Categories
мэдээ нийгэм

Н.Бадраа: Нийт хэргийн 30-40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлж байна

Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөн байцаагч, хошууч Н.Бадраатай ярилцлаа.


-Хулгайн гэмт хэрэг ихэссэн талаар судалгаа гарчээ. Энэ юутай холбоотой юм бол?

-Энэ оны долдугаар сарын 1-нээс Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль шинээр хэрэгжиж эхэлсэн. Уг хуулиар хулгайлах гэмт хэргийг гэмт хэрэг гэж үзэхийн тулд 300 мянган төгрөгт хүрсэн байхаар заасан. Харин тухайн хулгайч 300 мянган төгрөгөөс доош эд хөрөнгө хулгайлбал Зөрчлийн тухай хуулиар л хариуцлага хүлээх юм. Тодруулбал, тус хуулийн 8.6 зүйлд “Албадан сургалтад хамруулах, 7-30 хоног баривчилна” гэж заасан байгаа. Тэгэхээр хулгайч нар 300 мянгаас доош эд зүйл хулгайлаад 7-30 хоног баривчлагдаад л өнгөрнө гэсэн үг. Энэ нь нэг талаараа халаасны хулгайчдыг өөгшүүлж байгаа хэрэг. Судалгаанаас харахад хувийн өмчийн хулгай 27 хувь, малын хулгай 11 хувь, тээврийн хэрэгслийн хулгай 11 хувиар буурсан байна. Харин халаасны хулгай 48 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тодруулбал, 300 мянган төгрөгөөс дээш хохирол учруулсан нь 48 хувиар өссөн. Харин нийт гарч байгаа гэмт хэргийн 30-40 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг.

-Хулгайчдыг өөгшүүлдэг бас нэгэн хүчин зүйл нь хулгайн эд зүйлсийг худалдаж авдаг ломбард, ченж нарт байдаг. Эдгээрт ямар хариуцлага тооцдог юм бэ?

– Цагдаагийн байгууллагаас хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэхийн сацуу эх үүсвэрийг нь арилгая гэж яриад байгаа юм. Хулгайлаад ирсэн автомашины эд анги, гар утас зэргийг нь худалдаж авах хүн байхгүй бол хулгайн гэмт хэрэг аяндаа буурна. Үүнийг хааж давхар тэмцэхгүй бол зөвхөн хулгайчтай тэмцээд үр дүн байхгүй л дээ. Эрүүгийн хуулийн 18.6 зүйлд зааснаар “Гэмт хэргийн улмаас олсон гэдгийг мэдсээр байж авсан, ашигласан, зарсан, эзэмшсэн бол 6-12 сар хүртэлх хугацаагаар хорих ялтай, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдвол 5-12 жил хүртэлх хугацаанд хорино” гэсэн байдаг. Харин үүнийг барьцаалдан зээлдүүлэгчид буюу ломбард ажиллуулж байгаа хүмүүс төдийлөн мэддэггүй.

Ломбардуудыг цэгцлэх зорилгоор стандартад өөрчлөлт оруулсны та бүхэн мэдэж байгаа байх. Ингэснээр ирэх сарын 1-нээс ломбардууд шинэчлэгдсэн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах юм. Шинэ стандартын дагуу ломбардууд авч буй эд зүйлсийнхээ зургийг нь авч, эд зүйлээ тавьж байгаа хүнийхээ мэдээлэлтэй нь нэгдсэн сүлжээнд байрлуулна. Энэ сүлжээнд цагдаагийн ажилтнууд нэвтрэх эрхтэй байх юм. Энэхүү стандартыг мөрдөхгүй бол үйл ажиллагааг нь зогсооно гэж стандартад заасан байгаа. Харин иргэд алдагдсан эд зүйлийнхээ зургийг нэг сүлжээнд байршуулснаар хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх маш том гарц болно гэж үзэж байна.

-Саяхан Эрүүгийн хэлтсээс хулгай хийдэг бүлэг этгээдүүдийг илрүүлсэн. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юү?

-Манай Мөрдөн байцаах албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эрүүгийн хэлтэс бүлэг зохион байгуулалттай гурван ч бүлгийг илрүүллээ. Одоогийн байдлаар шалгаад явж байгаа. Халаасны, орон байрны, автомашины эд анги хулгайлдаг этгээдүүдийг илрүүлсэн. Үүнд автомашины эд анги хулгайлаад зогсохгүй зөвхөн аккумлятор хулгайлдаг ч бүлэг этгээдүүд байсан. Ерөнхий дөө зах зээлд эрэлт ихтэй учир “Toyota prius 20” маркийн автомашины толь, яндан, аккумлятор зэргийг хулгайлах нь элбэг байна. Иймд ард иргэд маань гэрэл болоод камертай зориулалтын зогсоолд автомашинаа байршуулах нь чухал юм.

-Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор ямар үйл ажиллагаа явуулж байгаа вэ?

-Хулгайн гэмт хэрэг цаг үеийн шинж чанартай байдаг. Харин зуны цагт хулгай харьцангуй буурдаг боловч хүчингийн гэмт хэрэг ихсэх хандлагатай байдаг. Намар хичээлийн шинэ жил эхлэх үеэр халаасны хулгай, дээрмийн гэмт хэргүүд ихээр гардаг. Мөн дараагаар нь малын хулгай ихэсдэг ч гэх юм уу харилцан адилгүй байдаг. Улирлын энэ онцлог шинжэд нь тохируулан цагдаагийн байгууллагууд урьдчилан сэргийлэхээр нэлээдгүй арга хэмжээг авч байгаа. Энэ жил л гэхэд малын хулгайгаас урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутагт байх цагдаагийн 13 постын үйл ажиллагааг идэвхжүүлсэн. Постууд 24 цаг ажиллладаг. Шуурхай удирдлагын штабаас постуудыг хариуцаж ажиллан мэдээ, мэдээллийг Цагдаагийн Ерөнхий газрын удирдлагад танилцуулан ажилладаг.

Ерөнхийдөө гэмт хэрэгтэй тэмцэх тэр дундаа хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын ажил гэж ойлгож болохгүй. Төрийн болон төрийн бус байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Ард иргэд ч сонор сэрэмжээ дээшлүүлэх ёстой. Харин иргэдийн дунд зөвхөн цагдаа л урьдчилан сэргийлэх ёстой гэсэн ташаа ойлголт байгаад байх шиг санагддаг. Байгууллагууд болон ард иргэдтэйгээ хамтран ажиллаж байж л хулгайн гэмт хэргээс сэргийлж чадна.

-Хулгайд эд зүйлээ алдан эрүүгийн хэрэг үүсгэсэн ч шийдэгдэх нь удаан байдаг гэх хүмүүс бий. Энэ тухайд?

-Өмнө нь орон нутаг болон дүүрэг дамжсан хэрэг болгоныг Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд зааснаар нэгтгэдэг байсан. Харин энэ оны долдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхлэсэн Эрүүгийн хуулиар эрүүгийн хэргийг заавал нэгтгэх шаардлагагүй болсон. Тэгэхээр тухайн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн, шалгагдаж байгаа газраа шийдвэрлэчих хууль эрх зүйн боломж нь нээгдсэн. Ард иргэдэд төдийгүй хууль сахиулахын албан хаагчдад ч энэ тун үр дүнтэй хууль болсон гэж бодож байгаа. Урьд нь олон хэрэг нэгтгэж маш их хугацаа авдаг байсан. Хугацаа алдаж байх хооронд өнөөх этгээд дахиад гэмт хэрэг үйлддэг, оргон зайлдаг гэх мэт сөрөг байдлууд ихээр гардаг байсан.

Түүнчлэн Эрүүгийн хуулиар хулгайн гэмт хэрэг хийсэн этгээд хохирлоо барагдуулах юм бол ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөлтэйгөөр нь тусгаж өгсөн. Тэгэхээр гэмт этгээд хохирлоо төлчих юмсан гэж бодох нь байна л даа. Өмнө нь хохирлыг нь барагдуулсан ч эс барагдуулсан ч шийтгэл нь яг хэвээр үлддэг байсан. Энэ тохиолдолд гэмт этгээд аль болох хохирлыг барагдуулахаас зайлсхийдэг. Үүнд хохирогч л хохироод үлддэг байсан гэсэн үг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аюулаас хамгаалах дохиолол

Охид, эмэгтэйчүүд гэнэтийн халдлагад өртөх тохиолдол цөөнгүй гарч байна. Тэгвэл бусдын халдлага, хүчирхийлэлд өртсөн хэн бүхэнд хэрэг болохуйц тусгай хэрэгслүүд худалдаанд гарч хүмүүсийн хэрэглээ болжээ. Тухайлбал, сургуулийн сурагчид, охид эмэгтэйчүүдэд зориулсан машины түлхүүрийн хэмжээтэй аюулаас хамгаалах дохиоллыг хүмүүс хэрэглэж эхэлжээ. Цэнхэр, ягаан саарал өнгөтэй энэ жижиг хэрэгслийг хэн ч биеэ хамгаалах дохиолол гэж анзаарахгүй. Мэдээж өөрийн гар хүрч болох газарт байршуулбал тохиромжтой. Харин аюултай байдалд орсон тохиолдолд дээд хэсэгт байрлах гогцоог татсанаар LED гэрэл анивчин 120db буюу асаж байгаа мотоциклийн чимээ шиг чанга дуугардаг байна. Энэ нь ойролцоогоор арван метрийн зайнд сонсогддог аж. Дохиолол дуугарснаар ойр орчимд тань явсан хүмүүс аюулд орсныг тань мэдэх, эсвэл танд зугтах боломж гарах боломжтой гэнэ. Харин эл төхөөрөмжөө чимээгүй болгохын тулд татсан гогцоогоо буцааж хийх ёстой. Өөрөөр хэлбэл таныг аюулгүй болох хүртэл уг төхөөрөмж зогсохгүй дуугарсаар л байна гэсэн үг. Зөвхөн бага насны хүүхдүүд гэлтгүй хэн бүхэнд тохиромжтой эд юм байна. Энэхүү хэрэгслийг Монголын сүлжээ дэлгүүрүүдэд худалдаалж эхэлсэн бөгөөд үнийн хувьд 15 мянган төгрөг.

Эцэг, эхчүүд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах нэмэлт төхөөрөмжүүдийг өргөнөөр хэрэглэх болжээ. Эдгээр нэмэлт төхөөрөмжүүд нь бугуйвч, хүзүүний зүүлт, цаг гэх мэт олон янз байдаг. Жишээ нь, “Smart GPS” бугуйн цаг нь таныг хүүхэдтэйгээ илүү ойр, холбоотой байх боломжийг олгоно. Энэхүү ухаалаг цаг нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах ослын товчтой бөгөөд байршил тогтоох, утсаар ярих, дуут болон текстэн мессеж илгээх, Wechat-д холбогдох зэрэг давуу үйлдлүүд хийх чадвартай. Мөн зураг авах, гар чийдэн асаах зэрэг нэмэлт үйлдлүүдтэй юм байна. “Uni­tel”, “Mobicom”-ын сим карт тохирох бөгөөд 10-15 хүний дугаар хадгалж, дуудлага хийх, хүлээн авах боломжтой аж. Хамгийн чухал нь таны хүүхэд аюулд орвол ослын товч дээр дарахад л утсанд тань дохио өгөх шидтэй гэсэн үг. Үүний тулд та дээрх үйлдэл бүхий бугуйн цагийг гар утастайгаа тусгай аппликейшны тусламжтайгаар холбоход л хангалттай юм. Холболт хийснээр та хүүхдийнхээ байршлыг тогтоогоод зогсохгүй аюулд өртсөн байгаа эсэх, бугуйн цагаа салгасан тухай гээд бүхий л мэдээллийг мессежээр хүлээн авах юм.

Хэрэв аюулд өртсөн байна гэх дохио ирвэл өөрөө очих, эсвэл ойрхон байгаа хүмүүс, ангийн багш, нийгмийн ажилтан зэрэгт дуулгаж цаг алдалгүй арга хэмжээ авах боломжтой юм. Зөвхөн бага насны хүүхдүүд гэлтгүй охид, эмэгтэйчүүдэд зориулсан байршил тогтоогч ч байдаг аж. Мөн өндөр настнуудад зориулсан зүрхний цохилт хэмжигч, аюулгүй байдлыг хангах ослын товч, байршил тогтоогчтой ухаалаг бугуйн цаг бий. Эдгээрээс гадна утсаар ярих, дасгал хөдөлгөөн хийх, эм уух цагийг сануулах зэрэг нэмэлт үйлдлүүдтэй гэсэн. Эдгээр ухаалаг бугуйн цагуудыг “Grand plaza” дэлгүүрт 52-110 мянган төгрөгийн хооронд худалдаалж байсан.

Сурагчид төдийгүй эмэгтэйчүүдийн цүнхэнд байхад илүүдэхгүй бие хамгаалах авсаархан зэвсэг бол нулимс асгаруулагч юм. Уруулын будгаас ялгаагүй хэлбэр хийцтэйгээр үйлдвэрлэдэг болсон нь авч явахад тун тохиромжтой. Манайд энэ төрлийн хэрэгслүүдийг худалдаалдаг тусгай зөвшөөрөл бүхий дэлгүүрүүд цөөнгүй бий. Нулимс асгаруулагч хэмжээнээсээ хамаараад үнийн хувьд 10 мянган төгрөгөөс эхэлдэг.

Дараагийн биеэ хамгаалах хэрэгсэл бол цахилгаан болон энгийн бороохой байдаг. Охид, эмэгтэйчүүдэд зориулсан жижиг хэмжээтэй бороохойг цүнхэлж явахад танд тийм ч их түвэг удахгүй. Монголд төрөл бүрийн цахилгаан болон энгийн бороохой худалдаалдаг бөгөөд үнийн дүн 25 мянган төгрөгөөс эхэлнэ. Гэхдээ манай орны хувьд хүчний байгууллагууд болон тусгай зөвшөөрөл бүхий иргэд л нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, цахилгаан бороохой зэргийг хэрэглэх боломжтой байдаг. Энгийн иргэдэд хэрэглэх зөвшөөрөл одоогоор байдаггүй юм байна. Харин гадны орнуудад сурагчид болоод эмэгтэйчүүдийг нулимс асгаруулагч биедээ авч явахыг зөвшөөрдөг байна. Тухайлбал, Америкийн Умард Каролина мужийн Роуэн тойргийн сургуулиуд сурагчдадаа бие хамгаалах зорилгоор биедээ нулимс асгаруулагч хийн баллон авч явах дүрэмтэй аж. Мэдээж сурагчид зөвхөн биеэ хамгаалах зорилгоор л ашиглах ёстой. Энэ дүрэм журмын дагуу хэрэглээгүй тохиолдолд сурагчид шийтгэл хүлээдэг байна.

Үүнээс гадна Энэтхэгт бэлгийн хүчирхийллээс сэргийлэх зорилготойгоор онцгой жинс зохион бүтээжээ. Энэхүү жинсийг өмссөн охид эмэгтэйчүүд ямар нэгэн байдлаар хүчингийн хэрэгт өртвөл жинснийхээ дээд хэсэгт байрлах электрон товчлуурыг дарах хэрэгтэй аж. Ингэснээр хамгийн ойр орших цагдаагийн хэсэгт дохиолол дамжуулж чадах гэнэ. Энэтхэгийн Уттар Прадеш мужийн Варанаси орчмийн 200 гаруй газруудад байрлах цагдаагийн хэлтсүүдэд уг дохиолол хүрэх чадалтай юм байна. Харин жинсэнд байрлуулсан электрон товчлуур нь зайгаар ажиллах бөгөөд гурван сар цэнэгээ хадгалах чадвартай байна.

Энэ мэтчилэн бие хамгаалах төхөөрөмжүүд цөөнгүй бий. Гэсэн хэдий ч танд өөрийгөө аюулаас хамгаалах багахан заль байхад илүүдэхгүй нь мэдээж. Цагдаагийн газраас ч тэр гэнэтийн халдлагад өртөхөөс сэргийлсэн зөвлөгөөнүүдийг гаргасан байдаг. Юуны өмнө орой үдэш явахдаа аль болох гэрэлтэй, олон хүнтэй газраар явах, сэжиг бүхий хүн ойр хавьд тань байвал гудамж, орц, цахилгаан шат руу орохоо түр азнаарай. Шөнө орой такси, машинд суухдаа дугаарыг нь заавал харж ойр, дотны хүмүүстээ явуулах, бусдад мэдэгдэж утсаар ярих хэрэгтэй. Энэ нь таныг эрсдлээс аврах нэг арга юм. Бүсгүйчүүд ихэвчлэн ороолт зүүх нь элбэг байдаг. Энэ тохиолдолд ороолтныхоо үзүүрийг хувцсан дотроо заавал хийж заншаарай. Ингэснээр гэнэтийн халдлагын үед таныг боох зэрэг үйлдлээс сэргийлэх давуу талтай юм. Мэдээж эцэг, эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал халамжаа ямар ч үед сулруулахгүй байх нь хамгийн чухал болох талаар Цагдаагийн газраас анхааруулжээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Ангараг: Утсаа оролдож яваад л метроны зам руу уначихсан юм билээ

Амийг нь аварсан Турк залуугийн хамт

Монгол Кино Пикчерс-ийн Зургийн дарга Б.Ангарагтай ярилцлаа.

-Таныг Парисын метроны зам руу унасан залууг татаж гарган, амийг нь аварсан гэж сонслоо. Юу болсон тухай яриач?

-Энэ бол аравдугаар сарын сүүл үед болсон явдал юм л даа. Би Парисын метроны буудалд метро хүлээгээд зогсож байсан юм. Гэтэл нүдний үзүүрт л нэг хүн метроны зам руу унах шиг болсон. Хүмүүс ч шуугилдаад л бүгд л утсаараа бичлэг хийгээд эхэлсэн. Ерөнхийдөө сүүлийн үед ашиглалтад орсон метронууд нь гурван давхар болсон юм билээ. Метроны зам нь хүртэл их гүн.

Ингээд хэрэг бишдэж байгааг ойлгоод шууд л араас нь үсрээд орсон. Өнөөх залуугийн хувцас нь нэг юманд гогдчихсон, хөл нь ховил руу орчихсон гаргаж чадахгүй байж байсан л даа. Тухайн үед цаанаас метро ирж байгааг анхааруулж зарлаж байлаа. Би өнөөх залуугийн хөлийг нь татаж ховилоос гаргасан. Аз болоход хүмүүс бид хоёрыг хурдан хугацаанд татаж дээш гаргасан. Хэрэв хүмүүс хурдан татаж аваагүй байсан бол байдал муугаар эргэх байсныг ч үгүйсгэх аргагүй. Асар хурдан хугацаанд амь өрссөн зүйл болоод өнгөрсөн л дөө. Бид хоёрыг дээш гараад удаагүй байхад л хажуугаар метро шунгинаад өнгөрсөн шүү. Тэнд байсан хүмүүс баяр хүргэж алга ташиж байлаа. Миний хувьд их сандарснаасаа болоод ч тэрүү нэг хэсэг шоконд орсон гэж болно. Нулимс цийлэгнэснийг ч нуух юун. Ер нь хэзээд сонор сэрэмжтэй явахгүй бол хүний амь гэдэг хэврэг юм байна даа гэсэн бодол тухайн үед төрж байлаа.

-Тэр залуу амиа хорлохыг завдсан юм болов уу. Эсвэл санаандгүй байдлаар уначихсан хэрэг үү?

-Утсаа оролдоод, чихэвч зүүчихсэн явж байгаад л метроны зам руу уначихсан юм билээ. Турк залуу байсан. Амьд мэнд гарсан даа баярлаж, нүдэнд нь нулимс цийлэгнэчихсэн, намайг тэвэрч авч үнсээд л байсан. Бас надад баярласнаа илэрхийлж өөрт байсан тамхи, түлхүүрийн оосор гээд зүйлсийг дурсгасан. Би ч бас Монголын далбаа бүхий энгэрийн тэмдгээ зүүж өгсөн. Тэр залуу Монголд маань ч заавал ирнэ гэж байсан шүү.

Харин энэ явдал болсны дараа тэр хэсгийг чөлөөлж, метрог нь хүртэл зогсоочихдог юм билээ. Халдлагаас хамгаалж францын легионер цэргүүд өндөр бэлтгэлтэй байгаа нь тэр үед мэдэгдсэн. Өнөөх метро руу унасан залууг л ямар шалтгаанаар унах болов, яав ийв гэж их шалгааж байлаа. Харин надад эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн. Хаанаас ирсэнг минь ч асууж байлаа. Сүүлд тайвшраад бодох нь ээ өөрийгөө аз сорьсон алхам хийснээ ойлгосон. Мөн бид хоёрын доош орсон хэсгээс тун ойрхон цахилгаантай хэсэг нь байсан юм билээ. Тэрийг сүүлд нь л мэдсэн.

-Танаас Францын томоохон хэвлэлүүд ярилцлага авсан гэж сонссон. Ер нь гадныхан хэрхэн хүлээж авсан бол?

-Тийм шүү. Францын төв телевиз ирж ярилцлага авсан. Дараа нь би Парисаас Швед рүү явсан. Шведэд Европын монголчуудад маань хүрдэг “Оргил” гэх цахим телевиз байдаг юм билээ. Тэрхүү телевизийг ажиллуулдаг монголчууд маань ч гэсэн надаас ярилцлага авсан. Аялал хийж байх үед ч гадныхан таньж баяр хүргэж, бэлэг сэлт ч өгсөн тохиолдол цөөнгүй байсан. Бас энэхүү үйл явдал болсны дараа миний фэйсбүүк хуудас руу бараг арваад мянган хүн хандсан. Маш олон хүн баярлаж, талархснаа илэрхийлсэн.

Шведэд хэдэн жилийн өмнө яг үүнтэй адил үйл явдал болж байсан юм билээ. Хүний амь аварсан хүн Шведэд үндэсний баатар болдог юм байна л даа. Тиймдээ ч тэр залууг Шведийн эзэн хаан ордондоо хүлээж авсан байдаг. Цагаач байсан учир гэр бүлээр нь амьдрах эрх өгөөд зогсохгүй сар бүр цалин өгч байхаар болсон гэдэг. Зарим танилууд маань “Чи Шведэд хүний амь аварчихгүй” гэж хошигнож байсан. (инээв)

-Таны хувьд мөн сайн үйлсийн төрийн бус байгууллага ажиллуулдаг гэсэн үү?

-Би багаасаа л хүүхдийн байгууллагуудад ажилладаг, нийгмийн идэвхтэй байлаа л даа. Миний хувьд 2012 онд “Гэгээн үйлс” гэх төрийн бус байгууллага байгуулсан. Энэхүү байгууллага маань хүмүүнлэгийн үйл ажиллагаа ихэвчлэн зохион байгуулдаг. Түүнчлэн миний бие хүн худалдаалах гэмт хэргийн эсрэг 2006 оноос эхлэн дуу хоолойгоо өргөж эхэлсэн. Олон улсын болоод дотоодын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэлсэн л дээ. Одоо ч төрийн бус байгууллагаараа дамжуулан энэ хууль бус үйлдлийн эсрэг тэмцдэг гэж хэлж болно. Мөн “Монгал” товчоон төсөл дээр зургийн даргаар ажиллаж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

Арилжааны банкууд охин компанитай байж болохгүйг монголчууд яс махандаа шингэтэл ойлголоо

Банкны тухай хуулийн 6.2-т “Арилжааны банк нь өөр компанийн охин компани, мөн өөрөө охин компанитай байж болно. Харин банк, түүний охин компани зөвхөн Санхүүгийн зохицуулах хорооноос олгодог долоон төрлийн зөвшөөрлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж болно” гэж заасан байдаг. 2010 оны хямралын дараа Банкны тухай хуульд өөрчлөлт оруулахад тус заалт нэмэгдсэн. Тухайн үед банкны системд байгаа хөрөнгөөр хөрөнгийн зах зээлийг дэмжих нэг хүчин зүйл охин компани байж болох юм гэж үзсний дүнд уг хуулийг санаачилсан байдаг. Харин одоо бол энэ хуулийн зохицуулалт шаардлагагүй гэж үзэж байгаа. Тиймдээ ч УИХ-ын цөөнгүй гишүүд Банкны хуулийн дээрх заалтыг хэлэлцэх, өөрчлөх ёстой талаар хэлж байгаа юм.

Юун түрүүнд энэхүү хуулийн заалт нь салбар бүрт, үндэсний үйлдвэрлэгчдэд хэрхэн уршиг тарьсныг ярих хэрэгтэй. Банк өөрөө охин компани, эсвэл охин компанитай байж болно гэх энэхүү заалт нь ард иргэдийн мөнгийг зөвшөөрөлгүйгээр зах зээлд эргэлдүүлэх боломжийг олгож байгаа хуулийн цоорхой байдаг. Иргэд хамгийн эрсдэл багатай төдийгүй найдвартай гэж банкинд мөнгөө хадгалуулдаг. Тиймээс банкны системд байгаа иргэдийн хөрөнгө эрсдэлгүй байх нь юу юунаас чухал. Гэтэл арилжааны банкууд уг хуулийн цоорхойг ашиглан иргэдийн мөнгийг үнэт цаасны зах зээл, хөрөнгийн зах зээл рүү оруулдаг байна. Мэдээж энэ нь банкинд итгэсэн иргэдийн мөнгийг эрсдэлд оруулж байгаа хэрэг.

Энэ тухай ч “Ийм эрсдэл бүхий хэд хэдэн жишээний нэг нь “Эрдэнэт”-ийн хөрөнгө оруулалт ганц, хоёр банкаар дамжсан асуудал гарсан шүү дээ. Энэ бол уг хуулийн цоорхойгоор явж орсны л жишээ. Тиймээс уг хуулийн төсөл батлагдвал охин компанитай холбоотой асуудлыг хязгаарлана” гэж Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч Б.Жавхлан ярьсан. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Банкны тухай хуульд охин компанитай холбоотой ганцхан заалт бий. Энэ заалтыг хуулиас хасах хэрэгтэй. Арилжааны банкууд маш олон хуурамч компани байгуулчихаад улсын өмчийг зувчуулах арга хэрэгсэл болгон ашиглаж байна. Худалдаа хөгжлийн банк л гэхэд “Эрдэнэт”, “Монголросцветмет”-ээс гадна гурав болон дөрөвдүгээр станц, Багануурыг авахаар бүх бэлтгэлээ базаачихсан байсан. Энэ бүх үйлдлийг охин компаниар дамжуулж хийгээд байгаа юм” гэж өөрийн байр сууриа илэрхийлсэн.

Ерөнхийдөө арилжааны банкууд иргэдийн мөнгийг бүхий л салбарт эргэлдүүлж чаддаг байна. Тухайлбал, банкуудын охин компани барилгын салбарт аль хэдийнэ байр сууриа олоод амжсан аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар арилжааны банкууд улс төрчид болон томоохон компаниудын захирлуудтай ямар нэгэн байдлаар холбоотой байдаг. Тиймдээ ч өөрсдөө барилгын охин компанитай байхаас гадна монополь барилгын компанийн хувьцаа эзэмших, хувьцаагаа эзэмшүүлэх зэрэг байдлаар хамтран ажилладаг байна.

Мэдээж тухайн банк өөрөө барилгын охин компанитай бол санхүүгийн асуудлыг төвөггүй шийдчихнэ. Ер нь бол хаа хаанаа ямар нэгэн хүндрэл байхгүй гэсэн үг. Тэдэнд иргэдийн найдаж хадгалуулсан мөнгөөр санхүүжилт хийх боломж нь байгаа учраас тэр. Харин бизнесийн зээл авч барилга барьж буй компаниудад сөргөөр нөлөөлөх нь ойлгомжтой. Учир нь арилжааны банкуудын бизнесийн зээлийн хүү хэт өндөр. Хэт өндөр зээлийн хүүтэй мөнгөөр барилга барих явцад тухайн барилгын компани алдагдалтай ажилладаг аж. Алдагдлаа нөхөх шалтгаанаар байрныхаа үнийг өндрөөр тогтоож өгдөг байна. Энэ нь банкууд өөрийн эзэмшилд байх орон сууцаа төдий чинээ өндөр үнэтэй худалдаалах, дампуурсан барилгын компаниудыг өөрийн болгох зэрэг олон талын ашигтай байдаг байна.

Эдийн засагчдын хувьд арилжааны банкууд ил, далд байдлаар бүх салбар луу орсон нь эдийн засгийн өсөлтгүй, тэлэлтгүй болгодог сөрөг талтай тухай хэлж байгаа юм. Гэсэн ч тэдэнд хууль эрх зүйн орчин нь байгаа учир ямар ч аргагүй байдаг аж. Үүнээс гадна арилжааны банкууд дээрх хуулийн заалтаар дулдуйдаж оюуны өмчид ч ноцтой халдаг байна. Ухаандаа хүмүүсийн сэдсэн бизнесийн санаа болон иргэдийн хадгалуулсан мөнгөний тусламжтайгаар охин компани байгуулан хөрөнгийн зах зээлд хүч үздэг аж. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар хичээлийн дэвтэр үйлдвэрлэхээр арилжааны банкнаас бизнесийн зээл хүссэн залуус дээрх шударга бус байдалтай нүүр тулгарсан байна. Тодруулбал, нэгэн арилжааны банк дэвтэр үйлдвэрлэхээр бизнесийн зээл хүссэн залуусын төслийг удаан хугацаанд судалсны эцэст зээл өгөх боломжгүй гэсэн хариу өгчээ. Гэтэл төд удалгүй өнөөх банк охин компаниараа дамжуулан үндэсний хэмжээний дэвтэр үйлдвэрлэгч болсон тохиолдол гарсан байна. Энэ мэт арилжааны банкуудын шударга бус байдлын хохирогч болсон иргэд цөөнгүй байдаг аж. Тиймээс эдийн засгийн шударга бус байдлыг өөгшүүлж буй тус хуулийн заалтыг зогсоох зайлшгүй шаардлагатайг эдийн засагчид онцлон дурдаж байсан юм. Монголчууд бидний хувьд ч өнгөрсөн хугацаанд арилжааны банкууд охин компанитай байж болохгүй гэдгийг яс махандаа шингэтэл ойлголоо. Иймд банкны хуулиар дамжуулж арилжааны банкууд хөрөнгийн зах зээлд гарахыг хязгаарлах цаг хэдийнэ болжээ.

Categories
мэдээ цаг-үе

Г.Баасан: Төсвөөс 80-иад тэрбум төгрөг авсан хэрнээ авлигын 127 хэрэг л шийджээ

Г.Баасан зурган илэрцүүд

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасантай ярилцлаа.


-Таны удирдаж буй Олон нийтийн зөвлөл ажиллаж эхэлсэн цагаасаа хойш ямар ажлуудыг хийж амжуулсан бэ?

-Манай Олон нийтийн зөвлөл ажиллаж эхлээд хоёр сарын хугацаа өнгөрчээ. Бид өмнөх зөвлөлүүдээс олон зүйлээр ялгаатай. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, гүйцэтгэлээс бусад ажилд хяналт тавих хуулийн зохицуулалттай болсон үед ажиллаж байна. Мөн Авлигатай тэмцэх газар орон тооны бус, цалин хөлсгүй атлаа өдөр болгон очиж ажилласаар байгаа. Өөрийн гэсэн өрөө тасалгаатай болсон. Биднийг ажиллаж эхэлснээс хойш ард иргэд Авлигатай тэмцэх газартай холбоотой өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсээр байна. Бид АТГ-тай үргэлж албан бичгээр харилцдаг юм. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд гэхэд бид 65 гаруй албан бичгийг Авлигатай тэмцэх газар хүргүүлчихээд байна. Тэгэхээр өдөр болгон нэг алба5н бичиг хүргүүлсэн байгаа юм.

Ямартай ч энэ дөрвөн жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газрын ажлыг бага ч гэсэн урагшлуулахыг хүсэж байна. Саяхан бид Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороонд нийт таван санал хүсэлтээ оруулсан. Авлигатай тэмцэх газар нийгэмд үлгэрлэхгүй, ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлаа бүрэн гүйцэт хийж чадахгүй байна. Мөн Авлигатай тэмцэх газарт оруулсан төсөв үр ашиггүй байна. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд төсвөөс 80-иад тэрбум төгрөг авсан хэрнээ авлигын 127 хэрэг л шийджээ. Түүнээс гадна АТГ өөрөө авлигатай тэмцэх хүсэл, зоригтой иргэдэд ээлгүй байгаа талаар дээрх санал, хүсэлттэй оруулсан. Дараагийнх нь АТГ-ын дарга байгууллагаа сайн удирдах чадвар муу байгаа талаар асуудал болгож тавьсан байгаа.

-Таныг Авлигатай тэмцэх газрыг дайсан мэтээр харж байна гэж яриад байна л даа…

-Авилгатай тэмцэх газрын Тамгын газрын дарга Баасанням тийм зүйл ярьсан байна лээ. Энэ хүн тус байгууллагад арваад жил ажиллаж байгаа. Энэ олон жил ажиллаж байгаа хүний хувьд АТГ маш сайн мэдэж байх ёстой. Гэтэл Олон нийтийн зөвлөлөө хүлээн зөвшөөрөхгүй, шинэ зүйлд дургүйцсэн байдалтай байгаад нь гайхаж байна. Бас харамсаж байна. Ер нь бол өгсөн ярилцлагадаа ард иргэдэд маш олон зүйлийн талаар өрөөсгөл ойлголт өгөхөөр ярьсан байна л даа. Тухайлбал, АТГ-ын дарга Х.Энхжаргал бидэнтэй аравдугаар сарын 9-нд уулзахдаа “Та нарыг өрөөндөө оруулахгүй. Миний өрөө нууцын зэрэглэлтэй байдаг” гэдгээ хэлсэн. Энэ тухай нь ч бид олон нийтэд цацсан. Гэтэл Тамгын газрын дарга нь ямар ч нууцлалын зэрэглэл байхгүй гэж хэлсэн байна.

Ер нь бол бидэнд хурлын танхим, гарах хаалга болон угаалгын өрөөны хаалга л нээлттэй байдаг. Цахилгаан шат, бусад хаалга зэрэг нь бүгд кодтой, бид орох ямар ч боломжгүй гэсэн үг. Мөн Олон нийтийн зөвлөл дээр орж ирж байгаа иргэдийн утсыг нь хурааж авна, бүртгэнэ. Энэ үйлдэл нь АТГ-т итгэхгүй, айж байгаа ард түмнийг улам айлгаж байна. Бас Олон нийтийн зөвлөлийн өрөө камертай. Бүр дуу бичлэгтэй камертай шүү. Ийм байхад хүмүүс сэтгэл амар мэдээллээ өгч чадахгүй байна. Иргэд ч утсыг хурааж авах, бүртгэх, камераар хянаад байгаа зэрэгт сэтгэл дундуур байгаагаа удаа дараа илэрхийлдэг. Бид ч энэ мэт үүсэж байгаа асуудлуудын талаар санал хүргүүлэхэд АТГ-ын Тамгын газрын дарга өөрөөр шийдэх боломжгүй гэсэн хариуг үргэлж ирүүлдэг. Гэтэл бидний ажил үүргийг дэмжиж ажилладаг л гэж Баасанням дарга ярьсан байх юм. АТГ-т арваад жил ажилласан энэ хүн худлаа ярихаар бид хэнд итгэж найдаж, юуг үнэн гэж тооцох юм бэ.

-Та АТГ-тай холбоотой хэд, хэдэн анхаарал татсан асуудлууд байна гэсэн. Энэ тухайгаа тодруулахгүй юу?

– Ерөнхийдөө Авлигатай тэмцэх газраас “Бид шилэн дансаа хөтөлж байгаа. Тийм байтал Г.Баасан гуай биднийг гүжирдлээ” гээд байгаа юм л даа. Би шилэн дансыг сайтар шалгаж үзсэн л дээ. Шулуухан хэлэхэд анхаарал татсан зүйлүүд байна. Эхний жишээ нь гэхэд Авлигатай тэмцэх газар хандив авдаг юм байна. Авлигатай тэмцэх газар хандив авч болдог эсэх талаар энэ чиглэлээр мэргэшсэн гадны мэргэжилтэн, эрдэмтдээс асууж, тодруулсан. Гэтэл ийм зүйл байж огт болохгүй талаар хэлсэн. Гэтэл манай АТГ 2015 онд 89 сая, 2016 онд 96 сая, энэ онд 105 сая төгрөгийн хандив тус тус авчээ. Ямар учир шалтгаанаар, хэнээс авсан тухай нь үнэндээ алга. Мөн томилолт, зочны зардал гэж байх юм. Томилолт байж болох юм гэхэд зочны зардал гэдгийг сайн ойлгохгүй байна. АТГ-т яагаад зочин очдог юм бэ. Магадгүй хамтын ажиллагааны асуудал байж болох л юм. Гэтэл 2015 онд л гэхэд томилолт, зочны зардалд 156 сая төгрөг гарсан байх жишээтэй. Энэ мэтчилэн гайхмаар зүйлүүд их байна.

Түүнчлэн АТГ-т гомдол гаргасан, мэдээлэл өгсөн хүмүүсийн эрх ашиг хөндөгдсөөр байгаа. Үүнийг батлах жишээ, баримт надад цөөнгүй байна. Нэг жишээ дурдахад Дорнод аймгийн Сэргэлэн сумын иргэн М хууль бус ангийн талаар мэдээлэл өгч л дээ. Гэтэл тэр хүнийг заналхийлсэн байгаа юм. Өөрсдөө авлигатай холбоотой мэдээллийг авна гэж хэлдэг. Харин мэдээлэл өгсөн иргэд эргээд эрсдэлд орсоор байна. Бид 80-иадхан хүний гомдол, хүсэлт авахад л ихэнх нь “Намайг заналхийлж, доромжилж байна” гэж хэлж байна. Энэ эрх ашгийг нь хамгаалахгүй байгаа хэрэг бишүү. Авлигатай тэмцэх газрын ажил хүчгүйдээд байна. Яахав элдэв маргааны талаар албан бичиг, сэлт өгөөд л явуулах юм. Тэр нь хэрэгжихгүй юм.

Үүнээс гадна Авлигатай тэмцэх газар арван жилийн ойгоороо ном гаргасан юм. Би энэ номыг маш олон удаа уншлаа. Энэ номон дээр нөлөө бүхий маш олон хүн үг хэлсэн байдаг юм. Тэр бүрийг уншихад ч авлигатай тэмцэх газар авлигатай тэмцэхгүй байна, эрх мэдэлтнүүдийн гар хөл болчихсон, улс төрчид болон төрийн мөнгө хутгалдчихсан Монголын хувь заяагаар тоглоод байна гэдгийг дурдсан байгаа юм.

-Таныг саяхан АТГ-аас шалгасан. Яагаад шалгах болсон юм бэ?

– Монголын ахмадын холбоо 2008-2012 оны хооронд улсаас 1,6 тэрбум төгрөгийн төсөв авсан. Гэтэл тухайн үед би ахмадуудынхаа төлөө Сүхбаатарын талбай дээр жагсаж, “гудамжны” Баасан гэсэн нэр зүүгээд явж байлаа. Тэгэхэд ч манай Монголын чөлөөт ахмадын холбоонд санхүүжилт байгаагүй. Харин 2012 онд бид 536 сая төгрөгийн төсөв авсан. Улсын нэрийн өмнөөс ахмадад тулгарч байгаа асуудлуудыг цэгцэлсэн. Бид 21 аймагт хоёроос гурав, бүр зарим аймагт 11 удаа очиж ажилласан. 273 суманд Монголын чөлөөт ахмадын холбооныхоо салбарыг бий болгосон. Бид тэтгэврийн зээлийг бууруулсан, ахмадын хуулийг батлуулж чадлаа, тэр дундаа манай холбоо Олон улсын ахмадын гишүүн байгууллага болсон. Монголын хамгийн өндөр настай хүнд орон сууц олгуулж чадсан, ахмадыг сонсох утастай, вебсайттай болсон зэрэг маш их ажлуудыг хийсэн байгаа. Гэтэл энэ ажлыг минь шалгаж өгөөч ээ гэж А.Отгонбаяр гэж хүү гомдол гаргасан гэнэ. Хийсэн бүх ажлынхаа тайланг гурван өдрийн турш үзэсгэлэн маягаар танилцуулсан төрийн бус байгууллага Монголд байхгүй. Би бүр нүүр бардам хэлнэ. Тийм байтал энэ хүмүүсийн бодлоор би авлигач, бүр сүүлдээ оффшортон болох юм байна л даа. Би тэтгэврийн хүн. Надад тэтгэврээс маань өөр орлого байхгүй. Эх орон, шударга ёсны төлөө гэсэн сэтгэл л надад байна. Энэ сэтгэл байгаа болохоор л би өнөөдрийг хүртэл ингэж яваа юм. Яахав намайг шалгана л биз. Надад айж, эмээх юм юу ч алга.


Categories
мэдээ цаг-үе

Б.Гүнбилэг: Цаазын ялыг сэргээх нь олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлнө

Image result for Б.Гүнбилэг

Хууль зүйн ухааны доктор Б.Гүнбилэгтэй ярилцлаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амийг нь хөнөөсөн, тарчлаан зовоосон, балмад хэрцгий аллагын гэмт этгээдүүдэд цаазаар авах ялыг сэргээн хэрэглэх тухай саналаа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржид хүргүүлээд байна. Таны бодлоор цаазын ялыг сэргээх нь хэр нүдээ олсон шийдвэр гэж бодож байгаа вэ?

-Цаазын ялыг сэргээж болно, болохгүй гэж ярихаас урьтаж эрх зүйг нь яаж зохицуулах вэ гэдгийг нь харах ёстой. 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж байгаа Эрүүгийн хуулинд цаазын ялыг бүр мөсөн хассан. 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн идэвх, санаачилгаар цаазын ялыг халахаар болсон. Учир нь 1966 оны цаазын ялыг халах Иргэний ба улстөрийн эрхийн фактын II протоколд манай улс нэгдэж орсон. Ингэснээр Монгол Улс цаазын ялыг халах тухай хууль гаргасан юм. Өөрөөр хэлбэл, Олон улсын олон талт гэрээнд нэгдэж орсон гэсэн үг. Энэхүү гэрээгээр зохицуулагддаг Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенцийг 1969 онд байгуулсан байдаг. Тус гэрээний 26 дугаар зүйлд “Pacta sund servan­da” гэсэн зарчим бий. Энэ зарчимд “Хүчин төгөлдөр гэрээг түүний оролцогчид заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд гэрээг шударга сайн санаагаар хэрэгжүүлэх ёстой” гэсэн байгаа. Мөн 27 дугаар зүйлд “Оролцогч нь гэрээг биелүүлэхгүй байгаагаа зөвтгөхийн тулд дотоодынхоо эрх зүйн заалтаас иш татах ёсгүй” гэсэн байдаг. Тэгэхээр Монгол Улсын үндсэн хууль бол дотоодын эрх зүй шүү дээ. Харин Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт цаазаар авч болохоор мэт уншигддаг. Энэ хэсэгт “Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь нас бусниулахыг хатуу хориглоно” гэсэн байгаа юм. Тэгэхээр Эрүүгийн хуульд заасан онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял байж болох юм байна гэсэн санаа байгаад байна л даа.

-Тэгэхээр яах ёстой гэсэн үг вэ?

-Үүнээс дүгнэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээ хоёрын аль нь илүү хүчин чадалтай вэ гэсэн энгийн асуулт гарч ирнэ. Энэ асуулт дээр олон улсын эрх зүйч, эрдэмтэн судлаачид хоёр өөр байр суурьтай байдаг. Нэг хэсэг нь “Үндэсний эрх зүй давуу. Тусгаар тогтносон улс дотроо юу хийх нь хамаагүй” гэдэг. Нөгөө талаас Олон улсын гэрээ давуу байх ёстой гэсэн Венийн конвенц 1969 онд байгуулагдчихсан. Иймд Улсын их хурлаас Монгол Улс ганцаараа оршин тогтнож, өөрийнхөө онцлогийг хадгалж шийднэ гэж үзэх юм бол цаазаар авах ялыг сэргээж болох байх. Гэхдээ энэ нь гадагшаагаа хандсан буюу олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Тиймээс олон улсын эсвэл дотоодын эрх зүй давуу хүчинтэй гэж хоёр туйл руу зүтгэхгүйгээр зөв тэнцвэрийг олох хэрэгтэй.

Би тус протоколд нэгдэхээс өмнө “Монгол Улс цаазаар авах ялыг халах энэхүү протоколд нэгдэх цаг болоогүй. Тийм учраас энэ шийдвэрээ болиочээ” гэж цөөнгүй хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьсан. Тухайн үед парламент ч тэр, Монгол Улсын Ерөнхийлөгч ч тэр тоогоогүй. Яахав 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Цаазаар авах ял нь хүнлэг бус юм” гэж үзэн Олон улсын байгууллагууд, маш олон хүний дэмжлэгтэйгээр энэ протоколд элсчихсэн юм.

Ер нь бол цаазаар авах ялыг заавал дээрх протоколд нэгдсэнээр бус тухайн улс бодлогоороо шийдэх боломж бий. Жишээ нь цаазаар авах ял нь хэвээр байх боловч тухайн улсын ерөнхийлөгч нь уучлал үзүүлж хорих ялаар солих боломж байдаг. Зүйл заалтыг нь хадгалдаг хэрнээ хэрэглэдэггүй гэсэн үг. Сүүлийн 15-20 жил хэрэглээгүй улсууд байна. Хуулинд нь байж л байдаг. Шүүх нь ялаа өгөхдөө өгнө. Харин ялыг нь хорих ялаар сольчихдог. Улсын бодлого байгаад байна шүү дээ. Үнэхээр нийгмийг цочроосон, жигшүүрт хэрэг гарах юм бол өнөөх ялаа хэрэгжүүлчих нь байна.

-Хэрэв бид цаазын ялаа сэргээчих юм бол олон улсын харилцаанд сөргөөр нөлөөлнө гэсэн үг үү?

-Бид цаазын ялаа эрүүгийн хуулиндаа сэргээчих юм бол цаашид олон улсын харилцаанд багагүй төвөг учирна. Иргэний ба улс төрийн факт бол НҮБ-аас гаргасан факт шүү дээ. Дээр дурдсан “Pacta sund servanda” гэх зарчмын гол үндэс нь нэгэнт олон улсын гэрээнд гарын үсэг зураад орсон бол дотоодын хууль тогтоомжоороо түрүү барьж энэхүү зарчим, үүргээсээ битгий татгалзаачээ гэсэн санаа байдаг. Ерөнхийдөө гар барьж хэлцэл хийхээсээ өмнө бүх зүйлээ шийдэж, бодоочээ гэсэн үг. Бодохгүй шийдсний улмаас өнөөдрийн энэ хүндрэл гарч байгаа юм. Гэхдээ бид 2012 онд нэгэнт гарын үсэг зурчихсан. Дээрх протоколд нэгдэж ороод хууль гаргачихсан. Одоо бид татгалзах юм бол эдийн засгийн харилцаа, зээл тусламж зэрэг зүйлүүд дээр олон улсад нэр хүндгүй болно. Тэгэхээр өөрчлөлт хийхэд цаг нь оройтсон гэж судлаач хүний хувьд бодож байна.

-Цаазын ялыг сэргээх хүсэлтэй нэг хэсэг байхад онц ноцтой гэмт хэрэг улам гаарах юм бишүү гэж харж байгаа хүмүүс ч байна. Энэ тухайд?

-Энэ асуудлыг 30, 40 жил ярьж байгаа. Үүнийг аль ч талаас нь ярьж болно. Нэг тал нь цаазын ялыг сэргээснээр хилс хэрэгт гүтгэх аюул тулгарах магадлалтай. Нөгөө талаас нийгэмд байгаа засрашгүй, хүнлэг бус хүмүүсийг өршөөлгүйгээр цаазаар авч бусдад нь харуулах ёстой гэдэг. Зарим хэсэг нь гэмт хэрэгтнийг хүнд нөхцөлд хоривол цаазаар авахаас илүү тарчлаадаг ч гэх нь бий. Өөрөөр хэлбэл тарчлаах гэдэг нь хүмүүст их хүрээд байна шүү дээ. Энэ мэт мянга, мянган үндэслэл гаргаж ирээд тоочиж болно. Гэхдээ мэтгэлцэх цаг маань 2012 онд өнгөрчихсөн.


Categories
мэдээ цаг-үе

Ш.Батсайхан: Намайг Авлигатай тэмцэх газраас шалгаагүй. Шалгах үндэслэл ч байхгүй

“Автотээврийн үндэсний төв”-ийн Төрийн өмчит үйлдвэрийн газрын дэд захирал Ш.Батсайхантай ярилцлаа.

-Авлигатай тэмцэх газар Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийсэн. Харин энэ үеэр Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнөөс 20 гаруй сая төгрөгийн авлига авсан байж болзошгүй ноцтой байдал илэрсэн гэсэн. Энэ үнэн үү?

-Д.Батбаяр нь миний хариуцдаг хэлтсийн дарга л даа. Гэхдээ тэр хүний өрөөнд юу байсныг би мэдэхгүй шүү дээ. Энэ талаар өөрөөс нь тодруулсан нь дээр байх. Ямартай ч хууль хяналтын байгууллага нь шалгаж л байгаа бол тогтоох биз. Ерөнхийдөө Авлигатай тэмцэх газраас зургадугаар сард Авто тээврийн үндэсний төвд ирж санхүүгийн бичиг баримтуудтай танилцаж байсан. Тус байгууллагыг жилдээ нэгээс хоёр удаа шалгалт үзлэг хийдэг гэж ойлгодог. Энэ удаа ч тэр ачаа тээвэр болоод боомтуудад үүсээд байгаа урт дараалалтай холбоотойгоор шалгалт үзлэг хийсэн байх. Тэдгээртэй холбоотой бичиг баримтуудыг ч Авлигатай тэмцэх газраас үзэж шалгасан. Зарим тодруулах шаардлагатай зүйлсийг манай мэргэжилтнүүдээс асууж, тодруулаад явсан.

-Таныг дээрх зөрчилтэй холбоотойгоор шалгаж байгаа гэсэн үү?

– Авлигатай тэмцэх газрын шалгалт ирснээс хойш 10-аад хонож байна. Өнөөдрийг хүртэл намайг Авлигатай тэмцэх газраас дуудаж, байцаалт авсан юм байхгүй. Ер нь бол намайг болон К.Айдосыг шалгаагүй. Шалгах үндэслэл ч байхгүй. Учир нь би ашиг сонирхлын зөрчил огт гаргаагүй. Ийм асуудалд холбогдохыг ч хүсэхгүй. Би энэ ажлыг тогтвор суурьшилтай, байгаа түвшнээс нь ахиулж хийхийг эрмэлзэж байгаа. Түүнээс би эрх мэдэл, эд хөрөнгө харж энэ ажлыг хийгээгүй. Би өнөөдөр, маргаашаар өөрийнхөө ирээдүйг балладаг хүн биш.

– Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаяр одоогоор шалгагдаж байгаа юу?

-Миний авсан мэдээллээр тодруулга, байцаалт өгсөн гэсэн. Одоогоор хараахан Д.Батбаяртай уулзаж амжаагүй байна. Мэдээж удирдлагуудын хувьд бүхий л зүйлс дээр хэлтсийн даргаар нь дамжуулж хяналт тавьж ажилладаг. Би ажлын хэсэг хуралдах, ажлын хэсгийн тэмдэглэлийг хянуулах болгонд ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой зүйлээс ангид, хуулийн хүрээнд байгаа эсэхийг тогтмол шалгаж байх ёстой гэдгийг үргэлж анхааруулж байдаг. Тэгэхээр авлига авсан гэх энэхүү хэргийн тухайд ийм асуудал байхгүй л гэж бодож байгаа. Ямар нөхцөл байдал үүссэнийг би мэдэхгүй. Гэхдээ ийм асуудал байх боломжгүй гэж харж байна.

-Сүүлийн жил гаруйн хугацаанд Авто тээврийн үндэсний төв нүүрс тээвэрлэх С зөвшөөрөл олныг хууль бусаар өгснөөр Гашуунсухайт, Ганцмодны хилийн боомтоор нүүрс тээвэрлэх машины тоо эрс нэмэгдээд байгаа талаар АТГ-т гомдол иржээ. Энэ тухайд?

-C зөвшөөрөл гэдэг бол хоёр улсын Засгийн газар хоорондох хэлэлцээрийн дагуу Олон улсын байнгын ачаа тээврийн гэрээ байгуулсан аж ахуй нэгж, байгууллагын тээврийн хэрэгсэлд олгодог зөвшөөрөл юм л даа. Энэ зөвшөөрөлтэй тээврийн хэрэгсэл гаалийн дүгнэлт хийлгээд гурван сарын хугацаанд нүүрс тээвэрлэх эрхтэй болдог. Энэ эрхийг авахын тулд манай байгууллагын тавьсан тодорхой шалгуурыг хангасан байгууллагууд гэрээ байгуулах хүсэлтээ өгдөг. Улмаар ажлын хэсэг хуралдан сонгон шалгаруулалт явуулсны үндсэн дээр гэрээ хийдэг. Дээрээс нь манай байгууллагатай албан ёсны гэрээт байгууллагуудад энэхүү C зөвшөөрлийг өгдөг юм. Түүнээс манайхтай ямар ч холбоо хамааралгүй байгууллага C зөвшөөрөл аваад, тээвэрлэлт хийнэ гэсэн ойлголт байхгүй. Мөн C зөвшөөрлийг хууль бусаар олгож аливаа хууль тогтоомж болон хоёр улсын Засгийн газар хоорондох гэрээ хэлэлцээрийг зөрчөөгүй.

Боомтууд дээр үүсээд байгаа урт дарааллыг бид олон талаас нь харж байгаа. Өнгөрсөн оны нэгдүгээр сар гэхэд 24 цагт хоёр мянган машин нүүрс ачдаг байсан. Боомтын хил нэг мянган машины л даацтай. Харин бид зургадугаар сар гэхэд хоногт 1600 машин ачаа ачдаг болгосон. Гэтэл БНХАУ-ын тал нэг машиныг хэдхэн минутад шалгадаг байснаа ямар шалтгаанаас ч юм 28-30 минут шалгадаг болчихсон. Үүнээс үүдэн хилээр өдөрт 500-600 машин л гарч байгаа. Тиймээс энэ урт дараалал үүсэхээс аргагүйд хүрээд байна. Түүнчлэн уурхай 24 цаг ачдаг. Харин хил 12 цаг л ажилладаг. Энэ нь дараалал үүсэх бас нэг шалтгаан болж байгаа юм. Ямартай ч бид энэ байдлыг өөрчлөхийг тулд “Уурхай ачилтын төлөвлөлтийн программ”-ыг хийсэн. Жишээ нь нэг компаниас хичнээн машин ачаа ачихыг нь заагаад өгчихнө гэсэн үг. Тэгэхээр жолоочид тээвэрлэлт хийхгүй өдрөө амрах боломжтой болох юм. Одоогоор уурхайнуудтайгаа хамтраад ажил хэрэг болгоод явж байгаа. Мөн нүүрсний машинуудад GPS суулгах шаардлага тавьж байгаа. Эхнээсээ зарим компаниуд энэ шаардлагуудыг ажил хэрэг болгоод явж байгаа. Энэ нь осол, хурд хэтрүүлэлт, батлагдсан маршрутаар явж байгаа эсэхийг хянахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Энэ мэтчилэн жолоочийн хариуцлагыг дээшлүүлэх, компанийн засаглалыг сайжруулах тал дээр анхаарал хандуулж байна. Хэрэв эдгээр шаардлагуудыг биелүүлээгүй тохиолдолд компаниудтай гэрээгээ цуцлах хүртэлх арга хэмжээ авахаар яригдаж байгаа.

-Авто тээврийн үндэсний төв азын дугаар олголт, дугаарын давхардал болон ДК номер олгох зэрэгт хэрхэн хяналт тавин ажиллаж байгаа вэ?

-Бид азын дугаар зарна гэсэн зар бүхий хэд хэдэн фэйсбүүк фэйж хуудсуудыг Цагдаагийн Ерөнхий газартай хамтарч ажиллан бүрэн хаалгасан. Одоогоор дугаарын стандартын шинэчлэлээр дугаарыг машин дээр нь лацаддаг байхаар тохируулж өөрчилж байгаа. Сүүлд ирсэн мэдээллээр тээврийн хэрэгсэл дээрх дугаарын давхардал нэг ширхэг л үлдсэн. Бусад давхардлууд үндсэндээ цэгцлэгдсэн. Харин ДК номерийг гадаад яамны тодорхойлолт, зөвшөөрөлтэйгөөр олгодог. Түүнийг хэвлэх аж ахуй нэгжүүд нь ч тусдаа байдаг.Хувь иргэн бүр аваад байх боломжгүй.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Адъяасүрэн: Байгаль орчныг хамгаална гэдэг хүн төрөлхтнийг хамгаалж байгаа хэрэг

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албаны захирал, доктор, профессор Байгаль орчны гавьяат ажилтан Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Та Байгаль орчны салбартай хэдийнээс холбогдсон бэ?

-Би Агаар мандлын физикч мэргэжилтэй хүн л дээ. Их сургуулиа төгсөөд мэргэжлийнхээ дагуу Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнд ажиллаж эхэлсэн юм.Үндсэндээ энэ чиглэлээр 15 жил ажилласан. Дараа нь МУИС-ийн Цаг уур, дэлхий судлалын тэнхимд эрхлэгчийн албыг хашсан юм. Харин 1989 оноос Ардчилсан социалист хөдөлгөөний нөхдүүдтэйгээ нийлж Ардчилсан хувьсгалд оролцож явлаа. Улмаар 1990 оны сонгуульд Монголын социалдемократ намаас өөрийн нутаг болох Архангай аймгийн Хангай суманд нэр дэвшиж ялалт байгуулсан. Ингээд төр засгаа шинээр байгуулах ажил өрнөсөн. Тухайн үед манай салбарын сайдаар Москвад төвтэй Социалист орнуудын эдийн засгийн бодлогыг зохицуулагч байгууллагад ажиллаж байсан З.Батжаргал гуай томилогдож байлаа. Тэрээр намайг Ус цаг, уур мониторингийн газрын даргаар томилсон юм. Энэ албанд зургаан жил ажилласан. Байгаль орчны хяналтын улсын хороог 1990 оноос, Байгаль орчны яамыг 1992 оноос толгойлсон сайд, доктор З.Батжаргал өндөр боловсрол, мэдлэг, ажлын дадлага туршлагаараа тус яамыг шинэ нөхцөл байдалд зохицуулан өөрчлөх нэн хүнд бөгөөд хариуцлагатай үеийг туулсан юм. Харин 1996 онд УИХ-ын сонгуулийн үр дүнд байгуулагдсан МоАХ эвслийн “Анхны ардчилсан Засгийн газар” байгуулагдсан.Энэ үеэс эхлэн миний бие Байгаль орчны сайдаар ажилласан даа.

-Сайд болчихоод хамгийн анх ямар асуудлууд дээр анхаарлаа хандуулж байв?

-“Байгаль орчныг хамгаалах яам”-ыг 1987 онд анх байгуулж сайдаар У.Мавлет,тэргүүн дэд сайдаар Б. Мягмаржав, дэд сайдаар У.Болд нар томилогдон ажиллаж байгаль орчныг хамгаалахад төр ихээхэн ач холбогдол өгч байгааг нийгэмд бодитойгоор харуулах суурь хөрсийг тавьсан байлаа. Тэд яамыг бодлогын талаас нь биш ч үйл ажиллагааны талаас нь илүү хөдөлгөн зүгшрүүлж, тодорхой материаллаг бааз, орон нутгийн салбар, хүн хүчний нөөцтэй болгосон нь яах аргагүй түүхэн ач холбогдолтой. Мөн З.Батжаргал сайд ажил нь зүгширсэн төрийн яамыг надад хүлээлгэж өгсөн нь нэг талаар миний ажлыг ихээхэн хөнгөлж байсан. Гэсэн ч дордуулчихвий гэж эмээж байснаа нуух юун.

Ямартай ч эхний ээлжинд байгаль орчныг хамгаалах нь ганцхан төрийн хүлээх үүрэг гэсэн хуучин хэвшмэл ойлголтыг өөрчилсөн. Байгаль орчныг хамгаалах бодлогыг төр боловсруулж гарган, холбогдох зохицуулалтыг хийх ёстой бөгөөд харин “байгалийг ашиглагч нь хамгаалж, бохирдуулагч нь төлбөр төлөх болно” гэдэг зарчмыг Монгол Улсын хэмжээнд эхлүүлж, төрийн бодлогын үндэс болгосон маань урт настай зөв бодлогын суурь болсон юм шүү. Аливаа нутаг орны байгалийн нөөц, баялаг, хүрээлэх орчныг төр эсвэл хэн нэг хүн ирж хамгаалах биш харин тухайн нутгийн иргэд өөрсдөө санаачилга гаргаж хамгаалах ёстой гэсэн шинэ сэтгэхүйг бий болгох, үйл ажиллагаа явуулахад баримтлах бодлогын өөрчлөлт хийсэн. Мөн байгалийн нөөцийг ашиглахад иргэдийн оролцоог хангах бодлогын хүрээнд эхний ээлжинд “хамтын эзэмшлийн ой” бий болгох төслийг Сэлэнгэ, Хэнтий, Архангай аймгуудад хэрэгжүүлсэн. Энэ нь одоогийн ойн нөхөрлөлийн эхлэл болсон юм.

Түүнчлэн аймгийн ИТХ-ын дэргэд байгаль орчны олон нийтийн зөвлөл, сайдын дэргэд байгаль орчны төрийн бус байгууллагын зөвлөл байгуулан ажиллаж байв. Газар өмчлөх хууль, ашигт малтмалын хуулийн төсөл зэргийг зөвлөлөөр сайтар хэлэлцэж, тэдгээрийн санал бодлыг шингээж байсан юмдаг. Тухайн үед бизнес эрхлэгчид байгалиас ямар нэг ашиг хүртэж байгаа л бол түүнийгээ хамгаалах, нөхөн сэргээхэд хөрөнгө оруулах, үүрэг хүлээлгэх зорилгоор ашигт малтмалын хуулийн төсөлд байгаль орчныг нөхөн сэргээх барьцааны мөнгө авч байх заалтыг оруулсан. Энэ мэтээр байгаль орчны талаарх иргэдийн оролцоог дэмжсэн үзэл санаагаа төрийн бодлогын үндэс болгохын тулд 1997 онд “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого”-ыг шинээр боловсруулан УИХ-аар оруулж хуульчлуулсан юм. Энэ бодлого өнөөг хүртэл улам боловсронгуй болон хөгжиж байна.

-Сайдаар ажиллаж байх үедээ модыг экспортлохыг хориглож байсан гэсэн. Энэ тухайгаа яриач?

-Зах зээлд шилжиж байсан тэр эгзэгтэй үед байгаль орчин ихээхэн доройтсон. 1996 онд ой хээрийн түймэр олонтаа гарсны сацуу өмнөд хөрш рүү их хэмжээгээр мод экспортолж байлаа. 1996-1998 оны гаалийн мэдээнээс үзвэл 430.000 гаруй шоометр модыг гадаадад экспортлосон атал гоожингийн төлбөрөөс өөр төрлийн орлого улсын сан хөмрөгт ороогүй байсан. Нөгөө талаас ой нь хөрс, ус, бэлчээр хамгаалах, гол мөрний урсацыг зохицуулах, уур амьсгалыг зөөлрүүлэх зэрэг нийгэм, экологи эдийн засгийн чухал ач холбогдолтой. Тиймдээ ч миний хувьд байгалийн баялгийн дотроос хамгийн гол ач холбогдолтой модны экспортыг зогсоох талаар цуцалтгүй тэмцсэн юм. Тодруулбал, жил бүр үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглах ой модны хэмжээг багасгаж, зүсмэл банзыг экспортлоход гаалийн өндөр татвар тогтоох хуулийн төсөл боловсруулан УИХ-ын гишүүн А.Энхтайваныг “лоббидож” УИХ-д удаа дараа зүтгүүлсээр байгаад 1998 оны өвөл батлуулж, санасандаа хүрч билээ. Ингэснээр экспортод гарах модны хэмжээ эрс буурсан. Сүүлийн жилүүдэд 130-230 мянган шоо метр орчим мод экспортолдог байсан бол энэ тоо бараг 100 хувь буурсан. Дотоодод асар их өндөр өртөгтэй буюу шоометр нь 60 мянга орчим төгрөг болж байсан зүсмэл модон материалын үнэ хоёр дахин шахуу буурсан нь дотоодын үйлдвэрлэл, ард иргэдийн хэрэгцээг хангаж, тэдний амьжиргааны төвшинг дээшлүүлэхэд тодорхой нөлөө үзүүлсэн юм.

Ой бүхий аймаг бүрт ойн түймрээс хамгаалах халз зурвас, шороон зурвас татах, мод тарих өдөр бий болгох зэрэг олон шийдвэр гаргасан. Түймэр их гардаг Сэлэнгэ, Архангай аймагт ойн түймэртэй тэмцэх, ойжуулах, гамшгийн

тухай мэдээллийг шуурхай дамжуулах радио холбоо тавих, хамтын эзэмшлийн ой бий болгох зорилготой төслийг мөн л НҮБ-тай хамтран хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсон. Улмаар 1998 онд Архангай, Өвөрхангай аймаг ой хээрийн түймрийн гаралтыг үндсэнд нь зогсоож чадсан, Хөвсгөл, Хэнтий аймагт түймрийн гаралт ч 50 хувиар буурсан байна. Мөн төслийн хүрээнд олон шинэ зүйл бий болсны нэг нь ой бүхий газар нутгийг хамтын эзэмшилд шилжүүлэх, ойг зохистой ашиглах хамтлаг бий болгосныг хэлж болно. Монгол орны ойн нөөцийг судлах, хамгаалах талаар олон улсын байгууллагатай ч хамтран ажилласан даа. Тухайлбал, БНСУ-ын Ойн агентлагийн Ерөнхий захирлыг урин ойжуулалтын талаар хамтран ажиллах эхлэл тавьсан нь “Ногоон хэрэм” төсөл болж хөгжсөн юм. Энэ мэт ажлуудыг сайдаар ажиллаж байх хугацаандаа хийсэн байна даа.

Энэ жил манай яам 30 жилийн ойтойгоо золгож байна. Байгаль орчны салбар бол асар гэгээлэг салбар. Байгаль орчныг хамгаална гэдэг хүн төрөлхтнийг хамгаалж байгаа хэрэг гэж боддог. Тиймдээ ч их буянтай ажил үйлс гэж ойлгох ёстой юм. Ингээд Байгаль, орчин аялал жуулчлалын яамныхаа удирдлагууд, хамтран ажиллаж буй бүх хүмүүсдээ ойн мэнд хүргэе. Мөн өнгөрсөн хугацаанд энэ салбарт зүрх сэтгэлээ зориулж ирсэн үе, үеийн албан хаагч нартаа баярын мэнд дэвшүүлж байна.


Categories
мэдээ улс-төр

Г.Батжаргал: Хууль, журам батлаад зээлийн хүүг бууруулна гэдэг маш их эрсдэлтэй

Улаанбаатар хотын банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Г.Батжаргалтай ярилцлаа.


-УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох тухай хуулийн төслийг өргөн барихаар зэхэж байгаа. Таны бодлоор энэ хуулийн төсөл хэр нүдээ олсон шийдвэр санагдаж байна вэ?

-Хүмүүс зээлийн хүүг яагаад өндөр байгааг, яаж тогтвортой байлгах учир шалтгааныг сайн ойлгохгүй байна. Тиймдээ ч банкууд пүүс компани болоод ард иргэдийг мөнгө хүүлэлтийн аргаар хохироож байна гэсэн буруу ойлголттой яваад байгаа юм. Тэгэхээр хүү гэдэг зүйл яаж тогтож байгаа юм бэ гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Ойролцоогоор арилжааны банкуудын дундаж зээлийн олголтын хүү 20 орчим хувьтай байгаа. Харин энэ 20 хувийн хүү хэрхэн тогтоод байгааг эдийн засгийн онол дээр харахаар шууд болон шууд бус зардал гэх мэт олон хүчин зүйл нөлөөлдөг. Хамгийн том хүчин зүйл нь хадгаламжийн хүү. Харин хадгаламжийн хүүд бодлогын хүү нөлөөлдөг.

Бодлогын хүү өнөөдөр 12 хувьтай байгаа. Тодруулбал, банкууд хадгаламжаар татсан эх үүсвэрийнхээ 12 хувийг зээлэхгүйгээр, ямар нэгэн ашиг олох активд байршуулахгүйгээр Монгол банкны харилцах дансанд заавал байршуулдаг. Харин ашиглаж болох эх үүсвэрт нь 88 хувь нь үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр заавал байршуулах 12 хувь нь зээлийн хүүд шингэж байгаа юм. 2011-2012 оны үед заавал байх нөөцийн хэмжээ 5-5,5 хувийн хүүтэй байсан. Тэр үед зээлийн хүү буурах хандлагатай байсан л даа. Гэтэл өнөөдрийн тогтчихсон байгаа 12 хувь миний санаж байгаагаар зургаа, долоон жил өөрчлөгдөөгүй байна.

Үүнээс гадна хадгаламжийн даатгал хийгдээд цөөнгүй жил боллоо. Үүнээс үүдэн банкууд 0,25 хувийн шимтгэл төлдөг. Гэхдээ энэ бас өрөөсгөл тогтолцоотой байдаг л даа. Учир нь хэрэглэгч 100 сая төгрөг хадгалуулж байлаа гэж бодоход 20 сая төгрөгийг нь даатгууллаа. Гэтэл банкууд даатгалын шимтгэлийг төлөхдөө 100 сая төгрөгөөр нь тооцож төлж байгаа юм. Хэрэв журамд нь өөрчлөлт оруулж зөвхөн даатгуулж байгаа 20 сая төгрөгөөс нь шимтгэл авдаг бол хадгаламжийн болон зээлийн хүүнд нөлөөлж байгаа зардал буурах бололцоотой.

Дээрээс нь төгрөгийн хүү өндөр байгаагийн нэг гол шалтгаан нь валютын ханш. Монголбанкнаас зээлийн хүүг 15 хувь дээр барих ёстой гэсэн шийдвэр гаргалаа гэхэд валютын ханш магадгүй нэмэгдэх хандлагатай. Ийм эрсдэл үүснэ гэсэн үг. Учир нь төгрөгийн хүүг бууруулчихаар үүнээс авах ашиг багасна. Энэ тохиолдолд төгрөгөө хөрвүүлэх хандлагатай юм. Өнгөрсөн оны жишээн дээр л гэхэд гадаад валютын ханш огцом нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор Монголбанкнаас бодлогын хүүг 15 хувь болгон өсгөж, ханшийг барьж эхэлсэн байдаг.

-Инфляци бас нөлөөлөх үү?

-Хүүг нэмэхэд гол нөлөө үзүүлдэг хүчин зүйл бол инфляци. Энэ жилийн мөнгөний бодлогын үзэл баримтлалд 2020 он хүртэл инфляцийг найман хувь гээд тодорхойлчихсон. 2012 оны үед Сангийн яам долоо, Монгол банк зургаа орчим хувьд барья гэдэг байсан юм. Одоо бол бид инфляциа өндөр төсөөлж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд нэг эсвэл 1,2 хувийн хүүтэй л яригддаг зүйлийг манайх гурав дахин өндрөөр бодлогодоо тодорхойлчихож байгаа юм. Ер нь манайд инфляци хэлбэлзэл өндөртэй. Тэгэхээр инфляци бага хувь руу орсон ч зээлийн хүү буурахгүй байгаа шалтгаан нь хүлээлт өндөртэй холбоотой. Учир нь ган гачиг, зуд зурхан болоход махны үнэ нэмэгдчихдэг. Мах бол хэрэглээний үнийн индекст том суурь эзэлдэг шүү дээ. Мөн ургац хураалт алдах юм бол гурил, талхны үнэ нэмэгдчихнэ. Эсвэл нефтийн үнэ өсөхөд өргөн хэрэглээний бүх барааны үнэ мөн л нэмэгдэж эхэлдэг байх жишээтэй. Түүнчлэн 1997-1999 онд зээлийн хүү 30-35 хувийн хүүтэй байсан. Харин 2010-аад онд эдийн засагт гадны хөрөнгө оруулалт орж ирснээр мөнгөн хөрөнгийн дотогших урсгал нэмэгдсэн. Ингэснээр зээлийн хүүг банкууд хүчээр биш эдийн засаг өөрөө аяндаа бууруулж эхэлсэн. Дээр дурдсан 20 хувийн хүү 2011 он гэхэд 15 хувь руу орсон байх жишээтэй. Тэгэхээр хүүг буулгах нь бодлогын, эдийн засгийн зөв бүтцээ тодорхойлсон тохиолдолд банкны оролцоогүйгээр зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн журмаар явагдах бололцоотой юм. Мэргэжлийн хүний нүдээр харахад хууль санаачлагчид магадгүй ард түмэнд таалагдахын тулд хэт нэг талыг барьсан, популист амлалт хийгээд байгаа юм болов уу л гэж харагдаж байна. Эргээд эдийн засгаа баллачих вий дээ л гэсэн айдас төрж байна даа.

-Төрөөс банкны зээлийн хүүг тогтоох нь ямар эрсдэлтэй вэ?

-Банкуудын сүүлд зарлаж байгаа тайлангуудаас харахад чанаргүй зээлийн хэмжээ 1,2 их наядад гарсан байна. Ийм их чанаргүй зээл байгаа тохиолдолд зээлийн хүүг бууруулах бололцоо хомс. Магадгүй банкууд зээлээ хязгаарлаад олголтыг бууруулж болно. Гэхдээ үүнээс үүдэн банк зогсолтод орно. Санхүүгийн системийн 95 хувийг дангаараа бүрдүүлж байгаа хэрнээ банк зогсолтод орох юм бол мөнгө хүүлэлт, ломбард, хадгаламж зээлийн хоршоо, хувь хүмүүсийн хоорондын өглөг, авлагын систем рүү нэвтэрч эхэлнэ. Банкууд зээл олгохоо больчихоор тэд хүүгээ өсгөх, банкнаас бусад харилцаа гаарна. Ингэснээр зээл ямар ч хараа хяналтгүй олгогдох, зээл авч байгаа хүмүүсийг төлбөрийн чадварын эрсдэлд оруулах ийм сөрөг үр дүнтэй. Зээл нь банкны шугамаар харьцангуй тогтчихсон дэд бүтцээр явж байдаг. Энэ нь тухайн хүнийг эрсдлээс хамгаалж байдаг юм. Мөн банк зогсолтод орсноор валютын ханшинд нөлөө үзүүлэхийг ч үгүйсгэх аргагүй.

Түүнчлэн банкууд өнөөдөр хэрэглээний зээл маш ихээр олгож байна. Өрхөд чиглэсэн цалингийн болон автомашин, цахилгаан барааны гэх мэт. Гэтэл дээрх хуулийн төслөөр хүүг нь бууруулна гэсэн боловч хүүг нь өсгөх нэг нөхцөлийг нь бүрдүүлчихэж байгаа юм. Учир нь 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс долоон төрлийн татвар нэмэгдэнэ. Татвар нэмэгдэж байгаа тохиолдолд хүн амын зээл төлөлтийн хэмжээ буурна. Тэгэхээр банкнаас энэ хүний орлого буурч байгаа учраас зээл олголтоо энэ хэмжээгээр бууруулна гэнэ. Яагаад гэхээр банкны мөнгө бол харилцагчийн мөнгө байдаг. Нөгөө талаар банк зээл олгохгүй байна гэдэг нь харилцагчийг өөрийг нь эрсдлээс хамгаалж байна гэсэн үг. Татвар нэмэгдчихсэн байхад өндөр хүү төлнө гэдэг тухайн хүн өөрөө эрсдэлд орно. Үүнээс үзэхэд хууль санаачлагчид маань хоорондоо уялдаа холбоогүй, эсрэг тэсрэг хууль бий болгоод байна л даа.

-Дэлхийн бусад улс орнуудад зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоосноороо эдийн засагт нь эерэг үр нөлөө үзүүлсэн тохиолдол байдаг уу. Урд хөршид ийм оролдлого хийгээд “Сүүдрийн банк”-ууд олноор үүсч эдийн засаг нь зогсонги байдалд орсон гэж сонсож байсан юм байна?

-Хууль санаачилж байгаа хүмүүс “Дэлхийн улс орнууд ийм хэмжээ хязгаар тогтоож байна” гэж яриад байна л даа. Бид нар бас судалж үзсэн. Мэдээж хэрэгжүүлдэг орнууд бий. Хэрэгжүүлээд амжилтгүй болсон тохиолдлууд ч байгаа. Латин Америк болон Африкийн зарим орнууд энэ тогтолцоог хэрэгжүүлж байсан. Одоо ч зарим орнууд хэрэгжүүлсээр байна. Гэхдээ тэд тодорхой нэг төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ болон зарим зээлийн бүтээгдэхүүнийг сонгохдоо энэ тогтолцоог ашигладаг. Ерөнхийдөө төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа тохиолдолд зээлийн хүүгийн хэмжээг тогтоож өгдөг. Яг энэ жишгээр хэрэгжүүлж байгаа улсууд цөөнгүй байна. Гэсэн ч тэд арилжааны зээлд гар хүрдэггүй, өөр зориулалтаар л хэрэглэдэг. Арилжааны зээлд гар хүрсэн тохиолдол нь богино хугацаанд, эдийн засгийн шокийг дарах зориулалттайгаар байсан. Нэгээс хоёр жилийн хугацаанд эдийн засаг нь хүндрэлтэй байдалд орчихсон, төрөөс эдийн засгийн салбарт нь зайлшгүй оролцохоос өөр аргагүйд хүрчихсэн үед гэсэн үг л дээ. Энэ тохиолдолд бодлогын хүүгээрээ дамжуулаад хадгаламж, зээлийн хүүн дээр оролцох нөлөөлөл дэлхийн улс орнуудын практикт байгаа юм. Харин манай улсын хувьд тийм шаардлага одоогоор байхгүй. Эдийн засагт айхтар хүндэрсэн юм алга. Эдийн засагт чөлөөтэй мөнгө эргэлдэж байна.

Банк бол бизнесийн байгууллага. Гэтэл бизнесийн байгууллагын сайн дурын үндсэн дээр чөлөөтэй олгогдож байгаа зээлэн дээр хууль санаачлагчдын яриад байгаа шиг хязгаарлалт хийх нь зах зээлийн нийгмээсээ хойш ухарч байгаа хэрэг юм. Яахав тодорхой бүлгүүдэд зориулсан ч юм уу тийм зээлийн хүүн дээр хязгаарлалт хийж болох юм.

-Тэгэхээр бид ганцхан хуулийн төслөөр хүүг бууруулна гэж туйлшрахгүй эдийн засгийн бүтцээ зөв тодорхойлж, тогтолцоог шинэчлэх хэрэгтэй гэсэн үг үү?

-1992-1996 онд зээлийн хүү 200 хувьтай байсан гэдэг. Мэдээж үүнд нийгмийн шилжилт нөлөөлсөн нь дамжиггүй. Энэ үед Монгол Улс маань эдийн засгийн тэг цэгээс эхэлж байсан. Тэр үеийн инфляци гурван оронтой тоо руу орж байсан талаар эдийн засагч нар ярьдаг. Харин одоо бол эдийн засаг тогтворжоод зээлийн хүү 20 орчим хувьтай байна. Цаашаа ч бууруулах боломж бий. Иймийн тулд хадгаламжийн хүү, бодлогын хүү, инфляци, мөн хадгаламжийн хүүн дээр нэмэгдэж байгаа татвар, шимтгэлүүдийг уян хатнаар тогтоодог болох хэрэгтэй. Мөн гадны зээл тусламж гэдэг юм уу мөнгөн хөрөнгийн урсгалын хэлбэлзлийг багасгах шаардлагатай.

Мөн эдийн засгийн зөв тогтолцоог бүрдүүлж, банк санхүүгийн системийг эрүүл, оролцогчдын эрх тэгш байдлыг хангасан байх нь хамгийн чухал. Эдийн засгийн бодлогыг барьж байгаа төрийн институциуд л үүнийг хийх хэрэгтэй. Одоогийн нөхцөл байдлаас харахад бид ардчилсан нийгэмтэй хөл нийлүүлээд 27 жил болоход зах зээлийн чөлөөт нийгэмтэй зохицсон эдийн засгийн бүтцээ бий болгож чадаагүй л байна. Бид зөвхөн зээлийн хүү гэдэг том хүрдний нэг араа, шүдийг яриад байгаа болохоос хүрдийг тэр чигт нь эмчлэх боломж бололцоог хангаж өгч чадахгүй байна. Тийм байж тал талаас нь зөвхөн энэ нь л болохгүй байна гэж яриад байх өрөөсгөл юм шүү дээ.

-Энэ талаар банкууд өөрсдөө санал санаачилга гаргаж болох уу?

-Зөв тогтолцоог бүрдүүлэхэд банкуудтай хамтаръя гэвэл бид хэзээд бэлэн байдаг. Харамсалтай нь төр маань тогтворгүй байдаг учраас ажил болж өгдөггүй. Сангийн яаман дээр дуудаад очих болгонд хүмүүс нь солигдчихсон байдаг. Очих бүрт өөр хүн ирчихсэн адилхан асуултаа асуугаад сууж байдаг юм. Гадны хөрөнгө оруулагчид битгий хэл дотоодын хөрөнгө оруулагчид төрийн тогтворгүй байдлаас залхаж байна шүү дээ. Тэгэхээр улс төрийн тогтворгүй байдал эдийн засагт мөн л том нөлөө үзүүлээд байгаа гэдгийг онцлох нь зүйтэй байх. Тиймээс улс төр тогтвортой байж бодлогоо урт хугацаанд хэрэгжүүлж, аливаа зүйл нь онолын хэмжээнд зүй тогтлоороо явж чадвал хууль батлаад байх шаардлагагүйгээр зээлийн хүү аяндаа буурах бололцоотой гэж харж байна. Энэ олон хүчин зүйлсийг тодорхой шат дараалсан байдлаар, урт хугацаанд хэрэгжүүлж байж зээлийн хүү буурна. Түүнээс нэг хууль, журам батлаад зээлийн хүүг бууруулна гэдэг маш их эрсдэлтэй.

Categories
мэдээ цаг-үе

МУИС-ийн Бараа судлалын ангийн 1987 оны төгсөгчид

Монгол Улсын Их сургуулийн Худалдаа, эдийн засгийн факультетийн Бараа судлалын ангийн 1987 оны төгсөгчид энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд зочиллоо. Тэд Д.Оролмаа багшийн удирдлага дор 18-уулаа төгсчээ. Бараа судлалын ангийнхан эвсэг, тусч басхүү онц сурлагатан гэдгээрээ үеийнхнээсээ онцгойрдог байжээ. Тавхан хөвгүүн, 13 охинтой анги учир чамбай байх нь ч дамжиггүй биз. Мөн дэггүй, адтай сэргэлэн охидууд ч энэ ангид цөөнгүй гэсэн. Тэдний бүх хичээл нь орос хэл дээр ордог байсан гэнэ. Тиймдээ ч тэд орос хэлээ маш сайн эзэмшиж төгссөн аж. Тэдэнд Санжаасүрэнгийн Зориг тэргүүтэй эрдэм мэдлэгийн ундарга болсон олон багш нар хичээл зааж байсан юм байна. Харин энэ ангиас Б.Оюунгэрэл, Д.Цэцэгдулам нар улаан дипломтой төгсөж байжээ.

“Oriflame” компанийн “Очир” захирал Б.Оюунгэрэл “Би Хөвсгөлөөс оюутан болж ирж байлаа. Хөдөөний оюутан болсон хойно төөрч, будилах үе бишгүй л гардаг байсан даа. Тухайн үед оюутны байранд амьдарна. Манай ангиас ихэнх нь оюутны байранд байдаг байж билээ. Одоо бодоход бид их азтай оюутнууд юм. Үнэгүй сураад зогсохгүй улсаас сар бүр 240 төгрөгийн стипенди авдаг байсан. Онц сурах, курс ахих тусам степенд нэмэгддэг байж билээ. Би л лав 340 төгрөг авч байснаа сайн санаж байна” хэмээн дурссан. Тэд сар бүр степендээ авчихаад “Баянгол” болон “Улаанбаатар” ресторанд орж хооллодог байж. Ихэвчлэн хуйцаа, нийслэл салат, амттан авч иднэ. Тэд бүгд нийлээд 10 төгрөг л болдог байсан гэнэ. Ангиараа ийнхүү хамт хооллох нь тэдний хамгийн сайхан дурсамжуудын нэг байжээ. Мөн Сангийн аж ахуй руу ажлаар явж байсан он цагууд тэдний хамгийн нандин дурсамжийг хадгалан үлдсэн байна. Түүгээр ч үл барам нэг анги хамт олон болон бүрэлдэн тогтох үндэс суурийг бат бөх тавьж өгч байсан гэдгийг тэд ам бардам хэлж байлаа.

МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Д.Цэрэннадмид “Манай ангид Шарав-Ишийн Наранболд гэж залуу бий. Одоо АНУ-д ажиллаж, амьдарч байгаа л даа. Нэг удаа бид Сангийн аж ахуй руу намрын ажилд явсан юм. Би багш нарын тогооч хийнэ. Харин гал асаах гэтэл шүдэнз олддоггүй. Харин Ш.Наранболд “Надад байна” гээд л өглөө. Гэтэл өнөөх шүдэнзний хайрцган дотроос нь жижиг мэлхий гараад ирдэг байгаа. Би айсандаа нөгөө талд байх наар хүртэл үсэрчихсэн. Харин дараа нь ангийн охид, хөвгүүд бүгдээрээ миний үсэрсний дайтай хол үсэрч чадаагүй. Над шиг биеийн тамираас хол хөндий хүн айсандаа тэгж л хол үсэрсэн байгаа юм. Ер нь эргээд бодоход он цаг өнгөрөвч оюутан нас л хамгийн жаргалтай, хүсэл тэмүүлэл дүүрэн үе байх юм даа. Би хонхны баяраараа ангийнхаан хүн бүрт зориулж дөрвөн мөрт тэрлэж байсан юмдаг. Ангийнхнаас Б.Оюунгэрэл маань миний бичиж өгсөн “Хан Хөвсгөлийн ян сарьдгаас

Хаа холын Улаанбаатарт эрдмийг сурахаар ирсэн

Автобусны буудлын учрыг олдоггүй үе өнгөрч

Айлын бэр болж хотод үлдмээр байна” гээд үргэлжилдэг шүлгийг минь сүрхий цээжилсэн шүү” хэмээн бахархан өгүүлсэн. Бараа судлалын ангийнхан их сургуулиа төгсөөд Худалдаа бэлтгэлийн яамнаас томилолт авснаар ажлын гараагаа эхлүүлжээ. Үүнээс төрөлх нутаг руугаа томилогдсон нь ч цөөнгүй. Одоо тэд бүгдээрээ Худалдааны тэргүүний ажилтан болцгоогоод зогсохгүй төрийн дээд одон медалиар энгэрээ мялаацгаасан аж. Тухайлбал энэ ангид МУИС-ийн элсэлтийн албаны дарга, Бизнесийн удирдлагын доктор, “Алтан гадас” одонт М.Эрдэнэчимэг, “Монгол” дээд сургуулийн тэнхимийн эрхлэгч, АБТА Д.Цэцэгдулам, Нийслэлийн тээврийн газрын ажилтан Г.Сэлэнгэ, мөн “Юмт Бөмбөгөр” компани буюу бидний мэдэхээр “Бөмбөгөр” худалдааны төвийн захирал Р.Бадамгарав, “Мөнххаш” компанийн захирал, “Алтан гадас” одонт Ш.Золжаргал тэргүүтэй амжилт бүтээл дүүрэн яваа хүмүүс бий. Мөн Ш.Отгонбаяр, Г.Баярмөнх, С.Даваасамбуу, Ш.Наранболд, Х.Мэндбай, Г.Бямбажав, Б.Эрдэнэтуяа, Б.Энхтуяа нар салбар бүртээ амжилттай, сайхан амьдарцгааж байгаа гэсэн. Бурхны оронд одсон Я.Мандахбаяр, Т.Буяндэлгэр нарыгаа ч тэд мартаагүй. Биднийхээ сэтгэл зүрхэнд үүрд гэнэн цайлган, дэрвүүн дүр төрхөөрөө хадгалагдах болно хэмээн хэлж байлаа. Ямартай ч тэдний амжилт бүтээл дүүрэн яваагийн гол хүчин зүйл нь эзэмшсэн мэргэжилтэй нь салшгүй холбоотой. Тиймээс энэ мэргэжлийг эзэмшүүлсэн ачит багш нарынх нь гавьяа хамгийн их бий гэсэн.

“Мөнххаш” компанийн захирал, “Алтан гадас” одонт Ш.Золжаргал “Манай ангийнхан ихэнх нь аравдугаар ангиа төгсөөд ирсэн охид, хөвгүүд байсан л даа. Харин манай Д.Цэрэннадмид эгч нөхөр хоёр хүүхэдтэй. Гэсэн ч залуу л хүн болохоор дэггүйтэж, сахилгагүй үг хэлэн, алиа марзан юм ярьчихна. Тэгэхээр нь бид нар нүд, амаа том болгож ирээд л “Надиа эгч настай хүн байж ямар муухай юм ярьдаг юм бэ” гэнэ. Сүүлдээ бүр Надиа эгч өөрийгөө настай хүн гэж үнэмшээд өдөн цагаан малгай, торгон дээл өмсөөд нэг их намбатай байх гэж хичээдэг болчихсон байж билээ. Харин одоо Надиа эгч “Та нар намайг цэл залуу байхад минь настай гэсээр залуу насыг минь баллаж байж” гэдэг юм. Бид ч түүнийгээ дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг шүү. Эргээд бодоход 25 настай хүн чинь цэл залуугаараа байлгүй яахав” гэлээ. Ш.Золжаргалын хувьд ангийн даргын хариуцлагатай үүргийг гүйцэтгэдэг байжээ. Сар бүр олгох стипенди, урлаг, спортын арга хэмжээ гээд бүхий л зүйлд тэрээр анги хамт олноо төлөөлөн гүйдэг байсан хэмээн ангийн нөхөд нь ярьсан юм.

Тухайн үеийн охидууд ихэвчлэн үнэгэн захтай пальто, дипломат цүнх, сээгий малгай, жинс, 310-ийн гутлаар гангардаг байжээ. Мөн оюутнууд загварлаг хувцсаар жигдрээд зогсохгүй ажил бүтээлээрээ ч нэгддэг байсан гэнэ.

“Oriflame” компанийн “Алтан” захирал А.Жаргал “Оюутан залуус мод их тарьдаг байсан шүү. Бас хотын цэвэр цэмцгэр байхад ч гэсэн хамгийн их анхаарна. Их сайхан байж дээ. Зүлгэн дээр гишгэдэг хүн гэж үгүй. Хэрэв зээ гишгэвэл таван төгрөгөөр торгоно. Одоо үед хэдий улам хөгжиж, дэвжиж соёлжоод байгаа мэт боловч хүмүүсийн ухамсарт бидний үеийнх шиг сэтгэл, зүтгэл байхгүй болсон юм болов уу гэж боддог юм” гэлээ.

Тэд ажил амьдралын эрхээр тал тал тийш нисэн одоцгоосон ч нэгнээ гэх сэтгэлээ хоромхон ч гээгээгүй. Ангийн нөхдийнхөө баяр жаргал, гуниг зовлонг хамтдаа хуваалцсаар өдийг хүрчээ. Энэ жил л гэхэд тэд их сургуулиа төгссөний 30 жилийн ойгоо нижгэр тэмдэглэсэн байна. МУИС-ийн Худалдаа, эдийн засгийн факультет нь Бараа судлал, худалдааны нягтлан бодох бүртгэл, худалдааны эдийн засагч гэсэн мэргэжлийн гурван ангитай байжээ. Тиймдээ ч 30 жилийн ойгоо Нягтлан бодох бүртгэлийн ангийнхантайгаа хийсэн байна. Энэхүү уулзалт тэдэнд залуу насных нь гайхалтай дурсамжийг хөврүүлж, тэр л үед очсон мэт баяр жаргалаар бялхуулсан гэдгийг онцлон өгүүлсэн. Басхүү энэ уулзалтад ангийн хөвгүүн А.Баярмөнх, үеийн төгсөгч нягтлангийн ангийн Төмөрбаатар нар нь “охид”-доо түшиг, чимэг, харуул хамгаалалт нь болж явсан гэсэн. Түүнчлэн тэд Худалдааны эдийн засагч ангийнхнаас ирээгүйд багахан сэтгэл дундуур байгаа аж. Тиймээс 2022 онд 35 жилийн ойн уулзалтад заавал ирээсэй гэдгээ хэлсэн. Мөн энэхүү “Нэг ангийнхан” буланг уншсан бол урилга гэж ойлгоорой гэдгээ ч дуулгаад амжсан юм.