Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Эцсийн мөчид эрх баригч нам улс төрийн намуудын тохиролцооноос ухарлаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат нараас “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани болгох санал гаргасан. Уг саналыг гэнэт оруулж ирэх болсон шалтгаан нь юу вэ?

-“Эрдэнэс Монгол” ХХК-ийг уул уурхай, ашигт малтмалын орд газар, компаниудыг нэгтгэсэн Казахстаны жишгээр байгуулах гэж төлөвлөсөн юм. Харамсалтай нь өнөөдөр Гашуусухайтын замын ашиглалтыг хариуцсан компани болоод хувирчихсан. Одоо “Эрдэнэс Монгол” ХХК дээр төвлөрсөн компани бараг байхгүй. Компани бүр өөр, өөрийн хөрөнгийн бүртгэлтэй, үйл ажиллагаагаа явуулаад байж байгаа. Уг нь бол “Эрдэнэс Монгол” ХХК дээрээ төвлөрүүлээд, өөрийн хөрөнгө ихтэй том компани болгож, түүгээрээ IPO хийж, хөрөнгийн зах зээл дээр гарган хөрөнгө босгоё гэдэг гол зорилготой юм. Цаашдын хувь заяа бол их бүрхэг байна. Миний хувьд Монголд байгаа уул уурхай ашигт малтмалын чиглэлийн үйл ажиллагаа явуулж байгаа гадна, дотны бүхий л компаниуд дээр тавих төрийн хяналтыг чангатгах хэрэгтэй гэж бодож байна. Нэгтгэж нэг хяналт тавих ёстой. Тэгж чадахгүй бол Монгол Улс байгалийн баялгаасаа ашиг хүртэх тухай ойлголт тун бүрхэг, тааруухан байна.

Гэнэт оруулж ирсэн юм бол байхгүй. УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоол гэж бий. Уг тогтоолоор “Эрдэнэс Монгол” дээр уул, уурхайн компаниудын баланс, хөрөнгийн тооцооллыг нэгтгээд нэгдсэн том компани болгох, цаашлаад хөрөнгийн зах зээлд оруулах тодорхой төсөл боловсруулж УИХ-д оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан байдаг. Энэ тогтоолын биелэлт одоог хүртэл хангагдаагүй. Худал, үнэн ярьсаар л ирсэн. Тогтоол биелэгдээгүй найман жил болж байна.

-УИХ-ын гишүүд тус саналыг дэмжээгүй. Угтаа бол “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг батлахаас өмнө хоёр нам хэлэлцээрийн ширээнд суухдаа “Эрдэнэс Монгол” ХХК-ийг нийтийн эзэмшлийн компани болгоход санал нэгдсэн юм биш үү?

-“Эрдэнэс Монгол” бол уул уурхайн компаниудын толгой компани. Манай нам эхлээд 49 хувь олон нийтийн хяналтын багцтай байя гэсэн санал гаргасан ч зөвшөөрөөгүй. Тэгвэл 34 хувьд нь хяналтын багцтай байя гэснийг эрх баригчид зөвшөөрсөн.

Ийнхүү хоёр нам тохиролцоод, зөвшилцөөд орсон юм. Гэтэл яг санал хураалтын явцад олонх хэлсэн амнаасаа буцсан. Хяналтын ямар ч багцгүйгээр баталчихлаа. Улс төрийн намын хувьд ёс зүйгүй үйлдэл. Тохиролцоонд хүрчихээд түүнээсээ улайм цайм бултаж, үгүйсгэж байгаа нь улс төрийн намын хувьд байж боломгүй асуудал. Цаашдаа бид эрх баригчидтай ямар нэгэн яриа тохиролцоонд хүрэх боломжгүй болчихож байгаа юм. Дахиад хэдэн ч удаа хулхидах юм хэн ч мэдэхгүй шүү дээ.

-Хоёр намын хоорондох хэлэлцээрийн дагуу явсан бол иргэдэд ямар ашигтай байх байсан юм бэ?

-Олон нийтийн зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаа, түүний харьяа компаниудад тавигдах хяналтын багцтай болно гэсэн үг. Аливаа үйл ажиллагаа орлого, борлуулалт, бусад санхүү эдийн засгийн үйл ажиллагаанд нь олон нийтийн зүгээс хяналт тавих оролцоо байх боломжийг бүрдүүлж өгөх байсан.

-АН-ын зүгээс хаврын чуулганыг үр дүнгүй боллоо гэж дүгнэж байна. Энэ тухайд?

-Хаврын чуулганд хувь хүний хувьд ч сэтгэл дундуур байгаа. Хаврын чуулган хэт улстөржсөн, тэр дундаа эрх баригч намын дотоод зөрчил хурцадсан, бие биенээ давах гэсэн, аливаа асуудалд нэгдсэн байр суурьтай хандаж чадахгүй, эв түнжингүй л байсаар дууслаа. Хаврын чуулганаар нийгэм эдийн засагт үр ашигтай, томоохон хууль тогтоомжууд гарсангүй. Зарим нэг шалдар булдар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төдийгөөр асуудлыг аргацаалсан байдлаар яваад өнгөрлөө. Дээрээс нь хаврын чуулган эрх баригч намын хувьд маш хариуцлагатай чуулган байсан. Учир нь бүрэн эрхийн хугацааны 50 хувьд орсон. Эргээд харахад бүрэн эрхийн хугацааны тэн хагаст юу хийж бүтээж чадав. Эдийн засгийн өсөлттэй гэж байгаа боловч хүн ардын гар дээрх бодит орлого нэмэгдсэнгүй. Эрх баригчид ярихдаа өрхийн орлого, иргэд дээр очиж байгаа бодит орлого 10 хувь орчмоор нэмэгдсэн гэж ярьж байгаа боловч мөн хувиар буурсан. Түүнээс ч их хувиар буурсан байх магадлалтай. Сүүлийн хэд хоногт бензин шатахууны үнэ хэд дахин өсөв. Энэ бол тоглоом биш шүү дээ. Шатахууны үнэ өснө гэдэг суурь үнэ хөдөлнө гэсэн үг. Суурь үнийг дагаад өргөн хэрэглээний бараа, таваарын үнэ өснө. Цалин тэтгэвэр нэмэгдээгүй энэ цаг үед сагсан дах өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд эхлэхээр худалдан авах чадваргүй болно, өрхийн бодит орлого буурна. Энэ цаг үед эрх баригчид худлаа ярьж байна. Эдийн засгийн үзүүлэлт өсөж байгаа статистик байгаа нь үнэн. Гэтэл яг эдийн засгийн өсөлт цэвэр өсөлт болж ард иргэдийн өрхийн орлого, гар дээрх бодит орлого нөлөөлж байна уу гэвэл үгүй л байгаа байхгүй юу.

Монгол Улсад гадаад, дотоод зах зээлээс орж ирж байгаа мөнгөний урсгал хэдийгээр нэмэгдсэн ч бодит хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил нэг ч хийгдсэнгүй. Хоёр жилийн хугацаанд нэг километр зам ч тавьсангүй. Монгол Улсад юу ч хийсэнгүй. Хэрүүл хийж Засгийн газараа огцруулан, хоорондоо талцаж, өнгөрснөө муулаад л өнгөрлөө.

-УИХ-ын Л.Оюун-Эрдэнэ “60 тэрбум”-ын асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад өргөсөн барьсан. АН уг асуудалд ямар байр суурьтай байна вэ?

-УИХ-ын хурлын дэгийн дагуу нийтийн сонсгол явагдах байх. Ер нь 60 тэрбумтай холбоотой асуудлыг хууль хяналтын байгууллага эцэслэн тогтоох цаг болсон. Хурдан шуурхай шалгаад ийм асуудал байдаг гэм буруутай хүмүүст нь зохих арга хэмжээг аваад, байдаггүй бол түүнийг нь тогтоох ёстой. Үнэн худал нь мэдэгдэхгүй асуудал нийгэмд яваад л байх юм. Үүнийг эцэслэх газар нь хуулийн байгууллага шүү дээ.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг энэ ондоо багтаан хэлэлцэн шийдвэрлэхээр зорьж байгаа хэмээн ярьж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөд сөрөг хүчний зүгээс ямар саналтай байгаа бол?

-Үндсэн хуульд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд шаардлагатай зарим зүйл заалт байгаа л байх. Гэхдээ яг өнөөдөр иргэдийн өмнө хүлээгдэж байгаа бодит зорилго, зорилт маань юу вэ гэдгээ бодох ёстой. Үндсэн хууль өөрчлөөд асуудал шийдчихгүй л байхгүй юу. Хоёрдугаарт, эрх баригчдын 2016 онд амласан амлалт амьдрал дээр биелээгүй. Өрийг өрөөр дарахгүй гэж хэлж байсан бол энэ амлалтдаа хүрсэнгүй. Бүх л өрийг өрөөр дарж байна. Гэтэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Дим Сан бондын мөнгийг эдийн засгийн цэвэр өсөлтөөр дарлаа гэж худлаа яриад л байж байна. Үнэндээ “Гэрэгэ” бондын үлдэгдэл мөнгөөр дарсан шүү дээ.

Бондыг бондоор дарах, тэр тусмаа өмнөх бондынхоо нөхцөлөөс муутгаж байгаа нь цаг хожсон, гацаасан юм болж байна. Одоо өрийн тааз талийгаад өгсөн. Хуучин АН-ын үеийн Засгийн газар өрийн таазыг 58 хувь хүргэх гэтэл бөөн хэл ам болж болиулсан. Одоо өрийн тааз гэдэг ойлголт Монголд байхгүй. Хэмжээ хязгааргүй л өр тавьцгааж байна. Тэр битгий хэл төрийн томчууд гадагшаа явахаараа хэн нь илүү зээл тавьж байна гэдэг уралдаанд оролцож байгаа юм шиг л болж. Өр тавьснаа баатарлаг үйл явдал мэтээр сурталчилж байна.

Дээрээс нь цалин тэтгэврийг нэмнэ гэж амласан. Хүүхдийн мөнгийг алагчлалгүй олгоно гэж мөн амласан. Өр нэмэгдүүлэхгүй гэж ч амласан. Томоохон төслүүдээ хөдөлгөнө гэсэн. Ямар төслүүд хөдлөв. Оюу толгой, Эрдэнэт маргаантай хэвээрээ л байна. Сая Таван толгойг хөдөлгөх шийдвэр гарсан ч эцсийн мөчид эрх баригч нам улс төрийн намуудын тохиролцооноос ухарлаа. Будлиантай л юм хийчихлээ. Цаашаа явах үгүйг хэлж мэдэхгүй байна. Таван толгойн цахилгаан станц барина гэсэн амлалт ч биелээгүй хэвээр. Үндэсний шатахуун биензин үйлдвэрлэхээр шав тавьлаа л гэсэн. Бодит амьдрал дээр эхлээгүй л явж байна. Өнгөрсөн дөрвөн жилд хийсэн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын үлдэгдлээр л амьдарч байна. Түүнээс энэ Засгийн газар санаачлаад, эхлүүлчихсэн ажил алга.

-Захиргааны ерөнхий хууль дээр сөрөг хүчин завсарлага авсан. Завсарлага авах болсон тухайгаа тодруулаач?

-Нэг, хоёр хүнтэй хариуцлага тооцох гэж байгаа нь энэ гээд бүхэл бүтэн системээр нь нурааж болохгүй. Захиргааны ерөнхий хууль нь өнөөдрийн эрх барьж байгаа намд маш том хяналт тавьдаг хууль юм. Маш олон мянган хүн ажлаасаа халагдсан. Зөвхөн ардчилсан намын угшилтай гэж хардагдсан 30 гаран мянган хүн ажлаасаа халагдлаа. Энэ олон мянган хүний ажлаасаа хууль бусаар халагдсан эсэхийг тогтоох шүүх нь Захиргааны хэргийн шүүх юм. Мөн Захиргааны эрх зүйтэй холбоотой маш олон маргаан байдаг. Тэр олон маргааныг хянадаг, шүүдэг газар нь Захиргааны хэргийн шүүх юм. Гэтэл Засгийн газрын гаргасан аливаа шийдвэр тогтоол Захиргааны хэргээр хянагддаггүй болчих юм бол Засгийн газар гэж хяналт, захиргаагүй, дураараа шийдвэр гаргах болно. Хэн тэнд хариуцлага тооцож, хяналт тавих юм. Өөрсдөө ярихаараа ганц, хоёр шүүгчийн тухай асуудал яриад байдаг. Хууль зөрчсөн нь үнэн л юм бол Захиргааны хэргийн шүүгч байх эсэх нь сонин биш. Монгол Улсын иргэнийх нь хувьд хянадаг, шалгадаг байгуулагат нь өгөх хэрэгтэй. Хэрвээ үүргээ биелүүлэхгүй, ашиг сонирхлыг зөрчил гаргасан бол хуулийнхаа дагуу хариуцлага хүлээгээд л явна биз. Ямартаа ч бид Захиргааны ерөнхий хуулийг дэмжээгүй. Үүний ард маш олон мянган иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашиг хөндөгдөх учраас бид зөвшөөрөөгүй.

-Төрийн өмчийг 2016-2018 онд хувьчлах үндсэн чиглэл УИХ-аар хэлэлцэгдсэн. Танай намын зарим гишүүдийн зүгээс өмч хувьчлалын эзэд тодорчихсон байгаа гэх зүйлийг ярьсан. Энэ хэр үнэний ортой вэ?

-Цаг хожоод бушуу түргэн идээд уучихъя гэдэг хандлагаар хандаад байна уу даа л гэж харж байна. Үндсэндээ МИАТ-ийг ашигтай ажиллаад ирэнгүүт бушуухан хувьчлах гээд л зүтгэх юм. Далайд гарцгүй манайх шиг орны хувьд агаарын орон зай бол маш чухал. Үндэсний аюулгүй байдлын ганц гарц шүү дээ. Гэтэл агаарын үндэсний ганцхан компаниа хувьчилна гэж байгаа нь цагаа олоогүй асуудал гэж харж байгаа. Харин ч төрөөс илүү анхаарч, хүчирхэг үндэсний авиа компанитай болох ёстой. Хөрөнгийн биржийг мөн хувьчилна гэж байна. Хоосон байшин л 20 тэрбумаар зарагдаж байхад хөрөнгийн биржийг түүнтэй адил үнээр хувьчилна гэдэг байж боломжгүй зүйл. Цаг үеийн тохироог ашиглаад үнэгүй хувьчилж завших гэсэн оролдлого гараад байгаа юм шиг л санагдаад байна. Жишээ нь Төрийн банкийг л гэхэд 75 тэрбумаар хувьчилна гэнэ. 2014 онд Японы компаниас Төрийн банкийг 500 тэрбум төгрөгөөр хувьчилж авах санал ирж байсан. Тэр үед Засгийн газрын гишүүн байсан учир санаж байна. Бодит үнэлгээ хийгдээгүй, нийгэм, эдийн засгийн үр ашгийг зөв тооцоололгүйгээр төрийн өмчийн томоохон компаниудыг хувьчилна гэж байгаа нь цаг үеэ олсон асуудал биш. Бодит үнэлгээг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж байж хувьчлалын асуудлыг гаргах ёстой.

Эзэд нь тодорсон гэх асуудал бол ортой. 500 тэрбумаар хувьчлах санал ирж байсан төрийн өмчийг 75 тэрбумаар хувьчилна гэж байна шүү дээ. Балансын үнэ нь л энэ гэдэг шалтгаанаар үнэгүй шахуу л хувьчлах гэж байна. Энэ бол шударга асуудал биш.

-Ирэх намрын чуулганаас хүлээж буй үр дүн юу байгаа бол?

-Хэлэлцэх шаардлагатай гол гол хуулийн төслүүд бий. Хууль гэхээсээ илүү бидний тавьж байгаа гол зорилго бол Монгол Улсын нийгэм, эдийн засагт нөлөөлөхүйц томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөх шаардлагатай гэж үзэж байгаа явдал юм. Оюу толгой, Таван толгой төсөл хөтөлбөрүүд байна. Мөн нефтийн үйлдвэр, V цахилгаан станц, төмөр зам, эдийн засгийн коридорыг нээх, эхлүүлэх гэх мэт хийх ажил зөндөө байна. Харамсалтай нь эрх баригчид маань эрх мэдэл, албан тушаал, сандал суудалтайгаа зууралдаад, зодолдоод гол ажлаа хийхгүй байна. Тиймээс ирэх намар бол эрх баригчид байгаа байдалдаа бодит дүгнэлт хийж, улс орнынхоо бүтээн байгуулалт, амлалт мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх чиглэл рүү шаргуу, дайчин ажиллаасай л гэж бодож байна. Үндсэндээ ганц л жил үлдлээ. Сүүлийн жил сонгуулийн жил гээд юу ч хийхгүй нь ойлгомжтой.

-УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын тойрог дахь нөхөн сонгуулийн тов хэдийнэ гарчихсан. Тэгвэл Д.Мурат гишүүнтэй холбоотой асуудлыг цаашид хэрхэн шийдэгдэнэ гэж харж байгаа вэ?

-Д.Гантулга болон Д.Мурат гишүүний холбогдоод байгаа асуудлууд тэс өөр. Нэг нь бол цэвэр эрүүгийн хууль зөрчсөн хүчингийн, бусдын эрх чөлөөнд халдсан зүйл бус үйлдэл. Нөгөөх нь гэр бүл хоорондын харилцааны асуудал. Эхлээд гэр бүл хоорондын харилцаа хэлбэрийн маргаан байж байгаад сүүлдээ эрх чөлөөнд нь халдсан, хүч хэрэглэсэн, зодсон гэх зэрэг асуудал яригдсан. Тэр нь шүүх хуулийн байгууллагаар тогтоогдохдоо хууль бусаар, гүтгэлгийн шинж чанартай асуудал байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Есдүгээр сард зодуулсан гэсэн хэрнээ шүүх эмнэлгийн дүгнэлт нь бүтэн таван сарын дараа буюу нэгдүгээр сард гарсан байх жишээтэй. Шүүх эмнэлгийн дүгнэлт ямар хугацаанд гарах ёстой, ямар хугацаанд гарсныг нь хүчин төгөлдөр гэж үзэх юм гээд тусгай хууль дүрэмтэй. Хэн дуртай нь очоод хуучны шарх, сорвио үзүүлээд гэмтлийн зэргээ тогтоолгоод байж болох юм бол Монголд дуртай хүнээ гүтгэж, хэрэгт оруулах нөхцөл байдал үүсэх нь л дээ. Би Д.Мурат гишүүнийг өмөөрч байгаа юм биш. Шүүх хуулийн байгууллага нь үнэн мөнийг нь олж үнэхээр гэм буруутай бол хариуцлагыг нь тооцож, гэм буруугүй бол түүнийг тогоогоод л явах ёстой. Тэр утгаараа АН энэ асуудалд хөндлөнгөөс оролцоогүй. Оролцох ч үгүй. Харин АН-ын гишүүнийх нь хувьд хэлмэгдүүлэх, улстөрийн нөлөөлөл орохгүй байх тал дээр нь бид анхаарах ёстой.

-Таны өргөн барьсан Зээлийн хүүгийн хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг УИХ дэмжсэн. Зээлийн хүүгийн хязгаарыг тогтоосноор иргэд, аж ахуйн нэгжид ямар давуу тал бий болох вэ?

-Хэрэглэгчдийн эрхийг хамгаалах зорилготой хууль. Түүнээс хэн нэгэн мөнгө төгрөгтэй олигархууд, хэсэг бүлэг банк санхүүгийн байгууллагыг хамгаалах гэсэн хууль биш. Мөн тэд-нийг хохироох тухай ч ойлголт байгаа юм биш. Монголд банкны зээлгүй, өргүй иргэн, аж ахуйн нэгж гэж байхгүй. Сүүлийн 28 жил Монголын банк санхүүгийн байгууллагад төрөөс ямар нэгэн оролцоо байгаагүй. Тиймдээ ч зах зээлийнхээ зарчмаар явах байх гэж харсан. Гэтэл сүүлдээ банкны салбар нийгэм, эдийн засгийн монополь салбар болж хувирлаа. Санал санаачилга бүр нь хууль болж, хүссэнээрээ хүүгээ тогтоож, дуртай хэлбэрээрээ мөнгө хүүлж байдаг болсон. Иймд тодорхой хэлбэрээр зохицуулах шаардлага үүссэн. Гадны улс орнуудад банк санхүүгийн тогтолцоог төрөөс хэрхэн зохицуулдгийг гурван жил шахуу судалсны үндсэн дээр уг хуулийг санаачилсан. Банкны зээлийн хүү, мөнгө хүүлэлтийг дэлхийн 76 оронд төрөөс зохицуулж, өнөөдөр ч хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Уг хуулиар зээлийн хүүгийн хэмжээг тогтоох, аливаа хэлбэрийн зээлийн хүүг өөрчилж тооцон бөөнөөр авдгийг нь зогсоох, тавьсан хязгаараас давсан хүү тооцвол мөнгө хүүлэлт гэж үзэх, хариуцлага тооцох гэх мэт зохицуулалтуудыг хийж өгсөн. Баялаг бүтээх гэж хөдөлмөрлөж байгаа иргэд аж ахуйн нэгжийн эрхийг хамгаалсан хууль юм.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Ням-Осор: Төрийн өмчийн компаниудыг хувьчлахдаа хөрөнгийн биржээр л худалдахгүй бол хулгайн замаар орно

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц. Ням-Осортой ярилцлаа.


-“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг УИХ дэмжсэн. Ямар компаниудын хичнээн хувийг хувьчлахаар болоод байгаа вэ?

-Үе, үеийн Засгийн газар дөрвөн жилд өмч хувьчлалын хөтөлбөр хэрэгжүүлдэг. Компанийн засаглал, менежмэнт, төрийн өмчийн үр ашгийг дээшлүүлэх чиглэлийн хүрээнд шаталсан хэд, хэдэн арга хэмжээ авдаг юм. Төрийн өмчит нийт 105 компани байсан. Үүнээс бид үр ашиггүй гэж үзээд таван компанийг татан буулгасан. Дараа нь хоёр ч компанийг шүүхийн шийдвэрээр өрөнд нь шилжүүллээ. Одоо төрийн өмчийн 98 компани бий. Эдгээрээс Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт 86 нь харьяалагдаж байна. Үлдсэн компаниуд Сангийн яам болон “Эрдэнэс MGL” компанид харьяалагдаж байгаа. Гэхдээ Төрийн болон орон нутгийн тухай өмчийн хуулиараа өмч хувьчлалын үндсэн чиглэлийн саналыг авч, нэгтгэж, зохион байгуулах үүрэг нь манай газарт байдаг юм. Энэ асуудлын хүрээнд 2017 оны хоёрдугаар сард Засгийн газарт өмч хувьчлалын үндсэн чиглэлийг оруулсан. Үүнд 40 гаруй компани орсон. Улмаар дахин тандалт, судалгаа хийснээр мөн оны аравдугаар сард дахин өргөн барьсан юм. Гэсэн ч Засгийн газар өөрчлөгдсөн учир энэ оны гуравдугаар сард өргөн барьснаар одоо хэлэлцэгдээд явж буй нь энэ юм. Бид сүүлийн төслөөр 37 компанийн нэрийг Засгийн газарт оруулсан. Мэдээж Засгийн газарт оруулахаас өмнө бүх мэргэжлийн газрууд, салбар яамдаас санал авсан. Засгийн газрын хуралдааны өмнө Засгийн газраас ч гэсэн яамдаас санал авдаг. Засгийн газрын санал авах хүрээнд эрчим хүчний 10 компанийг хувьчлах шаардлагагүй гэж салбарын сайд нь үзсэн. Дулааны II, III, IV цахилгаан станц, Эрдэнэт, Булган, баруун, зүүн бүсийн цахилгаан түгээх станцуудын тодорхой хувийг хувьчилна гэсэн чиглэл байсан. Дээрээс нь нийслэлийг нүүрсээр хангадаг “Шивээ Овоо”, “Багануур”-ын уурхайн 34 хувийг хувьчлах чиглэлийг мөн хассан. Ингээд нийт 27 компанийг хувьчлахаар болсон юм. Хөдөө аж ахуйн бирж, МИАТ-ийг 49 хувь, Мэдээлэл, холбоо сүлжээний компанийг 49 хувь хүртэл, Арилжаа төлбөр тооцооны төв, Төрийн банк, Хөрөнгийн биржийг тус тус 100 хувь хувьчлах юм. Монгол шуудан компанийг 34 хувь хүртэл хувьчилсан. Эдийн засгийн үр ашиг нь сайжирсан тул дахин 49 хувь хүртэл хувьчлахаар саналын төсөл оруулсан. Үлдсэн 20 нь авто зам засвар ашиглалтын компаниуд юм. АЗЗА-ын компаниуд бол 20-30 ажилчинтай, жилд 300-600 сая төгрөгийн орлоготой. Тэр мөнгийг яамнаас зам засварын үед гэрээгээр өгдөг. Эдийн засгийн хувьд багагүй суларсан компаниуд юм.

-Гишүүд өмч хувьчлалыг дэмжиж байгаа боловч үнэлгээ нь алдаатай байгаад шүүмжлэлтэй хандаж байна. Үндсэн чиглэлд тусгасан үнэлгээг хэрхэн тооцсон юм бэ?

-Үнэлгээний асуудал дээр ташаа зөрүү ойлголт гараад байна. Хууль тогтоомжийн тухай хуулийн хүрээнд байгууллагын худалдааны үнийг тавина гээд заачихсан байдаг юм. Бид үнэлээгүй компанийг үнэлж болохгүй, хуулиар хориотой. Тиймээс балансын үнэ тавьсан. Үүнийг л зөв, буруу гээд яриад байгаа юм. Энэ бол зөв. Учир нь энэ чинь балансын л үнэ. Одоо бол бид эдгээр компанийг хувьчлах уу, үгүй юу л гэж асуугаад байгаа. Хувьчилна гээд шийдчих юм бол үнэлдэг. Хувьчлаагүй байхад энэ их компанийг үнэлүүлье гэвэл хувийн хөрөнгийн үнэлгээний газар асар их мөнгө төлнө. Хувьчлах үгүйг нь мэдэхгүй байж компанийг үнэлүүлж мөнгө төлж болохгүй. Тийм санхүүгийн эх үүсвэр төсөв ч байхгүй. Үнэлэхээр болбол Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан хөндлөнгийн үнэлгээний компани хийнэ. Хөндлөнгийн үнэлгээний компани хуулиараа гурван чиглэлээр үнэлнэ. Бизнесийн болон хөрөнгийн үнэлгээ, мөн тухайн компанийн жишиг бүхий компанийн зах зээл дээрх үнэлгээг харгалзан үзнэ. Эдгээрийн дүнгээс тухайн компанийн үнэлгээг тогтоодог. Уг үнэлгээг хөндлөнгийн аудит шалгана. Шалгаад болжээ гэж үзвэл Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлтэйгөөр Хөрөнгийн бирж дээр бүртгүүлнэ. Бүртгүүлж, нэгж хувьцааны үнэ ханш тогтсоны дараа брокер компаниудаар дамжуулж зарна. Тэр үед л үнэ тогтоно. Бид одоо болоогүй үнийг таагаад хэлчих юм бол асуудал гарна шүү дээ. “Та нар 20 тэрбум хүрнэ гэсэн. Энэ чинь зах зээл дээр 10 тэрбум хүрчихлээ. 10 тэрбумыг нь хэн идсэн бэ” гэх хүн олон. Хөрөнгийн бирж дээр ч үнэ савладаг. Мөн бирж дээр Монгол шуудан компанийн нэгж хувьцааг 180 төгрөгөөр үнэлсэн байдаг. Хоёр жилийн дараа гэхэд 580 төгрөг болчихсон байна. Зах зээл дээр л үнэлгээ нь тогтдог. Ордны зүүн талын хэвлэх үйлдвэрийн газрыг анх 7. 2 тэрбум төгрөгөөр үнэлж дуудсан юм. Гэтэл 24 тэрбумд хүрсэн. “Оргил” рашаан сувиллыг долоон тэрбум төгрөгөөр үнэлэхэд дуудлага худалдаагаар 15. 2 тэрбумаар зарсан. Үнэлгээ зах зээл дээр тогтдогийн жишээ нь энэ. Үнэлгээн дээр мэргэжлийн ойлголтын зөрүү их гараад байна. Бид аль болох зөв талаас нь л тайлбарлахыг хичээж байгаа.

Ер нь УИХ шийдэнгүүт хувьчилчихдаг ч юм биш. УИХ шийдвэрлэсний дараа өмч хувьчлалыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, Засгийн газрын тогтоол гардаг. Хөрөнгийн биржээр худалдах бэлтгэл ажилд л гэхэд дор хаяж зургаан сар хэрэгтэй. Том компанид нэг жилийн хугацаа ч шаардагдана.

-“Төрийн банкийг Ц. Нямдоржийн бүлэглэлийнхэн авна. Ер нь эдгээр компаниудыг авах эзэд нь тодорхой болчихсон” гэж гишүүд яриад байна л даа?

-Хөрөнгийн биржээр худалдах нь одоогоор дэлхийн хамгийн сонгодог хувилбар байна. Хүн болгонд авах нь нээлттэй. Дэлгүүрт бараа тавиад зарж байгаатай л адил. Үүнийг хардаж болохгүй. Өөр замаар явах юм бол жинхэнэ хулгайн замаар орно. Менежмэнтийн аргаар гэвэл сайн баг бүрдүүлсэн нь, дуудлага худалдаагаар бол хамгийн мөнгөтэй нь л авчихна. Монгол Улс арав гаруй банк зарсан. Бүгдийг нь дуудлага худалдаагаар зарчихсан юм. Энэ Засгийн газар анх удаа л Хөрөнгийн биржээр заръя гэж хэлээд байгаа. Тийм байхад хардаад л хэн авах гээд байна, захиалагч нь хэн юм бэ гээд байх юм. Дээрх 27 компаниас АЗЗА компаниудыг дуудлагаар худалдахаас өөр арга байхгүй. Учир нь жижиг компаниудыг Хөрөнгийн биржээр хүн авахгүй, худалдагдахгүй. Дампууралд хүрэх эрсдэлтэй. Төрийн АЗЗА компаниудыг хувьчилчихаар хайрган болон хар замууд эзэнгүй болно гэсэн саналыг зарим гишүүд хэлж байна лээ. Үгүй юм аа. Төрийн бүх байшинг засах шаардлагатай. Түүнийг засах төрийн барилгын компани гэж байхгүй. Хувийн компанид мөнгөө өгөөд л хийлгэдэг. Зам ч гэсэн түүнтэй адил. Төр мөнгийг нь өгөөд л хийлгэчихэж болно.

-Хөрөнгийн биржээр худалдахаар мөнгөгүй иргэд авч чадах уу. Бас л өнөөх мөнгөтэй хэсэг бүлэг нь аваад эзэмшчих юм биш үү?

-Засгийн газар төлөвлөгөө гаргаад, энэ жил арван хувийг нь хувьчилна гэх зэргээр ажлыг нь эхлүүлээд үе шаттай явж байж болно. Хөрөнгийн зах зээл дээр нийт иргэдийн 20-иод хувь нь тоглоод байдаг юм. Ер нь дэлхийн жишигт ч тийм. Тиймээс эхлээд тэр 20 хувийн дөрөв юм уу, таван хувийг татаад оруулчих хэрэгтэй. Бүгдийг нь мөнгөтэй болохыг хүлээвэл хугацаа алдана. Бүх л иргэн мөнгөгүй гээд хараад байж болохгүй. 7. 5 их наядын хадгаламж байгаад байдаг юм. Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлээд зөв явах юм бол хадгаламжид байгаа 7. 5 их наядаас гарч ирэх магадлалтай.

Түүнчлэн хөрөнгийн биржээр нээлттэй зарж байгаа хувьцааг нэг хэсэг хүмүүс багцалж авах тохиолдол байдаг. Түүнд хязгаарлалт тавьж болдог. УИХ-аас тогтоол гаргахдаа “Эдийн засгийн ашиг сонирхол бүхий нэг бүлэглэл нийт компанийн тодорхой хувийг л авна. Хэрэв заасан хэмжээнээс илүү авах юм бол төр шууд хурааж авна” гээд заагаад өгчихөж болно шүү дээ. Тэр эрх нь УИХ-д байгаа. Хөрөнгийн бирж дээр “Макс”, “Монгол базальт” зэрэг хувийн компаниуд хөрөнгө босгосон байна лээ. Үнэхээр асуудалтай юм бол хувийнхан хөрөнгөө оруулахгүй шүү дээ. Хувийнхан орж байна гэхээр Хөрөнгийн бирж шилдэг нь биш юм аа гэхэд зөв зам л байж таараа. Хөрөнгийн биржээр худалдаалах нь ард түмэнд хамгийн боломжтой, хэрэгтэй хувилбар нь.

-МИАТ, Хөрөнгийн бирж, Төрийн банк зэргийг ашигтай ажиллаад эхлэхээр хувьчлах гэлээ гээд байна. Яг одоо хувьчлах цаг нь мөн үү?

-Миний хувьд 2016 оны есдүгээр сард ажил авсан. Төрийн өмчийн 105 компанийн 75 хувь нь алдагдалтай. 506 тэрбум төгрөгийн алдагдалтай байсан. 2017 оны хоёрдугаар сард өмчлөх тухай санал оруулахад “Бүх компанийг үнэгүй байхад худалдах гэлээ” гээд бөөн хэл ам болсон. Улмаар Засгийн газар “Компаниудын үнэ цэнийг өсгө. Өндийлгөж байгаад хувьчлалын тухай ярья” гэсэн үүрэг өгсөн. Ажил авснаас жилийн дараа гэхэд нийт компаниудын 72 хувь нь ашигтай, нийт ашиг нь 880 тэрбум төгрөг болсон. Нийтдээ 10. 8 их наядын өртэй байснаас 3. 9 их наяд болж буурсан. Өндийлгөж ирчихээд одоо хувьчлах гэхээр ашигтай болохоор нь хувьчлах гэлээ гээд байгаа юм. Туйлшрал байгаа биз. Үзэл бодлын туйлшралтайгаар төрийн ажлыг ярьж болохгүй л дээ. Харин МИАТ-ийн хувьд хоёр асуудал байгаа юм. Салбарын зүгээс хувьчилна гэдгээ хэлж байна. Гэхдээ гадны жишгээс харахад монополь зах зээлийг хувьчилдаггүй. Тэгэхээр МИАТ дээр болгоомжтой хандах нь зүйтэй. МИАТ бол түүхэндээ байгаагүйгээр буюу анх удаа 50 тэрбумын ашигтай ажилласан.

Заавал энэ компаниудыг оруулж ирлээ гээд байгаа юм. 2015 онд Засгийн газраас УИХ-ын 60 дугаар тогтоолыг гаргаад АЗЗА-ын компаниудаас бусад дээрх компаниудыг хувьчлахаар оруулсан. 2016 онд ч мөн адил. Өмнө нь УИХ-ын тогтоол хоёр удаа гарчихсан байсан гэсэн үг. Иймд бид УИХ-ын тогтоолын дагуу шинэ Засгийн газрын хүрээнд хувьчлах уу гэж дахин асуугаад байгаа л хэрэг. Тэгэхээр гишүүд маань өмнөх шийдвэрүүдээ гаргаж харах, унших хэрэгтэй байна.

-Хувьчилснаар ямар давуу тал бий болох юм бэ?

-Энэ том компаниудад олон нийтийн оролцоо, хяналтыг оруулснаар компанийн засаглал, үр ашиг сайжирна. Удирдлага томилдог, орон тоо бий болгодог, бараа шахдаг, эдийн засгийн ямар ч үр ашиггүй хөрөнгө оруулалт хийдэг үйлдлүүд зогсоно. Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулийг Засгийн газарт хоёр дахиа оруулаад байгаа. Компанийн удирдлага, орон тоог дээрээс нь шийддэгийг болиулах тогтолцоог оруулаад өгөөч гэж гуйгаад байгаа юм. Улс төрөөс хараат бус тусгай хуулийн зохицуулалттай л болгочих хэрэгтэй байна.

-Авто зам засварын ашиглалтын компаниудын ажилчид ажилгүй болох нь гэх хүмүүс байсан. Энэ тухайд?

-АЗЗА-ын компаниудын ажилчдыг “Та нарыг бөөнөөр нь халах нь” гэж турхирч байгаа хүмүүс бий. АЗЗА-ын компаниудыг даргаар суух, өөрийнхөө хүнийг ажиллуулах сонирхолтой хүмүүс л тэгж улс төр хийгээд байгаа юм. Хэрэв хувийн хэвшилд очих юм бол хөрөнгө оруулалт хийгээд л яваад өгнө. Хувийн хэвшлийнхэн “Манайх тэр замыг тавьж чадахгүй. Хайрган замыг сайжруулж чадахгүй” гэж хэлэхгүй. “Ажил байна уу. Хийе” л гэж асууна. Яахав хувьчлахгүй байя гэвэл болно л доо. Төр хөрөнгө оруулалт хийе, сайжруулаад аваад явъя гэвэл болохгүй зүйл байхгүй. Гэхдээ саяхан л гэхэд авто замын тоног төхөөрөмжийн түрээсийн компанийг татан буулгасан. Мөн л АЗЗА-ын компаниудтай адилхан өрөнд орчихсон байсан. 670 гаруй сая төгрөгийн өрийг нь төр төлсөн. Тэгэхээр ажилчдыг турхираад байгаа хүмүүс солигдоод яваад өгнө. Өр үүснэ, төр л хариуцна.

-Өмч хувьчлалаар төсөвт хичнээн хэмжээний мөнгө суух вэ?

-Олон жил төсөвт мөнгө оруулна гэж хувьчилж байсан. Энэ удаагийн хувьчлал тийм биш. Төрийн банкийг худалдагдвал 300 гаруй тэрбум төгрөгт хүрнэ гэж бодож байна. Төсөөллөөр хэлэхэд шүү дээ. Хуучин Сангийн яамны ийм төсөөлөл, тооцоолол ч байсан юм. Үүний 75 тэрбумыг нь төсөвт суулгана гэж тооцож байсан юм билээ. Өнөөх худалдах нь гэж яриад байгаа 75 тэрбум төгрөг гэдэг чинь тэр. Тухайн үед дуудлагаар худалдах гэж байсан. Одоо Хөрөнгийн биржээр явах гэж байгаа учир үнэлгээ нь тусдаа хуулиар явна.


Categories
мэдээ цаг-үе

О.Баасанхүү: Д.Гантулга зөв шийдвэр гаргалаа

УИХ-ын гишүүн О.Баасанхүүтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Д.Гантулга өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх саналаа гаргалаа. Уг шийдвэрийг та юу гэж дүгнэж байна?

-Бүгд харж байгаа. УИХ-ын үндсэн үүрэг гэдэг бол тэгш эрхийг тогтоох ёстой. Нэг талд нь жирийн иргэн, нөгөө талд нь УИХ-ын гишүүн. Шүүхэд орлоо гэхэд нэг нь албан тушаалтай, нөгөөх нь албан тушаалгүй байх юм бол хэцүү. Түүнээс шударга ёсыг шүүх тогтооно. Тэгш байдлыг УИХ тогтооно. УИХ-ын гишүүд хавтаст хэргийг уншаагүй учраас тэгсэн, ингэсэн гэж дүгнэлт хийхэд тун хүнд. Би нэг зүйлд хатуу байр суурьтай байгаа. Хүн эхнэрээ хуурч, бохир заваан зүйл хийж явсан гэх хэл ам гарч байгаа тохиолдолд энэ асуудлаа эртхэн цэгцэлж, нэг талдаа гаргах ёстой байсан. Д.Гантулга бол залуухан хүүхэд шүү дээ. Цаашдаа маш олон даваа, ирээдүй байгаа гэдэг утгаараа зөв шийдвэр гаргалаа л гэж бодож байна.

-УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн. УИХ дээрх гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Таны хувьд ямар байр суурьтай байв?

-Би гишүүдийг татах ёстой гэдэг хатуу байр суурьтай байсан. Учир нь УИХ гэм буруутайг нь тогтоож байгаа юм биш. Тэгш байдлыг л тогтоож байгаа. Гэтэл МАН, АН-ын бүлэг хоорондоо тохиролцоод энэ залууг татаж авсан. Авч үлдсэн. Бүр миний хажууд “Танайх яахын. Үнэн биз дээ” гэхэд нөгөөдүүл нь “Манайх яг хэлсэндээ” гэж ярьж байсан. Энэ бол надад таалагдаагүй. Би хэдий энэ хэдтэйгээ мөр зэрэгцээд сууж байгаа ч гэсэн ёс зүйн асуудал дээр хатуу байна. Би хамгийн анх хүчирхийллийн эсрэг лобби бүлэг байгуулж гаргасан. Лобби бүлгийнхээ шугамаар гэр бүлийн хүчирхийлэл тэр дундаа хүчингийн хэрэгтэй холбоотой хөнгөрүүлсэн заалт, ажлын байрны бэлгийн дарамт, биеэ үнэлэлтийг орон байраар хангасан асуудлыг хүчингүй хэмээн үзчихсэн заалтуудыг эсэргүүцсэн. Энэ асуудлыг оруулж ир гээд одоо ч ажлын хэсгийнх нь ахлагчтай нь муудалцаад явж байна. Тэр утгаараа иймэрхүү асуудал дээр хатуу байр суурьтай байгаа. Харамсалтай нь би 74 хүний эсрэг зогсож чадахгүй.

-32, 33-ын бүлгийнхэн Д.Гантулга гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхт санал зөрөлдсөн гэж яриад байна л даа. 33 бүлгийн зүгээс залуу гишүүнээ авч үлдэхийн төлөө багагүй хичээсэн гээд байгаа?

-МАН, АН хуйвалдсан байхгүй юу. АН-аас орж ирсэн гишүүд нь МАН-ыг дэмжээд л гаргасан санал шүү дээ. Дотор нь байгаа хүний хувьд би бүгдийг мэдэж байна. Харамсалтай нь нууц санал хураалтын үеэр цахим хуудсаараа шууд бичлэг хийж болохгүй. Ард түмэн бодит байдлыг ажиглаж, хэн нь үнэн, худал яриад байна гэдгийг мэдэж байгаа байх гэж найдаж байна. Би 2012 оны зургадугаар сарын 29-нд тангараг өргөснөөсөө хойш үргэлж гүтгүүлж явна. “Жи тайм” дампуурсан ч, Засгийн газар огцруулахад ч Баасанхүүтэй холбоно, буруутгана. “Номхон морийг ноолж болдог” гэдэг шиг л байна. Тиймдээ ч би сүүлийн хоёр жил шударга ёсыг тогтоохын тулд хэвлэл мэдээллийн байгууллагын зохион байгуулалттай гүтгэлэг, хүний нэр төрд халддаг өөрсдийгөө улстөрчид гэж нэрлээд байгаа хүмүүсийн эсрэг ч явж байна. Улстөрч хүн шүүмжлүүлж, хардуулалгүй л яахав. Гэхдээ үнэндээ Д.Гантулгын энэ асуудал бол МАН, АН-ын хоёр бүлгийн л ажил. Тэр бол баталгаатай. Наймаалцаад л хоёр бүлэг саналаа нэгтгээд ороод ирсэн. 32, 33-даа ч биш.

-Дээрх гишүүдийн эрхийг түдгэлзүүлээгүйд иргэд ихээхэн бухимдалтай байгаа нь анзаарагдлаа. Үүнээс үүдэн энэ удаагийн парламент ёс зүйгүй, чадамжгүй байна гэж дүгнэх хүмүүс ч байна. Таны хувьд юу гэж дүгнэж байна вэ?

-Энэ парламент маш сайн чадамжтай байгаа. Нэг нам 65 гишүүнтэй, бараг коммунизм тогтоосон ч болохоор үнэмлэхүй ялалттай байгаа шүү дээ. Тэгэхээр чадамжийн хувьд маргаад хэрэггүй. Хүсвэл дуртай үедээ хурлаа хийнэ, хуулиа батална. Үүн шиг давуу эрх гэж байхгүй. Зүгээр л хуучин ах нарын хийж байгаа тэмцэл өнөөдөр дуусахгүй байна. Өмнөх Засгийн газрыг хэн унагаасан гэж та бүхэн бодож байна. Би л лав Сү.Батболдыг гэж бодож байгаа. Учир нь мань хүн юун дээр ч очоогүй хэрнээ улс төрд хамгийн их нөлөөтэй. Тэр утгаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагаагаад У.Хүрэлсүхийнхийг гаргаж ирсэн. Одоо У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаагаад өөрийнхөө Засгийн газрыг гаргах гэж байна уу гэж харж байна. Яасан ч дуусдаггүй шунал, эрх мэдэл юм. Монголын ирээдүйг сайхан байлгая гэвэл зарим нэг улстөрчид зайгаа тавьж өгөх болсон. Тэгж байж гэмээнэ дараагийн үеийнхэн нь ажлаа зөв хийж явна.

-ШХАБ-д нэгдэх эсэх асуудал мөн л иргэдийн дунд маргаантай хэвээр байна. Та юу гэж бодож байгаа вэ?

-Мэддэггүй сэдвээрээ мэддэг юм шиг ярьдаг хүн дэндүү олон болжээ. Ер нь гадаад бодлогоо Монгол шиг илэн далангүй шүүмжлээд байдаг орон байхгүй. Эхлээд ШХАБ-д элсэх эсэх нь ямар үр дагавартай талаар мэргэжлийн хүмүүс, судлаачид нь дуугарах хэрэгтэй. Гадаад яам нь судалгаа мэдээллээ ч өгөг. Гишүүд 50 гаруй конвенцийг уншиж үзье. Ер нь бол Монголоо л бодох хэрэгтэй. Өмнөх болон энэ удаагийн парламентад 10-15 хувь нь л Монголоо бодож байна. Бусад нь цаг хугацаа нөгцөөсөн, улс орноороо тоглож өөрийгөө нэр алдартай болгох гэсэн л хүмүүс болжээ.

Би гайхаж байна. Эрдэнэтийн 49 хувийг Монголд оруулаад ирсэн. Оруулж ирэх процесс тийм амархан биш шүү дээ. Маш хэцүү. Одоо үүнийг нь төр авах хэрэгтэй. Үүнийг дахиад л тэр 65 шийднэ. Хүний өмчийг тогтоолоор бус хуулиар авдаг. Тэр хуулийн төслийг нь өргөн барьж байхад унагаасан. Надтай 51 хувийн ТУЗ-ын гишүүн орж ирээд уулзсан. “Одоо яах вэ. Гарцгүй болчихлоо. Мухардчихлаа” гэж байна. УИХ-ын тогтоолоо засах хэрэгтэй. Өөрсдөө гацаанд орж, олигархжчихаад хамгийн сул дорой юм шиг, үнэн зөв ярьж байгаа нөхөр дээр нь тохдог. Өөрсдөө хөшигний ард “Гэрээгээ хувааж идье. Гэзэгтийг баяжуулъя” гээд суугаад байгаа юм. Гэзэгтийг гэж байгаа шүү бүр. Хэнийг хэлж байна вэ гэдгийг олигархууд сайн мэднэ.

-Хаврын чуулган өндөрлөхөд сар хүрэхгүй хугацаа үлджээ. Таны зүгээс амжиж батлагдаасай гэж хүлээж буй хуулийн төсөл байгаа юу?

-Би бол аль болох бага л хууль орж ирээсэй гэж хүсэж байгаа. Одоо татварын хууль гэж аймшгийн хууль орж ирж байна. Хуулийн байгууллагынхан хүнийг шантаажилж баяждаг. Хэрэг тохно, шалгана. Сүүлдээ бизнес рүү нь орно. Нэг ширхэг цаас ч гэсэн олддог юм. “Чи татварынхаа тайлангаа санаатайгаар буруу өгсөн байна” гээд 10 жилийн ял өгдөг. Түүнийг болиулчихсан байсан чинь орлого нь багассан юм уу хаашаа юм, дахиад л орж ирж байна. Бизнесмэн гишүүддээ анхаараарай, хянаарай гэж хэлсэн.

Ганц гишүүн бол хуулиа батлуулахын тулд лобби бүлэг байгуулдаг. Гэтэл манай 65 намайг дуурайгаад зөндөө лобби бүлэгтэй болчихсон. Энэ бол парламентийн гажуудал. Дэлхийн жишигт бүлэггүй бол өөрийнхөө санаачилсан хуулийг лоббидож батлуулдаг. Тэтгэвэр, үйлдвэр үйлчилгээ, ажилгүйдэл, нийгмийн асуудлаар тодорхой хууль санаачлаад өөр намын арай ойр дотно гишүүндээ өргөн барьчихаач ээ гээд өгнө. Хэрэв тэр хууль батлагдвал Баасанхүүгийн ажил биш. Тухайн гишүүний л ажил болох юм. Хамгийн гол нь ард түмэнд л хэрэгтэй байх нь чухал.

-Ази, Номхон далайн бүсийн орнуудыг парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүд төрийн ордноо чуулаад байна. Уг арга хэмжээний талаар тодруулаач?

-Би Ази, Номхон далайн парламентийн холбооны дэд ерөнхийлөгч юм. Үүнийхээ хүрээнд Ази, Номхон далайн бүсийн орнуудыг парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг зохион байгуулж байна. Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд парламентийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх сэдвээр зөвлөгөөн болж байна. Хойд Солонгосын парламентийн бүлгийн даргын хувьд энэ хуралд Хойд Солонгосын төлөөллүүдийг оруулсан. Мөн Хятад, Япон, Өмнөд Солонгосын төлөөлөл хамрагдаж байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: ШХАБ-ыг эдийн засгийн хамтын ажиллагаа мэтээр тайлбарлаж байгаа нь өрөөсгөл

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль хэлэлцэгдээд явж байна. Хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор таны зүгээс ямар санал дүгнэлттэй байна вэ?

-Нийслэлийн дүүргээс сонгогдсон гишүүний хувьд уг хуульд анхаарал хандуулж байна. Миний хувьд орон нутгийн хөгжлийг цаашид бэхжүүлье гэвэл нийслэл, аймаг, тухайн орон нутаг санхүүгийн чадавхтай байх нь зүйтэй гэж боддог. Үйлдвэрлэлийн, орон сууцны, үйлчилгээ худалдааны гэх зэргээр бүсчлэх нь зөв шийдэл байдаг. Эдгээр бүсүүд нь хэдий нэг хотод харьяалагдаж байгаа боловч татварын хувьд ч харилцан адилгүй байх нь бий. Энэ маягаар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, ажлыг төгөлдөржүүлэх бололцоог бүрдүүлэх чухал хөшүүрэг нь санхүүгийн механизм юм.

-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд биржээр дамжуулан газар худалдах санал тусгасан гэх яриа иргэдийг бухимдууллаа. Тэрхүү заалтын тухай тодруулахгүй юу?

-Үүнд буруу ойлголт явж байна уу гэж харсан. Хүмүүс гадаадын иргэн газар өмчлөх эрхтэй болчихож, тийм боломж нь нээгдчихжээ хэмээн эмзэглэж байна. Гэхдээ энэ нь хуулийн заалтыг буруу тайлбарласнаас үүдсэн ташаа ойлголт хэмээн Нийслэлийн Засаг даргын хуулийн зөвлөх тодруулж мэдээлэл хийсэн байна лээ. Уг хуулийн төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газраас голчлон боловсруулсан. Орж ирсэн төсөл дээр гадаадын иргэнд газар өмчлүүлнэ гэсэн заалт тусгагдаагүй.

Манай улсад Газрын тухай хууль хэрэгжиж эхлэн иргэдэд газар өмчлөх, эзэмших эрх үүссэнээс хойш 20 гаруй жил болжээ. Энэ хугацаанд аж ахуйн нэгж газар эзэмшээд орон сууц бариад, улмаар иргэд өөрийн гэсэн эд хөрөнгө эзэмших эрхтэй болсноос хойш мөн л удаан хугацаа өнгөрөөгүй байна. 90-ээд оны эхэн үеэс эхлэн төрийн өмчийн орон сууцыг хувьчилж авсан, шинээр баригдсан орон сууцыг эзэмшсэн хүмүүс байна л даа. Уг харилцаанд эрх зүйн зүгээс дутагдаж буй зохицуулалтууд байдаг. Байр худалдаад авчихлаа. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ ч авчихлаа.

Тухайн орон сууцанд мөн л адил тодорхой тооны айл, өрх амьдарч байгаа. Тэгвэл хүүхдийн тоглоомын талбай, дээвэр, орчин тойрон зэргийн тодорхой хувийг оршин суугч үл хөдлөхтэйгөө хамтаар давхар агуулж, эзэмшиж байна уу. Орон сууц элэгдэж хуучирснаас үүдэн нураалаа гэхэд тухайн байрны оршин суугчид шинээр баригдах орон сууцыг шууд эзэмших эрх үүсэх үү. Мөн 70 айлын орон сууц байлаа гэхэд тухайн айл өрхүүд барилгын газрыг 70 хувааж эзэмших үү эсвэл мкв-тайгаа дүйцэхүйц хэмжээний газрыг эзэмших ёстой юу зэрэг асуудлуудын зохицуулалт дутуу явсаар байна. Уг асуудал дан ганц Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиар шийдэгдэхгүй ч цаашид зохицуулах шаардлагатай байгаа нь анзаарагдаж байгаа.

-Ямар хуулийн төслүүд дээр ажиллаж байгаа вэ?

-Миний хувьд хоёр байнгын хороонд харьяалагдан ажилладаг. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тухайд Эрүүл мэндийн багц хууль болон Соёлын тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Мөн Соёлын өвийг хамгаалах тухай ажлын хэсэгт багтан ажиллаж байгаа. Уг ажлын хэсэг саяхан Дорноговь аймагт ажиллаад ирсэн. Ерөнхийдөө түүхийн дурсгалт газар, хүний гараар бүтсэн болон байгалийн соёлын өв алдагдсаар байгаа. Үүний хамгаалалтын зэргийг өөрчлөх нь нэн чухал асуудал болоод байна. Хууль бусаар хилээр нэвтрүүлэх, худалдаалах зохисгүй үйл ажиллагааг зохицуулж, хяналтыг сайжруулах болон соёлын болон судлагдахууны эргэлтэд оруулах талаар ажлын хэсэг анхаарч ажиллаж байгаа.

-Гадны үзэсгэлэнд тавигдсан ховор үзмэрүүд алдагдсан, ижил төстэй бүтээлээр солигдсон тохиолдол гарсан гэх мэдээллүүд байдаг. Соёлын тухай болон Соёлын өвийн тухай хуульд энэ асуудал тусгагдаж байгаа болов уу?

-Соёлын тухай хуульд Төрийн өмчийн, олон нийтийн болон төрийн бус байгууллагын эзэмшлийн, хувь хүний соёлын өвүүдийг хэрхэн хамгаалах тухайд хуульчилж өгнө. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш соёл, урлагийн бүтээлүүдийг цуглуулахад цаг зав, хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгөө зарцуулдаг хувь хүмүүс олширчээ. Иргэдийн гар дээр байгаа ховор нандин соёлын бүтээлүүдийг даатгуулах давхар даатгалын системийг бий болгох нь чухал. Мөн тэдгээрийг зөвхөн үзэж сонирхохоос гадна судлагдахууны хувьд нээлттэй байлгах бололцоо нээгдэнэ. Соёлын тухай хуулийг боловсруулж байх үед хувийн томоохон цуглуулгуудтай иргэд ажлын хэсэгт хандсан. Тэдний хувьд бүртгэлжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй талаар хэлж байгаа юм. Харин хувь хүний цуглуулгыг ямар нэгэн байдлаар төр мэдэлдээ авах вий гэдгээс эмээж байгаа талаар дуулгасан. Энэ нь дэлхий нийтээр маргаантай байдаг сэдвүүдийн нэг. Тухайн бүтээл хэний гараас хэрхэн дамжиж ирснийг нь мэдэж, эх үүсвэрийг нь тогтоох эзэмшлийн бичиг гэж байдаг. II дайныг хүртэл эзэмшлийн бичиг хэрэглэгдсээр байж. Дайн гарч үймээн самуун дэгдсэнээр үнэт эдлэлийг гараас гарт дамжуулан хууль бусаар худалдах нь газар авсан байдаг.

Монголчууд бид ч багагүй хөдөлмөр гаргаж байж динозаврын олдворуудыг эх орондоо буцаан авчирч байсан. Гэтэл Занабазарын өөрийн гараар бүтээсэн хосгүй бүтээл дэлхийн дуудлага худалдааны хамгийн том компанид хэдэн арван сая ам.доллараар зарагдсан байдаг. Ямартаа ч бид эдгээр нөхцөл байдалд хэрхэх ёстой талаар бодох л ёстой. Тэр дундаа дотоодод байгаа түүхийн ховор нандин бүтээлүүддээ анхаарлаа хандуулах шаардлагатай.

Төрийн өв сан, Үндэсний түүхийн музей болон бусад музейнүүдэд байгаа дахин давтагдашгүй бүтээлүүдэд зүй зохисгүй хандах, хулгайлах, худалдах, хуурамч зүйлсээр орлуулах зэрэг нь мөн л санаа зовинох түвшинд байгаа. Юутай ч хяналтыг сайжруулж, хариуцлагыг өндөржүүлэх асуудлыг Соёлын өвийн тухай хуульд тусгана. Мөн бидний хувьд нэг чухал зүйл нь хуулиа сурталчлах явцдаа олон нийтийн оролцоо хяналтыг сайжруулах мэдлэг, мэдээлэлтэй болгоход анхаарна. Монголын ард түмний өв соёл гэх сэтгэлгээг бэхжүүлэх нь нэн чухал юм.

-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Дайчилгааны тухай хуулийн ажлын хэсэгт багтаж байгаа. Ямар гол өөрчлөлтүүдийг тусгаж байна вэ?

-Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны гишүүний хувьд Орон нутгийн хамгаалалтын тухай хууль болон Дайчилгааны тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж байна. Дайчилгааны тухай хуулийн гол агуулга нь батлан хамгаалах бодлогод иргэдийн оролцоог нэмэх, залуучууд, хүүхдүүдийн цэрэг эх оронч үзлийг төлөвшүүлэх, шаардлагатай тохиолдолд хэнийг хэрхэн дайчлах вэ гэх зохицуулалтыг тусгаж байгаа. Орон нутгийн хамгаалалтын тухай хуульд “Оюутан цэрэг”, “Малчин цэрэг” зэрэг шинэ концепциудыг хэрхэн тусгах талаар судалж байна. Мөн орон нутгийн хамгаалалтын асуудлыг аймаг эсвэл сумын удирдлагууд шийдэх эсэх, төсвийн хуваарилалтын зохицуулах арга зам дээр гишүүд өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж байгаа. Аймаг хариуцах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа гишүүд бий. Мөн орон нутгийнхаа нөхцөл байдал, ард иргэдээ сайн мэддэг сумын удирдлагуудад хариуцуулах нь зүйтэй гэх саналыг ч хэлж байна. Миний бодлоор сум, дүүргүүд шийдээд явах нь зүйтэй гэж үзэж байгаа.

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэх асуудалд гишүүд өөр, өөрийн байр суурьтай байгаа. Таны хувьд хэр зөв шийдвэр гэж үзэж байгаа вэ?

-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг эдийн засгийн хамтын ажиллагаа мэтээр тайлбарлаж ярьж байгаа нь өрөөсгөл. Үүнийг аюулгүй байдал талаас нь харах ёстой. Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороон дээр хэлэлцүүлэхээр орж ирүүлсэн процедур нь ч буруу байсан. Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдалтай холбоотой энэ чухал асуудлыг хаалттайгаар, цагийг нь тулгаж мөн бусад гэсэн асуудалд тусгаж оруулж ирэх нь буруу. Ийм хайнга хандаж болохгүй. Гадаад бодлогодоо зарчмын томоохон өөрчлөлт хийх гэж байгаа бол бид үүнийг нухацтай ярилцах ёстой. УИХ-ын чуулган, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороогоор нээлттэй хэлэлцэх ёстой. Гадаад бодлогын мэргэжлийн дипломатууд, олон улсын харилцааны чиглэлээр мэргэшсэн судлаачдын дунд хэлэлцүүлэг хийх хэрэгтэй. Нийгмийн анхаарлыг татсан идэвхтэй, нээлттэй хэлэлцүүлэг хийх нь чухал. Хэдий хэр хугацаа хангалттай байх уу, түүнийг л зарцуулах ёстой. Яарч болохгүй. Болгоомжтой хандах нь зүйтэй. Хоёрдугаарт, Монгол Улс хоёр хөрштэйгөө тэнцүү тэгш, сайн харилцаатай байна гэдэг бол манай гадаад бодлогын хамгийн том зарчим. Бид ШХАБ-д элслээ гэхэд хоёр хөрш өөр, өөр байр суурь илэрхийлвэл яах вэ. Энэ тохиолдолд аль нэгийг нь баримтална гэсэн үг үү. Энэ тохиолдолд бидний хоёр хөрштэйгөө тэгш сайн байх зарчим алдагдах нөхцөл аяндаа бүрдэх гээд байна.

Харин энэ асуудалтай холбоотойгоор нэг сайшаалтай зүйл ажиглагдлаа. Тодруулбал, залуучууд сошиал орчинд маш их идэвхтэй байр сууриа илэрхийлж байна. Монголчууд тал тал тийш яван олон чиглэлээр суралцаж байгаа. Тэдгээрийн төлөөлөл болсон залуусын хувьд ШХАБ-д элсэх нь зөв эсэх талаар өөр, өөрийн сувгаараа дамжуулж олж авсан мэдээллээ бусдадаа түгээж, нээлттэй мэтгэлцэж байна. Залуучууд иргэн хүнийхээ хувьд идэвх гаргаж, асуудлыг нухацтай авч үзэж байгаа нь ирээдүйд итгэх итгэл өгсөн явдал боллоо.

-УИХ-ын гишүүн Д.Мурат, Д.Гантулга нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. Уг асуудалд хувь гишүүнийхээ зүгээс ямар байр суурьтай байгаа вэ?

-Хууль, шүүхээр шалгагдаад тогтоогдтол нь хэн нэгнийг гэм буруутай гэж болохгүй. Гэсэн ч ёс зүй гэж юм бий. УИХ-ын гишүүдэд ёс зүй, хариуцлага маш чухал. Ёс зүй бол маш энгийн зүйлээс эхэлнэ гэж боддог. Хуралдаа хариуцлагатай суух, асуудалдаа няхуур хандах, хэлэлцэж буй асуудлуудын талаар уншиж, судлах гэх мэт. Мөн мэдээлэл дээр тулгуурлаж асуудалд шинжлэх ухаанчаар хандах нь ч гэсэн УИХ-ын гишүүний хариуцлага, ёс зүйтэй холбоотой. Гишүүдтэй холбоотой асуудлын тухайд шүүхээр үнэн зөв нь тогтоогдоод гарах ёстой. УИХ-ыг би ёс зүйн шийдвэр гаргасан гэж бодож байгаа. Миний хувьд түдгэлзүүлээд шалгуулах ёстой гэсэн л байр суурьтай байгаа. Ялангуяа манай намын эмэгтэй гишүүдийн санаа бодол нэг байна. Би бол бүлгийн хурал дээр өөрийнхөө эргэн тойронд байсан гишүүдэд байр суурь маань маш тодорхой, хүчтэй байгаа гэдгээ хэлсэн. Бусад эмэгтэй гишүүд ч мөн адил түдгэлзүүлэх хэрэгтэй гэх байр суурьтай байгаа илэрхийлж хэвлэлийн бага хурал зарласан.

-Таван толгой төслийн 30 хувьд IPO гаргах саналтай байгаагаа Засгийн газар илэрхийлсэн. Энэ хэр зөв шийдэл гэж үзэж байгаа бол?

-Би хариуцлагатай уул уурхайг дэмжих лобби бүлэг байгуулах санаачилга УИХ-д гаргасан. Уг лобби бүлэгт 12 гишүүн идэвхтэй ажиллаж байна. Лобби бүлгийн гишүүд уул уурхайг эдийн засгийн хөшүүрэг, хөдөлгүүр гэдэгт нэгдэж байгаа. Гэхдээ хөгжүүлэхдээ хариуцлагатай хөгжүүлэх ёстой. Байгаль орчинд ээлтэй, орон нутагтаа хамтын ажиллагаа сайтай, талуудын эрх ашгийг тусгасан, орж ирж буй орлогыг ирээдүйн хөгжилд зориулах нь чухал. Хувь гишүүний хувьд цөөхөн том уурхайг нөхөн сэргээлт сайтайгаар ашигласан нь дээр гэж үздэг. Таван толгой уурхай бол мэдээж томоохон уурхайнуудын нэг. Уурхайг эдийн засгийн утгаар нь авч үзвэл ийм дайны төсөл тийм олон биш.

Ийм төсөлд IPO яаж гаргах вэ гэдэг тогтсон зүйл бий. Бид цоо шинэ зүйл бий болгох гээд байгаа юм биш шүү дээ. Нэн тэргүүнд үнэлгээ хийх хэрэгтэй. Тэр хэмжээний төсөлд эрдэс баялаг, дэд бүтэц, төмөр зам, тээвэр, цахилгаан станц, ус, тээвэр ложистик, орон нутгийн харилцаа зэргээс аль нь үнэлгээ хийхэд хамаарах уу гэдэг нь ч нарийн асуудал. Үнэлгээ хийхэд эдийн засгийн тооцоолол хийсэн байх ёстой. Үнэлгээ хийхэд дор хаяж нэгээс хоёр жил болно. Үүнээс үзэхэд Засгийн газраас цаг хугацааных нь эрэмбэ дарааллын хувьд бүтэшгүй богино хугацаа тавьж байна. Энэ талаараа ч би бүлэг дээр байр сууриа илэрхийлсэн.


Categories
мэдээ цаг-үе

Л.Элдэв-Очир: Хоёрын хооронд багахан өс яваад байна л гэж харж байгаа

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очиртой ярилцлаа.


-Чуулганы хуралдаан дээр хүүхдийн мөнгөний асуудлаар хэлсэн үг тань сошиал сүлжээнд багагүй хэл ам дагууллаа. Хүүхдийн мөнгөөрөө амьдарна гэдэг байж боломгүй зүйл гэх зэргээр ярьцгааж байна л даа?

-Хүний хэлснийг гуйвуулна, дайвуулна гэдэг их айхтар болж. Бүр эвлүүлэг хүртэл хийчихсэн байна лээ. Ямар ч увайгүй юм. Хүнийг гүтгэнэ, гүжирдэнэ гэдэг их муухай, муу юм. Хүн гэдэг амьтан чинь амьдарч байх хугацаандаа бие хэл, сэтгэлийн нүглийг их хийдэг юм байна. Энэ нүгэл нь хэдий хэр нимгэн байна үлдэж буй үр хүүхэд, дараагийн төрөлд нь сайн. Нас нэлээн хэвийж яваа хүний хувьд үүнд багагүй итгэл үнэмшилтэй болж байгаа шүү.

Бидний хувьд халамжийн бодлогоор ард түмнийхээ амьжиргааг өөдтэй байлгаж, авдаг, өгдөг цалинг нь ахиухан болгочих юмсан гэж л асуудал болгон ярьж байна. Гэтэл үүнийг хуурамч хаягнаас гуйвуулж, муулж түүнийхээ төлөөхэн нэгнээс хэдэн төгрөг авч, түүгээрээ амьдарна гэдэг бол дэндүү утгагүй. Би бол буруу зүйл хэлсэн гэж бодохгүй байгаа. Өнөөдөр Монголын нийгэмд халамж шаардлагатай хэсэг бүлэг бий. Төр засгийн явуулж буй алдаатай бодлого, хөдөөгөөс хот руу шилжин суурьшилт зэргээс хамаарч амьжиргааны эх үүсвэргүй хэсэг бүлэг бий болоод байна. Эдгээр хүмүүс хүүхдийн мөнгөнөөс өөр амьжиргааны эх үүсвэргүй учир яаж, ийгээд л түүгээрээ болгодог. Ийм гэр бүлүүд зөндөө бий. Иймд хавтгайруулж халамж өгөх биш, зорилтот бүлэгт нь ахиухан өгөх нь зүйтэй. Зөв, хүртээмжтэй хуваарилж чадвал хүүхдийн мөнгөөр амьдралаа болгодог хэсэг бүлэг маань мөр бүтэн, гэдэс цатгалан, төр засаг, үр хүүхдийнхээ ирээдүйд итгэлтэй, гэр бүлдээ хуримтлал үүсгэчихдэг, өрхийн аж ахуйгаа аваад явчих боломжийг бүрдүүлж, ажлын байр эрэлхийлэх урам зориг төрүүлэх юм. Ийм л халамжийн бодлого хэрэгтэй. Түүнээс 100 хувь олгоно гэх зэргээр ард түмнээс оноо авах гэсэн улстөржилт хэрэггүй. Улс орны төсөв, орлого зарлага хэд байна. Юунд зарцуулж, юунаас хуримтлал бий болгож, хуримтлалаасаа ард түмэнд шаардлагатай халамжаа яаж хуваарилж, ажлын байраа хэрхэн нэмэгдүүлэх үү гэж эдийн засагаа том зургаар харах ёстой. Үүнийг л би хэлсэн. Гэхдээ шүүмжлэлтэй хэлсэн. Гишүүд ч миний хэлснийг хүлээн зөвшөөрдөг. Чуулган дээр энэхүү байр сууриа илэрхийлсний дараа ч гишүүд алга ташсан.

Хэн нэгнийхээ байр суурийг дэмжээд алга ташсан тохиолдлыг хараагүй гэсэн гишүүд цөөнгүй байсан. Хэдий гишүүд бодит байдлыг ойлгоод байгаа хэр нь хашир байдаг юм байна. Би гэнэн, эсвэл тэнэг ч байж магадгүй л дээ. Зарим гишүүд “Бодит байдлыг шууд хэлчихээр “гал” ирнэ. “Гал”-ыг нь даахгүй хэцүү дээ” гэж зөвлөж л байсан. Шийдвэр гаргах түвшинд болон нийгэмд тулгамдаж байгаа зүйлд зөв шийдлийг олохдоо “гал” авна гээд ярихгүй байвал УИХ-ын гишүүн сонгох, засаг байгуулж ажиллуулахын хэрэг гэж ч юу байхав.

-Та халамж, авлига бол улс орныг үгүй хийх зөөлөн бодлого гэж байсан. Энэ тухайд?

-Дэлхийд өрсөлдөх чадвараараа манай улс 63 орны 62-т орсон. Венесуэлийн л урд орсон. Венесуэл улсад авлига, халамж бүр гаарчихсан. Үндсэндээ энэ улс сүйрч байна гэсэн үг. Энэ сүйрэл рүү л бид яваад байгаа. Үүнийг бид одооноос ойлгох, бодох хэрэгтэй. Ард түмэн бол ажил хийхийг эрмэлзэж байна. Бид үүнийг нь бүрдүүлж өгч чадахгүй байна. Нэг хэсэг нь ажил хийгээд, зүтгээд байгаа ч хөдөлмөрийн үнэлэмж байхгүй. Ямар сайндаа л багш нар, төрийн албан хаагчид зуны амралтаараа Солонгос руу гарч хар ажил хийж байхав дээ. Хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий. Би бас чуулган дээр төрийн албан хаагчдын тоо нь хэтэрхий их, бүтэц нь данхайж байна гэж хэлж л байсан. 200 мянган төрийн албан хаагчийг 50 хувиар багасгах хэрэгтэй. Угаасаа энэ дунд улс төрийн шийдэл гаргаад, зохиомол бүтэц бий болгосон хөөсрөл ч явж байгаа. Хэрэв 50 хувийг нь цомхотгочих юм бол нэг төрийн албан хаагчийн цалин 1.6 сая төгрөг болно. Би 2006 онд телевизийн нэвтрүүлэгт орж байхдаа “Багш, эмч нарын цалинг 1500 ам.доллар болгочих. Тэгвэл авлига, хээл хахууль арилна” гэж ярьж байснаа тод санаж байна. Төрийн албан хаагчдын хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлчих юм бол хувийн хэвшил ч мөн ялгаагүй нэмэгддэг. Энэ талаар их л ярьж байна. Даанч дорвитой шийдэл гаргахгүй юм даа л гэж харамсах юм.

-Өнгөрсөн долоо хоногт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороодын хамтарсан хуралдаан болсон. Хуралдааны үеэр агаарын бохирдлын талаар багагүй яригдсан. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын хувьд та ажлын хэсгүүдэд багагүй шүүмжлэлтэй хандаж байсан…

-Байнгын хороодоос зөвлөмж чиглэл, тогтоол гаргаад байгаа боловч хэрэгжилт муу байгаа тал ажиглагдсан. Ажил хариуцаж байгаа хүмүүс хариуцлага муу байгаа талаар хуралдаанаар онцолж ярьсан. Ер нь бид нарын зан л даа. Урин дулаан ороод ирэхээр бүгд л утаагаа мартчихдаг. Одоогоор хоёр байнгын хороо хамтраад ажлын хэсэг байгуулчихсан.УИХ-ын гишүүн,Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг бид хоёрын хувьд зунжингаа л утаагаа ярьж, засаг, ажлын хэсгүүдээ шахаж ажиллая гэсэн байр суурьтай байна. Агаарын бохирдлыг 50 хувь хүртэл нь бууруулна гэсэн том зорилгодоо Засгийн газар хүрсэн байх ёстой гэж харж байгаа.

-Агаарын бохирдлыг бууруулах ямар гарц, шийдэлд хүрээд байгаа бол?

-Цахилгаан индукцийн аргаар галын хотлоос гарч байгаа бохир утааг цэвэршүүлэх тоног төхөөрөмж хэрэглэхээр Засгийн газраас дорвитой шийдэл гаргажээ. Эхний ээлжинд 100 мянган айлын зуухны янданд нь тэрхүү төхөөрөмжийг суулгаж өгөх юм байна. Төхөөрөмж нь 800 хэмд дутуу шатсан хийг бүрэн шатааж, агаарт цэвэр утаа гаргана. Дараагийн нэг дорвитой шийдэл нь нүүрсний асуудал. Намын бүлгийн хурал дээр Ерөнхий сайд “Энержи ресурс” компанитай тохиролцож, шийдэлд хүрсэн талаараа хэлсэн. Тодруулбал, “Энержи ресурс” нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайжруулсан нүүрсээ үнэгүй өгье гэсэн юм билээ. Сайжруулсан, угаасан нүүрс нь шаталтаараа хамгийн сайн гэдгийг мэргэжлийнхэн нь тогтоочихсон. Ахуйн бохирдол нь ч бага юм байна. Энэ нүүрсний асуудалд намайг нөлөөлсөн гэх яриа байсан. Тийм зүйл байхгүй. Би энэ нүүрсний асуудлыг Ерөнхий сайдын амнаас л анх удаа сонссон. Мэдээж “Энержи ресурс” зөв алхам хийсэн.

Түүнчлэн дахин төлөвлөлттэй холбоотойгоор Улаанбаатар хотод байгаа дэд бүтцийн төвүүдийг шинээр байгуулж байна. Төсөв мөнгөний эх үүсвэрүүд нь шийдэгдчихсэн. Мөн том оврын уурын зуухнуудыг цөөлж байгаа. Зарим уурын зуухнуудын утааны шүүлтүүрийг давхар шийднэ. Өрх гэрүүд дулаалах, шөнийн цахилгааны тарифийг тэглэх зэрэг асуудлууд төлөвлөгөөний дагуу явагдаж байна. Эдгээр ажлуудыг ажлын хэсэг татан буугдатлаа шахах болно. Хоёр байнгын хороо, ажлын хэсгийн хурал сар бүрийн эхний долоо хоногт болохоор тогтсон.

-Зуух тараасан ч утаа дорвитой буурсангүй гэх шүүмжлэл өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байгаа. Тэгвэл тоног төхөөрөмж суурилууллаа гээд утаа багасах болов уу?

-Саяхан би Өмнөговь аймаг руу явлаа. Хоёр айлаар ороход төслөөр тараасан зуухыг Улаанбаатараас авчирч тавьсан гээд сууж байна. Хотын гэр хорооллын амьжиргааны түвшин доогуур зарим хүмүүс өнөөх төслийн зуухаа авангуутаа зарчихдаг юм байна. Өмнөговьд олон айл төслийн зуух худалдаж авсан гэнэ. Шаталтын хувьд тун сайн гэдгийг хэлж байгаа юм. Тэгэхээр орлого багатай айл өрхүүдэд сайн зуух, нүүрс түлэх нь тийм ч чухал биш. Өртөг бага л бол түлж болох бүгдийг л түлдэг байх нь. Иймд дээр хэлсэн сайжруулсан нүүрсээ түгээхдээ бусдад зарчихгүй байх тал дээр нь анхаарах хэрэгтэй байгаа юм. Ер нь аливаа ажлынхаа хэрэгжилт дээр нь анхаарах маш чухал асуудал.

-Та ажиллаж буй хуулийн төслүүдийнхээ талаар сонирхуулаач?

-Өнгөрсөн онд Мал амьтны эрүүл мэндийн тухай болон Генетик нөөцийн тухай хуулиуд дээр ажилласан. Маш сайн хуулиуд батлагдсан гэж үзэж байгаа. Энэ зургадугаар сарын 1-нээс хэрэгжиж байна. Өнгөрсөн долоо хоногт Мал эмнэлгийн ерөнхий газар байгуулах тухай хуулийг чуулганаар оруулж, баталгаажуулчихлаа. Бид хөдөө аж ахуйн салбарт алдагдсан төрийн бодлогыг голдрилд нь оруулахад онцгой анхаарч, хууль эрх зүйн орчныг бүрдүүлчихлээ гэсэн үг. Мөн Баяжуулсан хүнсний тухай хууль батлагдсан. Өнөөдөр монголчууд шим тэжээллэг хоол, хүнсээр хомс байна. Судалгаанд хамрагдсан иргэдийн 90 орчим хувь нь аминдэмийн дутагдалд орсон байгаа нь нотлогдсон. Хүнсийг баяжуулж, эрүүл хүнсээр хангах ард иргэддээ өгөх нь төрийн үүрэг. Төр ард түмнээ шим тэжээлтэй хоол, хүнсээр хангаж, эрүүл мэндэд нь анхаарах ёстой юм. Гэхдээ хүнсийг баяжуулна гэхээр бүхий л хүнсийг гэж ойлгож болохгүй. Зөвхөн гурил, сүү, давс, тос гэсэн дөрвөн төрлийн өргөн хэрэглээний хүнсийг баяжуулж, ард иргэддээ хэрэглүүлэх юм.

-Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Ямар өөрчлөлтүүд тусгагдаж байгаа вэ?

-Одоогоор Засгийн газраас санал авч байна. Тун удахгүй УИХ-ын даргад өргөн барина. Уг хууль олон жил багагүй хэл ам дагуулж байгаа. Нэмэлт өөрчлөлтүүд орсон ч хэрэгжилт муу байсаар ирсэн. Энэ хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулсан гол учир нь үндэсний аж үйлдвэрийн салбарыг төрийн бодлогоор дэмжих асуудал юм. Манайд малын гаралтай арьс шир, нэхий, ноос ноолуурыг сайн боловсруулдаг болж эхэлж байна. Гутал, цэрэг цагдаагийн хувцас зэрэг эцсийн бүтээгдэхүүн хийдэг үйлдвэрүүд ч бий болсон. Гэсэн ч төрийн бодлогоор дэмжих шаардлагатай тулгарсаар л байна. Иймд төрөөс үндэсний үйлдвэрийнхээ сайн чанарын бараа бүтээгдэхүүнийг гурван жилийн хугацаатай, тогтвортой гэрээгээр худалдаж авах боломж энэ хуулиар зохицуулагдах юм. Энэ хугацаанд үйлдвэрүүд хөл дээр нь босох хэрэгтэй. Гурван жилийн дараа бол төр жинхэнэ өрсөлдөөн дунд нь орхих нь зүйтэй юм.

-Таван толгой төслийн 30 хувийг IPO гаргана гэж яриад байна. Таны хувьд үүнийг хэр зөв хувилбар гэж үзэж байгаа вэ?

-Би IPO гаргах тухайд ямар саналтай байгаагаа Д.Сумъяабазар сайдад хэлсэн байгаа. IPO гаргах асуудлаар багагүй судалж үзлээ. 2010 оноос хойш Монголд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниуд Хонг Конгийн болон Торонтогийн хөрөнгийн бирж дээр хөрөнгө босгосон байна. Эхэндээ их үр дүнтэй байжээ. Анх гаргасан хувьцааных нь үнэ 50 хувиар өсөж байсан үзүүлэлтүүд ч гарч байж. Гэтэл 2012 оноос хойш зогсолтгүй унасан байна. Одоо бүр хөдлөхөө больсон. 10 ам.долларын үнэтэй байсан хувьцаа өнөөдөр 20 центийн үнэтэй болчихож. Учир нь Монголд байгаа гэдэг утгаараа л хэн ч авахаа байчихсан. Алтных эсвэл нүүрснийх байсан ч хамаагүй. Бүр Хятад, Канадын хөрөнгө оруулалттай байсан ч хамаагүй өсөхөө байчихсан. Өмнө нь хувьцаа авч хөрөнгө оруулсан хүмүүс одоо толгойгоо барьж байна. Яг ийм үед Төрийн өмчит “Эрдэнэс Таван толгой” компани 30 хувийн IPO гаргана гээд байна л даа. Тэгэхээр үнэлгээ нь мөрөөдөөд байгаа шиг нь дөрвөн тэрбум ам.долларт хүрч чадах уу гэдэг нь эргэлзээтэй. Нэг тэрбум эсвэл 500 сая ам.доллараар ч үнэлэгдэх ч юм билүү. Хонгконг болон Торонтогийн хөрөнгийн бирж дээрх монголын 30 гаруй компанийн хувьцааны ханш өсөхөө байчихсан, “Эрдэнэс Таван толгой” компанийн 70 хувь нь төрийн өмчит, улстөржилт ихтэй, тогтворгүй байхад гадны хөрөнгө оруулагч олдох уу. Үүнийг бодох ёстой юм.

-Ерөнхийлөгчийн хувьд ШХАБ-д нэгдвэл томоохон төслүүд хөдөлж, эдийн засаг тэлнэ гэж ярьж байна. Гэхдээ яаруу сандруу энэхүү байгууллагад нэгдэх нь зөв эсэхэд эргэлзэж буй гишүүд ч байгаа юм билээ. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Үүнд нэгдэн орсноороо “Нэг зам-Нэг бүс”-д орох боломж бүрдэнэ, том төслүүд хөдөлнө гэж ярьж л байгаа юм. Гэтэл сонгуулийн өмнө хятадуудыг муулж байгаад гараад ирсэн Ерөнхийлөгч маань Хятадад айлчлахаасаа өмнө нүүр тахлах зүйл ярьж очих гэсэндээ л яарчихав уу гэж бодож байгаа. Үүнд улстөрчид маш няхуур хандах ёстой. ШХАБ-д нэгдэх асуудлаар хаалттай хуралдлаа. Гишүүд янз бүрийн л байр суурьтай байна. Мэдээж зөв зүйл байх юм бол болохгүй зүйл гэж юу байхав. Урьд нь урд хөршид гаргаж байсан бодлогын алдаан дээрээ дүгнэлт хийгээд, энэхүү асуудлыг оруулж ирээд, харьцаагаа сайжруулъя гэж байж болно. Тэр тохиолдолд бид аль болох зөв талаас нь ярьж, ойлголцож, болохгүй асуудлаа шийдэх ёстой. Ерөнхийдөө гадаад бодлогыг тодорхойлогч, олон жил гадаад харилцааг авч явсан дипломатч, судлаачид ШХАБ-д нэгдэх асуудлыг тийм ч нааштай хүлээж авахгүй байгаа. Монгол Улс сүүлийн жилүүдэд гуравдагч хөршийн бодлогыг багагүй дөвийлгөж гаргаж ирлээ. Манайд 1990 оноос хойш хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн улс бол Япон байдаг. Гэтэл энэ асуудлыг япончууд бүр цаашилбал томоохон хөрөнгө оруулагч Герман, Канад, АНУ яаж хүлээж авах вэ гэдгийг бодох л ёстой. Дэлхий дээр энэ хоёр гүрний дунд оршин тогтнож байгаа тусгаар улсын хувьд өөрийн гэсэн бодлоготой л байх хэрэгтэй.

-Томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөсөнтэй холбоотойгоор С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарыг хориод байгаа. Гэрээ тойрсон баривчилгаатай холбоотойгоор хүмүүс өөр, өөрсдийн байр сууриа илэрхийлсээр байна. Харин таны хувьд?

-Би Оюу толгойг хөдөлгөх гэрээ хийсэн хүмүүсийг би буруутгаж чадахгүй байгаа юм. Гэрээ хийсэн хүмүүс Засгийн газраар хэлэлцүүлж, УИХ-аар батлуулсан байдаг. Тэр үед УИХ-ын гишүүд дэмжиж, кноп дарж байсан л байгаа юм. Гэтэл хариуцлага хүлээх болохоор хоёр, гурван хүн дээр л яригддаг. Тухайн үед Оюу толгойн гэрээн дээр туршлагагүйтэж алдаа гаргасан байж болно. Бид тэр үед том уурхайг хэрхэн хөдөлгөдөг, яаж ажиллуулдаг гэдгээ ч ойлгодоггүй байлаа. Нүүрс гэхээр хүрзээр ухаад, шуудайлаад зарчих юм шиг л боддог байсан улс. Тухайн үед ажил хариуцаж байсан хүмүүсээс далд уурхайн тэр том төслийг хөдөлгөх гэрээг хийхэд мэдлэг боловсрол гэхээсээ илүү туршлага шаардсан байх. Оюу толгой хөдөлсөн нь зөв үү гэвэл мэдээж зөв. Гэхдээ гэрээнд нь сайжруулах шаардлагатай зүйл бол байгаа. Хэл ам гарсных нь дараа би багагүй судалж, ойлгож авсан. Анхнаасаа 34 хувийг Монгол Улс заавал эзэмших ёстой гэдэг асуудлыг тухайн үеийн популистууд буюу улстөрчид, иргэний нийгмийн хөдөлгөөнийхний шахалтаар хүчээр оруулсан байдаг. Тэдгээр нь гадны захиалгатай байсан ч байж болох юм. Миний олж харснаар цаашдаа стратегийн том хөрөнгө оруулалттай төслүүд дээр “Хааны хувь” болон бусад татваруудаа бүрэн хэмжээгээр нь аваад явахад Монгол Улс үндсэндээ 60-70 хувийн ашигтай байна. Ямар нэгэн өр зээлийн дарамтгүйгээр, маргаангүйгээр, хяналтаа зөв тавиад явчих боломж байгаа.

Хаант засаглалын үед алт ухая гэсэн иргэд нь хаан дээрээ ирдэг байж л дээ. Тэр үед хаан нь зөвшөөрөхийн сацуу бүхий л татвараа төлөх, мөн борлуулалтаасаа 20 хүртэлх хувийг нь өгөх болзол тавьдаг байсан байгаа юм. Энэ бол “Хааны хувь” юм. Энэ зарчмаар Оюу толгой дээр тооцоо хийгээд үзэхэд Монгол Улс 70 хувийн ашигтай ажиллана. Ашигаа татварын хэлбэрээрээ сар бүр, өдөр бүр хүртээд явах боломж байгаа. Ийм л энгийн байдлаар явах зам нь зөв юм байна даа гэж харж байна.

Би С.Баяр даргын хувьд үнэхээр харамсаж байгаа. Өргөдлөө өгөөд, шалгуулъя гээд гаднаас хүрээд ирж байхад нь бариад хорьчихож байна. Мөн хамгийн их санаа зовж байгаа зүйл нь С.Бямбасайхан гээд залуу эмнэлэгт хүргэгдлээ гэж байна. С.Баяр дарга бол суурь өвчин ихтэй, олон удаа хагалгаанд орсон хүн. Батхүү бол залуугийн л сахарын өвчтэй. Хүн сайн ч бай, муу ч бай үр хүүхэд, хань ижилдээ амьд харагдана гэдэг хамгийн чухал. Тэгэхээр энэ хүмүүсийн амь насаар нь тоглочихгүйхэн шиг, үнэн зөвийг нь шударга тогтоочихоосой. Би бол хоёрын хооронд багахан өс яваад байна л гэж харж байгаа. Сонгуулийн үеэр миний эсрэг ажилласан ч гэдэг юм уу, хувь хүмүүсийн өс яваад байна уу даа. Яахав гадагшаа явах эрхийг нь хязгаарлаад шаардлагатай үедээ дуудаж авчраад мэдүүлэг, байцаалтаа аваад үнэн мөнийг нь тогтоогоод явж болно шүү дээ. Гэтэл залхаан цээрлүүлэх, өс авах маягтай зүйл л анзаарагдаад байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: Дэлхийн, олон нийтийн хамтын ажиллагаанд оролцох боломжоо бататгах нь чухал

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Монгол Улсын гадаад бодлогын асуудлаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсон, Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх эсэхийг хаалттай горимоор хэлэлцсэн юм. Уг асуудалд ямар байр суурьтай байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос тодрууллаа.


-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс ШХАБ-д элсэх нь эдийн засагт эерэгээр нөлөөлж, томоохон төсөл хөтөлбөрүүд хөдлөх боломж бүрдэнэ хэмээгээд байгаа. Мөн ШХАБ-д элсэх нь гуравдагч хөршийн харилцаагүй болох эрсдэлтэй. Иймд төвийг сахих бодлогоо баримтлах нь зүйтэй гэсэн байр суурьтай ч хүмүүс байна. Хувь гишүүний хувьд та ямар байр суурьтай байна вэ?

-1990 оноос Монгол Улс ардчилалд шилжиж ирсэн. Ингэснээр гуравдагч хөрш улстай болох зам эхэлсэн юм. 1990 он хүртэл ОХУ, БНХАУ-тай дотно, гүнзгий харилцаатай байсан. Хоёр орны хооронд эдийн засгийн чухал томоохон төслүүд явдаг. Гэвч яг өнөөдрийн байдлаар ОХУ ч тэр, БНХАУ ч тэр манай улсад хориг гэж хэлэхээр хэмжээний татварыг манай орны бүтээгдэхүүнд тавьдаг. ОХУ руу бүтээгдэхүүн гаргахад 25-аас дээш хувийн татвар төлдөг. БНХАУ ч мөн адил өндөр хэмжээний татвар тавьдаг. Тиймээс Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад орохдоо бараа таваар зэрэгт тавих нөхцөл боломжийг сайн хэлэлцэж, ярилцаж, эерэгээр шийдэх нь чухал гэж харж байгаа.

-Өмнө нь манай улс төвийг сахиж, ажиглагчийн байр суурьтай байсаар ирсэн. ШХАБ-д элссэнээр гадаад бодлогын хувьд ямар болох бол?

-Ерөнхийдөө Монгол Улс 300 гаруй жилийн турш хоёр хөрштэйгөө л харьцаж эхэлсэн. Түүний дунд буюу Богд хаант засгийн үед гуравдагч хөрштэйгөө харьцах зурвас үе орж ирсэн. Харин 1990 оноос хойш гуравдагч хөрштэй байх, дэлхийн, олон нийтийн хамтын ажиллагаанд оролцох боломж нь илүү бүрдээд явж байгаа. Хамгийн гол нь энэ олсон ололтоо бататгах нь чухал. Мэдээж хоёр хөрш бол мөнхийн хөрш. Хоёр хөрштэйгөө хамгийн чухал асуудлуудаар нэг байр суурьтай байх нь бидний зорилгод нийцнэ. Гэхдээ бид бүхэн дэлхийн хамтын ажиллагааны байгууллагын үл итгэлцэл төрүүлсэн алхмуудыг гүнзгий хийх хэрэггүй гэж үздэг.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Бичил бизнес эрхлэгчдэд 500 хүртэлх сая төгрөгийн зээл авах боломж бүрдэнэ

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Жижиг дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл хэлэлцэгдэж эхлээд байна. Та хууль санаачлагчын хувьд ямар нэмэлт, өөрчлөлтүүдийг оруулж байгаа вэ?

-Жижиг дунд үйлдвэрийн тухай хууль нь 2007 онд УИХ-аар батлагдсан. Гэсэн ч өнөөгийн нөхцөлд уг хуульд тусгагдаагүй асуудлууд жижиг, дунд үйлдвэрийн салбарт ихээхэн гарч байна. Тиймдээ ч энэхүү хуулийг шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. Нэн тэргүүнд төрийн дэмжлэгийг тодорхой болгох ёстой болсон. Хууль шинэчлэгдэн гарснаар бизнес хийх сонирхлыг төрөөс дэмжиж өгнө гэсэн үг. Иргэд өрхийн аж ахуй, бичил бизнес, дунд бизнес эхлүүлэх гэж байгаа бол уг хууль хөшүүрэг, дэмжлэг болох учиртай юм. Тодруулбал, та жижиг, дунд бизнес эрхлээд явах юм бол төрөөс таньд ногдуулж байгаа орлогын албан татвар нэг хувь, жилийн тайлан чинь мөн адил нэг хувь байна. Татвараа төл, тайлан балансаа гарга, нягтлан заавал ажиллуул, компьютер тавиач гэх зэргээр шахалт үзүүлэхээс илүү эхлээд урдах ажлыг нь хийлгэх нөхцөл бололцоог гаргаж өгч байгаа хэрэг. Хуулийн гол зорилго бол ердөө л энэ. Төрийн байгууллагад ажиллая, гадагшаа явж хар ажил хийе, дарга цэрэг болъё гэдэг бодлуудыг нь бизнес хийх хүслээр өөрчлөхийг эрмэлзсэн. Угтаа бол хүн хөдөлмөрлөж байж л амьдарна шүү дээ. Гэтэл бид манай салбарыг анхаарсангүй, цалин бага байна, бид өлсөнө, босно гэх юм. Яахав буруу бол биш. Гэхдээ нийгмийн халамж, ачааллыг дааж гарахын тулд хүмүүс хөдөлмөрлөж, татвар төлж, баялаг бүтээх ёстой юм. Тиймдээ ч энэ хуулийн хоёр дахь гол зорилго нь иргэдийг ажлын байраар хангахад оршиж байгаа.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид ямар орлоготой аж, ахуй нэгжийг багтах вэ?

-Хуулиар жижиг, дунд үйлдвэр эрхлэгч гэж хэн бэ гэдгийг маш тодорхой болгосон. 2.5 тэрбум төгрөгийн орлоготой, 200 хүртэлх ажилчинтай бол жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч гэж үзэж байгаа. Түүнээс дээш орлоготой бол уг хуульд хамаарахгүй. Мөн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээ дотор нь бичил, жижиг, дунд гэж гурав ангилсан. Эдгээр ЖДҮ эрхлэгчид маань хурдан шат ахиж 1000, 10 мянган хүнийг ажлын байраар хангаасай гэсэн чинхүү хүсэл надад болон төрийн бодлогод байна.

-Гарааны бизнесээ эхлүүлж байгаа иргэдэд ямар боломж, нөхцөл нээгдэж байгаа бол?

-Өмнө нь хүн бүрээс, аж ахуй нэгж болгоноос тайлан баланс, барьцаа хөрөнгө нэхэж зээл олгодог байсан. Ер нь бодоход дөнгөж бизнес эрхлэх гэж байгаа хүнд ямар барьцаа хөрөнгө, тайлан баланс байв гэж дээ. Харин энэ хуулинд бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч гэж тусгаж өгснөөр уг асуудал шийдэгдэж байгаа. Тодруулбал, бичил бизнес эрхлэгчдэд зээл авах нөхцөл шалгуур, дарамтыг багасгах үүднээс зөвлөлөөсөө буюу сангаасаа 500 хүртэлх сая төгрөгийн зээлийг шууд авах боломжийг энэ хуульд тусгасан. Гэр бүл, найз нөхдөөрөө нийлэн буриад гутал, машин засварын газар эсвэл бэлэг дурсгалын зүйл хийе гэдэг ч юмуу санал, санаачилга гаргаад ирвэл бид зээл олгоно гэсэн үг. Харин 500 саяас 2.5 тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкуудаар дамжуулж авахаар тусгасан. Банк бол барьцаа хөрөнгө, тайлан балансуудаа нэхнэ. Эргэн төлөгдөх нөхцөлийг нь харна. Бүгдийг банкаар дамжуулах гэхээр маш их шаардлага тавьдаг учир эзнээ олоход хэцүү. Мөн бүгдийг сангаар дамжуулахаар улстөрчдийн нөлөөлөл, танил тал ордог талтай. Иймд уг хууль батлагдан гарснаар хоёроос гурван жилийн дараа гэхэд илүү үр дүнтэй байна гэж итгэж байгаа. Одоогоор хуулийн хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн байна. Хууль санаачлагч миний үүрэг энэ хүрээд дууссан. Одоо Эдийн засгийн байнгын хорооноос ажлын хэсэг гараад Я.Содбаатар гишүүн ахлаад явж байгаа. Эцсийн хэлэлцүүлэг хүртэл уг хуульд их өөрчлөлт битгий орчихоосой л гэж миний хувьд хүсэж байна. Хэрэв миний концепциос бүр өөрчлөгдчих юм бол би дуугарахаас өөр арга байхгүй. Хууль санаачилсан гишүүд бидний хувьд жил гаран ажиллаж, маш чамбай хууль өргөн барьсан.

Ер нь сайд дарга нар ЖДҮ-ийг дагавар хүүхэд шигээ үздэг. Хааяа нэг хэдэн төгрөг өгчихдөг. Эсвэл чи хөгжихгүй байна, хөгжиж байна гэж хэдэн үг хэлдэг. Цонхны цаанаас чихэр долоолгодог гэх хэлбэрээр явж ирсэн л дээ. УИХ-д том компаниудын, банк санхүү, төмөр зам, уул уурхайн талаар лобби бүлэг их байдаг. Лобби бүлгүүд нь том хуулийн төслүүдэд нөлөөлдөг, багагүй шахалттай ажилладаг. Муу талаараа биш шүү. Харин ЖДҮ-д ийм зүйл алга. Үеийн үеийн ийм л байж. Зовлонг нь мэдэх хүний хувьд би төрийн бодлогод суулгах талаас нь ажиллана.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн орлогын албан татварыг нэг хувь болгохоор хуульд тусгажээ. Иргэдийн дунд өмнө нь төлж байсан татвараа буцааж авах боломж бүрдэх болов уу гэх эргэлзээ байна?

-Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ. 2019 оноос эхлэн ЖДҮ эрхлэгчид нэг хувийн орлогын албан татвар төлж эхэлнэ. Харин өмнө нь төлж байсан татварыг төр буцааж төлнө гэсэн ойлголт байхгүй.

-Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зээлийн хөрөнгийг хаанаас бий болгоно гэж тооцоолсон бэ?

-“Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”-д 50-60 орчим тэрбум төгрөгийн хуримтлал бий. Мөн төсвийн хөрөнгө оруулалтын зардлын 10 хувийг ЖДҮ-рүүгээ оруулъя гэсэн заалтыг бид хуульд оруулсан. Үүнээс ойролцоогоор 100 гаруй тэрбум гаруй төгрөг бүрдэнэ. Гэхдээ бид үргэлж төрийн дэмжлэгийг аваад яваад байхгүй. Цаашдаа өөр, өөрийгөө даагаад явах компани, корпорацийн хэлбэрээр явах бүрэн боломж байгаа. 24, 28 оноос ийм боломж бүрдүүлэх ёстой. Энэ бол Япон, Казакстаны явж буй зарчим.

-Хуулийн нэршлийг Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болгожээ. Үйлчилгээний салбарыг нэмж оруулах болсон талаараа тодруулаач?

-Засгийн газрын саналаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль гэж орсон. Хоол хүнс, үсчин, гоо сайхан гээд үйлчилгээний салбарын бүхэл бүтэн арми бий.

Тиймдээ ч энэ хүмүүсийг хуульд зайлшгүй хамруулах хэрэгтэй. Энэ нь үйлчилгээний салбарынханд давуу тал болно гэдгийг онцлох нь зүйтэй байх.

Мөн дээрх хуулиас иргэнийг хассан. Өмнө нь нэг иргэний нэрээр “Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сан”, “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”, “Сум хөгжүүлэх сан” зэрэгээс бүгдээс нь зээл авчихдаг. Гэсэн ч хэн нэгнийг ажлын байраар хангадаггүй сул тал ажиглагддаг байсан. Уг хууль батлагдвал та аж ахуй нэгж байгуулж, ядаж хоёроос гурван хүнийг ажлын байртай болговол төрийн бодлого тань руу харна гэдгийг онцлох нь зүйтэй байх.

-Малчдад ямар боломж бүрдэх бол?

-Малчид хоршоо, нөхөрлөл байгуулаад хуульд хамрагдаад явах бүрэн боломжтой. Урьд нь ЖДҮ-д бүртгэхдээ мөн л тайлан баланс, бусад бичиг баримт нэхэж чирэгдүүлдэг байсан. Үүнийг бид багагүй онцолж харсан байгаа. Одоо бол Х тайлан, аж ахуй нэгжийн гэрчилгээтэйгээ авчирахад л ЖДҮ-ийн хамааралд орж болно.

-Уг хууль ямар салбаруудад хамаарахгүй байхаар болж байгаа вэ?

-Орлого нь 2.5 тэрбумдаа хүрэхгүй байгаа хэдий ч жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид хамаарахгүй этгээдүүд гэж байгаа. Төрийн байгууллага, гадны хөрөнгө оруулалттай компани, банк санхүүгийн байгууллагууд, барьцаалан зээлдүүлэх, жуулчлалын үйлчилгээ, сүлжээ дэлгүүрүүд, алт, уул уурхай эрхлэгчид тус хуульд хамаарахгүй. Үйлчлэх хүрээний хувьд зөвхөн дотоодын аж ахуй нэгжүүд л байна.

-Та өнгөрсөн долоо хоногт болсон Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр МИАТ, Кореан айр компаниудын монополь байдал хэрээс хэтэрч байна. Энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж, холбогдох арга хэмжээ автал нь шахаж, шаардаж ажиллана гэж байсан. Энэ тухай тодруулахгүй юу?

-Би жижиг, дунд аж ахуй нэгжүүдийн борлуулалтад нь ихээхэн санаа зовдог. Манай улсад амьжиргааны түвшин доогуур орлоготой иргэдийн тоо их, худалдан авах чадвар буучихсан, эдийн засаг өсөлтгүй энэ үед аядал жуулчлал ЖДҮ-ийн салбарыг тэтгэдэг. Дунджаар нэг хүн 1000-1500 ам.доллар Монголд үлдээдэг. Тиймдээ ч жуулчдын тоо их байх ёстой. Гэтэл “МИАТ”, “Кореан эйр” хоёрын нислэг хааашаа ч явсан үнэтэй. “Кореан эйр”-аар Улаанбаатараас Сөүл нисэхэд 400-500 ам.доллар, Сөүлээс Лос Анжелес руу нисвэл 300-400 ам.доллар байдаг гэхэд болно. Үүнээс харахад Улаанбаатар жуулчин ирэхэд хамгийн үнэтэй газар болж хувирч байгаа юм. “МИАТ”, “Кореан эйр”-ийн үнэтэй байдал олон жил үргэлжиллээ. Одоо энэ монополийг халах цаг болсон. Нислэгийн гадны олон компаниуд Монголд орж ирье гэдэг юм байна. Харин “Кореан эйр” 2020 он хүртэл “МИАТ”-тай давуу эрхийн гэрээ байгуулсан байдаг гэнэ. Би бол бүр тодорхой мэдэхгүй. Гэхдээ би энэ гэрээг цуцлуулахыг хүсэж байгаа. Тэр гэрээ цуцлагдсанаараа олон авиа компаниуд Монголд орж ирэн, нислэгийн үнэ буурна гэж бодож байна. Дэлхий нийтэд ч тийм зарчим бий.

Өнөөдөр хэн нэгэн Солонгос руу явах билет авъя гэхэд бэлэн байхгүй л гэж хэлнэ. Ачааллаа дийлэхгүй, үнэтэй байхад яагаад бусад компаниудыг оруулахгүй байна вэ. Энэ бол Монгол Улсыг дэлхийгээс тусгаарлаж байгаа хэрэг. Дэлгүүрт ороод үйлчлүүлэхэд чинь “Энэ ундааг л та 10 мянган төгрөгөөр ав” гэж байгаатай ямар ч ялгаагүй. Ийм л дарангуйлалд бид байна. Бидэнд үр хүүхдээ гадагшаа сургах, эмчилгээ үйлчилгээ авах шаардлага бий. Мөн том, жижиг бизнесүүд бүгд гадаадтай холбогдож байж явж байна. Монголд үйлдвэрлэдэг ус, ундаанууд л гэхэд импортоос 60, 70 хувь нь хамааралтай. Талх, нарийн боов хийж байгаа үйлдвэрүүд ч мөн ялгаагүй. Тэгэхээр бизнест хөшүүрэг болох энэ зүйлийг хөгжүүлж, нөхцөлийг нь бүрдүүлж өгөх хэрэгтэй. Би энэ сэдвийг анх чуулганд орсон цагаасаа л ярьсан. Хэлээд, сануулаад шийдэгдчих болов уу гэсэн хүлээлт байсан. Харамсалтай нь шийдэгдэхгүй байна. Миний хувьд лобби бүлэг үүсгэж, энэ асуудалд шахалттай ажиллана гэж бодож байгаа.

-Засгийн газраас Таван толгой төслийг хөдөлгөх, үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр тооцоо, судалгаа хийжээ. Таван толгой төслийн 30 хувийг олон улсад IPO гаргах хувилбар ч яригдаж байна. Ерөнхийлөгчийн зүгээс ард түмэнд ногдол ашиг тараах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Харин та ямар бодолтой байгаа вэ?

-Монголын ард түмний хувьцаанд итгэх итгэл их буурчихсан байгаа. Цэнхэр, ягаан тасалбараас эхлээд хувьцаанд итгэх итгэл нь алдарсан. Энэ хоёр тасалбарынхаа үр шимийг нь хүртээд явж байгаа энгийн иргэн бараг л байхгүй. Миний хувьд Таван толгойг хуваасан хувилбар өнөөдөртөө бол дэмий л гэж харж байгаа. Эхлээд энэ аж ахуй нэгж өөрийгөө авч явдаг, төсөвт мөнгө хуримтлуулдаг байх ёстой. Ирээдүй, хойч үедээ үлдээсэн “Баялгийн сан” бий болгох нь л зүйтэй. Норвеги, Араб шиг “Баялгийн сан”-аасаа гадны томоохон хувьцаа худалдаж аваад мөнгөө өсгөх ч боломж бий. Энэ хэлбэрийг яагаад сонгож болохгүй гэж. Энэ компани ашигтай ажиллаад эхэллээ, мөнгийг нь хуваагаад идье гэсэн зарчим байж болохгүй л дээ. Ногдол ашиг тараах нь мундаг шийдвэр гэж үзэхгүй байна.

Миний хувьд хүмүүст хөдөлмөрлөөч ээ гэж л уриалмаар байгаа юм. Хөдөлмөрлөх процесст нь төр дэмжлэг үзүүлж, дарамтлахгүй байх хэрэгтэй. Цалин олгохдоо хүний амьдралын наад захын хэрэгцээг хангахуйц цалин олгодог болооч ээ л гэж хүсмээр байна. Түүнээс нэг удаа 100, 200 мянган төгрөг өгөх нь миний Монголын ирээдүй биш. Би ийм популизмыг ойлгодоггүй, тийм учраас дэмждэггүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй

Орчин цагийн хүүрнэл зохиолын төлөөлөгчийн нэг чех гаралтай, франц зохиолч Милан Кундерагийн сор бүтээл болох “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” романыг орчуулагч Ж.Тэгшзаяа хөрвүүлэн монголчууддаа хүргэсэн. Хүний мөн чанар, оршихуйн утга учрын тухай эргэцүүлэл, мөн түүнээс гарах гаргалгааг өнөөгийн амьдралын хэв маягтай сүлж бичсэн нь зохиолчийг утга зохиолын хүрээнийхний талархлыг хүртсэн байдаг. Уг романы гол дүрүүд болох Томас, түүний эхнэр Тереза, нууц амраг Сабина нараар амьдралын оршихуй, хүнд, хөнгөн хэмээх гурван өнцгийг харуулжээ. Томас оршихуйг, түүний эхнэр Тереза хүндийг, нууц амраг Сабина нь хөнгөнийг бэлгэднэ. Томас бол тархины мэс засалч. Залуухан хэрнээ амжилттай яваа эр. Түүний нэг сул тал нь хүүхнүүдийг “агнах” гэсэн хүсэл. Мэдээж тэрээр үүнийгээ сул тал гэж хүлээн зөвшөөрөхгүй нь лавтай. Томас бүсгүйчүүдтэй хэсэг хугацаанд зугаацахыг хүснэ. Дасаж, гүн гүнзгий харилцаа үүсгэхээс эмээнэ. Гэхдээ Терезатай учрах хүртэл л түүнийг энэхүү дүрэм үйлчилсэн. Түүний хөнгөн зугаатай “ан” өндөрлөж, Терезад хэдийнэ сэтгэл татагдаж эхэлнэ. Томас Тереза хоёр гэрлэж, улмаар 1968 онд ЗХУ Чехославакыг эзлэн түрэмгийлэх үеэр Швейцарь руу дүрвэдэг. Гэсэн ч төд удалгүй Томас Терезаг даган Прагад эргэн ирдэг.

Амьдралдаа сэтгэл хангалуун бус байдаг Терезад эрх чөлөөг олгогч нь түүний номууд. Түүний талаар “Өөрийг нь бүчин хүрээлэх эв хавгүй ертөнцийн эсрэг барих цор ганц зэвсэг нь хотын номын сангаас авсан түүний номууд, тэр дундаа романууд байв. Филдингээс эхлээд Томас Манн хүртэл Тереза цөмийг уйгагүй уншина. Тэдгээр романууд түүнд сэтгэл дундуур амьдралаасаа оюун санаагаар дайжин зугтах боломжийг олгохоос гадна биет зүйлийн хувьд ч гүн учир утгатай байв, тиймдээ ч Тереза гудамжаар гартаа ном бариад алхах дуртай аж” хэмээн зохиолч өгүүлжээ. Сабина бол Томасын удаан хугацааны нууц амраг. Тэрээр эрх чөлөөт амьдралыг эрхэмлэгч, зураач бүсгүй. Эрх чөлөөт амьдрал түүнд урам зоригийг хайрладаг учир түүнд өөр хүсэх зүйл үгүй мэт. Энэ хоёр бүсгүй Томасын амьдралд эн тэнцүү байр суурь эзэлнэ. Гэхдээ хэн нь ч бүрэн дүүрэн нэгдэн нийлж чадахгүй гэмээр. Сабина, Тереза хоёрын дунд эргэлзэн тээнэгэлзэх Томас “Хүн угаас амьдралаас чухам юу хүсэж буйгаа мэддэггүй. Бид зүйрлэж жишихийн аргагүй ганцхан хувь амьдралыг туулдаг болохоор анхнаасаа л амьдралд гаршин төгөлдөрших боломжгүй. Харьцуулах туршлага байхгүй болохоор аль нь илүү оновчтой шийд болохыг хэмжих аргагүй. Тиймээс амьдралыг тулсан даруйд нь туулаад гарахаас өөр замгүй” хэмээн өөртөө шивнэдэг нь энэ романы түлхүүр гэлтэй. Мөн “Зовлонд дарагдах тусам бидний амьдрал газарт бууж илүү бодитой, илүү үнэн болдог аж. Эсрэгээрээ ямар ч зовлонгүй аж төрөхүй нь хүнийг агаараас ч хөнгөн болгон дээш дэгдээж, ертөнцөөс тасалснаар оршихуй нь барьцгүй хоосонд хувилж үйлдэл бүр нь ул мөргүй, чөлөөтэй болно” гэх эшлэл ч сэтгэлд хүрэв. “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман тийм гэж онцлохын аргагүй эргэцүүлэл, эргэлзээг уншигчдад үлдээдэг. Зохиолч дүгнэж, цэгнэхийг бус уншигчдад өөрийнхөөрөө дүгнэх, таамаг дэвшүүлэх орон зайг олгосон нь энэ аж.

Categories
мэдээ цаг-үе

Нэгэн жарны тэртээ Бээжин хүртэл дугуйгаар аялсан Ц.Даржаа

Спортын алтан үеийнхний нэг, БНМАУ-ын Спортын гавьяат багш, дасгалжуулагч Ц.Даржаа энэ удаагийн “Танайд өнжье” буланд уригдлаа. 90 насны босго алхаж яваа тэрээр дугуйн спортын түүхэн амжилтуудыг үзүүлж, эл спортдоо нэрээ мөнхөлж чадсан нэгэн юм. Одоогоос 64 жилийн тэртээ “Улаанбаатар-Бээжин”, “Бээжин-Улаанбаатар”-ын хооронд 3000 км замыг унадаг дугуйгаар аялж, Монгол-Хятад хоёр улсыг биеийн тамир, спортын соёлоор холбох анхны үрийг суулгалцжээ. БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Биеийн Тамир, спортын хэрэг эрхлэх хорооны орлогч дарга Цэдэвийн Дамбийгаар ахлуулсан төрөл бүрийн спортын шилдэг 13 тамирчин 1954 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр аялалдаа гарсан байна. Ц.Даржаа гуай “Тэр дугуйн аяллыг Монгол Улсын Засгийн газар, Биеийн тамирын хороо санаачилсан юм. Биднийг Сүхбаатарын талбайгаас олон орны Монгол Улсад суугаа бүрэн эрхт Элчин сайд нар, тэр дундаа БНХАУ-ын Элчин сайд, дарга нар үдэн гаргасан. Энэхүү баярын цуглааныг цэрэг, цагдаагийнхан зохицуулж байсны зэрэгцээ Батлан хамгаалах яамны үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийнхөн төрөл бүрийн цоглог марш эгшиглүүлж байж билээ.

Тэрхүү аянд бидний төдийгүй хүрэлцэн ирсэн хүн бүрийн сэтгэл зүрх баясаж, бахархлыг төрүүлж байсан нь илт байсан. 50-иад оны зам гэдэг бартаа саад ихтэй. Худалдаачдын явдаг үхэр тэрэг, тэмээн жингийн жим л байсан. Бидний хэсэг тамирчид хуучны торгоны зам даган спортын төлөө гэсэн зүрх сэтгэл, зориг тэвчээрээрээ говийн элсэн шуурга, аадар бороог гэтлэн Өмнөд Монголын Шилийн гол, Жанчхүүгийн давааг дайран Бээжин хотноо хүрсэн юм.

Зам дагуух томоохон хотуудын засаг захиргааны удирдлагууд, ард түмэн биднийг халуун дотноор угтан авч байлаа. Дөрөвдүгээр сарын 29-ны өдөр Бээжин хотын талбайд очиход ард түмэн мөн л биднийг найрсгаар хүлээн авсан. Тэр бүү хэл “Монгол” хэмээн уухайлж байсан нь бидний сэтгэлийг ихээр хөдөлгөсөн, мартамгүй үйл явдал болж билээ. Энэ үед “Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар” биеийн тамир, спорт, соёлын аяллын тамирчдад зориулсан нээлтийн ёслолын үйл ажиллагаа эхэллээ.

Биднийг Бээжин хотын Хөдөлмөрчдийн зуны ордонд хүлээн авч, Биеийн тамир спорт хорооны орлогч дарга нь үг хэлсэн юмдаг. Цуглаанд БНХАУ-ын Ерөнхий сайд Жөү Эн Лай, Бээжийн хотын дарга, Гадаад яам, Соёлын яамны дарга нар ирж хүндэтгэл үзүүлсэн. Ёслолын үйл ажиллагааны үеэр хоёр орон туг далбаагаа солилцоход бид өөрийн эрхгүй нулимс дуслуулж зогссонсон” хэмээн хуучлав. Улмаар тамирчид “Синь Хуа” тэргүүтэй Хятадын томоохон хэвлэлүүдийн сурвалжлагчидтай уулзжээ. Сэтгүүлчид тэднийг “Монгол Улсын “Ган хөлөгт, “Төмөр биет” тамирчид аян замдаа саадгүй явж ирэв үү” хэмээн угтсан нь томоохон шагналаас ч дутахгүй урам өгсөн гэдэг.

Ц.Даржаа гуай цай оочлонгоо амьдралд тохиолдсон хэзээ ч мартагдамгүй тэрхүү үйл явдлын талаар үргэлжлүүлэн хуучиллаа. “Бид Майн баярын өглөө буудаллаж байсан зочид буудлаасаа Бээжингийн “Тянь Ань Мин”-ий талбайд хүрч ирэхэд хэдэн мянган хөдөлмөрчдийн сүрт жагсаал жигдэрсэн байв. Энэ өдөр бидэнд БНХАУ-ыг байгуулсан их удирдагч Мао Зедуныг харах боломж олдсон юм. Тэрээр талбайн төвд байрлах индэр дээр гараа даллан хөдөлмөрчидтэйгөө мэндчиллээ.

Дараа нь “Коммунист намын дуулал” хөгжим эгшиглэсэн юм. Мөн биднээр тамирчдын жагсаалыг магнайлуулж хүндэтгэв. “БНМАУ-ын унадаг дугуйчдад баяр хүргэе. Хятад, Монгол хоёр орны ард түмэн болон тамирчид хоорондын эвдэршгүй, найрамдал мандтугай” гэсэн лоозон хоёр орны хэл дээр бичигджээ. Уг лоозонг тус улсын шилдэг дөрвөн тамирчин өндөрт өргөн бидний өмнө явсан юм. Их удирдагч Монголын унадаг дугуйгаар аялагчдаар ихэд бахархаж, талархаж байгаа нь илт байсан шүү. Улмаар бид 10 гаруй хоног Хятадын үзэсгэлэнт өргөн уудам нутгаар аялж, тавдугаар сарын 18-нд нутаг буцсан юмдаг. Хамтдаа хүнд хэцүү замыг туулж явсан ахан дүүс тамирчдаасаа би ганцаар үлджээ. Хоёр улсын нутаг дэвсгэрт хийсэн бичлэгийг баримтат кино болгон үлдээх хүсэл өвөртөлсөөр явна” хэмээн ярилаа.

Хөдөлмөрчдийн зуны төв ордонд Малинников, Ю.Цэдэнбал, Мао Зедун нарын хөргийг хүндэтгэлтэйгээр байршуулжээ. Мөн монгол дугуйчдыг угтан “Хятад ба Монгол хоёр улсын ард түмний эвдэршгүй нөхөрлөл мандтугай” гэсэн лоозон

Уг дугуйн аяллыг хоёр орны найрамдлын илэрхийлэл болгож Монголын тал санаачлан зохион байгуулж байжээ. Харин 64 жилийн дараа уг аяллыг сэргээхэд Хятадын тал сэтгэл гарган ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, уг үйл явдлын талаар Монгол Улсад суух Хятадын Коммунист намын төв хорооны сэтгүүлч Ян Тао “Ардын өдрийн сонин”-доо бичжээ. Тэрхүү нийтлэлийг олж уншсан “Гранд чайна спортс”-группийн Спорт, аялал жуулчлалын компанийн захирал Девид Даваа уг дугуйн спорт аяллыг сэргээж, үргэлжлүүлэхээр болсон байна. Ирэх есдүгээр сард хоёр орны тамирчид 1954 онд Монголын дугуйчдын аялсан тэрхүү замаар хамтарсан дугуйн аялал хийхээр болсонд Ц.Даржаа гуай ихэд баяртай байгаагаа дуулгасан юм.

Ц.Даржаа гуай 1929 онд Төв аймгийн Лүн сумын нутаг “Тойно-Өндөр” гэдэг газар өвөлжөөнд малчин ард Цэвгээгийн дөрөв дэх хүү нь болон мэндэлжээ. Тэрээр дөрвөн хүү, арван ач, зээтэй болжээ. Ц.Даржаа гуай эхнэр М.Долгорсүрэн, ач охин Э.Халиуны хамт Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороонд амьдардаг юм байна. Ц.Даржаа гуайгаас ханьтайгаа хэдийд танилцаж байсан талаар нь асуухад “За байз, хэдэн онд билээ дээ, хөгшөөн. Хэзээ тоонот гэрт толгой холбосноо мартатлаа л ханилж дээ хүү минь. Ямартай ч жаран жил болсон шүү” гэв. Түүний хань М.Долгорсүрэн “Би ч гэсэн дугуйн спортын шигшээ багийн тамирчин байсан. Биеийн тамирын сургуулиас шигшээ багийн тамирчнаар очсон юм. Өвгөн маань миний дугуйн спортын багш байлаа. Нэг спортын төлөө гэсэн сэтгэл зүрхтэй явсаар бид хоёр 1957 онд гэр бүл болцгоосон доо. Хүүхдүүд минь дасгалжуулагч, хуульч, автын инженер мэргэжилтэй. Гэхдээ бүгд л дугуйн спортоор сонирхон хичээллэсэн. Одоо бид хоёр үр хүүхдийнхээ буянд жаргаж л сууна. Тэр дундаа ач охин Халиун минь бид хоёрыг өдий хүртэл сайхан асарч байна. Охин минь мөн л хуульч мэргэжилтэй хүн бий” гэлээ.

Ц.Даржаа гуай 1941-1946 онд Төв аймгийн Бор-Өндөр сумын бага сургуульд сурч дараа нь бага ангийн багшаар ажиллаж байжээ. Харин 1947 онд ах Ц.Шаравыгаа дагаж ардын цэргийн албанд сайн дураар мордож, жагсаалын цэрэг болсон байна. “Бид цэргийн анги, нэгтгэлээрээ Сэлэнгэ аймгийн “Баруунбүрэн”-гийн САА-д намрын тариа хураалтад очсон юм. Би үхэр тэрэгний аралд шургаа мод хөндлөн бэхэлж, ачааны машины тэвшний дайны багтаамжтай болгосноор үр тариа ачиж зөөвөрлөх өдрийн ажлын нормыг 100-150 хувиар тогтмол биелүүлдэг байв. Дарга нар магтан сайшаана.

Тиймдээ ч орой бүр нэмэгдэл хоол тусгайлан өгч байхыг цэргийн гал тогооны даамал “Ахлах түрүүч” Ёндонжамцад үүрэг болгосон байж билээ. Миний бие 1953 онд Монгол Улсын Их Сургуулийн “Марксизм-Ленинизмын тэнхим”-д зураачаар ажиллаж, тус сургуулийн лекц болон уншлагын танхимуудад байрлах эрдэмтдийн хөрөг зургийг зурж бүтээдэг байлаа. Гэхдээ түүнээс өмнө буюу 1948 онд Цэргийн Ерөнхий Сургуульд суралцаж байхдаа БНМАУ-ын Бүх Цэргийн Явдлын Яамны жагсаалын цэргийн бүрэн зэвсэг, хэрэгсэлтэй 20 км-ийн явган маршинд оролцож, түрүүлээд “Бүх цэргийн жанжны тушаал”-аар сайшаагдсан юм. Энэ л миний спортын гараа болсон доо” хэмээн тэрээр дурссан.

1957 онд Хятадын дугуйчид анх удаа Монголд ирж, Ц.Даржаа тэргүүтэй шигшээ багийн тамирчидтай хурд хүчээ сорьсон байна. Тэрхүү уралдаанд Ц.Даржаа гуай тэргүүн байрыг эзэлсэн бол түүний гэргий М.Долгорсүрэн гуравдугаар байрт орж байжээ. Энэ тухай гэрийн эзэн “Уралдаан болохын өмнөхөн Биеийн тамир спорт хорооны дарга Жанжин н.Лхагвасүрэн гуай “Миний дайнд орж байсан туршлагаас харахад эхний галлалт их хэцүү байдаг юм. Та нар тэсэхийг л бодоорой. Даржаа, Пагмажав хоёр түрүүлэх хэрэгтэй шүү. Бусад дугуйчид салхийг нь хааж, дугуй нь эвдэрвэл өөрсдийнхөө дугуйг өгөөрэй” гэж билээ. Мэдээж их гүрний шилдэг тамирчид хойно сайн бэлтгэгдсэн байсан. Бариа руу гурван хятад дугуйчинтай уралдаад л орлоо. Хүмүүс Даржаа түрүүллээ гэтэл хятадууд хэл ам хийгээд сүрхий юм болов. Азаар яг барианд орох мөчид дарсан зураг намайг түрүүлснийг гэрчилсэн дээ. Хагас дугуйгаар л түрүүлсэн байж билээ” гэсэн юм. Тэрхүү үйл явдлыг “Үнэн” сонины сэтгүүлч н.Лхамлхүндэв “Зуун зүүний хэмжээгээр түрүүллээ” хэмээн бичиж байсан түүхтэй аж.

Монголын дугуйчдыг БНХАУ-ын Биеийн тамир, спорт хорооны орлогч дарга Вэй Чуэн Бээжин хотын Хөдөлмөрчдийн зуны ордондоо хүлээн авч, баяр хүргэж буй нь.

Түүний дараа 1960 оны есдүгээр сард Хятад, Монголын дугуйчдын хоёр дахь түүхэн уралдаан болжээ. “Тухайн үед 15 сая хүн амтай тэдний найман сая нь дугуй унадаг гэгдэж байсан Бээжин хотод бид очлоо. “Ажилчны төв цэнгэлдэх” хүрээлэнд мянга, мянган үзэгчдийн өмнө БНХАУ-ын 30 гаруй муж улсаас онцгойлон шалгарсан аварга дугуйчид ирсэн байв. Шилдгийн шилдэг тэдгээр тамирчидтай бидний хэдэн нөхөд хурд хүчээ дайчилж өрсөлдсөн.

Уралдааны үеэр миний бие чамгүй л уралдаж байлаа. Гэтэл барианд орох дөхөж байтал бие нэг л эвгүй болоод ирдэг юм байна. Ерөөсөө гэрэл унтрах шиг л болчихсон. Хүн багатайхан газар л очиж уная гэсэн юм бодоод аажуухан урагшлаад байлаа. Гэтэл хажуугаар Монголын далбаатай хар машин өнгөрөх нь тэр. Манай Элчингийнхэн намайг цуцаж байгааг хараад ирсэн нь тэр байх. Монголынхоо далбааг харсан хүн чинь гэнэтхэн л огшоод ирсэн шүү. Ямар ч байсан хичээе гэсэн бодол төрсөн. Хамаг чадлаараа жийсээр байгаад л тэр тэмцээнд түрүүлсэн. Хэсэг зуур бахардсан шиг байгаа юм” хэмээн Ц.Даржаа гуай дурслаа.

Мөн тэрээр Польшийн Лодъзе хотноо болсон дугуйн “Налуу ханан тойрог зам”-ын төрөлд “Шилдэг арав”-т шалгарч байжээ. Энэ нь “Монголын дугуйн спортын түүх”-нд “Налуу ханан тойрог зам”-ын олон улсын уралдаанд амжилттай оролцсон анхны тохиолдол болсон түүхтэй аж. Түүний хувьд тэшүүр, дугуйн спортоор Биеийн Тамир Спортын сайн дурын нийгэмлэг, хот, улс, Монголын бүх ард түмний спортын Их наадмууд, олон улс, тив дэлхийн уралдаан тэмцээнд нийт 20 гаруй удаа уралдаж түүхэн амжилтууд гаргаж байжээ. Тухайлбал, 1957-1970 оны хооронд “Улсын аварга тэшүүрчин” алдрыг есөн удаа хүртсэн байна. Мөн Варшав, Прага, Берлин хотуудыг дамжин өнгөрдөг олон улсын дугуйчдын хагас сар үргэлжилдэг 2346 км-ийн марафонд Монголын тамирчдыг Ази тивээс анхлан оролцуулжээ.

Тэрбээр 1953-1957 онд Москва хотноо И.В.Сталины нэрэмжит Биеийн тамирын дээд сургуулийн дэргэдэх “Дасгалжуулагч-Багш”-ийн сургуулийг “Тэшүүр, Дугуйн спорт”-ын мэргэжлээр дүүргэжээ. 1957 оноос БНМАУ-ын СнЗ-ийн дэргэдэх Биеийн тамир спортын хэрэг эрхлэх хороонд Жанжин Ж.Лхагвасүрэнгийн удирдлага дор ажиллаж эхэлснээр Биеийн тамир, спортын салбарт 60 гаруй жил зүтгэсээр ирсэн байна. Энэ хугацаанд “Унадаг дугуйн спорт”, “Спортын мөнхийн алдартан” , “Дугуйт ертөнц” хэмээх номуудаа бичиж, туурвисан аж.

Түүний шавь нараас Монгол Улсын спортын гавьяат тамирчин долоо, дугуйн спортын олон улсын хэмжээний мастер 22, тэшүүрийн спортын мастер 16 төрсөн байна.

90 насны босгыг алхаж яваа хоёр буурайтай амьдралынх нь түүх тэр дундаа их спортын талаар хичнээн удаан ярьсан ч дуусамгүй арвин биз ээ. Нэгэн жарны турш нэгэндээ өмөг түшиг болон, үр хүүхэдээ хүний дайтай өсгөж хүмүүжүүлж, Монголын дугуйн спортын хөгжилд хувь нэмрээ оруулснаа дурсан ярих энэ хоёр буурайгаар бахархаж сууснаа нуух юун. БНМАУ-ын Спортын гавьяат багш, дасгалжуулагч Ц.Даржаа гуай ярианыхаа төгсгөлд залуучууддаа хандан “Хятад хүмүүс гэрт байх ахмад хүмүүсээ манай гэрийн эрдэнэс хэмээдэг. Эрдэнэстэй айл хэзээ ч эндэж, доройтдоггүй гэлцдэг юм билээ. Харин манайд ахмадаа хүндлэх, тэднээс суралцах ёс бага багаар алсраад байх шиг санагдах юм. Тэднээс сурах дуулах юм их бий гэдгийг л онцлон хэлмээр байна” гэснийг энд уламжилъя.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батнасан: Өмнө нь шийдэгдээгүй байсан олон төслүүд хөдөлж байгаа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.


-Гишүүд Сангийн сайдыг хууль зөрчсөн төсөл оруулж ирж байна хэмээн өчигдрийн УИХ-ын чуулганаар болон Төсвийн байнгын хорооны хуралдаанаар ихээхэн шүүмжилсэн. Мөн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарыг огцруулах ёстой гэсэн байр суурьтай байгаагаа ч илэрхийлсэн. Таны хувьд үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Аливаа хуулийг зөрчих эрх бидэнд байхгүй. Гэхдээ Сангийн сайд Төсвийн тухай хууль зөрчихгүйгээр зохицуулах боломж байгаа гэж тайлбарласан. Сангийн сайд нь хууль зөрчихгүйгээр зохицуулж болно гэж байгаа тохиолдолд болгох байх. Миний хувьд Засгийн газар тогтвортой ажиллаасай л гэж бодож байна. Энэ Засгийн газарт өмнө нь шийдэгдээгүй байсан олон төслүүд хөдөлж байгаа. Улаанбаатар зундаа өмхий, өвөлдөө утаатай байсаар л. Энэ асуудлыг шийдэхээр өнөөдрийн Засгийн газар зоримог алхам хийж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд Төв цэвэрлэх байгууламжийн асуудлыг 100 хувь шийдэхээр гэрээнд гарын үсэг зурсан. Утааны асуудлыг одооноос эхэлж ярьж байгаа.

– Танай намын бүлгээс энэ чуулганы хугацаанд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж амжина гэдгээ хэлсэн. Таны хувьд нэмэлт, өөрчлөлтөөр ямар заалтууд оруулах хэрэгтэй гэж үзэж байгаа вэ?

-Ард түмэн Үндсэн хуулийг өөрчил гээд байхад би өөрчилж болохгүй ээ гээд суугаад байх эрх бидэнд байхгүй. Миний хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор засаглалтын тогтолцоо, хэлбэр гажуудлыг засах хэрэгтэй гэж бодож байна. Гүйцэтгэх, парламент, шүүх гэсэн засаглалын гурван хэлбэр бий. Тэгэхээр бид аль засаглалыг хүчтэй болгох вэ гэдгээ бодох хэрэгтэй. Мөн засаглалын хэлбэрүүдийн эрх, үүргийг тодорхой заах нь зөв.

Ийм байдалтай байвал төрийн ажил, залгамж халаа, бодлого шийдвэрүүд гажина. Ард түмний төлөө хийж байгаа ажил нэг зүгт, нэг цэгт төвлөрсөн байх ёстой. Энэ асуудлыг Үндсэн хууль дээр тодорхой тусгаж өгөөчээ гэсэн байр суурьтай байгаа. Монгол Улсын эдийн засаг тэлж байна. Иймд Үндсэн хуульд эдийн засгийн тэлэлттэй холбоотойгоор зарим заалтуудыг оруулж өгөх хэрэгтэй.

-Тухайлбал?

-Бид хөгжлийнхөө чиг хандлагыг тодорхойлмоор байна. Зарим заалтыг дэлгэрүүлж хөгжлийнхөө чиг хандлагыг тодорхойлон, зорилго зорилтоо тавьмаар санагддаг юм.

-Оюу толгой болон Дубайн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нар хоригдож байгаа. Хувь гишүүний хувьд та ямар бодолтой байгаа вэ?

-Үнэн мөнийг тогтоогоосой гэж ард түмэн хүсэж байгаа. Бид ч бас тэгж хүсэж байна. Үнэнийг тогтоож байна гээд аливаа нэг хүмүүсийг хэлмэгдүүлж, гадаад дотоодын компаниуд, аж ахуй нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаанд нь битгий саад учруулаасай. Мэдээж хэн нэгнийг, аливаа аж ахуй нэгжийг шалгах эрх нь хууль хяналтынхны үүрэг мөн гэдэгтэй маргахгүй. Ер нь шалгаж байгаа процесс хаалттай байгаа шүү дээ.

-Та хоёр ч хууль санаачлан УИХ-д өргөн барих гэж байгаа гэсэн. Ямар хуулиуд өргөн барих гэж байгаа вэ?

-Миний хувьд намрын чуулган завсарласнаас хойш тойрогтоо гурван удаа очиж ажиллаад ирлээ. Тойрогтоо ажиллаж байх үедээ хуулийн хэрэгжилт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байгааг илүүтэй ажигласан. УИХ-ын чуулганаар баталсан хуулиудаас хүний амьдралд муу нөлөө үзүүлж байгаа хуулийн актууд байгаа талаар сонгогчид санал хүсэлтээ ирүүлсэн. Үүнээс үүдэн зарим нэг хуулийн төслүүдийг барьж байна. Тухайлбал, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хуулийн төслийг өргөн барина. Цахимаар иргэд, сонгогчдийн саналыг авахаар ажиллаж байгаа. Хуулийн өөрчлөлт нь 14-16 настай хүүхдүүдийн эрхийн асуудал байх юм. Монгол Улс нҮБ-ийн Хүүхдийн эрхийн конвенцид нэгдсэн. Монгол Улсын Үндсэн хуулинд ч эрүү, шүүлт, ял тохирсон байх ёстой гэж бий. Түүнийг гажуудуулж болохгүй зарчимтай.

14-16 настай хүүхэд хулгайн хэрэг үйлдсэн нь нотлогдвол шууд 2-8 жилийн хорих ял авахаар Эрүүгийн хуулинд тусгасан байгаа юм. Хамгийн гол нь Эрүүгийн хуулинд тэнсэх ял байхгүй болсон. Дээрээс нь 14-16 настай хүүхэд бусдын орон байранд буюу бусдын эзэмшил бүсэд халдвал хэрэг нь хүндэрчихээд байгаа. Өөрөөр хэлбэл, 14-16 настай хэдэн хүүхэд дэлгүүрт ороод л 100 мянган төгрөгийн эд, бараа авчихсан тохиолдолд бусдын эзэмшил бүсэд халдсан гээд хэрэг нь улам хүндэрчихдэг. Хохирол нь маш бага байдаг. Гэсэн ч энэ тохиолдолд хүүхдүүдэд хүмүүжлийн албадлагын арга хэмжээ, торгууль, тэнсэх ял байдаггүй. Тэр хүүхдүүдийн үйлдлийг зөвтгөж байгаа юм биш. Буруу үйлдлийнхээ төлөө ямар нэгэн хөнгөрүүлэх хувилбаргүйгээр хоригдоно гэдэг ноцтой. Иймд уг заалтад нэмэлт өөрчлөлт оруулахаар өргөн барина.

-Мөн жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан татварын орчинг бүрдүүлэх зорилготой хууль өргөн барих гэж байгаа гэсэн үү?

-Засгийн газраас татварын ерөнхий хуулинд томоохон реформ хийхээр ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн бүр хууль санаачлах эрхтэй. Уг эрхийнхээ хүрээнд аж ахуй нэгж, хувь хүн, жижиг дунд бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалсан татварын орчинг бүрдүүлэх зорилготой ажиллаж байна. Жилдээ гурван тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн импортлодог компани Гааль, нөат-ын татвар нь 15.5 хувь төлдөг гэж бодъё. Тэгвэл гааль дээр төлж байгаа татвар дээрээ ашгийн татвараа нэмээд төлчих ямар боломж байна вэ гэдгийг судалж байна. Одоогоор энэхүү хуулийн төсөл маань судалгааны түвшинд явна. Түүнчлэн Авто замын тухай хуульд энэ хаврын чуулганаар нэмэлт, өөрчлөлт оруулах бодолтой байгаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх эрхийг өгсөн байдаг. Авто замын тухай хуулинд газар өмчлүүлэх, эзэмшүүлэхтэй холбоотой нэг заалтыг зөрчсөн байсан. Иймд уг хуулийг өргөн барихаар ажиллаж байна.

-Тойрогтоо ажиллаж байх үед тань иргэдийн зүгээс ямар санал шүүмж ирүүлж байх юм?

-УИХ-д МАн үнэмлэхүй ялалт байгуулж олонх болчихоод засгаа байгуулж байхад эдийн засаг 1.7 хувийн өсөлттэй байлаа. өнөөдрийн байдлаар эдийн засаг 5.1-5.2 хувийн өсөлттэй байгаа. Угтаа бол эдийн засгийн 5.1 хувийн өсөлт бол чамлахааргүй тоо. Харин энэхүү эдийн засгийн өсөлт сонгогчдийн амьдралд бодитой нөлөөлж байгаа эсэх талаар иргэд ярьж байна. Нөлөөлөл үзүүлэхгүй тал байгааг ч онцолсон. Хөдөө орон нутагт бэлэн мөнгөний хомсдол үүсч, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өссөн. Дээрээс нь ажилгүйдэл ядуурал нэмэгдсээр байгаа. Иймд Засгийн газар эдийн засгийн өсөлтийг иргэдийн ажил амьдралд бодитойгоор тусгахаар ажиллаасай гэсэн санал шүүмжлэлийг ирүүлсэн.

-Монгол, Бельгийн Засгийн газар хоорондын зээлийн хэлэлцээрээр Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулахаар болсон. Хэдийгээр барилгын ажил хийгдэж эхлэх вэ?

-Энэ жил Ховд аймгийн хувьд томоохон хөрөнгө оруулалт хийгдэхээр байгаа. Хамгийн гол нь хүний эрүүл мэндтэй холбоотой хөрөнгө оруулалтын асуудлыг Засгийн газар нааштай хүлээж авч, шийдэж өгсөнд баяртай байгаа. Бельгийн Засгийн газрын 22 тэрбумын хөнгөлөлттэй зээлээр Баруун бүсийн оношлогоо эмчилгээний төв байгуулагдана. 2013 онос хойш гацаанд орчихсон байсан төслийг төсөвт 100 хувь суулгаж чадсан. Ирэх тавдугаар сарын дундуур хэрэгжиж эхэлнэ. 70 гаруй тоног төхөөрөмжтэй бүсийн оношлогооны төв, гурав орчим тэрбумын үнэтэй оношлогооны аппараттай байх юм. Энэ төв байгуулагдсанаараа баруун таван аймгийн иргэд Улаанбаатар хот руу ирж нарийн оношлогоо шинжилгээ өгөх шаардлагагүй болно. Эдийн засаг, цаг хугацааг хэмнэнэ. Оношлогооны төв байгуулагдаад зогсохгүй эмч мэргэжилтнүүдийг сургах юм. Энэ ажлыг ЭМЯ, Бельгийн Засгийн газар хамтраад хийнэ.

Түүнчлэн гуравдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймагт ажилласан. Энэ үеэрээ Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг явуулахаа амласан. Баруун таван аймгийн хувьд эрчим хүчний хараат байдалтай байдаг. нийт эрчим хүчнийхээ 78 хувийг ОХУ, БнХАУ-аас авдаг. нэг кВт эрчим хүчийг 280 орчим төгрөгөөр худалдаж авдаг. Дээрээс нь улсаас татаас авна. Ийм л эрчим хүчний бүтэц, системтэй. Сүүлийн жилүүдэд улсаас авсан татаас нь 80 орчим тэрбум болжээ. Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцын ТЭЗҮ-г анх гаргахад 64 мВт гэж байсан. Одоо бол хүчин чадлыг нь 96 мВт-аар тооцож байгаа юм билээ. Хэрэв энэ усан цахилгаан станцын ажил явагдах юм бол баруун таван аймгийг бид эрчим хүчээр 100 хувь хангаад, нийт үйлдвэрлэсэн эрчим хүчнийхээ 50 хувийг төвийн шугамд нийлүүлэх бүрэн боломжтой юм. Мөн нэг кВт эрчим хүчийг 30 гаруй төгрөгөөр л үйлдвэрлэнэ. Цаашдаа ч энэ үнэ буурах магадлал өндөртэй. Эрчим хүчний хараат байдлаас гарна. Хамгийн гол нь усан цахилгаан станц нь баялаг бүтээгч, үйлдвэрлэгч юм. Энэ том төсөл хэрэгжснээр ажлын байр багагүй нэмэгдэнэ. Бэлэн бус ажлын байр 2000 орчим болохоор төлөвлөгөө бий. Газар тариалан ч хөгжих боломжтой.