Categories
мэдээ цаг-үе

Мөнгөн усны мөнхийн санамж “Минамата”

“Монголын залуучуудын Япон дахь сургалт” буюу “Jenesys 2018” хөтөлбөрийн хүрээнд Монголоос очсон оюутан, залуусаас 41 хүний бүрэлдэхүүнтэй нэгдүгээр групп Японы Кюшү арлын Күмамото мужид байрлах Минамата хотыг зорилоо. Хөтөлбөрийн хуваарьт “Минимата” өвчний түүхийн музейг үзнэ хэмээн оруулсныг хараад нэг их ойшоогоогүйг нуух юун. Гэсэн ч бодит байдлыг нүдээр үзэж, чихээр сонсоод мэдэх ёстой хамгийн чухал зүйл нь энэ байжээ гэдгийг ойлгосон юм.

Минамата бол боомт хот. Нутгийн иргэд 1910 он хүртэл загас агнуур, газар тариалан эрхэлсээр ирсэн. Харин одоо тун цөөхөн иргэд газар тариалан эрхэлдэг. 100 гаруйхан жилийн дотор хот даяараа газар тариалангаас хөндийрч чадсан нь 1908 онд байгуулагдсан “Чиссо” хэмээх химийн үйлдвэртэй салшгүй холбоотой. Япондоо тэргүүн эгнээнд орох хэмжээнд хүртлээ хөгжиж чадсан уг үйлдвэр нь Минимата хотыг хөгжлийн шинэ шатанд авчирсан юм. Цэцэглэн хөгжсөн Минамата төмөр замд ч холбогдсон. Тэр хэрээрээ нутгийн иргэдийн амьдрал дээшилсэн нь мэдээж. Гэсэн ч гэнэтийн энэ их өөрчлөлт саарыг дагуулсан нь их. “Чиссо” үйлдвэр минаматачууд болоод дэлхийн нийтийн түүхэнд харамсаж, халагламаар мөнхийн санамжийг үлдээсэн. Хэдэн мянган хүний амийг авч одож, хувь тавиланг нь орвонгоор нь эргүүлсэн аймшигтай алдааг гаргасан.

Дээр дурдсанлан “Чиссо” нь химийн үйлдвэр. Тус үйлдвэр нь хамгийн анх ургамалын шим тэжээлийг нөхөх, нэмэгдүүлэх зорилгоор азотын бордоог үйлдвэрлэдэг байж. Улмаар зөвхөн азотын бордоо үйлдвэрлээд зогсохгүй пластик, нийлэг уут зэргийг үйлдвэрлэж Японы химийн үйлдвэрлэлийг өргөжүүлж чадсан байна. Тухайн үед аж ахуйн бүхий л хэрэглээнд төмрийг ашигладаг байжээ. Түүхий эдийн олдоц муу учир хуванцрыг ашиглахыг илүүд үзсэн нь энэ чиглэлийн үйлдвэрлэл хөгжих шалтаг болсон байна. Ийнхүү дэвшилтэт технологи бүрийг нэвтрүүлж байсан “Чиссо” үйлдвэр 1932 онд хуванцрыг зөөлрүүлэх шидтэй нэгэн бодис гаргаж авчээ. Энэхүү бодисыг гаргаж авахын тулд мөнгөн усыг хэрэглэсэн нь аюулын харанга дэгдээсэн байна. Үйлдвэрт ашигласан мөнгөн ус нь хүний аминд хүрэх болсон шалтгаан нь тун энгийн. “Чиссо” үйлдвэр байгуулагдсан цагаасаа эхлэн хог хаягдлаа далайд цутгадаг байжээ. Хүний биед төдийгүй далайн амьтдад хортой, хоргүйгээс үл хамааран хог хаягдлаа цутгасаар л байсан аж. Үйлдвэрийн ойролцоо ихэвчлэн үйлдвэрийн ажилчид амьдардаг байсан тул үүнийг эсэргүүцэж ганц ч үг ган хийгээгүй байсаар 1968 онд хүрчээ. Тэрхүү мөнгөн ус бүхий хог хаягдал далайн усанд шингэж загас хорджээ. Мөнгөн усны хор хөнөөл эхлээд шувуугаар дамжин илэрч эхэлсэн байдаг. Улмаар далайн эрэг дээр үйл олон үхсэн загас хөвж гарч ирэх болсон байна. Төд удалгүй загасаар дамжин хүмүүс хордож эхэлсэн байна. Үйлдвэрийн буруутай үйл ажиллагаанаас болж хүмүүс хордож эхэлсэн тохиолдол 1956 оны дөрөвдүгээр сарын 21нд бүртгэгджээ. Тэнцэвэрээ олж алхаж, ярьж чадахгүй, үе үе таталт өгсөн шинж тэмдэг таван настай охинд илэрч, “Чиссо” үйлдвэрийн харъяа эмнэлэгт хүргэгджээ. Түүний дүүд ч мөн адил шинж тэмдэг илэрсэн байна. Ийнхүү ар араасаа өвчтөнүүдийн тоо нэмэгдэж эмч нарын шүдний өвчин болсон байна. Эмч нар “Төв мэдрэлийн тогтолцооны үл мэдэгдэх өвчний тархалт” хэмээн оншилж байж. Мөн өвчтөнүүдийн гэрийг ариутгаж байсан нь нийгэмд тахал өвчин мэтээр ойлгогдход хүрчээ. Тэрхүү өвчнөөр өвчлөгдөгсдийн тоо өдөр хоногоор нэмэгдэж, тэдгээрийг хот даяараа гадуурхаж, жигшин зэвүүцэж байсан байна. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд өвчтөний гар, хөлний мэдрэхүй буурч, аливааг ойлгох, сонсох, харах, залгих чадвар буурна. Эцэст нь хүчтэй таталт өгч үхэлд хүргэдэг байна. Энэхүү өвчин нь эхээс дамжин урагт ч нөлөөлдөг. Уг өвчин дэлгэрч 1956 оны арванхоёрдугаар сард 40 өвчтөн илрүүлсэн бөгөөд тэдний 14 нь нас баржээ. Үүний учир шалтгааныг эцэслэхийн тулд Күмамото их сургуулийн эрдэм шинжилгээний баг, Минаматагийн Эрүүл мэндийн байгууллага хамтран судалгаа хийж тус өвчин нь “Чиссо” үйлдвэрийн хаягдал уснаас, тэр дундах мөнгөн уснаас үүдэлтэй гэж үзжээ. Харин тус компанийн зүгээс энэ байдлыг эрс эсэргүүцэж Токиогийн эрдэмтдийг авчран хуурамч үнэлгээ хийлгэсэн байна. Сонин хэвлэлээр уг өвчин мөнгөн уснаас үүдэлтэй биш гэх ухуулгыг хийлгэж, мөн хаягдал усаа цэвэршүүлэх байгууламжийг ч байгуулжээ. “Чиссо” компанийн захирал нь цэвэршүүлсэн усанд ямар ч хорт бодис байхгүй хэмээн олон нийтийн өмнө ууж ч үзүүлсэн байна. Яг үнэндээ тэрхүү ус нь энгийн крантны ус байсан гэдэг нь сүүлд нотлогджээ. “Чиссо” үйлдвэрийн харьяа эмнэлгийн захирал Хошокава учир шалтгааныг олохын тулд далайд хордсон загасны махыг мууранд идүүлж, хоолыг ч бохирдсон усаар зуурчээ. Туршилтын дүнд өнөөх муур ийш тийш үсчин цовхчиж, өөрийгөө удирдах чадваргүй болсон байна. Энэ талаар Хошокава компанидаа мэдэгдсэн боловч олон нийтэд мэдээлэхийг хатуу хориглож, элдвээр сүрдүүлжээ. Хэт их дарамтаас болж тэрхүү эмч ажлаа орхисон ч уг өвчнөөр өвчлөгдөгсдийн тоо буурахгүй байсанд ихэд эмзэглэж эцэст нь шүүх дээр үнэн мөнийг илчилсэн байна. Ийнхүү тус өвчин нь “Чиссо” компанийн буруутай үйл ажиллагаанаас үүдсэн нь тогтоогдсон байна. Уг өвчнийг дэлхийн нийтэд таниулах үүднээс Минамата хотын нэрээр нэрлэжээ.

Бид Минамата хотод очсон даруйдаа өнөөх “Чиссо” буюу одоогийн “JNC” компанитай танилцсан. Тус компанийн олон нийттэй харилцах ажилтан Кито И Рэ гэх эмэгтэй биднийг найрсагаар угтан авсан юм. Уулзалтын танхимд ороход бидэнд богино хэмжээний бичлэг үзүүлэхээр бэлдсэн байв. Бичлэгт компанийн үйл ажиллагаа төдийгүй аймшигт алдааныхаа тухай маш болгоомжтойгоор тайлбарлаж байв. Кито И Рэ “Миний хувьд энэ компанид орж ажилласнаараа хохирол үзүүлсэн этгээд болж байгаа. Гэхдээ би энэ өвчнөөр өвчилсөн хүүхдүүдтэй хамтдаа өсөж торнин, найз нөхөд явсаар ирсэн. Хэдий энэ өвчин гараад олон жилийг үдэж байгаа ч өнөөг хүртэл нарийн түвэгтэй харилцаа байсаар байдаг. Нэгэнт гаргасан алдааг засаж болохгүй. Тиймээс бид алдаагаа ухамсарлаж, нийгмээсээ уучлал гуйн дахин алдахгүй байхын төлөө хичээх болно. Энэ өвчнөөр өвчилсөн хүмүүст мөнгөн тусламж үзүүлэн, даатгалд хамруулж, сэтгэл зүйн тусламж үзүүлэх, хамт байж хүн хэцүүг хуваалцахын төлөө ажиллаж байна. Мөн бидний гаргасан алдааг гадны ямар ч орон, ямар ч салбарын хүмүүс битгий давтаасай гэж хүсэж байна. Мэдээж энэ өвчнөөр өвчилсөн хүмүүс өрөвдөлтэй. Гэхдээ бид алдаагаа засаад цаашид яах вэ гэдгээ бодох ёстой. Та бүхэн ямар ч тохиолдолд алдаа гаргавал засаж залруулж байгаарай. Алдаа гаргаснаа мэдсэн даруйдаа шууд болих хэрэгтэй гэдгийг санаарай” гэв. Тус компанийн буруутай үйл ажиллагаагаас үүдэн 2700 иргэн хохирсон болохыг шүүх тогтоожээ. Гэхдээ шүүхээр тогтоолгож чадаагүй 50 гаруй мянган иргэн байсан байна. Тэдний ихэнх нь мөнх бусыг үзүүлтлээ тус компанийн энэ байдлыг эсэргүүцэж, гомдол мэдүүлсэн байна. Компанийн зүгээс тэрхүү 2700 иргэнд мөнгөн тусламж үзүүлж, даатгалд хамруулан, нас барсан тохиолдолд оршуулах зардлыг өгөх ёстой. Мөн шүүхээр тогтоогдоогүй ч минамата өвчнөөр өвчилсөн гэх 50 мянган иргэнд мөнгө өгөөгүй ч эмнэлэгт үзүүлэх зардлыг гаргах ёстой юм. Анхандаа тус компани хохирлыг барагдуулахаас зайлсхийж байсан ч үнэнтэй нүүр тулж, энэхүү үйл ажиллагаа үргэлжлүүлдэг байна.

Энэхүү үйлдвэр нь 500 охин компанитай бөгөөд 31.15 тэрбум иенийн хөрөнгөтэй юм байна. Ихэнх үйлдвэрүүд нь бүрэн автомажсан учир нийт 600 ажилтантай. Тэд 24 цагаар гурван ээлжээр ажилладаг байна. Харин үйлдвэрийн гаднах үзэмж, мод, талбайг засах 400 ажилтан ажилладаг гэсэн. Үйлдвэр талбайн хэмжээгээрээ Диснайлэнд парктай эн тэнцүү буюу 250 гектар талбайтай аж. Үйлдвэрийг тойрохын тулд нийт дөрвөн км зам туулдаг байна. Бид компанийн олон нийттэй харилцах ажилтан Кито И Рэгийн хамт автобустайгаа тус үйлдвэрийг үзэж сонирхов. Үйлдвэрийг тойроход эл хульхан, нэг ч ажилтан гадуур явж харагдаагүй нь сонирхолтой санагдаж байлаа. Компанийн нууцад хамаарах учир элдэв зураг бичлэг хийж, дуу хураахгүй байхыг бидэнд сануулж байсан юм. Үйлдвэр өөрийн гэсэн боомт, уулыг сэтэлсэн тунельтэй. Томоос том хоолой, ус цэвэршүүлэх байгууламж, хэд хэдэн оффис, үйлдвэрүүд байх аж. Уг үйлдвэр өнөөдөр дэлхийн гар утасны дэлгэцний 40 хувийг нийлүүлдэг. Дэвшилтэт технологи бүхий телевизийн дэлгэц, контакт линз, принтер, памперс, цавуу, арчуур, машины будаг, силькон, акрилк, марафон гүйгчийн хурд хэмжигч ялтас, эм, эм зүйн салбарт хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж байна. Мөн 120 төрлийн бордоог үйлдвэрлээд зогсохгүй шампунь, үнэртэй ус зэрэгт орох үнэртүүлэгч, элдэв жимсний үнэр, амт гаргах бодисыг ч гаргадаг. Өөрсдийн байгуулсан усан цахилгаан станц, нарны цахилгаан станцаараа үйлдвэрийнхээ хэрэглээг хангаж байна. Мөн илүү гарсан энерги, түлшээ бусад газруудад худалддаг гэсэн. Үйлдвэр ихэнх бүтээгдэхүүнээ экспортолж, олсон орлогынхоо дийлэнх хувийг өвчтөнүүдийн нөхөн олговорт зориулдаг гэдгийг Кито И Рэ хэлж байлаа. Одоогоор тус үйлдвэр бактериар химийн бохирдлоо цэвэрлэдэг. Энэхүү аргыг дэлхийн олон салбар авч хэрэглэх болсон гэдгийг онцолж байв. Компанийн зүгээс мөнгөн ус орсон хэсгийг булж, эх газар бий болгожээ. Хаягдал ус урссан хэсэгт тор татаж загас жараахайг барьж авсан байна. Нэг торхонд л гэхэд 3500 загас жараахай хийн булжээ. Энэ ажилд нийтдээ 13 жил зарцуулсан бөгөөд 400 сая ам.доллар орсон аж. Зөвхөн хордсон амьтдыг булаад зогсохгүй олон мянган хүний аз жаргал, хувь тавилан, амьдралыг хамт булжээ. Энэ аймшигт өвчнөөр өвчилж холыг зорьсон тэдний нутгийнхан нь далайн эрэг дээр бурхад босгож, эмгэнэл илэрхийлж байжээ. Гэсэн ч тэр дор одоог хүртэл мөнгөн ус булагдсан хэвээр байгаа нь Минаматачуудын сэтгэлийн зовлон, хэзээ ч эргэж мэдэх аюулын харанга болсоор байгаа юм.

Минамата дахь далайд загас ёстой л буцалж буй мэт их. Тиймдээ ч нутгийн иргэд загас агнуураар эртнээс гаршжээ. Харин үйлдвэржилт хөгжиж, мөн минимата өвчин гарсантай холбоотойгоор загас агнуур багассан байна. Гэхдээ одоог хүртэл нутгийн зарим иргэд дарвуулт завиа хөлөглөж 400 жилийн өмнөх уламжлалт аргаараа загас агнасаар байгаа юм. Биднийг очиход ч дарвуулт завь үзэгдсэнд Кито И Рэ олзуурхан “Одоо далайд иргэд загас хуучны аргаараа загас агнадаг. Өмнөх хүнд хэцүү үе ард өнгөрсөн. Минамата хот улам хөгжиж, тайван сайхан амьдрал үргэлжилж байна” гэж байлаа. Чимээгүй тахал болсон тэрхүү аймшигт өвчин саяхан л энд тарж, олон гэр бүл хагацал, өнчрөл, цөхрөл, шаналлыг үзсэн гэхэд энэ хот аанай л тайван, нулимсаар дүүрч, үерлэхээ дөхсөн өнөөх далай гүн цэнхэртэн, аядуухнаар давалгаалах нь ёстой л амьдралын жам гэлтэй.

Бид үйлдвэртэй танилцсаныхаа дараа “Минимата” өвчний түүхийн музейг үзэж сонирхсон юм. Өвчнөөр зовж шаналсан иргэд, туршилтад орсон муур, тухайн үеийн нөхцөл байдлыг илтгэсэн зургууд байх аж. Музейн тайлбарлагч бидэнд энэ өвчний талаарх үнэн мөнийг өнгө будаггүй дээр дурьдсанчлан өгүүлсэн юм. Өвчлөгсдийн зүгээс “Moyai naoshi” гэх үгийг гаргах болжээ. Энэ нь өнгөрсөн бүхнээс болж ирээдүйн нийгмээ сүйтгэхгүйн төлөө сэтгэлээ нээж, өөрсдийн орших жижиг онгоцоо хооронд нь холбоё гэсэн утгатай аж. Минамата хотын хүүхдүүдийг хаана ч очсон гадуурхаж, цээрлэдэг байдал одоо ч хэвээрээ байдаг гэнэ. Энэ нь тус өвчнөөр өвчлөгсдөд ихэд хүнд тусдаг байна. Тиймдээ ч тэд дээрх үзэл баримтлалыг санаачилсан байх. Гэхдээ ямар ч арга хэрэглэлээ гэсэн тэдгээрийн харуусал, гомдол цөхрөл хэзээ ч үл дуусна гэдгийг музейн тайлбарлагч хэдэнтээ онцолж байсан. Одоог хүртэл “JNC” компани болон хохирогч тал бүрэн ойлголцолд хүрээгүй хэвээр, гомдол мэдүүлсэн хэвээр байгаа.

Улмаар бид минамата өвчнөөр нөхөр, охиноо алдсан Еико Уено гэх 90 настай эмээтэй уулзлаа. Тэрээр “Нөхөр минь анх загасан тороо өргөж гарч ирэхдээ чичирхийлж эхэлсэн. Энэ байдал нь улам хүндэрч ярьж чадахаа ч больсон. Эмч үзээд “Ойлгомжгүй, гажиг өвчин туссан байна “Чиссо” компанийн эмнэлэгт үзүүл” гэсэн. Эмч нар нөхрийг минь шулуун зураасаар явуулж, тамхи асаалгаж, цаасан дээр нэрийг нь бичүүлж, хувцсыг нь өмсүүлж тайлуулж хүртэл үзсэн. Эмнэлэгт байх хүмүүс нөхрийг минь дэлгэрээд буй гажиг өвчин тусч хэмээн ихэд гадуурхаж байсан сан. Тэр үед би есөн сартай жирэмсэн байлаа. Тиймдээ ч над руу хүйтэн харцаар харах хүмүүсийн өөдөөс муухай харахаас өөрийг би хийж чадаагүй. Нөхрийн минь бие өдрөөс өдөрт муудаж байв. Хүссэн үйлдлээ хийж чадахгүй болохоор нөхөр минь ихэд уцаарлана. Нэг удаа маш их бухимдаж орилж, хашгирч, газар унасан юм. Тэрээр юу ч хийж чадахгүй нүднээсээ том, том нулимс унагааж байсан нь тодхон санагдаж байна. Сүүлдээ хүмүүс биднээс цээрлэж, эмч нар ч ирж үзэхээ больсон. Түүний аав нь хүүгээ нутаг руу нь авч явъя гэсэн боловч нөхөр маань “Би гэртээ үхнэ. Та нарыг дахиад ирвэл би хөөнө шүү” гэж хэлсэн. Аавтайгаа сүүлийн удаа уулзсан нь энэ юм. Тэр үдэш нөхөр минь чанга дуугаар цурхиран уйлсан. Энэ явдал эхэлснээс найм дахь өдрийн дараа нөхөр маань хэвтэж байснаа босч харайн, шууд шалан дээр унаж, өрөөгөөр ийш, тийш гүйн, намайг ч түлхэж байлаа. Гар хөл нь элдэв зүйлд зүсэгдэн нэлэнхүйдээ цус болсон. Эмнэлэгт хэвтээд гурав хоногийн дараа нөхөр минь үүрд нүд аньсан. Энэ өвчин бидэнд эцэг, үрийн баяр баяслыг нэг ч удаа амсуулаагүй юм. Энэ явдлаас хойш зургаа хоногийн дараа охин минь төрсөн. Охин Рико минь ч мөн адил минамата өвчнөөр өвчилж, гурван жилийн турш зовж шаналсаны эцэст нас барсан. Тэр үед би юу ч сонсдоггүй охиндоо “Үхэж болохгүй шүү” гэж орилж байлаа. Охин минь төрснөөсөө хойш нэг ч зүйлийг харж, өвчтэй болгосон ээждээ цухалдаж ч чадалгүй амьсгал хураасан. Би охиноосоо уучлал эрэн хоёр өдрийн турш уйлсан юм. Охин минь энэ өвчнөөр өвчилсөн олон хүүхдийн төлөө үхсэн хойноо ч биеэ сийчүүлсэн. Учир нь Күмомотогийн их сургуулийн эмч нар задлан шинжилгээ хийж байж адил шинж тэмдэгтэй хүүхдүүдийг эмчилж чадна хэмээн хэлсэн юм. Задлан шинжилгээний өрөөнд ороход надад яг л гал тогоо мэт санагдаж байлаа. Энд тэнд цус болсон хутга байв. Тэр үед би охиноо аваад зугтаамаар байсан ч юу ч хийж чадаагүй. Дөрвөн сарын дараа шинжилгээний хариу гарч ургийн сэдэлт минамата өвчин болох нь тогтоогдсон. Би тэр үед энэ бол минамата өвчин гэж хэлэхэд огт тоогоогүй эмч нарт маш их гомдож байлаа. Миний хувьд дараа нь дахин жирэмслэх боломжгүй болсноо ч мэдсэн. Минамата өвчний бага зэргийн шинж тэмдэг охиноо алдсанаас хойш надад илрэх болж, бие чичирдэг болсон. Энэ хугацаанд би хичнээн их уйлж, бусдад доромжлуулж, ямар зовлон туулж ирснийг та бүхэн төсөөлөхгүй байх. Мөнгөний төлөө байгалиа бохирдуулбаас бусдад ямар их зовлон учирдгийн энэ жишээнээс харж болно. Та бүхэн эрүүл энх байгаарай” гэв. Түүний хувьд минаматагаар өвчилсөн өвчтөнүүдийг асрах байгууллагад ажиллаж байжээ.

Мөнгөн ус хичнээн хор хөнөөлтэй болохыг олон мянган хүн амиа золин ойлгуулж, гашуун сургамж үлдээсэн нь энэ юм. Уг өвчнийг дэлхий нийт бүрэн эмчилж чадаагүй хэвээр байна. Одоо ч уг өвчнөөр шаналж буй иргэд цөөнгүй байгаа юм.

Үргэлжлэл бий.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Болд: Швейцарийн тал хулгай, хууль бус үйл ажиллагаатай тэмцэхэд хамтран ажиллана гэдгээ илэрхийлсэн

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Та Ж.Батзандан гишүүний хамтаар шинэ нам байгуулсан. Шударга ёсны төлөө амиа ч өгөхөд бэлэн хэн ч бай шинэ намд элсэж болно гэж та хэлсэн. Үнэхээр амь эрсдэхээр тийм зүйл болох гээд байгаа хэрэг үү. Яагаад ингэж хэлсэн юм бэ?

-Энэ цаг үе хувьсгалын цаг үе юм. Маш их мөнгөтэй, баялгийг эрхшээлдээ оруулчихсан, баялгийн төлөө яахаас ч буцахаа байчихсан, дуртай хүнээ ялалдаг хүмүүсийн өмнөөс сэтгэлийн хөөрлөөр тэмцэхгүй л дээ. Тийм учраас бид намаа хоёр төрлийн гишүүнчлэлтэй болгож байгаа. Нэг хэсэг нь дэмжигчид байх бол нөгөөх нь идэвхтэй гишүүдээс бүрдэх юм. Идэвхтэй гишүүд татвар төлж, сонгуульд оролцож, ёстой л амиа золиослоход ч бэлэн байна гэсэн үг. Учир нь манай намын зорилго тун том юм. Л.Болд, Ж.Батзандан хувь улстөрчийн хувийн сонирхлыг гүйцэлдүүлсэн компанийн нам биш байна. Бид ард түмэндээ өртэй. Талбай дээр 30 гаруй мянган хүн идэр есийн хүйтэнд цуглаж, бид бүхний тэмцэлд итгэж байгаа гэдгээ илэрхийлсэн. Одоо бол зэвсэг барьж тулалддаг цаг өнгөрсөн. Халхын голын дайн болох орон зай байхгүй. Харин өнөөдөр бид нойр хоолоо умартан, амь амьдралаа зориулан тэмцэх ёстой. Эх орныхоо баялгийг гадагш нь ачаад яваад, тэр мөнгөөрөө энэ улсыг хүчгүйдүүлж, сулруулж байгаад мөхөөх гэсэн хүчинтэй бид тэмцэнэ. Энэ утгаараа амь эрсэдсэн асуудал шүү гэдгийг хэлсэн. Харин хүмүүс их мушгин гуйвуулж байх шиг байна лээ.

-Шинэ нам 2020 оны УИХ-ын сонгуульд өрсөлдөж таарах байх. Намын цаашдын үйл ажиллагааны талаар тодруулаач?

-Одоо бол нам 801 гишүүнтэй байна. Л.Болдын, эсвэл Ж.Батзандангийн нам гэж бүртгэгдээд явж болно л доо. Гэхдээ ингэмээргүй байгаа юм. Энэ бол хувьсгалаар гарч ирж байгаа нам юм. 1990 онд Ардчилсан нам ингэж гарч ирсэн. Нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн буухиа нь болж гарч ирэн, олон намын систем бий болсон. Энэ удаад ч гэсэн шударга ёсны том хувьсал бий боллоо. Гэхдээ баялгийн төлөө тэмцэл хийж гарч ирж байна. Тэр утгаараа энэ намын хийх ажил нь тодорхой юм. Үүнд олон түмэн өөрсдөө нэгдэж дор хаяж 20, 30 мянган гишүүн, дэмжигчидтэй нам бүрэлдэх хэрэгтэй. Улмаар дараа нь бусадтай хамтарч эсвэл дангаараа явсан ч, сонгуульд өрсөлдсөн ч энэ зорилгынхоо төлөө урвахгүй явах, элдэв давхар бодолгүй хүмүүсээ ард түмэн өөрсдөө шилж гаргаж ирэх ёстой юм. Бид дээрээс нэг ч асуудлыг зохион байгуулахгүй. Өөрсдийн сонирхлыг бүлэг зэргийг гаргаж ирэхгүй. Өнөөдрийн нийгэмд хулгай хийж байгаагаа бизнес, худлаа ярьж байгаагаа улс төр гэж ойлгодог болчихжээ. Энэ бүхнийг Монголын улс төр, эдийн засаг, бизнесийн салбараас алга болгоно. Энэ бүхнийг эцэс болгохын тулд дээр нь гарсан хэдэн хүний хүслийг тулгах биш, ард түмний дуу хоолойг хүргэх бололцоог нь олгоно. Одоогийн байгаа намууд бүгд хаалттай байна. Том хоёр нам нь мафийн тогтолцоонд орчихсон. Үнэхээрийн мэдлэг боловсрол, ур чадвартай, шударга, төрд хэрэгтэй хүн байсан ч дээш гарах ямар ч бололцоо байхгүй. Дүүргийн түвшинд ч гарч ирэхгүй. Дээр нь байгаа хэдэн хүн үр хүүхэд, ах дүү хамаатан садан, найз нөхөд, өөрсдийнхөө бүлэглэлээсээ л оруулдаг. Ард түмний дэмжлэгтэйгээр сонгуульд ялалт байгуулсан бол тэдний хүсэл бодлогыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Гэтэл дуртай зүйлээ зүйлээ хийж, хүссэн өмчөө хулгайлдаг дээрмийн багаж, хуйвалдааны нууц өрөө болгож хувиргачихаад байна.

-АН-ын дарга С.Эрдэнэ таныг намын гишүүнчлэлээсээ хасагдаагүй байгаа гэж ярьсан. Та одоог хүртэл гишүүнчлэлээсээ гараагүй байгаа хэрэг үү?

-Хуулиа унших ёстой л доо. Тэд нар ингэж чаргууцалдахыг л хүсч байгаа байх. Гэхдээ бүх хуулиар намын гишүүн байх эсэхийг иргэн өөрөө мэднэ. Үүн дээр ямар ч эргэлзээ байхгүй. Би арванхоёрдугаар сарын 4-нд АН-аас гарсан. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн мандатыг намаас бус ард түмнээс авсан. Ямар бүлэгт харьяалагдах эсэх нь УИХ-ын гишүүний бүрэн эрх. Үүнд хэн ч халдах эрхгүй. Ингэж ярьж байгаа нь ганц сар ч болтугай бүлэгтэйгээ байх гэсэн С.Эрдэнэ даргын явуургүй арга. Тэртэй тэргүй би АН-д байхгүй. Хаана ч очиж Л.Болд АН-д байгаа гэж хашгираад нэмэргүй. Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдана гэдэг ноцтой шүү. Уг нь би бүлгээс гарсан тухай өргөдлөө М.Энхболдод өгсөн юм. Тэр үед АН-ын бүлэг найман гишүүнтэй боллоо гэж зарлаагүй. Нэгдүгээр сарын 17-нд АН Ж.Батзанданг бүлгээсээ гаргасан. Энэ үед ч М.Энхболд дарга АН албан ёсоор бүлгээ тараалаа гэж зарлах ёстой байсан. Энэ тухай зарлаагүй учир би М.Энхболд даргыг Цэцэд өгье гэж бодож байсан ч төд удалгүй огцорсон юм. Одоо Г.Занданшатар дарга хуулиа биелүүлж энэ талаар УИХ дээр зарлах ёстой. Хэрэв зарлахгүй бол би Цэцэд өгөх болно. АН хууль ноцтой зөрчиж, УИХ-ын гишүүнийг боогоод богтлоод, ширээнийхээ булан руу чихчихсэн юм шиг байж болохгүй.

Мөн тарчихсан бүлгийн нэрээр төрөөс цалинжиж байгаа Д.Золжаргал гэж нөхөр өдөр болгон намайг твиттерээр доромжилж байна. Хатсан навч, зайл, ямар шаар ч гэнэ үү янз бүрээр л доромжилж байгаа харагдана. Намайг байх үед АН-ын бүлэг байгуулагдаж тэр хүн өнөөдрийн энэ ажлын байран дээр очсон. УИХ-ын гишүүн хүнийг төрийн алба хашиж байгаа хүн ийм байдал гаргах нь хэр ёс зүйтэй эсэхийг мэдэхгүй юм. Тэгэхээр ядаж энэ хүнд яаралтайгаар намайг доромжлох эрхийг нь өг. Хурдхан шиг ажлаас нь чөлөөлөх хэрэгтэй. Гудамжинд гарчихсан хойноо хүнийг доромжилдог үндсэн ажлаа хийг.

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан иргэн С.Баярцогтын оффшор дансны мэдээллийг Швейцарийн холбооны улсад айлчлах үеэрээ авчирсан гэдгээ мэдэгдсэн. Энэ нь боломжтой юу?

-Т.Аюурсайхан гишүүн маш ойлгомжтойгоор тайлбаруудаа өгсөн байна лээ. Айлчлалд УИХ-ын даргаас гадна долоон гишүүн явсан. Бүгд өөр, өөрийн шугамаар уулзалтууд хийсэн юм. Би Монгол Швейцарийн бүлгийн дарга байсан хүний хувьд өмнө нь эхлүүлж байсан болоод хамтын ажиллагааны асуудлуудаар яриа хэлэлцээр хийсэн. Мөн УИХ-ын даргын үндсэн хөтөлбөр хэрэгжээд явсан. Т.Аюурсайхан гишүүн өөрөө Оффшорын эсрэг лобби бүлгийн дарга хүн. Тэр хүрээндээ энэ айлчлалд бэлдээд тодорхой үүрэг гүйцэтгэсэн гэж мэдээлэл өгч байна лээ.

-С.Баярцогт дээрх мэдээллийг үгүйсгэж Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан байж болзошгүй хэмээн ярьсан. Дипломат шууданг ямар шугамаар ирэх ёстой байдаг вэ. Тийм хялбархнаар задлаад уншчихаж болдог эд үү?

-Дипломат шуудан задарсан гэж ойлгохгүй байгаа. Тийм бололцоо ч байхгүй. Хэрэв дипломат шуудан задалсан бол хууль зөрчсөн зүйл болно шүү дээ. Угаасаа Швейцарийн холбооны улсад УИХ-ын даргын түвшний айлчлал хийж, энэ олон гишүүд хамт оролцож байгаа нь маш их ач холбогдолтой хэрэг. Монгол Улс Швейцарийн холбооны улсад ач холбогдол өгч байгааг харуулж байгаа юм. Учир нь Швейцарь бол манай улсын хөгжлийн загвар. Бид Азийн Швейцарь болох ёстой. Бид үүнийгээ хүлээн зөвшөөрч Швейцарьтай хөгжлийн хамтын ажиллагааны асуудлаа шинэ шатанд гаргах эсэхийг шийдчихээд ирж байгаа юм. Дээрээс нь Швейцарь Монгол Улсад хамгийн их тусламж үзүүлж буй орны нэг. Одоогоор 150 сая ам.доллар бэлэглэчихээд байгаа. Дахиад 52 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр ярьж байна. Маш олон чухал хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Үүнийг Монголын парламент үнэлэх ёстой биз дээ. Тиймдээ ч бүх нам, хүчнээс бүрдсэн төлөөлөл очиж Швейцарийн гавьяаг үнэлж байгаа юм.

Нөгөө талаар Швейцарь дэлхийн санхүүгийн төв учраас олон орны хууль бус, татвараас зугтаалгасан мөнгөнүүд тийшээ орж байдаг. Швейцарийн холбооны улсад хулгайн мөнгөн дээр амьдрах шаардлага байхгүй. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орон учраас энэ байдлаасаа салж байгаа юм билээ. Монгол Улсын зүгээс танай улсад манай маш их хууль бус мөнгө байна, тэдгээрийн мэдээллийг олохгүй байна гэхэд “Танай улстай эрх зүйн харьцааны гэрээг байгуулъя. Одоо ч хуулийн хүрээнд шаардлагатай мэдээллүүдийг бид өгье” гэсэн. Энэ айлчлал цаг алдаад байсан асуудлыг түргэвчилж, ажил хэрэг болгох эхлэлийг тавьж өгч байгаа юм. Ер нь ийм том айлчлалаар л аливаа том ажил хөдөлдөг. Гадаад харилцааны яаманд байх үед бид төрийн тэргүүнүүдийн өндөр дээд айлчлалаар л томоохон ажлаа бүтээдэг байлаа шүү дээ. Тиймдээ ч УИХ-ын даргын энэ удаагийн айлчлалаар бид олон сар жил хөөцөлдсөн ажлаа бүтээсэн. Үүнийг л олон нийтэд мэдэгдлээ гэж харж байгаа.

-Тэгэхээр Т.Аюурсайхан гишүүнд тэрхүү мэдээллийг Швейцарийн тал шууд өгчихсөн хэрэг үү. Эсвэл банкнаас авчихсан юм уу?

-Түүнийг АТГ-аас л асуух хэрэгтэй. Хуулийн байгууллагуудын шугамаар явдаг л даа. Гадаад яамаараа дамжуулж мэдээлэл өгдөг. Банк нь ч гэсэн хуулийн байгууллагадаа өгдөг, хуулийн байгууллага гадаад яамандаа өгнө. Гадаад яам нь мөн манай яаманд өгснөөр хуулийн байгууллагад очно. Ийм л процесс. Үүн дээр УИХ-ын гишүүдийн үүрэг нь энэ үйл явцыг хэрэгжих, бүтэх тал дээр нь тус нэмэр болох юм.

-Т.Аюурсайхан гишүүн би энэ мэдээллийг авчирлаа гэж яриад байгаа л даа.

-Яахав цаг хугацаа нь таараад дипломат шуудан авчирсан юм байна л даа. Ирж байгаа дипломат паспорттой хэнээр ч хамаагүй мэдээллээ дамжуулдаг юм. Энэ айлчлалд шахагдаад мэдээллүүд нь бэлэн болоод дипломат паспорттой гишүүдээр дамжуулсан юм байлгүй. Надаар дамжуулаагүй учраас би түүнийг мэдэхгүй.

-Мэдээлэл нь ил болчихсон байхыг бодоход задлаад уншчихсан хэрэг биш үү?

-Дипломат шууданг задлах бололцоо байхгүй. Лац, тэмдэгтэй байдаг. Гадаад харилцааны яам тусгай протоколтой л задалдаг юм.

-Айлчлалын үеэр Швейцарийн холбооны улсаас “Оффшорын бүсэд манай улсыг багтаалаа” хэмээн сэтгэл дундуур байгаагаа хэдэнтээ илэрхийлсэн гэсэн. Энэ асуудал дээр та бүхэн ямар тайлбар өгсөн бэ?

-Оффшор нь Европын холбооны хар жагсаалттай адилхан буруу ойлголттой байсан юм билээ. Бид нарын зүгээс албан тушаалтнууд мөнгө хулгайлж, нууж далдалж болохгүй, ингэсэн тохиолдолд Швейцарийн холбооны улсад тайлан мэдээллээ өгч байх ёстой гэсэн зүйлийг ярьдаг. Гэтэл үүнийг “Манай улсыг та нар хар жагсаалтад оруулчихсан” гэж яриад байгаа юм. Өөрөөр хэлбэл, Швейцарийн хөрөнгө оруулалт Монголд орж болохгүй, Монголынх Швейцарь луу орохгүй, хувийн секторуудыг бүгдийг нь хязгаарлачихсан гэсэн буруу ойлголттой болчихсон байсан юм билээ. Саяын айлчлалаар энэ ойлголтуудыг залруулсан. Швейцарийн талаас “Та бүхнийг зовлонг ойлгож байна. Хулгайтай, хууль бус үйл ажиллагаатай тэмцэх нь зөв. Бид үүнийг дэмжиж, хамтран ажиллана” гэдгээ илэрхийлсэн юм. Тэр талаасаа маш амжилттай айлчлал болсон. Ер нь бол бид Швейцарь улсад онцгой ач холбогдол өгөх ёстой. Энэ бол бидний ирээдүйн хөгжлийн загвар мөнөөс мөн.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаяр гуай шоронд ороод огт хүмүүжээгүй байх юм

Н.Энхбаяр гуай шорон оронд орж түмэн олныг багагүй хугацаанд шуугиулж, эцэст нь төрийн өршөөлөөр суллагдсан байх. Одоо бол тэтгэврийн насны хүн. Өнөөх олны анхаарлын төвд орчихоод буй Е.Сагсай гэх прокурор мөн л тэтгэврийн насны хүн шиг байгаа юм. Товчхондоо эд нар ач, зээтэй өвөө нар болов уу. Гэтэл Н.Энхбаяр телевизээр “Сагсай прокурор шалгаж байгаа хүнийхээ эхнэрийг зүй бус бэлгийн харьцаанд оруулж, нөхрийг нь хэргээс мулталдаг” гэж жишим ч үгүй ярьж суух юм. Нөгөө хүн нь энэ яриаг сонсоод дуугүй өнгөрнө гэж үү. Хэн ч байсан өрвөлзөж л таарна. Тэр бүү хэл онц ноцтой гэмт хэрэгт гүтгэлээ гэж шүүх, цагдаад тулах байлгүй. Хэрэг нээн

Н.Энхбаяр гуай шоронд ороод огт хүмүүжээгүй байх юмсэжигтэн, яллагдагч болоод явчихвал “Адгийн зарга арван хоног” гэгчээр дор хаяж хоёр жилийн зарга үүснэ. Дахиад яллагдчаар татагдсан хүн УИХ-д нэр дэвшихгүй болно. Энэ хугацаанд бүх сонгуулиуд болоод өнгөрөх нь мэдээж. Үгүй ээ мөн ч засрахгүй хүн юм даа. Өдий насны хүн зарим үгээ залгиж сурсан баймаар юм гэж халагламаар санагдах юм.
Ер нь манай улс төрийн ийм ахмадууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа үгээ бодож, цэнэж, тунгааж байж унагаж баймаар сан. Болдоггүй л юм байх даа. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, Буянгийн Жагаа, шударга Ц.Нямдорж нар бүгд л хамаа замбараагүй ярьцгааж харагддаг. Угтаа бол 60 хол давчихсан, тэтгэвэртээ сууж байгаа, тэтгэврийн насны хүмүүс л санагдах юм. Ядахдаа ач, зээ нар нь “Өвөө би танаас ичиж байна. Та телевизрээр тэгж хэлсэн гэнэ. Манай найз нар намайг шоолоод байна” гэж зэмлэдэггүй л юм байх даа.
Н.Энхбаяр гуай шоронд ороод бүр эвдэрчихжээ. Өөрөө ч энэ тухайгаа телевизээр “Намайг шоронд хүмүүжээгүй, хүмүүжилгүй хүн гээд сонгуульд нэр дэвшүүлээгүй” хэмээн ярьж байна лээ. Үнэхээр ч хүмүүжээгүй байна. Ярьж хэлж байгаагаас нь эрүүгийн том гэмт хэрэгтэн өс хонзонгоо зарлаж байгаа мэт л дүр зураг харагдах болсон гэхэд хилсдэхгүй болов уу.
Categories
мэдээ цаг-үе

Ч.Отгочулуу: Тодорхойгүй асуудлаар шуугиан тарьж улс төрийн оноо авах гэж бүү оролдоосой

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


-Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой хэргийг ЦЕГ, АТГ хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Үүнтэй холбоотойгоор Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, Гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг баривчиллаа. Энэ үйл явдлыг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Хууль хяналтын байгууллагууд ажлаа хийж, шалгах ёстой. Гэхдээ нийгэмд тодорхойгүй байгаа асуудлаар шуугиан тарьж улс төрийн оноо авах гэж бүү оролдоосой л гэж бодож байна. Хоёрдугаарт, Таван толгой, төмөр зам, цахилгаан станц зэрэг том төслүүд хэрэгжих ёстой. Энэ төслүүд мэдээж гаднаас хөрөнгө оруулалт босгож таарна. Энэ үед хамгийн туршлагатай, нэр хүндтэй банк нь Худалдаа хөгжлийн банк байгаа юм. Тэгэхээр салан баавгайн үлгэр шиг нэг асуудлаа цэгцлэх гэж гадны хөрөнгө оруулалт, банк санхүүгийн орчныг бусниулж, сөргөөр нөлөөлөхүйц зүйл битгий хийгээсэй гэж бодож байна. Ер нь Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг тойрсон хөндлөнгийн, хараат бус, мэргэжлийн хэлэлцүүлэг өрнөж өгөхгүй байна л даа. Засгийн газраас нэг талыг барьсан мэдээллийг маш их цацаж байна. Төр нь хувийн хэвшил, үйл ажиллагаа явуулж буй бизнесмэнүүдээ эрх мэдлээрээ далайлгах нь буруу. Хөрөнгө оруулалтын орчинд сөрөг нөлөө үзүүлэх үйл явдал боллоо л гэж үзэж байна.

Манай уул уурхайн салбар, стратегийн ордууд эдийн засагт маш чухал нөлөө үзүүлдэг. Энэ асуудлыг энэ мэтчилэн хүч түрж шийдэх хэрэг байсан уу, үгүй гэдгийг бодох хэрэгтэй. Мэдээж асуух, шалгах шаардлага гарах байх л даа. Гэхдээ хэвлэл мэдээллийнхнийг цуглуулж хүч хэрэглэсэн, түрэмгийлсэн байдалтайгаар хорьж, барьж байгаа нь санаа зовоож байна. Манайх чинь ардчилсан улс шүү дээ.

-49 хувийг худалдан авсан 400 гаруй сая ам.долларын 72.4 хувийг төрөөс, үлдэх 27.6 хувийг Худалдаа хөгжлийн банк гаргасан байх магадлалтай гэдгийг Засгийн газар мэдэгдээд байна. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахын тулд дөрвөн эх үүсвэрээс мөнгө босгосон гэж яриад байгаа. Та энэ үйл явцыг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Би хэвлэл мэдээллийнхний өгч байгаа мэдээллийн хүрээнд л мэдэж байна. Энэ асуудал дээр хөндлөнгийн мэргэжлийн баг дүгнэлт хийх ёстой. Учир нь бүхий л арилжааны банкууд төв банкаасаа зузаатгал хийдэг. Монгол Улсад мөнгө хэвлэх, тараах эрх бүхий монополь байгууллага нь ганцхан Монголбанк. Үүнийг цааш нь эдийн засгийн эргэлтэд оруулах эрх, үүрэг нь арилжааны банкуудад бий. Гэтэл ердийн журмаар авсан мөнгө мөн эсэхийг ялгаж салгахгүйгээр харлуулаад байгаа нь хэт нэг талыг барьсан юм шиг харагдаж байна. Миний ойлгож байгаагаар энэ бол ОХУ-д болсон хувьчлал. Энэ мөнгийг авахад төр, хувийн хэвшлээсээ үл хамаарч монголчууд өөрсдөө л хамтарч ажиллаж таарна. Хувийн хэвшил өөрөө мөнгө үйлдвэрлэж чадахгүйгээс хойш мэдээж Монголбанкны хэвлэсэн мөнгийг ашиглана. Эсвэл Монголбанк дээр байгаа ам.долларыг л ашиглана шүү дээ. Жишээ нь, БНХАУ төрийн болон хувийн өмчтэй компаниуддаа асар хямдхан зээл өгч, гадаадад байгаа бүх ордуудыг худалдаж авахуулж байна. Ерөөсөө л гадагшаа хөрөнгө оруулалт хийгээд байна. Гэтэл манайх дотооддоо ч хөрөнгө оруулалт татаж чадахгүй байна. Дээрээс нь гадаадад байсан өмчийг худалдаж авна гэдэг нь гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтын томоохон эхлэл байсан юм. Япон, БНСУ-ын хөгжлийн нэг нууц нь гаднаас хөрөнгө оруулалт татсан явдал. Дараа нь гадагшаа хөрөнгө оруулалт хийдэг болсон. Эрдэнэтийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авна гэдэг бол гадагшаа хөрөнгө оруулалт хийж, өрсөлдөх чадварыг сайжруулсан л арга хэмжээ болсон юм. Ирээдүйд бид дэлхийтэй өрсөлдөж амьдарна. Дэлхийн эдийн засгийн гадаад худалдаа ноёлдог байсан бол одоо шууд хөрөнгө оруулалтыг эзлэх болсон. Гадаадын шууд хөрөнгө оруулалтуудыг үндэстэн дамнасан корпорациуд л гүйцэтгэж байна. Сингапур, БНСУ, БНХАУ, Япон зэрэг улсуудыг хараад байхад үндэстэн дамнасан компани, банкуудаа маш сайн дэмжээд байгаа юм. Манайх дэлхийтэй өрсөлдөхийн оронд багахан томорч байгаа компаниудаа өөрсдөө барьж, хорьж, нухчин дараад байна. Бид ирээдүйд яаж гадаадтай харилцаж, хэрхэн дэлхийтэй өрсөлдөх юм. Дэлхийтэй өрсөлдөхийн тулд бидэнд том банк, аж ахуйн нэгжүүд хэрэгтэй байна. Тийм байтал дундад зууны үеийнхэн шигээ нэг нэгнээ хэмлээд байвал яаж эдийн засаг томрох юм бэ.

– ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг төрийн мөнгөөр худалдаж авсан гэж мэдэгдээд байгаа л даа…

-Засгийн газар хэтэрхий нэг талыг барьсан мэдээлэл цацаад байгаа. Би хувьдаа үүнд итгэхгүй байна. Төрийн мөнгөөр авахгүйгээр ОХУ-ын мөнгөөр авах юм уу. Худалдаа хөгжлийн банк өөрсдөө мөнгө үйлдвэрлээд авах уу. Мэдээж л улсын мөнгөөр авна шүү дээ. Хувийн компани гаднаас хөрөнгө оруулалт хийж болохгүй гэсэн хууль манайд байхгүй шүү дээ. Түр зуур төртэй зээлийн харилцаатай байсан байж болно. Нэгэнт зээлээ авчихсан бол тухайн компанийн л эзэмшлийн асуудал. Жишээ нь, Монгол Улсын иргэн Хаан банкнаас зээл авчихлаа, харин Хаан банк нь Монголбанкнаас зузаатгал хийгээд зээл авчихсан байя гэж бодъё. Тухайн иргэн Хаан банкнаас авсан зээлээрээ машин худалдаад авчихаж л дээ. Тэр тохиолдолд төрийн мөнгөөр машин авч унасан байна гээд хурааж аваад, өмчлөлийг нь авчихаж болохгүй биз дээ. Иймэрхүү л юм болоод байгаа юм. Үүний үнэн мөнийг зөв тогтоож, хамгийн гол нь хөндлөнгийн үнэлэгээ, дүгнэлтийг оруулаасай л гэж бодож байна.

-Тэгвэл Эрдэнэтийн 49 хувийг Монголын тал авснаараа ямар давуу тал бий болсон юм бэ?

-Мэдээж монголчууд үндэснийхээ үйлдвэрийг 100 хувь өмчлөөд явах эрхтэй болсон. Дээрээс нь төр, хувийн хэвшил стратегийн том орд дээр хамтарч ажиллаж суралцах хэрэгтэй болж байна. Мөн гадаад руу гарч байгаа ногдол ашгийн урсгал Монголдоо үлдэх боломж бүрдсэн. Дээрээс нь цалин, нийгмийн даатгалын шимтгэл гээд Монголдоо үлдэх зүйлүүд нь нэмэгдэж байгаа юм.

Дан ганц төр хариуцвал эрх баригч намын сонгуулийн санхүүжилтэд бүрэн зориулагддаг нь нууц биш. Үүнийг зогсоосон. Мөн Монголын төр Эрдэнэтээс татвар, роялтигаа хангалттай авчихаж байгаа юм. Төр нэг ч ам.доллар гаргахгүйгээр Эрдэнэтийн борлуулалтын орлогын ихэнх хэсгийг татвар, роялти хэлбэрээр аваад байгаа.

-Гэхдээ “Эрдэнэт үйлдвэр” компанийн 49 хувийг авах боломж тухайн үеийн Засгийн газарт байсаар байхад үүнээсээ татгалзаж, хувийн аж ахуйн нэгжид давуу байдал олгосон гээд байгаа. Энэ тухайд?

-Эрдэнэтийн 49 хувь ОХУ-ын Төрийн өмчийн яамны харьяа байсан юм билээ. Улмаар “Ростех” руу шилжүүлсэн. Шилжилтийг манай улс протоколоор хүлээн зөвшөөрдөг. Энэ асуудал Их хурал дээр хоёр жил гацсаны эцэст 2015 онд “Ростех” руу шилжсэн юм. ОХУ өөрөө хориг арга хэмжээнд орчихсон, өмч хувьчлал явуулна гэдгээ зарлачихсан байсан. Тиймдээ ч Эрдэнэтийн 49 хувийг хувьчилсан. Тендер нь хаалттай явагдсан юм билээ. Нийт таван аж ахуйн нэгж өрсөлдөөд урьдчилсан байдлаар Монголын компани ялсан байдаг. “Ростех”-ийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг монголчуудад нь өгөх сонирхолтой байгаа гэдгээ мэдэгдсэн байдаг юм. Засгийн газарт ч сонгон шалгаруулалтынхаа талаар мэдэгдэж, хэрвээ хүлээн зөвшөөрч байвал наймаа хийе гэдгээ уламжилсан. Тендерт оролцсон компаниуд ч хэрвээ ялбал Монголын Засгийн газраас зөвшөөрөл авна гэсэн нөхцөлтэйгөөр өрсөлдсөн гэж ойлгосон. Цаг хугацааны хувьд сонгуулийн өмнө таарч л дээ. Сонгууль дөхчихсөн учраас УИХ завсарлачихсан, хуралдуулах боломжгүй байж. Олон улсын гэрээний тухай хууль, протоколийг нь харахаар нэгэнт нөгөө тал хувь эзэмшигчээ сольчихсон тохиолдолд тэр протоколь албан ёсоор хүчингүй болж, тэрийг нь Засгийн газар УИХ-д нөхөж танилцуулах зохицуулалттай байдаг байх.

Засгийн газар худалдаж авах боломж байсан уу гэвэл, үгүй. Хамгийн том нотолгоо нь 2016 оны сонгуулийн дараа тухайн үеийн Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн хийсэн мэдэгдэл юм. Тэрээр “Төсвийн алдагдал эдийн засгийн 39 хувьд хүрчихсэн байна. Төсөв улайчихжээ” гэх том мэдэгдлийг хийсэн. Тухайн үед төрд мөнгө байгаагүй. Зэсийн үнэ 4500 төгрөг, нүүрсний үнэ 30 ам.доллар болоод уначихсан л байсан шүү дээ. Тэр үед Засгийн газар Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авах боломжгүй л байсан байх. Гэхдээ үүлэн чөлөөний нар гэдэг шиг тэр том боломжийг ашиглахыг хүссэн нь мэдээж. Энэ нь улс төрийн шийдвэр байсан болов уу.

-Засгийн газар энэ асуудалд оролцох нь зөв үү?

– УИХ тогтоол гаргасан. Уг тогтоолоороо хэлэлцээрийн ширээний аргаар Эрдэнэтийн 49 хувийг аваарай гэх үүргийг Засгийн газарт өгсөн гэж ойлгосон. Гэтэл Засгийн газар хэлэлцээ хийлгүйгээр шууд хүч түрж, ямар аргаар тэр компани өөрийн болгосноос үл хамаарч өмчлөлийг нь хүчингүй болгосон. Бүдүүлэг, хүч түрсэн байдлаар өмчлөлийг нь шилжүүлчихсэн юм болов уу гэж харсан. Энэ нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч Засгийн газрын хувьд хууль эрх зүйн хүрээнд зөв алхам байгаагүй учраас л шүүх шат шатандаа тус шийдвэрийг нь хүчингүй болгосон биз.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюундарь: Үр тогтоох, шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донорын хууль эрх зүйн орчин бүрдэнэ

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-УИХ-ын намрын чуулган завсарлаад багагүй хугацаа өнгөрлөө. Та энэ хугацаанд ямар ажлууд амжуулж байна вэ?

-Чуулган завсарлахаар гишүүд амраад явчихаж байгаа мэт нийгэм ойлгодог. Бид тойрогтоо ажиллаж, хийсэн хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахын сацуу иргэдийн санал бодлыг сонсдог. Гишүүн бүрийн үүрэг л дээ. Миний хувьд энэ хугацааг ашиглан тойргийн сумдаараа ажиллаж, хотод байх сонгогчидтойгоо ч уулзсан. Өргөн барих хуулийн төслүүд дээрээ судалгаа хийлээ. Үүнээс гадна БНСУ-ын Пёнчан хотод болсон “Энхтайвны форум”-д Монгол Улсаа төлөөлж оролцлоо. Уг форум нь Трамп, Ким Жөн Ун нарын уулзалтын өмнө болсноороо онцлог байсан. Монгол Улсыг цөмийн зэвсэггүй статустай байх асуудлыг болоод тогтвортой хөгжлийн зорилтууд, 16 дугаар зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар ярьсан.

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ дахь эмэгтэй гишүүд өргөн бариад буй. Уг хуульд бага тэтгэвэр авч байгаа эхчүүдийн тэтгэврийг 349 мянган төгрөг болгох зохицуулалт тусгагдсан гэсэн үү?

-1991 оны Тэтгэврийн хуулиар тэтгэвэрт гарах насанд хүрээгүй ч дөрвөөс дээш хүүхэдтэй эхчүүд, улсад 27-гоос дээш жил ажилласан эмэгтэйчүүд, улсад 32-оос дээш жил ажилласан, 55 насанд хүрсэн эрэгтэйчүүд тэтгэвэрт гарсан.

Ингэснээр тэдгээр эмэгтэйчүүд өөрөөс үл хамаарч ажил, хөдөлмөр эрхлэх боломж, эрхээ хасуулж, тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдсон байгаа юм. Төр засгийн зүгээс тодорхой арга хэмжээ авч ирсэн боловч одоо ч тэдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээ улсын дундаж тэтгэврийн хэмжээнд хүрэхгүй байна. Тухайлбал, 1997 оны хоёрдугаар сараас өмнө хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгосон эх-чүүдийн 87.5 хувь нь 2018 оны улсын дундаж тэтгэврээс бага тэтгэвэр авч байна. Тиймээс эдгээр эхчүүдийн тэтгэврийн хэмжээг улсын дундаж тэтгэврийн хэмжээ буюу 342.8 мянган төгрөгт хүргэж нэмэгдүүлэх асуудлыг ярих хэрэгцээ шаардлага байна. Хууль хэрэгжиж эхэлбэл өдгөө амьд сэрүүн байгаа 21.3 мянган иргэний тэтгэвэр 50-70 мянган төгрөгөөр нэмэгдэнэ.

-Та мөн Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү хуульд ямар гол зохицуулалтууд орж байна вэ?

-Манай улсад бэлгийн замын халдварт өвчин, түүний тархалт, үр хөндөлт, үргүйдэл зэрэг нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг хүчин зүйлийг судлах, судалгаанд үндэслэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх ажил дутагдалтай байна. Үргүйдлийн бүртгэл мэдээллийг сайжруулах, тусламж үйлчилгээг боловсронгуй болгох, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологийг нэвтрүүлэх нь нөхөн үржихүйн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байгаа юм. Олон улсад үргүйдлийн оношлогоо, эмчилгээнд хамруулахад зөвхөн бэлгийн эсийн донор хэрэглэх шаардлагатай байдаг. Мөн умайгаа тайруулсан, авахуулсан, умайн төрөлхийн гаж хөгжилтэй эмэгтэйчүүд тээгч эхийн тусламжтайгаар л хүүхэдтэй болох боломжтой байдаг. Тиймээс энэ чиглэлд эрх зүйн орчныг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Мөн бэлгийн эсийн донор гэж байх эсэх, тэдгээртэй холбогдсон харилцааг хэрхэн зохицуулах нь эргэлзээтэй байна.

Тиймээс уг хуульд үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга, шаардлага хангасан эмнэлэг нь ямар нөхцөлд хэрэглэх, нууцлал, тээлгэгч эцэг эх, тээгч эх гэж хэн байх, тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд юуг тусгахыг оруулж өгсөн. Мөн тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг тусгасан юм.

-Хүүхдээ тээж хилээр гаргаж зарж байгаа тохиолдол гарсан талаар Хүний эрхийн комиссоос мэдээлж байсан. Энэ байдлаар хүүхэд худалдаалах гэмт хэрэг гарах вий гэх болгоомжлол байдаг. Хуулинд энэ талаар зохицуулалт орсон уу?

-Хүний эрхийн комисстой Дорноговь аймагт ажиллаж байх үед нэг удаагийн тийм тохиолдол гарсан гэдгийг хэлж байсан. Гэхдээ энэ хуульд тэр талаарх заалт ороогүй. Ямартай ч энэ хуулийн төсөл батлагдснаар иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна. Хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ. Гадаад оронд явж үргүйдлийн оношлогоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэн хөрөнгөө хэмнэх боломжтой. Гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдах боломж бүрдэх юм. Хамгийн гол нь үр тогтоох, үр шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донорын хууль эрх зүй, бүртгэлийн нэгдсэн орчин бүрдэнэ. Улмаар эрүүл мэндийн байгууллагын хяналтын тогтолцоо сайжирна гэж ойлгож болох юм.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдсэн. Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Хэлэлцэх тохиромжтой цаг хугацаа нь мөн үү?

-1992 онд Шинэ Үндсэн хуулийг батлахдаа бүхий л талыг харгалзан үзэж, нухацтай хандсан. Түүний үр дүнд маш мундаг хуулийг баталж чадсан. Гэхдээ тэр үеэс хойш 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд бидний амьдралд маш их өөрчлөлт гарсан. Хариуцлагын тогтолцоо, Засгийн газрын бүтэц, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ ямар байх эсэх асуудлуудыг авч үзэх шаардлагатай гэдгийг олон нийт илэрхийлж байгаа. Үнэмлэхүй олон болчихоод хүч түрэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байна гэх хүмүүс байна л даа. Ер нь бол түүхэн үе нь л энэ удаад таарч байна гэж харж байгаа. Улс төрийн тогтолцооны гүйцэтгэх, шүүх засаглал, Их хурал, хууль тогтоох байгууллагуудын хоорондын харилцааны зохимжийг тааруулах нь зөв байх. Буруутай, зөрүүтэй өөрчлөхөөр зүйлүүд 30 жилийн хугацаанд харагдлаа шүү дээ.

-Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. УИХ-ын эмэгтэй гишүүд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах асуудлаар санал нийлж ажиллаж байгаа зүйл бий юү?

-Бид өнгөрсөн хугацаанд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгаалал, эрх, хүмүүжлийн асуудлуудад зориулагдах төсвийг нэмэхэд анхаарч ажилласан. Ер нь бол төрийн албан хаагчдын 60 хувийг нь эмэгтэйчүүд эзэлдэг. Тэр дундаа эрүүл мэнд, боловсролын салбарын 80 гаруй хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгэхээр ачааны хүндийг үүрч яваа эмэгтэйчүүдийн төлөө хийх шаардлагатай зүйл бидэнд их бий. БНСУ-д л гэхэд эмэгтэйчүүд, гэр бүлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг тусгай яам бий. Хойч үеэ хүмүүжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг эмэгтэйчүүддээ хандсан бодлогыг тус яам явуулдаг хэрэг. Бидний ярьдаг шиг “Цалинтай ээж хөтөлбөр” гэх мэт эмэгтэйчүүдийг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлдэг юм.

Хувиараа жижиг бизнес эрхлэх сонирхолтой эмэгтэйчүүд цөөнгүй байдаг. Түүнд нь зориулж “Итгэлийн зээл”-ийг бий болгож, сум, дүүргээр нь дамжуулж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Түүнчлэн олон улсад эмэгтэйчүүдийн хөдөлмөр, бизнес эрхлэх боломж бололцоог нь нэмэгдүүлэх зорилготой “Эмэгтэйчүүдийн банк” байдаг. Эмэгтэйчүүдийн санаачилсан бизнесийг дэмжих зорилготойгоор үйл ажиллагаагаа явуулдаг юм. Бидний хувьд ч энэхүү туршлагыг судалъя гэсэн бодолтой байгаа.


Categories
мэдээ цаг-үе

​ Өмнийн говийн төрийн түшээдтэй анги

Өмнөговь аймгийн Даланзадгадын Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийг 1992 онд төгссөн, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийнхан энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. О.Чинзориг, Л.Уранцэцэг нараар удирдуулсан тус ангиас төрийн түшээ, инженер олон төрснөөрөө онцлог. Тухайлбал, Ц.Уртнасан, И.Батзориг, У.Наранбаатар нар мэдээллийн технологийн менежмэнт, С.Цэрэнбаяр, Ц.Бүдээ, И.Жаргал, Н.Наранбаатар нар эдийн засагч, Ц.Угтахбаяр электроникийн инженер, Ю.Энхтуяа барилгын инженер, С.Мөнхбаяр био технологич, Г.Бат-Эрдэнэ мэдээлэл зүйч, Ү.Энхцацрал эмч, А.Дулмаа физик, Б.Алдармаа математикийн багш мэргэжлийг ШУТИС, МУИС, УБИС, АШУИС, ЦИС зэрэг Монголын үндэсний нэр хүндтэй их сургуулиудад суралцаж эзэмшжээ.

Тус ангийн дарга, Ардчилсан намын хэрэг эрхлэх газрын Намын байгуулалтын газрын дарга Ц.Уртнасан “Манай ангийнхан өөрсдийн ажил мэргэжилдээ эзэн байж, тэргүүлэх мэргэжилтнүүд болж хөгжсөн. Энэ бол бидний хамгийн том бахархал юм. Бид улс нийгэм, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулж, харилцан бие биеэ дэмжин, хамтран хөгжиж ирсэн. Манай ангиас найман сурагч давхардсан тоогоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Өмнөговь аймгийн удирдлагын түвшинд удирдах ажил хийж ирсэн туршлагатай юм. Өмнөговь аймгийн Засаг дарга, ИТХ-ын даргаар С.Цэрэнбаяр маань ажиллаж байлаа. Улмаар 2016 оноос эхлэн Н.Наранбаатар Өмнөговь аймгийн Засаг даргаар ажиллаж байна. Түүний хувьд аймгийн ЗДТГ-ын даргаар ч ажиллаж байсан. Өмнөговь аймгийн Засаг даргын орлогчоор миний бие болон С.Мөнхбаяр ажиллаж байв. Өмнөговь аймгийн ЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар Ү.Энхцацрал, Газрын харилцаа, хот байгуулалтын газрын даргаар Ю.Энхтуяа, Боловсрол соёлын газрын даргаар Г.Бат-Эрдэнэ, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр И.Батзориг, С.Цэрэнбаяр, Н.Наранбаатар, С.Мөнхбаяр нар сонгогдон ажиллаж байна.

“IT zone” ХХК-ийн дэд захирлаар У.Наранбаатар, “МС” компанийн захирлаар Ц.Угтахбаяр нар ажиллаж, компанийн засаглалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсаар байна. Мөн Ц.Угтахбаяр маань Үндэсний сурын спортын мастер цолтой” гэв. Түүний хувьд 1991 онд Өмнөговь аймгийн “Аварга тоочин”-оор шалгарч байжээ. Мөн тус ангийн И.Батзориг 1992 онд тэрхүү шагналыг хүртсэн байна.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч И.Батзориг “Бид наймдугаар ангиасаа математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид хамт олон болон цугласан юм. Удаа ч үгүй урлагийн үзлэг болов. Гэтэл хүүхдүүд бие биеэсээ ичээд хэн нь ямар авьяастай нь мэдэгддэггүй. Тэр үед ангийн багш маань урлагийн үзүүлбэрүүдийг шууд л нэг нэгэнд нь даалгаад өгчихсөн. Бүжиглэж чадахгүй ч багшийн тушаалаар бүжигчин болсон хэрэг. Манай Г.Бат-Эрдэнэ гитар тоглож би “Арван тавны сар” хэмээх ардын дууг дууллаа. Хамгийн хөгтэй нь ганц мэддэг бадгаа гурван удаа дуулчихаж билээ. Манай ангийн Г.Батболд, Ж.Гантулга нар спортдоо манлайлагч байсан шүү. Аймагтаа төдийгүй улсдаа шилдэгт тооцогддог байв. Өсвөрийн хөнгөн атлетикийн улсын аварга шалгаруулах тэмцээнд ч түрүүлж байсан.

Манай ангийнхан ардчилсан үзэл санааг сургууль дотроо дэлгэрүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан гэж боддог. “Хүслийн оргил” гэх холбоог байгуулж байсан ч удаатай. Шинэ бүхэнд соргог тийм л идэвхтэй хүүхдүүд байж дээ. Ер нь бидний өдий зэрэгтэй яваагийн үндэс суурь нь мундаг багш нарын маань ач юм даа” хэмээн дурссан юм. Энэхүү ангийн Н.Наранбаатар, Г.Бат-эрдэнэ нар ч ангийнхаа авьяаслаг сурагчдын нэг байж. Тэд гитартай “Салаа хархан гэзгэн дээр чинь

Туузан цэцэг ахиад ургахгүй ээ” гээд л дуулдаг байсан нь ангийн нөхдийнх нь сэтгэлд тодхон үлджээ.

“Номын гялбаа” сургуулийн захирал Б.Алдармаа “Бага насны дурсамж гэхээр бид бүгд л нүүрэндээ инээмсэглэл тодруулан нэг алхам урагш суугаад л ярьж өгөх байх даа. Миний хувьд их азтай, хувьтай хүн. Бага ангидаа жинхэнэ эрдмийн аяллын гарааг чансаатайхан эзэмшүүлсэн гайхалтай багш нартай учирсан. Дунд ангид спортын ид шидийг мэдрүүлсэн мундаг багштай байлаа. Наймдугаар ангиас эхлэн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангид элсэн орсноор О.Чинзориг багшийнхаа шавь болсон. Нэр шигээ шударга, дайчин багшийн удирдлага дор тоо бодохыг үзүүлж өгсөн дөө. Түүний үр дүнд өнөөдөр багшийнхаа мэргэжлийг эзэмшсэн шавь нарынх нь нэг болоод явж байна. Манай анги 1992 онд төгссөн. Тухайн үед улс төрийн олон нам бий болж байсан юм. Ангийн хөвгүүд өглөө ирээд л самбарыг нам намаар хуваана. Бид нараас санал авч, өөрсдийн үзэл бодлыг ч хуваалцдаг байж билээ. Нийгмийн идэвх сайтай анги байсан даа.

Багшийнхаа гавьяагаар компьютерийн танхимтай болсон түүх бидэнд бий. Компьютер руугаа тоос оруулахгүйн тулд цонхондоо давхар хөшиг хийгээд л, цонхоо өөрсдөө замаскдаж билээ. Тэр үед замаскаа өөрсдөө зуурч, нухаж бэлэн болгосон юмдаг. Хүүхэд байсан болоод тэр үү их л хэцүү байж билээ. Зуурч, нухаж байгаад багшдаа үзүүлнэ. Багшид гологдоод л дахиад зуурдаг сан. Манай багш даалгавар хийгээгүй хүүхдэд “Өгсөн даалгаврыг биелүүлээгүй бол дахин гурваар үржүүлж хийнэ. Дахиад бодлогууд бодож ир” гэдэгсэн. Ёстой л хийхээс өөр аргагүй болгодог байлаа даа. Геометрийн хичээлийг Шагхүү багш ордог байсан. Англи хэл дээр тоо бодуулна. Тэр үед бид нар, магадгүй миний хувьд зөвхөн орос хэл үздэг байв. Англиар хэрхэн мэндлэхийг ч мэддэггүй байж. Гэсэн ч даалгавраа хийхийн төлөө бид их хичээнэ. Хэрэв даалгавар хийхгүй ирвэл “Маргааш гэж өдөр бий шүү” гэдэг байж билээ. Багш нар маань бидэнд бие даах чадвар, хариуцлагатай байх ёстойг гүн гүнзгий ойлгуулж дээ. Өнөөдөр манай ангийн хүүхдүүд бүгд л өөр өөрийн мэргэжлээр салбар бүртээ манлайлагчид болжээ. Үнэхээр бахархмаар шүү” гэж байв. Тухайн үеийнхэн сурагчийн дүрэмт хувцсаараа гоёдог байжээ. Тиймдээ ч дүрэмт хувцасныхаа загварыг их өөрчилнө. Харин охидын хамгийн чамин гоёл нь складтай юбка байжээ. Юбканыхаа хэвийг алдагдуулахгүйн тулд шилэн триконд хийн хадгалдаг байсан хэмээн ангийн охид дурссан юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийслэлийн Засаг даргад нэрээ дэвшүүлсэн, иргэн Э.Бямбацэрэн: Улаанбаатарыг утаагүй болгохыг хүссэн учир Хотын даргад өрсөлдөхийг зорьсон

С.Мөнхчулуун НИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналыг авсан ч Ерөнхий сайд түүнийг батламжлаагүйгээс хоёрдугаар сарын 26-нд дахин санал хураалт явуулав. Энэ үед нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Э.Бямбацэрэн Хотын даргад нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Харин хурал даргалагч Б.Батнасан ямар нэгэн санал хураалт явуулахгүйгээр Э.Бямбацэрэнг нэр дэвшүүлэхээс татгалзсан юм. Ингээд Э.Бямбацэрэнтэй ярилцлаа.


-Та өөрийгөө танилцуулаач. Ямар ажил, алба эрхэлдэг вэ?

-Намайг Э.Бямбацэрэн гэдэг. Би УБИС-ийг физикийн багш мэргэжлээр 1997 онд төгссөн, магистр цолтой. Сургуулиа төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн Техникийн их сургуульд физикийн багшаар 11 жил ажилласан. Улмаар 2007 онд Японд улсад ажиллаж, амьдарч байгаад 2011 онд эх орондоо ирсэн юм. Монголд ирээд ХААИС-д нэг жил багшилсан. Дараа нь Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын АН-ын бүлгийн ажлын албанд гурван жил ажилласан юм. Одоо бол хувийн л бизнес хийж байна даа.

-Саяхан НИТХ Хотын даргыг сонгох санал хураалт болсон. Энэ үед та өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Хуулиараа НИТХ-ын төлөөлөгч бус хүн Хотын даргад нэрээ дэвшүүлэх боломжгүй биз дээ?

-Хуулиараа боломжтой учраас би нэрээ дэвшүүлсэн. Боломжгүй байсан бол яалаа гэж нэрээ дэвшүүлэх билээ. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т тухайн хурал дахь нам эвслийн бүлгээс нэр дэвшүүлнэ, эсвэл хэн нэгэн төлөөлөгч нэр дэвшүүлнэ гэж байгаа. Тийм ч учраас С.Мөнхчулуун өөрийнхөө нэрийг дэвшүүлсэн. Хоёрдугаарт, манай өмнөх Хотын дарга байсан С.Батболд ИТХ-ын төлөөлөгч биш. Түүнийг МАН нэр дэвшүүлээд Хотын дарга болсон. Тэгэхээр НИТХ-ын 45 төлөөлөгч заавал төлөөлөгч гэлтгүйгээр өөр хүнийг ч нэр дэвшүүлж болох юм.

-НИТХ-ын төлөөлөгч биш, зүгээр иргэнийг Хотын даргад нэр дэвшүүлж болно гэж үү?

-Тийм. Хотын дарга болох хүсэлтэй, хуулинд заасан шаардлагыг биелүүлж байгаа хүнийг 45 төлөөлөгчийн хэн нь ч нэр дэвшүүлэх боломжтой. Тэр 45 хүн дотроос намайг нэр дэвшүүлчих нэг ч болтугай төлөөлөгч байна гэж бодсон учраас би нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн юм. Би нэрээ дэвшүүлээд байгаа юм биш. Нэр дэвшүүлэх хүсэлтэй байгаагаа НИТХ-ын 45 төлөөлөгчид илэрхийлсэн хэрэг. Хуулиараа ийм боломжтой. Төлөөлөгч биш хүн Хотын дарга болж болдог гэдгийг С.Батболд гэдэг хүн харуулсан шүү дээ.

-Таныг Хотын даргын сонгуулийг будлиантуулах гэж албаар ийм үйлдэл хийлээ гэж харах хүмүүс ч байна л даа. Та сайн дураараа нэр дэвшсэн юм уу?

-Янз бүрийн хардалт байгаа байх л даа. Манай эхнэр Токиогийн их сургуульд хүний генетикийн чиглэлээр магистр, докторын зэрэг хамгаалсан юм. Өнгөрсөн онд Японы Нарита хотод байрладаг Анагаахын их сургуулиас уг мэргэжлээрээ ажиллаач гэсэн урилга ирсэн учраас бид гэр бүлээрээ Япон руу явсан юм. Миний хувьд хоёрдугаар сарын 15-нд Монголд ирсэн л дээ. Өмнөх Хотын даргын сонгуулийн үеэр Японд байсан болохоор оролцож чадаагүй. Тиймээс дахин сонгуульд нь оролцоод үзье гэж бодсон юм. Ер нь бол гэнэтийн юм боллоо л доо.

-Ардчилсан намын гишүүний хувьд Нийслэл дэх АН-ын бүлэгтэйгээ ярьж тохиролцсон зүйл бий юү?

-Тийм зүйл байхгүй.

-Таны твиттер хаяг “Шинэ нийслэл” гэсэн нэртэй юм билээ. Хэрэв та Хотын дарга болвол шинэ нийслэлийг бий болгох хүсэлтэй гэж ойлгож болох уу?

-Улаанбаатарт утаа, түгжрэл, хөрсний, орчны бохирдол, Туул голын бохирдол цаашлаад цэвэр усны гэх мэт шийдэх ёстой асуудал байна. Энэ олон асуудлуудыг нэгэн зэрэг, хөрөнгө мөнгө багатайгаар, хамгийн оновчтой шийдэх хувилбар бол шинэ нийслэл барих гэж би бодож явдаг. Тиймдээ ч олон хүнд хүргэж, уриалахын тулд твиттер хаягтаа ийм нэр өгсөн юм.

Миний нэр дэвшсэн хамгийн том шалтгаан Улаанбаатарыг утаагүй болгох ажлыг хийх юм. Улаанбаатарыг утаагүй болгохыг хүссэн учир Хотын даргад нэр дэвшсэн гэсэн үг. Болвол утаагүй, бүр болохгүй бол маш бага утаатай өвөлжүүлэх төлөвлөгөө надад байгаа. НИТХ-ын 45 төлөөлөгч намайг дэмжих магадлал бага ч хэрэв би нэр дэвших юм бол надад мөрийн хөтөлбөрөө танилцуулах хугацаа гарна. Тэр хугацаанд утааг хэрхэн бууруулах боломжтой талаарх төлөвлөгөөгөө танилцуулъя гэж бодсон. Манай Монголд ямар асуудал ярьж байгаа нь чухал биш, хэн ярьж байгаа нь чухал байдаг. Хэрэв намайг нэг төлөөлөгч нь Хотын даргад нэр дэвшүүлэх юм бол миний яриад байгаа асуудлыг хүмүүс анхаарч сонсоно шүү дээ. Өнөөх хоёр хүний хэн нь ч Хотын дарга болсон бай миний асуудлыг сонсож, дэмжиж, ажил хэрэг болгож магадгүй гэдэг үүднээс нэр дэвших хүсэлт гаргасан юм.

-Яг яаж утааг бууруулах юм бэ?

-Улаанбаатарын утаа гамшигийн хэмжээнд хүрсэн. Утаагаар амьсгалаад зогсохгүй утаа шингэсэн хоол хүнс идэж байна. Хүйтний улиралд бид бүрэн хордож байгаа юм. Японд байхад Монголоос манай найз нөхөд ирдэг л дээ. Тэд долоо хоноход бие, хувцаснаас нь утааных нь үнэр арилахгүй байна. Хүүхдүүд маань энэ юу үнэртээд байна вэ гэж асууж байгаа юм.

Хэрэв намайг нэр дэвшүүлэх төлөөлөгч гарч ирээд тэнд гайхамшигтай үйл явдал болоод сонгочихсон бол би нийслэлийн боломжит төсвийг утаанд зориулна. Нийслэлийн төсөв урсгал зардлаасаа илүү гардаг. Түүнийг нь цэцэг навч тарих, зам засах гэх мэт ажлуудад зарцуулаад дуусдаг. Харин би тэр боломжит хөрөнгийг утааг арилгахад, өөрийнхөө төлөвлөгөөг ажил хэрэг болгоход зарцуулна. Миний төлөвлөгөө бол их энгийн. Гэр хороололд 170-180 мянган яндан байна. Эдгээр айлуудын тодорхой хувь нь гэрт амьдарч байгаа. Эхний ээлжинд гэрт амьдарч байгаа хүмүүст керосиноор ажилладаг халаагч тавих юм. Япон нэгдсэн халаалт байхгүй. Айл тус бүр дулаанаа шийддэг. Эйр кондишн, газ, керосин халаагч гэх мэтийг ашиглаж гэрээ дулаацуулдаг юм. Нэг литр керосин, нэг кг нүүрснээс илүү дулаан ялгаруулдаг. Дээрээс нь ямар ч утаа гаргахгүй, хор хөнөөлгүй. Керосиноор ажилладаг төхөөрөмж нь дулаанаа тохируулах, цаг тааруулах гэх мэт олон давуу талтай. Монгол гэрийг халаачих хэмжээний хүчин чадал бүхий төхөөрөмж Японд 200 мянган төгрөгөөр л зарагддаг. Мөн халдаг гудас гэж ч бий. Маш бага цахилгаан хэрэглэдэг энэ гудсыг хэрэглэх тун тохиромжтой. Энэ мэт ажлуудыг хийгээд дээрээс нь Засгийн газрын дэмжлэгийг ч авч болно шүү дээ.

-Та шинэ нийслэлийг хаана байвал тохиромжтой гэж бодож байгаа вэ?

-Нийслэл хотын утааны асуудлыг богино хугацаанд шийдэх арга нь керосин халаагч ашиглах, харин урт хугацаандаа шинэ нийслэлийг бий болгох явдал юм. Шинэ нийслэл бий болгосноор дээр хэлсэн асуудлуудыг шийдэхээс гадна ирээдүйд үүсэх цэвэр усны хомсдлоос сэргийлж чадна. Дэлхийн хотууд томоохон мөрний дэргэд байдаг шүү дээ. Тиймээс шинэ нийслэл барихдаа усны нөөцтэй газар барих нь зүйтэй юм. Сэлэнгийн ай сав, Хэрлэн голыг дагаад барьж болж байна. Манай усны дийлэнх нөөц баруун тал руугаа байдаг. Тэр онцлогоо ч харгалзан үзэж болох юм. Ямартаа ч миний хувьд утааг бууруулах боломж бүхий төлөвлөгөөгөө шинэ Хотын даргад өгнө гэж бодож байгаа.

-Та 2020 оны сонгуульд нэр дэвших үү?

-Сонгуулийн тухай ярихад эрт байна. Гэхдээ миний хувьд 2015 онд Ардчилсан намаа шинэчилье гэсэн хөдөлгөөн зарлаж, тэмцэж л явсан.


Categories
мэдээ цаг-үе

Л.Болд: Бидний тэмцэл нэг секунд ч зогсохгүй, эрч хүч нь сулрахгүй

УИХ-ын гишүүн Л.Болдтой ярилцлаа.


-Чуулганы хуралдаан завсарлачихсан энэ үед та ямар ажлууд хийж амжуулж байна вэ?

-Төрийн бус байгууллагуудтай зөвлөгөөн хийж байна. Түүний дагуу найман чиглэлийн шаардлага гарсан. Тухайлбал, ээлжит бус чуулганыг ойрын хоёр долоо хоногийн дотор яаралтай зарлан хуралдуул гэсэн шаардлага тавиад байгаа. Одоогоор ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг бэлдэж байна. Тэр дотор Засгийн газрын түвшинд шийдэх асуудлууд ч бий. Тэмцэл хийсэн таван гишүүн байнга уулзаж байгаа.

-Ээлжит бус чуулганаар ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөж байгаа вэ?

-Хэд хэдэн нээлттэй сонсгол хийхийг шаардах болно. Эрдэнэтийн 49, 60 тэрбум, стратегийн ордуудыг ард түмний өмчид шилжүүлэх эсэх, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, элчин сайд нар, АТГ тэргүүтэй хууль хяналтын байгууллагуудын удирдлагуудын шинэчлэлийг ээлжит бус чуулганаар авч үзэх ёстой. Эдгээр асуудлуудыг авч үзэхийн тулд холбогдох хуулийг өөрчилж таарах юм билээ. Учир нь өнөөх хүмүүс чинь ажлаа өгөхгүй л гэж үзэж таарна шүү дээ. Ер нь бол УИХ-ын дарга огцорсноор тэмцэл зогсчихож байгаа хэрэг биш юм.

-Тэдгээр хүмүүсийг албан тушаалаас нь буулгаж, халаа сэлгээ хийснээр өөрчлөлт гарна, өнөөх Манан арилна гэж үзэж байгаа юу?

-Тийм. МАНАН гэдэг ганц хүний тухай асуудал биш. Энэ бол тогтолцоо. Тогтолцооны нэг хэсэг болсон хүмүүс аливааг хоёр өнцгөөр хардаг. Өөрсдийнхөө холбоотой асуудлыг хэрэг үүсгэж шалгадаггүй. Бусад холбоотой асуудлыг шалгаж, улс төр хийдэг. Энэ болгоныг хүмүүс мэддэг болчихсон шүү дээ.

-Та бүхний дараагийн тэмцэл энэ байдлаар үргэлжилж байгаа юм байна гэж үзэж болох уу?

-Манай Төрийн бус байгууллагууд шаардлага тавьж, жагсаал цуглаан хийх байх. Бидний хувьд ээлжит бус чуулган зарлаж парламентынхаа хүрээнд асуудлуудаа нээлттэй ил тод, шийдээд явчихъя гэж байгаа юм. Хэрвээ ээлжит бус чуулган зарлахгүй бол хувьсгал болно л доо. Тэр тохиолдолд 100 гаруй ТББ гурав дахь цуглаанаа хийж, шаардлагуудаа тавина гэдгийг хариуцлагатайгаар хэлж байгаа.

Бид бол хоёр том цуглаанаа хийгээд хувьсгалаа сая хийчихсэн. Манай улс парламентын засаглалтай. Тиймээс бид одоо чуулган хуралдуулахыг шаардаж байна. Механик аргаар ээлжит бус чуулган хуралдуулахгүй, гишүүдийн шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлэхгүй байж болно л доо. Тийм зүйл болбол бид эсэргүүцэл хөдөлгөөн байгуулж, тулган шаардах тэмцэл хийж гудамжинд гарах болно. Тийм зүйл битгий болоосой л гэж бодож байгаа.

-М.Энхболд Их хурлын даргын суудлаасаа огцорсон. Түүнийг огцорсноос хойш гарсан бодит үр дүн нь юу байна вэ?

-Засгийн газрын сангуудыг шалгаж эхэлж байна. Улсын мөнгийг үрэн таран хийдэг сангуудыг татан буулгаад, өөрчлөн байгуулалт хийж, ЖДҮ-ийн асуудлыг нэг тийш нь шийдчихвэл энэ бодит үр дүн болно. Хоёрдугаарт, Засгийн газар Эрдэнэтийн 49 хувиар тодорхой асуудал оруулж ирэх ёстой. Эрдэнэтийн 49 хувийг ард түмэн авчихвал энэ бодитой үр дүн биз. Дээрээс нь Таван толгой, Цагаан суварга, стратегийн 15 болон бусад ордуудаас ард түмэн чөлөөтэй өмчилж авах юм бол маш том үр дүн. Зөвхөн ард түмнийг л шалгаад байдаг хуулийн байгууллага өөрчлөгдөж байна. Ер нь парламент, Засгийн газар, Ерөнхийлөгч том албан тушаалтнуудныг томилохдоо томилгооны сонсгол хийдэг болмоор байна. Намтар түүхийг нь сонсоод, асуух зүйлсүүдээ асууж байж албан тушаалд тавьж баймаар байна. Ингэж байж ард түмэн дээр байгаа хүмүүстээ илүү итгэдэг болно. Хэн ч мэдэхгүй хүн томилогдчихоод л өнөөх бүлэглэлдээ үйлчилж, ард түмний эрх ашгийг хөсөр хаяад байж болохгүй. Ингээд байгаа учраас л ард түмэн цөхрөөд байгаа юм шүү дээ. Гэх мэтчилэнгээр нийгэмд шударга ёс тогтоож, сайн сайхан цагийг авчрах алхмуудыг хийгээд явах юм бол энэ чинь л үр дүн юм. Үүний төлөө л хувьсгал хийсэн юм. Түүнээс ганцхан Их хурлын даргыг огцруулахын төлөө хувьсгал хийгээгүй. Одоо бид нарыг болоод энэ үйл хэргийг гутааж, ард түмнийг басамжилж, нийгэм сайхан байхад биднийг муухай болгочихсон юм шиг гүтгэж байна. Үүнийг бид хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Бидний тэмцэл нэг секунд ч зогсохгүй, эрч хүч нь сулрахгүй.

-Сангуудыг нэгтгэх нэрээр луйвраа нуух гэж байна гэдгийг зарим улс төрчид хэлж байгаа. Ийм зүйл байж болох уу?

-Тийм зүйл байхгүй. Сангуудаас зээл авсан бүх хүнийг хуулийн байгууллагад өгч шалгуулна. Нэг сангийн жилийн зээлийн тухай мэдээллийг сонсоход л ямар их алдаа завхрал гарч байгаа билээ. Тийм байхад Засгийн газрын 28 сангийн үйл ажиллагааг шалгахад юу гарахыг ч үгүйсгэх аргагүй. Сангуудыг зээлийн бүртгэлд нь оруулаад, үйл ажиллагааг нь ил тод болгох хэрэгтэй. Тэгж гэмээнэ зорилтот бүлэгтээ үйлчилнэ. Энэ шинэчлэл аль дээр хэрэгтэй байсан юм.

-С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Ц.Амгаланбаатар мэдүүлгээсээ буцсан гэх мэдээлэл гарсан. Энэ үнэн үү, эсвэл цуурхал уу?

-Бид янз бүрийн цуурхал дунд 20-иод жил амьдарлаа. Энэ талаар ямар ч мэдээлэл алга. Ямартаа ч ээлжит бус чуулганаар хэлэлцэх нэг чухал асуудал бол энэ. Хууль зүйн байнгын хороо, Хүний эрхийн дэд хороон дээр С.Зоригийн хэргийн талаар сонсъё. Одоо түр хороогоо байгуулах юм бол энэ бүхэн хариулттай, шийдэлтэй болно. Цаг алдаж, ухраах сонирхол хэнд ч байхгүй байх. Хувьсгалын үр дүнд ядаж С.Зоригийн хэргийн учрыг олъё гэж бодож байна.

-Ардчилсан намын бүлэг зөвлөлийн статустай ажиллана гэж байна. Энэ нь ямар эрх, үүрэгтэй статус юм бэ?

-Тэр хүмүүсийн асуудлыг би яаж мэдэхэв. Өмнө нь Ардчилсан нам Зөвлөлийн статусаар ажиллаж л байсан гэсэн. Тэр үед би парламентад байгаагүй. Ер нь бол өөрсдийнх нь л гаргасан шийдвэр. АН-д би маш тодорхой бололцоо өгсөн юм. Арванхоёрдугаар сарын 1-нд огт өөр Засгийн газрын асуудлаар УИХ-ын гурван гишүүний эрхэнд халдаж, хөөх шийдвэр гаргасан. Энэ шийдвэр чинь буруу байна гэхэд ойлгоогүй учир би бүлгээс гарсан. Гэтэл “Та намаас гараагүй байж бүлгээс гарахгүй” гэхээр нь би намаас гарсан юм. “Одоо та бүхэн ойлгох байх. Ингээд та нар наймуулаа шүү. Дахиад нэг хүн хөөх юм бол бүлэггүй болно” гэж хэлсэн. Тэр үед “Бүлэг ч тийм сүртэй юм биш. Бид мэдэж байна” гэх мэт том юм яриад л байсан. Ингээд арванхоёрдугаар сарын 4-нд АН найман гишүүнтэй болсон юм. Гэхдээ “Бид бүлэггүй болох юм байна. Шийтгэл тавьсан чинь хууль бус, дүрмийн бус байна. Тиймээс Ж.Батзандан, Д.Мурат гишүү-дээс уучлал гуйгаад намаас хөөх шийдвэрээ больчих.

Ингэвэл АН бүлэгтэйгээ үлдэнэ. Тэр тохиолдолд би өргөдөл өгөөд намдаа орж болох юм” гэсэн санал тавьсан. Харин тэд Ж.Батзанданг хасчихаад Д.Мурат гишүүн бид хоёрыг барьцаалаад, наймаалаад бүлэгтэй байгаад байна гэж буруу тооцоолсон. Би тийм бололцоог өгөхгүй. Бид нэг ч гишүүн хасах ёсгүй.

Тэд нэгдүгээр сарын 14-нд АН-ын бүлгээс Ж.Батзанданг хасах албан ёсны бичиг Их хурлын даргад өгсөн. Чуулганы хуралдаан дээр нэгдүгээр сарын 17-нд уншуулчихаж байгаа юм. Яг тэр өдөр АН бүлэггүй болсон. Өөрсдөө шийдэж бүлгээ тараасан. Одоо болохоор намайг бүлгээ тараасан гэж байгаа. Энэ бол гүтгэлэг.

-Тэгэхээр таны цаашдын улс төрийн карьер хэрхэн үргэлжилж таарах вэ?

-Цаашдаа тэмцлээ үргэлжлүүлнэ. Би улс төрд хангалттай удаан явчихсан. Миний хувьд энэ сайхан залуу улстөрчдөө дэмжээд л явна. Тэмцлийг нь үр дүнд хүргэхийн тулд өөрийгөө бүрэн зориулна. Надад дарга, сайд болох ямар ч сонирхол байхгүй. Дараа жилийн сонгуульд орох эсэхээ ч би шийдээгүй байгаа. Харин би Монгол Улс цаашдаа тусгаар тогтносон улс байх энэ тэмцлийн эцсийг нь хүртэл явна. Би сүүлийн гурван парламентад байхдаа “Баянмонгол”, “Газрын эзэн”, “Гэр хорооллын хөгжил” гэсэн гурван асуудалд бүхий л цаг заваа зориулж явсан. Энэ Их хурал энэ асуудлуудыг шийдээд, миний хүсээд байгаа хуулиудыг гаргачих юм бол надад парламентад суух шаардлага алга. Надад бизнес хийгээд, багшлаад, зөвлөгөө өгөөд, олон улсын байгууллагуудад ажлаад явах боломж байгаа. Заавал УИХ-д буг болтлоо суух шаардлага байхгүй. Миний хувьд ийм л бодолтой байна.

-Ж.Мөнхбат гишүүн таны “Богд банк”-ийг харилцах дансан дээрээ “Хөгжлийн банк”-аас авсан 30.8 тэрбум төгрөгөө байршуулж байна гэх мэдэгдлийг хийсэн. Таны хувьд энэ мэдэгдлийг үгүйсгэсэн. Та хоёрын хэн нь үнэн яриад байгаа нь эргэлзээтэй хэвээр үлдсэн. Үүнд тайлбар өгөөч?

-Мань эр намайг хувьцаа эзэмшдэг “Богд банк”-даа “Хөгжлийн банк”-наас мөнгө аваад Засгийн газрыг унахаас хамгаалсан гэж гүтгэсэн. Энэ асуудлаар шүүхдье гэж байтал надаас уучлал гуйсан юм. Гэхдээ тэрээр “Хөгжлийн банкнаас Богд банкинд мөнгө байршуулсан байна. Тийм баримт надад ирсэн” гэж хэлсэн. “Хөгжлийн банк”-ны бүх захирал, удирдлагуудыг Ж.Мөнхбат ЗГХЭГ-ын дарга байхдаа томилсон юм. Тиймээс албан, албан бус дотоод мэдээлэл солилцдог юм байна л даа. Тэр баримтаар улстөр хийж, намайг гүтгэсэн. Тэр баримтыг нь Засгийн газарт өгөхөд “Хөгжлийн банк” “Богд банк”-нд тодорхой мөнгө байршуулсан нь Засгийн газартай ямар ч холбоогүй байна” гэж нотолсон. “Хөгжийн банк” тэрхүү мөнгийг өнгөрсөн зун олгосон юм. Гэхдээ ганцхан “Богд банк” бус бүхий л банкуудад байршуулсан. Харин хамгийн хүнд нөхцөлтэйгөөр авч болох хэмжээнээсээ багыг “Богд банк” авсан юм шүү. Дуртай цагтаа л татаад явдаг мөнгө шүү дээ.

Эрсдэлээ бусдаар үүрүүлээд, “Хөгжлийн банк” л ашиг хийж байгаа. Үүнд ямар нэгэн хууль зөрчсөн, Ж.Мөнхбат гишүүний хэлээд байгаа шиг зүйл байхгүй гэдэг нь бүрэн нотлогдож байгаа. Цаашдаа ч хуулийн байгууллагаар шалгуулж эцсийн дүгнэлтийг гаргана гэж бодож байна.

-Үндсэн хуулийг хэлэлцэнэ гэдгээ УИХ-ын дарга мэдэгдээд буй. Хэлэлцэх тохиромжтой үе нь мөн үү?

-УИХ ганцхан бүлэгтэй, нэг намын парламенттай байгаа. Энэ үед Үндсэн хууль ярих нь цаг алдана. Хоёрдугаарт, энэ бол хууль бус. Нийгмийг өөрчлөхийг ард түмэн зөвшөөрсөн тохиолдолд ярих ёстой юм. Үндсэн хууль өөрчлөх гэж байгаа гол зорилгыг нь би ойлгосон л доо. МАН-ынхан шууд яваад очих юм бол сонгогдох боломж тун бага. Тийм учраас Үндсэн хуулийг өөрчилж, пропорциональ сонгуулийг зөвшөөрөх гээд байгаа юм билээ. Тэгвэл намын жагсаалтаар хэн дуртай нь ордог нөхцөл бүрдэнэ шүү дээ. Өнгөн дээрээ давхар дээл, орон нутгийн хот гэх мэт гол зүйлүүд яриад л байгаа юм. Пропорциональ тогтолцоотой болчихвол сонгуулийг луйвардахад хамгийн амархан. Хувь хүн дэвшдэггүй учраас эрх барьж байгаа нам сонгуулийн саналын тоог зохиочихдог, засчихдаг. Хувь хүн дэвшвэл өөрийнхөө төлөө саналаа нэг бүрчлэн тоолоод л, хянаад л, судалгаа хийдэг. Сонгуулийн дүн ханатай гарч байгаа юм. Нам өрсөлдвөл хэнд ч хамаагүй, хэнд ч сонирхолтой биш. Би Киргизд пропорциональ сонгууль болж байхыг харсан. Сонгууль дуусаад л 10 минут болоход бүх хүн тарчихдаг юм билээ. Харин эрх барьж байгаа нам нь сонгуулийн дүнг зохиогоод л биччихдэг, луйвардчихдаг. Ийм зүйл хийвэл хувьсгал болж, цөхөрсөн ард түмэн талбай дүүргэнэ шүү.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярсайхан: Хуулиас дээш эрх мэдэлтэй албан тушаалтан ямар ч улс оронд байхгүй, байх ч ёсгүй

Саяхан Төрийн албаны зөвлөлөөс “Төрийн албаны удирдах ажилтны уулзалт”-ыг зохион байгуулсан. Энэ уулзалтад бүх яамны Төрийн нарийн бичгийн дарга, агентлагийн дарга, аймгийн ЗДТГ-ын дарга нар оролцсон юм. Энэ үеэр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхантай ярилцлаа.


-Чуулганы хуралдаан дээр танай яамны сайд асан Ц.Цогзолмаа Сүүлийн хүсэлтээ хэлье. Төрийн нарийн бичгийн даргыг огцруулж өгөөч гэж гуйсан. Мөн таныг аппаратын хамт олны өмнө ёс зүйгүй байдал гаргадаг гэж ярьсан. Та үүнд тайлбар өгөөч?

-Монгол Улсын төрийн алба шударга, ёс зүйтэй, авлига ашиг сонирхлоос ангид байж, өнөөдрийн нийгэмд үүсээд байгаа ёс суртахуунгүй байдлыг арилгахад төрийн албан хаагчид жишиг манлай болж ажиллахыг Засгийн газар болон иргэд биднээс шаардаж байна. Тийм ч учраас ЗГХЭГ- аас энэ жилийг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Төрийн алба гэдэг нь “Public servicе”, “Public ser­vant” буюу иргэддээ үйлчлэх гэсэн утгыг илэрхийлдэг. Үйлчилгээ үзүүлнэ гэдэг нь өөрийн ашиг сонирхлыг хойш тавьж, үйлчилж байгаа хүнээ нэгдүгээрт үзэн, хуулийн хүрээнд хуулиа дээдлэн, шуурхай, сэтгэлтэй, төсвийн хөрөнгийг хэмнэж, ажиллах гэж би ойлгодог.

Албан тушаалтны эрх мэдлийг хязгаарладаг зүйл бол хууль. Хуулиас дээш эрх мэдэлтэй албан тушаалтан ямар ч улс оронд байхгүй, байх ч ёсгүй. Би 2016 онд энэ ажилд томилогдоод төрийн албанд хууль гажуудуулсан, эрх мэдлээ хэтрүүлсэн, ёс зүйгүй асуудлууд газар авсныг олж харсан. Эх орон маань илүү сайхан хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь энэ юм байна гэдгийг мэдсэн.

Энэ асуудал бол хоёр хүний харилцааны асуудал биш юм. Надад тохиолдоод байгаа энэ зүйлүүд нь сайн төрийн алба бий болгоход хууль хэрэгждэг, хэрэгжих ёстойг харуулж байгаа кейсүүдийн нэг гэж үзэж байна. “Төрийн албаны удирдах ажилтны уулзалт”-аар төрийн алба ямар байх ёстой, хуулийг хэрхэн дээдэлж, хэрэгжүүлэх ёстой талаар ярьж байгаа. Эдгээр зарчим, үйл ажиллагааг яаманд хэрэгжүүлэхийн төлөө л ажиллаж байна.

-БСШУС яамны газрын дарга нар тантай хамтарч ажиллаж чадахгүй гэх гомдлыг Засгийн газарт хүргүүлсэн гээд байгаа. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Манай яамны дийлэнх удирдах албан тушаалтан үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байна. Анх томилогдсон нөхцөл байдал, төрийн албаны шинэ хуулийн хэрэгжилттэй холбоотой зарим албан тушаалын сонгон шалгаруулалт хийгдээгүй хүлээгдэж ч байна. Таны асуусан нөхцөл байдал яаман дээр үүссэн. Ажилд оруулсан хүнийхээ дарамт шахалтад орж гарын үсэг зурсан гэдгээ зарим удирдлага хүлээсэн. Улмаар бичгээр болон амаар надаас уучлалт гуйсан. Тэдний явуулсан бичгийн дагуу ЗГХЭГ-аас манай яаманд шалгалт хийгдсэн. Шалгалтаар маш тодорхой дүгнэлт гарсан. Тодруулбал, Төрийн нарийн бичгийн дарга хууль зөрчөөгүй, хуулиа дээдлээд ажиллаж байгаа юм байна гэдгийг тогтоогоод, ёс зүйгүй, хууль зөрчиж байгаа албан тушаалтнуудад хариуцлага тооцох, зарим ажлыг хуульд нийцүүлэх чиглэл өгсөн байгаа.

Сүүлийн үед сошиал орчинд намайг янз янзаар гүтгэн, доромжилж, нэр хүндийг маань сэвтээхийг оролдож байгаа. Гэсэн ч би төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиж, тэвчээртэй хандаж байна.

-Салбарын сайд шинээр томилогдоод буй. Хэр гар нийлж ажиллаж байгаа вэ?

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргаар ажиллаж байсан салбараа мэддэг, төрийн албанд олон жил ажилласан туршлагатай хүн сайдаар томилогдож ирсэнд бид баяртай байгаа. Ё.Баатарбилэг сайд ч салбарынхан болон яамны хамт олонтой уулзахдаа зөвхөн хуулийн хүрээнд хуулийг дээдлэн, хариуцлагатай, үр дүнтэй ажиллана гэдэг зарчим ярьж байгаа.

Сайдыг ажлаа авснаас хойш бид маш нарийн төлөвлөгөө гарган эрч хүчтэй ажиллаж байна. Хийж байгаа ажлууд бүгд хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд шуурхай хүрч байгааг та бүхэн мэдэж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

С.Зориг агсны нэг ангийнхан

1979 оны намар

“Алтан гадас” одонт нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийг 1980 онд төгссөн 10“Б” ангийнхан энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдан оролцож байна. Тус анги 38 хүүхэдтэй. Тэд 1970 онд Улаанбаатар хотын өнцөг булан бүрээс цугларан арван жилийг хамтдаа сурч боловсрон, хүүхэд ахуй насаа өнгөрүүлжээ. Хичээлийн шинэ жилийн анхны өдрийг сурагч бүхэн нэг л дэврүүн сайхнаар угтдаг. Удаан уулзаагүй ангийнхантайгаа уулзаж, баяр хөөр болохыг зуны турш сэтгэл догдлон хүлээсэн учраас тэр. Анги өсөх тусам охид, хөвгүүд бие биенээ сонжин харж, тэр нь хайрын харц болон хувирах нь бий. Энэ мэт явдал ч тэдний сурагч ахуйн дурсамж, дурдатгалд үлджээ. Одоо ч тэд тэрхүү гэгээн үеэ дурсан санадаг байна. “Хичээлийн шинэ жил эхэлж, хэсэг хугацаа өнгөрөхөд сургуулийн тогтсон хэмнэлд аажим уусан ордог сон. Хичээл ном, гэрийн даалгавартаа дарагдсан завгүй өдрүүд үргэлжилнэ. Энэ мэтээр хавар болтол хөвөрнө л дөө. Эхний улирлын дундуур олон нийтийн арга хэмжээ их зохиогдоно. Анги бүр урлагийн үзлэгт бэлдэж, бусад уралдаан тэмцээнд оролцоно. Бага, дунд, ахлах ангид шилжих мөч тухай бүр өөр өөрийн онцлог, сэтгэлийн хэмнэл, дурсамжаар дүүрэн байдаг” хэмээн 10“Б” ангийн сурагч Б.Түвшинтөгс ярьсан юм.

1970-аад оны сүүлээр гадаад орчин, соёл, хөгжмийн урсгал зэрэг эрс шинэчлэгджээ. Тэд ч түүнтэй хөл нийлүүлэн алхаж, хоцрохгүйн тулд ихэд хичээдэг байсан гэнэ. Рок, диско хөгжмийн урсгал ид моданд орж байж. Тэр утгаараа тухайн үеийн ахлах ангиудын дунд амьд хөгжмийн үдэшлэг болох нь олонтаа. Алдарт “Айзам”, “Соёмбо”, “Ногоон гэрэл”, “Инээмсэглэл”, “Дөмөн”, “Үүрийн туяа”, “Залуус” зэрэг цахилгаан хөгжмийн хамтлагууд уригдан ирж, үдэшлэгийг уянга, эгшиг дүүрэн болгодог байжээ.

23 дугаар сургуулийнхан ч өөрийн гэсэн хамтлагтай байсан гэнэ. Тэдгээрийн тэргүүн эгнээнд “Малыш” Энхтүвшин, Ганзориг, Батболд тэргүүтэй сурагчид ордог байсан гэнэ. Эдний төгсөлтийнхөн ч ах нарынхаа халааг авчээ. 40, 50 мянгат болон хотын бусад дүүрэгт нэрээ дуурсгасан “Black stars” гэдэг хамтлагтай байжээ. Уг хамтлаг одоо ч ангийнхаа уулзалт, арга хэмжээн дээр уригдаж, сонорыг нь мялаасаар л байгаа аж. Хамтлагийн гишүүдэд В.Энхбат, И.Ганбаатар, Гэрэлт-Од, Б.Түвшинтөгс нар багтдаг байна. Мөн Саранчимэг, Баярмаа, Энхтуяа зэрэг авьяаслаг дуучин охидтой гэсэн. Тэд есдүгээр ангиа төгсчихөөд төгсөлтөөрөө “Хөдөлмөр” зусланд амарчээ. Тэр үедээ “Black stars” хамтлаг үеийн нөхдөдөө ковер дуунуудаа сонсгож, мартахааргүй сайхан мөчийг өнгөрүүлсэн байна. Гурван банзан гитартай ч бөмбөр байхгүй учир нөгөө ангийнхаа охины том чемоданыг бөмбөр болгочихож. Бөмбөрийн үүрэг гүйцэтгэсэн тэрхүү чемодан хотын зүг хөдлөхөд эвдэрч, хэмхэрч, үүрэгээ гүйцэтгэхэд бэрх болсон хөгтэй дурсамж байдаг аж. “Black stars” хамтлаг тухайн үеийн бүхий л алдартай хамтлагуудын дуунуудыг коверлодог, урын сандаа 40-өөд дуутай чамгүй бүтээлч хамтлаг байжээ.

Төгсөлтийн 30 жилийн ойгоор С.Зоригийн хөшөөнд багш нарын хамт хүндэтгэл үзүүлж буй нь.

Тухайн үеийн сурагчдад наймдугаар ангиа төгсөх нь тун ч хариуцлагатай алхмын өмнө ирснийг сануулна. Сурлагаараа улаан зураасны ард зогсвол өөр сургууль руу шилжих, эсвэл ТМС-ийг сонгон цааш суралцаж таарна. Сурагчдын тоо багассан тохиолдолд зарим ангийг задлан бусад ангиудад ч хуваарилдаг байж. Энэ бүхэн ижилдэн дассан нөхдөөсөө холдох хүнд шийдвэр болдог байсан талаар тэд ярьж байлаа. Өөр ангид хуваарилагдан орсон нэг нь хэсэгтээ л гэрэвшиж, хуучин ангийнхнаа санагалздаг байжээ.

23 дугаар сургуулийн багш нар ЗХУ-ын төвийн бүсээс шалгарч ирдэг байсан тул маш хариуцлагатай, басхүү чанартай сургалт явуулдаг байж. Түүний ачаар ч энэхүү сургуулийн төгсөгчид нийгмийнхээ түүчээ болсоор ирсэн нь лавтай. Эцэг эхчүүд ч хүүхдээ 23 дугаар сургуульд сургахыг ихэд эрмэлздэг байсан талаар тэд онцолсон юм. Мэдлэг чадвараа харамгүй зориулж ерөнхий боловсролын суурь мэдлэг олгосон багш Лидия Прокофьевна, Ким Кузмич, Пётр Лазаревич, Галина Степановна, Вера Семёновна, Муравьевский, Коломиецын гэр бүл, Любовь Алексеевна нартаа тэд үргэлж талархаж явдаг байна. Сахилгагүйтэж орос багш нарыгаа ч уйлуулж явсан тохиолдол тэдэнд байдаг гэсэн шүү.

Энэхүү сургуулийн нэг онцлог нь үндэсний хэл бичиг, утга зохиол, түүх, газар зүйн хичээлүүдийг төрөлх хэл дээр нь хамтатган заадаг байжээ. Өсвөр үеийнхэнд өв тэгш мэдлэг олгоход монгол багш нар ч онцгойлон анхаарч, идэвх зүтгэлтэй ажилладаг байсан аж. Захирал Галсан, хичээлийн эрхлэгч Дагвасүрэн, Цэрэнханд, багш Хүү, Жадамба, Гонгор, Долгор, Мөнхцэцэг, Зориг, пионерын удирдагч Соронзон нартаа ч ихэд баярлаж явдаг гэсэн. Б.Түвшинтөгс “Биднийг ахлах ангид орох үед орос, монгол хоёр багш хамтран дааж авсан. Ангийн багш Хүү маань боловсролын салбарт насаараа зүтгэсэн дээ. Хүүхэд, залуучуудын монгол хэл, уран зохиолын боловсролд өдийг хүртэл хувь нэмэрээ оруулсаар яваа. Багш маань одоо МУБИС-д Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байгаа. Багш нартаа болон ангийн нөхөддөө хамгийн сайн сайхан бүхнийг хүсье” гэв.

23 дугаар сургуулийн 1980 оны төгсөлтийн гурван бүлгээс сурлагаараа цойлсон олон сурагч байжээ. Түүний нэг нь төр нийгмийн зүтгэлтэн, ардчиллын алтан хараацайнуудын нэг Санжаасүрэнгийн Зориг агсан юм. 10 “Б” ангийнхан С.Зоригийгоо мундаг нэгэн болно гэдэгт итгэлтэй байдаг байсан ч өөрсдийнх нь болоод улс орны ирээдүйг өөрчлөгч нэгэн болно гэж хараахан санаагүй гэдэг. Үеийн нөхөд нь “С.Зоригийгоо ямар хүүхэд байсныг яривал хүмүүс худлаа магтлаа л гэж бодох байх. Үнэн нь л тэр юм. Зориг маань оросдуу царайтай, уян зөөлөн хөдөлгөөнтэй хүү байлаа. Манай багш нар бүгд шахуу оросууд учир Зоригд их сайн. Анд маань ч тэр итгэлийг алдахгүй гэж боддог байсан уу хичээл, сурлагадаа ихэд шамдана. Тэр нь ч бидэнд мэдрэгддэг байлаа. Тэрээр сургуульд орсон цагаасаа л онц сурсан, ангийн үлгэр жишээ хүүхдүүдийн нэг байсан юм. Багаас дунд анги хүртэл ангийн даргын албыг ч хашиж байв. Хэдий онц сурлагатан ч бусдаасаа онцгойрно гэж үгүй. Ангийнхаа бүх л хүүхэдтэй ялгахгүй харьцдаг нийтэч хүүхэд байсан. Хичээлээ тараад бидний л адил сургуулийн гадна тоглож өнжинө. Тэгсэн хэрнээ маргаашийнхаа бүх л шалгалт дээрээ онц авна. Бид ч их гайхдаг сан. Ахлах ангид орох үеэс Зориг маань зураг дарах сонирхолтой болсон. Тэр үеийн орос аппаратаар зурагаа авч, өөрөө угаана. Ангийн зугаалга, нийллэг, бусад бүхий л арга хэмжээний зургийг мань хүн дарна. Үе үе маш ховор нандин зурагнууд дэлгэж, анги дотор бөөн шуугиан дэгдээдэг байж билээ. Зан чанарын хувьд их төлөв даруу. Ахмад настан болон эмэгтэй хүнтэй онцгой хүндэтгэлтэй харьцаг хүүхэд байсан шүү. Шударга, зарчимч, маш хүнлэг. Энэ зан чанар нь амьдрал дээр гарсан ч огт өөрчлөгдөөгүй” хэмээн түүний тухай хуучилсан юм.

Эдний ангиас эмч, физикч, багш, улстөрч, биологич, архитектор, геологич, тэргүүний төмөр замчин зэрэг улс эх орондоо хувь нэмрээ оруулсан олон боловсон хүчин төрөн гарчээ. Мөн хувиараа бизнес эрхэлж амжилт бүтээл дүүрэн яваа нь ч олон байна. И.Ганбаатар “Одоо бид бүгдээрээ аль хэдийнэ амьдралынхаа тэн хагасаас илүү насыг насалжээ. Үр хүүхэд, ач зээ нараараа хүрээлүүлсэн эмээ, өвөө болцгоосон ч ангийн хэдэн нөхдөө манай ангийн хүүхэд гэж ярьдаг хэвээрээ л байна шүү. Хүүхэд ахуйн гэгээн бүхэн хүний сэтгэлд ийн тод үлддэг байх. Ангийнхандаа хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Энэ үеийнхэн социалист нийгмийн ид бүтээн босголт, цэцэглэлтийг бие сэтгэлээрээ мэдэрсэн тийм л хүүхдүүд байсан аж. Аливаа олон нийтийн арга хэмжээнд анги хамт олноороо оролцож, улам бүр нягтран нэгддэг байжээ. Хүүхэд тус бүрийнхээ дотоод зан араншин, онцлог байдлыг дэндүү сайн мэддэг болоод сургуулиа төгсөцгөөсөн дөө хэмээн тэд дурссан юм. Мөн 23 дугаар сургуулийнхаа ид сэргэн мандалтын үед нь сурч төгссөндөө тун чиг олзуурхаж явдаг гэдгээ хэлж байлаа.