Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунбаатар: Ерөнхий сайдын УИХ-ыг хоёр шатны парламенттай болгох байр суурийг дэмжиж байгаа

– МАНАН-ИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ӨӨР ЭЗЭН ХАЙГААД ГҮЙЖ БАЙГАА-


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатартай ярилцлаа.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж буй. Эрх баригчдын зүгээс Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд улс төрийн намуудын оролцоо сайн байгаа гэдгийг хэлж байгаа. Үнэхээр та бүхэн өөрсдийн санаа бодлоо тусгаж чадаж байна уу?

-Юун түрүүнд нэг зүйлийг онцолъё. эрх баригчид улс төрийн нөхцөл байдал тун сайхан байгаа мэтээр тайлбарлаж байна. үнэн хэрэг дээрээ Монголын нийгэм бүхэлдээ хагарчихсан, улс төрийн намуудаас болоод нийгэмд томоохон зөрчил бий болчихсон, эдийн засгийн хувьд хүнд байдалтай байна. Бараа бүтээгдэхүүний үнэ, валютын ханш эрс өсчихсөн. Гадаад өр 30 тэрбум ам.долларт хүрсэн нь Манжийн үед ч байгаагүй том дүн. Асар их баялагтай, гуравхан сая хүнтэй, 70 сая малтай улс яагаад ийм байдалд орчихов. Цаашдаа бид энэ замаар явж болохгүй. Хэн нэгэн улстөрч, аль нэг улс төрийн хүчин дангаараа энэ өөрчлөлтийг хийж чадахгүй. Учир нь тэд бүгд нам дамжсан олигарх, бизнес бүлэглэл, мафийн зохион байгуулалтад орчихсон. төр засгийн бүх эрх мэдлийг тэд авчихсан байна. тэр дунд нь хууль хяналтын байгууллага ч багтана. ингээд уул уурхайн 400 гаруй орд, ждү-г энэ олигархууд авчихсан. тэд бол 30 хүнд хамаарах 200 орчим гэр бүл юм аа. энэ баялаг бол Монголын гурван сая хүний өмч. үндсэн хуульд баялаг бол ард түмний мэдлийнх гэж заасан байдаг ч өнөөдөр ийм л байдалтай байна. Үндсэн хуулийн энэ заалт тунхаг төдий л байна. Дээрээс нь төрд гарсан хүмүүс нь бүгд наймаачид. Тэд ядарсан ард түмэндээ 20, 40 мянган төгрөг өгч саналыг худалдаж авч гарч ирсэн. Сонгох, сонгогдох эрхийг зөрчиж гарч ирсэн хүмүүс юм. Энэ бүхнийг өөрчлөхийн тулд үндсэн хуульд цогц өөрчлөлт хийх нь зөв. Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг эрх баригч нам дангаараа хийж таарахгүй. Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, ард түмнийхээ оролцоотойгоор хийх ёстой. Энэ бол Монголын эрх ашиг. Хэрэв ийм байдлаар бид үндсэн хуулиа өөрчилж чадвал улс эх орон маш хурдтай хөгжинө. Энэ асуудал дээр өргөн хүрээнд хамтран ажиллах талаар бид эрэл хайгуул хийж байна. Улс төрийн намууд том, жижиг гэлтгүйгээр уулзаж ярилцсаар байгаа. Хамгийн сүүлд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх улс төрийн намуудыг хүлээж авч уулзан, сайн хэлэлцүүлэг явуулсан.

-Хэлэлцүүлгийн дүнд ямар санал шийдэлд хүрэв?

-Ерөнхий сайдын зүгээс маш чухал хоёр асуудлыг дэвшүүлж тавьсан. Нэгдүгээрт, УИХ-ыг хууль тогтоох байнгын ажиллагаатай парламенттай болгох. Мөн түүндээ хяналт тавих ард түмний төлөөлөл бүхий байнгын бус ажиллагаатай парламенттай болох тухай ярьсан. Ерөнхий сайдын зүгээс “Би хоёр шатны парламентыг тууштай дэмждэг” гэдгээ ч энэ үеэр илэрхийлсэн. Энэ бол бодит байдалдаа дүгнэлт хийсэн маш том бодлого гэж бид хүлээж авч байгаа. Энэ өөрчлөлтийг МАН, Ерөнхий сайд хийж чадвал үнэхээр Үндсэн хуулийн өөрчлөлт болж чадна. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг улс төрийн намуудын оролцоотойгоор хийх болно гэдгийг Ерөнхий сайд хэлсэн. МАН-аас өөр хэн ч ингэж дуугараагүй. Д.Лүндээжанцангийн хэлээд буй хэдэн өөрчлөлт Монголын нийгэмд ямар ч өөрчлөлт авчрахгүй. МАН-ын амьдрах хугацааг уртасгах гэсэн өнгө заслын өөрчлөлтүүдийг бид дэмжихгүй. Үүнийг улс төрийн намууд бүх талаараа эсэргүүцнэ. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ ч гэсэн “Өдрийн сонин”-д “Нэг хүчин дангаараа Үндсэн хуулийг өөрчлөх ёс суртахууны эрхгүй” гэсэн байна лээ.

Ажлын хэсгээс нь хуулийн төслийг олон нийтээр хэлэлцүүлсэн гээд байгаа. Өөрсдийнхөө ажлыг танилцуулаад л дэмжүүлсэн байна лээ. Тэдгээр төлөөллүүдээс нь хоёр шатны парламенттай болго гэх саналыг ирүүлсэн ч “Ард нийтийн санал асуулга явуулахад хоёр шатны парламентыг дэмжээгүй” гэж протоколдоо бичсэн байгаа юм. Ямартаа ч бид Ерөнхий сайдын бодитой шинэчлэл хийе гэсэн байр суурийг нь дэмжиж байгаа. Түүхэнд үлдэх өөрчлөлтийг Ерөнхий сайдыг гардан хийгээсэй гэж бодож байна. Үүнд нь улс төрийн намууд хариуцлагатай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Мөн тун удахгүй УИХ-ын даргатай уулзах бодолтой байгаа.

-Эрдэнэтийн 49 хувийн асуудал орж ирэх үед та Шадар сайдаар ажиллаж байсан. Ер нь энэ асуудалд ямар байр суурьтай байдаг юм бэ?

-Эрдэнэтийн 49 хувийн асуудал бол Ч.Сайханбилэгээр удирдуулсан манай Засгийн газрын үед гэнэт орж ирсэн асуудал. Улсын нууцын хэмжээнд орж ирсэн. Энэ асуудлаар АТГ-аас мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулаад шалгаж байгаа. 49 хувийн асуудлыг шийдсэн гэж биднийг буруутгах хүмүүс ч байдаг. Ер нь бол 2016 оны зургадугаар сарын 13-нд болсон хурлын протоколыг олон нийтэд ил болгож нарийн авч үзэх ёстой. Тус хурал дээр Ерөнхий сайд танилцуулга хийхдээ “Энэ залуу Худалдаа хөгжлийн банкныхан. ОХУ-ын талаас Эрдэнэтийн 49 хувийг Монголдаа авчрах гэж байгаа хүмүүс. Энэ хүмүүс гэрээ хэлэлцээр хийхээр явах гэж байгаа” гэсэн. Эрдэнэтээ 100 хувь Монголын эзэмшлийнх болгох сэтгэл бүх хүнд л байгаа. Тиймээс хэн ч байсан нэн тэргүүнд дэмжиж таарна. Тэр үед би Засгийн газар дотор байсан цорын ганц хуульч, мөн ахмад нь байв. Тэр утгаараа би тус хуралдааны үеэр “Эрдэнэтийн 49 хувийг Монголд авчрах гэж байгаа нь сайн хэрэг. Бид 100 хувь эзэмших хэрэгтэй. Гэхдээ 49 хувийн асуудал бол Зөвлөлт холбоот улс болон Монгол Улс хоёрын хамтын гэрээгээр хийгдсэн. Тиймээс энэ асуудал УИХ-аар шийдэгдэх ёстой. Хууль зүйн талаасаа энэнээс өөр гарц байхгүй” гэдгийг маш тодорхой хэлсэн. Протокол дээр хар, цагаанаар бичээстэй бий. Ерөнхий сайд “Та бүхний үгийг хүлээж авлаа. Энэ хүмүүс эхлээд очиж гэрээгээ хийнэ. Дараа нь Засгийн газарт танилцуулаад, УИХ-руу оруулна” гэсэн. Ийм ойлголтыг бидэнд өгөөд алх цохьсон. Бид улс төрийн том намын хувьд “Монгол Улс Эрдэнэтийн 49 хувийг авахаас татгалзаж байна” гэсэн бичиг Гадаад харилцааны яамаар дамжаад явлаа гэх мэдээллийг хоёрхон хоногийн дараа авсан. Ингээд бид Ерөнхий сайдтай орж уулзсан. Барилга, хот байгуулалтын сайд байсан З.Баянсэлэнгэ “Эрдэнэтийн 49 хувийн материалтай танилцъя” гэхэд Ерөнхий сайд “Та бүхэнд үзүүлэх боломжгүй. Битгий үзүүл гэх үүрэг өгсөн” гэж хэлсэн. Улмаар бид хэвлэлийн бага хурал хийсэн. Эрдэнэтийн 49 хувийг олж ирэх гэж байгаа залуусын эсрэг бид мэдээлэл хийгээгүй. Харин Эрдэнэтийн 49 хувь бол Монголын ард түмний хөрөнгө байх ёстой тухай ярьсан. Үүний дараа юу болсон талаар би өнөөдөр анх удаа задлах гэж байна.

-Юу болсон гэж?

-МАХН-ын харьяалалтай Засгийн газрын гишүүдийн эсрэг дайн зарласан. МАХН-ын гурван сайдыг Засгийн газраас гаргах хуулийн төслийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өргөн барьсан. Засгийн газрын хурал хийлгүйгээр шүү дээ. Харин энэ үед УИХ-ын дарга З.Энхболд хүлээн зөвшөөрөөгүй. Сонгууль болох гэж байхад Засгийн газраа бужигнуулах нь зохисгүй гэж үзсэн бололтой УИХ-ын чуулганыг завсарлуулсан юм. Зургадугаар сарын 23 хүртэл долоо хоног завсарлуулсан. Энэ бол маш шийдэмгий арга хэмжээ байсан. З.Энхболдыг Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг мэдэж байсан эсэх тухай маргадаг. Миний бодлоор түүнд мэдэгдээгүй байх үндэслэлтэй. Учир нь бид Засгийн газар хуралд орсон учраас л тэр материалтай танилцсан. Гэхдээ тэр материалд Монголын тал Эрдэнэтийн 49 хувийг авахаас татгалзаж байгаа тухай, худалдаж авах мөнгөгүйн тухай үг үсэг байгаагүй юм шүү.

Түүнчлэн Н.Энхбаяр даргыг сонгуульд нэр дэвших эрхийг хууль бусаар хассан. Хуульд байхгүй заалтыг үндэслэж нэр дэвших эрхийг нь хассан юм. Мөн долдугаар сарын 7-ны өдөр Засгийн газар гэнэт цуглаад “Биднийг шүүмжилсэн” гэдэг шалтгаанаар намайг Улсын баяр наадмын комиссын даргаас огцруулсан. Хуулиараа Шадар сайд Улсын баяр наадмын комиссын дарга хийх ёстой. Энэ мэт өшөө хонзон авсан явдлууд гарсан. Ер нь бол 49 хувийг Монголын талд авах асуудлыг Н.Энхбаяр дарга гаргаж тавьсан байдаг юм шүү. Харин түүнийх нь төлөө сонгогдох эрх мэдлийг нь хасч, хэлмэгдүүлэлт хийсэн.

-Тэгвэл Эрдэнэтийн 51 хувийн асуудалд юу хэлэх вэ?

Өнгөрсөн хугацаанд Монгол Улс МАНАН мафийн эрхшээлд байсан. Үүний нэг жишээ нь улсын үйлдвэрийн барьцаанд тавьж гадны банкнаас их хэмжээний зээл авсан явдал. Зээлсэн мөнгөө хуваагаад идчихсэн нь маргаангүй гэмт хэрэг. Дараа нь 60 тэрбум төгрөгөөр төрийн албыг үнэлсэн. Төрийн эрхийг хууль бусаар авсан нь Үндсэн хуулийн эсрэг хийсэн гэмт хэрэг. ЖДҮ-ийг хөгжүүлэх зориулттай татварыг мөнгийг УИХ-ын 60 гаруй гишүүд хуваагаад авчихсан. Энэ ч мөн адил гэмт хэрэг. Энэ хүмүүс дахин төрд гарах ёс суртахууны эрх байхгүй.

Өнөөдөр Эрдэнэтийн 49, 51 хувь хоорондоо барьцаж байна. Ийм байж болохгүй. Аль аль нь хоорондоо хуулийн хариуцлага хүлээх ёстой. Тэр тусмаа 51 хувийн өрийг татварын 40 сая ам.доллараар дарсан нь буруу. Нэгэнт төлсөн бол гэм буруутай этгээдээсээ гаргах ёстой. Энэ асуудлыг МАНАН-ийн гар хөл болсон хүмүүс шийдэхгүй, хадгалаад суугаа нь үнэн шүү дээ.

-Таныг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан хэмээн шалгаж байгаа. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн бэ?

-Хэвлэл мэдээллээр намайг Шадар сайд байхдаа “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардлыг шамшигдуулсан гэж их дайрч давшилсан л даа. Энэ асуудалд миний оролцоо нэгээхэн ч үгүй. “Тэмээн поло” холбооны залуус энэ ажлыг гардаж хийсэн. Тэд 2016 онд Тэмээн поло тэмцээнийг Өмнөговьд зохион байгуулсан. Тухайн үед төсвийн санхүүжилт байгаагүй учир бид банк, санхүүгийн байгууллагаас зээл авч байж тус тэмцээнийг хийсэн байдаг. Бүгд санхүүгийн баримт, пото зураг, видео бичлэгтэй. Энэ бүх материалаа Сангийн яамаар хянуулаад Эрүүл мэнд, спортын яаманд өгсөн. С.Ламбаа сайд үүнийг хянаад тушаалаа гаргаад шийдвэрлэсэн юм билээ. Бүх өр төлбөрөө барагдуулсан гэсэн.

150 сая төгрөг л юм. МАНАН мафи надтай дайн зарлаж, зохиомол хэрэг үүсгээд, түүнийгээ улс орон даяар зарласан л явдал юм. Хэрэг үүрүүлж чаддагүй юм аа гэхэд нэр төрийг нь ч болов гутаая гэсэн л арга. Би “Чаддаг юм бол намайг шийтгээрэй” гэж МАНАН мафийнхныг басамжилсан нь үнэн. Шударга бусын хонгилоор явуулах гэсэнд нь дургүйцэн ингэж басамжилсан юм. Анхан шатны шүүх буцаагаад мөрдөн байцаах шат руу л явуулсан байна лээ.

Шүүх хяналтын байгууллагын удирдлагуудыг өнөөдөр сольж байгаа нь зөв. Гэхдээ яг МАНАН-гийн гар хөл болсон гэмт хэрэгтнүүд байж л байгаа шүү дээ. Тэд өөр эзэн хайгаад гүйж байгаа. Шинэ Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ивээлд орох гээд яаж гүйлдэж байгааг мэдэх хүмүүс нь мэднэ. Энэ мэт хууль хяналтын байгууллагыг завхруулсан хүмүүс бий. Сая шүүгч Л.Бямбаа ямар харамсалтайгаар хорвоог орхив. Тэр хүнд хийсэн гэмт хэрэг байхгүй. 48 цагийн турш ямар ч тогтоолгүйгээр хоол ундгүй хорьсон. Үүнээс үүдэн сэтгэл зүйн хүнд цочрол, стресст орсон. Тэрээр цусаараа гэрээслэл бичсэн байгаа юм. Энэ гэрээслэлийг ар гэрийнхэн нь одоог хүртэл авч чадаагүй. Хэрэг нь ч шийдэгдэхгүй л байна. Өнөөх мафи энэ хэргийг байлгаад л байна. Тиймээс шударга бусын хонгилыг бүхэлд нь өөрчлөх шаардлага байна.

-Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохоор тов гарсан. МАХН-аас хэн нэр дэвших вэ?

-МАХН Хэнтийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуульд авлига, ард түмний саналыг худалдаж авахаас ангид хийх ёстойг албан ёсоор шаардаж байгаа. Бид Монголын ард түмний хүсэн хүлээж байгаа тэр хүнийг нэр дэвшүүлнэ. Хэнтийчүүдийн санал, хүслийг харгалзан үзэх болно. Хамгийн гол нь сонгууль шударга, сайхан болох хэрэгтэй. Тэр дундаа эрх баригчид эрх мэдлээ урвуулан ашиглаж, мөнгө төгрөг тарааж бохир сонгууль хийхгүй байхыг хүсье. Энэ нь 2020 оны сонгуульд ач холбогдолтой үйлдэл шүү гэдгийг хэлэх байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Пүрэвдорж: Улаанбаатар, Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулахаар ажлын хэсэг ярьж байгаа

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.


-Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өчигдөр боллоо. Та уг ажлын хэсэгт бий. Энэхүү хуулийг яагаад өргөн барихаар болов?

-Энэхүү хууль 2014 онд өргөн баригдсан. Тухайн үед би Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга байхдаа Засгийн газрын өргөн барьсан энэхүү хуулийн ажлын хэсэгт нь орж ажиллаж байсан. Харин өнөөдөр УИХ-ын гишүүний хувиар ажлын хэсэгт нь ороод явж байна. Казиногийн хуулийг өргөн барихыг миний хувьд дэмждэг. Учир нь аялал жуулчлалыг дэмжих, эдийн засгийн хөгжилд тодорхой хэмжээгээр орлого нэмэгдүүлэхэд маш хэрэгтэй зүйл гэж хардаг. Уг хуулийн төслийг үе үеийн УИХ ард түмний хэл амнаас болгоомжилж хойш нь тавих хандлагатай байдаг. Тэгэхээр ажлын хэсгийг дахин шинээр зохион байгуулсан. Ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд ахлаад, УИХ-ын долоон гишүүн орж ажиллаж байна. Энэ хуулийг маш хурдан хугацаанд хэлэлцэж, батлах ёстой гэж үзэж байгаа.

-Энэ хуульд казиног хаана байгуулахаар тусгаж байгаа вэ. Яг ямар тодорхой зохицуулалтууд орсон бол?

-Казиногийн барилга байгууламж гэхээр хүмүүс асар том зүйл гэж ойлгоод байдаг. Тийм биш.

Европт бол томоохон барилга байгууламжийн нэг давхарт л казино байрлаж байх жишээтэй. Манайхаар бол “Улаанбаатар” зочид буудлын нэг давхарт багтахаар л хэмжээтэй газар казиногийн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа гэсэн үг.

Казино гэхээр л Макао, Лас Вегас шиг төсөөлж, бодоод байх хэрэггүй. Тийм айхавтар том барилга байгууламж шаардахгүй. Хамгийн гол нь казино бий болсноороо тухайн орчинд аялал жуулчлалын болон худалдаа үйлчилгээний газрууд давхар хөгжөөд явдаг. Худалдаа үйлчилгээний газрууд нь илүү сайн түвшинд, үйлчилгээ сайтай байхад болно.

Энэ хуулиар казиногийн байршлуудыг тодорхой зааж өгөхгүй. Ерөнхийдөө энэ хуулийн ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Улаанбаатар хотод болон Алтанбулаг, Замын-Үүдэд казино байгуулах тухай ярьж байгаа. Үүнд тодорхой хэмжээний тусгай зөвшөөрлийг олгоно. Зөвшөөрлийн хураамж нь өндөр тогтоогдохоор яригдаж байна.

-Казино байгуулснаар биеэ үнэлэлт, хар тамхины хэрэглээ өсөх сөрөг талтай гэдэг. Казино байсан байгаагүй ил, далд эдгээр сөрөг үйлдлүүд нэмэгдсээр байна. Гэхдээ ажлын хэсгийн зүгээс энэ асуудлуудыг хөндөж ярьсан нь мэдээж байх. Үүнтэй холбоотойгоор зохицуулалтууд тусгасан уу?

-Казиног дагаад сөрөг үр дагаврууд гарна гэх болгоомжлол байдаг. Мэдээж болгоомжлол байх нь зүйтэй. Европчууд казино тоглох соёлд суралцчихсан байдаг. Стресс тайлах зорилгоор хэсэг тоглож байгаад л гарчихдаг. Харин монголчууд маань бүх хөрөнгөө дэнчин тавьж амьдралаа сүйтгэх хэмжээнд хүрэх вий гэх болгоомжлол, эрсдэл бий. Мөн казиног дагаад биеэ үнэлэлт нэмэгдэнэ гэх айдас байдаг. Гэхдээ энэ буруу хандлагуудыг цахим ертөнцийн тусламжтайгаар ард түмний хараа хяналтан дор байлгах боломжтой. Тиймээс айх аюулгүй байж болно.

-Таны хувьд Казиногийн тухай хуульд ямар зарчим баримталж, үзэл бодлоо тусгаж байгаа вэ?

-Миний хувьд монголчуудыг казинод тоглуулахгүй байх зарчим баримталж байна. Казиногийн хор хөнөөл, сөрөг үр дагавар бодитоор нөлөөлж магадгүй гэж үзэж байгаа учраас монголчуудыг тоглохыг хориглосон концепци байх ёстой. Яг ийм зохицуулалт орсон тохиолдолд би энэ хуулийг дэмжээд явна. Монголчуудыг тоглуулахыг зөвшөөрсөн тохиолдолд би энэ хуулийг төслийн ажлын хэсэгт байхаас татгалзана, өргөн барилаа ч эсрэг кноп дарна.

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд казино чухал нь мэдээж. Дээрээс нь хөрш орнуудын хувьд казиногийн үйл ажиллагааг зарим талаар хязгаарлаж байгаа юм билээ. Энэ тохиолдолд зөвхөн гадаадынхныг тоглуулж орлогыг бий болгох нь зөв гэж харж байна.

-Манайхан гадагшаа явж казино тоглодог нь нууц биш шүү дээ. Монголд казино байлаа ч хүссэн хүн бүр тоглох боломжгүй нь ойлгомжтой. Тийм байхад заавал хязгаарлах шаардлага байна уу?

-Ажлын хэсгийн зарим гишүүд монголчуудыг тоглуулахдаа тодорхой хураамжтай байя гэх саналыг хэлж байгаа. Нэг жилийн хураамж нь доод тал нь 20 сая төгрөг байя, хураамжаа төлсөн монгол хүн тоглох боломжтой байхаар зохицуулалт оруулъя гэж ярьж байгаа. Миний хувьд бол монголчуудыг тоглуулахгүй байх нь зүйтэй л гэж бодож байна.

-Ардчилсан намын зөвлөл Ерөнхий сайдыг Хэнтийд очиж сонгуулийн сурталчилгаа хийн, хууль зөрчиж байна гэж байна. Энэ тухай тодруулаач?

-Өнгөрсөн 2016 онд Хэнтий аймгийн 42 дугаар тойргийнхон Д.Гантулга гэдэг хүнийг сонгоогүй юм. МАН-ыг эх орны хөгжил дэвшил, Монголын ард түмний сайн сайхны төлөө илүү ихийг хийнэ гэж итгэн дэмжиж, сонголт хийсэн. Гэсэн ч сүүлийн гурван жилд ямар ч бүтээн байгуулалтын ажил хийсэнгүй. Жишээ нь, Хэнтий аймгийн Мөрөн суманд сүүлийн гурван жил нэг ширхэг ч ажил хийгдсэнгүй. Мөн Жаргалтхаан сумын Соёлын төвийг л улсын төсвийн хөрөнгө оруулалтын 170 сая төгрөгөөр зассан. Ард түмний төлөө ажиллана гэж гарч ирсэн Засгийн газрын байгаа байдал энэ нөхөн сонгууль дээр гарч ирж байна. МАН үг, үйлдлийн зөрүүтэй гэдэг нь ч үүнээс харагдаж байгаа. 2012-2016 онд АН маш их зүйлийг хийж бүтээсэн. Харамсалтай нь дотооддоо эв нэгдэлгүй гэдэг шалтгаанаар ард түмэн МАН-д саналаа өгсөн юм. Гэтэл МАН гарч ирээд хэрүүл тэмцлээс өөр зүйл хийсэнгүй.

Ховд аймгийн хоёрхон сумыг жишээ болгоод ярья л даа. Зэрэг суманд хоёр тэрбум 700 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар таван ч барилга баригдаж, хөрөнгө оруулалт болоод явж байгаа. Мөн Цэцэг суманд таван тэрбум 800 сая төгрөгийн төсвийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэж байна. ЖДҮ, тендер, концесст амаа хаалгаагүй гишүүд иргэдийнхээ төлөө ингэж ажиллаж болдог юм. Тиймээс зөвхөн нөхөн сонгууль болох сургаар Засгийн газар амлалт өгөөд яваад байж болохгүй. Өнгөрсөн гурван жилд юу хийснээр чинь л зургадугаар сарын 30-нд болох сонгуулийг дүгнэнэ.


Categories
мэдээ цаг-үе

Б.Жавхлан: Бид эдийн засагтаа коммунист аргаар хандаж болохгүй

УИХ-ын гишүүн Б.Жавхлантай ярилцлаа.


-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох, мөнгө хүүлэлттэй тэмцэх хуулийн төслийг с.эрдэнэ гишүүн өргөн бариад буй. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох боломж бий юү?

-Ганцхан зээлийн хүү гэлтгүй бараа бүтээгдэхүүний үнэ өртөг өндөр байна, үүнийг хямд байлгах ёстой гэх нийгмийн шаардлага байдаг. Тэр дундаа зээлийн хүү нь бүх зүйлийг суурь өртөг учраас бүгд л нам дор байлгахыг хүсдэг. Гэхдээ зээлийн хүүг буруу аргаар бууруулж болохгүй. ялангуяа бид эдийн засагтаа коммунист аргаар хандаж болохгүй. Хэрвээ бид захиргаадалтын аргаар явахыг хүсч байгаа бол бүх бараа бүтээгдэхүүнийхээ үнийг хуулиар тогтоочихъё. Болдог бол бензин, талх, гурил, хүнсний ногоо, стратегийн бүх бүтээгдэхүүнүүдийнхээ үнэнд хязгаар тогтоочихъё л доо. Харамсалтай нь ийм боломж байхгүй. Бид 1990 оноос эхлээд чөлөөт зах зээлийн нийгмийг сонгоод амьдарч байгаа шүү дээ. ямар коммунист нийгэм лүүгээ буцаад явалтай биш.

Зээлийн хүү, түүний бодлоготой ноцолдохын тулд эхлээд эдийн засгийн анамтомийг нь харах хэрэгтэй. Тэгж гэмээнэ байгаа зөв тодорхойлно. Барууны орнуудад мөнгө хүүлэлттэй тэмцдэг л дээ. Мөнгө хүүлэлт, банкны зээл гэдэг хоёр өөр зүйл. Банкны зээлийн хүү суурь өртөг дээр тогтдог. Мөнгө хүүлэлт бол богино хугацаанд хэт өндөр ашиг олох гэсэн хэвийн бус сэдэл дээр тогтдог. Дээрээс нь мөнгө хүүлэлтийн эх үүсвэр нь тодорхойгүй байдаг. Мөнгө хүүлэлттэй тэмцэж байна гээд банкны тогтолцоог эвдэж болохгүй юм. Банкны зээлийн хүүгийн суурь буюу гол зардал нь хадгаламжийн хүү байдаг. Манайд хадгаламжийн хүү 8-12 хувь байна. Зээлийн хүү дунджаар 18 орчим хувьтай байгаа. Энэ хоёрын хооронд банк оршин тогтнодог. Үйл ажиллагаа, эрсдэлийн зардлуудаа шингээгээд 3-4 орчим хувь нь ашиг болж очдог. Иймэрхүү байдлаар л манай банкны систем, зээлийн хүү тогтож байгаа. Харин үүн дээр нэмээд банк бусын, хадгаламж зээлийн хоршоо, ломбард, өдрийн зээлийн хүү тогтож байх шиг байна. Өдрийн зээлийн хүү нь ямар ч эрх зүйн зохицуулалтгүй, эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө угаалтын шинжтэй байгаа. Ийм мөнгө хүүлэлттэй төр тэмцэх ёстой. Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалж төр зайлшгүй оролцох нь зөв гэж бодож байна. Харин суурь зарчмаараа явж байгаа банкны орчин, санхүүгийн үйлчилгээний өртгийг бид захиргаадалтын аргаар зохицуулж чадахгүй.

-Хадгаламжийн хүү өндөр байгаад юу нөлөөлж байна вэ?

-Хадгаламжийн хүү нь инфляциас шалтгаалдаг. Банк хадгаламжийг өөр дээрээ тогтоохын тулд инфляциас өндөр хүү амлах хэрэгтэй болно. Гэтэл манайд инфляци найман хувьтай байна. Инфляцийг цэвэр төр хариуцах ёстой. Төр өөрөө макро бодлогоо зөв зохистой явуулж байж дунд урт хугацаанд инфляцийг нам дор барина. Инфляци таваас доош байх ёстой. Төр ийм хэмжээнд барьж чадахгүй байна.

-Яагаад?

-Гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл, мөнгөний бодлого гээд инфляци онилсон макро бодлогуудыг төр зохистой хэмжээнд барьж чадахгүй байна.

Төр үүнд менежмэнт хийж чадаагүй байж зээлийн хүүг дээрээс нь хязгаарлачихаар банк оршин тогтнох зайгүй болж ирнэ. Энэ тохиолдолд хар зах руугаа гарахаас өөр аргагүй болно. Захиргаадалтын арга хэрэглэх тухай ярьж байгаа нь зах зээлийн эдийн засгийн менежмэнтээс бууж өгч байгаа хэрэг болно. Төр макро менежмэнт хийж чадахгүй нь, захиргаадахаас өөр аргагүй боллоо гэж байгаа бол энэ хамгийн муу менежмэнт. Энэ нь эдийн засаг, санхүүгийн зах зээлийг маш богино хугацаанд тогтворгүй байдалд оруулна. Харин түүний оронд бид богино хугацаанд арга хэмжээ авч инфляциа бууруулах хэрэгтэй. Эдийн засгийн төрөлжилт, төлбөрийн тэнцэл, гадаад худалдаа, гадаад өрийн менежмэнт, зээлжих зэрэглэл зэргээ зохистой түвшинд нь барьж байж бид инфляциа барьж чадна. Тэр үед зээлийн хүү аяндаа буурна.

-Гадны орнуудад зээлийн хүүг тогтоосон нь амжилттай хэрэгжээд явж байгаа талаар хууль санаачлагч онцолж байсан. Энэ тухайд?

-Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоосон улсуудын жишээг ярьдаг. АНУ болон Японд мөнгө хүүлэлттэй хатуу тэмцдэг. Гэхдээ Японд инфляци 0.5 дотор яригддаг. АНУ-д инфляци 1-2-ын хооронд хэлбэлздэг. Инфляцийг ингэж нам дор барьж байгаа тохиолдолд мөнгө хүүлэлттэй тэмцэх боломж гарч ирж байгаа юм. Төр өөрөөсөө шалтгаалж байгаа өртгийг дор барьж байхад санхүүгийн зах зээл дээр тоглож байгаа тоглогчид хэт өндөр ашгийн төлөө явж болохгүй. Тиймдээ ч үүнээс дээш зээлийн хүү, мөнгө хүүлэлт байж болохгүй гээд хязгаарлачихдаг. Харин манайд нөхцөл байдал ямар байгаа талаар дээр дурдсан.

-Тэгэхээр төр инфляцийг бууруулахын тулд эхний ээлжинд ямар алхам хийх хэрэгтэй байна вэ?

-1990-ээд оны дунд, 2000-аад оны эхээр манайд зээлийн хүү маш өндөр байсан. Жилийн 30, 40, бүр 50 хувьд хүрсэн ч үе бий. Тэр үеийг бодоход манай инфляцийн түвшин харьцангуй тогтвортой болж зээлийн хүү буурч эхэлж байгаа. Аажмаар буурсаар өнөөгийн энэ түвшинд хүрсэн юм. Цаашдаа инфляци буурсаар байвал зээлийн хүү ч мөн буурах боломж бүрдэнэ. Ингэхийн тулд бид эдийн засгийн тогтворгүй байдал, зээлжих зэрэглэл, төлбөрийн тэнцэл гэх мэт макро үзүүлэлтүүдээ сайжруулах хэрэгтэй. Засгийн газар, Монголбанкны макро бодлого эдгээрт чиглэж явах ёстой.

-Монголбанк Капитал банкийг дампуурахаас сэргийлж ямар нэгэн арга хэмжээ авсангүй, үүргээ биелүүлсэнгүй гэж сөрөг хүчний зүгээс үзэж байгаа. Таны хувьд Монголбанкны үйл ажиллагааг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Банк дампуурах, дампуурахгүй талаар хуульд маш тодорхой заачихсан байдаг. Эхний ээлжинд эздэд нь, хөрөнгө оруулагчдад нь боломж өгөх ёстой. Монголбанкны зүгээс ч тэр банкныхаа доголдлыг арилгах, богино хугацаанд хэвийн байдалд оруулах боломжийг өгсөн болов уу гэж бодож байна. Тийм учраас ч шаардлагатай арга хэмжээг нь авсан байх. Гэхдээ тоо баримт, шалгалтын материалуудыг нь үзээгүй учраас хэлж мэдэхгүй байна.

-Харилцаа холбооны тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийг төслийг УИХ хэлэлцэж байгаа. Уг хууль батлагдсанаар фэйсбүүктээ регистрээрээ ордог болох уу, тус компани энэхүү хуульд зориулж нэвтрэх хэсгээ өөрчлөх үү зэрэг эргэлзээ байна л даа.

-Фэйсбүүк орчинг бол хязгаарлаж болохгүй. Энэ бол хүний эрхийн асуудал. Харин үүний хэрэглээг зөв зохистой болгох чиглэлд төр анхаарах цаг нь болсон. Цахим орчныг далимдуулж кибер гэмт хэрэг, бага насны хүүхдүүдийг гэмт хэрэгт уруу татах, сонгуулийн үеэр улс төрийн хүрээнд бие биенээ гүтгэн доромжлох зэрэг зохисгүй хандлагууд бий болж байгаа. Ийм тохиолдолд төр зохицуулалт хийх ёстой. Зөвхөн зохи-цуулалт хийх бус төр интернэт орчноор дамжуулж иргэддээ үйлчилгээ үзүүлэх боломжтой. Мэдээллийн дата бааз, флатпормыг бий болгох ёстой юм билээ л дээ. Үүний гол суурь нь энэ удаагийн Харилцаа холбооны тухай хуулийн өөрчлөлтөөр бий болж байгаа гэж харж байна. Манай үүрэн телефоны оператор компаниуд утасны дугаараа цаад эзэмшигчийнх нь мэдээлэлгүйгээр талх шиг л худалдаалдаг байсан. Харин одоо бүх утасны дугаараа бүртгэлжүүлнэ. Бүртгэлжсэн утасны дугаараараа фэйсбүүк, твиттер зэрэгт нэвтэрдэг болно. Түүнээс шууд хурууны хээгээ дарж байж фэйсбүүктээ орно гэх ойлголт байхгүй.

-Улаанбаатар-Дархан чиглэлд зам тавих ажил хэр ахицтай байгаа вэ?

-Санхүүжилтийнхээ түвшиндээ ахицтай байгаа. Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын хөгжлийн банкнаас бүх санхүүжилтүүд нь шийдэгдчихсэн. Өөрөөр хэлбэл, энэ асуудлуудыг УИХ дээр соёрхон баталчихсан учраас үндсэндээ хууль болоод гарчихсан гэсэн үг. Одоо энэ хуулийг Засгийн газар хэрэгжүүлэх ёстой. Цаг хугацааны хувьд бага зэрэг алдагдалтай яваад байна. Засгийн газрын түвшиндээ жаахан удаан байна. Гэхдээ энэ жил замын ажил эхэлнэ гэж өөдрөгөөр хүлээж байгаа.

-Зорчигчид багагүй тойрч Дархан руу очихоор байгаа гэсэн. Зам харгуйн хувьд хэр боломжтой бол?

-Зорчигчид маань 1-1.5 жилийн хугацаанд багахан тэсэхээс өөр аргагүй. Гэхдээ өмнөх шиг байнга шороогоор туучаад байхгүй байх. Зам, тээврийн хөгжлийн яам зөв менежмэнт хийх болов уу гэж л харж байгаа.

-Та Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаа юу?

-Ерөнхийд нь дэмжиж байгаа. Хуульчид сайн ажиллаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ парламент зайлшгүй хийх ёстой.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Учрал: Фэйсбүүкт зөвхөн утасны дугаараараа бүртгэл үүсгэдэг болно

УИХ-ын гишүүн Н.Учралтай ярилцлаа.


-Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн зохицуулалтаар фэйсбүүкт регистрээрээ нэвтэрдэг болох нь гэх ойлголт үүсээд байгаа. Ер нь яг ямар зохицуулалт орж байгаа юм бэ?

– Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд батлагдсаны дараа бид Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хууль, Өгөгдөл хамгааллын тухай хууль Засгийн газраас өргөн баригдах гээд бэлтгэгдсэн. Эдгээрийг салбарын суурь хуулиуд гэж ойлгож болно. Харилцаа холбооны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хүмүүс сайн уншиж танилцах хэрэгтэй. Элдэв буруу мэдээллийг өөгшүүлэх шаардлагагүй болов уу. Регистрийн дугаараараа орно гэсэн зүйл байхгүй.

Хууль гарснаар “Mobile id” гэдэг зүйл анх удаа хэрэгжинэ. Хүмүүс гар утасны дугаараараа id-тай болно гэсэн үг. Олон нийтийн сүлжээнд орохдоо гар утасны дугаараараа бүртгүүлнэ. Одоо ч гэсэн гар утасны дугаар, и-мэйл хаягаараа фэйсбүүкт бүртгэл үүсгэдэг шүү дээ. Харин тэрхүү дугаар нь бүртгэлтэй л байх ёстой юм. Утасны дугаар авахыг хүсвэл хурууны хээ болон мэдээллээ заавал өгөх хэрэгтэй. Тэрхүү утасны дугаараараа л фэйсбүүкт бүртгүүлнэ гэсэн үг. 2016 онд 600 гаруй мянган бүртгэлгүй утасны дугаар байсан. Одоо тэр тоо багассан. 99 хүртэлх хувь нь бүртгэлжчихсэн. Гарч буй гол өөрчлөлт нь и-мэйл хаягаараа бүртгүүлэхээ л болих юм.

-Манай хууль эрх зүйн орчинд нийцүүлж фэйсбүүк компани нэвтрэх хэсэгтээ өөрчлөлт хийх үү?

-Бид дуртай зүйлээ хуульчилаад глобал компани түүнийг дагана гэж байхгүй. Ямартаа ч бид энэ өөрчлөлтийг сая ирсэн фэйсбүүкийн төлөөлөгчдөд уламжилсан. Хуулиа баталсныхаа дараа фэйсбүүк компанид мөн хандана. Хэрвээ манай эрх зүйн орчныг хүндэтгэх юм бол зөвхөн гар утасны дугаараараа фэйсбүүкт бүртгэл үүсгэдэг болно.

-Энэ өөрчлөлт орсноор нэр нүүрээ нууцалж бусдыг гүтгэн доромжилдог, худал мэдээлэл цацдаг байдлыг хянах боломж бүрдэнэ гэж ойлгож болох уу?

-Гар утасны дугаараараа бүртгэл үүсгэсэн ч энэ аккаунтын цаана хэн байгааг мэдэх боломж нь хязгаарлагдмал. Энэ хаягны цаана ямар хүн байна, тэрний мэдээллийг өгөөч гэж бид фэйсбүүк компанид хандлаа ч өгөхгүй. Тодорхой нууцлалтай шүү дээ. Тухайн фэйсбүүк хэрэглэгч хүн гүтгэн доромжилж, хэн нэгнийг гэмт хэрэгт уруу татсан гэх зэргээр хууль зөрчсөн үйлдэл гаргасан бол түүнтэй холбоотой гомдлыг цагдаагийн байгууллагад гаргаж болно. Энэ тохиолдолд тэр нь хууль хяналтын байгууллагын асуудал болчихож байгаа юм. Харин хууль хяналтын байгууллагаас фэйсбүүк компанитай өөрсдөө харилцана. Түүнээс хэн нэгэн хүн фэйсбүүк компанид хандаад тэрний, энэний мэдээллийг өгөөч гээд авах боломж байхгүй. Энэ глобал компани хүний нууцыг маш сайн хадгалдаг. Харин бид фэйсбүүк компанийн төлөөлөгчидтэй яриад “Green channel” буюу “Ногоон суваг”-ийг үүсгэхээр болсон. Ингэснээр хуурамч мэдээ мэдээллийг цаг алдалгүй түргэн, шуурхай шийдвэрлэх боломж бүрдүүлж байгаа юм. Үүнийг Харилцаа холбооны зохицуулах хороо, Фэйсбүүк компанитай хамтарч ажиллуулах юм. Манай улсад энэ асуудлыг хариуцах төлөөлөл бий болно. Мөн манай “Ногоон суваг”-ийг удирдаж ажиллах монгол хүмүүсийг ажилд авна гэдгээ албан ёсоор хэлсэн.

Дээрээс нь хүмүүс төрийн байгууллага бүх мэдээллээ фэйсбүүкт өгөх гээд байна гэх зүйлийг ярьдаг. Үнэн хэрэг дээрээ та бүхэн өөрсдөө мэдээллээ өгчихсөн шүү дээ. Хүн болгон гар утасны дугаар, бусад мэдээллээ өгөөд аккаунтаа нээчихсэн. Иргэн бүр тэр компанитай өөрсдөө харилцдаг. Түүнээс төр албадаагүй гэдгийг сайн ойлгох хэрэгтэй.

-Та өмнө нь Монгол Улсын төрийн мэдээллийн сервер, төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн талаар хэлж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдсэн юм бол?

-Монгол Улсын төрийн мэдээллийн сервер, төрийн мэдээллийн сайтууд халдлагад өртсөн талаарх мэдээлэл “Kaspersky Lab”, securelist.com, cyberscoop.com, pressreader.com сайтуудад гарсан. Эдгээр нь маш хариуцлагатай сайтууд л даа. “Kaspersky Lab” нь мэдээллийн аюулгүй байдлыг хангадаг, вирусээс хамгаалах программыг хийдэг компани юм. Бид ч гэсэн вирусээс хамгаалахын тулд албан ёсны лиценз бүхий программыг нь компьютертээ суулгаж мэдээллийн аюулгүй байдлаа хангадаг. “Kaspersky Lab” нь аль нэг улс мэдээллийн аюулгүй байдал халдлагад өртвөл хамгийн түрүүнд мэддэг. Тиймдээ ч тус компани 2017 онд “Танай улсын төрийн мэдээллийн сан халдлагад өртжээ. Энэ асуудалдаа анхаараач ээ” гэж албан ёсоор мэдэгдсэн юм билээ. Энэ талаарх нарийг мэдээллийг авахыг хүсвэл тодорхой хэмжээний төлбөр төлөх шаардлагатайг ч хэлжээ. Гэтэл тэр үед Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас энэ асуудлыг Засгийн газрын түвшинд авч хэлэлцэлгүйгээр шууд хариуг нь явуулчихсан байгаа юм. Үүний дараа “Kaspersky Lab”-аас Монгол Улсыг төрийн мэдээллээ алдсан болох талаар мэдээлчихсэн юм билээ. Ингэснээр мэдээллийн аюулгүй байдлын индекс 104-т ороод ирсэн. Энэ хэрээрээ гадны хөрөнгө оруулагчид эмээж эхэлсэн. Гадны хөрөнгө оруулагчид оюуны өмчийн хамгаалалт, мэдээллийн аюулгүй байдалд асар их анхаардаг.

-Тэгэхээр бид цаашид хэрхэн мэдээллийн аюулгүй байдлаа хангах вэ?

-Бид ч үүнд их анхаарч байгаа. Цахим мэдээллийн аюулгүй байдлын хуулиар Мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах үндэсний төвийг байгуулах юм. Тэнд мэргэжлийн залуусыг авч ажиллуулна. Хадгалалтыг нь Дата төв, хамгаалалтыг нь Мэдээллийн аюулгүй байдлын үндэсний төв нь хийдэг байхаар зохицуулах юм. Зөвхөн Монгол Улсын төрийн бүх байгууллагуудын мэдээллийн аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагатай болох нь тун чухал. Дата төв дээрээ төрийн мэдээллийн сангаа хадгалахын сацуу иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулдаг ажлыг нь хийлгэдэг байя гэж байгаа юм. Дээрээс Дата төвд байгаа хувийн, гадны компанийн серверүүдийг бүгдийг нь гаргана. Энэ нь Төрийн ордонд гадны байгууллага орж ирээд оффис түрээслээд байгаатай адил юм шүү дээ. Дата төв орлого гэж жилдээ 200 гаруй сая төгрөгийг Засгийн газарт бүрдүүлж өгдөг. Тэр мөнгөө олохын тулд тэрхүү мэдээллийг байршуулдаг юм байна. Цаашдаа Дата төв төсөвт орлого бүрдүүлдэг байгууллага байхаа болино. Төрийн мэдээллээ хадгалдаг, иргэдийнхээ мэдээллийг авч байгаа учраас үйлчилгээ үзүүлдэг л байгууллага байх ёстой. Энэ ажлуудыг хамгийн эхэнд хийхээр төлөвлөж байна. Түүнчлэн Өгөгдөл хамгааллын тухай хуулийг гаргах гэж байна. Хууль зүйн орчнууд нь шинэчлэгдээд ирэхээр бид Засгийн газрын түвшинд энэ ажлуудыг зохион байгуулахад хялбар болно. Одоо хууль эрх зүйн орчин нь баталгаатай бус, шинэчлэгдээгүй учраас ийм асуудлууд гараад байгаа юм.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа байх. Ардчилсан намын зүгээс нэг хүчин дангаараа Үндсэн хууль батлах нь зохисгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа. Энэ тухайд?

-Үндсэн хуулийг дариу өөрчлөхгүй бол улс төрийн тогтворгүй байдал, шийдвэр нь гарчихаад хэрэгжихгүй байх, кабинетын зарчмаар хариуцлага хүлээдэггүй явдлууд дуусахгүй юм билээ. Тиймдээ Үндсэн хуулинд хурдан хугацаанд өөрчлөлт оруулах нь зөв. Үндсэн хуулиа баталчих юм бол үе үеийн парламентын үйл ажиллагааг тодорхой болгох давуу талтай юм. Ялангуяа парламтентыг томилгооноос холдуулах, Засгийн газрын төсөв мөнгөн дээр дураараа өөрчлөлт хийдэг байдал өөрчлөгдөнө. Өнөөдөр Засгийн газар нь парламентынхаа барьцаанд орчихсон байна. Ерөнхий сайд ямар бүрэлдэхүүнээр ажиллах гэж байгаа талаараа УИХ-д танилцуулахад болох хэлбэрээр бид явах ёстой. Хууль хяналтын байгууллагын томилгоог ч тэр улс төрөөс холдуулах ёстой. Ер нь бол эрх мэдлийг нь багасгаж хууль л баталдаг мэргэжлийн парламент болгосон цагт улс төрд оръё, УИХ-д сууя гэх хүмүүсийн тоо буурна, сонирхол нь багасна. Ингэж гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн хараат бус байх зарчмыг хэрэгжүүлэх ёстой. Мөн сум, орон нутаг дахь улстөржилтийг багасгах ажил нэн тулгамдаад байна. Төрийн тогтвортой байдлыг хангаж сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг байдлаа зогсоох нь ч зөв юм. Ийм өөрчлөлтүүдийг хийе гэж бодож байгаа. Одоо Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө хийж байж энэ оны сүүлээр Сонгуулийн тухай хуулийг баталж гаргана. Сонгуулийн тухай хуулиа Үндсэн хуулиндаа нийцүүлж гаргаад 2020 оны сонгуульд оролцвол энэ тогтворгүй байдал арай л эмхэрнэ гэж ойлгож байна.

-Та ОУПХ-ны хуралд оролцсон. Тэдний С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор гаргаж буй санал, зөвлөмж сая байгуулагдсан Түр хорооны чиг үүрэгтэй нийцэж байна уу?

-ОУПХ-ны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны хуралд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Хүний эрхийн дэд хорооны дарга Н.Оюундарь гишүүн бид гурав оролцсон. С.Зоригийн хэрэгтэй холбоотой асуултуудад тодорхой хариулт өгсөн. Манайд жилийн өмнө ОУПХ-ноос зөвлөмж ирсэн. Тэр зөвлөмжид “Эрүүдэн шүүсэн байж болзошгүй тул анхааралдаа ав, хурдан хугацаанд эрх зүйн орчиндоо өөрчлөлт хий” гэсэн. Хэрвээ сая ҮАБЗ Шүүгчийн эрх зүйн байдлын тухай, Прокурорын тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт хийгээгүй байсан бол Монгол Улс олон улсын тавцанд маш эвгүй байдалд орох байсан юм билээ. Хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гаргачихаад байхад Монгол Улс анхаарахгүй, парламент нь ямар нэгэн шийдвэр гаргахгүй нь ямар учиртай вэ гэх асуудал үүсэх байж. Бид дээрх хуулиудад өөрчлөлт оруулсан тухайгаа хэлсэн. Мөн тэр хүмүүсийг эрүүдэн шүүсэн болон мөрдөн байцаалтад оролцсон прокурорууд, хэргийг шийдсэн шүүгчид, энэ хэрэгт оролцсон хууль хяналтын байгууллагынхныг албан тушаалаас нь чөлөөлсөн талаар мэдээлсэн. “Монгол Улс тодорхой дэвшил гаргасанд баяртай байна. Хүнийг эрүүдэн шүүсэн байхад зүгээр сууж болохгүй” гэдгийг ОУПХ-ны Хүний эрх, ардчиллын байнгын хорооны дарга нь бидэнд хэлсэн.

Тухайн үед УИХ-ын даргын захирамжаар ОУПХ-ны зөвлөмжид хариу өгөх Ажлын хэсэг УИХ дээр байгуулагдаж байсан. Одоо Түр хороог байгуулж байна. УИХ-ын бүтцийн байгууллага байгуулчихлаа. Манай улс тухайн хүмүүсийг ажлаас нь чөлөөлөх хууль эрх зүйн орчинг нээчихлээ. Түр хороогоороо холбогдох мэдээллүүд дээр ажиллаад ОУПХ-ны зөвлөмжид албан ёсоор хариу өгнө. Ер нь бол тодорхой дэвшил гарлаа гэж ойлгож болох юм.


Categories
мэдээ цаг-үе

Б.Баттөмөр: Зээлийн хүүг зах зээлийн зарчмаар бууруулах нь зөв

УИХ-ын гишүүн Б.Баттөмөртэй ярилцлаа.


-“Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох” тухай хуулийн төслийг УИХ-д С.Эрдэнэ гишүүн өргөн барьсан. Ер нь зээлийн хүү өндөр байгаад юу нөлөөлж байна вэ?

-Зээлийн хүүг бууруулах асуудал ард иргэдийн хүсэн хүлээж байгаа хүлээлттэй асуудал. Манайд зээлийн хүү өндөр байгаа нь эдийн засгийн хөгжил муу, авч хэрэгжүүлж байгаа бодлого нь оновчгүй, хэрэгжилт нь сул, үр ашиг хангалтгүй байгаатай холбоотой.Зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк, Сангийн яам, Санхүүгийн зохицуулах хорооноос олон төсөл, хөтөлбөрүүдийг авч хэрэгжүүлж ирсэн боловч хүү буурсангүй.

Үүнд манай макро эдийн засгийн болон санхүүгийн зах зээл, зээлийн эрсдэлүүд өсч, бизнесийн идэвхжил суларч, өсөлт саарсан нь голлон нөлөөлж байна.

-Өргөн баригдсан хуулийн төсөл хэрэгжиж зээлийн хүү буурах боломжтой юу?

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох замаар хүүг бууруулж, хэрэглэгчдийн эрх ашиг, аж ахуйн нэгжүүдийг өрийн дарамтаас хамгаалах, зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой энэ хуулийн төслийг өргөн барьсан гэж байгаа. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг нь хадгаламжийн дээд хязгаарыг тогтооно гэсэн үг. Яагаад гэвэл зээлийн эх үүсвэрийн 70 орчим хувийг хадгаламж эзэлж байна. Хадгаламжийг иргэд урт, дунд, богино хугацаагаар банкинд хадгалуулдаг. Хадгаламжийн дээд хязгаар тогтоох чиглэлээр ямар судалгаа байгааг мэдэхгүй юм. Ямар ч байсан судалгаа хэрэгтэй. Олон улсын туршлагаас харахад зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох захиргааны арга нь амжилт олох магадлал бага гэж үздэг. Зээлийн хүү өндөр, нам байх нь тухайн улсын эдийн засгийн чадавх, авч хэрэгжүүлж буй бодлогын үр дүнтэй холбогдож тогтож байдаг маш нарийн үзүүлэлт учраас тэр. Чадавх болон авч буй арга хэмжээний үр дүн муу үед захиргааны аргаар тогтоовол банкны салбараа татаж унагаах, эдийн засагт эрсдэл үүсгэх магадлал өндөр гэж үзэж байна. Харин Макро эдийн засгийн сайн бодлого, оновчтой хууль эрх зүйн орчинг бүрдүүлж зах зээлийн зарчмаар бууруулах нь зөв.

-Банкуудыг зээлийн хүүг буулгахгүй мөнгө хүүлж байна гэдэг. Энэ хэр бодитой дүгнэлт вэ?

-Манай зээлийн хүүгийн жилийн дундаж хүү 2018 оны статистикаар 18.3 хувь байна. Үүний 12.6 хувийг хадгаламжийн хүү эзэлж байна. Зөрүү нь 5.7 хувь байгаа. Үүний дөрөв орчим хувийг нь даатгалын хураамж, эрсдэлийн сан, үйл ажиллагаа, татварын зардлууд, хадгаламжийн хүүгийн орлого эзэлдэг. Үлдэж буй 1.6 орчим хувь нь банкны ашиг байдаг. Эндээс харахад ямар нэгэн хэлбэрээр мөнгө хүүлээд байгаа байдал харагдахгүй байгаа юм. Мөнгө хүүлэлт гэдэг нь өөрийн давуу байдлаа ашиглан, зах зээлийн үнээс хэт өндөр, нөгөө талдаа илт хохиролтой байдлаар хүү тогтоож, хэлцэл хийснийг хамруулж үздэг. Харин хадгаламж, зээлийн хоршоо, ББСБ, зарим иргэд, ААН-ийн өдрийн болон хугацаатай зээлүүд дээр асуудал бий. Зээлийн зардал ийм өндөр байгаа нь алдаатай бодлогоос үүдэлтэй учир үр дүн таагүй гараад байна.

-Тэгэхээр зээлийн хүүг бууруулахын тулд алдаатай бодлогоо засах нь хамгийн чухал байх нь.

-Хамтын хүчин чармайлтаар макро тогтвортой орчин, хөгжлийг бүрдүүлж байж түүний үр дүнд зээлийн хүүг бууруулна. Зээлийн хүүг бууруулахад Монголбанк мөнгөний, Сангийн яам төсвийн, Засгийн газар бүтцийн өөрчлөлтийн бодлогуудыг зөв үр дүнтэйгээр дунд, урт хугацаанд хэрэгжүүлсэний үр дүнд бий болно. Зээлийн хүү буурахгүй байгаа гол шалтгаануудын нэг бол инфляци. Инфляци буюу үнэгүйдлийг нам түвшинд байлгаж чадсангүй. Сүүлийн 10 жилд төгрөгийн ханш ам.долларын эсрэг жил бүр зургаан хувиар суларсан. Ханш сулрах тутам зээлийн хүү өснө. Ханш сулраад байгаа учир дотоод мөнгөний захад долларжилт идэвхтэй явагдаад байна. Долларжилт идэвхтэй явагдаад байгаа учир зээлийн хүү буурахад сөргөөр нөлөөлөөд байна. Ханшаар өдөөгдсөн үнэгүйдэл нийт инфляцид голлох хувийг эзэлж байна. Инфляци өндөр үед зээлийн хүүг бууруулах тухай яриад ч хэрэггүй. Өнөөдөр чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 16.1 хувийг эзэлж байна. Мөн чанаргүй, муу зээл өсөх тутам зээл олголт багасч, зээлийн хүү өснө. Манай гадаад нийт өр 28.7 тэрбум ам.доллар болжээ. Сүүлийн үед Засгийн газрын идэвхтэй үйл ажиллагааны үр дүнд Засгийн өр ДНБ-ний 57 хувь болж буурч байгаа нь сайн үзүүлэлт. Гэхдээ нийт өр өндөр байгаа нь зээлийн хүүг бууруулах боломжийг багасгаад байгаа юм.

Зээлийн хүүг бууруулахад сөргөөр нөлөөлдөг бас нэг үзүүлэлт бол гадаад валютын албан нөөц юм. Манай валютын нөөц 2016 оны эхний хагаст нэг тэрбум болтлоо буурч байсан. Сүүлийн үед Засгийн газар, Монголбанкны идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд 3.8 тэрбум ам.доллар болж өссөн нь сайн үзүүлэлт. Гадаад валютын албан нөөцийг ҮАБЗ-ийн зөвлөмжид заасан хэмжээ болох 6.4 тэрбумд хүргэж, ханшаар өдөөгдөх инфляцийг хазаарлаж байж банкны хүү буурах тухай ярина. Дараа нь дотоод хуримтлалыг маш сайн нэмэгдүүлэх шаардлагатай. Манай 2019 оны төсвийн орлого нэмэгдэж байгаа боловч төсвийн алдагдал 1.9 их наяд төгрөг байна. Энэ алдагдлыг ДНБ-д харьцуулахаар бага тоо гардаг боловч таван төгрөг олоод зургаан төгрөг зараад яваа нь зээлийн хүү буурахад сөргөөр нөлөөлөөд байгаа хэрэг.

Түүнчлэн ашигт малтмалын салбар дахь алдаатай бодлогыг засах, уул уурхайн томоохон төслүүдийг төрийн өмчийн оролцоотой эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортыг бодлогоор дэмжих, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх замаар дотоод хуримтлалыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжиж эдийн засгийг төрөлжүүлж, олон тулгууртай болгох арга хэмжээг ч авах ёстой. Мөн банкуудын засаглалыг сайжруулах, олон нийтийн болгох, хөрөнгийн биржид бүртгэлтэй болгох, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, дахин хөрөнгөжүүлэх, зардлыг бууруулах, чадавхыг нэмэгдүүлэх гэх мэт олон асуудлыг шат дараатай авснаар зээлийн хүү аажимдаа жамаараа буурна. Сүүлийн жилүүдэд банкны хүү жил бүр бага багаар буурч байгаа. Гэхдээ шаардлагын хэмжээнд хүрч буурахгүй байгаа нь алдаатай бодлогоос үүдэлтэй.

-Банкуудын засаглалыг сайжруулахын тулд яах ёстой бол?

-Ардчилал, зах зээлийн нийгэмд шилжсэн 30 гаруй жилд банкны үйл ажиллагаа эрхлэх 37 зөвшөөрөл олгосон байдаг. Өнөөдөр 13 банк ажиллаж байгаа нь эдийн засгийн хэмжээтэй харьцуулбал олон л байгаа юм. Банкны үйл ажиллагаа эрхлэх эрх авангуут хоорондоо зээлийн эх үүсвэрийн төлөөх тулаан хийцгээж, хадгаламжийн хүүг өндөр тогтоож байна. Энэ нь зээлийн хүү өндөр тогтох гажуудал үүсгэж, одоо ч түүнийгээ засч чадахгүй байна. Манай банкуудыг голдуу 1-2 хүн үүсгэж байгуулдаг. Тиймдээ ч эздийн өөрийн хөрөнгө дутагдалтай, олон нийтийн болгох сонирхолгүй, хөрөнгийн биржид бүртгэлгүй, дотоод, гадаад талаас хөрөнгө босгох чадвар сул учраас зээлийн хүү буурахад сөрөгөөр нөлөөлж байгаа нь үнэн. Банкуудын орлого олдог активын хэмжээ бага байгаа нь бас сөрөг нөлөөтэй. Монголд бизнес хийх ялангуяа санхүүгийн бизнес хийх эрсдэл өндөр, засаглал нь сул байна гээд маш олон зүйлийг ярьж болно.

-Манай улсын зээлжих зэрэглэл муу байгаа учраас гаднаас хямд эх үүсвэр олж чадахгүй байна гэдэг. Энэ тухайд?

-Манай зээлжих зэрэглэл 2016 онд САА1 болтлоо буурч, жилийн 10.4 хувийн хүүтэй зээл авсан тохиолдол бий. Зээлжих зэрэглэл гэдэг тухайн улсын эдийн засгийн чадавхыг дүгнэж байгаа хэрэг. Олон улсын захаас 10.4 хувийн хүүтэй зээл авч байгаа улсад хөгжил байхгүй. Ийм зээл авч байгаа удирдагчдыг дэндүү хариуцлагүй гэж хэлэхэд ч багадана. Сүүлийн үед эдийн засагт гарч буй эерэг өөрчлөлттэй холбогдуулж манай зээлжих зэрэглэл В1 болж дээшилж, авч буй зээл 5.4-7.5 хувийн хүүтэй байна. Тухайлбал, АНУ ын зээлжих зэрэглэл ААА1 буюу хамгийн сайн дээд үзүүлэлтийг хангаж байгаа тул жилийн 1.75 хувийн зээлийг авдаг. Олон улсын зээлжих 20 зэрэглэлээс манайх дороосоо гуравт байгаа нь муу үзүүлэлт юм. Энэ 20 зэрэглэлийн 10 аас доош зэрэглэлийг “ХОГ” гэдэг юм билээ.


Categories
мэдээ цаг-үе

Д.Эрдэнэбат: Эрх баригчид ганц, хоёрхон эрх мэдэлтэнд барьцаалагдаж эхэлж байна

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбаттай ярилцлаа.


-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор Түр хороо байгуулагдлаа. Түр хороо шүүхийн үүрэг гүйцэтгэх юм уу. Эрх үүрэг нь яг юу юм бэ?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн асуудлаар УИХ түр хороо байгуулах гишүүдийн санал гарсан. Гишүүд ямар ч санал гаргаж болно. Шүүхээр шийдэгдсэн энэ асуудал хууль зөрчсөн, эс зөрчсөн гэдэг дээр санал дүгнэлт гаргана гэж ойлгож байна. Гэхдээ Түр хороо ажиллахдаа хэд хэдэн зарчмын зүйл дээр анхаарах шаардлагатай гэж үзээд бид санал, зөвлөмж өгч байгаа. Нэгдүгээрт, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулж болзошгүй байдал үүсчих вий, шүүн таслах ажиллагаа явчих вий гэсэн болгоомжлол байна. Энэ нь УИХ-ын хийдэг ажил биш. Хоёрдугаарт, гаргасан санал зөвлөмж нь шүүхэд шууд нөлөөлөл үзүүлж болохгүй. Гуравдугаарт, үүнээс үүдээд С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг захиалагчгүй, эзэнгүй, замхарчих вий дээ. Энэ хэрэгт улс төрийн нөлөө ихсэх тусам үүнд оролцдог төрийн институци бүрт маш их болгоомжлол үүсч байна. Ийм нөхцөл байдал үүсч 20 жилийн турш явсан хэргийн үйл явц мухардаж, зогсчих эрсдэл байгаа шүү гэдгийг анхааруулж байгаа юм. Үүнийг зогсоох сонирхолтой хүмүүс байгаад түүнд өдөөгдчих вий дээ гэдэг асуудал бидний анхааралд байна. Мөн түр хороо Үндсэн хууль болоод УИХ-ын бүрэн эрхийн хүрээнд л үйл ажиллагаагаа явуулах ёстой. Уг хэрэгтэй холбоотой асуудал хэзээ ч хуучрахгүй учир бид албан ёсоор сануулж байгаа юм. Тиймдээ ч АН байр сууриа маш тодорхой илэрхийлэх ёстой юм.

-Та С.Зориг агсны хэрэг Эрдэнэт-тэй холбоотой талаар чуулганы хуралдаан дээр хэлсэн. Яагаад холбоотой гэж үзсэн юм бэ?

-Энэ 1998 онд үйлдэгдсэн хэрэг. 1998 онд Монгол Улс улс төр, эдийн засгийн хувьд бужигнаантай байсан. Энэ аллага гарахаас өмнө Эрдэнэтийн ноцтой асуудлууд бий болж байсан түүхтэй. Эрдэнэтийн статусыг болоод захирлыг нь өөрчлөх гэх мэт улс төрийн бужигнаан болж байв. Тэр үед Ардчилсан холбоо эвсэл түүхэндээ анх удаа төрийн эрхийг барьж байсан. Үүгээр далимдуулсан янз бүрийн сөрөг улс төр явсан юм. Тэр дундаа Эрдэнэтийн томилгоотой холбоотой улс төр тухайн үед их байсан. Тиймээс үүнээс улбаатай асуудал байж болзошгүй гэдэг дүгнэлтийг хийдэг. Процесс нь тийм байсан учраас тэр. Үүнээс Эрдэнэт гэдэг чухам ямар үйлдвэр юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Тэр үед үнэхээр ард түмний өмч байж чадсан уу, үгүй юу. Ард түмэн энэ үйлдвэрийнхээ үйл ажиллагаанд хяналт тавьж чаддаг байсан уу, үгүй юу. Эрдэнэтийн зэсийн баяжмал гадагшаа гарч байгааг хянадаг газар байсан эсэх. Улс төрд байсан хүмүүс яагаад зөвхөн Эрдэнэт дээр хамгийн их ач холбогдол өгдөг байв. Үүний дараа яагаад С.Зоригийн хэрэг, Эрдэнэт хоёроор Ардчилсан нам руу сөрөг улс төр хийдэг болов. Энэ бүхэн өөрийн эрхгүй анхаарал татсан сэдэв болж байсан учраас анхааруулж байгаа хэрэг. Хамгийн гол нь үнэн зөв шийдэгдэх ёстой гэдэг дээр хатуу байр суурьтай байна.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй хүмүүсийг эрүүдэн шүүж гүйцэтгэх ажиллагаа явуулсан талаарх бичлэгийг УИХ-ын гишүүд болоод парламентын сэтгүүлчдэд үзүүлсэн. Үүнийг мөн Түр хороо авч үзэх байх. Энэ тухайд?

-Байнгын хорооны хурал дээр Ц.Нямдорж сайд “Эрүүдэн шүүсэн асуудал дээр л хуулийн зөрчил байгаа эсэх талаар санал, дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагад нь өгнө” гэж байсан.

Яг энэ хүрээнд яригдаж байгаа сэдэв нэг өөр. Гэхдээ энэ үйл ажиллагаа нь эцэстээ С.Зориг агсны хэргийг УИХ татаж аваад, эзэн биегүй, замрхуулчих эрсдэлтэй шүү гэдгийг анхааруулаад байгаа юм. Эрүүдэн шүүсэн гэх хэрэг дор зохиомлоор дахиад хэрэг үүсгэж болохгүй. Мөн эрүүдэн шүүсэн нэрийн дор хуулийн бүх байгууллагыг үнэ цэнэгүй болгох, харлуулах үйл ажиллагааг зохион байгуулалттайгаар хийж болохгүй юм. Энэ нь буруу тийш хөтөлнө. Шүүх засаглалыг үнэ цэнэгүй болгох юм бол монголчууд хуульгүйтэй адил болно. Хуулийг хэрэгжүүлэх хүн нэг ч үгүй болно. Тэгвэл Монголд нэг хүний үгээр л бүх зүйл шийдэгддэг болчихно. Энэ үүд хаалгыг нээх алхмыг УИХ өөрөө хийж болохгүй.

-Эрдэнэтийн 49, 51 хувийн асуудал мөн л анхаарлын төвд байсаар байна. Ямартаа ч Стандарт банкны өрийг дарлаа. Гэсэн ч үүнд луйврын схем хэрэгжсэн байж болзошгүй талаар Ардчилсан намын гишүүд гаргаж тавьж байгаа. Энэ асуудал цааш хэрхэн өрнөх бол?

-Нэг асуудал байгаа. Яагаад эрх баригчид Эрдэнэт дээр маш их ач холбогдол өгдөг юм бэ. Хувьчлалд дургүй байсан шалтгаан нь юу байв. Мэдээж Эрдэнэт үйлдвэр төрийнх болж ард түмэнд очиж байна гэдэг нь сайхан сонсогдож байгаа. Гэхдээ үнэ цэнэтэй очих ёстой. Түүнээс ард түмний нэрийг барьж төрд байгаа нөхдүүд нь үе дамжин хулгай хийх орон зайг нээх тухай асуудал биш юм. Эрдэнэтээс бүхэлд нь ашиг олох, авлига авах бололцоог буй болгосон улс төрийн том сүлжээ байсан юм. Тэрхүү улс төрийн бүлэглэл, сүлжээ нь эрх мэдлээ алдаж, илрэх болбол яах вэ гэдэг айдастай байсан юм биш үү. Эрдэнэт Монголыг тэжээж байгаа хамгийн том аж ахуйн нэгж мөн. Гэхдээ Эрдэнэтийг сааж хамгийн ихээр хөрөнгөжсөн үе үеийн улстөрчид байсан.

Оросын талын 49 хувь Монголд орж ирсэн. Үүнийг хэн ч буруутгаагүй. Ганцхан Эрдэнэтийн 49 хувийг хувийнхан оруулж ирсэнд нь эмзэглээд байгаа юм. Уг нь Эрдэнэт үйлдвэр бүхэлдээ үр ашигтай, харилцан хяналттай байж улстөрчдийг тэжээсэн энэ том сүлжээ дуусаасай гэж боддог. Ийм зүйл байдаг болох нь “Стандарт” банкны асуудлаар нотлогдож байна. Яагаад хувийн компанийг бизнес хийлгэхийн тулд хэн ч мэдэгдэхгүйгээр улсын том үйлдвэрийг банкны зээлэнд барьцаалчихсан байдаг юм бэ. Энэ хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөлөлгүйгээр хийгдэх зүйл биш юм аа. Яагаад тэр “Ocean partners” гэх компани зэсийн баяжмал худалдаалсан ч, банкнаас зээл авсан ч, өрийг нь төлсөн ч байдаг юм. Энэ анхаарал татах сэдэв мөн биз дээ. Өрөө гурав дахин бууруулж авдаг банкны шийдвэр ч гэж юу байдаг юм. Үүний ард ямар нэгэн эрх ашиг нуугдсан байна. “Ocean partners” гэх зуучлагч компани 110 сая ам.долларын өрийг 40 сая ам.доллар болгон бууруулахын тулд эсрэг санал тавьсан байж таараа. Энэ чинь бизнесийн зарчим. Ашиггүй зүйлийг тэд хэзээ ч хийхгүй.

Бид Эрдэнэт үйлдвэрийн бодит хохирлыг тооцож харах нь зүйтэй гэж үзсэн учир Б.Пүрэвдорж гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг Эрдэнэтэд ажлаад ирсэн. Нуусан зүйл ч байсан байна. Ерөнхий дүгнэлтээ гаргаад хууль хяналтын байгууллагад өгөх болно. Эрдэнэтийн борлуулалтыг ил тод, шилэн болгох хэрэгтэй. Би нэг зүйлийг хатуу хэлдэг. Энэ оффшор гээч зүйл Эрдэнэтээс үүссэн юм шүү. Цааш нарийн шалгахад юу гарч ирэхийг мэдэхгүй байна. Эрдэнэтийг 100 хувь төрд авлаа гээд л бахархаад ярьж байна. Үүний ард хэн дуртай нь томилгоо хийж байна. Тэр улстөрчийн найз нөхөр, ах, дүү гээд л явна шүү дээ. Дараа нь зуучлагч компаниудын шахаа эхэлнэ. Шударга ёс нэрийн дор ийм хөгийн зүйлүүдийг хийж болохгүй. Энэ бүхнийг таслан зогсоох ёстой. Ямар ч үйлдвэр, уул уурхайг үнэ цэнэтэй болгоё гэвэл харилцан хяналтын дор байлгах хэрэгтэй. Одоо “Эрдэнэс Таван толгой”-г мөн адил. Нүүрсний гэрээ нь ямар компаниар дамжиж, ган боловсруулах үйлдвэр дээр хэдэн төгрөгөөр очиж байгаа эсэхийг судалж, ярих хүн алга. Уул уурхайн том компаниудад төрийн хяналт, хувийн хэвшлийн болоод иргэдийн оролцоо байх хэрэгтэй. Ингэж байж уул уурхайн үйлдвэр ашигтай байна. Энэ бол миний итгэл үнэмшил. Ингэж хэлсний төлөө аль нэг бүлэглэл, хэн нэгэнтэй хамсаатууллаа ч надад огт хамаагүй.

-Ардчилсан намын бүлэг тарж, зөвлөл байгуулагдсан. Зөвлөлийн эрх, үүрэг?

-Парламтент албан ёсны сөрөг хүчингүй болсон гэдэг нь үнэн. Бид үнэмлэхүйн үнэмлэхүй цөөнх боллоо. Гэхдээ хамтын ажиллагааны хэлбэр болох зөвлөлөө байгуулсан. Бүлэггүй болсноор хуулийн дагуу завсарлага авах, санал дүгнэлт гаргах эрхгүй болж байгаа. Жижигхэн мэт харагдаж байгаа боловч улс төрийнхөө хувьд том зүйл юм. Ард түмний байр суурийг илэрхийлэх тэр индэр байхгүй болсон. Тэр утгаараа бид хохирсон. Харин үйл ажиллагааны хувьд явдагаараа явж байна. Гишүүд нь үзэл баримтлал байгаа учраас дугардгаараа дуугараад, ажлаа хийдгээрээ хийгээд л явна.

-Л.Болд гишүүн Би бүлэггүй болох талаар нь хэлсэн ч ойлголцоогүй гэж ярьж байсан. Та бүхэн Л.Болд, Ж.Батзандан нартай ойлголцоод бүлэгээ хэвээр нь аваад үлдчихэж болоогүй юм уу?

-Ардчилсан нам энэ хэвээрээ үлдье гэдэг дээр би хатуу байр суурьтай байгаа. АН баруун төвийн үзэл баримтлалтай, либерал нам. Үзэл баримтлалынхаа туган дор нэгдсэн хүмүүс АН-д байгаасай гэж боддог. Түүнээс хувийн эрх ашгаа хөөдөг, коммунист, фашист үзэлтэй эсвэл хэт хувийн амбицтай, түүнийгээ хэнд ч юугаар ч худалдахад бэлэн хүмүүсийн цугларал байж болохгүй. Өнөөдөр АН цөөнх. Цөөнхийн дуу хоолой хүрэх газраа хүрэхгүй байгааг ч мэдэж байна. Гэхдээ итгэл үнэмшилдээ хатуу байна. Тиймдээ ч дээрхтэй санал нэгдэхгүй. Бидний энэ замналаар Монгол Улс явна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй. Ардчиллыг ард түмэн сонгоод 30 жил боллоо. Алдсан, оносон зүйл байгаа. Гэхдээ оносон нь илүү юм. Бусадтай адил жижигхэн эрх ашгаар өөрийнхөө үзэл баримтлалыг худалдахгүй. Намайг тийм байгаагийн төлөө хэн нэгэн шахалт дарамт үзүүлбэл түүнээс айгаад суухгүй. Амаа хамхиж ч чадахгүй. Миний төлөвшил нь өөрөө ийм юм. Би АН-ыг ийм үзэл баримтлалтай, тогтвортой, залуу үетэй байгаасай гэж боддог. Үүнийхээ төлөө бусад нь юу гэж доромжлох нь надад хамаагүй. Монголд ардчилал тогтох нь, ардчилсан Үндсэн хууль баталгаажиж явах нь, ардчиллын төгөлдөршил байх нь, олон нийт ардчилалд оролцох нь чухал болж байгаа юм. Үүнийгээ л хийгээд дуусна гэж бодож байна. Харин бидний хооронд үзэл бодол, арга барилын асар том зөрүү байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар ярьж байгаа. Та бүхэн өөрчлөлтүүдийг анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж. Сөрөг хүчингүйгээр Үндсэн хууль хэлэлцэх нь хэр зөв юм бэ?

-Үндсэн хуулийг өөрчлөх зайлшгүй шаардлага байгаа гэж хардаг. Цөөнгүй өөрчлөлт дээр санал нэгдэж байгаа. Гэхдээ сүүлд урьд нь яригдаагүй асуудлууд маш их орж ирсэн. Жишээ нь, Ерөнхийлөгч, шүүхийн эрх мэдэл болоод орон нутгийн удирдлага, хот тосгоны эрх зүйн байдал дээр ч тэр санаанд нийцэхгүй зүйлүүд орж ирсэн. Үндсэн хуульд ийм их өөрчлөлт хийх шаардлага байхгүй. Тэгвэл шинэчилсэн найруулага, тэр бүү хэл шинэ Үндсэн хууль болж хувирна. Эцсийн дүндээ ардчилсан Үндсэн хууль байхгүй болно.

Сөрөг хүчингүйгээр үнэмлэхүй олонх энэ хуулийг баталж чадах эсэх нь эргэлзээ төрүүлж байгаа нь үнэн. Улс төрийн намууд тогтсон нэг ойлголтгүй байгаа нь ч үнэн. Тиймээс Үндсэн хууль батлагдах суурь нь болоогүй байна гэж би харж байгаа. Мэдээж ардчилсан Үндсэн хуулийн суурь зарчмыг баримтлаад хийвэл дэмжинэ.

Ер нь УИХ-д итгэх ард түмний итгэл буурсан. Дээрээс нь УИХ-ын гишүүд ЖДҮХС-гаас зээл авсан гэх мэт хэргүүдэд холбогдож байгаа нь гал дээр тос нэмсэнтэй адил юм боллоо. Ийм УИХ-аар ард түмэн Үндсэн хуулийг өөрчлүүлэх сонирхол байна уу гэдгийг дахиад нэг асуучих хэрэгтэй. 64-үүлээ байгаа дээрээ Үндсэн хуулиа өөрчилнө гэж байгаад суурь зарчмаар нь өөрчилж, ардчиллаас ухарсан хэрэг болох вий дээ гэх болгоомжлол байна. Учир нь эрх баригчид ганц, хоёрхон эрх мэдэлтэнд барьцаалагдаж эхэлж байгаа. Өөрсдийнхөө алдаанаас болоод тэр. Сүүлийн үед бүх процесс нэг кнопоор шийдэгдэж байна. Энэ бол барьцаалагдсан л хэлбэр. Байр сууриа хатуу илэрхийлэх гишүүдийн тоо өдөр ирэх тутам цөөрч байна. Ямарваа нэгэн айдастай байгаа хэрэг. Энэ нь УИХ болоод төрийн үнэлэмжийг улам сулруулж байна.

-Ардчилсан нам нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчээ сонгосон уу?

-Ирэх долоо хоногт намын ҮБХ хуралдаад сонгуульд оролцохоо илэрхийлнэ. Нэр дэвшигч хэн байхыг хараахан шийдээгүй байна. АН Засгийн эрх барьж байхад юу хийсэн, түүнээс хойш юу болж хувирсныг, сонгууль дөхөхөөр хэн юу гэж амлаж байгааг Хэнтийнхэн бүгд харж байгаа. Хэлмэгдүүлэлтэд хамгийн их өртсөн төдийгүй одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг хамгийн сайн мэдрэх ард түмэнтэй аймаг юм. Тэд ардчилалд хайртай. Бид түүнд нь итгэдэг.

-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хуулийн төслийг С.Эрдэнэ гишүүн санаачилсан. Монголбанкны зүгээс зээлийн хүүг хүчээр буулгах нь эдийн засагт хор нөлөөтэй талаар хэлж буй. Зээлийн хүү буурах боломжтой юу?

-Зээлийн хүү үнэхээр өндөр байгаа. Ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах ямар ч боломжгүй. Энэ хүүг бараа зарж байж л дарах байх. Би Монголбанк, Банкуудын холбоонд зээлийн хүүг эдийн засгийн хувьд бууруулах боломжгүй гэж хэлж байгаагаа нотлоод ир гэсэн. Нотолж чадахгүй байгаа. Зээлийн хүү өндөр байгаа хэд хэдэн шалтгаан бий. Тухайлбал, хадгаламжийн хүү өндөр, уул уурхайгаас хараат, валютын хомсдол үүсэх эрсдэл ихтэй, барааны үнэ их, инфляци өндөр байгаатай холбоотой. Мөн зээлийн хүүг өсгөх хүнд суртлын дүрэм журам буюу банкинд үүрүүлж байгаа ачаалал их байна. Эдгээрийг л зөв тооцож гаргаад зээлийн хүүг тийм хувиар бууруулах боломжтой гээд нотолчих юм бол бид түүнийг нь зайлшгүй дэмжих ёстой. Ингэж л эдийн засгийн үндэслэлтээ зээлийн хүүг бууруулахыг шаардаж байгаа. Ийм бололцоо байна гэж хараад байгаа юм. Үүнийг нь харахгүйгээр шууд л бууруулна гэчихвэл энэ өөрөө мөн л алдаа болно. Би хүүг бууруулахтай санал нэг байгаа ч хүчээр бууруулахтай санал нэгдэхгүй.

Капитал банкийг Монголбанкны зүгээс дэмжсэнгүй, үүнээс үүдэн банк дампуурч иргэд хохироход хүрлээ гэж байгаа. Та банк хаалгаа барьсныг юу гэж харж байгаа вэ?

-“Капитал”-ын санхүүгийн тайлан мэдээн дээрээс харахад үл хөдлөх нь хөрөнгө нь 30 гаруй тэрбум, томоор өгсөн зээлийн өр нь 300 гаруй тэрбум төгрөг байгаа юм. Эргэн төлөгдөх бололцоогүй болсон зээл нь 200 гаруй тэрбум төгрөг байна. Энэ 200 тэрбум төгрөгийг нь хэн авсан бэ гэдгийг нь яаралтай тогтоох ёстой. Авсан эзэд нь байж л байгаа. Мөн Засгийн газар болон Монголбанк хамгийн түрүүнд иргэдийг хохиролгүй болгох ёстой.

-УИХ Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байгаа. Маргаан дагуулаад байсан заалтууд хасагдаж байгаа юу?

-Захиргааны ерөнхий хуулийн хэлэлцэх эсэх нь шийдэгдсэн. Одоо орж ирж байгаа хуулийн санаа нь төрийн захиргааны болон Засгийн газрын бүх шийдвэрийг зөвхөн Цэц авч хэлэлцээд, иргэд хандах газаргүй болж байгаа юм. Энэ бол буруу. АН-д маш олон хуульчид санал өгсөн. Зургаан зүйлтэй санал бий. Үүнийг бид Ажлын хэсэгт нь хүргүүлнэ. Энэ өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн асуудал болох учир бид санал нэгдэхгүй. Ажлын хэсгийн зүгээс иргэн, хуулийн этгээдтэй хамааралтай хэсгийг нь өөрчилж янзална гэж байгаа. Тэгээд л харъя. Захиргааны хэргийн шүүх Монголд байх ёстой юм. Засгийн газар болон төрийн байгууллагуудын буруу шийдвэрээс болж иргэн, хуулийн этгээд хохирч болохгүй.

-Б.Дэлгэрмааг АН-ын дэд даргаар томилогдсонтой холбоотойгоор ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаас нь эгүүлэн татсан асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Б.Дэлгэрмаа хугацаанаас өмнө ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө дөрөвдүгээр сарын 5-нд Ерөнхийлөгчид өгсөн юм билээ. Хоёр хоногийн дараа манай ҮБХ-ны шийдвэр гарсан байдаг. Гэтэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Төрийн албаны тухай хуулийг зөрчиж, улс төрийн намын үйл ажиллагаанд оролцон, намын дэд даргаар сонгогдсон учир эгүүлэн татах санал зөвшилцөхөөр хүргүүллээ” гэсэн байгаа юм. Үүнийг залруулахыг хүссэн учраас энэ асуудлаар чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийлсэн. Цаашдаа олон сайд Монгол төрийн өмнөөс томилогдоно. Тэдгээрийг аль намын хэн бэ гэдгээс нь шалтгаалж халж, солихоо энэ төр болих хэрэгтэй. Монгол дотроо бид улаан, цэнхрээрээ ялгарч байгаа боловч хилийн дээс даваад улаан, цэнхэр хосолсон Монголоо төлөөлдөг гэдгийг мартаж болохгүй. Үүнийг мартаж байгаа бол өөрсдийгөө улстөрч, төрийн түшээ гэж үнэлэх боломжгүй.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Оюундарь: Алга болсон охины ар гэрийнхэнд нь мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөө өгүүлсэн

УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд энэ сарын 14-нд Б.Ундармаа хэмээх есөн настай охин алга болсон, өнөөдрийг хүртэл олдоогүй байна. Сэлэнгэ аймгаас сонгогдсон гишүүний хувьд та энэ асуудал дээр анхаарал хандуулж байгаа юу?

-Миний хувьд өдөр бүрийн нөхцөл байдлыг орон нутгийн удирдлагууд, цагдаагийн байгууллагаас асууж тодруулаад явж байна. Эх хүний хувьд өөрийнхөө хүүхдийг алга болсон мэт сэтгэл зүтгэл гарган ажиллаж байгаа цагдаагийн бие бүрэлдэхүүн, албан хаагчдад талархаж байгаагаа хэлсэн. Ар гэрийнхнийх нь хувьд тун хүнд байгаа. Тийм учраас Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн их эмчийг орон нутагт ажиллуулж, ар гэрийнхэнд нь мэргэжлийн сэтгэл зүйчийн зөвлөгөөг өгүүлсэн. Мөн Гэр бүл Хүүхэд Залуучуудын агентлагийн төлөөлөл цуг очсон. Орон нутгийн ард иргэд, удирдлагууд, цагдаагийн албан хаагчид өдөр, шөнөгүй, нойр хоолгүй маш идэвхтэй ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн мотоциклчдийн холбоо, нутгийн ард иргэд эрлийн ажилд сайн дураараа оролцож байгаа юм билээ. Эрэл хайгуулд оролцож байгаа хүмүүст хоол, цайгаар тусалж байгаа хүмүүс байна. Миний хувьд ч тодорхой хэмжээний мөнгөн тусламжийг үзүүлсэн. Одоогоор бол сураг чимээ алга. Залбираад л суухаас өөр аргагүй байна.

-Та Олон улсын парламентын хуралд оролцоод ирсэн. Хурлаар ямар асуудлууд яригдсан бол?

ОУПХны ээлжит хурал Катар улсын Доха хотноо боллоо. Хуралдаан залуучууд, эмэгтэйчүүд, хүний эрх, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, энхтайван аюулгүй байдлын асуудал гэх мэт олон чиглэлээр явагддаг. Хуралдаанд Монгол Улсын парламент маш идэвхтэй, сайн оролцсон. Н.Учрал гишүүний хувьд ОУПХ ба НҮБ, миний хувьд ОУПХ ба энхтайван олон улсын аюулгүй байдлын байнгын хорооны удирдах зөвлөлийн гишүүнээр өөрийн бүс нутгаасаа сонгогдож ажиллахаар болсон. Эдгээр нь ОУПХнд төдийгүй олон улсад манай парламентын байр суурийг өндөрт өргөж өгч байгаа явдал болсон гэж харж байна. Манай улс Химийн зэвсгийн эсрэг конвенцид нэгдсэн. Парламентууд ч химийн зэвсэг, цөмийн зэвсгийн талаарх бодлогоо дотоодынхоо хууль тогтоомжид тусгаж өгдөг юм байна лээ.

Химийн зэвсгийн эсрэг Ази, Номхон далайн бүсийн хурлыг Батлан хамгаалах яам ирэх зургадугаар сарын эхээр зохион байгуулахаар байгаа. Мөн Тогтвортой хөгжил ба ОУПХ-ны Ази, Номхон далайн бүсийн хурлыг тавдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хийж байна. Тогтвортой хөгжлийн хүрээнд Монгол Улс болон Азийн улс орнууд ямар хэмжээнд ажиллаж байна вэ гэдгийг хэлэлцэх юм. Мөн тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд парламентуудын үүрэг оролцоо ямар байх талаар туршлага солилцох томоохон арга хэмжээ болно.

ОУПХ-нд Хүний эрхийн дэд хороо ажилладаг. Энэхүү Хүний эрхийн дэд хорооны хурал дээр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Н.Учрал болон миний бие оролцсон. Дэлхий дээрх долоон тэрбум хүнээс 45 мянган парламентын гишүүд байдаг юм билээ. Тэдний эрх, эрх чөлөө ямар нэгэн байдлаар хөндөгдсөн тохиолдолд ОУПХ анхаарч ажилладаг. Парламентын гишүүдийн амь нас эрсэдсэн тохиолдлууд ч бусад улс оронд гардаг юм байна. Манайхаас С.Зоригийн амь насыг хөнөөсөнтэй холбоотой асуудлыг ярьж танилцуулсан байдаг.

-ОУПХ-ны зүгээс С.Зориг агсны хэргийн нууцаас гарсан материал сэлт болоод уг хэргээр хоригдож буй хүмүүстэй уулзах хүсэлтэй байгаагаа илэрхийсэн гэсэн. Ийм боломж бий юү?

-Парламентын гишүүний амь настай холбоотой асуудал гэдэг утгаараа ОУПХ санаа тавьж ажиллаж байгаа. Тэр ч утгаараа ОУПХ-ноос гаргаж байгаа санал, зөвлөмжийн дагуу бид өнөөдрийн чуулганаар түр хороо байгуулсан. Ер нь өмнө нь ч ОУПХ-ноос баримт сэлттэй танилцах хүсэлтээ ирүүлж байсан. Харин энэ удаагийн УИХ-аар С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгтэй холбоотой материал анх удаа нээлттэй хэлэлцэгдэж, мэдээлэл харьцангуй нээлттэй болчихож байна. Тиймдээ ч ОУПХ-ноос гурван шатны шүүхийн шийдвэрүүдийг өгөх боломжтой эсэх талаар асуусан. С.Зориг агсны хэрэгтэй холбоотойгоор 15 мянган хуудас материал байдаг. Түүний 74 нь хаалттай буюу нууцын зэрэглэлд хамаарагддаг. Нууцын зэрэглэлд хамаарагддаг асуудлыг УИХ-ын гишүүд бид ч харах, үзэх боломжгүй. Харин нээлттэй материалуудыг орчуулаад ОУПХ-руу илгээх боломжтой талаар бид хэлсэн. Мөн Ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа талаар бид танилцуулсан. Бид нарыг явахын өмнөхөн Л.Мөнхбаатар гишүүнээр ахлуулсан таван хүний бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг байсан юм. Харин ирсний дараа Түр хороо байгуулагдахаар болчихсон байсан.

-Түр хороо нь яг ямар эрх, үүрэгтэй байх вэ?

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар ОУПХ-ны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлтийг боловсруулах үүрэг бүхий түр хороо байгуулахаар болсон. Түр хорооны ажиллах цар хүрээ нь байнгын хорооны статустай байна гэж ойлгож болно.

-“Капитал” банк дампуурсанд Монголбанк буруутай талаар яригдаж байгаа. Сөрөг хүчний зүгээс ч Монголбанкны ерөнхийлөгчийг огцрох нь зүйтэй гэж үзсэн. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргын хувьд “Капитал” банкны дампууралтай холбоотойгоор 30 орчим мянган иргэд хохирсон гэх өргөдөл, гомдол ирсэн. Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын гэх төрийн мөнгө ч энэ асуудалд холбогдож байгаа. УИХ-д ажлаа шууд тайлагнадаг Монголбанк өнөөдөр эрх үүрэг хүлээн авагчаа дөнгөж саяхнаас ажиллуулж эхэлсэн. Монголбанкнаас банкны менежмэнттэй холбоотой сэрэмжлүүлэг, үйл ажиллагааг нь илүү сайжруулах зөвлөмж өгсөн л байх. Гэхдээ банк дампууралд хүрч байгаа нь ноцтой юм.

Монголд нийт банкинд хадгаламж эзэмшигчдийн 2.8 их наяд төгрөг зах зээлд эргэлдэхгүй гацаанд орсон гэсэн судалгаа байна. Банкуудын олгосон чанаргүй зээлийн хэмжээ 2016 онд 1.051 их наяд төгрөг байсан бол 2017 оны эхний улиралд 1.8 их наяд төгрөг хүрсэн байна. Ер нь чанаргүй зээл улам нэмэгдэж байгаа явдал нь эдийн засаг доройтож, улам их хумигдаж байгаагийн илрэл. Тэр утгаараа төр бизнес, хувийн хэвшлийг дэмжих бодлогыг илүү бодитой болгох нь зөв юм. Учиргүй хувийн хэвшлүүдийг дэмждэггүй юм аа гэхэд зарим тохиолдолд төр бизнесийнхний үйл ажиллагаанд оролцохоо больчих хэрэгтэй юм.

-Элчин сайд нарын томилгоог удахгүй хэлэлцэнэ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү нэр дэвшиж байгаа талаар Гадаад харилцааны сайд хэлсэн. Үүнд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ онд 10 гаруй улсын Элчин сайд нарыг томилох ёстой. Одоогоор томилгооны асуудал хэзээ орж ирэх нь тодорхойгүй байна. УИХ-ын зүгээс Элчин сайд нарын томилгоог аль болох мэргэжлийн дипломат байлгах гэж хичээж байгаа. Гэсэн ч Элчин сайд нараа томилж чадахгүй жил тойрч байна. Үүнээс үүдэн Япон, БНСУ-д суух элчин сайдгүй байна. Энэ нь хоёр орны хамтын ажиллагаа зогсонги байдалд орох сөрөг нөлөөтэй. Мөн манай улсад хэрэгжих төсөл хөтөлбөр, зээл тусламжууд зогсох нөхцөл байдалд хүргэж байна. Буцах хугацаа нь дууссан Элчин сайд нарт ч ажил, албаа зохицуулахад нь хүндрэл үүсч байна.

-Та Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа юу. Сөрөг хүчингүйгээр Үндсэн хууль батлах боломжтой юу?

-Энэ парламентад МАН 64 суудалтай, үлдсэн нь бусад улс төрийн намуудаас болоод бие даагчид байна. Үндсэн хууль хэлэлцэх дээрээ тулвал 64-үүлээ хэлэлцээд баталчихна гэж юу байхав. Парламентын засаглал юм чинь бүх төлөөллүүдтэйгээ хэлэлцээд л явна. Үндсэн хуульд хэд хэдэн өөрчлөлт орохоор байгаа. Иргэдийн хамгийн их анхаарлыг татдаг зүйл нь шүүх засаглал байдаг. Шүүх засаглалыг ил тод, шударга, хараат бус, ёс суртахуунтай байлгахад чиглэнэ. Мөн орон нутгаас сонгогдсон гишүүд бидний хувьд нутгийн өөрөө удирдах байгууллагуудын асуудлуулыг онцлон анхаарч байна. Гүйцэтгэх засаглалын эрх хэмжээг нэмэгдүүлэх илүү их хариуцлагажуулах, давхар дээлний асуудал зэргийг оруулж өгнө.

Нэгэнтээ Үндсэн хуулийн өөрчлөлт ярьж байгаа учраас Үндсэн хуулийн манаанд зогсдог Цэцийн гишүүд тавигдах шаардлагатай. Цэцийн гишүүд зургаан жилээр сонгогддог. Бусад улс орнуудад бол ес хүртэлх жилээр сонгогддог тохиолдлууд байдаг. Энэ асуудлыг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ярьж байгаа. Мөн улс төрийн намын чиг үүргийн асуудлууд яригдана. Тиймээс олон намын оролцоотойгоор хэлэлцэх нь зүйн хэрэг юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ё.Баатарбилэг: Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд эрчимтэй явна


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгтэй ярилцлаа.


-Цөм хөтөлбөрийг шинэчлэхээр болсон. Энэ ажил ямар түвшинд явж байгаа вэ. Юуг илүүтэй анхаарч үзэхээр болов?

-2013 онд БСШУСЯ-ны тушаалаар цөм хөтөлбөрт өөрчлөлт орсон. Энэ цөм хөтөлбөрөөр зургаан жил явчихлаа. 2018 онд Боловсролын хүрээлэнгээс цөм хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнд дүгнэлт хийсэн байна лээ. Энэ дүгнэлтээр цөм хөтөлбөрийн хэрэгжилт хангалтгүй гэж гарсан. Одооны Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлага, оюутан болж буй хүүхдүүдийн чанар муу байна гэж яригдах болсон. 2000 оноос хойш гурав, дөрвөн удаагийн цөм хөтөлбөрийн өөрчлөлт явагджээ. Хөтөлбөрийн өөрчлөлт бүрт хичээлийн тоо нэмэгдээд явчихсан байгаа юм. Одоо зарим ангид 19 төрлийн хичээл орж байна. Хөтөлбөр шинэчлэх бүртээ хичээлийн агуулга, тоог нэмсээр байгаад багш, сурагчдын ачаалал нэмэгдчихсэн. Заадаг агуулга нь цагтаа багтахаа больчихсон. Цагтаа багтахгүй болохоор үлдсэн хичээлээ гэрийн даалгаварт өгчихдөг. Нэг зүйлийг гойд сайн сураад гарах ёстой байтал хагас дутуу ойлголттой хичээлээ дуусгаад яваад байна. Тиймээс энэ цөм хөтөлбөрийн агуулгыг эргэж харахаас өөр аргагүй. Иймд сайдын тушаалаар Боловсролын хүрээлэн дээр баг гараад ажиллаж байна. Цөм хөтөлбөрт онцгойлон иргэний боловсрол хичээлийг цогцоор нь эргэж харъя, өөрчилье гэж байгаа. Монгол хүн болгон төлөвшүүлэх гол хичээл бол иргэний боловсрол юм. Бага ангиас нь эхлэн хүүхдийг монгол хүн болгож төлөвшүүлэх ёстой. Нэг, хоёрдугаар ангийн хүүхэд нийгэмт, төрт ёсыг яаж ойлгох билээ. Харин тэдэнд хүнтэй яаж зөв мэндэх, ахас ихэсээ хэрхэн хүндлэх, байгаль дэлхийгээ яаж хайрлах вэ гэдгийг заах нь зөв. Голын усанд цагаан идээ дусааж бохирдуулж болохгүй гэдэг юм уу амьдрал ахуйд ойр монгол ёс уламжлалыг багаас нь суулгах хэрэгтэй. Энэ зүйлүүд орхигдсон байна.

Иргэний боловсрол хичээлийг иргэний ёс зүйн боловсролын хичээл болгож өөрчлөн, сургалтын агуулга, ном зэргийг нь ч бүрэн шинэчилж гаргана. Ийм ажлууд хийгдэнэ. Мөн бусад хичээлүүдийн агуулгын давхацлыг арилгана. Бага ангийн хичээлийн цагийг багасгах талаар судална. Энэ мэтчилэн шинэчлэлийн ажлууд ид явагдаж байна.

-Шинжлэх ухааны паркийн тухай хуулийн төсөл боловсруулагдаж байгаа юм билээ. энэ яг ямар ач холбогдолтой хуулийн төсөл вэ?

– Шинжлэх ухааны паркийн тухай хуультай болох ёстой. Шинжлэх ухаан технологийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл байнгын хороогоор хэлэлцэгдэх эсэх нь дэмжигдээд явлаа. УИХ-аар орно. Мөн Шинжлэх ухааны академийн эрх зүйн байдлын тухай хуулийг гишүүдээс шинэчилж өргөн барихаар ажиллаж байгаа юм билээ. Энэ мэтчилэн Шинжлэх ухааны салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох ажлууд энэ жил эрчимтэй явах болно. Дээрээс нь хүрээлэнгүүдийн бие даасан байдал, эрдэмтдийн эрдмийг ажлыг үнэлдэг байх, шинжлэх ухааны гарааны буюу “start up” компаниудыг дэмжих хэрэгтэй байгаа юм. “Start up” компаниудаас инноваци шингэсэн, шинжлэх ухааны үр дүнг харуулсан бүтээгдэхүүнүүдийг авч үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах зэрэг маш олон ажлууд хүлээж байна.

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлтийг Ман-ын бүлэг 50 хувьтай байна гэж үзсэн. таны зүгээс газар төдийгүй бсшусЯ салбар цаашид юун дээр гол анхаарлаа хандуулах ёстой гэж харж байна вэ?

-Манай боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хийх ёстой зүйл маш их байна. Хуримтлагдсан ажлууд их байна. Боловсролын тухай хуулийг багцаар нь ирэх намрын чуулганд өргөн барихаар төлөвлөж байна. Энэ нь сургуулийн өмнөх, бага, дунд, дээд боловсролын тухай хууль байх юм. Мэргэжлийн боловсролын асуудал ч хөндөгдөнө байх гэж харж байгаа. Шаталсан сургалтын бүтэц тогтолцоон дээрээ өөрчлөлтүүд оруулахгүй бол болохгүй байна. Салбар доторх өдөр тутмын үйл ажиллагаатай холбоотой тулгамдсан асуудлууд ч маш олон бий. Үдийн цайны хоолын мөнгө 2012 оноос хойш нэг ч удаа нэмэгдээгүй байна. Үүнээс болж чанаргүй хоол хүнсээр хүүхдүүдийг хангаж байна гэх асуудлууд яригддаг. Үдийн цайны мөнгийг нэмэх чиглэлээр ажиллаж байна. Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх гэх мэт салбарын хөрөнгө оруулалтын ажлууд ч явж байгаа.

Соёлын салбарт томоохон бүтээн байгуулалтын ажил явуулахаар болж байна. Энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар Үндсэн чиглэл хэлэлцсэн. Үүнд Үндэсний соёл урлагийн томоохон театр, музейтэй болоход зориулагдсан томоохон мөнгөн дүнгүүд тавигдлаа. Сүүлийн 20, 30 жил соёл урлагийн салбарт хийгдээгүй хөрөнгө оруулалтын дүн Үндсэн чиглэлд тавигдаж байна. Үндэсний номын сангийн шинэ барилгын ажлын энэ ондоо багтаах үүргийг Ерөнхий сайд өглөө. Мөн соёлын салбарын ажилтнуудын нийгмийг асуудлыг шийдэж цалинг нь 8-30 хүртэлх хувиар нэмсэн. Хамгийн өндөр хувиар цалин нь нэмэгдсэн нь соёлын салбарынхан. Нийгмийн ажлыг шийдэхийн сацуу салбарт тулгамдаж байгаа хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдэхээр Засгийн газар дорвитой арга хэмжээнүүд авч ажиллаж байна. Спортын тухайд 2020 оны Токиогийн олимп, мөн онд Улаанбаатарт зохион байгуулагдах Азийн хүүхдүүд спортын наадам хүлээж байна. Үүнийг угтсан томоохон бүтээн байгуулалтын ажлууд явна. Буянт-Ухаад өвлийн спортын ордон, олон улсын стандартад нийцсэн усан бассейн, цэнгэлдэх хүрээлэн, хөлбөмбөг, хөнгөн атлетикийн талбай байгуулах ажлууд эхлэхээр байна. Олимпийн эрх авах тэмцээнүүдэд тамирчдаа амжилттай оролцуулах ёстой. Үндэсний шигшээ баг өргөн бүрэлдэхүүнтэй оролцож амжилт гаргах чиглэл бүхий Олимпод бэлдэх үндэсний хороог Ерөнхий сайд ахалж ажиллаж байгаа. Энэ хүрээнд чиглэлүүд өгөгдчихсөн, спортын салбарт тодорхой хөрөнгө оруулалт, зохион байгуулалтын ажлууд идэвхжээд явна. БСШУСЯ бол өөрөө нийгмийн зүрх, тархи болсон маш том салбар юм. Тиймдээ ч энэ салбарт хүлээгдэж байгаа тун олон ажлууд байна.

-Монголын багш нарын VII их хурал саяхан болж өнгөрлөө. энэ хурлаар яг ямар асуудлууд шийдлээ олов?

-Багш нарын нийгмийн асуудалтай холбоотой асуудлуудаар Засгийн газар тогтоол гаргасан. Ингэснээр олон жил хүлээгдсэн томоохон ажлуудыг шийдэхээр боллоо. Ирэх есдүгээр сарын 1-нээс эхлэн багш нарын практик ажлын хөлсийг өгдөг болох гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллаж байгаа багш нар мөн нэмэлт хөлс, урамшуулал олгох асуудлыг шийдлээ. Багш нарыг эрүүл мэндийн багц үзлэг шинжилгээнд хамруулах асуудлыг Эрүүл мэндийн болон БСШУС сайд нарт үүрэг болгосон. Цэцэрлэг, МСҮТ-ийн багш нарыг компьютержүүлэх асуудлыг цогцоор нь шийдэхээр Засгийн газрын тогтоол орж ирсэн. Энэ мэтчилэн боловсролын салбарт тулгамдсан олон удаагийн асуудлуудыг нэг удаагийн тогтоол, Багш нарын их хурлаар гаргаж ирж шийдлээ. Энэ нь өмнөх Багш нарын их хурлууд дээр байгаагүй үзэгдэл болчихож байгаа юм. Салбарт хөрөнгөгүй гэж хуримтлагдсан маш олон асуудлуудыг эрчимтэйгээр урагшлуулахаар Засгийн газар ажиллаж байна.

Ирэх онд салбарын сайдын барьж буй бодлого бол хэдэн жил засаагүй, нурах гэж байгаа мэргэжлийн хяналтын акт, дүгнэлт нь гарчихсан сургууль, цэцэрлэгүүдийг засахад чиглэнэ. Шинэ сургууль, цэцэрлэг барья гэсээр байтал хуучнууд нь нурах нь. Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд ч энэ асуудал ноцтойгоор яригдаж байгаа. Тэгэхээр нэг удаагийн далайцтай арга хэмжээ аван, төсөвт томоохон мөнгөн дүн тавьж өгөөч гэдэг асуудлыг Үндсэн чиглэлд суулгаж байна.

-Их, дээд сургуулийн багш нарыг мэргэшүүлэх асуудал орхигдсон тухай та өмнөх хэвлэлийн хурал дээрээ онцолж байсан. Мэргэшүүлэх ямар боломжууд байгаа бол?

-Их, дээд сургуулийн багш нарын асуудлыг бүр орхигдуулжээ. Бид багшийн мэргэжлийг дээшлүүлэх институцээр зөвхөн сургуулийн өмнөх, сургуулийн багш нараа давтан сургалтанд хамруулж, мэргэжил дээшлүүлдэг. Харин одоо багш бэлддэг багш нарынхаа мэргэжлийг дээшлүүлэхэд анхаарах хэрэгтэй. Давтан сургалтанд суулгадаг, сертификат олгодог болгох ёстой. Манай яамнаас энэ ажлыг эхлүүлнэ. Дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийн төвийг байгуулах болно.

Нөгөө талдаа дээд сургуулиудын чанарын асуудал яригдаж байгаа. Эдгээрийг мөн шийднэ. Дээд боловсрол дээр бүтцийн томоохон өөрчлөлтийг хийхээр төлөвлөсөн. Удахгүй шийдвэрүүд гарах болно.

-Ерөнхий боловсролын сурагчдын сурах бичгийн хүртээмжийн асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сурах бичгийн хөрөнгө оруулалтын асуудлыг шийдсэн. Азийн хөгжлийн банктай хамтарч найман тэрбум төгрөгийг сурах бичигт зориулахаар болсон. Гэрээ хэлцэл нь хийгдчихсэн гэж болно.

-Элсэлтийн ерөнхий шалгалтад шууд засалтын технологи нэвтрүүлэхээр болжээ. энэ хаврын эЕш-д уг технологи хэрэгжих үү?

-Өмнөх сайд нарын үед яригдаж эхэлсэн ажил юм. “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-өөс шалгалтын хариултын хуудас уншдаг 50 скайн машин нийлүүлсэн. Тэдгээрийг аймгуудад хүргэж байгаа. ЭЕШ улсын хэмжээнд нэг цаг хугацаанд болно. Түүнийгээ маш богино хугацаанд үнэн зөв, ил тод шалгах боломж нээгдэж байна гэсэн үг. Энэ жилийн ЭЕШ-ыг энэ технологиор шалгах юм. Одоо бэлтгэл ажил хийгдэж байна.

Categories
мэдээ цаг-үе

О.Батнасан: Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалтад аудит хийх чиглэл өгсөн

УИХ-ын гишүүн О.Батнасантай ярилцлаа.


-Та Төрийн адуитын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, санал, дүгнэлтээ гаргажээ. Ямар санал дүгнэлт гарсан бэ?

-Төсвийн байнгын хорооны нэгдүгээр тогтоолоор 2019, 2020 оны Аудитын сэдэв батлах тухай, болон 2018 оны төрийн аудитын ажилласан ажлын тайлантай танилцах ажлын хэсэг байгуулсан. Энэхүү ажлын хэсгийг миний бие ахалж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Н.Амарзаяа нар орж ажилласан.

Ажлын хэсэг Үндэсний аудитын газрын үйл ажиллагаатай танилцах, мөн нийгэмд хүлээлт үүсгээд байгаа олон нийтийн эрх ашиг хөндөгдсөн гэж болохоор хэргүүд дээр аудит хийх талаар удирдамж гаргасан. Энэ байгууллагын ажлын төлөвлөгөө, ажиллах нөхцөл, дотоод үйл ажиллагаатай нь танилцсан. Ажлын хэсгийн үр дүнг Төсвийн байнгын хорооны хурлаар сонслоо. Ерөнхийдөө 2018 оны аудитын тайлан, тэр дундаа төсвийн хөрөнгөөс санхүүжилттэй салбар, яам, байгууллагад хэрхэн аудит хийсэн, үлдсэн хугацаанд юун дээр нь аудит хийх юм гэх зүйлүүдтэй танилцлаа. 2020 оны аудитын сэдвийг мөн баталлаа.

-Төрийн аудитын байгууллагын 2019, 2020 онд гүйцэтгэх аудитын сэдвийг баталсан гэж байна. Ямар сэдвүүдэд аудит хийх ёстой гэж үзсэн бэ?

-2019 онд хийх аудитын сэдэв дээр бид багагүй ярилцлаа. Оюу толгой төсөлд оруулсан хөрөнгө оруулалт, санхүүжилтийн зарцуулалт, түүний төслийн үр өгөөжид үзүүлэх нөлөөлөлд Төрийн аудитын байгууллага аудит хийх ёстой гэсэн чиглэлийг өгсөн. Мөн улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр концессын барих, шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний хэрэгжилтэд аудит хийгдээгүй үлдсэн зүйлүүд байгаа юм билээ. Концессын асуудал УИХ-ын шийдэх асуудлуудын нэг болчихсон. Тиймдээ ч УИХ-ын 2017 оны 29 дүгээр тогтоолоор уг асуудалд аудит хийх үүрэг чиглэл өгсөн байдаг.

Газрын тосны салбарт 2018 онд бүтээгдэхүүн хуваах гэрээгээр үйл ажиллагаа явуулсан гэрээлэгчийн нийт хөрөнгө оруулалт, өртөг нөхсөн болон нөхөх зардлын хэмжээ, газрын тосны экспорт, борлуулалтын орлогын тооцоо, хуваарилалт дээр аудит хийх ёстой. Энэ асуудлыг ч орхигдуулалгүйгээр аудит хийгээрэй гэсэн чиглэлийг өгсөн. Үүнээс гадна Төрийн аудитын байгууллага хуулийн дагуу 2020 онд хийх ёстой 31 аудитыг баталсан.

-Зарим сэдвүүдэд аудит хийхээс хассан талаар Төсвийн байнгын хорооны хурал дээр ярьж байна. Ямар сэдвүүдийг хассан юм бэ?

-Дээр дурдсан асуудлуудад аудит хийх хөрөнгө хүрэлцэхгүй байгаа талаар Төрийн аудитын байгууллагаас хэлсэн. Тиймээс бид 2019 гүйцэтгэх аудитын сэдвийн есийг нь хассан. Салбар яамд бүр дотоод аудиттай байдаг. Дотоод аудитаараа өөрсдийн салбарын бодлогын хүрээнд санхүүгийн хяналт шалтгалтаа хийчих боломжтой. Тиймээс тэрхүү есөн асуудалд салбар яам нь аудит хийх боломжтой гэж үзсэн учраас хассан. Тухайлбал, Эмийн эргэлтийн санд Эрүүл мэндийн яам дотоод аудит хийчихэж болно. Хүнсний аюулгүй байдлыг хангах өнөөгийн тогтолцоо, хэрэгжилтийн үр дүнд мөн тухайн яам, агентлагууд нь аудит хийчих боломжтой. Иймэрхүү есөн сэдвийг хассан.

Цаашдаа УИХ-ын харьяа Төрийн аудитын байгууллагын санхүүгийн хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллах талаар Ажлын хэсэг үүрэг чиглэл өгсөн. Тодруулбал, хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх мэргэшсэн аудит бэлтгэх тал дээр анхаарч ажиллах нь зүйтэй талаар ч хэлсэн. Ер нь Төрийн аудитын байгууллагын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлага тулгараад байна. Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг энэ газарт ард түмэн, бусад байгууллагуудын итгэх итгэлийг нэмэх зорилгоор хууль эрх зүйн орчныг анхаарч ажиллах нь чухал юм. Энэ талаар ч бид санал бодлоо илэрхийлсэн.

-МАН-ын бүлэг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт үнэлэлт өгөх ажлын хэсэг байгуулсан. Хувь гишүүний зүгээс Засгийн газрын үйл ажиллагаанд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ?

-Засгийн газар нийгмийн салбарын бүтээн байгуулалт дээр харамгүй хөрөнгө тавьж өгсөн. Сум бүрт л сургууль цэцэрлэг, спорт заал, эмнэлэг баригдаж байна. 2018 онд ч энэ чиглэлд чамгүй хөрөнгө оруулалт хийсэн. Улаанбаатарт сурч байгаа хүүхдүүд гурван ээлжээр хичээллэдэг, 24:00 цагт харьдаг байж болохгүй. Эмнэлэгт ор байхгүй шалтгаанаар коридорт хэвтэн эмчлүүлж ч болохгүй. Энэ асуудал дээр ч анхаарч байгаа. Засгийн газрын ажилд гацаа үүсээд байгаа зүйл алга. Харин 2021-2024 оны хооронд Чингис, Самурай бондоос эхлээд 2.9 тэрбум төгрөгийн өр төлөх асуудал гарсан. Түүн рүү чиглэсэн эдийн засаг, санхүүгийн арга хэмжээг Сангийн яам авч ажиллаж байгаа юм билээ. Миний зүгээс төрийн албаны дунд, доод шатны хүнд суртал, сахилга хариуцлагын асуудлын талаар анхаарах ёстой талаар бүлгийн хурал дээр хэлсэн. Хүнд суртал иргэд, аж ахуйн нэгжийг асар их чирэгдүүлдэг. Энэ чиглэлээр бүлгээс ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Миний хувьд ажлын хэсэгт орох саналаа илэрхийлсэн. Төрийн албанд хүнд суртал гээч зүйл дээд, доод шатандаа байх ёсгүй. Төрөөс цалин аваад төрийн нэрийн өмнөөс ажиллаж байгаа хүмүүс иргэдэд хариуцлагатай, ёс зүйтэй үйлчлэх нь зүйн хэрэг юм.

-Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил ямар шатанд яваа бол?

-Миний хувьд УИХ-ын гишүүн болоод Засгийн газар хоёр томоохон ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэн. Нэгдүгээрт, Монгол Улсын Засгийн газар Бельгийн Засгийн газар хамтран Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийг сайжруулах 20 орчим тэрбум төгрөгийн гэрээг батлах асуудал юм. Энэ ажил багагүй саатаж, 300 сая төгрөгийн л хөрөнгө оруулалттай явж байсан. Харин өнөөдөр 100 хувь санхүүжилт нь шийдэгдэн, Ховд аймгийн Жаргалант суманд бүсийн оношлогоо, эмчилгээний төв 62 төрлийн оношлогоо, эмчилгээний багаж, хэрэгсэл, компьютер , томографиктайгаар ажиллаж байна. Энэ бол баруун таван аймгийн эрүүл мэндэд оруулсан том хөрөнгө оруулалт юм. Иргэд Увс, Баян-Өлгий аймгаас Улаанбаатарыг зорих бус Ховд аймагт очиж оношоо тодруулах бүрэн боломжтой болсон. Хоёрдугаарт, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын ажил юм. Энэ зөвхөн баруун таван аймгийг эрчим хүчээр хангах бус Монгол Улс гаднаас хараат бус өөрийн гэсэн эрчим хүчтэй болох эдийн засгийн үр өгөөжтэй том төсөл. Энэ ажлыг Засгийн газар, Эрчим хүчний яам, Сангийн яам анхааралдаа авч шаргуу ажиллаж байгаа. ТЭЗҮ-ийг 2019 оны наймдугаар сар гэхэд хийж дуусгахаар байна. Энэ төсөл хэрэгжиж эхэлснээр Монгол Улс эрчим хүчнийхээ нийт 10 хувийг Эрдэнэбүрэнгийн цахилгаан станцаас авах боломжтой болно.

-Та Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа юу?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжиж байгаа. Үндсэн хууль бидний өдөр тутам мөрдөж байх ёстой том тунхаглал шүү дээ. Үндсэн хуулинд төрийн эрх мэдлийн хуваарилалт бий. Монгол Улс гүйцэтгэх засаглалын эрх мэдэлтэй, парламентын болоод шүүх засаглалтай. Ер нь бол бид парламентын засаглалыг улам төгөлдөржүүлэн хөгжүүлэх ёстой. Хүний эрх, эрх чөлөө, ардчиллыг авч явдаг хамгийн сонгодог зарчим бол парламентын засаглал. Тиймдээ ч бид энэ засаглалыг сонгож, Үндсэн хуулиндаа хуульчилсан. Энэ бол төрийн эрх мэдлийн хуваарилалт юм. Үүнээс эхлээд Үндсэн хуулийн хамгийн гол агуулга нь хүний эрх, эрх чөлөө өмчийг хамгаалах явдал. Мөн дээрээс нь хүний эрхийн олон тунхагийн шинж чанарыг агуулсан том бодлогын бичиг баримт. Тиймээс бид Үндсэн хуулийг өөрчлөхдөө хянамгай хандах учиртай. Гэхдээ зохих өөрчлөлтүүдийг хийх нь зөв. Ард түмний дунд яригддаг дордохын долоон өөрчлөлтийг ч өөрчлөх хэрэгтэй.

-Ардчилсан намын зүгээс сөрөг хүчингүйгээр Үндсэн хууль баталж болохгүй, ийм буруу жишиг тогтоож болохгүй гэх байр суурийг илэрхийлж байгаа. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Сөрөг хүчингүйгээр Үндсэн хуулийг өөрчлөх гэж байна гэх асуудлыг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийг сэтгэл хөөрлөөр, ямарваа нэгэн улстөрчдийн захиалгаар өөрчилнө гэдэг боломжгүй шүү дээ. Харин Үндсэн хуулийг өөрчлөх нь цаг үеийн захиалга гэж ойлгож байгаа. Өөрчлөхдөө эрх мэдлийг хэт нэг талд дөвийлгөсөн, ард түмний эрх ашигт нийцээгүй өөрчлөлтийг хийж болохгүй. Миний хувьд төрийн эрх мэдлийн хуваарилалт, хуулийг хэрэгжүүлдэг байгууллагуудын статусын асуудал зэргийг тусгаад эдийн засгийн чиг хандлагыг тодорхойлоод өөрчлөлт хийвэл болно л гэж үзэж байгаа.


Categories
мэдээ цаг-үе

С.Эрдэнэ: Нэг хүчин дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь ёс зүйн хувьд буруу жишиг

УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.


-Та Зээлийн хүүг “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай” хуулийн төслийг өргөн барьсан. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг бууруулах боломж бий юү?

-Зээлийн хүүгийн хязгаар тогтоох асуудал он удаан жил яригдсан зүйл. Зээлийн хүүгийн дарамтад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд маш их ачаалал үүрч байгаа. Монголд хамгийн амжилттайгаар бизнес хийж байгаа хүмүүс нь банкны салбарынхан л байгаа юм. Банк ашиг орлоготой ажиллаж байгаад нь атаархаад ч гэдэг юмуу илүү харсандаа энэ асуудал руу орж байгаа юм биш. Намайг энэ хуулийг санаачилсны дараа захиалгатай, захиалгагүйг нь мэдэхгүй юм маш олон эдийн засагч, банкны салбарынхан “Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтооно гэдэг байж боломгүй асуудал. Зах зээлийн хуулийг зөрчиж байна” гэж эхэлсэн. Гэхдээ миний хувьд энэ байр суурин дээрээ итгэлтэй байгаа. Учир нь дэлхийн бусад улс орны жишиг, түүхэн замнал, санхүү эдийн засгийн зохицуулалт зэргийг бид нарийн сайн судалсан. Тэр дундаа банк санхүүгийн зохицуулалт нь ямар байгаа талаар бид судалсан юм. 1950-иад оноос эхлэн Япон, АНУ зэрэг дэлхийн 76 оронд зээлийн дээд хязгаарыг тогтоожээ. Бид энэ замнал руу орох цаг болсон. Жишээ нь, тэтгэврийн зээл л гэхэд 18 хувийн хүүтэй байна. Тэтгэвэр авагчдын хувьд энэ нь маш том дарамт шүү дээ. Тэр бүү хэл тэтгэврийн зээл авсан дариуд нь урьдчилаад хүүг нь суутгаад авчихдаг. Мэдээж тэр хүн хэрэгцээгээ тодорхойлоод л зээл авч байгаа. Гэтэл явц дунд бага багаар төлөх ёстой байсан хүүг нь урьдчилаад авчихаар өнөөх хэрэгцээнд нь хүрэхгүй болчихно. Ингэснээр дахиад нэмэлт зээл авах шаардлага үүснэ. Ийм байдлаар санхүүгийн дарамт иргэд аж ахуйн нэгж дээр үүсгэж байгаа нь нэг талаасаа зохиомол гэж харагдхаар байна. Нөгөө талаараа хэт өндөр ашиг хөөсөн мөнгө хүүлэлт явж байна гэж харсан учраас энэ хуулийг санаачилсан юм. Баруун төвийн , зах зээлийн зарчмыг дээдэлсэн үзэл баримтлалтай намын дарга хүний хувьд хувийн хэвшил, өмч рүү халдсан үйлдэл хийхгүй. Харин би хувийн өмч, иргэний эрх, санхүү эдийн засгийн эрх чөлөөг хангахын төлөө л би энэ хуулийг өргөн барьж байгаа.

-Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн асуудалд луйврын схем хэрэгжсэн байж магадгүй гэх мэдэгдлийг Б.Пүрэвдорж гишүүн хийсэн. Энэ асуудал цаашид хэрхэн өрнөх бол?

-“Ocean Partners” гэх компани Стандарт банкнаас зээл авахад оролцсон. Зээлийг нь төлөхөд ч оролцлоо. Ашиг сонирхлын зөрчил энд харагдаад байгаа юм. Хоёрдугаарт, тэрхүү өрийг 40 сая ам.доллар хүртэл буулгаж төлөөд дууссан бол сайн байна. Гэхдээ төлбөрийн арга хэрэгсэл нь бол буруу. Эрдэнэт үйлдвэр дээр “Эрсдэлийн сан” гэж байдаггүй. Тэр өрийг дундын сан дээр байдаг хөрөнгөнөөс төлөгдсөн. Тэр чинь татварын мөнгө гэсэн үг. Энэ өрийг төлөх тухай ямар нэгэн эрх бүхий байгууллагаас шийдвэр гараагүй. Төсөв мөнгөтэй холбоотой асуудал заавал УИХ-аар орж байх ёстой. Бие дааж шийдэх эрх Засгийг газарт байхгүй. Төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан нь хууль бус үйлдэл. Албан тушаалын гэмт хэрэг ч гэж болно. Мөн 40 сая ам.долларын ард маш их луйвар, сүлжээ нуугдаж байх магадлалтай. Албан бус мэдээллээр “Ocean Part­ners” гэх энэ компани буцаад Эрдэнэт үйлдвэрээс 20, эсвэл 40 сая ам.долларын зэсийг баяжмал авахаар гэрээ хэлцэл хийсэн байх магадлалтай байгаа. Өрийг 40 сая ам.доллар болгон хаасан мэт харагдаж байгаа боловч нийгэмд үүсэх шуугианыг дарж, баатарлаг гавьяа байгуулсан мэт пиарыг хийхийн тулд луйврын гэрээ хэлцэл хийсэн байж болзошгүй. Өөр ч өнцгүүд байх магадлалтай. Бид энэ чиглэлээр судлах болно. Нэг зүйлийг онцлоход, 49 хувийн гэм буруутнуудыг барьж дуулиан болсон тэр өдөр 51 хувийн хэрэгт холбогдсон хүмүүсийн шүүх хурал хийгдсэн байдаг. Тэрхүү шүүх хурал хойшилж, мөрдөн байцаалтад шилжүүлсэн байдаг. Энэ хэрэг дээр мөрдөн байцаалт явуулах ямар ч шаардлага байхгүй. Зээл авч, Стандарт банк өгч, мөн гомдол гарган Арбитрын шүүх гурван шатны шийдвэрээ гаргасан нь үнэн. Энэ зээлийг хууль бусаар авсан гэдэг нь нотлогдсон. 2017 онд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулаад албан тушаалтнуудад хүлээлгэх хариуцлагын хөөн хэлэлцэх хугацааг 10 жил байсныг таван жил болгосон. Энэ асуудлыг хөөн хэлэлцэх хугацаа энэ оны эцэс гэхэд дуусахаар байгаа. Тиймдээ ч мөрдөн байцаах шатанд буцаах замаар цаг хожиж энэ хэргийг хөөн хэлэлцэх хугацааг нь дуусган хэрэгт холбогдсдыг гэмт хэргээс мултлах гэж байна уу гэх хардлага байна. Эрх баригчид энэ тал дээр гаршчихсан шүү дээ.

-Энэ асуудлыг хариуцсан ажлын хэсгийн зүгээс Ш.Батхүүгийн эд хөрөнгийг борлуулж нөхөн төлүүлэх үйл ажиллагаа явуулна гэх зүйлийг ярьж байгаа. Энэ хэр боломжтой вэ?

-Ш.Батхүү гэгч өмч хөрөнгөө хүмүүст тараачихсан л юм билээ шүү дээ. “Алтжин”-ийн Г.Алтанд л гэхэд хэдэн тэрбум төгрөгтэй тэнцэх эд хөрөнгөө шилжүүлчихсэн байсан. Г.Алтан гэдэг хүнтэй ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хүн нь манай Хууль зүй, дотоод хэргийн сайд байх жишээтэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд 51 хувийн асуудал ярихгүй хэрнээ 49 хувийн асуудлыг маш эрчимтэйгээр дайрч, шалгуулахын төлөө улайрч байгаа. 49 хувиар халхавч хийж 51 хувийн луйвар булхайг цайруулах гэсэн үйлдэл нуугдаж байгааг харж байна. Миний хувьд 49, 51 хувийн асуудлыг хоёуланг нь шалгах хэрэгтэй гэх байр суурийг удаа дараа илэрхийлж байгаа.

-Монголбанкны ерөнхийлөгчийг чөлөөлөх албан бичгийг УИХ-ын даргад өргөн барьсан. Түүнийг нэг шалтгаан нь “Капитал” банкинд Монголбанк хяналтаа тавиагүй гэж үзжээ. Энэ тухайд таны байр суурь?

-Өмнө нь “Хадгаламж”, “Зоос” банк, хадгаламж зээлийн хоршоо зэрэгт хууль бус үйл ажиллагаа үүсч байсан. Тэдгээртэй адил “Капитал” банкийг ч гэсэн самрах гэж байгаа юм биш биз гэсэн хар байна. Ямартаа ч маш өндөр хяналтан дор “Капитал”-д байгаа өмч хөрөнгө, санхүүгийн боломжоор харилцагчдын өр зээлийг дарж, хохирлыг арилгах ёстой. Ер нь бол Монголбанкны ерөнхийлөгчийг огцруулах асуудал 2016 онд үүсчихсэн шүү дээ. Тэрээр “Монголбанкинд байгаа гадаад валютын нөөц хасах үзүүлэлттэй байна” гэх мэдэгдлийг ямар ч бодлогогүй хийсэн. Үүнээс үүдэн 1960 төгрөгтэй байсан ам.доллар 2700 төгрөгт хүрсэн. Энэ богино хугацаанд маш их мөнгө угаагдсан. Зохион байгуулалттай гэж хэлж болохоор мөнгө угаах, улс орны эдийн засгийг тогтворгүй байдалд оруулах хариуцлагагүй алхмыг хийснийхээ төлөө тэрээр огцрох ёстой. Энэ тухай би 2016 оны чуулганы хуралдааны үеэр л хэлж байсан.

Эцэст нь нэг зүйлийг хэлэхэд, 2016 онд манай улс 22.4 тэрбум орчим ам.долларын гадаад өртэй байв. Гэтэл өнөөдөр 28 тэрбум ам.доллар гарчихаад явж байна. Энэ хоёрын зөрүү нь зургаан тэрбум ам.доллар байгаа юм. Энэ мөнгөөр эрх баригчид ямар бүтээн байгуулалт хийсэн юм бэ. Яагаад цалин тэтгэвэр, бүтээн байгуулалт нэмэгдэж, хөрөнгө оруулалт хийгдэхгүй байгаа юм. Өнгөрсөн оны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 36-хан хувьтай гарсан. Энэ оны бүтээн байгуулалтын ажил одоог хүртэл эхлээгүй байна. Гадуур зарлагдаж байгаа тендер алга. ОУВС-ын санхүүжилт орж ирэхгүй байна. Энэ бүх асуултад Засгийн газар, Ерөнхий сайд хариулт өгөх цаг болсон. Монголын төрийг удирдаж байгаа гэх нэрээр попорч, эцэст нь самарч дууслаа.

-Таныг Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллаж байхдаа “Капитал” банкинд төсвийн мөнгийг байршуулсан гэж яриад буй. Ер нь “Капитал” банкинд байх төрийн мөнгийг буцаан авах боломж бий юү?

-“Капитал” дээр үүсээд байгаа төрийн ч бай, хувийн ч бай аливаа өр авлагыг барьцаанд авсан, хураасан хөрөнгөөр нь бүрэн төлөх боломжтой гэсэн мэдэгдлийг ТУЗ-ийнх нь гишүүн хийсэн байна лээ. Хоёрдугаарт, би 2012-2016 оны хооронд Хүн ам, хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдаар ажиллахдаа НДС-тай холбоотой нэг ч төгрөгний захиран зарцуулалт хийгээгүй. Надад тийм эрх зүйн боломж байхгүй. Нийгмийн даатгалын сангийг хөрөнгийг захиран зарцуулах эрх нь НДЕГ-ын дарга, санхүүгийн газрын дарга, Сангийн яаманд байдаг юм. Энэ бол бүрэн Сангийн яамны хяналтан дор байдаг сан. Түүнчлэн, намайг сайд байх үед НДЕГ миний эрхлэх асуудлыг хүрээнд үйл ажиллагаа явуулж байсан. Тэр үед НДЕГ-аас арилжааны банкуудтай тэр дундаа “Капитал” банктай хийсэн гэрээний хамгийн сүүлийн хугацаа нь 2018 онд дуусгавар болсон юм билээ. Түүнээс хойш арилжааны банкуудтай хийсэн гэрээг сунгах эсэх, банкин дээр байгаа НДС-ын болон бусад төсвийн мөнгүүдийг татах зэрэг нь холбогдох эрх бүхий хүмүүст бүрэн нээлттэй байсан. Тэр зүйлийг одоо надтай наагаад хэрэггүй. Мөн тэр үепд Монголбанкнаас ямар нэгэн арилжааны банк эрсдэлтэй гэх мэдээллийг ч өгөөгүй, ер нь хэн ч тэр тухай ярьж байгаагүй. Миний санаж байгаагаар өнгөрсөн жил Монголбанкны ерөнхийлөгч гадны аудитын компани авчирч бүх банк санхүүгийн системд аудит хийлгэсэн. Үүний дараа тэрээр УИХ-д “Монголбанк, банкны систем, арилжааны банкуудын үйл ажиллагаа ямар ч эрсдэлгүй байна” гэх мэдээллийг хийж ч байсан. Гэтэл гэнэт банк дампуурангуут тэрийг улс төрийн зорилгоор хэн нэгэн хүнтэй наах гэж оролдож байгаа нь утгагүй. Ийм зүйлтэй намайг холбох гээд хэрэггүй.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэнэ гэж байна. Ардчилсан намын бүлэг тарж, зөвлөл байгуулагдсан энэ үед Үндсэн хуулийг хэлэлцэх боломжтой юу?

-Улстөрч болоод УИХ-ын гишүүн хүнийхээ хувьд хоёр зүйлийг боломжгүй гэж харж байгаа. Нэгдүгээрт, сөрөг хүчний хяналтгүй төр бий болчихлоо. Сөрөг хүчний хяналтгүй нөхцөлд үнэмлэхүй олонх болсон улс төрийн нэг хүчин дангаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа нь ёс зүйн хувьд буруу жишиг. Аль нэг нам парламентад олонх болонгуутаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, бусад намууд, олон түмний оролцоогүй дур мэдэн аашлаад байна гэж бодож байгаа бол маш буруу хандлага. Хоёрдугаарт, эрх барьж байгаа нам, 64 гишүүн маань ёс зүйн хувьд ёс зүйн чадавхтай юу. Энэ дотроос 50 гишүүн нь ямар нэгэн байдлаар хууль зөрчсөн гэгдээд байгаа. Ер нь эрх баригчдын өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн үйлдлүүдийг харахаар үнэхээр гомдмоор. 2016 онд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөс өнөөдөр хэрэгжүүлсэн нэг ч зүйл заалт алга. Үндсэндээ төрийн эсрэг гэмт хэргийн шинж чанартай маш олон үйлдлүүд хийлээ. ЖДҮХС-гаас олон тэрбум төгрөгийг зохион байгуулалттайгаар луйвардсан байх магадлалтай, тэр нь шалгагдаж байна. 60 тэрбумын схемээр төрийн эрхийг хууль бусаар авсан гэдгээ намын дарга, Ерөнхий сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-д байгаа 40 гишүүн нь хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр 60 тэрбумын схемээр Монголын төрийг авсан нь үнэн юм бол түүний үр дүнд гарч ирсэн бүтээгдэхүүн нь УИХ-ын гишүүд. Тэд бүгд хууль бусаар гарч ирсэн хүмүүс. Хууль бусаар гарч ирсэн хүмүүсийн асуудлыг намын дарга, УИХ-ын даргыг огцруулснаар шийдэхгүй. Энэ нам оршин тогтнох уу, үгүй гэдэг асуудал яригдах ёстой юм. Төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг чинь өөрөө гэмт хэрэг. Тиймдээ ч энэ нам татан буугдах ёстой. Энэ намд эрх зүйн чадамж байхгүй. Ийм намд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрх бий юү, үгүй юу. Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх боломжгүй гэж харж байна.

-С.Зориг агсны хэргийг шалгах “Түр хороо” байгуулагдсан. Энэ түр хороо яг ямар үүрэгтэй юм бэ. Шүүхийн ажлыг хийнэ гэж ойлгож болох уу. Гаргасан шийдвэр дүгнэлт нь хэр үр дүнтэй байж чадах вэ?

-Монгол Улс хууль шүүхтэй улс шүү дээ. Үндсэн хуулиндаа ч “Төрийн бүх шатны байгууллага түүний албан тушаалтнууд зөвхөн хууль дээдлэх зарчмаар ажиллана” гээд заачихсан. Мөн Үндсэн хуулинд “Шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна”, “Хэн нэгний гэм буруутай мөн гэм буруугүйг шүүх л тогтооно” гээд тусгачихсан. С.Зоригийн хэрэгтэй холбоотойгоор гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан, гэмт этгээдүүд хариуцлагаа хүлээж байгаа. Хууль шүүхийнхэн ч “Захиалагчийг илрүүлэх гэж байхад дундуур нь самарч байна” гэж хэлсэн байна лээ. С.Зоригийн хэрэгтэй холбоотой ажлын хэсгийг яагаад удаа дараа тараах болов. Бүр таван удаа тараасан байгаа шүү дээ. Мөн гурван шатны шүүхийн шийдвэр гарчихсан, мөн тэр этгээдүүдийн ард байгаа захиалагчийг илрүүлэх процесс явагдаж байхад яагаад гэнэт энэ асуудлыг гаргаж ирэх болов. Хууль зүй, дотоод хэргийн сайд нь өөрөө яагаад “Монгол Улсад аймшигтай эрүүдэн шүүлт байна” гэж байгаад л аймшгийн кино үзүүлж байгаа юм шиг бичлэгийг нь гаргаж ирэн, нийгэмд айдас хүүдэс төрүүлэх замаар энэ хэргийг задлах гэж улайрч дайраад байгаа юм. Шүүх өөрөө энэ асуудлыг эргэн авч үзэх хэрэгтэй.

Дээрээс нь УИХ өөрөө мөрдөн шалгадаг газар биш. Хууль тогтоож, хэрэгжилтэд нь л хяналт тавьдаг. Ажлын хэсэг нэрээр өөрсдөө мөрдөн шалгаж, эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаанд хөндлөнгөөс эрээ цээргүй оролцох эрх байхгүй. Өнөөдөр тэр “Түр хороо”-д ашиг сонирхлыг зөрчилтэй гэж үзэх Ц.Нямдорж, түүний хамсаатан болох Ж.Батзандан, Лу.Болд нарч багтсан байна. Энэ хэрэг дээр хамгийн их оролцоотой нөхдүүд яагаад энэ ажлын хэсэгт орж байгаа юм. Яагаад бусад гишүүдээр ажлын хэсгийг бүрдүүлж болохгүй гэж. Ер нь ч энэ ажлын хэсгээс ямар нэгэн дүгнэлт, шийдвэр гаргах боломж байхгүй. Энэ ажлын хэсэг зөвлөмж л гаргана. Гаргасан зөвлөмжийг нь тухайн хууль шүүхийн байгууллагууд авч үзэх эсэх нь тэдний эрхийн л асуудал. С.Зоригийн хэргээр 21 жил улс төр хийлээ. Маш олон хүн энэ асуудлаар ашиг хонжоо олсон. Цөөнгүй улс төрийн намууд энэ хэргээр амьдарч өнөөдрийг хүрлээ. Одоо болоо юм биш үү. Захиалагчийг нь яаралтай олж зарлах цаг болсон.

-Ардчилсан нам Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт болох нөхөн сонгуульд мэдээж оролцох байх. Ямар хүнийг нэр дэвшүүлэхээр болсон бэ?

-Ярилцаж байгаа. Одоо-гоор албан ёсны шийдвэр гараагүй байна.