран бүтээлийн тал дээр чанга, хатуу байж чаддаг. “Хэдүүлээ өнөөдөр амраад, маргааш яг хийе” гэсэн зүйл байхгүй. Хэдий өөр ажилтай байсан ч бид уран бүтээлээ л нэгт тавьдаг. Энэ нь биднийг хүсэл мөрөөдөлдөө хүрэх, зорилгоо биелүүлэхэд маш их түлхэц болсон гэж бид боддог. Мөн Чинбаа маань аав, ахын үүргийг гүйцэтгэж биднийг залж, чиглүүлсээр ирсэн дээ.

-Та ганцаарчилсан уран бүтээл хийх үү?

-Манай Ганболор маань “Ганцаараа байхдаа” хэмээх бие даасан цомгоо гаргасан. Ямартай ч Болороо маань салхийг хагалчихсан байна. Миний хувьд ч гэсэн ганцаарчилсан уран бүтээлээ хийхээр төлөвлөчихсөн. Эхнээсээ зарим ажлууддаа ороод явж байна. Надад рок, поп стиль зохимоор юм шиг санагддаг. Мэдээж уянгын дуунууд ч гэсэн дуулна. Хэдий өөр, өөрсдийн уран бүтээлээ хийж байгаа ч хамтлаг сална, сарнина гэсэн үг биш шүү дээ. Хүн бүр л өөрийн гэсэн ертөнц, үзэл бодолтой байдаг. Түүнийгээ л үзэгч, түмэндээ тайлагнаж байгаа юм.

-Өвөө тань таныг уран нугараач болгох сонирхолтой байсан гэж сонссон юм байна…

-Тийм шүү. Би их уян хүүхэд байсан. Манайхан бага байхад “Миний охин нугараарай” гэхээр нь би хөл гараа сунгаад л, сүрхий юм болдог байсан санагдана. Харин Хөгжим бүжгийн коллежид хөтөлж аваачсан хүн бол миний аав. Хэдий аав минь урлагийн хүн биш ч сайхан хөгжим тоглодог, урлагт элэгтэй хүн л дээ. Ээж минь урлагийн хүн. Хөгжим бүжгийн коллежийн хуучир хөгжмийн ангийг төгссөн. Тэр бүү хэл Сарнайгийн ээж, Чинбаагийн аавтай нэг анги байсан юм билээ. Их сонин тохиол шүү.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Манайх одоохондоо ам бүл дөрвүүлээ. Хоёр охинтой. Удахгүй бүл нэмнэ гэж бодож байгаа. Гэр бүлийн минь хүн хувийн бизнес эрхэлдэг. Урлагийн хүн биш ч урлагт хайртай. Намайг ойлгож, дэмждэг. Даруухан монгол залуу бий.

-Хүмүүс амьдралын утга учрыг алдар нэр, эрх мэдэл, эд хөрөнгө, хайр гээд өөр, өөрийнхөөрөө дүгнэдэг. Харин таны бодлоор?

-Ганц бие байхдаа залуу байгаа дээрээ хүссэн бүхнээ хийж, үзэж харах хэрэгтэй гэсэн ойлголттой байсан. Харин одоо бол амьдралын утга учир гэр бүл юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Үр хүүхэд, хань ижил, гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бол хүний амьдралаас авч болох хамгийн сайхан аз жаргал юм байна гэдгийг илүү мэдэрсэн л дээ. Нэр хүнд, эрх мэдэл, эд хөрөнгө бол байх л ёстой асуудал. Гэхдээ л гэр бүл, хайр бол амьдралын утга учир.


Categories
мэдээ цаг-үе

О.Тэмүүжин: Манай продакшны дараагийн мөрөөдөл драмын жүжигт хүч сорих

“Эмоци” продакшны жүжигчин, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан О.Тэмүүжинтэй ярилцлаа.


-“Эмоци” продакшн “Гоё өдөр” хэмээх шоу тоглолтоо үзэгчдэдээ хүргээд эхэлжээ. Мөн тун удахгүй “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны киноны нээлт болно гэсэн байх аа?

-Манай продакшн намрын ээлжит шоу тоглолтоо нээгээд байна. Тоглолт маань өдөр болгон Соёлын төв өргөөнд болж байгаа. Мөн есдүгээр сарын 8-нд “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны киноныхоо нээлтийг хийх гээд хүлээж байна даа. Энэ мэтчилэн уран бүтээлийн олз омог дүүрэн, сайхан намар болж байна. Цаашдаа тоглолт болон “Гурван найз эргэж ирсэн нь” уран сайхны киногоо хөдөө орон нутгийн үзэгчдэдээ хүргэнэ.

-Энэ удаагийн “Гурван найз эргэж ирсэн нь” хэмээх уран сайхны кино урьд, урьдынхаасаа юугаараа өвөрмөц байх вэ?

-“Гурван найз” олон ангит киногоор эхэлж байсан л даа. Харин дараа нь “Гурван найз яасан байх нь уу” хэмээх нэг ангит уран сайхны кино хийсэн. Энэ удаад бол “Гурван найз эргэж ирсэн нь” нэртэйгээр гарч байна. Мэдээж гурван найзад тохиолдсон адал явдлын тухай өгүүлнэ. Гэхдээ өмнөх ангиудаасаа үйл явдал, киноны хийц, уран бүтээлчдийн хувьд илүү ахиц, дэвшил гарсан. “Hulegu pictures”, “Эмоци” продакшн хамтарсны дээр Тайландын кино компанитай болон БНСУ-ын жүжигчид оролцон тоглосон. Зураг авалтаа Тайландад очиж хийсэн байгаа. Монгол киногоо дэлхийд сурталчилахын тулд гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллах нь зүйтэй гэж бодсон л доо. Ямартай ч ярьж, төлөвлөснийхөө дагуу уран бүтээлээ хийж чадсан даа киноны хамт олон маань их баяртай байгаа. Олон ч хүний хөлс, хүч сэтгэл шингэсэн болохоор чанартай уран бүтээл болсон гэдэгт итгэлтэй байна.

-Гадны уран бүтээлчидтэй хамтарч ажиллахад онцлох зүйл нь юу байсан бол?

-Суралцах зүйл цөөнгүй байсан. Цаг маш сайн баримталдаг, үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаг. Нэг баг хамт олон шиг байж чаддаг нь авууштай санагдаж байлаа. Мөн зохиол дээр юу гэж тусгасан байна яг л түүгээрээ явдаг. Манайхан бол зураг авах байршил, зарим үг зэргээ өөрчлөх тохиолдол гардаг л даа. Энэ мэтчилэн суралцах зүйл маш их байсан. Хамгийн онцолмоор зүйл нь тэнд жүжигчинг яг хаан шиг л байдаг юм билээ. Тэдний хувьд зөвхөн жүжиглэлтдээ л анхаарах ёстой. Учир нь тэрхүү жүжигчдэд хувцас хунарыг нь бэлдэх, гар, хөлөнд нь массаж хийх, ус уух үед нь савных нь тагийг онгойлгодог хүмүүс хүртэл тусдаа байдаг. Харин бидний хувьд бол өөр шүү дээ. Хувцсаа олж өмсөнө, хэрэгцээтэй зүйлсээ ч цуглуулна гээд киноныхоо бүхий л зүйлсэд гар бие оролцоно. Тийм болоод ч тэрүү гадны жүжигчдийн хангамж зэрэг нь их сонирхолтой байсан. Яахав хэзээ нэгэн өдөр манай Монголын урлаг тэр хэмжээнд хүрч хөгжинө гэдэгт эргэлзэхгүй байна. Гэхдээ тэр хангамж байсан, байгаагүй манай уран бүтээлчид сайхан уран бүтээл хийж чаддаг шүү дээ.

Ямартай ч уран бүтээлүүд маань төлөвлөгөөний дагуу явж байна. Цаашид ч гадны чадварлаг уран бүтээлчидтэй хамтарч уран сайхны кино хийх бодол бий. Бүр цаашлаад Холливудынхантай хамтарч ч уран бүтээл хиймээр л байна. Уран бүтээлч хүний сэтгэлийн мухарт энэ мэт сайхан мөрөөдлүүд нуугдаж л байдаг шүү дээ.

О.Тэмүүжин зурган илэрцүүд-Таны хувьд “Х-Түц” продакшнаас өрх тусгаарлан, өөрийн гэсэн продакшнтай болоод хэдий дөрвөн жил болжээ. Мэдээж алдаа оноо, ахиц дэвшилтэй он жилүүд байсан нь дамжиггүй. Энэ тухайд?

-“Эмоци” продакшнаа байгуулаад дөрвөн хаврыг үджээ. Өөрсдийн гэсэн хөлөг онгоцтой болоод түүгээрээ хэр хол аялахаа үзье гэсэн тэмүүлэлтэйгээр “Х-ТҮЦ” продакшнаас зориглон гарч байлаа. Тэр үеэ бодоход өөрийн гэсэн байр суурьтай, “Эмоци” продакшнаар овоглодог уран бүтээлчидтэй, хаана ч очсон биднийг хүлээн зөвшөөрөхүйц болсон гээд маш их өөрчлөлтүүд гарчээ. Уран бүтээл минь амжилттай явж байгаа учраас л бид өнөөдрийг хүртэл зогсохгүй явсаар байна. Уран бүтээлчдийн маань ч хувьд туршлагажсан. Продакшн маань сандал, ширээ ч үгүй байлаа. Гэтэл одоо маш олон хувцас, хэрэгсэл, тайзны фондтой болсон. Уран бүтээлийн жагсаалт маань ч багагүй нэмэгдсэн. Энэ хугацаанд тайзны уран бүтээл, олон ангит болон нэг ангит уран сайхны кино болон хэд, хэдэн аялан тоглолтыг хийжээ. Мөн уран бүтээлүүддээ зориулж цөөнгүй клип ч хийсэн. Харин манай продакшны дараагийн мөрөөдөл бол драмын жүжигт хүч сорих юм. Гэхдээ одоогоор хараахан тохироо нь бүрдээгүй байна л даа. Энэ мэтчилэн бид жүжигчин хүний хүч үзэж болох бүхий л төрөл, жанрт хүч үзэхэд бэлэн байна. Өлсгөлөн чоно мэт л дайрч ороход бэлэн гэж болно. Хамтлагийн маань жүжигчид харьцангуй залуу байна. Тэгэхээр маш их ирээдүй бидэнд бий гэж боддог. Ер нь тэгээд амжилттай сайхан явахаар улам л урам зориг ордог юм байна. Энэ их эрч хүч урам зоригоор үзэгчдэдээ чанартай, хүртээмжтэй сайхан уран бүтээлүүдийг хүргэхээр зорьж явна.

-“Эмоци” продакшн анх байгуулагдахдаа бусад хошин урлагийн хамтлагуудаас юугаараа онцгой байхыг зорьсон бэ. Одоо тэр чиг шугамаараа явж чадаж байгаа юу?

-Яг шударга хэлэхэд манай продакшн энтертайнмент чиглэлээр уран бүтээлээ хийхийг зорьдог. Энэхүү чиг шугамаа ч барьдаг. Тэр ч утгаараа ч хоёр жил тутамд нэг олон ангит кино хийж байгааг үзэгчид маань анзаарч байгаа байх. Мөн үзэгчидтэйгээ ч гэсэн ойр байхыг хүсдэг. Тоглолт болгон дээр маань үзэгчидтэйгээ хамтарсан үзүүлбэр байдаг. Түүнчлэн тоглолтын өнгө аяс ч тэр дуу, бүжиг, өнгө будаг, тайз засалт зэрэг маань ч энтертайнмент тал руу чиглэдэг. Хэдий бүхий л хошин урлагийн хамтлагууд энтертайнмент чиглэлийг барьдаг гэдэг боловч “Эмоци” продакшны хувьд илүү содон байдаг болов уу. Манай продакшны бүх уран бүтээлчид дуулж, бүжиглэж, жүжиглэж байна. Бүх зүйлээ л цогцоор нь байлгахын тулд бид хөдөлмөрлөж байгаа юм. Бид ч бие, биенээсээ тийм байхыг шаарддаг.

Түүнчлэн манай продакшны уран бүтээлчид харьцангуй эрх чөлөөтэй. Хэн нь ч байлаа гэсэн кино, шоу тоглолт гээд хүссэн уран бүтээлдээ оролцоод, тоглоод явж байдаг. Энэ бас манай хамт олны нэг онцлог давуу тал л даа. Тиймдээ ч манай хамтлагийн уран бүтээлчдэд маш их саналууд ирдэг.

-Таны хувьд “Boom­town” хамтлагаас уран бүтээлийн гараагаа эхэлж улмаар “Х-ТҮЦ” продакшнд харьяалагдах болсон шүү дээ. Тэрхүү үеэ дурсвал?

-СУИС-ийн кино, драмын ангийн жүжигчин байхдаа хурдан л алдартай жүжигчин болох юмсан гэсэн мөрөөдөлтэй байлаа. Ер нь урлагийн чиглэлээр сурч байгаа хүн бүхний л мөрөөдөл алдартай хүн болох байдаг байх л даа. Тиймдээ ч оюутан ахуй цагийнхаа мөрөөдлийг биелүүлж дуулж, бүжиглэдэг хэдэн залуус нийлэн “Boom­town” хамтлагийг байгуулсан. Уран бүтээлээ ч сайхан хийж байлаа. Харин цаг хугацаа өнгөрөх тусам өөрийн гэсэн үзэл бодолтой, ирээдүйг харах өнцөгтэй уран бүтээлч болон төлөвшдөг юм байна л даа. Ингээд продакшнаар овоглоод яваад үзье гэж шийдсэн. Сайхан ах, эгч нарынхаа дунд олон жил ажиллаад их ч зүйлийг сурсан даа. Харин тухайн үед залуучуудаараа нийлээд яагаад продакшн байгуулж болохгүй гэж гэсэн бодол төрдөг байлаа. Одоо бол өөрийн гэсэн продакштай болсон байна. Олон ч сайхан уран бүтээл хийнэ гэж зорьж байгаа. Магадгүй цаашдаа продакшнаас ч илүү зүйлийг хүсэж, мөрөөдөхийг үгүйсгэхгүй. Тэр үед түүнийхээ төлөө мөн л зүтгээд, хөдөлмөрлөөд явах болно. Амьдрал баялаг шүү дээ.

-Таныг их сургуулийн тань багш нар театрын жүжигчин бол гэж зөвлөдөг байсан гэлүү?

-Багш нар маань “Чи драмын театрт ажиллаарай. Тэр нь чамд илүү зохино” гэж хэлдэг байсан. Гэхдээ миний хувьд хүмүүсийн заримдаа сайн бас муу ч хэлдэг хошин урлагийг сонгосон. Хүмүүс хошин урлагийг шүүмжлэх, муулах үе байдаг л даа. Тийм боловч өнөөдрийг хүртэл моданаас гараагүй байгаа л урлаг шүү дээ. Миний хувьд хошин урлагийн сонгосондоо хэзээ ч харамсдаггүй. Энэ бол миний явах ёстой зам л гэж боддог. Миний хувьд драмын театрын тайзнаа “Аянгын бороо” жүжгээр гарч байсан удаа бий. Үнэхээр сайхан байсан гэдгийг энд онцлох нь зүйтэй байх. Ямартай ч бид зөвхөн хошин урлагт гэж туйлшрахгүй бүхий л жанраар уран бүтээл хийж байна.

-Та “Ийм нэгэн дурлал”, “Сарны нулимс”, “Хайрлаж болох уу” , “Болсон явдал” зэрэг уран сайхны кинонууд тоглож байсан. Эдгээр кинонууд ч үзэгчдийн хүртээл болж чадсан…

-Миний хамгийн анхны уран бүтээл маань “Ийм нэгэн дурлал” уран сайхны кино л доо. Харин “Болсон явдал” кинон дээр найздаа туслахын тулд эмэгтэй хүн болж байгаа залуугийн дүрд тоглосон. Энэ дүрийг хүмүүс сонирхож асуух нь цөөнгүй байдаг. Би тийм ч их кинонд тоглоогүй л дээ. Арав гаруйхан л уран сайхны кинонд дүр бүтээсэн байх. Бүх уран бүтээлдээ зүрх сэтгэлээ шингээж ажилладаг болохоор энэ дүрүүддээ хайртай.

-Та нэгэн ярилцлагандаа туслах дүрд тоглохыг хүсдэггүй гэсэн байсан. Яагаад юм бол?

– Кино саналууд их ирдэг л дээ. Харин ажлын онцлогоос хамаараад төдийлөн тоглож амжихгүй юм. Түүнээс жүжигчин хүн дүрийг голж болохгүй л дээ. “Дүр л жүжигчнээ голно уу гэхээс жүжигчин хүн дүрийг голох ёсгүй” гэсэн үг байдаг. Багш нар маань ч ингэж заадаг. Тиймээс дүрийг айхавтар голж, шилээд байх нь ч хаашаа юм. Ажлын маань л боломж, бололцоо болдоггүй.

-Танай гэр бүл саяхан гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан. Ер нь таны бодлоор гэр бүлийн аз жаргал юунд оршдог гэж боддог вэ?

-Гэр бүл хүний амьдралын хамгийн том цайз, хэрэм нь. Хүний ажил бүтэмжтэй сайн, сайхан байхад гэр бүлийн байдал хамгийн чухал үүрэгтэй. Өглөө гэрээсээ гарахад үр хүүхдүүд нь аз жаргал, баяр баяслаар дүүрэн, халуун дулаан уур амьсгалтай байвал тэр өдрийн ажлын бүтээмж илүү байдаг юм шиг санагддаг. Тиймдээ ч гэр бүл минь төлөв, түвшин байгаасай гэж хамгийн их хүсдэг. Ямартай ч би одоо л нэг дөмөгхөн эцэг хүн болж байгаа юм болов уу гэж бодоод байгаа юм. Цаашдаа ч гэсэн сайн аав, сайн өрх гэрийн тэргүүн байхын тулд хичээнэ. Мөн хүмүүст үлгэр дуурайл болохоор гэр бүл байх болно. Хэдий гэр бүлдээ цаг, зав зарцуулах үе хомсхон байдаг ч бүхий л зүйлийг амжуулахаар зорьж байна.


Categories
мэдээ цаг-үе

Үеийн залуусаа уяраасан “Мөнгөн хонх” хамтлагтай 10 “В” анги

Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын нэгдүгээр 10 жилийг 1984 онд төгссөн 10 “В” ангийг энэ удаагийн “Нэг ангийнхан” буландаа урилаа. Д.Нарантуяа багштай орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай энэ анги 26-уулаа дэгж, дэрвэж хүүхэд насны гэнэн томоогүй үеэ өнгөрүүлжээ. Тэд сургуульдаа урлаг, сурлага, спортоороо үргэлж тэргүүлэхэд гол хөшүүрэг болсон хүн нь ангийн багш нь аж. Өөрсдөө их идэвхтэйн дээр багшийнхаа зөвлөгөөг ягштал биелүүлдэг байсан нь тэдний гол давуу тал байжээ. Ангийн багш Д.Нарантуяа нь шавь нараа аливаа зүйлд үргэлж дэмжиж хурцалснаар урлаг, спорт, сурлага хөдөлмөрөөрөө манлайлагч анги болгож чадсан байна.

Ангийн багш Д.Нарантуяа “Улсын багшийн дээд сургуулийг 1976 онд төгсөөд будаг нь ханхалсан шинэ багш нутагтаа очсон юм. Дараа жил нь Боловсролын хэлтсийн дарга Г.Наянтайн тушаалаар төвийн арван жилийн сургуульд физик, хөдөлмөрийн багшаар томилогдон 4 “В” ангийг хүлээж авч байлаа. Миний хувьд эрч хүчтэй, урам зориг дүүрэн ажиллаж байсан тэр үедээ их хайртай. Хүн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэж, дурсамжаар амьдардаг гэдэг. Алс газраас шавь нараа дурсан суухад баяр хөөр бялхсан олон сайхан дурсамж санаанд тодхон байна. Түүнээс хойш нэг л мэдэхэд 40 жил өнгөрчээ. Шавь нар маань ч 50 нас дөхчихсөн байна. 1984 онд төгссөн ангийнхаа болон бусад таван бүлгийн охид, хөвгүүддээ энэ хорвоогийн хамгийн сайхан бүхнийг хүсье” хэмээсэн юм. 10 “В” ангийнхан ангийн багш Д.Нарантуяагаас гадна Шагдарсүрэн, Я.Түмэннаст, Д.Саарал, Доржготов, Батболд, Очирбат зэрэг багш нараараа үргэлж бахархаж явдаг байна.

Ангийн даргын хариуцлагатай үүргийг С.Энхтайван, Д.Болормаа нар гүйцэтгэдэг байсан бол эвлэлийн үүрийн даргаар Ц.Алдармаа нар ажилладаг байсан аж. Сурлагаараа анги хамт олноо Ц.Алдармаа, Ч.Амгаланбаатар, С.Бархас, Ц.Оргилмаа нар тэргүүлнэ. Харин спортоор С.Энхтайван, Ө.Энэбиш, Л.Өргөнбаяр, урлаг уран сайханд Д.Энхцэцэг, Б.Ганбаатар зэрэг сурагчид ангийнхнаа манлайлдаг байсан гэнэ. Энэ анги зургаахан хөвгүүнтэй. Хөвгүүд урлаг, спортын арга хэмжээ болоход сонгох, сонгогдох эрх байхгүй. Бүхий л арга хэмжээнд оролцох ёстой байж. Хэдий цөөхүүлээ ч тэд сургуулийнхаа волейболын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн бахдам амжилттай юм байна.

“Энгүй тал” компанийн захирал С.Энхтайван “Бид есдүгээр ангидаа сургуулийнхаа волейболын аваргад сэлгээний тоглогч байхгүй оролцоод түрүүлсэн юм. Бурхны оронд очсон Б.Ганбаатар маань гайхалтай холбоно. Ө.Энэбиш бид хоёр довтлогчоор тоглодог байсан даа” гэсэн юм. Харин ангийн охид их адтай. Гэмгүй номхон царай гаргачихаад үеийнхнийгээ болон бусад ангийнхныг чадчихдаг байсан гэнэ.

“Чингис шар айраг” компанийн нягтлан бодогч Ц.Саранчимэг “Манай анги олон охидтой мөртлөө их дэггүй. Зэргэлдээ ангийн хөвгүүдийг анги руугаа чирээд оруулчихна. Ичээд зугтахаар нь хоёр талаас нь махны дараалал, сүүний оочер гээд шахдаг байж билээ. Арван жилийн минь сайхан дурсамжуудын нэг л дээ. Сэтгэл, зүрхэнд хоногшсон дурсамжууд тэр л гэнэн цайлган үед үлдсэн байна” гэлээ.

10 “В” ангийнхны хамгийн сайхан дурсамж сургуулийн баруун жигүүрийн нийгмийн хичээлийн кабинетэд өнгөрчээ. Тэд ангидаа байх их дуртай байж. Харин ангидаа байх зөвшөөрлөө сургуулийн жижүүр, багш нараасаа төвөггүйхэн авчихдаг байж. Ангидаа дуулна, бүжиглэнэ, хөгжөөнтэй, хоржоонтой зүйлс ярилцана. Басхүү үймүүлж шуугих нь мундахгүй. Харин тэд долдугаар ангиасаа хавар, намрын ажилд явж эхэлжээ. Хэдий 10 “В” ангийг намрын ажилд хуваарилаагүй боловч сайн дураараа явсан үе ч бий гэнэ.

Тэд Асгат, Дарьганга, Мөнххаан зэрэг сумд руу очин үхэр, мал сааж, хашаа барилцан, хадлан хадаж хөдөлмөрийн үр шимийг бишгүйдээ мэдэрч байжээ. Ж.Ариунаа “Бид долдугаар анги төгссөн хавраа ангийн багштайгаа хамт Асгат сум руу үнээ саахаар явж билээ. Үнээгээ саахын тулд таван цаг гэхэд л босчихсон байх ёстой. Багш ч биднийг дуудаж, сэрээнэ. Харин нойрмоглосон хэдэн нөхөд бие биенээ налаад тугалын хашааны хажууд унтчихдаг байж билээ. Багш ч үүнийг гадарласан бололтой. Бидний саасан сүүг өдөр болгон хэмжиж, эхний байрт орсонд нь шагнал өгдөг болсон. Харин бид шагнал авахын тулд ажилдаа хичээнгүйлэн шамддаг болсон доо” гэв. Тэд Дарьганга суманд хашаагаа барьж дуусаад дотор талыг нь лаагаар чимэн ёстой л шавайгаа ханатал бүжиглэсэн нь санаанд нь тодхон үлдсэн байна “Sig­nature Designs” компанийн ерөнхий нягтлан бодогч Д.Алтанчимэг “Дарьганга суманд ажиллаж байхад би тогооч хийсэн юм. Олон хүний хоол хийнэ гэдэг тийм ч амар биш. Зарим хүүхдүүд голж шилэх нь ч бий. Тэгэхээр нь би гомдоод уйлчихна. Тэр үед биднийг дааж явсан Хунбат багш маань “Хүний юу гэх нь хамаагүй. Чи л сэтгэлээсээ хийж байвал болно” гэж тайвшруулж байж билээ” гэсэн юм. Хунбат багш нь хүүхдүүдээ урамшуулж, сэтгэлийг нь сэргээхийн тулд нэг нэгээр нь дуулуулна. Харин дуулсан хүүхдээ нэг ирис, боорцгоор шагнадаг байсан гэнэ. Мөн тэд нутгийн айлд ээлжлэн очиж өрөмтэй будаа иддэг байжээ. Гэрийн эзэгтэй тэдэнд зориулж бүр аягалаад тавьчихдаг байж. Тэд өрөмтэй будааг нь амтархан иддэг байсан хэрнээ гэрийн эзний нэрийг тогтоож чадаагүй дээ өөрсдийгөө зэмлэдэг шүү хэмээн ярьсан.

Харин аравдугаар ангид байхдаа Мөнххаан сум руу хадлан хураалтад явжээ. Тэд сумын буудалд, тогоочоор хоол хийлгүүлж идэн их тансаг байсан аж. Басхүү хийх ажил ч бага. Өдөрт ердөө ганц, хоёр машин өвс л буулгаж нурууддаг байсан гэнэ. Энэ тухай Сонгинохайрхан дүүргийн 117 дугаар цэцэрлэгийн багш Ц.Энхжаргал “Сумын буудлын их том өрөөнд охид буудалласан юм. Охид л болсон хойно хорвоо дэлхийн сонин хачинг хуучилцгаана. Тэр тусмаа хөвгүүдийн тухай яриа их сонирхолтой. Охид орой болгон мөрөөдлийн залуугаа дотроо төсөөлөн хананд байх том толинд харж зогсоно. Харин дараа нь тэр том толиныхоо хажууд ээлжлэн унтана. Өглөө нь сэрээд ямар зүүд зүүдэлснээ бусдадаа ярьж өгдөг байж билээ. Бусад нь сонирхолтой нь аргагүй сонсож, дор бүрнээ мөрөөдөж, нэгнийгээ шоолж, хөгжилдөнө. Эргээд бодоход хүүхдийн гэнэн томоогүй, сайхан дурсамж тэр л цаг мөчид үлдсэн байна” хэмээн дурсана. Тэд энэ л мөчүүдэд бие биеэ улам таньж нөхөрлөн, нэгдэн нийлж, төлөвшиж, эвсэг найрсаг хамт олон болон бүрэлдэж байжээ. Мөн хэзээ ч мартагдахааргүй олон сайхан дурсамжуудыг сэтгэл, оюундаа үлдээсэн байна.

10 “В” ангийн С.Энхтайван, Энэбиш, Ч.Амгаланбаатар, Л.Өргөнбаяр, Д.Энхцэцэг, Ц.Саранчимэг тэргүүтэй авьяаслаг сурагчид “Мөнгөн хонх” хэмээх хамтлаг байгуулж, үеийн нөхдөө доргиож явсан түүхтэй. Энэхүү дурсамжаасаа “Хаан төрөн” компанийн захирал Ч.Амгаланбаатар “Манай ангийн “Мөнгөн хонх” хамтлаг төвийн болон гадна дотны төлөөглөгчдөд ая дуугаа өргөж, олон ч удаа нүүр тахалсан шүү. Гоё хамтлаг байсан даа” хэмээн дурссан юм. Мөн энэ ангиас Өсвөрийн залуу техникчдийн фото зургийн улсын уралдааны аварга төрж байжээ. Харин ангийнхан нь тус уралдаанд түрүүлсэн Ц.Урантуяагаа онгоцны буудлаас ёслол төгөлдөр хүлээж авсан нь түүний хамгийн сайхан дурсамжуудын нэг гэсэн.

Энэ ангийн ихэнх сурагчид конкурсаа өгөөд их, дээд сургууль, техникумд суралцахаар болж байжээ. Тэр бүү хэл гаднаас ирсэн есөн хуваарийн зургааг нь энэ ангийн сурагчид авсан байна. Ингээд бодохоор их л сурлагатай, авьяаслаг хамт олон байсан харагдаж байна. Одоо салбар, салбартаа амжилт бүтээл арвинтай явна. Доктор, магистрын зэрэг хамгаалаад зогсохгүй төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан нь ч олон юм байна. Төрөлх сургуулийнхаа эрдэм мэдлэгтэй, чадварлаг багш нарынхаа ачаар өдий зэрэгтэй явна хэмээн тэд үргэлж талархаж явдаг гэсэн. Мөн хэдий арван жилээ төгсөөд 33 жил болсон ч төгсөлтийн баяраа хэзээ ч мартдаггүй, дурсах бүрийд сэтгэл догдолдог шүү хэмээн хэлж байлаа.

Хэл шинжлэлийн ухааны доктор, дэд профессор С.Бархас “Ангийнхныхаа амжилт бүтээлээс харахад цаг, үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, нийгмийн хэрэгцээ шаардлагыг ухамсарлан, цаг ямагт мэргэжил, мэдлэгээ дээшлүүлж байдаг нь анзаарагддаг юм. Ямартай ч бид эрдэм мэдлэгийн уурхай болсон багш нарынхаа ачаар нийгмийн бүтээн байгуулалтад гар бие оролцож, эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан, аж амьдралаа сайн сайхан авч явна. Хайрт багш, найз нар маань эрүүл энх байж, аз жаргал, баяр баяслаар дүүрэн явахыг хүсье” гэсэн юм. Тэд арван жилийнхээ тэр л он жилүүдийг дурсахад сургуулийн танхимд шуугиж явсан гэгээн сайхан мөчүүддээ очсон юм шиг л санагдаж байна хэмээн онцлон хэлж байлаа. Мөн 10 “В” ангийнхан өөрсдийн гэсэн орон зайгаа үлдээгээд тэнгэрийн оронд одсон анд найзуудаа санан дурсаж явдгаа ярьцгааж байлаа.