Categories
мэдээ цаг-үе

Цагаан зудтай аймгуудад фондны өвс, тэжээлийн хүрэлцээ муу байна

Таван ес эхэлсэн байгаа өнөө үед өвөлжилтийн байдал хөдөө, орон нутагт хүндхэн хэвээр байна. Тухайлбал, Баян-Өлгий, Ховд, Увс, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Дундговь, Дорноговь зэрэг аймгууд болон Багануур дүүрэгт нягтарч хатуурсан зузаан цасны улмаас цагаан зудтай байна. Эдгээрээс зарим аймаг, сумд руу холбогдож бодит нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.

ОТРЫН МАЛЫГ 20-30 КМ ХӨӨЖ ТУУЖ БАЙНА

Өвөрхангай аймгийн хувьд Хархорин, Бүрд, Есөнзүйл гэсэн гурван суманд өвөлжилт хүндэрсэн. Тус аймагт 16 мянга гаруй малчин өрхийн 5.7 сая толгой мал өвөлжиж байгаа. Харин хамгийн сүүлийн мэдээллээр Бүрд сум найман мянга, Өлзийт сум дөрвөн мянга, Есөнзүйл 12 мянган толгой малаа тус тус алджээ. Өвөлжилт хүндэрсэн шалтгаан нь зуны улиралд гандуу, гантай байснаас мал хангалттай тарга тэвээрэг авч чадаагүйтэй холбоотой. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 4-нд бороо орж, цас шуурснаас хойш зарим хэсгийн газрын хөрс мөстжээ. Түүнээс хойш нийт 30 гаруй удаагийн цас орж, шуурсан нь өвөлжилт хүндрэх шалтгаан болжээ. Өвөлжилт хүндэрсэн сумдад цас тал газартаа 20-40 см, гуу жалга хэсэгтээ 90-130 см-ийн зузаантай байгаа учир малын бэлчээрлэлтэд хүндрэл үүссэн байна. Тиймдээ ч Бүрд сум руу очих боломжгүй байгаа аж. Одоогоор аймгийн Онцгой байдлын газраас ГАЗ-66, ЗИЛ-131 маркийн машиныг зам даваа гаргах зориулалтаар сумд руу илгээжээ.

Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Б.Бэхбаяр “Энэ сарын 17-оос эхлэн их хэмжээгээр хүйтэрсэн. Үүнээс болж нийт 17 суманд өвөлжилт хүндхэн байна. Бүрд, Есөнзүйл зэрэг сумдад өвөлжилт бүр ч хүндэрсэн. Говийн бүсийн таван сумын нутгаар отор нүүдэл ихээр орж ирснээр туурайн зуд болох эрсдэл үүссэн. Улсаас малын өвс, тэжээлийн тусламж үзүүлсэн. Гэсэн ч хавар хүртэл хугацаа байгаа учир өвс тэжээлийн дэмжлэг их хэрэгтэй байгаа. Хүйтнээс болж бие биенээ дарах, осгох, хээл хаялт зэрэг нэмэгдсэнээр малын хорогдол ихэссэн. Малчид хэрхэн хаврыг давна даа гэж халаглаж байна даа. Өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор бэлчээрийн даац нийт нутгийн 90 орчим хувьд хоёроос гурав дахин нэмэгдсэн. Тиймдээ ч малчид ихээр оторлож байгаа. Отроор явж байгаа малчдын нөхцөл байдал тун хүнд байна.

Малын саравч хороо байхгүй, өвс тэжээлийн нөөц нь дуусч байгаа учир малын хорогдол их байгаа талаар бидэнд мэдээлэл ирсээр байна. Манай малчид Дундговь аймгийн нутаг дэвсгэрт ихээр оторлож байгаа. Гэтэл тус аймгийн зарим сумдын засаг дарга, багийн дарга нар отрын мал, малчдыг хөөж туусан асуудал гарсан. Отрын малыг 20-30км хөөж туудаг гэнэ. Энэ нь мал ядраахаас гадна адуу, үхэр сүргээсээ тасарч, сарниад байгаа тохиолдол цөөнгүй гарсан. Над руу маш олон отрын малчин утасдаж энэ асуудлыг шийдэж өгөөч, адуугаа олохоо байлаа гэж байна. Тэртээ тэргүй өвс хайж тогтохгүй байгаа ядарсан адуу, малыг ингэж хөөж туух нь ихээхэн хүнлэг бус байна. Дээрээс нь отрын малчдын нийгмийн асуудал зэрэг нь бүр хаягдсан. Байгаа хөрөнгө нь мал учраас онд мэнд оруулах гэж өөрсдийнхөө эрүүл мэндийг ч үл хайхран зүтгэж байна. Ямартай ч бидний хувьд отрын бүсэд хоёр штаб байгуулан ажиллаж байна” гэлээ.

БҮРД СУМЫН 60 ӨРХ ЦАСАНД БООГДЖЭЭ

Өвөрхангай аймгийн Бүрд суманд 364 мянган толгой мал өвөлжиж байгаа аж. Мөн 200 гаруй малчин өрх Дундговь аймгийн Сайхан-Овоо, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, өөрийн аймгийн Баянгол, Сант, Зүүнбаян-Улаан сумын нутагт отроор өвөлжиж байгаа юм байна. Ингээд тус сумын Засаг дарга Г.Баярмөнхтэй холбогдож өвөлжилтийн нөхцөл байдлын талаар тодруулсан юм. Тэрээр “Бид малчдадаа өөрсдийн нөөц бололцоогоор өвс нийлүүлсээр байгаа. Засгийн газрын хөнгөлөлтийн үнээр хорголжин тэжээл, хивэг авсан. Мөн Засгийн газрын шийдвэрээр өвс, хивэг тэжээл үнэгүй авахаар болсон. Нэг өрхөд хоёроос гурван боодол хивэг, тэжээл ногдохоор байна. Хүйтэрснээс шалтгаалж осгох, бээрэх тохиолдол элбэг байна. Ерөнхийдөө манай суманд битүү зузаан цасан бүрхүүл тогтсон. Зудын хүнд нөхцөлд өвөлжиж байна. Их хэмжээний цас орсны улмаас даваа, гүвээ хаагдаж хоёрдугаар багийн малчдадаа хүрч чадахгүй байна. Туулах чадвар сайтай жийп машин байсан ч очиж чадахгүй байна. Сумын хэмжээнд цасанд боогдсон 60-аад өрх бий. Эдгээр өрхийн хоол хүнс, өвс тэжээлийн нөөц дуусах тун дөхсөн. Ямартай ч бид аймгаас ирүүлсэн ЗИЛ-131 машинаар зам гаргахаар ажиллаж байгаа” гэлээ.

БУЛГАН АЙМГИЙН ДӨРВӨН СУМАНД ФОНДНЫ ӨВС ДУУССАН ГЭВ

Булган аймагт мөн л зузаан цасан бүрхүүл үүсч, өвөлжилт хүндэрсэн. Тус аймгийн 16 сум, нэг тосгон аюулгүйн фондны өвс, тэжээлээ гүйцэд базаасан байна. Харин одоогоор Хангал, Бүрэгхангай, Дашинчилэн, Орхон зэрэг сумд аюулгүйн фондны өвс дууссан, дахин сэлбэх шаардлагатай байгаа аж. “Бид өвс худалдан авч эдгээр сумдад нийлүүлж байгаа. Мөн бусад сумдад ч өвс, тэжээл тараагдахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Засгийн газрын тогтоолоор өвс, тэжээл үнэгүй болон хөнгөлөлттэй олгож эхэлвэл бид сумд руугаа шуурхай хүргэхээр бэлэн байдалд байгаа. Ерөнхийдөө манай аймгийн хэмжээнд өвөлжилт тэр чигтээ хүндэрсэн. Тэр дундаа Рашаант, Гурванбулаг, Орхон, Дашинчилэн зэрэг сумдад өвөлжилт маш хүнд байна. Малын хорогдол ч их байна. Мөн Рашаантад малын гоц халдварт шүлхий өвчин гарсан. Одоогоор шүлхийн хоёрдугаар тунгийн вакцинжуулалтын гүйцэтгэл 80 хувьтай байна. Зэргэлдээх сумдад хяналтын пост гарчихсан ажиллаж байгаа. Нийтдээ 31 өрхийн 402 малыг бүрэн устгалд оруулсан” гэж Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга дэд хурандаа Ш.Баасандорж мэдээллээ.

ЗАВХАН АЙМГИЙН 15 СУМАНД ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРЧЭЭ

Завхан аймгийн 15 суманд цагаан өвөлжилт хүндэрчээ. Одоогийн байдлаар нийт 30 гаруй мянган мал хорогдоод байгаа аж. Мөн аймаг, сумдын хэмжээнд өвс, тэжээлийн нөөц дууссан байна. Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга хурандаа н.Болд “Засгийн газрын тогтоолоор үнэгүй олгосон өвс, тэжээлийг хуваарилалт хийн олгож байна. Манай аймгийн говийн сумдад зун бэлчээрийн ургамал ургаагүй, гантай байсан учир өвөлжилт хүндэрч байгаа. Ерөнхийдөө хойд сумдын нутгаар цас маш их орсон. Бид 450-иад км-т зам гаргалаа. Томоохон даваа гүвээ хаагдаагүй ч гөлгөр, мөстсөн гадаргуутай учир гулгаа үүсэх аюултай байна. Хүйтэрсэнтэй холбоотойгоор машин нь эвдэрсний улмаас осгож бээрсэн гэх дуудлага ч цөөнгүй ирсэн. Гэхдээ хүний амь нас эрсдээгүй. Мөн отроор ирсэн айлууд зутруу байна. Түлш түлээ ч хомс байгаа нь ажиглагдсан. Бид боломжоороо эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж байгаа” гэсэн юм.

ТӨВ АЙМГИЙН АЛТАНБУЛАГ СУМЫН 115 ӨРХ ОТОРТ ГАРЧЭЭ

Төв аймгийн Угтаал, Заамар, Батсүмбэр, Зуунмод, Алтанбулаг, Баянчандмань, Лүн, Бүрэн, Баян-Өнжүүл, Аргалант, Дэлгэрхаан зэрэг сумдад зудархуу байна. Алтанбулаг сумын хувьд одоогоор 3070 малын хорогдолтой байгаа аж. Үүний ихэнх хувь нь саяны их хүйтрэлийн үеэр хорогджээ. Сумын засаг дарга Г.Батсуурь “Гурван мянга давсан мал хорогдсон нь өмнөх жилийнхтэй харьцуулахад том тоо юм. Манай сумын 115 өрх долоон аймгийн 27 суманд отор нүүдэлд гарсан. Сумын урд хэсгээр цасны зузаан ихтэй, хөрөлчихсөн байдалтай байна. Тал газраа 28 см, хунгарласан газраа 50-иас дээш см-ийн зузаантай. Иймд малчдын хувьд хүндрэлтэй байгаа. Мал бэлчлээч гэсэн идэх юм олдохгүй л байдалтай байна даа. Сумын хэмжээнд өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлсэн. 1800 боодол өвс, 1000 тэжээл, хорин тонн хивэг бол бий. Малчид ноос, ноолуурын мөнгө буух хүртэл зээлээр авъя гэсэн хүсэлт их ирүүлж байгаа. Зээлээр тараачихаар нөөцөө хангах боломжгүй болчих болов уу гэсэн байдалтайгаар харзнаж байна. Өвс 6500 төгрөг, хивэг 11 мянган төгрөг, боодлын ногоон тэжээлийг 7000 төгрөгөөр тус тус худалдаалдаг. Ямартай ч гурван ч ажлын хэсэг гарган малчидтайгаа уулзаад явж байна гэв.

АРХАНГАЙ АЙМГИЙН ДӨРВӨН СУМ РУУ МАШИНААР ЯВАХ БОЛОМЖГҮЙ БАЙНА

Архангай аймгийн Хотонт, Хашаат, Төвшрүүлэх, Цэнхэр сумдад ердийн тээврийн хэрэгслээр явж алслагдсан малчдад хүрэх боломжгүй байгаа аж. Харин Төвшрүүлэх сумын хувьд 100 гаруй мал хорогдсон байна. “Нийт нутгаар цасан бүрхүүл тогтчихсон. Зам даваа хаагдчихсан. Өвс тэжээл хомсхон л байна. Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор өвс тэжээл ирсэн. Айл бүрт нэг, нэг ширхэг боодол өвс ногдох юм шиг байна” хэмээн тус сумын Засаг дарга Г.Болормаа ярьсан. Хотонт сумын хувьд гурван багт өвөлжилт хүндрээд байгаа аж. Гэхдээ малын хорогдол бага байгаа гэсэн. Одоогоор өвс, тэжээл байгаа боловч хаваржилт хүндрэхтэй холбоотойгоор дахин бэлдэх шаардлагатай талаар мөн дурдсан.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хашчулуун: Энэтхэгийн зээлийг ашиглан нефтийн үйлдвэр барих нь бидэнд байгаа том боломж

Эдийн засагч, профессор Ч.Хашчулуунтай ярилцлаа.


– Бид нефтийн үйлдвэртэй болъё гэж маш их ярьж байгаа. Олон ч удаа оролдлого хийж өчигдрийн засгийн хуралдаанаар энэ тухай асуудлыг шийдсэн. Гэхдээ яг бүтэлтэй болсон зүйл одоогоор алга. Юунаас шалтгаалан өдийг хүртэл цалгардаад байна вэ?

-Дотоодын нөөцөө ашиглаад үйлдвэр барих юу юунаас чухал л даа. Бид жижиг хэмжээний нефтийн үйлдвэр барих бололцоотой. Монгол Улс 1950-иад оны үед өөрийн гэсэн нефтийн үйлдвэртэй ч байсан. Зүүнбаянд байсан энэ үйлдвэр осол аваарын улмаас хаагдсан байдаг. Тэгэхээр тэр хэмжээний жижиг үйлдвэр барихыг үгүйсгэхгүй. Харин орчин үеийн нефтийн үйлдвэр заавал “Евро-5” гэсэн стандартыг хангаж байх ёстой гэсэн шаардлага тавигддаг. Энэ нь цэвэрхэн шаталттай, утаа бага гардаг, хорт бодисын агууламж багатай шатахуун үйлдвэрлэх ёстой гэсэн үг. Ийм сайн чанарын шатахуун хийхийн тулд мэдээж орчин үеийн үйлдвэр байх ёстой. Орчин үеийн үйлдвэрийг том зах зээлд зориулж барих гэхээр өндөр зардалтай. Дээрээс нь Зүүнбаянгийн нефть тослог ихтэй. Амархан царцдаг. Өвлийн улиралд халаахаас нааш гарч ирдэггүй бэрхшээлтэй. Харин Тамсагийн нефть харьцангуй сайн. Өмнө нь байгуулсан гэрээгээр ихэнх хувийг нь түүхий байдлаар нь экспортод гаргах ёстой байдаг. Монголд үлдэж байгаа хэсэг нь харьцангуй бага байдаг л даа. Тэгэхээр нефть байгаа юм шиг мөртлөө үнэн хэрэг дээрээ хангалтгүй байна. Тэр хэмжээндээ зориулаад үйлдвэр барья гэхэд зардал нь импортолсноос өндөр болчихож байгаа юм.

Үе үеийн Засгийн газрууд энэ асуудлыг их судалсан. Зарим төслүүд ч ТЭЗҮ-ийг хүртэл хийж байсан. Миний мэдэхийн Налайх болон Дарханд үйлдвэр барих төслүүд нэлээд судлагдсан. Мөн аль аль нь ОХУ юм уу өөр улсаас түүхий нефть авчираад боловсруулах төслүүд байсан. Гэсэн ч хэрэгжүүлэхэд ихээхэн хөрөнгө мөнгө шаардлагатай болох байсан. Дарханы үйлдвэр тэрбум гаруй ам.долларын зардлаар бүтэхээр яригдсан. Тэр их мөнгийг гаргахад хөнгөлөлттэй тусламж өгөхүйц орнууд байгаагүй. Төрийн зүгээс ч гаргах боломжгүй байсан. Хувийн хөрөнгө оруулагчид тэрбум ам.долларыг гаргаж чадахгүй нь ойлгомжтой. Гаргасан ч нэг шийдвэрийг тууштай хэрэгжүүлэх боломж бидэнд бага. Дөрвөн жил болоод л Засгийн газар солигддог учир хувийн хэвшлийнхэнд эрсдэлтэй, айдастай. Шийдсэн тохирсон гэрээг нь дараагийн яам нь өөрчилчихдөг. ТЭЦ-5 ч гэсэн яг ийм түүхтэй. 2012 оны тавдугаар сард гэрээг нь хийн, хотын зүүн талд байгуулахаар төлөвлөөд гарын үсэг зурах л дутуу байсан. Гэтэл дараагийн Засгийн газар дахиад судалгаа хийж, байршлыг нь буруу сольсон. Тэгээд тэр том төсөл зогссон. Үүнээс үүдэн бид өнөөдрийг хүртэл нефтийн үйлдвэртэй болж чадаагүй. Харин энэ удаад Энэтхэгийн тэрбум ам.долларын зээл нефтийн үйлдвэр барихад зориулагдаж орж ирж байгаа.

-Бид нефтийн үйлдвэртэй болсноороо ямар давуу талууд бий болох вэ?

-Нефтийн нөөцөөрөө Монгол Улс дэлхийд 33-т ордог. Гэхдээ батлагдаад гарч ирсэн нөөц нь харьцангуй бага байгаа. Одоогийн төслийн хүрээнд Сайншандад нефтийн үйлдвэр барихаар яригдаж байгаа. Төмөр замын зангилаан дээр байгаа учир нөөц бага ч импортоор газрын тос авчран боловсруулахад асуудалгүй. Бидний нэгэн давуу тал нь “Түүхий нефтийг экспортлож өгье, боломжтой үнээр борлуулья” гэсэн түнш улс бий. Нэн тэргүүнийх нь Кувейт улс. 1991-1992 оны үед Ирактай байлдаж байх үед Монгол Улс Иракийн довтолгооныг буруушааж байсан. Үүнд Кувейт улс талархснаа илэрхийлж “Хэрэв Монгол Улс нефтийн үйлдвэр байгуулах юм бол бид газрын тос нийлүүлэх болно” гэж амалсан. Кувейтээс гадна Ази дотроо олборлож байгаа Веьтнам зэрэг орнуудаас авчихаж болно. БНХАУ-аас ч авч болно. Дэлхийн зах зээлд түүхий эдийн дутагдал бол байхгүй шүү дээ.

Дээрээс нь манайд эрчим хүчний нүүрс гэж байдаг. Мөн занар бий. Энэ хоёрын аль алиныг нь боловсруулж шатахуун үйлдвэрлэж болно. Бензин, дизель хоёуланг нь гаргаж авч болдог. Нүүрс боловсруулах үйлдвэрийг Багануур дээр байгуулах гэж “Энержи Ресурс” компани олон жил хөөцөлдсөн. Эдийн засаг, зах зээлийн байдлаас шалтгаалаад хөрөнгө оруулах бололцоо гараагүй. Мөн занарын үйлдвэрийг дөрвөн жилийн өмнө Төв аймагт байгуулах гэсэн боловч нутгийн ард иргэд эсэргүүцсэн юм. Манайх занарын нөөцөөрөө дэлхийд эхнийн аравт ордог шүү дээ. Хэрэв тус үйлдвэрийнг байгуулсан бол өөрийн гэсэн шатахуун үйлдвэрлэчих бололцоо байсан. Уг нь бид хэд, хэдэн төрлийн эх үүсвэрээс шатахууны зах зээлээ хангавал нэг компаниас хамаарч донслох нь багасна. Давуу талууд маш их бий.

Газрын тосны үйлдвэрийн хувьд бензин эсвэл дизель гэсэн сонголт хийх ёстой байдаг. Аж ахуйн хэрэглээндээ дизель илүү. Хувь хүний хэрэглээнд мэдээж бензин илүү байгаа. Энэ сонголтыг бас бид хийх ёстой. Мөн нефтийн үйлдвэртэй болсноор янз бүрийн химийн бодисууд гарна. Үүгээр пластик, синтетик, эм зэргийг хийх түүхий эд бий болдог. Энэ нь дараа дараагийн үйлдвэрүүдэд хэрэгтэй шүү дээ.

Харин одоо бидэнд байгаа том боломж бол дээр дурдсан Энэтхэгийн зээлийг ашиглан томоохон нефтийн үйлдвэр барих юм. Энэтхэгийн инженерүүд ирж газар дээр нь судалгаа хийсэн. Ийм боломж олдсон дээр нь Засгийн газраас шийдвэр гаргаад, тууштай хэрэгжүүлэх нь зөв. Үүнд ямар нэгэн эргэлзээ байх ёсгүй.

-Тусгаар улс байх нэг тулгуур нь шатахууны хэрэгцээ мөнөөс мөн. 1990 оноос хойшхи бүхий л нам, эвслүүд үүнийг ярьдаг боловч өнөөдөр бид нефтийн үйлдвэргүй бахь байдгаараа л байна. Энэ нь хэн нэгний бодлого уу. Тэр дундаа манай орны шатахууны хэрэгцээг хангадаг ОХУ-ын оролцоо байдаг юм биш байгаа?

-Монгол Улс бол тусгаар улс. Тусгаар тогтнолоо бэхжүүлэх нь зүй ёсны хэрэг. Тусгаар тогтнолын гурван гол зүйл нь хүнс, эрчим хүч, шатахуун юм. Засгийн газрын зүгээс хүнсэн дээр “Атрын аян” гэх бодлогыг хэрэгжүүлсэн. Буудайгаар 100 хувь хэрэгцээгээ хангах бололцоотой болсон. Мөн төмсөөр 100 хувь, хүнсний ногоогоор 60 хувь хангах боломжтой. Тодорхой хэмжээгээр биелчихсэн. Эрчим хүчний салбар цахилгаанаа гаднаас авч байна. Үүнд их мөнгө зарцуулж байгаа. Иймд өөрийнхөө цахилгаан станцуудыг барих нь зүйтэй. Ус, нар, салхи, нүүрснийх гэх мэт. Гуравт, шатахуунаа 100 хувь гаднаас авна гэдэг нь туйлын эмзэг асуудал болчихож байгаа юм. Тэгэхээр шатахууныг дотооддоо үйлдвэрлэнэ гэдэг зөв шийдэл. Дээрх гурван асуудлыг бид шийдчихвэл эдийн засгийн байдал тун тогтворжино. Хөгжлийн суурь бэхжинэ.

Яахав манай хойд хөрш Эрхүүд нефтийн томоохон үйлдвэртэй л дээ. Түүнээс гарах бэлэн бүтээгдэхүүнийг манайхан авч хэрэглэдэг. Чанарын хувьд сайн, харьцангуй бага үнэтэйд тооцогддог. Хойд хөршийн хувьд бэлэн бүтээгдэхүүнээ бидэнд борлуулах сонирхол илүү байгааг үгүйсгэхгүй. 2014, 2015 онуудад Монголын компаниуд Санктпетербургийн эдийн засгийн чуулганд очиж дөрвөөс таван жил ОХУ-аас шатахуун авах гэрээг тэрбум ам.доллараар хийж байсан түүхтэй. Одоогоор хойд хөршийн эдийн засгийн байдал сайнгүй байгаа. Экспортынхоо гуравны хоёр орлогыг газрын тосноос олж байна. Ийм үед жижигхэн зах зээл боловч Монголыг алдахыг хүсэхгүй байх нь ойлгомжтой. Гэхдээ манайх газрын тос, нүүрс, занартай хэрнээ шатахуун үйлдвэрлэхгүй байгаа нь асуудал шүү дээ.

– Шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх гол арга нь нөөцлөх байдаг. Манай орны хувьд ч шатахуунаа нөөцлөх агуулах барих бүрэн боломжтой. Гагнуурчид нь бэлэн байна. Электрод, төмрийн үйлдвэр нь байна…

-Шатахууны нөөц ямар ч улсад байх ёстой. Зах зээлийн хэлбэлзлийг тэнцвэржүүлдэг энгийн болоод үр дүнтэй арга нь агуулах бол мөн. Тиймээс агуулах барих, нөөцөө цуглуулах нь зайлшгүй чухал. Энэ аргыг АНУ-ын Засгийн газар ч хэрэглэдэг. Америк улс бензины үнэ өсөнгүүт агуулахаасаа шатахуунаа авч зардаг. Зах зээлийн жамаар үнийг нь бууруулаад тогтворжуулдаг. Хямд үед нь авч нөөцөлдөг Манайх ингэж чадахгүй учир захиргаадалтын аргаар шийдээд байна. Захиргаадалтын арга нь өөрөө хомсдлын нэг эх үүсвэр болдог.

Манай улсын хэмжээнд нөөцийн агуулах байгуулах бүрэн боломжтой. Бүр шаардлагатай. Ер нь агуулах бий болгох нь бидний хувьд дийлдэшгүй хүнд ажил огтоос биш. Манайд хэдэн мянган гагнуурчин, электрод, төмрийн үйлдвэр байна шүү дээ. Газар нутгийн хувьд ч хязгаарлагдах зүйл байхгүй. Тэр бүү хэл агуулахаа дизель, бензин, онгоцны түлш зэргээр ангилан байгуулах нь ч зөв. Хүнсний ногоо, буудай зэрэгт орчин үеийн сайн агуулахууд байх хэрэгтэй. Агуулах барих асуудлыг зөвхөн энэ удаагийн шатахууны үнэ өсөлт гэхээсээ илүү эдийн засгийн тогтвортой байдалтай холбож ойлгох нь чухал. Цаашдаа ч бид шатахуун үйлдвэрлэдэг болох юм бол агуулах барих нь гарцаагүй.

– Чөлөөт зах зээлийн жамаараа явах нь мөн л дээрх хүндрэлд хүргэхгүй байх нэг арга гээд байгаа?

-Зарчмын хувьд бол тийм. 2006 он хүртэл ийм асуудал төдийлөн үүсдэггүй байсан. Учир нь чөлөөт зах зээлийн жамаараа явж байсан юм. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсвөл манайд ч бас өснө. Буурвал ч адилхан буурдаг байсан. Ерөнхийдөө 2000-аад оны эхээр дэлхий даяар эдийн засгийн хямрал нүүрлэсэн юм. Харин 2008 оноос эхлэн дэлхий даяар шатахууны үнэ өсч эхэлсэн. Тэр үед төрийн зүгээс үнийг тогтворжуулах нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Түүнээс хойш төрийн оролцоо энэ салбарт ихээр үүсэх болсон юм. Үнэ барихын тулд үнийг нэмж болохгүй, ийм үнээр нийлүүл гэсэн гэрээг шатахууны компаниудтай байгуулсан. Улмаар 2014, 2015 онуудад нефтийн үнэ дэлхийн зах зээлд буурсан юм. Энэ үед нь Засгийн газар нефтийн үнэ буурахыг зөвшөөрсөн бол өнөөдөр ийм асуудал гарахгүй. Зах зээлийн жамаараа явсан бол мэдээж эрүүл байх боломж байсан.

Хэрэв үнийг тогтвортой байлгая гэвэл гарч байгаа зардлыг бууруулахын төлөө ажиллах нь зөв байх. Энэ нь валютын ханш, онцгой татвар хоёр юм. Онцгой татварыг тэглэх нь тийм ч мундаг шийдвэр биш боловч хавар, зундаа үнийг тогтворжуулах, шатахуун импортлогч компаниудын үйл ажиллагааг хэвийн явуулах бололцоог олгоно. Түр хугацаанд намжаах арга гэсэн үг. Харин урт хугацаанд шийдье гэвэл 2006 оны өмнөх үе шиг зах зээлийн жамаар нь явуулах хэрэгтэй.

Categories
мэдээ цаг-үе

М.Халиунбат: Шатахууны үнийг тогтвортой байлгах хамгийн сайн арга бол нөөцлөх

“Петровис” компанийн гүйцэтгэх захирал асан, “Торгоны зам сан”-гийн захирал М.Халиунбаттай ярилцлаа.


-“Петровис”, “МТ”, “Тэс Петролиум” зэрэг нефть импортлогчид шатахуун өгөхөө болилоо. Өгч байгаа шатахуун түгээх станцууд картаар олгож байна. Үүний шалтгаан нь юу вэ?

-Шалтгаан нь ойлгомжтой шүү дээ. Ердөө л улс төрчид. Нийгэмд таалагдах гэсэн улс төрчдийн л хийдэг ажил юм. Энэ байдал аль 2008 оноос л эхлэлтэй. Намайг байх үед ч тэр “Шинэ жил болж байна үнээ нэмж болохгүй” гэнэ. Шинэ жил дуусангуут “Цагаан сар болох гэж байна, үнэ нэмж болохгүй” гэдэг. Шатахуун түгээнэ гэдэг худалдааны бизнес. Алдагдалтай ажиллаад байвал мөнгөн хөрөнгө нь багасна. Мөнгөн хөрөнгө багасвал түүхий эдээ бага хэмжээгэээр л худалдаж авна. Татаж авч байгаа хэмжээ нь сар тутам улам багасаад л байдаг. Ингэж явсаар л шатахуун тасалдахад хүргэдэг. Энэ удаад шатахууны үнийг аравдугаар сараас хойш барьсан юм билээ. Түүнээс хойш алдагдалтай ажилласан учир өнөөдөр нийлүүлэлтийн хомсдол үүсч байгаа юм.

-Гэхдээ Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газраас 40-өөд хоногийн нөөцтэй гэж мэдээлсэн. Тийм байтал шатахуун импортлогчид зохиомол хомсдол үүсгээд байна гэх хүмүүс цөөнгүй байна. Үнэхээр хомсдол үүссэн юм уу?

-Би их том түүхийн ард гарсан хүн шүү дээ. Намайг “Петровис” компанийн гүйцэтгэх захирал байхад 17 тэрбум төгрөгийн торгууль ШӨХТГ-аас тавьсан юм. Монгол Улсын түүхэнд хамгийн өндөр дүнгээр торгууль тавьсан. Ерөнхий сайд хүртэл Засгийн газрын тогтоол гаргаж нөхөр М.Халиунбатыг шийтгэхийг Хууль зүйн сайдад даалгаж байлаа. Тухайн үед нөхдүүд яг өнөөдрийнх шиг нөөцтэй хэрнээ үгсэн хуйвалдаж хязгаарлалт хийсэн гэх үндэслэлээр торгууль тавьсан юм. Тэдний хувьд 2011 оны нэгдүгээр сарын нөхцөл байдлыг ярихдаа 2010 оны аравдугаар сарын 31-ний нөөцийг авч ярьсан. Ингэж л шийдвэр гаргаж байлаа. Тэгэхээр хэзээний ямар нөөцийн тоог ашиглаж байна вэ гэдэг нь чухал. Одоо яригдаж байгаа 40 хоногийн нөөц нь хэзээний ч тоо юм. Нөөцийн мэдээллийг Засгийн газрын агентлагууд хэрхэн авдаг вэ гэдэг нь ч сонирхолтой. Миний мэдэхийн компаниуд руу бичиг илгээдэг. Компаниуд хариуд нь үзэмж байдлаар л мэдээллээ явуулдаг. Энэ байдал өөрчлөгдсөн гэж бодохгүй байна.

Мөн “Хилээр орж ирж байхад нь бид бүртгэж байгаа шүү дээ” гэж хэлдэг юм. Яг үнэндээ хилээр орж ирж байгаа бүтээгдэхүүнийг манай Монгол Улс бүрэн бүртгэж чаддаггүй. Тэр дундаа манай баруун хил цоорхой шанага шиг л болсон. Чанаргүй шатахуун орж ирэх нь ч бүр гаарсан. Нөхцөл байдал нь тийм байхад ямар тоо баримт гаргаад байгаа нь ойлгомжгүй.

Нөгөөтэйгүүр шатахуун импортлох тусгай зөвшөөрөл бүхий 90 гаруй компани бий. Эдгээрийн 90 гаруй хувь нь шатахуунаа борлуулахгүй байгаа юм билээ. Тэгэхээр үлдсэн хэдэн компаниуд дээр нь ачаалал үүснэ шүү дээ. Ачаалал их үүсэхээр нөөц нь хурдан шавхагдаж таарна. Нөөцтэй байж зарахгүй байна гэж иргэд бухимдаад байна. Уг нь чадлаараа л зарж байгаа болов уу. Гэсэн ч тэр дороо л дуусчихаад байх шиг байна. Үүнээс үзэхэд нөөц гэх ойлголт харьцангуй ойлголт. Үүнийг зөв тодорхойлох хэрэгтэй.

-Роснефтийг оруулж ирэх хэрэгтэй. Шатахуун импортлогчдыг дахин нэмье гэж яриад байгаа. Энэ хэр үр дүнтэй шийдэл юм бэ?

-Роснефть Монголын зах зээлийг судалж үзсэн шүү дээ. Гэсэн ч станцаа байгуулаагүй л гараад явчихсан. Хүмүүс үүнийг тэр бүр мэддэггүй байх. Хуулиар хориотой ч ямар нэгэн цоорхой байгаа учраас л орж ирж сонирхсон байж таараа. Монгол орон даяар 1100, нийслэлд 140-өөд шатахуун түгээх станц байдаг. Хангалттай шүү дээ. Үүний хаагуур нь яаж багтаж орж ирээд барих юм бэ. Шатахуун импортлогчдод айгаад ч байх юм алга. Гэхдээ жинхэнэ утгаараа монофоль бий болох нь гарцаагүй. Мөн хүмүүс төрийн мэдлийн шатахуун импортлогч компанитай болъё гэж байнга л хэлдэг юм. Алхам алхмаар бүхнийг төрд авснаар нэг л өдөр Венесуэл шиг болно. Идэх хоол битгий хэл ариун цэврийн цаас ч үгүй болсон л гэдэг юм.

Ямартай ч шатахуун импортлогчдыг нэмээд үзэх хэрэгтэй. Ер нь стандартад нийцэж байгаа бол дуртай нь л шатахуун оруулж ирдэг байсан шүү дээ. Харин импортын тусгай зөвшөөрөл гээчийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оруулж ирсэн юмдаг. Намайг энэ салбарт ажиллаж байх үед буюу 2011, 2012 онд хоёр удаагийн хямрал болсон. Хоёулаа улстөрийн шалтгаантай. 2012 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдөр орон нутгийн сонгууль болсон юм. Тиймдээ ч найман сараас эхлэн шатахууны үнийг нэмж болохгүй гэсэн л дээ. Гурван сарын турш үнэ барьсан учир нефть тасархаас өөр аргагүйд хүрсэн. Бүр яг сонгуулийнх нь өдөр 92 бензин тасарчихсан. Эрх баригчид санаатайгаар сонгуульд нөлөөлөх гэж ийм зүйл хийлээ гэж хардсан л даа. Н.Алтанхуяг шатахуун импортлогчдын үйл ажиллагааг зогсооё гэсэн огцом мэдэгдэл ч хийсэн юм. Харин үйл ажиллагааг зогсоох гэтэл тусгай зөвшөөрөл гэх зүйл бидэнд байгаагүй. Тиймдээ ч хураах зүйлтэй болгоё гээд импортын тусгай зөвшөөрлийг бий болгосон. Энэ бол цэвэр улстөрийн шийдэл байсан гэж боддог.

-Импортлогчид ОХУ-аас яг хэдэн төгрөгөөр шатахуунаа худалдаж авдаг юм бэ. Төрөөс татварын хувьд ихээр хөнгөлдөг байх аа?

-Шатахуун импортлогчдын татварыг тэглэсэн гэж ярьдаг. Үгүй шүү дээ. 2008 оны Засгийн газар шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд онцгой албан татвар гээчийг бодож олсон. Онцгой албан татвар буураад бизнес эрхлэгчдийн ашгийг нэмээд байгаа зүйл байхгүй. Тэр нь гадаад зах зээл дээр үнэ өсөх, ам.долларын ханш нэмэгдэх үед онцгой албан татвараараа зохицуулалт л хийдэг юм. Харамсалтай нь энэ механизм заримдаа ажилладаггүй. Гадаад зах зээлд нефтийн үнэ, долларын ханш маш их савалсан үед, эсвэл төрөөс шатахууны үнийг барьчихсан тохиолдолд үнийн зөрүү хуримтлагдсаар байгаад том дүнд хүрдэг. Энэ шокыг онцгой албан татварын хэмжээ зохицуулж чаддаггүй. Одоо ч гэсэн яг л ийм зүйл болчихоод байна. Өнөөдрийн байдлаар нэг тонн 92 бензинд гаалийн татвар 81 мянга, онцгой албан татварт 210 мянга, замын татварт 25700 төгрөг тус тус төлж байна. Нэг тонн тутмаас 317 мянган төгрөг татварт төлж байна. Энэ нь 30 гаруй хувь нь гэсэн үг. Дээрээс нь нэг литр тутмаас 148 төгрөг НӨАТ-д төлдөг. Татварыг бол хангалттай авч байгаа. Үүнийг л бууруулах гэлээ гэж шатахуун импортлогчдыг харддаг юм л даа.

-Шатахуун импортлогчид үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд багагүй ашигтай ажилладаг гэдэг. Энэ үнэн үү?

– Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг татаас гэж ойлгодог. Угтаа татаас биш юм аа. 2012 оны аравдугаар сараас хэрэгжиж эхэлсэн энэ хөтөлбөрт манай компани анхнаасаа орохгүй гэсэн байр суурьтай байсан. Ганцаараа ч оролгүй үлдсэн. Тухайн үед эдийн засаг огцом шоконд ороод ам.доллар ч олдохоо байсан. Харин хөтөлбөрийн хүрээнд шатахуун импортлогчдод гурван сарын хугацаатай долларын зээл өгсөн юм. Энэ нь шатахуун импортлогчдын бизнест том дэмжлэг болсон нь ойлгомжтой. Аажмаар эдийн шокноос гарахад нь тусалсан. Өрсөлдөөн ширүүн учраас манай компани ч хөтөлбөрт хамрагдах зайлшгүй шаардлагатай болсон. Учир нь бусад импортлогчид долларын зээлийн тусламжтай бизнесээ хэвийн үргэлжлүүлж эхэлсэн юм. Манайх хагас жилийн хугацаанд явж үзсэн ч тун хүнд байдалд орсон. Алдагдал ч талийсан гэхэд болно. Ингээд “Петровис”-ийн 2500 ажилтанг бодохоос өөр аргагүйд хүрсэн л дээ. Бусад компанийн очиж ажиллахгүй байгаа сум орон нутагт ч “Петровис” байж л байдаг. Түүнийхээ төлөө ч дээрх хөтөлбөрт хамрагдахаас өөр аргагүйд хүрсэн. Гэхдээ нэг зүйлийг хариуцлагатай хэлэхэд энэ бол татаас биш. Зүгээр л зээл. Бүх компаниуд ч энэ зээлээ төлсөн.

-Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Шатахууны үнийг барьж чадахгүй” болсон талаар хэлсэн. Энэ нь шатахуун импортлогчдод өдөөлт боллоо гэж иргэд харж байна. Энэ тухайд?

– Тэр өндөр дээрээс нийт ард иргэдийн таалахгүй байгаа зүйлийг хэлнэ гэдэг мундаг л байна шүү дээ. Анх удаа зах зээлийн харилцаанд тууштай байх ёстой талаар хэлсэн Ерөнхий сайд байлаа.

-Нефтийн үйлдвэр барих нь шатахуун импортлогчдод ашиггүй гэлцдэг. Үүнд ямар байр суурьтай ханддаг вэ?

-Харддаг, хийрхдэг хүмүүс л нефтийн үйлдвэр барих нь шатахуун импортлогчдод ашиггүй гэж боддог. Шатахуун импортлогчид түгээдэг, борлуулдаг л суваг. “Номин”, “И март” шиг л дэлгүүр шүү дээ. Шатахуун түгээдэг л дэлгүүр байхгүй юу. Тэдэнд Роснефть эсвэл Монголын нефтийн үйлдвэр байна уу огт хамаагүй. Намайг ажилаа хүлээж авч байхад Монгол Улс зөвхөн Роснефть компаниас шатахуунаа импортолдог байлаа. Тэгэхэд би дэлхийн 16 улсаас нефтийн бүтээгдэхүүн импортолдог болгосон. Тэгэхэд Роснефтийн Монголын зах зээлд эзлэх хувь 40-өөд хувь хүртлээ буурсан байдаг. Үүнээс үзэхэд хэний бүтээгдэхүүн зарах нь тийм ч том асуудал биш гэдгийг харж болно байх. Гол нь бараа бүтээгдэхүүн тогтмол орж ирэн зарагдаж байх нь л чухал. Тэгэхээр үйлдвэр барих нь бидэнд муу зүйл биш ээ. Бидэнд дахиад нэг нийлүүлэгч нэмэгдэж байна л гэсэн үг.

-Одоогийн үүсээд буй шатахууны хомсдол, үнийн өөрчлөлт, оочер дараалал хэдийг хүртэл үргэлжлэх бол?

-Гаднаас нийлүүлж байгаа үнэ, ам.долларын ханш буурсан тохиолдолд л тогтворжино. Мэдээж бүхий л татваруудаа тэглэх байх л даа. Тэглээ ч төдийлөн үр дүн гарахгүй болов уу. Өдий болтол үнээ нэмэгдүүлэхгүй барьчихсан болохоор эцсийн дүндээ эерэг үр дүн муутай л байна байх.

-Ер нь олон улсын жишигт энэ байдлаас хэрхэн гарсан байдаг юм бэ. Гарц, шийдэл нь юу байна?

– Иргэд төр засагт болох, болохгүй шаардлага тавихаа больмоор байна. Зах зээлийн харилцааг нураах шаардлага тавихаа болих нь юу юунаас чухал. Би зах зээлийг нэг зүйл дээр хатуу өмөөрнө. Монгол Улсын эдийн засаг 1990 онд тухайн үеийн ханшаараа долоон зуун сая доллартай тэнцэх хэмжээний байсан. Өнөөдөр муу ч сайн ч 11 тэрбум доллартай тэнцэх хэмжээнд оччихсон байна. Энэ хэн нэгэн улстөрчийн гавьяа биш. Энэ цэвэр чөлөөт зах зээлийн гавьяа. Үүнийг хэн нэгэн хэзээ ч өмчилж чадахгүй. Гэтэл үүнийг бодохгүйгээр бүх зүйлийг төрийн мэдэлд оруулж, хуучин үерүүгээ л очих гээд байна. Үүнийгээ болиогүй цагт дээрх байдал үргэлжилсээр л байх болно.

Миний олж мэдсэн бяцхан туршлагаар шатахууны үнийг тогтвортой байлгах хамгийн сайн арга бол нөөцлөх. Манайхтай адил нефтийн нөөц байхгүй, 100 хувь импортоос хамааралтай Герман, Польш зэрэг улсуудын түүхийг судалсан. Тухайн үеийн Газрын тосны газар, Уул уурхайн яамны хүмүүстэй хамт европын орнуудаар явж туршлагыг судалсан л даа. Ердөөсөө нөөц л чухал юм билээ. Герман улс л гэхэд хоёр жилийн хэрэгцээтэйгээ тэнцэхүйц нөөцтэй. Тэрхүү нөөц нь үнийн савалгаа, нийлүүлэлтийн огцом тасалдал зэрэгт аврал нь болдог. Аажуухнаар үнийг нэмэх боломжийг өгдөг байх нь. Герман улс нөөцийн холбоо гэж байгуулсан. Тэр нь төрөөс огт хамааралгүй. Төрийн зүгээс зөвхөн санхүүгийн баталгаа гаргаж өгдөг. Санхүүгийн баталгааг нөөцийн холбоо ашиглан олон улсаас маш бага хүүтэй зээл авчихдаг. Тэрхүү зээлээрээ хоёр жилийнхээ нөөцийг бий болгодог. Зээлийн хүү, шатахуун хадгалах хөлс, хорогдол зэргийг литр тутамд нэгээс хоёр төгрөг нэмж борлуулан гаргаж авдаг. Нөөц байгаа учир зээлээ төлөхгүй байх боломжтой. Энэ нь аль алиндаа их эвтэйхэн хувилбар.

Уг нь үүнийг аль хэдийнэ бид хэрэгжүүлчихсэн байх ёстой. Гэтэл манайд Засгийн газар солигдлоо л бол дор нь ажиллаж байсан бүх хүн солигддог. Надтай хамт туршлага судалж явсан хүмүүсээс нэг нь ч тухайн салбартаа ажиллахгүй байна. Тэгэхээр төр засаг үүнийг мэдэж байгаа гэж хэлж болохгүй болчихоод байна. Манай шатахуун импортлогчдын хувьд чадлаараа нөөцөлдөг. Гэхдээ их хэмжээгээр нөөцлөнө гэдэг санхүүгийн хувьд хүндрэлтэй. Хамгийн ихдээ хоёр сарын л нөөцтэй байх шиг байна.

-Үнэ чөлөөлөх нь зөв үү?

-Үнэ чөлөөлнө гэдэг нь төр оролцохоо болихыг л хэлж байгаа юм. Зах зээлийнхээ жамаараа л явна гэсэн үг. Угтаа зах зээлийн жамаараа явсан бол аравдугаар сараас эхлэн бага, багаар өссөөр байгаад өдийд нэмэгдчихсэн л байгаа. Хүмүүс хэлдэг л дээ “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байна. Гэтэл манай импортлогчид буулгахгүй л байх юм” гэдэг. Үнэхээр зах зээлийн жамаараа явсан бол бууж л таараа. Гэтэл буух үед нь төрөөс онцгой албан татвартаа авчихсан юм шүү дээ. Төр оролцдоггүй байсан бол, онцгой албан татвар өндөр тавиагүй бол шатахууны үнэ маш бага болох байсан. Бүр мянган төгрөгтэй ч ойртох байсан. Иргэд төрийн оролцоо хэрэггүй юм байна гэдэг энэ бодит үнэнийг л ойлгох хэрэгтэй байна. Бид 1990 онд Үндсэн хуулиараа зах зээлийн харилцаанд шилжинэ гээд зарлачихсан шүү дээ. Зах зээлийн харилцаанд орсон бол үүнийгээ л дагах хэрэгтэй. Тултал нь явж үзэх ёстой.


Categories
мэдээ цаг-үе

Сөүлд монгол иргэд хамтдаа үнэт эдлэлийн дэлгүүрт орохыг хоригложээ

БНСУ-ын үнэт эдлэлийн дэлгүүрт хоёроос дээш монгол хүн орохыг хориглож эхэлжээ. Алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүр болгоны үүдэн дээр “Монголчуудыг орохыг хориглоно” гэсэн анхааруулах бичиг нааж, хоёроос дээш монгол хүн тухайн дэлгүүрт яваад ороход хамгаалагч нь шууд хөөгөөд гаргадаг болжээ. бнсу-ын үнэт дэлгүүрүүд дээрх шийдвэрийг гаргах болсон шалтгаан нь манай улсын иргэд лангуун дээрээс нь байнга хулгай хийж байгаатай холбоотой юм байна. сүүлийн жилүүдэд бнсу-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Манай улсад Монгол Улсын иргэд хамгийн ихээр гэмт хэрэгт холбогдож байна. Монголчууд хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөх, танхайрах, хулгайн гэмт хэрэг үйлдэж байна” гэх утга бүхий мэдээллийг олон нийтэд хүргэх болсон. Солонгосын цагдаагийн газраас монголчууд хэрхэн хулгай хийдэг талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байсан. энэ талаар уншигч та бүхэнд тодорхой баримттайгаар хүргэхэд монгол иргэд ихэвчлэн бүлэглэж явдаг. ингээд үнэт эдлэлийн дэлгүүрээс эд зүйлс хулгайлдаг. Мөн цахилгаан барааны дэлгүүрээс ч дуртай бараагаа хулгайлаад гардаг. Тэд өөрсдийнхөө эд зүйлсийг авч байгаа мэт өөртөө итгэлтэйгээр хулгай хийдэг. Автомашины эд анги хулгайлдаг ч бүлэглэл байдаг. Мөн хотхоны хяналтын камерыг араас нь “тонших” аргаар ажиллагааг нь түр тасалдуулж, мотоцикль, машин зэргийг хулгайлдаг. Улсын дугаарын тоог өөрчилж, хотын төвөөр өөрийн эзэмшлийн эд хөрөнгө мэт унаж явдаг. хулгайлсан мотоциклио монгол руу ачуулдаг гэх мэт гэмт хэрэг хийж байна.

Түүнчлэн ажиллаж байгаа компанийнхаа багаж хэрэгсэл, бараа материалыг зарах гомдол ч тасрахгүй ирж байгаа гэдгийг онцлон ярьдаг юм байна. Хамгийн сүүлд гэхэд монголчууд Сөүл хотын Жунгру дүүрэгт байх алт, мөнгө, үнэт эдлэлийн дэлгүүрүүдээр явж их хэмжээний хулгай хийн баригдсан байна. Тэд худалдагчийг өөр хүнд үйлчилж байх зуур лангуун дээр байсан дөрвөн сая 800-н мянган воноор үнэлэгдэх 16-н ширхэг, 14 каратын алтан бөгжийг бүлэглэн хулгайлсан байна. Энэ нь зөвхөн нэг удаагийнх нь үйлдлийн хэмжээ. Монголчуудын холбогдсон энэ мэт олон удаагийн гэмт хэргийн улмаас БНСУ тэр дундаа Сөүлийн алт, мөнгөний дэлгүүрүүд оны өмнөөс эхлэн дээрх шийдвэрийг гаргажээ. Тэд үнэт эдлэлийн дэлгүүртээ хоёроос дээш монголыг оруулахаа больсон байна. Хэн ч сонссон энэ нь аргаа барсан хүний үйлдэл гэдэг нь илт биз ээ.

ТЭД ХУДАЛДАГЧИЙН АНХААРЛЫГ САРНИУЛЖ БАЙГААД ДУРТАЙ ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ ХУЛГАЙЛААД ЯВДАГ ГЭНЭ

БНСУ-ын алт, мөнгөний хамгийн том зах Сөүл хотын “Чон ру сам га” гэх газарт байдаг. Тиймдээ ч үнэт эдлэл хулгайлдаг монголчуудын “өгөөш” болсон газар нь Сөүл хот юм. Хэдий үнэт эдлэлийн дэлгүүр бүр камертай байх боловч хулгай хийхээр төлөвлөсөн хүмүүсийн хувьд энэ нь тийм ч том асуудал биш аж. Тэд хар шил зүүн, малгай өмсөн зүсээ нуудаг байна. Шаардлагатай тохиолдолд камерыг ч далдалсан тохиолдол байдаг гэнэ. Тэдний нэг нь худалдан авалт хийх нэрийдлээр худалдагчийн анхаарлыг маш сайн татах үүрэгтэй. Хөгжингүй орны худалдагчид ёстой л хэрэглэгчийг хаан мэт дээдэлдэг. Тиймдээ ч манайхан шиг барааныхаа үнийг хэлсэн болоод цааш харан хов ярьдаггүй. Үйлчлүүлэгчдэдээ сонирхсон, таалагдсан барааг нь олж өгөхийн тулд хэрэндээ л мэрийдэг аж. Энэ байдлыг манай хулгайчид тун чиг овжин ашигладаг байна. Тиймдээ ч хоёроос дээш монголыг оруулахаас татгалзсан нь ойлгомжтой юм. Тэр бүү хэл дохиоллын систем нөлөөлөхгүй, хамгаалалттай цүнх хүртэл хэрэглэн удаа дараа гэмт хэрэг хийж байсан юм билээ.

Хэдий тэдний хулгай амжилттай боллоо ч камерын систем хамгийн сайн хөгжсөн тус оронд хулгайчдыг олохгүй байхын зовлон үгүй. Гэмт хэрэг хийчихээд хэдэн жилийн дараа эргэн БНСУ-д очсон ч таныг тэр дор нь л илрүүлчихнэ. Шинэ он гарсны дараахан монгол иргэнийг Инчоны нисэх онгоцны буудлаас нутаг буцаасан. Учир нь Монгол Улсын иргэн 29 настай А нь 2016 онд Солонгос улсад аялал жуулчлалын гурван сарын визээр зорчих үедээ Пусан хот дахь нэгэн их дэлгүүрийн бэлэн хувцасны тасгаас 800.000 воноор үнэлэгдэх өмд, цамц, бүс, цүнх гэх мэт 16 ширхэг эд зүйлс хулгайлжээ. Тэрээр хоёр жилийн дараа тус улсад очсон ч гэмт хэрэг хийснийг нь тэр даруй олж тогтоон нутаг буцаасан байна. Үнэт эдлэл хулгайлаад цагдаад баригдсан монголчууд “Лангууны худалдагч эд зүйлсээ хулгайд алдах талаар ямарч ойлголт байдаггүй. Нэг хүнд сонирхож байгаа үнэт эдлэлийг нь гаргаж өгчихөөд дараагийн хүндээ үйлчилдэг. Бид сонирхож байгаа дүр эсгэж байгаад гарт баригдаж, нүдэнд таарсан үнэт эдлэлээ халаасандаа хийчихдэг. Ингээд л ямар нэгэн сэжиг авахуулалгүйгээр гараад явчихдаг юм. Худалдагчийн анхаарлыг нэг нь сарниулж байгаад л хулгай хийдэг” гэх утга бүхий мэдүүлэг өгдөг байна.

Ямартай ч “урт гарт” монголчуудынхаа ачаар Сөүл хотын алт, мөнгөн эдлэлийн дэлгүүрт олноороо орох эрхгүй болжээ. Тэгвэл Монгол дахь хамгийн том алт, мөнгөн эдлэлийн зах гэж хэлж болохуйц “Мөнгөн завьяа”-д байдал ямар байгааг сурвалжиллаа. Цагаан сар дөхсөнтэй холбоотойгоор ээж, аав, ах дүү, амраг садандаа бэлэглэхээр үнэт эдлэл сонирхож яваа хүмүүс “Мөнгөн завьяа”-аар дүүрэн байна. Барагцаалбал хагас цагийн дотор 80 гаруй хүн лав ганган чамин үнэт эдлэлүүдээс сонирхож, худалдан авцгааж байлаа. “Баяр дөхсөн болохоор сайн хямдарч байгаа шүү” гэсээр худалдагчид тооны машинаа тачигнуулан бодох аж. “Мөнгөн завьяа”-гийн лангууг хоёр ч тойрлоо. Хулгай зэлгийтэй холбоотой хэрүүл маргаан ер сонсогдсонгүй. Гурван ч жилийн турш “Мөнгөн завьяа”-д үнэт эдлэл зарж буй худалдагчаас хулгайн гэмт хэрэг хэр их үйлдэгддэг талаар асуухад “Хулгайн гэмт хэрэг их л ховор сонсогддог. Би л лав гурав, дөрвөн жил энэ лангуунд сууж байна. Нэг ч удаа хулгайд өртөж байсангүй. Мэр сэр сонсогддог л юм. Камертай, дээрээс нь цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байдаг учир олдчихсон л байдаг” гэсэн юм.

МОНГОЛ УЛСЫН ҮНЭТ ЭДЛЭЛИЙН ДЭЛГҮҮР ХУЛГАЙД ЭД ЗҮЙЛСЭЭ АЛДДАГГҮЙ

“Мөнгөн завьяа” алт, мөнгөн эдлэлийн худалдагчтай ярьж зогсохдоо “Хоёроос дээш монголыг Сөүлийнхэн үнэт эдлэлийн дэлгүүртэй оруулахаа больсон” тухай хэлэхэд тэд “Солонгосчууд бид нарыг бодвол том лангуутай байдаг. Манай Улсын их дэлгүүр шиг л гэсэн үг. Бас үзэж харах боломж нь ч нээлттэй юм билээ. Тиймээс худалдагчийн анхаарал сарних төдийд хулгайлчихдаг юм шиг байгаа юм.

Манайх нөхцөл байдлаасаа шалтгаалж ширээ шиг хэмжээтэй лангуу л ногддог. Тиймээс хараа хяналт ч сайн байдаг юм. Зарим тохиолдолд энэ хавиар эргэлдэж байдаг үл бүтэх этгээдүүдийг ирэх юм бол бүр ч сайтар бараагаа харна шүү дээ. Хулгай хийх гэдэг хэдэн нөхдөө ч бид андахгүй болсон. Ер нь бараагаа алдах эсэх нь худалдагчаас шууд хамаардаг гэж би боддог. Бараагаа мэддэг худалдагч юу, хаана байсан гэдгээ бүр нүдэлчихдэг. Ямар үйлчлүүлэгч үйлчлүүлж байгаагаас хамаарч хараа хяналтаа сайжруулах нь худалдагч хүний үүрэг” хэмээн хэлсэн юм. Манай үнэт эдлэлийн худалдагчид хэдэн хулгайчдаа бүр нүдэлчихсан байдаг бололтой. Урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ ч сайн авдаг юм байна. Тиймдээ ч монголчуудын үнэт эдлэлийн хэрэгцээг хангадаг “Мөнгөн завьяа”-д хулгайн гэмт хэрэг өдрийн од шиг ховорхон гардаг болов уу.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тоймч Б.Дашзэвэгийн дүү Б.Пүрэв: Гэрчээр бус тухайн үед огт байгаагүй хүний амаар л бүхнийг шийдчихлээ


МУСГЗ, улс төрийн тоймч, олон улсын сэтгүүлч Б.Дашзэвэг өнгөрсөн аравдугаар сард хөрш айлынхаа долоон настай охиныг хүчирхийлэхийг завдсан гэх хэрэгт холбогдсон. Түүнд шүүхээс есөн жилийн хорих ял оноогоод байгаа юм. Ингээд түүний дүү Б.Пүрэвтэй ярилцлаа.

-Улстөрийн тоймч Б.Дашзэвэг хөрш айлынхаа долоон настай охиныг хүчирхийлэхийг завдлаа гэх шуугиан өнгөрсөн оны аравдугаар сард гарсан. Хэрэг явдлын талаар та тодорхой мэдээлэл өгөөч. Яг юу болсон юм бэ?

-Аравдугаар сарын 1-ний өдөр миний ах Чингэлтэй дүүргийн XIX хорооны нутаг, Шадивлан дахь зуслангийн байшин руугаа явсан юм билээ. Тэр дурдагдаад байгаа долоон настай охиных болон миний ахынх бараг 20-иод жил айл хөрш яваа хүмүүс юм. Тиймдээ ч бие биенээ их сайн таньдаг болохоор хөршийнхөөрөө орж л дээ. Хөрш айлын Баянмөнх ч “Даашка ах ирлээ. Ахмадын баяр ч болж байна. Ахаараа ганц шил юм авахуулж ууя” гэсэн байгаа юм. Ер нь ахыг очих бүрт нь л түлээ түлш, хоол ундны мөнгө, үгүй бол ганц шил архи авахуулъя гэсэн яриатай л суудаг хүмүүс юм билээ.

Ингээд тэр өдөр Батмөнх, бас түүний найз, хөрш зэрэг таван ч хүн нийлээд архи уусан байдаг. Ах ч архи дарс уухгүй хот руу буцна гэхэд тэд ганц баярынхаа өдөр явах гэлээ гээд үлдээсэн байсан. Тэднийг архи ууж байх хооронд хашаанд нь дүүрэн үхэр ороод ирж л дээ. Хоёр жилийн өмнө бид 60 гаруй модтой “Сэтгүүлчдийн төгөл” байгуулсан юм. Тиймдээ ч үхэрнүүдийг тэр мод руу оруулахгүйгээр хашаандаа өвс идүүлээд байлгаж байя гэж хоорондоо ярьцгааж. Нэг харсан үхэрнүүд хашаанаас цуваад гарч байна гэнэ. Өнөөх долоон настай охиныг яагаад үхэр гаргачихав гэж аав нь зэмлээд авсан байгаа юм. Долоон настай охины хувьд хөл гар муухантай, сайн ярьж чаддаггүй юм билээ. Ингээд гэрт байсан хүмүүс ч бүгд гарцгаан үхрээ тууцгаасан байгаа юм.

Аравдугаар сарын 1-нд өглөө их сайхан дулаахан байсан. Өдөр тийшээгээ бороо орж, орой нь шуурсан юмдаг. Тиймдээ ч үхэр тууж явсан охины өмдний түрий нь норчихсон байж. Үхрээ туучихаад ахын гэр галтай Тоймч Б.Дашзэвэгийн дүү Б.Пүрэв: Гэрчээр бус тухайн үед огт байгаагүй хүний амаар л бүхнийг шийдчихлээ байсан болохоор охиныг дулаацаг гээд орцгоосон байна. Харин ах норсон өмдийг нь тайлаад хатаах гэсэн нь л буруудсан юм билээ. Гэхдээ энэ үед охины аав нь хажууд нь зогсож байсан байгаа юм. Улмаар хамт архи ууж байсан хэдэн нөхөр орж ирснээ “Даашка ах хүүхэд хүчиндэх гэж байна” гэж. Ах ч уурлан хөгшин настай хүн би юу гэж тийм бузартай юм хийхэв гэж хэсэг маргалдаж. Залуус хариуд нь “Тэгвэл мөнгө өг. Мөнгө өгөхгүй бол цагдаад өгнө шүү” л гэж. Даараад чичрээд байхаар нь дулаацаг л гэж бодож өмдийг нь тайлаад хатаах гэж байна. Түүнээс хөгшин надад элдэв муу санаа байсангүй. Хийсэн гэм ч байх биш цагдаагаа дуудаад өгвөл өгнө л биз гэчихээд хот руу явсан юм билээ.

-Долоон настай охины эгч нь цагдаад өргөдөл өгсөн гэлүү?

-Долоон настай охины аав нь хэрэг явдлын талаар хачирлаж, нэмэрлээд том охиндоо хэлчихсэн юм билээ. Охиных нь норсон өмдийг хатаах гэснийг өөрийн нүдээр харсан хэрнээ шүү дээ. Харин том охин нь бодит байдлыг огтоос хараагүй мөртлөө аавынхаа үгэнд л бүрэн итгэчихсэн. Ахтай ирж уулзан “Хөгшин хүн байж ийм хэрэг төвөг хийлээ. Таныг мөнгө өгөхгүй бол цагдаад өгнө, нэр хүндэд чинь халдана” гэсэн байгаа юм. Ах би хэрэг төвөг хийсэн биш та нарт яахаараа мөнгө өгөх ёстой юм гэхэд охины эгч “Та тэгвэл болсон явдлын талаар надад бичээд, гарын үсгээ зураад өг” гэж. Ах ч хэлснээр нь хийж. Гэтэл өнөөхийг нь аваачаад цагдаад өгчихсөн юм билээ. Аравдугаар сарын 4-ний өдөр энэ явдал болсон байдаг. Харин аравдугаар сарын 27-ны өдөр ахын охин нь “Аавыг бариад явчихлаа” гэж утасдсан. Би ингэж л ийм үйл явдал болоод байгааг мэдсэн. Ах маань 27-ноос хойш яг 58 хоног хоригдсон. Дараа нь батлан даалтад гарч арав гаруй хоноод л саяын шүүх хурал болсон нь энэ.

-Өнгөрсөн долоо хоногт болсон шүүх хурлаараа улс төрийн тоймч, Б.Дашзэвэгт есөн жилийн хорих ял оноосон…

-Уул нь энэ явдлын гэрч нь долоон настай охины эцэг Батмөнх. Гэтэл тухайн үед огт байгаагүй охины эгчийн амаар л бүхнийг шийдээд байгаа юм. Уул нь гэрч нь байх ёстой биз дээ. Өмгөөлөгч долоон настай охиноос чамайг хүчиндэхийг завдсан уу гэж асуухад “Үгүй, үгүй” гэж хэлсэн гэсэн. Хэдий ярихдаа муу ч гэсэн үнэнийг мэдэж байгаа юм чинь тэгж л хэлнэ шүү дээ. Би тэр охиныг дагуулж яван бүхий л үзлэг шинжилгээг хийлгэлээ. Илэрсэн юм огт байхгүй шүү дээ. Миний хувьд үнэхээр гомдолтой байна. Ял өглөө гэхэд хоёр, гурван жилийн тэнсэн л өгөх болов уу гэж бодож байлаа. Гэтэл есөн жилийн хорих ялаар шийтгэчихлээ шүү дээ. Энэ хүнд хэдэн жил битгий хэл хэдэн сарын ч хэрэг хүлээх чадвар байхгүй. Биеийн байдал тун хүнд байгаа.

-Б.Дашзэвэггуайг урьдныхаасаа их л өөр болсон тухай сэтгүүлч Р.Эмүжин бичсэн байсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-Гурван жилийн өмнөөс гэв гэнэт ухаан алдчихдаг болсон. Энэ нь тархины судас нарийссантай холбоотой юм билээ. Мөн тархи нь жижгэрснээс болоод “Дөрвөн жилийн өмнөөс зөнөлт дээд зэргээр явагдчихсан байна” гэдгийг хоёрдугаар эмнэлгийн эмч нар хэлсэн. Мартах, санах, буруу зөрүү ярих зэрэг нь үүнээс үүдэлтэй байгаа юм. Ер нь ч ах минь хоёрдугаар эмнэлэгт дээд зэргийн хяналтад байдаг хүн шүү дээ. Мөн ахын баруун талын чих юу ч сонсдоггүй. Зүүн талынх нь арван үг хэллээ гэхэд нэгээс хоёрыг нь л сонсоно. Энэ нь хэдэн жилийн өмнө DZ man гээд л дуулж эхэлснийх л байх. Нас өндөр болсон хүн өндөр темптэй дуу хөгжим сонсохоор амархан дүлийрчихдэг юм байна. Түүнээс улбаалж сонсгол нь эрс муудсан. Тиймдээ ч мэдүүлгээ ч зөв өгч чадаагүй. Бүрэн бүтэн мэдүүлэг, өмгөөлөл болж чадахгүй байна. Шүүх хурал дээрээ ч өмгөөлөгч хэрхэн өмгөөлсөн талаар юу ч дуулаагүй гэдгээ хэлсэн. Сүүлд болсон шүүх хурлын дараа уулзахад ч “Шүүгчид уншаад л байсан. Гэтэл надад есөн жилийн ял өгчихжээ. Ах нь амьд байж чадах юм болов уу даа. Амьд байхыг л хичээе” л гэсэн дээ, ах минь. Бид хоёр эхээс хоёулаа л юм. Ах минь 77 настай. Би 73-тай юм. 80 хүрч байгаа хүнийг хорино гэдэг байж болох зүйл эсэхийг мэдэхгүй. Ямартай ч би ахынхаа төлөө чадлаараа л явна. Ганцаардаж гүйцэж байна даа, ах нь. Юун түрүүнд Ерөнхийлөгчид захидал бичихээр л зэхэж сууна.

-Одоогоор дамжин өнгөрүүлэх ангид хоригдож байгаа гэсэн үү?

-461 дүгээр ангид хоригдож байгаа. Миний хувьд Нийслэлийн дунд шатны шүүхэд давж заалдах өргөдөл өглөө. 14 хоног хянасны эцэст хариу нь гардаг юм байна. Хариу нь гарч, шүүх хурал болтол хоёр сарын хугацаа лав болох байх. Энэ хугацаанд тэр хүн хорих ангидаа сууж л таарах нь. Гэхдээ тэр хүний бие дийлэхгүй. Яагаад ч дийлэхгүй. Шоронгийн хоол ч идэж чадахгүй байна. Хэрэв энэ хүн шоронд үхвэл хэн хариуцлагыг нь хүлээх вэ.

-Б.Дашзэвэг гуайг ийм хэрэгт нэр холбогдсонд дургүйцэж эгдүүцэх нэгэн байхад арай ч ийм зүйл хийх хүн биш ч гэж хэлэх нь байна.

-Ахыг минь танихгүй хүн ховор. Тиймээс энэ хэрэг явдал бүхий л хэвлэл мэдээллээр шуугьж байна. Энэ нь ч ахад минь маш их сэтгэл санааны дарамт болж байгаа. Зөвхөн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч биш. Одоо байгаа хорих ангид нь хамт байгаа хүмүүс ч ийм хандлага гаргаж байгаа. Дарамталдаг, сонждог гэсэн. Бас дургүйцэж байгаа нэгэн байхад арай ч ийм зүйл хийх хүн биш дээ гэж бодох нэгэн ч байдаг гэнэ. Үүнээс болж даралт нь байсхийгээд л 200 хүрчих юм. Ингээд бодоход хүнд алдар нэр, шагнал урамшуулал огтоос хэрэггүй. Энэ бол хоосон чанартай зүйл юм байна. Хэний ч танихгүй хүн ийм хэрэгт нэр холбогдсон бол сэтгүүлчид ингэтлээ шуугихгүй л байсан болов уу.

– Үр хүүхэд, хань ижил гэх хүмүүс байдаг уу. Хэр их харж ханддаг юм бэ?

-Ах минь хоёр хүү, ганц охинтой хүн. Хүүхдүүд нь тусдаа гарцгаасан. Гэсэн ч аавыгаа харж хандалгүй яахав. Эмнэлэгт үзүүлж харуулна. Жилд хоёроос гурван удаа эмнэлэгт хэвтүүлдэг. Ах минь одоо ганц дүүгээ, хүүхдүүдээ зовоочихлоо гэж их л санаа нь зовоод байх шиг байна. Уул нь хүүхдүүдийнх нь ээж, ахын минь хань гэж бий. Даанч ахад минь түшиг болохгүй юм даа. Батлан даалтад гарангуут нь би эмнэлэгт хэвтүүлсэн юм. Биеийн байдал нь маш муу байгаа учраас л тэр. Хүүхдүүд нь ээждээ хэлсэн ч, хань нь гэх тэр хүн асраад ч болов өгөхгүй юм. Ингээд бодохоор ахыгаа их л өрөвдөх юм даа.

-Та ямар мэргэжилтэй хүн бэ?

-Би аж үйлдвэрийн инженер мэргэжилтэй хүн. Хамгийн сүүлд Засгийн газрын үйлчилгээ, аж ахуйн газрын байр хариуцсан даргаар арваад жил ажиллаад тэтгэвэртээ гарсан.

Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэбат: Аргагүйн эрхэнд л жагсаал, цуглаан хийж байна

-УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТ ЗАРЛАНА ГЭЖ МЭДЭГДСЭН-

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Өнөөдөр МҮЭ-ийн холбооноос Сүхбаатарын талбайд татварын нэмэгдлийн эсрэг жагсаал зохион байгуулах гэж байна. Ийм хууль батлахаас өмнө жагсаал зохион байгуулж болоогүй юм уу?

-Бид өнгөрсөн оны эхэнд Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Улсын хэлэлцээрийг байгуулсан. 2017 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр “Албан татварын өөрчлөлттэй холбоотой асуудлаар цаашид нийгмийн түншлэгч талуудтай урьдчилан ярилцаж, саналыг авч зөвшилцөх тухай хэлэлцээрийн заалтыг хатуу мөрдөж ажиллана”, “Улсын Их Хурлаас баталсан 2017 оны 29 дүгээр тогтоолын 12 дахь заалтын хүрээнд даатгуулагч тэтгэврийн доод, дээд насны хязгаарын хүрээнд тэтгэвэр тогтоолгох хугацаагаа уян хатан сонгодог болох асуудлыг нийгмийн түншүүдийн оролцоотой судлан нэгдсэн санал боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлнэ” гэж тохиролцсон. Харамсалтай нь Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг очоод ОУВС-тай хэлэлцээр хийчихсэн. Бидэнтэй зөвшилцөж, хэлэлцээр хийх ёстой байтал дангаараа очоод шийдвэр гаргачихсан байгаа юм.

ОУВС-аас тодорхой шаардлагуудыг тавьжээ. Улсынхаа төсвийг тэнцвэржүүл, орлого зарлагынхаа байдалд дүн шинжилгээ хий, нийгмийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа учраас татаасыг багасгахын тулд зохих шимтгэлээ өсгөх хэрэгтэй. Мөн татвар ганцхан шатлалтай байгаа учраас олон улсын жишиг рүү оруулах ёстой гэсэн зүйлүүдийг хэлсэн юм билээ. Ингэснээр зарим төрлийн татвар, шимтгэл, тэтгэврийн насыг нэмэгдүүлэхээр болсон. Энэ асуудлыг МҮЭ-ийн холбоо анхнаас нь эсэргүүцэж УИХ, Засгийн газарт удаа дараа шаардлага, мэдэгдэл хүргүүлсэн. Мөн гишүүдийнхээ санал хүсэлтийг уламжлах үүднээс бид ОУВС-тай уулзсан. Тэд “Бид манайхаас зээл тусламж ав гэж гуйгаагүй. Нөгөө талаас татварын тогтолцоо чинь буруу байна л гэж хэлсэн” гэх хариуг өгсөн.

-МҮЭ-ийн холбооны зүгээс Засгийн газарт хүргүүлсэн шаардлагад ямар хариу өгсөн бэ?

-МҮЭ-ийн холбооны зүгээс тавьж буй шаардлагад Засгийн газар нааштай хариу өгсөнгүй. Зарим төрлийн татвар, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмж байгаа тул МҮЭ-ийн холбооноос эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж байна.

Бензин шатахууны үнэ нэмэгдүүлье гээд л яриад эхэлж байна. Цалин орлого нэмэгдээгүй, татвар нэмэгдчихсэн, бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байгаа энэ үед бензин шатахууны үнийг нэмэгдүүлнэ гэдэг байж боломгүй зүйл. МҮЭ-ийн холбооны зүгээс ч хүлээж авахгүй гэдэг байр сууриа илэрхийлчихсэн байгаа.

-Уул, уурхай, эрчим хүч зэрэг хүнд хөдөлмөр эрхлэгчдэд хувь хүний орлогын албан татвар их хүнд тусч байгаа. Тиймдээ ч энэ салбарынхан ихээхэн бухимдалтай байна…

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг хаа хаанаа ойлгож байна. Гэхдээ үнэхээр татвараа нэмье гэж бодож байгаа бол татварыг нь нэмж болох орлогын эх үүсвэрүүд бий. Нийтэд нь авч үзэх ёстой юм. Яагаад тэрбум, тэрбумын орлоготой хүмүүсийн орлогын татварыг нэмж болохгүй гэж. Бодох л асуудал. Төгрөгийн худалдан авах чадвар уначихсан. Цалин орлого нэмэгдээгүй энэ үед цалингаасаа нэмж суутгуулахад тохиромжтой эсэхэд эргэлзэж байна. Цалингаас цалингийн хооронд чадан ядан амьдарч байгаа хүмүүст нэг, хоёр хувийн татварын нэмэгдэл ч хүнд тусна шүү дээ. Тэр дундаа хүнд хортой нөхцөлд эрүүл мэндээ зольж ажилладаг уурхайчид, тээврийн ажилчдад маш хүндээр тусч байна. Тэдгээрт саяын хуулиас гурван төрлийн дарамт ирсэн. Нэгдүгээрт, хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэрт гардаг насыг 60 болгон сунгасан. Таван жилээр нэмсэн. Тэдэнд жилийн хэдхэн сар л гэр бүлийнхэнтэйгээ байх боломж олддог гээд боддоо. Уурхайчдын дундаж наслалт 57, нисгэгчдийнх 62, төмөр замчдынх мөн л 60 хүрэхтэй үгүйтэй байдаг. Гэсэн хэрнээ нийгмийн даатгалын шимтгэлийг ч хамгийн өндрөөр төлдөг. Үүн дээр хувь хүний орлогын албан татвар нь ч нэмэгдлээ. Ийм байхад бухимдахгүй яах билээ. Хамгийн их ачааг л тэдэнд үүрүүлж байна шүү дээ.

-ОУВС-аас татвар төлөлтийг олон улсын жишигт оруулах ёстой гэжээ. Тэгвэл олон улсын жишигт хэрхэн шийдсэн байдаг юм бэ?

-Ерөнхийдөө татварыг шатлалтай болгох ёстой юм. Би үүнийг хувьдаа дэмжиж байгаа. Үл хөдлөх хөрөнгүүд түрээслэх зэргээр хэдэн арван саяар сарын орлого нь яригддаг хүмүүс байдаг. Энэ хүмүүсээс яг орлогод нь тохирсон татвар авах хэрэгтэй. Олон улсын жишигт ч ингэж заасан байдаг. Тухайн өрхийн орлогыг гэр бүлийн гишүүдэд нь хувааж үзснээрээ төлөх татвар нь харилцан адилгүй байдаг. Нэг гэр бүл таван ам бүлтэй байя гэж бодъё. Сарын орлого нь нэг сая төгрөг. Нэг хүнд 200 мянган төгрөг нь ногдож байна. Амьжиргааны баталгаат доод түвшин 187 мянган төгрөг. Энэ гэр бүлийн гишүүд ядаж л хоол, хүнсний дутагдалд орохгүй байх хэмжээний орлоготой байна гэсэн үг. Тэгэхээр үүндээр үндэслэн төлөх татвар ч өөр байгаа хэрэг. Уурхайчид ч ялгаагүй. Эхнэр, хүүхэд, ээж, аавыгаа ганцаараа тэжээдэг шүү дээ.

Германд л гэхэд жилийн найман мянган еврогийн орлоготой бол шууд татвараас чөлөөлдөг. Чиний орлого хэрэгцээгээ хангахад тань хүрэлцэхгүй байгаа юм чинь татвар төлөөд хэрэггүй ээ гэдэг. Манайх татвар нэмэх шатлалыг хийчихсэн хэрнээ хөнгөлөх үйлчилгээ үзүүлэхгүй болохоор л ажилчдад хүнд тусч, бухимдал үүсээд байгаа хэрэг.

-Эсэргүүцлийн жагсаалд хичнээн тооны хүн оролцохоо мэдэгдээд байгаа вэ?

– Урьдчилсан байдлаар жагсаалд 15 мянга орчим хүн ирнэ гэж тооцоолж байгаа. МҮЭ-ийн гишүүд эсэргүүцэж, нийгмийн шаардлага байгаа учраас аргагүйн эрхэнд л жагсаал, цуглаан хийж байна л даа. Мөн манай гишүүн байгууллагууд эхнээсээ ажил хаялт зарлахаа мэдэгдээд эхэллээ. Тэр дундаа уул уурхайн салбарынхан ажил хаялт зарлана гэдгээ илэрхийлсэн.


Categories
мэдээ цаг-үе

Э.Бөхбат: Манай улсын нийт автомашины 80 гаруй хувь нь арван жилээс дээш насжилттай

Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбаттай ярилцлаа.


-Шинэ жилийн баяр болоод өнгөрлөө. Өмнөх жилийнхтэй харьцуулахад баярын өдрүүдэд хэрэг зөрчил, ноцтой осол хэр их гарсан бол?

-Замын цагдаагийн алба хаагчид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд нийслэлийн 122 цэгт үүрэг гүйцэтгэн ажиллалаа. Үүний үр дүнд эдгээр өдрүүдэд хөдөлгөөний ачаалал хэвийн үргэлжилсэн. Нийтдээ Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 490 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 352 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс нэг хүний амь нас хохирч, 17 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний зургаа нь бага насны хүүхэд байлаа. Тухайн өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон 66 жолоочийг илрүүлэн хариуцлага тооцож ажилласан. Дээрх бүртгэгдсэн тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 10-15 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ерөнхийдөө баярын өдрүүдэд урьд жилийнхтэй харьцуулахад харьцангуй тайван байсан гэж болно. Шинэ оны нар харах гэж яваад хурд хэтрүүлснээсээ болоод хэзээ ч нар харахааргүй болсон харамсалтай тохиолдлууд гардаг байлаа. Энэ жилийн хувьд энэ мэт асуудал гарсангүй.

-2017 онд нийт хичнээн осол аваар гарав. Ямар осол хэргүүд дийлэнх хувийг эзэлсэн бэ?

– 2017 онд онцгой анхаарах обьект орон нутгийн зам л байлаа. Өнгөрсөн онд гарсан осол хэргийн 70-80 хувь нь орон нутгийн зам дээр байсан . Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон нь дээрх осол гарахад нөлөөлөх эн тэргүүний шалтгаан болж байна. Хоёрдугаарт, хөдөлгөөний хурдыг тогтоосон хэмжээнээс маш ихээр хэтрүүлдэг. Мөн буруу тээвэрлэлт хийж байгаа нь осол аваар болоход нөлөөлдөг. Дөрөвт, манайхан ядарсан үедээ жолоо барьдаг. Ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь архи согтууруулах ундаа, эм бэлдмэл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож байгаатай дүйцдэг гэдгийг ойлгох нь зүйтээ. Эдгээр шалтгаануудаас улбаалж орон нутгийн зам дээр гарах осол, аваар урьд жилүүдийнхээс илүү байлаа.

Үүнийг бид таамгаар яриад байгаа юм биш л дээ. Замын цагдаагийн албанаас ажлын хэсэг гарч баруун, зүүн чиглэлийн орон нутгийн замд хяналт шалгалт хийсэн. Орон нутгийн замд хоёр л цагийн шалгалт хийхэд нэвтрэн өнгөрсөн тээврийн хэрэгслийн 70-80 хувь нь хурд хэтрүүлсөн зөрчил илэрч байгаа юм. Хамгийн доод тал нь 120 км.цагийн хурдтай явж байх жишээтэй. Орон нутгийн замын нөхцөл байдлыг мэдэхгүй мөртлөө хурд хэтрүүлэн явснаасүүдэн осол аваар ихээр гарч байгаа нь хяналт шалгалтуудаар харагдаж байна.

-Орон нутгийн замд гарах осол аваар нэмэгдсэн гэлээ. Тэгвэл буурсан, эерэг үзүүлэлттэй зүйлүүд нь юу байна вэ?

-Тодорхой хэмжээгээр бэртэж, гэмтсэн хүмүүсийн тоо буурсан байна. Гэхдээ нас барсан хүний тоо бага хэмжээгээр өссөн.

-Осол аваар ямар улиралд илүүтэй гардаг вэ. Эсвэл улирлын онцлогоосоо хамааран гарах ослууд харилцан адилгүй байдаг уу?

-Цагдаагийн байгууллага болзошгүй эсвэл зайлшгүй болно гэдэг үүднээс графикчилсан төлөвлөгөөний дагуу ажилладаг. Ерөнхийдөө цикльтэй байдаг л даа. Шинэ жил, цагаан сар болдгоороо л болно. Урин дулаан ирж хүмүүс аялж зугаалдгаараа л зугаална. Өвөл болж халтиргаа гулгаа үүсдгээрээ л үүснэ. Энэ бүхнийг тооцсон графикийнхаа дагуу бид ажилладаг. Мөн эдгээрээс гадна шинээр үүссэн нөхцөл байдалтай уялдуулж ажиллах шаардлагатай. Хүүхдүүдийн аюулгүй байдал хангагдахгүй байна гэхэд л хаана, ямар шалтгаан нөхцлөөс үүдэлтэй байна гэх зэргийг судлан, хүн хүчээ хуваарилж үйл ажиллагаагаа явуулдаг даа.

-Жолоочийн хариуцлага ямар түвшинд байна вэ?

-Жолоочийн хариуцлага зам тээврийн осолтой шууд холбоотой. Одоогийн байдлыг өнгөцхөн харахад манай эрхэм жолоочид маань бүхий л хариуцлагааа замын цагдаад л үүрүүлчихдэг. Хөдөлгөөнд оролцож байх үедээ эрхээ эдлээд хариуцлагаа ухамсарладаггүй. Хариуцлага бол маш сул байна.

-Жолоо барих эрхийг олгож буй сургалтын төвүүдийн чанар ямар түвшинд байна вэ?

-Жолооч хариуцлагагүй байгаа нь бэлтгэн гаргагч төвийн үйл ажиллагаатай яах аргагүй холбоотой. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон жил жолоо барьсан жолоочид осол аваар гаргах нь олонтаа байна гэж яриад байгаа. Энэ бол ташаа мэдээлэл. Учир нь зам тээврийн осол гаргаж байгаа жолоочдийг огноогоор нь харахад дийлэнх нь шинэ жолоочид байх нь бий. Дөрөв хүртэлх жил замын хөдөлгөөнд оролцсон жолоочид байдаг юм. Харин долоогоос дээш жил замын хөдөлгөөнд оролцсон жолоочид осол аваар гаргах нь тун ховор болоод ирдэг. Манайх жолооны сургалт төгслөө л бол хаа хамаагүй явдаг. Дээрээс нь манайх Венийн конвенцид нэгдсэн улс шүү дээ. Энэхүү конвенцид нэгдсэн 168 оронд манай жолоочид замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Тиймдээ ч бидний замын хөдөлгөөнд оролцох хариуцлага, соёл өндөр түвшинд байх ёстой юм. Гэтэл манайхан машин барихыг хэрэгцээ гэж хараад байна. Энэ нь ч зам тээврийн осол нэмэгдэхэд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр манай улс бусад орнууд шиг эхний нэг жил нь сонирхогчийн үнэмлэх өгдөг байвал зүгээр санагддаг. Харин замын хөдөлгөөнд оролцож чадаж байвал жинхэнэ үнэмлэхийг нь олгодог эрх зүйн зохицуулалт байх хэрэгтэй юм. Мэдээж маш хариуцлагатай, сахилгатай байх ёстой. Үүнтэй холбоотой цаашид ч эрх зүйн зохицуулалтууд хийгдэх шаардлагатай.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд 2015 оны долдугаар сарын 1-ээс мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдаж гарахаас өмнө цагдаагийн байгууллагын хяналт шалтгалтаар өдөрт 150-170 согтуу жолооч илэрдэг байлаа. Үүнтэй холбоотой осол аваарын тоо ч маш өндөр байсан. Харин хууль хэрэгжиж эхэлсний маргаашнаас л согтууруулах ундаа хэрэглэн хөдөлгөөнд оролцож байгаа жолоочдийн тоо 70 хувиар буурсан. Жолоочдийн хариуцлага яавал сайжрах вэ гэдгийг харуулсан нэг гаргалгаа нь энэ юм болов уу гэж боддог.

-Явган зорчигчдын хувьд гарцгүй газраар гарсны улмаас эрсдэлд ордог. Үүнийг мэдсэн хэрнээ л машин байхгүй бол гүйгээд гарах нь цөөнгүй харагддаг. Энэ тухайд?

-Явган зорчигчид гарц гарамтай хэсгээрээ заавал гарах ёстой. Явган зорчигчид, жолоочид ч тэр хэн хэндээ хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм. Замын хөдөлгөөний дүрмийн 8.4, 8.6, 12.2-т явган зорчигчийн мөрдөх ёстой дүрэм, журмыг тодорхой зааж өгсөн байдаг. Эдгээр зүйл, заалтуудыг биелүүлдэггүйгээсээ болоод зам тээврийн осолд өртөж байгаа нь туйлын тодорхой. Өөрийн буруугаас болж зам тээврийн осолд өртсөн бол хохирлыг барагдуулах ёстой. Гэтэл манайхан би мөргүүлсэн юм чинь жолооч л хариуцлага хүлээх ёстой гэсэн ташаа ойлголттой явдаг. Ийм эрх зүйн зохицуулалт байхгүй гэдгийг иргэд маань сайн ойлгох ёстой. Энэ бүхнийг уншиж судлаад биелүүлдэг байвал өөрийнхөө амь нас, эд хөрөнгийг хамгаалах бүрэн боломжтой. Жолооч ч гэлтгүй явган зорчигчдын хариуцлага маш чухал юм.

-Дугаарын хязгаарлалт цаашид үргэлжлэх үү?

-Дугаарын хязгаарлалт хийх тухай санал оруулан, хэрэгжүүлж эхэлж байхад Монгол Улсын хэмжээнд 500 гаруй мянган машин байсан. Тэгвэл энэхүү дүрэм хэрэгжиж эхэлснээс буюу 2012 оноос хойш зөвхөн нийслэл л 500 гаруй мянган тээврийн хэрэгсэлтэй болжээ. Тэгэхээр замын хөдөлгөөний зохицуулалт хийхгүй л бол болохгүй. Тиймээс менежмент зайлшгүй байх ёстой юм. Цаашдаа дугаарын хязгаарлалт илүү оновчтой менежментээр солигдох байх гэж бодож байна. Тээврийн хэрэгслийн насжилтаар нь ангилдаг ч юм уу. Эсвэл бүсэд хуваан, орон нутгийн тээврийн хэрэгслийг хязгаарладаг ч байж болох юм. Иймэрхүү менежментүүд цаашдаа хийгдэх шаардлагатай.

Олон улсын зүй тогтлоор арван мянган хүнд ногдох тээврийн хэрэгслийн тоо 250-иас дээш гарах юм бол хувийн хэвшлийн тээврийн хэрэгслүүдэд хязгаарлалт хийдэг. Харин нийтийн тээврийн хэрэгслийг давуу эрхтэйгээр явуулах бодлогыг баримталж эхэлдэг юм билээ. Гэтэл манай оронд арван мянган хүнд ногдох автомашин 300, 400-д хүрчихсэн. Иймд бид ямар нэгэн байдлаар хөдөлгөөний менежмент хийх зайлшгүй шаардлагатай юм.

-Уулзваруудын нэвтрэх чадвар хэр байна вэ. Цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юу?

-Замын зохион байгуулалтын ажил бол Авто тээврийн үндэсний төв, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын ажил шүү дээ. Замын цагдаагийн албанд тодорхой мэргэжилтнүүд байдаг учраас зарчмыг саналуудыг бол хүргүүлдэг.

-Ойрын өдрүүдэд түгжрэл багатай байна. Энэ нь сурагчдын амралттай холбоотой болов уу?

-Замын түгжрэл сурагчдын болоод томоохон захуудын амралттай шууд холбоотой. Ер нь дэлхийн томоохон хотууд тэр дундаа БНХАУ-ын Бээжин хот л гэхэд худалдааны төвүүдээ хотынхоо захад гаргасан. Манай улс нэг сая гаруй хүн амтай, 500-иад мянган тээврийн хэрэгсэлтэй, олон улсын хөдөлгөөнтэй том хот шүү дээ. Тэгэхээр энэ мэт зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Мөн манай их, дээд сургуулиуд бүгдээрээ зорчих хэсгийн зам дагуу байрладаг. Гэтэл манайхан аль хэдийнэ хэдэн арваар нь зам дагуу барьчихсан. Хүүхдүүд, оюутнуудын аюулгүй орчинг бүрдүүлээгүй байх нь ч бий. Олон улсын стандартаараа сургууль замтай ойр байх ёсгүй.

-Манайхан замын түгжрэлээс болоод маш ихээр уурлаж бухимдаж, сигналаа хангинуулдаг. Тэр бүү хэл нударга зөрүүлэх нь ч бий. Ер нь энэ бүхэн жам ёсны зүйл юм уу. Өөрчлөх боломж байдаг уу?

-Манай жолооч нарын энэ хандлага хэн нэгэнд найдаад байгаагийн л илрэл. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмээр энэ бүгдийг зохион байгуулсан. Эрх зүйн орчин хангалттай бий. Үүнийг мөрдөөд явбал дээрх хүндрэлүүд гарахгүй байх боломжтой. Уулзвар дээр хамгийн их түгрэл үүсгэдэг зүйл нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2 шүү дээ. Үүнд “Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно” гэсэн байдаг. Гэтэл манайхан бүгд дайрдаг. Үүнээс болж түгжрэл үүснэ, зам тээврийн осол гардаг. Харин энэ түгжрэлийг цагдаа зохицуулах ёстой гэж жолоочид ойлгодог л доо. Энэ хандлагыг өөрчлөх цаг хэдийнэ болсон. Цагдаа бол болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх, хууль сахиулагчийнхаа үүргийг биелүүлэх ёстой болохоос уулзвар дээрх амьд гэрлэн дохио биш юм шүү. Үүнийг иргэд минь ухамсарлаж хаа хаанаа хариуцлагатай байгаасай. Бусад орнуудад хөдөлгөөний хууль дүрэм биелүүлэлт, хувь хүний соёл, сахилга батаас хамаараад хүндрэлгүйгээр л зохицуулагдаж байдаг.

-Авто машинууд шатсан тохиолдол сүүлийн үед их гарах болжээ. Энэ тухайд?

-Замын цагдаагийн алба тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийдэг. Галын хор, эмийн сан, ослын зогсолтын гурвалжин зэргийг авч явахыг шаарддаг, шалгадаг. Үүнийг манай иргэд цагдаа нар торгох шалтаг хайж байна, төсөвөө бүрдүүлэх нь, цалингаа нэмүүлэх нь гэж хардах нь бий. Угтаа бол торгосон ч бай, торгоогүй ч бай бидэнд нэг ч төгрөгний шагнал урамшуулал байхгүй ээ. Иргэдийн амь нас, эд хөрөнгийг болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр манай хяналт шалгалтууд явдаг юм.

Ямартай ч жолоочид үзэмж төдий галын хор, хугацаа нь хэтэрсэн үгүй нь мэдэгдэхгүй эмийн сан аваад явдаг. Стандартад нийцсэн галын хор аваад явч байвал машиныхаа талыг аваад үлдэх боломж танд бий. Таны авч яваад байгаа үнэртэй усны хэмжээтэй галын хор хэр их зай талбайн галыг унтраах вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Дээрээс нь ослын зогсолтын гурвалжингаа байрлуулаагүйгээс үүдэн орон нутгийн замд зам тээврийн осол их гарч байна. Монгол Улсад нийтдээ 900-иад мянган тээврийн хэрэгсэл байгаа. Үүний 700-иад мянга нь автомашин. Харин эдгээрийн 80 гаруй хувь нь арван жилээс дээш насжилттай. Тиймдээ ч орон нутгийн замд тээврийн хэрэгсэл ихээр эвдэрдэг. Эвдэрсэн тохиолдолд ослын гурвалжингаа төдийлөн тавьдаггүй. Тавьсан ч шаардлага хангахааргүй байдаг. Энэ мэт зөрчлийг нь хэлэхээр “Надад бүгд байгаа биз дээ” гэсэн хариу хэлдэг. Цагдаад шалгуулахын тулд л үзэмж төдий зүйлсийг авч яваад байдаг л даа. Энэ нөгөөх л жолоочийн хариуцлага алдаж байгаагийн нэг тод жишээ.

-Нэг зөрчил гаргахад оноогоор болон торгуулиар хамтад нь торгодог. Үндсэндээ нэг зөрчилд хоёр торгууль оноож байна гэсэн үг. Иргэдийн хувьд үүнд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг. Үүнийг өөрчлөх боломж бий юү?

-Үндсэн болон нэмэгдэл гэсэн шийтгэлийн хэлбэрээр явж байгаа юм. Энэ хууль хэрэгжиж эхэлхээс өмнө нэгэн иргэн 100 гаруй зөрчил гаргасан байгаа юм. Тэр бүр дээрээ торгуулиад л яваад байж. Харин 102 дахь дээрээ эрдэнэт хүний аминд хүрчихсэн тохиолдол байсан. Тэгэхээр энэ мэт жолоочдод ямарваа нэгэн хариуцлагын арга хэмжээ авах шаардлагатай юм байна гэж үзсэн. Зам тээврийн осолд хүргээд байдаг 17 зөрчлийг гаргасан бол оноог нь хасахаар зааж өгсөн. Дээрх дурдсан олон зөрчил гаргасан этгээдэд тухай бүрт нь оноог нь хасаж, эрхийг нь түдгэлзүүлээд байсан бол төдий чинээ зөрчил үйлдэхгүй л байсан шүү дээ. Энэ нь хэдийнэ хуульчлагдчихсан асуудал. Ерөнхийдөө оноог хассанаар сахилга хариуцлага нэмэгдүүлнэ. Нөгөө талаар замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль дүрмийг судлуулах гол зорилготой юм.

-Цагдаа нар урьдчилан сэргийлэх бус, отож байгаад зөрчил гаргангуут нь гарч ирээд л торгоод байна гэж шүүмжлэх нь бий. Энэ талаар юу хэлэх вэ?

-Хөдөлгөөнд оролцож байгаа иргэд цагдаа эсвэл зөрчлийн камер байвал хурдаа хэтрүүлдэггүй. Цагдаа байхгүй л бол хурдаа хэтрүүлж, архи согтууруулах ундаа хэрэглэж дүрэм зөрчдөг. Тиймдээ ч цагдаагийн байгууллагын хяналт шалгалт ил болон далд хяналт гэсэн хоёр хэлбэрээр явдаг. Энэ нь шинжлэх ухааны үндэстэй, олон улсад ч хэрэгжиж байгаа хэлбэр л дээ. Хаана ч цагдаа байж магадгүй гэсэн сэтгэл зүйг олон нийтэд төрүүлэх зорилготой юм. Учир нь иргэд энд цагдаа байдаггүй гэж бодон хурд хэтрүүлэн, осолд өртөх магадлал өндөр байдаг юм. Зарим орнуудад иргэдэд маш их цагдаа харагдуулах хэлбэрээр ч ажилладаг гэдгийг дурдах нь зүйтэй байх. Ямартай ч ил болон далд хэлбэрийн хяналт цаашдаа ч үргэлжилнэ.

-Замын цагдаа нар жолооны үнэмлэх шалгах төхөөрөмжтэй. Тийм байтал жолооны үнэмлэхээ мартсан үед шууд л торгох гэдэг. Зарим тохиолдолд өнгөрөөчихөж болдоггүй юм уу?

-Жолооны үнэмлэх нь 250 км.цаг хурдлах тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг өгч байгаа баримт бичиг. Хуульчлагдсан, зүйлчлэгдсэн, дүрэмжсэн байдаг. Үүнийг шаардахгүй байх эрх бидэнд байхгүй. 22-ын товчооноос цааш, сүлжээгүй газар тэрхүү жолооны үнэмлэх шалгах багаж ажиллахгүй. Гэтэл хөдөө хээр осол гарлаа гэхэд нэр ус, яаралтай тусламж үзүүлэхэд цусны бүлгийг тань бидэнд хэлж өгөх чухал үүргийг энэ алгын чинээ цаас биелүүлдэг. Дээрээс нь хэн нэгний үнэмлэхээр замын хөдөлгөөнд оролцож зөрчил гаргах тохиолдол бий. Тиймдээ ч иргэд маань зайлшгүй биедээ авч явах шаардлагатай.


Categories
мэдээ цаг-үе

Б.Мэргэн: Цэцийн шийдвэрээр УИХ-ын гишүүдийн гэм буруутайг бүрэн дүүрэн шалгах боломжтой болсон

 “Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэн зурган илэрцүүд“Веритас партнерс” хуулийн фирмийн өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа.

– Уих-ын гишүүн зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай заалтыг үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн Цэцээс хүчингүй болголоо…

– УИХ-ын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.9.1 дэх заалтад гишүүнийг зөвхөн гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчилсан тохиолдолд л Улсын ерөнхий прокурорын саналаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлнэ гэж заасан байдаг. Цэцийн гишүүд УИХ-ын гишүүний халдашгүй байдлын тухай дээрх заалт нь Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзэн хүчингүй болголоо.

Энэхүү заалт хүчингүй болсноор судлаачид, хуульчдын дунд хоёр асуудал дээр маргаан үүсээд байгаа юм. Зарим судлаач, хуульчдын хувьд дээрх заалтыг хүчингүй болчихоор ямар ч тохиолдолд УИХ-ын гишүүдийг бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх боломжгүй болчиж байгаа юм бишүү гэх саналтай байна л даа. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос оруулах ганцхан боломж байсан. Тэр нь УИХ-ын гишүүн гэмт хэрэг үйлдэж байхдаа буюу хэргийн газарт нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд л байсан юм. Тиймээс байсан ганц боломжийг нь алга болгочихлоо гэх тайлбарыг ирүүлээд байна.

Прокурорын байгууллагын хууль, Шүүхийн тухай хуулиуд дээр прокурор, шүүх ямар хууль хэрэглэх ёстой талаар заачихсан. Тухайлбал, Прокурорын байгууллагын тухай хуулин дээр Үндсэн хууль, ердийн хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн олон улсын гэрээг хэрэглэх боломжтой гэж заасан байдаг. Үндсэн хуульд зааснаар УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсон асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж бүрэн эрхийг нь түтгэлзүүлэн шийдвэрлэнэ гэж заасан. Тэгэхээр УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх талаар хэн санал оруулахыг заасан зүйл байхгүй ч Прокурорын байгууллага Үндсэн хуулийг хэрэглэх эрхтэй гээд хуулинд нь заачихсан байгаа хэрэг. Тиймээс саналаа оруулах боломжтой гэж бид харж байна.

-Тэгэхээр Уих-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хаанаас оруулах ёстой бас эрхтэй талаар тодорхой болгох шаардлагатай гэсэн үг үү?

-Мэргэжлийн хүмүүсийн дунд ч гэсэн маргаан, төөрөгдөл үүсээд байгаа учраас бүрэн тодорхой болгох хэрэгтэй гэж харж байна. Иймд УИХ-ын тухай хуультай холбогдох нэмэлт өөрчлөлтийг оруулах шаардлагатай. Бид ч өмнө энэ заалтыг хүчингүй болгочихлоо гээд асуудал бүрэн шийдэгдэж байгаа юм биш гэж хэлсэн. Асуудлыг бүрэн шийдэх эхний том алхмаа хийж чадсан. Мэдээж эхний алхам хийгдэхгүйгээр хоёр алхмаа хийнэ гэж байхгүй. Тэгэхээр бид цаашид иргэд, хуулийг хэрэглэж байгаа шүүхийн байгууллагуудын дунд эргэлзээ төрүүлэхгүйн тулд ойлгомжтой, тодорхой болгох хэрэгтэй юм.

Иймийн тулд УИХ-ын гишүүн заавал нотлох баримттайгаар баривчлагдсан тохиолдолд бус гэмт хэрэгт холбогдсон л бол бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх саналыг Ерөнхий прокуророос их хуралд нээлттэй оруулдаг байна шүү гэж л заагаад өгчих хэрэгтэй юм.

-Цэцийн шийдвэртэй холбоотойгоор ард түмний өмнө хариуцлага хүлээх ёстой хэрнээ чуулган таслаад байдаг б.Наранхүү, с.Жавхлан тэргүүтэй гишүүдийг эгүүлэн татах боломж бүрдлээ гэж ойлгож болох уу?

-Ерөнхийдөө УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хоёр үндэслэл байдаг. Нэгдүгээрт, Үндсэн хуулийн 29.3-т заасны дагуу УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдсоныг шүүхээр тогтоосон тохиолдолд эгүүлэн татна. Хоёрт, Үндсэн хуулийн цэцээс УИХ-ын гишүүнийг үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлт гарах юм бол мөн эгүүлэн татаж болдог.

Үндсэн Хуульд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байдаг. Тиймдээ УИХ-ын гишүүд ард түмний эрх ашгийг хамгаалж, тэдний үзэл бодлыг дэмжиж, дуу хоолой нь болох үүрэгтэй юм. Иймд дээрх гишүүд энэ үүргээ биелүүлэхгүй бол Үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг. Саяхан хэсэг хуульчид УИХ-ын гишүүн Б.Наранхүүг УИХ-аас эгүүлэн татах асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд хандсан байсан. Энэ тохиолдолд УИХ-ын тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.6.5 дахь хэсэгт “Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” үндэслэлээр чөлөөлөгдөхийг хуульчлан заасан байдаг. Гэхдээ парламентын гишүүд чуулган таслах эрхтэй байдаг. Тухайн асуудал дээр эсрэг байр суурьтай байна шүү гэдгээ илэрхийлэх нэг хэлбэр гэж ойлгодог. Гэсэн ч таслах эрхтэй гээд үргэлж таслаад бай гэсэн үг биш л дээ.

Харин цэцийн шийдвэртэй холбоотойгоор УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлсэн тохиолдолд гэм буруутай эсэхийг бүрэн дүүрэн шалгах боломж бүрдэж байгаа юм. Мэдээж бүрэн дүүрэн шалгаж байж хэрэг илрүүлэх магадлал өснө шүү дээ. Хэрэв гэм буруутай нь тогтоогдвол дээр хэлсэнчлэн эргүүлэн татах боломжтой.

-Уих-ын гишүүдийн гэм буруутайг тогтоохын тулд хэрэг илрүүлэх ямар ажиллагаанууд хийх боломж бүрдсэн бэ?

-Эрүүгийн хэрэг хянан шийдүүлэх тухай хуулиар тухайн хэргийг илрүүлэхийн тулд чамгүй их ажиллагаануудыг хийж болдог. Харин цэцийн шийдвэрээр хүчингүй болгосон заалтыг хэрэгжиж байх үед тэдгээр ажиллагаануудаас албадан саатуулах, цагдан хорих, түүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулах, гэр, албан өрөө, тээврийн хэрэгсэл, биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглодог байсан. Энэ тохиолдолд мэдээж гэм буруутайг тогтоох магадлал буурна шүү дээ.

Гэхдээ гэрчээр дуудах, эрүүгийн хэргийг шүүх рүү шилжүүлэх, биологийн дээжийн шинжилгээ илрүүлэх зэрэг нь нээлттэй байсныг дурдах нь зүйтэй байх. Биологийн дээж илрүүлэх буюу бидний сайн мэдэхээр ДНК, эсийн шинжилгээнүүд юм. Энэ заалт нь өмнө нь байсан төдийгүй гишүүний халдашгүй байдал ч хамаарахгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлж байж хийгдэх ажиллагаа биш юм. Тэр ч утгаараа бид цэцийн хуралдаан болохоос ч өмнө Д.Гантулга гишүүнтэй холбоотойгоор прокурорт хүсэлт бичсэн. Д.Гантулга гишүүнд биологийн шинжилгээ хийж өгөөчээ гэсэн хүсэлт бичсэн гэсэн үг. Прокурорын зүгээс биологийн шинжилгээ хий гэх үүрэг даалгаврыг мөрдөгчид өгсөн. Одоогоор тэрхүү үйл ажиллагааг мөрдөгч хийгээгүй байна. Бид хуулийн хугацаанд нь хүлээж байгаа. Хэрэв ажиллагаа хийгдэхгүй бол дахин шаардлагаа тавих болно.


Categories
мэдээ цаг-үе

Н.Батнасан: Нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, шийдвэр гаргах чадвар юу юунаас чухал

МУИС-ийн Бизнесийн сургуулийн профессор, доктор Н.Батнасантай ярилцлаа.

-Та багш болсон түүхээ хуваалцаач?

-Миний ээж, аав хоёр минь багш мэргэжилтэй хүмүүс л дээ. Гэхдээ цаг наргүй ажилладаг байсан учраас би багш болъё гэж ерөөсөө боддоггүй байсан. Миний бие бусад нөхдийн хамтаар МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг Гадаад худалдааны эдийн засагч мэргэжлээр 1993 онд онд төгслөө. 90-ээд оны эхэн үед бид англи хэлтэй, америк, солонгос багш нараар хичээл заалгачихсан, зах зээлийн эдийн засгийн тухай мэдлэгтэй хүмүүс төгсч байлаа. Төгсөөд ажлын байр ч бэлэн байсан. Миний хувьд “Улсын бөөний худалдааны нэгдэл” –д хуваарилагдаад байсан юм. Оюутан байх үедээ худалдааны нэгдлээсээ сар бүр стипенд авна. Зардлаар нь гадагшаа үйлдвэрлэлийн дадлага хийж байсан юмдаг. Тиймдээ ч сургуулиа төгсөөд шууд л худалдааны нэгдэлдээ ажиллана гэсэн бодолтой явлаа. Харин манай тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Арцын Дамдин багш маань намайг багшаар үлдээнэ гэдэг юм байна. “Улсын бөөний худалдааны нэгдэл”-ээс өгсөн стипенд, гадагшаа явах сургалтын төлбөр зэрэг нийлээд 16 мянган төгрөг болсон юм билээ. Түүнийг ч сургуулиас төлөхөөр болж, намайг багшаар үлдээхээр шийдэцгээсэн.

Харин би “Улсын бөөний худалдааны нэгдэл” –д ажиллаж чадахгүй гэдгээ хэлэх гэж очоод тэндээ үлдчихсэн юм. Тухайн үед шилжилтийн хүнд цаг үе байсан болохоор амьжиргаагаа бодоод Улсын бөөний худалдааны нэгдэлд мэргэжлээрээ ажиллахаар шийдсэн л дээ. Харин хэдэн жилийн дараа Дамдин багштайгаа нүүр тулж уучлал гуйн, сэтгэл уужирч билээ. Ямартай ч би сонголтдоо тууштай байж “Улсын бөөний худалдааны нэгдэл”-д мэргэжилтнээс концерны ерөнхий захирал хүртэл дэвшин ажилласан.

1996 онд Дамдин багшийнхаа зөвлөсний дагуу МУИС-ийн аспирантурт элсэн суралцсан. Ажиллаж байсан байгууллага маань хувьчлагдаж, докторын зэргээ хамгаалсны дараахан үеэс МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багшилж эхэлсэн юм. Үүнээс хойш 18 дахь жилдээ багшилж байна даа.

-Багш бүр л өөрийн гэсэн заах арга барилтай байдаг. Харин таны хувьд?

-Би олон улсын бизнес, худалдааны чиглэлийн хичээлүүд ордог. Сүүлийн жилүүдийн элсэлтийн нөхцөл байдлаас харахад Ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн оюун ухааныг тэлж задалж өгдөг математик, физикийн хичээлүүдээр эзэмшдэг мэдлэг чадвар нь муудаж, сэтгэлгээний чадавх нь жаахан доройтож байгаа юм шиг санагддаг. Энэ талын чадвар элсэн орж буй хүүхдүүдийн хувьд тааруухан байна л даа. Ер нь бизнесийн чиглэлээр суралцаж буй оюутан хүн судалж буй тухайн хичээлийнхээ талаар тодорхой мэдлэгтэй байхаас гадна нөхцөл байдалд дүн шинжилгээ хийн, шийдвэр гаргах чадвартай байх нь юу юунаас чухал. Тиймдээ ч нэгтгэн дүгнэх, сэтгэн бодох гэх мэт чадвартай байх хэрэгтэй. Миний хувьд энэ чадварыг хөгжүүлэх тал дээр илүүтэй анхаардаг. Их сургуульд ажилладаг шавь нартаа ч ийм шаардлага тавих хэрэгтэй гэж зөвлөдөг.

Тодорхой хичээлээр эзэмшсэн мэргэжлийн мэдлэг хэсэг хугацааны дараа мартагдах буюу хуучирч, огтоос хэрэггүй болох нь бий. Харин хүний эзэмшсэн ур чадвар бол насан туршид хадгалагддаг зүйл. Орчин үед эзэмшсэн мэргэжлээрээ насан туршдаа хоолоо олж идэх баталгаа байхгүй болж байна. Орчуулагч, жолооч гэх мэт олон мэргэжлийн хэрэгцээ шаардлага багасч байгаатай нэгэн адилаар нягтлан гэх мэт олон мэргэжлүүд устаж алга болох хандлагатай болж байна. Энэ бол хөгжлийн хандлага л даа. Тиймээс л хувь хүний сэтгэн бодох, ухаарч ойлгох, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах зэрэг чадваруудыг хөгжүүлэх нь маш чухал юм. Үүнийг хичээл сургалтдаа гол болгож, оюутнуудыг сэтгэн бодох, бие даах чадварыг хөгжүүлэх асуудалд анхаарч ажилладаг даа.

-Манай улс Гадаад худалдааны эдийн засагчийг хэдийнээс бэлтгэж эхэлсэн юм бэ?

-Манай ангийнхан энэ чиглэлээр төгссөн хамгийн анхны төгсөгчид нь байсан. Түүнээс хойш хэсэг завсарлаад намайг энэ сургуульд ажиллаж эхэлсэн үеэс дараагийн төгсөлтүүдийг бэлтгэж эхэлсэн.

-Манайд хэр эрэлттэй байгаа мэргэжил вэ?

– Манай улс жижигхэн улс л даа. Жижигхэн улсын зовлонгууд бий. Юун түрүүнд зах зээл нь жижигхэн учраас бүх төрлийн бизнесүүдийг зэрэг хөгжүүлээд байх боломж байдаггүй. Тухайлбал, Автомашины бизнесийн орлого, зарлагыг тэнцүүлэхийн тулд дор хаяж 300 мянган ширхэгийг үйлдвэрлэх шаардлагатай. Манай улсад 600 мянган ширхэг машин бий. Машины насжилт дунджаар 10-15 жил байгаа. Тэгэхээр хоёрхон жилийн дотор л Монголын машины зах зээлийг дүүргэчихнэ. Түүнээс цааш яах вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Бүх бизнесийг хөгжүүлж болдоггүйн ганц жишээг дурдахад л ийм байна.

Дээрээс нь бид америк, япончуудын үйлдвэрлэж байгаа зүйлийг доогуур үнээр хийж байж адил үнээр зарах хэрэгтэй болно. Учир нь бидний хувьд тээврийн зардал тэдгээр улсуудтай харьцуулахад маш өндөр шүү дээ. Мөн бид цаг агаарын хүнд, хатуу нөхцөл нэг бизнесийг жилийн дөрвөн улирал хийх боломжийг нь хязгаарладаг. Өөрөөр хэлбэл бид маш өндөр өртөг зардалтай бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тиймээс манай оронд эдийн засгийн бүх салбаруудыг хөгжүүлэх боломжгүй. Бид бусдаас хямдхан, сайн хийж болох зүйлээ үйлдвэрлэж, зардал ихтэй хийх тийм зүйлсээ бусдаас хямдхан авч байж улс маань эдийн засгийн хувьд үр ашигтай, хурдан хөгжинө. Сайн болоод хямдхан хийж чаддаг зүйлээрээ бид төрөлжих ёстой. Жижиг улсын хөгжлийн гол замнал энэ байдаг. Ингэж чадсан орнууд нь ч хөгжсөн. Энэ зам руу орох гол суваг нь олон улсын бизнес юм.

Ер нь Монголд гадаад зах зээлтэй холбогдоогүй нэг ч бизнес байхгүй. Тэгэхээр манай мэргэжлийн хэрэгцээ өндөр. Харамсалтай нь манайд гадаад худалдааг мэргэжлийн хүмүүс хийх үү эсвэл өмчийн эзэд нь хийх ёстой юу гэдгийг ойлгодоггүй. Компаниуд ихэвчлэн гэр бүлээрээ бизнесээ эрхэлдэг. Мэргэжлийн бус хүмүүс учраас бусдаас хямдхан авч болох зүйлийг үнэтэй худалдан авах, гэрээ хэлэлцээрээ буруу хийдэг гэх зэрэг алдаанууд гаргадаг. Тиймдээ ч 2000-аад оны эхээр манай мэргэжлээр төгслөө гэхэд ажлын байр хомс байдаг байлаа. Харин одоо бол нөхцөл байдал харьцангуй сайжирч байгаа шүү.

-Таны бодлоор улс орныг ямар мэргэжил мэдлэг, чадвар бүхий хүмүүс удирдан залж явдаг вэ?

-Улсыг стратегич хүмүүс л авч явах ёстой. Сайн стратегич байх нь юу юунаас чухал. Өнөөдрийн хийж байгаа зүйл нь маргааш хийх зүйлтэй нь зөрчилдөхгүй, өчигдөр гаргасан шийдвэр өнөөдрийн ажлыг нь дэмжиж чадахуйц тийм л шийдвэр гаргах ёстой. Магадгүй өнөөдрийн шийдвэр нь 10, 20 жилийн дараа тухайн улсын хөгжлийн тулгуур болж байх ёстой. Тэр болгон жижиг, сажиг зүйл рүү орох шаардлага ч байхгүй. Илүү алс холыг харж шийдвэр гаргадаг хүмүүсийг л стратегич гээд байгаа юм шүү дээ. Харин ийм чадварыг бизнес, эдийн засгийн мэргэжлийнхэнд илүүтэй олгодог гэж би үздэг. Учир нь улс орны засгийн эрхийг барьж байгаа хүмүүсийг ч харахад энэ чиглэлийн хүмүүс давамгай байдаг. Улс төрд орчихсон хүмүүс авьяастайдаа биш эдийн засгийн чиглэлээс сурч олж авсан мэдлэг, ур чадвар нь тухайн хүнд стратегич байх чадварыг олгодог юм болов уу гэж хардаг.

-Та шавь нараас маань их сургуульд багшилж байгаа хүмүүс цөөнгүй гэж дээр хэллээ. Бахархаж явдаг шавь нар олон биз?

– Ер нь бий шүү. Салбартаа төдийгүй улс төрд ч амжилттай яваа хүмүүс цөөнгүй байдаг. Тэр болгоныг нэр дурдаад юу гэхэв. Нэр дурдахгүй үлдээчихвэл гомдоно байх. Би багшлахын сацуу БСШУЯ-ны дэргэдэх эдийн засаг, бизнесийн удирдлагаар докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүнээр олон жил ажилласан. Энэ хугацаанд хэд хэдэн докторуудыг бэлтгэн гаргахад хувь нэмэрээ оруулжээ. Ер нь бэлтгэж гаргасан бүхий л шавь нараа тоолвол арваад мянга хүрнэ байх шүү.

-Таны дүү нар бас багш мэргэжилтэй гэсэн байх аа?

-Би эхээс наймуулаа. Биднээс дөрөв нь их сургуулиудад багшилдаг. Бизнес, цөмийн физик, мэдээлэл зүйн чиглэлээр багшилдаг. Дүү нар маань Япон, Солонгост эрдмийн зэрэг хамгаалцгаасан. Аав, ээж минь багш хүмүүс болохоор бид номон дунд л өссөн. Тиймдээ ч хүүхдүүд нь эрдэм номыг эрхэмлэдэг хүмүүс болж төлөвшсөн юм болов уу гэж боддог.

-Та гэр бүлээ танилцуулаач?

-Би эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань эмч мэргэжилтэй. Манай хоёр хүүхэд оюутан, нэг нь дунд сургуульд сурдаг юм. Эхнэр эмч хүн учир дуудлаганд их явдаг юм. Би өдөр тутмынхаа ажил үүрэгт ажилд ихэнх цаг заваа зарцуулдаг. Ер нь их сургуульд багшлах ажилд зарцуулах хугацаа харьцангуй бага л даа. Их сургуулийн багшид хичээл заахаас гадна төсөл, судалгаа хийх, төр засаг, олон улсын болон бизнесийн байгууллагуудад зөвлөхөөр ажиллах гээд олон төрлийн ажил бий. Харин шөнө оройн цагаар эхнэрийнхээ жолоочийг хийж, энхийн манаанд хамт зүтгэдэг дээ.(инээв) Хүний амь нас хамгаас үнэтэй чухал зүйл хойно яалтай билээ.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Соёл-Эрдэнэ: Олон улсын аяллын агентлагуудын маршрутад Монголын талаарх мэдээлэл огт байдаггүй

Олон улсын сүлжээ “Рамада”, “Холидэй Инн” зочид буудлын Удирдлагын хорооны дарга, “Монголын аялал жуулчлалын бизнес хөгжлийн зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Соёл-Эрдэнэтэй ярилцлаа.

-Нэг сая жуулчин авчирна гэж цөөнгүй жил ярьж байна. Бид энэ тоог нэмэх, эсвэл ядаж энэ тоондоо хүрэх боломж бий юү?

-Гурван жилийн өмнө Монгол Улс аялал жуулчлалын өрсөлдөх чадамжаар 90-д эрэмбэлэгдэж байсан бол өдгөө 12 байраар ухарчээ. Бодлого тодорхойлогчид олон жилийн турш нэг сая жуулчин Монголд хүлээн авахаар төлөвлөсөн ч энэхүү төлөвлөгөө цаасан дээрээс цааш хөдөлсөнгүй. Энэ оны эхний арван нэгдүгээр сарын байдлаар л гэхэд бодит үр дүн дөнгөж 451.9 мянга байна. Тиймдээ ч нэг сая жуулчин хүлээж авах хугацааг хойшлуулсаар байна. Ерөнхийдөө манайхан аялал жуулчлалын ямар чухал салбар болохыг сайн ойлгохгүй байх шиг л санагдаад байгаа юм. Дэлхий дээр аялал жуулчлалын бүтээгдэхүүнээр өөрсдийгөө тэжээж буй цөөнгүй орнууд байдаг. Мальдив л гэхэд эдийн засгийнхаа 79.4 хувийг зөвхөн энэ салбараас бүрдүүлдэг. Гүрж, Макао , Ямайк, Камбож зэрэг орнууд ч мөн ялгаагүй. Манай орны хувьд аялал жуулчлалын бүтээгдэхүүний асар их нөөцтэй боловч ЭЗ-ийн дөнгөж 9.4 хувь нь жуулчлалаас бүрдүүлж байна шүү дээ. Уул нь Монгол Улс өмнө нь хэзээ ч байгаагүй анхаарлыг аялал жуулчлалын салбарт хандуулсан. “ITB Berlin” үзэсгэлэнд 2015 онд оролцохдоо 5.4 тэрбум төгрөгийн хөрөнгийг төсвөөс зарцуулсан шүү дээ. Гэсэн ч бидний хүлээж авсан жуулчдын тоо сүүлийн таван жилд 4.6%-иар буураад байна.

-Жуулчдын тоо буураад байгаа шалтгаан нь юу юм бэ?

-Энэ асуултад хариулахаас өмнө бид үнэхээр өөрсдийн талаарх сонирхол татахуйц мэдээллийг хангалттай тэдэнд хүргэж байгаа юу гэсэн асуулт өөрийн эрхгүй гарч ирнэ. Аялал жуулчлал идэвхтэй орнуудын иргэдийг мэдээлэл, сурталчилгаагаар хангах нь юу юунаас чухал гэсэн үг л дээ. Ер нь бол жилээс жилд онлайн сурталчилгааны эзлэх хувь өсөж байна. Тиймдээ ч аялал жуулчлалын өрсөлдөөнд байх улс орнууд цахим стратегиа хэрэгжүүлж контент үйлдвэрлэж байна. Тухайлбал, АНУ-ын Калифорни хотын “Dream 365”, Шинэ Зеландын ЗГ-аас санхүүжүүлэн ОУ-ын нэр хүндтэй “Mind­share” агентлагийн 2007 онд гүйцэтгэсэн “Нэгдсэн онлайн хөтөлбөр” зэргийг нэрлэж болно. Харин оффлайн контентын хамгийн амжилттай төрөл нь кино. Кино нь зөвхөн аялагчдад мэдээлэл хүргэхээс гадна, аялал жуулчлалын бүтээгдэхүүн болдгийг Шинэ Зеландад “Бөгжний эзэн”, “Hobbit”, Хятадад “Аватар” зэрэг кинонуудын жишээнээс харж болно. “Аватар” киноны зураг авалт хийсэн газар л гэхэд жилдээ 30 сая жуулчин ирдэг. Энэ мэт контент үйлдвэрлэл, аялал жуулчлалын маркетингийн жишээнүүдийг зөвхөн төрийн байгууллага, Засгийн газрууд нэгдсэн зохион байгуулалтаар хэрэгжүүлсэн байдаг. Гэвч Монгол Улсад кино битгий хэл нэгдсэн бодлогоор нэг ширхэг ч видео байхгүй гэдгийг энд дурдах нь зүйтэй байх.

-Та бүхний судалж, харж байгаагаар Монголд ирэх жуулчид ихэвчлэн аль улс орноос илүүтэй байх бол?

-2016 оны статистикт манай улсад ирсэн жуулчдын тоог 404 мянга гэж тодорхойлсон. Уг тоо сүүлийн арван жилд лав өссөнгүй. Үүнийг улс орнуудаар авч үзвэл БНХАУ, ОХУ-ын жуулчид дийлэнхдээ ирдэг. Зочид буудлуудын хүлээн авсан жуулчид жилд дунджаар дөнгөж 100 мянга гэсэн тооцоо ч бий. Энэ тооны дийлэнх хувийг Ази, Номхон далайн бүсээс ирсэн зочид бүрдүүлдэг. Энэ оны Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын тайланд Ази, Номхон далайн бүсийн 10 орон аялал жуулчлалын өрсөлдөх чадвараа хамгийн их нэмэгдүүлсэн болохыг зарласан. Харамсалтай нь манай орон үүнд багтаагүй. Тэгэхээр амлалт болгодог нэг сая жуулчныг хаанаас, яаж авчрах асуудлыг төр, засгийн түвшинд өндөр ач холбогдол өгч авч үзэх хэрэгтэй.

-Нэг сая жуулчин хүлээн авах хангалттай нислэг манайд бий юү?

-Аялал жуулчлалын өрсөлдөөний чадварын тайланд манай улсын тээврийн индекс хамгийн муу үзүүлэлттэй гарсан. Одоогоор “Чингис хаан” буудал олон улсын шууд нислэгээр жилдээ 510 мянган зорчигч хүлээж авах хүчин чадалтай. Гэхдээ зуны улиралд ачааллаа дийлэхгүй, харин өвөлдөө маш цөөхөн зорчигчид зорчдог. Хөшигтийн хөндийн онгоцны буудал ашиглалтад орвол жилдээ 1.4 сая зорчигчид тээвэрлэх боломж бүрдэнэ л дээ. Гэхдээ шууд нислэгийн чиглэл нэмэгдэх, авиа компаниуд зорчигч тээврийн квотыг холбогдох төрийн байгууллагаас хангалттай авах эсэхээс хамаарч манай оронд ирэх жуулчдын тоо нэмэгдэнэ.

Харин тийзний үнэ тухайн чиглэлийн нислэгийн эрэлт буюу онгоцны дүүргэлт, тийзний ангилал, тийзээ урьдчилан захиалсан эсэх, зорчигчдын урсгал гэх мэт нөхцөлүүдээс хамаардаг. Жишээлбэл, УБ-Бээжин, Бээжин-УБ чиглэлийн тийзний үнийн зөрүү 250 мянган төгрөг л байдаг. Гэсэн ч тийзний үнэ өндөр байгаагийн суурь шалтгаан нь хоёр улсын иргэний нисэхийн гэрээ, конвенц, шууд нислэгийн тоо, дамжин өнгөрөх гэрээ гэх мэт маш олон зүйлээс давхар хамаарна.Энэ тухай эдийн засагч Д.Жаргалсайхан “Зочноо саравчилсан зочлолын салбар” нийтлэлдээ “Аялал жуулчлалын бизнес нислэгээс хамаарч байгааг онцлоод, авиа компаниуд зөвхөн төрийн өмчийн МИАТ компанитай тохирсон нөхцөлөөр л Улаанбаатар руу нисдэг. Энэ нь дэлхийд хамгийн өндөр тийзний үнэтэй 10 орны нэгээр Монголыг тодруулдаг төдийгүй, нислэгийн хүртээмж хангалтгүй байхад нөлөөлдөг” гэж бичсэн удаатай.

-Манай улс руу аялах визний асуудал ч мөн ялгаагүй ярвигтай байдаг талаар сонсож байсан юм байна. Энэ тухайд?

-Жуулчдыг хүлээн авахыг хүсдэг орнуудын жишээнээс харахад гурван цагт багтааж виз гаргадаг улс орон ч байна. Гэтэл манайд ирэх жуулчид хоёроос таван хоног хүлээгээд ч гардаггүй. Ихэнхдээ заавал өөрийн биеэр элчин сайдын газар очих ёстой болдог. Гэтэл улс орнууд хоорондоо харилцах зорчих визний нөхцөлөө улам бүр таатай болгож байна. Жишээ нь, “2008 онд нийт аялагчдын 77 хувь нь гадаад улс руу зорчихдоо виз авдаг байсан. Харин 2016 онд энэ тоо 58 хувь болж буурсан байна. Судалгаанд оролцсон нийт орнуудын 85 хувь нь сүүлийн жилүүдэд визний журмаа зөөллөсөн байгааг нийтлэлч В.Ганзориг “Айлсал ба Аялал жуулчлал” нийтлэлд дурдсан байдаг. Дээр дурдсан визний асуудлаас гадна “Ex­pedia, Inc.,” “Lotte”, “Red­cap”, “Bcdtravel” гэх мэт олон улсын аяллын агентлагуудын маршрутад Монголын талаарх мэдээллэл огт байдаггүй. Энэ нь дамжин өнгөрөх жуулчдад зориулж 72 цаг хүртэлх визгүй зорчих нөхцөл бүрдээгүй байгаатай холбоотой. Энэ нь олон улсын тойрон аялалд багтахгүй байх гол нөхцөл болоод байгаа хэрэг.

-Жуулчид ирлээ гэхэд хүлээж авах нөхцөл боломж нь ямар түвшинд байгаа вэ?

-2010 онд 300 орчим байсан жуулчны бааз дотоодын жуулчдын ачаар сүүлийн долоон жилд 700 орчимд хүрсэн байдаг. Гэхдээ шинэ журмын дагуу 2016 онд 254 компани аяллын операторын гэрчилгээ шинээр авсан болон сунгуулсан. Энэ тоо өсөж байгаа нь сайн боловч сөрөг талууд ч нэлээдгүй үүсчээ. Манай орны үзэсгэлэнтэй, онгон байгаль хаана байна тэнд л багширсан баахан гэр баазууд бий болсон. Энэ нь жуулчдыг хамгийн их татдаг нүүдлийн соёл, онгон байгалийг алдагдуулж эхэллээ. Тэдгээр баазууд бүгд л ижил бүтээгдэхүүн санал болгодог. Онцгойрох зүйл байхгүй гэсэн үг. Мөн тэд олон улсаас шинээр жуулчин нэмж авах талаар биш, аль хэдийнэ Монголыг сонгоод ирчихсэн байгаа жуулчдын дунд л харилцан үнэ буулгаж өөр хоорондоо өрсөлдөж байна. Гэтэл БНСУ-ын Чэжү арал дээр манай “Морьтон монгол” үзүүлбэр нэг сая, Өмнөд Монголын Ордост байх Чингис хааны мөргөл гурван сая жуулчин татаж байна. Нэг жилийн л хугацаанд шүү дээ. Ерөнхийдөө бусад орнуудад түүхийн онцлог, баримтад тулгуурласан аялал жуулчлалын бүтээгдэхүүнд маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. Асар хүчтэй хөгжүүлснээр жуулчдыг ч хүссэнээрээ татаж байна. Гэтэл бид бэлэн түүх байхад ярихаас цаашгүй л суусаар байна.

Ерөнхийдөө жуулчид Монголын нүүдлийн соёл, онгон байгалийг л хамгийн их сонирхож ирдэг. Гэтэл сая жуулчдыг хүлээж авахдаа өөрсдийн соёл, давуу тал, давтагдашгүй байдлаа хадгалж үлдэх бодлого бидэнд алга. Нөгөө талдаа уг бодлого зайлшгүй шаардлагатай байгааг дотоодын 60 мянган жуулчны нөлөөгөөр “Цонжин Болдог” хөшөөтэй цогцолбор, Хөвсгөл далай, Хархорин орчмоос байгалийн давтагдашгүй байдал хэрхэн алдагдаж байгааг тод томруун харах боломжтой. Газар олголт ч мөн ялгаагүй маш замбараагүй байдалд хүрсэн. Байгаль орчноо хамгаалж байгаа жишээ дурдахад Хятадын Чэнгдүд жилд 1,2-1,5 сая жуулчин хүлээж авдаг. Гэсэн ч тэд жуулчдын төлсөн мөнгөөр байгалиа хамгаалж, онгон дагшин хэвээр нь хадгалсаар байгаа. Тийм болохоор манай орон “Тогтвортой аялал жуулчлалд” бэлэн үү гэдэг маш том асуулт гарч ирж байна.

-Нэг сая жуулчин хүлээн авах дотоодын худалдаа, үйлчилгээ, иргэдийн ухамсар ер нь бэлэн байгаа юу?

-Жуулчдын хэрэгцээг газар үзэх, мэдлэг мэдээлэл олох, мөнгө үрэх гэж гурав ангилж болох юм. Гэвч Монголд мөнгө үрэх зүйл маш цөөхөн. Жишээ нь өмнөд хөршийн жуулчид Монголд аялахдаа 1532 ам.доллар зарцуулдаг гэж Монголбанкны судалгаагаар гарсан. Харин бусад оронд аялахдаа 3252 ам.доллар зарцуулдаг хэмээн WTCF байгууллага дурдсан байна. Үүний 58 хувийг дэлгүүр хэсэж үрдэг. Дэлгүүр хэсэхээс гадна ресторан, зочид буудал, интертайнмент, санхүүгийн үйлчилгээ, машин түрээс, такси гэх мэт үйлчилгээнүүд багтдаг байна. Тэгвэл бид нэг сая жуулчны мөнгийг Монголдоо үлдээж чадах уу. Саяхан нэг жуулчин нисэх буудлаас хотын төвд ирэхэд 100 мянган төгрөг төлсөн тухай цахим орчинд тархсан. Манай үйлчилгээний чанар, ёс суртахуун ямар байгааг энэ жижиг жишээ л илэрхийлж байна. Мөн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр манай улсын дэд бүтэц бүс нутгийн улсуудын дундаж үзүүлэлтээс хоёр дахин муу гарсан байдаг. Энэ мэт асуудлыг сайжруулахын тулд төр, засгийн байгууллага, үйлчилгээний салбарынхаа бизнес эрхлэгчдийг урамшуулах, аялал жуулчлалын ээлтэй бодлогоор дэмжих хэрэгтэй болов уу.

-Жуулчдыг хүлээн авахад төр, засгийн зүгээс өөр ямар асуудалд анхаарлаа хандуулаасай гэж бодож байна вэ?

-Манай иргэд сүүлийн жилүүдэд Байгаль далай, Итгэлт хамба, Улаан-Үүд, Манжуур зэрэг газрууд руу групп аяллыг маш их зохион байгуулж байна. Энэ бас аялал жуулчлалын нэг л бүтээгдэхүүн. Үүнтэй адилаар бид хөрш орнуудын иргэдийг хил орчмын аялал жуулчлалаар татах хэрэгтэй. Гагцхүү аялал жуулчлалын таатай орчныг нь төр, засаг бүрдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, хил орчмын дэд бүтцийг хөгжүүлэх, групп жуулчид орж гарах таатай нөхцөлийг бүрдүүлэх, жуулчдын аюулгүй байдлыг хангах зэргийг нэрлэж болно. Байгуулагдсаныхаа 30 жилийн ойг саяхан тэмдэглэсэн БОАЖЯ-ны хэрэгжүүлэх 30 бүтээлч ажлын хүрээнд аялал жуулчлалын салбарын хувийн хэвшилд тулгарч байгаа эдгээр асуудлуудыг тусгаасай гэж хүсэж байна.

Аялал жуулчлалын салбарт зөвхөн хувийн хэвшлийн компаниуд дийлэхээргүй, төрийн бодлого, зохицуулалт дутагдаж байгаа олон хүчин зүйлс бий. Хэрэв дутагдаж байгаа нэгдсэн бодлого, хууль, эрх зүй болон дэд бүтцийн асуудлыг шийдэж чадвал хувийн хэвшилд үлдсэнийг нь хийх чадамж бүрэн байгаа төдийгүй, аялал жуулчлалын салбарт өсөлт гарах хангалттай нөөц байгааг ч мэргэжилтнүүд онцолсоор байгаа юм.