Categories
мэдээ цаг-үе

Н.Батцэнгэл: Америкт монгол гэрээрээ амралтын газар байгуулсан

Америкийн нэгдсэн улс дахь “JM STAR INC” компанийн захирал Н.Батцэнгэлтэй ярилцлаа.

-Та АНУ-д ажиллаж, амьдраад хичнээн жил болж байна вэ?

-Би эх орноосоо гараад 12 жилийн нүүр үзэж байна. Багагүй хугацаа шүү. Анх ирээд хэл ус мэдэхгүй, хэцүү бэрх зүйлийг өчнөөн л туулсан. Америкт ирчихээд ресторанд туслах ажилтан хийж байхдаа хоол ч ховорхон хийж үзсэн хүн чинь хуруугаа огтолчихсон. Гэхдээ ажлаасаа халагдаж магадгүй гэж айсандаа эзэндээ мэдэгдэхгүй гэж хичээн гурван хуруугаараа ногоо хэрчээд зогсож байснаа мартдаггүй юм. Түүнээс хойш харин ногоог бол айхтар хурдан хэрчиж сурсан даа (инээв). Ер нь хүн гэдэг хүний нутагт даарахгүй байсан ч дандаа жиндэж явдаг юм билээ. Харин энд унаж боссож, нутаг нэгтэндээ чадуулж явсан он жилүүд минь надад нэг л зүйлд сургасан юм. Ухаандаа хүн шиг хүн явъя гэвэл хэзээ ч, хэн ч чамд яаж ч хандсан бай хувиа хичээгч байж болохгүй гэх энэ бодол. Би 12 жилийн турш энэ л бодолдоо хүрэх гэж хичээж явна.

-Одоогоор та ямар чиглэлээр ажиллаж байна вэ?

-Мэдээж анх ирээд хүмүүст ажилладаг байсан. Харин 2008 оноос ачаа тээврийн “MGLBB TRANSPORTATION LLC” компаниа байгуулсан л даа. Эхний үед мөнгө олох нь байтугай хийж байгаа бизнесийнхээ учрыг ч олохгүй, маш их алдагдалд орсон. Нутаг нэгтнүүддээ туслахсан гэж бодсон сайхан сэтгэл рүүгээ олон ч удаа ус цацуулсан даа. Зарим нэг жолооч нар маань цалингаараа казинод тоглочихоод Цэнгэл цалингаа өгсөнгүй гэх нь ч байсан. Бас ачаагаа хоцроож 14000 $-ын өрөнд оруулчихаад хаяад явсан тохиолдол ч бий. Энэ мэтчилэн зарим монголчууд минь хамтран ажиллахад тун хэцүү шүү дээ. Яахав алдаа бүр онохын эхийг тавьж, ухааруулж байдаг хойно доо.

Харин дараа нь гадаад хүмүүсийг авч ажиллуулахад нуруун дээрээс нэг том ачаа аваад хаячих шиг л болсон. Хууль дүрмээ мэддэг, хариуцлагаа ухамсарласан, зах зээлээ мэдэрч чаддаг хүмүүстэй ажиллаж эхлэхэд компани маань ч өндийгөөд л ирсэн. Улмаар 2011 онд “JM STAR INC” компаниа худалдан авч, мөн 2015 онд машин тээврийн “AMI­DAA LLC” компаниа нээн ажиллуулж байна. Одоогоор 20 гаруй монгол болон гадаад жолоочтой үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна.

-АНУ-д компани байгуулна гэдэг амаргүй байсан болов уу. Энэ тухайд?

-Мэдээж амархан байгаагүй. Төлбөр тооцоо чанга л байдаг юм. Гэсэн ч зөвхөн тээвэрлэлтийн компани ажиллуулахаас гадна олон жил бодож явсан нэгэн хүслээ биелүүлэхийн төлөө зорьсон. Тэр нь Америкт монгол соёл уламжлалаа дэлгэрүүлэн таниулж, аялал жуулчлал, гадаад харилцаанд жинтэй хувь нэмэр оруулах юмсан гэх бодол юм л даа. Үнэндээ Америкт Ази хүн бүрийг л хятад эсвэл солонгос уу л гэж асуудаг. Тиймдээ ч монгол гэрээрээ “Ger Camp” амралтын газар байгуулсан юм. Эхний ээлжинд гурван монгол гэрийг Америкийн том сүлжээ амралтын газарт барьсан. Энэ нь америкчуудыг Монгол эх орон руугаа аялал жуулчлалаар татах, очиж үзэх хүслийг нь өдөөх зорилготой. Дээрээс нь нутаг нэгтнүүдээ Монгол ахуйгаас нь холдуулахгүй байлгахсан гэсэн давхар зорилготой юм.

Түүнээс гадна Мичиган нуурын торгомсог элсээр эмжигдсэн, үзэсгэлэнт “In­dian Dunes national” парктай, жил бүр гурван сая гаруй амрагчид зугаалдаг, цаашид аялж зугаалагчид улам их өсөх хандлагатай газарт гурван акр газар худалдаж авсан. Үүнийг онцлон хэлсэн нь Монголын төрөөс, эсвэл аялал жуулчлалын компаниуд энэ боломжийг харж хамтран ажиллаасай гэсэн дээ юм л даа. Ингэж хамтран ажилласнаар Монгол орноо сурталчлах томоохон аяллын газартай болох бүрэн боломжтой гэсэн үг. Энэ мөрөөдлөө биелүүлэхийн тулд та нартайгаа хамтран ажиллахад бэлэн байгаа шүү гэдгийг дуулгах нь зүйтэй байх.

-Таныг монголчууддаа тус дэм болсоор байгаа гэж сонссон юм байна.

– Ер нь хүн үхэхдээ үүрээд явахгүйгээс хойш аль л болох өөр хэн нэгэнд тус дэм болж явах хэрэгтэй гэж боддог. Тиймээс ч хэдийгээр халгиж цалгитлаа мөнгө төгрөг олоогүй ч багахан олсноо хэн нэгэнтэй хуваалцах юмсан гэж боддог. Тэглээ гээд нэг их хохирохгүй шүү дээ. Харин ч хүнд туслахад өөрт баяр жаргал ирэн, ажил төрөл бүтэмжтэй болох шиг болдог. Өрөөлд туслах бүртээ ээж, аавыгаа дурсдаг. Тэнгэрт морилсон тэд маань хүүгээ хараад инээж баярлаж байгаа даа гэж боддог юм. Зах зухаас нь дурдвал наадам, цагаан сар өөр бусад арга хэмжээнүүдэд тогтмол хандив өргөсөөр ирсэн. Ажаа гэгээнтний санаачилгаар цусны хорт хавдартай хүүхдүүдэд зориулсан хандивын тоглолтыг зохион байгуулж, “ТВ коктэйль”, “Мотив” хамтлаг, МУГЖ С.Батсүх гуайн тоглолтыг ивээн тэтгэж байлаа. Америкт амьдарч байгаа монгол хүүхдүүдийг эх хэлээ сураасай, түүнд нь нэмэр болохсон гэж нэг жилийн турш сургалтынх нь байрны үнийг төлсөн. Саяхан жиүжицү барилдаанаар Дэлхийн аварга болсон тамирчин Ц.Батцэцэг дүүд мөнгөн тусламж үзүүлсэн. Саяхан Чикаго хотод цусны хорт хавдар тусан эмчлүүлж байсан Мөнхтуул бүсгүйд, яруу найрагч Х.Тэргэлтэйгээ хамтарч хандивын арга хэмжээ эхлүүлэн тусаллаа. Мөн Ахмадын баярыг тохиолдуулан Чикаго хотод ажиллаж амьдарч байгаа ахмад уран бүтээлч, хөгжимчин Банзай ахдаа хүндэтгэл үзүүллээ. Жил бүр Чикаго хотод нэгээс хоёр удаа ирдэг Монголын элчингийн үйлчилгээг компанийнхаа байранд өөрийн хүсэлтээр сүүлийн дөрвөн жил явуулж байгаа. Монголчууддаа хүрч ажиллахад нь бага ч болов дэм болох гэх мэтээр цаашид ч төлөвлөж бодож суугаа олон зүйл байна даа. Монголчууд бид аливаа зүйлийг маш хялбархан сурдаг гайхалтай хүмүүс. Тиймээс бид хар амиа биш, бие биенээ гэдэг л болчихвол хаана ч дээшээ өгсөж чадна.


Categories
мэдээ цаг-үе

Урлагийн гавьяат зүтгэлтэн Найдангийн Ганхуягийнх

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор, Соёл урлагийн их сургуулийн тэнхмийн эрхлэгч Найдангийн Ганхуягийнд өнжлөө. Өнөөгийн тайз, дэлгэцийн сор болсон жүжигчид, найруулагчид “Найдангийн Ганхуяг багшийн шавь, багшийнхаа ачаар өдий зэрэгтэй явна” хэмээн ярихыг олонтаа сонсож байлаа. Харин салаалсан мөчир бүр нь жилээс жилд нэмэгдэн басхүү хамгийн гоёмсгоор цэцэглэсээр байгаа аварга том мод мэт энэ эрхэм тун чиг энгийн хүн ажээ. Тэрээр “Миний “Hi tone” дээр Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий хоёрын дуулсан “Хайрын тэнгэр диваажин” гээд дуу явж байгаа биз. Тэр дууны шүлгийг би ханьдаа зориулж бичсэн юм байхгүй юу” гэсээр биднийг угтлаа. Н.Ганхуяг найруулагчийнх “Нарны хороолол”-д гурван өрөө байранд амьдардаг юм байна. Бид түүний гэргийн гарын цайг уунгаа уран бүтээлийн тухай ийнхүү яриа өрнүүллээ.

Тэрээр Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг 1976-1980 оны хооронд суралцаж төгсчээ. Түүний хувьд оюутан ахуй цагаасаа л алтан үеийн “луугаруудтай” ойр дотно явж, үгийг нь дуулж ирсэн нэгэн. Энэ нь түүнийг чамгүй оюутан байсан гэдгийг ч гэрчлэх нь дамжиггүй биз ээ. Тухайлбал оюутан хүү “Говийн зэрэглээ” уран сайхны кинонд туслах найруулагчаар явж байжээ. Энэхүү кинонд ёстой л тухайн үеийн “аваргууд” тэр чигээрээ ажилласан байдаг билээ. “Намайг кино урлагт хөтөлсөн хүн болох БНМАУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн Равжаагийн Доржпалам гуай энэ киног найруулсан юм. Бүх холбоотын кино урлагийн дээд сургуулийг Монголд хамгийн анх төгсөж ирсэн хүн юм шүү дээ. Р.Доржпалам гуай угтаа Монгол улсын үндэсний тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, Манж болон Хятадын дарлалын эсрэг тууштай тэмцэгч, цэргийн чадварлаг жанжин Ялгуун баатар Сумъяа бэйс буюу Лаварын Сумъяагийн хүү юм билээ. Харин хүүгээ Равжаа гэж лам ахдаа өргүүлсэн түүхтэй гэдэг. Ямартай ч “Говийн зэрэглээ” уран сайхны киноны ансамбль маш сайхан бүрдсэн. Театр ч бай, кино ч бай ансамбль бүрдэнэ гэж нэг сайхан юм бий. Алдар цуу, авьяас билигтэй төдийгүй үзэл бодол, тоглолтын арга барил нийлсэн жүжигчид нэг уран бүтээл дээр цуглахыг хэлж байгаа юм л даа. Тиймдээ ч энэ кинонд тоглосон жүжигчид тэрхүү дүрээрээ ард түмэндээ нэрлэгдэж чадсан” гэлээ. Тэрээр “Говийн зэрэглээ” уран сайхны киноны дууны шүлгийг бичжээ. Зохиолч, зураглаачаар ажиллаж байсан Б.Балжинням найруулагч ийн даалгасан учир тэрээр яалт ч үгүй бичихээс өөр аргагүйд хүрчээ. Кино группийнхэн сургуулийн дотуур байранд байрладаг байж. Нэг орой их халуун, бүгчим байсан учраас гадаа хонохоор болж л дээ. Харин цэлмэг тэнгэрт түгэх оддыг ширтэн хэвтэхдээ говийг хайрлах, бишрэх сэтгэл өөрийн эрхгүй төрж “Элгэн халуун говьдоо Эхийн хайраар холбоотой” гэх мөрт зурсхийн орж ирсэн гэдэг. Ингэж л одоог хүртэл залуу уран бүтээлчид шинэчлэн дуулсаар байгаа “Алтанхан говь минь” дуу бүтсэн түүхтэй гэнэ.

Хангай нутгийн хүн боловч говийг хайрлах сэтгэл тэгж их оргилсон нь гайхам шүү хэмээн тэрээр дурссан. Энэ нь түүний бичсэн хамгийн анхны дууны шүлэг аж. Мөн тэрээр оюутан ахуй цагтаа шинээр гарсан кино, жүжиг зэрэгт шүүмж биччихдэг чамгүй идэвхтэй оюутан байжээ.

Түүний бичсэн шүүмжийг “Үнэн”, “Утга зохиол урлаг”, “Залуучуудын үнэн”, “Хөдөлмөр” зэрэг сонин нийтэлдэг байсан нь их урам өгдөг байсан гэнэ. Тухайн үед түүний шүүмж гараагүй долоо хоног үгүй байж. “Шүүмжийг минь Э.Оюун багш их дэмжинэ. Ер нь энэ хүн л намайг судлал, шүүмж рүү татсан, ойртуулсан. Басхүү зөвлөгөө заавар ч өгсөн. Би хамгийн сүүлийн шавь нь. Энэ хүний шавь нарын нэг болсон доо их баярладаг юм. Нэр төрийн хэрэг шүү дээ. Багш минь намайг хамгаалдаг ч байсан. Драмын театрын удирдлагуудад “Та нар Ганхуягийг битгий гомдоогоорой” гэж хэлсэн байдаг юм. Үгүй ээ ер нь нэг муу оюутан гомдоод ч хаачих юм билээ. Ухаандаа энэ хүн өөрийнхөөрөө бичээд л явж байг. Та нар дэмжээрэй гэсэн санаа байж л дээ” гэснээ хэсэг бодлогоширов.

Харин түүний Кино драмын ангийн багш нь Ардын жүжигчин Б.Мөнхдорж юм. Н.Ганхуягтай хамт Ардын жүжигчин Самбуугийн Сарантуяа тэргүүтэй олон сайхан алдартнууд төрөн гарчээ. Мөн энэ ангиас олон ч оюутан аймаг бүрийн театруудад соёлын үрийг тарьсан байна. “Би “Тэмцлийн оч”, “Газрын үнэр” зэрэг уран сайхны кинонд туслах дүрд тоглосон юм. Мөн “Амьдралын алтан хонх” жүжигт “Эндээс эмнэлгийн үнэр үнэртээд байна” гэхэд нь нэг их омогтой хүн загнадаг шүү дээ. Тэр чинь ухаандаа би юм. Жүжигчнийхээ хувьд ард түмний сэтгэлд хоногшсон ганц дүр минь тэр л дээ.Гэсэн ч би өөрийгөө жүжигчин мэргэжлээр төгссөн хүн гэж хэлэхээс ичдэг юм” гээд инээмсэглэн цай оочиллоо.

Н.Ганхуяг найруулагч Багшийн дээд сургуулийн Кино драмын ангийг төгсөөд Улсын драмын эрдмийн театрт туслах найруулагчийн хариуцлагатай албанд очжээ. “Намайг театрт З.Пүрэвээ гуай тосож авсан. Ард түмэн “муухай” Пүрэвээ ч гэдэг юм даа. Сайхан хүн байсан шүү. Би театрт таван жил ажилласан. Б.Мөнхдорж, Г.Доржсамбуу найруулагчийг дагаад туслах найруулагчаар ажиллаж байлаа. Багш нар маань ч намайг жүжигчин гэхээсээ илүү найруулагч, судлаачийн чиглэлээр сурвал зүйтэй юм байна гэж хэлдэг байж билээ. Миний хувьд Улсын драмын эрдмийн театраа миний төрөлх үүр гэж боддог шүү” хэмээн ярьсан. Түүний хувьд театрын тайзнаа өөрийн зохиол болох “Амин булаг”, “Бүсэнтүгдэн хүү” мөн Фридрих Шиллерийн “Хар санаа хайр сэтгэл” зэрэг долоон жүжиг найруулан тавьжээ. Түүний зохиосон “Хар санаа хайр сэтгэл” жүжгийн дуу “Пентатоник” наадмын тэргүүн шагнал ч авч байсан түүхтэй билээ.

Н.Ганхуяг найруулагч “Би 2015 онд Драмын театрт өөрийнхөө зохиол болох “Бүүвэй” гээд жүжгээ тавьсан юм. Тун саяхан театрынхан маань аялан тоглолтоор яваад иржээ. Тэр бүү хэл миний төрсөн нутаг Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд очсон байна. Манай сумын Соёлын төв миний нэрэмжит байдаг юм. Энэхүү Соёлын төвд маань зорин очиж, нутгийн зон олонд минь миний “Бүүвэй” жүжгийг тоглож өгсөнд театрынхандаа тун их баярлаж байгаа. Драмын театрынхан хамгийн сүүлд 1985 онд манай суманд очсон. Тухайн үед би Беларусст сурч байлаа. Гэтэл ээж минь “Миний хүүгийн ажлын гараагаа эхэлсэн театрынхан ирсэн байна” гээд цай, цүү болон очсон юм билээ. Түүнийг театрынхан маань их дурсдагсан. Энэ жил ч гэсэн ээжийн минь тэр сайхан сэтгэлийг залгамжилж эгч минь очсон байна билээ. Би чинь дөрвөн эгчтэй, айлын отгон нь юм шүү дээ. Одоо гурван эгч минь энх тунх Цагаан-Уул сумандаа мал маллан сайхан амьдарч байна даа” гэсэн юм.

Түүний хувьд театрт таван жил ажилласныхаа дараа Беларусст Урлагийн академийг Я.А.Громовын удирдлага дор найруулагчийн мэргэжлээр1985-1990 оны хооронд сурч төгссөн. Н.Ганхуяг найруулагчийн хувьд шүүмжээс гадна өгүүллэг, жүжиг, кино зохиол зэргээ ч өөрөө бичдэг. Тэрээр төгсөж ирснээсээ хойш хорь шахам жүжиг, арваад кино зохиол бичжээ. Тэдгээр нь бүгд тайз, дэлгэцнээ мөнхлөгдсөн байна. Н.Ганхуяг найруулагчийн хамгийн анхны өгүүллэг болох“Агарын гурван сүлжээ”-г Б.Сумхүү найруулагч санал тавин кино ч хийж байсан түүхтэй гэдэг. “Тэр кино маань улсын төсвөөр хийгдсэн хамгийн сүүлийн кино л доо. Миний хувьд ч гэсэн хэдэн ширхэг хальсны кино хийж л байсан. Хальсны кино хадгалж болдоггүй нэг гэмтэй юм. Одоо ч зарим нь устаад алга болж дээ” гэж байлаа. Түүний дэлгэцийн бүтээлүүдээс “Мичдийн зургаан гялаан” уран сайхны киног онцлохгүй байхын аргагүй. Учир нь тэрээр Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Г.Гомбосүрэн, Ч.Долгорсүрэн, Гавьяат жүжигчин З.Пүрэв, Г.Батсүх, Б.Энхтуяа, Лха.Долгор гэсэн алтан үеийн зургаан жүжигчинг энэхүү кинондоо тоглуулж чадсан билээ. Энэ тухайд “Миний бие дааж найруулсан анхны кино байсан. Энэ гайхамшигтай зургаан уран бүтээлчтэй хамтарч ажилласандаа их л олзуурхаж явдаг юм. Ахиад нэг их сургууль төгссөний дайтай хичээл, туршлага болж чадсан даа” хэмээн ярьсан юм.

Мөн Н.Ганхуяг найруулагч “Хэлтгий заяа” хэмээх үндэсний бөхийн тухай уран сайхны кино хийсэн билээ. Түүний хувьд Монгол бөхийн зодог хэрхэн задгай болсон тухай домгийг багадаа сонсож байжээ. Энэхүү домгоор жүжиг эсвэл кино хийчихвэл сонин үйл явдалтай, өвөрмөц дүрүүдтэй болох нь дамжиггүй гэсэн хүсэл түүнд олон жил нуугдсан байна. Харин 1993 онд өнөөх домгоороо кино хийхээр сэтгэл шулууджээ. Бөхийн тухай кино учир М.Мөнгөн арслантай хамтарч зохиолоо бичсэн байна. Улмаар М.Мөнгөн арслан, дархан аварга Ж.Мөнхбат зэрэг бөхчүүд гол болон туслах дүрийг бүтээхээр болжээ. Харин эсрэг талын дүр болох Шөрмөс начинд мэргэжлийн хүн тоглуулсан нь зүйтэй хэмээн бодож найруулагч Ч.Найдандоржийг сонгосон түүхтэй гэнэ. Энэхүү киноны зураг авалтыг Төв аймгийн Мөнгөнморьт суманд хийжээ. Энэ тухайд тэрээр ярихдаа “Манай Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач П.Цогзол гуай “Киног уран бүтээлчид бүтээдэг гэдэг худлаа. Киног ард түмэн бүтээдэг юм” гэж хэлж байсан. Би үүнийг үнэн гэж боддог шүү. Морь мал, гэр орон, эд зүйлсээ хэрэглүүлнэ. Хоол унд бариад ирэх нь ч энүүхэнд. Тэгэхээр тэр их тус дэмгүйгээр уран бүтээл бүтнэ гэдэг тун хэцүү. “Хэлтгий заяа” киног хийхэд Мөнгөнморьт сумын ард түмэн их тусалсан даа. Олон түмний ачаар кино ч сайхан бүтсэн. Манай М.Мөнгөн арслан зураг авалтгүй үед хүүхдүүд дунд л байж байдагсан. Тэдэнтэй инээд хөөр болчихсон л сууна. Дунд нь орж бүжиглэх үе ч бий. Томчуудтай нэг их ойртохгүй шүү. Харин Мөнгөнморьт руу зураг авалтаар явахад Ж.Мөнхбат аваргыг дагаж хүү М.Даваажаргал нь хамт явж байж билээ. Манай том хүүтэй нас ойр юм болохоор их ч барилдаж, ноцолдоно. Тэр үед нэг их бороотой өдрүүд байсан юм. Газар нойтон, мод чийгтэй болохоор гал асаана гэдэг амаргүй байдаг байлаа. Харин Даваажаргалаар ганц сайн үлээлгэчихээр дүрэлзээд л асчихдагсан. Манай эхнэр “Даваажаргал үгүй ээ мөн уушиг сайтай хүүхэд шүү” гэж одоог хүртэл хуучлан ярьдаг юм” гэлээ. “Хэлтгий заяа” уран сайхны киног хийсэн нь түүний бөхийн спортод ойр байдагтай ч мөн холбоотой байсан болов уу. Учир нь Багшийн дээд сургуулийн Кино драмын анги, Биеийн тамирын ангийнхантай нэг факультет байсан учраас түүнд оюутан ахуй цагийн бөх найзууд их бий. Тэрээр Улсын заан С.Хүрэлбаатар, Ж.Ганболд тэргүүтэй бөхчүүдтэй үй зайгүй найзууд гэсэн. Мөн О.Балжинням аварга, улсын начин З.Дэлгэрдалай, Д.Дамдин нартай ч нэг үе. Тэрээр “Манай бөх найзууд тэмцээн уралдаантай үедээ үнэгүй хоол иднэ л дээ. Би ч гэсэн дагаад л орчихно. Намайг хөнгөн жингийн бөх байна л гэж боддог байсан байлгүй” хэмээн дурсаж ихэд хөгжилтэй инээлээ. Мөн “Ингэж л бага залуугаасаа бөхчүүдтэй холбогдчихсон учраас бөхийн спортод их элэгтэй. Ер нь урлаг, спорт бол нэг зоосны хоёр тал шүү дээ. Адилхан хичээл зүтгэл, авьяас, хөдөлмөрөөр л гарч ирдэг юм” гэж байлаа. Түүний хувьд найз Хүрэлээ заандаа зориулж “Сэтгэлийн гэрэл” хэмээх дуу хийжээ. Энэхүү дуу нь Хөвсгөл аймгийн бөхчүүдийн сүлд дуу нь болсон гэсэн.

Найруулагч Н.Ганхуяг, зураглаач Д.Балчинпүрэвийн хамт

Н.Ганхуяг найруулагч тайз, дэлгэцийн уран бүтээл хийхээс гадна Соёл урлагийн их сургуулийн багшийн хариуцлагатай үүргийг 27 жилийн турш үүрч яваа нэгэн. Энэ хугацаанд тэрээр Жүжиг, киноны зохиолчийн ангийг үүсгэн байгуулжээ. Энэхүү анги нь тэнхим болтлоо өргөжин тэлсэн байна. Н.Ганхуяг найруулагч СУИС-даа эрхэлж явна хэмээн ярих дуртай. Мөн тэрээр “Би сургуулиа амьд хүн мэт л санадаг. Тиймээс би сургуульдаа орохдоо малгайгаа авдаг. Сургуулиас гарсныхаа дараа малгайгаа өмсдөг. Тэгж ч болов сургуулиа хүндэлдэг юм” гэсэн. Энэ жил СУИС-ийн хамт олон Төрийн шагналт, Ардын жүжигчин Э.Оюуны 100 насны ойг угтаж эрдэм шинжилгээний хурал хийхээр зэхэж байгаа аж. Мөн Монголд театрын дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ойг тун удахгүй тэмдэглэхээр болжээ. Иймд ойгоо угтаж ахмад багш нарынхаа нэрэмжит тэнхмийг нээж, мөн эрдэм шинжилгээний хурлуудыг хийх гэж байгаа талаараа тэрээр онцлон дурдсан юм.

Н.Ганхуяг найруулагчийн анхны шавь нар нь Гавьяат жүжигчин Н.Ариунболд, Соёлын тэргүүний ажилтан Ц.Батхуяг буюу Амбий тэргүүтэй авьяаслаг уран бүтээлчид юм. “Анхны шавь нар маань надад багш болох визийг өгсөн. Итгэлийг өгсөн гэсэн үг. Би өнөөдрийг хүртэл нийт 14 ангийг дааж төгсгөжээ. Үүнээс Төрийн соёрхолт Н.Наранбаатар, Гавьяат жүжигчин Н.Ариунболд, У.Уранчимэг тэргүүтэй алдар цуутай сайхан уран бүтээлчид төрсөн байна. Мөн нийт 60 Соёлын тэргүүний ажилтан төрсөн байна лээ. Манай Урнаа намайг зорьж сургууль дээр их ирнэ. Сургуулилттай үед би ч үзэгчдийн суудалд сууж байна л даа. Харин Урнаа ирэхээрээ халаасанд минь нэг юм хийчихээд л явна. Дараа нь харахад мөнгө хийчихсэн байдаг юм. Жүжигчнийхээ хувьд Урнаа олон ч төрөл жанр руу хөрвөж чаддаг. Маш сайн жүжигчин. Манай Бооёо ч мөн адил. Ухаантай хүн шүү дээ. Багшийнхаа үе үеийн шавь нарыг сургаж ажил амьдралтай нь залгуулж байгаад их баярлаж явдаг юм. Шавь нар минь ч сайхан амжилттай явна. Саяхан болсон “Улаанбаатар” кино наадамд миний шавь нарын хийсэн “Зүрхний хилэн” уран сайхны кино шилдэг түүхэн бүтээлээр шалгарлаа. Ер нь сүүлийн үеийн уран бүтээлүүдийг дийлэнх нь миний шавь нар хийж байгаа. Багш хүн гэдэг шавь нарынхаа амжилтаар бахархаж, түүнээс урам авч байдаг юм. Энэ мэтчилэн сайхан мэдээ ихтэй байгаа болохоор ойрдоо баярын нулимс их унагаж байна даа. Нас ахиж байгаа болоод ч тэрүү шавь нарынхаа амжилт бүтээлийн тухай сонсохоор нулимс асгараад байдаг болчихжээ.Шавь нараараа л бахархаж жаргаж явна даа. Ер нь би гэдэг хүн чинь шавь нарынхаа бас сайн ханийнхаа хүчинд яваа юм даа” хэмээн баяр, жаргалын нулимс дуслуулан ярилаа.

Харин түүний эхнэр “Манай хүн шавь нараа загнаад л байдаг юм. Гэсэн ч шавь нар нь хүрээлээд л байдаг. Ер нь манайд хүний хөл тасарна гэж үгүй” гэж байлаа. Түүний гэргийг Х.Баясгалан гэдэг. Монголын Үндэсний радиогийн “Хурд” агентлагт мөн найруулагчаар ажилладаг. Гэрийн эзэн гуай “Манай хүн чинь бас найруулагч. Надаас ч том найруулагч шүү” хэмээн эхнэрээ цаашлуулаад амжсан юм. Тэд Багшийн дээд сургуулийн Кино, драмын нэг ангийн оюутнууд аж. Тэднийг хэрхэн танилцсан тухай асуухад “Миний хань чинь Завхан аймгийн тэр олон мянган хүүхдээс ганцаараа Кино, драмын ангийн хуваарийг авч ирсэн юм. Миний ханьд Завхан аймгийн арван жилийн сургуулиас бараг мянган хүн захиа өгсөн. Тэр үеийнхэн бол андахгүй мэднэ. Харин дээд сургуульд ороод дахиж хэдэн захиа авсныг нь би мэдэхгүй юм байна” хэмээн инээд шуугиан болох нь тэр. Харин түүний эхнэр“Манай хүн ингээд л намайг явуулдаг юм” хэмээн инээмсэглэх аж.

Эднийх хоёр хүүтэй. Том хүү Г.Агар-Эрдэнэ Австралийн Сидней хотод хууль, эрхзүйн чиглэлээр магистрт сурдаг. Харин бага хүү Г.Тэвтэнгэр нь ОХУ-д сэтгүүлчээр сурдаг байна. Х.Баясгалан“Хүүхдүүд минь архи, тамхи хэрэглэдэггүй. Их сайхан хүмүүжилтэй. Бид хоёрын бахархал бол хүүхдүүд минь юм даа. Манайх хоёр ачтай. Удахгүй улам өнөр олуулаа болно гэж бодож байгаа шүү. Хэдий хүүхдүүд минь хамт байхгүй ч газрын зураг дээрээс ч болов байгаа газрыг нь хардаг юм. Саяхан хань маань надад ОХУ-ын газрын зураг авчирч өгсөн. Бага хүүгийнхээ хаана байгааг бүр тодоор хар гэж тэр” хэмээн хуучлангаа бидэнд хоол, цай барив. Эднийх жил гаруйн өмнө Москва хорооллоос энд нүүж иржээ. “Амьдрал минь шатаар өгсөж буй мэт л аажимдаа дээшилсэн. Түүнээс гэнэт бүх зүйл сайхан болчихоогүй. Аливаад зөв бодолтой, зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж чадвал хэзээ нэг өдөр үр шимээ өгдөг юм билээ” хэмээн түүний гэргий Х.Баясгалан даруухнаар хуучилсан. Н.Ганхуяг найруулагчийнд хүний хөл тасарна гэж үгүй гэнэ. Цагаан сараар зочид гийчид багтахгүй болох нь ч энүүхэнд аж. Тиймээс гэрийн эзэгтэй хамгийн багадаа 300-аад хүний бэлэг, сэлт бэлддэг гэсэн. Мөн өдөр тутамд ирсэн гийчдийг дайлах буузаа амралтын өдрүүдэд хийн нөөцөлж авдаг гэж байлаа.

Бид Н.Ганхуяг гуайн номын өрөөгөөр зочиллоо. Гадна, дотны олон ном товхимол байх ч түүний өөрийн бичсэн “Нүд” түүвэр зохиол, “Монголын театрын нэвтэрхий толь”, “Театр судлал ба орчин үе” зэрэг бүтээлүүд хараа булааж байсан юм. Түүний хувьд хамтарсан болоод дангаараа хийсэн хорь гаруй ном гаргажээ. Хамгийн сүүлд “Монголын театрын түүх” номоо гаргасан байна. Харин одоогоор“Театрын нэр томьёоны толь” хийхээр ажиллаж байгаа гэсэн. Номноос гадна түүнд цом, өргөмжлөл ч цөөнгүй байлаа. Саяхан болсон багш нарын баяраар хүртсэн Шилдэг багшийн цом, өргөмжлөл ч түүний амжилт бүтээлийн цуглуулгад нэмэгджээ. Тэрээр “Амьд цуглуулга бол шавь нар минь, харин амьгүй цуглуулга бол ном, хадаг, шагай зэрэг байна. Хадаг бол зуслангийн байшинд минь хэдэн авдар бий. Түүнээс гадна архи цуглуулдаг. Шавь нарынхаа барьж золгосон хадаг, архи зэргийг цуглуулдаг юм. Бид хоёр дэлгүүрээс архи авч үзээгүй. Архины үнэ ямар байдгийг ч мэддэггүй. Харин зундаа нутаг ус руугаа явахдаа цуглуулганаасаа аваад явдаг юм. Цагаан сар болоход цуглуулга маань дахиад л сэлбэгддэг дээ. Харин шагайг бүр балчраасаа л цуглуулсан даа. Одоо хоёр мянга гаруй болсон болов уу” гэлээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Отгонжаргал: Бээжингийн театрт “Хайр шингэсэн тоорой” хэмээх дуулалт жүжгийн гол дүрд тоглосон

Related image“Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргалтай ярилцлаа.


-Та хамгийн сүүлд “Хайрлахын жаргал” хэмээх цомгоо гаргасан. Харин одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа бол?

-Залуу уран бүтээлч хүний хувьд шинэ уран бүтээлүүд хийхээр эрэл хайгуул, судалгаа шинжилгээ хийсээр байна. Сайхан уран бүтээлүүд дээр ч ажиллаж байна. Ерөнхийдөө өмнөдмонгол, буриад ардын дуунуудаас миний хоолойнд тохирохуйц болоод сэтгэлд хүрсэн сайхан бүтээлүүдийг дуулахаар бэлдэж байгаа. Тиймээс ойрын үед тун завгүй л явна даа.

“Хайрлахын жаргал” цомог миний хамгийн анхны цомог л доо. 2006 онд СУИС-ийг төгссөнөөсөө хойш өдийг хүртэл дуулсан ч хараахан цомгоо гаргаж амжаагүй байлаа. Ингээд энэ жил цагаан сарын шинийн нэгний өглөө цомгоо хүлээн авсан. Түүнд их бэлгэшээж байгаа шүү. Цомог маань нийт 13 дуутай. Монгол сонгодог хэв маяг үнэртсэн цомог болсон.

-Өмнөдмонгол болоод буриад дуу өөр, өөрийн гэсэн өнгө аяс, онцлогтой байдаг байх. Энэ тухайд?

-Аялгууны онцлог яалт ч үгүй байгаад байгаа юм. Мэдээж үүнд тухайн нутаг орны уул ус, аж ахуй амьдрал, өв соёл зэрэг салшгүй холбоотой. Ер нь ч ардын дууны онцлог нь тэр шүү дээ. Миний хувьд өмнө нь ардын дуу дуулж үзээгүй байсан л даа. Харин “Хайрлахын жаргал” цомогтоо “Хун галуу” хэмээх ардын дууг дуулсан нь цаашид энэ чиглэлээр уран бүтээл туурвих урам зориг өгсөн юм. Дуурийн дуучин учраас өмнө нь төдийлөн ардын дуу дуулаад байсангүй, бас тийм зориг ч байгаагүй гэхэд болно. Одоо бол ардын дуунд өөрийгөө сорьж үзье гэж бодож байгаа. Манай Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шарав гуай болон Төрийн шагналт Н.Жанцанноров багш маань сонгодог дуучдад зориулсан ардын дууны сайхан найруулгуудыг хийдэг. Тэдгээр найруулгууд нь бидний хоолойнд ч их сайхан тохирдог. Сонсоход ч их сайхан санагддаг шүү.

-Сүүлийн үед “Voice” хамтлаг нам жим байна. Хамтлагийн гишүүд ганцаарчилсан уран бүтээлдээ илүү анхаарч байгаа юу?

-Хамтлагийн гишүүд маань сүүлийн хоёр жил ганцаарчилсан уран бүтээлүүд дээрээ түлхүү ажиллалаа. Гэхдээ “Voice” хамтлаг тарж, бутарсан гэсэн үг биш. Манай хамтлагийн дуучин СТА С.Баттулга бид хоёр Монголдоо уран бүтээлээ туурвиж байгаа. Харин А.Эрдэнэжаргал маань Монголдоо байхгүй байгаа учраас хамтлагийн уран бүтээл түр завсарласан. Ямартай ч бидэнд өмнө нь хийж байсан, хүмүүсийн сонсож амжаагүй маш олон уран бүтээл бий. Хоёр ч цомог гаргахаар нөөц байгаа шүү. Гэхдээ яг хамтдаа уран бүтээл дээрээ ажиллах боломж тун бага байгаа учраас шинэ уран бүтээлээ үзэгч, сонсогчдодоо хүргэж чадахгүй л байна. Тиймээс А.Эрдэнэжаргалыгаа хүлээж байна даа. Хамтлаг маань байгуулагдаад хэдийнэ арван жил болжээ. Манай А.Эрдэнэжаргал бид хоёр нэг анги л даа. Анх хоёулаа дуэт дуулдаг байлаа. Харин С.Баттулга маань манай дээд ангийн оюутан байсан юм. Бид хоёр Тулгаагийнхаа дуулахыг сонсох их дуртай. Сайн дуучин шүү гэж битүүхэн хүндэлнэ. Харин удалгүй бид хоёр Тулгаатайгаа танилцаж хамтлагаа байгуулсан даа. Энэ хугацаанд олон ч сайхан уран бүтээлээр үзэгчдийнхээ сонорыг мялаажээ. Гэхдээ “Voice” хамтлаг тэдгээр дууг дуулсандаа үзэгчдэд сайн хүрсэн гэж хэлж болохгүй. Үүнд хөгжмийн зохиолч, яруу найрагч нарын үүрэг маш их. Мөн хөгжмийн найруулга хийдэг хүмүүсийн нөлөө ч маш их байдаг. Ер нь хөгжмийн найруулгыг муу хийвэл дуучид хэдий сайн дуулаад ч хүнд хүрдэггүй гэмтэй л дээ. Бүх зүйл зохилдож байж л уран бүтээл ард түмэнд хүрдэг юм. Тиймээс хамтран ажилладаг бүхий л хүмүүстээ “Өдрийн сонин”-оороо дамжуулж талархаж явдгаа илэрхийлье.

-Та цаашид дуурийн дуулаачийн чиглэлээрээ гадны орнуудад дуулах бодол бий юү?

-Мэдээж би монгол хүн. Монголд өссөн, хүмүүжсэн, боловсорсон. Гэсэн ч уран бүтээлч хүн зөвхөн өсөж төрсөн газраа өөрийгөө оосорлох хэрэггүй юм шиг санагддаг. Ер нь ч дэлхийн түвшинд гарах нь уран бүтээлч хүний мөрөөдөл байдаг. Тийм мөрөөдөлтэй байх ёстой ч гэж ойлгодог. Дэлхийн түвшинд гарч чадаж байна гэмээнэ эх орныхоо нэрийг цуурайтуулж, нэрийн хуудас нь болох боломж бүрдэнэ шүү дээ. Манай уран бүтээлчид ч эхнээсээ дуурсгасаар байгааг та бүхэн мэдэх байх. Миний хувьд ч үүний төлөө аажуухнаар алхаж байна. Уран бүтээлүүд маань ч гадны сонсогчдод хүрчээ. Зарим нь холбогдож баяр хүргэж байна. Цаашид хамтран уран бүтээл хийх саналыг ч ирүүлээд байгаа. Үүнд тун их баяртай байгаа шүү. Ямартай ч хийж байгаа уран бүтээлүүд маань тун удахгүй үзэгч, сонсогчид та бүхэнд минь хүрэх биз ээ.

-“Миний ээж тэмээчин” дууг таны дуулснаар “Монгол тулгатны 100 дуу”-нд багтаасан байсан. Ер нь энэ дууг яагаад дуулах болсон юм бэ?

-Миний дуулсан гурван ч дуу “Монгол тулгатны 100 дуу”-нд орсон байна лээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хаан одонт Б.Шарав гуайн хөгжим, яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн шүлэг “Өнө мөнх орон” хэмээх анхны уран бүтээл минь багтсан. Мөн “Voice” хамтлагийн маань “Монгол” хэмээх дуу багтсан байгаа. Харин гурав дахь нь Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидоржийн аялгуу, Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч П.Пүрэвсүрэнгийн шүлэг “Миний ээж тэмээчин” хэмээх гайхалтай бүтээл юм. Энэ дууг бүтээсэн хоёр хүн хоёулаа манай Баянхонгор аймгийн хүмүүс л дээ. Би ч гэсэн энэ нутгийн хүн болохоор энэ дууг дуулснаа их сайхан хувь тохиол гэж боддог юм.

Гэхдээ надад “Миний ээж тэмээчин” хэмээх энэ сайхан дууг дуулах зориг зүрх байгаагүй л дээ. Харин С.Сансаргэрэлтэх ахад Ч.Сангидорж гуайн уран бүтээлийн бүх эрх нь байдаг юм билээ. Тэрээр энэ дууг бичүүлэхээс хоёр жилийн өмнө “Миний дүү энэ дууг сонгодог хэлбэр рүү хувиргаад дуулаачээ. Чи өөрийнхөө стиль, жанраар дуулвал болох юм шиг л санагдаад байх юм” гэж хэлж байсан. Миний хувьд өөртөө нэг л итгэлгүй байсан учраас хоёр жил гаруй дуулж зүрхлэхгүй явсан л даа. Харин дуулсны дараа хүмүүст сайхан хүрсэнд сэтгэл их өег байгаа. Ер нь бол энэ дууг маш олон уран бүтээлч дуулсан байдаг. Хамгийн анх А.Сарантуяа гээд эмч бүсгүй дуулсан юм билээ. Дараа нь МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа дуулсан байдаг юм. Гэсэн ч миний дуулснаар “Монгол тулгатны 100 дуу”-нд багтаасанд их баяртай байгаа шүү.

-Хонгор нутаг руугаа хэр их зорьдог вэ?

-Миний аав Баянхонгор аймгийн Заг сумын уугуул Даваасүрэн гэж хүн байсан. Аав минь нутаг усандаа хөдөлмөрч, зүтгэлтэйгээрээ их алдартай. Аймаг, сумынхаа хөдөлмөрийн аваргаар жил алгасахгүй тодордог байлаа. Тиймдээ ч нутгийнхан нь “аварга” хэмээн авгайлдаг байж билээ. Харин ээж минь Говь-Алтай аймгийн Цээл сумын уугуул Жүгдэр гэж хүн бий. Би эхээс зургуулаа. Отгон охин нь юм. Миний хувьд Заг сумын Хүрэн бэлчир гэдэг газар төрсөн л дөө. Аав минь ч энэ газар төрсөн юм. Бид энэ зун ах, дүүтэйгээ хамт нутаг усаараа сайхан аялаад ирлээ. Аав минь их эрт бурхан болсон болохоор биднийг багад манайх Дархан-Уул аймаг руу нүүсэн юм. Тийм болохоор нутагт маань аав, ээжийг минь таних хүн ч ховор болоо байлгүй гэж бодож байлаа. Харин замд таарсан нэг айлаас аавыг минь таних эсэхийг асуухад “Аварга Даваасүрэн үү” гэсэн шүү. Бид ч танина гэж бодоогүй байсан болохоор их гайхсан. Аавынхаа тухай танихгүй хүнээс сонсоод өмөрдөг юм билээ. Ямартай ч хүний төрж өссөн нутаг ус гэдэг үргэлж түшиж, ивээж явдаг гэдэгт би итгэдэг. Тиймээс ч нутаг усаа их хайрлаж явдаг юм даа.

-Та дэлгэцийн бүтээлд Ану хатны дүрийг бүтээж байсан. Түүнээс хойш кинонд тоглох санал ирсэн болов уу?

-Тэр сайхан дүрийг бүтээсэндээ их баяртай байдаг шүү. Одоогоор кинонд тоглох санал ирээгүй байгаа.

-Таны “Хайрлахын жаргал” цомгийн нэрийг хараад хайр, дурлалтайгаа учирсан юм болов уу гэж бодож байлаа. Ер нь энэ сайхан бүсгүйг залуус хэр их болзоонд урьдаг вэ?

-Албан ёсоор хэлчихье, би найз залуутай. Ер нь болзоонд нэг их уригдаад байдаггүй. Ерөнхийдөө маш их завгүй байдаг. Сүүлийн хоёр жил л гэхэд Монголдоо маш бага хугацаанд байлаа. Сурч боловсрох, уран бүтээлийн ажил зэргээр гадны орнуудыг ихээр зорих шаардлага гарлаа. Хамгийн сүүлд л гэхэд Бээжингийн Минзу театрт “Хайр шингэсэн тоорой” хэмээх дуулалт жүжгийн гол дүрд тоглолоо. Энэхүү дүрдээ бэлдэхийн тулд Минзу болон Хөх хотын театрт хоёр сар гаруйн хугацаанд бэлдсэн. Их ч хөдөлмөрлөсөн. Их ч зүйл сурлаа. Дэлхийн урлагийн зах зээлд хаана явж байгаа вэ гэдгээ ч мэдэрсэн ийм цаг, үе байлаа. Харин ирээд Европ руу, бас хөдөө орон нутаг руу тоглолтоор явсан. Ер нь цаашид энэ мэтчилэн уран бүтээлдээ гол анхаарлаа хандуулж, хурдтай болоод чанартай хийхийн төлөө мэрийнэ гэсэн бодолтой байгаа. Хийхээр төлөвлөсөн зүйлүүд ч маш их байна. Тэгэхээр болзоонд явна гэдэг хэцүү болоод найдлагагүй зүйл болсон. (инээв)

Image result for Д.Отгонжаргал

-Та нэг хэсэг Гавьяат жүжигчин Г.Ариунбаатартай нэр холбогдоод байсан. Энэ шуугианы тухай ямар тайлбар өгөх вэ?

-Тийм зүйл болоогүй. Ер нь тухайн үед намайг Г.Ариунбаатартай холбож бичээд байсан хүмүүс надтай хамт байгаагүй. Нүдээр хараагүй, үзээгүй. Тэгсэн мөртлөө яг хажууд нь байсан юм шиг сэтгэж боддог. Бас түүндээ шууд итгэдэг, бичдэг, түүнийгээ тараадаг. Бидний хөгжихгүй байгаа шалтгаан бол ердөө л энэ. Уул нь бие биенээ өөлөх, өөнтөглөх нь гол биш шүү дээ. Энэ ертөнцийг жаахан ч гэсэн гэгээлгээр харж чадах юм бол амьдрал үнэхээр сайхан. Гэхдээ би хар хэл амнаас хэзээ ч айдаггүй. Ер нь юм хийж, бүтээж байгаа хүнийг л хар хэл ам дагадаг юм билээ. Мэдээж ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүн сайхан амьдарна. Амьдрал нь дээшлэнэ шүү дээ. Харин түүнд нь хүмүүс атаархдаг, муулдаг, бас шүүдэг байх нь л дээ. Гэхдээ би ингэх тусам нь бүр л илүү хөдөлмөрлөж, улам амжилттай явъя гэж боддог.

-Таныг тогтмол фитнессээр хичээллэдэг, бас ууланд алхдаг гэж сонссон. Хэдийнээс дасгал хөдөлгөөнийг эрхэмлэдэг болсон бэ?

-Би Дархан-Уул аймагт арван жилээ төгссөн. Тухайн үед Дархныхаа сагсанбөмбөгийн шигшээ багт тоглодог байлаа. Томоохон тэмцээн уралдаанаас олон ч медаль хүртсэн дээ. Бас муу ч үгүй сагсанбөмбөгийн нэгдүгээр зэрэгтэй шүү. (инээв) Харин СУИС-д орсон цагаасаа спортоо орхиод аеробикийн дугуйланд хичээллэдэг болсон. Багаасаа л спортоор хичээллэчихсэн болохоор фитнессээр хичээллээд эсвэл ууланд алхаад ч юм уу хөлсөө гаргамаар санагддаг болчихдог юм билээ. Хөлсөө гаргачихвал бие хөнгөрөөд их сайхан болдог. Бас ууланд алхах их гоё. Охин маань дөрөвдүгээр анги л даа. Сүүлийн үед охинтойгоо хамт ууланд алхаж байгаа. Анзаараад байхад хүн уул өөд өгсөж явахдаа үргэлж гэрэл гэгээтэй, өөдрөг юм боддог юм билээ. Дээшээ тэмүүлж байгаа хүн хэзээ ч уруу, дорой юм боддоггүй байх нь л дээ.

Categories
мэдээ цаг-үе

А.Дашпэлжээ: С.Удвал гуай “Би маршлыгаа олжээ” гэж билээ

Дашпэлжээ зурган илэрцүүдУлсын дуурь бүжгийн эрдмийн театрын хамт олон энэ жил 55 дахь тоглолтын улирлын нээлтээ хийж байгаа билээ. Ингээд УДБЭТ-ын уран сайхны удирдаач, Ардын жүжигчин А.Дашпэлжээтэй ярилцлаа.


-Улсын дуурь бүжгийн эрдмийн театр дэлхийн сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдээр 55 дахь тоглолтын улирлын нээлтээ хийж эхлээд байна. Ер нь театрын хувьд энэ жил ямар төлөвлөгөөний дагуу ажиллах бол?

-Энэ жил манай театрын уран бүтээлийн 55 дахь улирлын нээлт тохиож байна. Улирлын нээлтдээ зориулж бид дэлхийн сонгодог урлагийн шилмэл бүтээлүүдээр нээж байгаадаа тун таатай байна. Бид 140 гаруй жилийн түүхтэй Ж.Вердийн “АИДА” дууриар нээлтээ эхэлсэн. Энэ үеэр тус дуурийг Монголд нутагшуулсан Красноярскийн дуурийн театрын уран сайхны ерөнхий удирдаач Анатолий Петрович Чепурной ирсэн. Тэрээр зааж, сургасан зүйлээ шалгахын сацуу тус дууриа удирдсан юм. Ер нь гадны театруудын нөлөө бүхий хүмүүс ирж байгаа нь уран бүтээлчдэд том сургалт болж өгдөг давуу талтай байдаг л даа. Улмаар энэ сарын 14, 15-нд дэлхийн балетын ноён оргил П.И Чайковскийн “Хунт нуур” балет тоглогдох болно. Мөн энэ мэтчилэн тоглолтуудаа үзэгчдэдээ хүргэхийн сацуу аравдугаар сарыг оркестрын, арваннэгдүгээр сарыг гоцлол дуучид, цаашлаад балетчдын, найрал дуучдын сар гэх зэргээр хөтөлбөртөө тусгасан байгаа. Үүнтэй холбоотойгоор ч мөн адил гадны томоохон уран бүтээлчид манай театраар зочлох юм. Энэ жилийн нээлтийн онцлогууд ийм байна даа.

-Таны хувьд сонгодог урлагтай холбогдоод хэд дэх жилээ угтаж байна вэ?

-Би 1977 онд Болгарын Консерваторт суралцахаар явсан юм. Тэнд таван жил суралцаж ирээд УДБЭТ-т орсон. Тэгэхээр энэ урлагт хөл тавиад 40, театртайгаа хувь заяагаа холбоод 35 жил болжээ. 1996-2000 оны хооронд театрын даргаар ажилласан. Одоо залуучуудтайгаа өрсөлдөөд дуулаад явна гэж юу байхав. Харин уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Ер нь олон улсын 200-аад жилийн настай театруудтай жиших юм бол манай театр залуу, шинэ л дээ. Гэхдээ энэ 55 жилийн хугацаанд уран бүтээлчдийн хэд, хэдэн үе солигдсон. Миний үе ч мөн адил өнгөрчихсөн. Тиймээс залуучууддаа төлөвлөлт бодлого, хөгжил зэрэгт нь өөрийн зүгээс тус дэм болоод явж байгаа минь энэ.

Одоо бол залуучууд сонгодог урлагийг ихээр үзэж сонсдог болжээ. Энэ урлагийг ойлгодог, үнэ цэнийг нь мэддэг болсон байна. Анх театр үзэгчдээ татахын тулд “Учиртай гурван толгой”, “Жаргалын зам” дуурь, “Хошуу наадам” балет гэх зэрэг үндэсний сонгодгуудаа тавьж байсан. Харин үзэгчдээ татсны дараагаар дэлхийн сонгодог дуурь, балетийг хүргэж эхэлсэн юм. Мөн тухайн үед маршал Ю.Цэдэнбал байгууллагын дарга нар долоо хоногт нэг удаа дуурь, балет заавал үзэх ёстой гэсэн тушаал хүртэл гаргаж байсан. Үүний үр дүнд 80-аад онд үзэгчид эрс сайжирсан юм шүү дээ. Гэсэн ч нийгэм хувьсан өөрчлөгдснөөр урлагт анхаарал хандуулах нь битгий хэл гэдсээ хэрхэн цатгах вэ гэдэг аюул үүссэн. Яг энэ он жилүүдэд миний үеийн уран бүтээлчид байж таарсан юм. Тэр үед бид үзэгчид хэд ч байсан хамаагүй тоглолтоо таслахгүй байх ёстой гэсэн чиг шугамыг баримталж ажиллаж байсан даа. Ямартай ч бид ч гал таслаагүй шүү.

-Таны хувьд тэдгээр үндэсний сонгодгуудад оролцон тоглож уран бүтээлийн гараагаа эхлүүлж байсан болов уу?

-“Учиртай гурван толгой” дуурийн Балганы дагуул гэж хэдэн навсганасан нөхөд байдаг юм. Тэр хэдэн нөхдийн нэгд нь хамгийн анх тоглож байсан юмдаг. Харин анхны гол дүр нь “Хөхөө Намжил” дуурийн Галдан ноён байсан даа. Биднийг төгсөөд ирэхэд хашир туршлагатай уран бүтээлчдэд даалгаж өгсөн юм. Намайг Ардын жүжигчин Д.Жаргалсайхан гуай халамжлан хүмүүжүүлэхээр боллоо. Дуулах, жүжиглэх урлагийн хувьд гайхалтай авьяастай хүн байлаа. Тэр бүү хэл сайхан ч зурна. Нүүр будалт зэргийг ч маш сайхан хийнэ. Энэ мундаг хүнээс сурсан юм надад их бий. Тиймдээ ч би багшаа гэж хүндэтгэдэг байсан. Түүнээс гадна Юндэнд бэлдэж байх үед минь ахмад уран бүтээлчид их ирж зааж, зөвлөнө. В.Сүрэнхорлоо гэж алдартай Хоролмаа байлаа. Нас нь ч өндөр гарсан байсан даа. Тэрээр надад “Орос шиг байна. Дээлээ сайхан өмс. Монгол эр хүн шиг алх. Ингэж хар. Тэгж хөдөл” гээд л зөвлөнө. Би гэдэг хүн өдөржин л тайзан дээр монгол гутал, дээл хувцастай өнждөг байж билээ. Энэ хүмүүсийн хэлсэн ярьсан зүйл надад маш их үр өгөөж өгсөн дөө. Би нийтдээ 27 дуурийн том, жижиг нийлсэн 40-өөд дүрд тоглосон байдаг юм билээ.

-Харин дэлгэцийн бүтээлүүдээс тань маршал Х.Чойбалсанг дурдахгүй байхын аргагүй. Хамгийн анх “Намрын халуун өдрүүд” хэмээх уран сайхны кинонд энэхүү түүхэн дүрийг амилуулсан гэдэг билүү?

-Залуу уран бүтээлчийн хувьд кинонд тоглох юмсан гэсэн хүсэл битүүхэн байлаа. Тухайн үед ч П.Цэрэндагва, Г.Равдан гээд миний үеийнхэн, арай залуу үеэс Ж.Сүххуяг гээд сайхан уран бүтээлчид ид мандаж байлаа л даа. Энэ хүмүүс шиг болох юмсан гэсэн хүсэл мөрөөдөлгүй залуу уран бүтээлч ховорхон л байсан болов уу. Харин надад 1986 онд кинонд тоглох учрал бүрдсэн юм. Нэг өдөр үдийн цайны цагаараа театрын гурван давхраас доод давхар луу үсэрч харайгаад л бууж явлаа. Одоогийнх шиг өвгөн байгаагүй юм болохоор харайж, дэгдсэн амьтан бууж байгаа юм. Гэтэл хоёр давхарт ахимагдуу настай болов уу гэмээр эмэгтэй бариад авдаг юм байна. Тэгснээ намайг жигтэйхэн хараад байх юм. Би ч “Та яав, ийв” л гэлээ. Намайг цаашаа, наашаа хараатах л гэж байна. Дараа нь манай нүүр будагч Думаа жаажаагийн өрөөнд дагуулаад л орлоо. “Алив Думаа жаажаа энэ хүүг сайхан будаатах” гэдэг юм байна. Би ч Думаагаасаа кино проб хийж байгаа талаар мэдлээ. Будаж дуусангуут миний зураг хөргийг аваад л явлаа. Ингэж л Сономын Удвалын “Намрын халуун өдрүүд” хэмээх кинонд маршал Х.Чойбалсангийн дүрд тоглож байсан юм даа. Хамгийн анхны кинондоо Х.Чойбалсангийн дүрийг бүтээсэн гэхээр их сайхан хувь тохиол гэж боддог юм. Харин намайг барьж авч кино пробонд оруулсан хүн бол Телекино үйлдвэрийн найруулагч Д.Долгор гэж хүн байсан юм билээ. Ингээд кино ч нээлтээ хийсэн. Одоогийнх шиг улаан хивс, цэцэг навч ч байсангүй дээ. Нээлтийнхээ дараа уран бүтээлчид Кино үйлдвэрийнхээ группийн өрөөндөө ирцгээсэн юмдаг. С.Удвал гуай ч ирлээ. Эхнээс нь “Манай П.Цэрэндагвийн дүр болжээ. Аятайхан болсон байна” гээд л хэллээ дээ. Би ч гэсэн зохиолчоороо магтуулчих санаатай л суугаа юм. Миний ч ээлж боллоо. Харин намайг дүгнэн хэлэхдээ “Би маршлыгаа олжээ гэж бодож байна” гэсэн. Сайн, муу гэж нэг ч юм хэлсэнгүй. Би ч дотроо ингээд л болчиж байгаа юм байхдаа гэсэн шүү юм бодоод л өнгөрсөн юм. Харин сүүлд бодоход тэр хамгийн үнэтэй, хамгийн том үнэлгээ байсан юм билээ. Бүр сүүлд л тэр том хүний хэлсэн үгийг ойлгосон гэхээр мөн ч онгироо амьтан байсан байгаа биз. Тэд минь миний зүг чигийг сайн зааж өгсөн гэж боддог юм. Ингээд түүнээс хойш би “Сүүдэрт жилийн зурвас”, “Бүгд найрамдах Монгол ард улсын төлөө зүтгэе” зэрэг зургаан дэлгэцийн бүтээлд маршал Х.Чойбалсангийн дүрийг амилуулсан байна. Тэдгээр дүрүүдийг бүтээхийн тулд маршалын хувцаснуудаас хэд хэдэн удаа өмсч байлаа даа.

-Мөн таныг хүмүүс “Мандухай сэцэн хатан” киноны Өнөболдын дүрээр сайн мэддэг. Энэ дүрд тоглох болсон тухайгаа хуучлаач?

-“Мандухай сэцэн хатан” киног анх Жигжид гуай хийж байлаа. Тухайн үед Өнөболдын дүр Ноёнболд гэдэг нэртэй байсан юм. Харин Жигжид гуайн бие чилээрхэснээр найруулагч төдийгүй жүжигчид ч солигдсон. Чимээ аниргүй учраас дахиж тоглохгүй л юм байлгүй гэсэн юм бодоод явж байлаа. Тэр хооронд ч бас зүгээргүй “Ирж яваа цаг” кинонд тоглоод амжсан. Гэтэл бараг жилийн дараа байна уу даа “Мандухай сэцэн хатан” киноны дүр сонгож байн ир л гэсэн. Очтол Монголын сор болсон жүжигчид хэд, хэдэн үеэрээ инээд, хөөр болцгоочихсон л байж байна. Эхнээсээ дүрүүдээ сонгосоор л байлаа. Ерөнхийдөө Дамчаа, Очирбат гуай Сувд гурав л үндсэн дүрдээ үлдсэн байна л даа. Харин миний нэр гарсан ч үгүй. Гэтэл хамгийн сүүлд Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Балжинням найруулагч “Өө би Өнөболдын дүрийг мартсан байна. Түрүү зохиолд Ноёнболд гэж гарсан байгаа. Энэ миний хамгийн их хайртай дүр минь. Энэ дүрд дуурийн театрын дуучин Дашпэлжээ тоглоно шүү” гэдэг юм байна. Ингэж л энэхүү түүхэн кинонд тоглож байлаа.

-Та дуу хуурын өлгий Дундговь аймгийн уугуул хүн байх аа?

-Би Дундговь аймгийн Өлзийт сумын хүн. Миний бага нас мал дээр л өнгөрсөн. Дунд сургууль, дотуур байр, нусгай хүүхэд, боов боорцог гээд бусдын л адил бага нас минь өнгөрсөн. Би эхээс 12-уулаа л даа. Миний ээж аав биднийг үнэнч шударга, хөдөлмөрч, аж ахуйч болгож хүмүүжүүлсэн. Үүнд би болоод миний ах, эгч нар үргэлж бахархаж явдаг юм. Манай нутгийнхан ч гэсэн хүмүүжил сайтай хүүхдүүд гэж ярьдаг байсан. Нэг хүн “Манайх хоёр хүүхэдтэй ч үймүүлж, шуугиад хэдэн арван хүний дайтай байх юм. Гэтэл Адилбишийнд буухлаар гэр дүүрэн хүүхэд нь огт хүүхэд байхгүй юм шиг байцгаах юм. Харин хөдлөвөл ажил л хийж байна” гэсэн гэдэг. Миний хувьд 18 нас хүртлээ хөдөө байсан л даа. Дараа нь дотоодын цэргийн 05-дугаар ангид гурван жил цэргийн алба хаасан. Алба хаах үедээ жагсаалын дарга ч хийж явсан. Тухайн үед цэргийн албаа сайн хаавал сум орон нутагт нь албанд томилдог байлаа л даа. Тиймдээ ч цэргээс халагдаад сумынхаа Эвлэлийн үүрийн даргаар томилогдсон. Тухайн үед хашаа хороо барих, хадлан бордоо авах, мал ноослох, цаашлаад урлаг, спортын зэрэг бүхий л ажилд эвлэлийн гишүүдтэйгээ гар бие оролцоно. Харин нэг удаа өөрөө дууны уралдаанд ортол тэнцчихдэг юм байна. Цаашлаад аймагтаа очтол түрүүлчихлээ. Харин дараа нь улсад өрсөлдлөө. Эхний тавд орох юм бол Болгарын Консерваторт оруулахаар байсан юм билээ. Дуурийн дуучдын залгамж халааг бэлдэх үүднээс төрийн бодлогоор ийнхүү бэлдэж байсан хэрэг. Ингэж л азтай тохиолдлоор сонгодог урлагтай холбогдсон юм.


Categories
мэдээ цаг-үе

Д.Баттөмөр: Сөрөлт, Отгоо, Ганбаа нар “Мөрөөдлийн театр”-ын жүжигчид болсон

“Мөрөөдлийн театр”-ын захирал, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Баттөмөртэй ярилцлаа.


-“Мөрөөдлийн театр”-ынхан намар цагийн нээлтийн шоу тоглолтоо үзэгчдэдээ хүргээд эхэлжээ. Үзэгчид хэрхэн хүлээж авч байгаа бол?

-Манай продакшн есдүгээр сарын 29-нд “Сошиал эвлүүлэг” хэмээх шоу тоглолтоо нээгээд байна. Тоглолт маань танхим дүүрэн үзэгчидтэй сайхан үргэлжилж байгаад сэтгэл их өег байна. Манай энэ удаагийн тоглолтод цөөнгүй уран бүтээлчид урилгаар оролцож байгаа. Тухайлбал нэгэн үе үзэгч сонсогчдыг байлдан дагуулж байсан “Цэцэг” хамтлагийн Батболд ах, дуучин СТА А.Түмэн-Өлзий, мөн сошиал ертөнцөд Булдруу нэрээрээ алдаршсан А.Өсөх-Ирээдүй нар оролцож байгаа юм. Бид Өсөх-Ирээдүйгээ Увс аймгаас онгоцоор авчирлаа. Түүний эгч нь энэ жил КУДС-ийн оюутан болсон юм билээ. Тэгэхээр энд байх нэг сарын хугацаандаа эгчтэйгээ хамт байна. Булдруу маань энэ жил хоёрдугаар ангийн сурагч болсон юм байна лээ. Тиймээс бид хичээлээс нь хоцроохгүйн тулд энд түр хугацаанд сургуульд оруулсан. Энэ мэт маш олон хүний бүрэлдэхүүнтэйгээр Соёлын төв өргөөнөө тоглолт үргэлжилсээр байна даа.

Ер нь бол “Мөрөөдлийн театр”-ын хувьд үзэгчдэдээ жилдээ хоёроос гурван удаа шинэ уран бүтээлээ толилуулдаг юм. Түүний нэг болох “Сошиал эвлүүлэг” тоглолт маань аравдугаар сарын 23-ыг хүртэл үргэлжилнэ. Харин үүний дараагаар мөн тус тоглолтоо Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хүргэнэ. Үзэгчдэдээ ямар гэнэтийн бэлэг барихыг та бүхэн манай тоглолтоос ирж үзээрэй. Бяцхан нууц задлахад манай Түмэн-Өлзий бидэнтэй хамт бүжиглэж байгаа.

-Та хамгийн сүүлд “Приусны босс” хэмээх уран сайхны киноны гол дүрд тоглосон. Энэхүү кино ч чамгүй амжилттай байсан шүү дээ. Харин одоогоор шинэ уран бүтээл дээр ажиллаж байна уу?

-Тэгэлгүй яахав. “Приусны босс” кино Монголын кино театруудын бүх цаг үеийн түүхэнд байгаагүй хамгийн их үзэгчтэй киногоор шалгарсан. Үүнд маш их баяртай байгаа. Харин миний хувьд шинэ оноос Өмнөдмонгол руу явах байх. Учир нь Өмнөдмонголын уран бүтээлчдээс нэгэн уран сайхны киноны гол дүрд тоглоочээ гэсэн урилга ирсэн. Аялан тоглолт зэргээ дуусгачихаад Өмнөдмонгол руу явах төлөвлөгөөтэй байна. Гэхдээ яг ямар төрөл жанрын кино гэдэг нь одоогоор нууц байсан нь дээр байх. Ямартай ч энэ жил уран бүтээлийн олз омог арвин сайхан байна.

-Таныг “Приусны босс” уран сайхны киног зөвшөөрөлгүй сошиалд цацсан хүнийг цагдаад өгсөн гэж сонссон. Энэ хэрэг хэрхэн шийдэгдсэн бол?

-“Приусны босс” уран сайхны кино маань кино театруудад маш амжилттай цацагдсан. Улмаар “Юнивишн” зэрэг төлбөртэй сувгуудад шилжсэн юм. Харин нэгэн фэйсбүүк хэрэглэгч шөнийн цагаар манай киног олон нийтэд лайваар хүргэсэн байна лээ. Түүний дагуу цагдаагийн газар гомдол мэдүүлсэн. Одоогоор цагдаагийн газарт шалгуулж байгаа. Энэ бол оюуны өмчид халдсан сошиал гэмт хэрэг. Ер нь цаашдаа энэ мэтчилэн зүйлсийг хянах хууль дүрэм мөрдөгдөөд ирвэл сайнсан гэж бодож байна. Ер нь цахим ертөнцөд сайн ч тал байх юм. Мөн саар ч тал бий. Мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүргэх давуу талтай хэдий ч хүнийг гүтгэн доромжлох, оюуны өмчид халдах зэрэг зүйлс их ажиглагдаж байна л даа. Тэгэхээр үүний үр дагавар нь ямар байх вэ гэдгээ бид сайн бодох хэрэгтэй. Мэдээж мэдэхгүй учраас л буруу үйлдэл хийсэн байх. Гэхдээ одоо нэгэнт л болоод өнгөрсөн юм чинь энэ тухай яриад яахав.

Ер нь дуу дүрсний шаардлага хангаагүй юм үзэх тийм ч сайхан биш гэж бодож байна. Одоо цагт заавал кино театрт эсвэл дүрсний өндөр шаардлагатайгаар үзэх сонирхолтой хүмүүс маш их болсон шүү дээ.

-Та энэ жилийн хошин урлагийн жүжигчдийн шилдгийг шалгаруулдаг “Азтай бадарчин” наадмын шилдэг эрэгтэй жүжигчний шагналыг хүртсэн. Салбарынхаа нэр хүнд бүхий энэ наадамд шилдгээр шалгарна гэдэг мэдээж амжилт дүүрэн явж байгаагийн илрэл болов уу?

-Би 2002 онд СУИС-ийн кино, драмын жүжигчний ангийг төгссөн юм. Цаг сайхан байх үед төгссөн дөө. Хамгийн анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд туслах жүжигчнээр орж байлаа. Хажуугаар нь “Харц” кино урлагийн дээд сургуульд тайзны ярианы цагийн багш ч хийж л байсан. Мөн “Батзаяа ба түүний нөхөд”, “Баачка ба цоглог залуус”-т ахмад үеийн уран бүтээлчидтэйгээ оролцож явлаа. Тэд нараасаа их ч юм сурч, мэдсэн дээ. Харин сурсан бүхэн минь өнөөдөр хэрэг болсоор л байна. Улмаар “Х-ТҮЦ” продакшнд найман жил ажилласан шүү дээ. “Х-ТҮЦ”-ийнхээ авьяаслаг ах эгч нарт баярлаж явдаг юм. Ингээд 2011 онд “Мөрөөдлийн театр”-аа байгуулаад өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Үүний хажуугаар хувийн уран бүтээлээ ч гэсэн хийсээр байгаа. Тэр дундаа дэлгэцийн уран бүтээлд илүүтэй цаг заваа зарцуулсан. Тухайлбал миний бие “Милл” кино компанитай хамтран “Ээжийн дайсан”, “Микроны босс”, “Ээжээ надтай гэрлээч”, “Made in Ulaanbaatar”, “Приусны босс” зэрэг таван уран сайхны киног хийжээ. Ер нь бол чанартай сайн уран бүтээл үзэгчдэдээ хүргэх юмсан гэсэн хүсэл эрмэлзлэлтэй байдаг. Түүнийхээ төлөө ч хичээдэг дээ. Хошин урлагийн мөн чанар бол нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлийг ёгтолж, егөөдөж харуулдгаараа онцлог. Энэ дүрмийн дагуу л миний уран бүтээл үзэгчдэд минь хүрдэг болов уу гэж найддаг юм. Ямартай ч амжилттай сайхан явна.

-Дөнгөж төгссөн оюутан туршлагатай уран бүтээлчдээс зэмлэл хүртэж л байсан биз…

-Чадахгүй, мэдэхгүй, туршлагагүйгээсээ болж алдаа мадаг гаргах үе бишгүй л байсан. Тэр болгонд загинуулж, зэмлүүлж, бас тухайн дүр дээрээ ажиллаж байж л сурна шүү дээ. Харин одооны залуучууд үг дааж сураагүй юм шиг санагдаад байдаг юм. Гэхдээ манай салбарт бол харьцангуй гайгүй л дээ. Хагас цэргийн зохион байгуулалттай байдаг учраас хатуу хөтүү үг хэлэхэд ч даадаг л юм.

-Та Найдангийн Ганхуяг багшийн удирдлага дор төгссөн. Энэ хүний шавь нараас УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар тэргүүтэй олон сайхан авьяас, чадалтай уран бүтээлчид төрөн гарсан байдаг юм билээ. Энэ тухайд?

-Манай ангийн уран чадварын багшаар УГЗ Н.Ганхуяг, тайзны ярианы багшаар МУГЖ Л.Чаминчулуун гэсэн чадварлаг, сайхан хүмүүс ажилладаг байлаа. Багш нар маань олон сайхан шавь нартай. Манай “Мөрөөдлийн театр”-ын ихэнх жүжигчид хүртэл энэ хоёр хүний шавь нар байдаг юм. Их сонин тохиол шүү. Гэхдээ төгсөлт төгсөлтөөрөө өөр л дөө. Нэг багшийн шавь нар хамтдаа нэг продакшнд уран бүтээлээ туурвиж байгаа даа их баяртай байдаг.

-“Мөрөөдрийн театр” хамгийн анх “Миний нууц хүү” хэмээх жүжгийг үзэгчдэдээ хүргэж байсан. Энэхүү жүжиг ч үзэгчдэд маш сайн хүрч, та бүхний нэрийн хуудас болж чадсан гэж боддог. Цаашид энэ мэт жүжиг тавих уу?

-Манай продакшны хувьд 2011 онд байгуулагдаад үзэгчдэдээ шоу драм төрлөөр уран бүтээлээ хүргэж эхэлсэн. Энэ нь орчин цагийн сонгодог зохиолыг тоглоно гэсэн үг л дээ. Үүний сацуу эхлэл, төгсгөл хэсэгтэй дуу бүжгийг хослуулдаг. Одоо ч гэсэн энэхүү шоу драм чиглэлээ барьж ажилладаг. Энэ хугацаанд манайх Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар ахынхаа гурван зохиолыг тайзнаа амилуулсан. Мөн манай хамтлагтай Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар хамтран ажилладаг. Нийт долоон уран бүтээлийг маань найруулан тавьсан байдаг юм. Түүнээс гадна Гавьяат жүжигчин Аяа буюу Ш.Алтанцэцэг, СТА Б.Навчаа эгч маань урилгаар тоглолтод оролцдог. Харин “Мөрөөдлийн театр”-ын хувьд заримдаа хошин урлагийн үзэгдлүүдээс бүрдсэн тоглолтоо үзэгчдэдээ хүргэдэг байгаа.

-Өөрсдийн байгуулсан хамтлаг учраас бүхий л зүйлдээ гар бие оролцох шаардлага гардаг байх. Энэ бүхнийг хэрхэн амжуулдаг бол?

-Бид улсын байгууллага биш. Хувийн компани. Тийм учраас маркетинг, менежмент, сурталчилгааны ажил зэрэгтэй өөрсдөө л анхаарал хандуулна. Мөн зохиолоо өөрсдөө бичнэ, редакторлана. Ер нь найруулахаас бусдыг нь л хийх шаардлага гарна шүү. Арай л хувцсаа өөрсдөө оёхгүй юм даа. Энэ мэт бүх зүйлсийг л өөрсдөө зохицуулж байна. Мэдээж би ганцаараа энэ бүгдийг хийхгүй шүү дээ. Би хамтлагийн захирлын хувьд бүхий л ажлаа эн тэнцүү хувааж уран бүтээлчдэдээ хариуцуулдаг. Харин манай хамтлагийн шижигнэсэн олон сайхан залуус сэтгэл зүрхээ гарган ажилладаг.

-Сүүлийн үед жүжигчин Сөрөлт, Отгоо, Ганбаа нар ихэвчлэн “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлүүдэд оролцож байгаа. Тэдний хувьд продакшны тань үндсэн жүжигчид болсон уу. Эсвэл хэсэг хугацаанд хамтран ажиллаж байгаа юу?

-Манай “Мөрөөдлийн театр”-ын үндсэн жүжигчид болсон.

Categories
мэдээ цаг-үе

Б.Болд: Яг үнэндээ зохиолын дууг нийтээрээ л сонсдог шүү дээ

Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбооны дэд тэргүүн, Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Болдтой ярилцлаа.

-Та нэг хэсэг уран бүтээл гэхээсээ илүү өөрийн “B SOUND PRODUCTION”-даа анхаарал хандуулаад байсан. Харин одоо шинэ уран бүтээл дээр ажиллаж байгаа болов уу?

-Мэдээж шинэ уран бүтээлүүд дээр ажиллаж байгаа. Өмнө нь багагүй хугацаанд эхнэртэйгээ хослон дууллаа. Харин тун удахгүй ганцаарчилсан “Амьдрал” хэмээх шинэ цомгоо гаргахаар зэхэж байна. Нийт найман дуутай байхаар төлөвлөж байгаа. Арваннэгдүгээр сарын дундуур гарах болов уу. Дээрээс нь нэгэн шинэ дуу маань үзэгчдэд хүрэхэд бэлэн болчихсон байна. Мөн шинэ он гаргаад тоглолтоо хийх төлөвлөгөөтэй явна даа.

Харин одоогоор “B SOUND PRODUCTION”-ыхаа таван жилийн ойд зориулсан тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ид ороод явж байна. Тоглолт арванхоёрдугаар сарын 2-нд Монгол бөхийн өргөөнөө болох юм. Манай продакшны хамт олон өнгөрсөн хугацаанд рок поп, нийтийн дуучид, хошин шогийн хамтлагууд, сонгодог урлагийнхан гээд салбар бүрийн л уран бүтээлчидтэй хамтарч тоглолтыг нь зохион байгуулж, хөгжим, тайз засалт зэргийг нь шийджээ. Ер нь бол өнгөрсөн таван жилийн хугацаанд нийтийн болоод рок попын дуучдын тоглолтын тайзыг шинэчилж чадсан гэж боддог шүү. Ямартай ч байгуулагдсан цагаас минь эхлэн ажилласан эдгээр уран бүтээлчид маань бидний ойн тоглолтод оролцоно. Хамгийн шилдэг уран бүтээлчид оролцох тул маш сайхан тоглолт болно. Үзэгчдэд маань “Ээ дээ дэмий л юм үзчихлээ дээ” гэсэн харамсал төрөхгүй гэдэгт итгэлтэй байна.

-Та өнөө цагийн нийтийн дуучдын онцлогийг юу гэж харж байгаа бол?

-Манай нийтийн дуучдыг хөдөөнийх гэх зэргээр ярьдаг л даа. Ер нь л янз бүрээр яриад байдаг хандлага ажиглагдаад л байдаг юм. Гэхдээ яг үнэндээ зохиолын дууг нийтээрээ л сонсдог шүү дээ. Монголчуудын 70, 80 хувь нь нийтийн дуу сонсож байгаа. Рок поп, сонгодог урлаг зэргийг ийм, тийм гэж хэлж байгаа юм биш л дээ. Ямартай ч миний хийсэн судалгаагаар гадаадад ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийн 90 хувь нь нийтийн дуу сонсдог юм билээ. Нутаг ус, ээж аавыгаа санасан хүмүүс ихээр сонсдог байх нь л дээ. Тэгэхээр нийтийн дуу бол маш хүчтэй салбар. Тиймдээ ч Монголын дууны урлагт тэргүүн эгнээнд байдаг гэдэгт эргэлзэхгүй байна. Ер нь ч хөдөө орон нутгийн хаана ч соёлын үрийг тарьж яваа хүмүүс бол нийтийн дуучид л байдаг шүү дээ. Бид хол ч гэлтгүй аймаг, сумдад бүгдэд нь очиж дуу хуураа хүргэхийг хичээдэг, зорьдог.

-Гэхдээ сүүлийн үед сайн муу нь мэдэгдэхгүй маш олон дуучид гарах болсон байна. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Мэргэжлийн болоод мэргэжлийн бус дуучдын талаарх асуудлууд бий л дээ. Би Монголын нийтийн дуучдын нэгдсэн холбооны дэд тэргүүнээр ажилладаг хүний хувьд энэ мэт асуудлыг хэлдэг, ярьдаг. Гэхдээ тэдгээр хүмүүсийг “дуулахаа боль” гэж хэлж болохгүй нэг зовлон бий. Хэрэв хэлчихвэл хүний хэрэгт оролцсон болно шүү дээ. Хэдий уран бүтээлчид бид дотроо энэ асуудлыг ярилаа, хэлэлцлээ гээд ямар ч шийдэлд хүрч чадахгүй. Харин Боловсрол соёлын газраасаа тохирох тогтоол зэргийг гаргах нь зүйтэй. Өмнөх үеийнх шиг айхтар цензур тавихгүй ч ямар нэгэн байдлаар хяналт байх хэрэгтэй болов уу.

-Нийтийн дуучдыг хамгийн их ашиг олдог уран бүтээлчид гэдэг. Ер нь нэг тоглолтоос хичнээн төгрөгийн ашиг олдог вэ?

-Нийслэлийнхээ үзэгчдэд хүргэдэг тоглолтоос тийм ч их ашиг олоод байдаггүй. Тоглолтын зорилго нь ашиг олох гэхээсээ илүү өөрийгөө таниулах, шинэ уран бүтээлүүдээ үзэгч түмэндээ тайлагнах гэж л хийдэг юм шүү дээ. Түүнээс хүмүүсийн ярьж хэлдгээр айхтар их ашиг орлого олоод байгаа юм байхгүй. Эргээд тооцоод үзэхээр зардалтайгаа тэнцэж чадахгүй тохиолдол ч бий. Олон өдөр хийвэл юу юм гэхээс ашиг олдог гэж хэлэхэд хэцүү л дээ. Яахав орон нутгийн тоглолт зэргээс боломжоороо ашиг орлого олоод л явдаг. Басхүү тухайн аймаг сумдад ч нэмэр тус болдог байх. Сумын соёлын төв орлого тун багатай шүү дээ. Нийтийн дуучид ээлжлэн очиж тоглолт хийснээр сумын соёлын төвүүд ч тодорхой хэмжээний ашиг орлого олж байдаг. Долоо хоногт нэг тоглолт очлоо гэхэд сумын Соёлын төв дор хаяж 500 мянган төгрөгийн ашигтай байх жишээтэй.

-Дуучин Э.Чулуунчимэг та хоёрыг Гавьяат жүжигчин С.Жавхлан, Т.Баясгалан нарын залгамж халаа болсон шинэ залуу хослон дуулаачид гарч ирлээ хэмээн ярьж байсан цаг саяхан. Та хоёрын уран бүтээлүүд ч хэдийнэ ард түмний сэтгэлд хүрч чадсан шүү дээ. Харин тэдгээр уран бүтээлүүд дахин дуулагдах болов уу?

-Тэр бол цаг хугацааны л асуудал байх. Сүүлийн гурван жил найр хурим гээд дуэт дуу хаана л дуулагдах хэрэгтэй байна тэнд бид хоёр явж байсан. Ерөнхийдөө анх МУГЖ У.Далантай, С.Эрдэнэцэцэг, дараа нь С.Жавхлан, Т.Баясгалан гээд энэ сайхан дуучид нийтийн дууны урлагт тэсрэлт хийсэн. Мөн Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нар ч залгамж халаа болж байлаа. Харин түүнээс хойш нэг хэсэг дорвитой уран бүтээл хийж байгаа хослон дуулаачид байхгүй болчихсон. Ингээд бид хоёр гэр бүл болоод хамтран уран бүтээл хийж эхэлсэн. Үзэгчид ч маш сайхнаар хүлээж авч байлаа. Улмаар бидний үеийн залуучууд болоод найз нөхдүүд маань ч гэсэн хамтран дуулах нь олширсон. Тиймдээ ч бид хоёр их булган сүүлтэй байж чадсан гэж боддог шүү. Тэгээд ч нийтийн дууны урлагт манлайлагч байж чадсан. Одоо ч гэсэн манлайлагч байсаар л байгаа. Гэхдээ үзэгчдийн хүртээл болсон тэр бүтээлүүд дахин эгшиглэх эсэхийг хэлж мэдэхгүй байна.

-Гэр бүл салалттай холбоотойгоор та нэг хэсэг үзэгчдийн хэл аманд багагүй өртсөн.

-Би урлагийн тогоонд орсон цагаасаа эхлээд нэг ч удаа муу муухайгаар хэлүүлж үзээгүй. Бүх л хүнтэй мэндтэй устай, тус дэмтэй явж ирсэн. Тиймдээ ч урлагийнхан болоод эргэн тойрондох хүмүүсээс маань намайг муулдаг хүн ховор л доо. Харин сошиалаар цацагдсан худал, үнэн мэдээллээс болж хоёр, гурван мянган хүн фэйсбүүкээр муулсан. Бас л эвгүй сэтгэгдэл төрдөг юм билээ. Мэдээж гэр бүл сална гэдэг буруу зүйл л дээ. Хүсээд байх ч сайхан зүйл биш гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Түүнээс гадна хамгийн чухал нь бид хоёр үр хүүхэдтэй хүмүүс шүү дээ. Тэгэхээр үр хүүхдэдээ гэр бүлийн халуун дулаан уур амьсгал мэдрүүлж чадахгүй, хамт амьдрахгүй байна гэдэг маш хэцүү. Гэсэн ч хоорондын асуудал, маргаанаас болоод хоёр тийш болсон. Үүнд зөвхөн нэг хүнийг буруутгаж болохгүй. Хэн хэн нь буруутай байсан. Тиймдээ ч миний хувьд чимээгүй л байсан. Чимээгүй байсаар л байна. Заавал ингэсэн, тэгсэн гээд тэр болгоныг задлаад байх хэрэггүй байх. Тэр хүн миний охиныг төрүүлж өгсөн сайхан эмэгтэй шүү дээ. Одоо ганцаарчилсан уран бүтээлээ хийгээд сайхан л явна. Ямартай ч бид хоёр охиноо хаа хаанаа халамжлаад л байж байна. Гэхдээ халуун ам бүлээрээ байж байгаад тусдаа амьдраад ирэхээр маш их эзгүйрсэн. Тэр үед үнэхээр хүнд байсан л даа. Сэтгэлээр ч их унасан. Гэсэн ч ээж, аав, охин минь байхад амьдралд улам хичээх ёстой гэж өөрийгөө зоригжуулж байлаа. Би өөрөө хүчтэй байж сайн, сайхан явах ёстой. Тэгж байж охин минь “Энэ миний аав” гэж бардам хэлж чадна шүү дээ. Яахав ийм юм үзэж туулж байгаа болохоор амьдралын хаттай болж, ухаан сууж л байна. Одоо бол амьдралд дахин алдах эрх байхгүй. Дуугаа дуулаад хөдөлмөрлөөд, охиныхоо төлөө зүтгэх болно. Ер нь эргээд бодоход тэгээд хүнд хэцүү үед хүний эцэг, эх л хажууд байдаг юм билээ. Надад олон сайхан найз нөхдүүд бий л дээ. Гэхдээ тэд чинь бүгд л тус тусдаа амьдралтай хүмүүс шүү дээ.

-Цаашдын зорилго, төлөвлөгөөнөөсөө хуваалцаач?

-Хийхээр зорьж байгаа зүйлс их байна. Ойрын таван жилийнхээ төлөвлөгөөг гаргачихсан байгаа. Хамгийн эхлээд Удирдлагын академид суралцана. Ер нь ганцхан дуу хуураа хөөгөөд явахаар хайрцаглагдчих гээд байна л даа. Тэгэхээр толгойгоо цэнэглэж байх нь зүйтэй гэж бодож байгаа. Юм үзэж, харж нүдээ нээх нь юу юунаас чухал байна.

Үүнээс гадна “B SOUND PRODUCTION”-ыхаа таван жилийн ойд зориулж хэд хэдэн сайн үйлсийн арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна. Миний хувьд СУИС-ийг төгссөн. Тиймдээ ч СУИС-ийн дуурийн дуулаач оюутнуудын дунд зохиогдсон “Лавай-II” уралдааныг ивээн тэтгэсэн. Энэ бол эхлэл нь л дээ. Мөн дараа дараагийн хийж байгаа ажлууд маань тун удахгүй та бүхэнд хүрээд эхлэх байх.


Categories
мэдээ цаг-үе

Г.Пүрэвдорж: Утаанаасаа салъя л гэж хүсч байвал цахилгаан халаагуурт шилжих нь хамгийн зөв шийдэл

Шинжлэх ухааны академийн Техникийн салбарын Бага чуулганы эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Хүйтэн сэрүүний улирал эхэлж, тун удахгүй бид өнөөх л утаа тортогтойгоо золгоцгоох нь. Утаа багасах болов уу?

-Улаанбаатар хотын орчны бохирдол буюу агаар, ус, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг ч Монгол Улс хүлээн зөвшөөрсөн. Учир нь 2017 оны нэгдүгээр сарын 10-нд орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ хэмээн хүлээн зөвшөөрч, Үндэсний аюулгүй байдлаас зөвлөмж гаргасан. Иймд Засгийн газраас цахилгаан халаагуурт шилжүүлэх зэрэг хэд, хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Миний хувьд цахилгаан халаагуурт шилжүүлснийг хамгийн зөв зүйтэй арга гэж ойлгож байгаа.

Ер нь бол утааг бууруулах арга хэмжээг 1986 оноос эхлэн ярьж эхэлсэн юм шүү дээ. Тэр үед би анх эрдэм шинжилгээний ажилтан болж байлаа. Тухайн үед Засгийн газраас тусгай комисс хүртэл гарч ажилласан. Дэнжийн мянгад нэг мянган ширхэг дулаан хураагууртай цахилгаан зуух тавьж ажиллаж байсан. Үүнээс хойш Монгол Улсын Засгийн газар, Улаанбаатар хотын захиргаа, холбогдох яам тамгын газрууд 31 жил ажилласан байна. Гэсэн ч утааг арилгаж чадаагүй л байна. Бүр гамшгийн хэмжээнд хүртлээ нэмэгджээ. Агаарын бохирдол ард түмэнд маш их хохирол учруулж байна. Ер нь агаарын бохирдолд хохирохгүй иргэн гэж үгүй. Дэлхийн банкнаас 2011 онд гаргасан судалгаагаар “Улаанбаатар хотын агаарын бохирдлоос болоод ард иргэдийн эрүүл мэндэд 400 сая долларын хохирол учирч байна” гэсэн байдаг. Ингэхээр бидэнд агаарын бохирдлыг бууруулахаас өөр зам байхгүй.

-Агаарын бохирдлыг бууруулахын тулд арга хэмжээ аваад байгаа хэрнээ тийм ч дорвитой байж чадахгүй байх шиг?

-Судлаач тэр дундаа олон жилийн турш энэ чиглэлд анхаарлаа хандуулж, зарим ажилд нь гар бие оролцож байсан хүний хувьд Улаанбаатар хотын утааг бууруулах боломжтой гэж харж байгаа. Гагцхүү бид даацтай арга хэмжээ авч чадахгүй байна. Тиймдээ ч 31 жил болоход өмнөхөөсөө бүр дорджээ. Энэ утаа хотын захын гэр хорооллоос л үүдэлтэй шүү дээ. Ашигт үйлийн коэффициент багатай уламжлалт зууханд гал түлснээр их хэмжээний утаа гарч байгаа юм. Ердийн зуухны ашигт үйлийн коэффициент нь 40-50 хувиас хэтэрдэггүй. Тавин хувь нь л дулаан болно гэсэн үг. Иймээс зуухыг сайжруулах гэж олон жил үзсэн. Сайжирч чадаагүй. Дэлхийн банк, Мянганын сорилтын сангийн тусламжтайгаар бараг л айл бүрт зуух тараасан. Гэсэн ч үр дүн байхгүй. Яахав багахан хэмжээгээр буурсан байх л даа. Гэхдээ агаарын бохирдолгүй болгож чадаагүй. Дараа нь түлшийг сайжруулах гэж оролдсон. Яахав сайн түлш байхад агаарын бохирдол бага хэмжээгээр буурна. Гэвч өндөр түвшний зуух байж чадахгүй байгаа учраас мөн л төдийлөн үр дүнтэй биш. Гэр хороололд өндөр түвшний зуух ашиглах бололцоо муутай учраас өнөөх утаа гарсаар л байна.

Зуух түлш зэргээс гадна Улаанбаатар хотын байгал цаг уурын нөхцөл байдал агаарын бохирдолд ихээхэн нөлөөлдөг. Өвөл болохоор аль ч нутаг дэвсгэрт агаарын инверсийн үзэгдэл буюу агаарын эсрэг урсгалын тогтмолшил үүсчихдэг юм. Энэхүү тогтсон агаараар утаа нэвтэрч чаддаггүй. Харин 7-8 м/сек салхилж байж утаа арилдаг. Хэрэв салхилахгүй бол өдөр болгоны утаа нэмэгдсээр байгаад бүр гамшгийн хэмжээнд очих нь бий. Бид энэхүү байгалийн үзэгдлийг яаж ч өөрчилж чадахгүй шүү дээ. Энэ мэт зүйлсээс улбаалж утаан зуд гэгч бидэнд нүүрлэчихээд байгаа юм. Зарим хүмүүс уул сэтэлчихвэл утаа багасчих юм биш үү гэж ярьдаг. Тэрэн шиг худлаа юм үгүй. Үүнийг манай цаг уурын эрдэмтэд өөсрдийнхөө судалгаан дээр математик загвараар тооцож гаргасан шүү дээ.

-Тэгэхээр яавал бид утаанаас салж чадах вэ?

-Эцсийн дүндээ бид Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулж, эрүүл амьдрахын тулд техник, технологийн шинэчлэл хийх хэрэгтэй болж байгаа юм. Гэхдээ монгол гэрт өндөр өртөгтэй зуух тавиад ч үр дүнгүй гэдгийг хэлэх байна. Ерөнхийдөө тордоод нэмэргүй гэж ойлгож болно. Бид өнгөрсөн 31 жилийн хугацаанд утааг бууруулах аргаа гэрт тохирохыг л хайсаар ирсэн гэхэд хилсдэхгүй. Тиймдээ ч ямар ч үр дүнгүй байгаа нь энэ. Тэгэхээр бид гэрээс татгалзах ёстой юм. Гэр бол хот суурин газар тохирох сууц биш. Зөвхөн нүүдэлчин ардад л хамгийн тохиромжтой сууц шүү дээ. Тиймээс эхлээд байшин сууц руу шилжих бодлогыг явуулах нь зүйтэй. Харин байшинд цахилгаан халаагуурыг хэрэглэх, дулааны алдагдлыг бууруулах бүрэн бололцоотой.

Ерөнхийдөө 48 мкв талбайтай байшинг маш зөв, сайн дулаалж чадах юм бол дулааны алдагдлыг нь бууруулж, нэг сард 70-100 мянган төгрөгөөр л гэрээ халаачих боломжтой гэсэн судалгаа байдаг. Ерөнхийдөө айлууд өдөрт зургаан мянга орчим төгрөгийн нүүрс түлдэг байх нь л дээ. Тэгэхээр сард 180 мянган төгрөгийг зөвхөн түлшиндээ зарцуулдаг болж таарч байна. Агаарын бохирдолд ихээр нөлөөлөөд зогсохгүй, өндөр өртгөөр аж төрдөг байх нь байна шүү дээ. Үүнээс үзэхэд утаа тортгоосоо салъя л гэж хүсч байгаа бол цахилгаан халаагуурт шилжих нь хамгийн зөв шийдэл. Харин цахилгаан халаагууртай байхын тулд амины сууц, байшинтай болох шаардлагатай. Аль болох монгол гэрээс зайлсхийх ёстой юм. Мөн бусад арга технологиудыг нь давхар хэрэглэж болно.

-Тэр олон айлыг эрчим хүчээр хангах боломж бага гэсэн асуудал гарч ирнэ байх…

-Хүмүүс эрчим хүчээр хангах боломжгүйн дээр өртөг өндөр гэж хараад байдаг юм. Тэгэхээр эрчим хүчний том үүсвэр бий болгох цахилгаан станцуудыг барих зайлшгүй хэрэгтэй. Тэртэй тэргүй агаарын бохирдлоос болоод 400 сая доллартай тэнцэхүйц эрүүл мэндийн хохирол амсч байдаг тухай дээр хэлсэн шүү дээ. Цахилгаан станц барихгүй л бол Улаанбаатар утаанаас сална гэж байхгүй. Түүнчлэн гэр хорооллын цахилгаан шугам сүлжээг өргөтгөх хэрэгтэй. Мөн иргэд байшингаа дулаалж чадвал цахилгаан халаагуурыг хэрэглэхэд тийм ч өртөг өндөртэй биш гэдгийг сайтар ойлгох нь зүйтэй юм.

Засгийн газар солигдож байна. Тэгэхээр шинээр гарч ирж байгаа Засгийн газар өмнө нь агаарын бохирдолд хийгдэж байсан ажлуудыг улам л эрчимжүүлж, нэмэх нь нэн шаардлагатай ажил юм. Ер нь бол агаарын бохирдлын асуудал дээр эрдэмтэд энэ мэт аргуудыг зөвлөнө. Саналаа хэлнэ. Судалгааныхаа дүнг л танилцуулна. Түүнээс эрдэмтэн судлаачид айл бүрт тоног төхөөрөмж тавьж өгч чадахгүй шүү дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Тамир: “Зүрхний хилэн” киног Өмнөд Монголд гаргавал тэд шууд босоод ирнэ


“Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамиртай ярилцлаа.


-Хүлээлт үүсгээд байсан “Зүрхний хилэн” уран сайхны кино нээлтээ хийлээ. Үзэгчид ч ам сайтай байна. Ер нь найруулагчийн хувьд энэ киногоороо юуг өгүүлэхийг зорьсон юм бэ?
-Яахав энэ цаг үе нь өөрөө хилэнтэй байгаад байна л даа. Тэгэхээр энэ үед амьдарч байгаа хүмүүсийн дотор нуугдсан тэр л хүслийг энэ киногоороо дамжуулан гаргахыг хүссэн. Энэ киног үзснээрээ миний өвөг дээдэс ямар түүхийг туулаа вэ гэдгийг харах болно. Мөн өнгөрсөн болоод өнөөгийн Монгол Улс минь ямар байна вэ гэдгийг харьцуулна байх. Ингэснээрээ ирээдүйд Монгол Улсаа яах вэ гэдгийг ч бодно байх гэж найдаж байна.

-Кино зохиолыг бичихдээ манж судлаач, түүхийн ухааны доктор Ц.Цэрэндоржтой хамтарсан гэсэн. Тэрээр түүхэн талаас нь хэрхэн зөвлөгөө зааврыг өгсөн бол?

-Ц.Цэрэндорж ахаас гадна манж судлалаар мэргэшсэн Хэл шинжлэлийн ухааны доктор М.Баярсайхан ах маш их тусалсан. Харин редактораар Б.Цогнэмэх гуай ажилласан. Ерөнхийдөө төрийн тэргүүн нь харь хэлтэй хүн байна гээд төсөөлөхөд хэцүү. Тухайн үед Манж амбан тийм л байсан шүү дээ гэж хүмүүс яриад байгаа юм л даа. Гэхдээ үүнийг одоо цагтай холбоод үзэхээр аймшигтай байгаа биз. Модернист яруу найрагч Б.Галсансүх “Монголын радио хятадаар мэндэлвэл би үхнэ” гэж ч байсан удаатай. Тэгэхээр бид түүнтэй адил сэтгэгдэл л үзэгчдийн далд ухамсарт нь өгөхийг хичээсэн. Түүхэндээ манжууд бол биднийг дарамталж байсан. Мөн манжийн нөмөр нөөлөгт нь байх хятадуудын өр зээлийн дарамт их байдаг байжээ. Охид эмсийг бузарлах зэрэг нь ч хятадуудын л хийдэг ажил байсан байгаа юм. Гэхдээ үүнд авууштай нэг зүйл нь манж нар хятадуудыг хар тамхи зөөлгөх нь битгий хэл нэг жил болгоод л Монголоос гаргах бодлоготой байсан юм билээ. Харин “Зүрхний хилэн”-д манж амбан хар тамхины хэрэгт хутгалдсанаар нуран унаж байгааг харуулдаг юм. Тэгэхээр мөн хар тамхины эсрэг дуугарч байгаа гэсэн үг.

-Таны хэлсэнчлэн манжийн бодлого хатуу чанга байсан учраас хятадууд ч монголд удаан амьдрах эрхгүй байсан гэдэг. Зарим судлаачид ч манжийн дарлалын үед хүнд, хэцүү байсан ч тэдний хатуу чанга бодлогын үрээр бид өнөөдөр оршин байгаа гэж үздэг юм билээ. Энэ тухайд?
-Гэхдээ манжууд монголчуудаас маш их татвар, татаас авдаг байсан. Хэрэв татвараа төлж чадахгүй бол хугацаагүй цэргийн албанд томилогдохоос өөр аргагүйд хүрнэ. Харин тэд тэнд очоод үхэж ч мэдэх үнэнтэй нүүр тулна шүү дээ. Энэ дарамт мөн биз. Харин зарим өр зээл, татвартаа дарлагдсан хэсэг бүлэг нөхөд нь уул руу гарч зугтаадаг байсан байх нь. Тэд чинь л шилийн сайн эрчүүд хэмээн түүхэнд үлдсэн хүмүүс юм. Улмаар тэд хулгайлсан адуу малаараа татвар татаасаа төлдөг байж. Мөн хулгайлсан адуу малнаасаа энгийн ард иргэдэд ч өгнө. Энгийн ард иргэд түүнийг нь буцаагаад татварт өгдөг байж л дээ. Гэхдээ тэд энэ гинжин холбоог хэрхэн зогсоох вэ гэж бодсны эцэст өрийн дэвтрийг шатаасан. Өнөөдрийнхөөр бол ипотекийн зээл авсан бүх айлын баримт сэлтийг шатаачихаж байгаатай л адил юм. Гэхдээ тэдгээр шилийн сайн эрчүүдийг манжууд “Монголчууд өрөө төлж чадахгүй учраас уул руу гарч зугтаан шилийн сайн эр болдог байв” гэж хэзээ ч тэмдэглэхгүй шүү дээ. Харин “Тэд бол хулгайчид. Тэр хүмүүст ийм ял өгнө” гэж л бичнэ. Хэдий тэд хулгайч ч гэсэн энэ цаг үеийн хулгайчидтай харьцуулахааргүй гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Ямартай ч бид кинондоо шилийн сайн эрчүүд гэж бүгдийнх нь цээжийг дэлдүүлээгүй. Харин манжууд шилийн эрчүүдийг шилийн эрчүүдээр нь бариулж байгааг харуулсан. Мөн “Чам шиг монголоо гэх сэтгэлгүй хүмүүс л монголыг ялзруулдаг юм” гэж аав нь хүүдээ хэлснээр гарч байгаа. Энэ үгийн утгыг маш сайн ойлгох нь чухал юм.

-Зохиолоо бичихийн тулд хичнээн цаг хугацааг зарцуулсан бэ?

-Хүмүүс намайг 14 хоногт түүхэн зохиол бичлээ гэж их ярьж байна. Яг үнэнийг хэлэхэд би “Миний ах атаман” уран сайхны киноны зохиолыг дөрвөн хоногт л бичсэн. Гэхдээ зохиол бичихэд хэдэн хоног ч зарцуулсан байж болно. Гол нь түүнийг бичихийн тулд би хэдэн сар, жил бодож, бясалгаж, төлөвлөнө шүү дээ. Харин тэр удаан бодож бясалгасан зүйл чинь цаасан дээр буулгахад хурдан гарна аа даа. Хүмүүсийн бодлоор бичээд эхлэнгүүт зохиол ундраад гардаг байх нь л дээ. Үнэнгээ л хэлье би зохиолч хүн биш. Харин миний арга барил бол энэ. Ер нь яагаад 14 хоногт түүхэн киноны зохиол бичиж болохгүй гэж. Яахав зарим хүмүүс цөөн хоногт бичээд алдчихвий гэж санаа зовж байж магадгүй. Харин нэг хэсэг нь энэ муугийн 14 хоногт бичдэг зохиол гэж юу байдаг юм гэж бодож байгаа байх. Гэхдээ болж байгаа учраас л өнөөдөр үзэгчдийн хүртээл болж байна шүү дээ.
-Сэтгэл дундуур үлдсэн хэсэг бий юү. Эсвэл үнэхээр санаандаа тултал хийж чадсан уу?
-Би кинонуудынхаа зохиолыг нэгтгээд ном хийх гэж байгаа. Тэгэхээр “Зүрхний хилэн” зохиолыг уншаад дараа нь киног маань үзвэл бас сонин, гоё байх болно. “Зүрхний хилэн” кино бүтнээрээ дөрвөн цаг 20 минут болсон. Бүх дүрийн утга учрыг гаргаад хоёр цаг болгож болохоор байсан л даа. Гэхдээ тэр дэмий байх. Учир нь хүмүүс аливаа зүйлийн сайн гэхээсээ илүү муу талыг нь л түрүүлж хардаг. Шуналтайдаа хоёр анги болгочихлоо л гэнэ байх. Ер нь ч анхнаасаа нэг ангит уран сайхны кино хийнэ гэсэн бодолтой байсан юм чинь түүгээрээ л байсан нь дээр биз. Харин тэрхүү дөрвөн цагийн киног хоёр цагт багтаачихаар яалт ч үгүй адал явдлаар дүүрэн болохоос өөр аргагүй байгаа юм.
-Сайхан кино болсон байна гэсэн магтаал дүүрэн өдрүүд өнгөрч байгаа байх. Мөн үүний хажуугаар зэмлэл, чамлал ч байгаа болов уу?
-Шүүмжлэл байлгүй яахав. Зөндөө л байна. Гэхдээ би шүүмжлэлийг тийм ч их ач холбогдол өгч хүлээж авдаггүй. Гэхдээ хүмүүс өөр, өөрсдийн үзэл бодлоороо санаа оноогоо хэлдэг. Түүнийг нь хүндэтгэлгүй яахав. Мөн хэлэх гэсэн санааг минь хүмүүс маш гярхай олж хардаг болжээ. Тэгэхээр үзэгчид маань улам л сайжирсан байна. Их юм уншдаг болсон байна гэж харж байгаа шүү.
-Кино бүтээхэд тохиолдсон бэрхшээлтэй зүйлүүд нь юу байсан бол?
-Ер нь кино бүтээнэ гэдэг тэр чигээрээ бэрхшээл. Арван сарлаг дээр бүх техник хэрэгслээ ачаад, мөн 80 хүн бүгд ачаа, бараагаа тэврээд өвдгөө давсан цастай нэг километр 300 метр газар алхсан. Уул өөд, эгц дээшээ газар шүү дээ. Нэг хүний ачаа дор хаяж 20 кг татахаар байсан болов уу. Яг тэр байдлаараа гурван удаа явсан. Энэ мэт бол зүгээр л наад захын жишээ. Хасах 40 хэмийн хүйтэн голын ус руу цөмөрч орсон. Тэрхүү зураг авалтыг хийхийн тулд жүжигчдийнхээ биеийг спиртээр арчаад л хүйтэн ус руу оруулсан. Мотор гэхэд манай жүжигчид бүгд бэлэн зогсож байгаа нь хамгийн сайхан байлаа. Тэд надад итгэж байгаа учраас л хүйтэн ус руу орж байгаа юм шүү дээ. Бас чадна гэж бодсон хүсэл тэмүүлэл тэдэнд байгаа учраас. Дараа нь жүжигчин М.Баярбат маань хөлөө гэмтээсэн. Мөн тулааны үед маш олон хүн мориноос унасан. Гар хөлөө гэмтээсэн гээд бэрхшээл маш их байлаа. Тухайн үед үнэхээр шар гозойж, нүдэнд нулимс цийлэгнэж зогссоныг нуух юун. Би энэ олон хүний хөлс хөдөлмөрийг барж байгаа юм чинь сайн кино хийхгүй л бол болохгүй шүү л гэж бодсон. Мөн хэрэв “Зүрхний хилэн” муу болвол дахиж кино найруулахгүй гэж бодсон. Гэхдээ би хүний өмнөөс ажиллачихсан юм шиг элдэв бэрхшээл, шалтаг шалтгаан тоочих дургүй. Ер нь яахав энэ киногоо хийхийн тулд монгол орныхоо 7000 гаруй км зам туулсан байна лээ.
-Цаашид үзэгчид өмнөхөөсөө ч илүү чанар, чансаатай уран бүтээл хийхийг та бүхнээс шаардах нь дамжиггүй. Дараа дараагийн уран бүтээлээ төлөвлөж амжсан болов уу?
-Мэдээж үзэгчдэдээ улам л чанартай, даацтай уран бүтээл хүргэхийг зорино. Тиймдээ ч жүжигчид, найруулагч ч тэр үргэлж бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Үзэгчид биднийг түүхэн сэдэвт киногоороо дагнах байх гэсэн бодолтой байх шиг байна. Тийм зүйл байхгүй. Төрөл бүрийн л кино хийх болно. Юу ч хийж болно шүү дээ. Харь гаригийн кино байхыг ч үгүйсгэх аргагүй. Ямартай ч бид одоогоор гурван ч түүхэн уран сайхны киноны төсөл дээр ажиллаж байгаа. Эхнийх нь “Зүрхний хилэн” байсан бол хоёр дахь нь XIII зууны үеийг харуулсан “Цэцээхэн бэхи” хэмээх уран сайхны кино байх юм. Харин түүний дараагийн уран сайхны киног хийчихвэл би өөрийгөө кино найруулагч болжээ гэж тооцож болохуйц тийм бүтээл бий. Ямартай ч одоогоор бодоод, бясалгаад л явж байна. Гэхдээ тэр бүтээлийг Монголд хийхгүй байх. Гадагшаа л явж хийх болов уу.
-“Фантастик” продакшн 2008 онд байгуулагдсан байх аа?
-Тийм шүү. Бид хамгийн анх 2011 онд залуучуудад зориулсан “Тоглоом жүжиг” хэмээх тайзны уран бүтээлээ хүргэж байлаа. Бас л хар тамхины эсрэг уран бүтээл байсан. Одоо бол манай продакшны уран бүтээлчид том, том үүрэг даалгавар авч авьяас чадвараа сорьж байна. Мэдээж түүнийгээ биелүүлж чадаж байвал ахисан гэсэн үг. Харин цаашид ахиж, дэвшихийн тулд бэлтгэл, сургуулилтаа сайн хийх хэрэгтэй. Мөн уншиж мэдэх, өөртэйгөө ажиллах. Тэр л уран бүтээлчдийн амжилтын суурь нь болдог гэж ойлгодог. Одоо бид тайзны уран бүтээл рүү оръё гэж бодож байгаа. Ямартай ч үзээд алдана. Миний хувьд тайзны жүжгээ найруулаад өөрөө тоглоно гэж байхгүй. Тэгэхээр тусдаа найруулагчтай байсан нь дээр байх. Ер нь тайзны бүтээл жүжигчин хүнд маш их бэлтгэл, туршлага болж өгдөг. Мэдрэмжүүд ч ихсэнэ. Тиймээс ашиг олно гэхээсээ илүү уран бүтээлчдийнхээ ур чадварыг нэмэх зорилготой тайзны бүтээлд хүч үзэх бодолтой байгаа. Хэдий тийм ч чанартай уран бүтээл хүргэх болно.
-Киноныхоо нээлтийн үеэр “Фантастик” продакшны жүжигчин Б.Барслхагва Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнуулсан.
-Барсаа маань маш мундаг ажилласан л даа. Эсрэг дүрийг их сайн гаргадаг боллоо. Харин дараа нь эерэг дүр дээр тоглуулж үзнэ гэж бодож байгаа шүү.
-Киногоо нээхийн өмнөх өдөр их догдолно биз. Тэр үеийн мэдрэмжээсээ хуваалцвал?
-Догдлол байлгүй яахав. Манай продакшныхан фэйсбүүкийн групп чаттай л даа. Түүгээрээ нэг нэгнээсээ яаж байгаагаа асууцгаагаад л байсан. Бүгд л догдлоод л байгаа сурагтай байсан шүү. Миний хувьд энэхүү кино маань үзэгчдэд хүрнэ гэдэгт итгэлтэй байсан л даа. Адуу мал, сүр хүчит эрчүүд тэр кинонд гарч байгаа юм чинь монгол хүний сэтгэл огшихгүй байхаас яах билээ. Ер нь би өөрийнхөө огшдог, гунигладаг, эмзэглэдэг, шаналдаг зүйлээ л уран бүтээлдээ тусгахад монголчууд маань ч адил огшдог шүү. Харин киногоо үзэгчдэд хүргэхээсээ өмнө нэг л зүйлээс айж байлаа. Үзэгчид бүтэн хоёр цаг 30 минутын турш тогтож үзэх болов уу гэдэг л айдас надад байсан. Харин үзэгчид хэдий хэр хугацаа өнгөрснийг ч мэдэхгүй байна, мэдсэн ч уйдаагүй гэдгээ хэлсэн.
-“Зүрхний хилэн” уран сайхны кино хөдөө орон нутаг төдийгүй хилийн чанадад суугаа үзэгчдэдээ хэдийгээр хүрэх вэ?
-Одоогоор бид хөдөө орон нутгаар гаргах төлөвлөгөөгөө боловсруулж байна. Харин дараа нь АНУ, БНСУ, Австрит гаргах болно.
-Өмнөд монголчууд хулгайгаар бичлэг хийж байгаад баригдлаа гэж та бүхэн мэдээлсэн байсан. Ер нь энэхүү киногоо Өмнөд монголчуудад хүргэе гэсэн бодол байгаа юу?
-Манай хяналт тавьж ажиллаж байгаа хүмүүс хоёр ч удаагийн үйлдлийг илрүүлсэн. Нэг талаасаа бидний хүч хөдөлмөрөө зориулж хийсэн бүтээлийг хууль бусаар гаргаж байна гэдэг муухай л даа. Нөгөө талаасаа тэндэх монголчууд үзэхийг хүсч байгаа байхгүй юу. Бид нар судлаагүй биш судалсан. Тэр дундаа “Зүрхний хилэн” шиг ийм киног Өмнөд Монголд гаргахгүй. Хэрэв үзэх юм бол тэд босоод ирнэ шүү дээ. Гэхдээ тэр өөрсдөд нь хортой. Басхүү бид өнөөдөр үндэсний үзлээ муйхраар илэрхийлдэг болчихжээ. Эх оронч хүн гэдэг бяраар түүнийгээ илэрхийлдэг гэж бодоод байгаа юм. Тийм биш ээ. Харин эх орныхоо үнэ цэнийг мэдрэх, хайрлах нь чухал.

Categories
мэдээ цаг-үе

Д.Солонго: “Надтай хамт өглөөг угтаач” дуу маань төсөөлж байгаагүй их амжилт дагуулсан

Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, “Гурван охин” хамтлагийн ахлагч, дуучин Д.Солонготой ярилцлаа.


-“Гурван охин” хамтлаг шинэ уран бүтээл арвинтай байгаа. Саяхан тоглолтоо ч хийгээд амжсан байх аа.

-Манай хамтлагаар болон надаар ч сонин ихтэй байгаа шүү. Учир нь “Гурван охин” хамтлагийн хувьд энэ жил зүгээр суусангүй. Тиймдээ ч уран бүтээлийн олз омог чамгүй ихтэй байлаа. Бид “Хэмнэл зүрх” нэртэй шинэ цомгоо гаргасан. Цомгийнхоо баяр болгож мөн “Хэмнэл зүрх” нэртэй шоу тоглолт хийсэн байгаа. Тоглолт маань үнэхээр гайхалтай, халуун дулаан уур амьсгалтай болсон. Үзэгчид маань биднийг маш их санасан нь мэдрэгдэж байлаа. Бүх дуунуудыг маань дагаж дуулж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Тэр бүү хэл шинэ дуунуудыг маань хүртэл даган дуулж байлаа. Бидний хувьд саяхан цомогтоо багтсан “Хайр хэвээр” хэмээх дууныхаа клипийг хийлээ. Мөн цомогтоо багтсан хоёр ч дуунд клип хийхээр зэхэж байгаа. “Гурван охин” хамтлагийн хувьд энэ мэт шинэ уран бүтээлүүд дээрээ ажиллаж байна даа.

-Харин таны хувьд?

-Миний хувьд сүүлийн үед ганцаарчилсан уран бүтээлдээ илүү анхаарч байгаа. Энэ жил ганцаарчилсан цомгууд дээрээ түлхүү ажиллаж байна. Цомгуудаа гэдэг нь би хоёр ч цомгоо гаргахаар ажиллаж байгаа юм. Эхний цомгийн маань ажил ерөнхийдөө дууссан. Энэ намартаа багтаад хоёр цомгийнхоо нээлтийг хийж үзэгчидтэйгээ уулзана.

-Ганцаарчилсан уран бүтээлдээ шаргуу орж байгаа юм байна. Бие даасан тоглолт хийх бодол байгаа юу?

-Ганцаарчилсан тоглолт гэхээсээ илүү хоёр ч цомог зэрэг гаргаж байгаа учраас мялаагаад цомгийн баяр хийх нь зүйтэй байх. Гэхдээ мэдээж хэтэрхий том газар хийхгүй нь ойлгомжтой. Ямартай ч тухайн үедээ хаана хийхээ шийднэ дээ.

-“Гурван охин” хамтлагийнхан байгуулагдаад хичнээн жил болж байна вэ?

-Бид гурав хамтдаа 13 настайгаасаа дуулж эхэлсэн юм. Харин 1998 оны арванхоёрдугаар сард “Ирээдүйн одод” хэмээх тэмцээнд оролцож Гран при шагнал хүртэж байлаа. Түүнээс хойш үргэлж л хамтдаа дуулцгаах болсон доо. Улмаар 2004 оноос эхлэн өөрсдийн гэсэн уран бүтээлээ гаргасан юм. Анхны цомгоо яг л ийм намрын шаргал өдөр өлгийдөн авч байсан юм байна. Дуучин болно гэсэн мөрөөдлөөр жигүүрлэж байсан тэр үе саяхан л юм шиг санагдаж байна шүү.

-“Гурван охин” хэмээх нэрийг хэн өгч байв?

-Бид “Ирээдүйн одод” тэмцээнд оролцохдоо “Moon” гэсэн нэртэйгээр оролцож байсан. Харин дараа жил нь буюу 1999 оны Мартын 8-аар нэгэн клубт дуулахаар очсон юм. Биднийг тайзнаа гарах үед хөтлөгч нь “Ямар хамтлаг гэж зарлах вэ” гэхэд шууд л “Гурван охин” гээд хэлчихсэн юм. Ингээд түүнээс хойш л энэ нэрээрээ үзэгч, сонсогчдодоо танигдсаар иржээ.

-Нэг хэсэг хамтлагийнхаа нэрийг солих гэж байна гэсэн мэдээлэл багагүй цацагдаж байсан. Ер нь цаашдаа хамтлагийнхаа нэрийг солих бодол бий юү?

-Тиймэрхүү ташаа мэдээлэл багагүй цацагдсан байна лээ. Бид хамтлагийнхаа нэрийг солихгүй. Цаашид ч энэ хэвээр байна.

-Хамтлагийн тань үзэгч, сонсогчдын хүртээл болсон олон сайхан уран бүтээл байдаг. Харин тэр бүтээлүүдээс санаанд оромгүй их амжилт дагуулж байсан дуу бий юү?

-“Надтай хамт өглөөг угтаач” хэмээх дуу маань зургаан сарын турш шилдэг дууны хит парадыг тэргүүлж байлаа. Энэ бол бидний төсөөлж байгаагүй их амжилт байсан л даа. Мэдээж гаргаж байгаа уран бүтээл бүхэндээ зүрх сэтгэлээ шингээж хийдэг учраас хайртай. Гэлээ ч “Надтай хамт өглөөг угтаач” дуундаа бүр илүү хайртай байдаг юм.

-“Гурван охин” хамтлагийн хамгийн сүүлд гаргасан “Хайр хэвээр” дууны клип шинэлэг өнгө төрхтэй болсон байсан. Ер нь ямархуу өнгө аясыг илэрхийлэхийг зорьсон бэ. Мөн энэхүү клипийг бүтээхэд хичнээн цаг хугацаа шаардсан бол?

-Хамгийн сүүлд гаргасан “Хайр хэвээр” клипийг маань “Bronzehero`s Entertain¬ment” студэд хийсэн. Тус студийн Хүрэлээ маань маш мэдрэмжтэйгээр хийсэн болов уу гэж бодож байгаа. Бид гуравт клип маань маш их таалагдсан шүү. Үзэгч, сонсогчдод ч үнэхээрр сайн хүрч байна. Гол нь дууны маань стиль имиж урьд урьдынхаас илүү өвөрмөц болж чадсан. Мөн бид гурвыг өөр талаас нь харуулсан байх. Бидний хувьд чанартай сайн уран бүтээл гаргахын тулд сар гаруй хугацааг зарцууллаа.

-Хамтлагийн уран бүтээлчдийн хувьд цаашдын зорилго, төлөвлөгөө юу байна вэ?

-Ямартай ч бид чанартай сайн уран бүтээлээр үзэгчдэдээ бэлэг барьж байхын тулд хөдөлмөрлөх болно. Олон сайхан уран бүтээлээр үзэгчидтэйгээ уулзаж, цаг бүр л хамт байхыг зорьж байна даа.

-Саяхан Хөгжим бүжгийн Консерваторийн 80 жилийн ой болсон. Энэхүү ойд зориулж тус сургуулиас төрөн гарсан рок попын алдартай хамтлаг дуучид ая дуугаа өргөлөө. “Гурван охин” хамтлагийн хувьд ч төрөлх сургуулийнхаа ойд зориулж уран бүтээлийнхээ дээжээс хүргэсэн.

-Тэгэлгүй яахав. Би энэ сургуулиас урган гарсан үндэс мөчрийн нэг яах аргагүй мөн. Сургуулийнхаа ойд зориулсан тоглолтдоо рок попын шилдэг хамтлаг дуучдынхаа хамтаар ая дуугаа өргөсөн. Манай хамтлагийн гишүүд Хөгжим бүжгийн коллежийн 1993 оны элсэгчид л дээ. Г.Анхмаа бид хоёр төгөлдөр хуурын ангийг төгссөн. Харин Х.Ану маань хийл хөгжмийн ангийг дүүргэсэн юм. Бид “Хэмнэл зүрх” тоглолт дээрээ төгөлдөр хуур болон хийл хөгжмөө тоглосон байгаа. Энэ нь бидний үзэгч сонсогчдод маань гэнэтийн бэлэг болж чадсан болов уу гэж найдаж байна.

-Хөгжмөөсөө хэр холдсон юм шиг санагдаж байв?

-Ер нь бол улам л ойртсон юм шиг санагдсан. Анх сурч байх үедээ багшийнхаа зааснаар л хөгжмөө мэдэрч, сурдаг байлаа. Харин одоо бол дуунд их ойрхон байдгийн зэрэгцээ хайр дурлалтайгаа ч учирсан учраас хөгжимдөө илүү дурлаж, ойлгож сонсдог болсон байна лээ.

-Хайр дурлалтайгаа учирсан гэлээ. Найз залуугаа танилцуулж болох уу?

-Одоохондоо хувийн амьдралынхаа талаар нууцалсан нь дээр байх.

Categories
мэдээ цаг-үе

О.Энхбаатар: Багийн спортоор, тэр дундаа “3х3” сагсан бөмбөгийн төрлөөр олимпийн анхны медаль авчрах хэтийн зорилготой

Хэдхэн хоногийн өмнө Монголын сагсчид сагсан бөмбөг болоод багийн спортын түүхэнд хамгийн өндөр амжилтыг үзүүлсэн билээ. Тодруулбал, БНХАУ-ын Шиамень хотод болсон “3х3” сагсан бөмбөгийн Дэлхийн оюутны лигт алтан медаль хүртсэн. Тэдний хувьд өнгөрөгч дөрөвдүгээр сард Малайзад болсон Азийн оюутны аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснээр Дэлхийн оюутны лигт орох эрхээ авсан юм. Ингээд Монголын “3х3” сагсан бөмбөгийн оюутны шигшээ багийн гишүүн О.Энхбаатартай ярилцлаа.


-Сагсан бөмбөгийн спорт тэр ч бүү хэл багийн спортод нэгэн шинэ хуудсыг нээсэн танай багийнханд баяр хүргэе. Сэтгэгдлээ хуваалцаач?

-Маш их баярлалаа. Ямартай ч зорилгодоо хүрч аваргын алтан медалийг хүртлээ. Сэтгэл маш өндөр байна.

-Алтан медалийн төлөө тоглолтыг Сербийн багтай хийсэн. Хүчтэй багтай учраа таарсан болохоор мэдээж амаргүй хожил байсан байх?

-Манайх тэмцээний “D” хэсэгт хуваагдсан. Харин хэсгээсээ гурваар гарч, хасагдах шатны тоглолтоо Аргентиний багтай хийж, 19:13 хожсоноор шилдэг наймд шалгарсан юм. Ингээд хагас шигшээд үлдэх хариуцлагатай тоглолтыг Ираны багтай хийж, 20:19 харьцаагаар ялсан бол хүрэл медалийн төлөөх тоглолтод Чилийн багийг 19:13 хожиж, шигшээд шалгарсан. Ираны багийнхан маш хүчтэй өрсөлдөгчид байлаа. Тамирчид нь ч бид нараас харьцангуй өндөр. Ямартай ч гал гарсан тоглолт болж нэг онооны зөрүүтэйгээр бид хожиж хагас шигшээд үлдсэн. Улмаар медалийн төлөөх тоглолтод Чилийн багийг 19:13 хожиж шигшээд шалгарсан юм. Ийнхүү алтан медалийн төлөөх тоглолтод Сербийн багийг 21:17 хожиж түүхэн амжилт үзүүллээ. Мэдээж хамгийн хүчтэй баг маань Серб байсан. Их чадварлаг сагсчидтай. Ер нь сагсан бөмбөгөөрөө дэлхийд алдартай шүү дээ.

-Эхний өдөр хоёр ч ялагдсан. Харин дараагийн өдрүүдэд их эрч хүчтэй байгаа харагдсан шүү.

-Манай тамирчдын нэг дутагдал нь сэтгэлзүй их муу байдаг. Сэтгэлзүйгээ тогтвортой, бэлтгэлтэй байлгах мэдлэг их дутагддаг юм шиг санагддаг. Энэ нь спортын сэтгэлзүйн салбар төдийлөн хөгжөөгүйтэй холбоотой болов уу. Сэтгэлзүйн бэлтгэл муу байсан болоод ч тэрүү эхний өдөр ялагдсан. Бидний хувьд эхний өдөр ялагдчихаад орой нь багаараа уулзсан. Алдаа оноогоо дэнсэлж, оюун санаагаа цэгцэлсэн л дээ. Ингээд маргаашнаас нь эхлээд бодсон тоглолтоо хийж эхэлсэн.

-Манай баг тамирчдыг шилдгээр шалгарахад гадны баг, тамирчид хэрхэн хүлээж авч байсан бол?

-Биднийг Азиуд, монголчууд гээд төдийлөн тоодоггүй. Өмнөх тэмцээн болоод саяны Дэлхийн оюутны лиг ч мөн ялгаагүй л дээ. Тэмцээний эхний өдөр гэхэд бараг л тоож харахгүй. Уул нь бид адилхан л тамирчид байгаад байдаг. Харин бусад орны баг тамирчидтай мэнд усаа мэдэлцээд л яваад байдаг. Харин биднийг медаль аваад эхлэхээр их анхаарч эхэлдэг. Мэндлэнэ, ирж гар барина. Ямартай ч хичээснийхээ үр дүнд багийн спортоор Монголыгоо багахан ч гэсэн таниулж яваа гэж боддог доо.

– Монголчууд өөрсдийгөө багийн спортоор амжилт үзүүлнэ гэдэгт итгэл муу байх шиг санагддаг. Багийн спортод хувийн тоглолт үзүүлээд байдагтай ч энэ нь холбоотой байх. Энэ тухайд ямар бодолтой явдаг вэ?

-Монголчууд багийн спортоор амжилт үзүүлэхгүй, төдийлөн хол явахгүй гэсэн бодолтой хүмүүс цөөнгүй байдаг. Харин ямар ч спортыг дэмжээд өгөх юм бол боломжгүй зүйл байхгүй гэж бодож байгаа.Түүний өчүүхэн нэг илрэл нь энэхүү амжилт маань юм болов уу гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол багийн спорт хамтын ажиллагаа дээр л тогтдог. Нэг цэгт нэг хүн шиг байж чадсанаараа багийн спорт үр дүнгээ өгдөг, амжилт үзүүлдэг. Эв нэгдэл, хамтын ажиллагаа, нөхөрлөл энэ бол сагсан бөмбөг шүү дээ. Тэгэхээр хувиа хичээх, хувийн тоглолт хийх зэрэг нь спортынхоо утга учир, зорилгыг ойлгосон цагт гарч ирээд байхгүй болов уу. Ямартай ч миний тоглодог багуудад тийм үзэгдэл барагтай л бол гараад байдаггүй. Биднийг системтэй, багийн спортыг утга учрыг ойлгуулж бэлдсэн учраас тийм зүйл ажиглагддаггүй.

Манайхан олимпийн төрөлд багтсан цөөн тооны спортоо л дэмждэг. Харин бүхий л спортоо жигд дэмжээд өгөх юм бол ямар ч амжилтад хүрэхийг үгүйсгэхгүй. Бор зүрхээрээ яваад энэ хэмжээний амжилт гаргаж байгаа. Тэгэхээр сэтгэл, итгэл нэмээд өгөх юм бол монголчууд багийн спортоор дэлхийд онцгойрч болох юм. Амжилт ойрхон байгаа юм шиг л санагддаг.

-“3х3” сагсан бөмбөгийн спорт олимпийн нэгэн шинэ төрөл болон орсон. Ер нь энэ спортын онцлог нь юу вэ. Монголчуудад хэр тохиромжтой спорт бол?

-Энэхүү “3х3” сагсан бөмбөгийн спорт маань олимпийн төрөлд орсонд бид маш их баяртай байгаа. Учир нь бидний зорилго, мөрөөдөл улам нэмэгдэж, хичээх ёстой гэдгийг сануулж байна. Энэхүү спорт нь монгол хүний биеийн онцлогт тун тохиромжтой. Мөн тэсвэр тэвчээр, хурд хүчийг их шаарддаг учраас монгол хүнд илүү таарсан гэж болно.

-Багийнхнаа танилцуулаач?

-Манай баг Б.Батзолбоо, Б.Наранбаатар, Ц.Отгонжаргал гэсэн сайхан залуучуудтай. Бүгд л сагсан бөмбөгт сэтгэл зүрхээ зориулж хөдөлмөрлөдөг. Олон ч тэмцээн уралдаанд амжилт үзүүлсэн туршлагатай сагсчид бий. Тэмцээн бүхэнд л өөрийгөө дайчилж, зориулж чаддаг даа.

-Дараа нь ямар тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа бол?

-Бид Дэлхийн оюутны лигт түрүүлснээр Мексикийн Их дуулга ангиллын тэмцээнд оролцохоор болсон. Тэмцээндээ ирэх долоо хоногт явна. Энэхүү тэмцээн нь чансаагаараа хамгийн өндөрт тооцогддог. Ойрын төлөвлөгөө гэвэл энэ байна. Харин багийн спортоор, тэр дундаа “3х3” сагсан бөмбөгийн төрлөөр олимпийн анхны медаль авчрах хэтийн зорилготой.

-Та хэдийнээс сагсанбөмбөгөөр хичээллэж байна вэ?

-Би 2012 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд элсэн орсон юм. Нөөцийн ажилтан мэргэжилтэй. Ер нь их сургуульд орсон үеэсээ л сагсан бөмбөгөөр эрчимтэй хичээллэж эхэлсэн. Оюутан байх хугацаандаа сургуулийнхаа шигшээ багт тоглодог байлаа. Манай шигшээ багийг Л.Эрдэнэпүрэв багш маань дасгалжуулдаг. Энэ хүн л намайг сагсанбөмбөгт хөтөлсөн гавьяатай хүн л дээ. Одоо бол Архангай аймгийн “Алтан Дорнод” багт харьяалагддаг. Уг нь би Булган аймгийн харьяат л даа. Багш маань “Алтан Дорнод” багт дасгалжуулагч хийдэг учир энэ багийн тамирчнаар явж байгаа. Харин Монголын “3х3” сагсан бөмбөгийн оюутны шигшээ багийн дасгалжуулагчаар Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга С.Тулга ажилладаг. Энэ хүний хүч хөдөлмөрөөр Монголын сагсан бөмбөг шинэ түвшинд хүрч чадаж байгаа гэж би боддог.

-Таны өндөр хэд вэ. Чамгүй өндөр харагдаж байна шүү?

-Миний өдөр 196 см л байх. Би үзээгүй удаж байна. Гэхдээ надаас өндөр сагсчид олон бий шүү. Тэр бүү хэл 17 настай мөртлөө хоёр метр өндөртэй ч хүүхэд байдаг.