Categories
мэдээ цаг-үе

Я.Санжмятав: Эрдэнэтийн асуудлыг зохицуулахгүй бол манай улсын гаднаас авч байгаа зээлийг хязгаарлана

УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-Төрийн гурван өндөрлөг Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөлөө. Таны хувьд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан боловсруулсан. Ирэх оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжиж эхлэх тус хуулийн төсөлд хичнээн хүн хамрагдаж байгаа вэ?

-Их хэлмэгдүүлэлт 1937, 1938 онд үргэлжилсэн. Энэ их хэлмэгдүүлэлтийн хор уршиг өнөөдрийг хүртэл арилаагүй байна. Монголын үе үеийн төр засаг үе шаттай олон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. 31 мянга гаруй хүнийг цагаатгаж, нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгосон байдаг. Одоогоор 400 орчим хүн нөхөн олговор аваагүй байгаа. Гэхдээ эдгээртэй холбоотой асуудал шийдэгдсэн гэж болно. 2011 онд цагаатгах асуудлын өргөдөл хүлээж авах хуулийн хугацаа нь дуусчихсан байсан. Уг хуулийг 400 хүний асуудал шийдээд зогсчихсон хууль гэж ойлгож болохгүй. Энэ бол цагаатгалтай холбоотой асуудлаар өргөдлөө өгөх, хүлээж авах, улмаар цагаатгах ажлыг зохион байгуулах комисс, шүүхэд хандах боломжийг олгосон цонх бий болгож өгч байгаа юм. Ер нь бол хэлмэгдэгсдийн материалууд нь тодроогүй гэх гомдлууд тасрахгүй байдаг. 2011 оноос хойш долоон жилийн хугацаанд хэний ч өргөдлийг хүлээж авахгүй, ажил гацчихсан байсан. Үе үеийн парламент дээр хэлэлцээд хаагдчихаад байсан зүйлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд, Д.Сарангэрэл болон миний бие, Л.Мөнхбаатар, Д.Тогтохсүрэн нарын гишүүд маань ажлын хэсэгт орж ажиллаж, баталсан. Уг хуулийн төсөл энэ парламентийн үед хийгдсэн тодорхой асуудлуудын нэг.

-Хэдий хэмжээний нөхөн олговор олгох вэ?

-400 хүнтэй холбогдолтой асуудал тус бүр 40, 80 сая төгрөгөөр зохицуулагдахаар болсон. Нэг өрөө байрыг 40 сая, хоёр өрөө байрыг 80 сая төгрөгөөр авчих бололцоотой юм гэдэг байдлаар уг хуулийг баталсан. Харьцангуй хямд үнэтэй орон сууц санал болгож байгаа компаниудад хандана гэж ойлгож байгаа. Дур зоргоороо үнэтэй орон сууц авна гэвэл хүрэхгүй. Хүмүүс өргөдлүүдээ шүүхэд өгч байна. Тодорчихсон хүмүүс ч байгаа. Энэ жил улсын төсөв хэлэлцэгдэнэ. Энэ төсөвт хэлмэгдэгсдийн нөхөн олговрыг яаралтай, болж өгвөл бөөнөөр нь мөнгийг нь оруулаад 2019 оны эхнээс олгох ёстой гэж үзэж байгаа. Энэ саналыг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын даргын хувьд Засгийн газарт өгсөн. Тэдгээр хүмүүсийн дотор 80, 90-ээд насны хүмүүс олон бий.

Амьд сэрүүн байхдаа шинэ орон байраа үзээд, үр ачдаа үлдээчихвэл зүгээр шүү дээ. Уг асуудал дээр ч Монгол Улсын Ерөнхийлөгч тодорхой саналуудыг хэлж байгаа. Тухайлбал, хэлмэгдүүлэлтийн хар гамшгийг дараа үедээ таниулж, мэдүүлж байх үүднээс хэлмэгдэгсдийн музей байгуулах асуудлаар тодорхой саналыг Засгийн газарт хүргүүлэхээр бэлдэж байна лээ. Энэ хүрээнд намайг бас дуудаж уулзсан.

-Ирэх оны төсөвт хэлмэгдэгсдийн нөхөн олговорт зориулж хичнээн хэмжээний өртөгийг суулгахаар тооцож байгаа вэ?

-Нийт дүнгээрээ 40 тэрбум төгрөгийн асуудал байгаа. Энэ асуудлыг Засгийн газар шийднэ.

-УИХ-аас Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг шалгах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг та ахалж байгаа. Ажлын хэсгийн зүгээс ямар ажлуудыг хийж амжуулсан бэ?

-51 хувь биш юм аа. Эрдэнэт үйлдвэр 100 хувь. Орос, Монголын хувьцаа нь нийлээд 100 хувь байхад Стандарт банкнаас зээл авахад нь баталгаа гаргаж өгсөн асуудлаар Лондонгийн Арбитрийн шүүх дээр асуудал болсон. Энэ асуудлаарх шүүхийн шийдвэр нь гарчихсан. Гүйцэтгэл буюу төлөх асуудлыг Монголын тал хийгээгүй. Иймээс Стандарт банкнаас дахин Арбитрийн шүүхэд хандаж, манай 51 сая ам.доллар, дээрээс нь хүүгийн хүүгээр дамжигдсан 105 сая ам.долларын төлбөрийн асуудлыг шийдэх буюу манайхаар бол шүүхийн гүйцэтгэх ажиллагаа явуулах шийдвэрийг гаргаж өгөөч ээ гэсэн хүсэлтийг тавьсан. Энэ асуудлаар долдугаар сарын 6-ны өдөр хуралдсан байна. Энэ бол аж ахуйн нэгж хоорондын маргаан. Гэхдээ 51 хувь нь төрийн өмчит компани шүү дээ. Тийм учраас энэ ажлын хэсгийг ахалж байгаа хүний хувьд хууль хяналтын байгууллагуудыг төрийн мониторинг хийгээч ээ гэж чиглэл болгосон. Энэ хүрээнд АТГ болон прокурорын энэ ажил дээр ажиллаж байгаа холбогдох хүмүүс очиж төрийн мониторинг хийсэн. Түүнээс аж ахуйн маргаанд хууль хяналтын байгууллага орох эрх нь хаалттай. Манай шийдвэрүүд хэр бодитой, ямар шийдэл гарч байгаа, асуудал нь ямар байна вэ гэдгээр мониторинг хийж байгаа юм. Ажлын хэсэг энэ талаарх тайлангаа УИХ-ын чуулган нээгдэх үеэр тавина. Эхний ээлжинд Хууль зүй, Эдийн засгийн байнгын хороогоор хамтарч орох болов уу гэж бодож байна. Энэ үед холбогдох хууль хяналтын байгууллагуудыг дуудаад зарим нэг асуудал дээр нь тодорхой мэдээлэл өгнө.

-Төлбөрийн хүүгийн тоолуур гүйсээр байгаа энэ үед ажлын хэсгийн зүгээс уг асуудлыг яаралтай нэг талд нь гаргахаар шахаж ажиллаж байгаа юу?

-Тавдугаар сард Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд “Энэ чиглэлээр Засгийн газар эдийн засаг, дипломат хүрээндээ ажиллаач ээ” гэсэн эхний тоотоо хүргүүлсэн юм. Бидэнд Засгийн газар дээр Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна гэсэн мэдээллийг өгсөн. Г.Баясгаланг дуудаж уулзахад “Энэ асуудал нь аж ахуйн нэгжийн маргаан учир бид зөвлөн туслах, шаардлагатай зүйл байвал биднээс асуугаарай гэсэн чиглэлтэй байгаа” гэж хэлсэн. Бид дахин “Тоолуур чинь гүйгээд эхэллээ, энэ асуудал чинь хүндэрлээ шүү” гэсэн хоёр дахь тоотоо хүргүүлсэн. Зээл авагдсанаас хойш Стандарт банкны 60 хувийг БНХАУ авсан юм билээ. Ямартаа ч Засгийн газрын эдийн засаг, санхүүгийн холбогдох яамд ажиллах шаардлагатай байгаа.

51 хувь авсан нь төлбөр төлнө гэвэл Засгийн газар 100 хувь хариуцна. 49 хувийнхан ашгаа авч байгаа бол алдагдлаа ч хүлээнэ. Тэгэхээр аль аль нь алдагдал хүлээнэ. Мөн Монголын эрх ашиг ч хөндөгдөнө. Иймд үүнийг зогсоох чиглэлээр ажиллаач ээ гэж “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Х.Бадамсүрэн, 49 хувийн хувьцаа эзэмшиж байгаа холбогдох хүмүүст зөвлөсөн. Энэ хүмүүс тодорхой хэмжээгээр ажиллаж байгаа. Зээл авсан Ш.Батхүүгийн хувьд зээлээ төлсөн, төлөөгүй гэх асуудал нь тодорхой болсон. Өөрийнх нь одоогийн ярьж байгаагаар “Би батлан даалт гаргах бичгийг зассан” гэсэн учраас энэ хүнтэй холбоотой хэргийг хууль хяналтын байгууллага эцэслэн шийдтэл ажлын хэсэг АТГ, шүүхийн аль ч процесст оролцож, хутгалдах боломжгүй.

-Долдугаар сарын 6-нд гарсан Английн Арбитрийн шүүхийн шийдвэрийг та харсан уу. Яг хэдий хэмжээний төлбөр төлөхийг шаардсан юм бэ?

-Эрдэнэт үйлдвэр дээр бичиг энэ тэр нь ирсэн байгаа. Тиймээс Монголын төр авснаа төлнө. Гэхдээ аль болох бага мөнгө төлөх асуудлыг аж ахуйн нэгжүүд хоорондын хэлэлцээрийнхээ хүрээнд ярина. Түүнээс юу юугүй Эрдэнэт үйлдвэрийг 105 сая ам.долларын төлбөрт тавиад, саалийн ганц үнээгээ алдчихна гэж бодож болохгүй.

Арбитрийн шүүхийн энэ шийдвэр бол эцсийн шийдвэр. Бид хэлэлцээд зохицуулахгүй бол ний нуугүй хэлэхэд манай улсын гаднаас авч байгаа зээлийг хязгаарлах, удирдлагуудын гадаад руу явж гэрээ хэлэлцээр хийх асуудал зогсоно, зэс молибденоо худалдсан төлбөр мөнгө нь орж ирэхгүй байх гээд олон эмзэг асуудал байна.

-Сүүлийн шүүх хуралд “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн оролцоогүй. Энэ тухай тодруулаач?

-Өмнөх шүүх хурлын шийдвэрийг өөрчлөх гэж дахин шүүх хурал болоогүй. Өмнөх шүүх хурлын шийдвэрийг хэрэгжүүлж өгөөч ээ л гэж дахин шүүхэд хандсан. Арбитрийн шүүх дээр очиход “Эрдэнэт үйлдвэр” өмгөөлөгч авахад нэлээд их зардал болно. Нөгөө талдаа гарах үр дүн нь төлөх төлбөрийг бууруулах, үгүйсгэх боломж байхгүй учраас “Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн оролцоогүй юм байна лээ.

-Ээлжит бус чуулган хуралдах уу. Даргын зөвлөл дээр юу гэж ярьж байгаа вэ?

-Даргын зөвлөлөөс Хууль зүйн байнгын хороог гишүүдээ цуглуулж хуралдуул гэх чиглэл өгсөн. Хууль зүйн байнгын хороо хуралдангуут даргын зөвлөл хуралдаад ээлжит бус чуулган зарлая гэсэн чигтэй л байгаа. Ээлжит бус чуулган зарлаж таарах байх.


Categories
мэдээ цаг-үе

​Амиа алдсан Зам, тээврийн хөгжлийн яамны газрын даргын албан тушаалд очих хүний нэр хэдийнэ тодорчихсон байжээ

Зам, тээврийн хөгжлийн яамны байранд энэ оны наймдугаар сарын 9-ний 21:00 цагийн үед хүн амины хэрэг гарсан. Хэргийн талаарх дуудлага тус оройн 21:45 цагт Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст иржээ. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллахад ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал халдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүр “Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1-т зааснаар хэрэг бүртгэл нээсэн. Талийгаачийн үхлийн шалтгааныг Шүүх эмнэлгийн шинжилгээний дүнгээр эцэслэн тогтоох боломжтой. Олон нийтийн сүлжээгээр албан тушаалаа булаацалдаж маргалдсан гэх ташаа мэдээлэл гараад байгаа. Үүнд ямар нэгэн албан тушаалын маргаан байхгүй. Харин хувийн таарамжгүй харилцаанаас болж ийм асуудал болсон” хэмээн мэдээлсэн.

Хутга, мэс ашиглан хохирогчийн аминд хүрсэн нь ташаа мэдээлэл

Хэрэг гардаг өдөр Б.Махбал нь яамныхаа Зам, тээврийн хяналт хариуцсан мэргэжилтэн Ч.Ганбаярын хамт яамны байрандаа архи уужээ. Түүгээр ч зогсохгүй Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Э.Энхбат нарыг уруу татаж хамт архидан согтуурсан байна. Мөн ээлжийн амралттай байсан Хүний нөөцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Цэцэгмааг тушаал гаргах хэрэгтэй байна гэж дуудан хамт архи уужээ. Хэрэг гарсан өдрийн 18.00 цагийн үед Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ талийгаач Т.Гомбосүрэн болон Б.Артур нарыг дуудаж үүрэг өгөөд гаргасан байна. Талийгаачийн хувьд маргаашнаас нь ээлжийн амралтаа авах байсан тул сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс гадна, бусад ажлаа цэгцэлж байжээ. Харин 19:00 цагаас эхлэн Б.Махбал дарга талийгаачийг өрөөндөө хэд хэдэн удаа дуудуулжээ. Ингээд 20 цаг орчимд өрөөнд нь явж орсон бололтой. Улмаар тэд 21:00 цагийн үед гарч, яамны үүдэнд зогсож байх үед Т.Гомбосүрэн, Б.Махбал нар маргалдсан бололтой. Маргалдаад ч зогсохгүй зодолдсон нь яамны гаднах хяналтын камерт бичигдсэн байна. Эх сурвалжийн дурдаж байгаагаар Т.Гомбосүрэн, Б.Махбал нар архи хэтрүүлэн хэрэглэснээс үүдэн өөрийгөө удирдах чадваргүй болсон байсан гэнэ. Талийгаачийн хувьд хэн нэгний өмнөөс хариу үйлдэл үзүүлэх ч сөхөөгүй, хөл дээрээ тогтож ядан гуйвж байсан аж. Энэ үед сэжигтнээр татагдаад буй Б.Махбал нь хохирогчийг өшиглөж, цохижээ. Энэ тухайгаа ч тэрээр цагдаа нарт мэдүүлэг өгөхдөө дурджээ. Харин хутга, мэс ашиглан хохирогчийн аминд хүрсэн гэдэг нь ташаа мэдээлэл юм байна.

Т.Сайнжаргал: Хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар нэгнийгээ бүлэглэн хөнөөжээ

Түүний найз Т.Сайнжаргал өөрийн твиттер хуудаснаа хэргийн талаар тодорхой жиргэжээ. Тэрээр “ЗТХЯ-ны газрын дарга асан талийгаач найзынхаа гэрээр орж ар гэрт нь хүндэтгэл үзүүллээ. Бодит байдлыг сонслоо. Үнэхээр сэтгэл эмтэрмээр, хүний ёсноос гажууд, харгис хэрцгий үйлдлээр санаатайгаар нэгнийгээ бүлэглэн хөнөөжээ. Үнэхээр гомдмоор, байж боломгүйгээр хороосон байна. Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад толгой руу нь олон удаа (шүүхийн дүгнэлтээр долоон удаа) өшиглөж, гутлын өсгийгөөрөө эрүүн дээр нь гишгэж мулталсан. Энэ үед нь Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан газрын дарга нар болон жолооч нар хараад зогсож байсан” гэж жиргэсэн юм. Зодоон хоёр хүний хооронд болжээ. Тэнд байсан бусад хүмүүс тэдний зодолдож байхыг хараад зогсож байгаа нь хөдлөшгүй баримт болох камерт бичигдсэн аж. Одоогоор хэргийн газар хамт байсан хүмүүсийг гадуур байцааж байгаа юм байна.

Т.Сайнжаргал “Зодсоныхоо дараа тэд бүгд талийгаачийг орхиод яам руу орсон. Төд удалгүй хоёр нь гарч ирж талийгаачийг чирч сандал дээр хэвтүүлээд орхисон байна. Тэдний араас яаман дээр жижүүрт гарч байсан төрийн тусгай хамгаалагч гарч ирээд эмнэлэг дууджээ. 20 минутын дараа эмнэлэг ирээд нас барсныг нь тогтоосон байна. Үүний дараа цагдаа нар ирж яаман дээр архидаж байсан таван хүнийг авч явжээ. Бүгдийг нь нэг камерт хорьж эрүүлжүүлээд, өглөө нь мэдүүлэг аваад явуулсан байна. Онц ноцтой хүн амины хэрэг гарчихаад байхад сэжигтнүүдийг нэг дор камерт хорьж болох уу” гэж байлаа.

Сэжигтэн Б.Махбалыг нэг сар цагдан хорихоор болов

Сэжигтэн Б.Махбалыг хэрэг гарсан өдөр буюу наймдугаар сарын 9-ний өдөр архи хэтрүүлэн уусан байсан тул эрүүлжүүлэхэд хонуулжээ. Улмаар Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст авчирч, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан байна. Мөрдөн байцаах үйл ажиллагааг тус хэлтсийн мөрдөн байцаагч н.Мөнхболд явуулсан юм. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Махбалыг яллагдагчаар татан, цагдан хорих саналыг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргажээ. Уг саналыг хэлэлцээд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн хоёр, 14.10 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт тус тус заасны дагуу Б.Махбалыг наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн яллагдагчаар нэг сарын хугацаатай цагдан хорихоор болсон юм. 14.9 дүгээр зүйлийн хоёрт “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийн яллагдагчийн хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинжийг харгалзан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” хэмээн заажээ. Харин 14.10 дугаар зүйлийн нэгт “Яллагдагчийг цагдан хорих үндсэн хугацаа нэг сар байна” гэсэн байна.

Сэжигтнээр татагдсан Б.Махбал гэж хэн бэ?

Зам, тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд хүрсэн байж болзошгүй гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа хүн бол тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал юм. Тэрээр 48 настай. Өнгөрсөн оны сүүлээр Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогджээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байх үед тус яамны Зам тээврийн бодлогыг нь хариуцсан газрын даргын албыг ч хашиж байжээ.

Хувь хүнийхээ хувьд Б.Махбал нь даруу төлөв, бүрэг ичимхий нэгэн гэнэ. Б.Махбалыг хүнтэй зодолдох нь битгий хэл хэрүүл хийж байхыг нь харж байгаагүй талаар ойрын эх сурвалж хэлсэн юм. Мөн тэрээр “Б.Махбал архи ууж чаддаггүй. Бага зэрэг уугаад л согтчихдог. Уулаа гээд элдэв ааш, аяг гаргадаггүй. Ажилдаа нягт нямбай ханддаг. Бичгийн чадвар сайтай, хамгийн зөв, оновчтой хувилбар дэвшүүлж чаддаг. Хүнд хатуу ширүүн үг хэлнэ гэж байдаггүй. Ямар ч ажлыг хийж бүтээхийн төлөө гэсэн эрмэлзэлтэй хүн” хэмээсэн юм. Харин зарим эх сурвалж Б.Махбалыг ааш аяг муутай, хоёр нүүртэй нэгэн ч гэж байлаа. Талийгаачийн найз Т.Сайнжаргал Б.Махбалын талаар “Өмнө нь Зам тээврийн хөгжлийн яаманд ажиллаж байхдаа хүний чихийг тас хазан, амнаасаа тасархайг нь нулимж хаяж байсан хүн. Уул уурхайн яаманд ажиллаж байхдаа нэг даргаа хэвтэрт ортол зодоод халагдсан. Энэ явдлыг тас нуугаад орхисон. Өмнө нь хоёр хүн алах дөхсөн ийм рецетив нөхрийг яамны газрын даргаар авч нөгөө газрын даргаа алууллаа гэж үү” хэмээн жиргэсэн юм. Б.Махбал нь хурдан морь сонирхдог юм байна. Ж.Бат-Эрдэнэ сайдтай ижил сонирхолтой учир Б.Махбалыг өөрийн яамандаа ажиллуулах болсон гэх яриа ч ойр тойрныхон дунд нь байдаг бололтой. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зааварчилгаагаар уг албан тушаалд томилогдсон байх магадлалтай гэх хардлага яриа ч тус яамныхны дунд өрнөдөг гэнэ.

Тэрээр Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ хадгаламждаа 117 сая төгрөгтэй, 480 саяын үнэт эдлэлтэй, 80 саяар үнэлсэн “Lexus 570”-тай, эзэмшлийн хоёр газартай, тэрбум 570 сая төгрөгийн үнэ бүхий гурван орон сууц, мөн үйлдвэр үйлчилгээний гурван объекттой, гэр бүлийнх нь жилийн орлого 229 сая төгрөг хэмээн мэдүүлжээ.

Харин талийгаач Т.Гомбосүрэн 38 настай, хуульч, өмгөөлөгч мэргэжилтэй. Түүний хувьд эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг байжээ. Бусадтай муудалцдаггүй, эв эеийг хичээдэг, хүнлэг, шударга нэгэн байсан гэдгийг ойр дотныхон нь онцолсон. Мөн архи дарс уудаггүй, чадварлаг, зарчимч төрийн албан хаагч байсан хэмээн эх сурвалж хэллээ. Т.Гомбосүрэн нь Сэлэнгэ аймгийн уугуул нэгэн аж. Түүнийг ийм шалтгаанаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын сонгуульд ажиллаж байсан гэх мэдээлэл байгаа юм. Тэрээр Зам тээврийн хөгжлийн яаманд Д.Ганбатыг сайдаар ажиллах үед томилогдож ирсэн байна.

Талийгаачийн ажлыг аваххүний нэр хэдийнэ тодорчихсон байжээ

Дээрх хэрэг хувь хүмүүсийн хоорондын таарамжгүй харилцаанаас болсон талаар Цагдаагийн ерөнхий газраас мэдээлсэн. Гэхдээ тэдэнд урьд өмнө нь санасан өс, хувийн муудалцах асуудал байгаагүй гэдгийг ойр тойрныхон нь хэлж байна. Харин ажлын байрны маргаан болон төмөр замын 280 сая ам.долларын асуудал, ОХУ-аас ашиглалтын хугацаа нь дууссан 1000 вагон оруулж ирсэн хэрэг дээр шалгалт хийж байсан нь нөлөөлсөн гэх таамаг байгаа юм. Ар гэрийнхнийх нь зүгээс ч “Цэвэр улс төр, албан тушаалтай нь холбоотой хэрэг болчихлоо” гэж үзэж байгаа аж. Ямартаа ч баттай эх сурвалжийн мэдээлснээр талийгаачийн албан тушаалд буюу Зам тээвэр хөгжлийн яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын даргын албан тушаалд очих нэгний нэр хэдийнэ тодорчихсон байжээ. Тодруулбал түүний албан тушаалд очих хэлтсийн дарга Доржоо гэгчийн нэр Авлигатай тэмцэх газар оччихсон байсан талаар эх сурвалжууд хэлж байгаа юм.

Ж.Бат-Эрдэнэ: Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе

Уг хэрэгтэй холбоотойгоор Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр үүрэгт ажлаа өгөхөөр Монгол Улсын Ерөнхий сайдад өргөдлөө өгсөн юм. Тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе” хэмээн жиргэсэн юм. Яагаад ийм шийдвэр гаргаж байгаа талаар нь түүнээс тодруулахад “Өөрийгөө буруутай гэж ойлгож байгаа учир өргөдлөө өгчихлөө. Миний хувьд үүрэг, даалгавар өгч суулгасан юм. Ажлаа хийж байхдаа л хүмүүс цаашаа даварцгаасан юм байна. Толгойлж явсан яаман дээр минь ийм ноцтой хэрэг гарч байхад яаж цаашдаа ажиллах вэ дээ. Хэнтэйгээ ч ажиллах вэ, юугаа ч хийх гэж явж байхав.

Нэг нь амь насаа алдаж хорвоогоос халилаа. Нөгөө нь ийм нөхцөл байдалд орлоо. Энэ нь яамны хариуцлагын асуудал л гэхээс өөр юу байх билээ. Тиймдээ ч ёс зүйн хариуцлагаа хүлээхээр шийдлээ” гэв. Тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдад өгсөн өргөдөлдөө “Миний толгойлсон Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар архидан согтуурч, улмаар нэгнийхээ амь насыг хохироосон ноцтой гэмт хэрэг гарсан тул миний бие цаашид тус яамыг удирдан ажиллах ёс зүйгүй хэмээн үзэж Зам тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж өгөхийг хүсэж байна” гэжээ.

Үүнээс гадна Зам тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл “Дэд сайдын ажлаа өгье. Ёс зүйн хариуцлага хүлээе. Чадах чинээгээрээ хичээж ажиллалаа. Надад итгэж дэмжиж ирсэн гэр бүл, журмын нөхөд, шүүмжлэгчиддээ баярлалаа” хэмээн жиргэсэн юм. Мөн Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ч үүрэгт ажлаа өгч буйгаа мэдэгдсэн. Түүнчлэн өчигдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлэл хийх үеэр тус яамны таван газрын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн. ЗТХЯ нь нийт зургаан газар, зохицуулах хэлтэстэй бөгөөд бүх газрын дарга нарыг ийн ажлаас нь чөлөөлөв. Зам тээвэр, хөгжлийн яамны сайд Ж.Бат-Эрдэнэ болон Төрийн нарийн бичгийн даргаа Ж.Бат-Эрдэнэ нар өчигдөр талийгаачийн гэрт очиж эмгэнэл илэрхийлжээ. Талийгаачийг энэ лхагва гаригт хөдөөлүүлэх юм байна.

Дашрамд дурдахад төрийн албан хаагчийн аминд халдсан хэрэг өмнө нь гарч байсан юм. Тодруулбал 2006 онд “Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны захирал агсан Ц.Түмэнгэрэл Санхүүгийн зохицуулах хорооны дарга агсан Д.Бадрааг Төрийн тусгай хамгаалалттай албан байранд нь онц хэрцгийгээр хутгалан хөнөөж олныг цочроож байв. Д.Бадраа алагдахынхаа өмнөх өдрийн орой Засгийн газрын хуралдаанд хадгаламж зээлийн хоршоодын талаар мэдээлэл хийсэн, засгаас СЗХ-ны дарга агсанд хадгаламж зээлийн хоршоодод яаралтай арга хэмжээ авах сануулга өгсөн, Ц.Түмэнгэрэл агсан мэдээлэл хийхээс нь өмнө Д.Бадраа агсантай хэд хэдэн удаа уулзахыг хүсч хандсан ч татгалзсан хариу сонссон гэх мэт мэдээлэл тухайн үед хэвлэлээр хөвөрч байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Л.Энхболд: “Эрдэнэс Таван толгой” компаниас 268 мянган тонн нүүрс хулгайлсан аж ахуй нэгжийн нэрийг удахгүй зарлана

УИХ-ын гишүүн Л.Энхболдтой ярилцлаа.


-МАН бага хурлаа хийж, УИХ-ын 42 дугаар тойрогт оролцох шийдвэрээ гаргасан. Нэр дэвшигчийн нэр хэдийд тодорхой болох вэ?

-МАН бага хурлаараа Хэнтий аймагт явагдах УИХ-ын нөхөн сонгуульд оролцох эсэх асуудлаа шийдлээ. Дараагийн бага хурлаараа 42 дугаар тойрогт хэнийг нэр дэвшүүлэхээ шийднэ.

-Хаврын чуулган завсарласнаас хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Та энэ хооронд юу хийж амжуулав. Тойрогтоо очив уу?

-Гадаадад томилолттой байлаа. Тойрогтоо ямартаа ч ажиллаж байна. Цаг сайхан болсонтой холбоотойгоор малчдын сэтгэл тэнэгэр байгаа нь анзаарагдлаа. Мөн сүүлийн үед улс төрийн нөхцөл байдлаас болоод төв рүүгээ дуудагдаж байгаа.

-Өмнөговь аймагт үер ус ихтэй байгаа. Үүнээс болоод замын эвдрэл гэмтэл их байх шиг байна?

-Үер ус ихтэй байгаагаас шалтгаалж баруун, зүүн тийшээ явдаг хатуу хучилтын замуудад жаахан саатал бий болж байна. Баруун талын чиглэлийн нэг км хэртэй газар эвдрэл гэмтэл ихтэй, ослын байдалтай болчихсон. Мөн Гашуунсухайт орох 260-аад км зам багагүй эвдрэлтэй болчихлоо. Хэдийгээр бороо хур хүсч байсан ч гэлээ хэт их үер ус гамшиг авчирч байна. Үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэхээр манай холбогдох байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд ажиллаж байна.

-Гашуунсухайт чиглэлийн зам эвдэрч гэмтснээс үүдэн нүүрс тээвэрлэлт төдийгүй жолоочдын хувьд ч байдал хүндхэн байгаа. үүнд ямар арга хэмжээ авч байгаа бол?

-Замын эвдрэл гэмтлээс үүдэн Гашуунсухайт чиглэлийн 120, 191 дүгээр км-ийн замууд дээр эвдрэл гэмтлүүд ихээхэн гарсан. 120 км-ийн зам дээр нүүрс тээвэрлэлтийн 700 гаруй машинуудыг зогсоосон. Одоогоор машинуудыг гаргаад дуусаж байна. эдгээр машинуудын зарим нь энэ хэсэгт тав, зургаа хоночихсон байсан. Ямартай ч тухайн зам тээврийн компани болон Авто тээврийн үндэсний төвийнхөн нийлж хоол хүнс, унд усаар хангах арга хэмжээг яаралтай авсан. Цаашдаа хатуу хучилттай замуудад засвар хийж, шинэчлэхээс өөр арга байхгүй. Тиймээс одоогоор түр өнгөрүүлэх, нэвтрэн гарах, шороон замын асуудлыг цэгцлээд ажиллаж байна.

-Хаврын чуулганаар Таван толгой төслийг эргэлтэд оруулах тогтоолын төслийг баталсан. Таны хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН 2016 оны сонгуулиар томоохон төсөл хөтөлбөрүүдийг хөдөлгөж, эрчимжүүлэх хэрэгтэй энэ нь Монголын эдийн засгийг эрүүлжүүлэх томоохон гарц гэж харж байсан. Энэ ч утгаараа энэ томоохон төслүүд хөдлөх учиртай. Бид ч ингэж шаардаж байгаа. Хаврын чуулганаар амжиж Эрдэнэс Таван толгойн ажлыг эрчимжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг сайжруулах асуудлыг шийдвэрлэлээ. Олон улсын хөрөнгийн зах зээл дээр Таван толгойн 30 хувьд IPO босгохоор болж байна. Ингэж байж эргэлтийн хөрөнгөтэй болох юм. Өнөөдрийн үйл ажиллагаа нь хэвийн явж байна. Гэхдээ дагасан томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжих ёстой. Станц, төмөр зам, хатуу хучилттай зам ч баригдах ёстой. Мөн томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхийн тулд баяжуулах үйлдвэр барих ч гэдэг юмуу олон асуудлууд хэрэгжүүлээд явах юм бол эдийн засгийн үр өгөөж сайтай, манай улсад ашигтай байна гэж үзэж байгаа. Тиймдээ ч IPO босгох асуудлыг дэмжиж байгаа.

-УИХ-ын нэгдсэн чуулганаар Таван толгой төслийг эргэлтэд оруулах тухай ярьж байх үед сөрөг хүчний зүгээс Эрдэнэс Монгол компанийн тодорхой хувийг хяналтын багц болгох нь зүйтэй гэх саналыг гаргасан. Үүнд таны байр суурь ямар байсан бэ?

-Монгол Улсын Ерөнхий-лөгчөөс санал оруулж ирсэн асуудал л даа. Энэ асуудалд нухацтай хандахгүй бол болохгүй. Тиймдээ ч хойшилсон. Нэгдүгээрт, тооцоологдоогүй гэнэт орж ирсэн. Тооцоо судалгаа нь ямар байгаа эсэх, бодит амьдрал дээр хэрэгжих үү, үгүй гээд олон асуудал бий. “Эрдэнэс Монгол” компани дан ганц Эрдэнэс Таван толгойн хувьцааг эзэмшдэггүй. Багануур, Шивээ Овоо, Оюу толгой гээд олон компани, аж ахуй нэгжүүдийн хувьцааг эзэмшдэг. Тиймээс энэ асуудалд цэгцтэй, эдийн засгийн зөв тооцоололтой, төлөвлөгөөтэй байж ард иргэдэд өмчлүүлэх эсэх асуудлаа шийдэх нь зөв. Шууд улс төрийн өнцгөөсөө харж асуудлыг шийднэ гэдэг боломжгүй.

60 тэрбум-ын гэх хэрэгтэй холбоотойгоор МАН-ын зарим гишүүд ээлжит бус чуулган зарлах хүсэлт гаргасан. Таны хувьд уг асуудлаар нээлттэй сонсгол зарлана гэхэд дэмжиж гарын үсэгээ зурсан байсан. Тэгэхээр ээлжит бус чуулган зарлахыг ч мөн адил дэмжиж байгаа гэж ойлгож болох уу?

-Уг асуудлаар нээлттэй сонсгол зарлана гэхэд 19 гишүүн гарын үсэг зурсан. Миний бие ч гарын үсэг зурсан. Учир нь “60 тэрбум”-ын асуудлыг шийдвэрлэж, нэг талд нь гаргахгүй бол болохгүй. Улс төрийн том хүчний хувьд сонгуульд олон орно. Энэ бүрт байнгын дагаж явдаг нэг сүүлтэй байж болохгүй. Тиймээс цэгцлэх ёстой. Мөн уг асуудал босохоос хэдхэн хоногийн өмнө Эрдэнэтийн томоохон томилгоонууд явагдаж эхэлсэн. Үүнийг дагаад намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эсрэг “Хоёр дахь 60 тэрбумынхан гарч ирлээ” гэдэг хар пиарыг хийж эхэлсэн. Энэ утгаараа хар пиар МАН-ыг байнга дагаатай явах нь гэдэг өнцгөөс харж нээлттэй сонсгол хийж нэг талд нь гаргах ёстой гэж үзсэн. Харамсалтай нь нээлттэй сонсгол хийсэнгүй. Гишүүдийн тоо нэмэгдсээр өнөөдөр 26-д хүрчихлээ. Ээлжит бус чуулган зарлах асуудлыг УИХ-ын даргад барьчихсан байна. Хуулиараа нийт гишүүдийн 1/3 нь ээлжит бус чуулган зарлахыг зөвшөөрсөн тохиолдолд хуралдуулах ёстой. Тиймдээ ч ээлжит бус чуулган зарлаж хуралдуулаад асуудлаа цэгцлээд явах ёстой л гэж хүлээж байна.

-УИХ-ын даргыг унагах улс төр яваад байна уу гэх хардлага байна. Та юу гэж харж байна вэ?

-Хэн нэгнийг унагах улс төр гэх үүднээс харахгүй байна. Ер нь бол улс төрийн нам, хүчин өөрөө эмх цэгцтэй, шударга, зарчимтай, цэвэр, ил тод явах учиртай. Цэвэр явах ёстой гэдэг үүднээс 60 тэрбум ч юмуу, аливаа дагасан том асуудлаас цэвэрлэгдэх шаардлагатай. Нөгөө талаас бид нийгэмд шударга ёсыг бий болгоно гэж олон ч удаа зарлаж, хашхирсан. Хоёр жил гаруй хашхирлаа. Олон асуудлууд шийдвэрлэгдээгүй байж байна. Эрдэнэтийн 49 хувийг хууль бусаар авсан. Би ажлын хэсэгт нь байсан учир мэдэж байна. Бондууд болоод Монголбанкны 14 их наяд төгрөг хэвлэсэн гэх асуудлууд байна. Энэ мэт Монгол Улсын эдийн засгийг хямралд оруулсан хууль тогтоомж зөрчсөн асуудлуудыг шийдвэрлээд явахгүй бол манай улсад шударга ёс гэж байхгүй болно. Дээрээс нь МАН энэ нэрийг зүүгээд явах юм бол цаашдаа ард түмэнд хүндлэгдэхгүй. Намаар дагаж төрийн эрхийг барина гэсэн Үндсэн хуульд заасан эрхийг хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдалд хүрнэ. Хүмүүс намыг үзэн ядаж байна. Бид Үндсэн хуулиа өөрчлөөд намаар дамжиж төрийн эрхийг бариулахыг болиулчих хэрэгтэй.

Тэгэхээр өнөөдөр нэгэнтээ Үндсэн хуулиар заасан энэ эрх нь байгаа учраас үүнийг хэрэгжүүлэхийн тулд үүргээ биелүүлж, нэрээ цэвэр авч явах ёстой юм.

-Та “Эрдэнэс Таван толгой компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн буюу 20 орчим сая ам.долларын өртөг бүхий нүүрс алга болсон талаар мэдээллэж байсан. Мөн энэ асуудлыг АТГ-т шалгуулахаар хандсан. Нүүрсийг хулгайлсан гэх этгээдийг олж тогтоосон болов уу?

-“Эрдэнэс Таван толгой” компанийн лицензтэй талбайгаас 268 мянган тонн нүүрс алга болсон талаар би зарласан. Нүүрсний хулгайтай холбоотой асуудал одоо цэгцэрч байгаа. Би хашхирч, исгэрч, шоуддаг хүн биш. Асуудал байвал нэг мөр гаргаж тавих ёстой. Хууль хяналтын байгууллагад хандаж шийдвэрлүүлэх шаардлагатай. Би энэ л үүргээ биелүүлсэн. Би энэ асуудлыг хоёр өнцгөөс л харж ярьж байгаа. Монголын ард түмний өмчөөс нэг ч төгрөг алга болох ёсгүй. Үүнийгээ би хэрэгжүүлнэ. Мөн Өмнөговь аймгийн ард түмний өмч болох орон нутгийн Таван толгой өрөнд орох ёсгүй. Хоёр Таван толгойн хооронд гэрээ байгуулсан. Тэр гэрээнд 268 мянган тонн нүүрсийг манайх авчээ, үүнийг бид төлнө гээд гэрээ байгуулчихсан байгаа. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн. Хэн авсан нь тогтоогдоогүй байхад хоёр захирал энэ асуудлыг шийдэж болохгүй. Тийм учраас энэ асуудлыг шийдэхийн тулд хууль хяналтын байгууллагуудад хандсан. Одоо энэ хэргийг шалгаад дуусаж байгаа. Өнөөдрийн байдлаар Мэргэжлийн хяналтын газар 340 орчим тонн нүүрсний асуудлыг гаргаад ирчихсэн байгаа. Ямар аж ахуйн нэгж авсан нь ч бас тодорхой болж байх шиг байна. Мөн орон нутгийн Таван толгойг өргүй болгосон. Өр төлөх ч ёсгүй. Гэрээ хийсэн хариуцлагатай этгээдүүд гэрээгээ цуцлах ёстой. Өмнөговийн ард түмнийг хамгаалж авч үлдлээ. Нөгөө талдаа Монголын ард түмнээс хулгай хийсэн өмчийн эзнийг тогтоож байна. Миний үүрэг энэ л байна. Бусдаар энэ асуудлаар попроод, улс төр хийгээд байх шаардлага байхгүй.

268 мянган тонн нүүрс хулгайлсан эзэн тодорхой болсон гэлээ. Нэрийг нь зарлаж болох уу?

-Төрийн байгууллагууд нэр усыг нь гаргачихсан. Одоо хууль хяналтын байгууллагууд эцэслэнэ. Тэр болтол хэн нэгний нэрийг зарламааргүй байна. Гэхдээ төрийн байгууллагуудын актуудыг эцэслэсний дараа би нэрийг нь ил тод зарлана. Улстөрд орж ирсэн шинэ тутам гишүүд баримтан дээр тулгуурлаж ярих хэрэгтэй, попрохгүй л гээд байгаа шүү дээ. Зарчмын хувьд цаасан дээр гарсан тамга тэмдэгтэй, гарын үсэгтэй зүйлийг л би олон нийтэд хүргэж, үүргээ биелүүлнэ.

-Намрын чуулганаар ямар төслүүд дээр ажиллахаар зэхэж байгаа бол?

-Намрын чуулганаар хувь гишүүний зүгээс хэд хэдэн хуулийн төслийг бэлтгэж, хэлэлцүүлгийн шатандаа явж байна. Нэгдүгээрт, газрын хэвлийн усыг ашиглах эсэх асуудал дээр хуулийн төсөл хийгээд явж байна. Би говиос сонгогдсон гишүүн. Говь нутагт ус хамгийн их хомсдолтой байгаа. Говиос ус хэрэглэж, том төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ гэдэг боломжгүй. Иймд хангай нутгаас ус татах томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэрэгжүүлэх хэрэгтэй. Энэ үүднээс уг хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Хоёрдугаарт, хайгуулын лицензтэй холбоотой хуулийн төсөл юм. Лицензний наймаа гэж их яригддаг. Цүнхэндээ цаас хийж аваачаад л их үнээр зардаг байдал бий болоод байгаа. Энэ нь ард иргэдийг их бухимдуулж байгаа учир хайгуулын лицензийн асуудлыг хязгаарлах, цаашлаад өгөхгүй байх зэрэг асуудлуудыг тусгахаар судалж байна. Ямар ч байсан үүнийг бид хязгаарлаж, цэг тавьж, хариуцлагыг нь өндөржүүлэх ёстой. Мөн Ашигт малтмалын хуулин дээр өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Нийгмийн хариуцлагыг бий болгох ёстой юм. Уурхайг ашиглаж байх явцдаа нөхөн сэргээлт хийх, тухайн нутаг дэвсгэрт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн нийгмийн асуудлыг шийдэх зэргийг хуулиар зохицуулж өгөх шаардлагатай байна. Тэгэхгүй бол ард иргэд бослого гаргасаар л байх болно. Нийгмийн асуудал нь шийдэгдэхгүй, амьдрах орчин нь сайжрахгүй байхад бухимдхаас өөр яах билээ. Ямартаа ч дээрх гурван хуулийн төслийг өргөн барихаар судалж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Амьдралын ухаарал сэхээрэл, танин мэдэхүйг өгүүлэх Алхимич

Пауло Коэльогийн “Алхимич” номыг энэ удаагийн ном ярьж өгье буландаа онцолж байна. Хэдэн сар дараалан номын дэлгүүрүүдээр бестселлер болоод байсан уг бүтээл нь дэлхийн сонгодог уран зохиолын санд багтдаг, хамгийн олон хэлээр орчуулагдсан орчин цагийн өнгө аясаар бичигдсэн зохиол билээ. Зохиолын гол баатар Сантьяго бол хоньчин залуу. Тэрээр өөрийн эх орон болох Испани улсыг орхин хаа холын аялалдаа гарна. Зарим хэсэгт нь хонио тууж, цөхрөнгөө барахдаа замдаа хонио зарж, эрдэнэс олж авна. Эргээд хонь л түүний хань нөхөр болохыг ойлгож, дахин хонь худалдан авна. Сайн муу, сайхан муухай олон хүнтэй тааралдан нөхөрлөж, адал явдалтай аян замын сонин хачинтайгаар зохиол өрнөдөг. Тодруулбал, тэрээр Африк тивийн баруун хойд өнцгөөс Египетийг зорьж Сахарын элсэн цөлийг гатлан явахдаа хүн аливаа зүйлийг хүсэх юм бол орчлон хорвоо хүртэл тусалдаг, болохгүй зүйл гэж байдаггүй болохыг ухаарна. Угаас энэ номыг нэрлэсэн “Алхими” гэдэг нь хүн аливаа зүйлсийн бүтцийг ойлгож, түүнийгээ задлаад дахин бүтээдэг шинжлэх ухаан гэнэ. Холын мөрөөдөл хүнд олон зүйлийг таниулдаг. Амьдрал бол танин мэдэхүй, аялал, адал явдал юм гэдгийг зохиолд тусгажээ. Энэ номыг уншсанаар, амьдралд сайн муу зүйлд тохиолдоно, алдаж бас ононо. Хүмүүний амьдралд алдаа оноо бол зүгээр л байх ёстой зүйл гэдгийг ойлгуулна. Бас хэн нэгэн хүнд мэхлэгдэн хууртагдсан байлаа ч тэвчээртэй байвал юуг ч алт болгон хувиргаж болно хэмээх санааг илэрхийлжээ. Тодруулбал, Сантего өөрийн алдсан алдаагаар дараагийн ололтыг олж, ойлгоогүйгээ ухаарч, сайн хүнийг сургаалийг сонсдог. Ер нь юунд ч тэгтлээ битгий яар, болох ёстой зүйл болдгоороо болно, идэх цагаа болохоор ид, явах цагаа болохоор яв. Юм бүхэн цаг хугацаатай гэдгийг өгүүлсэн байна. Бид амжилтад хүрэхээр явж байх үедээ зарим чухал деталиудыг алгасдаг. Заримдаа бидний хайгаад олоогүй зүйл хажууханд минь байдаг. Эхлээд бид дотоод зохицлыг олж авсны дараа материаллаг зүйл рүү тэмүүлэх хэрэгтэй.Бид бүгдэд хүсэл мөрөөдөл, зорилго хэрэгтэй. Өөрийн хийж буй зүйлдээ үнэнч шударгаар тэмүүлж буйгаа мэдэж байгаа үед бидний ирээдүй илүү гэрэл гэгээтэй болдог.Та ямар нэгэн цэгт хүрэхээс өмнө маш олон азгүйтэлтэй учрах хэрэг гарна. Эдгээр боломжуудад талархах хэрэгтэй. Та тэдгээр азгүйтлүүдийг хүсэж буй зүйлдээ хүрэх хаалга гэж бод. Та зүгээр л тэдгээр хаалгаар орж, зорилгынхоо дараагийн хэсэг рүү нэвтэрч байна гэсэн үг. Азгүйтэлтэй тулгараагүй бол амжилтад хүрэхгүй гэх мэт сайхан санаануудыг ухаалгаар зохиолд тусгажээ.

Categories
мэдээ цаг-үе

​Шинэ цэвэрлэх байгууламжийг барихдаа Францын ТЭЗҮ-ээр хийнэ

Ерөнхий сайд Хятадад айлчлах үеэрээ тус улсын Экзим банкны 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр шинэ цэвэрлэх байгууламж барих гэрээг байгуулсан. Зундаа өмхий үнэрт дуниартах нь холгүй суудаг улаанбаатарчуудад үүн шиг сайхан мэдээ үгүй. Нийслэлчүүдэд хүлээлт үүсгээд буй уг ажлыг Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан ахалсан. Бүр тэрээр хар толгойгоороо хариуцаж байгаа. Учир нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Бид нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, барих талаар их удаан ярилцсан. Одоо бодит ажил болгох цаг ирсэн байна. Ярих бус ажилдаа оръё. Цаашид энэ ажлыг Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделхан та хар толгойгоороо хариуцан ажиллана” хэмээн үүрэгдсэн билээ.

Төв цэвэрлэх байгууламжийг барихад 2-4 жилийн хугацаа шаардагдана гэж Хятадын талаас мэдэгдсэн. Шинэ цэвэрлэх байгууламжийг барихдаа өмнөх буюу Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн боловсруулсан Төв цэвэрлэх байгууламжийн ТЭЗҮ-ийг ашиглах гэнэ. Харин Хятадын тал өөрсдөө шинээр дахин ТЭЗҮ хийх саналтай байгаа гэх мэдээлэл байна. Хэрэв энэ үнэн бол хотынхны шинэ Төв цэвэрлэх байгууламжтай болж, өмхий үнэрээсээ сална гэх хүсэл биелэхэд дахин багагүй хугацаа шаардагдах бололтой. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулахад “Шинэ Төв цэвэрлэх байгууламж өмнө нь яригдаж байсан ТЭЗҮ-ээр хийгдэнэ. Францын “Артелиа Вилл энд транспорт” ХХК-ийн боловсруулсан ТЭЗҮ-ээр хийгдэнэ гэсэн үг. Энэ бол олон улсад алдартай компани. ТЭЗҮ-ийн хувьд дэлхийн стандартын шаардлага хангасан. Одоогоор ажлыг гүйцэтгэх компани шалгаруулж байгаа. Тун удахгүй ямар компани Төв цэвэрлэх байгууламжийг барих нь тодорхой болно. Гүйцэтгэгч компанийг сонгочихвол ажил эхлэхэд бэлэн” гэв. Мөн Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Шинэ цэвэрлэх байгууламжийн ажил хугацаандаа хийгдэнэ” хэмээн цахим хуудаснаа жиргэжээ.

Төв цэвэрлэх байгууламжийг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээрбарьж байгаа тул тус улсын компани гүйцэтгэлийг хийх аж. Тиймдээ ч Хятадын компаниудын дунд хаалттай тендер зарлагдаж байгаа гэнэ. Цэвэрлэх байгууламж барих үед Мянганы сорилтын сангийнхан буцалтгүй тусламжаар цэвэрлэсэн усыг дахин боловсруулах тоног төхөөрөмж суурилуулж өгөхөөр болжээ. Энэхүү төхөөрөмжийн тусламжтайгаар Төв цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин боловсруулан “ДЦС-3”, “ДЦС-4”-т нийлүүлэх боломжтой юм байна. Мөн шинэ цэвэрлэх байгууламжийн хувьд хоногт 250 метр.куб бохир ус хүлээн авах хүчин чадалтай байх давуу талтай аж. Ямартай ч шинэ цэвэрлэх байгууламжтай болсноор нийслэлийнхэн ойрын 30 жилдээ айх айдасгүй байж болох юм байна. Төв цэвэрлэх байгууламж нь 1964 онд ашиглалтад орсон. Хоногт 160-190 мянган метр.куб ахуйн болон үйлдвэрийн бохир ус хүлээн авч цэвэрлэдэг. Гэсэн хэдий ч лаг боловсруулах байгууламж байхгүйгээс шалтгаалж хоногт 1000-1200 метр.куб буюу 10 тонны даацтай машинаар өдөрт 100 удаа зөөх хэмжээний нойтон лагийг ил талбайд усгүйжүүлэн хатаадаг юм байна. Үүнээс үүдэн 900 мянган метр.куб лаг хуримтлагдан байгаль орчин, агаар, хөрс бохирдуулж, иргэдийн эрүүл мэндэд ноцтой нөлөөлсөөр байгаа ажээ.

Тэгвэл шинэ Төв цэвэрлэх байгууламж барих хүртэл өмхий үнэрийг хэрхэн дарах талаар Барилга хот, байгуулалтын сайд Х.Баделханаас тодруулахад “Үнэр байхгүй болсон. Одоо Төв цэвэрлэх байгууламжийг барих хүртэл гарч байгаа усыг стандартын шаардлага хангасан байлгахын тулд цэвэрлэх байгууламжид багагүй шинэчлэл хийж байгаа. Тиймдээ ч гарч байгаа усны чанар сайжирч байгаа гэж ойлгож болно. Хоёрт, Японы компанитай гэрээ хийсний дагуу 50 жил хадгалагдсан лагийг хар бордоо болгож байна. Одоо бол үнэр дарагдаж байгаа. Хуучин шиг үнэр байхгүй болсон. Гэхдээ тэр хавьд маш олон арьс ширний үйлдвэр байдаг юм билээ. Тэдгээрийг нүүлгэхгүй бол үнэр бүрэн дарагдахгүй” гэсэн юм.

Төв цэвэрлэх байгууламжийн үнэргүйжүүлэх ажлыг дөрөвдүгээр сараас эхлэн эрчимжүүлжээ. Одоогоор төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орсноос хойш буюу 50 гаруй жилд хуримтлагдаад байсан 250 мянган метр.куб хур лагийг биологийн аргаар үнэргүйжүүлж, бактераар хоргүйжүүлэн бордоо болгон хувиргах ажил хийгдэж эхэлжээ. Япон эрдэмтдийн гаргаж авсан энэ бактерийг Япон монголын хамтарсан компаниуд хамтран үржүүлж, агаарт дэгдэх үнэр, орчинд тархах халдварыг устгах ажлыг гүйцэтгэж байгаа юм байна. Уг ажил тавдугаар сарын 22-ноос эхэлжээ.

Энэ талаар “Эко тайхи” компанийн гүйцэтгэх захирал Ш.Ганчимэг “Эко энергийн систем” компани манайхтай хамтарч энэ ажлыг хийж байгаа. Хоккайдогийн их сургуулийн эрдэмтэд, судлаачид уг бактерийг гаргаж авсан. Энэхүү бактери нь Японы маш олон газар туршигдсан байдаг. Фүкүшимагийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн нөлөөгөөр үүссэн хөрсний бохирдлыг уг бактериар цэвэрлэсэн юм. Ингэхдээ хамгийн хортой цацраг идэвхт бодисуудыг багасгасан туршилт бий. Төв цэвэрлэх байгууламж дээр дээрх бактерийг ашигласнаар үнэр эрс багасч байгаа.

Бид энэхүү бактерийг ашиглахдаа нэн тэргүүнд үржүүлдэг. Үржүүлэх процесс нь маш нарийн. Технологийн дагуу хийхгүй бол бактери дахин үрждэггүй. Үртэс, модон материал дээр сайн үрждэг. Иймд бид үртсэнд энэхүү бактерийг үржүүлж байгаа. Ойгоо цэвэрлэж бас үнэрээсээ салж байгаа давуу талтай. Лаг эргээд бордоо болно. Бордоог цаашид яах талаар судалгаа шинжилгээг давхар хийгээд явна. Ямартай ч ойн болон уул уурхайн нөхөн сэргээлтэд бүрэн ашиглах боломжтой байх болов уу гэж харж байна” гэлээ.

Түүнчлэн Төв цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлэлтийн хувийг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хоёр тунгаагуур, био цөөрөм барьж байгаа юм байна. Ингэснээр Төв цэвэрлэх байгууламжийн цэвэрлэгээний түвшин дээшилж, Туул голд нийлүүлэгдэх усны чанар сайжрах үр дүнтэй гэнэ. Хур бороо ихтэй байгаагийн улмаас хоногт цугларах бохир усны хэмжээ 200 мянган тонн давах болсон талаар ч албаныхан онцолсон. Мөн бохир усны цэвэршүүлэлт 75-85 хувьтай байгаа гэсэн.

Ямартай ч холбогдох албан тушаалтнуудын хэлж байгаагаар цэвэрлэх байгууламжаас гарах эвгүй үнэр тодорхой хувиар буурч байгаа аж. Энэ талаар “Ногоон титэм” лабораторийн эрхлэгч, химич Б.Алтангадас “Бидний зүгээс Төв цэвэрлэх байгууламжийн үнэрт шинжилгээ хийж байгаа. Янз бүрийн үнэрт бодисуудыг агаарт ямар хэмжээгээр дэгдэж байгаа эсэхийг бид шинжилж байгаа юм. Бид эцсийн дүгнэлтээ арваннэгдүгээр сард хүлээлгэж өгнө. Урьдчилсан дүгнэлтээр цэвэрлэх байгууламжийн үнэр 30-50 хүртэлх хувиар буурсан.

Ерөнхийдөө агаарт дэгдэж буй бодисууд бидний биед нөлөөлж, шууд өвчлөл үүсгэх нь харьцангуй бага. Гэхдээ удаан хугацаагаар дотор нь ажиллаж байгаа, ойр орчимд амьдарч буй хүмүүсийн төв мэдрэлийн систем, зүрх судаст нөлөөлж болохуйц бодисууд ялгарч байгаа” гэлээ.

Тэгвэл Төв цэвэрлэх байгууламжийн үнэр буурсан эсэх нь иргэдэд хэрхэн нөлөөлж байгаа талаар иргэдээс тодрууллаа. Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны иргэн Х.Оюунаа “Цэвэрлэх байгууламжийн үнэр өглөө, оройдоо бол заавал үнэртдэг. Үнэртэж байх үед л цонхоо онгойлгоно гэж саналтгүй л байдаг юм. Гэхдээ багассан байж болох талтай. Өмнө нь зарим тохиолдолд цонх, тагт бүгд хаалттай байхад ч үнэртээд байдаг байсан. Ойрд угаартуулах шахам үнэртэх нь гайгүй л байна. Ер нь нэг мөсөн арилчихвал муухай үнэр ороод ирэх вий нялх хүүхдэд маань муугаар нөлөөлчих вий гэж санаа зоволтгүй л цонхоо дэлгээд байж баймаар санагддаг. Энэ үнэрээс болж цонхоо дураараа нээж чаддаггүй гэсэн үг шүү дээ. Зундаа цонхоо онгойлгох эрхгүй, өвөлдөө утаа, өмхийнд дарагдана гэдэг хүсээд байх зүйл биш. Тэр зовлонг төв цэвэрлэх байгууламжтай ойр байдаг, үнэр нь салхинд ирж үнэртдэг айл өрхүүд сайн мэднэ дээ” гэж ярьлаа.

Харин Хан-Уул дүүргийн тавдугаар хорооны иргэн Н.Ганцэцэг “Манайх яармагийн буудлын ойролцоо учир цэвэрлэх байгууламжийн үнэр үе үе л үнэртдэг. Заримдаа бүр айхтар үнэртэнэ. Ямар тохиолдолд тэгж их үнэртдэгийг сайн хэлж мэдэхгүй л байна. Төв цэвэрлэхийн үнэр буурсандаа биш салхи, хаанаас байна гэдэгтэй л холбоотой болов уу. Яахав бага ч гэсэн буурч байгаа нь сайшаалтай л юм. Гэхдээ бид заавал өмхий үнэртэж, тав тухтай амьдрах боломжоо алдах ёсгүй шүү дээ. Төв цэвэрлэх байгууламжтай ойр амьдардаг нь бидний буруу биш гэдгийг төр, засгийнхан ойлгох хэрэгтэй” гэв.

Хэдий шинэ цэвэрлэх байгууламж барих хүртэл үнэрийг дарахаар дор бүрнээ анхаарал хандуулж байгаа ч шинээр барихаас нааш үнэр бүрэн дарагдах эсэх нь эргэлзээтэй. Хэрэв Төв цэвэрлэх байгууламж барих компаниа энэ хавартаа багтаан Хятадын талыг сонгуулчихсан бол зуны дэлгэр цаг гэж налайн суулгүй барилгын ажлаа эхлүүлчих боломж бидэнд байсан. Ингэж чадвал үнэр дарах гэж зовж суух цаг багасах нь ойлгомжтой. Нэгэнт л хоёр улс Төв цэвэрлэх байгууламж барихаар сэтгэл шулуудсанаас хойш яаравчлах нь зүйтэй юм. Иймд хар толгойгоороо хариуцсан салбарын сайд маань дахин нэг анхаарах нь зүйтэй болов уу.

Categories
мэдээ цаг-үе

​Монголоороо гоёдог Ш.Гүрбазарынх

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, нэрт сэтгүүлч, хөтлөгч Шагдарсүрэнгийн Гүрбазарынд өнжлөө.Тэрээр эхнэр, бага охины хамт 13 дугаар хорооллын “Шинэ зуун” хотхонд амьдардаг юм байна. Цай, цүү болох зуур түүний нутаг ус, ижий аавынх нь тухай асуухад “Би Дорноговь аймгийн Алтанширээ суманд төрсөн. Хүний ганц хүү юм.

Миний аав ерийн нэг манаач хүн байлаа. Би “Хоршоо Дэрэм” шүлгээ аавдаа зориулж бичсэн юм шүү дээ. Ээж минь энгийн сайхан эмэгтэй байлаа. Ээждээ зориулж 40-өөд дуу хийсэн дээ” гэв. Тэрбээр зургаан настайдаа аймгийн төвийн хүүхэд болжээ. Улмаар аймгийнхаа арван жилийн сургуулийг 1973 онд дүүргэсэн байна. “Манай ангийнхан намайг дөрөвдүгээр ангидаа хийсэн ажлаа яг одоо ч хийсээр яваа гэж шоолдог юм. Би сургуульд байхдаа л шүлэг уншдаг хүүхэд байлаа. Уралдаан тэмцээнд их орно. 1969 онд Монголын Пионер сурагчдын урлагийн үзлэгт орж алтан медаль авч байв. Ленины мэндэлсний 100 жилийн ойгоор юм байна.Тэр үеэсээ хойш л өнөөг хүртэл энэ зам мөрөөр явна даа” гэсэн юм.

Түүний гэргийг А.Мөнхцэцэг гэдэг. Тэд хорвоогийн жаргал, зовлонг хамтдаа туулаад хэдийнэ 47 жилийг ардаа орхижээ. “Би наймдугааар ангидаа эхнэртэйгээ танилцсан. Эхнэр маань тэр үед долдугаар ангид байлаа. Танилцсаныхаа дараа жил нь гэхэд нэг гэрээс хичээлдээ явдаг болцгоосон доо. Ханьтайгаа танилцаад хагас зуун жил болоход гурван жил л дутуу байна” хэмээн гэрийн эзэн ярьлаа. 47 жил байтугай дөрөв тавхан жил ч бололгүй үр хүүхдээ өнчрүүлээд салдаг хүмүүс олон. Тэгвэл энэ урт хугацааг хамтдаа туулахдаа ямархан ухаан зарав гэдгийг түүнээс асуухад “Ер нь хүн өөрийнхөө хийж байгаа зүйл, туулж ирсэн амьдралаа эргэцүүлэхгүйгээр урсгалаараа явна гэж байдаггүй. Яагаад энэ хүртэл хамтдаа явав гэдгээ бодож байсан. Гэр бүл салж сарнихгүй байхад нөлөөлдөг хоёр зүйл байдаг юм байна лээ. Юу вэ гэхээр, хосууд гэр бүл болно гээд нэгэнт л шийдчихсэн бол аль аль талынх нь ээж, аав хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Тэгж чадваас цаашид урт удаан он цагийг туулдаг. Ухаандаа манай аав намайг найз охинтой болжээ гэж сонсоод эхнэрийн маань аавынд давхиж очсон байгаа юм. Ингээд хоёр тал ч мэдэж, дэмжээд ирэхээр хүүхдүүд улам л хөөрч догдолж гүйнэ шүү дээ. Хүүхдүүдийг бага дээр нь танилцуулж, түүнийг нь дэмжиж хөөргөж байгаадаа гол нь биш. Нэгэнт л танилцаад ирсэн бол тэр амьдралыг дэмждэг, хүндэлдэг байсны илрэл. Ийм хүндлэлээр гэр бүлийн амьдрал нэг хэсэг явна. Түүн дээр өөрсдийнх нь бие биеэ хүндлэх ухаан нийлэхээр цаг хугацаа болдог байх. Одоо бол удам судар, ар талыг харна, сургууль соёлоо төгсчихөөд бол гэнэ. Урьд нь ингэж сонжиж, тандах бус яг л монгол хүний сайхан сэтгэлээр ханддаг, хүлээн авдаг байж. Бид үүнийг үр хүүхэд, хойч үедээ бодмоор санагддаг. Дээрээс нь гэр бүлийн хүмүүс сонирхол, хүсэл эрмэлзлэл нэг байвал харилцаа бат бөх байдаг. Ер нь тэгээд үндсэндээ хайр л юм даа. Өөр юу ч биш. 47 жилийн өнгөн дээрээс харахад ийм л зүйлийг хэлэх байна” гэв.

Түүний гэргий мөн л адил УБИС-ийн Утга зохиолын багшийн ангийг дүүргэсэн нэгэн. Тэрээр Анагаахын их сургуульд анхлан суралцаж байсан ч Ш.Гүрбазар өөрийнхөө сургуульд оруулчихсан гэнэ. Энэ тухай тэрээр “Амьхандаа хардсан бас хажуудаа байлгах гэсэн хэрэг. Би нөлөө бүхий оюутан байсан болохоор ярьж байгаад өөрийнхөө сургуульд оруулчихсан юм. Гэхдээ манай эхнэр эмч болсон бол тун сайн эмч байх байсан болов уу. Их мэдрэмжтэй хүн дээ” гэлээ.

Эднийх хоёр охинтой. Том охин нь МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг төгссөн. Англи хэлтэй. Мөн ХБНГУ-д Утга зохиол, телевизийн рекламын зохиолч найруулагчийн чиглэлээр сургууль төгсжээ. Одоо хань, хоёр хүүхдийн хамт Германд ажиллаж, амьдардаг байна. “Хүргэн маань их сайн хүү бий. Манайх хоёр хөөрхөн зээтэй болсон. Тэндээ нэг хэсэг болно байх. Охин маань зохиол бичихээр оролдож байгаа шүү. Харин бага охин Италийн Ромд олон улсын харилцааны чиглэлээр сургууль төгссөн. Цаашдаа үргэлжлүүлэн сурна. Бага охин удахгүй хань ижилтэй болно байх. Чимээ чагнаад л сууж байна” гээд Ш.Гүрбазар гуай инээмсэглэлээ.

Аав, ээж болно гэдэг магад хүн болсны утга учир гэлтэй. Тиймдээ ч үрийн зулай үнэрлэсэн хэн бүхэн баяр жаргалыг мэдэрч, илүү ихийг хийж бүтээх эрмэлзлэлээр хөглөгддөг биз ээ. Түүний аав болж байсан тэрхүү гэгээн мөчийн түүхийг асуухад “Би 1977 онд том охиноо өлгийдөж авч байлаа. УБИС-аа төгсчихөөд Монголын зохиолчдын хороонд аман зохиолын сурталчилгааны чиглэлээр ажиллаж байсан үе. МЗХ-ны даргын машинтай эхнэрээ эмнэлгээс нь гаргасан юмдаг. Бас болоогүй Чингис хааны одонт, найруулагч Г.Мэнд-Ооёо, Үржингийн Хүрэлбаатар, Төрийн сүлд зохиосон Ц.Ойдов, гавьяат Ж.Саруулбуян, Л.Мягмарсүрэн гээд манай галынхан гэж ярьдаг даа, хэдэн найрагчидтайгаа хамт хань, охин хоёроо эмнэлгээс гаргаж байлаа. Их бэлгэшээлтэй санагддаг юм. Тиймдээ ч том охин минь утга уран зохиолд татагддаг байх. Аав болох сайхан. Хүүхдээ хараад хүн эхлээд өөрийгөө л эрдэг юм билээ. Би 22 настай аав болчихоод “Хорин хэдтэй зовлон үзээгүй залуу ч гэлээ

Хорвоод хүний эцэг болоход өөр юм

Бүрий хөлхөх үдшээр бүүвэй аялдаг боллоо

Айдсыг нь аргадах гэж дуугаан зөөллөж

Аясхан шөнөөр үлгэр зохиодог боллоо” гэж бичиж байсан. Хүний ганц хүү учраас өнөр өтгөн байх их сайхан санагддаг. Одоо эхнэр бид хоёр тав, зургаан хүүхэдтэй болдог байж гэж ярьдаг юм. Тухайн үед хоёулаа ч төрийн ажилтай байж. Бас эхнэр минь хүүхэд олсон цагаас төрөн төртлөө л хордлого өгдөг. Тиймээс ч халширсан тал бий байх” хэмээв.

Ш.Гүрбазарын бүтээл туурвилын хамгийн анхны уншигч нь түүний гэргий аж. Уншигчийн нүдээр харж зөвлөгөө өгөх нь ч бий гэсэн. Гэргий А.Мөнхцэцэг “Мэргэжил нэгтэй учир зөвлөгөө өгнө шүү. Сайн шүүмжлэгч, редактор нь. Мөн орчин үеийнхээр бол улаан фен нь. Тэр нь ханийг минь их хөглөдөг байх гэж боддог. Намайг баярлахаар улам л хөглөгдөж бичдэг юм шиг санагддаг. Би бичүүлэх гэж онгироож, хөөргөж байгаа хэрэг биш л дээ. Үнэн сэтгэлээсээ баярлаж бахархаж байгаагаа л илэрхийлдэг. Бүх бүтээлүүд нь гайхалтай сайхан санагддаг” хэмээн ярьсан. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын дээр хэлсэнчлэн нэг хүсэл тэмүүлэл, сонирхолтой, эсвэл зорилго тэмүүллийг нь хүндэлдэг байх нь амьдралыг бат бөх болгох нэг үндэс гэдэг нь түүний гэргийн ярианаас ч тод томруун харагдаж байлаа. Мөн тэрээр “Би ханьтайгаа хамт байсан 47 жилийн амьдралаараа ном хийх гэж байгаа. Алдаа оноо, ололт амжилт бүгдийг нь багтаасан ном байх юм. Тэндээс залуучууд маань бие биеэ уучлах нь ямар чухал болохыг харж болно” гэв.

Энэ тухайд гэрийн эзэн “Манай эхнэр надад нодлин 100-аад хуудас материал үзүүлдэг юм байна. Танилцсанаасаа эхлээд одоог хүртэл бүгдийг бичжээ. Сайн муу, сайхан муухай цөм тэнд байна. Миний алдаа оноо ч тэнд бичигджээ. Хүн л юм чинь цэвэр цэмцгэр яваагүй үе надад бий. Хамгийн чухал нь тэнд Монголын зохиолчдын 40-өөд жилийн түүх гарч ирж байгаа. Б.Лхагвасүрэн ах,С.Гэндэн, Д.Намдаг гуай, Б.Бадар-Ууган, Ц.Чинзориг гэх мэт хүмүүсийн талаар уншиж болохоор байна. Их

сонин юмнууд байгаа юм. Ном болгох хэрэгтэй. Энэ бол сэтгүүл зүйн л нэг жанр шүү дээ. Мэдээж манай үзэгчид ухаантай учир нөхрөөрөө бичүүлсэн гэж хэлэхгүй байх. Би юунд нь ч оролцохгүй” хэмээн өгүүлсэн.

Гэрт нь байх хуучны морин хуур түүний аавын талаас өвлөгдөн иржээ. Мөн аавынхаас нь ирсэн эрээн авдар гэрийн эзний хайрлан нандигнадаг зүйлсийн нэг. “Хоёр эрээн авдартаа хайртай. Битүүний орой манай хоёр авдар илүү өнгө орчихсон шиг санагддаг юм. Сонин шүү. Бас манайд нэг тун ховор зураг бий. Би IX Богдыг тодруулахад явсан юм. Тэрээр IX Богдоор тодорсныхоо дараа Далай багштай авхуулсан зургаа надад дурсгасан нь одоо ч хадгалагдсаар байгаа”гэв. Бид ийн хуучилсаар түүний уран бүтээл рүү хэвийлээ. Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар Монголын үндэсний олон нийтийн телевизэд 40 жил ажиллажээ. Түүний 30 жилд нь Залуучууд, спортын редакцид ажилласан байна. “Энэ хугацаанд би тасралтгүй төрийн наадмыг хүргэх хүндтэй, хариуцлагатай үүргийг гүйцэтгэжээ. 15 жил нь морь тайлбарлаж, мөн төв цэнгэлдэхээс наадмаа шууд хүргэжээ. Энэ жилийн наадмаар ч тэр талбай дээрээс шууд тайлбарлалаа. Хүмүүс их сайхнаар хүлээж авсан. Наадамтай холбоотой уран бүтээлүүд надад цөөнгүй бий. “Дугуй хээтэй наадам” шүлэг гэхэд зохиогдоод 40 жил болсон байна. Агуу их Р.Чойном энэ шүлгийг минь магтаж байсан удаатай. Хоёр жилийн өмнө Балхаа бид хоёр “Миний монгол наадам” гэсэн сайхан уран бүтээл хийсэн. Энэ жилийн наадмаар их дуулагдаж байна. “Аварга зээрд”, “Толин хул” гэсэн морьдын тухай дуунууд ч цөөнгүй бий дээ” гэлээ. Түүний хувьд сүүлийн жилүүдэд зохиол бичихээр шамдаж байгаа аж. 2017 оны арваннэгэн сараас энэ оны гурван сар хүртэл Германд байх хугацаандаа “Бодь гөрөөсний зүүд” гэсэн шүлэглэсэн романаа туурвижээ. Энэ тухай тэрээр “Романаа улстөрч, лам, судлаач гээд төрөл бүрийн чиглэлийн хүмүүст өгч уншуулж байна. Бүгд ам сайтай байгаа. Ирэх намраас номын баяр хийх болно. Одоо хэдэн сайхан жүжгийн зохиол бичих хэрэгтэй байна. Ойрын хүсэл минь Ардын жүжигчин, Төрийн шагналт Н.Сувд гуайд зориулж жүжиг хийх. Үнэхээр агуу жүжигчин. Яг л Н.Сувд гуай тоглохоор тийм сайхан зохиол бичнэ. Ер нь хэн нэгэнд зориулж бүтээл туурвих тохиолдол байдаг шүү дээ. “Би Монголтойгоо адилхан” гэдэг шүлгийг дуу болж, “Хурд” дуулаасай, “Салхины хээг” Б.Сарантуяа, “Монголын үнэртэй салхи”-ийг С. Жавхлан дуулаасай гэж хийсэн юм” хэмээн хуучлав.

Түүний хувьд телевизэд ажилласан 40 жилийн туршлагадаа тулгуурлаж уран бүтээл хийхээр баримтат киноны “Үүлэн зардас” гэх бие даасан продакшнаа байгуулжээ. Иймд тун удахгүй ард түмний мэлмий, оюуныг баясгасан сайхан бүтээлүүдийг өргөн барих аж. Үүнийхээ хажуугаар залуу, хуучин гэлтгүй бүхий л уран бүтээлчидтэй хамтарч, дууны үгээ бичсээр байгаа юм байна. “Би дууны урлаг, жүжгийн зохиол, яруу найргаа орхихгүй л дээ. Бүгдийг нь хийнэ. Хийсээр ирсэн. Хийх ч болно” гэж ярьлаа. Ш.Гүрбазар гуай бол найр хурим, томоохон арга хэмжээ, тоглолтод хөтлөгчөөр уригддаг тун эрэлттэй нэгэн. Энэ их ажлыг хэрхэн амжуулдаг тухай нь сонирхоход “Л.Түдэв гуай яаж тэр олон зохиолыг амжуулж бичсэн юм бэ гэж хүнээс асуухад нэг гоё юм хэлсэн юм. Л.Түдэв гуай ажлаа амжуулахдаа их урт ширээ ашигладаг байж. Тэр урт ширээн дээрээ албан ажил, орчуулга, зохиол, эрдэм шинжилгээний ажил, шүлгийнхээ материалыг дэлгээд тавьчихдаг гэнэ. Тэгээд л ээлжлээд ажлуудаа хийдэг байсан хэрэг. Түүн шиг л ороод явчихаар амждаг юм. Дээрх ажлууд дээр арга хэмжээ хөтлөх ч нэмэгдэнэ. Ерөнхийдөө нэг л ажил л даа. Нэг сэдэв байлаа гэхэд “Хариулахгүй ч байж болно” гэдэг нэвтрүүлэг хийж болно, шүлэг, шүлэглэсэн роман, жүжиг болгож болно. Хэлбэрийг л өөрчилчихөж байгаа юм. Тухайлбал, миний “Хариулахгүй байж болно” нэвтрүүлэгт доктор С.Галсан гуай орохдоо “Ю.Цэдэнбал даргыг хойно хорионд байхад нь очсон юм. Уулзаад сууж байтал надад монгол бичгээр юм биччихсэн нэг цаас өгсөн. Тэр цаасаа надруу түлхчихээд нүдээ ирмэсэн. Тэр бичигт “Энэ өрөөн дотор улс төрийн тухай юу ч битгий яриарай” гэсэн байсан” тухайгаа надад ярьж байлаа. Энэ нэвтрүүлэг байгаад зогсохгүй шүлэг, маш том романы сэдэв ч байж болно. Тэгэхээр би энэ сэдэв юу байвал болох вэ гэж хуваадаг юм. Миний “Тэнгэрлэг оршихуй” нэвтрүүлэгт ирсэн захианууд надад их шүлгийн санаа өгсөн шүү” гэв.

Түүний хувьд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Бэгзийн Явуухулангийн алдарт “Тэхийн зогсоол” шүлгийг өөрөөр нь зарлуулж уншиж явсан азтай нэгэн. Ш.Гүрбазар “Би 1979 онд телевизэд орсон. Тэр нэвтрүүлэг 1982 онд гарсан юм. Манай алдарт сэтгүүлч Б.Дорж Б.Явуулхулан гуайн гэрт нь очиж хоёр цаг ятгасны эцэст нэвтрүүлэгтээ оруулахаар болсон юм билээ. Б.Явуухулан гуай нэвтрүүлэгт орохыг зөвшөөрөхийн зэрэгцээ “Тэхийн зогсоол”-оо Ш.Гүрбазараар уншуулаарай” гэсэн гэдэг. МЗХ-нд гурван жил хамт ажиллаж байсан учир намайг шүлэг уншдагийг мэднэ л дээ. Би ч түүн шиг сайхан хувь заяа гэж юу байхав гээд л баярлаж явсан цаг саяхан санагдана. Үйлдвэрчний соёлын төв ордонд тэрхүү нэвтрүүлэг болсон юм. “Тэхийн зогсоол”-ыг уншсаны дараа Б.Явуухулан гуай намайг үнсэж билээ. Дараа нь “Сайхан нэвтрүүлэг боллоо” гээд л тамхи татаад зогсож байсан нь тодхон байна. Түүнээс хойш их удалгүй бурхан болсон доо”гэж ярьлаа.

Ш.Гүрбазар 2005 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн гэх эрхэм цолыг хүртсэн. Шагнал авч байх үедээ нулимс дуслуулсан нь одоо ч ард түмний сэтгэлд тодхон. Тэр агшнаа эргэн нэг дурсахдаа “Дээр үед нэг хүнд Хөдөлмөрийн баатар цол өгөхдөө өмнө нь хэлэлгүй шууд ажил дээрээс нь очиж аваад, хувцсыг нь солиод шагналыг нь гардуулчихаж. Шагналыг нь Ю.Цэдэнбал дарга гардуулж гэнэ. Гэтэл өнөөх нөхөр шагнал авч байх үедээ ухаан алдаад уначихсан юм гэнэ лээ. Тэгтэл Ю.Цэдэнбал дарга “Та минь ээ, урьдчилж хэлж бай” гэсэн гэдэг. Түүн шиг л би гавьяат авах гэж байгаагаа огт мэдээгүй. Шагнал авсан өдөр минь долдугаар сарын 8-ны өдөр байсан юм. Нэг хүн намайг баярын рекламанд тоглоод өгөөч гэхэд нь тэр өглөө 7:30-д босчихсон дээл хувцсаа өмсөөд зогсож байлаа. Гэтэл Ерөнхийлөгчийн тамгын газраас та 10:50 минутад ирээрэй гээд ярьж байна. Надаар юм хөтлүүлэх нь гэж бодоод ах нь амжихгүй л гэлээ. Гэтэл шагнал авах тухай хэлдэг юм байна. Хүн их баярладаг юм билээ. Мэдээж би тэр шагналыг авах юм сан гэж боддог байсан. Мөрөөддөг байсан. Түүнийгээ ч би шагналаа авсны дараа хэлж байсан санагдана. Үүнээс гадна би 1997-1999 оны үед хоёр кино хийгээд түүнээсээ болоод бусдад сайн, муу хэлэгдэж жаахан ядарч үзсэн юм. Түүнийг минь монголын ард түмэн мэднэ дээ. Тэр тухайгаа ч бодсон. Хамгийн чухал нь ээж минь харж байсан бол гэж л бодсон юм даа. Миний ээж 99 онд бурхан болсон. Сайхан хүн байсан шүү” хэмээгээд нулимс дуслуулсан юм. Мөн тэрээр “Төрийн шагнал гэдэг сайхан. Хүнийг босгож ирдэг юм билээ. Сайн юм хийе гэж боддог болсон. Түүнээс хойш би маш их юм хийсэн. Хийж ч байгаа. Энэ төрд би өртэй. Би Монголынхоо тухай их дуулдаг хүн шүү дээ. Тал засах гэж Монголын тухай дуулаад ч байгаа юм биш. Энэ улсын найрагч нь байна даа, өдий зэрэгтэй явъя, дуугаръя гэж боддог учир тэр. Хийсэн бүтээлүүдээс маань хэллэгүүд гарч байгаад би дуртай болчихоод байгаа. “Самсаа борхирно”, “Дугуй хээтэй наадам”, “Дэлгэсэн тэрлэг шиг нутаг”, “Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан” гэх мэт үгнүүд хэллэг болж байна. Би цаашид ч Монголынхоо тухай илүү бичнэ” хэмээсэн юм.

Түүний хувьд Монголын урлагт 50 жил зүтгэжээ. Тиймдээ ч телевиз, драм, кино урлаг улам л хөгжөөсэй, битгий уначихаасай гэж боддог гэсэн. “Ний нуугүй хэлэхэд яг одоо манай нийгмийн сэтгэлгээ уначихаад байна. Нийгмийн сэтгэлгээ уначихсан байхад ямар ч өндөр эдийн засагтай байгаад улс хөгждөггүй. Нам болж, талцаж хуваагддаг байдлаа арилгачихвал улс хурдан хөгжинө. Нийгмийн сэтгэл унасан шиг оюуны, соёлын хөгжил доройтчихоод байна. Үүнийг хөл дээр нь босгох хэрэгтэй. Үгүй бол бид бүх түүхээ гаднынхнаас авна шүү. 10 жилийн дараа өмнөд монгол хүнээр нарийн зүйлсээ заалгадаг болохыг үгүйсгэхгүй. Нийгмийн сэтгэлгээ нь унаагүй орны ард иргэд аяга ус, зүсэм бяслагт оочерлож байхдаа ч хөгжчихсөн байдаг юм.

Иймд улс орон маш сайн боловсон хүчин бэлдэх нь чухал. Монголын урлагийн түүхийг би байгуулалцсан, өргөлцсөн. Тиймдээ ч улам сайхан байгаасай гэж хүсдэг. Би нэвтрүүлэг сайхан хөтөлж байгаа залуучууд руу залгаж баяр хүргэдэг юм. Зарим нь багшаа гэнэ. Залуучуудтай их ойрхон байдаг. Учир нь би нэг юм хийсэн байлаа гэхэд дараагийн үе нь илүү сайн хийх учиртай. 25-30 насны мэдлэг боловсролтой залуусыг эвдчихгүй л бол Монголыг авч явах мундаг залуус олон болсон. Үүнийг үгүйсгэж болохгүй. Тэднийг л дэмжих нь чухал байна” гэж ярьлаа. Тэрээр улс төр, ижий аавын тухай лекц унших бодолтой байдгаа ч хэлсэн юм. “Үрийнхээ нүдэнд ижий нь өтөлдөггүй гэж би хоёр цаг лекц уншиж болж байна. Лекц гэхээсээ илүү Гүрбазарыг сонсох үдэш гэж хэлж болох юм. Би зориг гаргаад хойтон мартын 8-аас өмнө заавал хийнэ. Нэг ч бай, нэг хэсэг хүн ирсэн ч бай хамаагүй хийх болно. Ер нь хийх юм маш их байна. Би тэмүүлэлтэй байх их дуртай. Нас бол тоо шүү дээ. Хүн сайхан юм бодож явах нь чухал. Тэгвэл хүн хийморьтой байдаг юм. Хийморийг хүн өөрөөсөө олдог юм шүү дээ. Түүнээс хаа нэгтэйгээс хүрээд ирдэггүй юм” хэмээлээ.


Categories
мэдээ цаг-үе

Гадаадын шилдэг их, дээд сургуулиудын тэтгэлэгт хэрхэн хамрагдах вэ?

Тэтгэлэгт хамрагдахын тулд нэн тэргүүнд хэлний мэдлэгээ сайжруулах шаардлагатай. Хэлний мэдлэг тань хэдий чинээ сайн байна төдий чинээ боломж таньд нээгдэх юм. Англи хэлний тухайд SAT, TOEFL, IBT, IELTS шалгалтуудыг өгдөг. Ямар шалгалт өгснөөс үүдэн суралцах улс болон сургуулиуд өөр, өөр байна. Шалгалтаа өгсний дараагаар босго оноо тань хүрч буй сургуулиудад бүртгүүлэх хэрэгтэй. Олон орны оюутан, сурагчид бүргүүлж байгаа учир эрсдлийг тооцож хамгийн багадаа гурван сургуульд бүртгүүлчих хэрэгтэй. Улмаар сургалтын дүн ямар байх эсэх нь ч тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад чухал нөлөө үзүүлдэг. Дунд болон дээд сургуулийн дүн тань тэтгэлгээр суралцах сургуулийн шаардаж буй хэмжээнд хүрч байх ёстой. Дараагийн нэг шалгуур бол уралдаан тэмцээн, сайн дурын үйл ажиллагаануудад оролцдог, бусдыгаа манлайлдаг, нийгмийн идэвх сайтай байх явдал юм. Магистр болон түүнээс дээш түвшний хөтөлбөрт хамрагдах бол нийгэмд эзлэх байр суурь, мэргэжлээрээ ажилласан хугацаа, судалгаа шинжилгээний бүтээл зэргийг шаарддаг. Сургуульдаа бүртгүүлэх анкетаа бөглөсний дараа эссэ бичих чухал даалгавар таныг хүлээж байна. Эссэндээ та өөрийгөө ямар зорилго зорилт, хүсэл тэмүүлэлтэй хүн болохыг нотлох ёстой. Уг сургуулийг сонгох болсон тухайгаа болон яагаад таньд тэтгэлэг олгох хэрэгтэй талаар ч тодорхой өгүүлнэ. Мэдээж үнэн бодит байх учиртай. Таны бичсэн эссэ шаардлага хангаж чадвал цахим ярилцлагад уригддаг. Эссэгээ сайн бичиж, ярилцлагадаа сайн орсон тохиолдолд сургуульд тэнцэх, тэтгэлэг авах магадлал ихэсдэг. Иймд эссэ болон ярилцлагадаа гол анхаарлаа хандуулаарай. Дээрх шаардлагуудыг биелүүлснээр та хүссэн гадны их, дээд сургуулиудад суралцах, тэтгэлэгт хамрагдах боломжтой. Мөн дунд болон дээд сургуулийн сурлагын голч, гадаад хэлний шалгалтын дүнгээсээ хамаарч орон орны Засгийн газрын тэтгэлгүүдэд хамрагдах эрх нь нээлттэй юм. Энэ оны тухайд Засгийн газрын болон их, дээд сургуулийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөрүүд зарлагдаж, элсэлтээ аваад дуусчээ. Гэхдээ тэдгээрээс жил бүр зарлагддаг тэтгэлэгт хөтөлбөрүүд бий. Тухайлбал, АНУ-ын төрийн санхүүжилттэй Фулбрайтын тэтгэлэг жил бүр зарлагддаг. Төлбөрийг 100 хувь даадаг уг тэтгэлэг 155 гаруй орны 4000 гаруй суралцагчийг жил бүр шалгаруулан авдаг. Суралцах чиглэлээсээ хамааран TOEFL IBT 90, TOEFL PBT/IPT 575, IELTS-ийн долоон оноотой байх шаардлагатай. Та https:// www.offeredscholarships. com/2017/10/usa-fulbrightmastersphd-degree.html энэхүү холбоосоор тэтгэлэгийн талаарх мэдээллийг илүү дэлгэрэнгүй авч болох юм. Их Британийн Засгийн газрын Чевнингийн тэтгэлэг нь жил бүр зарлагддаг. Уг тэтгэлэгт олон улсын 1500 оюутан х а м р а г д а х б о л о м ж т о й . Англи хэлний мэдлэг сайтай байхаас гадна хоёроос доошгүй жил ажилласан байх шаардлагатай. Өргөдөл өгөх сүүлийн хугацаа нь жил бүрийн арваннэгдүгээр сар хүртэл байдаг учир одоо ч бүртгүүлэх боломж таньд бий. http://http//www.chevening.org/ гэсэн холбоосоор та илүү их мэдээлэл авч болно. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдахын тулд та TOEFL IBT-ийн 92 оноотой байх ёстой. http:// dfat.gov.au/people-to-people/australia-awards/Pages/ australia-awards-scholarships.aspx гэсэн холбоос таньд илүү их мэдээллийг өгөх болно. Бүртгэл жил бүрийн дөрөвдүгээр сар хүртэл явагддаг. Шведийн Засгийн газрын тэтгэлэг нь 180 орны доктор, докторын дараах судалгааны ажлаа х и й ж г ү й ц э т г э х э р д э м шинжилгээний ажилтнуудад олгодог нэр хүндтэй тэтгэлэг юм. Тэтгэлэг жил бүрийн нэгдүгээр сард зарлагддаг. Хамрагдахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх бакалаврын зэрэгтэй байх ёстой. https://si.se/en/apply/scholarships/swedishinstitu… гэсэн холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. Герман улсын Засгийн газрын тэтгэлэг нь жил бүрийн наймдугаар сард зарлагдаж аравдугаар сард хаагддаг. Нэг жилдээ л гэхэд гадна, дотны 100 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгодог онцлогтой. Хэрэв та тэтгэлэгт хамрагдахыг хүсвэл бакалаврын зэргээ сүүлийн зургаан жилийн дотор хамгаалсан байх ёстой юм. https://www.offeredscholarships.com/2017/09/daad-scholarship-germany-fully-funded. html гэсэн холбоосоор та илүү ихийг олж мэднэ. Япон улсын Засгийн газрын тэтгэлэг нь Японы их дээд сургуульд бүх төрлийн мэргэжлээр суралцах боломжийг олгодог. Тэтгэлгийн хэмжээ 50-100 хувийн хооронд байдаг. Бүртгэлийн хугацаа нэгдүгээр сар гэхэд хаагддаг болохыг анхаараарай. Тэтгэлэгт хамрагдахын тулд япон хэлний мэдлэг сайтай байх нь чухал юм. http://www. uk.emb-japan.go.jp/itpr_en/ mext_postgrad.html гэсэн холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. Өмнөд Солонгосын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан тохиолдолд бакалавр болон магистрын сургалттай бүх л их, дээд сургуулийн хүссэн хөтөлбөрөөсөө сонгон суралцах боломжтой байдаг. Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа гуравдугаар сараар дуусгавар болдог. Бакалаврын голч дүн 2.6-аас дээш байхыг шаарддаг. http:// www.studyinkorea.go.kr/en/ main.do гэсэн хаягнаас илүү ихийг мэдэж болно. БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэг ч жил бүр зарлагддаг. Магистр, докторын зэрэг хамгаалах сургалтад сурах боломжийг олгодог уг тэтгэлэг нь 10-100 хувь хүртэлх хөнгөлөлт үзүүлдэг. Уг тэтгэлэгт хамрагдахын тулд гуравдугаар сар гэхэд амжиж бүртгүүлэх шаардлагатай бөгөөд бакалаврын голч дүн тань 2.5-аас дээш байх ёстой. http://http//en.csc.edu.cn/ гэсэн хаягаар дэлгэрүүлж судлах боломжтой юм. Австри улсын Засгийн газраас мөн л жил бүр тэтгэлэг зарладаг. Бүртгэлийн хугацаа дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл үргэлжилдэг бөгөөд англи эсвэл герман хэлний мэдлэгтэй байхыг шаарддаг. http://https//grants.at/en/ гэсэн хаягаар тэтгэлэгийн талаар илүү дэлгэрүүлж болно. ОХУ-ын Засгийн газраас зарладаг тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдснаар тус улсын төрийн өмчит томоохон их, дээд сургуулиас сонгон суралцах боломжтой. Өргөдөл хүлээн авах хугацаа, тэтгэлэгийн талаарх мэдээллийг http://mng.rs.gov. ru/ сайтаас авч болно. Түүнчлэн Турк, Чех, Итали, Польш, Унгар, Канад, Бельги, Болгар улсын Засгийн газрын тэтгэлгүүд жил бүр зарлагддаг. Ерөнхийдөө Засгийн газрын ихэнх тэтгэлэг оны эхний саруудад багтаж элсэлтээ авдаг. Тиймээс оюутан, сурагчид одооноос ямар чиглэлээр суралцахаа тодорхойлон, аль улсын тэтгэлгийг авах нь зүйтэй талаар судалж эхэлсэн нь зүйтэй болов уу.

Categories
мэдээ цаг-үе

​А.Ундраа: Таван толгойд IPO хийгдэнэ гэдэгт тийм ч итгэлтэй биш байна

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.

-Монгол түмний үндэсний их баяр наадам болж өнгөрлөө. Та сайхан наадав уу?

-Сайхан наадлаа.

-Хаврын чуулганаар “Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Таван толгой болон уул уурхайн салбарын бодлогыг тогтвортой хөгжлийн зорилтуудтайгаа уямаар байгаа юм. Учир нь уул уурхайн салбарын хөгжил нь цаашдын хөгжлийн түлхүүр, суурь нь болж өгөх ёстой. Дангаар нь уул уурхайг хөгжүүлэх гэхээсээ илүү өнөөдөр орж ирж байгаа ашигт малтмал, эрдэс баялгийн орлогоос ирээдүйн хөгжлийн суурийг тавьж байх хэрэгтэй. Ингэж байгаа тохиолдолд төслүүдийг хөдөлгөх нь зүйтэй гэж харж байгаа. Тэр үүднээсээ Таван толгой төслийг урагшлуулах, ахиулах, хөрөнгийн бирж дээр арилжаалах нь улс орны хөгжилд чухал гэж үзэн дэмжиж байгаа. Мөн Засгийн газарт ажиллах боломжийг нь олгох нь зүйтэй гэж үзэж байгаа учир Таван толгойг хөдөлгөхийн дэмжиж байгаа юм. Гэхдээ IPO хийхдээ үнэлгээг яаж хийх, аль хөрөнгийн биржийг сонгох, байгаль орчин болон дэд бүтцийг хэрхэн шийдэх гэх мэт маш олон асуудалд хариултаа аваагүй байгаа. Тэгэхээр IPO хийгдэнэ гэдэгт тийм ч итгэлтэй биш байна.

-Дээрх тогтоолын төслийг хэлэлцэж байх үед “Эрдэнэс Монгол” компанийн 34-өөс доошгүй хувийг ард иргэдэд эзэмшүүлэх санал сөрөг хүчнээс орж ирсэн. Энэ нь стратегийн ордуудыг нэг, нэгээр хэлэлцдэг гэх Ашигт малтмалын тухай хуулийг зөрчиж байгаа талаар та хэлж байсан. Энэ тухайд?

-“Эрдэнэс Монгол” бол өөрөө маш том компани. Монголын олон стратегийн орд “Эрдэнэс Монгол”-ын охин компанийн эзэмшилд байгаа. Тийм болохоор стратегийн ордуудыг нэг, нэгээр нь авч үзэх нь зүйтэй. Угаасаа Ашигт малтмалын хуулийн дагуу нэг, нэгээр авч үзэх ёстой. Орд болгоны нөхцөл байдал өөр, өөр шүү дээ. Тийм байхад бүгдэнд нь нэг хэлбэрээр явах нь зохимжгүй. Тухайн ордын эзэмшил анхнаасаа ямар маягаар явж байгааг харах нь зүйтэй. Таван толгой, Оюу толгой гэхэд л ондоо хэлбэрээр явж байна. Уул уурхайн төслийнхөө хувьд ч үе шат нь ондоо байгаа. Заримынх нь насжилт талаасаа өнгөрчихсөн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн л гэхэд насжилт нь талаасаа өнгөрчихсөн. “Багануур” л гэхэд үр ашиг гэхээсээ илүү Улаанбаатар хотын цахилгаан, дулааны эх үүсвэрийг өгдөг.

Ашиг олох гэхээсээ илүү хотыг хөлдөөхгүй, цахилгаантай байлгах нь л чухал. Энэ мэтчилэн нөхцөл байдал ондоо байгаа учир “Эрдэнэс Монгол”-ыг бүгдийг нь нэг аргаар, бөөнд нь авч үзэж байгаа нь туйлын зохимжгүй гэж үзсэн.

-Сөрөг хүчний зүгээс “Эрдэнэс Монгол” компанийн 34-өөс доошгүй хувийг ард иргэдэд эзэмшүүлж байгаа нь хяналтын багцыг бий болгож байгаа хэрэг гэж тайлбарлаад байсан л даа…

-Ямар ч байсан энэ асуудалд ямар улс төрийн хүчин байхаас үл хамаарч хөнгөн, хуумгай хандаж болохгүй. Хариуцлагатай хандах ёстой.

-Та НҮБ-ын “HeForShe” хөдөлгөөнийг Монголдоо эхлүүлээд байгаа. Энэхүү хөдөлгөөнийхөө талаар тодорхой мэдээлэл өгөөч?

-Үндэсний их баяр наадмын өмнөхөн буюу энэ сарын 8-ны өдөр Төрийн ордоны Их танхимд НҮБ-ийн “HeForShe” хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаа амжилттай болж өнгөрлөө. “HeForShe” хөдөлгөөн нь товчхондоо хүчирхийллийн эсрэг, амар тайван байдлын төлөө, мөн бизнес, их дээд сургууль гээд өргөн хүрээнд өрнөх, хандлагаа өөрчлөх тухай нөлөөллийн аян юм. Уг хөдөлгөөнийг анх 2014 онд НҮБ-ын Эмэгтэйчүүдийн сайн санааны элч Их Британийн нэрт жүжигчин Эмма Ватсон эхлүүлсэн. Тэрээр жендерийн эрх тэгш байдал дэлхий нийтийн хөгжил дэвшилд чухал талаар илтгэлээ тавьж, жендерийн тэгш эрх бүхий нийгмийн төлөө эвлэлдэн нэгдэхийг эрэгтэйчүүдэд, хөвгүүдэд уриалснаар уг хөдөлгөөн эхэлсэн. Дэлхий нийтэд даруй 50 гаруй улсыг эгнээндээ нэгтгэсэн уг аяныг анхлан санаачлан эхлүүлсэн Элизабет Няамаяаро хэмээх Зимбабве улсын иргэн одоогоор ерөнхий зохицуулагчаар нь ажилладаг. Тэрээр манай улсад болсон нээлийн үйл ажиллагаан дээр хүрэлцэн ирсэн. Мөн УИХ-ын гишүүн, Байгаль орчин Аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, гарааны бизнесийн залуусын төлөөлөл Д.Хулан нар нээлтэд оролцсон.

Өнөөдөр нийгэмд шударга ёсны хүсэмжлэл асар өндөр байна. Баян ядуугийн ялгаа, орлогын тэгш бус байдал нэмэгдэхийн хэрээр хүмүүс бухимдаж байна. Цаг наргүй хөдөлмөрлөж, ажиллаж, өглөөнөөс орой хүртэл зүтгэж байгаа хэрнээ олсон орлого нь амьдралд нь хүрэлцэхгүй байх нь олонтаа. Гэнэтийн их зардал, тухайлбал эм эмчилгээний тооцоолоогүй зардал гарахад хүндээр тусаж, цөхрөх ч хүмүүс их байна. Гэтэл шударга бусаар тендер авах, хөнгөлөлттэй зээл авах, давуу байдал эрх мэдлээ ашиглах зэргээр амар хялбар аргаар магадгүй хууль бусаар хөлжиж, хөрөнгөжиж байгааг хараад сууна гэдэг амаргүй. Шударга бус байдалд бухимдах нь ойлгомжтой. Хүмүүс тэгш эрх, боломжийг хүсч байна. Жендерийн асуудал ч мөн л адил. Яагаад хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж байна вэ. Яагаад хохирогч хууль хяналтын байгууллагад хандахаас, өмгөөлөл хамгаалал эрэхээс эмээж байна вэ. Яагаад ихэнхи цагаа өнгөрөөдөг ажлын байран дээрээ бэлгийн дарамтанд өртөж, дарамтлуулсан хохирсон хэрнээ чимээгүй сууж байна вэ гэх мэт маш олон асуултууд хариултгүй хэвээр байна. Хүмүүс шударга ёс тэгш эрхийг дотроо маш чангаар хүсэмжилж байна. Энэ нь ч “HeForShe” хөдөлгөөний нээлтэд оролцохоор олноороо бүртгүүлсэн иргэдээс харагдаж байсан.

-Уг хөдөлгөөн Монгол Улсад хэрэгжснээр ямар үр дүнг бий болгох вэ?

-Төр хувийн хэвшлийн байгууллагууд, Их, дээд сургуулиуд дотроо ёс зүйн хэм хэмжээ, зарчмыг мөрдөх амлалтыг сайн дураараа өгдөг дэлхий нийтийн жишиг байдаг. Жишээлбэл, аливаа компанийн хувьд ижил ажил үүрэг гүйцэтгэж байгаа эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хоорондын цалингийн зөрүүтэй байдлыг арилгах, ажлын байрны бэлгийн дарамтыг тэвчихгүй байх, тийм зөрчил гарсан тохиолдолд мэдээллэх, ombudsman гэж нэрлэгдэх итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр нэр хүндтэй ёс зүйтэй хүнийг томилох, жирэмсэн болон бага насны хүүхэдтэй эмэгтэйчүүдийг ажил карьерээ үргэлжлүүлэх боломжоор хангах гэх мэт. Их, дээд сургуулиудын тухайд аливаа дарамтгүй хичээлийн орчныг бий болгох, ёс зүй этикийн өндөр хэм хэмжээнд сайн дураараа нэгдэх, “HeForShe”-ийн албан ёсны хуудсаар орж нэгдэж буйгаа илэрхийлж хандлагын өөрчлөлтийг олон нийтээрээ дэмжих зэрэг нь нэн тэргүүний алхмууд юм.

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал Н.Бадамсүрэнгийн санаачилгаар Уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн Үндэсний анхдугаар чуулган анх удаа Эрдэнэт хотноо зохион байгуулагдсан. Эрдэнэт, Оюу толгой, Багануур зэрэг Монголын өнцөг булан бүрээс уул уурхайн салбарын эмэгтэйчүүд хуран чуулсан. Уул уурхай өөрөө маш хүнд салбар. Ажлын аюулгүй байдал, мөн ар гэрийн ачаалал зэрэг нь зохицуулахад тун амаргүй. “Эрдэнэт” үйлдвэрийн зүгээс балчир насны хүүхэдтэй эмэгтэйчүүддээ цалинтай чөлөө өгөх зэрэг хэд хэдэн амлалт өгсөн байгаа нь яг л бидний “HeForShe” хөдөлгөөний агуулгатай нийцэж байсан тул Н.Бадамсүрэн захирлыг манлайлагчаар нэрлэсэн. Нээлтийн үйл ажиллагаан дээр ХААИС-ийн захирал Т.Хэрүүга хүрэлцэн ирж дэмжиж буйгаа илэрхийлсэн бол Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийн захирал Н.Дорждэрэм мөн л манлайлж оролцсон. МУИС-ийн багш Д.Бадамдаш зэрэг академик олон манлайлагчийг нэрлэж болно. Их, дээд сургуулиуд маань нийгмийн оюун санааны хөтөч гэдэг нь харагдаж байна. Олон оюутнууд сайн дураараа ажиллаж маш идэвхтэй оролцлоо. Энэ бол сайн эхлэл гэж харж байна.

-Томоохон байгууллагууд хамтран хүчирхийллийн талаарх судалгаа гаргажээ. Монголд ямар төрлийн хүчирхийлэл давамгайлж байна вэ?

-Тун саяхан Үндэсний Статистикийн хороо, НҮБ-ийн Хүн амын сан хамтран Австрали улсын Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр “Хүчирхийллийн нүцгэн үнэн” хэмээх тайлан судалгааг гаргасан байна. Анх удаа орон даяар хийгдсэн энэ судалгаа манай нийгэмд хүчирхийлэл ямар нийтлэг, хүнд байгааг харуулсан. Бэлгийн, биеийн, сэтгэл зүйн мөн эдийн засгийн маш олон хэлбэрийн хүчирхийлэлд монголчууд өртөж байна. Гурван эмэгтэй хүн тутмын нэг нь ойр дотныхоо хэн хэгний дарамтад өртөж, хохирогч болсон гэсэн тоо баримт байна. Эдгээрээс тун цөөхөн нь л хуулийн байгууллагад ханджээ. Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүдийн 59 хувь нь ажил орлогогүй, ял шийтгэл эдэлсэн байна. Мөн 90 гаруй хувь нь боловсролын түвшин маш бага байна. Эндээс үзвэл хүчирхийллийг ажилгүйдэл, эдийн засаг, боловсролтой холбож дүгнэж болохоор харагдаж байгаа юм.

Түүнчлэн их, дээд сургуулиудад суралцаж байгаа 100 эмэгтэй оюутан тутамд 72 эрэгтэй оюутан ногдож байна. Монгол эрэгтэйчүүд, хөвгүүдийн боловсролын асуудал тэр хэрээр хоцрогдож байгаа хэрэг юм. Энэ нь “He­ForShe” хөдөлгөөний хүрээнд онцгойлон авч үзэх, гарц шийдэл эрэлхийлэх асуудал яриангүй мөн. Эдгээр ажлууд маань НҮБ-ын тогтвортой хөгжлийн тавдугаар зорилт болон зохистой хөдөлмөр эрхлэлтийн наймдугаар зорилтуудтай шууд уялдаж байгаа юм.

-Та УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилтын дэд хорооны даргаар ажилладаг. Дэд хорооныхоо ойрын үед төлөвлөж буй ажлаасаа хуваалцаач?

-Ирэх есдүгээр сарын эхээр Ази Номхон далайн улс орнуудын Тогтвортой хөгжлийн зорилтын тайлан мэдээллийг харьцуулах хурал Улаанбаатар хотноо зохион байгуулна. Мөн Монгол Улс мань 2019 онд анх удаа өндөр түвшний сайн дурын илтгэлээ НҮБ-ын индэр дээрээс бэлтгэн танилцуулах юм. Өнөөдөр төрийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдааг хангах, төсвийн зарцуулалтын оновчтой байдлыг сайжруулахад анхаарах шаардлага бий. Иймд энэ чиглэлийг барин авч ажиллана хэмээн төлөвлөж байна.

Categories
мэдээ цаг-үе

Эстрад урлагийн төлөөлөл “Өргөө” хамтлагийн дуучин С.БАРхАСыНх

Газар эхээс заяатай

Ганган цэцгийн дэлбээг

Хүн та өөрөө

Хөндөж битгий тасдаарай хэмээн 33 дахь жилдээ дуулж яваа “Өргөө” хамтлагийн дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин С.Бархасынхаас энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлдлээ. Түүний хувьд эстрад урлагийн 80, 90ээд оны төлөөлөл, тухайн үеийн залуусын шүтээн болсон дуучдын нэг гарцаагүй мөн юм. Одоо ч түүний “Алтан зул”, “Зүүд”, “Дандаа чамайг хайрлаж явъя” зэрэг дуунууд олны сонорыг мялааж, сэтгэл зүрхийг хөглөн эгшиглэсээр байгаа билээ. “Танайд өнжье” булангийн маань энэ удаагийн зочин 13 дугаар хороололд байрлах хоёр өрөө орон сууцандаа хань Я.Бурмаагийн хамт эгэл даруухнаар аж төрдөг юм байна. Биднийг очиход С.Бархас “Ах нь саяхан байрныхаа хүүхдүүдтэй сагс тоглож байгаад орж ирлээ. Дүү нартай ч үзэж тарна шүү дээ” гэсээр угтлаа. Түүний хувьд багын л сагсанбөмбөгийн спортоор хичээллэдэг, басхүү шаггүй тоглочихдог нэгэн байжээ. Энэ талаараа “Би Дөчин мянгатын 24 дүгээр сургуульд тавдугаар анги хүртлээ сурсан юм. Дараа нь манайх шинэ байранд орон биднийг гялайлгаж Баянзүрх дүүргийн 33 дугаар сургууль руу шилжсэн дээ. Наймдугаар ангид байхдаа сургуулийнхаа сагсанбөмбөгийн шигшээ багийн шилдэг тоглогч болж байлаа.

Сургуулиудын сагсанбөмбөгийн аваргаар манайхыг дийлдэг сургууль байгаагүй л юмдаг. Олон ч медаль цуглуулсан. Би дунд сургуулиа төгсөөд шууд цэргийн албанд мордсон юм. Энэ үеэс л дуу хөгжимд уруу татагдсан гэж болно. Хэдий муугүй дуулчихдаг байсан боловч өөрийгөө дуучин болно гэж бодож яваагүй. Спортын хүн болно л гэж боддог байв. Хүний хувь тавилан гэдэг таахын аргагүй сонин, баялаг байх юм даа” хэмээн тэрээр хуучлав. Түүнийг урлагийн хүн болгоход хамгийн их нөлөөлсөн хүн бол Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч И.Болоож юм. И.Болоож түүнийг цэргийн албанд татагдаж очиход Цэргийн их сургуулийн дэргэд хэдийнэ “Эрдмийн ундраа” хэмээх хөгжмийн хамтлагтай болчихсон байж. С.Бархасыг хэвлүүхэн дуулдгийг мэдсэнээр хамтлагтаа урьсан байна.

Тэрээр “Эрдмийн ундраа” хамтлагт байхдаа цэргийн диктатураар хөгжим тоглож, дуулж сурсан даа. И.Болоожоосоо ч их зүйл сурсан. Манай хамтлаг ихэвчлэн “СоёлЭрдэнэ”ийн дуунуудыг л дуулдаг сан. Харин би цэргийн албанаас халагдаад МУИСийн Эдийн засгийн ангид суралцсан юм. Ингээд сургуулийнхаа “Эрдэм” хамтлагт дуулах болов. Дараа нь И.Болоож“ “Мах комбинатын Соёлын ордонд орно” гэхээр нь дагаад очлоо. Мөн бид хоёр “Айзам” хамтлагт ч хамтдаа орсон. Гэхдээ И.Болоож маань дарга нартайгаа муудаад гарчихсан юм. 1982 онд би ч оюутан хүүхэд байсан. Гэтэл Манай И.Болоож дарга нартаа “Та нар уран сайханч Бархас, хөгжимчдөд мөнгө өгөхгүй байна. Үйлдвэрчний соёлын төв ордныг төлөөлж байхад нэг ч төгрөг өгөхгүй юм” гэж. Одоогоор бол ардчилал ярьж л дээ. Гэтэл мань хүнийг халчихсан. Халахдаа бүр “Үйлдвэрчний төв зөвлөлийн бүх соёлын ордонд энэ хүнийг ажилд авч болохгүй” гэсэн тушаал гаргасан байдаг. Харин Барилгачдын соёлын ордны дарга И.Болоожийг авьяаслаг гэж мэддэг байсан учир ордынхоо “Өргөө” хамтлагт 1983 онд авсан. Би хамт орсон. “Өргөө” анх хөгжмийн л хамтлаг байсан. Дан ганц гитар тоглодог. Клубуудэд очиж нийтийн бүжгийн хөгжим тоглоно. Харин бид очсоноор дуу, хөгжмийн хамтлаг болсон түүхтэй.

Би дараа жил нь их сургуулиа төгсөөд зургийн институтид ажилд орохоор болов. Захирал нь болох Бат гэж хүн “Одоохондоо орон тоо байхгүй учир клубийн эрхлэгч хийх үү” л гэж байна. Аливаа зүйл багаасаа эхлэх нь зүйтэй гээд л дуртайяа зөвшөөрсөн. 500 төгрөгийн цалинтай байсан санагдана. Тухайн үед “Мөнгөн харандаа” хамтлагийн үндэс суурь тавигдаж байв. Б.Сарантуяа, Лхамаа, Ононбат гээд л залуучууд байлаа. Тэд нар надаас хөгжим их гуйна аа. Би тэдэнд клубийнхээ залыг чөлөөлж өгнө. Хог, шороо таривал аашлахаа ч мэднэ. Нөгөө хэдийгээ бэлтгэлээ хийж байгаарай гэж хэлчихээд л “Өргөө”рүүгээ гүйчихдэг байж билээ. Гэтэл нэг өдөр манай хэлтсийн дарга “Нэг бол ажлаа хий. Үгүй бол урлагаа хөө” гэдэг юм байна. “Өө дарга минь ингэж зовж байхаар урлагаа хөөх минь” гээд л “Өргөө”-рүүгээ сэтгэл шулуудсан даа. Ер нь хүн өөрийнхөө хийх дуртай зүйлд л сэтгэл зүрхээ зориулдаг юм билээ” гэв.

Дуу, хөгжмийн “Өргөө” хамтлаг С.Бархас, И.Болоож, Ч.Тунсаг, М.Баяраа, н.Бямбасүрэн хэмээх таван залуусаас бүрддэг байж. 1984 оноос “Өргөө” хамтлаг жинхэнэ мандаж эхэлжээ. “Тухайн үед “СоёлЭрдэнэ”, “Инээмсэглэл”ийн дуунууд хүчээ авчихсан байлаа. Дээрээс нь алдарт “Сэтгэлийн жигүүр”ийг зохиосон З.Зундарь гэж хөгжмийн зохиолч “Мөнгөн хүрээ” хамтлагтай байсан. “Айзам” хамтлаг ч байв. Бид тэднээс цоройж гарч ирэх гэж их хичээсэн. Бид 1984 онд ёстой цоорсон доо. Италь, орос, монгол дуу дуулна. Сэлэнгэ, Дарханаар явж тоглолтоо хийгээд л. Дарханд нэг удаа тоглоход билет нь дуусчихсан. Үзэж чадалгүй үлдсэн нөхдүүд шил цонх хагалж, үүдээр дайраад сүрхий юм болж билээ. Цагдаагийнхан нохой тавьж үзсэн ч дийлдэггүй. Сүүлдээ гал командынхан ирж ус цацаж байж тараасан. “Танай тоглолтыг үзэх гэсэн хүмүүс манай ордныг нурааж хаях нь. Бушуухан яв” гэж соёлын ордных нь хүмүүс хэлж байж билээ. Хоёр удаа тоглоод л Сэлэнгэ рүү явсан даа. Бидэнд 10 юм уу, 20 мянган төгрөгийн төлөвлөгөө өгдөг байсан. Өөрсдөдөө илүү ашиг, хонжоо олно ч гэж бодохгүй. Сарын 400 төгрөгийн цалингаа л авдаг байв” гэлээ.

Өргөө хамтлагийн алдарт “Алтан зул”, “Зүүд” зэрэг дуунууд хэрхэн бүтсэн талаар асуухад “Хүмүүс гадаад дуунд их сонирхолтой байлаа. Бид ч орос дуугаар их занималдсан. Нэг цаг 30 минутын тоглолтыг орос дуу дуулсаар байгаад дуусгадаг үе ч байсан. Мөн “Дандаа чамайг хайрлаж явья”, “Алган дээр буусан од”, “Бүжээрэй”, “Зүүд”, “Алтан зул”, “Ээлийн далай аав”, “Ээждээ мөргөе” гээд дуунуудаа дуулдаг байлаа. Ер нь хамтлаг хоёр сайн дуутай байхад л болчихдог юм. Тэр хоёр дуу л хамтлагаа аваад явчихдаг. “Алтан зул” дуу маань хөшөөтэй болсон. И.Болоож маань Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж, Ш.Дулмаа гуайн шүлгээс сайхан дуунууд ч хийсэн дээ. “Нар инээдэг юм”, “Зүүд”, “Алган дээр буусан од” хэмээх дуунуудын үгийг Д.Пүрэвдорж гуай тэрлэсэн. “Алтан зул”, “Дандаа чамайг хайрлаж явъя” хоёр бол Ш.Дулмаа гуайн шүлэг. “Алтан зул” 1985 онд бүтсэн юм. Манай И.Болоож аяыг нь хийсэн шүү дээ. Анх би хүмүүст тэгж их хүрнэ гэж бодоогүй. Ганц нэг дуулж үзээд л орхичихсон юм. Дараа нь “Соёл-Эрдэнэ”-ийн Б.Баяраа авч дууллаа. Тэд жилдээ нэгээс хоёр уран бүтээл хийх нормтой байсан. Улсын том хамтлаг учир телевиз, радиогоор ч өнөөх дуу цацагдсан. Манай хамтлаг тухайн үедээ радиод дугаар ч үгүй байсан үе. Цацагдсаных нь дараа манай хамтлаг “Алтан зул”аа буцаагаад л авсан. Ард түмэн ч сайхан хүлээж авсан. Мэдээж үүнд Б.Баяраагийн маань үүрэг оролцоо их. Гэхдээ би энэ дууг 33 дахь жилдээ дуулж байна. Энэ хугацаанд би “Алтан зул”ыг хичнээн удаа дуулснаа хэлж мэдэхгүй. Нэг тоглолт дээр хоёр удаа дуулах үе ч цөөнгүй. Одоо ч найман настай хүүхдээс 80 настай буурай дуулж байна гэж хэлэхэд хилсдэхгүй болов уу” хэмээсэн юм.

“Өргөө” хамтлаг анхны тоглолтоо 1984 онд хийж байжээ. Барилгачдын соёлын ордонд багтаж ядан үзэгчидтэй хийж байсан анхны тоглолт нь тэдний амьдралын хамгийн сайхан мөчүүдийн нэг болон үлджээ. С.Бархас “Бид 90 он хүртэл их ч тоглолт хийсэн дээ. Харин 1991 онд бид Хятад руу явсан юм. Хятадад очоод ногооны талбайн хажууд шавар тагзанд амьдарч байлаа. Өмнөд монголчуудтайгаа нийлж мантуу, ногоотой хуургаа хувааж иднэ. 1992 онд араас гавьяат Г.Энхбаяр, И.Болоож, Б.Дашдондог, Н.Халиун, Б.Сарантуяа нар ирсэн. Бид ч өмнөд хөршдөө төвхнөлөө. Олж байгаа хэдэн төгрөгөө нэмчих санаатай Бээжин рүү явлаа. “Хурд”-ын Д.Отгонбаярыгаа бөмбөрчнөөр дуудсан гээд бод. “Хурд”-ын Д.Отгонбаяр маань тэгж явсан гэхэд нийгэм их л хүнд байсан байгаа биз. Бид Бээжингийн захад бас л нэг шавар тагзанд амьдарсан. Дуулуулах газар олддоггүй. Азаар Нанжиндах нэг ресторанд дуулуулъя гэх нь тэр. Очиход вокзал дээр нь монголчууд холхиж байсан шүү. Биднийг хятадуудтай явж байхаар гайхаад л. Бид ч тоглолтоор явж байна гэцгээсэн том амьтад. Тухайн үед Хятадын хамтлагууд тун муу байсан. Тиймдээ ч бид сүүлдээ Хятадын том, том газруудтай гэрээ хэлэлцээр хийж байсан. Гэхдээ бид тун давгүй болж байсан үедээ виз хэтрүүлсэн хэргээр баригдчихсан юм. Яг цагаан сарын үеэр л баригдсан юмдаг. Биднийг нэг зочид буудалд оруулаад, хоёр цагдаагаар мануулчихсан. Шинийн нэгний өглөө монгол хүмүүс юм болохоор золгоцгоолоо. Муу ч үгүй тав, таван юань барьж золгоод байгаа юм. Гэтэл манай Д.Отгонбаяр сэтгэлээр их унаж байна аа. “Цагаан сараар ингээд байж байх гэж. Аав, ээж минь өдийд ууцаа таллаад буузаа жигнээд байж байгаа” гээд л ганц нэг нулимс хаясан байх шүү. Бид ч дор дороо халаглаад л. Удалгүй цагдаа нар Эрээнд хүргэж өгсөн дөө. Бид ч виз хэтрүүлж, хөөгдсөн Монголын хамгийн анхны хамтлаг болсон байх. (инээв)” хэмээсэн юм.

Мөн тэрээр “Улаан-Үдэд ч мөн адил эстрад сайн хөгжөөгүй байсан. Бид очиж англи, орос дуунуудыг дуулаад л од болчихдог байлаа. Монгол оюутнууд ирээд л зал пиг дүүргэчихнэ. Дуулсан газар бүртээ л од болсоор явсан даа. Ширээнүүдээс архи, пиво явуулах нь ч энүүхэнд. Тогооч нь хүртэл гарч ирээд үзээд зогсчихож байж билээ. Тоглолтын дараа “Где солист” гээд л гарын үсэг авахаар ирцгээнэ. Ийм сайхан түүхүүд бий. Манай хамтлаг “Дэлхийн залуучууд оюутны наадам”-ын хамгийн сүүлийнхэд нь оролцож байлаа. Пхеньян хотод зохиогдож байсан. Манайх шилдэг 16 хамтлагийн нэгээр шалгарсан. Канад, энэтхэгчүүдтэй танилцаад л, бас зүгээргүй наймаа хийнэ. Савхин хүрмээ 100 ам.доллараар зарчихаж билээ. Япончуудад Сүх жанжины зурагтай төмөр мөнгийг Чингис хаан гэж хэлээд л 500 иенээр худалдчихсан. Нутаг буцахад над шиг баян амьтан байгаагүй. Хүмүүст мөнгө зээлүүлээд л. Долларын дэлгүүр хэсээд л. Гэтэл манай “Хонх”ын Н.Энхбаяр савхин хүрмээ 50-хан франкаар л өгчихсөн байсан шүү. Би бас эндээс тарваган малгай, бээлий авч явсан юм. Гадныханд магнетфоноос эхлээд л хараа булаам сонин содон зүйлс тун их. Нэг нөхрийг магнетфоноо тарваган малгайгаар солих уу гэтэл тэгье л гэж байна. Малгайгаа хэд сэгсэрч байгаад л, халуун оронд үнэр нь хурц үнэртээд болохгүй болохоор нь уутанд хийгээд өгчихсөн. Жигтэйхэн л гоё юмтай боллоо гээд баярлаж байсан санагдана” гэв.

“Өргөө” хамтлагийн залуус тун идэвхтэй байсныг илтгэх нэг жишээ нь 1990 онд зохиогдсон “Англи дууны тэмцээн”-д оролцсон нь юм. Уг тэмцээнд түрүүлж, 50 фунтээр шагнуулж байсан нь мөн л тэдний сайхан дурсамжуудын нэг юм. Харин одоогийнх шиг дуртай дуугаа олон дахин сонсох, үгийг нь олж бичих, хүсвэл понаграммыг нь ч татчих сайхан боломж тухайн үед байсангүй. Тиймдээ ч гадаад дууны үгийг олж бичиж, сурна гэдэг амаргүй даваа байжээ. Тэрээр энэ талаарх нэгэн хөгтэй явдлаа бидэнд хуучилсан юм. С.Бархас “Гадаад дуу сурахдаа тухайн орны хэлийг мэддэг хүнийг гуйж байж бичүүлнэ. Бичиж чадахгүй үгийг нь сонсголоороо дуулна. Гэтэл нэг удаа тайзан дээр “Beatles”ийн “Let it be”г дуулж байтал нэг нөхөр тайзны хажуунаас “Чи юундаа худлаа дуулаад байгаа бацаан бэ” гэдэг байгаа. Би бүр иччихсэн. “За цаанаа байж бай л” гээд байдаг. Хамтлагийнхан “Наад нөхөр чинь юу гээд байгаа юм” гэхээр нь “Надтай дараа нь уулзъя” гэж байна аа л гэж билээ. Тоглолтын дараа уулзахдаа “Ах аа, би сонсголоороо сурчихсан юм” гээд л үнэнээ хэлсэн. Гэхдээ худлаа дуулж байна гэдгийг мэдэх хүн ховор байсан шүү. Тэр дундаа англиар дуулвал мэдэх хүн тун цөөн байсан даа” гэсэн юм.

Харин түүнээс ид мандаж байх үедээ хайрын захианд дарагдаж байв уу хэмээн асуухад “Маш их ирдэг байлаа. Барилгачдын соёлын ордны хаягаар ирнэ. Улаан-Үдэд очиж тоглосны дараа буриад хүүхнүүд ирж уулзаж байсан түүх бий. За ингээд зогсохгүй бол яриандаа халаад эхнэрийнхээ хажууд болохгүй юм ярих нь байна” хэмээгээд тэрээр инээд алдан биднийг хөгжөөгөөд амжсан юм. Түүний гэргий Я.Бурмаа “Би ч ирсэн захиаг нь их уншдаг байлаа. Захианууд нь хураалгаастай л байдаг сан” хэмээн инээмсэглэх аж. Тэрээр балетийн бүжигчин мэргэжилтэй. 50 гарсан гэхэд тунчиг дэгжин, сайхан эмэгтэй ажээ. Түүний хувьд ОХУ-д балетийн бүжигчнээр найман жил сурсан байна. Тэрээр “Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт болсон ОХУ-руу балетийн бүжигчнээр суралцах шалгаруулалтад есхөн настай байхдаа тэнцсэн юм. Ингээд л Москвад 1974 оноос 1981 он хүртэл балетийн бүжгийн сургуульд суралцсан. Ирээд театртаа 14 жил бүжигчнээр ажиллаад тэтгэвэртээ гарсан. Олон ч сайхан жүжигт оролцон тоглож байлаа” гэв. Гэрийн эзнээс гэргийтэйгээ анх хэрхэн танилцаж байсан тухай нь сонирхоход “Бид хоёр 1982 онд танилцсан. Манай найз бид хоёрыг танилцуулсан юм. Годойсон охин л гүйж явсан. Манай хүн ч 17хон настай жаахан байж дээ. Намайг “навсайтлаа” дагаад гүйнэ ээ. (инээв) Бүжигчдийн бэлтгэл сургуулилт хүнд учир их ядардаг. Өдөр хоолонд оруулахад хуйцаа, салатыг бол давгүй идчихнэ шүү. Ер нь тэгээд хаана ч явсан хамтдаа л явдаг байж дээ. Би танилцахдаа оюутан байсан учир манай хүн надад цалингаасаа сар бүр 100 төгрөг өгдөг байж билээ. 700 төгрөгийн цалинтай энэ том хүн чинь эхлээд намайг тэжээсэн юм байхгүй юу. Ямартаа ч залуу хосуудын адил бүх л зүйлийг тэгээс нь эхэлж, өнөөдөр өдий зэрэгтээ сайхан л явна. Бид хоёр нэг хүүтэй. Хүү минь “Эрдэнэс Тавантолгой” компанид ажилладаг. Хүү минь өнөөдөр гурван сайхан үртэй, өнөр олуулаа болжээ. Бага хоёр нь ихэр. Миний эгч “Ганц хүүхэд газар дүүргэдэг юм” гэж хэлсэн үнэхээр л үнэн юм. Дахиад ч зөндөө ач нартай болно байх гэж бодож байгаа шүү” гэж ярилаа. Ач нар нь өвөө, эмээ дээрээ ирэх тун чиг дуртай гэсэн. Өвөө, эмээ хоёр нь ач нарыгаа үгүйд эл хуль оргиод эвгүй байдаг юм хэмээсэн.

С.Бархас тунчиг энгийн нэгэн юмсанж. Тэрээр “Анх ипотекийн зээл гэж гарахад л бид хоёр энэ байраа авсан юм. Эхлээд яажшуухан мөнгийг нь төлж дуусна даа гэж бодож байлаа. Гэтэл тун удахгүй байрныхаа мөнгийг төлөөд дуусах гэж байна. Бидний үеийн уран бүтээлчид орон байргүйн зовлонг их үзсэн дээ. Харин одоо л бүгд өөрийн гэсэн орон байртай болцгоож байна. Гэхдээ манайхан бүгдээрээ л ипотекийн зээл төлдөг юм” хэмээн өгүүлэх нь ч түүний олны танил гэх ихэрхэх зангүй, аливаа хэлбэрт баригддаггүй яг л өөрийнхөөрөө байдаг гэдгийг илтгэх шиг. Эднийх бурхан тахилаа ихэд сүсэглэдэг болох нь хурааж тавьсан цөгц, бурхны нарийн нандин эд зүйлсээс нь харагдаж байсан.

Бид цай цүү уунгаа түүний аав, ээжийн талаар яриа өрнүүллээ. Тэрээр эхээс тавуулаа бөгөөд айлын дөрөв дэх нь юм байна.“Миний аав Дорноговь аймгийн харьяат хүн. Цэргийн хэлтсийн дарга, хурандаа хүн байлаа. Ээж минь нягтлан бодогч мэргэжилтэй. “Улаанбаатар” зочид буудалд нягтлан, нярав хийж байсан. Миний ах, дүү нарын дөрөв нь спортын мастер цолтой. Их спортлог гэр бүл. Хамгийн том ах С.Сүрэнжав маань чөлөөт бөхийн төрлөөр 18-хан насандаа олимпт явж байсан түүхтэй. Бөхийнхөн андахгүй ээ. Дараагийнх нь сагсчин, спортын мастер цолтой С.Цэрэндолгор минь юм. Миний бие мөн сагсанбөмбөгийн спортын мастер цолтой. Бага дүү С.Энхбат боксоор спортын мастер цол хүртсэн” гэлээ. Тэрээр 2011 онд Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаажээ. С.Бархас гавьяатаа оройтож авлаа гэх хүмүүс цөөнгүй байсан бол тэрээр өөрийгөө гавьяат цол хүртэх нь гэхэд огтхон ч итгээгүй байна. “Хэдий бүрэн дүүрэн итгэж чадахгүй байсан ч тэр сайхан мэдээг сонсчихоод ээж, аавыгаа бодож хэсэг уйлж зогссон сон. Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээнэ гэдэг хэмжээлшгүй том аз завшаан юм даа” гэсэн юм.

Түүнийг үдшийн цэнгүүнд дуулуулах урилга, заллага тун их. Гэхдээ дан ганц “Өргөө” хамтлагаараа ая дуугаа өргөх бус “СоёлЭрдэнэ”ийнхэнтэйгээ нэгдэцгээж, хуучны сайхан дуунуудаараа сонсогчдынхоо сэтгэл зүрхийг уяраасаар яваа ажээ. С.Бархас “Манай хоёр хамтлагаас сайхан уран бүтээлчид минь бурхан болжээ. Тиймээс бид бие биенээ нөхөөд нэгэн гэр бүл болохоор шийдсэн. Мөн “Хөх тэнгэр”ийн Г.Энхбаяр бидэнтэй нэгдсэн. Үзэгч, сонсогчид 80-аад оны тоглолтыг их сонирхож байгаа” гэлээ.

Дуулахын зэрэгцээ С.Бархас Баянзүрх дүүргийн “Жанжин” клубийн даргаар 14 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Мөн тэрээр ирэх намар болох “Жанжин” клубийнхээ 95 жилийн ойн томоохон тоглолтод бэлдэх хүндтэй үүргийг биелүүлэхээр тун завгүй яваа гэсэн. Тэрээр “Манай Жанжин клуб саяхан шинэхэн байртай болсон. Батзориг сайд санаачилж, үе үеийн дарга нар дэмжсэний хүчинд боссон. Д.Пүрэвдаваа, Засаг дарга Т.Баясах гээд клубийн төлөө гэсэн сэтгэл зүтгэлтэй хүмүүстээ их баярладаг юм” гэсэн.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Батнасан: Хөгжье л гэж бодож байгаа бол том төслүүдээ хөдөлгөх нь зөв

УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.


-“Таван толгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг баталсан. Үүнийг хэр зөв шийдэл гэж харж байна вэ?

-Монгол Улс хөгжье л гэж бодож байгаа бол том төслүүдээ хөдөлгөх нь зөв. Тавантолгой төслийн тухайд оптик гэрээ хийгдэх байх. Дээрээс нь олон улсын зах зээлд IPO гаргана. Оптик гэрээ нь урьдчилан зарах нөхцөл л дөө. Миний хувьд дэмжиж байгаа. Энэ төслийг хөдөлгөснөөр бид чадан ядан сэргэж байгаа эдийн засгийг сайжруулах боломж бүрдэнэ гэж харж байна.

Дээрээс нь нэмээд хэлэ-хэд Засгийн газар сайн ажиллаж байна. Нефтийн үйлдвэр бариулахаар шавыг нь тавьсан. Мөн улсын төсвийн 10 хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгөөр баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг хангах Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах том төсөл хэрэгжих гэж байна. Энэ мэтчилэн зам, дэд бүтэц, эрчим хүчээ сайжруулах нь хөгжлийн нэг гарц юм.

-Таны санаачилсан Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хаврын чуулганаар баталлаа. Эрүүгийн хуульд ямар өөрчлөлтийг тусгасан бэ?

-Хууль тогтоомжийн тухай хуульд зааснаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан. Нийгэмд тулгамдсан асууд-луудыг шийдэхийн тулд хуулийн зарим зүйл заалтыг өөрчилж, хассан. 2015 оны Эрүүгийн хуульд зөрчилтэй асуудлууд байсан. Түүний нэг нь өсвөр насны хүүхдийн хийсэн гэмт хэрэгт нь оноож байгаа ялын асуудал. Эрүүгийн хуулийн наймдугаар бүлэг бол өсвөр насны хүүхдэд тусгайлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зүйл заалтыг оруулж өгсөн байдаг. Жишээлбэл, 14 буюу түүнээс дээш настай хүүхдүүд ихэвчлэн хулгайн хэрэгт ордог. Хулгайг орон байр, тусгайлан хамгаалсан хамгаалтыг нэвтэрч үйлдээд байгаа. Энэ тохиолдолд өсвөр насны хүүхэд Эрүүгийн хуульд зааснаар 2-8 жилийн ял авах юм.

14-16 насны хүүхэд буюу өсвөр насныхныг Хүүхдийн эрхийн олон улсын конвенци, фактуудад “Насанд хүрэх гэж байгаа үе шат” гэж заасан байдаг. Манайхны хэлдгээр шилжилтийн насны хүүхдүүд юм. Хүүхдийн гэнэн, томоогүй байдлаасаа болоод хийж байгаа үйлдлээ ухамсарладаггүй, хувь хүнд учруулж байгаа хор уршгаа ойлгодоггүй. Үүнээс болоод гэмт хэрэгтэн болж, хуулийн дагуу ял хүлээдэг. Оноохоос ч өөр арга байхгүй. Гэхдээ ял оноохоосоо урьтаж гэмт үйлдлийг нь ухамсарлуулах, хүмүүжлийн чанартай арга хэмжээ авах ялын төрлүүд бий. Бусдын орон байр, хамгаалалтын бүс рүү нэвтэрснээс нь үүдэж 2-8 жилийн ял онооно гэдэг бол тухайн хүүхдийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байгаа. Эрхзүйн байдлыг ингэж дордуулж болохгүй. Хүмүүнлэг нийгмийг цогцлоохын төлөө ажиллаж байгаа ийм нийгэмд ялын хатуу бодлого байх нь зохимжгүй гэж үзсэн. Тиймдээ ч УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар бид гурав хамтран уг хуулийн төслийг өргөн барьсан. Хуулийн өөрчлөлт батлагдсанаар гэмт хэрэгт холбогдсон болон ял шийтгүүлээд байгаа өсвөр насны хүүхдийг зөвхөн хорих бус хөнгөн ял оногдуулж болохоор болж байгаа. Хуулийн өөрчлөлт өнөөдрөөс (өчигдөр) эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн.

Хүн амины болон хүчингийн гэмт хэрэг, гэмт бүлэглэлийн захиалгаар, хар тамхитай холбоотой хэрэг хийсэн хүүхдүүд энэ хуулиар ял завших нь гэсэн болгоомжлол нийгэмд байна. Гэхдээ тийм ойлголт байхгүй. Энэ хуулийн төслийг өргөн барихдаа бид Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, ерөнхий ангийн ойлголтуудыг эвдээгүй гэж ойлгож байгаа. Ерөнхийдөө Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар өсвөр насны хүүхдийн эрх зүйн байдал сайжрах юм.

-“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг ирэх намрын чуулганаар хэлэлцэхээр болсон. Өмч хувьчлалын тухайд та ямар байр суурьтай байна вэ?

-1996 оны өмч хувьчлалын сургамжийг давтахгүй байх нь чухал. Төрийн өмчийг хувьч-лахдаа хамгийн гол нь төрд ашигтай байна уу, үгүй юу гэдгийг нь харах хэрэгтэй. Төрд ашиггүй ажилладаг, татаас авдаг, улс орны эдийн засаг буюу төсөвт хүндрэл учруулдаг аж ахуй нэгжүүдийн хувьчилсан нь дээр гэж бодож байна. Төр бол бизнес хийдэг байгууллага биш. Хууль зүйн орчныг бүрдүүлж өгөх ёстой, бодлого гаргадаг л байгууллага. Нийгмийн хүрээнд анхаарал татаад буй өмч хувьчлалууд байна л даа. Түүний нэг нь Төрийн банк. Тэгэхээр ямар салбарыг хувийн хэвшил бие даан хөгжүүлж, үйл ажиллагааг нь эрхлээд аваад явчих боломжтой вэ гэдгийг нь харах нь зүйтэй. Банкны салбар хувийн хэвшилд сайн ажиллаж байгаа л гэж бодож байна. Арилжааны банкны 88 орчим хувь нь хадгаламж эзэмшигчдийн мөнгө, 10-12 хувь нь өөрийнх нь үндсэн хөрөнгө байдаг. Хадгаламж эзэмшүүлж байгаа хүмүүсийн мөнгөн хөрөнгийг зээл хэлбэрээр олгодог ийм л үйл ажиллагаа явуулдаг. Харин арилжааны банк үл хөдлөх хөрөнгийн зах зээл, үнэт цаасны зах зээлд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргэлдүүлж болдоггүй хуультай юм. Үүнийг Хөрөнгө оруулалтын банк нь хийгээд явах чигтэй. Үүн дээр нэмж хэлэхэд одоо Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг УИХ яаралтай батлах хэрэгтэй. Банкны салбарын хууль эрх зүй чамлахааргүй тогтворжиж байгаа гэж үзэж болно. Эцэст нь хэлэхэд Төрийн банкийг хувьчилах нь зүйтэй л гэж үзэж байна.

Хувьчлал өөрөө үнэ цэнэтэй байх учиртай. Захиалгат хувьчлал байж болохгүй гэдэгт санал нэгтэй байгаа. Төрийн банкны зах зээлийн үнэ цэнэ, үнэлгээгээр хувьчлах ёстой. Үнэхээр үнэд хүрдэггүй, үнийн дээд хязгаар нь тэд гэсэн бодит бус үнэлгээ тавьчихсан байх юм бол энэ хувьчлал хэрэггүй. Ер нь бол бизнес эрхлэгчдийн хийж чадаж байгаа ажлыг төр хийх ямар ч шаардлага байхгүй.

-Монополь зах зээлийг хувьчлах нь эрсдэлтэй учир МИАТ-ийг хувьчлахдаа болгоомжтой хандах нь зүйтэй талаар мэргэжлийнхэн хэлж байна?

-Иргэний нисэхийн салбарыг либералчилна гэж ярьж байгаа. Либералчлал бол байх хэрэгтэй. Үнэхээр гадаад зах зээлтэйгээ харьцдаг, улс орнууд руу ажил, амралтаар явах зорчигчдын тоо ихэссэн. Нийгэм, улс орон минь хөгжиж байгаа энэ үед заавал монополь салбар байх нь зөв үү гэдэг нь асуудал л даа. МИАТ-ийн 48 хувийг эхний ээлжинд хувьчилна гэж байна. Тийзний үнэ, маркетинг, үйлчилгээ, катеринг зэргийг сайжруулах хэрэгтэй. Дэлхий дээр тэргүүлж байгаа авиа компаниуд хэр сонирхох эсэхийг хэлж мэдэхгүй байна. Ер нь бол “Korean air”, “Air Chi­na”, “Turkish airlines” компаниуд орж ирээд бидний 48 хувийг сонирхож байвал болж байгаа хэрэг. Ямартаа ч тийзний үнэ, уян хатан байх нөхцөл, хурдан шуурхай байдал, зорчигчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, чамбай ажиллах компани аваасай, үнэ цэнэтэй хувьчлал байгаасай гэж бодож байна.

-Өмч хувьчлалын эзэд хэдийнэ тодорчихсон гэх яриа сөрөг хүчний зарим гишүүдээс гарсан. Ер нь хэрхэн хувьчилбал зөв зүйтэй, иргэдэд хүртээмжтэй байх юм бэ?

-Хувьчлалыг нээлттэй хийх хэрэгтэй. Хэрвээ үнэ цэнэд хүрэхгүй, боломжгүй байгаа бол заавал хувьчлал хийх шаардлагагүй шүү дээ. Өмч хувьчлалын эзэд нь тодорчихсон гэдгийг сайн хэлж мэдэхгүй юм. Надад л дуулсан юм алга.

-Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багагүй маргаан дагуулсан. Энэ тухайд?

-Манай улс 2004 онд Захиргааны ерөнхий хуультай болсон юм. 2005 оноос эхлэн Захиргааны хэргийн шүүхтэй болсон. Захиргааны хэргийн шүүх Засгийн газар, түүний байгууллага албан тушаалтанд гарсан актуудыг хянах үүрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд Засгийн газрын тогтоол захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол Засгийн газар өөрөө буюу УИХ хүчингүй болгоно гэсэн заалт бий. Засгийн газраас аймгийн Засаг даргыг томилсон томилгоо нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзэх юм бол ҮХЦ-ээр шийдэгдэнэ. Маргааш нь ҮХЦ-ээр шийдэгдэнэ гэж байхад Ерөнхий сайд захирамж гаргаад томилгоог хүчингүй болгож байсан тохиолдлууд байдаг. Энэ нь дээр хэлсэнчлэн Засгийн газар өөрийнхөө гаргасан тогтоол захирамжийг хуульд нийцээгүй байна гэж үзвэл хүчингүй болгож байгаа хэрэг. Энэ хүрээнд асуудлыг шийднэ гэдэг томъёолол яваад байна уу гэж би харж байна. Түүнээс Захиргааны хэргийн шүүхийг татан буулгах, Захиргааны шүүхээр захиргааны байгууллага албан тушаалтнуудтай холбоотой гарсан гомдлыг авч хэлэлцэхгүй гэвэл тийм ч таатай зүйл биш. Бид хуульт ёстой, эрх зүйт төрд амьдарч байгаа хүмүүс шүү дээ.

-Энэ удаагийн ээлжит чуулганыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хаврын чуулганаар цөөнгүй асуудлыг нэгдсэн чуулганы хуралдааны эрх мэдлийн хүрээндээ хэлэлцээд, өндөрлөлөө. Нийгэмд анхаарал татаж байгаа Үндсэн хууль, Улстөрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөөтэй байсан ч хэлэлцэж амжсангүй. Намрын чуулганаар орж ирнэ байх. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй гэж үзэж байгаа. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоо, гаргаж байгаа тушаал шийдвэрүүд хэр хэмжээнд уялдаж байна, хэрэгжилт нь ямар байгаа, төрийн эрх мэдлийн хуваарилалтын үндсэн зарчим нь хангагдаж байна уу, үгүй юу гэдэг асуудлууд бий.

Тиймээс Үндсэн хуулийн өөрчлөлтийг нухацтай хэлэлцэх нь зүйтэй. Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлгийг улс орон даяар багагүй хийсэн. “Олны санаа оломгүй далай” гэгчээр үнэтэй санаанууд гарсан байх. Яг одоо бол УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийхэд тийм ч бэлтгэлтэй биш байгаа болов уу гэж бодож байна. 1992 онд нийгмийн нэг тогтолцооноос нөгөөд шилжсэн он цаг. 20 гаруй жилийн хугацаанд хэрэгжиж байгаа Үндсэн хуульд маань ямар алдаа оноо байна гэдгийг сайтар нягталж үзэх шаардлагатай. Намрын чуулганаар аажуу, тайвуу ярилцаж, байж гар хүрэх нь зүйтэй.