Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Тэмүүжин: Улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо, санхүүжилтэд эрс өөрчлөлт хийхгүй бол улсаа цөлмөөд дуусах нь

Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрийн сангаас төрийн түшээд зээл авсан нь ил болж ард түмэн ихээхэн бухимдалтай байна. Та энэ нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Жижиг, дунд үйлдвэрийн санг төрийн өндөр албан тушаалтнууд, хууль хяналтын байгууллагын ажилтнууд, аудиттайгаа нийлээд хуваагаад авчихсан тухай асуудал олон нийтийн эгдүүцлийг их төрүүлж байна. Дээр нь тэд иргэд яагаад уурсан бухимдаж буйг ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй байгаа бололтой. Багахан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээд их биш ч цөөнгүй хүнийг ажлаар хангаад, татвараа төлөөд, ард нь юм үлдвэл амь зуулгаа залгуулчих гээд хичээж байгаа дундаж хэсгийг хамгийн их бухимдуулдаг зүйл бол өндөр хүү байдаг.

Үйлдвэрлэлээ өргөжүүлж, эрэлтийн хөрөнгөө нэмэхийн тулд зээл авахаас өөр аргагүй. Барьцаа хөрөнгө байхгүй бол өндөр хүүтэй мөнгө хүүлэлтэд бүх мөрөөдлөө, хөдөлмөрөө тавиад тууж байна. Зээлийн хүү, түрээс, татвар, авлига гээд бөөн дарамт. Гэтэл тэдний татварын мөнгийг, өөрсдийнх нь нэрээр сайд, гишүүд олноороо зохион байгуулалттайгаар, онц их хэмжээгээр зусалчихаж. Зуслаад зогсохгүй зарим нь хувийн банк, банк бус санхүүгийнхээ байгууллагаар хүүлээд буцаагаад ард түмнээ мөлжчихөж. Гэхдээ хамгийн зэвүүцэм нь тэд буруу зүйл хийснээ ер ойлгохгүй, өөрсдийгөө өмөөрөөстэй.

Толгойд нь хууль цааз, шударга ёсны тухай ойлголт түй ч алга байна. Иргэд нь жилийн 30-40 хувийн хүүтэй мөнгөөр бизнес эрхлэх гэж оролдож байхад хажууд нь гурван хувийн хүүтэй мөнгө авчихаад тэдэнтэй өрсөлдөж, тэднийг хүүлж байна гэдэг шударга бус үйлдэл. Тиймээс хамгийн их бухимдал төрүүлж байгаа сэдэв яалт ч үгүй энэ байна.

-Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн зээлийг албан тушаал наймаалцах хэрэгсэл болчихсон гэж ярих юм. Ер нь ийм зүйл байдаг юм уу?

-Хоёр төрлийн хардалт, таамаг үнэн болов уу гэж дүгнэж болохуйц үйл явц руу орчихоод байна. Нэгдүгээрт, ЖДҮХС-гаас авсан зээл нь бүгд 950 сая буюу нэг тэрбум орчим төгрөг байгаа. Зээлтэй холбогдсон хүмүүсийг хараад байхад жилийн өмнөх Засгийн газар унасан, мөн байгуулагдсан үйл явдалтай холбоотой байх шиг. У.Хүрэлсүхийн Засгийн газар УИХ дахь өөрийнхөө түншүүдийг урамшуулсан шан харамж,барьцаа маягтай зүйл юм биш үү гэж харагдахаар байна. УИХ-ын гишүүний нэг кноп 950 сая төгрөгөөр үнэлэгдсэн юмдаг уу даа. Хоёрдугаарт, 2016 онд 60 тэрбумын схемээр бүрдсэн УИХ сонгуульд гаргасан зардалаа олж авах, өрөө төлөх, 2020 онд зарах мөнгөө төсвөөс хулгайлах их аяндаа гарцгааж гэж хэлж болохоор байна. Зөвхөн ЖҮДХС гэлтгүй олон сан байгаа. Сая төсөв батлагдахад нэг гишүүн дээр найман тэрбум төгрөг тавигдлаа гэх шүүмж яриа, хэвлэлээр яваад байна лээ. Сонгогчид, татвар төлөгчдөөсөө хулгайлах замаар улс орон удирдана, улс төр хийнэ гэж юу байхав дээ. Нам, улстөрчийн санхүүжилтийн нэг ийм авлигажсан, ашиг сонирхлын зөрчилтэй хэлбэр Монголын ардчиллын хорт хавдар боллоо шүү.

-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргах асуудлаар зөвшилцөх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. УИХ-ын даргын зүгээс энэ саналыг хүлээж аваагүй. Төрийн тэргүүний гаргасан уг саналд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хамгийн эхлээд дээр дурдсанчлан Засгийн газар УИХ-ын гишүүдээ өөрийн мэдлийн сангуудаараа дамжуулж авлигаддаг юм биш үү гэсэн ойлголт олон нийтэд төрсөн. Ийм авлигажсан Засгийн газар, сайдууд байх нь зөв үү, тэдэнд хариуцлага тооцох ёстой гэх уур амьсгал нийгэмд тархаж эхэлсэн. Гэтэл Ерөнхийлөгч гэнэтхэн л “УИХ тар” гэж хэлээд сөрөг уур амьсгалыг Засгийн газраас холдуулсан. УИХ руу шилжүүлчихсэн хэрэг. Үүнийг “Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авч үлдэхийн тулд УИХ руу нийгмийн бухимдлыг чиглүүлчихлээ”, “У.Хүрэлсүх болон Х.Баттулга гэдэг хоёр хүн нэг нэгийгээ хаацайлж, хамгаалах байдлаар хоршоод байна” гэж тайлбарлах хүмүүс ч байна. Нөгөө талаас, төрийн тэргүүн өөрөө хэлээгүй боловч эргэн тойрных нь хүмүүс ил цагаан, давтамжтайгаар, далайцтай түгээж,зарим талаар шахаж, хүчилж байгаа зүйл бол Ерөнхийлөгчийн засаглалыг бий болгох тухай яриа. УИХ-ыг тараах санаачилга нь онц байдал зарлах санаархлаар өргөжөөд, Үндсэн хуулийн үйлчлэлийг бүрэн зогсоож хүсэлдээ хүрэх нэг алхам уу гэсэн хардалт байна. Монгол Улсыг нэг хүний гар дор захируулах тухай атгаг яриа олон ангит кино мэт үйл явдлаар үргэлжлэхгүй гээд хэлчих зориг одоогоор Х.Баттулгад алга. Уг нь мань хүн хоёр үзүүргүйгээр “Монгол Улс парламентын бүгд найрамдах хэлбэрээрээ цаашид оршино. Манай улсын тусгаар тогтнол, ардчилал, хүний эрхийн баталгаа нь энэ. Тиймээс би үүн дээр хатуу зогсоно. Харин парламентын ардчиллын нэр хүнд, парламентат ёсыг хамгаалахын тулд авлигажсан, хариуцлагагүй, шударга бус, хулгайчдаа өмгөөлдөг, мөнгө хүүлэгч энэ УИХ-ыг тараах ёстой” гэж хэлбэл дөрвөн мөчөө өргөөд дэмжихэд ч бэлэн байна. Үнэндээ ийм олноороо, ийм увайгүйгээр улсаа тонож байгаа хулгайчдаас болж нөгөө талд нь бас адилхан асуудалтай нөхөр хаан болох хүслээ гүйцэлдүүлчих гээд байгаад санаа зовж байна.

-Таны хувьд Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихгүй байгаа шалтгаан нь юу вэ?

-Бид ойрхны буюу 150 жилийн түүхээ л эргэн харчих хэрэгтэй. Монгол Улсыг нэг толгойтой болгоод тэр нэг толгойг нь өөрийн дураар яаж захирч болдог гэдгийг харуулсан эмгэнэлтэй түүх. 1900-гаад оны эхэнд өөрөө өөрсдийгөө мэдэх гэж оролдсон болгон нь амиа алдсан шүү дээ. Коминтерний нөлөөн дор тогтсон Монгол Улсаар яаж тоглосныг бүгдээрээ л мэдэж байгаа. Хэдэн ч удирдагчаа хойно аваачиж цаазлуулав. Тухайн удирдагч удаан оршин тогтнохын тулд гадны гар хөл болохоос өөр замгүй байсан. Өөрөөрөө байх гэсэн болгон нь өрөөлийн нутагт ясаа тавьсан даа. Хэрвээ бид тусгаар тогтнолынхоо хариуцлагыг нэг хүн, нэг институтэд үүрүүлэх юм бол ямар эмзэг байх нь вэ гэдгийг дээрх жишээ мэдрүүлж байгаа юм. Тэр өнгө одоо ч гэсэн өөрчлөгдөөгүй, болгоомжлох ёстой. 1992 оны Үндсэн хууль бичигчдийн хамгийн том болгоомжлол энэ л байсан. Гадны хүчтэй дарамт, шахалт, тусгаар тогтнолын хариуцлагаа нэг удирдагчид бус төрийн байгууламждаа тараан байршуулах тухай юм. Парламентын бүгд найрамдах улсын зохион байгуулалт сонгосон гадаад шалтгаан энэ. Энэ сонголт одоо ч зөв гэдгийг олон судалгаа харуулдаг. Монголчууд бид хүсэхгүй байсан ч Ерөнхийлөгчийн тогтолцоог дарангуйлагч болгохыг гадныхан үтэр түргэн хийнэ. Дундад Азийн “Стан” орнууд шиг тоглоомын хаан дороо л гараад ирнэ. Тэгээд цаазлаад, цаазлаад явчих байлгүй. Нэг хүний тойрон хүрээлэгчид хуулийн дээр зогсоод тэдэнтэй зөрчилдсөн хүн бүхэн асуудалд унах болно. Энэ нь бидний монголчуудыг, эрх чөлөөнд дуртай үндэснийх хувьд маш аюултай зөрчилдөөнд хүргэх байх даа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар яригдаж байгаа. Үндсэн хуульд гар хүрэх зөв цаг нь мөн үү?

-Парламентын ардчиллаа сайжруулъя, хүчтэй Ерөнхий сайдтай болъё, парламент шүүх болон Засгийн газар хоорондын хяналт тэнцлийг бүрэн утгаар нь бүрдүүлье, Засгийн газарт ажил хийх бололцоог олгоё гэж бодож байгаа бол Үндсэн хуулийг өөрчлөх л хэрэгтэй. Өнөөдөр Үндсэн хууль өөрчилж болохгүй гэх үг Монгол Улсыг дахиад 40 жил яг ийм хэрүүл дунд байлгах болно. Боломж байвал өөрчлөх л ёстой. Гэхдээ яаж гэдгээ л бодох нь чухал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах боломж УИХ-д байгаа. 64 суудалтай намд ийм өөрчлөлтийг хийх улс төрийн эрх мэдэл нь байна. Хүсэл зориг, зөв тийшээгээ явах алсын хараа нь байгаа юу гэдэгт л асуудал бий. Одоо харин хүлээн зөвшөөрөгдөх нэр хүнд нь үгүй болох шив.

-Та твиттертээ одоогийн төрийн тэргүүн өмнөх Ерөнхийлөгчийн зарчмаар яваад байна гэж жиргэсэн байсан. Энэ тухай тодруулаач?

-Манай улсад Ерөнхийлөгч хэн байхаас үл хамаараад уг институци дээр очсон хүн болгон ямар нэгэн байдлаар Ерөнхий сайдын ажлыг булааж, өмнөөс нь хийх гэж оролддог. Засгийн газарт өөрийнхөө тавиулуудыг чихдэг, гүйцэтгэх эрх мэдэл дотор өөрийн дураар тонгочдог, мөнгө санхүү рүү нь хуруу гараа гүн дүрдэг явдал жам юм шиг болчихоод байгаа. Бас өмнөх бүх Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ талд, эсвэл хоёр дахь бүрэн эрх рүүгээ орохоороо Ерөнхийлөгчийн засаглалтай болъё, би дахиад жаахан төрийн толгой дээр сууя гэх зүйлийг эргэн тойрныхоо хүмүүсээр яриулдаг. Харин энэ удаагийн Ерөнхийлөгч жил хүрэхгүй хугацааны дараа ярьж эхэлж байна. Өмнөх Ерөнхийлөгчидтэй адилхан зарчимтай байна гэдэг нь өөр дээрээ эрх мэдэл овоолох шуналтай байгаагаар нь хэлсэн байх. Бүгд л санаагаа гүйцэлдүүлэх зэвсэглэлээр сайн хөөцөлдөцгөөж байсан. Хүн айлгаж, ичээдэг, асуудлыг шийдэхийн тулд хүчирхийлдэг, хуулийн байгууллагын сүр хүчээр далайлгадаг зэвсэглэлийг өөртөө бүрэн авахын тулд хамаг байдгаараа үзэлцдэг байсан. Өмнөх Ерөнхийлөгч Авлигатай тэмцэх газрын даргыг яаж сольсон, шүүх прокурорыг хэрхэн өөрчилсөн тэр арга замаар өнөөдрийнх нь явж байгаа харагдана.

Нэг сонирхолтой зүйл нь өмнөх Ерөнхийлөгч өөрийнхөө дараагийн Ерөнхийлөгчийг М.Энхболд болох байх гэж бодож, тооцон, олон зүйл түүнд нийцэлдүүлсэн л дээ. Тэр хүнд хэрэгтэй боловсон хүчний томилгоонуудыг нь ч хийж өгсөн. Гэхдээ сонгуулийн дүнгээр өөр хүн гарчихсан. Ардчиллын нэг давуу тал нь энэ. Ардчилалд цөөн хэдэн хувь хүмүүсийн тохиролцоогоор улс орны суурь асуудал шийдэгддэггүй. Иргэдийн сонголт том нөлөө үзүүлдэг. Тиймээс заримдаа ордны хуйвалдаан маягтай зүйлүүд иргэдийн сонголтод тас цохигдоно оо. Харамсалтай нь ардчиллын үр шимийг хүртчихээд ардчиллаа устгах гээд зүтгээд байдаг хүн манайд байна даа.

-Хашир улстөрчийн хувьд та өнөөгийн улс төр цаашид хэрхэн үргэлжилнэ гэж харж байгаа вэ?

-Төрийн авлигын үүд болсон улс төрийн нам, сонгуулийн тогтолцоо, санхүүжилтэд эрс өөрчлөлт хийхгүй бол энэ намууд чинь улсаа цөлмөөд дуусах нь. Идэж ууснаа уудлалцсан маргаан нь илүү хурцдах байх. Тал талдаа бүлэг, хувь хүний эрх ашгаа хамгаалах гээд улс төрийн хурцадмал байдал үүсгэвэл түүнийг нь дөрөөлөөд өөр тийшээ алхаж байгаа хэсэгт олз л болох байх.

-Тэгвэл эрх баригчдын дотоод зодоон ямар үр дүнд аваачих вэ?

-Намуудыг, улс төрийг, нийгмийг хагалж хувааж байж, хуваагдсан талцал, зөрчил дундаас нь олз олдог арга барил сүүлийн 10-аад жил хүчтэй явж байна. Зарим талаараа Монголын улс төрд байгаагүй шинэ технологи гарч ирээд байна. Түрүүчийн парламентын бүрэн эрхийн хугацаанд М.Энхболд гэдэг хүн Х.Баттулгаар дамжуулж Ардчилсан намыг хувааж тоглодог байв. Энэ хоёрын тэр түншлэл Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаж, МАНАН-ийн засаг байгуулахад хүргэсэн. Дараа дараагийн олон ч зүйл дээр иймэрхүү юм болж байсан. Сүүлд нь АН, МАН-ын дарга нарын хуйвалдаан сонгуулийн хуулиас пропорционал тогтолцоог Цэцээр хулгайлуулж, улс төрийн авлига, хулгайг цэцэглүүлдэг 76 тойрогтой УИХ-ыг үүсгэсэн дээ. Жамаараа л явж байна. Өнөөдөр Х.Баттулга У.Хүрэлсүхээр дамжуулж МАН-ыг хагалан тоглож, өнөөх 65 нь ээлжээр хулгай хийгээд л сууж байна.

-Засгийн газар огцорч магадгүй нөхцөлд байгаа. Засгийн газрын оршин тогтнох хугацаа одоо бүр нэг жил рүү орж ирж байна гэж халаглах хүмүүс байна л даа. Энэ тухайд?

-Олон нийтийн итгэлийг алдаад, авлигын асуудлуудаа шийдэж чадахгүй бол огцрохоос өөр аргагүй байлгүй дээ. Энэ улс оронд уг нь бодлого ярьж, зөв зарчим сануулж, ажил урагшлуулж, хөгжил авчирдаг нь олон байвал зүгээр сэн. Одоо ч хулгай ярихаас өөр сэдэвгүй болчихлоо доо.


Categories
мэдээ цаг-үе

Д.Ламжав: Хуулийн дагуу биш л бол төрийн эргэлт болно шүү дээ

Цаг үеийн асуудлаар иргэн Д.Ламжавтай ярилцлаа.


-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлчихлээ. УИХ тарах боломжтой юу?

-Үндсэн хуулиаар УИХ-ыг тараах механизм практикийн хувьд бараг байхгүй гэж хэлж болно. Тийм амаргүй. Учир нь гишүүдийн гуравны хоёр нь таръя гэсэн санал өгсөн нөхцөлд тарна л даа. Дээрээс нь төсвийн хуулийг нэгэнт яриад эхэлчихсэн бол дундуур нь өөр хуулийн төсөл орохгүй хэлэлцэж дуусах ёстой. Хэрэв УИХ тарах талаар ярьдаг юм аа гэхэд төсвийн хуулийн дараа л авч үзэх байх.

-Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ өргөн барьж болох уу?

-Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгчийг огцруулахын тулд эхлээд Цэцийн дүгнэлт гарсан байх ёстой. Өргөсөн тангарагаасаа няцсан гэсэн Цэцийн дүгнэлт гарна. Энэ дүгнэлт гарсан нөхцөлд мөн л УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь огцруулъя гэсэн санал өгөх юм бол огцорно. УИХ-ын бүрэлдэхүүнийг харах юм бол 65 нь нэг намаас бүрдсэн байгаа. Энэ нь гуравны хоёр хэсгээс ч давна.

-Ерөнхийлөгч УИХ-ыг бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзсэн. Та үүнтэй санал нийлж байгаа юу?

-Ерөнхийлөгч цөөнгүй асуудлуудыг яриад байна лээ. Тэр дундаа нэг гишүүний тойрогт найман тэрбум төгрөг хуваарилж төсөвт тусгасныг шүүмжилж байгаа.

Энэ асуудлыг Ерөнхийлөгч хөндөж байгаа нь зүйтэй хэрэг юм. Гишүүний тойрог бол Засаг захиргааны нэгж биш. Төсвийг Засаг захиргааныхаа хуваарилалтын дагуу захиран зарцуулдаг. Тэгэхээр үүнээс шууд хууль зөрчиж байгаа нөхцөл харагдаж байна. Гишүүнд мөнгө хуваарилдаг асуудал манайд тун муу түүхтэй л дээ. Н.Энхбаярыг Ерөнхий сайд байх үед энэ үйл явц эхэлсэн шиг санагдаж байна. 2000 оны үед гэсэн үг. Тухайн үед МАХН 72 гишүүнтэй олонх байсан. Хамгийн анх олонх 72 гишүүндээ 10 сая төгрөг өгсөн юм. Сүүлдээ бол нийт гишүүддээ өгдөг болсон. Харин 250 орчим сая төгрөгт хүрснээр энэ асуудал Цэцэд очсон. Цэцээс ийм асуудал байж болохгүй гэх шийдвэр ч гарсан юм. Цэцийн шийдвэр ёсоор ийм зүйл байх ёсгүй. Өөрөөр хэлбэл төсвийг захиран зарцуулахад УИХ-ын гишүүд хөндлөнгөөс оролцож болохгүй. Төсвийг эцэслэн батлахад УИХ-ын гишүүн ямар байр суурьтай оролцохыг Үндсэн хуульд заагаад өгчихсөн. Тодруулбал, Үндсэн хуулийн 23.1-т “УИХ-ын гишүүн бол ард түмний илч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн байгаа. Гишүүд өөрийнхөө тойрогт нийт улсынхаа эрх ашгийг бодож хандах ёстой. Бүтэн харах ёстой юм. Тойрог руугаа л юм хийхгүй бол болохгүй нь гэж яриад байгаа. Ингэж болохгүй ээ. Тэгэхээр Ерөнхийлөгчийн тавьж байгаа энэ санал зарчмын хувьд зөв.

Түүнчлэн ЖДҮ-ийн асуудлыг төрийн тэргүүн хөндсөн. Д.Эрдэнэбат сайдын үед ЖДҮДС-гийн мөнгийг хэнд олгох вэ гэдгийг сайд нь мэддэг байсан юм билээ. Энэ хүнд олгоорой гэсэн бичгийг банкинд хийж өгдөг байсан хэрэг. Харин одоогийн сайд нь шууд хуваарилсан юм байна. Банкинд бүртгэлгүй байдлаар олгожээ. Би тэр, энэ нь буруу гэж ярихгүй. Гэхдээ дээрх хоёр асуудалд эрх зүйн зөрчил гарч байна. Нэгдүгээрт, банк энэ мөнгийг олгодог байх хэрэгтэй. Ямар хүнд өгөх ёстой вэ гэдгээ зээл олгож байгаа банк хариуцах ёстой. Гэтэл энэ хоёр сайд хоёулаа энэ байдлыг зөрчжээ. Сайдуудад л хуваарилчихсан байна. Төв банкны ерөнхийлөгч “Энэ зээлүүдийг бүртгэхгүй байгаа. Бүртгэх хэрэгтэй” гээд яриад байна лээ. 20-иод хоногийн өмнө надад Монголын цахилгаан холбооноос “3000 төгрөгийн төлбөр хийгээгүй байна. Үүнийгээ төлөхгүй бол таныг Монголбанкинд бүртгүүлнэ” гэсэн мэдэгдэл ирсэн. Ийм жижиг төлбөрийг ч ингэж сайн бүртгэж байхад тэрбум шахуу төгрөгийг банк бүртгэхгүй байж болох уу. Арилжааны бүх банк мөнгөнийхөө хөдөлгөөнийг Төв банкинд тайлагнаж байх ёстой юм. Ингэж байж Төв банк мөнгөний бодлогоо барина биз дээ. Энэ бол том зөрчил. Ерөнхийлөгч энэ мэт асуудлыг зарчмын хувьд хөндсөн. Ямарваа нэгэн асуудлыг хөндөж тавихдаа “Миний асуудлыг шийдээгүй учир энэ асуудлыг чинь илчилнэ” гэсэн байдлаар хандаагүй байх гэж бодож байна. Энэ бол зөв юм. Өөр нэг зүйл нь хуульд захирагдах байдал муу байна. Манайд үүрэг гүйцэтгэгч гээд л бүрэн эрхийн хугацаанд ажилладаг хүмүүстэй болчихжээ. Ийм байж хэрхэвч болохгүй. Албан тушаал дээр хариуцлагатайгаар тавьдаг байх ёстой. Энэ нь хууль зөрчсөн, эмх замбараагүй байдал үүсгэсэн маш хортой зүйл юм.

-ЖДҮХС-гаас зээл авсан төрийн түшээдийн нэрс өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Салбарынх нь сайд гэм буруугаа хүлээж албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн. Энэ тухайд таны байр суурь ямар байгаа вэ?

-Ямартаа ч сайд нь огцорно гээд өөрөө мэдэгдсэн байна лээ. Энэ бол хариуцлага хүлээж байгаа асуудал. Хамгийн гол нь тэрхүү олгогдсон зээлийг богино хугацаанд буцааж олгох ёстой. Эрх мэдлээ ашиглаж улсын мөнгөнөөс хулгай хийх явдал дэлхийн том асуудал болчихоод байна. Авлигалын эсрэг авах хамгийн том арга хэмжээ бол аж ахуйн нэгжүүдийн эзэд, удирдах зөвлөлийг нь ил тод болгох нь маш чухал. Мөнгө хаашаа очиж байгааг мэдэх боломжтой болно гэсэн үг. Их аятайхан болгож өгнө. Манайхан бол одоо тас нууж байгаа. Энэ асуудал нэлээн тэмцэлтэйгээр шийдэгдэх байх л даа.

-Эдгээр нь УИХ-ыг тараах хэмжээний асуудал мөн үү?

-Оронд нь юу тавих гэж байгаа юм бэ гэдгээ үргэлж бодох хэрэгтэй. Ямар механизмаар хийх юм. Одоо байгаа хууль эрх зүйн дагуу явах юм уу гэдгээ бодох нь чухал. Хэрвээ хууль эрх зүйн дагуу биш бол төрийн эргэлт гэдэг зүйл рүү л ордог юм шүү дээ. Ерөнхийлөгчийн санаа зовж байгаа нэг зүйл нь Үндсэн хуулийн асуудал байна. Үндсэн хуулийг ноцтойгоор өөрчилнө гэж хэлсэн. Тэр нь юуг хэлж байгаа юм гэдэг асуудал байна. Юуг хэлж байгаа нь тодорхойгүй байна. Тэгэхээр энэ асуудал тийм хялбар биш л дээ. Ямарваа нэг зүйл харагдаж байгаа шиг ээ амархан байдаггүй юм аа. Асуудал харагдаж байгаагаасаа илүү нарийн, түвэгтэй. Магадгүй асуудлын гүн рүү нь учраас амархан мэтээр харж байж болох юм. Бүх хувьсгал аюултай байдаг. Ялангуяа төрийн эргэлтийн байдалтай хийж байгаа хувьсгал тун аюултай. 1990 оны хувьсгалаар төрийн эргэлт хийгээгүй. Хуулийн дагуу явагдсан. Гэхдээ өөрчилж байгаа зүйл нь хувьсгалын шинжтэй байсан. Төрийн эргэлтийн маягаар хийж байгаа хувьсгалаар өмнөхөөсөө ч мууг орлуулаад тавьчихдаг аюул байдаг. Энэ бол хүн төрөлхтний болон маш олон улсын түүхэнд давтагдсан зүйл. Төрийн эргэлтийн байдалтай хийсэн хувьсгал дур зорго ноёлсон, өмнөхөөсөө ч дор нөхцөлийг үүсгэдэг.

-Ерөнхийлөгч “УИХ тарахгүй бол би өлсгөлөн зарлах уу” гэх зүйлийг ярилаа хэмээн олон нийт эгдүүцэж байх шиг санагдсан. Энэ тухайд?

-АТГ-ын дарга, Ерөнхий прокурор хоёрыг дуудсан юмдаг уу даа. Тэдэнд “Акулуудыг барь” гэх утгатай зүйлийг хэлсэн юм шиг байна лээ. “Хэрэв та нар ажлаа сайн хийхгүй бол би өлсгөлөн зарлах юм уу. Ингээд дэлхийд шившиг болох уу” гэж хэлсэн бололтой. Би ярилцлагыг нь үзээд иймэрхүү байдлаар тогтоосон. Миний хувьд Ерөнхийлөгчийг нийгэмд хандаж байгаа хандлага дээрээ том алдаа гаргалаа гэж үзэж байна. Ерөнхийлөгч Ард түмнээ сонсоно гэсэн нэрийн дор улсаа тойроод сөрөг ухуулга хийгээд явсан. Ерөнхийлөгч өөрөө тэртэй тэргүй том институци. Юу болж байгааг харж хийнэ. Асуудлыг өдөөн турхирах байдлаар хандаад байна аа. Төрийн тэргүүн Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч гэсэн Үндсэн хуулийн чухал заалтыг нүдний цөцгий мэт хайрлан, ямар ч хурц асуудлыг зохистойгоор шийдэхийн төлөө уур амьсгалтай ярих ёстой. Дээр дурдсан жишээ бол ямар ч улсын Ерөнхийлөгчийн амнаас гармааргүй үг. Зөвхөн энэ үг чинь өөрөө Монгол Улсыг жижгэвтэр харагдуулж байна. Манай мэдээг тоож ил тавих газар байхгүй л байх. Гэхдээ Ерөнхийлөгч нь ингэлээ гээд элчингийн шугамаар аль хэдийнэ л явчихсан л байгаа. Би Ерөнхийлөгчийг нэг их чимхээд баймааргүй байна л даа, хөөрхий. Гэхдээ төрийн тэргүүн болох хүн ямар нэгэн алба хашдаг бол Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөөсөө л түүнээсээ чөлөөлөгдөх хуультай. Би л лав Жүдогийн холбооны ерөнхийлөгчийн албанаасаа гарлаа л гэж сонсоогүй. Гарахгүй яваад л байсан. Энэ зөрчлүүдээ зас, залруул гэж иргэн хүний хувиар хэлэх байна. Учир нь энэ мэт цуглаад байх юм бол өөрөө дорхноо огцрох зам руу явчихаж мэднэ. Турк багшийг хулгайлахыг завдсан асуудал гарсан. Үүн дээр Ерөнхийлөгчийн зүгээс дэмжиж оролцсон гэж би ойлгосон. Энэ бол ноцтой алдаа гаргаж байна. Турк Монголын талтай хамтарсан гэж хэлсэн. Ерөнхийлөгчийн зүгээс зөвшөөрсөн учраас л ороод ирсэн байна. Хүн хулгай хийх гэмт хэргийг дэмжиж оролцсон болгох гээд байна шүү дээ. Манайх жижиг улс. Бяр чадалдаа харьцангуй бодлого явуулах ёстой. Жижиг улсын оршин тогтнох чухал зүйл нь олон улсын эрх зүйн эсрэг байлдахгүй байх явдал. Харин ч түүнийг дэмжих замаар өөрийгөө хамгаалах ёстой. Гэтэл цаазын ялыг сэргээнэ л гээд байгаа. Энэ асуудал Цэц дээр явж байна. Хэлэлцэх юм гэнэ лээ. Цаазаар авах ялаас татгалзах тухай II нэмэлт протоколд нэгдсэн л бол гарах боломжгүй. Манай Үндсэн хуулийн 10.4-т “Монгол Улс Үндсэн хуультай харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэсэн байдаг. Олон улсын II нэмэлт протоколд нэгдсэн УИХ-ын хуулийг энэ заалтын дагуу Үндсэн хууль зөрчсөн гэж Цэцэд хандчихсан байгаа юм. Би Бага хурлын гишүүн байлаа. Тухайн үед Үндсэн хуулийн төсөл хэлэлцэж байлаа. Монголын автономийг гурван гүрний хэлэлцээрээр устгасан тухай асуудал гарч ирж, гадны улсууд манай тусгаар тогтнолд халдвал яах вэ гэх яриа өрнөсөн. Ингэж дээрх 10.4 гэх заалт орсон түүхтэй. Энэ нь биднийг юу ч мэддэггүй амьтад байсныг харуулж байгаа юм. Хамгийн сонин нь биднийг энэ хуулийг хэлэлцэж байх үед бид Олон улсын эрх зүйн гэрээний тухай Венийн конвенцид нэгдээд орчихсон байсан. Гэтэл энэхүү конвенцид жинхэнэ хамгаалалт нь байсан. Гайхамшигтай олон заалт тэр дотор байсан. Манай улс захиргаадалтын тогтолцоотой байсан учир олон улсын гэрээ конвенцид нэгдэн орсон ч практик дээр дагах бололцоогүй байж л дээ. Архивлачихдаг л байж. 1990 онд л анх нийтлэгдэж байсан. Гадаад харилцааны гэрээ эрхийн хэлтэс нь ч юугаа хийж байсан юм. Тэрхүү заалтыг оруулахад энэ чинь буруу шүү гэх дохио ирээгүй л юмдаг. Үндсэн хуулиас 10.4-ийг авах хэрэгтэй гэж би хэлдэг. Засахгүй байсаар л байгаа. Монгол Улс олон улсын эрх зүйн өөдөөс байлдах юм бол гурав дахь хөршийн бодлогоо үгүй хийнэ гэсэн үг.

-Та өнөөгийн улс төрийн нөхцөл байдлыг ерөнхийд нь юу гэж дүгнэж байгаа вэ?

-Би бол ерөнхийд нь аль нэг нам руу хазайхгүй ярихыг хүсдэг. Улстөржүүлэх байдлаар биш асуудлыг мөн чанар юундаа байна, яах ёстой вэ гэдэг талаас нь хандахыг хичээдэг. Ямартаа ч бүх зүйлийг Үндсэн хууль руу чихэх нь буруу. Би үүнийг зөвшөөрдөг. Гэхдээ Үндсэн хуулийн асуудлыг засахгүйгээр одоо ирж байгаа зүйлүүдээс ангижирч чадахгүй. Жишээ нь, яагаад гишүүдэд мөнгө хуваарилахаар болов, юунаас үүдсэн бол гээд бодоод үзье л дээ. Засгийн газрыг бүрдүүлэхдээ УИХ-ын гишүүдээр хэлэлцүүлдэг. Сайд нарыг толгой дараалан хэлэлцэж томилдог. Тэгэхээр энэ нь Засгийн газрыг, гүйцэтгэх эрх мэдлийг Их хурлаас хэтэрхий хараат болгочихож байгаа юм. Үндсэндээ улсынхаа эрх ашгийг бодсон төсөв хийчихээд УИХ-ын гишүүд баталж өгөхгүй, шантаажилна гэж айгаад байна. Ингээд ая тал засах зорилгоор Цэцийн дүгнэлт гарчихаад байхад л гишүүдэд мөнгө хуваарилах байдал далд хэлбэрээр үргэлжлээд байна. Үндсэн хуулийн төсөлд энэ санаа явж байгаа. Ямар нэгэн байдлаар төсвийг захиран зарцуулах эрхэд халдаж төсвийг хувиарлаж болохгүй гэдэг заалтыг сайн хийж өгөх ёстой юм.

-Таныг Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа. Төсөв боловсруулах ажлын хэсэгт нь оролцоод явж байгаа. Надад илүү ихийг өөрчлөх сонирхол байдаг. Гэхдээ хамгийн гол нь хамтарч ажиллах хэрэгтэй. Хойш нь биш, урагш алхуулах эерэг өөрчлөлтийг бий болгох ёстой. Би сэтгэл дундуур байгаа ч гэсэн одоогийн байгаа нөхцөл байдлуудаас заримыг нь сайжруулах зүгт алхам хийж байгаасай л гэсэн хүсэл эрмэлзэлтэй байдаг.

-Үндсэн хуулиндаа хамаагүй гар хүрч болохгүй гэсэн хүмүүс олон байх шиг. Үндсэн хуулийг өөрчлөх цаг нь болсон уу?

-Үндсэн хуулийг өөрчлөхөд их болгоомжтой хандах хэрэгтэй. Улсын эрх ашгийн үүднээс л энэ өөрчлөлтөд хандах ёстой. Харанхуйгаар эсэргүүцэх хангалтгүй. Мэдлэгтэйгээр асуудалд оролцох, хамтарч ажиллах чадвар их чухал. Өс хонзон өвөрлөчихөөд асуудалд хандахгүй байвал их сайн.

-Засаглалын хэлбэрийг өөрчлөх боломжтой юу?

-Ардчилсан тогтолцооноосоо ухрахгүй байх гэж бодож байна. Ардчиллын үзэл санаанд сорилт тулгарч байгаа хэрэг юм л даа. Энэ ганцхан Монголд бус дэлхий дахинд тулгарч байгаа. Энэ сорилтыг даваад өнгөрч чадах байх гэж бодож байна. Ерөнхийлөгчийн болон парламентын засаглал Үндсэн хуулиа сайн хийж чадах юм бол хоёулаа ардчиллыг хамгаалах бололцоотой. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд онол байвч өөрийнхөө Үндсэн хуулийг төгс сайн хийсэн нэг ч улс байхгүй. Би үүнд итгэл төгс байдаг. Тэгэхээр энэ хоёр тогтолцооны талаар би юу ч хэлэхийг хүсэхгүй байна. Энэ нь сайн, тэр нь муу гэж хэлмээргүй байна. Парламентын засаглалаа яагаад цааш нь аваад явах ёстой вэ гэвэл энэ бол 1990 онд хийсэн том сонголт юм. Нийгмийн том зөвшилцлийн үр дүн. Үүнийг буруутгахуйц үйл явдал болоогүй. Үүнд ч би итгэлтэй байгаа. Тэгэхээр энэ засаглалынхаа дутагдлыг сайжруулах ёстой юм.

-Эрх баригчид хагарал ихтэй байгаа. Энэ нь байх ёстой зүйл үү?

-Энэ Үндсэн хуультай холбоотой байж магадгүй. Үндсэн хуулийн сонгуулийн тогтолцоотой холбоотой байх. Манай Үндсэн хууль одоо можаритор тогтолцоотой байгаа. Цэвэр можаритор тогтолцоо. Энэ нь жаахан эмх замбараагүй байдал руу оруулаад байдаг. Тэгэхээр Үндсэн хуульд сонгуулийн тогтолцоог нэг мөр тогтоох ёстой. Одоо Үндсэн хуулийн төсөл дотор ямар тогтолцоо сонгож авахыг УИХ шийдэж байхаар хийсэн. Би үүнтэй санал нийлэхгүй байгаа. Би саналаа ч хэлдэг. Ингэж болохгүй гэдгийг өнгөрсөн 20 гаруй жилийн туршлага маш тод харуулсан. Эхлээд янз бүрийн тогтолцоогоор үзсэн шүү дээ. Цэвэр мажоритороор, олон мандаттайгаар, холимогоор гэх мэт. Гарч ирсэн Их хурал бүхэн Сонгуулийн хуулийг өөр, өөр болгоод яваад байсан. Эцэст нь 2016 оны сонгууль болохоос өмнө “Манай Үндсэн хууль можаритор тогтолцоог хуульчилсан байна” гэсэн Цэцийн шийдвэр гарсан. Яахав хялбарчлаад хэлчихэд эрх баригч нам бүхэн ямар сонгуулийн тогтолцоогоор сонгуулиа хийвэл манай нам ялах вэ гэсэн сэдлээр хандаж ирсэн. Урьд сонгогдсон бүх нам тийм байсан. Сонгуулийн тогтолцоог яаж өөрчилбөл би, бид ялах бол гэж баахан цагийг үр ашиггүй зүйлд зарцуулдаг. Хамгийн гайхалтай нь өөрчлөх тоолондоо тэд ялагдаж байсан юм. Тэгэхээр энэ зүйлд санааг нь зовоодоггүй болох хэрэгтэй. Сонгуулийн зохих ёсны тогтолцоог Үндсэн хуульдаа яс хийх ёстой. Тэрхүү тогтолцоонд дасаад улс төр нь төлөвшинө. Намууд нь ч төлөвшинө.

Хүмүүс “Муу хүмүүсээс л болоод байна. Үндсэн хууль дажгүй сайхан байна” гэж хэлэх юм. Манай бүх хуульч академчид “Үндсэн хуулийг өөрчлөх хэрэггүй” гэж ярьж байхыг ч сонслоо. Сайн тогтолцоо гэдэг муу хүмүүсийг ч бариад, хазаарлаад байдаг юм аа. Түрүүний хэлсэн ёсоор АНУ-ын Үндсэн хууль төгс биш байх. Гэсэн ч нэлээд популист нөхрийг яаж барьж, залуурдаад байгааг бид өдөр бүхэн харж, сонсч байна. Сайн тогтолцоо гэдэг ийм байдаг юм. Тэгэхээр нэр төртэй хуульчид нийгэмд хор цацаж болохгүй. Судлаад, мэдэгдээд байгаа зүйлийг харах хэрэгтэй. Нийгэм өөртөө тулгарсан асуудлыг шийдэж чаддаг байх ёстой. Одоо л болохоо байчихсан муухай амьтад гарч ирчихсэн, эдний үед л юм хийвэл сүйрнэ, намайг гараад очихоор л бүх зүйл сайхан болно, тэр үед л өөрчилнө гэсэн сэтгэхүйгээр асуудалд хандаж болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Парламентын засаглалаас татгалзвал шууд дарангуйлагч төрнө

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд асан Л.Гантөмөртэй ярилцлаа.


-Ерөнхийлөгч УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Энэ талаар УИХ-ын дарга хариугаа хэлсэн. Энэхүү нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Сөрөг хүчингүй парламент гэдэг ийм аюултай байдаг гэдгийг харж байна л даа. Анх 2000-2004 онд сөрөг хүчингүй байхдаа гишүүдэд тойргийн мөнгө хуваарилж эхэлсэн байдаг. Сөрөг хүчний байр суурь ямар хэрэгтэй болохыг одоогийн үйл явдал ч гэрчилж байна. Мэдээж Засаг нь тогтвортой, олонхыг нэг нам бүрдүүлэх тухай их олон жил ярьсан. Харамсалтай нь нэг нам олонх болсон ч хүссэн амжилтаа гаргасан уу гэвэл тун хэцүү. Засгийн газрыг ажлаар шахаж шаарддаг нь сөрөг хүчний үүрэг юм байна гэдэг нь тодорхой харагдаж байна. Жишээ нь, Н.Алтанхуягийн Засгийн газар маш том сөрөг хүчинтэй ажилласан. Тухайн үед хагас сайн өдөр Засгийн газрын хуралдаанаа хийдэг, бүтэн сайнд нь салбарууддаа очиж ажилладаг, сайд нарыг жилд хоёроос дээш удаа томилолтоор явуулдаггүй байлаа. Олон нийтийг сонсох, мэдээллийг ил тод болгох “1111” төвийг ажиллуулж иргэдийн санал бодлыг сонсдог байх, Засгийн газрыг нээлттэй, ажилсаг, шуурхай, зорьсон зүйлийнхээ ард гардаг байсны гол шалтгаан нь том сөрөг хүчний нөлөө шүү дээ. Сөрөг хүчнээс ирэх шүүмжлэл, дарамтыг дааж гарахын тулд асар өндөр потенциал шаардсан ажлуудыг хийх ёстой юм байна гэдэг нь Н.Алтанхуягийн Засгийн газраас харагдаж байгаа юм. АН, МАН хоёр эвсээд ажиллахад өмнөх зүйлс нь бүдгэрч эхэлсэн байдаг.МАН 65-уулаа болонгуутаа “1111” төвийг татан буулгах жишээтэй, Сайд нартай тооцох хариуцлага нь илт суларсан. Сөрөг хүчний шүүмжлэл байхгүй учир 65 гишүүнийхээ арга эвийг олчиход л болдог болсон. Дотооддоо арга эвээ олсон байдал нь ЖДҮ-ийн асуудлаар илэрч байх жишээтэй. Гишүүн бүрийн тойрогт таван тэрбум төгрөг өгч байна. Тэр нь найман тэрбум болсон сурагтай байгаа. Ер нь ямар нэгэн байдлаар нэг гарт асуудал төвлөрөх юм бол хог новш их цугларч, буруу үйлдлүүд гаарах юм байна. Тиймдээ ч Ерөнхийлөгч УИХ-ыг тараах саналыг гаргахаас өөр аргагүй л байдалд хүрсэн байна. Ерөнхийлөгч Ерөнхий сайдыг арай л өөр байх болов уу гэж дэмжиж харагддаг. Харамсалтай нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх санасанд нь хүрсэнгүй. Хуучнаараа л төсвөө оруулж ирж, гишүүдийг аргалах байдлаар асуудалд хандаж байна.

-Ерөнхийлөгчийг аж үйлдвэрийн комбинат байгуулах, Майдар хот-ын бүтээн байгуулалтад шаардлагатай төсөв хөрөнгийг ирэх оны төсөвт суулгаагүй учир УИХ-ыг тараах саналыг гаргалаа гэх хүмүүс байна л даа…

-Ерөнхийлөгчийн дагуул хот байгуулъя гэдэг нь буруу биш шүү дээ. Улаанбаатар хот тэлэх хэрэгтэй. Монгол хүн өөр хотод ажил хийхэд өгөөжтэй, ашигтай байхуйц боломжууд байна. Нэгэнт хот байгаа газар дахин хүссэн хотоо байгуулахад түвэгтэй учир цоо шинээр байгуулъя гэдэг Ерөнхийлөгчийн концепцийг буруу гэж хэлэхэд хэцүү. Хотыг яаж байгуулах вэ гэдгийг Засгийн газар, Их хурал бодох хэрэгтэй. Х.Баттулга санаачилсан эсэх нь хамаагүй шүү дээ. Аялал жуулчлал бидэнд хэрэгтэй юу гэвэл мэдээж хэрэгтэй. Аялал жуулчлалаар мөнгө олно, олсон мөнгө нь бүх хүнд хүрнэ. Шашин соёл, боловсрол, шинжлэх ухааны арай өөр зочид ирдэг, орлого нь ч илүү дээр хот байгуулъя гэдгийг олон нийт дэмжиж байна шүү дээ. Аж үйлдвэр лүүгээ мөнгө оруулаач ээ гэдэг нь ч зөв. Нөгөөтэйгүүр судалгааны ажлыг маш өндөр түвшинд хийх хэрэгтэй. Яаж, хэрхэн, хэнтэй хамтарч, ямар зах зээлд бараагаа борлуулах, ямар технологи ашиглах гээд олон зүйлд шийдэл гаргах ёстой. Үүнийг Засгийн газар ажил хэрэг болгох бүрэн боломжтой.

-Ер нь УИХ тараалаа гээд өөрчлөгдөх зүйл байгаа юм уу?

-Дахиад сонгууль болоход том сөрөг хүчинтэй болно. Хэн ялах нь хамаагүй. Парламентын ганц давуу тал нь мэтгэлцэх, хяналт тавих. Мэтгэлцэж, хяналт тавихын тулд эрх баригчдаас дутахгүй, чадалтай сөрөг хүчин хэрэгтэй.Том сөрөг хүчин ажил хийлгэдэг юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгж байж эрх баригчдад ташуур болдог. Тиймээс парламентын дараагийн сонгуулиас айх хэрэггүй. Ядаж 20 гаруй цөөнхтэй парламент яваад байх юм бол Монгол урагшаагаа л явна. Манайхны хөгжлийн гацаа том сөрөг хүчин гэдэг бол шал худлаа. Эрүүл саруулаар мэтгэлцээд ойлголцож чадах юм бол сөрөг хүчин хамгийн хэрэгтэй зүйл юм шүү. Бүгдээрээ хэлэлцвэл буруугуй, бүлээн усаар угаавал хиргүй гэдгийг л ойлгох хэрэгтэй.

-УИХ дахь АН-ыг бүлэг чадахаараа л сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж байгаа юм биш үү?

-Есхөн гишүүн ямар сөрөг хүчин байх билээ дээ. Тэгээд бүгд ардаа тойрогтой. Зарим нь намын дарга, Их хурлын дэд даргын албатай. Нөгөө талд нь бүтэн Үндсэн хууль өөрчлөх баг сууж байна. Энэ тохиолдолд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх ямар ч боломж байхгүй. Сөрөг хүчин байхгүйгээс төрийн тухай ойлголт нурж унаж байгааг бид харж байна. Гишүүн бүрийн тойрогт таван тэрбум төгрөг өгнө гэдэг монголчууд бидний санаанд багтамгүй юм. Эдийн засаг маш эмзэг байна.

Ирэх жилүүдэд илүү хүндэрнэ. ОУВС-тай сүүлийн хөтөлбөртөө орчихсон. Дараа нь хэнд хандах юм. Ядаж хамтарч байгаа санхүүгийн байгууллагуудаасаа ичдэггүй юм уу. Санхүүгийн сахилга баттай улс болно гэдгээ нотолдоггүй юм уу. Монгол дэлхийд ганцаардлаа шүү дээ. Дандаа л хулгайч шиг аашилдагаа болимоор юм даа.

-ЖДҮДС-гаас зээл авсан төрийн түшээдийн асуудал Б.Батзориг сайдаар туг тахиснаар намжчих юм биш байгаа гэх хүмүүс байна. Энэ тухайд?

-Хуулиа л харах хэрэгтэй. Энэ бол ёс суртахууны хувьд доголдолтой асуудал л даа. Гуравхан хувийн хүүтэй зээлийг тусгайлан зөвхөн гишүүддээ зориулж тарааж болдог юм уу. Хуулиар бол ямар ч боломжгүй. Жижиг, дунд үйлдвэрийн хуулинд маш нарийн заалтууд бий. Хуулиа мөрдөхгүй байгаад л учир байгаа юм. Монголчуудыг Японд аваачаад тэдний хуулиар амьдруулъя гэж бодоход Токиог хэдхэн жилийн дотор л нураана. Харин япончууд Монголд ирээд манай хуулиар амьдрахад таван жилийн дотор л босгоно. Хуулийг нь огт өөрчлөхгүйгээр л ийм үр дүн гарна. Монголууд бид хөгжихгүй байгаа үндсэн шалтгаан нь хууль муутайдаа биш ээ, хуулиа мөрдөхгүй байгаатай холбоотой шүү дээ. Одоо бол зээл авсан гишүүд хариуцлага хүлээхгүй ээ. Сайд сольсон болоод л өнгөрнө. Энэ байдлыг залуу үе нь битгий дуурайгаасай л гэж бодох юм.

-МАН-ын дотроо хагаралтай байгаа. Энэ нь эцэстээ юунд хүргэх бол?

-Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхийг хүсч байгаа тодорхой хүмүүс байна л даа. Нам дотор яригдаж байгаа нууц мэдээллийг сонсчихоод эгдүүцдэг байх. Нэг сайд концессоор хэдэн тэрбумыг авлаа, Таван толгойн нүүрс зарж төдий хэмжээний ам.доллартай боллоо, өөрийнхөө барьсан орон сууцанд өчнөөн тэрбумыг авчихлаа ч гэдэг юм уу иймэрхүү яриаг сонсож л байгаа. Сөрөг хүчин байхгүй учир Засгийнхаа эсрэг дуугардаг хүмүүс олширч, эрх баригчид хуваагдах нь жам ёсны л асуудал.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг нэг нам олонх болсон дээрээ шийдэх нь зөв, өөрчлөх цаг нь болсон гэж яриад байна л даа. Таны хувьд юу гэж бодож байгаа вэ?

-Хүмүүсээс гарсан алдааг механизмын аргаар засах гэж залхуурч байна гэдэг маш хортой. Чаддаг юм бол улс төрийн намуудыг эхлээд тараачих. Улс төрийн намын санхүүжилтийг шилэн болгочих. Улс төрийн намуудын сонгуулийг төрийн мэдэлд аваатах. Чаддаг юм бол шүү. Улс төрийн нам гэж төрийн бус байгууллагыг шилэн, шударга болгоод өг л дөө. Үүнийгээ эхлээд хий л дээ. Муу бүхэн намаас л болж байгаа. Эрх барьж байгаа нам нь ч хэдэн ченжүүдийн гарт орсон. Тэднийгээ удирдлагууд нь аргалж дийлдэггүй. Дүр эсгэж, зангиа зүүсэн, ном үзээгүй нөхдийн гарт л байж байгаа шүү дээ. Үнэхээр сайн сайхан зүйл хүсч байгаа бол улс төрийн намуудынхаа л учрыг ол. Чадахгүй байгаа бол улсаа худалдчихгүй байж байгаад дараа үедээ хүлээлгэж өг. Залуу үед эрх чөлөө, парламентын засаглал, нэгнийгээ хянадаг төр, хянах боломжийг үлдээх хэрэгтэй. Миний үеийн болон надаас дээшээ улс төрчид улс төрийн намыг мөнгөнөөс хамааралгүй, итгэлцэж болдог, үзэл бодол дээрээ зогсдог талбар болгож ирээдүй хойч залуусдаа үлдээгээсэй. Тэгвэл аль намд байснаасаа үл хамаараад улс төрд 20, 30 жил зүтгэсэн хүмүүсийн гавьяа бол тэр. Ийм боломж байгаа гэдэгт надад багахан ч гэсэн итгэл байдаг шүү. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчлөхөөс өмнө шийдэж болохуйц асуудлаа шийдчих хэрэгтэй. Үндсэн хуулиар хамаагүй оролдож болохгүй ээ. Үндсэн хууль бол монголчууд бидний язгуур эрх ашгийг хамгаалах хамгийн үнэтэй зүйл. Монгол төрийн хар хайрцагны бодлого гэдэг нь монгол хүний эрх чөлөө, бидний тусгаар тогтнол байдаг аа. Хууль хүмүүсийг бүтээх үү, хүмүүс хуулийг бүтээх үү гэдгийг л сайн бод. Монголчуудын эрх чөлөөнд халдахгүйгээр юу хийж чадах вэ гэдгээ хаана, хаанаа сайн бодох хэрэгтэй.

-Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжсэн хүмүүс байх шиг байна. Манай улсын хувьд хэр боломжтой хувилбар юм бэ?

-Ерөнхийлөгчийн засаглал Монголыг хөгжүүлнэ гэж байгаа хүмүүс бүгд худлаа ярьж байгаа. Маш өндөр сэтгэлийн хөөрөлтэй хүмүүсийн яриа. Тэд хоёр том гүрний дэргэд байгаагаа ойлгохгүй байна. Асар их баялагтай улс гэдгээ мэдэхгүй байна. Оюу толгой, Таван толгойгоор л баялагаа төсөөлж байх шиг. Монгол Улс мөнгөтэй хүмүүсийн шуналыг хөдөлгөхүйц асар их баялагтай. Парламентын засаглалаас татгалзвал шууд дарангуйлагч төрнө. Үүнийг баталгаатай хэлэх байна. Төрсөн дарангуйлагч нь гадны гар хөл байх нь тодорхой. Би лав хэнд ч итгэхгүй байна. Сонгогч саналаа маш их мөнгөөр өгдөг болно. Парламентын гишүүдийг маш хурдан хугацаанд мэдэлдээ оруулна. Сонгуулиас өмнө бүх төрийн албыг худалдаж авна. Тэднийг хөдөлгөх хөрөнгө нь гадны мөнгө байх нь мэдээж. Монголчуудад тийм мөнгө байхгүй шүү дээ. Харин тэр их мөнгөтэй тэнцэх баялаг бол Монголд бий. Монгол баялаггүй бол хүн сонирхохгүй л дээ. Нэг зүйлийг онцлоход Монгол төрийн тусгаар тогтнол, монголчуудын эрх чөлөөнд халдахад төлөвлөгдсөн, гадаадын туршуулууд оролцсон гэж болохоор зүйл рүү гүйж ороод байж болохгүй. Гадныхан, гадны хөл гар болсон хүмүүс Монголыг Ерөнхийлөгчийн засаглалтай болгохын тулд тархи угаасан маш их ном бичиж, нэвтрүүлэг ч хийх байх. Оюун ухааныг нь ядууруулахын тулд бүгд дайрна. Хавтгайруулж нийгэмчлэх тухай яриа их явах байх. Энэ нь эхлээд “Эх оронч үзэл”, “Хариуцлага”, “Ядуучуудаа аваръя”, “Баялагаа тэгш хуваая” гэсэн үе шаттай явдаг юм билээ. Эцэст нь “Хариуцлагатай засаглал, нэг удирдагч” гэсэн зүйл явдаг юм байна. Ингээд л дарангуйлагчийн өмнө бүтэн ард түмнийг аваачдаг байх нь. Маш олон оронд энэ технологи хэрэгжиж байна. Хамгийн сүүлийн жишээ нь Турк байна. Ер нь монголчууд бид байтугай Дундад Азийнхан нэг хүний засаглалыг дааж чадахгүй байгаа. Тэнхээ нь хүрэхгүй учраас тэр. Монголчууд бид АНУ-ыг дуурайх ямар ч боломжгүй. Энэ хоёр улсын тухай харьцуулсан судалгааг бүх төрөлд хийгээд үзэцгээ л дээ. Судлах тусмаа ямарч боломжгүйг бүгдээрээ ойлгоно. Дуурайхыг хүсээд байгаа АНУ-г ч Д.Трамп нь яаж баллаж байгааг харж байгаа биз дээ. Энэ хүн сонгогдоод юу өөрчлөгдөөд байгааг бүгдээрээ л үзлээ, харлаа, сонслоо. Цаашид юу хийх нь ч тодорхой байна. Бүх зүйл нь тогтчихсон АНУ хүртэл ингэж өөрчлөгдөнө гэхээр л аюултай байгаа биз.


Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: АН-ын зүгээс Ерөнхийлөгчийг төсөвт хориг тавиасай гэж уриалж байгаа

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Ирэх оны төсөв батлагдчихлаа. Сөрөг хүчний зүгээс төсөвт ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Таны хувьд ч төсөвтэй холбоотойгоор Цэцэд хандана гэдгээ хэлж байсан. Цаашид хэрхэх бол?

-Төсвийг өргөн барихаасаа эхлээд л хууль зөрчсөн. Хамгийн сүүлд л гэхэд ирцгүйгээр хууль зөрчиж баталлаа. Бүх шатандаа явцгүй л төсөв гарчихлаа. Сонгуульд зориулсан, сонгогчдыг худалдаж авах гэсэн төсөв боллоо. Ард түмний төлөө гэсэн төсөв болж чадсангүй. Миний хувьд энэ төсвийг хууль зөрчсөн учраас Цэцэд өгөх бодолтой байна. АН-ын зүгээс Ерөнхийлөгчийг төсөвт хориг тавиасай гэж уриалж байгаа. Эрх баригч намын гишүүд ч үнэнд гүйцэгдээд төсөвт хориг тавих юм бол боложмийн хэмжээгээр засах тал дээр нь ажиллая гэсэн санааг гаргаж байх шиг байна. Эцсийн найдвар тэр л боллоо. Түүнээс ийм төсөв хэрэгжих бололцоо байхгүй. Байж болохгүй. Монголд парламент ёсыг уландаа гишгэсэн, түүхэнд байгаагүй аймшигтай муу төсөв гарч байгаа нь маш эргэлзээтэй болгож байна.

-Төсөвт хууль зөрчиж тусгагдсан ямар зүйлүүд байгаа талаар тодруулаач?

-Амьдрал дээр хэрэгжих бололцоогүй 400-гаад объект зураг төсөлгүй орж ирсэн. Энэ бол гишүүдийн амыг л хаасан зүйл. Нэг том хөтөлбөр гаргаж байгаа юм шиг боловч хэрэгжих бололцоогүй. Дээр нь орлого, зарлага маш үрэлгэн байна. Хэзээ ч байхгүй, хэрэгжих ямар ч үндэсгүй орлого тавьчихсан. Зарлага дээр нь сайд нарын хувийн концессоос авахуулаад дуртай болгоноо тусгачихсан. Өмнөх Засгийн газар ямар шалтгаанаар огцорсон нь утгагүй болчихоод байна л даа. Яг л тэр зүйлээ буцаагаад оруулж ирээд баталчихлаа. Үнийн тогтворжуулалт, ард түмний амьжиргааг нэмэгдүүлэх, инфляцитай уялдуулж үнийн эсрэг авах бодит арга хэмжээ ч гэдэг юм уу нийгэмд хэрэгтэй, шийдэх ёстой асуудлууд олон байна.

УИХ-ын тогтоолоор Үндсэн чиглэл гарчихсан байгаа. Үндсэн чиглэл дээрээ тулгуурлаж төсвөө хийх ёстой. Бид Үндсэн чиглэл дээр сайн ажилласан. Хийх ажлынх нь гол чиглэлийг гаргасан. Гэтэл төсөв дээр Үндсэн чиглэл доторх гол заалтуудаа үгүйсгээд хууль зөрчөөд явчихсан. Хамгийн гол нь гэр хорооллын болон утааг шийдэх асуудлуудыг 100 хувь үгүйсгэлээ. Ямар нэгэн өөрчлөлт, дэвшил байхгүй байгаад бид маш их бухимдаж байна. Зөвхөн бид ч биш гэр хорооллынхон бүгд бухимдалтай байгаа. Үүнийг яавч хүлээн зөвшөөрч болохгүй. Багш, эмч, цагдаа нар гээд бүхий л түвшин дэх маш хүндрэлтэй нөхцөл байдал хэвээр үлдээд байна.

– Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаас нь огцрууллаа. Мөн УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх саналыг Улсын ерөнхий прокуророос УИХ-ын даргад өгсөн. Энэ хэр зөв шийдвэр гэж та үзэж байгаа вэ?

-Иргэнд үйлчилдэг хууль УИХ-ын гишүүд, сайдад үйлчлэхгүй гэсэн юм байхгүй шүү дээ. Асуудал гарсан бол хуулийн хүрээнд шалгаж тогтоож болно. Үнэхээр үүний цаана бүлэглэсэн төрийн эсрэг том гэмт хэрэг байна гэж үзэж байвал хуулийн байгууллага ажлаа хийх л ёстой. Энэ асуудал дээр нэг зүйлийг анхааруулахад маш том хуйвалдааны шинжтэй, Монголын төрийг худалдаж авсан байж болзошгүй том зохион байгуулалттай гэмт хэрэг юм шиг ойлгогдоод явчихлаа шүү дээ. Үүнийг мухарлахгүй бол болохгүй. Гэхдээ хурдхан шиг галыг намжаахын тулд бараг долоо хоногийг амралтын өдөр болгон мартагнуулж, булзааруулах гэж оролдож болохгүй. Дээрээс нь хэн нэгэн сайдаар туг тахиад, албан тушаалын наймаа маягаар ингэж гарах гэж байгаа бол энэ байж болохгүй. 60 тэрбумын асуудал гэдэг чинь яг ингэж гарч ирдэг байхгүй юу. Хүн хүнээс багахан татвар авна. Түүгээрээ төрийн эрхийг булааж авсныхаа дараа өнөөх хүмүүстээ буцаагаад албан тушаалаар төлбөрөө хийдэг. Албан тушаал авсан хүмүүс нь өгсөн мөнгөө ард түмнээс арав, зуу дахин их болгоод авч байгаа биз. Ил гарч байгаа нь л энэ. Энэ чинь мөсөн уулын орой л юм. Үүний дор чинь 60 тэрбумын тогтолцоо чинь бий. Бид үүнийг эцсийг нь хүртэл гаргах ёстой гэж маш хатуу шаардлага тавьж тэмцэж байсан. Бидний ярьсан зүйл үнэн байгаагийн нотолгоо нь энэ. Монголын төр нурж унаж, сүйрч байна. 60 тэрбумын тогтолцоо Монголын төрийг дээд хэсэгт нь бүрэн идчихсэн. Үүнд эрээ цээр, ичгүүр сонжуур алга. 60 тэрбумын бичлэг ил болоход ямар аймар зүйл рүү явах бол оо гэж айж байсан бол тэр бодит байдал болчихжээ. Энэ Монгол Улсын тусгаар тогтнолд аюултай. Өнөөдрийн Монголын төрийг УИХ-тай нь бүхэлд нь худалдаад авахад ямар жаахан мөнгө орж байна вэ. Хүн болгонд л нэг, нэг тэрбумыг тараахад л болж байна. Энэ нь гадны эсвэл том уул уурхайн компанид юу ч биш шүү дээ. 60 тэрбумаар л Монголын төрийг авч, сөхрүүлж болдог юм байна. Бүх УИХ-ын гишүүд нь төрийн биш барьцааны төлөөлөгчид болж байна шүү дээ.

-Төрийн өндөр албан тушаалтнууд ЖДҮХС-гаас зээл авсан энэ үйлдэл хэр ёс зүйтэй юм бэ?

-Яавч байж болохгүй. Энэ бол төсөөлөшгүй асуудал. Би ЖДҮХС-гийн үйл ажиллагааг ном журмаараа явж байгаа л гэж бодсон. Гэтэл төрийн албан тушаалтнууд нь эхнэр, хүүхдийнхээ компаниар дамжуулж авдаг жишиг тогтчихжээ. Бүр ичихээ ч байж. Төр гэдэг чинь сүүлдээ илт дээрмийн байгууллага шиг болчихсон байна. Энэ том аюулын дохио шүү. Үүн дээр ямар ч өршөөл байж болохгүй. Хуваадаг мөнгө нь жилийн дотор л үржээд байна. Жирийн гишүүддээ бол тойрог дээрх хөрөнгө оруулалтыг чинь дэмжье л гэж байгаа. Гэтэл цаана нь өөрсдөө хэд дахин их мөнгийг хөрөнгө оруулалтаар аваад дээрээс нь авлигалын аймшигтай сүлжээгээ ажиллуулаад явж байна. Энэ бол хүлээн зөвшөөрч болохгүй асуудал.

-ЖДҮ-ийн асуудал дээр хариуцлага тооцоод эхэлж байна. АН-ын зүгээс хэдийнээс чуулган, байнгын хорооныхоо хуралдаанд хэвийн оролцож эхлэх вэ. Эсвэл оролцоод эхэлсэн гэж ойлгож болох уу?

-Ганцхан Б.Батзориг биш хэд хэдэн сайд нарын нэр холбогдсон. Мөн УИХ-ын гишүүдийн нэрс ч бий. Тэдгээрийн асуудлыг ил тод шийдэх хэрэгтэй. Ер нь ийм асуудал болж байгаа тохиолдолд Засгийн газар цаашдаа ажиллах ямар ч ёс зүйн эрх байхгүй болчихлоо. Ёс зүйн эрхгүй Засгийн газар удах юм бол нийгэмд бүр аюултай, тогтворгүй байдал үүсгэнэ. Тийм учраас Засгийн газар хариуцлагаа хүлээж огцроод үүрэг гүйцэтгэгч байх хугацаандаа энэ бүх асуудлуудаа тодруулах ёстой. Үлдэх нь үлдэнэ биз. Гэм буруугүй хүмүүсийг бид бүгдийг нь шийтгэж болохгүй. Харин хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хариуцлагаа үүрэх ёстой. Ингэж бид цэвэршиж авахгүй бол болохгүй ээ. Одоо нэг сайд өөрчилсөн болоод дахиад сайдын наймаа болоод л үргэлжлээд явах юм бол энэ өөрөө Монгол Улсын ирээдүйд аюултай нөхцөл байдал үүсгэнэ. Бидний хувьд бүр болохгүй бол дараагийн шатанд л шилжинэ дээ.

-Дараагийн шат гэдэг нь?

-Чуулган, байнгын хороогоо хууль бусаар хуралдуулж байгаа, Монголын төрийг хулгайлж байгаа энэ үйл явцтай бид гудамжинд гараад тэмцэх үү, суулт хийх үү. Ард түмэнтэйгээ хамтраад ордныг бүслэх хэрэгтэй болно байх. Эрх баригчид сөрөг хүчинтэйгээ нэг өдөр ч хэлэлцээрийн ширээний ард суухгүй байна шүү дээ. Одоо ингээд сөрөг хүчингүй болчихлоо гэсэн шиг олонх нэрээр юу дуртайгаа хийгээд байж болохгүй. Ийм улс төрийн соёлгүй байж болох уу. Сөрөг хүчин хурал хаяж байна гэдэг чинь парламентын соёлоор хамгийн эцсийн шатны арга хэмжээндээ орж байгаа хэрэг биз дээ. Эрх баригчид хэлэлцээрийн ширээний ард суух ердийн соёлтой байх ёстой. Гэтэл юу ч болоогүй юм шиг гүрийгээд л байх. Би энэ олон жилийн парламентын түүхэнд ийм муухай бүдүүлэг байхыг хараагүй юм байна. Энэ бол ард түмнийхээ нүүр лүү нулимж байгаа хэрэг. Биднийг хэдэн сахилгагүй хүүхэд гараад явчихсан юм шиг хандаж болохгүй. Бүхэл бүтэн 1990 оноос хойш улс орныг авч явж байгаа улс төрийн нэг том хүчин эцсийн арга хэмжээ, сануулга өгөөд гарч байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бид эргээд зүгээр орчихно гэж байхгүй. Одоо орвол бид хувьсгал хийж байж л орно. Эднийг төрийн сэнтийгээс зайлуулж, энэ намыг хориглох асуудал тавьж байж орно. Парламентын ордныг бүсэлж, талбайг дүүргэж байж л орох болно. Өөр арга байхгүй.

-Хувьсгал хийлээ гээд хэнд ашигтай юм бэ?

-Хэнд ч ашиггүй. Гэхдээ соёлтой ярья гэхээр нүүр лүү ус, шороо цацаад байхаар ямар ч аргагүй болж байгаа биз дээ. 1990 онд телевизээрээ муулж, үл тоогоод л байсан. Тэгээд л гудамжинд гарцгаасан шүү дээ.

-Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ыг өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Энэ асуудалд сөрөг хүчин ямар байр суурьтай байгаа вэ?

-Санал нь орж ирэх юм бол мэдээж хэрэг намын бүлгээрээ яриад дүгнэлтээ гаргана. УИХ сөрөг хүчнээ ингэж дорд үзэж, гэмт хэргийн шинж чанартай төсөв батлаад, дотроо ард түмний мөнгийг хулгайлсан хүмүүсээ хаацайлаад, Үндсэн хууль руу гар дүрж Монголын ард түмний тусгаар тогтнолд аюул занал учруулах юм бол энэ УИХ чинь өөрөө тарчихсан байгаа хэрэг. УИХ-д ард түмний сонгосон хүмүүс нь чөлөөтэй байр сууриа илэрхийлж, төрийн эрхийг бариад явж байх ёстой. Гэтэл 76 дахь гишүүн нь ч өнөөдрийг хүртэл байхгүй байсаар байна. Дээрээс нь ард түмний итгэлийг алдчихсан, хариуцлага хүлээх ёстой сайд, гишүүдээ хаацайлаад л яваад байна. Хэн нэгэн хүн тар гэлтгүйгээр энэ УИХ чинь өөрөө тарчихаж байгаа байхгүй юу. Оршин тогтнох эрх нь дуусчихаж байна. Түүнийг нотлох уу, үгүй юу гэдэг л асуудал үлдсэн. Гишүүд саналаа хураагаад аваад үлдчих нь гэж байна л даа. Тийм юм байхгүй. Нэгэнт л ард түмэн сэтгэл зүрхнээсээ УИХ-ыг аваад л хаячих юм бол угаасаа энэ УИХ байхгүй ээ. Тараах нь цаг хугацааны л асуудал. Яалт ч үгүй хувьсгал руугаа явах уу, сонгууль руугаа явах уу гэдэгээ шийдэх байх.

-Эрх баригчдын зүгээс Ерөнхийлөгчийг огцруулах санал гаргаж магадгүй гэх яриа байна л даа. Энэ тухайд?

-Ард түмний зүрх сэтгэл л шийднэ. Өнөөдөр хуулийн хүрээнд хэн ч, юу ч хийж чадахгүй. Ямар ч байсан тохиолдлоор Монголын төрийг бусниулах бололцоо байхгүй. Тэр хамгаалалтыг Үндсэн хууль сайн хийсэн. Гэхдээ Үндсэн хуулинд Засгийн болон төрийн эрхийг ард түмэнд өгчихсөн. Ард түмэн дэмжиж, гарч байгаа шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа цагт өнөөдөр хэн ч ажлаа хийгээд явна. Тэр байхгүй л болох юм бол хэн ч байсан үтэр түргэн зайлна. Түүнд ямар ч эргэлзээ байхгүй. Өнөөдөр Засгийн газарт өгсөн ард түмний итгэл дуусчихлаа. Дараагийн шатанд УИХ-ыг гэсэн ард түмний итгэл дуусах уу, үгүй гэдэг асуудал гарч ирж байна. Цаашдаа ард түмэн төрийн институцуудаа хянаад явчихна. Тэрийг урьдчилж дүгнэх бололцоо байхгүй.

-Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор ард түмэн эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Сөрөг хүчний зүгээс шатахууны үнийн асуудалд хэр анхаарлаа хандуулж байгаа вэ?

-Би Газрын тосны газрын дарга байсан учир сайн мэдэж байна. Төр ямар ч илүү зардал гаргахгүйгээр, ард түмний амьжиргаа, амьдрах эх үүсвэрийг сүйрүүлэхгүйгээр шатахууны үнийг бодитой хэмжээнд нь бариад явж болдог. Харин нефтийн арилжаа хийдэг компаниудынхаа мэдэлд орчихоор нүд улаан, мөнгө цагаан болж байгаа юм. Ард түмний халаас руу гараа дүрж ашгаа нэмдэг л уралдаан болгочихсон хэрэг. Нөгөө талдаа бүх үнэ өртөг нэмэгдэнэ. Дагаад бүх бизнесүүд тэр уралдаанд нь хөтлөгдөөд явчихдаг. Жирийн хүн амьдрах нөхцөлийг л үгүй хийгээд байна. Энэ нь төрийн маш харалган, бодлогогүй, зохион байгуулалтгүй, арчаагүй нөхцөл байдлыг л илтгээд байгаа юм. Тийм учраас Засгийн газар ажлаа хийж чадахгүй байна. Хийж чаддаг нь үгээ хэлээд гараад ир гэдэг асуудлыг нь бид тавиад байна.

-ТЕГ-ын дарга асан Б.Хурцын гомдлын дагуу прокурор, АТГ-аас УИХ-ын гишүүн Ж.Батзандан болон таныг нээлттэй сонсгол хийсэн гэж эрүүгийн хэрэг үүсгэсэн. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Хэрэг нээчихээд шалгасан нэртэй хэзээ ч ашиглаж магадгүй гэж боддог юм уу байлгаад л байна. Дууддаг ч үгүй, дуусдаг ч үгүй, учрыг нь олдоггүй л байдалтай байх юм. Ямар зорилготой ч байлгаад байдаг юм. Маш болохгүй тогтолцоог амь бөхтэй хамгаалаад л байгаа юм билээ. Одоо дахиад нээлттэй сонсгол хийнэ дээ. Хичнээн эсэргүүцсэн ч түр хороогоо байгуулна.


Categories
мэдээ цаг-үе

Хос ятгын аялгуугаар түмнээ уяраасан С.Вандангийнх

– ЭХ ОРОНДОО БИДНИЙ ОЧООГҮЙ СУМ, ТОГЛООГҮЙ ТОСГОН ГЭЖ БАЙХГҮЙ –

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Зуун дамжин түмэн олныхоо сонорыг мялааж, тэдэндээ хүндлэгдэж, хайрлагдана гэдэг уран бүтээлч хүний хувьд ховорхон хувь тохиол биз ээ. Энэ л хувь заяаг дааж яваа эрхэм уран бүтээлчдийг бид энэ удаад Танайд өнжье буландаа урилаа. Тэд бол хос ятгын эгшиг, дуу хуураар түмнээ уяраасаар яваа Монгол Улсын гавьяат жүжигчин С.Вандан, Д.Дуламсүрэн нар билээ.


Эхлээд бид тэдний ажилладаг Төв аймгийн “Монгол туургатан” театрт уулзахаар цаг тохирсон юм. Театр луу ороход нэг давхрын баруун талаас ятгын аялгуу эгшиглэсэн тул бид эргэлт буцалтгүй тийш зүглэв.

Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит “Монгол туургатан”театр шинэ байртай болоод тун удаагүй байгаа аж. Гавьяатууд будаг нь ханхалсан шинэхэн театртаа төвхнөж л байна даа гэсэн юм. Тэдний өрөөнд хос ятга, тайзны хувцас, гутал, хэрэгслүүд гээд урлагийн хүнд хэрэгтэй бүгд байх аж. Мөн дээрээс нь хуучны маш олон захидал, тэмдэг, жуух бичгийг ширээн дээрээ эгнүүлэн өржээ. Нүүдэл суудал хийх үедээ тэдгээр тун нандин зүйлсээ олж ил гаргасан нь энэ юм байна. Тэднийг хүмүүс анх нэг гэр бүлийн хүмүүс гэж мэддэггүй байжээ. Тиймдээ ч ид мандаж яваа залуухан дуучдад өдөж сөдсөн хайрын захидал цөөнгүй ирдэг байсан гэнэ. Эхэндээ ч хайрын захиа ирэхэд эмзэглэж бие биенээсээ нууж байж. Харин сүүлдээ нийлж байгаад л уншчихдаг болжээ. Харин тэдний сэтгэлд тодхон үлдсэн нэгэн захианд “Нөхөр бид хоёр тоглолтыг чинь үзсэн юм. Тухайн үед бид хоёр ширүүхэн маргалдчихсан байлаа. Эхлээд бид хоёр үзэгчдийн суудлын хоёр талд сууж байв. Тоглолтын дундуур бие биерүүгээ нэг нэг суудлаар ахисаар л байсан. Харин тоглолт дуусахад яг зэрэгцээд суучихсан, алга ташаад сууж байсан шүү. Та хоёрын тэр сайхан дуунууд, ятгын аялгуу, бие биерүүгээ харж байгаа харц чинь бид хоёрыг бодлоо өөрчлөхөд хүргэсэн. Одоо бид хоёр хамтдаа, аз жаргалтай байгаа” гэж бичсэн байжээ. “Ер нь ятгын аялгуу хүний сэтгэлийг их зөөллөдөг юм шүү дээ. Энэ тухай өгүүлсэн домог, хууч яриа ч байдаг.

Бид хоёрыг ч энэ сайхан хөгжмийн ая эгшиг учруулж, 40 гаруй жил ханилжээ. Амьдрал сайхан шүү” хэмээн Д.Дуламсүрэн мишээл тодруулан суулаа. Ийнхүү бид тэдний урлагийн замд хэдийнээс орсон мөн амьдрал, урлагийн замд хэрхэн дөрөө харшуулах болсон талаар яриагаа өрнүүлсэн юм. С.Вандан “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул. Сумынхаа Ар асгат гэх газар төрсөн. Аав, ээж минь малчин удмын л хүмүүс. Өвөө минь Угтаалцайдам сумын нэгдлийн анхны дарга байлаа. Сумынхан минь андахгүй мэднэ. Гэхдээ миний бага нас Лүн суманд өнгөрсөн. Учир нь манайх намайг их багад Лүн сум руу нүүсэн юм. Харин миний урлагт холбогдсон түүх минь Ардын армийн 123 дугаар ангийн клубээс эхтэй. Урлагт орох замыг минь эхлүүлсэн уг клубтээ очиж дуу хуураа өргөх тун дуртай байдаг юм. Цэрэгт татагдсан жилээ буюу 1973 оны намар ангийнхаа урлагийн үзлэгээр “Алдрайхан чи минь” хэмээх дууг ардын хөгжмийн цөөхүүл дээр дуулж байлаа. Манай цэргийн анги урлаг, спортын тэргүүний анги байсан. Бид хот, хөдөөгийн анги салбаруудад очиж тоглолт хийнэ. Энэ үеэс л би урлагт шимтэн орсон. Намайг 1976 онд цэргээс халагдахад Төв аймгийн Соёлын ордонд дуучнаар ажиллах томилолт өгсөн. Тэр үеэс эргэлт буцалтгүй урлагийн замд орсон доо. Миний төрсөн эцэг Шагдарсүрэн гэж хүн байсан. Мэдэх хүмүүс нь шахмал хоолой Шагдарсүрэн л гэцгээдэг. Маш бүдүүн хоолойтой учир тэгж нэрийдсэн хэрэг. Хөөмийлдөг, сайхан дуулдаг хүн байж. Дуулсан дуунууд нь радиогийн алтан фондод хадгалаастай байдаг юм. Дуулаад зогсохгүй Ажилчдын клуб зэрэгт эрхлэгчээр ажиллаж байсан юм билээ. Ж.Бадраа, С.Цоодол тэргүүтэй урлагийн луухгаруудтай нөхөрлөдөг хүн байсан гэдэг. Миний урлагийн хүн болсон нь аавын минь дундаршгүй энэ авьяас билигээс эхтэй гэж боддог доо” гэв.

Д.Дуламсүрэн гавьяатын хувьд мөн багын л дуулж, бүжиглэх авьяастай сэргэлэн цовоо охин байж. Түүгээр ч зогсохгүй мандалин, шанз хөгжмийг сонсголоороо сурчээ. Энэ нь ч түүнийг аймгийнхаа Соёлын ордны өндөр босгыг алхах боломжийг нээж өгчээ. “Би багаасаа л дуучин болох юмсан гэж мөрөөддөг байлаа. Миний хувьд Төв аймгийн Бүрэн сумын хүн. Би эхээсээ 11-үүлээ. Миний ээжээс 10 хүү, ганц охин төрсөн юм. Би Бүрэн сумынхаа дөрвөн жилийн сургуулийг төгсөөд, одоогийн Баян-Өнжүүл суманд долдугаар анги хүртлээ сурсан. Тухайн үед манай ангийнхан бүгдээрээ илгээлт авч мал дээр гарсан юм. Яг тэр үед миний ах МУИС-ийг төгчихөөд Лүн суманд багшаар очсон. Би ч хөдөө гаралгүй ахдаа туслахаар Лүн сум руу явлаа. Ахынхаа хоол ундыг бэлдэж өгөхийн сацуу Худалдаа бэлтгэлийн ангийн цайны газарт кассчин хийдэг байсан юм. Улмаар 1974 оны тавдугаар сард Лүн сумаас Бүх ард түмний урлагийн үзлэгт шалгарч, аймгийнхаа Соёлын ордонд хөгжимчнөөр орсон түүхтэй” хэмээн тэрээр өгүүлсэн.

С.Вандан 1976 онд Төв аймгийн Соёлын ордонд томилолт өвөртлөн ирсэн тэр үеэсээ хойш том алаг нүд, урт хархан гэзэгтэй Д.Дуламсүрэнд татагдаж эхэлжээ. Энэ нь ч Д.Дуламсүрэнд “Чи ганцхан хөгжимчин хийгээд зогсохгүй дуулж ч чадна” гэж итгэл өгөх нэг шалтгаан нь болсон хэрэг. Улмаар Д.Дуламсүрэн С.Ванданд ятга зааж өгч, мөн түүний дуулах арга туршлагаас хуваалцаж эхэлсэн байна. Ийнхүү тэд 1977 онд гэр бүл болж улмаар хамтран ятгатай дуулах болсон аж.

Д.Дуламсүрэн “Хамгийн анх С.Вандан маань ганцаараа ятгатай дуулдаг байсан юм. “Отрын адуучин” дууг ятгатай дуулсан нь ард түмэнд их сайхан хүрсэн. Д.Дуламсүрэн гэх хүнийг олонд таниулсан уран бүтээл нь “Вансэмбэрүү цэцэг” дуу минь гэж боддог. Харин бид хоёр Д.Содномдоржийн үг, Ц.Чинзоригийн аялгуу “Учран золгохын ерөөл” хэмээх дууг дуулж хамтдаа тайзнаа гарч байлаа.Үүний дараа бид хоёрын нэрийн хуудас болж ард түмэнд таниулсан сайхан уран бүтээл бол “Ханьсах заяа” дуу минь юм.“Гайхмаараа” дууны аялгууг зохиосон Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Батсүх ая данг нь тааруулж, Ц.Даваадорж шүлгийг нь тэрлэсэн” гэлээ. “Би МУГЖ Д.Банзрагчийн анхны шавь. Багш маань надад “Чи намайг дуурайж дуулаад хэрэггүй. Амьд хүнийг дуурайж дуулаад амжилтад хүрдэггүй. Чи өөр хэв маягаар дуул. П.Адарсүрэн, Г.Түмэндэмбэрэл нарын завсраас нэг өнгө гарга. Би чамд зохих хэмжээний дасгал сургуулилтыг нь хийлгэе” гэж хэлж байсан. Би өглөө болгон Ардын дуу бүжгийн чуулгад очиж дасгал хийнэ. Одоо бодоход хүсэл сонирхлынхоо төлөө их л тэмүүлдэг байж дээ. Багш маань ч намайг ятга хөгжим сурах хэрэгтэй гэж зөвлөдөг байв. “Одоо үед эрэгтэй хүн ятгатай дуулж байгааг би л лав хараагүй” гэж хэлж байсан. Хамгийн анх Хөвсгөл аймгийн Соёлын ордныхонтой хамтран хийсэн тоглолтод ятгатай дуулах боломж олдож билээ. Нутгийнхан минь ч их сайхан хүлээж авсан. Бэлдсэн ганц дуугаа гурван удаа дуулсан даа. Дараа нь “Отрын адуучин” дуугаа Монголын радиод бичүүлсэн юм. Багш минь л намайг урамшуулж, радиод бичүүлэхэд хүртэл тус дэм болсон хэрэг. Тухайн үед радиод дуу бичүүлэх боломж олдоно гэдэг тэнгэрээс од шүүрсэнтэй л дүйцэхүйц байв. Ингээд радиод долоо хоногийн турш дөрвөн дуу бичүүлж байлаа” хэмээсэн юм.

Тэд “Ханьсах заяа” дуугаа дуулсныхаа дараа тоглолт хийхээр шийджээ. Тухайн үеийн Соёлын ордны уран бүтээлчид яамны гаргасан маршрутын дагуу нүсэр бүрэлдэхүүнтэйгээр аялан тоглолт хийдэг, энэ ч бүр жишиг болон тогтчихсон байж. Тиймдээ ч хоёр хүний тоглолт хийнэ гэх санаа нь төдийлөн дэмжигдэхгүй, үзэгчид ч ойшоохгүй байсан аж. Гэсэн ч хоёулаа хамтдаа тоглолтоо хийнэ гэх хүсэл зориг нь тэднийг хоргоосон хэвээр. Ийнхүү тэд 1979 онд “Ардын ая дуу” тоглолтоо хийж чаджээ. Энэ талаар Д.Дуламсүрэн “Анх хүмүүс “Хоёр хүний тоглолт гэж юу байдаг юм” гээд үздэггүй байлаа. Бид хоёр 19:00, 21:00 цагт тоглоно гээд л зарлал гаргачихна. Эхэндээ 19:00 цагийн тоглолтод тун цөөхөн хүн ирдэг байсан. Харин 21:00 цагийнхад нь дүүрэн үзэгчидтэй болчихдог сон. Сүүлдээ аймгуудын Соёлын ордон, театруудаар тоглолт хийе гэхэд “Та хоёрын тоглолтыг хийлгэчихвэл үзэх хүн нь ихдээд хаалга үүд эвдчих байх” гээд хүлээж авдаггүй тохиолдол ч байсан. Нэгэн бодлын ард түмэндээ үнэлэгдэж, хүрээлэгдэж явж дээ. Ингэж л Төв аймгийн минь Соёлын ордноос бид хоёрын ажил амьдралын гараа сайхнаар эхэлж байлаа. Хүүхдүүд маань ч Соёлын ордонд өсч, өдий зэрэгтэй яваа. Энэ бүхнийг би урлагийн буян гэж бодож Янжинлхам бурхандаа мөргөж, залбирч явдаг юм даа” гэв.

Тэд “Ардын ая дуу” тоглолтоосоо хойш 40-өөд бие даасан тоглолт хийжээ. Мөн энэ хугацаанд нэг ч аймаг, сум үлдээлгүй очиж ая дуугаа хүргэжээ. С.Вандан “Бид хоёроос залуу дуучид, үзэгчид “Та хоёрт очиж үзээгүй, тоглоогүй сум бий юү” гэж асуудаг. Бид хоёр өргөн уудам эх орныхоо сум болгонд очиж тоглолтоо хийсэн дээ. Харин сумдад давхардсан тоогоор янз бүр очжээ. Саяхан Батсүмбэр суманд 40 дэх удаагаа очлоо. Хамгийн бага очсон нь Дорнод аймгийн Халхгол, Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум юм байна. Халхгол суманд гурав, Цэнгэл суманд дөрвөн удаа л очсон байдаг юм. Бусад сумдад бол арваас дээш удаа очжээ. Энэ бол урлагт өдийг хүртэл зүтгэсэн бид хоёрын нэг амжилт юм. Дээрээс нь бид хоёр аймаг, сумдад тоглолт хийхдээ заавал хүүхдэд зориулж тоглолт хийдэг байсан. Ингэснээр бид хоёр 21 дүгээр зууны үзэгч, сонсогчоо бэлдчихсэн байгаа юм. Энэ нь бид хоёрын нэг давуу тал болсон” гэж байлаа. Харин түүний гэргий “Бид хоёрт бүх аймаг, сумдын хүндэт тэмдэгүүд хосоороо бий. Баярын бичиг ч мөн ялгаагүй олон бий. Санал хүсэлтийн дэвтэр ч арав гаруй байгаа. Тухайн үед аялан тоглолтод явахад байгууллагаас тамга, тэмдэг дараад санал хүсэлтийн дэвтэр өгөөд явуулдаг байлаа. Үзэгчдийн янз бүрийн л сэтгэгдлүүд тэр дэвтэрт хадгалагдан үлджээ” гэсэн юм. Бид ийн хуучилсаар шинэхэн театрын тайзнаа очлоо. Ирсэн зочиддоо зориулж гавьяатууд “Ханьсах заяа” дуугаараа ая барьсан юм. Олон жилийн өмнө ирсэн дээрх захиан дээр өгүүлсэн шиг нээрээ л тэд бие биенээ харцаараа хайрлаж байгаа нь мэдрэгдсэн.

С.Вандан, Д.Дуламсүрэн нар 1996 онд нэг өдөр, нэг зарлигаар Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм хүндтэй цол хүртэж байжээ. Ханьтайгаа хамтдаа нэг цаг мөчид төрдөө үнсүүлэх хувьтай байна гэдэг юутай сайхан. Магад олон хүнд ийм аз завшаан тохиох нь юу л бол. Хоёр гавьяат ч энэ үйл явдалд маш их баярлаж, бахархаж явдаг гэдгээ хэлж байлаа. Д.Дуламсүрэн “Бид хоёрын тэмдэг, үнэмлэх тус тусдаа байдаг. Гэхдээ үнэмлэхний дугаар бол яг адилхан байдаг юм. Тэгэхээр нэг хүн мэт бодож л бид хоёрт энэ шагналыг өгчээ. 22 жилийн өмнө гавьяатын шагналаа маш өндөр шалгуураар авч байлаа. Намын төв хорооноос хүмүүс ирж долоо хоногийн турш бид хоёрын хийсэн бүтээсэн зүйлийг шалгасан юмдаг. Бид хоёр хамгийн анхны тоглолтоосоо эхлээд л тэмдэглэл хөтлөх болсон. Хаана хэзээ, хэдэн хүн тоглолт хийсэн, түүнээсээ хэдэн төгрөгийн ашиг олсон гээд л бүх зүйл тэр дэвтэр байдаг. Шалгалтаар ирсэн хүмүүс тэмдэглэл дээрх баримтуудыг тооцож нэгдсэн дүн гаргасан байдаг юм. Мөнгөний ханш чанга байх үед тоглолтын билет 14 төгрөг л байлаа. Яг тийм үед бид хоёр улсад 70 сая төгрөгийн орлого оруулжээ. Мөн орон нутгуудаар явсан нийт километрээ нэмээд үзэхээр дэлхийг зургаан удаа тойрсонтой тэнцэхээр байгаа юм. Энэ хөдөлмөрийг минь үнэлж МУГЖ цолоор мялаасан юм. Олон жилийг хамтдаа туулан амьдрал дээр, урлагт нэгэн бие болсны минь гавьяа гэж санадаг даа. Тэр сайхан цолоор энгэрээ мялаачихаад Төрийн ордноосоо гарч ирэхэд бидэнд баяр хүргэхээр маш олон хүн ирчихсэн байлаа. Аймаг руугаа орж ирэхэд нутгийн зон олон минь баяр хөөр болчихсон аймгийн төвийн наана байх Одонт хөтлөөс эхлээд Соёлын ордон хүртэл битүү цуварчихсан байж билээ. Тухайн үед хүмүүс цаасан цэцэг их барьдаг байж. Бүгд л шахуу цаасан цэцэг барьчихсан зогсож байлаа. Соёлын ордныхоо өмнө ирэхэд хоёр ээж минь баярын нулимстай, хадаг сүү барьсаар угтсан даа. Бид хоёр ч Одонт хөтлөөс эхлээд л уйлчихсан юмдаг. Мөн 2007 онд бид хоёр “Зууны манлай хос дуучид” болсон. Урлагийнхаа буянд тийм их хайр хүндэтгэлийг хүлээж дээ” хэмээн нүдэндээ нулимс цийлэгнүүлэн дурссан юм. Тэд нэрд гарч олны танил болсон ч урлагт орох гүүр нь болсон аймгийнхаа Соёлын төвөөсөө огтхон ч нүүрээ буруулаагүй. Харин ч хэцүү хүнд цаг үед нь хамтдаа байж, дэмнэж тэтгэсээр өнөөдөртэй золгосон юм. “Бид хоёрыг аймаг, сумдаас их урьдаг байлаа. Жишээ нь, Ховд аймгийн Алтай сумаас Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаанд “Төв аймгийн Соёлын ордны залуу дуучин С.Вандан, Д.Дуламсүрэн нарын тоглолтыг манайх сумандаа тоглуулах хүсэлтэй байна” гээд л бичиг ирдэг. Бид ч үнэ хөлс гэхгүй дуу хуураа өргөнө. Харин олсон орлого маань манай Соёлын ордонд л хөрөнгө оруулалт болдог байсан хэрэг. Заримдаа олсон орлогыг маань бид хоёрт бэлнээр өгчихнө. Түүнээс нь нэг ч төгрөг дутаахгүйгээр л Соёлын ордондоо тушаана. Манай Соёлын ордны дарга Түвэд гэж хүн байлаа. “За та хоёр минь яваарай. Цалин байхгүй шүү. Цалин тавиарай” л гэдэгсэн. Бид хоёр өөрсдөө 250 төгрөгийн цалинтай байжээ” хэмээн С.Вандан хуучиллаа. Энэ хугацаанд тэд гурван ч удаа ятгаа сольжээ. Тэдний 2015 онд хийсэн “Мартагдахгүй юмсан” тоглолтын үеэр МУГЖ С.Жавхлан хамгийн анхных нь ятгыг олж, сэргээн засварлуулж бэлэглэсэнд их баярласан тухайгаа ярьж байлаа. Харин тэрхүү хос ятгаа Соёлын ордны музейд хадгалжээ.

Ингээд бид тэдний гэрт очихоор театраас хөдөллөө. Хоёр гавьяатын машинуудын дугаар ч хос байсан шүү. Тэднийх аймгийнхаа төв хэсэгт байрлах орон сууцанд хоёр өрөө байранд амьдардаг юм байна. Анхлан Соёлын ордны ажилчдын байранд өрх тусгаарлаж, гал голомтоо бадрааж байжээ. Дараа нь улсаас нэг өрөө байраар шагнаж байсан аж. Харин одоогийн байгаа байрандаа С.Вандангийнх 2014 онд орж ирсэн байна. Энэ хугацаанд гурав, дөрвөн удаа бууриа сэлгэжээ хэмээн гэрийн эзэн өгүүлсэн. Эднийх хоёр хүү, таван ачтай аж. Том хүү В.Базаррагчаа нь тун удахгүй уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзана гэсэн. Харин бага хүү В.Баттулга нь “Эр хүн гэдэг чинь эмзэгхэн ч юм уу даа”, “Говийн хүүхнүүд”, “Дурлаа юу даа” зэрэг дуугаараа ард түмэнд танигдаад байгаа билээ.

Д.Дуламсүрэн “Том хүү маань миний “Вансэмбэрүү цэцэг” дууг шинэчлэн дуулж байгаа. Хүүдээ өвлүүлж байгаа хэрэг. Би энэ дууг 1980аад оны үед дуулж байлаа. Аяыг миний хамгийн бага дүү Д.Даваасүрэн зохиосон. Үг нь Б.Явуухулан гуайн шүлэг юм. Хүү минь энэ сайхан дууг дуулж тун удахгүй түмэн олонд минь хүргэх болно. Бага хүүг минь ард түмэн их сайхан хүлээж авсан шүү. Эхийн хэвлийд байх үеэсээ л дуу хууран дунд өсчихсөн болохоор хүүхдүүд маань яалт ч үгүй урлагт ойр байх юм. Гадаад дотоодоор явлаа, өөр чиглэлээр ажиллаж ч үзлээ. Эцсийн дүндээ өөрийнхөө дуртай, сонирхолтой зүйлийг л хийхээр хүүхдүүд минь сэтгэл шулуудсан бололтой” гэсэн юм. Хоёр гавьяаттай хамгийн том ач Б.Анужин нь хамт байдаг аж. Тэрээр энэ жил арванхоёрдугаар ангид сурдаг юм байна. “Манайд хүний хөл тасрана гэж үгүй. Би гэрт байвал өдөрт гурав, дөрвөн удаа цай чанадаг юм” гэсээр гэрийн эзэгтэй цай, хоол барилаа. Эднийх бурхан тахил төдийгүй, ээжийнхээ авдрыг ихэд нандигнан хадгалдаг юм байна. Урлагийн гэр бүл болоод ч тэр үү, сонгодог загварын гэмээр баримал, бэлэг дурсгалын зүйлс гэрт нь олонтаа харагдсан. Хоёр гавьяатын хувьд саяхан “Насны урсгал” хэмээх шинэ уран бүтээл гаргасан талаараа ярилаа. “Залуу байхад ч хайр сэтгэл их дуулдаг байлаа. Одоо ч хорвоогийн жамыг ухаарч ойлгож, энэ талаар дуулдаг болж дээ” хэмээн тэд инээд хөөр болцгоосон юм. Гавьяатууд дахиад ч шинэ уран бүтээл хийж байгаа гэсэн. Мөн тэд 2019 онд үзэгч, ард түмэнтэйгээ шинэхэн тоглолтоороо уулзахаар төлөвлөснөө ч хэлсэн шүү. Хамтдаа нэг чигт тэмүүлсэн тэдний энэ хүсэл, зоригийг нэр алдар, хөрөнгө мөнгө, атаа жөтөө гээд ямар ч саад, тотгор зогсоож чадалгүй 40 жилийг туулсан нь гайхалтай. Цаг наргүй хөдөлмөрлөсөөр л ирсэн нь тэдний хэцүү бүхнийг ажралгүй туулсан нууц байх. Тэд ч “Хөдөлмөрлөсний үр шим хэзээ нэгэн өдөр заавал гардаг” хэмээн ам бардам хэлж байсан юм. 60 нас хэлбийсэн ч урлагтаа үнэнч зүтгэсээр шинээр бүтээн туурвих дундаршгүй их хүсэл тэмүүлэл нь урлаг гэдэг ямар гайхалтай, түүнд дурлаж зүрх сэтгэлээ өгч авьяас онгодоо хөглөж чадвал ёстой л хэдэн зуун, жаран дамжин мөнхөд дурсагдахын үлгэр дуурайллыг энэ хос хоёр уран бүтээлч дархалсаар явна. Урлагийн Янжинлхам бурхан та бүхнийг өнө мөнхөд ивээг.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Д.Тогтохсүрэн: УИХ-ыг тарааж, улс төрийн хямрал, эмх замбараагүй байдал үүсгэхээс илүүтэйгээр зөвшилцөх, хэлэлцэх чиглэл рүү явах ёстой

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй ярилцлаа.

-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг УИХ-д санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. Уг үйл явдал нь Монгол Улсад анхны тохиолдол учир хүмүүс янз бүрээр л хүлээж авч байна л даа. Энэ нь хэр зөв шийдвэр гэж та харж байна вэ?

-Үндсэн хуулиараа ч тэр, Ерөнхийлөгчийн тухай хуулиараа ч тэр төрийн тэргүүн УИХ-ыг тараах санал гаргах эрхтэй. Эрхийнхээ хүрээнд санал гаргасан гэж ойлгож байгаа. Хэрхэн, яаж шийдвэрлэх вэ гэдгийг Үндсэн хуулиараа УИХ өөрөө шийднэ. УИХ-ын гишүүдийн гуравны хоёр нь таръя гэсэн санал гаргавал тарах Үндсэн хуулийн заалттай. Тийм учраас УИХ хэлэлцээд шийдвэрээ гаргах болов уу. Ерөнхийлөгийн албан бичигт дурдсанаар болон C1 телевизээр ярьж байгаагаас нь харахад хоёр үндэслэлтэй юм билээ. Нэгдүгээрт, “УИХ-ын гишүүд ЖДҮ-ийн сангаас өөрийн хамаарал бүхий компаниар дамжуулж хөнгөлөлттэй зээл авч, өөртөө болон гэр бүлдээ давуу байдал олгосон байна. Уг асуудал нь олон түмний шүүмжлэлд өртөж байна. Энэ нь байж болохгүй зүйл. Тиймээс УИХ тарах хэрэгтэй байна” гэдэг үндэслэл гаргасан байна лээ. Одоогийн байдлаар ЖДҮХС-гаас өөрийнхөө хамаарал бүхий компанид тав, зургаан гишүүн зээл авсан гэж яригдаж байгаа. Ерөнхийлөгчийн албан бичигт 50 гишүүн гэсэн байсан. Миний хувьд л гэхэд ЖДҮХС-гаас зээл аваагүй. Үүнийгээ албан ёсоор хэлье. Өмнө нь авч байгаагүй, авах тухай бодол ч байхгүй.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч “Хөдөө аж ахуйн түүхий эдэд түшиглэсэн үйлдвэрүүдийг олноор бий болгомоор байна. Хөдөө аж ахуйг Монголын хөгжлийн гарц болгох хэрэгтэй. Тийм учраас энэ асуудалд мөнгө төсөвлөх ёстой” гэдгийг голлож ярьсан байна лээ. Манай намын бүлэг дээр ч энэ тухайгаа ярьсан. Уг санаа нь бол зөв. Бид ч дэмжиж байгаа. Хөдөө аж ахуй бол цаашдаа уул уурхайн дараа орох манай улсын хөгжлийн гол салбар мөн. Гэхдээ 500 сая ам.доллар буюу 1.2 орчим их наяд төгрөг улсын төсөвт суулгах шаардлагатай. Монгол Улсын өнөөгийн төсвийн байдал энэ мөнгийг нэг дор суулгах боломж бага. Хоёрдугаарт, тэр үйлдвэрүүдийг төр өөрөө барьж болохгүй. Бизнес эрхлэгчид л барих ёстой. Бизнес эрхлэгчдийг зээлийн бодлогоор л дэмжинэ. Иймд цаашдаа “Ирээдүй өв сан”-гийн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах, “Хөгжлийн банкаар” дамжуулж энэ зээлийг олгох эсэх талаар ярилцаж байгаа. Нөгөөтэйгүүр Ерөнхийлөгч “Гишүүн бүр тойрогтоо найман тэрбум төгрөг хуваарилаад авчихсан, түүнийгээ өөрсдөө зарцуулж байгаа” гэж ярьсан байна лээ. УИХ-ын гишүүн бол хөрөнгө зарцуулдаг, томилгоо хийдэг хүн биш. Хөрөнгө зарж, хүн томилдог нь Засгийн газар, аймаг орон нутаг. Ерөнхийлөгч 2004-2012 оны хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан хүний хувьд сайн мэдэж байгаа. Тэгэхээр нийгэмд буруу ойлголт өгөх хэрэггүй л болов уу.

-Ерөнхийлөгчийн УИХ-ыг тараахыг хүсч байгаа юм бол өөрөө ч огцрох ёстой гэх байр суурийг зарим гишүүд илэрхийлж байгаа. Ер нь ийм нөхцөл байдал үүсгэх нь хэнд ашигтай юм бэ?

-Бид барьцаанд орчихсон юм шиг зүйл ярьж болохгүй л дээ. УИХ огцрохгүй, харин та огцор гэх зүйлийг ярьж болохгүй. Хувь хүний гэхээсээ илүүтэйгээр хариуцлагын тогтолцоог бид хууль эрх зүйдээ бүрэн суулгаж өгөөгүйтэй холбоотой гэж харж байна. Өмнөх дөрвөн жилд ч гэсэн УИХ-ыг тараая, Засгийн газраа огцруулъя гэж ярьж байгаад л орхисон. Манай өнөөдрийн Үндсэн хуулиар УИХ тарах тун хэцүү. Тиймээс бид бие биеэ огцруулна гэж барьцаж байхаар одоо болохгүй байгаа засаглалын хямралыг яаж даван туулах уу, яаж төр засагт сонгогдож, томилогдож байгаа хүмүүсийн ёс зүй хариуцлагыг дээшлүүлэх үү гэдэгт хамтарч, хүч гаргаж ажиллах хэрэгтэй.

Ер нь засаглалын хүрээнд өнөөдрийн энэ болж байгаа үйл явцтай холбогдуулаад цаашдаа засах, сайжруулах, өөрчлөх шаардлагатай олон асуудлууд бий. Үүнийг УИХ тарснаар шийдэхгүй. Энэ асуудал Үндсэн хуульд өөрчлөлт орсноор л шийдэгдэнэ. Бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр цаашдаа засаглалын хямралыг гаргахгүй байхад чиглэсэн өөрчлөлт хийж байгаа юм. Тухайлбал, УИХ-ын бүрэн эрхийг хязгаарлах, Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр УИХ дангаараа бие дааж төсвийн шинэ зардал үүсгэхгүй байх, төсвийг өндөр алдагдалтай батлахыг хориглож байгаа. Мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засаглалыг сайжруулах, УИХ-ын эрхийг хязгаарлаж Засгийн газрын эрхийг нэмэгдүүлэх, орон нутгийн томилгоог иргэд рүү чиглүүлэх, хариуцлагын тогтолцоог бий болгох, шүүхийг хараат бус болгох чиглэлээр хийгдэнэ. Тиймээс УИХ-ыг тараая гэхээсээ илүүтэйгээр Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хурдан хийж цаашдаа засаглалын хямрал үүсгэхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх нь чухал. УИХ-ыг тарааж болно. Дахиад шинэ УИХ гарч ирнэ. Эрх зүйн орчин нь адилхан юм чинь яг л ийм байдалтай явна. Өнгөрсөн 28 жил ч ингэж явсаар ирсэн. УИХ-ыг тарааж, улс төрийн хямрал, эмх замбараагүй байдал үүсгэхээс илүүтэйгээр Ерөнхийлөгч, УИХ-ын зүгээс зөвшилцөх, ярилцах, хэлэлцэх чиглэл рүү явах ёстой. Дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ч хийх хэрэгтэй. Ингэж байж 2020 онд бүрдэх парламент үүсээд байгаа асуудлыг дахиж гаргахгүй болов уу.

-Ерөнхийлөгчийн уг саналыг УИХ-аар хэлэлцэх үү?

-Үндсэн хуулиараа бол УИХ-ын даргатай зөвшилдөх ёстой. УИХ дарга зөвшилдөх эсэхээ УИХ-тайгаа ярих байх. Ганцаараа шууд хариу өгчихгүй болов уу гэж бодож байна. УИХ-ын дарга зөвшилцөхгүй гэж үзвэл парламент руу орж ирэх юм билээ. Парламентаар хэлэлцэгдэх болов уу гэж бодож байна. Хэлэлцэгдэх нь ч зөв байх. Үндэслэл зэргээ ч ярих хэрэгтэй. Энэ нь дарагдаад өнгөрчихгүй харин ч засаглалынхаа болж, бүтэхгүй байгаа зүйлийг засч, сайжруулах ёстой юм. Ингэхгүйгээр хоорондоо байлдаад байх нь зохисгүй. Энэ хямралаас гарах эрх зүйн орчин л бүрдүүлэх хэрэгтэй.

-Сайд, УИХ-ын гишүүдийн ЖДҮХС-гаас зээл авсан асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ. Холбогдсон нэр бүхий хүмүүст ямар хариуцлага ногдуулах ёстой гэж үзэж байна?

-Манай гишүүдийн хувьд ЖДҮХС-гаас зээл авсан нь буруу гэж харж байгаа. Энэ бол цэвэр ёс зүйн асуудал. Цаашдаа ийм байдлыг манай гишүүд гаргадаггүй байх ёстой. Үүнийг тэвчдэг байх хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэрийн зээлд зарим нь санаатай ч холбогдсон байх. Зарим нь санамсаргүй ч холбогдсон байгаа болов уу. Гэхдээ л энэ хүмүүс ард түмнээсээ уучлал гуйж, мөнгийг нь буцааж төлөх хэрэгтэй. Төсвийн мөнгийг шамшигдуулж, концесс гээд аваад давхичихсан биш, хүүтэй нь зээлсэн гэж харж байгаа хүмүүс байгаа л байх. Энгийн агуулгаараа бол тэгж харагдаж байгаа. Түүгээр нь бодох юм бол буцаагаад төлчих хэрэгтэй. Дахиж ийм зүйл давтагдах боломжгүй болтол нь гарах гарцуудыг нь хаах ёстой гэж бодож байна.

ЖДҮХС-гийн зээлийг нээлттэй болох чиглэлээр санал гишүүдийн нэг нь би. Өнгөрсөн жил ч би “ЖДҮХС-гийн зээлийг орон нутагт өг. Тэд бизнес, төрийн бус байгууллага, банкныхаа төлөөллийг оруулаад шийдэх ёстой. Мөн ЖДҮХС-гийн мөнгийг банкаар дамжуулах хэрэгтэй. Ингэж байж зээл эргэн төлөгдөнө” гэдгийг хэлж байсан. Сангийн яам жижиг, дунд үйлдвэр дээр мөнгө төсөвлөдөггүй гол учир нь банкаар дамждаггүйтэй холбоотой. Төсвийн мөнгийг эрсдэлтэй зүйлд үрж болохгүй гэж үздэг. У.Хүрэлсүх Ерөнхий сайд болохын тулд ЖДҮХС-гийн УИХ-ын гишүүдийг 950 саяас нэг тэрбум төгрөгийн зээлээр хахуульдсан гэх яриа байгаа юм. У.Хүрэлсүхийн Засгийн газар энэ хоёр жилийн хугацаанд нэг ч төгрөг жижиг, дунд дээр тавиагүй. Банкаар дамждаггүй, эрдсэлтэй учраас тэр. Өнөөдрийн байдлаар 315 тэрбум төгрөг улсын төсвөөс гарчээ. Түүнийг 180 гаруй тэрбум төгрөг нь банкаар дамжаагүй учраас эрсдэлтэй байгаа юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлт энэ намрын чуулганаар амжиж хэлэлцэгдэх үү. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан хүмүүс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар “Нийтийн санал асуулга” явуулах хэрэгтэй, одоогийнхоор баталж болохгүй гэж байсан. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх цаг хугацаа нь болчихоод байгаа юм. Бид шинэ үндсэн хуулиа судлаад 27 жил болчихлоо. Дэлхий нийтийн парактикийг хараад байхад Үндсэн хуулийг 20-25 жилийн хугацаанд өөрчлөөд байгаа юм. Үндсэн хууль баталж байсан үеийн улс төр, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлыг өнөөгийнхтэй харьцуулахад тэмээ, ямаа шиг ялгаатай болжээ. Тэр үед зохицуулж байсан харилцаа өнөөдөр тэс ондоо болсон. Мөн дутуу орхисон, тухайн үед гардаггүй байсан үйл явдлууд гарч ирж байгаа. Энэ нөхцөл байдлаа бодож үзэх шаардлагатай. Тиймээс Үндсэн хуулийн асуудлыг одоо л шийдэх хэрэгтэй. Орон нутгийн Засаг дарга нар л гэхэд ИХТ-ийнхөө барьцаанд л орчихсон байна шүү дээ. Огцрохгүйн тулд тэр төлөөлөгчдийн хүнийг ажилд томилдог, хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлыг нь шийддэг, газар олгодог болчихсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлтийг хийснээр Засаг дарга нарыг ийм байдлаас гаргах юм.

УИХ-д 50-иас дээш суудалтай байснаар Үндсэн хуулийн асуудлыг шийднэ. Өмнө нь АН Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийе гээд гарын үсэг цуглуулаад л байсан чадаагүй. Тухайн нам 50-иас доош суудалтай учраас өөрчлөлтийг хийх боломжгүй юм. Харин одоогийн Их хурал өөрчлөлт оруулах боломжтой бүрэлдэхүүн юм. Мэдээж Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар нийгмээрээ хэлэлцүүлэх ёстой. УИХ хоёрдугаар хэлэлцүүлгээ хийчихээд Журмын тухай хуулийн дагуу гурав дахь хэлэлцүүлгээ ард түмнээр хэлэлцүүлэх ёстой гэж бодож байна. Иргэд зөвшөөрвөл цааш явах нь зөв.

-Ерөнхийлөгчийн саналтай холбоотойгоор төсөв дээр өөрчлөлтүүд гарах байх гэсэн таамаг их байна л даа…

-Засгийн газраас өргөн барьсан төсвийг дэмжиж байсан. Орон нутгийн хөрөнгө оруултад гэхэд 189 тэрбум төгрөг тавьсан. Харин үүнийг Ерөнхийлөгч шүүмжилснээр УИХ-ынхан ч уухайн тас танасан. Миний хувьд УИХ дахь Төвлөрлийг сааруулах ажлын хэсгийн ахлагч юм. Тиймдээ ч орон нутгийн дарга нар тэрхүү хөрөнгө оруулалтыг суулгаж өгөөч гэсэн хүсэлтийг тавьж байсан. УИХ ингээд шийдчихсэнд сэтгэл дундуур байгаа. Эдийн засаг өсөөд төсвийн орлого нэмэгдээд ирэхээр олж байгаа таван төгрөгөө хуваарилах гээд л дайрчихаж байгаа юм. Уг нь төсвийн орлого нэмэгдэж байгаа энэ үед бид төсвийнхөө алдагдлыг бууруулах ёстой. Өмнөхөө бодвол наймаас 5.4 болж буурсан л даа. Гэхдээ алдагдалгүй, эсвэл хоёр хувь руу оруулах боломж байгаа. Алдагдал гэдэг чинь өр шүү дээ. Зээлээр л авна. Дараагийн жилүүдэд төлж л таарна. Төсвийн алдагдлаа багасгачих байсан л гэж бодож байгаа. Яахав хөрөнгө оруулалтууд сайн хийгдэж байна. Ингэснээр сумдууд руу хөрөнгө оруулалт сайн хийгдэнэ. Энэ нь жигд хөгжүүлэх бодлого явж байна гэж харж байгаа юм. Улсын төсөв батлагдаагүй байна. Ерөнхийлөгчийн тавьсан саналтай холбогдуулаад ирэх оны төсөв дээр асуудлууд нэлээн яригдах юм байна гэж бодож байна.


Categories
мэдээ цаг-үе

А.Ундраа: ЖДҮДС-гаас улс төрийн эрх мэдлээ ашиглан зээл авч, мөнгө хүүлсэн нь нотлогдвол хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангаас сайд, УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан нь тодорхой болсоор байна. Энэ нь хэр зохистой үйлдэл юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зарцуулалттай холбоотой асуудал дээр олон нийтийн шүүмжлэлтэй хандаж байгаатай санал нэг байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл зориулалтын дагуу, зорилтот бүлэгтээ хүрч чадахгүй байгаад санаа зовниж явдаг. Энэ нь ч саяын жишээнүүдээр харагдлаа. Улс төрийн эрх мэдлээ ашиглан давуу эрх үүсгэж, уг сангаас хувийн болон хамааралтай компанидаа их хэмжээний зээл авсан нь тогтоогдож, тэрхүү жилийн гурван хувийн хүүтэй зээлээ цааш нь сарын 2.5 хувь буюу жилийн 30 орчим хувийн хүүтэй банк бус санхүүгийн байгууллагад оруулан иргэдэд өндөр хүүтэйгээр зээлж, мөнгө хүүлсэн нь нотлогдох юм бол энэ үнэхээр ёс зүйн хувьд зохисгүй, хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой үйлдэл гэж би харж байна. Яагаад ЖДҮДС-гаас зээл авч чадахгүй байгаа бизнесийнхнийгээ мөлжих маягаар явах ёстой гэж. Энэ бол хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл. Цаашлаад гэмт хэргийн шинж чанартай байж болзошгүй, албан тушаалаа урвуулан ашигласан хэрэг. Мөнгө угаах гэмт хэргийн нэг төрөл гэж би харж байна. Үүнийг шалгаж үнэн мөнийг нь олж тогтоох ёстой.

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл авна гэдэг маш хэцүү байдаг талаар иргэд хэлж байна. Иргэдэд хүртээмжтэй байлгахын тулд яах ёстой юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийн санг шаардлагатай, бизнесээ өргөжүүлэх хэрэгтэй байгаа бизнес эрхлэгчид авахад маш хэцүү.

Босгыг нь их өндөр тавьдаг. Тиймдээ ч жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн зээл зорилтот эзэндээ хүрч чадахгүй явсаар өнөөдрийн энэ байдалд хүрч байна л даа. Энэхүү сангийн хөрөнгийг зөв зохистой зарцуулахын тулд сонгон шалгаруулах процессийг нь ил тод болгох, менежмэнт, эргэн төлөлт болон хяналтыг нь сайжруулах нь чухал байна. Мөн бизнес эрхлэгчдийн чөлөөтэй, бие даасан оролцоог хяналтын системд нь хангах хэрэгтэй гэж харж байна. Тариалан эрхлэлт, ноос ноолуур, арьс ширний чиглэлийн хөтөлбөрүүдийг дэмждэг бусад сангуудын зарцуулалт зорилтот эзэндээ хүрч байгаа эсэх, шат дамжлага дамжих явцдаа алдаа дутагдал гаргаж байна уу гэдгийг эргэн харж хянах ёстой. ЖДҮДС гэлтгүй бусад сангуудын менежмэнтийг нь сайжруулж, зарцуулалтыг нь тодорхой болгоогүй цагт төсвийн үр ашиггүй зарцуулалт үргэлжлэх байх гэж бодож байна. Тиймээс УИХ одоо үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулаад бүх сангуудын зарцуулалт, зорьсон эзэндээ хүрч чадаж байгаа эсэх асуудлаар нарийн судалж үнэлэлт, дүгнэлт гаргах ёстой байх. Холбогдох байнгын хороодоос нь ажлын хэсэг байгуулагдаж энэ асуудлыг шалгаж, дүгнэж цэгнээсэй ч гэж хүсч байна. Энэ талаар УИХ-ын удирдлагууд төдийгүй холбогдох байнгын хороодод байр сууриа илэрхийлнэ.

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тухай хууль УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байгаа. Уг хуулиар бичил бизнес эрхлэгчдэд сангаар, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд банкаар дамжуулж зээл өгөхөөр болж байгаа. Энэ нь хэр зөв шийдэл вэ?

-Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн хуулинд бичил бизнес эрхлэгч гэсэн шинэ төрлийг нэмсэн. Ажиллагсдын тоо болон жилийн орлоготой нь уялдуулж бичил, жижиг, дунд гэсэн гэсэн гурван төрлийн категори бий болгож байгаа нь зүйтэй. Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг төрөөс дэмжиж байж ажлын байрыг олноор нь бий болгох бололцоо бүрдэнэ. Тиймдээ ч хуулийн төслийг ерөнхийд нь дэмжиж байгаа. Харин нэмж хүнд суртал бий болгохгүй байх асуудлаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үеэр байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, хуулийн төсөлд заавал бичил, жижиг, дунд, гэж бүртгүүлсэн компани л зээл авах бололцоотой болно гэж оруулж ирсэн. Нэгэнт татвар төлдөг бүртгэлтэй компани юм бол ажиллагсдын тоо, татварын орлогын хэмжээгээрээ бүртгэл нь шууд хийгдчихэж болно шүү дээ. Тийм байхад бас нэгэн бүртгэл, шинэ шат дамжлага, хүнд суртал бий болгочих вий гэсэн үүднээс энэ тухайд байр сууриа илэрхийлсэн. Мөн бизнесийг өргөжүүлэхийн тулд Хөрөнгө оруулалтыг сангийн тухай хууль хэлэлцэж байгаа. Зөвхөн банкны зээл авахаас гадна Хөрөнгө оруулалтын санг дэмжих, цаашлаад бизнесийнхээ хувьцааг зарах, арилжаалах, шинээр түнш нэмж оруулах эдгээр санхүүгийн олон механизмуудыг ашиглах бололцоо нээлттэй байх нь бизнес өргөжүүлэх ач холбогдолтой гэж харж байна.

-Ирэх оны улсын төсөв хэлэлцэгдэж байна. Хүмүүс төсвийн тухай янз бүрийн л байх суурьтай байгаа. Сөрөг хүчний зүгээс энэ чигээр батлагдвал Байнгын хороо болон УИХ-ын чуулганд оролцохгүй гэх мэдэгдлийг ч хийсэн. Таны хувьд хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Төсөв хэлэлцэж байх үед том зургаар харж, хөгжлийн бодлоготойгоо уялдуулж чадсан уу, үгүй гэдэг дээр сэтгэл зовж байгаа асуудлууд байна. 76 гишүүн болгон өөрийнхөө тойрогт сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг зайлшгүй хийх шаардлагатай ажлууд байгааг бүрэн дүүрэн ойлгож байна. Гэхдээ Монгол Улс маань хөгжлийн бодлогоо “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” гэж хуульчлан баталсан. Эдийн засгийн болон хүний хөгжил, байгаль орчин, тогтвортой хөгжлийн бусад зорилтуудтайгаа уялдаатайгаар бид заавал хийж хэрэгжүүлсэн байх ёстой алхмууд бий. Улс орны хувьд эрэмбэлэхдээ юуг түрүүлж хийх, юунд хүч, хөрөнгө хаях ёстой юм бэ гэдэг дээрээ нэгдсэн бодлого гаргаж чадсан уу гэдэгт тийм ч сэтгэл хангалуун биш байна. Монгол Улс маань 2019 онд Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн талаар анхны үндэсний хэмжээний сайн дурын илтгэлийг НҮБ-д тавих болно. Бид энэ зорилт, зорилгоо хэрхэн хэрэгжүүлж байгаа талаараа тайлагнахдаа олон хэсэг хуваасан гэхээсээ илүүтэй томоохон хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлж ядуурдлыг дорвитой бууруулж чадсан уу, байгаль орчны доройтолтой тэмцсэн үү, институцийн хөгжил хэр зэрэг сайн байгаа вэ, ардчилал илүү бэхжсэн үү зэрэг асуултуудад бид хариу өгөхөд бэлэн байх шаардлагатай. Энэ төсөв яг тэр чиглэл рүү дорвитой алхам хийж чадахгүй гэж харагдаж байна.

-Та жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан экспо зохион байгуулах гэж байгаа гэсэн үү?

-Үйлдвэрлэл, экспортыг дэмжих зорилгоор “Вансэмбэрүү экспо”-г санаачилж, гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Арваннэгдүгээр сарын 17-18 ны өдрүүдэд “MNB event hall”-д уг экспог зохион байгуулах юм. Уг үйл ажиллагааг жижиг, дунд төдийгүй томоохон үйлдвэрлэгчдийг дэмжих, экспортлоход хэрэгтэй мэдээллийг өгөх үүднээс зохион байгуулж ирсэн. Эхний экспод шалгарсан арьс шир үйлдвэрлэгчдийг Италь улсад аялуулж байлаа. Өнгөрсөн жил гоо, сайхны бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид шалгарсан. Тэднийг Япон улс руу явуулсан. Харин энэ жилийн шилдгээр шалгарсан үйлдвэрлэгчдэд АНУ-д бизнес аялал хийх боломжийг олгоно. Үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих зорилгоор хийж буй уг экспод оролцохыг хүссэн хэн бүхэнд нээлттэй гэдгийг энд уламжилъя.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Ганбаатар: Зөрчлийн тухай хууль жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг дарамталж байна

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатартай ярилцлаа.


-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас нэр бүхий сайд, УИХ-ын гишүүд өөрийн харьяа компанидаа их хэмжээний хөрөнгө татсан гэх мэдээлэл байна. Ер нь төрийн түшээд эрх мэдлээ ашиглаж ард түмнийхээ хоолноос хумслах нь хэр ёс зүйтэй үйлдэл юм бэ?

-Би бол нэг л зарчим барьдаг. Би УИХ-ын гишүүн хүн. УИХ бол хууль тогтоох засаглал. Хуулийн хэрэгжүүлэгч гүйцэтгэх засаглал гэж бий. Би гүйцэтгэх засаглалын ажилд ерөөсөө оролцдоггүй. Оролцохгүй гэдгээ ч УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байхдаа сонгогчдодоо амлаж байсан. Намайг мэдэх хүмүүс нь мэддэг. Гэлээ ч би хүний өмнөөс үнэн, худал гэж ярьж чадахгүй. УИХ-ын гишүүний хувьд таамагласан байдлаар ярих эрх байхгүй.

-Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан хаана харьяалагддаг юм бэ?

-Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд бодлого тодорхойлдог Жижиг дунд үйлдвэрлэлийн газар гэж бий. Уг газар нь ЖДҮ-ийн асуудлуудыг бодлогын хувьд шийддэг. Мөн ЖДҮ-ийг дэмжих сан гэж тусдаа байгаа. Энэ нь санхүү, хөрөнгөө хариуцаж ажилладаг.

-Уг сангаас хамгийн ихдээ хичнээн хэмжээний зээл авах боломжтой вэ. Тавигдах шаардлагуудаас дурдвал?

-Ер нь бол 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл яригдаж байгаа асуудлуудыг цэгцлэх, замбараагүй байдлыг засах гэж л Жижиг, дунд үйлдвэрийн тухай шинэ хууль гарч байгаа юм. Шинэ хууль батлагдсанаар ЖДҮ-ийн агентлаг байгуулагдана. Энэ агентлагийг яамны бус Ерөнхий сайдын харьяанд байх нь зөв гэж үзэж байгаа. ЖДҮ эрхлэгч 2.5 тэрбум төгрөг хүртэлх зээлийг авч болно. Гэхдээ 500 сая төгрөгөөс илүүгүй зээл авах бол сангаар нь олгоё, түүнээс дээш тохиолдолд арилжааны банкаар дамжуулж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Харин бүх ЖДҮ эрхлэгчид барьцаа хөрөнгө, бизнес эрхэлсэн туршлагагүй учир арилжааны банкны шаардлагыг хан-гадаггүй. Тиймээс 500 сая хүртэлх төгрөгийг сангаар дамжуулахаар тусгаж өгсөн. Энэ хууль батлагдсанаараа бүх зүйл сайн сайхан болохгүй л дээ. Гэхдээ хуулийг ягштал дагавал асуудлууд багасч л таарна. Дээрээс нь гүйцэтгэх засаглал бүх зүйлээ УИХ-д нялзаагаад байж болохгүй.

Батлагдсан хуулинд хяналт тавиад, журамлаад, алдаа дутагдлаа засаад явах нь гүйцэтгэх засаглалын үүрэг шүү дээ.

-ЖДҮ-ийг дэмжих сан алдагдалтай ажиллаж ирсэн гэж яриад байна л даа. Хууль батлагдсанаараа энэ байдал өөрчлөгдөж чадах уу?

-ЖДҮ-ийг дэмжих сан бол төрийн байгууллага. Алдагдалтай, ашигтай ажиллана гэсэн ойлголт байхгүй. Харин зээлсэн мөнгөө буцааж авч чадахгүй байгаа эсэхийг нь л алдагдалтай ажилласан гэж хэлж байгаа байх. Миний дуулснаар сүүлийн хоёр, гурван жилд өгч байгаа зээлүүд нь эргэж ирэхгүй зээл биш байх. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд бүх бизнес амжилтад хүрдэггүй. Зээлсэн мөнгө болгон буцаж ирэхгүй. Банкинд ч ялгаагүй тодорхой хэмжээний эрсдэл үүсдэг. Түүнтэй адил сан дээр ч гэсэн эрсдэл үүснэ. Гэхдээ тэр эрсдэл нь хэт их давамгайлдаггүй.

-Сангийн яамнаас өргөн мэдүүлсэн Татварын багц хуульд жижиг, дунд үйлдвэртэй холбоотой заалтууд орж ирсэн. Энэ нь таны санаачилсан Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн зарим заалттай зөрчилдөж байгаа. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах нь зүйтэй вэ?

-Би хууль бол хууль л байх ёстой гэж бодож байгаа. Тэр нь Сангийн сайд санаачилсан том хууль, энэ нь энгийн гишүүн санаачилсан жижиг хууль гэж ойлгохгүй байх гэж бодож байна. Татварын багц хууль болон Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулинд зөрчилдөж байгаа хоёрхон заалт бий. Нэгдүгээрт, манай хуулинд ЖДҮ эрхлэгчдээс авч байгаа татварыг нэг хувь гэж заасан. 100 төгрөгийн ашиг олж байгаа хүн нэг төгрөгийг нь л татварт өг гэж байгаа юм. Сангийн сайдын хуулинд ЖДҮ эрхлэгчдээс 10 хувийн татвар авчихаад түүнийхээ 90 хувийг нь буцааж өгнө гэж заасан байна. Энэ нь та 100 төгрөгийн ашгаасаа 10 төгрөгөө өг, есөн төгрөгийг нь буцааж өгье гэж байгаа юм. Маш өөр сонсогдож байгаа биз. Есөн төгрөгөө буцааж авахын тулд юу биелүүлэх, яах ёстой, хэдэн хувьд нь эргэж очих, хэний үзэмжээр шийдэх үү гээд сөрөг талууд их бий. Ер нь тэгээд ч МАН-ын мөрийн хөтөлбөрт ЖДҮ эрхлэгчдийн орлогын албан татварыг нэг хувь болгоно гэсэн байгаа. Мөрийн хөтөлбөрөө эрх баригч нам биелүүлэх ёстой. Мөн 2016-2020 оны Засгийн газрын үйл ажиллагааны чиглэлд суучихсан. Чиглэлээ Засгийн газар барих ёстой. Тэгэхээр Сангийн сайд өргөн мэдүүлсэн уг хуулийн зарим заалтуудаараа мөрийн хөтөлбөр, чиглэлээ зөрчсөн байна гэсэн үг. Би мундагтаа ЖДҮ-ийн эрхлэгчдийн орлогын албан татварыг нэг хувь болгоё гэж цоо шинэ зүйл санаачилсан юм биш. МАН-ын мөрийн хөтөлбөр дэх заалтаа биелүүлэх ёстой л гэж үзэж байгаа юм.

Хоёрдугаарт, ЖДҮ эрхлэгч жилд дөрвөн тайлан гаргадаг байсныг нэг болгоно гэсэн юм. Үүнийг Татварын багц хуулинд 50 сая төгрөгөөс доош орлоготой аж ахуйн нэгжүүд нэг тайлантай, түү-нээс дээш орлоготой бол дөрвөн тайлантай байя гэж тусгасан. Тухайн аж ахуйн нэгж өдөрт 136 мянган төгрөгийн орлоготой байгаа тохиолдолд жилдээ 50 сая төгрөгийн орлоготой байна. Ганцхан хүнтэй аж ахуйн нэгж ч жилдээ ийм орлого олно. Тэгэхээр амьдралаас тасарчихсан юм ярьж байна л даа.

-Энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль хэлэлцэгдэнэ. Дээр дурдсанаас гадна онцолмоор ямар өөрчлөлтүүд орсон бэ?

-Өмнөхөөсөө маш олон өөрчлөлтүүд орж байгаа. Жижиг, дунд үйлдвэрийн салбар нэг тогоон дотор байсан. ЖДҮ-ийг жижиг, дунд, бичил гэж ангилж нэг тогооноос гаргасан нь хуулийн хамгийн том өөрчлөлт юм. Түүнээс гадна 2.5 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүдийг ЖДҮ-ийн хуулинд хамруулна. 2.5 тэрбумын ашигтай биш, орлоготой ЖДҮ шүү.

-Та Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр “Зөрчлийн тухай хууль ЖДҮ эрхлэгчдэд хүндрэл учруулж байна. Энэ талаар надад санал гомдол ихээр ирж байгаа” гэж хэлж байсан. Энэ талаараа тодруулаач?

-Зөрчлийн тухай хууль ЖДҮ эрхлэгчдийг дарамталж байна. Зөрчлийн тухай хууль нь иргэн ирж буй акт, шаардаж байгаа мөнгөн дүнд гомдолтой байгаа тохиолдолд шүүх, дээд шатны байгууллагад өөрийгөө илэрхийлэх боломж олгохгүй байна. Тухайн иргэнийг өөрийгөө илэрхийлэхийг нь хүлээхгүйгээр прокурор шууд шийдвэр гаргаж түүнийгээ шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд өгөөд, тус алба иргэний данснаас мөнгийг нь хурааж авч байна. Би үүнийг зогсоо гэж хэлж байгаа. Иргэн “Энэ шийдвэр буруу. Би гомдолтой байна” гэсэн тохиолдолд процесс зогсдог байх ёстой. Хэн нэгнийг мэдээгүй байхад нь дурын байцаагч акт бичээд прокурорт өгөхөд тухайн иргэнд Зөрчлийн хуулиар 200 хүртэлх сая төгрөгийн торгууль тавьчихаж болно гэсэн үг. Ийм зүйл байж болохгүй. Иргэн хүн тухайн зөрчлийг үнэн, худал эсэхийг илэрхийлэх, өөрийгөө хамгаалах ёстой. Тэр хүнийг гүтгэсэн ч байж болно шүү дээ. Эсвэл төрийн албан хаагч хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байхыг ч үгүйсгэхгүй. Энэ тохиолдолд дээд шатын байгууллага, шүүхэд хандах эрхийг нь хаах, эсвэл тэр эрхийг нь өөрт нь мэдэгдэхгүй байх ийм зүйл хэзээ ч байж болохгүй. Өмнө нь гарцгүй газраар гарсан, танхайрсан зэрэг зөрчил гаргасан бол цагдаа ирээд торгууль тавиад, тухайн иргэний гарын үсгээр баталгаажуулдаг байсан. Энэ чинь л зөрчлийн хууль.

Тухайн иргэн хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шүүхээрээ явах ёстой шүү дээ. Тэгэхгүйгээр нэг тал нь давамгайлаад л шүүхийн шийдвэр гаргачихаж болохгүй. Зөрчлийн тухай хууль хэлэлцэгдэж байхад би энэ талаар маш их ярьсан. Үүнээс үүдэн Х.Нямбаатартай маргалдаж ч байсан. Миний үгийг сонсоогүй. Зөрчлийн тухай хууль амьдралд хэрэгжээд эхлэхээр иргэд үүнийг ойлгож, хэлж байна л даа.

-2019 оны төсөв хэлэлцэгдэж байна. Хүмүүс төсвийг янз бүрээр л дүгнэж байгаа. Таны хувьд алдаа, оноотой зүйл нь юу байна гэж харж байгаа вэ?

-Төсвийн нийт хөрөнгө оруулалтын зардал нэг их наяд 300 тэрбум төгрөг байгаа. Уг хөрөнгө оруулалтын дийлэнх нь сургууль, цэцэрлэг, зам, гүүр барихад зарцуулагдана. Эдгээр нь эргэж төсөвт хувь нэмэр оруулахгүй. Тэр битгий хэл дараа жилийн төсөвт дахиад зардал болно. Мэдээж дээрх бүтээн байгуулалтууд зөв. Гэхдээ бүгдийг нь тэдгээрт зарцуулна гэдэг учир дутагдалтай. Заримыг нь дараа жилийн төсөвт нэмэр болох зүйлд зарцуулж болно. Энэ тал дээр би шүүмжлэлтэй байгаа.

ЖДҮ дээр огт мөнгө тавиагүй. Сангийн сайд Монголд ЖДҮ огт хөгжихгүй байна гэж үздэг юм билээ. Ер нь амьдрал руугаа орсон, нийцсэн байх ёстой гэж бодож байгаа.

-Та С.Эрдэнэ гишүүний санаачилсан Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль дээр ажиллаж байгаа гэсэн үү?

-Уг хуулийн ажлын хэсгийг би ахалж байгаа. Хоёр өөр байр суурьтай хүмүүсийг цуглуулж хуулийн аль хэсэгт ямар алдаа байгааг засах даалгаврыг Байнгы хорооноос өгсөн гэсэн үг. Банкны холбоо, арилжааны банкнуудын зүгээс захиргааны аргаар зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох боломжгүй гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Гэхдээ дэлхийн 76 улсад энэ аргыг хэрэглэдэг. Яахав амжилттай, бас амжилтгүй тохиолдлууд бий. Хүмүүс зээлийн хүүг инфляци, хадгаламжийн хүү, эдийн засгийн өсөлт, гадны хөрөнгө оруулалт, Төв банкны мөнгөний бодлого гээд олон зүйлтэй холбож ярьдаг. Гэхдээ эдгээр зүйлийг 20 жил ярьж байгаа. Өнөөдрийг хүртэл Монгол Улс дэлхийд бараг хамгийн өндөр зээлийн хүүтэй байна. Үүнээс болоод аж ахуйн нэгжүүүд томрохгүй, хөгжихгүй байна. Тийм учраас миний хувьд зээлийн хүүгийн дээд хязгаарыг захиргааны аргаар зохицуулахаас өөр аргагүй гэж үзэж байгаа.

-Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг энэ намрын чуулганаар хэлэлцэнэ гээд байгаа. Томоохон өөрчлөлтүүд гарч чадах болов уу?

-Үндсэн хуулийн асуудал бүлэг, байнгын хороогоор орсны дараа үзэл бодлоо илэрхийлэх нь зөв байх. Ер нь бол миний хувьд засаглалын хэлбэр парламентынх байсан нь дээр гэж үздэг. Харин гүйцэтгэх засаглал тэр дундаа Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмэгдүүлэх гэж байгаа нь цаг үеэ олсон хэрэг гэж бодож байна. Учиргүй сонгуулийн хууль зэрэгт өөрчлөлт оруулна гэдэгт би итгэхгүй байна. Тэр бол таамгаар л яригдаж байгаа зүйлүүд байх.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Онцгой албан татвар тавьчихад л хуурамч бензин чинь алга болчихно

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Эдгээр хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: -УИХ-ын гишүүдэд танин мэдэхүйн зүйл хэлье гэж бодлоо. Хуурамч шатахууны асуудал яриад байгаа юм. Хуурамч шатахуунд бол керосин ордог. Авиакеросинийг нисэхийн салбарт хэрэглэдэг. Гэтэл түүнийгээ оруулж ирэхгүйгээр “Мэргэ Ван”, “А-Жет”, “Сод Монгол” зэргээс оруулж ирнэ гээд явчихдаг. Керосинийг маш ихээр оруулж ирж дизелийн түлшинд хольж байгаа. 10 тонн тутамд хоёр керосин хийдэг.

Түүнийгээ том торхонд найруулдаг. Торхныхоо доод хэсэг хуйлруулагч байршуулчихсан байдаг. Яахав энэ нь бензиний чанарыг сайжруулж байгаа юм. Гэхдээ таны унаж байгаа приус машины карирбятер, поршинг амархан муудуулдаг. Хоёр жил унахад л приус чинь явахаа больж, жагсаалтаас гарна гэсэн үг. Портер машины аппартур ч мөн адил маш хурдан эвдэрнэ.

Автобуснуудыг маш их утаа гаргадаг. Апартур нь муудчихсан учраас тэр. Хэдий дизлийн түлшний шаталт нь ихэсч байгаа боловч аппартур нь муудчихсан учраас утаа гаргаад байгаа юм. Эдийн засгийн хувьд хувь хүн дээр очиж байгаа хохирол нь маш их хортой. Дээрээс нь Монгол Улсад татварын байдлаараа маш хортой үйл ажиллагаа явуулж байна.

Нарийн тоо хэлье л дээ. “Трафигура” гэж компани “ICIC” компаниар дамжуулаад энэ оны есдүгээр сарын байдлаар 68700 тонн керосин оруулж иржээ. Түүнийгээ дизелийн түлшинд хольдог. Дизелийн түлшний онцгой албан татвар нь 285 мянган төгрөг байдаг. Үүн дээр арван хувиа нэмэхээр 315 мянган төгрөгийн зөрүү гарч байгаа. Зөвхөн онцгой татварын зөрүүнээс тэр компани 21 тэрбум 500 сая төгрөгийн ашиг олж луйвар хийсэн байна. Сангийн яамныхан сайн бичиж аваарай. Дизелийн түлшин керосин хольдог гэж хэлсэн. Дизелийн түлш тонн тутам нь 650 ам.доллараар орж ирдэг. Гэтэл керосин 520 ам.доллараар орж ирж байгаа. Үнийн зөрүү нь 130 ам.доллар. 332 мянган төгрөг гэсэн үг. 68700 тонндоо үржүүлэхээр нийтдээ 22 тэрбум 800 сая төгрөг болж байна. Үнийн зөрүүн дээрээс ийм мөнгө олж байгаа юм. Ингээд зөвхөн энэ компани нийтдээ 44 тэрбум 300 сая төгрөгийг бензин түлш борлуулсан луйвраараа олж байна. Энэ асуудал дээр шалгалт хийх цагдаагийн байгууллага хаана байна вэ. Шударга Ц.Нямдорж гуай хаана байна вэ. Яг үүнтэй адилхан “Гунвар” гэж компани байгаа. “Петрохаан”, “Монсуль” болон “Петролиум Продакшн” гээд манай сайдын хувь эзэмшдэг компани бий. Эдгээр компанийн нэрээр керосин оруулж ирдэг. Нийтдээ 12 мянган тонныг оруулж ирдэг. Түрүүний жишгээр бодоход 7.7 тэрбум төгрөгийн луйвар хийж байгаа. Тэгэхээр нэг санал байна. Керосин дээр татвар тогтоо. Аль эсвэл нисэхийн компаниудын хэрэглэдэг тестээр нь л квот өг. Бусад дээр нь татвар оруулж ир. Тэгэхгүй бол жилд 120 мянган тонн керосин Монголп орж ирж байна. Энэ хэрээр монголчуудад маш их хохирол учирч байгаа. Тодорхой санал гаргалаа шүү. Үүн дээр хууль хяналтын байгууллагууд нь анхаарч, хөөцөлдөөрэй. Гадны хоёрхон трэйдинг компани ингэж 54-55 тэрбум төгрөг луйвардаад явж байна шүү” гэсэн юм.

Уг асуудлын талаар түүнээс тодруулсан юм.

-Шатахуун импортлогч компаниуд онцгой татварын зөрүүнээс ашиг олж, луйвар хийж байна гэлээ. Энэ хэр бодит мэдээлэл вэ?

-Чуулган дээр дурдсан тоонууд бол баталгаатай. Бүгд бодит тоо.

-Энэхүү нөхцөл байдлыг хэрхэн зохицуулах ёстой бол?

-Ер нь бол яг зориулалтын авиакеросиноо татваргүй оруулж ирдэг байж болно. Хэрэглэдэг авиа компаниуддаа квот өгчихдөг байх хэрэгтэй. Түүнийхээ дагуу хяналтаа тавьчихаж болно. Бусад зах замбараагүй орж ирж байгаа керосиноо хязгаарлах ёстой. Онцгой албан татвар тавьчихад л хуурамч бензин чинь алга болчихно гэсэн юм.


Categories
мэдээ цаг-үе

О.Мөнхсайхан: Цаазаар авах ялын 30 орчим хувь нь алдаатай байх магадлалтай гэсэн судалгаа бий

МУИСийн Хууль зүйн сургуулийн профессор, хууль зүйн доктор О.Мөнхсайхантай ярилцлаа.


-Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдэн орсон УИХ-ын шийдвэр нь Үндсэн хууль зөрчсөн байна гэх гомдол Цэцэд иржээ. Уг протокол нь Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн юм бэ?

-Энэ оны тавдугаар сард Н.Чадраабал гэдэг хүн цаазаар авах ялыг халах тухай Иргэний болон улс төрийн тухай олон улсын пактын Нэмэлт II протоколд нэгдэн орсон хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцэд хандсан. Уг асуудлаар ҮХЦ маргаан үүсгэжээ гэх мэдээлэл гарсан. Гэхдээ Цэцийн маргаан үүсгэхтэй холбоотой тогтоол, магадлал нь нийтэд ил тавигддаггүй учраас би олж хараагүй байна. Энэхүү асуудал нь маш чухал учраас “Эмнести интернэшнл” байгууллагатай хамтраад Үндсэн хуулийн эрх зүй, олон улсын эрх зүй, криминологийн судалгаагаар энэ оны есдүгээр сарын 20-нд хэлэлцүүлэг хийж, цаазаар авах ялыг сэргээвэл Үндсэн хууль болон олон улсын гэрээг зөрчинө гэсэн дүгнэлт гаргасан. Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, эрдэм шинжилгээний өгүүллийг эмхэтгэн гаргаад ном болгон гаргаад байна. Цаазаар авах ялыг халсан энэ шийдвэрийг зарим хүмүүс судалгаагүй, сэтгэлийн хөдлөлөөр гаргасан гэдэг. Гэхдээ тийм биш юм. Үндсэн хуулийг баталж байх үед цаазаар авах ялыг байлгах эсэхийг ярилцаж байжээ. Би 1991 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдрийн АИХ-ын хуралдааны тэмдэглэлийг уншсан. Тухайн үед АИХ-ын зарим гишүүд энэ ялыг бүр мөсөн халах хэрэгтэй гэж байжээ. Нөгөө хэсэг нь энэ ялыг халах нь зүйтэй, гэхдээ ирээдүйд халъя гэдэг байр суурийг илэрхийлж, энэ нь олонхын санал авч Үндсэн хуульд тусгагджээ. Үүнээс хойшхи үе үеийн парламент цаазаар авах ялыг халах алхмуудыг хийсээр ирсэн. Жишээ нь 1996-2000 оны УИХ дээр Д.Хувьтөгөлдөр гишүүн цаазын ялыг халж оронд нь бүх насаар нь хорих хуулийн төсөл санаачилсан боловч дэмжлэгийг аваагүйгээс батлагдаагүй өнгөрсөн. Гэвч тус парламент Шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үндэсний хөтөлбөр батлахдаа цаазаар авах ялыг аль болох хязгаарлана хэмээн тусгаж байв. Дараагийн УИХ нь 2003 онд Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг баталсан. Энэ хөтөлбөрт мөн цаазаар авах ялыг халах чиглэлийг баримтална гэж заасан. 2006 онд Эмнести интенэшнлээс санаачлаад маш олон эрдэмтэд орж томоохон судалгаа хийсэн байдаг. Улмаар 2010 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж цаазаар авах ялаар шийтгэгдсэн хүнийг уучилж, 30 жилийн хорих ялаар солино гэж мэдэгдэж, уг ялын гүйцэтгэлийг түдгэлзүүлсэн. Үүнийг НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөл маш их дэмжиж, улмаар энэ ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдээч гэсэн зөвлөмжийг Монгол Улсад ирүүлсэн. Тухайн үеийн Засгийн газар НҮБ-ийн Хүний эрхийн зөвлөлийн зөвлөмжийн дагуу Нэмэлт II протоколд нэгдэн орох тухай хуулийг өргөн барьж, УИХ 2012 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр баталсан. 2012-2016 онд ажилласан УИХ дээрх протоколыг дэмжээд Эрүүгийн хуулиас цаазаар авах ялыг бүр мөсөн хассан бол 2016 онд байгуулагдсан УИХ-ын бүрэлдэхүүн ч Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа цаазаар авах ялыг сэргээгүй, халсныг дэмжсэн. Ингээд үзэхээр маш их судалгаа хийж байж, таван парламент дамжиж, улс төрийн гол намуудын аль алиных нь оролцож хүлээн зөвшөөрсөн үндэсний зөвшилцлөөр энэ ялыг халсан юм.

-Тэгэхээр Үндсэн хуулийн ямар заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхой биш байгаа гэсэн үг үү?

– Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдсэн орсон хууль нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар уг маргаан үүсгэсэн гэж ойлгосон. Яг ийм санааг Монгол Улсын Ерөнхийлөгч илэрхийлээд байгаа. Тэрээр өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас цаазаар авах ялыг сэргээх санал хэд хэдэн удаа гаргасан байдаг.

Саналдаа Үндсэн хуулийн 16.1-т “Хүн бүр амьд явах эрхтэй, Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг үйлдсэний учир шүүхийн хүчин төгөлдөр тогтоолыг ялын дээд хэмжээ оногдуулснаас бусад тохиолдолд хүний амь насыг бусниулахыг хатуу хориглоно”, “Цаазаар авах ялыг Эрүүгийн хуульд тусгах эсэхийг УИХ шийдвэрлэх бүрэн эрхтэй”, 10.4-т Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээг Монгол Улс мөрдөхгүй” гэж заасан байдаг талаар хэлсэн. Тодруулбал, Үндсэн хуульд цаазаар авах ял заавал байх агуулга бий, уг ялыг халсан олон улсын гэрээ нь Үндсэн хуулийн 16.1-тэй зөрчилдөнө, иймээс уг гэрээг дагаж мөрдөхгүй гэж Ерөнхийлөгч яриад байгаа. Хэрвээ Цэцэд ийм агуулгатай мэдээлэл гаргасан бол энэ нь ямар ч ор үндэсгүй юм. Хууль зүйн хувьдаа ингэж үзэх ямар ч боломжгүй. Миний хувьд Үндсэн хуулийг хэрхэн тайлбарлах талаар Японд таван жил судалгаа хийж, докторын зэрэг хамгаалсан. Үндсэн хуулийг тайлбарлах олон аргаас хамгийн түгээмэл гурвыг нь сонгож Үндсэн хуулийг тайлбарлая. Нэгдүгээрт, Үндсэн хуулийг түүхчилсэн, угчилсан байдлаар тайлбарлах арга байдаг. Тэр нь Үндсэн хуулийн тухайн заалтыг оруулсан хүмүүс, эсвэл тэр үеийн нийгэм юу гэж ойлгосон бэ гэдгийг нь харах ёстой гэсэн үг. АИХ-ын төлөөлөгчид цаазаар авах ялыг халах, ирээдүйд халахыг дэмжиж Үндсэн хуулийн 16.1-ийг оруулсан гэдэг нь баримтаар тогтоогдож байна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийг үгчилж тайлбарлах явдал байдаг. Үгийн шууд утгаар нь тайлбарлах юм бол Үндсэн хуулийн 16.1-д цаазаар авах ял заавал байна гэсэн утга байхгүй. Энд “Эрүүгийн хуульд заасан онц хүнд гэмт хэрэг” үйлдсэн бол ялын дээд хэмжээ оногдуулж болно гэсэн. Тиймээс, юуг гэмт хэрэгт тооцох, түүнд ямар ял оногдуулахаар хуульчлах нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал учраас цаазаар авах ялыг хууль баталж, эсвэл ийм олон улсын гэрээнд нэгдэн орж халах бүрэн эрх УИХ-д хадгалагдаж байгаа юм.

-Цэц Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протокол нь Үндсэн хууль зөрчсөн гээд үзчихвэл яах вэ?

-Цаазаар авах ял Үндсэн хууль зөрчсөн гэж ил ярьж байгаа хүн бараг байхгүй. Ерөнхийлөгчийн хоёр зөвлөх, үндсэн хуулиар ч мэргэшээгүй нэг хүн л ярилцлага өгсөн байсан. Тэгэхээр цаазаар авах ялыг сэргээх олигтой ямар ч үндэслэл байхгүй. Ийм байхад ҮХЦ цаазаар авах ялыг халах тухай олон улсын гэрээнд нэгдсэн нь Үндсэн хууль зөрчсөн гэж шийдэхгүй байх гэж найдаж байна. Цэц арай ч тийм болтлоо хараат бус, мэргэжлийн байдлаа алдсан гэж бодохгүй байна. Хэрэв ҮХЦ Үндсэн хууль зөрчсөн гээд үзчих юм бол маш ноцтой үр дагавар үүснэ. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж энэ ялыг халах болох учраас ахиж цаазаар авах ялыг халах бараг л боломжгүй болно. Амьд явах, эрүү шүүлтээс ангид байх эрх, хүний нэр төр гэсэн суурь зарчмуудаа бататгасан алхмаасаа ухарна. 26 жилийн турш цогцлоож буй хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн нэг том баганаа нураана. Олон улсад, НҮБ доторх Монголын нэр хүнд унана. Европын холбоотой харилцаа муудна, тэндээс манай ардчиллыг дэмжиж үзүүлж буй дэмжлэг, татварын хөнгөлөлт бүгд үгүй болох эрсдэлтэй. Тусгаар тогтнолын баталгаа болсон гуравдагч хөршийн бодлого, НҮБ дахь байр суурь суларна.

-Үндсэн хууль батлалцаж явсан, мөн судлаачид цаазаар авах ялын тухайд ямар байр суурьтай байдаг юм бол?

-ҮХЦ-ийн анхны дарга, доктор, профессор Г.Совд гуай өөрийн номдоо “Үндсэн хуулийн 16.1 нь Эрүүгийн хуулиар цаазаар авах ялыг үүрд хадгалсан заалт биш учраас цаазаар авах ялыг устгахад өчүүхэн ч саад болохгүй” гэсэн байдаг. Үндсэн хуулийн эх баригч Б.Чимид багш эхийг барьж 2003 онд УИХ-аар батлуулсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөртөө цаазаар авах ялыг халах чиглэлийг оруулсан. Энэ мэтчилэн маш олон судлаачид, хуульчид Үндсэн хуулийн 16.1-т цаазаар авах ял заавал байна гэсэн утга байхгүй гэж ойлгодог. Үндсэн хуулийн 10.4-т Үндсэн хуульд харшилсан олон улсын гэрээг Монгол Улс дагаж мөрдөхгүй гэж бий. Дүгнээд хэлэх юм бол цаазаар авах ялыг халсан олон улсын гэрээ нь Үндсэн хуультай харшлаагүй харин ч түүнд буй суурь үнэт зүйлийг бататгасан учраас уг гэрээг Үндсэн хуульд харшилсан хэмээн дагаж мөрдөхгүй байж болохгүй.

Манай Үндсэн хууль тогтоогчид маань Үндсэн хуульд улс төрийн ёс суртахууны буюу төрөөс иргэнтэй харьцах ерөнхий зарчим, үзэл санаануудыг тусгаж өгсөн. Энэ бүх үзэл санаатай цаазаар авах ял зөрчилддөг. Тухайлбал, уг ял нь хүний амьдралыг дуусгаж хүнийхээ хувьд эдлэх бүх эрхийг үгүй хийдэг учраас амьд явах эрхийг үгүйсгэдэг. Мөн хүн бүрийг нэр төртэй гэж үзэхийг шаарддаг. Хүн бүрийг хүн гэж хүлээж зөвшөөрч, хүний ёсоор хүндэтгэнэ гэсэн зарчим бол Үндсэн хуулийн оршилд буй хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийн суурь юм. Аймшигтай муухай хэрэг үйлдсэн ч тэр хүн хэвээрээ. Тэр хүний хэргийг шалгаад зохих шийтгэл хүлээлгэх нь зүйн хэрэг ч төр түүнтэй хүний ёсоор харьцаж хүндэтгэх үүрэгтэй. Мөн, цаазын ял нь эрүү шүүлтэд тооцогддог. Төр ял эдлүүлэх зорилгоор хүний бие махбодь төдийгүй сэтгэл санааны хувьд хүчтэй шаналал учруулдаг. Хүнийг цохиж зодож шийтгэхтэй адилхан бие махбодь дээр хэрэгждэг ял. Монголд доод тал нь 1-7 жилийн дараа уг ялыг гүйцэтгэдэг учраас тухайн хүнд маш их шаналал учруулдаг гэж үздэг. Энэ ялыг халснаар манай Үндсэн хуулийн амьд явах, хүний нэр төр халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх гэсэн эрхүүдийг баталгаажуулсан алхам болсон.

-Цаазаар авах ялыг халах тухай Нэмэлт II протоколд нэгдэн орсон орон буцаж гарах боломжтой юу. Хэрэв гарсан тохиолдолд ямар сөрөг үр дагаврууд учрах вэ?

-Болохгүй. Уг протоколоос гарах, гэрээг цуцлах заалт байдаггүй. Энэ ялыг халчихаад худал шалтаг хэлж буцаж сэргээх оролдлогыг хаах зорилгоор цуцлах, гарах заалтыг суулгаагүй байдаг. Гэхдээ, ийм гэрээнээс яаж гарах талаар олон улсын гэрээний эрх зүйн Венийн конвенцоор хоёр нөхцөл зааж зохицуулагддаг. Нэг талаар, уг конвенцын 56 дугаар зүйлд гэрээнээс гарах саналаа уг гэрээнд нэгдэн орсноос хойш 12 сарын дотор мэдэгдвэл гарах боломжтой гэсэн байдаг. Гэтэл Монгол ингэж мэдэгдээгүй төдийгүй Нэмэлт II протоколд нэгдээд зургаан жил болчихсон. Нөгөө талаар, олон улсын гэрээ нь мөн чанараараа гарахыг зөвшөөрсөн агуулгатай бол энэ талаар тодорхой заалтгүй байсан ч уг гэрээнээс гарч болно гэж өөр нэг нөхцөл заасан. Гэтэл НҮБ-ийн Хүний эрхийн хороо болон маш олон шинжээчид Нэмэлт II протоколд нэгдэн орсон л бол гарч болохгүй гэсэн тайлбарыг хийдэг. Филиппин 2016 онд уг протоколоос гарч, цаазаар авах ялыг сэргээх гэж оролдсон. Энэ үед НҮБ-аас хүчтэй буруушаасан. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгээс 2007 онд тогтоол хүртэл гаргаж цаазаар авах ялыг халах тө-дийгүй халсан улсуудыг бу-цааж сэргээхгүй байхыг анхааруулсан.

-Цаазын ялыг сэргээх гээд байгаа нь ямар учиртай гэж харж байна вэ. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ?

-Ерөнхийлөгчийн зүгээс бага насны хүүхдийг хүчирхийлсэн, амь насыг нь хөнөөсөн жигшүүртэй хэрэг олноор гарч байгаа учир цаазаар авах ялыг сэргээе гэдгийг хэлж байгаа. Үүнээс харахад энэ ялыг халснаар жигшүүрт хэрэг ихээр гарах боллоо гээд байгаа юм шиг. Судлаад үзэхээр энэ нь худлаа юм билээ. Цаазаар авах ялыг халахаас өмнөх болон халсны дараах онц хүнд гэмт хэргийн гаралтын тоог харьцуулахад уг гэмт хэргийн тоо өссөн тоо баримт алга. Цаазаар авах ялыг хэрэглэж байсан 2002-2009 оны үед хүнийг санаатайгаар алах гэмт хэргийн тоо жилд дунджаар 294 гардаг байжээ. Цаазаар авах ялыг халснаас хойш буюу 2010-2017 оны хооронд жилд 213 болж буурчээ. Жилд 30-35 бага насны хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг гардаг. Энэ хэрэг огт огцом өсөөгүй, тогтвортой байгаа. Монголчуудын буруу зөвийг ялгах чадвар дээшилж хөгжсөн төдийгүй хэвлэл мэдээлэл, цахим ертөнцийн тусламжтайгаар энэ хэрэг үйлдэгдсэн даруйдаа ил гардаг болсон. Тэгээд тоо нь өссөн юм шиг харагдуулаад байгаа хэрэг. Социализмын үед ч, цаазаар авах ял байх үед ч бага насны хүүхдийг хүчирхийлсэн жигшүүрт хэрэг гарч байсан. НҮБ болон Их Британи, Канад, Энэтхэг зэрэг бусад орнуудад хийсэн судалгаагаар цаазаар авах ял нь бүх насаар нь хорих ялаас илүү онц хүнд гэмт хэргийн гаралтыг бууруулдаг гэдэг нь нотлогддоггүй. Мөн Ерөнхийлөгчийн хэлсэн дээрх үгний хоёр дахь утга нь бага насны хүүхдүүдийг хүчиндэж, амь насыг нь бүрэлгэсэн хүнийг цаазлах ёстой, энэ бол шударга ёс гэсэн агуулгатай байж магадгүй. Хүй нэгдлийн үед шударга ёс гэдгийг амийг амиар гэж ойлгож байсан. Хүн төрөлхтөн, ялангуяа ардчилсан улсууд шударга ёсыг ингэж ойлгохоо больж байна. Шударга ёс гэдэг нь тухайн гэмт хэргийн хэр хэмжээнд тохирсон ялаар шийтгэх юм гэж ойлгодог болсон. Мэдээж ардчилсан улсын суурь үнэт зүйлд нийцсэн ялын төрлүүдээс хамгийн тохирсныг нь сонгоно гэсэн үг.

-Нийгэмд цаазаар явах ялыг улс төрийн шугамаар ашиглах вий гэх айдас бас байна л даа. Энэ тухайд?

-Үндсэн хуулийн нэг гол зарчим бол гэм буруугүй хүнийг хэзээ ч шийтгэж болохгүй. Харамсалтай нь цаазаар авах ял байгаа ямар ч улсад гэм буруугүй хүнийг шийтгэх магадлал их байдаг. 2000 оны Монгол Улсад цаазаар авах ялыг оногдуулсан шүүхийн шийдвэрт анализ хийсэн судалгааны дүгнэлтээр нийт цаазаар авах ялд оногдуулсан шүүхийн шийдвэрийн 30 хүртэл хувь алдаа гаргах магадлалтай гэж гарсан. Гэм буруугүй хүнийг цаазлах магадлал 30 хувьтай байгаа хэрэг. Гэм буруугүй хүнд цаазаар авах ял өгчихөөд түүнийгээ өөрчилсөн тохиолдол Монголын түүхэнд маш их байдаг. Монголд 1958-2011 он хүртэл 870 хүнд цаазаар авах ял оногдуулжээ. Цаазын ялын бүх мэдээллийг төрийн нууцад оруулчихдаг учраас энэ хүмүүсийн хэд нь яг гэм буруутай байсан бэ гэдгийг бид мэдэж чадахгүй. Цаазаар авах ял оногдуулах ажиллагаанд өмгөөлөгч, шүүгч, прокурорын хувиар оролцож байсан хүмүүс гэм буруугүй хүнийг цаазалсан байх үндэслэлтэй гэж харамсаж явдгаа надтай хуваалцаж байсан. Жишээлбэл, ҮХЦ-ийн гишүүн байсан, доктор, профессор Ж.Бямбаа багш маань 2010 онд өгсөн ярилцлагадаа “Баянхонгор аймагт нэг хүнийг хүчиндээд хөнөөсөн хоёр хүнийг цаазаар авсан. Гэтэл, хүчирхийлээд, хөтлөөд, чирээд явсан мөр нь нэг хүнийх л байсан учраас дээрх хоёр хүний нэг нь гэм буруугүй байсан байх магадлалтай” хэмээн харамсан өгүүлсэн байдаг. Өөр хэргүүд дээр ч нэр бүхий хуульчдын ийм харамсал бий. Ер нь энэ ялыг улс төрийн зорилгоор ашигладаг. Монгол Улс 1937-1939 оны хооронд 30 шахам мянган гэм буруугүй хүнээ цаазалсан гашуун түүх бий. Цаазаар авах ял маань ийм аймшигтай үр дагавартай учраас бид шударга ёс гэдгийг амийг амиар бус ийм олон хүчин зүйлүүд дээр тулгуурлаж авч үзэх, тодорхойлох ёстой.