Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Төрийн гурван өндөрлөг улс орноо бодоод түр ч болтугай эвлэрсэн нь дээр

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.


-Улс төрийн байдал тогтворгүй байна. УИХ-ын үйл ажиллагаа ч зогсонги байдалд орчихсон гэж хэлэхэд хилсдэхгүй байх. Ард түмний амьдрал хүнд, шийдэх ёстой асуудлууд ч хүлээгдсээр байна. Энэ нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Улс төрөөс болоод ард иргэдийн амьдрал хүнд байгаа юм биш. Ард иргэдийн амьдрал хүнд байгаа нь өөрсдөөс нь л болсон. Үндсэндээ ард иргэдэд өмч хөрөнгийг нь өгчихсөн шүү дээ. Одоо төрөөс юу хүсээд байгаа юм бэ.

Иргэдийн амьдрал өөрсдөөс нь л шалтгаална. Хоёрдугаарт, сонгуулийн үеэр ард иргэдтэй уулзалт хийе гэхээр “Хоол, бэлэг дурсгал, мөнгө өгөх үү” гэж асуудаг. Өгөхгүй гэвэл уулзалтад ирдэггүй. Харин иргэд 5000 төгрөг өгсөн хүнийг л сонгодог. Тав, арван мянган төгрөгөөр сонгосон хүмүүс чинь ингэж л ажиллана шүү дээ.

Үүнд юунд нь бухимдаад байгаа юм. Бухимдах юм юу ч байхгүй.

Улс төр тогтворгүй байх нь зөв гэж үү?

-Байх л ёстой асуудал. Нэг гэрийн хоёр хэзээ байнга инээд алдаж суудаг байлаа. Хааяа хоорондоо маргалдаж, мэтгэлзэж байж бие биеэ ойлгож явдаг биз дээ.

-Энгийн маргаан гэхээсээ илүүтэйгээр бүр хүнд байдал руу орж болзошгүй гэх болгоомжлол олон нийтэд байна л даа…

-Гэр бүлийн хоёр муудхаараа нэг нэгнийхээ мууг дэлгэж тавьдаг. Тэрэн шиг төрийн харчуул нэгнийхээ муу муухайг гаргаж тавьж байвал сайн л биз. Үүнд муу юм байхгүй.

-Ер нь тэр яриад байгаа бүлэглэл, мафи, шударга бусын хонгил гэж зүйл байдаг юм уу?

-Би тэр зүйлүүдийг нь ухаж, төнхөж хараагүй. Ер нь бол сүүлийн 20 жил төр цадиггүй, замбараагүй, хариуцлагагүй болсон нь үнэн. Хариуцлагагүй болсон шалтгааныг нь ард түмэн л хийгээд байгаа шүү дээ. Хэн хэдхэн бор төгрөгөөр төрийн түшээгээ сонго гэсэн юм. Одоо энэ Баянгол дүүргийнхэн АН-ын дарга С.Эрдэнээгийн амралтан дээр л очиж амраад байх нь тэр. Хоолыг нь идээд л байгаад байна. Ингэж болохгүй шүү дээ. Тэр дундаа хөгшчүүл таваг хоолоор ач, зээ, үр хойчийнхоо амьдралыг сонгож байна. Үүнийг л болих хэрэгтэй байна. Улстөрчид сонгуульд асар их мөнгө зардаг.

Нэг хүн доод тал нь хоёроос гурван миллиард төгрөг зарцуулдаг. Тэр мөнгөө Банк бус санхүүгийн байгууллага, банкнаас зээлнэ. Бараг гэр орон, эхнэр хүүхдээ бүгдийг нь барьцаалж байгаад зээл авч байна. Би өөрөө сонгуульд өрсөлдөж байсан учраас энэ бүгдийг харж байсан л даа. Жишээ нь, миний тойрогт Д.Дамба-Очир гэх нөхөр нэг ч уулзалт хийгээгүй хэрнээ бараг хоёр, гурван миллиард төгрөг тараасан. Бас Б.Чойжилсүрэн Увсад мөнгө л тараасан шүү дээ. Ингэж төрд гарч ирснийх нь дараа өр нь нэхэгдэнэ. Өрөө төлөхийн тулд хамгийн бага хүүтэй зээл хаана байна, тэрийг олж авахыг бодно биз дээ. Тиймээс ЖДҮ-ээс зээл авч өрөө дарсан хэрэг. Тэгэхээр ЖДҮ-ийн мөнгийг ард түмэн авсан. Улстөрчид сонгуульд ялахын тулд ЖДҮ-ийн мөнгийг урьдчилаад ард түмэнд тараагаад өгчихсөн. Өөрсдөө авч идчихээд юундаа сүржигнэдэг юм бэ.

-Таны бодлоор бид цаашдаа яах ёстой юм бэ. Хэрүүл тэмцэлээ түр хойш нь тавиад улс эх орныхоо эрх ашгийг бодох цаг болоогүй гэж үү?

-Цаашдаа хөгжих ёстой л доо. Манайх ч ганцхан ийм замбараагүй байдлаар яваад байгаа юм биш. БНСУ, Япон ч гэсэн хөгжлийнхөө эхэн шатанд яг л ийм замбараагүй байсан юм билээ. Улмаар дээр, дооргүй хариуцлага тооцдог болж байж улс орон нь цэгцэрсэн байдаг. Манайд өнөөдөр бүх зүйл дэндүү цадиггүй, замбараагүй байна.

-Та цахим хуудсаараа УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг багагүй шүүмжилсэн байсан. Яагаад түүнийг шүүмжлэх болов?

-Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуугийн хийж бүтээгээд, гийчихсэн зүйлийг би л лав хараагүй. Яахав болсон болоогүй зүйлээр хүнийг гүтгэж, хэрүүл хийгээд явах нь хялбархан л байх. Гэхдээ энэ маягаар улс төрөөр тоглох гэж байгаа бол бүтэхгүй хэрэг. Аливаа зүйл хэмжээтэй байх хэрэгтэй. Төр төмбөгөр, ёс ёмбогор байж улс орон хөгждөг жамтай. М.Энхболдыг хүнээр нь бус УИХ-ын дарга гэдэг албан тушаалаар нь хүндэтгэдэг байх хэрэгтэй. Улс төр хийж байна гээд доромжлоод байж болохгүй. Бидэнд дээр, дооргүй улс төрийн хариуцлага, соёл үгүйлэгдэж байна.

Жагсаал цуглаан хийгээд эмх замбараагүй байдал үүсгэчихсэн үймээн самуунтай улс орнууд байна л даа. Жишээ нь, Ливи хүнд байдалд байна. Ливийн ард түмэн өнөөдөр хамгийн хүнд амьдралтай байна. Л.Оюун-Эрдэнэ шиг залуус л тийм байдалд хүргэсэн. Өнөөдөр Ливийн ард түмэн харамсаж байна. Тийм учрааас Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан тэргүүтэй хэдэн нөхөд улс төр хийж байгаа нэрийн дур зоргоороо аашилдгаа болих хэрэгтэй. Энэ дөрвөн нөхрөөс айгаад байгаа хүн байхгүй шүү дээ. Яримаар байвал баримттай ярь. Үгүй бол дуугүй байж болно. Морин дээр сууж хувьсгал хийх амархан. Мориноосоо бууж эвлүүлэхэд хэцүү шүү. М.Энхболд их ноомой хүн юм. Миний өрөөн дотор орж ирээд худлаа үнэн зүйлээр гүжирдээд байх юм бол би л лав цохиод унагах байсан.

-60 тэрбумын хэрэг худлаа гэж үү?

-Худлаа гэж бодож байна. Хоёр жилийн турш ярилаа шүү дээ. Үнэн юм бол яагаад өнөөдрийг хүртэл гаргаж ирэхгүй байгаа юм.

-Хууль хяналтын байгууллагууд үнэн мөнийг нь тогтоохгүй байна гэж УИХ-ын гишүүд шүүмжлээд байгаа л даа…

-Худлаа ярих юм. Тэрнээс илүү хэргийг ч шийддэггүй л юм билээ. Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. 450 сая ам.долларын тухай ярьж байгаа биз дээ. Чингис, Самурай бондын асуудал ч байна. Л.Оюун-Эрдэнэ, Ж.Батзандан нар яагаад тэр хэргийг ярихгүй байгаа юм. МАН-ын хариуцлагагүй нөхдүүд авлигаар дамжуулж сонгуулийн мөнгө олно гэж бодож байсан нь ил гарчихсныг 60 тэрбумын хэрэг гээд байгаа биз дээ. Гэхдээ авсан, өгсөн хүн байхгүй л байх шиг байна. Ярьсан хэлсэн дарга цэрэг нар нь хариуцлагаа үүрээд ажлаа өгсөн. Одоо үүнийг цааш нь хөөгөөд байх хэрэг байгаа юм уу. Гэхдээ М.Энхболдод дутагдлууд байгаа. Ямар ч зүйлийг шийддэггүй, бөөрөнхийлдөг, дуугүй өнгөрөөдөг. Дуугай байна гэдэг дутагдлыг зөвшөөрөхийн л нэр. Нэгэнтээ л төрийн тэргүүн юм бол дуутай шуутай, шударга, зарчимтай бай л даа.

-УИХ-ыг тараах тухай яриа зарим төрийн түшээд ярих болсон. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-УИХ тарах юм бол энэ төр чинь бүр хямралд орно. УИХ тарахаар Засгийн газар нь дагаад тарж таарна. Тэгэхээр хямрал эцсийн цэгтээ хүрнэ гэсэн үг. Иймд төрийн гурван өндөрлөг улс орноо бодоод түр ч болтугай эвлэрсэн нь дээр. Эвлэрлийн гэрээ байгуулж дараачийн сонгууль хүртэл төрийнхөө ажлыг хий. Үгүй бол улс орон сүйрнэ. Улстөрчийн хувьд би ингэж харж байгаа. Харин энэ хугацаанд шударга сонгууль явуулах бололцоог олгож өг. Цаашид энэ гурвыг сонгох үгүйг шийдэх боломжийг ард түмэнд олго. Сонгуулийн тухай хуулийг шинэчилмээр байна. Сонгуулийн сурталчилгааны хугацааг уртасгамаар байна. Тэр хугацаанд нь иргэдэд улс төр гэж юу вэ гэдгийг ойлгуулж өгөх хэрэгтэй байна. Сонгуулийг иргэн болгон өгдөг баймаар байна. Хэрэв сонгууль өгөөгүй бол төрийн үйлчилгээ үзүүлэхээ болих, хариуцлага тооцдог байх ёстой. Мөн Улс төрийн намуудын тухай хуулиа ч шинэчлэх хэрэгтэй байна.

Ер нь УИХ-аа тараагаад сонгууль хийнэ гэхэд ямар ч бэлтгэл хангагдаагүй байгаа. Улстөрчдөө солихын тулд сонгууль хийнэ гэх байх л даа. Гэхдээ эхлээд хуулиа өөрчлөх хэрэгтэй юм. Хуулийг илүү нээлттэй болгох нь зөв.

-Ерөнхий сайд Японд айлчлаад ирлээ. Таны хувьд ч айлчлалын бүрэлдэхүүнд багтсан. Айлчлалын үеэр яригдсан зүйлүүдээс онцлохоор зүйл нь юу байв?

-Япончууд 1990 оноос эхлээд л Монголыг дэмжсэн. Дэмжсээр л байгаа. Саяын айлчлалаар манай Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сайхан илтгэл тавьж байна лээ. “Манай хоёр улсын худалдааны алдагдал өндөр байна. Япон манайд дорвитой хөрөнгө оруулах ажил хийхгүй байна. Манайх үйлдвэр үйлчилгээ, экспортоо нэмэгдүүлэхэд тусалж дэмжиж, урт хугацааны зээл, санхжүүжилт олгооч ээ” гэдгийг илтгэлдээ онцолж байсан. Энэ асуудлыг япончууд их анхааралтай хүлээж авч байна лээ.

-Ноос, ноолуурын чиглэлд ахиц дэвшил гарсан зүйл нь юу байв?

-Манай улс төмрийн хүдэр, нүүрс, жонш, зэсийн концентраци гаргаж мөнгө олж байгаа. Хятадууд ирэх онуудаас нүүрс авахгүй байх магадлал өндөр байна. Учир нь Хятад хоёр ч том газан хоолойг ОХУ, Туркменистанаас татчихсан. Цахилгаан станцуудаа газ руу шилжүүлж байгаа. Хятадын том хотууд утааныхаа асуудлыг шийдэхийн тулд энэ аргыг хэрэглэж байгаа юм. Манай Таван толгойн нүүрсний 75 хувь нь эрчим хүчнийх үлдсэн нь кокосжсон нүүрс байдаг. Дээрээс нь Хятад арматур, төмөр эдлэл хийхээ багасгаж байгаа. Тэгэхээр кокос нүүрсний хэрэглээ ч буурна гэсэн үг. Үүнээс үүдэн кокос нүүрс, төмрийн хүдрийн үнэ буурах юм. Энэ бүхэн эдийн засагт их хүнд тусах байх. Тиймдээ ч ОУВС, гадны санхүүгийн экспертүүд эдийн засгаа солонгоруулахыг зөвлөж байгаа. Нэн тэргүүнд экспортоо нэмэгдүүлэх шаардлагатай байна. Экспортоо нэмэгдүүлэхийн тулд үйлдвэрүүдээ дэмжих нь чухал. Манай улсад ноос, ноолуурын таван том үйлдвэр хэрэгтэй байна. Түүнийг тойрсон оёдол, сүлжмэлийн жижиг үйлдвэрүүд байх хэрэгтэй. Том үйлдвэрүүд нь ноолуураа угаагаад, утас, даавуугаа хийнэ. Утас даавууг нь жижиг үйлдвэрүүд нь аваад бүтээгдэхүүнээ хийж дэлхийн зах зээл дээр гаргах ёстой. Ийм ажлуудыг хийх хэрэгтэй байна.

Ингэхгүй бол ченжүүд гэх хэдэн нөхдүүд чинь хамаг түүхий эдийг Хятад руу зөөсөөр байна. Тэд ямар ч татвар төлөхгүйгээр түүхий ноолуураа Хятад руу гаргаж байгаа. Үүнийг зогсоох цаг болсон. Дээр дурдсан таван компани нь л түүхий ноолуураа боловсруулдаг баймаар байна. Зөвхөн ноос ноолуур гэлтгүй мах боловсруулах асуудал ч гэсэн энэ жишгээр явмаар байгаа юм.

-Утааны асуудал иргэдийг маш ихээр бухимдуулж, бас айдас хүйдэс дагуулсаар байна. Утаанаас салах гарц бий юү?

-1990 онд бид малыг шударга бус хуваарилсан юм. Мал маллаж байсан хэдэн нөхөд л нь малтай үлдсэн. Бригадын болон сумын төв, аймаг дээр байсан хэд нь малгүй хоцорсон юм. Арга буюу тэд хот бараадсан. Одоо тэд хойд уулаар дүүрэн утаа тавиад сууж байна. Өөрсдөө бас та нартай ч хамт угаартаж үхье гээд нүүрсээ түлээд байж байна. Өнөөдөр залуу эмэгтэйчүүд дандаа дутуу төрөлттэй, эсвэл амьгүй хүүхэд төрүүлж байна. Агаарын бохирдлооос болоод л ийм байдал үүсч байгаа. Энэ нь гэр хорооллоос л үүдэлтэй. Энэ хөндийд хүн амьдрах боломж алга. Гэтэл аймгийн төвүүдээр дүүрэн цоожноос өөр эзэнгүй хашаа байшин байх юм. Тиймээс гэр хорооллын ядаж 100 мянган айл өрхийг малжуулж, орон нутаг руу нь буцаах нь зөв. Энэ зуны дотор ингэж өөрчлөх боломж бий. Үүний шийдвэрийг төрийн гурван өндөрлөг гаргана.

-Хүний эрхэд халдсан хэрэг болохгүй юу?

-Хүн эрхээ мэддэг бол үүргээ бас ухамсарладаг, биелүүлдэг байх хэрэгтэй. Саяхан хятадууд орон нутгаас ирж Бээжинд оршин сууж байгаа иргэддээ мэдэгдэл хүргүүлж, улмаар нутаг буцаасан шүү дээ. Бид орон нутаг руу явж байгаа иргэддээ 200 толгой мал өгчихөж болно. Гурван жилийн дотор үржүүлж чадвал өөрийнх нь өмч болгоё. Үрэгдүүлсэн бол Эрүүгийн хариуцлага хүлээлгэе. Ер нь атаархмаар сайхан Монгол нутагтаа өөрийн дураар, аз жаргалтай амьдарч болохгүй гээд хэн хэлчихсэн юм бэ. Одоо малчид тун удахгүй дроноор малаа хариулдаг болно. Хотынхны хэрэглэдэг бүх л зүйлийг адилхан эдэлж, хэрэглэнэ. Хэрэглэж ч байгаа. Тиймээс цаашид хаана амьдрах нь тийм ч сонин биш болно.

Харин үлдсэн айлуудыг хотын зах руу нүүлгэмээр байна. Богд уулын цаана сайхан газрууд байж л байна. Налайх явах замд хэсэг айлууд бууж болж байна. 22-ын товчоо руу ч гарч болно. Нийтийн тээвэр, эмнэлэг сургуулийг нь бариад өгчихөд ч болохгүй зүйл байхгүй. Заавал хотын төвд нүүрс түлж утаа тавих шаардлагагүй. Эцсийн эцэст хүн бүрт ашигтайгаар л энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Нийгэмд болж байгаа асуудалд хэн нэгэн хүн хойшоо сууж болохгүй. Мөн садаа болж болохгүй.


Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Надад айх юм алга. Тойрог дээрээ очоод намаас бус бие даагчаар нэр дэвшчих гэвэл бэлэн байна

УИХын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Таныг УИХ-ын гишүүнээсээ татгалзахыг Ардчилсан намаас санал болгожээ. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Ардчилсан намын дарга хуулиа унших л ёстой юм. Ийм хариуцлагатай албыг хашиж, төрд олон жил зүтгэж байгаа хүн хууль бус зүйл ярьж болохгүй л дээ. Ер нь улс төрийн нам, мафи хоёр нэг л зүйлээр ялгаатай. Аль аль нь эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй холбогддог байх. Гэхдээ мафиас амьд гарч болдоггүй. Улс төрийн намаас бол гарч болдог. Бидний 1990 онд халсан коммунист, Гитлерийн байгуулж байсан фашист нийгэм дэх намууд мафийн тогтолцоотой. Тэр намуудыг бид халсан юм. Хүний эрх гэдэг хувь хүнд өөрт нь л байдаг. Ямар үзэл санаатай, эрхтэй байх, намд харьяалагдах, эс харьяалагдах нь Үндсэн хуулиар хувь хүнд олгогдсон эрх юм. Үүнийг төр, нам, компани, ямар нэгэн бүлэглэл мэдэхгүй. Тэгэхээр бүх зүйл хуулийнхаа дагуу зөв зарчмаар учир нь олдоод явах болно.

Үүнд эргэлзэх зүйл байхгүй. УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Би саяхан сонгогчидтойгоо уулзаж, тойрог дээрээ ажиллалаа. Сонгогчид, ахмадууд ирж уулзацгаасан. Бүгдээрээ энэ хууль бус мэдэгдлүүдийг сонссон байна. “Таныг бид сонгосон. Нэр дэвшигч, хувь хүнийх нь хувьд сонгосон. Бид нам сонгоогүй” гэдгийг хэлж байна. Өмнөх УИХ-д ч гэсэн МАН-аас Д.Арвин гишүүн гарч л байсан. Түүнийг АН-ын “Шонхор” фракц элсүүлэн авч, бүлэгтэй олонх болж байв. Энэ бүгдийг хуулийн хүрээнд зөвшөөрөөд л явж байсан. Тиймээс ингэж хоёр нүүр гаргах ямар ч шаардлага байхгүй. Гэхдээ надад айх юм алга. Тойрог дээрээ очоод намаас бус бие даагчаар нэр дэвшчих гэвэл бэлэн байна. Тийм сонгууль хийхээр болвол татгалзах зүйл алга. Харин хуулийн дагуу хийгээрэй гэж зөвлөх байна.

-Тэгэхээр намын гишүүнээс гарах асуудал тань цаашид хэрхэн шийдвэрлэгдэнэ гэсэн үг вэ?

-Би намын гишүүнээсээ гарна гэдгээ зарлачихсан. Тэр цаг мөчид би Ардчилсан намын гишүүн байхаа больсон. Одоо би энэ намын гишүүн биш. Би өргөдлөө намын даргад өгчихсөн. Энэ л хангалттай. Намайг хүчээр шахуу энэ намд бүртгэлийн журмаар байлгах асуудал ярьж, янз бүрийн шинэ зүйлүүд гаргаж ирээд байна. Нам мафи, шорон биш. Намаасаа гарах эсэх нь хүний эрхийн асуудал. Энэ толгойлогч унахаар бүх зүйл хуулийнхаа дагуу болчих нь л доо. Энэ Их хурлын дарга хуулиа зөрчихийг л бодох байх. Шинэ Их хурлын дарга хуулийнхаа дагуу шийдвэр гаргана байх гэдэгт эргэлзэхгүй байна.

-Та бүхэн “УИХ-ын даргыг ард иргэдтэйгээ хамт чирч гаргана” хэмээсэн. Энэ мэтээр иргэдийг турхирч цаашлаад буруу алхам хийхэд хүргэх вий гэх айдас олон нийтийн дунд байна…

-Энэ цаг үед бид хэн нэгний албан тушаал яриад байгаа юм шиг харагдаж байгаа байх. Яг үнэндээ энд нэг ёсны хувьсгал болж байгаа юм. 2018 он яг 1989 он шиг гэж хэлж болно. 1989 оны арванхоёрдугаар сард Монголын нийгэм их хувьсгал руугаа орох замаа нээсэн. Түүнээс хойш ардчиллын өөрийнх нь дутагдлыг ашиглаад Монголын нийгэм дахиад бүлэглэлийн мафижсан тогтолцоонд шилжчихсэн. Монголын бүх баялаг, эрх мэдлийг эрхшээлдээ оруулаад тоглоомын Их хурал, Засгийн газар байгуулсан.

Би 1990 онд радикалуудын л нэг байсан. Хурцын хурц хэлбэр лүү явъя гэдэг байв. Өлсгөлөн, хичээл хаялт, жагсаал цуглаан, арай л зэвсэг яриагүй байх. Тэр аймшигтай нийгмийн эсрэг бид гар хоосон ч амь насаа золиослоод тэмцэх залуу халуун насны гал дөл байсан. 1992 оноос хойш бид Үндсэн хуультай, олон намын тогтолцоотой, ардчилсан төртэй парламенттай болсон. Одоо бол парламент дотороо хувьсгал хийж болж байгаа юм. Яахав хамт хувьсгал хийж байгаа залуус маань мөн л адил хурцын хурц хэлбэр лүү хальтарч орчих гээд байна л даа. 1990 онд намайг Баабар, Э.Бат-Үүл аргадаж байсан шиг би эдгээр залуусаа аргадаж л байна. Тэр үед бие биенээ аргадсан нь зөв байсан юм билээ. Тухайн үед цуст аллагууд явагдаад эхэлсэн бол Монголын түүх орвонгоороо эргэх байлаа. Өнөөдөр ч ийм зүйл шаардлагагүй. Бид парламентын тогтолцоотой, парламентад олонх болчихлоо. Үл бүтэх тогтолцоог зогсоох, энэ хүмүүсийг зайлуулахыг хүсч байгаа гишүүдийн тоо 40 гараад явчихлаа. Ийм нөхцөлд бид ямар ч дарамт шахалт, гүтгэлэг ирсэн зорилгодоо, ялалтад тайван замаар хүрэх ёстой. Энэ эсэргүүцлийг дэмжиж байгаа ч гадаад, дотоодод явж байгаа шалтгаанаар гарын үсэг зурж амжаагүй байгаа гишүүд бий. Шударга бусын хонгилын цаг дуусч байна.

Саяхан Унгарт залуучууд нь парламентынхаа шударга бус даргыг чирээд гаргаж байна лээ л дээ. Японд санал хураалт зөрөлдснөөс болоод хурал даргалагчаа суудлаас нь түлхээд унагаж байсан. Иймэрхүү зүйлүүд олон оронд болдог. Парламентад байдаг л үзэгдэл. Гэхдээ Монголд бол өөр. Монголчууд бид үүн дээрээ хүрэхгүй гэдэгт бид итгэлтэй байна. 1990 онд цуст мөргөлдөөн болохын яг торгон ирмэг дээр Ж.Батмөнх дарга огцорсон. Ж.Батмөнх даргыг дагаад Улстөрийн товчоо огцорсноор Монголын нийгэм учир зүйгээ олсон. Бүх зүйл хуулийн хүрээнд болж, сонгууль хийгээд л тэр нөхцөл байдлыг даваад гарчихсан. Үүнтэй адил энэ тогтолцооны гол төлөөлөгч болсон М.Энхболд дарга албан тушаалаа өгчихөд тэрхүү шударга бусын бүлэглэл нурж унана. Үнэхээр сандралд орж байгаа нь харагдаж байна.

-УИХ-ын дарга огцорсноор энэ бүх асуудал шийдэгдэх үү?

-Хувьсгал тийм л байдаг. Орой дээр нь байгаа хүн, толгойлогч нь унаж байж хувьсгал ялдаг. 1990 он, Октябрийн хувьсгал мөн адил л ийм зүйл болсон. Гэхдээ өнөөдөр бид парламентын хүрээнд л хувьсгал хийж байна. Ард түмнээ жагсаасангүй, өлсгөсөнгүй, хөлдөөсөнгүй, амь насыг нь золиосолсонгүй. Цэрэг цагдаагаар дарамталсангүй. Долдугаар сарын 1-ний үйл явдал шиг мөргөлдөөн үүсгэсэнгүй. Парламентад 40 хүн гарын үсэг зураад л хувьсгалаа хийчихэж байгаа юм. Хүч хэрэглэсэн мөргөлдөөн болоогүй учраас хуулийн хийдэл, цоорхой хайж өдөр хоног аргацаагаад л яваад байгаа байх. Одоо ард түмэнд бүх зүйл ил тод болсон. Маш олон булхиа, хулгай ил боллоо. Энэ тогтолцоо унах л юм бол шударга хуульчид хийх ёстой ажлаа хийнэ. Тэдний толгой дээр гарсан улс төрийн захиалгатай нөхдүүд өөрсдөө шалгуулна. ЖДҮ-д прокурорын орлогч, ТЕГ, Аудитын дарга, Төрийн өмчийн хорооны дарга нь холбогдчихсон байж байна. ЖДҮ гэж хашгираад байгаа нөхдүүд ч хамааралтай гэж бодож байгаа. Тэд нар заль гаргаад ХОМ дээрээ бичээгүй, халхавч компаниар л авсан байх. Энэ бол 60 тэрбумын хэрэг болсны нотолгоо. Зарим нэг ухамсар муутай гишүүд нь өөрсдийнхөө компаниар авсан даа ЖДҮ-ийн тэмцлийн үзүүр дээр цоллуулж байна. Тэд нар хариуцлага хүлээнэ. Халхавч компаниар авсан нөхдүүд ч хариуцлага хүлээх ёстой. 60 тэрбумыг бодитой шалгаад ирэхээр энэ бүхэн ил болох нь ойлгомжтой.

ЖДҮ-ийг шалгах түр хороо гээд л пиар хийгээд байна. Байгуулагадаагүй байж хэлэлцүүлэг хийлээ. Байнгын хорооны хурлаар нэг хоногийн дотор орлоо. 60 тэрбумаа далдлах, наймаалцах хэрэгсэл болгохын тулд энэ асуудлаа их хурдан явуулж байгаа биз. Гэтэл бид С.Зоригийн асуудлаар түр хороо байгуулахаар жил гаруй хугацаанд явж байна. Байнгын хороогоор ч оруулахгүй л яваад байгаа. С.Зориг, 60 тэрбумын хэрэг чинь бүгд холбоотой болчихоод байна. С.Зоригийн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгасан хуулийн төслийг гаргасан, хурлыг удирдсан хүн нь М.Энхболд дарга байдаг. Хүмүүсийг үгийг нь хэлүүлэхгүй хааж, аргалаад л тэр хуулийн төслийг хулгайн замаар гаргачихсан. Энэ бүхнийг бид түр хороон дээрээ яримаар байгаа юм. Эдгээр бүх зүйл дээр бул хар чулуу болчихоод суугаад байна л даа.

-Та бүхний тавьсан үндэслэлийг хуулийн хүрээнд биш гэж байгаа. Энэ тухайд?

-1990 онд бидний тавьсан бүх хүсэлт хуулийн хүрээнд биш байлаа. Гэсэн ч биднийг ард түмэн дэмжиж байсан. Үүнийг Ж.Батмөнх гуай мэдрээд ажлаа өгсөн. “Миний албан тушаал энэ улс орны хувь заяаг гацаагч нь байж болохгүй” гээд л нийгмийн шинэчлэл рүү явсан биз дээ. М.Энхболд даргын ухамсарын л асуудал. Мань хүн гүрийх тусмаа 60 тэрбум, ЖДҮ-ийг тойрсон бухимдал ил болоод л байна. Тэгэхээр аливаа зүйлд хязгаар бий. Ард түмнээ заавал бухимдуулж, хүчирхийллийн хэлбэр лүү турхирах нөхцөл рүү явахгүй байх. Зүгээр л нэг албан тушаал шүү дээ. Үнэхээр л буруугүй, мундаг юм бол улс төрийн зам нь нээлттэй. Хамгийн гол нь бид тийм эрх чөлөөг бий болгочихсон байхгүй юу.

Эцсийн эцэст М.Энхболд дарга албан тушаалтай зууралдаад байгаа юм биш л дээ. Энэ тогтолцоог хамгаалах барьцаанд орчихоод байгаа юм. Хувь хүний хувьд энэ албан тушаалаа өгчих сонирхолтой л байгаа байх. Нөгөөдүүл нь барьчихаад албан тушаалаа өгөх юм бол чамтай тооцоо бодно шүү гэж айлгаж байгаа. 60 тэрбумын хэрэг илэрнэ, тодорхой болно. Энэ нь тэдний хувьд аймшиг юм. Үүгээр шалгагдана гэхээсээ үнхэлцгээ хагартал айж байна л даа. Хамгийн том айдас нь энэ. 60 тэрбумын асуудлыг шалгуулахгүй байхын тулд энэ албан тушаалтайгаа үхэн хатан зууралдаж байна. Өнгөрсөн хугацаанд энэ хэргийг шалгуулахгүй байхын тулд бүх аргаа сүвэгчилсэн. Дунд нь ЖДҮ гэсэн асуудал гаргаж ирж хэдэн гишүүдээ барьцаанд авч байгаад аль аль талдаа наймаа, тохиролцоо хийх гээд энэ их хугацааг алдаж байна. Үүний цаана ард түмэн л хохирч байна. Мөн цөөнгүй гишүүдийг гүтгэж, дайрч доромжилж байгаа шүү. Монголын төр, парламентыг аймшигтай нөхцөл байдалд аваачиж байна.

-Таныг Монголын Ардчилсан нам буюу МОАН гэсэн нам байгуулж Н.Энхбаяр тэргүүтэй улс төрчидтэй эвсэн 2020 оны сонгуульд нэр дэвших гэж байна гэж яриад байгаа. Ер нь та цаашид улс төрийн карьераа хэрхэн үргэлжлүүлэх вэ?

-Монголын намуудын тогтолцоо ялзарч, хувьсгалынхаа үзэл санаанаас бүрэн гажиж, ардчиллын бүх үнэт зүйл алдагдсан. Иймд би Монголын ардчиллын төлөө нэгдлийг санаачлаад гурван жил болж байна. Ил тод ажлаа хийгээд л явна. Залууст ардчиллын үнэ цэнийг ойлгуулж байна. Өөр яаж тэмцэх билээ. Тусдаа нам байгуулах ямар ч бололцоо алга. Энд АН-ын болон өөр намынхан, нам бусчууд ч бий. Гэхдээ ихэвчлэн Ардчилсан намынхан байдаг. Тэд нарт намаа шинэчлэх, шинэ үзэл санаан дээр аваачих, ардчиллын үнэт зүйлийг чиг шугамаа болгосон нам болох сургалтуудыг хийж байгаа. Энэ залуусыг намаа шинэчилнэ гэж харж байна.

Монголын төрийг зөв замаар авч явахад заавал намтай байх албагүй. Одоо намчирхаж нийгмээ хуваан, нам нь хуйвалдааны талбар болж, Монголын төрийг барьцаалдаг, мафижсан тогтолцоо руу шилждэг энэ бололцоог бүрэн хаах хэрэгтэй. Ард түмнээсээ эрхээ л авч чадвал иргэн бүр бие даагч болж болно. Бид нам гэсэн ойлголтыг бүрэн задлах хэрэгтэй. Нийгэмд улс төрийн шинэ хувьсгал хэрэгтэй байна. Парламентын хувьсгалын эцсийн дүнд намуудын тогтолцоо бүрэн өөрчлөгдөнө. Одоо МАН-ын 64 цаашид ийм хэвээрээ явж чадахгүй. Тэд нэг нам биш байхгүй юу. Эд нар маш том үзэл бодлын зөрөөн дээр очоод салж байгаа юм. Ардчилсан нам ч гэсэн салж байна. Энэ бүхэн цаг нь болсны л шинж. 28 жил болоход ард түмэн, энэ намууд өөрсдөө ч тэсэхгүй тэсэрч байна. Энэ нь улстөрийн шинэ тогтолцоо руу явж байгаа юм. Би үүнд хувь нэмрээ оруулна. Ардчилсан нам, улс төрийн тогтолцоог шинэчлэх, нийгмийн хөдөлгөөнийг дэмжихийн төлөө явна. Үүнд ямар ч эргэлзээ байхгүй. Би 1990 онд л улс төрийн амьдралыг сонгосон. Ард түмэн надад итгэл хүлээлгэсэн цагт улс төрдөө л зүтгэнэ. Харин парламентад сонгогдож чадахгүй бол улсын байгууллагад ажиллаж, төрийн тогооноос халбагадах гээд тэмцээд байхгүй. Хувийн секторт очиж ажиллана. Баялаг бүтээнэ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Нямбаатар: УИХ тарж, парламентат ёсны түүхэнд маш том хар толбо үүсэхийг үгүйсгэх аргагүй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатартай ярилцлаа.


-УИХ-ын даргыг огцруулах бичгийг хуулийн дагуу мөн, биш гэж маргах хүмүүс цөөнгүй байна. Та бүхний хувьд мэдээж хуулийн дагуу гэж үзэж байгаа байх. Энэ тухайд?

– УИХ-ын гишүүдийн олонх буюу 39 гишүүн “УИХ-ын дарга та өөрийн санаачилгаараа өргөдлөө өгч, ажлаасаа чөлөөлөгдөөч ээ” гэсэн бичигт гарын үсэг зурсан. Монгол Улсын их хурлын тухай хуульд УИХ-ын дарга Үндсэн хууль зөрчсөн гэх Цэцийн дүгнэлт гарсан тохиолдолд, мөн өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх нөхцөлийг заасан байдаг. Би урьд нь Үндсэн хуулийн эрх зүйн чиглэлээр багшилж байсан хүний хувьд гадны улс орны парламентат ёс, парламентын спикерүүдийн үүргийг уншиж, судалсан зүйлүүд бий. Тухайлбал, 2009 онд Английн доод танхимын спикерийг сонгоход арав гаруй нэр дэвшигч гурван үе шатны сонгуульд өрсөлдөж байсан. Англид спикер нь зөвхөн хуралдааныг хөтлөн явуулж, төвийг сахисан чиг үүрэгтэй байх ёстой байдаг. Мөн ажлаа өгснөөсөө хойш ч улс төрийн аливаа нэг байр суурь илэрхийлж, үг хэлэхгүй байх үүрэг хүлээдэг. Манай улсын өнөөдрийн спикерийн эрх зүйн орчин бол тэр чигтээ улс төрийн институци болчихжээ. Сүүлийн жилүүдэд эрх баригч намын дарга нар спикерийн албан тушаалыг хаших их сонирхолтой болсон. Учир нь спикер гэх институциэрээ дамжуулж гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг бүрэн хяналтдаа байлгадаг. Огцруулах эсэх асуудлыг нь бие даан шийддэг. УИХ-аас томилогддог байгууллагуудыг өөрөө томилдог.УИХ-ын хяналт шалгалтын чиг үүргийг өөрөө дангаараа хэрэг-жүүлдэг болсон. Парламентат ёс өндөр хөгжсөн улс орнуудад парламентын хяналт шалгалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг нь Мөрдөн шалгах хороо буюу бие даасан бүтцийн байгууллагуудаар хэрэгждэг. Хэнээс ч хараат бусаар уг Мөрдөн шалгах хороо ажилладаг. Дээрээс нь Ёс зүйн хороог УИХ-ын дарга томилдог. Өөрийнхөө томилсон хүнээр ёс зүйгээ шалгуулна, хэмжүүлнэ гэдэг боломжгүй. Саяхан болсон үйл явдалтай холбоотойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Болсон үйл явдлыг ухаад үзвэл хариуцлагагүй хүлээн авахын ажилтнаас болоод л тэр эмэгтэй өвлийн хүйтэнд гадаа төрсөн. Гэхдээ ёс зүйн хариуцлагыг эмнэлгийн дарга хүлээсэн. Гадны улс орнуудад ч яг ийм. Хууль зүйн хариуцлагатай цуг ёс зүйн хариуцлага нь параллель оршдог. Тийм ч учраас бүх мэргэжилд ёс зүйн код байдаг. Хуулийн хүрээнд хүлээлгэх боломжгүй хариуцлагыг ёс зүйн хариуцлагаар хүлээлгэдэг. Энэ удаад УИХ-ын гишүүдийн талаас их хувь нь Их хурлын даргатай ажиллахгүй гэчихлээ. Тиймээс УИХ-ын дарга ёс зүйн хариуцлага хүлээгээд өргөдлөө өгчих ёстой юм.

-Энэ байдлаас үүдэн УИХ-ын үйл ажиллагаа цалгардаж байна?

-Танаас болоод Монгол Улсын парламентат ёсонд урьд хожид болоогүй ажил хаялт болоод байна. Төрийн үйл ажиллагаа тасралтгүй явагдах зарчмууд алдагдаж байна. Бид өөрсдийн итгэл үнэмшлээрээ УИХ-ын шийдвэр гаргалтын үйл ажиллагаанд таныг даргалж байгаа тохиолдолд оролцохгүй байя гэдгээ л бид хэлж байгаа юм. Түүнээс бид ажил хаях дуртайдаа, төрийн ажлыг гацаах сонирхолтойдоо ийм зүйл огт хийгээгүй. Бид бүхнийг ойлгож байна. Мал тооллого явагдаж байна. Агаарын бохирдол хүндэрчихлээ. Олон шийдвэрүүд биднийг хүлээж байна. Оны төгсгөл болоод ОУВС манайхтай гэрээгээ дүгнэх гэж байна. Зайлшгүй төрийн хийх стандарт үйл ажиллагаа үгүйлэгдэж байна. Гэхдээ гишүүд бид энэ бүхнийг шийдэхдээ М.Энхболд даргаар даргалуулахгүй гэдгээ л хэлж байгаа юм.

-Та бүхэн УИХ-ын даргыг ажлаа хүлээлгэн өгөхгүй бол цаашид иргэдтэйгээ хамт тэмцлээ үргэлжлүүлнэ гэж байна. Иргэдийг ингэж эсэргүүцэл, тэмцэлд турхирах нь хэр зөв үйлдэл юм бэ?

-Би төр төвшин, түмэн амгалан байх ёстой гэж бодож явдаг хүн. Төр төвшин бус байдлаас болж ард түмэн хохирдог. Их хурлын даргыг Монголын төрд олон жил зүтгэсэн ухамсартай хүн гэж ойлгодог. Тийм учраас энэ асуудлыг өөрөө бодох байх. Бид тэмцлийнхээ хэлбэрүүдийг үргэлжлүүлнэ. Нэгдүгээрт, УИХ хуралдахгүй. Хууль тогтоох дээд байгууллага маань хуралдахгүй гацаанд орно. Магадгүй үүнээс болж УИХ тарж, парламентат ёсны түүхэнд маш том хар толбо үүсэхийг үгүйсгэх аргагүй. Тэгэхээр ийм үнэтэй УИХ-ын даргын суудал байж болохгүй. Шаардлага тавьж байгаа хүмүүс нэг л зүйлийг хэлж байгаа. Энэ бол зөвхөн УИХ-ын даргын асуудал биш. Үүнд УИХ дарга дээр түшиглэсэн институцийн асуудал яригдаж байна. Хууль хяналтын байгууллага дуртай үедээ хүссэн улстөрч дээрээ хэрэг үүсгэдэг, сонгуульд нэр дэвших эрхийг нь боомилдог. Дуртай үедээ хэргийг нь хэрэгсэхгүй болгодог. Ийм дэглэсэн жүжгүүд энэ тогтолцооны цаана явагдаад байна. ЖДҮ, бонд, Үнэ тогтворжуулах хөтөлбөр ч байна уу шалгагдаж, шийдэгдэх хэрэгтэй. Учир нь хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой.

Нэг хүн ажлаа өгөхгүй байгаагаас болж Монголын төр гацаж байгаа нь гутамшигтай зүйл. Энэ хүний албан тушаал онол, манай Үндсэн хуулийн эрх зүйн хүрээнд институци биш юм.

Гэтэл үе үеийн парламент хүч чадал нь нэмэгдсээр байгаад институци болчихсон. Болж буй асуудлууд болдгоороо болоод, явдгаараа явна. Харин энэ бүхнийг засахын тулд хууль тогтоомжийг өөрчлөх чиглэлээр ажиллах ёстой. Тэгэхгүй бол энэ том реформ болж чадахгүй. УИХ-ын даргын чиг үүргийг би дээр дурдсан. Яг л тийм байх ёстой.

-Иргэдийн санааг зовоож буй нэг чухал асуудал бол агаарын бохирдол байна. Энэ асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Бидний өмнө тулгамдаж буй хамгийн том асуудал яалт ч үгүй агаарын бохирдол. Энэ бол намчирхах, талцах, улстөржих сэдэв биш. Би 2014 онд “Улаанбаатар ярьж байна” гэсэн нэвтрүүлгийг агаар, хөрс, усны чиглэлээр судалгаа хийдэг эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэдтэй хамтарч хийж байсан. Харамсалтай нь олны хүртээл болгож чадаагүй л дээ. Монгол Улсын нийт хүн амын 45 хувь нь Улаанбаатар хотод төвлөрөн амьдарч байгаа. Эдгээр хүмүүсийн удмын санд өөрчлөлт орж байгаа нь хамгийн эмзэглэмээр асуудал. Биднээс төрж байгаа хүүхдүүд мутацид өртөж байгаа юм. Шилжилтийн ороо бусгаа цаг үед хөдөө орон нутагт байсан үйлдвэрүүд хувьчлагдсан. Олон жил дараалсан ган, зуд болсон. Хүмүүс арга буюу ажлын байр хайж хот бараадсан нь үнэн. 1999 онд Үндсэн хуулийн Цэц Дээд шүүхийн гаргасан шийдвэрээр хүн бүр оршин суух газраа сонгох эрхийг нээлттэй болгож өгсөн. Үүнээс үүдэн 2000-аад оны үед нийслэлийн хүн ам нэг саяд хүрсэн. Өнөөдөр Улаанбаатарт хүн амын тоо нэг сая 450 мянгад хүрчихээд байна. Өдөрт 300 мянга гаруй автомашин хөдөлгөөнд орж байна. Энэ бүх шалтгаан өнөөдрийн нийслэлийн агаар, хөрс, ус мөн түгжрэлийг бий болгосон. Хөрсний болоод агаарын бохирдол нь хоорондоо уялдаа холбоотой гэдгийг эрдэмтэд хэлж байгаа. Хүн бүр агаар, хөрс, усны бохирдлын золиос болж байна. Хамгийн аймшигтай нь хүүхдүүдийн цээжний тойрог багасч байна гэдгийг эрдэмтэд хэлж байгаа. Энэ нь өөрөө мутаци юм.

-Энэ асуудлыг шийдэхийн тулд яах ёстой вэ. Та юу гэж харж байгаа бол?

-Төр засгийн зүгээс хүн бүрийг ажил орлоготой байлгаж, ипотекийн зээлд хамрагдах боломжоор хангах ёстой. Мөн дахин төлөвлөлт явуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгож өгч, ипотекийн эх үүсвэрийг гаднаас татаж ирэх хэрэгтэй. Гаднаас бага хүүтэй их мөнгө оруулж ирэн иргэдэд маш бага хүүтэйгээр ипотекийн зээл олгох боломжийг бүрдүүлж өгөх нь зөв. Тэрийг авахын тулд хүн бүр ажлын байртай болох нь чухал. Төр засаг иргэдийг ажлын байраар хангах ажлыг тодорхой хэмжээгээр хийж байгаа. Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн хөдөлмөрийн биржүүд дээр очоод үзэхэд хамгийн багадаа 1000 хүний ажлын байр бэлэн бий. Хүмүүс очиж ажиллахгүй л байна. Хүмүүс цалинг нь голж л байгаа байх. Гэдээ бид өөрсдөө иргэнийхээ журамт үүргийг биелүүлж ажил хийж, улсдаа татвар төлж, цаашлаад орон сууцны зээлд хамрагдах боломжоо нээх ёстой юм.

Дахин төлөвлөлтийн бүсүүдэд төрөөс дэд бүтэц тавьж өгөх үүрэгтэй. Үүнийхээ дараа барилгын компанид “Доржийн газарт үнэгүй орон сууц барь. Гэхдээ Доржийн хоёр хүүхдэд ипотекийн зээлээр байраа зар” гэж хэлж болно. Төр, хувийн хэвшил, иргэний түншлэлийн хүрээнд ажил урагшлах учиртай юм. Гэхдээ тэр болтол бид зүгээр хараад сууж болохгүй. Ойрын таван жилдээ дэд бүтэц аваачих боломжгүй хотын захын бүсүүдэд маш сайн туршигдсан зуух, түлшийг хоршуулж хэрэглэх ёстой. Наашлаад цахилгаан болон хийн халаах системүүдийг туршиж болно. Харин дараагийн бүсэд нь орон сууцжуулах асуудлаа зоригтой эхлүүлэх хэрэгтэй. Гэхдээ бид мориор нэг нийгмээс нөгөө нийгэм рүү харайна гээд хүлээгээд сууж болохгүй. Бүгд дор бүрнээ хичээх ёстой.

-Зөрчлийн тухай хуулийг сэтгүүлчдэд халтай хууль болчихлоо гэж ярьж байна. Үүнтэй холбоотойгоор танд санал гомдол хэр их ирдэг вэ?

-Сэтгүүлчид бол дөрөв дэх засаглал. Төрийн өндөр дээд албан тушаалтнуудыг хянаж, эрх мэдлийг нь тэнцвэржүүлж байдаг. Тийм ч учраас сэтгүүлчид хардах эрхтэй. Мэдээлэл нь эх сурвалжтай байх ёстой. Зөрчлийн хууль гарахаас өмнө сэтгүүлчид мөн л ялгаагүй Эрүүгийн тусгай ангийн 111, 111.2 дугаар зүйлээр шалгагддаг байсан. Маш олон сэтгүүлч прокурор, цагдаагийн үүд сахидаг байв. Эрүүгийн хэргээр шалгадаг байхад ямар ч сонголтгүйгээр ял авдаг байсан. Ийм зохицуулалттай болгочихсон байсан юм. Хүнд байгалиас, эцэг эхээс заяасан нэр төр, алдар хүндийг хуулиар хамгаалдаг. Энэ нь сэтгүүлчийн хардах эрхтэй зөрчилдөөд байдаг юм. Ер нь бол гүтгэх, доромжлохтой холбоотой харилцаа манайд төлөвшөөгүй харилцааны нэг. Хүний нэр төр, алдар хүндийг хэрхэн үнэлэх үнэлэмж, итгэлцүүрийг манай хууль зүйн фрактикт бий болгоогүй. Барууны орны улс төрчдөд “Та бусдын анхаарлын төвд байх энэ амьдралыг сонгосон учраас хэр баргийн зүйл дээр гомдол гаргаж, сэтгүүлчдийн хардах эрхийг нь битгий хязгаарлаарай” гэсэн онолын ойлголт байдаг. Ингэснээр сэтгүүлчдийн болоод улстөрчдийн код нь нэг өнцөг дээр очиж мөргөлддөг учраас асуудал гарах нь бага байдаг байна. Харин манайд хамгийн болхи, бүдүүлэг үе дээрээ явж байгаа учраас энэ талаарх асуудал гарах нь элбэг байна.

Бид өнгөрсөн дөрөвдүгээр сард 450 гаруй хуульч, өмгөөлөгч, эрдэмтдийн төлөөлөлтэй хамтарч Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар зөвлөгөөн хийсэн. Зөвлөгөөнөөс маш олон зөвлөмж гаргаад Хууль зүйн сайдад хүргүүлсэн. Үүний хүрээнд хуульд Эрүүгийн болон Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөө бэлдээд гурван сар гаруй болж байна. Жилд нэг сая 250 мянга гаруй хүн Зөрчлийн хуулиар шийтгүүлж байгаа. Үүний 85 хувь нь замын хөдөлгөөнийх байгаа бол үлдсэн нь ахуйн хүрээнийх байна. Хүмүүс над руу “Зөрчлийн тухай хуулиа солиоч, хүмүүс шоронд ороод байна” гэж мессэж бичиж байна. Зөрчлийн тухай хуульд хүнийг шоронд оруулах зохицуулалт байхгүй шүү. Эрүүгийн хуулиар л хүнийг шоронд оруулна. Дэлхий дээр байхгүй харилцааг Зөрчлийн тухай хуулиар зохицуулаагүй. Голландад яг ийм зохицуулалт явж байгаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Тэрбишдагва: Алтны татварыг дор хаяж таван хувь болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлд алтны татварыг 2.5 хувь хэвээр үлдээж, таван жилээр үргэлжлүүлэхээр тусгажээ. Харин та алтны татварын хувь хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байснаа тодруулахгүй юу?

-Олон улсын жишгээс харахад ашигт малтмалын тухай хууль цаашлаад аливаа татварын хувь хэмжээг тогтвортой байлгаж, эдийн засаг, цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан багасгаж, хөнгөлдөг юм билээ. Харин манайхан Ашигт малтмалын тухай хууль, тэр тусмаа татварын хувь хэмжээг тогтоохдоо долоо хэмжиж нэг огтолж чадаагүй. Өөрөөр хэлбэл, татварын хувь хэмжээг хэт өндөрсгөж, эсвэл багасгаж ирсэн нь нийгэм, эдийн засагтаа эргээд адармаатай байдлыг үүсгэдэг. Яг л Монголын эрс тэс уур амьсгалыг санагдуулам.

Алт үйлдвэрлэгчдээс үнийн өсөлтийн гэнэтийн ашгийн 68 хувийн татвар авдаг байсныг 2011 онд УИХ цуцалсан. Гэтэл үүнийгээ цуцалсан төдийгүй 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж өсөн нэмэгдэх роялтиг 2.5 хувь болгож буулгасан нь алтны татварыг бараг тэглэсэнтэй агаар нэг. Үүний цаад шалтгааны талаар бодоход алтны магнатуудын юм уу, том лобби бүлэг нөлөөлөөд байна уу даа гэж би харддаг. Ер нь лицензийн наймаачид тусгай зөвшөөрөл зарж баяжаад, оффшор дансанд мөнгөө хийдэг хүмүүс л улс төрийн нам, үндэстэн дамнасан бүлэглэлийг бий болгосон гэдэг. Түүнтэй адил тийм нэг үл үзэгдэгч бүлэглэлийн гаралтны татварыг 2.5 хувь болгож бууруулсан удаатай. Тухайн үед хуулийн төсөл батлагдахын өмнө УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ зэрэг бидний хэсэг гишүүд эсэргүүцээд дийлээгүй.

-Гэхдээ салбарын сайд нь алтанд бүрэн хяналт тавьж чадахгүй байгаа учраас татварын хувь хэмжээг үргэлжлүүлэн сунгах нь зүйтэй гэж ярьсан. Түүнчлэн татварын хувь хэмжээг нэмэгдүүлбэл Монголбанкинд тушаах алтны хэмжээ багасах, цаашлаад алт олборлогчид далд хэлбэр рүү шилжих аюул нүүрлэж болзошгүйг анхааруулж байсан?

-Онгон дагшин байгалиа сүйтгэж, экологийн тэнцвэрийг алдагдуулан байж газрын хэвлийн гагнаас гэгддэг алтыг бид олборлож байгаа. Эдийн засгийн эргэлтэд оруулж, улс орноо хөгжүүлэх гэж л алтаа олборлуулчихаад татвар авахгүй юм бол ашиг нь юунд байна. Хэдхэн компани, хэсэгхэн бүлэглэлийг баяжуулахын төлөө хууль өөрчилсөн болж, хувь хэмжээг нь багасгаж, хугацаа сунгах шаардлага байна уу.

Эдийн засгийн хүндрэлтэй, бензин шатахууны үнэ нэмэгдсэн, валютын ханшийн өсөлттэй ийм хүнд цаг үед байгалийн баялагийнхаа ашиг шимийг ард түмэндээ хүртээж байх ёстой биз дээ. Алтны олборлолт, хууль бусаар хил гаалиар гаргах асуудалд хяналт тавьж чадахгүй байна гэж яриад суух цаг биш. Хяналт тавих нь ганц Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ажил ч биш. Хууль зүй, дотоод хэргийн яам, Тагнуулын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Хил хамгаалах гээд төр бүх хүчээ дайчлан, хамтарч ажиллаж байж алтыг нууцаар хил давуулан худалдах, хадгалах, нуун дарагдуулж татвараас зайлсхийдэг хэргийн сүлжээг таслан зогсоож чадна. Алтны худалдаа, нийлүүлэлт, банкинд тушаах үйл явц ямар ч хуулийн зохицуулалтгүй хийгдэж байна. Монголбанк, арилжааны банкинд тушаахдаа хэн алт тушааж байгааг нь огт сонирхдоггүй. Зөвхөн алт л худалдан авч байвал боллоо гэсэн хууль үйлчилдэг. Тэгэхээр олборлосон, тушаасан алтны нийлүүлэлтийн сүлжээний гарал үүслийг ил тод болгох, Алтны худалдан авч байгаа эрх зүйн орчны хийдлийг арилгах, бүртгэлтэй бүртгэлгүй бичил уурхайчид нэрээр тушаагдаж байгаа алтны худалдааны татварын орчныг боловсронгуй болгох зэрэг бодит ажлыг Засгийн газар хиймээр байна. Иймэрхүү асуудлаа шийдвэрлээд УИХ-д оруулаад ирэхэд гишүүд хугацаа алдалгүй шийдэж өгдөг шүү дээ. 65-уулаа болсон бидэнд энэ боломж бүрэн байна. Дэлхийн улс орнууд хөгжилтэй нь ч бай, хөгжиж байгаа нь ч бай худалдаанд байгаа алтны гарал үүслийг тодорхой болгох талаар төрөөс анхаарч хуульчилж өгсөн байдаг. Мэдээлэл хөгжсөн энэ цагт дуртай үедээ, сонирхсон улс орны веб хуудас руу ороод л энэ талаар хэрхэн зохицуулж болоод байгааг харчихаж болно шүү дээ. Хийе гэсэн хүнд арга нь дандаа олддог гэх үг бий. Хэцүү, бүтэшгүй гээд байвал хэдэн жилийн дараа ч байдал энэ хэвээр үргэлжилнэ. Дахиад хугацаагаа таван жилээр сунгая гээд яриад сууж мэдэх л юм. Ажил хийх хандлагаа л өөрчлөх хэрэгтэй байгаа юм.

Лиценз авсан компаниуд улсад бүртгэлтэй байгаа. Тэдгээр компаниудын уулын ажлын төлөвлөгөөг тайлантай нь тулгаад тухайн компани хэдий хэрийн алт үйлдвэрлэсэн, зарсан гэдгийг тогтоож, тоймлож болно. Энэ нь эргээд алтны олборлолт, хэмжээ, тушаасан тоннтой тулгаад холбогдох байгууллагууд нь хяналтаа чанга тавихад л болох асуудал. Хэрэв хууль дүрмийн дагуу тавьсан хяналтыг эс зөвшөөрч, цааргалбал тусгай зөвшөөрлийг цуцлахад л сөрөг байдал нь аяндаа цэгцэрнэ. Ер нь төр баталсан хууль тогтоомжуудаа хэрэгжүүлж, биелүүлэхийн тулд нүсэр том аппарат ажиллуулж байгаа биз дээ. Гэтэл ашигт малтмалаа, өмч хөрөнгөө хамгаалж чадахгүй, хяналтаа тавиад туучихсан тул бага татвар авна хэмээн ярьж, гараа эвхээд сууж таарахгүй.

-Таныхаар алтны татварыг хэдий хэмжээнд хүргэвэл зохистой гэж бодож байна?

-Алтны татварыг дор хаяж таван хувь болгох хэрэгтэй. Бүр 10, 20 хувь хүртэл нэмсэн ч болохгүй юм байхгүй гэж боддог. Гэтэл өнөөдөр төр нь ийм ч хэмжээний татвар авч чадахгүй байгаа нь үнэндээ эмгэнэл. Татварыг бууруулах л юм бол хүмүүс их алт тушаана, хувь хэмжээг нэмбэл хулгай хийнэ, далд хэлбэрт шилжинэ гэж болгоомжлохын оронд Засгийн газар энэ асуудал дээр онцгойлон анхаарал тавьж,тусгай арга хэмжээ боловсруулан ажиллах цаг нь болсон. Энэ маань л нөгөө яриад байгаа сахилга, хариуцлага, шударга ёс гэдэг чинь биз дээ. Энд л төрийн төмөр нударга, сахилга хариуцлагыг бодитойгоор хэрэгжүүлбэл ядарсан эдийн засгаа өөд нь татахад дэм болно оо.

Монголбанкинд 2017 онд 20 тонн алт тушаасан. Үүний 12 тонныг буюу 60 гаруй хувийг нь иргэд тушаасан байдаг. Харин 2018 онд Монголбанкинд нийтдээ 18 тонн алт тушаажээ. Үүний 70 орчим буюу 10.6 тонныг нь иргэд тушаасан байгаа юм. Энэ нь нэг талаар иргэд их алт тушааж байгаа мэт харагдавч цаанаа алт олборлогч компани, аж ахуйн нэгжүүд нийт тушаасан алтны 50 гаруй хувийн орлогын албан татвараас зугтаж, бултсан нь нүднээ илхэн байгаа биз дээ. 2017 он бүтнээр, 2018 оны эхний 11 сарын тооцоогоор иргэдийн нэр дээр тушааж байгаа 23.2 тонн алтанд ногдох аж ахуйн нэгжийн албан татвар төсөвт орж ирж чадахгүй байна гэсэн үг. Ийм сахилга хариуцлагын зөрчил байгааг нь хэлэхээр Засгийн газар нь хүлээж авахгүй байна. Татвараас зугтсан, хуулиа үл тоодог ийм эх захгүй байдал энэ салбарт гарсныг залруулж таслан зогсоож чадахгүй юм бол цаашдаа бусад салбарт үйл ажиллагаа явуулж, бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжүүдэд ч татвар төлөхгүй байх сонирхлыг нь өдөөнө. Ингэснээр аж ахуйн нэгжүүдийн төлөх татварын орлого буурч, төсвөө бүрдүүлж чадахгүй эрсдэл үүсэх аюул нүүрлэхийг урьдчилан харж байх шаардлагатай.

-Нэр бүхий УИХ-ын гишүүд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээрээ огцор хэмээн шаардаж, цаашлаад тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэдгээ мэдэгдсэн. Энэ үйл явдлыг та юу гэж харж байна вэ?

-Төрийн хүний ноён нуруу гаргаж асуудалд ултай хандахаас биш чиний, миний тал, тэрний зөв буруу, миний эрх ашиг гэж ярих цаг биш. УИХ-ын дарга, Засгийн газар огцорч болно. Парламентын засаглалтай улсад байх л асуудал. Хамгийн гол нь МАНын нэр хүндийг унагааж, хар сүүдэр татуулсан 60 тэрбум, ЖДҮХСтай холбоотой асуудлыг бодитой шийдвэрлэж үнэн мөнийг нь тогтоож, хариуцлага тооцох нь чухал. Өөрөөр хэлбэл, УИХын дарга, Засгийн газрын сайдыг огцруулснаар л асуудал шийдэгдлээ гэж үзэж болохгүй.

-Таныг нээлттэй сонсгол хийе гэтэл УИХ-дахь МАН-ын бүлгийн гишүүд 60 тэрбумынхан, ЖДҮ-ийн гэж хуваагдаад байгаа. Та өөрийгөө аль талд нь хамааруулах вэ?

-Би Монгол Улс гэсэн ганцхан фракцтай, тэр л эрх ашигт үйлчилдэг. Надад 32,33 гээд байгаа бүлгийн аль нэг тал руу нь орох шаардлага байхгүй.

УИХын хаврын ээлжит чуулганы завсарлагааны үеэр Л.ОюунЭрдэнэ гишүүн “60 тэрбумын асуудлаар нээлттэй сонсгол хийе, Та 19 дэх гишүүн нь болоод зураад өгөөч” гэхэд нь би бичгийн агуулгыг уншаад шууд дэмжиж зурсан. 60 тэрбумын асуудалд цэг тавьж, шийдэхгүй удах тусам нийгэмд буруу зөрүү мэдээлэл газар авч, асуудлыг даамжируулаад байгаа юм. Өөрөөр хэлбэл, албан тушаалыг мөнгөөр үнэлж, хэн нь хэдэн төгрөгөөр дарга, сайдын сэнтийд заларсны үнэн мөнийг тогтоож цэг тавихын тулд би гарын үсгээ зурсан. Гэхдээ өнөөдөр 60 тэрбумын эсрэг гэж тэмцэж байна гээд нэр нь цохогдоод байсан улстөрчид тэр бичигт гарын үсэг зураагүй байсныг тод санаж байна.

Мөн сая Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгодог гурван хувийн зээлийн асуудалд УИХын гишүүн, яам агентлагийн удирдлагууд нэр холбогдсон. Энэ асуудалд ашиг сонирхлын зөрчил байна гэж үзсэн учраас Засгийн газарт хариуцлага тооцох нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн. Тиймдээ ч ЖДҮХСгаас зээл авсан ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнууд хариуцлага тооцох шаардлагатай гэсэн албан бичигт гарын үсгээ зурсан. Гэхдээ нэгэнт Засгийн газар огцроогүй юм чинь одоо гоншигноод байх шаардлагагүй. Харин Засгийн газрыг хариуцлагатай сайн ажиллуулах талаар дэмжиж тусалж, бас шахаж шаардаж байх болно.

Нөгөөтэйгүүр, 60 тэрбумын асуудлаар Нээлттэй сонсгол хийхийг уриалж, өөрийнхөө албан бланкан дээр гишүүдийн гарын үсгийг цуглуулсан ч яахав. Түүнчлэн үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд Сингапурт очиж лиценз хувааж байсан гэдгийг УИХын гишүүн хүн хэлнэ билээ. Үнэхээр тийм юм бол энэ асуудлыг ч шалгамаар байна. Өөрөөр хэлбэл, хариуцлагыг дээрээсээ эхлүүлэх шаардлагатай. “Дээдэх нь суудлаа олохгүй бол доодох нь гүйдлээ олохгүй” гэж монголчууд маань онож хэлсэн байдаг даа.

-УИХ-ын чуулганы үйл ажиллагаа хэвийн үргэлжлэхгүй байна. ХХААХҮ-ийн сайдыг томилох асуудал хойшилсоор байна. Хувь гишүүнийхээ зүгээс энэ байдлыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хүйтний эрч чангарч, жавар тачигнаж, цасаар шуурч эхэлсэн энэ хүнд үед ХХААХҮ-ийн яамыг сайдгүй байлгаад байж болохгүй. Сайд томилох асуудал бүтэн гурван долоо хоног хойшиллоо. Би энэ салбарыг толгойлж дэд сайд, сайдаар ажиллаж байсан хүн. Тиймдээ ч би энэ салбарыг дэндүү сайн мэдэж байна. Цас зуд, өвөлжилтийн хүндрэл гээд салбарын шийдвэрлэх асуудал цаг хүлээхгүй шил дараад шилгээж байгааг нь мэддэг болохоор сайдын томилгоог удаах цаг алга гэж хэлээд байгаа юм. Нэр дэвшиж байгаа Ч.Улаан гишүүн ч энэ ажлыг хариуцлагатайгаар аваад явчихаж чадах хүн.

Гэтэл Засгийн газар өөрийн оруулж ирүүлсэн асуудлаа хойш нь тавиад, хууль тогтоох байгууллагынхаа сандал суудлын асуудлыг яриад бойкотлоод байх юм.Засгийн газар УИХын өмнө ажлаа танилцуулж, тайлагнадаг, баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлдэг гүйцэтгэх засаглал. Харамсалтай нь улстөржилт нь хэрээс хэтэрч, худал үнэн яриагаар гул барьж үндсэн ажлаа хийхгүй байна.

Монгол Улс нэг хүнд ногдох гадаад өрөөрөө дэлхийд хоёрт орж байна гэсэн судалгааг гадны байгууллагынхан гаргасан байна билээ. Ам ангайх бүртээ ард түмэн гэх атлаа тэднийгээ ажилтай, орлоготой болоход анхаарч ажилламаар байна. Монголчууд хэзээнээсээ гар хөдөлбөл, ам тосдоно гэдэг. Ажилгүй, амьжиргаагаа арай чүү залгуулж байгаа иргэдээ хоосон улстөржилтөөр угжиж, шударга ёс, сахилга бат гэсэн сүржин үгээр хөөргөөд хэн юу хожих гээд байна вэ. Үнэндээ цацсан шагай шиг тарж бутарсан, талцаж хуваагдсанаараа монголчууд өөдөө явсан түүх үгүй. Харин их түүхээ эргэн сөхвөл зангидсан гар шиг эвтэй байж, ажилсаг шоргоолж шиг хөдөлмөрлөж байсан цагтаа бид өнгөтэй өөдтэй, хөрөнгөтэй чинээтэй явсан байдаг.

-Олон нийт Оюу толгойн ажлын хэсгийг шалгалтын мэдээлэлд чих тавьж байгаа. Ажлын хэсгийг ахлагчийн хувьд хэдийд дүгнэлтээ танилцуулах вэ?

-Өнгөрсөн хугацаанд Ажлын хэсэг амсхийх завгүй ажилласан. Үүний үр дүнд “Оюу толгой ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт гарсан.

Нийтдээ 300 шахам хуудас материал бэлэн болсон. Энэхүү дүгнэлтээ энэ сарын 20нд багтааж Эдийн засгийн байнгын хороонд танилцуулахаар хүсэлтээ хүргүүлээд сууж байна. Ажлын хэсгийн дүгнэлт, шаардлагатай мэдээлэл, материал бэлэн учраас Байнгын хорооны даргын хариуг хүлээж байна.


Categories
мэдээ цаг-үе

Д.Миеэгомбо: Гишүүдийн шаардлагад УИХ-ын даргыг огцруулах үндэслэлүүдээс аль нь ч байхгүй

Хуульч Д.Миеэгомботой ярилцлаа.


-УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-ын даргыг огцрохыг шаардаж байна. Энэ нь хууль эрх зүйн талаасаа огцрох үндэслэл болж чадах уу?

– УИХ-ын даргыг огцруулах хэд, хэдэн үндэслэл бий. Чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан, хүндээр өвчилсөн, Үндсэн хуулийн Цэц УИХ-ын даргыг огцруулах үндэслэл гаргаж, түүнийг нь УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдэх тогтоолоор батлагдсан бол УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь огцруулж, чөлөөлж болно. Гишүүдийн шаардлагад энэ үндэслэлүүдээс аль нь ч байхгүй. 60 тэрбумын асуудлыг ярьсан, төлөвлөснийхөө төлөө огцрох ёстой гэж гишүүд хэлж байна л даа. Энэ шаардлага нь хуульд заасан үндэслэлүүдэд алга гэдгийг УИХ-ын дарга хэлж байгаа. Нөгөө талдаа хуульд заасан шалтгаанууд тогтоогдохгүй байхад яасан гэж огцрох вэ гэдгийг ч хэлж байна. Ингээд хууль зүйн хувьд мухардмал зүйл болчихож байна.

-Таны хувьд энэ асуудлыг хэрхэн шийдэх нь зөв гэж харж байна вэ?

-Прокурорын байгууллагаас 60 тэрбумын хэрэг гэх зүйл тогтоогдохгүй байна гэдгийг хэлсэн. Гэхдээ Ц.Сандуй гэх хүн энэ үндэслэлээр албан тушаалаа өгсөн. Тэгэхээр төлөвлөсөн хурал зөвлөгөөн болохын хувьд болжээ гэж харж байгаа. Хэрэв огт байхгүй байсан бол Ц.Сандуй дарга огцрохгүй байсан болов уу.

Мөн 60 тэрбумын талаарх бичлэгийг хулгайгаар хийсэн Г.Доржзодов гэж хүн байж байгаа. Тэгэхээр парламент энэ асуудлаар түр хороо байгуулж, ажлын хэсэг гаргах хэрэгтэй. Парламентад нээлттэй хэлэлцүүлэг хийх чиг үүрэг, эрх бий. Үүнийхээ хүрээнд 60 тэрбумын хэргийн талаар нээлттэй хэлэлцүүлэг хийж болно. Ц.Сандуй, Г.Доржзодов нар оролцож болно шүү дээ. М.Энхболд дарга ч өөрөө байж байна.

Мөн зарим гишүүд “Хууль хяналтын байгууллагуудыг М.Энхболд, Ц.Элбэгдорж нарын бүлэглэл томилсон, тэд нэг талд үйлчилж байна” гэж яриад байгаа. Хууль хамгаалах байгууллагуудад Ерөнхийлөгчийн институцийн нөлөөлөл байсаар ирсэн гэдгийг би хувьдаа хэлсээр ирсэн. Шүүх бол бүрэн утгаараа Ерөнхийлөгчийн мэдэлд оччихоод байгаа. Учир нь 2012 онд Шүүхийн захиргааны хуульд нэмэлт өөрчлөлт орсон. Уг өөрчлөлтөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийг Ерөнхийлөгч томилдог болчихсон юм. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүх байгуулах, татан буулгах, шүүгч нарыг томилох, огцруулах саналыг гаргадаг. Уг байгууллагын шүүгчдэд нөлөөлөх нөлөөлөл нь их өндөр. Энэ өндөр үүрэг хариуцлагатай, эрх мэдэл бүхий байгууллагыг Ерөнхийлөгч байгуулахаар хуульд заачихсан. Шүүхийн мэргэжлийн хороог байгуулах эрх нь ч төрийн тэргүүнд бий. Үүнээс үүдэн Ерөнхийлөгч шүүхэд эрх мэдлээ бүрэн тогтоочихоод байгаа юм. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг томилдог. УИХ Ерөнхийлөгчийн оруулж ирсэн Ерөнхий прокурорын нэрийг нэг удаа л буцаах эрхтэй. Дараагийн хүнийг буцаах эрх УИХ-д байхгүй. Шууд томилно. Дээрээс нь Прокурорын байгууллагын тухай хуульд зааснаар прокурорын үйл ажиллагаа нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байдаг. Дээд шатны прокурорын даалгаврыг заавал биелүүлдэг. Энэ агуулгаараа прокурорт ч Ерөнхийлөгч нөлөөтэй байсан, байгаа хэрэг. Ингэхээр өнөөдрийн УИХ-д 60 тэрбумын хэргийн хувьд, шүүх эрх мэдлийн буюу прокурорын шийдвэрийг өмнөө барьсан, нөгөө талд нь прокурорыг үгүйсгэж хардсан нэг хэсэг байна. Гуравдагч талд прокурор өөрийн зөв гэж, энэ эцсийн шийдвэр гэдгийг хэлж байна. Хууль хяналтын байгууллагаас тухайн хэргийг тогтоогоогүй ийм дүгнэлт шийдвэртэй байхад яг энэ үндэслэлээр УИХ-ын даргыг огцруулах боломжгүй харагдаад байдаг.

-Таван үндэслэлээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг ярих нь Үндсэн Хууль болон бусад хуулийг зөрчиж байгаа гэдгийг түүний хуулийн зөвлөх хэлж байсан л даа. Энэ тухайд?

-Тавьж байгаа шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэхгүй байгаад л гацаа үүссэн. Асуудлыг шийдэх, шийдлээ олох л хэрэгтэй.

-ХХААҮ-ийн сайдыг томилох асуудал 21 хоногоор хойшлоод байна. Ерөнхийдөө УИХ-ын үйл ажиллагаа сүүлийн үед багагүй саарч байна гэж харагдаж байгаа. Үүнийг УИХ чадамжгүй болж байна гэж ойлгох уу?

-УИХ-ын үйл ажиллагаа тасалдахгүй явах ёстой. Одоогоор УИХ-ын чуулганы хуралдааныг явуулахгүй байх шалтгаан бол алга. Харин энэ мэтээр асуудал хойшилж байгаа нь ердөө л шалтаг. Тодруулбал, улс төрийн зорилгоор үр дүнгүй, үр өгөөжгүй, хий хоосон асуудлыг хурцатгаж, дэвэргэж зориуд ийм байдал руу аваачиж байна. Энэ нь өнөөдрийн намуудын төлөвшил муу, гишүүдийн ёс зүй, ухамсрын түвшинг л илэрхийлж байгаа юм. Эднээс сайн сайхан зүйл хүлээгээд байх шаардлагагүй нь нэгэнт илэрхий болчихсон.


Categories
мэдээ цаг-үе

Х.Болорчулуун: Алтны ангуучдын лобби үеийн үед хүчтэй байдаг

УИХ-ын гишүүн Х.Болорчулуунтай ярилцлаа.


-Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг алт үйлдвэрлэгчид 2.5 хувиар төлж байна. Энэ хуулийн заалт 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаа. УУХҮЯ-наас дээрх төлбөрийг 2023 он хүртэл 2.5 хувь хэвээр хадгалахаар хуулийн төсөл боловсруулжээ. Таны хувьд уг асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа. Яагаад эсэргүүцэх болсон талаараа тодруулаач?

-Алтны татвар өмнө нь их өндөр байсан. Гэнэтийн ашгийн 68 хувь, өсөн нэмэгдэх роялти гэж 10 хувийн татвар авдаг байв. Гэтэл гэнэтийн ашгийн 68 хувийг байхгүй болгосон. Өсөн нэмэгдэх роялти хувийг тав болгож бууруулсан. Одоогоос таван жилийн өмнө бүр 2.5 хувь болгосон юм. Тухайн үед Алтны ил тод байдлын тухай хуулиар уг татварыг бууруулах асуудал орж ирсэн. Энэ нь УИХ-аар дэмжигдээгүй юм. Гэтэл 20 хоногийн дараа лоббигоор Ашигт малтмалын хуулинд өөрчлөлт оруулах замаар ороод ирсэн. Тэр асуудал нь хэдхэн хүний саналаар дэмжигдчихсэн. Ер нь алтны ангуучдын лобби хүчтэй байдаг л даа. 2.5 хувь нь хэтэрхий бага татвар. Олон улсын ойлголтоор энэ нь татвар огт биш, зүгээр л шимтгэл. Тиймдээ ч миний хувьд энэ асуудлыг эсэргүүцэж байгаа юм. Татвар байж төр байна. Гэтэл татвараа бүрдүүлж, улсаа авч явж чадахгүй байна. Төсвийн цоорхойтой, гадны зээл тусламжаар л явж байгаа нь дэндүү эмгэнэлтэй байгаа юм. 2019 оны төсөв бараг хоёр их наядын алдагдалтай байна шүү дээ. Зохих татвараа авах л ёстой. Тэр дундаа байгаль орчин сүйтгэж алт ухаж байгаа хүмүүсээс таван хувийн татварыг заавал авах шаардлагатай. Хүн хөдөлмөрлөж олсон цалингаасаа нийгмийн даатгалд 10 хувь, орлогоосоо 10 хувийг төлдөг. Хүн хийсэн хөдөлмөрийнхөө үр шимээс ийм татвар төлж байна. Гэтэл алтных 2.5-хан хувь байгаа. Ийм татвартай улс дэлхийд байхгүй дээ.

-Алтны татварыг хэдэн хувьтай байвал боломжтой гэж харж байгаа вэ?

-Хуучнаар нь буюу таван хувьтай байлгах нь л зөв. Тэгэхээр “Монголбанк, арилжааны банкинд худалдсан биет болон биет бус алтны нөөц ашигласны төлбөр борлуулалтын үнэлгээний 2.5 хувьтай тэнцүү” гэсэн заалтыг сунгах шаардлагагүй.

-Олон улсын жишиг ямар байдаг юм бэ?

-ОХУ-д зургаан хувьтай байдаг. Ашгийн татвар бүр өндөр авдаг. БНХАУ-д ч гэсэн маш өндөр. Гэхдээ БНХАУ-д улсын л үйлдвэр бий. Хувийн болон гадны компанийн алтны үйлдвэр гэж байдаггүй. Алтыг стратегийн түүхий эд гэж үздэг учраас зөвхөн улсын мэдэлд байлгадаг. Ер нь манайх шиг ийм бага татвартай орон нэг ч байхгүй. Манайх маш их байгалийн баялагтай орон хэрнээ олон улсын жишгээр татвараа авч чадахгүй ядуурал, эдийн засгийн хямралтай нүүр тулчихаад байна л даа.

-Алтны ангуучдын лобби хүчтэй байдаг гэж та хэллээ. Энэ удаад ч гэсэн алт борлуулагчдын лобби орсон гэж үзэж байгаа юу. Ямар хүмүүс байгаа талаар дурдаж болох уу?

-Мэдээж тийм. Алтны ангуучдын лобби үеийн үед хүчтэй байдаг. Алт олборлохын тулд байгаль орчныг маш их хэмжээгээр сүйтгэдэг. Тиймээс олон улсын жишигт хүрэх хэмжээний татвар төлөх ёстой.

-Алтны татварыг бага байлгах нь олон давуу талтай талаар салбарын сайд нь яриад байсан л даа. Тэдгээр нь хэр үндэслэлтэй юм бэ?

-“Одоогоос таван жилийн өмнө алтны тушаалт гурав, дөрвөн тонн болтлоо буурсан. Харин одоо 18 тонн болтлоо нэмэгдчихлээ” гээд байгаа юм. Энэ нь зөвхөн татвартай холбоотой гэж ойлговол өрөөсгөл болно. Гол нь таван жилийн өмнө урт нэртэй хуулийн зарим заалтуудыг цуцлаад зөөллөсөн. Ингэснээр 300 гаруй алт олборлогч компанийн эрх нь сэргэсэн юм. Мөн урт нэртэй хуулийн өөрчлөлтөөр голын бүс, ай сав ойн бүс газарт ойртож алт олборлодог болсон. Эдгээрээс үүдэж тушаах алтны хэмжээ нэмэгдсэн.

Түүнчлэн татварыг өндөр тавьчихвал алт олборлогч, алт худалдан авагч нь хууль бусаар алтыг хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн сөрөг талтай гэж хэлээд байгаа. Энэ бол төр хүчгүйн шинж. Цэрэг, цагдаа, хууль, гааль гээд бүгдийг нь ашиглаад хяналтаа тавих ёстой. Ирэх жилээс гаалийн хяналт шалгалтыг сайжруулахын тулд шинэ тоног төхөөрөмж авна. 60-н тэрбум төгрөг төсөвт суугдсан. Энэ нь алтны хулгайг таслан зогсооход зохих үр дүнгээ өгнө. Алтыг хууль бусаар хилээр гаргана гэж байгаа ч тонн, тонноор нь зөөчихнө гэж бодохгүй байна. Үүнд би итгэхгүй байна. Энэ бол зүгээр л нэг шалтаг.

-Хууль хяналтын байгууллагаас ЖДҮ-ийн асуудалтай нэр холбогдсон албан тушаалтнуудад шалгалт хийж байгаа. Та шалгагдаж байгаа юу?

-Ажлын хэсэг гараад шалгаж байгаа. Ном журмаар нь шалгана биз. ЖДҮ-ийн асуудал гарахад би “Миний хувьцаа эзэмшдэг компани зээл авсан” гэдгээ шууд илэрхийлсэн л дээ. Нэрээ нууж, өөр компаниар аваагүй. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлдэг компани байгаа. Тариа, төмс тарьж, гурил, малын тэжээл үйлдвэрлэж, талх барьдаг л компани юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдээрээ Дорнод аймгийн хэрэгцээг 70-80 хувь хангадаг. Компанийн үйлдвэрлэл, үйл ажиллагаанд зориулж зээл авсан. Хөнгөлөлттэй зээл авах хүсэлтээ 2017 онд тавьсан. Тэр төслөөрөө л энэ жил зээл авсан юм.

-Та Ерөнхий сайдыг огцруулах чуулганы хуралдаан дээр “Том эрх ашгийн төлөө гарын үсгээ харамлачихаад шударга ёсны зарчим гэж ярихаа боль” гэж байсан л даа. Энэ тухайгаа тодруулаач?

-Гишүүд шудрага ёс, зарчмын талаар их ярьсан. Тэр нь их гоё сонсогдож байна лээ л дээ. Тэд үнэхээр ярьсан шигээ байсан бол Монгол Улс эдийн засгийн хямралтай, хүн ардынх нь тал нь ядуу байхгүй. Би тэр хүмүүсийг мэдэж байна. Том эрх ашгийн төлөө дуугарч чадахгүй хэрнээ худал сайхан ярьдаг. Улс эх орны эрх ашгийн төлөө асуудал дээр болохоор кноп нь эсрэг л байдаг. Би ЖДҮ-ийг өмөөрч байгаа юм биш. Энэ бол барьцаатай эргэн төлөгдөх зээл юм. Бүх гишүүдийн ЖДҮХС-гаас авсан зээл нь 50 гаруй тэрбумд хүрч байгаа юм билээ. Гэтэл Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан ганцхан гишүүний зээл дээрх зээлээс илүү байх жишээтэй. Концессийнх ч мөн ялгаагүй. Цаашлаад АСЕМ, Хөгжлийн банкны мөнгийг ашигласан байдал, Эрдэнэтийн луйвар, Дубайн гэрээ гээд олон зүйл бий. Үүний цаана луйварчид нуугдаж байгаа. Хатигны цөм нь тэнд байгаа гэдгийг би хэлсэн юм. Дубайн гэрээгээс үүдсэн хохирол 10, 20 миллиард ам.доллараар тогтохгүй. Үүнийг зогсоох боломж байсан юм. Бид тооцоо хийгээд Монголд маш их хохиролтой байх нь гэж мэдээд эсэргүүцэхээр гарын үсэг цуглуулсан. Гэтэл М.Энхболд, Л.Энх-Амгалан, Д.Хаянхярваа,Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Ж. Эрдэнэбат, Д.Эрдэнэбат тэргүүтэй олон гишүүд татгалзаад хөдөлж өгөхгүй байсан юм. Монгол Улсын том эрх ашгийн төлөө гарын үсгээ харамлачихаад зарчим шударга ёс ярих эрхгүй.

-МАН-ын дотоод зодоон ард иргэдийг ихээхэн бухимдууллаа. Ер нь дотоод хагарал хэдийд намжих бол?

-Энэ бол зүй ёсны, жам ёсоороо болж байгаа зүйл л гэж харж байна. Хэдий болтол намаа бодож эв найртай юм шиг дүр эсгэн, булхиа луйвраа хаацайлж суух юм бэ. Улс орон чинь хүнд байдалд орлоо шүү дээ. Олон сонгогдсон гишүүд асуудалтай зүйлүүд их л хийсэн. Гэтэл нэг нэгэндээ юу ч хэлж чаддаггүй. Би дээр ч хэллээ. Дубайн гэрээг хамгаалж суусан хүмүүс бүгд л хуучин гишүүд байсан. Энэ бүхэн задрах ёстой. Нийгмийн шаардлагаар цаг үе нь ирж задарч байна. Энэ бол нийгэм цэвэршихийн дохио. Ганцхан манай нам гэлтгүй АН ч гэсэн задарч байна. Зөв зүйлийн төлөө нийгэм сэрж байна шүү. Үүнд сошиал ертөнц маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа. Дээр үеийнхээр ардын хяналтын үүрэг гүйцэтгэж байна л даа. Энэ асуудалд их баяртай байгаа.


Categories
мэдээ улс-төр

Л.Болд: Намын удирдлагыг өөрчилж, шинэчлэл бодит утгаараа хэрэгжих хүртэл АН-ын гишүүнээсээ татгалзаж байна

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та Ардчилсан намаасаа гарч байгаа юм уу?

-Өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын асуудал шийдэгдсэн. Үүнтэй холбоотой Ардчилсан нам шийдвэр гаргаагүй. Ерөнхийдөө АН Засгийн газар ажлаа хийхгүй байна гэсэн байр суурьтай байсан болохоос биш санал хураалтын талаар тодорхой гарсан шийдвэр байгаагүй. Улс төрийн зөвлөлийн зөвлөмж гарсан л гэж ярьж байгаа. Гэхдээ тэр хэр зэрэг хууль зүйн үйлчлэлтэй вэ гэдэг нь тусдаа асуудал. Дээрээс нь бүлгийн шийдвэр гарсан гэж байгаа. Тэр худлаа. Бүлгийн хурал наймаас дээш гишүүнтэй хуралдах ёстой. Түүний гурав нь ороогүй байхад бүлгийн шийдвэр гарахгүй. Мөн бид нарт хариуцлага онооно гэж байхгүй. Энэ нь АНын удирдлагад байгаа хэсэг бүлэг хүмүүсийн хувийн эрх ашиг байсан болж таарах гээд байгаа юм. Үүнийг бид эсэргүүцэж намын гишүүд, ард түмэн, сонгогчидтойгоо зөвлөж байж Засгийн газарт нэгдэх, 60 тэрбумын бүлэглэл түүнийг толгойлж байгаа Их хурлын даргатай хариуцлага тооцох асуудлын аль нь нэгдүгээрт вэ гэдэг дээр шийдвэр гаргасан. Угтаа бол парламентын ердийн л нэг санал хураалт шүү дээ. Түүн дээр үндэслэж бидний нэг гишүүнийг намаас хөөсөн. Энэ нь ардчилсан бус коммунист, фашист намд л байдаг зүйл. Тиймээс миний хувьд АН-ын бүлэг тэр бүлэглэлийн болоод намынхаа эрх ашиг, бодлогын эсрэг явахыг зөвшөөрөхгүй. Би энэ шийдвэрийг эсэргүүцэж бүлгээсээ гарсан. Энэ бол хуулийн дагуу юм. Ингээд бүлэг тарж байгаа. Гэтэл бүлгийн удирдлага энэ асуудлыг шүүх рүү явуулна гэж шийдэж байгаа юм. Шүүх энэ асуудлыг хэдий хугацаанд шийдэхийг та бүхэн мэднэ шүү дээ. Би өнгөрсөн жил арваннэгдүгээр сард ТЕГын дарга Б.Хурцад гүтгүүлсэн. Би жил гаруй хугацаанд шүүхээр явж байна. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шалгагддаггүй, тогтоогддоггүй. Зүгээр л бариад байдаг. Ингэж доромжилж байгаа байхгүй юу. Энэ асуудлаа шалгаж, тогтоогооч гэхээр “Бид шалгаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй” гэх зүйлийг л хэлдэг. Ямар нэгэн хугацаа байдаггүй юм уу гэхээр “Сонгууль харна аа” л гэж байгаа. Ийм л нөхцөл байдалтай байна.

Намайг бүлэгт байхгүй байхад миний орон тоогоор бүлэг гэж эрх мэдлийг ашиглах сонирхолтой байна.

Тиймдээ ч миний бүлгээс гарах өргөдлийг УИХ-ын даргад дамжуулахгүйгээр шүүхэд өгч, хугацааг нь сунгах улс төрийн тоглоом хийж байгаа юм байна л даа. Бүлэглэлийн шийдвэр ийм юм байна. Үүнийг би эсэргүүцэж байгаа. Миний хувьд намын болоод ард түмний, ардчиллын үнэт зүйлийн эсрэг ийм алхам хийж байгаа намын удирдлагыг өөрчилж, намын шинэчлэл бодит утгаараа хэрэгжих хүртэл АН-ын гишүүнээсээ татгалзаж байна. Нийт намын гишүүддээ намаа шинэчлэх энэ хөдөлгөөнд нэгдэж, АН-ын гишүүнээсээ гарч эд нарт ойлгуулаач гэж хэлэх байна. Жинхэнэ шинэчлэгдсэн намдаа бүгдээрээ эргэж ороод, 1990 оны ардчиллынхаа үнэт зүйл дээр дахин ард түмний итгэлийг хүлээсэн нам болж төрийн үүрэг хариуцлага үүрч, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх тэр сайхан цагийг ойртуулаасай гэж хүсч байгаа. Тийм болохоор энэ алхмыг маш ухамсартайгаар хийж байна.

-Намын гишүүнчлэлээс гарах хууль эрх зүйн зохицуулалт нь ямар байдаг юм бэ. Өөрийн хүсэлтээр шууд гарчихаж болдог уу?

-Хүн өөрөө шийдвэр гаргасан л бол тэр эцсийн шийдвэр. Гэтэл хүний гаргасан шийдвэрийг энэ тэнд хууль дүрэм зохиож бичиж, эсвэл зохиож тайлбарлачихаад мушгин гуйвуулаад байдаг тал бий. Х.Баянхмөнх аварга АН-аас сонгуульд нэр дэвшиж байлаа. Гэтэл “Х.Баянхмөнх аваргын уураг тархинд МАХН-ын гишүүнчлэл байна” гээд нэрийг нь татаж байсан. Тэр хүн өөрөө байсаар байхад шүү дээ. Энэ бол үнэхээр байж болохгүй зүйл. Үндсэн хуулинд заачихсан байгаа. Би өөрийнхөө асуудлыг өөрөө шийдэх эрхтэй. “Энэ хүн гишүүн хэвээрээ байна” гээд худлаа цаас үйлдвэрлэж, дахин шүүхэд өгөөд хэдэн жилээр явах юм бодохгүй байлгүй дээ. Хүнийг хасах болохоороо шууд л хасчихдаг. Ж.Батзандан гэдэг гишүүн өнөөдөр АН-д байхгүй болчихсон. Тэд хүссэн учраас энэ. Хүсээгүй зүйлээ хууль эрх зүйн тоглоом хийгээд байлгаад байж болохгүй. Миний энэ шийдвэр эцсийнх.

-Та Ардчилсан намд анхнаас нь зүтгэсэн хүмүүсийн нэг яах аргагүй мөн. Энэ хэрээр ч уг нам таньд үр өгөөжөө өгсөөр ирсэн. Таны хувьд үлдсэн жаахан хугацаанд хүлээцтэй хандаад намаа бодъё, бүлгээ авч үлдье гэж бодсонгүй юу?

-Мэдээж тийм бодол төрөлгүй яахав. Эцсээ хүртэл явлаа шүү дээ. Миний энэ насан дээр 20, 30 настай юм шиг шийдвэр гаргана гэж байхгүй. Би хүссэнгүй. Нөгөө талын хүмүүсийн дураараа авирлаж, хуулийн байгууллагыг өөртэй үйлчлүүлж, үйлчилж байгаа бүлэглэлийнхээ сонирхлоор хандаж байгаа бүх зүйл миний эгдүүг хүргэж байна. Эргэлт буцалтгүй л энэ алхам руу оруулж байна.

Өнгөрсөн баасан гаригт болсон чуулганы хуралдаанаар байж болох бүх нүглүүд гарч ирлээ. Үүний цаана МАН, АН-ын хуваагдал байгаа бус Монголын нийгэм бүхэлдээ хувьсгалаа хийж байгаа юм байна гэж харсан. Монголыг барьцаалсан, ард түмнийг ангал руу түлхсэн аймшигтай том бүлэглэл нурж унаж байна. Үүнийг намууд болоод Их хурлын хуваагдал гэж харагдуулж байна л даа. Гэхдээ үүнийг хэн ч, яаж ч сөрөөд нэмэргүй юм байна гэдэг нь харагдаж байгаа юм. Нийт ард түмний эсрэг ямар ч нам, засаг, компани тогтдоггүй юм аа. Найдлага байхгүй. Энэ хүмүүст “Одоо нүглээ наминчлаад ард түмэнд хөгжих бололцоо, эрх мэдэл, өмчийг нь өг” гэж хэлмээр байна. Энэ хүмүүс сүүлийн 10, 20 жил Монголыг ноёрхчихсон. Түүнийх нь эсрэг жаахан л дуугарсан хүнийг дарладаг. Цаашдаа ч мөнхийн ийм байдалтай байна гэж боддог. Тэгж чадахгүй ээ. Чадахгүй гэдгийг нь ард түмэн харуулчихлаа.

-Та шударга бус байна гэдгийг нь мэдэж байсан юм бол өмнө нь яагаад тэмцэж болоогүй юм бэ?

-Би бүхий л салбарт ажиллаж байлаа. Энэ бүх салбарт ажиллаж байхдаа аль болох улс эх орныхоо төлөө л зүйл хийж ирсэн. Харин би тэр том тэмцлийн аль нэг талд орохыг хэзээ ч эрмэлзэж байгаагүй. Ойлголцол руу ойртуулахыг л хичээдэг байсан. Харин би энэ бүлэглэлийн эсрэг хүн болсноо Гадаад харилцааны сайд байх үедээ мэдсэн. Энэ үед янз бүрийн асуудлаар л намайг харлуулах гэж оролдож байлаа. Тэдгээр нь газар аваагүй учир эцэс сүүлд нь Гадаад харилцааны яамыг татан буулгасан юм. Монгол Улсын тусгаар тогтнолыг илэрхийлдэг гурван яам бол Гадаад харилцааны яам, Батлан хамгаалахын яам, Сангийн яам юм. Гэсэн ч ГХЯ-ыг татан буулгаад Гадаад эдийн засгийн хамтын ажиллагааны яам болгож, намайг чөлөөлсөн юм даа. Тэр хүмүүст садаа болж байгаагаа би ингэж ойлгосон. Түүний дараа бүх намуудын засаг гэж байгуулаад Дубайн гэрээг байгуулж, Эрдэнэтийг хувьчилсан. АСЕМ гэх олон улсын уулзалтыг олон зуун тэрбум төгрөгийн луйврын схем болгосон. Мэдээж би тийм зүйлүүдэд оролцохгүй. Тэр үеэс хойш бүрэн тогтолцооноосоо салсан. Тиймдээ ч миний УИХ-д нэр дэвших асуудалд маш их саад тотгор учирсан. Гишүүдийнхээ дэмжлэгээр л гарч ирсэн. Сонгуульд оролцож байх үедээ шахалт, дарамтад орсон. 70 хувьтай байсан миний рейтинг сонгуулийн үеэр 30 гаруйхан хувьтай болж байлаа. Тийм их луйвар, схемийг миний тойрог дээр ажиллуулсан. Үнэхээр тасархай байсан учраас л би унаагүй юм билээ. Энэ зүгээр л миний аз. Түүнээс бусадтай адилхан эд нарын махны машинд орох байсан байх. Миний хувьд энэ тогтолцоотой тэмцэх ёстой гэж өдрөөс өдөрт ухамсарлаж байна. Энэ тэмцэл рүү шахаж байна. Өөрсдөө ч арга хэмжээ авч байна. Надад энэ бүхнийг сөрж зарчим, үнэт зүйлийнхээ талд гарах нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байгаад нь би баяртай байна. Харин тэд өөрсдийнхөө хийдэг зүйлээр биднийг харлуулж байгаа. Энэ бол угаасаа коммунист арга. Үүнд ард түмэн хууртдаггүй юм. Тэд харин үүнийг бодож үзээгүй байх.

-АН-ын дарга та бүхнийг дарангуйлагчийг дэмжлээ гэж байсан л даа. Энэ тухайд?

-Яаж дарангуйлагч байж чадах юм бэ. Хоёр, гурван сарын дараа гэхэд энэ Ерөнхий сайд чинь огцорчих нь. Тэр том амлалтыг биелүүлж чадахгүй шүү дээ. Би огцруулахын төлөө явна. Одоо ч огцруулахын төлөө явж байгаа. Түүнээс наана бүлэглэлийг нь дараад авчихмаар байгаа юм. Бүлэглэлийн хүчирхэгжих хэрэгсэл нь Ерөнхий сайдын огцролт байж болохгүй байхгүй юу. Эхлээд 60 тэрбум, ЖДҮ-ийг шалгаж, баримтуудыг нь гаргах ёстой. Хатигийг хагалах бус гадна талаас нь тос түрхээд намжаачих гээд байна. Тэгж болохгүй. Хатигийг зад татах ёстой. Ер нь ийм ардчилсан тогтолцоонд яаж дарангуйлагч байх юм бэ. 2004 он хүртэл Н.Энхбаяр дарангуйлагч л байлаа шүү дээ. Гэсэн ч дараа нь оймс гозойгоо л биз дээ. Ц.Элбэгдорж найман жилийн турш дарангуйлагч л байлаа. Гэхдээ одоо өмнөх байр суурин дээрээ л байгаа. Энэ бол Үндсэн хуулийн гайхамшиг юм. Одоо Үндсэн хуулиас дордуулсан долоон өөрчлөлтөө л зайлуулчих юм бол Монголын улс төрийн тогтолцоо зөвхөн ард түмний хараат болно.

-Таныг “Богд” банкиндаа хөрөнгө татах, ипотекийн зээл олгох бичгийг Засгийн газраар гаргуулах нь гээд байгаа. Мөн “Богд” банкинд бонд гаргах бичиг Сангийн сайдын ширээн дээр байна гэдгийг ч Ж.Мөнхбат гишүүн хэлсэн. Энэ үнэн үү?

-Хамгийн нарийн зүйлүүд ч ил гараад байгаа. Гэтэл надад тийм их хэмжээний мөнгөний асуудал байхад энэ хүмүүс юу гэж худлаа яриад суухав дээ. Маргааш нь л гэхэд хуулийн байгууллага намайг дуудаж аваачаад алах биз. Хуулийн байгууллагууд миний эсрэг юу олох вэ гээд чичрээд зогсож байгаа шүү дээ. Шууд л хэлье надад ямар ч тийм асуудал байхгүй. Ж.Мөнхбат гишүүн маш ёс суртахуунгүй хүн. Өөр шигээ төсөөлж байгууллага, хувь хүний нэр хүндэд халдаж байна. Улс төрийн наймаа, зодооноо жирийн байгууллагад аваачиж нааж байна. Би тэр хүнийг үзэн ядаж байгаа. Түүнтэй би шүүхийн өмнө уулзаж, хэзээ нэг өдөр үнэн мөнөө тогтоолгох болно. Уучлал гуйлгах болно. ЖДҮ шиг баримт байвал гаргаж ирээд ярь л даа. Би тэр баримтыг нь хүлээж байя. Үнэхээр тийм баримт байгаа бол хариуг нь өгье л дөө. Байхгүй учраас худал таамаг ярьж байгаа юм.

Д.Муратыг яасан ч муухай хэлмэгдүүлж доромжлов. Улс төрийн золиос болгосон. Өөрийн намаас нь хүн тиймэрхүү хэрэгт холбогдонгуут Д.Муратыг оролцуулж, зориуд хэрэг зохиосон. Огт хийгээгүй зүйлийг нь хийсэн болгосон. Эцэст нь зүгээр маргалдсан гэж шүүхдэж байна лээ шүү дээ. Ингэж болох уу. Ж.Батзандангийн ах 10, 20 жилийн өмнө ч тэр ажлаа хийж л байсан. Ж.Батзанданг гудамжинд байхад тэр хүн том дарга л байсан. Намдаа нэр хүндтэй л хүн юм билээ. Ер нь хүн бие даагаад амьдралаа аваад явдаг ахтай, эгчтэй байж болохгүй юу.

-2020 оны сонгууль хаяанд ирчихлээ. Таны хувьд цаашдаа яахаар төлөвлөж байна вэ?

-Сонгууль яах вэ. Өнөөдөр дахиж хэзээ ч сонгууль болохгүй тогтолцоо руу явж байсан байна. Энэ аймшигтай тогтолцоо бүх намуудыг эзэлчихсэн. Л.Оюун-Эрдэнэ гишүүн “Сингапурт очиж 76 нэр дэвшигчээ хуваарилдаг. Эсрэг өрсөлдөгчөөө шоронд хийдэг. Ард түмэнд мөнгө тарааж хүчээр сонгуульд ялдаг. Эргээд тэд нарт төр нь 100 хувь үйлчилдэг” гээд ярилаа. Энэ том тогтолцоо анх удаа нам харгалзахгүйгээр задарч байна. Эхлээд намын зодоон мэт л байсан. Эцэстээ Монгол Улс хөгжих үү, сүйрэх үү гэдгийг шийдэх асуудал болсон. Тиймээс бид орж тэмцсэн юм. Түүнээс аль нэг нам, Ерөнхий сайд, хувь хүн, хүчтэй, хүчгүй, шүдтэй, шүдгүй нь огт хамаагүй. Үр хүүхдээ эх орондоо аз жаргалтай амьдруулахын төлөөх тэмцэл болохоос биш энэ араатнуудын сайн, мууг үзэх гэсэн зүйл огт байхгүй.


Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Дарангуйллын сод жишээ болсон хүний төлөө санал өгсөнд гайхаж байна

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Ардчилсан нам Ж.Батзанданг намаас нь хасаж, Л.Болд, Д.Мурат нарыг сонгуульд нэр дэвших болон албан тушаалд томилох, хаших эрхийг нь хасах сахилгын шийтгэл оногдуулах шийдвэрийг гаргажээ. Яагаад энэ шийдвэрийг гаргах болов?

-Ардчилсан нам эцсийн мөч хүртэл асуудалд тэвчээртэй хандсан. АН өөрийн үнэт зүйл, үзэл баримтлал, үндсэн дүрэм, журамтай байгууллага. Журмаа хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй энэ алхмуудыг хийж байна. Үүсэх аливаа эрсдлээс болгоомжлоод байгаа юм алга. Хамгийн гол нь улс төрийн намын хувьд дүрэм журмаа барьж, байр суурин дээрээ хатуу байх ёстой. Түүнээс ямар нэгэн хувь хүнийх нь хувьд зөрчилтэй байдлаар асуудалд хандаагүй. Энэхүү тогтоол шийдвэрийг АН-ын дотоод хяналтын дээд байгууллага болох Үндсэн дүрмийн хороо хуралдаж, 100 хувийн саналаар гаргасан. Уг тогтоол шийдвэр дээр үндэслээд шийдвэр гарч байгаа. Хувь хүн, С.Эрдэнэ энэ шийдвэрийг ганцаараа гаргаж байгаа юм биш. Дээрээс нь МАН-ын дотоод зодоон манай намд огтхон ч хамаагүй.

-Л.Болд гишүүн Хууль, шийдвэр зөрчөөгүй. АН нэг хүний дарангуйллын нам болжээ хэмээн байр сууриа илэрхийлжээ. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Харин би Л.Болдыг би гайхаж байна. Өөрөө эрх чөлөөний үр шимийг хүртсэн хүн. Ардчилсан намын нэр дээр хамгийн их боломжийг эдэлсэн шүү дээ. Тийм байж ийм үйлдэл хийж байгаад нь би харамсаж байна. 1989, 1990 оны Ардчилсан хувьсгалыг эхлүүлж байсан өдрүүдэд бид хамт явж байсан. Тэр үед бид хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч, зах зээлийн нийгэм, хөгжингүй Монголын төлөө залуу, халуун хүслээрээ тэмүүлж явлаа. Гэтэл өнөөдөр Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн босгон дээр Л.Болд маань Ардчиллын эсрэг санал өгөөд зогсож байгаад үнэхээр их гайхаж байна. Тэр тусмаа дарангуйллын сод жишээ болсон хүний төлөө саналаа өгсөнд гайхаж байна л даа. Юу бодож тэгж саналаа өгч байгаа юм. Нийгэмд баялаг бүтээж, амь амьдралаа аваад явч байгаа хэсгийг бүлэглэл, МАНАН гэж эзэн биегүйгээр цоллоод эхэлж байна. Энэ бол яг л 1930-1950-иад оны коммунистуудын шилдэг арга. Лхүмбэ, Гэндэндэмидийн гэсэн зохиомол хэргүүд үүсгэж, хэдэн арваар нь буудаж байсан. Энэ бол түүний сонгодог жишээ шүү дээ. МАНАН гэж яриад л байна.

Тодорхой гэм буруутай этгээдүүд байгаа юм бол хууль хяналтын байгууллагууд нь шалгаж тогтоогоод, хариуцлага тооцоод явах бүрэн боломж байгаа. Гэтэл зүгээр л нийгэмд айдас хүйдэс бий болгоод байх юм. МАНАН гэж хэнийг хэлээд байгаа юм. Сүүлдээ МАНАН гэх нэрээ хэн дуртай дээр нь аваачиж наадаг болсон. Өөрсдийнх нь эсрэг үг хэлэхээр л МАНАН болчихдог. Лхүмбэ, Гэндэндэмидийн хэргүүд чинь яг ингэж л гарсан. Хүмүүсийг эх орны дайсан, урвагч гэж цоллон нийгмийн сэтгэл зүйг бэлдэж байгаад нэг л өдөр олноор нь буудчихдаг. Ард түмэн юу ч хэлдэггүй. Учир нь эд нар дайсан учраас устах ёстой гэсэн бодол суучихсан байдаг. Дараа нь хэдэн арван жилийн хойно тэр хүмүүсийг цагаатгаж байна. Амьдын хагацал, цус, нулимсыг хэн төлөх юм. Яг өнөөдөр тийм жишээ явж байна.

-Ж.Батзандан болон Л.Болд гишүүнийг ашиг сонирхлын зөрчилтэй байсан учраас Засгийн газрыг унагахгүй гэх байр суурийг илэрхийлсэн гэж яриад байгаа. Таны хувьд эдгээр гишүүдийг Ерөнхий сайдын үзэл бодлыг дэмжлээ гэж үзэв үү, эсвэл ашиг сонирхлын зөрчил байсан гэж бодож байна уу?

-Ж.Батзандангийн ах У.Хүрэлсүхийн зөвлөх хийж байгаа. Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хийж байгаад тус яаман дээр болсон хүн амины хэргээс болоод огцорсон. Тийм байж буцаад Засгийн газрын тэргүүний зөвлөх болсон нь ёс зүйн хувьд сайн зүйл шиг харагдахгүй л байгаа юм. Мөн Ж.Батзандангийн нэг ах нь Хөх хотын консулаар саяхан томилогдсон. Эхнэр нь нүүрсний тээврийн компанитай. Л.Болд гишүүн “Богд” банктай нь ч үнэн. Гэхдээ Л.Болд “Богд” банкаараа, Ж.Батзандан ах нар, эхнэрийнхээ компаниараа, Д.Муратыг өөрийн хийсэн алдаа, зөрчлөөсөө болж барьцаалагдаад асуудалд хандлаа гэж хэлэх баримт надад алга байна. Яахав сонссон юм бол байна.

-Гишүүдтэй хариуцлага тооцож байгаа энэ үйл явц өөрөө намын дотоод эв нэгдэлд нөлөөлөх үү?

-Үнэт зүйл, дүрэм журмаа уландаа гишгээд бие биенээ тэврээд явахыг эв нэгдэл гэж хэлэхгүй. Бид өөрсдөө хариуцлагатай, үнэт зүйлээ дээдэлдэг байх ёстой. Түүнийхээ өмнө хариуцлага хүлээж чаддаг байх хэрэгтэй. Ирээдүйд энэ нам засаглаж, түмэн олны итгэлийг авч төрийн жолоог барих гэж байгаа юм бол одооноос эхлээд хариуцлагатай, зарчимтай байх ёстой. Тэгж гэмээнэ бид ирээдүйд ард түмнийхээ итгэлийг даасан төрийг залж, чиглүүлэх хүчирхэг улс төрийн нам болж чдана. Хэрэв бие биенийхээ алдааг харсан ч хараагүй юм шиг илт үндсэн дүрэм рүүгээ нулимаад байгаа хүмүүсийг өөгшүүлээд байх юм бол бид дараа нь яаж Монгол Улсын хууль дүрмийг хэрэгжүүлэх юм. Ардчилал гэдэг чинь хариуцлага юм. Эв нэгдэл маш хэрэгтэй. Гэхдээ эв нэгдэл нэрийн дор хуйвалдах ёсгүй. Хамтын шийдвэр гаргаж чаддаг байх нь эв нэгдэл юм.

-Ерөнхий сайдыг огцруулах шаардлагагүй гэж үзлээ. Тэрээр цаашид өөрийн хэлж буй шударга ёсоо тогтоож чадах болов уу?

-Одоогоос нэг жил гурван сарын өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсны дараа У.Хүрэлсүх “Нийгэмд шударга ёс тогтооно. Улс орноо хөгжүүлнэ” гээд л гоё сайхан зүйл ярьж гарч ирсэн. Манай АН-ын бүлгийн есөн гишүүн бүгд дэмжиж кноп дарсан. Манай есөн кнопны ачаар энэ хүн Ерөнхий сайд болсон. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн хугацаанд юу хийв ээ. Ам.долларын ханш 2670, бензиний үнэ Улаанбаатар хотод 2000, хөдөө орон нутагт 2200-2300 төгрөг болсон. Махны үнэ талийгаад л өглөө. Үхэр, адууны мах бараг 10 мянган төгрөг хүрэх нь. Үнэтэй байлаа ч авъя гэхэд мах нь олдохоо байлаа. Махны олдоц улам багасч байна. 60 хэдэн сая малтай Монголд мах ховордож байна гэхээр гайхаад байх юм. Хил гааль, мэргэжлийн хяналт, төр, Засгийн газар юу хийж байна вэ. Ард иргэдийн худалдан авах чадвар улам муудсан. Өргөн хэрэглээний барааны үнэ доод тал нь 200-300 төгрөг, дээд тал нь 3000-4000 мянган төгрөгөөр өсчихсөн байна. Энэ сайн үзүүлэлт үү. Шударга үнэний төлөө яваа Ерөнхий сайдын ажлын үр дүн энэ үү. Дахиад нэг жил зургаан сар энэ хүнээс бид юу хүлээх юм бэ.

Бид МАН-ын аль нэг дотоод бүлэглэлийн талд орж асуудалд хандаж байгаа зүйл байхгүй. МАН гэдэг улс төрийн хүчнийх нь хувьд бид хариуцлага тооцох гэж асуудалд хандсан юм. Бидэнд олдож байгаа боломж нь энэ шүү дээ. Олдож байгаа боломжин дээрээ тулгуурлаж бид хариуцлага тооцох гэж оролдож байгаа юм. Өөр боломж бидэнд байхгүй. Есүүлэхнээ юм чинь бид өөр яах билээ. Дээрээс нь МАН-ын 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс нэг ч зүйл заалт хэрэгжээгүй. Хий хоосон яриад л яваад байгаа. Эд нарт юм хийх хугацаа байхгүй. Он гараад сонгуулийн өмнөх жил учир улстөржсөөр байгаад л таарна. Нөгөө эрх барьж байгаа хэд нь сонгуулийн бэлтгэлээ хангаж байгаа нь энэ гээд түлхүү идэж уух байлгүй. 2020 оны эхний зургаан сард сонгууль руугаа анхаараад юу ч хийхгүй. Тэгэхээр У.Хүрэлсүх Ерөнхий сайдаас хүлээх зүйл байхгүй. Улстөрч хүний хувьд шуудхан ингэж л хэлэх байна.

-Улс төр цаашид хэрхэн өрнөх бол. Эрх баригч намын дотоод зодоон намжих болсон болов уу?

-Сөрөг хүчний намын даргын хувьд эрх баригч намд дотоод зодоон өрнөөд байвал сайхан л байна байх. Гэхдээ би хүртэл залхаж байна. Одоо болиосой. Ядаж 2020 оны нэгдүгээр сар хүртэл болчихоосой. Нэг жил тайван амгалан байж, ард түмний нурууг тэнийлгэх сэн. Үнэхээр эдийн засаг нь өсөж, хөрөнгө оруулалт бодит боломж байгаа юм бол улс орны хөгжлөө бодоосой. Би ингэж хүсч байна. Эдний намын зодоон дуусахгүй ээ. Чуулганы төгсгөлд хэлсэн намынх даргын үгийг сонсоод энэ нам дотооддоо эвлэрэхгүй юм байна гэдэг дүгнэлт хийхэд хүрсэн. Намын дарга, Ерөнхий сайдын амнаас заналхийлсэн, сөрдүүлсэн үгнүүд л гарсан. Хөөнө, тууна, хариуцлага тооцно, асуудал дуусаагүй шүү гээд л дуусгана лээ. Арай л ална тална гэж хэлээгүй дээ. Уг нь би тэр хүнээс өөр зүйл хүлээж байсан юм. “Өчнөөн олон хоног муудалцлаа. Надад ч гэсэн алдаа дутагдал байсан юм байна. Буруугаа ойлголоо. Та бүхний тавьсан санал хүсэлтийг хийх ажилдаа тусгана. Та бүхэнтэй хамтарч нэг баг болж ажиллана. Нэг нам учраас дотроо ойлголцоод явах ёстой” гээд л эвлэрэл, ухаарлын сайхан үг хэлээд дуусгах болов уу гэж бодож байсан. Аргаа бараад сөрөг хүчний намын дарга нь тийм юм хүлээлээ шүү дээ. Даанч тэгсэнгүй. Цаашдаа улс төрийн өрнөлийг сайн сайхнаар харахгүй байна.

-Ардчилсан намын IX их хурал энэ лхагва гаригт болно. Их хурлаар ямар асуудлууд хэлэлцэх вэ?

-Нийгэмд үзэл бодол, чиг баримжааны улс төрийн ялгарал ид явагдаж байна гэдэгтэй санал нийлж байгаа. Тийм учраас АН өөрийн үнэт зүйл, үзэл баримтлалдаа өөрчлөлт хийж байгаа. Суурь бус нэмэлт өөрчлөлт хийнэ. Өөрөөр хэлбэл, манай нам цаашдаа баруун төвийн нам хэвээрээ байх уу, хэвээрээ байх бол хувийн өмч, зах зээлийн нийгэм, хувь хүний эрх, эрх чөлөө, ардчилал, шударга ёсны асуудлыг юу гэж үзэх вэ гэдгээ шинэ шатанд, өөр түвшинд тодорхойлох зорилготой юм. Хоёр жилийн хугацаанд бид улс орон даяар үзэл баримтлал, үнэт зүйлийнхээ талаар хэлэлцүүлэг явууллаа. Намынхаа бүх шатны байгууллага, гишүүдээрээ хэлэлцүүллээ. Ингэж хэлэлцэж байсан түүх манай намын хувьд байхгүй. Мөн Үндсэн дүрмэнд редакцийн зарим нэг нэмэлт өөрчлөлтүүд орно. Ардчилсан хувьсгалын 30 жилийг ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай тогтоол гарна. 2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд АН-аас оролцох мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсгийг байгуулж, хяналт тавьж ажиллах чиглэлийг Үндэсний бодлогын хороонд өгөх юм. Үүнтэй холбоотой тогтоол их хурлаар гарна. Бусад гэсэн хэсэгт нь дотоод зохион байгуулалтын ажлууд тус тус багтана. Түүнчлэн намын даргын улс төрийн илтгэл орно. Илтэл дээр санал шүүмжлэлүүд явагдана. Намаас улс төрийн мэдэгдэл гаргана. Өнөөгийн улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд өгсөн үнэлэлт дүгнэлт дээр тулгуурлаад мэдэгдэл гаргах юм.

-Өнөөдөр хуралдах Үнэсний бодлогын хороогоор ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөсөн бол?

-ҮБХ-гоор намын их хурлын дотоод зохион байгуулалт, хэлэлцэх асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг журамтай. Үүнийхээ дагуу хуралдана.

-Саяхан Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа болон НИТХ дэх АН-ын бүлгийн хэд, хэдэн гишүүдийг намаас нь хассан байсан. Уг шийдвэрийг яагаад гаргах болсон юм бэ?

-Д.Пүрэвдаваа намын дүрмийг удаа дараа зөрчсөн. Намын дүрэм зөрчсөн нь тогтоогдсон. Үндсэн дүрмийн хорооны тогтоол шийдвэр гарсан учраас түүнийг үндэслэж тушаал гаргасан. Баянзүрх дүүргийн намын хорооны зарим нэг хүмүүст тооцсон арга хэмжээг би ногдуулаагүй. Баянзүрх дүүргийн АН-ын даргын тушаалаар хариуцлага ногдуулсан. Тухайн шатны намын дарга өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд Үндэсний дүрмийн салбар хорооны дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргасан юм билээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ундраа: Ерөнхий сайд ямар хүн бэ гэдгээ өдөр ирэх бүр нотлон харуулж байна

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-УИХ-ын даргыг огцрох албан бичигт 32 гишүүн гарын үсэг зуржээ. Тэдгээр гишүүд УИХ-ын даргыг огцортол нь чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байна. Энэ нь хэр зөв алхам бэ?

-УИХ-ын дарга М.Энхболд Засгийн газрыг огцруулах бичигт өөрөө гарын үсэг зурсан мөртлөө бичгийг өргөн барихад гардан авсан нь ашиг сонирхлын зөрчил гэжээ. Гэтэл УИХ-ын дарга бол УИХ-ын гишүүн. УИХ-ын гишүүний хувьд аливаа хууль тогтоол санаачлах, бичигт гарын үсэг зурах бүрэн эрхтэй. Харин энэ асуудлыг хэлэлцэх үеэр хурал даргалахгүй, УИХ-ын дэд дарга нарын нэг нь даргална биз ээ гэдэг байр сууриа тэрээр чуулган дээр хэлсэн. Харин Засгийн газрыг огцруулах асуудал хэлэлцэхэд ЖДҮ-ийн асуудалд нэр холбогдсон УИХ-ын гишүүд ашиг сонирхлын зөрчилтэй тул санал хураалтад оролцохгүй байх хэрэгтэй. Энэ талаар хуулийн зохицуулалт УИХ-ын Дэгийн тухай хуульд тодорхой бий.

-Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулахаар 27 гишүүн гарын үсгээ зураад байгаа. Та ч мөн тэрхүү албан бичигт гарын үсгээ зурсан. Таны хувьд яагаад Ерөнхий сайдыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн юм бэ?

-Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэдэг байр сууринд хүрэхэд хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Бидний хэдэн гишүүд нийтдээ долоон шалтгааныг өргөх бичигтээ дурдсан. Тэр дундаас би гурван шалтгааныг онцолж үзэж байгаа. Ингэж үнэхээр болохгүй юм аа гэж бодсон хэрэг. Нэгдүгээрт, У.Хүрэлсүхийн Засгийн газрын зөвшөөрөл, шууд дэмжлэгтэйгээр гадны тусгай албад манай улсын нутаг дэвсгэр дээр хүн хулгайлах хууль бус үйл ажиллагаа явуулсан. Энэ бол Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдалд халдсан явдал. Мөн үүний дээр хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хүний эрхийн түгээмэл тунхаг, Монгол Улсын Үндсэн хуулийн хүний эрхийн бүхий л зарчмаа алдсан явдал болсон. Энэхүү асуудал дээр Ерөнхий сайд өнөөдрийг хүртэл ямар нэгэн байр суурь илэрхийлж тайлбар өгөөгүй.

Д.Гантулгыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь огцруулахаар ярьж байх үед “Аливаа хүчирхийллийн эсрэг дуу хоолой нь болж зогсоно” гэж эмэгтэй гишүүд байр сууриа илэрхийлж байсан л даа.

Тухайн үед Ерөнхий сайд эмэгтэй гишүүдтэй маш зүй бусаар харьцаж байсан. Тэр үеэс хойш Ерөнхий сайдыг хүний эрхийн асуудлын ойлголтгүй, хүндэтгэдэггүй дээрээс нь хүчирхийллийг дэмждэг юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Тухайн үед үнэхээр сэтгэл гонсойж байлаа.

-Таны хувьд ч гэсэн ЖДҮХС-тай холбоотой асуудлыг зайлшгүй онцолж үзсэн байх?

-ЖДҮХС-тай холбоотой асуудал Ерөнхий сайдыг огцруулах нэг гол шалтгаан. Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд хөнгөлөлттэй зээл хэрэгтэй, тэр нь олддоггүй хэвээрээ л байгаа шүү дээ. Бүр асар их хэрэгцээ байна. Гэтэл ЖДҮХС-гийн зээлийг төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн эрх мэдэл, давуу байдлаа ашиглан хамаарал бүхий компанидаа авчихсан. Цаашлаад банк бус санхүүгийн байгууллагаараа дамжуулан өндөр хүүтэй зээлдүүлсэн бол энэ нь мөнгө угаах төрлийн гэмт хэрэг. Зориулалтын дагуу ашигласан байсан ч энэ ёс зүйгүй үйлдэл. Энэ асуудал урган гарахад ч би ийм байр суурьтай байсан. Ерөнхий сайдын хувьд энэ асуудал дээр зохих арга хэмжээг шуурхай аваагүй. Ганцхан Б.Батзориг сайдыг огцрууллаа гээд асуудал шийдэгдэнэ гэж байхгүй. Танхимынх нь хэд хэдэн сайд нэр холбогдчихсон байхад яагаад шуурхай арга хэмжээ авахгүй байна вэ. Зөвхөн ЖДҮХС-д ажиллаж байсан хүмүүсийг шалгаж, хориод байгаа юм. Шийдвэр гаргасан, шийдвэр гаргахад нь нөлөөлсөн томоохон албан тушаалтнууд нь юу ч болоогүй мэт зүгээр явж байна гэдэг шударга бус. Жинхэнэ хэрэгтэнд хариуцлага тооцож чадахгүй байгаа нь зориггүй, үлбэгэр байгаагийн шинж.

Гуравдугаарт, бид Монгол Улсын төрт ёсыг сахин хамгаалах ёстой хүмүүс. Ерөнхий сайд хууль дээдэлж, хуулийн хүрээнд ажиллах ёстой. Гэтэл хууль тогтоох дээд байгууллагатаа орж ирээд УИХ тараах тухай ярина гэдэг Монголын ард түмнийг хүндэтгэхгүй байна гэсэн үг. УИХ-ын гишүүд ард түмний итгэлийг өвөртөлж, мандат авч орж ирсэн хүмүүс. Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монголын ард түмний аль ч хэсгээс ямар ч сигментээс мандат авсан төрийн төлөөлөл биш. Тэр хүн бол УИХ-аас томилогдсон албан тушаалтан, Засгийн газрын тэргүүн. Намаас сонгогдсон намын дарга. Харин төрд төлөөлөх мандат бол шууд сонгуулиар л тийм эрх олгогдоно. Хууль ёсоор өөрт нь оноогдсон эрх үүргийнхээ хүрээ хязгаарыг мэдэхгүй, үндсэн хуулиа ч мэдэхгүй дагаж мөрдөхгүй байгаа нь огцруулах үндэслэл мөн гэж би үзэж байгаа. Парламентын засаглал бол Монголын ардчиллын ололт үнэт зүйл гэж би боддог. Олон хүн сайнтай муутай ч, нэг хүний дарангуйлалд орох эрсдэлээс сэргийлж хамтын шийдвэр гарах боломж бүрдүүлнэ. Монгол төрийг хамгаалах нь бидний үндсэн үүрэг. Тэгж гэмээнэ бид ард олноо амар тайван амьдруулах болно. Төр нь төвшин байгаа цагт улс орноо сайн сайхан болгох ажил урагшилна.

-Засгийн газар нэг л жилийн настай боллоо. Төрийн тогтворгүй байдлыг үүсгэх нь хэрэг байна уу гэх байр суурьтай хүмүүс байна. Гарын үсэг зурсан гишүүд энэ талаар бодож үзсэн байх?

-Ерөнхий сайд өөрөө жилийн өмнө Шадар сайд хийж байсан багаа унагаж тогтворгүй байдал руу хөтөлсөн. Одоо ч тогтворгүй байдал руу хөтөлж, уриалж байна. Өөрийнх нь тухай эерэг мэдээлэл бүхий зураг мэдээллээр фэйсбүүкийнхээ нүүр зургийг өөрчил, байршуул гэж төрийн албан хаагчдыг дарамталж байгаа. Энэ нь ч гэсэн хүчирхийллийн нэг хэлбэр. Албан тушаалдаа үлдэхийн тулд өөрийгөө хамгаалахыг бусдад тулгаж, мөн турхирна гэдэг байж боломгүй үйлдэл. Олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудна гэдэг гэмт хэргийн нэг төрөл. Энэ хүн ямар хүн бэ гэдгээ өдөр бүхэн л нотлон харуулж байна. Төрийг ажлыг цааш нь явуулъя гэвэл ажлаа хийж чаддаг, ноён нуруутай, хийрхдэггүй хүнийг Ерөнхий сайд болгох хэрэгтэй. Маш олон асуудал шийдэгдэхгүй хүлээгдэж байна шүү дээ. Нүүрсний экспортын асуудал хүндэрчихлээ. Үүнийгээ дагаад манай экспортлох бүтээгдэхүүний хэмжээ багасна. Гадаад валютын урсгал буурна. Энэ мэт асуудлаа шийдэхгүй сандалдаа шигдээд байж болохгүй л дээ.

-Дараагийн ээлжийнхэн хоолондоо орохын тулд Засгийн газрыг унагаахаар зорьж байна гэх яриа байна л даа. Таныг Эрчим хүчний сайд, Д.Хаянхярвааг Ерөнхий сайдын албан тушаалд санаархаж байна гэх мэдээлэл ч цахим сүлжээнд гарчээ. Энэ тухайд?

-Эрчим хүчний бодлого судлалаар хичээл зааж, эрдэм шинжилгээний ажлууд маань ч тэр чиглэлд байсан нь үнэн. Тэрийг мэддэг хүмүүсийн л гаргаж ирсэн зохиол. Бид Засгийн газрыг огцруулъя гэж гарын үсэг зурахаар сэтгэл шулуудсан. Албан тушаалын хойноос яваагүй. Монгол төрийн ноён нурууг түвшин, гүйцэтгэх засаглалын ажлыг эрчимтэй байлгахын төлөө л бид нэгдсэн. Энэ бол УИХ-ын үүрэг. Бид сонгуульд ялалт байгуулж мөрийн хөтөлбөр хэрэгжүүлэх үүрэг даалгавартай орж ирсэн. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, ажлыг түргэвчлэх гэж гарын үсэг зурсан юм. Сайдын албан тушаалд санаархсан зүйл байхгүй. Д.Хаянхярваа гишүүнийг Ерөний сайдад санаархаж байна гэж би л лав сонсоогүй.

-ЖДҮХС-тай холбогдсон гишүүд Ерөнхий сайдыг огцруулах албан бичигт гарын үсэг зурах нь хэр ёс зүйтэй юм бэ?

-ЖДҮХС-аас зээл авсан хүмүүс дотор Засгийн газрын гишүүдээс гадна УИХ-ын гишүүдийн нэрс байгаа. Тэдгээр гишүүдийг мөнгө хүүлсэн юм биш үү гэх хардлага ч нийгэмд бий. Ийм хардлага маш хүчтэй байгаа. Энэ асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа байх. УИХ-ын гишүүд ЖДҮХС-ын асуудлаар Түр хороо байгуулахаар санал гаргасан. Ерөнхий сайдыг огцруулах асуудалд гишүүд өөр өөрсдийн итгэл үнэмшлээрээ л гарын үсгээ зурсан.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Цогзолмаа: Шинжлэх ухааны салбар үлдэгдлийн зарчмаар санхүүжиж, шоовдор байсаар ирлээ

Жил бүрийн арваннэгдүгээр сард шинжлэх ухааны ажилчдын тэмдэглэлт өдрүүд тохиодог. Үүнтэй холбогдуулан БСШУСын сайд Ц.Цогзолмаатай ярилцлаа.


-Манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжлийг та хэрхэн дүгнэдэг вэ?

-Манай улс орчин үеийн шинжлэх ухаантай хөл нийлүүлээд 70 гаруй жил болжээ. Энэ хугацаанд шинжлэх ухааныг хэдэн зуун жил хөгжүүлсэн Европ, хойд Америкийн улсууд-тай харьцуулах түвшинд хүрч чадаагүй ч тодорхой салбаруудад харьцангуй амжилтад хүрсэн. Тухайлбал, мал аж ахуй, мал эмнэлгийн шинжлэх ухаан дэлхийн түвшинд хүртэл хөгжсөн гэж болно. Олон чиглэлээр суурь судалгаанууд хийгдэж, цөөнгүй нэртэй эрдэмтэд төрөн гарсан. Мөн математик, цөмийн физик болон мэдээллийн технологийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нээлт, амжилтууд гаргаж байна. Гэхдээ нөгөө талаас улсаас шинжлэх ухаандаа зарцуулж буй хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээгээр бид маш хангалтгүй байгаа. “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д ДНБ-ний 1.5 хувийг шинжлэх ухааны салбарт зарцуулна гэсэн байдаг. Гэсэн ч өнөөдөр энэ үзүүлэлт 10 дахин бага байгаа нь дэлхийн дундажаас маш доогуур үзүүлэлт юм. Хөгжингүй орнуудын практикаас харахад шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн 20 хувийг цалинд, 80 хувийг эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зарцуулдаг. Харин манай улс 65 хувийг цалин, тогтмол зардалд, 35 хувийг эрдэм шинжилгээний ажилд зарцуулж байна. Сүүлийн жилүүдэд шинжлэх ухааны салбарт дорвитой хөрөнгө оруулалт хийгдээгүйгээс эрдэм шинжилгээний байгууллагуудын лаборато-рийн тоног төхөөрөмж хуучирч, шаардлага хангахгүй түвшинд хүрчээ. Хатуухан хэлэхэд шинжлэх ухааны салбар үлдэгдлийн зарчмаар санхүүжиж, шоовдор байсаар ирлээ. Үүнийг эргэж харах цаг болсон. Мөн энэ салбарын удирдлага, бүтэц зохион байгуулалтын асуудлыг ч эргэж харах хэрэгтэй. Энэ утгаараа бол бид шинжлэх ухааны хөгжлөөрөө яах аргагүй хоцрогдож яваа.

-Та сайдаар томилогдсоноосоо хойш энэ салбарт бодлогын чанартай ямар өөрчлөлтүүд хийсэн бэ?

-Өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газраар Шинжлэх ухааны талаар төрөөс баримтлах бодлого батлагдсан. Энэ жилийн аравдугаар сард Инновацийн талаар төрөөс баримтлах бодлого батлагд-лаа. Энэ хоёр баримт бичиг бол шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарыг ойрын 8-10 жилд хөгжүүлэх хөгжлийн зорилт, стратеги, тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлсон чухал баримт бичиг. Энэ хү-рээнд гол ажлуудаа зангидан хийж байна. Нэн тэргүүнд салбарынхаа эрх зүйн орчныг цаг үеийн шаардлагад ний-цүүлэн сайжруулахаас ажлаа эхлүүлсэн.

-Тухайлбал?

-Шинжлэх ухаан технологийн тухай болон Инновацийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д өргөн барихад бэлэн болоод байна. Инновацийн тухай хууль 2012 онд батлагдсан байдаг. Саяын өөрчлөлтөөр инновацийн асуудлаар төрийн байгууллагуудын чиг үүргийг тодорхой болгож, давхардлыг арилгалаа. Гарааны компаниудыг дэмжих, тэдний бий болгосон инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, санхүүгийн болон татварын дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлуудыг тодорхой болголоо. Мөн инновацийн дэд бүтцийг байгуулах, дэмжихтэй холбоотой харилцааг зохицуулах зүйл заалтыг оруулсан. Инновацийн дэд бүтэц гэдэгт эхлээд шинжлэх ухааны парк байгуулах асуудал орж байна. Шинжлэх ухааны паркийг бүс бүрт байгуулах, хөгжүүлэх, хөрөнгө оруулалтаар дэм-жих, паркийн дотоод үйл ажиллагааг эдийн засгийн шууд болон шууд бус аргаар дэмжих харилцаануудыг багтаасан. Хууль батлагдснаар инновацийн үйл ажиллагаанд оролцож буй талууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, шинэ техник, технологийг нэвтрүүлж байгаа аж ахуйн нэгж, компаниуд, зохион бүтээгч эрдэмтдэд татвар, санхүүгийн таатай нөхцөл бүрдэнэ. Харин Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд тус салбарын өрсөлдөх чадвар, чадавхыг дээшлүүлэх чиглэлээр бодлогын чанартай өөрчлөлтүүд орсон. Энэ хоёр хууль батлагдан хэрэгжсэнээр зах зээлд өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээний тоо нэмэгдэнэ. Улмаар эдийн засагт цоо шинэ салбарууд бий болох боломж бүрдэх юм. Мэдээллийн технологи, биотехнологи, электроникийн зэрэг өндөр технологи шингэсэн гарааны компани, аж ахуйн нэгжүүд олноор үүсч бойжих, бүтээгдэхүүн үйлчилгээгээ экспортлох, ажлын байр бий болох зэрэг олон талын ач холбогдолтой.

-Судалгаанд суурилсан их сургуулийг байгуулснаар ямар давуу тал бий болно гэж үзэж байгаа вэ?

-Одоо үед дэлхий улс ор-нуудын хөгжлийн чиг ханд-лага “Мэдлэгт суурилсан эдийн засаг”-ийн хөгжлөөр тодорхойлогдох болж нийгмийн хөгжилд нь шинжлэх ухаан технологи, инновацийн гүйцэтгэх үүрэг улам бүр өсөн нэмэгдэж байна. Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх гол тулгуур механизм нь үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлэх явдал гэж үзэж байна. Үүнд их дээд сургуулиуд, ялангуяа судалгааны их сургуулиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж харж байна.

-Нийгэм эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд шинжлэх ухааны салбарын үүрэг оролцоо ямар байгаа бол?

-Нийгэм, эдийн засгийн хүрээнд тулгамдаж буй бүх асуудлыг шинжлэх ухааны байгууллагууд шийдэж чадаж байна уу гэвэл хараахан үгүй. Ний нуугүй хэлэхэд, тийм бололцоо ч бидэнд байхгүй. Манай шинжлэх ухааны сал-барын чадавх тийм түвшинд хүрч хөгжөөгүй байна. Гэвч хэрэгцээ шаардлага их. Монгол эрдэмтэд, инженерүүдийнхээ бий болгосон судалгааны үр дүн, арга техникээр шийдвэрлэж болох, чадах асуудлууд ч олон байна.

-Энэхүү салбарт ойрын ирээдүйд хийх ажил, тулгамдаж буй асуудал гэвэл та юуг онцлох вэ?

-Нэн тэргүүнд шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарт зарцуулах Засгийн газрын санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тэргүүлэх чиглэл, цөм технологийг хөгжүүлэхэд хөрөнгө нөөцийг төвлөрүүлэх, судалгааны лабораторийн орчинг сайжруулах, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэх, гадаад улс орнуудад ажиллаж байгаа эрдэмтэн судлаачдаа өөрийн орны шинжлэх ухааны үйл ажиллагаанд татан оролцуулах, хамтарч ажиллах нөхцөл боломжийг нь бүрдүүлэх зэрэг ажлууд юм. Мөн шинжлэх ухааны салбарын мэдээллийн нэгдсэн тогтолцоог бий болгох зайлшгүй шаардлагатай байна. 2019 онд хийгдэх нэг гол ажил бол салбарын статистик, тоо мэдээллийн нэгдсэн тогтолцоог ЮНЕСКО-гоос гаргасан зөвлөмжийн дагуу олон улсын стандартад нийцүүлэн бүрдүүлж, бий болгох явдал. Энэ бол шинжлэх ухаан, технологи, инновацийн бодлогыг цаашдаа зөв авч явах, шинжлэх ухаан болон аж үйлдвэр хамтарч хөгжих сайн хөрс болно.