Categories
мэдээ цаг-үе

Завхан аймгийн Тэс сумын бүрэн дунд сургуулийн 1988 оны төгсөлт болох “8B” ангийнхан

Завхан аймгийн Тэс сумын бүрэн дунд сургуулийн 1988 оны төгсөлт болох “8B” ангийнхан “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. Тэд бага ангиа “Боловсролын тэргүүний ажилтан” С.Үдэнбаарай, дунд ангиа Д.Өнөрчимэг багшийн удирдлага дор 29-үүлээ төгсжээ. Тэд дунд сургуулиа төгсөөд гуч дахь хавартайгаа золгож байгаа нь энэ юм. Төгсөлтийнхөө гучин жилийн ойгоо угтаж төрөлх сургууль дээрээ 2018 оны долдугаар сарын 11-нд уулзахаар болжээ. Уулзалт зохион байгуулах хариуцлагатай үүргийг Ч.Гантулга, Д.Ариунбаатар, ангийн дарга Б.Батсайхан нар хүлээгээд байгаа аж. “Нэг ангийнхан” булангаар уулзалтын тов зарласнаа ангийнхандаа дамжуулж байгаагаа ч Улаанбаатар хотод байх нөхөд нь уламжилсан. Тэд дунд сургуулиа төгсөөд тал тал тийш нисэн одож, сая нэг амсхийн халуун ам бүлээрээ уулзах гэж буй нь энэ юм. Хэдий анги танхимдаа мөр зэрэгцэн суулгүй гучин жилийг ардаа орхисон ч Тэс голынхоо хөвөөн дээр даарах, ядрахаа үл анзааран тоглон наадаж байсан мөчүүд нь одоо ч тэдний сэтгэлд тодхон.

“8B” ангийнхан сургуульдаа сурлага, урлаг, спортоороо эхний эгнээнд жагсана. Тэд ангиараа нэгэн жигд сайн сурлагатай. Тэр дундаас Д.Ариунбаатар, Б.Мөнхтогтох нар гоцорно. Математик, физикийн хичээлдээ тун сайн Б.Мөнхтогтохын хувьд сургуулийн тэргүүний сурагчаар ч тодорсон нь бий. Сайхан дуулдаг Х.Энэбиш, Д.Төвсанаа нар урлаг уран сайхны арга хэмжээнд тэргүүлж оролцоно. Б.Батсайхан спортоороо ангийнхнаа манлайлаад зогсохгүй сургуулийнхаа нэрийн хуудас болдог байж. Сагс тоглоно, гүйнэ, бөх барилдана гээд түүнд чадахгүй спортын төрөл тун ховор. Авхаалж самбаа, идэвх санаачилгатай энэ ангийнхан дэггүй, дүрсгүйгээрээ ч сургуульдаа онцгойрно. Ч.Гантулга, Г.Баттулга тэргүүтэй дүрсгүй хөвгүүдээс багш нар ч халагладаг байж. Тэд охидыг төдийгүй үеийнхэн, дүү нараа ч шоглох нь энүүхэнд.

Энэ талаар Ч.Гантулга “Г.Баттулга бид хоёр их ч дүрсгүй байж. Бид хоёр үймүүлж байгаад физикийн хичээл дээр тааруухан дүн авч билээ. Уг нь хичээлдээ тааруу нөхөд биш л дээ. Тухайн үед нэг нь л буруу зүйл хийсэн бол бүгдээрээ шийтгүүлдэг байсны нэг жишээ тэр болов уу. Манайхан ангиараа шийтгүүлсэн тохиолдол бишгүй их. Бүгдээрээ коридорт гараа өргөж зогсоно, анги цэвэрлэнэ. Ер нь эргээд бодоход бид ч их дүрсгүйтэж багшийнхаа цалингаас багагүй хасуулдаг байж. Тэглээ гээд багш минь бидэнд гомдож тунирхаж байсан удаагүй. Аль болох л өмгөөлж, хамгаалж, хичээлд нь суулгах гэж хичээдэг байж дээ. Намайг хүмүүс одоо ч багын зангаар минь дүрсгүй гэж боддог шиг байгаа юм. Одоо бол өнөөх дүрсгүй нөхөд их томоожсон шүү. Хүний хань, аав, бүр өвөө ч болцгоосон байна.

Бид Тэс голынхоо хөвөөн дээр өвөл зунгүй л тоглож наадацгаадаг байлаа даа. Өвлийн улиралд өглөө гэхэд голын хөвөөгөө дагаад битүү манан болчихсон байдаг сан. Өвлийн тэр хүйтэнд биеийн тамирын хичээл гадаа орох нь цөөнгүй. Манай сумын урд талд онгоцны буудал бий л дээ. Хоёр километр орчим үргэлжилсэн урт төмөр хашаа байдаг юм. Бид ч даарахыг үл ажран өнөөх хашаагаа тойроод гүйнэ. Зарим нэг нь нуугдана, дөтлөнө. Тэгж яваад багшдаа баригдана гээд хөгтэй юм их болдог сон. Яагаад ч юм манай сумынхан биеийн тамиртаа их сайн. Цаг уурын эрс тэрс байдал ч их нөлөөлдөг байх” хэмээн ярьсан.

Ч.Гантулгыг өнгөрсөн шинэ жилээр хүмүүнлэгийн үйлс олонтаа хийсэн хэмээн төрийн дээд “Алтан гадас” одонгоор мялаажээ. Тэрээр тэмдэглэлт баяруудаар хэд, хэдэн хувьд асрамжийн газруудаар явж хүүхдүүд баярлуулдаг байна. Мөн жүжигчин Г.Ундармаатай хамтран сайн үйлсийн аянд хамтран ажилласаар иржээ. Одоо тэд “Эх хүүхдийн эрүүл мэндийн төв”-ийн зарим хэсгийг засаж, янзлахаар ажиллаж байгаа юм байна.

Түүний хувьд ангийнхаа 30 жилийн ойн уулзалтад зориулж “Бид нэг ангийнхан” хэмээх шүлэг тэрлэжээ. Шүлгийн мөртөөс дурдвал

“Адилхан бичигдсэн хайрын захиаг

Ангийн охиндоо олуул атгуулсан

Анхил багын гэнэн жаалууд

Амьдрал хүүрнэх эрчүүд болжээ

Аяа, хөвгүүд минь

Ангийн андууд минь

Бид нэг ангийнхан

Бид нэг үеийнхэн

Буурал хяруу тэргүүнд нь суусан ч

Буцаад нэг ангийнхан” гэсэн байна.

Тэд сахилга сул, дүрсгүй ангийн тоонд ордог байсан ч хоорондоо тун эвтэй байжээ. Бусад анги шиг хэд, хэдээрээ нийлнэ гэж үгүй. Шийтгүүлсэн ч, магтуулсан ч хамтдаа л явдаг байж. “30 жилийг ардаа орхисон ч гэнэн багын тэр сэтгэл үргэлжилсээр л явна даа. Нэг нь эмнэлэгт хэвтсэн ч бүгдээрээ л очиж эргэдэг байж билээ. Ганц удаа ч биш. Өдөр бүхэн очдог сон. Хаа нэгтээ уулзахаараа бид бусад руугаа ярьдаг юм” хэмээн тэд хуучилсан.

“8B” анги 11 охинтой. Ангийн хамгийн хөөрхөн охинд Н.Энхцэцэг, С.Сарантуяа нар орно. Тэдгээрт захиа илгээсэн хэнийг ч ангийн хөвгүүд зүгээр орхидоггүй байсан гэнэ. Одоо Н.Энхцэцэгийн хувьд зургаан сайхан хүүхэд төрүүлж өсгөн Алдарт эхийн нэгдүгээр одон хүртжээ. Тус ангийнхан өнөөдөр бүгдээрээ салбар бүртээ амжилт дүүрэн яваа. Тэр дундаа “Жи ти эл” ХХК-ийн захирал “Алтан гадас” одонт Ч.Гантулга, Итальд уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Монгол анагаах ухаан“ эмнэлгийн захирал С.Сарантуяа, физик, математикийн багш Б.Мөнхтогтох, Улаанбаатар төмөр замын Хөдөлмөр хамгааллын хэлтсийн дарга Д.Ариунбаатар нар нь сум орон нутаг, цаашилбал Монгол Улсынхаа нэрийг гаргаж яваа юм. Дунд сургуулиа төгсөөд мал маллахаар сэтгэл шулуудсан ангийн нөхдөөс нь Р.Болдбаатар, Г.Баттулга, Х.Доржрагчаа, Н.Энхцэцэг нар мянгат малчин болжээ. Мөн ихэнх нь хувиараа бизнес эрхэлж байгаа бөгөөд амжилт, бүтээл олз омог дүүрэн явж байгаа аж.

Дашрамд дурдахад, “8B” ангийнхан гучин жилийнхээ уулзалтын хүрээнд сургуулийнхаа спорт заалны зураг төслийг гаргаж өгчээ. Учир нь Завхан аймгийн Тэс сумын Ерөнхий боловсролын сургууль спорт заалныхаа зураг төслийг гаргаж чадаагүйн улмаас засварт орж чадахгүй цөөнгүй жилийг үдсэн юм байна. Зураг төсөл нь хэдийнээ бэлэн болчихсон учир тун удахгүй Завхан аймгийн Тэс сумын хүүхэд, багачууд шинэхэн спорт танхимтайгаа золгох нь ээ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баярсайхан: Хуульчид хүн судлаач байдаг

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор Б.Баярсайхантай Монголын хууль зүйн боловсрол, эрх зүйн зарим асуудлаар ярилцлаа.


-Таны хувьд хэдийнээс багшилж эхэлсэн бэ?

-1994 оноос сургуульдаа Захиргааны эрх зүйн тэнхимд туслах багш болсноос хойш 28 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд төрийн захиргааны болон тусгай албанд 10 гаруй жил ажиллажээ. Энэ хугацаандаа ч цагаар, гэрээгээр хэдэн цагийн лекц уншиж байна. Төрийн албанд хуулиар зөвшөөрөгдсөн ганц боломж нь сургалт, эрдэм шинжилгээний ажилд оролцох байдаг. Бусдаар бол боломжгүй. Их сургуулийн багш гэдэг нь оюутнууддаа мэдлэг түгээхийн тулд мөнхийн эрэл хайгуул хөдөлгөөнд байдаг ажил л даа. Байнга суралцах, судлах, судалгааны хийх гээд бараг л завгүй шахам хөдөлмөрлөдөг алба шүү. Нэг жилийн өмнө байсан мэдээлэл дараа жил нь өөрлөгдөөд бараг л эртний юм болчихоод байдаг болж дээ.

-Ер нь манайд хуулийн сургуулиуд олон байх юм. Энэ талаарх таны бодол ямар байдаг вэ?

-Манай улсад дэлхийн жишигтэй харьцуулбал хуулийн сургууль олон байна л даа. Тэр хэмжээгээрээ эрх зүйчдийг олон зуугаар нь төгсгөж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлж байгаа. Гэсэн хэдий ч зах зээлийн хуулиараа зарим нь мэргэжлээрээ ажиллаж, зарим нь өөр салбарт ажиллаж байна. Олон сургууль байгаа учраас чанаргүй хуульч төрж байна гэж хэлж болохгүй. Тэр сургуулиудад ч хуульч больё гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй, сэтгэл зүрхээ өгөөд суралцаж байгаа хүүхдүүд байгаа. Тэр сургуулийг төгссөн бол муу, эсвэл сайн гэж хэлэх боломжгүй.

Хуулийн олон сургууль байгааг үгүйсгэхгүй ч гол зүйл нь олон, цөөндөө ч биш юм. Ямар ч гоё сургууль багшлах боловсон хүчингүй бол удаан амьдарч чадахгүй. Тиймээс чадварлаг багшлах боловсон хүчинтэй байх зайлшгүй шаардлагатай. Сүүлийн үед манай МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багшлах боловсон хүчний чадавх сайжирсан. Удирдлагууд багшлах боловсон хүчний цус сэлбэлт маш сайн хийж байна даа гэж би харж байгаа. Барууны өндөр хөгжилтэй орнуудад эрдмийн зэрэг цол хамгаалаад ирсэн залуучуудыг татан ажиллуулж ч байгаа. Энэ нь Монголын хууль зүйн боловсролд маш том оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг. Манай оюутнуудын ч ихэнх нь төгссөнийхөө дараа дэлхийн нэр хүнд бүхий их, дээд сургуулиудад магистр, докторын зэрэг хамгаалж байна. Хүлээн зөвшөөрөгдсөн хуульчид болж байгаад нь үнэхээр сэтгэл хангалуун байдаг шүү. Тэд маань монголын хууль зүйн ертөнцийг дэлхийтэй ижилсүүлж байгаад нь баярлаж, бахархаж явдаг юм даа. Ер нь манай төгсөгчид, бидний шавь нар цаанаа л нэг өөр байдаг.

-Хуулийн чиглэлээр суралцаж буй оюутнууд төдийгүй суралцахыг хүсдэг хүүхдүүдэд захиж хэлмээр зүйл нь юу байдаг вэ?

-Хүүхэд, залуус хуульч болох гэж оролдож байна. Манай их сургууль дэлхийн жишиг рүү ойртсон арван семистртийн шахуу программтай байдаг. Энэхүү шахуу программыг давж байж л сая нэг хуулийн “А”-г гадарлаж төгсөж байгаа юм. Сургуулиа төгсөөд хууль зүйн техник ажилтнаар ажилласны дараа хуульчийн шалгалт өгч тэнцвэл хуульч болж байгаа нь тэр. Үүний дараа шүүгч, прокурор, өмгөөлөгч болох зам нь нээгдэнэ гэсэн үг л дээ. Хуульч болоход хамгийн багадаа долоон жилийн хөдөлмөр зарцуулдаг юм. Тэгэхээр багагүй хугацаа хэрэгтэй болж байгаа биз.

Хуульч болохыг хүсдэг хүүхдүүд эхлээд хуульч болох сэтгэлтэй, дуртай байх нь чухал. Эрдмийг сурч болно оо, гэхдээ хамгийн гол нь сэтгэл, зүтгэл юм. Хуульч гэдэг хүний зовлон, жаргалтай маш ойрхон байдаг мэргэжил. Тиймдээ ч хуульч хүн шиг хүн байх ёстой. Түүний дараа мэргэжилдээ сайн байх учиртай. Мэдээж тухайн мэргэжилдээ дурлаж сэтгэлээ өгч чадвал амжилт олж чадна. Зарим залуучууд хайран цагаа дэмий үрж байгаа тохиолдол ажиглагддаг л юм. Чадахгүй, хүсэхгүй бол мөнгө, цагаа үрэх хэрэггүй гэж шуудхан л хэлмээр санагдах үе бишгүй л байдаг. Мэдээж их сургуульд “Чи яагаад хичээлээ хийхгүй байгаа юм бэ” гэж хэн ч асуухгүй. Багш лекцээ л өгнө. Түүний дагуу оюутан өөрөө олж мэдэж, судлах зайлшгүй шаардлагатай. “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэдэг ардын сайхан үг бий шүү дээ. Өөрсдөө л хичээх хэрэгтэй. Ер нь тэгээд хүн бүр заавал ч үгүй дээд боловсролтой болох ч албагүй. Энэ мэргэжил сонголтон дээр эцэг, эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчид анхаармаар санагддаг юм. Ямартай ч би оюутнууддаа “Та нар сайхан амьдармаар байвал чөмгөө дундартал хөдөлмөрлө” гэж хэлдэг дээ. Зөвхөн хуулийн мэргэжлээр төдийгүй бусад мэргэжил эзэмших гэж суралцаж байгаа залуучуудад хэлэхэд сайхан амьдаръя гэж байгаа бол чөмгөөн дундартал зүтгэх, хөдөлмөрлө. Чадахгүй бол зах зээлийнхээ хуулиар нийгмийн гадна талд үлддэг жамтай юм шүү дээ.

Эрх зүйч, хуульчид хүн, нийгмийн олон талт харилцааг ойлгох гэдэг хамгийн том асуудал. Нийгмийн амьдралд хүн гэдэг амьтан ямар үүрэгтэй оролцож, ямар эерэг үйлдэл, сөрөг үр дагавар үзүүлдгийг бид маш гярхай ажигладаг байх ёстой. Тийм ч учраас хуульч бол хүн судлаачид байдаг юм. Түүнчлэн хүний их эмч хүний өвчнийг эмнэн, анагаадаг. Үүнтэй адил хуульч ч мөн ялгаагүй нийгмийг эмчилдэг. Тиймдээ ч улс орон болгон хуульч бэлтгэж, хууль зүйн боловсролын тогтолцоо, сургалтдаа маш их анхаарал тавьдаг. Монгол Улс ч анхаарч байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудыг шинээр гарган мөрдөж байгаа нь хууль зүйн боловсрол, мэргэжлийн чадавх дэлхийн жишиг рүү хандаж байгаагийн нэг илрэл гэж боддог шүү. Мэдээж алдаа оноо байхыг үгүйсгэхгүй л дээ.

-Монголын хууль гурав хоног гэдэг шиг хуулиуд байнга л өөрчлөгдөж байх юм. Та хуульч хүний хувьд үүнийг юу гэж үзэж байна вэ?

-Хууль өөрчлөгдөх асуудал хэлбэрийн хувьд байдаг л зүйл. Харин өөрчлөлт нь хэр оновчтой байна вэ гэдэгт л асуудал байгаа юм. Нийгмийн амьдрал өөрөө хувьсан өөрчлөгдөж байдаг. Нийгэмд үргэлж шинэ харилцаа бий болж байдаг. Зарим харилцаа үгүй болох үе ч байхад бусад нь өөрчлөгдөж байдаг. Үүнийг дагаад хуулиудад нэмэлт өөрчлөлт ордог юм. Үүнийг амьд эрх зүй гэж үздэг. Амьд байх ёстой зүйл үхмэл болдог тал бий. Өөрөөр хэлбэл, тухайн эрх зүйн зохицуулалт нь нийгмийн хөгжлийн хурдыг гүйцэхгүй байна гэсэн үг. Эсвэл тэр харилцаа нийгэмдээ зохицохгүй болоод эхлэхээр тэр хуулийг хүн хэрэглэхээ болино. Тэгэхээр ямар нэгэн хэлбэрээр солихоос өөр аргагүйд хүрдэг дээ.

– Үндсэн хуулийг тогтвортой мөрдөж болдоггүй юм уу?

-Тогтвортой мөрддөг, огт өөрчлөгддөггүй Үндсэн хууль гэж үгүй. Тогтвортой гэдгийн цаана урт удаан хугацаанд мөрдөж байгаа, эсвэл анх батлагдсан цагаасаа хойш шинэчлэн батлаагүй гэх мэт ойлголтуудыг л хамруулан авч үзэх байх. Улс орон бүхэн л Үндсэн хуулиа төдийгүй бусад хуулиа ч гэсэн тогтвортой мөрдөхийг л эрмэлзэх нь мэдээж. Гэхдээ аливаа эрх зүйн хэм хэмжээ тогтвортой байна аа гэдэг чинь үндэсний хууль зүйн шинжлэх ухааны хөгжил, хүрсэн түвшинтэй шууд холбоотой асуудал. Хуулиудыг өөрчлөхийн тулд өөрчлөх шаардлагатай эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэй бүхий л талаас нь судалж дүгнэлт хийх ёстой. Үүний дараа л хуулиудыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэх нь зүйд нийцнэ шүү дээ. Өөрөөр хэлбэл, судлаачдын үгийг юунд түрүүнд сонс гэж хэлэх гээд байна л даа.

-Зарим хүмүүс “Монголд огт тохирохгүй хууль санаачилсан байна” гэх нь байдаг. Энэ тухайд?

-Энэ нь нийгмийн харилцаа, монгол хүнийг сайн судлаагүйгээс үүдэж байгаа хэрэг. Манай хуульчид нийгэм, монгол хүний эрх зүйн соёл ухамсар нь ямар вэ гэдгийг сайн судлахгүй байх шиг санагддаг. Судалгааны үр дүнг хууль тогтоогчид анзаарч, ажиллаж байх учиртай. Тэгж гэмээнэ эрх зүйн харилцааг нь ингэж зохицуулах нь үр дүнтэй гэдэг шийдлийг гаргана. Хамгийн боломжит хувилбарыг судлаачид санал болгодог гэж ойлгодог доо.

-Та Монгол Улсын түүхэнд орхигдсон Үндсэн хуулийг судалсан гэсэн. Судалгааныхаа ажлаас сонирхуулаач?

-Бидний судалгааны нэг чиглэл бол монголчуудын эрх зүйн соёл ухамсрын асуудал. Монголын эрх зүйн түүхэнд байсан Үндсэн хууль яах аргагүй л орхигджээ. Монгол Улс 1949 онд Үндсэн хууль баталжээ гээд шууд хэлэхэд буруудахгүй байх аа. Бидний судалгааны үр дүнг нэгтгэсэн “Монгол Улсын Үндсэн хуульт ёсны уламжлал” бүтээлээс дэлгэрүүлэн үзэж болно.


Categories
мэдээ цаг-үе

“А”-д орвол шоучин болно

Энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд Монгол Улсын Их сургуулийн Эдийн Засгийн сургуулийн Санхүүгийн “А” бүлгийн 2000 оны элсэгчид уригдан оролцож байна. Оюутан ахуй цагийнхаа дурсамжуудыг ангийн дарга Б.Болор-Эрдэнэ ийнхүү хуучиллаа.


Манай ангийнхан 2000 оны есдүгээр сард нэг анги болж цугласан юм. Намрын тэр налгар өдрүүд одоо ч санаанд тодхон. Одоо МУИС-ын Эдийн Засгийн Сургуулийн байр сул ягаан өнгөтэй болсон, харин тэр үед ногоон цэнхэр өнгөтэй байв. Дэргэд нь байдаг 5 дугаар байр баригдаагүй, алдарт Хөлөг хуушуур ид мандаж байсан үе дээ. Улаанбаатар хот ч ийм түгжрэл, утаа угаарт хараахан баригдаагүй, арай сэлүүхэн буйд хот байлаа. Ялангуяа МУИС-ын хоёр, гуравдугаар байрууд, манай сургууль, дотуур байр орчим одоог бодвол илүү эгэл, оюунлаг, ногоон модтой залуусын хотхон байсан санагддаг юм. Тийм биш байсан ч байж мэднэ.Хүмүүс бид өнгөрснөө өнгө будгаар будаж, ой санаандаа илүү сайн сайхнаар хадгалж явдаг байж ч мэдэх юм.

Манай анги гэхдээ ямар ч нэмэлт өнгө будаг хэрэггүй анги байлаа. Одоо Улаанбаатар хотын банкны Хөрөнгө зохицуулалтын газрын захирал Г.Батжаргал буюу Батжаагийн нүдний шилнээс эхэлж болно. Тэртэй тэргүй зол жавхаагаа багтааж ядсан залуу нас боловч түүний нил ягаан харааны шил нэн онцгой ялгарч байсантай манай ангийхан нэг дуугаар санал нэгдэх нь дамжиггүй. Матрын арьсан ковбой гутал, захыг нь босгосон жинсэн яак, нил ягаан нүдний шилтэй Батжаа самбарын өмнө зогсоод орос хэлний багшид загнуулж байсан тэр зураглалыг нэхэн санахнээ одоо ч инээд хүрнэм. Одоо бодоход хамаг суурь сурах бичиг англи хэл дээр болчихсон, 2000 онд яагаад ч огтын орос хэл үзэж байгаагүй бид нар хүртэл тэр орос тэкстүүдийг зүгээр харанхуй цээжилж байж кредитээ авах ёстой байсан юм, бүү мэд. Бид ч угийн нэгдүгээр ангид монгол бичиг үзэхээс эхлээд боловсролын системийнхээ туршилтын туулай болсоор ирсэн завсрын үе, наяад оныхон. Гэхдээ л манай ангийнхан орос хэлний цаанаа л донжтой дэгжин Ганди багшдаа, ер нь багш нартаа, будаг нь халцарсан шар ширээтэй анги танхимдаа, сургуульдаа хайртай байлаа.Ганди багш ч гэсэн хэдий хатуурхдаг ч нил ягаан шил бүхий рок стилийн, шогийн мэдрэмжтэй шавьдаа, шавь нартаа хайртай байсан байж таараа. Миний бие хожим арай өөр задгай тогтолцоотой гаднын их сургуульд очоод ямар гоё ангитай байснаа, сургууль маань Монголын түвшинд бидэнд боломжийн сургалт өгдөг сайн сургууль байсныг нээж мэдсэн билээ.

Батжаа нэг тийм, бусад маань ямар байлаа? Баруун эгнээний урд талын ширээнд суусан хоёр охин хоорондоо шивнэж байснаа байсхийгээд л над руу муухай харна. Хоёулаа том алаг нүдтэйг яана. Одоо “ХААН” банкны тооцооны төвийн захирал М.Олонбаяр, “Голомт банк”- нд Байгууллагын банкны судалгаа ахалж байгаа Д.Сэргэлэн хоёр маань. Энэ нэг аальгүй юм, худлаа “поп”-роод гэдэг дээр санал нийлдэг байсан гэнэ. Тэр нь ч аргагүй, өөрсдөө математик, физикийн олимпиадаар явсаар сайн бэлтгэгдээд орж ирдэг орон нутгийн цөөн, сайн чамбай оюутнуудын нэг. Ер нь манай ангид орон нутгаас ирсэн хүүхэд олон байв. Хожим нисэгч болж карьерээ өөрчилсөн Э.Одбаяр ангийнхан дотроо арай хотын, ганган, соёлтой нь. Сүнжээ гэж ёстой л ардын дуунд гардаг Сүнжидмаа шиг сайхан хүүхэн явна. Цоомоо, Даваа хоёр буюу Дарханы Монгол Турк, хотын Монгол Туркээс орж ирсэн М.Цолмон, одоо “ТДБ Капитал”-ын гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Т.Даваажав хоёр их нийлнэ. Даваатай нэг сургуулийн Г.Хэрлэнсайхан ч экономикс, дээд тоондоо их сайн. Одоо хөвгүүдийн ярьж байгаагаар бол ангийн хөвгүүдийг олон шалгалтад авч гарсан гэгдэнэ. “ХААН” банкны Байгууллагын Банкны Газрын захирал Д.Баттөмөр, сагс сайн тоглодог, мөн л ХААН банкны Н.Эрдэнэзуу, яагаад ч юм бэ бидний дунд аав хэмээн өргөмжлөгдөх болсон П.Баярмандах, талийгч маань… Ингээд 22 оюутантай Санхүү “А” анги бүрдэнэ. Хэрвээ би буруу санаагүй бол задгай кредитээр биш, ангиар явдаг тогтолцооны сүүлчийн жил бид нэг анги болж бүрдсэн юм. Нэг бодлын азтай. Тухайн үед банк санхүүгийн ангийг конкурст хамгийн дээгүүр жагссан оюутнууд өрсөлдөж авдаг байлаа.

Гэхдээ эхэндээ анги байсангүй. Өнөө наашаа муухай хардаг хоёроос эхлээд хэд хэдээрээ бүлэглэж, хэдэн тийш харсан хүйтэн дайны байдалтай нэг сар орчим өнгөрлөө. Тэгээд ч тэр үү, анги шиг ярилцаад дарга шиг даргатай бололгүй аравдугаар сар гарлаа. Энэ асуудлыг нэг л өдөр Монголын эдийн засгийн түүх ордог Цэвээн багш шийдэж өгөв. Цэвээн багш жинхэнэ соц стилийн кадр, нэлээн ангийн даргасаг. Хоёр давхрын поток лекцийн зааланд хичээлээ эхлэхдээ ангийн дарга нарыг дуудаж ирц бүртгэдэг байсан санагдана. Санхүү А-г дуудсан байдаггүй. Угийн сүр бараатай Цэвээн багш дуугаа хураачихаараа бас л агшаана. Найман анги цугласан поток лекц тэр аяараа чимээгүй. Багш тэр дундуур манай ангийг чиглээд алхаж байна аа. Удаан доголж алхахыг хэлэх үү сүртэй сүртэй, кино л гэсэн үг. Улмаар чимээгүй заалыг удаан гэгч нь зүсэж алхаж ирээд миний урд журнал тавьснаа “Чи дарга бол” гэж гурван үг хэлчихээд эргээд самбар руу доголоод буцав. Сөргөхийн аргагүй томилгоонд ингээд миний хувь заяа, зарим талаар манай ангийн хувь заяа шийдэгдэх нь тэр.

Томилгоонд миний бие ч дургүй байсангүй. Их сургуульдаа л нэг анги шиг ангитай болох бодол тээсэн хүнд яг тохирсон ажил. Одоо бодоход 17-той хүүхдээс гармааргүй ухаан гаргасан шиг санагддаг юм. За тэгээд ажилдаа хариуцлагатай шиг зүтгэж эхэллээ. Амаргүй ажил л даа, охидууд нь хөвгүүдээ тоохгүй. Одоо бол Монголын хамгийн том банкуудын хамгийн гол ажил үүргийг нуруундаа үүрэх болсон хангай шиг түшигтэй залуучууд. Эр өсөж эсгий сунана гэдэг үнэн үг шүү. Тухайн үедээ хөвгүүд, нэн ялангуяа Цоомын их зантай гэж. Хэнхэг миний бие сургуулийн урлагийн үзлэгт орно гэж зүтгээд, Цоом хөвгүүдээ дагуулж тэрсээд хөөрхөн зөрчил боллоо. Ядаж мань хүн харизматай, нөлөөтэй. Бид хоёр бүр хэрэлдэхдээ туллаа.

Яадаг ч байсан орно гэсээр 22 хүүхэдтэй ангиас наймуулаа баг болж орсон юм. Наймуулахнаа юм болохоор бүжиглэсэн ч, дуулсан ч бүгд л ээлжлээстэй. Хөтлөгч хийсэн би гэхэд “Болор-Эрдэнэ дуулна” гэж зарлаад, эргэж ороод буцаж гарч ирж дуулаад, мөн л эргэж ороод буцаж гарч ирээд “Болор-Эрдэнэдээ баярлалаа” гэж байх жишээний. Одоо ч тэр жилийн урлагийн үзлэгийг үзсэн манай сургуулийнхан намайг өөрийгөө зарладаг гээд их шоолно. Тэгж үзэж тарсаар байгаад түрүүлчихдэг юм байна. Уг нь тэр жил эдийн засгийн онолын анги бүрэн хүчээрээ их хүчтэй орсон юм. Түрүүлээд хэдэн төгрөгийн шагнал авсан санагдана. Түүгээрээ тухай үеийн оюутнууддаа л боломжийн гуляш энэ тэртэй өдрийн хоол, тоорт аваад ангиараа тэмдэглэлээ. Ороогүй хэдээ ч урилаа. Тэднийгээ урьж байгаа нь бас хөөрхөн бодлого яваад байгаа хэрэг. Дараа жилийн урлагийн үзлэгээр тэнхимээрээ, сагсны тэмцээн, шинэ жилээр, санхүүгийн хөтөлбөрөөр бас ангиараа ордог болж өөрчлөгдсөн дөө. Цоом бид хоёр ч эвлэрсэн.

Арван хэдтэй хүүхдүүд анги болж цугласнаас хойш цаг хугацаа ниссээр 18 жил өнгөрчээ. Залуу хүмүүсийн хувьд үхлийг нэг их санаж сэрэхгүй, холын юм шиг л санаж явцгаана. Өөрийгөө ч болоогүй гэж бодно, бусдыгаа ч болоогүй гэж итгэнэ. Амьдрал тийм энэрэлтэй бишийг нэг маань мэдрүүлээд эрт буцсан. Анги болж нягтрахад хамгийн төвд, бүгдийнх нь “ээж” шиг байсан Э.Золжаргал маань анх л тархай бутархай байсан тэр үеэс л хамгийн нөхөрсөг, бүх хүнтэй сайхан инээж харилцдаг, нээлттэй, нэг тийм мужик, хичээлдээ ч сайн манай ангийн тулах цэг байлаа. Ердөө л бие нь муудаад, юу болсныг нь мэдэхгүй алдчихсан даа, одоо ч гомдолтой. Ажил явдлаар нь ангиараа цуглаад гэрт нь очлоо. Өнгөрснөөс нь хойш нэг л бодитой бууж ирэхгүй, санаанд багтахгүй яваад байсан юм. Харин ангийнхантай хамт гэрт нь орсон чинь нулимс гарах гээд болохгүй. Хамгийн түшигтэй, хамгийн ойрын тэднийгээ хараад гомдол задардаг юм шиг. Жилийн дараа хөгжмийн зохиолч Эрдэнэчулуун ах охиндоо зориулж хөгжмөөр зул өргөсөн байсан. Энэ дурсамжаар хүний хайлан байсан ангийн сайхан найздаа нэгэн зул өргөмү.

Золоо маань дуутай хууртай Дундговийнх. Аав нь хөгжмийн зохиолч, өөрөө ч сайхан дуулна. Сээгий бас дуулна. Дуучин Сараа нутагт нь очиход хамт тайзан дээр дуулж байсан тийм хоолой. Ингээд дуучидтай анги юм чинь их дуулна. Тухайн үед одоогийнх шиг караоке ч элбэг байгаагүй, бид нарт ч мөнгө байсангүй. Ингээд Баяраа “аав”-ын экселд баахан хиам, талх энэ тэрхэн ачаад Тэрэлж, Дүнжингарав өөд ангиараа их салхинд гарч дуулна. “Ямар хоолонд дуртай вэ гэхээр их хоолонд дуртай” гэх маягтай Хэрлээд бусдаас нэлээн хэдэн талх илүү бодож авна. Одоо бодоход их сонирхолтой. Бүх дууны үгийг цээжээрээ мэддэг, зүгээр л уулан дээр гарч дуулаад тойроод сууж байдаг том хүмүүс шиг найртай анги байлаа. Ямар сайндаа шинээр санхүүгийн тэнхим рүү оюутан нэмэгдэхээр “Б-д орвол балай болтол хичээл хийнэ, А-д орвол шоучин болно” гэдэг үг хүртэл гарсан юм. Гэхдээ бид хичээлээ хаяж байгаагүй, багш нартаа харин ч ойр анги байсан гэж боддог.Төгсөөд ч бусад ангийг бодвол ихэнх нь яг банк, санхүүгээрээ дагнаж ажиллаж яваа. Дээд математикийн Энхбат, Цоодол багш, аж ахуйн нэгжийн санхүү заадаг Аюурзана багш, санхүүгийн онолын Цэрэнпил багш гээд хуучны луугар багш нараас хичээл авч амжсан азтай оюутнууд.

Сүүлдээ ч манай анги нөгөө хавь ойрын хамаг юмыг хүнд массаар татаад шингээчихдэг хар нүх шиг болсон доо. Манай ангийн биш нөхөр ч нэгдчихсэн явж л байна. Бүр манай сургуулийн биш нөхөр ч манай ангийн хүүхэд шиг болчихсон явж л байна. Манай эмнэлэг дээр ч хамт байцгааж л байна, тэрний зуслан дээр ч хамт явж л байна, амь нэгтэй болов.

Гуравдугаар курсээс Хэрлээ бид хоёр тэтгэлэг авч явах болов. Яг явах өглөө болтол сэрүүлэг тавьсан утасныхаа дууг хаачихаж. Нэг сэрсэн чинь Олноо “Боогий явахгүй юм уу” гэчихсэн үүдэнд зогсож байна. Ангийнхан ирээгүй бол цаанаас өгсөн билет, онгоц байхгүй болох байсан хэрэг. Бид хоёрыг ангиараа онгоцны буудал дээр гаргаж өглөө. Тэр жил бусад ангиас ч олон хүүхэд тэнцээд явсан. Дараа жил нь төгсөлт болоход манай ангийнхан л хол явсан хоёроо төгсөлтийн номдоо оруулсан байж билээ.

Саяхан нэг ангиараа цуглалаа. Өнгөрсөн цаг, залуу насны тухай дурсамж, маазрал илт багасаж банкны салбарын асуудал, санхүүгийн хөгжил, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн чадамж гээд хариуцсан ажил үүрэг, ирээдүйн тухай яриа голлох болж. Ангийнхан маань том банкуудаар салбар, газар хариуцсан туршлагатай эр бяр жигдэрсэн санхүүчид болжээ. “А”-д орвол шоучин болно гэдэг ч бас арай хэтрүүлэг байж. Санхүү “А”-гийнхан одоо сайн санхүүчид болсон шүү.


Categories
мэдээ цаг-үе

Б.Оюунгэрэл: АТГ-ын дарга Х.Энхжаргалын хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхсан

Б.Оюунгэрэл зурган илэрцүүд

“ISO Mongolia” компанийн захирал Б.Оюунгэрэлтэй Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001 стандартын талаар ярилцлаа.

-Манай улс өнгөрсөн жил анх удаагаа авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо ISO 37001 стандартыг нэвтрүүллээ. Энэ стандартыг нэвтрүүлсний ач холбогдлыг та юу гэж хэлэх вэ. Хүмүүс авлигатай тэмцэх стандартын талаар төдийлөн сайн ойлголтгүй байх шиг байна?

-ISO олон улсын байгууллага нь анх 1947 онд байгуулагдсан, 163 орныг эгнээндээ нэгтгэсэн олон улсын томоохон байгууллага юм. Байгуулагдсан цагаасаа хойш нийт 21800 орчим стандартыг баталж гаргасан байдаг. Дэлхий нийтэд авлигын асуудал маш хурцаар тавигдсаар байгаа. Хэдийгээр улс орон бүр авлигатай тэмцсээр байгаа ч хүссэн хэмжээнд хүртэл буурахгүй байна шүү дээ. Тиймдээ ч 2013 оноос хойш ISO-оос Авлигатай тэмцэх стандартыг гаргах хэрэгтэй юм байна гэж үзсэн. Үүнтэй холбоотойгоор гурван жилийн турш судалгааны ажил хийгдсэн. Дэлхийн 50 орчим улс орноос санал авч, техникийн хороодоороо хэлэлцсэний үр дүнд Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” хэмээх стандартыг 2016 оны аравдугаар сарын 15-ны өдөр баталж гаргасан. Энэ дагуу манай “ISO Mongolia” компани тус стандартыг Монголд нутагшуулах санаачилгыг гаргаж 2017 оны хоёрдугаар сарын 23-ны өдөр Авлигатай тэмцэх ажлын менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” хэмээх стандартыг үндэсний хэмжээний стандарт болгосон юм. Аль нэгэн байгууллага стандарт нэвтрүүлснээр муу үр дүнд хүрсэн түүх дэлхийд байдаггүй. Олон нийт сайн, чанартай, зөв, баталгаатай зүйлийг стандартад нийцсэн байна гэж үздэг. Маш тодорхой хэлэхэд, байгууллагууд уг стандартыг нэвтрүүлснээр авлигаас урьдчилан сэргийлж чадна. Үр дүнд нь авлига буурна гэж ойлгох хэрэгтэй юм. Рио Тинто гэх компаниуд энэ стандартыг дагаж мөрддөг. Тийм учраас ажилчид нь авлигалын асуудалд орооцолддоггүй. Уг стандартад тухайн байгууллагын ажилчид хэнээс бэлэг авч болохгүй, яаж ашиг сонирхлын зөрчилд орохгүй байх вэ гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг.

-Тэгэхээр авлигаас ангид байхыг хүссэн ямар ч байгууллага уг стандартыг нэвтрүүлж болно гэсэн үг үү?

-Манайхан авлига, авилгатай тэмцэх стандартыг төр болоод төрийн албан хаагчдад холбоотой гэж үздэг. Гэхдээ авлига бол бүхий л газарт байж байдаг. Төрийн, хувийн, төрийн бус, хувьцаат компани, олон нийтийн байгууллага, төсөл хөтөлбөр гээд бүхий л түвшинд авлига, хээл хахуулийн асуудал яригддаг. Тэгэхээр энэ стандартыг бүх л байгууллагад хэрэглэх боломжтойгоороо онцлог. Ер нь тогтолцооны стандартыг тухайн байгууллагад тохируулж хэрэглэдэг л дээ. Тухайн байгууллагын онцлог, бүтэц, үйл ажиллагаа, эрсдэл үүсэх магадлал хаана байгаа зэргийг шинжлэх нь зүйтэй. Улмаар байгууллагад нь тохируулж хэрэглэнэ. Тэгэхээр энэ авлигатай тэмцэх тогтолцооны стандартыг ямар ч байгууллагад тохируулаад хэрэглэх боломжтой. Хүмүүс хууль, стандарт хоёр юугаараа ялгаатай вэ гэж их ярьдаг. Нэг талаараа стандартыг хууль гэж томьёолдог. Нөгөө талаас хуулийг батлаад гаргасан бол түүнийг мөрдөх ёстой. Харин Стандартын тухайд заавал мөрдөх ёстой стандарт гэж бий. Энэ нь өөрөө хууль шиг. Сонгож хэрэглэх стандарт гэж бас бий. Тэр нь тухайн байгууллага өөрөө өөрийнхөө үйл явцыг дээшлүүлье, олон улсад хувьцаа гаргая, зах зээлээ нэмэгдүүлье, өрсөлдөх чадвараа дээшлүүлье, бүтээгдэхүүний чанарыг сайжруулъя ч гэдэг юм уу, энэ тохиолдолд тухайн байгууллага тогтолцооны стандартыг хэрэглэдэг.

-Уг стандартыг Монголд нэвтрүүлэхэд Ерөнхийлөгчийн тамгын газар болон Засгийн газар, УИХ-аас санал авсан гэж сонссон. Энэ тухайд?

-Энэ стандартыг батлахад Ерөнхийлөгчийн тамгын газар, УИХ, Засгийн газар зэрэг төрийн болон олон нийтийн нийт найман байгууллагаас санал авсан. Бүгд дэмжсэн. Үүний дараа чанарын, техникийн хорооний хурал, Стандартын үндэсний зөвлөлөөр орж үндэсний стандарт болон батлагдсан юм. Манай компани бүтэн жилийн хугацаанд энэ стандартыг үндэсний болгоход боловсруулалт хийж оролцсон л доо. Олон улсын нэр томьёо нь “Anti bribery and corrup­tion” гэж батлагдсан. Хээл хахуулийн стандарт гэсэн үг. Гэхдээ Монгол Улсын хууль тогтоомж, эрүүгийн хууль, хөтөлбөрүүдэд хээл хахууль гэдэг нэр томьёо байдаггүй. Тиймдээ ч тус стандартыг батлахдаа “Авлигын эсрэг” гэж томьёолсон.

-“Хөгжлийн банк” уг стандартыг хэрэгжүүлэхээр болж байгаа гэсэн үү?

-“Эрдэнэт үйлдвэр” бидэнтэй хамтарч ажиллахаар яригдаж байсан. Гэхдээ тус үйлдвэрийн маргаантай асуудал шийдэгдээгүй байгаа учир энэ ажил эхлээгүй байгаа. Одоогоор “Хөгжлийн банк”, “Эрдэнэс Монгол” групптэй хамтарч ажиллахаар болж байна. Монголчууд энэ хоёр байгууллагыг авлигын эрсдэл өндөртэй гэж хардаг байх. Магадгүй тэгэхээс ч өөр аргагүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус компанитай болон удирдлагуудтай нь холбоотой авлигын олон асуудал гарч, зарим хүмүүс нь тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж эхлээд байна. Гэхдээ энэ нь тухайн байгууллага үргэлж авлигатай байна гэсэн үг биш юм. Сайн манлайлал, удирдлага, зөв зохион байгуулалттай ажиллаж стандартаа мөрдөж чадвал авлигын эрсдлийг маш сайн бууруулах боломжтой. Цаашид төрийн байгууллагууд болоод хувийн хэвшил нэмэгдээд уг стандартыг нэвтрүүлээд явна байх.

-Уг стандартыг ямар, ямар орнууд нэвтрүүлсэн байдаг юм бэ. Үр дүнгээ хэр өгч байгаа бол?

-Авлигатай тэмцэх менежментийн тогтолцоо буюу “ISO 37001” стандартыг дэлхийд Сингапур, Перугийн Засгийн газар нийтийн албандаа ашиглаад эхэлсэн. Олон нийтийн байгууллагаас гэвэл “Microsoft” компани энэ оноос эхлэн тус стандартыг нэвтрүүлнэ гэдгээ ч зарласан. Стандарт бол өөрөө байнгын зөв дадал, зуршлыг өгч байж үр дүнгээ өгдөг. Тиймдээ ч гоё стандарттай боллоо гээд ханан дээрээ цаасан гэрчилгээг өлгөчихөж болохгүй. Тэгснээрээ авлигаас сална гэсэн үг биш. Харин сайн дадал, зуршил бий болгох хэрэгтэй. Өглөө найман цагт хуруугаа хийж ажилдаа бүртгүүлдэг шиг тэр дадал, зуршлаа өдөр бүр дагаж мөрдөх нь хамгийн чухал. Ингэж чадвал уг стандарт маш хурдан үр дүнгээ үзүүлэх бүрэн боломжтой гэж харж байна.

-Авлигатай тэмцэх газраас уг стандартыг хэрхэн харж байгаа бол. Хамтран ажиллах боломж нөхцөл байдаг болов уу?

-Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал саяхан болсон нэгэн уулзалт дээр дээрх стандартын талаар дурссан байна лээ. Би түүний хэлсэн үгийг сонсоод үнэхээр гайхсан. Тэрээр “Төрийн бус зарим нэг байгууллага гадны Авлигын стандарт гэх зүйлийг оруулж ирээд төрийн байгууллагад шахаж байна. Энэ байж болохгүй зүйл” гэж ярьсан байсан. Авлигатай тэмцэх газар болон Авлигатай тэмцэх газрын дарга нь авлигатай тэмцэж байгаа, тэмцэх сонирхолтой ийм хувь хүмүүс, байгууллага хамт олныг хөхиүлэн дэмжих ёстой баймаар юм. Тэр бүү хэл, Авилгатай тэмцэх газар өөрсдөө манлайлж, уг стандартыг нэвтрүүлэх ёстой. Бусдад үлгэр жишээ болох ёстой шүү дээ. Гэтэл түүний эсрэг байр суурьтай байна гэдэг байж боломгүй зүйл. Энэ нь өөрөө авлигатай тэмцэх сонирхолгүй байгааг харуулж байна гэж би үзэж байна.

– Манай улсын авлигын индекс 16 байраар ухарч 103 дугаарт эрэмбэлэгдсэн. Энэ үзүүлэлт биднийг авлигатай тэмцэх үйл ажиллагаагаа идэвхжүүлэх ёстой гэж хэлээд байх шиг?

-Таны хэлж буйтай санал нэг байна. Монгол Улс анх 1996 онд Авлигын эсрэг хууль баталсан байдаг. Тухайн хууль нь явсаар 2006 онд ахин шинэчлэгдэж батлагдсан юм. 2007 онд Монгол Улс Авлигатай тэмцэх газартай болсон. Энэ байгууллага 11 дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Авлигын индексээс харахад Монгол Улс 2007, 2008 онд 102 дугаар байрт жагсаж байсан. Харин өнөөдөр 103 дугаар байрт жагсжээ. Авлигын эсрэг байгууллагатай хэдий ч бидэнд ямар ч эерэг үр дүн гараагүй байна. Урагшлах бус бид ухарсаар байна. Энэ үед Авлигатай тэмцэх газраас авлигатай тэмцэж болох бүхий л боломж нөхцөлийг эрэлхийлэх ёстой. Гэтэл авлигын эсрэг манлайлал үзүүлээд явж байгаа хувь хүмүүс, байгууллагуудыг албан ёсны хурал дээр үгүйсгэж байгаа нь үнэхээр эмгэнэлтэй. Дэмждэггүй юм аа гэхэд ажлаа хийгээд явж байгаа хүмүүсийг зүгээр орхих хэрэгтэй шүү дээ. Бид уг стандартыг нэвтрүүл гэж хэн нэгэнд тулгаагүй. Хэн нэгнийг аваач гэж шахаагүй. Харин Авлигатай тэмцэх газар өөрөө авлигаас ангид байхыг хүссэн, тодорхой хэмжээний алхам хийгээд үзэхээр шийдэн манлайлж байгаа байгууллагуудыг шахаж, гадуурхах гээд байна уу даа л гэж харж байна. Ер нь бол Х.Энхжаргалаас өмнөх дарга нарын үед манай авлигын индекс урагшилж, тодорхой хэмжээнд эерэг үзүүлэлт гарч байсан. Харин Х.Энхжаргал даргын үед буюу сүүлийн хоёр жилийн хугацаанд 31 байраар ухарлаа. Энэ нь Монгол Улсын авлигатай тэмцэх үйл ажиллагаа ямар түвшинд явж буйг маш тодоор харуулж буй үзүүлэлт юм. Тэгэхээр АТГ илүү сайн ажиллах хэрэгтэй, цаашлаад авлигын эсрэг үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудтай хамтарч ажиллах ёстой юм. Авлигаас сална гэдэг бусдыгаа манлайлж байгаа хэрэг. Шуудхан хэлэхэд, бүхий л байгууллага, хамт олон авлигатай тэмцэж байж л үр дүнд хүрнэ. Авлигатай тэмцэх ажлын 90 хувь нь урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлэх явдал байдаг. Гэтэл өнөөдөр бид урьдчилан сэргийлж, соён гэгээрүүлж чадахгүй хэвээр байна. Манайхан авлига авсных нь дараа л авлаа гэж ярьдаг шүү дээ. Уг нь бидэнд Авлигын эсрэг хууль, Авлигатай тэмцэх газар, Авлигын эсрэг үндэсний хөтөлбөр зэрэг авлигатай тэмцэх дэд бүтэц бий. Хэдий сайн дэд бүтэцтэй ч зөв менежмент хийж чадахгүй бол сайн үр дагавар, сайн хөгжилд хүрнэ гэдэг боломжгүй.

Э.БОЛОР

Categories
мэдээ цаг-үе

Г.Ганзориг: Эдийн засаг таамаглаж байснаас хурдацтай өсөж байна

Монголын эдийн засаг өнөөдөр ямар байдалтай байна вэ. Өсөлт үргэлжлэх үү, буурах уу. Цаашид биднийг эдийн засгийн ямар орчин хүлээж буй талаар шинжээч Г.Ганзоригтой ярилцлаа.


-Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлыг та юу гэж дүгнэж байна?

-2017 онд эдийн засгийн өсөлт 5.1 хувьтай гарсан. Манай банкны шинжээчид дөрөв орчим хувьтай өсөлт таамаглаж байсан ч бодит байдал илүү хурдацтайгаар сайжирч байна. Дан ганц эдийн засгийн өсөлтөөс гадна маш олон макро үзүүлэлтүүд эерэг гарч эхэлсэн. Жишээ нь, ажилгүйдлийн түвшин 2017 оны эцэст 7.3 хувьтай гарлаа. Энэ нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гарсан хамгийн сайн үзүүлэлт. Энгийнээр ажил олдоц сайжирсан байна л гэсэн үг. Мөн хэрэглээний үнийн индексийн өөрчлөлт буюу улсын инфляци 1.1 хувиас 6.4 хувьд хүрсэн. Тэгэхээр эдийн засаг бидний таамаглаж байснаас хурдацтай өсөж байна гэж харж байна.

Гэхдээ иргэд энэ тоог янз бүрээр л хүлээж авах байх л даа. Учир нь бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд байх нь сөрөг үзэгдэл. Гэтэл энэ үед эдийн засаг өслөө гэж ярихаар иргэд төөрөлдөж болох юм. Ойлгомжтойгоор хэлэхэд эдийн засаг өсөж буй үед гардаг сөрөг үр дагавар гэж бий. Энэ нь бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт юм. Хоорондоо хамааралтай байдаг гэсэн үг. Тодорхой зорилтот түвшинд байлгаж чадвал инфляци нь муу зүйл биш.

-Эдийн засгийн өсөлтөд юу нөлөөлж байна вэ?

-Мэдээж гадаад орчны нөлөө гэж хэлнэ. Манай Монголын эдийн засгийн өсөлт, бууралтыг харвал таваарын үнэтэй нягт хамааралтай байдаг. Хэрэв олон улсын зах зээл дээр нүүрс болон зэсийн үнэ өсвөл Монголын эдийн засаг өсдөг. Эсрэгээрээ нүүрс болон зэсийн үнэ буурвал манай эдийн засаг туйлдаа хүрдэг. 2011 онд эдийн засгийн өсөлт 17.3 хувь хүрч байсан. Цаад шалтгаан нь мэдээж таваарын үнэ. Австралид үер болж олон улын зах зээл дээр нүүрсний үнэ тэнгэрт хадсан. Манай нүүрсний экспортын дундаж үнэ ч мөн адил өсөж, тонн нь 100 ам.доллар давсан. Гэтэл нүүрсний үнэ олон улсад муудаж, манай дундаж экспортын үнэ 2016 онд 30 ам.доллар хүрсэн юм. Энэ нь манай эдийн засгийн өсөлтөд шууд тусгалаа олсон. 2016 оны гуравдугаар улиралд эдийн засаг 1.4 хувиар агшсан. Үүнийг бид Монголын эдийн засаг доод цэгтээ хүрсэн гэж хардаг. Үүнээс хойш бидэнд аз тохиож нүүрсний үнэ өссөн. Өнөөдөр манай нүүрсний экспортын дундаж үнэ 70 орчим ам.долларт хүрээд байна. Оны эцсийн байдлаар 33 сая тонн нүүрс экспортолсон байна шүү дээ. Том амжилт, бас том аз. Гэтэл дахиад азтай зүйл 2017 онд манайд болов. Тэр нь зэсийн үнийн өсөлт юм. Лондонгийн металлын бирж дээр тонн нь 7000 ам.долларт маш ойрхон дүнгээр арилжаалагдаж байна. Энэ нь ч бас бидэнд нөлөөлж манай экспортын зэсийн дундаж үнэ 2018 оны нэгдүгээр сард 1300 ам.доллар болсон. 2015 оноос хойш ийм үнэд хүрээгүй. Үр дүнд нь манай гадаад худалдааны тэнцэл оны эцэст 1.86 тэрбум ам.доллартай гарсан юм. Энэ нь түүхэнд байгаагүй өндөр дүн. Энгийнээр хэлэхэд 2017 онд Монголын зах зээлд зөвхөн бараа, таваарын гадаад худалдаанаас 1.86 тэрбум ам.доллар орсон байна.

Зөвхөн таваарын үнээс гадна ОУВС-ын хөтөлбөр хэрэгжсэн нь манайд эерэгээр нөлөөлсөн. 2017 оны хавар ОУВС-ын хөтөлбөр эцэслэгдэж 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэх болсон. Үүнээс 2.2 тэрбум орчим ам.доллар нь манай төв банк, БНХАУ-ын төв банктай хийсэн своп хэлцэл. Тэгэхээр яг ч манайд орж ирэх мөнгө биш. Харин үлдсэн 3.3 тэрбум нь манай эдийн засагт гурван жилийн хугацаанд орж ирж байгаа юм. ОУВС-ын хөтөлбөр нь таван зорилготой хэрэгждэг. Төсвийн сахилга бат, төв банкны бие даасан байдал болон санхүүгийн секторыг сайжруулах, эдийн засгийг төрөлжүүлэх, эмзэг давхаргыг хамгаалах гэсэн үндсэн таван зорилготой. Үүний хүрээнд төсвийн алдагдлыг тодорхой түвшинд хүртэл буулгах зорилт тавьсан нь 2017 онд биелсэн юм. Тодруулбал, жилийн дотор төсвийн алдагдал хоёр дахин буурсан. Энэхүү ОУВС-ын хөтөлбөрийн нөлөө нь зөвхөн орох валютын урсгалаас гадна эдийн засгийн бусад үзүүлэлтүүдэд нөлөөж буй нь энэ юм. Гадаад хөрөнгө оруулагчдын ч итгэлийг сэргээж байна. Манай гадаадын шууд хөрөнгө оруулалт ч 2017 онд хоёр дахин өссөн. Дээрээс нь Монголын олон улсад гаргаж буй бондууд амжилттай санхүүжүүлэгдэж байна. Үүнд “Хуралдай” болон “Гэрэгэ” бондыг нэрлэж буй хэрэг. Сайн мэдээ үүгээр зогссонгүй, зээлжих зэрэглэл ч сайжирлаа. 2018 оны нэгдүгээр сард “Мүүдис” агентлаг манай улсын зэрэглэлийг нэг шатлал ахиулсан.

Тэгэхээр Монголын эдийн засаг сайжрахад ОУВС-ын хөтөлбөр болон таваарын үнэ л голлон нөлөөлөөд байгаа юм. Нөгөө талаасаа гадаад орчны нөлөө их хэврэг л дээ. Таваарын үнэ савлахад л манай эдийн засаг эргээд 2016 оны нөхцөл байдал руугаа орох эрсдэлтэй.

-Эдийн засаг өсөж байна гэж байна. Гэхдээ энэ нь ард иргэдэд хэрхэн нөлөөлөх вэ?

-Иргэдийн амьдралд энэхүү эдийн засгийн өсөлт шууд нөлөөлдөг. Үндсэн гурван сувгаар, маш хялбараар нөлөөлдөг хэмээн харж болно. Юун түрүүнд, компаниудын орлого өсөж байна. Ажилчдын цалин нэмэгдэж байна. Ажил олдоц ч сайжирч байна. Ерөнхийдөө эдийн засгийн хэмжээг бид Дотоодын нийт бүтээгдэхүүн гэх хэмжүүрээр хэмждэг. Эдийн засаг өслөө гэхээр тус үзүүлэлт өслөө л гэж ойлгоно. Харин Дотоодын нийт бүтээгдэхүүнд тухайн жилийн компаниудын ашиг болон ажилчдад олгосон цалин хоёрыг оруулан тооцдог. Хялбараар эдийн засаг өслөө гэдэгт бид компаниудын ашиг болон иргэдийн цалин сайжирчээ л гэж ойлгоно. Тэгэхээр шууд утгаараа иргэдийн орлого нэмэгдсэн байгаа. Хоёрт, ам.долларын ханш тогтвортой байна. Бид ихэнх бараагаа гаднаас оруулж ирдэг. Харин ам.долларын ханш өсөөд байх нь иргэдэд тэдгээр барааны үнийг өсгөж, хортойгоор нөлөөлдөг. Одоо ер нь гар утас хэрэглэдэггүй хүн гэж байхгүй. Утасны үнэ өртгөөс л бүх юм тодорхой харагдах болно.

Харин 2017 онд ам.долларын ханш эсрэг зүгт хөдөллөө. 2016 оны эцэст ам.доллар 2500 орчимд байсан бол өнөөдөр 2400 болж буусан байна. Төдий чинээгээр л бидний хэрэглэж буй гар, утас болон автомашины үнэ буурсан гэсэн үг. Харин бидний таамаглаж буйгаар цаашид ч ам.долларын ханш тогтвортой байна хэмээн харж байна. Дээр хэлсэнчлэн их хэмжээний валютын орох урсгалын л ач.

Түүнчлэн зах зээл дээр хүү буурч байна. Үүнтэй уялдан бүх төрлийн хүү буурсаар байна. Зээлийн хүү ч мөн адил. Энэ бол маш олзуурхууштай хэрэг. Иргэд болон компаниуд илүү хямд өртөгтэй санхүүжилт авах боломж ийнхүү бүрдээд эхэллээ гэсэн үг. Тэгэхээр эдгээр жишээнээс макро эдийн засгийн өсөлт иргэдэд маш их хамааралтай гэдгийг харж болно.

-Иргэдийг бухимдуулдаг зүйлийн нэг нь яахын аргагүй өндөр хүү мөн. Тэгвэл хүү хэрхэн буурсан талаар тодорхой танилцуулаач?

-2016 оны арванхоёрдугаар сард Төвбанкны бодлогын хүү буюу зах зээлийн суурь хүү 15-н хувь байсан. Энэ нь мэдээж ам.долларын ханшийн огцом өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ байсан. Харин эдийн засаг сайжирч, ам.долларын ханш тогтворжихын хэрээр суурь хүү буурах боломж нь бүрддэг. Оны эцсийн байдлаар суурь хүү 11 хувь болтлоо буурсан байна. Ганцхан жилийн дотор суурь хүү ийнхүү дөрвөн нэгж хувиар бууж байсан түүх манай улсад байхгүй. Үүнийг дагаад банкуудын хадгаламжийн хүү болон зээлийн хүү ч дагаад буурах учиртай. Банкны системийг харах юм бол төгрөгийн зээлийн жигнэсэн дундаж хүү 2016 онд 20.6 хувь байсан бол 2018 оны нэгдүгээр сарын байдлаар 19.4 хувь болж буурсан байна. Харин ам.долларын зээлийн хүү 13 хувиас 10.8 хувь болж буурчээ. Хадгаламжийн хувьд авч үзвэл төгрөгийн хадгаламж 13.4 хувиас 12.6 хувь болсон ам.долларын хадгаламж 6.5 хувиас 5.8 хувь болж буурсан. Энд дандаа жигнэсэн дундаж хүүг ярьж байгааг ойлгох нь зүйтэй. Мэдээж зээл болон хадгаламжийн төрлүүд өөр хоорондоо адилгүй. Тэгэхээр хүүний түвшин нь ч өөр, өөр гэсэн үг. Гэхдээ системийн хэмжээнд банкны бүхий л бүтээгдэхүүний үнэ нь буурсан буюу бүх бүтээгдэхүүний хувьд хүү буурсан байна хэмээн ойлгож болно.


Categories
мэдээ цаг-үе

Р.Очирбал: Үндсэн хуулийн Цэц маргааныг шийдвэрлэхдээ Д.Сугар гишүүнийг оролцуулсан нь буруу байлаа

УИХ-ын 2017 оны хоёрдугаар сарын 10-ны нэгдсэн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмент” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 23 дугаар тогтоол гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийн энгийн хувьцааг Монголын төр өөрийн мэдэлдээ авах талаар тусгасан уг тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл ирүүлсэн “Отгонтэнгэр Их Сургууль”-ийн багш, хуульч Р.Очирбалтай ярилцлаа.


-”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг Монголын төр өөрийн мэдэлдээ авах талаар тусгасан 23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар та Үндсэн хуулийн цэцэд хандсан. Үндсэн хуулийн ямар зүйл заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа вэ?

-УИХ-ын 2017 оны 23 дугаар тогтоолыг бид “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон “Монголросцветмент” ХХК-ийн энгийн хувьцааны 49 хувьтай холбон тайлбарлаж байгаа. Түүнээс гадна гуравдагч улс буюу Английн Вэльсийн хуулийг хэрэглэн байгуулсан олон улсын гэрээний дагуу үүссэн өмчийн эрхийг УИХ-аас тогтоол гарган үгүйсгэж, дуусгавар болгож болох эсэх, аливаа этгээд хууль тогтоомж зөрчсөн эсэх, түүний гэм буруугийн асуудлыг шүүх эрх мэдлийн байгууллага шийдвэрлэх үү, эсхүл УИХ шийдвэрлэх үү, иргэн болон хуулийн этгээдийн хуулиар хамгаалагдсан өмчийн эрхийг УИХ-ын тогтоолоор хязгаарлаж болох уу гэх зэрэг үндэсний эрх зүйн тогтолцоонд шийдвэрлэвэл зохих эрх зүйн маргаантай асуудал байсан учраас Үндсэн хуулийн цэцэд хандан мэдээлэл гаргасан. Ийнхүү мэдээлэл гаргахдаа УИХ-ын хяналтын чиг үүргийг үгүйсгээгүй, 49 хувийн хувьцааны эрхийг олж авсан компанийн эрхийг хамгаалаагүй.

Харин 49 хувийн энгийн хувьцааг худалдан авах Монгол Улсын давуу эрхийг хэрэгжүүлэхээс татгалзсан Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолыг хүчингүй болгож, төр хувьцааны эрхийг өөртөө хуулиас гадуур, гэрээний бус аргаар шилжүүлэн авч байгаа нь анхаарал татсан асуудал байсан.

Хэрэв Монгол Улс Засгийн газрын хууль бус шийдвэрийн улмаас дээрх хувьцааны эрхийг худалдан давуу эрхээ хэрэгжүүлж чадаагүй хэмээн үзэж байгаа бол уг зөрчигдсөн эрхээ ямар журмаар хамгаалах эсэхийг ул суурьтай бодох хэрэгтэй. Ямартай ч хувьцааг худалдан авах, Монгол Улсын давуу эрх хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан хэмээн үзэж хувьцааны эрхийг шууд төрийн өмчид шилжүүлэн авч байгаа нь хууль бус арга. 2016 оны Засгийн газрын 330 дугаар тогтоол хууль зөрчсөн байхыг үгүйсгэхгүй. Хувьцааг худалдан авсан өмчлөгчийн эрх хууль бус, шударга бус байж болно. Гэтэл уг асуудлыг шийдвэрлэх нэрийдлээр УИХ ардчилсан улсад байж боломгүй аргаар өмчийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, хууль зөрчиж болохгүй биз дээ. Хууль ёсны арга замаар уг асуудлыг шийдвэрлэсэн бол хожим бий болох маргаантай асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн хэрэг болох байсан болов уу. Хувьцааг хэн өмчлөх нь өөр асуудал, харин өмчийн эрхийг хэрхэн олж авах нь чухал асуудал шүү дээ. Тийм учраас УИХ-ын 23 дугаар тогтоол нь Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 1.2-т заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн, тавдугаар зүйлийн өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно, 16 дугаар зүйлийн хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно, 70 дугаар зүйлийн Үндсэн хуульд төрийн байгууллагын шийдвэр бүрнээ нийцсэн байвал зохино гэсэн заалтуудыг зөрчсөн хэмээн үзэж цэцэд хандсан. Төрийн өмч хууль ёсны аргаар хувьцааны эрхийг шилжүүлэн авах ухаалаг хувилбарыг сонгох боломжийг цэцийн шийдвэр олгоно байх хэмээн найдсан. Гэтэл цэцээс дээрх тогтоол нь Үндсэн хуулийг зөрчөөгүй гэж шийдвэрлэлээ. Ер нь Цэцийн зарим гишүүдийн мэдлэг, чадвар, хараат бус байдал нь цаашид Үндсэн хуулийг хамгаалах чадамжтай эсэхэд ихээхэн эргэлзэх байдлыг бий болголоо. Улс төрийн ашиг сонирхлын талбарт хууль ёс үнэгүйдэж, Үндсэн хуулийн цэцийн хараат бус байдал алдагдаж байна.

– Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК, “Монголросцветмет” ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахаар тусгасан УИХ-ын тогтоолыг “Үндсэн хууль зөрчөөгүй” гэж дүгнэлээ…

– Үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэхэд олон асуудал хөндөгдөж байсан. Зарим нь Үндсэн хуулийн цэцийн шийдвэрлэх эрх хэмжээнээс гадуур асуудал байсныг онцлон хэлж ч байсан. Тухайлбал, Английн хуулийг хэрэглэж байгуулсан гэрээг Монгол Улс үгүйсгэж, хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байхад уг гэрээний дагуу үүссэн өмчлөх эрхийг шударга, шударга бус хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн. Энэ нь олон улсын хувийн эрх зүйн томоохон зөрчил болсон. Мэдээлэл гаргагч иргэдийн хувьд УИХ-ын 23 дугаар тогтоолоор төр өөртөө хувьцааны эрхийг шилжүүлэн авсан нь хуульд нийцсэн эсэхийг хянуулахаар хандсан болохоос биш, үндэсний компани уг хувьцааны өмчлөх эрхийг шударга аргаар олж авсан эсэхийг тогтоолгох гэж хандаагүй. Ийм асуудлыг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэх эрх зүйн боломж, чадамж ч байхгүй. Тэгэхээр цэц маргааны зүйлийг буруу тодорхойлж, өмчлөгчийн асуудалд дүгнэлт өгсөн. Харин гол зүйл болох өмчийн эрхийг төр хууль ёсны арга замаар олж авсан эсэхэд дүгнэлт өгсөнгүй. Эрх зүйн маргаантай асуудлын гүн рүү орж, ухаалаг байдлаар асуудлыг шийдвэрлэхийн оронд улс төржлөө. Хожим бий болох эрсдлийг ч үл хайхран Үндсэн хуулийн зөрчлийг зөвтгөлөө. 49 хувийн хувьцааны эрх гэж явцуурахгүйгээр маргааныг нь чухалчлах хэрэгтэй байсан болов уу.

-УИХ онцгой бүрэн эрх болох хуулийг хянан шалгах эрхийн хүрээнд “Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах шийдвэрийг гаргасан гэж тайлбарлаж байгаа. Энэ тухайд?

-Засгийн газрын үйл ажиллагаанд хяналт тавьж, хууль зөрчсөн тохиолдолд хүчингүй болгох УИХ-ын онцгой бүрэн эрхийг Үндсэн хуульд заасан байдаг. Засгийн газрын 330 дугаар тогтоолыг УИХ хүчингүй болгож болно. Гэхдээ хэрэв Засгийн газрыг 49 хувийн хувьцааг худалдан авах төрийн давуу эрхэд хууль бусаар халдсан гэж үзэж байгаа бол уг асуудлыг УИХ онцгой бүрэн эрхэд хамаарах асуудал уу, эсхүл уг асуудлын талаар Засгийн газар УИХ-тай зөвшилцөх ёстой байсан уу гэх зэрэг олон асуудлыг тодруулах шаардлагатай байсан. Хамгийн гол нь Засгийн газрын 2016 оны 330 дугаар тогтоолын нэг дэх заалтыг хүчингүй болгосон нь гэрээний дагуу хувийн компанид шилжсэн хувьцааны эрхийг төрд шууд шилжүүлэх үндэслэл болох эсэх явдал юм. Хуульд заагаагүй аргаар, гэрээ ч байгуулахгүйгээр өмчийн эрхийг өөртөө олж аваад байгааг л ойлгохгүй байна. Ямар ч шүүхийн шийдвэр хуульд нийцсэн, ойлгомжтой, тодорхой байх ёстой. Цэцийн шийдвэрийг уншиж сонсгоход дээрх асуудлыг талаар эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Бичгээр гарах дүгнэлтэд тодорхой байдлаар оруулах байх гэж найдаж байна.

-Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн төрийн мэдлийн 51 хувийг “Жаст групп” барьцаалан зээл авах үед Төрийн өмчийн хорооны даргын хувиар гарын үсэг зурсан гэгддэг. Гэхдээ тэрбээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг төр авсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэх талаарх хуралдаанд Цэцийн гишүүний хувьд оролцож байна. Энэ нь ёс зүйн хувьд байж болох зүйл үү?

-Уг асуудалд шууд болон шууд бусаар холбоотой гэж үзэж байгаа нөхцөлд иргэдийн цэцэд гаргасан мэдээллийг Д.Сугар гишүүнд хуваарилж, итгэгч гишүүнээр ажиллуулж байгаа нь ёс зүйн талаасаа зохимжгүй гэж үзэж байгаа хүмүүстэй ижил байр суурьтай байна. Асуудал Д.Сугар гишүүндээ гэхээс илүү цэцийн дарга яагаад уг гишүүнд хуваарилсан гэдгийг бодолцох хэрэгтэй. Одоогийн үйлчилж байгаа Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд Цэцийн гишүүнийг татгалзан гаргах гуравхан үндэслэлийг хуульчилсан. Ердийн шүүхэд үйлчилдэг маргаантай асуудлыг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүгчийг татгалзан гаргах талаарх зохицуулалт Үндсэн хуулийн цэцэд хамааралгүй. Тэгэхээр цаашид Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг татгалзан гаргах талаарх хуулийн заалтыг эргэн харах шаардлагатай болох нь энэ маргаантай асуудлаар тодорхой болж байна. Эцэст нь дахин хэлэхэд уг маргааныг шийдвэрлэхэд Д.Сугар гишүүнийг оролцуулсан нь ашиг сонирхлын хамаарал, ёс зүйн талаас зөв зүйл болсон гэж бодохгүй байна.

-49, 51 хувийн асуудал хууль зөрчсөн гэж байгаагаас гадна улс төрийн бүлэглэлүүдийн хоорондох үл ойлголцол, тэмцэл яваад байна гэх хүн олон байна. Хуульч хүний хувьд та үүнийг хэрхэн дүгнэж байна?

-Эрдэнэт Үйлдвэрийн асуудал улс төрийн бүлэглэлүүд, тэдгээрийн явцуу ашиг сонирхолтой холбоотой байгаа нь хэн бүхэнд ойлгомжтой байгаа болов уу. Цаашид уг компанийн асуудлыг Ерөнхий сайдын мэдэлд хамааруулах талаар санал, санаачилга ч яригдаж байна. Удирдлагын ямар ч аргаар асуудлыг шийдвэрлэсэн бай хариуцлага, хяналтын механизмыг оновчтой болгож олон нийтийн бодитой хяналтыг бий болгож ил тод байдлыг бий болгох шаардалагатай байгаа нь уг компанийн 49, 51 хувьцаатай холбоотой маргаанууд харуулж байна. Ер нь ард түмний өмч гэх тодотголоор улс төрчид төрийн өмчийн хөрөнгийг зүй бусаар ашиглаж, элдэв шударга бус ашиг сонирхолоо гүйцэлдүүлэхэд ашиглаж байгааг таслан зогсоохын тулд төрийн болон олон нийтийн өмчийн харилцаанд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Түүнчлэн компанийн засаглалыг хөгжүүлж харилцан хяналт бүхий төр, хувийн хэвшлийн түншлэлийг болгох хэрэгтэй. Ард түмний нэр барьж дур зоргоор өмчийн эрхийг хэрэгжүүлж байгааг хувийн хэвшлийн оролцоо шийдвэрлэх боломжтой болохыг үгүйсгэх аргагүй ч хэт улс төржсөн бизнесийн орчинд асуудлыг үр нөлөөтэй шийдвэрлэж чадах эсэх нь эргэлзээтэй.

-23 дугаар тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар та иргэн хүнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэхдээ таны ард ямар нэгэн нөлөөлөл байгаа юм биш биз?

-Тавьж буй асуудлыг нь бус хүнийг нь, агуулгыг бус хэлбэрийг нь чухалчилж болохгүй байх аа. Дээр хэлсэнчлэн компанийн энгийн хувьцааны 49 хувийг ямар арга журмаар төр өөртөө шилжүүлж авсан, олон улсын гэрээг байгуулах талаарх УИХ, Засгийн газрын Үндсэн хуульд заасан бүрэн эрх, олон улсын гэрээг цуцлах, гэрээний чөлөөт байдлыг хангах, өмчийн халдашгүй байдлыг хамгаалах гэх зэрэг эрх зүйн хувьд шийдвэрлэвэл зохих олон асуудал байгаа учир цэцэд хандсан. Нөгөөтэйгүүр гуравдагч улсын хуулийг хэрэглэн байгуулсан олон улсын гэрээгээр хамгаалагдсан өмчийн эрхийг төр өөртөө ийнхүү илт хууль бус арга замаар шилжүүлэн авч байгаа юм бол жирийн иргэний өмчийн эрх ямар түвшинд хамгаалагдах эсэх нь эргэлзээтэй санагдсан. Энэ бол хуульч хүний хувьд хөндөх ёстой асуудал гэж үзэж байгаа. Түүнээс хэн нэгэн миний юу ярих, юу хэлэхийг зааж, зааварласан зүйл байхгүй. Хувь хүнийхээ хувьд Үндсэн хуулийн зөрчил гэж үзсэний үндсэн дээр цэцэд хандсан. Дашрамд дурдахад Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн хувьцааг хэн өмчлөх нь надад чухал биш. Харин хувьцааны эрхийг төр өөрийн өмчлөх эрхэд шилжүүлэн авч байгаа арга нь хууль ёсны байсан эсэх нь анхаарал татсан асуудал байсан.

-Одоо “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувь нь хаана явна вэ?

-Төрийн өмчид байгаа гэж итгэж байна. Гэхдээ гуравдагч этгээдийн зээлийн гэрээнд барьцаанд тавигдсан, хэрэв төлбөр төлөгч нь уг төлбөрийн үүргээ гүйцэтгэхгүй бол 51 хувийн хувьцааны эрх хэн гээч, ямар улсын компанид шилжих эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ямартай ч 49 хувийн хувьцаанаас хамаагүй ноцтой үр дагаварт хүрсэн байна лээ. Харин асуудлыг удаан хугацаанд халхавчилж ийм ноцтой үр дагаварт нь хүргэсэнд Монголын төр иргэдийнхээ өмнө уучлал хүсэж, холбогдох буруутай албан тушаалтнуудад хуулийн хариуцлагыг бодитоор ногдуулж, хувьцааны эрхийг хэрхэн хадгалан авч үлдэх асуудлыг хүчээр бус ухаалаг арга замаар шийдвэрлэх хэрэгтэй. Монголын төрийн түшээдэд дээрх асуудлыг шийдвэрлэх оюуны чадамж байгаа гэж найдахаас өөр сонголт алга даа.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийн 60 хувь нь Хятадын банкны мэдэлд очсон гэх юм. Тэгэхээр энэ “Эрдэнэт үйлдвэр” чинь Хятадын мэдэлд оччихсон юм биш үү. Та үүнд ямар бодолтой байгаа вэ?

– 51 хувийн энгийн хувьцааг манай улс гуравдагч этгээдийн зээлийн үүрэгт барьцаанд тавьсан, уг барьцаалагч банкны хувьцааны эрх нь БНХАУ-ын компанийн мэдэлд байлаа гээд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн 51 хувийн энгийн хувьцааны эрх хятадын мэдэлд шууд очно гэж дүгнэж байгаатай санал нийлэхгүй байна. Харин барьцаагаар хангагдсан үүргийг үүрэг гүйцэтгэгч нь гүйцэтгэхгүй байгаа бол бодит аюул учирна. Тэр үед 51 хувийн хувьцааны эрх хэнд ч шилжиж болно. Уг асуудлыг Монгол Улсын хуулиар зохицуулахгүй, зохицуулж ч чадахгүй.

-Нэг талаасаа харахад 49, 51 хувь чинь нэг ч юм шиг харагдах юм. Учир нь 49 хувийнхан чинь 51 хувийнхаа барьцаан дахь өрийг авчихсан байсан ч гэж зарим судлаачид ярих юм. Энэ ер нь байж болох зүйл үү?

-Хувьцаа эзэмшигчээр нь 49, 51 гэж яриад байгаагаас энэ чинь нэг компанийн л асуудал. 51 хувийн хувьцааны эрхтэй холбоотойгоор 49 хувь ч эрсдэлд орно. 100 хувь төрийн мэдэлд шилжсэн тохиолдолд дээрх эрсдэл улам л нэмэгдэнэ. Тиймээс л асуудлыг хүчээр бус ухаалгаар шийдвэрлэх хэрэгтэй гэж хэлээд байгаа хэрэг. Учрыг үл мэдэх иргэд 49 хувиа бид авч чадлаа гэж хэлбэрийг чухалчлан хөөрцөглөж байгаа хэдий ч үнэндээ монголын ард түмний нуруун дээр 100 хувийн эрсдэл шилжиж байна. Өнөөгийн улс төр, эдийн засгийн тогтворгүй нөхцөлд Эрдэнэт үйлдвэрийн хувьцаа төрд шилжиж байгаад хуульчид гэхээсээ илүүтэй эдийн засагч нар бодит судалгаанд үндэслэн үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй байна.

-“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг ОХУ-ын “Ростех” компаниас “Монголын зэс” корпораци худалдаж авсан. Тэгвэл Эрдэнэт үйлдвэртэй холбоотой энэ маргааныг тус компани юу гэж харж байгаа бол. Эргээд ОХУ-ын мэдэлд очих магадлал бий юү?

-Монголын Зэс корпорци ОХУ-ын Ростех улсын корпорацитай байгуулсан гэрээний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 49 хувийг худалдан авсан. Тиймээс ОХУ-ын мэдэлд очих эрсдэл байхгүй болов уу. Харин тэдний хооронд байгуулсан гэрээ хууль зүйн хувьд хүчинтэй эсэх талаар маргах нь дээрх магадлалыг нэмэгдүүлнэ. ОХУ ямар шалтгаанаар өөрт ногдох 49 хувийн хувьцааг худалдсан, энэ нь эдийн засаг, хөрөнгө мөнгөний ямар үр ашигтай байсныг судалсан хүмүүс илүү бодитой хариулт өгөх байх. Ямартай ч Ростехтай байгуулсан гэрээ, түүний хүчинтэй эсэх асуудлаар УИХ цэцийн хуралдаанд маргаангүй. Маргах нь манай улсад ашиггүй гэж үзсэн байж болох юм.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Батсуурь: Цус ойртолтын үзэгдэл илрээгүй сум гэж байхгүй

Шинжлэх ухааны доктор профессор, хүн судлаач Ж.Батсуурьтай ярилцлаа.


-Биднийг түгшээсэн асуудлуудыг нэг нь цус ойртолт яах аргагүй мөн. Тэгвэл бид цус ойртолттой хэзээнээс нүүр тулгарч эхлэв?

– 1925 онд гарсан Засгийн газрын тусгай тогтоолоор монгол хүний угийн бичиг хөтлөх, овгоо хэрэглэхийг хориглочихсон юм билээ. Овог бол цус ойртолтоос хамгаалах хэрэгсэл. Үүнийгээ бид алдчихсан хэрэг. Сүүлд бол таамаг төдийгөөр овог авсан. Тийм байтал эхнэр нөхөр хоёр өөр овогтой л бол болчихдог юм шиг ойлгодог. Хоёрдугаарт, угийн бичгээ хөтлөлгүй 90 гаруй жил болжээ. Энэ уламжлал орхигдчихоор бид удам судраа мэдэхгүй байгаа юм. Өөрийнхөө эмээ өвөөгөөс цааш бараг л мэддэггүй. Ямар ч монгол хүн өөртэйгөө илэрхий цусан төрлийн холбоотой хүнтэй суухыг хүсэхгүй л дээ. Тэгэхийг хүсэх ч ард түмэн биш. Ёс заншилдаа ч цээрлэдэг. Харин бид угийн бичгээ хөтлөхгүй байгаа учраас л хамаатан саднаа мэдэхгүй, гэр бүл болчихоод байгаа юм. Урьд нь монголчууд бид есөн үеэ мэддэг байсан. Ураг удмаа мэддэг байсан учир ах, дүүсийн хооронд амьд харилцаа, бие биенээ хүндэтгэх ёсон ч өрнүүн байсан юм.

Гуравдугаарт монголчууд бид өргөн уудам нутагт их таруу байршдаг. Өнөөх уудам нутгаа аймаг, сум, багт хуваачихдаг. Төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх талаасаа зөв, чухал шийдэл. Нөгөө талдаа цөөхүүлээ бид чинь дахин хэд, хэд хуваагдах шаардлагатай болдог. Нэг багийг дунджаар 500 хүнтэй гэж үзье л дээ. Үүний 26 хувь нь хүн амаа нөхөн төлжүүлж, дараагийн үр удмаа бэлтгэх ёстой. Ойролцоогоор эр, эм нийлсэн 130 орчим хүн гэсэн үг. Үлдсэн нь хүүхэд, хөгшид, хүүхэд төрүүлэх нас нь өнгөрсөн хүмүүс юм. Өнөөх 130 залуус хараа, бараандаа явсаар гэр бүл болох тохиолдол нь их. Дээр хэлсэнчлэн эдгээр залууст илэрхий ураг удмын холбоо, сүлбээ харагдахгүй ч холын хамаатан садан байх нь элбэг. Тэд үүнийгээ угийн бичиг хөтөлдөггүй учир мөн л мэдэхгүй. Харин генийн тархалтын хуулиар судлаад үзэхээр элэнц, хуланцынхаа түвшинд гэрлэхэд илэрхдэг цусан төрлийн холбооны үзүүлэлт гарч ирдэг.

-Цус ойртолтоос улбаатай ямар сөрөг үр дагаврууд илэрдэг бол?

-Оюуны хөгжлийн доройтолтой үр удам төрдөг. Оюуны доройтлыг хөнгөн, хүндэвтэр, хүнд, гүнзгий гэж дөрөв ангилдаг юм. 25 настай эрүүл саруул хүний сэтгэцийн чадавхийн түвшнийг 100 хувь гэж үзье. Тэгвэл ижил насны хөнгөн хэлбэрийн оюуны доройтолтой хүн түүнээс даруй 10-20 хувиар доогуур сэтгэдэг. Энэ нь оюуны доройтлын түвшнээс хамаарч улам дорддог. Дээрээс нь ийм хүүхдүүд юм заагаад байхад сурдаггүй. Хэлж өгөөд байхад ойлгодоггүй. Осолдохгүй л хар амиа авч явдаг жишээтэй. Өөрийгөө л бөөцийлдөг. Зарим нь бүр биеэ ч авч явж чаддаггүй. Энэ нь сургалтад ихээхэн хүндрэл учруулах нь бий. Энэ бол цус ойртсны томоохон илрэл. Учир нь шалтгаан нь маш энгийн. Хүн 32,040 гентэй байдаг. Үүнийг эрдэмтэд хэдийнээ тодорхойлчихсон. Үүний 16,020 генийг нь ааваасаа, үлдсэн 16,020-ийг нь ээжээсээ авдаг. Энэ олон ген дотор оюуны хөгжлийн чадавхийг доройтуулаад л байдаг генүүд бий. Тэдгээр генүүд цус ойртсноор ижил байдалд орох нөхцөл бүрддэг. Үүнээс улбаалж оюуны хөгжлийн чадавх сул хүүхэд төрдөг байх нь.

Цус ойртсонтой холбоотойгоор илэрдэг дараагийн сөрөг үр дагавар нь удамшлын төрөл бүрийн өвчин, согогтой хүүүхэд төрөх явдал юм. Тагнай цооронхой, уруул сэтэрхий, гар, хөлийн таван хуруу нь хоорондоо нийлчихсэн. Өтгөн, шингэний сүв нь хаалттай байх зэрэг согогууд илэрдэг. Харахад үнэхээр сэтгэл эмтэрмээр байдаг л даа.

-Амин хувиа хичээх, үг даахгүй байх, тэвчээргүй байх зэрэг нь ч цус ойртсны илрэл гэдэг. Эдгээр нь замын хөдөлгөөнд соёлгүй оролцож байгаа иргэдээс ихээхэн ажиглагддаг. Тэгэхээр энэ нь өнөөх л цус ойртсноос үүдэлтэй уршиг гэж ойлгож болох уу?

-Тэр бол үнэн. Хар амиа бодсон бэртэгчин сэтгэлтгээтэй байдаг. Аливаа зүйлд уужуу тайван хандах, ухаан сийлэх, сэтгэлийн тэвчээр гаргах зүйлээр ядмаг учраас тэр юм. Тийм сэтгэлтгээ төлөвшиж чадахгүй учраас муу, сайн аргаар яаж ийгээд л амиа аргалаад явахыг хичээдэг гэсэн үг. Мөн цус ойртсон гэр бүлээс төрсөн үр удмууд өвчин эсэргүүцэх чадвар сул, үхэл даах чадвар ч маш муу байдаг. Хорт хавдраар өвчлөх нь ч элбэг. Өөрөөр хэлбэл бие махбодийн дархлаа сул байдаг. Энэ сэдвээр миний шавь докторын зэрэг хамгаалсан. Судалгаа, нотолгоотой зүйл л дээ.

Сонирхуулахад, монголчуудыг хар амиа бодсон, эв нэгдэлгүй, өөрөө өөрийгөө мөхөөх байдалд оруулахын тулд угийн бичигийг устгасан болов уу. Улс төрийн далд бодлого байсан юм биш байгаа гэсэн бодол ч төрдөг. Гэхдээ энэ миний л бодол.

-Цус ойртолтын шинж тэмдэг аль аймагт илүүтэй зонхилсон байна вэ. Цус ойртолтод өртөөгүй аймаг гэж байна уу?

-Эрүүл мэндийн яамны шийдвэрээр Эх хүүхдийн эрүүл мэндийн төвөөс эхлээд 21 аймагт төрж байгаа нярайнуудын дунд удамшлын өвчин, согогтой хүүхэд төрж байгаа үзэгдэл байна уу, байгаа бол ямар гажиг согогтой хүүхэд төрж байна вэ гэдгийг судалсан байдаг. Гэтэл бүх аймагт удамшлын гажиг, согогтой хүүхэд төрдөг болох нь тогтоогдсон. 11 төрлийн удамшлын өвчин, гажигтай төрдөг үзэгдэл бий болчихжээ. Хэрвээ ганц, хоёрхон аймагт л дээрх төрлийн гажиг, согогтой хүүхэд төрдөг байсан бол бид магадгүй орчны бохирдол, усны хордлого зэрэг бусад хүчин зүйлстэй холбож болох байх л даа. Гэтэл тийм биш байгаа нь тун харамсалтай. Энэ нь өөрөө хүн ам дахь цус ойртолттой асар өндөр шүтэлцээ холбоотой байна. Энэ нь ч нотлогддог. Цус ойртолтын үзэгдэл илрээгүй аймаг битгий хэл сум гэж алга. Энэ нь хэдийнээ чимээгүй тахал болчихжээ.

-Цус ойртолтоос ангижрах гол хүчин зүйл нь юу вэ?

-Мэдэх хэмжээндээ хүртэл угийн бичгээ хөтлөх. Элэнц, хуланцаа мэдэхгүй юм чинь угийн бичиг хөтлөөд яахав гэж бодож болохгүй. Угийн бичгээ хөтлөхдөө эмээ, өвөө, аав, ээж, тэдгээрийн хамаатан садан, үр хүүхдүүдийг бичнэ. Авга ахын том хүү, түүний эхнэр, охин нь тэдэн настай гэх мэтчилэн. Түүний эхнэр нь тэр нутгийн хүн ч гэсэн болно. Бид угийн бичиг хөтлөх гарын авлага, ном бүтээл ч хийсэн байгаа. Түүнээс санаа авч болох юм.

Угийн бичгээ хадаг яндарт боож, нандигнан хадгалах хэрэгтэй. Улмаар үр хүүхэдээ нас бие гүйцэхэд нь угийн бичгээ өгөх ёстой юм. Өгөхдөө зүгээр ч нэг хараарай, уншаарай гэчихэж болохгүй санагддаг. Ихээхэн ач холбогдол өгч, хадаг яндартай ёслол төгөлдөр өгөх нь чухал. Тэгж гэмээнэ хүүхэд хариуцлагатайгаар удам судраа судалж, хаа газараас гэр бүлийн хүнээ сонгож болох эсэхээ мэднэ шүү дээ. Тэгэхээр айл бүхэн л угийн бичигтэй болох хэрэгтэй байна. Угийн бичиг бидэнд байх хамгийн үнэт баялаг.

Ер нь бол өв соёлоо үр хүүхдэдээ суулгаж, түүнийг уламжлан авч явах чухал үүрэг гэр бүлд байдаг. Өв соёлоо түгээх анхдагч орчин нь гэр бүл юм. Их төрийн доторх бага төр нь гэр бүл гэдэг шүү дээ. Харин гэр бүл задарснаас болж бүхий л зүйл бутардаг. Ядуурал, ажилгүйдэл, архидалтаас болж гэр бүл бутарч байна. Үүнээс үүдэн ёс заншил, өв соёл гээгдэж байгаа. Энэ байдлаас гарахын тулд төрөөс гэр бүлийг ядуурлаас гаргах, ажилтай орлоготой болгох хэрэгтэй. Ингэж чадвал бүтэн гэр бүл бий болно. Улмаар гэр бүлээр дамжуулж уламжлалт соёлоо үр хүүхдэдээ өвлүүлж чадна. Өв соёлоо үр хүүхдэдээ өвлүүлж чадвал бүтэн монгол хүн болно. Ийм л харилцан уялдаа холбоотой зүйл шүү дээ.

-Нутаг нугынхаа хүнтэй гэр бүл болох нь мөн л цус ойртох эрсдэлтэй болов уу. Энэ тухайд?

-Нэг баг, сум, аймгаас гэр бүлээ сонгох нь ураг удмаа гүйцэт мэдэхгүй бидэнд эрсдэлтэй л дээ. Хил залгай аймаг, сумдаас ч хань ижилтэй болох нь мөн л ялгаагүй эрсдэлтэй. Хэдий өөр аймаг, сум гэж нэрлэгддэг болов ч урьдынхаар бол нэг аймаг хошуу байсан гэдгийг бодолцох нь зүйтэй. Аль болох холын нутгийн хүнтэй гэр бүл болох нь юу юунаас чухал юм даа. Ингэж хань ижилээ сонгож чадваас үр удам тань оюуны өндөр чадавхтай, зүс царай, бие бялдар сайтай, сэргэлэн цовоо, ухаалаг, дэг жаягтай, төлөв даруу, бусдыг хайрладаг, эрүүл саруул, өвчин эсэргүүцэх чадвар өндөр, урт настай байх болно. Бурханлаг чанар нь давамгай гэж болно. Сайхан үр удам үлдээнэ гэдэг бахархалтай. Нөгөөтэйгүүр өрх бүр ийнхүү хичээвэл монгол үндэстэн эрүүл саруул, оюун ухааны чадамж бусдаас дээгүүр байх үнэт баялгийг бүтээлцэхэд хувь нэмэрээ оруулж байгаа хэрэг. Хамгийн гол нь хар амиа бодсон бэртэгчин сэтгэлтэнгүүдээс бид сална. Улмаар оюун санаа, сэтгэл зүйн дархлаа эрс өөрчлөгдөнө. Үүнийг ч эцэг, эхчүүд маань үр хүүхдэдээ хэлж ойлгуулж, учир шалтгааныг нь тайлбарлаж байх хэрэгтэй юм.

-Дэлхийн жишигт цус ойртолтоос хэрхэн салсан байдаг юм бэ?

-Үндэстэн бүр өөрийнхөө оюун ухаанаар энэ хүндрэлээс гардаг учиртай. Цус ойртсноос болж тухайн үндэстэн мөхөхөд хүрч байсан тохиолдол түүхэнд зөндөө бий. Тэр бүхнийг арга ухаан сийлээд л туулж гардаг. Тиймээс бид цус ойртолтоос ухаан зарж л гарна. Хүмүүс асуудаг л даа. Гадныхантай суучихвал цус сэлбэгдээд ухаалаг, зүс царай сайтай хүүхэдтэй болчих юм биш үү гэж. Тэгдэггүй юм аа. Өөрт тань тэрнээс илүү агуу генетик нөөц бий. Тэр агуу удамшлынхаа нөөцийг бид ашиглахгүй байна. Ашиглахын тулд холын аймгийн хүнтэй л гэр бүл болчих. Тэднээс ямар сайхан үр удам төрнө гээч.

Categories
мэдээ цаг-үе

Биткойн нь төд удалгүй хий хоосон зүйл болж хувирна гэжээ

Дэлхийн зах зээл дээр нийт 1000 орчим криптовалют буюу шинэ төрлийн электрон мөнгө арилжаалагдаж байна. Эдгээрийн нэг жишээ нь биткойн. Криптовалютын онцлог нь төв гэвэл банк эсвэл ямар нэгэн төвлөрсөн институци хариуцаж гүйлгээнд гаргадаггүй. Гүйлгээ, шилжүүлэг хийхэд банк, санхүүгийн байгууллага ямар ч шаардлагагүй гэсэн үг. Зөвхөн гүйлгээнд оролцогчид л хоорондоо харьцана. Биткойныг л гэхэд IT компани, хувь хүмүүс олборлон зах зээлд нийлүүлсээр байна. Хүмүүс биткойныг богино хугацаанд хялбар аргаар мөнгө олох, өсгөх боломж гэж хардаг байна. Үнэн хэрэгтээ биткойны үнэ цэнээ хадгалж хөрөнгө оруулалт, төлбөрийн баталгаатай хэрэгсэл байж чадах эсэх өнөөдрийг хүртэл эргэлзээтэй.

Биткойны хамрах хүрээ нэмэгдэж, ханш нь өслөө ч төрийн хүчтэй зохицуулалтын өмнө өвдөг сөрхөнө гэдгийг мэргэжилтнүүд сануулсаар буй. Хятадын “Ардын банк”-ны зүгээс биткойн нь бодитоор ямар нэгэн төлбөрийн хэрэгсэл, валют болж илэрхийлэгдэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн санхүүгийн байгууллагууддаа хэрэглэхийг хоригложээ. Мөн интернет шилжүүлэг, гүйлгээг хийхдээ биткойн ашиглах бүрэн боломжтой байгаа нь иргэдэд эрсдэл учруулж болзошгүй гэж үзсэн аж. Энэ шийдвэрээс хойш биткойны ханш гурван мянган ам.доллар руу огцом унасан. Мөн БНХАУ-аас биткойны үнийн хөөсрөл үүсэхээс сэргийлсэн зохицуулалтын арга хэмжээ ч авч эхэлсэн.

БНХАУ-аас гадна Израйлийн эрх баригчид биткойныг хориглосон. Тус улс биткойн арилжаалдаг компаниудыг хөрөнгийн бирж дээрээ үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан юм. Өмнө нь бүртгэгдсэн боловч үйл ажиллагааныхаа ихэнхийг биткойн руу шилжүүлсэн компаниудыг ч биржээсээ гаргасан байна. Энэ тухай Израйлийн зохицуулах байгууллагын захирал Шмуэл Хаусер “Биткойны цаана юу байгааг хэн ч мэдэхгүй. Миний бодлоор энэ хөөсрөл шиг санагдаж байна. Тиймээс олон нийтийг хамгаалахын тулд зохицуулалт шаардлагатай” гэжээ. Түүнчлэн Израйлийн алдарт “Моссад” тагнуулын газраас криптовалютын сүлжээний ард ганцхан хүн байдаг. Тэр л хүн бүхнийг удирдаж, зохицуулдаг болох талаар мэдэгдсэн байна. Үүнд нэмж хэлэхэд биткойныг үйлдвэрлэсэн гэх японы иргэн Сатоши Накамотог хэн ч хараагүй, хэн ч түүнтэй ярилцаж байгаагүй аж. Биткойны хөгжлийн эхэн үед бусад хөгжүүлэгчид түүнтэй имэйлээр харилцдаг байсан боловч 2011 оноос хойш тэрээр нэг ч и-мэйлд хариу ирүүлээгүй ор сураггүй алга болсон байна. Тиймдээ ч түүний цаана ямар нэгэн байгууллага, эсвэл зохион байгуулалттай бүлэг хүмүүс байгаа гэж үздэг аж.

Криптовалют тэр дундаа биткойн арилжихыг хориглох тухай хууль гаргахаар БНСУ ч төлөвлөж байгаа аж. БНСУ-ын Хууль зүйн сайд Пак Сан Кы хийсэн мэдэгдэлдээ “Цахим валютууд нь манай улсын засгийн газрын хувьд хамгийн их түгшээсэн, ярвигтай асуудлуудын нэг болоод байна. Бид цахим валютын арилжааг хориглох тухай хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна” гэжээ. Үүнтэй холбоотойгоор биткойн төдийгүй бусад криптовалютын ханш мөн л арван хувиар унажээ.

Түүнээс гадна Их Британийн моргейжийн хамгийн том зээлдэгч банк болох Ллойдс банк харилцагч, зээлийн карт эзэмшигчдийг санхүүгийн эрсдэлд орохоос сэргийлж, биткойн худалдаж авахыг хориглохоор болжээ. Энэ нь биткойны ханшны тогтворгүй байдлаас үүдэн харилцагчид их хэмжээний алдагдалд орж болзошгүй хэмээн сэрэмжлүүлэх үүднээс авч буй арга хэмжээ аж. Мөн Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй гэмт хэрэгтнүүдийн хууль бус үйл ажиллагааны гол хөшүүрэг болоод буй биткойны хяналтыг сайжруулахад онцгой ач холбогдол өгч байгаа юм байна.

Энэ мэтчилэн маш олон орнууд криптовалют тэр дундаа биткойны гүйлгээ, арилжааг олон улсад хуулиар чангатгаж, хориглож болзошгүй байна. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас эхлэн биткойны ханш суларч байгаа юм. Эргэн сануулахад өнгөрсөн онд биткойны ханш 20 мянган ам.доллар хүрсэн. Энэ нь бизнес эрхлэгчид төдийгүй жирийн иргэдэд ч биткойн худалдан авах нь ашигтай юм гэх ойлголтыг өгсөн юм. Гэсэн ч өчигдрийн байдлаар биткойны ханш найман мянган ам.доллар болтлоо буурчээ. Шинжээчдийн хувьд ханшийн огцом хөөрөгдөл, хэлбэлзэл, хакеруудын халдлага зэргээс үүдэн “биткойн бол дамлах хийрхэл, үнийн хөөсрөл, хөнгөн хийсвэр аргаар мөнгө олох гэсэн арга” гэж үзээд байгаа. Үүнтэй санал нийлэх судлаачид ч цөөнгүй бий. Тухайлбал, хөрөнгийн үнийн талаарх шилдэг экспертүүдийн нэг Роберт Шиллер гэх эрхэм “Биткойны үнэ бол зах зээл дээрх үнийн хөөсрөлтийн шилдэг жишээ” гэж нэгэнтээ хэлсэн. Мөн Америкийн хамгийн том банкны нэг болох “JP Morgan”-ий захирал “Биткойн бол луйвар. Манай компанийн ажилтан биткойн худалдаж авсан тохиолдолд шууд ажлаас нь хална” гэж ч мэдэгдсэн удаатай.

Биткойн нь иргэдийг эрсдэлд оруулахаас гадна гэмт хэргийн үүр уурхай болж байгаа нь томоохон улс гүрнүүдийн толгойны өвчин болоод буй. Учир нь биткойныг хууль бус наймаанд маш ихээр ашигладаг болжээ. Тэр дундаа хар тамхи наймаалах, луйвар залилан, мөнгө угаах зэрэг хууль бус үйлдлүүдийг өөгшүүлээд байгаа юм. Энэ нь биткойноор тооцоо хийх худалдааны сайтуудад худалдан авагчийн тухай мэдээлэл үлддэггүйтэй холбоотой. АНУ-ын Холбооны мөрдөх товчооныхон биткойноор гүйлгээ хийдэг хар тамхи, мөнгө угаадаг сайтуудыг хааж байсан ч удаатай. Австрали улсаас биткойноор дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ямар арга хэмжээ авах вэ гэдгээ ч судалж байна. Ийнхүү криптовалютаар дамжуулан татвараас зайлсхийх, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна хэмээн нотлогдвол түүнийг хориглох магадлал маш өндөр. Монголбанкны зүгээс ч үүнээс сэрэмжлэх нь зүйтэй хэмээн удаа дараа анхааруулсан. Биткойныг хууль ёсны төлбөрийн хэрэгсэл гэж үзэхгүй байгаагаа ч илэрхийлсэн. Гэтэл манай улсад биткойн олборлохыг улам их уриалах болжээ. Зүгээр сууж байгаад мөнгөтэй болчихъё гэсэн гэнэн бодлоор цахим мөнгийг сонирхох хүн ч цөөнгүй байна. Олныг шууруулаад буй зүйл хэзээ нэг өдөр ихээхэн хор уршиг дагуулах нь ч бий. Эрсдэлтэй болохыг нь мэдсэн хэрнээ танд ухуулан, сэнхрүүлэх нэгэн өөрт оногдох багахан ашгийн төлөө л үүнийг хийдэг . Харин эцэстээ хялбар аргаар баяжина гэдэгт итгэсэн та л золиос болж үлдэнэ. Биткойн нь мөнгөнийхөө үнэ цэнийг баталгаажуулж, хариуцлага хүлээх боломжгүй гэдгийг та сайтар тунгаах ёстой юм.

Уул уурхайн инженер, эдийн засагч П.Өлзийнаран “Өөрийн байгалийн баялаггүй түүхий эдийн нөөцгүй, эсвэл хууль бус экспорт хийдэг, улс орнууд голчлон идеал төлбөрийн хэрэгсэлд шүтэж байна. Учир нь материаллаг баялагийг чинь авахын тулд гарт чинь агаар атгуулж төлбөрөө хийж байгаа юм. Харин бид зүгээр сууж байхад минь л мөнгө үржинэ гэдэгт итгэж байна. Үүнд л учир бий. Биткойн ирээдүйд Хадгаламж зээлийн хоршооноос ч долоон дор уршигийг тарина шүү. Биткойны ертөнц нурлаа. Таны хуримтлал үзвэл үнс харвал хальс болох болно” хэмээсэн юм.

Биткойныг баталгаагүй, хэзээ нэгэн өдөр хий хоосон зүйл болно гэдгийг хүмүүс хэдийнэ мэдэх болжээ. Үүнийг батлах нэг жишээг дурдахад саяхан Япон улсын хоёр иргэн эх орондоо хуримтлуулсан цахим мөнгө болох биткойныг БНСУ-д очиж бэлэн мөнгөөр худалджээ. Харин мөнгөөрөө нэг кг-ийн жинтэй, нийт 38 ширхэг алтан гулдмай худалдаж авсан байна. 38 кг алт нь монгол мөнгөөр дөрвөн тэрбум 200 сая орчим төгрөг юм. Тэдний хувьд “Солонгос улсад алтны үнэ Японы зах зээлээс дунджаар арван хувиар хямд байдаг. Тиймээс бид энэхүү алтаа худалдан борлуулах зорилготой” хэмээн тайлбарлажээ. Өмнө нь ч гэсэн нэгэн япон иргэн ийм аргаар БНСУ-аас 13 кг алт авч эх орондоо буцсан байна. Одоогоор биткойноор олсон орлогоор худалдаж авсан эд зүйлсийг хил, гаалиар нэвтрүүлэхийг хориглосон хууль, журам байхгүй аж. Үүнийг ч Япончууд соргогоор ашигласаар байгаа нь энэ юм байна. Дээрээс нь криптовалют, биткойн төд удалгүй хий хоосон зүйл болон хувирна гэдгийг мэдэж байгаа учир бодит хөрөнгө болгохоор ийнхүү улайрч байна.

Э.БОЛОР

Categories
мэдээ цаг-үе

Есөн зуун мянган төгрөгөөрөө тов хийтэл Цагаан сараа гаргачихна гэв

Монголчууд бидний уламжлалт Цагаан сарын баяр болоход хэдхэн хоногийн хугацаа үлджээ. Эл өдрүүдэд Монголын мянга, мянган айл өрх дор бүрнээ идээ, ундаа, ууц, шүүсээ базаасаар байна. Харин бид жирийн нэгэн айлыг онцолж сар шинэдээ хэрхэн бэлтгэж байгаа талаар нь сурвалжиллаа. Энэ айл бол 70 хүрч яваа Б.Сэлэнгэ гуайнх юм. Тэрээр эхнэр хүүгийн хамт Чингэлтэй дүүргийн Хайлаастын 15 дугаар хороонд амьдардаг. Эндээ 30-аад жил амьдарч байгаа гэнэ. Түүний хувьд зураг зүйн багш мэргэжилтэй бөгөөд боловсролын салбарт 42 жил ажиллахдаа гавьяат багшаас бусад бүхий л шагналыг хүртэж байжээ. Гэргий Ц.Хасбаатар нь тогооч мэргэжилтэй. Цэцэрлэгийн ахлах тогоочоор ажиллаж байгаад мөн тэтгэвэртэй гарсан байна.

Биднийг очиход Б.Сэлэнгэ гуайнх цагаан сарын буузаа хийхээр зэхэж байсан юм. Мянга орчим ширхэг бууз хийхээр төлөвлөжээ. Хоёр хөгшин энэ удаагийн цагаан сард есөн зуун мянган төгрөг төсөвлөжээ. үхрийн өвчүү, хэвийн боовыг нь дүү нар нь аваад өгчихөж. Тиймдээ ч есөн зуун мянган төгрөгөөрөө тов хийтэл цагаан сараа гаргачихна гэв. Эднийх хүү, охин хоёртой. Хүүхдүүд нь ч ажил төрөлтэй учир тус дэм болдог байна. Хүүхдүүдийнхээ буянд тэтгэврийн зээл авалгүйгээр Цагаан сараа тэмдэглэчихэж байгаа юм хэмээн Б.Сэлэнгэ гуай хэлсэн. Тэрээр дээл хувцаст төдийлөн их мөнгө зардаггүй байна. дээл өмсөхөөр хөлд тулаад байх шиг санагддаг юм. Үндэсний хэв маягийг шингээсэн цамц, дээл зэрэг урьд урьдынхаас чамгүй үнэтэй болсон байна лээ. Тэгээд ч насаараа багшийн ажил хийсэн учир костюм өмссөөр байгаад бүр дасчихсан байна хэмээн инээмсэглэн өгүүлсэн.

Цагаан сарын баяраар хамгийн их мөнгө зардаг зүйл бол зочдын гарыг цайлгах бэлэг байдаг. Тэр дундаа настан буурлуудын хувьд хамгийн их асуудал болдог зүйл нь энэ. Тэгвэл Б.Сэлэнгэ гуайнх хичнээн төгрөгийг бэлэг сэлтдээ зориулдаг талаар асуухад “Манайх цагаан сараар хүн хөл ихтэй гэж жигтэйхэн. Хүүхдүүд, зээ нар минь ирнэ. Хамаатан садан, дүү нар ирцгээнэ. Ажлын газраас ахмадуудаа хүндэтгэж ирж золгоно. Шавь нар маань ч ирдэг юм. Тиймээс манайх бэлэг сэлтэд мөнгө их зардаг даа. Хөгшин бид хоёрын тооцоолсноор 400 мянган төгрөгөөр бэлэг авахаар л болж байх шиг байна. Аз болоход манай энэ ойр хавьд үндэсний үйлдвэрүүд олон бий. оймс, бээлий зэрэг үйлдвэрлэдэг юм. Манайх тэндээс л бэлгээ бэлддэг дээ. Хямд төсөр үнэтэйгээс гадна үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг. Харин хоёр зээдээ арай дөнгүүр бэлэг бэлдчихсэн гэж бодож сууна.

Том зээ хүү маань Кино Урлагийн дээд сургуулийн оюутан. Харин бага нь долоодугаар ангийн сурагч. Манай зээ нар зураг зурна, дуулж, бүжиглэнэ гээд авьяастай шүү. Хоёр хүүгийнхээ хичээл номонд нь хэрэг болохоор л юм олж бэлэглэнэ дээ” гэсэн юм.

Сар шинийн баяраар цагаан идээгээр ширээгээ чимэх дуртай Б.Сэлэнгэ гуай Архангай руу айраг захижээ. Төв аймаг руу ч мөн захиад амжсан гэнэ. “Гантай зун байсан учир айраг цагаа ховор л дуулдаж байна. Гэсэн ч энэ ханиад томуутай үед чацаргана, нэрс буцалгачихдаг юм. Хүүхдүүд их сонирхож уудаг шүү. Уул нь хөгшин бид хоёр хашаан дотроо чацаргана, хад, хүнс, нарийн ногоо тарьж даршилан хамаатнууддаа өгдөг байлаа. Энэ жил даршилсан ч үгүй дээ” хэмээн хуучлав. Эднийх Цагаан сарын баяртаа зориулж хамгийн ихдээ гурван шил архи авдаг байна. Ах, дүү, шавь нар нь архи барьж золгох нь цөөнгүй учир олныг аваад хэрэггүй байдаг гэнэ. Б.Сэлэнгэ гуайнх ёс заншлаа бодож өөрийн боломжоороо эл баяраа тэмдэглэхээр сэтгэл догдлон суугаа нь энэ юм. Түүний хувьд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын хүн юм байна. Түүнээс бага залуу үед нь нутгийнхан нь Цагаан сар хэрхэн тэмдэглэдэг байсан тухай сонирхоход “Урьд Цагаан сар тэмдэглэх хаалттай байлаа. Харин сүүлд сар шинийн баярыг тэмдэглэдэг болсон. Одоогийнхтой харьцуулахад бид энэхүү баярт хэрэгтэй бүхий л зүйлээ өөрсдөө хийдэг байж дээ. Ууц, шүүс, хэвийн боов, өрөм, ааруул шар тос гээд л. Харин одоо бол бүх л зүйлс бэлэн болжээ. Түүнийгээ дагаад хүмүүс ч хийхийг урьтал болгохгүй худалдаад л авчихдаг болж. Сайн мууг нь хэлж мэдэхгүй л юм даа. Ямартай ч цагаан сар бол бидний ёс заншлыг тээх ач холбогдолтой баяр. Мөн ураг удамаа мэдэлцэж авдаг чухал ач холбогдолтой шүү дээ. Үр хойч минь энэ уламжлалаа алдахгүй тэмдэглэж байгаад талархалтай ханддаг юм. Зөвхөн Монгол Улс нутагтаа сар шинийн баяраа тэмдэглээд зогсохгүй дэлхийн өнцөг булан бүрт байгаа монголчууд минь өөрийн боломж нөхцлөөрөө тэмдэглэн өнгөрүүлдэг болсон байна. Үүнийг сайшаахаас өөр аргагүй” гэв. Б.Сэлэнгэ гуайн хувьд баяр наадам гэхээсээ илүү сар шинийн баярт их дуртай, ач холбогдол өгдөг аж. Учир нь баяр наадмаараа хүмүүс гэр бүлээрээ хөдөө явчихдаг. Харин Цагаан сараар төдийлөн уулзаж чаддаггүй хамаатан садан, ах дүүтэйгээ учирч хэдэн өдрийг хөл хөөртэйхөн өнгөрүүлэх нь сайхан байдаг байна.

Ц.Хасбаатар гуай хүүгийнхээ хамт буузны махаа татаж байна

Сар шинийн баяраа уламжлалт хэв маягаар тэмдэглэдэг айл өрхүүд олон. Харин зарим хүмүүс Цагаан сарын баяраа хамаатнуудаараа нийлэн ресторанд тэмдэглэх нь олонтаа болжээ. Уг үйлчилгээг ч баярын өдрүүдэд үзүүлж, хамаатан саднаараа нэг дороо цугларах боломжийг олгоно гэх ресторанууд ч бий болжээ. Бүр рекламаа цацаад, захиалгаа аваад ч эхэлсэн байна лээ.

Уламжлалт хэв маягаар сар шинийн баяраа тэмдэглэхгүй байх нь ахмад настнуудаа хүндэтгэн очиж золгодог ёсыг эвдэж байна хэмээн шүүмжлэх хүмүүс ч байдаг. Харин зарим нэг нь уламжлалт сар шинийн баяраа хэн хэндээ хүндрэлгүй, хөнгөвчилсөн байдлаар тэмдэглэхэд болохгүй зүйл үгүй гэх нь ч бий. Ямартай ч орчин үеийн энэ жаягаар арав гаруй жил сар шинийн баяраа тэмдэглэж, ах дүүсээрээ баярлаж буй айлууд ч байдаг гэнэ. Ихэвчлэн маш өнөр өтгөн гэр бүлүүд цаг хугацаа, зардалаа хэмнэн ийнхүү сар шинийн баяраа тэмдэглэдэг байна.

Энэ жишгээр сар шинийн баяраа тэмдэглэдэг П.Сарантуяагийн хувьд “Манай нөхрийн талынхан сар шинийн баяраа ресторанд тэмдэглэдэг юм. Ресторанд тэмдэглэдэг болоод багагүй хугацаа өнгөрчээ. Шинийн нэгний өглөө гэр, гэртээ золголтоо хийчихээд бүгд цуглардаг юм. Сар шинийн баяраа тэмдэглэхээр 14-15 ам бүл цуглардаг шүү. Өглөөнөөс орой болтол тоглож наадан, үр хүүхдүүдээ хооронд нь танилцуулж, ураг төрлийг нь мэдэлцүүлдэг юм. Баярын ширээ засахад айл бүхэн оролцоно. Бүх айлууд өөрсдийнхөө идээ, будааныхаа дээжээсээ авчирдаг юм. Ингээд тавгийн боов, ууц, ааруул, өрөмөө нийлүүлэн идээгээ засдаг. Мөн айл бүр гэрээсээ авчирсан бууз, салат, цайгаараа бусдыгаа дайлж, цайлдаг” гэлээ. Ингэж тэмдэглэснээр бүгд нэг дороо цуглачихдаг учир настан буурлууд зочид гийчдийн хөлд хэд хоногийн турш дарагдаж ядрахгүй, давуу талтай байдаг аж. Мөн хөдөө орон нутгийн зочид гийчид хотын түгжрээнд түгжирч цаг заваа барахгүй тул шалавхан золгуутаа дуусгачихдаг гэнэ. Сар шинийн баяраа ресторанд тэмдэглэхэд 300-400 мянган төгрөгийн ханштай байдаг аж. Энэ нь ойролцоогоор 25-30 мянган төгрөг гардаг байна.

Үүнээс өөр хэв маягаар ч тэмдэглэдэг айлууд байдаг аж. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны иргэн Н.Банзрагчийнх есөн ам бүлээрээ сар шинийн баяраа тэмдэглэдэг байна. Сар шинээ тэмдэглэхдээ айл бүр 400-500 мянган төгрөг хураалгаж нэгнийдээ өгдөг аж. Тэрээр “Тухайн жил мөнгө авсан айл нь цагаан сар тэмдэглэж, ах дүү нараа оруулж цайлдаг юм. Есөн ам бүлээрээ нэг дороо л цуглацгаадаг гэсэн үг. Харин зочилж ирж байгаа ах дүү нар нь бусдадаа өгөх бэлэгтэйгээ ирдэг. Жил ирэх тусам л улам өнөр өтгөн болж, цугларах хүмүүсийн тоо ч нэмэгдсээр байгаа. Сар шинийн баяраа тэмдэглэнгээ нэгэн өдрийг хамтдаа сайхан өнгөрүүлдэг дээ. Харин бидний цуглуулж өгсөн мөнгөөр сар шинэ тэмдэглэхээс гадна гэр бүлдээ хүссэн зүйлээ авч болох юм. Энэ нь нэг нэгэндээ өгөөжтэй төдийгүй хүндрэлгүйгээр сар шинийн баяраа тэмдэглэх нэг арга л даа. Гол зорилго нь өгөөжтэй байх үүднээс л үүнийг сэдсэн юм” гэлээ. Нэгнийдээ ийнхүү баярласан ч айл тус бүр гэртэй мах шүүсээ тавьж, идээгээ засдаг аж. Ингэснээр бусад хамаатан садан, худ, ураг, найз нөхөд, ажлын хамт олноо цайлдаг байна.

Г.Мөнхцацрал

Categories
мэдээ цаг-үе

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лхаажавын Цагаандалайгийнх

Спортын сэтгүүлч, тайлбарлагч Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Лхаажавын Цагаандалайгийнхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэлээ. Тэрээр эхнэр хүүхдүүдийн хамт “Хурд” хотхонд гурван өрөө байранд амьдардаг юм байна. Урин цаг наашлах дөхөж л байна даа гэсээр бидний яриа эхлэв. Тэрээр “Би “Өдрийн сонин”-ы “Эх орон сумаас эхэлнэ” хэмээх буланг сонирхон унших дуртай байдаг юм. Угтаа эх орон гэдэг багаас, сумаас эхэлдэг гэж би боддог. Би өөрөө Дорноговь аймгийн Өргөн сумын хүн л дээ. Ноён хутагт Данзанравжаагийн зохиол бүтээлээ туурвиж байсан нутаг. Тэр дундаа манай Өргөн суманд Дулдуйтын хонд гэж бий. Хутагтын шид нь тодорсны гэрч болсон нутаг ус ч байдаг шүү. Манай нутгаас сэхээтнүүд ихээр төрөн гарсан байдагт бахархаж явдаг юм. Мөн чинхүү хөдөлмөрөөрөө гавьяат, баатар цол хүртсэн олон сайхан алдартнууд манай суманд бий. Түүний нэг нь миний аав, ээж хоёр юм. 1989 онд Монгол Улсын аварга малчин болж байсан түүхтэй” гэлээ.

Л.Цагаандалай гуай есөн хүүхэдтэй айлын гурав дахь нь. Хөвгүүдээсээ бол том нь аж. Айлын том хүү учир бага ахуйгаасаа л ээж, аавдаа тус дэм болж өсчээ. “1960-1980 оны хүүхдүүд Монголын хүн, мал өсгөхөд их тус хүргэсэн гэж би боддог юм. Яагаад тэр билээ гэж хүмүүс их гайхдаг л даа. Учир нь хүн бүл багатай айл нэгдлийн тэр их малыг маллана гэдэг тун бэрх. Тухайн үед таваас доош хүүхэдтэй айл тун цөөхөн байсан. Харин тэр хүүхдүүд чинь маш сайн ажиллах хүч болж, нэгдлийн малыг өсгөлцсөн хэрэг. Мөн дүү нараа ч харж хандана. Тэгэхээр хүн, мал өсгөхөд тухайн үеийн хүүхдүүд их тус хүргэсэн байгаа биз (инээв)” хэмээн тэрээр хуучилсан.

Түүний хувьд бага балчраасаа морь унах дуртай төдийгүй аавынхаа морь уях эрдэмд суралцаж өсчээ. Харин хамгийн анх хэрхэн морь унаж сурсан тухай сонирхон асуухад “Монголчуудын хүүхдээ морь унуулж сургах нь үе шаттай байдаг. Аав минь намайг багад моринд мордуулж байсныг бүүр түүрхэн санадаг юм. Айдсыг нь арилгаж, адуу малтай ойртуулж байгаа хэрэг л дээ. Дараа нь 1968 онд таван настайгаасаа хааяахан моринд мордуулаад, хөтлөөд явна. Түүнээс хойш хурга, тугалын бэлчээрт явуулдаг байв. Гэхдээ ганцааранг нь явуулахгүй. Ах, эгчийг нь дагуулаад л явуулна. Бусдын адил ингэж л морь унаж сурсан даа. Ингээд бодохоор монгол хүүхэд морь унаж сурна гэдэг нь одоогийнхоор системтэй сургалт л гэсэн үг. Хэдэн жилийн дараагаас аавтайгаа хамт морь унаж, уяад, уургалаад л эхэлсэн. 1975 онд тавдугаар ангидаа дүүтэйгээ хамт хоёр морь уяж, хоёуланг нь айрагдуулсан сайхан түүх ч бий шүү. Харин өвгөдийн хэлээр “Унаагаа бүрэн юүлчихдэг болох үедээ л” оюутны ширээнд суусан юм. Гэхдээ одоо ч гэсэн морио унахгүй байгаа хөдөөний залуучуудын хажууд хавьгүй илүү гэдэгтээ итгэлтэй байдаг” гэсэн юм. Ийнхүү моринд ойрхон өссөн нь түүнийг хүний сэтгэлийг огштол, самсааг нь шархиртал морь тайлбарлах үндэс суурь нь болж өгсөн нь дамжиггүй. Түүний хувьд ч “Надад чи морь ингэж тайлбарлана шүү гэж хэн ч хэлээгүй.

Харин морь тайлбарлахдаа бэлэн байсан гэж боддог. Үүнд аавтайгаа хамт морь уяж, унаж өссөн минь хамгийн их нөлөөлсөн. Мөн аавынхаа найз нөхөд, нутгийн хөгшдийн яриаг шимтэн сонсдог байсантай минь ч холбоотой. Багад ээж минь “Миний хүү хониндоо яв” л гэнэ. Нутгийн өвгөчүүл манайд ирчихээд сонин, хачин хууч яриа хөөрөлдчихнө. Би хонинд явахгүйгээр, тэдний яриаг сонсоод л суугаад баймаар санагддаг сан. Тэд тааруухан ярьдаг байсан бол хэн ч шимтэхгүй нь лавтай. Эргээд бодох нь ээ яг сэтгүүл зүйн зарчмаар ярьдаг байсан байгаа юм. Тухайлбал нэг морины түүх ярихын тулд тэдэн оны, тийм улиралд, тэднийхийг тэр бууцанд байхад гэж ирээд л. Тэр гуайг байхад гэж нутгийн нөлөө бүхий хүнийг жишээ татаж байж өнөөх түүхээ ярина. Маш олон гэрчтэй, эх сурвалжтай гэдгийг нь баталж байгаа хэрэг биз. Ийм яриаг сонсож өссөн учир адууны удам угшил, үүх түүхийг хамтад нь ярьж хэлж сурсан гэж боддог” хэмээсэн юм.

Биднийг ийн ярих зуур түүний гэргий Г.Бямбацэрэн гэж зөөлөн дуутай, намбалаг эмэгтэй хоол, цай барилаа. МУБИС-д тэнхимийн эрхлэгчийн алба хашдаг түүний хувьд нэгэн ном бүтээхээр бусадтай хамтран ажиллаж байгаа учир ойрын үед тун завгүй байгаа аж. Гэсэн ч сонины сурвалжлагчид ирэх нь хэмээн ажлаа хойш тавин, цай хоол бэлдсээр биднийг угтсан нь энэ юм. Тэрээр “Миний хувьд Говь-Алтай аймгийн хүн л дээ. Багшийн сургууль төгсөөд их сургуульд таван жил сурч төгссөн. Төгсөөд Багшийн сургуульдаа багшаар үлдсэн л дээ. Тэр цагаас хойш тасралтгүй 26 жил Монгол Улсын багшийн их сургуульдаа ажиллаж байна. 16 жил тэнхимийн эрхлэгчийн албыг хашиж байгаа. Харин одоогоор эх хэлнийхээ эрдэмтэн мэргэдтэй хамтарч зөв бичих дүрмийг журамлах толь боловсруулж байна. Дэлхийн жишигт нийцсэн толь бичгүүдийг харж байгаад өвөрмөц толь гаргахаар зэхэж байгаа” гэсэн.

Л.Цагаандалай гуайн хувьд эхнэртэйгээ мөн адил МУБИС-ийг түүх, нийгмийн ухааны багш мэргэжлээр дүүргэсэн. Энэ нь түүний бага ахуй цагаасаа түүх, утга уран зохиолд сонирхолтой байсантай холбоотой аж. “Лхаажав гэдэг айл 1970 онд Цагаандалай гэдэг хүнийг сургуульд сургахын тулд гэрээрээ сумын төв рүү нүүж байлаа шүү дээ. Суманд ойрхон буусан юмдаг. Эхэндээ сургууль руугаа морьтой явдаг байлаа. Сүүлдээ ч морь хураагдсан л даа. Өргөн сумын одоогийн цементийн үйлдвэр байгаа дэнж дээрээс сургууль руугаа гүйдэг болсон. Харин хоёрдугаар ангиасаа эхлээд сургуулийнхаа дотуур байранд амьдарч эхэлсэн. Ээж, аавтайгаа улиралд л нэг удаа уулздагсан. Одоогийн хүүхдүүд төсөөлөхөд бэрх л дээ. Миний хувьд түүх, монгол хэлний хичээлдээ их сайн. Тоондоо төдийлөн сонирхолгүй. Харин тавдугаар ангид орсон жил ээж маань тоонд нь сайн болгоно гээд Эрдэнэ сум руу нагац ах болох Монгол Улсын гавьяат багш Б.Бадарч руу явуулдаг юм байна. Бадарч ах их чанга багш л даа. Миний тоонд дургүйг ч хэлэх үү, “Тунгалаг тамир” уншаад л суучихна. Ах сүүлдээ “Тунгалаг тамир”-ыг минь ч хурааж авлаа. Даалгавраа хийгээгүй бол унтаж байсан ч хамаагүй босгож ирээд л тоо бодуулна. Харин зургадугаар ангид орох жилээ Бадарч ах намайг “загнадаг” гэж ээж, аавдаа худал хэлээд л зугтаасан. Наймдугаар ангиа Өргөндөө төгссөн л дөө. Төгсчихөөд хөдөөний хүн болохоо дөхсөн шүү. Хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн хэрэг. Нутгийн ах нар илгээлтийн эздээс л мал эрж сурдаг байв. Уг нь бол надаас нэг жилийн өмнө л төгссөн хүүхдүүд байгаа юм. Гэтэл тэднийг нутгийн ах нар, өвгөд жигтэйхэн тооно. Өнөө илгээлтийн эзэд чинь гутлынхаа түрүүг эргүүлчихээд л орой үдшийн үзвэр үзнэ, том хүмүүсийн хажууд тамхи татна.

Цэргээс ирсэн ах нар бүр ч тэнгэрийн амьтад. Шинэ мотоцикль уначихсан, өргөн бүс бүслээд, хороомон гутал өмсчихсөн. Тэднийг харахаар л хөдөө эрх дураараа их гоё юм байна. Хөдөө л гарсан нь дээр юм гэж бодогдоод л. Эд нар шиг л хөдөө гарч, цэрэгт явъя гэсэн хүсэл дүүрэн. Тухайн үед ангиараа ч илгээлтээр гардаг байлаа л даа. Гэтэл улс даяар тэр жил нэг ч хүүхэд ХАА болон үйлдвэрлэл дээр гаргаагүй юм. Тэр бол 1978 оны төгсөлт юм. Бүгдийг нь ямар нэгэн сургууль төгсгөсөн. Ингээд 1978 оны наймдугаар сарын 16-ны өдөр оюутан болохоор гэрээсээ гарч байлаа. Ингэж л Монгол Улсын мэргэжлийн боловсон хүчинг анхлан бэлтгэсэн эрдмийн өргөө болох Багшийн сургуулийн өндөр босгыг давсан даа. Энэ сургуулийг Монголын сор болсон сэхээтнүүд болох Л.Түдэв, П.Хорлоо, Д. Цэвэгмид, Х.Баянмөнх, Н.Жанцанноров, Б.Шарав нар төгссөн байдаг. Багшийн сургуулийн жинхэнэ алтан үеийнхэн Б.Осор, Б. Сэвжид, Өлзийханд, Д.Батбаяр, А.Улаантөмөр, Г.Лхаахүү тэргүүтэй эрдэмтэд бидэнд хичээл зааж байсанд туйлаас олзуурхдаг юм. Тиймдээ ч багшийн мэргэжлийг чамгүй эзэмшсэн гэж боддог. Мөн сэтгүүл зүйн салбарт муугүй явахад минь их нэмэр болж байна даа” гэлээ.

Эх хэлээ эзэмшинэ гэдэг зөв сайхан бичиж, дүрэм цээжлэхээр хязгаарлагдахгүй. Айлд ороод хүнтэй зөв мэндлэх, янз бүрийн ааш, араншинтай хүмүүсийн эвийг нь олоод ажил, төрлөө бүтээчих зэрэг нь эх хэлээ муугүй эзэмшсэн хүний л хийж чадах зүйл хэмээн тэрээр онцлон хэлсэн.

Түүний хувьд Багшийн сургуулиа төгсөөд төрөлх сумандаа нэг жил багшилжээ. Аймгийнхаа эвлэлийн хороонд ч ажиллаад амжсан байна. Улмаар цэргийн албанд мордож, гурван жилийн алба хаажээ. Харин халагдах жилээ амьдралынхаа ханийг олсон байна. Энэ тухай гэрийн эзэгтэй “Цагаандалайгийн цэргийн рот, манай ангийнхан хамтран “АСТ” зохион байгуулсан юм. Тэгж л анх танилцаж байлаа. Гал голомтоо бадраагаад хэдийн 33 жил болжээ” хэмээн дурссан.

УБДС-ийн оюутан Л.Цагаандалай 1989 оны өвөл идэр есийн жавар тачигнаж байхад эхэлсэн ардчилсан хувьсгалын анхны жагсаал цуглаан, уулзалтуудад оролцож, түүний манлайд нь явсан гэдэг. Мөн МоАХ-ны анхны их хурлын төлөөлөгч. Гэргий Г.Бямбацэрэн “Ер нь манай хүн төдийгүй Дарь.Сүхбаатар маань тэргүүлээд манай Багшийн дээдийнхэн ардчиллын анхны дууч, тэмцэгчид байсан шүү. Би ч ханьтайгаа хамт жагсаал, цуглаанд давхар биетэй хэрнээ л оролцоод явдаг байлаа” гэв. Энэ тухай Л.Цагаандалай гуай “Багшийн дээд сургуулийн Түүх нийгмийн багшийн ангид орохоор элсэлтийн шалгалт өгсөн юм. Манай нутагт нийгмийн ухааны шалгалтыг нэг хууз сахалтай нөхөр авахаар ирсэн байлаа. Түүнийг МУИС-ийн багш С.Зориг гэдэг хүн гэж дууллаа. Хэдхэн сарын дараа эхлэх Ардчилсан хувьсгалын удирдагчид шалгалт өгч байснаа тухайн үедээ яаж мэдэх вэ дээ. Ингээд л дахин оюутны ширээнд суулаа. Өвөл нь оюутны амралтаар хадмуудтайгаа танилцахаар Алтай нутгийг зорилоо доо. Яг тэр үед Ардчилсан холбооныхон ч аймаг бүрт очиж уулзалт, цуглаан хийж байлаа. МоАХ-ны анхны зүтгэлтнүүд болох талийгаач Б.Галсандорж багш, “жижиг” хэмээх Д.Болд нартайгаа Говь-Алтай аймгийн засаг дарга Б.Пүрэв гэдэг хүнтэй бидний хэдэн нөхөд очиж уулзсан. Биднийг хүлээж авч уулзан, Алтай чуулгын байранд уулзалт хийхийг зөвшөөрч билээ. Энэ хүн маань Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Б.Пүрэв генерал байсан юм шүү дээ. Ингээд л бодохоор Монгол Улсаа бусдын хараат байдлаас гаргах, үндэс угсаагаа сэргээх эрхэм зорилготой цагаан морин жилийн хувьсгалыг монголчууд дээр дооргүй халуунаар талархан дэмжиж байсан нь илт байдаг юм. Хурлын үеэр нутгийн ард иргэд дэмжих нь дэмжиж, бас шүүмжлэх нь шүүмжилж л байлаа. Харин нүүрний эгнээнээс хүрэн минчүү дээлтэй, шар дурдан бүстэй, өндөр бор залуу босож ирээд “Бид Говь-Алтай аймгийн Ардчилсан холбооныхон байна” гэж билээ. Тэр хүн нэрт сэтгүүлч Б.Галаарид минь байсан. Ингэж анх нэгэн хүсэл зорилгын төлөө нэгдэж, танилцаж байлаа даа. Жагсаал цуглааны үеэр миний үг хэлж байсан ганц, нэг бичлэг үлдсэн юм билээ. “Нэгдэлд мал хариулсныхаа хариуд авсан хөлсөөр миний ээж өрөөсөн гутал ч худалдаж авч чадахгүй байна” гэж ярьсан. Үнэхээр тийм л байсан даа. Энэ өндөрлөгөөс харахад үнэхээр сайхан байсан нийгмийг ийм болгочихсон гэвэл үгүй шүү. Би үүнийг хатуу хэлнэ. Ямартай ч би ардчилсан хувьсгалд оролцсноороо үнэхээр их бахархдаг юм” гэж хуучилсан.

Түүний хувьд 1992 оноос эхлэн МОНЦАМЭ агентлагт ажиллаж эхэлснээр хэвлэл мэдээллийн салбарт амьдралаа холбожээ. Төрийн соёрхолт Б.Догмид багш нь түүнийг хэвлэл мэдээллийн салбар луу хөтөлсөн байна. Шүлэг, өгүүлэл бичдэг учир түүнийг чадна хэмээн итгэсэн нь дамжиггүй. “Догмид багшийнхаа хэлснээр би МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээллийн хэлтсийн дарга Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул Б.Бямбаа гэж ахтайгаа очиж уулзсан юм. Хувьсгалын музей рүү ороод мэдээ бичээд ир л гэж байна. Сонирхолтой зүйл юу байж болох вэ гэж их л бодлоо. Тайлбарлагчид нь ч үнэн учраа хэллээ. Гэтэл бурхан шашны зан үйлд ашигладаг “ганлин” гэх хөгжмийн сонин хачинг ярьж өглөө дөө. Эмэгтэй хүний шууны ясаар хийсэн хөгжим юм байна. Тэр тухай нь ч бичээд Б.Бямбаа ахад өглөө. Уншиж үзээд “Маргааш өглөө 11:00 цагт хүрээд ирээрэй” л гэв. Намайг явсны дараа “Би ойрд ийм мэдээ уншаагүй юм байна. Энэ хүүхдийг би ажилд авна” гэсэн гэдэг. Ингэж л МОНЦАМЭ агентлагтай амьдралаа холбосон түүхтэй юм” гэв. Харин тэрээр 1996 онд “ММ” агентлагт сурвалжлагчаар орсон байна. Ийнхүү телевизийн салбарт 22 жилийн турш тасралтгүй ажиллаж буй нь энэ ажээ.

Эднийд морины хазаар, цулбуураас эхлээд морьтой холбоотой дурсгалт зүйлс ч цөөнгүй байх аж. Тэр бүхнийг ихэд дээдлэн залсан байгаа нь молор эрдэнэ хэмээгддэг морио хэрхэн хүндэлдэг нь мэдэгдэх биз ээ. Энэхүү соёлыг түгээх их үйлс нь түүний ажлын нэг хэсэг төдийгүй, хүсэл зорилго нь болжээ. Ажлын нэг хэсэг хэмээн онцолсон нь тэрээр “Адуучин” нэвтрүүлгээрээ хэдийнэ морьтны соёлыг түгээн дэлгэрүүлж буй билээ. “Адуучин” нэвтрүүлэг бол хэн нэгний зохиол бол биш. Морьтны соёлыг цогцлоосон монголын ард түмний хэдэн мянган жилийн өмнөх зохиол байхгүй юу. Намайг үзэгч байхад ч “Адуучин залуучууд”, “Адуучид” гэсэн нэртэйгээр гардаг л байсан. Сүүлдээ телевиз рүү орж ирээд үндэсний спортын нэвтрүүлэг хийдэг болоод “Адуучин” нэвтрүүлгийг бүр баяжуулж хийхээр шийдсэн. Хамгийн гол нь олон нийтийн телевизийн нэвтрүүлгийн сүлжээнд оруулж чадсанаараа бахархдаг. Нэвтрүүлгээс гадна эмзэглэж явдаг нэг зүйл бий. Монголчууд бидний олон мянган жилийн түүхтэй морьтны соёл алдагдаж байгаад харамсдаг юм. Миний хувьд сүүлийн арваад жилийн турш энэ л толгойны өвчин болж байна. Морьтны соёл гэдэг нүүдэлчдийн соёлынхоо цөм нь байдаг. Үүн дээр л нүүдэлчдийн соёл оршдог. Үүнээс улбаалан монгол хүний үндсэн хөдөлгөөн, амьдралын хэвшлээс урган гарсан тэсвэр тэвчээр, ой санамж, оюун ухааны цар хүрээ, харааны баримжаа зэрэг алдагдаж байна. Бид үүнийг мэдрэх хэрэгтэй байгаа юм. Гэхдээ үүнийг эсэргүүцэж, хурдан морьдын уралдааныг өөр нүдээр харж байгаа хүмүүс тэрхүү ач холбогдлыг хэр мэддэг билээ гэж бодогдох үе ч цөөнгүй гардаг. Эрсдэл, эндэгдлийг тэр соёлын буруу мэтээр хараад байгаад учир бий. Морьтны соёлыг авч явах гэсэн хүмүүс байгаад зогсохгүй, ард түмнийг баясгаад байхад шүү дээ. Огт баясгадаггүй байсан бол хүмүүс үүнийг орхичих л байсан. Хүний эрхийн, хүүхдийн байгууллагын хүмүүс үүнийг хэр мэддэг юм бол гэж асуумаар байдаг юм. Олон улсын хүүхдийн байгууллага, Хүний эрхийн комисс, НҮБ-ээс хүүхдийг морь унуулж, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлж байна гээд байгаа юм. Тэгвэл тэвчишгүй хөдөлмөр гэдэг нь хэдэн кг ачаа өргөх, хэр урт хугацаанд ажиллахыг хэлээд байна вэ. Тийм стандарт байна уу гэхэд үүнд хариулах хүн байдаггүй шүү” гэж тэрээр өгүүлсэн. Түүний энэхүү бодолтой ч эхнэр нь 100 хувь санал нийлдэг байна. Мөн өөрийн салбарын зарим зүйлсэд ч шүүмжлэлтэй ханддаг аж. “Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрүүд үр дүнгээ өгч эхлээгүй байхдаа л ойр ойрхон солигдож байгаад сэтгэл дундуур байдаг. Эх хэлний үгнүүд солигдсон гэх цуу яриа гарч олныг төөрөгдүүлж байгаа нь ч цаанаа ямар нэгэн учир шалтгаантай байхыг үгүйсгэхгүй. Эцэстээ энэ бүхэн нь ихэвчлэн гадны байгууллагын дэмжлэгтэйгээр өрнөдөг нь хачирхалтай” хэмээн түүний гэргий өгүүлсэн. Л.Цагаандалай гуай “Бид хоёр Монголын баруун, зүүн хязгаараас ерөөлөөр учирч Хан уулын ар, хатан Туулын хөндийд бусдын л жишгээр амьдарч байна. Биднийг өдий зэрэгтэй явахад олон түмний итгэл, сэтгэл өргөж, аав ээжийн маань буян заяа түшиж яваа гэж боддог оо. Ер нь хүнээс илүү гарч ойлж цойлъё гэхээсээ илүү салбар салбарынхаа ачаанаас л чадлын хэрээр таталцаж, олны үйлийг эрхэмд үзэн хойш нь чангаахгүй юм сан гэж бодож явдаг. Хүүхдүүддээ ч ийнхүү захьдаг даа” гэв.

Л.Цагаандалай гуайнх хоёр охин, нэг хүүтэй. Мөн хоёр зээтэй өнөр өтгөн гэр бүл болжээ. Том охин Ц.Хонгорзул нь Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний залуучуудын 10 метрийн гар бууны төрөлд түрүүлж, эх орныхоо нэрийг дуурсгаж байсан билээ. Удаах охин нь уламжлалт анагаах ухааны их эмч мэргэжлээр суралцаж байгаа бол хүү Ц.Амарбаясгалан нь долдугаар ангийн сурагч юм байна. “Том охин маань долоон настайгаасаа л аавтайгаа хамт үндэсний сураар хичээллэж эхэлсэн. Хоёр сар сур харваад улсын наадамд түрүүлж байлаа. Нийтдээ хоёр удаа түрүүлж, нэг удаа шөвгөрч, тусгай байранд шалгарч байсан. Мөн буудлагаар багагүй амжилт гаргасан шүү. Спортоор хичээллэсэн нь бие хүн болж төлөвших, тэвчээр хатуужилтай болоход нь юу юунаас чухал нөлөөлсөн. Аав нь төрмөл авьяасыг нь анзаарч, хөгжүүлж чадсан гэж боддог юм” хэмээн гэргий Г.Бямбацэрэн нь ярьсан. Энэ гэрт аз жаргал, гэрэл гэгээ бэлэглэгч нь тэдний хоёр зээ аж. Уулзаагүй хэд хоночихсон болохоор санаж байна гэж жигтэйхэн. Зургаахан сарын зөрүүтэй хөөрхөн хоёр хүү бий хэмээн тэд хайрлан, өхөөрдөн ярьцгаалаа.

Зан сайтай айлд хүн бүхэн цуглана гэгчээр биднийг хууч хөөрөн суух үед гэрийн эзний багын найз орж ирсэн юм. Л.Цагаандалай гуай найз Батболдыгоо “Манай том хүү орж ирлээ хэмээн” хошигноод амжив. Тэрээр “Манайд найзууд минь их цуглана. Зав л гарвал найзуудтайгаа эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялдаг. Хүйтний энэ үед зав зайтай бол орой үдэш хөзөрдөнө. Энэ мэт манайх хүн хөл ихтэй айл л даа. Урьд орон байрандаа орж амжаагүй байхад л ах дүү нарын минь хүүхдүүд хамт дагаад л явдаг байлаа. Эргээд бодоход урт богино хугацаагаар 40 шахам оюутан манайд амьдарсан байдаг юм. Одоо бүгд тусдаа гарчихсан сайхан амьдарцгааж байна. Бид хоёр үүнээс өөр юу хүсэх билээ” гэсэн юм.

Л.Цагаандалай гуайн хувьд хоёр жилийн өмнө Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цол хүртэж байсан. Энэхүү баярт мэдээг хэрхэн дуулж, догдолж байсан тухай нь асуухад “Долдугаар сарын 7-ны өглөө Дорноговьд азаргаа сунгасан юм. Миний хонгор азарга их хурдан байсан шүү. Тэр өдөр ч шагнал авч байгаагаа дуулсан. Зарлиг уншиж байх үед нэг их огшсон доо. Гэхдээ 1978 оны наймдугаар сарын 16-нд гарсан тэр гал голомтдоо очихдоо л хамгийн их огшиж, нүдэнд нулимс дүүрсэн шүү. Аав, ээжийн минь халуунд халж, хүйтэнд хөрж байсан он жилүүд, бага балчир насны дурсамж, дурдатгал бүгд л нүднээ үзэгдсэн. Дээлийнхээ нэг ч товчийг товчилж чадахгүй болтлоо л огшиж, сандарсан гээд бод доо. Энэ гавьяа шагнал бол морьтны соёлоо дээдэлдэг монгол түмний маань их хүндэтгэл юм” гэлээ.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН